УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.
-Ерөнхийлөгч Х.Баттулга Норвеги улсад айлчлан тус улсын тэтгэврийн санд зочилж, хамтарч ажиллах чиглэлээр яригдсан. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
-Баялгийн менежмэнтийн дэлхийн хамгийн шилдэг жишээнд Норвегийн баялгийн сангийн туршлага орно. Анх энэ санг 1990 онд нефть бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлээс хамгаалах зорилгоор байгуулсан. Дараа нь тэтгэврийн сан болж өөрчлөгдсөн. Норвеги нь таван сая хүнтэй. Манай улстай төстэй зүйл олон. Норвегийн тэтгэврийн сан 2019 оны эцсийн дүнгээр 1,1 их наяд долларын нөөцтэй байна. Норвеги улс өнөөдөр дэлхийн хаана, хэнд ч өргүй. Энэ улсад авлигын асуудал байхгүй. Засаг, захиргааны институтууд нь сайн ажиллаж, иргэд нь чинээлэг хангалуун амьдардаг. Норвегийн эдийн засгийн баялгийн орлогоос хамаарах хамаарал нь жил бүр багасч байна. Норвегийн дотоодын нийт бүтээгдэхүүнээс давж гарсан сангийн мөнгийг дотооддоо зарцуулбал голланд өвчинд нэрвэгдэх, эдийн засгийн тэнцвэр алдагдах, мөнгөн тэмдэгтийн ханшид нөлөөлөх эрсдэлтэй гэж үздэг. Иймээс тогтвортой орлогын эх үүсвэрийг бий болгох зорилгоор гадаад, дотоодын хөрөнгийн биржүүдэд байршуулж, үнэт цаасны арилжаагаар дамжуулж өсгөх бодлого баримталж ажиллаж байна. Дэлхийн хэмжээнд арилжаалагдаж байгаа үнэт цаасны 0.3 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг зарцуулах эрх мэдэл энэ сангийн захиралд байдаг. Сангийн жилийн ашгийн тал хувь нь улсын төсөвт ордог. 2005 онд тус сангийн захирал хөрөнгө оруулалтаасаа 11,1 хувийн ашиг олсон нь 26,0 тэрбум ам.доллар болсон. Энэ бол ямар ч улсын сангийн сайд атаархахаар тоо.
-Манай улс байгалийн баялгийн асар их нөөцтэй. Гэтэл иргэдийн ихэнх нь амьжиргааны түвшин доогуур байдаг…
-Байгалийн баялаг ихтэй орнууд ядуурах нь парадокс гэмээр үзэгдэл дэлхийн түүхэнд олон байдаг. Их баялаг авлига хээл хахуулийг цэцэглүүлж, баялгийн үр шимийг хэдхэн хүн хүртдэг муу жишээ ч бас олон. Авлигыг чөлөөт зах зээл, хөгжлийн дайсан гэж үздэг. Бид асар их баялагтай мөртлөө ядуу амьдарч байгаа нь баялгийн менежмэнт буруу байгаатай холбоотой. Зах зээлийн нийгэмд шилжихдээ хөгжлийн тодорхой бодлогогүй, иргэдээ уг нийгэмдээ бэлдээгүй, сургаар яваад орчихсон гай одоо ч үргэлжилж байна. Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжээд 30 жил болсон ч өнөөдөр бид хөгжлийн зөв бодлого, баялгийн менежмэнтийн сайн загвараа олоогүй л явж байна. Ардчилсан нийгэм байгуулах, нийгэм эдийн засгийн хамгийн муу загвар Монголд хэрэгжиж байна. Нотолгоо нь авлига, хээл хахууль, баялгийн тэгш бус хуваарилалт, ядуурал, гэмт хэргийн өсөлт, богино мөчлөгт санхүү эдийн засгийн хямрал, байгаль орчны доройтол, гадаад өрийн дарамт гээд үргэлжилнэ.
-Хөгжлийн зөв бодлого гэж юу юм бэ?
-Энэ нь дан хувийн хэвшлийг бус төр, хувийн хэвшлийн зохистой хослол, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зардлыг хэмнэсэн, импорт шаардсан хөрөнгө оруулалтаас татгалзсан, экспортын болон импорт орлосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжсэн, зах зээл дэх банк, хөрөнгийн захын зохистой харьцааг хангасан, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй загварыг сонгож ажиллах тухай ойлголт юм. Хөгжилд байгалийн баялгаас гадна баялгийн менежмэнтийг хийдэг хүний хүчин зүйл хамгийн их нөлөөтэй. Тухайлбал, манайд хөрөнгийн захын хөгжил сул байгаагаас түүнээс хүртэх өгөөж муу байна. Энэ нь эргээд хөгжлийн тэнцвэрийг алдагдуулж байгаа нь үнэн. Хөрөнгийн захад бэлтгэгдсэн сайн мэргэжилтнийг салбарын үнэ цэнэтэй актив гэж үздэг. Хөгжлийн зөв, шинэ бодлогын гол шаардлага нь их хуримтлал үүсгэх замаар хөгжлийн өндөр түвшинд хүрэхээр зорих гэж тодорхойлж болно. Стратегийн болон томоохон, ирээдүйтэй орд газрууд дээр төрийн өмчтэй уул уурхайн компаниуд байгуулж, үр шимийг нь улс эх орны хөгжил, ард иргэдээ ядуурлаас гаргах, тэдний амьдралын чанарыг дээшлүүлэхэд ашиглах шаардлага үүслээ. Уг компаниудыг дунд, урт хугацаанд бодлогоор дэмжиж, үйл ажиллагааны ашгаас нь дэд бүтцэд нь хөрөнгө оруулалт хийж, үнэ цэнийг нь өсгөж, IPO хийх замаар хөрөнгө оруулалт татах, нээлттэй компани болгох хэрэгтэй. Төр муу менежер гэсэн яриа байдаг. Энэ нь төрийг хүчгүйдүүлж, ашиг олох гэсэн бодлого, үг, үйлдэл. Төр нь хамгийн сайн менежер байж, улс орон хөгжинө. Чадвартай сайн ажилтнууд төрийг сайн менежер болгоно. Сайн орд газруудын үр ашгийг цөөхөн гэр бүл хүртэж, зарим нь улсаасаа баян болж, олонх нь ядуу амьдарч ирсэн өнгөрсөн 30 жилийн практикийг зөвтгөх ямар ч үндэслэл алга.
-Улс орнууд баялгийн сан байгуулсан олон туршлага байдаг. Баялгийн менежмэнтийн талаар ярихгүй юу?
-Баялгийн менежмэнт гэдэг баялгаас олж буй орлого, олборлолтоос үүсэх эрсдэл хоёрын тэнцвэрийг хангах асуудал. Баялгийн менежмэнтийг маш сайн хийж буй улс орнууд олон. Муу хийж байгаа ч байна. Муу хийж буй тоонд Монгол Улс орно. Бид баялгийн менежмэнтийн бодлогоо шинэчилж сайжруулах шаардлагатай. Кувейт улс 1953 онд хөрөнгө оруулалтын санг газрын тосны орлогоор бий болгож байсан.
-Манай улсад баялгийн санг энэ онд байгуулна гэж мэдэгдсэн. Энэ тухайд?
-Нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас төсөвт төвлөрүүлсэн орлогыг одоо ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны хоёрдугаар сарын 05-нд “Ирээдүйн өв сангийн тухай” хуулийг баталж мөрдөж байна. Энэ сан олон улсад бүртгэлтэй. Сан хараат бус байх, ил тод байх, хөрөнгийг зохистой удирдах, хариуцлагатай байх гээд ажиллах зарчмыг хуульд тодорхой заасан. Сангийн эх үүсвэр, түүнийг төвлөрүүлэх, сангийн удирдлагын зардлыг санхүүжүүлэх, хяналтын зөвлөлийн ажиллах журам, шаардлага, тайлагнал, ил тод байдал хяналт гээд бүх үйл ажиллагаа хуульчлагдсан. Ирээдүйн өв санд 2019 онд 1,0 их наяд төгрөгийн орлого төвлөрсөн. Үүнээс хүний хөгжлийн сангийн өмнө хуримтлагдсан 670 орчим тэрбум төгрөгийн өрийг дарж дуусган оны эцэст 368 тэрбум төгрөгийн хуримтлал үүсээд байна. 2020 оны төсөвт 977 тэрбум төгрөгийг тус санд хуримтлуулахад тусгасан. Ирээдүйн өв сангийн орлого энэ оны эцэст 1.3-1.4 их наяд төгрөг болохоор байна. Ирээдүйн өв сан бол баялгийн сан мөн. Сан байгуулж амжилтад хүрсэн олон улсын туршлага, өөрийн орны онцлогийг харгалзаж ирээдүйн өв сангийн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах замаар ажиллуулах боломж байна.
-Баялгаас олох ашгийн улайрал их боллоо гэж ярих болсон. Энэ нь эдийн засагт хэрхэн сөрөг нөлөөлдөг вэ?
-Байгалийн баялгаас олох ашгийн төлөөх улайрлыг рент буюу давхар ашиг хайх авир гэж тодорхойлдог. Энэ авир Оюу толгой төсөл дээр тод ажиглагддаг. Байгалийн баялгийг экспортлоод олох орлогыг экспортын бусад бараа орлож чадахгүй тул бүх төрлийн үйлдвэрлэл хумигддаг. Ядуу буурай орнуудад баялагт хүрэх зам заавал улс төрөөр дамждаг тул улстөрчид бас хуруугаа дүрдэг. Баялгаас хамааралтай улс төр яваандаа ардчилсан шинжээ алдаж, эрх мэдэл цөөн хүний гарт төвлөрөх аюулыг дагуулдаг.
-Манай улс баялгийн нөөцөөр дэлхийд эхний аравт багтдаг. Хөгжлийн хурдацыг маш өөдрөг төсөөлж байсан үе саяхан. Гэтэл тэрхүү төсөөлөл алга боллоо?
-2010 оны тооцоогоор Менделевийн үелэх системийн 111 элементийн 67 нь Монголын хөрсөн доороос олдсон гэдэг мэдээлэл “Finace Asia” сэтгүүлд гарч байсан. 2011 онд уг сэтгүүлд Монгол Улсын ДНБ-ний хэмжээ дөнгөж таван тэрбум ам.доллар байхад эрдэс баялгийн үнэ 1.2 их наяд ам.доллар байна гэсэн мэдээлэл бас гарч байсан. Монголын эдийн засгийн хөгжлийн хурд сүүлийн зургаан жилд дунджаар 8.6 хувь байсан. 2020 гэхэд 2008 онтой харьцуулбал эдийн засгийн хэмжээ 14 дахин их буюу 67 тэрбум ам.доллартай тэнцэх болно гэж 2009 онд шуугьж байлаа.
-Өнөөдөр эдийн засгийн хэмжээ хэд байна вэ?
-2020 онд төлөвлөснөөр манай эдийн засаг 40.7 их наяд төгрөг буюу ам.долларт шилжүүлснээр 14.0 тэрбум орчим ам.доллар хүрэх төлөвтэй.
-67 тэрбум ам.доллар гэж байсан бол 14 тэрбум болж бараг тав дахин бага болсны учир юу вэ?
-Монгол Улсын хөгжлийн потенциал асар өндөр. Тэд байж болох боломжийг тооцож хэлсэн байх. Харамсалтай нь бид жалган дотроо байлдаж, улстөржсөөр баялгийн менежмэнтээ маш муу хийж, бие биедээ цэцэрхсээр, ирээдүйн хөгжлөө баталгаатай болгож чадсангүй. Бид 21 дүгээр зуунд амьдарч байна. Энэ зууныхаа бизнесийн дүрмээр тоглож, ажиллаж, амьдрах шаардлагатай. Тэр дүрэм нь хамгийн шилдэг баялгийн менежмэнт, гадаад дотоодын хөрөнгийн зах зээлд хувьцаа, үнэт цаас гаргах замаар хөрөнгө босгох, бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах зэрэг олон асуудал орно.
-Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицинзүүдийг тойрсон олон асуудал байдаг. Энэ асуудал зөв голдиролдоо орж байна уу?
-2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар Монгол Улсад 2889 хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Үүнээс 1664 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Үлдсэн 1225 нь хайгуулын тусгай зөвшөөрөл. Ашиглалтын тусгай зөвшөөрлөөс 566 нь алтны,нүүрсний 296, жоншны 186,төмрийн хүдрийнх 77 гээд үргэлжилнэ. Мөн газрын ховор элемент, молибден гээд зөвшөөрлүүд бий. Саяхан Засгийн газраас шалгалт хийгээд алдаа дутагдлыг засуулах, баримтлах чиглэлээ тодорхой болгосон тогтоол гаргасан.
-Монголын баялгийг 30 гэр бүл авчихсан гэдэг. Энэ тухайд?
-Социализмын үед улсын төсвөөр хайгуул хийж илрүүлсэн бүх ордыг мэдээлэлд ойр байсан болон тэдэнтэй холбоотой хүмүүс авчихсан нь үнэн. Авчихсан мөртлөө ашигладаггүй, дараад хэвтээд байдаг нь ч бас үнэн. Авсан бол ашиглаж авдагаа аваад, улсад өгдөгөө өгөх хэрэгтэй. АМХЭГ-ийн 2019 оны судалгаагаар 1200 орчим лицензүүд гадны компаниудад байна. Люксембургийн “КьюЖиЭкс Монгол” гэх компани 165 лицензтэй. Нидерландын “Сентеррагоулд” 153 лицензтэй. Японы иргэний эзэмшилтэй “Адамасмайнинг” 220 лицензтэй. Үүнээс ашиглаж байгаа юм алга. Зарим нь худалдах сонирхолтой. Энэ лицензүүдийг Монголд үйлчилж буй хуулийн дагуу тэд авсан байх. Тэр утгаар тэднийг буруутгах гээгүй. Эндээс Монгол төрийн бодлого нь алдаатай, алдаан дээрээсээ сургамж авдаггүй, баялгийн менежмэнт нь буруу Монгол орон эзэнгүй гэсэн дүгнэлт хийж болохоор байгаа юм.
-Дэлхийн чиг хандлага баялаг цөөхөн хүний гарт төвлөрч байна гэсэн судалгааны дүн гарсан байна лээ…
-Хөгжлийн байгууллагын судалгаагаар дэлхийн тэргүүн баячууд насанд хүрэгчдийн нэг хувьтай тэнцүү бөгөөд дэлхийн нийт баялгийн 40 хувийг эзэмшиж байна гэсэн тоо байдаг. Энэ нь капиталист нийгмийн хувийн өмч, түүний өмчлөл, өв залгамжлал гээд олон зуун жилийн хөгжилтэй холбоотой. Манай улсын хувьд өөр. Бид 1990 оны эхэнд зах зээлийн нийгэмд шилжихдээ бүгд өмчгүй байлаа. Үндсэн хуульдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гээд заачихсан. Өнгөрсөн 30-аад жилд ард түмний мэдэлд байдаг байгалийн баялгийн ашиглах эрхийг зарах, бусадтай хамтарч ашиглах замаар цөөн хэдэн гэр бүлийн амьдрал сайжирч, олонх нь ядуурсан. Хөгжлийн ийм зам, загвар бидэнд хэрэггүй. Манай хөгжлийн загвар нь баялгийн хуваарилалтын маш сайн, олонхыг хамрах бодлоготой байх шаардлагатай. Тийм загварууд байна. Өнгөрсөн хугацаанд Монголын төр нийтийн болон хувийн эрх ашгийн тэнцвэрийг хангаж ажиллаж чадсангүй. Бид хувийн эрх ашиг, хувийн сонирхлыг голлон дэмжиж ирсэн нь хөгжлийн тэнцвэртэй байдал алдагдаж, баян ядуугийн ялгаа гаарах хөрс суурь нь болсон. Өнөөдөр улс орны хөгжилд нийгэм, эдийн засгийн олон хурц асуудлууд тулгарч байна. Үүнийг хувийн хэвшил давамгайлсан манай өнөөдрийн эдийн засаг шийдэх боломжгүй. Үүнд л хамаг учир байгаа юм. Иймд хөгжлийн шинэ загварын асуудлыг гаргаж тавих шаардлага аль эрт үүссэн.
-Хөгжлийн шинэ бодлого, загварын талаар ярихгүй юу?
-Манай уул уурхайн салбарын томоохон, стратегийн том ордууд дээр төрийн өмчтэй, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хувийн хэвшлийн, зарим онцлог салбарт төр хувийн хэвшлийн түншлэл давамгайлсан холимог эдийн засгийн бодлого, загварыг ирэх 10 жилд хэрэгжүүлбэл зохино. Холимог эдийн засаг амжилттай хэрэгжих нөхцөл болох хувийн болон улсын секторын тэнцвэржилтийг төр хангаж чаддаг байх шаардлага тавигдана. Энэ бодлого, загварын хэрэгжилт, үр нөлөөг тооцож, алдааг засаж, ололтыг бататгаж, цаашид хөгжүүлэх арга замыг тодорхойлж байх нь зүйтэй. Мөнхийн зөв, мөнхийн буруу зүйл гэж байдаггүй.
-Баялгийн орлогын ашиглалт муу, буруу зүйлд зарцуулж байгаа шүүмжлэл байдаг.
-Баялгийн менежмэнт нь буруу бол баялаг хүссэн үр дүнг авч ирдэггүй нь үнэн. Байгалийн баялагтай орнуудад нийтлэг тохиолддог шинж бол Засгийн газрын зардал нэмэгдэж, толгой нь данхайж, авлига нэмэгдэх хөрс суурь болдог. Төсвийн мөнгийг хөрөнгө оруулалтын эрх ашгийн эрэмбээр биш, үр ашиггүй зүйлд зарцуулж байгаа жишээ олон байна. Хөрөнгө оруулалтыг хариуцлагатай болгоход улс орны эрх ашгийн эрэмбэ дээр суурилсан, төсвийн зөв төлөвлөлт, хэрэгжилт, хяналт хэрэгтэй.
-Голланд өвчин гэж юу вэ. Шинж тэмдэг, засах арга замыг юу гэж үздэг вэ?
-Голланд өвчин гэдэг нь баялгийн орлого нь эдийн засагт нь сөрөг нөлөө үзүүлснээс үүссэн нэр томъёо. Гадаад валют их хэмжээгээр нийлүүлэгдсэнээр үндэсний валют чангарна. Энэ чангаралт нь уул уурхайн бус үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг бууруулж, экспортод сөргөөр нөлөөлж эдийн засгийн тэнцвэрийг алдуулж хөгжилд эрсдэл нэмэгддэг. 1960-аад онд Голланд улсад нефть, хийн олборлолт эхэлснээс хойш үйлдвэрлэлийн салбар уналтад орж, эдийн засагт үүссэн таагүй үзэгдлийг “Голланд өвчин” гэж олон улсад нэрлэх болсон.Байгалийн баялаг ихтэй хөгжиж буй орнуудын хөгжлийг харахад Голланд өвчинд өртөх магадлал өндөр байна. Голланд улсад тухайн үед баялгаас их хэмжээний мөнгө орж ирснээс үндэсний мөнгөн тэмдэгт нь чангарч,уул уурхайн бус салбар хөгжих боломжгүй нөхцөл үүссэн байдаг. Манайд бол баялгийн мөнгө их хэмжээгээр бус бага орж ирсэнээр үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унаж, инфляци өндөр болж, уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл зогссон, ажилгүйдэл, ядуурал ихэссэн шинж тэмдгээр илэрч байна. Үүнийг Голланд өвчний нэг төрөлд хамруулж болох боловч “Баялгийн хараал” гэх нэр томьёонд илүү ойр жишээ. Голланд өвний шинж тэмдэг илэрвэл эдгээх аргууд байдаг. Үүнд валютын ханшийн бодит түвшнийг тогтоож,хянах, уул уурхайн бус салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээг төр, засгаас авч хэрэгжүүлэх. Эмчилгээний гол арга нь гадаад валютын урсгалыг хянах гэж үздэг.
-Баялгийн хараал гэж юу вэ?
-Ийм нэр томьёог байгалийн их баялагтай мөртлөө ядуу амьдардаг, баялгаас олсон орлогоо хүртээмжтэй зөв зарцуулж чадаагүйгээс эдийн засгийн болон улс төрийн хямрал нүүрлэсэн орны талаар бичихдээ ашигладаг нэр томьёо.Улс орон хичнээн их нөөц баялагтай байна, тэр хэмжээгээр баялгийн олборлолтын орлогоос хамааралтай болж,хүний хөгжлийн индекс нь доогуур үзүүлэлттэй байдгийг тайлбарлахад бэрх.Баян ядуугийн ялгаа тэнгэр,газар шиг холдож,эцэстээ эвлэршгүй дайсагнал,улс төрийн тогтворгүй байдал,иргэний дайнд хүргэдэг жишээ хүн төрөлхтний түүхэнд олон.“Баялгаас олсон орлогыг цөөн хүмүүс хүртэж,хөгжил дэвшил зогсож, баялаг нь хүссэн үр дүн авчрахгүй байхыг баялгийн хараал хүрэх” гэж ярьдаг.Үнэн хэрэгтээ ийм хараал байхгүй.Авлигач, баялгийн хулгайч нар өөрсдийн хийсэн нүглийг цайруулах гэж гаргасан нэр томьёо гэж үздэг. Баялагийн менежментийн Африкийн жишээ олон оронд сургамжтай гэж үздэг. Бид баялгаа муу ашиглавал хэдэн жилийн дараа баялгийн менежмэнтийн муу жишээ Монгол гэж яригдаж болзошгүй.
-Баялгийн менежмэнтийн сайн жишээ олон байдаг…
-Баялагтай орон бүрт баялгийн хараал хүрдэг үү гэвэл тийм биш юм. Австрали, Канад, Норвегид ардчилсан, сайн институцууд баялаг илрэхээс өмнө оршин тогтнож, авлигаас нийгэм, улс төрийг ангид байлгаж чадсан учраас энэхүү гунигт түүх давтагдаагүй. Эдгээр орнуудад ардчилсан институцууд засгийн газрыг авч хэрэгжүүлсэн алхам бүрт хариуцлагатай байлгаж чадсан байдаг.
-Баялаг яагаад хөгжил авч ирдэггүй юм бол?
-Баялаг хүссэн хөгжлийг яагаад авч ирдэггүй талаар судлаачид авч үзээд гурван шалтгааныг тогтоосон байдаг. Нэгдүгээрт, их баялаг гэнэт илрэх нь нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж, зөвхөн тэр салбарт бүх анхаарлаа тавьж, бусдыг хаяснаар голланд өвчин үүсэхэд хүргэдэг. Хоёрдугаарт, баялгаас олж байгаа орлого нь бусад салбарын үйдвэрлэлийг хааж, өрсөлдөх чадварыг бууруулдаг. Гуравдугаарт, гол нэрийн барааны үнэ тогтворгүй болж, эдийн засгийн өсөлт бууралт нь тооцоогүй хөрөнгө оруулалт, үр ашиггүй зарцуулалтаас хамааран мөчлөгийн шинжтэй болж ирдэг. Баялгаас олсон орлого олон сувгаар засаглал, төрийн институцийг доройтуулдаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Ингэж баялаг эзэддээ хор хохирол авчирч, улс орныг нь ангал руу түлхдэг. Байгалийн их баялагтай орнуудын ихэнх нь өмнө үедээ колони байж, аж үйлдвэржсэн орнууд тэдний баялгийг зөөж хөгжсөн нь түүхийн хуудаснаа үлдсэн байдаг. Энэ түүх одоо ч үргэлжилж байна.
-Баялгийн сайн менежмэнтийг хэрхэн бий болгох вэ?
-Баялаг ихтэй орнуудын хөгжил дэвшлийн гол суурь нь сайн засаглал юм. Монголд сайн засаглал тогтохгүй бол эдийн засагчдын хэлдгээр бид түрээсийн улс болж хувирна. Энэ нь хүч, хөдөлмөр гаргаагүй мөртлөө мөнгө олж, амьдарч болоод байдаг гэсэн үг. Ийм засаглалтай улс оронд бүх юмыг үнэгүй олж авч сурдаг. Бидэнд хөгжлийн сайн бодлого, оновчтой зөв төрийн зохицуулалт, сахилга, дэг журам юу юунаас илүү чухал байна.Тони Блэрийн санаачилсан олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хүрээнд ашигт малтмал, түүхий эдийн арилжаанд оролцогч бизнесийн үйл ажиллагаагаа ил тод явуулах ёстой. Жорж Соросын санаачилсан баялгийн төлбөрийг ил тод болгох, иргэний хяналт, ил тод байдлыг уул уурхай олборлох үйлдвэрлэлийн салбарт жинхэнэ утгаар нь бий болгох хэрэгтэй.