Ерөнхийлөгч Х.Баттулга хэдхэн хоногийн өмнө өрх бүрт нэг сая төгрөг өгөх саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Хариуд нь Ерөнхий сайдын зүгээс цар тахлын тархалт нь нэг сарын хугацаанд өрнөх асуудал биш учраас зах зээл рүү гэнэт их хэмжээний мөнгөний нийлүүлэлт хийх боломжгүй. Зах зээл дээр гэнэтийн савлагаа өсч, валютын ханш зэргээ тогтоон барьж чадахгүй гэж үзэн Ерөнхийлөгчийн саналыг хүлээж аваагүй. Төрийн тэргүүний энэ саналд Ерөнхий сайд У.Хүрэлсүх их л ундуйцаж яваа гэнэ. Тэрээр нөхцөл байдал хүнд байхад сонгуульд зориулж над дээр чагт тавилаа гэж ихээхэн ууртай байгаа аж. Өрх бүрт сая төгрөг өгөхгүй гэхээр У.Хүрэлсүх зориуд өгсөнгүй гэх улс төр явна. Харин өгчихөөр нэр хүнд нь Хүрэлсүхэд биш, Ерөнхийлөгчид очих учраас ёстой л дайны хажуугаар дажин гэгч л юм болж байгаа юм байх.
Author: БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ
Сүүлийн үед коронавирусийг дотоодоо алдсан гэх нэрийдлээр хэвлэл мэдээллийг хориглох боллоо. Хориглох хориглохдоо явах хөлийг нь тушчихлаа. Хөлийг нь тушчихаад яаж тахлаас сэргийлэх гээд байгаа юм бэ. Ингэхээр та нарын бодлого шийдвэрийг иргэд мэдэх боломжгүй шүү дээ. Хэвлэл мэдээллээр л дамжиж иргэд мэдэх ёстой. Эрх баригчид хэдхэн зурагтаар гаргачихаад болно гэж бодоод байх юм. Өөрсдийнхөө хэдэн сайт, телевизеер гаргаад, хэдэн хэвлэлийн төлөөлөгчид нь жиргээд л болчихлоо гэж бичээд байх юм. Дэлхийн бүхий л улс орон хаа хаанаа хатуу дэглэм дор аж төрж байгаа ч сэтгүүлчдийнхээ хэвлэн нийтлэх эрх, иргэдийнхээ мэдэх эрхийг боомилж байгаа улс алга. Аюулт өвчинтэй тэмцсээр л байна.Монгол Улсын төр шиг сэтгүүлчид, иргэдийнхээ мэдэх сонсох эрхэд халдсангүй. Монгол Улс сэтгүүлчдийнхээ хэвлэн нийтлэх эрхэд халдаж, иргэдийнхээ мэдэх, сонсох эрхийг хязгаарлаж байна. Хэвлэл мэдээллийг маш олон янзаар хүмүүс хүлээж аваад сурчихсан байдаг. Зурагт үзэх нь ч бий, үзэхгүй нь бий.Цахимаар үзэх нь ч бий, үзэхгүй нь ч бий. Үнэмших нь ч бий, үнэмшихгүй нь ч бий. Сүүлийн үед тэр дундаа монголчууд аминд хүрсэн чухал мэдээллийг цаасан хэвлэлээр хүлээж авахыг илүүд үздэг болсон. Гэтэл энэ Засгийн газар, энэ төрийнхөн цаасан хэвлэлийг асар дорд үзэж байна. Хөл хорионы үед цаасан хэвлэлийг ажиллах ямар ч бололцоогүй болгож байна. Энэ бүхнийгээ больж,хөлийн тушааг нь авч өгөөч ээ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяатай ярилцлаа.
УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбаттай ярилцлаа.
-Энэ долоо хоногт батлагдах төсвийн талаар ярилцлагаа эхэлье. Ирэх оны төсөв хоёр их наядын алдагдалтай батлагдаж байгаа. Монгол Улсын 2021 оны Төсвийн тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр Ардчилсан намын гишүүд эсэргүүцэж, төсвийн төслийг эргүүлэн татахыг шаардсан. Ирэх оны төсвийн дүр зураг ямар байна вэ?
-Улсын төсөв дарга, гишүүд, сайд нарын сонгуульд ялах хэрэгсэл огт биш. Харин улс орныг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд чиглэгдэх ёстой. Монгол Улсын 100 орчим суманд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт тусгаагүй хэрнээ нэг сумын багт хоёр жил дараалан 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөсөн байна. Төсөв, мөнгөний бодлого харилцан уялдаатай. Үүнээс ард түмний амьдрал ямархуу байх төр засгийн бодлого шийдвэр энэ рүү чиглэж байгаа эсэх нь харагдана. Өндөр гэгдээд байгаа Баянхонгор аймгийн төсөв бол баруун аймгууд руу авто замын мөнгө ороод тийм байгаа юм. Хэнтий аймаг шиг өндөр биш. Хэнтий аймагт арай хэтрүүлсэн төсөвтэй байна лээ. Энэ удаагийн төсөв бол цар тахалтай тэмцэх үеийн төсөв. Гэвч өмнөх 2017, 2018 оны хэвийн үеийн төсвүүдтэйгээ адил хэрэггүй барилга байшин дарга нарын унаа, барилга конторт зарцуулсан төсөв хэвээрээ л байна. Үүнээс гадна алдагдалтай. Эрүүл мэндийн салбартаа анхаарсан, ажлын байр нэмэгдүүлсэн, хувийн хэвшлүүдийг дэмжсэн зүйл огт алга. Сонгууль руу чиглэсэн, өдөр хоногийг аргацаасан, асуудлыг шийдэж чадаагүй төсөв байгааг захын хүн хараад ойлгохоор байна. Зээлийн хүү бууруулах тогтоол баталлаа гээд байгаа хэрнээ яг амьдрал дээр хэрэгжээд хөрсөн дээр буусан зүйл алга. МАН-ын мөрийн хөтөлбөрт зээлийн хүүг нэг хувьд хүргэнэ гэсэн байгаа. Гэтэл энэ нь цаасан дээр л байгаа болохоос биш огт хэрэгжихгүй байна. Сарын нэг хувийн зээл нь байхгүй. Эдгээр зээл нь олдохгүй.
ААН, иргэдэд ломбард, ББСБ, хадгаламж зээлийн хоршооны болон нэг өдрийн өндөр хүүтэй зээл л байна. Амласан бага хүүтэй банкны зээл иргэд, ААН-д ус агаар шиг хэрэгтэй байтал ийм байдалд оруулж байгаа юм. Ирэх оны төсөв дээр бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Баялаг бүтээх, ажлын байр нэмэгдүүлэх, ашиг олох чиглэлд улсын төсөв огт чиглэсэнгүй. Зөвхөн халамжийг хавтгайруулжээ.
-Хавтгайрсан халамжид чиглэж төсвийг оруулж ирсэн гэж байна. Халамжийн бодлого манайд гаарч байгаа талаар шүүмжлэл нэлээд явж харагдсан?
-Халамжийг МАН санал авдаг хэрэгсэл болгочихжээ. Хүнсний талоныг мянгат малчин хүн авч байна. Хүнсний талоныг өгөхдөө нам эвслээр нь ялгаж байна. Саналаа аль намд өгөхөөс нь шалтгаалж халамжийг тарааж байх жишээтэй. Энэ намар л гэхэд төмс ногоогоо хураагаад өөрсдөө ав гэхэд авах хүмүүс олдохгүй байна. Ажил болж ургуулсан төмс ногоо талбай дээрээ хэнд ч хэрэггүй болоод л үлдэж байна. Халамж очих ёстой хүндээ, зорилтот хэсэгтээ хүрдэггүй. Хүүхдийн мөнгийг АН анх санаачилсан. Бид үүнийг халамж гэж үздэггүй. Уул уурхайгаас орж ирсэн баялгийг иргэддээ тэгш хуваарилж, үүнийг ирээдүйдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж үздэг. Харин МАН хэмжээг нь нэмэгдүүлж, санал авахын төлөө хэсэгхэн зуур хүүхдийн мөнгийг 100 мянга болгосон. Гэхдээ ирэх оны зургадугаар сар хүртэл 100 мянган төгрөгийг олгоно. Энэ нь сонгуульд санал авахын л төлөө юм. Хэрэгцээ нь дуусахаар харьцаа дуусч байгаа нь энэ.
-Ахмадын тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлэх хуулийн төслийг АН-ын бүлэг санаачлан өргөн барьсан. Цагаан суваргын ордыг санхүүжилтийн гол эх үүсвэр болгоно гэж байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Энэ бол ахмадуудад маш хэрэгтэй хуулийн төсөл. Доод хэмжээ гэдэг нь 500 мянган төгрөгөөс дээш байхаар хуулийн төсөлд тусгасан. Хуулийн төслийг санаачлах болсон зорилго ойлгомжтой. Өнөөдөр 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр амьжиргаанд хаанаа ч хүрдэггүй. Шаардлагатай эмээ ч авч чадахгүй байна. Захиргаадалт социализмын үед ажиллаж байсан ахмадуудынхаа тэтгэврийг 500 мянган төгрөг болгох ёстой. Ахмадуудын амьжиргаа сувилгаанд хүрэлцэхгүй ч гэсэн ханшны уналттай дүйцүүлэн нэмэх ёстой биз дээ. Эх үүсвэр нь Цагаан суварга байх ёстой гэж манай зарим нэг УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар үзэж байгаа юм билээ. Миний хувьд эсрэг байр суурьтай байгаа. Хувийн хэвшил хуулийн дагуу ажлаа хийж байхад төр засаг оролцох шаардлагагүй. Бүх зүйл хуулийн дагуу байх ёстой. Энэ зэргийн тэтгэврийн эх үүсвэрийг Засгийн газар олох ёстой. Хийх ёстой л ажил нь.
-Монгол Улсын Их Хурлын чуулганы Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталсан. Энэ хуулиар АН-ын бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж чуулганы хуралдаанд долоо хоног суух эрхээ хасуулсан байдаг. Энэ хууль сөрөг хүчний дуу хоолойг хаах хэрэгсэл болоод байна уу гэх шүүмжлэл яваад байх юм?
-Сөрөг хүчний байтугай ард түмний дуу хоолойг хааж байгаа хэлбэр. УИХ-ын гишүүд ард түмнээ төлөөлж УИХ-д сууж байгаа. Тухайн хүний амыг барьж, хааж байгаа юм биш шүү дээ. Энэ хууль Үндсэн хуультай зөрчилдөж байна. Үг хэлэх эрх чөлөөг хааж байна. Хурал даргалж байгаа хүн өөрийнхөө үзэмжээр хэн нэг гишүүний үг хэлэх эрхийг ялгаж салгаж хязгаарлана гэдэг байж болохгүй зүйл. Тэр хүн шүүх биш. Хурал даргалж байгаа хүн хэлж байгаа үгийг нь ойлгохгүй байж болно. Бусад нь ойлгож болно. Коммунист дарангуйлалтай улс орнуудад ийм байдаг байх.
-Саяхан Засгийн газрын 100 хоног болж өнгөрсөн. Энэ удаагийн Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна?
-Энэ удаагийн Засгийн газрыг хурдан байгуулж ажилд нь оруулсан. Цар тахлын үед Засгийн газар шуурхай, сайн чадварлаг ажиллах шаардлагатай. Засгийн газар 100 хоногт хийсэн ажлаа тайлагнадаг. Үүнээс энэ Засгийн газрын ирэх дөрвөн жилийн дүр зураг харагддаг. Миний харж байгаагаар гараа нь их сайнгүй, хийсэн хэлэх зүйл багатай юм шиг байна. Засгийн газрын нэг сайдад бид ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн шаардлага тавьсан. Ардчилсан оронд хүүхдээ сургуульд нь албаны машинаар хүргэсэн сайд огцорч байна. Түүнийг нийгэм нь шаардаж байдаг. Улс орон ийм их өртэй байхад төрийн өмчит компанийн үйлдвэр эрхэлсэн захирал компанийнхаа данснаас хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлж байгаа нь ёс зүйгүй юм. Үүний дараа энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч мөнгөө буцааж хийсэн байна лээ. Ёс зүйгүй хүнээр сайд хийлгэх нь хэр зөв бэ. Бид ардчилсан улс оронд амьдарч байгаа л юм бол ёс зүйтэй байх ёстой. Тэр тусмаа Засгийн газрын сайд нь. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын тэргүүн нь танхимын гишүүдийнхээ өмнөөс хариуцлага хүлээдэг болсон. Засгийн газрын тэргүүн нь цаашилбал хариуцлага хүлээх ёстой. Энэ тал дээр Төрийн өмчийн хороо, Засгийн газар нь ямар ч тайлбар өгөхгүй байна. Монголын ард түмнийг үл тоож байгаагийн илрэл. Ард түмний саналаар ажил хийх гэж л эрх мэдэлтэй болж байгаа шүү дээ. Сайд дарга нар, болон төрийн албаны хэлтсийн даргаас дээших албан хаагчдын хүүхдүүд төрийн сургуульд суралцах ёстой. Тэгж байж дунд сургуулиуд сайжирна. Хотын төвөөр байгаа бүх цэцэрлэгийг төлбөртэй болгож түгжрэл, шаардлагагүй халамжийг багасгах хэрэгтэй. Бид цар тахлын үед эдийн засгаа алдчихлаа. Нийслэлд утаа, түгжрэлийн асуудал аюулын дохио боллоо. Би чуулганы хуралдаан дээр ургийн эндэгдлийн асуудлыг хөндсөн. Энэ талаар цаашид анхаараад явах байлгүй. Яндан хөөлөгчийн мэргэжил гаргасан гээд бахархаад байх юм. Энэ бахархах зүйл мөн юм уу. МАН халамжийг хавтгайруулж, бодлого нь оновчгүй байгаагаас улс орныг мухардалд оруулж байна.
-Энэ удаагийн УИХ-д АН хэр хүчтэй сөрөг хүчин байж чадах бол?
-АН бол үзэл бодол итгэл үнэмшилдээ үнэнч, үг хэлэх, эрх чөлөө эвлэлдэн нэгдэх, чөлөөт зах зээл, хувийн өмчийг зөв гэж үздэг нам. УИХ-д хэдэн гишүүнтэй байх нь асуудал биш. Бид зөвийг дэмждэг, бурууг засдаг, асуудлыг шийддэг сөрөг хүчин байх болно. Саяхан гэхэд шилэн дансны хуулийг сайжруулан өргөн барихаар болсон.
-АН хоёр удаагийн УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон. Одоо удахгүй намын даргаа сонгоно. Ямар хүн сонгогдох бол?
-АН бол Монголын тусгаар тогтнол, эрх чөлөө, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулах, хөгжилтэй улс орон болохын баталгаа гэж үздэг. АН хүндэрвэл улс орон хүндрэх болов уу. Тусгаар тогтнолоос эхлээд бүх зүйл нь хуучин шигээ бусад улсын хараат болох магадлал маш өндөр. АН-ыг алга болчихоосой гэдэг эх оронч монгол хүн байхгүй байх. АН-д ардчилсан үзэл бодолдоо үнэнч хүмүүс олон бий. Бид гадны захиалгаар байгуулагдсан нам биш ээ. Ардчиллыг цааш нь зөвөөр үлгэрлээд авч явах хүмүүс нь залгамжлаад гараад ирэх байх. Ардчилалд монгол хүн дургүйдээ УИХ-ын сонгуульд АН унаад байгаа юм биш. АН-ыг удирдаж байсан хүмүүсийн буруу бодлогоос болон зориудаар гадна дотроос нь унагааж байгаа юм. Гэхдээ АН-ын үзэл бодол итгэл үнэмшил байгаа цагт үнсэн дээрээс нисдэг үлгэрийн галт шувуу шиг босоод ирнэ. АН бүдгэрвэл Монгол Улсын ирээдүй их бүрхэг байна гэж боддог. Нам гэдэг байнга шинэчлэгдэж явах ёстой. Тиймээс АН-д өнөөдөр шинэчлэл хэрэгтэй. АН үргэлж ард түмэн, улс орныхоо төлөө ажилласаар ирсэн. Гэхдээ үүнийг нь харлуулж бүдгэрүүлж байдагт харамсдаг. АН шиг нам болоход дор хаяж өнгөрсөн үе шиг ардчиллын 30 жил хэрэгтэй. АН-ыг унагасан хүмүүс эргээд аврагчийн дүрээр гарч ирж байна. Бид ой санамжаа алдсан улсууд биш. Энэ бүхнийг олон түмэн ойлгох нь цаг хугацааны л асуудал.
-2012-2016 онд таныг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа бидон дээр зургаа хэвлээд тойргийнхондоо тараасан гэж ярьдаг. Энд хариулт өгөөч?
-Би бидон дээр юу гэж зургаа тавих вэ дээ. Хүмүүсийг ойлгодог байх гэж бодтол ийм юмыг ойлгодоггүй юм байна. Ер нь миний зурагтай бидоныг айл өрх хэрэглэх үү. Тэр зураг нь фото шоп, эвлүүлэг юм шиг байна лээ. 2012-2016 онд УИХ-ын гишүүн байхдаа, мөн 2016-2020 онд УИХ-ын гишүүн бус байхдаа ч би Баянхонгор аймгийнхаа алдарт эхийн одонтой 8000 ээжид бидон тараасан. Хуванцар сав хэрэглэснээр хорт хавдар тусаад байна гэсэн судалгаа гарсан учраас хэрэглээг нь багасгая гэдэг зорилгоор анх санаачилгыг гаргаад явсан. Баянхонгор аймагт хорт хавдар багассан гэх ч судалгаа гарсан байна лээ. Тухайн үед төсөвт нэг тэрбум төгрөгийг өрхийн орлогыг дэмжих зорилгоор суулгаж 300 сая нь Завхан аймагт, 300 сая нь Чингэлтэй дүүрэгт, 300 сая нь Баянхонгор аймагт зарцуулагдсан. Үүнээс гадна би хувиасаа нэг тэрбум төгрөг гаргаад бидон тараасан юм. Бидон дээр зургаа тавьдаг гэж намайг буруутгаад байгаа юм. Бидон дээр зургаа тавьсан зүйл огт байхгүй. Хэрвээ миний тараасан бидон дээр миний зураг байгаад хэн нэгэн аваад ирвэл тэр хүнийг 100 сая төгрөгөөр урамшуулъя.
УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.
-2021 оны төсөв хоёр их наядын алдагдалтай батлагдахаар болж байх шиг байна. Ирэх оны төсөвт Орон нутгийн төсвийг нэмэгдүүлнэ гэж байгаа. Гэтэл орон нутагт тусгагдсан төсвийг харахаар алагчилж олгочихсон талаар шүүмжлэл нэлээд ажиглагдаж байна л даа. Таны хувьд төсөв дээр ямар байр суурьтай байна вэ?
-Миний хувьд ирэх оны төсөвт сэтгэл дундуур байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилдог болсноор нэгдсэн зорилготой төсөвтэй байх боломжийг олгож байна. Тойрог, тойрог руу мөнгө хуваарилдаг байдлаас илүү Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагаа, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого руугаа чиглэсэн бодлогын чанартай зүйлсээ хийгээд явах ёстой байсан. Гэхдээ огт хийгээгүй ч юм биш. Төсөвт бодлогын чанартай тусгагдсан зүйл нь эрүүл мэндийн багц хууль, эрүүл мэндийн шимтгэлүүд байлаа. Эрүүл мэндийн даатгал, анхан шатны оношилгооны төсвийг нэмэгдүүлсэн. Боловсролын хуулийн шинэчлэлтэй холбоотой зүйлс ч багтсан. Боловсролыг цахим болгох багц хуулийн шинэчлэл дээр үндэсний хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх зэргийг онцолж болно. Шүүмжлэлтэй хандах зүйл нь Засаг маань барьцаанаасаа гарч чадсангүй. Гэхдээ өмнөхөө бодвол гишүүд дураараа төсвийг ийш тийш нь татдаг, нэмдэг байдал үгүй болсон учраас ахицтай. Дэлхий дахинд үүсээд байгаа цар тахлаас шалтгаалж төсвийн тэлсэн бодлого явуулахаас өөр аргагүй. Хүүхдийн мөнгө, халамжийг багасгая гэхээр ажилгүй, орлогогүй байгаа иргэдийн асуудал үүснэ. Тиймээс нийгмийн халамжийн бодлого явахаас өөр аргагүй болчихоод байна. Дэлхий дахинд ирэх жилийн эдийн засаг ойлгомжгүй, тодорхойгүй байна. Эдийн засаг өсөлттэй болно гэсэн таамаг бий. Тиймээс 2022 оны төсөв илүү чамбай гарах байх.
-Цар тахлын үед жижиг, дунд үйлдвэрлэлээ илүү дэмжих ёстой биш үү. 2021 оны төсвийн төсөлд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд төсөв суулгаагүй байна лээ.
-Сангийн яамны тооцож буйгаар 500 гаруй тэрбум төгрөг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд эргэлдэж байна.
Нийт 200 гаруй тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдэнэ. Түүгээр нь буцаан зээл олгоно гэж Сангийн яамнаас тооцсон байна лээ. Ор тас олгохоо больчихсон юм биш л дээ. Жижиг, дунд үйлдвэрлэгчийг дэмжье гээд том зургаар нь харвал зах зээлийг нь бий болгож өгөх ёстой.
Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороог байгуулсан шалтгаан нь ядаж хоёр хөрштэйгөө худалдааны хэлцэлд хүрэхийг зорино. Тэгж байж манай бүтээгдэхүүнүүд бусад улсад татварын өндөр босгогүйгээр алхах боломж бий болно. Ноос, ноолуур гэхэд Орос руу 38 хувийн татвартай. Хүн өөртөө ашигтай байдлаар л бизнес хийдэг биз дээ. Бид Оросоос их хэмжээний нефть, эрчим хүч импортолж байна. Үүн дээрээ дөрөөлж өөрсдийн бүтээгдэхүүний экспортын давуу талаа олж авах, татварыг багасгах зэрэг ажлыг хийх ёстой. Хоёрдугаарт, Хятад улс руу манай түүхий эд 4 хувь хүртэл татвартай. Бэлэн бүтээгдэхүүн 25 хувиас дээш хувийн татвартай. Бид Элчин сайдын яамдаа зөвхөн улс төрийн харилцаагаар ашигладаг. Одоо эдийн засагжуулах шаардлагатай. Жишээ нь, Куб улс 100 гаруй оронд Элчин сайдын яамтай. Элчин сайдын яамтай байна гэдэг гоё сайхан өрөөтэй байхыг хэлж байгаа юм биш. Элчин сайдын ажлыг стратегийн ач холбогдол бүхий орнуудтай эдийн засгийн харилцаа бий болгох, хоёр орны хоорондох худалдааны эргэлт, хөрөнгө оруулалт татаж чадсан байдлаар дүгнэдэг. Манай улс энэ тал руугаа алхахгүй бол болохгүй нь ээ. Бид Куб улс шиг бодлого явуулж байж жижиг, дунд гэлтгүй томоохон үйлдвэрлэгчдээ ч зах зээлтэй болно. ЖДҮ-ийн зээл өглөө гээд ЖДҮ хөгжихгүй. ЖДҮ хөгжүүлэх нэг л хэсэг нь. Бидэнд зах зээл л хэрэгтэй. Зах зээл нь байвал арилжааны зээл аваад ч хамаагүй бизнесийнхэн хөгжинө. Тиймээс зах зээлийг бий болгох нь төрийн үүрэг. Төрийн оролцоо энд л байх ёстой. Түүнчлэн гадаадад сууж байгаа Элчин сайдуудыг өндөр хариуцлагажуулах, эдийн засгийн харилцааг илүү идэвхжүүлж ажиллах нь төрийн үүрэг. Өнөөдөр цахим хурдтай хөгжиж байгаа ч хуучинсаг үзэлтэй бизнесүүд дэлхий даяар дүүрэн бий.
-Манай улсын худалдааны хэлэлцээрүүд яагаад шат ахидаггүй юм бол?
-Манай улс хоёр, гурван улстай чөлөөт худалдааны хэлэлцээртэй. Яагаад амжилтгүй байгаагаа бид харах ёстой. Жишээ нь, АНУ, Канадад чөлөөт худалдааны гэрээ хийхэд маш тодорхой байдаг. Чөлөөт худалдааны гэрээ хийснээр манай улсын экспорт, импорт, ажлын байр тийм хувиар нэмэгдэнэ гэдэг. Гэтэл манайд үүнийг тооцдог мэргэжилтэн алга. Хариуцдаг агентлаг нь ч алга. Гадаад худалдаа, гадаад хөрөнгө оруулалтыг яагаад хамтад нь яриад байна гэхээр экспортоо л дэмжих зорилготой. Бид гадаад хэрэглэгчийн хүсч байгаа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэхээс гадна стандартыг нь хангах ёстой. Хамгийн хурдан ноу-хауг нь шилжүүлж авах боломж бол гадаадын хөрөнгө оруулалт. Бид өнөөдөр үүнийг ярихаа больчихсон. Гадаадын хөрөнгө оруулалтыг зөвхөн уул уурхайг ухах гэж орж ирдэг гэх бодолтой. Гэхдээ уул уурхай ч ялгаагүй шинэ ноу-хау, шинэ технологийг оруулж ирдэг. Оюу толгой гэхэд аюулгүй байдал талаасаа дэлхийн хэмжээний уурхай болчихлоо. Бид стандартын тухай хуультай мөртлөө түүнийгээ хэр сайн биелүүлж чаддагт асуудал бий. Бизнесийг хийхэд хөнгөвчлөх ажлуудыг хийх ёстой. Тиймээс зах зээлийг нь бий болгох, хууль эрх зүйн орчинг сайжруулах, агентлаг бий болгож хариуцдаг мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлагатай.
-Гадны хөрөнгө оруулагчид манайд хөрөнгө оруулалт хийхэд ямар хүндрэлтэй асуудлыг дурдаж байх юм?
-Монголд аль хэдийнэ хөрөнгө оруулалт хийчихсэн байгаа ААН-үүдийг оролцуулсан форум зохион байгуулсан. Нэн түрүүнд хөрөнгө оруулалт татах боломжтой субьект бол Монголд хөрөнгө оруулалт хийгээд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулагч. Бид дэлхий даяар хөрөнгө оруулагч хайж явах биш. Эдгээр хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг дэмжиж, хоёр дах хөрөнгө оруулалтыг хийлгэхийн тулд яах ёстой вэ гэх бодлогоо гаргах ёстой. Хүндрэлтэй тал олон байна. Нэгдүгээрт, гадаад хөрөнгө оруулалтын тухай хуулиа уул уурхайн компаниудад зориулаад биччихсэн. Босго нь өндөр. Хувьцаа эзэмшигч бүр 100 мянган ам.доллар төлөх ёстой. Монгол хүн хамтарсан компани байгуулах боломжгүй болчихож байгаа юм. Уул уурхайгаас өөр салбарт хөрөнгө оруулалт хийхийг хаачихаж байгаа юм. Мөнгөн дүнгээр босго тавьчихаар хөрөнгө оруулагчдад хүнд байна. Тэр тусмаа цахим инноваци гэж ярьж байх үед дотоодын ААН-тэй адил байх ёстой. Хяналт шалгалт, зөвшөөрөл олгох процесс дээр хоёр гурван стандарт үйлчлээд байна. Төрийн өмчит байгууллага, хувийн ААН-д өөр, гадаадын хөрөнгө оруулагчид гэхээр бүр өөр ханддаг. Шүүхээр явахад асуудал удаан, шударга бус шийддэг гэж ярьж байна. Гадаадын ААН мөнгөө байршуулчихаад зөвшөөрөл гартал хүлээдэг. Тэр нь сар орчим болдог. Хүн мөнгөө байршуулчихаад хүлээгээд суух нь хэр зөв бэ. Үүнийг шийдэх ёстой. Бизнесийн үйл ажиллагаа хугацаатай байж болно. Нэг төсөл хийгээд больж болно. Манайд үйлдвэрээ хаая гэхээр шүүхээр заавал ордог. Тэр үйл ажиллагаа нь 2-3 жил үргэлжилдэг. Тэгэхээр нөгөө хүн компаниа хаахгүй, орхиод явчихдаг. Компани хаагдахгүй байхаар манай дотоодын төрийн зардал гараад байна гэсэн үг. Шууд хурдан хаах боломжийг бүрдүүлэхгүй болохоор татвар төлөхгүй явчихдаг. Хохирогч нь бид л байдаг.
-Гадаад хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсэх нь ээ?
-Тийм. Энэ хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй. Уул уурхайн компани орж болно, өөр компани орж болохгүй л гэсэн хууль. Жижиг, дунд бизнесийнхэн гадныхантай хамтрах боломжийг нь хаачихсан. Удахгүй Зөвшөөрлийн тухай хууль өргөн баригдах гэж байна. Манайд нийтдээ 500 гаруй зөвшөөрөл байдаг. Зөвшөөрлийн тоог 200-д авчиръя гэж байгаа юм. Нэмж зөвшөөрөл авахаар болвол хуульд өөрчлөлт оруулж байж гаргадаг зүйл заалт тусгах болов уу. Зөвшөөрлийн тоо буурахаар авлигал буурна. Түүнчлэн төрийн хяналт шалгалтын тухай хуульд ч өөрчлөлт оруулж нэгдсэн нэг стандарттай болох зэрэг өөрчлөлтийг хийх ёстой.
-Гадны хөрөнгө оруулагчид уул уурхайгаас гадна ямар чиглэлийг сонирхож байна вэ?
-ХХА-г Хятад, Оростой хөнгөлөлттэй тарифтай болсон цагт сонирхоно. Манай бүтээгдэхүүн үнээрээ өрсөлдөх чадвартай болсон цагт ХХА-г сонирхож орж ирнэ. Одоо бол цахим талын хөрөнгө оруулалтыг их сонирхож байгаа. Дата сервер байгуулах боломжийг нэлээд судалж байна. Манайх эрчим хүчээр хангах боломж хомс. Дата сервер их хэмжээний тог хэрэглэдэг. Улаанбаатар, Дарханд инновацитай холбоотой чөлөөт бүс байгуулах ажлыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулчихсан. Тэр бүсүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа бизнесүүдийг татваргүй ажиллах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Хатуу дэд бүтэц шаардахгүйгээр хөрөнгө оруулалтыг татах боломж үүснэ. Уул уурхай дээр хайгуулын лицензүүдээ олгохоо больчихсон байснаа одоо шат дараатай олгож эхэлсэн. Хайгуулын лиценз хөрөнгө оруулалтыг хурдтайгаар татаж болдог. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулиа шинэчилж, орон нутгийн иргэд, ААН, төр нэгдсэн нэг ойлголтод хүрэх ёстой.
Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.
-УИХ-ын намрын чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Дэлхий нийтэд үүсээд байгаа цар тахлаас шалтгаалж ирэх оны төсөв тэвчиж болох зардал их байх болов уу. Ирэх оны төсвийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Төсөв төслийн шатандаа хэлэлцэгдэж байна. Төсвийн төслийг харахад 2020 оны төсвийг ерөнхийдөө үргэлжлүүлж байгаа юм байна. 2020 оны төсөв бол УИХ-ын сонгуульд зориулсан төсөв байсан. 2021 оны төсөв бол Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөв мэт харагдлаа. Төсвийн хөрөнгө оруулалтыг харахад Хэнтий зүгээс Ерөнхийлөгчид нэр дэвшигч байх магадлал өндөр харагдана лээ. Уламжлалт болох нийгмийн хамгааллын яам, хууль зүйн яам, боловсролын яамдад төсөв их хуваарилагджээ. Хоёр долоо хоногийн дараа төсөв батлагдахдаа маш их зүйл өөрчлөгдөнө.
УИХ-ын гишүүд тэвчиж болох зардлыг тэвчиж байгаа гэсэн жижүүрийн үгтэй болчихсон. Гэвч одоогийн байдлаар задаргаануудыг нь харж байхад онцын шаардлагагүй хөрөнгө оруулалтууд нэлээд харагдаж байна. Баянхонгор аймагт өндөр төсөв тусгасан нь Ерөнхийлөгчийг хориг тавиулахгүй гэж байгаад юм болов уу. Төсөв бол ард түмний төлж байгаа татвар. Манай улсын төсөв хэдэн зальтай улстөрчийн эрх мэдлээ хадгалж үлдэх хэрэгсэл болчихоод байгаа юм. Төсөвт хэн ч хяналт тавихгүй байна. Уг нь Үндэсний аудитын газар, статистикийн газар хяналт тавих ёстой. Гэтэл тэд өнгөрсөн хойно нь хяналт тавиад байх юм.
-Тухайлбал?
-Томоохон спортын ордон барих, соёлын ордон барих, Хэнтийн Бэрхийн уурхайд гүний уурхайн музей барихаар тусгажээ. Эдгээр зүйлс тэвчиж болох зардалдаа орно. Манай сонгуулийн тогтолцоо 76 тойрогт хуваагддаг. Тэр нэр дэвшигчид бүгд дахиж сонгогдох сонирхолтой байдаг учраас сум, баг бүрт онцын шаардлагагүй зүйлс тусгаж байна. Нэр дэвшигчийг сонгуульд ялалт байгуулахад сонгуульд чухал үүрэг гүйцэтгэсэн компаниудыг хоосон хоцроож болдоггүй. Тиймээс тэдэндээ заавал тендер өгдөг. Гишүүн бүр тойргоо хөгжүүлэх нэрийдлээр хэд хэдэн тэрбум төгрөг авдаг нь нууц биш болчихсон шүү дээ. Тойрогт нь хөрөнгө оруулалт тавиад өгчихөөр УИХ-ын гишүүн дахиж сонгогдохоо бодоод төсөвт хяналт тавих үүргээ умартдаг.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төсөвт гишүүд гар дүрэх боломжгүй болгочихсон биз дээ?
-Ер нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хоёр давхар өөрчлөлт гарсан. Засгийн газрын эрх мэдлийг өндөр болгосон. Хоёрдугаарт, Засгийн газрын оруулж ирсэн төсөвт зардлыг ихэсгэж болохгүй. Засгийн газар маш их бяртай байгаа. Ерөнхийдөө Засгийн газраа магтан дуулдаг. Сангийн сайд нэг л үгийг их хэлдэг болсон байна. Эдийн засаг онолтой байдаг юм. Гэтэл макро эдийн засгийн онол дотроо гурван том урсгалтай. Гэтэл Сангийн сайд ганцхан Кейнсийн онолыг л яриад байх шиг байгаа юм. Эдийн засаг хямарсан үед төсөв алдагдалтай батлагдах нь зөв гээд байгаа юм. Төсөв тэлж эдийн засгийг сэргээх нь зөв гээд байгаа юм. Нэгдүгээр дайны дараа энэ онолоо гаргасан. Тэр үед Англид нийгмийн халамж гэх зүйл байгаагүй. Манайх нийгмийн халамжиндаа живж байна. Аж үйлдвэржээгүй. Асар их импортоос хараат. Цаг үе нь өөр. Орчин нөхцөл нь тэс өөр байхад би мундаг эдийн засагч гээд Кейнсийн онолыг буруу ашиглаж байна. Цар тахлын үед АНУ-ын эдийн засаг нь 33 хувиар өссөн. Яагаад гэхээр Кейнсийн онолын эсрэг явж байгаа юм. Төсвийн зардлаа танасан. Хүнд суртал болох зөвшөөрлийг бүгдийг нь алга болгочихсон. Орон сууцны зах зээлийг тултал нь дэмжсэн. Харин манай төсвийн орлого 30 хувиар буурахаар байгаа. Манай улсын төсвийн зардал өсчихсөн. Бусад улс төсвийн зардлаа ч орлогоо ч бууруулж байна. Төсвийн орлогоо бууруулна гэдэг татвараа бууруулж байна гэсэн үг. Банкууддаа бэлэн мөнгө өгчихөөр банкууд нь зах зээлийнхээ зарчмаар аль компанид мөнгө хэрэгтэй байна тэнд зээлдүүлээд явж байна.
-Төсвийг дээрэмдэж байна. Төсвийг алагчилж олгоод байна гэж яриад байгаа. Үнэн хэрэгтээ орон нутагт тусгасан төсвөөс энэ бүхэн харагдаж байна л даа. Бидэнд эдийн засгаа сэргээх ямар гарц байна гэж харж байна?
-Ипотекийг тултал нь сэргээх хэрэгтэй. 60 тэрбум төгрөгөөр юу болох юм. Засгийн газар төсвийн алдагдлыг ихэсгэхээр эдийн засаг илүүдэл мөнгөтэй болчихно.
Илүүдэл мөнгө инфляцийг бий болгодог. Монголбанк инфляцийг онилох нэрийдлээр зээлийг хумичихаж байгаа юм. Янз бүрийн шалтгаанаар банкууд зээл гаргахаа больчихлоо. Төв банк бонд гаргачихсан. Тэгэхээр банкууд эрсдэлтэй зээл гаргахын оронд Төв банкны бондыг худалдаад авчихаж байгаа юм. Төв банк хариуд нь бондын хүү төлнө. Зөвхөн хүүнд нь жилд 500 тэрбум явж байна гэд бод доо. Энэ мөнгийг ипотикийн зээлд оруулсан бол яах вэ. Жишээ нь, Төрийн банкыг хөдөө аж ахуйг дэмжсэн банк болгочих боломжтой. Төрийн банк ашгийн төлөө байх албагүй. Энэ мэтчилэн боломжууд бий. Харамсалтай нь манайх ганцхан халамжаар л шийдэх гэж оролдож байна. Түүнчлэн манайх татвараа буулгах боломжтой. Энэ хямралын үед аймгийн төвүүдийг таван жил татваргүй бүс болгочих хэрэгтэй. Татварын орлого буурах боловч таван жилийн дараа тэнд маш том татвар төлөгчдийн бааз суурь бий болчихно. Хятад ингэж л хөгжсөн.
-Хямралыг халамжаар давах нь хэр зөв шийдэл юм бэ?
-Маш буруу. Хүний бүтээмжийг л алга болгож байгаа хэрэг. Хүүхдийн мөнгийг их хэмжээгээр, хавтгайруулж өгч байгаа чинь инфляцийг өсгөх, ажилгүйдэл, ядуурлыг өдөөх бас нэг хүчин зүйл болж байна. Аав, ээжийг нь ажилгүй болгочхоод хүүхдэд нь 100 мянгыг өгнө гэдэг бол түр зуурын аргацаасан зүйл. Эх үүсвэргүй мөнгө шүү дээ. Залуучууд түр зуурын биш, байнгын ажлын байрыг хүсдэг. Ядаж л моргейжийн зээлд хамрагдах бололцоотой, нийгмийн даатгал төлдөг, баталгаатай ажлын байрыг сонирхдог. Тиймээс Моргейжийн зээл дээр нэг тэрбум өгөх хэрэгтэй. Тэгвэл 60 мянган ажлын байр бий болно. Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг зарчмаар манайх алдагдлаа өсгөөд өр тавиад байгаа юм. Хуучин төсвийн алдагдлыг ДНБ-ийн хоёр хувиас хэтрүүлж болохгүй гэдэг байсан. Одоо 44 сая тонн нүүрс гаргана гээд эдийн засаг зохиомлоор том болчихно. Хөөсрүүлсэн бичилтийн аргаар эдийн засгаа томруулчихаар нөгөө харьцаа буурчихна. Засгийн газрын гадаад өр хоёр дахин өсчихсөн. Гэхдээ эдийн засагт эзлэх харьцаа үзүүлэлт нь буурчихсан гэж байгаа юм. Энэ тал дээр манайх огт аудит хийдэггүй. Бүхнийг мэддэг Сангийн сайдын мэдлийнх болчихоод байна.
-Ирэх оны төсөвт хууль шүүхийн байгууллагуудад төсөв ихээхэн тусгаад, эмнэлэг, сургуульд бага тусгасан талаар шүүмжлэл өрнөж байна. Энэ тухайд?
-Баялаг бүтээдэг хүмүүс нь үүд хаалгаа барьж байхад Хууль, шүүх, прокурорын байгууллагууд л өөртөө байр бариулж байна. Эдийн засаг хүнд үед АНУ, Хятад гэхэд бүх хувийн хэвшилдээ ногоон гэрэл асааж байна. Орон нутгийн хөгжлийн хууль байдаг. Аймгуудын өрсөлдөх чадварын индекс гэж гардаг. Хөвсгөл аймаг хүний хөгжлийн индексээр хамгийн адагт орчихсон. Гишүүд нь асар их баяжчихсан. Тийшээ хөрөнгө оруулалт орохгүй байна. Эмнэлэг сургууль нь бүгд хуучирчихсан.
Энэ удаагийн “Танайд өнжье” булангаа Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Улаанбаатар хотын “Хангарьд” шагналт зураач Г.Дунбүрээгийн урлангаас бэлтгэлээ. Түүнийг Улаанбаатар хотын түүхийг харуулсан олон арван зураг зурсныг хүмүүс андахгүй. Хотын сэдвээр гайхалтай бүтээл туурвидаг тэрбээр “Арван ямаа”, “Фронтод”, “Хүрээ Майдар”, “Монгол транс” зэрэг зургуудаараа алдартай. Тэрбээр урлангийн гадна биднийг “Урлан бол миний хоёр дахь гэр” хэмээн хүлээж авснаар түүний өрөөнд тухлав. Түүний урлангийн өрөөнд ороход уран зургийн гайхамшиг тэр чигээрээ нүд баясгах аж. Өрөөний ханаар битүү зураг ярайна. Эргэн тойронг харахад ихэнх зураг нь Их хүрээний үеийнхнийг амилуулсан байх. Урлангийнхаа шүүгээний хамгийн дээд талын буланд Төрийн шагналт Бямбын Ринчен гуайн хөргийг залсан байх аж.
Тэрээр “Аан, тэр зургийг харж сууна уу. Миний хүндэлж явдаг эрхэм. Өдгөө нийслэл хот байгуулагдсаны 381 жилийн ой болж байна. Би Улаанбаатар хотын түүхийг 1974 оноос эхэлж зурж эхэлсэн. За бараг тэрнээс ч өмнө дөө. 1968 оноос эхэлж зурсан юм уу даа. Би Бямбын Ринчен гуайтай уулзаж Их хүрээний тухай түүхийг асууж явсан удаатай шүү дээ” хэмээн их л бахархалтайгаар хүүрнэх нь тэр.
Нийслэлийн бүхий л газрыг судлан зурж, түүх болгон үлдээдэг. Өргөө, Номын хүрээ, Их хүрээ, Нийслэл хүрээ нэртэй байгаад 1924 оноос Улаанбаатар гэгдэх болсон манай нийслэлийн үе үеийн судалбар зургаар дүүрэн ном түүнд бий гэнэ лээ. Баруун хүрээ, Зүүн хүрээ, Гандан, Маймаа хот, Есөн гудамж, Өндөр хоршоо зэрэг газруудыг уран зургааг илэрхийлжээ. Зураач Г.Дунбүрээ Монгол орны Богд нэртэй бүх уулыг зуржээ.
Тэрбээр нийслэл маань дөрвөн уулынхаа дунд хүн чулууны хонхорт алтан тэвшийн хөндийд байгуулагдсан хэмээн өөрийн зурсан “Дөрвөн уулын савдаг” зургаа гаргаж ирэн тайлбарлав. Богд хан уулын савдаг нь дөрвөн уулынхаа савдагийн эв эеийг хичээнэ гэж хадаг барьсан Хангарьд, Сонгинохайрхан уулын савдаг хөх өвгөн нь муу муухай бүхнийг зайлуулдаг, Чингэлтэй уулын савдаг гахай нь эд баялгийг хуримтлуулдаг, харин Баянзүрх хайрханы савдаг нохой нь эд баялаг, эзнээ хамгаалдаг гэх домогтой гэдгийг Бямбын Ренчин гуай надад хэлж байсан” хэмээн хуучлав. Тэрээр үргэлжлүүлэн “Арван улаан ямаа” гэх зургаасаа болж Намын төв хорооноос банга хүртэж байсан талаараа ярихдаа “Тэр зургийг 1968 онд зурсан юм. Би малчин хүний хүүхэд. Хөдөө төрж, өссөн. Намайг тав, зургаан настай байхад мэргэн Гомбожав гэдэг айл манайхтай өвөлжсөн гэдэг. Манайх хониндоо ямаагүй. Мэргэн өвөө надад ишиг бэлэглэсэн юм билээ. Тэр ишиг маань ихэрлэсээр арав болчихсон. Үүнээс үүдэж арван ямаа, тэмээ, адуу, хонь, үхэр зурах болсон. Бүгдийг нь зурсан л даа. Тэр үед залуу зураачдын үзэсгэлэнд миний зурсан арван ямааны зураг тавигдсан юм. Тэр үед чинь байнга л хянана, шалгана. Ганц миний зураг гэлтгүй өөр хэд хэдэн хүний зургийг хөрөнгөтний үзэл суртлыг сохроор даган баяслаа, марксизм, ленинизм мэдэхгүй байна, судлахгүй байна гэж шүүмжилсэн. Ингээд Намын төв хорооны 28 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолоор уран бүтээлийг худалдаж авахгүй, гадаадад томилолтоор явуулахгүй гэх зүйлс тусгагдчихсан. Хамгийн гол нь хүйтэн хошуутай мал зурлаа. Хоёрдугаарт, арьсыг нь хуулсан 10 ямаа гэдэг хөрөнгөтний үзэл суртал шингэсэн байна. Тэр үед улс төрийн товчооны ги-шүүдийн тоо арав байсан юм билээ. Тэднийг ямаагаар төсөөлж зурлаа гэж хардсан” хэмээн инээмсэглэлээ. Үргэлжлүүлэн “Идээшиж буй арван адуу” зургийнхаа тухай ярихдаа “Энэ зураг маань Төв хорооныхонд таалагдаагүй учраас нийтэд дэлгэгдээгүй. Бүр сүүлд 1972 онд байшингийн дээврээс олж авсан юм. Дахин сэргээж Уран зургийн галерейд хадгалуулсан. Тухайн үед залуу зураачдын үзэсгэлэнд тавигдах бүтээлүүдийг бүгдийг нь Төв хорооноос хянадаг. Хэрэв тэд ямарваа нэг бүтээлийг намын эсрэг байна гэж үзэх юм бол зурсан хүнийг нь сургуулиас хөөж, 45 хоногоор хөдөө мал маллуулдаг. Түүнчлэн зурсан зураг бүрийг нь ирж шалган, сүүлдээ бүр шалгах ч үгүйгээр үзэсгэлэнгээс шууд хасах тохиолдол ч цөөнгүй байсан даа. Гэхдээ энэ бүхэн надад маш том сургамж болсон. Их ч хат суулгасан” хэмээв.
Их хүрээ бол Г.Дунбүрээ гуайн уран бүтээлийн гол сэдэв бөгөөд тэрбээр Монголын хуучин нийслэлийн мартагдсан дүр төрхийг уран бүтээлийн аргаар хойч үе, монголчууд, хүн төрөлхтөнд сэргээн үлдээхийг зорьдог аж. Г.Дунбүрээ гуай 1974 онд анх удаа Их хүрээ гэх үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Тэрээр Их хүрээтэй холбоотой 10 гаруй үзэсгэлэн гаргасан гэнэ лээ. Энэ үзэсгэлэнгээ Москва, Франц, Япон гээд нэлээд хэдэн улсад гаргаж байсан аж. Гадныхан түүний Их хүрээний үзэсгэлэнг их сонирхдог байсан гэнэ.
Түүний уран зурагтай хэрхэн холбогдсон талаар асуухад “Нэгдүгээр ангиасаа л эхэлж зураг зурсан. Тэр зураг маань одоо ч надад бий. Ер нь хүүхэд насанд зураг л их зурна шүү дээ. Арван жилийн сургуулийн багш маань зурах аргад анх дурлуулсан гэх үү дээ. Би 1958-1960 онд Пионерын ордны дугуйлангийн багш төрийн хошой шагналт, ардын зураач О.Цэвэгжавын дугуйланд хоёр жил сурсан. 1965 онд Улсын багшийн дээд сургуулийн зураг, хөдөлмөрийн ангид элсч төгссөн. Түүнээс хойш Монголын урчуудын эвлэлийн хорооны уран бүтээлчээр ажилласан. Надад дүрслэх урлагийн ухааныг төрийн хошой шагналт, ардын зураач О.Цэвэгжав, Төрийн шагналт зураач Г.Одон, Монгол, Францын ардын зураач Б.Чогсом нар заасан. Ардын зураач Б.Чогсом багш маань өдгөө 90 насыг зооглосон байна. Би бүхий л багш нараараа бахархаж явдаг. уг нь анх Пионерын ордны дугуйланд бөхийн секцэнд явж эхэлсэн юм. Тухайн үед бөхийн секцэнд Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нарын аваргатай цуг хичээллэж байлаа. Тэгээд 45 хоног болоод л би ер нь барилддаг хүн биш юм байна гээд зургийн дугуйланд орсон доо” хэмээн хуучилсан юм.
Түүний ширээн дээр судалбар зураг их хөглөрөх аж. Энэ талаараа “Нэг бүтээл төрөн гаргахын тулд судалбарыг их хийдэг. Уран бүтээлч хүн заавал судалбар зураг хийж байж түүнээсээ үндэслэн дараа дараагийн бүтээлээ хийдэг. Би бодит реалист зураг зурдаг. Гэхдээ бодит зүйлийг егөөдөж, ёгтлолоор уран бүтээлээ гаргах дуртай. Миний бүтээл гадагшаа их ойлгогддог. Монгол уламжлалын өнгийг өөрийнхөө уран зурагт шингээх гэж боддог. Тэр дундаа монгол хүний зан араншинг судалж, бүтээлдээ шингээхийг их боддог хүн. Мэдээж гадаад, дотоодын сонгодог уран бүтээлчдээс суралцалгүй яахав. Миний хувьд үндэснийхээ соёл урлагийг хөгжүүлэхэд анхаарч явдаг даа. Ямар ч урлаг уран бүтээлийн хүмүүс Монгол Улсын баялаг. Бүр нөхөгдөшгүй баялаг шүү. Зураач хүн өөрийн гэсэн арга барилтай байх ёстой. Хэнийх нь мэдэгдэхгүй байж болохгүй шүү дээ. Бичгийн хүмүүс дэвтэр бал нийлүүлж явдагтай адил зураач хүн судалбар хийх нь их чухал. Судалбар зураг зурахад мэдрэмж их шаарддаг” хэмээн хэлж байв. Үргэлжлүүлэн “Зураачид уран бүтээлээ зарна, худалдана гэж бүтээдэггүй. Миний зурсан уран бүтээл тухайн хүний таалалд нийцэж байвал бүтээл эзнээ олно гэж байдаг. Уран зураг, уран зохиол, хөгжим гурав салшгүй холбоотой. Би зураг зурахдаа зохиол унших, ая сонсоод суух дуртай. Ер нь зураач хүнээс оюуны асар их тэвчээрийг шаарддаг. Монгол хүний бүтээл байна гэдгийг хараад л мэдэхээр хийж бүтээх ёстой. Зураач хүн өөрөө өөрийгөө байнга л хөгжүүлж байх хэрэгтэй” хэмээн хуучилсан юм.
Би түүх судалдаг хүн. Түүхийг судлахгүйгээр ямар ч зураг зурдаггүй. Цээжний бангаар бүтээл туурвидаггүй. Алтан үеийн олон мундагуудтай ажиллаж байлаа. Аав маань лам байсан учраас хүмүүс манайд их ирнэ. Тэр хүмүүс Их хүрээний тухай их ярьж өгдөг. Энэ бүхэн намайг Их хүрээний зураг зурахад томоохон түлхэц болсон. Тэдний хэлж ярьсныг тэмдэглэж аваад өөрсдөөр нь гарын үсгийг нь зуруулчихдаг байсан хэмээн нэмж хэлэв.
Зураач маань ирэх жил үзэсгэлэн гаргахаар зорьж байгаагаа дуулгасан. Тэрээр лакен зураг ч зурдаг юм билээ. 2010 онд Г.Дунбүрээ гуай МУУГЗ цолыг хүртжээ. Өдгөө эл эрхэм уран зурагтай амьдралаа холбоод 59 жил болсон байна. Бүхий л бүтээлдээ сэтгэл оюунаа шингээдэг ч хуруу даран нэрлэх бүтээлүүдээ ”Фронтод”, “Монгол транс”, “Арван ямаа”, “Арван адуу” гээд нэрлэдэг юм билээ. Хүндэлж явдаг эрхэм Б.Ренчин гуайн хөргийг ч зурсан хэмээн үзүүлж байсан юм. Бидний яриа түүний нутаг ус, ижий аавынх нь тухай үргэлжиллээ. Өдгөө түүний гэрт ижий, ааваас өвөлж ирсэн бурхан ширээ ч бий гэдгийг хэлж байв. Г.Дунбүрээ гуай аав ээж талаасаа хоёулаа тайжийн удамтай гэнэ. Зураач маань Төв аймгийн Өндөрширээт сумын хүн аж. Аав нь лам хүн байж, 40 гарсан хойноо хар болж гэрлэсэн гэнэ лээ. Тэрээр “Намайг гарахаас өмнө мэргэн хүн аавд маань “Танай бурхан ширээний дор хоёр хүү тоглож байна. Дунбүрээ, Дунхорол гэсэн нэр өгөөрэй гэж хэлсэн юм” гэнэ лээ. Тухайн үед аав, ээж маань ингэж хэлснийг нь мартчихаж. Жилийн дараа нөгөө ламруу нэр хайрла гээд аав давхиад очсон чинь урдаас нь жилийн өмнө нэр өгчихсөн гэж загнасан гэдэг. Би ганц дүүтэй. Дүүг маань Г.Дунхорол гэдэг. Ардчиллын 30 жилийн ойгоор дүү маань Аж үйлдвэрийн гавьяат ажилтан болсон” хэмээн хуучлав. Түүний гэр бүлийн хүнийг П.Жаргалсүрэн гэдэг. Гэрийн эзэгтэй Монгол Улсын автотехникийн анхны эмэгтэй инженер болж байж. Өдгөө гэр бүлийн хоёр ханилаад 52 жилийг ардаа үджээ. Гэрийн эзэгтэй автобус баазын ерөнхий инженер, тухайн үеийн Тээврийг удирдах газрын түүний орлогч даргаар олон жил ажилласан гэнэ лээ. Гэр бүлийн хоёр хоёр хүү, хоёр охинтой. Хүүхдүүд нь бүгд өөр өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ ажилладаг гэнэ. Дөрвөн хүүхдийн маань нэг нь ч зураач болоогүй ч ач зээгээс минь зурдаг хүүхдүүд бол бий бий хэмээн Г.Дунбүрээ гуай хэлж байв.
Г.Дунбүрээ “Одоогийн IV дэлгүүрийн суурин дээр анх Богдын шар ордон байсан. Тухайн үед энэ газрыг Зүүн Хүрээний төв, гол тэнхлэг гэж үзэж Дэчингалав, Шүтээний аймаг, Майдарын сүм зэргийг босгосон байсан юм. Миний аав Дэчингалав сүмд шавилан суудаг байж билээ. Тэгтэл Дэчингалавын сүмийн үлдэгдэл алтадсан шармалаар Гадаад явдлын яамны орой дээрхийг бүрчихсэн. Тус архитектурыг МУУГЗ, Төрийн шагналт зураач Д.Чойдог гэдэг хүний төслөөр хийж байлаа. Тэр үеэс өнөөдрийг хүртэл тэсч үлдсэн барилга байшин нийслэлд маань их ховор болжээ” хэмээн хуучилсан юм.
Зураач Г.Дунбүрээ урлан дахь ажлын өрөөндөө амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлдэг болох нь анзаарагдаж байв. 1977 онд Шаамарт Зохиолчдын урлан байгуулагдахад зохиолч Д.Намдаг, Э.Оюун нарын эрхэм хүмүүстэй хамт гар нийлэн ажиллаж байсан түүхтэй. Түүний хүрээ байшингийн бүхэл бүтэн цомог нь түүхийн үнэт дурсгал болон үлджээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.
-АН тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох хуулийн төсөл өргөн барина. Үүнд шаардагдах хөрөнгийг Стратегийн ордуудыг эргэлтэд оруулах замаар санхүүжилтийг шийдэх боломжтой. Цагаан суваргын ордыг эргэлтэд оруулж, төрөөс ногдох хувийн тодорхой хэмжээний хөрөнгийг ахмадууддаа зориулж, баялгийг тэгш хуваарилах боломжтой гэж байсан. Цар тахлын үед тэтгэврийг нэмэх бололцоо хэр байх бол?
-Мэдээж цар тахлын үед эдийн засгийн хүндрэл их гарч байгаа. Эдгээр хүндрэлийг шийдэхийн тулд тодорхой зардал талдаа нэлээд анхаарах шаардлагатай. Үргүй зардал, төсвийн данхайсан байдал, машин тэрэг худалдаж авдаг, томилолтоор явдаг тавилга эд хогшил авдаг байдлыг багасгах замаар хэмнэлт хийх боломжтой. Энэ жил хэрэгжиж эхэлсэн, ирэх жил дамжиж хэрэгжих 117 онц шаардлагагүй объект байна. Түүний ирэх жил санхүүжих үнийн дүн нь 320 тэрбум. Энэ 320 тэрбумын 117 барилга байгууламжийг царцаах замаар хэмнэж болно. Энэ жил УИХ-ын гишүүд болон яамдаас шинээр хөрөнгө оруулалт нийтдээ 200 орчим тэрбум төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт байгаа. Үүнийг мөн ирэх жил царцааж болно. Нийтдээ 700 орчим тэрбум болж байгаа юм. Ирэх жил санхүүжих нь 200 тэрбум гэхээр 700 тэрбумын төсөв амсхийлт авна. Энэ хөрөнгө оруулалтуудыг багасгах хэмнэх замаар бид тэтгэврийн хэмжээг 500 мянга болгох боломжтой гэж харсан.
-Ирэх оны төсөв дээр та ямар байр суурьтай байна?
-Ирэх оныхоо төсвийг хийхдээ хөгжлийн бодлого, төлөвлөлттэй тааруулж хөрөнгө оруулалтуудад татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах зайлшгүй шаардлага бий. Өнгөрөгч зургадугаар сарын 1-нээс эхлээд сум нь хөгжлийнхөө хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг аймагтаа гаргаж өгч, аймаг нь харьяа яамдууд руу явуулж, яамд нь сангийн яаманд нэгтгэгдэж Засгийн газарт очдог. Гэтэл энэ удаа энэ төлөвлөлтийн дагуу явсангүй. Тиймээс үүнээс сэргийлэхийн тулд тодорхой хуулиудыг өөрчлөхөөр Төсвийн зарлагын хяналтын дэд хороо ажиллаж байгаа. Зургадугаар сарын 1-нд яамдад ирэх оны төсөвт ямар, ямар хөрөнгө оруулалтууд тусгахыг олон нийтэд зарлаж ил болгодог. Түүний дагуу салбарт нь ажиллаж байгаа боловсон хүчин, эрдэмтэн мэргэд зэрэг бүгд төсвийн талаар хэлэлцүүлэг хийдэг. Тэгж байж аймагтаа нэгтгэгдсэн төсөв нь сангийн яам дээр очоод цаашаа явдаг нөхцөл байдлаар төсвийг өөрчлөх шаардлагатай. Тиймээс Төсвийн тухай хуулиас гадна хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Энэ хуулийн төслийг ойрын үед өргөн барина. Ингэснээр тодорхой хэмжээнд ирэх оны төсөв ямар байхыг иргэд санал оруулдаг, татвар төлөгчид төлсөн мөнгөө хянадаг орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллана.
-Төсвийг дээрэмдэж байна. Төсвийг алагчилж олгоод байна гэж яриад байгаа. Үнэн хэрэгтээ Орон нутгийн төсөв ялгаатай л байна шүү дээ?
-Төсөв бол том дарга нарын сонгуульд дахин сонгогдох, нутагтаа нэр хүндтэй болох хэрэгсэл байж болохгүй. Үүний тодорхой жишээ бол 125 тэрбум төгрөгөөр Хэнтий аймагт хөрөнгө оруулалт хийсэн. Хэнтий аймгийн нэг сумын нэг баг дээр 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихээд байна. Хэнтий аймгийн сумын баг дээр Булган аймгаас хоёр дахин илүү хөрөнгө оруулалт хийчихсэн. Баянхонгор аймагт ч мөн адил. Дарга нарын аймагт их хөрөнгө оруулалт хийж, тэднийг УИХ-д дахин сонгогдох боломжийг нь төсөв гаргаж өгч болохгүй. Улсын төсөвт хоёр тэрбум төгрөгөөр хөшөө барихаар тусгагдсан. Гэтэл 800 сая төгрөгөөр нь хөшөөгөө барьсан. Үлдсэн мөнгийг хулгайлсан. Төсөв хулгайн хэрэгсэл байж болохгүй. Намайг худлаа хэлж байна гэж байгаа бол мэргэжлийн барилгын экспертүүд явуулаад тэр хөшөө нь хоёр тэрбум төгрөгөөр боссон байна уу, 800 сая төгрөгөөр боссон байна уу гэдгийг шалгуулъя л даа. Хөшөөний ач холбогдол чухал уу. Аавынхаа өвөлжөөн дээр хөшөө барьж төрийн мөнгөөр дурсгал хийж болохгүй биз дээ. Ард иргэдийн амьдрал хэцүү байхад нураад уначихаж магадгүй газарт музей хийж хэрэггүй. Бэрхийн иргэд музейгээр ард түмэн хоол хийж идэхгүй. Бэрх тосгонд халамж авдаг хүмүүс 85 хувь нь амьдарч байна. 85 хувь нь халамжаасаа болиод ЖДҮ эрхлээд өөрсдөө ажилтай, орлоготой болох боломжийг гаргаж өгвөл би юм ярихгүй.
Ер нь МАН иргэдээ ядуу, хоосон байлгаж байгаад сонгуулийн үеэр санал худалдаж авах бодлоготой нам. Тэдэнд ЖДҮ-ийн зээлийг хуваарилаад иргэдийг сайхан амьдруулах ямар ч сонирхолгүй. АН үүнээс тэс өөр. 2012-2016 онд Засгийн эрх барихдаа сум бүрт 200 сая төгрөг аваачаад өгчихсөн. Сум хөгжүүлэх сан гэдэг тэгж бий болсон. Гэтэл МАН 2016 онд гарч ирэнгүүтээ бүх сум хөгжүүлэх сангийн мөнгө олгодог байсныг зогсоогоод ЖДҮ-ийн зээлийг нийслэлд төвлөрүүлээд өөрсдөө хулгайлаад идэцгээсэн. Ходоодоороо сонголтоо хийдэг хүмүүсийг удаан хугацаанд ядуу байлгах бодлого МАН-ын 100 жилийн түүхэнд нь тувт байсан.
-Засгийн газрын 100 хоног болж өнгөрлөө. Цаашид яаж ажиллах бол. Ерөнхий чиг яаж тогтож байна вэ?
-Дорноговьд очоод Газрын тос боловсруулах үйлдвэр дээр очоорой. Тэнд юу ч байхгүй. Саяхан Ерөнхий сайд нь газрын тос боловсруулах үйлдвэрийн оффисын нээлтэд орж байгаа юм. Үйлдвэр нь байхгүй атал Улаанбаатарт байгаа оффист нээлт хийгээд явж байгаа ийм л тэргүүнтэй. Өнгөрсөн тавдугаар сард ковидын эсрэг авч хэрэгжүүлэх хуулийг өргөн барьсан. Тэр хуулиар 2020 оны төсөвтөө багтаагаад зарлагатаа багтааж тодорхой арга хэмжээнүүдийг цар тахлын эсрэг ав гэсэн. Харамсалтай нь 800 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлчихээд ороод ирсэн. 800 тэрбум дотор асар их юм бий. Бүгд сонгууль худалдаж авахад зориулагдаж гарсан. Хүнсний талон гэхэд хүүхдэд 8 мянга байсныг 16 мянга болгоод том хүнд 16 мянга байсныг 32 мянга болгосон. МАН-д тодорхой санал өгдөг хүмүүстээ өгөөгүй. Хагас дэмждэг дундын нөхдүүдэд манай намд саналаа өгөөрэй, тэгвэл хүнсний талон өгнө гэдэг. Халамжийн тэтгэврийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, өрх толгойлсон хүмүүст бүгдэд нь 180 мянган төгрөг байсныг 100 мянгаар нэмэгдүүлж өгч байгаа. Сонгуулийн бүх саналыг төсвийн хөрөнгөөр худалдаж авсан. Төсвийн мөнгөөр дахин сонгогдох зүйл хийгээд яваа энэ Засгийн газартаа хариуцлага тооцохгүй юм уу.
-Та Дэгийн тухай хуулиар шийтгэл хүлээсэн. Энэ хуулийг хэрхэн харж байна?
-Дэгийн хуулийг байсхийгээд өөрчилж байна. Өөрчлөх бүртээ Пүрэвдорж ямар асуудал гаргав гэдгээс шалтгаалж өөрчлөөд байгаа юм. Сөрөг хүчин болох цөөнхийн амыг хаах, дуугуй болгох, эрх баригчид дураараа дургих зүйлийг хийхийн төлөө явж байна. Намайг шүүмжлэлтэй үг хэлсний төлөө, өөрсдийнх нь гаргасан алдааг тодорхой тоо баримттайгаар шүүмжилсний төлөө гүтгэлээ гэдэг. Өөрт нь очоод тайлбарлах гэхээр надад халдлаа гэдэг. Өнгөрсөн баасан гаригт чуулганы хуралдааны үеэр “Ерөнхий сайд концессын гэрээ байгуулаагүй гэж битгий худлаа хэлээд бай. Танай Засгийн газар 2019 оны гуравдугаар сарын 29-нд концессын гэрээ байгуулсан” гэж баримттай зүйл хэлсний дараа Ерөнхий сайд нь намайг бараг зодох гэж ширээн дээр ирэхэд хэн ч юм ярихгүй л байгаа биз дээ. Төсөв хэлэлцэж байхад бүх УИХ-ын гишүүд, сайдууд сууж байсан. Тэгэхэд тэр талаар яриа гарахгүй байгаа ш дээ.
-Ерөнхий сайд таны ширээн дээр ирээд юу гэж хэлж байх юм?
-Битгий улстөржөөд байгаарай, аятайхан байгаарай гэж хэлж байна лээ. Ийм намынхаа даргад яаж хариуцлага тооцох юм. Хариуцлага тооцох зүйл нь огт байхгүй. Цөөнхийн амыг хаах хууль бол Дэгийн хууль болчихсон. Аль болох бидний үгийг хаах, томоотой болгох, үг хэлэх боломжийг хаах бүх зүйлийг хийж байгаа. Энэ хуулиас их гоё болчихно гэж бодох хэрэггүй. Монголчуудын амьдрал хүнд, малчдын хувьд хүндхэн байхад тэдний төлөө асуудал хэлэлцэхийн оронд хэн нэгнийг дуугай байлгах, томоотой болгох гэж Дэгийн тухай хууль хэлэлцээд сууж байна.
Нүүрсний экспортыг нэмж, тээврийн өртөг зардлыг эрс бууруулах стратегийн ач холбогдол бүхий “Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын төсөл биеллээ олж их говийн ээрэм талд өнөөдөр томоохон бүтээн байгуулалт өрнөж буйг хэн хүнгүй л шогширч сууна. “Таван толгой-Гашуунсухайт” төмөр замын төслийн захиалагчаар “Таван толгой төмөр зам” ХХК, Ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь Интернэшнл” ХХК ажиллаж байна. Гүйцэтгэгч компанийн зүгээс 2022 оны долдугаар сард төмөр замыг бүрэн ашиглалтад оруулна хэмээн гэрээ хийсэн. Тус компани төмөр зам тавьсан хөрөнгө оруулалтынхаа оронд “Эрдэнэс Таван толгой” компанийн олборлосон нүүрсний 10 хувийг таван жилийн хугацаанд авахаар тохиролцсон.
2015 оноос хойш саяхныг хүртэл царцчихаад байсан төмөр замын бүтээн байгуулалтын ажил энэ онд эхэлж, хичнээн зовлон туулж өдийг хүрснийг “Голомт” санхүү нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Баясгалан сэтгүүлчидтэй цөөн хором уулзахдаа хөндөж байлаа. Тэрбээр энэ чиглэлийн төмөр зам эдийн засаг, бизнест томоохон түлхэц өгөхийг ч дурдсан юм. Товчхондоо УИХ-ын 73 дугаар тогтоолд зааснаар “Таван толгой” төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр болсон. Энэ хүрээнд дээрх чиглэлийн төмөр замын ажилд шуурхай арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан билээ. Улс төр, бизнесийнхний хүрээнд хүлээлт үүсгэсэн, улстөржих шалтаг, шалтгаан хангалттай болж буй “Таван толгой-Гашуунсухайт” төмөр замын томоохон бүтээн байгуулалттай өнгөрөгч амралтын өдрүүдээр очиж танилцлаа. Одоогоор төсөлд 383 инженер техникийн ажилтан, 1368 орчим ажилтан, 770 гаруй машин механизм ажиллаж байна. Хамгийн гол нь монголчууд түүхэндээ анх удаа бие дааж төмөр замын бүтээн байгуулалтын томоохон төсөл хэрэгжүүлж байна. Үндэсний инженерүүд, мэргэшсэн чадвартай боловсон хүчний бүхэл бүтэн үед бэлтгэгдэн гарч дэлхийд өрсөлдөх боломж бүрдсэн нь бүтээн байгуулалтын явцаас тодхон харагдана лээ. Шинэ үеийн залуус сурсан мэдсэн зүйлээ ажил хэрэг болгож, тэр дундаа эх орныхоо томоохон бүтээн байгуулалтад гар бие оролцож буй говийн хуй салхинд ажиллахдаа тэд түүртэж, хойш суусангүй. Харин ч өөрсдийн хувь нэмрээ бүтээн байгуулалтад оруулж байгаадаа тун чиг өндөр сэтгэгдэлтэй байлаа. Их бүтээн байгуулалт цар тахлын үед хэрэгжиж байгаагаараа онцлог. Бид өөрсдөдөө л найдахаас өөр зүйлгүй болчихсон. Нэг талаараа сайшаалтай. Монголчууд аливаа зүйлийг монголчлохдоо сайн. Төмөр замын анхны бүтээн байгуулалтаа ч монголчилж “өөрсдийнхөөрөө дэглэж” байна. Дэлхийн стандартыг өөрсдийн онцлогт тохируулж ёстой л монголчилж байгааг хараад уулга алдахгүй өнгөрч чадсангүй.
Энэхүү чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил ямар үр дүнтэй өдгөө хэрэгжиж байгааг дуулгая. “Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр зам Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжлэх бөгөөд нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүй, 16 гүүр,126 хоолой, найман малын гарцтайгаар баригдах юм. Эхний 208 км төмөр замын газар шорооны ажил бүрэн дуусч хоолойн ажил 97 хувь, мал амьтны гарц 96.5 хувь, гүүрийн ажил 53.5 хувь, нийтдээ 208 км-ийн доод бүтцийн ажил 98.2 хувьтай явж байна. харин дээд бүтцийн ажил 63.6 хувь буюу гол замын үеийг 130 км-ийг угсарчээ. Ачилтын тойргийн ажил есдүгээр сард эхэлж одоогоор газар шорооны ажил 29.2 хувьтай явж байна. Энэ чиглэлийн төмөр зам уулзваргүй гэдгээрээ онцлогтой. Уулзваргүй гэдэг нь 25 метр урттай зам төмрийг 200 метр урттай гулдмай болгон гагнаж, галт тэрэг аялахад дуу чимээгүй болгохыг хэлж байгаа юм. Одоогоор 34.7 км замыг уулзваргүй болгожээ. Уулзвартай, уулзваргүй замын ялгаа их. Төмөр замын эвдрэлийн 60-80 хувийг уулзварын эвдрэл гэмтэл эзэлдэг. Тэгэхээр уулзваргүй зам тавьснаар төмөр замын эвдрэл гэмтэл буурч үүнийг дагаад арчилгааны зардал ч багасна хэмээн инженерүүд энэ үеэр хэлж байв.
“Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын төслийн хэмжээнд хоёр өртөө, зургаан зөрлөг дээр нийт 77 ширхэг суман шилжүүлэг угсрагдана. Үүнээс хамгийн анхны суман шилжүүлгийг аравдугаар сарын 24-ний өдөр зөрлөг-2 буюу төмөр замын 65 дахь км-т угсарч дууссан. Суман шилжүүлэг нь галт тэргийг нэг замаас нөгөө зам руу шилжүүлэх зориулалттай байгууламжийг биднийг төмөр зам дагуу танилцан явж байх үед хийж байлаа.
Олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулахаар гардан авсан хүн бол “Таван толгой-Төмөр зам” компанийн захирал Н.Удаанжаргал. Өдгөө энэ компани байгуулагдаад хоёр жилийн нүүрийг үзэж байна. Эл компанийн хувьцааны 66 хувийг “Эрдэнэс Таван толгой”, 34 хувийг “Монголын төмөр зам” эзэмшдэг. Тус компани Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын захиалагч, Зүүнбаян-Таван толгой чиглэлийн төмөр замын захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Н.Удаанжаргал захирал бидэнд бүтээн байгуулалтын ажлаа танилцууллаа. Тэрбээр “Хилтэй, ачилтын тойрогтой холбоотой ТЭЗҮ-ийн тодотголыг бид өнгөрсөн онд амжилттай батлуулж чадсан. Энэ тодотголын хүрээнд одоогоор хил рүү долоон км хүртэл ойртлоо. Төв трансаасаа нааш 20 км, өөрөөр хэлбэл 227 км замын ажлыг гүйцэтгэж байна. Хилийн холболтын 20 км, ачилтын тойргийн 12 км-ийн ажлыг энэ жилдээ багтааж газар шорооных нь ажлыг дуусгана. Монгол, Хятадын хилийн 703 дугаар баганы ойролцоо, Гашуунсухайт-Ганцмод боомтын зүүн талд хоёр төмөр зам уулзана. Ингэснээр манай талын төмөр зам боомт руу орох авто замуудтай огтлолцох нөхцөл үүссэн. Эл асуудлыг 800 метр гүүр барин, төмөр зам нь авто замынхаа дээгүүр гарахаар шийдвэрлэсэн. Үндсэндээ доод бүтцийн ажил нэмэлт ТЭЗҮ-ээр тодотгосон ажлаас бусад ажил 100 хувь дууссан. Гол зам дээр баланст буюу чулуун давхаргын эхний үеийг дэвсээд дуусгасан. Гол зам угсрах ажил бетон дэр дүүргэлтийн ажил 150 км-тэй, үүний 145 км-т нь үе угсраад байна. Энэ жилдээ 82 км-ийн нарийн засварын ажил чийг тохиргоо, хүнд машин механизм ажиллах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Эхний хоёр гүүрийг энэ жилдээ багтаж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Цаг агаарын нөхцөл байдал таатай байвал арванхоёрдугаар сарын 1-н хүртэл бид ажиллана. Энэ жилийн хувьд төлөвлөсөн ажлаа давуулан биелүүлсэн. Сүүлийн 30 жилийн дотор “Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр зам Монгол Улсын эдийн засагт хамгийн үр өгөөжтэй төсөл. Эдийн засгийн үр өгөөж нь зөвхөн төмөр замдаа бус бүс нутгийнхаа нүүрс гаргаж буй уул уурхайн бүхий л хувийн болон төрийн компаниудад ч үр өгөөж нь оногдоно. Монгол Улсын эдийн засгийг нэг жилд 2.3 тэрбум ам.доллараар тэлнэ. Бүс нутгийн эдийн засагт нөлөөлж байгааг үзвэл ганцхан жилдээ энэ төсөлд зарцуулсан хөрөнгөөсөө нэг дахин илүү хөрөнгийг бий болгочих төсөл. “Таван толгой-Зүүнбаян”, “Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр зам нэг эх үүсвэртэй, хоёр өөр төрлийн санхүүгийн арга механизмтай хөрөнгө оруулалтыг сонгож ажиллаж байгаа” хэмээн дуулгасан юм.
Харамсалтай нь бид зөвхөн царигийн хэмжээ ярьж, бичиж үндсэндээ 10 жил алдсан. Энэ хугацаанд эдийн засгийн агуулгаараа Монгол Улс өдөрт 6.5 сая ам.доллар буюу нэг жилд 2.3 тэрбум ам.доллар алдаж иржээ. Төмөр замын ажил гацсан 10 жилийн хугацаанд бүхэл бүтэн 23 тэрбум ам.долларын орлогыг монголчууд өөрсдөөсөө шалтгаалсан талцал, хуваагдлын улмаас алдсан гэсэн үг. Тэгэхээр алдагдсан боломжийг ирээдүйд үүсгэхгүйн төлөө тэд ажиллаж байгаагаа тодотгож байлаа.
“ТАВАН ТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ”-ЫН ЭДИЙН ЗАСАГТӨГӨХ ҮР ӨГӨӨЖ
Далайд гарцгүй манай улсын хувьд төмөр замын эдийн засагт өгөх өгөөж анхнаасаа олны анхаарал дунд явж ирсэн. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гол зам гэдэг утгаараа эдийн засгийн өгөөжийг нь дурдъя. Уг төмөр зам баригдсанаар жилдээ 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох боломжтой. Өнөөдрийн байдлаар нэг тонн нүүрсний тээврийн зардал 32 ам.доллар байгаа. Тэгвэл энэ чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний тээврийн өртөг найман ам.доллар болж буурна гэх тооцоо гарсан. Тээврийн орлого жил бүр 270 сая ам.доллар, 30 жилд 8.1 тэрбум ам.доллар орж ирнэ гэх судалгаа байна. Түүнчлэн татварын дараахь цэвэр ашиг жил бүр 146.6 сая ам.доллар, 30 жилд 4.4 тэрбум ам.доллар, татвар хураамж 20.6 сая ам.доллар, 30 жилд 619 сая ам.доллар орж ирэх аж. Мөн төмөр замын ашиглалтыг дагаад 2000 орчим ажлын байр шинээр үүснэ. Төмөр замын боомтоор дангаараа жилд 30 сая тонн хүртэлх хэмжээний нүүрс экспортлох боломжтойгоос гадна Таван толгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой болно. Экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тонн болж, төмөр замаар тээвэрлэх ачаа 3.5 дахин өснө гэж тооцоолж байна. Монгол Улсын төсөвт жилд 20-28 сая ам.долларын татвар төлөхөөс гадна 25 жилийн хугацаанд ойролцоогоор нэг тэрбум ам.долларыг Засгийн газарт төвлөрүүлж, эдийн засгийн өсөлтөд бодитойгоор дэмжлэг үзүүлнэ гээд шууд болон дам нөлөөг тоолоод байвал дуусахгүй. Түүнчлэн хүрээлэн буй орчин болон нийгэмд үзүүлэх ач нөлөө ч их бий. Малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдлын асуудал үлэмж хэмжээгээр багасна. Авто тээврийн осол, зөрчил буурч иргэдийн амь нас, эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэг ач холбогдолтой.
НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяртай ярилцлаа.
-Орон нутгийн сонгууль болж өнгөрлөө. ХҮН энэ удаагийн сонгуульд хожимдож сурталчилгаагаа эхэлсэн ч НИТХ-д гурав, дүүрэгт 12 суудал авлаа. Хэрхэн дүгнэж байна?
-Долоо хоногийн хугацаанд сурталчилгаа явуулж чадаагүй нь танигдаж амжаагүй жижиг намын хувьд бидэнд хохиролтой болсныг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Гэхдээ сонгуулийн дүнг эргээд харахад УИХ-ын сонгуульд ХҮН нийслэлчүүдийн 9.8 хувийн дэмжлэг авсан байсан. Тэгвэл энэ удаа 17.1 хувийн дэмжлэг авч, өсчээ. Намын суурь нэлээд бий болчихлоо гэж харж байгаа. Бид энэ үр дүнгээ бататгаж нийслэл, дүүрэгт сонгогдсон гишүүд маань сөрөг хүчний дуу хоолой болж иргэдийн төлөө хариуцлагатай ажиллах шаардлагатай боллоо. Бид гурван зарчим ярьж байгаа. Нэгдүгээрт, эвсэхгүй. Эрх мэдэл олж авахын тулд ямар нэгэн улс төрийн намтай эвсэхгүй. Хоёрдугаарт, эвдрэхгүй. Нам дотооддоо эв нэгдэлтэй, атгасан гар шиг ажиллана. Түүнчлэн сонгогдож гарч ирээд хүн байхаа больдог бол бид хүнээрээ л байна гэдэг утгыг давхар агуулсан. Гуравдугаарт, эвдлэхгүй. Зөв зүйтэй бүхэн рүү дайрч попорч олонд таалагдах зорилгоор болж бүтэж байгаа зүйлсийн эсрэг эвдлэн сүйтэхгүй. Зөв зүйлсийг дэмжээд л явна. Тиймээс бид сөрөг хүчний дуу хоолой болж, нийслэлд нийтлэг тулгамдаж буй зүйслийг шийдвэрлэхэд аль ч намтай хамтран ажиллахад бэлэн. Манай намын гурван гишүүн НИТХ-д, СХД-ээс бусад таван дүүрэгт ХҮН-ын 12 гишүүн сонгогдсон байна. Сая гэхэд Баянгол дүүрэгт МАХН-ын хоёр гишүүн АН-тай эвсэж гарч ирчихээд МАН-д элсчихлээ. МАХН ямар улс төрийн хүчин болчихсон байна гэдгийг харуулж байгаа юм. Харин манай намын хувьд эвсэхгүй гэдэг зарчмаа барьсан нь тод томруун харагдсан байх. Иргэдийн өгсөн саналыг хүндэтгэж ажиллалаа.
-ХҮН энэ удаагийн сонгуульд “Аюулгүй хотын төлөө” уриатай оролцсон. НИТХ-д эхлээд ямар шийдлүүдийг та гурав гаргаж ирж ярих вэ?
-Бид зөвийг дуугарч явна. Олон нийтийн шийдэхийг хүссэн асуудлаас нь эхлээд дуугарна. Ямартаа ч гурван суудлаа хамгийн үр дүнтэй ажиллах байршилд нь аваачихыг зорино. Бид бүлэг байгуулж ажиллахыг зорьж байна. Гэхдээ 2018 онд баталсан хурлын дэгээр таван гишүүн бүлэг байгуулна гэж заасан. ИТХ өөрөө баталж гаргадаг дэг. Жинтэй дуугарахын тулд бүлэг байгуулж, бүлгийнхээ хэмжээнд идэвхтэй оролцох ёстой.
Цөөнхийн дуу хоолой бол үнэ цэнэтэй. Ардчилал бол цөөнхөө хүндэтгэж сонсдог соёл. Энэ соёлыг л бид хүснэ. Түгжрэлийн асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг эрх баригч нам ч АН, ХҮН ч хүсч байгаа. Энэ тал дээр зөв шийдвэр гаргаж ирээд хэлэлцвэл дэмжинэ. Асуудлуудаа голдоо тавьчихвал бүх хүн болох, бүтэх талаас нь явна. Түгжрэлийг шийдэхийн тулд мэдээллийн технологийн ололттой талыг нэн даруй ашиглах шаардлагатай. МАН түгжрэлтэй механик аргаар тэмцэх гэдгийг эсэргүүцдэг. Дугаар хязгаарлаж хөдөлгөөнд оруулснаар түгжрэлээсээ энэ таван жилийн турш ангирч чадсан уу, бүр дордсон. Тийм биз дээ. Энэ бүхэн ямар ч үр дүнгүй гэдгийг харлаа. Өөр арга зам буюу эдийн засгийн хөшүүргээр нь такси үйлчилгээ, нийтийн үйлчилгээ, явган хүний замыг аюулгүй болгох зэрэг асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд бид хамтарч ажиллая гэж байгаа юм.
-Таны сонгогдсон тойрог байшин хороолол. Тэнд юу тулгамдаж байна?
-Байшин хороололд төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ маш муу. Хүүхдийн тоглоомын талбай, төв зам руугаа гарах гарц, явган хүний зам, нийтийн талбайн хомсдол дээд зэрэгтээ орчихсон. Энэ бүхэнд төр санаачилга гаргаж олон нийтэд зориулах ёстой. Эрх барьж байгаа намд санал тавина. Хууль бусаар олгосон газрыг эргүүлж авах, хууль ёсоор олгогдсон бол ААН-тэй нь тохиролцох, нөхөн төлбөрийг нь төлөөд олон нийтэд зориулах ажлууд руу хүчтэй орно.
-Нийслэлийн анхдугаар чуулган маргааш болно. Хотын дарга ямар хүн сонгогдвол зохино гэж харж байгаа вэ?
-Иргэдээ сонсдог чин сэтгэлээсээ ажилладаг, асуудалд уян хатан ханддаг хүн байх хэрэгтэй. Хүнд суртлын захиргаадалтын хэлбэрийн ажлын арга барил одоо явахаа больчихсон. Тиймээс энэ байдлаасаа салцгаагаасай л гэж бодож байна.
-Та боловсролын салбарын төлөөллөөс улс төрд орсон. Нийслэлд байхдаа боловсролын талаар илүү дуугарах болов уу?
-Тэгэлгүй яахав. Энэ миний сэдэв.
-НИТХ-д сонгогдоод гараад ирлээ. Өнөөдрийн улс төрийг хэрхэн харж байна?
-Японы жишээг харахад либерал ардчилсан нам нь 1955 оноос хойш хоёр удаа засгийн эрхээ алдсанаас бусад үед засаглаад явж байна. Хамгийн гол нь сөрөг хүчний хяналт байх ёстойгоос гадна сөрөг хүчин бүтээлч байх ёстой. Ингэж байж ардчилал бэхждэг. Мөн сонгуулиа шударга явуулдаг байх нь зүйтэй.
-ХҮН ямар баримтлалтай нам бэ?
-Манайх зүүн төвийн үзэлтэй нам. Ардчиллыг дэмжинэ. Хүнээ дээдэлнэ. Нийгмийн халамжийг авах ёстой газар нь заавал хүргэнэ гэсэн бодлоготой. Гэхдээ халамжийг хавтгайруулж болохгүй.
-ХҮН улс төрийн гуравдагч хүчин болчихсон гэж харж байна уу. Танай намын дарга солигдох талаар яриа явж харагдана лээ?
-ХҮН улс төрийн гуравдагч хүчин болчихсон гэж харж байгаа. Гуравдагч хүчний хэмжээнд богино хугацаанд орж ирж байна. Энэ бүхэн намын удирдлагатай холбоотой. Намын удирдлага болох Б.Найдалаа даргын хийсэн зүйл их бий. Намын дарга маань аливаа зүйлд маш уян хатан хандаж, эв нэгдлийг эрхэмлэж ажилладаг. Манай намын дарга солигдох асуудал огт байхгүй. Намын даргад хариуцлага тооцдог хэдхэн зүйл л байдаг. Хариуцлага хүлээх ёстой гэвэл МАХН, ШИНЭ нам л хүлээх ёстой болов уу.