Categories
мэдээ цаг-үе

Б.Гүнбилэг: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд нутгийн удирдлагын хэсгийг хөндөхгүй байх нь зүйтэй

Чимид сангийн удирдах зөвлөлийн гишүүн, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хоёрдугаар хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч өөрийн төсөл, саналаа танилцуулсан. Ерөнхийлөгчийн зүгээс нэгдүгээр хэлэлцүүлэгт дурдагдаагүй төсөл, саналыг оруулсан нь хууьчид болоод иргэдийн анхаарлыг татаж байгаа. Ерөнхийлөгчийн гаргасан санал, төслийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуульд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрхтэй. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.3.4-т чуулганаар урьдчилан тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ гэж заасан. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн нэгдүгээр хэлэлцүүлэг яваад дуусчихсан. Зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ гэдэгтэй давхцаж болохгүй. 11.3 дээр өөр өөр үзэл баримтлалтай хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно гэж заасан. Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг албан ёсоор хэлэлцэх боломжгүй. Саналын түвшинд хэлэлцэгдэнэ л гэсэн санаа. УИХ-ын гишүүд хууль тогтоох бүрэн эрхэд оролцож байгаагийн хувьд Ерөнхийлөгчийн саналыг ишлэх, харгалзан үзэх боломжтой. Мөн 13.3-т нам эвслийн бүлэг санал дүгнэлт гаргаж болно гэсэн заалт бий. Байнгын хороо болон түүний гишүүн мөн нам эвслийн бүлэг нь төсөлд тусгагдаагүй шинэ хэсэг заалт нэр томьёоллыг санал дүгнэлтдээ оруулж болохгүй гэсэн байгаа. Анхны төсөлд тусгагдаагүй заалтууд хэлэлцэгдэхгүй гэсэн үг. Давхцаж байгаа хэсгүүд нь харгалзан үзэх шинж чанартайгаар УИХ дээр авч үзэх нь байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд 2.4-т Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг өөрчлөх буюу нийт зүйлийн 35 түүнээс дээш хувийг өөрчлөх эсвэл түүнтэй тэнцэх тоо хэмжээний нэмэлт оруулахаар байвал Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх буюу хянан үзэхэд хамаарна гэж заасан. Одоогийн нэмэлт өөрчлөлтөд бид 35 хүртэлх хувьд хамаарах зүйл заалтын тоонд анхаарч ирсэн. Ажлын дэд хэсгүүд, УИХ-ын Тамгын газар, хуульч гишүүд 35 хувиас гадна Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг өөрчилж байгаа зүйл байгаа эсэх дээр анхаарал хандуулж байгаа. Тоон чанараас агуулга чанар руу шилжиж байна шүү дээ.

-Ерөнхийлөгчийн шинээр оруулж байгаа төсөл хэлэлцэгдэхгүйгээр харгалзан үзэх маягаар явах юм байна. Ерөнхийлөгчийн зүгээс гаргасан төсөл, санал дотор Үндсэн хуулийн үзэл баримтлалттай зөрчилдөж байгаа зүйл бий юү?

-Журмын тухай хууль дээр Үндсэн хуулийн үзэл баримтлалыг зөрчиж болохгүй гэж нэг тусдаа зүйл болгож бичээд, мөн тусад нь Үндсэн хуульд оруулж болохгүй зүйлийг бас тусад нь биччихсэн. Үүнийг УИХ-ын гишүүд хольж, сольж ойлгох буюу нэг зүйл гэж бодох аюул учраад байгаа юм. Журмын тухай хуулийн 5.2.1-т Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд харшлахгүй байх. Харин 5.2.2-т дээр нэмэлт өөрчлөлт оруулж үл болох заалтууд гээд тус тусад нь заачихсан. Үндсэн үзэл баримтлал бол өргөн хүрээний асуудал. Богд хаант засаг төрөө тунхагласны дараа Цэвээнжамсран эрдэмтэн Үндсэн хуулийг ярьснаас эхлээд өнөө хүртэлх, бүр дээшилбэл Чингис хааны засгийн төрийн үзлийн тухай, Богд хаант засгийн төрийн үзлийн тухай, 1922 онд Магсархурцын ахалж байсан ажлын хэсгийн тухай авч үздэг. 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулийг зарим судлаачид шүүмжилдэг боловч энэ бол манай түүхийн нэг хэсэг. 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлалын талаар Ерөнхийлөгчийн зүгээс анхаарах ёстой. Үндсэн хуулийг шинээр батлахыг шаардаж ардчилсан хөдөлгөөний манлайлагч Монголын ардчилсан холбоо үндсэндээ дөрвөн зүйлийг тусгахыг санал болгосон байдаг. Энэ дотор нэг намын тогтолцоог халах, хүний эрхийг хангах, Ардын их хурлыг байнгын ажиллагаатай парламент хэлбэрт оруулж ажиллуулах, Үндэсний аюулгүй байдал улс төр, эдийн засгийн асуудлыг ард түмнээр хэлэлцүүлэх, Орон нутгийн ашиг сонирхлын асуудлыг оршин суугчдын саналыг авч шийдвэрлэж байх гэсэн байгаа юм.

Ерөнхийлөгчийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөхөд иргэдийн саналд үндэслэн гэдгийг хассан нь анхны ардчилсан холбооноос барьж байсан үзэл баримтлалттай зөрчилдөж байгааг Ерөнхийлөгч ойлгох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэлж буй санаа нь нэгдмэл улс юм бол ийм байх ёстой гэж байна. Харин ч ийм өөрчлөлт хийснээрээ холбооны улсын хэв маягийг санал болгож, эсрэгээр нь яриад байгаагаа анхаарах ёстой. Монголын ардчилсан холбооны тавьж байсан дөрвөн зүйл яах аргагүй Үндсэн хуулийн үзэл баримтлалын нэг хэсэг мөн. Гэтэл Ерөнхийлөгч үүнийхээ эсрэг санал оруулж ирсэн, ойр байдаг хуульчид, судлаачдаасаа асуугаасай гэж залбирч сууна.

– Та нутгийн удирдлагын дэд ажлын хэсэгт ажиллаж байгаа. Нутгийн удирдлагын хэсэг дээр ямар зүйл заалтууд Үндсэн хуулийн үзэл баримтлалыг зөрчиж байна вэ?

-Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн саналууд зөвхөн нутгийн удирдлагын хэсэгт гэхэд 57.2-т улсын болон орон нутгийн харьяалалтай хот тосгоны эрх зүйн үндэс тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно гэж оруулах санал явж байна. Тэгтэл үндсэн үзэл баримтлал нь 57.1 дээр нь бий. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 57.1 дээр хотын тухай огт хөндөөгүй. Ингээд Үндсэн үзэл баримтлалаа хөндөөгүй байж, хоёр дахь хэсгийг өөрчлөх гэхээр үндсэн үзэл баримтлалтайгаа зөрчилдөж байгаа юм. Тухайлбал, 57.1-т Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, аймаг нь суманд, сум нь багт хуваагдана гэж байгаа. 57.1-т хот гэдэг үг оруулаагүй болохоор 57.2-ын зүйл заалттайгаа зөрчилдөж байна. Хот засаг захиргааны нэгж болох боломжгүй гэсэн үг. 60 дугаар зүйл дээр сум, дүүргийн Засаг даргын сонгуулийн журмыг хуулиар тогтооно, сумын Засаг даргыг иргэдээс нь сонгоно гэж төсөлд байгаа. Гэтэл Үндсэн үзэл баримтлалд сумын Засаг даргыг төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр тухайн суманд ажиллаж байгаа субьект гэж заасан. Тэгэхээр субьектыг заавал төв Засгийн газрын төрийн удирдлагаас томилох шийдвэр гарна. Гэтэл иргэдээс сумын Засаг даргыг сонгохоор нутгийн өөрийн удирдлагын хэв шинжийг агуулсан иргэдээс сонгогдсон субьект гараад ирнэ. Төв засгийн газрын чиг үүргийг хэрэгжүүлэх хүнийг төв Засгийн газар нь томилох байтал ард иргэдээс сонгохоор өөрийн удирдах ёсны байгууллагын хэв шинжийг агуулсан субьект гараад ирж байгаа юм. Энэ хоёр хэрхэн нэгдэж явах вэ гэхээр 59.1-т Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ гэж байгаа. Засаг дарга нь өөрөө удирдах ёсны төлөөлөл болж орж ирээд, төрөөс нь хийж байгаа зүйлийг гүйцэтгэх гээд олон нийтээс сонгогдож болно гэж бодъё. Олон нийтээс сонгогдож байгаа этгээд маань Засгийн газраас хэрэгжүүлэх гэж байгаа бодлогыг хэрэгжүүлэх мэргэжлийн чадавхтай байх эсэх асуудал гарч ирнэ ээ дээ. Ингэхээр сумын Засаг даргад ямар нэгэн шаардлага тавих болно.

Гэтэл энэ байдлыг нь одоогийн төсөлд заагаагүй учраас засаг захиргааны нэгжийн хууль, сумын тухай хууль шинээр бичээд явахаар Үндсэн хуульдаа шаардлагыг нь тавиагүй учраас Үндсэн хууль зөрчсөн хууль баталж байна гэх үндэслэлээр дараа дараагийн гарах хуулиуд ҮХЦ дээр унана. Хуульчдын хамгийн их санаа зовоож байгаа зүйл бол Үндсэн хуулийн зүйл заалтууд ямар концепци буюу үзэл баримтлалтай орж ирж байгаа нь тодорхойгүй учраас дараа нь хэрхэн хуульчлах тал дээр ихээхэн асуудал үүснэ. Ялангуяа нутгийн удирдлагын хэсэг дээр. Улстөрчид нэг санаа гаргаад Үндсэн хуульд оруулдаг, дараа нь хуульчид л бичнэ шүү дээ. Гэтэл ямар үзэл баримтлалтай гэхээр заалтууд нь хоорондоо зөрчилдөөд байдаг.

-Иргэдийн зүгээс сумын засаг даргыг иргэдээс сонгохыг дэмжиж байгаа хэмээн гишүүд ярьж байсан. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс засаг захиргааны нэгжийг өөрчлөхдөө нутгийн хурал, иргэдийн саналыг үндэслэн гэдгийг хасаад шууд Засгийн газар, УИХ-д оруулж баталдаг болгохоор оруулж ирсэн байна. Иргэдийн саналыг үндэслэхгүй байх нь хэр зөв юм бэ?

-Иргэд сумын Засаг даргыг иргэдээсээ сонгох нь зөв хэмээн үзэж байна гэж улстөрчид ярих өөр, нөгөө талаас хуулиар зохицуулах үндсэн үзэл баримтлал өөр шүү дээ. Үндсэн хуулийн 59.1-ээ нэгдүгээр хэлэлцүүлэгт хөндөөгүй тохиолдолд хэлэл-цэх боломжгүй. Хэлэлцээд баталлаа гэхэд логик алдаатай, Үндсэн хуулийн үзэл баримтлалд харшилсан зүйл заалт гарах магадлалтай. Эргээд Үндсэн хуулийн журмын тухай хуулийн 2.4-т заасан 35 хувь тоон чанараасаа гадна агуулга руу харахаар агуулгын зөрчил гараад байгаа юм. Ингэхээр шинэ Үндсэн хууль ярих, батлах үед нутгийн удирдлагын хэсгийг шинээр зохицуулах боломжтой, эсхүл журмын тухай хуулийн 2.4-өө хүчингүй болгож таарна. Гэтэл шинэ Үндсэн хуулийг тухайн улс нь шинэ эрхзүйн ухамсар соёл төлөвшлийг эзэмшүүлэх зорилго тавихад баталдаг. Манайх “Эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэж Үндсэн хуульд тунхагласан байдаг. Бид, ерөнхий утгаараа дэлхий нийт үүнээс илүү зорилго хараахан олоогүй. Нутгийн удирдлагын хэсгийн нэгийг нь сугалахаар нөгөөх нь заавал хөндөгддөг байдлаар биччихсэн. Үндсэн хуулийн үзэл баримтлал гэдэг энгийн нэгэн сэтгэл зүй, гэнэт санагдсан төдий сэтгэгдэл биш. Хууль зүйн шинжлэх ухаанд нийгмийн эрхзүйн ухамсрын дээд түвшинд эрэмбэлэгдэж цэгцэрсэн онолын баримтлал байдаг. Сумын засаг даргыг иргэдээс сонгохыг зөвшөөрөөд, хотыг засаг захиргааны нэгжийн түвшинд аваад үзье гэхээр дөрвөн жилийн дараа сумын засаг даргыг сонгодог байдал иргэдэд таалагдахгүй бол яах вэ. Дахиад Үндсэн хуулиа өөрчлөх үү. Ингээд үзэхээр нэгдүгээрт, онолоор болохгүй байна. Хоёрдугаарт, практикаар туршигдаж үзээд болохгүй гэвэл дөрвөн жилийн дараа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад маш их хүндрэл гарна. Миний бодлоор энэ удаад Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд нутгийн удирдлагын хэсгээ орхих хэрэгтэй. Асуудал яриад байдаг, шийдэлгүй байж болохгүй биз дээ. Гэвч гарц бий. Манай улс нийслэл аймаг, сум дүүрэг, баг хороо гэх гурван түвшнээр нэгжээ зохицуулдаг. Тэгэхээр тус тусад нь хотын тухай хууль, дүүргийн тухай хууль, аймгийн тухай хууль, сумын тухай хууль, хорооны тухай хууль, багийн тухай хууль зэргээр задлах хэрэгтэй. Үндсэн хуулийн эрх баригч Б.Чимид багш болоод Үндсэн хуулийн талаар судалж байсан хүмүүс тухайн үедээ манай засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэт ерөнхий бичигдсэн. Ингэж ерөнхий бичигдэхээр аймгийг нийслэлтэй, сумыг дүүрэгтэй, багийг хороотой зэрэгцүүлж ойлгоод байна. Энэ хэсгийг өөрчлөн тус тусад нь хууль гаргая гэж олон жил бичсэн байна. Үндсэн хуулийн 57.3-т засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн хурал иргэдийн саналыг үндэслэн УИХ шийдвэрлэнэ гэж байгаа. Гэхдээ 57.3-ын энэ зүйл заалт нэгдүгээр хэлэлцүүлэгт ороогүй. Ерөнхийлөгчийн зүгээс энэ хэсэг дээр иргэдийн нутгийн хурал иргэдийн саналыг үндэслэн гэдгийг хасаад шууд Засгийн газар, УИХ-д оруулж баталдаг болгохоор оруулж ирсэн. Иргэдийн саналыг үндэслэхгүй нь маш том асуудал болно. Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалтай ч зөрчилдөнө. Монгол Улс нэгдмэл улс гээд иргэдийн эрхзүйн байдлыг дордуулж яавч болохгүй.

-Нутгийн удирдлагын хэсгийг хөндөхгүй орхилоо гэхэд аймгийг хот болгоно хэмээн сонгогчдодоо амласан гишүүдийн зүгээс эсэргүүцэлтэй тулах байх?

-Манайх холбооны улс биш. Хуульд чиг үүргийн зарчим буюу функциональ зарчим гэж байдаг юм. Юуг өөрчлөөд юунд хүрэх гэж байгаа нь тодорхой байх ёстой. Эрдэнэт хот, Дархан хот гэж нэр өөрчилснөөр юу ч өөрчлөгдөхгүй. Хот гэдэг л нэр зүүнэ. Эдийн засгийн хувьд өөрчлөгдөхгүй. Газар нутаг нь ч томрохгүй. Засаг захиргааны шинэчлэлт хийнэ гэвэл тэнд засаг захиргаа байж л байгаа. Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийг одоо болтол шинэчлээгүй. Энэ хуулиа шинэчлэх хэрэгтэйг байнга ярьдаг. Энэ хуулийг сайжруулснаар иргэдэд төр хүрч үйлчлэхэд асуудал гарахгүй. Заавал Үндсэн хуульд оруулах шаардлагагүй. Хот гэдэг инженерийн шугам сүлжээтэй нийгэм, эдийн засгийн цогцолбор. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж нь засаг захиргаа эдийн засаг, нийгмийн цогцолбор байдаг. Үүн дээр нэмээд хот инженерийн шугам сүлжээтэй, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг нэгж. Эрдэнэтэд ГОК байдаг амьдарчихна гэж төсөөлж болохгүй. Гокулсынх болохоос Эрдэнэтийнх биш. Мөн хөдөө орон нутагт ажиллаж байгаа эмч, багш нар цалингийн нэмэгдэл авах эсэх дээр асуудал үүснэ. Харин ч бүр зарим нэг хэсэгтээ багасах магадлалтай. Тухайлбал, Эрдэнэтийн асуудлыг ярихад Жаргалант сумыг Булганд буцаагаад өгөх үү, эсвэл Эрдэнэт хотын нутаг гээд явах уу гэх зүйл дээрч маргаан гарч эхэлнэ. Одоогоор нэн тэргүүнд хот, дүүрэг, аймаг, сумын тухай хуулийг тус тусад нь хийх ёстой. Засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай ерөнхий хуулиа задлах ёстой болчихсон. Үндсэн хуулиа ойлгож, ердийн хуулиа батлаагүйгээс болж, улс орон даяар том төөрөгдөл яваад, түүнийгээ дагаж хуйлраад байна.

-Ерөнхийлөгч парламентын засаглалыг унагаах, Засгийн газраас эрх мэдэлтэй байгууллага байгуулж байна. Шүүх эрх мэдлийг хараат болгож байна гэх шүүмжлэлүүд явж байна?

-Гол нь шүүх эрх мэдлийг хараат бус байдлыг идэвхжүүлэх талаар орсон зүйлүүдийг хассан байна. Анхны хэлэлцүүлгээр орсон Шүүх эрх мэдлийн хэсгээс Ерөнхийлөгчийнх дордсон байна гэдэг шүүмжлэл үнэн. УИХ энэ зүйлсийг дахиад судлах байх.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Тэмүүжин: Ерөнхий сайдад гүйцэтгэх эрх мэдлийг бүрэн өгөх концепцийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр үгүй хийх гэж байна

Хууль зүйн сайд асан
Х.Тэмүүжинтэй ярилцлаа.


– Үндсэн хуульд
оруулах нэмэлт,
өөрчлөлтийн хоёрдугаар
хэлэлцүүлэг эхэлчихлээ.
Ерөнхийлөгчийн зүгээс
өөрийн төсөл, саналыг
танилцуулсан. Үндсэн
хуульд нэмэлт өөрчлөлт
орох цаг үе болсон гэж та
харж байна уу?

-Ер нь бол улс орон 20-30
жилдээ Үндсэн хуулиа шүүн
ярилцаж сайжруулж байх нь
зөв. Ардчилал булингартаж,
хууль ёс хэврэгшин иргэний
эрх, эрх чөлөө үнэгүйдэхээс
сэргийлж Үндсэн хуулийг
сэргээн сайжруулах, үзэл
санааг нь тодотгож тордох
эрх бол түүнийг анх баталсан
хүмүүсийн биш харин тэр
Үндсэн хуулийн засаглалд
хамаатан амьдарч байгаа
үе үеийнхний эрх. Өмнөх
үеийнхнийхээ хүрсэн түвшин,
мэдлэг ололтоос муутгалгүй
өөрсдийн үеийн хүсэл
зорилгоо тодорхойлох нь
шинэ үе болгоны хийдэг ажил.
Өмнөхөө бурханчлалгүй авах
гээхийн ухаанаар хандаж
цааш хөгжин дэвшдэг нь
хөгжлийн зүй тогтол юм даа.
Үндсэн хуулийг өөрчлөх
асуудлаар өмнөх 30 жилийн
жонхуу зуурсан нөхөд
гэхээсээ, ирэх 30 жилийн
хөгжил дуудах хэсэг нь хүчтэй
дуугарч, өөрчлөлтийн үзэл
санааны түүчээ болох нь зөв
гэж би хувьдаа үздэг. Үндсэн
хуулийн өөрчлөлт хийх цаг
бол болсон. Харин өөрчлөлт
хийх эзэд нь мөн эсэх гэдэг
бол өөр яриа байх. Үүнтэй
адил Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ямар журмаар,
хэрхэн хэлэлцэх гэдэг
тусдаа. Үндсэн хуульд ямар
өөрчлөлтийг хэрхэн томьёолж
оруулах гэдэг бас тусдаа
асуудал. Энэ хоёрыг ялгаж
зааглаж харахгүй бол Үндсэн
хуулийн нэмэлт өөрчлөлт хий
хоосон хэрүүл маргаан болоод
дуусаж магад. УИХ-ын нэр
бүхий 62 гишүүн гарын үсэг
зураад Үндсэн хуульд нэмэлт
өөрчлөлт оруулах төсөл өргөн
барьсан. Өргөн барьсан
төсөлдөө Ерөнхийлөгчөөс
санал аваагүй гэх яриа гарч
байсан. Ерөнхийлөгчөөс
санал авахаар явуулсан
боловч хуулийн хугацаанд
Ерөнхийлөгч санал ирүүлээгүй
учраас саналгүй гэж тооцоод
хэлэлцсэн гэх тайлбар хийсэн
байна лээ. Гэтэл Ерөнхийлөгч
сая ЗГ-аас санал авсан
төслөөсөө өөр төсөл УИХ-д
өргөн барьчихлаа гэх яриа
гарлаа. Бүр хачирхалтай нь,
Ерөнхийлөгч тусдаа Үндсэн
хуулийн нэмэлт, өөрчлөлтийн
төсөл өргөн барихын сацуу
УИХ-аар хэлэлцэгдэж байгаа
гишүүдийн санаачилсан
Үндсэн хуулийн төсөлд давхар
санал хүргүүлсэн байна лээ.
Хууль санаачлагчдын хувьд
өөр өөр эх үүсвэртэй, дэс
дараа нь хууль зүйн хувьд
алдагдсан, концепцийн хувьд
зөрчилдөөнтэй зэрэгцсэн ийм
санал, санаачилгыг хуулийн нэг
процесст оруулна гэдэг бараг
хуульгүй шийдэл рүү аваачих
байх. Нөгөө коммунистуудын
“зорилго нь зөв бол арга нь
хамаагүй, хүч хэрэглээд ч
хамаагүй болгоно” гэдэг шиг
“Зөвшилцөж байвал хууль
хамаагүй” л гэх шахуу. Нэгэнт
ил цагаандаа гарсан юм чинь одоо УИХ-ын цөөнхийн гишүүд
Үндсэн хуулийн нэмэлт,
өөрчлөлтийн нэг төсөл нэмээд
өргөн барьчихвал жин пан нь
бараг таарна даа. Энд Үндсэн
хуулийн нэмэлт, өөрчлөлтийн
агуулга ярихаас өмнө арга зүйн
нэг асуудал байна. Үндсэн
хуулийн нэмэлт, өөрчлөлт
уг Үндсэн хуулийнхаа суурь
зарчим, үндсэн үзэл санаанд
захирагдаж хийгдэхгүй бол
тэр өөрчлөлт бага, нэг хоёр
өгүүлбэрийн хэмжээнд
байлаа ч гэсэн тухайн Үндсэн
хуулийг бүхэлд нь сүйтгэх
аюултай байдаг. Ер нь бол
суурь шинжтэй ийм асуудлаар
хөнгөн, хуумгай хөдөлж
болохгүй. Хууль тогтоох
туршлагаас харахад нэг хуульд
орох нэмэлт, өөрчлөлтийн
өөр өөр төслүүд хоорондоо
уялдаагүй, концепцийн хувьд
хэт зөрүүтэй өргөн баригдах
нь их хорлонтой байдаг
юм. Талууд өөр өөрийн эрх
ашгаар асуудалд хандаж,
эрх мэдэл, байр сууриа
алдахгүй, өөрчлөлтөөс
хожоо олчих далд санаа
агуулаад эхлэхээр л Үндсэн
хуулийн байгууллага нурах
аюул ихэснэ. Нөгөөтэйгүүр
өнөөдөр үнэн мэт сонсогдож,
ийм байвал зүгээр гэсэн поп
бодол, институцийн амбицаар
Үндсэн хуулийн нэмэлт
өөрчлөлтийг харвал Үндсэн
хуулийг нэг бол халамжийн,
нөгөө албан тушаалтны
хууль болгон хувиргана.
Тиймээс өнөөдрийн 76
гишүүн, нэг Ерөнхийлөгч
өнөө маргаашийнхаа явган
хэрүүлийн шийдлийг Үндсэн
хуулийн нэмэлт, өөрчлөлт
гэж харж болохгүй. Энэ
бол өнөөдрийн цаг үед эрх мэдэлтэй, нөлөөтэй байгаа
хүмүүсийн асуудал ердөө биш.
Харин өнгөрсөн 30 жилийн
сургамж, ирээдүйн 30 жилийн
мөрөөдөлтэй сүлэлдсэн, нэг
жарнаар тоологдох хувь
заяаны асуудал. Цаашлаад
Монгол Улс бүрэн бүтэн
оршин тогтнож монгол хүн
хувь заяандаа эзэн байх
асуудлыг тодорхойлж буй
баримт бичиг. Дарга нар
таалагдсан бүхнээ цуглуулж
авчраад чихрийн цаас
шиг гоёчилж ард түмэндээ
харуулдаг зүйл ерөөсөө
биш. Эхлээд судалгаатай,
баримттайгаар Ерөнхийлөгч
болоод УИХ-ын гишүүдийн
өргөн барьсан төслүүд дээр
концепцийн зөрүү байгаа
эсэх, тэдгээр нь Монгол
Улсын Үндсэн хуулийн суурь
зарчим, үндсэн үзэл санаа,
бүтэц агуулгуудтай нийцэж
байгаа эсэхийг нухацтай
ярилцах ёстой. Сүүлийн
20 орчим жил яригдсан
Үндсэн хуультай холбогдсон
сэдвүүд бий. Гурван ч УИХ-ыг
дамнуулан хэлэлцсэн санал,
санаачилгууд ч бий. УИХ-ын
гишүүдийн өргөн барьсан
одоогийн төсөлд тэдгээрээс
цөөнгүй нь орсон байна.
Гэхдээ бүрэн дүүрэн шийдэл
болж чадахааргүй орхигдсон,
дутуу зүйл ч бас байна.
Ерөнхийлөгчийн төсөлд УИХ-
ын гишүүдийн дутуу хийснийг
нөхөөд шийдэх боломжтой
болгосон зарим нэг зүйл ч
харагдаж байна.


– Ерөнхийлөгчийн
Үндсэн хуульд оруулах
нэмэлт, өөрчлөлтийн төсөл,
саналаас авууштай зүйл юу
байна вэ?


-Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд оруулах нэмэлт
өөрчлөлтөд авах санаа,
дэмжүүштэй шийдэл байна.
Нөгөө талдаа огт дэмжиж
боломгүй саналууд ч
байна. Бүгдийг нь муу гээд
гүтгэж харлуулах, нөгөө
талаас туйлын зөв байна
гэж улайран дэмжихээс
илүүтэйгээр судалгаатай,
баримттай харах ёстой.
Дэмжих ёстой дөрвөн санал
байна. Нэгдүгээрт, “Монгол
Улс өөрийн тусгаар тогтнол,
нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн
байдлыг үгүйсгэх аливаа
оролдлогыг үл зөвшөөрөх
бөгөөд ийм санаархал бүхий
ард нийтийн санал асуулга
явуулахыг хориглоно”гэсэн
санаа. Үндсэн хуульд байрших
зүйл заалтаа зөв олоогүй,
зохицуулах утга санаа нь
жаахан явцуу томьёологдсон
байж магадгүй. 1992 онд
шинэ ардчилсан Үндсэн
хууль батлагдсанаас хойш
манай Үндсэн хуулийн сул тал
болчихоод байгаа нэг зүйл
бол Үндсэн хуулийн өөрийнх
нь дархлаа. Монгол Улсын
тусгаар тогтнол, бүрэн эрхт
байдлын эсрэг иргэд үйлдэл
хийвэл гэмт хэрэг болно.
Харин эрх баригчид Үндсэн
хуульд халдах замаар хийвэл
яах вэ. Үүнийг хязгаарласан,
хорьсон заалт Үндсэн
хуульд өөрт нь байгаа юу.
Ерөнхийлөгчийн санаачилга
бол сайн санаачилга. Гэхдээ
Үндсэн хуулийн УИХ-ын
бүрэн эрхийг тогтоосон зүйлд
биш Үндсэн хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах асуудлыг
хөндсөн зүйлд буюу 68.3-т
“Үндсэн хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах хууль
санаачлагчдын санаачилга, Үндсэн хуулийн Цэцийн санал,
ард нийтийн санал асуулга
нь Үндсэн хуулийн суурь
зарчим, Монгол Улсын тусгаар
тогтнол, бүрэн эрхт байдал,
нэгдмэл, парламентын бүгд
найрамдах улсын төрийн
байгууллыг хөндөх, Үндсэн
хуульд заасан хүний эрх,
эрх чөлөө, засаглалын
эрх мэдэл хуваарилалтын
хяналт, тэнцлийг дордуулахыг
хориглоно” гэж ийм байдлаар
бичигдэх учиртай. Ингэж байж
Үндсэн хуулийн суурь зарчим,
үзэл санаа хамгаалагдаж,
Үндсэн хууль дархлаатай
болно. Ингэж чадвал
Ерөнхийлөгчийн санаачилга
бодит утгаараа Үндсэн хуулийн
эрх зүйн онолын дэвшил,
дэлхий нийтэд хэрэгжиж
буй Үндсэн хуулиудын сайн
туршлагыг авах боломжийг
бүрдүүлнэ. Хоёрдугаарт, хэр
баргийн улстөрчдийн авахгүй
эрсдэлийг үүрч Монголын
парламентын давжаа байдлыг
засъя гэлээ. Манай улсын
парламент үнэхээр давжаа.
Давжаа парламентаас болж
засаглалын хувьд утгаа
алдчихаад байгаа. УИХ нь
хяналтаа тавьж чаддаггүй,
Засгийн газар нь ажиллаж
чаддаггүй. Давжаа байдлаасаа
болоод хоорондоо уусчихсан,
ашиг сонирхлын зөрчил
үүсчихсэн. Үүнийг шийдэх
санал гаргаж байгаа нь зөв.
Үгүйсгэх аргагүй. Бодитой
судалгаанууд, олон улсад
тогтчихсон жишиг ч байна.
Парламент бол төлөөллийн
байгууллага. Томилгооны
хэдэн дарга нарын суудаг
газар биш.

Төлөөллөө илэрхийлэхийн
тулд зохистой төлөөллийн хувь
гэж байна. Парпамент өөрөө
сонгогчдынхоо төлөөллийг
бодитой хангахын тулд хүн
амын тооноос хамаарсан
дээд, доод зохист харьцаа гэж
байна. Хэдий хүн ам цөөхөн
байлаа гээд төлөөллийн тоо
100-150, үүнээс багагүй, их
байлаа гээд 500-600, түүнээс
дээшгүй байх тухай. Монгол
Улсын хувьд төлөөллийн
ардчилал нь зохистой
ажиллахын тулд гадна, дотны
зохисгүй нөлөөнд бага автах,
хувь нэг гишүүний шийдвэр
гаргалтад нөлөөлөх жин хэт
өндөр байхаас сэргийлэх,
цөөн хүн хуйвалдаад бүх
асуудлыг шийдчихгүй
хэмжээний мэргэжлийн
бүтцээр хуваагдан ажиллах
гэх мэт шаардлагууд УИХ-ын
гишүүний тоог нэмэгдүүлж
Монголын парламентыг
давжаарлаас гаргах нь буруу
биш.


– Тэгэхээр манай
парламент 100-150
гишүүнтэй байж зохистой
үйл ажиллагаа явуулах
нь байна гэж ойлголоо.
Ерөнхийлөгчийн зүгээс
УИХ-ын гишүүдийн тоог
108 болгож, таван жилээр
ажиллах санал оруулсан.
Гэхдээ иргэдийн зүгээс
эсэргүүцэлтэй тулах байх,
тийм үү?

-Олон нийтийн хувьд
эсэргүүцэх байх. Улстөрчдийн
зүгээс ч эрсдэлтэй учрах
байх. Зоригтой санал. Харин
хугацааны хувьд иргэдээс
сонгогдож тодорхой хугацаанд
мандат аваад шийдвэр гаргах
эрх мэдэл дээр очиж байгаа
хүний хугацааг сунгах гэдэг
ардчиллын хувьд тийм сайн
зүйл биш. Ард түмэн сонгоод
эрх мэдэлд хүргэчихээд
байхад итгэсэн нөгөө хүн
нь зөв байж чадахгүй бол
дараагийн сонгуулиар
хариуцлага тооцоод өөр
хүнээр солино гэдэг бол
ардчиллын хариуцлага.
Ард түмний хариуцлага
тооцох, нөгөө талаас итгэж
байна гэдгээ дахин нотлох,
төр байгуулалцах хугацааг
сунгана гэдэг иргэний эрхээс
хагасална л гэсэн үг байх.
Тэр дундаа ЗГ-т хариуцлага
тооцож, өөрчилж, ямар байхыг
шийдвэрлэх сонгуулийн хувьд
энэ бол гишүүдийн бүрэн
эрхийн хугацаа биш иргэний
хяналт, хариуцлага тооцох
хугацаа. Бодох л ёстой.


– Ерөнхийлөгч 1 0 8
гишүүнийхээ 50 хувийг нь
нэг мандат бүхий сонгуулийн
тойргоос мажоритар, мөн 50
хувийг сонгуулийн нэгдсэн
нэг тойргоос пропорциональ
тогтолцоогоор сонгоно гэх
заалт оруулж ирсэн. Манайд
хэр зөв шийдэл юм бэ?

-Энэ бол миний хэлэх гэсэн
Ерөнхийлөгчийн гаргасан
дэмжих ёстой дөрвөн саналын
гурав дахь нь. Холимог
сонгуулийн тогтолцоо Монгол
Улсыг хөгжихөд хэрэгтэй.
Намуудын төлөвшилд ч
хэрэгтэй. 76 жижиг тойрог
бүхий мажоритар сонгуулийн
тогтолцооны үр дагавар 60 тэрбумын схем, ЖДҮ-ийн
хулгай гээд мөнгө тойрсон
хулгай ёоз ёозоороо гэдэг
шиг л цуварч байгаа биз
дээ. Ардчиллыг хэт өртөгтэй
авлигын тогтолцоо болгохгүйн
тулд тойрог тойрог руугаа
төсвөөс мөнгө хулгайлж
нэр олдог клентиалист
улстөрчдийн сонгууль биш
бодлого зарчим ярьж, үзэл
баримтлалаараа өрсөлддөг
өөр сонгуулийн тогтолцоог
оруулж ирэхээс өөр аргагүй.
Монгол Улсад жалга
довны биш нийт улсын эрх
ашгийг харж чаддаг тийм
хэмжээний улс төр, бодлого
сонгуулийн тогтолцооноосоо
болоод алга болчихсон.
Улс төрийн намуудын
хариуцлагатай, авлигагүй,
дотоод ардчилалтай
болгох шаардлага ч үүнтэй
холбоотой. Дөрөвдүгээрт,
Шүүхийн үндсэн тогтолцооны
асуудлыг хөндөж байгаа
Ерөнхийлөгчийн хөндсөн
асуудал загатнасан газар
маажих шиг л болсон. Монгол
Улс захиргаадалтын үеийн
ардын шүүх нэртэй улс төрийн
шүүхийн тогтолцооноосоо
салж чадахгүй байгаа. Энэ
нь Үндсэн хуулийн тодорхой
заалтуудтай шууд холбоотой.
Өөрөөр хэлбэл, шүүх яг засаг
захиргааны байгууллага шиг
шууд хамааралтай, дээрээс
чиглэсэн заавар чиглэлтэй,
Дээд шүүх нь төрийн
захиргааны төв байгууллага
шиг бүхнийг шийдэгч, бүгдийг
болгогч болоод хувирчихсан
босоо хяналттай, улс
төрийн нөлөө хэт их байгаа
тогтолцоо Үндсэн хуулиас
улбаатай. Шүүхийн дотоод
эрх мэдэл хуваарилалт,
шүүгч шүүгчээсээ хараат
бус байх байдал Үндсэн
хуулиар баталгаажаагүй.
Шүүхийн зохион байгуулалт
нь засаг захиргааны нэгжийн
нэг бүрчилсэн зохион
байгуулалттай давхацсан.
Олон улсын жишиг болсон
маргаан шийдвэрлэх үйл
ажиллагаа, эрх мэдлээрээ
шүүхийн үндсэн тогтолцоо
Үндсэн хуульд тусгагдаагүй
байгааг Ерөнхийлөгч олж харж
санал болгосон нь яах аргагүй
зөв санал. Томьёоллын хувьд
харамсалтай нь, хөндөх
учиртай заалтуудаа бүрэн
хамарч чадаагүй байна лээ.
Уул нь Үндсэн хуулийн 48.1-
ийг “Шүүхийн үндсэн тогтолцоо
нь анхан шатны шүүх,
давж заалдах шатны шүүх,
хяналтын шатны шүүхээс
бүрдэнэ. Шүүхийг эрүү,
иргэн, захиргааны зэрэг шүүн
таслах ажлын төрлөөр дагнан
байгуулж болно. Монгол
Улсад хяналтын шатны шүүх
нэг байна” гэж томьёолоод
50.1-ийг “Монгол Улсын дээд
шүүх нь хяналтын шатны
шүүх бөгөөд дараахь бүрэн
эрхийг хэрэгжүүлнэ. 1/ доод
шатны шүүхийн шийдвэртэй
холбоотой эрх зүйн маргааныг
хянан шийдвэрлэх, 2/ хуулийг
нэг мөр, зөв хэрэглэх шүүхийн
нэгдсэн жишиг тогтоох
зорилгоор Үндсэн хуулиас
бусад хуульд албан ёсны
тайлбар гаргах, 3/ иргэний
үндсэн эрх, эрх чөлөөг
хамгаалах талаар Үндсэн
хуулийн Цэцээс шийдвэрлэсэн асуудлыг хянан ажиллах,
4/ Үндсэн хуулиар дээд
шүүхэд эрх олгосон бусад
асуудлыг шийдвэрлэх” гээд
өөрчилчихсөн бол хөндсөн
асуудлаа бүрэн шийдэх
байв.


-Ерөнхийлөгч шүүхийг
өөрийн эрх мэдэлдээ бүрэн
авахаар зохицуулалт оруулж
ирсэн гэж зарим судлаач,
хуульчид шүүмжлээд
байсан?

-Гуя дагуулж хүзүү гэдэг шиг
бас тийм юм бий. Ерөнхийлөгч
өөрийн санаачилсан төсөлдөө
одоо байгаа Үндсэн хуулиар
Ерөнхийлөгчид олгогдоогүй
шүүгчид хариуцлага
тооцох эрх мэдлийг өөртөө
шилжүүлсэн мэт ойлгогдохуйц
томьёолол бүхий заалт өргөн
барьсан байна лээ. Санаатай,
санамсаргүйг мэдэхгүй.
Мөн УИХ-ын гишүүдийн
санаачилсан төслөөс шүүхийн
хараат бус байдлыг бататгах,
хариуцлагыг нэмэгдүүлэх
чиглэлийн заалтуудыг бүрэн
хасах санал өгсөн байна
лээ. Энэ хоёр хавсрахаар
судлаачдын болон хуульчдын
хэлээд байгаа зүйл үнэн
болно л доо. Ерөнхийлөгчийн
өргөн барьсан Үндсэн хуулийн
нэмэлт, өөрчлөлтийн төслийг
УИХ хэрхэн шийдвэрлэх нь
Ерөнхийлөгч хууль санаачлах
эрхтэй адил УИХ-ын өөрийнх
нь бүрэн эрх юм даа. Ер нь
шүүгчийг томилох эрхтэй
этгээдэд хариуцлага тооцох
эрхийг цугт нь олговол
шүүхийн бие даасан байдал
болон шүүгчийн хараат
бус байдал бүрэн байхгүй
болно. Шүүгчид хариуцлага
тооцох зарчим, тогтолцоог
энэ УИХ-ын завхруулдаг шиг
хувь улстөрчдийн халаас руу
оруулж ҮАБЗ гэх мэт дарга
нарын шургуулганд хийвэл
шүүх засаглал үгүй болно л
доо. Үндсэн хууль зөрчсөн
завхралаа Үндсэн хуулийн
болгох гэж оролдох явдал их л
увайгүй зүйл болох байх.

-Ерөнхийлөгчийн оруулж
ирж байгаа төсөл, саналууд
Засгийн газар болоод УИХ-
ын бүрэн эрх рүү халдлаа,
шударга бусын хонгилоо
нураах биш авч үлдэх гээд
байна гэх зүйлс яригдаж
байна?

-Би түрүүнд хэлсэн.
Ерөнхийлөгчийн санаачилсан
төслийн шүүхийн хэсэг дэх
хоёр саналын нэг нь бол
маш зөв санаачилга. Дэмжих
ёстой. Монгол Улсын Үндсэн
хууль дээр шүүхийн үндсэн
тогтолцоог сум дүүргийн шүүх,
нийслэл аймгийн шүүх гээд
биччихсэн. Дээд шүүх бол
шүүхийн дээд байгууллага
гээд томьёолчихсон. Шүүхэд
дээд байгууллага гэж байхгүй.
Шүүгчдэд “дээд шүүгч” гэж
дарга байж болохгүй. Шүүх
ажиллагаанд гарсан алдааг
засдаг, хэрэг маргааныг
эцэслэн шийддэг шүүх л
гэж байх ёстой. Гэтэл нутаг
дэвсгэрээр хуваасан энэ
тогтолцоо шүүхийг захиргааны
байгууллагатай адилхан
болгочихож. Шүүхийн дээд
байгууллага гэдэг ойлголт
Дээд шүүхийг юу ч хийсэн
болно, хуульгүй шийдвэр
гаргасан ч болно, бид бол дор
байгаа шүүгчдийн дарга нь гэдэг буруу эндүү ойлголтод
хүргэчихэж. Анхан шатны
шүүх, давж заалдах шатны
шүүх рүүгээ ил далд зөвлөмж
өгдөг, хянаж нөлөөлдөг, зохион
байгуулалтаас авахуулаад бүх
зүйлд нь оролцдог, өөрсдөө
бусад шүүгчийг хэн байхыг нь
шийддэг, анхан давж заалдах
шатны шүүхийн бүрэн эрхийг
булааж хэрэгжүүлдэг ийм
дээд шүүх байж болохгүй.
Бусад улс орнууд Үндсэн
хуульдаа шүүхийн үндсэн
тогтолцоог нутаг дэвсгэр зааж
бичдэггүй юм байна. Зөвхөн
Холбооны улсын байгуулалд
л муж улсууд өөрийн нутаг
дэвсгэрийн шүүхтэй байх
гэж оролддог. Гэхдээ муж
улсуудын энэ амбицыг
шүүхийн үндсэн тогтолцоогоор
Холбооны засаг захиргаа
нь хязгаарлаж, хуулийн
нэгдсэн нэг тогтолцоонд улсаа
зангидаж барьж байдаг юм
байна. Тэр зүйл нь юу гэвэл,
“шүүхийн үндсэн тогтолцоо”
нь анхан шатны шүүх,
давж заалдах шатны шүүх,
хяналтын шатны шүүх байна
гэдэг зарчим. Энэ зарчим,
олон улсын жишгийг Үндсэн
хуульдаа оруулъя гэдэг
Ерөнхийлөгчийн санаа бол
зөв. Энэ мэт Ерөнхийлөгчөөс
гаргасан дэмжих ёстой, сайн
саналууд байна. Нөгөө талд нь
дэмжимгүй, аюултай заалтууд
ч байна. Зарим хүмүүсийн
хэлж буйгаар хөвөн дотор
чулуу боогоод шидчихэж,
хэрүүлийн алим дэлгэчихлээ
алим дотор нь хор байна
гэх яриа ч үнэн. Анх Үндсэн
хуулийн нэмэлт өөрчлөлтийг
боловсруулах, санаачлахад
хамгийн их хөндөгдсөн сэдэв,
яригдсан яриа бол Монгол
Улсад гүйцэтгэх эрх мэдэл
бодит байдал дээр тодорхой
эзэнгүй, тарамдсан, хүчгүй
болчихжээ. Гүйцэтгэх эрх
мэдлийг булаацалддаг хэд
хэдэн байгууллага, институт
Үндсэн хууль болон Үндсэн
хуулиас гадуур бий болчихож.
Яг үндсэндээ, жинхэнэ Ерөнхий
сайд нь хэн юм бэ гэдэг
асуудал гарч ирсэн. Ерөнхий
сайдад гүйцэтгэх эрх мэдлийн
эрхийг бүрэн өгөөд, эргээд
хариуцлага нэхэж чаддаг, эрх
мэдлийн хуваарилалтыг бүрэн
дүүрэн тодорхой болгосон
зохицуулалт хийж өгөхгүй бол
Монгол Улсын Үндсэн хууль
үндсэндээ хөгжил рүү чирэгч
биш болоод хувирчихлаа
гэж ярьсаар ирсэн. Гэтэл
Үндсэн хуулийн нэмэлт,
өөрчлөлтийн дотор хөгжлийн
бодлого төлөвлөлтийн
байгууллага, ҮАБЗ гэх мэт
байгууллагууд ЗГ, УИХ-ын
бүрэн эрхээс булаацалдсан
байдлаар орж ирж байна.
Одоо хүчин төгөлдөр
үйлчилж байгаа Үндсэн
хууль дээр Ерөнхий сайдын
эрх мэдлийг булаацалдаад
байдаг байгууллагуудыг
бичээгүй, тийм эрх мэдэл
олгоогүй. Ердийн хуулиудаар
эрх мэдлийг булааж аваад
булаацалдаад байснаа одоо
Үндсэн хуулиар түүнийгээ
баталгаажуулах гэж оролдож
байна. Энэ бол маш аюултай.
Эхлээд Монгол Улсад Засгийн
газар байхгүй болно. Дараа
нь Ерөнхий сайд бодитоор
хэн ч биш болно. УИХ-ын сонгуультай огт хамаагүй,
ардчилсан бус томилгооны
хөшигний ар дахь Ерөнхий
сайд, Засгийн газар, ҮАБЗ
нэрийн дор ажиллах болно.
Болоогүй, өнөөх байгууллагууд
нь УИХ-ын баталсан хууль
тогтоомжийнхоо биелэлтийг
хянадаг Үндсэн хуульд
заасан бүрэн эрхийг нь
булаан хэрэгжүүлэх юм
билээ. Цааш үргэлжилбэл
энэ байгууллагууд Үндсэн
хуулийн үндсэн зарчим
болсон эрх мэдэл хуваарилах
зарчмыг үгүй хийж хууль
тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх
мэдлийн төвлөрлийг үүсгэхээр
томьёологдсон байна лээ.
Үндсэндээ 20 гаруй жил
ярьсан гүйцэтгэх эрх мэдлийг
Ерөнхий сайдад өгсөн шиг
өгье гэдэг концепцио Үндсэн
хуулийн өөрчлөлтөөр бүр
үгүй хийх гэж байна. Дээр нь
хууль тогтоох эрх мэдлийг
гагцхүү УИХ-д хадгална гэх
зарчим эвдэгдэхэд хүрэх
бололтой. Ерөнхий сайд,
түүний кабинет, ЗГ-ын дээр
эрх мэдлийн бас нэг шатлал
үүсгэснээр бодит байдал
дээр эрх мэдэл хуваарилах
зарчим бүрэн үгүйсгэгдэнэ.
Хамгийн том аюул нь энэ.
Хууль тогтоох, гүйцэтгэх
эрх мэдлийг булаацалддаг
байгууллагыг Үндсэн хуулиар
байгуулж болохгүй. Ийм чиг
үүргийг ердийн хуулиар
өгснийг нь эргэн харъя гэж
байхад Үндсэн хуулиар өгье
гэдэг санаачилга гаргаж
болохгүй л дээ. Хоёрдугаарт,
Шүүхийн үндсэн тогтолцоог
зөв болгоё гэж яриад ард
нь шүүхийн хараат бус бие
даасан байдлыг сайжруулах,
хариуцлагыг нэмэгдүүлэх
зохицуулалтуудыг алга болгоё
гэдэг нь шүүхийг нэг талдаа
тогтолцооны шинэчлэлт хийе
гэдэг зорилт тавьж байгаа юм
шиг боловч нөгөө талд шударга
бусын хонгил гэж нэрлээд
байгаа шүүхийн авлигажсан,
зөвхөн улстөрчдөд үйлчилдэг,
тодорхой эрх мэдлийн нөлөө
даалгавраар ажилладаг,
хуулиас гадуур ажилладаг
зэрэг зүйлүүдийг цааш
нь үргэлжлүүлье гэж л
сонсогдож байна. Дээр хэлсэн
1992 оны Үндсэн хуулиар
шүүгчийг томилох эрхийг
Ерөнхийлөгчид өгсөн. Харин
шүүгчид хариуцлага тооцох
эрхийг Ерөнхийлөгчид огт
өгөөгүй. Шүүхийн хараат
бус бие даасан байдлын
баталгааг хангахын тулд
дэлхий нийтээрээ эрх мэдэл
хуваарилалтын зарчимд
Үндсэн хуулийн дэвшилтэт
онол ёсоор шүүхийн томилгоо
шүүхийн хариуцлага тооцох эрх
мэдлийг нэг гарт өгч болохгүй
гэх зарчим байдаг. Шүүгчийг
томилж байгаа этгээдэд
шүүгчдэд хариуцлага тооцдог
эрх мэдлийг өгч болохгүй. Нэг
гарт өгвөл шүүгчийн хараат
бус бие даасан байдал бүрэн
устана. Шүүгчийг томилох
эрх мэдэл Ерөнхийлөгчид
байгаа бол хариуцлага тооцох
эрх мэдлийг өөр газар олгох
ёстой. Энэ зарчмийг барьж
Үндсэн хуулийн нэмэлт,
өөрчлөлтийн концепцийг
харах ёстой. Энэ зарчмыг
барихгүй гэвэл шүүгчийн тэр
хэсэгт гар хүрснээр дордуулах
аюултай.

-Үндсэн хуульд оруулж
буй нэмэлт, өөрчлөлтөд
Монгол Улсын нийгэм, эдийн
засаг, иргэдийн амьдралд
нөлөөлөхүйц, тодорхой
ахиц дэвшил авчрах зүйл
юу байна вэ?


-Үндсэн хууль шууд
иргэдийн халаасанд орлого
оруулдаг хууль биш. Үндсэн
хууль орлоготой болох
боломжоос гадна тэр орлогыг
төр дээрэмдэх, хулгайлахаас
хамгаалдаг. Үндсэн хуулийн
хамгийн чухал амин зорилго нь
гудамжинд байгаа хулгайчаас
иргэнийг хамгаалах гэхээсээ
төрд ардчиллын нэрээр,
хуулийн нэрээр очсон
хулгайчдаас иргэнийг
хамгаалахад зориулагдсан
байдаг. Монголчууд бид
гудамжны хулгайч нартайгаа
муу ч сайн ч хуулиа бариад
учраа олчихоод байгаа,
харин төрд байгаатай учраа
бол хэцүү л олж байна.
Учир нь Үндсэн хуулийн
механизмууд ажиллахгүй
байгаатай холбоотой. Үндсэн
хуулийн механизмуудыг
ажилладаг болгохын тулд
засвар хэрэгтэй. Үндсэн
хуулийн өөрчлөлт ард иргэд
төрд буруу бодлого барьж,
албан тушаалаа ажиглаж,
эрх мэдлийн хуваарилалт,
шүүхийн хараат бус байдлыг
өөрийн ашиг сонирхолд
нийцүүлж, гүйцэтгэх эрх
мэдлийг тал тал руу самарч,
өөрсдийгөө хамгаалж байгаа
тэр хэсгээс хамгаалахад
зориулагдсан хууль болох
ёстой.

-Нутгийн удирдлагын
хэсэг дээр сумын Засаг
даргыг иргэдээс сонгоно
гэх заалт оруулж ирсэн. Ард
иргэдийн зүгээс энэ саналыг
дэмжиж байгаа талаар
гишүүд хэлж байсан?

-Иргэдээс шууд сонгодог
нутгийн удирдлагатай байх
тухай ярьж байгаа бол
Монгол Улс нэгдмэл төрийн
байгуулалттай байна гэдэг
Үндсэн хуулийнхаа суурь
зарчимд хор хөнөөлгүй
шийдэл харах ёстой. Хүн
амын хувьд зуун мянга гэдэг ч
юм уу, тодорхой босго тавиад
түүнээс дээш хэмжээний
хүн ам төвлөрөн суурьшсан
боомтын бус хотын иргэд
захирагчаа шууд сонгоно
гэх хувилбар бол зөв байж
магад. Учир нь улсын хилээс
хол нутгийн гүн дэх хот зах
хязгаарын засаг захиргааны
нэгж шиг төв засгийн газраас
холдох хүчтэй болж чадахгүй,
нөгөө талаас нутаг дэвсгэр нь
хязгаарлагдмал, хяналттай
байна. Сум, аймгийн Засаг
даргыг сонгодог тогтолцоо
руу орвол хэсэг хугацааны
дараа бид өөрсдийн газар
нутагтай, өөрсдөө засаг
захиргаагаа сонгож болж
байна, манайх том уурхайтай
төсвөө өөрсдөө бүрдүүлж
байна, бид яагаад автономит
эрх авч болохгүй гэж, яагаад
муж улс болж болохгүй гэж
гэх зүйл яригдаж эхлэх байх.
Өөрөөр хэлбэл 1992 оны
Үндсэн хуулийн суурь үзэл
санаа, төрийн байгууламжийн
үндсэн зарчим руу халдаж
эхэлнэ. Монгол Улс бүрэн
эрхт тусгаар улс байх нэг
баталгаа нь нэгдмэл төрийн
байгууламж гэж үздэг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ном ярьж өгье: Сэтгэх урлаг

Энэ удаагийн “Ном ярьж өгье” буландаа Шведийн илтгэгч, зохиогч Фредрик Харены “Сэтгэх урлаг” номыг онцолж байна. Фредрик Харен нь 1999 онд интернэтийн компаниа таван сая доллараар зарж, түүнээс хойш зөвхөн ном бичиж, илтгэл тавих ажил хийдэг болжээ. Шведийн топ илтгэгчийн есөн номын нэг The Idea Book-ийг 800-CEO-Read-ээс бүх цагийн үеийн 100 шилдэг номын нэгээр нэрлэсэн байдаг. Монгол хэлнээ “Сэтгэх урлаг” нэрээр орчуулагдсан. Тэрбээр “The Idea Book”-ээс гадна найман ном бичиж бизнесийн салбарын хүмүүсийг илүү бүтээлч байхад, өөрөөр сэтгэхэд уриалан дууддаг юм. Фредрик Харен өнгөрсөн хугацаанд дэлхийн 60 оронд 2000 гаруй удаа илтгэл тавьсан байна. Бүтээлч сэтгэлгээний талаар лекцээрээ алдаршсан Шведийн лектор Фредрик Харен энэхүү номондоо хэрхэн илүү бүтээлч байх талаар олон жишээ, сургаалт үг, хүмүүсийн амьдралын түүхээр баяжуулсан төдийгүй, өөрийнхөө санааг тэмдэглэж, бүтээлчээр хандах хоосон орон зайг ч уншигчдад үлдээсэн. Тэнд тухайн бүлэгтэй холбоотой асуудлыг тунгаан бодож, даалгаварт нь хариулж болох бөгөөд тэр бүр нь таны хэвшмэл сэтгэлгээг задалж, асуудлыг аль болох олон талаас олж харахад туслана. Тухайн номон дээр өгүүлэгдсэн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх практик арга, санаануудаас хуваалцъя.

Энэхүү номонд Сайхан санаа төрсөн л бол бичээд бай, Зүйрлэл шинэ санааг нээдэг, Боломжгүй зүйлсийг сорь, хийх боломжгүй зүйлсийн талаар мэдээлэл цуглуул, Бид ихэвчлэн хариултыг яаж олохыг суралцдаг, харин бид зөв асуухад суралцах хэрэгтэй, Хуучин санаануудаа холбож шинэ санаа гарга,

Хариултыг олон хувилбараар ол, байж болох эсрэг тэсрэг боломжуудыг судал, Зүйрлэл бол бүтээлч байдлын багаж, Маш гайхалтай шинэ санаа олохын тулд өөрийн хуучин мэдлэг, туршлагадаа найдахгүй байж чаддаг байх хэрэгтэй, Чамд тулгарсан асуудлын шийдлийг нь хайх нь шинэ санаа төрөх үндэс байж болно, Асуудлыг хөндлөнгөөс харснаар бусад хүмүүсийн олж харж чадахгүй байгаа боломжийг харах боломжтой, Хоорондоо уялдаагүй зүйлсээс гарч болох үр дүнг хай, энэ нь бидний тархийг бүтээлчээр бодож сэтгэхэд туслах гайхалтай хөшүүрэг болж өгдөг, Үнэнд эргэлзэж, өөрчлөлтөд нээлттэй ханд, Туршлага бол үнэт баялаг гэхдээ энэ нь хүмүүсийн эрүүл сэтгэхүйг үгүй хийдэг, Шинэ санаа Бурханаас ирдэг зэрэг олон арван урам хайрлах ишлэлүүд бий. Мөн тухайн номыг уншиж байхдаа номны агуулгыг уншаад өнгөрөх бус, номоор дамжуулж өөрийгөө таних боломж нээгдэж, амьдралдаа хэрэгжүүлж байснаараа давуу байсныг дурдах нь зүйтэй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Тогтохсүрэн: Үндсэн хуульд лоббигоор ямар нэг зүйл, заалт орох боломжгүй

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.


-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг Ерөнхийлөгч хойшлуулах санал гаргасныг МАН хүлээж авсан. Ерөнхийлөгч өөрийн санал санаачилгаа тусгасан уу?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхдээ аль болох зөвшилцөл, ойлголцол, хамтын ажиллагааг чухалчилж байгаа. Үндсэн хууль бол өөрөө хэлэлцэж батлахад босго өндөртэй. Их хурлын гишүүдийн 3/4 нь заавал дэмжих ёстойгоос гадна улс төрийн намууд, иргэд дэмжсэн байх ёстой. Одоогийн байдлаар улс төрийн 13 нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг хугацаа, нөхцөл байдал нь бүрдсэн хэмээн дэмжсэн. Ард иргэдийн зүгээс ч өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн санааг хэлж байгаа. Сүүлийн арав гаруй жил гурван парламент дамжин Үндсэн хуулийн өөрчлөлт яригдсан шүү дээ. Ерөнхийлөгч болон АН-ын зүгээс Үндсэн хуульд оруулж байгаа өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хойшлуулж өгөөч ээ. Бид тодорхой саналуудаа тусгамаар байна гэх санал тавьсан. Хоёрдугаар хэлэлцүүлэг дуусах юм бол гуравдугаар хэлэлцүүлгээр шинэ санал орох боломжгүй. Учир нь 2010 онд баталсан Үндсэн хуулийн журмын тухай хуульд байхгүй. Тиймээс хоёрдугаар хэлэлцүүлгээ дуусгалгүйгээр нэгдсэн чуулганаа хийхгүй байнгын хороодын хурлаа хийсэн. Ажлын дэд хэсгүүд хуралдаж байна. Төрийн байгуулалтын байнгын хороо ирэх долоо хоногоос үргэлжлүүлэн хуралдана. Ингээд долдугаар сарын 16 гэхэд ажил үндсэндээ цэгцэрнэ. Гэхдээ Ерөнхийлөгч болон АН-ынхан долдугаар сарын 16-наас саналаа өгнө гэсэн учраас харгалзан үзэж нэгдсэн чуулганы хоёрдугаар хэлэлцүүлгийг 16-20-ны хооронд явуулахаар төлөвлөөд хойшлуулчихаад байна.

-Одоогийн Үндсэн хуулийн өөрчлөлтөд нэн тэргүүнд 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг засч оруулж байгаа?

-Дордуулсан гэх долоон өөрчлөлтийн таван өөрчлөлтийг нь авч байгаа. Хоёр өөрчлөлтийг авах боломжгүй байгаа. Нэгдэх өөрчлөлт нь УИХ-ын гишүүд саналаа нууцаар өгнө гэж байсан. Мэдээлэл технологи өндөр хөгжсөн энэ үед саналыг нууц болгох асуудал байж болохгүй гэж үзсэн. УИХ-ын гишүүн хүн хаана ямар асуудалд санал өгч байна гэдэг сонгогчдод нь ил тод байх ёстой.

Ямар ч асуудлаар гишүүний өгч байгаа саналыг сонгогчид нь мэдэж байх ёстой. Энэ агуулгаар хандаж саналыг хаалттай байж болохгүй гэж үзсэн. Хоёр дахь нь чуулганы нэгдсэн хуралдааныг Их хурлын гишүүдийн дийлэнх 2/3 буюу 51 гишүүнээс дээш гишүүнтэйгээр хуралдахаар болж байгаа. Өнөөдөр бол нэг нам 64 суудалтай үед болчихно. Гэхдээ цаашдаа олон намаас парламент бүрдэхээр нэг нам 45-аас доош суудал авсан үед парлемант заавал зөвшилцлөөр явна. Энэ нь 1996-2000 оны хооронд шалгагдсан зүйл. Тиймээс энэ хоёрыг сэргээж чадаагүй. Бусдыг нь засч, сайжруулж оруулж өгч байгаа.

-Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хойшлуулснаар дундуур нь лобби орчих юм биш байгаа гэсэн болгоомжлол байна л даа?

-Үндсэн хуульд лоббигоор ямар нэг зүйл орох тун хүнд, боломжгүй зүйл. Нэгдүгээрт, Үндсэн хуулиар дэмжлэг авах заалт заавал 57 гишүүнээр дэмжигдэнэ. 57 гишүүнийг лоббидоно гэдэг хэцүү асуудал шүү дээ. Хоёрдугаарт, 2010 онд батлагдсан Үндсэн хуулийн журмын тухай хуулиар хууль хэлэлцдэг дэг журамтай. Энэ дэг журмаар явна. Эхлээд заавал ажлын хэсгээр хэлэлцэж, дараа нь ТББХ-оор хэлэлцэн, нэгдсэн чуулганаар хэлэлцэн эцэслэнэ. Тиймээс дундуур нь лобби амархан давхиад орчихно гэхэд тун хэцүү.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн эхийг бэлтгэхдээ ажлын хэсэг энэ бүгдээс гажихааргүй байна гэж гарын үсэг зурсан юм билээ. Гэтэл одоо дундуур нь олон өөрчлөлт орж байна гэх шүүмжлэл байна. Энэ тухайд?

-Засч, сайжруулж байгаа зүйл олон бий. Дагаж мөрдөх журмын тухай хуультайгаа нийлээд 60 орчим зүйл заалт байна. Энэнээс 20 орчим зүйл заалтын үг, үсэг, найруулгын тал дээр засч оруулах нь зүйтэй гэж ажлын хэсэг үзсэн. Үндсэн хуульд шинээр оруулж ирж байгаа зүйл байхгүй. Хөндөгдөөгүй заалтыг хөндөнө гэсэн ойлголт байхгүй. Одоо хөндөгдсөн 55 заалтынхаа хүрээнд нэмж, сайжруулж болно. Тухайлбал, 6.2 дахь хэсэгт байгалийн баялгийг ашиглахдаа тэгш шударга үндэсний аюулгүй байдлыг хангах зарчим баримтална гэдгийг дэлгэрүүлж байгаа. Ямар баялаг байх вэ, иргэн бүрт хэрхэн хүртээмжтэй байх, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалсан байх зэрэг бүхий л зүйлийг нь тодорхой зааж өгч байна. Байгалийн баялгаас тодорхой хэмжээний хуримтлал бий болгохыг тодорхой болгож өгч байна. Энэ мэтчилэнгээр сайжруулаад явж байгаа 20 орчим заалт бий.

-Сөрөг хүчний зүгээс иргэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хангалттай мэдээлэлгүй байна гэсэн?

-Үндсэн хуулийн анхны хэлэлцүүлэг хийсний дараа бүх гишүүд орон нутагт, тойрогтоо ажиллалаа. Ажиллах явцад иргэдийн нэг хэсэг нь мэдээлэл сайтай байна. Ялангуяа Үндсэн хууль баталсан, төр захиргааны байгууллагад ажилладаг, хууль шүүхийн байгууллагад ажилладаг, аймаг сумдын иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажилладаг хүмүүс сайн мэдээлэлтэй байна. Цаашид иргэдэд мэдээллийг хүртээмжтэй хүргэх зайлшгүй шаардлага бий. Хоёрдугаар хэлэлцүүлэг долдугаар сарын сүүлээр дуусахаар Их хурал шийдвэрээ гаргана. Гуравдугаар хэлэлцүүлэг рүү орохоор болбол дахиад 10 хоног тойргууддаа ажиллана. Ард нийтийн санал асуулга явуулахаар тогтвол хоёр сар үргэлжилнэ. Ингэхээр иргэдэд мэдээлэл өгөх хугацаа хангалттай байгаа.

-Иргэд Үндсэн хуульд ямар санал санаачилгыг тусгах нь зүйтэй гэж үзэж байна вэ?

-Хэд хэдэн чухал санал гаргасныг бүлгийн хурал дээр хэлэлцэн зарчмын хувьд дэмжсэн. Нэгдүгээрт, иргэдийн зүгээс хариуцлагыг сайжруулах талаас ярьж байна. Тиймээс УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг болох саналыг түлхүү хэлж байсан. Бид бүлгийн хурлаараа хэлэлцээд 39 дүгээр зүйлд Их хурлын гишүүнийг эргүүлэн татдаг болох заалт оруулж өгсөн. Эргүүлэн татах нөхцөл бүрдсэн, үндэслэлтэй гэж Үндсэн хуулийн Цэц үзсэн тохиолдолд эргүүлэн татна гэж оруулсан. Энэ өөрийнх нь органик хуулиар зохицуулагдана. Харин гэмт хэрэгт холбогдсон бол эрүүгийн хуулиараа явна. Мөн иргэдээс сонгуулийн тогтолцоотой холбоотой зүйлийг ярьж байна. Сонгуулийг тогтолцоо гэдэг үг орсноор цаашдаа пропорцианаль тогтолцоо болоод холимог тогтолцоо руу орох нь.

Ингэснээр сонгогч гишүүнийг бус нам сонгодог болох нь гэж шүүмжлэлтэй хандаж байсан. Намын бүлэг ярилцаж байгаад сонгуулийн тогтолцоо гэдэг үгийг авах хэрэгтэй юм байна гэж үзсэн. Одоо Үндсэн хуульд байгаа шууд сонгоно гэдэг зарчмыг баримтлах ёстой гэх агуулгаар үндсэндээ мажоритор тогтолцоо дээрээ тогтсон. Ингэхээр сонгогч зөвхөн гишүүнийг сонгоно.

-Гишүүд зарчмын ямар саналууд гаргаж байна вэ?

-Гишүүдийн зүгээс олон санал гаргасан. Давхар дээлтэй холбоотой асуудлыг гишүүдийн зарим хэсэг нь дөрвөн гишүүнээр хязгаарлая гэж байгаа. Зарим нь Ерөнхий сайдаас бусдыг нь больё гэж байгаа. Аль болохоор бид ажлын хэсгийн санал руу ярьж байна. Долоон байнгын хороо хуралдаж 68 зарчмын зөрүүтэй санал гарсан. Энэ саналыг дэд хэсэг дээр нэгтгэх, томьёоллыг цэгцлэх, гишүүдтэй нь уулзаж ойлголтуудаа нэгтгэх чиглэл рүү ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Үндсэн хуульд сөрөг хүчнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэт хязгаарлаж байна

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Ардчилсан нам Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Ямар шалтгааны улмаас ийм шийдвэрт хүрч байна вэ?

-Би 21 аймгаар ажиллаад ирлээ. АН-ын үзэл баримтлалын Үндэсний гуравдугаар аяны нэгдүгээр үе шат дууслаа. 21 аймгийн намын хорооны гишүүд дэмжигчидтэйгээ уулзалт хийн, сургалт зохион байгуулсан. Энэ үеэр аймаг орон нутгийн иргэдтэй санал бодлоо солилцсон юм. Иргэдээс Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар ямар мэдээ мэдээлэлтэй байгааг асуусан. Гэтэл энэ өөрчлөлтийн талаар иргэд ямар ч бодит мэдээлэл аваагүй байна. Ихэнх аймгийн иргэд энэ талаар ямар ч ойлголтгүй байгаагаа илэрхийлсэн. Иргэддээ хангалттай мэдээлэл хүргээгүй атлаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа нь ойлгомжгүй юм л даа. Иргэдийн зүгээс санал нэгдэхгүй байгаа зүйлсээ хэлж байсан. Өнөөдөр ёс зүйгүй парламент бий болсноос гадна эрх барьж байгаа нам ямар ч ёс зүйгүй байгааг хэлж байна. Эрх барьж байгаа намын 64 гишүүнээс 50 гаруй нь хэрэгт холбогдчихсон. Магадгүй цаашдаа ч нэмэгдэх магадлалтай. Наад зах нь л гэхэд ЖДҮ-ийн сангаас өчнөөн тэрбумыг идчихсэн. Мөн концессийн гэрээ гээд 820 гаруй тэрбум төгрөгийн асуудалд холбогдсон хүмүүст одоо хүртэл хариуцлага тооцогдоогүй. 60 тэрбумын схемээр төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авчихсан. Энэ өөрөө төрийн эсрэг ноцтой гэмт хэрэг. Маш олон зүйлсийг үндэслэн харгалзан үзэхээр өнөөгийн эрх баригчид Үндсэн хуульд гар хүрэх, өөрчлөлт хийх эрх алга. Хуулиар заасан тоо нь хүрч байгаа ч нэн тэргүүнд улс орны хэмжээнд бүх ард түмний санал бодлыг тусгасан, улс төрийн бүх нам, төрийн бус байгууллагууд, сонирхогч бүх этгээдүүдийн санаа оноог суулгаж, тэдэнд тодорхой мэдээлэл өгч байж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой.

Гэтэл өнөөдөр олонх гэдгээрээ түрий барьж, хандах юм бол Үндсэн хуулийн өөрчлөлт дорвитой болж чадахгүй. Магадгүй олонхын хүч түрсэн байдал яваандаа Үндсэн хуулийн хямрал руу аваачихыг үгүйсгэхгүй.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж байх хугацаанд АН болоод бусад намаас санаа бодлыг нь сонсож, дэмжсэн гэх зүйл яригдаж байсан шүү дээ?

-Бидний зүгээс дэмжсэн байр суурь ердөө ч илэрхийлээгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсэгт АН-аас УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар багтаж байгаа. Би тодорхой хэмжээнд уулзаж ярилцан санал бодлоо солилцсон. Санал бодол солилцох түвшинд ямар ч ажил хэрэг яригдаж болно. Маш олон шалтгааны улмаас Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцүүлэг эхлүүлэх үед бид оролцохгүй гэдгээ илэрхийлж байгаа.

-Одоогийн өөрчлөлтөд Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдсөн зүйл заалт юу байна вэ?

-Нэгдүгээрт, Үндсэн хуулийн суурь зарчим бол гүйцэтгэх засаглал хууль тогтоох, шүүх эрх мэдэл, ерөнхийлөгчийн засаглал тус тусдаа харилцан эрх зүйн уялдаатайгаар тогтоогдсон байдаг. Гэтэл өнөөдрийн орж ирж байгаа төсөлд эрх мэдлийн гэхээс илүү эрх мэдлийн хоорондын зохицуулалт, хяналт, хариуцлагын тогтолцоог алдагдуулсан хэд хэдэн заалт орж ирсэн байна лээ. Хоёрдугаарт, төрийн албанд улстөржиж орсон өнөөдрийн хариуцлагагүй төрийн албаныхан гарах хаалгыг хаасан заалтыг оруулж ирсэн. Төрийн босго өндөр байх ёстой. Орох хаалганыхаа төрийн босгыг өндөрсгөлгүй, гарах хаалгыг хааж байна. Алдааг дахин давтаж болохгүй. Төрийн албан тушаалтанд шалгуур байх ёстой. Энэ зүйл нь Үндсэнд хуульд зайлшгүй тусгагдах ёстой байтал тусгагдахгүй байгаа нь Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулж байна. Энэ хуулийн өөрчлөлт дордуулсан гэх долоон өөрчлөлтөөсөө дор болохыг үгүйсгэхгүй. Өнөөдөр оруулж ирж байгаа өөрчлөлтүүд Үндсэн хуулийн нэмэлт гэхээсээ илүү Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэмжээнд хүрчихсэн байна. Үүний цаана хариуцлага хүлээх боломж багатай тэтгэврийн хэдэн хүмүүсийг зүтгүүлээд байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн хямрал үүсч, эргээд нийгэмд эдийн засаг, улс төрийн сөрөг үр дагавар дагуулж 2000 оны долоон өөрчлөлттэй адил болчихвол хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуулт үлдэнэ. Төрийн үйл ажиллагаа хэвийн тогтмол тасралтгүй үргэлжилж байх ёстой. Үндсэн хууль нь хямралд орж зөрчилдөөн үүсгээд эхэлбэл гарах сөрөг уршгийг хэн хариуцах юм. Үндсэн хуулийн асуудал эрх барьж байгаа ганц намын асуудал биш. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдлын гол баталгаа болсон бичиг баримт. Хэн дуртай нь гар дүрэх нь зөв зүйтэй гэж бодохгүй байна. Бидний зүгээс Ерөнхийлөгчид албан тоот явуулсан. Албан тоотдоо үндэслэлүүдээ тодорхой тусгасан байгаа. Энэ орж байгаа өөрчлөлтүүд орон нутгийн өөрөө удирдах хэсгийн эрх хэмжээг хэт хязгаарласан. Мөн сөрөг хүчнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн эрх хэмжээг хэт хязгаарласан байна. Заавал давхар дээлтэй албан тушаал хаших ёстой гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Ганцхан Ерөнхий сайд байхад болно биз дээ. Парламент нь парламентынхаа ажлыг, Засгийн газар нь Засгийн газрын ажлаа хийхэд болно. Энэ өөрчлөлтөө хамгаалаад авч үлдэж байна. Үнэхээр Үндсэн хууль ард түмэнд үр өгөөжөө өгөх ёстой гэж харсан бол дордуулсан долоон өөрчлөлтөөсөө эхэл л дээ. Үндсэн хуулиар баталгаажсан хяналтын механизм гаргаж ирээд ямар хэрэгтэй юм бэ. Манайд өнөөдөр хяналтын механизм дутаагүй. Цагдаа, авлигатай тэмцэх газар, прокурор, шүүх, гааль, татвар, мэргэжлийн хяналтаас эхлүүлээд л дандаа хяналттай. Үүний үр дүн дахиад л орон тоо бий болж, нүсэр төсөв зарцуулагдах болно. Төрийн албан хаагчийн тоог бууруулъя төсвөө үр дүнтэй зарцуулъя гэдэг хэрнээ нөгөө талаараа дахиад л орон тооны зүйл хийчихсэн явж байна. Эрх баригчдыг ийм шалдар булдар зүйлээр хөөцөлдөнө гэж бодоогүй. Би МАН-д хүндэтгэлтэй хандаж ирсэн. 30 жил улс төрд явахдаа Монголд тэргүүлэх улс төрийн хүчин гэж хүлээн зөвшөөрдөг. Өөрийн гэсэн өнгө төрхтэй, боловсон хүчин сайтай улс төрийн хүчин гэж бодож явсан. Гэтэл 2008 оноос хойш энэ намыг ойлгохоо больсон. Сүүлийн арав гаруй жил нам биш болчихжээ. Ашиг сонирхлын зөрчил дээр нэгдсэн хэсэг бүлэг хүмүүсийн бөөгнөрөл болчихож гэж харж байгаа. Боловсон хүчний нөөц чадвар болоод бодлого стратеги алга. Эрх мэдэл, албан тушаал, хөрөнгө мөнгөний төлөө зодоон хийж байна. Гадагшаа зодолддог байсан бол сүүлдээ дотооддоо зодолддог болсон. Нэг намын дотоод зодоон нь одоо төрийн хямрал болж хувирч байна. Сүүлдээ Үндсэн хуульд гар хүрч Үндсэн хуулийн хямрал руу аваачих нь.

-Одоогийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдвал дахин найман жил хөндөгдөхгүй гэж хуульдаа заасан байдаг шүү дээ?

-Үндсэн хуулийн зөрчилтэй, процессийн алдаатай байдлаар нэмэлт өөрчлөлт орсон гэж үзвэл хүчингүй болгож болно. Учир нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчсөн байвал энэ нэмэлт өөрчлөлт тодорхой хэмжээнд хүчингүй болох бүрэн боломжтой. 1992 оны Үндсэн хуулийг батлахад тэр үеийн улс төрийн хүчнүүд, төрийн бус байгууллагууд, нийт ард түмний 30-40 хувь бодитоор оролцож, төслийг боловсруулж батлахад 400 гаруй депутат болоод нийгмийг өргөн хамарч зөвшилцөлд хүрч байж баталсан. Гэтэл одоо эрх баригч нам дангаараа хүч түрээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нь маш буруу.

-Гишүүд өөрсдийн тойргийн иргэддээ Үндсэн хуулийн талаар танилцуулаад ирсэн. Иргэдээс гарсан санал санаачилга юу байна вэ?

-Иргэдтэй уулзалт хийж байхад зааланд сууж буй 500 гаруй хүний 30-40 нь л энэ өөрчлөлтийн талаар дутмаг мэдэж байсан. Үндсэн хуульд 1999 онд өөрчлөлт оруулсан боловч процедурын алдаа гаргасны улмаас Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгож, 2000 онд Үндсэн хуулийн өөрчлөлтийг Их хурал дахин баталж байсан гашуун түүх бий. Дахиад ийм процесс болохгүй гэх баталгаа байхгүй. Үндсэн хуулийн Цэц байр сууриа яагаад илэрхийлэхгүй байгааг зарим иргэд асууж байсан. Цэцийн үйл ажиллагааны зарчим бол ямар нэг гомдол хүсэлтээр маргаан үүсгээд үүссэн маргаан дээр шийдвэр гаргадаг, тайлбар өгдөг. Маргаан гомдол иргэнээс гараагүй байхад өөрсдөө сайн дураараа болж буй процесст үнэлэлт дүгнэлт өгөх эрх байхгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.2.4-т Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрх зүйн актын хэлбэрийг зөвхөн хууль байхаар заасан. Гэтэл энэ процесс явагдаагүй. Цагаан цаасан дээр бичээд тэрийгээ Үндсэн хуульд хүчээр суулгах гээд байгаа юм. Журмын тухай хуульд зохицуулалт маш нарийн тусгагдсан. Чимид гуай тухайн үед энэ Үндсэн хуульд хэн дуртай нь хүрч болохгүй шүү гэж хэлж байсан. Би Үндсэн хууль санаачилж батлуулсныхаа хувьд биш ээ. Энэ том хоёр гүрний дунд манайх шиг улс ямар нөхцөлд аюулгүй байх, тусгаар тогтнолоо баталгаатай авч явах, улс төр нийгэм эдийн засгийн эрх зүйн онцлог боломжуудыг тусгасан төрийн институци хоорондын харилцаа зохицуулалтыг маш нарийн хийсэн хууль шүү гэж хэлж байсан. Үндсэн хуулиар хамаагүй оролдвол тусгаар тогтнол, үндэсний эрх ашигт маш ноцтой үр дагавар авчрах нөхцөлүүд үүсэхийг сануулж байсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Сүхбаатар: Санал хураалтыг нууцаар явуулах томьёоллыг тодорхой болгох хэрэгтэй

УИХ-ын гишүүн асан, хуульч Ж.Сүхбаатартай ярилцлаа.


-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт гурван парламент дамжин яригдан өнөөдөр дахин хэлэлцэгдэж байна. Та Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгийн ахлагчаар 2011 онд ажиллаж байсан. Одоогийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Товчхондоо төслийн үндсэн зорилго, санаачилгыг дэмжиж байгаа. “Дордуулсан долоон өөрчлөлт” гэх өмнөх заалтуудаа эргэж харъя, парламентын ардчиллаа төгөлдөршүүлье, УИХ-ын төсөв, томилгооны зарим эрх мэдлийг хязгаарлаж, хяналт, хариуцлагыг нь нэмье, сонгууль, намын ардчилсан чанарыг тодруулъя, Ерөнхий сайдад бодлогын багаа бүрдүүлэх боломжийг нь хангая, төрийн жинхэнэ албаны мэргэшсэн тогтвортой байх зарчмыг үндсэн хуульчилъя, Цэц, шүүгч нарын томилгоо, хариуцлагын механизмын шаардлага, шалгуурыг тодорхой зааж шүүх эрх мэдлийн иргэдэд үзүүлэх шударга ёсны үйлчилгээг цоо шинэ шатанд гаргая, нутгийн удирдлагыг боловсронгуй болгож орон нутгийн ардчиллыг хөгжүүлэх том алхам хийх зэргийг хамруулж байгаа юм. Гурван үгээр бол “Хариуцлага, Хяналт-тэнцэл, Тогтвортой байдал” гэж томьёолсон байна лээ. Үндсэн хууль гэдэг том сэдэв. Нэг амьсгаагаар задлах боломжгүй. Сайн сайхан зорилго тавих нэг хэрэг, түүнд хүрэх зохистой зохицуулалтыг талбар бүрээс нь эерэг үр дүн, сөрөг уршгийг сайтар тооцож томьёолж тусгах нь маш түвэгтэй. Нарийн чимхлүүр шаардсан улс төр, хууль зүйн ажиллагаа л даа. Тэр тусмаа Үндсэн хуульд нэмэлт засвар хийх нь нийгмийг өргөн хамарсан идэвхтэй оролцоо, хэлэлцүүлэг, улс төрийн хүчнүүдийн хамтын зөвшил, ойлголцол, эрх баригчдын нэгдмэл сахилга, улс төрийн хүсэл зориг шаардсан төрийн том бодлогыг нэгтгэн боловсруулж хөдөлгөх нүсэр хөдөлмөр, зүтгэл. Үр дагавар нь шууд, шууд бусаар арван жилээр тогтохгүй улс орны амьдрал болоод иргэдийн ахуй орчинд нөлөөлнө. Миний бие өнгөрсөн долоо хоногт УИХ-ын мэдээлэл арга зүйн ажлын дэд хэсэгт гишүүнээр орсон. Хэд хэдэн удаагийн ажлын хэсгийн хуралд оролцож, санал зөвлөмжөө илэрхийлэн ажиллаад явж байна. Гурван парламент дамжиж боловсрогдсон 10 жилийн тасралтгүй ажлын бүтээл гэсэнтэй санал нийлж байна. Мэргэжлийн судлаач, эрдэмтдийг олноор татан оролцуулж тэдний хүч дэмжлэгийг сайн авчээ. Гэхдээ төслийн агуулга гүн, салаалах утга өргөн, олон шинэ зохицуулалт орсон болохоор Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдсөн, хэл найруулга, томьёоллын алдаатай, тодорхой бус, онол-арга зүйн томоохон маргаан дагуулах, засах шаардлагатай заалтууд цөөнгүй үзэгдэж байна. Ялангуяа нутгийн удирдлагын хэсэгт.

-Нутгийн удирдлагын хэсэгт анхаарах шаардлагатай ямар асуудлууд байна вэ?

-Сум, дүүргийн Засаг даргыг хуульд заасан үндэслэлээр ажлаас нь огцруулсан бол үлдсэн хугацаанд аймаг, нийслэлийн Засаг дарга томилно. Сум, дүүргийн ИТХ-ыг үндсэн байгууллага гэх, түүнээс салбарлаж аймаг, нийслэл, баг, хорооны хурлууд ажиллах, баг, хорооны Засаг даргыг дээд шатны Засаг дарга шууд томилох тогтолцооны өөрчлөлт хийсэн заалтууд байсан. Маргаантай санал шүүмжлэлүүд өрнөж л байна. Муу зүйл биш. Сайн. Би ажлын хэсэгт саналаа хэлсэн. Ер нь манай Үндсэн хуульд нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын асуудлыг хэтэрхий тодорхой зохицуулсан нь нутгийн удирдлагын олон талт байдал, өвөрмөц байдлыг тооцон бусад хуулиар зохицуулах, тохируулах боломжийг алдагдуулсан согог бий. Сумын түвшинд Засаг дарга төрийн төлөөлөгч ч гэлээ сум иргэдтэй хамгийн ойр ажилладаг. Тиймээс иргэд өөрсдөө мэдэн сонгох эрх эдлэх нь жам ёсноос гажсан зүйл болохгүй. Харин дүүргийн Засаг даргыг сумтай адилтган иргэдээс сонгуулахаар оруулж ирсэн нь буруу. Заримыг нь эс тооцвол нэг дүүрэг гэхэд 200, 300 мянган хүн амтай засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж. Тэгэхээр дүүргийн Засаг даргын сонгуульд 100 мянга хүртэл сонгогчийн санал авахад хүрч УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг даргаасаа илүү давуу төлөөлөх бүрэн эрх, хууль ёсны шинжтэй болж ирэх нь. Би энэ дээр эсрэг байр суурьтай байгаа. Хорооны засаг даргыг иргэдээс сонгох нь зүйтэй. Харин дүүргийн Засаг даргыг сонгох зарчмаар бус томилгооны зарчмаар явах хэрэгтэй. Хороог бэхжүүлэх томруулах чиглэлээр ажиллах хэрэгтэй байтал тэдний ажлыг иргэдэд ойртуулж байгаа нэрийдлээр улам жижиглэж байна. Зүй нь бол хороо гэдэг цаашлаад хотхоны хэмжээнд хөгжих ёстой. Хорооны статустай тосгон хотхон, дүүргийн статустай хотууд байна шүү дээ. Тэгэхээр хотхон яваандаа өөрийн удирдлагын эрхтэй субьект болж болохоор төлөв харагдаад байгаа. Нийслэлд одоо хороо үндсэн нэгж болж байна. Энэ асуудлыг хэлэлцүүлгийн явцад анхаарах ёстой. Бодлоор шийдэх бус төрийн болон нутгийн удирдлагын онолын үүднээс авч шийдэх ёстой. Төсөл дээр хот, тосгоныг өөрөө удирдлагын засаг захиргааны зарчмыг хуулиар тогтооно гээд улсын, орон нутгийн харьяалалтай гэж тусгагдсан. Өмнөхөөсөө өөрчлөгдсөн тодорхой агуулга бага гэж би шүүмжилж байгаа. Миний хувьд хот, тосгон өөрийн дүрэмтэй, удирдлагатай, аж ахуйтай, төсөвтэй, эдэлбэр газартай, оршин суугч хүн амтай байна гэж заагаад өгчихвөл хот, тосгоныг амилуулах үндэс бүрдэнэ гэж боддог. Одоо хот, тосгоны муугүй хуультай ч амилахгүй, хуулиудын дунд эрх хэмжээний хуваарилалт хийхгүй байгаа. Хот, тосгон гэдэг улсаас авч байгаа дэмжлэг нь л улс, орон нутгийн төсөвт сууна уу гэхээс өөрийнх нь үндсэн сан төсөв тэдгээр төсөвт хамаарахгүй. Нутгийн удирдлагын асуудал дээр онолын шинэ хандлага, загварыг шаардаж байна. Манайд өдгөө хэрэгжиж буй загвартай төстэй улс тун ховор.

-2000 онд Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтийг дордуулсан долоон өөрчлөлт гэж ярьдаг. Санал хураалт ил байсныг буцаад нууц болгох, УИХ-ын хуралдах хугацаа, ирц, давхар дээл зэрэг асуудлуудад өөрчлөлт орж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тодорхой өөрчлөлтүүд орсон байна лээ. УИХ-ын ээлжит чуулган 75-аас доошгүй ажлын өдөр чуулна гэснийг 2000 онд 50 болгосон. Үүнийг сэргээхийг дэмжиж байгаа. Бидний үед 50-иас доошгүй долоо хоног чуулна гэж заасан ч чуулган ихэнхдээ үүнээс илүү сунадаг байсан. 2000 онд УИХ өөрчлөлт оруулахдаа 1999 онд эрх баригч Ардчилсан холбоо эвсэлтэй хамтран хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн саналыг тэр хэвээр баталсан нь өмнөх улс төрийн зөвшилцлөө эвдэхгүй гэсэн зорилго байсантай холбоотой. Ажлын өдрийг багасгасан нь УИХ хууль тогтоох тасралтгүй ажиллах нөхцөл шалгуурыг дордуулж гишүүдийн үндсэн ажлыг үндэслэлгүй хөнгөрүүлсэн гэж шүүмжлэгдэж байсан. Манайх хагас жилд 75 ажлын өдөр гэхээр жилд 150-иас доошгүй өдөр хуралдах юм. Ирц дээр 2000 оны өмнөх заалтыг сэргээгээд зогсохгүй УИХ-ын нийт гишүүний олонхоор хууль баталж байхаар шинээр тусгасан нь хуулийг өнөөгийн нөхцөлд 20 гишүүнээр шийдэж болох босгыг 39 хүргэж нэмсэн нь хуулийн чанар чансаа болон цөөнхийн оролцоо, хяналтыг нэмсэн, гишүүдийн төлөөллийн үүргийг өндөржүүлсэн чухал механизм болж гэж үзэж байна. Харин хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн бол нууц санал хураалт явуулж болохыг заасан нь саналаа чөлөөтэй гаргах боломжийг нэмж, намын хяналтыг сулруулж болох боловч гишүүд нөхцөл байдалд тааруулж дур зоргоор шийдэх эрх үүсч байгаа юм. Иргэд өөрийн төлөөллөө хянах, хариуцлага тооцох боломж хязгаарлагдах ёсгүй. Иймд томьёоллыг нь хаалттай хуралдаанаас бусад ямар шаардлагаар хуралдаанд оролцсон олонх дэмжсэн бол санал хураалтыг нууцаар явуулахыг зөвшөөрч болохыг тодорхой болгох хэрэгтэй. Мэдээж үндэсний аюулгүй байдал, төрийн нууц, гадаад бодлоготой холбоотой асуудлууд дээр ойлгомжтой. Цаад санаа нь УИХ-ын томилгоо, нээлттэй хэлэлцсэн ч зарим үед саналаа нууцаар хураах тохиолдолд яригдах болов уу. Өөр нэг асуудал нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хаших асуудалд Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болно гэдгийг батлуулж чадвал том ололт, иргэдийн хүчтэй тавьж буй шаардлага биелэлээ олно. Учир нь манайх 76-хан гишүүнтэй давжаа парламент. УИХ-ын олон гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсраад ирэхээр гишүүдийн ажил цалгардахаас гадна Засгийн газар хууль тогтоох байгууллагаа ноёлж, УИХ-ын хяналт суларч төрийн эрх мэдэл хуваарилах зарчим алдагдаад байгаа. Ерөнхий сайдыг оролцуулаад дээд тал нь таван гишүүн Засгийн газарт байх нь нийт УИХ-ын гишүүдийн 10 хүрэхгүй хувьд очих болохоор сөрөг нөлөө бага.

-Ерөнхий сайдын эрх мэдэл, хариуцлагыг нэмж байгаа гэсэн. Ерөнхий сайдын эрх мэдэл нэмэгдсэнээр Засгийн газар УИХ, Ерөнхийлөгчтэй харилцахад ямар ахиц өөрчлөлтүүд гарна гэж та үзэж байна вэ?

-Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр УИХ хүн нэг бүрээр хэлэлцэж санал хураадаг байсныг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна гэж туссан байгаа. Энэ нь зарчмын хувьд бусад улсуудын Ерөнхий сайдын эдэлдэг эрх мэдэлтэй ижил болно гэсэн үг. Бусад орны жишгээр Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд өөрөө сонгон УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгчөөр батламжлуулсны дараа хуулийн биелэлтийг улс даяар хангах үүргийг Ерөнхий сайд хариуцаж Засгийн газар хангадаг учраас Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ чин шударгаар биелүүлнэ гэдгээ Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ УИХ, Ерөнхийлөгчийн өмнө тангараглаж, хариуцлага хүлээхээ илэрхийлдэг байх нь зохимжтой. Энэ нь манай улсыг парламентын удирдлагатайг бататгах зүйл болно гэж үзэж байна. Сайд нарын бодлогын багаа Ерөнхий сайд бүрдүүлж байгаа ч УИХ-д Ерөнхий сайдыг томилох, огцруулах эрх үлдэж байгаа. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно. УИХ бусад хуулиар Засгийн газрын үйл ажиллагааны тайланг авч хэлэлцэх, Засгийн газрын гишүүдийн ажил байдлыг хянан шалгах, үнэлэлт өгөх, санал дүгнэлтээ Ерөнхий сайдад тавьж шийдвэрлүүлэх боломж нээлттэй үлдэнэ.

Төслийн 39.3-т Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхий сайд УИХ-д өргөн мэдүүлэхдээ Засгийн газрын бодлогын хөтөлбөрийн үндсэн чиглэл, түүнтэй уялдуулсан тайлбар бүхий мэдэгдлийн хамт оруулдаг байх нь хүнд тохируулсан яам, сайдын сандал суудал гаргадаг явдлыг арилгах үндэс болно. УИХ уг бодлоготой уялдсан эсэхийг харгалзан шийддэг байх нь олон жил явж ирсэн архаг дутагдлыг засна гэж үзэж байгаа. Бид сайн төр, Засгийн газар, намын тухай их ярьж байгаа. Үүнийг ардчилсан улс орнууд төвлөрсөн илүү эрх мэдлээ танах, хязгаарлуулах, байвал зохих газар луу нь шилжүүлэх, хуваалцах тухай хүрээнд ойлгодог. Манай сонгуулийн мажоритар хуучирсан тогтолцоо, төсвийн хэлэлцүүлгийн хязгаарлалт сул байгаагаас шалтгаалж Засгийн газрын төсвийн төлөвлөгөөг эвдэж нэгдсэн хөгжлийн бодлогын бус УИХ-ын гишүүдийн тойрогчилсон зардлын задаргаатай төсөв батлагдах болсноор улсын өр, төсвийн алдагдлыг бууруулах боломж тэр бүр хангагдахгүй байгаа. Тэгэхээр Засгийн газрын бодлогыг эвдүүлэхгүйн тулд Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зарлагыг нэмэгдүүлэхгүй гэх чухал заалт шинээр тусгагдсан байна. Томьёоллын хувьд нэг дутуу зүйл байна лээ. Зардлын шинэ төрөл үүсгэж, зардал нэмэгдүүлэхгүй гэж байгаа. Тэгэхээр зардлын шинэ төрөл үүсгэхгүйгээр зарлага нэмэгдүүлж болох юм шиг ойлгогдох учраас зардлын шинэ төрөл үүсгэх эсхүл зарлага нэмэгдүүлэхийг хориглоно гэж бүрэн заах ёстой. Ингэснээр УИХ төсөв батлах эрхээ Засгийн газарт алдаж байгаа бус парламентын олонх нь бодлогын хөтөлбөрийг нь дэмжиж байгуулсан Засгийн газрынхаа бодлогоо шингээсэн төсвийг УИХ дэмжих, эс дэмжихийг үндсэн үзүүлэлтүүдээр нь хагалан шийднэ гэсэн үг. Мөн Ерөнхий сайдыг өргөн мэдүүлснээс хойш 30 хоногийн дотор томилж чадаагүй бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргадаг байсан. Одоо энэ өөрчлөлтөөр УИХ-ын анхдугаар чуулган эхэлснээс хойш 45 хоногийн дотор эсхүл Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн өдрөөс хойш 30 хоногийн дотор буюу нас барсан, огцорсон, бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон үед гэж ойлгохоор тодруулан зохицуулсан байна. Ерөнхийлөгчийн УИХ-ыг шахах, тараах чиглэлд эрх мэдэл нэмсэн мэт. Хуульч, судлаачийн өнцгөөс харахад бусад оронд Ерөнхийлөгч парламентыг хуульд заасан хугацаанд томилж чадахгүй үед аль болох зөвшилцөлд хүргэх, улс төрийн тогтвортой байдлыг хангахыг эрмэлздэг. Иймд үндсэн хугацаа дуусвал нэмэлт хугацаа өгөх боломж Ерөнхийлөгчид байдаг. Ингэхээр Ерөнхийлөгч тараахаа урьтал болголгүй нэмэлт хугацааг өгөх хэрэгтэй. Ингэснээр Ерөнхийлөгчийн улс төрийн зуучлалын үүрэг биелэгдэх, дэмжих дэмнэх нөхцөл бүрдэнэ. Үүнээс харахад бусад улсад үйлчилдэг механизм дутуу суучихав уу даа гэж харж байгаа. Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхий сайдыг томилсон, огцруулсан болон Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг бусад шийдвэрт тавих боломжийг үгүйсгэсэн заалт оруулахгүй бол УИХ-ыг тараах, улс төрийн зөрчилдөөнийг хурцатгах, тоглолт хийх цаг хугацааны боломж бий болчих хийдэл харагдаад байгаа.

-УИХ-ын сонгуультай холбоотой заалтаар яг юуг шийдэж чадах вэ?

-УИХ-ын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно, ээлжит сонгуулийн өдрөөс өмнөх нэг жилийн дотор сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглох санал төсөлд туссан. Үүний гол зорилт нь сонгуулийн хувь тэнцүүлэх аргыг хэрэглэх боломжийг нээх, сонгууль тулсан үед дүрмээ гэнэт өөрчилдөг тодорхойгүй байдлыг зогсоох явдал. УИХ-ын 2012 оны ээлжит сонгууль бидний зориглон зүтгэж хийсэн сонгуулийн шинэ тогтолцооноос бусдаар дан мажоритар системээр томсгосон, эсхүл жижиг тойргоор явж ирсэн. Одоо байгаа байдлаа хар л даа. Намаа, багаа, бодлогоо бэхжүүлсэн, эрүүлжүүлсэн зүйлгүй. Ирээдүйгээ харж, хувь тэнцүүлэх зарчмыг хэрэглэх боломжийг заавал нээх ёстой гэж үзэж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж өгч буй амин сүнс заалтуудын нэг яах аргагүй мөн. Намын тухайд эхний заалтыг нь хасмаар юм билээ. Авууштай нь, намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, намын хөрөнгө, орлогын эх сурвалж болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтооно гэсэн заалтыг найруулаад батлуулж болохоор байна. Ер нь Монголын хамгийн том ялзрал дархан цаазат байгууллага болох нам болсон. Намд өөрийн хяналт сул. Намын дүрэм, хяналтын байгууллагын шийдвэрээ үл ойшоох, үгүйсгэх, хэрэгсэхгүй байх, эсхүл даргын дохио зангаагаар ажиллах явдал түгээмэл. Төрөөс тавих хяналт нэр төдий. Бүртгэл, аудит, сонгуулийн үед зарим хуулийн шаардлага тавигдах гээд л зогсоно. Шүүхэд хуулиар хандах боломж нь хязгаарлагдсан. Иргэдийн зүгээс мэдээлэл авах, хяналт тавих нь маш хомс. Нэгэнт дотно, гадна талаас хяналтгүй, хаалттай болчихоор хариуцлага тооцох боломжгүй. Эцэстээ намын дотоод ардчилал устаж намууд доройтолд орсон нь нууц биш шүү дээ.

-Дээд шүүхийн шүүгчийг 12 жилээр сонгох нь хараат бус байдалд нь эрсдэл дагуулна гэж үзэж байсан. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Шүүх эрх мэдэл гэдэг тухайн нийгмийнхээ ардчилсан, шударга ёсны хамгийн том шүүлтүүр, хүний эрхийн хамгийн том баталгаа. Шүүгчээр ажиллах гэж буй хүмүүсийн баталгаа өндөр түвшинд яригдах нь зүй ёсных. Ихэнх оронд шүүгчийг бүх насаар буюу тэтгэвэрт гарах нас хүртэл нь хугацаагүй томилдог. Зарим оронд сонгох ёс үйлчилдэг нь ч бий. Миний хувьд нийгэм улс төрийн авлигын бохир орчноос улбаалаад тодорхой хугацаатай болгохыг дэмжиж байгаа. Хэт богино хугацаанд томилогдох нь мэдээж шүүгчид учрах элдэв эрсдэлийг нэмнэ. Дээд шүүхийн тухайд 12 жил байх нь өнөөгийн нөхцөлд ухаалаг шийдэл зохицуулалт болно. Манай улс 512 шүүгчтэй гэсэн сүүлийн үеийн тоо бий. Үүнээс 17 шүүгчийг сая түдгэлзүүлээд шалгаад эхэллээ гэсэн. Шүүгчид маш их шүүмжлэлд өртсөн. Хоорондоо хуйвалдан тохирдог, шударга бусаар шүүдэг, хуулиас гадуур үйл ажиллагаа явуулдаг гэсэн хардлага хүчтэй байдаг нь бултах аргагүй үнэн. Мөн улс төрийн захиалгат томилгоо, зүйл бус оролцоогоор шүүгчдийн хаалттай орчинд ялзрал бий болсон. Аливаа улс төрийн хэрэг маргаан, бохир байдлыг шүүх ариутган цэвэрлэх ёстой. Дээд шүүхийн шүүгчид тэтгэврийн насанд хүртлээ томилогдон дархлагдаж, хариуцлага тооцох боломж сул байгаа нь бодит байдал. Магадгүй Шүүхийн ерөнхий зөвлөлөөр томилогдож, Шүүхийн хариуцлагын зөвлөлөөр хариуцлага тооцуулдаг том байгууллагын хяналт хариуцлагатай ажиллах байх. Гэхдээ эргээд манайд олон тохиолдолд ШЕЗ нь тодорхой хүрээнд асуудлуудыг хаалттайгаар шийддэг учраас хяналт тэнцвэр нь хангагдахгүй нөхцөл байдал үүсвэл өнөөдрийнх шиг ҮАБ-ын зөвлөмжөөр шүүгчийг түдгэлзүүлэх шийдвэр гаргадаг хүчилсэн зүйл дахин бий болох магадлалтай. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд УИХ нэмэлт заалт оруулсан. МАНАН-ын шүүгчдээс сална гэх үүднээс хариуцлага тооцох зүйл оруулж ирсэн. Ad hoc буюу тодорхой хугацаанд тодорхой асуудлыг шийдвэрлэх нөхцөл байдал. Энэ бол шүүхэд цэвэрлэгээ хийх ядсан алхам. Энэ нь хэсэг хугацаанд үр дүнтэй зөв байж болохоос удаан үргэлжилбэл шүүх эрх мэдлийн бие даасан байдалд халтай. Магадгүй Үндсэн хуулийн хямрал руу аваачихыг үгүйсгэхгүй.

-Тэдгээр 17 шүүгчийг түдгэлзүүлэхдээ ҮАБЗ-ийн шийдвэрийг үндэслэсэн гэж байгаа. ҮАБЗ-ийн шийдвэрт тулгуурлаж олон шүүгчдийг нэгэн зэрэг түдгэлзүүлэх заалт бий юу?

-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлтээр бөөн маргаан болж оруулсан заалт бий. Төслийн шүүхийн хүрээний зүйл заалтууд харьцангуй сайн болсон. Гэхдээ эерэг, сөрөг гарч болох бүх үр дагавруудыг тал талаас нь авч үзэх хэрэгтэй. Шүүх эрх мэдлийг Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн хүрээнд сонгон шалгаруулалт, томилгоо, хариуцлага, шүүхийн бие даасан байдлыг даатгаж байгаа. Томилгооны явцад УИХ, шүүхүүдийн оролцоо байгаа. Шүүгчийн хариуцлагын зөвлөлд иргэдийн төлөөлөл байна гэсэн. ШЕЗ шийдвэрээ хэрхэн гаргах журам тодорхойгүй байна. Нэг бүрэн эрхийн хугацаанд дөрвөн жил ажиллах энэ зөвлөлийн гишүүдийн сонирхлын зөрчлийг хязаарлахгүй бол захиалгат шүүгчийн томилгоо одооныхоос хумигдахгүй. Улам далд хэлбэрт орох аюултай. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ хэлэлцэн шийдвэрлэсэн тохиолдолд тухайн асуудлаар найман жилийн хугацаанд дахин өөрчлөлт оруулж болохгүй болно. Тиймээс нухацтай хандалгүй дутуу хэлэлцээд мөлийлгөж орхин, шийдэх ёстой асуудлаа шийдвэрлэхгүй орхивол удирдлагын хувьд хүсээгүй дэглэм рүү ч гулсаж орох өндөр эрсдэлтэй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энхбаяр: Х.Баттулга Eрөнхийлөгчөөр 14 жил ажиллахыг Үндсэн хууль зөвшөөрөх эсэхийг тодорхой болгох хэрэгтэй


Хуульч Б.Энхбаяртай ярилцлаа.


-УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг албан ёсоор дэмжсэн. Таны хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нөхцөл байдал бүрдсэн гэж үзэж байна уу?

-Шинэ Үндсэн хууль батлагдаад 27 жил болсон. Тэрний өмнө 1990 онд БНМАУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийгдэж анхны Ерөнхийлөгчийг парламентаасаа томилдог зүйл орж байсан юм. Парламентаас томилогдсон анхны бөгөөд одоогоор сүүлийн Ерөнхийлөгч нь П.Очирбат гуай. Парламентаас сонгогдсон тухайн үеийн Ерөнхийлөгч аль нэг улс төрийн намыг дагаж намиралгүй, чухамхүү ард түмний эв нэгдлийн үүргээ нэр төртэй биелүүлж шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж батлуулахад жинтэй хувь нэмэр оруулсан байдаг. Хувийн өмчгүй шахуу иргэдтэй, шинэ хуучин, хөгшин залуугийн талцал зөрчилд нэрвэгдсэн тэр хүнд он жилүүдэд томилсон намдаа ад үзэгдэн төрийн тэргүүний албан тушаал гэдэг нь аль нэг намын талд бус гагцхүү ард түмний талд байж л оршдог учиртай нь нотлогдсон үнэн болж төлөвшжээ. П.Очирбат гуай дараа нь шинэ Үндсэн хуулийн дагуу нийт ард түмнээсээ сонгогдон хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр ажилласан. 30 жилийн өндөрлөгөөс эргээд дүгнэлт хийгээд үзэхэд шинэ Үндсэн хуулийн дагуу бий болсон өнөөдрийн Монгол Улсад улстөрийн хувьд ч, эдийн засгийн агуулгаараа ч тэр хамгийн их асуудлын гол шалтгаан нь төр өөрөө болчихсон. Өнөөдөр Монголд бүх болж бүтэхгүй асуудлын зангилаа нь төр нь болчихоод байна. Хаана авлигал, хаана тэгш бус байдал, хаана хууль үйлчлэхгүй байна, хаана шударга бус байдал байна гэдэг асуултын хариултын үзүүр бүгд төр лүү чиглэж байна. Үнэхээр төр өөрөө хорт хавдар болсон бол төрийг өөрийг нь эмчлэх ёстой. Энэ нь нэг хүний толгой авснаар шийдэгдчихгүй. Асуудлын ужиг болоод байгаа төрийг эмчлэхэд Үндсэн хуулийн өөрчлөлт чиглэгдэх ёстой гэдэг нь ч тодорхой боллоо.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Их хурлын ажлын хэсэг 2008-2012 оны парламентын үед Ж.Сүхбаатар гишүүнээр ахалж байгуулагдаж байсан. Үүний дараа УИХ-ын дэд дарга Л.Цог, дараа нь УИХ-ын гишүүн Н.Батбаяр ахалж байгуулагдаад одоо УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ахалж ажиллаж байна.

Найман жилийн хугацаа гэхээсээ илүү найм байтугай жилийн хугацаанд төрд болж бүтэхгүй асуудлын шалтгааныг мэдэж, хүлээн зөвшөөрснөөр гажигийг засахыг эрмэлзсэн үе үеийн улс төрийн зүтгэлтнүүд, судлаачид, ард иргэдийн санаа оноо шингэсэн санал хувилбар өнөөдөр хэлэлцэгдэж байна гэж ойлгож болно. Зөвхөн өнөөдөр гэнэт бий болчихсон төсөл гэж харж болохгүй юм л даа. Миний санаж байгаагаар аль 2011 онд Сү.Батболд дарга намын дарга, Ерөнхий сайд байхдаа улс төрийн есөн намын даргыг уриалж Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй болжээ гэдэг дээр санал нэгдэн үндэсний зөвшилцөл хийгдэж байсан. Ж.Сүхбаатарын ахалсан төсөл нэлээд хашир үзсэн, алдаа эрсдэл бага гарахаар тооцсон сайн төсөл байсан. Энэ олон төсөл хувилбаруудаас миний хувьд зүтгүүлчихээсэй гэж их дэмжиж байсан хувилбар нь түрүүчийн парламентын үед Н.Батбаярын ахалж боловсруулсан төсөл байсан. Хүмүүс мань хүнийг бөө гээд унтраагаад байсан болохоос яг өөр дээрээ галыг дуудаж шатахаас эмээлгүй, нэр хүнд нь унаж, дахиж сонгогдохгүй байхвий гэх эрсдэлээс айлгүй хийсэн гарцаагүй өөрчлөлт тэр дотор уг нь байсан юм л даа.

-Таны хувьд хуульчаас гадна иргэнийхээ хувьд ямар санал санаачилгыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгах нь зүйтэй гэж үзэж байгаа вэ?

-Энэ төслийг анх боловсруулагдаж Засгийн газраар хоёр удаа хэлэлцэхэд хоёуланд нь албан ёсоор санал дүгнэлт өгч оролцож байсан болохоор сайн мэднэ. Би чинь Засгийн газрын хуулийн гал тогоонд алба хашиж байсан хүн шүү дээ. Одоо энэ өөрчлөлтийн төсөлд Засгийн газраас өгсөн санал, дүгнэлтийг яамныхаа газрын дарга, мэргэжилтний хамт гардан хоёр жилийн өмнө бичиж Засгаар хэлэлцүүлж байсан юм. Бараг тэр чигээрээ Улсын Их хуралд хүргэгдсэн. Нэг санал хасагдсанд их харамсдаг. Тэр нь аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Үндсэн хууль зөрчсөн шийдвэрийг Цэцээр хянуулдаг болгох ёстой гэдэг санал маань Ц.Нямдорж сайдаар дэмжигдээгүй. Одоо манайд хаана ч хэн ч хянадаггүй, ИТХ-ын Үндсэн хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох эрх эдэлдэггүй. Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ-ын хууль, Засгийн газрын шийдвэр бүгд хянагддаг байхад Иргэдийн хурал гэж байгууллагын Үндсэн хууль зөрчсөн шийдвэр л хянагддаггүй, төр иргэдийн хяналтаас гарчихсан байгаа. Ердийн хууль зөрчсөн шийдвэр захиргааны шүүхээр хянагддаг. Гэтэл Үндсэн хууль зөрчсөн том зөрчил хянагддаггүй. УИХ хянаж байя гээд хууль гаргасныг Цэц хүчингүй болгочихсон. Гэтэл Иргэдийн хурлууд маш их Үндсэн хууль зөрчсөн шийдвэрүүд санаатай, санаагүй гаргадаг. Жишээлбэл, Булганд нэг сумын Иргэдийн хурал Улсын Дээд шүүхийн шийдэрийг хүчингүй болгосугай гэж шийдвэр гаргаж ичгэвтэр байдалд орж байсан. Сүүлд 2014 онд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас иргэдийн хувийн өмчийн газрыг 70 хувь нь зөвшөөрөх юм бол 30 хувийнх нь газрыг газрын суурь үнээр нь тооцож, буцааж төрд авах журам баталж хэрэгжүүлсэн. Энэ бол Үндсэн хуульд заасан хүний хувийн өмчтэй байх үндсэн эрхэнд хуулиас гадуур халдсан Үндсэн хуулийн зөрчил байсан. Хувийн өмчийн газрыг буцааж төрд хурааж авах хууль Их хурал батлаагүй байхад нэг иргэдийн хурал журам гаргаад хэрэгжүүлсэн. Үндсэн хуулийн эрх зөрчигдлөө гээд би тэр үед Цэцэд хандсан ч ҮХЦ хүлээж аваагүй. Нийслэлийн иргэдийн хурлын шийдвэрийг ҮХЦ хянана гэж Үндсэн хуульд байхгүй учраас гэж байгаа юм. Захиргааны шүүхэд хандтал захиргааны шүүх ердийн хууль зөрчсөн асуудлыг хэлэлцдэг болохоос Үндсэн хууль зөрчсөн асуудлыг хэлэлцдэггүй гээд хүлээж аваагүй. Гэтэл Үндсэн хуулиар хүн бүрт эрх тэгш олгогдсон тэр үндсэн эрхүүдийг ямар ч хамгаалалтгүй байх боломжийг Үндсэн хууль олгоогүй шүү дээ. Магадгүй аль нэг хилийн дагуух аймаг салан тусгаарлах үзэл гаргаж үүнийг нь дэмжсэн шийдвэрийг Иргэдийн хурал нь гаргачихвал яахав. Тэгэхэд манайд хянадаг хууль байхгүй гээд төв Засгийн газар, төр нь зүгээр хараад сууж уу. Украинд саяхан хоёр муж нь Оростой нийллээ гээд явчихсан олон жишээ энд тэнд байна. Тийм учраас нэгдсэн нэг хуультай, нэг төртэй, нэгдсэн Монгол Улс гэж байгаа бол иргэдийн хурлын Үндсэн хууль зөрчсөн шийдвэрийг Цэц хянадаг болох ёстой гэх өөрчлөлтийг заавал оруулах хэрэгтэй.

-Та болон Үндсэн хуулийн эрх зүйч. Хуульчид нэгдэж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад нэгдмэл бодлого, санал санаачилга гаргахаар тогтсон байсан?

-Өргөн баригдаж байгаа төслийг харахад угтаа төрд бугшсан асуудлуудыг зохицуулах гээд байгаа юм. Гурван сая хүний нүдээр надад хамааралтай ямар өөрчлөлт байна гэдэг дээр асуултын тэмдэг байгаа. Хөндөх ёстой байсан нэг гол асуудлыг хөндөөгүй. 2004, 2005 оны үед санагдана, Х.Тэмүүжин иргэн байхдаа ҮХЦ-д хандсан. Үндсэн хуульд заасан иргэнийхээ үндсэн эрхийг зөрчигдсөн асуудлаар иргэн хүн ҮХЦ-д гомдол гаргах эрхтэй байх ёстой гэж. ҮХЦ үүнийг зөвшөөрөөгүй. Иргэн хүн үндсэн эрхээ зөрчсөн асуудлаар Цэцэд гомдол гаргах эрх өнөөдрийг хүртэл хаалттай байгаа. Энэ эрхийг нь нээж өгсөн бол төрөө иргэн хянах маш том хөшүүрэг болох байсан. Төрийг төрөөр нь хянуулах л өөрчлөлт хийх гээд муйхарлаад үзээд байгаа. Уг нь хамгийн бодитой, үр дүнтэй хяналт бол иргэн өөрийнхөө үндсэн эрхийг ҮХЦ-ээр хянуулах нь хамгийн том хяналт шүү дээ. Харанхуй шүүмжлэл хэрэггүй. Тийм учраас зарчмын хувьд хорт хавдар болоод буй асуудлаа зассан хэмжээнд энэ төслийг батлагдаасай гэж бодож байгаа.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт дотор Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж байгаа. Харин Ерөнхийлөгчийн эрх мэдлийг танаж байна гэх асуудлууд яригдаж байна. Манайд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын эрх мэдлийг илүү тодотгож өгөх нь зүйтэй байсан гэж үзэж байна уу?

-Төр ялзраад, төрийн дээд байгууллагууд хоорондоо эрх мэдлээ булаалдаж хэрэлдээд бодитой ажил хийхгүй байх нь иргэдэд ямар ч ашиггүй. Гол асуудал нь манай улс 1992 оны Үндсэн хуулиар хоёр Ерөнхий сайдтай болчихсонд байгаа юм. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёулаа гүйцэтгэх эрх мэдэлд хамаардаг. Нэг нь парламентад олонх болчихсон намын дарга мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гээд байдаг. Нэг нь ард түмнээсээ мандат аваад сонгогдчихсон бас мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэдэг. Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын зөрчил, тэмцэл, эрх мэдлийн төлөөх тулааны горыг 20 гаруй жил амсаж байгаа. Сүүлдээ хэнтэй нь хариуцлага ярих нь мэдэгдэхээ больдог. Шударга ёсны өлсгөлөнд нэрвэгдсэний хариуцлагыг Ерөнхийлөгч нь Хуулийн сайд руу, Хуулийн сайд нь Ерөнхийлөгч рүүгээ чихээд л дуусч байх шиг байна. Иргэд нь дагаад хоёр тал болоод байлдаж байх шиг. Хариуцлага эзэнгүйддэг хоёр Ерөнхий сайдтай болсоны гор, төлөөс энэ. Үүнийг засах хамгийн зөв шийдэл нь ард түмнээсээ эрх олж авсан нэг л толгойтой болох явдал байсан. Өөрөөр хэлбэл парламентад олонх нь болсон улс төрийн хүчин гүйцэтгэх засаглалаа тэргүүлдэг, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг эрх мэдлээ авсан шиг авч дараагийн сонгуульд дүнгээ тавиулдаг тогтолцоо бүх улсад явж байгаа. Ерөнхийлөгчийн засаглалтай улсууд гэдэг хэрэг дээрээ гүйцэтгэх засаглалын тэргүүн буюу манайхаар Ерөнхий сайд л байхгүй юу. Парламентаас Ерөнхийлөгчийг сонгодог болчих хэрэгтэй байсан юм. Парламент дахь өнөөгийн олонхын хүлээн зөвшөөрөгдөх бяр, барьцаалагдаагүй байдал манайд хараахан бүрдээгүй байна л даа. Хоёр Ерөнхий сайдтай байгааг засах гээд энэ өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг нэг удаа 55-аас дээш настай хүнийг зургаан жилээр сонгоно гэдэг хагас алхсан гэх юм уу. Бүтэн том алхаж чадахгүй учраас ядаж тал алхах гэж байгаа хэрэг. Бүхэлд нь буруутгахгүй байна. Аргаа ядсан л өөрчлөлт болох нь. Хөгшин настай хүн 60 гараад ирэхээр шуналгүй болчихдог гэж бурханы номонд байдгийг би лав мэдэхгүй. Эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг хязгаарлаж байгаатай санал нэг. Одоогийн насыг нь хөндөх шаардлагагүй байх. Одоогийн Үндсэн хуульд Ерөнхийлөгч хоёр удаа л сонгогдоно гэсэн зарчим бий. Энэ үзэл санааг энэ Үндсэн хуулийн өөрчлөлт гажуудуулахгүй биз гэсэн асуулт ямар ч хариултгүй байна. Энэ заалт 2025 оноос үйлчлэхээр Ерөнхийлөгч Х.Баттулгын хоёр удаа сонгогдох эрхийг хөндөхгүй гэж байгаа нь туйлын зөв. Гол нь 2025 онд Шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу зургаан жилээр нэг удаа сонгогдох заалт Монгол Улсын өмнө нь сонгогдсон дөрвөн Ерөнхийлөгч, одоогийнхтой нийлээд таван хүнд үйлчлэх үү гэдэг асуулт байна. Лав л хаалт алга. Тэгэхээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 14 жил Ерөнхийлөгч байх боломж Үндсэн хуульд байна гэсэн үг үү. 1992 оны Үндсэн хуулийн Ерөнхийлөгчөөр нэг хүн хоёр л удаа ажиллана гэсэн үзэл санаагаа барьж дахин гуравдахаа сонгогдох боломжийг дагаж мөрдөх журмын хуулиар шууд үгүйсгэх ёстой гэж бодож байна. Уг нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нөхдүүд бүгд 2025 онд гурав дахь удаагаа нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдчихэд л болох асуудал л даа.

-Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлснээр Засгийн газар тогтвортой ажиллана гэж үзэж байгаа юм билээ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхий сайдыг огцруулахыг дараагийн Ерөнхий сайдыг томилохтой хамт шийдэх санал явж байгаа. Мэдээж Засгийн газрыг тогтвортой байлгах зорилгоор орж байгаа нэмэлт өөрчлөлт. Зарчмын хувьд зөв байх. Гэхдээ энэ өөрчлөлтүүд одоогийнхоо Үндсэн хуулийн үзэл санаа буюу хана хэрмээс гарах ёсгүй. Одоогийн Үндсэн хуулийн гол үзэл санаа парламентад олонх болсон улс төрийн нам Засгийн газраа байгуулна гэсэн гол үзэл санаатай. Парламентын олонх гэдэг УИХ-ын гишүүдийн кнопын олонх биш. Энэ хоёр өөр ойлголт. Парламентын олонх бол хамгийн олон суудал авсан нам. Энэ өөрчлөлт дээр их хурлын гишүүдийн 1/4 буюу 19 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах, нэр дэвшүүлэх эрхтэй гэж заасан. УИХ-ын 19 гишүүнд намын харьяалал үл харгалзан Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх эрхийг Үндсэн хуулиараа олгох гэж байна. Үндсэн хуульд энэ эрхийг улс төрийн намд олгосон. Одоогийн Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалаас зарчмын хувьд эсрэгцсэн, зөрүүтэй өөрчлөлт орох гэж байгаа юм. Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхийг хувь гишүүдэд олгох ёсгүй. Ерөнхий сайдыг олонх болсон улс төрийн нам мэддэг байх ёстой. УИХ-д нам үл харгалзан нэгдэж, тооны хувьд олон болж байгаа хүмүүс үүнийг эдлэх ёсгүй. Тэд томилох, эс томилох эрхээ л хууль тогтоогчийнхоо хувьд эдлэх ёстой. Яагаад гэхээр нэр дэвшүүлсэн нам өөрөө дараагийн сонгуулиар тайлангаа тавьж, хариуцлагаа хүлээдэг учраас тэр. Нэг Үндсэн хуульд хоёр өөр зөрүүтэй заалт байж хэрхэвч болохгүй. Төрийн хямрал үүсгэнэ. Хэн хариуцлага хүлээх вэ гэдгээ улбаалсан зарчмын асуудлыг гажуудуулах өөрчлөлтийг дэмжиж болохгүй.

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд заавал оруулж, тусгаж өгөх нь зүйтэй байсан гэх зүйлүүд юу байна вэ?

-Үндсэн хуульд гарцаагүй өөрчлөлт хийж засагдах зүйл болоод Үндсэн хуулийн өөрчлөлтөөр заавал засах шаардлагагүй, ердийн хуулиар шийдэх боломжтой зүйлс юу байна гэдгийг ялгах ёстой. Гарцаагүй Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хөндөх дөрвөн асуудал байна. Нэгдүгээрт, давхар дээлний асуудал. Хоёрдугаарт, сонгуулийн тогтолцооны асуудал. Үндсэн хуулиар сонгуулийн тогтолцооны олон хувилбаруудыг нээж өгөх ёстой. Сонгуулийн үндсэн мажоритар, пропорцианаль, холимог гэсэн тогтолцоог манайх ярьдаг. Энэ дотроо задарвал 240 гаруй сонгуулийн тогтолцоо бий. Гэтэл хэрэг дээрээ ҮХЦ-ийн дүгнэлтээс болоод тойргийг томосгох уу, жижигсгэх үү гэдэг хоёрхон сонголттой. Ингэхээр улс төрийн том бодлого явуулж болдоггүй. Намын сахилга бат байхгүй. Эрх барьж байгаа намын хариуцлагыг алдагдуулдаг. Хувь гишүүний популизмыг дэвэргэдэг. Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд тусгаж заах нь зүйтэй. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлдэг байх тэр хэрээр өөрөө парламентад олонх болсон намын мөрийн хөтөлбөрийг толгойгоороо хариуцах заалтыг шингээж байгаа нь гурав дахь том дэвшил гэж харж байгаа. Хамгийн сүүлд Ерөнхий сайд Засгийн газраас оруулсан төсөв дээр Их хурлын гишүүд тойрог руугаа дураараа шингээсэн төсөв хөрөнгийн эрхийг хязгаарлаж байгаа нь үнэхээр тогтвортой мөрдөж чадвал ихээхэн тустай гэж үзэж байгаа.

-Тэгэхээр энэ асуудлуудаас бусдыг нь заавал Үндсэн хуульдаа тусгах шаардлагагүй гэж үзэж байгаа юм уу?

– Бусдыг нь Үндсэн хуульд оруулах гарцаагүй хэрэгцээ шаардлага байна гэх итгэл үнэмшил төрөхгүй байна. Харин ч эргээд асуудал үүсгэх үр дагавартай гэж харж байгаа. Бүгдийг нь яривал багтахгүй. Улс төрийн намыг хариуцлагатай болгох гэж байна гээд иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг заалт орж байгаа. Энэ заалт орсноор улс төрийн нам хариуцлагатай болчихно гэж бодохгүй байна. Гэтэл бид 1996 оноос хойш улс төрийн намын хуулиа огт шинэчлээгүй байгаа шүү дээ. Их хурал хуулиар шийдэх ёстой зүйлээ огт хийгээгүй ужигруулсан. Хуулиар засах боломжтой асуудлыг огт хөндөөгүй хэрнээ Үндсэн хуулиар оруулж хариуцлагаас зугтана гэдэг ойлгомжгүй асуудал. Үндсэн хууль бол ердийн хууль биш улс төр эрх зүйн бичиг баримт гэж явдаг. Энэ бол үзэл санаа. Улс төрийн нам үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулахгүй бол яах вэ. Мөн улс төрийн хүсэл зориг гэдэг үг яг юуг хэлээд байгаа юм. Үндсэн хуулийн нэр томьёо гэж тусдаа ойлголт байдаг. 1992 оны Үндсэн хуульд нийт “ард иргэдийн ашиг сонирхол” гэдэг нэр томьёо байдаг. Тэгвэл энэ шинээр орох гэж байгаа “хүсэл зориг” нь одоо хуульд байгаа ашиг сонирхол гэдгээс юугаараа ялгаатай юм. Үндсэн хуулийн нэр томьёо шууд тайлбарууд шаардаж эхэлнэ. Улс төрийн нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг л илэрхийлээд бусад хүсэл зоригийг нь илэрхийлэхгүй юм уу гэх мэтээр. Цаашдаа хүсэл зориг илэрхийлээгүй намтай хэн хариуцлага тооцох юм. Улс төрийн нам Цэцийн хяналтад байдаг субьект биш. Улс төрийн нам байгуулах, татан буулгахыг дээд шүүх шийддэг. Дээд шүүх Үндсэн хуульд хэрэв энэ заалт орвол үүнийг иш болгоод танай нам иргэдийнхээ улс төрийн хүслийг илэрхийлсэнгүй гээд улс төрийн намыг татан буулгахад Үндсэн хуулийг эшилж шийдвэр гаргаж байгаа гэх утгаараа хоёр дахь Цэц болчихож байна гэсэн үг. Улс төрийн намын талаарх зөвхөн энэ өгүүлбэрээс улбаалаад Монгол Улс хоёр Үндсэн хуулийн шүүхтэй болчихно гэсэн үг. Гинжин урвалаар хөөж үзвэл Үндсэн хуулийн нэг үг л ийм нөхцөл байдал, үр дагавар руу түлхдэг. Мөн УИХ хянан шалгах түр хороо байгуулна гэж байгаа. Одоо ч энэ заалт байгаа. Ердийн хуулиар ийм хороо байгуулах, хянан шалгах эрхтэй. Үүнийг ердийн хуулийн хүрээнд шийдэж болно.

-Шинэ Үндсэн хуулиар аймаг нийслэлд бус сум дүүрэгт татварын эрхийг өгөхөөр тусгасан. Мөн сум дүүргийн Засаг даргыг иргэд сонгоно гэж заасан байсан. Энэ тухайд?

-Засаг захиргаа нутаг дэвсгэрийн асуудалд хамгийн болгоомжтой хандах ёстой. Монгол Улс нэгдмэл улс. 1992 оны Үндсэн хуульд нэгдмэл улс байна гэж заасан. Нэгдмэл улсын гол шинж нь нэг хууль, төвлөрсөн удирдлагын зарчим. Төвлөрсөн удирдлага хүний нөөцийн болон өмч хөрөнгийг мэдэх нэгдмэл хэв шинжээр хангагддаг. Тиймээс Б.Чимид багш 1992 оны Үндсэн хуулийн нутгийн удирдлагын хэсэг дээр бие даасан өмчтэй байх, төв засгийн газраас огтын хамааралгүй удирдлагатай байх асуудлыг огт хөндөөгүй. Тэгж хөндөхөөс өөрөө ч айж байсан тухай ном, ярилцлагад нь нэвт шингэж үлдсэн байдаг. Орон нутгийг өмчтэй байлгахын чухлыг багш онцолж байсан ч үүнийгээ өмч хөрөнгийн ангилал, зориулалтаас хамааруулж ялгамжтай олгох ёстойг хэлж байсан. Сум, дүүргийн Засаг даргыг иргэд сонгоно, Сум дүүрэг татвартай байна гэхээр сайхан сонсогдож магадгүй. Шүүгчээсээ эхлээд бүх төрийнхнийг шууд сонгочихмоор. Хорооны цагдаагаа хүртэл. Э.Бат-үүл хотын дарга байхдаа цагдаагийн даргыг нэг сонгосон байх аа. Үндсэн хуулийн онцлог системийн онолын дагуу хийгдсэн байдаг. Төрийн зарим албан тушаалтныг ард түмнээс хүртэл харьцангуйгаар хараат бус байлгах шаардлага үүсдэг. Шүүгчдийг иргэд сонгодог болъё гэвэл гэмт хэрэг хийж ял шийтгүүлж байсан нөхөд ч түүнийг сонгоход оролцоно. Яваандаа гэмт хэрэгтнүүдийнхээ барьцаанд орно. Төрийн нударга хатуу буух чадваргүй болно. Шүүгч хүн бүгдэд таалагдах гэж байдаг алиа салбадай биш. Нударга нь чанга, бас мэргэн бууж байх учиртай хүн. Гэтэл сум, дүүргийн даргыг шууд ард иргэдээс сонгоод гаргаад ирэхээр том толгойлж, нэгдсэн төв Засгийн газартаа захирагдахаа болиод эхэлбэл яах вэ. Баахан 300 гаруй бяруу болоогүй бух, аавын цээжүүдээр дүүрвэл яана. Чингис хааны байгуулсан их эзэнт гүрэн ийм аавын цээжүүдээс болж баларч, задарч сүйдсэн биз дээ. Дэлхийн улс орнуудын төрт улсын түүхүүдийг анзаараад үзэхээр өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болоод ирэхээрээ салан тусгаарлах үзэл гаргаж ирсэн байдаг. Нийтийн өмчийн асуудал болох аль 1996 оны хуулиа ер цэгцлээгүй байж Үндсэн хуулиар тэдэнд өмчлөгчийн эрх өгнө гэдэг Үндэсний аюулгүй байдал талаасаа ч эрсдэлтэй.

Categories
мэдээ цаг-үе

Т.Аюурсайхан: Дээд шүүхийн шүүгчийг 12 жилээр сонгох нь өндөр эрсдэлтэй

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхантай ярилцлаа.


-Таны хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дэмжсэн гишүүдийн нэг. Сөрөг хүчингүйгээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлах нь гэх шүүмжлэл явж байна?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайд МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан улс төрийн амлалтуудынх нь нэг байсан. Ард түмэндээ амласан амлалтдаа хүрэх ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэн тэргүүнд өнөөдрийн нийгэм, улс төрийн тулгамдсан асуудлууд болоод нийгэмдэх улс төрийн талцал хуваагдлыг арилгасан, шударга ёсыг тогтоосон өөрчлөлтүүд хийх ёстой гэж үзэж байгаа. Үндсэн хуульд тусгаж буй нэмэлт, өөрчлөлтийн төслийг маш сайн хэлэлцэх ёстой. Хэлэлцүүлгийн явцад зүйл, заалт бүрээр нь ярих ёстой. Аль нэг улс төрийн нам олонх байж Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулна. Өмнөх парламентууд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг санаачилж байсан хэдий ч улс төрийн өнцөг, эрх мэдлийн тэмцлээс шалтгаалж бүтэж байгаагүй. Одоогийн нэмэлт өөрчлөлтөд хэрэгтэй олон зүйл заалтууд бий.

-Шүүхийг улс төрөөс хараат бус байлгахын тулд ямар заалтууд оруулж өгч байгаа вэ?

-Үндсэндээ шударга ёсыг шүүхээс шаардаж байна. Сүүлийн үеийн томоохон хэргүүдийг нэр бүхий гишүүд 23 зүйлд багцалж Улсын ерөнхий прокурор, АТГ-ын удирдлагуудад хүргэсэн. Үүний дагуу уг байгууллагууд дээр ажлын хэсэг ажиллаж, эхнээс нь хэргүүдийг боон шүүх рүү шилжүүлж байна. Өнөөдөр бид нийтээрээ шүүхээс хамааралтай болчихсон. Шүүхийг хэрхэн ажиллахыг эндээс харна. Өнгөрсөн хугацаанд шүүх засаглал яаж ажилласан нь иргэдэд тодорхой. Шүүх шударга бус ажиллаж, авлигад идэгдэж байгааг шүүмжилдэг. Тиймээс хариуцлагажуулах хэрэгтэй учраас шүүхийн хариуцлагын зөвлөлийг бий болгохыг Үндсэн хуулиараа зааж өгөх юм. Шүүхийн томилгоог нэлээн сайн хуульчилж өгсөн. Ямар зарчмаар хэрхэн томилох зэргийг тодорхой гаргаж өгч байгаа. Гэхдээ Дээд шүүхийн шүүгчийг 12 жилээр томилно гэдэгтэй санал нийлэхгүй байгаа. Шүүхийн хариуцлагын зөвлөлтэй болчихлоо. Шүүхийн хариуцлагын зөвлөлөөс ямар нэг асуудлын үндэслэлийг гаргах бол 12 жилээс өмнө хэзээ ч чөлөөлөгдөж болох эрх зүйн орчин байж тухайн хүн ажилдаа шударга хариуцлагатай байна. Үндсэн хуульд 12 жил гээд заачихвал хэн ч өөрчлөх эрхгүй болчихно. Нэг хүнийг 12 жилээр сонгоно гэдэг өндөр эрсдэлтэй. Мөн Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг есөн жилээр сонгоно гэж байгаа.

Зургаан жилээр байдаг хэрнээ халдашгүй дархан эрхийн цаана ард түмний бухимдлыг төрүүлсээр байна. Зарим нь бүр сугардаггүй нэр авчихсан. Хуулийн байгууллага иргэдээс асуудал үүсгээд байхад сугарч өгдөггүй. Есөн жил болчихвол яах вэ гэдэг асуулт гарна. Ядаж одоогийн зохицуулалтаараа зургаан жил хэвээрээ үлдсэн нь зөв гэж үзэж байгаа. Мөн 21.4-т сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно гэж оруулсан. Өмнө нь журмыг хуулиар тогтооно гэж байсан. Тогтолцоо гэж оруулснаар шууд пропорцианаль намын жагсаалтаар сонгогддогийг хуулиндаа оруулж өг гэж байгаа юм. Ингээд хуульдаа оруулаад өгчих юм бол тэр нь Үндсэн хуулийн зөрчил биш болчихно. Яагаад гэвэл Үндсэн хуулийн тогтолцоог хуулиар зохицуулна гээд заачихсан. Хэдий гишүүдийг ард түмэн шууд сонгоно гэдэг заалт нь хэвээрээ ч хоёр дахь заалтаараа тогтолцоог хуулиар зохицуулна гээд оруулсан учраас Үндсэн хуулийн зөрчил биш байна гэнэ. Одоогийн намын нэрсийн жагсаалтын цаана сонгогддог заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дүгнэлт бий. Энэ дүгнэлтийн хуулийн үйлчлэл нь шууд зогсоно. Улс төрийн намын шинэчлэлийг хэлэх нь зүйтэй байх. Улс төрийн нам бол нийт ард түмний нийтлэг эрх ашигт нийцэж ажиллана гэж Үндсэн хуульд заасан. Үүнийг зөрчсөн хуваагдал, талцал, нийтлэг эрх ашигт нийцээгүй явцуу зорилготой улс төрийн нам Үндсэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болох юм. Улс төрийн намуудын үйл ажиллагааг ил болгохыг Үндсэн хуульдаа заана гэдэг нь улс төрийн намын санхүүжилтийн цаана төрийн шинэчлэлийн асуудал нягт уялдаатай байдгаас шалтгаалж байгаа. Улс төрийн намуудаар дамжуулж төрийн эрхийг барьдаг тогтолцоо манайд үйлчилж байна. Бизнес бүлэглэл өөрсдийн төлөөллийг улс төрийн намаар дамжуулж төр лүү оруулдаг, тэр нь эргээд бизнес бүлэглэлдээ үйлчилдэг. Ийм зүйл яваад байдаг. Угтаа улс төрийн нам иргэдийг төртэй холбох ёстой байтал бизнес бүлэглэлийг төртэй холбодог шинж чанартай болчихоод байгаа юм. Бизнес бүлэглэлүүд улс төрийн намаар дамжуулж төр лүү хүнээ оруулдаг гол шалтгаан нь далд санхүүжилтээр улс төрийн намыг тэтгэдэг юм. Энэ бол төрийн хямрал. Улс орон буруу явж байгаагийн нэг жишээ. Намын санхүүжилтийг ил болгоно гэдэг энэ зүйлийг таслан зогсоож байгаа хэлбэр юм.

-Сум дүүргийн Засаг дарга нар иргэдээс сонгогдоно гэдэг дээр эрх мэдлийн төлөөх тэмцэл үүсэх үү?

-Санал нэг байна. Аливаа томилсон субьект нь өөрөө чөлөөлдөг эрх зүйн орчин байдаг. Сум дүүргийн Засаг даргыг иргэдээсээ сонгогдоно гэж заасан. Харин тухайн хүнийг хэн нэгэн дээд шатны дарга нь чөлөөлнө гэдэг бол энэ зарчимд нийцэхгүй. Тиймээс сум дүүргийн иргэдийн хурлын саналаар дээд шатны Засаг дарга нь чөлөөлдөг заалт оруулж байгаа. Яагаад иргэдээс сонгуулах гээд байна гэхээр сонгогдсон хүн нь иргэдийн хурлын хэдхэн хүнд үйлчлэхгүй, нийт иргэддээ үйлчилдэг улстөрждөггүй байлгахын тулд юм. Гэтэл тухайн хүнийг томилдог хүмүүс нь намын хүмүүс болчихоор иргэдээсээ мандатаа авчихсан хэрнээ ажлаасаа чөлөөлөгдөхгүйн тулд намдаа үйлчилдэг хоёрдмол заалт орж байгаа. Энэ тал дээр анхаарч засах ёстой гэж үзэж байгаа. Сум дүүргийн Засаг даргыг иргэд сонгоод нийслэл дүүрэг аймгийн Засаг дарга нь 15 хоногийн дотор батламжилна гэж заасан. 15 хоног бол дэндүү урт хугацаа. Иргэдээсээ сонгогдсон хүнийг гурав хоногийн дотор батламжлахад ямар ч асуудалгүй. Аймаг нийслэлийн Засаг даргыг тухайн шатны иргэдийн хурал нь нэр дэвшүүлж Ерөнхий сайд томилно гэж байгаа. Харин энэ тал дээр Ерөнхий сайд тэд хоногийн дотор томилох ёстой гэсэн хугацаатай заалт оруулж болно.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж байгаа. Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлснээр дэвшилтэт зүйл юу байна гэж харж байгаа вэ?

-Ерөнхий сайдыг огцруулах асуудал нь нийт гишүүдийн 1/4-ийн саналаар эрх нь хадгалагдаад үлдэж байгаа. Харин хэлэлцэх хугацааг нь богинохон болгосон. Хэлэлцэх хугацаа нь долоо хоногийн дотор байнгын хороо, дараа нь чуулган гээд Үндсэн хуульд 15 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэнэ гэдгийг гурав, гурав хоногоор болгож хугацааг нь заасан. Ерөнхий сайд огцорвол танхим нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэдэг заалт нь хэвээрээ. Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилдөөд сайд нараа нэг нэгээр нь чуулганаар оруулж томилдог байсан бол УИХ болон Ерөнхийлөгчид мэдэгдээд сайд нараа өөрөө томилон, чөлөөлөх эрхтэй болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, танхимын зарчмаар ажиллах боломжийг нь өгөх хэрэгтэй гэж байгаа юм. Улс төрийн нам шахалтаар танхимаа бүрдүүлдэг тогтолцоо одоо хүртэл байгаа. Тэр тогтолцоо яг шууд удирдлагад бус шахааны хүн орж Засгийн газрын нэр хүндийг унагааж байна. Хэдий Ерөнхий сайдыг 19 гишүүн санал гаргаж огцруулах болон дараагийн Ерөнхий сайдын нэрийг өргөн барихаар байгаа ч дараагийн Ерөнхий сайдыг нь зэрэг хэлэлцээд явна гэсэн үг. Ингэхээр төрийн ажил цалгардахгүй, эрсдэлд оруулахгүй гэх үндэслэлтэй гэж ойлгож болно.

-Ерөнхийлөгчтэй холбоотой нэг заалт орсон. Энэ нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьсан зүйл болж байна уу гэх зүйлс яригдаж байна л даа?

-Ерөнхийлөгч зургаан жилд нэг удаа сонгогдоно гэдэгтэй санал нэг байгаа. Хоёр удаа сонгогдохоор өнгөрсөн практикаас харахад дараагийн дөрвөн жилдээ дахин сонгогдох үйл ажиллагаагаа явуулаад эхэлдэг. Улс төрийн аливаа намаас түдгэлзээд иргэдийн төлөөлөгч болдог боловч тогтолцоо нь улстөржүүлэхийг шаарддаг. Намаас сонгогдохын тулд намын эрх ашигт нийцэж ажилладаг. Нэг удаа сонгогддог болчихвол улс төрийн эрх ашигт бус улс орны нийт эрх ашгийн төлөө ажиллана гэдэг талаас харж байгаа юм.

-Байгалийн баялгийг төр иргэдэд тэгш хүртээнэ гэж байгаа. Байгалийн баялгийг ард түмний эрх мэдэлд оруулах заалт бий юу?

-Одоогийн 6.1-т байгаль эх газрын хэвлий дэх баялаг ард түмний хяналтад төрийн өмч байна гэдгийг илүү тодотгож тэгш шударга хүртээх зохицуулалтыг нь оруулж өгсөн. Баялгийн сан байгуулж орлогын дахин хуваарилалтын асуудлыг Үндсэн хуулиар боломжийг нь нээж өгч байна гэсэн үг.

-Хоёр дипломатчдын хар тамхины асуудал одоо ямар шатандаа явж байна вэ?

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд сайд мэдээлэл хийхдээ маш нууц дардастай ирүүлсэн учраас хаалттайгаар хэлэлцэхээс өөр аргагүй байсан. Миний хувьд нээлттэй хэлэлцүүлнэ гэж бодож байсан. Байнгын хорооноос чиглэл өгөх тухай тогтоол батлагдсан. Энэ тогтоол нь нууц биш. Миний хувьд байнгын хорооны даргаар ажиллах хугацаандаа хар тамхи, тамхи бусад хэргүүдэд дипломатч төлөөлөгчдийн газруудын ажилтнууд нэр холбогддог асуудал дээр нэлээн шийдэмгий ажиллаж, таслан зогсооно гэж бодож байгаа. Үүний дагуу тогтоолуудаа шахаад хэрэгжүүлээд явна.

Categories
мэдээ цаг-үе

Хуримтлал хэрхэн үүсгэх вэ

Хуримтлал үүсгэхийн тулд юуны өмнө бид орлого, зарлагаа хянаж сурах хэрэгтэй. Хүн өдрийн төгсгөлд “цаасан дээр худалдан авалтаа бичнэ дээ” гэж бодох нь шаардлагагүй худалдан авалт хийх нь эрс багасдаг гэсэн судалгаа байдаг аж. Хүнд долоон төрлийн хадгаламж хэрэгтэй гэнэ. Хамгийн эхэнд Emergen­cy Fund буюу түргэн тус-ламжийн хадгаламж Сард төлдөг лизинг, байр ус цахилгааны төлбөр, бүтэн сарын хоол хүнсний зардал, энтертайнмэнт зардал зэрэг энгийн хэмнэлээр амьдрахад 30 хоногт хэдэн төгрөг зарцуулдаг гэдгээ тооцно. Тэгээд түүнийгээ дор хаяж зургаан сараар үржүүлэн хуримтлуулна. Энэ нөхцөлд ямар нэгэн эрсдэл гарахад хагас жилийн турш ямар ч асуудалгүйгээр үргэлжлүүлэн хэвийн хэмнэлээрээ амьдрах боломжтой гэсэн үг. Тиймээс энэ бол хамгийн чухал хадгаламж юм. Хоёрдугаарт, Төлөвлөгдөөгүй зардлын төлөвлөсөн хадгаламж Мөнгө үрэхгүй гэж шийдсэн өдрүүдэд ихээр зардал гарах үе байдаг. Ийм нөхцөл байдалд тохирсон, олон дараалсан баярын дараа ч санхүүгийн хувьд асуудалгүй хэвээрээ байхад зориулсан хадгаламж юм. Гуравдугаарт, Зорилтот хадгаламж буюу мөрөөдөл зорилгоо биелүүлэх хадгаламж Аялалд явах, шинэ утас худалдаж авах зэрэг богино хугацааны зорилго юу ч байж болно. Гагцхүү түүндээ зориулсан хадгаламж нээгээд мөнгө шилжүүлээд байгаарай. Хадгаламжинд нэр өгөх, зорилго тодорхойлж өгөх нь үр дүнг хэд дахин нэмэгдүүлдэг гэнэ. Эцэст нь Тэтгэврийн хуримтлал Орчин үед тэтгэвэрт гарах магадлал маш бага болсон. Хувиараа бизнес эрхэлж, алсын зайнаас ажиллаж, олон газраас орлогын эх үүсвэрээ бүрдүүлж байна. Яг одоо ажиллаж байгаа шигээ 60 настайдаа ч ингээд сууж байхгүйн тулд тэтгэврийн хуримтлалыг одооноос эхлээрэй. Хэдэн арван жилийн дараа ч үнэ цэнэтэй хэвээрээ байх тэр хөрөнгө оруулалтыг одоо олж харах нь ирээдүйн толгойны олон өвчнийг намдаах ухаалаг шийдвэр юм.

Орчин цагт таны амжилтыг эд зүйлсээр биш, дансны чинь үлдэгдэл хэдэн тэгтэй байгаагаар тодорхойлно шүү.

Categories
мэдээ цаг-үе

О.Содбилэг: УИХ-ын гишүүнийг таван жилээр сонгодог болох санал өгсөн

УИХ-ын гишүүн О.Содбилэгтэй ярилцлаа.


-Та чуулганы хуралдаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд санал өгсөн ч тусгагдахгүй байна гэх шүүмжлэлийг хэлсэн. Үүнээс төсөл боловсруулагчид өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн санал санаачилгыг нэмэлт, өөрчлөлт оруулаад байна уу гэх хардлага төрж байна л даа?

-Гишүүдээс гаргасан саналыг ажлын хэсэг жагсаалтаар бүртгэж авсан юм билээ. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг өөрчлөх буюу нийт зүйлийн 35, түүнээс дээш хувийг өөрчлөх, эсхүл түүнтэй тэнцэх тоо хэмжээний нэмэлт оруулахаар байвал энэ нь Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх буюу хянан үзэхэд хамаарна гэж заасан байдаг. Одоогийн төсөл 28 хувийг хөндсөн гэж байгаа юм. Энэ хувьдаа багтаагаад гишүүдийн саналыг хуваарилсан юм билээ. Тиймээс зарим саналыг багтаах боломжгүй болж таарсан юм билээ. Ажлын хэсгийн ахлагч хоёр дахь хэлэлцүүлгээр миний гаргасан саналыг оруулна гэж хэлж байгаа. Хоёр дахь хэлэлцүүлгээр саналууд тусгагдах байх.

-Таны зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтөд ямар саналууд тусгах бодолтой байна вэ?

-Үндсэн хуулийн 27.2-т “УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа 50-иас доошгүй ажлын өдөр чуулна” гэснийг “75-аас доошгүй өдөр чуулна” хэмээн Үндсэн хуулийн одоогийн нэмэлт, өөрчлөлтөд оруулахаар тусгасан. Ажлын өдөр нэмэгдэж байгаа учраас хуваарь гаргаж ажиллах шаардала үүсч байна гэж үзсэн. Их хурлын үйл ажиллагааг яамд, Засгийн газар, улс орны байдал зэрэг бүгд хамаарч байдаг учраас их хурал хариуцлагатай, ажил хэрэгч байх хэрэгтэй. Энэ үүднээс ээлжит чуулганыг жил бүрийн долдугаар сарын 29-нөөс эхлүүлж, харин хаврын чуулганыг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлдэг байхаар санал гаргасан. Учир нь Монгол Улсад олон намын оролцоотой анхны парламентын сонгууль долдугаар сарын 29-нд болж байсан. Харин гуравдугаар сарын 1-нийг Эх орончдын өдөр гэдэг утгаар сонгосон юм. Өнгөрсөн намрын чуулганы үеэр бид хуульд заасан хугацаагаараа хангалттай хуралдаж чадаагүй. УИХ хэлэлцэх ёстой асуудлуудаа цаг тухайд нь хэлэлцэж амжаагүй. Засгийн газрын асуудал яригдаж байсан учраас бусад хуваарьт асуудлуудыг хэлэлцээгүй үлдсэн.

Иймд Их хурлыг илүү ажил хэрэгч болгох үүднээс энэ саналыг өгсөн. Мөн Их хурлын гишүүнийг таван жилээр сонгодог болох саналыг ч өгсөн. Улсын их хурлын гишүүдийг таван жилээр сонгох нь өнөөдрийн бид өөрсдийгөө авч үлдэх гээд байгаа санаа биш ээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд энэхүү саналыг тусгалаа гэхэд 2024 оноос хэрэгжих хугацаатай гэж ярьж байгаа.

-УИХ-ын гишүүнийг таван жилээр сонгодог болох нь ямар давуу талтай вэ?

-Хэдий нэг жилийн ялгаатай юм шиг боловч ихээхэн өөрчлөлт гарна. Нэг жилийн ялгааг би ажлын хэсэгт өгсөн танилцуулгадаа оруулсан. Нэгдүгээрт, манайд олон сонгуулийн мөчлөг явагддаг. Их хурлын гишүүд ажлаа бүрэн хийж байх ёстой. Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн сонгуулийн үеэр гишүүд тойрогтоо очиж ажилладаг. Хоёрдугаарт, Хөгжлийн төлөвлөгөөг таван жилээр хийхэд илүү тохиромжтой байгаа юм. Францын парламент хөгжлийн төлөвлөгөөг хэдий хугацаанд үргэлжлүүлбэл үр дүнтэй талаар туршлагаасаа үндэслэн ярьсан байсан. Энэ нь гурваас найман жилийн хугацааг харахад таван жилийн хөтөлбөр төлөвлөгөө хамгийн зөв шийдэл гэснийг тодотгосон байсан. Хэрвээ ийм бодлого нэвтрүүллээ гэхэд түүний хэрэгжилтэд алдаа дутагдал байвал засах боломжтой. Мөн үр дүнг нь харж, хянах боломжтой. Энэ үүднээс таван жилийн хугацаанд дунд хугацааны бодлого хэрэгжүүлэх боломжтой гэж харж байгаа. НҮБ болон ихэнх олон улсын хөтөлбөрүүд таван жилийн мөчлөгөөр ажлаа төлөвлөдөг. Тухайлбал, тогтвортой хөгжлийн зорилтуудыг тав, таван жилээр дүгнэж байгаа. Энэхүү мөчлөгт нийцүүлж манайх бодлогоо уялдуулж болно гэж үзсэн л дээ.

-Та санал дотроо намын бүлэг, тэр тусмаа намын даргын эрх мэдлийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзсэн байсан?

-Намын бүлэг гэх субьектийг илүү тодорхой болгох хэрэгтэй байна. Нам нэртэй ч яг ямар эрх мэдэлтэй, ямар ажил хийхийг илүү тодруулах нь зүйтэй гэж үзсэн. Олон нийтийн дунд төрийн дээр нам гарчихсан гэх шүүмжлэл байна. Угтаа нам гэдэг өөрөө төрийн нэг байгууллага. Намын бүлэг илүү эрх мэдэлтэй байх шаардлага бий. Бүлгээс шийдсэн асуудлаараа үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаа хүн УИХ-ын гишүүн хүн байх ёстой гэж үзэж байгаа. Парламентын засаглалаа зөв болгоно, Ерөнхий сайдаа хүчтэй болгоно гэж ярьж байгаа бол тэр хүн нь гишүүн байснаар Засгийн газар тогтвортой ажиллах нэг суурь болж өгнө. Яваандаа намын дарга нь Ерөнхий сайд болдог соёл тогтоно. Бидний мэддэг Англи, Герман улсын парламенттай ижил болох нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Ангела Меркель ерөнхий сайд хэдий ч намынхааа эвслийн даргаар ажилладаг. Дээрээс нь парламентынхаа гишүүнээр сонгогддог. Энэ нь ард түмнээс сонгогдсон гэсэн үг. Олонхын намын дарга нь Ерөнхий сайд болдог жишиг бий болгох гээд байгаа юм. УИХ-ын 43.1 буюу Засгийн газрын асуудлыг Их хурлаар хөндөж ярих үед УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцдэг болъё гэж байгаа. Засгийн газрыг огцруулъя гэх санал орж ирэхэд УИХ-ын ээлжит чуулган завсарлаж, ээлжит бус чуулган зарлан Засгийн газар өөрийн ажлуудаа хэлэлцсэнээр буцаад ээлжит чуулгандаа орно. Их хурал байнгын ажилтай байна гэсэн үг. Засгийн газрын асуудлууд хөндөгдөөд эхлэхээр хуралдаа суухгүй, хийх ёстой ажлаа Их хурал хийхгүй байна гэдэг үүднээс ээлжит бус чуулганаар эдгээр асуудлыг зохицуулаад явж болно гэж үзсэн. Ээлжит бус чуулган тодорхой хугацаа авахаар байвал ээлжит чуулганы хугацаа нь хойшлогдоод явна гэсэн үг. Ээлжит бус чуулганы асуудлыг иргэд таатай хүлээж авах байх. Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлууд тасалдахгүйгээс гадна чуулганы хугацааг оновчтой тогтоодог болно. Заасан хугацаандаа их хурал ажлаа хийдэг болно. Хамгийн гол нь Засгийн газар тогтвортой ажиллах юм. УИХ төрийн эрх барих дээд байгууллага учраас илүү ажил хэрэгч байж хариуцлагатай ханддаг байх тал дээр түлхүү анхаарсан.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтүүд дотор санал нийлэхгүй зүйл байгаа юу?

-Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх гэх заалтыг тэр чигээр нь хасах саналтай байгаа. Санал болгож байгаа Үндсэн хуулийн заалтуудтай авцалдахгүй байгаа юм. Төсвөө батлуулах гэж итгэл үзүүлнэ. Тэр нь унах юм бол Ерөнхий сайд нь огцорно гэж байгаа. Ерөнхий сайд Их хуралтайгаа оруулсан төсвөө зөвшилцөж батлах үүрэгтэй. Итгэл үзүүлэх санал хураалт Японд байдаг.

Нэр хүнд нь өндөр, тэгээд жижиг эвсэлтэй байгаа бол гол нам нь шууд итгэл үзүүлэх санал хураалт явуулж өндөр хувь авах тохиолдолд парламентаа тараан ахиад сонгууль зарладаг. Эвсэлгүйгээр парламентдаа орж бодлогоо хэрэгжүүлдэг учраас энэ заалт манайд хараахан тохиромжгүй гэж үзэж байгаа. Мөн 39.1 дүгээр зүйл дээр Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэдэгтэй санал нийлэхгүй байна. Засгийн газар тогтвортой байхын суурь нь Засгийн газрын гишүүдийн ихэнх нь Их хурлын гишүүд байх ёстой. Хүчтэй Ерөнхий сайдыг бий болгож, ажлаа хийх боломжийг нь олгоё гэж байгаа бол хэдэн Их хурлын гишүүнийг Засгийн газрын гишүүнээр сонгохоо Ерөнхий сайд шийдэх эрхтэй. Ерөнхий сайд намын дарга байна гэдэг ойлголт цаанаа явж байгаа юм.

-Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлнэ гэж байгаа ч 19 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах санал гарган, шинээр томилогдох Ерөнхий сайдын нэртэй цуг өргөн барьж болно гэж заасан. Ингэхээр эрх баригч намаас сонгогддог Ерөнхий сайдын байр суурь байхгүй болж байна уу. Нөгөө талаараа Ерөнхий сайдын албан тушаал тогтворгүй болчихож байгаа юм биш үү?

-Илүү дэгтэй болгох санаа юм л даа. Засгийн газрыг огцруулна гэвэл улс төрийн том үйлдэл болно биз дээ. Ийм заалт оруулж байгаа бол дараагийн Ерөнхий сайдад гарах хүн нь тогтвортой байх хэрэгтэй. Нөгөө талаар Ерөнхий сайд өөрөө каминатаа бүрдүүлнэ гэдэг намын дарга давхар байна гэдэг санаа. Сонгуульд тухайн нэр дэвшигчийг дараагийн Ерөнхий сайд болохоос гадна каминат байгуулна гэх ойлголттойгоор ирээдүйг харсан сонголтыг иргэд хийнэ гэсэн санаа юм.