Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Энхтайван: УИХ-д нэр дэвшигчдийг шалгууртай болгоогүй цагт гишүүдийн тоог нэмсэн ч чанарын ялгаа гарахгүй DNN.mn

Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайвантай ярилцлаа.


-Та Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан хүн. Гадаад харилцааны яам цаашид юун дээр илүү анхаарч ажиллаасай гэж бодож явдаг талаар ярилцлагаа эхэлье?

-Манай яамныхан юу хийхээ надаас асуултгүй сайн мэдэж байгаа. Дипломат албанд мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн хүмүүстэй олон жил бодол санаа нийлж хамтарч ажилласан. Гадаад харилцаа зөвхөн улс төрийн дипломат харилцаа биш болоод олон жил болж байгаа. Дэлхийд цэрэг зэвсэг гэхээс илүү эдийн засгийн ноёрхлын төлөө тулалдаж байна. Ялангуяа манай гадаад харилцаа нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гол хөдөлгөх хөшүүрэг болж байна. Тийм ч учраас гадаад харилцааг эдийн засагжуулах ажил хийгдээд нэлээд хэдэн жил болж байгаа. Томоохон айлчлал, уулзалт, хэлэлцээ бүр худалдаа, эдийн засгийн агуулгаар дүүрэн байдаг. Хэдий тийм ч цаашид гадаад харилцааг эдийн засагжуулах асуудалд илүү өндөр ач холбогдол өгөхийг зөвлөх байна.

-Та цар тахал дэгдсэн хамгийн хүнд үед сайдаар ажилласан. Энэ хугацаанд Хятад, Орос, Японы Гадаад хэргийн сайд нарын гурван том айлчлал хэрэгжсэн. Богино хугацаанд айлчлалууд хэрэгжихэд юу нөлөөлсөн бэ?

-Гадаадын сайд дарга нар урихаар л хүрээд ирдэг, бид очъё гэхээр тэд хүлээгээд авдаг зүйлгүй. Том орнуудын айлчлал богино хугацаанд хэрэгжиж байгаа нь Монгол Улсын олон улс дахь нэр хүнд, байр суурь өндөр байгаагийн илрэл гэж хэлж болно. Мөн олон жил тогтвортой, үр өгөөжтэй гадаад бодлого явуулж ирсний үр дүн юм. У.Хүрэлсүхийн шинэ засгийн газрын гадаад харилцаандаа баримталж буй бодлого, алхмууд яах аргагүй дэлхийн их гүрнүүдийн анхаарлыг татахад хүргэсэн. Тухайлбал, хэдийгээр цар тахалтай байсан ч манай яамныхан гадаад айлчлалыг сэргээх, эрчимжүүлэхэд чиглэсэн олон үр дүнтэй арга хэмжээг эхлүүлсэн. Нэг сарын дотор дөрвөн том айлчлал зохион байгуулахаар төлөвлөж ажилласан. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотеги Монгол Улсад, миний бие Гадаад харилцааны сайдын хувиар ОХУ-д айлчилсан. Нэг сарын дотор гурван том айлчлал хэрэгжсэн. АНУ-ын ТНБД Помпео мөн Монголд айлчлал хийх байсан ч нэг хоногийн өмнө цуцлагдсан. Учир нь Ерөнхийлөгч асан Трамп ковид тусаад айлчлал гэнэт хойшлогдсон юм.

-Хятадын КН-ын 20 дугаар их хурлаар Си Жиньпин дарга дахин сонгогдлоо. Та Хятадын асуудлаар олон жил ажилласан хүний хувьд энэ үйл явцыг хэрхэн харж байна?

-БНХАУ-ын удирдагчид нэг хүчтэй хүний гарт энэ том улсын хувь заяаг даатгасан нь зүйтэй гэдгийг тэд дотроо хөшигний ард их ярьсан байлгүй дээ. Тийм ч учраас Хятад улсын улс төр маш тогтвортой байна. Хятад улсын тогтвортой байгаа явдал нь дэлхий нийтэд ашиг тустай. Си Жиньпин дарга Хятад улсыг дахин 10 жил удирдах нь тодорхой болсон. Тэгэхээр хоёр улсын харилцааг хэрхэн зөв зохистой хөгжүүлэх вэ гэдэг дээр илүү зөв оновчтой бодлого явуулах нь маш чухал. Монгол, Хятад хоёр улс нь иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Гадаад харилцаанд үүнээс илүү түвшинд улс төрийн итгэлцэл гэж байхгүй. Манай хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа сайн байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Си Жиньпин даргын урилгаар арваннэгдүгээр сарын 27-28-нд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна. Энэхүү айлчлал манай хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээсэн ач холбогдолтой айлчлал болно гэдэгт итгэлтэй байна.

-Гадаад харилцааны сайд байсан хүний хувьд Орос, Украины дайны талаар ямар үнэлэлт өгөх вэ?

-Үнэхээр их харамсаж байна. Энэ дайн Их Монгол Улсын үеийн эмгэнэлт түүхийг давтчихлаа гэж харагдаж байна. Алтан ордны улс, Хүлэгүгийн Ил хаант хоёр улсын байлдаанаар монголчуудын зөрчил эхэлсэн. Хүлэгү, Бэрх нарын тулаан бол монголчууд хоорондоо зэвсэг зөрүүлсэн эмгэнэлт түүх. Хоёр талаас нийт 700 мянган цэрэг тулалдсан. Их Чингис хааны үед ч байгаагүй их цэрэг, том тулаан болсон. Монгол ахан дүүс атаатан дайсан болсон. Хүлэгү ялсан ч маш их хохирол амссан. Эзэн Чингисийн захиасыг умартсан. Монголын доройтлын хүчтэй суурь тавигдсан. Монголчууд бөхөж эхэлсэн хамгийн том эмгэнэл болсон. Үүний нэгэн адил цагтаа нэг улс байсан ах дүүгийн харилцаатай Орос, Украины доройтлын суурь тавигдчих шиг боллоо. Мэдээж зарим орон энэ дайнаас ашиг хонжоо хайж байгаа. Бусдын идэш болж байна. Олон улс ихээхэн хохирол амсаж байна. Монгол Улсад улс төрийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч хор уршигтай.

-Таныг намынхаа бодлогын бичиг баримт боловсруулдаг гол хүний нэг гэдэг. МАН дараалсан олон ялалт байгуулахад сонгуулийн мөрийн хөтөлбөр мэдээж чухал үүрэгтэй байсан. Ямар баримт бичгүүд боловсруулахад голлон оролцож байв?

-Ер нь нам болон төрийн бодлогын бичиг баримт боловсруулах олон ажилд 2010 оноос хойш оролцож ирлээ. Би өөрийгөө бичиг, цаасны хүн л гэж боддог. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн МАН-ын мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилласан. Хамгийн сүүлд МАН-ын 30 дугаар их хурлын бичиг баримт, тогтоол боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилласан. Нарийн бичгийн дарга гэдэг бол бүх цаасыг гардан хариуцаж хийдэг амаргүй ажил. Түүнчлэн нам дээр бодлогын бичиг баримт боловсруулдаг тогтвортой албатай болмоор санагддаг. Овоо гайгүй бичиг, цаас гараас нь гардаг хүн нэг мэдэхэд л нэг тийшээ дарга болоод томилогдоод явчихдаг.

-Тэдгээрийн хэрэгжилт ямар явцтай байна. Монгол Улс хэрхэн хурдацтай хөгжих юм бэ?

-Үнэндээ ямар ч сайхан хөтөлбөр, төлөвлөгөө байгаад хэрэгжилт муухан байдаг. Тэр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх тогтолцоо, бүтэц, чадвар тааруу байна. Сайд, дарга нар нь байнга солигдоод байхад яаж ч хэрэгжих билээ. 2016 онд МАН ялснаас хойших зургаан жилийн хугацаанд гэхэд яамдын сайд нар 4-7 удаа солигдсон байна. Боловсролын яам гэхэд 2016 оноос хойш 6 дахь сайдаа үзэж байна. Тэгэхээр Монголын боловсрол сайн байх үндэс байх уу. Энэ салбарын хөтөлбөр төлөвлөгөө бүрэн хэрэгжих үү. Зам тээврийн яам гэхэд жил бүрийн шинэ жилээ нэг шинэ сайдтай хийдэг гэдэг уламжлал тогтоод байна. Манай улс сүүлийн хэдэн жил дараалан төсвөө дандаа л алдагдалтай баталж ирсэн. Энэ жил мөн л давтагдлаа. Монгол Улсад хөгжлийн хатуу төлөвлөгөө байхгүй бол амжилтад хүрэхгүй. Хариуцлагыг тэргүүн фронтод тавих ёстой. Хатуу чанд сахилга батыг хэвшүүлж, хариуцлага тооцож чадахгүй бол ямар ч сайн хөтөлбөр байгаад хэрэгжихгүй.

-Төрд боловсролтой, мэдлэгтэй хүмүүс ажиллахгүй байгаа учраас нийгэм, эдийн засгийн байдал улам доройтож, амьдрал хүндэрч байна гэж үзэж болох уу?

-Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гээд манай ардын сайхан зүйр үг байдаг даа. Тэгэхээр тэр судлаачид, эрдэмтдийг хүлээх биш тэднийг урьж залж төрд ажиллуулах хэрэгтэй. Өндөр боловсролтой, гадаад хэл сайтай залуучууд их болж байна. Харин тэд төрийн албанд ажиллахыг хүсэхгүй байна. Учир нь цалин мөнгө бага гэхээсээ илүү төрийн алба их муухай, шударга биш гэдэг ойлголттой болж байна. Уг нь тэр залуучуудад эх орноо хөгжүүлэхэд зүтгэх ёстой, сурсан мэдсэнээ харуулах ёстой гэсэн их итгэл, зориг байгаад байдаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ харин өндөр боловсрол, мэдлэгтэй залуусаар багаа бүрдүүлэхийг их хичээж ажиллаж байгаа нь их олзуурхууштай байна.

-Ямар хүн төрийн түшээ болж, төрд өндөр алба хаших ёстой юм бэ?

-Төрийн хүний ноён нуруу гэж манай ард түмэн ярьдаг шүү дээ. Төрийн хүн төвшин байдаг. Ер нь боловсролтой, хүмүүжилтэй, шударга хүмүүс нь хойш суувал тэдний орыг ямар хүн эзэгнэн суух нь ойлгомжтой. Хамгийн гол нь төрийн ажлын төлөө яс нь салж унах гэж байгаа мэт янгинан өвдөж байгаа хүн л төрийн өндөр албанд ажиллах учиртай. Амарч явахдаа ч сэтгэл нь амардаггүй хүн л төрийн өндөр алба хаших ёстой. Сүүлийн 30-аад жилийн түүхийг харахад Монголын төрд “Мандухай цэцэн хатан” кинонд гардаг Эсмэл сайд шиг дүрдүүд олширч, Сатай сайд шиг хүмүүс цөөрч байна даа. Хэрвээ мод мөчиргүй, навчгүй бол та түүнийг мод гэх үү. Хэрвээ дарга чинь боловсролгүй, туршлагагүй бол та түүнийг дарга гэх үү.

-Төрийн өндөр албаныхан болон УИХ-ын гишүүдийн нэр хүнд улам л унаж байна. Унах болсон шалтгааныг юу гэж харж байна?

-Нэг үхрийн эвэр дэлсэхээр мянган үхрийн эвэр доргино гэдэг. Цөөн нь олноо баллаад байна. Манай яамны Төрийн нарийн бичгийн дарга монголоороо ч зөв бичиж чаддаггүй гэж ярьж байсан хүнтэй таарч байлаа. Олигтойхон төгссөн сургууль үгүй, төрд нэг жил ч ажиллаагүй, албаны нэг хуудас цаас ч бичиж үзээгүй хүмүүс том дарга болохоор туршлага дутагддаг биз. Өнөөдөр УИХ-ын гишүүн болоход мэргэжил, боловсролын ямар ч шалгуур байхгүй. Ямар ч хүн нэр дэвшиж болно. Гэтэл жолооч болоход шалгууртай, эмч болоход шалгууртай. Төрийн захиргааны аль ч албанд очиход төрийн албаны тухай хуулиар мэргэжлийн олон шалгууртай байдаг. УИХ-д нэр дэвших, гишүүн болох, улс төрийн өндөр албанд тавих шалгуур нь их өөр. Энэ тогтолцоог эрс шийдэмгий өөрчлөхгүй бол Монгол Улс хөгжихгүй, харин эсрэгээр уруудан доройтно.

-УИХ-д нэр дэвшигчдэд хуулиар шалгууртай болгох ёстой гэж хэлж байна уу?

-Тийм. Уг нь төрийн эрх барих дээд байгууллагад бас дориухан хүн суух хэрэгтэй биз дээ. УИХ-д нэр дэвшигчдийг шалгууртай болгоогүй цагт гишүүдийн тоог нэмсэн ч, хассан ч чанарын ялгаа огт гарахгүй. Мөнгө хөөсөн хүн, боловсрол хөөсөн хүн хоёрын ялгаа их. Төрд ажилласан хүн, бизнесийн салбарт ажиллаж байсан хүний ялгаа их байдаг. Их хуралд нэр дэвшихэд шалгууртай байх ёстой. Сайд, дэд сайд болж байгаа хүмүүст шалгуур тогтоох ёстой. УИХ-ын гишүүд үнэхээр улс эх орноо боддог л юм бол үүнийг одоо хийх хэрэгтэй. 2024 онд бид цоо шинэ сонгуулийг хийх ёстой.

-Таны бодлоор ямар шалгуур байх ёстой гэж?

-Ямар шалгуур тогтоох нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Би өөрийнхөө төсөөллийг хэлье. Боловсролын хувьд магистр, түүнээс дээш зэрэгтэй, төрийн захиргааны албанд ядаж таваас дээш жил ажилласан туршлагатай, төрийн албаны шалгалтад тэнцсэн, гадаадын нэг хэлийг албан ажил явуулах хэмжээнд эзэмшсэн, авлига, хэрэг зөрчил, ёс суртахууны асуудалгүй болох нь тогтоогдсон гэх мэт. Мөн тодорхой насны хязгаар ч баймаар санагддаг. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч 50 нас хүрсэн байна гээд хуульчилсан. Тэгэхлээр Их хурлын гишүүн болох хүн 40 наснаас дээш байвал болохгүй юмгүй. Уг нь биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг маш мэргэн үгийг ягштал мөрдөх хэрэг байгаа юм.

-Та сайд болтлоо төрийн албанд ажилласан байдаг. Их хуралд суучих юмсан гэдэг бодол бий юү?

-Миний сурсан сургууль, боловсрол, мэргэшсэн чиглэл гэж бий. Миний өөрийн мөн чанар, онцлог гэж байна. Би төрийн ажлыг 25 жил хийж байгаад сайд болсон. Би төрийн сайн албан хаагч л байхын төлөө хичээж, ажиллаж ирсэн. Сайн сагс тоглодог хүнийг хөлбөмбөгийн тэмцээнд оруулахад мэдээж амжилт гаргахгүй. Англи хэлтэй хүнийг оросоор яриулахад, япон хэлтэй хүнийг хятадаар яриулахад их хугацаа, бэлтгэл хэрэгтэй. УИХ-ын гишүүн болох хүнд шалгуур тавьж хуульчилсан тохиолдолд, хэрэв би тэр шалгуурыг давж чадаж байвал өрсөлдөх зориг надад бас байна. Бичиг цаас их нухдаг Д.Лүндээжанцан гуай шиг бичгийн хүмүүс Их хуралд олон байгаасай гэж боддог доо.

-Та одоо хаана ажиллаж байна. Төрийн ажил албанд ажиллах санал болгосон зүйл байна уу?

-“Хорвоо дэлхий уужим, хийх юм их байна” гэдэг ном байдаг даа. Би төрийн албанд ажиллахгүй болохоос биш их завгүй л ажиллаж байна. Мэргэжилийн, боловсролтой, ажлын туршлагатай, ёс зүйтэй, төрд сэтгэлтэй хүнийг зохих албанд нь тавих юмсан гэдэг бодлыг дарга, гишүүд нар үргэлж тээж явдаг. Энэ шаардлагаа улам өндөржүүлээсэй гэж би чин сэтгэлээсээ хүсэж явдаг.

-Та Ардчилсан нам, сөрөг хүчний талаар ямар бодолтой байдаг вэ?

-Билүү, хутга хоёр бие биенээ хурцалж өнгө оруулж байдаг. Усгүйгээр бол өнгө орохгүй, хурцлагдахгүй. Уг нь эрх баригч, сөрөг хүчин хоёр ийм л байх учиртай. Ардчилсан нам болон өөр улс төрийн хүчин илүү хүчтэй сөрөг хүчин болж гарч ирсэн бол улс оронд илүү хэрэгтэй байлаа. Тэгж байж Монгол Улс улам хөгжих учиртай юм.

-Та олон нийт, хэвлэл мэдээллээр нэг их гараад байдаггүй.

-Тэнэг хүн харагдах гэж урдуур гүйдэг. Ухаантай хүн харах гэж ард нь үлддэг гэдэг үг бий. Олонд танигдах гэж попордог хүмүүс хийж гийгүүлээд байгаа зүйл нь бага л байна. Гадаад харилцааны системд олон жил ажилласан хүн попрох зангүй болчихдог бололтой. Ер нь ГХЯ-нд ажиллаж байгаа хүмүүс ч нэг тийм даруухан хүмүүжилтэй болоод төлөвшчихдөг. Би дипломат албанд олон жил ажилласан. Мөн миний хувь хүний онцлог нөлөөлдөг биз ээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Их наядаар нь идэхгүй бол ичдэг болж дээ МАН-ынхан DNN.mn

Хүрээний булайг дэлгэвэл далай, далай” гэдэг шиг МАН-ын хулгай луйврыг яриад дуусахгүй болжээ. 60 тэрбумын, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн, Хөгжлийн банкны, Концессын, нүүрсний гээд иргэдийн санаанд ч багтамгүй том том тоо ярьсан хулгай шилээ дарж гарсаар байдаг боллоо. Өмнө нь тэднийг 200, 300 саяар нь идлээ гэхэд л пүү паа болдог байсансан. Тэд эхлээд тэрбумаар нь идэж ууснаа ярьдаг байсан юм. Харин одоо их наядаар нь идэж ууснаа ярьдаг болсон байна. Эрх мэдэлтнүүдийн хулгай саяар ч биш, тэрбумаар ч биш их наядаар тоологддог боллоо. Хамгийн сүүлд нүүрсний хулгай, нүүрсний мафи гэх нэр томьёо олны дунд амны уншлага шиг л болсон. Нүүрсний хулгайгаар нийтдээ 6.5 сая тонн нүүрс алдагдсан гэхээр 20 их наядын хулгай буюу жилийн төсвөө бид сох алдсан гэсэн үг. Нүүрсний хулгай хийсэн хүмүүсийн идсэн мөнгөн дүн нь гэр хорооллын 50 мянган айлд хүрэх дэд бүтэц тавьчих хэмжээний мөнгө байсан гэх. Нүүрсний хулгайгаар эрх баригчид 20 их наядыг халаасалж, 2500 байсан ам.долларын ханшийг 3500 давуулчихсан хэрэг. Тэд ам.долларын хомсдолд оруулж, ханшийг яаж тэнгэрт тулгачихсан нь олны нүдэн дээр ил тод байна. Нүүрсний гэх бүлэглэл ганц өнөөдөр гараад ирчихсэн юм биш. МАН-ын мөнгөн дээр эрх ашиг нь нэгдсэн, олон жил улсаа тонож идсэн бүлэглэл бий. Монголын хамгийн том хулгай бол нүүрсний хулгай. Учир нь Хөгжлийн банкийг тоносон хулгай хажууд нь задгай мөнгө шиг гэх. Харамсалтай нь, ийм л увайгүй хүмүүсийн гарт улс эх орноо удирдах эрх мэдлийг бид өгчихсөн байна. Монголд хууль хяналтынхан гэж байна уу. Тэд үнэн мөнөөр ажиллаж байна уу гэхэд хэн хүнгүй толгой сэгсрэхээр болсон. Ичих нүүргүй болсон эрх баригчид их наядаас бага идсэн бол түүнийгээ хулгайд тооцохгүй, түүнийгээ хэлэхээсээ ичдэг болж. Тэд их наядаар нь идэхгүй л бол хулгай биш гэж үзэж “ичдэг” болчихжээ.

Угтаа Хөгжлийн банкийг тоносон хэрэг, нүүрсний хулгай дээр хамгийн чанга хашгирч байгаа нь МАН. Ерөнхий сайд нь үүнийг илчлэхгүй бол улс орон нь унаж сөнөхдөө тулсныг ойлгосон биз. Улс оронд нүүрлэсэн хулгайг цэвэрлэх эсэх нь эрх барьж буй намын улс төрөөс шууд хамаарна. Хамгийн гол нь иргэдийн боломжийг хулгайлсан луйварчид бүгд тус намынх. Хариуцлагын сэлэм эргүүлнэ гэж сүржин мэдэгддэг МАН-ынхан өнөө сэлмээ эргүүлэх нь байтугай хуйнаас нь ч цухуйлгасангүй өдийг хүрсэн. Намаасаа хөөгөөд л хулгайчдаасаа хурдан сална гэдэг. Гэтэл МАН хариуцлага тооцсон мэт харагдуулах гэж золигт гаргасан хэдэн хүнээрээ туг тахидаг.

Угаас авлига, албан тушаалын хэргээ хүлээж ял шийтгэлээ авсан, улс төрийн карьер нь аль хэдийнэ дууссан тэднийг намаас хөөлөө гээд МАН-д өнчин ишигний ч гарзгүй. Монголын шүүх өнөөдөр хэн нэгний халаасанд орж жинхэнэ хулгайчидтай хариуцлага тооцох нь бүү хэл харин ч тэднийг хамгаалсаар ирсэн. Үгүй байсан бол өдийд тэд аль хэдийнэ шоронд орчихсон байх байв.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нүүрсний хулгайтай тэмцэнэ” гэдгээ зарласан. Ингэхдээ улстөрчдийг нүүрсний хулгайтай холбоотой болохыг ч нуугаагүй. Ерөнхий сайдын хэлснээр хулгайтай тэмцэнэ гэдэг Монгол Ардын намтай л тэмцэнэ гэсэн үг. Угтаа нүүрсний хулгай, луйвар цэгцэрвэл ДНБ-ий хэмжээ дор хаяж хоёр дахин тэлнэ гэж байгаа. Хэрвээ энэ бүхэн ил болохгүй л юм бол Монголын төр дээрэм, тонуулын үүр уурхай хэвээр үлдэнэ. Олон жил ужгирсан нүүрсний асар том хулгайг хэрхэн шийдэхээс Монголын ирээдүй, эдийн засгийн хөгжил хамаарна. Мөн Л.Оюун-Эрдэнэ гэх залуугийн улс төрийн карьер хамаарна. Тэрбээр хэн хулгай хийснийг ил тод зарлаж улсыг хохиролгүй болговол домогт улстөрч болж түүхэнд үлдэнэ. Тиймээс нүүрсний хулгайд хэн гэдэг албан тушаалтнууд оролцсоныг иргэддээ одоо зарлах хэрэгтэй байна. Иргэд ч үүнийг шаардах хэрэгтэй байна.

“Хулгайч хоёр янз. Жирийн хулгайч чиний мөнгө, цүнх, гар утас, хэтэвчийг чинь хулгайлдаг бол улс төрийн хулгайч чиний ирээдүйг, хүсэл мөрөөдлийг, ажил орлого, мэдлэг боловсрол, эрүүл мэндийг чинь хулгайлдаг. Ялгаа нь жирийн хулгайч чамайг сонгож хулгайгаа хийдэг бол улс төрийн хулгайчийг чи өөрөө сонгодог. Бүр хачирхалтай нь, жирийн хулгайчийг цагдаа хайж байдаг бол улс төрийн хулгайчийг цагдаа хамгаалж байдаг” гэх орос афоризм байдаг гэх. Аргагүй л маниус шиг хулгайчаа сонгож гаргаж ирээд хаширчихсан хүмүүсийн үг байх.

Бид өнөөдөр улс төрийн хулгайчидтайгаа тэмцэхгүй бол цаашид улс орныг яаж тонож дээрэмдэхийг бодохоос ч аймаар. Бид улс гүрэн байж чадах юм уу даа гэсэн бодол хүн болгонд төрөх болно. Хэрэв ийм бодолтой цөхөрсөн ард түмэнтэй улс болбол тусгаар тогтнол ч хэврэг болж хувирна. Монгол хямрал биш хулгай нүүрлэсэн улс болчихож. Хулгайтай тэмцэж, хуулиа мөрдөж чадвал улс орон хөгжих бүрэн боломжтой.

Ер нь бол энэ хулгайчдаас салах хамгийн хурдан, хамгийн амархан арга бол сонгууль. Хуурах, хулгайлахаас ичдэггүй МАН-ынхнаас хурдан салъя гэвэл сонгуулиар л тэднийг угаар нь үндсээр нь солих юм. Ингэж байж тэднээс сална. Эс бөгөөс эрх баригч МАН ард түмэн улс гүрнээ шулсаар л байна. 2024 оны сонгуульд МАН-аас салах сонгууль болох ёстой. МАН Хөгжлийн банкийг тоносон, нүүрсний хулгай хийсэн хүмүүстэйгээ хариуцлага тооцож чадахгүй бол 2024 онд эвгүйтнэ гэдгийг учир мэдэх нэг нь тооцоолж л суугаа. Иргэд сохор, дүлий байхаа больсон. Өнөөдөр яаж ийгээд ч хамаагүй улс төрд үе солих зайлшгүй шаардлага үүсчихлээ. Бид улс орныхоо төлөө сэтгэлтэй, энэ улсыг сэвхийтэл босгоод ирэх чадалтай мэдлэгтэй, шунал багатай, хуулиа дээдэлдэг, урьд өмнө төр засагт байж улс орноо тонож луйвардаж байгаагүй хүмүүсийг сонгох нь зүйтэй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Ганболд: Нийгэм мунхаг мэдэмхий байгаа цагт төр засаг ч адилхан л байна DNN.mn

Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболдтой ярилцлаа.


-Монголын эдийн засаг хүндэрч байгааг эдийн засагчид дуу нэгтэй хэлээд эхэллээ. Манай улс ганц уул уурхайгаар явсаар байх уу. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна?

-Манай улсын эдийн засаг өнгөрсөн 30 жилийн турш л үлгэн салган явж ирсэн. Уул уурхайн үнийн өсөлтийн үед жаахан амьсгаа авдаг. Түүгээрээ сайхан найр хийчихдэг. Засгийн газрынх нь дундаж наслалт 1.3 жил. Ингээд Засгийн газар нь богино хугацааных учраас байх хугацаандаа бүх л зүйлийнхээ нөөц бололцоог тултал нь шавхчихаад ирээдүй рүүгээ зээл тавиад буучихдаг. Огцрохгүйн тулд УИХ-ын гишүүдийн тойрогт өртөг өндөртэй, үр ашиггүй шахуу хөрөнгө оруулалтууд санхүүжүүлдэг. Ингэж явж ирсэн замнал бол хэн нэгний буруу гэхээс илүү манай тогтолцооны л гажуудал гэж хэлнэ.

Нөгөө л эрх барьж ирсэн АН, МАН-ын хийж хэрэгжүүлж ирсэн алдаатай бодлого, үйл ажиллагааны гор хуримтлагдсаар өнөөдөр улам хүнд тусч байгаа юм. Цаашдаа бүр илүү хүнд тусна. 30 жилийн бүх Засгийн газрын алдаа дутагдлын горыг иргэд амсаж байна. Өнөөдрийн Засгийн газар дорвитой, эрс шийдэмгий хэмнэлттэй, арвич хямгач ажиллаж чадаж байна уу гэвэл бас л үгүй. Манай эдийн засгийн 70 хувийг шууд болон шууд бусаар бүрдүүлж байгаа ганц салбар бол уул уурхай. Уул уурхайн экспортоос хамаарсан ам.долларын ханштай бид амьдардаг. Үнийг яагаад тогтвортой байлгаж болохгүй юм бэ гэхээр бид хуримтлал, нөөц үүсгэдэггүйгээс гадна төр засгийн эрх мэдлийн төлөө өрсөлдөж байгаа бүлэглэлүүд нь улс орноо тэжээж байгаа гол салбараа нийгмээр нь үзэн ядуулж, харлуулдаг.

-Ам.долларын ханш хэний гарт байна вэ. Ам.доллар цаашаа хэд хүрэх бол?

-Эдийн засгийн прогноз, судалгаа дүн шинжилгээгээр манайх дефолт руу их ойртсон нөхцөл байдал харагдаж байна. Зээлийг зээлээр хаах бодлогууд явагдсаар ирсэн. Дэлхий тэр даяараа инфляцитай, геополитикийн зөрчилдөөнтэй, бодлогын хүүнүүдээ бүгд нэмсэн нөхцөл байдалд бидэнд их өндөр хүүтэй зээл л олдоно. Цаана нь манай улсын зээлжих чадвар олон улсын үнэлгээгээр ямар байгаа нь асуудал дагуулна. Засгийн газар аль ч цаг үед үрэлгэн байх нь туйлын буруу. Хэмнэлтийн горимд шилжих ёстой гэж ярьж байна. Ярьж байгаа нь зөв ч, хэрэгжих нь сул байна. Манай зах зээл маш жижигхэн. Үйлдвэрлэл хөгжүүлээгүй, уул уурхай, барилга, техник тоног төхөөрөмж, шатахууны бүхий л гол салбар 100 хувь шахуу импортоос хамаардаг. Валют олдог гол ганц эх үүсвэр нь түүхий нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт байна. Энэ импорт экспорт, хоёрын зөрүүн дээр манай эдийн засгийн өсөлт, тэлэлт тогтох гэж үздэг. Тэгэхээр арга барилаа өөрчлөхгүй бол хөгжинө гэж ярихад хэцүү. Өнөөдөр улс орон 30 гаруй тэрбум ам.долларын өрөнд орчихсон байна. Бид хөгжөөгүй, авлигажсан баян дарга нартай, ядуу иргэдтэй байгаа нь сонгогчдын 100 хувь буруу.

-Тодруулбал?

-Сайд, дарга гэдэг хүмүүс бизнес хийдэг хүнээс баян гэдэг ойлголт нийгэмд үүсчихсэн. Яагаад өнөөдөр ийм нөхцөл байдалд хүрсэн гэхээр бид 30 жилийн турш өмнөх удирдлагууддаа хэнд нь ч хариуцлага тооцож байгаагүй. Энэ нь маш том гажуудлыг бий болгочихсон. Буруутан нь сонгогчид. Бид мэдсээр байж сонголтоо хийсэн. Нийгэм мэдэмхий, мунхаг байвал төр засаг ч мөн тийм л байна шүү дээ. Монголчууд “Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” гэдэг. Яаж ч бодсон бурхан чөтгөрөөс дээр. “Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр” гэдэг. Зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг. Өнөөдөр л сайхан найр хийчихвэл маргааш өлсөж үхэх нь хамаагүй гэсэн бодолтой. Бид аль буруу, аль урвагч, худлаа ярьдаг хүнээ шүтдэг, сонгодог нийгэм болчихсон. Улс орныг цөлмөж баяжсан хэнтэй ч хариуцлага тооцдоггүй. Нийтээрээ мэдлэг мэдээлэл муутай, салхи хаашаа хамхуул тийшээ гэдэг шиг болчихсон. Ийм хандлагаа өөрчлөөгүй цагт хөгжил дэвшил биднээс хол байсаар мөхөх болно. Хэн нэгний ор хөнжлийн асуудалд хөндлөнгөөс үнэлэлт дүгнэлт өгдөг. Танихгүй, таван үг сольж үзээгүй Путиныг шүтдэг. Энэ бүх хоосон мэдэмхий амьтанлаг шинж чанарыг хүмүүс өөрсдөдөө агуулж байна. Угтаа оюунлаг шинж чанар гэдэг чинь хүн оюун ухаанаараа бодож, дүгнэж, судалж шийдвэр гаргадаг байх ёстой. Бид нөхцөл байдлыг өнгөцхөн хараад л дүгнэдэг. Бусдыг дагаж намирсныхаа үр дүнд л дандаа буруу сонголт хийж өнөөдөртэй золголоо. Үзэл санааны хамгийн үнэт зүйл болсон ардчиллаа ч булаад хаячихлаа. Ардчилал ямар үнэ цэнэтэй, амин чухал зүйл билээ. Нийгэмд ардчилал байхгүй болчихоод байна. Үүнийг манлайлж гарч ирсэн хүмүүс нь ардчиллыг албан тушаал эрх мэдэл, амин хувийн ашиг олдог хэрэгсэл болгосноор нийгэм тэр аяараа ардчиллыг муу гээд ойлгочихсон. Өнөөдөр Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэх мэт ардчилал гэж ярихаар улам бүр ардчилал мөхөж байна. Тэд ардчилал гэдэг ойлголтоос өөрсдөө ухамсраараа холдох ёстой. Эрх мэдэл нь байхад ардчиллыг мандуулж чадаагүй, ашиг хонжооны хэрэгсэл болгож явчихаад одоо ардчилал гэж ярьж нийгмийг ардчиллаас улам холдуулж байна. Ардчилал энэ хүмүүсийн наймааны хэрэгсэл болж явсаар өнөөдөр үгүй болоход ойрхон боллоо.

-Нэг үеэ бодвол дотоодын үйлдвэрлэгчид манайд олширсон. Гэвч цойлж гарах нь цөөхөн байх шиг. Номин Холдинг Монголд монополио тогтоочихсон гэдэгтэй та санал нийлэх үү?

-Би 1987 оноос хойш бизнессийн салбарт оролцоод явж байна. Манайд томроод гараад ирчихсэн компаниуд олон улсад маш жижигхэн байдаг. Энд л том харагдаад, нэг нэгэн рүүгээ чулуу шидээд байхаас биш. Хүн өөрөө бизнесээ хийж бүтээгээд, өргөжөөд зах зээлийнхээ зарчмаар ардчилсан нийгмийнхээ тогтолцооны дагуу хөгжөөд явах ёстой. Амарч, найр хийж, архи ууж, биеэ оторлож ядуу болчихоод өдөр шөнөгүй, хагас бүтэн сайнгүй ажиллаж, эрсдэл хийж, сахилга баттай амьдарсан нэгэнтэй барьцаж, шударга бус гэвэл тэнэглэл. Харин хөдөлмөр зүтгэл, хурд, эрсдэл даах чадвараараа томорч байна уу, эсвэл төрийн дэмжлэгтэй, улс төрийн лоббитой, Хөгжлийн банктай, тусгай хангамжтай, тендер бонд концессын арын хаалгатай хөгжөөд байна уу. Энэ хоёрын хоорондох ялгааг хууль хяналтын байгууллага тогтоодог байх ёстой. Бизнесийнхэн маань улам бүр томорч, дэлхийд өрсөлдөхийн төлөө л явах нь зүйтэй. Энэ нь бидний сонгосон ардчилал, зах зээлийн эдийн засгийн зарчим, хөгжилд хүрсэн дэлхийн улс орнуудын жишигт нийцнэ.

-Шударга ёс ямар түвшинд явж байна вэ?

-Шударга ёс өөрөө харьцангуй ойлголт болчихоод байна. Хариуцлагын тогтолцоо чангатай Сингапур, Өмнөд Солонгос, Баруун европын орнуудтай харьцуулахад манайд шударга ёс гэж алга. Өндөр хөгжилд хүрчихсэн өндөр хууль хариуцлагын тогтолцоотой улс оронд бол манай төр засагт үлдэх хүн байхгүй байх. Хятадын хуулиар бол бүгд цаазаар авахуулчихсан байх болов уу. Манайд хариуцлагын тогтолцоо байхгүй цаг үед шударга ёс өөрөө тогтох боломжгүй. Хариуцлагын тогтолцоо их чанга байж, олны итгэлийг авч гарч ирсэн, олон нийтийн төсвийг зарцуулж байгаа эрх мэдэлтнүүдэд онцгой хууль үйлчилдэг байх ёстой. Харамсалтай нь, улс орныг самарсан нөхдүүдэд самар зарж байгаа иргэнээс сул хууль үйлчлэх юм даа.

-Дэлхийн хандлага бидэнд яаж нөлөөлөх бол?

-Дэлхий тэр аяараа л хүнд байдалд байна. Дундад зуунаас хойш, судлагдсан түүхээс хойш хүн төрөлхтөн үймээнтэй самуунтай амьдарч ирсэн. Тэр үеүдээ янз бүрээр л нэрлэдэг. Хүйтэн дайны цаг үе гэдэг ч юм уу. Манай улс хоёр том хөршөөс хамаарахгүйгээр гуравдагч хөрш баруун европ Америкаас хамаарахгүйгээр хийж чадах зүйл бол дотроо авлигагүй, эмх замбараатай арвич хямгач байх. Бусдыг нь бид ухаалаг харилцаагаар шийдэж болно. Дэлхийд нөлөөлөхүйц хэмжээний том тоо манай эдийн засагт байхгүй. Тэр утгаараа хангалуун, аз жаргалтай жижиг улс яваад байх бүрэн боломжтой. Иргэд нь ч асуудалд хариуцлагатай ханддаг байх хэрэгтэй.

-ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хаагдсан, хэрэгсэхгүй болсон хэргүүдийг дахин шалгуулах хүсэлтийг ажлын хэсгээс холбогдох байгууллагууд болон прокурорын байгууллагад хүргүүлнэ гэж мэдэгдсэн. Д.Дорлигжав та хоёрын асуудал дахин сөхөгдөх нь гэж ойлгосон?

-Энэ хэргийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед хоёр удаа хэрэгсэхгүй болгосон. Намайг гэрчийн хэмжээнд тооцох гээд байдаг. Би уг нь хохирогч 100 хувь мөн. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар энэ хэргийг сэргээж дахин шалгана гэж олон нийтэд мэдэгдсэнд олзуурхаж байгаа. Залуу хүн шударга ёс болоод эрүүл нийгмийг бий болгох гэж оролдож байгаа юм болов уу гэж харж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Энхбаяр: Ч.Хүрэлбаатар бол мэргэшсэн хулгайч DNN.mn

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар дахиад л ам зөрөв. Тэд анх LRT төслөөс болж ам зөрж байсан удаатай. Энэ удаа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байнгын хорооны хуралдааны үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг “Мэргэшсэн хулгайч” хэмээн цоллосон бол үүний хариуд тэрээр Б.Энхбаяр гишүүнийг “Эрүүл үү, эргүү юү” хэмээн жиргэсэн байв.


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг бол зарчмын хувьд дэмжиж байгаа ч хэрэгжүүлэх сайд Ч.Хүрэлбаатарт итгэхгүй. Яагаад гэхээр Ч.Хүрэлбаатар бол мэргэшсэн хулгайч. Энэ хүн Сангийн сайдаар ажиллах хугацаандаа гадны зээлүүдийн жагсаалтыг гаргаж авсан. Зээлийн долоон төсөл хэрэгжүүлсэн байна. Нийт үнэ нь 439 сая ам.долларын дүнтэй. Эдгээр төсөл өөрийнх нь сонгогдсон тойрог багтсан байна. Энэ авсан зээлийг Монголын ард түмэн татвар төлөгчид төлж байгаа. Мөнгө угаагаад байгаа юм уу. Энэ мөнгөөр юу хийхийг сайд шууд тохирдог. УИХ-аар энэ задаргаа нь ордоггүй. Бүр засгаар ч ордоггүй. УИХ-аар тэдгээр зээлүүдийнх нь эргэн төлөлтийг төсвөөс төлөгдөх нөхцөлтэй гэдгээр улсын төсөвт ерөнхий дүнгээр шууд баталж ард түмэн төлж явдаг. 439 сая ам.доллараар нэг хүнийг сайд дарга болгож, сонгогчдыг нь эрхлүүлэх гэж. Ямар үнэ цэнэтэй суудал вэ. Одоо тэр сайд маань тэр хуулийг хэрэгжүүлэх гээд Эдийн засгийн хөгжлийн сайд болчихсон.

Яг энэ схемээр, төсвийн хуулиар мэргэшсэн хүн учраас би Ч.Хүрэлбаатарыг “мэргэшсэн хулгайч” гэж хэлсэн. Үүнийг нь судлаад үзэхээр ерөөсөө Их хуралд танилцуулахгүй. Өөхөнд боочихсон. Юу юм бүү мэд. Төсөвт олон улсын байгууллагуудад зээлээр хүлээсэн үүрэг гэдэг ганц өгүүлбэрээр сууж байгаа. Та бүхэн анзаараарай. Жил бүр хоёр их наяд, гурван их наяд нэг тэрбум ам.доллар шүү. Нөгөө нөхрийг сайд, дарга болгоход сонгогчдыг хахуульдахад зориулж гадаадаас зээлсэн мөнгийг бид жил бүр нэг их наядаар төсөвт суулгаж байна. Тэрний задаргааг ерөөсөө УИХ-д танилцуулдаггүй. Бид нарт бөөн дүнгээр танилцуулдаг. Олон улсын өмнө хүлээсэн зээлийн гэрээгээр хүлээснээ төлөхгүй бол Монгол Улс дефолт болно. Тэгэхээр та хэд үүнийг батлахаас өөр аргагүй гэж хэлдэг.

Энэ бол Сангийн яамныхны жижүүрийн үг шүү. Яг ийм замаар төсвийн хулгай хийгээд мэргэшсэн. Төсвийн хулгай дээр нэмэх нь хуулийн хулгай. Ингэхээр мэргэшсэн хулгайч болчихож байгаа юм.


Ч.Хүрэлбаатар: Б.Энхбаяр эрүүл үү, эргүү юү?

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Намайг Сангийн сайд байхад Увс аймагт 440 сая ам.долларын зээлийн төсөл хэрэгжсэн гэж энэ нөхөр худлаа попорч, бас гүтгэжээ. Энэ хүн эрүүл үү. Эргүү юү?


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Сүрэн: БНХАУ манай хил рүү өргөн царигаар төмөр зам тавьчих, нүүрс авъя гэх гэрээ бидэнтэй хийхгүй байх DNN.mn

Төмөр замын инженер О.Сүрэнтэй ярилцлаа.


-Та бол мэргэжлийн төмөр замчин. Бас УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүн. Төмөр замын өнөөдрийн нөхцөл байдлын талаар ярилцлагаа эхэлье?

-Өнөөдөр төмөр зам хуучнаа бодвол шинэ бүтээн байгуулалтууд хийгдэж, гаднаас нь харахад сайшаалтай олон зүйл байна. Гэхдээ улс орны хөгжил, хүн амын амьжиргаанд нэмэр болохоосоо нэрмээс болж байгаа нь их юм уу даа.

-Яагаад тэр вэ?

-Өнөөдөр барьж байгуулагдаж байгаа төмөр замын суурь бүтцүүд Таван толгойн нүүрсийг БНХАУ-ын зах зээлд тээвэрлэн, олон улсын зах зээл дээрх жишиг үнээр борлуулах зорилготой байх ёстой. Уг нь Гашуунсухайт төмөр замыг нарийн царигтай төмөр замаар шийдэж, олон улсын эрх зүйг түшиглэн, Далайд гарцгүй орнуудын дамжин өнгөрөх конвенцийн хуулиар шийдсэн бол Монгол Улс ялах байлаа. Урд хөрш рүү төмөр зам тавигдвал нарийн царигтай, хойд хөршрүү тавигдвал өргөн царигтай төмөр зам байна гээд хуульчилсан байсан. Энэ хуулийн дагуу бол Таван толгойгоос – Гашуун сухайт хүртэл нарийн цариг, Таван толгой-Зүүнбаян чиглэлд өргөн царигтай төмөр зам баригдах ёстой байсан. Хэрвээ Гашуунсухайт-Ганц мод боомтыг холбосон төмөр зам нарийн цариг бол НҮБ-аас байгуулж өгсөн Далайд гарцгүй орнуудын судалгааны төв жинхэнэ үр өгөөжөө өгөх байсан. Би яагаад гэдгийг тайлбарлахыг оролдъё. Суурь бүтэц ба түүний засвар үйлчилгээ төрийн мэдэлд байна, галт тэрэг эзэмшигчид нь хувийн мэргэшсэн аж ахуйн нэгжүүд байж өрсөлддөг тогтолцоотой нүүрсний тээврийг урд хөрш рүү тээвэрлээд эхэлбэл Тэг-Ковид гэсэн БНХАУ-ын бодлого үйлчлэхгүй.

Нүүрс шилжүүлэн ачилтын зардалгүй. Экспортод гаргаж байгаа нүүрсний хэмжээ Монголын төмөр замын суурь бүтцийн тээх, нэвтрүүлэх чадвараас хамааран хэдэн ч тонн байж болно. Улс төр, ямарваа нэгэн албан тушаалтнаас хамааралгүйгээр зах зээлийн эрэлт нийлүүлэлт олон улсын эрх зүйгээр зохицуулагдана. Эцсийн хэрэглэгчдэд дэлхийн зах зээл дээрх үнээр очих зэрэг боломжууд нээгдэх байсан юм.

-Тодруулбал?

-Нэгдүгээрт, төмөр замын тээх нэвтрүүлэх чадвар гэдэг нь өндөр үнэтэй төмөр замын суурь бүтэц барьснаар шийдэгддэггүй. Жишээлбэл, Австрали улс нүүрсний уурхайнуудаас өөрийн далайн боомт хүртэл нэг жилд 100 сая тонн нүүрс тээвэрлэдэг. Таваас 10 минутын зайтай 200 хүртэл ачааны вагонтой галт тэрэгнүүд шил дараалан тээвэрлэдэг боловсронгуй технологи нэвтэрсэн төмөр замын суурь бүтэцтэй. Гэтэл манай оронд зорчигч тээврийн хурдны галт тэрэгт зориулан тавигддаг төмөр зам барих зардлаар 10 сая тонн ч хүрэхгүй ачаа тээвэрлэх аль болох олон боомтууд руу төмөр зам тавих төрийн бодлоготой. Гэтэл БНХАУ төмөр замын технологи, хөгжлийн хурдаараа дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг болчихсон. Тус орон олон тооны хилийн боомтоор дусагнуулж байснаас цөөн боомтоор их хэмжээний нүүрс тээвэрлэх бодлоготой гэдэгт эргэлзэхгүй байна. Түүгээр зогсохгүй манай орон шиг төмөр зам барьж хулгай хийдэг улс төр, бизнесийн бүлэглэлүүд байдаггүй байх. Хоёрдугаарт, Далайд гарцгүй орнуудын дамжин өнгөрүүлэх худалдааны конвенц гэж Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орох орнууд заавал ч үгүй соёрхон баталдаг баримт бичиг байдаг. Тус конвенцийн зорилго нь далайд гарцтай улс орнууд далайд гарцгүй улсуудын ачаа тээврийн вагоныг өөрийн далайн боомтууд руу тээвэрлэхэд өөрийн улсад мөрдөгдөж буй тарифаар үйлчлэх үүргийг хүлээдэг. Энэ нь манай улсаас нүүрс ачсан галт тэрэг Хятадын аль ч төмөрлөгийн үйлдвэр, дулааны цахилгаан станцуудад тээвэрлэгдэн очих зардал далайн боомтын нүүрсний биржүүдээс ачигдан хүргэгдэх нүүрсний тээврийн зардлаас хямдхан болох боломжтой гэсэн үг юм. Бид дэлхийн зах зээл дээрх үнээр эцсийн хэрэглэгчдэд өөрийн нүүрсээ зарах боломж бүрдэх юм.

-Манай улсаас нүүрс тээвэрлэн очсон галт тэргийг БНХАУ хүлээн авахгүй гэвэл яах вэ?

-Одоо мөрдөгдөж байгаа төмөр замын тээврийн тухай суурь хуульд Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын алба байхаар зохицуулсан байдаг. Энэ албаны хөрш орнуудын төмөр замын галт тэрэгний нягтрал, хүчин чадлын графикийг судлах, галт тэрэг зохицуулах технологи, тээх нэвтрүүлэх чадварыг хөрш орнуудын төмөр замуудтай дүйцэх хэмжээнд хүргэх, суурь бүтэц эзэмшигч төрийн өмчийн байгууллагын нүд, чих, тархи нь болж байх ёстой алба. Мөн тухайн үйл ажиллагаа явуулж, вагон эзэмшиж буй хувийн компаниудын хүчин чадлын судалгаа хийж, галт тэрэгний тоо хэмжээ хөрш орнуудтай тэрхүү судалгаа шинжилгээ, тооцооллын үндсэн дээр тохиролцоо хийж байх ёстой алба юм. Ямар ч үндэслэлгүйгээр манай улсын галт тэргийг хүлээн авахаас татгалзвал тухайн эзэмшигч хувийн хэвшлүүд НҮБ-аас Улаанбаатар хотод байгуулсан Дэлхийн худалдааны байгууллагын Далайд гарцгүй орнуудын судалгааны төвд зарга үүсгэн галт тэрэг вагоны сул зогсолтын зардлыг нэхэмжлэх эрхтэй болохоор үүнд ямар ч сайн дарга, эрх мэдэлтний хэрэггүй.

-Та уг хуулиар урд хил рүү гарвал нарийн царигаар, ОХУ-тай хиллэх хойд хил рүү өргөн царигтай төмөр зам байхаар зохицуулагдсан гэлээ. Тухайн хуулийн заалтыг хэн гэдэг хууль өргөн барих эрхтэй албан тушаалтан ямар зорилгоор өөрчилсөн бэ?

-Би үнэхээр хэлж мэдэхгүй байна. Тавантолгой-Гашуунсухайт-Ганц мод чиглэлийн төмөр зам барих, ямар цариг байх нь улсын нууцад хамаардаг гэсэн. Өөр мэдээлэл байхгүй байна.

-Одоо байгаа төмөр замын тухай асуухад та улс орон, ард түмэнд нэмэр болохоосоо нэрмээс болох нь их байна гэлээ. Энэ талаараа тодруулаач?

-Миний харж ойлгож байгаагаар улс төр бизнесийн бүлэглэлүүд өрсөлдөж, төмөр замыг өөрийн хүссэн өөр өөр технологи, үнэ, стандартаар барьж өөр өөрийн хил хязгаарыг тогтоож байна. Цаашид ч өөр бүлэглэлүүд шинээр төмөр замууд барихаар уралдаж байна. Тэдний зорилго бол ойлгомжтой. Миний бодлоор төмөр зам барих уралдаанаа түр зогсоогоод барьсан төмөр замаа цэгцэлж, улс оронд өгөөжөө өгдөг болсны дараа уралдаанаа зөв гольдролоор явуулах ёстой байх.

-Яаж цэгцлэх ёстой вэ?

-Монгол Улс төмөр замын суурь хуультай. Энэ суурь хууль сайн хууль болсон. УБТЗ цорын ганц Орос-Монголын 50:50 хувь эзэмшдэг. Энэ асуудал 1949 оны гэрээгээр зохицуулагддаг учир сонгодог хууль гаргах хэцүү байсан. Одоо процессын хууль болох төмөр замын тээвэрлэлтийн хууль, төмөр замын аюулгүй байдлын тухай хуулийг яаралтай батлан гаргах хэрэгтэй. Тээвэрлэлтийн хуулиараа одоо баригдсан төмөр замууд болон УБТЗ-ын суурь бүтэц цаашид баригдах стратегийн төмөр замын суурь бүтцийг төрийн нэг компанид эзэмшүүлэн ашиглах процессыг хуульчлах ёстой. Яг манай хоёр хөрш шиг. Аюулгүй байдлын хуулиар төмөр замын суурь бүтэц барих, хөдлөх бүрэлдэхүүн ашиглах, дохиолол, холбоо ашиглах стандартуудыг хуульлах ёстой. Саяхан төмөр зам дээр гарсан сүйрлээс харахад энэ олон төмөр замууд нэгдсэн нэг удирдлага, нэг ижил стандарт байхгүй. Бүлэглэл болгон өөрсдөдөө ашигтай эд анги, тоног төхөөрөмжийг өөрийн хүссэн орны стандарт, хэмжээсээр шахсанаас болж гарсныг согтуу машинч хурд хэтрүүлсэн гэж хэлж байна. Ингэж хэлж байгаа дарга төмөр замын технологи, сахилга, стандарт хөгжсөн орныхонд хүй нэгдлийнхэн гэж харагдахаар байна лээ дээ.

-Гашуунсухайт-Ганц мод болон Ханги-Мандал боомтуудаар хичнээн тонн нүүрс гаргах боломжтой вэ?

-Энэ тоог би хэлэх боломжгүй. Таван толгой-Гашуунсухайт-Ганц мод чиглэлийн төмөр зам барих, ямар цариг байх нь улсын нууцад хамаардаг гэсэн. Гэхдээ өргөн царигаар ачигдаад очсон нүүрсийг аль хил дээр, яаж буулгах асуудал ямар ч олон улсын эрх зүйгээр зохицуулагддаггүй. Хоёр даргын л тохирсноор явах байх.

Би лав хувьдаа тэр боомтоор өргөн царигаар манай хил рүү тавьчих, тэдэн тонн нүүрс авъя гэсэн гэрээ урд хөрш манайхтай хийхгүй байх гэж бодож байна. Тэгэхээр наад тоо чинь даргаас хамаарах л асуудал болов уу.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Н.Мандуул: Хууль шүүхийн системийг ашиглаад сурчихсан “мэргэжлийн” луйварчид байдаг юм байна DNN.mn

Хөгжлийн банк”-ны Гүйцэтгэх захирал Н.Мандуултай ярилцлаа.


-Хөгжлийн банк найдваргүй зээлдэгчдээ олон нийтэд ил зарласнаар нийгмийн анхааралд оруулсан. Ингэснээр тэрхүү зээлүүд төлөгдөж эхэлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар хэдэн төгрөгийн зээлийн төлөлт хийгдээд байна вэ?

-Хөгжлийн банкны эргэн төлөлт олон жил гацаж, зээлийнх нь чанарууд муудсан нөхцөл байдалтай байгааг 2021 оны сүүлээр Монголбанкнаас шалгалт хийж тогтоосон байдаг. Хөгжлийн банкинд 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 782 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн. Үүнээс 694.1 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 87.9 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдсөн байна. Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, хоёр зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагдаад байна. Бид энэ оны эцэс гэхэд нэг их наяд төгрөгийн эргэн төлөлтийг хангуулах зорилготой ажиллаж байна.

-Хөгжлийн банкнаас төлөх гадаадаас татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн хэмжээ болон бондын төлбөрийн хэмжээ хэд байгаа вэ, хэдийд төлөхөөр төлөвлөсөн бэ?

-Хөгжлийн банк 2023 онд 750 сая ам.долларын зээлийн эргэн төлөлт хийнэ. “Самурай” бондын 30 тэрбум йенийн эргэн төлөлтийг бүрэн төвлөрүүлчихсэн. Бид хугацаа нь болохоор эргэн төлөлтөө хийнэ. 500 сая ам.долларын Евро бондын эргэн төлөлтийн хагасыг нь төлөөд, хагасыг нь дахин санхүүжүүлнэ. Гадаад өр төлбөр дээр санаа зовох зүйлгүй гэсэн үг.

-Танай чанаргүй багцын 50 хувийг гурван зээл дангаараа эзэлж байна. “Эрэл”, “Бэрэн”, “Хөтөл” гэсэн компаниудын зээлийг төлүүлэхэд ямар хүндрэл тулгараад байгаа вэ. Төлөгдөх явц нь ямар хувьтай байна вэ?

-“Хөтөл”ХХК огт эргэн төлөлт хийгээгүй. Тиймээс АТГ-т хэрэг нээгдчихсэн явж байна. “Эрэл” ХХК-ийн хувьд нийт зээлийн үлдэгдэл нь 180 тэрбум төгрөгт хүрсэн. “Эрэл” ХХК-ийн зүгээс байшин үйлдвэрлэх комбинат барьчихсан гэдэг. Тэр үйлдвэр нь ажилладаггүй.

Ажилладаг байсан бол төслийнхөө орлогоос эргэн төлөөд явах ёстой биз дээ. Гэтэл “Эрэл” ХХК улс надад ажил өгөхгүй байна гэж яриад яваад байдаг. “Бэрэн групп” ХХК манайхаас хоёр зээлтэй байдаг. Нэг нь, Гангийн үйлдвэр барихаар авсан зээл, нөгөө нь Хангай хотхоныг барих гэж авсан зээл. Энэ хоёр зээл нийлээд 180 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Гэтэл мөн л Гангийн үйлдвэр нь ажилладаггүй. Банк бизнест зээл өгнө. Бизнесээ босгож ажиллуулах нь бизнесмэн хүний ажил. Банк төрийн өмнөөс бизнесийг нь дэмжээд хөнгөлөлттэй, урт хугацаатай зээл олгочихсон. Гэтэл нөгөө нөхөр ажлаа хийгээгүй байна. Бидний зүгээс зээлийн эргэн төлөлтөө хий гэж хэлээд зогсохгүй. Олон удаагийн уулзалтууд хийж байна. Манай зүгээс мөн шүүхэд хандчихсан явж байгаа. “Бэрэн”-гийнхэн ажилладаггүй үйлдвэрээ өрөндөө өгье гэх санал тавьсан. Тухайн үйлдвэрт хөндлөнгийн дүгнэлт гаргуулсан. Үүнд зарим процессын хувьд дутуу байна гэх дүгнэлт гарсан. Хангай хотхоны хувьд тухайн байрны мөнгө Хөгжлийн банкны данс руу төлөлт нь бүрэн хийгдсэн бол бид байрны ордерыг чөлөөлж өгч байгаа.

-“Шинэ Яармаг” хорооллын зээлийн асуудлыг хэрхэн шийдэх гэж байгаа вэ?

-Энэ асуудал нэлээд түвэгтэй байна. Манай зээлүүд дандаа улс төртэй холбогддог болохоор бизнесийн утгаар ажлаа явуулах гэхээр болдоггүй. Бидний зүгээс төлбөрөө төл гэх л шаардлага тавьдаг. “Шинэ Яармаг” хорооллын хувьд 70,80 хувийн гүйцэтгэлтэй байна. АТГ-аас саяхан үнэлгээ хийгээд дууссан. Бид тус хорооллыг “Гантиг вилла” хотхонтой адил өрөндөө хурааж аваад шийдэх журмаар ажиллаад, процесс нь үргэлжилж байна. Бид тухайн байрыг хурааж авч байна гэдэг тэр манай өмч болно гэсэн үг. Чингис хаан банкинд 2019 онд манайх хадгаламж байршуулаад түүнийгээ одоо хүртэл олж авч чадахгүй байна. Тухайн үедээ Чингис хаан банкнаас 44 үл хөдлөхийг барьцаалсан байдаг. Үүн дотор ихэнх нь орон сууц барьцаалчихсан байсан. Бид барьцааны зүйлсээ шалгаж үзэхэд барьцаандаа авсан үл хөдлөхийн талаас илүүг нь иргэдэд зарж борлуулчихсан байсан. Жишээлбэл, Хан хилс хотхонд 22 байр байдаг. Үүний долоон орон сууцанд иргэдийг оруулчихсан. Тэгсэн мөртлөө энэ байрууд нь манай барьцаанд байдаг. Худалдаж аваад орсон иргэд нь байрны гэрчилгээгүй. Тэдгээр хүмүүс байрны төлбөрөө Чингис хаан банкинд төлчихсөн гэх жишээтэй. Баянзүрх дүүрэгт Өгөөмөр хотхон гээд байна. 2018 онд тус компани 45 айлын орон сууц барина хэмээн манайхаас зээл авсан байдаг.Тэр байр нь мөн манай өмчлөлд шилжээд ирчихсэн. Гэтэл одоо 45 айл тэнд амьдарч байна. Оршин суугчид нь компанид нь мөнгөө төлчихсөн гэдэг. Банкинд ямар ч мөнгө орж ирээгүй. Тэгэхээр иргэд ч, банк ч хохирчихсон. Бидний зүгээс иргэдийг хохироохгүйгээр шийдэх гээд Эрүүгийн цагдаагийн газар тухайн компанийг өгчихсөн байна. Иргэдийг ч тэр, банкийг ч тэр хохироосон, санаатайгаар хийсэн залилангийн хэрэг гэж харж байна. Дээрхийн адил нөхцөл байдал дээр хариуцлагатайгаар зээлээ төлөөд явж байгаа иргэд хохирох вий. Хүн насан туршдаа байр орон сууцыг цөөн удаа авдаг. Гэтэл барьцаанд байгаа байрыг борлуулж ашиг хонжоо хайсан компанийн хохирогч нь орон сууц худалдан авсан иргэд болоод үлдэх эрсдэл дээрхийн адил хэргүүд дээр үүсээд байгаа юм.

-Хөгжлийн банкны чанаргүй зээлийг эзэлж байгаа төрийн өмчит компаниуд болох Эрдэнэс Монгол, ТОСК, Эгийн голын усан цахилгаан станц, Таван толгой цахилгаан станцын ТЭЗҮ-ийг танай банкнаас санхүүжүүлсэн байдаг. Эдгээр төслүүдийн эргэн төлөлтүүд ямар хэмжээнд явж байна вэ?

-Засгийн газар хуралдаанаараа Төрийн өмчит компаниудын өр төлбөрийг барагдуулах асуудлыг олон удаа авч хэлэлцсэн. Өнгөрсөн зун Засгийн газрын хуралдаанаас 220 дугаар тогтоол гарч Төрийн өмчит компаниудыг өр төлбөрөө хэрхэн барагдуулах шийдвэрүүд гарсан. Тэр тогтоолын дагуу ажил явж байна. Хамгийн том төлбөр “Эрдэнэс Монгол” ХХК 117 тэрбум төгрөгийн эргэн төлөлтөө хийсэн. Мөн МИАТ зээлээ бүрэн төлсөн гэх мэтчилэн тодорхой ахицууд гараад явж байна. Удаашралтай байгаа нь ТОСК, НОСК-ын асуудал байна. Гэхдээ ЗГХЭГ-аас бидэнд тус нэмэр болж төрийн өмчит компаниудад зээлийн эргэн төлөлтийг шуурхай эргүүлэн төлөх үүрэг чиглэл өгч ажиллаж байна.

-Хөгжлийн банкнаас гаргасан зээлүүд эргэлтэд орсон эсэхийг шалгаж байгаа юу?

-Бид АТГ-т хэрэгтэй мэдээллийг тухай бүрчлэн гаргаж өгч байна. Төрийн мөнгийг урт хугацаатай, бага хүүтэй зээл аваад зориулалтын дагуу ашигласан уу, үгүй юү гэх асуудал байна. Нэгдүгээрт, гэрээний дагуу эргэн төлөлтөө хийсэн үү. Хоёрдугаарт, арилжааны банкнаас бага хүүтэй улс оронд хэрэгтэй төсөл хэрэгжүүлнэ гэж мөнгө зээлж аваад өөр зүйлд зарцуулчихсан байна уу гэдэг асуудал байна л даа. Бид зээлдэгчдийнхээ зээлэнд шалгалт хийсэн. Зээлдэгчид бидэнд зориулалтынх нь дагуу ашигласан гэх баримтууд ирүүлдэг. Бид бүгдийг нь нэг бүрчлэн тулгаж үзсэн. Тодорхой баримтаар нотлогдохгүй зүйлс гарч ирсэн. Ингээд зээлийг зориулалтын дагуу ашигласан эсэхийг шалгаж өгөхийг АТГ-т хүргүүлсэн. АТГ-аас шалгалтууд хийгдээд явж байна.

-Шинэ сэргэлтийн бодлогод улс орны хөгжлийг урагшлуулах зорилготой маш олон бүтээн байгуулалтын төслүүд тусч байна. Танайх тухайн төслүүдийг санхүүжүүлэхэд оролцох уу?

-Хөгжлийн банк шинэ сэргэлтийн бодлогыг санхүүжүүлж явах ёстой байтал маш их хэмжээний зээл гаргаж, үүний ихэнх нь чанаргүй зээл болж хувираад одоо нэг өр барагдуулах алба шиг л ажиллаж байна. Ингэхээс ч өөр аргагүй байна л даа. Намайг анх ажлаа хүлээж авахад үндсэндээ энэ банк дампуурчихсан байсан. Зээлийн 57 орчим хувь нь найдваргүй зээл болчихсон байсан. Бид энэ ондоо нэг их наядын төлбөрөө хийчих юм бол ирэх оноос хэвийн ажиллах боломж нөхцөл нь бүрдэнэ. Бид ирэх жилийн бондын төлбөрийн төлөвлөгөөгөө гаргаад явж байна. Түүнийгээ дуусгаад Шинэ сэргэлтийн бодлогод туссан төслүүдийг санхүүжүүлэх боломжтой болох болов уу гэж харж байна.

-УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Б.Энхбаяр гишүүн танаас “Өр барагдуулах ажлын гардан байлдаанд хүнд гаруудтай нүүр тулж байгаа хүний хувьд танд ямар нэг хүндрэл байна уу, улс төрийн дарамт байна уу” гэж асуусан. Та “Мэргэшсэн луйварчид…” гээд яриа чинь тасарсан. Юу гэж хариулах гэж байсан бэ?

-Хөгжлийн банкны зээл олголтыг харахаар энгийн нэг банк нэг компанид зээл өгөөд зээлийн гэрээ байгуулчих асуудал биш. Анхнаасаа Хөгжлийн банкнаас таньдаг хүнээрээ ч юм уу зээл авахуулаад зээлээ төлөхгүй гэсэн бодолтой байсан юм шиг санагддаг. Бид асуудал үүсээд иргэний шүүхэд хандахаар хууль шүүхийн процесс нь удааширдаг. Үүнийг ашигладаг бүтэн сүлжээ байдаг юм байна. 24 удаа хойшилсон жишээ ч байна. Бид шууд очоод барьцааны эд зүйлээ авч чадахгүй. Заавал шүүхийн шийдвэртэй байх ёстой. Жишээ нь, “Монлаа” ХХК-тай олон жил шүүхдэлцэж арай гэж 2019 оны есдүгээр сарын 18-нд шүүхийн шийдвэр гарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу шилжүүлсэн. Одоо болтол хөрөнгийн үнэлгээ дээр маргаантай гээд юу ч авч чадахгүй сууж байна. Угтаа барьцаа хөрөнгийг нь зарж борлуулаад мөнгөө авах ёстой байтал шүү дээ. Ингээд харахаар манай хууль шүүхийн системийг ашиглаад сурчихсан мэргэжлийн гаршчихсан луйварчид байдаг юм байна л гэж харж байгаа. Энэ мэт зүйлд төр төмөр нүүрээ үзүүлэх л ёстой.

-Хөгжлийн банк Монголын хөгжлийн мега төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх гол үүрэгтэй. Гэтэл Эдийн засаг, хөгжлийн яам мөн ийм чиг үүрэгтэй байна. Нэг чиг үүрэгтэй хоёр байгууллага болчихож байгаа юм биш үү. Үүнд та ямар бодолтой байна вэ?

-Чиг үүргийн хувьд хоёр өөр институт. Банк бол олон улсад жишиг нь тогтсон санхүүгийн бие даасан байгууллага, компанийн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Төр зөвхөн хувьцаа эзэмшигчийн хувиар үйл ажиллагаанд нь оролцдог. Яам бол засгийн газрын бүтэц, төрийн захиргааны төв байгууллага буюу төсвийн бүрэлдэхүүн хэсэг нь. Яамны бодлого хөгжлийн бодлого тодорхойлоход чиглэх болохоос биш төсвөөс гадуур хөрөнгө мөнгө бүрдүүлээд төсөл хөтөлбөр санхүүжүүлээд, олон улсын мэргэжлийн санхүүгийн тоглогчидтой арилжаа хийгээд явахгүй, төсвийн байгууллага. Харин Банк бол төсвийн байгууллага биш, төсвөөс татаас авахгүй, бусад аж ахуйн нэгжийн нэгэн адил татвар төлдөг байгууллага юм. Нэг үгээр хэлбэл, яам хөгжлийн бодлого тодорхойлж, банк шаардлага хангасан төслүүдийг нь санхүүжүүлнэ гэсэн үг.

-2011 онд анх Хөгжлийн банкны тухай хууль батлагдаж, 2017 онд дахин өөрчлөлт оруулсан байдаг. Хуулийн тухайд та юу хэлэх вэ?

-2011 онд Хөгжлийн банкны тухай хуульд зөвхөн Засгийн газар, Их хурлын шийдвэртэй төслүүдийг санхүүжүүлнэ гэж заасан. Ингээд Засгийн газрын тогтоолоор “Эрэл”, “Бэрэн” компаниудад зээл олгосон байдаг. 2017 онд Хөгжлийн банкны тухай хуулиа өөрчлөөд Засгийн газар, УИХ-ын шийдвэргүйгээр Хөгжлийн банкны ТУЗ болон Хөгжлийн банк нь зээлээ хэнд өгөхөө шийддэг болсон. Хөгжлийн банкнаас нийтдээ 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээлийг тогтоосон. Үүний 75 хувь нь 2011 оны хуулийн үед гарсан зээл. 25 хувь нь 2017 оноос хойш гарсан зээл байгаа юм. Би хувьдаа 2017 оны хуулийг зөв гэж боддог. Хэрвээ УИХ, Засгийн газар шийддэг байх юм бол Хөгжлийн банк гэж байхаар төсвөөсөө үүнийг шийддэг байх хэрэгтэй. Хамгийн гол нь арилжааны банк буюу хувийн хэвшил өөрсдөө хийж болох байсан төслүүд рүү яагаад Хөгжлийн банк орсон бэ. Би үүнийг анхнаас нь эсэргүүцсэн. Арилжааны банк барилга байгууллагыг санхүүжүүлээд зээлийг нь өгөөд явж байгаа. Гэтэл Хөгжлийн банк мөн л ийм зээл өгөөд явчихсан. Хувийн хэвшил нь арилжааны банкнаасаа зээлээ аваад бүтээчих боломжтой төслүүд дээр төрийн өмчит банк нь өрсөлдөж гүйж ороод байгаа ч юм шиг. Бид угтаа томоохон төслүүдэд л хөрөнгө оруулах ёстой. Энэ бүхнийг би удирдлагын алдаа л гэж хардаг. Бид банкаа үйл ажиллагааг нь хэвийн болгоод цааш явахдаа зөвхөн Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан улс орны хөгжлийн төслүүд рүү л хөрөнгө оруулна. Хэн нэгэн төсөл цүнхэлж ирээд зээл авах боломжгүй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Сингапурын ерөнхийлөгч асан Ли Куан Ю “Сэтгэлгээ хөгжилд саад боллоо” гэхэд магтдаг, Б.Болор-Эрдэнийг болохоор зүхдэг нь ямар учиртай юм бэ DNN.mn

Сингапурын ерөнхийлөгч асан Ли Куан Ю-ны бичсэн “Сингапурын хөгжлийн нууц” ном манайд тухайн үедээ бестселлер болж байлаа. Улс төрийн өндөр албан тушаалтнаас эхлээд дарга цэрэггүй энэ номыг ярьж үүнийг л даган дуурайя гэж байсан цаг саяхан. Сингапурын ерөнхийлөгч Ли Куан Ю-ны номонд маш том утга агуулсан нэг өгүүлбэр байсан. Тэр нь “Сингапурыг хөгжүүлэхэд мөнгө босгох хэцүү биш байсан. Харин хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх л хамгийн хэцүү байсан” гэж бичсэн байдаг. Энэ үгийг манайхан “Үгүй ээ мөн айхавтар үг хэлжээ, ямар үнэн үг вэ” гэж шагширч суусан. Сингапур өнөөдрийн хөгжил дэвшлийн манлайд хүрэхээсээ өмнө яг ямар улс байсан юм бэ. Түүх сөхье. Сингапур хэмээх жижигхэн хот улс дэлхийн хоёрдугаар дайнаас өмнөхөн Английн колони, эзэнт гүрний буйдхан нутаг байжээ. Тэд бүр цэвэр ус ч үгүй, ядуу буурай, олон үндэстнээс бүрдсэн, үндэстний эв нэгдэл, үнэт зүйл гэж юу ч үгүй байжээ. Сингапурт манайх шиг байгалийн баялаг гээд байх зүйл ч байхгүй. Харин өдгөө Сингапур улс дэлхийн эдийн засгийн нэг хэсэг, санхүү бизнесийн төв болсон. Азийн бар улс болтлоо хөгжсөн. Энэ замд хүргэсэн хүн бол Сингапурын ерөнхийлөгч асан Ли Куан Ю.

Тэгвэл Цахим хөгжлийн дэд сайд Б.Болор-Эрдэнэ Саудын Арабын Рияд хотод зохион байгуулагдсан Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганд оролцохдоо “Дунд болон анхан шатны албан хаагчид хөгшин хүмүүс байгаагаас гадна тэд ЗХУ улсад боловсрол эзэмшсэнд асуудал байсан. Манай улс Оросоос нөлөөлөл ихтэй болохоор тэд оросууд шиг сэтгэдэг, бас тэгж ажилладаг. Орост боловсрол эзэмшсэн, хоцрогдсон ахмад, дунд шатныхан төрийн ажлыг хурдтай явуулахад саад болсон. Энэ нь Ерөнхий сайд, Засгийн газрыг ажил хийхэд саад тотгор учруулсан” хэмээн хэлж. Ингэж хэлснийх нь төлөө түүнийг амтай болгон зүхэж байна. Үнэн хэрэгтээ дэд сайдын хэлсэн үг, Сингапурын ерөнхийлөгчийн хэлсэн үг хоёрт ямар ч ялгаа алга. Хуучин социализмаар хүмүүжсэн, тийм онол сэтгэлгээтэй хүмүүс хөгжихөд саад болж байна гэдэгт Сингапурын ерөнхийлөгч асан Ли Куан Ю хэлснээс яг ямар ялгаа байгаа юм. Ямар ялгаа харчихаад түүнийг зүхээд байгаа юм.

“Хэдэн зуун дамжин уламжлагдан ирсэн мал шиг сэтгэхүйг ч өөрчилж болдог. Хүмүүсийн “мал” шиг сэтгэхүйг өөрчилж чадвал шинэтгэл боломжтой. Хуучны уламжлалаас татгалзах хэрэгтэй. Хэрэв бид ард иргэдийнхээ дадал зуршил, сэтгэлгээг өөрчлөхөөр хүчин чармайлт гаргаагүй бол, тэднийг хүмүүжүүлэн тэтгэж бойжуулаагүй бол одоо илүү бүдүүлэг, зэрлэг нийгэмд амьдрах байсан биз” хэмээн Сингапурын ерөнхийлөгч асан Ли Куан Ю хэлсэн байдаг.

Ер нь хүний сэтгэлгээг өөрчилнө гэдэг хэцүү гэдэг нь үнэн. Сингапур иргэдийн сэтгэлгээ ч тухайн цаг үедээ улс орноо Азийн бар улс болчихно гэж зүүдлээч үгүй биз. Тиймээс л Ерөнхийлөгч нь би бүтээнэ, бид бүтээнэ, бид хөгжинө гэсэн сэтгэхүйг иргэдийнхээ тархинд суулгахад тун хэцүү зүйл байсныг тодотгосон байх. Монгол өнөөдөр яг ийм л байгаа. Зөвлөлтийн ах нараа гомдоочихно, Оросоос авч байгаа цахилгаан, шатахуун хоёроосоо салчихна гээд тэднээс амиа тавьтал айсаар ирсэн. Өөрсдөө бүтээе, хийе гэх санал санаачилга хаана байна. Бид ер нь яагаад шатахуунаа өөрсдөө нэрж чадахгүй байгаа юм. Яагаад цахилгаан станцтай болохгүй байгаа юм бэ. Өдий олон жил бинзенийг яагаад өөрсдөө хийж чадаагүй юм. Аль 1960-аад онд хийж чадаад байсан зүйлээ одоо яагаад чадахаа байчихсан юм. Гуравдагч орноос бид тог цахилгаан, бензин тосоо яагаад худалдаад авчихаж болохгүй байгаа юм. Бидэн шиг нь барахгүй л гэцгээдэг. Бид тийм нарийн юм хэзээ хийж чадаж байлаа л гэцгээдэг. Бидэнд нэгэнт нэвт шингэсэн, хэвшчихсэн энэ мэт сэтгэлгээ хөгжилд саад болж байгаа нь үнэн. Бид дэлхийн улс орнуудтай адилхан өөрсдөө хийж чадна, бүтээж чадна гэх сэтгэлгээтэй болно гэдэг хэцүү нь ч үнэн. Монголчууд өөрсдийгөө хүчгүй гэж боддог. Бид энэ сэтгэхүйнээсээ даруй салах ёстой. Хаа сайгүй хоцрогдсон онол ярьсан хүмүүс байдаг. Энэ онолоосоо одоо салах цаг нь болсоон. Оросыг муйхраар шүтэх үзэл бүр ийм гүн гүнзгий бий. Одоо үүнийг хэрхэн өөрчлөх, хүмүүсийн сэтгэлгээг яаж зөв болгох вэ гэдгийг л ярих ёстой. Дэд сайдын хэлээд байгаа чинь л энэ ш дээ. Бидэнд дутагдаж буй зүйл ердөө л хуучирсан онол сэтгэлгээ. Өнөөдөр манай улсад цаашид хөгжихөд юу дутагдаж байгааг давхар эргэцүүлэх хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад нүүрлэж, монголчуудын өмнө тулгараад байгаа асуудлын мөн чанарыг тодоор харж ойлгох нь чухал байна. Хөгжлийн асуудал ярихаар л олж авсан мэдлэг сэтгэлгээгээ бүтэхгүй хэмээн харах хүмүүс манайд элбэг байдаг. “Монголд өөр” гэх сэтгэлгээг өөрчлөх зоригтой алхмууд үгүйлэгдэж байна. Улс төр чинь манлайллын салбар биз дээ. Тэгэхээр ард түмний сэтгэлгээг өөрчлөх, боловсролыг дээшлүүлэхэд нэн түргэн, асар их хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Энэ бүхэнд цаг хугацаа, хүчин чармайлт их орох нь тодорхой.

Яг үүнийг л хуучин цагт Ардчилсан намын лидерүүд яриад байсан юм. Тэд Зөвлөлтөд сургууль төгссөн хуучин сэтгэлгээтэй хүмүүс хөгжил дэвшилд тушаа саад болж байна гэж ярьдаг, хэлдэг л байсан. Тэднийг анзаарч байсан нь өнөөдөр хэд бол. Харин өнөөдөр МАН-ын залуу үе ингэж ярьж хэлж байгаа нь тун зөв юм аа. Залуу үе ингэж л ярьж, ингэж л сэтгэх хэрэгтэй. Монголд баруун, зүүн үзэлтэй намын ялгаа гэдэг зүйл алга болж байна. Бидний хөгжил дэвшлийн нэг чөдөр бол яалт ч үгүй хуучирсан сэтгэлгээт хүмүүсийн үзэл баримтлал. Харин бид залуу боловсон хүчин хуучирсан сэтгэлгээг өөрчлөх ёстойг олж харсанд талархах хэрэгтэй. Тэд улс орны хөгжил дэвшлийг хаанаас эхэлхийг мэддэг, мэдэрдэг болсон байна. Бидний социализмын үеийн нэвт шингэсэн үзэл суртлыг хүмүүсийн сэтгэлгээнээс авч хаяж сэтгэлгээг өөрчлөх хүнд хэцүү цаг мөч тулж ирээд байна. Үүнийг хэн хүнгүй хичээж байж л давна. Түүнээс үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтөй гэгчээр үнэнг хэлэхээр нь олуулаа нийлээд зүхээд сууж таарахгүй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Энхболд: Нүүрсний хулгайд хэн хэн холбоотойг мэдэж л байна DNN.mn


УИХ-ын гишүүн асан Л.Энхболдтой ярилцлаа.


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрс зөөдөг улс төрийн бүлэгтэй тэмцэнэ гэдгээ зарласан. Таны хувьд УИХ-ын гишүүн байхдаа “Эрдэнэс таван толгой” ХК-ийн эзэмшлийн талбайгаас их хэмжээний нүүрс хулгайд алдагдсан гэх мэдэгдлийг та олон нийтэд дэлгэж байсан. Нүүрсний хулгайгаар шүгэл үлээсэн гэж харахаар байна. Өнөөдөр энэ асуудал юу болсон бэ?

-Нүүрсний хулгайтай хожуу тэмцэж эхлэх гэж байна. Гэхдээ эхэлж байгаа нь сайн хэрэг. Хамгийн гол нь тодорхой шийдвэрт хүрээсэй л гэж бодож байна. 2018 онд тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хамт Өмнөговь аймагт очиж иргэдтэй уулзалт хийсэн юм. Энэ үеэр иргэд нэг асуудал сөхсөн нь юу байсан гэхээр Орон нутгийн өмчит Таван толгой буюу Эрдэнэс таван толгойн удирдлагуудын хамтын ажиллагааны нэг гэрээ байсан юм. Тэр нь 268 мянган тонн нүүрсийг орон нутгийн Таван толгой лицензтэй талбайгаас хил давуулж олборлосон учраас нүүрсийг нүүрсээр төлнө гэсэн гэрээ байсан. Өмнөговиос сонгогдсон гишүүний хувьд 268 мянган тонн нүүрсийг үнэхээр Өмнөговьчууд төлөх юм уу, эсвэл хэн нэгэн этгээдийн өмнөөс төлөх гээд байна уу гэж бодоод олон нийтэд гаргаж тавиад бодит байдлыг шийдвэрлүүлэхийн тулд анх АТГ-т өгч байсан юм.

Тухайн цаг үед их хэцүү байсан л даа. Хил дээр Мэргэжлийн хяналт, хилийн цэрэг, гааль, иргэний харьяатын дөрвөн байгууллага бий. Төрийн дөрвөн байгууллагыгг дамжиж 100 тонны машинаар хууль бусаар нүүрсийг хил давуулсан гэдэгт хэн ч итгэхгүй байсан. Иргэд бүр итгэхгүй байсан. Яагаад гэвэл иргэд хилээр 5,10 кг ноолуур гаргах гэж ямар олон даваа туулдгийг мэднэ л дээ. Тухайн цаг үедээ 4.2 сая тонн нүүрсний асуудал үүссэн байсан. Нөхдүүд ч гэсэн намайг нүүрсний хулгайг яриад эхлэхээр ийм зүйл байх боломжгүй гэдгээр маш ихээр харлуулсан. Би нүүрсний хулгайг гаргаж ирж тавьсан гол зүйл нь нэгдүгээрт, хэн хулгай хийгээд байгааг ил болгоё. Хоёрдугаарт, экспортоор гаргаад байгаа нүүрсний эх үүсвэр яг хаанаас гараад байна гэдгийг олох байсан. Өмнөговийн хилээр нүүрс гарвал мэдээж Таван толгойн бүлэг ордоос л гарсан байна гэсэн үг. Таван толгойн бүлэг ордод Энержи ресурс, Эрдэнэс таван толгой, Орон нутгийн өмчит таван толгой хамаарна. Энэ гурван ордын алинаас нь тэр нүүрс гарсныг тогтоож нүүрсний хулгайтай тэмцсэн бол илүү их үр дүнд хүрэх байсан. Тухайн цаг үед гурван төрлийн хулгайн асуудал байсан. Нэгдүгээрт, Орон нутгийн өмчит таван толгойгоос бүх эрх мэдлийг нь аваад нүүрсийг нь хууль бусаар гаргаж борлуулдаг байж болзошгүй гэж.

Хоёрдугаарт, Орон нутгийн таван толгой, Эрдэнэс тавантолгойн хил дундаа мөргөцгөөр халхлагдаж байсан. Тэр байхгүй болсон. Орон нутгийн таван толгойгоор дамжиж Эрдэнэс таван толгойн нүүрсийг хулгай хийж болзошгүй гэж. Гуравдугаарт, нүүрсний үнийг их барьдаг байсан. Жишээ нь, Орон нутгийн таван толгойн нүүрсийг 25 ам.доллараар барьдаг байсан. ч бага үнээр зарж байсан. ЭТТ 50,60 ам.доллараар зардаг байсан. Энержи ресурс 90 ам.доллараар зардаг байсан үе. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, хилийн цаана хэн нэгэн хятад нэртэй компани байгуулчихаад Монголоос нүүрсийг 25 ам.доллараар аваад хилийн цаана хэд нугалж зардаг байсан. Тэр мөнгө чинь өнөөдрийн ярьж байгаа 2.5 тэрбум ам.доллар. Тэр мөнгөнүүд оффшор бүс рүү явчихдаг. Томчуудын Хятадад байгуулсан бусад бүс нутагт байгуулсан компаниуд руу явчихдаг. Эргээд Монголд бараа бүтээгдэхүүн болоод ороод ирдэг. Ийм том нүүрсний бүлэг хулгай яваад байгаа юм. Үүнийг л Ерөнхий сайд хамгийн сүүлийнх нь процессыг одоо гаргаад ирэв үү гэж харж байгаа. Яагаад гэвэл ЭТТ-той оффтейк гэрээгээр хийгдсэн үнэ бол мэдээж бага байгаа. Урьдчилаад гэрээ хийчихэж байгаа болохоор. Тэгэхээр өнөөдрийн шууд борлуулалтын үнэ хоёрын хооронд зөрүү байгаа. Оффтейк гэрээ хийсэн нөхдүүд цаашаа яаж борлуулалт хийсэн, хэнтэй яаж хуйвалдсан нь хаалттай. Тийм учраас өнөөдөр УИХ дээр өндрөө аваад яриад байна гэж ойлгосон. 2011-2013 онд анх 379 мянган тонн нүүрс буюу 3758 машин нүүрсийг хоосон гэж бүртгээд хилээр татваргүй буюу хулгайгаар гаргасныг хууль хяналтынхан тогтоочихсон. Ганцхан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хэргийг хаасан. Нүүрсний хулгай гэдэг зүйл 2011 оноос эхэлсэн байна. Цаг тухайд нь хууль хяналтынхан шударга ажиллачихсан бол Монгол Улсын эдийн засаг өнөөдрийн ханшаар 12 тэрбум ам.доллараар үнэлэгдэх хэмжээний алдагдалд орохгүй байсан. Яагаад 12 тэрбум ам.доллар гэж ярьж байна гэхээр би Эрдэнэс Монголд дэд захирлаар нэг жил ажилласан. Тэр үедээ Монгол Улсын гаалийн албан ёсны сайтад тавигдсан экспортын мэдээ, Хятадын гаалийн ерөнхий газрын импортын мэдээ хоёрыг сарын 30 доллар төлж авч үздэг байсан юм. Үүгээр нийтдээ 2008 оноос 2021 он хүрэхэд 6.6 сая тонн нүүрсийг манайх илүү экспортолчихсон байсан. Хятадын талд илүү бүртгэлтэй байна. Тэгэхээр бид 12 тэрбум ам.долларын нүүрсийг хил давуулаад алдчихсан байна гэсэн үг. Би уурхайгаас нүүрс хулгайлж байгаа проццессыг гурван үе шатлалтай гаргаж ирж тавьж байсан.

-Та уурхайгаас нүүрс хулгайлж байгаа процессыг гурван үе шатлалтай гаргаж ирж тавьсан гэж байна. Энэ талаараа дэлгэрүүлээч?

-Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсэгт Хилийн цэргийн удирдах газар оролцсон. Ингээд экспортод гарсан машины тоо, гаалиар бараатай гарсан машины тоо хооронд зөрүү гарч ирсэн. Нэг нь 815 мянган машин, нөгөө нь 849 мянган машин хил давсан байна гэх тоо гаргаж ирсэн. Эндээс 34 мянган машины зөрүү гарч ирж байгаа юм. 34 мянган машин хилээр хоосон гарна гэдэг байж боломгүй асуудал. Нэг машин 400 удаа хоосон гарсан гэх бүртгэлтэй байдаг. Нэг машин эвдрээд явах анги нь болохоо больсон цагт л үйлдвэрт нь засуулах гэж нэг удаа гарч болно. Жил бүр Хятадын талаас ямар машин явах гэж байгаа талаар бүртгэл мэдээлэл авдаг. Нэг машин 365 өдрийн өдөрт хоёр удаа хил гараад байгаа юм уу. Үнэхээр ойлгомжгүй. Би экспортод нь фокуслаагүй. Нүүрс алдаад байгаа уурхайг нь олох хэрэгтэй гэж явсан. Тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар маш сайн дэмжиж ажилласан. Ажлын хэсэг ч байгуулсан. Үүний дагуу Эрүүгийн долоон хэрэг нээсэн. Өнөөдөр нэг нь ч шийдэгдээгүй. Түүнчлэн 2017 оны тавдугаар сарын 22-ноос зургадугаар сарын 22-ны хооронд Орон нутгийн таван толгойн үйл ажиллагааг бүрэн зогсоогоод ямар ч хамгаалалтгүй болгоод 220 мянган тонн нүүрсийг сарын дотор зөөчихсөн. Яаж 220 мянган тонн нүүрсийг зөөсөн гэж мэдсэн бэ гэхээр машинаар нь тоолсон юм. Гашуунсухайт авто замын шалган нэвтрүүлэх мэдээг харахад тухайн цаг үед орон нутгийн таван толгойн тэр мөргөцгөөс ачиж гарсан машинуудын тоо гараад ирсэн. Ганцхан сарын дотор үйл ажиллагааг нь зогсоож байгаад 220 мянган тонн нүүрс Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө алга болсон. Оройны 18 цагаас өглөөний 06 цаг хүртэл ачилт хийсэн байдаг. Энэ бол тухайн үеийнхээр 20 гаруй сая ам.доллартой тэнцэх нүүрс байсан. Үүнийг холбогдох байгууллага буюу АТГ-т шалгуулах гэж өгч байсан. Гурав дахь нь, ЭТТ толгойн лизенцтэй талбайгаас Мэргэжлийн хяналтын шалгалтаар 340 мянган тонн нүүрс алга болсон. Бүхэл бүтэн цуварсан гурван хэрэг гараад байхад нэгийг нь ч хууль хяналтынхан шалгаж тогтоогоогүйн гай нь өнөөдөр гарч ирж байна.

-Хууль хяналтынхан яагаад хянаж шалгаад гаргаж ирээгүй юм бэ?

-Үүнийг хянах ёстой субьектүүд нэгдчихсэн. Хууль хяналтын байгууллага, төрийн байгууллага, өндөр албан тушаалтнууд, компаниудын нийлсэн том бүлэглэлд биднийг хэн ч шалгаж, хариуцлага тооцож чадахгүй гэх сэдлийг 2011 оноос хойш тавиад өгчихөж. Өнөө хэд нь хулгай хийгээд болдог юм байна. Хоосон машин гэж гаргаад болдог юм байна гэх ойлголттой болчихсон. Төрийн өндөр албан тушаалтнууд, тэр тусмаа хууль хяналтын өндөр албан тушаалтнууд прокурорын маш өндөр албан тушаал хашиж байсан хүний төрсөн дүү нь оролцсон хэрэг. Тэр хүн намайг яллах гэж гадагшаа нүүрсний аймгийнхантай прокуроруудтай нийлж аялсан. Их нарийн юм гарч ирнэ. Ийм байдаг учраас хэрэг илрэхгүй өнөөдрийг хүрсэн. Би өнөөдөр итгэл төрөхгүй л байна. Үнэхээр шүүх цэвэрлэгдсэн үү, прокурор цэвэрлэгдсэн үү. Өнөөдөр улс төрийн өндөр албан тушаалтнууд үүнд оролцоогүй юу гэдэг бас л асуудал. Оролцсон учраас тэдний нөлөөний хүмүүс хууль хяналтаар томилогдчихсон байгаа юм. Гэхдээ өнөөгийн Ерөнхий сайд, Хууль зүйн сайдад итгэж байна. Энэ асуудлыг урагш явуулчихаасай гэж харж байна.

-Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Нүүрс гараад орлого нь мөнгө болж орж ирэлгүйгээр бүтээн байгуулалтын төслийн бараа материал болоод Хятадад үлдчихээд байгаа юм. Энэ нь хичнээн хэмжээний мөнгө үлдэж байгааг нарийн тооцоолохоор Засгийн газраас ажлын хэсэг байгуулсан. Төлбөрийн балансыг тооцдог манай аргачлалаар зөрүү нь 2-2.5 тэрбум ам.долларын хэмжээнд яригдаж байгаа” гэсэн. Энэ бол маш том асуудал үүссэнийг хэлж байгаа биз дээ?

-Төрийн өндөр албан тушаалтан ярихааргүй ноцтой асуудал ярьж байна лээ. Үүний мөрөөр явах л ёстой. Шалгах ёстой. 2.5 тэрбум ам.доллар орж ирээгүй гэдэг бол маш том асуудал. Монголбанкны ерөнхийлөгч шууд хэлж өгөөд байна л даа. Хятадын ямар компани ямар байгаа нь маш сонин. Үнэхээр уул уурхайн бүтээгдэхүүн аваад цаашаа төмрийн үйлдвэр рүү явуулдаг юм уу, үгүй юм уу. Үндсэн худалдан авагч нь мөн үү, биш үү. Энэ бүхэн ил болох л ёстой. Уурхайн лицензтэй талбайгаас алдаад байгаа нүүрсээ ч олох хэрэгтэй. Ч.Хүрэлбаатар сайд саяхан экспортод гарч байгаа нүүрсний гэрээг цахимд бүртгэхээр болж байгаа гэж байсан. Энэ бол маш зөв. Үүнийг ил тод болгох ёстой. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг ажиллуулах шаардлагатай. Хөрөнгийн бирж дээр гаргаад ирвэл далд эдийн засгууд ил болж ирнэ. Жилийн өмнө ханш тогтчихно. Экспортод гарч байгаа тээврийн компаниудын ашиг нь ч тодорхой болчихно. Энэ хууль УИХ дээр байгаа. 2016 онд тухайн үеийн Засгийн газар, УИХ Монголбанкийг 600 орчим сая ам.долларын нөөцтэй хүлээж авсан. Валютын нөөц байхгүй бол ханш өсөх нь ойлгомжтой. 2020 онд гишүүнээс буухад 4.2 сая орчим ам.доллартай болсон. Өнөөдөр 2.4 сая ам.долларын валютын нөөц байх шиг байна. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортоо тэр тусмаа нүүрсний экспортоосоо хулгайлаад байхаар валютын нөөц арвижихгүй. Ялангуяа оффтейк гэрээ эдийн засаг хүндрэлтэй үед тухайн улсынхаа эдийн засагт хүндээр нөлөөлж эхэлж байгаа юм.

-Нүүрсний хулгайтай холбоотой хүмүүс одоогийн УИХ дотор бий юү?

-Байгаа. Одоо бол би процессыг ажиглаж байна. Би хэн хэн холбоотойг бүгдийг нь мэдэж байна л даа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

“Бухын юуг харж үнэг турж үхнэ” гэгчээр МАН-ын амласан сайдын албан тушаалаас болж АН нэгдэхгүй нь DNN.mn

Эрх баригч МАН-ын зүгээс УИХдахь АН-ын бүлэгт дөрвөн сайдын албан тушаал амласан гэж зүйл яригдаад удаж буй. Үүнд, Тэргүүн шадар сайд хэмээх албан тушаал нэмж С.Одонтуяаг, Боомт хариуцсан сайдаар Ш.Адьшааг, Эрүүл мэндийн сайдаар Ц.Тувааныг, Байгаль хот байгуулалтын сайдын албан тушаалыг Н.Ганибалд өгөхөөр амласан гэх. Гэвч эл томилгоо одоо хүртэл хийгдээгүй байна. Ер нь АН-ын бүлгээс эрх баригчдыг бүхий л тал дээр дэмжиж ирсэн учраас Засгийн газарт Шадар сайд, Боомтын сайд, хоёр яам авна гэсэн горьдлоготой байсан нь лавтай. Өнөөдрийг хүртэл Боомтын сайдаар ажиллах нэгэн тодроогүй байна. АН-д амласан дөрвөн сайдын албан тушаал АН-ынхныг улам бүр эвдрэлцүүлж хагаралдуулсан. Угтаа МАН-ын зүгээс тэдэнд АН-аа цул болгоод нэгдэж нийлүүлээд ороод ир гэсэн юм билээ. Тэд дотооддоо хөлөө жийлцэхээс сайдын суудлаа эв найрамдалтайгаар хуваарилж чадсангүй. АН-ынхан сайдын сургаар л хоорондоо суудлаа булаацалдаж зодолдож эхэлсэн. Эвлэлдэн нэгдэн нийлэх нь бүү хэл улам тарж унахдаа тулсан.

Ардчилсан намын бүлэг Үндсэн хуулийн хоёр удаагийн нэмэлт, өөрчлөлт, давхар дээлтэй сайдуудыг нэмэхээс эхлээд олон зүйл дээр МАН-ыг дэмжиж ирсэн. Ер нь МАНөөрт ашигтай акцуудыг хийхийн тулд УИХдахь АН-ын бүлгийн гишүүдийг ашигладаг болоод удаж байгаа. Тухайлбал, АН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон Ш.Адьшаа, Н.Ганибал нар “Засгийн газрын дөрвөөс илүүгүй сайд УИХ-ын гишүүнийг хавсран гүйцэтгэнэ” гэсэн Үндсэн хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчиж байна хэмээн Цэцэд гомдол гаргасан. Цэц Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгосноор Засгийн газрын бүх сайдууд УИХ-ын гишүүн байж болох нөхцөл бүрдсэн. Энэ бол эрх баригчид АН-ыг нэг акцдаа л ашигласан хэрэг. Мэдээж УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тал дээр АН-ын бүлгийн дэмжлэгийг ашиглах байх. Ер нь эрх баригчид дараа дараагийн удаа УИХдахь АН-ын бүлгийг акцууддаа хэрхэн ашиглахаа тодорхойлчихсон л суугаа. Эцсийн мөчид АНдотооддоо алалцаад “Бухын юуг харж үнэг турж үхнэ” гэдэг шиг л болж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Оюунчимэг, Б.Лхагвасүрэн хоёр юу ярив DNN.mn

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “ОУВС-гийн энэ намрын хуралдаан дээр манайхыг хариуцсан захирал нь Монгол Улсад ам.долларын ханш огцом өсөх, валютын нөөцийн хомсдолд ороход нөлөөлсөн нэг хүчин зүйл нь Монголд хэрэгжих Хятадын барилгын компаниуд руу Эрдэнэс Таван толгой компани их хэмжээний мөнгө шилжүүлдэг гэсэн мэдээлэл хийсэн. Үүнийг Монголбанк мэдэж байгаа юу. Ер нь ямар банкуудаар дамжаад Хятадын барилгын ямар компаниуд руу хаана хэрэгжих төслүүд рүү ийм их мөнгөний урсгал Эрдэнэс Таван толгойгоос гарсан юм бэ. Арилжааны банкуудын мөнгөн гуйвуулга дээр хяналт сул байгааг ОУВС-гийн дүгнэлтэд дурдсан байсан. Энэ асуудал дээр би маш бодит мэдээлэл авмаар байна” хэмээн асуусан юм.

Үүнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Хятадын барилгын компаниудаар дамжиж байгаа энэ эх үүсвэрийн талаар ОУВС ч гэсэн өөрийн дүрмийн дөрөвдүгээр заалтын дагуу хийсэн ажлын хэсгийнхээ дүгнэлт дотор дурдсан. Ялангуяа Эрдэнэс Таван толгой компанийн борлуулалтын орлогыг урьдчилж авах, оффтейк гэрээ байгуулах замаар экспортын борлуулалтын орлогын ихээхэн хэсгийг Хятадын барилгын компаниудаар Монгол Улсад хөрөнгө оруулалтын томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулж байна гээд дүгнэлтэд бичсэн байна. Монголбанкны зүгээс ч гадагшаа хийгдэж байгаа бүх төлбөр тооцоон дээр мониторинг хийж байгаа. Төв аймгийн нутагт эрчим хүчний эх үүсвэр болох Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл хэрэгжиж байгаа. Энэ цахилгаан станцыг барих ААН нь Хятадын барилгын компани байгаа. Томоохон хэмжээний төлбөрүүд энэ компани руу орсон. Хятадын барилгын компаниудтай холбоотой асуудал нь Монголд орж ирсэн мөнгө буцаж гарч байгаа юм биш. Нүүрс гараад орлого нь мөнгө болж орж ирэлгүйгээр бүтээн байгуулалтын төслийн бараа материал болоод Хятадад үлдчихээд байгаа юм. Энэ нь хэчнээн хэмжээний мөнгө үлдэж байгааг нарийн тооцоолохоор Засгийн газраас ажлын хэсэг байгуулсан. Төлбөрийн балансыг тооцдог манай аргачлалаар зөрүү нь 2-2.5 тэрбум ам.долларын хэмжээнд яригдаж байгаа” хэмээн хариулсан.

Энэ асуулт хариултаас маш том асуудал үүссэн нь нэгэнт илэрхий боллоо. Ийнхүү нүүрстэй холбоотой дахин нэг шуугиан гараад ирлээ. Нүүрсний мафи гэх нэр томьёо ч бий боллоо. Оффтейк гэх үг олон нийтийн дунд хэллэг боллоо. Энэ бүхний цаана буй хамгийн ноцтой зүйл бол Хятад руу зарсан нүүрсний мөнгө Хятаддаа барилгын материал болоод үлддэгт байгаа юм. Гэтэл тэр барилгын материалаар барьсан барилга нь өнөөдөр Монголд барилга байшин болоод сүндэрлэсэн зүйл огт алга. Манайхаас гарч буй нүүрс Хятадаас валют болж орж ирэх ёстой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэг удаа нүүрсний хулгайнаас болж манай улсын ДНБ хоёр дахин бага байна гэх агуулгатай зүйлсийг хэлж л байсан. Үнэхээр нүүрсний хулгайн гороор бид асар их хэмжээний мөнгийг алдаад яваад байсан юм биш биз. Энэ талаар анх шүгэл үлээсэн М.Оюунчимэг гишүүн Хятад руу зарсан нүүрсний мөнгө болох 2.5 тэрбум ам.долларыг Хятадын барилгын компани руу хэн гэдэг хүн эсвэл ямар бүлэглэл гаргасныг зарлах хэрэгтэй байна. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг улстөрчийнхөө хувьд эх орныхоо төлөө энэ асуудлыг ил болгож гаргаж ирэх ёстой. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ч мөн адил Хятад руу зарсан нүүрсний мөнгө ямар банкаар дамжаад хаашаа орсныг ил болго. Энэ бол эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг чинь. Хэрвээ ингэж зарлахгүй бол эх орноосоо урвасан хэрэг болно оо. Хамгийн наад зах нь шударга бус зүйлийг нуун дарагдуулсан болно. Тиймээс та хоёроос эхлээд энэ бүхний цаана хэн байгааг ил тод нээлттэй олон нийтэд зарлах хэрэгтэй байна.