Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Филипп Мэрлин: Манай хоёр улс олон салбарт, ялангуяа тогтвортой хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах бололцоотой

Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинтэй ярилцлаа.


-Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой өнгөрсөн онд тохиолоо. Хоёр улсын харилцаа өнөөдөр ямар түвшинд явж байгаа талаар ярилцлагаа эхэлье?

-2020 онд харамсалтай нь “КОВИД-19” цар тахал дэгдэж, дэлхийг хамарсан энэ хямралтай шууд болон дам холбоотой олон хүндрэл бэрхшээл тулгаран, бид 55 жилийн ойгоо төлөвлөсөн ёсоор тэмдэглэж чадсангүй. Гэхдээ би ирээдүй рүү, 2021 онд уг хямралаас үе шаттай гарч, түүнээс цааш урган гарах боломжуудыг харахыг илүүтэй хүсч байна. Хэдийгээр тун хүнд нөхцөлд зохион байгуулагдсан ч өнгөрсөн зургадугаар сарын сонгуульд иргэд өргөнөөр оролцсон нь Монголын ард түмэн ардчилалд элэгтэй байдгийг батлан харууллаа.

Уг сонгуулийн үр дүнд Монгол Улс дахин шинэ дөрвөн жил тогтвортой олонх бүхий парламенттай боллоо. Удахгүй хэдхэн сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Эдгээр сонгуулийн цикл дуусахаар харилцаагаа улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх хэдэн жил биднийг хүлээж байна. 1965 онд дипломат харилцаа тогтоон, ардчилсан хувьсгалын дараа Монгол Улс чухамдаа үүд хаалгаа нээсэн нь хоёр орны байнгын хэлхээ холбоог бүх талбарт хүчитгэж өгсөн. Улс төрийн хувьд ялангуяа олон ургальч үзэл, хуулийг дээдлэх зэрэг нийтлэг үзэл баримтлал, эдийн засгийн хувьд худалдаагаа өргөжүүлж, хөрөнгө оруулалтаа нэмэх хоёр талын хүсэл эрмэлзэл, соёл, шинжлэх ухааны хувьд олон Их, дээд сургуулийн хамтын ажиллагаа, оюутан сургах, урлагийн салбарынхны солилцоо зэрэг нь бидний харилцааг орон зайнаас үл хамааран хөгжүүлсээр байдаг. Гэсэн хэдий ч бид илүү ихийг хийж чадна, хийх ч ёстой гэж боддог.

-Франц улсаас нэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий санхүүжилт олгосон талаар өнгөрсөн онд нэлээд яригдаж байсан. Хоёр орны хооронд хэрэгжиж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Энэ бол зөвхөн санхүүжилтийн асуудал биш. Франц, Монгол Улс хамтран хэрэгжүүлж буй, Монгол Улсын Засгийн газар, нийслэл Улаанбаатар хотоос хүн амдаа хүргэх үйлчилгээг өргөтгөх, сайжруулах маш чухал төслүүд юм. Тус бүр нь 60 сая орчим, нийт 120 сая еврогийн санхүүжилттэй голлох хоёр төсөл бий. Үүний гуравны нэг гаруй нь буцалтгүй тусламж. Нэгдүгээрт, ОБЕГ-тай хамтарсан төсөл нь хоёр хэсгээс бүрдэж байгаа. Үүнд францын “Десотэл” группээс гал түймэртэй тэмцэх тусгай зориулалтын автомашинууд нийлүүлэх хэсэг, нөгөөх нь буюу хамгийн чухал нь мөн Хэли-Юнион, Софема группүүдийн хэрэгжүүлэх нисдэг тэрэгтэй холбоотой хэсэг. Төслийн хүрээнд аврах, эрэн хайх, эмнэлгийн тусламж, гал түймэртэй тэмцэх тоноглол бүхий Эйрбас Хэликоптэр ЕС145 загварын гурван нисдэг тэрэг нийлүүлнэ.

Мөн уг төслийн бас нэг чухал хэсэг нь ОБЕГ-т нисэх нэгжийг байгуулах чиглэлээр онцгой байдлын нисгэгч, албан хаагчдыг сургах, ажиллагааны эхний жилүүдэд үйлдэх нислэг, засвар арчилгаа болон холбогдох бусад дэмжлэгийг хариуцах ажил юм. Энэ хэсгийг хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээ болон гүйцэтгэх гэрээний хүрээнд хэрэгжүүлнэ. Миний хэлэхийг хүсэж буй гол зүйл бол бид зөвхөн тоног төхөөрөмж худалдахыг чухалчлаагүй, бид онцгой байдлын салбарын чадавхыг сайжруулж, бүтцийг хүчирхэгжүүлэхийн төлөө ОБЕГ-тай нягт хамтран ажиллаж байгаа. Энэ бол жинхэнэ capacity build­ing. Энэ төсөл хэрэгжсэнээр осолд өртсөн иргэдэд эмнэлгийн шуурхай тусламж хүргэх нөхцөл бүрдэж, хүн амд бодит үр дүнгээ өгнө гэдэгт би бүрэн итгэлтэй байна.

-Хоёр дахь төсөл буюу Улаанбаатар хотод дүүжин тээврийн сүлжээг хэрэгжүүлэхэд Францын компани ажиллаж байгаа. Энэ ажил ямар түвшинд явж байна вэ?

-Улаанбаатар хотын захиргаа Францын Пома групптэй хамтран гэр хорооллыг хотын төвийн гол тэнхлэгүүдтэй холбосон дүүжин тээврийн сүлжээг хэрэгжүүлэх ажилд орсон. Энэ бол нийгэмд чиглэсэн, байгаль орчинд ээлтэй, хотын хөгжлийн том хэмжээний төсөл юм. 34.5 сая еврогийн санхүүжилттэй эхний шугам нь Баянхошуу – Ханын материал – 3,4 дүгээр хороолол гэсэн чиглэлтэй, хэрэгжүүлэх ажилдаа орсон, топографын судалгаа хийгдэж байна. Хоёр дахь шугамын хувьд 25.3 сая еврогийн санхүүжилттэй, УБ хотын захиргаа болон Пома группийн зүгээс нарийвчилсан ТЭЗҮ хийж, Франц Монголын холбогдох байгууллагуудаар баталгаажуулсны дараа хэрэгжиж эхлэнэ. Зарим тохиолдолд уг төсөлд үл итгэх байдал ажиглагдаж байна, үүнийг би ойлгож байна. Дэлхий даяар ямар ч төрлийн бай, хотын тээврийн дэд бүтцийн төслүүд хэрэгжиж эхлэх шатандаа иймэрхүү реакцтай тулгардаг. Байгуулагдаад, ашиглаад ирэх үед нөгөө шүүмжилж байсан хүмүүс маань хамгийн сайн хэрэглэгч болсон байдаг. Хөгжиж буй орнуудад замын тээврийг лоббидож түлхүү явуулахыг хагас зууны тэртээгээс тулган зааварлаж байгаа зарим нэгэн “олон улсын шинжээчид” ч бас байна. Үр дүн нь гамшгийн. Пома групп өнөөдөр дэлхийн 90 гаруй оронд ажилласан. Нью-Йорк, Өмнөд Солонгос, Алжир, Орос, Колумб, Доминикан зэрэг газарт хотын дүүжин тээврийн сүлжээг байгуулсан арвин туршлагатай айл. Энэ төсөл Монголд ч амжилттай хэрэгжих болно.

Эцэст нь, Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжийн талаар нэмж хэлмээр байна. Уг байгууламжид Франц Улс 10 сая еврогийн санхүүжилт хийсэн, 2017 онд хэрэгжиж дууссан байдаг. Гэвч харамсалтай нь одоо болтол ажиллаж эхлээгүй байна. Миний бие энэ зун Монголын холбогдох эрх бүхий байгууллагуудтай уг байгууламжийн нээлтэд оролцоно гэж итгэж байгаа. Мэдээж, дээр дурдсан бүх төслүүдийн хэрэгжилт өнөөдөр “КОВИД-19” цар тахлын эсрэг дэлхий даяар авч буй арга хэмжээнээс болж удаашралтай байна. Ялангуяа сургагч багш нар ирж ажиллах, тоног төхөөрөмж тээвэрлэж авчрах гэх мэт асуудалд ихээхэн бэрхшээл учирч байна. Энэ хавраас нөхцөл байдал сайжирч эхэлнэ гэж найдаж байна.

-Францын батлан хамгаалах, аюулгүй байдлын аж үйлдвэрийн салбарын төлөөлөгчид манай улсад гурван ч удаа ирж байсан. Эдгээр айлчлал уг салбарын хамтын ажиллагаанд үр дүнгээ өгч чадсан уу?

-Манай ЭСЯ болон Францын холбогдох албан байгууллагуудын зохион байгуулсан үзэсгэлэн форумд Францын олон үйлдвэрлэгчид ирж оролцсон. Эдгээрээс миний дээр ярьсан ОБЕГ-тай хэрэгжих хоёр хөтөлбөр үүний шууд үр дүн юм. Учир нь Хэли-Юнион ба Десотэл группийн төлөөлөгчид дээрх үйл ажиллагаануудад ирж оролцож байсан. Мөн Монгол Улсын холбогдох байгууллагуудын сонирхлыг татаж буй Францын бусад төслийн саналууд ч бий. Миний зүгээс дээр дурдсан жишээнүүдийн адил хамтын ажиллагааны бодит төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг санал болгохын төлөө бүрэн хүчин чадлаа дайчлан ажиллахад бэлэн байна.

-Манай орон мал аж ахуйн орон хэдий ч Францаас өндөр ашиг шимт үүлдрийн хонь, ямаа, үхэр импортолсоор байгаа цөөнгүй жишээ харж болно. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Та маш зөв асуудлыг хөндлөө. Монгол, Франц орон аль аль нь мал аж ахуй, хөдөө аж ахуйн эртний уламжлалтай, үүнтэйгээ мөн хоёр орон аль аль нь үндсээрээ холбоотой байдаг. Ийм учраас уг салбарын хамтын ажиллагаа зайлшгүй байх ёстой. Монгол өөрийн гэсэн өвөрмөц онцлог бүхий малтай, энэ нь Францаас ялгаатай. Харин Франц эрчимжсэн мал аж ахуйн хувьд чадварлаг, жишээлбэл сүү үйлдвэрлэх салбарт энэ нь сайн тохирдог. Дээр нь Франц улс малын генетик, үржил селекц, малын эрүүл мэндийн чиглэлээр ур чадвар сайтай.

Манай экспортлогчид Монголд үхэр, хонь, ямаа тогтмол нийлүүлж байна. Хамгийн сүүлд гэхэд 2020 оны эцсээр ирсэн. Байгуулсан гэрээ болгон нь малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд тэжээл, эрүүл мэнд, арчилгаа маллагааны талаар зөвлөх дагалдах үйлчилгээтэйгээ байдаг. Ирэх саруудад энэ салбарт дахин нэг шат ахисан хөгжлийн үйл явц гарна гэж бодож байгаа. Идэвх санаачилгатай олон бизнес эрхлэгчид байгаа ч тэд хүү багатай санхүүжилт олох тал дээр байнга бэрхшээлтэй учирдаг. Бид энэ тал дээр шийдэл олохоор ажиллаж байна.

-Франц Улс гээд ярихаар Монголд уул уурхайн салбарт ажилладаг “Орано” компанийг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ компанийн талаарх таны бодол ямар байдаг вэ?

-Үнэн хэрэгтээ шууд “Орано” биш л дээ. Тус компани болон Монголын Төрийн хооронд байгуулагдсан “Бадрах Энержи” гэдэг компани Франц, Монголын хамтарсан төслийг хэрэгжүүлж байгаа юм. “Бадрах Энержи” өөрийн уурхайн бүсийн геологийн нөхцөлд тохирсон технологийг хэрэглэхээр сонгосон, уг технологио сайн эзэмшсэн, бусад улс орнуудад ч ашигладаг. Энэ технологи нь байгаль орчны хувьд олон давуу талтай, эдийн засгийн хувьд ч мөн адил. Францын талын хувьцаа эзэмшигч “Орано” болон манай Засгийн газар “Бадрах Энержи”-гийн зүгээс хамгийн дээд түвшний найдвартай байдал, аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх тал дээр маш их анхаардаг. Тус компани Монгол Улсын хууль тогтоомжийг чанд дагаж мөрдөх тал дээр би өөрийн зүгээс анхаарч ажилладаг. Үйл ажиллагаа нь бүрэн дүүрэн хуулийн дагуу гэдэг утгаараа мөн Монгол Улсын хуулиар хамгаалагдсан байх тал дээр ч анхаарал тавьдаг. Монгол Улс бол хууль эрх зүйт төрт улс. 2020 оны сүүлээс уг төсөл туршилтын үйлдвэрлэлийн үе шатандаа явж байна. Түргэн хугацаанд уурхайн үйлдвэрлэл рүү шилжих хэрэгтэй. Ингэснээр дэлхийн ураны томоохон уурхайнуудын нэг болно. Нарийн мэргэжлийн мянга гаруй ажлын байр монгол залуусын өмнө нээгдэж, гуч гаруй жил Монгол Улсад татварын болон экспортын орлого оруулах юм. Миний бодлоор “КОВИД-19”-ийн хямралаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл нь Монгол Улсыг эдийн засгийн тогтмол ашиг олох уул уурхайн энэхүү том төслийг хөдөлгөх шаардлагатай байгааг харуулж байна. Өндөр үнэ цэн бүхий бүтээгдэхүүнээ ганцхан зах зээл рүү биш, дэлхий даяар экспортлох боломжтой. Өргөн утгаараа, уг төслийг цаг уурын болон эрчим хүчний бодлогын асуудалтай холбох хэрэгтэй. Уран бол хүлэмжийн хий ялгаруулахгүй, байж болох хамгийн их концентрат бүхий ирээдүйн эрчим хүчний нэгэн эх булаг. Тэрээр үндсэн ачааллын эрчим хүч үйлдвэрлэхэд зориулсан сэргээгдэх эрчим хүчний туйлын тохиромжтой нэмэлт юм. Франц улс 2018 онд өөрийн эрчим хүч, цаг уурын стратегитаа яг ийм сонголт хийсэн. Үүгээрээ 2035 он гэхэд эрчим хүчний 50 хувь нь цөмийн эрчим хүч байхаар тооцоолсон. Одоо нүүрсний эрин үе дуусах дөхөж байгааг нуугаад байх шаардлагагүй болжээ. Ялангуяа хүлэмжийн хий ялгаруулалтаа багасгах маш хүчтэй бодлого явуулж буй Хятадад нүүрсний хэрэглээ улам бүр багасна. Монгол Улс одоо хөрөнгө оруулалтын зөв сонголтуудыг хийх ёстой болж байна. Эцэст нь хэлэхэд, уран үйлдвэрлэгч орон болсноор тухайн улс стратегийн өвөрмөц, ашигтай байр суурьтай болдог.

-Цар тахлаас шалтгаалж иргэдийн гадаад, дотоодод зорчих хөдөлгөөн хязгаарлагдмал болж байна. Ер нь хоёр улсын иргэдийн визний асуудлыг та хэрхэн харж байна вэ. Хоорондоо зорчих, аялах, хөдөлмөрлөхөд илүү нээлттэй арга замаас дурдахгүй юү?

-Визтэй холбоотой одоогийн дагаж мөрдөж буй дүрэм журмыг хангалттай гэж харж байна. Манай консулын алба Шенгений бүсийн аюулгүй байдлыг хангах, хууль бус цагаачлалтай тэмцэх шаардлагаар холбогдох шалгалтыг бүрэн хийж, визний хүсэлтийг түргэн шийдвэрлэх боломжтой. Францад аялал, гэр бүл, ажил хэргийн шугамаар байнга зорчих шаардлагатай иргэдэд олон удаа орж гарах эрх бүхий визийг таван жил хүртэлх хугацаатай олгож болно.

-Францад боловсрол эзэмших сонирхолтой хүмүүс их байдаг. Ямар боломж бололцоо бий бол?

-Шенгений бүсийн гадаад хил өнөөдөр хаалттай байна. Монголоос Франц руу орохыг зөвшөөрсөн цөөн тохиолдол бий. Францын боловсролын байгууллагад элсэхээр бүртгүүлсэн оюутнууд эдгээр зөвшөөрөлтэй иргэдэд багтаж байгаа. Элчин сайдын яам 2021 онд Францын их, дээд сургуульд элсэгчдэд зориулсан тэтгэлгийг өмнөх жилүүдийн адил зарлаж, Монгол Улсын Боловсролын яамтай хамтран сонгон шалгаруулалт хийнэ. Бид 2021 оны хичээлийн жилийн нээлтээр танхимын сургалт дахин явагдаж эхэлнэ гэж найдаж байгаа. 2019 оноос эхлэн ЭСЯ франц хэл, соёлын “Аллианс Франсэз” төвтэй хамтран Францад суралцахыг хүссэн монгол оюутнуудад зөвлөгөө өгөх, Францад төгсөгчдөд зориулсан ажиллагаа явуулах үүрэг чиглэл бүхий “Кампюс Франц”-ыг нээн ажиллуулж байна. Илүү их мэдээлэл авахыг хүсэж байгаа танай залуу уншигчдыг « Campus France en Mongolie » фэйсбүүк хуудсанд хандаарай гэж хэлмээр байна.

-Цаашид хоёр улс ямар салбарт түлхүү хамтарч ажиллах боломжтой вэ?

-Манай хоёр улс олон салбарт, ялангуяа тогтвортой хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах бололцоотой. Франц улс хот зохион байгуулалтын салбарт урт хугацааны арвин туршлагатай. Нийтийн тээвэр, ус, хогны менежмэнт, эрчим хүч гэх мэт. Миний бодлоор одоо өрнүүлж буй хамтын ажиллагаанаас гадна Улаанбаатар хот Францын орон нутгийн нэгжүүд, Парис хот, Иль-де-Франц мужийн хооронд харилцаа холбоо хөгжүүлэх боломж бололцоо их байна. Дээрх салбаруудад үйл ажиллагаа явуулдаг, эгнэшгүй туршлагатай, дэлхийн хэмжээний олон компани Францад бий. Байгаль орчин, усны нөөцөд сөрөг нөлөөгүйгээр, хүлэмжийн хий илүү ялгаруулахгүйгээр хэрхэн хөгжилд хүрэх, ажлын байр бий болгож баялаг бүтээж болох хоёр жишээг би татъя. Усны менежмэнтийн чиглэлээр дэлхийд толгой цохидог Францын “СУЕЗ” компани, УСУГ-ын хооронд Улаанбаатар хотын усны менежмэнтийг “Acquad­vanced” дэвшилтэт системийг суурилуулах замаар сайжруулах, ингэснээр ус түгээлтийг илүү оновчтой зохицуулах, ус алдалтаас үүдэлтэй алдагдлыг багасгах, систем дэх усны даралтыг сайжруулах, хөрсний усны зохицуулалтыг сайжруулах чиглэлээр яриа хэлэлцээ хийгдэж байна. Монголд 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “Акуо Энержи” гэдэг компани байдаг. Тус компани нарны эрчим хүч үйлдвэрлэх, ялангуяа эрчим хүч нөөцлөх чиглэлээр мэргэшсэн. “Aкуо” эрчим хүч нөөцлөх бүтээгдэхүүнээ Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниудад нийлүүлсэн. Гэхдээ илүү өргөн хүрээнд хамтарч ажиллавал Монгол Улсын эрчим хүчний сүлжээнд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд тохиромжтой хэлбэрээр нийслэлд ч, бүр жижиг хот сууринд ч сэргээгдэх шинэ эрчим хүчний хөгжлийг хурдасгах, өндөр үнэтэй эрчим хүчний импортыг багасгахад тодорхой хэмжээнд нэмэр болох юм.

Түүнчлэн хоёр улсын орон нутгийн нэгж хоорондын харилцааг хөгжүүлэх жинхэнэ нөөц байна гэж би боддог.Тухайлбал, Францын Аллиер муж Өвөрхангай аймагтай олон жил ялангуяа эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж байна. Францын хувьд 80-аад оны эхэн хүртэл бараг бүх юмаа төвөөсөө шийддэг байснаа сүүлийн хэдэн арван жилд хотын удирдлага, боловсрол, нийгмийн тусламж, тэр бүү хэл эдийн засгийн хөгжлийн чадавхыг орон нутгийн янз бүрийн түвшинд шилжүүлж өгсөн. Орон нутаг хооронд хөгжүүлж болох аялал жуулчлалаас эхлээд олон талбар байгаад би итгэл төгс байна.

-Дэлхий нийтэд үүсээд байгаа ковид цар тахлаас шалтгаалж бүхий л улсад хүндрэл гарч байна. Франц улс дэлхийд нэр хүндтэй томоохон лабораториудтай. Гэвч танай лабораториудын вакцины талаар нэг их яригдахгүй байна. Хэдийд бэлэн болох вэ, яагаад хоцорч байгаа юм бол?

-Вакцин бол вирустэй тэмцэхэд зайлшгүй шаардлагатай шинэ зэвсэг. Урьдынх шигээ амьдрах үүдийг нээх түлхүүрүүдийн нэг нь яалт ч үгүй вакцин. Франц Улс эрүүл мэндийн эрх бүхий байгууллагуудынхаа зөвлөмжөөр тодорхой стратеги боловсруулсан. Энэ нь хамгийн өртөмтгий эрсдэлтэй бүлгийн хүмүүсээ юуны өмнө вакцинжуулаад дараа нь бага багаар нийт Францчуудаа хамруулахаар төлөвлөсөн. Үүний сацуу, вакцин хийх төвүүдийг бэлтгэж байна. Энэ долоо хоногоос эхлэн 100, ирэх долоо хоногт 300, сарын эцэс гэхэд 500 төвүүдээ нээнэ. Эдгээр төвүүд 75 болон түүнээс дээш насны, гэртээ байдаг иргэдийг вакцинжуулж эхэлнэ. Одоо бэлэн болоод байгаа вакцинууд дээр нэмэгдээд Францын эм үйлдвэрлэлийн Санофи (Sanofi) группийн GSK-тай хамтран хөгжүүлж буй вакцин энэ оны дөрөвдүгээр улиралд бэлэн болох тухай тус групп өнгөрсөн сард мэдэгдсэн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Т.Энхбаяр: Ажил, ар гэрийн тэнцвэрийг хангахыг хөдөлмөрийн хуулиар зохицуулахаар яригдаж байна

Жендерийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяртай ярилцлаа.


-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэлэлцэгдэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ, шаардлагыг таны зүгээс хэрхэн харж байна вэ?

-Ажилтан болон ажил олгогч хоорондын хөдөлмөрийн харилцааны зохистой тэнцвэрт байдлыг хангах, Хөдөлмөрийн тухай хуулийн хамрах хүрээг өргөжүүлэх, ОУ-ын хэм хэмжээнд нийцүүлж, хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болсон хөдөлмөрийн шинэ харилцааг зохицуулах зорилго агуулсан гэж харж байгаа.

Сүүлийн жилүүдэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ажиллах хүчний оролцооны түвшин дэх зөрүү улам ихэсч байгаа. Уг зөрүүг багасгахад дээрх хуулийн шинэчлэл бодитой нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна.

-Жендерийн Үндэсний Хорооноос энэхүү хуульд санал хүргүүлсэн байсан. Ямар саналууд хүргүүлсэн бэ?

-Жендерийн үндэсний хороо Жендерийн шинжээчдийн бүлэгтэй хамтран уг хуулийн төсөлд хоёр үндсэн саналыг хүргүүлсэн байгаа. Энэ саналууд дэмжигдээд явж байгаад баяртай байна. Нэгдүгээрт, ажил ар гэрийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлд бага насны хүүхэдтэй (гурван нас хүртэлх) эх болон ганц бие эцгийн хөдөлмөрлөх нөхцөлийг харгалзах. Энэ нь эмэгтэйчүүд эдийн засгийн хараат бус байх, мөн нөхрийн нуруун дээр төвлөрдөг гэр бүлийн санхүүгийн ачааллыг хуваалцах, хамтдаа хөдөлмөрлөх, хүчирхийлэл, гэр бүл салалтад тодорхой хэмжээнд нөлөөлж байдаг хөлсгүй хөдөлмөрийн тэгш бус хуваарилалт зэргээс урьдчилан сэргийлэх гээд их өргөн агуулгатай байдаг. Ажил, ар гэрийн тэнцвэрийг хангаснаар төрөлт нэмэгдэж, улс орон урт хугацаанд ажиллах хүчээр тасрахгүй байх, эдийн засгийн өсөлт нэмэгдэх гээд олон давуу талтай байдаг.

Хоёрдугаарт, Ажлын байрны бэлгийн дарамтыг байгууллагууд дотоод журамдаа тусгах замаар урьдчилан сэргийлэх боломжтой гэх саналыг хүргүүлсэн.

-Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн зах зээл дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн оролцооны түвшин дэх ялгаа ихэсч байгаа гэж та хэллээ. Энэ талаар дэлгэрүүлбэл?

-“Ковид-19” цар тахлаас үүдэж ганц манай улсад ч гэлтгүй дэлхий дахинд эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн оролцоо улам буурсаар байна. 2019 оны байдлаар Монгол Улсад эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 53.4 хувь байхад эрэгтэйчүүдийнх 68.3 хувьтай байна. Оролцоонд сөргөөр нөлөөлдөг зүйл бол нийгэмд бат бөх тогтсон жендерийн хэвшмэл ойлголт юм. Харин хөдөлмөрийн харилцаанд тулгардаг бэрхшээлүүдийг холбогдох хуулиар, тэнцвэртэй байдлаар зохицуулахаар ажиллаж байгаад Жендерийн үндэсний хорооны ажлын албаны зүгээс баяртай байгаа.

Одоогийн байдлаар олон нийтэд нээлттэй тавигдсаныг хуулийн төслийг харвал, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ахицтай зүйл заалтууд тусгагдсанг харж болно. Тухайлбал, ажлын цагийг ажил олгогчтой зөвшилцөж багасгах боломж, зайнаас ажиллах нөхцөл, хүүхэд хөхүүлэх өрөөг ажил олгогч өөрийн боломжоор тохижуулах, хүүхэд хөхүүлэх нэг цагийг хоёр цаг болгосон, эхээс гадна эцгийн хөдөлмөр эрхлэх нөхцөлийг харгалзсан байгаа юм. Энэ бүгд нь дарамтгүй зохистой ажлын байр бий болгох Тогтвортой Хөгжлийн зорилтыг дэмжиж байна.

-Эрэгтэй, эмэгтэй ажилтанд адил тэгш цалин хөлс олгох талаар дээрх хуульд оруулах нь зүйтэй юү?

-Монгол Улс Тэгш шан хөлс олгох тухай НҮБ-ын 100-р конвенц (1969) –д нэгдэн орсон орны нэг бөгөөд Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулинд адил хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй, эмэгтэй ажилтанд адил хэмжээний цалин хөлс тогтооно (49.2) хэмээн заасан ба Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулинд ч энэ заалт бий. ОУХБ-аас адил (ижил) үнэ цэнэ бүхий өөр төрлийн ажил хийсэн хүмүүсийн хөдөлмөрийг адил тэгш үнэлэх тухай конвенцийн зарчимд нийцүүлэхийг зөвлөдөг. Энэ утгаараа үүнийг холбогдох хуулиудаар зохицуулах нь зүйтэй.

-“Ковид-19” цар тахалтай холбоотойгоор хөдөлмөрийн арай өөр харилцаа, нөхцөл байдал үүсээд байна. Ийм нөхцөл байдлын үед хөдөлмөрийн харилцааг хэрхэн зохицуулах вэ?

-Зайнаас ажиллах нөхцөлийг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулж байгаа нь эмэгтэйчүүд гэлтгүй эрэгтэйчүүдийн ч хөдөлмөрийн оролцоонд эерэгээр нөлөөлөх нь тодорхой. Энэ харилцаа нь олон улсад дэлгэрээд байсан ч одоогийн үүссэн нөхцөл байдалд улам өргөжиж байна. Энэ зохицуулалтыг цаг үеэ мэдэрсэн, мэдрэмжтэй зохицуулалт гэж харж байгаа.

-Хөдөлмөрийн харилцааны суурь зарчим дотор хүйсээр ялгаварлахгүй байх зарчмыг тодорхой тусгаж өгсөн үү?

-Хэлэлцэгдэж байгаа хуулийн төслийн 7 дугаар зүйл бүхэлдээ Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлал, хязгаарлал, давуу байдал тогтоохыг хориглох тухай заалтууд тусгагдсан байгаа. Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно.Энэ хууль батлагдаж хэрэгжих нь урт болон богино хугацаандаа ажил олгогч, ажилтан хоорондын үл ойлголцлыг арилгаж, итгэлцэлд хүргэсэн хууль байна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

С.Ламбаа: Вакцинд зориулсан мөнгийг улсын төсөвт тусгачихсан бол богино хугацаанд оруулж ирэх боломж байсан

Ерөнхийлөгчийн Соёл, нийгмийн хөгжлийн бодлогын зөвлөх С.Ламбаатай ярилцлаа.


-Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, нийгмийн хөгжлийн бодлогын зөвлөхийн албанд томилогдсонд та нь баяр хүргэе.

-Баярлалаа.

-Та 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр Эрүүл мэнд, спортын сайдаас чөлөөлөгдөөд чимээ аниргүй болчихсон. Юу хийж, юу амжуулж яваад ирэв ээ?

-2016 оны УИХ-ын сонгуулийн дараа төрийн сайдын албыг хүлээлгэж өгөөд амралтандаа гарсан. Миний амарна ч гэж юу байх вэ дээ, шинэ чуулган нээгдсэний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албанд ахлах зөвлөх нэртэй бичиг цаастай зууралдаж дөрвөн жил болсон. Энэ хугацаанд АН-ын даалгавраар Ардчиллын 30 жилийн ойд зориулсан зургаан ботийн нэг болох “Ардчилсан намаас төрсөн төр нийгмийн зүтгэлтнүүд” гэсэн намтарчилсан, зурагтай номыг бэлдсэн. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа гэртээ амар тайван сууж, “Миний ертөнц” номоо дуусгах юм бодож байтал Монгол Улсын Ерөнхийлөгч дуудуулаад “Соёл, нийгмийн хөгжлийн бодлогын зөвлөхөөр ажиллаач” гэсэн. Би монгол төрийн тэргүүн урьж байхад ямар “үгүй” гэлтэй нь бишдээ. Хариуцах ажил нь өмнө нь миний хийж, оролдож байсан ажлууд байсан болохоор “Та болно гэж үзэж байгаа бол татгалзах юу байхав” л гэсэн. Үнэндээ манийгаа “тоож” байгаад нь баярласан, бас өөрөөрөө “бахархсан.

-Та зөвлөхийн хувьтай хүн юмаа даа. Өмнө нь УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан биз дээ.

-Тийм л болчихоод байна. Та нар мэднэ дээ, миний хувьд төрийн албыг хаших үедээ хашаад, бүр 2012 онд УИХ-ын сонгуулиас нэрээ татаж залуучууд, эмэгтэйчүүдээ дэмжиж, Б.Болорыгоо Архангайд нэр дэвшүүлж, өөрөө сурталчилгаанд нь явж байсныг. Түүнээс хойш гурван ч удаа зөвлөхийн алба хашиж байна.

-Одоо та яг ямар асуудал хариуцаж Ерөнхийлөгчид зөвлөж байна вэ. Ажлаа юунаас эхлэв?

-Ерөнхийлөгчийн соёл, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн хамгаалал, биеийн тамир спорт гээд нийгмийн хөгжлийн бодлогын нэлээд өргөн хүрээний асуудалд зөвлөхийн үүрэг гүйцэтгэж байна. Ажлаа шууд л тухайн салбаруудын УИХ-д өргөн баригдсан хуулиудтай танилцахаас эхэлсэн. Дараа нь салбарын удирдлагуудтай уулзаж ярилцсан. Бүгд л миний мэдэх хүмүүс байсан болохоор илэн далангүй сайхан ярилцсан.

-Сайдуудын хувьд улс төрөөс хол, мэргэжлийн хүмүүс л гэж ойлгогдож байгаа. Таны хувьд бол туршлагатай улстөрч хүн. Сайдуудтай ярилцаад ямар сэтгэгдэл төрөв?

-Ерөнхийдөө сайдуудын бодож, сэдэж байгаа санаанууд нь боломжийн санагдсан. Зарим нь “сайдын ажил чинь улс төр л ярьдаг юм байна ш дээ” гэж үнэнээ л хэлж байна лээ. Ихэнх нь улс төрөөс ангид явсан залуучууд болохоор арга ч үгүй биз. Энэ цагийн Засгийн газрын тэргүүн, гишүүд бол Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу цоо шинэ тогтолцоогоор ажиллаж байгаа, нэгэн бодлын “азтай” хүмүүс шүү дээ. Хуучин бидний үед Засгийн газрын гишүүд УИХ-аас батлагддаг байсан бол өнөөдөр УИХ-аас зөвхөн Засгийн газрын тэргүүнийг томилж, Ерөнхий сайд гишүүдээ сонгож томилдог болсон. Ингэснээр харьцангуй бие даан, зоригтой ажиллах нөхцөл бүрдсэн.

-Эрүүл мэндийн сайдын хувьд мэргэжлийн хүн ирлээ гээд салбарынхан баяртай хүлээж авах шиг боллоо. Таны хувьд мэргэжлийн гэдгийг яаж ойлгодог вэ?

-Мэргэжлийн, мэргэшсэн улс төрч байх гэдэг хоёр өөр ойлголт. Би тэр өнцгөөс нь сайдын албан тушаалд ханддаг. Юу гэсэн үг вэ гэхээр сайд гэдэг бол хариуцсан салбарынхаа хөгжлийн бодлогыг тодорхойлогч байх ёстой. Эрүүл мэндийн сайд гэхэд зөвхөн эрүүл мэндийн асуудал биш, тэр салбарт тулгамдаж байгаа олон асуудлыг, тухайлбал, эмч, сувилагч, лаборант, инженер техникийн ажилтан гээд шаардлагатай хүний нөөцөө бэлтгэх, мэргэшүүлэх, салбарын хуулиудыг боловсруулж батлуулах, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, эрүүл мэндийн байгууллагуудыг тээврийн хэрэгслэл, барилга байгууламж, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах, төсөв, хөрөнгө оруулалтаа тооцож, УИХ-аар батлуулах, гадаадын зээл тусламжид хамруулах, гээд тоо томшгүй асуудлаар бодлогын шийдвэр гаргадаг. Тийм учраас сайдын албан тушаал хуулиараа улс төрийн албан тушаал байдаг. Яг энэ өнцгөөс нь авч үзвэл Эрүүл мэндийн сайд заавал эмч байх албагүй. Т.Мөнхсайхан сайдын тухайд эмч төдийгүй эдийн засаг, бизнесийн ухаанд суралцсан хүн болохоор боломжийн гэж харж байгаа. Хөгжил гэдэг эдийн засгаас л хамаарна.

-Ингэхэд таныг чинь Эрүүл мэндийн сайдаар томилогдоход багш мэргэжилтэй хүн эмч хийх гэлээ гээд л шүүмжлээд байсан бил үү?

-Би багш биш, инженер эдийн засагч хүн. Сургуулиа төгсөөд МУИС-д эдийн засгийн онолын багшаар ажлын гараагаа эхэлсэн болохоор л багш гээд байдаг юм.

-Энэ намар Ерөнхийлөгч 21 аймаг, зарим сумаар явж орон нутгийн ажил байдалтай танилцан, ард түмэнтэйгээ нүүр тулан уулзаж, ээжүүдэд эхийн алдар одонг гардуулсан. Зарим хүмүүс Ерөнхийлөгчийг “Эхийн алдар” одон тарааж сонгуулийн сурталчилгаа хийлээ гэж шүүмжлээд байсан?

-Ерөнхийлөгчийн хувьд жил бүр бүх аймаг, нийслэлийн иргэдтэй уулзаж, амьдрал ахуйтай нь танилцаж илэн далангүй ярилцдаг уламжлалтай. Тэр л тогтсон уламжлалын дагуу орон нутагт явсан хэрэг. Энэ явцдаа ээжүүдэд “Эхийн алдар” одонг өөрийн биеэр гардуулсан. Яагаад гэвэл “Эхийн алдар” одонгийн зарлиг цаг хугацаандаа гарсан хэдий ч коронавирусийн халдварын улмаас удаан хугацаанд хөл хорио тогтоосон учир одон гардуулах ажил багагүй хугацаагаар хойшлогдож, ээжүүдэд хүлээлт үүсгэчихсэн байсан. Тиймээс хотын ээжүүдэд Төрийн ордонд, орон нутгийн ээжүүдэд аймаг бүрт нь зохион байгуулж, I зэргийн одон хүртсэн 720, II зэргийн одон хүртсэн 9957, нийт 10677 ээжүүдэд “Эхийн алдар” одонг нь гардуулсан. Төрийн тэргүүнээсээ одонгоо авч, зургаа татуулна гэдэг ээжүүдийн хувьд хамгийн баяртай мөч байсан. Зарим хүмүүс сонгуульд зориулж одон тараалаа гэж ярьж, бичиж байсан. Үнэндээ “Эхийн алдар” одон бол олон хүүхэд төрүүлж өсгөснийхөө төлөө төрийн тэргүүний зарлигаар хүлээн авдаг, уламжлалт хамгийн шударга, хамгийн хүндэтгэлтэй одон шүү дээ. Түүнийг тараалаа гэж хэлнэ гэдэг эх хүнээс төрж, эхийн хайраар өсч өндийсөн хүний амнаас унах үг яав ч биш.

-Саяхан Засгийн газар СУИС-ийн “Дүрслэх, дизайны урлагийн сургууль”-ийг “Дүрслэх урлагийн академи” болгож өөрчлөх тухай шийдвэр гаргахад таны оролцоо ихээхэн байсан гэж хүмүүс ярьж байсан. Энэ сургууль Академи болохын ач холбогдол нь юу вэ?

-Миний оролцоо гээд байх юу байх вэ дээ. Сургуулийн удирдлагын зүгээс академи байгуулах асуудлыг дэмжиж өгөөч гэж хүссэний дагуу ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол шинжлэх ухааны сайд Г.Цэдэвсүрэн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нартай биечлэн уулзаж, хүсэлтийг уламжилж, ач холбогдлыг нь тайлбарласан. Бүгд л дэмжиж хүлээж авсан. Ялангуяа Ерөнхий сайд маш сайн дэмжсэн. Миний хувьд Хөгжим бүжгийн сургуулийг консерватори, Дүрслэх урлагийн сургуулийг академи болгох юмсан гэж олон жил мөрөөдөж, үе үеийн сайдуудад санал тавьж ирсэн. Харин ШУА-ийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар БСШУС-ын сайд болоод Хөгжим бүжгийн сургуулийг Засгийн газарт оруулж консерватори болгосон. Сая Л.Цэдэвсүрэн сайд маань академийн асуудлыг зохих журмын дагуу богино хугацаанд яамдаас санал авч Засгийн газарт оруулж шийдүүллээ. Ер нь энэ хоёр сургуулийн хувьд дэлхийн урлагийн сургуулиудын тогтсон статусын түвшинд ажиллах цаг болсон. Дүрслэх урлагийн сургууль гэхэд удахгүй 75 нас хүрч байна. Ийм сургууль гадаад ертөнцөд Академи гэдэг нэрээр дэлхийн дүрслэх урлагийн академиудтай мөр зэрэгцэн ажиллах боломжтой болж байна гэдэг нэр төрийн хэрэг шүү дээ.

-Хоёрхон хоногийн өмнө СУИС-ийн санаачилгаар бүтээсэн “Эрдэнийн судар”-ыг Төрийн ордонд залах тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа. Энэ ямар учиртай эд вэ?

-Соёл урлагийн их сургуулийн хамт олон төслийг санаачилж, Шинжлэх ухааны академи, Монгол Улсын их, дээд сургуулиудын консорциуми дэмжин долоон жилийн туршид олон арван эрдэмтэн судлаач, уран бүтээлчид оролцож, монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг судалж тодорхойлсон юм билээ. Ингээд монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг монгол хүн, гэр бүл, төрт ёс, эх нутаг, монгол хэл, өв соёл, нүүдэлчний ухаан, эрдэм боловсрол, ёс суртахуун гэж есөн зүйлээр томьёолж, СУИС-ийн дархчууд алт, мөнгө, эрдэнэсийн чулуу оруулан эх сайхан монгол бичгээрээ урлан бүтээсэн “Эрдэнийн судар”-ыг СУИС-ын удирдлага, дархчууд Ерөнхийлөгчид танилцуулж, өргөн барьсан. Ерөнхийлөгч энэ судрыг хүлээж аваад монголчуудын үндэсний бахархлын эрх дархтайгаар даяар олноороо мөнхөд эрхэмлэн дээдлэх есөн үнэт зүйл хэмээн үзэж, төрийн хүндэтгэлийн өргөөнд залах тухай зарлиг гаргасан. Зарлигт монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлийг хүүхдэд бага балчраас нь ойлгуулах, сургалт явуулах, хувьсал өөрчлөлтийн зүй тогтлыг нь тодорхойлох, судлан шинжлэх, сурталчлан таниулах талаар олон талт ажлыг зохион байгуулахыг багш, сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн бүх байгууллага, нийт уран бүтээлч, сэтгүүлчдэд даалгаж, үүсгэл санаачилгыг хөхиүлэн дэмжихийг бүх төрийн болон төрийн бус байгууллагуудад уриалсан байгаа. Ерөнхийлөгч өөрийн биеэр үндэсний монгол бичгээ телевизээр зааж байгааг харж байгаа байх. Энэ бол “Эрдэнийн сударт” товчоологдсон өв соёлоо дээдэлж, монгол бичгээрээ бичиж сурахыг нийт ард түмэндээ уриалж, үлгэр жишээ үзүүлж байгаа хэрэг шүү дээ. Энэ судрыг залах ёслол энэ сарын 22-ны билэгт сайн өдөр болохоор төлөвлөсөн байсан ч коронавирусийн хөл хорионоос болж хойшлогдлоо.

-Үнэхээр “Ковид-19” цар тахал бүх ажлыг гацааж байна шүү. Монгол Улс жил шахуу коронавирусийн цар тахалтай тэмцэж байна. Сарын өмнөхөн дотооддоо коронавирусийн халдварыг алдлаа. Одоо ер нь яавал дээр вэ?

-Энэ салбарт тодорхой хугацаанд ажиллаж, H1N1, улаанбурхан гээд халдварт өвчинтэй тэмцэж байсан хүний хувьд дотооддоо халдвар тархсанд үнэхээр харамсаж, сэтгэл зовж байна. Манай улс өргөн уудам нутагтай, хүн ам нь сийрэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж хүндрэлтэй орон шүү дээ. Үнэндээ цар тахлын хэмжээнд хүрч, дэлхийн 80 шахам сая хүн халдвар авч, сая гаруй хүн нас бараад байгаа коронавирусийн халдвар манайд орж ирэх нь цаг хугацааны л асуудал байсан. Хаанаас, хэзээ, хэн оруулаад ирэв гэдэг бол миний хувьд хоёрдугаар асуудал. Нэгэнт цар тахлыг дотооддоо алдчихсан болохоор одоо эрүүл мэндийн салбар хавьтлуудыг илрүүлэх, оношилгоо хийх, халдвар авсан хүмүүсээ эмчлэх гээд хамгийн хүнд ачааг үүрч байна. Миний бодлоор бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд ЭМЯ, ХӨСҮТ-ийн удирдамж, зааврын дагуу онцгой байдал, цагдаа, тагнуулын байгууллагын тусламжтайгаар хавьтлуудын зам мөрийг хөөж тогтоох, оношлох ажлыг эрчимтэй хийж байна. Эмчилгээнд орсон хүмүүс ч эрүүл болж, нас баралтгүй явж байгаа нь Монголын эмч, сувилагчдын уйгагүй, цаг наргүй ажиллаж байгаагийн бодит үр дүн мөн. Гэхдээ л байдал маш хүнд байна. Сүүлийн үед эмнэлгүүдэд халдвар тархаж эмч, сувилагчид олноороо халдвар авч, оношилгооны үед халдвар илэрсэнтэй холбоотойгоор зарим ӨЭМТ-үүд хаагдаж, эмч, сувилагч, ажиллагсад тусгаарлалтад орж байна. Тусгаарлах байрны хүрэлцээ ч муудаж байна. Одоо вакцины асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй болж байна.

-УИХ-ын чуулганаар хориг хэлэлцэх үед таныг вакцин худалдан авах зардлыг төсөвт суулгасангүй гэж ярихаар гишүүд суулгасан гээд маргалдаад байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Би коронавирусийн вакцин худалдан авахад зориулсан зардлыг төсөвт суулгалгүй, гадны зээл тусламжид найдаад сууж байж болохгүй гэдгийг хатуухан хэлсэн. Гэтэл гишүүд болохоор вакцинд 20 тэрбум, сүүлдээ 40,50 тэрбумыг тусгасан, ЭМД-ын эрсдэлийн сангаас ч гаргах боломжтой гээд гүрийгээд байна лээ. Үнэндээ 20 тэрбум бол жилийн жилд л төсөвт суудаг хүүхдийн товлолын болон ханиад томууны вакциныг дагалдах хэрэгслийн хамт худалдан авах, тээвэрлэх зардал шүү дээ.

-Олон улсын байгууллагуудын зээлээр хөнгөлөлттэй вакцин авчихдаг юм биш үү?

-Яах вэ дээ, ДЭМБ гишүүн орнууддаа тодорхой хэмжээний вакциныг тусламжаар болон хөнгөлөлттэй үнээр хүн амын 10-20 хувьд олгодог тал бий. Гэхдээ энэ бол юу ч биш. Туршигдаад байгаа вакцинуудын үнэ нэг тун нь 25-37 ам.доллар байна. Нэг хүнд хоёр тунг хийхэд 50-74 ам.доллар буюу ойролцоогоор 130-200 мянган төгрөг хэрэгтэй болно. Хүн амын 60 хувийг хамруулна гэхэд 300-400 тэрбум төгрөг шаардлагатай. Тийм учраас энэ аймшигт халдвараас ард түмнээ хамгаалахад зориулсан хөрөнгийг улсын төсөвт хангалттай тусгах ёстой байсан. Хэрвээ тусгачихсан байсан бол аль хэдийнэ захиалгаа өгч хөөцөлдөөд богино хугацаанд оруулаад ирэх боломж байсан. АНУ гэхэд 600 мянган хүнээ вакцинд хамруулаад эхэлчихлээ. Сингапур Pfizer вакциныг худалдан авсан анхны орон болчихлоо. Тэгэхэд УОК-ын мэдээллээс үзэхэд манайх ирэх оны I улиралд багтаан вакцин оруулж ирж магадгүй бололтой. Ийм байж болохгүй л дээ. Мөн коронавирус мутацид орж байгаа нь вакцины асуудлыг улам л төвөгтэй байдалд оруулна.

-Вакцины туршилт, зөвшөөрөл, үйлдвэрлэлт, хуваарилалт гээд цаг хугацаа их шаарддаг юм аа даа. ОХУ, БНХАУ-ын эрдэмтэд өөрсдөө вакцинаа үйлдвэрлээд, туршаад, иргэддээ хийгээд эхэллээ. Манай орны хувьд энэ хоёр хөршийнхөө вакциныг худалдаж аваад вакцинжуулалтаа эхлүүлж болохгүй юу?

-Вакцин үйлдвэрлэгчид вакцинаа үйлдвэрлээд туршилтын хугацааг дуусгаад үр дүнг нь тогтоосны дараа ДЭМБ-д бүртгүүлж, худалдах эрхээ авдаг. Одоогоор зуу гаруй үйлдвэрт вакцин хийж байгаа гэх боловч тоотой хэдхэн том компаниуд вакцины туршилтаа хийгээд ДЭМБ-д бүртгүүлэхээр өрсөлдөж, зарим нь худалдаалж эхэллээ. Манай орны хувьд хөрш хоёр орноосоо авч бололгүй яахав. Гэсэн ч гишүүн орны хувьд ДЭМБ-ын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага гэж бий. Өөрөөр хэлбэл, ДЭМБ-ын гишүүн орнууд бүртгэгдээгүй вакциныг худалдан авч иргэддээ хийх боломжгүй. Өөрсдөө зохион бүтээгээд, өөрсдөө үйлдвэрлээд иргэдээ вакцинжуулах бол асуудалгүй.

-Ер нь эрүүл мэндийн салбарт вакцинаас гадна оношилгооны тоног төхөөрөмж, хэрэгсэл ч дутагдалтай байгаа талаар яригдаж байна?

-Уг нь өнгөрсөн хугацаанд “Ковид-19”-тэй холбоотой олон улсын байгууллага, донор орнуудын зээл тусламж, ард түмний хандив, төсвийн хөрөнгийг үр ашигтай ил тод зарцуулсан бол төв орон нутгийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдээ орчин үеийн тоног төхөөрөмж, машин тэрэг, хүн хүчээр бүрэн хангах, наад зах нь ХӨСҮТ-ийн барилга байшинг одоо биш, аль эрт засч янзлаад бэлэн байдалд оруулах, найман жилийн өмнө ХӨСҮТ-ийн хашаанд эхлүүлсэн “Био аюулгүйн лабаротори”-ийг ашиглалтад оруулчих боломж байсан. Өнөөдөр Архангай аймагт коронавирусийн халдвар илэрч, олон мянган хавьтлуудад оношилгоо хийж тодруурлах болоход аймагт ганц ч PCR-ын аппарат байхгүй, сорьцоо хот руу илгээж хариугаа авч байна.

-Ерөнхийлөгч 2021 оны улсын төсөвт хориг тавьж, багагүй маргаан мэтгэлцээн болсны эцэст УИХ хоригийг хүлээж аваагүй. Гэхдээ Засгийн газар саяхан цахилгаан, уур, усны зардлыг тэглэх тухай шийдвэр гаргасан нь хоригтой холбоотой гэх хүмүүс ч байна?

-Үнэндээ 2020 онд анх коронавирусийн халдвар гарах үеэс үүсч болох хүндрэл бэрхшээлийн талаар Ерөнхийлөгч байнга сануулж, төсвийн тодотгол хийхийг хэд хэдэн удаа шаардаж, тодорхой саналуудыг хүргүүлсэн байдаг. Харамсалтай нь УИХ өнгөрөгч аравдугаар сард 4.8 их наядын алдагдалтай төсвийн тодотгол хийж, 2021 оны төсөвтөө нөгөө л ач холбогдол багатай, хөрөнгө оруулалтуудаа тэр чигээр нь баталсан учраас Ерөнхийлөгч арга буюу хориг тавьж, төсвийн үр ашиггүй зардал, хөрөнгө оруулалтыг танаж, өрх бүрт нэг сая төгрөг олгох, коронавирусийн халдварын эсрэг вакцин худалдан авах зардлыг тусгах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих санал тавьсан. УИХ хоригийг хүлээж аваагүй ч Засгийн газар хоригт тавигдсан асуудлыг анхааралдаа авч, ирэх оны долдугаар сарын 1 хүртэлх хугацаанд иргэд, үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудын цахилгаан, дулаан, ус, түлшний хэрэглээний зардлыг тэглэх, хөнгөлөх шийдвэр гаргасан нь үнэн. Үүнд Ерөнхийлөгч талархал илэрхийлж, гаргасан шийдвэрийнхээ алдаа оноог цэгнэж, засч залруулах, ард иргэд ч энэ асуудалд ухамсартай, хэмнэлттэй хандахыг зөвлөж, уриалга гаргасан.

-Алдаа гэдэг нь юу билээ?

-Тухайлбал, эрчим хүчний үнийг ямар ч тооцоо судалгаагүйгээр 100 хувь тэглэснийг алдаа гэж үзсэн. Тогтоол гарсны дараа эрчим хүчний салбарт хүндрэл үүсч, Засгийн газар гаргасан шийдвэрээсээ арга буюу ухралт хийж байгаа биз дээ. Ийм эргэж буцсан шийдвэр гаргаж болохгүй.

-Ер нь коронавирусийн халдварын хорио цээрээс болж үйлдвэр, аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барьж, ард түмний амьдрал туйлын хүнд байдалд орж байна?

-Өнөөдөр хүнснийбус үйлдвэрлэл, аялал жуулчлал, үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжийн 80 орчим хувь, барилгын салбарын бизнес эрхлэгчдийн 75 хувь, худалдаа, дотоод тээвэр, боловсролын салбарын бизнес эрхлэгчдийн 60 орчим хувь нь бизнесээ бүрэн зогсоож, үйл ажиллагаа явуулахгүй байна. Үүнтэй холбоотойгоор хүн амын амьдрал туйлын хүнд байдалд орж байгаа. Манай аж ахуйн нэгж байгууллагуудын дийлэнх хувь нь өдөр тутмынхаа амьдралын хэрэгцээг хангах жижиг хувийн аж ахуйнууд л голлож байдаг. Тэр нь хэдэн сараар зогсчихоор ямарч орлогогүй болж байна. Ядахад энэ жилийн төсөвт бид авахгүй юм бол та нарт өгөхгүй гэсэн шиг ЖДҮХС-д нэг ч төгрөг тусгаагүй.

-Хүүхдийн мөнгө л аврал болж байх шиг. Гэтэл зарим гишүүд хүүхдийн мөнгөнөөс татгалзахыг уриалж байх юм. Та үүнтэй санал нийлэх үү?

-Хараад байхад манай УИХ-ын гишүүд хүүхдийн мөнгийг халамжийн бодлого мэтээр ойлгоод байна. Хүүхдийн мөнгө бол халамж биш, анхнаасаа “Хүүхэд нь эцэг эх, асран халамжлагчийн гар дээр өсч байгаа, сургууль завсардаагүй, товлолын вакцинд заавал хамрагдсан байх” гэсэн хатуу шалгуураар олгож эхэлсэн, Монголын ирээдүй-хүүхэд багачуудаа хамгаалах, хүн амаа өсгөх төрийн том бодлого байсан юм. Ардчилсан нам өнөөдрийг хүртэл энэ бодлогоосоо ухралгүй, 20 гаруй жил хүүхдийн мөнгийг хамгаалж ирсэн. Хүүхдийн мөнгө бол хүнд хэцүү цаг үед иргэдэд очсон хамгийн шударга, одоо ч ач холбогдлоо алдаагүй байгаа хөрөнгө оруулалт. Монгол Улсын 897 мянган өрхийн 531,0 мянга нь хүүхэдтэй болохоор хүүхдийн мөнгө яах аргагүй нэмэр болж байгаа. Гэтэл цаана нь 366.0 мянган хүүхэдгүй өрх байна. Тийм л учраас Ерөнхийлөгч өрх бүрт сая төгрөг олгож, үүссэн хүнд нөхцөлөөс түр ч болох нь ээ гарахыг зорьсон.

-Эцэст нь нэг зүйлийг тодруулахад Ардчилсан нам сая их хурлаа цахимаар хуралдуулж намын дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт орууллаа. Таны хувьд намынхаа ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Ардчилсан нам бол үүссэн цагаасаа хойш ардчилсан хүчний 20 шахам намыг эгнээндээ нэгтгэсэн, ардчиллын 30 жилийн түүхэнд намын гишүүдийнхээ дотроос гурван Ерөнхийлөгч, давхардсан тоогоор 194 Улсын Их, Бага хурлын гишүүн, долоон Ерөнхий сайд, аймаг нийслэл, сум, дүүрэгт хэдэн зуун ИТХ-ын төлөөлөгч, 100 гаруй Засаг дарга нарыг төрүүлсэн хүчирхэг улс төрийн хүчин. Харамсалтай нь бид шинэ залуу боловсон хүчин, хойч үеэ бэлтгэх, өсгөж өндийлгөх тал дээр учир дутагдалтай явж ирсэн. Тухайлбал, өнөөдрийг хүртэл намын удирдлага, Төрийн өндөр албан тушаалд 90-ээд оны хэдхэн “лидер”-үүд л эргэлдсэн байх жишээтэй. Одоо энэ “лидер”-үүд маань залуучуудаараа түлхүүлж бүгдийг эзэгнэх биш, өөрсдөө ард нь гарч залуучуудаа түрж, эрч хүчтэй урагшлах хэрэгтэй болчихоод байгаа юм. Энэ бол Ардчилсан намын амин чухал зорилт. Яагаад үүнийг хэлж байна гэхээр АН сүүлийн хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээлээ шүү дээ.

-Үүний хор нөлөө гэж байх уу?

-Байхаар барах уу. Одоо байдлыг хар л даа. 2020 оны УИХ-ын сонгуульд МАН нийт сонгогчдын 45 хувийн саналыг авсан хэрнээ 62 суудал авч, үнэмлэхүй олонх болчихоод нийт сонгогчдын 55 хувь буюу олонхын төлөөлөл болсон Ардчилсан нам, МАХН, “Зөв хүн электорат эвсэл”, бие даагчдын саналыг огтхон ч харгалзан үзэхгүй дураараа тонгочиж байна. Үүнээс болж Монголд нэг намын дарангуйлал тогтож, монголчуудын 30 жилд олж авсан ардчиллын үнэт зүйл устах аюулд орж байгаа биз дээ. Энэ бол маш хор нөлөөтэй, аюултай үйл явц.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Ганхуяг: Улсын төсвөөс аймаг, сумдад татаас өгдөг зүйлийг болиулчихвал орон нутаг бизнесүүдээ дэмжинэ, ажлын байр бий болгоно

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Орон нутагт татвар тогтоох, бонд гаргах, концесс байгуулах эрх мэдлийг олгож байгаа нь нэгдмэл улсын бодлоготой зөрчилдөх эрсдэлтэй гэдгийг зарим гишүүдийн зүгээс хэлж байсан. Энэ тал дээр таны байр суурь ямар байгаа вэ?

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулиар орон нутагт эрх мэдлийг нэмэгдүүлж өгч байгаа юм. ААН-ийн орлогын албан татварын 40 хувь, газрын хураамж, үл хөдлөхийн хураамж зэргийг орон нутагт үлдээхээр орон нутгийн төсөв нэмэгдэнэ. Дээрээс нь бонд гаргах, концесс гаргах эрхийг нээж өгч байгаа. Нэг талдаа орон нутгийн орлого нь нэмэгдчихсэн, нөгөө талд нь зээл авах үүд хаалгыг нь нээгээд өгчихөж байна. Зээл авах үүд хаалгыг нь нээгээд өгчихөөр дөрвөн жилийн дараа баахан өр тавиад Засаг дарга нь буугаад явчихдаг. Яг л 2012-2016 оны хооронд болсон үйл явдал давтагдана. Улсын төсвийн нэмэлт, өөрчлөлтөөр тухайн орон нутгийн төсвийг юу юунаас бүрдэхийг нь оруулж байгаа. Орон нутагт өөрийн татвар хураамжаас гадна улсын төсвийн санхүүгийн дэмжлэг, улсын төсвөөс өгөх санхүүгийн төлбөр гээд хоёр зүйл нэмэгдээд орчихож байгаа юм. Ингээд мөнгө дутвал улсын төсвөөс авна гэсэн үг. Татвараа нэмчихлээ, орлого нь нэмэгдчихлээ. Гэхдээ нэг ч төгрөгийн орлого байхгүй мөртлөө Засаг дарга нар машинаа сайжруулдаг жишиг гэмээр зүйл өдийг хүртэл явсаар ирсэн. Сумынх нь төсөв нойл заачихсан байхад дарга нь унах унаа худалдаж авдаг. Одоо бүр орлого нь нэмэгдчихээр өрөөгөө тохижуулна, байшингаа томруулна. Сонгуульд нь явсан хүмүүст албан тушаал гаргаад өгчихнө. Мөнгө нь дутаад ирэхээр зээл авчихна. Хоёр юм уу, дөрвөн жилийн дараа зээлээ төлөх гэхээр мөнгөгүй гээд суучихна. Аймаг дампуурах гээд ирэхээр улсын төсвөөс мөнгийг нь авч төлнө л гэсэн үг. Ийм үүд хаалга нээгээд өгчихсөн.

Хэрвээ дээр дурдсан боломжуудыг нь өгч байгаа бол улсын төсвөөс гэдгийг онцгой тохиолдолд өгдөг байхаар зүйл заалт оруулахгүй бол зээл аваад улсын төсвөөс төлүүлдэг зүйл рүү явна. Ж.Сүхбаатар гишүүн Сангийн яамнаас зөвшөөрөл авч явна гэж байна лээ. Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалт дандаа дарга нарын аймаг руу л хийгддэг. Тэгэхээр зээл авах тал дээр мөн адил байх болов уу. Орон нутгийн удирдлага ханатлаа бондоо гаргаад дөрвөн жилийн дараа улсын төсвөөс мөнгийг нь өгдөг ийм үүд хаалга нээчихлээ.

-Ямар журмаар аймгуудад бонд гаргах эрхийг өгөх вэ?

-Бонд гаргахтай холбоотой журам гаргана. Гэхдээ олгох эрхийг нь өгчихсөн юм чинь олгох журам л гарна. Тэр нь нэг дарга шийддэг л журам өгнө гэсэн үг.

-Өрөө төлж чадахгүй нөхцөлд хариуцлага тооцох зүйл яригдах уу?

-Орон нутагт эрх мэдлийг хангалттай өгч байгаа хэдий ч хариуцлага тооцох зүйлсийг орхигдуулсан. Өрөө төлж чадахгүй бол засаг даргыг огцруулдаг ч юмуу тийм зүйл байх ёстой. 2024 оноос энэ хууль хэрэгжихээр 2028 онд хэд хэдэн аймаг нь дампуурлаа зарлана. Дараа нь улсын өр, орон нутгийн өр гэж ихээхэн хэмжээнд хүрчихсэн тийм л дүр зураг харагдаж байна. Хариуцлага нэмэгдүүлэх асуудал хаалганы цаана үлдчихлээ. Дараагийн сонгуулиа хараад л хийчихэж байгаа юм. Үүнээс ямар үр дүн гарах гээд байгааг цөөхөн гишүүн л харж байна. Баахан өр ширтэй аймаг бий болоод дараагийн Засаг дарга нь өр ширтэй аймаг хүлээж авах эрсдэлийг олж харсангүй.

-Сумдыг нэгтгэх асуудлыг энэ хуулиар оруулж ирэх нь зөв гэж зарим нэг гишүүдийн зүгээс илэрхийлж байсан. Сумдыг нэгтгэх зүйл заалт бий юү?

-Одоо энэ хуульд тусгагдаж чадсан авууштай зүйл нь 2024 оноос 2500 ба түүнээс дээш хүнтэй байж сум болно гэдэг зүйл заалт оруулсан. Ингэснээр олон жижиг сумд байхгүй болно. Тэгэхээр захиргааны зардал ч багасна. 1000 хүн амтай сумдад 640 хүүхдийн сургууль барьчихдаг буруу жишиг өнөөдөр манайд байдаг. Төсөв гэдэг иргэдийнхээ тоо суурьшмал бүсээс хамаарч оногддог байх ёстой. Төсвийн энэ мэт үр ашиггүй төсвийн зарцуулалтыг зогсооё гэсэн ч хуульдаа яг тодорхой зүйл заалт орсонгүй.

-Таны хувьд аймаг, сумдад улсын төсвөөс татаас өгдгийг зогсоох хэрэгтэй гэх байр суурийг илэрхийлж байсан. Өнөөдөр манай улсад 21 аймгийн таван аймаг, 330 сумын 20 гаруй нь л өөрийгөө санхүүжүүлж явдаг гэх тооцоо судалгаа байна лээ.

-Улсын төсвөөс татаас өгдөг зүйлийг яагаад болиул гээд байна гэхээр орон нутагт орлого нэмэгдэх боломж нь бий болчихлоо, тэгэхээр орон нутгийн засаг захиргаа татварын бааз сууриа яаж нэмэгдүүлэхээ бодож эхэлнэ. Бизнесүүдээ дэмжинэ, ажлын байр бий болгохыг дэмжинэ. 50, 60-хан хүнтэй багийг татан буулгана. Данхар орон нутгийн засаг захиргааны нэгжийн бүтцийг багасгана. Хүн ам, зах зээл багатай сумд нэгдээд нэг сум болчихъё гэх тал руугаа явна. Эдийн засгийнх нь хөшүүргээр явна гэсэн үг. Жишээлбэл, аймаг орон нутагт ажиллаж байгаа уурхайг хэн нэгэн очоод хаахад орон нутаг нь хамгаалдаггүй. Гэтэл уул уурхай тэнд ажлын байр бий болгож байдаг, татвараа төлдөг, малчдаас нь мах, сүү худалдаж авдаг. Улсын төсвөөс мөнгө өгөхийг нь болиулаад орон нутагт өгч байгаа эрх мэдлийг нь өгөөд явбал аймгийн Засаг дарга уул уурхайн компанитай тохиролцоо хийнэ. Яг аймагтаа хэрэгтэй зүйлсийг ярьж эхэлнэ. Одоо улсын төсвөөс мөнгө аваад байгаа болохоор бизнесийг дэмжсэн ч дэмжээгүй ч мөнгө нь ороод л ирнэ. Болохгүй бол өр тавьж байгаад мөнгө авчихна ийм л зүйл явсаар ирсэн ш дээ.

-“Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд нэр дэвшигчийг шууд татгалзаж болно” гэсэн нь багаас эхлээд бүх засаг, захиргааны нэгжид үйлчлэх заалт нь тодорхойгүй байдал үүсгэх эрсдэлтэй талаар гишүүд мөн хэлж байсан.

-Гүйцэтгэх засаглал нэг шугамаар хуулийг хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Ерөнхий сайд томилгоонд нь санал болгоно. Сонгох, сонгохгүй нь аймгийн ИТХ-ын мэдлийн асуудал юм. Сонгочихлоо гэхэд аймгийнхаа төлөө ажиллахаас өөр аргагүй.

-Шүүхийн тухай хууль хэзээ хэлэлцэгдэж эхлэх бол. Ямар өөрчлөлтүүд тусгагдаж байгаа вэ?

-Шүүхийн тухай хуульд маш их өөрчлөлт орж байна. Хуучин шүүх босоо тогтолцоотой байсан бол одоо хэвтээ тогтолцоотой болно. Анхан шат, давж заалдах шатны шүүхээр яваад дуусна. Түүнчлэн дээд шүүх рүү хүсэлт өгнө. Хүсэлтийг хүлээж авах эсэхийг дээд шүүх шийднэ. Ямар тохиолдолд хүлээж авах вэ гэхээр тухайн хэрэг дээр нэг зүйл заалтыг хоёр, гурван төрлөөр хэрэглэчихсэн байвал, нэг хэрэгт хоёр гурван өөр ял өгчихсөн байвал дээд шүүх авч татаад хэлэлцээд явна. Энэ нь илүү авлигаас хөндийрүүлнэ. Хуучин шиг шүүх дээр удааширдаг процесс алга болно. Нэг хэргийг захиалгатайгаар нэг шүүгчид өгдөг зүйлийг алга болгож байгаа юм. Компьютерийн программаар шийддэг болно. ШЕЗ-ийн гишүүдийн тавыг нь шүүгч дундаас, тавыг нь УИХ-аас санал болгож томилно. Дээд шүүхийн 25 гишүүнийг 11 болгох эсэх маргаан явж байна. Дээд шүүх маргаан шийддэг бус илүү судалгааны онол зүйн хуулийн тайлбар талдаа ажилладаг болно гэсэн үг. Сахилгын хороог шүүгчдээс томилж, УИХ томилгоонд оролцоно. Шүүгчийн хийж болохгүй гэсэн 39 зүйл заалт орж байгаа. Гэхдээ энэ бүхэн эцэслэн шийдэгдээгүй байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Доржханд: Сумдыг эдийн засгийнх нь агуулгаар нэгтгэх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.


-Та сумдыг нэгтгэж, ажлын байр бий болгох хэрэгтэй гэж чуулганы хуралдаанд хэлсэн. Яагаад сумдыг нэгтэх нь зөв гэж үзсэн бэ. Өнгөрсөн хугацаанд сумдын хөгжил хэр байсан бэ?

-Яагаад сумдыг нэгтгэх ёстой талаар ярьж эхлэхээс өмнө түүхээ сөхөж ярих шаардлага үүсч байна. Монголчууд 1691 онд Манжийн дарлалд орсон. Манжууд “хуваа, захир” гэдэг бодлого явуулсан. Өөрөөр хэлбэл, нүүдэлчдийг захирахын тулд 120 гаруй хошуу буюу жижиг блок бий болгосон байдаг. Хэрэв энэ блокоос халиад, отор нүүдэл бэлчээрийн асуудал гарч ирдэг. Үүнээс болж хоорондоо муудалцдаг. Дараа нь 1921 онд Ардын хувьсгал ялж үндсэндээ Оросоос мэргэжилтнүүд уригдаж ирж нэгдэл бригад барьсан. Орос маягийн тосгод гэсэн үг. Үндсэндээ нүүдлийн мал аж ахуйгаа улам бүр жижиглэх бодлого явуулсан. 1960-аад оноос нэгдэлжих хөдөлгөөн болоод үндсэндээ баахан сангийн аж ахуй нэгдлүүд үүсчихсэн. Тухайн үед 255 сум нэгдэл газар тариалангийн 52 аж ахуй, мал аж ахуй 1600 гаруй бригад байгуулсан. Үндсэн санаа нь Оросын түүхий эдийн бааз суурь болгоход л бэлдсэн юм билээ.

Тэгээд үр дүнд нь нэгдлүүдээ тойруулаад шууд сум болгоод түүнийгээ засаг захиргааны нэгж болгоод явчихсан. Бүр их хуваагдсан. Бидний хуваагдал хоёр ч удаа гадны нөлөөллөөр хийгджээ. Тэдний хэрэгжүүлсэн бодлогыг бид хүлээгээд авчихсан юм. Үр дүнд нь нэгдэл байхгүй, амьжиргаа байхгүй болчихоор 330 сум бизнес эрхэлж ажлын байр бүтээж байгаа зүйлгүй. Сумдад үнэндээ хэдэн байшин, колонк, банк байдаг ш дээ. Төсвөөс цалин буувал худалдаа наймаа хийдэг өөр юу ч байдаггүй. Нийт 330 сумын 50 хувь нь 2000-аас доош хүн амтай олон суурин байна. Ямар ч зах зээлгүй. Хүн амьдрахад хэцүү газрууд их байна. Говь-Алтайд гэхэд хүмүүс уулын орой дээр амьдардаг. Жорлонгоо доошоо ухдаг бол тэнд дээшээ өрнө. Зүүн урд зүгийн сумдаар усны чанар маш муу. Нэгдүгээрт, хүмүүсийн эрүүл ахуй төрийн чанартай үйлчилгээ авах боломж нь хомс. Газар нутаг нь илүү үнэтэй юм уу, газар дээр амьдарч байгаа ХҮН нь илүү үнэтэй юм уу?! Хоёрдугаарт, эдийн засгийн асуудал. Бид 30 жилийн сонгуулийн амлалтаар өнөө 330 сумандаа үр ашиггүй бүтээн байгуулалтыг маш их хийдэг болчихсон. Яагаад гэвэл дахиж сонгогдох нь чухал. Дахиж сонгогдохын тулд тойрогтоо үр ашигтайгаас үл хамаараад баахан лобби хийж байгаад хөрөнгө татдаг. Үр дүнд нь баахан соёлын төв 100, 200 хүүхэдтэй сургуульд 600 хүүхдийн сургууль барьдаг. Төрийн үйлчилгээ үзүүлж байна гээд баахан оффис барьдаг. Тэгсэн мөртлөө тэнд нь ажил хийх боломж байдаггүй. Нөгөө талдаа хүмүүсийн бөөгнөрөл, сэлгээ байхгүй болчихоор цус ойртолт ноцтой түвшинд оччихоод байгаа юм. Үүнийг ганц өнөөдөр би яриад байгаа юм биш. Олон жил мэргэжилтнүүд яриад дийлэхгүй байна. Яагаад гэхээр сонгуулийн системээсээ болоод дийлэхгүй байгаа юм. Эх орондоо газар нутагтаа хайртай гээд улстөрчид гарч ирээд энэ шинэчлэлийг зогсоодог юм билээ. Хуучин төсвийн 30-40 хувь нь хөрөнгө оруулалт байсан бол одоо нийт төсвийн 10 хувь нь хөрөнгө оруулалт болсон. Улам буурсаар “0” хувь удахгүй болно. Орон нутагт байшин барих тусам халаалт дулаан гээд баахан төсөв дээр урсгал зардал суучихдаг. Хэн тэнд ажилладаг вэ гэхээр ялсан намын хэн нэгэн нь ажилладаг. Ийм байдлаар явахаар төсөв ямар ч хөрөнгө оруулалт хийх орон зайгүй, зөвхөн цалин тэтгэвэр тэтгэмж, урсгал зардал санхүүжүүлдэг төсөв болчихоод байгаа юм. Хөгжил байхгүй. Сонгуулийн систем, засаг захиргааны нэгжийн буруу тогтолцооноос болж төсөв алдагдалтай, үр дүнд баахан өр үүсдэг. Ард иргэдийн амьдралын чанар муудсан. Ийм системээр дахиад цаашаа явах боломжгүй, дийлэхгүй.

-Сумдыг ер нь ямар байдлаар нэгтгэх юм бэ. Ямар боломж бололцоог харгалзан үзэж шийдэх юм?

-Шууд хүчээр сумдыг нэгтгэх зүйл яриагүй. Эдийн засгийнх нь агуулгаар нэгтгэе гэж байгаа юм. Тухайлбал, бүс нутгийн хөгжлийн үзэл баримтлал гэж байдаг. Түүнд дөрвөөс таван бүс нутагтай байхаар заасан. Ядаж үүнийг нь оруулмаар байна. Бүс нутгийн тулгуур төвийг байгуулах замаар хүн амын төвлөрөл үүсгэх хэрэгтэй. Түүнчлэн, эдийн засгийн коридоруудыг үүсгэж болдог. Улсын чанартай зам барихад түүнийг дагаад хот үүсдэг. Хотын үйлчилгээг бий болгосноор тэнд төвлөрөл үүснэ. 5,10 км зайтай сумдыг нэгтгэх хэрэгтэй. Аймгийн төвүүдтэй ойрхон сумдыг нэгтгэж болно. Төв аймгийг Улаанбаатар хотын дүүрэг болгох боломжтой. Олон улсын байгууллагын судалгаагаар цаашдаа хөгжөөд явах боломжтой 30-40 сум л байдаг юм билээ. Бусад нь боломж тун бага. Хүчээр санхүүжүүлээд байхаар төсөв дийлэхгүй болчихож байгаа юм. Хил хязгаар нутгаа эзэнгүй орхиж болохгүй гэдэгтэй санал нэгдэж байна. Тэгвэл тэр нутгуудад төрийн үйлчилгээг дөхүүлээд өгье. Хилийн хамгааллыг иргэд өөрсдөө гэхээс илүү төрийн хийх ажил. Ер нь энэ нэгтгэх асуудлыг үеийн үед шийдэхээр оролдож байсан юм билээ. Тухайлбал, 1992 оны Үндсэн хуульд энэ талаар Б.Чимид гуай тусгах гээд чадаагүй юм билээ. Ямартаа ч сумдыг нэгтгэх боломжийг энэ хуулиараа нээх нь зүйтэй. Дараа нь сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчилж байж улс маань хөгжинө.

-Одоогийн Засаг захиргаа нутаг дэвсгэр, түүний нэгжийн хуульд ямар өөрчлөлтүүд орж ирж байгаа вэ?

-Одоо энэ хуулиар сумдыг нэгтгэх гэсэн зүйл алга. Сумдаа яаж удирдах вэ гэдэг асуудал л яриад байгаа юм. Удирдаж болно. Гэхдээ эхлээд хүмүүсийн бодит орлогыг дэмжиж ажлын байрыг бий болгох, эдийн засгийг дэмжсэн, хүний амьдралын чанарыг сайжруулсан бодлогыг гаргая. Хөгжлийнхөө асуудлаа эхлээд шийдье. Түүний дараа удирдах асуудалдаа оръё. Засаг захиргааны нутаг дэвсгэр түүний нэгжийн тухай хуулийг бага Үндсэн хууль гэдэг юм билээ. Бусад хуулиуд энэ хуультай нийцэж явдаг болохоос энэ хуулийн зохицуулалт бусад хуультай нийцдэггүй. Тэгэхээр маш том суурь хууль орж ирж байна. Нэгэнт өөрчлөх гэж байгаа бол зоригтой шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй. Хэнийг яаж дарга болгохоо л ярих гээд байх шиг байна. Үүнийг дараа нь ярьж болно.

-СХД-т явуулах нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтад нь явуулахаар болсон. Хотын дарга Д.Сумъяабазарыг нөхөн сонгуулийг өөрийнхөө мөнгөөр санхүүжүүл гэж хэлсэн тань олны анхааралд нэлээд өртлөө.

-Ард түмний сонголтод хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Ард түмнээс мандат авч гарч ирээд би хотын дарга болъё гээд ажлаа өгөөд явахаар зөрүүлээд хүмүүсийн төлөөллийн асуудал байхгүй болчихно. Хоёрдугаарт, санхүүгийн асуудал үүсч байгаа юм. Дахин сонгуульд 100 сая төгрөгийн асуудал байна гэж оруулж ирж байна лээ. Жишээлбэл, МАН 38 суудалтай, ХҮН 37 суудалтай байлаа гэхэд Сумъяабазар шиг хоёр гурван нөхдүүд дарга болох нь илүү зөв юм байна гээд гарчихаар хүчний харилцаа өөрчлөгдөөд ард түмний сонгосон засгийн газар биш, харин мандат нөгөө тийш шилжчихэж байгаа юм. Тиймээс зарчмаа барьж, хариуцлага хүлээ гэж байгаа юм. Сумъяабазараар өөрөөр нь төлүүл. Өөрөөр нь төлүүлэхгүй бол МАН өөрөө төл. МАН-ын удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслээд гэж ТББ-ын хорооны дарга нь танилцуулсан. МАН дангаараа шийдвэр гаргаад ард түмний төлөөллийг өөрчлөн дарга болгодог. Нөгөө хүн нь наашаа цаашаа эргэсэн шийдвэр гаргаж нийлслэлчүүдэд нэлээд хүндрэл учрууллаа. Иргэдийн сонголтыг үл хүндэтгэж дарга болохын төлөө уралдаад явбал энэ парламентад хэн үлдэх юм бэ. Парламентаа хамгаалж, ардчиллаа бэхжүүлэх нь бидний үүрэг. Зарчимгүй зүйл хийж байгаа нь МАН-ын буруу.

-Та чуулганы хуралдааны үеэр “Дэлхийн улс орнуудын төрийн тэргүүн залуу хүмүүс байгаа. Тухайлбал, Финландын Засгийн газрын гишүүд бүгд 35-аас доош настай. Тэд маш амжилттай удирдаж байгаа” гэж хэлж байсан. Ерөнхийлөгчид нэр дэвших насны заагийг хэд байх ёстой гэж үзэж байгаа юм бэ?

-Монгол хүмүүс ардчиллаа хамгаалмаар байна. Ирэх зургаан жил Монгол Улсыг удирдах төрийн тэргүүн нь хамгийн сайн гадаад бодлогын эксперт л байх ёстой. Тийм хүнээ сонгон шалгаруулах чиглэл рүү хуулийн төслийн бичилтээ түлхүү хиймээр байна. Үндсэн хуульд нэг хүн нэг удаа зургаан жилээр Ерөнхийлөгчөөр томилогдоно гэж байгаа. Өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүст хамаатай юм уу, хамаагүй юм уу үүнийг хуульдаа тодорхой тусгах хэрэгтэй.

Дөрвөн жил Ерөнхийлөгчөөр ажилласан хүнийг яагаад үргэлжлүүлж зургаан жилийн боломж өгөх ёстой гэж. Найман жил ерөнхийлөгчөөр ажилласан хүнд дахиад зургаан жил олгоод 14 жилийн эрх яагаад өгнө гэж. Урд нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс үнэхээр мундаг байсан юм бол өнөөдөр улс орон ийм байх уу? Буруу бодлогын үр дүнд нь ард түмний амьдрал маш муу байгаа. Тэгээд ч тэр хүмүүс хүлээн зөвшөөрөгдсөн сайн лидерүүд биш байна шүү дээ. Монголд оюун санааны бөгөөд, монголчуудыг нэг чигт хандуулах лидер хэрэгтэй байна. Харамсалтай нь эрх баригчид энэ талаар огт хариулт өгөхгүй байна. ХҮН нам, эвсэл нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй дөрвөн субьектийн нэг. Иймд бид монгол чууддаа сонголт хийх боломж өгөхийн төлөө хичээнэ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Мөнхцэцэг: Шүүхийн тухай хуулиар хараат бус, хариуцлагатай шүүх тогтолцоог бий болгохоор зорьж байна

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-Шүүхийн тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж эхэллээ. Шүүхийн тухай хоёр хуулийн төслийг Ерөнхийлөгч болон Засгийн газраас өргөн барьсан. Ерөнхийлөгч хуулийн төслөө эргүүлэн татаж авсан учраас Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхээр болж байна. Ерөнхийлөгчийн хуулийн төслийг Засгийн газрынхтай харьцуулахад ямар ялгаатай байсан бэ?

-Өчигдөр Ман-ын бүлгийн хурлаар Шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу шинээр батлагдах ёстой хуулиудаас шүүх засаглалын хараат бус байдлыг бий болгох хамгийн чухал хууль бол Шүүхийн тухай хууль. үндсэн хуулиар шүүхийн томилгоонуудад онцгой үүрэгтэй байгаа Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарласан бөгөөд Үндсэн хуулийн 33.4-д заасан үндсэн бүрэн эрхийн хүрээнд нь л Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгох юм. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороог улс төрөөс хараат бус, мэргэжлийн, нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар сонгох механизмыг бий болгоно. Шүүхийн тухай хуулиар хараат бус, хариуцлагатай шүүх тогтолцоог бий болгохоор зорьж байна. ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл болон Засгийн газрын өргөн барьсан хуулийн төслийг харьцуулан үзэж байна. аль аль нь шүүхийн шинэтгэлийг хийх, шүүхийн хараат бус байдлыг хангах тухайд зорилго тавьсан байна.

Гэхдээ Ерөнхийлөгчийн төсөлд үндсэн хуулийн тодорхой заалтуудад нийцэхгүй, эсвэл аль нэг субьектэд эрх мэдэл хэт төвлөрүүлсэн шинжтэй заалтууд байгааг хэлэх нь зүйтэй. Тухайлбал, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл дэх гурван заалтыг онцлон дурдах хэрэгтэй.

-Тухайлбал?

Үндсэн -хуулиар Ерөнхийлөгчид хууль санаачлах, хориг тавих, ШЕЗ-ийн санал болгосноор шүүгчдийг томилох, дээд шүүхийн санал болгосноор Ерөнхий шүүгчийг нь томилох зэрэг үндсэн бүрэн эрхийг олгосон.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийн хувьд Ерөнхийлөгчийн Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхийн хүрээнээс хальсан бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгсөн заалт маш олон байна. Жишээлбэл, хуулийн төслийн наймдугаар зүйлд Дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч томилно гэж заажээ. Засгийн газрын төсөлд ингэж олгоогүй, харин тухайн шүүх бүрийн шүүгчид нь дотроосоо ерөнхий шүүгчээ сонгоно гэж орсон нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон олон улсын сайн туршлагад нийцсэн заалт. Засгийн газрын төсөл “Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс гурван жилийн хугацаагаар сонгох бөгөөд түүнийг тухайн шүүхэд нь нэг удаа улируулан сонгож болно” гэж заасан нь олон улсын сайн туршлагад болон шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын зарчимд нийцэж байна. Харин Ерөнхийлөгчийн төсөл “Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхий зөвлөлийн санал болгосноор Ерөнхийлөгч …томилно” гэж заасан нь Үндсэн хуулийн 33.4-д зааснаас хальж уг заалтыг зөрчиж, Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд заасан шүүгчийн хараат бус байдлын зарчмыг алдагдуулахаар заасан байсан. Мөн Ерөнхийлөгчийн төслийн 31.4-д Шүүхийн сахилгын хорооны гурван гишүүнийг Ерөнхийлөгч санал болгохоор заасан байна. Энэ хоёр төсөл дээр дахиад л Ерөнхийлөгч Сахилгын хорооны гишүүнийг томилох, санал болгохоор орж ирж байгаа нь Үндсэн хуулийн 33.4-ийг зөрчсөн байна. Шүүгчид дотроос ерөнхий шүүгчийг сонгодог нь олон улсын жишиг учраас Монгол Улсад энэ зарчмыг нэвтрүүлэх нь зүйтэй. 2010 онд ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн газар, ХБНГУ-ын Макс Планк хүрээлэнгийн Минерва судалгааны групптэй хамтран гаргасан Зүүн Европ, Өмнөд Кавказ, Төв Ази дахь шүүхийн хараат бус байдлын зөвлөмжид “Шүүхийн шүүгчид дотроосоо ерөнхий шүүгчээ сонгодог байх нь сайн хувилбар” гэж заасан байдаг. Мөн Европын улсуудын үндсэн хууль, шүүх засаглалын хараат бус байдлыг хангах гол институт болох дэлхийн 60 гаруй улсыг эгнээндээ нэгтгэдэг Венецийн комисс шүүхийн шүүгчид дотроосоо ерөнхий шүүгчээ сонгох нь зөв гэсэн зарчим барьдаг. Ерөнхийлөгчийн төсөлд ШЕЗ-ийн шүүгч таван гишүүнийг сонгохгүй, харин зөвхөн УИХ-д санал болгож, УИХ томилох эсэхийг шийдвэрлэх зохицуулалт нь Үндсэн хуулийн 45.5-д буй “шүүгчид дотроосоо сонгох” заалтад нийцэхгүй байсан. Энэ мэтээр Ерөнхийлөгчийн өргөн барьсан болон Засгийн газрын өргөн барьсан Шүүхийн тухай хуулиудад зарчмын ялгаатай заалт, үзэл баримтлалууд байгаа юм.

-Шүүхийн тухай хуулиар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэр хязгаарлаж байгаа бол. Шударга бусын хонгил гэгчийг нурааж чадах уу?

-Өмнө дурдсанаар 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу шүүхийн томилгоонуудад онцгой үүрэгтэй байгаа ерөнхийлөгчийн тодорхой эрх мэдлийг хязгаарлах заалтууд Шүүхийн тухай хуулийн төсөлд орсон байгаа. Ер нь сүүлийн 30 гаруй жилд нэг субьектэд эрх мэдлийг хэт төвлөрүүлсэн алдаа гаргаж ирсэн нь өнөөдрийн “Шударга бусын хонгил” гэдгийг бий болгосон гэдэгт улстөрчид, эрдэмтэн судлаачид санал нэгтэй байдаг. Эрх мэдэл хэт төвлөрсөн субьект гэдэг бол УИХ болон ерөнхийлөгчийн институтууд юм. Ялангуяа шүүх засаглалд нөлөөлөх маш олон эрх мэдлүүдийг Ерөнхийлөгчид олгож ирсэн. Жишээ нь, 1993 онд шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх, Дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг томилох бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгсөн. Сахилгын зөрчил гаргасан шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах чиг үүрэгтэй Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүдийг Ерөнхийлөгч томилдог болсон. 2006 онд АТГ-ын дарга, дэд даргыг нэр дэвшүүлэх бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгсөн нь мөн л Үндсэн хуулиар олгосон эрх мэдлийн хүрээнээс хальсан явдал болсон. Ингээд зогсохгүй Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг бүгдийг нь Ерөнхийлөгч томилдог болсон. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч шүүгчдийг томилоод зогсохгүй тэдгээрийг хуульчдаас шилж олох чиг үүрэгтэй ШЕЗ-ийг томилдог болсон нь шүүгчийн томилгоонд түүний зүгээс хэт нөлөөтэй болсон. Бас нэг ноцтой зүйл бол 2019 онд ҮАБЗ-өөс зөвлөмж гарвал шүүгчийг хугацаагүй түдгэлзүүлэх, ерөнхий шүүгчийг огцруулах бүрэн эрхийг өгөөд байгаа. Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, АТГ-ын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийг ч ямар ч үндэслэл дурдахгүйгээр ҮАБЗ-ийн зөвлөмжөөр цуцалдаг болсон. Тийм учраас хараат бус шүүхийг бий болгохын тулд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид олгосон дээрх хэт эрх мэдлийг хязгаарлаж “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж заасан. Мөн 2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн УИХ-ын Хоёрдугаар тогтоолд Ерөнхийлөгчид Үндсэн хуульд заагаагүй бүрэн эрхийг өгч болохгүй гэж тодотгон оруулсан. УИХ-ын нэр бүхий 13 гишүүн бидний зүгээс ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчдийг чөлөөлдөг явдлыг арилгах хуулийн төслийг өргөн барьсан. Шүүхийн эдгээр шинэчлэлүүдийг хийж чадвал “шударга бусын хонгил” гээчийн эрсдэлийг арилгах болно.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүх засаглалтай холбоотой ямар өөрчлөлтүүд орсон бэ. Одоо өргөн баригдаад байгаа Шүүхийн тухай хуульд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн заалтууд яаж туссан бэ?

-Шүүхийн тухай хуульд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу урьд өмнө шүүхийн практикт байгаагүй дэвшилтэт заалтууд нэлээд орж байна. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Сахилгын хороог томилон бүрдүүлэх зарчмыг дурдах нь зүйтэй. УИХ сар гаруйн өмнө Хүний эрхийн үндэсний комиссын шинэ бүрэлдэхүүнийг нээлттэй сонгон шалгаруулж улс төрөөс хараат бусаар томилсон. Одоо бид Шүүхийн тухай энэ хуулиар Шүүхийн сахилгын хорооны шүүгч биш таван гишүүнийг бүрдүүлэхдээ адил зарчмаар нээлттэй сонгон шалгаруулалтаар шийдвэрлэхээр зааж өгөх ёстой. Үндсэн хуулийн 49.5-т оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал, үүнийг УИХ-ын 2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн Хоёрдугаар тогтоолын 3.2.3-т “Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг шүүн таслах ажлын туршлагатай хуульчид, нэр хүндтэй иргэд, хууль зүйн өндөр мэргэшилтэй эрдэмтдээс нээлттэй нэр дэвшүүлэх замаар холбогдох институцээс тэнцвэртэйгээр бүрдүүлэх зарчмыг хуульчлах” гэж заасан шаардлагыг хангасан хууль гарах хэрэгтэй. Үүний тулд ШСХ-ны есөн гишүүний дөрвийг нийт шүүгчид дотроос сонгоод, бусад таван гишүүнийг их дээд сургууль, хуульчдын холбоо зэрэг олон талын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг сонгон шалгаруулж, шалгарсан хүнийг УИХ томил-гооны сонсгол хийж олонхын саналаар томилдог байхаар хуульчлах нь чухал юм.

-ШЕЗ-ийг хэрхэн сонгохоор тусгасан бэ?

-Шүүхийн тухай хуулийн төсөлд орж буй дараагийн нэг онцлох өөрчлөлт бол шүүгчийг шилж олох, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чухал чиг үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийг олон улсын жишгээр мэдлэг, чадвар, хандлага, ёс зүй, туршлагад үндэслэн сонгон шалгаруулалтаар бүрдүүлэх заалт юм. Хуулийн төслийн 78.2, 79 дүгээр зүйлд ШЕЗ-ийн бүрэлдэхүүнд УИХ-ын “Хууль зүйн байнгын хорооноос гурав, Ерөнхийлөгч болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс тус бүр нэг хүнийг тус тус нээлттэйгээр энэ хуулийн 79.1-79.6-д заасны дагуу сонгон шалгаруулж томилох,” “Байнгын хороо өөрт ногдох гурван гишүүнийг дийлэнх олонхоор сонгон шалгаруулалтын ажлын хэсэг байгуулах, дийлэнх олонхоор томилох”-оор тус тус заасан. Тэр дундаа ШЕЗ-ийн шүүгч бус таван гишүүнийг сонгон шалгаруулахад хуулийн мэргэжлийн холбоод болон хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагыг шийдвэрлэх үүрэгтэйгээр оролцуулах нь улс төрийн зүй бус нөлөөллийг хязгаарлах чухал алхам болно. Энэ нь Венецийн комисс болон Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагаас байнга зөвлөдөг олон улсын сайн туршлагад тооцогддог учраас эдгээрийн төлөөллийг Ажлын хэсэгт орох, эсхүл нэр дэвшигчийг санал болгох байдлаар заавал оролцуулах хэрэгтэй. Хуульчдын холбоо буюу Өмгөөлөгчдийн холбоог ШЕЗ-ийг бүрдүүлэхэд оролцуулдаг жишиг Финланд, Франц, Мальт, Украин, Гүрж зэрэг улсад байна. Хууль зүйн сургуулийн профессоруудын төлөөллийг оролцуулдаг жишиг Нидерланд, Хорват, Болгар, Гүрж, Украин зэрэг улсад байна. Хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагыг оролцуулдаг жишиг Румын, Гүрж улсад байна. Франц, Испани, Итали зэрэг улсад уг зөвлөл дахь шүүгч гишүүдийг шүүгч нар нь сонгох, шүүгч биш гишүүдийг нь парламент ихэнхдээ дийлэнх олонхоор томилдог практик бий. “Ардчилсан зарчмаар зохион байгуулагдсан тогтолцоонд шүүхийн зөвлөл нь парламентаар дамжин илэрхийлэгддэг ард түмний хүсэл зоригийн төлөөлөлтэй холбогдсон байх хэрэгтэй.” Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалахын тулд шүүхийн зөвлөлийн бүрэлдэхүүний гол хэсгийг шүүгчид дотроосоо сонгох, шүүхийн зөвлөлийн ардчилсан легитим шинжийг хангахын тулд бусад гишүүдийг парламентаас сонгох ёстой гэж Венецийн комисс үздэг.

-Монгол Улс дотооддоо цар тахлыг алдлаа. Үүнтэй холбогдуулж хатуу хөл хорио тогтоосон. Эдийн засаг улам хүндэрч байна. Энэ хэвээрээ үргэлжилбэл цаашид нөхцөл байдал хэрхэх бол?

-Он гараад цар тахлын нөхцөл байдлаас хамаарч, эдийн засаг хүндэрвэл төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй. Төсөвт хийсэн тодотголоор банкны зээлийн хүүг бууруулах стратегиа амжилттай хэрэгжүүлж, дундаж давхаргаа дэмжсэн урт хугацааны бодлого явуулах, ажлын байраа хадгалж үлдсэн ААН-үүдэд татварын болон бусад хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй. Одоогийн байдлаар авч хэрэгжүүлж байгаа зээл төлөлтийг хойшлуулах арга хэмжээ нь иргэдийн амьдралд урт хугацаандаа өгөөжтэй, эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэх алхам биш юм. Ард иргэдийн хувьд нэг удаагийн бэлэн мөнгөний дэмжлэгээс илүүтэй урт хугацаандаа амьдралд үр өгөөжөө өгөх бодлого, шийдвэрийг Засгийн газраас гаргаасай гэдэг хүлээлттэй байна. Олон улсын ажиглагчид, эрдэмтэд цар тахал дэлхий дахины тэгш бус байдал, хөгжлийн ялгааг улам бүр гүнзгийрүүлж байна. Хөгжиж буй, ядуу буурай орнууд цар тахлын хүндрэлийг илүүтэй ихээр мэдэрч хямралд орж байгааг удаа дараа бичсээр байгаа. Тэр дундаа вакцины хэрэглээнд хүртэл хөгжлийн ялгаа, тэгш бус байдал нөлөөлнө гэж үзэж буйг анхаарахаас өөр аргагүй байна. Засгийн газраас вакциныг яаралтай оруулж ирэх ажлын хэсэг байгуулсан. 2021 он гарах үед “Ковид-19”-ийн эсрэг вакцин улс орнуудын хэрэглээнд нэвтэрвэл дэлхийн авиа компаниуд зорчигчид, хил нэвтрэгсдийг вакцин хийлгэсэн байхыг шаардаж эхлэх нь илэрхий болоод байна. Тийм учраас нэн тэргүүнд Монгол Улс ДЭМБ-ын хүлээн зөвшөөрөгдсөн, шаардлага хангасан вакциныг боломжит улс орнуудаас худалдан авах, хөнгөлөлттэй авах гэрээ хэлэлцээрийг даруй оруулж ирэх нь зүйтэй байгаа юм.

-Цар тахлын халдварыг дотооддоо алдсан ч барьж чадсан улсын туршлага юу байна вэ?

-Бусад улс орнуудын туршлагыг судалж, мэдээлэл авч байгаа. Цар тахлын хоёр дахь давлагаа эхэлсэнтэй холбогдуулан дэлхийн улс орнуудад хатуу хөл хорио тогтоох явц үргэлжилж байна. Лондон хотын Эзэн хааны коллежийн Халдвар судлалын баг тодорхой бүлгийн буюу эрсдэлтэй иргэд болон халдварын шинж тэмдэг илэрсэн хүмүүс, тэдний гэр бүлийг тусгаарлах нь халдварын тархалтыг зогсоож чадахгүй ч удаашруулдаг, харин бүх нийтийн хатуу хөл хорио тогтоох нь эдийн засагт хор хөнөөлтэй ч халдварын тархалтыг тогтоож чадаж байгааг тогтоосон байна. Хөл хорио тогтоогоогүй үед халдвар, нас баралтын тоо огцом нэмэгдэж, эмч, эмнэлгийн байгууллага ачааллаа дийлэхгүйд хүрч, эдгэрэх хүний тоо маш бага байх бол хөл хорионы дэглэмийн зэрэг нэмэгдэх тусам эрүүл хүн амын тоо нэмэгдэн, өвчлөл бага байна гэдгийг эрдэмтэн, судлаачид сануулж байна.

Солонгос улс цар тахлын үед эдийн засгаа дахин сэргээх бодлогоо 3Р буюу “Protection, Promotion, Preparation” гэж зарлаж хэрэгжүүлж байгааг солонгос судлаач Б.Урангоо УИХ, УОК-т хүргүүлсэн зөвлөмждөө дурдсан байсан. Тухайлбал, тус улсын Засгийн газраас иргэдийн ажил эрхлэх боломжийг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулах бодлого, орлого багатай хүмүүст зориулсан тусгай бодлогоор дэмжих хөтөлбөр, бүс нутгийг эдийн засгийн уналтаас хамгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, Онцгой байдлын үеийн тусламжийн сан байгуулж, ЖДҮ ба бичил бизнес эрхлэгчид, дотоодын үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, экспортыг сэргээх тусгай хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Мөн зайлшгүй шаардлагатай Business travel буюу бизнесийн зорилгоор гадаад руу гарах хүсэлтэй бизнес эрхлэгчдэд тусгайлан боломж олгох зэрэг бодлого, үйл ажиллагаа явуулж байна.

Ерөнхийдөө Солонгос улсын “COVID-19” хариу арга хэмжээний стратегийн зорилго нь өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, нийгэм, эдийн засгийг нээлттэй байлгах, иргэд, ААН-ийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд оршиж байна. Тус улсын Засгийн газраас халдварт өвчний тархалтын хорио цээрийн дэглэм, нийгмийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааны тэнцвэрийг хадгалж чадсан. Иргэд чөлөөтэй зорчих эрх чөлөөгөө эдлэхээс гадна олон улсын агаарын тээврийн сувгуудыг аль болох нээлттэй байлгахыг эрмэлзсэн. Өөрөөр хэлбэл, тус улсын “COVID-19”-ын эсрэг хариу арга нь нээлттэй, ил тод байдал, иргэний оролцоо, технологид суурилсан шинэлэг байдлын зарчмууд дээр явагдсан гэж хэлж болно. Манай улсын хувьд ДЭМБ-ын зөвлөмж болон бусад улс орнуудын туршлагыг судлан шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Гэхдээ цаашид учирч болох эрсдэлийг тооцоолж, бэлэн байдлын үеийн төлөвлөгөөндөө үндэслэн иргэд, ААН-ээ дэмжсэн бодлого явуулах, тэр дундаа БНСУ-ын адил ажлын байрыг нэмэгдүүлэх, шинээр хөгжих боломжтой үйлдвэрлэл, үйлчилгээнүүдийг дэмжих чиглэл баримтлах нь зүйтэй юм.

Categories
мэдээ улс-төр

Т.Батцогт: Нийслэлийн төсөвт 2021 онд иргэдийг торгож 60.8 тэрбум төгрөг олно гэж тусгасан

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогттой ярилцлаа.


-Нийслэлийн төсөв батлагдлаа. Нийслэлийн төсвийн бүрдүүлэлт ямархуу болсон бэ. Төсөв бүрдүүлэхэд татвараас гадна хүү торгуулийн орлогод ихээхэн мөнгө тусгагдсан харагдсан. Ирэх оны нийслэлийн төсөвт иргэдийг торгож 60 тэрбум төгрөг олно гэж тусгасан нь нэлээд шүүмжлэлтэй хандах хэсэг байна л даа. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Энэ жилийн 2021 оны нийслэлийн төсөв 819 тэрбум төгрөгөөр батлагдсан. Өмнөх он буюу 2020 онтой харьцуулахад 200 орчим тэрбумаар бага гэсэн үг. 2020 онд нэг их наяд төгрөгөөр баталсан. 2020 онд татвар дээр нэг их наяд төгрөг төвлөрүүлнэ гээд тавьчихсан байсан. Ковидоос болоод татварын бүрдүүлэлт 70 гаруй хувьтай байна. Энэ жил ийм байгаа учраас ирэх жилийг мөн адил төсөөлөөд төсвөө 819 тэрбум төгрөгөөр баталчихлаа. Нэг айл, өрхтэй зүйрлэхэд 2021 онд хэдэн төгрөгийг хоол хүнсэндээ, хэдийг нь байр дулаандаа хэдийг нь хашаа, байшиндаа зарцуулах юм бэ л гэдэг асуудал. Нийслэлийн төсөв яг үүнтэй ижил. Нийслэлд ажиллаж, амьдарч байгаа татвараа төлж байгаа иргэдийн ая тухтай амьдрах орчныг сайжруулахад чиглэсэн төлөвлөгөөг боловсруулж гаргаж батлахыг хэлж байгаа юм. Төсвийн бүрдүүлэлтийг ярихад, 819 тэрбум төгрөгийг цуглуулахын тулд татвараас гадна хүү торгуулийн орлого гэж байгаа. Нийслэлд 40.8 тэрбум төгрөг тавиад есөн дүүрэгт 20 тэрбум төгрөг тавьчихсан. Үндсэндээ 60.8 тэрбум төгрөгийг зөвхөн хүү торгуулиас олно гэж байгаа юм.

Угтаа хүү торгуулийн орлого гэдэг төлөвлөдөг мөнгө огтоос биш. Нэг айл өрх ирэх жилийн санхүүгийн төлөвлөгөөгөө гаргахдаа хэдэн төгрөгөнд торгуулна гэж тооцохгүй биз дээ. Зүй нь 2020 оны хүү торгууль хэдэн төгрөг орж ирж байна, түүнийгээ 2021 ондоо зарцуулах ёстой.

Шууд автоматаар хүү торгуулиас 60 тэрбум төгрөг авна гээд тусгачихаар цагдаа нарт команд өгөх нь байна. Замын цагдаа хөдөлгөөн зохицуулах байтал татварын байцаагчийн ажил хийж, шууд торгоод явах нь. Цагдаагийн Ерөнхий газар, тээврийн цагдаагийн газар 20 тэрбум төгрөг, Нийслэлийн цагдаа 5.4 тэрбум төгрөг, Мэргэжлийн хяналт 3.7 тэрбум төгрөг, замын хөдөлгөөний удирдлага 7.5 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гээд нийслэлийн төсөвт төсөвлөсөн. 2021 онд иргэдээ 60 тэрбум төгрөгөөр торгоно гээд төлөвлөчихсөн гэсэн үг. Энэ мөнгийг төлөвлөгөө болгож тавьж байгаа нь огтоос буруу.

-Тэгвэл цар тахлын үед нийслэлийн төсөвт хэрхэн анхаарч ажиллах талаар тусгасан уу. тэвчиж болох зардлуудыг танаж чадав уу?

-Ковидын үед ингэж ажиллана гэсэн нэг ширхэг ч үг, өгүүлбэр байхгүй. Яг хуучин төсвөөрөө ороод ирсэн. Угтаа нийслэлийн төсвийг цар тахалд зориулсан төсөв болгох шаардлагатай. Төсвийн урсгал зардал 363.9 тэрбум төгрөг. Энэ мөнгө өмнөх жилтэй харьцуулахад өсч орж ирсэн. Ковидын үед угтаа хэмнэх ёстой. Гэтэл эсрэгээрээ нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, хүүхэд хөгжил, хүүхэд хамгааллын нийт зардлыг 2020 оноос 34.7 тэрбумаар бууруулсан. 2020 онд бууруулаагүй хэрнээ 2021 онд таначихсан гэсэн үг. Ийм ялгаатай байж болохгүй л дээ. Энэ жилийн хөрөнгө оруулалт 130 орчим тэрбум төгрөг. Хөрөнгө оруулалтын зардал дотор тэвчиж болох олон хөрөнгө оруулалт бий. Жишээлбэл, СХД-ийн нутгийн захиргааны барилга 716 сая төгрөг. Энэ жилдээ тэвчиж болох л зардал. Үүний оронд ААН-үүдээ дэмжих ёстой. Налайх дүүргийн цагдаагийн барилга 500 сая төгрөг, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах хөтөлбөр 300 сая төгрөг байна. Бидэнд өнөөдөртөө 2040 оны төлөвлөгөө хэрэггүй. Багануур дүүрэг соёлын ордны барилга 500 сая төгрөг, Налайх дүүрэг соёлын ордны барилга 500 сая төгрөг, Багахангай дүүрэг соёлын ордны барилга 500 сая төгрөг, СХД Толгойт хөгжлийн төв 1.1 тэрбум төгрөгийг тусгажээ. Цар тахлын үед ковидтой холбоотой гэж үзвэл Засаг даргын нөөц хөрөнгө өмнөх жил долоо орчим тэрбум төгрөг байсан бол энэ нь нэмэгдээд 11.3 тэрбум төгрөг болоод ороод ирсэн. Задаргаа байхгүй. Юунд зарцуулах нь тодорхойгүй.

-Угтаа эдийн засаг, аан, иргэдээ дэмжих ёстой юм биш үү?

-Тийм. Эдийн засгаа сэргээхийн тулд ажлын байрыг хадгалах үүднээс ААН-үүдээ дэмжих ёстой. Онцын шаардлагагүй, барилга байгууламжуудыг түрдээ зогсооход 62 тэрбум төгрөг байна. Энэ мөнгийг 3-50 хүртэлх хүнийг ажлын байраар хангаж байгаа бизнес эрхэлдэг хүмүүст хүүгүй, хугацааг нь урт тавиад зээл хэлбэрээр өгч болно. Эдийн засаг сэргэтэл гурван жилийн хугацаанд зээл өгч болно. Цар тахлын үед сан үүсгээд эндээсээ бизнес эрхэлж байгаа хүмүүстээ дэмжлэг үзүүлж болно. Энэ удаагийн төсөвт бүтээлч санал огт алга. Түүнчлэн Нийтийн тээврийн үйлчилгээний газар 138.8 тэрбум төгрөг гэж байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд үйлчилж байгаа нийтийн тээвэрт нийслэлийн төсвөөс дэмжлэг үзүүлж энэ мөнгийг өгдөг. Маш их мөнгө. Гэтэл нийтийн тээвэр иргэн бүрээс 500 төгрөг авдаг. Энэ 500 төгрөг нь нийт зардлын 30 хувь гэж үзээд байгаа юм. 70 хувийг нь нийслэлээс өгчихөж байна. Ковидын үед нийтийн тээвэр иргэдээс 500 төгрөгийг авахаа больчих. Энэ бол иргэддээ дэмжлэг үзүүлж байгаа нэг хэлбэр. Мөн нийслэлийн төр захиргааны авто бааз 1.4 тэрбум төгрөг байна. Энэ нь дарга нарын 2.5 мотортой, 100 км-т 20 литр бинзен иддэг машинуудын зардал. Энэ зардлыг зогсоох ёстой. Дарга нар хотоо хөгжүүлье гээд байдаг. Тэгвэл нийтийн тээврээрээ үйлчлүүл л дээ. Ямар нийтийн тээвэр явж байгааг харах хэрэгтэй. Шийдвэр гаргаж байгаа дарга нар үнэтэй машин хэрэглэж нийтийн тээврээ яаж мэдэх юм. Он гаргаад дээр дурдсан зүйлсийг тусгаж, төсөвт тодотгол хийж болно.

-Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын авч байгаа бодлого шийдвэр, арга хэмжээнд иргэд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Энэ тал дээр таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Манай төрийн байгууллагын тогтолцоо, системийг өөрчлөх цаг болсон. Тэр алдаа нь одоо гарч эхэлж байн л даа. Өмнө нь ийм нөхцөл байдалтай тулж байгаагүй учраас амин дээр тулаад ирэхээр буруу систем гэдэг нь мэдэгдэж байна. УОК нэг шийдвэр гаргадаг, НОК өөр шийдвэр гаргадаг. Дундаа хаядаг. УОК, НОК шийдвэрүүд нь үргэлж зөрж байна. Үүнээс нь болж хүний амь хохироод эхэллээ. Судалгаа шинжилгээ муу, хажууд байгаа мэргэжлийн баг нь муу ажиллаж байна гэсэн үг. Дээрээс нь өөрөө бэлтгэгдээгүй, хотыг удирдах болоогүй байна. Шадар сайд Я.Содбаатар ч УОК-ыг удирдах болоогүй. Энэ цаг үед Ерөнхий сайд өөрөө удирдаад явах ёстой. Улсын төсөв ч нийслэлийн төсөвтэй мөн адилхан батлагдсан. Энэ олон соёлын барилга, музей энэ жилдээ хэрэггүй. Бид хүнээ л эрүүл саруул авч үлдмээр байна. Үүн рүү чиглэсэн бодлого улсын төсөвт байх ёстой. Улсын төсвийг ашиг сонирхлын зөрчилтэй баталсан. Би иргэний хувьд 2021 оны улсын төсвийг Үндсэн хуулийн Цэцэд өгсөн. Яагаад гэхээр Хэнтий аймгаас сонгогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх улсын төсвийг батлахдаа ашиг сонирхлын зөрчилтэй баталсан. Хэнтий аймагт 230 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалт тавьсан. Гэтэл нийслэлд 400 тэрбум төгрөг төсөвлөсөн. Хэнтий аймаг 72 мянган хүн амтай. Нийслэл нэг сая таван зуун мянган хүн амтай. Улсын төсвөөс Хэнтий аймгийн нэг хүнд нэг сая төгрөг хуваарилагдаж байгаа бол нийслэлийн нэг иргэнд 200 мянган төгрөг хуваарилагдаж байна. Энэ бол Үндсэн хуулиар олгогдсон эрхийг шууд зөрчиж байгаа зүйл.

Categories
мэдээ нийгэм улс-төр цаг-үе

С.Батхүлэг: Уих-ын зарим гишүүдийн зүгээс ийм дайралт ирнэ гэж огт бодож байсангүй

Өмгөөлөгч С.Батхүлэгтэй ярилцлаа.


-Та Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшсэн. Яагаад нэр дэвшихээр болсон талаар тань ярилцлагаа эхэлье?

-Юуны өмнө танай сонины хамт олонд болон уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Шүүх бол төрийн засаглалын үндсэн гурван салаа мөчрийн нэг, нийгэмд гүйцэтгэх чиг үүрэг, хуулийн салбарт эзлэх байр суурийн хувьд хамгийн нэр хүндтэй, чухал салбарын нэг. Уг салбарт ажиллах хүсэл сонирхол ихэнх хуульчдад, ялангуяа залуу хуульчдад байдаг байх. Би тэдний л нэг. Миний одоо ажиллаж байгаа өмгөөллийн салбар мөн ялгаагүй л чухал салбар. Өмгөөлөгчийн ажил ч сайхан. Би өмгөөлөгчөөр цөөнгүй жил, чамлахааргүй амжилттай ажиллаж байна. Гэхдээ энэ хугацаанд өөрийгөө хувь хүний талаасаа төрийн албанд тохирох юм болов уу гэж дүгнээд ийм шийдвэр гаргасан. Хувийн салбарт ажиллахад мэргэшил мэдлэгээс гадна уян хатан байдал, маркетинг, хэлэлцээ хийх зэрэг бизнесийн талын чадварууд давхар шаарддаг бол төрийн алба илүү тогтвортой, хараат бус зэрэг арай өөр арга барилаар ажиллах шаардлагатай. Тиймээс ажлаа сольж үзье, төр нийгэмдээ өөрийн мэдлэг, туршлагаараа хувь нэмрээ оруулъя гэж бодсон. Тэгээд 2020 оны эхээр зарласан Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцсон юм. Энэ миний анхны оролдлого биш л дээ, би бүр 2015 оноос эхлээд Шүүхийн ерөнхий зөвлөлд материал бүрдүүлж өгч эхэлсэн.

-Таныг Голомт банкинд ажиллаж байсан, тийм учраас сонирхлын зөрчил үүснэ, “эзэн”-дээ үйлчилнэ гэж хууль тогтоогчид хардаж байна. Өмнө нь Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байсан хуульч Дээд шүүхийн шүүгчээр сонгогдож ажилласан. Энэ дахин давтагдах нь гэж зарим гишүүд хэлж харагдсан. Голомт банкинд яг хэдэн жил ажилласан бэ. Ямар албан тушаалууд хашиж байв?

-Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байсан М.Батсуурь шүүгчийн хувьд би ямар асуудалд холбогдсоныг тодорхой мэдэхгүй. Тэр тусдаа хувь хүний асуудлыг надад хамаатуулах ямар ч үндэслэл байхгүй. Банк санхүүгийн салбарт ажиллаж байсан гэдгээр нь хамаатуулж ойлговол арай хэтэрхий хавтгайруулсан хэрэг болно биз дээ. Тэр салбарт сайнтай муутай хэдэн арван мянган хүн ажиллаж байгаа шүү дээ. Би Голомт банкинд анх 2006 онд хуульчаар ажилд ороод 2009 онд хуулийн хэлтсийн захирал болж, 2011 он хүртэл ажиллаад өөрийн хүсэлтээр гарсан. Д.Баясгалан захирлыг танина. Гэхдээ түүнтэй ойр дотно, найз нөхөд, эсхүл дундын ашиг сонирхлоор холбогдоод байдаг зүйлгүй. Би түүний удирдлага дор 2006-2007 оны хооронд шинэ ажилтан байхдаа нэг жил ажилласан байдаг.

2007 онд Д.Баясгалан гүйцэтгэх захирлын ажлаа өгч банкны ажилд оролцохоо больсон. Тэр цагаас хойш бид цөөхөн тааралддаг, мэнд устай л явдаг хүмүүс. Мэдээж тэр хүнтэй сонирхол нэгтэй, ойр дотны хүмүүс байдаг л байх. Гэхдээ би бол биш. Тийм байсан бол олон жилийн өмнө Голомт банкнаас өөрийн хүсэлтээр гараад, хувиараа өмгөөлөл хийгээд явахгүй л байсан байх. Аль нэг хувийн байгууллагад ажилласан л бол эзнийх нь “гар хөл” гэж цоллох нь ялгаагүй л хэтэрхий хавтгайруулсан хэрэг биз дээ. Мөн би хожим 2013-2015 оны хооронд Голомт банкинд гэрээт зөвлөхөөр хоёр жил орчим ажилласан. Гэхдээ ямар нэг албан тушаал хашаагүй, тус банктай холбоотой гадаадын шүүх арбитр дээр үүссэн хоёр маргаан, дотоодод үүссэн нэг маргаанд намайг хөлсөлж ажиллуулж байсан юм. Би тухайн үед хувь өмгөөлөгч байсан болохоор хуулийн дагуу үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөрөөс татвар, нийгмийн даатгал суутгагдаад төлөгдөж байсан. 2015 он гэхэд тэдгээр маргаанууд дуусч, миний гэрээ ч дуусгавар болсон. Түүнээс хойш би өөрийн үүсгэн байгуулсан өмгөөллийн нөхөрлөлөөрөө үйл ажиллагаа одоог хүртэл явуулж байна. УИХ-ын зарим гишүүд миний Голомт банкинд ажиллаж байсан хугацааг өмгөөлөгчөөр ажилласан жилд тооцох ёсгүй гэж эсэргүүцээд байгаа. Энэ асуудалд би өөрийн байр сууриа УИХ-ын Байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн.

-Голомт банкинд ажиллаж байсан хугацааг өмгөөлөгчөөр ажилласан жилд тооцохгүй гээд байгаа нь ямар учиртай юм бэ?

-Би 2005 онд хуульчийн гэрчилгээ, 2006 онд өмгөөллийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэр цагаас хойш Өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбоонд татвараа төлж, сургалт арга хэмжээнд нь хамрагдаад явж ирсэн. Би 2002 оны Өмгөөллийн тухай хуулийн дагуу өмгөөллийн эрхээ авсан. Уг хууль 2012 оныг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд тус хуулиар өмгөөлөгч хүн аль нэг байгууллагад ажиллахыг зөвшөөрдөг. Тиймээс тухайн цаг үед аж ахуйн нэгж, байгууллагууд өмгөөлөгчдийг хуульчаар ажиллуулдаг практик түгээмэл байсан. Энэ эрх зүйн орчны хүрээнд 2006-2011 оны хооронд Голомт банкинд хуульч, хуулийн хэлтсийн захирлаар ажилласан. Тиймээс өмгөөлөгчөөр ажилласан жилийг 2006 оноос эхлэн тоолох боломжтой гэж үзсэн. Гэхдээ би өөрөө л ингэж ойлгоод байгаа юм биш. Шүүгчид нэр дэвшигч шаардлага хангаж байгаа эсэхийг хуулийн дагуу байгуулагдсан Шүүхийн мэргэшлийн хороо гэдэг байгууллага шалгадаг. Тэр байгууллага нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөсөө тусдаа бөгөөд есөн гишүүнтэй, Улсын Дээд шүүхийн зургаан шүүгч, давж заалдах шатны нэг шүүгч, их сургуулийн хоёр профессороос бүрдсэн хороо. Хуулийн дагуу Шүүхийн мэргэшлийн хороо материалыг шалгаж үзээд шүүгчид тавигдах хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэсэн. Түүнчлэн олон төрлийн шалгалт авч, намтрыг нарийн судалж, дүн гаргадаг юм билээ. Шүүгч биш байсан хүмүүсээс авдаг шалгалт нь бүр илүү олон байсан. Мөн Монголын хуульчдын холбооноос шалгалт хийж, намтар, ажил эрхлэлт, сүүлийн гурван жил оролцож байсан хэрэг маргааны талаар судалж дүгнэлтээ ирүүлсэн байдаг. Монголын өмгөөлөгчийн холбооноос ч мөн өмгөөллийн үйл ажиллагааны талаар дүгнэлт ирүүлсэн байдаг. Үүний дараа л шалгуур хангасан хүмүүсийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар оруулж сонгон шалгаруулалт хийдэг. Тэгэхээр энэ олон байгууллага, албан тушаалтнууд бүгдээрээ нэгэн зэрэг хууль зөрчинө гэж байхгүй.

-Банкны салбараас өөр салбарт ажиллаж байсан уу?

-Манай өмгөөллийн фирмийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь санхүүгийн эрх зүйн чиглэл боловч эрх зүйн бусад чиглэлээр ч өмгөөлөл, зөвлөхийн үйл ажиллагаа явуулж байгаа. Татвар, уул уурхай, хөдөлмөрийн эрх зүйн маргаанууд, төрөл бүрийн эрүүгийн хэргүүд дээр өмгөөллийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Бидний үйлчлүүлэгчид дотор банк санхүүгийн байгууллагууд, боловсролын байгууллагууд, компаниуд, жирийн иргэд зэрэг нийгмийн бүхий л сектор бий.

-Улсын дээд шүүхэд нэрээ дэвшүүлээд батлагдана гэж итгэж байсан уу?

-Мэдээж анхандаа юу гэж тийм итгэлтэй байх вэ дээ. Олон л хүн өрсөлдөж байсан. Шүүхийн мэргэшлийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шалгуурыг давах эсэх, дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарах, эсэх нь одоо ч тодорхойгүй шүү дээ. Харин УИХ-д танилцуулах ажиллагаанд ингэж гацаа үүснэ гэж огт бодоогүй.

-Нэр дэвшиж байх үед сөрөг дайралтууд ирнэ гэж тооцоолоогүй юу?

-Өмгөөлөгч нараас анх удаа шууд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч болсон болохоор янз бүрийн эсэргүүцэлтэй тулгарах нь тодорхой байсан. Анхны юм бүр амаргүй байдаг. Харин парламентын зарим гишүүдийн зүгээс ийм дайралт ирнэ гэж огт бодож байсангүй. Үндсэн хуулийн суурь зарчмууд болох шүүхийн хараат бус байдал, төрийн засаглал хуваарилах зарчим, шүүх улс төрөөс ангид байх зарчмуудын хүрээнд шүүгчийн томилгоонд парламент, эрх баригч нам оролцох, нөлөөлөх ёсгүй гэсэн итгэл үнэмшилтэй л явж ирсэн. Энэ зарчмыг манай төрийн уламжлал хадгалсаар ч ирсэн.

Харин сая намайг танилцуулах явцад ийм зүйл болсонд үнэхээр харамсаж байна. Шүүхийн мэргэшлийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл ч юм уу, эсхүл Ерөнхийлөгч үндэслэлээ тайлбарлаад намайг томилохоос татгалзсан бол өөр хэрэг.

-Хэрвээ та Улсын дээд шүүхийн шүүгчээр батлагдлаа гэхэд Голомт банктай холбоотой маргаан ороод ирвэл ямар шийдвэр гаргах вэ. Голомт банкны эсрэг шийдвэр гаргаж чадах уу?

-Маш чухал асуулт байна. Ямар ч хүн сонирхлын зөрчилд орох боломжтой. Хүн бүр л гэр бүл, ах дүү, хамаатан садантай. Тэд нар нь ямар ч бизнес, албан тушаалтай байж болно. Сонирхлын зөрчил гэдэг нь өргөн утгаараа тухайн нөхцөл байдал нь бусдын нүдээр харахад сонирхлын зөрчилтэй гэж эргэлзээ төрүүлж буй бүх нөхцөлийг ойлгодог. Сонирхлын зөрчилд орох боломжгүй хүн гэж энэ дэлхий дээр байхгүй. Тиймээс энэ асуудлыг хуулиар, хуульчийн болон шүүгчийн ёс зүйн дүрмүүдээр маш нарийн зохицуулж, хэрхэн шийдвэрлэх аргыг зааж өгсөн байдаг. Шүүгч дээр сонирхлын зөрчилтэй асуудал хүрээд ирвэл өөрөө татгалзан гарах үүрэгтэй. Хэрэв өөрөө татгалзахгүй бол хэргийн оролцогчид шүүгчээс татгалзах эрхтэй. Татгалзал нь үндэслэлтэй эсэхийг өөр шүүгч шийдээд явдаг хуультай. Сонирхлын зөрчлөө шүүгч нь нуугаад, хэргийн оролцогч нь мэдэлгүй өнгөрөөсөн бол хожим шүүгчид хариуцлага тооцох механизм ажиллаж байдаг.

Би эрүүгийн хэргийн шүүгчийн орон тоонд нэрээ дэвшүүлсэн. Мэдээж банкууд байнга л шүүхийн маргаанд оролцож байдаг. Гэхдээ тэр хэргүүд нь ихэнхдээ өр зээлтэй холбоотой иргэний хэргийн шүүхийн маргаанууд л байдаг. Голомт банктай холбоотой эрүүгийн хэрэг Улсын дээд шүүхэд очиж байсан түүхийг би мэдэхгүй юм байна.

-ШЕЗ-ийн дарга Э.Батбаяр та хоёр найзууд уу. Хамт хойно сурч байсан юм билээ. Ер нь та хаана, хаана боловсрол эзэмшсэн бэ?

-Би 1996 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд элсэж ороод 1997 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр ОХУ-ын Кубанийн их сургуульд шилжин суралцаж, 2002 онд төгссөн. Төгсөх жилдээ сургуулиасаа докторантурт үргэлжлүүлэн тэтгэлгээр суралцах урилга авсан. Докторын зэргээ эрүүгийн эрх зүйн чиглэлээр 2005 онд хамгаалж, тухайн үедээ 26 настай, хуулийн салбарт хамгийн залуу доктор болж байлаа. Хожим 2013 онд Австрали улсад менежмэнтийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалсан. ШЕЗ-ийн дарга Э.Батбаяртай 2005 онд нэг сургуульд докторын зэрэг хамгаалсан нь үнэн, энэ талаар би мэдээллээ өгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны үеэр Э.Батбаяр дарга ч өөрөө энэ талаар мэдэгдэж байсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргатай нэг сургуульд докторын зэрэг хамгаалснаар ашиг сонирхол нэгтэй болчихгүй. Докторын сургалт нь оюутны сургалт шиг биш, нэг анги танхимд хамт суугаад байдаггүй, тус тусдаа эрдмийн удирдагчтай, эрдмийн ажлаа өөрсдөө хийж яваад улсын коммиссын өмнө очиж хамгаалдаг. Би тэр үед ирж очоод, ажлаа хийгээд, хажуугаар нь докторын диссертациа бичээд явдаг байсан. Э.Батбаяр даргыг тухайн үеэс нь хойш танина, мэнд устай явсаар ирсэн. Гэхдээ бидний хооронд садан төрлийн хэлхээ холбоо, хамт ажилласан, хамтын бизнес зэрэг нэгдмэл ашиг сонирхол гэхээр зүйл нэг ч байхгүй. Энэ асуудлыг “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-иар зохицуулдаг. Хуулиар нэг сургуульд сурсныг ашиг сонирхлын зөрчил гэж үздэг бол Монголын ихэнх хуульчид хоорондоо сонирхлын зөрчилтэй болно биз дээ.

-Таныг Тост Тосон бумбад лицензтэй ч гэх мэдээлэл гарсан байна лээ. Энэ тухайд тайлбар өгөх үү?

-Гарчгаасаа эхлээд ташаа мэдээлэл. Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг жилийн өмнө Засгийн газрын шийдвэрээр улсын тусгай хамгаалалтад бүрэн авсан. Тэгэхээр тэнд одоо тусгай зөвшөөрөл нэг ч байхгүй гэсэн үг. Нэр нь гараад байгаа “Өсөх зоос” ХХК ч тэнд тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаагүй юм билээ. “Өсөх зоос” ХХК-ийн хувьцааны тухайд би удирдлагаас нь зохих зөвшөөрөл авсан болохоор товч тайлбар өгье. Би уг компанийн бодит хувьцаа эзэмшигч байгаагүй. Тэр компани өөрийн тодорхой тооны хувьцааг банкны зээлд барьцаалахдаа хөндлөнгийн гуравдагч этгээдийн нэр дээр шилжүүлж баталгаажуулахаар гэрээ байгуулсан байдаг. Тухайн үеийн мөрдөж байсан хууль тогтоомжоор хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг барьцаалахад ямар нэг улсын бүртгэл, баталгаажуулалт байдаггүй. Одоо ч энэ байдал их дээрдээгүй байгаа. Тиймээс хувьцаагаа гэрээгээр түр шилжүүлэх замаар барьцааг баталгаажуулах арга түгээмэл хэрэглэгддэг. Гэрээний хоёр тал аль аль нь надад итгэл хүлээлгэж, хүсэлт гаргасан тул би дундын зуучлагчаар оролцсон. Миний оролцоо нь компани зээлээ төлбөл хувьцааг буцааж шилжүүлэх, зээлээ төлөхгүй бол хувьцааг худалдаж зээлийг нь төлүүлэх үүрэгтэй байсан. Энэ бол жирийн хууль зүйн үйлчилгээ. 2014 онд тус компанийн тодорхой бага хэмжээний хувьцаа миний нэр дээр бүртгэгдээд, хожим буцаад өмнөх хувьцаа эзэмшигчдээ шилжсэн явдал. Компани зээлээ төлж, хувьцаа нь буцаад шилжсэн. Тэр үеийн бүх гэрээ хэлцлүүд нотариат, улсын бүртгэлийн архивт хадгалагдаж байгаа.

-Ер нь хүнийг ажиллаж байсан албан газраар нь ялгаварлаж үзэх хэр зөв юм бэ. Хувийн байгууллагад ажиллаж байсан хүн төрд ажиллаж болохгүй юу гэж үзэх хэсэг ч байна. УИХ-ын гишүүд таны танилцуулгатай танилцахгүй бол яах вэ. Энэ тухайд ямар бодолтой байна?

-Үндсэн хуульд хүн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй, мөн хүнийг эрхэлж байсан ажил албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан. Тиймээс хувийн байгууллагад ажилласан хүнийг төрийн албанд ажиллуулахгүй гэсэн хууль тогтоомж байдаггүй. Төрийн албаны тухай хуульд Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах гэсэн үндсэн зарчмыг тодорхойлсон байдаг. Хуулиар заасан болзол шалгуураа хангаж байгаа бол бусад үндэслэлээр ялгаварлан гадуурхах нь Үндсэн хуулийг зөрчсөн хэрэг болно. УИХ танилцахгүй байгаад байвал цаашид яахыг би үнэндээ хэлж мэдэхгүй. Миний хувьд одоогоор өөрөө нэрээ татаж авах бодолгүй байна. Би хууль зөрчөөгүй гэдэгтээ итгэлтэй байгаа. Энэ Батхүлэг гэдэг ганц хүний албан тушаал хаших, эсэх тухай асуудал биш. Шүүхийн томилгоонд парламент, эрх баригч нам оролцох, нөлөөлөх нь зөв үү, буруу юу гэдэг зарчмын асуудал.

Цаашлаад таны асуугаад байгаа хувийн салбарт ажиллаж буй мянга мянган залуусын ирээдүйд нөлөөлж мэдэх, мөн өмгөөллийн салбарын зуу зуун өмгөөлөгчдийн хүсэл мөрөөдөлд хамааралтай асуудал гэж би хувьдаа харж байгаа. Бас миний дээр дурдсан олон байгууллага, Шүүхийн мэргэшлийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбооны лавлагаа, дүгнэлт, шийдвэрийг үгүйсгэсэн хэрэг болно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ангар: Хатуу хөл хориог дахин сунгавал маш том эдийн засгийн хямрал эхэлнэ

– ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГ ТЭГЛЭЖ БАЙЖ УЛСААРАА КОРОНАВИРУСИЙГ ДАВЖ ГАРНА-


Эдийн засагч Д.Ангартай ярилцлаа.


-Манай улс коронавирусийн халдварыг дотооддоо алдсантай холбоотойгоор хөл хорио тогтоосон. Цар тахлын үед эдийн засгаа сөхрүүлчихгүй аваад үлдэх боломж байна уу?

-Хөл хорио тогтоосныг буруутгаж болохгүй. Энэ шийдвэр зөв. Гэхдээ нөгөө талд нь эдийн засгаа давхар харж байх ёстой. Ийм үг гарсан байсан даа. “Коронавирусээс болж олон хүн нас барна. Харин түүнээс илүү хэдэн мянган хүн дампуурна” гэж. Коронавирус эдийн засгийн вирус болчихжээ. Нэг хүн коронавирусээр өвдлөө гэхэд нөгөө талд нь 1000 хүн сөрөг үр нөлөөнд нь орж байна гэсэн үг. Бид коронавирусийг эдийн засаг талаас нь харах ёстой. Эхлээд бүх л улс орнууд эрүүл мэнд талаас нь харсан. Харин нөгөө талд коронавирус эдийн засгийг маш их сүйтгэж байгааг олж харсан. Сүүлийн хагас жилийн хугацаанд улс орнууд коронавирустэй хамт эдийн засгаа анхаарч эхэлсэн. Монгол Улс хэд хоногийн өмнө халдварыг алдсан гэж хөл хорио тогтоосон нь зөв алхам. Гэтэл эдийн засаг маань үнэхээр сүйрч байна. Монголын эдийн засагт коронавирус маш хүндээр тусч байна. Яагаад гэхээр зээлийн хүүтэйгээ уялдаад тэр. Бусад улсын иргэд, ААН нь ч зээлтэй. Гэхдээ бусад улс орны зээлийн хүү нь бага байдаг. Бизнесийн зээл жилийн таван хувь. Коронавирус гараад эхлэнгүүт ААН-үүдээ таван хувийн зээлийг төлж чадахгүй гэж үзэн өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сараас эхэлж бага байсан зээлийн хүүгээ улам буулгасан. ААН-үүдээ аврахын тулд зээлийн хүүгээ нэг хувь болгож өгсөн. Энэ цаг үед ААН-үүдэд харилцагч, борлуулалт, ашиг орлого байхгүй. Тиймээс улс орнууд эдийн засгаа хамтад нь анхаарч эхэлсэн. Эдийн засаг гэдэг үгийн цаана ААН гэдэг ойлголт бий. Солонгос улс бизнесийн зээлийн хүүгээ нэг хувьд хүргэсэн. Герман гэхэд ААН-үүддээ амьсгаа авах боломж өгөхийн тулд зээлийг нь төр нь худалдаж авч байна. Монголд бизнесийн зээл 25-28 хувийн хүүтэй. Жижиг, дунд ААН-үүдэд банкнаас зээл олддоггүй. Тиймээс ББСБ, ломбардаас зээл авдаг. Энэхүү зээл нь 50-100 хувийн хүүтэй. Хуучин ААН-үүд өндөр хүүтэй ч урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд явдаг байсан. Харин сүүлийн долоо хоногийн хугацаанд ААН-үүд харилцагч, борлуулагч, орлого байхгүй. Цаад талд нь зээлийн хүү нь гүйгээд ирэхээр санхүүгийн хүнд байдалд орж байна. Энэ тал дээр Монголын төр арга хэмжээ авахаас өөр аргагүй.

-Саяхан коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх 23 арга хэмжээг Засгийн газраас авсан. Эдгээр арга хэмжээнд ААН-үүдийг дэмжсэн зүйл алга зэрэг шүүмжлэл хөвөрч харагдсан…

-Засгийн газрын авч байгаа арга хэмжээнээс нэг нь ч ААН-д үнэхээр тус дэм болохгүй. Байгаа оноогүй, асуудлаа ойлгоогүй 23 шийдэл байна лээ. Харин Монголбанк мөнгөний бодлогоо хоёр хувиар буулгалаа. Энэ бол эхлэл. Үүнээс ч илүү буулгах ёстой. Бодлогын хүүг гурав хүртэл нь буулгаж байж ААН-үүдийн дарамт багасна. Эдийн засаг хүндрэлтэй үед төрөөс оролцож зээлийн хүүг буулгах ёстой. Солонгос, Герман, АНУ, Англи, Австрали шиг жилийн нэг, хоёр хувийн хүү болго гэхээ больё. ААН-үүдийн зээлийг 25 хувиас нэг оронтой тоонд буюу 8,9 хувь хүртэл буулгаж өгөх ёстой.

-Бизнесийн зээлийн хүүг бууруулах боломж бий юү?

-Бүх боломж нь манайд байна. Гол нь Засгийн газар, Монголбанк хөдөлж өгөхгүй байна. Коронавирусийн түр хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан нар маш зөв санал гаргасан. Хадгаламжийн хүүг дунджаар 11 хувийн хүүтэй байна. 11 хувийн хүүг тэглэх ёстой. Ингэж байж зээлийн хүү 11 хувиар буурна. Одоо зээлийн хүү 20 гаруй хувьтай гэхээр хадгаламж тал хувь нь. Хадгаламжийн хүү буурчихвал иргэд, ААН-д ирж байгаа зээлийн хүү 11-12 хувиар буурна гэсэн үг. Энэ цаг үед эдийн засагт хадгаламжинд хүү төлөх чадвар байхгүй. Банк нэг ч төгрөгийн хадгаламжийн хүү төлдөггүй. Иргэд, ААН-үүдийн төлсөн хүүнээс банк өөрийн ашиг, өөрийн зардлыг санхүүжүүлээд тэр мөнгөнөөсөө хадгаламжийн хүү гэж төлдөг. Гэтэл иргэд, ААН зээлийн хүүгээ төлөх нь байтугай, цалингаа ч тавьж чадахгүйд хүрчихлээ.

-Хадгаламжийн хүүг тэглэх ёстой гэж үү?

-Хадгаламжийн хүүг тэглэх л хамгийн зөв алхам. Өөр шийдэл байхгүй. Энэ асуудлыг дээрх хоёр гишүүн гаргачихаад байгаа юм биш. 1933 онд АНУ-д их хямрал болсон. Үүний дараа АНУ банкны хадгаламжийн хүүг бүгдийг нь тэглэсэн. Тэр зохицуулалт саяхныг хүртэл үргэлжилсэн. Арилжааны банкуудын хадгаламжийн хүүг төв банкнаас зохицуулах учиртай. Монголд сүүлийн 30 жил хадгаламжийн хүү нь ямар ч зохицуулалтгүй явж ирсэн учраас банкууд хоорондоо өсгөж уралдсаар байгаад хадгаламжийн хүүг хэт өсгөсөн. Хадгаламжийн хүүний өсөлтийг зээл авсан иргэд, ААН төлдөг. Тиймээс одоо шууд хууль гаргаад хадгаламжийн хүүг тэглэх шаардлагатай. Энэ хэмжээгээр зээлийн хүүг бууруулах ёстой. Ингэж байж бүх улсаараа коронавирусийг давж гарна. Тэрнээс хадгаламжийн хүүг хэвээр нь байлгавал бүх ААН-үүд дампуурна.

-Хадгаламжийн хүүг тэглэх боломжгүйг Монголбанк, Монголын Банкны Холбооноос хэлж байгаа. Ингэснээр төгрөгийн ханш унаж, банк санхүүгийн салбарт эрсдэл үүснэ. Харин таны хувьд хөрөнгийн зах зээлд эерэг өөрчлөлт гарна гэж үзэж байна уу?

-Хадгаламжийн хүүг бууруулахаар ямар өөрч-лөлт гарна гэхээр өндөр хадгаламжтай хүмүүс хөрөнгө оруулалтын бусад сонголтуудыг хайж эхэлнэ. Компаниуд, ААН-үүдэд хөрөнгө оруулж эхэлнэ. Энэ бол бусад улсад бий болсон туршлага. Бид тэр замаар л явах ёстой. Хадгаламжийн хүү тэг боллоо гээд мөнгөө ам.доллар болгоод гадагшаа гаргачихна гэсэн зүйл байхгүй. Дотоодод байгаа бусад өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийг хайж эхэлнэ. Тэр нь компанийн бонд. Би 200 сая төгрөгийн хадгаламжтай байлаа гэж бодъё. Банк надад 12 хувийн хүү өгч байгаа тохиолдолд тэр мөнгөө эргэлдүүлэх ямар ч шаардлага байхгүй. Би жилд 24 сая төгрөг, сард хоёр сая төгрөгийн хүү зүгээр л аваад байна. Хадгаламжийн хүү өндөр байгаа үед мөнгөтэй хүмүүс толгойгоо ажиллуулах шаардлагагүй. Гэдсээ илээд л хэвтэж байна. Харин одоо хууль гараад Монголбанк хадгаламжийн хүүг тэглэлээ гэж бодъё. Тэгвэл хадгаламжиндаа байгаа мөнгөө авалгүйгээр мөнгөндөө хүү олохын тулд компаниуд руу бонд авахаар хандаж эхэлнэ. Энэ процесс л Монголд явна. Бусад улсад хөрөнгийн зах зээл хөгжөөд байдаг гэхээр хадгаламжийн хүү байдаггүй болохоор. Монголд хадгаламж хүүтэй болохоор хөрөнгийн зах зээл хөгждөггүй юм. Харин иргэд илүү өндөр өгөөжтэй санхүүгийн хөрөнгө оруулалтуудыг л хайж эхэлнэ. Эхний ээлжинд компанийн бонд байна. Энэ бол маш сайн зүйл. Ингэж байж компаниуд бага хүүтэй санхүүжилттэй болно. Банк надад 12 хувийн хүү өгөөд байгаа учраас би юу ч бодохгүй гэртээ суугаад байна. Харин хадгаламжийн хүүг тэг болгочихвол би компаниас бонд худалдаж авдаг болно. Бүх улсад хадгаламжийн хүү төрөөс маш зохицуулалттай явдаг. Хөл хорио тогтоосон үед хадгаламжийн хүүг тэглэх ёстой. Зарим эдийн засагч, Монголбанкны залуучуудын яриад байгаа шиг хадгаламжийн хүүг тэглэчихээр сүйрэл болохгүй. Банкны систем унахгүй, дампуурахгүй. Харин ч банкуудад ашигтай.

-Дахиад хөл хорио сунгавал эдийн засагт ямар нөхцөл байдал үүсэх бол?

-Арванхоёрдугаар сарын 1-нээс хатуу хөл хориог цааш нь сунгавал шууд маш том эдийн засгийн хямрал эхэлнэ. Зогсоож дийлэхгүй. Жижиг, дунд ААН-үүдийн 50 хувь нь дампуурна. Нэг жижиг, дунд ААН-ийг босгохын тулд таван жил зарцуулагддаг. Зах зээлдээ танигдана, өөрийн гэсэн харилцагчтай болно гээд хугацаа орно. Цар тахлын үеэр төр засаг ААН-үүдээ дампууруулчих юм бол ойрын 10 жилдээ эдийн засаг сэргэхгүй. Үүнийг би ч хэлж байгаа юм биш. Бүх улс энэ цаг үед яагаад эдийн засаг гэж яриад байгаагийн утга учир ердөө энэ. Компаниудаа дампууруулж болохгүй гэдэг бодлого төрийн бодлогын нэгт яваад байна. УИХ, Засгийн газар илүү том бодлогоор харах хэрэгтэй. Үсчин, жижиг хоолны газар, өдрийн цалингаараа амьдардаг хүмүүс сүйрч байна. Эдийн засгийнхаа суурь болсон ААН-үүдээ харж үзэх ёстой. ААН-үүд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихоод байна. Арванхоёрдугаар сарын 1-н хүртэл арай гэж тэсч байгаа юм. Үүнээс цааш дахиад хөл хорио яригдах юм бол ААН-үүд тэсэхгүй. Нэг жижиг ААН гэхэд л банк, банк бусаас зээлтэй байгаа. Олон ААН-үүд зэрэг дампуураад эхэлвэл банкны системдээ ч нөлөөлнө. Системийн маш том хямралын асуудал яригдана. Гэтэл үүнийг төр засаг ойлгохгүй. Цар тахлыг дарж авах ёстой, гэрээсээ гарч болохгүй гээд байдаг. Гэр бүлдээ хайргүйдээ гарах гээд байгаа юм биш ш дээ. Өр зээл нь нэхэгдээд байгаа учраас ажлаа явуулах шаардлагатай байна. Энэ бүхнийг томоохон өндөр хадгаламжтай төрийн дарга нар ойлгохгүй л байна л даа.

-Ерөнхийлөгч төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санаачилга гаргасан. Үүнийг Засгийн газар хүлээж авсангүй. Энэ тухайд та ямар байр суурьтай байна?

-Ирэх оны төсвийн тухай хэлэхэд, хямралын үед соёлын төв, спортын ордон, хөшөө барих ажлыг зогсоох ёстой. Энэ хэмнэлтээрээ иргэд ААН-ээ дэмжсэн арга хэмжээ авах нь зүйтэй. Дэлхийн банкнаас 50 сая ам.долларын зээл хүсч огт болохгүй. Бүхэл бүтэн улс байж төсвөөс гарсан хэмнэлтээрээ өөрсдөө вакцинаа худалдаж авах ёстой. Ерөнхийлөгчийн саналыг шилдэг арга гэж хэлэхгүй. Гэхдээ хөшөө барьснаас хамаагүй дээр. Дотоодын эдийн засгийн эргэлт гэж байхгүй болчихлоо. Үүнээс илүү шийдлүүд бий. Бид шийдлээ бодож сууж байгаад олох шаардлагагүй болчихсон. Манай улс бүх зүйлийн хойно алхаж байна. Үүний давуу тал нь бусад улсын алдаж оносон бодлогуудыг харж байгаад хийчих юм. Ерөнхийлөгчийн бэлэн мөнгө өгөх санал буруу биш. Ихэнх улс үүнийг хийсэн. Гэхдээ үүнээс илүү ашигтай зохицуулалт нь зээлийн хүүг буулгах. Энэ тал дээр Ерөнхийлөгч дуугарахгүй байна. ААН-ийн зээлийн хүүг дуугаараасай гэж бодож байгаа. Төрийн гурван өндөрлөг зээлийн хүүг бууруулах тал дээр амандаа ус балгачихсан юм шиг таг суучихаад байна. Төрийн гурван өндөрлөгийн нэг нь зээлийн хүү, бодлогын хүүг бууруулах чиглэл өгвөл төрийн бодлого арай өөрөөр явна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Г.Амартүвшин: Арилжааны банкууд зээлийн хүүгээ бууруулах шаардлагатай


УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа.


-Та цалин болон бизнесийн зээлийг хүүг бууруулах санал Монголбанк, Засгийн газарт хүргүүлсэн. Монгол Улс дотооддоо цар тахлыг дотооддоо алдсантай холбогдуулж иргэдийн зүгээс ипотикоос өөр зээлийн хүүнд анхаарал хандуулаач ээ гэх саналыг нэлээд хэлж харагдлаа. Өчигдөр Монголбанкнаас мэдээлэл хийж бодлогын хүүг хоёр нэгж хувиар бууруулж зургаан хувь болголоо. Таны санал биелэлээ олчихов уу?

-Цар тахлын үед Засгийн газраас эдийн засгийг дэмжих зорилгоор 23 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Арилжааны банк, Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль алданги тооцохгүй төлбөрийн чадварт нийцүүлэн хугацааг сунгана. Эна нь 2020 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ гэж байгаа. Үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хойшлуулах нь зарим ААН, иргэдэд нэмэр болно. Гэхдээ дийлэнх тохиолдолд асуудлыг шийдэхгүй. Тиймээс цалин болон бизнес зээлийн жилийн дундаж хүүг 16.4-21.6-11 хувь болгож бууруулах саналыг Монголбанк, Засгийн газарт хүргүүлсэн. Иргэдийн ихэнх нь цалин хэрэглээний зээлтэй байдаг. Өнөөдрийн байдлаар хэрэглээний зээл, бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээлийг тодорхой хэмжээнд шийдэхгүй бол болохгүй байна л даа. Зээлийн төлбөрийг хойшлуулчихаар долдугаар сарын 1-нээс хойш юу болох уу гэх асуудал үүснэ. Ингэхээр зээлийн хүү нь хуримтлагдаад их хэмжээний зээлийн хүү төлөх болно. Иргэдийн хэрэглээний зээл дунджаар 16 хувиас жилийн 21 хувь байгаа. Тэр хүүг нь 11 хувь хүртэл бууруулая. Долдугаар сарын 1-н хүртэл хүүг нь 11 хувиар бодоё. Тэгвэл сар бүр төлөх зээлийн төлбөрийн дарамт нь буурна. Монголбанк бодлогын хүүгээ найман хувьтай байгаа бодлогын хүүгээ бууруулах байх гэж бодсон. Харин Монголбанкны Мөнгөний Бодлогын хороо өчигдөр хуралдаж, цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үүсээд буй сөрөг нөлөөг бууруулах, иргэд, бизнес эрхлэгчид, санхүүгийн байгууллагуудад тулгарч буй санхүүгийн хүндрэл дарамтыг зөөлрүүлэхэд чиглэсэн багц шийдвэрийг гаргалаа. Дээрх бодлогын багц шийдвэр нь банкнуудын санхүүжилтийн эх үүсвэрийн өртгийг бууруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Тиймээс арилжааны банкнууд зээлийн хүүгээ бууруулах шаардлагатай. Эс бөгөөс цаашид чанаргүй, муу зээлийн түүхүүд олноороо бий болох эрсдэл үүснэ. Зарим гишүүд, бизнесийнхэн зээлийн хүүг тэглэ гээд байгаа юм. Зээлийн хүүг хурдан тэглэх боломжгүй. Яагаад гэхээр нөгөө талд хадгаламжийн хүү яваад байдаг. Хадгаламжийн хүүг тэглэчихвэл үр дагавар нь яаж гарахыг маш сайн бодох хэрэгтэй.

-Хадгаламжийн хүүг тэглэхээр ямар эрсдэл үүсэхээр байна вэ?

-Хадгаламжийн хүү монгол төгрөгийн өгөөж. Хэрвээ хадгаламжийн хүүг тэг болчихвол монгол төгрөгөөр хөрөнгө оруулах сонирхолгүй болчихно. Тэгэхээр өндөр хадгаламжтай хүмүүс төгрөгөөс ам.доллар луу шилжих давалгаа явна. Үүнээс шалтгаалж ханшинд дарамт үүсч ханшаа алдахыг үгүйсгэхгүй.

-Цалин бизнесийн зээлийн хүүг бууруулах боломж яг одоо байна уу?

-Боломжтой. Бусад улсын туршлагыг судалхад үндсэн зээлийг бүгд хойшлуулсан байна. Манай улс ч энэ арга хэмжээг авчихсан. Зарим улс орон зээлийн хүүг нь бууруулах, эсвэл тодорхой хэмжээгээр хойшлуулсан байна. Ер нь дэлхий нийтээр нөхцөл байдал хүнд бизнес зогсонги байгаа чраас иргэдийн орлого дээр сөрөг нөлөө ихээхэн үзүүлж байна л даа. Тиймээс банкууд, Монголбанк, харилцагчид ч тодорхой хэмжээгээр эрсдэлийг үүрээд явах ёстой болов уу.

-Ирэх оны төсөв батлагдсан. Нөхцөл байдлаас шалтгаалж төсөвт тодотгол хийж таарах уу?

-Татварын орлого дээр нэлээд өөдрөг. Экспортын урсгал нэмэгдэнэ гэх төсөөлөлтэй орж ирж батлагдсан төсөв. Мөнгөний бодлого, төсвийн бодлогоороо ч эдийн засгаа дэмжих ёстой гэсэн бодлоготой орж ирсэн байх. Гэхдээ 2021 онд хийгдэх хөрөнгө оруулалтыг заавал эргэж харах ёстой. Зарим хөрөнгө оруулалтыг царцааж, эдийн засагт хурдан үр дүнгээ өгөх төсвийн хөрөнгө оруулалтыг хийх нь зүйтэй. бусад тэвчиж болох зардлыг тэвчээд явах нь. Бизнесүүдээ бүр унагаачихгүй явахгүй бол хугацаа хэтэрсэн зээл ихэдвэл шиг банкууд хэцүүднэ. Ингэхээр банкууд шинэ зээл гаргах сонирхолгүй болно. Мөнгөний бодлогоор эдийн засагт өгөх нөлөө нь буураад явчихна. Тиймээс энэ чиглэлрүүгээ нэлээд анхаарсан арга хэмжээ авах хэрэгтэй. Арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар төсвийн орлого, зарлага, гадны экспортын нөхцөл байдал ямар байх зэргийг харж байж бодит тодотгол оруулсан нь зөв байх. Он дуусаагүй байхад яарч төсөвт тодотгол оруулах шаардлага бий эсэх дээр эргэлзэж байна. Он гараад эхний улиралдаа төсвийг тодотгол хийж таарах байх.

-Манай улс дотооддоо цар тахлыг алдаж, хөл хорио тогтосон. Үүнээс шалтгаалж бизнес эрхлэгчдийн орлого тасарч хүндхэн байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?

-Хувиараа бизнес эрхлэгчид хамгийн хүнд цохилт авч байгаа байх. Орлого нь багасаад байгаа хэрнээ урсгал зардал нь хэвээрээ байдаг. Жижиг болон дунд бизнесийн 50-аас дээш хувь нь зээлтэй холбоотой зардал байгаа. Тиймээс энэ тал дээр тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлвэл бизнесээ унагаачихгүй аваад явчих болов уу гэж харж байна. Миний хувьд Засгийн газар, Монголбанкинд хүргүүлсэн саналдаа НӨАТ болон орлогын татвараас чөлөөлөе гэх саналыг тусгасан. Энэ нь ч тодорхой хэмжээгээр дэмжлэг болно. Хүүхдийн мөнгөөр амьдардаг өрхүүд их бий. Хэрэгтэй газраа мэдээж дэмжлэг болж байгаа. Хүүхдийн мөнгийг түр зуурын арга хэмжээ гэж тооцох хэрэгтэй. Бусад улс ч бэлэн мөнгө тараасан. Төрөөс орлого тал дээр нь дэмжлэг үзүүлэхээс өөр арга байхгүй.

-УОК, Засгийн газар хот шийдвэрүүд байгаа онохгүй. Шийдвэрүүдээ нэг хонохгүй өөрчлөөд байна гэх шүүмжлэл иргэдийн дунд явж байна. УОК-ын хариуцлагагүй байдлаас цар тахлыг алдчихлаа ч гэж үзэх хэсэг байна. Энэ тухайд?

-Дотооддоо цар тахлыг алдсан нь харамсалтай. Бид өнөө хүртэл барьж чадсан нь сайн. Гэхдээ хэзээ нэг цагт ийм эрсдэл нүүрлэх цаг ирнэ гэдэг нь тодорхой байсан. Одоо богино хугацаанд халдварыг хумих нь чухал учраас маш зөв оновчтой шийдвэр гаргаад явах байх. Богино хугацаанд халдварын тархалтыг хумичихвал хурдан эдийн засгаа сэргээх боломжтой. Зарим улс орон цар тахлыг алдаад хурдан хумьж чадаагүйгээсээ маш хүнд байдалд орж байна. Харин Финланд, Норвеги улсууд халдварын тархалтыг маш сайн хумьж байгааг харж болно.