Categories
мэдээ цаг-үе

О.Цогтгэрэл: Төр иргэдийн орлогыг дэмжих хөшүүрэг бий болгож чадахгүй байна

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлтэй ярилцлаа.


-Таны хувьд Увс аймгийн сонгогчдын саналыг авч, Монголын ард түмний төлөөлөл болох УИХ-ын гишүүн хэмээх хариуцлагатай албанд томилогдлоо. Эдийн засаг хүнд энэ үед хэрхэн ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

-Монгол Улсын Их хурлын найм дахь удаагийн сонгууль болж өнгөрлөө. Өмнөх долоон удаагийн сонгуулиар манай Увсынхан зөвхөн МАН-аас нэр дэвшигчдийг л сонгосоор ирсэн түүхтэй. АН-аас тухайн үеийн Ерөнхий сайд, сайд, намын удирдлага байсан олон ч хүмүүс очоод унаж байсан “хатуу” тойрог. Харин энэ удаад сонголтынхоо нэгт АН-аас нэр дэвшигчийг багтаалаа. Багтаах багтаахдаа маш их итгэл хүлээлгэж өнгөрсөн 30 жилийн хугацаанд АН-ын нэр дэвшигчдэд саналаа огт өгч үзээгүй найм, есөн мянган сонгогч надад саналаа шинээр өгчээ. Залуучууд маш ихээр итгэж дэмжлээ. Олон ястан оршин суудаг, олон олон сонгуульд МАН-ыг илтэд дэмжсээр ирсэн онцлогтой ч нам, яс угсаа харгалзалгүй бүх сум, баг, хэсэгт хамгийн өндөр саналаар дэмжицгээлээ. Намчирхалгүй, нутгархалгүй нутагтаа ахиц болохуйц ажлуудыг хийчих юмсан гэж хичээж явсныг минь үнэллээ. Иймд итгэж сонгосон сонгогчдынхоо урмыг хугалалгүй, бас энэ удаад хараахан дэмжээгүй үлдсэнийх нь итгэлийг нь олохын төлөө хүн бүрт хүрсэн бодлогыг чадлаараа хэрэгжүүлэн хичээн ажиллана. Ингэж их итгэж саналаа өгөхөд орон нутагтаа ажлын байртай болох, орлогоо нэмэгдүүлэх гэсэн хүлээлт, түүнийг нь олж, онож ярьж явсан шинээр ажлын байр бий болгох, шинээр орлогын боломжийг нэмэгдүүлэх хөтөлбөр маань тохирсон нь багагүй нөлөөлсөн болов уу гэж бодож байна. Тиймээс нэн тэргүүнд ажлын байр, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Ажлын байр бий болгоно гэдэг амаргүй. Гэхдээ хөдөлмөрийг төрөлжүүлж, орчин үеийн техник технологи, менежмэнтийг нэвтрүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар урьд өмнө нь байгаагүй олон зуун шинэ ажлын байрыг бий болгох боломж бий гэж харж байна.

Технологи ашигладаг, хоорондоо хамтардаг шинэ ажлын байрууд бий болно гэхээр залуучууд руу түлхүү чиглэж ажиллах ёстой болж таарч байгаа юм. Ер нь ганц Увсад бус бүхий л газруудын аймаг, сумын төв дээр ажиллаж амьдарч буй, мөн мал маллаж буй залуу гэр бүлүүд рүү илүү чиглэж ажиллана. Ирэх есдүгээр сард Увсынхаа иргэд, залуучууд руу чиглэсэн эхний ажлаа эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа орж байна.

-2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгийн талаар танаас асуумаар байна. Ардчилсан нам хоёр удаагийн УИХ-ын сонгуулиар ялагдал хүлээлээ. Ялагдлыг олон л зүйлтэй холбож тайлбарлаж байна. Та хэрхэн дүгнэж сууна вэ?

-Ардчилсан нам түүхэндээ хамгийн бага буюу ард түмний 30 хүрэхгүй хувийн дэмжлэг авч том ялагдал хүлээлээ. Миний хувьд ийм дүн гарна гэж төсөөлөөгүй. Долоон удаа дараалан МАН-ынхан л ялж байсан Увсаас би лав нэг суудал авчих боломж байхад бусад аймгуудад бүр ч их боломж байгаа байх л гэж бодож явсан. АН яагаад ялагдав гэдэг дээр олон онош тавьж ярьцгааж байна. Зарим нь даргаас шалтгааллаа гэж байгаа бол зарим нь дүрэм журмаас боллоо гэж байна. АН бүлэглэлийн хамсаатан учраас ялагдчихлаа, буруу хүмүүс нэр дэвшүүлчихлээ гэх мэт олон таамгийг хүмүүс ярьцгааж байна. Сунгааг яаралтай хийж даргаа сонгох ёстой гэсэн байр суурь ч байна. Сонгуульд ялах, ялагдал хүлээхэд дүгнэлт хийхэд өмнө нь их амархан байсан. Одоо сонгууль нэг зүйлээс болоод ялагддаг, ялдаг зүйл биш болжээ. Олон зүйлийн нийлбэрээр асуудал шийдэгддэг. Иймээс нэн тэргүүнд суурь дүгнэлтүүдээ зөв хийж, АН-ын ялагдалд зөв онош тавих ёстой.

Ерөөсөө Монголын ардчилалд хүмүүс итгэхгүй болчихов уу. Аль эсвэл дэлхийн ардчилалд асуултын тэмдэг гарчихсан уу. АНУ-ын ерөнхийлөгчид барууны үзэл баримтлалтай намаас Америкийг дахин сэргээнэ гэсэн уриатай этгээд нөхөр дэвшээд ялж байгааг юу гэж тайлбарлах вэ гэх мэт олон асуултууд гарч байна.

-Тэгвэл хэрхэн ардчиллыг аврах үзэл санааг гаргах ёстой вэ?

-Энэ санаагаа аль хоёр жилийн өмнөөс хөндөж хэсэг нөхөдтэйгөө хамтарч “Эрх чөлөө”гэж клуб байгуулж байв. 30 жилийн өмнөх “Эрх чөлөө 1.0”-ээ дахин инженерчилж, иргэдээ оролцуулдаг, амьдралынхаа баталгааг нь хангадаг “Эрх чөлөө 2.0”-оо хэрхэн тодор-хойлж, гишүүдийнхээ, монголчуудынхаа итгэл үнэмшил болгох вэ гээд ажиллаж байна. Ингэж үзэл санаагаа гаргаж, шинэчлэхгүй бол дахиад ч ардчилалд ард иргэд итгэл алдарсаар байх болно. МАН-ыг ч биднээс дээрдэх үзэл санаатай, бодлого чигтэй гэж бодохгүй байна. Эдийн засгийн хүндрэлээс гарах гарц нь Гашуунсухайтын боомтоор гарч байгаа машинаас өөр шийдэл байна уу. Улс оронд Гашуунсухайтын боомтоор гарч байгаа машины тоо тоолохоос өөр ажил уг нь байж болмоор доо. Үүнийгээ төрийн бодлого, засгийн бодлого гээд бодчихсон МАН-д ч бас тодорхой үзэл санаа алга байна. Энэ нь бидэнд боломж байгааг хэлж байна.

Ардчилалд эдийн засгийн элементийг оруулах ёстой гэдэг шиг ардчиллын үндсэн зарчим болсон оролцоог эдийн засгийн үндсэн элемент болгох ёстой гэж үздэг. Иргэдийн оролцоог эдийн засгийн харилцаанд оруулснаар нийгмийн амьдрал сайжирч, ардчилалд итгэх итгэл нэмэгдэнэ. Үүнийг л “Шинэ эдийн засаг” гэж ойлгож байгаа.

-Та түрүүн бас “Шинэ эдийн засаг” гэж дурдаж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Бид эдийн засгийн харилцаагаа шинээр авч үзэх шаардлага байна. Улсын төвийн хөрөнгө оруулалтаар маш их барилга, байшин барьдаг. Гэвч үүнийг дагаж иргэдийн орлого дээшилж, ажлын байр бий болохгүй байна. Төсвийн хөрөнгө оруулалт бүрийн үр ашгийг хэдэн хүнд шинэ ажлын байр бий болгож, хэдэн төгрөгийн шинэ орлогын боломжийг иргэдэд авчрав гэдгээр хэмжих шаардлага үүсч байна.

Нөгөө талаас бусдын хийсэн барааг импортлон оруулж ирж хэрэглэж, хэрэглээний өсөлт бий болж байгаагаа улс орны хөгжил гэж андуу ойлгож байна. Манай улсаас экспортлогдож байгаа бараа бүтээгдэхүүний 95 хувь нь түүхий эд, түүний дийлэнх нь байгалийн баялаг. Монгол хүний ур ухаан шингэсэн, бүтээсэн зүйл маш бага. Гэтэл импортолж буй бараа бүтээгдэхүүн тэр чигээрээ шахуу эцсийн бүтээгдэхүүн. Бид байгалийн баялгаа зарж оронд нь гаднаас өндөр үнэтэй брэнд хэрэглэж байгаагаа хөгжиж байна гэж ойлгодог. Гэтэл эдийн засгийн харилцаа гэдэг чинь чи бид хоёр нэг нь өгдөг, нөгөө нь авдаг зүйлтэй, тэр нь эн тэнцүү үнэ цэнэтэй солилцоо хийх шүү дээ. Энэ эдийн засгийн тогтолцоогоо эргэж харах шаардлага байна.

Тиймээс үүнд чиглэсэн олон ажлууд, бодлогууд хэрэгжих ёстой. Шинэ ажлын байр, шинэ орлогуудыг бий болгож, эдийн засгийн өнөөгийн тогтолцоогоо шинэчлэн түрүүчийнх шиг “Эдийн Засаг 2.0” болгон сайжруулах шийдлээ “Шинэ эдийн засаг” гэж нэрлэж байгаа. Үүний үндэс суурь нь технологи, дээрийн ярьсан оролцоо гэж ойлгож байгаа. Экспортыг нэмэгдүүлж шинэ орлогын боломжийг бий болгосноор, хөдөлмөрийг төрөлжүүлж, шинэ менежмэнт, технологийг ашиглан шинэ ажлын байр болгосноор үр дүн нь гарна.

-Та чуулганы хуралдаан дээр ажлын байрыг нэмэгдүүлж, орлогыг өсгөхөд олон ажил хийж болохын нэг нь ялгаатай татварын систем гэж боддог хэмээн ярьсан.Татварын бодлогоо эргэн харж, ялгаатай татварын бодлогыг хуульдаа тусгах хэрэгтэй гэсэн тодорхой санал дэвшүүлж байсан. Ялгаатай татварын бодлого манайд ямар боломжуудыг авч ирэх бол. Ялгаатай татварын системийн талаарх байр суурийг тань илүү сонирхмоор байна л даа.

-Татварын бодлого олон чиг үүрэгтэй. Улсын төсвийг бүрдүүлэх, төрөөс эдийн засгийг зохицуулах, бүртгэлийн хийгээд хариуцлагын, нийгмийн бүлгүүдийн орлогыг дахин хуваарилах, тэгш бус байдлыг багасгах зэрэг. Гэтэл бид ганцхан төсөв бүрдүүлдэг үүргийг нь ашиглаад байдаг. Харин Монгол Улсад ажлын байрыг бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, орлогыг хамгаалахад туслах гэсэн үүргээ биелүүлж чадахгүй явсаар өдийг хүрлээ.

Үүний гарцыг би ялгаатай татварын систем гэж боддог. Ялгаатай татварын систем ажлын байрыг мянга мянгаар нэмэгдүүлж, тэрбум тэрбумын шинэ орлогыг бий болгох боломжтой. Жишээ нь, Монголд түүхий эд орж ирвэл татвар багатай, эцсийн бүтээгдэхүүн орж ирэхэд өндөр татвартай байхаар зохицуулж болох юм. Хятад гэхэд маш том эдийн засагтай мөртлөө татварыг хэдэн зуун янзаар нь тогтоодог. Гэтэл бид масс багатай мөртлөө бөхөөр яривал ганцхан мэхтэй л тэдэнтэй барилдах гээд үзээд байдаг байж болохгүй биз дээ. Хятад түүхий эд гаргахыг дэмждэггүй, харин эцсийн бүтээгдэхүүн гаргахыг л дэмжээд байдаг. Бүр өндөр техник технологийн бүтээгдэхүүн экспорлогдох юм бол 20 орчим хувийн НӨАТ-ын буцаан олголттой бол эсрэгээрээ түүхий эд гаргахад үлэмж өндөр татвар ногдуулдаг. Ингэж тэд нутагтаа нэмүү өртөг үлдээж ажлын байр, иргэдийнхээ цалин, бизнесүүдийнхээ орлогыг хамгаалдаг. Гэтэл Монголоос гарах, орох түүхий эд, эцсийн бүтээгдэхүүн нэг ижил хувийн татвартай. Импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнээс гаалийн 10 хувь, худалдааны таван хувийн татвар авдаг. Монголын татварын бодлого Монголдоо нэмүү өртөг бий болж ажлын байр үүсч, иргэд нь орлогожихыг дэмжих хөшүүрэг болж чадахгүй байна. Оновчтой, оносон ялгаатай татварын бодлого ажлын байр бий болгоход зээл, хөнгөлөлтөөс дутахгүй томоохон хөшүүрэг болох боломжтой.

-Та Ерөнхий сайдад шинэ Засгийн газартай холбоотой нэлээд чухал саналууд дурдах шиг болсон. Үүний нэг нь худалдааны яамны тухай байв уу?

-Үе үеийн Засгийн газар эдийн засаг чухал гэж ярьсаар ирсэн. Эдийн засаг гэдэг явсаар бизнесийг дэмжих тухай ойлголт. Бизнес өсөж дэвшинэ гэдэг худалдаа чөлөөтэй явах тухай яриа. Солилцоо, худалдаагүй эдийн засаг гэдэг ойлголт ямар ч утгагүй зүйл болно. Гэтэл манайд худалдааны тухай хууль ч, худалдаа эрхэлсэн төрийн төв байгууллага ч гэж байхгүй. Бүр худалдаа хариуцсан газар, нэгж ч байхгүй. ХХААХҮ-ийн яамны харьяанд ганц нэгхэн мэргэжилтнүүд л байна. Хамгийн чухал зүйлээ хаячихаад эдийн засгаа дэмжинэ, хөнгөвчилнө, чөлөөтэй болгоно гээд яриад байдаг. Бодлого нь хаана явж байгаа юм. Хариуцсан эзэнгүй бодлого үр дүнгүй байх нь тодорхой шүү дээ. Ингэж явсаар ирсэн алдааг шинэ Засгийн газар дахиад давтлаа. Худалдааны асуудлыг би яамны түвшинд байхад буруудахгүй гэж боддог. Ер нь түүхээс харахад суурин иргэншлийн зөрчил дайн гэдэг бол худалдаа хийх хүсэл мөрөөдлийн л дайн байсан байдаг. Худалдаа хийхгүй гээд Цагаан хэрмээ хаачихаар уулгалан дайрдаг, болохгүй бол дээрэмддэг байсан. Хоёр хөрштэйгөө стратегийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээртэй атлаа харилцан ижил нөхцөлөөр худалдаа хийх боломжгүй болохоор энэ харилцаа цаасан дээр л бичигдсэн “лоозон” болон үлдэж байна. Тэд Монголоос түүхий эд л худалдаж авна, монгол хүний ур ухаан шингэсэн бүтээгдэхүүн авахгүй гээд бараг “хориг” тавьчихсан. Хатуу хэлэхэд, нүүдэлчдэд бараа бүтээгдэхүүн өгөхгүй гээд Цагаан хэрэмний хаалга хаачихдагтай ялгаа алга. Сайн хөрш байна гэдэг эдийн засгийн хамтын ажиллагаа өндөр, худалдааны таатай нөхцөлтэй байхыг хэлэх болов уу. Ийм гээд шалтаг тооцоод, худалдааны нэгжтэй болохыг хүлээгээд зүгээр сууж болохгүй байна. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын Тамгын газраар дамжуулж ОХУ-ын элчин сайдтай уулзлаа. ОХУ-тай, тэр тусмаа Евро-Азийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны гэрээг байгуулбал хоёр улсын хувьд эдийн засагт чухал нөлөө үзүүлэх талаар ярилцаад, гарц гаргалгаанууд хайгаад ажиллаж байна.

Гадаад худалдаанаас гадна улс орны дотоод худалдаа энд бас хамаатай. Байгалиасаа бид маш их тархай бутархай суурьшсан, дэд бүтэц муутай гээд дутагдалтай талтай. Дээрээс нь чөлөөт худалдааг дэмжсэн төрийн бодлого байхгүй болчихоор энэ жижиг эдийн засаг маань тухайн газраа хөдөлгөөнгүй болчихдог. Увсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн Дорнодод яаж хүргэгдэж, борлуулагдах, худалдаа, тээвэр логистикийн замыг л ярих ёстой юм.

-Мөн бүтэц, тэргүүлэх чиглэлтэйгээ зөрчихлөө гэх шүүмжлэлийг чуулган дээр хэлж харагдсан. Энэ тухайд?

-Ерөнхий сайдаас Монгол Улс ирэх дөрвөн жилд юун дээр төвлөрч, ямар тэргүүлэх асуудлуудад анхаарч ажиллах талаар асуусан. Долоо, найман зүйлд анхаарч ажиллана гээд ахиц гарах, итгэл үнэмшил төрүүлэхгүй ангиллуудыг дурдаж байсан. Хүнсний бүтээгдэхүүнээр дотооддоо бүрэн хангана гэсэн. Хүнсний бүтээгдэхүүн гэдэг дотор маш олон зүйл бий. Бүх зүйлээр өөрийгөө хангана гэдэг эдийн засгийн ойлголт биш. Чөлөөт худалдаагаа хөгжүүлж, өрсөлдөх чадвар сайнтайгаа хийгээд, хэрэглээд илүү гарснаа экспортлоод, харьцангуй давуу талгүй зарим зүйлээ бусадтай солилцоод явж байж улс орон илүү үр ашигтай ажилладаг. Ард иргэдэд мэдээж гоё сонсогдох байх л даа, гэхдээ бүгдийг өөрсдөө хийнэ гээд төвлөрөлгүй зүтгэх бол боломжгүй зүйл. Бодит секторт ажиллаж, байгууллага удирдаж явж ирсэн хүний хувьд хэлэхэд ийм олон тэргүүлэх чиглэл гэж байх боломжгүй л дээ.Тэгээд экспортыг дэмжинэ гэсэн мөртлөө худалдаа хариуцсан нэгжийг “мартаад” тэргүүлэх чиглэл, бүтэц хоёр нь зөрөөд орж ирснийгээ засах боломж байна уу гэж Худалдааны яам, газрын тухай санал гаргасан юм. Одоо Засгийн газрын мөрийн хөтөлбөр ээлжит бус чуулганаар орж ирэхээр илүү тодорхой харагдах байх. Эдийн засгаа, экспортоо дэмжих ямар бодлого, ажлууд орж ирэхийг харцгаая.

-Та бизнес эрхэлж байсан туршлагатай. Манай улс бизнес хийхэд таатай орчин нөхцөлтэй юү?

-Өмнөх асуултад дурдсанаар манай улс газар зүйн хувьд байгалиасаа бизнесүүдэд таатай биш. Дэд бүтцийн зардал, тээврийн зардал өндөртэй нөхцөлд бизнес эрхэлнэ гэдэг харьцангуй хүнд. Жилийн дундаж температур хасах градустай, эрс тэс, хуурай уур амьсгалтай гээд тухайлбал, ХАА-н бизнес эрхлэхэд бол бүр ч асуудалтай. Далайд гарцгүй зэрэг олон дутагдалтай талуудыг нөхөж, хөнгөлж, Монголд бизнес эрхлэхэд нэн таатай орчинг бий болгох шаардлага байдаг. Тэгэхгүй бол өрсөлдөх чадвар дээшлэхгүй. Бизнесийн орчны хувьд төрөөс айхавтар дарамт ирдэг, шахалт ихтэй гэж хэлэхгүй. Гэхдээ дээр ярьсан худалдаа, ялгаатай татварын бодлого зэргээр эдийн засаг, бизнесээ дэмжиж илүү сайхан байх боломжийг алдаж байгаа орон гэж хэлнэ. НӨАТ-ын 10 хувь, ашгийн татвар 10 хувь, байгууллагаас төлөх НДШ 12 хувь дээрээс нь гааль, онцгой гээд татваруудыг бүдүүлгээр автоматаар шууд нэмэхэд бизнесээс 30-40 хувийн татвар авдаг. Энэ татварыг цуглуулж авчихаад бизнесийн орчинг сайжруулах, шинэ ажлын байр, орлогын боломжийг нэмэгдүүлэх ямар ч зүйлсэд зориулалгүй ихэнх хэсгийг нь зөвхөн халамж болгож тараадаг байдал үргэлжилсээр л байна. Манай улсын хувьд төрийн авч байгаа татвар, зарцуулах төсвийн хэмжээ нийт эдийн засгийнхаа 40 хувьд хүрдэг ийм улс. Коммунизм социализмаараа амьдарч байгаа Хятад улсад төрийнх нь зардал нийт эдийн засагт нь 20 хувийг нь эзэлдэг. Хятадаас өндөр татварын ачаалалтай байна. Ииймээс Монголын татварын ачаалал буурах боломжтой. Энэ бүгд буурна гэдэг төрийн оролцоогоо олон талаар багасгана гэсэн үг.

-Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэл улам нэмэгдэж байгааг эдийн засагчид ярьж байна. Хүндхэн цаг үеийг энэ удаагийн УИХ, Засгийн газар туулах нь. Дотооддоо цар тахлыг алдаагүй бол хорио цээр тогтоох нь хэр зүйтэй юм бэ?

-Дотооддоо цар тахлыг алдаагүй л юм бол хөл хорио тогтоодог нь ямар учиртайг сайн ойлгохгүй байна. Үнэхээр дотооддоо алдчихсан бол хорио цээр тогтоох нь зүй ёсных. Эдийн засаг гэдэг эргэлт, солилцоон дээр л тогтдог зүй тогтолтой. Өнөөдөр бид гадаад улс орноос бүх харилцаагаа тасалчихаад, дээрээс дотоодын эдийн засгийн урсгалаа хаачихлаа. Бүх л ААН, компаниуд гадаад улс оронтой харилцаа хамааралтай байдаг. Гаднаас мэргэжилтэн авах зэрэг бүх ажил зогсчихсон. Бизнесүүд гадаад улс орноос ч, дотооддоо ч тусгаарлагдчихлаа. Гадаадаас иргэдээ татах тал дээр сэтгэл дутаад байна уу даа гэж харж байна. Хүмүүс төлбөрөө төлөөд эх орондоо ирье гэж байна. Дотооддоо хөл хорио тогтоосноос болоод зочид буудлууд нь хаагдчихсан, сул чөлөөтэй байна. МИАТ нь нислэггүй, сул зогсонги байдалтай. Иргэдээ авчиръя гэхээсээ илүүтэй айдсаар ард түмнийг барьчихъя гэсэн бодлого яваад байх шиг. УОК гэж Үндсэн хуулиас давсан иргэнийхээ эрхийг зохицуулж хязгаарласан өндөр эрхтэй байгууллага байдаг юм уу.

-АН-ын бүлэг хэр хүчтэй сөрөг хүчин байж чадах бол?

-УИХ-ын тогтоол шийдвэрт нөлөөлөх боломжгүй, үзүүлэх хуулийн чадавхи хязгаарлагдмал, завсарлага авахаас хэтрэхгүй суудалтай боллоо. МАН ард түмний 40 гаруй хувийн санал авч УИХ-д 80 гаруй хувийн суудал авсан. МАН-ыг дэмжээгүй 50 гаруй хувийг төлөөлөх үүрэг АН-ын гишүүд, бусад нам, бие даагч гурван гишүүнд оногдож байна. Тиймээс бид Монгол төрийн бодлого, улсын эрх ашиг, ард түмний эрх ашгийн төлөө, иргэдийн дуу хоолой болж маш хүчтэй ажиллахаас өөр сонголт байхгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Удаанжаргал: Төмөр замын төслүүд дээр томоохон инженерийн компани бий болчихсон байхад гадны зөвлөгөө заавал шаардлагагүй


“Тавантолгой Төмөр Зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалтай ярилцлаа.


-Нүүрсний экспортыг нэмж, тээврийн өртөг зардлыг эрс бууруулах стратегийн ач холбогдол бүхий Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил ид өрнөж байна. Төмөр замын ажил одоогоор хэдэн хувьтай явж байна вэ?

-Юуны өмнө Монгол Улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 82 жилийн ойн мэндийг нийт төмөр замчид, тэдний ар гэр болон энэ салбарт ажилладаг бүхий л хүмүүст хүргэе.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 орчим км үргэлжилж, хоёр өртөө, зургаан зөрлөгтэй баригдах юм. Энэхүү төмөр зам нь нэгдүгээр зэрэглэлийн UIC- 60 зам төмөр бүхий уулзваргүй, нэг голын даац 25 тонн, 16 гүүр, 126 хоолой, найман малын гарцтайгаар баригдана. Өнөөдрийн байдлаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд 300 гаруй инженер техникийн ажилтан, 1470 гаруй ажилтан, 513 машин механизм ажиллаж байна.

Одоогоор төслийн хэмжээнд газар шорооны ажил 95 хувьтай, эвдрэл гэмтэл засварлах ажил 96 хувьтай, дугуй хоолойн ажил 92 хувьтай, дөрвөлжин хоолойн ажил 92 хувьтай, мал амьтны гарц 85 хувьтай, гүүрийн ажил 56 хувьтай нийтдээ доод бүтцийн ажил 85 хувьтай, дээд бүтцийн ажил 19 хувь буюу 50 км төмөр замын үеийг угсраад байна. Бүтээн байгуулалтын ажил 2022 оны долдугаар сард дуусч, туршилтын тээвэр явж эхлүүлэхээр тооцоолж байна.

-Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам уулзваргүй баригдахаар болж байгаа гэлээ. Тэгэхээр манай улсын хувьд төмөр замын арчилгаа шинээр яригдах нь ээ?

-Тэгнэ. Цоо шинэ арчилгааны тухай яригдана.Улаанбаатар төмөр замд уулзваргүй 50 орчим км замын арчилгаа хийж байснаас нэг маршрутын ийм урт замд арчилгаа хийж байсан түүх байхгүй. Ер нь боловсон хүчний асуудал үүсч байгаа. Бэлтгэгдсэн боловсон хүчин УБТЗ-д байна. Боловсон хүчний сэлгэлт хэрэгтэй. Бид ямартаа ч энэ асуудлаар ШУТИС-тай хамтарч, хоёр мэргэжлийн анги энэ жилээс нээсэн. Түүнчлэн мэргэжлийн ажилчдыг Цогтцэций сумтай хамтран МСҮТ-өөр дамжуулж бэлдэхээр ажиллаж байна. Бид одоо боловсон хүчин бүрдүүлэх том ажил руугаа ханцуй шамлан орсон.

-Төмөр зам ашиглалтад орсноор өмнийн бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Улсын төсөвт ч төвлөрүүлэх орлого нэмэгдэх болов уу. Нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг дурдахгүй юу?

-Төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспортыг дэмжиж, Австрали, ОХУ-ын нүүрстэй өрсөлдөх суурь боломж бүрдэнэ. Түүнчлэн малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдлын асуудал үлэмж хэмжээгээр багасна. Авто тээврийн осол, зөрчил буурч, иргэдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлээс урьдчилан сэргийлэн, хөдөлгөөний аюулгүй байдал бүрэн хангагдана. Төмөр замын боомтоор дангаараа жилд 30-51.6 сая тонн хүртэлх хэмжээний нүүрс экспортлох боломжтой. Ингэснээр Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой болно. Тогтмол ажлын байр 2000 орчим шинээр бий болно. Монгол Улсын нутаг дэвсгэр доторх нүүрс тээврийн зардал тонн тутамд найман ам.доллар болсноор өнөөгийн авто замаар хил хүртэлх тээвэрлэж буй зардал болох 32 ам.доллар дөрвөн дахин буурна. Мөн Таван толгой-Зүүнбаян, Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор улсын эдийн засгийг хоёр дахин тэлнэ гэж үзэж байгаа.

-Ашгаа хэзээ өгч эхлэх бол?

-Хөрөнгө оруулалтын хугарлын цэг 7.6 жил, нөхөх хугацаа 12 жил байгаа, Улсад жилд 20-28 сая ам.долларын татвар төлөхөөс гадна, 25 жилийн хугацаанд тэрбум гаруй ам.долларын цэвэр ашгийг Засгийн газарт төвлөрүүлэн Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд бодитойгоор дэмжлэг үзүүлнэ.

-Таван толгой-Гашуунсухайт чиглэлд нарийн царигтай төмөр зам барихаар тусгасан УИХ-ын тогтоолыг хүчингүй болгож, “Нэг улс, нэг цариг” бодлого хэрэгжихээр болсон. Өргөн, нарийн цариг маргаан дагуулсан сэдэв байсаар өдийг хүрлээ. Таны хувьд царигийн талаар ямар бодолтой байдаг вэ?

-Европ хоорондын жижиг улсууд ч дотроо өөр өөр царигтай байдаг юм билээ. Хятадын цариг буюу 1435 мм цариг бол стандарт цариг үүнээс өргөн нарийн байдагтай холбоотой өргөн нарийн царигийн тухай яриа байдаг. Улс бүр өөрийн гэсэн төмөр замын стандарттай байдаг. Монголын төмөр замын түүхийг сөхөөд үзвэл анхны УБ-Налайхын уурхайн замыг нарийн царигаар тавьсан ч гол замаа 1520 өргөн царигаар тавьсан байдаг. Ер нь эдийн засгийн ойлголтоороо дотооддоо өгөх өгөөжийн тухай л ойлголт. Яваандаа цариг маргаан дагуулахаа больж байна. Вагон нь илүү ухаалаг болоод аль ч цариг руу шилжиж ордог. Арчилгааны хувьд хүнд. Гэхдээ хурд шаардахгүй, уурхайн ачилтын тойрог зэрэг үл зогсох горимоор явдаг замуудад өргөн, нарийн царигийг хоёуланг нь тавьдаг тохиолдол бий. Авто замын хувьд сайнаасаа мууддаг бол төмөр зам арчилгаа шаарддаг учраас жил ирэх тусам улам сайжирдаг. Төмөр замыг 10 жил арчилж байж их аятайхан зам болдог.

-Шилжүүлэн ачилтын ямар хувилбарыг тооцож байна?

-Монголын нүүрс хилээр гараад Баян нуур дээр шууд буудаг. Шилжүүлэн ачих шаардлага гарахгүй.

-Төрийн гурван өндөрлөгөөс эхлээд сайд, дарга нар бүгд шинэ төмөр замын төсөлтэй газар дээр нь очиж, танилцаж байна. Улс төрийн хувьд нэлээд дэмжлэгтэй явж байгаа төсөл гэж харж байгаа?

-Улс төрийн гэхээсээ илүүтэй дэд бүтцийн бүтээн байгуулалтыг ойлгож дэмждэг улстөрчдийн дэмжлэг хэрэгтэй. Бид бүтээн байгуулалтаа зогсоож, муу үр дагаврыг улс үндэстнээрээ үзлээ. Одоо цаг өөр болж байна. Төр сайн менежмэнт хийж байгаа нэг жишээ.

-Цар тахлын үед хэрэгжиж буй томоохон төсөл. Өнгөрөгч гуравдугаар сард эхэлсэн ажил гэхэд нэлээд урагштай явж байна. Өөрсдөө бүтээн байгуулалтын ажлаа энэ хэмжээнд авч яваа нь сайшаалтай хэрэг байх, тийм үү?

-Тэгэлгүй яахав. Бид ямартаа ч гадныхны гар харахаа больчихлоо. Төмөр замын гүүр өөрсдөө барьж сурлаа. Төмөр замын гүүрийг монголчууд хэнээс ч гуйхгүйгээр барьдаг боллоо. Дэлхий дахинд үүсээд байгаа цар тахлаас шалтгаалсан зүйл бий хэдий ч төмөр замын хоёр төсөл маш амжилттай хэрэгжээд явж байна.

-Манай улсад хэрэгжиж буй Оюу толгой, Газрын тосны үйлдвэр гэх хоёр томоохон төслийн дараа шинэ төмөр замын төсөл зүй ёсоор орох байх. Энэ төсөл хэдий хэмжээний өртөг зардлаар босч ирэхээр тооцоолсон бэ?

-Төслийн нийт өртөг тэрбум гаруй ам.доллар болох тооцоо бий.

-Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын захиалагчаар Тавантолгой Төмөр зам, ерөнхий гүйцэтгэгчээр Бодь интернэшнл ажиллаж байгаа. Бодь интернэшнлийг хэрхэн сонгон шалгаруулж авсан бэ?

-Сонгон шалгаруулалт гэхээсээ илүүтэй төр хувийн хэвшлийн түншлэл энэ төслийг хөдөлгөж байна. Захиалагч чанарын хяналтаа тавьж, хувийн хэвшил гүйцэтгэх хэлбэр. Ямар үр дүн авчирч байгааг бид харж л байна. Засгийн газраас газрын баялгийг урьдчилан борлуулж хөрөнгө оруулалтыг босгох үүргийг манай компанид өгсөн байдаг. Энэ нь газрын баялаг шууд утгаараа дэд бүтцийн бүтээн байгуулалтад орж өөртөө тээвэрлэлтийн нэмүү өртөг шингээж уг баялгаас хүртэх өгөөжийг дээшлүүлж байна гэсэн үг. Үнэндээ ийм хэмжээний төслийг хөдөлгөхөд урьд нь яагаад гадныхныг хараад байдаг байсан гэхээр төрд хөрөнгө босгох, зарцуулалт, гадаад дотоод худалдан авалт гээд санхүүгийн нарийн зохион байгуулалт бүхий тогтолцоо, цаашлаад мэргэжлийн түвшний гүйцэтгэл хийх мэргэжлийн баг дутаж байсан. Энэ бүгдийг бид Бодь групптэй хамтран хэрэгжүүлж байна. Монголчууд дэлхийд томд тооцогдох төслийн төлөвлөлт, гүйцэтгэл, хяналтыг хийж чадсан гэж үздэг.

-Танай компани цаашдаа ямар төслүүд дээр ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Бид барьсан төмөр зам дээрээ тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхээс гадна бусад бодлогын төмөр замын төслүүд дээр ажиллана. Төмөр замын нэг, хоёр, гуравдугаар үе шатанд баригдах 5000 орчим км төмөр зам бий. Үүний Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км замд бие дааж орон ажиллаж байгаа бол Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын 416 км замд хяналт тавьж ажиллаж байна. Цаашдаа төмөр замын бодлогын дагуу аль үе шатанд төмөр замыг яаралтай барих шаардлага байна, тэнд нь бид ажиллана. Бид чинь төрийн байгууллага. Төмөр замын инженерийн анхны компани болчихож байгаа юм. Төмөр замын төслүүд дээр ийм хэмжээний инженерийн компани бий болчихсон байхад гадны зөвлөгөө заавал шаардлагагүй. Бид үргэлж гадныхнаар заалгаж ирлээ. Одоо харин сурч мэдсэн зүйлээ өөрсдөө хийж бүтээхийг зорьж байна.


Categories
мэдээ цаг-үе

Инээмсэглэл халдвартай шүү

Таних үгүй нь хамаагүй таарсан хүн бүхэндээ инээмсэглэл бэлэглэдэг ийм орчноос стресс үргэдэг. Чин сэтгэлээсээ инээхэд стресс тайлагдаж элдэв өвчнөөс хамгаалдгийг нотолсон судалгаа ч өчнөөн дуулддаг.

Таван минут инээхэд 30-40 минут амарсантай тэнцдэг гэх нь ч байна. Инээд элгийг цэвэрлэдэг, ингэснээрээ илүү их агаарыг гадагшлуулж, элгээ дасгалжуулдаг гэж анагаахынхан онцолдог. Ингээд зогсохгүй инээд уушгины цусан хангамжийг сайжруулдаг гэнэ. Статистикаас харахад хүүхдүүд өдөрт 300-400 удаа инээдэг бол насанд хүрэгчид 15-20 удаа л үнэн сэтгэлээсээ инээдэг аж. Инээд аз жаргалын гормон болох эндорфиныг ялгаруулдаг. Энэхүү гормон нь бидний сэтгэл санааг сайжруулахын дээр өвдөлт намдаадаг ид шидтэй юм байна. Инээд бас арьсыг сэргээдэг. Хэрвээ та байнга инээдэг бол үнэтэй гоо сайхны эмчилгээг мартаж болно. Учир нь инээд нүүрний булчинг сэргээж, цусны эргэлтийг сайжруулдаг байна. Үүний ачаар хүний нүүрний арьс туяарч, өнгөлөг болж эхэлдэг. Инээдийг “дотоод” аэробик ч хэмээн нэрлэдэг. Учир нь инээд нь дотоод эрхтнүүдэд массаж болж, илүү үр дүнтэй ажиллахад тусалдаг.

Япончуудын дунд “Инээж буй хүн хамгийн хүчтэй” гэсэн зүйр үг хүртэл байдаг юм билээ. Хальт зөрсөн нэгэн инээмсэглээд өнгөрөхөд өөрийн эрхгүй инээмсэглэдэг дээ. Инээд ийм л таатай халдвар.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: “Ардчиллын бүдгэрэл. Дарангуйллын шохоорхом өгөөш”

-ТЭГЖ ЯРИВАЛ МУУЛААД БАЙГАА ОЮУТОЛГОЙ ЗЭЭЛ, ТӨЛБӨРӨӨ ТОЛГОЙ ӨВТГӨХГҮЙ ӨӨРӨӨ ТӨЛЧИХНӨ-

АТГ-аас Оюу толгойн асуудлаар яллагдагчаар татан шалгагдаж буй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгтэй ярилцлаа. Тэрээр мөрдөн шалгалтын явцад АНУ-ыг зорьж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан. Ийнхүү хилийн дээс алхсанаасаа хойш анх удаа хэвлэлд ярилцлага өгч байгаа нь энэ юм.

-Дэлхий дахинд үүсээд байгаа цар тахлын үед та гадаад улсад амьдарч байна. Хэрхэн аж төрж байна вэ?

-Би 2001 оны террорист халдлагын үед АНУ-д сурч таарсан. 2020 оны цар тахлын үед бас таарлаа. Энд Монгол дахь нөхцөл байдлаас 180 хэм эсрэг нөхцөлд байна. Цар тахалтай зэрэгцэн оршиж, зэрэгцэн аж төрж байна даа. Энд эдийн засгаа хүндрүүлэхгүй гээд байдгаараа нээлттэй байхыг хичээж байна. Манайхан гаднаас халдвараа барьж чадсан юм чинь, уг нь дотроо эдийн засгаа, бизнесээ, аж ахуйн нэгжүүдээ аль болох дэмжвэл гэж бодох. Энд маск зүүх, эсэх нь яг манайхтай адил улстөржилтийн сэдэв нь болчихсон. Уг нь манайхан шиг бүгд л зүүчихвэл. Аль болох цөөхөн гарч орсон шиг л байж байна.

Game of Thrones” киноны “Winter is coming” (Өвөл, хүйтэн айсуй) гэдэг шиг л намар, өвлөөс хоёр дахь давалгаа ирэх үед энд, бас эх оронд минь яана даа гэж санаа зовж л сууна.

-Санхүүгийн эх үүсвэрээ хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Монгол хүн байна даа, хоёр идэхгүй, хоосон хонохгүй болгох гэж л үзэж байна. Гэхдээ ижил дасал болсон эх орон, элгэн садан, эрхэм нөхдөөсөө хол, хүний газар гүний нутагт удаан хугацаагаар байх ямар л олиг байх вэ дээ.

-Таны биеийн байдал ямар байна. Эрүүл мэндийн шалтгаан нууц байх нь ойлгомжтой. Гэхдээ ямар шалтгаанаар эмчилгээ хийлгэж байгаа вэ. Хүндэтгэх шалтгаанаа ард түмэндээ хэлж болох уу?

-Өө, эрүүл мэндийн байдлаа жаахан тодруулаад хэлэхээр зарим гаруудын амны зугаа, доромж болоод л дуусдаг юм байна лээ. Амны, ашдын билгээр сайн байна аа л гэе. Үхээсэй гээд байдаг хүмүүст намайг алчихгүй л бол үхэж одоохондоо та нарыг баярлуулж чадахгүй нь, уучлаарай л гэе дээ.

-С.Баярцогт, Б.Бямбасайхан гээд хоригдож байгаа хүмүүсийн өмгөөлөгчид ганц л зүйлийг ярих боллоо. Таныг Монголд шүүх хуралд оролцохгүйгээр Дубайн гэрээний асуудлыг шийдэх боломжгүй. Та ирэхгүй байгаа нь хамтран зүтгэгчид чинь халтай болж байгаа мэтээр тайлбарлах юм.

-Дээрх хүмүүсийн өмгөөлөгчид ганцхан зүйл яриагүй л дээ. Нэлээд хууль зөрчигдсөн, хууль буруу хэрэглэсэн, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд алдаа гарсан, хараат бус шүүх байж чадаагүй, улс төрийн хэлмэгдүүлэлт явагдсан гээд олон зүйлийг ярьж байгаа. Намайг оролцуулахгүйгээр шийдэх боломжгүй байсан бол буцаагаад дахин шалгуулахгүй харин яагаад шоронд цөлж байгаа юм.

-Таныг ирэхгүй болохоор энэ олон хүмүүсийг золиосонд явуулчихаж байгаа юм биш үү?

-Хэний золиосонд гэж. Минийх үү, Баттулгынх уу. Шулуухан хэлэхэд, ирэх жил Үндсэн хуулийн нэмэлт хууль зөрчиж Баттулга Ерөнхийлөгчид дэвших үед хийж гийгүүлсэн нэг ч ажил өнгөрсөн дөрвөн жилд байхгүй болохоор зүгээр хариуцлага нэхэж, шударга ёс тогтоож байгаа мэтээр олны сэтгэлд таалагдах гэж хувийн хонжоо хайж, сонгуулийн пиарын золиосонд энэ олон хүнийг явуулж байгаа юм. Олон “акул” хорилоо гэж хэлж байгаа нь одоо надтай өрсөлдөх хүчтэй хүн үлдээгүй ээ л гэж байгаа нь тэр.

-Угтаа Н.Алтанхуяг таныг дуудаж авчраад Ерөнхий сайд болгосон гэх зүйл яригддаг. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Монгол Улсын Ерөнхий сайдын хариуцлагатай албыг нэг хүн уулзаад л, дуудаад л авдаг юм биш. Энэ албыг хэн ч чамд май гэж авчирч өгдөггүй юм. Өөрөө, багаараа тэмцэж өрсөлдөж олж авдаг юм. Би АН-ын улс төрийн дээд байгууллага ҮЗХ-ны 400 гаруй гишүүнд хийх ажлын зорилт, төлөвлөгөө, арга зам, хөтөлбөрөө танилцуулж, Р.Амаржаргал гишүүнтэй өрсөлдөж байж олонхын саналаар дэмжигдэж Ерөнхий сайдын албанд томилогдож байсан. Энэ албыг Монгол Улсын шинэ үеийн түүхийн өнгөрсөн 110 жилийн хугацаанд гучхан аавын хүү л хаших боломж тохиолоо. Хүн бүр л өөр өөрийнхөөрөө хичээж ажилласан байх.

-Тэгвэл та юу хийж чадсан бэ. Таны үлдээсэн өв юу байв?

-Манай эдийн засаг ойлгоход их энгийн. Эдийн үнэ унахад хямардаг, түүхий эдийн үнэ өсөхөд найрладаг. Миний үед үнэ нь огцом унасан хямралын үнэ таарсан ч УИХ, Засгийн газар, Монголбанктай хамтарч олон талт арга хэмжээ авснаар эдийн засгаа агшаагаагүй, өсөлтийг нь нэмэх хувь дээр хадгалж чадсандаа сэтгэл хангалуун байдаг. Оюу толгой төслийг зөвхөн ил уурхайн хэмжээнд нь 30, 40-хөн жил ажиллуулаад зогсоох байсныг нөөцийнх нь 80 хувь байдаг далд уурхайг хөдөлгөж Оюу толгойг 100 жил ашиглахаар болгож, Монголын эдийн засагт 4,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулж чадсанаараа бахархдаг. 2009 оны гэрээгээр зөвхөн ил уурхайгаас Монгол Улс зургаан тэрбум ам.доллар олох байсныг 2015 оны Санхүүжилтийн төлөвлөгөөгөөр зөвхөн татвараар 46 тэрбум доллар олохоор болгож чадсан. Улсдаа авчирсан өөр нэг өв бол харь улсад байсан өнөөдөртөө Оюу толгойтой зэрэгцэхүйц Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголдоо авчирч чадсан. Өөрийнхөө эдгээр legacy буюу өв, үр дүнг Төрийн ордонд байх хөргөндөө ч оруулж дүрслүүлсэн. Өнөөдөр зарим хүмүүс Монголдоо ашигтай энэ ажлуудыг албаар мушгидаг ч түүх, цаг хугацаа, үр ач нартаа зүй ёсоор үнэлэгдэнэ гэдэгт би ердөө ч эргэлздэггүй.

-Та интерполын улаан, цагаан хуудас гэж захидалдаа дурдсан байсан. Үүнийгээ дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч. Гадны өмгөөлөгчийн товчооноос үйлчилгээ авсан нь ямар учиртай вэ?

-Эмчилгээгээ дуусангуут очно оо гээд байхад миний өмнөөс яг тэдэнд ирнэ гэж хуурамч мэдээлэл эхлээд тараасан. Тэр хугацаа нь өнгөрмөгц надгүйгээр шүүх хурлаа шинэ жилийн өглөө хийгээд л таслан сэргийлэх арга хэмжээ авснаа Интерполд хандаад унасан. Миний өнгө зүс, өмссөн зүүснээр цоллоод эхэлсэн учраас эндээс хуулийн хамгаалалт авахаас өөр аргагүй байдалд оруулсан. Энэ хугацаанд элдэв өвчнөөр даапааллаа, их мөнгөөр хуульчид хөлсөлсөн гэж гүтгэлээ, эцэст нь эх орноо сольсон болгож доромжиллоо. Гэхдээ тун удахгүй намайг биш Баттулгыг интерпол эрж хайх өдөр ирнэ гэдэгт огтхон ч эргэлздэггүй дээ. Удахгүй манай хуульчид миний энэ бүх хилс асуудлаар олон улсад “Цагаан ном” гаргах гэж байгаа.

-Яг үнэндээ улс төрийн шалтгаантай холбогдож байгаа хүмүүс баривчлагдахгүй байх нь чухал юм шиг. Х.Баттулга ерөнхийлөгч болж, Н.Алтанхуяг гишүүн болсноор улс төрийн шалтгаанаар баригдаж хоригдохоос холдож чадав уу ч гэж харах өнцөг байна. Харин ч та АНУ-руу явсан нь зөв шийдвэр болж дээ, янз нь.

-Уг нь би АНУ-руу баригдаж хоригдохоос биш, биеэ эмчлүүлэх гэж л явсан ухаантай. Ар араасаа өрнөсөн олон үйл явдал өнөөдрийн нөхцөлийг бий болгоод байна. Энэ бол манайд “Rule of law” буюу хуульд захирагдах ёс алга болж байгааг л харуулж байгаа юм. Баттулга Ерөнхийлөгч болоод Төмөр замын хэргээ хүчингүй болгуулсан нь үнэн. Н.Алтанхуяг гишүүн болсноор ч хамгаалагдаж байгаа юм биш. Ж.Эрдэнэбатыг хар л даа. Гишүүнээр сонгогдсон ч ачигдаж байгаа биз. Чиний үлдэх, ачигдах эсэх нь зүгээр л махны машины аль талд нь зогсож байгаагаас хамаардаг юм. Н.Алтанхуяг хэдэн найзаа махны машинд хаяж өгч, махны машины эзэнг долоож байж л наранд явах визээ тодорхой нөхцөлтэй авсан төдий.

-Монголын төрд өндөр албан тушаал хашиж байсан С.Баяр, М.Энхсайхан, С.Баярцогт гээд бүгд л шоронгийн хаалга татах боллоо. Энэ тухай ямар бодолтой байна вэ?

-Дээхнэ үед казино, С.Зоригийн аллага гэж сүртэй эхлүүлээд гурван гишүүнийг бэлгэнд бүс авснаар буруутгаж дууссан шиг ОТ, ТТ, терроризм гэж сүржин эхлээд юу болгож дампууруулав. С.Баярыг, нас биенд хүрсэн охин нь аавыгаа Ерөнхий сайд болохоос өмнө тусдаа хийж байсан бизнесээр нь яллалаа. Үндсэн хуульд гэр бүлийн гишүүнийхээ өмнөөс ял үүрэх байтугай, мэдүүлэг өгөхгүй байх ч эрхийг тунхагласан улс шүү дээ. Оюу толгойтой хайгуулийн үеэс нь хамтарч ажилласан компанийн бизнесийн үндсэн үйл ажиллагааг нь гэмт хэрэг гэж үзлээ. С.Баярцогтыг 2009 онд хийсэн үйлдэлд нь 2015 оны хуулиар, 2001 оны хуультай төсөөтэй хэрэглэж ял оноолоо. Бүгд Эрүүгийн хуульд хориотой зүйлүүд. Ядаж байхад бүх зүйл ангийг нэмсэн хугацаа нь тухайн зүйлийн хамгийн их хугацаанаас (энэ нь 5 жил) илүү гаргаж хорих ял оноож болохгүй гэдэг Эрүүгийн хуулийн зарчмыг хүртэл зөрчиж С.Баярцогтыг “Туг” болгон 10 жил оноолоо. Ж.Эрдэнэбат бол зүгээр л нөгөө “Төөрсөөр төрөлдөө” кинон дээр гардаг шиг “Гөлгөө яасныг санаж байгаа биз дээ” гэж М.Энхболдод хэлж байгаа мессэж. Дуугүй, чимээгүй байхгүй бол юу ч хамаагүй тохно шүү гэсэн дохио. М.Энхсайханыг террорист гэхэд арай л чангадах гээд байсан тул тэрэг, машин төдийгөөр шалтаг гаргалаа. Хэн ч гэсэн долоон жилийн дараах хуучирсан үеийнх нь үнээр өнөөдөр шинэ машин авмаар л байгаа шүү дээ. Харин өнөөдрийн үнээр нь авбал долоон жилийн дараа гэмт хэрэгтэн болно шүү гэсэн утга. Дээрх үндэслэлүүдийг сонссон гадны хүмүүс, хуульчид та онигоо яриад байгаа юм уу гээд ойлгохгүй, хэцүү юм. Бидний бодит байдал, эрх чөлөөний үнэ цэнэ ийм л онигооны үнэтэй болж хувирч байна. Яах уу, таминь ээ.

-Та намынхантайгаа холбоотой байгаа юу?

-Мэдээ, мэдээлэл байнга л авч байгаа.

-Өнгөрсөн хугацаанд одоо хоригдоод байгаа бусадтайгаа холбоо харилцаатай байсан уу. Монголдоо ирэхээсээ эмээж байгаа зүйл бий юү. Таныг хорьж байцаах нь тодорхой харагдаж байгаа шүү дээ…

-Заримтай нь холбогдохыг шүүхийн шийдвэрээр хорьчихсон байсан болохоор холбоо авсангүй. Хориглоогүй бусадтай нь холбоотой байсан. Хэрэг нь шүүхээр шийдэгдэхэд нөлөөлчих вий гээд их л удаан нам жим байлаа. Бүгдээрээ ар араасаа ачигдаж байна. Одоо энэ хүмүүсийн төлөө дуугарахгүй бол өөр хэн ч дуугарах юм. Эх орондоо ирэхээс эмээдэг хүн гэж хэн байхав. Харин хэлэх ярих, хийх хэрэгжүүлэх зүйлсээ дуусгаж амжихгүй бол гэдгээс л эмээж байна.

-Та хэзээ Монголдоо ирэх бодолтой байна. Таныг командалсан салаагаа орхиод, голын нөгөө эрэг дээр ганцаар гарч чанга хашгираад яах ч билээ гэх мэтээр шүүмжилж байна лээ.

-А.Дюмагийн хэлдэг шиг “Итгэ, найд, хүлээ” гэдэг үгийг хүн эцсийн мөч хүртлээ боддог юм шиг. Хуульд захирагдах байх, хараат бус шүүгч үлдсэн байх гэж найдсаар алхаа тогшуулсан болохоор би С.Баяр даргыг тэгж хэлэхэд нь дотор нь орсон юм шиг л мэдэрч байсан. Магадгүй би байсан бол бас л тэгж хэлэх байх. Гэхдээ өнөөдөр ид бяр чадал нь орсон Баттулгад Монгол байтугай, дэлхий бага санагдаж байгаа биз. Голын нэг эрэгт хашиж байгаад юу дуртайгаа хийнэ, хэн дуртайгаа айлгана гэж бодож байгаа. Гэхдээ ямар ч голд бас нөгөө эрэг гэж бий. Нөгөө эрэг дээр Баттулгад таалагдахгүй олон юм бий. Үгэнд нь ордоггүй, хууль харж шийддэг хараат бус шүүгч нар, хүний эрх, эрх чөлөөг үнэлдэг нийгэм, хэн дуртайгаа шүүмжлэх эрх, хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх мэтчилэн. Би Баттулгад чи бүгдийг нь хорьж гүйцэхгүй, бүгдийг нь хашиж байгаад хонь шиг номхон гаргах боломжгүй, бүгдийнх нь дууг дарж чадахгүй, чамаас илүү хүчтэй шударга ёс, чиний троллуудаас илүү чанга дуу хоолой байдаг гэдгийг голын нөгөө эргээс мэдрүүлэх ёстой. Би Баттулгыг буусан өдөр очно. Баттулгын даалгаварт захирагддаг бус Монголын хуульд захирагддаг болсон цагт очно.

-Та захидалдаа Ерөнхийлөгч Х.Баттулга руу нэлээд хатуу үгнүүд дайсан байна лээ. Та гэж дуудаж чадахгүй нь ч гэсэн байсан. “Шорон операци”-ийг ганц Маэстро л удирдаж байгаа. Тэр нь ганц Баттулга гэсэн. Ингэж үзэх болсон шалтгаан юу юм бэ. Бас таныг энэ үгнүүдээ нийтлэлч Цэнддоо, Баабар, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоор бичүүлчихэв үү гэж хардах хүмүүс ч байна…

-Толгой нийтлэлч нартай холбогдож хардуулсандаа харин ч өөрийгөө овоо тоолоо. Би ямар ч албан тушаал дээр байхдаа улс төрийн гол илтгэл, хэлэх үгнүүдээ зөвхөн өөрөө л бэлддэг байсан. Тархи толгойгүй амьтан шиг нэр нүүрээ бусдад ашиглуулна гэж юу байхав. Улс төрийн тогоон дотор 30-аад жил чанагдлаа. Шийдвэр хаана яаж гараад хэнээр дамжаад хэн гүйцэтгэж байгааг ялгахтайгаа болсон. Монголд гурван хүн байтугай, хоёр хүний хоорондох нууц ч тэсдэггүй гэмтэй. Монголд төрийн “Зөөлөн” эргэлт хийгээд дуртай шүүгч, прокурор, мөрдөн байцаагчийг өөрийнхөө Тамгын газрын ажилтан шигээ дуудах, загнах, дарамтлах, даалгавар өгөх, халах, солих эрхтэй болчихсон хүнийг та яагаад харин ганц Маэстро болчихсон гэдэгт нь эргэлзээд байгаа юм бэ. Ийм зарчимгүй, хараа хяналтгүй диктатур Ардчилсан Үндсэн хуулийн доорх Монгол Улсын түүхэнд хэзээ ч байгаагүй. Их хэлмэгдлийн он жилүүд болох 1930-аад ондоо монголчуудыгаа буцаан аваачиж байна. Одоо удахгүй улстөрчдөө намнаад дуусна. Араас нь Баттулгын хүрээллийн бус толгой бизнес захирлуудыг цавчиж эхэлнэ. Тэр Талх чихэр, гурил будаа үйлдвэрлэж, буудал, амралтын газар ажиллуулах бутархай мөнгө л юм байна, банк, уул уурхай гэдэг бүхэл дэвсгэртүүд юм байна гээд л бусдын бизнесийг дээрэмдэнэ. Тусгайгийн хүчийг ашиглан, хөөрсөн сайд урд нь алхуулан эхний уурхайгаа дээрэмдэх хээрийн сургуулиа хийчихсэн. Хүмүүс алгаа ташсаар л байх болно. Иргэний нийгмийн идэвхтэй гишүүд, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид рүү дарамтаа эхлүүлчихсэн. Харин дараа нь хүмүүс рүү ороход Монгол Улсад маань гон хийх хүн олдохгүй дээ. Сая ганцхан сарын дотор бүх шатны шүүх, прокурор ид амарч байдаг зуны амралтын үед нь 21 хүнийг дээд тал нь 10 жилээр тасалж шоронд илгээлээ. Монголд Төрийн “зөөлөн” эргэлт гарлаа. Улаанбаатарт Хунтын дэглэм тогтлоо гэдгийг удахгүй бүх дэлхий ойлгоно.

-Ерөнхийлөгч хэлмэгдүүлээд байгаа бус хариуцлага тооцоод байгаа юм биш үү?

-Тэгээсэй гэж хүссэн хүмүүсийн хүлээлт дээр тэс өөр тоглолт хийж байгаа юм биш үү. Чи хэзээ Ерөнхийлөгчийн амнаас авлигатай ингэж тэмцэнэ, ийм арга хэрэглэнэ, тогтолцоо зарчим ингэж өөрчилнө гэсэн бодлогын, төрийн тэргүүнийх шиг үг сонссон юм. Хариуцлага тооцно л гэх юм. Хувийн өшөө хонзонгоо л хөөцөлдөхөөс өөр юу хийж байна. Монгол хүн илүү шуналтайдаа синга, норвеги, швед хүнээс илүү авлига аваад байна уу. Бодлогын өөрчлөлт хийхгүй бол хүнээс хамаарахгүй дараагийн авлигач залгаад л байх болно. Эхлээд Хараат бус байдал нь алдагдсан Шүүх, хууль сахиулах байгууллагуудаа улстөрчдийн гараас, нөлөөнөөс салгаж бие даасан байдлыг нь эргэн сэргээе. Баттулгад олгосон Үндсэн хуулийн бус эрх мэдлийг цуцалъя. Ямар ч албан тушаалтнуудыг хуулийн хүмүүстэй харьцах, нөлөөлөхийг бүхий л хэлбэрээр хориглоё. Дараагаар нь бүртгэлийн, татварын тогтолцооны реформоо дуусгая. Хүн бүр ХОМ гаргадаг болъё. Хөрөнгө, бэлэн, бэлэн бус мөнгөн гүйлгээгээ бүрэн бүртгэлжүүлье. Хэн ч ирж ажилласан авлига авах боломжгүй тогтолцоог бүрдүүлье. Авлига нэхсэн албан тушаалтныг хэн ч дуу, дүрс авах эрхийг нь хуульчилья. Авлига өгсөнд биш, авсанд зөвхөн хуулийн хариуцлага хүлээлгэе. Ингэж бодлого, зорилгоо тунхаглаад хийх юм бол чи асуулт шигээ итгээрэй.

-Төрийн тэргүүнийг хойд хөршийн даалгавраар ажиллаж байна гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Даалгавар авч байгаа эсэхийг өөрөөс нь асуухгүй юу. Харин урьд нь Оросод ажиллаж байсан монгол хүн хуучин Орос андтайгаа Улаанбаатарт санамсаргүй таарахад нь бид нар одоо танай Ерөнхийлөгчид зөвлөхөөр энд түр ирээд байна гэж хэлсэн гэсэн. ШХАБ-д элсэх эхний алхмууд чимээгүй хийгдээд л байгаа. Сая сонгуулийн чимээнд дарагдуулан сонгуулийн өмнөхөн Засгийн газар энэ байгууллагад элсэхэд саад болох Төвийг сахих бодлогоосоо Монгол Улсыг татгалзуулсан шийдвэр гаргаад амжлаа.

-Таныг гурван зүйлээр буруутгаж байгаа. Эрдэнэтийн 49 хувь, Оюу толгойг татвараас чөлөөлсөн, Дубайн гэрээ гэх. Таныг буруутгах үндэслэл нь хэр бодитой юм бэ?

-Энэ асуудлууд дээр гэмт хэрэг гээд хэлчихээр нэг ч зүйл байхгүй. Бүгд цэвэр улс төр явагдаж байгаа бөгөөд шүүх, хуулийн байгууллагыг зүгээр л зэвсэг болгон ашиглаж байгаа.

Эрдэнэтийн 49 хувь буюу шинжээчдийн үнэлгээгээр 4,5 их наяд төгрөгийн баялгийг харь улсаас Монголд буцаан авчрах бодлогын, улс төрийн шийдвэр гаргасан нь үнэн. Оросууд манай Засгийн газрыг оролцуулаад ХХБ биш л бол ямар ч гурав дахь этгээдэд зарахгүй гэсэн нь бас үнэн. Их хурал, ядаж холбогдох Байнгын хороог хуралдуулаад өгөөч гэж З.Энхболд руу утасдаж хүссэн нь (гэрч ч байгаа. Харин З.Энхболд “Би үхэхээр чи үх” гэдэг шиг худлаа мэлзээд байгаа болохоос) бас үнэн. Их хурал хуралдах боломжгүй учраас УИХ-д дараа нь оруул гэдэг Засгийн газрын хуралдааны шийдвэр гаргасан нь ч бас үнэн. Уг нь Эрдэнэтийн 49 хувийн асуудал ойлгоход ийм энгийн. Гэмт хэргийн үнэр ч байхгүй зүйл. Аливаа бизнес хэлцэл гэдэг бол өгөө, авааны нийлбэр үр дүн юм. Авсан бүх юмандаа хэзээ ч талархлаа гэхгүй, харин өгсөн юм болгоноо гэмт хэрэг гэж үзнэ. Ийм бизнес гэж байх уу.

Дубайн Төлөвлөгөөнд 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг давж тохирсон нэг ч асуудал байхгүй. Бүх татвар, орлогоо яс тооцоод төслийн үр өгөөжөөс Монгол 53 хувь, Рио 47 хувь авнаа гэдгээ баталгаажуулж тооцоогоо мөргүүлсэн. Энэ тооцоог бид ч биш олон улсын нэр хүндтэй Comprador, Shearman Sterling гэдэг хоёр байгууллагаар бид хөлсөлж хийлгүүлсэн. Хэрвээ аль нэг татварыг бид илүү авъя гэх юм бол өөр нэг орлого дээрээ буцааж өгч байж 53:47-гоо мөргүүлэх учиртай. Ийм энгийн зүйлийг ойлгоогүй байж манай хэдэд ял өгчихсөн. Татварын шинжээчээр насаараа татварт ажилласан, Оюу толгойн төслийг үздэггүй байнга шүүмжилж явдаг Энхтуяа гэх эмэгтэйг албаар томилсон. За тэр хувийн үзэл бодол нь ч дүүрч. Татварын алба бол аль болох их татвар хураахаа л бодно. Нэг талын сонирхолтой ийм этгээдээр шинжээч хийлгээд нөгөөдөх нь бүх “Мөрөөдлийн жагсаалтаа” оруулсан дүгнэлт дээр нь шүүх, прокурор бүгд нэгдчихээр яаж шударга шийдвэр гарах вэ дээ. Ийм болохоор Монгол Улс олон улсын Арбитр дээр байнга ялагдана. Уг нь бол Засгийн газар, Рио Тинто хоёр тохироод олон улсын, хөндлөнгийн гуравдагч этгээдээр тооцоогоо дахин шалгуулах хэрэгтэй.

-Дубайн гэрээ өнөөдөр ямар явж байна гэж та харж байна. Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад танаас бусад нь ял сонсчихлоо. Энэ бүхэн зорилготой байдаг юм уу. Ингэж таараад байдаг юм уу. Огт буруугүй байсан бол яагаад ял өгнө гэж?

-Дубайн Төлөвлөгөө хэрэгжээд явж байгаа. Ямар байгааг нь та бид харж байна. Гадны бүх хөрөнгө оруулалт зогсохоор ямар хэцүү байдгийг бид 2013-2016 онуудад харсан. Оюу толгой далд уурхай Дубайн Төлөвлөгөөгөөр эхэлж жил бүр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт өгсөн болохоор эрх баригч 65 хүнд ямар ч асуудалгүй дөрвөн жил сайхан популизм хийх боломж өгсөн. Яг үнэндээ алт, зэс, нүүрсний үнэ өсч таараад, Оюу толгойн шинэ бүтээн байгуулалт давхцаж, ОУВС-гийн мөнгөөр төсвийн алдагдлаа багасгаж эдийн засгийн хямралаас гарсан болохоос биш юуг ч бодлогоор өөрчлөөгүй. Бодлого өөрчлөгдөөгүй учраас сонгуулийн жил дахиад л хонины найр хийгээд одоо төсвийн алдагдал энэ жилийнх гурван их наяд төгрөг буюу нэг тэрбум ам.доллар болоод байна. Манай улс дахиад нэг тэрбум ам.долларын өртэй боллоо гэсэн үг. 1,5 тэрбум ам.долларын Чингис бонд дээр яаж алалцаж улс төр хийдэг билээ, бид. Нэгхэн жилийн төсвөөрөө бараг нэг Чингис бонд үрж байгаа хуучин 65, шинэ 62 гишүүн таг чиг байгаа биз. Тэгж яривал муулаад байгаа Оюутолгой төсөл зээл төлбөрөө толгой өвтгөхгүй өөрөө төлчихнө. Одоо нийтдээ арав дөхсөн тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгө оруулалт, зээл хийсэн. Үүнээс 34 хувийг бид хариуцна. Гэхдээ төслөөс зөвхөн татвараар 46 тэрбум ам.доллар Монголд ирэх учраас олон улсын 14 банк, институци бидэнд хөрөнгө босгож өгсөн. Харин Засгийн газрын хариуцах эргэж төлөгдөх эх үүсвэргүй бусад зээлээ ерөөсөө ярьдаггүй, сонгуультай жил бүр, бусад үед хоёр жил тутам бараг Чингис бонд шиг төсвийн алдагдал дандаа баталж өрөө нэмж байгаагаа ярьдаггүй хүмүүс дээ, бид.

-Дубайн гэрээг хэнтэй зөвлөж ярьсан бэ. Тухайн үед та ганцаараа бие даан шийдвэр гаргаагүй нь тодорхой. Тухайн үеийн Төрийн гурван өндөрлөг болох З.Энхболд, Ц.Элбэгдорж нар заавал үүнд холбогдох ёстой юм биш үү. ҮАБЗ-ийн гишүүд байсан энэ хүмүүс дуугарахгүй юм байх даа?

-Урьдах Засгийн газрууд байтугай УИХ-аас ч илүү шийдвэрээ зөвлөсөн. Нэн шинэ түүхэнд анх удаа шууд Ардчиллыг гар утасны мессэж ашиглан хэрэгжүүлсэн. Сонгуулийн насны хүмүүсийн 1/3 буюу 360 мянган хүний олонх нь Засгийн газрыг Оюу толгой төслөө явуулахыг дэмжсэн. УИХ хоёр удаа Оюу толгойн далд уурхайг эхлүүлэх хугацаатай даалгаврыг Засгийн газарт тогтоолоороо өгсөн. Засгийн газар хоёр ч удаа хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргасан. Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу Ерөнхий сайд захирамж гаргасан. Тухайн үеийн УИХ дахь нам бүлгийн удирдлагуудад танилцуулсан. Төлөвлөгөө зурагдсаны дараа УИХ-д дэлгэрэнгүй танилцуулга хийгдсэн. Бүх гишүүд асуулт асууж, хариулт авсан. Намар нь нэр бүхий гишүүдийн Асуулганд хариулсан. Өвөл нь Оюу толгой асуудлаар Засгийн газарт Итгэл хүлээлгэх санал хураалтад олонхоороо Засгийн газраа дэмжсэн. УИХ Дубайн төлөвлөгөөг зурагдсаны дараа өөрчлөх, нэмэх, хүчингүй болгох бүх боломж нь байсан байгаа биз. Гэхдээ Засгийн газраа зөв гэж үзсэн байгаа биз. Өнөөдөр зүгээр л улс төр хийж байгаа юм. З.Энхболд УИХ-ын дарга байсны хувьд тухайн үедээ дэмжиж зөндөө ярилцлага өгч, байр сууриа маш тодорхой илэрхийлж байсан хүн. Өнөөдөр даалгаврыг нь биелүүлсэн Б.Бямбасайхан, Д.Ганболдын төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа биз. Ийм л бие нь ч, хүн чанар нь ч, бүх юм нь жижиг хүн дээ.

-Зарим хүмүүс шинэ хонгил гараад ирлээ гэж ярих болж. Хонгил гэж ер нь байсан юм уу?

-Одоо уг нь манай Н.Алтанхуяг самбарынхаа өмнө гарч ирээд л зарим хүмүүсийн зургийг солиод л өөрийнхөө, бас “Эзэн”-ийхээ зургийг оруулаад л жинхэнээсээ хонгил үүслээ гээд яримаар л байгаа юм. Хэрвээ Монголоо гэж боддог, зарчим, үнэт зүйл, зүрх зориг байдаг бол. Гэхдээ зориг нь хүрэхгүй л дээ. Хуучин УИХ бол ямар ч Ерөнхийлөгчийн хувьд халуухан л газар байлаа. Муулаад байдаг Ц.Элбэгдорж руу хүртэл чуулган дээр гишүүд яаж дайрч, яаж маргалддаг байлаа. Одоо наад гишүүд чинь Баттулгын нүүр рүү нь эгц харж чадаж байгаа юм уу. Ёстой нөгөө С.Эрдэнийн хэлдгээр бүгд гөлөг болцгоосон байгаа биз дээ. Баттулга хуулийн дагуу нэг удаа УИХ дээр жилийн ажлын тайлангаа тавьж байх ёстой. Сонгогдоод эхний жилдээ л тайлангаа тавьсан. Дараагийн хоёр жил таг. Нэхэж шаардаж байгаа УИХ-ын гишүүн биш юм аа гэхэд ганц иргэн байна уу. Ард түмэн хэрвээ Ерөнхийлөгч хууль зөрчвөл Ерөнхийлөгчийг импичмэнт дангаараа хийж чадах эрхийг хоёр дараалан МАН-д олголоо. Ерөнхийлөгч нь хууль байтугай, Үндсэн хууль ч нэг бус удаа зөрчих юм. Наадах хэд нь сонгуулиар “Хүчээ нэгтгэе” гэж баахан орилсон. Нийлэхээрээ нам ч юм уу, үгүй ч юм уу, нэг хүнд гүйж очоод л дөрлүүлчих юм.

-Дарангуйлал руу алхаж байна гэж хэлэх гээд байна уу?

-Би одоо сүүлд гарсан Пулицерийн шагналт Анэ Эйплбаумын “Ардчиллын бүдгэрэл. Дарангуйллын шохоорхом өгөөш” (Twilight of Democracy: The seduc­tive lure of Authoritarian­ism) номыг уншиж байна. Бидний яг одоо туулж байгаа амьдралыг дэлхийн олон орны жишээ, түүх дээр үндэслэн нүдэнд харагдтал бичжээ. Дарангуйлагчид, үндсэрхэг үзэлтнүүд XXI зуунд хэрхэн хуйвалдааны онол, улс төрийн талцал, хуваагдал, сошиал суваг, өнгөрсөн нийгмийг санагалзах эргэн дурсахуйг хүртэл ашиглан Ардчиллыг бүдэгрүүлж нийгмийг өөрчлөн, эрх мэдэлдээ бүгдийг хумьж байгааг харуулжээ. МАНАН мафи, бүлэглэлүүд, шударга бусын хонгилууд гээд тоочвол бидний зохиосон, итгэсэн сүржин, сүртэй хардлага сэрдлэг, хуйвалдааны онол, зохиол тоогоо алдлаа. Баттулгын “ачаар” бид урьд нь хэзээ ч байгаагүй хуваагдал, талцалд орлоо. Энэ хуваагдал улс төр, улс төрийн намаас хальж хот хөдөө, орк элит, эр эм, хөгшин залуу, баян ядуу, бүүр өнгөрсөн нийгмээ үгүйлэх хүртэл бүх сэдвийг хамрах боллоо. Баттулгын зохион байгуулалттай троллууд энэ талцал, хуваагдлыг бүр дэвэргэж бүүр үзэн ядалтын түвшинд аваачлаа. Энэ үзэн ядалтын дайнаа телевиз радио, сонин хэвлэлээс хальж сошиал сувгаар хүн бүрт дайж чадлаа. Одоо энэ үзэн ядалтыг ашиглан атгандаа бүрэн оруулсан хууль хяналтын байгууллагаар дамжуулан өөрийн өрсөлдөгчдөө намнах аргаар тэднийг олон түмэнд шохоорхом өгөөш болгон өгч олны сэтгэл санааг урхидах ажлаа эрчимтэй хэрэгжүүлж эхэллээ. Энэ бүхний үр дүнд эцэст нь нам төрийг хослуулсан шинэ эзэн, хэмжээлшгүй эрхэт дарангуйлагч болох хүслээ гүйцэтгүүлэхийг тэсч ядан хүлээж байна. Гэхдээ би өөдрөг л дөө. 200 жил Манжийн, 70 жил Оросын дарангуйлалд байсан монголчууд маань сүүлийн 30 жилийн туршид унаж босон, алдаж онон эрх, эрх чөлөө, бие даасан байдлаа эдэлж, хөгжиж урагшилж байгаа ололт амжилтаа дарангуйлалд шунасан нэг нөхрийн гуравхан жилийн хорлон сүйтгэлд тавиад туучихгүй гэдэгт, монгол түмний маань голч суурь, егзөр зан, цөлх ухаан эцэстээ ялна гэдэгт итгэж байна.


Categories
мэдээ цаг-үе

“Шинэ Монгол”-ын П.Наранбаярынх

“Шинэ Монгол”-ын Наранбаяр хэмээн танигдсан эрхмийнхээс бид энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Биднийг гэрт нь ороход эхнэр нь угтаж, ширээнд урилаа.

Наранбаярынх “Шинэ Монгол” сургуулийн урдхан талын байранд амьдардаг юм байна. Бид ширээний ард сууж гэрийн эзний бага нас, нутаг усных нь дурсамжаар яриа хөөрөө дэлгэлээ.

Гэрийн эзний аавыг Г.Пүрэвсүрэн, ээжийг нь Т.Туяамаа гэдэг. Аав нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын уугуул бол ээж нь Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул аж. Гэрийн эзний аав нь клиникийн профессор хүн. Ээж нь ч мөн адил эмч мэргэжилтэй юм байна. Ээж нь Сүхбаатар аймгийн Онгон сум хуучнаар Дарьганга хошууны дархан Ёндонгийн зээ охин гэнэ. Гэрийн эзэн эцэг эхээс дөрвүүлээ. Том ах П.Нямбаяр нь холбооны инженер, эмэгтэй дүү П.Содцэцэг нь олон улсын харилцааны мэргэжилтэй. Бага дүү П.Отгонбаяр программ хангамжийн инженер мэргэжилтэй гэнэ. Гэрийн эзэн Төрийн захиргаа, олон улсын харилцаа мэргэжилтэй. 2015 онд МУИС, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн доктор, 2007 онд Киотогийн Их сургуулийн Эрх зүйн факультет, эрх зүйн магистр, 2000 онд МУИС-ийн ОУХДС-ийн Япон судлалын тэнхим, олон улсын харилцааны бакалавр хамгаалжээ.

“Аав ээж хоёр маань их сургуулиа төгсөөд Хөвсгөл аймгийн Хатгалд хуваарилагдан очиход би ээжийнхээ гэдсэнд байсан гэдэг. Ээж ажлаар Улаанбаатарт ирэхэд онгоцонд өвдөж сандаргасан юм билээ. Онгоцноос буумагц Нисэхийн гал командын машинд суулган Улсын хоёрдугаарт төрөх эмнэлэгт хүргэснээр би төрсөн гэдэг” хэмээн инээмсэглэлээ.

“Би дунд сургуулиа 13 дугаар сургуулийг төгсөөд 1994 онд одоогийн МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийн япон хэлний ангид элсэж орсон юм. Гуравдугаар курстээ Япон руу мэргэжил дээшлүүлэгч оюутнаар явсан. Ингээд Токиогийн гадаад судлалын их сургуульд сурсан. Эргэж ирээд их сургуулиа төгсөөд Байгаль орчны яамны Хамтын ажиллагааны хэлтэст мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн дээ” хэмээн хуучлав.

“Шинэ Монгол” сургуультай хэрхэн холбогдсон талаар нь асуухад “2012 онд Японд Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах багш намайг Шинэ Монголд ирж ажиллахгүй биз гэхэд нь би шууд л тэгье гэж хариулсан. Ингээд 2020 оны хоёрдугаар сар хүртэл Шинэ Монгол сургуульдаа ажиллалаа. Шинэ Монгол сургуультай холбогдсон гэвэл бүр 2006 оноос л доо. Тэр үед энэ сургуульдаа ирж лекц уншдаг байлаа. 2010 онд би Шинэ Монгол сургуулийн 10 жилийн ойн баримтат киноны зохиолыг бичиж, кино болгосон нь Галаа багш бид хоёрын харилцааг улам ойртуулсан” хэмээн хуучиллаа.

П.Наранбаяр эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Түүний эхнэрийг Туул гэдэг. Хүүг нь Н.Амарсанаа, охиныг нь Н.Ирмүүнсанаа гэдэг. Гэрийн эзэгтэй мөн адил МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг япон хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгсчээ. Том хүү нь энэ жил ЕБС-иа төгсөж ЭЕШ-аа өгч байгаа гэнэ. Харин охин нь Шинэ Монгол сургуулийн зургадугаар ангид сурдаг байна.

Гэрийн эзэгтэй ширээнд сууж бидний яриа тэдний хэрхэн танилцсан талаар үргэлжиллээ. Тэрбээр “Токиогийн олон улсын харилцааны дээд сургуульд судлаач оюутнаар суралцаж байхдаа Наранбаяртай танилцаж байсан. Бид хоёр нэг сургууль гэдгээ Японд очоод мэдсэн л дээ. Нас чацуу ч би долоон настайдаа сургуульд орчихсон болохоор нэг курсээр илүү яваад байсан. Ингээд 1998 онд бид хоёр үерхэж эхэлсэн” хэмээн хуучлав.

Гэр бүлийн хоёр гал голомтоо бадраагаад 22 дахь жилтэйгээ золгож байгаа аж. Гэр бүлийн хоёр хамтарч орчуулга их хийдэг байж.

Гэрийн эзэгтэй “Yu lan­guage Ulaanbaatar” япон хэлний сургалтын төвийн захирлаар ажилладаг юм байна. Энэхүү сургалтын төв зургаан жилийн өмнөөс Монголд үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Токиод төвтэй япон хэлний сургалтын төвийн Улаанбаатар дахь албан ёсны салбар гэнэ. Энэхүү сургалтын төв нь Японд ямар дүрэм журам заах аргаар үйл ажиллагаа явуулдаг тэр л дүрэм журам, заах арга барилаар япон хэлийг хөгжилтэй аргаар яриа, сонсголд суурилж заадгаараа давуу талтайг дурдаж байв.

Гэрийн эзэгтэй “Манай сургалтын төв “Боловсрол” телевизтэй хамтраад алсын зайн сургалтыг хийж байсан. 1990, 2000-аад оны үед нийгэм эдийн засгийн байдал нэлээд хүнд байлаа. Гадаадад хэлний бэлтгэлд суралцахад асар үнэтэй байсан. 2000-2010 он хүртэл япон хэл сурах хүмүүсийн тоо асар багассан. Энэ нь япон компани манай улсад хангалттай орж ирээгүй байсантай ч холбоотой. Харин сүүлийн жилүүдэд япон хэл сурах хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. 2019 он гарснаас хойш Японд дадлагажигчаар ажиллах хүмүүсийн тоо ихээр нэмэгдэж түүнтэй холбоотойгоор япон хэл сурах хүмүүсийн хүрээ улам илүү тэлсэн. Гэвч дэлхий нийтэд үүсээд байгаа цар тахлын улмаас сургалтын төвүүд хүндхэн байна л даа. Өнгөрсөн тавдугаар сараас сургалтын төвүүдийг нээх зөвшөөрөл гарсан ч хязгаарлалт их тогтоосон. Манай сургалтын төв энэ жил давхардсан тоогоор 624 хүнд хичээл заасан байна. Миний бодлоор манай сургалтын төв Япон, монгол төвийн дараа орчих болов уу гэж боддог” хэмээн инээмсэглэлээ.

Yu language Ulaanbaa­tar сургалтын төвийг зорьж ирэх хүмүүсийн тоо их байдаг гэнэ. Сонсголд суурилж япон хэл заадаг нь уг сургалтын төвийн онцлог аж. “Хүн сонсоод ойлгодог болчихвол баярладаг. Үгээр илэрхийлбэл бүр их баярладаг. Бага насны хүүхдүүдэд хэл заана гэдэг хэцүү. Эх хэлээ сайн мэдээгүй байдаг. Тэгэхээр чихийг нь онгойлгоод дуртай дууг нь сонсгох, киног нь үзүүлэхэд хэл сургахад илүү үр дүнтэй. Дэлхий дахинд анимэ үздэг залуучуудын тоо маш их байдаг. Анимэ үздэг залуучууд япон хэлийг хурдан сурдаг” хэмээн гэрийн эзэгтэй нэмж хэлэв.

Тэрээр ханийнхаа талаар “Миний хань төрийн албанд олон жил ажилласан. Санаандгүй тохиолдлоор хувийн сектор лүү орчихсон. Энэ хугацаандаа боловсролын салбарт болох, болохгүй олон зүйлийг тал талаас нь харсан байх. Эхнэр хүний хувьд улс төрд орохыг нь дэмжээд явж байна даа” гэсэн юм.

П.Наранбаяр энэ удаагийн 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, 23479 хүний санал авч гурваар гарч ирсэн юм. Тэрээр сонгуульд зориулж “Нүсэр бус төсөр” хэмээн ном гаргаж түүгээрээ уриалж оролцсон юм. Наранбаяр Нүсэр бус төсөр” гэсэн нь учиртай. Төсөрт энгийн оршиж, энгийн агуу чанарыг агуулдаг. Улс орны хөгжлийн суурь зарчмыг бид ингэж тодорхойлсноор олон ээдрээтэй асуудлыг хөвөрдөн тайлах боломжтой болно гэж ярив.

Тэрээр “Энэ жил УИХ-ын сонгуульд 606 хүн нэр дэвшлээ. Томсгосон тойрог гэх онцлог байна. 21-хэн хоногт иргэдэд хүрч ажиллах ёстой. 110 мянга гаруй сонгогчтой тойрогт тэр бүр хүмүүстэй уулзаж явах ямар ч боломжгүй юм байна лээ. Өөрийгөө таниулахад нэлээд цаг хугацаа алдсан. Мажоритари тогтолцоо нам гэдэг институцийг их сулруулдаг. Эрх баригч намын тоглоомоор бүгд тоглосон гэсэн үг. Нэгдүгээрт, эрх баригч нам танигдчихсан. Цар тахлыг дотооддоо алдаагүй гэдэг оноо авчихсан. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад жинтэй хувь нэмэр оруулсан. Хэд хэдэн уурхайг улсын болгоод авчихсан. Хүч тэнцвэргүй тулаанд орж байгаа юм л даа. Энэ сонгуулийн тогтолцоо маш их хэмжээний саналыг гээгдүүлдэг. Мажоратори тогтолцооны алдаатай тал нь энэ. 51 хувийн саналыг авчихвал 49 хувь нь үхэж байдаг л байхгүй юу. Баянзүрх дүүрэгт надад өгсөн хүмүүсийн санал үхчихэж байгаа юм. Анхнаасаа тойрог хуваарилалтад хүн амын тоог огт харгалзаагүй. Хүмүүс өөрсдөө хүртэл сонгуулийн үр дүнг гайхаад байгаа юм. Энэ бол сонгуулийн тогтолцооны гажиг.

ХҮН-аас Т.Доржханд Их хурлын гишүүн боллоо. Нэлээд жинтэй дуугарах гишүүн гэж харж байгаа” гэлээ.

Сонгуулийн маргааш хүмүүстэй гар бариад уулзаад явж байсан тухайгаа ярихдаа “Би 23500 хүний саналыг авчихсан юм чинь талархал илэрхийлж, уучлал гуйх ёстой гэж бодсон. Хүмүүс сонгууль дуусчихсан шүү дээ гээд гайхаад байна лээ. Гэхдээ их таатай хүлээж авч байсан. Хоёрдугаарт, энэ миний барьдаг зарчим. Улс төр, төрийн эрх мэдэл гэдэг ард түмнээсээ төрж гарч байх ёстой. Өөр хаанаас ч биш. Дээр нь нэмээд төрийн өндөр босго гэж байж болохгүй. Хажууд дэргэд байх ёстой” хэмээн хуучиллаа.

П.Наранбаярыг боловсролын салбарын хүн гэж хардаг. Тэр ч утгаараа түүнийг Шинэ Монголын Наранбаяр гэхээр анддаггүй. Тэрээр Төрийн захиргааны чиглэлээр, Олон улсын харилцааны чиглэлээр, Байгаль орчин, Орчуулга болон бусад чиглэлээр олон бүтээл туурвил, ном зохиол орчуулж гаргаж байжээ.

Боловсролын салбараас улс төр лүү орох шалтгаан болон өнөөгийн боловсролын салбарын талаар бид үргэлжлүүлэн хууч хөөрлөө.

Наранбаяр “Өнөөдөр боловсролыг зүгээр л эзэнгүйдүүлчихлээ. Ажил хийсэн сайд байсангүй. Авлигажиж дуусч байна. Төрийн үйлчилгээний албанд авлига өгч ордог нь бараг л хүн болгоны өмнө ил байдаг нууц болчихлоо. Авлига нүүрлэчихсэн газарт жилээс жилд боловсролын чанар унаж байна. Хөтөлбөрөө шинэчлэх нэрээр замбараагүй байдал үүсгэж байна. Сүүлийн таван жилд анхныхаа төлөвлөсөн зүйлээрээ нэг ч явсангүй. Тэр бүр нь боловсролын чанарт сөргөөр нөлөөлж байгаа юм. Жилээс жилд багш нар ядуурч байна. Багш нар 2018 онд ажил хаясан шүү дээ. Энэ бол 1994 оноос хойш гарсан анхны ажил хаялт. Маш том дохио өгөөд байгаа юм. Тэгэхэд олигтой зүйл юу ч хийгээгүй. Угтаа боловсролын сайд хийх ёстой байсан.

Өнөөдөр боловсролд итгэлцэл дутчихаад байгаа юм. Сургуульд нь эцэг эх нь итгэдэггүй. Чанар муутай, багш нь чадал муутай гээд бодчихсон. Багш нар болохоор эцэг эхчүүд зан харьцаа муутай, биднийг ойлгодоггүй гэдэг үл итгэлцэл нүүрлэчихээд байхад дуугай суугаад байдаг яам байж болох уу. Боловсролын шинэчлэл эндээс эхлэх ёстой. Багшийг бэлдэх тогтолцоо үндсэндээ суларчихлаа. Зөвхөн МУБИС багш бэлддэг. Энэ нь чанарыг үнэхээр унагасан. Сайн сургуулиуд дээр яаралтай байгалийн ухааны багшийг бэлдэх шаардлага бий. Гэтэл МУИС гэхэд мэргэжлээ сонгож орохоо больчихсон. Хоёрдугаар курсээсээ мэргэжлээ сонгохоор физик, химийг нь сонгодог хүн байхгүй. Монгол Улс чадварлаг физик, хими, математикийн багшаар удахгүй дутна. Ийм нөхцөл байдал үүсчихээд байхад нүдэн балай чихэн дүлий явж байна. Үнэндээ ЭЕШ-аар сул оноотой хүүхдүүд багш болж ирсэн нь нууц биш. Харин хэдэн жилийн өмнө МУБИС дээр 800 оноотой хүүхдүүдийг тэтгэлэг өгч сургасан явдал оновчтой байлаа. Эндээс нэг ч гэсэн гялтайх багш гарч ирсэн. Даанч тоо нь цөөхөн. Өнөөдөр 5,10,15 жил багшилсан хүмүүс багшлах хүчний цөм болдог байхгүй юү. Гэтэл 10 дах жилээсээ боловсролын салбараас гараад өөр ажил эрхэлж байгаа хүмүүс их. Энэ чинь л хамгийн аюултай зүйл. Тэгэхээр нөгөө л чанар муутай төгссөн залуу багш нарын эгнээ нь эзлээд боловсролыг муу тойрог руу эргүүлэг рүү нь оруулаад байгаа юм. Би бүгдийг нь хэлж байгаа юм биш. Энэ бүгдийг нэн яаралтай засахын тулд ЭЕШ-аар өндөр оноо авсан оюутнуудад Монгол Улсын хамгийн шилдэг их дээд сургуульд тэтгэлэгтэй, цалинтай шууд сургах хэрэгтэй. Төгсөж гараад багшийн ажил хийсэн тохиолдолд тэр хүний тэтгэлгийг 100 хувь чөлөөлнө. Багшаар ажиллаагүй тохиолдолд эргүүлж 100 хувь тэтгэлэгээ нөхөж авдаг тогтолцоо хэрэгтэй байна. Өнөөдөр хөшөө дурсгалд мөнгө зарцуулж байснаас багшдаа зориулчихвал тэс өөр байхгүй юу” гэсэн юм.

Үргэлжлүүлэн хувийн сургууль улсын сургуулийн ялгаа их гүнзгийрч байгаа тухай яриа дэлгэв. Гэрийн эзэн “Сэтгэл зовоож байгаа асуудал. Хувийн сургуульд хандлага нь зөв багш нар их байгаа нь үнэн. Энэ бүхэн удирдлагаасаа их шалтгаалж байна. Үнэндээ хувийн сургууль хэд дахин өндөр цалин өгдөг нь гэдэг худлаа ш дээ. Яаж хувийн сургууль өөрөө өөрийгөө авч явах юм. Хувийн сургуулийн зардал маш их. Нэг заал барихад бараг тэрбум дөхнө. Тэгж байж хүүхдэд таатай орчин бүрдэх ёстой. Эцэг эхийн хүүхдийнхээ сургалтын төлбөрт төлсөн мөнгө эргээд хүүхдэд нь хөрөнгө оруулалт болж шингэж байгаа юм. Шинэ Монгол, Логирфм сургуулийн заалыг нь үзээд явахад л энэ бүхэн харагдана. Хөгжмийн өрөөг нь ч гэсэн харах хэрэгтэй. Гэхдээ сүүлийн жилүүдэд улсын сургуулиуд маш их сайжирсан” хэмээв.

Сүүлийн үед гэрийн эзэн “Сайн сургуулийг таны дэргэд” нэртэй ТББ байгуулахаар ажиллаж байгаа аж. Тэрээр энэ тухайгаа “Энэ миний сонгуулийн нэг уриа байсан юм. Энэ уриагаа өөрийнхөө чадал хэмжээнд хэрэгжүүлье гэх үүднээс “Сайн сургуулийг таны дэргэд” ТББ байгуулчихлаа. ТББ маань Боловсролын тэгш хүртээмж, цахим сургалт, сургуулийн менежмэнтийн чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулна. Сонгуулийн үеэр миний байнга хэлж байсан зүйл бол хотын захын тосгоны хөдөөний хүүхэд ч гэсэн хотын шилдэг багшийн хичээлийг үнэ төлбөргүй харах боломжтой. Танхимын сургалт бол 20 дугаар зууны шилдэг систем. 21 зуунд ч үүний давуу талыг бүрэн үгүйсгэж болохгүй. Цахим орчин, цахим агуулга хөгжиж байна гэдэг танхимийн сургалтыг илүү үр дүнтэй болоход чиглэсэн байх ёстой” хэмээснээр бидний яриа өндөрлөлөө.


Categories
мэдээ цаг-үе

Д.Мөнх-Эрдэнэ: Төрийн нийтийн өмчийг гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эзэмшүүлж болох заалтыг яаралтай өөрчлөх шаардлагатай

Хуульч Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Хятадын худалдааны томоохон сүлжээ болох Алибаба цахим сайтаар Монгол Улсын газар нутгаас хэсэгчлэн зарж байгаа зар сошиал хуудсаар явж эхэллээ. Энэ ямар учиртай зар гэж харж байна?

-Юуны түрүүнд үнэн бодитой эсэхийг нь шалгах хэрэгтэй. Хэрэв үнэн бол тун ноцтой асуудал шүү. Газар, ард түмэн хоёр төр улсын үндэс. Би хувьдаа төрөөс газар олголт, ашиглалтын байдалд бүхэлд нь хяналт шалгалт хийх цаг нь болсон гэж боддог.

Улсын Их Хурлаас энэ чиглэлээр Хянан шалгах түр хороо байгуулж ажиллуулах боломж ч хуулиар нээгдсэн байгаа.

-Үндсэн хуулийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж заасан. Үндсэн хуулийн энэ заалтад төрийн, нийтийн гэж томьёолж оруулснаас болж манай улсын газар нутгаас хэсэгчлэн зарж байгаа гэх зүйл яригдаж байгаа. Үүнд та хариулт өгөөч?

-Үндсэн хууль, бусад хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар “бүх ард түмний өмч” болгон заасан зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр энэ байдал Үндсэн хуулийн уг заалтаас болсон гэхээсээ илүү газар олголт, ашиглалт манайд ямар замбараагүй байгааг л харуулж байна. Уул нь газар ард түмний мэдэл, төрийн хяналт, хамгаалалтад байх зарчимтай. Харамсалтай нь энэ зарчим амьдрал дээр бүрэн дүүрэн хэрэгжиж чадахгүй байна. Таны хэлсэнчлэн Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад бүх газар төрийн өмч юм. Энэ дашрамд хэлэхэд, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4.4-т заасан төрийн нийтийн өмчийг гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эзэмшүүлж болох заалтыг яаралтай Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөх шаардлагатай байна.

-Дээрх заалтыг хүмүүст илүү ойлгомжтой тайлбарлаж өгөхгүй юү?

-Манайд төрийн өмчийг хуулиар төрийн өөрийн болон нийтийн зориулалттай өмч хэмээн ангилж ирсэн. Төрийн өөрийн өмч гэдэг нь төрийн албанд өдөр тутам хэрэглэгдэж байдаг байшин барилга, тавилга, тоног төхөөрөмж, машин тэрэг гэх мэт эд хөрөнгийг ойлгоно. Харин төрийн нийтийн өмч гэдэг нь газар, ой, усны нөөц, ан амьтан гэх мэт нийтийн зориулалтаар ашигладаг, бүх ард түмний өмч болох зүйлсийг хэлдэг. Ард түмнийг төлөөлж төр өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлж байна гэж ойлгож болно.

-Гадаадын иргэн манай улсад газар өмчлөх хууль, эрхзүйн орчин бий юү?

-Байхгүй. Үндсэн хуулиар хатуу хориглосон. Үндсэн хуулийн 6.5-д заасны дагуу гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн газрыг хуульд заасан болзол, журмын дагуу ашиглаж л болно. Өөрөөр хэлбэл, гадаадын иргэн газрыг өмчлөх буюу чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхгүй. Зөвхөн хуульд заасан болзол, журмын дагуу буюу Газрын тухай хуульд заасны дагуу Монгол Улсад байнга оршин сууж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн хувийн гэр, орон сууц, хашааны зориулалтаар 0,05 га, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тарих зориулалтаар 0,1 га-гаас илүүгүй газрыг таван жил хүртэл хугацаагаар ашиглаж болно.

-Монгол Улсын иргэн газраа ингэж зарж болох уу?

-Болохгүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх харилцаа зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдах хуультай. Өмчилсөн газраа гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд худалдахыг мөн адил хуулиар хориглодог.


Categories
мэдээ цаг-үе

Ч.Улаан: Дотоодынхоо хэрэгцээг бүрэн дүүрэн чанартай бүтээгдэхүүнээр хангахад чиглэсэн тариалалтын жил боллоо

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаантай ярилцлаа.


-Энэ жилийн хувьд цар тахлаас шалтгаалсан тариалалтын ажил хэрхэн болж өнгөрөв. Төлөвлөсөн норм хэмжээндээ хүрч ургацаа авах уу?

-2020 оны тариалалтын ажил шувтарч байна. Энэ жил их онцлогтой. Атар-4 газар тариалангийн тогтвортой хөгжмийн аяныг өрнүүлж байгаа гарааны жил. Тариаланчид атар газар эзэмшсэний Атар-3 аяныг хэрэгжүүлсэн үйл явц үр дүнгээсээ сургамж авч Атар 4 аяны гарааг амжилттай хэрэгжүүлж байгаад талархалтай байна. Энэ жил төлөвлөсөн хэмжээндээ бүрэн хүргэж тариаллаа. Үр тариа түүний дотроос улаан буудайн тариалалт төлөвлөсөн хэмжээнээс давж биелэгдлээ. Төмс хүнсний ногооны тариалалт ч нэмэгдсэн. Төлөвлөсний дагуу хаврын тариалалтыг 15-20 хувь нэмэгдүүллээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын тархалтын улмаас ихэнх улс орон хилийн хорио тогтоож, дэлхий нийтээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд орж, онцгой дэглэм мөрдөн ажиллаж байгаа үед энэ жилийн тариалалтыг нэмэгдүүлж, төлөвлөсөн хэмжээндээ хүрч үр дүнтэй ажиллалаа. Цар тахлын энэ үед хүнсээ бэлдэх нь иргэн бүрийн журамт үүрэг болж байна.

хүн амыг гурил, гурилан бүтээгдэхүүнээр хангах эх үүсвэр болсон улаан буудайн тариалалт ч нэлээд нэмэгдлээ. үүнээс Увс аймаг тариалалтын хэмжээ 70 гаруй хувиар, Дорнод, хэнтий, Орхон, Дархан-Уул аймгууд тариалалтаа нэмэгдүүлж чадлаа. Сэлэнгэ аймаг үр тарианыхаа тариалалтыг 10 орчим хувиар нэмэгдүүлсэн ололттой байна.

-Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадах уу?

-энэ жилийн тариалалтыг харахад шинэ ургацтай залгатал иргэдийг гурил, гурилан бүтээгдэхүүнээр хангах нөөц бололцоо хангалттай байна. Өнөөдөр гурилын үйлдвэрүүдийн агуулахад 16 мянган тонн гурил, 38 мянган тонн гурил хийхэд хүрэлцэхүйц хэмжээний улаан буудайн нөөц бий. энэ жилийн тариалсан талбайгаасаа төлөвлөсөн хэмжээний ургацаа хураан авч чадвал ирэх жилийн шинэ ургацтай залгах хүртэл хүн амыг гурилаар хангахад ямар нэгэн эрсдэл гарахгүй. Түүнчлэн тариалалт нэмэгдсэн учраас үүнийг дагаж олон ажил зохион байгуулах шаардлага үүсч байна.

Тариалсан тариагаа хамгаалах, хаших, ургацаа нэмэгдүүлэх, газрынхаа үршил шимийг сайжруулах, ургамал хамгааллынхаа бодисыг оновчтой зөв ашиглах, бордох зэрэг олон ажил хүлээж байна. үүнтэй зэрэгцэж намрын ургацыг хураан авахаар яам салбарын хэмжээнд өргөн хүрээтэй ажлаа төлөвлөн орлоо. Ялангуяа тариалалт нэмэгдэж байгаатай холбоотой ургац хураахад ажиллах хүн хүчний хэрэгцээ шаардлага нэмэгдлээ.

Тариаланч ногоочдын хөдөлмөрийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд ургац хураан авахад ажиллах хүчний асуудалд онцгой анхаарч байна. Тиймээс хААиС, Батлан хамгаалах хууль сахиулахын дээд сургууль болон нийт оюутнуудыг намрын ургац хураалтад ажиллуулдаг хуучны уламжлал хөдөлмөрийнхөө дадлага туршлагыг энэ жил зохион байгуулалттайгаар ашиглах хэрэгцээ шаардлага гарлаа. Мөн хураан авсан ургацыг хадгалах, түүнийг борлуулах ажлыг маш нарийн хуваарь зохицуулалттай хийх хэрэгцээ шаардлага ч үүслээ. Манай улсад улсын төсвийн хөрөнгө оруулалтын дэмжлэг авсан гадаад дотоодын хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрт хамрагдсан хүнсний болон мах ногооны агуулахын багтаамж 250 гаруй тонноор хэмжигдэж байгаа. Өмнөх жилийн судалгаанаас үзэхэд манайд агуулах савны хангалт туйлын хангалтгүй байсан. 20-30 хувийн л хангалттай байдаг. ийм учраас энэ жил яамнаас зохион байгуулж агуулах савны улсын үзлэгийг эхлүүллээ. энэ хүрээнд агуулах савныхаа бэлэн байдлыг хангах цаашид хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглах, ургуулсан ургацыг хуваарьтайгаар хадгалах, борлуулах ажлыг одооноос эхлэн зохион байгуулж байгаа.

-Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадвал экспортлох боломж бий юү?

-Хураан авсан ургацаараа дотоодын хэрэгцээгээ хангаад тодорхой хэмжээний нөөц гарсан тохиолдолд экспортод гаргах асуудлыг бид одооноос судалж, яриа хэлцэл хийж байна. Энэ жилийн хувьд төмсний хэрэгцээгээгээ давуулан биелүүлэх боломж бүрдлээ. Улаан буудайгаар дотоодын хэмжээгээ бүрэн хангаад нөөцөө бүрдүүлчихвэл гурил, гурилан бүтээгдэхүүн экспортод гаргах боломжтой болно гэж үзэж байгаа.

энэ жилийн хувьд цар тахлаас шалтгаалж дэлхийн улс орнууд газар тариалан ялангуяа мал аж ахуй хүнсээ өөрсдөө хангах чиглэлд бодлогын томоохон шинэчлэлт өөрчлөлт хийж байна.

энэ цаг үед бид идэвх зүтгэлтэй ажиллалаа. жилийн тариалалтыг дүгнэж хэлбэл ард иргэдийн хэрэгцээг бүрэн дүүрэн чанартай бүтээгдэхүүнээр хангахад чиглэсэн тариалалтын жил боллоо.

-Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж хүндрэл үүсч байна уу?

-Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг тавдугаар сарын 09-нөөс эхлүүлж, урьдчилсан байдлаар нийтдээ 490.2 мянган га-д тариалалт хийсэн. үүнээс үр тариа 375.1 мянган га-д, үүнээс улаанбуудай 358.3 мянган га-д, төмс 17.4 мянган га-д, хүнсний ногоо 8.5 мянган га-д, тосны ургамал 56.1 мянган га-д, тэжээлийн ургамал 28.8 мянган га-д, жимс, жимсгэнэ 3.5 мянган га-д тус тус тариалсан. Улаанбуудайн тариалалт 100.4 хувь, төмс 117.0 хувь, тосны ургамал 135.2 хувиар тус тус давж биелсэн, цаашид хүнсний ногоо, тэжээлийн таримлын тариалалтын дүн нэмэгдэх боломжтой гэж тооцож байна. Тариалалтын дүнг өнгөрсөн оныхтой харьцуулахад улаанбуудайн тариалалт 10.6 хувиар, төмснийх 18.1 хувиар, хүнсний ногоо 26.5 хувиар ахиу тариалагдаад байна.

-Уринш хэр бэлтгэсэн бэ?

-энэ жил 372.5 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 130.0 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийгдсэн байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Л.Оюунжаргал: Бороошилт энэ долоо хоногт үргэлжлэх төлөвтэй байна

Ус, цаг уур орчны шинжилгээний газрын урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалтай ярилцлаа.


-Энэ жил нийт нутгаар гандуу байх шиг байна. Цаашид цаг агаарын байдал ямар төлөвтэй байна вэ?

-Зургадугаар сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороо хур харьцангуй их орсон. Ялангуяа Булганы хойд хэсэг, Сэлэнгэ аймгуудын нутгаар бороо хур ихтэй байлаа. Хоёрдугаар арван хоногт харьцангуй хуурай байсан. Энэ сарын 18-наас эхлээд ихэнх нутгаар нэлээд халж эхэлсэнтэй холбоотойгоор 19, 20-нд нутгийн зүүн хагас, ялангуяа нутгийн зүүн өмнөд хэсгээр халж, зарим газарт 34-39 градус хүрч халлаа. Одоогоор буюу гуравдугаар арван хоногийн эхээр ихэнх нутгаар бороошиж эхэлж байна. Энэ борооноос өмнө ихэнх нутгаар халчихсан болохоор газар дулааны энергийг өөртөө шингээчихсэн. Тийм учраас усархаг, аадар бороо орох нөхцөл бүрдээд байгаа юм. Өнгөрсөн тав дахь өдрөөс эхлээд Төвийн нутгуудаар, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудаар усархаг аадар бороо орсон. Үүнээс болоод Төв аймгийн Зуунмод, Сэргэлэнт сумын орчимд нэлээд хэмжээний хохирол учирлаа. Эдийн засгийн хохирол, хүний амь эрсэдсэн гэх мэдээллийг Онцгой байдлын газраас мэдэгдэж байгаа. Мөн Говьсүмбэр, Чойр чиглэлд хүчтэй, усархаг, аадар 13-19мм бороо орсон гэж тогтоосон. Зөвхөн хэмжилттэй газруудад л хэмжилт хийлээ. Хэмжилтгүй газруудаар үүнээс их орсон байх магадлал өндөр. Үүний улмаас төмөр замд нэлээд хэмжээний хохирол учирсан. Ийм нөхцөл байдал хаа сайгүй ажиглагдах төлөвтэй байна.

-Цаашид бороо хур хэр орохоор байна вэ?

-Өнөөдрөөс /өчигдрөөс/ эхлэн баруун аймгийн нутгуудаар бороошиж байна. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороошино. Уулархаг нутгуудаар, Хангай, Хөвсгөлийн нуруудаар нойтон цас орох магадлал өндөр байна. 21-ны шөнө Монгол Алтайн уулсаар нойтон цас орсон. Үүнээс шалтгаалж шөнөдөө хүйтэн хонож байгаа.

Ялангуяа Загастайн даваа зэрэг газруудад хамгийн түрүүнд орчихдог учраас их халтиргаа, гулгаа үүсэж болзошгүй байна гэдгийг анхааруулъя. Зарим газраар аянга цахилгаантай аадар бороо орж, үер болж цаг агаарын байдал их хувьсамтгай байгаа учраас бидэнд ч хүндрэлтэй байна. Өчигдөр баруун аймгуудын нутгийн зүүн, Төв болон Говь, Зүүн аймгуудын нутгийнхаа зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүссэн. Салхины хурд хэр их дулаарсан, хэр их хүйтэн агаар ирж байна гэдгээс хамаарч 28-30 м/сек хүрэх магадлалтай. Хэрвээ дэвсгэр гадарга нь хуурай байх юм бол шороон шуурга болоод, шороон хана босох нөхцөл хуурай газруудад үүсэх боломжтой. Агаарын температурын хувьд өчигдөр шөнөөс Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгуудаар хасах температур луу орж эхэлсэн. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Тэрэлж голын хөндийгөөр -1 градусаас +4 градусын дулаантай хонож байна. Нутгийн зүүн хэсгээр 17-22 градус байна. Бусад нутгаар 8-10 градус дулаан хонож байгаа юм. Өдөртөө Говь-Алтайн нуруу, Говь-Алтай Баянхонгорын зааг, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо их орсон учраас нэлээд сэрүүхэн байна.

Говийн бүс нутгийн баруун хэсэг, Дарь-Гангын талаар 23-28 градус хүртэл хална. Говийн бүс нутгийн зүүн хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 19-20 градус дулаан байна.

-Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдал ямар байгаа бол?

-Долдугаар сарын урьдчилсан мэдээ энэ сарын 25-наас хойш тодорхой гарна. Хараахан дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна. Харин сонгууль болох өдөр буюу энэ сарын 24-ний өдөр бороо хур элбэгтэй байна. 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд ерөнхийдөө Монгол орны нутгуудаар бороо орно. 27-нд баруун болон төвийн аймгийн нутгуудаар бороо орно.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр нэлээд хуурай, халуун байсан бол сүүлээр нь бороошиж эхэлсэн. Энэ бороошилт энэ долоо хоногт үргэлжлэх төлөвтэй байгаа.

-Улсын их баяр наадмыг нийтээрээ тэмдэглэхийг хориглосонтой холбогдуулан хөдөө аялал, зугаалгаар явж буй хүмүүст анхааруулах зүйлс бий юү?

-Аялал зугаалгаар явж буй хүмүүст анхааруулах зүйлс их байна. Голын эрэг, хонхор хотгор газраар хонож болохгүй. Аянга цахилгаантай аадар орох үед хонхор газар майхнаа барьж болохгүй.

Аль болох өндөрлөг газар л майхнаа барих хэрэгтэй. Замд явж байхад хүчтэй, аадар бороо орвол өндөрлөг газар гарч зогсоод бороогоо өнгөрөөж байж явах хэрэгтэй. Морьтой ч, машинтай ч адил. Хонхор, хотгор газар луу бороо орж байх үед орчихвол үерт автах, урсах эрсдэлтэй. Мөн байгалийн гамшигт үзэгдэл тохиолдвол, үер мөндөр орж байх үед өөрийгөө хэрхэн хамгаалах талаар анхан шатны мэдлэгтэй болох нь зүйтэй. Манай сайт руу ч орж мэдээлэл авах боломжтой шүү дээ. Аялал зугаалгад гарахаас өмнө цаг агаарын нөхцөл байдлыг сайн судалж, сурч аваарай гэж зөвлөе.

-Одоогоор үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулж байгаа юу?

-Бороо хур элбэг болчихсон учраас энэ үйл ажиллагаа ерөнхийдөө татарчихсан.

-Бэлчээрийн ургамлын ургалт өнөө жил ямар хэмжээнд хүрэв?

-Бэлчээрийн ургамлын ургалт зургадугаар сарын 20-ны байдлаар 40 орчим хувьд Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Булган, Сүхбаатарын зарим сумдын нутгаар сайн, 20 гаруй хувьд Дундговийн нийт, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Төв, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар муу, бусад нутгаар дунд буюу ургалт удаашралтай байна.

МАА-н үйлдвэрлэлд хөөвөр хялгас авах, ноос хяргах ажил хийгдэж байгаа бол газар тариалан бүхий газраар усалгаа хийх, бордоо цацах, уринш боловсруулах зэрэг ажил хийгдсэн мэдээтэй байна. Тариалан бүхий ихэнх нутгаар улаан буудай гурав дахь навчлалтаас бутлалтын үе шатанд яваа бол төмс цухуйлтаас хажуугийн нахиа үүсэх үе шатандаа явж байна. Улаан буудайн өндөр 11-24 см байна.

-Гантай газар өнөө жил хэр их байна вэ?

-Монголд дор хаяж жилдээ 50 хувь нь гантай байдаг. Энэ бол олон жилийн судалгаагаар гарсан зүйл. Ган Монголд байж л байдаг гэсэн үг. Өнгөрсөн жил 60-70 хувьд зуншлага хэвийн болсон. Энэ сарын 22-ны өдрийн байдлаар зургадугаар сар гарсаар Төв, Өвөрхангай, Говийн аймгууд, Өмнөговь, Дундговь хүндхэн байна. Олигтой бороо орсонгүй. Энэ хэдэн өдрүүдээр бороо орсон ч нэг хэсэг газрууд хэвээрээ үлдэж байна. Халалтаас шалтгаалж хөрс рүү чийгээ сайн өгөхгүй байна.

Өнгөрсөн жил зургадугаар сарын хорьд хүртэл бороо ороогүй. Энэ жилийн хувьд сайшаалтай нь газар тариаланг чийглээд тавдугаар сараас бороо орж эхэлсэн. Зүүн аймгууд Сэлэнгэ, Булган, баруун талын аймгуудад зуншлага сайхан болж байгаа.

Б.ГЭРЭЛМАА

Categories
мэдээ цаг-үе

Л.Дашням: Улсын хөгжлийг бүхэлд нь харж чаддаг хүмүүс л түлхүү сонгогдоосой гэж бодож байна

Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч Л.Дашнямтай ярилцлаа.


-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт өнгөрөгч тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Энэ парламентын дөрвөн жилийн хугацаанд хийж бүтээсэн томоохон ажлын нэгд зүй ёсоор тооцогдох болов уу. Таны хувьд нэмэлт, өөрчлөлтийг хэрхэн дүгнэж сууна?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Үндсэн хууль тогтоогчдыг бараг хамруулсангүй. Тэр нь ч цаанаа учиртай юм байна гэж бодогдож байна. Үндсэндээ саяны нэмэлт, өөрчлөлт бидний тогтоож баталсан анхны ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалаас гажчихсан гэж үзэж болно. Урьд нь МАХН төрийн эрхийг мэддэг байсан бол ардчилсан Үндсэн хуулиа тогтоон баталснаар ард түмэнд төрийн эрх мэдэл жинхэнэ утгаараа ирсэн байхгүй юу. Одоогийн нэмэлт, өөрчлөлт нарийндаа төрийн эрх мэдлийг намуудад эргүүлээд өгчихлөө. Ийм өөрчлөлтийг ямар замаар, яаж байгаад хийчихэв гэдэг нь ил болсон доо. Ер Үндсэн хуулиа жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхгүй явж явж бүр дордуулсан хойноо сайжруулж байгаа нэрээр өөрчлөлт оруулсан. Их хурал ч, Ерөнхийлөгч ч өөртөө эрх мэдэл нэмээд л байсан биз дээ. Засгийн газрын ажил руу сүүлдээ улайрдаггүй хүнгүй болсон. Тэгээд тэр бүх булхайгаа засаж залруулж байна, сайжруулж байна гээд л нэг их боллоо шүү дээ. Тэгж л ойлгуулсан. Тэр нь наймаачид бараагаа өндөр үнээр тавьчихснаа нэг их лут юм болж хямдрал зарладаг шиг л юм болж байгаа юм. Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалаас ухарна гэдэг хамгийн харамсалтай зүйл. Яахав, явцад дордуулснаа зассан зүйл ч бий л дээ. Ер нь Үндсэн хуульд хийх ёстой өөрчлөлтүүдийг нарийн судалгаанд үндэслэн бүрэн дүүрэн хийж чадаагүй. Тэр нь ч аргагүй. Үндсэн хуулийн хэрэгжилтийг дүгнэж цэгнээгүй, улс оронд юунаас шалтгаалаад юу болоод байгааг үнэн зөв таньж мэдээгүй байж юмыг сайн болголоо гэж үзэхэд хэцүү. Үндсэн хууль чадвараа бүрэн нээж чадсан уу, эсвэл чадвар нь дууссан уу гэдэгт хэн ч хэзээ ч хариу өгөөгүй. Ямар шалтгаанаар нийгмийн тогтолцоонд гажуудал үүсээд байгааг ч үнэн мөнөөр нь гаргаагүй. Тийм байхад төгөлдөр сайхан өөрчлөлт хийсэн гэж үзэх боломжгүй. Анхнаасаа л энэ нэмэлт, өөрчлөлтийг шүүмжилж байсан Үндсэн хууль тогтоогчид бол хэд хэдэн удаа бичиг хүргүүлж саналаа хэлсэн. Сүүлдээ бидний заримыг яриулахаа ч больсон. Ард түмний санал авсан гэдэг нь ч юу болсон билээ. Мэдээгүй өнгөрөөгүй шүү дээ. Ард түмнийхээ саналыг бодитоор аваагүй. Үндсэн хуульд он, сар, өдөр заасан заалт ямар улсад, хэзээ оруулж байсан юм. Түүхэнд байгаагүй байх аа. Нэг үгээр, Үндсэн хуулийн өөрчлөлт судалгаа муутай, монгол амьдралын хөрснөөс ургаж гарааагүй, алдаа дутагдлаа дүгнэж цэгнээгүй, засч залруулахад ач тус болохооргүй, богино настай л өөрчлөлт болсон доо. Одоо ч батлагдаж эхлээд байна.

-Үндсэн хуулиа бүрэн гүйцэт хэрэгжүүлж чадаагүй гэж хэлэх гээд байна уу. 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлалаас хэр гажсан бэ?

-Үндсэн хуулийг тогтоосноор нь хэрэгжүүлж чадсан нийгэмд ийм байдал үүсэхгүй байж болох байсан. Үндсэн хуулиас шалтгаалж муу муухай юм болсон юм ер байхгүй. Үндсэн хуульд тэр үед олж хараагүй, дутуу бодсон юм бий. Тэр бүхнийг засах ч учиртай. Чанд сайн бодож боловсруулсан нэмэлт оруулах байсан. Хэт сандарч, яарсан л даа. Эргээд харахад бидний тогтоосон Үндсэн хууль ер нь их сайн санааны хууль юм шиг байгаа юм. Гэтэл тэр үеийн бодож байснаас тэс өөр байдал бий болох байж Олон намын тогтолцооны үед байдал өөр болох байсан юмсанж. Намууд сөргөлдөж, төрийг хүчгүйдүүлж, эв нэгдлийг сарниулж, ард түмнийг хувааж хэрчиж, тарамдуулна чинээ бодсонгүй. Тийм муухай хүч бий болохыг төсөөлсөнгүй. Харин ч олон ургальч үзлээ уралдуулж улс орноо хөгжүүлэх, амьдралыг сайн сайхан болгохын төлөө нэгдээд явна гэж бодож байсан. Гэвч улс төрийн намууд зөрчилдөж эхэлдэг юм байна. Янз бүрийн л асуудал үүсч байна. Өнөөдөр шүүмжилсэн, шүүмжлээгүй бодит байдал ямар байгааг хэлээд байна даа. Бүх юм ил боллоо.

-Энэ удаагийн сонгуулийн талаар байр сууриа илэрхийлэхгүй юү. Үр дүнг нь хэрхэн харж байна?

-Ер нь манайд тогтоож байгаа хууль, сонгуулийн хууль ч ялгаагүй, нийт улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил, ард түмний амьдралыг сайн сайхан болгох том бодлогод чиглэсэн биш тодорхой нэг бүлгийн эрх ашгийг л хангасан байдалтай тогтоогдож байгаа шүү дээ. Тэр нь амьдралтай зөрчилдөөд цаг үеийн, ойр зуурхны л “өнгөлгөө” болчихоод байна. Монголын төрийн түшээдээ бид зөв сонгоё, ард түмэндээ сонголтыг бий болгоё, төрөө чадварлаг болгоё, Засаглалаа сайн болгоё гэх бодлоор ханддаг төрийн түшээ, нэг ч нам алга. Тийм хандлага ч алга.

“АЛСЫН ХАрАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг харлаа. Үүнээс өмнө ч хөгжлийн баримтууд байж л байсан. Яг нарийн үзвэл үндэслэлгүй тунхаглалын маягтай зүйл их л байна лээ. Том зүйлээ гаргаж чаддаггүй. Намууд нь ч гэж нам. Нэг хэсэг хүний сонирхлоор л үйл ажиллагаагаа явуулдаг,бүлэглэл л болж дээ.

-Энэ жилийн уиХ-ын ээлжит сонгуульд урьд урдынхаас олон хүн бие даан нэр дэвшлээ. Бараг талаас дээш нь сонгуулийн ажлаа эхэлчихээд явж байна. Бие даагчдыг та хэрхэн дэмждэг юм?

-Энэ жил сонголт их байна. Сонголт их байна гэдэг нэлээн сүрхий төөрөлдөнө гэсэн үг. Нөгөө талаар энэ чинь намууд болохоо больсон шүү, тэдний дэвшүүлж байгаа хүмүүс биш шүү гэдгийг л илэрхийлээд байгаа юм. Тэгээд ч сонгогчид урьд нь ч бидэнд сонголт байдаггүй, тулгалт л байдаг гэж хэлдэг байсан биз дээ. Тэгж үздэг хэсэг нийгмийн 30 гаруй хувь л байдаг даа. Бусад нь хэн ч байсан хамаагүй, намаа гэсэн хүмүүс. Төрөө эрүүл болгоё, төрийн дээд байгууллагаа чадварлаг болгоё гэж байгаа хэсэг нь тэгэхээр 30-аад хувь л гэсэн үг. Цаадах 60-аад хувь нь улс төрийн намуудад хуваагдчихсан. Манай, танай нам гэж бодно уу гэхээс юмыг томоор харах нүд нь сонгуулийн үед сохордог хүмүүс гэсэн үг. Өнөөдөр сонгогчдоо юм ойлгуулна гэдэг зүйл ердөө байхгүй. Түүнийг хийвэл түшээдэд хортой. Танигдчих гээд байдаг байх. Цаг зуурын ажил болгож байгаад өөрийгөө сонгуулчихвал болоо гэх үзсээр, түүнээ зөвтгөсөөр л ирлээ шүү дээ. Өнөөдөр Их хурлын гишүүн гэдэг ямар хүн байх вэ гэдгийг иргэд сонгогчид ер мэддэггүй. Мэдүүлэх ч үгүй байгаа. Хийх ажлыг нь мэдэхгүй хүнийг юунд явуулж байгаагаа хэн яаж мэдэх вэ дээ. Их хурал өнөөдрийг хүртэл хийх ёстой ажлаа хийхгүй байсаар түүнд нь хүмүүс дасчихаж.

-Нам гэдэг зохион байгуулалттай бүтэц л төрийн ажлыг удирдаж явах ёстой юм биш үү?

-Их хурал өөрийн хуультай. Их хурал юуны өмнө улс орноо хөгжүүлэх тухайн дөрвөн жилийн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төсвийг баталж өгнө. Тэр их зорилтыг удирдан зохион байгуулж хэрэгжүүлэх Засгийн газрыг нь байгуулж өгнө. Тэгээд л хяналт тавьж ажиллах ёстой. Нам бус хүмүүс ч түүнийг л хийнэ. Их хурал өөрийн хуультай шүү дээ.

Тогтолцоог бүхэлд нь өөрчлөх, бодлого боловсруулж,улсын хөгжлийг бүхэлд нь харж чаддаг хүмүүс нь л түлхүү сонгогдоосой гэж бодож байна. Улстөрч гэдэг хүн чинь бодлоготон юм. Өнөөдөр чи хиртэй бол би хиртэй гэлцсээр дуусдаг улс бидэнд хэрэггүй. Ядаж хиртэй байгаагаа ойлгож байгаа хэсэг нь сонгогдоосой билээ. Хиртэй байтугай хэрэгтэнтэйгээ ойлгохгүй яваа хэсэг ч байх шиг л байна. Тогтолцоогоо өөрчлөх бодолтой нэр цэвэр хүмүүс түлхүү сонгогдоосой л гэж хүсч суугаа. Сонгуулийн үед аливаа бүхэн ер нь байгаагаасаа ч илүү гоё болчихдог доо. 2020 оны сонгуулийн дараа Монголын нийгэм илүү идэвхтэй илүү иргэнших шаардлагатай болох вий. Иргэд идэвхтэй мэт сул байсаар ирлээ. Тийм байхад улс орон яаж хөгжих вэ. Цар тахал бидэнд юу харуулав гэдгийг олж харах хэрэгтэй. Энэ сонгууль урд нь сонгогдож чаддаг байсан хүмүүст ээлтэй ч байж магадгүй.

Цар тахал явж явж тустай ч байж мэднэ. Уг нь цар тахал биднийг улам илүү хол бодохыг шаардаж байгаа. Өөрсдөө сонгогдохын тулд хүн ардаа тэжээврийн хурга шиг юм байлгаж болохгүй. Ер нь ч тийм болгочихсон. Ажил хийх ч хүнгүй болчихсон. Залуучууд нийгмээ өөрчлөхийн тулд оролцогч, манлайлагч байж ажиллах хэрэгтэй. Тийм цаг ч ирчихлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д маск, гар ариутгагч хандивлав

Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллага нь дэлхийн 189 оронд үйл ажиллагаа явуулдаг, АНУ-д төвтэй олон улсын хүмүүнлэгийн байгууллага юм. Монголд Онцгой байдлын үед авах хариу арга хэмжээ гэсэн төсөл хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд дэлхий нийтийг хамарсан коронавирус цар тахлыг даван туулахад туслах зорилгоор тус байгууллага өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн амны хаалт, гар ариутгагч зэргийг албан байгууллагуудад хандивласан байна. Э ЭМЯ, Улсын Онцгой комисс, Х ХӨСҮТ, З ЗӨСҮТ, Х ХСҮТ, Хүүхдийн асрамжийн газрууд, МХЕГ, ЭХЗ ЭХЗ ЭХЗ ЭХЗ ЭХЗ хороо, Био Э Энерги эмчилгээ судалгааны үндэсний төв, Нийслэл, дүүргийн онцгой комисс, Төв, Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, З Зүүнхараа, Дорноговь, Замын-Үүд, Дорнод, Х Хөвсгөл аймгийн онцгой комисс орон нутгийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгүүд, хөдөө орон нутгийн баг, хороод зэрэг нийт 50 орчим эрүүл мэндийн болон бусад байгууллагад Дэльта плюс ахисан түвшний амны хаалт, нэг удаагийн амны хаалт, хамгаалалтын хувцас, гар ариутгагч санитол, ариун цэврийн багц зэрэг 130 орчим сая төгрөгийн хандивыг тэргүүн шугаманд ажиллаж байгаа ажилтан албан хаагчдад өгчээ. Тэгвэл тус байгууллагаас өчигдөр Монголын хамгийн олон уншигчтай “Өдрийн сонин”-ы хамт олонд нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч зэргийг хандивлалаа. Дэлхий нийтэд үүсээд буй цар тахлын улмаас Перу улсад 50 гаруй сэтгүүлч коронавирусийн халдвар авч 20 сэтгүүлч амь насаа алдсан юм. Тиймээс тус улсаас сэтгүүлчдэд зориулан 0,5-1 метрийн зайд сурвалжлага, ярилцлага авахаас гадна урт иштэй микрофон хэрэглэх талаар зөвлөмж гаргасан байна.