Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.
-Та Гадаад харилцааны сайдаар томилогдоод удаагүй байна. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, эрэмбээ тодорхойлсон байх. Цар тахлын хүнд үед нэн тэргүүн ээлжинд ямар ажлуудыг хэрэгжүүлсэн талаар ярилцлагаа эхэлье?
-Нутаг буцах иргэдээ татах ажлыг нэн тэргүүний зорилт болгож, тодорхой үр дүнд хүрээд байна. Монгол Улсын иргэн эх орондоо хэдийд ч ирэх эрхийг Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нарийвчлан баталгаажуулах саналыг манай яамнаас боловсруулж, Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэн батлууллаа. Ингэснээр нутаг буцах хүсэлтэй иргэдэд тавьдаг байсан олон шалгуурыг хялбаршуулсан. Өнөөдрийн байдлаар тусгай үүргийн 145 удаагийн нислэгээр 24,894, Монгол, Хятадын боомтоор 4266, Монгол, Оросын боомтоор 2487, гадаадын 93 орноос нийт 31,647 монгол иргэнээ эх оронд нь ирүүлээд байна. Тусгаарлалтын хоногийг бууруулж, тусгаарлах байрыг сонголттой болгож, үндэсний агаарын тээврийн компанийн нислэгийн тоог нэмэгдүүлж, мөн гадаадын агаарын тээврийн компанийн нислэгийг ч шат дараатай сэргээх замаар энэ ажлыг эрчимжүүлж байна. Төрийн холбогдох байгууллагатай хамтран гуравдугаар сард 14 нислэгээр 2100 гаруй иргэн, энэ дөрөвдүгээр сард 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр мөн тооны иргэдийг татан авах ажлыг зохион байгуулж байна. Энэ сард Өмнөд Солонгосын нэг, ирэх сард Өмнөд Солонгосын хоёр, Туркийн нэг нислэг хүлээж авна. Ингэж яаралтай буцах хүсэлтэй бүх иргэнээ тавдугаар сарын 1-ний дотор гэхэд эх оронд нь ирүүлэх зорилт тавин ажиллаж байна. Түүнчлэн МИАТ компани нислэгийн тийзийн үнийг гуравдугаар сарын 1-нээс эхлэн 15 хувь бууруулсан.
-Иргэдийг татан авахаас гадна хилийн чандад байгаа санхүүгийн хүндрэлд орсон иргэддээ туслах тал дээр ГХЯ хэрхэн анхаарч байна вэ. Гадаадад байгаа иргэд төрийн үйлчилгээг цаг хугацаандаа авч чадаж байна уу?
-Тусгай үүргийн нислэг цуцлагдсан тохиолдолд байр, хоол, зайлшгүй шаардлагатай бусад хэрэгцээг хангах, мөнгөн тусламж үзүүлэх зохицуулалтыг дээрх хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийсэн.
Хилийн чандад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангаас 2020 онд 432 иргэнд 360,9 сая төгрөг, 2021 оны эхний гурван сарын байдлаар 46 иргэнд 97 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Мөн НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай тогтоосон харилцааны хүрээнд Их Британи, Чех, Европын Холбоо зэрэг хандивлагчдын дэмжлэгтэйгээр 2020 оны дөрөвдүгээр сараас 2021 оны гуравдугаар сарын хооронд 941 иргэнд 3.5 орчим тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна. Иргэдэд туслах сангийн зарцуулалтыг “шилэн” болгож, тайлан мэдээг Засгийн газрын болон ГХЯ-ны цахим хуудсаар олон нийтэд нээлттэй танилцуулж байгаа. Өнгөрсөн онд бид Дипломат төлөөлөгчийн газраараа дамжуулан 5254 иргэний визийг сунгаж, 272 хүний визийн торгуулийн төлбөр болох 792 сая төгрөгийг хөнгөлүүлсэн. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia” платформоор дамжуулан хилийн чандад байгаа иргэддээ төрийн үйлчилгээг хүргэх боломжийг бүрдүүлж байна. Одоогийн байдлаар гадаадад байгаа иргэд маань иргэний бүртгэлийн төрөл бүрийн лавлагаа, боловсролын бичиг баримтын тодорхойлолт, жолоодох эрхийн үнэмлэх, гадаад паспортын лавлагаа зэрэг 37 төрлийн үйлчилгээг “E-Mongolia” цахим хуудсаас авч болно. Нотариатын үйлчилгээг цахим болгох ажил эхэлсэн, мөн гадаадын иргэдэд визийг цахимаар олгох ажлыг хариуцсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
-Вакцин татан авах ажилд ГХЯ гол үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч дархлаажуулалтыг эрчимжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна…
-Дэлхий дахиныг хамарсан “КОВИД-19” цар тахлаас сэргийлж, хүн амаа дархлаажуулахад шаардлагатай вакцин нийлүүлэлтийг тасралтгүй хангах нь яамны өмнө тавигдаж буй том зорилтын нэг. Энэ хүрээнд 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн БНЭУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламжаар олгосон, тус улсын Серум хүрээлэнд үйлдвэрлэсэн 150 мянган тун АстраЗенека-Ковишийлд, БНХАУ-ын Засгийн газраас хандивласан 300 мянган тун Синофарм-Вероселл, ОХУ-ын Гамалейн хүрээлэнгийн 10.000 тун Спутник V зэрэг хоёр талын шугамаар хүлээн авсан вакцинуудаар иргэдээ дархлаажуулж байна. Мөн олон улсын вакцин хангамжийн Ковакс хөтөлбөрийн шугамаар 14.400 тун АстраЗенека болон 25.740 тун Файзер вакцинуудыг хүлээн авсан. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд вакцин түгээх эхний шатны хуваарийн дагуу дөрөвдүгээр сард АстраЗенека вакцинаас дахин 98.400 тун авна. Хоёр дахь ээлжийн вакцины хуваарилалтаа Ковакс хөтөлбөр дөрөвдүгээр сарын сүүлчээр хийнэ. Хятадын Синофарм-Вероселл вакцинаас 900.000 тун, оросын Спутник V вакцинаас 1.000.000 тун худалдаж авахаар тохиролцож, эхний татан авалтуудыг дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт авахаар ажиллаж байна. Манай улсын хувьд 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс хойш 300.366 хүн вакцинжуулалтад хамрагдаад байгаа нь хүн амд эзлэх хувиараа Ази, Номхон далайн бүсийн орнуудаас хоёрдугаарт буюу Сингапурын дараа орж буй үзүүлэлт юм. Манайд вакцинжуулалт хэвийн явагдаж байгаа боловч олон улсын хэмжээнд вакцины үйлдвэрлэл болон нийлүүлэлт хүндрэлтэй байгаа. Мөн Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Уг төслөөр 1.3 сая хүнд шаардлагатай вакцин, мөн вакцины “хүйтэн хэлхээ” бүрдүүлэх тоног төхөөрөмжийг Японы талаас нийлүүлэх юм.
-ГХЯ эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд олон гэрээ, хэлэлцээр байгуулдаг. Эдгээрийн яг бодит үр ашиг нь юу вэ. Иргэдийн амьдралд яаж нөлөөлдөг юм бэ?
-Олон улсын практикт харилцаа, хамтын ажиллагааг эрх зүйн зохицуулалтаар, гэрээ хэлэлцээр байгуулах, нэгдэн орох замаар шийддэг. Өнөөдрийн байдлаар манай улс Япон Улстай л чөлөөт худалдааны хэлэлцээр (ЧХХ) байгуулсан. Энэ хэлэлцээрээр үндэсний аж ахуйн нэгжүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид Японд экспортолж болох 9300 орчим бараанд импортын тарифын хөнгөлөлт эдлэх боломж бүрдсэн. БНСУ, БНХАУ-тай болон Евразийн Эдийн засгийн холбоотой ийм хэлэлцээр байгуулах боломжийг хамтран судалж байна. Монгол Улс 1990 оноос хойш Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг нийт 44 улстай байгуулснаас 36 нь, Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээрийг 35 улстай байгуулснаас 25 нь хүчин төгөлдөр үйлчилж байна. Татварын асуудлаар захиргааны харилцан туслалцаа үзүүлэх тухай конвенцод нэгдэн орж, Эдийн засаг, хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагын Татварын бааз суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлын эсрэг (BEPS) үйл ажиллагаанд гишүүнээр элссэн. Ингэснээр бусад улстай давхар татварын хэлэлцээр байгуулах ажлыг үргэлжлүүлэх боломж нэмэгдэж байна. Энэ олон гэрээ, хэлэлцээрийн хамгийн гол ач холбогдол нь гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах, Монголд хөрөнгө оруулах, бизнес үйл ажиллагаа явуулах боломжийг нээж өгөх, оруулсан хөрөнгө оруулалтыг хамгаалах явдал юм.
-Эдгээр хэлэлцээрийг байгуулахад их хүч хөдөлмөр орж таарна. Манайх өөрийн улсад ашигтай гэрээ хэлэлцээр хийж чаддаг уу?
-Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан бусад орны туршлагаас үзэхэд байнгын бүтэцтэй, мэргэжлийн хэлэлцээний үндэсний чадавхыг бий болгох явдал чухал байдаг юм билээ. Олон улсын гэрээ байгуулах, хэлэлцээ хийхтэй холбогдох харилцааг Олон улсын гэрээний тухай хуулиар зохицуулдаг. Худалдаа, хөрөнгө оруулалтын хэлэлцээр нь нийгэм, эдийн засгийн өргөн хүрээний асуудлыг хамардаг тул олон салбарын төрийн байгууллагууд хамтран яриа, хэлэлцээнд улсаа төлөөлж ордог. Аливаа гэрээг өөрт ашигтай нөхцөлөөр байгуулахын тулд юуны өмнө өөрийн орны онцлог, эрсдэлийн статистик судалгаа, ашигтай байдал зэрэг олон нөхцөл байдлыг үнэлж дүгнэн байгуулах эсэхээ шийддэг тул байгууллагууд хоорондоо нэгдсэн байр суурьтай байх, тухайн асуудлаар мэргэшсэн багийг яриа хэлэлцээнд оролцуулах шаардлага байдаг. Гэрээ байгуулах нь наанадаж 2-3 жил үргэлжлэх яриа хэлэлцээний үйл явц төдийгүй байнгын идэвх зүтгэл шаарддаг ажил.
-Манай улс хоёр том гүрний дунд оршдог хэрнээ гадаад худалдаа ахицгүй байсаар өдийг хүрлээ. Ер нь хоёр хөрштэйгөө гадаад худалдааг өргөжүүлэх, нэмэгдүүлэх ямар боломжууд байна вэ?
-Манай улс хоёр хөрштэйгөө бүхэлдээ тэнцвэртэй харилцах бодлого баримталдаг. ОХУ, БНХАУ-ын аль алинтай нь иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Бидний иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол агуулга нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа юм. Экспортыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх, эдийн засаг, нийгмийн зорилтуудыг шийдвэрлэхэд үр өгөөжөө өгөх томоохон төслүүдийг тэдний хөрөнгө оруулалт, зээл, тусламжаар хамтран хэрэгжүүлэхийг зорьж ирлээ. Тухайлбал, Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН хоёр талын эдийн засгийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэсээр байгаа. Монгол Улс дахь эрчим хүчний төслүүдэд Оросын томоохон компаниуд идэвхтэй оролцож байна. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, тусламжаар сүүлийн жилүүдэд хилийн боомтын дэд бүтцийг сайжруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, зам гүүр, усан цахилгаан станц, төв цэвэрлэх байгууламж зэрэг олон чухал төсөл хэрэгжиж, бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Засгийн газар хоорондын үйл ажиллагааг идэвхжүүлж, тулгамдсан асуудлын шийдлийг богино хугацаанд олж үр дүнд хүрэх, мөн хамтын ажиллагаа хөгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, тэдэнд таатай нөхцөл бүрдүүлэхэд илүү анхаарч байна. Цаашид аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ хөрш орнуудын зах зээлд цахим хэлбэрээр борлуулах боломжийг идэвхтэй эрэлхийлж, дэмжлэг үзүүлж ажиллах болно.
-Гэсэн хэдий ч хоёр хөрш манай улсад бараа таваарын өндөр татвар ногдуулдаг. Татварын тал дээр ямар арга хэмжээ авах нь зүйтэй юм бэ. Ногдуулаад байгаа татварыг багасгахын тулд юу хийх ёстой вэ?
-Худалдааны татвар, хязгаарлалт, тарифын бус саад тотгорыг бууруулах асуудлыг бид байнга ярьдаг. Өнгөрсөн онд манай улс дэлхийн 140 гаруй улстай худалдаа хийсэн. Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 57 хувийг БНХАУ-тай, 11 хувийг ОХУ-тай хийсэн байна. Түүнчлэн, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн интеграцид идэвхтэй оролцох үүднээс манай улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэн. Хэлэлцээрийн дагуу Хятадын зах зээл дээр 2323 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж, 10-100 хувийн тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой. Үүнд манай экспортын голлох бүтээгдэхүүн болох коксжих нүүрс орж байна. Нүүрс дээр Хятадын импортын татварыг 50 хувь хөнгөлснөөр экспортоос олж байгаа орлогыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Мөн рапсын үрд 100 хувь, малын гаралтай бүтээгдэхүүн, арьс шир дээр 14-50 хувь, ямааны ноолуур болон ноолууран бүтээгдэхүүнд 35 хувийн хөнгөлөлт эдэлж байна.
ОХУ нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орон бөгөөд гадаад худалдааны зохицуулалттай холбоотой бүхий л асуудлыг энэ холбооны шугамаар шийдвэрлэхийг эрмэлздэг. Тийм учраас бид Евразийн эдийн засгийн холбоотой ЧХХ байгуулах асуудлаар хамтарсан судалгаа хийх саналыг 2016 оноос тавьж ажилласны үр дүнд Ажлын хэсгийг байгуулах шийдвэрийг өнгөрсөн онд гаргуулж чадлаа. Судалгааны ажил эхлээд явж байна. Манай улсын уул уурхайн бус экспортын гол нэр төрлийн бараа болох арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүний нийлүүлэлт 2007-2017 онд ОХУ руу огт хийгдээгүй. Харин 2018-2020 онд хэмжээ нь нэмэгдсэн, цаашид өсөх хандлагатай байна. Махны нийлүүлэлт хийгдэж байгаа ч, Оросын талаас манайд гарч буй малын халдварт өвчин, хорио цээртэй холбоотойгоор импортоо хязгаарлаж байна. ОХУ Монгол Улстай хил залгаа бүс нутагт л мах нийлүүлэх нөхцөл тавьдаг. Мөн гадаадаас худалдан авах мах, махан бүтээгдэхүүнд дотоодын квот тогтоодог. Хоёр талын худалдаанд тулгарч буй тарифын бус хориг саадыг багасгах, техникийн зохицуулалтуудыг уялдуулах үүднээс 2017 онд Евразийн эдийн засгийн комисстой Санамж бичиг байгуулж, тарифын бус хориг саадыг арилгах чиглэлээр тодорхой ажлуудыг эхлүүлсэн.
-ОХУ-аас нийлүүлэх байгалийн хийн хоолойг Монгол Улсаар дамжуулах асуудлын явц ямар байгаа бол?
-ОХУ-аас БНХАУ руу нийлүүлэх байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах асуудал олон жил яригдаж ирсэн. Ерөнхий сайдын 2019 онд ОХУ-д хийсэн айлчлалын үеэр Оросоос Хятад руу нийлүүлэх байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах асуудлаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэхүү төслийг хэрэгжүүлэх асуудлаар Монголын талаас “Эрдэнэс Монгол” ХХК, Оросын талаас “Газпром” НХН, Хятадын талаас “Хятадын Үндэсний газрын тос, байгалийн хийн корпораци” (CNPC) 2020 оны арваннэгдүгээр сард хийн хоолойн төслийг ярилцсан. Хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркеловын ахалсан бүрэлдэхүүн Монгол Улсад ажиллаж, хийн хоолойн төслийн Монголын талын ажлын хэсгийн дарга, Шадар сайд С.Амарсайхантай уулзлаа. Энэ үеэр ТЭЗҮ боловсруулах ажлыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг талууд баталсан. Ингэснээр ОХУ-аас БНХАУ-д жилдээ 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч-2” хий хоолой Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах төслийн ажил бодитоор хэрэгжих нөхцөл бүрдсэн.
-Гуравдагч хөршийн бодлого дээр та юуг голчлон анхаарч байна вэ?
-“Гуравдагч хөрш” гэдэг ойлголт аль нэг тодорхой орныг хэлж байгаа хэрэг биш, харин манай улсын ардчилал, хөгжлийг тууштай дэмжигч, оюун санааны түнш болон хөрөнгө оруулагч улс орнуудыг бүхэлд нь авч үзсэн ойлголт юм. Энэхүү үзэл санааг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд тусгасан. Гуравдагч хөршийн бодлогын гол зорилго нь эдгээр улстай бүх талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, түүний дотор эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд оршдог. Үүнд нийтлэг үнэт зүйлс, оюун санааны нэгдмэл байдал, ардчилал, зах зээлийн эдийн засаг, хүмүүнлэг үзэл санаа хамтын ажиллагааны бат бэх суурь болдог. Гуравдагч хөршүүдийн зүгээс энэ бодлогыг талархаж хүлээн авдаг. Өнгөрсөн хугацаанд эдгээр улс орнуудтай хөгжүүлж ирсэн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Цаашдын харилцаанд манай талаас анхаарах гол асуудал бол түнш орнуудтайгаа ярилцаж тохиролцсон зүйлсээ хэрэгжүүлдэг, “итгэлтэй, найдвартай түнш” байх явдал юм. Манай улс хоёр тал, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, өөрсдийгөө “дэлхийн хариуцлагатай гишүүн” гэдгээ батлан харуулж байж олон улсын тавцан дээр нэр хүнд, байр сууриа өсгөж чадна.
-Тэгвэл гуравдагч хөршийн хамтын ажиллагаа өнөөдөр ямар хэмжээнд өрнөж байна вэ?
-Манай улсын “гуравдагч хөрш”-ийн хамтын ажиллагаа өргөн хүрээтэй, бат бэх, идэвхтэй байна гэж дүгнэнэ. Тухайлбал, АНУ, Япон, Энэтхэгтэй стратегийн түншлэлийн харилцаатай. Европын Холбоотой түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээртэй. Европын Холбоо бол 27 улсыг нэгтгэсэн, хагас тэрбум хүн амтай дэлхийн хөгжлийн томоохон төв. БНСУ-тай иж бүрэн түншлэлийн харилцаа хөгжүүлж байна. Эдгээр болон бусад улс орны хамтын ажиллагаа Монгол Улсын хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулдаг. Хэдхэн жишээ хэлье. АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай 2018 онд байгуулсан 350 сая ам.долларын хоёр дахь компакт гэрээ өчигдрөөс буюу 2021 оны гуравдугаар сарын 31-нээс хүчин төгөлдөр боллоо. Манай тал гэрээний бүх болзолт нөхцөлүүдийг биелүүлсэн. Одоо Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх дэд бүтцийн ажлуудыг эхлүүлнэ. Тухайлбал, хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр барьснаар Улаанбаатар хотын цэвэр усны хангамж одоогийнхоос 64 сая орчим шоо метр буюу өнөөгийн түвшнээс 83 хувиар нэмэгдэх юм. Японтой “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал”, “Монгол, Японы сургалтын эмнэлэг”, “1000 Инженерийн төсөл” гээд нэрлэвэл хамтдаа хэрэгжүүлсэн олон чухал төсөл бий. Энэтхэгийн 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж байна. Энэ үйлдвэр 2024 онд ашиглалтад орно. Түүнчлэн Мэдээллийн технологийн Аутсорсингийн төв байгуулах, 1000 монгол багшид англи хэл сургах зэрэг төслүүд хэрэгжиж байна. Унгарын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчилж байна. Манай улс малын шүлхий, мялзан өвчнөөс сэргийлэх вакциныг худалдан авахад жилд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг. Тэгвэл Биокомбинатыг шинэчилснээр эдгээр вакциныг дотооддоо үйлдвэрлэж өөрийн хэрэгцээгээ бүрэн хангана.
Монгол, Германы хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хүрээнд 1991 оноос өнөөг хүртэлх хугацаанд эрчим хүч, байгаль орчин, боловсрол зэрэг салбарт 400 гаруй сая еврогийн санхүү, техникийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж ирсэн. Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын шугамаар 2004-2021 онд нийт 151 сая швейцарь франкийн төслийг сайн засаглал, байгаль орчин, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсрол, нийгэм, соёлын салбарт хэрэгжүүлж байна. Франц, Польш, Австрийн хөнгөлөлттэй зээлээр эрүүл мэнд, дэд бүтэц, онцгой байдал, байгаль экологийн олон төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, хот төлөвлөлтийг хөгжүүлэхэд БНСУ дорвитой дэмжлэг, туслалцаа үзүүлж байна. Энэ хүрээнд “Солонго 1, 2 орон сууцны хороолол”, “Баянголын аманд түрээсийн орон сууцны хороолол” барих ажил хийгдэнэ. Канадын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 40 орчим сая канад долларын санхүүжилт бүхий зургаан төсөл хэрэгжиж байна. Кувейтийн буцалтгүй тусламжаар баригдаж буй Түлэнхийн төв ирэх зургадугаар сард ашиглалтад орно. Товчхондоо бол түнш орнуудын хөнгөлөлттэй зээл, тусламжаар хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байна.
-Дипломат алба, албан хаагчдын мэдлэг, ур чадварын байдал, сонгон шалгаруулалт, гадаад томилгоо тойрсон шүүмжлэл нийгэмд байнга гарсаар байдаг шүү дээ?
-Төрийн үйл ажиллагаа, тэр дундаа боловсон хүчний сонгон шалгаруулалт, томилгоо ил тод, нээлттэй, хууль тогтоомжийн дагуу байх учиртай. Төрийн албаны хуулиас гадна Дипломат албаны тухай хуулиар дипломат алба нь төрийн тусгай албаны ангилалд хамаардаг. Тиймээс албан хаагчдад тавигддаг шаардлага өндөр. Ажилтнуудын хувьд олон улсын харилцаа, эрх зүй, эдийн засаг, худалдаа, банк санхүү, төрийн захиргааны чиглэлээр мэргэшсэн, хоёр болон түүнээс дээш гадаад хэлийг ажлын түвшинд эзэмшсэн хүмүүс байдаг. Албан хаагчдын нас харьцангуй залуу. Тиймээс мэргэшил, мэдлэгийг байнга дээшлүүлэх үүднээс тогтмол сургалт зохион байгуулах ажлыг тодорхой төлөвлөгөө, хуваарийн дагуу хийдэг. Энэ жил жишээлбэл монгол бичгийн хичээл орж байгаа. Мөн ахмад дипломатуудын үүсгэн байгуулсан Дипломат академитай хамтран сургалт, судалгаа хийж, залуу ажилтнуудыг дадлагажуулж байна. Цаашдаа Дипломат академийг яамны дэргэдэх статустай болгох тал дээр анхаарч байна. Төгссөн сургуулийн хувьд Москвагийн олон улсын харилцааны их сургууль, МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг төгссөн албан хаагчид зонхилдог. Дэлхийн нэр хүндтэй бусад сургуулийг төгссөн албан хаагчид ч цөөнгүй бий. Жендерийн хууль тогтоомжийн шаардлага, харьцаа бүрэн хангагдсан гэж үздэг. Төрийн албаны тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан дипломат албаны мэргэшлийн шалгалтыг тодорхой хугацаанд зохион байгуулаагүй байсан. Төрийн албаны зөвлөлтэй хамтран энэ шалгалтыг ойрын хугацаанд хийнэ. Цар тахлын нөхцөл байдалтай уялдан шалгалт хойшлогдож байгаа. Энэ шалгалт нээлттэй явагдана. Албан тушаалын тодорхойлолтын шаардлага хангасан иргэдэд өрсөлдөх боломж нь адил тэгш байна.
-Гадаад томилгооны тухай та юу хэлэх вэ?
-Манай улсын 45 Дипломат төлөөлөгчийн газарт 300 орчим албан хаагч ажилладаг.Дипломат болон консулын ажилтнууд, үйлчилгээ, техникийн ажилтнууд, мөн жолооч-аж ахуйн эрхлэгч нар байдаг. Хууль журам яривал гадаад бүх томилгоо төвөөс буюу яамны ажилтнууд, манай харьяа Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын албан хаагчид дотроос хийгдэж байх ёстой. Дипломат албаны тухай хуульд 2017 онд өөрчлөлт орж, томилолтын хугацаа дөрвөн жил болсон, ингэснээр гадаадад дөрвөн жил ажилласан бол ирээд төвдөө дөрвөн жил ажиллах ёстой. Харамсалтай нь ингэж чадахгүй явж ирсэн нь бодит үнэн. Шаардлага өндөртэйг мэдсээр байж шалгуур хангаагүй, өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийг томилуулдаг нь улс төрийн нөлөөлөлтэй шууд холбоотой. Дотоод өрсөлдөөн бол байх ёстой. Энгийн жишээ дурдахад, 2012-2016 онд Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газраас жолооч нь томилогддоггүй, гаднаас ажилд оруулсан болоод л, эсвэл шууд гаднаас томилдог практик газар авчихсан байсан. Хугацаандаа томилогдож чадаагүй, бусдад боломжоо алдсан 20 орчим жолоочийг 2017 оноос үе шаттайгаар томилсон. 2021 оны томилгооны хувьд гаднаас нэг ч хүн томилоогүй. Сүүлчийн томилолтоос ирээд, эсвэл ажилд ороод 3-4 жил ажилласан, ажиллах хугацаандаа аливаа зөрчил гаргаагүй, хариуцлагатай жолооч нарыг томилсон. Дипломат болон консулын ажилтнуудын хувьд 2021 онд бүгд яамнаас томилогдсон. Суух орны хэл усыг эзэмшсэн байдал, ажлын байранд тавигдах шаардлага, төвд ажилласан хугацаа, газар нэгжээс нь ирүүлсэн санал зэрэг олон талын шаардлага, хэрэгцээг харгалзан Төрийн нарийн бичгийн даргын ахалдаг Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Томилгоог мэргэжлийн байлгах тал дээр УИХ ч, Засгийн газар ч бодлогоор дэмжиж байгааг ч онцолъё. Хууль журам ч тийм, олон нийт ч үүнийг шаардаж байна. Нэг жишээ хэлэхэд, Эрээний Консулын газрын тэргүүнээр мэргэшсэн ажилтан томилолгүй 20 жил болсон байсан. Үүнийг засч яамандаа 20 жил ажилласан, хятад хэлний өндөр мэдлэгтэй ажилтныг томилоод байна. Гэхдээ аливаа томилгоо байнга л хэл ам дагуулдаг шүү дээ. Тэр ч утгаараа хүссэн газраа томилогдож чадаагүй, эсвэл хүнээ томилуулах хүсэлтийг нь хүлээж аваагүй цөөхөн тооны хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар худал мэдээ олон нийтэд өгч улстөржүүлэх хандлага байна. Яам, харьяа байгууллагаасаа бүрэн томилгоог хийсэн байхад энэ зэргийн шүүмжлэлд би уучлаарай л гэж хэлнэ.