Хошин урлагийг үндэслэгч домогт жүжигчин Л.Жанчивдоржийн хүү найруулагч Ж.Сэнгэдоржтой ярилцлаа.
-Таны шинэхэн уран бүтээл болох “Би нар” кино удахгүй нээлтээ хийх гэж байна. Найруулагч хүний хувьд хүүхдийн кино хийхийг боддог байсан гэж хэлж байсан. Таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ?
-Хүүхэд нас маань Тавдугаар хорооллын Тээврийн товчооны хойгуур л өнгөрсөн дөө. Хотын хүүхдүүдийн бага нас яаж өнгөрдөг, тэр маягаар л өнгөрсөн. Тухайн үед биднийг бага байхад аав, ээж сургууль амрангуут л хөдөө эмээ, өвөөгийнх рүү мал дээр аваачаад л орхичихдог байсан.
-Хүүхэд нас хүний төлөвшлийн нэг хэсэг гэж хэлж байсан. Хүүхэд наснаасаа авсан хамгийн том төлөвшил, хүмүүжил юу байв?
-Гэр бүл. Гэр бүлийн хүмүүжлээс хүний ирээдүй тэр чигээрээ зурагдаж байдаг. Эцэг эхчүүд үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх нь ерөөсөө л гэр бүлээс шалтгаалж байгаа юм. Миний хүүхэд насны ертөнц урлагийн гэр бүлд өнгөрсөн. Ээж маань Авирмэд гэж эмч хүн. Аав маань жүжигчин. Тэгэхээр манайх сэхээтэн гэр бүл болж таарч байгаа юм л даа. Сэхээтэн айлд тэр үед юу байх ёстой бүгд л байдаг байлаа. Буйдан, босоо толь, томоо шкаф гэдэг ч юм уу. Аав гадагшаа явахдаа авчирдаг байсан. Заавал пянз тоглуулагч байна. Манайд их олон пянз байдаг байсандаа. Гэр бүлийн уур амьсгал, эцэг эхийн хүмүүжлээс өөрийнхөө төлөвшлийг олж авчихаж байгаа юм. Хүүхэд насандаа юу авч байгаагаа мэдэхгүй л өсдөг шүү дээ. Бидний бага насанд ном их уншдаг байсан. Зурагт 18-23 цагийн хооронд л гарна. Аав дандаа орос суваг үздэг. Оросын соёлыг илүү их үздэг байж. Энэ бүхэн л төлөвшлийг өгсөн байгаа юм. Өсвөр нас руугаа орохоор тэр төлөвшил гэгч зүйл тогтож эхэлдэг. Аав маань намайг жүжигчин ч юмуу, найруулагч болгоно гэж хэлж байсангүй шүү дээ.
-Хүүхэд нас, гэр бүлийн тухай өгүүлэх энэ киногоор нийгэмд юу хэлэхийг зорив. Сүүлийн үеийн кинонууд нийгмийн хар бараан өнцгийг түлхүү үзүүлээд байна гэх шүүмжлэл байдаг?
-Миний хувьд энэ бүхний хариултыг үзэгчдэд үлдээх дуртай. Гэхдээ энэ киногоор юу илэрхийлэхийг зорьсноо тайлбарлаж болно л доо. Харин урьд урьдны кинонуудынхаа санааг үзэгчдэд үлдээж, тэд өөр өөрсдийн өнцгөөсөө шанагадаж аваасай гэж боддог. Хэлэх гэсэн санаагаа найруулагч нь хэлээд байвал нэг ёсондоо сурган хүмүүжлийн тулган шаардалт болно биз дээ. Энэ киноны хувьд гэр бүлийн уур амьсгалыг илүү гэгээлэг, цагаан өнгөөр харуулахыг зорьсон гэж хэлж болно. Нийгмийн хар бараан зүйлсийг хүмүүс бүгд л харж байна. Тэр болгоныг яг тэр чигээр нь кино хийхдээ биш, эсрэгээр нь гэгээлэг, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, сайн сайхан руу хөтөлсөн кино хийх хэрэгтэй болов уу.
Энэ цаг үед байгаа 13 настай хүүхэд болоод аав, ээжийнх нь 13 настай үеийн дүр зургийг энэ кино харуулах юм. Аавынх нь 13 настай үе 90-ээд он гарч зах зээлд дөнгөж орж байгаа нийгмийн ороо бусгаа байдлыг харуулна. Харин ээжийнх нь 13 настай үе 2000 он руу хэлтийж, зах зээл нийгмийн солилцол өнгөрсний дараа гэр бүл дотор юу болсон бэ, тэр бужигнасан нийгэм гэр бүлүүдэд ямар хүчтэй нөлөөлснийг харуулж байх жишээтэй. Ихэнх нь гадагшаа гарч эхэлсэн шүү дээ. Энэ бүхний цаад тал болох далд санаанд нь дугарч байгаа юм. Тэр үеийн нийгмийн шуурганд авьяасаа хаяад амьдралын төлөө орсон залуучууд олон байдаг. Нийгмээс болоод өөр өөрийгөө алдчихсан. Гэтэл хүүхдэд байхдаа би ийм авьяастай байсан. Даанч тэр үед амьдрал болоогүй гэдэг ч юм уу ярьдаг шүү дээ. Тэр өнцгөөс нь авьяас гэж чухам юу юм бэ, хүний авьяас гэдэг ганц урлаг дээр биш бүх л зүйлд байдаг гэдгийг харуулахыг зорьсон. Мэдээж гурав дахь хэсэг нь 2019 оны 13 настай хүүхэд ямар байна вэ гэдгийг харуулна. Дэлхийн хөгжил хурдацтай явагдаж байгаа. Хөлөө олохгүй энэ олон мэдээлэл дунд тархи оюунаа маш бага ашиглаж байгаа талаар энэ хүүгийн амьдралаар илэрхийлж байгаа юм. Тэр өнцгөөрөө гэр бүлээрээ үзэх ёстой кино. Ганцхан хүүхдийн кино гэх тодотгол жулдаад байна л даа. Гэр бүлийн жанр явж байгаа юм. Гэр бүлийн гишүүд бүгдээрээ суугаад үздэг кино байгаасай гэж бодсон.
-Монголын кино урлаг ямар түвшинд явж байна гэж хардаг вэ?
-Кино урлаг зарчмаараа л явж байгаа. Манайх гажаад, дэлхий тэс өөрөөр явж байгаа юм биш. Явдаг зарчим гэж бий. Юуг хэлээд байна гэхээр 1990-ээд онд нийгэм солигдсоноор ганц кино урлаг биш бүх зүйл эргэсэн. Яг үүнтэй зэрэгцэн кино урлаг хаягдсан гэж хэлнэ. Улсын гэдэг тодотголтой хэдэн байгууллагууд үлдсэн л дээ. Тэр үеэс кино урлаг өндийж, дөнгөж хүүхдийн насан дээр явж байгаа юм. Үүнийг маш сайн ойлгох хэрэгтэй. Олон даваа нугачааг давж байж кино урлаг өдий зэрэгтээ босч ирсэн. Тэгэхээр идэр насан дээр явж байгаа кино урлаг дотор асар их алдаа, оноо байгаа. Байх ч ёстой. Энэ өөрөө дэлхийн киноны зарчим. Бүгд алдаа оноотой гарч ирсэн. Монголын кино урлаг 80 жилийн түүхтэй. Харин нийгэм солигдсоноос хойших 29 жил дотор кино урлаг босч ирж байгаа юм. Бүх юм сайнтай муутай л байдаг шүү дээ. Жишээ хэлье л дээ. Нэг монгол брэнд гээд оймс аваад өмсчихлөө гэж бодьё. Зарим нь тав хоноод урагдахыг алийг тэр гэхэв. Харин арай үнэтэй чанартай оймс аваад өмслөө. Эдэлгээ нь удаан байж болно. Зүгээр л нэг монгол оймс авч өмсчихөөд Монголын оймс муу гэж ярих утгагүй биз дээ. Ерөөсөө л зах зээлийн элементээр сайнтай муутай зүйлс явж л байдаг. Асар их сонголтыг өөрийнх нь урд тавьдаг болчихсон нийгмийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Хуучин цагийн социализмийн системийн үзэл суртлаар бүх зүйлийг үндсэн обемаар нь муулдаг эсвэл сайлдаг. Одоо тэгвэл энэ бүгд өөр болсон. Монголын кино сайнтай, муутай байгаа. Мөн үзэгчдийн боловсролын асуудал байна. Үзэгчидээ боловсруулахад орон зай, цаг хугацаа хэрэгтэй биз дээ. 95 оноос хойш үзэгчид солонгос сериалийг маш их үзчихсэн. Тархиа тэгж их угаалгачихсан зрителийн өөдөөс өнөөдөр шууд “Тань руу нүүж явна” шиг кино хийхээр яаж ч бодсон хүлээж авахгүй. Хэцүү зритель болчихоод байна. Нэг талаараа балчир зрителийг хэлж байгаа юм. Яг одоо кино үзэж байгаа зритель 20-30 насны хооронд байна. Мэдээж зах зээлийн хуулиар гаднаас асар их контентууд орж ирсэн. Бидний нүд ч нээгдсэн. Тэгээд ирэхээр зритель аажим аажмаар бүтээлийн кино, массд зориулсан киног ялгаж салгаж эхэлж байгаа юм. Ингээд боловсорч байгаа зрителиүд маань магадгүй 30 жилийн дараа маш гоё болж ирнэ. Яг үүнийг дагаад Монголын кино урлаг ч цуг явж байх ёстой. Монголын киног сайжруулна гээд бүтээлийн кино хийхээр массын зритель 80 хувьтай байна шүү дээ. Иймэрхүү асуудлаас болж зрителийн араас хөөсөн кино хийгддэг. Мөр зэрэгцээд бүтээлийн кинонууд ч хийгдэж байгаа. Монголын кино урлагийг би мундаг байгаа гэж хэлнэ.
-Та 1998 онд анхны бүтээлээ гаргаж байснаас хойш 20 гаруй жил өнгөрчихжээ. Найруулагч хүний ид бүтээх үе хэдийд байдаг юм бэ?
-Найруулагч хүн 40-60 насандаа өөрийгөө ол гэж байгаа юм. 60 наснаас хойш жинхэнэ бүтээлийг хийнэ гэдэг ч юм уу. Найруулагч гэдэг чинь насаараа кино хийдэг хүн шүү дээ. Үхэн үхтлээ кино хийдгээрээ хамгийн гайхалтай мэргэжил. Хэзээ ч бууж өгдөггүй, амьдралыг туулах тусмаа амьдралын мөн чанарыг ойлгож эхэлдэг. Найруулагч хүн идэр залуу насандаа юм юм руу үсчиж, харайж илүү их унших, мэдэх гэж цаг хугацаагаа өнгөрөөдөг. Нэг ёсондоо найруулагчийн мэргэжил, урлагийнхныг спортынхонтой хутгаж болохгүй. Нас нь явлаа, харилаа гэж ярьдаг. Манайхан аливаа зүйлийг шинэ үе, залуу үе, ахмад үе зэргээр үнэлэх гээд байдаг. Тэр хэрэггүй байгаа юм. Харин найруулагчийн мэргэжил нас явах тусмаа улам ихийг хийдэг. 60 наснаасаа жинхэнэ бүтээлээ тавих, соруудаа хийх цаг гэж би ойлгодог. Нэг удаа кино үзэж гарчихаад кафе ороод харих замд мартагдчихдаг кино их байдаг. Энэ манайд ч биш, дэлхийд ч адил. Хүнд үлдэхгүй байна шүү дээ. Гэхдээ хэдэн сар жилээр дотор яваад байдаг, магадгүй тэр киноны нэг жижигхээн текст бүхэл бүтэн хүний амьдралд нөлөөлж байдаг тийм киног л бүтээлийн кино гэж яриад байгаа юм.
–“Хоёр ертөнцийн буудал” драмын жүжгийг та найруулсан. Үзэгчдээс ч их үнэлгээ авсан. Дахин драмын жүжиг найруулах бодол бий юу?
-Би тайзан дээр ухаан орж, өдий зэрэгт хүрсэн. Миний өдий зэрэгтээ яваа минь аавын минь ач буян. Энэ тайз руу очиход хэзээд би бэлэн. Гэвч цаг хугацаа гэж бий. Монголын кино урлагт хийх зүйл их байна.
-Таны кинонууд нийгэмд маш их хүчээ авдаг. Таны ертөнц өөр санагддаг л даа. Найруулагч хүн ямар байх ёстой вэ?
-Би хэлдэг л дээ. Найруулагч хүн асуултын тэмдэг байх хэрэгтэй гэж. Би бол асуултын тэмдэг байх ёстой. Чи намайг нэмэх тэмдэг болгох гээд байна. Би өөрийгөө дэлгэчихвэл та нарт сонин биш шүү дээ. Нэвтрүүлэг болгонд ороод л бүх юмаа задлаад явах онцгүй. Басхүү хамгийн түрүүнд өөрийнхөө үзэл бодлыг олох нь чухал. Өөрийнхөө үзэл бодлоор ертөнцийг харах ёстой. Хүнийхээр биш. Юуны тухай дуугарах гээд байгаа юм бэ гэдгээ өөрийн үзэл бодлоороо нээх ёстой байхгүй юу. Ертөнцийг үзэх үзлээ тогтоох хэрэгтэй. Би ч мөн адил үзэл бодлоо олох гээд явж байгаа хүн. Үзэл бодлоо олчихсон, өөр өөрийнхөө ертөнцөөр бүх зүйлийг харж байна гэдэг найруулагч хүний гол зарчим. Өөрийнхөөрөө хараад эхэлбэл хорвоо дэлхий их өөр харагдана шүү. Би өөрийн ертөнцийг харах өнцгөөрөө киногоо хийдэг.
-Та их нууцлаг хүн шиг санагддаг юм?
-Нууцлаг гэхээр бас арай тохирохгүй. Ер нь энэ бүхэн хоёр үзүүртэй юм л даа. Тайлагдашгүй юм шиг бас баймааргүй санагддаг. Гэхдээ тодорхой хэмжээний утас хөвөрч баймаар байна шүү дээ. Балансыг нь олж харж байх ёстой. Би үзэгчдээр илүү их уншуулах дуртай. Үзэгчдийг уншуулах гээд юм хийхээр урдаас энэ нууц юм байна, найруулагч мэдэж байгаа гээд ойлгочихдог. Үзэгчид болгон өөр өөрийнхөөрөө тайлах ёстой. “Амьдрал” киноны сүүгээр бороо орж байгаа хэсгийг хүн болгон л ойлгочих зүйл шүү дээ.
-Та бүтээсэн кинонуудаа эргээд харахад ямар сэтгэгдэл төрж байх юм. Энэ хэсэгт ингэх байж гэж харамсах сэтгэл төрөх үү?
-Эргэж хараад харамсах сэтгэл төрдөггүй найруулагч гэж байхгүй байх.
– Та өөрөө найруулж, зохиолыг нь бичсэн “Lovers” кино байна л даа. Бас л өөр жанрыг кино урлагт түлхээд зоригтой харуулчихсан юм шиг санагддаг.
-Модерн гэж хэлэх юм даа. Шинэлэг орж ирж байгаа урсгал. Хайрыг сексгүйгээр зүйрлэх чинь тэнэг биз дээ. Би хайрыг асар бие биендээ нэвчин орсон, уусчихсан зэрэг асаж байгаа хоёр лаа гэж боддог. Секс бол лаа л байх. Яахав хайрыг секс рүү түлхсэн тийм өнцгийг л харуулсан.
-Найруулагчийн хувьд аливаа уран бүтээлийн сэдэл, санаагаа юунаас олж авдаг вэ?
-Их сонин сонин зүйлээс гарч ирнэ л дээ. Би жанрт баригдахгүй гэж хэд хэдэн кино хийлээ. Драм, мелодрам, tragedy, action, trailer, comedy чиглэлээр хийчихсэн байна. Аль болохоор тархиа савлуулахыг хичээдэг. Нэг жанр дээр төвлөрчихөөд зууралдаад явах онц биш. Энэ дотроос өөрийгөө олж байгаа гэж боддог.
-Энэ үеийн залуучуудын боловсрол, хүмүүжил, харилцааны талаар ямар бодолтой явдаг вэ?
-Одооны залуучуудыг янзын гоё гэж хэлнэ. Яахав хоёр нийгмийн зөрчил явдаг л даа. Нийгмийн энэ зөрчилдөөн хэзээд байх л байх. Энэ зөрчилдөөн дунд залуучууд, ахмад настнууд гэх ойлголт байдаг. Мэдээж уламжлалгүй шинэчлэл, шинэчлэлгүй уламжлал гэж байхгүй гэдгийг хоёр талдаа л ойлгох асуудал юм даа.
-Таны аав Монголын нэрт жүжигчин Л.Жанчивдорж гэдгийг уншигчид андахгүй. Аавынхаа талаар дурсахгүй юу?
-Аавынхаа талаар их ярьсан даа. Тэр хүний цус миний биеэр урсаж байна гэдэг л миний бахархах зүйл. Аавын минь надад үлдээсэн хамгийн том өв хөрөнгө авьяас юм даа. Аав маань орчин тойрныхоо хүмүүст гэрэл цацруулсан тийм л хүн байсан. Би одоо яг аавынхаа үе дээр ирчихсэн байна. Хүн байх хэрэгтэй гэдгийг сургасан. Аавыг маань Монголын ард түмэн надаас илүү мэдэж байгаа байх. Заримдаа гэрлэн дохион дээр зогсож байхад ааваар чинь бахархдаг шүү гэж хэлдэг. Аав маань ард түмэнд хайрлагдаж, хүндлэгдэж явсан нь үр хүүхдэд нь ирдэг юм байна даа гэж боддог.
-Найруулагч хүн жүжигчдийн чадварыг олонд харуулж, таниулахад гол роль нь болж байдаг. Таны хувьд жүжигчдээ сонгохдоо голчлон юуг нь хардаг вэ?
-Намайг кинондоо ихэвчлэн олны танил хүмүүс тоглуулдаг гэж хардаг байх. Найруулагчийн хамгийн авууштай чанар нь жүжигчдээ сонгохдоо Монголын бүх л жүжигчдээс эрэл хайгуул хийдэг. Энэ их авууштай чанар. Театр бол дотроосоо сонгодог. Яагаад тэр олон жүжигчдээс хайгаад байна гэхээр тухайн дүрийн 80 хувь руу очтол жүжигчин наалдаж байвал сонгоно. 10 хувьд нь жүжигчин өөрөө ажиллана. 10 хувьд нь найруулагч ажиллана. Тэгж гэмээнэ тэр дүр илүү бодитой болж байгаа юм. Ямар ч хамаагүй нэг жүжигчнийг авчирчихаад энэ дүрийг бүтээ гэвэл хэцүү шүү дээ. Кино тийм урлаг биш. Энгийн хүмүүсээс хүртэл жүжигчнээ хайдаг шүү дээ. Тэр хүнд дүрийн 80 хувь нь байх ёстой гэж боддог.
-Драм, кино урлаг ялгаатай юу. Найруулагч хүний хувьд ялгааг нь хэрхэн хардаг юм?
-Ер нь бол театр, кино урлаг хоёр метр 50-ийн ялгаатай. Яагаад гэвэл тайз метр 50 дээр байдаг. Дотор нь задлаад хэлвэл үл мэдэг ялгаанууд бий. Тайз мэдээж амьдаар өгдөг. Тэгвэл киног амьдаар өгөх хэрэгтэй. Тийм зарчимтай. Жүжигчнийг амьд юм шиг тоглуулж чадахгүй байна. Тэр өнцгөөрөө тайз, дэлгэц хоёрыг амьд болгох гээд байна. Санаа нь бол нэг зүйл дээр л авчирч тавих гээд байгаа юм. Кино урлаг яруу тансагийн туйл. Бүх урлагууд дотроос хамгийн залуу урлаг. Энэ залуу урлаг бүгдийг шингээж болохоороо гайхамшиг болох гээд байгаа юм. Удахгүй тийм болно. Тийм болгосон найруулагчид ч бий. Кинонд бүгд нэгдэж оруулж ирдгээрээ гайхал. Үүнийг гайхлын хэмжээнд хийх хэрэгтэй.
-Манайхан киногоо Холливудад гаргана гээд л ярьдаг.
-Холливуд мөнгөний дамар. Би хэлээгүй шүү. Энийг Холливудын найруулагчид баталсан. Нэг ёсондоо кино бол бизнес. Холливууд энэ зарчмаар ажиллаж байгаа. Дотор нь эсрэг хүрд ч эргэдэг. Тэр нь бүтээлийн кино. Харин манайхан мөнгөний хүрд рүү орох гээд байна. Нэг талдаа зөв. Гэхдээ Холливудад таалагдах гэж кино хийхдээ биш. Бид тэднийг гүйцэхгүй. Биднээс их хол тасарчихсан. Харин бид сөрж давхих ёстой юм л даа. Тэд хаа хүрэхээр давхиж байгааг олж харах ёстой. Хаана Холливуд очих гэж байгааг мэдсэнээр тэр зүг рүү нь давхиж бид нэг уулзварт уулзаж байвал болох гээд байгаа юм.
-Түүхэн кино нэлээд хийгдэж байна. Түүхэн киног түүхийг бүрэн эхээр нь бус, үнэн зөвөөр гаргаж чадахгүй байна гэдэг. Таны бүтээсэн “Босуул” кино ч гараад удалгүй хаагдаж байсан?
-Их том чулуу байсан. Би тэр чулууг нь сөхөж харж чадаагүй л дээ. Босуул дээр ч ийм зүйл яригдсан. Түүхээс сэдэвлэсэн уран сайхны киног хүмүүс түүхэн кино гэж ойлгоод байдаг. Түүхэн кино гэдэг чинь баримтат кино гэсэн тусдаа жанр шүү дээ. Тусдаа жанрыг уран сайхан руу хүчээр оруулах гээд байдаг талтай. Бид яагаад түүхээс сэдэвлэж кино хйиж болохгүй гэж. Хүмүүс яг тэр цаг он, бүх зүйлийг нь дурдуулах гээд байдаг. Тэгвэл уран сайхны зүйл байхгүй болчихно биз дээ. Мандухай сэцэн хатанг түүхээс сэдэвлэж ямар сайхан кино хийв. Гэтэл үнэн түүх дээрээ өөр байсан шүү дээ. Аливаа зүйлийг нухчин дарах гэхээрээ шүүмжлэгч гэхээс илүү доромжлогчид гарч ирж байна. Киноны бөөс түүж үздэг. Энэ кино надад юу мэдрэгдэв гэж боддоггүй. Маш түвэгтэй. Мэргэжлийн кино шүүмжлэгчид манайд байхгүй. Хэд хэдэн кино шүүмжлэгчид байсан гэхдээ одоо байхгүй. Мэдээж шүүмжлэл байж кино урлаг хөгжинө. Гэхдээ мэдрэх хэрэгтэй. Өнөөдөр нээсэн киног маргааш муулж тавина гэдэг хүний түрүүвч рүү өнгийж байгаа хэрэг. Соёлтой нийгэмтэй газар хүний түрүүвч рүү шууд өнгийдөггүй. Холливудад энэ үнэхээр хөгжиж байгаа. Тэнд киног шүүмжлэх эрх авдаг. Бүх зүйл хууль ёсны дагуу явагддаг.. Шүүмжлэл бол дэлхийд том урлаг болсон гэдгийг ойлгох хэрэгтэй. Манайд бол шууд нулимдаг. Нэг талдаа маш бүдүүлэг хэрэг л дээ.
–“Босуул” киног яг юунаас болоод буулгачихсан юм бэ?
-Ерөөсөө л ойлгомжтой асуудал байсан. Тэр кинонд ямар ч намын тухай гардаггүй. Бүгд Найрамдах Монгол Ард Улс л гэж ярьдаг. 2015 оны намар энэ киногоо нээсэн. Тэгээд яахав яг ирэх жил нь сонгууль болох байсан.
-Кино урлаг чөлөөтэй хөгжихөд саад бий юу?
-Мэдээж хэрэг. Урлагийг чөлөөтэй хөгжиж байна гэж бодож байна уу. Бүх урлаг л асуудалтай байгаа шүү дээ. Ганц кино урлаг биш. Киног үзэл суртлын зэвсэг гэж ойлгодог. Би тэрийг зөвшөөрдөггүй. Одоо бол чөлөөт нийгэм. Залуучуудыг буруу зүйлд уриаллаа гэдэг. Яагаад гэвэл нийгэм чөлөөтэй байна шүү дээ. Кино уран бүтээлчид өөрийнхөө санааг тусгасан, харсан өнцгөөрөө яагаад кино хийж болохгүй гэж. Уран бүтээлч хүн уран бүтээлчээрээ л байх ёстой. Дэлхийн кино урлаг, улам дотогшоо чиглэж байна. Цэвэр хүний дотоод сэтгэл рүү чиглэж байна.
-Таны гэр бүл олны өмнө тэр бүр ил байдаггүй.
-Нэг талдаа гэр бүлээ нууна аа нууна. Манай гэр бүлийн хүн бүжигчин мэргэжилтэй. Үндэсний ардын дуу бүжгийн театрт ажиллаж байсан Солонго гэж бүсгүй бий. Бид гурван хүүхэдтэй. Эхнэр маань бүжгийн тайз руугаа удахгүй буцаад гарах байх. Миний хамгийн том шүүмжлэгч миний эхнэр. Маш нарийн мэдрэмжтэй.