Categories
мэдээ цаг-үе

Р.Гончигдорж: Үндсэн хуулиа зөрчихөө нэн даруй зогсоох хэрэгтэй

Монгол Улсын дэд Ерөнхийлөгч, Улсын бага хурал, УИХ-ын дарга асан Р.Гончигдоржтой ярилцлаа.


-Та Үндсэн хуулийн хүрээнд дотоод зөрчил үүссэн. Тавдугаар сарын 25-наас хойш энэ зөрчил гадагшилж хууль болох эрх зүйн субьектийн хүрээнд гарч ирэх болно гэж хэлж байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Таны хэлээд байсан зүйл хэрхсэн бэ?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн кабенитийн сайдуудыг томилсон УИХ-ын тогтоол нэмэлт, өөрчлөлт орсон Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтэй зөрчилдсөн. Тиймээс Үндсэн хуулийн дагуу хүчингүй болсон. Одоо Ерөнхий сайдад сайдууд байхгүй. Ерөнхий сайд Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн дагуу сайдуудаа УИХ, Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-д тангараг өргүүлэн өөрөө томилж Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийцүүлэн танхимаа шинэчлэн бүрдүүлэх байсан. Сайдууд байхгүй болохоор 25-наас хойш сайдын түвшинд гаргадаг шийдвэрүүдийг Ерөнхий сайд гаргаж явахаас өөр аргагүй. Ядаж л дөрвөөс олонгүй УИХ-ын гишүүн сайд нараа үлдээж, бусдыг нь чөлөөлж үлдсэн сайдууддаа чөлөөлөгдсөн сайд нарынхаа үүргийг давхар хариуцуулан хэсэгтээ явж болох л байсан. Хэрэв энэ сарын 25-наас хойш ямар нэг салбарын сайдын шийдвэр гарсан бол тэр хүчингүй.

-УИХ-ын дарга Г.Занданшатар даргын захирамжаар хаврын чуулганаа өндөрлүүлсэн. Тэгэхээр таны хэлснээр хийх боломж Ерөнхий сайдад байгаагүй байж болох юм…

-Тавдугаар сарын 25-нд УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганаа үргэлжлүүлэх захирамж гаргасан байх ёстой байсан. Хоёр шаардлагаар. Нэгдүгээрт, Үндсэн хуульд нийцүүлэн кабенитийн гишүүдийг бүрдүүлэхэд тэднийг УИХ-д танилцуулах, тангараг өргүүлэх байсан. Танилцуулах гэдэг нь Дээд шүүхийн шүүгчийг Ерөнхийлөгч томилоход УИХ-ын чуулганд танилцуулдагтай адил, тангараг өргөх нь бас УИХ-ын гишүүд тангараг өргөхтэй адил шүү дээ. Энэхүү эс үйлдлээрээ УИХ-ын дарга Үндсэн хуулиа зөрччихөөд байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн өөрчлөлт орсон 27 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хаврын чуулган 75 хоног чуулах үүрэгтэй байсан. 50 хоног чуулдаг байхад сонгуулийн сурталчилгааны үед завсарлаад эргэж чуулж 50 хоног гүйцдэг байсан. Одоо 75 хоног огт завсарлахгүй чуулаад бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр болгож байгаа юм. Ийм учраас УИХ-ын дарга Үндсэн хуульдаа захирагдаж чуулганаа зарлаж, УИХ ажлаа явуулах ёстой. Эс тэгвээс дарга нь ч, УИХ ч Үндсэн хуулиа зөрчих болно. Юун сонгууль, харин сонгогдсон үүргээ эхлээд биелүүлэх хэрэгтэй. Саяны нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно гэж заасан. Үүнийг тоохгүй байж болохгүй л дээ.

-Яагаад ийм байдалд хүрчихэв?

-Хоорондоо зөрчилтэй хоёр өгөгдөхүүнийг аль алиныг нь зөв гэж үзчихвэл, энэ хоёроос дуртай дүгнэлтээ зөв гэж баталж болдог логикийн хууль байдаг. Үндсэн хуульд харшилсан бол хүчингүй. Саяны нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих тухай хуульд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө гэсэн энэ хоёр өгөгдөхүүн заалт хоорондоо зөрчилтэй байгаагаас урган гарч байгаа юм. Сүүлийн заалтад “зохицуулж ирсэн хуулийг” гэхийн оронд “зохицуулж ирсэн Үндсэн хуульд харшлаагүй хуулийг” гэж хийх ёстой байсан.

-УИХ, Засгийн газартай холбоотой зүйлсээс өөр асуудал үүссэн зүйл юу байна вэ?

-Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны завсарт ажилладаг тэргүүлэгчид гэсэн субьект энэ сарын 25-наас байхгүй болсон. Ерөнхий сайд маань сайдгүй болсон шиг. Шүүгчийн томилгоо хийх шаардлага гарахад Үндсэн хуульд заагдсан Шүүхийн Ерөнхий зөвлөл алга. Шүүгчдийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын шийтгэл оноох нөхцөл бий болоход Үндсэн хуулийн субьект болсон Шүүхийн сахилгын хороо мөн алга байна шүү дээ. Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жилийн хугацаатай болсон. Энэ нь одоогийн Ерөнхийлөгчид хамаарах уу, 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болох уу. Хэрэв сонгууль болно гэвэл одоогийн Ерөнхийлөгч нэр дэвшиж болох уу гээд Үндсэн хуулийн түвшний маргаантай асуудал үүсч байна. Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно гэсний дагуу үндсэн бүрэн эрхэд нь хамаарахгүй ямар тодорхой бүрэн эрхүүд одоо олгогдчихоод байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлдэг, томилдог субьектүүдийн эрх зүйн чадамж хэвээр байх эсэх зэрэг Үндсэн хуулийн маргаан гарахаар байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт энэ сарын 25-наас мөрдөж эхлэхээр заасан нь асуудалтай гэж үзэж байгаа хэрэг үү?

-Яагаад заавал тавдугаар сарын 25-ны өдөр гэж заасан нь ноцтой асуудал болоод байна. Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан УИХ ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно гэснийг зөрчиж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах нь зургаан сарын өмнө боловч өөрчлөлт оруулсан нь энэ сарын 25 буюу сонгуулиас нэг сарын өмнө байгаа биз дээ. Энэ сарын 25, 26-ны өдрүүдэд УИХ-ын дарга болон бусад УИХ-ын гишүүдийн хэвлэл мэдээллээр явуулж байгаа арга хэмжээ яриа хөөрөөг анзаарахаар сонгуулийн үед шоу хийхэд хамгийн тохиромжтой цаг гэж сонгож авчээ л гэж бодогдож байна. Цаашдаа ч ингэж сонгуульд ашиглах нь. Зорилго буруу бол үйлдэл буруу. Үйлдэл буруу бол үр дүн буруу гэдэг л болоод байна. УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандаж Үндсэн хуулиа зөрчихөө нэн даруй зогсооё гэж хэлмээр байна.

-Та анхны Үндсэн хууль батлалцаж явсан хүн.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд өөрийн байр сууриа хэр илэрхийлж байв?

-Ноднин төсөл, хэлэлцүүлгүүд дээр санаа оноогоо тусгаж байсан. Хэлэлцүүлгийн үед ажлын хэсгийн эрдэмтэн хуульчидтай уулзаж, саналаа солилцож байлаа. Я.Санжмятав гишүүний зөвлөхийн хувьд нэлээд олон хуудас санал боловсруулсан. Даанч хүч түрээд яарч баталцгаасан. 1992 оны Үндсэн хуулиас илүү хэлэлцэж баталсан гээд сая яриад байна лээ. Ялангуяа 1992 оны Үндсэн хуулийн хавсралт хуулийг аргачлал, агуулгынх нь хувьд судалж дуурайж хийгээч гэж үнэндээ гуйж байсан шүү. Тэгсэн бол УИХ, Засгийн газартай холбоотой нэмэлт, өөрчлөлтүүдийг 2020 оны ээлжит сонгуулиар байгуулагдах УИХ-ын бүрэн эрх эхэлсэн өдрөөс дагаж мөрдөнө, Ерөнхийлөгчтэй холбоотой заалтуудыг 2021 оны ээлжит сонгуулиас эхлэн , заримыг нь шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрх эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэх зэргээр дагаж мөрдөх журмын хуульдаа хийгээд нэмэлт өөрчлөлтөө бүхэлд нь дагаж мөрдөх хугацаагаа 2020 оны ээлжит сонгуулиар байгуулагдах УИХ-ын бүрэн эрх эхэлсэн өдрөөс гэж тогтоох байсан. 1999 онд хийсэн /дараа нь ҮХЦ хүчингүй болгосон/ нэмэлт, өөрчлөлтийг дараагийн УИХ-ын бүрэн эрх эхэлсэн өдрөөс дагаж мөрдөнө гэж хийж байлаа. Эцэст нь хэлэхэд, Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд нэмэлт оруулах 68 дугаар зүйлийн 1-ийг зөрчсөн гэж 1999 оны нэмэлт, өөрчлөлтийг 2000 онд 2 дугаар тогтоолдоо хүчингүй болгосон. Үүнтэй адилаар энэ нэмэлт, өөрчлөлтийг ҮХЦ Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзээд хүчингүй болгож шинэ УИХ энэ нэмэлтийг сэргээн баталж сайн дагаж мөрдөх журамтай нь гаргачих арга зам л байна даа. Уг нь энэ нэмэлт, өөрчлөлтөд шаардлагатай болсон нэлээд хэдэн зүйл байгаа юмсан.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Гомбосүрэн: Эцсийн бүлэгт аль нэг нам, эвсэл л улс орныг хөтлөх бодлогыг барьж хэрэгжүүлнэ

Гадаад харилцааны яамны сайд асан Ц.Гомбосүрэнтэй ярилцлаа.


-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт энэ сарын 25-наас эхэлж хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болоод өнгөрсөн дөрвөн жилийн парламентын үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байна вэ?

-УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байна. Мэдээж хэрэг дөрвөн жил тухайн парламент зүгээр сууна гэж байхгүй. Зөндөө зүйл хийсэн. Энэ парламентын хийсэн нэг чухал ажил нь Үндсэн хуульд өнөөгийн шаардлагад нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулсан явдал. Үүнийг энэ парламентын чухал ололт гэж би хувьдаа үзэж байгаа. 1992 оноос хойш нийгмийн амьдралд олон өөрчлөлт гарсан. Угтаа бол Үндсэн хуулийн суурь зарчмыг өөрчлөх шаардлага гараагүй л дээ. Гэхдээ тодруулах, янзлах олон зүйлс байсан. Тэр бүхнийг овоо цэгцэлсэн. Бидний будлиад явдаг нэг зүйл бий. Гүйцэтгэх засаглал нь хоёр толгойтой юм шиг. Тэр байдлыг олигтой засч чадаагүй нь тиймэрхүү зүйл болсон. Яван суун учир нь олдох байх гэж бодъё. Товчдоо Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт ирэх хэдэн арван жилд нийгмийн амьдралыг зохицуулахад их чухал нөлөө үзүүлнэ гэж бодож байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс гадна хийж бүтээсэн томоохон үйл хэрэг энэ парламентад байна уу?

-Манайхан улс орноо хөгжүүлэх нэгдмэл бодлогыг нэг бус удаа боловсруулж ирсэн. Бараг гарын таван хуруунд багтахгүй байх. Тэр бүх туршлагад суурилсан Алсын хараа гэх бодлогын баримт бичгийг сая баталлаа. Үүнийг ширхэгчилж, нарийвчилж үзээгүй л дээ. Хар ухаанаар бодоход түрүүчийн хэдэн ном судрын ололтыг бататгаж, дутууг нь гүйцээж, овоо цэгцтэй бодлого гаргасан болов уу гэж найдаж байна. Ер нь өнгөрсөн 30 жилээс бидний хийх нэг дүгнэлт юу байсан гэхээр хуучин социалист үед улс орноо хөгжүүлэх бодлогыг тав таван жилээр төлөвлөж хэрэгжүүлдэг зарчмаа хаяад зах зээл гэгчийг задгай, зоргонд нь тавиад туучихсан. Үүнээс зохисгүй олон зүйл үүдсэн. Манайхан түүний уршгийг нүдээр үзэж биеэр туулж байна. Тийм учраас Үндсэн хуулийн өөрчлөлт, Алсын хараа бодлого энэ тэр маний тэр зовлонг нимгэлж цаашид алга болгоход эрх зүйн чухал суурь болно гэж бодож байна.

Харин цэгцэлсэн бодлогоо хэрэгжүүлэх арга механизмаа зөв олох нь бодлого боловсруулахаасаа дутуугүй, бараг илүү ач холбогдолтой. Үүнтэй уялдуулж хэлэхэд Үндэсний хөгжлийн яам гэж хуучин төлөвлөгөөний комиссорхуу нэг тийм газар бий болгохоор шийдсэн нь их чухал. За ингээд Үндсэн хуулиа шинэчилчихлээ. Алс хэтийнхээ зорилгыг арай оновчтой болгочихлоо.

Үүнийг хэрэгжүүлэх арга зам механизм гэх үү, төрийн институци гэх үү тийм зүйлтэй болохоор шийдчихлээ. Энэ дөрвөн жилийн гол ололт энэ байх гэж бодож байна. Нарийн яривал өөр бишгүй л юм байгаа байх. Гэхдээ энэ бол дутагдал байгаагүй гэж хэлж байгаа юм биш.

-Өнгөрсөн 30 жилийг дандаа харлуулаад байх шиг санагддаг. Тэр тусмаа аль нэг намыг сонгохгүй байх нь зөв гэх зүйл нийгэмд яригдаж байна…

-Өнгөрсөн хугацаанд бугшиж ирсэн муу зүйлсийн зарим нь энэ дөрвөн жилд тод томруун харагдаж, нүгэл буяны дэнсэн дээр олон зүйл тавигдсан. Биднийгээ хөтөлж яваа улс төрийн намуудыг буруушаах сэтгэл зүй олон түмний дунд нэлээд түгээмэл болсон. Үүн дээр үндэслэн төр барьдаг намаа шинэчилье ч гэх үзэл бодол газар авч байна. Ялангуяа “МАНАН” гэгч нэг юмнаас салах ёстой гэцгээх болсон. Үүний зэрэгцээ энэ нэр томьёонд хамааруулдаг хоёр нам ч, тухайлбал, өөрсдийн боловсон хүчний бодлогын тухайд дүгнэлт хийж, бугшсан муу юмнаасаа салахыг эрмэлзэж байх шиг. Энэ ажилд нь одоо сонгууль зохих дүн тавина.Энэ нэг талаас сайн хэрэг. Нөгөө талаас, ерөөсөө нам хэрэггүй гэх туйлширсан үзлийн давлагаан дээр 76 агуу хүн гараад ирвэл яах вэ. Арай тэгэхгүй биз. Гэхдээ баахан бие даагч олонх болоод гараад ирвэл, тэднийг эмхэлж, нэгдсэн бодлогын төлөө хамтран ажиллагсад болгоход нэн бэрх. Хэн нь манлайлахаас авахуулаад бөөн асуудал гарна, бид шинэ зовлон амсна. Би тэгэхгүй байх гэж найдаж байна. Эцсийн бүлэгт нам, эвсэл, бүлэглэл л улс орныг хөтөлнө. Бодлогыг нь барина. Сайн, муу нь жич асуудал. Ямар ч байсан нэгдсэн бүлэглэл байж улсыг авч явах ёстой. Одоогийн сонин сэтгэл зүй газар авч, манайхан туйлшрах дуртай юм чинь нэг мэдсэн чинь баахан бие даагчдыг сонгочихвол баларна аа гэж хувьдаа санаа зовж суугаа.

-Та Электорат хөдөлгөөний гишүүн. Энэ хөдөлгөөний зорилго нь юу юм бэ. Нам гэдэг зохион байгуулалттай бүтцийн өөдөөс хүч үзэхээр байгуулагдсан юм уу?

-Энэ хөдөлгөөн нүгэлгүй, ёс зүйтэй, мэдлэг чадвартай, дадлага туршлагатай, зөв хүмүүсийг сонгогдоход дөхөм үзүүлэх зорилготой. Түүний цаана жижиг намуудын болон бие даагчдыг дэмжих бодлогоос гадна сайн муу хэлэгдэж 30 жил эрх барьж байгаа хоёр намын боловсон хүчний бодлогод нөлөөлөх санаа бас байгаа. МАН-ын дарга ёс зүйтэй мэдлэг чадвартай, дадлага туршлагатай, хувийнхаа эрх ашгийг том эрх ашгийнхаа дээгүүр тавьдаггүй хүмүүсээ нэр дэвшүүлнэ гэсэн. Сая улсуудаа дэвшүүллээ. Нэлээд засал авсан байх гэж бодож байна. Ер нь МАН нэр дэвшигчдийнхээ 40-50 хувь, АН 70 хувь шинэчиллээ гэсэн. Тэр тоонууд нэг юм хэлж байгаа ч юм шиг. Гэхдээ нөгөө талаар тэр нэг их юм хэлэхгүй л дээ. Яагаад гэхээр тэд нь бүгд гарч ирнэ гэсэн үг биш, тэгж итгэхэд бэрх. Ямартаа ч нэр дэвших хүмүүсийн бүрэлдэхүүн нэлээд өөрчлөгдлөө. Энэ нь Электорат хөдөлгөөний зорилттой нийцэж байгаа гэж хэлж болно.

-Электорат хөдөлгөөн ХҮН-ыг дэмжиж байгаа юм уу. Ер нь таныхаар УИХ-ын гишүүн гэж ямар хүн байх ёстой, УИХ-д ямар хүмүүс сонгогдох ёстой юм бэ?

-Бид нам биш, хөдөлгөөн. Бид ХҮН-ын юмуу түүнтэй нийлсэн намыг дэмжиж байгаа асуудал огт биш. Бид бас МАН, АН, МАХН-ыг ч эсрэг байгаа юм биш. ХҮН-ыг тойрсон, эвсэл Электорат гэдэг нэрийг авсан байна лээ. Энэ бол манай хөдөлгөөний ивээлд орсон гэсэн үг огт биш. Бид 76 хүн дэмжихээ илэрхийлнэ. Үүнд МАН, АН, бас бус намын ч нөхөд бий. Бие даагчид ч байгаа. ХҮН-ын цөөн хэдэн хүн байх болно. Бид бол нийгмийн дотор буй түгээмэл уур амьсгалыг илэрхийлэх тухайд санаа нийлсэн хэсэг хүмүүс. Тойрог бүрт бидний дэмжиж байгаа хүн нь энэ шүү гэсэн дохиог бид сонгогчдод өгнө. Тэр нэрсийг бид өөрсдөө зохиогоогүй, олон түмнээс гаргаж ирсэн нэрс. Сонгох эсэх нь мэдээж сонгогчдын эрхийн асуудал…

-Энэ жилийн хувьд 208 бие даагч нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн. Үүнд төр түшилцэж явсан эрхмүүд ч байна. Бие даагчдыг та хэрхэн харж байна?

-Баахан бие даагчид гарч ирээд олонх болчихгүй болов уу гэж бодож байгаагаа түрүүн хэлсэн. Өөрөөр хэлбэл, тэд бодлого тодорхойлох хүчний хэмжээнд хүрэхгүй биз. Бодлогод шинэ амьсгал, шинэ санаа оруулах бол жич асуудал. Үндсэн хуулийн шинэчлэл, Алсын хараа бодлого энэ тэрээс үүдээд ойрын хэдэн жилд энэ парламентын бодлогын залгамж чанарыг хангах явдал үндэсний хэмжээний чухал зорилт болох ёстой гэж би бодож байна. Тийм учраас шинэ парламентад муу нэртэй ч хамаг хариуцлагыг үүрч ирсэн хоёр намынхан зохих байр сууриа эзэлбэл сайнсан. Шинэ Үндсэн хуультай болно гэдэг улс төрийн хүчнүүд, тийм үзлийг дэмжигчид давамгайлахаар болбол бид сайнаа үзэхгүй.

-Коронавирус цар тахлаас шалтгаалсан нөхцөл байдал дэлхийд төдийгүй манай улсад хүндхэн байна шүү дээ. Энэ тухай та юу хэлэх вэ?

-Өнөөдөр бид нэг зүйлийг онцолж ярихгүй бол болохгүй. Энэ цар тахал цаг зуурын юм огт биш бололтой. Энэ жилээр тогтохгүй уршиг нь үргэлжлэх юм яригдаад байна. Өнөөдөр гэхэд л эдийн засаг яаж хумигдаж байгааг бид харж байна. ДНБ-ий өсөлт энэ жил хасах ч гарч магадгүй. Бид 6,7 хувь өсгөнө гэж төлөвлөж байсан. Өнөөдөртөө нэг хувь гэсэн төлөг тавьж байгаа байх. Би бол нойлолчихож ч магадгүй гэж үзэж байна. Ийм зүйл болохгүй бол сайн хэрэг. Их тусгүй зүйлтэй учирчихлаа. Энэ тусгүй зүйлийн уршгийг арилгах үүднээс өнөөгийн Засгийн газар хоёр чиглэлд тодорхой арга хэмжээ авч байгаа. Нэг нь хүн ардаа харж үзэх, нөгөө нь эдийн засгийн суурийг нураачихгүйн тулд жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих гэсэн хоёр чиглэлээр чадах ядахаараа арга хэмжээ авч ажиллаж байна. Эрүүлийг хамгаалах талынх нь их ажлыг би ярихгүй байна.Энэ жил хоёр их наядын алдагдалтай төсөв баталсан. Одоо засаг их наядаар ярихаар илүү зардлыг арга буюу гаргаж байгаа. Цар тахлаас үүдэлтэй зовлон цаашид даамжирч магадгүй. Тэгэхээр өнөөгийн энэ “авралын” бодлого бас оновчтой үргэлжлэх учиртай. Шинэ төр засагт тийм том үүрэг ноогдох нь шиг байна. Энд бас бодлогын залгамж чанарын асуудал байна. Товчоор хэлбэл, энэ цар тахал бидэнд цоо шинэ улс төрийн нөхцөл байдлыг бий болгож байна. Олон нийт, сонгогч түмэнд энэ байдлыг сайтар ойлгуулах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Эцэст нь хэлэххэд улс төрийн тогтвортой байдал, ард түмний нэгдмэл санаа бодол хэзээ хэзээнээс илүү амин чухал учир холбогдолтой цаг үе тохиогоод байна. Өнөөгийн улстөрийн байдлын тухай үзэж харж байгаа төсөөлөл ердөө энэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Батсамбуу: Бидний хамгийн том зорилго 30 жил төрд бугшсан МАНАН-гийн хулгайчдаас салах

“ШИНЭ” намын дэд дарга Ш.Батсамбуутай ярилцлаа.


-Таныг хүмүүс УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн дүү гэдгээр мэддэг. Улс төрд хэзээнээс хөл тавьсан талаар ярилцлагаа эхэлье?

-Миний хувьд энэ удаа анх улс төрд хөл тавьж байгаа зүйл биш л дээ. Улс төрийн гараа гэвэл 1999 онд Л.Лантуу даргын хүү Л.Дамдинсүрэн, УИХ-ын гишүүн асан Т.Гандигийн нөхөр Я.Нямжаргалтай хамтарч Шинэ социал демократ намыг байгуулж байлаа. Тухайн үед МАХН-ын дарга Н.Энхбаярыг дэмжиж сонгуульд оролцоход Шинэ социал демократ намаас Төрийн соёрхолт, зохиолч Зундуйн Дорж гуай, Л.Дамдинсүрэн, Я.Нямжаргал нар нэр дэвшсэн. Харин би 2000 оноос бизнесээ хөөсөн.

Магадгүй тухайн үед МАХН-д элсэж улс төрд зүтгэсэн бол өдийд улс төрийн тогоонд олон жил чанагдсан нэгэн байх байсан болов уу.

-Та тэр бүр хэвлэлд дуугараад байдаггүй. Ямар мэргэжилтэй вэ. Хаана, хаана боловсрол эзэмшиж байв?

-Зах зээлд шилжсэнээс хойш манайд үйлдвэрүүд хаагдаж эдийн засаг зогсох зах зээлийн эдийн засаг гэх ойлголт бараг байхгүй болж байсан. Ингээд би ганзагын наймаанд явахын зэрэгцээ МУИС-ийг нягтлан, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Мөн ШУТИС-ийн геологийн ангийг дүүргэсэн. Магистр зэрэгтэй. 2000 оны дундуур ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор, профессор П.Хосбаяр гэдэг хүнтэй танилцсан юм. Энэ хүн бол миний төслийн шинжлэх ухааны анхны багш.

Газрын тосны ордууд болох хамгийн ойрхон шатах ашигт малтмал занар гэдэг ойлголтыг надад зааж сургасан. Монгол Улс занарын асар их нөөцтэй. Тиймээс үүнийг судалж, бизнесийн нэг гол зарчим болгох хэрэгтэй гэж тухайн үед хэлж байлаа. Ингээд занарын судалгааны ажлыг 2000 оны аравдугаар сараас ажлын баг байгуулж, өөрөө санхүүжүүлж ажиллаж байлаа.

-Тэгэхээр таны бизнес уул уурхайтай холбогдоод явчихсан юм байна. Тийм үү?

-Уул уурхайн компани дотроо олон янз. Миний үүсгэн байгуулсан компаниуд дандаа геологийн судалгаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Одоо бол надад энэ чиглэлийн компани байхгүй. Монгол Улсад эрдэс баялгийг олж илрүүлэхээс гадна эрдэс баялгийн санг өсгөх зорилготой судалгааны компаниуд гэсэн үг. Би нэг ч ашиглалт явуулж байгаагүй. Тандалт судалгаа, нөөц илрүүлэх зорилготой л ажилладаг байсан.

-Тухайлбал ямар тандалт судалгаа явуулж байв. Геологи хайгуул чиглэлээр түлхүү ажиллаж дээ…

-Тийм. 2000 оноос дэлхий дахинд занар, нүүрсний гүн боловсруулалтын судалгааны ажлуудыг дэс дараатай судалж, гадны хэд хэдэн улстай холбоо тогтоож ажиллаж эхэлж байлаа. 2000 он МАХН сонгуульд ялж Н.Энхбаяр Ерөнхий сайд болж байсан үе. Ингээд 2001 онд Японд айлчлах үеэр түүнийг дагалдан явж Токиогийн занар нүүрсний судалгааны багтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж байсан. 1998 онд Монгол Улсад мөрдөгдөж байсан Ашигт малтмалын хуулийн дагуу Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт орших Бөөрөлжүүтэд геологийн эрэлийн судалгаагаар тогтоогдсон талбайд хайгуул хийж Монгол Улсын эрдэс баялгийн санд Австралийн Жорк стандартаар 6.5 тэрбум нөөцтэй хүрэн нүүрсний ордыг тогтоосон зэргийг дурдаж болно.

-Та 2016 оны сонгуульд ахтайгаа нэг тойрогт өрсөлдсөн байх аа. Энэ тухай дэлгэрүүлж ярихгүй юу?

-2014 онд би нам бус байсан. Завхан аймгийн Морин уяачдын холбооны тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байсан. Тухайн үед УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Мөнхбат хоёр надтай уулзсан юм. Танай ах Ш.Сайхансамбуу МАН-аас нэр дэвшихгүй. Тэгэхээр чи нэр дэвшээч гэх санал тавьсан. Ингээд 2015 оны зургадугаар сард УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас МАН-ын үнэмлэхээ гардаж, сонгуульд бэлдсэн. Тухайн үед ах маань улс төрөөс ангид болчихсон, нэр дэвшихгүй гэж байсан үе. Гэтэл 2016 оны тавдугаар сард нэр дэвшигч тодорхой болох үед ах нэр дэвшихээр болсон. Яагаад нэг тойрогт таарсан гэхээр тухайн үед одоогийн УИХ-ын гишүүн М.Энхболдоос намайг аль тойрогт явах гэж байгаа талаар ах асуусан юм билээ. Тэгээд намайг Завханд 17 тойрогт явна гэж хэлсэн юм шиг байгаа юм. Тэгэхээр нь ах 18 дугаарт тойрогт Г.Уянгын Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Намаас дэвшсэн. Угтаа ах надаас тойргоо зөрүүлсэн гэж ойлгоод ирсэн юм билээ. Сонгууль эхлэх үед би ахтайгаа ярьсан л даа. Би нэрээ татах уу, та нэрээ татах уу гэж. Гэтэл ах нэгэнт ингээд таарчихсан юм чинь нэрээ татсан ч, татаагүй ч хүмүүс янз бүрээр дүгнэнэ. Тиймээс чи ахтайгаа өрсөлд. Чи намайг ялаад гараад ирвэл сайн улстөрч болно гэсэн нь намайг ирлэж өгсөн. Ингээд сонгууль болсон доо. 2016 оны сонгуульд би хол тасархай ялалт байгуулсан байсан.

-Тэгээд юу болсон юм. Та хол тасархай ялалт байгуулсан гэлээ. Гэтэл гишүүн болсонгүй…

-Тэр үед УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн нөхөр Сонгуулийн төв хорооны ажлын албаны даргаар ажиллаж байсан. Эхнэр нь УИХ-д нэр дэвших нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үздэг юм билээ. Үүнийг тухайн үед манай хуульчид бичгээр явуулж байсан боловч авч хэлэлцээгүй. Сонгуулийн санал хураалтыг тоолох үед 502 ширхэг тамгагүй хуудас гарч ирсэн байгаа юм. Манай сонгуулийн ажиглагч үүнийг хэлэхэд өглөө 8 цагт тоолъё гээд хаалгаа түгжээд явчихсан. Гэтэл өглөө 8 цагт нь ирэхэд нь аль хэдийнэ тоолчихсон байсан гэсэн. Нийт 2500 хуудас тамгагүй гарсан байдаг. Энэ зүйлийг манай хуульчид шүүх, цагдаад үнэнээр шийдүүлэх гэж гомдол гаргаж байсан.

-Та хоёрын саналын зөрүү хэр байсан юм бэ. Та хэдэн хүний санал авсан байсан юм?

-З.Нарантуяа гишүүн 300 гаруй саналаар илүү байсан. Гэхдээ 2500 гаруй тамгагүй З.Нарантуяа гэх нэрийг дугуйлсан саналын хуудас гарч ирсэн. Би саналын тоогоор нэгт явж байгаад гүйцээд ороод ирсэн. Энэ бүхэн цэвэр сонгуулийн луйвар. Энэ бүхний ард УИХ-ын гишүүн М.Энхболд гардаж оролцсон байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуульд хэрэглэх хар хайрцагны тохиргоогоо Их хурлын сонгуульд хэрэгжүүлсэн. Тэр тусмаа ах дүү хоёрыг нэг тойрогт тааруулж, хар хайрцагны тохиргоогоо бид хоёр дээр хэрэгжүүлсэн гэж үздэг.

-Энэ тухай намынхан чинь мэдэж байсан уу. Ингээд намаасаа гарсан юм уу?

-Би сонгуулийн дараа сонгуулийн луйврын талаар УИХ-ын гишүүн М.Энхболдтой уулзсан юм. Гэтэл урдаас “Энэ зүйлийг хүлээн зөвшөөрсөн мөртлөө манайх хэт олонх болчихсон. Нэг эмэгтэй хүнтэй заргалдаад хэрэггүй” гэх хариулт өгсөн. Би МАН-аас гараад жил гаруй болж байна. Харин У.Хүрэлсүх даргын хувьд бид хоёр харилцаа сайтай. Ерөнхий сайдын хэрэгжүүлж байгаа арга хэмжээг ч би дэмждэг. Би У.Хүрэлсүхэд хэлэлгүй намаасаа гарсан. МАН-д байсан бол Завханд нэр дэвших эрх өгөх л байсан байх.

-Одоо та Шинэ намын дэд даргаар ажиллаж байгаа. Яагаад Шинэ намыг сонгох болов?

-Эргээд харахад МАН-д бүтэхгүй хүмүүс их байдаг юм байна. 30 жил энэ төрд бугшсан хулгайчдаас салахын тулд Шинэ нам үүсгэн байгуулагдаж байгааг сонсоод УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болдтой уулзсан. МАНАН-гийн эсрэг шударга таван гишүүн жагсаал цуглаан зохион байгуулсан даа. Шударга таван гишүүн нам харгалзахгүй тэмцэж болдгийг Монголын ард түмэн харсан. Тэрхүү жагсаал цуглаанд би санал нэгдэж оролцсон юм. Ингээд Шинэ намыг үүсгэн байгуулалцаж, бодлогын түвшинд дэд даргаар нь ажиллаж байна.

-Шинэ эвслээс таны ах Завханд, та Баянзүрхэд нэр дэвшиж байна. Та яагаад Завхандаа нэр дэвшсэнгүй вэ?

-Завханы хөгжлийг би нэг л зүйлээр хардаг. Завхан аймаг баруун таван аймгийн төв нь байсан. Одоо хөгжлөөрөө таван аймгаасаа хоцорчихлоо. 2016 онд би Завхан аймгийг дулааны цахилгаан станцтай болох нь зүйтэй гэж үзэн намын мөрийн хөтөлбөрт тусгуулсан. Энэ дулааны цахилгаан станцыг би өөрийн гадаад дахь бизнесийн түншүүдтэйгээ хамтран хөрөнгө, технологийг нь шийдчихсэн байсан. Хоёр жилийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байлаа. Авто зам тэртэй тэргүй улсын төсөвт суучихаар ороод ирнэ. Хамгийн гол нь дулааны цахилгаан станц барьж барилгажилт, орон сууц, сургууль, цэцэрлэг барих эх үүсвэртэй болно биз дээ. Үүнийг дагалдаад барилгын материалын үйлдвэрлэл хөгжинө. Түүнчлэн дулаанаа түшиглэн малын түүхий эд боловсруулах бололцоо ч бүрдэх байсан юм. Мөн нүүрсний уурхайтай болох ёстой гэж үзэн өөрийн зардлаар Завханд гурван жил тандалт судалгаа хийж нүүрсний таван илэрц олсон. Учир нь манай аймаг Хөвсгөлөөс нүүрс худалдаж авдаг нь төсвийн ихэнх хөрөнгийг тийш нь урсгаж, алдагдал хүлээдэг юм. Энэ бүхнийг шийдэхгүйгээр Завхан аймаг хөгжихгүй ээ. Нүүрсний үүсвэр болоод дулааны цахилгаан станцтай болчихвол хөгжлийн гарц нээгдэнэ. Тэрнээс нэг гишүүн гараад сургууль, цэцэрлэг барихын тулд уурын зуух барих болдог. Уурын зуухнаас шалтгаалж аймаг маань утаатай болж байгаад харамсдаг. 2020 оны сонгуульд Завханд миний ах нэр дэвшинэ. Ах маань миний энэ хүсэл эрмэлзлийг дэмждэг. Тиймээс би Баянзүрх дүүргийн 23 тойргоос нэр дэвшихээр болсон.

-2016 онд та мэдээж Завханы тойргоо нэлээд усалсан байх. Та БЗД-т хэр танил юм бэ?

-Би БЗД-т амьдардаг. БЗД-ийн 23 дугаар тойрогт ихэнх нь гэр хороолол байдаг. Миний хувьд тойргийнхоо тулгамдсан асуудлыг мэддэг учраас БЗД-т нэр дэвшиж байгаа. Гэр хорооллыг орон сууцжуулах бодлого манай Шинэ эвслийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Шинэ эвслийн хувьд баялгийн санг хөгжүүлэх, баялагтай эзэн монгол гэсэн том хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорино. Хамгийн том зорилго бол 30 жил төрд бугшсан МАНАН-гийн хулгайчдаас салах юм. Сонгуулийн хувьсгал хийж байж МАНАН дэглэмээс сална. Энэ хоёр нам дахиад гарвал томоохон өөрчлөлт хийж чадахгүй.

-Сүүлийн жилүүдэд ах дүү, ураг төрлийн хүмүүс улс төрд орох нь түлхүү анзаарагдах боллоо. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Улс төрийн хувьд ах бид хоёр нэг л зорилготой. Улс орны хөгжил дэвшилд томоохон бодлогыг хэрэгжүүлэх юм. Ах маань 2008 онд Их хурлын гишүүнээр ажиллаж байхдаа Оюу толгойн гэрээнд шүүмжлэлтэй хандаж байсан хүний нэг гэдгийг мэдэх байх. Тухайн үеийн МАН-ын дарга Сү.Батболд 2012 онд миний ахыг нэр дэвших эрхийг нь хасч, сонгуульд оролцуулаагүй. Харин энэ удаагийн сонгуульд Шинэ эвслээс нэр дэвшиж байгаад миний хувьд дэмжиж байгаа.

-Дэлхий дахинд үүсээд байгаа цар тахлаас шалтгаалж сонгуулиар иргэд сонгогчидтойгоо уулзах кампанит ажил явуулах боломж хумигдах байх. Нөгөө талаас мажоритар тогтолцоо шинэ нам, шинэ хүн гарч ирэх боломж тун хомс. Учир нь сонгогчид танил хүнээ дугуйлаад байдаг тал бий…

-Харин тийм. Өнгөрсөн долоон удаагийн сонгуульд МАН, АН ээлжилж төр барьсны үр дүнд Монголын ард түмний баялаг 30 гэр бүлийн гарт орсон байна. Монгол Улсыг 32 тэрбум ам.долларын өрөнд оруулж, иргэдийг ядуу амьдруулж байна. Сонгогчид танил хүнээ дугуйлдаг жишиг байсан. Гэхдээ энэ удаагийн сонгуульд сонгогчид зөв сонголт хийх байх. Сонгуулийн хувьсгал хийж иргэн бүр идэвхтэй оролцож, энэ хоёр намд дүн тавина гэдэгт итгэл төгс байна.

-Тантай уулзсаных бүр дээр үеийн зүйл асууя. Нарантуул захын хувьцаанаас шалтгаалсан ах дүү хоёрын маргаан нэг хэсэг шуугьсан. Энэ юу болсон юм. Та үүнд нэг тодорхой хариулт өгөөч…

-Нарантуул зах 1995 онд хувьчлагдсан. Би тухайн үед гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан юм. Ах бид хоёрын хувьд өмч булаацалдаж, түнжин хагарсан зүйл байхгүй. Миний талын гуравдагч хүн гомдол мэдүүлж, шүүхэд хандсан тохиолдол бий.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Улаан: 100 мянган төгрөгөөр ноолуураа авч чадсангүй. Малчдаасаа хүлцэл өчье

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаантай ярилцлаа.


-УИХ-ын Сонгуулийн хуулийн дагуу нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодрууллаа. Өнгөрсөн дөрвөн жилийн парламентаас 20 гаруй гишүүд нэр дэвшихгүй нь гэж ойлгосон. Таны хувьд яагаад нэр дэвшсэнгүй вэ?

-Намын гишүүн хүн намаасаа тодорхой үүрэг чиглэл авч ажиллана. Сонгууль бол намуудын бодлого үйл ажиллагааны өрсөлдөөн. Тиймээс намын тодорхой үүрэг чиглэлтэй оролцоно. Парламентын сонгууль бол намуудын хоорондын өрсөлдөөн.

Харин нэр дэвшүүлэх ажил бол нам доторх гишүүдийн өрсөлдөөн шүү дээ. Мэдээж бүгдийнх нь сэтгэл санаа ханамжтай байхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр энэ олон ургалч үзлийн нэг гэж ойлгох хэрэгтэй. Намаас нэр дэвшигчдийг сонгохдоо сонгогчдын дунд судалгаа явуулж, чиг хандлагыг нь судалсан гэж ойлгож байгаа.

Эцсийн дүн ямар байхыг сонгогчид шийднэ. Бид бүгдээрээ намын гишүүн нам нэг сахилгатай, нэг зорилготой. Нэг дүрэмтэй түүндээ захирагдах ёстой. Нөгөө талаас миний эрхэлж байгаа ажил өдөр хоног, цаг нартай уралдаж байдаг. Дэлхий нийтэд үүсээд байгаа цар тахлын үед нэн тэргүүнд хүн амын хүнсний асуудал яригдана. Одоо хаврын тариалалт эхэлчихсэн, цаг зав бага байна.

Ер нь хүн амын хоол хүнс, тариа будаа, мал төллөлт, хаврын тариалалт, малын эрүүл мэнд, худалдаа үйлчилгээ гээд энэ бүхнээс завсарлах зай алга. Энэ ажлууд дээрээ төвлөрөхөөс өөр аргагүй болсон учраас нэр дэвшээгүй.

-Энэ цаг үед хүн амын хүнс тэжээлийн хангамж яригдахаас өөр аргагүй. Манай хүнс тэжээлийн хангамж хэдий хүртэл нөөцтэй байна вэ?

-Цар тахал хэзээ дуусахыг хэн ч хэлж чадахгүй. Вакцин гарах хүртэл энэ асуудал яах нь тодорхойгүй байна. Энэ цар тахлыг үтэр түргэн яваад өнгөрөх процесс гэж огт харахгүй байгаа. Өнөөдөр Засгийн газрын онцгой анхаарч байгаа зүйл бол цар тахлын тархалтыг хумих бодлогоо алдахгүй байх юм.

Дэлхийд цар тахал дотроо тараагүй ганц улс манайх болчихлоо гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Нэг талаар бахархал. Нөгөө талаар маш өндөр хариуцлага. Одоо бидний анхаарч ажиллах асуудал бол хүн амын хүнсний хангамж.

Цар тахлын бидэнд өгч байгаа том сургамж бол улс орон ямар ч сорилтын өмнө өөрөө өөрийгөө аваад явах чадвартай байхыг сургаж байна.

Хүнсний хангамжийн тухайд хүндрэл бэрхшээл хараахан үүсээгүй. Өнгөрсөн жилтэй харьцуулбал хамаагүй хөнгөн байгаа. Энэ жилийн хувьд бид хангалттай махаа нөөцөлсөн. Өнгөрсөн гуравдугаар сараас худалдаанд гаргасан нөөцийн мах улсын наадам хүртэл худалдаалагдана. Мөн үнийг тогтвортой байлгах зорилготой ажиллаж байна.

Нөөцийн махны хангамжинд санаа зовохгүй байна. Дараачийн асуудал бол хүнсний ногоо. Энэ маань улирлын чанартай. Тариалалт эхэлж байна. Энэ жил хэр ургац авахаас ирэх жилийн бидний хангамжийн асуудал шийдэгдэнэ. Тиймээс тариалалтад онцгой анхаарч бололцоотой бүх нөөцөө дайчилж байгаа.

Энэ жил бид 480 мянган га-д тариалалт хийнэ. Энэ жил төлөвлөсөн хэмжээнд улаанбуудайн хувьд асуудал үүсэхгүй. Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана. Түүнчлэн төмс болон зарим төрлийн хүнсний ногоогоо дотооддоо бүрэн хангана. Байцаа, сонгино, саримс зэрэг хүн амын хэрэгцээний чухал хүнсний ногооны 60-80 хувийг хангах зорилготой.

Мөн дотоодын үйлдвэрлэлээр ургамлын тосныхоо хэрэгцээг хангах зорилго тавьж байна. Бид дандаа ургамлын тосоо импортоор авч байсан. Ирэх намраас дотоодын ургамлын тосоор өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангах юм.

Цагаан будааг ч дотооддоо тарих бололцоотой. Вьетнам улстай цагаан будааны тариалалтад хамтарч ажиллахаар яам хоорондын гэрээ тохиролцоонд хүрсэн. Нөгөө талдаа цагаан будаагаар манай улсыг тасралтгүй хангаж байх тохиролцоонд ч хүрсэн. Элсэн чихрийг ч бид дотооддоо тариалж өөрсдөө үйлдвэрлэх бололцоотой. Энэ чиглэлийн туршилтууд хийлээ.

Хүн амын өдөр тутмын хэрэглээний 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр хангадаг чадвартай болох ёстой гэж Засгийн газар бодлогоо тодорхойлсон. Энэ тал руугаа бүх үйл ажиллагаа чиглэж байна.

Энэ жилийн хувьд “Атар-4” дүгээр аян эхэлж байгаа. Энэ аяныг эхнээс нь тодорхой бодлого зорилттойгоор эхлүүлж нийтийг хамруулах зорилготой байна. Хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлье ч гэж байгаа юм. Төмс хүнсний ногоог 1,000 га-гаар нэмэгдүүлэх зорилттой байна. Нарийн ногоог импортоор авдаг бол дотооддоо үйлдвэрлэдэг болохын тулд хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх бодлогоо тодорхойлчихсон.

Ургац хураагаад авчихаар түүнийгээ жилийн туршид чанартай хадгалж ард иргэддээ хүргэх агуулга байх хэрэгтэй. Тиймээс агуулахын аж ахуйг цогцоор нь шийдэх болж байна. Манай улс 70 сая малтай. Энэ жил 20 сая төл хүлээж авсан. Нийт 90 сая малыг эрүүл байлгах асуудалд онцгой анхаарах болчихоод байна. Бидний хувьд цаг нар маш шахуу ажиллаж байгаа.

Махны хувьд долдугаар сараас шинэ бэлтгэл ажил эхэлнэ. Махны нөөц, хангамжинд санаа зовохгүй байж болно. Бид доод тал нь 20 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгцээ шаардлага бий.

Улаанбуудайн хувьд төлөвлөсөн хэмжээнд ургацаа аваад өнөөгийн нөөцөө бодоход он дуустал гурилын хангамжид асуудал үүсэхгүй. Хүнсний ногоогоор ирэх жилийн хавар хүртэл хэрэгцээгээ хангана. Хүнсний хангамжийг тасалдуулахгүй байх тал дээр онцгой анхаарч байгаа.

-Ноолуурын тухай асуудал одоо хэрхэж байна вэ. Иргэдээс 100 мянган төгрөгөөр ноолуурыг нь авах уу?

-Энэ хаваржин энэ талаар ярилаа. Тийм л чухал бүтээгдэхүүн. Ийм чухал бүтээгдэхүүнийг бид болж өгвөл үнэ цэнийг нь унагаахгүй байх ёстой. Малчид 5, 10 мянгаар ахиу ноолуураа өгчихөөсэй гэж бодож байгаа. Ийм л нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ажиллах ёстой. Энэ жилийн хувьд хоёр том хүчин зүйл нөлөөллөө гэж хувьдаа харж байгаа. Нэгдүгээрт, ковид цар тахал. Үүнээс шалтгаалж хил хорио тавигдсан.

Гадна хөрөнгө оруулагчид наймаачид орж ирээгүй. Манай ноолуурын 90 хувийг гадныхан авдаг. Энэ цар тахлаас болоод ноолуур худалдан авах зүйл нь хязгаарлагдчихлаа. Үүнийг дагаад дотоодын үйлдвэрлэгчид үүнийг худалдаад авчих санхүүгийн чадваргүй.

Эх үүсвэргүй учраас ноолуурын борлуулалт удсан. Хоёрдугаарт, цаг хугацааны хүчин зүйл нөлөөллөө. Ер нь ноолуурын үйлдвэр өнгөрсөн гуравдугаар сард зүүн аймгуудаас эхлүүлээд зургаадугаар сард баруун аймагт дуусдаг. 3, 4 сарын хугацаатай бизнес. Гэтэл гурван сар өнгөрчихлөө. Ноолуурын бизнес явсангүй.

Үүнээс шалтгаалаад малчид ноолуураа борлуулъя гэх эрэлт нэг талаас гарч байна. Нөгөө талд бизнес нь огт хөдөлдөггүй. Үүнийг дагасан улс төр ч их явлаа. Ирэх долоо хоногт Их хурлын тогтоолын дагуу олгох ноолуурын урамшууллыг олгоно. Үйлдвэрүүд маань түрүүч нь зээлээ аваад эхэлсэн. Бэлтгэлдээ гарч байна. Төр ирэх долоо хоногт хүлээсэн үүргийнхээ дагуу бүх урамшууллаа олгоно.

Одоо харин үйлдвэрлэгч бэлтгэн нийлүүлэгчийн хариуцлага үлдэж байгаа. Үнээ тохирч өгч авах ёстой. Хоёр сарын хугацаа бидний боломжийг үгүй хийчихлээ. Аль болох үнэд хүргэх ёстой.

Өнөөдөр бид ноолуураа Итали руу эхний ачилтаа хийж байна. Одоогоор дотоодын жижиг худалдан авагчид зарим нэг үйлдвэрүүд худалдан авч байгаа. Дэлхийн стандартад хүлээн зөвшөөрөгдсөн Монголын хаан ширхэгт гэх олон улсын стандарт батлуулсан.

Засгийн газар тодорхой нөхцөл шалтгааны улмаас бодлогоо бүрэн хэрэгжүүлж 100 мянгаар ноолуураа авч чадсангүй. Малчдаасаа хүлцэл өчье. Бид их хичээлээ. Санхүүгийн схем маань ажилласангүй хугацаа алдчихлаа. Хариуцлага одоо та бүхэнд шилжсэн.

Categories
мэдээ цаг-үе

Б.Гүнболд: Шинэ Зуунмод, Майдар хотын бүтээн байгуулалт 30 жил өрнөнө

БХБЯ-ны Хот байгуулалт газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболдтой ярилцлаа.


-Манай улсад төдийгүй дэлхий дахинд хүн амын төвлөрөл хот руугаа чиглэн эрчимтэй нэмэгдсээр байна. Тэр хүрээнд манай улс ч нийслэл хотоо дагуулсан дагуул хотууд барих талаар яригдаад удаж байгаа. Саяхан чуулганы хуралдаанаар “Шинэ Зуун мод” хот, “Майдар” хот байгуулах тогтоол батлагдсан. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Монгол Улсад хотжих үйл явц хурдацтай өрнөж хот, суурин газарт амьдарч байгаа хүн амын эзлэх хувь өссөөр байгаатай санал нэг байна. нийслэл болон хоёрдагч хот болох дархан, Эрдэнэтэд нийт хүн амын 70 орчим хувь нь амьдарч байна. Энэ үзүүлэлтийг дэлхий дахины дундажтай харьцуулахад 2050 он гэхэд дэлхийн хүн амын 70 хувь хот суурин газар амьдарна гэсэн тооцоо судалгаа бий. Үүнээс харахад эрчимтэй хотжилт Монгол Улсад явагджээ. Хотжилт эерэг, сөрөг үр дагавартай байна л даа. Сөрөг үр дагаврын тухайд бид маш хурцаар ярьдаг. Жишээ нь, агаар хөрсний бохирдол, авто замын түгжрэл зэргийг дурдаж болно. Нөгөө талаас сайн үр дагавар нь нягтрал төвлөрлөөс үүдэлтэй эдийн засаг өсч, ажлын байр бий болдог. энэ бүх асуудлыг хэрхэн зохистой шийдэх нь манай улсын хот байгуулалтын тулгамдсан асуудал болчихлоо. иймээс үндэсний хэмжээний бодлого буюу монгол Улсын хүн амын нягтаршил суурьшлын ерөнхий төслийг барилга хот байгуулалтын яамнаас боловсруулж байна. Түүнчлэн бүс нутаг, аймгийн төвүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон Нийслэл хотын ерөнхий төлөвлөгөө 20:40-ийг боловсруулах ажил өрнөж байна.

Манай улсын хүн амын тэн хагас нь нийслэл хотын нутаг дэвсгэрт төвлөрчихлөө. Энэхүү төвлөрлөөс үүдэлтэй өнөөдөр тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд хэд хэдэн ажил хийгдэж байна. Нэгдүгээрт, нэг төвтэй байсан нийслэл хотыг олон төвтэй болгохоор шийдсэн. Улаанбаатар хотыг даган хөгжиж байгаа дагуул хот тосгодуудыг хөгжүүлэхээр боллоо. Хот байгуулах процесс урт хугацааны маш том хөрөнгө оруулалт байдаг. Маш олон салбарын уялдаа шаардагдана. Эрчим хүч, ус, олон нийтийн үйлчилгээ зэргийг дурдаж болно. Эхний ээлжинд бид Засгийн газартаа ярьж байгаад ажлын хэсэг байгуулахаар боллоо. Ажлын хэсэг маань салбар хоорондын уялдааг хангаж өгнө. Ин-гэснээр төлөвлөгөөнийхөө дагуу шийдвэрүүд гаргахаас гадна эрх зүйн талаас олон шийдвэрийг үе шаттай гаргах юм. Мөн эдийн засгийн агуулгыг нь харж энэхүү хот тосгодыг төрөлжүүлнэ. Шинэ зуун мод хот, Майдар хот маань Их хурлын тогтоолоор бие даасан орон нутгийн зэрэглэлтэй хот байхаар батлагдлаа.

-Энэ хоёр хот аль аль газар нутгийг хамрахаар байгаа вэ. Хүн амын хувьд төлөвлөгөөнд хэрхэн тусгагдав?

-Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Хөшигийн хөндийд байршиж байгаа. Тэгэхээр энэ бүс нутгийн хөгжлийг хооронд нь уялдаатай байлгахыг зорьж байгаа юм. Энэ бүс нутагт Шинэ Зуунмод хотоос гадна Төв аймгийн Зуунмод хот, Сэргэлэн сумын төв багтаж байгаа. Шинэ Зуунмод хот 34 мянган хүн амтай, архитектор-орон зайн төлөвлөлтийн хувьд Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг түшиглэсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, аялагчдын сонирхлыг татсан эдийн засгийн чөлөөт бүс бүхий хойд Азийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн нэгдсэн зангилаа, мэдээлэл технологи, био технологи, нано технологиийн чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлсэн, өндөр технологийн инновацийн кластерын бүсийг байгуулсан, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжиж, ухаалаг тээврийн сүлжээг нэвтрүүлсэн ухаалаг хот байхаар төлөвлөгдсөн. Харин “Майдар” хот нь орчин үеийн техник, техологид тулгуурласан төлөвлөлтийн шийдэл бүхий ухаалаг инженерийн дэд бүтэц бүхий манай орны соёл, ёс заншлыг бүрэн шингээсэн аялал жуулчлалын хөгжлийг дэмжсэн, их дээд сургуулиудыг нэг дор цогцолбор байдлаар төлөвлөсөн, төлөвлөтийн хугацаанд 200 гаруй мянган хүн амтай, байгаль орчинд ээлтэй, нөөц баялагт хэм-нэлттэй, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулсан ногоон хөгжлийн зарчимд тулгуурласан эко хот байхаар төлөвлөгдсөн. Мөн “Их Майдар” бурхны хөшөөт цогцолбор, кино үйлдвэрийн цогцолбор, түүнийг даган зочид буудал, музей зэрэг аялал жуулчлалын томоохон байгууламжуудыг байгуулах, түүнтэй холбогдуулан аялал жуулчлалын шинэ урсгал бий болгох концепцитэй байхаар төлөвлөгдөж байгаа. “Шинэ Зуунмод” /Аэросити/ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу эхний ээлжийн арга хэмжээний хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, “Майдар” хотын хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ хийх ажилтай холбогдуулан Засгийн газрын 2019 оны 390 дүгээр тогтоолоор санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэн холбогдох ажлуудыг үе шаттайгаар хийж гүйцэтгэж байна. “Шинэ Зуунмод”, “Майдар” хотууд байгуулагдсанаар тухайн хотод суурьшлын бүсүүд үе шаттайгаар бий болж эхлэх бөгөөд Улаанбаатар хотруу шилжих хөдөлгөөн буурч, хүн амын хэт төвлөрөл саарах бөгөөд хотжилтоос үүдэлтэй иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, дэд бүтцийн үйлчилгээний чанар сайжирч ард иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөл бий болно гэж үзэж байгаа юм. Төв аймгийн төв Зуунмод хот нь Аэросити хот, “Майдар хот” төсөлтэй уялдсан Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Богдхаан төмөр зам, АНЗ олон улсын хурдны авто замыг түшиглэн шинэ эх газрын боомт, холимог тээврийн логистик төв бүхий бизнес зангилаа буюу хөдөө аж ахуйд тулгуурласан, хөнгөн, хүнсний үйлдвэрлэл болон барилгын материалын үйлдвэрлэлд тулгуурласан үйлдвэрлэлийн парк бүхий Төвийн бүсийн тулгуур төв хот байхаар төлөвлөгдсөн. Энэ хотууд шинээр байгуулагдсанаар нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөө буурч, эдийн засгийн тодорхой салбарууд тогтвортой хөгжих бизнесийн таатай орчинг бүрдүүлсэн, хүн ам эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлөөр хангасан, агаарын тээвэр, аялал жуулчлал, шинжлэх ухааны цогцолбор төв бүхий суурин газрууд шинээр бий болно гэж үзэж байгаа юм.

-Ямарваа нэгэн хот усаа дагаж байгуулагддаг. Майдар хотын хувьд усны нөөц тулгамдсан асуудал шүү дээ. Энэ хотын усыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Томоохон суурьшлын бүс бий болоход нэн тэргүүнд хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ хийгдэх ёстой. Үүний дагуу хөрөнгийг нь шийдвэрлэж усны нөөц хайгуулыг нэмж тогтоох асуудал бий. Эдгээр төслүүдэд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдэх юм. Ингэснээр хот тосгодыг ялангуяа Майдар хотын асуудлыг Герман улсын мастер план концепцийг энэ бүс нутагт хэрхэн хэрэгжүүлэх нарийвчилсан судалгаанууд дээр үндэслэсэн ТЭЗҮ гарч ирэх юм. Одоо байгаа бүс нутагт тогтоосон усны нөөцийг “Шинэ Зуунмод” хот болон одоогийн Зуунмод нийлээд 100 орчим мянган хүн амд хангалттай гэж үзсэн. Майдарын хувьд шинээр усны нөөц тогтоох судалгааны ажлыг эхлүүлсэн. Байгаль орчны яам үүн дээр голлон ажиллаж байна. 300 мянган хүн амыг хангах усны нөөц байгаа эсэхийг нарийвчилсан судалгаагаар тодорхойлно. Үүнээс гадна шинээр төлөвлөж байгаа хот байгуулалтын ажил, бүтээн байгуулалтын төлөвлөгөөнүүдийг аль болох ухаалаг технологи ашиглах, усны хэмнэлтийг тооцдог дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэхээр зорьж байна.

-Хот байгуулах ажил гэдэг олон сар, жил үргэлжлэх нүсэр бүтээн байгуулалт. Хоёр хотын бүтээн байгуулалтын ажил хэдэн үе шаттай хэрэгжих бол. Эхний ээлжинд ямар ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байна?

-Хот байгуулах хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу урьдчилсан байдлаар энэхүү хоёр хотыг 30 жилийн хугацаанд өрнөх бүтээн байгуулалт гэж харж байгаа. Бид дөрвөн үе шатанд хувааж авч үзсэн. Эхний үе шатанд хот байгуулах шийдвэр гарснаар бид хотын бүрдүүлэгч элементүүдийг хангах шаардлагатай. Дэд бүтэц, ажлын байрыг бий болгох, аж үйлдвэрийн хөгжил, газар нутаг засаг захиргааны нэгжүүдийг бий болгох зэрэг асуудлыг хангах юм. Эхний үе шатаа 5-10 жил гэж тооцоолсон. Энэ хугацаанд дэд бүтцийг барьж байгуулна. Шинэ Зуунмод хотын хувьд батлагдсан хөгжлийн төлөвлөгөөний дагуу 32 их наяд төгрөгийг 30 жилийн хугацаанд төсөвлөсөн. Үүнээс эхний үе шатанд дэд бүтцэд шаардлагатай төрийн зүгээс хийх хөрөнгө оруулалт 1.7 их наяд төгрөг зарцуулагдана.

-Цаг үетэй холбогдуулж асуухад дэлхий нийтэд үүсээд байгаа цар тахлаас шалтгаалсан нөхцөл байдлаас барилгын салбар царцах эрсдэл үүсэхээр байна уу. Одоогоор цементийн нийлүүлэлт багасч байгаа тухай яригдаад эхэллээ…

-Барилгын салбарт цар тахалтай холбоотойгоор ойрын хугацаанд цементний үнийг хөөрөгдөх асуудал яригдаж байна. Энэ бол түр зуурын үзэгдэл гэж бид харж байгаа. Монгол Улсын цемент үйлдвэрлэх хүчин чадал нь өөрийн хэрэглээнээсээ давсан. Үйлдвэрүүдэд ажиллах горимууд байдаг. Тодорхой хэмжээний цемент үйлдвэрлэх, үйлдвэр ажиллахад эрчим хүч шаардлагатай. Одоо ажиллаж байгаа хүчин чадалтай цементний үйлдвэр 100 хувь ажиллаж чадахгүй байгаа нь үнэн. Жишээ нь, гадны хөрөнгө оруулалттай цементний үйлдвэрийн ажиллах хүчин орж ирээгүй зэрэг шалтгаануудыг харахад түр зуурын хомсдол үүссэн гэж харж байгаа юм.

-Барилгын салбарт урд урдынхаас илүү их хөрөнгө оруулалтыг төсөвт суулгасан. Царцах эрсдэл үүсэх эсэхийг үгүйсгэхгүй юм…

-Төсөвт барилгын салбарт чиглэсэн ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт тавигдсан. Энэ утгаараа барилгын салбарт орох хөрөнгө оруулалтын ажлууд хэвийн үйлчилнэ гэж харж байгаа. Урт хугацаандаа барилгын салбарын бүтээн байгуулалтын ажил хэвийн үргэлжлэх байх гэсэн хүлээлт ч байна. Барилгын талбай дээр ажиллаж байгаа ажилчдын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй шинээр үүссэн цар тахлаас сэргийлэх арга хэмжээнүүдийг илүү зохион байгуулалттай авч үзэх нь зүйтэй. Барилгын салбарын гол бүтээгдэхүүний нэг орон сууцны салбар байдаг. Ипотекийн зээлээс гадна байраа түрээслээд өмчлөх орон сууцны шинэ хувилбарууд, арга хэрэгслийг бий болгох тал дээр Барилгын яам, Сангийн яам, Монголбанк шинэ бодлогууд боловсруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Энхбаяр: “Та бидний эвсэл” ардчиллыг сэргээж шударга ёсыг тогтоох их үйл хэргийг бүтээнэ

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай ярилцлаа.


-УИХ-ын Сонгуулийн хуулийн дагуу нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулж зарлалаа. Танай нам ямар шалгуураар нэр дэвшигчдээ сонгов?

-Хуулийн хугацаанд багтаж 76 нэр дэвшигчээ тодрууллаа. “Та бидний Эвсэл”-ийн хувьд МАХН, ИЗНН, МУНН гэсэн намууд тус тусдаа тухайн намд ногдсон квотын дагуу нэр дэвшигчдээ тодруулж “Та бидний Эвсэл”-ийн удирдах зөвлөл өнгөрсөн бямба гаригийн шөнийн 24 цагаас өмнө нэр дэвшигчдээ эцэслэн баталлаа. Нэр дэвших боломжийн олон хүн судаллаа. Улс төрд хүч үзэх шинэ залуу хүмүүс, улс төрд өмнө нь ч зүтгэж байсан, одоо ч зүтгэж, идэвхтэй ажиллаж байгаа хүмүүсээс бүрдсэн хүчирхэг баг нэр дэвшлээ. Ард түмэн маань МАН, АН-ын аль нь ч хэрэггүй гэдгийг ойлгосон. Одоо тэдний оронд гарч ирээд хоног хугацаа алдалгүй шууд ажилдаа эзэн болоод аваад явах чадвартай баг нэр дэвшлээ. Хамгийн гол нь ард түмэнтэйгээ хамт МАН, АН-ыг ялаад амласнаа хэрэгжүүлж чадах, хэлсэндээ хүрэх багийг бүрдүүллээ. Манай багт итгэж болно.

-Таны хувьд хэдэн сонгууль өнжсөний эцэст Баянгол дүүрэгт нэр дэвшихээр боллоо. Сонгуулийн үр дүнг хэрхэн харж байна?

-Намайг 12 жилийн турш нэр дэвшихийг хааж боолоо. Ард түмэн МАНАН-г үнэхээр үзэн ядаж байгаа. МАНАН-гийн нэр хүнд унасан учир МАН, АН-ынхан МАНАН-тай тэмцэж байгаа юм шиг жүжиглэж сонгогчдыг төөрөгдүүлдэг муу аргатай болсон. Үнэн хэрэгтээ МАНАН хэвээрээ байгаа. МАНАН бол Монголын улс төрийн коронавирус мөн. Одоо МАН ба АН-ын нэр дээр хэн ч нэр дэвшсэн сонговол манай улс төрийн коронавирус арилахгүй улам олон хүнд халдварлана. Монголын улс төрийн систем эрүүл саруул болохгүй. МАН ба АН хоёр урьдчилан тохироод энэ сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулна гээд тохирчихсон гэх яриа ч дуулдаж байна лээ.

-Энэ удаагийн УИХ-ын сонгууль дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед зохион байгуулагдаж байгаагаараа онцлог. Илүү хянамгай,зохион байгуулалт сайтай байж сонгуулиа явуулах байх. Сонгуулийг цаг хугацаанд нь явуулах нь зөв гэж бодож байна уу?

-Угтаа шударга сонгууль явуулъя гэвэл сонгуулийг хойшлуулах ёстой. Ард түмнийхээ эрүүл мэндийг бодож байгаа бол сонгууль хойшлуулахаас өөр аргагүй. Одоо бараг 100-гаад хүн өвдчихсөн байна шүү дээ. Жижиг дунд бизнесийнхэн хямралыг харьцангуй бага гарз хохиролтой давж туулахад нь тусалъя гэвэл сонгуулийг хойшлуулах ёстой. Гэхдээ МАН-ынханд ард түмнээ гэсэн сэтгэл байхгүй болоод удаж байгаа. Одоо МАН-ынхан коронавирусээр далимдуулж бүх хөдөлгөөнийг хориглож хяналтандаа авчихлаа. Жишээ нь, саяхан СЕХ-нд “Та бидний эвсэл”-ийн бичиг баримтыг хүлээлгэн өгчихөөд, гадаа нь сонгуульд оролцох болсон тухайгаа хэвлэл мэдээллийнхэнд мэдээлж ярилцлага өгч байтал МАН-ынхан цагдаа хүмүүсийг энгийн хувцас өмсүүлж бидэн рүү дайруулсан. Цагдаа өмдтэй, дээгүүрээ энгийн хувцастай хүмүүсийг явуулж тэд нар нь бид нар гээд арав хүрэхтэй үгүйтэй хүмүүс нэг нэгнээсээ зайтай зогсож байхад “Хөл хорьсон байхад нэг газар олуулаа цугларсан байна, баривчилна, саатуулна” ч гэх шиг, ийм байдлаар санаатайгаар өдөөн хатгаж хэрүүл маргаан үүсгэсэн. Нийгмийг айдаст автуулж, хэнтэй ч уулзаж болохгүй хэмээн хориглож байгаад өөрсдөө болохоор зузаан зузаан тайлан тарааж байна. Луйвардаж идсэн мөнгөөрөө хэвлэсэн ажлын тайлан нэртэй асар үнэтэй зузаан зузаан сэтгүүл тарааж байгаа юм. Тайлангийнх нь нийт үнийг бодвол бараг зуу зуун ажлын байр бий болгох хэмжээний мөнгөөр тогложээ. МАН 2016 оны сонгуулиар амласнаа хэрэгжүүлээгүй гэж ард түмний олонх нь үзэж байгаа учир худлаа тайланг унших хэрэггүй нь. Хогийн сав руу чулуудах хэрэгтэй. Нэр дэвшигчидтэй нь хамт. Харин та бид болохоор ямар ч бичиг цаас тарааж болохгүй юм гэнээ, тэгэх юм бол Сонгуулийн хууль зөрчинө гэнэ. Үнэн хэрэгтээ тэд ажлаа тайлагнаж байгаа нэртэй улайм цайм сурталчилгааны материал тарааж байна шүү дээ. Ийм шударга бус зүйл байж болох уу. Эдийн засаг хүнд байдалд орчихсон байхад төр засгийн байгууллага, албан тушаалтнууд арайчүү хөдлөхчөөн болж, бараг л хувийн халааснаасаа хүмүүст мөнгө гарган өгч гийж байгаа юм шиг аашилж байна. Ийм шударга бус сонгууль хийвэл мэдээж МАН-д ашигтай. МАН шударга сонгууль хийхээс үнхэлцгээ хагартал айж байна. МАН-ынхан энэ бүхнийг мэдэж байгаа, тийм учир өөртөө ашигтай байдал бий болгож сонгууль явуулахаар зүтгүүлж байна. Гэхдээ МАН-ынхан ингэж улайрах тусам ард түмэн маань нэгийг бодож хоёрыг тунгааж байгаа байх. Тэгээд МАН-ын хэн ч байсан МАН бол биш гэсэн ухаалаг сонголт хийх байх. Тухайн хүн нь сайн байж болно. Гэхдээ МАН гэдэг байгууллага өөрөө ялзарчээ. Хуучин торхонд сүү хийвэл гашилна. МАН-д орсон хүн эвдэрнэ. Энэ бол амьдралын олон жилээр батлагдсан үнэн. МАН ба АН-ын хүмүүсийг дахин дахин сонгохгүй байх ухаан, ухамсрыг үзүүлэх биз ээ.

-Өнгөрсөн хугацаанд МАН-ын толгойлсон парламентыг та хэрхэн дүгнэх вэ?

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН 60 тэрбум, ЖДҮ, хүчингийн хэрэг, хүн амины хэрэг, мөрийтэй тоглоом, байгалийн баялгийг явцуу ашиг сонирхолтой бүлэг хүмүүс хуйвалдан хувааж авсан зэрэг олныг бухимдуулсан олон хэргийн эзэн боллоо. Бараг өдөр бүр биш гэхэд сар бүр нэг муухай юм болж байна ш дээ. Одоо энэ бүхнийг таслан зогсоох цаг болсон. Ард түмэн МАН-ынханд хандан та нар энэ удаа өнж гэж хэлэх цаг болсон. Зөөлөн хэлбэл шүү дээ. Харин хатуу хэлнэ гэвэл луйварчид шүүхээр орж гэм буруутай эсэхээ тогтоолгох цаг ирсэн гэж хэлэх ёстой. Сонгууль шударга болох эсэх тухай яриагаа үргэлжлүүлбэл хэвлэл мэдээллээр гарч байгаагаас үзэхэд МАН зарим намыг санхүүжүүлж АН-ын эсрэг турхирч, эсхүл МАХН-ын тэргүүлсэн “Та бидний эвсэл”-ийн саналыг хагалах, хуваах зорилготой бохир үйл ажиллагаа явуулж байна.

-Таны хүү энэ сонгуулиар СХД-т нэр дэвшихээр болсон. 2016 оны сонгуулиар тэр тойрогт таны эхнэр нэр дэвшиж байсан байх аа…

-2016 онд МАНАН-гийнхан намайг нэр дэвшүүлээгүй. Тийм учир сонгогчдын са-налаар Цолмон маань Сонгинохайрханд нэр дэвшсэн. МАН-ынхан сонгууль луйвардаж “Капитал” банкны эмэгтэй сонгогдсон. Ийм буруу сонголтоос болж улс орон, ард иргэд, тэтгэврийнхэн маань олон зуун тэрбум төгрөгөөр шууд хохирлоо.

Сонгинохайрханыхан маань тэр үед саналаа луйвардуулснаа сайн ойлгосон. Тэд Ц.Цолмон, эсхүл Э.Батшугар хоёрын аль нэгийг нэрээ дэвшүүлээч гэсэн. Сонгогчдынхоо саналыг хүлээн авсан гэсэн үг. Хамтдаа энэ сонгуулийг шударга сонгууль болгоё гэж зорьж байгаа.

-Нэр дэвшигчдээс мөнгө авахгүй сонгууль зохион байгуулах боломжтой юу. Наанадаж л сурталчилгаандаа ажиллуулж байгаа хүмүүст мөнгө өгнө шүү дээ. Түүнчлэн машин унаа бензин гээд мөнгө төгрөг зарцуулагдана биз дээ. Танай эвсэл санхүүжилтээ хэрхэн босгож байгаа вэ?

-МАН сонгуульд нэр дэвшигчдээсээ мөнгө авахгүй гэж байгаа нь худал. Цаагуураа хулгай хийж байна гэсэн үг. Ухуулагчдаа ядаж санхүүжүүлнэ ш дээ. Аудитын байгууллагаас тойрог бүрт зарцуулах мөнгөн дүн гарсан. Үнэн хэрэгтээ МАН энэ мөнгийг хэд нугалж зарцуулж байгаа нь тодорхой. АН нэр дэвшигчдээсээ тус бүр 100 сая төгрөг татаж байгаа нь зарчмын хувьд буруу. Гэхдээ АН, МАН-аас хэд дахин дутуу мөнгөтэй нь бас ойлгомжтой. Хэл ам татаад байгаа нь АН мөн ч үнэн хэрэгтээ хамгийн их хулгай хийж байгаа нь МАН.

-Сонгуулийн санхүүжилт, зардлыг ил болгох тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Ард түмэн төрд сонгосон хүмүүсээ шударгаар ажиллаасай гэж хүсдэг. Гэтэл нөгөө хүмүүс нь хувийн компанийн мөнгөөр сонгуульд орж, эргээд тэр компанидаа өөрт нь өгсөн мөнгийг хэд дахин нугалж өгөхийн тулд зүтгэдэг. Ард түмэнд 20, 30 мянган төгрөг өгч саналыг нь худалдан авдаг. Дараа нь 20, 30 тэрбумаар нь тэр хувийн компанитайгаа хуйвалдан хувааж иддэг. Энэ байдлыг засах шаардлагатай. Ард түмэн өөрийнхөө төлөөлөгчдийг сонгож байгаа юм бол өөрийнхөө татварын мөнгөөр сонгуулийг санхүүжүүлж шударга сонгууль явуулах ёстой. Эс тэгвээс төр засаг хувийн компанийн мөнгөөр байгуулагдаж эргээд тэр хувийн компанидаа үйлчилнэ. Шударга бус сонгууль хулгайчдыг төрүүлж байна. Сонгуулийн тогтолцоо нь өөрөө буруу юм. Ер нь өнөөдрийн тогтолцоо нь хулгай хийхэд зориулагдсан. Ямар сайндаа бизнес хийж байгаа хүмүүс амархан аргаар хагартлаа баяжиж болно гэж харчихаад, зарим нь бүр идэж уухын дон тусчихаад төр засагт шургалах гэж, эсхүл өөрийн хүнээ шургалуулах гэж, эсхүл төр засагт орсон хүнийг мөнгөөр худалдан авч өөртөө үйлчилдэг үнэнч гөлөг болгохын тулд ямар ч хамаагүй аргаар сонгуулийг өөртөө ашигтай болгох гэж улайран зүтгэж байна. Саяхан Т.Бадамжунай, О.Баасанхүү нарын ярианы бичлэг цацагдлаа. Үнэн юм хэзээ нэгэн цагт ил болдог. Наанаа шударга юм яриад цаанаа ийм л өрөвдөлтэй амьтад төр засгаар, намаар тоглоод явж байдгийн бас нэг жишээ. Бадамжунайтнуудын гар хөл болсон туршуул, тагнуул, хүүхэлдэйнүүд МАН, эсхүл АН-аас энэ сонгуульд нэр дэвшсэн байх шүү. Болгоомжтой байх хэрэгтэй. Ийм гаж тогтолцоог МАН, АН хоёулаа хадгалж улам өөгшүүлэн дэвэргэж байна. “Та бидний эвсэл” зөвхөн ард түмэндээ өртэй, ард түмэндээ үйлчилдэг, хээл хахуулиас ангид, шударга ёсонд захирагддаг төр засгийг байгуулъя гэсэн саналтай байгаа. Ийм тогтолцоо руу шилжээгүй цагт ард түмний амьдрал улам доройтоно.

-Энэ жилийн хувьд урьд урьдынхаас бие даагчид их нэр дэвшиж байна. Тэгэхдээ хэн нэгнийг онилж, тойрогт нь дэвшинэ гэх юм. Нэг талаар өс хонзонгийн сонгууль болох нь уу?

-Би тэр тойрогт очиж тэрийг амлаж авна гэх зүйл ярьж байгаа нь нэг талаас нь харвал шүүмжилмээр ч юм шиг. Нөгөө талаас нь харвал цаад хүн нь ямар ихээр хүмүүсийн дургүй хүргэсэн этгээд вэ гэж бодогдоно. Уг нь өс хонзон авахын тулд бус харин эрүүл саруул зүйл хийнэ, бүтээнэ гэдгээрээ уралдаасай гэж бодож байна. АН-аас бие даагч олон гарч байх шиг байна. Энэ нь МАН-д ашигтай. МАН цаанаас нь өөгшүүлж байгаа байх. МАН-аас бас бие даагч нар байна. МАН сурсан бохир аргаараа жижиг намууд, бие даагчдыг санхүүжүүлж АН, эсхүл “Та бидний эвсэл” рүү дайруулах ёс зүйгүй ажиллагаа явуулах вий гэж болгоомжилж байна. Энэ жилийн хувьд сонгогчдын ихэнх нь АН-д ч, МАН-д ч аль алинд нь санал өгөхгүй гэсэн байр суурьтай байх шиг. МАН-ынхан тэр санал МАХН, “Та бидний эвсэл”-д очиж магадгүй хэмээн үнхэлцгээ хагартал айж байгаа учраас бие даагчдыг олноор дэвшүүлж байж болох юм. Сонгогчид МАН, АН хэрэггүй гэж ярьж байгааг энэ хоёр нам бүх намууд хэрэггүй гэсэн яриа болгон хувиргах гэж оролдож байна. Хүнийг нь хараарай гэсэн яриа гаргаж байгаа. Үнэн хэрэгтээ тэр хүнийх нь цаанаа нөгөө МАН, АН хоёр л нуугдаж байгаа шдээ. Энэ хоёр нам нэг удаа өнжлөө гээд ард түмэн хохирохгүй. Хамгийн муугаар бодоход бүх зүйл хэвэндээ үлдэнэ. Сайнаар бодвол бүх зүйл сайн тал руугаа өөрчлөгдөнө. Харин энэ хоёр нам тус тусдаа, эсхүл хамтраад Засгийн газар байгуулбал сайнаар бодоход бүх юм хэвээрээ үлдэнэ. Муугаар бодоход бүр дордоно.

-Танаас улбаалаад Монголын төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс толгой дараалан хууль шүүхийн хаалга татаад эхэллээ. Шүүх эрх мэдэлд хэн нэгэн нөлөөлж байна уу. Та хэрхэн харж байна?

-Би тухайн үед Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарт аль алинд нь хэлж, хэлүүлж байсан. Өнөөдөр намайг хэлмэгдүүлнэ, маргааш өөрсдөө шоронгийн хаалга татна гэж. Би өс хонзон санаж байгаа юм биш. Та нар хууль, шүүхийнхэнд нөлөөлж, үүрэг даалгавар өгч байгаа нь буруу. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр унана шүү. Харамсалтай нь тэд нарын хэн нь ч миний үгийг сонсоогүй. Тухайлбал, Ерөнхий прокуророор Дорлигжав ажиллаж байсан. Тэр Сэргэлэн гэдэг залууг ашиглаж миний эсрэг нэхэмжлэл гаргуулсан байдаг. Тэр залуу надад хүнээр дамжуулан хэлүүлсэн байна лээ. “Би өөрөө асуудалтай болсон байхад Дорлигжав прокурор намайг дуудаад “Чамд тусална, харин хариуд нь чи Энхбаярын эсрэг мэдүүлэг бичиж өг, мэдүүлгээсээ ухарч болохгүй шүү” гэсэн. Хууль, шүүхийнхэн хүний сул талыг барьж аваад дарамталдаг юм билээ. Та битгий гомдоорой” гэж хэлүүлсэн байна лээ. Ингэж Дорлигжав худлаа хэрэг үүсгэсэн, Ц.Элбэгдорж 600 цагдаа явуулж баривчилсан. Өнөөдрийн У.Хүрэлсүх, Х.Баттулга, Г.Занданшатар, Ц.Нямдорж гээд хууль, шүүхийн байгууллагыг удирдаад байгаа хүмүүст хэлмээр байгаа юм. “Хууль шүүхийн байгууллагаа ямар нэгэн гадны нөлөөгүй, даалгавар өгдөггүй байгууллага болгоё” гэж. “Шүүх хуулийн байгууллагын томилгоонд оролцохоо больё. Шүүгчдийг ард түмэн сонгох нь зүйтэй” гэж.

-Тэгэхээр шүүгчийг ард түмнээс сонгодог байх нь зөв юм уу?

-Ардчилал бүх зүйлд хамаатай. Ардчилсан ёс бол нэг ёсондоо шударга ёс гэсэн үг шүү дээ. Гэтэл Тэмүүжингийн хэлснээр ардчиллыг шүүхээс салгачих юм бол дарга нараас хараат шударга бус шүүхтэй болно. Шударга бусын хонгил үргэлжилсэн хэвээр байна. Тэмүүжин намайг хэлмэгдүүлэхэд оролцсон хүмүүсийн нэг учир би зориуд анхааруулж хэлж байгаа юм. Би өс хонзон санаагүй, гэхдээ ардчилал ба шүүх хоёрыг эсрэгцүүлсэн буруу ойлголтоосоо сал гэж. Тэгээгүй цагт ийм хүмүүс АН-аас нэр дэвших ч эрхгүй гэж бодож байна. “Албан тушаалтнуудаас хараат, шударга бус шүүхийн төлөө” гэсэн намаа байгуулаад тэрнийхээ өмнөөс нэр дэвшиж болно шүү дээ. Харин шүүх ардчилсан баймааж шударга байна. АНУ-д мужийн шүүгчдийн 85 хувь нь ард түмний сонгосон шүүгч нар байдаг. Хэн нэгний томилсон шүүгч биш, харин нийт ард түмнээс сонгогдсон шүүгч байдаг учир хэнээс ч айхгүй хүний эрх, эрх чөлөөг хамгаалдаг. Тухайлбал, Вашингтон мужийн шүүгч Трамп ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгосон шийдвэр гаргасан байдаг.

-Цэцийнхэн таны эсрэг шийдвэрээ хараат байдалд гаргасан гэх гээд байна уу?

-Тийм. Томилогдсон шүүгч аливаа зүйлийг шударга шийдэж чаддаггүй. Заавал томилсон хүнийхээ байр суурийг хардаг. Тэднээсээ захиалга авдаг. Хамгийн энгийн ганцхан жишээ. Сая хүртэл иргэний сонгох, сонгогдох эрхийн асуудал хэлэлцсэн Цэцийн хурал тавдугаар сарын 6-ны өдрийн 14 цаг 24 минутад завсарласан. Цэц ердөө нэг цаг гучин минутын дараа шийдвэрээ танилцуулахдаа бүтэн 16 хуудас материал уншсан. Би бичгийн машин, компьютер дээр текст шивнэ гэдгийг мэднэ. Их хурдан шивлээ гэхэд нэг цаг 30 минутын дотор 16 хуудас материал шивж амжихгүй. Энэ бол зөвхөн шивэхийн тухай ярихад шүү дээ. Гэтэл тэр материалыг шивэхийн өмнө санаа бодлоо солилцож текстээ засах, редакторлах гээд цаг шаардсан их ажил хийнэ шүү дээ. Тэгэхээр яаж ч бодсон Цэцийнхэн нэг цаг гучин минутын дотор 16 хуудас материал боловсруулаад шивээд бэлэн болгосон байна гэж байхгүй. Харин та бидэнд ямар таамаг төрж байна гэхээр саарал ордноос дугтуйтай бичиг, бэлэн шийдвэрийг Цэц рүү ирүүлж, Цэцийн гишүүд тэр бичиг ирэхийг нь хүлээгээд сууж байсан гэсэн таамаг. Ингээд Цэцийнхээр бол хүн алсан, бага насны хүүхэд хүчиндсэн, эх орноосоо урвасан хүн нэр дэвшиж болох юм байна. Харин над шиг хэлмэгдсэн хүн ард түмнээрээ сонгогдох эрхээ бүх насаараа хасуулах нь л дээ.

-Сүүлийн үед ардчилал хэрэгтэй эсэх талаар хүмүүс их ярих боллоо. Ардчиллын тухайд та ямар байр суурьтай байна?

-Тийм шүү. Сүүлийн жилүүдэд Ардчилсан намын нүүр царай болж ирсэн олон хүн ардчиллыг устгах, хараат шүүхийг байгуулах ажлыг хийхэд гар бие оролцлоо. Оролцлоо ч гэж дээ. Бүр манлайллаа. Ард түмэн ч тэднийг хэн нь хэн бэ гэдгийг таньж хурцаар шүүмжилж байна. Ардчиллыг нэг нам, нэг хэсэг хүн өмчилсөн нь анхнаасаа буруу байсан. Одоо ардчиллыг тэд нараас аврах шаардлага бий болсон байна. Яагаад гэвэл ардчилал Монголд хэрэгтэй. Шударга ёс тогтооё гэвэл ард түмэндээ шүүхээ сонгох эрхийг өгөх хэрэгтэй. Ард түмэндээ шударга сонгуульд саналаа мөнгөөр биш, харин шударгаар өгдөг боломжийг олгох шаардлагатай. Ардчилал маш эмзэг. Дахин хэлэхэд сонгох, сонгогдох эрх бол ардчиллын амин сүнс. Шударга сонгууль ардчиллыг бэхжүүлнэ, луйврын сонгууль ардчиллыг устгана. Сүүлийн олон удаагийн сонгууль шударга бус болсон. Тэр болгоноор ардчилал хумигдсан, алдагдсан, устсан.

Ардчилал устахаар ард түмний дуу хоолой, санаа бодол хэрэггүй болно. Явсаар байгаад ард түмэн өөрөө хэрэггүй болно. Ард түмэн хэрэггүй болвол улс орон оршин тогтнох баталгаагүй болно. Гэхдээ шударга сонгууль болвол ардчилал сэргээд л ирнэ. Хогийн ургамлуудаасаа салбал ардчиллын мод бүр сайн ургана. 2020 оны сонгууль шударга сонгууль болж баймааж сая Монголд ардчилал дахин сэргэнэ, ард түмэн ч сэргэнэ, шударга ёс ч сэргэнэ. Ийм учиртай юм. Энэ их үйл хэргийн төлөө “Та бидний эвсэл”-ийн баг тууштай явна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Жаргалан: АН эдийн засгийн өсөлтийг өрх бүрт хүргэхэд онцгойлон анхаарна

АН-ын дэд дарга Б.Жаргалантай ярилцлаа.


-Таныг УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин гэдгээр олон нийт мэддэг. Саяхан АН-ын дэд даргаар сонгогдлоо. УИХ-ын сонгууль болох гэж байгаатай холбогдуулан маш хариуцлагатай ажиллах шаардлага үүсч байгаа болов уу. Дэд даргын хувьд эхний ээлжинд ямар ажлууд хийх вэ?

-Миний хувьд улс төрд эрт орж ирсэн. Өнгөрсөн хугацаанд бие даасан улс төрийн карьерээ эхлүүлээд явж байлаа. Ялангуяа эмэгтэйчүүдийн байгууллага, залуучуудын байгууллагад түлхүү ажилласан. Мэдээж аавын минь нэр надтай байнга хамт явна. Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхийг зорино.

Дэд даргын хувьд эхний ээлжинд Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт багтсан эмэгтэйчүүд, залуучуудын нийгэм, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, мөн эдийн засгийн өсөлтийг өрх бүрт хүргэх зорилтуудыг олон нийтэд таниулах чиглэлээр ажиллана. Бидний зүгээс залуучуудын оролцоог нэмэгдүүлэхийн тулд иргэний нийгмийнхэнтэй өргөн цар хүрээтэй аль хэдийнэ ажиллаад эхэлчихсэн явж байна. Залуучууд сонгуульд идэвхтэй оролцож, сонголтоо хийн саналаа өгөх хэрэгтэй. Улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой гэх өнцөг юм. Манай намын мөрийн хөтөлбөрийн уриа “Өсөлтийг өрх бүрт” гэж байгаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай улс эдийн засгийн өсөлтийг чухалчилж ирсэн. Энэ хугацаанд тодорхой хэмжээний гажуудлууд ч мөн гарлаа. Орлогын хуваарилалтын асуудал, эдийн засгийн өсөлт өрх бүртээ хүрч байна уу, ядуурал ямар хувь хэмжээтэй байна гэх зэргийг дурдаж болно. Тиймээс АН монгол өрх бүр хангалуун амьдрах боломжийг бий болгож, эдийн засгийн өсөлтийг хэрхэн өрх бүрт хамгийн ихээр оногдуулахад онцгойлон анхаарч байгаа гэсэн үг.

-Та сонгуульд нэр дэвших үү?

-АН-ын ҮБХ маргааш хуралдаж, сонгуульд нэр дэвшигчдийн албан ёсны мэдээлэл гарна. Тиймээс өмнө нь тайлбар өгөх боломжгүй байна.

-Та эдийн засагч хүн. Цаг үе нөхцөл байдалтай холбогдуулан асуухад коронавирус цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хямрал манайд төдийгүй дэлхий нийтэд цар тахлаасаа илүү аюулын дохио болчихлоо. Манай улсын хувьд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухайд таны байр суурь ямар байна вэ?

-Манай улс коронавирусээс шалтгаалсан эдийн засгийн арга хэмжээний хувьд маш их хугацаа алдсан. Хожимдсон шийдвэрүүд гаргасан. Одоо хүртэл сүүлд авч хэрэгжүүлэх арга хэмжээнийх нь холбогдох дүрэм журам нь гараагүй байна. Байгаа онохгүй байна л даа. Яагаад байгаа онохгүй байна гэхээр цалин авч байгаа хүмүүсийн НДШ, ХАОАТ-ыг чөлөөлнө гэсэн.

Гэтэл тэрхүү хүмүүст ажил олгож байгаа байгууллага нь цалингаа тавьж чадахгүй хэмжээнд хүрчихсэн. Ажлын байрыг нь хадгалж чадахгүй хэмжээнд орлого нь буурчихаад байгаа нөхцөлд ямар арга хэмжээ авах юм. Үүнд ямар нэгэн бодит шийдвэр гаргаагүй. Бизнес эрхлэгчид, ЖДҮ-ийг дэмжих, ажлын байраа хадгалж байгаа байгууллагууддаа хүүгүй зээл олгох, урсгал зардлуудад нь хөнгөлөлт үзүүлэх зэргээр олон төрлийн хөшүүрэг хийх боломж байгаа. Гэтэл бизнес эрхлэгчдийг дэмжсэн нэг ч заалт гарсангүй. Сонгуультай холбоотойгоор хувь хүн рүү чиглэсэн шийдвэрүүд гараад байна л даа.

Түүнчлэн манайх ноолуурын салбараараа бүр тоглоод хаячихлаа. Дэлхийн ноолуурын зах зээлийн 40, 50 хувийг нь манайх дангаараа нийлүүлдэг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд ч ноолуурын салбартаа төрөөс тогтмол анхаарч ирсэн. Дэлхийд өрсөлдөх гол давуу тал, түүхий эд нь манайд байгаа юм. Ингэж анхаарч ирсэн салбараа нэг жилийн хямралаар үгүй хийж болохгүй. Өнгөрөгч нэгдүгээр сард манай улс хорио цээрийн дэглэм тогтоогоод эхэлчихсэн. Ноолуурын салбарын зах зээлийн гол тоглогчид коронавирусээс шалтгаалсан нөхцөл байдалд орчихсон, манайх хилээ хаачихсан байлаа шүү дээ. Энэ бүгдээс харахаар мэдээж Хятадаас ченжүүд орж ирэхгүй нь тодорхой болсон. 10 мянган тонн ноолуурын 7 мянган тонныг нь хэн авах вэ. Үндэсний үйлдвэрлэлийн ноолуурын компаниуд хүртэл өмнөх шигээ авах сонирхолгүй болчихож байгаа юм. Ингээд худалдан авагчгүй болчихоод байхад 100 мянган төгрөгөөр худалдаж авна гэж маш хариуцлагагүй дуугарсан.

Нэгэнт л нөхцөл байдлыг нэгдүгээр сард мэдсэнээс хойш Засгийн газар хоорондын түвшинд асуудлыг хэлэлцэж болох байсан юм. Ямар бодлого барих, яаж нийлүүлэлтээ хийх вэ гэдгээ ярих ёстой байсан л даа. Мөн дотоодын үйлдвэрлэгчидтэйгээ ч түүхий эдийн нөөц бүрдүүлэхэд төр яаж тусалж болох талаар ярилцаж шийдвэрт хүрч болох байсан. Ноолуур үнэтэй түүхий эд. Аливаа эдийн засаг сэргэхийн тулд хугацаа их шаарддаг. Эдийн засагчид эхэндээ хямралыг ганц хоёр улирлаар харж байсан бол одоо хоёр гурван жилийн урт үргэлжилсэн хямралд хэрхэх вэ гэж ярьж байна. Хамгийн гол нь эрх барьж байгаа нам сонгууль гэдэг ганцхан өнцгөөр бүгдийг хараад сонгуулийн дараа галав юүлсэн ч хамаа алга гэсэн байр суурьтай байх шиг. Манай улсын гол валютын нөөц бүрдүүлж байгаа зүйл бол экспортын түүхий эд. Дэлхий нийтээр эдийн засаг хямраад ирэхээр экспортолдог зүйлсийн маань эрэлт хэрэгцээ буураад эхэлнэ. Сүүлийн гурав дөрвөн сар худалдаа эрхлэгчдийн орлого төсвийн албан хаагчдын цалин мөнгөн дээр тогтож байна ш дээ. Хүмүүс аль болох хэмнэж эхэллээ. Бодит байдал өнөөдөр ийм л байна.

-Манай улс өнгөрөгч онд ФАТФ-ын саарал жагсаалтад орсон. Одоо тэгтэл хар жагсаалтад орчихлоо. Яг ямар шалтгаанаас эдийн засгийн хориг арга хэмжээнүүд дээр манайх хамгийн муу гэх ангилалд нь багтаад байна вэ?

-Саарал, хар жагсаалт гэдэг тусдаа ойлголт. ФАТФ бол Засгийн газар хоорондын олон улсын байгууллага. Гишүүн улс орнууд мөнгө угаах, терроризмтой тэмцэх зүйл дээр нэгдсэн байдлаар бодлого баримталж явах байр сууринаас ханддаг олон улсын байгууллага. Харин Европын холбоо бол нэгдмэл бүтэцтэй гэдэг утгаараа бодлогоо тодорхойлж шууд бодит эдийн засгийн хориг тавих боломжтой. Тийм газраас шууд хар жагсаалт гэдэг зүйл рүү манай улс орчихож байгаа юм. Европын холбооны эдийн засгийн эрсдэл бүхий улс орнуудын жагсаалт гэж байгаа юм. Утга нь хар жагсаалт. Хар жагсаалтад орно гэдэг Европын холбоо бидэнд эдийн засгийн хориг тавих бүрэн боломжтой болчихож байгаа юм. Европын сэргээн босголтын банк зэрэг том хөрөнгө оруулагчдын санхүүжилтийг зогсоох эрсдэлтэй болчихож байгаа юм. Шууд эрсдэл нь ийм. Хоёрдугаарт, Европын холбоо гээд маш том тоглогчоос Монгол Улс найдваргүй гэсэн дохиог олон улсад өгчихөж байна. Олон улсын зах зээл сигналиар ажиллана. Энэ дохио аль хэдийнэ явчихсан. Зах зээлд дохио маш үүрэгтэй.

ФАТФ болон Европын холбооны жагсаалт дээр ч тодорхой зөвлөмжүүд байгаа. Нэгдсэн стандарт мөрдүүлэх гээд байгаа юм. Тэр хүрээнд банк санхүү хууль эрх зүйн салбарт дагаж мөрдөх шаардлагыг хангаж ажиллах ёстой. Дагаж мөрдөх хууль эрх зүйн шинэчлэлтийг Их хуралд бүрэн эрх мэдэл нь байсан ч хийсэнгүй. Түүнчлэн төр нь, дипломат албан хаагчид нь хар тамхины хэрэгт холбогдож байхад дотооддоо хариуцлага тооцож чадахгүй байна. Бараг л дипломатчууд нь Монголдоо ирээд тушаал дэвшээд явж өглөө. Хар тамхины наймааг Монголын төр хийгээд байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлээд байгаа юм. Монгол Улс олон улсын тавцан дээр эерэг имиж бүрдүүлж, хөрөнгө оруулалт татна. Авлига хээл хахуулийн хэрэгт өнөөдөр бодитой шийдвэр, дорвитой арга хэмжээ авсан зүйл алга. Монголын төр хариуцлага тооцдоггүй юм байна гээд хар жагсаалтад оруулчихлаа. Нэгэнт л бид гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, олон улсын худалдаанд оролцож тоглоё гэж байгаа бол олон улсын дүрэм журмаар тоглож сурмаар байна. Дэлхийд бид найдваргүй түнш гэх ойлголт төрүүлчихлээ.

Европын холбооноос манай улсыг хар жагсаалтад оруулах шийдвэр гаргасантай холбогдуулан эдийн засгийн хямралыг даамжруулахгүйн үүднээс уг асуудалд онцгой анхаарч, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох талаар Ардчилсан намаас хариуцлага тооцох хэрэгтэй гэх мэдэгдэл хүргүүлсэн. АН Засаг барьж байхад ФАТФ-ын саарал жагсаалтаас гарч байсан түүхтэй шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Мөнхцэцэг: Томсгосон тойргийн сонгууль намуудын дотоод эв нэгдлийг сорьсон том шалгуур болно

Стратеги академийн захирал, доктор Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-Энэ жилийн УИХ-ын сонгууль томсгосон мажоритар системээр явуулахаар болсон. Энэ тогтолцоо манай хөрсөнд хэр буух вэ?

-Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш нийт долоон удаагийн УИХ-ын сонгууль явуулсны дөрвийг нь нэг мандаттай 76 тойргоор явуулсан байдаг. Энэ систем нь сонгогч ба сонгогдсон УИХ-ын гишүүн хоёрыг байнгын холбоо харилцаатай байлгаж, сонгогчдынхоо эрэлт хэрэгцээг УИХ дээр мэдээлж, төрийн бодлогод тусгах бололцоо олгодог давуу талтай. Гэсэн хэдий ч өнгөрсөн жилүүдийн туршлагаас харахад жижиг тойргийн явцуу сонирхлыг түлхүүд тавих, төсвийн нэгдсэн бодлогыг алдагдуулах явдал ямагт гарч ирсэн. Тийм учраас тойргийг томсгох, болж өгвөл Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу баруун, зүүн, төв, хангайн, Улаанбаатарын гэж бүсчилсэн тойргуудад хувааж, сонгууль явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг.Ингэж байж улс орны хөгжлийг макро түвшинд зангидаж явах боломж нээгдэнэ. Гэвч өнөөдрийн нөхцөл байдалд бүсчилсэн тойргийн системийг хуулинд тусган нэвтрүүлэхэд зохион байгуулалтын болон бусад бэлтгэл ажил хийж амжихгүй учраас гишүүд маань энэ удаа томсгосон тойргийн тогтолцоог сонгож авсан болов уу гэж харж байна. Энэхүү томсгосон систем нь 2008 онд хэрэглэж байсан бөгөөд сонгогчид хэд хэдэн хүнд саналаа өгөх боломжтой хувилбар юм. Хүн амын тооноос хамааруулан энэ удаа улсын хэмжээнд хоёр ба гурван мандаттай тойргуудыг байгуулсан байна.

-Энэ тогтолцооны давуу тал болон сул талыг дурдвал?

-Сонгуулийн систем бүр давуу ба сул талтай. Томсгосон системийн гол давуу тал бол өмнө дурдсанаар тойргийн явцуу ашиг сонирхлыг даван туулах хөгжлийн нэгдсэн бодлогыг түлхүү тавих боломжийг олгодог явдал. Хоёрдугаарт, давуу тал нь сонгогчдод сонголт хийх боломж олгодог систем юм. Өөрөөр хэлбэл, жижиг 76 тойргийн үед сонгогч ганцхан л сонголт хийдэг бол олон мандаттай системийн үед сонгогч зөвхөн аль нэг нам, нэр дэвшигчийн төдийгүй өөр нам, нэр дэвшигчдийн төлөө саналаа өгөх боломжийг нээдэг. Томсгосон системийг хэрэглэж буй бусад улсын туршлагаас харахад олон мандаттай томсгосон системийн үед сонгогчдын оролцоо хамгийн өндөр түвшинд байдаг аж. Учир нь энэ системийн үед сонгуулийн бүх үйл явц энгийн иргэдэд ойлгомжтой байдаг учраас сонгогчдын сонголтыг их хялбар болгодог ажээ. Судлаачдын онцолдог дараагийн нэг давуу тал бол томсгосон систем болон пропорциональ системийн үед эмэгтэй нэр дэвшигчдийн сонгогдох боломж нэмэгддэг явдал. НҮБ, Олон улсын ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх байгууллага (IDEA) зэрэг олон улсын байгууллагууд эмэгтэйчүүдийн парламент дахь төлөөллийг нэмэгдүүлэхийн тулд том тойрог юмуу пропорциональ тогтолцоог санал болгодог. Жишээ нь, Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад хийсэн судалгаанаас үзэхэд олон мандаттай тойрог бүхий сонгуулийн системтэй улсад эмэгтэйчүүдийн парламентад сонгогдох боломж өндөр байсан. Хэдий тийм боловч мажоратори систем улс оронд хүчний төвлөрлийг бий болгодог. Улс төрийн намуудын зөвшилцлийн үйл явцыг нэмэгдүүлдэг. Хэт туйлшрамтгай, үндсэрхэг намуудыг хязгаарладаг. Мөн сонгогч саналаа өгөхөд амар хялбар байдаг. Хүнийг нь харж сонгоно гэдэг Монголын сонгогчдын сэтгэл зүйн онцлогтой таардаг систем юм. Мөн намууд олон мандаттай тойрогт нэр дэвшигчдээ уралдуулахдаа нийгмийн төлөөллийг тэгш оролцуулах тал дээр анхаардаг явдал юм. Харин нэг мандаттай жижиг мажоритар системийн хувьд нам тухайн тойрогт л ялалт байгуулж мандатаа авах хүнийг нэр дэвшүүлэхээс биш нийгмийн төлөөллийг хангахыг эрмэлздэггүй. Олон мандаттай томсгосон систем нь нэг нам парламентын суудлын үнэмлэхүй олонхыг авч тогтвортой Засгийн газар бүрдүүлэх боломж өгдөг. Энэ мэт давуу талтай ч мөн сул талууд бий.

-Нөгөө мөнгөний сонгууль гэх зүйл нь багасах уу?

-Тойргийн хэмжээ томорч байгаа тул тэр хэмжээгээр нэр дэвшигчдээс мэргэжлийн өндөр түвшинд, олон сонгогчдыг хамарсан сонгуулийн кампанит ажил явуулахыг шаардана. Тухайн тойрогт нэг намаас нэр дэвшигчид сонгуулийн зардлаа хамтдаа бүрдүүлдэг тул нэг нэр дэвшигчээс гарах зардлыг бууруулж эцсийн дүндээ сонгуулийн зардлыг бууруулахад эерэг нөлөөтэй. Томсгосон тойргийн сонгууль намуудын дотоод эв нэгдлийг сорьсон том шалгуур болно. Хэрэвзээ тухайн тойрог дээр намын нэгдсэн сурталчилгаа хийх боломжгүй юмуу нам нь дотроо эв нэгдэлгүй байгаа үед нэр дэвшигчээс гарах хүч чармайлт, санхүү ихээхэн шаардана. Улс төрийн намуудаас дотоод зохион байгуулалт, эв нэгдэл, хамтын ажиллагааг шаардаж, ингэж чадаагүй намд ихээхэн бэрхшээл учруулах байх.

-Нам дотроо өрсөлдөх, нөгөө намын нэр дэвшигчтэй үгсэн хуйвалдах гээд сөрөг зүйлс дуулдаж байдаг…

-Энэ бол яах аргагүй өнгөрсөн жилүүдийн, тухайлбал 2008 оны болон 2012 оны УИХ-ын сонгуулиудын үеэр бүх л намд гарч байсан сул тал. Нам дотроо хуваагдах, өрсөлдөгч намын нэр дэвшигчтэй хуйвалдах зэрэг явдал гарч байсан. Энэ байдлыг хязгаарлах үүднээс 2020 оны УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 36 дугаар зүйл дээр намаас нэр дэвшигчид тусдаа штабтай байхыг хориглож нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага л нэгдсэн байдлаар намын сонгуулийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахаар хуульчилсан юм. Өөрөөр хэлбэл, намын нэгдсэн штаб тухайн тойрог дээр байгуулагдаж ажиллахаас бус нэр дэвшигч тусдаа штаб байгуулан ажиллах боломжгүй болсон.

-Түүнчлэн олон мандаттай томсгосон тойргоор сонгууль явуулсан тохиолдолд сонгогчдын тэгш эрх зөрчигддөг гэх зүйл яригддаг…

-Ерөөс мажоритар системийн гол сул тал нь, хүчний харьцааг бодитоор тусгадаггүй, сонгогчдын саналыг гээдэг явдал. Харьцангуй бага саналын зөрүүгээр сонгуульд үнэмлэхүй олонхын санал авах боломж гардаг. Бас нэг асуудал нь төлөөллийн зарчимтай холбоотой. Парламент хүн амын төлөөлөл байх уу, газар нутгийн төлөөлөл байх уу гэдэг асуудал юм. Парламент сонгогчдыг хэрхэн төлөөлөх вэ гэдэг асуудал нь нэлээд ярвигтай. Ганц Монголд өнөөдөр тулгамдаад байгаа ч юм биш, бусад улс орнууд нэгэн цагт энэ асуудлаар мөн адил маргаан мэтгэлцээн өрнүүлж байсан асуудал билээ.Парламентын төлөөллийн зарчим нь парламент хүн амын төлөөлөл байх ёстой юу, тойрог буюу газар нутгийн төлөөлөл байх ёстой юу гэдэг маргаантай хоёр байр суурийн алин дээр нь тухайн улс сонголт хийснээс хамаарч парламентын бүтэц өөр өөрөөр бүрддэг онцлогтой. Анхны бөгөөд сонгодог утгаар бол парламент иргэдийн төлөөлөл байх ёстой юм. Парламентын мөн чанар нь нүсэр биш аппараттай, гэхдээ ард түмнийг төлөөлөх чадвартай байх нь зүйтэй гэж засаглал хуваарилах онолыг анхлан сэдэж хэрэгжүүлсэн сэтгэгчид үзэж байлаа. Энэхүү сонгодог онолын дагуу парламентын төлөөлөлд тэгш байдлын буюу хувь тэнцүүлэх зарчим үйлчилнэ. Тэгш байдлын зарчим гэдэг нь улс орны хүн амын тоонд дүйцүүлэн парламентын гишүүдийн тоог тогтоох, парламентын гишүүн бүр тэгш тооны сонгогчийг төлөөлөх явдал юм. Парламентын гишүүн бүр тэнцүү тооны иргэдийг төлөөлнө гэдгийг сонгогчдын байр сууринаас авч үзвэл сонгогч бүр эрх ашгаа хамгаалуулах, төрийн бодлогод дуу хоолойгоо хүргэхийн тулд өөрийг нь төлөөлсөн парламентын гишүүдтэй байна гэсэн утга илэрхийлнэ. Энэ зарчмын дагуу тухайн сонгогч том хотод уу, алслагдсан бүс нутагт амьдарч байна уу гэдгээс үл хамааран хууль тогтоох байгууллагад тэгш төлөөлөлтэй байна. Нөгөө талаас сонгогч бүрийн санал төрийн бодлогод адил жин дарж байх ёстой. Гэвч улс орнуудын газар нутгийн онцлог, үндэстэн угсаатны бүтэц, хүн амын тархан суурьшсан байдлаас хамаараад парламентын гишүүн бүр ижил тооны сонгогчийг төлөөлөх боломж харилцан адилгүй байж ирсэн юм. Парламент зөвхөн хүн ам, нийгмийн бүтцийг тусгаад зогсохгүй улс орны газар нутгийг төлөөлөх ёстой гэсэн хоёр дахь байр суурь парламент үүсэн хөгжсөн хоёр, гурван зуугаад жилийн турш л хүчтэй байж ирсэн. Ялангуяа АНУ гэх мэт түүхэн уламжлалын хувьд холбооны байгууламжтай, бүс нутаг, мужуудын хооронд ихээхэн ялгаатай байдаг улсуудад энэ хандлага улс төрийн тогтолцоонд хэрэгжиж ирсэн байдаг. Хууль тогтоох байгууллагад газар нутгийн тэгш төлөөллийг хангах гол механизм бол хоёр танхимтай парламент юмуу мажоритар систем байдаг. Парламентын доод танхим нь сонгогчдын тэгш төлөөлөл, нийгмийн бүтцийг хангах зорилготой байдаг бол дээд танхим нь газар нутгийн буюу муж улсуудын төлөөллийг хангах байдлаар бүрэлддэг юм. 2015 оны байдлаар парламент бүхий дэлхийн улс орнуудын бараг тэн хагас нь хоёр танхимтай парламенттай байна. Харин Монгол улсын хувьд нэг танхимтай парламенттай учраас газар нутгийн төлөөллийг хангахын тулд мажоритар системийг сонгон авсан. Өргөн уудам газар нутагтай, хүн ам сийрэг, тэр дундаа сүүлийн жилүүдэд хязгаар нутгийн ард иргэд төв суурин газар руу шилжин суурьших хөдөлгөөн ихэд нэмэгдэж байгаа нь хил хязгаарын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж хүн ам зүйн, эдийн засгийн сөрөг үр дагавруудыг бий болгож байна. Тийм учраас бид хөдөө орон нутаг, алслагдсан хүн багатай сум, суурингуудыг төрийн бодлогоор дэмжиж тойргуудын мандатыг цөөлөхгүй байхаас өөр аргагүй.


Categories
мэдээ цаг-үе

Р.Гончигдорж: Зарим сайдыг УИХ-ын гишүүнээс чөлөөлүүлээд, заримыг нь шинээр томилоод явчихад асуудалгүй дээ

Монгол Улсын дэд Ерөнхийлөгч, Улсын бага хурал, УИХ-ын дарга асан Р.Гончигдоржтой ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт энэ сарын 25-наас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан эрх зүйн нөхцөл байдал ямар болох вэ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон энэ нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль 2019 оны арваннэгдүгээр сард батлагдан уг нэмэлт өөрчлөлт энэ сарын 25-нд дагаж мөрдөгдөх гэж байна. Үндсэн хуулийн дагуу УИХ-ын сонгууль болохоос өмнө зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй гэж заасан байдаг. Хэдийгээр баталсан өдөр нь ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө боловч хэрэгжих хугацаа нь сонгуулиас нэг сарын өмнө байгаа нь дээр дурдсан Үндсэн хуулийн заалтын агуулгатай зөрчилдөж байна. Энэ байдлаас үүсмэл бэрхшээлгүй эрх зүйн зөрчлүүд энэ сарын 25-наас хойш гарах болно. 1999 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг ээлжит сонгуулиар байгуулагдах УИХ-ын бүрэн эрх эхэлсэн өдрөөс дагаж мөрдөхөөр хийж байсан юм. Энэ нэмэлт өөрчлөлтийг хачирхалтайгаар ҮХЦ хүчингүй болгосон ч 2000 онд дараагийн УИХ-аар үг үсгийн зөрүүгүй дахин батлагдаж шууд мөрдөгдсөн түүх бий. 1992 оны Үндсэн хууль 2000 онд оруулсан нэмэлт өөрчлөлт, саяны нэмэлт өөрчлөлт нийлээд Монгол Улсын Үндсэн хууль мөн. 1992 онд баталсан БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай Монгол Улсын хавсралт хууль, мөн саяны 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд батлагдаж 2019 оны арваннэгдүгээр сарын 26-наас дагаж мөрдөгдсөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль хоёр нь Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй. Гэтэл эдгээрийн хооронд зөрчилтэй заалтууд бий болчихлоо.

Үндсэн хуулийн хэмжээн дэх дотоод зөрчил үүслээ. Тавдугаар сарын 25-наас хойш энэ зөрчил гадагшилж хууль тогтоомж тодорхой бүрэн эрхүүдийн хүрээнд гарч ирэх болно. Хуулийн хийдлийг бий болгоно. Үндсэн хууль зөрчсөн гэх олон маргаан дагалдуулна.

-Ямар зөрчлүүд дагуулах бол. Тухайлбал?

-Хамгийн тодорхойгоос нь хэлье. Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 1-д Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр… бүрнээ нийцсэн байвал зохино.

1992 оны дээр дурдсан хавсралт хуулийн 5 дугаар зүйлийн 4-т Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөнхүү Үндсэн хуульд харшилсан хууль болон эрх зүйн субьект, тэдгээрийн заалтыг хүчингүй болсонд тооцно гэж заасан байдаг. Гэтэл 2019 оны дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэлх хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө гэж заасан нь шууд зөрчил болж байна. Үүнээс үүдээд Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4-т Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгоно гэж өөрчлөлт оруулснаас үүдэн хуулийн зөрчил хийдэл болон зарим албан тушаалтны бүрэн эрхтэй холбоотой маргаан зөрчлүүд гарч ирнэ. Ер нь энэ дагаж мөрдөхөд шилжих тухай хуулиа 1992 оны хавсралт хууль шиг гарч болох зөрчил хийдлээс бүрэн ангид байхаар нарийвчлан хийх ёстой байсан юм.

-Энэ сарын 25-наас Засгийн газар эрх зүйн чадамжтай байх уу?

-Энэ бол хамгийн амархан эмчлэгдэх асуудал. Энэ сарын 25-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайдуудаа УИХ, Ерөнхийлөгчид танилцуулж УИХ-д тангараг өргүүлээд өөрөө томилох эрхтэй болно. Мөн Сайд нар нь солигдсон ч Засгийн газар огцрохгүй. Хуучин тал нь нэгэн зэрэг огцроход Засгийн газар огцордог байсан. Тиймээс зарим сайдаа УИХ-ын гишүүнээс нь чөлөөлүүлэх заримыг нь сольж шинэ сайд томилоод л явчихад асуудалгүй. Дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүний албаа хавсарч гүйцэтгэх ёстой. Уг нь УИХ-ын гишүүн сайдын албыг хавсардаг болохоос сайд нь УИХ-ын гишүүний албыг хавсардаггүй юм шүү дээ. Мөн л үгийн агуулгын зөрчил. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэх л байсан юм. УИХ-ын гишүүн чинь аль нэг албаны хавсаргад явдаг биш, нийтэд ард түмний элч юм.

-Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн талаар та хоёр ч маргаан үүсгэсэн. Нэгийг нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц зөвшөөрсөн. Сонгуулийн хуулийн талаар таны бодол ямар байна вэ?

-Иргэн Э.Төмөрбаатартай хамт ҮХЦ-д сонгуулийн хуульд улс төрийн намын сонгуульд оролцох эрхийг байгуулагдсан хугацаагаар хязгаарласан, сонгогч мандатын тооноос дутуу санал өгснийг хүчингүйд тооцсон нь тус тус Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн мэдээлэл гаргасан юм. Цэцийн гишүүн Д.Солонго хоёр асуудлаар Үндсэн хуулийн зөрчлийн хэрэг үүсгэсэн. Гэтэл дунд суудлын хуралдаанаараа ҮХЦ эхний асуудлыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзээд тухайн заалтуудыг түдгэлзүүлсэн. Харин хоёр дахь асуудлын хувьд сонин юм болсон. Хуралдаан дээр Цэцийн гишүүн Туулхүү хэрэг үүсгэснийг эргэж хэлэлцэх горимын санал гаргаад Д.Солонго гишүүний үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Анх удаа л ийм зүйл үзлээ. Хэрэв ингэж болдог юм бол яагаад их суудалд нь гомдол гаргаж хянуулж болдоггүй юм. Хэн ч бодсон сонгогч нэгийг нь дэмжээд нөгөөдүүлийг нь дэмжихгүй байж болно биз дээ. Гэтэл тэр дэмжсэн хүнд өгсөн саналаа хүчинтэй болгохын тулд санал өгөхгүй хоёр хүнд хүчээр санал өгөх ёстой гэж. Гурван мандаттай тойргийг жишээ авч үзье. Гурван мандаттай тойрогт А гэх нэр дэвшигч 74 хувийн дэмжлэгтэй байв. Харин Б намыг 26 хувь нь дэмждэг. А нэр дэвшигчээ дэмжигч 74 хувийн саналаа хүчинтэй болгохын тулд Б намын аль нэг хоёрт хүчээр санал өгнө. Ингэхээр нөгөө нам маань ялаад А маань ялагдана. Энэ сонгуулийн хууль мандатад тултал нь дэвшүүлж саналаа багцалдаг том намуудад ашигтай. Бие даагчид болон жижиг намууд энэ жишээнээс хараад тактикаа боловсруулах хэрэгтэй болж дээ. УИХ-ын бие төлөөлөгч ҮХЦ-д гаргасан тайлбар дотроо дутуу дугуйлсныг зөвшилцөх нь намын эв нэгдэлд хортой гэж үзсэнээ тэмдэглэсэн байсан. Энэ байдлыг хэлээд батлаад байх шиг.

-Ирэх сонгуулийг хойшлуулах эсэх тал дээр таны байр суурь ямар байна?

-Хоёр зүйлд л анхаарч байна. Нэгд, сонгууль болоход цар тахлын дэгдэлтийн эрсдэл их байсаар байна. Хоёрт, хорио цээрийн дэглэмийн үед сонгууль чөлөөтэй шударга болж чадах магадлал бага байна. Ерөнхийлөгч сонгуулийг хойшлуулах тухай санал гаргаж байхад нэг хэсэг нь бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх гэсэн санаатай байна гэж шуугьсан даа. Энэ нь сонгуулийн хуулийн 9.4-д Монгол Улсын Үндсэн хуулийн 25дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол УИХ ээлжит сонгуулийг хойшлуулж болно гэсэн заалттай холбоотой. Энд заасан хоёр онцгой нөхцөл нь онц байдал зарласан, дайны байдал зарласан гэсэн төвлөрсөн хатуу дэглэм тогтоогддог нөхцөл байдал юм. Гэтэл сонгуулийн хуулийн энэ зохицуулалт нь 22.1-д Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг хамарсан гэнэтийн аюул тохиолдсон… зэрэг онцгой нөхцөлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл арилж шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэсэн заалтыг явцууруулсан Үндсэн хууль зөрчсөн заалт байгаа юм. Миний хувьд Үндсэн хуулийнхаа 22.1-ийг үндэслэн сонгуулийг хойшлуулмаар л байна даа. Нэр дэвшилт эхлэхээс өмнө. Баахан хувийн болон төсвийн мөнгө зарчихаад гэнэт хүнд онцгой нөхцөл байдалд орж сонгуулийг зогсоохоос аргагүй байдалд хүрэх вий дээ. Монгол Улсад маань анхны чөлөөт ардчилсан бүх нийтийн сонгууль болсны 30 жилийн ой энэ 7 дугаар сард тохиож болно. Сонгогчид бүрэн эрх чөлөөтэй баяр хөөртэй сонгуульдаа оролцож нэр дэвшигчид бүх талаар адил тэгш нөхцөл дор сонгуулийн сурталчилгаагаа явуулж байсныг тодхон санаж байна. Энэ удаагийн сонгууль тийм л тайван нөхцөлд шударга сонгууль болоосой гэсэндээ хэлж байгаа юм.

Харин энэ сунгасан хугацаандаа УИХ, Засгийн газар, Үндсэн хуулийн нэмэлттэйгээ холбоотой хуулиа цэгцлээд цар тахлын тархалтаас сэргийлэх, иргэд ААН эдийн засагтаа учирсан хохирлоо арилгах, сэргэлтийг хангахад чиглэсэн ажлаа хиймээр байна. Сонгууль хойшлохгүй байсан ч Үндсэн хуулийн нэмэлтээр 75 ажлын өдөр чуулган үргэлжлэх болохоор сонгуулийн үеэр ч завсарлах эрхгүй бөгөөд 39 гишүүн дэмжиж хууль батлах тул ирц өндөртэй байж энэ ажлуудаа амжуулах хэрэгтэй.

-АН-ын лидерүүд болох Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нар бие дааж нэр дэвшихээ илэрхийллээ. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-АН-аас тэднийг нэр дэвшүүлэхгүй байна. Заримыг нь АН-аас хөөсөн, хассан байна. Өнөөдөр чадалтай шинэ залуучууд, туршлагажсан улстөрчид Ардчилсан намаас нэр дэвшиж чадахгүй байгаа нь түгээмэл байна. Нэг талаас 100 сая төгрөгтэй холбоотой байх. АН-ын тухай ярихад би өнөөдөр саналын эрхгүй гишүүн. АН-ын ихэнх гишүүд саналын эрхгүй. Дүрмээрээ тийм болгочихсон. Заавал татварт мөнгө төлж байж саналын эрхтэй болдог. Дээшээгээ нам дотроо заавал мөнгө төлж сонгуульд орно. Орсныхоо дараа их хэмжээний мөнгө төлж байж тэндээ байна. Мөнгөөр гишүүнийхээ эрхийг эдэлнэ, мөнгөөр удирдах эрх мэдлийг эдэлнэ. Мөнгөөр нэр дэвшин ийм байдал руу орж байгаа нь миний Ардчилсан нам биш. Миний нам гэж харагдахгүй байна.

-Тэрийг сонгуульд гаргахгүйн тулд би тэнд нь очиж нэр дэвшинэ гэж ярих боллоо. Улс төрийн хонзон уу. Энэ бүхэн улс төрийн ямар үр дагавар авчрах вэ?

-Энэ хүний дэвшсэн тойрогт би очиж дэвшинэ гэдэг УИХ-д гарч болохгүй хүн гэж үзсэн санаа юунаас болов гэдгийг харах ёстой. Өс хонзон болгож унагах гээд байгаа юм уу. Ийм хүн УИХ-д дахиж гарах нь монгол төрд хохиролтой гэж үзэж байна уу гэх зэрэг зүйл яригдах байх. Ямар ч үед төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байхдаа өс хонзонгоор битгий ашиглаасай гэж боддог. Өнгөрсөн 30 жилийг бүхэлд нь харлуулдагт би дургүй. Лидерүүд гээд хаяж болохгүй. Юмыг үгүйсгэж хэзээ ч гарч ирдэггүй юм. Авах гээхийн зарчим дээр түүнийг үргэлжлүүлж л гарч ирэх ёстой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Эрдэнэ: МАН-ыг төсвийн мөнгөөр сонгуульд оролцоно гэж хардаж байна

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.


-СЕХ-ноос Ардчилсан нам сонгуульд оролцох эрхийн батламжаа гардаж авлаа. АН сонгуульд хэрхэн оролцох вэ?

-АН сонгуульд хууль дүрмийн хүрээнд оролцох эрхээ авлаа. Үндэсний аудитын газраас АН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хуульд нийцэж байгаа гэх дүгнэлт гарсан. Одоо сонгуулийн ажил эхэлнэ. Үндэсний хэмжээний том намын хувьд АН энэ сонгуульд ялалт байгуулах зорилготой орж байгаа. Ганц нэг суудлын төлөө ороогүй. Бид өнөөгийн эрх барьж байгаа нам өнгөрсөн дөрвөн жил яаж ажилласан билээ. Нэгдүгээрт, эрх барьж байгаа намтай сонгогчдын нэрийн өмнөөс хариуцлага тооцох, дөрвөн жилийн турш ёс зүйгүй байсных нь төлөө хариуцлага нэхэх ёстой. Улс төрийн үйл явц гэдэг нэг хоёр хүний хоорондын хувийн харилцаа биш, улс орны нийгэм, эдийн засгийн үйл явц. Өнөөдөр улс орны эдийн засаг ямар нөхцөл байдалтай байгааг иргэд харж байгаа. Цар тахлын энэ үед улам илүү үүрэг хариуцлага хүлээж ажиллах ёстой. Гэтэл эрх баригчид тэр хэмжээнд чадахгүй байна. Цар тахлын тархалт манайд харьцангүй бага байна. Хамгийн гол нь цар тахлыг дагаж гарах нийгэм эдийн засгийн сөрөг үр дагаврыг тооцох ёстой. Одооноос сөрөг үр дагаврыг арилгах, үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй. АН хэдий сөрөг хүчин ч гэсэн коронавирус цар тахлын аюулыг хэрхэн давж гэтлэх, нийгэм эдийн засгийн үр ашигтай хөтөлбөр зорилтуудыг авч хэрэгжүүлэх талаар зургаан удаагийн саналыг эрх баригчдад хүргүүлсэн. Харамсалтай нь одоо болтол нэгийг нь ч авч хэлэлцээгүй. Төсөв хөрөнгө, эдийн засгийн даван туулах чиглэлтэй холбоотой асуудлаар хэд хэдэн томоохон хөтөлбөр, хуулийн төслийг санаачилж өргөн барьсан. Хэлэлцүүлэгт оруулаагүй л байна. Ерөнхий сайд нь долоон нэр төрлийн 5.1 их наяд төгрөгийн төсөв хэрэгжүүлнэ гээд зарлаад амласан. Гэтэл сар гаруй хугацаанд дорвитой хэрэгжсэн арга хэмжээ, алхам хийгдсэнгүй. НДШ-ийг чөлөөлнө, хөнгөлнө гэсэн нь янз бүр өөрчлөгдсөөр анхны амлалт нь тэс өөр болоод хувирчихлаа. 200 мянган малчин өрхүүд дэмжих үүднээс 300 тэрбум төгрөгийн худалдан авалт хийнэ гэсэн. Төр өөрөө зах зээлийн харилцаа руу хэт хөндлөнгөөс оролцоод малчдад хүлээлт үүсгэж байна. ХХААХҮ-ийн сайд ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна гээд зарлачихсан. Жамаараа явж байсан ноолуурын арилжаа бүгд зогссон.

-Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн талаар та ямар байр суурьтай байна?

-Ерөнхийдөө олон түмэнд эрх бүхий байгууллага маш том төсөл хөтөлбөр хууль гаргаж арга хэмжээ авч байгаа дүр зураг харуулах гэж л оролдсонтой адил болчихлоо. Тэртэй тэргүй өөр бусад хуульд бий зүйл заалтыг давхардуулж авчраад нэг л том ажил хийж байгаа юм шиг харагдах гэсэн үйл ажиллагаа. УИХ-ын хэнтэй ч үл хуваалцах онцгой эрх бол төсвийн эрх мэдэл байдаг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийг Их хурлын дөрвөн удаагийн хэлэлцүүлэг хийж баталдаг. Яг тэрэнтэй адилхан хэмжээнд авч үзэж Төсвийн тухай хуулийг баталдаг. Төсвийн тухай хуулийг дөрвөн удаа хэлэлцэж баталдаг. Ийм онцгой хуулийн эрх мэдлийг Засгийн газарт олгож байгаа нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болж байгаа юм.

-АН-ын мөрийн хөтөлбөрийн онцлогоос дурдвал…

-Бид нийгмийнхээ суурь гол бааз болсон өрх гэр бүлээ дэмжиж байж улс орны хөгжил харагдана гэж үзэж байгаа. Хэрвээ Монгол Улсыг хөгжүүлье гэж бодож байгаа бол хамгийн эхлээд өрх гэр бүлээ хөгжүүлэх, чинээлэг болгох ёстой. Үүн рүү чиглэсэн хөгжлийн бодлогыг бид хэрэгжүүлж байж улс орны суурийг тавьж чадна гэж харж байгаа.

-Ардчиллын анхдагчдын нэг болох Э.Бат-Үүл, Н.Алтанхуягаас эхлээд бие дааж нэр дэвшихээ илэрхийлсэн. Энэ тухайд таны бодол ямар байна?

-Хувь хүний суурь эрх сонгох, сонгогдох эрх. Нэгэнт энэ хүмүүс өөрсдөө нарийн асуудлын нюанс сайн муу бүх талыг маш сайн ойлгож байгаа хүмүүс. Нэгэнт өөрсдөө бие даасан шийдвэрээр гаргаад явж байгаа. Би тэр хүмүүсийг зөвтгөөд эсхүл буруутгах нь зохимжгүй. Шулуухан хэлэхэд аливаа улс төрийн намд орохдоо улс төрийн намаар дамжуулж улс төрд зорьж байхдаа хүн үзэл баримтлал үнэт зүйлээ эрхэмлэж явдаг. Гэтэл тухайн хувь хүн ямар нэг эрх мэдэлд хүрэхийн тулд, сонгогдохын тулд үзэл баримтлал үнэт зүйл рүүгээ нулимж болохгүй л дээ. Тиймээс энэ хүмүүсийг яаж ч зөвтгөж бодох гээд бодол төрөхгүй байна. АН бол 200 гаруй мянган гишүүнтэй үндэсний хэмжээний том нам. Хэн нэгэн хүн орлоо, гарлаа гээд алдах зүйл харьцангүй бага.

-АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа бие дааж нэр дэвшинэ гэсэн үү?

-Өөрөө сонголтоо хийгээд, нэр дэвшихээ зарлаад явлаа.

-Энэ жил АН-ын сонгуульд хүч үзүүлэх хүмүүсийн ихэнх нь залуу боловсон хүчин байна уу гэж харагдаж байна. Та залуу хүмүүсийг түлхүү дэмжиж нэр дэвшүүлэх бодолтой байгаа юу?

-Зарим нь байр сууриа тавьж өгөх дургүй байна. Аливаа зүйлд халгаа сэлгээ шинэчлэлт өөрчлөлт гэх зүйл заавал байх ёстой. Үндэсний бодлогын хороонд нийт бүрэлдэхүүний 60 гаруй хувь нь дандаа залуучууд орж ирсэн. Түүнээс 40 гаруй хувь нь эмэгтэйчүүд орж ирсэн. Түүхэндээ ийм байгаагүй шүү дээ. Залуу үеийн төлөөлөл манай намын төлөөллийн төв байгууллагад түлхүү орж ирсэн. Нэр дэвшихээ илэрхийлсэн хүмүүсийн 80 орчим хувь нь дандаа шинэ залуу хүмүүс байна.

-Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилогч нь намдаа 100 сая төгрөгийн хандив өгсөн байх ёстой гэж байгаа. Харин эрх баригч нам нэр дэвшигчдээсээ ямар ч мөнгө төгрөг хураахгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ тухайд?

-Төрийг төвхнүүлнэ, төрийн эрх барих дээд байгууллагыг бүрдүүлж бий болгоно гэдэг маш чухал ажил. Аливаа улсын тусгаар тогтнол, хөгжлийн удирдлагыг авч явах бүрэлдэхүүнийг бий болгоно гэдэг тухайн улсын тусгаар тогтнолтой эн тэнцэх хэмжээний асуудал. Сонгууль гэхээр ач холбогдол өгдөггүй. Хэдэн амбицтай нөхдүүд өрсөлдөөд явж байгаа юм шиг ойлгоод байна. Тэр хүмүүс чинь дараа нь чи бидний амьдрал, хувь заяаг шийднэ. Улс орны хөгжил, хөгжлийн бодлогыг тодорхойлно. Зөв хүмүүсээр төрөө бүрдүүлж чадна гэдэг хөгжлийн нэг боломжийг бий болгож байгаа юм. Өнгөрсөн хугацаанд нэг ч хууль санаачилж үзээгүй дөрвөн жил өнгөрөөж байгаа гишүүнийг хараад би гайхдаг. Хэн нэгнийг муу хэлэх гэж байгаа юм биш. Дэлхийн аль ч улс оронд хөрөнгө мөнгө зарцуулахгүй сонгууль хийдэг улс орон байхгүй. Эрх баригчдын хувьд нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөгийн татвар авахгүй сонгуульд орно гэж байна. Сонгогчдыг доромжилж байгаа сонгодог доромжлол. Сонгогчдыг тэнэг гэж харж байгаа байхгүй юу. Тэгээд хэлчихээр итгэх юм гэнэ. МАН-ын лидерүүдийн хэлдэг дуртай үг байдаг шүү дээ. Ард түмэн гэдэг юу ч бичээгүй цагаан цаас юу ч хэлсэн яадаг юм гэж хэлж байсан. Тийм зарчмаар хандаж байгаа юм.

АН улс төрийн намууд дундаа шинэчлэлийн манлайлал харуулах гэсэндээ муу сайн хэлүүлээд явж л байна. Үеийн үед улс төрийн намуудыг хамгийн гол буруутгадаг зүйл нь санхүүжилт байсан. Асар их хэмжээний мөнгө угаалаа, луйвар хийлээ гэж сүүлийн 30 жил мууллаа. Яагаад АН санхүүжилтээ ил тод босгож байна гээд ярихаар буруутан болчихоод байгаа юм. Анх би санал оруулахдаа татварыг 50 саяар оруулсан. Харин намын гишүүд дотроосоо саналаа гаргаад 100 сая байх нь зөв юм байна гэж үзсэн. Бас нэг шалгуур нь 100 сая төгрөгийн татварын эх үүсвэрээ тодорхойлно. Нотлох баримттай татвараа бүрдүүлэх юм. Манай намын нэр дэвшихээ илэрхийлсэн хүмүүс нэг ширхэг ч төрийн албан хаагч байхгүй. Тэр татвараа төлөхдөө ямар нэгэн төсөв мөнгөтэй холбоотой нэг ширхэг хөрөнгө санхүүжилтийг олж ирээгүй. Үүгээрээ санхүүгийн эх үүсвэр цэвэр. Эрх баригчид яаж сонгуульд оролцох юм. Цар тахлаар далимдуулж маш их хөрөнгө мөнгийг сайн үйлсэд зарцуулж байгаа мэтээр баруун солгойгүй цацаж байна. Эрх баригчид сонгуульд оролцох санхүүжилтээ ил тод зарлах ёстой. Надад хардах эрх байгаа. Би МАН-ыг төсвийн мөнгөөр сонгуульд орох гэж байна гэж харж байгаа. МАН-ын Нийгмийн даатгал, Хүн амын орлогын албан татвар нь зүсээ хувиргачихлаа. Ноолуур нь дампуу бодлого болж хувирлаа. Малчдыг дэмжих биш хорлосон үйлдэл болчихлоо. Аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа нь доголдсон газарт мөнгөн тусламж үзүүлнэ гэж байгаа. Үйл ажиллагаа нь доголдсон гэх тодорхойлолтыг хэн өгөх юм. Өчнөөн ААН байгууллага үйл ажиллагаа нь зогсчихлоо. Ерөнхий сайдынх нь гаргасан долоон зүйл заалт нь байндаа тусаагүй.