Categories
мэдээ цаг-үе

Л.Мөнхбаатар: Бусдын малыг хулгайлсан л бол хэд байхаас үл хамаарч ял шийтгэл заавал хүлээнэ

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Таны хувьд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан гишүүдийн нэг. Эрүүгийн хуульд ямар өөрчлөлтүүд тусгагдав?

-Энэ хуульд туссан гол зохицуулалт нь бусдын малыг хулгайлсан л бол нэг байна уу, олон байна уу гэдгээс үл хамааран эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл заавал хүлээхээр боллоо. Малын хулгай ярихаараа нэг л их тоо яриад байна гэж яригдаж байсан. Энэ талаар тайлбар хэлэхэд мал хулгайлсан л бол ямар ч маргаангүй, ял шийтгүүлэх нь тодорхой. Харин хэдэн мал, ямар нөхцөлд мал хулгайлснаас шалтгаалан зарим тохиолдолд оногдуулах ял шийтгэлийг илүү хүндрүүлэх шаардлага байдаг. Тиймээс малын тоо, мал хулгайлахад үүссэн нөхцөлийг малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хүрээнд яриад байгаа юм.

Хэрвээ найм хүртэлх тооны бог, эсхүл нэг бод, өөрөөр хэлбэл найм хүртэл тооны мал хулгайлсан бол Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэл ногдуулна. Мөн найман бог, эсхүл, хоёр бод, түүнээс дээш тооны мал хулгайлсан бол олон тооны мал хулгайлсан гэж үзэж өмнөхөөс илүү хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасны дагуу хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Үүнтэй холбогдуулан нэг бодыг дөрвөн богд шилжүүлэн тооцохоор хуульд тусгасан.

Түүнчлэн хулгайлсан малын тооноос үл хамааран дараахь байдлаар мал хулгайлсан бол бас хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа. Үүнд, бүлэглэн мал хулгайлсан,улсын хилээр нэвтрүүлсэн, машин механизм ашиглан ноцтой хор хохирол учруулан мал хулгайлсан бол хэдэн тооны мал хулгайлснаас үл хамааран хүндрүүлэх нөхцөлтэйгөөр буюу шууд хоёроос найман жилээр хорих ял шийтгэхээр тус тус тусгасан. Малын хулгайг зөвхөн Эрүүгийн хуульд заасан. Өөрөөр хэлбэл, мал хулгайлах нь зөрчил биш, гэмт хэрэг. Зөрчлийн хуульд “хулгайлах” зөрчил байдаг боловч энэ нь малын хулгайд хамаарахгүй бөгөөд мал хулгайлсан бол эрүүгийн хариуцлага хүлээнэ. Бидний санаачилсан хуулиар Зөрчлийн хуульд орсон өөрчлөлт нь хулгайлсан мал, махыг мах бэлтгэлийн зориулалтаар худалдан борлуулахад зөрчлийн хариуцлага хүлээлгэдэг болгож байна. Өмнө нь мал, мах бэлтгэлийн зориулалтаар гарал үүслийн гэрчилгээгүй мал тууварласан, эсвэл мал, мах тээвэрлэсэн гэдэг зөрчил байсан боловч түүнийг худалдаалж, борлуулсан этгээдэд зөрчил хүлээлгэдэггүй байсан. Энэ өөрчлөлт орсноор хулгайлах замаар олж авсан мал, махыг тодорхой хэмжээнд худалдаалахыг хязгаарлана гэж үзэж байгаа.

-Энэ өөрчлөлтийн амин сүнс нь малын хулгайтай тэмцэхэд чиглэж байна гэж ойлгож байгаа. Мал хулгайлсан л бол тоо харгалзахгүйгээр хорих ял эдлүүлэхээр шинэ хуульд заажээ. Өнчин ишиг хулгайлсан ч ял авах юм байна. Арай хатуу хууль болчихов уу гэх зүйл яригдаж байна….

-Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль зэрэг бусад хуулиар малын шилжилт хөдөлгөөний хяналт, малын бүртгэл, им тамга, малын индексжүүлсэн бүртгэл, мал, махны гарал үүслийн гэрчилгээ гэх мэт захиргааны хяналт, зохицуулалтын шинжтэй хуулийн зохицуулалтууд хэрэгжээд явж байгаа. Гэлээ гэхдээ мал хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулахад дорвитой нөлөө үзүүлэхгүй байна. Энэ төрлийн гэмт хэрэг улам л өсч байна. Үндэсний статистикийн газрын мэдээллээс үзэхэд мал хулгайлах гэмт хэрэг 2017 онд 901, 2018 онд 1096, 2019 оны байдлаар 1800 гаруй мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт жил бүр тасралтгүй өссөөр байгаа. Сая бидний санаачилсан хууль бол малын хулгайн гэмт хэрэг гарсны дараа мал хулгайлсан этгээдэд оногдуулах ялыг чангатгасан зохицуулалт бүхий Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт юм. Мэдээж ялын бодлого бол нэг талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирсон ял шийтгэлийг оногдуулах зорилготой. Нөгөө талаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх буюу энэ гэмт хэргийг үйлдвэл ийм ял шийтгэл эдлэх юм байна гэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй байдаг.

Уг нэмэлт, өөрчлөлт бол гэмт хэрэгтэй тэмцэх зорилготой хууль. Үүний өмнө Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ баталсан. Уг хуулийн төслийг би УИХ-ын зарим гишүүний хамт санаачилсан. Энэ хуулиар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх буюу гэмт хэрэг гаргахгүй байхад төрийн болон орон нутгийн байгууллага, цагдаагийн байгууллага, иргэдийн чиг үүрэг зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар зохицуулсан. Нөгөө талаар малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх нь зөвхөн цагдаагийн болон бусад хуулийн байгууллагын чиг үүрэг гэж орхилгүйгээр холбогдох тал талын илүү өргөн хүрээтэй оролцоо, хамтын ажиллагаа чухал байна.Цагдаагийн байгууллагын хэрэгжүүлдэг хяналтаас гадна, бусад захиргааны байгууллагууд, хуулиар малын шилжилт хөдөлгөөний хяналт, им тамганы хэрэглээ, бүртгэлжүүлэлтийн асуудлаар ямарваа нэг үүрэг хүлээсэн бүх этгээд нэгдсэн зохион байгуулалттайгаар нэг чиг зорилго, нэгдмэл сүлжээ үүсгэн хамтран ажиллах шаардлагатай. Хичнээн хатуу чанга, нарийвчлан зохицуулсан хууль байгаад үр дүн муутай байна.

-Урьд нь малын хулгайн шийтгэл оногдуулах зүйл анги нь сул байсан гэж үзэж байна уу. Нийтэд тустай ажил хийх заалт хасагдаж байгаа юм билээ…

-Мал хулгайлах гэмт хэрэг өсч байгаа нь ядуурал, ажилгүйдэл зэрэг нийгэм, эдийн засгийн байдалтай шууд холбоотой боловч нөгөө талаар мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулж байгаа ялын бодлого нь үр нөлөө багатайгаас гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй байна гэж үзсэн. Иймд малын хулгайн гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах, хуулийн хийдэл гаргахгүй байх зорилгоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг санаачилсан. Өмнө нь буюу энэ нэмэлт, өөрчлөлт батлагдахаас өмнө 24 бог, найман бодоос дээш тооны мал хулгайлсан нөхцөлд ял шийтгэлийг хүндрүүлж оногдуулдаг байсан. Тухайлбал, 23 бог хулгайлсан этгээдэд 240 цагаас 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой байсныг хуулиас хасч байна. Өөрөөр хэлбэл, 23 бог хулгайлсан этгээд өмнө нь ял эдлэх нэрээр аймгийн төвд хэдэн өдөр гудамж шүүрдэж байгаад буцаад сумандаа хүрээд ирдэг байсныг таслан зогсоож, тэдэнд зохих ял шийтгэлийг эдлүүлэхээр хуульд тусгасан.

-Малын хулгайг ихэвчлэн бүлэглэн хийдэг. Энэхүү хууль гарснаар эдгээр этгээдүүдэд ямар шийтгэл оногдуулах вэ?

-Үнэхээр малын хулгайг зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлддэг тохиолдол их байна. Амьдрал дээр малын хулгайг бүлэглэн үйлдчихээд нэг нь даадаг явдал гардаг. Ганцаараа үйлдсэн нөхцөлд олон тооны мал хулгайлаагүй бол бүлэглэн үйлдсэнээс хөнгөн ял шийтгэл оногдуулдаг. Гэхдээ хуулийн энэ нөхцөлийг өөрчлөх боломжгүй. Ер нь гэмт хэргийн илрүүлэлт, мөрдөх, нотлох ажиллагаатай илүү холбоотой асуудал. Малын хулгайг ганцаараа,бүлэглэн, бусдынхаа өмнөөс ганцаараа ялыг дааж байна уу гэдгийг гэмт хэргийг хянан шийдвэрлэх явцад мөрдөгч, прокурор, шүүгч ялган тогтоох ёстой.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​ Д.Мөнх-Эрдэнэ: Төрөөс хулгай хийчихээд хууль батлуулан ялаас мултарч байгаа нөхдүүдэд хатуу шийтгэл ногдуулах ёстой

Хуульч Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолохоор болж байна. Энэ хэр зөв шийдэл гэж та харж байна?

-Хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг сэргээн шалгах зорилгоор УИХ-аас Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан байна.

Уг хуулийн өөрчлөлтийн талаар хуульчид, улстөрчид янз бүрийн байр суурьтай байх шиг байна. Хэдийгээр Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байхаар зохицуулсан боловч би хувьдаа уг өөрчлөлтийг дэмжиж байгаа.

Учир нь анхнаасаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулж, авлига, албан тушаалын олон зуун гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох ажлыг 2017 онд тодорхой нөхдүүд санаатай зохион байгуулсан байж болзошгүй гэж үзэж байгаа учраас. Үүнийг ард түмний эрх зүйн байдлыг дордуулж, авлигачдын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн явдал гэж хэлж болно.

Нөгөө талаас, авлига, албан тушаалын гэмт хэргүүд хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болж эхэлсэн цагаас Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагаанд баримтлах “шударга ёс, тэгш байдал”-ын зарчмууд болон Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх”, Эрүүгийн хуульд заасан “шударга ёс”-ны зарчмууд зөрчигдөж эхэлсэн.

Хулгай, залилан үйлдсэн нөхдүүдийн хэргийг хуулийн хугацаанд багтаан яс мөрдөж шүүхээр оруулан ял шийтгэдэг бол авлига, албан тушаалын хэргүүдийг яадаг билээ.

Хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгах гэсэн мэт нэг бол мөрдөн байцаалтын шатанд усанд хаясан чулуу мэт алга болно, эсхүл шүүхийн шатанд буцаасаар хэрэгсэхгүй болгоно.

Ер нь тэгээд 20, 30 жилийн өмнө бус 4, 5-хан жилийн өмнө үйлдэгдсэн авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр ял шийтгэлээс чөлөөлөөд байвал хэн Монголын төр, хуульд итгэх вэ.

Шударга ёсны зарчим хаана байна. ФАТФ байгууллагаас Монголыг авлигачидтайгаа, мөнгө угаах гэмт хэрэгтэй хангалттай тэмцэхгүй байна гэж үзэж саарал жагсаалтад оруулсан. Энэ хэвээрээ бол мөд хар жагсаалтад оруулах биз. Цагтаа нацист Германд хууль батлах замаар хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж, иргэдийн өмчийг нь хурааж, их хядлага явуулж байсан.

Тийм учраас олон улс оронд шударга бус төр, дэглэмийн эсрэг бослого гаргаж, зэвсэгт тэмцэл өрнүүлэх эрхийг Үндсэн хуулиараа ард түмэнд олгосон байдгийг санах хэрэгтэй. Төрөөс, ард түмнээс хулгай хийчихээд хулгайгаа хулгай биш гэсэн хууль батлуулан ял шийтгэлээс мултарч байгаа нөхдүүдийн хэргийг хэрэгсэхгүй болгох биш, хамгийн хатуу ял шийтгэл ногдуулах ёстой.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцэд авлига нь нийгмийн тогтвортой байдалд аюул занал учруулж, ардчилсан тогтолцоо, ёс зүй, шударга ёсыг доройтуулан сулруулж байна гэж дүгнэсэн байдаг.

-Энэхүү хууль батлагдсанаар шүүхийн шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах, мөн 2017 оны долдугаар сарын 01-нээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд прокурорын шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг зогсоож сэргээн шалгахаар болж байгаа…

-Хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр прокурор, шүүхийн шатанд хэрэгсэхгүй болсон бүх авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг сэргээн шалгах нь зөв. Ингэж шударга ёсыг тогтооно. Гэмт хэрэгтнүүдэд гэсгээл ногдуулах ёстой биз дээ.

Хуулийг хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн зарчмаас гадна түүнээс илүү чухал ач холбогдолтой шударга ёсны болон тэгш эрхийн зарчмуудыг заавал анхаарч үзэх ёстой.

Хэрэв Улсын Их Хурал саяны нэмэлт, өөрчлөлтийг батлаагүй бол хөөн хэлэлцэх хугацаагаар авлигачдын хэргийг хэрэгсэхгүй болгосон 2017 оны тавдугаар сарын 16-ны өдрийн хуулийг Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчмуудыг зөрчсөн үндэслэлээр Үндсэн хуулийн Цэцэд өгөх боломжтой байсан.

-Авлигын хэрэгт холбогдож, улсад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон улс төрийн өндөр албан тушаалтнууд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг нь хаагдсан. Эдгээр хүмүүсийг дахин шалгахад хүндрэл үүсэх үү?

-Шинээр баталсан хууль өмнөх харилцаанд яаж үйлчлэх вэ гэдэг асуудал яригдана. УИХ-аас саяны Эрүүгийн хуулийн өөрчлөлттэй хамт уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлаад энэ асуудлыг зохицуулах гэж оролдож байгаа юм байна.

Шударга ёс тогтоох талаасаа зарчим нь зөв тул шийдвэрлэж болох асуудал гэж бодож байна. Ер нь ялын бодлогод өөрчлөлт орж тодорхой гэмт хэрэгт ногдуулах ялын хэмжээг нэмэгдүүлсэн, бууруулсан, ногдуулах ялын төрөл өөрчлөгдсөн, эсхүл тодорхой үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэгт шинээр тооцсон, гэмт хэрэг гэж үзэхгүй эрүүгийн хуулиас хассан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан, дээрдүүлсэн тухай ярьж болно.

Түүнээс бус хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулах замаар авлигачдын хэргийг хэрэгсэхгүй болгосон явдал нь нарийн яривал зохион байгуулалттай гэмт хэрэг шиг зүйл болчихоод байгаа юм.

-2017 онд Эрүүгийн хуулиас албан тушаалын байдлаараа нөлөөлөх гэсэн зүйл ангийг шийдвэр гаргагчид хассанаас болж ЖДҮ-ийн хэрэг шийдвэрлэхэд хүндрэлтэй гэгддэг. ЖДҮХС-гаас албан тушаалаа ашиглаж зээл авсан тал дээр Эрүүгийн хууль үйлчлэх үү?

-Үйлчилнэ. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг тодорхойлсон бөгөөд уг бүлэгт төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байгаа. ЖДҮХСан нь жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор олгодог Засгийн газрын тусгай сан улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг.

Гэтэл нэн хөнгөлөлттэй уг зээлийн сангийн хөрөнгийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан бүлэглэн авч, зориулалтын бусаар зарцуулсан бол тэдгээр этгээдийн хойноос хууль очиж, хариуцлага тооцно. Цаг хугацааны л асуудал гэж бодож байна.

Бүлэглэн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуульд гэмт хэрэгт хамтран оролцох гэж томьёолсон байдаг. Энэ ЖДҮ-гийн хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгч, хамжигч гээд бүгд байгаа гэж боддог.

-Эрүүгийн хуулийн суурь зарчим зөрчигдөх гэж байна гэж үзэх хэсэг байна…

-Энэ асуудлыг тал талын өнцгөөс бүрэн харах нь зөв болов уу. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх Эрүүгийн хуулийн зарчим зөрчигдөх гэж байгаа талаар болгоомжилж буй хуульчдын буруу биш.

Гэхдээ бид үүнээс гадна шударга ёсны зарчим байгааг мартаж болохгүй. Мөн хэрэв авлигачид rap хөлөөрөө дамжуулан өөрсдийн үйлдсэн гэмт үйлдлээ эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль батлуулсан бол яах вэ гэдгийг бодох ёстой. Тэд энэ янзаараа бол мөд авлига бол гэмт хэрэг биш гэсэн хууль батлуулж ч мэдэхээр хүчтэй, бяртай, нөлөөтэй байна.

Монголчууд бидний хувьд тун ноцтой асуудал үүсгэсэн авлига, албан тушаалын хэргүүдийг мөрдөн шалгаж тогтоогоод хэрэгсэхгүй болгож байгаа нь хамгийн санаа зовох том асуудал шүү дээ.

-Таны дээр хэлсэнчлэн хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгах зорилгоор нэг бол мөрдөн байцаалтын шатанд усанд хаясан чулуу мэт алга болно, эсхүл шүүхийн шатанд буцаасаар хэрэгсэхгүй болгож байна гэдэгтэй санал нэг хүмүүс ч байна. Манайд хөөн хэлэлцэх хугацаа ямар байх ёстой юм бэ?

-Улс орнууд янз бүрээр зохицуулсан. Хөөн хэлэлцэх хугацаа тоолдог улсуудын хувьд нийтлэг нэг зүйл нь онц ноцтой гэмт хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаа тоолдоггүй явдал. Бидний хувьд маш том аюул болсон авлига, албан тушаалын гэмт хэрэгт цаашдаа хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх нь зөв гэж бодож байна.

Авлигад автсан түшмэдүүд улс орноо мөхөөсөн жишээ хүн төрөлхтний түүхэнд олон бий. Энэ гэмт хэргийг ихэвчлэн эрх мэдэлтэй хүмүүс үйлдэж байгаа учраас илрүүлэхэд хүнд байдгаас гадна энэ төрлийн гэмт хэрэгт цаг хугацаа их ордог.

Эрх мэдэлтэй, мөнгөтэй нөхдүүд зохион байгуулалттай бүлэглэн үйлддэг, олон бэрхшээл саад давж, их цаг хугацаа, хүч хэрэгсэл зарцуулж илрүүлдэг авлига, албан тушаалын гэмт хэргүүд үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байгаа тул цаашид энэ төрлийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх нь зүйтэй гэж бодож байна.

-Хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолсноор ямар дэвшил гарах вэ. Амьдрал дээр биеллээ олж чадах эсэх нь эргэлзээтэй гэх зүйлс яригдаж байна. Учир нь эдгээр авлига албан тушаалын гэмт хэргийг томоохон эрх мэдэлтэй хүмүүс үйлддэг…

-Нийгэм шударга ёс тогтооход дэвшил гарч, дараа дараагийн хүмүүст сургамж болно. Бас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгана. Энэ хүрээнд АТГ, прокурор, шүүх ажиллаад хуулийн хүрээнд арга хэмжээ авна гэж бодож байна. Нийгэмд, ард түмний дунд хамгийн их хүсэж байгаа зүйл шүү дээ. Авлига албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэл ногдуулсан тохиолдол манайд маш цөөхөн байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Үүрцайх: Хүн амын тэн хагас нь оршин сууж байгаа учраас мандатын тал нь нийслэлд оногдох ёстой

ХҮН-ын нарийн бичгийн дарга, хуульч Д.Үүрцайхтай ярилцлаа.


-Ирэх оны сонгуулийг томсгосон мажоритар системээр явуулахаар болсон. Та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-аас УИХ-ын Сонгуулийн хуулийг шинэчлэн баталлаа. Ингэхдээ1992,2008 онуудад хэрэглэж байсан томсгосон тойрогтой дийлэнх олонхын тогтолцоог авч хэрэглэхээр шийдэж байна. Энэ тогтолцоо бол хуучин жижиг 76 тойрогтой тогтолцооноос бага зэрэг дэвшилттэй боловч сүүлийн 30 жил бид хортой үр дагаврыг нь амсаж байгаа төрийг хямралт байдалд хүргэсэн дийлэнх олонхын тогтолцоог хэрэглэх гэж байгаа нь харамсалтай. Учир нь дийлэнх олонхын тогтолцооноос болж манайд парламентын ардчилал бэхжиж чадахгүй, тойргууд руу төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг, улс төрийн намууд төлөвшдөггүй, бэхэждэггүй, мөнгөний улс төр явдаг, улс төрийн авлига хөгжсөн зэрэг сөрөг нөхцөл байдал үүссэн. Эрх баригчид ингэж шийдсэн учраас энэ тоглоомын дүрмээр цаашаа явна гэсэн үг. Гэхдээ энэ тогтолцооны сөрөг талуудыг багасгах хууль зүйн боломжууд байна. УИХ-ын сонгуулийн тойргийг хоёрдугаар сарын 1-нээс өмнө шинэчлэн тогтоохдоо сонгох, сонгогдох эрхийн тодорхой зарчмуудыг хангасан байдлаар тогтоох боломж нь УИХ-д байгаа. Энэ боломжоо шийдвэр гаргагчид ашиглах байх гэж найдаж байна.

-Сонгуулийн тойргийг хэрхэн тогтоох нь зүйтэй юм бэ?

-Хамгийн гол нь парламентын ардчиллыг бэхжүүлж, улс төрийн намуудыг төлөвшүүлэхийн тулд энэхүү олон мандаттай сонгуулийн тогтолцооны хувь тэнцүүлэх нөлөөг нь аль болох өндөр байхаар буюу тойргуудийг аль болох томсгож, аль болох олон мандаттайгаар, жижиг тойрог дээр тойргоо “услаж”сонгогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, мөнгөний нөлөөг багасгахуйцаар тогтоох хэрэгтэй. Нэн чухал зүйл нь сонгох, сонгогдох эрхийн тэгш байдлыг хангах, сонгуулийн суурь зарчмуудыг хангасан байдлаар тогтоох ёстой. Ингэхдээ хэд хэдэн зарчим барих ёстой юм. Сонгуулийн тойргийг засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг баримталж бус сонгуулийн газар зүй буюу тойргийн сонгогчдын тоо харилцан адил байхаар тусгайлан тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл, том газар нутгийг хамарсан, олон мандаттай байдлаар тойргийг тогтоох хэрэгтэй. Ингэхээр хувь тэнцүүлсэн элемент нь илүү сайн болж улс төрийн намууд харьцангуй төлөвших процесст дэмжлэг болж,сонгуулийн төлөөллийн зарчим илүүтэй хангагдах боломжтой. Мөн нэг тойрогт ногдох мандатын тоо ижил байх ёстой. Тодруулбал, бүгд хоёр мандаттай, эсвэл бүгд гурван мандаттай тойрог гэдэг ч юм уу. 1992, 2008 онд олон мандаттай тойргоор сонгууль явуулахдаа Говьсүмбэр аймаг нэг мандаттай, Баянзүрх дүүрэг дөрвөн мандаттай гэхчлэн харилцан адилгүй тогтоодог байсан. Энэ нь сонгох эрхийн тэгш байдлыг зөрчиж байгаа юм. Хэрвээ иргэд төрөө тэгш эрхтэйгээр сонгохгүй юм бол энэ төр бүх иргэдийн төр биш болж хувирна.Учир нь Говьсүмбэр аймгийн иргэн нэг мандаттай, чухал биш иргэн. Сонирхлоо ганц УИХ-ын гишүүнээр төлөөлүүлдэг. Харин Баянзүрх дүүргийн сонгогч өөрийн эрх ашиг улс төрийн хүсэл зоригоо дөрвөн УИХ-ын гишүүнээр төлөөлүүлдэг. Тэр хэрээр Говьсүмбэр аймаг руу очих хөрөнгө оруулалт, төсвийн хуваарилалт бага болдог. Баянзүрх дүүрэгт эсрэгээрээ болдог гэдэг ч юм уу. 1992 онд Үндсэн хуулийн Цэц харалган шийдвэр гаргасан. Энэ нь Үндсэн хуульд сонгогчид тэгш эрхтэйгээр сонгоно гэж үгчилж бичээгүй учраас иргэд төрөө тэгш бус эрхтэйгээр сонгож болно гэсэн агуулгатай шийдвэр гаргасан. 2008 оны сонгуульд нэр бүхий иргэд Цэцэд хандахад 1992 онд гаргасан Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр байгаа учраас энэ асуудлаар дахин Үндсэн хуулийн маргаан үүсгэхгүй хэмээн шийдэж байсан. Энэ бол маш хор нөлөөтэй шийдвэр. Үүнийг Үндсэн хуулийн Цэц засах боломжтой. Эсвэл УИХ Монгол Улс ардчилсан, парламентын засаглал бэхжих ёстой гэж үзэж байгаа бол тойрог байгуулах УИХ-ын тогтоолоороо энэ асуудлыг цэгцэлж шийдвэрлэх, сонгох, сонгогдох эрхийн тэгш байдлыг хангасан байдлаар тогтоох боломжтой. Үүнийг хангаж тогтоохын тулд дээр дурдсан аль болох тойргийг томсгох, тойргуудад ногдох сонгогчдын тоо адилхан байх, мөн нэг тойрогт ногдох мандатын тоо ижил байх ёстой юм.

-УИХ-ын гишүүн хүн хэдэн хүнийг төлөөлөх нь зохистой харьцаа вэ?

-Мэдээж тухайн улсын парламент хэдэн гишүүнтэй байхаар хуулиараа тогтоосон байна тэр хэмжээгээр л төлөөлөл нь тодорхойлогдоно. Манай улсын хувьд 42000 гаруй иргэнийг нэг УИХ-ын гишүүн төлөөлж байгаа гэж харагдана. Парламентын засаглалтай дэлхийн хөгжингүй орнуудын жишгийг судлан үзэхэд Таагепера нарын улс төр судлалын эрдэмтдийн гаргасан куб язгуурын хууль буюу тухайн улсын хүн амын тоог куб язгуурт оруулан тооцож парламент нь хэдэн гишүүнтэй байвал зохистой болохыг тогтоодог аргачлалыг ерөнхийдөө ашигласан байдаг. Энэхүү аргачлалаар тооцож үзвэл манай УИХ 147 гишүүнтэй байх шаардлагатай байгаа. Саяын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гишүүдийн тоог нэмэгдүүлэх боломжийг ашигласангүй. Тэр утгаар үзвэл манай гишүүд хэт олон иргэнийг төлөөлж байна гэсэн үг. Гэхдээ олон мандаттай тогтолцооны урьдын тойргоо дахин байгуулвал мэдээж хэрэг төлөөллийн зарчим алдагдаж, тэгш бус байдал үүснэ.

-Хүн амын тэн хагас нь нийслэлд ажиллаж, амьдарч байна. Гэтэл нийслэлийн мандатын тойргийг багасгаж хөдөө орон нутгийн мандатыг нэмэгдүүлэх нь буруу гэх шүүмжлэл олон нийтийн дунд явж байна…

-Тойргийн хуваарилалтын сургаар өмнө нь нийслэлд 26 мандат байсан бол 24 мандат оногдуулж, өөрсдөө хөдөө орон нутагт бүтэцтэй учраас тэндээс сонгогдоно гэсэн байдлаар мандатын тоог нэмэгдүүлсэн зохицуулалт хийгдэх гэж байна гэх мэдээлэл явж байна лээ. Энэ тохиолдолд маш ноцтой үр дагаварт хүрнэ. Яагаад гэвэл нийслэл хотод нийт хүн амын тал хувь нь оршин сууж байна. Сонгууль газар нутгийн төлөөлөл биш. Сонгогчдын буюу хүн амын төлөөлөл. Тэгэхээр мандатын тал нь нийслэлд оногдох ёстой. Ийм байдлаар тогтоохгүй бол 2008 оны эмгэнэлт байдал руу орох нөхцөл байдал бүрдэж болзошгүй. Үүнийг улстөрчид бодож шийдэх хэрэгтэй. Сонгох, сонгогдох эрхийн тэгш байдлыг маш ноцтой зөрчиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэл хотын мандатын тоог бууруулах нь байтугай 38 болгож нэмэгдүүлэх шаардлагатай байна.

-Газар нутгаар тойрог, мандатын тоог тогтоох нь ямар намд ашигтай вэ?

-Энэ мэдээж социализмын үеийн төржсөн номенклатур бүтэц, улс төрийн авлигын тогтолцоогоо хадгалаж үлдсэн, дээрээс нь өнгөрсөн хугацаанд дийлэнх олонхын тогтолцоогоор хүн ам цөөнтэй, мэдээлэл муутай орон нутгийн сонгогчдоос халамжлагч феодалын дүрээр сонгогдсоор ирсэн МАН-д, түүний тойргоо “усласан” гишүүдэд л ашигтай байгаа байх. Гэхдээ Монголын сонгогчид энэ 30 жилд эрх биш нэлээд хэрсүүжиж, энэ удаад дахин МАНАН-г эсвэл тэдний өнгөлөн далдалсан “гар, хөл нам”-уудыг сонгож хууртагдахгүй гэж үзэж байгаа хандлага бас ажиглагдаж байна.

-Газар нутаг, эсвэл хүн амаар мандатын тоог тогтоох нь давуу болон сул тал нь юу вэ?

-Дээр дурдсанчлан нийслэлд хүн амынх нь тал хувь амьдарч байгаа, сонгууль нь хүн амын төлөөллийг бүрдүүлж буй үйл явц учраас УИХ-ын гишүүдийн талыг нь нийслэлээс сонгох шаардлагатай болно. Гэтэл нөгөө орон нутгийн феодлууд нь хэдэн тэрбумын хөрөнгө мөнгө зарцуулаад тойргоо “усалчихсан” буюу улс төрийн авлигаа тараачихсан байгаа. Тэгэхээр ингэх нь мэдээж хэрэг улсын төсвийн хөрөнгөөс ЖДҮ-ийн зээл гэх мэтчилэн хулгайлсан хөрөнгөөрөө сонгогчдыг дөрвөн жилийн турш авлигадсан эрх баригчдад л ашиггүй байгаа. Тойргийг Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг баримталж бус харин сонгогчдын тоо харьцангуй тэнцүү байхаар тогтоовол төлөөллийн зарчим, сонгох, сонгогдох эрхийг тэгш байдлын зарчим хангагдаж, сонгогдсон төрийн хүлээн зөвшөөрөгдөх байдал дээрдэнэ. УИХ-ын, ерөөс Монголын төрийн шаварт хутгалдсан нэр хүнд сэргэнэ. Хуучин улс төрчид хүн ам таруу оршин суудаг Монгол орны хувьд ийнхүү тогтоовол төвлөрөл явагдаж, зах хязгаар нутаг эзэнгүй болж, хятадууд хилээр орж ирээд суурьшчихна хэмээн айлгаж тайлбарладаг. Энэ бол мэдээж хий хоосон, хоцрогдсон, бодит үнэнд нэгэнтээ гүйцэгдчихээд байгаа тайлбар юм. Учир нь бид өнгөрсөн 30 жилд үндсэндээ байнга сонгуулийн дийлэнх олонхын тогтолцоотой явж ирсэн. Тэгвэл өнөөдөр яагаад хүн амынх тал хувь нь нийслэлд ирээд суурьшчихав. Худлаа байгаа биз. Зах хязгаар нутаг улам л эзэнгүйрсээр байгаа. Тэнд нь 300 хүүхдийн сургуульд 30 хүүхэд суралцаж байгаа, 200 суудалтай соёлын төвүүд нь хоосон гандаж байгаа. Тэр хэрээр төсвийн хөрөнгө оруулалт үр ашиггүй болж, Монголын хөгжлийг хойш татаж байгаа. Хэрэв бид өнгөрсөн хугацаанд төсвийн хөрөнгө оруулалтаа үр дүнтэй хийж, хөгжлийн зөв бодлого явуулсан бол эсрэгээрээ орон нутагт ажил хөдөлмөр, аж ахуй эрхлэх нь ашигтай, боломжтой болсноор төвлөрөл саарч, орон нутгийн иргэдийн нуруу тэнийж, амьдрал цэцэглэх байсан. Тэгэхээр хөгжлийн гол чөдөр тушаа нь сонгуулийн мажоритар тотолцоо, түүнийг улайран хамгаалагч, өөрсдийн эрх мэдэлд хүрэх, оршин амьдрах үндэс гээд тооцчихсон авлигач, хуучин улстөрчид байгаа биз.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

​Л.Цэцэг: Би тэтгэврийн зээл аваагүйдээ уйлаагүй. Зээлгүй ахмадуудаа гадуурхаж болохгүй л гэж хэлсэн

Өнгөрсөн баасан гаригт зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэвэр барьцаалсан иргэдийн зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийг баталсан. Мөн энэ өдөр ахмадуудын эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг ТББ-ууд болон тэтгэврийн зээлгүй ахмадууд нэгдэж иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа тэглэх тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр олон нийтийн сүлжээнд “Би тэтгэврийн зээл аваагүй” хэмээн уйлсан гэх иргэн Л.Цэцэгтэй ярилцлаа.


-Юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Л.Цэцэг гэдэг. Би БЗД-ийн 10 дугаар хороонд оршин суудаг.

-Та хэдэн оноос хойш тэтгэвэр авч эхэлсэн бэ?

-2008 оноос тэтгэвэр авч эхэлсэн. 2008 онд одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тухайн үед бидний тэтгэвэр авах жилийг арван жилээр нэмж өгсөн юм. Ардчилал гарч ихэнх зүйл хувьчлагдаж эхлэхэд хүмүүс наймаа хийх болсон. Энэ наймаа хийж явсан үеийг ажил хөдөлмөр эрхэлсэн гэж үзээд тэтгэвэрт хамрагдахад 10 жил нэмж өгсөн. Ингээд би тэтгэвэр авч эхэлсэн юм.

-Та хэдүүлээ амьдардаг вэ?

-Миний бие 2000 оноос өвдөж, хань маань намайг эмнэлгээр авч явдаг байлаа. Гэвч 2015 онд нас барж, би тэжээгчээ алдсаны мөнгө авч эхэлсэн юм. Би дөрвөн хүүхэдтэй. Бүгд тусдаа гарчихсан. Миний дөрвөн хүүхэд бүгд зээлтэй. Тийм болохоор хүүхдүүддээ түвэг болохгүйн тулд өөрийнхөө тэтгэврийг амьдралдаа хүргэх гэж явдаг.

-Таныг тэтгэврийн зээл аваагүй гэж уйлсан гэх зүйл сошиалаар яваад байх юм…

-Намайг тэр сошиал орчноор муулж байна гэнэ лээ. Яасан завтай улсууд байдаг юм. Бидний үед хүнтэй хэрэлдэж, хүнийг муу хэлэх зав байсангүй. Завтай хүмүүс л хүний уйлсныг хараад муулж байгаа биз дээ.

Миний үг хэлж байгаа бичлэгийг эхлээд явуулж байснаа сүүлд нь уйлсныг нь л яриад байна гэж хүмүүс утасдаж хэлсэн. Охин, бэр маань ч санаа нь зовсон байдалтай хэлсэн.

-Та яагаад уйлах болов?

-Би тэтгэврийн зээл аваагүйдээ уйлаагүй ээ. Хамгийн гол нь олон ахмад тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө амьдралаа залгуулж яваа гэдгийг ойлгоосой гэж хүссэн. Биднийг амьжиргаа сайтай учраас зээл аваагүй гэж ярьж болохгүй л дээ.

Аль болох улс орон, үр хүүхдэдээ түвэг болчихгүй юмсан гэж тэтгэврийн хэдэн төгрөгөө хүргэх гээд зүтгэж байна. Нам, засаг, төр ингэж сонгуулийн шоу хиймээргүй байгаа юм. Ахмадуудаа ингэж талцуулж, зээлгүй ахмадуудаа гадуурхаж болохгүй гэх үүднээс уйлаад ярьсан. Гэтэл биднийг бололцоотой гэж ярьж байна. Яагаад ингэж доромжилж байгаа юм бэ гэж л уйлсан. Бид баян таргандаа зээл аваагүй юм биш. Зээл аваад нас барчихвал үр хүүхдэд минь түвэг болно гэж бодоод л тэсч тэвчиж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж явна. Гэтэл биднийг ингэж ялгаварлан гадуурхаж байгаад гомдолтой байна. Манай улсын нийт хүн амын 6.8 хувь буюу 223 мянга нь 60-аас дээш насны ахмадууд байна. Нийт ахмадуудын 71 хувь нь буюу 223 мянган ахмад тэтгэврийн зээлтэй. Тэтгэврийн зээл авсан ахмадуудын 90.6 хувь нь зургаан саяас доош зээлтэй гэсэн судалгаа байна лээ.

-Ахмадуудад байгалийн баялгийг тэгш бус хуваарилж байгааг шүүмжилж дуугарсан гэж ойлголоо. Та тэтгэврийн зээл авч байсан уу?

-Тэтгэврийн зээл авсан ахмадуудыг огт буруутгаагүй. Бидэнд эмчилгээ сувилгаанаас эхлээд мөнгө их хэрэгтэй болно. Ар гэрийн шалтгаанаар ч зээл авч болно. Хүүхдүүд нь ч зээл авахуулдаг л байх. Амьдрах гээд зүтгэж яваа ахмадууддаа бүгдэд нь эрх тэгш хандах хэрэгтэй. Яагаад биднийг алагчилж үзэж байгаа юм. Би зээл авдаггүй. Аргагүйн эрхэнд өвдөөд эм тарианы мөнгө хэрэг болоход ганцхан сараар зээл авдаг. Цагаан сарын үеэр хоёр сараар зээл авна гэж бодож байлаа. Зээл аваагүй иргэд тэтгэврийнхээ 70 орчим хувийг эрүүл мэнддээ зарцуулдаг. Өнөөдөр тэтгэврийн зээлгүй 194 мянган ахмад байна. 194 мянган хүний тал нь тэтгэврийн зээл авахгүйгээр амьдрах боломжтой, бололцооны хүн байж болно. Гэтэл 194 мянган ахмадын 50, 60 хувь нь над шиг тэтгэврийн мөнгөөрөө амьдралаа залгуулж явж байгаа. Өнөөдөр эм тарианы үнэ ямар байгааг ахмадууд сайн мэдэх байх. Хоол хүнсээ бэлдье гэхэд мах ямар үнэтэй байгаа билээ.

-Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх хууль батлагдаж, тэтгэврийн зээлгүй хүмүүст нэг сая төгрөгийн үнэт цаас олгохоор болсон…

-Үүнийг дэмжмээргүй байгаа юм. Ядахдаа энэ оны тавдугаар сард тэр мөнгөө өгвөл болж байна. 2021 оны тавдугаар сар гэж байгаа нь утгагүй байна. Ахмадууд ийм зүйлд итгэхгүй. Бид тэр мөнгийг авъя гэж бодохгүй байна. Улс орны байдал ямар байгаа билээ. Гэхдээ үнэхээр зээлгүй ахмадууддаа сая төгрөг олгоё гэж байгаа бол энэ жилдээ багтааж өгөх хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

“Мөнхийн андууд”

“Нэг анги” буландаа Хан Хэнтийн ууган сургууль Өндөр хааны нэгдүгээр арван жилийн 16 дахь төгсөлтийнхнийг урьж оролцууллаа. Анх энэ ангид хоёр бүлгийн 70 хүүхэд элсэн орж байжээ. 2017 оны аравдугаар сард тэд хамт арван жил төгссөнийхөө 50 жилийг хэрхэн тэмдэглэх талаар уулзан хөөрөлджээ. Ангиараа Монголын Үндэсний олон нийтийн телевизийн хашаанд 50 ширхэг мод тарьсан байна. Мөн МУСТА Г.Дашдондовын “Мөнхийн дурсамж” дууны клипэнд оролцсон гэнэ.

Төрөлх сургуулийн 90 жилийн ойгоороо уулзсанаас хойш тус ангийнхнаас Д.Лхагваа гавьяат эмч, Н.Ишдорж гавьяат эдийн засагч, Н.Жанцанхорлоо, С.Эрдэнэбал нар аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Ц.Баярсайхан Цэргийн гавьяаны улаан тугийн одон, алтан гадас одонгоор Т.Алтанчимэг, Ш.Баатаржүрмэд, Г.Бадамханд, Б.Сандаг, Д.Намсрай, Д.Цэрэннадмид, Г.Пагамжав нар шагнагдсан байна.

Төгсөлтийн 50 жилийн ойгоороо энэ ангийнхан уулзахад ихэнх нь төрийн одон медальтай, бүгд албаны Тэргүүний тэмдгээ зүүсэн байсан нь яах аргагүй л бид бүтээн байгуулалтын үеийн ахмадууд болох нь харагдаж байсан даа хэмээн хуучилсан юм.

Ангийн охин Т.Алтанчимэг нь нийслэлийн арван жилийн 42 дугаар сургуульд 31 жил сурах бичгийг хариуцан ажиллаж амжилт гаргаж Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, МУСТА хэмээх цол тэмдэг хүртжээ. Ангийн хөвгүүн Ш.Баатаржүрмэд 1972 оноос Хэнтий, Сүхбаатар, Булган, Говьсүмбэр аймгуудад хууль цаазны зөвлөх хийж байсан бол Н.Бадарч нь Хилийн цэргийн 0129 дүгээр ангид штабын бичээч, нууцын эрхлэгч, Галшар суманд нарийн бичгийн дарга, Хэнтий аймгийн Соёлын хэлтэс, Урагшаа сонины газар, Хүүхдийн төлөө төвд ажиллаж байж. Монгол Улсын хөдөлмөрийн хүндэт медальтай, V таван жилийн гавшгайч гэнэ. Я.Доржнамжим нь хилийн цэргийн албанд насаараа ажилласан бол ангийн охин Г.Бадамханд нь тэргүүлэх зэргийн сурган хүмүүжүүлэгч багш төдийгүй 54 мянга гаруй хүүхдийг сургуульд бэлтгэн оруулсан аж. Ц.Баярсайхан нь ЗХУ-ын Ленинград хотод Улс төрийн академийг хуульч, сэтгүүлчээр төгсөж цагдаагийн хурандаа, МУСТА, Хууль зүйн болон Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цолоор шагнуулжээ. Шүлэг, яруу найраг, дурсамж, дурдатгал, хошин шогийн 18 ном, хоёр дууны клип хийлгэжээ. Түүний гэр бүл “Нийслэлийн оюунлаг гэр бүл”-ээр өргөмжлөгдсөн байна. Харин ангийн хөвгүүн С.Болд нь ЗХУ-д цэргийн академи төгсөөд ардын армид ахлагчаас дэд хурандаа цолтон болжээ. Д.Бизьяа нь нийслэлийн иргэдийн хурлын хүндэт медаль, V, VI таван жилийн гавшгайч аж. Л.Дагва нь 1979 оноос хойш банкны байгууллагад тасралтгүй 30 жил ажиллажээ. Ангийн охин Д.Дамдин нь Мэдрэл сэтгэцийн өвчнүүдийн эмчилгээ оношлогооны стандартыг орон нутагтаа тохируулан боловсруулсан. Мөн нойрны тухай, стресс, тархины цусан хангамжийн хурц дутагдлын үед авах арга хэмжээ, сэтгэл гутрал, хүзүүний ясжилтын тухай гэх зэрэг 40 гаруй эмчийн зөвлөмж, гарын авлагыг боловсруулжээ. Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан АУ-ы магистр, хөдөлмөрийн хүндэт медаль, алтан гадас одонтой гэнэ. Г.Дашдондов нь МУСТА, 200 гаруй зохиолын болон үндэстний дууны урын сантай, Монголын уран сайхны болон баримтат найман кинонд тоглож 30 гаруй концерт найруулжээ. Т.Долгоржав нь тогоочоор олон жил ажилласан бол Л.Дуламжав нь Алдарт эхийн I, II зэргийн одон, ойн медалиудтай аж. Ангийн охин Ч.Жавзандолгор нь ус цаг уурын техникч мэргэжилтэй. 1986 онд байгууллагын аваргаар шалгарч, системийн дээд амжилт тогтоож байжээ. Н.Ишдорж нь Монгол Улсын гавьяат эдийн засагч. С.Мөнхтөр нь Монгол Улсын барилгын материалын үйлдвэрийн тэргүүний ажилтан. Хөтөлийн цемент шохой компанийн анхдагч аж. Д.Намсрай Баян-Овоо сумын бүтээн байгуулалтад оролцож байжээ. Л.Нарантуяа Санхүү банкны тэргүүний ажилтан. Л.Нарангэрэл нягтлан бодогч V, VI таван жилийн гавшгайч, Хан Хэнтийн шүтээн ээж өргөмжлөлтэй. Л.Норовсүрэн ашигт малтмалын баяжуулагч инженер, тэргүүний уурхайчин цол тэмдэгтэй. Алтны хүдэр боловсруулах технологи сэдвээр техникийн ухааны магистрын цол хамгаалжээ. Г.Пагамжав нь Тэргүүний замчин, МҮЭ-ийн тэргүүний ажилтан үйлдвэр худалдааны тэргүүний ажилтан бол Д.Пунцагтөмөр санхүү банкны тэргүүний ажилтан. Б.Сандаг нь Түүхч эрдэмтэн Л.Чулуунбаатартай хамтарч Ч.Шаарийбуу өргөсөн тангарагтаа үнэнч эрэлхэг баатар, Монгол Улсын баатар Шагдарын Гонгорын гавьяа зүтгэлийг дурсан эргэцүүлэхүй зэрэг зургаан ном бүтээжээ. ХАА-н хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан гэнэ. Ц.Сайнууз нь Бизнесийн шилдэг ажилтан. Г.Сувдаа цахилгааны техникч, “Уран вальс” улсын анхдугаар их наадмын тусгай байрын шагналтай. Д.Төмөр ХХААЯ-ны тэргүүний ажилтан Нэгдлийн Холбооны Дээд Зөвлөлийн хүндэт тэмдэг болон зоо, мал эмнэлгийн ойн тэмдгүүдээр удаа дараа шалгарч байж. Ц.Туул эрүүлийг хамгаалахын тэргүүлэх ажилтан. Х.Төмөр улс төр судлаач. Алтан гадас одонтой. Д.Төмөр хүнс, үр тарианы лобарантаар насаараа ажилласан гэнэ. Л.Цэвэл Монгол орны 17 аймгийн нүүрсний ашиглалт, олборлолтын хайгуулын шинжилгээг хийж байжээ. Таван толгойн нүүрсний шинжилгээг 1976-1990 онд хийгдсэн бүх хайгуул, эрэл ашиглалтыг ажлын тулгаар бүх шинжилгээг гүйцэтгэж байсан гэнэ. Монгол Улсын тэргүүний геологч аж. Д.Цэрэннадмид Монгол Улсын зөвлөх багш. Д.Цэрэндулам “Багшийн гавьяа” одонтой бол Ч.Цэсэнжав эрчим хүчний тэргүүний ажилтан юм байна. Харин С.Эрдэнэбал Монгол Улсын шилдэг зохион бүтээгч, саяхан аж үйлдвэрийн гавьяат ажилтан болсон гэнэ.

Ангийн хөвгүүн С.Эрдэнэбал “Манай ангийнхан оюутан болж Улаанбаатарт ирснээс хойш баяр болгоноор уулзана. Ихэвчлэн манайд, эсвэл Дамдинынд. Хааяа Жүрмэдийн ахынхаар очно. Уулзалтын нэг гол ажил Нямжав, Маамуу, Явуунсум гээд цэргийнхнийг оргуулах явдал. Нямжавыг оргуулах ажил миний үндсэн үүрэг. Үүргээ ч маш хялбар гүйцэтгэнэ. Үүргэвчинд энгийн хувцас хийгээд Цэргийн их сургуулийн жижүүрийн цэрэг дээр очиж Нямжавт очоод Доной гуай болзоотын бор толгойд уулзъя гэж байна хэмээн хэлүүлээд хашааных нь зүүн өнцөгт байх нийтийн том модон жорлонд очно. Түүний гол хэрд Нямжав ордог тусгай тасалгаа байдаг. Болзоотын бор толгой буюу Цэргийн их сургуулийн бор жорлон ингэж л бидэнд тусалдаг байлаа” хэмээв.

Тэд өдгөө хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн анд нөхдөө дурсан санаж хүүхэд насны дурсамжтай үеэ ярилцан суудаг аж. Найргийн онгодтой Л.Рагчаасүрэн, ардын армийн офицер Л.Нямжав, Н.Цогтсайхан, Бадраа, Төмөрпүрэв, сурган хүмүүжүүлэгч багш Г.Цэнд, Д.Жанчив, Банзрагч, Г.Ложообаатар, Энхтуяа жүжигчин дуучин Ч.Дарамбазар, Жавзансүрэн, усны аж ахуйн инженер мэргэжилтэн Да.Сүхбаатар, Ж.Сүхбаатар, их эмч Л.Тунгалаг, банк санхүүгийн ажилтан Т.Дамдин, Л.Баасанжав, Загдсүрэн, холбоочин Намжилдорж, НААҮ-ний мастер Б.Үзваа, мянгат малчин Н.Явуунсум, Иванов, Түвшинбаяр, Пүрэвдорж, До.Сүхбаатар, ардчиллын алтан хараацай, яруу найрагч багш Ж.Лхамсүрэн, төрийн захиргааны ажилтан Төмөрбаатар, Сосор, цахилгаанчин Оюунчимэг, холбооны инженер Цэрэнлхаажав, автын инженер Должин, Химийн гэж алдаршсан Ц.Ирэхбаяр, физикийн С.Чагнаа, орос хэлний Д.Алтангэрэл нараа дурсан санагалздаг талаар ярьж байв. Тэд өөрсдийгөө “Мөнхийн андууд” хэмээн нэрийддэг гэнэ. Тиймээс ч “Мөнхийн андууд” хэмээх дурсамж цомог гаргасан байна. Арван жилээсээ ижилдэн дотноссон мөнхийн андууд жилдээ нэг уулзаж байхаар тохирсон аж. Төрөлх сургуулийнхаа 100 жилийн ой буюу төгсөлтийн 55 жилд бүгдээрээ оролцохоор зэхжээ.


Categories
мэдээ цаг-үе

Аж үйлдвэрийн гавьяат С.Эрдэнэбалынх

Шинэ оны өмнөхөн шагналын хур бууж, олон шинэ гавьяат төрсөн билээ. Бид энэ удаа Аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Эрдэнэбал гуайнд “Танайд өнжье” булангаа бэлтгэхээр зорьсон юм. Бидний яриа түүний бага нас, ижий аав, нутаг усных нь тухай дурсамжаар эхэллээ.

С.Эрдэнэбал гуай Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул. Эхээс наймуулаа. 1968 онд Хэнтий аймгийн Өндөрхаан суманд арван жилийн дунд сургуулиа төгсчээ. 1973 онд МУИС-ийн цахилгааны инженерийн ангийг дүүргэсэн байна. Их сургуулиа төгссөний дараа тэрээр Баруун-Уртынхаа Эрчим хүчний үйлдвэрт мэргэжлээрээ дөрвөн жил ажиллажээ. Тухайн үед Сүхбаатар аймагт ЗСБНХУ-ын тусламжаар Барилгын материалын үйлдвэрийн бааз /БМҮБ/ байгуулагдсанаар С.Эрдэнэбал гуай тэрхүү баазад цахилгааны инженерээр томилогдон очиж ажилласан байна. Түүнээс хойш 40 гаруй жил барилгын салбарт ажиллажээ.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртсэнд баяр хүргэхэд “Манайд аж үйлдвэр муу хөгжиж байна. Социализмын үед үйлдвэрүүд их байлаа. Ардчилал гарч ихэнх үйлдвэрийг хувьчилж, авсан хүмүүс нь ажиллуулж чадалгүй хаагдсан. Би БМҮБ-ийн шинийг санаачлагчдын бригадад гар нийлэн ажиллаж байсан дөрвөн залуугийн хамтаар туршин нэвтрүүлэх “Эрдэнэмандал” гэж анхны хувийн компанийг Сүхбаатар аймагтаа байгуулж байлаа. 1990-2000 он хүртэл хучилтын хавтан, хүрэн блок үйлдвэрлэх, отвод матах, бутлан ангилах, арьс нэхий, сур элдэх, талх нарийн боовны шарах шүүгээ, савангийн үйлдвэр зэрэг нийт 35 жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж зохион бүтээсэн. Эдгээр үйлдвэр Завхан, Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Төв аймаг, Улаанбаатар хотод эзэндээ хүрч, тухайн үедээ цөөнгүй айл өрхийг ажилтай, орлоготой болгож байлаа.

Тухайн үед хөдөө орон нутагт малын түүхий эдийг бүрэн боловсруулах, арьс шир элдэх үйлдвэр нэн хэрэгтэй байгааг олж харсан юм. Энэ бүхнийг минь үнэлж, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол өгсөн байх.” хэмээн хуучлав.

ШИЛДЭГ ЗОХИОН БҮТЭЭГЧ,
ТЭРГҮҮНИЙ БАРИЛГАЧИН

Монгол Улсын шилдэг зохион бүтээгч, Монгол Улсын тэргүүний барилгачин тэрээр Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг шагнал хүртэж байжээ. Эрчим хүчний салбарт дөрвөн жил, барилгын салбарт 40 гаруй жил ажиллахдаа 40 гаруй оновчтой санал, гурван шинэ бүтээл, зургаан бүтээгдэхүүний ашигтай загвар зохион бүтээсэн байна. Одоогоор түүнд бэлэн гурван төсөл байгаа бөгөөд бүгд өөрийнх нь патенттай бүтээл аж. Тухайлбал, “Хураагуурт хийн цахилгаан станц” (патент №2504) гэсэн өөрийн бүтээлээр 20 мВт хүчин чадалтай, цахилгаан станц байгуулах төсөл боловсруулжээ. Мөн “Тал хээрийн түймэр унтраах автомеханикжсан иж бүрэн төхөөрөмж” /патент№2499/ бүтээлээрээ тал хээрийн бүсийн сумдад гал унтраах сайн дурын хэсэг байгуулах төсөл боловсруулаад байгаа аж. Тэрээр мэргэжилдээ үнэнч, тууштай ажиллахаас гадна спортын хорхойтон, шүлэг яруу найрагт дуртай нэгэн аж.


ХЭНТИЙ АЙМГИЙН ЧӨЛӨӨТ БӨХИЙН АНХНЫ ДОЛООГИЙН НЭГ

С.Эрдэнэбал гуай багадаа цанаар гулгадаг байж. Сүүлдээ чөлөөт, самбо бөхөөр барилддаг болсон талаар хуучилсан юм. Их сургуулиа төгссөний дараа тэрээр самбо бөхөөр барилдаж байгаад, 30 гараад спортын замналаа орхисон гэнэ. Долдугаар ангид сурч байхдаа цанын бүсийн тэмцээнд хоёрдугаар байранд орж байж. Түүнийг бүсийн тэмцээнээс ирэх үед Спорт хорооны дарга нь чөлөөт бөхийн секц байгуулж байгаагаа дуулгахад нь ангийн найз Л.Нямжавыгаа “уруу татаж”, чөлөөтийн секцэнд хамтдаа явах болжээ. Ингээд Хэнтий аймгийн чөлөөт бөхийн анхны долоо гэх тодотгол тэдний нэрийн нэг хэсэг болж, сонин хэвлэлд ч гарч байсан удаатай. Тэрээр барилдааны үеэр Чөлөөт бөхийн Дэлхийн хошой аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдовт цэвэр ялагдаагүй ганц бөхөөр тодорч байсан талаараа дурссан юм. Ойдов гуай энэ хоёр нэг жингийнх байж. “Ойдов бид хоёр найз. Олимпийн хорооны дэд дарга агсан Дамдин Биндэрийнх, бас найзууд” хэмээн хуучилсан юм.

Гэрийн эзэн ижий, аав талаасаа хоёулаа лам удамтай гэнэ. Аавыг нь Самдан гэдэг, Сүхбаатар аймгийн хүн аж. Тэрээр аавынхаа тухай дурсахдаа “Аав минь Эрдэнэмандал хийдийн гавж хүн байсан. 1937 оны хэлмэгдүүлэлтийн үеэр баригдаж, зургаан жил хоригдон, цагаатгагдаж гарч ирсэн. Харин аавын ах лам нь цаазаар авахуулсан юм билээ. Ээжийн тал ч мөн адил үе дамжсан лам нар байсан гэдэг. Аавын минь тухай нэг хүн хуучилж байсан юм. Нэлээд хойно намайг Барилга угсралтын конторт ажиллаж байхад Улаанбаатараас ачаа тээш тээгээд харьж явтал замд нэг өвгөн машинд сууж, бид Хэнтийн гүүр гараад Галшарын замаар явахаар болсон юм. Хэдэн гүвээ даваад мань хүн дуран нүүлгээд байх юм. Тэгж тэгж нэг овоон дээр хүрч ирээд хүнгэнэтэл ном уншаад сүйд боллоо. Гэнэтхэн намайг угз татаад “чи энд бууж мөргө” гэдэг юм. Чи Наваансамдан гавжийн бага хүү Эрдэнэбал биз дээ гэнэ. Тийм л гэлээ. Аавыг маань Наваансамдан гэдэг байсан юм билээ. Танай аав энэ овоог босгосон. Тухайн үед Галшарын хараал гэж их байж л дээ. Тэндхийн хараалыг нутагтаа оруулахгүй гэж аав минь Галшарын хилийн заагт хаалтын овоо босгосон юм билээ. Тэр хүнийг хэлэхэд л би мэдсэн. Эрдэнэмандалын лам нар 1990 он гараад хийд байсан газрын овоог тахисан юм. Нутгийн улсууд цугласан үеэр би хаалтын овооны талаар асууж сураглалаа. Үнэхээр ч дээр үед хаалтын овоо гэж байсан талаар хөгшчүүл хүүрнэсэн. Тэр хаалтын овоог босгосны дараа тухайн үед зартай хараал хийдэг залуухан хархүү яасан дийлдэггүй газар вэ, би очно гээд Эрдэнэмандалын хийдийг зорьж гараад очиж чадалгүй буцсан талаар ярьдаг юм” хэмээн хуучиллаа.

Гэрийн эзэгтэйг М.Сэржмядаг гэдэг. С.Эрдэнэбал гуай гэргийтэйгээ 1973 онд Сүхбаатар аймагт гэр бүл болж өдгөө 47 жил ханилж байгаа аж. 1997 онд ганц охиноо их сургуулиа төгсөхөд Улаанбаатар хотод ирж суурьшжээ. Гэрийн эзэгтэй мал аж ахуйн мэргэжилтэй. Тэрээр аймгийн Хөдөө аж ахуйн салбарт салбар хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан аж. Гавьяаныхаа амралтыг авснаас хойш сүүлийн арав гаруй жил бясалгал, иогийн багшаар ажиллаж байгаа аж.

Түүний ижий, аав нь хоёулаа Сүхбаатар аймгийн Асгат сумынх аж. М.Сэржмядаг гуай “Аав маань сумын багшаас сумын дарга хүртэл ажилласан. Ээж минь яахав ар гэрээ авч явдаг, маш ажилсаг хүн байсан даа. Хэлмэгдүүлэлтийн үеийг аав маань их хэцүү байсан хэмээн халширсан янзтай ярьж байсан. Түмэн олны шүтлэгтэй тэр сайхан өргөөг нурааж эвдэлж сүйтгэхэд оролцсондоо харамсдаг талаараа гунигтайхан дурсдаг байсан. Тухайн үеийн даалгавараар л тэгж ажиллаж таараа шүү дээ” хэмээн хуучлав.

М.Сэржмядаг гуай “Тухайн үед төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай. Улсаас хатуу даалгавар өгдөг. Ажлын хариуцлага, сахилга бат маш хатуу чанга байсан. Би хөдөө томилолтоор их явна. Малчид маань нэг хонь авахын тулд олон даргын царайг харна шүү дээ. Мал хариулж байгаа хүн ч ганц шөлний хонь гаргах эрхгүй байсан үе” хэмээн ярив.

Тэрээр цааш нь ярихдаа “Би ханиараа бахархдаг. Социализмын үед зүүн гурван аймгийг барилгын материалаар хангахаар байгуулагдсан үйлдвэрт цахилгааны инженер, ерөнхий энергетикээр ажиллаж байсан. Үйлдвэр нам зогслоо гэхэд Бал инженер байна уу гээд эрээд гүйчихнэ. Уг нь зөвхөн цахилгаанаа хариуцах ёстой хүн шүү дээ. Үйлдвэрийнхэн “Бал инженер байхгүй бол манайх ч бүтэхгүй ээ” гэдэг байсан юм даа. Эрчим хүчинд ажиллаж байхад дизель цахилгаан станц нь байсхийгээд л унтарчихдаг. Энэ үед команд авсан юм шиг гараад л гүйнэ. Хагас цэрэгжсэн маягтай ажилладаг байсан. Барилгын материалын үйлдвэрлэлийн баазад ажиллаж байхдаа хань маань Шинийг санаачлагчдын бригадыг ахалдаг байсан. Тэр үед Шинэ бүтээл, оновчтой саналын улсын уралдаан гэж болдог байлаа, энэ уралдаанаас манай хүн алт, мөнгө, хүрэл гээд бүх медалийг нь авсан даа. Тэдний бригад өөрсдийнхөө гаргасан шинэ бүтээл, оновчтой саналуудаа үйлдвэрлэлд нэвтрүүлж, улс орондоо маш их эдийн засгийн хэмнэлт, үр ашиг авчирдаг байсан” хэмээн хуучиллаа.

С.Эрдэнбал гуай, М.Сэржмядаг гуай хоёр ганц охинтой. Охиныг нь Ирэхбаяр гэдэг, сэтгүүлч мэргэжилтэй, одоо хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж буй.

Аавынхаа тухай охин нь “Далан нас давсан аавын маань оюун санаа тэтгэвэрт ер гардаггүй. Нэг л мэдэхэд ямар нэг шинэ бүтээл сэдээд олчихсон, патентаа авчихсан, төсөл хөтөлбөр биччихсэн сууна. Гартаа ч шаггүй уртай, зурвал зурчихна, оёвол ч оёчихно. Аав маань залуу стилиэр хувцаслах дуртай, саяхан хуучин өмдөө янзалж трапец болгочихсон сууж байсан. Бас шинэ материал аваад өөрөө эсгэж, өмд оёчихдог” хэмээн хуучилсан юм.

ШҮЛЭГ
ЯРУУ НАЙРГИЙН ОНГОДТОЙ НЭГЭН

С.Эрдэнэбал гуай хааяа мөр холбох дуртай аж. Өөрийн ажиллаж байсан Сүхбаатар аймгийн Эрчим хүчний 65 жилийн ойд зориулж “Мөнхийн үйлстэн” хэмээх дуу зохиожээ. Уг дууны аяыг УГЗ Ч.Сангидорж хийж, СТА А.Мөнхбат дуулан амьдруулсан байна.

Гангын ус шиг дөлгөөн

Миний нөхдийн үйлс нь

Газраар хөтөлсөн галтай

Гэгээрэх бүхний ундаргатай хэмээх мөртүүдээр эхлэх аж. Тэрээр мөн Улсын барилгын 90 жилийн ой, Сүхбаатар аймгийн барилгын 50 жилийн ойгоор мэргэжил нэгт нөхдөдөө зориулж, Монгол Улсын тэргүүний барилгачин, найз С.Мөнхтөрийн хамт “Миний андын үйлс” дууны шүлгээ бичжээ.

Зэрэглээ наадсан талдаа

Зэндмэнэ хотынхоо шавыг тавьсан

Эгэл даруухан миний андууд

Эрин зууныхаа түүхийг бүтээлцсэн хэмээн

эхлэх энэ шүлгэнд хөгжмийн зохиолч Ш.Батсайхан ая хийж, “Жаахан шарга” театрын дуучин О.Батболд, О.Баясгалан нар дуулж, клип хүртэл хийгээд авчээ. “Хан хэнтийн салхи” хэмээх Хэнтий аймгийн зохиолч, найрагчдын бүтээлийн түүвэрт С.Эрдэнэбал гуайн шүлгүүд мөн орсон талаар ярив.

Нэг л биш ээ

Утаанд нь уушги хордоод

Урдах зам минь түгжирч бөглөрөөд

Уур буцалсан харцууд мөргөлдөөд

Улаанбаатар минь нэг л биш ээ.

Түмэн олон нь хоосорч ядуураад

Төв талбайдаа жагсаж цуглаад

Түшээд нь тэрбумаар хувааж идээд

Төрийн минь сүлд өршөө, нэг л биш ээ

хэмээн уншсан юм.

Гэрийн эзэгтэй ч бас шүлэг найраг сонирхдог, сонинд нийтлэл бичдэг, нийгмийн идэвхтэй нэгэн байсан бөгөөд “Сүхбаатарын зам” сонины оны тусгай шагналыг хүртэж байсан нэгэн ажээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Оюундарь: НӨАТ-ын хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор улсын төсөвт төвлөрөх татварын хэмжээ нэмэгдэнэ

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарьтай ярилцлаа.

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг та өргөн барьсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ буцаан олголтын хувь 20 байсныг нэмэгдүүлж 70 хувь болгоно гэж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч…

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурал, Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн ойлгомжтой, тэгш шударга зарчмыг хангах, олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үе шаттай, тодорхой арга хэмжээний нэг нь 2015 оны долоодугаар сарын 01-ний өдөр баталж, 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга юм.

Уг хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар татварын хуулийн хэрэгжилтэд татвар төлөгчдийн оролцоотойгоор хяналт тавих, татвар төлөгчийг урамшуулах, бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулах замаар бизнест ээлтэй, тэгш шударгаар өрсөлдөх боломжийг бий болгох, далд эдийн засгийг бууруулах эрх зүйн таатай орчин бүрдсэн. Энэ үндсэн дээр 2015 оноос иргэн, аж ахуйн нэгжийн худалдан авсан бараа, үйлчилгээний үнийн дүнгийн тодорхой хувийг буцаан олгодог болсон. Ингэснээр сар бүр дунджаар 700 мянга орчим татвар төлөгч татварын баримтаа бүртгүүлдэг болсон. Тухайлбал, татварын алба 2019 оны эхний дөрвөн сард улсын төсөвт 1,545.4 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлснээс 23.3 хувь буюу 313.7 тэрбум төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын орлогоос төвлөрүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийн нэмэгдсэн орлогын албан татварын орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад 50.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш борлуулалтын орлогын хэмжээ нь хуулийн шаардлага хангасан татвар төлөгчийн тоо 2016 онд 2,337, 2017 онд 2,934, 2018 онд 3,638-аар, 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 1,027-оор нэмэгджээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу албан татварын 20 хүртэл хувийг буцаан олголтын урамшуулал хэлбэрээр 2016 онд 499,650 татвар төлөгч иргэнд 35.1 тэрбум төгрөг, 2018 онд 793,070 татвар төлөгч иргэнд 121.4 тэрбум төгрөгийг буцаан олгосон байна. Гэвч судалгаанаас үзэхэд улсын төсөвт төвлөрч буй татварын орлогын хэмжээ жилээс жилд өссөн дүнтэй байгаа ч нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлт төдийлөн их биш байгаа нь ирээдүйд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлт зогсонги байдалд хүргэх эрсдэл дагуулах магадлалтай байна.

Иймээс нийт татвар төлөгчийн бүртгэлтэй худалдан авагчийн татварын ачааллыг бууруулах буюу буцаан олголтыг хувийг нэмэх замаар эрчимжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлтийг нэмэгдүүлж, улмаар далд эдийн засгийн хэмжээг бууруулах, төсвийн орлогын тогтвортой өсөлтийг хангах шаардлагатай байгаа тул уг хуулийн төслийг боловсруулсан.

-НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх боломжгүй гэдгийг Сангийн сайд өмнө нь хэд хэдэн удаа хэлж байсан. Харин хуулийн төсөлд 70 хувь нэмэгдүүлэх санал тусгасан. Эдийн засгийн хувьд боломж бий юү?

Хуулийн төсөлд 70 хувь болгох санал оруулсан ч хэлэлцүүлгийн явцад гишүүд бууруулж болно. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2.1-д 20 гэснийг 70 гэж, мөн зүйлийн 15.13 дахь хэсгийн 30 гэснийг 40 гэж тус, тус өөрчлөх санал оруулсан. Хэрэв хуулийн төсөл дэмжигдвэл 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх юм. Харин ч НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлснээр улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэсэн судалгаа гарсан.

-Эдийн засагт ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?

-Нэгдүгээрт, нийтээрээ ашиг хүртэнэ. Өнөөдөр иргэдийн амьжиргаа дээрдэхгүй, ядуурал буурахгүй байна. Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалд судалгаа хийсэн байна. “…НӨАТ нь ядуу иргэдэд хүндрэл учруулж байна” гэсэн дүгнэлт гарч, 2018 оны байдлаар манай улсын хүн амын ядуурлын хүрээ 28.4 хувьд хүрсэн. Хүн амын 51.5 хувь нь ямар нэг төрлийн зээлтэй, нийгэм, эдийн засагт сөрөг цочрол үүсэхэд олон иргэн ядууралд гулсан орох эмзэг байдалтай байна” хэмээн судалгаанд дурдсан байсан.

Харин НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг нэмэгдүүлснээр иргэдийн зүгээс байгууллага, аж ахуйн нэгжид тавих хяналт сайжирна. Татварын орлогын суурь өргөжих боломжтой. НӨАТ-ын хуулийн хэрэгжилт сайжирч, улсын төсөвт төвлөрөх татварын хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Төсөвт төвлөрсөн тухайн орлого Засгийн газрын зүгээс иргэдийн амьжиргааг дэмжих цогц арга хэмжээ болж бүх салбарыг дэмжих болов уу гэж харж байгаа.

-НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмснээр ямар давуу тал үүснэ гэж харж байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд 2,000 гаруй татварын байцаагч байна. Байцаагчдынхаа ажлыг хөнгөвчлөөд гурван сая иргэн маань гурван саяулаа өөрсдөө давхар хяналт тавиад явна гэсэн үг. Иргэн үйлчлүүлж байгаа бүх газраасаа Е баримтаа авъя гэж шаардах эрх нь илүү нэмэгдэнэ. Тухайлбал, би нэг сүү Нарантуулаас арай хямд үнээр баримтгүй авах уу, дэлгүүрээс арай үнэтэйгээр Е баримттай авна. Ингээд 10 хувиасаа 70 хувийг нь буцааж авахыг хүснэ.

Миний хувьд жилд НӨАТ-ын буцаан олголтоос 270 орчим мянган төгрөг авдаг. Хэрвээ 70 хувь болговол 800, 900 орчим мянган төгрөг авна. Иргэд энэ мөнгийг авахын тулд үйлчлүүлж байгаа газруудаасаа Е баримтаа шаардаж авна. Мөн Иргэдэд буюу эцсийн хэрэглэгчдэд ногдож байгаа татварын ачааллыг бууруулах (буцаан олголтын хувийг нэмэх) замаар татвараас зайлсхийдэг албан бус секторыг бүртгэх, татвар төлөлтийг эрчимжүүлэх, НӨАТ суутган төлөгчийн тооны өсөлтийг нэмэгдүүлж, улмаар далд эдийн засгийг хумих, төсвийн орлогын тогтвортой өсөлтийг хангана гэж харж байна.

Монгол Улсад НӨАТ ногдохгүй бараа, ажил, үйлчилгээ гэж бараг байхгүй. Аль нэг шатандаа заавал ногддог. Энэ нь эцсийн борлуулалтад үнэ нэмэгдэх хэлбэрээр илэрдэг. Хамгийн гол нь татвар төлөгчдөөс суутган авсан татварын мөнгө аливаа нэгэн этгээдийн халаасанд үлдэхгүй татвар төлөгчдөө эргэн төлөгдөнө. Энэ нь татварын суурийг тэлнэ, бүртгэл сайжирна. Учир нь хүн бүр E-баримт нэхдэг болсон. 2,000 гаруй татварын байцаагчийн хийж байгаа ажлыг бүх нийтээрээ хийгээд, хяналт тавина. НӨАТ суутган төлөгч болоогүй жижиг худалдаачдыг урамшуулах, дэмжих сугалаа хэвээрээ байна.

Шинээр хэрэгжих Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар зөвхөн E-баримтын системээр бүртгүүлсэн зардлыг хасагдах зардал гэж үздэг болсон. Ингэснээр бизнесийн үр ашгийг нэмэх, ил тод байдлыг хангахад аж ахуйн нэгжүүд орлого, зарлагаа ил болгодог болсон.

-Одоо иргэд НӨАТ-ын хоёр хувийг буцааж авдаг. Энэ хууль батлагдвал буцаан олголт долоон хувь болно гэсэн үг үү?

– Тийм. НӨАТ-ын буцаан олголтын хувь хоёр байсныг нэмэгдүүлж долоон хувь болгох юм.

-НӨАТ-ын хууль хэрэгжүүлж байгаа улс орнууд хэдэн хувийн буцаан олголт өгдөг юм бэ. Манай улс хамгийн бага буцаан олголт өгдөг үү?

-Манай улсын хувьд эдийн засгийг бүртгэлжүүлэх тогтолцоог НӨАТ-тай уяж өгсөн. Дэлхийн бусад оронд ч ийм тогтолцоо бий. Гэхдээ энэ нь зөвхөн НӨАТ гэсэн үг биш, тухайн татвартай агуулга нэгтэй боловч өөр нэртэй татварууд байдаг. Бараа, үйлчилгээний татвар эсхүл орлогын татварыг ч энэ буцаан олголтын тогтолцоотой холбож болдог. Дээрх системүүдийн буцаан олголтын хэмжээ нь манай улстай харьцуулахад өндөр байдаг. Жишээлбэл, Солонгост үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх мөнгө буцаан олгодог бол Швейцарьт 7.7, Японд 8, Люксенбург 17, Герман 19, Англи, Австри, Монакод 20, Португали, Грек 23, Дани, Испани, Норвеги, Швед зэрэг оронд 25 хувийг буцаан олгодог жишиг бий.

-Татвар төлөгчдийн тоо нэмэгдэх үү?

-Нэмэгдэнэ. Гол нь НӨАТ төлөгч гэж та, бид буюу худалдан авалт хийж буй эцсийн хэрэглэгчид юм байна гэдгийг иргэдэд ойлгуулж өгсөн нь энэ хуулийн онцлог. Харин НӨАТ суутган төлөгч буюу биднээс бараа, ажил, үйлчилгээгээ борлуулах замаар уг албан татварыг суутган авч улсад төлөх үүрэг бүхий бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдсэн судалгаа байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт сайжирч, улсын төсөвт төвлөрөх татварын орлого нэмэгдэж байгаа нь иргэдэд олгох буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Хуулийн төсөл батлагдаж, бараа, үйлчилгээ худалдан авалтын дараах нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хэмжээг нэмэгдүүлснээр иргэдийн зүгээс байгууллага, аж ахуйн нэгжид тавих хяналт сайжирч, татварын орлогын бааз өргөжих боломж бүрдэнэ гэж үзэж байгаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Сосормаа: Орчин үеийн ардчилсан улс орнууд бүхэлдээ сонгуулийн зардлыг хязгаарлаж байна


“Шилэн нам” авлигын эсрэг түншлэлийн санаачлагч Ч.Сосормаатай ярилцлаа.


-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг баталлаа. Сонгуулийн системийн талаарх маргаан, эмэгтэйчүүдийн квотын төлөөх тэмцлийн дунд хуулийн бусад агуулга, чухал заалтуудыг анзааралгүй өнгөрөөчих шиг болов. Таны багийнхны хийсэн улс төрийн санхүүжилтийн судалгааны үр дүн, зөвлөмжүүд төсөлд тусгагдаж чадсан уу?

-Монгол төрийн аюулгүй байдал хилээ манах буутай цэргээс илүүтэй төрөө манах төрийн түшээдийн сонгуулиас хамаарах цаг үед бид амьдарч байна. Төр дотроосоо л өтдөг. Төрийн улс төрийн албаны үүдэн хаалга болсон сонгуулийн санхүүжилт ил тод, хяналттай байж төр авлигаас ангид байх урьдчилсан нөхцөл бүрдэнэ. “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлээс “Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, авлигын эрсдэлийн үнэлгээ” чанарын судалгааг өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн. Судалгаанд сонгуулийн ба намын санхүүжилтийн тайлагнал, ил тод байдал, хяналт, хариуцлагын тогтолцоог иж бүрнээр судалж, засан сайжруулах санал, зөвлөмжийн хамт УИХ-ын гишүүн бүрт хүргүүлсэн. Харамсалтай нь эдгээр санал, зөвлөмжүүд бараг тусгагдаагүй харагдаж байна. Бид Монголын өнөөгийн нөхцөл ба олон улсын хөгжлийн чиг хандлагыг харьцуулан жишээ баримт, кейстэй судалгаа хийсэн юм. Олон нийт сонгуулийг мөнгөнөөс ангижруулахыг шаардаж байна. Харамсалтай нь Сонгуулийн тухай хуулийн төсөлд ач холбогдол муутай өмнөх заалтууд яг хэвээр хадгалагдан батлагдлаа. Өөрөөр хэлбэл, сонгууль мөнгөний уралдаан, урцалдаан байсаар байх болно гэсэн үг. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн 51.1 -д Төрийн аудитын дээд байгууллага сонгуулийн зардлын дээд хязгаарыг тогтооно. Ингэхдээ 51.2-т заасны дагуу нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, өрхийн ба сонгогчдын тоог харгалзана гэж заасан байна. Гэтэл өнөөгийн хуульд ч байгаа эдгээр үзүүлэлтүүд хангалттай аргачлал болж чаддаггүй тул ҮАГ-аас намуудтай зөвшилцөөд, сонгуулийн үеийн зах зээлийн үнэд тулгуурлаад зардлын дээд хязгаарыг тогтоодог. Бусад улс оронд эдгээр үзүүлэлтээс гадна инфляцийн түвшин, эдийн засгийн өсөлт, хүн амын дундаж орлогыг итгэлцүүр болгон, харьцуулан индексжүүлэх аргачлал хэрэглэх нь түгээмэл. Гэтэл бид зах зээлийн хөөсөрсөн үнэд тулгуурлаж, зардлаа тогтоодог хэвээр үлдэж байна.

-Танай судалгааны тайланд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хэмжээ ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн зардлын 70 хувьд дөхөж байна гэж үзсэн байсан…

-Энэ үнэн. 2017 оны зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болсон. ҮАГ-аас Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигч 3.9 тэрбум, нэр дэвшүүлэгч намын зардлын дээд хэмжээ 6.8 тэрбумаар тогтоосон. Нийлбэр дүнгээр 10.7 тэрбум болно биз дээ. 2018 оны гуравдугаар сард ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болсныг бид мэднэ. Тус сонгуулийн зардлын дээд хязгаар 400 сая рубль буюу тухайн үеийн ханшаар 16 тэрбум орчим төгрөг болж байсан. Манайх 1.8 сая сонгогчидтой бол тэднийх 108 сая гаруй сонгогчидтой буюу манайхаас 100 дахин илүү. Зүй нь бол бид тэднээс наанадаж 10 дахин бага мөнгөөр сонгууль явуулах ёстой биз дээ. Зарим хүмүүс сонгуулийн зардлын дээд хязгаарт заавал хүргэх албагүй, энэ бол дээд тааз гэдэг. Гэтэл бодит амьдралд тэр дээд таазын төлөө мөнгөний уралдаан болдог. Далдуур ч ихээхэн зарцуулж байгаа. Тэгэхээр сонгууль бол маш их мөнгө тэр дундаа бохир мөнгөний бизнес болчихоод байна. Шалтгаан нь юуны өмнө зардлын дээд хязгаараа үндэслэлтэй тогтоох бодлого хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой. Мөн сонгуульд зарцуулсан мөнгөө дараа нь төрийн мөнгөөр нөхдөг, улмаар дараагийн сонгуулийн хөрөнгөө бас төсвөөс ил ба далд хэлбэрээр хулгайлдаг гинжин хэлхээ бүрджээ. ЖДҮ-ийн хэрэг бол үүний тод жишээ. Ийм тогтолцоонд мэдлэгтэй чадвартай, шударга хүмүүс сонгогдох боломж улам багасдаг. Тэр тусмаа эмэгтэйчүүд, залуучууд мөнгөний босгыг давж, нэр дэвших нь юу л бол. Сонгуулийн тухай хуулийг боловсруулахдаа хэд хэдэн хүчин зүйлсийг харгалзан үзэх ёстой болов уу. Төрөөс сонгох ба сонгогдох эрхийг хангах, олон улсын хөгжлийн чиг хандлагыг харгалзах, сонгуулийн зардлыг бүхэлд нь бууруулах, сонгуулийн санхүүжилтийн ил тод байдал, хяналт, хариуцлагын тогтолцоог уяж өгөх зэрэг асуудлууд юм. Орчин үеийн ардчилсан улс орнууд бүхэлдээ сонгуулийн зардлыг хязгаарлаж байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Өмнөд Солонгос, Чили, Франц улсууд сонгуулийн зардлаа бууруулсан улсуудын жишээнд орж байна. Бразил улсад сонгуулийн зардлыг 25 хувиар бууруулахад нэр дэвшигчид тэр дундаа дундаж давхаргын төлөөлөл 9-10 хувиар нэмэгддэг болохыг тогтоосон байдаг.

-Төрийн үүрэг бол сонгох, сонгогдох тэгш эрхийг хангах явдал байдаг.

-Төрөөс сонгуулийн зардлыг бууруулахын тулд төсвийн шууд ба шууд бус дэмжлэг олгодог жишиг олон улсад нийтлэг байдаг. Тухайлбал, олон хүнээс бага хэмжээний хандив цуглуулахыг дэмжиж дүйцүүлсэн урамшуулал олгодог улс ч байна. Япон улс жилд 5.36 их наяд ДНБ-ээрээ дэлхийд гуравдугаар байрт ордог, чинээлэг иргэдтэй улс. Энэ улс сонгуулиа хамгийн бага зардлаар явуулдгаараа дэлхийд алдартай. Төрөөс нь намууд ба нэр дэвшигчдийн танилцуулга, мөрийн хөтөлбөрийг нэгдсэн журмаар хэвлэж өгч, байршуулдаг. Манайд ч гэсэн төрөөс нэгдсэн журмаар хэвлээд баг, хороодоор дамжуулаад тойргийн сонгогчдод нь хүргэж болно шүү дээ. Энэ бол төсвийн шууд бус дэмжлэгийн нэг хэлбэр. Мөн нэр дэвшигч бүрийн зургийг нэгдсэн журмаар самбарт байршуулж болно. Ингэснээр эмх цэгцтэй, хэмнэлттэй болно.

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд “Сонгуулийн тайлангийн хяналт, нээлттэй, ил тод байдал” гэсэн зүйл, заалтууд орсон нь дэвшил болсон уу?

-Сонгуулийн зардлын хяналт дүр эсгэсэн төдий байгаа. УИХ-ын сонгуулийн хуулийн төсөлд нам ба нэр дэвшигчид зардлын тайлангаа хувийн аудитын байгууллагаар хянуулж,төрийн аудитын байгууллагад илгээх ба төрийн аудитын байгууллага хүлээж авснаас 60 хоногийн дотор хянаж дүнг нийтэд мэдээлнэ гэсэн өмнөх заалт бараг хэвээр орсон харагдана лээ. Хүн харахад шалгаад, хянаад, нийтэд мэдээлэх юм байна гэж ойлгогдохоор боловч зөвхөн дүнг буюу хоёр хуудас ч хүрэхгүй дүгнэлт олон нийтэд мэдээлнэ гэсэн үг. Энэ товч тоймоос хэн ч, юу ч олж харж чадахгүй. ҮАГ сонгуульд оролцогч нам, нэр дэвшигчийн зардлыг нэг бүрчлэн хянаж, баримтыг шалгаж, ухаж чадахгүй л болов уу. Зөвхөн тэдний ирүүлсэн цаасан тайланг хянаж бүр бүдүүлгээр хэлбэл цаасан тайланд дурьдагдсан тоог нэмж, хасч үзэхэд таарч байна гэсэн дүгнэлт л хийж өгч байгаа хэрэг. Энэ заалт өмнөх Сонгуулийн тухай хуульд байсан. Энэ заалтын дагуу ҮАГ-аас УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид ба намуудын дансыг ч шалгах эрх мэдэлгүй, зардлын тайлангийн хэдэн тоог шалгаад хязгаарлагдмал дүгнэлтийг өмнөх сонгуулийн дараа гаргаж байсан. Тиймээс ҮАГ-ын эрх мэдлийг өргөжүүлж, сонгуулийн зардлын тайланд бүрэн хэмжээний аудит хийлгэдэг, санхүүгийн баримтуудыг шалгадаг, зөрчил гаргавал мөнгөн торгуулийн арга хэмжээ авдаг эрх мэдэлтэй болгох хэрэгтэй байна. Түүнчлэн улс төрийн намын ба сонгуулийн хяналтаар мэргэшсэн бүтцийг бүрдүүлж, аудиторуудыг чадваржуулах зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа юм. Ер нь намын ба сонгуулийн санхүүжилтийг нэг цонхоор хардаг байх нь зүйтэй болов уу. Сонгуулийн тухай хуульд сонгуульд оролцох намууд нэг жилийн өмнөөс намд хандив өгсөн, мөн сонгуулийн үеийн хандивлагч нарын нэрсээ ҮАГ илгээх үүрэгтэй. Гэтэл намын санхүүжилтийг хянаж, шалгах эрх ҮАГ-т байдаггүй хэвээр үлдсэн. Өөрөөр хэлбэл намын сонгуулийн зардлыг бүрэн гүйцэт, үнэн зөв шалгая гэж байгаа бол өмнөх дөрвөн жилийн санхүүгийн тайлантай заавал танилцаж, шалгасан байх хэрэгтэй биз дээ.

-Сонгуулийн тухай хуулийн бас нэг зорилго бол шударга сонгууль зохион байгуулах. Сонгуулийн үеэр бэлэн мөнгө тараах, санал худалдан авах асуудлыг шинэ хуулиар зохицуулж чадсан уу?

-Хяналт маш чухал. Хичнээн сайн хууль хийгээд хяналтгүй бол хэрэгжихгүй. Сонгуулийн үед баруун солгойгүй бэлэн мөнгө тараадаг гэдгийг хүн бүр мэднэ. Гэтэл мөнгө тараасан аль намын хэн гэдэг нэр дэвшигч шийтгүүлсэн талаар баримт хомс. Улаан цайм илчлэгдсэн тохиолдолд менежер нь шийтгүүлээд нэр дэвшигч нь УИХ-ын гишүүн болоод явчихсан тохиолдлууд ч гарсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр санал татах гэж мөнгө, эд зүйл тараасан тухай 184 гомдол, мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирсэн байна. Цагдаагийн байгууллага нэгийг нь ч нотолж чадаагүй гэдгээ мониторинг хийж ажилласан төрийн бус байгууллагад албан бичгээр хариу ирүүлсэн байна билээ. Мөнгө, эд зүйлс тараадгийг нь хүн бүр мэдээд, мэдээлэл явуулаад байдаг ч цагдаа нь нотлож чадахгүй нийгэмд бид сонгууль зохион байгуулж байна шүү дээ. Монгол Авлигатай тэмцэх бие даасан байгууллагатай улс. Харамсалтай нь энэ байгууллага сонгуулийн үеийн мөнгө тараах санал худалдан авах гэмт хэргийг асуудалд оролцдоггүй зөвхөн төрийн албан хаагчид буюу “цагаан захтан”-ы хэргүүдийг харьяалдаг юм. Гэтэл төрийн албаны авлигын эх сурвалж сонгуулиас эхэлж байна. “Цоргыг нь хаахгүй бол усыг нь шавхаж барахгүй” гэдэгтэй адил сонгуулиар тогтсон мөнгөн бүрхүүлтэй төрийн тогтолцоог авлигаас салгах гэж АТГ ажилладаг л болчихоод байна. Бас нэг анхаарал татсан асуудал бий. Нэр дэвшигчид нэр дэвшүүлэх үйл ажиллагаа дууссанаас хойш гурав хоногийн дотор Хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ өгөх үүргийг хуулийн төслийн 31.1-т тусгажээ. Өмнөх хуульд ч энэ заалт байсан. Гагцхүү АТГ нэр дэвшигчийн ХОМ хүлээн аваад юу хийх нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл тэд шалгадаггүй зөвхөн хадгалдаг байсан. Олон нийтэд ч ил танилцуулах зохицуулалт байхгүй. Энэ оромдох байдал дахин хуульчлагдаж байх шиг байна.

-Манайд сонгогчдын боловсрол ямар түвшинд байна вэ?

-Саналаа худалдаж байгаа иргэн эрх чөлөөгөө худалдаж байгаатай адилхан юм. Таныг мөнгөөр худалдаад авсан тул таны өмнө амлалтаа биелүүлэх шаардлага байхгүй болсон гэсэг үг. “Таны хүссэн бүхнийг өгөөд байдаг төр танд байгаа бүх эрх мэдлийг булааж авдаг” гэж энэ. Энэтхэгийн Сонгуулийн комиссын дарга асан ноён Курайшитай уулзах завшаан надад тохиосон удаатай. Тэр эрхэм Сонгуулийн комиссын үндсэн үүрэг бол сонгогчдын боловсролыг дээшлүүлэх явдал мөн гэдгийг ч олон улсын хурал дээр онцлон дурдаж байсан. Тэрвээр сонгуулийн боловсрол олгоогүй иргэдийн дунд сонгууль явуулах ямар эрсдэлтэйг яс махандаа мэдэрсэн хүн. Тиймээс ч сонгогчдын боловсролын реформыг улс төрчдийн эсэргүүцэл дундуур зүтгэсээр хийсэн нь эдүгээ олон улсад шилдэг жишээ болж байна. Манай СЕХ-ны үндсэн чиг үүргийн нэг сонгогчдын боловсрол зайлшгүй байх ёстой ч Сонгуулийн шинэ хуульд энэ тухай дурдаа ч үгүй байна. Товчхондоо Сонгуулийн хуулийг харахад шинэчлэлийн агуулга орж ирээгүй харагдана. Цаг хугацаанд шахагдаж, түргэн түүхий хийсэн хууль урт наслахгүй нь мэдээж.

Categories
мэдээ цаг-үе

Х.Тэмүүжин: Эрх баригчид төсвийн хулгай хийхээс гадна хууль хулгайлахдаа гаршчихлаа

Хууль зүйн сайд асан X.Тэмүүжинтэй ярилцлаа.


-Сонгуулийн тухай хууль батлагдаж ирэх оны УИХ-ын сонгуулийг томсгосон мажоритар системээр явуулахаар болж байна. Энэ системийн онцлог нь юу юм бэ?

-2008 онд томсгосон тойргоор, 2012 онд холимог тогтолцоогоор гэхдээ мажоритар хэсэг нь олон мандаттай том тойргоор сонгуулийг явуулсан. Хоёр удаагийн сонгуульд хэрэглэгдсэн хувилбар.

Ямартаа ч асуудлыг зөвхөн мөнгөөр шийдэх гэж оролддог, санал худалдаж авах гэж улайрдаг, бэлэг сэлт тараадаг, сонгогчдоо арилжааны “клент” гэж үзэж улс төрийн авлигад татан оролцуулдаг, сонгуулийн клентиализм, авлигыг өөгшүүлэгч жижиг 76 тойрог бүхий тогтолцооноос нэг алхам дэвшилттэй.

Олон мандаттай томсгосон тойрогт сонгууль явуулахад хэд хэдэн эерэг тал үүсдэг.

Нэгдүгээрт, мөнгөний нөлөө гэж ярьдаг сонгогчдын саналыг худалдаж авах замаар сонгогддог байдал 50 хувиар буурна. Олон мандаттай томсгосон тойрог дээр мөнгө тараагаад тодорхой сонгогчдын нэг дүгээр саналыг авч болох ч сонгогчдын хоёр, гурав дугаар саналыг авч чаддаггүй. Сонгогчид мөнгө тараасан хүнээс гадуур сонголт хийх саналтайгаа үлддэг.

Хоёрдугаарт, намуудын хөшигний ар дахь нам дамжсан улс төрийн тохироонууд томсгосон тойрог дээр явахгүй. Тодорхой хэлбэл, нам доторх дургүй хэсгээ нөгөө наМтайгаа нийлж унагах улс төрийн хор олон мандаттай том тойрогт бараг ажиллахгүй. Сонгогчид олон мандатын тоогоор олон санал өгөх боломжтой байна гэдэг төдий хэмжээний чөлөөт өрсөлдөөн өрнөх боломжтой гэсэн үг.

Гуравдугаарт, мөнгөний нөлөөлөл улс төрийн хор багасаад ирэхээр бодлогын шинжтэй асуудал ярьдаг, эрүүл зарчимтай улс төр цухалзах боломж төдий чинээ нэмэгддэг.

Дөрөвдүгээрт, олон мандаттай сонгуулийн тогтолцоо 60 тэрбум гэдэг шиг хатуу мөнгөжсөн, гажуудаж буй намын бүтцийг сулруулах талтай. Мэдээж нөгөө талд нь нэг бус сул тал гарна.

-Энэ удаагийн Сонгуулийн хуульд авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн хүмүүс нэр дэвших эрхгүй болж байгаа. Шалгагдаж байгаа хүмүүсийн хувьд нэр дэвших эрхтэй гэсэн үг үү. Авлига албан тушаалд ямар төрлийн хэргүүд хамаарах юм бол?

-Хүний гэм буруутай эсэхийг гагцхүү шүүх тогтооно гэж байгаа учраас шүүхээр тогтоогдоогүй гэм бурууг урьдчилж дүгнэх боломжгүй. Ямарваа хэрэг шалгагдаж, мөрдөгдөж багаа ч шүүх рүү очоогүй, гэм буруу нь шүүхээр шийдвэрлэгдээгүй хүний улс төрийн эрхийг хязгаарлах боломжгүй.

Шүүхээс ял авсан тохиолдолд тодорхой гэмт хэрэг дээр сонгогдох эрхийг хязгаарлах боломжтой юу, үгүй юү гэдэг маргаан гарахыг үгүйсгэхгүй.

Ардчилсан гэхдээ хууль нь хууль шиг үйлчилдэг улс орон авлигачдаа төрд биш иргэдэд гай болохгүй, нийтийн хөрөнгө мөнгөнөөс хулгай хийхээргүй газарт байлгахаа бол мэддэг. Авлига гэдэг нийтийн албанд очоод нийтийн хөрөнгөөс хулгайлж, иргэдийн хууль ёсонд итгэх итгэлийг үгүй хийдэг гэмт хэргийг хэлдэг. УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэдэг хууль тогтоогч болмоор байна гэж хэлж байгаа л үг.

Хулгайч, худалч хууль тогтоогчтой улс ямар хуультай болно гэсэн үг үү. Хулгай хийдэг хүнийг дахиад хулгай хий, хуулийг ч бас хулгайл гээд явуулдаг зарчим ардчилалд байж болох юм болов уу. Ардчилсан улс орнуудад авлигын хэрэгт холбогдсон хүнийг улс төрийн нам нэр дэвшүүлнэ гэдэг иргэд, сонгогчдоо доромжилж буй үйлдэл болох учраас улс төрийн соёлоороо авлигаас ангид, хол байх гэж хичээнэ л дээ.

Үүнийг ардчиллын хариуцлага эсхүл хариуцлагатай ардчилал гэж хэлж болно. Монголд бол чадаж байхад арга алга гэдгээр уваагүй дайрна. Манаач хийдэг мөртлөө манах ёстой зүйлээсээ хулгай хийгээд байгаа хүнийг хулгай хийлгэхгүйн тулд эхний ээлжинд манаачаас нь болиулна биз дээ. Энгийн л логик.

Ийм зарчим учраас авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүс ямар нэгэн байдлаар төрд ажиллах, татвар төлөгчдийн мөнгийг мэдэж шийдэх, тэдний өмнөөс шийдвэр гаргах гэдэг хууль болон ёс суртахууны хувьд их зохимжгүй.

Улс төрийн соёлоор шийдэж чадахгүй, намууд нь дотроо зарчим тогтоож чадахгүй учраас хөндлөнгөөс хуулиар хийх гэж оролдож байх шиг. Гэхдээ энэ заалтад болгоомжтой хандах ёстой. Тодорхой нийтийн албан тушаалд тэр дундаа хууль тогтоогч болох гэж байгаа хүнд шударга ёсны шаардлага хангахуйц хэмжээний шалгуур тавих гэдэг бол иргэний сонгогдох, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх рүү халдаж байна гэсэн үг биш нь ойлгомжтой.

Харин Монгол Улсад шүүх улс төрөөс ангид, бие даасан, мэргэжлийн шийдвэр гаргаж чадаж байгаа юу. Нөгөө алдарт хонгил нурсан уу. Хэн нэгэн улстөрч, эрх мэдэлтэй бүлэг хэсэг шүүх, хуулийн байгууллагыг ашиглах замаар өрсөлдөгчөө намнадаг байдал алга болсон уу.

Өөр хоорондоо улс төрийн үзэл, хэрэгжүүлэх бодлого, баримтлах зарчим өс зүйгээрээ өрсөлдөж чадахгүй, таалагдахгүй хэн нэгнээ хуулийн байгууллагын туслалцаатайгаар тойргийн гадаа гаргах, улс төрөөс арчиж, өрсөлдөгчөө үгүй хийнэ гэсэн давхар санаатай оруулж ирж байгаа бол энэ их аюултай. Зоосны хоёр тал шиг. Монгол Улсад хараат бус бие даасан шүүх үнэхээр байгаа юу. Бүх хүн хууль шүүхийн өмнө эрх тэгш байж чадаж байна уу.

Асуудлыг мөрдөн шалгаж, яллаж байгаа хуулийн байгууллагын ажилтнууд хэн нэгний гар хөл болохгүй, хуульд захирагдан ажиллаж чадах тэр хэмжээнд очиж байгаа эсэхийг давхар бодохгүй бол буцаад энэ улсад гай тарихыг үгүйсгэхгүй.

Хоёр талаас нь л бодох ёстой. Нэг талаас авлигачдыг байдаг газар нь байлгамаар байна. Нөгөө талд төрийн дээр гараад суучихсан зарим нэг улстөрчид нь хуулийн байгууллагыг хувийн зорилготой ашиглаж, шударга өрсөлдөж чадахгүй өрсөлдөгчдөө шахан хавчих гэж байгаа бол ардчиллыг авлигын нэрээр халхавчилж, авлигачид нь үгүй хийхэд хүрнэ.

-2008 оны сонгуулийн сургамж, үр дүн нь юу вэ?

-2008 оны долдугаар сарын 1-ний сургамжаас үүдэж нэлээд олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Олон мандаттай саналын хуудсыг гараар тоолно гэдэг их нүсэр ажил. Нүсэр түвэгтэй ажлыг далимдуулж хэн сонгогдох вэ гэдэгт хор найруулах нөлөөлөх боломж хэтэрхий их байсан.

Зарим хэсгийн хороодууд тоогоо гаргаж өгч чадахгүй тараад алга болчихсон тохиолдлууд ч гарсан. Энэ байдлыг шийдэх арга нь зам сүүлийн үеийн техникийн.дэвшил, шийдлийг нэвтрүүлэх явдал байв. МАН-ынхны талбай дээр шатаагаад байдаг хар машиныг тэгж л оруулж ирсэн. Тэр машинаар 2012, 2016 оны сонгууль явагдлаа. Эргээд харахад будилаан байсангүй.

Шатаагаад байсан нөхдүүд өнөөдөр Их хуралд 65 суудалтай байна. Хоёрдугаарт, хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотод оногдож буй мандатын зөрүү хүн амын тоотой харьцуулахад хэтэрхий шударга биш байсан.

Нийт сонгогчдын бараг 40 орчим хувь нь Улаанбаатарт амьдарч байхад УИХ-д төлөөлөх мандатын тоо УИХ-ын гишүүдийн 1/3 ч хүрэхгүй байгаа нь Улаанбаатарчуудад таалагдаагүй. Төлөөллийн хэт зөрүүг багасгах гэж 2012 онд ядаж 28 мандат нь хот хөдөө гэж хуваагдалгүй Монгол Улсын нийт иргэн, улс орны нийтлэг эрх ашгийг хангаг гэж пропорциональ сонгуулийн тогтолцоог оруулж ирсэн.

Сургамжаа мартсан хүмүүс яах вэ олон зүйлийг буцаалаа. Одоо хотын мандатыг цөөлж орон нутаг руу явуулна гэх яриа гарч байна, долдугаар сарын 1-ний бухимдлын шалтгааныг буцаагаад бий болгож байгаа юм болов уу даа.

2008 оны 7 дугаар сарын 1 -ний үйл явдлын дараах сургамжид үндэслэж хууль, нийгмийн олон асуудлыг өөрчилж шийдэх гэж оролдсон. Харамсалтай нь тэр бүхнийг 2016 оны сонгуулиар хэт олонх болсон МАН бараг бүгдийг нь буцааж, ухрааж, устгалаа. 2008 оны долдугаар сарын 1-нд цагдаа бид хүчний байгууллага, даргын тушаалаар ажилладаг гээд байсан.

Гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагыг генералаар удирдуулж болдоггүй юм байна. Цэргийн тушаалаар ажиллаад эхлэхээрээ дарангуйллын зэвсэг, дарангуйлагчдын гар хөл төдий болдог юм байна. Цагдаа хуулиар ажилладаг, хууль сахиулах байгууллага байх ёстой юм байна. Тэд цэрэг арми шиг дайсантай дайтах биш иргэдтэйгээ мэргэжлийн хууль сахиулагчид шиг ажиллаж олон нийтэд аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлдэг байх ёстой юм байна гэх зэргээр олон шинэтгэл, шаардлага явсан.

Харамсалтай нь бүгд ухарч буцаж эцсийн дүндээ нөгөө л 2008 оны долдугаар сарын 1-ндээ бодит байдлаар МАН бэлдчих шиг боллоо. Цагдаа хуулийн байгууллагууд нь нөгөө л долдугаар сарын 1-ний өмнө ямар байсан тийм байдалдаа буцаад ирчихэж. Хүний эрхийн нөхцөл байдал нь ч, хууль зүйн орчин нь ч, сонгуулийн хууль нь ч, улстөрчдийнх нь хулгай луйвар нь ч.

2008 оны долдугаар сарын 1-ний дараа хохирсон иргэдэд өмгөөлөгч олдохгүй байсныг тодорхой санаж байна. Засгийн газартай шүүхдэлцэх түүний эсрэг зарга үүсгэх хохирсон иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч олдохгүй, хуульчид нь айдастай байсан.

Яагаад гэхээр тухайн үед хуульчдын тусгай зөвшөөрлийг хууль зүйн сайд нь өгдөг байв. 2012 онд хуульчдыг хууль зүйн сайдаас хамааралгүй болгосон. Одоо тэр бүгдийг буцаагаад хуульчдын амыг хааж боодог болох гэж байх шив дээ.

-Таны гардаж хийсэн хуулиудын нэг болох Эрүүгийн хуульд 2017 онд өөрчлөлт орсон. Одоо дахиад нэмэлт, өөрчлөлт орохоор яригдаж байна. Тэмүүжингийн хуулиуд гэж яригддаг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шалтгаан нь юу юм бэ. Эрүүгийн хуульд зайлшгүй дахин шинэчлэх ямар зүйл заалт байна гэж та харж байна…

-Эрх баригчид 2017 онд хуулийн шинэтгэлийн нурааж, хууль хулгайлж, самарсан гэмт үйлдлээ нууж чадахаа байгаад, сонгууль дөхсөнтэй холбогдуулж зассан болж харагдах гээд Эрүүгийн хуулийг өөрчлөх гэж оролдож байна.

2015 онд олон судалгаа, иргэдийн гомдол санал, хуулийн хэрэглээнд тулгардаг бэрхшээлүүдэд үндэслэж мэргэжлийн хүмүүсийн санаа бодлыг харж, балансыг нь бодож улс орны хөгжилд дэмтэй байх үүднээс олон хуулиудад өөрчлөлт оруулсан. Гэтэл эрх баригчид сонгуулийнхаа хийрхлээс гарч чадалгүй, сэтгэл хөөрлөөрөө АН хийсэн учраас, Тэмүүжингийн хуулиуд учраас, эдгээрийг өөрчлөх ёстой гэсэн явцуу амбицаар өөрчлөх гэж оролдоод хууль зүйн нэгдсэн бодлогоо самарчихсан.

Оролдох оролдохдоо нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэгч болгосон доо. Маш олон судалгаанд үндэслэн хийгдсэн хуулийг зүгээр л дээшээ тэнгэр харж байгаад сольж, хольсон. Үр дүнд нь авлигачдаа хийсэн хуулийнхаа цоорхойгоор гоожуулчихсан. Зарим нэг хүний хувьд санаатай хийсэн хуулийн хулгай юм шиг билээ.

Яагаад гэхээр 30 жил улс төрд явахдаа энэ хуулийн нүх сүвээр нь яаж гарч орж болдог, амьдралаа өөд татаж, эрх мэдэл дээрээ яаж үлддэг, хулгай хийчихээд хариуцлага хүлээхгүй зугтаж хэрхэн ял завшиж болдог гэх мэтдээ мэргэшсэн нэг бус хүний гар дэндүү их оролцсон. Гэхдээ могойгоо өөрсдөө бариагүй.

Борвиндоо баастай хаана үсрээд хаашаа буухаа мэдэхгүй хэдэн залуучуудаараа цаасан малгай өмсүүлж байгаад бариулчихсан. Өнөөдөр нөгөөдүүл нь чи би дээ тулаад явж байна. Хөөн хэлэлцэх хугацаа яаж тасалддаг, яаж тоолдог, хэзээ зогсвол хууль ёс, шударга байдалд нийцэх тухай ойлголтгүй мөртлөө, өмнө хийчихсэн алдаагаа засъя гэж байх шиг байна лээ.

-Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх нэрийдлээр хэрэг нь хаагдсан хүмүүст хуулиа буцааж үйлчлүүлээд шүүж хорих асуудал үүсэх үү.Хууль буцаж үйлчилдэг юм уу?

-Харамсалтай нь Эрүүгийн хууль буцаж үйлчлэхгүй. 2017 онд яг энэ хуулиудыг өөрчилж байхад Х.Нямбаатарт хэлж л байсан. Мань хүн ажлын хэсгийн ахлагч байсан. Эрүүгийн хуулиа ингэж өөрчилж болохгүй. Хариуцлагыг нь хэн хүлээх юм. Хөөн хэлэлцэх хугацааг оролдвол олон гэмт хэрэг тэр тусмаа авлигын хэргүүд алга болно, хуулийнхны авлига нь үргэлжилнэ гэж хэлж байсан. Тэгэхэд социалист хууль яриад сууж байсан хүн.

Одоо бүр дэлхийд байхгүй хууль яриад сууж байна. Бүхэл бүтэн Монгол Улсын хуулийн тогтолцоог популизмынхаа төлөөсөнд нураах гээд байж байх. Энэ Их хуралд хууль зүйн мэдлэгтэй хүн ер нь байгаа юм уу. Бүү мэд. Ямар хүмүүсээр хууль хийлгээд байгаа юм. Хууль хийх биш хууль хулгайлаад, худал яриад сууж байгаа хүмүүс шүү дээ.

-Хөөн хэлэлцэх хугацаа-гаар авлига албан тушаалын өч төчнөөн хэрэг хаагдаж байгаа талаар яригдаж байна. Яг ямар өөрчлөлт хөөн хэлэлцэх хугацаанд оруулчихаад одоо буцааж засах гээд байгаа юм бэ. Тэр хугацааг уртасгасан, богиносгосон гэх зүйл яригдах юм…

-Лав л Ц.Нямдоржийн хэлээд байгаа зүйл ерөөсөө биш. Хөөн хэлэлцэх хугацааг тоолохоо хэзээ зогсоох вэ гэдэг л асуудал. Хууль зүйн сайд маань андуурчихсан явж байна лээ. Хөөн хэлэлцэх хугацааг сунгана сунгахгүй, урт богино болгоно гээд байгаа юм ерөөсөө биш.

2012 онд намайг хууль зүйн сайд болоод очиход иргэдээс ирж байгаа гомдлын дийлэнх нь өөрийг нь хохироосон хүн хуулийнхантай нийлээд хэргийг нь хэрэгсэхгүй болгочихсон тухай гомдол байсан. Хулгай, дээрэм, танхай гэх мэт ахуйн түвшинд гардаг гэмт хэргийн эзэн холбогдогч нь тодорхой мөртлөө хуулийн байгууллага хэргийг нь шалгахгүй удаашруулж нааш цааш шилжүүлсээр байгаад хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгочихдог тухай.

Хэрэг нь хэрэгсэхгүй болсон болохоор хуулиар биш хувиараа асуудлаа шийдэцгээ гээд гаргачихдаг тухай. Хуульгүй гудамжинд гарсан хүмүүс чинь хүчирхийллийн арга замаар л шийдвэрлэх гэж оролдоно.

Эндээс нэг бол шинэ хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгдэнэ, эсвэл хохирсон иргэн хохирсноороо үлдэнэ. Уул нь ухаалаг зохион байгуулалттай нийгэмд эзэн холбогдогч нь олдчихсон хэрэг дээр хуулийн байгууллага ажиллаад эхэлсэн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ёстой л доо.

Өөрөөр хэлбэл, тоологдохгүй зогсох ёстой. Хэн нэгнийг хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан бол уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тэр этгээдийн хувьд тоологдохгүй зогсож, шүүхэд хэргээ сонсгох эрхээ талууд бүрэн эдлэх боломжтой байх нь хууль дээдэлдэг засаглалын гол зарчим.

Монголд эзэн холбогдогч нь тодорхой байхад шалгаж байгаа гэх нэрийдлээр хөөн хэлэлцэх хугацаа дуусгаад хэрэг хааж байна гэдэг бол хуулийн байгууллага огт ажлаа хийхгүй, хууль огт ажиллахгүй байгаа гэсэн үг.

Үүнийг бид 2015 онд өөрчилсөн. Гэтэл эрх баригчид яллагдагчаар татагдсанаар хөөн хэлэлцэх хугацаа зогсоно, тоолохгүй гэснийг анхан шатны шүүхийн шийдвэр гарснаар зогсоно гээд биччихсэн.

Үүнээс болоод аль болох шүүх хуралдааныг явуулахгүй хэдэн удаа ч хамаагүй хойшлуулж байвал хөөн хэлэлцэх хугацаа нь тоологдоод дуусах болно, шүүхийн шийдвэр гарсан ч гэсэн шүүхээс хэрэг буцаадаг болчихвол хөөн хэлэлцэх хугацаа тоологдсоор байна гэх мэт хуулийнхантай нийлж хэрэг замхруулдаг авлигын тогтолцоо буцаад амилчихсан.

Хөөн хэлэлцэх хугацааны өөрчлөлт, шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаадаг хоёр механизм зэрэг хавсраад ажиллахаар авлигачдыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр сулладаг танил талтай хүмүүс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг нэрийн дор ял завшдаг авлига авдаг тогтолцоо буцаад мандаж байгаа юм шүү дээ.

-Одоо хөөн хэлэлцэх хугацааг яаж оруулбал зохистой юм?

-2015 онд баталсан шиг яллагдагчаар татагдсан бол хөөн хэлэлцэх хугацаа зогсоно гэх зарчим хуульчлагдвал болно.

-2017 онд Эрүүгийн хуульд өөр ямар өөрчлөлтүүд оруулчихсан юм бэ?

-Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа нэрийдлээр албан тушаалын нөлөөгөө хууль бусаар ашиглах гэдэг гэмт хэргийг алга болгочихсон. Авлигын конвенцэд манай улс нэгдэн орсонтой холбоотойгоор 2012, 2013 онын үед зарим төрлийн авлигын гэмт хэргийг Эрүүгийн хуульдаа тусгаач гэх зөвлөмж, шаардлагууд ирж байсан. Манай Эрүүгийн хуульд албан тушаалтан өөрт байгаа эрх мэдлийг урвуулан ашиглах, хэтрүүлэх гэх гэмт хэрэг байсан.

Гэтэл улс төрд нөлөө бүхий этгээдүүд болон өндөр.албан тушаал хашиж буй этгээдүүд өөрт байхгүй боловч бусад албан тушаалтанд байгаа эрх мэдлийг өөрт байгаа улс төр, эрх мэдлийн нөлөөгөөрөө дамжуулан ашиглан хууль зөрчүүлэх, улстөржүүлэх байдлаар хэн нэгэнд давуу байдал олгодог өөрсдөө өмч хөрөнгөтэй болдог, авлига авдаг байдал байна.

Энэ нь авлигын гэмт хэргийг Эрүүгийн хуульд тусгаагүй учир дээд түвшний авлига, албан тушаалын гэмт хэрэг хуулийн хариуцлагагүй төдийгүй, төрийн алба арилжааны шинжтэй, том дүнтэй хээл хахуульд өртдөг болсон. Дунд дундаас доогуур албан тушаалын гарын үсэгтэй, гэхдээ өндөр албан тушаалтнуудын санаа зорилгыг гүйцэлдүүлсэн авлигын гэмт хэргүүд чинь хэрэгжихгүй байна гэж хэлж байв.

Жишээ нь, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч өөрт байгаа албан тушаалаа биш, улс төрийн нөлөөгөө ашиглах замаар хэн нэгэн сайд шүүгч төрийн нарийн гэх мэт хүмүүсийн гарын үсгээр хууль зөрчүүлээд асуудал шийдүүлчихвэл Монгол Улсын хууль тэр гарын үсгийн хүрээнд цаашаа явахгүй.

Авлигын гол эх үүсвэр энэ гэмт хэргийн санаа зорилгыг тодорхойлж ашгийг нь хүртэж байгаа тэр этгээдэд хууль зүйн хариуцлага очихгүй. Тиймээс энэ албаны нөлөөгөө хууль бусаар ашиглах гэмт хэргээ хуульчлаач гэж байсан. Эргээд харахад манайд тиймэрхүү тохиолдол хэд хэд гарсан нь анзаарагдаж л байна. Үүнийг 2015 оны Эрүүгийн хуульд бичсэн.

Харамсалтай нь 2017 онд энэ зүйл заалтыг Эрүүгийн хуулиас хасчихсан. Энэ зүйл заалтыг хассан учраас ЖДҮ-ийг дэмжих сантай холбоотой асуудал дээр хууль хүчгүйдэж байна.

Ерөнхий прокуророор ажиллаж байсан хүний УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн үгийг санаж байна уу. Үр ашгийг нь хүртсэн хүмүүс энд сууж байна, шийдвэр гаргасан хүмүүс нь 461-д хоригдож байна, энэ шударга уу гэж. Дээд албан тушаалтны дарамтад гарын үсэг зурж, шийдвэр гаргасан сангийн ажилтнууд гэмт хэрэгтэн болоод харин утсаар залгаж, шахаж дарамталж байгаад тэр бум, тэр бумаар зээл авсан УИХ-ын гишүүд нь гэмгүй.

Энэ бүгдээс харахад хууль тогтоогчид нь хуулиа хулгайлж, хуулийг санаатайгаар эвдэж байгаад тэр эвдэрхийгээр нь өөрсдөө мөнгө олж, албан тушаал наймаалцаж, ёс бус үйлээ хийцгээж байна. Бас нэг хуулийн хулгай хэлэх үү.

Монголчууд бид ардчилсан, хүний эрхийг эрхэмлэдэг, хууль цаазат улс мөн л юм бол соёлт хүн төрөлхтний зохисгүй гэж үзэж байгаа зүйлийг адилхан зохисгүй гэж үзэх зоригтой, чадвартай байх ёстой. Манай улсад бэлгийн дарамт ямар байгаа билээ. Хүний эрхийн үндэсний комиссын хэд хэдэн илтгэлд ноцтойгоор дурдагдсан байгаа.

Намайг Хууль зүйн сайд байхад тэндээс нэр устай нь биччихсэн, танай харьяа тийм байгууллагын тэр албан тушаалтан доод ажилтнууддаа тэгж бэлгийн дарамт учруулсан гээд баримт хавсаргасан зөвлөмж нэг бус удаа ирж байв. Хүчирхийллийн эсрэг ажилладаг гадна, дотны цөөнгүй байгууллагаас санал гарч байв. Тэр бүгдээс үүдээд энэ үзэгдэл даймжирч, Монголд энгийн үзэгдэл болохоос нь өмнө Эрүүгийн хуулиар хориглох хэрэгтэй юм байна гэж үзэж “бэлгийн дарамт”-ыг гэмт хэрэг болгосон.

Гэтэл МАН Эрүүгийн хуулиас яагаад энэ гэмт хэргийг хасчихсан. Бодвол өдөр тутмын өөрсдийн хийдэг зүйлээ Эрүүгийн хууль дээрээс уншаад байхаар айсан юм байлгүй. Ер нь энэ эрх баригчид хүний эрхийг хулгайлж, төрийн нэрийн дор өөрсдийн дарга ангийн эрх мэдлийг өргөжүүлж байвал болно гэж боддог бодол их гүн угшилтай бололтой юм билээ.

Гэрч хохирогчийг хамгаалдаг тогтолцоо байх ёстой. Хохирсон иргэн бүрт төр очиж үйлчилж хамгаалалт хийж чадахгүй бол төр байхын хэрэг байхгүй гэж үзээд ТАХАР-ын алба байгуулсан.

МАН энэ албыг татан буулгаад тогтолцоог нь нурааж оронд нь дарга нарыг хамгаалдаг дотоодын цэргээ буцаагаад байгуулчихсан.

Шинэ цаг үе нь цагдаагийн албыг иргэнд үйлчилдэг, хууль сахиулах байгууллага байх ёстой гэж байхад МАН цагдааг генералаар удирдуулсан цэргийн байгууллага байх ёстой, иргэд тэднээс айдаг цэрвэдэг байхад хангалттай гэж бодоцгоох. Ийм иргэний бус зарчимтай болохоороо тэд хуулиас иргэдэд хэрэгтэй. өөрсдөд нь ашиг тусгүй гэж харагдсан зүйл заалт уншихаараа нүд нь хорсоод, гар нь загатнадаг байх.

Хийж чадаж байгаа ажил нь тэд өөрсдөө иргэдийнхээ өмнүүр ороод зээл авчихна. Өөрсдөд нь хариуцлага тооцох хуулиас хулгай хийчихнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Содномцэрэн: УИХ-ын сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох саналаа УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна

Сонгуулийн ерөнхий хорооны даргa Ч.Содномцэрэнтэй ярилцлаа.


-Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль саяхан батлагдлаа. Ирэх оны сонгуулийг томсгосон тойргоор, мажоритар тогтолцоогоор явуулахаар болж байна. Энэ тогтолцоог манай улс урьд нь ч хэрэглэж байсан. Энэ тогтолцооны давуу болон сул тал юу вэ?

-Саяхан батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд олон мандаттай томсгосон тойргоор зохион байгуулж явуулахаар заасан. Манай улс ийм тогтолцоогоор өмнө нь 1992, 2008 онд УИХ-ын сонгуулиа явуулж байсан. Сонгуулийн тогтолцоог улс орон бүр өөрийн онцлогт тохируулан сонгодог.

Ер нь сонгуулийн тогтолцоо болгон давуу болон сул талтай. Ямар нэгэн төгс, зөв зүйтэй хувилбаруудыг багтаасан, сонгуульд оролцогчдын бүгдийнх нь сэтгэлд нийцсэн тогтолцоо гэж байхгүй нь ойлгомжтой.

-Сонгуулийн тойрог, мандат нь хэзээ тодорхой болох вэ?

-Улсын Их Хурал сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө сонгуулийн тойрог байгуулж, тойрогт ногдох мандатын тоог тогтоохоор заасан. Сонгуулийн тойрог байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзаж үзэхээр хуульд тусгасан.

Ингэхдээ тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл, хилийн хувьд зэргэлдээ байхаар хуульчилсан.

Хэрэв аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо нь тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймаг, нийслэлийн дүүрэгтэй нэг тойрог болгон нэгтгэж болохоор оруулсан. Өмнөх сонгуулиар зарим аймаг, дүүргийг нэгтгэж нэг тойрог байгуулж байсан.

Ээлжит сонгуулиар байгуулагдсан сонгуулийн тойргийг дараагийн ээлжит сонгууль хүртэл өөрчлөхийг хуулиар хориглосон. Харин сонгогчдын санал авч тоолох зорилгоор сонгуулийн хэсгийг гуравдугаар сарын 1-нээс өмнө байгуулж хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана.

-УИХ-ын сонгуулийг хэзээ товлон зарлаж, санал авах вэ?

-УИХ-ын ээлжит сонгуулийг хоёрдугаар сарын 1-ээс өмнө товлон зарлаж санал авах өдрийг тогтооно. Санал авах өдөр нь зургаадугаар сарын сүүлийн хагасын ажлын өдөр байна гэж хуульчилсан. Сонгуулийн Ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох саналаа УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна.

-Саналын хуудсанд нэр дэвшигчийг ямар дарааллаар бичих вэ?

-Саналын хуудаст нэр дэвшигчийн нэрийг бичихдээ нам, эвслийн тухайд Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар, нэр дэвшигчийн тухайд намаас нь ирүүлсэн дарааллаар, харин бие даан нэр дэвшигчийн тухайд Сонгуулийн Ерөнхий хороонд бүртгүүлсэн дарааллыг баримтална. Өмнөх хуульд ийм дараалал байсныг өөрчлөөгүй, хэвээр нь үлдээсэн.

-Төрийн албан хаагч нэр дэвшихээр бол хэзээ ажлаасаа чөлөөлөгдөхөөр тусгагдсан бол?

-Төрийн жинхэнэ албан хаагч болон үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ээлжит сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна гэж хуульчлагдсан. Харин ээлжит бус, дахин нөхөн сонгуульд нэр дэвших бол нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө чөлөөлөгдсөн байна.

-Энэ хуулиар маргаан, гомдол хянан шийдвэрлэхэд өөрчлөлт орсон. Хэдийд маргаан гомдол шийдэж дуусахаар тусгаж байгаа вэ?

-Гомдол маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, хариуцлагын төрөл, харьяалал илүү тодорхой болсон. Гомдол зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зохицуулна. Зөрчлийн тухай хуульд Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчих гэсэн тусдаа зүйл орж байгаа.

Сонгуулийн маргаан хянан шийдвэрлэх эдгээр хугацааг үндэслэн Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд гомдол шийдвэрлэх ерөнхий хязгаар хугацааг тогтоож өгсөн. Энэ нь тухайн сонгуулийн жилд нь багтаан шийдвэрлэнэ гэж заасан байгаа.

-Ерөнхийлөгчийн болон Орон нутгийн ИТХ-ын Сонгуулийн тухай хууль хэзээ батлагдах вэ?

-Ерөнхийлөгчийн болон Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Хэлэлцэх эсэх шатандаа байна.

-Сонгуулийн дүнг хэрхэн дамжуулах вэ?

-2016,2017 онд сонгуулийн дүнг олон нийтэд телевизийн дэлгэцээр шууд харуулж мэдээлсэн. УИХ-ын 2020 оны сонгуулийн дүнг дэлгэцээр шууд харуулж мэдээлнэ. Энэ нь сонгуулийн дүнг олон нийтэд ил тод нээлттэй, шуурхай мэдээлэхэд чухал арга хэмжээ болно гэж үзэж байгаа.

-Тооллогод “Хар машин”-ыг ашиглах уу. Гар тооллого оруулна гэж яригдаж байсан…

-Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг Улсын Их Хурал 2011 онд баталсан. Энэ хуулиар УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, Орон нутгийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулж явуулахаар хуульчилсан. Иймд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу санал авах, тоолох болон сонгогчийн бүртгэлд техник хэрэгсэл ашиглана.

Хуульд заасны дагуу сонгуульд техник хэрэгсэл ашиглах тухай шийдвэрийг УИХ-аас сонгууль бүрээр гаргадаг. Санал хураалт дууссаны дараа нийт хэсгийн 50 хүртэл хувьд нь хяналтын тооллого хийх зохицуулалт байгаа. Хяналтын тооллого хийгдэх хэсгийг санамсаргүй сонголтын аргаар сонгож хийнэ.

-Сонгуулийн мөрийн хөтөлбөр, сурталчилгаатай холбоотой ямар зохицуулалт орсон бэ?

-Сонгуулийн мөрийн хөтөлбөр нь тухайн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд буюу дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих боломжтой байхаар хуульчилсан. Мөн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт аудит хийлгэхээр хүргүүлэх, хянах, өөрчлөлт оруулах гээд бүхий л хугацаануудыг тодорхой зааж оруулсан.

Өмнөх хуульд ийм хугацаа заагаагүй байсан нь аудитын байгууллагад хүндрэл учруулж байсан. Сонгуулийн сурталчилгааны хувьд гэвэл нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авсан мөчөөс эхлэн сурталчилгаагаа хийгээд явах боломжтой болсон.

Өөрөөр хэлбэл, санал авах өдрөөс 22 хоногийн өмнө нэр дэвшигчийн үнэмлэхээ авна, энэ өдөртөө ухуулга, сурталчилгааны ажлаа хийгээд эхэлнэ гэсэн үг. Түүнээс гадна сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн тоо, зурагт самбар, дэлгэц, ухуулах хуудасны тоог тогтоож өгсөн. Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх бол мэдэгдлээ шууд Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлэхээр болсон.

Энэ хуульд цахим орчинд хийх сурталчилгаатай холбоотой зохицуулалтыг оруулж өгсөн. Цахим орчин ашиглан сурталчилгаа хийх, түүнд нь хяналт тавих журам баталж мөрдүүлэхээр хуульчилсан. Нэр дэвшигч үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ.

Цахим хаягаар сурталчилгаа явуулах тохиолдолд нам, эвслийн нэр, далбаа, таних тэмдэг ашиглаж болохоор хуульчилсан.

-Гадаадад амьдарч. байгаа иргэд Улсын Их Хурлын сонгуульд оролцож саналаа өгөх боломжгүй гэж ойлгосон. Энэ ямар учиртай вэ?

-Монгол Улс түүхэндээ нэг удаа 2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар гадаадад байгаа иргэдээсээ саналыг нь авсан. Энэ нь тухайн үед сонгуулийн хосолсон тогтолцоогоор сонгуулиа явуулж байсантай холбоотой. Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэд маань намд саналаа өгч байсан юм.

Намд саналаа өгөх буюу сонгуулийн тогтолцооны энэ хувилбар нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэц гаргаснаар гадаад улсад байгаа иргэдээс санал авах боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл пропорциональ тогтолцоо байхгүй болсноор намд санал өгөх сонгуулийн хувилбарыг хэрэглэх боломжгүй болсон.

Харин гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013, 2017 оны сонгуульд оролцож саналаа егсөн. Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай өргөн барьсан хуулийн төсөлд гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд саналаа өгөх зохицуулалт хэвээрээ байгаа.

-Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хэрхэн зохицуулж байна?

-Сонгуулийн тухай хуульд шилжилт хөдөлгөөнтэй холбоотой хоёр төрлийн ойлголт бий. Нэг нь иргэний засаг захиргааны шилжилт хөдөлгөөн, нөгөө нь сонгогчийн шилжилт хөдөлгөөн. Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг хийж болох субъектүүдийг зааж өгсөн.

Үүнд зөвхөн санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа төрийн албан хаагчид, санал авах байрын аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчид, мөн иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, сонгуулийн автоматжуулсан төхөөрөмжийг хариуцан ажиллах мэдээллийн технологийн ажилтан хамаарч байгаа.

Учир нь сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд оролцож байгаа эдгээр хүмүүс санал авах өдөр өөрсдөө ажиллаж байгаа учир өөрийнхөө харьяа хэсэгтээ очиж саналаа егөх боломж хязгаарлагддаг байсан учир эдгээр хүмүүс сонгогчийн шилжилтээ хийлгээд ажиллаж байгаа газраа саналаа өгөх боломжтой болгосон. Мөн нэр дэвшигчийн менежер, шадар туслагч сонгогчийн шилжилт хийлгэх боломжтой.

Менежерийн хувьд нэг байна, шадар туслагчийн хувьд аймаг, нийслэл, сум, дүүрэг, аймгийн төвийн багт тус бүр нэг байна гэж хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, тооны хязгаартай эдгээр хүмүүс нэгэнт нэр дэвшигчийг дэмжиж штабынх нь бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа тул сонгогчийн шилжилтээ хийлгээд саналаа өгөх боломжтой гэж үзсэн.

Зөвхөн дээр дурдсан субъектүүд л сонгогчийн шилжилтээ хийлгэх боломжтой болгож өмнөх сонгуулиар гарч байсан “царцаа” гэж нэрлэгдэж байсан зөрчлийг арилгасан. Харин иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжих буюу иргэний шилжилт хөдөлгөөний тухайд хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн санал авах өдрийг дуустал түр хугацаанд хязгаарлах зохицуулалт байгаа. Энэ зохицуулалт өмнө нь байсан.

Засаг захиргааны шилжилтийг тодорхой хугацаанд зогсоохгүй бол сонгогчийн нэрийн жагсаалт байнга өөрчлөгдөхөд хүрдэг юм. Хугацааны хувьд өмнө нь бол санал авах өдрөөс 60 хоногийн өмнөөс зогсоодог байсан бол энэ хуулиар хугацааг нэмэгдүүлж хоёрдугаар сарын 1-ний өдөр болгосон.

Яагаад гэхээр сонгууль товлон зарласнаас хойш сонгууль зохион байгуулах үйл ажиллагаа албан ёсоор эхэлж байгаа тул уялдуулж тогтоож байгаа юм.

-Сонгуулийн зардлын тухайд?

-Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардал гаргадаг. Сонгуулийн зардал нь хандив, намын хөрөнгө, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгөөс бүрддэг. Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг хуульд заасны дагуу сонгуулийн зардлын данс нээлгэж зарцуулна. Сонгуулийн зардлын данснаас өөр дансанд хандив цуглуулах, зарцуулахыг хориглосон.

Зардлын дээд хэмжээг Үндэсний аудитын газар гуравдугаар сарын 01-ний дотор тогтоож, нийтэд мэдээлнэ. Сонгуулийн хандивын хэмжээ нэмэгдсэн. Өмнө нь иргэн гурван сая төгрөг, хуулийн этгээд 15 сая төгрөг хүртэл хандив нэг удаа өгч болдог байсан.

Үүнийг өөрчилж иргэн таван сая төгрөг хүртэл, хуулийн этгээд 20 сая төгрөг хүртэл хандивыг өгч болно. Хандив өгөх нийт дүн нь энэ хэмжээнд багтахаар хуульчилсан.

Хандив өгөх, авахыг хориглосон хэд хэдэн заалт хуульд орсон. Тухайлбал, гадаад улс, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, иргэн, төрийн өмчийн байгууллагууд, насанд хүрээгүй иргэн, үйлдвэрчний болон шашны байгууллагууд сонгуульд хандив өгөхийг хориглосон.