2020 оны УИХ-ын сонгууль дахь сонгогчдын оролцооны талаар Стратеги академийн захирал, доктор Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
-2020 оны УИХ-ын сонгуулийн нэр дэвшигчид тодорч байгаа болов уу. Ирэх сонгуулийн өнгийг та хэрхэн харж байна вэ?
-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.1-д зааснаар “Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана” гэсэн байдаг. Энэ заалтын дагуу 2020 оны тавдугаар сарын 10-наас 2020 оны тавдугаар сарын 16-ны хооронд сонгуульд оролцох нам, эвслүүд нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулах ёстой. Үүний өмнө тухайн намын Их хурал, эсхүл төлөөллийн төв байгууллагын хуралдаанаар нэр дэвшигчдийг хэлэлцэж, олонхын саналаар баталсан байна. Энэ жилийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах нэг онцлог бол УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулийн 29.8 дахь заалтын дагуу авлига албан тушаалын хэргээр шүүхээс ял шийтгүүлж байсан хүмүүс нэр дэвших боломжгүй болсон явдал юм. Ард түмнийг төлөөлөн төрийн хариуцлагатай албыг хаших хүмүүс өндөр ёс зүйтэй байх ёстой.
-Намууд энэ жил ямар хүмүүсийг сойхоор бэлдэж байгаа бол?
-Улс төрийн намууд 2020 оны сонгуульд оролцох зарчим, нэр дэвшүүлэх шалгуураа зарлаж эхлээд байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар 2020 оны нэгдүгээр сарын 9-нд болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дээр 2020 оны сонгуульд МАН-аас УИХ-д нэр дэвшигчдийг тодруулах зарчмаа зарласан. МАН-ын дарга У.Хүрэлсүх “2020 оны сонгуульд МАН нэр дэвшигчдээс мөнгө, дэнчин гэж авахгүй. Намд мөнгө хандивлаж түүнийхээ хариуд тойрог горилох, улс төрийн ашиг хонжоо хардаг байдлыг бүрмөсөн зогсооно. Зөвхөн өндөр ёс зүйтэй, олон нийтийн итгэл даах хүмүүсийг МАН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигчдийг ёс зүйн шалгуур, судалгааны дүнд үндэслэн тодруулна. Судалгааны дүнгээр олон нийт дэмжихгүй байгаа нь харагдвал нэр дэвшихгүй байх хэрэгтэй. МАН төрийн бодлого боловсруулах өндөр чадвар, мэдлэг боловсрол, ёс зүйтэй хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх болно” хэмээн мэдэгдсэн. Энэ тухайд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Намын даргын зүгээс нэр дэвшихийг горилогчид ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн дэмжлэг, хандивыг иргэд, аж ахуйн нэгжээс авахыг хориглосон. Тиймээс ийм байдал гаргасан горилогчийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй. МАН илүү мэргэжлийн, мэргэшсэн, хариуцлага, ёс зүйтэй ажиллаж чадах хүмүүсийг төрд ажиллуулна гэдэг зарчмаа зарлаж байна. Ингэснээр төрийн албанд өмнө нь гарч байсан алдаа завхралаас ангид байх болно. Тойргуудад нэр дэвших боломжтой болон хүсэлтэй хүмүүсийн рейтингийн судалгаа хийнэ. Судалгааны үр дүнг харж, ёс зүйтэй хүмүүсийг нэр дэвшүүлнэ” гэсэн. МАН-ын удирдлагуудын энэ байр суурийг олон нийт талархан хүлээн авч байгаа нь санал асуулгууд болон нийгмийн сүлжээний мониторингийн судалгаануудаас харагдаж байгаа. Харин АН-ын Үндэсний Бодлогын Хороо 2019 оны арваннэгдүгээр сарын 9-ний хурлаараа АН-ын гишүүдийн татварын асуудлыг хэлэлцэж, тус намаас сонгуульд нэр дэвшихийн тулд 100 сая төгрөгийн дэнчинг намдаа төлөх шийдвэр гаргасан. Үүнээс харахад АН-аас нэр дэвших хүмүүс юуны өмнө 100 сая төгрөгийн дэнчин төлсөн байх ёстой бололтой. Бусад намуудын хувьд одоогоор 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэх зарчим, шалгуураа ингэж олон нийтэд зарлаагүй байна.
-Та сонгуулийн үйл явцын мэргэшсэн судлаачийн хувьд Монголын сонгогчдын оролцоог юу гэж дүгнэдэг вэ?
-1992 оноос 2016 оны УИХ-ын сонгууль хүртэл сонгогчдын ирц жил бүр буурч, орон нутгийн сонгуулиудад ирц 50 хувьдаа хүрэхгүй тохиолдлууд удаа дараа гарах болсон. Сонгуульд оролцох иргэдийн оролцоо буурч байгаа нь зөвхөн Монголд төдийгүй дэлхийн ардчиллын өмнө тулгамдаж буй асуудал болоод байсан юм. Жил ирэх тутам хүмүүс улс төрөөс хүнийсч улс төрийн жагсаал цуглаан, сонгуульд оролцох нь багасч либерал ардчилсан орнуудын сонгогчдын оролцооны дундаж нь 60 хувьтай байсан. Ийнхүү сонгогчдын оролцоо буурч байгаа нь олонхын санал дээр тулгуурладаг ардчилсан засаглалын мөн чанарыг алдагдуулахад хүргэх аюултай юм. Тийм учраас дэлхий даяар сонгогчдын оролцоог дэмжихэд чиглэсэн кампаничилсан арга хэмжээ, хууль зүйн зохицуулалтууд хийгдэж байна. Тийм учраас судлаачид бид 2016 оны сонгуулийн ирцийг 61-62 хувь байх болов уу гэсэн таамаглалыг дэвшүүүлж байлаа. Гэтэл сонгогчдын ирц 73.5 болж 2012 оныхоос даруй зургаан хувиар нэмэгдсэн нь ихээхэн анхаарал татсан юм. Дэлхийн бусад орнуудад ч мөн адил 2016 оноос эхлэн сонгогчдын ирц ихээхэн нэмэгдэж, урьд өмнө хамгийн идэвхгүй гэгддэг байсан залуу сонгогчдын оролцоо гайхалтайгаар өсч байгаа юм. Ингээд судлаад үзэхэд сонгогчдын оролцоо ингэж өссөн нь сонгууль дахь сошиал сүлжээний нөлөөтэй шууд хамааралтай болох нь тогтоогдсон. Сошиал сүлжээгээр явж буй улс төрийн агуулгатай мэдээллүүдэд иргэд байр сууриа илэрхийлэх, өөрсдөө элдэв шүүмж, санал бодлоо илэрхийлж пост хийх боломжтой болсон нь урьд өмнөх идэвхгүй үзэгчийн байр суурьтай байсан хүмүүсийг одоо улс төрийн идэвхтэй тоглогч болгон хувиргаж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тийм учраас энэ жилийн УИХ-ын сонгуульд ч мөн адил сошиал сүлжээний нөлөө хүчтэй байх магадлалтай байна.
-Таны “Цахим популизм буюу сонгууль дахь сошиал сүлжээний нөлөө” гэх ном улстөрчид, сэтгүүлчид, уншигчдын дунд эрэлттэй байгаа. “Цахим популизм” гэж нэрлэсэн учир нь юу байв?
-Түрүүн хэлсэнчлэн 2016 оноос хойших зөвхөн Монголын төдийгүй АНУ, ХБНГУ, Франц зэрэг дэлхийн олон улсын сонгуулиудад сошиал сүлжээний нөлөө хүчтэй илэрч иргэдийн улс төрийн идэвх оролцоог нэмэгдүүлж байгаа юм. Хэдий тийм боловч сошиал сүлжээний хяналт багатай байдал нь сонгуулийн үеэр сөрөг сурталчилгааны гол талбар болж, хуурамч мэдээлэл түгээх орон зай болж байгаа нь сонгуулиудаас харагддаг. Тухайлбал, 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трампын багаас Америк нийгэм дэх арьс өнгөөр ялгаварлах, гадаадынхныг үзэн ядах үзлийг дэврээх зорилгоор зохиомол болон бодит байдлыг гажуудуулсан үй олон мэдээллийг тарааж байсан. 2017 оны ХБНГУ-ын Бундестагийн сонгуулиар Германы Альтернатив (AfD) хэмээх хэт барууны үндсэрхэг популист нам сошиал сүлжээгээр цагаачдын эсрэг өнгө аястай их хэмжээний хуурамч мэдээллийг тавьж байсны үр дүнд парламентын гурав дахь том нам болсон. Ийнхүү улс орнуудын сонгуулийн үйл явцад нийгмийн сүлжээний гүйцэтгэх үүрэг ихээхэн нэмэгдэж популист улс төр нь нийгмийн сүлжээгээр дамжин “цахим популизм” болж хувирч байгаа дүр зураг нийтлэг байгаа юм.
-Энэ жилийн сонгуульд сонгогчид ямархуу хүмүүсийг сонгох бол, судалгаанаас ямар дүр зураг харагдаж байгааа вэ?
-Судлаачид бид судалгааны байгууллагуудтай хамтран олон нийтийн дунд цуврал судалгаа хийж ирэх сонгуулиас иргэд ямар үр дүн, ямар хүн нэр дэвшээсэй гэж хүсэн хүлээж байгааг тодруулж байна. Мөн иргэдийн дунд тулгамдаж буй асуудлууд юу байгааг тодорхойлж түүнийг шийдэх арга зам хувилбарыг бодлого боловсруулагчдад санал болгож байгаа. Ингээд судалгааны дүнгээс харахад иргэдийн дунд энэ жилийн УИХ-ын сонгуульд нэр цэвэр, мэдлэг боловсролтой, шинэ хүмүүс дэвшээсэй гэсэн хүлээлт хамгийн түгээмэл байна. Хот, хөдөөд амьдардаг эсэх, насны бүлэг, боловсрол, орлогын ялгаанаас үл хамааран энэ шинжийг иргэд нэрлэж байгаа юм. Мөн дараагийн нэг онцлог зүйл нь мажоритар системийн онцлогтой холбоотойгоор нэр дэвшиж буй намыг гэхээс илүү хувь хүнийг нь харна гэх байр суурь юм. Аль нэг намыг тогтвортой дэмждэг сонгогчид жил ирэх тутам багасч байгаа нь бүх л судалгаанаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл, сонгогчдын санал өгөлтөд намыг дэмжих тогтвортой хандлага, оршин суугаа газар зүйн байршил, хөрөнгө орлогын ялгаа гэх мэт урт хугацаанд сонгуулийн саналд нөлөөлдөг хүчин зүйлс улам бүр суларч байна. Харин үүний оронд намуудын мөрийн хөтөлбөр, сурталчилгаа, намаас нэр дэвшигчдийн олон нийтэд таалагдах байдал зэрэг богино хугацааны хүчин зүйлс сонгуулийн ялалтыг тодорхойлох боллоо. Ерөнхийдөө бол улс төрийн аль ч намд гарааны хувьд сонгуульд ялах хангалттай нөөц, суурь хүчин зүйл байхгүй болж байна гэсэн үг. Тийм учраас намууд улс орныг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрөө хамгийн сайнаар хийж, нийгмийн тулгамдсан асуудлууд болон хэтийн зорилтыг шийдэж чадах нам гэдгээ харуулах ёстой. Мөн тухайн намаас нэр дэвших хүмүүс нь бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадвартай, итгэл даахуйц гэдгийг олон нийтэд танилцуулах ёстой болж байна.
-Энэ жилийн УИХ-ын сонгуульд дэлхий нийтийг хамарсан “Covid-19” цар тахал хэр нөлөөлөх бол. Сонгууль хойшлох уу гэх асуудал яригдаад эхэлсэн байна…
-Энэ үнэхээр чухал асуудал. Дэлхийг хамарсан цар тахал учраас хүн олноор цугларах томоохон арга хэмжээ, урлаг, спортын бүх тоглолтууд цуцлагдаж байна. Европ, Америк тивүүдийн хувьд цар тахал ид дэгдэлтийн үедээ байгаагаас зарим сонгуулиуд хойшлогдож, зарим нь хатуу хяналттайгаар явагдаж байгаа. Жишээлбэл, АНУ-ын арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох намуудын дотоод сунгаануудын нэлээд нь хойшлогдсон, харин Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулахгүй, хугацаандаа явуулна гэж байгаа. Мөн коронавирусийн дэгдэлт яваад өнгөрсөн, шинээр халдвар авагсад багасч байгаа учраас дөрөвдүгээр сарын 15-нд болох БНСУ-ын парламентын сонгууль хугацаандаа болохоор бэлтгэж байна. Солонгосын СЕХ сонгогчдын ирц бууруулахгүйн тулд сонгогчдод маск өгөх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэж, нийт сонгогчдыг 42,320, сонгогчдын 58 хувь ирц бүрдвэл сонгогчдын тоо 25 сая байх төлөвтэй гэж үзэж 25 сая хүний маск бэлдэж байгаа тухай мэдээлэл байна. Ийнхүү коронавирусийн дэгдэлтийн үед явагдах болсноор СЕХ, нэр дэвшигчид, сонгогчид гээд бүх талуудад хүндрэлтэй хэцүүхэн сонгууль болж байна. Гэхдээ цэвэр бодлого ярьж, сонгуулийн сурталчилгаа үндсэндээ сошиал сүлжээнд төвлөрч байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Монгол Улсын хувьд одоогоор цар тахлын нөхцөл байдал бусад улсуудтай харьцуулахад хяналтад байгаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болоогүй учраас УИХ-ын сонгуулийг хойшлуулах ноцтой байдал үүсээгүй байгаа юм. Гэхдээ хөл хорионы дэглэм цаашид үргэлжилбэл сонгуулийн үеийн нийтийг хамарсан том уулзалт, арга хэмжээнүүд хийх боломжгүй болж, сурталчилгаа зөвхөн ТВ, нэр дэвшигчдийн албан ёсны сошиал хуудас, цөөн тооны хэвлэмэл материалын хүрээнд явагдах байх.