Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Наранцогт: Хөрөнгө оруулагчид Монголыг Украин, Шри-Ланкаас илүү эрсдэлтэй, төлбөрийн чадваргүй гэж үзээгүй DNN.mn

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогттой ярилцлаа.


-Ирэх оны төсвийн талаар ярилцлагаа эхэлье. Ирэх оны төсвийн төсөл дээр нийт эдийн засгийнхаа 35 хувь дээр орлого бүрдүүлж, 40 хувийг нь санхүүжүүлэхээр тусгасан байна. Энэ нь төрийн данхар бүтцийг хэвээр хадгалах, төсвийн хэмнэлтийн бодлогоосоо гажиж байгааг харуулж байна гэх зүйл яригдаж байна.

-“Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-д нэгдсэн төсвийн алдагдлын хязгаарыг 2023 онд ДНБ-ий 3.6 хувь, 2024 онд 2.8 хувь, 2025 оноос хоёр хувьтай тэнцэх хэмжээнд байхаар тодорхойлж тусгасан. Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2023 оны төсвийн төсөлдөө алдагдлыг хуульчилсан 3.6 хувиас 2.8 хувь болгон бууруулсан. Өөрөөр хэлбэл, 2023 оны төсөвт шинээр хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ эхлүүлэхгүй байх, хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх зэргээр төсвийг аль болох тэлэхгүй байхтөсвийн хатууруулсан бодлого агуулагдсан төсөв гэж ойлгож болно.Төсвийн орлогын тухайд 19.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.9 хувьтай тэнцэх хэмжээгээр тооцохдоо Засгийн газраас экспортыг цар тахлын өмнөх түвшинд хүргэх, хил боомт, ачаа тээвэр, логистикийг сайжруулах,төрийн өмчит уул уурхайн компаниудын үйл ажиллагааг сайжруулах, хөрөнгө оруулалтыг ил тод болгож хяналтын зөв тогтолцоог нэвтрүүлэх, ашигт малтмалын экспортын бүртгэлийг сайжруулах чиглэлд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээрийн үр дүнд далд эдийн засгийг ил болгох, төсвийн орлого тэр хэрээр нэмэгдэх боломжтой гэж тооцсон.

-Эдийн засгийн өсөлтийг ирэх онд цар тахлаас өмнөх жилүүдийн дундажтай ойролцоо буюу таван хувь байхаар тооцсон байна. Мөн гол бүтээгдэхүүнүүдийн экспортыг цар тахлын өмнөх түвшинд хүргэх зорилт тавьсан тухай мэдэгдсэн. Эдийн засгийн өсөлтөд гол нөлөө үзүүлдэг уул уурхай цар тахлын өмнөх түвшинд хүрч чадах уу?

-Гадаад орчин, олон улсын геополитик тодорхой бус байдал их байгаа хэдий ч Засгийн газраас уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээг цар тахлын өмнөх үе буюу 2019 оны түвшинд хүргэж нэмэгдүүлэх зорилтыг тавиад ажиллаж байна. Экспортын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж, уг зорилт хангагдсанаар уул уурхайн салбар 2023 онд 14-15 хувиар өсөж, уул уурхай дагасан тээвэр, худалдаа, үйлчилгээний салбарууд сэргэнэ гэж тооцоолол хийгдсэн байгаа юм.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хилийн боомт дээрх болон хил хүртэлх дэд бүтцийг өргөтгөх ажлууд амжилттай хийгдсэнээс гадна цар тахлын халдвар хамгааллын дэглэмд нийцүүлж экспортыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн. Тухайлбал, Гашуунсухайт боомт дээр 2021 оны аравдугаар сард чингэлэг тээврийн терминал байгуулж, 2022 оны тавдугаар сараас жолоочгүй автомат удирдлагатай тээврийг туршилтаар нэвтрүүлж эхэлсэн. Шивээхүрэн боомт дээр мөн чингэлэг тээврийн терминал болон автомат удирдлагатай тээвэр байгуулах бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Эдгээр нь дээр дурдсан цар тахлын халдвар хамгааллын дэглэмд нийцүүлж хүний шууд хавьтал үүсгэхгүйгээр экспортлох боломжийг бий болгож байгаа юм. Түүнчлэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх гарцын тоог нэмэгдүүлэх, зохион байгуулалтыг сайжруулах, ухаалаг гарцын системийг ашиглалтад оруулах зэрэг ажлууд хийгдэж байна. Ингэснээр хилээр нэвтрэх үйл ажиллагаа түргэн шуурхай болохын зэрэгцээ төрийн давхардсан хяналт, шалгалт буурах сайн үр дүн гарна.

-Валютын нөөцийг нэмэгдүүлж, макро эдийн засгаа тогтворжуулахад ямар ажлууд хийгдэх вэ?

-Гадаад валютын улсын албан нөөц есдүгээр сарын байдлаар 2.8 тэрбум ам.долларт хүрч, оны эхнээс 1.6 тэрбум ам.доллараар буурсан. Засгийн газраас гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд богино, дунд хугацаанд экспортоос олох валютын бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталсан. Уг тогтоолд тусгагдсан цогц арга хэмжээнүүд хэрэгжсэнээр ашигт малтмалын борлуулалтын үйл ажиллагаа сайжирч, баялгийг олон улсын зах зээлийн үнээр худалдах, олборлолтоос экспорт хүртэлх бүх үе шатанд цахим төлбөрийн баримт бүртгэгдэж, ашигт малтмалын шинжилгээний дүгнэлт гаалийн бүрдүүлэлтэд автоматаар хийгддэг тогтолцооны шинэчлэл хийгдэх юм. Түүнчлэн төрийн өмчит уул уурхайн олборлолт, борлуулалт хийдэг компаниудыг нөөц боломжоо дайчилж ажлаа зөв зохион байгуулах замаар богино хугацаанд валютын бодит орлого төвлөрүүлэх үүрэг даалгавар өгөгдсөн. Тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хэсэг байгуулагдаж тодорхой ажлууд хийгдэж эхлээд байна. Макро эдийн засгийг тогтворжуулах тухай та асуулаа. Засгийн газраас 2023 онд хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээнүүдээ төсвийн төсөлтэйгөө хамт танилцуулсан. Төсөлд тусгагдсан төсөв, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэхээс эхлээд бусад бодлогын багц арга хэмжээнүүд нь бүгд л эдийн засгийг тогтворжуулахад чиглэгдсэн. Өмнө дурдсанчлан Төсвийн бодлогын хүрээнд 2023 оны төсөвт шинээр хөрөнгө оруулалт тусгахгүй, төсвийн алдагдлыг хуульд зааснаас бууруулж төсвийн бодлогыг хатууруулсан. Төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах хүрээнд мөнгөний бодлогыг чангаруулсан, цаашид төв банкнаас санхүүжүүлдэг төсвийн шинжтэй үйл ажиллагааг хязгаарлах шаардлагатай байгаа бөгөөд валютын ханшийг зах зээлийн зөв зарчмаар тогтоох, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн үнэ цэнийг хадгалах, банкны салбарын реформыг оновчтой зохион байгуулж ил тод нээлттэй үйл ажиллагаа явуулах шаардлага байна.

-Засгийн газрын гадаад бондын хүү 35 хувь хүрчихсэн байна. Гэтэл дайнтай байгаа Украин 25, дампуурлаа зарласан Шри-Ланк улс 23 хувийн хүүтэй байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Манай улсын гадаад валютын орох урсгал буурч, төлбөрийн тэнцлийн алдагдал өсөж, гадаад валютын арилжаанд хязгаарлалт тогтоосон талаарх мэдээ нийтлэгдсэнтэй холбоотойгоор бондын зах зээл дээрх Монгол Улсын Засгийн газрын бондын үнэ огцом буурч, өгөөж нэмэгдсэн. Тухайлбал, 2022 оны аравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар энэ онд төлөгдөх Чингис бондын өгөөж 39 хувь, ирэх онд төлөгдөх Гэрэгэ бондын өгөөж 20 хувь байна. Эдгээр бондуудын өгөөжийн түвшин таны хэлсэн Украин болон Шри-Ланк улсуудын ирэх онуудад эргэн төлөгдөх бондтой харьцуулахад өндөр биш. Украин улсын хувьд дайны нөхцөл байдлаас шалтгаалан тус улсын 20 орчим тэрбум ам.долларын гадаад бондын эзэмшигчдийн дийлэнх буюу 75 хувь нь Украин улсыг хоёр жилийн хугацаанд төлбөрийн үүргээс чөлөөлөхөөр шийдвэрлээд байгаа юм. Блүүмбергийн 2022 оны аравдугаар сарын 25-ны өдрийн мэдээллээр Украин улсын 2035 он хүртэл эргэн төлөгдөх хуваарьтай олон улсын зах зээлд гаргасан бүх бондуудын хамгийн бага өгөөжтэй нь 2027 онд төлөгдөх 30 хувийн өгөөжтэй бонд байгаа бол хамгийн өндөр нь энэ онд эргэн төлөгдөх хуваарьтай 857 хувийн өгөөжтэй бонд байна. Шри-Ланк улсын хувьд ирэх онд төлөгдөх Засгийн газрын бондын өгөөж 746 хувь байгаа бөгөөд тус улсын 2030 он хүртэлх эргэн төлөгдөх бүх бондуудаас хамгийн бага өгөөжтэй нь 2030 онд төлөгдөх 40 хувийн өгөөжтэй байна. Харин манай улсын 2027 болон 2031 онд эргэн төлөгдөх Сенчири бондуудын өгөөж тус тус 13 болон 11 хувь байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид Монгол Улсыг Украин болон Шри-Ланк улсуудаас илүү эрсдэлтэй, төлбөрийн чадваргүй гэж үзээгүй гэсэн үг. Цаашид үнэлгээ хийдэг олон улсын байгууллагуудад эдийн засгийн нөхцөл байдлаа зөв ойлгуулах замаар зээлжих зэрэглэл зэрэг үзүүлэлтүүдээ бууруулахгүй байхад анхаарч ажиллаж байна.

-Манай улс өнөөдрийн байдлаар 6.4 их наядын өртэй байна. Өрийн талаар мэдээлэл өгөөч?

-Өрийн тухай товч мэдээлэл өгье. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдлийг 2022 онд ДНБ-ий 70 хувь, 2023 онд 65 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Засгийн газрын өрийн үлдэгдэл 2022 оны гуравдугаар улирлын байдлаар нэрлэсэн дүнгээр 30.1 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ий 53.0 хувьтай тэнцэж байна. Засгийн газраас ирэх оны төсвийн нийт орлогыг 2022 оны төлөвлөсөн дүнгээс 20 орчим хувиар нэмэгдүүлж 19.6 их наяд төгрөгт байхаар тооцоолсон.

-2023 оны төсөв ирэх жилийн эдийн засгийн макро үзүүлэлтүүдэд туйлын сөргөөр нөлөөлнө гэж эдийн засагчид ярьж байна. Үүнд та хариулт өгөөч?

-Эсрэгээрээ. Төсвийн төсөлд төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах макро эдийн засгийн үзүүлэлтүүдэд эерэг нөлөө үзүүлэх чиглэлээр тодорхой, цогц арга хэмжээнүүдийг тусгаснаараа онцлогтой болсон. Өөрөөр хэлбэл, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг нөлөө үзүүлэхэд чиглэгдсэн гэж ойлгож болно. Давтан хэлэхэд, экспортыг цар тахлын өмнөх түвшинд хүргэх, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлэх, төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг ил тод болгох, хөгжлийг хязгаарлагч салбаруудыг либералчлах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг бодлогуудыг хэрэгжүүлснээр 2023 онд эдийн засгийн өсөлтийг таван хувьд хүргэх, инфляцийг бууруулах, хөдөлмөрийн зах зээлийг сэргээх зорилготой ажиллаж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

МАН ахмадуудаа авч явдаг бол АН үсдэж чирдэг DNN.mn

Хятадын Коммунист намын XX их хурал хэдхэн хоногийн өмнө болж өндөрлөлөө. Тус хурлаас өдгөө 68 настай Си Жиньпинээр үргэлжлүүлэн улсаа удирдуулах шийдвэр гаргасан. Ингээд зогсохгүй Хятадын коммунист намын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүнээр ажиллахаар улстөрчид нь бүгд 60 гарсан эрхмүүд байсан нь анхаарал татлаа. БНХАУ-ыг удирдах долоон эр долуулаа 60-аас дээш настай. Манайхны үздэгээр бол бүгд тэтгэврийн хөгшчүүл. Ер нь манайд л хашир туршлагатай, хал үзэж халуун чулуу долоосон хүмүүсээ хөгшин гэж гадуурхах хандлага байна. Гэтэл дэлхийн улс орнууд мэдлэг, туршлагад нь л ач холбогдол өгнө үү гэхээс насыг бол зүгээр л тоо гэж харж байна. Тухайлбал, ирэх сард болох Малайзын парламентын сонгуульд тус улсын Засгийн газрын тэргүүнээр хоёр ч удаа ажиллаж байсан 97 настай Махатхир Мохамад оролцохоор нэрээ дэвшүүлээд байна.

Манай улсад ийм өндөр настай, идэвхтэй улстөрч байхгүй ч 100 гаруй жилийн түүхтэй улс төрийн нам бий. Энэ бол зүүний үзэл баримтлалтай МАН. 100 жилийн хугацаанд энэ намын бүтэц, үйл ажиллагаа бүрэн төлөвшиж тогтсон гэж судлаачид үздэг. МАН 100 жил үзэл баримтлал, үйл хэрэг дээрээ үнэнч хэвээр байна гэдэг нь энэ намаас хэн нэгэн нь гарч ирээд намаа миний, чинийх гэж өмчилдөггүйд байгаа юм. Эрх баригч нам сүүлийн зургаан жил буюу 2016 оноос тасралтгүй төрийн эрх барьж байна. Тэд хоёр сонгууль дараалан монгол төрийн толгойд сууж байна. Ирэх сонгууль ч улаарахыг үгүйсгэхгүй. МАН-ыг ард түмэн байнга сонгож байна гэдэг бол МАН-д итгэл хүлээлгэж, амьдралаа даатгаж байна гэсэн үг. Арга ч үгүй юм. Өрсөлдөгчтэй нь харьцуулахад энэ намд эв нэгдэл, нэгдсэн бодлого, төлөвлөгөө байна. Энэ бүхэн нь гурван үеийнх нь залгамж халаа дээр тогтож байна. МАН-ын гишүүд ахмадуудаа хөгшин гэж гадуурхсангүй, залуучуудаа залуу гэж голсонгүй. Ялангуяа төдийгөөс өдий хүртэл ахмадуудаа хажуу бөөрөндөө авч ирсэн. Тэд ахмадуудаа өнгөрсөн үе гэж хаяж гээдэггүй. Ардын нам бол доод үеэ бэлдэж гаргаж ирдэг уламжлалтай, бэлтгэгдсэн залуучууд нь улс төрд гарахаараа ахмад үеэ ажлын байраар хангадаг жишиг тогтсон. Хэдхэн жишээ дурдъя. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Герман улсад айлчлах үеэрээ Германы эрх баригч Социал демократ намынхантай уулзсан. Соцдек нам бол манайхаар Ардын нам гэсэн үг. Одоогоор Германы төрийн эрхийг барьж байгаа энэ нам дэргэдээ Прогрессив Альянс гэх байгууллагатай. Прогрессив Альянс нь дэлхийн социалдемократ болон бусад дэвшилтэт үзэлтэй улс төрийн нам болон байгууллагуудаас бүрдсэн улс төрийн олон улсын байгууллага юм. Уг холбоо нь өөрийн гишүүн улс төрийн намуудыг дэмжиж хамтран ажилладаг. Дэлхийн өнцөг булан бүрээс 140 оролцогчтой. Зүүний үзэл баримтлалтай намуудын боловсон хүчинг бэлтгэхэд нь туслалцаа үзүүлдэг байгууллага юм. Уг байгууллагын удирдах зөвлөлийн 30 гишүүнийг сонгох хурал удахгүй болох гэж байгаа юм байна. Үүнд Монгол Улсаас УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг дэмжиж өгөхийг Ерөнхий сайд хүссэн талаар манай сэтгүүлч бичсэн. Энэ бол МАН ахмад үеэ дэмжиж буйгийн нэг илэрхийлэл. УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл ЭМД-ын Үндэсний зөвлөлд зургаа дахь жилдээ ажиллаж байна. УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан УИХ-ын дарга Г.Занданшатарын хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байна. УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшин Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байна. Түүнчлэн хамгийн залуу сайд болох 31 настай Ерөнхий сайдын зөвлөх, Социал Демократ-Оюутны холбооны ерөнхийлөгч М.Ганхүлэг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн дэд сайдаар томилогдсон. МАН-ын ахмадууд бол залуу үе, дунд үе, ахмад үеийн алтан гинж хэмээн үздэгийн бодит жишээг энэ мэтээс харж болно. МАН-д өнөөдөр ажилгүй ахмад гэж байна уу. Бүгд л өөр өөрийн ажил албан тушаалтай сууж байна. Энэ нь тус намын соёл болоод тогтчихсон зүйл болжээ. Ингэж л бүхэл бүтэн гурван үеийнх нь амьдралын баталгаа нь болж байхад МАН-ыг дагахгүй гээд ч яахав. Гурван үеийн холбоо болж ажиллах чадвар чадамж энэ намд байна шүү дээ.

Харин АН-ын тухай ярихад Ардчилсан нам бол их харгис нам юм. Угтаа АН бол Монголын улс төрийн томоохон хүчний нэгд зүй ёсоор тооцогддог. Энэ намыг байгуулсан ахмад зүтгэлтэн партизануудаа анх ардчилсан холбоонд элссэнээс хойш л нийгэмд гадуурахсан. Өнөөдөр тэр хэвээрээ л байна. Партизан гэж амьдралаа дэнчинд тавьж үзэл санааныхаа бат зогссон хүмүүсийг хэлэх болов уу. Гэтэл энэ нам ахмадуудаа тоодоггүй. Өнөө хэд нь ганц баатрын батламжтай л байх. УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийг АН-ын гишүүн гэх Д.Алтанхуяг тайзан дээр, бүр намынх нь гишүүдийн нүдэн дээр үсдэж өшигчин зодсон. Э.Бат-Үүлийг ч Сүхбаатарын талбайд намынхаа гишүүдтэй явж байхад нь үсдэж л байлаа. Д.Сосорбарам руу гурил цацахад шоолж л байна. Энэ бол АН-ын ахмадууддаа хэрхэн ханддаг араншин нь. Зүй нь манай намын ахмад зүтгэлтэнг шившиглэлээ гээд ядахдаа мэдэгдэл гаргаж байх байв. Энэ нам итгэж дагасан ард иргэдээ байтугай журмын нөхдөө ч үл тоодог. АН засаг төр барьж улс удирдаж явсан. Тэд төрд гараад ирэхээрээ л намыхныгаа барьж хорьдог. Нэг ерөнхийлөгч нь гарч ирээд л Лу.Болд болон бас бус нөхдөө шоронд хийж элдэвлэсэн. Дараагийн ерөнхийлөгч нь дөнгөж гарч ирэв үү үгүй юү л М.Энхсайхан, Да.Ганболд Ч.Сайханбилэг, С.Баярцогт гээд бүгд л “аав”-ынд сууж үйл тамаа цайсан. Мөн нам нь засагт гарахлаараа өөрсдийн намыхнаасаа ажилд авдаггүй. Өрсөлдөгч намыхаа хүмүүсийг л ажилд аваад байдаг. Ард түмэнд шударга харагдах жүжиг тоглож байгаа шүү юм уу даа. Намынх нь гишүүд аанай л гудамжиндаа ядарч зүдрээд л явж байдаг. Тэдэндээ бизнес эрхлэх боломж ч гаргаж өгдөггүй. Нэг Ардчилсан намын томоохон зүтгэлтэн юу ярьж байсан гээч. “Би Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад нь духан дээр нь тамхиа унтраах нь халаг байдаг байв. Ээ мөн данагар байлаа. Сөрөг хүчин гээд. Энэ ерөнхийлөгчийг гарч ирсэн чинь чанга ч шүүмжилж чадахаа байлаа. Аягүйтвэл ачиж явчих гээд” гэж шивнэн ярьж байв. АН-ынхан намаа цаашаа өнгөтөй өөдтэй явах хэрэгтэй энэ намыг дагасан олон мянган гишүүдийн хувь заяа байдаг гэж огт боддоггүй. Дарга нар нь зөвхөн би л гарахгүй бол, би л төрийн сайд Ерөнхийлөгч Ерөнхий сайд хийж байхгүй юм бол энэ нам сүйрэх ёстой гэж боддог. Лидерүүд нь өөрсдөө л дарга даамал гишүүн биш байвал намаа бусадтай нийлээд ч хамаагүй унагах гэж дайрдаг. Намайг л тэжээх гэж, намайг л шүтэж байх гэж энэ намын гишүүд дэмжигчид байдаг гэж итгэдэг. Юун залуу үе ахмадуудаа халамжлах. Үе үеийн дарга нар нь ийм л бодолтой Ардчилсан намыг удирдсан. Тэгэхлээр гишүүддээ халгаатай байхаас ч яахав. Ийм байхад Ардчилсан нам эв түнжингүй байхаас яахав. Тарахаас ч яахав. Харин эсрэгээрээ МАН-д иргэд элсэхээс ч яахав. Зүтгэхээс ч яахав.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

П.Сайнзориг: Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад орж ирээд дампуурлын эрх зүйн орчныг хардаг dnn.MN

Хууль зүйн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригтой ярилцлаа.


-Бизнесийн эрх зүйн орчинг дэмжих хуулийн төслүүд эхнээсээ өргөн баригдаад явж байна. Бизнесийн орчинг эрүүл байлгахад өнөөдөр ямар ямар хууль үгүйлэгдэж байна вэ?

-Энэ бол чухал сэдэв. Монгол Улсад бизнесийн эрх зүйн орчныг сайжруулж байж хөрөнгө оруулалтыг татах, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн бизнес хоорон дахь итгэлцэл нэмэгдэх чухал ач холбогдолтой. Эдийн засгийн өсөлтийг дэмжихэд Засгийн газар болоод Хууль зүй дотоод хэргийн яамнаас онцгой анхаарч байна. Энэ чиглэлдээ олон хуулийн төслийг өргөн барьсан. Заримыг нь өргөн барихаар ажиллаж байна. Өргөн барьсан хуулиудаас хэрэгжиж байгаа нь Бүртгэлийн багц хууль, Цахимын багц хуулиуд байна. Тодорхой хэмжээнд бизнесийн эрх зүйн орчинг сайжруулахад нөлөөтэй. Цахимын багц хуулиас цахим гарын үсгийн хууль байна. Өнөөдөр цахим гарын үсгийн олголт 400 мянга руу дөхөж байна. Цахим гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд Цахим хөгжлийн яам, Хууль зүйн яам, УБЕГ хамтран ажиллаж байна. Банк, хувийн хэвшлээс цахим гарын үсгээрээ заавал банк дээр очихгүйгээр зээл болон бусад банкны үйлчилгээг авах боломж тун удахгүй нээгдэнэ. Хувийн хэвшлүүд цахимаар гэрээ хэлцлүүдээ хийгээд эхэлсэн байна. Цаашдаа улам нэмэгдэх байх. Өргөн барьчихаад байгаа бизнесийн эрх зүйн орчныг дэмжиж байгаа хууль гэвэл Дампуурлын хууль байна. Хуулийн этгээдийг дампууруулах гээд байна уу, татан буулгах гээд байна уу, татвар төлөгчдийн мөнгөөр хариуцлагыг нь үүрэх гээд байна уу гэх зүйл яригддаг. Энэ бол огт тийм биш. Татвар төлөгчдийн мөнгөөр харин хариуцлага хүлээлгэхгүй байхын тулд Дампуурлын хууль эрх зүйн орчин яригддаг. Дампуурал буюу төлбөрийн чадваргүйн ажиллагааг сайжруулснаараа тухайн бизнес амжилтгүй тодорхой санхүүгийн эрсдэлд ороод ирлээ гэхэд бүр юу ч үлдэхгүй болохоос нь өмнө арга хэмжээ авч тухайн бизнесийг аварч үлдэхэд чиглэгдэж байгаа гэсэн үг. Ашиггүй болж байгаа салбарыг нь зарах юм уу, зарим хэсгийг нь татан буулгах юм уу, эсхүл компанийн захирлыг нь сольж үзэх юм уу, хөрөнгө оруулагчдын өр төлбөрийг нь төлөх дэс дарааллын хуваарьт нь өөрчлөлт оруулах гэдэг ч юм уу. Ингээд бизнесийг ажлын байрыг нь авч үлдэх тэнд итгээд оруулсан хөрөнгөө зээл өгсөн ААН, байгууллагуудын эрх ашгийг яаж хамгаалах вэ гэдэг л асуудал байгаа юм. Энэ чиглэлд бид зайлшгүй анхаарах шаардлагатай. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад орж ирээд дампуурлын эрх зүйн орчныг хардаг. Хөрөнгөө оруулчихаад ямар шат дараагаар маргаан үүсгэсэн тохиолдолд эргүүлж авдаг юм бэ. Санхүүгийн нөхцөл байдал муудаад ирвэл нэхэмжлэх гаргахад татварын дараа авдаг юм уу, НДШ-ийн дараа авдаг юм уу гэх дэс дарааллуудыг харж байж оруулах хөрөнгийнхөө эрсдэлийг тодорхойлдог. Энэ бол маш чухал хуулийн төсөл. Бид Монгол Улсад бизнесийн хөрөнгө оруулалтыг татъя гэвэл хууль эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Дараагийн бизнесийн эрх зүйн орчиндоо өргөн барьсан хуулийн төсөл бол Төрийн болон орон нутгийн өмчит компанийн хууль. Төр бизнесийн байгууллагатай өрсөлдөхгүй байх, бүхий л салбар дээр бизнес хийдэг үйл ажиллагааг хязгаарлая гэж байгаа. Төрийн өмчит компаниудыг тойрсон авлига, ил тод бус байдлыг халъя гэж байгаа юм. Дээрээс нь Төрийн өмчит компаниудын улс төрийн намын томилгоот хүмүүс очдогийг болиулах буюу ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх захирал дээр нээлттэй сонгон шалгаруулалт явуулах, нээлттэйгээр олон нийтийн хяналттайгаар сонгох чиглэлд түлхүү анхаарна.

-Зах зээлийн эдийн засгийн харилцааны нэг үзэгдэл болох дампууралтай холбоотой асуудлыг хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгосноор хуулийн этгээд болон иргэд, хөрөнгө оруулагчдад ямар давуу талууд үүсэх вэ?

-Бизнесийн орчин эрүүл байгаа газарт дампуурлын хууль зүйн орчин ажиллаж байдаг. Манайд хуулийн этгээдийг байгуулахад амархан. Гэтэл бизнесээс гарах буюу тэр эрсдэлийг хуваарилах асуудал маш тодорхойгүй явж ирсэн. Өнөөдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр өр төлбөрт орчихсон байгууллагуудын 40 орчим хувь нь аль хэдийнэ дампуурчихсан компаниуд дээр төлбөрийн шийдвэр гараад байгаа юм. Энэ нь хэзээ ч төлөгдөхгүй байх магадлалтай болчихоод байгаа юм. Ер нь аливаа этгээдэд бизнесийн эрсдэлийг хуваарилах, оруулсан хөрөнгө бүр заримдаа амжилтгүй байдаг. Тэгэхээр оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр эрсдэлээ үүрэх байгаа хөрөнгийг байхгүй болтол нь харах биш. Үүнийг аварч үлдэх талаас нь арга хэмжээ авах шаардлагатай. Өрийн сүлжээ гэх зүйлийг цаашдаа байхгүй болгох, бизнес эрхлээд амжилтгүй болсон ч хоёр дахь боломж гэж зүйл байгаа. Энэ боломжийг гаргаж өгөх ч гэдэг ч юмуу олон талын ач холбогдолтой. Энэ хууль эрх зүйн орчныг сайжруулж байж хөрөнгө оруулалтыг татах иргэд, ААН, байгууллагууд бизнесээ өргөжүүлэх, бизнесийн эрүүл зарчмаар бизнесийн эрсдэлийг ойлгож хуваалцах хамтарч ажиллах нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Бизнес гэдэг бол хариуцлагын асуудал. Өнөөдөр Монголд шүүхээр орсон ч өр төлбөр нь барагдахгүй. Мөнгө төгрөгөө алдчихаад байхад дампуурлын хэрэг үүсэхгүй яваад байхаар нээлттэй компани болж өгдөггүй. Компаниуд маань гэр бүлийн орчинд найз нөхдийн хэмжээнд компани яригддаг. Энэ бүх зүйл цэгцрээд ирвэл бизнес маань нэлээд өргөжинө. Эргээд бизнесийг ёс зүйтэй хийнэ. Миний хөрөнгө гэдэг байдлаараа компанийн захирлууд орж ирсэн орлогоо хувийн хэрэгцээнд зарцуулдаг байдал алга болно. Эсвэл тодорхой үнэтэй активуудаа санаатайгаар дампууруулах ажиллагаа хийж өөр компаниуд руу шилжүүлж байгаад тэр компанийг дампууруулаад орхидог энэ бүх зүйлийг байхгүй болгох юм.

-Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг эргэж харах шаардлага үүсэх үү?

-Зөвшөөрлийн хууль зүйн эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлдээ илүү анхаарах ёстой. Дээрээс нь тодорхой хэмжээнд орон нутаг яамдуудаас олгож байгаа уялдаа холбоог сайжруулах шаардлагатай. Бидний нэгээхэн бэрхшээлтэй асуудал юу гэхээр орон нутгийн эрх хэмжээний асуудал. Чиг үүрэг нь тодорхойгүй. Орон нутаг нь төв засгийн газраас олгосон лиценз зөвшөөрлийг эсэргүүцдэг. Тэнд нь үйл ажиллагаа явуулж байгаа этгээдүүдэд халддаг. Иргэд, олон нийтийн байгууллага тодорхой бизнесийн төслүүдийг шүүмжилж болно. Шүүмжиллээ гэхэд хуулийн хүрээнд л шүүмжилж эсэргүүцэх ёстой. Гэтэл зөрчилдөөнт байдал руу орж үүнийгээ тэмцэж байна, газар нутгаа хамгаалж байна гэдэг. Энэ нь эргээд хуулийн хариуцлага хүлээлгэх болчихдог. Аливаа төслүүд дээр хуулийн дагуу байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Тухайн бизнесийн үр өгөөж нь орон нутагтаа үлдэх, төслийн ач холбогдлыг орон нутагт ойлгуулах зэрэг асуудал бидэнд дутагдаж байна. Энэ чиглэлд Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар ажиллаж байна. Түүнчлэн ХДХЯ-наас өргөн барьсан Зөвшөөрлийн хууль 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. 1500 орчим зөвшөөрлийг 360 болгосон. Зөвшөөрөл олгох процессыг ил тод болгох, хөнгөн болгох хараат бусаар хэрэгжүүлэх бололцоог бүрдүүлж байна. Зөвшөөрлийг цахимаар олгоно, сунгана. Энэ хууль маань хэрэгжсэнээр авлига албан тушаалаас хол бизнесийн эрх зүйн орчинг бүрдүүлэхэд томоохон түлхэц өгөх болов уу гэсэн хүлээлттэй байгаа.

-Шүгэл үлээгчдийн хууль матаасчдыг дэмжсэн хууль болчихвий гэх зүйл яригдаж байна. Шүгэл үлээгч, матаасчид хоёрыг хэрхэн ялгах вэ?

-Аливаа этгээдийг сүрдүүлсэн болгон шүгэл үлээж байгаа этгээд биш. Өмнө нь хувийн өс хонзон, улс төрийн зорилгоор үзэл суртлын улмаас матаас бичдэг зүйл байсан. Шүгэл үлээж байгаа асуудал нь зөвхөн нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээж байгааг хэлж байгаа юм. Үүгээрээ ялгаатай. Түүнээс биш хэн нэгнийг матах зүйл огтоос биш.

-Манай сонин “Засаатай эмээ нар буюу Монголын хошин урлаг” гэсэн нийтлэл анх бичиж нийгэмд цочроо өгч байсан. Энэ бол урлаг биш, харин доромжлол юм гэсэн шүүмжийг нийгэмд эхлүүлсэн. Таны оруулсан пост соёлын гамшигийг шинэ залуу үе мэдэрч, эхнээсээ цочиж, төрийн зүгээс байр сууриа илэрхийллээ гэж хүлээн авсан.

-Манай соёл урлаг ёс зүйтэй, өөрийн гэсэн урлагийн философитой, урлагийн жанр төрлөөсөө хамаараад үндсэн чиг үүргээ илүү томруулж харагдуулах хэрэгтэй байгаа юм. Нийгмийн болох болохгүйг урлагаар дамжуулж шүүмжлэх чөлөөтэй. Гэтэл зарим уран бүтээлүүд нийгмийг жижиглэх, хагалах, бутаргах бусад онцлогтой байгаа хүмүүсээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь эргээд хүний эрхийг зөрчиж байгаа зүйлсдээ хэвийн мэт хандаж болохгүй ээ л гэсэн санаагаар өөрийн хувийн цахим хуудаснаа бичсэн. Түүнээс биш аливаа нэг этгээдийг нэр зааж шүүмжлэх, доромжлох зүйл огт байгаагүй гэдгийг энд хэлэх нь зүйтэй байх.

Categories
мэдээ улс-төр

Б.Ганхуяг: Ч.Хүрэлбаатар сайдын Засгийн газар, ҮАБЗ, бусад газруудад танилцуулсан мэдээлэл илт гүтгэсэн тоон мэдээллүүд байсан DNN.mn

“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас тодруулга авлаа.


-Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар ЭТТ компани дээр онц дэглэм тогтоож Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон гол шалтгаан юу байв?

-Сүүлийн үед Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын Засгийн газар, ҮАБЗ, бусад газруудад танилцуулсан мэдээлэл нь илт гүтгэсэн тоон мэдээллүүд байсан. Харин Эрдэнэс Таван толгойгоос бодит мэдээллийг давхар өгч эхэлсэн. Ийм байдлаар хоёр тал тус тусдаа мэдээлэл өгч, огт ойлголцохгүй байдал үүсч, аль алиныгаа хүлээн зөвшөөрөөгүй. Ийм байдалд нэгэнт хүрсэн тул шийдэл хайж эхэлсэн. Миний бие өөрөө Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Үндэсний аудитын газарт, ҮАБЗ-д хүсэлт гаргаж тоон мэдээллийг тогтоож өгөхийг хүссэн бичиг хүргүүлсэн. Энэ саналын дагуу миний төсөөлснөөс сайн шийдвэр гарч, талууд маргаангүйгээр нэг ойлголттой болох нөхцөл үүслээ гэж аль аль нь үзсэн.

-ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оны сүүл гэхэд төлбөрийн тэнцэл болох 500 сая ам.долларыг Эрдэнэс Таван толгой дансандаа төвлөрүүлэх боломжгүй болсон гэж мэдээлэлдээ дурдсан. Энэ үнэн үү?

-Бүрэн боломжтой. Өнөөдрийн уртын тээвэрт 600 машин явж байгаа. Үүний 60 хувь буюу 360 нь Эрдэнэс Таван толгой ХК-ийн тээвэр. Яг энэ тоогоороо оны эцэст хүрвэл 340 орчим сая ам.доллар бүрдүүлнэ. Харин нэмэгдүүлбэл 500 чөлөөтэй хүрнэ. Засгийн газрын тогтоол гарсан аравдугаар сарын 5-ны өдрөөс хойш Эрдэнэс Таван толгой 80 сая ам.доллар бүрдүүлж өгсөн.

-Яг өнөөдөр Эрдэнэс Таван толгой компанийн санхүүгийн нөхцөл байдал ямар түвшинд байгааг та л хэлнэ. Яг ямар байгаа талаар товч тодорхой хариулт өгөөч?

-Санхүүгийн нөхцөл байдал маш сайн байгаа. Өнөөдрийн байдлаар улсын төсөвт 541.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол 808 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна. Оны эцэс гэхэд Эрдэнэс Таван толгой ХК-ийн 2022 оны татварын дараах цэвэр ашиг нэг их наяд төгрөгт хүрэхээр байгаа.

-Түүнчлэн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан шаардлагатай бол холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад олголоо гэж хэлсэн. Энэ нь таны багийг огцруулах юм байна гэсэн ойлголтыг нийгэмд өгчихлөө. Үүнд хариулт өгөөч?

-Тухайлсан дөрвөн асуудлаар ажлын хэсэг болон бүрэн эрхт төлөөлөгч нар хамтран ажиллаж эхэлсэн. Манайх чинь ХК шүү дээ. Манай хувьцаа эзэмшигчдийн хурал болон ТУЗ бүрэн бүрэлдэхүүнээрээ байна. Мөн СЕО ажлаа хэвийн үргэлжлүүлж байна. Бидний ажил хэвийн явагдаж байна. Засгийн газрын тогтоолоор үндсэн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хөндөхгүй, хэвийн явуулах гэж хатуу заасан. Энэ ажлын хэсэг, бүрэн эрхт төлөөлөгчөөс маш сайн нэгдсэн ойлголт, үндсэн тоон үзүүлэлт бүхий тайлан гарна гэдэгт итгэх хэрэгтэй. Нийгэм дэх төрөл бүрийн хардлага, гүтгэлгүүд ч зогсоно. Баг, бүрэлдэхүүн бол Эрдэнэс Таван толгойн өөрийнх нь л баг шүү дээ. Явагддаг ажлууд явдгаараа л үргэлжилнэ

Categories
мэдээ улс-төр

​Н.Удаанжаргал: Би зугтаагүй. Солонгост ажлаар явж байна DNN.mn


“Таван толгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг хил давж зугтсан гэх мэдээлэл гарсан билээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.


-Ойрын хугацаанд нийгмийн сүлжээнд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Таван толгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хил давж зугтсан байна гэх мэдээлэл явж эхэллээ. Та одоо яг хаана байна вэ?

-Би компанийнхаа инженер техникийн ажилтнуудтай БНСУ-ын Сөүл хотноо Солонгосын Korea national railway, Koreal компаниудтай танилцахаар томилолттой явж байна.

Бид Гүро галт тэрэгний СТС диспетчерийн нэгдсэн удирдлагын төв, Коrеаl оператор байгууллага, GTX-A төмөр замын барилгын ажил, галт тэрэгний туннель барих технологийн талаар туршлага судлах зэрэг томоохон зорилготой явна. Яагаад ийм мэдээлэл гарсныг мэдэхгүй юм.

-Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс таван толгой компани дээр онц дэглэм тогтоож Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томиллоо. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Энэ талаар мэдээлэлгүй байна.

-Эхний байдлаар нийгэмд очиж байгаа мэдээллээр бол энэ оны сүүл гэхэд төлбөрийн тэнцэл болох 500 сая ам.долларыг Эрдэнэс таван толгой дансандаа төвлөрүүлэх ёстой. Тийм боломжгүй болсон учраас Засгийн газар онц дэглэм тогтоосон гэх юм аа. Энэ талаар таны байр суурыг сонсъё?

-Надад одоогоор авсан мэдээлэл байхгүй болохоор мэдэхгүй байна.

-Эцэст нь асуухад, Засгийн газрын хуралдаанд цагдаа хүчнийхэн мэдээлэл өгсөн байна. Үүнийг та юу гэж үзэж байна. Засгийн газрын хуралдаанаар ТТЗ компанийг татан буулгах асуудал яригдсан гэх юм. Энэ үнэн үү?

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар надад одоогоор мэдээлэл алга байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хурал хийгээд хөгждөг бол Монгол хол тасрах байлаа DNN.mn

Манай улс шиг үргэлж салбар салбараараа, эсвэл бүр нийтийг хамарсан хурал чуулган хийдэг улс орон ховорхон байх. Манай ард түмэн хэлэхээс илүү хийх нь чухал гэж ярьдаг ч хэлсээр л, хуралдсаар л. Эсрэгээрээ хийж байгаа зүйлс хомс. Бөөн зардал гаргаж хийсэн хурлаараа хэлэлцсэн асуудлаа ажил хэрэг болгодоггүй. Гэсэн хэдий ч ахин дахин хуралдсаар л байдаг. Тухайлбал, өчигдөр Монголын албаны нохойн анхдугаар чуулганыг зохион байгууллаа. Хүнийхээ асуудлыг яриад хуралддаг ч шийдэж чаддаггүй байсан бол одоо бүр албаны нохдод зориулсан анхдугаар чуулган зохион байгууллаа. Анхдугаар гэхийг бодоход энэ чуулган бусад чуулганы адил цааш үргэлжлэн зохион байгуулагдах нь.

Ер нь манай улс хэзээнээс ингэж их хурал хийдэг болчихов оо. 2003 онд л лав ийм байж. Тухайн үед манай улсад АНУ-аас сууж байсан Элчин сайд Жон Дингер “Монгол шиг ингэж их хурал, семинар хийдэг улсыг би хаана ч үзээгүй” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байж. Түүний энэхүү ярилцлага бүхий сонингийн зураг саяхан цахим орчинд олны анхаарлыг татаад өнгөрлөө. Үүнээс харвал манай улс хурал, семинар их хийдгээрээ олон улсад гайхагдаад 20 жил болж байгаа юм байна. Хуралддаг, хэлэлцдэгээрээ бол Монгол Улсын хөгжил хол тасрах байлаа. Гэвч улс ч хөгжсөнгүй, хурлын тоо ч цөөрсөнгүй. Хурал, семинар, чуулга уулзалтад зарцуулах мөнгөний тоо л өссөөр байна. Хурал бүрийн ард татвар төлөгчдийн мөнгө их, бага хэмжээгээр урсаж буй. Хурал нэрийн дор төсвийн мөнгийг хий дэмий урсгасаар байдгаа хэзээ болих вэ. Хуралдаж бус хийж бүтээж үзүүлэхсэн.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

А.Хаумдас: Манайд газрын ховор элементийн Мушгиа худаг, Лугийн гол, Хотгор, Халзан бүргэдтэйн ордууд байна DNN.mn

Монгол Улсын зөвлөх инженер А.Хаумдастай ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд газрын ховор элементүүдийн талаар нэлээд яригдаж, олон улсын анхаарлыг ихэд татах боллоо. Тэгэхээр газрын ховор элементүүд болоод тэдгээрийн хэрэглээний талаар ярилцлагаа эхэлье?

-Өндөр технологид хэрэглэгдэх газрын ховор элементүүдийн талаар сүүлийн үед хүн бүр ярьдаг боловч эдгээр элементүүд нь чухам аль элементүүд гэдгийг төдийлөн ойлгохгүйгээр хэрэглээд байгаа тал бий. Олон улсын ангиллаар ховор элементүүдийг дөрвөн бүлэгт хуваарилдаг. Хөнгөн, өндөр температурт хайлдаг, сарнимал, газрын ховор гэж хуваагдана. Цахим орчин, сонин, нийтлэлд газрын ховор элемент (ГХЭ)-ийг газрын ховор металлууд, ховор шорооны элементүүд гэж нэрлэдэг. Эдгээр лантанойдын бүлгийн 17 элемент нь ховор металлын ангиллын нэг бүрэлдэхүүн хэсэг гэдгийг ойлгох хэрэгтэй. 1794-1947 он хүртэлх 150-иад жилийн хугацаанд химийн ба физик механикийн шинж чанараараа нэн төстэй газрын ховор хэмээх бүлэг элементүүдийг нээсэн байдаг. Газрын ховор нь лантанойдын бүлгийн 15 элемент мөн сканди, иттрийг оролцуулаад нийт 17 элементээс бүрддэг. ГХЭ-ийг хэдийгээр ховор хэмээн нэрлэсэн ч эдгээр элементүүд нь газрын гадаргуу дээр харьцангуй элбэг тархсан байдаг. Жишээ нь, хар тугалгаас 10 дахин, молибденээс 50 дахин, жинхэнэ ховор тархацтай элементүүд болох мөнгө болон алттай харьцуулбал даруй 1000 дахин их нөөцтэй. ГХЭ-ийн хэрэглээ эрс нэмэгдэж байгаа нь өндөр технологид суурилсан аж үйлдвэрийн хөгжил, дэлхийн дулааралтай холбоотойгоор шинээр эрчимтэй хөгжиж буй байгальд ээлтэй техник, технологийн салбарын өрсөлдөөнтэй холбоотой юм. ГХЭ-ийг өндөр хүчин чадал бүхий зай хураагуур, нарны цахилгаан үүсгүүр, салхин төхөөрөмж, цахилгаан автомашин, LCD дэлгэц, гар утас, шилэн кабель, сансрын болон батлан хамгаалах салбар, фотоцахилгаан эд анги, хэт дамжуулагч, хэт соронзон, лазер, компьютер, дахин цэнэглэх цэнэг хураагуур, зохиомол алмааз шил ба керамик, цөмийн түлш ба реакторын материал, пуужин болоод тийрэлтэт онгоцны хөдөлгүүрийн эд анги хийхэд, радиоэлектроник, машины тоног төхөөрөмж, химийн үйлдвэрлэл, металлурги, био, нанотехнологи зэрэг олон салбарт хэрэглэж байна. Ногоон технологи буюу байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмж ч ГХЭ-ийн эрэлт хэрэгцээг өсөн нэмэгдүүлж буй томоохон салбар. Дэлхийн улс орнуудын ногоон санаачилгын илрэл болсон салхин хөдөлгүүрт нэг тонноос илүү хэмжээний соронз ашигладаг бол үүний 350 кг орчим нь ГХЭ-ийн нэг болох неодим байдаг. Дээр дурдсанчлан орчин үеийн байгальд ээлтэй, өндөр технологийн аж үйлдвэрүүд болон шинжлэх ухаан, анагаах ухаан, батлан хамгаалахын салбарууд ойрын жилүүдэд эрчимтэй хөгжиж, улмаар улс орнуудын цаашдын хөгжил дэвшлийг тодорхойлох чухал салбарууд гэдэг нь ойлгомжтой. Технологийн тэргүүлэгч гүрнүүд ГХЭ-ийн найдвартай эх үүсвэрээр аж үйлдвэр, шинжлэх ухааны салбараа хангахгүй бол технологийн хөгжлөөс хоцорч, байгалийн баялагтай орнуудтай өрсөлдөх чадвараа ердөө ойрын арван жилд алдах болно гэдгээс эмээж байна.

-ГХЭ-ийн дэлхий нийтийн болон манай орны батлагдсан нөөцийн хэмжээ хэр байдаг бол?

-Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд газрын ховор металлын эрэлт хэрэгцээ тогтмол өсөн нэмэгдэж байна. Хөгжингүй орнуудын аж үйлдвэрийн дэвшил, нэн ялангуяа өндөр технологид суурилсан аж үйлдвэр хөгжихийн хэрээр чухал шаардлагатай түүхий эд болох стратегийн металлын эрэлт эрчимжиж байна. Дэлхийн хэмжээнд 130 гаруй сая тонны ГХЭ-ийн ислийн нөөц тогтоосон байдаг. Үүний 44 сая тонн нь БНХАУ-д, үлдсэн нь Бразил, Австрали, Вьетнам, Орос, АНУ гэх мэт улс орнуудад тогтоогдсон бөгөөд Монгол орны хувьд гурван гаруй сая тонны ГХЭ-ийн ислийн нөөц тогтоогоод байна. Дэлхийн ГХЭ-ийн нөөцийн ихэнх хэсэг нь ойролцоогоор бастнезит болон монацитийн эрдэс агуулсан ордуудад илэрдэг байна. Дэлхийн хэмжээнд ГХЭ-ийн хэрэглээ жилд дунджаар 170,000-200,000 тонн байна. Дэлхий дээрх газрын ховор элементийн ордуудад баяжмалын тогтсон үнэ байдаггүй. Газрын ховор элементийн ордын хүдрийн үнэ цэнэ нь тухайн ордын хүдрийн нөөцийн хэмжээнээс хамаарахгүй. Харин тухайн ордын нөөцөд үнэтэй газрын ховор элемент хэр их агуулагдаж байгаагаас шалтгаалан тодорхойлогдож байна. Түүнчлэн баяжмал дахь неодим, празеодим, терби, европын агуулга өндөр байвал тухайн баяжмалын үнэ цэнэ хоёр дахин өсөх тохиолдол байдаг.

-Манай оронд хэд хэдэн ГХЭ-ийн ордууд байна. Тэдгээр ордуудад ямар төрлийн ГХЭ-үүд агуулагддаг вэ. Манайд хийгдсэн судалгааны ажлуудын талаар тойм мэдээлэл өгөөч.

-Монгол орны газрын ховор элементийн өнөөгийн судалгааны түвшинд олборлолт, боловсруулалтын талаар авч үзэхэд хараахан эрт байна. Ялангуяа эрдсийн судалгааг шат дараалалтай хийж дүгнэлт гаргах, нөөцийг бодитойгоор тогтоон олон улсын стандартаар тооцож батлуулах, ордын хэмжээнд иж бүрэн технологийн судалгаа хийх шаардлагатай. Ингэснээр тухайн орд газраас ямар элемент, металлыг хэр хэмжээгээр олборлон боловсруулах талаар бодитой төсөөлөл бий болно. Түүндээ үндэслэн эдийн засгийн үр ашгийн талаар тооцоо, судалгааг нарийвчлан хийх боломж бүрдэх юм. Манай улсад Мушгиа худаг, Лугийн гол, Хотгор, Халзан бүргэдтэй зэрэг ГХЭ-ийн дөрвөн ордууд тогтоогдсон. Монгол орны ГХЭ-ийн ордын хүдрийг баяжуулах технологийн хувьд судлагдсан ордууд нь Лугийн голын, Мушгиа худаг болон Хотгорын ордууд юм. Халзан бүргэдтэйн ховор металлын ордын хүдрийн дээжид гадаадын ба дотоодын судлаачид удаа дараа баяжуулалтын туршилтыг гүйцэтгэсэн боловч одоогоор хараахан боломжийн үр дүнд хүрээгүй байна. Хотгорын ГХЭ-ийн ордын хувьд туршилт судалгааны ажил хувийн хөрөнгөөр хийгдсэн. Одоо Австрали улсын Parabellum Resours компани өрөмдлөг хийж, дараа жилээс ажиллаж эхлэхээр төлөвлөж байна.

-Дэлхий дахин сүүлийн үед Монголын ГХЭ-ийн нөөц болоод энэ салбарыг ихээхэн сонирхож байна.

-Монгол орны ГХЭ-ийн орд газрыг сонирхох асуудал урьд нь байсан боловч, 2010 онд Хятад улс экспортод хориг тавьсан. Энэ бол ГХЭ-ийн бүтээгдэхүүний үнийг өсгөсөн үеэс эхлэлтэй. 2011 онд Япон улсын төрийн өмчийн ЖОГМЕК корпараци болон Дэвшилт материал, Шинжлэх ухаан технологийн хүрээлэн хооронд ГХЭ-ийн судалгааны талаар хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. 2011 оны есдүгээр сард Финлянд улсын ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалын хүрээнд Финлянд улсын засгийн газраас Монгол Улсын Геологийн Төв Лабораторид ГХЭ-ийг баяжуулах лаборатори байгуулах төсөл хэрэгжүүлэхээр яригдаж, төслийн хүрээнд 700 мянган еврогийн өртөгтэй шинжилгээний тоног төхөөрөмж орж ирсэн. 2011 оны аравдугаар сард ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Монголд хийсэн айлчлалынхаа үеэр “Хоёр орны Засгийн Газрын хооронд байгуулсан Ашигт малтмалын түншлэлийн гэрээнд” гарын үсэг зурсан. Энэ гэрээний үндсэн дээр Герман Улсын хувьд ГХЭ-ийг ашиглах боломж бүрдэх бол Монгол Улс орчин үеийн шинэ техник технологи, мэдлэг мэдээллийг олж авахаар төлөвлөсөн байсан. 11 жилийн өмнө зурагдсан энэ түншлэлийн гэрээ ажил хэрэгчээр биеллээ олоосой гэж хүсч байна.

-Газрын ховор элементийг хагас боловсруулах үйлдвэрлэлийг Монгол Улс, ХБНГУ-тай хэрэгжүүлэх талаар ярилцаж, судалгааны ажлыг хамтран эхлүүлэхээр тогтлоо. Энэ ажил хэдийд биеллээ олно гэж та харж байна?

-ХБНГУ нь Европт төдийгүй дэлхийд өндөр технологийн машин техник, электрон бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч улсуудын нэг. ХБНГУ өндөр технологид хэрэгцээт түүхий эдийн дийлэнх хэсгийг бусад орнуудаас импортоор авдаг. Мөн стратегийн түүхий эд болох кобальт, платин, титан болон бусад ховор металл болон ГХЭ-ийн импортоос ихээхэн хамааралтай. ХБНГУ өндөр технологийн үйлдвэрлэлийн оронд өрсөлдөхүйц үнээр түүхий эдийн найдвартай нийлүүлэлтийг хангах нь нэн тэргүүний ач холбогдолтой. Түүхий эдийн нийлүүлэлтээ бататгах нь Германы аж үйлдвэрийн хамгийн тэргүүний, хамгийн чухал зорилт болоод байна. 2010 оны аравдугаар сарын 26-нд Германы Засгийн газар “Германы эрчим хүчний бус түүхий эдийн стратеги”-ийг батлан гаргасан бөгөөд энэ нь улс орнуудтай “түүхий эдийн түншлэл” байгуулах талаар тусгасан. ХБНГУ түүхий эдийн хангамжаа уламжлалт худалдааны тогтолцоо, хөдөлмөрийн хуваарилалтаар хангаж чадах боломжгүй болж буй нь ойлгомжтой болсон ба өндөр технологийн түүхий эдтэй олон улсын түншүүдтэйгээ түүхий эдийн салбарт хамтарч ажиллах шинэлэг арга замыг боловсруулж, дэлхийн түүхий эдийн зах зээлийн хүндрэлийг даван туулах арга замыг эрэлхийлж байгаагийн нэгэн илрэл нь манай улстай ГХЭ-ийн хүдрийг олборлох, баяжуулах, хагас боловсруулах үйлдвэр байгуулах судалгааны ажлыг эхлүүлж, хамтран ажиллах юм байна ойлгож байна. Хоёр улсын Засгийн газраас энэ чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө боловсруулах ажлын хамтарсан хэсэг байгуулагдаж, хийгдэх ажлын цар хүрээ, төлөвлөгөөг гаргаж батлуулснаар энэ ажлын эхлэл тавигдах болов уу гэж бодож байна.

-Бид цөмийн хуульд газрын ховор элементээ тусгасан нь буруудсан гэдэг. Энэ талаар та дэлгэрэнгүй яриач?

-Ер нь газрын ховор элементийн орд газрыг ашиглахын тулд “Ашигт малтмалын тухай” болон “Цөмийн энергийн тухай” хуулийн хүрээнд төр зохицуулах хэд хэдэн асуудал байгаа гэж үздэг. Нэгэнт төр мөнгө гаргаж геологийн эрэл хайгуул, нарийвчилсан хайгуул хийж нөөц батлуулсан бол “Ашигт малтмалын” тухай хуулиар Стратегийн орд газрын ангилалд орж төр 34 хувийг эзэмших, ГХЭ нь цөмийн энергийн бодис, материал гэж “Цөмийн энергийн тухай” хуульд тусгагдсанаар төр 51-ээс дээш хувийг эзэмших зохицуулалтай боловч одоогоор хэрэгжээгүй. Дэлхийд манай улсаас өөр ГХЭ-ийг цөмийн энергийн бодис, материал гэж хуульдаа тусгасан улс орон байхгүй. Өнөөдрийн байдлаар ГХЭ-ийн орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрлүүд хувийн хэвшлийн мэдэлд байдаг. Төрийн мэдлийн орд газар гэж байхгүй, иймд нөөц бүхий ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож (улсын төсвөөр судалгаа хийгдсэн), орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах асуудлуудыг хууль эрх зүйн хэмжээнд зохицуулсан тохиолдолд л энэ ажлын гараа эхлэх байх. Энэ боломжийг ашиглаж ГХЭ-ийн хүдрийг,бага агуулгатай үнэ цэнэгүй баяжмалаа экспортлохгүй, нэмүү өртөг шингэсэн зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй бүтээгдэхүүн нийлүүлэх стратегийг цаг хугацаа алдалгүй боловсруулан хэрэгжүүлэх нь чухал байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

НҮБ-д ганц санал авч, цагдаа шууд баривчилдаг болсонд бид л буруутай DNN.mn

Ганц хоёрхон сарын өмнө манай монголчууд улсынхаа гадаад бодлого, нэр хүндийг гайхан шагширч, бахархан суулаа. Нэгдсэн үндэсний байгууллагын тэргүүн Антонио Гутерреш, хоёр хөршийн Гадаад хэргийн сайд нар манай улсад шил дараалан айлчилсан нь ийнхүү улсаараа омогших, бахархах сэтгэлийг төрүүлсэн хэрэг л дээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзахдаа “Дэлхий дахинд энхтайван, амар амгалан байдал улам бүр хомсдож буй энэ үед энхтайвны бэлгэ тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна” гэж хэллээ гээд л мөн ч их хөөрцгөөсөн. Гэвч бидний энэ хөөс арилж, хөрсөн дээрээ буусан үйл явдал боллоо. Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий Ассемблейн хурал саяхан болсныг бүгд санаж байгаа байх. Ерөнхийлөгч маань Нэгдсэн үндэсний байгууллагын индэр дээрээс энхтайванд уриалж, “Цэрэг арми, зэвсэглэлд зарцуулж буй энэ их төсөв, хөрөнгийг нэн буурай болон хөгжиж буй улс орнуудад зориулсан бол хичнээн сая хүүхдийн ирээдүй гэрэлтэж, хичнээн сая хүн ядуурлаас гарч, хичнээн сая хүн өлсгөлөн, өвчин зовлонгоос ангижирч, хичнээн сая хүн хоол хүнстэй, эрдэм боловсролтой, ажлын байртай, орох оронтой болох байсан бол” гэж хэллээ гээд л Ерөнхийлөгчийнхөө ухаантайг гайхсан. Яг тэр хурлын үеэр манай улсын бодит байдлыг илэрхийлсэн инээдтэй бөгөөд эмгэнэлтэй нэгэн үйл явдал болжээ. Энэ бол Нэгдсэн үндэсний байгууллагын “Хүний эрхийн зөвлөл”-д ажиллах 12 улс орныг шинээр сонгосон үйл явдал. Тодруулбал, дэлхий дахинд хүний эрхийг хамгаалах, ахиулах үүрэг хүлээсэн Нэгдсэн үндэсний байгууллагын тус зөвлөлийг Ерөнхий Ассамблейн гишүүдийн нууц санал хураалтаар тодруулдаг бөгөөд 47 улсаас бүрддэг аж. Энэ удаагийн санал асуулгаар Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудаас Нэгдсэн үндэсний байгууллагын “Хүний эрхийн зөвлөл”-д өрсөлдсөн байдлыг авч үзвэл, баларч яваа Бангладеш 160 саналаар тэргүүлж, Мальдив 154, Вьетнам 145, Киргизистан 126 санал авч шалгарчээ. Харин Афганистан 12, Монгол нэг санал авч Нэгдсэн үндэсний байгууллагын “Хүний эрхийн зөвлөл”-д шалгарч чадаагүй байна. Манай улсын авсан нэг санал нь бид өөрсдөдөө өгсөн санал юм. Ийм л явдал болсныг Гадаад харилцааны яам нууж, тийм зүйл огт болоогүй гээд л байсан. Гэтэл Нэгдсэн үндэсний байгууллагын цахим хуудсанд энэ тухай мэдээлэл байна.

Энэ бол Монгол Улс гадаадад нэр хүндгүй болсны илэрхийлэл. Монгол Улсын гадаад нэр хүндээс гадна манай улс ардчилалгүй болж, иргэдийнхээ эрхийг хэрхэн зөрчиж байгаад дүн тавьсан явдал боллоо. Бид өөрсдийгөө “Ардчиллын баян бүрд” гээд л байдаг. Гэтэл биднийг хөндлөнгөөс ямар ч улс орон ингэж харж дүгнэсэнгүй. Түүнчлэн манай улс ардчиллын баян бүрд байхаа нэгэнт больж, ардчилал маань ч хумигдсан нь дээрх үйл явдлаас харагдлаа. Бид угтаа Орос, Украины дайныг хулчийж биш зоригтой эсэргүүцэж дуугарах ёстой байсан юм. Өдийг хүртэл дүлий дүмбэ оргиод суугаад байсны хариу л энэ шүү дээ.

Бид өмнө нь “Дайн, гутамшиг хоёроос гутамшгийг нь сонгосон ард түмэн дайн, гутамшиг хоёрын хоёулангийнх нь лай ланчгийг үүрдэг”. Дайн нэгэнт л эхэлсэн бол түүнийг эсэргүүцсэн, эсэргүүцээгүй аль нь ч хамаагүй дайн болж л байдаг. Гутамшгийг нь сонгосон газарт тэр дайны сүүдэр заавал ч үгүй ирдэг гэж бичиж л байсан. Үүнийгээ ч эхнээсээ харав бололтой.

Бүр болоогүй цагдаа хүчний байгууллага нь дур зоргоороо иргэдийг барьж саатуулдаг нь хэрээс хэтэрч байгааг Нэгдсэн үндэсний байгууллагын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсэг манай улсад ажиллах үеэрээ хэлчихээд явлаа. Ажлын хэсгийнхний санааг маш их зовоосон зүйл нь шүүхийн шийдвэргүйгээр баривчлах, цагдан хорих явдал гэнэ. 2020 онд баривчлах ажиллагааны 99.3 хувь нь шүүхийн шийдвэргүйгээр хийгдсэн бол 2021 онд энэ тоо 98.3 хувь болж. Баривчлах ажиллагаа шүүхийн урьдчилсан, хяналтгүйгээр явагдаж байгаа нь олон улсын өмнө Монгол Улсын хүлээсэн хүний эрхийн талаарх үүрэг хариуцлагатай огт нийцэхгүй гэж Ажлын хэсэг үзсэн байна.

Энэ бүгдэд иргэд төр засгаа л буруутгаж суугаа. Муу л юм бол хойд талын хар овоохой гэдэг шиг. Бүх л зүйлийн буруутан төр засаг болчихсон. Гэвч үнэн хэрэг дээрээ бид өөрсдийгөө буруутгах хэрэгтэй. Яагаад гэвэл, тэднийг төрд хэн сонгож гаргаж ирсэн юм бэ. Бид өөрсдөө л сонгож гаргасан. Бидний сонголтоор манай төр засаг бий болдог. Өөрсдийн сонголтоороо улс орныг удирдуулах хүмүүсийг гаргаж ирдэг шүү дээ. Ямар ч үнэт зүйл, үзэл бодолгүй, туйлширч хуйлардгаа больё. Иргэд хэтэрхий их хуйларч, туйлширснаас өнөөдрийн төр засаг бүрдсэн. Ардчилсан улсад нэг нам “дангаараа”, дараалан төрийн эрх барих нь ардчилал гээгдэх, хүний эрх хөлийн ул руу ойртох сөрөг үр дагавартайг бид өөрсдөө бодитоор мэдэрч, харж ч байна. Тиймээс ард түмэн хариуцлагатай байх ёстой. Хариуцлага хүлээх ч учиртай.

Өөрсдийгөө буруутгаж буруугаа хүлээж суръя. Буруугаа хүлээж сурч чадвал дараагийн сонголт мэргэн байна аа. Одоогийн байгаа байдал олон улсад ардчилалгүй гэж улсынх нь нэр хүнд унаж, төр засгийн давамгайлал, өр зээл, ам.долларын ханш, бараа бүтээгдэхүүний үнэ зэрэгт сэтгэл чинь ханамжгүй байгаа бол дараагийн удаа сонголтоо өөрөөр хий. Сэтгэлийн хөөрлөөр нэгийгээ магтаж, муу хэлж сонголт хийдгээ боль. Энэ хүн төрд гараад юу хийж чадах вэ, ямар хууль гаргаж чадах уу, бидний амьдралд яаж нөлөөлөх үү гэдгийг эргэцүүлдэг, тунгаадаг болъё оо. Өнөөдрийн нийгэм бол бидний тусгал. Бидний амьдрал бидний л ямар хүмүүс вэ гэдгийн тусгал. Өөр юу ч биш.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Болор: Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирлаар ажиллах саналыг Л.Энх-Амгалан сайд надад тавьсан DNN.mn

МонголОросын хамтарсан сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Болортой ярилцлаа.

Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзонг БСШУ-ны сайдын тушаалаар 9 дүгээр сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Таныг тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Энэ сургуультай хэрхэн холбогдох болсон талаар ярилцлагаа эхэлье.

-Би 10 жилээ Орос 3 дугаар сургуульд суралцаж төгссөн. Миний хүүхэд насны бүхий л дурсамж энэ сургуультай салшгүй холбоотой. Мөн сүүлийн дөрвөн жил төрөлх сургуульдаа эдийн засаг, математикийн багшаар ажиллаж байна. Манай хүүхдүүд ч гэсэн тус сургуульд суралцдаг. Иймээс миний ажил амьдрал сургуультай минь салшгүй холбоотой болжээ.

-МАНэрх барьж байгаа үед Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирлаар та томилогдоод байна. Хэн анх энэ саналыг танд тавив?

-Би улс төрийн харьяаллаар АН-ын Засгийн үед АН-ын гишүүн учир АН-аас УИХ-д сонгогдон ажиллаж байлаа. Сургуулийн захирлын албан тушаал бол улс төрөөс ангид байх ёстой. Сургууль гэдэг аливаа нэгэн улс төрийн нөлөөлөлгүй байх учиртай. Тийм ч учраас намайг захирлаар томилсон гэж бодож байна. Ямар нэгэн улс төрийн томилгоо биш гэдэг нь тодорхой харагдаж байгаа байх. Би гадны байгууллагад онлайн зөвлөхөөр ажиллахын тулд АН-ын гишүүнээсээ түдгэлзсэн. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн намын харьяалалгүй.

Сайдтай УИХ-д хамтран ажиллаж байсан учраас бие биенээ мэднэ. Л.Энх-Амгалан сайд тус сургуулийн залгамж чанарыг алдуулахгүй, цаашид хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх шаардлагатай учраас намайг түр орлон гүйцэтгэгч захирлаар томилох саналтай байгаагаа хэлсэн.

-Та албан ёсоор захирал нь болоогүй юм уу?

-Одоогийн байдлаар захирлын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Бас давхар хичээлээ заагаад явж байгаа.

-Энэ сургуульд Оросын нөлөө их үү?

Нийт багш нарын 70 гаруй хувь буюу 200 орчим нь ОХУ-аас ирж ажилладаг учраас нөлөөлнө. Манай сургууль олон улсын гэрээгээр байгуулагдсан учраас дүрэм журам, үйл ажиллагаа нь олон улсын хэлэлцээрээр зохицуулагддаг онцлогтой. Энэхүү хэлэлцээрийн салшгүй нэг хэсэг нь ОХУ-ын ерөнхий боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оршдог. Сургуулийн нийт төсвийн 10 гаруй хувийг Монгол Улсын төсвөөс бүрдүүлдэг, 80 гаруй хувь нь эцэг эхчүүдээс өгдөг сургалтын төлбөрөөр бүрдүүлдэг санхүүжилтийн системтэй. -Орос 3 дугаар сургууль олон тэрбумын дүрмийн сантай юм уу?

-Дүрмийн сан гэж ярихгүй л дээ. Дээр дурдсан эцэг эхийн өгдөг сургалтын төлбөр, улсын төсвөөс олгогдож байгаа төсөв байна. Нийт зардлын ихэнх хувийг багш нарын цалин эзэлдэг. Орос багш нар маань манай төсвийн цалингаар Монголд ажиллахгүй нь ойлгомжтой, тэнд өгдөг цалингаас нь өндөр цалин амлаж байж л Монголд ажиллуулна шүү дээ.

-Одоо сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу?

-Мэдээж хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн явж байгаа. Саяхан ОХУ-аас шалгалтын баг бүрэлдэхүүн манай сургууль дээр ажиллан ахлах ангийн сурагчдаас орос хэлний бичих сонсох, ярих чадварын шалгалт авч түвшин тогтоолоо. Манай сурагчид маш өндөр үнэлгээтэй шалгуулсан.

-Ж.Соронзон захирал асан одоо таны зөвлөхөөр ажиллаж байгаа гэх мэдээлэл байсан. Энэ үнэн үү. Сургуульд ямар нэгэн албан тушаал хашиж байгаа юу?

-Албан ёсоор миний зөвлөхөөр ажиллаж байгаа зүйл байхгүй. Монгол-Оросын хамтарсан сургууль байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд олон ажлууд хийхээр төлөвлөж байгаа. Ийм учраас 30 жил захирлаар ажилласан Ж.Соронзон багшаасаа зөвлөгөө авалгүй яахав. Миний хувьд багшийгаа хүндэлж, өндрөөр үнэлж явдаг. Намайг 10 жилийн хүүхэд байхад л манай сургуулийн захирал байсан хүн. Энэ сургуулийн амжилт, ололт өнөөдрийн Монгол Улсын шилдэг тэргүүний сургууль болсон нь Ж.Соронзон захиралтай салшгүй холбоотой юм.

-Та Орос 3 дугаар сургуулийг цааш нь хэрхэн авч явах бодолтой байна?

-Монгол улс ОХУ-тай бүрэн стратегийн түншлэлтэй бөгөөд Засаг хоорондын комиссын хурал болгон дээр албан болон албан бусаар сургуулийг дэмжих талаар байнга ярилцаж ирсэн. Одоогийн нөхцөл байдалд зарим нэг хүмүүс орос хэл болон боловсролыг үгүйсгэж байгаа боловч бид нэгэнт хөршөө сонгохгүй шүү дээ. Энэ сургуулийг цаашид энэ хэвээр авч явах нь Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж би боддог. Орос хэлийг төгс эзэмшсэн хүн дараагийн гадаад хэлийг маш сайн сурдаг. Сургуулийн тогтсон дэг жаягийг эвдэхгүйгээр цааш нь авч явахад сургалтын чанар, сахилга бат зэрэгт ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Харин бид өнөөдрийн нийгмийн шаардлагаар технологийн шинэчлэлтэй хөл нийлүүлэн ажиллах хэрэгтэй. Энэ утгаараа сургуулийн вэб сайтыг шинэчлэх, гар утасны аппликейшнтэй болох, ахлах ангийн сурагчдын мэргэжил сонголтод тусламж дэмжлэг үзүүлэх тал дээр анхаарч, түүнчлэн гадаад дотоодын их дээд сургуулиудтай түлхүү хамтран ажиллахаар ажлаа эхлээд байгаа. Өчигдөр Торонтогийн их сургуультай хамтран ажиллахаар яриа хэлэлцээр хийж, манай сурагчдыг 100 хувийн тэтгэлгээр суралцуулах санал ирүүлэхээр боллоо. Мөн ЭЕШ -т илүү далайцтай бэлдэх шаардлага байна.

-Захирал солигдоод олон сурагч сургуулиас шилжиж байна гэсэн мэдээлэл байсан?

-Энэ бол үндэслэлгүй худал мэдээлэл. Өнөөдрийн байдлаар сургуулиас шилжих өргөдлөө өгсөн 12 хүүхэд л байна. Өнгөрсөн жилийн өдийтэй харьцуулахад багассан үзүүлэлт. Аль ч сургуульд жил бүр шилжилт хөдөлгөөн хийгддэг шүү дээ.

-Орос багш нар олноор нутаг буцаж байгаа юм уу. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Энэ мөн л үндэслэлгүй мэдээлэл байна. Нийтдээ гурван орос багш ар гэрийн гачигдлаар буюу нөхөр, хүүхэд, дүүг нь цэрэгт татсан учраас нутаг буцацгаасан. Орос багш нар маань бүгд л гэр орон, үр хүүхдээ орхиод Монголд ажиллахаар ирдэг. Хичээлийн жилийн хугацаанд ар гэр, эрүүл мэндийн шалтгаанаар нутаг буцах тохиолдол жилийн жилд гардаг л асуудал.

-Орос 3 дугаар сургуулийн өмчийн маргааны тухай асуудал юу болж байгаа бол?

-Оросын талаас өмчийн маргаантай гэх асуудал тавьсаар ирсэн. Миний хувьд Засгийн газар хоорондын комиссын орлогч даргаар ажилладаг байсны хувьд энэ асуудлыг сайн мэднэ. Манай улс сургуулийн газрыг Монгол Улсын өмч гэдэг. Энэ асуудал дараагийн засаг хоорондын комисс дээр яригдаж хоёр тал нааштайгаар шийдвэрлэх байх. Сургуулийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй явах байх гэж бодож байна.

-Таныг АН-аас салгаж ойлгоход хэцүү. Өнөөгийн АН-ын нөхцөл байдлын талаар асуумаар байна. Ардчилсан намд нэгдэх, эвлэрэх зай үлдэж үү?

-Би улс төрөөс нэлээд холдсон байна. Өнөөдөр иргэнийхээ хувьд АН-ыг харж, ажиглаж байгаа. Би чөлөөт зах зээл, хүний эрх гэсэн зүйлүүд дээр хатуу итгэл үнэмшилтэй байдаг. Ардчилсан нам учраа ололцох ёстой. Энэ улсыг тодорхой үед удирдаж явсан томоохон улс төрийн хүчний хувьд учраа олох шаардлагатай. Маргаад байгаа хоёр талыг толгойлж суугаа хоёр нөхөр л больчихвол болчихно гэж хардаг. Баруун европын зарим нэг орнууд улс төржихөөсөө илүү улс орныхоо төлөөх шийдвэрүүд дээр нэгдсэн байдалтай байна. Манай улсын хувьд хоёр том улс төрийн хүчин төмөр зам, Таван толгой, мал аж ахуй гэх зэрэг гол зүйлүүд дээр санал нэгдэн, энэ салбаруудаа хоёр талаасаа дэмжээд ажиллах ёстой. АН-ын хувьд эвлэрэх орон зай үлдсэн гэж би бодож байна.

Хоёрдугаарт, АН шинэчлэгдэх шаардлагатай. Яагаад гэхээр партизануудыг нийгэм хүлээж авахаа больчхоод байна шүү дээ. МАН-ын үе байнга солигддог. АН-ын ах нар өөрсдөд нь дээд үе гэж байхгүй учраас “азаргалсаар” байна. Миний бодлоор өнөөдөр АН-ын дарга шинэ хүн байх ёстой. Арай өөрөөр сэтгэх толгой үгүйлэгдэж байна.

-Та Сангийн сайдаар ажиллаж байсан хүн. Өнөөгийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Эдийн засаг хүнд байна. Энэ хүндрэлээс яаж гарах талаарх бодлогыг Засаг барьж байгаа хүмүүс гаргах ёстой. Монгол Улсын эдийн засаг жижиг учраас сэргээхэд их амархан. Хамгийн гол нь эдийн засгийг “солонгоруулах” л шаардлагатай. Үеийн үед л эдийн засгийг солонгоруулах шаардлагатай гэж ярьдаг л даа. Гэхдээ одоо хэрэгжүүлэх шаардлага үүсч байна. Хариуцлага хүлээнэ гээд төрд гараад ирсэн хүмүүс ажлаа хийх үүрэгтэй.

-Таныг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр ялласан. Энэ яг юу болов? Та хариулт өгөөч.

-Нийгэмд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гээд л шуугиулчихсан. Намайг буруутгасан нь Эрдэнэт үйлдвэртэй огт холбоогүй. Төмөр замыг Монгол Улсын Засгийн газар худалдаж авах шийдвэр гаргаад тэр нь УИХ-ын тогтоолоор дэмжигдээд явсан. Үүний санхүүжилтийг гаргасан гэх үндэслэлээр би буруутгагдсан. Энэ хэргийг Дээд шатны шүүх буруу ялласан байна гэж үзсэн. Одоо ингээд харахаар би лифтчин өмгөөлөгчийн хонгилоор явсан юм байна гэж дүгнэсэн.

Лифтэнд хамт явсан нөхөр нь намайг шүүж байсан шүүгч байсан. Миний хувьд нэг хүнийг хэргээс мултлахын тулд намайг ялласан гэж боддог доо. Надад одоо гомдоллож, гоншигноод байгаа зүйлгүй. Гэхдээ цаашдаа хүнийг битгий хэлмэгдүүлээсэй гэж хүсч байна. Бид XXI зуунд ардчилсан Монгол Улсад амьдарч байгаа шүү дээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Бат-Эрдэнэ: Улсын төсвийн хөрөнгийг өөрсдийн халааснаас гаргаж байгаа юм шиг хуваарилдгаа болих хэрэгтэй DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-УИХ 2023 оны төсөв хэлэлцэж байна. Таны хувьд Булган аймагт маш бага төсөв тавьж байгаа талаар шүүмжилсэн. Б.Жавхлан сайд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуульд заасны дагуу аймгуудад төсөв төсөвлөсөн гээд байгаа. Яг ямар зүйл заалтын дагуу аймгуудын төсвийг хуваарилав?

-Би Засаг захиргааны нэгжийн тухай хуулийн ямар зүйл заалтын дагуу оруулж ирж байгаа талаарх хариултыг л Б.Жавхлан сайдаас нэхээд байгаа юм. Гэтэл хуулийнхаа дагуу явж байна гэсэн бүдэг бадаг л хариулт өгсөн. Үндсэндээ улсын төсвөөс хөрөнгө оруулалт оруулж байгаа. Энэ нь цэцэрлэг, сургууль, нийгмийн чиглэлийн барилга байгууламж гэх мэт. Энэ чиглэлийн хөрөнгө оруулалтад зориулж Булган аймагт 40 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс гадна улсын төсөвт орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг аймаг бүрт өгч байгаа. Аймаг бүрийн санхүүжилтийг харахад 2023 онд Булган, Сүхбаатар аймаг дээр найман тэрбум төгрөг, бусад нь өндөр төсөвтэй байна. Орон нутгийн хөгжлийг дэмжих сангаас Баян-Өлгий, Булган аймагт бага, бусад аймагт өндөр төсөвтэй байх жишээтэй. Энэ дүнг бусад аймгуудтай харьцуулаад үзэхэд манай аймагтай ойролцоо хүн амтай, ойролцоо нутаг дэвсгэртэй, Улаанбаатар хотоос бүсчилсэн байдлаараа алслал нь адилхан аймгийг харахад төсвийн хувьд нэлээд зөрүү гарч ирж байна. Орон нутгийн төсвийн санхүүжилтийг аймгуудад харилцан адилгүй тусгасан байна. Зарим аймаг нь хоёр дахин илүү төсөвтэй байх жишээтэй. Өнгөрсөн жил мөн адил үүнийгээ эргэн хараач ээ гэж хэлж л байсан. Гэтэл энэ жил өмнөх шигээ л орж ирж байна. Ингэж төсвийг хуваарилж болохгүй. Яагаад ийм байна гэхээр янз бүрийн үзүүлэлт, хууль ярьдаг. Их хуралд орж ирснээсээ хойш Булганд тавигддаг төсвийг тодорхой хэмжээнд нэмүүлсээр ирсэн. Гэхдээ тун хангалтгүй байсаар өдийг хүрч байна.

-Эдийн засаг хөгжлийн сайд ч төсөв хуваарилалтад анхаарах хэрэгтэй болов уу?

-2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулж байхад УИХ-ын гишүүн Б.Баттөмөр С.Бямбацогт гишүүн бид хэд Монгол Улсын эдийн засгийг бүхэлд нь, томоор нь хардаг институцитэй болох хэрэгтэй гэж үзэн Эдийн Засгийн хөгжлийн яамтай байх ёстой гэдгийг тусгасан. Сангийн яамыг тусдаа явах нь зүйтэй гэж үзсэн. Энэ маш зөв зүйтэй яам байгуулагдсан. Том төслүүдээ хэрхэн санхүүжүүлж удирдах вэ гэдгийг энэ яам бодлогоор шийднэ. Жишээ нь, урд хөршид Үндэсний хөгжил шимтгэлийн хороо гэж байдаг. Үндэсний хөгжил шимтгэлийн хороо нь улсынхаа хөгжлийг салбар салбараар нь урт хугацаанд тодорхойлчихдог. Үндэсний хөгжил шимтгэлийн хорооны сайд нь богино хугацаанд чанартай маш сайн ажиллах л үүрэгтэй очдог. Гэтэл манайд нэг нь сайд болохоороо өмнөх Сайдын ажлыг үгүйсгэдэг. Цоо шинэ зүйл гаргаж ирдэг. Улс орны хөгжлийг асуудлын эхэнд тавьж анзаарч харахгүй байна. Жавхлан сайдтай төсвөөс өмнө уулзахад “Яг үнэндээ Ж.Бат-Эрдэнэ гишүүн ээ танай аймаг Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар, Завхан гэх аймгууд үнэндээ хаягдчихсан юм байна” гэж хэлж л байсан. Хоёрдугаарт, манай аймгийн хажууд улсын томоохон “Эрдэнэт” үйлдвэр байна. Булган аймагт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт оруулж, дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Аль боломж бололцоотой нь Эрдэнэт рүү, эсвэл Улаанбаатар руу шилждэг. Нэг хэсэг Төв аймаг тийм байлаа ш дээ. Хаягдчихаад байсан. Үүнийг л больё гээд байгаа юм. Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд хаана юм хаягдаад байна тэрийг нь нөхөж байх ёстой. Улсын төсвийн хөрөнгийг өөрсдийн халааснаас гаргаж байгаа юм шиг хуваарилдгаа болих хэрэгтэй. Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн бүр төрийн үйлчилгээг тэгш авах эрхтэй. Яагаад зарим аймагт нь бага төсөв суулгаад бусдад нь өндөр төсөв суулгачихдаг юм. Энэ талаасаа хуулиа эргэн харах хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан.

-Энэ жилийн төсвийг та ерөнхийд нь яаж харж байна?

-2023 оны улсын төсөв төсвийн реформ хийсэн төсөв орж ирж байна. Улсыг томоор нь харах ёстой. Улс орон жигд хөгжих ёстой. Ерөнхий сайд Улсын төсвийг тэгшитгэн хувааж, асуудлыг гал унтраах байдлаар аргацааж, шилжих төслүүдийн урсгал зардалд төсвийн дарамт үүсдэг байсан тогтолцоог халж, цаашид шинээр санхүүжүүлэх төслүүдийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж, Эдийн засгийн хөгжлийн яам нэгдсэн байдлаар төлөвлөж, Сангийн яам санхүүжүүлдэг тогтолцооны реформ руу шилжинэ гэсэн. Олон төсөл хөтөлбөрүүдийг больё гэж байгаа юм байна. Гуравдугаарт, төсвөө нэг сайн цэвэрлээд номонд нь оруулаад авъя гэдэгтэй бол миний хувьд санал нэг байгаа. Гагцхүү үнэхээр шинэчлэлээ хийе гэж байгаа бол зайлшгүй засах зүйл төсөв дээр харагдаж байна.

-Тухайлбал?

-Улаанбаатар хотын түгжрэлд зориулж төсөв тавигдах гэж байх шиг байна. Ноднин жил түгжрэлд зориулж 420 тэрбум төгрөг тавигдсан. 420 тэрбум төгрөгийн 300 гаруй тэрбумыг нь түгжрэлд зарцуулсан гэх мэдээлэл бий. Хэрвээ тийм бол энэ жил дахиж 420 тэрбумыг бус 300 гаруйг тэрбум төгрөгийг төсөвт суулгавал зохилтой. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулъя гэж байгаа бол орон нутагт амьдарч буй иргэд ч яг л ижилхэн хэмжээний үйлчилгээ авч амьдрах ёстой. Булган аймагт авто замын төсөл, сумдын халуун усны барилга гээд нэн хэрэгцээтэй олон төсөл үргэлжилнэ. Халуун усны барилга барих гэлээ гэж хэвлэлээр шүүмжлээд байсан. Халуун усны газар нь угаалгын газар, үсчин гээд цогц үйлчилгээний төв байх юм. Энэ маань малчдад, сумын иргэдэд хэрэгтэй. Аймаг, сумдад байгаа халуун усны газар гэж муурын байшинг л юм байдаг. Халуун усчгүй сумд олон байна. Хөдөөд хүрэх үйлчилгээг бид хаячихаад байна.