Categories
мэдээ цаг-үе

Ц.Нямдорж: ҮАБЗ Оюу толгойн төслийг зогсоож болохгүй гэдэгт санал нэгдсэн

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.


-Захиргааны хэргийн шүүхээс Дубайн гэрээтэй холбоотой шийдвэр гаргасан. Энэ асуудлаас үүдэж УИХ-ын гишүүн Болорчулуун та хоёр маргалдсан мэдээлэл байна. Та Захиргааний хэргийн шүүхийн шийдвэрт ямар байр суурьтай байна вэ?

-Эхлээд УИХ-ын гишүүдийн эрх үүргийн тухай асуудал. Гишүүд аливаа асуудалд шүүмжлэлтэй хандаж болно. Гэхдээ хуулийн хүрээнд үнэн юм ярих хэрэгтэй. Их хурлын гишүүд ордон дотор хов ярьж, гүтгэлэг тараах ажил хийдэггүй л учиртай юм. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд Оюу толгой гэрээний талаар хов жив, хардлага гүтгэлэг тараах ажлыг ард нийт, сэтгүүчид бус Их хурлын гишүүд хийж байна. Үүнээс үүдэлтэй яриа хөөрөөнүүд гарч байна. Оюу толгойн гэрээ, Дубайн гэрээний хувьд 2009 онд Их хурал 57 дугаар тогтоол гаргаад Засгийн газарт зөвшөөрөл өгсөн. Зөвшөөрлийн хүрээнд Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Тухайн үед Ерөнхий сайд С.Баяр, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга бид хоёр сайд байсан. Энэ гэрээ бол барууны орнуудын Монгол Улсад өмнө нь хийгдэж байгаагүй, хожим нь дахиад үл хийгдэх анхны том гэрээ. Зөвхөн ганц үйлдвэрийн асуудал биш. Үүнийг дагасан улсын аюулгүй байдал, бүрэн эрхт тусгаар тогтнол, улсын гадаад харилцаа зэрэг олон үр дагавартай гэрээ болсон. Гэрээг байгуулаад 10 жил болж байна. Энэ хугацаанд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн. Одоогийн байдлаар ес орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж, Монгол Улсын ДНБ-ний жилийн орлогоос давах хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн. Эзгүй талд Монголын Засгийн газраас нэг ч төгрөг гаргалгүй энэ үйлдвэр боссон. Одоо далд уурхайн ажил ид явагдаж байгаа. Далд уурхай гэдэг газар доор 1300-1500 метрийн гүнд хийгдэж байгаа бүхэл бүтэн хот гэсэн үг. Энэ ажилд Рио Тинто компани, Дубайн төлөвлөгөөгөөр гадаадын 15 банк дотор ОУВС, Дэлхийн банк, Европын сэргээн бослогын банк зэрэг оролцож далд уурхайн ажил хийгдэж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр тэнд 15 мянган хүн ажиллаж байна. 95 хувь нь монголчууд байгаа. Энэ төслийг тойрсон 20 гаруй мянган аж ахуйн нэгж ямар нэгэн байдлаар бизнесийн үйл ажиллагаа тэнд эрхэлж байгаа. Ийм том төсөл хэрэгжиж байна. 2017 онд намайг буцаж хууль зүйн яамд очсоноос хойш Оюу толгой компани Монгол Улсын Засгийн газар хооронд гурван асуудал яригдаж байсан.

-Ямар асуудлууд яригдаж байсан бэ?

-Нэгдүгээрт, танай Их хурал Оюу толгойн гэрээг зогсоох шийдвэр гаргах гэж байна. Гишүүд чинь тийм зүйл ярьж байна. Ажлын хэсэг байгуулагдаад олон удаа шалгаж байна. Энэ танай улсын байр суурь мөн үү. Хоёрдугаарт, танай захиргааны хэргийн шүүх дээр Дубайн гэрээг хүчингүй болгох маргаан явагдаж байгаа. Энэ танай Засгийн газрын байр суурь мөн үү. Гуравдугаарт, Татварын шалгалт орж акт тавигдсан. Татварын маргаантай асуудлыг гэрээндээ зааснаар эвийн шугамаар шийдье. Арбитрын шүүхээр шүүхдэлцмээргүй байна гэх санал тавьсан. Манайх албан ёсны хариулт өгөөгүй байсан. Ийм байдалтай бараг хоёр жил болсон. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа гэнэт нэг өдөр Захиргааны шүүх хуралдаад Ч.Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болгосон. Тэр гэрээг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ ав гэсэн УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэгдэж эхэлсэн. Ерөнхийдөө Оюу толгойн төслийг шууд зогсоох нөхцөл үүссэн учраас нэмэлт хүндрэл гарсан. Монголд ирж болох эрсдэл, цаашид Монгол ямар замаар явах, гадаадын хөрөнгө оруулалт зэрэг асуудал ҮАБЗ-өөр яригдсан. Их хурал дээр дахиж ярьж байгаад эцсийн хариугаа өгөх байх.

Энэ компанийн хувьд хоёр талаас маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Нэг талаас Монгол Улс ногдол ашиг авч чадахгүй байна. Энэ гэрээг хүчингүй болгоно гэдэг. Нөгөө талд хөрөнгө оруулагчид бид Монголд ес орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Эргээд бидэнд юу өгөв гэж хоёр талын шахаасанд орсон талаар төлөөлөгчид нь танилцуулж байна лээ. Би энэ төслийг цаашаа үргэлжлэх ёстой гэсэн хатуу байр суурьтай байдаг. Монгол Улс тэр чигээрээ хөдлөөд энэ хөрөнгө оруулалтын гэрээг баталсан. Монгол Улс Европын холбооны улсууд, Америк, Англи, Австрали, ОУВС болон дэлхийн хамгийн том банкуудтай харьцах харьцаа тасрах гэж байгаа учраас би санаа зовоод байгаа юм. Түүнчлэн үүнийг зогсоовол дааж давшгүй маргаанд Монголын Засгийн газар орно. Энэ маргаанд ялагдах магадлал маш өндөр. Маргаанд ялагдаад маргааны зардал, хөрөнгө оруулалтыг буцааж төлж үйлдвэрийг зогсоогоод энэ үйлдвэрийн хувь заяа цаашаа хэрхэх нь мэдэгдэхгүй нөхцөл байдалд орно. Мөн ирээдүйд хүртэх байсан ашгаа хүртэл нэхнэ. Лондонгийн шүүхэд очно. Ийм хууль зүйн үр дагавар яригдаад байгаа учраас улсыг хүнд байдалд оруулж болохгүй гэж үзэж байгаа.

-Дубайн гэрээтэй холбоотой шийдвэрийг та юу гэж харж байна вэ?

-Дубайн төлөвлөгөөний тухайд гэнэт очоод гарын үсэг зурчихсан. Төлөвлөгөөг шүүмжлээд байгаа хүмүүстэй ижил байр суурьтай байдаг. Гэхдээ Ч.Сайханбилэг гэдэг хүн тэр төлөвлөгөөг батлах үедээ Монгол Улсын Ерөнхий сайд байсан нь үнэн. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд захирамж гаргаад энэ төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг Б.Бямбасайхан, Д.Ганболд хүнд өгсөн нь үнэн. Тэр төлөвлөгөөгөөр 15 банк хөрөнгө босгож, дөрөв орчим тэр бум ам.долларын хөрөнгө оруулалтыг далд уурхайд хийчихээд байгаа нь ч үнэн. Хүний юм авчихаад аваагүй гэж зугталтай нь биш, бид. Ёстой л нөгөө бандан тас гэдэг юм 2015 онд болсон. 2015 онд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байх үед манай нам тэр Засгийн газрын бүрэлдэхүүнд байсан нь үнэн. Ийм байдал бий болчихоод байгаа учраас асуудлыг их нухацтай шийдэхгүй бол болохгүй. Ойрын өдрүүдэд хөрөнгө оруулагчдын ТУЗ-ийн хуралдаан болж, энэ төслийг цаашаа явуулах уу, үгүй юү гэдэг асуудал тавигдчихаад байна. Ийм асуудал ярих гэж байхад нь Монголын захиргааны шүүх Ч.Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болгоод Их хурал нь зогсоох хүртэл арга хэмжээ ав гээд шийдвэр гаргачихвал энэ төсөл ямар эрсдэлд орох вэ. Лондонгийн шүүх дээр ялагдаад энэ улс дааж давшгүй өрөнд ороод дуусвал юу болох вэ. Хэн хожих вэ гэдэг асуудал байгаа. Хамгийн аюултай нь Монгол Улс ганцаардана. Хүч тэнцвэргүй маргаанд Монгол Улс орж сөхрөх аюул нүүрлэж байгаа учраас болгоомжлох ёстой.

-Бүлгийн хурал дээр маргалдсан шалтгааны тухайд?

-Оюу толгойг тойрсон хардлага сэрдлэг байж болох бүх хэмжээнээс давсан. Бүлгийн хурал дээр хурцадсан шалтгаан бол 200 сая ам.долларын хахууль авч энэ гэрээг байгуулсан гэх зүйл яригдсан. УИХ-ын гишүүн 200 сая ам.долларын хахууль ярьж байгаа бол одоо баримтыг нь гаргаж өг л гэдэг асуудал яригдсан. ҮАБЗ дээр энэ асуудлыг ярьсан. Аюулгүйн зөвлөлийн гишүүд энэ төслийг зогсоож болохгүй. Монгол Улсын эрх ашигт дааж давшгүй хохирол дагуулахаас гадна Монгол ганцаардаж, их гүрнүүдийн хайчинд хэрчигдэх аюул нүүрлэнэ гэдэгт санал нэгдсэн. Саарал жагсаалтад оруулахад Австрали, Англи, Канад гурав маш эрчимтэй ажилласан. Саарал жагсаалтад орох асуудал үүнтэй холбоотой байсан. Оюу толгойг зогсоох гээд байсан учраас сануулга өгч байгаа юм. Энэ төлөвлөгөөн доторх хамгийн ноцтой үг бол энэ төлөвлөгөөнд зөвхөн энд гарын үсэг зурсан талууд 100 санал нэгдэж өөрчлөлт оруулж болно гээд гарын үсэг зурчихсан.

-Гэрээг шинэчлэх талаар Засгийн газар санал тавьсан уу?

-Яриад л байгаа. Би гурван удаа уулзахдаа гэрээгээ шинэчил ээ гэж ярьсан. Энэ гэрээг Монголын ард түмэн ерөөсөө ойлгохгүй байгаа. Тал талаасаа ойлголцоод гэрээн дээр ажиллая гээд явж байгаа.

-Гэрээнд өөрчлөлт оруулах боломж байгаа гэж үзэх үү?

-Хоёр талаасаа тохиролцож чадвал хөрөнгө оруулалтын гэрээнд, төлөвлөгөөнд ч өөрчлөлт оруулах бололцоотой. Түүнээс гадна хувь нийлүүлэгчдийн гэрээ гэж зүйл байна. Хувь нийлүүлэгчдийн гэрээ сүүлд өөр журмаар батлагдсан Их хурлаар ороогүй. Одоо энэ төсөл ТЭЗҮ-гүй юм шиг зарим хүмүүс яриад байна. ТЭЗҮ-тэй байж үйлдвэр босдог юм ш дээ.

-Засгийн газраас тавьж байгаа саналыг Рио тинто яаж хүлээж авч байгаа бол?

-Рио Тинто жаахан зөөлрөх талдаа байгаа гэж би ойлгоод байна.

-Таныг Оюу толгойн гэрээг хамгаалсаар ирсэн гэх шүүмжлэл явж байна…

-Би хамгаалж байгаа нь үнэн. Энэ үйлдвэрийг зогсоож болохгүй. Шүүхийн маргаанд ялагдаж Монголыг дахин хорлож болохгүй. Энэ чинь зүгээр л хорлол. Ийм зүйл яриад байгаа хүмүүс сонгуульд ялагддаг ч юм уу, өөр өөрсдийн замаараа явна. 15 мянган хүн ажилгүй болбол эд нар төлөх үү, есөн тэрбум ам.долларын өрөнд орвол эд нар төлөх юм уу. Үгүй шүү дээ. Монгол Улс төлнө. Ард түмэн хохироод үлдэнэ. 250 сая ам.долларын хахууль авсан сайдынхаа нэрийг нь баримттай зарлаад АТГ-т өг өө. Ийм зүйл яриад гүйгээд байгаа гишүүд. 250 сая ам.доллар аваад эх орноо худалдсан сайд хэн бэ. С.Баяр, С.Баярцогт, Ц.Нямдорж юм уу хэн нь юм. Юм ярьж гүйгээд байгаа гишүүдээс нэрийг нь хэл гэж шаардана. Ингэж гүтгэж болохгүй. Монголын ирээдүйн хувь заяаг авч явах үйлдвэр шүү. Далд уурхайн бүтээн байгуулалт дуусаад бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлбэл Эрдэнэт үйлдвэрээс зургаа дахин том үйлдвэр болно.

-Энэхүү төслийг зогсооно гээд байгаа хүмүүст ямар ашиг сонирхол байгаа юм бол?

-Төслийг зогсоочихоод яах юм гэхээр ямар ч хариулт хэлдэггүй. Шүүх дээр очоод ялагдаад бид асар их төлбөрт унана гэхээр болчихно оо л гээд байгаа юм. Яаж болгох гээд байгаагаа хэлэхгүй байгаа.


Categories
мэдээ цаг-үе

О.Бум-Ялагч: Шинэ үеийн залуучууд босч нийгмээ авч явах цаг болсон

Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагчтай намуудын хамтын ажиллагаа болон 2020 оны сонгуулийн талаар ярилцлаа.


-Сүүлийн үеийн мэдээллийн хүрээнд яриагаа эхэлье. МАН-ынхан гэр хорооллын газрыг орон сууцаар солих төсөл хэрэгжүүлэхээр зарлалаа. Энэ боломжтой хувилбар болов уу. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Газраа байраар солилоо гэхэд иргэдэд хоёр сонголт гарч ирнэ шүү дээ. Нэг бол байраа худалдах, эсвэл түрээслүүлэх. Ингээд өөр нэг газар гэр барьж амьдраад утаа суунаглуулна. Үүний оронд гэр хорооллын иргэдийг орлоготой болгох, газраараа бизнес хийх боломжоор хангавал илүү үр дүнтэй. Энэ нь жинхнээсээ иргэдийн амьдралыг сайжруулах алхам болж чадна. Тэрнээс орон сууц барина гэдэг бол эрх мэдэлтэй хүмүүс, хэдхэн компанийн бизнесийн зүйл л дээ. Яг үүнийг Гэр хороолол хөгжлийн намынхан хэлээд, шүүмжлээд асуудал дэвшүүлээд байгаа. Үүнийг нь би зөв зүйтэй гэж дэмждэг. Жишээ нь, дэлхийн II дайны үед Мюнхен хот бөмбөгдөлтөд өртөж, сүйдсэн. Нурангид дарагдсан айл өрхүүдэд төр нь дэмжлэг үзүүлж, сүйдсэн газар дээр хоёр төрлийн орон сууц барьсан байдаг юм. Иргэд нэгд нь орж амьдарсан. Нөгөөг нь түрээслүүлж, урсгал зардлаа нөхөөд зогсоогүй, тогтмол орлоготой болж, ахуй амьдрал нь сайжирсан. Үүн шиг манай иргэд нэгдэж, газраа эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй. Тухайлбал, арван айл нэгдлээ гэхэд 7 га газар гараад ирнэ. Үүнийхээ 0.1 дээр нь л 100 айлын байшин босгоод өөрсдөө амьдарна. Үлдсэн газартаа орон сууц бариад бусдад түрээслүүл л дээ. Бусад худалдаа үйлчилгээний байгууллагуудад үлдсэн газраа худалд, эсвэл түрээслүүл. Ингээд орлоготой болж, ядуурлаас гарах боломж байна. Ард түмнээ орлоготой болгочихвол нийгмээрээ баяжих, хөгжих алтан боломж манайд байна. Энэ гарцыг Гэр хороолол хөгжлийн намын эдийн засгийн боловсролтой залуус ярьж байгаа учраас бид тус намтай хамтран ажиллахаар ярьж байгаа.

-Хамтарч ажиллана гэдгээ тодорхой хэлэхгүй юү?

-Цоо шинэ хотыг гэр хороололд барих ёстой. Ингэж байж ашиг орлоготой, ирээдүйн баян чинээлэг нийгэм гэр хорооллоос эхэлж цогцолно. Үүний төлөө бид тэмцэлд нэгдэж байна. Газрыг нь жижиг өрөөтэй байраар солино гэдэг дээрмийн шинжтэй, явцуу хуучинсаг ойлголтыг шинэ цагт таслан зогсооно. Өнөөдөр гэр хороололд иргэдийнх нь оролцоотой, шат дараалсан бүтээн байгуулалтуудыг өрнүүлж байж хорт утааны ард нуугдсан гэр хорооллынхны ядуурлыг бууруулж, амьдрах орчныг нь сайжруулж, улс нийгмээ аварна, өөр арга байхгүй. Гэр хороолол хөгжлийн нам яг л энэ зүйлийг ярьж байгаа. Гэр хороолол хөгжиж байж улс хөгжинө гэж үздэг. Энэ чиглэлээр намын бодлогоо гаргаад, тулгамдсан асуудлуудыг шийдэхээр тусгасан байна. Гэр хорооллын газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай ярьж байна.Үнэхээр гэр хорооллын газрыг эдийн засгийн эргэлтэд оруулбал улсын төсөв 10 дахин нэмэгдэнэ.Дээрээс нь гэр хорооллын газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа байгаль экологид ээлтэй, ногоон бодлогыг хослуулах хэрэгтэй. Энэ чиглэлд манай нам олон аргыг хэрэгжүүлэхээр судалж гаргасан байдаг.

-Ямар аргууд вэ?

-Манай нам цахилгаан эрчим хүчний асуудлыг ярьдаг. Хүний тархи, ертөнцийн нар хоёр ирээдүйн хөгжлийн гол хөдөлгөх хүч нь юм шүү дээ. Иргэдийн 0.07 га газарт нарны хавтан зоовол 300 хоногт өдөрт 10 цагаар гэж тооцоолбол цагт 30 квт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Үүнийг физикийн ухаанаар судалж тогтоосон. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиар улс нарны эрчим хүчний 1 кВт-ыг 406 төгрөгөөр худалдаж авдаг. Тэгвэл гэр хорооллынхон нэг кВт нарны эрчим хүчээ улсад 150 төгрөгөөр худалд л даа. Гэр хорооллынхон ингэж орлого бүрдүүлэх боломж байна. Дээр нь ард иргэдийн нөөцөлсөн эрчим хүчийг худалдаж аваад буцаагаад хэрэглэвэл цахилгаан импортлох шаардлагагүй болно. Цахилгаан импортлоход зарцуулдаг мөнгөө өөр шаардлагатай асуудлуудад зарцуулж, иргэдийн хэрэглээг дэмжээд өгвөл өнөөдөр 2700 төгрөгтэй тэнцэж байгаа ам.долларын ханш 10 жилийн дараа 270 төгрөг болно шүү.Ийм учраас Гэр хороолол хөгжлийн намын гэр хорооллын газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого манай намын ногоон хөгжлийн бодлоготой уялдаж байгаа юм.

-Тэгэхээр сая УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж баталлаа.Энэ тал дээр танай нам ямар байр суурьтай байгаа вэ?

-Монголд улс төрийн 35 нам бий. Тэдний 13 нь УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан өөрчлөлтийг дэмжиж байна.Харин 17 нам Үндсэн хуулийг өөрчлөхийг эсэргүүцэж байсан. Ялангуяа энэ УИХ Үндсэн хуулийг өөрчлөх үндэслэлгүй.Яагаад гэвэл энэ парламент хууль зөрчсөн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар хэлэлцүүлэг тасралтгүй явагдах ёстой байсан. Гэвч энэ хэлэлцүүлэг тун учир дутагдалтай өрнөсөн. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг даруйхан зогсоох ёстой.

-Танай нам Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байна уу?

-Манай нам Үндсэн хуульд оруулсан 2000 оны өөрчлөлтүүдийг ч алдаатай гэж үздэг. Тухайн үед баталсан дордуулсан долоон өөрчлөлт нь Үндсэн хуулийн Цэц дээр очоод унасан. ҮХЦ-ийн 2000 оны 02 дугаар тогтоолоор долоон өөрчлөлт нь Үндсэн хуулийн үзэл санааг зөрчсөн гэж үзсэн юм.Үүнийг нь тухайн үеийн МАХН хүлээж аваад, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүчингүй болгосон юм. Гэхдээ сарын дараа дахиж хуралдаад, өнөө долоон өөрчлөлтөө ҮХЦ-д мэдэгдэхгүйгээр баталсан. ҮХЦ-ийн 2000 оны 02 дугаар сарын тогтоол одоог хүртэл хүчинтэй байгаа. Тэгэхээр өнөөдөр мөрдөж байгаа Үндсэн хууль хүчин төгөлдөр бус. Олон улсын байгууллага ч манай улсыг Үндсэн хуулийн хямралд орсныг хэлдэг. Яагаад гэвэл ҮХЦ-ийн шийдвэрийг УИХ дагаж мөрддөггүй.Хуульд алдаа гаргаж болохгүй. Тиймээс алдаа хийснээ хүлээн зөвшөөрч, дордуулсан долоогоо буцаасны дараа өөрчлөлт хийх хэрэгтэй. Ингэхдээ УИХ-аасаа Үндсэн хуулийн асуудлыг хариуцсан Ардын бага хурлыг байгуулж, шинэ Үндсэн хуулийг ярих ёстой.Тэгээд бүх ард түмний санал асуулга явуулж, дараа нь УИХ-даа саналаа дэвшүүлж, батлуулах хэрэгтэй. Ингэвэл маргаангүй өөрчлөлт болно. Гэвч ийм байдлаар явсангүй шүү дээ.

-Зарим улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд УИХ-ыг тарах ёстой гэж байна. Та аль талд нь байгаа вэ?

-УИХ тарах ёстой. Учир нь УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн бус замаар засгийн эрхэд гарсан нь ойлгомжтой боллоо. Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрхийг авахыг оролдсон гэж шүүхээс А.Ганбаатар, Ц.Сандуй нарт хоёр жилийн ял өгчихлөө. Өнөөдрийн УИХ, Засгийн газар Монгол төрийг мөнгөөр худалдсан байна шүү дээ. Үүнээс өөр ямар нотолгоо хэрэгтэй юм. Энэ бол МАН, АН улс төрийн тавцангаас арчигдаж, шинэ хүчин гарч ирэх цаг болсныг харуулж байна.МАНАН Монголын хувь заяагаар хангалттай тоглолоо, идлээ, уулаа, эрх ямбанд умбалаа. Одоо хангалттай, улсаа хөгжүүлдэг, ард иргэдээ боддог шинэ хүчнүүд гарч ирэх шаардлага тулгарсан түүхэн үе нь ирээд байна.

-Тэр шинэ хүчин нь ямар нам юм бэ?

-Хулгайч, авлигачдаас бүрдэж, Монголын төрийг 30 жил самууруулсан энэ намуудын дэргэд манай намын нэр цэвэр шүү. Дээрээс нь манай нам Дээд шүүхэд бүртгэлтэй намуудын гуравт бичигддэг. Тийм учраас бүгдийг мөнгөөр шийддэг улс төрийн бохир намуудын эрин үе дууссан, шинэ хүчин гарч ирэх цаг болсныг мэдэрсэн, чин шударгаар сонгуульд өрсөлдөх хүсэлтэй мөнгөгүй залуучууд манай намд олноороо хандаж байна.

-Өмнөх сонгуулиудад танай нам ихэвчлэн эвсэж, хамтарч орж байсан. Ирэх 2020 оны сонгуульд яах бол?

-Манай нам анх байгуулагдсан цагаасаа сонгууль бүрт эвсэж орсон. 1996 онд Ардчилсан эвсэлд орж, төр барилцаж байлаа. 2000 онд Иргэний зориг намтай хамтарч, С.Оюун гишүүнийг УИХ-д гаргаж байсан. 2004 онд Социал демократ хөдөлгөөнийг дэмжиж, сонгуульд орсон. 2008 онд Ж.Батзандан, О.Магнай нарын Иргэний хөдөлгөөний намыг дэмжсэн. 2012 онд Чингис хааны академийг дэмжиж, сонгуульд оруулсан. 2016 онд Г.Уянгын Тусгаар тогтнол-эв нэгдэл намыг дэмжсэн. Ер нь Сонгуулийн тухай хуулиар эвсэл задрахад нэр дэвшсэн хүмүүст өндөр эрсдэл үүсдэг. Сонгууль явагдаж байх үед эвссэн аль нэг нам нь гарлаа гэхэд тухайн эвсэл задардаг хуультай. Тэгэхээр эвслээс нэр дэвшсэн бүх хүний сонгуулийн үйл ажиллагаа зогсдог. Эвсэл болоход ийм эрсдэл байдаг учраас энэ удаад манай нам дангаараа орно гэсэн урьдчилсан шийдвэртэй байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр улс төрийн намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй иргэд эвлэлдэн нэгдэж байгуулна гэчихлээ. Тэгэхээр дор хаяж 20 мянган гишүүнтэй байж сонгуульд оролцох эрх үүсэх болж байх шиг байна. Танай нам хэдэн гишүүнтэй вэ?

-Манай нам хатуу гишүүнчлэлгүй гэдгийг дээр хэлсэн. Одоогийн байдлаар манай нам 904 гишүүнтэй. Би 2012 онд намын дарга болоод шинэчилсэн бүртгэл явуулсан юм. Ингээд үзэхээр бараг бүх намд гишүүнээр элссэн, олон намын дунд явдаг хүмүүс байдаг юм байна. Манай намын цөөнгүй гишүүн АН-ынх. Зарим нь ИЗНН, нөгөө хэсэг нь МАХН-ын гишүүн ч байна. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэгэнт ийм нөхцөл шаардлага үүссэн болохоор сонгуульд яаж оролцох талаар манай нам ярилцаж шийдвэр гаргана. Ер нь бол өнөөдөр ээлжлэн төр жолоодсон улс төрийн намууд авлига хээл хахуульд идэгдэж, ядарсан ард иргэдээ боддоггүй, зөвхөн эрх мэдэл, эд баялгийн төлөө шунасан улстөрчдийн үүр болчихсон байна. Дээрээс нь өнөөдөр төрд эрэгтэй улстөрчид дийлэнх олонхыг эзэлж байна. Төрд эрэгтэйчүүд давамгайлаад шийдвэр гаргаад эхлэхээр төрийн шийдвэрүүд танхай болдог юм. Ядарсан, зүдэрсэн ард иргэд рүүгээ чиглэсэн эмэгтэй хүний уян бодлого төрд үгүйлэгдэж байна. Тиймээс бид зөв бодолтой, нийгмийн хөгжлөөс хаягдсан, ядарсан иргэд рүүгээ чиглэсэн зөв бодлоготой, нийгэм, улс төрд ёс зүйн шинэ жишиг тогтоох зорилготой намуудтай бодлогын түвшинд хамтран ажиллана. Сүүлийн үед олон ч нам байгуулагдсан байна. Тэдний дунд улс төрийн бохир хүчнүүдийг хуулсан мэт эрх мэдэлд шунасан хий хоосон цээжээ дэлдсэн залуучууд ч байна. Үнэхээр амьдрал ярьж, ядуурлыг бууруулж, нийгмийг, Монголын хөгжлийг шинэ түвшинд гаргаж, өнөөдрийн ялзарсан төрийг ажил хийдэг, ард иргэдээ боддог, бодлого ярьдаг төр рүү шилжүүлэх хүсэл эрмэлзэлтэй залуучууд ч байна. Жишээ нь, Гэр хороолол хөгжлийн нам, Зүй ёс гэх мэтээр дурдаж болно. Энэ чиглэлүүдэд бидний бодлого уялдаж байгаа. Өөрөөр хэлбэл, иргэн баян бол улс баян гэдэг шүү дээ. Ийм л үзэл баримтлалаар улсаа хөгжүүлэх хүсэлтэй улс төрийн хүчнүүдтэй хамтарч болно. Одоо шинэ үеийн залуучууд босч, энэ нийгмээ цэвэршүүлж, улсаа жинхэнэ хөгжил рүү авч явах ёстой. Ийм залуучуудыг би дэмжиж байгаа. Үгүй бол Монгол минь хэдэн авлигач, идэж ууж ханадаггүй улстөрчдийн эрх мэдлийн зодооны хөлд үрэгдэж, тэднийг тэжээсээр байгаад сүйрлээ шүү дээ.

-2021 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд танай нам дангаараа орох уу?

-УИХ-ын сонгуулийн дараа МАН, АН-аас бусад улс төрийн намуудтай эвсэнэ. Энэ намууд эвсээд дундаасаа хэнийгээ нэр дэвшүүлэх вэ гэдгээ шийдэх байх.

-Ер нь танай нам улс орныг хөгжүүлэх талаар мөрийн хөтөлбөртөө юу гэж тусгасан байдаг вэ?

-Төрийн данхайсан бүтцийг багасгах нь зөв гэж манай нам үздэг. Тухайлбал, Засгийн газар есөн яамтай болж, бүх томилгоо, төрийн ажил улс төрийн намаас хамааралтай явдаг байдлыг өөрчлөх бодлого баримталдаг. Мөн уул уурхайн баялгаас олох орлогоороо хуримтлалын сан байгуулж, бодлого, дэмжлэг шаардлагатай байгаа нийгмийн асуудлуудад зарцуулж, улсаа, ард иргэдээ тэгш сайхан амьдруулах, ядуурлыг бууруулж, улсаа ногоон хөгжлийн замаар хөгжүүлэх нь манай намын гол зорилго юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Өнөрбаяр: Шүүхэд тойргийн тогтолцоог нэвтрүүлснээр шүүхийн зардал багасч, олон ахиц дэвшил гарна

Хууль зүйн ухааны доктор Ч.Өнөрбаяртай ярилцлаа.


-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдчихлаа. Анхны зорьсон зорилгодоо хүрсэн өөрчлөлтүүд орж чадсан уу. Таны хувьд батлагдсан өөрчлөлтүүдийг хэрхэн харж байна вэ?

-Парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлд тодорхой ахиц дэвшил гарсан. Харамсалтай нь хэлэлцүүлгийн явцад олон сайн зүйл, заалтууд хасагдчихлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тодорхой хувь нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох саналыг хамтад нь албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дотор хэлэлцэж, арав хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцно гэж төсөлд тусгагдсан байсан. Үүнийг бүтээлч байдлаар Засгийн газрын тэргүүнтэй хариуцлага тооцох буюу парламентын засагтай улс орнуудад конструктив зарчим гэж хэлдэг. Үнэн хэрэгтээ бид Ерөнхий сайдаа огцруулчихаад дахиад л шинэ Ерөнхий сайдын эрэлд гардаг өөрчлөлтийг буцаад л хийчихлээ. Үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай үед төр засаг эзгүйддэг, хариуцлагагүй байдал үүсдэг, нийгэм даяараа хүлээлт үүсдэг хэн Ерөнхий сайд болох гэж байна, манай салбарын сайд тэр болох нь зэрэг хардалт үүсдэг. Уг нь конструктив зарчмыг авсан бол хуучин Ерөнхий сайд огцорсноор шинэ Ерөнхий сайд шууд Засгийн газраа эмхлэн байгуулаад ажилдаа шуурхай орох бололцоотой байдаг.

-Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах хэсэгт орсон өөрчлөлтүүд хэрхэн үр дүнгээ өгөх вэ. Парлемантын засаглал улам бэхжихээр тусгагдав уу?

-Парламентын ардчилал бол улс төрийн намуудын ардчиллыг зайлшгүй шаарддаг. Намууд улсын хэмжээний бодлого явуулах тухай заалт батлагдсан нь сайн хэрэг. Гэхдээ энэ нь сонгуулийн хувь тэнцүүлэх тогтолцоо хосолж байж илүү үр дүнтэй байдаг. Жижиг тойргоос олонхын саналаар ялагч тодорч байгаа одоогийн тогтолцоо байгаа цагт тойргийн жижиг улс төрөөс хэзээ ч салж чадахгүй. Энгийн үгээр хэлбэл, 3-5 сумаас сонгогдсон УИХ-ын гишүүд тойргоо услах нэрээр үр ашиггүй хөрөнгө оруулалтын бодлогоо ярьж, жижиг тойргийн улс төрөө хийж хэрэгжүүлсээр л байх болно. Үнэн хэрэгтээ 1500-2000 хүнтэй сумдад тийм их хөрөнгө мөнгө цацаад яаж ч хөгжих билээ. Ийм жижиг тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн төлөөлөлтэй улс төрийн намууд үндэсний хэмжээний том бодлого явуулж чадна гэж үү, юу л бол. Гэтэл улсын төсвийн ихэнх ачаа цөөн хэдэн үндэсний аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр л явдаг. Харин 2000 оны өөрчлөлтөөр дордуулсан байсан зарим нэмэлт, өөрчлөлтийг буцааж сэргээсэн нь олзуурхууштай.

-Гүйцэтгэх эрх мэдлийн хэсэгт орж байгаа өөрчлөлтүүд зорьсондоо хүрсэн үү. Засгийн газар тогтвортой ажиллаж чадах уу?

-Анх төсөлд тусгагдсан байж байгаад хэлэлцүүлгийн явцад хасагдсан байсан нэг чухал заалт сүүлд АН-ын зөвлөлийн саналаар буцаж орж ирээд батлагдсан. Энэ нь Засгийн газрын гишүүдийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд өөрөө томилж, чөлөөлж, огцруулах эрхтэй байх асуудал юм. Парламентын ардчилалтай улс орнуудад Ерөнхий сайд буюу Засгийн газрын тэргүүн багаа бүрдүүлээд, парламентын өмнө өөрөө хариуцлагаа үүрдэг. Саяын нэмэлт, өөрчлөлт батлагдахаас өмнө Засгийн газрын гишүүдийг УИХ хүн нэг бүрээр хэлэлцэн томилдог байсан. Энэ нь үнэн хэрэгтээ УИХ-д суудалтай албан бус жижиг бүлэглэл, фракцууд өөрийн хүнээ Ерөнхий сайдад шахалт үзүүлэх замаар сайдаар томилуулах боломжийг олгодог байсан. Түүгээр зогсохгүй танхимын сайд нар нь нийлээд Ерөнхий сайдаа огцруулдаг байлаа. Үүнийг өөрчилсөн нь сайшаалтай. Учир нь Үндсэн хуульд заасны дагуу төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцдаг цорын ганц албан тушаалтан бол Ерөнхий сайд. Тиймээс энэ хүн танхимаа бүрдүүлээд явах эрхтэй байх нь зүйтэй. Ер нь төрийн ажил чинь хуулиар хэлбэржиж, цаасаар албажиж явдаг биз дээ. Түүнээс биш нэг том дарга гарч ирээд загнаад төрийн бодлого хэр хол явах билээ. Монгол Улсын хуулиуд гэдэг чинь үнэн хэрэгтээ монгол төрийн санах ой юм. Шаардлагатай бол хуулиудыг өөрчлөх эрх нь парламентад бий.

-Иргэдийн дунд шүүмжлэлтэй ханддаг асуудлуудын нэг нь шүүх байгууллага байдаг. Одоогийн нэмэлт, өөрчлөлтөд Шүүхийн хараат бус байдлыг хангаж, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх өөрчлөлтүүд шударга шүүхийг бий болгоход хангалттай заалтууд орчихсон гэж ойлгох уу?

-Шүүхийн тогтолцоог тойргийн журмаар байгуулж болохоор төсөлд тусгаад батлагдсан. Энэ нь Цэцийн шийдвэртэй холбоотой. Учир нь өмнө нь шүүхийн шинэтгэлийн багц хуулийн дагуу шүүхүүдийг хэргийн ачаалал, хүн амын нягтрал зэргийг нь харгалзан тойргийн журмаар байгуулахаар өмнөх парламентын үед хууль баталсан байсныг харамсалтай нь Цэц хүчингүй болгосон. Гэтэл зарим сум дундын шүүхүүд, зарим аймгийн захиргааны хэргийн шүүхүүд жилдээ арав хүрэхгүй маргаан шийддэг байсан. Тойргийн тогтолцоог нэвтрүүлснээр шүүхийн зардал багасна, өөр олон ахиц дэвшил гарна гэж бодож байна. Мөн шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнтэй холбоотой шинэ заалт орж батлагдлаа. Гутал хаанаа барьж буйг гуталчин мэддэггүй, харин гутлыг өмсөж буй хүн хэлдэг гэж үг бий. Үндсэн хууль болон бусад хуулийн шинээр орсон зүйл заалтууд зөв байсан эсэхийг цаг хугацаа л харуулах байх. Ялангуяа шүүх эрх мэдэл болон байгалийн баялгийг ашиглахтай холбоотой заалтууд.

-Байгалийн баялгийг ашиглахтай холбоотой ямар заалт орчихов?

-Төрийн нийтийн өмч, үндэсний баялгийн сантай холбоотой чухал заалтууд орсон байна. Гэвч стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэснийг хэрхэн ойлгож хэрэгжүүлэхээс их зүйл шалтгаалах байх. Хэрэв дийлэнх гэдэг үгийг бусад хуулиар буруу тайлбарлавал манай улсад хөрөнгө оруулалт орж ирэхэд бэрх л болох байх. Цаасан дээрээ гоё амлалтаар дүүрэн хуулиудтай, ачир дээр улсын төсөв, ард түмний хөргөгч нь хоосон улс орон болох вий гэдгээс эмээж байна. Олонх гэдэг хууль зүйн утгаараа 51-ээс дээш хувийг хэлдэг. Дийлэнх гэдэг түүнээс ч их заримдаа 3/2 хувийг ойлгох нь бий. Эдийн засгаа сүйрүүлж, улсаа туйлдуулсны бурууг хожим Үндсэн хууль руугаа улстөрчид нь чихээд өөрсдөө хариуцлагаас зугтах вий дээ.

-Нутгийн удирдлагатай холбоотой заалтууд хэрхэн сууж өгсөн бэ?

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын, түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж заасан. Энэхүү нэмэлт өөрчлөлт нь Эрдэнэт, Дархан зэрэг Улсын чанартай хотууд бие даан хөгжихөд чухал нөлөө үзүүлэх байх гэж бодож байна. Нөгөө талаас Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад тодорхой хэмжээний эерэг нөлөө үзүүлэх байх гэж харж байна.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш дахин найман жил хөндөх боломжгүй гэж байгаа. Бүх хэсгийг нь хөндөхгүй юү?

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд зааснаар сая хөндөгдсөн заалтуудыг л найман жилийн дотор өөрчлөх боломжгүй байгаа. Хөндөгдөөгүй зүйл заалтуудын хувьд бол хамаагүй. Ер нь бол Үндсэн хуулиа ойр ойрхон тонгочуулаад байх нь сайн зүйл биш. Төгс төгөлдөр Үндсэн хууль дэлхийн хаана ч байхгүй. Харин цаашид Үндсэн хуулийнхаа үзэл санааг зөв ойлгож хэрэгжүүлэхэд УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааны чанар чансаа, Үндсэн хуулийн Цэцийн гаргаж буй шийдвэр, хүлээн зөвшөөрөгдөх байдал, нэр хүндээс их зүйл шалтгаална.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Мөнхсайхан: Гурван парламент дамжсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталлаа


МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Ажлын дэд хэсгийн гишүүн О.Мөнхсайхантай ярилцлаа.


-Гурван парламент дамжиж яригдсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн нөр их ажил хэлэлцэн батлагдлаа. Ямар процессоор нэмэлт, өөрчлөлтийн ажил өрнөсөн талаар ярилцлагаа эхэлье?

-2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг орууллаа.

Энэхүү нэмэлт, өөрчлөлт нь сүүлийн 20 жил яригдсан асуудлыг иргэдийн санаа бодлыг сонсож, судлаачдын санал, шүүмжийг тусгаж, улс төрийн намууд болон Ерөнхийлөгчтэй зөвшилцөн шийдвэрлэж байгаа.

Тодруулбал, 2000 онд Үндсэн хуульд оруулсан долоон нэмэлт, өөрчлөлтийн зургааг нь засан сайжруулсан. Гурван парламент дамжиж яригдсан сэдвүүдийн хүрээнд төсөл боловсруулсан. 2011, 2012, 2015 онуудад Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн барьж байсан. Энэ төслүүдэд хөндөж байсан.

Засгийн газрыг тогтвортой, үр нөлөөтэй болгох, УИХ-ын үйл ажиллагааг сайжруулах, шүүхийг хараат бус, шударга болгох зэрэг асуудал энэ парламентын үед ийнхүү шийдэгдэж байна.

Түүнчлэн, УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа иргэдийн санаа бодлыг сонсох уламжлалт болон орчин үеийн аргыг хослуулан хэрэглэсэн. Жишээлбэл, 2017 оны дөрөвдүгээр сард зөвлөлдөх санал асуулга хийсэн.

Санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 700 гаран иргэдэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах сэдвүүдийн хүрээнд эерэг, сөрөг талын үндэслэлүүдийг танилцуулж, мэдээлэлжүүлсний үндсэн дээр саналыг нь авсан.

Зөвлөлдөх санал асуулгын үр дүнд үндэслэж Үндсэн хууль оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулаад иргэдийн саналыг авах ажиллагаа 2017 оны зун, намар зохион байгуулсан. Энэ үеэр 330 орчим мянган иргэдийн саналыг амаар, цаасаар, цахимаар авсан байдаг. Мөн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь мэргэжлийн шүүлтүүрээр шүүгдэж гарч ирсэн.

Хүний эрхийн үндэсний комисс, ШЕЗ, Хуульчдын холбоо зэрэг нийт 20 гаруй байгууллага саналаа ирүүлсэн. 10 гаруй эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Хувь судлаачид, шинжлэх ухааны докторууд, академичид экспертийн дүгнэлт гаргаж өгсөн.

Үүнээс гадна, MAH, AH, МАХН зэрэг тал талын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж дээрх санал, зөвлөмж, шүүмжийг тухай бүр тусган ажилласан.

Ийнхүү санал авах байдлаар төслийг эцэслэн боловсруулж УИХ-ын нэр бүхий 62 гишүүн энэ оны зургаадугаар сарын 6-ны өдөр өргөн барьсан. Үүний дараа ч УИХ-ын гишүүд тойргууддаа очиж төслийн үзэл баримтлалыг иргэдэд танилцуулсан бөгөөд энэ үеэр 30 шахам мянган санал цугларсныг харгалзан үзсэн байдаг. Дээд шүүх, Хуульчдын холбоо зэрэг байгууллага болон хувь судлаачид ч саналаа ирүүлснийг Ажлын хэсэг дээр хэлэлцэж тусгаж байсан.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа зөвшилцлийг хэр зэрэг хангасан бэ?

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьснаас хойш таван cap гаруй хэлэлцэж үндэсний зөвшилцлийг ханган батлагдлаа. Үндсэн хууль нэг талаас хууль зүй, нөгөө талаас улс төрийн буюу зөвшилцлийн баримт бичиг.

Энэ нэмэлт, өөрчлөлт улс төрийн гол намууд, инстүүцүүдэд хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Тиймээс, энэ УИХ зөвшилцлийг хангахын тулд чадах бүхнээ хийсэн гэж ойлгож байгаа.

Энэ оны долдугаар сарын 22-26-ны өдрүүдэд таван удаагийн хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж Ерөнхийлөгч, АН, бусад нам, судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн саналыг төсөлтэй холбогдуулан сонссон. Зөвшилцлийн ажлын хэсгийг УИХ дахь намуудын төлөөллийг оролцуулан байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан.

Зөвшилцлийн ажлын хэсэг энэ оны 7, 8 дугаар сард ажиллаж хүрсэн үр дүнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсэн. Өнгөрөгч есдүгээр сарын 11-ний өдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах, АНСА явуулах тогтоол УИХ гаргасан боловч Ерөнхийлөгч хориг тавьсан. Үүнийг УИХ хүлээн авсан.

АН гуравдугаар хэлэлцүүлгээр тусгуулахаар гурван санал гаргаснаас Ерөнхий сайд кабинетаа өөрөө бүрдүүлэх гэсэн нэг санал нь батлагдсан.

Таван сарын турш Ерөнхийлөгч, АН, бусад намын саналыг тусгах үүднээс 62 гишүүний төсөлд зарим өөрчлөлт орсон ч гол агуулга нь хэвээр батлагдсан. Ерөнхийлөгч энэ оны долдугаар сарийн 16-нд санал, төсөл ирүүлснээс нийтдээ 15 саналыг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгажээ.

АН-ын зөвлөлөөс энэ оны 7,8,10 дугаар сард саналаа ирүүлснээс 12 санал нь үзэл санаагаараа энэ нэмэлт, өөрчлөлтөд шингэсэн байна. АН УИХ-д хамгийн олон судалтай байх үед 2015 онд өргөн баригдсан төслийн 80 орчим хувь энэ нэмэлт, өөрчлөлтөд орсон.

УИХ-ын гадна буй намуудын санал ч тусгагдсан. Жишээлбэл, ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг заах, Шүүхийн сахилгын хороог бие даалган байгуулах, Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлэх заалтуудыг хасахгүй байх, нутгийн удирдлагатай холбоотой хэт олон асуудлыг авч үзэхгүй байх тухай ХҮН-ийн шаардлага биелэгдсэн.

Дүнгээр нь харвал, Үндсэн хуулийн 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж нийт 28.5 хувийг нь хөндсөн. Дордохын долоо гэдэг өөрчлөлтүүдийг шийдээд зогсохгүй гурван парламент дамжсан асуудлуудыг шийдсэн гурван жил боловсруулж хэлэлцэж зөвшилцөж эцэслэв.

-Гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлэх хүрээнд ямар өөрчлөлт батлагдсан бэ?

-Монгол Улсад Засгийн газар тогтворгүй, үр нөлөөгүй ажиллаж байна гэдэг асуудал сүүлийн 10 гаруй жил яригдсан. Үүнтэй холбоотой таван чухал асуудал шийдвэрлэгдлээ.

Нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газрыг тогтвортой ажиллуулахад чиглэсэн алхам хийгдлээ. Засгийн газар бүрэн эрхийн дундаж хугацаа ердийн 1.8 жил тул бодлогоо тодорхойлж батлуулаад хэрэгжүүлэх гэж байтал огцорчихдог.

Тиймээс, нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх бодлого тогтвортой хэрэгжиж үр дүнг нь үзэж чаддаггүй. Сая батлагдсан нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрыг огцруулах дөрвөн янзын боломж байсныг цөөлж нэг болгосон. 1992 оны Үндсэн хуулиар Ерөнхий сайдыг огцруулахдаа хуралдаанд сууж байгаа гишүүдийн олонхоор огцруулчихдаг байсан. Жишээлбэл, 36 гишүүний с&налаар огцруулж байв.

Энэ маань өөрөө Засгийн газрыг шалдар булдар шалтгаанаар амархан огцруулдаг байдлыг үүсгэж байсан. Одоо Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 19-өөс доошгүй гишүүн санаачилбал гурваас 10 хоногийн дотор хэлэлцэж, огцруулах эсэхийг нийт гишүүний олонхоор шийдвэрлэхээр болж байна. Өөрөөр хэлбэл 39-өөс доошгүй гишүүн санал нэгдэж байж Ерөнхий сайдыг огцруулна.

Ерөнхий сайдыг огцруулсан бол УИХ шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно, энэ хугацаанд томилж чадахгүй бол УИХ-ыг тараахаар заасан.

Хоёрт, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг тодруулсан. Төмөр зам, цахилгаа, станц барих зэрэг бодлогын тодорхой асуудлаар итгэл үзүүлээч гэж УИХ руу оруулсан тохиолдолд УИХ дэмжвэл тэр асуудлаа шийдүүлсэнд тооцоод хэрэгжүүлээд явна.

Хэрэв түүнийг нь дэмжихгүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцоод, 30 хоногийн дотор дараагийн Ерөнхий сайдыг томилох ёстой. Чадахгүй бол УИХ-ыг тараана. 27 жилийн хугацаанд Ерөнхий сайд өөртөө итгэл үзүүлэх асуудлыг нэг ч удаа асууж байгаагүй нь ийм тодорхой зохицуулалт байхгүй байсантай холбоотой. Үүний улмаас УИХ-ын олонхтой бодлогын зөрүү үүсвэл хагалах бүтээлч боломж дутмаг байв.

Гуравт, Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулах бөгөөд Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө гэж заасан. Энэ заалт олон талын ач холбогдолтой. УИХ хариуцлагыг Ерөнхий сайдтай ярь, сайд хариуцлага алдсан асуудлыг Ерөнхий сайд өөрөө шийд гэдэг парламентын тогтолцооны жишиг рүү очно.

УИХ-ын олонхын дэмжсэн бодлогыг хамгийн сайнаар хэрэгжүүлэх танхим бүрдүүлэхгүй бол танхимаараа огцрох эрсдэлтэй тул Ерөнхий сайд тухайн салбарын бодлогыг хамгийн сайнаар авч явах хүнийг сонгож томилохыг хичээнэ.

Хэрэв Ерөнхий сайд хариуцлага алдсан сайдаа хамгаалж үлдвэл Засгийн газар нь бүхэлдээ огцроход хүрэх учраас хувь сайдад хариуцлага тооцохоос өөр аргагүй байдалд ордог.

Мөн зарим салбарын шинэчлэл тухайн салбарынхаа идээ бээрийг шахдаг, явцуу сонирхлууд сайдынхаа эсрэг “босож” ирдэг учраас ийм зэргийг зөв зүйтэй эрсдлийг үүрээд бодлогоос явуулах боломжийг Ерөнхий сайд сайддаа олгож, бамбай нь болох боломжтой болно. Тэгээд дөрвөн жилийн дараа үр дүн нь гарч үнэлэгдэх боломж бүрдэнэ. Түүнчлэн, УИХ-ын гишүүдийн зүгээс Сайд нарт яам, төрийн албанд томилгоо хийх хийх явдал багасна.

Төрийн албаны тогтвортой, мэргэжлийн байдлыг үүгээр дээшлүүлнэ. Нэгэнт Ерөнхий сайдад багаа бүрдүүлэх болон төсвөө боловсруулж батлуулах эрх мэдлийг нь өгсөн учраас УИХ түүнээс хариуцлага нэхэх эрхтэй болно, гүйцэтгэх эрх мэдэлд тавих хяналтаа эрчимжүүлнэ.

Дөрөвт, Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийг УИХ бужигнуулдаг, тооцоо судалгаагүй зарлага нэмж алдагдал ихтэй баталдаг. Үүнийг хязгаарлах заалт 62 гишүүний өргөн барьсан агуулгаар АН-ын томьёоллоор батлагдсан. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхийг УИХ-д хориглоно гэж заасан. Нэмэгдүүлэхийг хүсэж байвал Засгийн разарт санал тавиад дахин оруулуулж болно.

Тавд, Ерөнхий сайд дээр нэмэх нь дөрөв хүртэлх сайд УИХ-ын гишүүн байж болохоор заасан. Давхар дээлийг бүрэн хориглохоос яагаад татгалзсан бэ гэхээр парламент дахь олонх ард түмний итгэл авч гарч ирээд мөрийн хөтөлбөртөө тулгуурлан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, Засгийн газар нь тэрний дагуу бодлогоо боловсруулж, УИХ руу оруулж ирээд, тэр нь зөв зүйтэй бол хэлэлцэн батлаад, хамтарч ажиллаж байж үр дүн гарна.

Ингэж уялдаа холбоотой ажиллахад Засгийн газрын зарим гишүүн УИХ-ын гишүүн байх нь чухал үүрэгтэй. Тийм ч учраас парламентын засаглалтай олонх улсад парламентыг зуугаас дээш тооны гишүүнээс бүрдүүлж, давхар дээлийг зөвшөөрдөг.

Манайд УИХ 76-хан гишүүнтэй учраас тодорхой хязгаарлалт тавьж, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн зааг ялгааг хадгалах, хяналт тэнцлийг хангахыг зориод байгаа юм.

Энэ бүхнийг харах юм бол нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдэх бодлогыг тодорхойлоод хэрэгжүүлэх, үр дүнг нь үзэх, тогтвортой хариуцлагатай гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газрыг бэхжүүлэхэд чиглэсэн алхмууд хийгдэж байна.

-Ерөнхий сайд нэлээн эрх мэдэлтэй болох нь, Тэгвэл гүйцэтгэх эрх мэдэлд тавих хяналтыг сайжруулж байгаа юу?

-Гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлж байгаа учраас энд тавих хяналтыг сайжруулж байгаа. УИХ-ын Хянан шалгах түр хороо болон төрийн аудитын байгууллага хоёр ийм чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Юуны өмнө, УИХ хянан шалгах түр хороог байгуулж болохоор заасан. Энэ хороог УИХ-ын нийт гишүүдийн 4/1-ээс доошгүй буюу 19-өөс доошгүй гишүүн санаачлах юм бол заавал байгуулах ба түүний бүрэн эрх зэрэг асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулахаар болсон. Одоо бол манайд УИХ дээр ажлын хэсэг байгуулдаг.

Гэтэл нөгөө ажлын хэсэг нь бодитой мэдээлэл авъя гэхээр тэр мэдээллийг нь өгдөггүй. Эсвэл ажлын хэсэг юу руу ч хамаагүй ороод байдаг. Шүүхийн шийдвэрийг авч хэлэлцдэг ч юм уу. Ийм үр нөлөө муутай хяналт байна л даа.

Парламентын тогтолцоотой ардчилсан 90-ээд улсад Хянан шалгах түр хороо байгуулж болдог. Энэ хороо нь цөөнхийн санаачилгаар байгуулагдана. Бодлогын тодорхой асуудлаар жишээ нь, агаарын бохирдолтой холбоотой асуудлаар байгуулагдаж болно. Хянан шалгах түр хороонд хуулиар хоёр эрх мэдэл өгнө.

Нэгдүгээрт, тодорхой баримт, мэдээлэл гаргуулж авах.

Хоёрдугаарт, хууль сануулаад, тайлбар мэдүүлэг авах. Жишээ нь, агаарын бохирдолтой холбоотой статистик гаргаж өг гэж шаардаж болно. Хэрэв гаргаж егөхгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ.

Мөн энэ чиглэлийн мэргэжилтнээс худал хэлбэл хуулийн хариуцлага хүлээнэ гэж сануулж байгаад тайлбар авна. Энэ хоёр бүрэн эрхээрээ бодитой мэдээлэл цуглуулаад дүгнэлт гаргаж УИХ-д танилцуулна. Тэр дүгнэлт нь шүүхэд даалгавар өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаа руу орохгүй. Зөвхөн бодит мэдээллийг нэгтгээд олон нийтэд ил гаргаж тавина. Олонх шийдвэрээ гаргаж, цөөнх хяналт тавина гэсэн парламентын засаглалын зарчим бэхэжнэ.

-Төрийн аудиттай холбоотой ямар заалт орсон бэ?

-Засгийн газарт хяналт тавих өөр нэг асуудал нь төрийн аудитын байгууллагыг хараат бус ажиллахаар оруулж ирж байгаа. Уг нь аудит хараат бус байж, төрийн санхүү, төсвийн гүйцэтгэл ямар байна вэ, хууль дүрэмдээ нийцэж байна уу, төсвийн хөрөнгийг үр нөлөөтэй зарцуулж байна уу, санхүүгийн сахилга баттай байна үгүй юу гэдэгт хөндлөнгөөс хяналт тавьж, дүгнэлт гаргадаг.

Гэвч манайд төрийн аудитын байгууллагын удирдлагын томилгоо нь хэт улс төрийн нөлөөтэй учраас аудит хараат бус ажиллаж чаддаггүй. Эрх барьж байгаа намын л очдог. Мөн өөрөө хяналт тавих гэж байгаа Засгийн газар, ялангуяа Сангийн яамнаасаа төсвийн хувьд хараат. Үүнийг шийдэх зорилгоор Герман зэрэг улсад байдаг шиг төрийн аудит буюу төрийн санхүү, төсвийг хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх суурийг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр тавьж байна.

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд УИХ-тай холбоотой өөр ямар заалтууд туссан бэ?

-УИХ тарах дөрвөн нөхцөлийг тодорхой болгож хариуцлагыг нь дээшлүүлж байгаа. УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэвэл УИХ-ын нийт гишүүний гуравны хоёрын саналаар УИХ өөрөө тарна.

Мөн УИХ дахь олонхоос нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч УИХ-д оруулах бөгөөд ийм саналыг анх оруулснаас хойш 45 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ийг Ерөнхийлөгч тараана. Энэ заалт нь 2000 оны нэмэлт, өөрчлөлтийг тодруулж, хугацааг хэзээнээс тоолох вэ гэдгийг зааж өгч буй.

Түүнчлэн, УИХ Ерөнхий сайдыг огцруулснаас хойш, эсхүл Ерөнхий сайдад итгэл үзүүлэхээс татгалзсанаас хойш 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ыг Ерөнхийлөгч тараана.

Өмнөх шиг Ерөнхий сайдыг огцруулчхаад олон cap шинэ Ерөнхий сайдыг томилохгүй уддаг байдал гарахгүй болно. Эдгээр зохицуулалт нь УИХ Ерөнхий сайдыг томилох асуудал дээр илүү хариуцлагатай ханддаг болоход чиглэнэ.

Нөгөө талаас УИХ-ын хууль тогтоох ажиллагааны чанарыг сайжруулахад олон чухал өөрчлөлт орж байгаа. УИХ-ын гишүүн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татагдах үндэслэл болно гэж АН-ын саналаар заасан. Мөн УИХ-ын ээлжит, чуулган хагас жил тутам 50-иас доошгүй ажлын өдөр хуралддаг байсан бол 75-аас доошгүй болгож сунгасан.

Хуулийг 20-иос доошгүй гишүүд баталж болдог байсан бол 39-өөс доошгүй гишүүд хуулийг эцэслэн батлахаар болсон. Энэ нь хуулийг чанартай гаргах, тогтвортой хэрэгжүүлэх, гишүүдийг хариуцлагажуулах боломжийг бий болгож байгаа. Түүнчлэн, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтоох заалтыг Ерөнхийлөгчийн саналаар тусгасан.

-Ерөнхийлөгчтэй холбоотой заалтуудад ямар өөрчлөлтүүд орж байна вэ?

-Ерөнхийлөгчтэй холбоотой хоёр чухал заалт орж байгаа. Нэгд, парламентын тогтолцоотой улсын хувьд Ерөнхийлөгч идэвхгүй, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хооронд хямрал үүсэхээр гарч ирэн зохицуулдаг арбитрчийн үүрэгтэй л байх хэрэгтэй.

Ерөнхийлөгчийг ийм үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байлгахын .тулд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 45 байсныг 50 болгох, дөрвөн жилээр 2 хүртэл сонгогдох боломжтой байсныг зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдох зохицуулалт оруулсан.

Мөн Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн Үндсэн хуулийн 33 зүйлд заасан хүрээнд хуулиар олгохоор заасан. Ингэснээр Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгоогүй бүрэн эрхийг хуулиар нэмж өгч эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийг алдагдуулдаг байдал хумигдана.

-Сонгуультай холбоотой заалтууд хэрхэн тусгагдав?

-Өнгөрсөн 27 жилд УИХ дахь олонх сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн хуулийн баталж сонгуульд ялах явцуу сонирхлоор хандаж ирсэн нь сөрөг хүчин, бусад намууд, шинээр улс төрд орж байгаа хүмүүст шударга бус, тэгш бус байдлыг үүсгэдэг. 2016 онд УИХ-ын сонгууль болохоос хоёр сарын өмнө сонгуулийн хуулийг орвонгоор нь өөрчилсөн тохиолдол ч гарсан.

Үндсэн хуульд сая оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, эсхүл нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон. Ингэснээрээ урьдчилж тогтсон дүрмийн дагуу шударга сонгууль явуулах нөхцөл дээшилнэ.

-Намын тухай болон сонгуультай холбоотой заалтуудыг та хэр хэмжээнд тусгагдсан гэж харж байна вэ?

-Улс төрийн намын шинэчлэл сүүлийн гурван парламент дамжаад хийгдэж чадахгүй байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр намтай холбоотой дөрвөн заалт оруулах замаар энийг хийх үндэс суурийг тавьж өгч байгаа.

Нэгд, нам улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллахаар заасан. Энэ нь намыг бодлогын болгож төлөвшүүлэхэд чухал. Намууд аймаг, сум болгонд бүтэцтэй байхыг үүгээр шаардаагүй.

Хоёрт, нам зохион байгуулалтын хувьд заавал ардчилсан байхыг үүрэгжүүлж байгаа. Нам ардчилсан тогтолцооны нэг хэсэг юм бол өөрөө дотоод ардчилалтай байх ёстой. Намууд ардчилагдахгүй бол ардчилсан тогтолцоонд саад учирч байгаа. Үүнийг зогсооно.

Гуравт, намын хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт ил тод байхыг үүрэг болгож байгаа. Иргэдээс авсан саналаар нь хувилж төрөөс санхүүгийн дэмжлэг намд өгөх эрх зүйн үндсийг хуулиар тогтоох боломжтой болж байгаа.

Эдгээр зохицуулалт эцэслэгдэж холбогдох хуулиудыг нарийвчлан боловсруулж баталбал нам мөнгөтэй хүмүүсээс хэт хамааралтай болчихоод байгаа байдал саармагжиж, намууд нийт иргэнийг төлөөлж нийтийн ашиг сонирхлын төлөө ажилладаг болоход хувь нэмэр оруулна.

Энэ бүгдийг Үндсэн хуульд оруулснаар заавал хэрэгжүүлэх ёстой гэж үүрэг болгож байгаа юм. Заавал улсын хэмжээний бодлого дэвшүүлж төлөө ажилла, ардчилсан бай, санхүүжилтээ ил тод байлга гэсэн үг. Хууль нь дагаад ийм гарах ёстой. Хууль энэ шаардлага хангахгүй байвал Үндсэн хууль зөрчсөн гээд Цэц дээр хүчингүй болно.

-Намыг сонгогчдын нэг хувиас доошгүй иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна гэж зааж өгснийг зарим хүмүүс шүүмжилж байна. Энэ тухайд?

-62 гишүүний өргөн барьсан төсөЛд энэ заалт байхгүй байсан юм.

Гэвч, Монгол Улсын Ерөнхийлөгч 50,001-ээс доошгүй тооны иргэн нэгдэж нам байгуулна гэсэн заалтыг анх санал болгосон. АН-ыг төлөөлж зөвшилцөлд оролцож байсан Д.Эрдэнэбат гишүүн “Намыг нийт иргэний нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн заалтаар санал хураалгасан байдаг. УИХ-ын гадна буй намуудаас зарим нь дэмжсэн, зарим нь уг босгыг эсэргүүцсэн.

Ийм байдлаар явсаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд “намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий нийт иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэдэг заалт орж батлагдсан.

Үндсэн хуулийн 16.10-д эвлэлдэн нэгдэх эрхийг иргэний үндсэн эрх гэж хүлээн зөвшөөрсөн учраас уг эрхэд нийцүүлэн энэ шаардлагыг хэрхэн хангах вэ гэдгийг хуулиар шийдвэрлэнэ. Эвлэлдэн нэгдэх эрх болон сонгогчийн нэг хувиас доошгүй иргэд эвлэлдэн нэгдэх шаардлага хоёрын зөв баланс олоход анхаарах хэрэгтэй болно.

Зарим хүмүүс уг заалт эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчих эрсдэлтэй гэж буй нь үндэслэлгүй биш юм. УИХ-ын зүгээс уг эрсдэлийг хаах үүднээс хэд хэдэн алхам хийсэн. Нэгд, зөвшилцөлд оролцсон субъектүүдээс санал болгосон тооноос хамгийн багыг нь сонгосон.

Намд эвлэлдэн нэгдэх иргэний тоог Ерөнхийлөгчийн зүгээс 50,001-ээс доошгүй байх, АН-ын зөвлөлийн дарга нийт иргэний нэг хувь буюу 30,000 гаран байх санал тус тус гаргасан.

Харин, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр сонгогчдын нэг хувиас доошгүй тооны буюу одоогийнхоор 20,000 гаран иргэн эвлэлдэн нэгдэж нам байгуулахаар заасан.

Хоёрт, энэ заалтыг уншвал нам заавал өдий тооны гишүүнтэй байна гээгүй. Нэг хувийн заалт ийм тооны хатуу гишүүнчлэлийг илэрхийлээгүй гэдгийг С.Бямбацогт, Д.Лүндээжанцан зэрэг гишүүд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр илэрхийлж протоколдуулсан. Улс төрийн нам бол нийт сонгогчдын нэг хувиас доошгүйн дэмжлэг авч байж иргэдийн улс төрийн хүсэл зоригийг тодорхойлоход оролц гэсэн үг.

Тиймээс, намууд ядаж нийт сонгогчийн нэг хувиас доошгүйн дэмжлэг эсхүл санал авсан байхаар ойлгогдоно. Гуравт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дахь сонгогчдын нэг хувиас доошгүй тооны иргэд эвлэлдэн нэгдэж нам байгуулах заалтыг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөхөөр шийдсэн бол бусад заалтын хувьд 2020 оны тавдугаар сарын 25-наас дагаж мөрдөнө.

Тэгэхээр есөн жилийн хугацаанд уг заалтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар сайн судлах, урвуулан ашиглаж эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчихөөс сэргийлсэн байдлаар хуулийн төслийг боловсруулах боломж гарах болов уу гэж найдаж байна.

-Шүүхийг хараат бус, шударга ажиллуулах заалтууд тусгагдаж чадсан уу?

-Шүүхийг хараат бус, хариуцлагатай ажиллах суурийг тавих гурван чухал өөрчлөлт орсон. Нэгдүгээрт ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг тодорхой зааж өгч байгаа.

1992 оны Үндсэн хууль батлах үед НҮБ-ын хоёр шинжээч “Монгол Улс ШЕЗ гэх байгууллагыг Үндсэн хуульдаа зааж байгаа нь зөв зүйтэй. Үндсэн хуульдаа зааж өгөхгүй бол ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг нь парламент байн байн өөрчилж шүүхэд зүй бусаар нөлөөлөх эрсдэлтэй” гэж анхааруулсан.

Тухайн үед АИХ хүлээж аваагүй баталсан. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг заагаагүй орхисон. Үүнээс болоод сүүлийн 27 жил ШЕЗ-ийн бүрэлдэхүүн дөрвөн удаа өөрчлөгдсөн.

Эхэн үед нь ШЕЗ-д хууль зүйн сайд хэт нөлөөтэй байсан, дараа нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч даргалж шүүхийн дотоод хараат бус байдлыг эрсдэлд оруулж байсан, харин одоо ШЕЗ-ийн дарга, гишүүдийг бүгдийг нь Ерөнхийлөгч томилж түүнээс хэт хамааралтай болчихсон.

ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг байнга өөрчилж тогтворгүйжүүлж зүй бус нөлөө орох эрсдэлийг үүсгэж буйг зогсоох үүднээс түүнийг Үндсэн хуульд тодорхой зааж байна. ШЕЗ дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаагаар ажиллах 10 гишүүнээс бүрдэнэ гэж хатуу зааж өгөв.

Эдгээр арван гишүүний тав нь шүүгчид дотроосоо сонгогдсон шүүгчид байх бөгөөд энэ нь улс төрийн зүй бус нөлөөнд орохоос саармагжуулна. Үлдсэн тав буюу шүүгч биш таван гишүүнээр нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно гэж заасан. ШЕЗ-ийн 10 гишүүн дотроосоо даргаа сонгоно гэж заасан. Ингэснээр ШЕЗ-ийн бие даасан байдал дээшилнэ.

Хоёрт, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллахаар зааж буй нь шүүгчийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэхийн зэрэгцээ шүүгчийн хараат бус байдлыг хамгаалахад ач холбогдолтой. Шүүхийн сахилгын хороог байгуулснаар шүүгчийн хариуцлага, сахилгын тогтолцоо тогтвортой, үр нөлөөтэй болно.

Өнгөрсөн 27 жилд шүүгчийн хариуцлага, сахилгын тогтолцоо гурван удаа өөрчлөгдөж залгамж чанар нь алдагдаж, зүй бус нөлөөлөлд орох эрсдэл үүсгэж байсныг таслахад чухал алхам болно.

Мөн ШЕЗ дээр төвлөрсөн эрх мэдлийг багасгаж, Шүүхийн сахилгын хорооны ажилд зүй бусаар хутгалдан ордог байдал арилна. Одоо ШЕЗ шүүгчийг шилж олох, бодлого, менежмент, төсвийг хэрэгжүүлэхээс гадна шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулахад маш ихээр оролцдог.

Энэ төвлөрсөн эрх мэдлээр дамжуулан ШЕЗ шүүгчийн хараат бус байдлыг хамгаалахаасаа илүүтэй хараат бус байдалд нь халдах, урвуулан ашиглах эрсдэл оршсоор ирсэн. Олон улсын туршлага ч гэсэн шүүхийн захиргааны эдгээр эрх мэдлийг аль болох хуваарилж өөр өөр институцэд хариуцуулах нь шүүгчийн хараат бус байдлыг хамгаалж, хариуцлагыг дээшлүүлнэ гэсэн үг.

Гуравт, Ерөнхийлөгчийн саналаар шүүхийг тойргийн журмаар байгуулж болохоор заасан. Жишээлбэл, хэд хэдэн дүүргийг хамруулсан шүүхийг байгуулж болно. Ингэснээр шүүхийн ачааллыг жигдрүүлэх, мэргэшүүлэх, улмаар иргэний шударгаар шүүлгэх эрхийг илүү сайн хангахад дөхөм болно.

-Байгалийн баялагтай холбоотой ямар заалт батлагдсан бэ?

-62 гишүүний төсөлд байгалийн баялгийг ашиглах зарчмуудыг зааж өгсөн. УИХ-аар дэмжигдсэн байгалийн баялагтай холбоотой дөрвөн чухал өөрчлөлт орж байгаа.

Нэгд, байгалийн баялаг ашиглах төрийн бодлого ямар зарчмаар явах вэ гэдгийг Үндсэн хуульд тодруулсан.

Жишээ нь, Үндсэн хуулийн 6.2-т байгалийн баялгийг ашиглахдаа урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлах, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эхийг баталгаажуулах зарчмыг баримтлахыг шаардана. Дээрээс нь, байгалийн баялаг ашигласны улмаас үүсэх нөлөөллийн талаар иргэд мэдэх эрхтэй гэж бичсэн.

Хоёрт, одоогийн Үндсэн хуульд газар, түүний хэвлий доорх баялаг “төрийн өмч мөн” гэж заасан байдаг. Ерөнхийлөгч бол төрийн өмч гэдгийг нийтийн өмч болгоё гэсэн. Гэтэл нийтийн өмч гэдэгт онолын болон манай хуулийн утгаар төрийн өмчөөс гадна сүм хийдийн, олон нийтийн, орон нутгийн өмч багтдаг. Нийтийн өмч гэхээр хэтэрхий ерөнхий, бас эзэнгүй болчихно.

Тийм учраас “төрийн нийтийн өмч” гэдэг нэр томьёог оруулахыг дэмжсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар төрийн өмчийг “төрийн нийтийн зориулалттай өмч” болон “төрийн өөрийн өмч” гэж ангилдаг. Эхнийхэд нь газрын хэвлий, түүний доторх баялаг зэрэг багтдаг бол удаахад нь төрийн байгууллагад эзэмшүүлсэн эд хөрөнгө, улсын төсвийн хөрөнгө зэрэг багтдаг.

Төрийн нийтийн зориулалттай өмч гэх нэр томьёог тэр чигээр нь Үндсэн хуульд оруулах гэхээр хэт нурших гээд байсан учраас “төрийн нийтийн өмч” гэж товчилж хэрэглэсэн гэж ойлгосон. Одоо байгаа нэр томьёог хэрэглэж байна гэсэн үг шүү дээ.

Цаана байгаа агуулга нь юу гэхээр, одоогийн хуульд байгаа шиг “төрийн нийтийн өмч”-ийг ашиглах, эзэмших, захиран зарцуулах асуудлыг УИХ шийднэ. Үүнийг нь тодотгож өгсөн заалт. Харин төрийн өөрийн өмчийг заавал УИХ биш төрийн байгууллагууд нь өөрсдөө шийдээд явдаг.

Мөн нийтийн ашиг сонирхлыг үүднээс байгалийн баялгийг ашиглана шүү гэдгийг онцолж “нийтийн” гэдэг үг нэмж оруулсан.

-Стратегийн ордтой холбоотой олон нийтийн зүгээс шүүмж гарч байгаа…

– Ерөнхийлөгч болон УИХ-ын 20 гаруй гишүүд “Стратегийн ордыг ашиглаж татвар төлсний дараах ашгийн 51 хувиас доошгүй нь төрд ногдоно” гэдэг утгатай заалтыг Үндсэн хуульд оруул гэж шаардаж байсан.

Хэрэв энэ заалтыг оруулсан бол эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой байсан учраас УИХ үүнээс татгалзсан. Үүний оронд УИХ-аас дэмжлэг авсан томьёолол бол “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн заалт юм.

Зарим хүн үүнээс болгоомжилж байх шиг байна. Энэ заалтад хэд хэдэн хязгаарлалт орсныг зөв тайлбарлаад хэрэгжүүлбэл тийм их сөрөг нөлөө байхгүй болов уу. Юуны өмнө, байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлж стратегийн ордыг ашиглах ёстой.

Энэ нь одоогийн Үндсэн хуулийн 6.1 -д байгаа зарчмыг баримтлахыг тодруулсан. Мөн стратегийн ордыг ашигласны үр өгөөжийн дийлэнх гэж юу вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Үр өгөөж гэдэг бол ашиг биш.

Энэ ордыг ашигласнаас төрд төлж байгаа татвар, ашигт малтмалын хураамжаас гадна монгол ажилчдын тоо, Монголын компани, хувь хүмүүсээс авч байгаа бараа үйлчилгээ, нийгэм, эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр зэргийг томоор нь тооцох үзэл баримтлал явж байгаа. Ийм байдлаар benefit гэсэн утгаар ойлгосон хүмүүс байхад return гэдгээр ойлгосон хүмүүс бас байна.

Аль нь илүү үндэслэлтэй тайлбар вэ гэдгийг ярилцах шаардлага үүснэ. Ямар ч байсан энэ заалтад ашгийн 51 хувиас дээшхийг төр авна эсхүл иргэдэд шууд тараана гэсэн утга байхгүй гэдэг санааг УИХ-ын хуралдааны протоколуудад тодорхой тусгасан.

Мөн уг заалтад ямар нэгэн тоо тавиагүй эсхүл олонх гэж хэлээгүй, харин үр өгөөжийн дийлэнх гэж ерөнхий агуулгаар нь хэлж байгаа. Бас, ард түмэн гэдэг бол тодорхой тооны эсхүл олонх иргэд биш шүү дээ. Хийсвэр ойлголт. Мөн Үндсэн хуулийн 6.2-т нэмж буй стратегийн ордын заалтыг урвуулан ашиглагдах эрсдэл нь одоогийн Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд буй “байгалийн баялаг төрийн өмч” гэх мэт заалтыг урвуулан ашиглах эрсдэлээс их биш юм.

Ийм эрсдэл бодитой болохоос Үндсэн хуулийн бусад суурь зохицуулалт сэргийлж, хамгаалж байдаг.

Тодруулбал, Үндсэн хуулийн 5.2, 5.4, 16.4 зэрэгт “нийтийн болон хувийн өмч,” “өмчлөгчийн эрх,” “аж ахуйн бүх хэвшил,” “хувийн аж ахуй эрхлэх эрх” зэрэг зарчмыг хүлээн зөвшөөрч хамгаалсан. Тиймээс, эдгээр зарчимд нийцүүлэн “үр өгөөжийн дийлэнх,” “ард түмэн” гэж юу вэ гэдгийг УИХ хуулиар тогтоох ёстой. Харин, уг заалт хүчин төгөлдөр болсноос хойш стратегийн ордыг шинээр ашиглахад үйлчилж хэлэлцээр хийхэд тулгуур болно.

Нэр томьёо дээр зарим нэг нь гадаад үг хэрэглэлээ гэж шүүмжлээд байгаа. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж Ашигт малтмалын тухай хуульд одоо байгаа нэр томьёо юм. Мөн Үндсэн хуульд прокурор, командлагч зэрэг гадаад үг Үндсэн хуульд бий тул хуульд орж хэвшсэн гадаад үгийг Үндсэн хуульд оруулж болох талтай.

-1992 онд батлагдсан Үндсэн хуульд 2000 онд өөрчлөлт оруулсан. Түүнээс хойших өөрчлөлт энэ удаагийнх болох гэж байна. Зарим талаас энэ өөрчлөлтийг шалихгүй, бага хэмжээнийх гэх яриа гарч байсан. Энэ удаагийн өөрчлөлтийг хийх нь ямар ач холбогдолтой вэ?

-АНУ-ын Үндсэн хуульд 1791 оноос хойш 230-аад жилийн хугацаанд нийтдээ 17 нэмэлт. өөрчлөлт орсон. УИХ энэ удаа 19 зүйл дээр 36 заалтыг нэмж, өөрчилж, хасна гэдэг нь тоон талаасаа цөөн биш төдийгүй дээр тайлбарласанчлан агуулга талаасаа 1992 оны Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг бэхжүүлэх дорвитой өөрчлөлт хийж буй нь харагдсан байх. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу холбогдох хуулиудыг сайн боловсруулан гаргаад, зөв, тууштай хэрэгжүүлбэл үр дүнгээ өгнө гэж харж байгаа.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш найман жилийн хугацаанд дахин хөндөхгүй гэж байгаа. Үндсэн хуулийн ямар ч зүйл заалтад дахин хүрэхгүй гэсэн үг үү?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бол тухайн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн хугацаанд уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно гэх заалттай. Гэхдээ хөндөгдөөгүй хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Бат-Эрдэнэ: Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг олборлолтын шатанд нь авах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


– Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүйд тооцсон шийдвэрийг Цэц гаргасан. Ингэхдээ хуулийн 47.1 дүгээр зүйл буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-тэй холбоотой заалтуудыг хүчингүйд тооцсон. Энэ асуудал дээр таны байр суурь ямар байна вэ?

-Би Цэцийн дунд суудлын хуралдаанд оролцсон. Бид үнэндээ алтан дээрээ анхаарал хандуулаад энэ тал дээр төдийлөн анхаарал хандуулаагүй юм билээ. Ашигт малтмалын тухай хуулийн 47.1-т “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд … нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэснийг Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон. АМНАТ-ийг худалдах борлуулах, ачуулах, экспортлох, өөрийн хэрэглээнд нь ашиглах гээд энэ болгоноос татвар авч байгаа. Нэг л нэртэй хуулийг давхардуулж татвар авчихаад байна. Уурхайгаас олборлох, борлуулах, боловсруулах, угаах, экспортлох бүх үе шатанд нь татвар авч байна гэсэн үг. Логик утгаараа Цэцийн гаргаж байгаа дүгнэлт үндэслэлтэй.

Нэг татварыг шат шатанд нь авч байна л даа. Энэ дээр л бид унаад байгаа юм. Одоо орж ирж байгаа заалтад 47.1-ийг задлаад худалдсан, худалдахаар ачуулсан 47.1.2 дээр экспортолсон, 47.1.3 дээр өөрийн хэрэгцээнд ашигласан гэдэг байдлаар оруулж ирж байна. Урд нь эдгээрийг үргэлжлүүлээд бичсэн таслалтай байсан бол одоо дээрээс нь доошоо үргэлжлүүлээд биччихсэн заалт орж ирж байна. Цэцийн дүгнэлтээр хүчингүй болгосон хуулийг агуулгаар нь буцааж сэргээвэл дахиад Цэц хүчингүй болгох нөхцөл байдал үүснэ. Засаж байгаа хууль нь таслалтай араасаа бичигдсэн заалтыг цувуулаад биччихээд орж байна шүү гэж ажлын хэсэгт хэлсэн.

Миний бодлоор тусгай зөвшөөрөл бүхий байгууллага буюу уурхайгаас хэн олборлож байна тэндээсээ л ялгавартайгаар татвараа авчихъя. Дараа нь боловсруулаад угаадаг компанид өгөхдөө тодорхой өртөг шингээгээд ашигтай байдлаар цаашаа зарчихна. Сангийн яам яг ямар хэмжээний татвар авах ёстой тэр татвараа олборлож байгаа компаниас нь авчих аа. Нөгөө хэд нь өөр өөрсдийн өртөгөө шингээгээд шат шатандаа явсан нь дээр гэж хэлсэн. Эсвэл олборлож байгаагаас нь АМНАТ авна. Дараагийнх нь Ашигт малтмалын нөөцийг боловсруулсны татвар, худалдан боловсруулсны татвар зэрэг өөр өөр нэртэй байвал Цэц дээр унахгүй. Өнөөдөр яалтчгүй татварыг давхардуулсан байна.

-Цэцийн шийдвэрээс болж ирэх оны төсөвт 1.3 их наядын цоорхой гарна гээд байгаа. Үнэхээр ийм эрсдэл үүсэх үү?

-2020 оны төсөв батлагдаад явж байтал дахиад Цэц татаж авчраад сөхвөл ёстой 2020 оны төсөв тасарна гэсэн үг. 1.3 их наяд төгрөгийн нэг их наяд төгрөгийн татварыг аль хэдийнэ хураагаад авчихсан. Он дуустал үлдэгдлийг нь хурааж авах үлдсэн. Түүнээс биш бүр алдагдалтай биш. 2020 онд энэ хууль байхгүй тохиолдолд харин онгорхой болох асуудал гарч ирэх байх.

-Ирэх оны төсөв сонгуульд зориулагдсан гээд нэлээд шүүмжлэл дагуулж байна. Таны хувьд 2020 оны төсөв дээр ямар байр суурьтай байна вэ?

-Нэг л зүйл дээр шүүмжлэлтэй хандаж байгаа. Монгол Улсын төсөв тогоо тойрсон зүйл болчихоод байна. Аж ахуйн нэгжүүдээсээ татвар авдаг, түүгээрээ барилга байшин барьдаг. Буцаад аж ахуйн нэгжүүд нь тендерт ороод өгсөн татвараа босгодог. Монгол Улсын эдийн засаг баялаг бүтээлт нэг нь нэгэндээ татвар өгч, нөгөөх нь татварынх нь мөнгөөр хэдэн цэцэрлэг, сургууль барьдаг жишиг л үргэлжлээд байна. Баялаг бүтээсэн, том үйлдвэрлэл, ирээдүйгээ харсан бүтээн байгуулалтыг олж харахгүй байна. Хувийн хэвшил өөрсдийгөө аваад явах ёстой гэж хаячихаад байна. Үндсэндээ төсөв маань тогоон дотрох хэдэн төгрөгтөө л эргэлдэж байгаа. Өнөөдрийн төсөв сонгуулийн гэхээсээ илүү тогтолцоо чинь иймэрхүү болчихоод байна. Мажоритар тогтолцоо тойргоо услах талын асуудал болчихдог.

Нэг талаас Сангийн яам улсын хэмжээнд харах гэж оролдоно. Нөгөө талаас гишүүд нь таслах гэж оролдоно. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Булган аймагт ямар зүйл хийгдэх ёстой тэр хүрээндээ хоёр тийш нь зулгаалдаад л явж байгаа. Уг нь бид 2019 онд илүү их хөрөнгө оруулалтуудыг тавьсан, нэлээд нь хасагдаж байх шиг байна.

-Энэ асуудалтай холбоотойгоор АН Үндсэн хуульдаа сонгуулийн тогтолцоогоо өөрчилж холимог тогтолцоогоор явах нь зүйтэй гэх байр суурьтай байсан…

-Холимог тогтолцоо байх ёстой. Аливаа зүйл хүнээсээ л их шалтгаална. Холимог толтолцооны сул тал гэдэг үүдээр хөөгдөж гараад тооноор ороод ирлээ гэдэгтэй адилхан. Ард түмэн наад хүнийг чинь таалахгүй гээд байхад нам нь манай энэ мундаг сайн хүн гээд тооноор нь оруулаад ирж байгаа нь угтаа маш буруу. Нөгөө талаар мажоритар тогтолцоо бол ард иргэдтэйгээ шууд тулдаг. Би урьд нь хэлж л байсан. Тийм л мундаг юм бол Их хурал тараад улаан нүүрээрээ ард түмэнтэйгээ тулахаа үзье гэж. Мөнгө төгрөг тараагаад иргэдийн саналыг худалдаж авдаг байдал өнгөрсөн. Ард иргэдийн сонгох боловсрол дээшилсэн.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдах уу. Та хэрхэн харж байна?

-Үндсэн хууль төсвийн дараа яригдаж, шийдэгдэх байх. Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх эрхийг нь өгвөл өгсөн шиг өгье. Давхар дээлээ тайлвал тайлсан шиг тайлъя гэж хэлж л байсан. Үндсэн хуульд орж байгаа өөрчлөлтүүд дотор олон чухал заалт бий. Жишээ нь, УИХ 50 хоног хуралддаг байсан бол 75 хоног хуралддаг болгож байна. Дээрээс нь ирц багатай хууль баталдаг байсан бол ирцийг өндөрсгөж байна. Шүүх засаглал дээр Шүүхийн ерөнхий зөвлөл болох маш том шүүлтүүрийг чангалж өглөө. Шүүгчдийн тоо, ёс зүй, ажиллах хугацааг тодорхой болголоо. Маш олон боломжит хувилбар нэмэлт, өөрчлөлтөөр орж ирсэн. Илүү сайжруулах асуудлууд ч бий.


Categories
мэдээ нийгэм

Н.Мөнхдаш: Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулж Чингис хааны морьтой хөшөө босгосон

Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн гишүүн, “Дархан нутаг” ТББ-ын тэргүүн Н.Мөнхдаштай ярилцлаа.


-Дархан хотод барьсан хөшөөний талаар ярилцлагаа эхэлье. Их өвөрмөц санагдсан. Ямар бэлгэдлээр хөшөөг босгосон бэ?

-Би 1990 оны өмнөх үеийн нийгэм ямар байсныг мэднэ, ардчиллын өмнөх үе гэсэн үг. 1990 оноос өмнө бид өвөг дээдсийнхээ талаар мэдээлэл бага, хаалттай байлаа. Чингис хааны тухай хаа хамаагүй ярьдаггүй, үүх түүхээ сурталчилах зүйл огт байсангүй. Манай улс Оросын нөлөөнд байсан учраас өөрсдийнхөө түүхийг гэхээс илүү социалист орнуудын түүхийг судалж байсан. Тийм ч учраас 1990 оны өмнөх үеийг хүүхэд, залуучуудад ойлгуулъя гэж боддог юм. Энэ үүднээс Ардчилсан хувьсгалын 30 жилийн өмнө Чингис хааны нэрийг хэлэх ч эрхгүй байсан бол өнөөдөр бид үүх түүхээ мэддэг, ярьдаг, сурталчилдаг болсон. Тиймээс ардчиллын 30 жилийн ойг тохиолдуулж Дархан хотод хөшөө босголоо. Дархан нутаг ТББ-ынхантайгаа ярилцаж байгаад Ардчиллын 30 жилийн ойгоор Дархандаа дурсгалтай зүйл үлдээе гэх үүднээс Чингис хааны идэр залуу насны үеийг хонх барьснаар хөшөө босгосон. Хонхоор ардчиллаа төлөөлүүлж, илэрхийлж байгаа юм. Эрх чөлөөний хөшөө гэхэд л Америкт байдаг шүү дээ. Үүнтэй адилтгаж хонх барьсан Чингис хааны хөшөө босгосон. Дархан хотод хоёр дахь хөшөөгөө босгож байгаа нь энэ. Уг хөшөөний нээлтээ бид дэлхий нийтийн нэр хүндийн өдөр буюу аравдугаар сарын 20-нд хийж, дарханчууддаа хүлээлгэж өгсөн. Мөн тус өдөр манай улсын тусгаар тогтнолоо дэлхийд зарласан өдөр.

-Өмнө нь мөн хөшөө босгож байсан санагдаж байна?

-Манай Дарханыг “Найрамдлын Дархан” гэдэг байсан. Тэр утгаар нь эв нэгдлийг бэлгэдэн 2015 онд Алунгуа эхийн хөшөөг Дархандаа бүтээн байгуулсан.

-Ардчиллын 30 жилийг та хэрхэн дүгнэж байна вэ. Манайд Ардчилал бүрэн утгаараа хөгжиж байна уу?

-Нийгмийн томоохон өөрчлөлт хурдацтай хөгжих нь 30 жилийн хугацаанд богино л доо. Нийгмийн хувьсал алдаа, оноотой. Миний хувьд 1990 оноос өмнөх үеийг мэддэг учраас эргээд харахад ардчилал ололттой олон зүйлийг авчирчээ. Жишээ хэлэхэд, Хойд Солонгос ямар хатуу, харанхуй бүдүүлэг байгааг дэлхий нийт харж байгаа. Манай улс шиг ардчилсан улс тун ховор. Ардчилсан орнууд дундаа хариуцлага, дүрэм журмын хувьд хатуу дектатуртай байгаа нь олон ажиглагддаг юм. Манай улс 30 жилийн хугацаанд эрх чөлөөг дэндүү их эдэлж байгаа гэж ойлгодог. Бүр хэтрүүлэн хэрэглээд байна гэж ч хэлж болно. Дүрэм журмаа мэдэхгүй, зөвхөн би л эрх чөлөөтэй, юу ч хийсэн болно гэдэг ойлголттой байна. Ялангуяа төр засгийн өндөр албан тушаалтай хүмүүс маш хариуцлагагүй байна.

-Ардчилал гарснаар баян, хоосны ялгаа үүссэн гэж ярих нь бий. Бүх зүйлийн бурууг ардчилал руу түлхээд байдаг тал байдаг. Энэ тухайд?

-Тийм. Ардчилал гараад алдаа, оноотой л явж байгаа гэж дээр хэлсэн. Одоо парламентын засаглал сайн, муу гээд ярьж байна. Угтаа манайд парламентын засаглал хамгийн зөв. Үүнийг маш сайн хөгжүүлэх хэрэгтэй. Хоёр том хөршийн дунд оршиж байгаа манайх шиг хөгжиж байгаа улсад энэ засаглал маань зөв юм. Өнөөдөр манайд хариуцлага алга. Монгол Улсад хаана, хаанаа хариуцлага хэрэгтэй байгаа юм. Хүн бүр үүргээ ухамсарладаг баймаар байна.

Ялангуяа өндөр албан тушаалтнууд хууль, дүрэм журмаа үл хайхардаг, хариуцлага гэх зүйл байхгүйд нийгэм бухимдалтай байна. Өндөр албан тушаалтнууд нь хэрэгт холбогдчихоод ямар ч хариуцлага хүлээдэггүй. Гишүүд нь өөрсдөдөө зориулсан хууль гаргаж, хүү зохиож зээл авч байна. Хүүгүй шахуу мөнгө аваад явж байдаг.

Хариуцлагын тогтолцоо гэх зүйл манайд алга. Тэр дундаа эрх мэдэлтэй хүмүүсийн хариуцлагын асуудлыг маш сайн гаргаж тавих хэрэгтэй. Хариуцлага, шударга ёсыг л иргэд хүлээж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Раднаасэд: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг мөлийлгөхгүйгээр батлах учиртай

-ХУУРАМЧ АККАУНТААС ХҮН ГҮТГЭСЭН ТОХИОЛДОЛД ХОРИХ ЯЛ ХҮРТЭЛХ АРГА ХЭМЖЭЭ АВАХААР ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ОРУУЛЖ БАЙНА-

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдтэй ярилцлаа.


-2020 оны төсөв хэлэлцэгдэж байна. Аймаг, орон нутагт их, бага хуваарилагдсан, сонгуульд зориулагдсан зэргээр шүүмжлэгдэж байна. Ирэх оны төсвийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэ жилийн төсөв 2017 оны төсвийг баталж байх үеийнхтэй харьцуулахад тэс өөр. Зарим хүмүүс одоо мартсан байх аа. 2017 оны төсвийг баталж байхад Монгол Улс өрнөөсөө яаж салах вэ, хэрхэн дампууралд орохгүй байх вэ, дефолтын өмнөх үе гэсэн тийм л сэдвийг гишүүд хөндөн ярьж байлаа.

Харин өнөөдөр бид цалин тэтгэврээ өсгөж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжээ нэмэгдүүлэх тухай ярьж байна. Өөрөөр хэлбэл, бид гэрэл гэгээтэй зүйл рүү өнгийчихсөн явж байна гэсэн үг л дээ. Харамсалтай нь төсөвт зарим улс төрийн нам, хүмүүс янз бүрийн нэр хоч өгч байгаа харагдах юм.

Сонгуульд санал авах гэж байгаа төсөв гэдэг ч юм уу. Угтаа тийм биш. Улс орны төсөв гэдэг хамгийн наад захын айлын амьдралыг яаж өөд нь татах уу, иргэн бүрт төсвийн үр өгөөжийг хэрхэн хүртээх вэ, цалин тэтгэврийг нь яаж нэмэгдүүлэх үү, сургуулийн галч хийж байгаа хүний цалинг хэрхэн нэмэх үү гэдгээс л эхэлдэг.

Миний харж байгаагаар 2020 оны төсөв улс орны эдийн засгаас эхлээд нийгмийн давхарга бүрийн аж амьдрал руу чиглэсэн төсөв болсон.

-2020 оны төсвийн зарлагын багагүй хувийг нийгмийн халамж эзлэхээр байсан. Энэ тухайд?

-Ирэх жил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөгөөр тогтоож өгч байгаа. Энэ бол урагшаа явж байгаа өнгө төрх. Сүүлийн гурван жилийн хугацаанд манай улсын эдийн засаг сайжирч, өсөлт нэмэгдэж байгааг макро эдийн засгийн үзүүлэлтүүд харуулж байгаа. 2014 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 2018 оноос жил бүр нэмэгдүүлэх бодлогыг баримталж байна.

ЕБС-ийн бага ангийн сурагчийн үдийн цайны тарифыг 2020 оноос 50 хувиар нэмэгдүүлэхээр болж байна. Сум, дүүрэгт баригдах цэцэрлэг, сургуулийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Малчид, хувиараа аж ахуй эрхлэгчид 1995-2019 оны хооронд төлж чадаагүй шимтгэлээ 2020 онд нэг удаа нөхөн төлж, тэтгэвэр авах боломжтой боллоо. МСҮТ-д суралцагсдад cap бүр олгож байсан 100 мянган төгрөгийн тэтгэлгийг 200 мянган төгрөгт хүргэж байна.

Эх, хүүхдийн нийгмийн хамгааллын чиглэлээр салбарт бүрт цогц бодлого хэрэгжүүлж байгаа. Энэ мэтчилэн нийгмийн давхарга бүрт чиглэсэн нийгмийн хамгааллын бодлого хэрэгжүүлж байна. Төсөв бол улс орны хөгжлийг урагшлуулж, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын бодлогоор дамжуулж айл өрх, иргэн бүрийн амьдралд наалдацтай, хүртээмжтэй байхад чиглэгдэх ёстой.

-АМНАТ-ынн талаар Цэц шийдвэрээ гаргасан. Үүнтэй холбогдуулж Сангийн сайд Ашигт малтмалын нөөц ашигласны татвар үгүй болж төсвийн орлого жилд 1.3 их наяд төгрөгөөр буурахад хүрч байна гэсэн. Тэгэхээр төсөвт 1.3 их наяд төгрөгийн алдагдал гарах эрсдэл үүсэх үү?

-АМНАТ гээд нүүрсний чиглэлийн үйлдвэр эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдтэй холбоотойгоор Сангийн сайд 1.3 их наяд гээд дуугарчихлаа. Цэцийн дүгнэлтийг харах ёстой. Ер нь орлого тасарна гэдэг Монгол Улс төлөвлөсөн хэмжээнийхээ орлогыг олж чадахгүй болж, тэр хэрээрээ зарлагаа танахад хүрнэ гэсэн үг.

Хэрвээ орлого тасалсан Цэцийн шийдвэр зөв болж, Их хурлаар баталгаажаад явбал ирэх жилийн төсвийн алдагдал ихсэх учраас зарлагыг дахин бууруулна. Урсгал зардал, хувьсах зардлаасаа хумих уу, хөрөнгө оруулалтаа багасгах уу гэдэг асуудал ирэх жилийн төсөв дээр зайлшгүй яригдана.

-Манай улс ойрын жилүүдэд Чингис, Мазаалай, Хуралдай бондуудыг төлөх ёстой. Энэ хэмжээний өр төлбөрийг барагдуулах боломж бидэнд бий юү?

-Монгол Улс орлогоо нэмэгдүүлж байж төлнө. Нэмээд зээл аваад төлнө гэж байхгүй. Ямар арга хэлбэрээр байх вэ гэдгээ бодолцох ёстой. Томоохон төслүүдээ яаж хөдөлгөх, гадагшаа гаргаж байгаа валютаа дотооддоо үйлдвэрлэж түүнээсээ орлого олох, эсвэл экспортын чиглэлийн бүтээгдэхүүнээ хэрхэн нэмэгдүүлэх эсэхээ ярьж байж өр барагдуулах тухай ярих учиртай.

Ирэх жилээс төсөв дээр маш их хэмжээний өрийн дарамтууд орж ирнэ. Чингис, Самурай зэрэг бондоос авч идсэн өрийн үндсэн төлөлтүүд эхэлж байгаа учраас ирэх дөрвөн жил бид бүсээ чангалсан байдалтай явна. Засгийн газрын ер зохих түвшинд буурч байгаа. Гэсэн ч өрөө хангалттай хэмжээнд төлж барагдуулахад зовлон бэрхшээл их байна.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлах асуудал хэдэн cap үргэлжиллээ. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдах уу?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулж, хэлэлцүүлж, батлуулна гэдэг бол хугацаа шаардсан нүсэр ажил. Тогтолцоо, хуулиасаа хамаарсан шүүх, орон нутаг, Засгийн газар хоорондын харилцаа, Ерөнхийлөгч Их хурлын хоорондын харилцаа, төрийн гурван өндөрлөгийн зөрчил зэргийг Үндсэн хуульд зохицуулж батлахаас өөр замгүй нөхцөл байдал үүссэн.

Олон жил ярьсан сэдэв. Дээрээс нь одоогийн Их хурал баталж, чадахуйц потенциалтай. 64 гишүүн гарын үсэг зурж өргөн барьсан учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батална гэдэгт итгэлтэй байгаа. Зарим нэг хүмүүс анх оруулж ирсэн төсөл, санал өөрчлөгдсөн учраас дэмжихгүй гэх байр суурь илэрхийлж байгаа нь ажиглагдсан. Г эхдээ мөлийлгөхгүйгээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталмаар байгаа юм.

Ялангуяа орон нутгийн хурлын асуудал, шүүхтэй холбоотой ганц нэг зүйл заалтыг мөлийлгөх тал үүссэн. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дорвитойхон хийж батлах ёстой. Хэрвээ цаашаа гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэг рүү бүр мөлийлгөөд оруулбал нэмэлт, өөрчлөлт хийсний үр дүн гэж гарахгүй. Энэ нь Үндсэн хуульд гар дүрж болох юм байна гэдэг ойлголтыг дараа дараагийн Их хуралд өгөхийг ч үгүйсгэх аргагүй.

Дурын Их хурал, гишүүд нь нийлж байгаад өөрчилчихдөг хууль, сэдэв Үндсэн хууль биш ээ. Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой асуудал юм.

Монгол Улсын тулгуур багана учраас бусад хуулиуд нь үүнээс салаалж гарч, тэдгээрээс нь дүрэм журам бий болж ард иргэдэд үйлчилдэг. Тэр хэрээрээ амьдралын нарийн асуудлыг зохицуулдаг. Үндсэн хууль бол улсын үндсийг бататгасан тулгуур хууль. Бид Үндсэн хуулиа дураараа өөрчлөөд байвал хоёр том гүрний дунд оршиж байгаа манайх шиг жижиг улсад эрсдэлтэй. Г азар нутаг, тусгаар тогтнолоо алдах аюултай. Тиймээс маш хариуцлагатай хандаж сэдвээ зөв барьж хөндөх ёстой юм.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нэн тэргүүнд сүүлийн 20 гаруй жил тогтворгүй явж ирсэн Засгийн газрыг тогтворжуулах, гүйцэтгэх эрх мэдлийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа. Гүйцэтгэх эрх мэдлийг нэмэгдүүлэх заалтууд сайн тусгагдаж чадсан гэж үзэж байна уу?

-Өнгөрсөн хугацаанд Засгийн газар дунджаар 1.4 жилийн настай ажилласан гэсэн судалгаа гарсан. Засгийн газрын тогтвортой байдал гэдэг чинь улс төрийн тогтвортой байдлын үндэс суурь. Улс төрийн тогтвортой байдлын өөрчлөлтүүд төсөлд хангалттай хэмжээнд тусгагдсан.

Засгийн газрын тогтвортой байдлыг хангах өөрчлөлтүүд энэ чигээрээ батлагдах ёстой гэж харж байгаа. Хэрэв бид энэ өөрчлөлтийг хийж чадахгүй, Ерөнхий сайд, Засгийн газрыг өөрчилдөг хэвээр байвал Засгийн газар гуйвдаг, дайвдаг байдал руу орно.

-Шүүхийг улс төрөөс хараат байна гэх шүүмжлэл их байдаг. Шүүх засаглалын тухайд Үндсэн хуульд оруулж ирж байгаа өөрчлөлтүүдийн талаар ямар байр суурьтай байна вэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн тоог нэмснээр ямар өөрчлөлт, үр дүн гарах вэ?

-Шүүх хараат бус байна гэдэг шүүгч хараат бус байхаас эхэлж байгаа юм. Шүүгчийг хаанаас сонгон шалгаруулж, хэрхэн томилж байна вэ гэдэг чухал. Сонгосон хүн нь зөв хүн байвал бүх зүйл голдрилоороо явна. Эрх мэдэлтэй хүний талд үйлчилдэггүй, авлига, хээл хахууль авдаггүй хүнийг шүүгч болгох ёстой юм. Үүний тулд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоог нэмэх ёстой.

Шүүлтүүрээр гаргаж ирсэн шүүгчийг Ерөнхийлөгч томилдог хэлбэр лүү явах ёстой гэж үзсэн. Өмнө нь таван хүн шүүгчийг сонгодог байсан бол одоо арван гишүүн сонгохоор болж байна. Орон тооны бус хэлбэртэй, төрийн бус өмгөөллийн байгууллагууд, прокурор зэрэг газраас үнэлэлт дүгнэлт егөөд тухайн шүүгчийн албан тушаал дээр өрсөлдөж байгаа хүмүүсээс илүү гэсэн 10 гишүүнийг сонгоно.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоо олон байх тусмаа зөв хүнийг сонгож чадна гэж харж байгаа. Зарим улс орнууд Их хурлын сонгууль шиг тухайн тойргийн шүүгчийг тойргийнх нь ард иргэдээс сонгож байна. Бидэнд тийм боломж, бололцоо байхгүй. Тийм учраас сонгон шалгаруулж буй ерөнхий зөвлөлийг нь чанаржуулж, томруулж, оролцоотой болгож байгаа юм.

-Үндсэн хуульд намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэд эвлэлдэн нэгдэж байгуулна гэж заасан. Энэ заалтыг зарим намууд эсэргүүцсэн. Намын гишүүнчлэлийн тоог хатуу зааж өгөх нь хэр зүйтэй юм бэ?

-Хүн болгон нам байгуулаад явъя л даа. Тэгвэл юу болж хувирах вэ. Хязгаар тавих нь зөв. Үнэхээр зөв бодлого, хөтөлбөртэй бол нэг хувь байтугай, хэдэн арван хувь нь дэмжинэ. Зөвхөн сонгуульд зориулагдсан шинжтэй намууд сонгуулийн өмнө хэд хэдээрээ төрдөг. Тэр л маягаар намууд гарч ирж байна.

Цөөн хүн амтай бидний хувьд улстөржсөн байдлаар ард иргэдийг хагаралдуулдаг, талцуулдаг байдлыг багасгах нь зүйтэй. Энэ заалтыг хэдэн намын дарга нар л эсэргүүцээд байгаа болохоос ард иргэд эсэргүүцэхгүй байгаа.

-Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудал мөн орж байгаа. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

-Энэ заалт байх ёстой, явж л ирсэн зарчим. Үнэхээр бодлого нь явахгүй бол Ерөнхий сайд нь өөрөө өргөдлөө өгдөг байх ёстой.

-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орлогыг ашиглахдаа байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэх заалт орж байна. Энэ тухайд?

-Стратегийн ач холбогдол бүхий гэдэг үг орсон. Үг зүйн хувьд би юм ярихгүй. Стратегийн ач холбогдол бүхий гэдэг тодорхойлолт Ашигт малтмалын тухай хуульд бий. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль анхдагч тулгуур хууль учраас Үндсэн хуульд энэ үг орж байж Ашигт малтмалын тухай хуульд шигтгэгдэх ёстой.

Нөгөө талаар Ашигт малтмалын тухай хуульд оруулж өгсөн тэр заалтыг арилгачихвал, өнөөх Үндсэн хууль дахь заалт зүгээр л тунхаг төдий л болно. Амьдралд хэрэгжихгүй, тунхаглалын чанартай зүйл болоод л үлдэнэ гэсэн үг.

-Эрүүгийн хуульд Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой өөрчлөлт орсон. Үүнээс үүдэж 400 гаруй хэрэг хаагдсан гэж байна. Та тухайн үед Хууль зүйн байнгын хорооны дарга байсан. Яг ямар өөрчлөлт оруулчихсан юм бэ?

-Энэ талаар олон удаа ярьсан. Та бүхэн тэрхүү байнгын хорооны хурлын протоколыг үзэх нь зөв байх.

-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Төслийн 13.14 дүгээр зүйлд гүтгэх заалт орсон. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэлэх, хардах эрхийг хааж, боогдуулж байгаа хэрэг биш үү?

-Хардах эрхийг нь нээлттэй орхисон байна лээ. Сошиал орчинд хуурамч аккаунтаас хүний нэр төрд халдсан янз бүрийн зүйл, эсвэл нийгмийг бухимдуулсан, үнэнээс гажуудсан ташаа мэдээлэл их цацагддаг. Мэдээж Монгол Улсад цагдаа, тагнуул, кибер гэмт хэргийн алба тасаг ажиллаж байгаа учраас эзэн холбогдогч нь ил болж таарна. Тиймээс хуурамч аккаунтаас хүн гүтгэсэн тохиолдолд торгуулиас хорих ял хүртэлх арга хэмжээ авахаар Эрүүгийн хуульд оруулж байгаа юм билээ.

Гадны орнуудад сошиал орчинд хэн, хаанаас юу бичиж байгаа нь ойлгомжтой, бүртгэл нь тодорхой байдаг. Харин Монголд л зуун задгай, жаран хагархай гэгчээр явж байна. Хүмүүс үг хэлэх эрх, хаалаа боолоо гэж шүүмжилж байна л даа. Үг хэлж болно. Тэр эрх нь нээлттэй. Гагцхүү үнэнийг л бичих хэрэгтэй.

Categories
мэдээ улс-төр

Б.Баттөмөр: Мөнгө угаахтай тэмцэх ажлыг үндэсний хэмжээний үйл ажиллагаа болгосноор үр дүнд хүрнэ

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Та 2007 онд “Мөнгө угаах гэж юу вэ” гэх ном бичиж байсан. Ер нь мөнгө угаах гэдгийг энгийнээр тайлбарлавал?

-Хамгийн энгийнээр тайлбарлахад мөнгө угаах гэдэг нь хууль бус, бохир аргаар олсон мөнгөө хууль ёсны мэт харагдуулах арга гэж хэлж болно. Мөнгө угаахдаа зэвсгийн хууль бус худалдаа барааг хилээр хууль бусаар нэвтрүүлэх, зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхины хууль бус эргэлт, биеэ үнэлэх, хүний наймаа зэргийг ашигладаг гэж үздэг. Мөнгө угаах үйл ажиллагаа төрөл бүрийн гэмт хэргийг араасаа дагуулдаг. Мөнгө угаах гэдэгт татварын луйвар, хууль бус бүх худалдаа үйлдвэрлэл, терроризм, болон бусад гэмт хэргээс олсон бохир мөнгө мөн хамаарна. Түүнчлэн төрийн мөнгийг шамшигдуулах, ашиглах, албан тушаалын гэмт хэрэг, авлига хээл хахууль, компьютерээр дамжих луйвар зэрэг нь их орлогыг хуримтлуулах учир түүнийг угаах шаардлага заавал гарна. Ийм мөнгийг угаахын тулд хууль дүрэм нь хэрэгждэггүй, татвараас зайлсхийх боломжтой газрыг сонгодог.

-Мөнгө угаах гэмт хэргийн талаар та өөрийн байр сууриа илэрхийлээч?

-НҮБ-ын Хар тамхи болон гэмт хэрэгтэй тэмцэх агентлаг (UNODC)–ийн үзэж байгаагаар мөнгө угаагчид хар тамхины хууль бус худалдаа болон зохион байгуулалттай гэмт хэргээс асар их орлого олж, ойролцоогоор дэлхийн ДНБ-ий 3.6 хувьтай тэнцэх мөнгө буюу 1.6 их наяд ам.долларыг жилдээ угааж байна. Сүүлийн жилүүдэд мөнгө угаах гэмт хэрэг олон улсын шинжтэй болж, санхүүгийн гэмт хэрэг үйлдэхэд технологийн дэвшлийг ашиглах болсны дээр олон улсын гэмт хэрэг олон талт асуудлыг үүсгэх боллоо.Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмтхэрэг, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, хар тамхи хууль бус худалдаатай тэмцэхийн тулд улс орнууд хүчээ нэгтгэн харилцан бие биедээ туслах, мэдээлэл солилцох, санхүүгийн гэмт хэргийг илрүүлэхэд эрх зүйн туслалцаа үзүүлэх зэргээр хамтран ажиллаж байна. Саяхан манай улсад 800 орчим хятад иргэд компьютер, гар утас, ашиглан хийж байсан ажил нь мөнгө угаах чиглэлээр хийгдсэн байх өндөр магадлалтай. Хууль хяналтын байгууллага шалгаж шийдэх байх.

-Дэлхий дахинд анх хэн, хэзээ, хаана мөнгө угааж эхэлсэн юм бол?

-Ер нь мөнгө угаахын товч түүх нь төрөөс олсон мөнгөө нуух, тухайлбал хураан авахаас болон татвар ногдуулахаас зугтаах зорилгоор нууж ирсэн байдаг. Хэзээ мөнгө угааж эхэлснийг тодорхой тогтоогоогүй хэдий ч 2000 жилийн тэртээгээс Хятадын худалдаачид мөнгө хөрөнгөө нуух, бөглүү тосгонд аваачиж хөрөнгө оруулах өөр улс оронд гаргах зэрэг арга хэрэглэдэг байжээ. Ийм маягаар оффшорын бизнес үүсч, татвараас зугтаах боломжийг бүрдүүлж өгсөн байдаг. Хэдэн мянган жилийн туршид хүмүүс гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө угаахдаа гол төлөв засгийн хараанд орохоос сэргийлж зугтаалгах аргыг түгээмэл хэрэглэдэг байсан. 1980-аад оноос олон улсын хэмжээнд мөнгө угаахыг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж эхэлсэн. 1989 онд FATF(Financial Task Ac­tion Force)байгуулагдсан. 1990 онд гаргасан анхны тайландаа энэ байгууллага мөнгө угаах үйлдлийг эрүүгийн гэмт хэрэг гэж хуульчлахыг зөвлөмж болгосон.

-Мөнгийг хэн угаадаг вэ?

-Нийгмийн бүх давхаргын төлөөлөгчид санаатай болон санаандгүй байдлаар энэ гэмт хэрэгт холбогддог. Хэн нэгэн хүн гэмт хэрэгтний хууль бусаар олсон мөнгийг угаахад оролцсон бол мөнгө угаагч болно гэсэн үг л дээ. Мөнгө олох зорилгоор гэмт хэрэг үйлдэхийг эдийн засгийн гэмт хэрэг гэдэг. Энэ нь голдуу амар хялбар аргаар богино хугцаанд баяжих хүсэлдээ автагдан мөнгө угаадаг. Гэмт хэрэгтнүүд олсон мөнгөө дараагийн гэмт хэргээ санхүүжүүлэх, хаа нэг газар нуун дарагдуулж байгаад ашиглах, эсхүл шууд ашигладаг.

-Мөнгө угаах үе шатууд гэж байх уу?

-Мөнгө угаах хэд хэдэн үе шат бий. Хууль бус орлогоо эхлээд санхүүгийн байгууллага руу оруулж ирэхийг хичээдэг. Банкны данс руу оруулж ирэхдээ хэд хэд хувааж, багасгах замаар оруулдаг. Нэгэнт оруулсан мөнгөө буцааж гаргахын тулд мөнгө угаагч худалдан авсан барааны үнэ төлөх, хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгох, үйлчилгээний төлбөр болгох гэх мэтээр банкнаас банкны хооронд шилжүүлж эхэлнэ.Ингэхдээ мөнгө угаахын эсрэг арга хэмжээг сайн хэрэгжүүлдэггүй, ФАТФ-ын шаардлагыг биелүүлдэггүй, биелүүлсэн ч хагас дутуу биелүүлдэг орныг сонгож авдаг. Хэд хэдэн удаа ийш тийш дамжуулан шилжүүлж байгаад дараа нь хууль ёсны эх үүсвэр болгоод буцаад анх шилжүүлсэн орондоо байршуулна. Мөнгийг угаах явцад оффшор санхүүгийн, бүс нутгийн санхүүгийн, дэлхийн хэмжээний банкны төвүүдийг ашигладаг. Зарим тохиолдолд мөнгө хаана байж байгаад хаашаа шилжсэн нь тодорхойгүй, үндсэндээ мөрөө баллуурдах замаар гүйлгээ хийдэг.

-Олон улсын хэмжээнд мөнгийг хаана байршуулдаг, ямар аргаар цэвэршүүлдэг талаар мэдээлэл хэр нээлттэй байдаг вэ?

-Мөнгө угаахдаа эхлээд гэмт үйл ажиллагаанаас олсон орлогыг байршуулна. Дараа нь ямар замаар хаанаас орж ирсэнийг далдлах зорилгоор ийш тийш шилжүүлэх үйл ажиллагаа явуулна. Эцэст нь хууль ёсны болгож авдаг. Өөр нэг арга нь бэлэн мөнгөний урсгалыг хянахад төвөгтэй бизнес эрхэлж, бага багаар хөрөнгө оруулж, түүндээ татвар төлөх явдал юм. Дансаар дамжуулан байршуулах аргыг өргөн хэрэглэдэг. Гадаадын хадгаламж авагч байгууллагуудад зориулан данс нээхдээ санхүүгийн байгууллагуудад хянуур хандвал зохилтой. Яагаад гэвэл гадны болон дотоодын банк нь мэдээгүй байхад үйлчлүүлэгч нартай чекээр үйлчлэх данс нээх үзэгдэл түгээмэл байдаг.

-Дэлхийд болон Монгол Улсад мөнгө угаах үйл ажиллагааны цар хүрээ өргөжиж байгаа гол шалт-гааныг та юу гэж харж байна вэ?

-Мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэхэд гол бэрхшээл үүсгэж байгаа нэг зүйл нь дэлхийн өнцөг булан бүрээс өдөрт хэдэн саяаараа дамжиж байгаа банкны гуйвуулгын тоо хэмжээ юм. Банкаар дамжуулан мөнгө угаахаас гадна гэмт бүлэглэлүүд хөрөнгийн биржийн арилжаа, санхүүгийн байгууллага, шуудан харилцааны газрууд, казино, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, болон банк бус санхүүгийн байгууллага, зээлийн хоршоогоор дамжуулан мөнгийг угааж байна. Мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэхэд үүсдэг гол бэрхшээл нь улс орнуудын хувьд уг асуудлыг хэрхэн авч үзэж байгаа,түүнтэй хэрхэн тэмцэж байгаа арга хэрэгсэлтэй холбоотой. Зарим оронд мөнгө угаах арга ажиллагааг гэм хэрэг гэж үзэж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байхад зарим оронд үүнийг хүлээн зөвшөөрдөг. Ийм учраас гэмт хэрэгтнүүд буруу замаар олсон орлогоо гагцхүү тэдгээр орнуудад очиж угаах сонирхолтой байдаг.

Хэрэв их хэмжээний хууль бус орлогоо эргэлтэд амжилттай оруулж чадсан бол мөнгө угаагчдын үйл ажиллагааг илрүүлэхэд бэрх болдог. Нуун далдлах үе шат гэдэг нь гадна талаас нь харахад хууль ёсны үйл ажиллагаа явуулж байгаа дүр үзүүлэх боловч мөн чанартаа мөнгөний хууль бус эх үүсвэрийг нуун далдлахад чиглэсэн үйл ажиллагаа юм. Зарим улс орнуудад валют солих диллерийн үйл ажиллагаанд бараг хяналт тавьдаггүй учраас бэлэн мөнгөний гүйлгээ хийсэн тухай нарийн дүн бүртгэл хөтлөхийг шаарддаггүй. Мөнгө угаагч нь мөнгөө гадаад валютын чек болгоод гадаадын дансанд чекээ оруулдаг. Эсхүл гадаадаас бараа худалдан авахад түүгээрээ төлбөрийн тооцоо хийдэг. Түүнчлэн валют солих сүлжээгээр өөрийн орон руу мөнгөө шилжүүлдэг.

-Мөнгө угаах гэмт хэргийн хор уршиг маш их байна. Тэдгээрээс хамгийн ноцтой аюултай нь юу вэ?

-Мөнгө угаах нь гэмт хэрэг бөгөөд улс орны нийгэм, эдийн засагт асар их хор хохиролтой. Мөнгө угаах бизнес нь хар тамхины наймаачид, контрабанд үйлдэгч нар болон бусад гэмт хэрэгтнийг үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд түлхдэг. Мөнгө угаах нь хууль сахиулах байгууллага, эрүүл мэндийн үйлчилгээний өртөг зардлыг нэмэгдүүлж, санхүүгийн байгууллагын хүчин чадлыг доройтуулдаг. Мөн хууль бусаар олсон их хэмжээний бэлэн мөнгийг эргэлдүүлдэг учраас авлигыг цэцэглүүлэх гол суурь болдогоороо маш хохиролтой. Мөнгө угааснаар улсын төсөвт орох орлого буурч, татвараа шударгаар төлөгч иргэдийг хохироож, ажлын байр шинээр бий болох боломжуудыг бууруулдаг.Мөн иргэдийн амьдралын чанарыг доройтуулж, цаашлаад үндэсний аюулгүй байдалд заналхийлнэ.

-Банк санхүүгийн байгууллагаар дамжуулан мөнгө угаах тохиолдол их байдаг уу?

Мөнгө угаах нь хамгийн түрүүнд банк, санхүүгийн байгууллагуудын үйчилгээний зах зээлд сөргөөр нөлөөлж, ёс зүй, бизнесийн хэм хэмжээг доройтуулна. Санхүүгийн байгууллагын нэр хүнд, ёс зүй асар өндөр байж олны итгэлийг хүлээж, мөнгийг нь байршуулж, өөрсдөө оршин тогтнож, ашиг орлого олдог. Мөнгө угаалтад өртсөн санхүүгийн байгууллага, банк дотооддоо болон гадаадын харилцагч, дамжуулагч банкуудаа алдаж, гүйлгээ хийх боломжоо хумих аюултай. Мөнгө угаахтай холбогдож бизнесийн нэр хүндээ алдах нь банк, санхүүгийн байгууллагын хувьд дампуурах нөхцөлөө бүрдүүлсэнтэй адил сөрөг нөлөө үзүүлнэ. Ийм учраас дэлхий дээрх бүх банк, санхүүгийн байгууллага мөнгө угаахын эсрэг арга хэмжээгээ чангатгаж байна. Макро эдийн засгийн түвшинд мөнгө угаах явдал ихээхэн хэмжээний сөрөг нөлөөг үзүүлэх бөгөөд мөнгөний хомсдол үүсэх, хууль ёсны санхүүгийн гүйлгээнд хортойгоор нөлөөлөх, гадаадын капиталын урсгалд өөрчлөлт орох, валютын ханш өсөх, хил дамнасан хөрөнгийн гадагшлах урсгал гэнэт нэмэгдэх зэргээр илэрнэ. Мөн авлига нэмэгдэж, нийгмийн ёс суртахуун, шударга байдлыг дээдлэхэд сөргөөр нөлөөлж, хуулийн засаглал болон ардчиллын үнэт зүйлсийг хэврэг болгоно.

-Гэмт хэрэгтнүүд угаасан мөнгөө ер нь хаана нуун дарагдуулж болох вэ?

-Мөнгө угаагч хууль бус орлогоо нуухын тулд мөнгө угаасан орны банкнаас кредит карт авч түүнийгээ албан болон хувийн зорилгод ашигладаг. Мөн даатгалын компани ашиглах, хууль бус орлого олсон орон болон гадагш гаргах орны хооронд худалдааны хэлцэл хийж, барааны захиалга өгөх, бараа үйлчилгээний үнийг хэт өсгөж угаасан мөнгөө хавчуулах, эсхүл бүр эхнээсээ хуурамч үнийн нэхэмжлэл явуулж мөнгөө угаадаг.Мөнгийг банкаар дамжуулан угааснаар орлого нь хууль ёсных хэмээн тооцогдож мөнгө эргэлтэд орох боломжийг бүрдүүлдэг. Гадаад улсын дансанд хууль бусаар орлогоо хадгалж буй мөнгө угаагч нь хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн бол юуны түрүүнд хууль ёсны орлогоосоо урьдчилгаа хийгээд үлдсэн мөнгөө төлөхдөө хууль бус орлогоо хадгалж буй гадаадын банкнаас зээл авдаг. Авсан зээлээ хууль бус орлогоосоо төлдөг. Ингээд хөрөнгө оруулалтаас буцаж ирсэн мөнгө нь угаагдсан мөнгө байдаг. Сүүлийн жилүүдэд техник технологийн дэвшилийг ашиглан мөнгө угаах нь эрс өссөн бөгөөд маш хурдтай олон удаагийн давтамжтай, хил хязгааргүйгээр их хэмжээний мөнгийг угааж байна.

-Олон улсын хэмжээнд ямар арга, хэрэгслүүд ашиглан мөнгийг угааж байна вэ?

-Оффшор бүсээр дамжуулан, цахимаар, худалдаагаар дамжуулан, санхүүгийн бүтээгдэхүүн маягаар, халхавч компаниар дамжуулах, цахим сүлжээн дэхь луйвар, картын луйвар, банкаар дамжуулан, мөнгөн гуйвуулгын албан бус сувгаар, терроризмыг санхүүжүүлэх, алтны болон эрдэс баялгийн худалдаа, хар тамхины хууль бус наймаа хийх гэх мэт мөнгө угаах олон арга байна. Олон улсын хэмжээнд нийтлэг аргын нэг болох оффшор бүсүүдэд мөнгө угаахдаа гол төлөв оффшор төвүүд, татваргүй бүсүүдэд очиж ажил үйлчилгээ эрхлэх нь хялбар. Яагаад гэвэл гадны хүмүүс бизнес эрхлэхэд ямар нэгэн хориг хязгаар байхгүй, оффшорын банкууд хэнээс ч хамаагүй мөнгийг авч хадгалдаг. Сүүлийн жилүүдэд татвараас зугтаах хуулиас гадуур бизнес эрхлэх хүсэлтэй гадныханы хувьд байгалийн баялаг нь хомсдоод гадаад валютын нөөц нь багассан, эдийн засгийн хөгжлийн төлөв нь бүдгэрсэн улс орнууд мөнгө угаах таатай орчин бүхий газар болж хувирсан. Хөрөнгө оруулагчдыг татахын тулд маш доогуур буюу огт татвар ногдуулахгүй учраас компаниуд жирийн иргэд хүртэл татварын ачааллаа хөнгөлөхөөр тийшээ зүглэдэг болсон. Татвараас зугтаахын тулд өөр оронд байрлахыг гэмт хэрэг гэж үздэггүй учир учраас тэд ийнхүү хөрөнгөө байршуулдаг бөгөөд зөвхөн гадныханд ийм хөнгөлөлт үзүүлдэг. Хамгийн гол нь бусад орны хуулиар олгогдоогүй эрхийг тэдэнд санал болгодог ба банкны нууцлалын тухай хууль нь хөрөнгөө нууцлахад тус болдог.

-Техник технологийн дэвшил нь мөнгө угаах гэмт хэрэгт нөлөөлж байна гэж үзэж болох уу?

-Сүүлийн жилүүдэд мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжил, ухаалаг картын нэвтрэлт, электрон банкны үйлчилгээ, бизнес гарч ирснээр сүлжээгээр мөнгө угаах явдал их гарч байна. Орчин үеийн санхүүгийн систем сая сая долларыг хувийн компьютер, сансрын хиймэл дагуулыг ашиглан нүд ирмэх зуур шилжүүлж байна. Санхүүгийн системд сүлжээний бизнес өргөжсөнөөр бэлэн мөнгө буюу и-мөнгийг ухаалаг картаар болон интернэтээр шилжүүлдэг болсон. И мөнгө нь нүдэнд харагдахгүй ч яг л цаасан мөнгөний үүрэг гүйцэтгэж чадах ба эрсдэл багатай, шилжүүлэх, авч явах, захиран зарцуулах, хамгаалахад төвөггүй, харин ч цаасан мөнгөнөөс илүү хялбар учраас мөнгө угаагчдын анхаарлыг татдаг. И мөнгийг шилжүүлэхэд цаг хугацаа орохгүй нүд ирмэх зуур улс орнуудын хил хязгаарыг даван туулж, чөлөөтэй хязгааргүй орчинд шилжих боломжтой.Мөнгө гуйвуулгын хувьд хууль ёсны болон хууль бус шилжүүлгийн систем үйлчилдэг бөгөөд үүнийг зэрэгцээ /паралел/ банк гэдэг. Мөнгө шилжүүлгийн хууль ёсны систем нь хувийн хэрэглэгчид, электрон банкны болон компанийн харилцагчдын хүрээнд олон улсын хэмжээнд бол томоохон төлбөрийг хийдэг swift эсхүл target-аар дамждаг. Харин хууль бус шилжүүлэг нь “Хавала” маягийн системээр дамждаг. Энэ систем нь банкны албан ёсны данс ашиглалгүйгээр албан бус, итгэлцлийн холбоон дээр оршин тогтнодог.

-Гадаадын улс орнуудад казинод мөнгө угаадаг гэсэн мэдээлэл байдаг. Энэ хэр үнэн бодитой вэ?

-Казино нь мөрийтэй тоглоомоос гадна санхүүгийн олон төрлийн үйлчилгээ буюу хадгаламж, зээлийн данс нээх, хөрөнгө мөнгийг шилжүүлэх, чекийг бэлэн мөнгө болгох, валют солих зэрэг үйлчилгээг санал болгодгоороо хадгаламжийн болон санхүүгийн бусад байгууллагаас ялгарахгүй. Энд бэлэн мөнгө их хэмжээгээр эргэлддэг учраас мөнгө угаах болон санхүүгийн бусад гэмт хэрэг үйлдэгдэх бас нэг газар болдог. Гэмт хэрэгтнүүд казинод хуурамч мөнгө, бүхэл дэвсгэртүүдийг угаадаг.Учир нь тэдгээрийг бусад газарт хууль ёсны мөнгө болгох нь маш эрсдэлтэй байдаг.

-Ямар улс орнууд мөнгө угаахад хамгийн өртөмтгий байгаа вэ?

-Банкны эрх зүйн зохицуулалтын дүрэм, журамгүй банкыг үр ашигтай удирдах менежмэнтийн зарчмыг баримталдаггүй, мэргэжилтэй боловсон хүчин хомс газрууд юуны өмнө өртөх магадлалтай. Мөнгө угаах гэдэг бол дэлхийн хэмжээний асуудал болоод байгаагийн дээр улс орнууд хүчээ нэгтгэн хамтран тэмцэж байж л амжилтад хүрэх нөхцөл бүрдээд байна.

-Манай улс саарал жагсаалтад орсны нэг шалтгаан мөнгө угаах гэмт хэрэг гэж байгаа. Монгол Улсын хувьд мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэхийн тулд цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Олон улсын хэмжээнд НҮБ-ын мөнгө угаахтай тэмцэх хөтөлбөр, санхүүгийн хяналтын байгууллагын (FATF) зөвлөмжүүдийг дагаж мөрдөх зэргээр мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлж тэмцэж байна. Санхүүгийн гэмт хэрэг даяаршилтай холбогдон ихээхэн өсөн нэмэгдэж байгаа учраас үндэстэн дамнасан гэмт хэргүүд, терроризмтой тэмцэх үүрэг бүхий олон улсын хэмжээний санхүүгийн хяналтын алба буюу санхүүгийн тагнуулын үүрэг роль ихээхэн нэмэгдэж байна. Одоогийн байдлаар олон улсын хэмжээнд мөнгө угаах терроризмыг санхүүжүүлхийн эсрэг зарчимуудыг мөрдөн ажиллахын зэрэгцээ комиссоос батлан гаргасан 40 зөвлөмжийн хүрээнд дэлхийн улс орнууд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэж байна. Мөнгө угаах явдлыг хязгаарлах, түүнтэй тэмцэх ажил нь, эрх зүйн, зохион байгуулалтын, арга ажиллагааны гэсэн гурван хүрээнд явагдвал зохилтой.

Эрх зүйн хүрээнд зохицуулалтын арга хэмжээг үндэсний болон олон улсын хэмжээнд авч хэрэгжүүлэх шаардлагатай. Үндэсний хууль тогтоомжийн хувьд олон стандарт, тухайлбал мөнгө угаахтай тэмцэх тусгай комиссын гаргасан зөвлөмжүүд, электрон банкны эрсдэлийн менежмэнтийн зарчмууд зэрэг баримт бичигт мөнгө угаах болон сэжигтэй үйлдлийг илрүүлэх бодит арга хэмжээг зааж өгсөн байдаг. Манай улсын хувьд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэж байгаа олон улсын туршлагаас суралцах, хөгжингүй орнуудаас техникийн туслалцаа авах, НҮБ, олон улсын санхүүгийн хяналтын комисс, ФАТФ, бүс нутгийн байгууллага, дэлхийн гаалийн байгууллагаас туслалцаа авах, боловсон хүчнийг сургаж бэлтгэх, дадлагажуулахад онцгой анхаарах хэрэгтэй.

Мөнгө угаахтай тэмцэх ажлыг үндэсний хэмжээний үйл ажиллагаа болгосноор үр дүнд хүрнэ.


Categories
мэдээ цаг-үе

Ш.Анхмаа: Ойн хүрээнд соёлын өвийг сэргээн таниулах олон нийтэд чиглэсэн ажлууд хийгдэж байна

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаатай ярилцлаа.


-Нийслэл хотын 380 жилийн тэгш ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд нийслэлээс ямар чиглэлд голлон анхаарч, томоохон ажлууд хийж байна вэ?

-Анх 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ширээт цагаан нуур гэдэг газар нийслэл хот анх шавиа тавьсан байдаг. Нийслэл хот маань 28 удаа нүүдэллэн суурьшиж байсан газар бүрт гэрэлт хөшөө босгосон. Нийслэлийн анхны тулгын чулууг тавьсан Ширээт цагаан нуур болоод Сарьдагийн хийдэд очиж хүндэтгэл үзүүлсэн. Сарьдагийн хийд бол нийслэл хот маань хоёр дахь нүүдлээ хийж суурьшсан, Өндөр гэгээн Занабазарын 30 гаруй жилийн турш байгуулсан Номын их хүрээ буюу уран бүтээлийнх нь ордон байсан гэдгээрээ түүхэн ач холбогдолтой газар юм. Нийслэл Улаанбаатар хот маань одоогийн Хүн чулууны хонхорт суурьшихаас өмнө түүхэндээ хамгийн урт хугацаанд оршин суурьшиж байсан газар нь Сарьдагийн хийд бөгөөд Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун тэргүүтэй эрдэмтэн судлаачид зургаан жилийн турш малтлага судалгаа хийж 4000 орчим олдворыг илрүүлснээрээ өдгөө Монголын үндэсний музейд үзэсгэлэн дэлгээд байна. 380 жилийн ойг тохиолдуулан гурван үзэсгэлэн гарч байгаагийн нэг нь энэ юм. Зураач, уран бүтээлчдийн Улаанбаатар хотын талаарх зурсан зураг бүтээлийн үзэсгэлэнгээс гадна нийслэлийн Улаанбаатар хотын музей, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Зураг төслийн хүрээлэнгээс хамтран “Нийслэл Улаанбаатар өнгөрсөн өдгөө ирээдүй” нэртэй фото зургийн үзэсгэлэнг Соёлын төв өргөөнд гаргалаа. Нийслэлийн оршин суугчдын 65 хувь нь 0-35 хүртэлх насныхан байгаа учраас хүүхэд багачууд залуустаа үүх түүх, өв уламжлал, соёл зан заншлаа таниулж мэдүүлэх нь их чухал. Ойн арга хэмжээнд бид соёлын өвүүдийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлах, сурталчлан таниулах чиглэлээр түлхүү анхаарч, олон хийж байгаагийн нэг нь нийслэлийн суурьшиж байсан газруудын гэрэлт хөшөөнүүдийг сэргээн засварлах, Хүрээ нүүдлийг нийслэлийн аялал жуучлалын газраас зохион байгуулж байна. Жишээ нь, Богд хааны ордон музейн Өвлийн ордны зүүн талын 1.4 га газарт Богдын цэцэрлэгт хүрээлэн нэртэй бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Монголын шашин, төрийн түүхэнд хүндтэй гавьяа байгуулсан Богд хаандаа зориулаад цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай 2006 оноос хойш л ярьсан. Одоо харин энэ ажил эхлээд явж байна. Дээрх газрын 60 хувийг нь нэгэн компанид эзэмшүүлсэн байсныг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан цуцалж, газрын маргаантай асуудлыг цэгцэлсэн. Түүнээс гадна Богдын цэцэрлэгт хүрээлэнг байгуулах хөрөнгийн эх үүсвэрийг 2021 он хүртэл он дамнуулан төсөвт суулгахаар төлөвлөсөн байсныг нэг мөр шийдэж өгснөөр бүтээн байгуулалт эрчимтэй хийгдэж эхэллээ. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнд Богд хааны хөшөө баримлаас эхлээд түүхэн ховор олдворууд зэрэг нийт 13 хөшөө баримал сүндэрлүүлэх юм.

Түүнчлэн нийслэлийн Архивын газраас нийслэл хот байгуулагдсаны түүхэн үйл явц өнгөрсөн, одоо, ирээдүй эрдэм шинжилгээний хурлыг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Хотынхоо талаар судалгаа хийсэн эрдэмтэн, доктор, профессоруудыг урьж авчран хотын түүхэн үйл явц одоогийн байдал ирээдүйд шийдэх шийдэл зэрэг хурлыг зохион байгууллаа.

-Хүний хөгжлийг дэмжих үүднээс нийгмийн салбарт ямар ямар ажлууд хийж байна вэ?

-Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг үндсэнд нь гурван чиглэлээр тэмдэглэн өнгөрүүлж байна. Нэгдүгээрт, бүтээн байгуулалт, тохижилт, нийгэм олон нийт рүү чиглэсэн спорт, соёл урлагийн арга хэмжээ, гадаад харилцаа хамтын ажиллагаа ёслол хүндэтгэлийн арга хэмжээ гэсэн үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явагдаж байна. Хоёрдугаарт, ой тэмдэглэх бүтээлч ажлууд өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлсэн. 2019 онд нийгмийн салбарт 70 цэцэрлэг, 37 сургуулийн барилгийг хүлээж авсан. Дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил эхлээд явж байна. Энэ жилийн хувьд Засаг даргын ивээл дор оюутан залуучууд руу чиглэсэн таван төрөлд спортын их наадмыг анх удаа зохион байгууллаа.

Мөн Нийслэлийн Засаг даргын ивээл дор иргэд рүү чиглэсэн спортын арга хэмжээ, Улаанбаатар марафон, иргэдийн спортын их наадам, сагс, волейболын лиг, дуулиан 2020 боллоо. Түүнчлэн удахгүй залуучуудын спортын наадам зохион байгуулагдах гэж байна. Хотын соёлыг иргэдэд хүргэх, ЕБС-ийн сурагчдад хотын соёлын талаар ойлголт мэдлэг түгээх сургалтуудыг зохион байгуулж байна. Хотын соёлд оюутан залуучуудын сайн жишгийг сурталчилсан цуврал нэвтрүүлгийг гаргахад бэлэн болсон. Энэ жилийн хувьд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр үзэсгэлэн худалдааг долоон хоногийн турш зохион байгуулж байна.

Түүнчлэн нийгэм, соёл урлагийн чиглэлээр саяхан “Ulaanbaatar international day”арга хэмжээг анх удаагаа зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд зургаан орны 16 хотын 60 гаруй төлөөлөл оролцсон. Энэ хурлаар Улаанбаатар хотын өнгөрсөн, одоо, ирээдүйн чиг хандлага, тулгамдаж байгаа асуудлаа хэрхэн шийдэх, хамтын харилцаатай хотуудын сайн туршлагуудыг хэлэлцлээ. Нийслэлийн Улаанбаатар чуулга арваннэгдүгээр сарыг дуустал нийслэлийн есөн дүүргээр тойрч, “Их хотын аялгуу” хэмээх тоглолтоо нийслэлчүүддээ толилуулна.Хүндэтгэлийн концерт маань энэ сарын 29-нд Соёлын төв өргөөнд тоглогдоно. Мөн ойн өдөр уламжлал ёсоор хүчит бөхийн барилдаан болно.

Хоёрдугаарт, нийслэлийн төсөв, дүүргийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийслэл хотын есөн дүүрэгт тохижилтын ажил хийгдэж байна. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын санаачилгаар есөн дүүрэгт хөлбөмбөгийн талбайтай болох, нийтийн бие тамир спортын талбай, цэцэрлэгт хүрээлэн олноор байгуулах,мөн “Мөсөн хотхон”, 50 метрийн урттай усан бассейны ажил хийгдэж байна.

Мөн иргэд олон нийтийг амарч тухлах, ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр цэцэрлэгт хүрээлэнгүүдийг байгуулж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн IV хороо буюу Хил хамгаалах ерөнхий газрын баруун талын 1.8 га газарт нийтийн эзэмшлийн спорт талбай, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил хийгдээд эхэлсэн. Эзэмшиж буй газраа зориулалтын дагуу ашиглахгүй, хашаалж орхиод олон жил болсон байршлуудыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар үе шаттайгаар чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай байгуулж байгаагийн нэг нь энэ юм. Мөн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд “Дипломат 95” орон сууцны хойно 2000 ам метр газрыг эзэмшдэг компани талбайгаа хашаалж барилгын суурь ухаад, ашиглахгүй олон жил орхисон байсныг өдгөө чөлөөлж, газар дээр нь цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгааг дуулгахад таатай байна. Мөн Баянгол дүүргийн 1, 3, 4 дүгээр хороо Төмөр замын Вокзалын арын 4.3 га газрыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-т цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалттайгаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр Засаг даргын захирамж гарсан. Энэ дагуу “Улаанбаатар төмөр зам” ХНН хөрөнгө гарган цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хэсэгт 317 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж тохижилт ногоон байгууламжийн ажлыг гүйцэтгэж байна.

-380 жилийн ойн хүрээнд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажлыг дурдвал?

-Томоохон бүтээн байгуулалтууд болох Сонсголонгийн төмөр, бетон хос гүүр, Замын цагдаагийн гүүрэн гарцын ажлууд дуусаж, замын хөдөлгөөнийг нээлээ. Олон жил яригдсан Налайх-Чойрын 20.9 км замын бүтээн байгуулалт эрчимтэй хийгдэж, ойн баярын өдөр буюу аравдугаар сарын 29-нд дээрх замыг хүлээж авах гэж байна. Мөн нийслэлчүүд бидний тулгамдсан томоохон асуудлын нэг болох Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл амжилттай хэрэгжээд, гол бүтээн байгуулалтуудаа хүлээлгэн өгөөд байна.

Түүчнлэн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дэд төвүүдийг байгуулах төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвийн ажил 70 гаруй хувьтай хэрэгжиж байна. Дээрх дэд төвүүдийн усан сан, насос станцуудыг саяхан ашиглалтад хүлээн аваад байна. Ингэснээр тэр хавийн гэр хорооллын айл өрхүүд ундны цэвэр усаар хангагдах боломж нээгдэж байгаа юм. Мөн нийслэлчүүдийн амин чухал нэг асуудал болох ундны цэвэр усны найдвартай эх үүсвэрээр хангах, усны алдагдлыг бууруулах чиглэлээр томоохон ахиц дэвшилтэй ажил хийгдэж, УСУГ-т Скада систем суурилуулснаар наад зах нь, нийслэлийн гэр хорооллын худагнуудыг 24 цагийн турш хянах автомат горимд шилжээд байна.Нийслэлийн 380 жилийн ой тохиож буй энэ жилийн тухайд онцлон дурдахгүй байхын аргагүй нэгэн чухал ажил бол Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд Засгийн газраас 62 дугаар тогтоол гаргаж, түүхий нүүрс хэрэглэхгүй, оруулахгүй байх шийдвэр хэрэгжиж эхэлсэн явдал юм. Анхлан хэрэгжүүлж байгаа ажил учраас бэрхшээл саад тулгарч байгаа ч бодит үр дүн нь ямар байгааг нийслэлчүүд бид өглөө, оройд харж, мэдэрч байна.

-Энэ жилийн ойн арга хэмжээний онцлог юу вэ?

-Нийслэлээс 2019 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Энэ чиглэлээр олон ажил хийж байгаагийн дундаас би Соёлын элч ажиллуулах болсон тухай онцолмоор байна. 380 жилийн түүхт ойгоо тохиолдуулан бид бүтээлч ажлын төлөвлөгөө гаргаж ажилласны дотор хороо бүрийг Соёлын элчтэй болгож байгаа явдал. Хотын соёлыг түгээх, хотын хөгжил дэвшилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажилд гар бие оролцон, нийгэм дэх сайн сайхан эерэг хандлага, зөв үлгэр дуурайлыг хорооныхоо оршин суугчдад түгээн дэлгэрүүлж, бүтээлч ажлууд санаачлан хийж хэрэгжүүлэх хүсэлтэй иргэдээс сонгон шалгаруулж, нийслэлийн 169 хороонд Соёлын элч ажиллуулаад, тодорхой хэмжээний урамшуулал олгох юм. Соёлын элчээ тухайн хороондоо амьдардаг, олон нийтэд үлгэр дууриал болохуйц нөлөө бүхий иргэдийг сонгож соёлын элчээр тодруулах юм.

-1.5 сая шахам оршин суугчтай Улаанбаатар хотын хувьд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийн асуудал ямагт чихнээс хонх уядаг. Энэ чиглэлээр ямар ахиц дэвшил гарч байнавэ?

-2016-2019 оны хооронд нийслэлд 147 цэцэрлэг, 79 сургуулийг ашиглалтад оруулсан. Энэ бол нийгмийн салбарлуу чиглэсэн маш том бүтээн байгуулалт. 2016 онд гурван ээлжээр хичээллэж байсан 34 сургууль байсан болөнөөдөр гурван ээлжээр хичээллэж байгаа сургууль хоёр л үлдээд байна. 2020 оны эхний улиралд энэ асуудлыг бүрэн шийдэж, Улаанбаатар хотын бүх ерөнхий боловсролын сургуулиуд хоёр ээлжинд шилжинэ.

2016 онд цэцэрлэгийн хүртээмж 68 хувьтай байсныг өнөөдөр 84 хувьд хүргэсэн. 2020 ондоо багтаж 85 хувь буюу олон улсын стандартад нийцүүлнэ гэсэн зорилттой ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт хийгдсэн. Улс, нийслэлийн төсөв, гадаадын буцалтгүй зээл тусламжаар хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь шийдэгдсэн. Болосвролын салбарт чиглэсэн ажлаа нийслэл хангалттай гүйцэтгэсэн гэж бодож байна. Нийслэлийн хэмжээнд сургалтын чанарт ахиц гарсан. Жил бүр хоёр шатаар урагшилж байгаа. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний дараа мэдээж сургалтын чанар ахицыг ярих ёстой. Хүмүүжлийн аян ёс заншлыг сурагчдын дунд түгээн дэлгэрүүлэх тал дээр дорвитой ажил хийж байна. Багш нарын индекс урамшууллыг сургууль бүрт нь өгдөг болсон.

Түүнчлэн Эрүүл мэндийн салбарт өнгөрсөн гурван жилийн турш маш их ажил хийсэн. Хүүхдийн эмнэлгийн хүрэлцээний асуудлыг шийдэж байна. Хүүхдийн ор нэмэлтээр оруулж дотоод зохион байгуулалтыг хийсэн. Баянгол дүүрэгт 60 ортой хүүхдийн эмнэлэг, Баянзүрх дүүрэгт 100 ортой хүүхдийн эмнэлгийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа. Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг шинээр ашиглалтад оруулсан. Хүүхдийн ор 2016 онд нийслэлд 700 гаруй байсан болодоо 1000 дөхөж байна.

Яармаг дахь 300 ортой Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв ирэх оны эхний улиралд ашиглалтад орно. Мөн Сонгинохайрхан дүүрэгт олон улсын жишигт нийцсэн эмнэлэг анх удаа ашиглалтад орохоор хүүхдийн ор нийслэлийн хэмжээнд 1200 болох юм. Өрхийн эмнэлгийн чадавхийг сайжруулж, дүүргийн нэгдсэн эмнэлгийг сайжруулж байж Улсын нэгдсэн эмнэлгүүдийн ачааллыг буурна. Тиймээс Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг засварлах, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах ажлыг шат дараатай хийж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 10 өрхийн эмнэлэг барих ажил эхэлсэн. Туркийн Истанбул хотын тусламжаар 10 өрхийн эмнэлэг байгуулах ажил мөн хийгдэж байна. Гурав нь баригдсан. Хоёрдугаар шатлалын эмнэлэг дээр ч олон ажил хийгдсэн. Нэн тулгамдаж байгаа асуудал болох Хавдрын тасгуудыг хоёрдугаар шатлалын эмнэлэгт байгуулж, найман дүүргийн Эрүүл мэндийн төвдбөөрний дутагдлын эмчилгээний аппаратуудтай болсон гээд яриад байвал олон ажил хийгдэж байгаа.


Categories
мэдээ улс-төр

А.Ундраа: 2020 оны төсөв хөгжлийн бодлоготой уялдаж чадаагүй

УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлэгт бэлдэхээр болж байна. Батлагдах эсэхийг шийдэхэд маш богино хугацаа үлдлээ. Таныхаар хэдийд батлагдах бол?

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар явуулахгүй болсон. Тиймээс гуравдугаар хэлэлцүүлэг хийхээр бэлтгэл ажил хангагдаж байна. Үүнтэй давхцаад төсөв хэлэлцэгдэж байгаа. Тиймээс эхний ээлжинд улсын төсвөө батлаад залгуулаад Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгээ хийхээр ажиллаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө батална гэдэг байр суурь дээр дийлэнх гишүүд бий. Түүхэн чухал шийдвэр учраас оны өмнө гэхэд батлагдах байх гэж харж байгаа.

-АН-ын зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд гурван санал тусгах хэрэгтэй гэж үзсэн. Эдгээр саналыг дэмжиж байгаа юу. Тусгаж авах боломж бий юу?

-Засаглалын тэнцвэртэй байдлыг хангах нь нэн чухал. Тэр үүднээс эрх мэдлийн хуваарилалтыг зөв хийх, хяналтыг сайн тавих, парламентын засаглалыг бэхжүүлэх нь чухал гэсэн байр суурь хэвээрээ байгаа. АН-аас гаргаж байгаа саналуудыг аль аль намуудын оролцоотой Зөвшилцөх ажлын хэсэг дээр ярилцах байх.

Ажлын хэсгээс гаргаж байгаа санал, дүгнэлтээс хамааран дүгнэж цэгнэн, байр сууриа эцэслэн тодорхой болгоно.

-2020 төсвийн хуваарилалт ялгаа заагтай байгаагаас гадна сонгуультай холбоотойгоор тойргоо усалсан төсөв болчихлоо зэрэг шүүмжлэлтэй тулгарч байна. Төсвийн тухайд байр сууриа илэрхийлээч?

-Төсөв татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрдэж байгаа учраас хөгжлийн бодлоготойгоо уялдуулж, үндэсний эрх ашигт нийцүүлж маш хариуцлагатай зарцуулах ёстой. Төсөв хэд хэдэн заалтаар тэгж чадаагүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Өөрийнхөө тойргийг ярихаас илүүтэй тулгамдаж байгаа асуудлыг харах нь зөв. Засгийн газраас шинжлэх ухааны салбарын ажиллагсдын анхдугаар их хурлыг зохион байгууллаа. Шинжлэх ухаан чухал гэдэг нь маш тодорхой асуудал. Уриалга нь хүртэл “Хандлагаа өөрчилье” гэж буй. Угтаа шинжлэх ухаан ямар чухлыг олон нийт сайн ойлгож байгаа харин улстөрчид өөрсдөө ойлгохгүй байна. Энэ анхдугаар хурлаар маш их шоу хийсэн. Гэтэл төсөвт шинжлэх ухааны салбарт амлаад байсан хэмжээнд зардал тусгаагүй. Тэгэхээр Ерөнхий сайд тэр олон мянган эрдэмтдийн өмнө андуурч ярьсан гэсэн үг үү. Эсвэл Сангийн сайд нь Ерөнхий сайдаа сонсоогүй байна гэсэн үг үү. Эсвэл Засгийн газрын бодлого хаа нэгэн газраа гацаад байна гэсэн үг үү. Тийм бодлого баримтлаагүй бол яагаад тэгж амласан юм бэ гэх асуулт гарч ирнэ.

МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт ч шинжлэх ухааны салбарыг дэмжих асуудал туссан. Шинжлэх ухаанаа дэмжихгүйгээр яаж хөгжих юм бэ. Улс үндэстний хувьд уураг тархиа цэнэглэхгүй байна. Энэ төсөв тэр амлалтыг биелүүлсэн төсөв болж чадаагүй. Улс үндэстний нийтлэг эрх ашиг гэж жишээлбэл үүнийг хэлээд байгаа юм. Хоёр дугаарт, нийслэл хотод тавигдсан төсвийн хэмжээ хангалттай биш байна. Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг харахад албан бус тоогоор нийт хүн амын 50 шахам хувь нь амьдарч байна. Хүн амын төвлөрлөө бодолцвол нийслэлийн төсөв үнэхээр хангалттай биш байна. Сургууль цэцэрлэгийн хүртээмж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар зэргийг харахад нийслэлд төрийн үйлчилгээ хүндрэлтэй хэвээрээ байна. Шаардлагадаа дүйцэхүйц төсөв тавигдаагүй. Мөн зарим аймаг орон нутгаас сонгогдсон гишүүдээс гарч байгаа шүүмжлэлтэй санал нэг байна. Татвар төлөгчдийн мөнгийг эргүүлээд зарцуулж байгаа бол тэр өндөр үнийн дүнтэй ажлууд хийгдээд байгаа газар нь тэгж их татварын орлого бүрдүүлээд байгаа юм уу. Тэнд эдийн засгийн эргэлт үүссэн байгаа юу зэрэг логикийн алдаатай асуудал их байна л даа.

-Төсөв гэдэг өөрөө микро эдийн засгийн тохируулга хийхэд зориулагддаг гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Санал нэг байна. Энэ удаад хөгжлийн бодлоготой уялдаатай зүйлсээ хийж чадаагүй. Уг нь гишүүдийн хэн нь Сангийн сайдтай ойр байна гэдэг хувийн чанартай тоглолтууд хийгдэж, хуваарилагддаг эд биш шүү дээ. Хэний мөнгөөр хэн тоглоод байна вэ гэдэг асуултын хариу энэ төсвөөр бэлээхэн харагдаж байна.

-Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын санг шалгах ажлын хэсгийг та ахалсан. Капитал банк дээр дээрх сангийн нэлээд хэмжээний мөнгийг байршуулсан байсан гэж байгаа. Шаардлага хангахгүй байгаа банкуудад чухал сангийн мөнгийг байршуулах нь хэр зөв юм бэ. Энэ мөнгийг хэрхэн эргүүлж авах вэ?

-Нийгмийн даатгалын сан насанд хүрсэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн цалин орлогоос авч байгаа татвараас бүрдэж байна. Өнөөдөр дөрвөн төрлийн тэтгэвэр тэтгэмж байна. Энэ дундаас нийгэмд, тэр дундаа залуучуудын хувьд хамгийн их бухимдаж байгаа нь тэтгэврийн асуудал байгаа. Өнөөдөр орлого бүрдүүлж, цалингаасаа татвар төлж байгаа хүмүүс ирээдүйд тэтгэвэрт гарах үед орлоготой байх юм уу. Өндөр цалин аваад тэтгэвэрт гарах үедээ өндөр тэтгэвэртэй болно гэсэн баталгаа алга. Шударга бус байна гэж бухимдахаас аргагүй. Энэ санд зарчмын том өөрчллөлт, шинэ менежмент шаардлагатай байгаа.

Хуульдаа өөрчлөлт оруулж эв хамтын зарчим, нэрийн данс, хувийн данс зэрэг хосолмол зарчмыг нэн яаралтай нэвтрүүлэх хэрэгтэй байна. Ажлын хэсэг санд нэлээд зөрчил байгааг илрүүлсэн. Монголбанк, Аудитын газраас оролцсон мэргэжлийн хүмүүсийн үнэлтэнд үндэслэн эдгээр дүгнэлтийг гаргасан. Нийгмийн зүгээс анхаарал татдаг нэг гол зүйл нь сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг аль банкинд, ямар хүүтэй байршуулсан бэ гэх асуудал. Хадгалж байгаа банкных нь чадамж, олон нийтийн эрх ашгийг хамгаалж чадах уу, үгүй юү гэдэг асуудал. Олон нийтийн эрх ашгийг эрсдэлд учруулж байгаа нь хамгийн харамсалтай хэрэг. Банк дампуурсантай холбогдуулж эргэж харах, олон нийтийн зүгээс тавих гол шаардлага бол хохирлыг барагдуулахдаа нийтийн эрх ашгийг хэддүгээрт эрэмбэлсэн байна вэ гэдэг асуудал. Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл Капитал банкийг дампуурахад хамт эрсдэлд орсон. Хохирлыг барагдуулахдаа бусад харилцагчдийн дараа, эсвэл өмнө нь оруулсан байна уу гэх хариулт эрсдэлийн дүгнэлт болно.

Нэн тэргүүнд олон нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлуудын хохирлыг барагдуулмаар байгаа юм. Нийгэмд маш их бухимдал дагуулж байгаа бас нэг чухал асуудал бол эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ, түүний чанар хүртээмж байна. Дотооддоо зарим эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай болгочихвол олон хүмүүс гадагш явж эмчлүүлэх шаардлагагүй. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртээмжтэй анхнаасаа урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд илүү хүч зарцуулдаг бодлого нь зөв явж ирвэл хүмүүсийн өвчлөлийн тоо буурна. Эрүүл мэндийн салбараас хамааралгүй хүн гэж байхгүй. Тиймээс даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулна гэдэг тусламж үйлчилгээтэй шууд нөлөөтэй. Эрүүл мэндийн ерөнхий газар бие дааж байгуулагдаад сан нь нийгмийн даатгалаас тусдаа гараад хоёр жил болж байгаа. Аливаа шинэ зүйл сайжиртлаа хугацаа их шаарддаг. Нийгмийн даатгалын сангаас үйлчилгээ авдаг хүмүүсийн тоо, эрүүл мэндийн даатгалаас үйлчилгээ авдаг хүмүүсийн тоо 60 орчим хувь. Нийгмийн даатгалын санд нийт ажиллаж байгаа хүмүүсийн тоо 1400 гаруй, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар ажиллаж байгаа хүмүүс 140 орчим гэхээр 10 дахин цөөн хүнээр хоёр дахин хүнд үйлчилгээ үзүүлнэ гээд бодохоор нэг ажилтанд оногдох ажлын ачаалал ажлаа сайн гүйцэтгэх магадлал төдий чинээ багасна. Ажлын хэсгээс тодорхой асуудлуудаар арга хэмжээ авах үүрэг чиглэлийг Засгийн газарт өгсөн.