Categories
мэдээ цаг-үе

Т.Доржханд: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа ажил хэрэг болгох хэрэгтэй байна

УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.


-УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэгдэж байна. Үүнтэй холбоотой байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Өмнө нь төсөвт тодотгол хий гэх шаардлагыг олон эдийн засагчид тавьж байсан. Өнгөрөгч хоёрдугаар сарын эхээр хамгийн анх манай эдийн засгийн клуб төсөвт тодотгол хий гэх зүйлийг хэлж байлаа. Цар тахал урт хугацаанд үргэлжлэхээр болчихлоо, тиймээс яаралтай төсөвт тодотгол хийх шаардлагатайг хэлж байсан юм. Төсвийн тодотгол хийх үндэслэл нь 2020 оны сонгуульд зориулж маш их хэмжээний хөрөнгө оруулалт орон нутгуудаар хийхээр болчихсон. Төсөвт 3.7 их наяд төгрөг тусчихсан байсан. Үр ашиггүй цемент цутгахаа болиод үүнийхээ хоёр их наядыг хэмнэчих. Дуусаагүй, үргэлжилж байгаа бүтээн байгуулалтуудаа явуулаад харин шинэ бүтээн байгуулалт хэрэггүй ээ гэсэн юм. Тэр эх үүсвэрээ ажлын байр бий болгох, ажлын байраа хамгаалах, монгол хүний орлогыг хамгаалах асуудалд чиглүүлээч гэсэн юм. Одоо хүртэл энэ байр суурин дээрээ байгаа. Хэдийгээр сонгуулийн дараа төсвийн тодотгол хийж байгаа ч гэсэн мэдээж төсөвт тодотгол хийх нь зөв. Аль болох нэг ч хүний орлогыг алдахгүй байх нь зүйтэй. Харамсалтай нь, орж ирсэн төсөл хүлээлтээс зөрчихлөө. Нөгөө л барилга байшингаа барих, сумын төвд 1-2 км зам барих, олон шаардлагагүй Соёлын төв барих зэрэг нь ороод ирж байна. Сум болгонд соёлын төв бариад тэнд ашиглалт байна уу гэхээр байдаггүй. Аймгийн соёлын төвүүд ч ашиглалтгүй. Саяхан бид Дархан, Эрдэнэтээр явахад Дарханы соёлын төв ямар том бүтээн байгуулалт вэ. Гэтэл ашиглалт юу ч байхгүй. Жилдээ хоёр гуравхан удаа арга хэмжээ зохион байгуулдаг байх. Урсгал зардал цахилгаан дулаан, харуул хамгаалалт зэрэг асар үр ашиггүй. Бүтээн байгуулалтын эсрэг байгаа юм биш. Барилга байшин ашиглалтад орсныхоо маргаашнаас дандаа зардал үйлдвэрлээд явдаг. Төсвийн зардлыг автоматаар өсгөдөг. Энэ жилийн төсөв урсгал зардал дээрээ нэлээд тэлчихсэн орж ирж байгаа. Дандаа бид халамжийн бодлогоор яваад байх юм уу. Аль эсвэл ажлын байрыг бий болгох чиглэлээр ажиллах юм уу. Улсын төсвийг харахаар ажлын байрыг бий болгох чиглэлээр хөрөнгө туссангүй. Зүй нь ЖДҮХС-даа мөнгөө тусгаад бага хүүтэй зээлийн эх үүсвэрийг гаргаж өгөх хэрэгтэй. Дэлхийн улс орнууд зээлийн хүүгээ буулгаад эхэлчихсэн. Жишээ нь, АНУ 0-0,25 хувьтай, Итали хүүгүй зээл, Япон 1-2 хувийн хүүтэй зээл олгож байна. Засгийн газар нь төсвөөсөө дэмжлэг үзүүлээд байгаа юм. Тэр нь ходоод руу нь биш ажлын байраа хамгаалсан компаниудад татварын хөнгөлөлт үзүүлдэг, зээл, урамшуулал өгдөг жишгээр явж байна. Харамсалтай нь манай төсөв дээр ийм зохицуулалтууд орж ирсэнгүй.

-Цар тахлаас шалтгаалсан манай улсын эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа нь ойлгомжтой. Цаашид ер нь эдийн засгийн нөхцөл байдал хэрхэхээр байна вэ. Эдийн засгаа дэмжсэн, тэлсэн ямар бодлого шаардлагатай гэж үзэж байна?

-Манай улсын эдийн засаг агшчихсан. Эхний хоёр улирал дарааллаад хасахтай гарсан. Хоёр улирал дараалаад эдийн засаг хасах гарах юм бол хямрал гэдэг. Тэгэхээр онолын болоод бодит байдал дээр бид хямарчихсан байна. Дээрээс нь уул уурхайн орлого тасарчихсан. Төсвийнхөө орлого 2-3 их наяд төгрөгийн тасалдалтай явж байна. Энэ байдал цаашаа үргэлжлэх нь тодорхой зүйл. Манай улсын эдийн засгийн онцлог нь хоёр дахь хагас жилдээ орлого нь орж ирдэг. Тэгэхээр энэ жилийн эцэс гэхэд эдийн засаг агшсан гарах буюу хямарчихсан байдалтай байх нь. Тиймээс шинэ Засгийн газар өмнөх хөрштэйгөө маш хурдан яриа хэлцэл хийх хэрэгтэй. Магадгүй цалин, тэтгэвэр, тэтгэмжээ тавьж чадах эсэхдээ тулахыг үгүйсгэхгүй.

-УИХ “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Зээлийн хүү манайд хэдий хугацаанд бодитой буух боломжтой вэ?

-Зээлийн хүү буурах боломжтой. Би энэ ажлын хэсэгт нь ороод ажиллая гэж бодож байгаа. Зээлийн хүүг бууруулдаг үе нь энэ. Мөчлөг сөрсөн эдийн засгийн бодлого, төсвийн бодлого явуулах ёстой. Одоо уначихаад байна. Энэ үед зээлийн хүүг бууруулах замаар санхүүжилтийн эх үүсвэрийг нэмдэг, мөнгөний нийлүүлэлтийг нэмдэг, хүмүүсийн ажлын байрыг хадгалж авч үлддэг, орлогыг нь тасалдуулахгүй байх бодлого явах ёстой юм. Засгийн газар энэ чиглэлийн дагуу явахаар байна уу, аль эсвэл сонгуульд зориулсан бодлого явуулах нь уу. Тэгвэл маш хүнд байх нь ойлгомжтой болно. Монгол Улсын зовлон дараалсан олон сонгуультай болчихоод байна ш дээ. Их хурлын сонгууль, орон нутгийн сонгууль, ирэх жилээс Ерөнхийлөгчийн сонгууль байна. Ажил хийдэггүй, сонгуульд зориулж популист амлалт өгдөг. Үр ашиггүй баахан төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг. Үүнийгээ больё гэж байгаа юм. Зээлийн хүү өнөө, маргаашгүй буурна гэхэд хэцүү. Гэхдээ дунд хугацаандаа бууруулах боломжтой. Үүний дагуу холбогдох арга хэмжээг авч ажилла гэх шаардлагыг Засгийн газар, Монголбанкинд ч өгнө. Би өөрөө нэлээд тулж ажиллана.

-Аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд Иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал болгосноор хэлэлцэн батлах тухай яригдаж байгаа талаар та хэлж байсан. Үеийн үед Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг батламжилж ирсэн байдаг. Одоо чуулганаар хэлэлцэгдэх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд ямар байр суурьтай байгаа вэ. Ямар өөрчлөлтүүд тусгагдаж байгаа юм бол?

-Ардчилал гэдэг Монгол Улс цаашдаа амьд байх, тусгаар байх, оршин тогтнох үндэс нь гэж хардаг. Бид ардчиллыг дэмждэг. Ардчиллыг хамгаалахаас өөр аргагүй. Тиймээс парламентын ардчиллаа хамгаална, бэхжүүлнэ, хөгжүүлнэ. Нөгөө талаар орон нутгийн удирдлага үүнтэй холбоотой. Хэн нэгэн дарга дээрээс нь томилоод явдаг биш иргэд нь Засаг даргаа сонгодог, иргэд нь төсвийнхөө, хөгжлийнхөө асуудалд оролцдог, саналаа өгдөг байж үр ашиггүй систем устана. Хуулийг ийм үзэл баримтлалаар явуулах боломжгүй. Иргэд нь хот, сумынхаа Засаг даргыг өөрсдөө сонгодог байх хэрэгтэй. Хэн нэгэн нам биш. Эрх барьж байгаа намын дарга биш. Орон нутгийн сонгуулиас өмнө ийм том реформын шинж чанартай хуулийг оруулж ирээд хэлэлцүүлнэ гэвэл цаг хугацааны хувьд боломжгүй. Сонгуульд оруулсан хууль хийгээд байвал улс орны ирээдүй, орон нутгийн хөгжлийн асуудлыг дараа дараагийн асуудал гээд орхиж байгаатай адил. Гэтэл орон нутгийн реформ бодит амьдрал дээр нэлээд практик баймаар байгаа юм. Бид цаашид 21 аймаг, 330 сумтайгаа явах юм уу. Цаашдаа үр өгөөжийг нь хэрхэн дээшлүүлэх юм. Хүн амын төвлөрөл үүсч байж эдийн засаг тэлнэ. Хүчээр Засгийн газраас санхүүжилт хийгээд явахаар төсөв дандаа алдагдалтай гардаг. 330 суманд ямар ч бизнес байхгүй. Тэнд төрийн албан хаагчдын цалин дээр тогтдог. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэж олон жил ярьснаа ажил хэрэг болгох хэрэгтэй байна. Аймаг, сумдыг нэгтгэх хэрэгтэй. МАН ажлын байр хаана хийж байна гэхээр дандаа орон нутгийн барилгын ажил хийж байгаа компаниудаа хэлээд байна.

-Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт та шүүмжлэлтэй хандаж байсан. МАН сонгуульд орохдоо амласан мөрийн хөтөлбөрөө Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгаагүй гэж ойлгох уу?

-МАН Засгийн эрх авахдаа баахан амлалт өгсөн. МАН-ын мөрийн хөтөлбөр, ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гэх гурван бичиг баримтыг бүх зүйл заалтаар нь харьцуулж үзлээ. Жишээ хэлэхэд, МАН-ын мөрийн хөтөлбөрт ядуурлыг хоёр дахин бууруулна гэж байгаа юм. Ядуурал одоо 30 хувьтай байна. Үүнийгээ үндсэн чиглэлдээ 2025 он гэхэд ядуурлыг 20 хувьтай болгоно гээд заачихсан. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр ядуурлыг тууштай бууруулна гэсэн байгаа юм. Тоо байхгүй. Дөрвөн жилийн үйл ажиллагаа илүү тодорхой байх ёстой. Тоотой, хугацаа нь тодорхой ёстой. Түүнчлэн улсын хэмжээнд ЕБС-ийн 80-аас доошгүй хувийг нэг ээлжтэй болгоно гээд МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгачихсан. Үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр дээр энэ тухай огт заагаагүй. Мөн мөрийн хөтөлбөр дээр нүхэн жорлонтой бүх цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн өрөөтэй болгож хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлнэ гэсэн байгаа. Гэхдээ үндсэн чиглэл, засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ямар ч заалт байхгүй. Мөрийн хөтөлбөр боловсруулахдаа хариуцлагатай баймаар байна. Энэ мэтчилэн хэрэгжих ажлууд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан байх ёстой биз дээ. Цаашид бид Сонгуульд оролцохдоо мөрийн хөтөлбөртөө ач холбогдол өгч, түүнийгээ тойроод мэтгэлцдэг жишиг тогтоох шаардлагатай. Үүнийг энэ Засгийн газар эхлүүлээд яваасай гэж хүсч байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Цогтгэрэл: Сумд томорч байж тэнд ажлын байр бий болно

УИX-ын гишүүн О.Цогтгэрэлтэй ярилцлаа.


-Жижиг сумд нэгдэж нийлэх боломж бүрдвэл орон даяар залуучуудад шинэ ажлын байр бий болох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломж үүсэж нөхөн үржихүйн бодлого үр дүнтэй болж, эрүүл мэнд боловсролын чанар хүртээмж сайжрах тухай та байнгын хорооны хурлын үеэр хэлсэн. Парламентын түүхэнд тань шиг зоригтой дуугардаг гишүүн байсангүй. Ихэнх нь сонгогчдоосоо эмээж энэ талаар огт дуугардаггүй байлаа. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Байнгын хорооны хурал дээр ирэх таван жилийн үндсэн чиглэлийг хэлэлцэх үеэр сумд нэгдэж томорвол олон асуудлыг шийдэж болох тухай байр сууриа илэрхийлсэн маань нийгэмд томоохон хэлэлцүүлэг болчихлоо.

Нийгэм, эдийн засгийн асар том сэдэв байсан юм байна. Бүгд мэддэг, ярихыг хүсдэг ч улстөрчид нь айдсаасаа болоод яригдалгүй олон жил явж ирсэн сэдэв аж. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд багагүй хөрөнгө оруулалт хийсэн ч сумдад шинээр хэдэн байнгын ажлын байр бий болсон бэ.

Хэлэхийг хүсэхгүй л байгаа болохоос биш үнэндээ бодитоор юу ч бий болоогүй шүү дээ. Төсөв, тендер дагасан түр ажлын байрууд бий болсон тохиолдлууд бий. Үнэндээ сумдад өнөөдөр төсөв дагасан амьдрал л байна.

Эдийн засаг, системийн онолд 1+1 нь хоёроос их болдог тухай SYNERGY гээд ойлголт байдаг. Түүн шиг сумд нэгдэж томорвол олон асуудал шийдэгдэнэ гэж боддог. Энэ үед олон шинэ бизнесийн боломжууд үүсэж, олон мянган шинэ ажлын байрууд гарч ирнэ. Үүгээр дамжиж малчдын орлого ч нэмэгдэнэ.
Миний хамгийн гол хэлэх зүйл бол орон нутагт амьдарч байгаа иргэд төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй авдаг болж, орон нутагт амьдарч байгаа залуучууд шинэ бизнес эрхэлж, шинэ ажлын байр, шинэ орлогууд бий болгох юм.

Ингэснээр Монгол Улс нийтээрээ хожиж, урагш нэг бүтэн алхана гэж боддог.

-Засаг захиргаа, сумын тухай асуудлыг хөндсөн хүнээс гарцаагүй асуух ёстой асуулт байх. Та сумын амьдралыг хэр сайн мэдэх вэ?

-Би Увс аймгийн Тэс суманд төрж, өсөөд Тэсийнхээ 10 жилийг төгсөөд ажил, амьдралын замд гарсан.

Сумын амьдрал, тэр тусмаа сумын төвийн амьдралыг бусдаас дутуугүй мэднэ. Одоо ч гэсэн аймаг, сумтайгаа байнга харилцаа холбоотой байдаг. Тийм ч учраас сум, орон нутагт байгаа хүмүүс, иргэд малчдыгаа илүү сайхан амьдраасай, илүү орлоготой болоосой гэсэндээ энэ бүхнийг хэлж байгаа юм.

-Ер нь ингэхэд улсын төсвөөс хэр их мөнгө сум, орон нутаг руу явдаг юм бол. Үр өгөөж нь ямархуу байдаг гэж та боддог вэ?

-Сүүлийн арван жилийн төсвийн хөрөнгө оруулалтыг судлаад үзэхээр нийт төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын 60-65 хувь нь орон нутаг руу тавигдсан байдаг.

Яг үнэндээ төсөв, газар нутаг, хүн ам гээд олон талаа бодоод үзвэл энэ бага мөнгө биш. Хамгийн гол нь энэ мөнгө хэр үр дүнтэй зарцуулагдсан бэ. Энэ төсвийн мөнгө орон нутагт ажлын байр бий болохыг огт дэмжихгүй байна. Сумандаа тавтай амьдрах, ажиллах нөхцөл боломжийг ч үүсгэхгүй байна. Ийм учраас залуучууд нь Улаанбаатар хот руу тэмүүлээд байна.

Улаанбаатарт байр, байшингүй хүний шилжүүлгийг бүртгэхгүй гэсэн дүрэм, журмын хүрээнд л сүүлийн жилүүдэд хот руу шилжилт бага байгаа мэтээр харагдаж байгаа ч хаяг нь сумандаа, ажил нь нийслэлд байгаа олон мянган залуучууд байна. Бид ингэж биеэ хуурч, худал тоо ярьж амьдарч байна.

Сумд томорч байж л орлого бий болж, ажлын байрууд үүснэ. Тэр үед л Улаанбаатарын төвлөрөл буурна.

-Төсөв гэснээс УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Та үүн дээр ямар байр суурьтай байна?

-Монголын төрийн орлого багасаж, төрийн зарцуулдаг зарлага ихсээд үүнийг хэлэлцэж байна. Эцсийн дүндээ товчхноор бол бид ямар хэмжээний өр нэмэх вэ гэдгийг л хэлэлцэж байна. Төсөв өөрөө том сэдэв. Нэг уулзалтаар олон сэдвээр ярилцаад яах вэ. Тодотголын дараа, эсвэл 2021 оны төсвийн үеэр энэ тухай тухтай ярилцъя.

-Сумдыг томруулж байж эдийн засаг тэлж, бизнес цэцэглэх боломжтой. Сумдыг томруулахад эхний ээлжинд нэгтгэх шаардлагатай юу?

-Тийм ээ, томруулах ёстой. Тэгж байж сумд хөгжинө, төвлөрөл багасна. Аливаа зүйл өөрөө л томрох ёстой. Түүнээс хэн нэгэн очиж нөлөөлөөд, шахаж шаардаад томруулсан, эсвэл хувааж задалсан зүйл дахиад цаашаа явдаггүй. Хэн нэгэн дарга, төр асуудлыг шийддэг үе өнгөрчихсөн.

Монгол Улсын Үндсэн хуулиар ч төрийн бүх эрх иргэдийн гарт гээд тодорхой заачихсан байгаа. Сум орон нутгийг өөрчлөх, нэгтгэх, хуваах эрх зөвхөн иргэдэд байгаа. Сумд өөрсдөө, сумын иргэд хоорондоо хэлэлцэж, ярилцаад иргэд бидэнд үнэхээр ашигтай гэвэл саналаа гаргаад, шийдээд явна.

Харин үр дүнд нь бизнесийн боломжууд бий болж. ажлын байрууд шинээр үүсэж, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын чанарт ч ахиц гарч, төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж сумын иргэд хожно. Төвлөрөл буурч, Монгол Улс хожих олон асуудал үүний цаана бий.

-Сумд жижиг учраас хөгжихгүй байна гэж та хэллээ. Тэгэхээр сумдыг хөгжүүлэхийн тулд эхний ээлжинд ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?

-Сумдад хөгжих боломж, чадал нь өөрсдөд нь бий. Үүнийг нь нээж илрүүлэх л ёстой. Байгальд таталцлын хууль гэж байдаг. Энэ хуулийн үндсэн санаа нь масс ихтэй биет нь масс багатайгаа хүчтэйгээр татдаг. Яг өнөөдөр манай улсад Улаанбаатар гэдэг ганц туйлт таталцлын төв гарчихаад байна. Дангаараа улсын эдийн засгийн гуравны хоёрыг бүрдүүлдэг.

Ганц туйлт бодлого урт хугацаандаа тийм үр ашигтай биш. Бусад зүйлд ч гэсэн харагддаг нэг улс орон, нэг байгууллага, нэг хүн давамгайлаад ирэхээр сөрөг зүйлс их гарч эхэлдгийг та бид мэднэ дээ.

Одоогийн засаг захиргааны нэгжүүд их тархай бутархай, татах хүчгүй байгаа учраас л асуудал үүсээд байна. Үүнийг өөрчилж улсаа бүсчлэн хөгжүүлэх, аймаг дотроо ч таталцал ихтэй, том сум суурингуудыг бий болгож байж л иргэд аймаг, сум, орон нутагтаа ажиллаж, амьдарч төвлөрөл буурна шүү дээ. Тэгэхээр миний яриад байгаа зүйлс, санаа бол орон нутгийг эзгүй болгох биш, харин ч эсрэгээрээ улам эзэнтэй болгох тухай л ярих гээд байгаа ухаантай юм.

-Тэгвэл “татах хүч” багатай сумдад нийтлэг ямар дүр зураг харагдах уу?

-Аймгийн төвтэй хэт ойрхон сумдад асуудал анзаарагддаг. Дээр ярьсан таталцлын хуульд зай холдох тусмаа таталцлын хүч нь буурдаг гэсэн өөр нэг дүгнэлт бий. Түүн шиг ер нь сумдын хувьд аймгийн төвөөсөө, хот суурингаасаа алслагдсан байх тусмаа харьцангуй том болж, өөрөө өөрөөрөө бие даан амьдрах боломж нь нэмэгддэг юм шиг харагддаг.

Харин эсрэгээрээ аймгийн төв, хот сууринтай ойрхон, зэргэлдээ шахуу болоод ирэхээрээ зам харилцааг дагаад иргэд нь аймгийн төвдөө амьдардаг, эдийн засаг, мөнгө, орлого нь аймаг руу урссан шинж тэмдгүүд анзаарагддаг.

-Чуулганы хуралдаан, Байнгын хорооны хуралд гишүүд олон ч “хурц” асуудлаар байр сууриа илэрхийлдэг. Гэтэл таны энэ байр суурь олны анхаарлыг гойд татчихлаа. Ямар өнцөг нь, юу ингэтлээ нөлөөлчихлөө гэж харж байна?

-Байнгын хорооны үеэр хэлсэн үгэнд бараг дурдаагүй шахуу боловч энэ сэдвийг олны анхааралд аваачихад нөлөөлсөн асуудал нь цус ойртолтын асуудал юм шиг байгаа юм. Энэ бол том сэдэв. Үүн дээр орон нутгийн сонгууль ойртсон улстөржилт нэмэгдээд их хүч өгчихлөө гэж харж байна.

Гуравхан сая хүн амтай манай улсын хувьд бусдаас илүү ухаантай, эрүүл, сэргэлэн цовоо байж л хэдэн зуун улс үндэстнийг өрсөлдөөнд ялах нь дамжиггүй. Иймд энэ асуудлыг холбогдох хүмүүс нь нарийвчлан судалж, мэдээллийг олон нийтэд өгөх хэрэгтэй байх. УИХ-ын гишүүн хүн энэ бүс нутагт цус ойртолт их бага байдаг гээд өөрт байгаа албан бус мэдээллийн талаар яриад суух нь зохимжгүй.

Хүн ам олонтой, газар нутаг жижиг, нягтрал ихтэй учраас Увс аймагт цус ойртолт хамгийн бага байдаг гэж харин сонссон. Энэ ярьсан яриа бол Монгол Улсын үндэстний эрх ашгийн төлөө хэлсэн үг болохоос биш, Увс аймгийн сонгогчдод харин ч хамаарал багатай асуудал.

-Сумдыг татан буулгах тухай ярьсан мэтээр иргэд ташаа ойлгоод байгаа. Үүн дээр тайлбар өгөх үү?

-Сошиалд зарим нөхдүүд зохион байгуулалттайгаар төвлөрүүлэх гэж байна, сумдыг татан буулгах гэж байна гэсэн мэдээллийг их явуулж байна лээ.

Харин ч эсрэгээрээ миний ярьж буй энэ бодлого бол төвлөрлийг сааруулъя, сум орон нутагт залуучууд олноор суурьших боломжийг бий болгоё, улс төрөөс хамааралгүйгээр бизнесээ хийдэг, амьдралаа аваад явдаг боломжийг сум, орон нутаг бий болгоё, бүсчлэн хөгжье гэсэн санаачилга юм.

Унаа машин элбэг, хурдан болчихсон XXI зуунд бид илүү том нутгийг хамарч, томоор сэтгэж, томоор харж, цаг хугацааг товчилж амьдрах нь хамгийн чухал зүйл.

-Ядах нь ээ л 1,000 орчим хүн амтай 3-5 сумдыг нэгтгэвэл хүн амын тоо нэмэгдэж, төсөв ч нэгдэнэ. Зах зээл тэлснээр жижиг дунд бизнес эрхлэгчдийн орлого ч нэмэгдэнэ биз дээ…

Сумд жижиг учраас тэнд зөвхөн төрийн байгууллагууд л ажилладаг. Тийм учраас төрийн албанд орохын тулд улс төрийн өндөр шалгууртай болж улстөржилтийг ихэсгэчихдэг. Улстөржилтийг багасгах, намчирхлыг багасгах, намгүйгээр амьдарч, намгүйгээр бизнес хийж чаддаг хүний тоо нэмэгдэх гээд маш олон асуултын хариулт бас энд бий гэж боддог.

Дахин хэлэхэд сумууд нэгдэнэ гэдэг бол иргэд мэдэх асуудал, түүнээс биш хэн нэгэн эрхтэн дархтан шийддэг зүйл огт биш. Бид чинь Монгол Улсын Үндсэн хуулийн засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заагаад төр засгаа иргэдийнхээ сонголтоор байгуулдаг ардчилсан улс шүү дээ.

-Сумандаа сайхан амьдрах боломжуудыг эрэлхийлж олон ажил хийхээр төлөвлөж байгаа, удахгүй эхний ажлаа эхэлнэ гэж та мөн хэлж байсан. Жишээ дурдахгүй юу. Ямар боломж бололцоог олж харсан бэ?

-Увс аймгийн сонгогчид намайг “дөрвөн жил суудлын бөглөөс болж, дуугүй сууж байгаад ирээрэй”, “өөрт ашиггүй бол амиа бодоод дуугүй сууж байгаад ирээрэй” гэж сонгож явуулаагүй байх. Харин ч орон нутагт ажлын байр бий болгоорой, орлого нэмэгдүүлээрэй, залуучуудад илүү боломж олгоорой гэж итгэл найдвар хүлээлгэсэн гэж ойлгодог.

Үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө олон санал, санаачилга гарган ажиллах болно. Энэ хүрээнд ч ажлууд хийгдэнэ. Ийм учраас эдийн засгийн харилцаагаа шинээр авч үзье гээд “Шинэ Эдийн Засаг” томьёоллын хүрээнд ажиллахаар төлөвлөөд эхний санал, санаачилгуудаа гаргаад явж байна.

Тойрогтоо хандаж аймгийнхаа эдийн засгийн харилцааг шинээр авч үзэж, ажлын байр, орлогын өсөлтийг гаргах санаачилгаа “Шинэ Эдийн Засаг-Увс” гэсэн нэртэйгээр хийхээр төлөвлөөд явж байна.

-Иргэд хөгждөггүй, ажлын байргүй газар амьдраад байхыг хүсэхгүй. Тэр тусмаа өнөө үед. Таны байнгын хороонд хэлсэн үгийг олон иргэд дуу нэгтэй дэмжиж байна. Энэ асуудлаар таныг цаашид ч дуугарах байх гэх хүлээлт анзаарагдлаа?

-Увсчуудын амьдралд дэм болох, Монголын хөгжилд тус болох зүйлс байх юм бол дахиад сонгогдохгүй байх хамаагүй өөрийнхөө үзэл бодол, байр суурийг илэрхийлнэ. Иргэдийн маань сайхан амьдрал, орлогын өсөлт, гэрэлт ирээдүй миний УИХ-ын гишүүний суудлаас хэд дахин үнэтэй гэж итгэдэг.

Тийм учраас иргэдийн амьдрал, эх орны ирээдүйд хэрэгтэй боловч улстөрчид нь дахиад сонгогдохгүй байх вий гэсэн айдсаасаа болоод “амаа үдэж” явдаг асуудлуудаас хойш суух эрх надад байхгүй.

-АН засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийг хэлэлцэх үеэр тав хоногийн завсарлага авсан. Ямар шалтгаанаар завсарлага авах болов?

-АН энэ хууль дээр завсарлага авсан. Энэ хууль өөрөө дээрх бүх асуудлуудыг багтаасан, иргэдийн амьдралыг дэмжсэн асар олон заалт орж болох цогц хууль.

Гэтэл одоо орж ирж буй төсөл зөвхөн Ерөнхий сайд аймгийн Засаг даргыг томилох буюу сонгогчдын эрхэнд нөлөө үзүүлэх боломжийг нээж өгөхийн төлөө явцуу байдлаар томьёологдон ирж буй тул АН-ын бүлэг ээлжит бусаар яаран сандран батлах биш ээлжит чуулганаар илүү судалгаатай, тулхтайгаар ярилцах ёстой гэж үзсэн.

Categories
мэдээ цаг-үе

Д.Пүрэвдаваа: Аймаг, нийслэлд АН олонх болбол төрд иргэдийн хяналт бий болно

Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваатай ярилцлаа.


-Нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод удаагүй байна. Ажлаа эхлээд явж байна уу?

-Нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон нь гэнэтийн шийдвэр байлаа. Д.Баттулга дарга маань нийслэлийн намын хорооны хурлын үеэр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хэлсэн. Нийслэлийн намын хорооны гишүүд намайг санал болгож, дээд шатны байгууллагаас Нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Миний хувьд төлөвлөгдөөгүй гэнэтийн шийдвэр байсан ч хамт олон, журмын нөхөд маань итгэл хүлээлгэж байгаа учраас ажилдаа ороод байна.

-Энэ удаагийн Орон нутгийн сонгуульд ямар төлөвлөгөөтэй оролцохоор бэлдэж байна вэ?

-Орон нутгийн сонгуулийн хууль тогтоомжийн хүрээнд Нийслэлийн намын хороо холбогдох бичиг баримтаа Нийслэлийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн. 2020 оны Аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуульд оролцоход ямар нэгэн зөрчилгүй, бичиг баримтын бүрдэл бүрэн гэж үзэн нийслэлийн Сонгуулийн хорооноос тогтоол гаргасныг өнгөрсөн долоо хоногт албан ёсоор гардаж авсан. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн алдаа дутагдлуудаа ялангуяа нийслэлдээ давтаж болохгүй гэдгийг хэн хэн нь ойлгож байгаа. Энэ тал дээр маш нухацтай, анхааралтай, хянуур хандана. Улс төрийн нам бол зөв боловсон хүчин, өөрсдийн хүссэн гэхээсээ илүү иргэдийг төлөөлж чадахуйц, дэмжлэгийг авч чадах тэр нэр дэвшигчдээ санал болгох ёстой. Тиймээс нэр дэвшилт маань зөв, тунгалаг, оновчтой байх ёстой. Хоёрдугаарт, мөрийн хөтөлбөр. Нийслэлийн Ардчилсан нам өөрийн боловсруулсан мөрийн хөтөлбөртэй сонгуульд орж, ялсан тохиолдолд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг хуулийн зохицуулалттай. Манай намын мөрийн хөтөлбөрийн онцлог бол “иргэндээ ээлтэй” байх. Иргэндээ ээлтэй Улаанбаатарыг бий болгоно, цогцлооно гэсэн үг.

Нийслэлд өнгөрсөн хугацаанд маш олон иргэд золгүй байдлаас болж эндсэн тохиолдол гарсан. Ер нь байгалийн гамшиг гэлтгүй иргэндээ ээлгүй бодлого, төлөвлөлтөөс болж олон хүн эрсдэх, гэмтэх тохиолдол Улаанбаатар хотод гарч байна. Үндсэн хуульдаа “эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж заасан мөртлөө үүндээ хүрч ажиллаж чадахгүй байна шүү дээ. Бид энэ тал дээр онцгой анхаарна. Монгол Улсын нийт хүн амын хагас нь нийслэл хотдоо амьдардаг. Тиймээс төрийн үйлчилгээг иргэддээ түргэн шуурхай, цэгцтэй үзүүлэх ёстой. 2012-2016 онд Ардчилсан намын хийж хэрэгжүүлж байсан цахимжуулах, ухаалаг системийг нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлэх ёстой. Дэлхий даяар мэдээллийн технологи маш хурдацтай хөгжиж байна. Нийслэлийн 500 гаруй үйлчилгээг аль болох цахимжуулах нь зүйтэй юм. Энэ их түгжрэл, ачааллын үед онлайнаар бүртгэл явуулах, цахимаар үйлчилгээний хариу өгөх, шуудан хүргэлтийн үйлчилгээг нэмэгдүүлэх зэрэг чиглэлд ажиллах болно. Ардчилсан нам анх төрийн үйлчлгээний “түц машин”-ыг санаачилсан. Олон хүний ажлыг хөнгөвчилж, маш их зардлыг хэмнэж чадсан. Нийтийн тээвэрт цахим картыг мөн амжилттай нэвтрүүлсэн. Энэ мэт ухаалаг системийг нэвтрүүлснээр цаг хугацаа болон төсөв зардлыг маш сайн хэмнэсэн иргэндээ ойр ажил болсон. Тиймээс энэ удаа ухаалаг Улаанбаатарыг бий болгохын төлөөх зорилтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Гуравдугаарт, хариуцлагын асуудал. Өнөөдөр хэн нэгэн төрийн албан хаагч ямар нэгэн алдаа дутагдал гаргалаа гэхэд хэн нь ямар хариуцлага хүлээж байгаа нь тодорхой бус байдаг. Иргэнийг чирэгдүүлж хохироосон байхад, хариуцлага үүрэхгүйгээс болоод төрийн албан хаагч эс үйлдэл гаргах хандлага бий болдог. Энэ гажуудлыг засах, арилгах нэг ажил бол Ардчилсан намын санаачилсан “шилэн дансны хууль” байсан. Гэтэл Ардын нам гарч ирээд Шилэн дансны хуулийн хариуцлага тооцох системийг нь үгүй хийснээрээ Шилэн дансаа хөтөлдөг байгууллага өнөөдөр эрс цөөрсөн. Улаанбаатар хотын ирээдүй болсон үр хүүхэд, дүү нартаа түгжрэлтэй, хүнд сурталтай, удаашралтай хотыг өвлүүлмээргүй байна. Өнөөдрийн орон нутгийн сонгууль бол хугарлын сонгууль болох ёстой гэж харж байгаа. Үндсэндээ хувьсгал хийхүйц, жишиг болохуйц сонгууль болох ёстой. 2012 онд Ардчилсан нам хотыг арай өөрөөр удирдаж болдог юм байна гэх жишгийг харуулж чадсан. Энэ жишгийг сэргээхийн төлөө, хүн амьдрахад таатай хотын төлөө бид оновчтой сонголтоо хийх шаардлагатай.

-УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээсэн. Ялагдлын шалтгааныг олон янзаар л тайлбарлаж байх шиг байна. Та Ардчилсан намд ямар шинэчлэл хэрэгтэй гэж харж байна?

-Олон хүчин зүйлээс болж ялагдал ирсэн гэж боддог. Алдааг хүнээс хайхаас илүү өөрсдөөсөө эрэх нь зүйтэй. Ардчилсан нам бол санаачлагч нам гэж би боддог. Улс орноо хөгжүүлсэн, иргэндээ хүрсэн олон ажлыг эхлүүлж, хийж хэрэгжүүлсэн. Зах зээлийн нийгэмд шилжсэнээр ардчиллаар бий болсон олон өөрчлөлтүүд гарсан шүү дээ. Ардчиллын буянаар хүссэн улс орондоо зочилдог болж, хүн бүр хүссэн мэдээ мэдээллээ авах боломж бүрдсэн. Мөн Монгол Улсын иргэн хүн өөрийн гэсэн үл хөдлөх өмч хөрөнгөтөй байх эрхтэй болсон зэрэг олон өсөлт, өөрчлөлтийг дурдаж болно. Ардчилал хувь хүний орон зайг хамгаалсаар ирсэн гэдгийг тодотгож хэлмээр байна. Ардчилсан нам хийж бүтээх, шинийг санаж сэдэх, санаачилга гаргаж ажиллахдаа дотоод эмх цэгцдээ түлхүү анхаараагүй орхигдуулсан талтай. Нэг үгээр хэлбэл, дотоод ардчилал хэт их байснаас болоод нам доторх үл ойлголцол даамжруулсан юм болов уу. Гэхдээ Ардчилсан намын залуучууд алдаагаа давтахгүйн төлөө нэгдэж чадна гэдгээ харуулж байгаа гэж бодож байна. Ялагдлын нэг шалтгаан бол пропорционал тогтолцооноос мажоритар тогтолцоо руу буцсан явдал гэж харж байна. Энэ тогтолцоогоор сонгууль явуулахад иргэдийн санал гээгддэг. Өнөөдөр Ардын нам иргэдээс 44 хувийн санал авсан мөртлөө нийт УИХ-ын 82 хувийг бүрдүүлж, Засгийн газрыг 100 хувь бүрдүүлж, захирч байна. Дэлхий даяараа татгалзаж байгаа хэлбэрийг манай улс сонгоод байгаа юм. Энэ тогтолцоог 100 хувь халах юм бол сонгууль мөнгөний уралдаан байхаа болино. Гэтэл мажоритар тогтолцоогоор эрх баригч нам маань гаршчихлаа. 30 жилийн хугацаанд найман удаагийн сонгууль хийхэд нэг л удаа пропорционал буюу холимог тогтолцоогоор сонгууль хийсэн. Тэр сонгуулийн үр дүнгээр олон намын төлөөлөл УИХ-д суусан байдаг. Санал гээгдээгүй гэсэн үг. Мажоритар тогтолцооноос салахгүй л бол шударга сонгууль болохгүй.

Ардчилсан намын ялагдлын бас нэг шалтгаан нь цар тахлын хязгаарлалтын дэглэм. Үндсэндээ шударга биш сонгууль боллоо шүү дээ. Ардын намын бүлгийн нөхдүүд хэзээ сонгууль явах, ямар дүрэм журмаар явуулахаа урьдчилаад мэдэж байсан. Бусад улс төрийн хүчнүүд сонгууль болох эсэхийг ч мэдэхгүй л байсан. Манай улс, эрх баригчид маань Ковидыг дотооддоо алдаагүй гэж өнөөдрийг хүртэл мэдээлж байгаа. Гэтэл дэлхий даяар хязгаарлалтын дэглэмээ сулруулж, цуцалж байна. Харин Засаг барьж байгаа хүмүүс Орон нутгийн сонгуультай холбогдуулан онцгой байдлын дэглэмийг чангалаад л байна гэж хардаж байна. Мөн эрх барьж байгаа намаас томилогдсон төрийн албан хаагч нар сонгуулийг зохион байгуулсан. Дарга нарын хүүхдүүд дандаа дарга болдог гэдэг шиг магадгүй эрх баригчдын хамаатан садан, ах дүү нар нь сонгууль зохион байгуулж байгаа. Тэд ялахын төлөө өөрсдийнхөө давуу эрхийг ашигладаг. Тиймээс өнгөрсөн УИХ-ын сонгуулийг туйлын шударга явагдсан гэж харахгүй байгаа.

-Ардчилсан намын даргын сонгууль юу болж байгаа вэ?

-Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаад арваннэгдүгээр сарын 16-ны өдөр намын их хурлаа хуралдуулахаар товлосон. Дүрэм журмаараа намын сунгааг дотоод сонгуулийн хороо зарлаж, зохион байгуулах ёстой. Арваннэгдүгээр сард намын их хурлаа хуралдуулаад, тэр хурлаараа дүрэм, журамдаа өөрчлөлт оруулах эсэхээ шийднэ. Хурлаар гарсан шийдвэрийн дагуу бүх гишүүдээсээ намын даргаа сонгохоор тогтвол гишүүдийн саналаар, харин их хурлаараа намын даргаа сонгохоор тогтвол намын их хурлаар намын удирдлагаа сонгоно.

-Арваннэгдүгээр сар хүртэл намын даргагүй явна гэсэн үг үү?

-Үүрэг гүйцэтгэгчтэй явна гэсэн үг.

-С.Эрдэнэ дарга “АН ялагдсан нь бид Ерөнхийлөгчтэйгөө хамтарч ажиллаж чадсангүй” гэж байсан. Одоо нийслэлийн Ардчилсан нам Ерөнхийлөгчтэй хэр хамтарч ажиллаж байна вэ. Таныг Ерөнхийлөгчийн хүн гэх юм…

-Би Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан. Хот хөдөөгийн бодлого гэхээр Улаанбаатар хотын асуудал ч орж таарна. Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллаж байсан учраас Ерөнхийлөгчийн дэмжлэгээр энэ албан тушаалд оччихлоо гэх ойлголт байх шиг байна. Энэ бол өрөөсгөл. АН-ын дүрэм журмын хүрээнд гарсан шийдвэр юм. Тодруулбал, Нийслэлийн намын хороо хуралдаж, гишүүдийн олонхын санал, Ардчилсан намын даргын тушаалаар миний бие томилогдсон.

-Ардчилсан нам нийслэлд хэр хүчтэй байх бол?

-Бид хоёр сарын хугацаанд өөрсдийн онцлог, давуу талуудыг иргэддээ маш сайн ойлгуулж чадвал боломж хангалттай бий.

-Нийслэлийг хоёр дахь Засгийн газар гэдэг. Мэдээж өндөр хариуцлага Ардчилсан намаас шаардагдах байх?

-Европын улс орны улс төрийг харахад тэд аль болох мэтгэлцэж харагддаг. Парламентдаа олон намын төлөөлөл нь байнга хоорондоо байнга өрсөлдөж байх жишээтэй. Тийм өрсөлдөөнтэй, хяналттай газар л хамгийн хөгжилтэй, иргэндээ ээлтэй улс болж таардаг. Тэгвэл өрсөлдөөн огт байхгүй нэг намын засаглалтай болвол яах вэ. МАН-ын томилгоонуудыг харахад удам дамжсан сайдуудыг томилох тохиолдол байсан. Одоо удахгүй хотын даргаар хэн нэгэн хамаатнаа, эсвэл нутгийнхаа нэгнийг томилох уу. Тэгээд дараа нь иргэдийн дуу хоолойг хэн ч сонсохгүй, хэнд ч хүрэхгүй л болдог. Ардчилсан Монгол Улсын иргэн үйл хэрэгт оролцох эрхээ л нээлттэй байлгах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ ардчилсан улс гэдэг үгийн утга учир чинь байхгүй болно. Жишээгээр нам төвтэй төр бий болбол хоёр бизнесмэн уралдаж байхад нам дагадаг бизнесмэн нь давуу эрхтэй болж эхэлнэ. Бизнесийн зарчим бол зах зээлийнхээ хуулиар өрсөлдөж байх ёстой байтал нэг нь намын дэмжлэг аваад илүү эрх авч эхэлнэ. Тэгэхээр бизнесийн зарчим алдагдаж, тэгш бус байдал үүснэ. Ийм л нийгмийг хүсээгүй бол бид өнөөдөр үйл ажиллагаа, үзэл санааныхаа төлөө сонголтоо хийх цаг нь болсон. Ялангуяа аймаг, нийслэлийн хэмжээнд бол заавал хяналтын тогтолцоо байж, төрд иргэдийн хяналт бий болох ёстой. Өнөөдөр Ардчилсан нам хувь хүний эрх чөлөө, хувь хүний орон зай гэдэг зүйлийг л хамгаалахын төлөө ажилладаг.

С.ОТГОНГЭРЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Б.Бейсен: Үндэстэн ястны хооронд яс хаяж, буруу мэдээлэл тарааж байна

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Б.Бейсентэй ярилцлаа.


-Хэвлэлийн хурлын үеэр хэлсэн зүйлийг тань тодруулж асуумаар байна. “Ерөнхий сайд у.хүрэлсүх Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн. Гэтэл Баян-Өлгий аймгийн засаг даргыг томилох нь буруу гэж үзэж байна” гэж та хэлсэн байсан. Үеийн үед Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг батламжилж ирсэн. Таны хэлсэн энэ үгний цаана үндэстнээрээ ялгарах, тусгаарлах хандлага илт цухалцаж байна гэх мэтээр шүүмжлэл өрнөж байна. Үүнд тайлбар өгөөч?

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд шинэчлэхээр өргөн баригдсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлах гэж байна. Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар аймаг, нийслэлийн Засаг даргыг тухайн шатны Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн, нэрийг нь тодруулж, Ерөнхий сайдад санал болгон батламжилдаг. Харин дээрх хуулийн шинэчлэлээр аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд Иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал болгосноор хэлэлцэн батлах бол аймаг, нийслэлийн Засаг дарга хамтран ажиллах сум, дүүргийн Засаг даргаа харьяа Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа санал болгосноор томилно гэж заах тухай яригдаж байна. Миний бие Монгол Улсын иргэний хувьд Үндсэн хуулийн үзэл санааг хамгаалах ёстой. Тэр утгаар энэ хуульд ийм өөрчлөлт оруулж болохгүй гэж дуугарсан. Миний хэлж, ярьсан зүйлийг мушгин гуйвуулж байгаад үнэхээр харамсаж байна. Үндэстэн ястны хооронд яс хаяж буруу мэдээлэл тарааж байна гэж ойлгож байгаа. Казах хүнийг ийм, тийм гэж бичиж байгааг эсэргүүцэж байна. Би тэр хэвлэлийн хурлын үеэр жишээ авч ярьсан. Би анх удаа УИХ-д сонгогдсон төлөөлөгч. Тийм зүйл ярих ч үгүй. Хэрвээ хуульд ийм өөрчлөлт тусгачихвал өөр хэрэг. Тэгвэл сонгууль явуулах ямар хэрэг байна. Би Ерөнхий сайдад ямар нэгэн өс хонзон санадаггүй. Харин Ерөнхий сайдыг жишээлж хэлсэндээ л буруутгагдчихлаа.

Таны хэлсэн үг Баян-Өлгийн засаг даргыг Ерөнхий сайдаар батламжлуулахгүй гэх ойлголт шууд өгч байна лээ…

-Тийм утгатай зүйл огт яриагүй. Ингэж ард түмэнд буруу ойлголт өгч болохгүй шүү дээ. Би сая тойрогтоо ажиллаад ирсэн. Орон нутгийн иргэд ч аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд Иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал болгосноор хэлэлцэн батлахаар болж байгаа юм уу. Үүнийг эсэргүүцэж байна гэдгээ илэрхийлсэн. Би хэвлэлийн хурлын үеэр тойргийн иргэдийнхээ ч санаа бодлыг мөн хуваалцсан. Миний хэлсэн ярьсныг буруу ташаагаар мэдээлж болохгүй биз дээ. Ерөнхий сайд ИТХ-д санал болгох юм бол сонгууль явуулж хий дэмий зардал гаргаад яах юм. Түүнийхээ оронд бүтээн байгуулалт хийсэн нь дээр биз дээ. Ардчиллын зарчимд ч таарахгүй.

-Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль удахгүй чуулганаар хэлэлцэгдэнэ. Таны хувьд ямар санал бодолтой байгаа юм бэ, энэ хуулийн өөрчлөлтийн талаар?

-Нийслэл, аймгийн удирдлага, засаг дарга нарыг Ерөнхий сайд санал оруулдаг байх, цаашид Ерөнхий сайд томилдог болвол маш буруу. Сонгууль ардчилсан зарчмаар явагдах ёстой. энэ үүднээс бид байр сууриа илэрхийлсэн ухаантай. Хуулийн дагуу бүх зүйл явагдах ёстой гэх байр суурийг илэрхийлсэн юм, уг нь.

-Ээлжит бусаар төсвийн тодотгол хэлэлцэж байна. Төсвийн тодотголын талаарх таны байр суурь ямар байна?

-Алдагдалтай төсөв баталсан гэдгээ Сангийн сайд хэлсэн. Төсвийн тодотголд шүүмжлэлтэй хандсан хэд хэдэн зүйл бий. Жишээлбэл, Баян-Өлгийн Нэгдсэн эмнэлэг эрүүл ахуйн шаардлага хангадаггүй. Тиймээс эмнэлгийн төсөвт тусгагдсан гурван тэрбум гаруй төсвийн мөнгийг нэг тэрбум болгож танасан байна. Царцаагаад хойшилж байна гэсэн үг.

-УИХ-ын ээлжит бус чуулганаар АН-аас сонгогдсон Б.Пүрэвдорж гишүүнийг долоо хоног чуулганд суух эрхийг нь хассан. Сөрөг хүчний үг хэлэх эрх хаагдаж боогдоод байгаа юм биш үү. Энэ тухайд бүлгийн дэд даргын хувиар байр сууриа илэрхийлээч?

-Уих-ын гишүүний бүрэн эрхэд халдах ёсгүй л дээ. Ямар алдаа гаргасныг нь би сайн мэдсэнгүй. Тэр үеэр тариа хийлгэхээр гараад явчихсан байсан.

-Тойрогтоо ажиллаад ирсэн гэлээ. Тойрогт тулгамдаж буй асуудлууд юу байх юм?

-иргэдээс санал гомдол хүлээж авлаа. Баян-Өлгий аймгийн Бугат суманд гүүр барихдаа шахуу барьчихсан учраас үер бууж олон айл усанд автаж орон гэргүй болчихсон байна. энэ сум хоёр багтай. Зуслан гарахаар хотын голоор малаа тууж гардаг. хөдөлгөөн саатдаг. ирэх жил Бугат сумын нутгаар гүүр барих шаардлага үүслээ. Мөн хүүхдийн эмнэлэг нэн шаардлагатай байна. энэ талаар эрүүл мэндийн сайдтай ярилцсан. Удахгүй эрүүл мэндийн сайд орон нутгуудаар явж эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах юм билээ. Мэдээж эмч, багш нарын цалингийн урамшуулал нэмэгдлийн талаар ярилцах шаардлага үүсч байна.

-Та хуулийн төсөл санаачлан ажиллаж байна уу?

-Уих-ын гишүүн Ц.Туваан, Ж.чинбүрэн нартай хамтран Эмнэлгийн ажилтны эрх зүйн тухай хуулийг санаачилан ажиллаж байна. энэхүү хууль эмнэлгийн ажилтны эрх ашгийг хамгаалах, мөн хууль сахиулахад чиглэгдэх юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Мэргэн: УИХ-ын гишүүнийг чуулганд суух эрхийг шууд долоо хоногоор хасах нь буруу

Хуульч Б.Мэргэнтэй ярилцлаа.


-УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэгдэж байх үед хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Дэгийн тухай хуулийг барьж УИХ-ын чуулганд суух эрхийг долоо хоногоор хаслаа. Дэгийн тухай хуульд энэ талаар хэрхэн заасан байдаг юм бэ?

-Өмнө хийгдэж байсан судалгаануудтай холбоотойгоор УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хууль шинэчлэн батлагдсан. Одоо энэ хоёр хуулийн өөрчлөлт хэрэгжээд явж байна. Одоо чуулганы хуралдаанууд дандаа шинэ хуулийн дагуу, шинэчилсэн найруулгын дагуу Дэгийг баримталж явж байгаа. Шинэчилсэн найруулга гэдэг өмнөх хуульд 50-иас дээш хувьд нь өөрчлөлт орж шинэчилсэн найруулга болж байгаа учраас энэ хууль бүхэлдээ шинэчлэгдсэн гэсэн үг. Шинэчлэгдэх явцад УИХ-ын гишүүний хариуцлагыг хэрхэн дээшлүүлэх асуудал хөндөгдөж яригдсан. УИХ-ын гишүүн халдашгүй эрхтэй. Гэхдээ эрхийг нь олгоод байгаа юм чинь хариуцлага тооцох ёстой гэж үзсэн. УИХ-ын гишүүдийг чуулганы хуралдааны танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэдэг. Угтаа чуулганы хуралдаан дээр хэлсэн ч тэр нь бусдыг гүтгээд, доромжлоод эхэлбэл хариуцлага тооцож болохуйц заалт урьд нь байсан. Гэтэл ийм заалт байхгүй мэтээр өдийг хүргэсэн. Дэгийн тухай хуулийн 17,18 дугаар зүйлд шинэчилсэн найруулгын заалт бий.

Дэгийн тухай хуулийн 17 дугаар зүйлд хуралдаан даргалагчийн эрх үүрэгтэй холбоотой заалтууд бий. Харин 18 дугаар зүйлд нь хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлагын талаарх зохицуулалтууд бий. Хуралдаан даргалагч дэг сахиулна. Гишүүн Дэгийг зөрчсөн тохиолдолд сануулах, хуралдаанд үг хэлэх эрхийг хасах, хуралдаанд оролцох эрхийг хасах заалттай. Энэ гурван хариуцлагын аль нэгийг нь ногдуулна.

-Шат дараатай явах ёстой юм байна, тийм үү?

-Тийм. Хариуцлага тооцох гэж байгаа бол шат дарааллаараа явах ёстой. Дэгийн тухай хуульд заасан заалтаараа явах ёстой юм.

Хуралдаан даргалагч өөрөө Дэгээ зөрчсөн асуудал энд үүсч байна. Хэрвээ Б.Пүрэвдорж гишүүнийг сануулахгүйгээр хариуцлага тооцох заалттай дэг зөрчсөн гэж үзвэл танхимыг орхин гарахыг шаардах ёстой. Үүнийг биелүүлэхгүй бол хугацаа заан хуралдаанд оролцох эрх хасах хуультай. Тэрнээс шууд чуулганд суух эрхийг нь хасах арга хэмжээ авах эрх байхгүй. Тухайн өдрийн хугацаанд л чуулганаас гаргаж болох болохоос биш, долоо хоногоор хуралдаанд оролцуулахгүй гэж хугацаа заах ёсгүй. Шууд долоо хоногоор хасах нь буруу.

Зарим тохиолдолд сануулахгүйгээр шууд хариуцлага тооцдог. Заримд нь сануулж байж хариуцлага тооцно. Ямар тохиолдолд ялгаатай үйлчлэх вэ гэхээр тухайн гишүүн чуулганы хуралдаанд үг хэлэхийн тулд чуулганаар хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой үг хэлэх ёстой. Гэтэл хуралдаанд хэлэлцэж байгаа асуудлаас гадуур холбогдолгүй үг хэлээд байвал эхлээд хуралдаан даргалагч сануулна. Сануулахдаа хэрвээ дахиж ийм үйлдэл гаргавал танд ийм хариуцлага хүлээлгэнэ гэдгийг давхар хэлэх ёстой. Сануулгыг хүлээж авахгүй бол үг хэлэх эрхийг нь хасна. Ингэж хасахдаа тухайн асуудлыг хэлэлцэж дуустал үг хэлэх эрхийг нь хасдаг.

Бусад гишүүд үг хэлж байхад саад учруулах, дундуур нь орж үг хэлэх, өөрийнхөө саналаа хэлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох нэр төрд нь халдаад эхэлбэл сануулахгүйгээр шууд үг хэлэх эрхийг нь хасна. Чуулганы хуралдааны хэвийн байдлыг алдагдуулбал танхимаас гаргах хариуцлага хүлээлгэнэ. Танхимаас гарахгүй байвал хугацаатайгаар танхимд орж ирэхгүй байх хэмжээний хариуцлага хүлээлгэдэг. Шинэ хуулиа гишүүд маань хэрэглэж дадаагүй юм уу гэж харж байна.

-Дэгийн тухай хуульдаа хугацаа заасан юм уу?

-Одоогоор Дэгийн тухай хуульд тодорхой хугацаа заагаагүй. Тухайн хугацааг хуралдаан даргалагчийн эрх хэмжээнд л өөрт нь сонголтоор олгочихсон. Хуульд хугацаа зааж өгнө гэсэн байдаг.

-Тэгэхээр хүссэн хугацаагаа хуралдаан даргалагч хэлж болох юм байна гэж ойлголоо. Тэгвэл бүр дөрвөн жилийн турш чуулганы хуралдаанд суулгахгүй байж болох үндэслэл байхыг үгүйсгэхгүй юм.

-Яг хуулийн үг үсгээр нь харвал тийм байж болохуйц нөхцөл байдал бий. Яагаад гэвэл хугацаа зааж өгөөгүй. Ямар ч хууль шууд төгс батлагдахгүй. Хэрэглээний явцад засч сайжраад явдаг. Энэ алдаа практик дээр гарч байгаа учраас нэмэлт өөрчлөлт оруулаад хугацаа зааж өгдөг. Дээд тал нь хэдэн өдөр, хэдэн сар байхаар зохицуулж өгөх шаардлага гарах байх. Нөгөө талаасаа хугацаа зааж өгөхгүй шийддэг улс орнууд бий. Гэхдээ энэ улсуудад эрх зүйн соёл нь олон жил яваад хөгжчихсөн, иргэдийнх нь эрх зүйн болон ёс зүйн ухамсар нь төлөвшчихсөн. Энэ тохиолдолд хууль хэрэглээгээ өөрсдөө ямар нэгэн цөөнхийн эрхийг нь хасах, улс төрийн зорилгоор ашиглахгүй гэх итгэл үнэмшил байгаа үед хуралдаан даргалагч тохиолдолд нь нийцүүлээд хариуцлага тооцдог. Манайх шиг улс оронд хугацаа тодорхой зааж өгөхгүй болохоор цөөнхийн эрхийг хасаад янз бүрийн байдлаар хэрэглэгдэж явахыг үгүйсгэхгүй.

-Зарим хүмүүс цөөнхийн хэлэх эрх, иргэдийн төлөөлөл байх эрхийг нь хаслаа хэмээн шүүмжлэл өрнөж байна…

-Зарим хуульчдын зүгээс Үндсэн хууль зөрчиж байна, Цэцэд хандах ёстой, бусдын төлөөллийн эрхийг зөрчиж байна гэх асуудал яригдаж байгаа. Гэхдээ онолын хувьд ч практик дээр ч бусад улс оронд огт байдаггүй зүйл биш. Ямар нэгэн байдлаар ихэнх улс орнууд хариуцлага тооцож явдаг. Олон улсад тухайн гишүүнд санхүүгийн торгууль, сахилгын шийтгэл, бусад төрлийн хариуцлагын механизм, ёс зүйн шийтгэл зэргээр хариуцлага тооцдог.

Б.НОМИН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН 100 жилийн өмнөх үйл явдлыг давтлаа

МАН-ын анхны дарга, 1921 оны хувьсгалын гол удирдагчдын нэг, төрийн сайд Солийн Данзанг 1924 оны наймдугаар сард болсон намын гуравдугаар хурлаас үг хэлэх, хуралд оролцох эрхийг нь хасч хурлаас хөөж гаргасан байдаг. Дараа нь түүнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн Шархаданд аваачин буудсан билээ. 100 жилийн дараа МАН Бөхчулууны Пүрэвдорж гишүүний үг хэлэх эрхийг хасч, УИХ-ын чуулганаас хөөж гаргалаа. Харин буудсангүй. 100 жилийн дараа болж байгаа үйл явдал юм даа. Боловсон болжээ гэж бодох уу, энэ намыг. УИХ-ын гишүүн ард түмний хүсэлтийг дамжуулж хэлдэг. Тойрогтоо зайлшгүй шийдэх ёстой асуудлыг гишүүд л ярих ёстой. Тэгж байж төрийн бодлогод хүргэдэг. Б.Пүрэвдорж гишүүн ч тэгж л ярьсан. Гэтэл Б.Пүрэвдорж гишүүнийг УИХ-ын чуулганаас долоо хоног хөөх шийдвэр гаргасан. Яагаад ард түмний дуу хоолойг хориглосон хууль МАН баталсан юм бэ. Өнгөрсөн тавдугаар сард Дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсан. Уг хуульд гишүүн дэг зөрчвөл сануулах, хуралдаанд үг хэлэх эрхийг хасах, хуралдаанд оролцох эрхийг хасна хэмээн заасан. Гэхдээ хэдий хугацаанд хуралдаанд оролцох эрхийг хасах талаар тусгасан зүйл огт байхгүй. Тэгэхээр долоо хоног хөөсөн ч болно, дөрвөн жил хөөсөн ч болохоор юм байна. УИХ-ын гишүүнийг үг хэллээ, шүүмжиллээ гээд хөөгөөд гаргачих юм бол ард түмэн 76 гишүүнийг сонгох хэрэг юу байна. Эрх баригчид өөрсдийгөө шүүмжлүүлэхгүйн тулд цөөнхийг хуралд суух эрхгүй болгож, энэ хуулиараа. Ард түмнээс яг адилхан сонгогдсон гишүүд нэгнийхээ үг хэлэх эрхийг хааж, боож хорих эрх байхгүй.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Мөнхцэцэг: Цахим гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлж байна. Ээлжит бусаар төсвийн тодотгол хэлэлцэгдэнэ. Ямар төсвүүдийг хумьж байгаа вэ?

-Дэлхий нийтийг хамарсан “КоВид-19” цар тахлын улмаас эдийн засгийн өсөлт саарч, дотоодын хэрэглээ, экспорт, импорт буурснаас 2020 оны эхний зургаан сарын байдлаар нэгдсэн төсвийн нийт орлого төлөвлөсөн хэмжээнээс 1.2 их наяд төгрөгөөр буурсан байна. Ийнхүү эдийн засгийн өсөлт саарч, оны эцэст төсвийн орлого буурах нөхцөл байдал үүсээд байгаа тул эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих арга хэмжээнүүдийг он дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үүднээс төсвийн тодотголын төсвийг Засгийн газраас өргөн бариад байна.

Төсвийн тодотголоор цар тахлын үеийг даван туулах нийгэм, эдийн засгийн арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс хөрөнгө оруулалтын тодорхой ажлуудыг тэр дундаа гэрээ байгуулаагүй эсвэл ажлын удаашралтай байгаа төслүүдийг танана. Мөн дараа он руу үргэлжлэх төслүүдийн санхүүжилтыг бууруулах юмуу хойшлуулах байдлаар хөрөнгө оруулалтын тодотгол хийхээр Сангийн яамнаас санал болгоод байна. Төсвийн байгууллагын үйл ажиллагааны урсгал зардлыг хэмнэхийн тулд төсөвт байгууллагын тэвчиж болох зарим зардал, арга хэмжээг бүрэн болон хэсэгчлэн зогсоох замаар 118.2 тэрбум төгрөгийг хэмнэнэ. Тэвчиж болох зардал гэдэг нь бичиг хэрэг, тавилга эд хогшил, томилолтын зардал зэргийг хэлж байгаа юм.

Цаашид цахим системийг бүрэн нэвтрүүлэх замаар дунд болон урт хугацаанд төсвийн зардлын өсөлтийг бууруулах зорилт тавьж байгаа.

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт цар тахлыг даван туулах чиглэлээр зорилт багтсан уу?

-Энэ удаагийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуульд орохдоо ард түмэндээ амласан Хөгжлийн гэрээ мөрийн хөтөлбөрт суурилсан. Хөгжлийн гэрээ мөрийн хөтөлбөр Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Засаглалын бодлого, Ногоон хөгжлийн бодлого, Нийслэл ба бүс нутаг, орон нутаг хөгжлийн бодлого гэсэн таван бүлэгтэй тул Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ таван бүлэг орсон. Үүн дээр нэмэгдээд Цар тахлаас үүдэлтэй нийгэм эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого гэсэн зургаан бүлэг бүхий Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг УИХ-д өргөн бариад байна.

-Цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогод юу юуг хамруулж байгаа юм бол?

-Цар тахлын хүндрэлийг даван туулахад хамгийн эхэнд иргэн, ААН-үүдээ дэмжих арга хэмжээг үргэлжлүүлнэ. Хүүхдийн мөнгөн тэтгэмж, НДШ-ийн хөнгөлөлт, жилийн 1,5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой ААН-ийг ААНОАТ-аас чөлөөлөх, түрээсийн төлбөрөө бууруулсан ААН-д үзүүлэх татварын хөнгөлөлт үргэлжилнэ. Хоёрдугаарт, цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахын тулд цар тахалтай холбоотой төсвийн санхүүжилтийг нэмж байгаа. Үүнд, Засгийн газрын нөөц хөрөнгийн санхүүжилтийг нэмэх, галын шугаманд ажиллаж буй ХӨСҮТ болон эмч эмнэлгийн ажилчдад цалин урамшууллыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн оношилгоо эмчилгээнд зориулсан импортын бараа бүтээгдэхүүн эмийн хэрэгслүүдийг гаалийн болон НӨАТ-аас он дуустал чөлөөлөх зэрэг арга хэмжээнүүд орж байгаа. Мөн сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг улирлын томуугийн вакцинд хамруулах зорилт тавьж байна. Цар тахлын үеийн эрүүл мэнд бэлэн байдлыг хангах үүднээс эрүүл мэндийн байгууллагууд аймгууд нийгмийн эрүүл мэндийн төвүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах зорилтыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тус тус оруулсан байна.

-Удахгүй хичээлийн шинэ жил эхлэлээ. Цар тахлын энэ үед боловсролын тэгш хүртээмж голчилж ярих сэдэв. Энэ тухайд?

-УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооноос Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран “Боловсролын салбар дахь цахим шинэчлэл”-ийн асуудлаар хэлэлцүүлэг хийсэн. Цар тахлын улмаас дэлхий даяар боловсролын салбарт цахим болон зайны сургалтын тогтолцоонд шилжихээс өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Цахим шилжилт гэдэг бол цахим сургалтын контент, нэгдмэл платформ, тэгш хамруулах боломж гэх мэт олон зүйлийг дэлхийн стандартын дагуу нэвтрүүлэх явдал юм. Цахим сургалт хэдий давуу талтай ч нийгмийн тэгш бус байдлын улмаас боломжтой хэсэгт илүү давуу тал олгох, боломжгүй хэсгийг улам бүр ялгаварлалд хүргэх магадлалтай учраас хүүхэд бүрийг тэгш хамруулах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Үүний тулд Econtent.mn зэрэг цахим сургалтад шаардлагатай контент, сайт, аппликэйшнүүдийг дата төлбөрөөс чөлөөлөх, сургуулийн орчинд 4G сүлжээний аксесс пойнт суурилуулах зэргээр тэгш хамруулах боломжийг бүрдүүлэх ажлыг хийх нь чухал байна. Мөн цахим сургалтын үр дүнг үнэлэх, багшийг урамшуулах, цахим контент бэлдсэн багшийн ажлын цагийг хэрхэн тооцоолох гэх мэт нэгдсэн стандарт, бодлогын ажлууд хийгдэх шаардлагатай байна.

Монгол Ардын Нам 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Цахим Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. Удахгүй эхлэх ээлжит бус чуулганаар Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөтөлбөрийг хэлэлцэнэ. Энэ хүрээнд шинээр байгуулагдсан Цахим бодлого, инновацийн дэд хороо боловсролын салбарын цахим шилжилтийг дэлхийн жишигт нийцсэн стандарттай болгох асуудалд анхаарлаа хандуулж ажиллах болно.

-Та Хууль зүйн байнгын хороонд харьяалагдаж байгаа. Нэн тэргүүнд ямар хуулийн төслүүд дээр ажиллах шаардлага үүсч байна вэ?

-Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны гишүүнээр ажиллаж байна. Шүүхийн хараат бус байдлыг нэмэгдүүлэх, улс төрийн намын тогтолцоог төлөвшүүлэх, улс төр дэх бизнесийн нөлөөг хязгаарлах, хүний эрхтэй холбоотой шүүхийн тухай хуулийг боловсронгуй болгоход голлон анхаарч ажиллана. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагын сонгон шалгаруулалт ба томилгоо нь мэргэжлийн, хараат бус, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх тал дээр Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд анхаарч ажиллана. Тухайлбал, Хүний эрхийн комисс шинээр бүрэлдэж байгаа, өмнөх УИХ дээр эхний сонгон шалгаруулалт нь хийгдсэн. Хүний эрхийн комиссын гишүүд улс төрөөс ангид, хүний эрхийн салбарт мэргэшсэн, ашиг сонирхлын зөрчилгүй, жендерийн мэдрэмжтэй байх ёстой гэж үзэж байна. Хүний эрхийн үндэсний комисс бол хүний эрхийн зөрчилд хяналт тавих гол байгууллага. Гэтэл энэ байгууллагын бүрэлдэхүүнд прокурор, шүүх цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүмүүс томилогдож ирсэн уламжлал байдаг. Хүний эрхийг хамгийн зөрчдөг гэж тооцогддог хүчний байгууллагын хүмүүсийг хүний эрхийн үндэсний комисст оруулахгүй байх нь зөв гэх хатуу байр суурьтай байгаа. Мөн иргэдээс эрүүдэн шүүх асуудлыг эсрэг санал гомдол өргөдөл нэлээд ирж байгаа. Тиймээс эрүүдэн шүүх ажлын эсрэг эрх зүйн орчныг боловсронгуй болгох энэ тал дээр онцгойлон анхаарч ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчдийг бие даан, хараат бусаар сонгон шалгаруулах тогтолцоонд шилжинэ.

Шүүгчийн шударга бус үйлдэлд хариуцлага тооцох, огцруулах эрхтэй Шүүхийн сахилгын хороог байгуулж, үйл ажиллагааг жигдрүүлнэ.

-Та цахим аюулгүй байдлын талаарх хуулийг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж байгаа юм билээ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Хүний эрхийн дэд хорооны анхаарал тавих нэгэн чухал асуудал бол цахим орчинд хүний эрхийг хангах, цахим орчны аюулгүй байдлыг хангах асуудал болоод байна. Цахим аюулгүй байдал тэр дундаа цахимаар эдийн засгийн болон бусад нэр төрд нь халдах, цахим гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагатай. Тухайлбал, сүүлийн өдрүүдэд “23 насандаа дөрвөн хүүхэд гаргалаа” хэмээн нэгэн бүсгүйн зургийг нь тавин сошиал орчинд шүүмжилсэн, гутаан доромжилсон ташаа мэдээлэл нэлээдгүй явлаа. Дуртай нэг нь хүний зургийг тавиад худал мэдээлэл тарааж, сэтгэл санааны болон нэр төрд хохирол учруулж байхад нийтээр хараад сууж байдгийг өөрчлөх ёстой. Энэ бол цахим орчинд хүний нэр төр, нандин байдлыг гутаан доромжилсон, цахим гадуурхал, цахим гэмт хэрэг юм. Фэйсбүүк, твиттер, гар утас зэргийг ашиглан хэн нэгнийг гүтгэх, гутаан доромжлох, дарамтлах, сүрдүүлэх үйлдэл байнга гарч байгаа ч үүнтэй эвлэрэх, байдаг л зүйл гэж үзэх хандлага түгээмэл байгаа нь харамсалтай. Ийм учраас цахим орчинд хүний эрхийг хангах асуудлыг бид шинээр харж, өсвөр үеийнхэн болон олон нийтэд цахим мэдээллийн хэрэгслийн боловсрол олгох, цахим орчинд хувь хүний аюулгүй байдал, хүний эрхийг хангах, хуурамч мэдээнээс хамгаалахад шаардлагатай хууль тогтоомжийг гаргах хэрэгтэй болоод байна. Мөн цахим сүлжээгээр үндэс угсаа, нас хүйс, шашин шүтлэг, бэлгийн чиг баримжаа, аймаг нутгаар ялгаварлан гадуурхсан, садар самуун, хүчирхийлэлд уриалан дуудсан монгол үндэстнийг хагалан бутаргасан мэдээлэл түгээж буй пэйж хуудас, группүүд зөндөө байсаар байна. Олон улсын практикаас үзэхээр Герман улс анх удаа цахим орчны зохицуулалтын хууль баталсан. Бусад улс орнууд ч энэ хүрээнд зохицуулалтаа хийж байна. УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд энэ асуудлаар бусад гишүүдийн хамт ажиллана. Гэхдээ цахим сүлжээнд хүний эрхийг хангах, цахим орчны аюулгүй байдлыг хангах тухай хуулийн зохицуулалт нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчихгүй байх ёстой гэдгийг хэлэх нь зүйтэй.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ удаагийн УИХ-ын гишүүдийн эрх мэдэл нэлээд танагдаж байгаа болов уу?

-2019 оны 11 дүгээр сард батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу УИХ-ын болон УИХ-ын гишүүдийн эрх мэдэл хязгаарлагдаж, хариуцлагыг чангатгасан. УИХ-ын гишүүн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татагдах болж байгаа. Мөн УИХ-ын ээлжит, чуулган хагас жил тутам 50-иас доошгүй ажлын өдөр хуралддаг байсан бол 75-аас доошгүй болгож 1992 оны Үндсэн хуулийн анхны заалтыг сэргээснээр УИХ-ын хууль батлах бүтээмж сайжрах болно. Мөн хуулийг 20-иос доошгүй гишүүд баталж болдог байсан бол 39-өөс доошгүй гишүүд хуулийг батлахаар босгыг өндөрсгөсөн. Мөн УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтоож өгсөн. УИХ-ын тухайн хуулийн шинэчилсэн найруулгаар гишүүний үйл ажиллагаанд хориглох зүйлсэд олон улсын парламентын холбооноос гаргасан судалгаа, зөвлөмжид үндэслэн шинэ зохицуулалт нэмж тусгасан. Мөн ТББ-ууд, нутгийн зөвлөл гэх мэтийн удирдлагад орж бодлогод нөлөөлөх байдлыг хуулиар хориглолоо.

Categories
мэдээ цаг-үе

Д.Мөнх-Эрдэнэ: Ял тохиролцох нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлж болзошгүй гэдэг нь сая харагдлаа

Хуульч Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-УИХ-ын гишүүн асан Б.Батзориг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон хэмээн буруутгагдсан. Эл хэргийн шүүхийн шийдвэр олон нийтийн дунд маргаан дагууллаа. Түүний хувьд улс төрийн хүрээнийхнээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч хуулийн дагуу ял тохиролцсон эхний хүн болов уу. Ял тохиролцох журмын тухай тайлбарлаач?

-Товчхондоо гэмт хэрэгтэн сайн дураар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хялбаршуулсан журмаар хэргийг нь шийдэж, ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, тэнсэх зохицуулалтыг хэлдэг. Манай Эрүүгийн хууль тогтоомжид 2017 оноос орж ирсэн. Дэлхийн улс орнуудын хувьд ял тохиролцохыг хориглосон нь ч бий, хэрэглэдэг нь ч байгаа. Давуу, сул талын аль аль нь бий. Манай улсын хувьд авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийн толгойг илдэг, ял завшуулдаг нэг арга, хэрэгсэл болж болзошгүй байгаа нь сая тодорхой харагдлаа.

Тухайлбал, манай Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2т хорих ялын хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй таван жил хүртэлх хугацаагаар тэнсэхээр заасан байдаг. Гэтэл Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэг дэх авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялыг хэмжээг заасан 24 заалтын 15 заалт нь таваас доош жилийн хорих ялтай заалт юм. Өөрөөр хэлбэл, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нөхдийн дийлэнх нь ял тохиролцох замаар ялаас чөлөөлөгдөх эрх зүйн орчин манайд бүрдсэн байна.

Та бид мэднэ. Авлига, албан тушаалын гэмт хэрэг нь нийгэмд шударга ёсыг алдагдуулж, улс орны тусгаар тогтнолд аюул занал учруулан ард түмний амьдралын үндсийг доройтуулж байдаг. Гэтэл бид авлигачдыг ял завшуулдаг, ялаас чөлөөлдөг маш сул ялын бодлоготой улс болчихлоо.

-Ял тохиролцох процесс ямар журмаар явдаг юм бол?

-Эрүүгийн хуульд зааснаар яллагдагч хэргийг шүүхийн шатанд шилжүүлэхээс өмнө прокурорт хүсэлтээ гаргах ёстой. Прокурор хянаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хэргийн зүйлчлэл, ялын төрөл, хэмжээ, эсвэл ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналаа яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлдэг хуультай. Шүүх тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг нь хянаад прокуророос гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг.

-Прокуророос гаргасан саналын хүрээнд шүүх шийдвэр гаргадаг гэсэн үг үү?

-Тийм ээ. Дээрх нөхцөл хангагдсан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн тав дахь хэсэгт заасны дагуу шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэрийг прокурорын саналын хүрээнд гаргадаг. Энэ заалтын хувьд анхаарах ёстой нэг ноцтой асуудал байна. Үндсэн хуульд Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлж, өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглосон.

Гэтэл хуулийн дээрх заалтаар шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэж, шударга ёсыг тогтоох, ялын бодлогыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болчихоод байна. Прокурор энэ хэрэгт торгох ял оногдуулна, 10 сая төгрөгөөр торгоно, эсвэл хорих ялаас чөлөөлнө, тэнсэнэ гээд оруулаад ирвэл шүүх үндсэндээ яг оруулж ирснээр нь шийдвэрлэх ёстой болж таарлаа. Уул нь прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох үндсэн чиг үүрэгтэй. Гэмт хэрэгтэнд оногдуулах ялын төрөл, хэмжээг прокурор бус, шүүх эцэслэн шийдвэрлэх ёстой.

Одоо бол хуулийн дээрх заалтаар прокурор шүүхийн уг чиг үүргийг хэрэгжүүлдэг болоод эхэлчихлээ. Энэ бол маш ноцтой алдаа. Үүнийг засах ёстой.Би энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандаж мэдээлэл гаргана.

-Тэгвэл авлигын гэмт хэрэгтэй тэмцэх ялын бодлогыг чангаруулахын тулд Эрүүгийн хуульд ямар өөрчлөлтүүд тусгах нь зүйтэй юм бэ?

-Амархан асуулт биш байна. Нэн тэргүүнд авлигачдад торгох ял оногдуулах боломжийг бүрдүүлсэн сонгох санкцыг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгээс хасах, хүчингүй болгох хэрэгтэй болов уу. Би хувьдаа авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд оногдуулах хорих ялын хэмжээг эрс нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг. Одоо бол дийлэнх тохиолдолд торгох, эсхүл таван жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулах, чангарлаа гэхэд 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байна.

Харьцуулбал зарим төрлийн хулгайн гэмт хэргээс хөнгөн ялтай байна шүү дээ. Орон байранд нэвтэрч хулгай хийсэн бол, эсвэл наймаас дээш мал хулгайлсан бол 2-8 жилийн хорих ял шийтгүүлнэ. Малын хулгайг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон бол 512 жилийн хорих ял шийтгэнэ.

Мөн авлигачдын эд хөрөнгийг хураах нэмэгдэл ялыг сэргээж ч болох юм. Ял гэдэг нэг талаасаа гэмтнийг гэсгээн цээрлүүлэх, нөгөө талаасаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, айлгах үүрэгтэй. Мөн төр сүүлийн 30 жилд дунджаар таван жил тутам нэг удаа Өршөөлийн хууль баталсан. Өршөөлийн хуульд авлигын хэргийг хамруулж, ялаас чөлөөлдөг явдлыг дахин гаргуулахгүй байх хэрэгтэй байна. Ял завшуулж байна шүү дээ.

-Эрүүгийн хуульд тусгагдсан зүйл заалтаас шалтгаалж ялаас чөлөөлөгдөх цоорхой гарчихаж гэж ойлголоо?

-Тийм ээ. Дээр тодорхой жишээ хэлсэн шүү дээ. Манай улс авлигын индексээр дэлхийн улс орнуудын 106-д явж байна. Авлига, хүнд сурталтай нүүр тулаагүй иргэн, бизнес эрхлэгч гэж бараг байхгүй биз. Манай улсын авлигатай тэмцэх ялын бодлого дэндүү сул гэж дээр дурдсан. Монголд төр, шударга ёс гэж байдаг бол авлигачдад хатуу ял оногдуулах ёстой.

Дээр хэлсэнчлэн Эрүүгийн хууль тогтоомжоор ял завшуулах нөхцөл бүрдүүлчихсэн байгаа нь ч маш буруу. Эдгээр нь авлигатай тэмцэх төрийн бодлогыг сулруулаад байна. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх арга хэрэгслүүдийн нэг нь хатуу, чанга ялын бодлого. Гэмт хэрэгтэнд оногдуулах ял нь үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанартай нь тохирсон байх ёстой. Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас ард түмний, нийтийн эрх ашиг хохирдог. Түүхээс харахад хамгийн эмх замбараагүй байдал ноёрхсон, уруудаж, доройтож буй улс орнууд хээл хахуульд гүнзгий автсан байдаг.Тэнд гадаад, дотоод гэлтгүй дураараа аашилдаг, хуулийг үл тоодог, шударга ёсыг үгүй хийдэг, иргэдийн эрх ашгийг хохироодог шүү дээ. Авлигатай үр дүнтэй тэмцэхгүй бол улс орны ирээдүй тун бүрхэг дээ.

Categories
мэдээ цаг-үе

Хүний гавьяат эмч Б.Бүлтэнгийн “Таны төлөө бид” эмнэлэгт өнжлөө

Монгол Улсын хүний гавьяат эмч Б.Бүлтэн гэр бүлийн хүн Б.Доржпүрэвийн хамт

Ээ, хөөрхий эмч хүний эрдэм чадлын хүчийг

Элбэрэлт бурхдын ид шидтэй дүйцүүл юү

Ээ, хөөрхий эмч хүний алдар гавьяаг мөнхжүүлж

Эгшиглэн хурайлж, зулуйдаа залбиран дуул юу хэмээн нэгэн шүлэгч магтан өгүүлсэн байдаг. Нээрээ л элбэрэлт бурхдын ид шидтэй дүйцүүлмээр нэгэн энгүй их бидний үйлстэн.

Монгол Улсын хүний гавьяат эмч Б.Бүлтэнгийн “Таны төлөө бид” эмнэлэгт бид энэ удаа өнжиж саатлаа. Б.Бүлтэн эмчийг танихгүй хүн ховор. Б.Бүлтэн эмч гэхээр захын хүн мэднэ. Эх үрсийн элбэрэл, эрүүл мэнд, амь насны манаанд тэрээр 40 гаруй жил зүтгэхдээ 16 мянган гаруй хүүхдийг эх барьж авчээ. Өнөөдрийг хүртэл олон мянган хүүхдийг эх барин авсан эмч хүн төдийгүй эх барих эмэгтэйчүүдийн олон сайн эмчийг сурган хүмүүжүүлсэн багш хүн. Бидний сурвалжлах баг тус эмнэлгийг зориход угтах хаалганд Инээмсэглэн угтаж, Итгэлцлээр үдье хэмээх элэгсэг дулаахан үгс нүдэнд туслаа. Угтан авагч үйлчлүүлэгчдэд масаа зүүхийг сануулж, халуун үзэж оруулж байна. Б.Бүлтэн эмчтэй уулзахаар явна хэмээхэд, “Эмч хагалгаанд орсон байгаа, энд түр хүлээгээрэй” хэмээв. Ингээд эмчийг хүлээх зуур хөдөөнөөс дөнгөж орж ирээд байгаа болов уу гэлтэй хөрслөг бор царайтай 50 дөнгөж гарч яваа юм уу гэмээр ах охиноо дагуулан орж ирлээ. Б.Бүлтэн эмчийн эмнэлэг мөн үү, охиноо үзүүлэх гэсэн юм. Нутгийн хүний зааж зөвлөснөөр явна ах нь гэсээр тэвдсэн янзтай урсгаж гарлаа. Ах нь унаанаас буугаад л шууд нааш зүглэлээ хэмээн хөлсөө шудран маскаа дээшлүүлэх нь тэр. Үүдээр орж ирж буй эмэгтэйчүүд ихэнх нь Бүлтэн эмчийг сураглана. Цаг бий юү, хэзээ цаг авч болох вэ гэх зэргээр асуулт хөвөрнө. Эмэгтэйчүүдийн ихэнх нь гэр бүлийн хүн, найз залуутайгаа тус эмнэлгийг зорьж харагдлаа. Энэ зуур угтан авагч эмчийн хагалгаа нь дууслаа. Өрөө рүү нь орцгооё хэмээв. Бүлтэн эмчийн өрөө тус эмнэлгийн хоёр давхарт байдаг юм байна.

Тэрээр “Хагалгаанд ороод гарч ирлээ. Хагалгаа амжилттай болсон. Сүүлийн үед манай эмэгтэйчүүд хавдраар их өвдөх болж. Азаар хоргүй хавдар юм” хэмээв.

Бидний яриа тус эмнэлгийн үүх түүх, дурсамжаар эхэллээ. 1991 оноос манай нэгдүгээр амаржих газарт ажиллаж байсан ихэнх эмч нар зах зээлд шилжлээ. Бидний цалин бага амьдралд хүрэлцэхгүйн дээр өдөр шөнийн ээлжинд гарч, завгүй ажиллах нь их байсан.

Надтай хамт зүтгэж, олон жил гар нийлэн ажилласан Монгол Улсын Ардын эмч Б.Үйлст маань төрөх тасгаа, би эмэгтэйчүүдийн тасгаа хариуцаж үлдлээ. Төрөх хүн ховордож, эмнэлэг бараг хоосорсон.

Улс орон даяар салбар бүрт өөрчлөлт гарч, өмч хувьчлал явагдаж эхэллээ. Тэр үед манай амаржих газрын ерөнхий эмч Л.Мижиддорж нэг өдөр бид хоёрыг дуудаад та хоёр ээлжгүй үедээ ажиллаж байхаар өөрсдийн хувийн эмнэлгийг нэг өрөөнд нь ч болов байгуулахгүй юм уу гэдэг юм. Ингээд хувийн эмнэлэг байгуулсан. Б.Үйлст, Ж.Долгорсүрэн нарын гурвуулаа нэг баг боллоо. “Таны төлөө бид” эмнэлэг 1993 онд нээж ажиллуулсан. “Таны төлөө бид” Үүдэн эмнэлэг нэртэйгээр үйлчилж эхэлсэн. Үнэхээр ч амьдралд амьдралд нэмэр болж, шинэ хэвшилд дадах төлөв оров. Ингэж явсаар 2009 онд эмнэлгийн шинэ барилгаа мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл, хяналтын дор барьж, ашиглалтад оруулсан. Мөн “Эх барих, эмэгтэйчүүдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг” болон өргөжсөн. Найман настай балчираас наян настай бууралд хүртэл үйлчилж байна. Манай гэр бүлийн хүн бодож байгаад хүний төлөө үйлчилж байгаа юм чинь энэхүү нэрийг өгвөл яасан юм бэ хө гэлээ. Таны төлөө гэх нэр надад ч их дотно санагдлаа. Ингээд л хувийн эмнэлэгийнхээ гэрчилгээ, тамгыг гардаж авсан түүхтэй хэмээн хуучлав.

Үргэлжлүүлэн бидний яриа сүүлийн үед тулгамдаж буй эмэгтэйчүүд, охидын эрүүл мэндийн талаар өрнөлөө. Б.Бүлтэн эмч “Өсвөр насны охидын эрүүл мэндэд үнэхээр анхаарал хэрэгтэй болж байна. Сүүлийн үед өсвөр насны охидын жирэмслэлт их болж байгаа нь санаа зовоож байна. 13-17 нас хүртэлх охидын жирэмслэлт нэмэгдэж байна. Зах зээл гараад бараг бүхий л хүмүүс хувийн аж ахуй эрхэлж түүндээ анхаарал хандуулаад үр хүүхдээ, тэр тусмаа охин хүүхдэдээ тавих анхаарал халамж сулхан байна. Манай эцэг эхчүүд хүүхдээ жирэмсэн болсныг мэддэггүй. Охид бас жирэмсэн болсон эсэхээ мэдэхгүй явсаар төрөх хугацаа нь болчихдог. Өсвөр насны охид нь жирэмслэх нь голдуу хүсээгүй гэнэтийн байдаг. Хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах арга замыг өсвөр насныханд зааж сургах нь зөв. Өсвөр насны жирэмслэлтийн цаана гарах хүндрэлийг мэддэггүй. Эцэг эхчүүд тэр тусмаа ээжүүд охинтойгоо сайн ярилцдаг баймаар байна. Ээж хүн тэр тусмаа охидтойгоо нээлттэй илэн далангүй байх хэрэгтэй” гэлээ.

Өсвөр насны жирэмслэлтийг дагаад үр хөндөлт яригддаг. Маш бага насандаа өөрөө бие мах бодь нь бэлтгэгдээгүй байхад жирэмслэхийн хор уршиг их байдаг. Умайн хүзүү нь бүрэн бэлтгэгдээгүй учраас ойрын болон холын хүндрэл их гардаг. Өсвөр насны гэлтгүй үр хөндөлт хийлгэх аль ч насанд осолтой. Эцэг эхчүүд хараа салгахгүй л хардаг, гэрээсээ нэг ч гарч хоноогүй гэдэг. Заавал гадуур хонож байж жирэмсэн болно гэсэн үг биш шүү дээ. Өсвөр насны охидод урьдчилан сэргийлэлт хийх хэрэгтэй. Эрт бэлгийн харьцаанд орж болохгүй гэдгийг охид гэлтгүй хөвгүүдэд ч ойлгуулах нь зүйтэй. Арван жилийн сургуулийн программд охидын эрүүл ахуйн хичээл заавал ороосой гэж боддог. Бэлгийн харьцааг замбараагүй байлгах ёсгүй ш дээ. Сүүлийн үед телевиз, сошиалаар буруу суртал явуулж байна. Эмэгтэй хүний ээж болох хамгийн тохиромжтой нас 21-24 нас гэж үздэг. Мөн 35-аас доош байвал сайн. Энэ хугацаанд хүрэхгүй жирэмсэн болох энэ хугацааг хэтэрхий өнгөрөөж байгаад жирэмсэн болох аль аль нь ч хүндрэлтэй. Хожуу жирэмслэлтүүд ч нэмэгдэж байгаа хэмээн нэмж хэлэв.

Түүнчлэн сүүлийн үед мөн л санаа зовоож буй асуудлын нэг эмэгтэйчүүдийн бэлгийн замын халдварт өвчин гэнэ. Эмнэлэгт хандаж байгаа зүйлсийн дийлэнх нь бэлгийн замын халдварт өвчин байгааг тэрээр хэллээ. Бэлгийн замын халдварт өвчин үргүйдлээс эхлээд олон хор уршигтайг хэлж байв.

Хүн байгалийн нэг л амьтан. Тиймээс эмэгтэй хүн төрж, хөнгөрч байх ёстой. Төрөх тусам царай нь гэрэлтээд эхэлдэг. Эмэгтэй хүн сайхан болдог, шинэчлэгдэнэ ч гэж ярьдаг шүү дээ. Эмэгтэй хүнийг өндгөвчний үйл ажиллагаагаар нь шинждэг. Нүүр ам нь гөлгөр нүд нь цогтой байвал өндгөвч нь сайн ажиллаж байна л гэж ойлгоно. Нөхөргүй бол хүүхэд битгий гаргаач ээ гэж хэлмээр байдаг даа хэмээв.

Кесарево хагалгааны талаар тэрээр кесарево хагалгаагаар тав, зургаа ч төрж болно. Кесарево хагалгаагаар төрсний дараа өөрөөрөө төрж болдог. Гэхдээ болж л өгвөл кесарево хагалгаагаар бус байгалийн жамаар төрөхийг бүсгүйчүүдэд зөвлөнө. Манай эмнэлэг төрөх тасаг руу нөхрүүдийг нь оруулчихдаг. Эх хүн хүүхдээ төрүүлэх үедээ үхэлтэй нүүр тулаад үрээ шүүрч аваад, энгэртээ тэврэн буцаж ирдэг юм гэдэг дээ. Хүн ер нь эх төрж байгааг харах хэрэгтэй. Өөрөө эхээс төрж байгаагаа харах биш дээ. Хийсвэрээр төрж байгаа эхчүүдийн дэргэд мөн адил нөхрийг нь оруулдаг. Нөхрүүд ухаан алдаж байсан тохиолдлууд ч бий. Бид чинь ухаан алдсан хүнийг тоох нь битгий хэл нөгөө эхийгээ төрүүлэхэд л анхаарна шүү дээ хэмээн инээмсэглэлээ.

Б.Бүлтэн эмч, Ж.Бадамцэцэг, Б.Байгалмаа, О.Оюунжаргал, Б.Дарьсүрэн нарын хамт

Тэрээр “Миний ажлын хамгийн гол нь эх барихаас гадна эмэгтэйчүүдийн мэс засал хийх ажил. Эмэгтэйчүүд мэс засалч болох төрөлхийн давуу тал бий. Оёж шиднэ гэдэг чинь эмэгтэй хүний байгалиас заяасан эв дүй. Гарын эв дүйтэй байж хагалгааг хурдан хийнэ. Багш нар маань нэг хөл нь наранд, нэг хөл нь нарсанд гэж эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн бэрхийг зүйрлэн хэлдэг байлаа. Манай хамт олон даанч сайхан бүл дээ. Найрсаг элгэмсэг дотно харьцахыг ирсэн буцсан хэн боловч мэдэрдэг байх. Хамтдаа бий болгосон найрсаг харилцааг эхнээсээ тангараг мэт дагаж явна. Хэн хэдийд ч ирсэн дулаахан, дотно орчинд найрсгаар угтах бидний өдөр тутмын заншил. Хүн бусдын хүндлэлийг хүлээнэ гэдэг өөрөө үлгэр жишээ байхаас эхэлдэг. Монголчуудын сургаалд өөрийн биеэр үлгэрлэж сурга гэдэг. Миний хувьд энэ зарчмыг хаана ч хэзээ ч баримтална. Хагалгаа болгон хариуцлага. Мэс заслын хутга бариад хүнд хагалгаа хийнэ гэдэг том эрх ч, тийм эрхийг хүлээж авахад том үүрэг хариуцлага дагана. Санаандаа хүртэл ажиллаж хагалгаа амжилттай болоход сэтгэл өег гэж жигтэйхэн. Баярлалаа эмч ээ гэх үгсийг сонсоод амьдрал үнэхээр сайхныг мэдэрнэ. Хүний амьдралд юу чухал, юу үнэ цэнэтэй гэдгийг мэдэхээс амьдрал эхэлдэг. Хүнээс илүү үнэ цэнэтэй зүйл хаана ч байхгүй. Нэгдүгээр төрөхийн эмч нар миний практикийн шавь нар. Би ч өөрөө олон багштай. Нэгдүгээр төрөхийн эмч нарын хагалгаа хийж байгааг харахаар миний зүүгээ барилт хатгалт их адилхан байдаг. Та нарын хагалгаа хийж байгаа надтай адилхан санагдаад байх юм гэхээр таны шавь юм чинь гэдэг” хэмээв.

“Таны төлөө бид” эмнэлэг өдгөө 10 эмчтэй. Тус эмнэлэг хэвтэн эмчлүүлэх ч тасагтай. Бид дөрвөн давхарт байрлах хэвтэх тасаг руу орж сонирхлоо. Хэвтэн эмчлүүлж буй хүмүүс ном уншина, утсаар ярих зэрэг харагдана. Төрөх дөхсөн эхчүүд үүгээр түүгээр алхална. Тус эмнэлгийн захирлаар Б.Бүлтэн эмчийн гэр бүлийн хүн Б.Доржпүрэв ажилладаг байна. Гэр бүлийн хоёр арван жилийн сургуулиасаа ижил дасан болон өдийг хүртэл ханилжээ. Б.Бүлтэн эмч Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул. Ижий аав нь малчин хүмүүс аж. Тэрээр айлын арван хүүхдийн ууган нь юм байна. Б.Бүлтэн эмч багаасаа эмч болох хүсэлтэй байсан нь гэртээ хүндрэлтэй төрж буй ээжийгээ хараад сэтгэл нь их өвдөж. Том болоод эмч болж ээжийгээ зовоохгүй төрүүлэх юмсан гэсэн цагаахан бодлоос эмч болох хүсэл нь эхлэлтэй аж. Өдгөө түүний хүсэл биелж ард олны хүйн ээж болжээ.

Бид өдрийн хоол хамт идэн ярьж суулаа. Бидний өмнө “Цагаан мөр” хэмээх шинэхэн номын үнэр ханхална. Бидний яриа шинэхэн номын талаар үргэлжиллээ.

Тэрээр “Хүн өөрийнхөө түүхийг эс бичвээс бусад нь түүний түүхийг зохионо гэдэг. Өлгийдөж буй номонд миний зүрх сэтгэлийг дэлгэн, тоглож өссөн толгод, хамтдаа сурсан нөхөд, хань ижил, үр хүүхэд хамт олон гээд намайг хүрээлж буй бүхэн багтах учиртай. Бид хоёр анх хоёр гудас, нэг хөнжилтэй амьдралаа эхэлж байлаа. Сангийн яамнаас манай нөхөрт 21 дүгээр сургуулийн хажууд халаалтын зуухтай байшин өгсөн юм” хэмээн инээв. Том охин Д.Ариунаа нь тус эмнэлгийн санхүү эрхэлсэн даргаар ажилладаг гэнэ. Харин дунд охин Д.Уранчимэг нь ээжийнхээ мэргэжлийг өвлөн авч эх барих эмэгтэйчүүдийн эмч болж “Өргөө” амаржих газар ажилладаг байна. Хүү Д.Ганзориг нь Хоёрдугаар эмнэлэгт Цөмийн анагаах ухааны тасагт цикл хурдасгуурын оператор инженерээр ажилладаг аж. Монголынхоо сайхан ээжүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийн төлөө, тэдний эрүүл энхийн манаанд эмч сувилагчдын тэргүүн эгнээнд яваа. Бүлтэн гавьяатын эмнэлгээр ийм сонинтой байлаа.


Categories
мэдээ цаг-үе

Г.Ёндон: Экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлж, эдийн засагт үүссэн хүндрэл бэрхшээлийг даван туулах зорилттой ажиллаж байна

УУХҮ-ийн сайд Г.Ёндонтой ярилцлаа.


-Манай улсын хувьд Уул уурхайн салбар улс орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Таны хувьд салбарын сайдын ажлыг дэлхий дахинд үүсээд буй цар тахлын үед хүлээж авлаа. Нэн тэргүүнд ямар ажилд анхаарч ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Уул уурхайн салбар бусад салбаруудаас илүү эдийн засагт үзүүлдэг нөлөө нь асар их. Тиймээс ч энэ салбар амжилттай хөгжсөнөөр бусад салбар дагаж хөгждөг.

“COVID-19” цар тахлын халдвар тархалтаас хамгаалах зорилгоор улс, орнууд хил гаалийн нэвтрэх чадварыг хязгаарлаж, хорио цээрийн дэглэм тогтоосон нь уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон экспортын хэмжээг бууруулж, эдийн засаг хүндрэх төлөв ажиглагдаж байна. Нэн тэргүүний зорилт гэвэл уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, “Covid-19”-өөс өмнөх хэмжээнд нь хүргэх, цаашид хэвийн үргэлжлүүлэх бодлого баримтлан ажиллах гэж харж байна.

Долдугаар сарын 20-22-ны өдрүүдэд УИХ-ын даргын ажлын хэсэгт орж ЗТХ-ийн сайд Л.Халтар, Хятад улсын элчин сайд Цай Вэньруйгийн хамт орон нутагт ажиллалаа. Дорноговь, Өмнөговь аймагт манай яамны шууд оролцоотой газрын тосны бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр, Таван толгой-Зүүн баян чиглэлийн төмөр зам, Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан. Мөн Гашуунсухайт боомтын нэвтрүүлэх чиглэлийг нэмэгдүүлэх талаар хилийн боомтын удирдлагуудтай уулзаж ярилцлаа. Энэ уулзалтаар хилийн гарцын тоог нэмэгдүүлэх, хилээр гарч байгаа монгол жолоочдыг урд хонуулах нөхцөл бололцоог хангах, боомтуудыг 24 цагаар ажиллуулах боломж байгаа эсэх гурван асуудлыг хөндлөө. Хятадад хуурай замд 24 цагаар ажилладаг боомтууд байдаггүй гэж ойлгосон. Тиймээс эхний хоёр асуудлаар нэлээд голлож ярилцсан. Энэ хүрээнд Хятадын элчин сайд, Гадаад хэргийн яам, ЗТХ-ийн яам болон манай яам хамтран “Ногоон гарц”-ын журмыг хэрэгжүүлэхээр болж байна. Салбарын яамнаас цаашид богино хугацаанд хилийн боомтуудаар нэвтрэх уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлж, улс орны эдийн засагт үүссэн хүндрэл бэрхшээлийг даван туулах зорилт тавин ажиллаж байна. Энэхүү ажилд БНХАУ-тай байгуулсан Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц”-ыг хэрэгжүүлэх журам ихээхэн түлхэц өгнө гэдэгт итгэж байна.

Мөн Төв банкны валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг тогтворжуулах зорилготой алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох ажлыг үргэлжлүүлэх, улам эрчимжүүлэх ажлыг Монголбанк, арилжааны банкуудтай хамтран зохион байгуулж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн таатай орчинг бүрдүүлж, харилцан үр ашигтай төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, улмаар уул уурхайн шинэ үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах, нэмүү өртөг бүхий шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлэх, одоо ажиллаж байгаа уул уурхайн үйлдвэрүүдийн техник, технологийг шинэчлэн, боловсруулалтын түвшинг ахиулах, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан үр ашгийг нь дээшлүүлэх замаар хариуцлагатай, ил тод уул уурхайг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд Эрдэс баялгийн салбарын багц хуулийн төсөл, Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл, Хүнд үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөл зэрэг салбарын суурь баримт бичгүүдийн төслийг боловсруулж, батлуулах ажлыг мөн төлөвлөөд байна.

-Та уул уурхайн салбарын хүн. Манай уул уурхайн салбарын хөгжил манайд ямар шатандаа явж байгаа гэж харж байна?

-Монголын уул уурхайн салбар бусад орнуудтай харьцуулахад залуу. 2022онд уул уурхайн салбарын 100 жилийн ой тохионо. Харьцангуй залуу салбар гэхэд манай зарим уулын үйлдвэрүүд хүчин чадал, ашиглаж буй техник, технологи, менежмэнт үйл ажиллагаагаараа дэлхийд эхний 10,20-т бичигддэг. Аливаа уул уурхай хөгжихөд үндсэн хоёр зүйл байдаг. Энэ нь түүхий эдийн баталгаатай, найдвартай нөөц, мөн сайн боловсон хүчин. Энэ хоёр л байвал шинэ техникийг худалдаж авч, шилдэг технологийг нэвтрүүлж, эзэмшиж чадна. Хамгийн гол нь мэргэжлийн уул уурхайн боловсон хүчнийг үе шаттайгаар бэлтгэх асуудал юм.

-Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямрал уул уурхайн салбарт үүсэхээр байна уу?

-Уул уурхайн үйлдвэрлэл нь зам, тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч, банк санхүүгийн систем, барилга, хот байгуулалт зэрэг салбарт шууд бус, дам нөлөө үзүүлж улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Он гарсаар дэлхий нийтэд цар тахал хурдацтай тархсанаас үүдэлтэй гадны улс, орнууд хорио цээрийн дэглэм тогтоосноос үүдэлтэйгээр үйлдвэрлэлийн хэмжээ багасч эдийн засаг хүндрэх төлөв ажиглагдаж байна. Манай улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүнээс улсын эдийн засаг, төсөвт ордог мөнгөн урсгал төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй, тасалдах нь тодорхой боллоо. Эхний хагас жилийн байдлаар 20 гаруй хувийн биелэлттэй явж байна. Газрын тос 16 хувьтай явж байх жишээтэй. Тиймээс бид цар тахлын өмнөх түвшинд хүргэх зорилготой ажиллаж байна. Гүйцэх боломжийг хайж байна. Уул уурхайн салбар эдийн засгийн тулгуур, зүтгүүр салбар учраас энэхүү тасалдал, алдагдлыг аль болох бага байлгахын төлөө, болж өгвөл төлөвлөгөөндөө хүрэхийн төлөө ажиллах шаардлага бий болж байна.

-Нүүрс тээвэрлэлт ковидоос шалтгаалж хэсэгтээ гацсан. Урд хөрш рүү экспортлох нүүрс тээвэрлэлт хэвийн үргэлжилж байгаа юу. Энэ жилийн хувьд манай улс хэдий хэмжээний алдагдал хүлээгээд байна вэ?

-Манай улс вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хилийн боомтуудыг түр хаах шийдвэрийг гаргасан.Энэ нь уул уурхайн салбарт ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний экспортод сөргөөр нөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар эхний хагас жилийн байдлаарх тоо баримтуудыг харахад нөхцөл байдал хүнд байна. Хүлээгдэж буй гүйцэтгэлийг ч харахад олон чиглэлээр зориулагдах ёстой төлөвлөсөн мөнгөн урсгал саарах чигтэй. Гашуунсухайтын боомтоор өдөрт 500-гаад машин гарч байна. Өмнөх үеэсээ хоёр дахин бага тоо. Нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байгаа.

-Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголтыг ил болгох уу?

-Өнөөгийн байдлаар Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгож байгаа. Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд оролцох боломж нээлттэй. Мөн тусгай зөвшөөрөл олгох талбайг төрийн захиргааны төв байгууллагууд болон тухайн сум орон нутгаас санал авч нэгтгэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж байна.Дээрх бүх мэдээлэл ашигт малтмал газрын тосны газрын Веб хуудаст нээлттэй.Цаашид Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олголтыг ил тод болгох гэхээсээ илүү ил тод мэдээллийг хэрхэн авч болох талаар иргэдэд сурталчлан таниулахад анхаарал хандуулан ажиллах шаардлагатай.

-Алт,зэснийүнэ нэмэгдэж байгаа. Ингэснээр эдийн засгийн хүндрэлийг даван туулахад жинтэй нөлөө үзүүлж чадах болов уу?

-Тодорхой хэмжээнд эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Ковидоос шалтгаалж уул уурхайн экспортод онцгой нөхцөл байдлын түр журам хэрэгжиж байгаа. Гэсэн ч зэсийн экспортын тээвэрлэлтийг зогсоогоогүй. Зэсийн үнэ нэг үеэ бодвол сэргэж байна. Алтны үнэ өсөлттэй хэвээр байна. Алтны салбарыг дэмжсэн бодлого явуулж байгаа. Дээр дурдсан, Төв банкны валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг тогтворжуулах зорилгоор алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгож байгаа явдал юм. Алтны нийлүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэд дахин нэмэгдсэн шалтгааны нэг нь энэ болов уу. Мөн гадаад руу хууль бусаар гардаг алтны урсгал Ковид-19-тэй холбоотойгоор хаагдсан гэж таамаглаж болно.

-Уул уурхайн салбарыг дагасан бүтээн байгуулалт ирэх жилүүдэд өрнөх үү?

-Уул уурхайг хөгжүүлэх гол хүчин зүйлүүдийн нэг бол дэд бүтцийн хөгжил, бүтээн байгуулалт,төмөр зам, авто замын төслүүдийг эрчимжүүлж, тухайн ордын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх асуудал байдаг.Энэ хүрээнд Засгийн газраас Таван толгой-Зүүнбаян, Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслүүдийг эрчимжүүлэх шийдвэр гарч, санхүүжилтэнд “Эрдэнэс Таван толгой” ХК голлон оролцсоноор төмөр замын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.Тус яамнаас Оюу толгой, Цагаансуварга гэх мэт томоохон ордуудын бүтээн байгуулалтын ажлыг дуусгах, үйлдвэрлэлээ эхлэх, эрчимжүүлэх, төслийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын хувьд дэмжин ажиллах зорилтыг тавьж байна. Мөн Орхон аймагт “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ыг түшиглэн Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, гүн боловсруулалт хийж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бүх талаар дэмжиж ажиллах ёстой гэж бодож байна. Энэхүү Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааг эхлүүлснээр зэсийн баяжмалыг боловсруулах, исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор баяжуулах үйлдвэр байгуулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ингэснээр улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэх, ажлын байр шинээр бий болох нөхцөл бүрдэх юм.

-Дотоодын уул уурхайн компаниудыг хэрхэн бодлогоор дэмжиж ажиллах вэ?

-Хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгаварлахгүйгээр аль болох хариуцлагатай, ил тод байх шаардлагыг тавьж ажиллана.Эрдэс баялгийн салбарын багц хуулийн төслийн хүрээнд дотоодын боловсруулах үйлдвэрийг зах зээлийн ханшаар түүхий эдээр хангасны дараа экспортлох эрх нь нээгдэхээр эрх зүйн зохицуулалтыг оруулж өгч байна.

-Уул уурхайн түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүд манайд хэрэгцээ шаардлагатай байдаг. Үүнийг хэрхэн хөгжүүлэх боломжтой вэ?

-Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын бүтэц нь голдуу уул уурхайн түүхий эдэд тулгуурласан бөгөөд экспортын 90 гаруй хувь нь технологийн багтаамж багатай, хагас боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн эзэлж байна. Бид уул уурхайн түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусган ажиллаж байна. Цаашдаа боловсруулах үйлдвэрийг Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах замаар кластераар хөгжүүлэх бодлого баримталж ажиллана.Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна.Тус паркад катодын зэс, металл хийц, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн үйлдвэрүүд байгуулагдана. Аливаа томоохон боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжихэд түүнийг дагалдан ханган нийлүүлэлтийн сүлжээ үүсч, тогтмол ажлын байр бий болох, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих нөхцөл бүрдэх зэрэг улсын нийгэм, эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэх боломж бүрддэг.

-Манай улсад боловсруулах үйлдвэр хоцронгуй байсаар ирсэн шалтгаан юу байсан гэж боддог вэ?

-Манай улсад боловс-руулах үйлдвэрийн хөгжил хоцронгуй байгаа шалтгаан нь ихэнх үйлдвэрийн түүхий эд, сэлбэг, хэрэгсэл импортоос хараат, мэргэшсэн боловсон хүчний нөөц дутагдалтай, борлуулалтыг дэмжих механизм бүрдээгүй, шинэ техник, технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх боломж хомс, эрчим хүч, дэд бүтэц, тээвэр логистикийн нэгдсэн сүлжээ бий болоогүй зэрэг олон шалтгаан дурдаж болох юм. Мөн Хүнд аж үйлдвэрийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, шинэ үйлд-вэрүүдийг барьж байгуулах нь өндөр зардалтай, хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа урт байдаг тул эдгээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа суурьшлын бүсүүдэд хөрөнгө оруулалтыг татах, тэдгээрийн дэд бүтцийн барилга байгууламжуудыг барьж байгуулахад төрөөс татварын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Иймд бид дээрх асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн эрх зүйн орчин бүрдүүлэхзорилгоор Хүнд үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулан батлуулахаар ажиллаж байгаа.

-Хариуцлагатай уул уурхай гэж сүүлийн жилүүдэд ярих болсон. Энэ чиглэлд та хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Уурхайн нөхөн сэргээлт хийлгүй орхигдуулсан, хуучирч хоцрогдсон, байгаль орчинд сөрөг нөлөөтэй техник, технологийг нэвтрүүлэх, хуульд хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх зэрэг хариуцлагагүй үйлдэл гаргаж байгаа зарим тохиолдлууд нь уул уурхайн салбарын нэр хүндийг унагаж байна.Манай Улсад уул уурхайн үйлдвэрлэлийн хэмжээ, нийгмийн харилцаа нэмэгдэж байгаа энэ цаг үед хариуцлагатай уул уурхайн зарчмыг тодорхойлж, төр, хувийн хэвшил болон төрийн бус байгууллагатай уялдаа холбоотой ажиллаж, ил тод байдлын тогтолцоог олон талын оролцоотойгоор бүрдүүлэх, хариуцлагын тогтолцоог бүрдүүлж ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Хариуцлагатай уул уурхай гэж уул уурхайг нээхээс эхлэн уурхайг хааж эдэлбэр газрыг нутгийн захиргаанд хүлээлгэж өгөх хүртэлх хугацаанд ашигт малтмалыг олборлох, боловсруулах, нөөцийг иж бүрэн ашиглах зэрэг бүх үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх ашгийг хүндэтгэсэн, хуулиа дээдэлсэн, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөлбагатай, байгалийн нөөцийг иж бүрэн, бүрэн гүйцэд ашиглах техник, технологийн түвшинг хангасан, олборлох үйлдвэрийн ил тод байдал, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах эрдэс баялгийн салбарын цогц үйл ажиллагаа гэж үздэг.

Байгалийн баялгийг олборлосныхоо дараа нөхөн сэргээдэг, хүн малын амьдрах орчинд сөрөг нөлөөгүй, нөхөн сэргээлтийг бий болгохын төлөө яамны гол бодлогууд чиглэгдэж байгаа. Эрдэнэт хотод “Ногоон хөгжлийн төв” байгуулах гэж байна. Хуулиараа компаниудыг шахсаар байгаад нөхөн сэргээлт хийлгэдэг. Гэтэл дараа нь “нинжа” хэмээх хууль бус олборлогчид ороод нөгөө газрыг нь сүйтгэчихдэг. Ийм жишээ надад ч тохиолдож байсан. Шижир алтны үйлдвэрт ажилладаг байхад маш том талбайд гурав гаруй тэрбум төгрөгөөр нөхөн сэргээгээд орон нутагт нь буцаагаад өгтөл хойтон жил нь нөгөө газар дахиад авах юмгүй болсон байсан. Сум орон нутгийн байцаагчид хянах боломж нь хүрдэггүй юм шиг байгаа юм. Хамгийн зөв бодлого бол нөхөн сэргээлтийн зардлуудыг дундын дансанд байршуулж уулын ажил дууссаны дараа мэргэжлийн байгууллагуудаар нөхөн сэргээлт хийлгэх бодлого баримтлах юм.

-Сүүлийн үед сошиал сүлжээгээр яригдаад байгаа нэг зүйлийн талаар асууя. Та яг зөвлөх инженер мөн юм уу?

-Уг нь ч мөн л дөө. Зарим хүмүүс өөр бодолтой байх шиг байна. Би 2006 онд тэр үеийн Салбарын яам болон ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн хамтран зохион байгуулсан шалгуур нөхцөлийг биелүүлж байж, тэдний зохион байгуулсан гурван долоо хоногийн сургалт-семинарт хамрагдаад, дараа нь диплом хамгаалж байж Өнгөтийн салбарын анхны зөвлөх инженерүүдийн нэг болсон юм. Харин тэр миний нэр бүртгэлд нь байхгүй гээд байгаа МГУУМИ гэдэг байгууллага бол 2015 онд л байгуулагдсан юм билээ.