Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Р.Гончигдорж: Үндсэн хуулийн хямрал улам гүнзгийрч, эрх мэдлийн хуваарилалт, харилцан хяналт алдагдаж байна

Академич Р.Гончигдоржтой ярилцлаа.


-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүсэлтийг ҮХЦ хүлээн авч, Цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтээ хүчингүй болгон, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй УИХ-ын 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон нь зарим гишүүдийн хэлж байгаагаар Үндсэн хуулийн хямрал руу маш хурдтай алхаж байна гэх дүгнэлтэд хүрээд байна. Энэ талаар таны байр суурийг сонсъё?

-Үндсэн хуулийн шинэ хямрал аль хэдийнэ бий болчихсон. Үүний суурь нь 2019 онд баталж, 2020 оны тавдугаар сард дагаж мөрдсөн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, түүнд шилжих журмын тухай хуулиар тавигдсан. 2020 оны зургадугаар сарын 4-нд миний бие ҮХЦ-д “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 6 дугаар зүйлд уг нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын ээлжит сонгуулиас сар хүрэхгүйн өмнө 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан нь Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн гурав дах заалт” “УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно” гэснийг зөрчиж байгаа тул хүчингүй болгуулахаар мэдээлэл гаргасныг ҮХЦ маргаан хянан хэлэлцэх ажиллагаа үүсгэлгүй эс үйлдлээрээ халхлан өнгөрөөсөн.

Уг мэдээлэлдээ, цаг хугацаа өнгөрөх тусам Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл хадгалагдаж, гүнзгийрэх байдалтай байгаад иргэний хувьд зовниж байна. Тиймээс ҮХЦ миний гаргасан мэдээллийн асуудлыг шуурхай шийдвэрлэн, Үндсэн хуулиа хамгаалж одоо болон цаашид гарах Үндсэн хуулийн зөрчлийг урьдчилан арилгаж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байна гэж би тэмдэглэж байсан юм. Энэ боломжийг бид алдсан. Төрийн үйл ажиллагаанд бий болсон асуудал, зөрчлийг Үндсэн хууль, бусад суурь засаглалын хуулиар ойлгомжтой, хүлээн зөвшөөрөгдөхөөр шийдвэрлэх боломжгүй болох нь Үндсэн хуулийн хямралыг бий болгодог.

-Энэ хямралын суурь хэрхэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тавигдсан гэж үзэж байгаагаа та дэлгэрэнгүй тайлбарлаач?

-Нэгдүгээрт, Үндсэн хуулийн сүүлийн нэмэлт, өөрчлөлтөд тодорхойгүй байдалтай, үнэндээ тодорхой болгох зөвшилцөлд хүрээгүй заалтууд, зүйл хоорондын зохицуулалтыг хольж ойлгомжгүй, салаа утгатай болгосон томьёололуудаас болсон. Хоёрдугаарт, Үндсэн хуульд дотоод зөрчлийг бий болгосон. Гуравдугаарт, дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль нь дээр дурдсан байдлуудыг тодотгон зохицуулж хэрэглэх талаар журамлаагүй. Үндсэн хуулийн суурь зарчим нь “Үндсэн хуультай харшилсан хууль, хуулийн заалтыг дагаж мөрдөхгүй, хууль Үндсэн хуульд бүрнээ нийцсэн байх”-ыг зөрчсөн. Тухайлбал, шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч биш таван гишүүнийг хэн томилохыг заагаагүй орхисон, шүүхийн сахилгын хорооны тухайд бүр тодорхойгүй. Сүүлд ямар хуулиар яаж зохицуулах талаар зөвшилцөл (ялангуяа Ерөнхийлөгчтэй) байгаагүй бололтой. Энэ нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга шүүхийн хуулийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн маргаан шийдүүлэхээр ҮХЦ-д хүсэлт гаргаснаас харагдаж байна (эсвэл, магадгүй тэр үед тохирч байснаасаа УИХ буцсан байж магадгүй). УХЦ дунд суудлын хуралдаанаараа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүсэлтийг хүлээн зөвшөөрч Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн зөвшөөрөөгүй тогтоол гаргасан ба Үндсэн хуулийн дагуу их суудлаараа уг асуудлыг шинээр авч хэлэлцэн шийдээ гаргах ёстой. Гэтэл шинэ Ерөнхийлөгч хэзээ ч байгаагүй жишиг гаргаж, өмнөх Ерөнхийлөгчийн ҮХЦ-д гаргасан хүсэлтийг татаж авах тухай ҮХЦ-д хүсэлт тавилаа.

Тэгмэгц ҮХЦ их суудлаараа У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авч, дунд суудлын шийдвэрээ УИХ-ын тогтоолын хамт хүчингүй болгон ҮХЦ өөрөө Үндсэн хуулиа зөрчин байж шийдвэр гаргачихлаа. Энэ бол Үндсэн хуулийн хямрал. Бас нэг хямрал нь Ерөнхийлөгч ҮХЦ хоёрын шинэ жишиг. Одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөх Ерөнхийлөгчдийн хуульд тавьж УИХ хүлээн авч хуульдаа өөрчлөлт оруулсан хоригийг татаж авлаа гэж УИХ-д бичиг хүргүүлэхэд хориг хүчингүй болж, улмаар хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь хүчингүй болох нь ээ дээ. Дараа дараагийн Ерөнхийлөгчид ингээд байвал яах вэ. 2027 онд шинэ Ерөнхийлөгч гарч ирээд дээр дурдсан “хүсэлтийг хүчингүй болгох” тухай хүсэлтийг нь хүчингүй болгуулах хүсэлт ҮХЦ тавибал эргээд л ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт дахин сэргэх нь ээ. Энэ хямрал биш гэж үү.

-Одоо тэгвэл яах нь зөв юм бэ?

-Би ҮХЦ-д Ерөнхийлөгч асан Х.Баттулгын тавьсан хүсэлтийг иргэний мэдээлэл болгож сэргээж тавина. Нэгэнт хүсэлт цуцлагдсан тул ҮХЦ-ээс “Өмнө нь ҮХЦ-ээр хэлэлцэгдсэн асуудал” гэж буцаахгүй, нэгэнт маргаан хянан хэлэлцсэн учраас миний мэдээллийг “хянан хэлэлцэх маргаан биш байна” гэж буцаахгүй хэлэлцэж л таарна. Би УИХ нь шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн сахилгын хорооны гишүүдийн томилгоог хийж байгааг Үндсэн хууль, тухайлбал ҮХЦ-ийн 25 дугаар зүйлийн 1-ийн 6 дах хэсэгт “УИХ-д шууд ажлаа хариуцан тайлагнадаг… байгууллагын бүрэлдэхүүнийг томилох…”гэсэн Үндсэн хуулийн зарчмыг зөрчинө гэж үздэг. ҮХЦ-ийн гишүүдийг хууль тогтоох, гүйцэтгэх (Ерөнхийлөгчөөр төлөөлүүлж), шүүх эрх мэдлээс нэр дэвшүүлснийг УИХ-аас томилох Үндсэн хуулийн үүрэг энд хамаарахгүй. Дээрх хоёр байгууллага УИХ-д ажлаа шууд хариуцаж тайлагнахгүй, шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангах чиг үүрэгтэй. Зөвхөн хуульд захирагдаж үйл ажиллагаагаа явуулах хараат бус байгууллагууд. Харин энэ хоёр байгууллагын бүрэлдэхүүнийг томилоход Ерөнхийлөгчийн оролцоо байх ёстой. Яагаад гэвэл шүүхийн бүрэлдэхүүнийг (дээд шүүхийн дарга, гишүүд, бусад шүүгчдийг) Үндсэн хуулиар Ерөнхийлөгч томилдог нь Ерөнхийлөгч бол шүүгчдийн хараат бус байхын баталгаа гэж үзсэн Үндсэн хуулийн үзэл санаа юм. Ерөнхийлөгч шүүгчдийг өөрөөсөө хараат болгодог гэснээр оролцоог нь “зугтаалгаж” болохгүй. Харин Ерөнхийлөгч өөрөөсөө хамааралтай болгож байгаа үйлдэл, эс үйлдэл гаргасан л бол Үндсэн хууль зөрчсөн гэснээр огцрох ёстой. УИХ огцруулах үүрэгтэй юм шүү. Хуульд захирагдахгүй байгааг нь “янзлах” гээд хуулиа оролдох биш, захирагдахгүй байгаа үйлдэлд нь хариуцлага тохож чаддаг байх нь эрх зүйт төрийн зарчим.

Ерөнхийлөгч дээрх хоёр байгууллагын томилгоонд оролцох тухай ярихаар л, тухайлбал О.Мөнхсайхан хуульчаас эхлээд л Үндсэн хуулийн 33.4-өөр болохгүй гээд л эсэргүүцнэ. Энд л миний дээр хэлсэн Үндсэн хуулийн дотоод зөрчлийн асуудал гарч ирнэ. Үндсэн хуульд УИХ-ын онцгой бүрэн эрхээс бусад бүрэн эрхийг хуулиар тогтооно (Үндсэн хуулийн 25.4 ). Засгийн газрын үндсэн бүрэн эрхээс бусад тодорхой бүрэн эрхийг хуулиар тогтооно (Үндсэн хуулийн 38.3). Дээд шүүх хуулиар олгогдсон бусад асуудлыг шийдвэрлэх (Үндсэн хуулийн 50.1.5). Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно (нэмэлт, өөрчлөлт ороогүй байсан Үндсэн хуулийн 33.4) гэж байснаас зөвхөн “Ерөнхийлөгчид хамаатай Үндсэн хуулийн 33.4-ийг өөрчлөн, Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд (33 дугаар зүйл, Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрх) заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж өөрчлөлт оруулсан юм. Гэтэл Үндсэн хуульд өөрт нь 33-ын хүрээнд байхгүй тодорхой бүрэн эрхүүд Ерөнхийлөгчид өгөгдсөн байдаг. Шүүхийн бүрэлдэхүүнийг томилох 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ерөнхий прокурор, түүнийг орлогч нарыг томилох 56 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, ҮХЦ-ийн гурван гишүүний санал болгох 65 дугаар зүйлийн 1 дэхь хэсэг, гэх мэт.

-33 дугаар зүйлийн хүрээнээс гадуур олгогдсон Ерөнхийлөгчийн эдгээр Үндсэн хуулийн тодорхой бүрэн эрхийг яах вэ. 33.4-тэйгөө зөрчилдөөд байдаг. Яаж эдгээр Үндсэн хуулийн үүргээ хэрэгжүүлэх вэ?

-Уг нь Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд болон Үндсэн хуулийн бусад зүйлд заасан тодорхой бүрэн эрхийн хүрээнд хуулиар олгож болно” гэж томьёолох ёстой байсан. Тэгсэн бол Үндсэн хуулийн дотоод зөрчлөөс үүссэн Үндсэн хуулийн хямрал болохгүй байсан. “Бүрэн эрх” гэдгийг “эрх мэдэл” гэдгээс салган ойлгож, “үүрэг, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон эрх”, ийм үүрэг, эрхийн хослол гэж ойлгож чадахгүй байна гэж үү. Үндсэн хууль дах энэ зөрчил шүүхийн хууль, Цэц Ерөнхийлөгчдийн хоорондын харилцаанд бий болсон нь Үндсэн хуулийн хямралыг бий болгоод байна. “Ерөнхийлөгч шүүхийн томилгооны эрхээсээ татгалзаж байна” гэх популист яриа үүнээс үүдэлтэй биш биз. Томилгоо хийх нь эрх биш шүү. Ерөнхийлөгчийг шүүхийн хараат бус байдлыг ханга гэж Үндсэн хуулиар өгсөн үүрэг. Төрийн албан хаагч үүргээсээ татгалзвал албанаасаа халагдана биз дээ. Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх А.Бямбажаргалын хэвлэлд “Шүүх дэх эрх зүйн шинэтгэл гацаанаас гарлаа, Ерөнхийлөгч манлайллаа, энэ санал манлайлал цаашид шүүх эрх мэдлийн зорилт байх учиртай” гээд л ярьж байна. Арай л энэ зөвлөх нь “Ерөнхийлөгчийг маань ийм бантанд хутгаад” юм үзээгүй хөөрхий муу Дэмбэрэл их л хөөрч байна лээ гэдэг шиг юм болж байгаа юм биш байгаа даа.

-Одоо тэгэхээр Үндсэн хуулийн хямралаас гарах ямар гарц байна вэ?

-УИХ дотор Цэцийн их суудлын хуралдааны шийдвэрт эрх зүйн шинжилгээ хийлгэх яриа гарч байх шиг байна. Арай томоор харахад энэ хямралд хүргэж байгаа Үндсэн хуулийн уг суурийг шинжлэх хэрэгтэй байх. Уг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараахь Үндсэн хуулийн хямрал Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн хуультай, Цэц дээрх маргаануудтай холбогдоод гарсан юм. Даанч түүнийг эрх мэдлийнхээ давамгай байдлыг УИХ ашиглаад л ҮХЦ-тэй хамтраад дарчихсан. Ер нь ийм хямралыг Үндсэн хуулийн эрх зүйгээр зөв шийдээд давбал Үндсэн хуулийн ардчилал бэхжинэ. Харин эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж дарвал Үндсэн хуулийн ардчилал хумигдана. Дээр хэлсэн хямрал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийгдсэн. Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “зургаан жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн салаа утгатай заалтааас болсон. Уг нь өмнө нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг тодорхойлсон 30.2-д “дөрвөн жилийн хугацаатай сонгоно”, Ерөнхийлөгчийн сонгуулийн харилцаатай холбоотой 31.7-д “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно” гэсэн хоёр өөр зүйлд хоёр өөр харилцааг зохицуулж байсныг нэг дор ямар ч таслалын тэмдэггүй залгаж өөрчлөн найруулсан юм.

Ерөнхийлөгчтэй зөвшилцөн ойлголцож хийсэн нь ойлгомжтой бөгөөд цаанаа “залилан” хийсэн нь ил болсон л доо. Тэр нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгад тэр үедээ дахин нэр дэвших боломжтой, зургаан жилээр сонгогдсон Ерөнхийлөгчид л “зөвхөн нэг удаа” гэдэг нь хамаарна гэж ойлгуулсан бололтой. Тэр нь Үндсэн хуулийн Цэц дээрх маргаанаар батлагдсан. Бас хавсралт хуульд ямар ч тодотгосон заалт энэ тухай ороогүй. Тийм ч учраас би ҮХЦ-д 2021 оны зургадугаар сард Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль явуулах тухай УИХ-ын тогтоолын Үндсэн хууль зөрчсөн, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 30.2-д Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зургаан жил болгосон, хавсралтын хуулиар одоогийн Ерөнхийлөгчид хамаарахгүй талаар заалт ороогүй гэж үндэслэсэн юм. Даанч ҮХЦ эрхээрээ түрий барьж маргаан үүсгэхээс татгалзсан. Харин одоогийн Ерөнхийлөгч дэвшиж болохгүйг их шуурхай шийдсэн. Хэрэв ийм эрх мэдлийн залилан хийх гээгүй л юм бол 30.2-тоо “дөрвөн жилийн” гэдгийг “зургаан жилийн” гэж өөрчлөөд, 31.7-г “Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа сонгогдоно” гэж өөрчлөөд хавсралт хуульдаа 30.2 дахь хэсэгт “зургаан жилийн” гэснийг одоогийн Ерөнхийлөгчид хамааруулахгүй гээд л хийчих ёстой. Гэвч тэр үед ингэж хийж, Ерөнхийлөгчийг зөвшөөрүүлж чадахгүй байсан болохоороо Үндсэн хуулиа “үгийн тоглоом” болгож ашиглаж хямралд хөтөлсөн.

-Ер нь өмнө нь ийм Үндсэн хуулийн хямрал гарч байсан уу. Гарч байсан бол яаж давж гарч байсан бэ?

-Гарч байсан. 1996 онд УИХ-ын сонгуульд Ардчилсан холбоо эвсэл 50 суудал авч олонх болоод Засгийн газраа байгуулах гэж байтал ҮХЦ-д нэг иргэн “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх нь Үндсэн хууль зөрчинө” гэсэн маргаан үүсгэж ҮХЦ тун шуурхай тийм гэсэн шийдвэр гаргасан. Өмнөх анхны Их хурлын үед 1992-1996 онд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан. Нэг жилийн дараа ҮХЦ-ээс УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болох шийдвэр гаргаж шинэ Засгийн газар байгуулсан. Эндээс 1996-2000 онд Засгийн газар тогтворгүй байх улс төрийн нөхцөл үүссэн байдаг. Дээрээс нь Ерөнхийлөгч асан Н.Багабанди Ардчилсан холбоо эвслээс Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн хүнийг зөвшөөрөхгүй долоон удаа буцааж, Үндсэн хуулиар өөрт нь ийм эрх бий гэж үзэж байсан. Энэ нь Үндсэн хуулийн хямралын шинжтэй байдалд хүрсэн. Үндсэн хуулиар 51-ээс доошгүй гишүүнтэйгээр чуулган хуралдах ёстой, гэтэл эвсэл 50 суудалтай тул тэр үеийн МАХН чуулганыг бойкотлох замаар УИХ ажиллах боломжийг бэрхшээлд оруулж байсан нь Үндсэн хуулийн хямрал байсан юм. Тийм ч учраас МАХН-тай зөвшилцөн 1999, (2000) онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан дээрх Үндсэн хуулийн хямрал гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байсан. Үндсэн хуулийн Цэцийн өөрчлөгдсөн байр сууринаас болж Үндсэн хуулийн хямрал гарсан дохиолдол бас бий. 2012 оны УИХ-ын сонгуулийн хууль холимог хэлбэрээр батлагдахад Цэцэд маргаан үүссэн бөгөөд Цэц холимог хэлбэрийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзээгүй харин “гулсаж” сонгогдох заалтыг нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байсан юм. (Би одоо ч тэр аргыг Үндсэн хууль зөрчсөн гэж боддоггүй) Ингээд 2012 онд хүчтэй цөөнхтэй УИХ-д сонгогдож байсан юм. 2016 онд уг сонгуулийн хуулиараа сонгууль явуулахад сонгуулийн бэлтгэл ажил жигдэрч байх үед “захиалагаар” холимог хэлбэр Үндсэн хууль зөрчсөн гэсэн маргаан үүсгэгдэж Үндсэн хуулийн Цэц “шуурхай” “тийм” гэж шийдэж, УИХ нь ч “тийм байна” гэж дуулгавартай зөвшөөрснөөр сонгууль болохоос өмнөхөн сонгуулийн хуулиа нэг мандаттай 76 тойргоор хийхээр өөрчилсөн. Үр дүнд нь бараг цөөнхгүй УИХ хоёр дахь удаагаа (2016, 2020) бүрэлдээд явж байна. Хямралыг хүчээр дарахад ардчилал бас хямардагийн жишээ энэ.

-Үндсэн хуулийг чамдлан сахиулах баталгаа гэж ҮХЦ-ийг Үндсэн хуульд тодорхойлсон байдаг. Гэтэл бидний ярианаас харахад Үндсэн хуулийн Цэц нь хэд хэдэн Үндсэн хуулийн хямралыг бий болгоод байгаа юм биш үү. Хуульч Д.Мөнх-Эрдэнэтэй хийсэн ярилцлагын үеэр саяны таны ярьсан сонгуулийн хуультай холбогдсон Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг жишээ болгоод “Цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ хянаж хэлэлцэж, шийдвэр гаргаагүй нөхцөлд тухайн шийдвэрийг хууль ёсны шинж чанар алдагдаж болзошгүй” гэж үзээд Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан тухайгаа ярьсан л даа?

-Тийм байсан. Би чинь “Өдрийн сонин”-ы байнгын захиалагч, уншигч шүү дээ. Д.Мөнх-Эрдэнэ хуульчтай энэ талаар санал нэг байгаа. Бодит байдалд Үндсэн хуулийн Цэц биш, УИХ Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэгч нь болчихдог тохиолдлыг онцгойлсон байсан энэ нь Үндсэн хуулийн Цэцийн Үндсэн хуулийн үүрэгтэй зөрчилдөж байгаа юм.

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг УИХ зөвшөөрсөн тохиолдолд УИХ-ын аль нэг гишүүн эсэргүүцсэн гомдол гаргавал Үндсэн хуулийн Цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэж эцсийн шийдвэр гаргадаг, мэдээлэл өргөдөл гаргасан иргэн Цэцийн дунд суудлын хуралдааны “зөрчөөгүй” гэсэн дүгнэлтийг үл зөвшөөрч гомдол гаргадаг, түүнийг нь Үндсэн хуулийн Цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ хянан хэлэлцдэг зохицуулалтыг Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай” хуульд оруулахад хуульчийн тавиад байгаа, зөрчилтэй гэж үзээд байгаа асуудал шийдэгдэж, Үндсэн хуультайгаа бүрнээ нийцэх юм. УИХ-д дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал яригдаж байгаа сураг сонссон.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Содбилэг: Ирэх сарын 15-наас шатахууны нийлүүлэлт ердийн байдалдаа шилжинэ

УИХ-ын гишүүн асан, “Петровис” компанийн Гүйцэтгэх захирал О.Содбилэгтэй ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногт төр, хувийн хэвшлийн хамтарсан төлөөлөл Москвад очиж, “Роснефть”-ийнхэнтэй уулзсан. Уулзалтын үр дүнд шатахууны нийлүүлэлтийг хэвийн үргэлжлүүлэхээр боллоо. Гэхдээ заавал хомсдол үүсгэлгүйгээр уулзаад асуудлаа ярилцаад, тохироод ирж болоогүй юм уу. Оросуудын зүгээс аль хавраас л нийлүүлэлтийн хомсдол үүсч болзошгүйг анхааруулсан байдаг шүү дээ?

-УУХҮЯ, Ашигт малтмал газрын тосны газрынхан болон импортлогчдын төлөөлөл Москва хотод “Роснефть” компанийн төлөөлөлтэй уулзаад ирлээ. Жил бүрийн хавар Монголын шатахуун импортлогч компаниуд “Роснефть” компанийнхантай уулзаж хоорондын гэрээ хэлэлцээрийн биелэлт, гэрээнд оруулах санаа болон өөрчлөх зүйлсийн талаар хэлэлцдэг юм л даа. Гэвч ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад энэ жил уулзаж амжаагүй. Гэтэл манай улсад шатахууны хомсдол үүсчихсэн. Тиймээс “Роснефть” компанийнхантай уулзах хүсэлтийг шатахуун импортлогчдын холбооны зүгээс УУХҮЯ, Ашигт малтмал газрын тосны газарт гаргасан. Мөн “Роснефть” компаниас урилга ирүүлсэн тул Москвад ээлжит уулзалтаа хийлээ. Уулзалтаар манайд үүсээд байгаа шатахууны хомсдолын талаар хэлж, асуудлаа ойлголцож, хэлэлцээр амжилттай болсон. ОХУ-ын талаас ч манай хүсэлтийг хүлээж авч Монгол Улсыг шатахуунаар таслахгүй байхад анхаарч ажиллахаар тохирлоо. Товчхондоо, төр хувийн хэвшлийн хамтарсан баг амжилттай ажилласан.

-Ер нь шатахуун юунаас болж хомсдов. Яагаад импортлогчид шатахуунаа хангалттай нөөцөлж чадаагүй юм бэ. Импортлогчдын зүгээс шатахуун ховордож магадгүйг төр засагтаа анхааруулж байв уу?

-Шатахуун гэнэт, нэг л өглөө босоход тасарчихсан юм биш. Шатахууны хангамж багасах нь байна шүү, цаад үйлдвэр нь засварт орохоор болсон шүү, бензиний олдоц хэцүүдэх нь гэдгээ ОХУ өнгөрсөн долдугаар сараас бидэнд албан бичгээр мэдэгдэж байсан.Тиймээс бид төрийн яам агентлаг, Засгийн газарт цаг тухайд нь хэлж, сануулж ирсэн. Өөр эх үүсвэрээс бензин импортолбол үнэ өсөхөөр байна, хариу чиглэл өгнө үү гэж Засгийн газарт нэг бус удаа хандсан.

Саяны уулзалтаар “Роснефть” компанийн зүгээс ч нөхцөл байдлаа маш тодорхой тайлбарлаж байна лээ. Сүүлийн хоёр жил ковидын нөхцөл байдлаас шалтгаалж аж үйлдвэрлэлийн шат дамжлагад нь маш их саатал үүссэн. Хүн хүч нь ковид тусах, хөл хорио, вакцинжуулалтыг хүлээх зэрэг олон асуудлаас шалтгаалж үйлдвэрлэлийнх нь шат дамжлага нь ачаалал үүссэн болохыг хэлсэн. Жил бүр үйлдвэртээ хуваарьт засвар үйлчилгээ хийдэг ч их засвар хийх шаардлагатай болсон гэсэн.

ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэрүүд энэ жил хоцрогдлоо нөхөхийн тулд их засварт орсон учраас дотоодын зах зээлд нь шатахууны нийлүүлэлт хомсдож, үнэ нь их өссөн. Тиймээс ОХУ-ын эрчим хүчний яамнаас нь экспортоо хязгаарла гэсэн үүрэг өгсөн байна. Тодорхой хэлбэл оросуудын зүгээс ямар нэгэн санаатайгаар шатахууныг гацаасан зүйл огт байхгүй. Дэлхий даяар ковидын үед бүх л улсын амсаж байгаа хохирлын нэг гэж тайлбарлаж болно. Оросууд хэлэхдээ монголчуудтай илүү ахан дүүсийн харилцаатай байснаа дурдаад, манайд үүссэн асуудлыг маш сайн ойлгож байгаагаа хэлсэн. Тиймээс бусад хөрш зэргэлдээ орнуудынхаа шатахууны экспортыг хойш нь татаад танайх руу яаралтай ачуулах шийдвэр гаргалаа гэдгээ ч нуугаагүй. Аравдугаар сард танай захиалдаг хэмжээг бүгдийг нь өгнө гэж гэрээллээ. Энэ сардаа багтаан 1500 тонн Аи-92 бензин, аравдугаар сард 44 мянган тонн Аи-92 бензин, есдүгээр сард ачигдаагүй байсан 10 мянган тонн Аи-92 бензин авахаар боллоо.

-ОХУ өөрөө ч нефтийн хомсдолд орсон гэсэн мэдээлэл цацагдах болсон. Энэ үнэн үү?

-ОХУ-ын дотоод зах зээл нь амаргүй байна. Яагаад гэхээр нефтийн хангамжийн асуудлаас гадна хэдийгээр хөл хорио тавигдсан ч ковидоос болж олон улсын аялал жуулчлал нь тэг зогссон. Гадагшаа аялж чадахгүй болсон тул дотоодын аялал жуулчлал зуны цагт ихээр нэмэгдсэн юм байна л даа. Үүнийг дагаад дотоодынх нь шатахууны хэрэглээ урьд өмнө байгаагүйгээр эрс өссөн юм байна. ОХУ-д зарагдаж байгаа шатахууны жижиглэнгийн үнэ нь биднийг сая очиход рекорд дээд үнэд хүрч өссөн.

-Оросууд ирэх сард нийлүүлэлтээ хэвийн үргэлжлүүлнэ гэдгээ амлаж. Гэхдээ энэ хэр найдвартай амлалт вэ. Дахиад Монголд шатахууны хомсдол үүсэхгүй гэсэн баталгаа байна уу?

-44 мянган тонн шатахууныг аравдугаар сарын эхний хагаст бүгдийг нь ачиж манайх руу явуулна гэсэн. Энэ бол их сайн мэдээ. Сарын эхний хагаст ачигдаад манайд ороод ирвэл шатахууны хомсдол үүсэхгүй, ердийн горимондоо орчихно. Одоо ачигдаж байгаа 1500 тонн бензин орж иртэл дөрөв, тав хонох байх. Үйлдвэрээсээ ачигдана, төмөр зам, хил гаалиар дамжаад компаниудын агуулах дээр бууж, тэндээсээ шатахуун түгээх станц руу очиж, хэрэглэгчид хүрэхэд мэдээж тодорхой хугацаа орно. Аравдугаар сарын 1-н хавьцаа бензин ороод ирчих байх. Хэвийн горимд ортлоо тодорхой хэмжээний хязгаарлалтууд байна байх. Гэхдээ одоогийнх шиг хатуу хуваарилалттай байхгүй болов уу. Ер нь манай хэрэглэгчид шатахуун тасрах нь гэх санаа зовох асуудалгүй л болж байна гэсэн үг.

-Аравдугаар сарын 1-нээс шатахуун олголт хэвийн горимдоо орно гэж ойлгож болох уу?

-Ирэх сарын 15-наас ердийн байдалдаа шилжинэ гэж тооцоолж байна. Хил гааль, логистик зэрэг тодорхой хэмжээний цаг хугацаа орох байх. Өөр тээг болох шалтгаан байхгүй бол шүү дээ.

-Нийлүүлэлт хэвийн боллоо гэхэд үнэ өсөх үү?

-Бензиний үнийг Засгийн газар тогтоож байгаа. Вакцинжуулалтыг тодорхой хэмжээнд хүртэл цар тахлын хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж АИ 92 бензиний үнийг компаниуд алдагдалтай ч тодорхой хэмжээнд барьж борлуулалтаа хийгээч гэсэн саналыг Засгийн газраас шатахуун импортлогчдод хүргүүлсэн. Тиймээс ч АИ 92 бензиний үнийг вакцинжуулалтын тодорхой хэмжээнд хүртэл хөдөлгөхгүй барьж ирсэн. Шатахууны үнэ дэлхий даяар өссөн. Манай улс шатахуун импортлогчидтойгоо ярьж зөвлөж үнийг тогтоодог болохоор бензиний үнийг барьж байгаа. Ерөнхий нөхцөл байдлыг харж байхад дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өсөлттэй байна. Бусад улс орнууд ковидтойгоо дасан зохицож ажиллаж, амьдарч байна. Олон улсад ковидоос болоод бүх зүйлийн үнэ өссөн. Бензиний хэрэглээ ч маш өндөр байгаа. Үнэ нь зах зээлийн зарчмаараа өсч байна. Өссөн үнээр нь бид худалдан авахаас өөр аргагүй.

-Монгол Улс шатахууны хэрэглээнийхээ 80,90 хувийг Оросоос авдаг. Хятад, ОХУ-аас орж ирж байгаа шатахууны үнийг адилхан гэж ойлгоод байгаа. Хятадаас авч болдоггүй юм уу?

-Бүс нутаг зах зээлийнх нь ерөнхий жишгээр харж байгаад үйлдвэрлэгчид үнийн дүнгээ тогтоодог. Одоогийн байдлаар хоёр хөршийн шатахууны үнэ адилхан байна. Бидний хувьд ОХУ-ын “Роснефть” компанитай минимиум худалдан авах гэрээтэй. Манай талдаа ямар баталгаа болдог вэ гэхээр тэдний талаас хэрэгцээт хэмжээг маань заавал өгөх үүрэг хүлээчихсэн байдаг. ОХУ-тай энэ салбарт манай улс түлхүү хамтарч ажилладаг. Дээрээс нь төмөр зам логистикийн хувьд хамгийн хурдан ачаа бараа орж ирдэг.

-Манайх нефтийн үйлдвэр барьж байна. ОХУ үүнд тааламжгүй хандаж байгаа асуудал анзаарагддаг уу?

-Тийм асуудал ерөөсөө ажиглагдахгүй байна. Манай улс газрын тосны салбар үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэ хугацаанд ОХУ манай улсыг үргэлж шатахуунаар хангаж ирсэн. Дотоодод нь өөрийнх нь хангамж багассан, үйлдвэрүүд нь засваруудаа хийж чадахгүй зэрэг асуудлууд үүссэн учраас ийм нөхцөл байдалд хүрсэн гэж ойлгож байгаа.

-Намрын их ажлын үеэр шатахууны хомсдол үүслээ. Дагаад үнийн хөөрөгдөл үүсэх вий гэсэн болгоомжлол иргэдийн дунд байна?

-Намрын тариа хураалт хөдөө аж ахуйн ажлуудад голлон хэрэглэдэг шатахуун нь дизель түлш. Энэ түлшийн нөөц хангалттай байгаа. Огт тасраагүй. Өвлийн дизель түлш рүүгээ орлоо гэхэд хангалттай.Цаана нь зуны түлш үлдэхээр харагдаж байна. Үнийн өсөлтийг бензиний хомсдолтой холбож ойлгох хэрэггүй.

-Нефтийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх, нэг компаниас хараат бус байх ёстой гэсэн том анхааруулга боллоо. Гэхдээ Монгол Улс яаж шатахууны эх үүсвэрээ нэмэгдүүлэх, сайжруулах ёстой вэ?

-2006 онд үүсгэн байгуулсан “Петроматад” компани Дорнод аймгийн Матад суманд нефтийн хайгуул хийж өнгөрсөн жил нефтийн ихээхэн нөөц тогтоосон. Энэ жил 10.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг гаднаас босгож, өрөмдлөг хайгуулын ажлаа хийгээд үргэлжлүүлээд олборлолт руугаа орохоор ажиллаж байна. Энэ салбар өөрөө маш амаргүй, эрсдэлтэй, ихээхэн санхүү хөрөнгө шаарддаг салбар. Тогтоосон нэг хэсэг газартаа дор хаяж 250 сая ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийж байж байнгын тогтмол олборлолт хийх ажлууд явагдана. Нөөц нь олборлолт хийгдэхээр илүү нарийвчлагдаад гарч ирнэ. Газрын тосны геологийн нөхцөл байдлаас нь шалтгаалаад тогтоосон нөөцөөсөө олборлолт хийж бүгдийг нь гаргаж авах боломжгүй. Олборлолтоо хийгээд дотооддоо бензинээ үйлдвэрлэх, эсвэл экспортлоод орлогоороо бензинээ худалдан авдаг болох эрчим хүчний цогц үйл ажиллагаанд манай компани зүтгэж байна. Төр, хувийн хэвшил хамтарч байж л асуудлыг шийдвэрлэнэ. Монгол Улсыг хөгжүүлэхэд төр дангаараа, эсвэл хувийн хэвшил дангаараа зүтгээд асуудлыг бүрэн шийдэхгүй. Хамтын хөгжил, ойлголцол, итгэлцэл чухал. Төрийн бодлого ч хувийн хэвшлийнхэнтэй ижил гэдэгт итгэлтэй байна.

Монголчууд дотооддоо шатахуунаа үйлдвэрлэх, олборлолтоо нэмэгдүүлж аж үйлдвэрийн кластер байгуулна гэдгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ч удаа дараа мэдэгдсэн. Энэ айлчлалаар төр, хувийн хэвшил хамтарч асуудлыг шийдэж чадсан шиг цаашид үйлдвэртэй болох, зах зээлийн либералчилах асуудал дээр хамтарч ажиллах бүрэн боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Пиарын засаг ба бажгадсан ард түмэн


Бензин шатахуун тасалдлаа. Ард түмэн бажгадаж сандарч сүйд болж байна. Шатахуун түгээгүүр дээр оочероо булаацалдаж урдуур дайрлаа гээд хоорондоо алалцахаа шахаж байна. Юм үзээгүй эрх танхи ч хүмүүс юм. Дөнгөж сургаар нь ийм байгаа юм чинь жинхэнэ “юм” эхэлбэл яах юм байгаа юм, хэцүү л байх нь шиг. Өнгөрсөн хавраас хойш шатахууны хомсдол үүсэх нь, нөхцөл байдал хүндрэх нь гэсэн яриа өрнөж байсан ч тоохгүй явсаар ОХУ-ын талаас шатахуунаа нийлүүлэхгүй гэдгээ мэдэгдэж, БНХАУ-аас авахаар тохиролцож, мөнгөө шилжүүлсэн ч зөөвөрлөх төмөр замгүй хэмээн ийм боллоо.Одоо иргэд төрөөс тогтоосон хязгаарлалтаар шатахуунаа оочерлон авч байна. Ургац хураалт, өвөлжилт гээд намрын их ажилтай зэрэгцээд шатахууны хомсдол нүүрлэсэн нь эдийн засгийн хувьд маш муу мэдээ. Гэтэл колонк хэссэн приустэнгүүд бүтэн шөнө, бүтэн өдөр оочерлож байгаад л банкаа дүүргээд байх юм. Ямар ч сайхан зав байдаг юм. Ажил хийдэг хүн байдаггүй болохоор л энэ байх даа. Гомдсон хохирсноо яриад л. Нэг ёсондоо монголчуудын тар нь танигдаж байна.Ухамсартай ард түмэн бол машинаа долоо хоног гэртээ үлдээчихэд л болоод явчих юм. Машиныхаа оронд явган алхаж, автобусаар үйлчлүүлж, дугуйгаа унаад ажил төрөл, сургууль соёлдоо явчихаж болно. Хоёр цаг түгжирдэг газар 20-хон минут алхчихна. Нийтийн тээвэр өглөө, оройдоо л биш бол өдөрт сэлүүхэн хэдхэн хүнтэй л явж харагддаг. Машинаа болиод автобусандаа сууцгаа. Энэ долоо хоног дулаахан сайхан байна. Заавал машин тэргээр хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь зөөгөөд байх шаардлага алга. Яагаад гэхээр шатахууны хомсдол долоо хоногоос бараг хэтрэхгүй дээ. Бидний мөнхийн хөрш Орос, Хятад хоёр алгын чинээхэн Монголыг шүлс шиг жаахан шатахуунаар л хясав гэж. Үндсэндээ ОХУ, БНХАУ Монголыг шатахуунаар бойкотолбол хоёр том гүрний худалдаа наймаа, гадаад харилцаа дэлхийд ямар харагдах вэ. Нэр нүүрээ боддог юм байгаа биз дээ.Өөрсдөө ажлаа хийхгүй, гэрээ баталгаагаа хойшлуулж улстөржиж ард түмнийг хуурах гэж үнэ өртгийг нь барьж байгаад л ийм болоо байлгүй. Буруугаа бусдад тохож нэг муу явган пиар шүү юм хийх аядаж байна. Бид долоо хоног машинаа тавиад алхчихад л энэ чинь эх оронч үзэл болчихно. Балга бензинээ эмнэлэг, цагдаа, онцгойгийн албан хаагчдадаа өгсөн нь дээр биз дээ. Эх орон хүндрэхэд ард түмэн яадаг вэ гэж бид уль доль болтол бичдэг. 1998 онд Өмнөд Солонгосын эдийн засаг хүндрэхэд иргэд нь хамаг үнэт эдлэл, ээмэг бөгжөө бариад зарж үрж мөнгө болго оочерлоод л зогсож байсан. Гэтэл манайхан өөрсдөө л шатахуунаа авах гээд оочерлож бухимдаж байна. Шатахуунд оочерлож байгаа хүмүүсийн 70-80 хувь нь хувиа бодож, довоо шарлуулсны үүднээс зогсож байгаа. Хүмүүсийн хэрэгцээг далимдуулж ашиг харан халтуур хийж мөнгө олох, ийм үед машин унаж хүүхдээ зөөдөг мундаг хүн болох гэж л зүтгэж байгаа биз. Гадаадад яваа монголчууд хүн сонирхохоор юм харангуутаа л “Энэ манайд хэд нугарах бол” гээд зогсож байдгийг ямар мэдэхгүй биш.

Харин дараагийн алхам бол бензин тасалдуулсан хүмүүст хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Ард түмэн ч засаг төрийг хатуу шүүмжилж байгаа. Энэ нь ч зөв. Засгийн газар, зарим яамдын сайд нараас хариуцлага нэхээд эхэлсэн байна, иргэд. Ерөнхий сайд ч шатахууны хомсдол үүссэн өнөөдрийн нөхцөл байдлыг яаралтай дүгнэж, хариуцлага тооцох хүнийг олж ир гэсэн үүрэг өгсөн ч хариуцлага хүлээх хүн олдохгүй байгаа бололтой юм дуулдаж байна. Манай Засгийн газар ажил хийнэ гэдгийг огт мэдэхгүй байна. Харин нэг ажлыг гайхмаар сайн хийдэг нь пиар хэмээх өөрсдийгөө магтаж худал ярихыг л сурч. Засгийнхаа ажлыг хийхгүй, бүхнийг пиараар хийдэг энтертайнмент Засгийн газар болчихож гэж ард түмний шүүмжлээд байгаа нь үнэн.Хэдэн пиарчин залуусыг цуглуулчихаад пиарыг л их сайн хийж байна. Тэрийгээ мөн ч тасралтгүй хийх юм даа. Өнөө хэдэн пиарчууд нь ядахдаа “бай”-гаа онохгүй. Яаж ч пиар хийсэн хэдэн колонк нь хоосон болохоор энэ бүгд шүлс л болж хүн тоохгүй юм. Ажил хийдэггүй, шоу пиар хийдэг, түүнийгээ ажил гээд бодчихдог төртэй болоотохлоо шүү. Засагт ажил хийх дөр дадал суусан хүн бараг алга. Пиараа ажил гэж бодсон хүмүүс дийлэнх байна. Засаг төрийнхөн дэргэдээ ямар ч хэрэггүй, нэмэр тусгүй юмнуудыг цуглуулсан байдаг. Тэдэндээ их итгэдэг. Ямар ч сайн пиар хийлээ гэхэд “алаагүй үнэгний арьсыг хувааж” болдоггүй л байхгүй юу.

Хавар, намрын улирал бол аль ч Засгийн газрын хувьд маш хариуцлагатай цаг үе байдаг. Шатахууны хэрэглээнээс иргэдийн ажил амьдрал гээд олон зүйл шууд хамаардаг. Эх оронд нь шатахууны хомсдол үүсчихээд иргэд нь өдөр шөнөгүй урт дараалал үүсгэн оочерлоод зогсож байхад ҮАБЗ-ийн хоёр гишүүн, УИХ-ын 20 гишүүн АНУ-д зугаалж явна. Тэд ямар ажил хийв гээд харахаар Ботсвана улстай дипломат харилцаа тогтоосон байгаа юм. Бас тэрбум мод тарих юм гэсэн. Тэрэндээ бөөн хөөр. Өнөөхийг нь ч пиарчид нь ёстой нэг сэвж өгч байна. Тэгвэл улс орон нь шатахууны хомсдолд орох чинь ҮАБЗ- ийн гол ажил биш үү. Энэ аюултай байдалд орж байгаа юм биш үү. Даанч Ботсвана улстай дипломат харилцаа тогтоохоос доогуур гэж үзсэн болохоор яалтай билээ.

Засаг төрийг шүүмжилж байгаа иргэдтэй санал нэг байна аа. Гэхдээ заавал приусээ бензинээр дүүргэж урт дараалал үүсгэн зогсох хэрэг байна уу. Ард түмэн үнэхээр л бухимдаж байгаа бол, бухимдал чинь үнэн бол Хэнтий, СХД-т болох нөхөн сонгуулиар бухимдлаа гаргах хэрэгтэй байна. Таньдаг, мэддэг болгондоо МАН-д ганц ч санал битгий өг гэж захимаар байна. Эрх барьж буй МАН-ын хувьд ялсан ч, ялагдсан ч онцын ач холбогдолгүй нөхөн сонгуульд АН-ын нэр дэвшигчдэд саналаа өгөөд сэбхийтэл гаргаад ирмээр байгаа юм. Иргэдийн дуу хоолойг төр засагт хүргэх, төрийн элдэв хуйвалдааныг мэддэг, тэдний эсрэг дуу хоолойгоо зоригтой илэрхийлдэг тийм л хүнийг сонгох хэрэгтэй байна. Сонголтыг эцэст нь ард түмэн л мэддэг юм билээ дээ. Телевизээр дэмий харааж зүхэж орилолдсоноос энэ хамаагүй үр дүнтэй. Ард түмний санал хувирсныг засаг төр мэдэх нь тэдэнд сошиал телевизээр зүхэж шүүмжилснээс хамаагүй том аюулын дохио болж очно. Ингэвэл нэг ажил хийдэг болж магадгүй юм. Тэгэхгүй бол засаг нь пиар хийж, ард түмэн нь бажгадаж хий дэмий гасалж гүйхээс өөр чадамжгүй болсон байна, өнөөдөр. Ингээд харахаар Засаг төрийг ажил хийлгэхэд дөхөм болох ганц алхам нөхөн сонгууль л байх шив дээ. Ардчилсан засаглалтай оронд сонгууль л хамгийн том хариуцлага тооцох зүйл байдаг юм гэдгийг бүгдээрээ үргэлж санаж байх хэрэгтэй байна.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Энхболд: Манайх маш өндөр хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой ярилцлаа.


-Манайд ковидын тохиолдол өдөрт 1000,1000-аараа илэрч байна. Дельта хувилбар аль хэдийнэ голомтлон тархсан уу. Эмч, эмнэлгийн орны хүртээмж хэр байна вэ?

-Зургадугаар сарын давлагааны үед бид 14.500 ор дэлгэж байсан. Харин өнөөдөр 21 мянган ор дэлгээд ажиллаж байна. Монгол Улсын хувьд өвчлөлийн талыг нь эмнэлэгт авч байгаа. Гэтэл дэлхий дахинд бол нийт өвчлөлийн дөнгөж 1/3 хувийг л эмнэлэгтээ авч байна. Энэ үзүүлэлтээр авч үзэх юм бол Монгол Улс маш өндөр хэмжээнд эмнэлэгтээ хэвтүүлэн эмчлүүлж байна гэсэн үг. Бид нэг ч гэсэн хүнийг хүндрүүлэхгүй байх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Эмнэлгийн ачаалал бол дээд цэгтээ хүрчихсэн. Ор дэлгэх гэхээсээ илүү хүний нөөц хамгийн том тулгамдсан асуудал. Үндсэндээ хүний нөөцийн хамгийн байж болох дээд цэгтээ тулган ажиллаж байна. Боломжтой бүх л арга хэмжээг Эрүүл мэндийн салбар авч хэрэгжүүлж байгаа гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй.

Өнөөдөр хоёр тунгаа тариулсан залуу иргэд харьцангуй хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа учир хүндрэх эрсдэлтэй ахмад настнууд, жирэмсэн, архаг хууч өвчтэй иргэдийнхээ урдуур дайран эмнэлэгт заавал хэвтэнэ гэхгүйгээр эмчийнхээ заавар зөвлөгөөг даган биеэ ажиглан гэртээ өөрийгөө тусгаарлан эмчилж, халдвартай иргэд маань шинж тэмдэг байхгүй гэж гадуур явж халдвар бүү тараагаач ээ гэж уриалмаар байна.

-Сургуулийн насны хүүхдүүд халдварын тархалтад хэр өртөж байна вэ. Хүүхдүүдийн хувьд 12-оос дээш насныхан вакциндаа хамрагдчихсан, 12-оос доош насныхан вакцинд хамрагдаагүй учраас дельта хувилбарыг илүү хүнд тусаж байна уу?

-Хүүхдийн өвчлөл нийт өвчлөл дотор 20 орчим хувьтай байгаа. Вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийн хувьд халдвар хамгааллаа сахихгүй бол өвчлөл илүү нэмэгдэх эрсдэлтэй. Гэхдээ зохих хариу арга хэмжээг боломжтой арга хэлбэрээр авч байна.

Үүний нэг нь томуугийн эсрэг вакцинд 6 сараас дээш 11 нас хүртэлх хүүхдийг хамруулах явдал юм. Ер нь хүүхдийг өвдүүлэхгүй байх л чухал. Энэ тал дээр эцэг эхчүүд бид хамтдаа хичээж, хүүхдэдээ маш сайн анхааруулж, тогтмол маск зүүлгэх, гарыг нь халдваргүйжүүлж сурах хэрэгтэй.

-Сурагчид болон цэцэрлэгийн хүүхдүүд тав хоног танхимаар, тав хоног цахимаар гэсэн хуваарийн дагуу хичээллэхээр тогтсон. Одоо ихэнх анги цахимаар хичээллэж байна. Халдварыг тодорхой хэмжээнд хумихад ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна?

-Сургууль 5/9 зарчмаар хичээллэж байгаа. Ихэнх нь цахимд шилжсэн зүйл байхгүй. Хоёр сайдын хамтарсан тушаал шийдвэрийн дагуу зохион байгуулалт хийгдээд явж байна. Цаашдаа ч энэ журам үйлчилж явах байх. Хүүхэд сургуулийн орчноос халдвар авч байна гэхээсээ илүү гэр бүлээсээ халдвар авч байгаа.

Үүнээс улбаалж тухайн анги цахимд шилжих тохиолдол байна. Сургуулийн зүгээс эрсдэлээ тооцож зарим ангиа цахимд шилжүүлж түр зохицуулалт хийж байна. Үүнээс гадна зарим эцэг эх хүүхдээ эрсдэлд оруулахгүй гэдэг шалтгаанаар цахимыг сонгож буй. Гэхдээ эрсдэл бол байгаа. Энэ эрсдэлийг тооцож аль болох танхимаар хичээллүүлж хоцрогдлыг арилгах шаардлага нь илүү бодитой тулгамдсан асуудал болоод байна.

-ДЭМБ-аас гурав дахь тунг хүлээн зөвшөөрсөн юм уу. Өнөөдрийн байдлаар гуравдугаар тунд хичнээн иргэн хамрагдаад байна вэ?

-Дэлхий дахинд вакцины хамрагдалт хангалттай байж чадахгүй байна. Учир нь одоог хүртэл вакцинуудын олдоц бага, хүрэлцээ муу, зарим буурай орнууд дөнгөж вакцин тарьж эхэлж байна. Энэ бүх шалтгаанаас улбаалж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гурав дахь тунгийн асуудалд хандаж буй болов уу. Монгол Улсын хувьд дархлаажуулалтын хуультай орон. Энэ дагуу бид өөрсдөө шийдвэр гаргаад явах боломжтой. Уг боломжийнхоо хүрээнд л гурав дахь тунг дотоод гадаадын судалгаан дээр үндэслэн хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 270 гаруй мянган хүн гурав дахь тунд хамрагдаад байна.

-Нэг, хоёр дахь тунгаа хийлгээд ковид тусаад эдгэсэн хүмүүс гуравдугаар тунд хамрагдаж болох уу?

-Бүрэн тунгаа авчихаад өвдсөн бол нэмэлт тун шаардлага байхгүй. Харин нэг тунгаа аваад өвдсөн бол хоёр дахь тунгаа тариулах шаардлагатай гэж зөвлөж байгаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Ганболд: НӨАТ-ын сугалааг больж, буцаан олголтоо нэмэгдүүлье гэж байгаа

УИХ-ын гишүүн Г.Ганболдтой ярилцлаа.


-Хаврын чуулганаар таны орж ажилласан хуулийн төслүүдээс ярилцлагаа эхэлье. Хичнээн хуулийн төсөлд орж ажиллав?

-УИХ-ын гишүүн болоод хоёр дахь чуулгандаа оролцож ажиллалаа. Энэ хугацаанд цар тахалтай холбоотойгоор цахимаар хуралдсаныг та бүхэн мэдэж байгаа байх.

Цахимаар хуралд оролцохын сул тал байна аа. Тухайн хэлэлцэж байгаа асуудалд ач холбогдол өгч танхимд суух боломж бага. Хэлж байгаа үгээ хоёрхон минутад багтаах зэрэг хүндрэл байлаа. Хаврын чуулган түүхэндээ хамгийн удаан чуулсан. УИХ бие даасан 13 хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 84, хууль хүчингүй болгосон хууль найм, олон улсын гэрээ хэлэлцээр соёрхон батлах тухай гурав, УИХ-ын 52 тогтоол баталсан байна.Хаврын чуулганаар Шүүхийн тухай хууль, Хөдөлмөрийн хууль, Хоршооны тухай хууль, НДШ-ийг бууруулах тухай хууль, Соёлын тухай хууль, Кино урлагийг дэмжих тухай хууль гээд нэлээд олон томоохон хууль батлагдсан. Миний хувьд Хөдөлмөрийн хууль, Хоршооны хуульд ач холбогдол өгч ажиллалаа. Хөдөлмөрийн тухай хуулийн хувьд олон жил яригдаж биеллээ оллоо. Өмнөх Хөдөлмөрийн хууль дээр талуудын оролцоо бага тусгагдсан байсан. Ерөнхийдөө ажил олгогч талдаа давуу тал ихтэй.

Ажилтан, нийгмийн бусад оролцогчдын хувьд эрх нь зөрчигдсөн маягаар явж ирсэн. Хамгийн наад зах нь гэхэд ээлжээр ажилладаг хүмүүс, туршилтаар ажиллуулна гээд цалин өгдөггүй. Ажилд орсон л бол хөдөлмөрийн харилцаанд орсон гэж үзэхээр болсон. НДШ-ийг хоёр хувь бууруулах тухай хуулийг нэр бүхий гишүүд өргөн барилаа. НДШ-ийн хууль анх 1996 онд батлагдсанаас хойш тэр хэвээрээ 15 жил хэрэгжиж байгаа. Манай улсын нийгмийн даатгалын тогтолцоо эв санааны зарчим дээр тулгуурласан тогтолцоо. Энэ тогтолцооныхоо хүрээнд тухайн үедээ өнөөдрийн бидний бууруулах гээд байгаа шимтгэлийг 24.5 хувиар баталсан. Явцын дунд НДШ-ийг бууруулж, тэр нь эргээд НД-ийн санд нэлээд ачаалал өгсөн. Нийгмийн даатгалын сангийн шимтгэл хуримтлагдаад арвижаад явж байх байсан бол одоо банкинд алдсан зэргээ тооцвол алдагдалд орох хэмжээнд хүрчихээд байна. НДШ-ийг хоёр хувь бууруулснаар 2021 оны хувьд НДШ төлөгчдийн нуруун дээрээс 96 орчим тэрбум төгрөгийг хэмнэлээ. Төрийн албан хаагчдаас бусдыг нь НДШ-ээс чөлөөлсөн байсан бол одоо төрийн албан хаагчийг адилхан хамруулсан. Хоёрхон хувиар буулгаж байгаа нь бага юм шиг боловч нийт өртгөөрөө их дүн байгаа юм.

-Цаашид НДШ нэмэгдээд явах уу, буурах уу?

-Нэмэхгүй. Цаашдаа байнгын хоёр хувь буураад явна гэсэн үг.

-Саяхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчид болон АТГ-ын даргыг томилох эрх мэдлээсээ татгалзлаа. ерөнхийлөгч татгалзсанаар томилох эрх хүчингүй болох эрх зүйн орчин бий юү?

-Шүүхийн хуулийн тухайд шүүхийн тогтолцоог өөрчлөх ёстой юм байна. Шүүгчид гаргасан шийдвэртээ хариуцлага тооцдог болох ёстой юм байна, шүүгчдийн ёс зүйг дэнсэлдэг бүтэц байх ёстой юм байна гээд Шүүхийн сахилгын хороог шинээр бий болгосон. Ерөнхийлөгч шүүхийн сахилгын хороонд орох хүмүүсийг нэр дэвшүүлэхээсээ татгалзсан. Ерөнхийдөө ямар ч хүн нээлттэй нэр дэвшин материалаа өгөөд УИХ-аас томилгооны сонсгол хийгдээд томилох боломжийг нээж байгаа юм. Ер нь Шүүхийн хуулийг гарсантай холбоотой хонгилын эзэн гэж ярьдаг, Ерөнхийлөгч бүх асуудлыг шийддэг, Ерөнхийлөгч бүх шүүгчдийг томилж байгаагаас бүх шүүгчдэд нөлөөлдөг гэдэг асуудал өөрчлөгдсөн гэдэг нь өнгөрсөн хавар өрнөсөн процессоор харагдаж байгаа байх. Шүүхийн тухай хуулиар шүүгчид нэг хэрэг дээр эрс тэс шийдвэр гаргадаг байдлыг халахыг зорьсон.

-Зөрчлийн тухай хуулийг намрын чуулганаар өргөн барих уу?

-Зөрчлийн тухай хуулийг гишүүдтэй боловсруулж Засгийн газраас санал авахаар өргөн барьсан. Засгийн газраас өргөн барьсан хууль, гишүүдээс өргөн барьсан хуулийг хамтатгаад явъя гэсэн саналтай байгаа. Зөрчлийн тухай хууль бол орон нутагт явж байхад хамгийн их тулгамдсан асуудал. Нэг зөрчил дээр шийтгэлүүдийг нь давхардуулдаг. Тиймээс энэ хуулиар үүнийг асар их байгаа учраас давхардлыг арилгах, зөрчлөө зааглаж оруулах шаардлага үүссэн. Зөрчил гэж үзэхээргүй зүйл олон байгаа юм.

Зөрчлийн хууль дээр сануулах санкцуудыг оруулж өгч, тэрхүү сануулах санкцаа бүртгэлжүүлээд явах зохицуулалт тусгах нь зүйтэй. Бусад улсад хуулиа хэрэгжиж эхлэхийн өмнө иргэддээ мэдүүлэх, сануулах үйл ажиллагаа явуулдаг юм байна. Ингэж байж иргэд тэр хуулийн талаар ойлголт авна. Нийгэмд ойлгуулах сурталчлах зүйлээ их хийдэг гэсэн үг. Засгийн газар Зөрчлийн хуулиа өргөн барина гэж ойлгож байгаа.

-НӨАТ-ын буцаан авалтыг нэмэгдүүлэх хуулийн төсөл дээр та ажиллаж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Татварын ерөнхий газар дээр гишүүд ажилласан.Цаашдаа НӨАТ-ын сугалааг болиулах хуулийн төсөл өргөн барихаар хуулиа боловсруулж байна. НӨАТ-ын сугалаанд нэг нөхөр 33 удаа азтан болсон байгаа юм. Тэгэхээр сугалаа бол хуурамч байх нь ээ. НӨАТ-ын сугалаанд жилд 16,17 тэрбум төгрөгийг азтан болсон хүмүүс төгдөг юм билээ. Бидний хувьд НӨАТ-ын сугалаагаа болиод буцаан олголтоо нэмэгдүүлье гэж байгаа юм. Гэхдээ сарын худалдан авалт нь интервальтай. Сая төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн хүмүүс хоёр хувиараа буцаан олголтоо авдаг ч юмуу, бага худалдан авалттай иргэд буюу 500 мянган төгрөгөөс доош худалдан авалттай иргэдийн буцаан олголт гурван хувь байхаар тусгадаг ч уу. Бага худалдан авалттай иргэдэд буцаан олголт нь их. Өндөр худалдан авалттай иргэдэд буцаан олголт нь бага байхаар тусгах саналтай байгаа. Ийм тогтолцоо бусад улсад ч хэрэгждэг юм байна. Тиймээс энэ чиглэл рүү явах нь зүйтэй болов уу.

-Намрын чуулганаар та ямар хуульд анхаарч ажиллахаар байна?

-Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль батлагдсан. Энэ хуулийг амилуулахаар олон хуулийн төслүүд өргөн барихаар төлөвлөж байна. Орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэхийн тулд дагалдах хуулиуд дээр өөрчлөлт орж байж нэгжийн хууль амилж цаашаа явах юм. Үүнийг дагаад төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиуд, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглалыг өөрчлөх, төрийн өмчит компаниудын тодорхой хувиудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрээр хувийн хэвшлийн хяналтад оруулах талаар түлхүү ажиллана.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Бямбацогт: Шүүгчид хуулиас өөр ямар ч дарга байх ёсгүй

УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогттой ярилцлаа.


-Шүүхийн тухай хуулийн талаар ярилцлагаа эхэлье. Шүүхийн хуулийн багц хуулийг баталснаар хамгийн гол нь шүүх болон шүүгч хараат бус ажиллах боломж бүрдсэн үү?

-Сүүлийн жилүүдэд шүүх улс төрөөс хараат болсон, эрх мэдэлтний халаасанд орсон, хонгил бий болсон гэх мэт шүүмжлэл олон нийтийн зүгээс их гарах болсон. Шүүгч алдаа гаргасан ч тэрхүү алдааг нь шүүгчид өөрсдөө хаацайлан өнгөрдөг байдал ч газар авсан гэхэд болно. Энэ нь эргээд шүүх засаглалын нэр хүнд нийгэмд унах гол шалтгаан болсон шүү дээ. Бид Үндсэн хуульдаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж бичсэн хэдий ч амьдрал дээр энэ заалт алаг цоог хэрэгжиж байгааг амтай болгон л хэлж ярьж байлаа. Шүүгч хонгил үүсгээд эрх, мэдэл, албан тушаалд үйлчлээд байна гэдэг шүүмжлэл хоосон яриа биш болохыг дээр дооргүй л мэдэж байсан. Ийм асуудал байгааг мэдсээр байж засахгүй яваад байвал ардчилал шударга ёсонд харш хэрэг болно. Аливаа нийгэмд иргэдийн хамгийн сүүлд итгэлтэй нь очдог газар нь шүүх. Гэтэл иргэдийн итгэлийн эцсийн тулах цэг болсон шударга шүүх байхгүй бол нийгэмд тогтворгүй, эмх замбараагүй байдал. Энэ ч үүднээс шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдлыг хангах зорилгоор УИХ-аас Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж шүүхийн шинэчлэлийг эхлүүлсэн.Тодруулбал, шүүгчийн эдийн засаг, улс төр, нийгмийн баталгааг нь энэ хуулиар хангаж өглөө. Шүүх, шүүгч хэнээс ч хараат бус байх Үндсэн хуулийн тулгуур заалтыг хоосон тунхаг биш бодит зарчим байлгахад энэ хууль шийдвэрлэх үүрэгтэй. Эрх зүйн хувьсгалыг, шударга ёсны хүсэмжлэлийг Шүүхийн хуулийг шинэчлэхгүйгээр гүйцэлдүүлэх ямар ч боломжгүй. Шүүхийн шинэ хуулиар төрийн өндөр албан тушаалтнууд болон улстөрд нөлөө бүхий хүмүүс шүүгчтэй албан ажлаар уулзсан бол заавал тэмдэглэл хөтлөн баталгаажуулж байгууллагын нууцын ажилтанд өгдөг боллоо. Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан. Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдэлээс бүрдэхээр зааж өгсөн. Нийгмийн баталгааг нь хангаж өгсөн шигээ шүүгчээс хариуцлага, ёс зүйг хуулиар хатуу шаардаж өгсөн.

Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол Шүүхийн Ерөнхий Зөвлөл даруй хуралдаж Үндсэн Хуулийн Цэцэд хандан шийдвэрлүүлэх зохицуулалтыг тусгаж өглөө. Шүүгчид хуулиас өөр ямар ч дарга байх ёсгүй.

-Шүүгчийг сонгон шалгаруулах, эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий ШЕЗ-ийн зохион байгуулалт, бүрэлдэхүүн, гишүүнийг томилох журам, тавигдах шаардлагыг энэ хуульд хэрхэн тусгав?

-Шүүх эрх мэдлийн нэр хүнд бол ерөөсөө шүүгчийн ур чадвар, мэргэшил, албандаа хандах хандлага дээр тогтдог. Зөвхөн хуулийн дагуу шийдвэр гаргадаг шүүгчийн шийдвэрээс шүүх засаглалын дархлаа хамаарна гэдэгт би итгэдэг. Ийм ч учраас шүүгчийг шилж олдог байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа тогтвортой, хэнээс ч хараат бусаар ажиллах хууль эрх зүйн орчин бүрдсэн байх ёстой. Бид 1993 онд Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллагатай болсон.Өнгөрсөн 28 жилийн хугацаанд энэ байгууллагыг олон газарт харьяалуулж ирсэн. Мэдээж тэр болгонд ололттой тал бий ч алдаа хийдэл түүнээс дутахгүй их байсан. Үүнийг олон улсын сайн туршлагад нийцүүлж, өнгөрсөн үеийн алдаа дутагдлыг засаж залруулах нь УИХ-ын үүрэг юм. Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу Шүүхийн сахилгын хорооны таван гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн таван гишүүнийг УИХ олон нийтэд нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалтыг хараат бусаар зохион байгуулж томилох учиртай. Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 77 дугаар зүйлийн 77.11-д “Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулахтай холбоотой журмыг энэ хуульд нийцүүлэн Байнгын хороо баталж, УИХ-ын цахим хуудаст байршуулна” гэж заасны дагуу Хууль зүйн байнгын хорооны 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоолоор“Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ыг баталсан. Шүүхийн тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтыг хараат бусаар зохион байгуулах олон талын оролцоог хангасан ажлын хэсгийг байгуулах ёстой.

Өөрөөр хэлбэл, тус ажлын хэсэг нь УИХ дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн Их, дээд сургуулийн санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байх, ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар томилсон УИХ-ын гишүүн ахлахаар тодорхой хуульчилсан.

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд туссан шүүх эрх мэдэлтэй холбоотой зохицуулалт Шүүхийн тухай хуулийн төсөлд хэрхэн тусгалаа олсон бэ. Иргэний шударга шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулах баталгааг яаж хангаж өгч байгаа вэ?

-УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэхдээ иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай хангах, шүүгч хэнээс ч хараат бусаар зөвхөн хуульд захирагдаж шийдвэр гаргадаг байх, шүүгч алдаа гаргасан бол хариуцлага зайлшгүй байх тогтолцоог бий болгох зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүн түүнийг хэрхэн сонгох асуудлыг маш тодорхой тусгасан. Тухайлбал, Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно” гэж, “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллана” гэсэн зохицуулалтыг оруулсан. Энэ үзэл баримтлалыг Шүүхийн тухай хуульд илүү дэлгэрүүлж, бүрэн гүйцэд тусгасан гэхэд болно.

-Шүүхийн үйл ажиллагаа гэхээр л хаалттай, ил тод, нээлттэй байж чаддаггүй гэж шүүмжилдэг. Энэ талын зохицуулалтууд хэр туссан бэ?

-Шүүхийн тухай хуульд энэ асуудлыг тодорхой зохицуулсан. Шүүх бол үнэн мөнийг дэнсэлдэг учраас тухайн асуудлыг яагаад, юуны учир ийнхүү шийдвэрлэснээ тайлбарладаг байх нь зүй ёсны хэрэг юм. Энэ ч үүднээс Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлээр шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх асуудлыг зохицуулсан. Түүнчлэн олон нийтийг мэдээллээр хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тайлбарлах зорилгоор шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэхээр заасан. Шүүхийн үйл ажиллагааны хамгийн гол зүйл бол шүүхийн шийдвэр байдаг. Өөрөөр хэлбэл, шүүгч гаргасан шийдвэрээ албажуулахдаа талуудын маргаж байгаа асуудлыг дэлгэрэнгүй тодорхой бичих нь иргэдийг мэдээллээр хангахад чухал үүрэгтэй. Шүүгчид шүүхийн шийдвэрийнхээ үндэслэлийг бичдэггүй тохиолдол урьд нь түгээмэл байсан. Иймд үүнийг зохицуулах зорилгоор Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмыг Улсын дээд шүүх батлахаар хуульд заасан. Ингэхдээ шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал нь шүүхийн шийдвэрийн бүтэц, төрөл, агуулга, хэл найруулга, хууль зүйн техник, шүүхийн шийдвэр эшлэхэд тавих шаардлага, талуудын шаардлага, татгалзал, тайлбарт маргаж байгаа үйл баримт болон хууль зүйн үндэслэл бүрд бүрэн дүгнэлт өгөх арга зүйг агуулсан байна” гэж тусгайлан зохицуулсан. Энэ бол шүүх нээлттэй, ил тод байх зарчмын өөрчлөлт болсон гэж үзэж байгаа. Шүүгч гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг заавал тайлбарладаг байх нь хуулийг яаж хэрэглэв, хэрэг маргааныг хэр шударга шийдэв гэдгийг нь ил тод харах боломжийг олон нийтэд олгож байгаа юм.

-Улсын дээд шүүхийн шүүгчдийн тооны асуудал дээр нэлээд маргаан үүсч байсан. Энэ асуудлыг хэрхэн зохицуулсан бэ?

-Олон улсын жишгээс харахад, Улсын дээд шүүх нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангадаг онолын шүүх байдаг. Бүх хэргийг Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлүүлдэгээс иргэн алдсан хохирлоосоо ч илүү зардал гаргасан тохиолдол байдаг юм билээ. Цаашид Улсын дээд шүүхийг хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангадаг онолын шүүх рүү явах тэр хандлагыг хуульчилсан. Тодруулбал, Улсын дээд шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэсэн гурван үндэслэлээр л хяналтын журмаар хянан шийдвэрлэж байх юм. Хэрэв энэ гурван үндэслэлийн аль нэг нь байгаа бол иргэн хяналтын журмаар гомдол гаргах эрх нь нээлттэй. Хэлэлцүүлгийн явцад дээд шүүхийн шүүгчдийн тооны талаар нэлээдгүй мэтгэлцээн өрнүүлж байсан ч Улсын дээд шүүх нь Ерөнхий шүүгч, хорин дөрвөн шүүгчээс бүрдэхээр тогтсон.

-Шүүгчид хариуцлага тооцохтой холбоотой ямар зохицуулалтууд тусгасан бэ. Учир нь нийгэмд шүүгч нарын мэргэжлийн ур чадвар, ёс зүйн алдаануудтай холбоотой шүүмжлэлүүд үеийн үед яригдсаар ирсэн шүү дээ.

-Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн гол өөрчлөлтийн нэг нь яг таны наад асууж байгаа асуудал шүү дээ.Шүүгч хараат бус байна гэдэг нь хариуцлагаас бултах халхавч байж хэрхэвч таарахгүй. Хуулийн засаглалыг тогтооход шүүгч нар манлайлах чиг үүрэгтэй хүмүүс. Тиймээс “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллана” гэж зааж өгсөн. Иргэн хуульд заасан эрх нь зөрчигдсөн, түүнчлэн шүүгч зөвхөн хуульд захирагдан шийдвэр гаргаагүй гэж үзвэл Шүүхийн сахилгын хороонд хандан шийдвэр гаргуулах боломж нээлттэй болсон. Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд шүүгчид хориглох 40 төрлийн үйл ажиллагааг маш тодорхой зааж өгсөн. Хэрэв зөрчил гаргасан бол шүүгчид заавал хариуцлага оногдуулахаар заасан. Тухайлбал, шүүгч тодорхой шалтгаангүйгээр товлосон хурлаа цуцалдаг, шүүх шийдвэрээ гаргасан хэдий ч олон хоногоор шийдвэрээ албажуулдаггүй байсан зэрэг асуудлыг хуульд нарийвчлантов тодорхой тусгаад байна.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлдэг зохицуулалт одоо ч маргаан дагуулсаар байгаа. Энэ талаарх хуулийн зохицуулалт хэвээр байгаа юу?

-Урьд нь зарим шүүгчийн хариуцлагагүй, ёс зүйгүй байдлаас шалтгаалан шударга шүүхээр шүүлгэх иргэний эрх, эрх чөлөө зөрчигдөх явдал түгээмэл байсан талаар түрүүн би дурдсан. Хуулийн дээгүүр давж алхсан тийм шүүгч нарыг дээд шатны шүүх нь хаацайлдаг асуудал ч удаа дараа гарч байсан учраас тухайн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гаргаж Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлдэг зохицуулалтыг Улсын Их Хурал баталсан байсан. Энд нэг зүйлийг онцлон дурьдахад Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр шүүгчийг ажил, албан тушаалаас нь шууд чөлөөлөх мэт буруу ойлголт нийгэмд байсан. Өөрөөр хэлбэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг нь Шүүхийн ерөнхий зөвлөл нягтлан үзээдхэрвээ үндэслэлтэй гэж үзвэл холбогдох саналаа Ерөнхийлөгчид хүргүүлэн асуудлыг шийдвэрлүүлэх тийм л зохицуулалт байсан. Одоо Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар уг асуудлыг бүрэн зохицуулсан тул Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гаргадаг тэр зохицуулалтыг хүчингүй болгосон.

-Шүүгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, шүүгч хөндлөнгийн нөлөөнд автсан, автаж болзошгүй гэсэн хардлага байдаг. Үүнийг зохицуулсан уу?

-Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгч УИХ-ын дарга, гишүүн /Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн Цэц хянадаг. Энэ ч утгаараа шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, нөлөөлөхөөр оролдсон бол Шүүхийн ерөнхий зөвлөл нэн даруй энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандах эрхийг нь Шүүхийн тухай хуульд тодорхой тусгасан. Хуулийн ийм хамгаалалт хийж өгөөд байхад өөрсдөө сайн дураараа эрх мэдэлтний өрөө рүү гүйж очиж хармаанд нь ороод байж болохгүй гэдгийг хэлчихье. Дахин хэлье. Шүүгчид хуулиас өөр дарга байхгүй.

-Саяхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчид болон АТГ-ын даргыг томилох эрх мэдлээсээ татгалзлаа. Хууль зүйн ийм боломж бий юм уу. Ерөнхийлөгч татгалзлаа гээд шууд томилохоо болих эрх зүйн орчин бий юү?

-Энд нэг зүйлийг тайлбарлахыг хүсч байна. Олон нийтийн сүлжээ, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Ерөнхийлөгч шүүгчийг томилох эрх мэдлээсээ татгалзаж байгаа талаар нэлээд бичлээ. Үндсэн хуульд заасны дагуу Улсын дээд шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг ШЕЗ-ийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилох зохицуулалттай учраас татгалзана гэсэн ойлголт байхгүй. Харин шүүгчийг шилж сонгодог, шүүгчид хариуцлага тооцдог, шүүгчийг томилдог бүхий л асуудалд Ерөнхийлөгч оролцдог асуудал нь өөрөө зохимжгүй учраас үүнээсээ татгалзаж улс төр, хууль зүй, шударга ёсны манлайлал гаргалаа гэж харж байна. Дашрамд дурдахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа мөн Ерөнхийлөгч болоод ч шүүхийн шинэчлэлийн асуудлыг тууштай дэмжсээр ирсэнд талархаж байна. Авлигатай тэмцэх газрын даргын тухайд өмнө нь Ерөнхийлөгч УИХ-д санал болгосноор УИХ томилдог байсан. Үндсэн хуульд заасны дагуу гэмт хэрэгтэй тэмцэх нь Засгийн газрын асуудал. Тийм учраас Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ нээлттэй сонсгол хийж томилдог шинэ жишиг тогтоод байна. Энэ нь ч зөв байх.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Ганхуяг: Энэ хуулиар зөвшөөрөл олгох процесс нь ил тод, хугацаа, хариуцах эзэн нь тодорхой болно

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


-Зөвшөөрлийн тухай хуулийн ажлыг хэсгийг та ахалж байгаа. Энэ хуулиар ямар зохицуулалтууд хийж байгаа талаар ярилцлагаа эхэлье?

-Аж ахуйн нэгжүүдээ дэмжих, бизнесийн орчныг эрүүлжүүлэхэд зориулсан гол хуулиудын нэг бол Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт. 2001 онд анх Аж ахуйн нэгжийн тусгай хууль гэж баталсан. Нийтдээ 210 зөвшөөрөл олгодог байсан юм. Тэр үеэс хойш бүх байгууллагын дарга нар захирамж, тушаал, шийдвэрээр зөвшөөрлийг нэмж, бий болгоод яваад байсан. Тусгай зөвшөөрлийн хуульдаа заалт нэмээд зөвшөөрлийн тоог нэмчихсэн. Одоо энэ хуулиар салбарын хуулиар үндэслэсэн зөвшөөрлүүдийг үлдээхээр төрийн бүх байгууллагуудтай нэг бүрчлэн уулзаж байна. Жишээ дурдаж ярихад, Зургаан нэрийн барааны дэлгүүрийн зөвшөөрлийг харьяа дүүргээс авдаг боловч Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газрын тодорхойлолт, ОБЕГ-ын галын дүгнэлт хог хаягдлын гэх мэтээр сунжирсаар байгаад зургаан газраас зөвшөөрөл авч байгаа юм. Одоо байгаа хууль тогтоомжийн хүрээнд бүгд тус тусдаа хугацаатай байгаа. Цагдаагийн байгууллага, МХЕГ зэргээс дүгнэлт гаргуулахад 10 гаруй хоног байдаг. Дүгнэлт гаргах процессоо зөвшөөрөл олгож байна гээд ойлгочихсон. Угтаа мэргэжлийн байгууллагын баталгаажуулалт хийж байгаа л асуудал юм. Зөвшөөрөл авах гэж маш их хугацаа ордог, сунжирдаг гэх шүүмжлэлтэй байдаг. Тэгвэл одоо иргэн, байгууллага зөвшөөрөл хүсэхэд ажлын 30 хоногийн дотор зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь төрийн мэдээллийн сангаараа бүгдийг хянаад материал нэмж авахгүй байхаар хуульд тусгаж байна. Ямар нэгэн байдлаар дүгнэлт хэрэгтэй болвол цахимаар дүгнэлтээ авдаг байхаар тусгаж өгч байна.

Ингэхээр иргэн, байгууллагад ажлын 30 хоног дотроо багтаагаад зөвшөөрөл олгоно гэсэн үг. Тэр дотор нь дүгнэлтүүд нь бүгд багтана. Хугацаа нь тодорхой болчихож байгаа юм. Зөвшөөрлийн тоо багассанаар ААН, иргэдэд таатай нөхцөл бүрдэнэ.

-Манайд нийт хэчнээн зөвшөөрөл олгогдож байсан юм бэ. Зөвшөөрлийн тоог хэдий хэмжээнд барих вэ?

-2019 оны байдлаар 912 зөвшөөрөл олгогдож байсан. 2020 онд МҮХАҮТ-аас хийсэн судалгаагаар 1400-1600 хооронд зөвшөөрөл байна гэх судалгаа гарсан. Нийтдээ 416 албан тушаалтан зөвшөөрөл олгож байгаа юм. Аймаг, нийслэлийн ИТХ караокены зөвшөөрөл олгодог байх жишээтэй. Үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл ахуй, төрийн нийтийн өмчийг ашиглах, байгалийн баялгийг ашиглахтай холбоотой зүйлсэд зөвшөөрөл олгохоос бусад бүх зүйлд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж болно гэх үндсэн зарчмаар хууль хийгдэж байна. Хуульд хориглоогүй л бол зөвшөөрөл авалгүй ажиллаж болно гэсэн үг.

Одоогийн байдлаар 448 зөвшөөрөл олгохоор санал орж ирсэн. Зарим нэг байгууллагад зөвшөөрлийг багасгах, заримд нь нэмэгдүүлэх шаарлага үүсэх юм шиг байна. Хаврын чуулганаар батлагдсан шинэ хуулиудтай холбоотойгоор зарим зөвшөөрлүүд ч нэмэгдэх байх. Газартай холбоотой гомдол их ирдэг. Иргэн анх газар авахдаа бөөн үнэлгээ хийлгээд авчихдаг. Хүнд шилжүүлэх болохоор үндсэндээ одоогийн байдлаар зургаан сарын хугацаа шаардагдаж байна гэж байгаа юм. Шилжүүлэхэд байгаль орчны үнэлгээ зэрэг хийлгэх ямар ч шаардлагагүй. Хэрвээ зориулалтаа өөрчилвөл үнэлгээ хийлгэх шаардлагатай болж магадгүй.

-Зөвшөөрлөө зааглаж, ангилж өгнө гэсэн үг үү?

-Ангилна. Үндсэндээ ямар зөвшөөрлийг хаанаас авахыг нь тодорхой заана. Ийм эрх бүхий байгууллагаас энэ зөвшөөрлийг авна гээд заачихна гэсэн үг. Ердөө тэр газраасаа л зөвшөөрлөө авна. Өөр тийшээ явах шаардлагагүй.

-Зөвшөөрөл авах гэж өмнөхөөсөө илүү түвэгтэй байдал үүсэх вий гэх болгоомжлол байна?

-Ямар зарчмаар зөвшөөрөл олгох вэ гэдэг зарчим нь илүү тодорхой болно л доо. Хэдий хугацаанд зөвшөөрлөө олгох хугацаа нь тодорхой болохоос гадна сунгуулах нь ч тодорхой болно. Хэрвээ зөвшөөрөл олгохоос татгалзвал зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзаж болно. Хуульд заагаагүй шалтгаанаар татгалзвал тухайн албан тушаалтанд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжтой.

-Зөвшөөрлийг олгох процесс ил тод болно гэж ойлгож байна?

-Тэгэлгүй яахав. Зөвшөөрлийг цахимаар олгож, процесс нь ил тод явна. Зөвшөөрөл хаана гацчихав гэдэг нь ч тодорхой болно. Бичиг баримтаа бүрдүүлж өгөөд ажлын 5-7 хоногт эрх бүхий байгууллага нь ямар материал дутуу байгааг хэлж өгнө. Зөвшөөрөл олгох процесс нь ил тод, хугацаа, хариуцах эзэн нь тодорхой болоод явчихна. Бизнес эрхлэгчидтэй хоёр удаа хэлэлцүүлэг хийсэн. Засгийн газраас гурван удаа санал авсан. Тусгай болон энгийн зөвшөөрлийн ажиллах хугацааг нь ажлын 30 хоног гэж байгаа юм. Тусгай зөвшөөрлийг таваас доошгүй жилийн хугацаатай олгодог болох, энгийн зөвшөөрлийг гурваас доошгүй жилийн хугацаатай олгодог болохоор хуулийн төсөлд тусгахаар хэлэлцэж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Халтар: Зам, тээврийн таван салбарын уялдааг нэгдсэн бодлогоор хангах нь чухал

-ЗАБАЙКАЛСК-МАНЖУУР ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМТАЙ ӨРСӨЛДӨХ ТӨМӨР ЗАМТАЙ БОЛНО-


Зам тээврийн сайд Л.Халтартай ярилцлаа.


-Авто зам, төмөр зам, авто тээвэр, төмөр замын тээвэр, агаарын тээврийг бүсчилж хөгжүүлэх бодлого чиглэл барьж ажиллаж байгаа гэж сонссон. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэж байна. Төмөр замаас эхэлье. Сүхбаатараас Замын-Үүд хүрсэн нэг босоо тэнхлэгтэй, Эрдэнэт, Шарын гол, Багануур, Бор-Өндөр, Эрдэнэт гэсэн төв замаасаа салбарласан төмөр замууд байна. Монгол Улсын хөгжлийг харахаар үндсэндээ төмөр замаа дагасан хөгжлийн цөмүүд бий болсон. Уул уурхай, аж үйлдвэр, хүн амын төвлөрөл нь ч тэр. Дэд бүтцээ дагаж хөгжил суурьшлын бүс бий болдог.

Зүүнбаян-Таван толгой, Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2022 онд ашиглалтад орох гэж байна. Манайх Зүүн босоо чиглэлийн 237 км төмөр замтай. Үүн дээр нэмээд Чойбалсангаас Хөөт, Бичигт гэсэн зүүн босоо чиглэлийн төмөр зам гараад ирэх юм. Энэ төмөр зам хоёр ач холбогдолтой.

Нэгдүгээрт, энэ төмөр зам дагуух уул уурхайн орд газрууд эдийн засгийн эргэлтэд орно. Түүнийгээ дагаад суурьшлын томоохон бүсүүд бий болно. Хоёрдугаарт, энэ төмөр зам ашиглалтад орсны дараа Забайкалск Манжуур чиглэлийн төмөр замтай өрсөлдөх хэмжээний төмөр зам бий болох юм.

Замын-Үүд Сүхбаатар чиглэлийн зам олон улсын төмөр замын байгууллагуудын бүртгэлд орсон. Ази, Европыг холбосон хамгийн дөт зам гэж зарлагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, транзит ач холбогдол нь өндөр. Эрээнцав Чойбалсан, Хөөт, Бичигт, Баянхошуу боомттой нэгдэх зорилготой. Бид үүнийг хөгжүүлснээрээ Монголын экспортыг дэмжсэн төмөр замаас гадна түүнтэйгээ уялдаж транзит тээврийг хөгжүүлэх том гарц болно. Чойбалсан Хөөт, Бичигт чиглэлийн төмөр замыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд концесс зарлая гэж байгаа юм. Барих, шилжүүлэх бус барьж ашиглаад тодорхой хугацааны дараа төрд шилжүүлэх боломжтой.

Арцсууриас доошоо Шивээхүрэн чиглэлийн төмөр зам бий. Одоогийн байдлаар 1258 км гэсэн урьдчилсан тооцоо байна. Бид баруун босоо чиглэлийн төмөр замаа мөн хөгжүүлэх зорилготой. Үүнийг мөн адил төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгөөр барих төлөвлөгөөтэй. Эдийн засгийн эргэлтэд орох уул уурхайн орд газрыг ямар нэг хэлбэрээр дайрч явах ёстой.

Өөрөөр хэлбэл, худалдааны нөхцөл дээрээ өрсөлдөөнийг бий болгох ёстой. Авто замын хувьд бүсчилсэн хөгжлийн хувьд хатуу хучилттай авто замууд дээрээ ээлжит буюу их засваруудыг түлхүү хийдэг болъё гэж байгаа юм. Улсын хэмжээнд 32 АЗЗА ажиллаж байгаа. 12 нь хувийн хэвшлийнх, 20 нь төрийн өмчтэй. Цаашдаа бид зам барихаасаа илүү арчлах хэрэгтэй байна. Гол хөрөнгө оруулалтаа бид зам барихдаа зарцуулаад байдаг. 2000 оноос хойш барьсан замууд маань хүнээр бол ядаргааны туйлд орчихлоо. Баруун, зүүн бүс гэж хуваагаад ээлжит засвар хийдэг нэгжтэй болъё гэж байгаа юм.

-Богдхан төмөр замын ажил эхэлсэн үү. Хэчнээн хугацаа орох вэ. ТЭЗҮ нь батлагдсан болов уу?

-Олон янзын ТЭЗҮ байгаа. Зарим нь ТЭЗҮ-гүй эхэлчихлээ гэх шүүмжлэл ч байна. УБТЗ, Азийн хөгжлийн банкны өмнөөс манай мэргэжилтнүүдийн хийж байсан, гадны байгууллагууд хийж байсан гээд олон ТЭЗҮ бий. Бид УБТЗ дээр хийгдсэн ТЭЗҮ-ийг голчилж ажилдаа орж байгаа юм. Манайхан нээлтээ хийчихээр л газраа хусаад, далангийнхаа шороог овоолоод, индүүдээд эхлэх байх гэж бодоод байгаа юм. Би маш тодорхой хэлсэн. Бэлтгэл ажил гэж асар их юм байна аа. Засгийн газар Мааньт өртөө талаас трансаа тогтоогоод хэсэгчлээд баталчихсан. Түүний дагуу худгуудаа гаргах ёстой. Түгээмэл дархацтай ашигт малтмалынхаа ордуудыг хайж байгаа. Энэ ажлууд нэлээд эрчимтэй хийгдэж байна. Энэ өвөлдөө хоёр том тунелийнхээ хөрсний өрөмдлөгөөнүүдийг хийнэ. Тавантолгой төмөр замынхан маань томоохон тунель хийж байгаа компаниудтай урьдчилсан байдлаар хэлцэл хийхээр Европыг зорьсон.

-Замын-Үүд болон Тяньжин боомтын өнөөдрийн нөхцөл байдал ямар байна вэ. Ачаа тээврийн гацаа арилсан уу?

-Энэ асуудлыг шийдэх гэж төрийн байгууллагууд эрвийх дэрвийхээрээ л ажилласан. ГХЯ, ОБЕГ, Хил хамгаалах ерөнхий газар, Эрээнд байгаа Консулын газар, Хөх хотод байгаа ерөнхий консулын газар, Бээжинд байгаа Элчин сайдын яам болон Элчин сайд Т.Бадрал зэрэг бүх л хүний хүчин зүтгэл энд орж байна. Түүний үр дүнд тодорхой хэмжээгээр бөөгнөрөл харьцангуй багассан. Бүх талаараа л ажиллаж, арга хэмжээ авсан. Үр дүн гарч байна аа. Хаа хаанаа ч асуудал байсан байна. Цаанаас Эрээн рүү гарч Монголын ачааг татах гэж байгаа машины тоон дээр хязгаар тавьчихаад байна. Нөгөө талаас Монголын тал дээр халдварын тархалт их байна. Замын-Үүдээ ногоон бүс болгож өгөөч гээд байдаг.

Эрээн дээр манайхаас гарсан вагонууд ачаагаа буулгаад шилжүүлэн ачилтаар хоосон гарч ирдэг. Үүн дээр тэнд байгаа ачаануудыг Хятадын Бээжин дэх төмөр замын төв компани, Хөх хотын төмөр замын төв компани манай төмөр замынхан ярьж байж дээд тал нь 76 вагон ачаа нэг өдөрт ачигдсан. Захиалга тал дээр олон асуудал гарсан. Түүнээсээ ч болж багагүй саатал гарсан.

Одоо ерөнхийдөө жигдэрч байна. Гэхдээ өргөс авчихсан юм шиг болоогүй. Эдийн засгийн чөлөөт бүс дээрээ түр кемп байгуулаад жолоочдоо байрлуулж, эдийн засгийнхаа чөлөөт бүсгийг ногоон бүс болгохоор ажиллаж байна. Хятадын доторх тээврийн ачаалал маш их байна. Тяньжин дээр ганцхан манай улсын ачаа гацчихаад байгаа юм шиг бодоод байна. Хятадтай хуурай боомтоор хиллэж байгаа улсуудад мөн адил бөөгнөрөл саатал үүсч байна.

ДАРХАНЫ ЗАМЫН НЭГ, ГУРАВ, ТАВДУГААР БАГЦЫГ ХУЧААД ДУУССАН

-Таныг сайдын ажлаа авснаас эхлээд л дагасан асуудал бол Дарханы зам. 2022 оны намар ашиглалтад орно гэж та мэдэгдсэн. Иргэдийн хувьд энэ зун ашиглалтад орно гэсэн таамаг дэвшүүлж байсан. Таныг ажлаа авахад замын ажил хэр байв. Яагаад ийм ойлгомжгүй нөхцөл байдал үүсэв?

-Би тухайн үед дэд сайдаар ажиллаж байсан. Нээлт хийгээд л маргааш нь замаа хуулаад явах боломжгүй л дээ. Эхлээд кемпүүдээ байгуулна, далангийн шороо авах зүйлээ олно, хиймэл байгууламж, ус зайлуулах хоолой барина, заводууд байгуулна гэх зэрэг олон ажил бий. Энэ ажил явсаар наймдугаар сар гэхэд замаа хааж, түр зам байгуулсан. 2019 онд ерөнхийдөө хоёр сар л талбай дээр замын ажил хийгдсэн. Ингээд 2020 оны гуравдугаар сарын 15 гэхэд талбай дээр гаргахаар төлөвлөсөн. Иймээс Засгийн газраас авдаг олон зөвшөөрлийг авсан. Олон нийтэд 100 гаруй хятад мэргэжилтэн, ажилчид оруулж ирэх талаар мэдээлсэн. Гэтэл манайхан ковид оруулж ирэх нь гээд эсэргүүцсэний улмаас мэргэжилтнүүдийг оруулж ирэх ажил зогссон.

Ингээд 2020 оны УИХ-ын сонгууль болсон. 2020 оны долдугаар сарын 10-ны өдөр Замын-Үүдээр Хятадын инженер, техникийн ажилтнууд орж ирсэн. Тухайн үед 21 хоногийн тусгаарлалт, 14 хоногийн гэрийн тусгаарлалт хэрэгжиж байсан. 2020 оны наймдугаар сарын 17,18 гэхэд талбай дээрээ гарч ирж байгаа юм. Талбай дээр гараад шууд ажилдаа орохгүй. Өвөлжин зогссон тоног төхөөрөмжөө асаана, тос маслыг нь солино. Ингээд 2020 оныхоо арваннэгдүгээр сарын 5,6-ны хавьцаа ажил зогссон. 2020 онд хоёр сар 15 хоног л ажилласан. Нийтдээ 2019, 2020 онд дөрвөн сар 20 хоног л талбай дээр ажилласан байгаа юм. Харин 2021 оны гуравдугаар сарын 15-нд талбайд гарна гэж төлөвлөснөөрөө ажил явсан. Европын сэргээн босголтын хөгжлийн банкны зээлийн хоёр дахь төсөл энэ жил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нэг, гурав, тавдугаар багц хучаад дуусчихсан байна.

-Гүйцэтгэгч компаниуд дээр нэлээд асуудал гарсан. Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй 2, 4 дүгээр багцын гүйцэтгэгчийн тендерийн дүн гарсан уу. Хаанахын ямар компани шалгарсан бол?

-Нэгдүгээр багцын замын хажуугаар Европын сэргээн босголтын банкны төсөл хоёр талаар нь явж байгаа юм. Европын сэргээн босголтын банкны нэгдүгээр багц дээр “Арж капитал” гэж монгол компани ажиллаж байна. Олон улсын тендерт анх удаа монгол компани шалгарсанд их таатай байгаа.

Дөрөвдүгээр багц дээр Азийн хөгжлийн банкны тавдугаар багцын ажлыг хийсэн хятад компани шалгарсан. Бидний хамгийн их цаг алддаг хэсэг ус зайлуулах дугуй хоолой, дөрвөлжин хоолойнууд, гүүрийн ажил. Одоо Европын сэргээн босголтын банкны хучилтыг хүлээнэ. Гэрээгээрээ ирэх оны арваннэгдүгээр сарын дунд гэхэд ашиглалтад орох ёстой. 24 сард ажлаа багтаж дуусга, мөн хоёр, дөрөвдүгээр багцтайгаа уялдуулаад ирэх оны арваннэгдүгээр сар гэхэд замыг ашиглалтад оруул хэмээн шахаж ажиллаж байна.

-Тээврийн нэгдсэн хуулийн төслийг УИХ-д өргөн барих гэж байгаа гэсэн. Энэ хуулийг баталснаар ямар давуу талууд үүснэ гэж тооцоолж байгаа вэ?

-Тээврийн нэгдсэн систем, тээврийн нэгдсэн бодлого гэж зүйл байх ёстой. Тээврийн салбарын хоорондын уялдааг зохицуулдаг бодлого үгүйлэгдэж байна. Зам, тээврийн таван салбарын нэгдсэн уялдааг бодлогоор хангах нь чухал байна. Энэ хууль нь Тээврийн ерөнхий хууль. Хуулийн төслөө УИХ-д хараахан өргөн бариагүй байна. Засгийн газраар ч хэлэлцүүлээгүй. Бид нэлээд ул суурьтай хандаж байгаа.

ХОЁР ТЭРБУМЫГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САНД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

-Таны санаачилга, шийдвэрээр “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ыг шинэчилсэн. Ингэснээр “азын” гэгддэг сонирхол татсан дугаартай холбоотой авлигын сүлжээг зогсоосон гэж ойлгож болох уу?

-Авлига овоо зогсож байна гэж ойлгож байгаа. Эхний хоёр тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө фондод хүлээлгэж өгсөн. Автотээврийн тухай хуульд сонирхол татсан дугаарыг дуудлага худалдаанд оруулна. Түүнээс олсон мөнгийг Хүүхдийн төлөө санд өгнө гээд заасан. Дуудлага худалдаанд оролцсон иргэн бүр 50 мянган төгрөг төлж байгаа. Хэрвээ тэр дугаараа авч чадахгүй бол 50 мянган төгрөгийг буцаагаад шилжүүлж байна. Дуудлага худалдаанд хамгийн дээд үнэ 45 сая орчим төгрөг хүрсэн бол хамгийн доод үнэ 100 мянган төгрөг хүрсэн.

-Таныг буруу хөдөлгүүртэй автомашины импортыг зогсооно гэж Засгийн газрын хуралдаанаар мэдэгдсэн гэх мэдээлэл байна. Энд олон хүний эрх ашиг яригдахгүй юу?

-Тийм асуудал яригдаагүй. Цаашдаа яах вэ гэдгийг бодлогын түвшинд ярих ёстой. Мэдээж олон хүний эрх ашиг яригдана. Тиймээс энэ асуудалд ул суурьтай хандах ёстой. Бид иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулъя гэж бодож байгаа.

Хоёр урсгалтай замд хоёр зүйлээс л болж хөдөлгөөний аюулгүй байдал зөрчигддөг. Нэгдүгээрт, хурд хэтрүүлдэг. Хоёрдугаарт, баруун талдаа жолооны хүрдтэй машин гүйцэж түрүүлэх үедээ осол гаргадаг.

-УБТЗ-ын даргыг сонгохгүй байгаа шалтгааныг ярьж болох уу. ОХУ-ын талаас зөвшөөрөхгүй байгаа юм уу?

-“УБТЗ”-ын даргад Ц.Хүрэлбаатар, Б.Даваасүрэн, Г.Сэрээнэндорж нарын гурван хүн санал болгосон ч одоогоор тодорхой хариулт өгөөгүй байна. Энэ сарын сүүлийн 10 хоногт багтаагаад ОХУ-ын төмөр замын ерөнхий захиралтай цахим уулзалт хийхээр төлөвлөсөн.

Тэр үед энэ асуудлыг нухацтай ярина. Үндсэн зарчмуудаа тохироод ерөнхий хорооны хурлыг зохион байгуулахаа тохирно. Ямартаа ч энэ ондоо багтааж энэхүү асуудал эцэслэн шийдвэрлэгдэх байх гэж бодож байна.

-Агаарын тээвэр ковидын үед хүнд байдалд байгаа. Нислэгийн тоог нэмэх боломж бололцоо байна уу?

-Ганц Монголд гэлтгүй агаарын тээврийн компаниудын нөхцөл байдал хүнд байна. Манайд ковидын тархалт өндөр байгаа учраас зарим улс манайхыг улаан хүрэн бүс гээд нэрлэчихээд байна. Олон улсын агаарын тээврийн байгууллагаас 2020 онд гаргасан судалгаагаар ковидын үед олон улсын нислэг 2024 он гэхэд 2019 оныхоо түвшинд ирнэ гэх тооцоо гаргасан байсан.

Би МИАТ-ийнхэнтэй уулзсан. Эхний ээлжинд 60 орчим тэрбум төгрөгийн дэмжлэг төрөөс хэрэгтэй байна гэж байна. ОХУ, АНУ, Англи, Солонгос, Япон улсууд үндэснийхээ авиа компаниудаа хэдэн тэрбумаар нь дэмжиж байгаа. Бид ч үндэсний тээвэрлэгч компаниа авч үлдэхийн тулд төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх шаардлага үүслээ гэж ойлгож болно.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Баасандорж: Энэ хуулиар нийгэмд үүсээд буй олон асуудал, бухимдлыг шийдвэрлэхийг зорьж байна

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржтой ярилцлаа.


-“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль” нэрээ өөрчилж “Нийтийн мэдээллийн тухай хууль” болж байна. Энэ хуулийг яагаад өөрчлөх болсон талаар ярилцлагаа эхэлье?

-Энэ хуулийг шинэчлэн боловсруулах олон хүчин зүйл байсан. Нэгдүгээрт, УИХ-аас баталсан бодлогын баримт бичгүүд болон “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг бэхжүүлэх, хүний хувийн мэдээлэл хамгаалах, мэдээллийн аюулгүй байдал хангах, цахим гарын үсэг хэрэглэхтэй холбоотой цахим засаглалыг дэмжсэн хууль тогтоомжийг боловсруулж батлуулахаар заасны дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийг бий болгох замаар төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох, эрх зүйн хувьд тодорхой, ойлгомжтой болгох зорилгоор уг хуулийн төслийг боловсруулаад байна.

Үндсэн хуульд заасан иргэний мэдээлэл авах эрхийг хангах зорилгоор Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг УИХ-аас 2011 онд баталсан. Цахим технологи, нийгэм эдийн засгийн хэрэгцээ шаардлагыг дагаад уг хуулийн үзэл баримтлал, агуулгыг өөрчилж шинэчлэх зайлшгүй шаардлага бий болсон. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны цахимжилт эрчимжиж, технологи нэвтрүүлэх ажил Засгийн газрын тогтоолоор хэрэгжиж, ахицтай байгаа ч хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн уялдаа сул, мэдээллийн технологийн сонголт, хоорондын нийцэл, санхүү, эдийн засгийн үр ашгийн байдлыг үнэлж, дүгнэх болон мэдээллийн сангийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх ажиллагаа хийгдэхгүй байгаа нь эрх зүйн орчны хувьд учир дутагдалтай байгаа. Тиймээс бид энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа эрх зүйн болон практик хэрэгцээ шаардлага, судалгаа, тайлан, зөвлөмжид тулгуурлан зарчмын шинжтэй томоохон зохицуулалтуудыг тусгаж, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухайхуулийн төслийг шинэчилсэн найруулгын хэлбэрээр, Нийтийн мэдээллийн тухай хууль нэртэйгээр өөрчлөн найруулсан. Ер одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар төрийн байгууллагын үйл ажиллагаа, хүний нөөцийн мэдээллийг ил тод байлгах асуудлыг, Шилэн дансны тухай хуулиар төрийн байгууллагуудын төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, тэдгээртэй холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй байх харилцааг л зохицуулсан байдаг. Үүнийг судалгааны байгууллагууд ч нотолж байгаа.

-Тэгэхээр хэрэгжилтийн хувьд учир дутагдалтай байна гэсэн үг үү?

-Тийм ээ. Хэрэгжилтийн хувьд учир дутагдалтайгаас гадна агуулгын хувьд бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжгүй байна гэсэн дүгнэлтүүд гарсан байдаг. Түүнээс гадна Монгол Улсын хэмжээнд одоогийн байдлаар мэдээллийн сан, цахим системтэй холбоотой зохицуулалтуудыг тусгасан 150 гаруй хууль тогтоомж байна. Энэ нь зөвхөн мэдээллийн сан бүрдүүлэх харилцааг л зохицуулсан байдаг. Харин мэдээллийн санг үүсгэх, бүрдүүлэх эрх бүхий этгээд, нэгдсэн бүртгэл хяналтад байх гэх мэт бусад харилцааг өнөөдрийг хүртэл хангалттай зохицуулсан эрх зүйн орчин байхгүй нь ижил мэдээллийн сан хоёр байгууллага дээр давхардан үүсэх, мэдээллүүд нь зөрөх, төрийн үйлчилгээний нэгдсэн системээс гардаг лавлагаа, тодорхойлолт болон бусад цахим баримт бичгийг байгууллагууд хүлээн зөвшөөрөхгүй, шүүх нотлох баримтаар үнэлэхгүй байгаа нь иргэн, хуулийн этгээдэд чирэгдэл учруулж, цаашлаад хуульчдын дунд маргаан дагуулах зэрэг эргэлзээтэй олон асуудлыг үүсгэсэн. Ийм учраас хууль санаачлагчдын зүгээс тус хуулийн төслийг боловсруулж, энэ мэтчилэн нийгэмд үүсээд байгаа олон асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна.

-Хэрэв уг хууль батлагдвал нийгэмд болоод иргэдэд ямар давуу талууд үүсэх вэ?

-Мэдээж хуулийн төслийн гол үзэл баримтлал хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийг бий болгох замаар төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох зорилготой. Энэ нь миний дээр дурдсан асуудлуудыг шийдвэрлэх, нөгөө талаас нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх олон талын ач холбогдолтой. Тухайлбал,тус хуулийн төслөөр төрөөс нээлттэй байлгах мэдээллийг нэмэгдүүлж байгаа бөгөөд төрийн үйл ажиллагаа, салбаруудын мэдээлэл ил тод, нээлттэй байх нь иргэний мэдээлэл авах эрх хангагдахаас гадна төрийн үйл ажиллагаанд иргэд, олон нийт хяналт тавих, иргэд төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох боломж нэмэгдэнэ. Тэгвэл төрийн байгууллагуудын хувьд төрийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж үйл ажиллагааны шинэчлэл, инноваци, мэдээллийн систем, тооцоолон бодох техник хэрэгслийн нөөцийн удирдлага, төлөвлөлт сайжирна. Төрийн мэдээллийн сан, системийн төлөвлөлт, үнэ цэнэ, чадавх өсч, хариуцлага, ил тод байдал дээшилнэ гэж үзэж байгаа. Харин Монгол Улсын хувьд хөгжлийн олон улсын түвшний үзүүлэлт, тодруулбал, Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргадаг засаглалын индекс, цахим засгийн хөгжлийн индекс, Транспаренси байгууллагаас гаргадаг авлигын индекс, Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг өрсөлдөх чадварын индексийн үзүүлэлт сайжирч олон улсад эзлэх байр суурь, нэр хүнд өснө. Цаашлаад төрийн байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагааг цахимжуулснаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд дахин инженерчлэлийг хэрэгжүүлж, удирдлагын шинэчлэл, мэдээлэлд суурилсан эдийн засгийн шинэ салбар үүсэн хөгжих боломж нэмэгдэх учиртай.

-Уг хуулиар таван чиглэлийн 67 мэдээллийг нээлттэй болгоно гэж байгаа. Ямар таван чиглэл багтаж байна вэ?

-Таван чиглэлийн 67 төрлийн багц мэдээллийг нээлттэй байхаар тусгаж өгсөн. Тодруулбал, хуулийн төслийн наймдугаар зүйлд мэдээлэл хариуцагчийн заавал ил тод, нээлттэй байлгах мэдээллүүдийг тодорхой зааж өгсөн байгаа. Нэгдүгээрт, мэдээлэл хариуцагч өөрийн чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын мэдээлэл, хоёрдугаарт, мэдээлэл хариуцагч өөрийн хүний нөөцийн талаарх мэдээлэл, гуравдугаарт, мэдээлэл хариуцагч төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээлэл, дөрөвдүгээрт, мэдээлэл хариуцагч хуульд заасан чиг үүргийн хүрээнд үзүүлж байгаа үйлчилгээний талаарх мэдээлэл, тавдугаарт мэдээлэл хариуцагч өөрийн эрхлэх асуудлын хүрээний оюуны өмч, эзэмшиж буй газрын болон хувь хүнийг тодорхойлох боломжгүй, нээлттэй байлгах 67 төрлийн мэдээллийг заавал ил тод, нээлттэй байлгахаар хуулийн төсөлд тусгаад байна. Тухайлбал, мэдээлэл хариуцагчид байгаа буюу нийтийн мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилж тусгасан. Хаалттай мэдээлэл гэж төрийн нууц болон хуулиар хаалттай гэж тогтоосон мэдээллийг, хязгаарлалттай мэдээлэл гэдэг нь хандах, ашиглахад хуулиар хязгаарлалт тогтоосныг, өөрөөр хэлбэл хүн, хуулийн этгээдийн зөвшөөрлийн үндсэн дээр хандаж, ашиглаж болох мэдээлэл болон албаны нууцад хамаарах мэдээлэл байхаар зохицуулж өглөө. Нээлттэй 67 төрлийн мэдээлэл, хуулийн зохицуулалтийг нэг бүрчлэн дурдвал бидний цаг хүрэлцэхгүй байх. Тиймээс шаардлагатай бол манай яамны вэб сайтаас, мөн олон нийтийн сүлжээнээс хуулийн төслийг илүү дэлгэрэнгүй байдлаар харах боломжтой.

-Нийтийн мэдээллийн хуулиар мэдээллийг хаалттай, нээлттэй, хязгаартай гэж хуваасан гэсэн. Энэ нь ямар учиртай вэ. Хаалттай, хязгаартай гэдэгт ямар мэдээллүүдийг оруулах юм?

-Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын буюу нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөлд нийтийн мэдээлэл гэдэгт ямар мэдээллүүд байх вэ, түүнийангилал ямар байх, мэдээлэл хариуцагчаас ил тод, нээлттэй байлгахмэдээллүүд, тэдгээрийг байршуулан ил тод байлгах цахим хуудсыг хөтөлж, иргэдийг мэдээллээр хангах боломжийг бүрдүүлэхэд тавих шаардлага, мөн хязгаарлалттай, хаалттай мэдээлэл, тэдгээртэй холбогдох зохицуулалт, нийтийн мэдээллийн дэд бүтцийн зохицуулалт гэх мэт харилцааг олон талаас нь харж, бүрэн зохицуулахыг зорилоо. Таны сая асуусан мэдээллийн ангилал. Энэ бол бас нэг чухал ойлголт. Энэ ангилал буюу төрөл нь тухайн мэдээллийг мэдээллийн эзэн, хариуцагч, үйлчилгээ үзүүлэгч этгээдүүд хэрхэн ашиглах вэ гэдэг зохицуулалтаараа ялгарч байгаагаараа онцлогтой. Мөн түрүүн хөндсөн нээлттэй мэдээллийг тодруулж хэлье. Юу гэхээр уг мэдээллийг иргэн Үндсэн хуульд заасан мэдээлэл олж авах эрхийнхээ хүрээнд аль ч мэдээлэл хариуцагчаас нээлттэй, шууд гаргуулж авах бүрэн эрхтэй. Хувь хүн, хуулийн этгээд өөрийнхөө хувийн болон бизнесийн нууц, хамгаалах шаардлагтай мэдээллээ зөвхөн өөрийн зөвшөөрснөөр бусад этгээдэд ашиглах, хадгалах, цуглуулах, дамжуулах эрх үүснэ. Үүнийг хязгаартай мэдээлэл гэж ойлгох хэрэгтэй. Харин хуулийн төслийн 10 дугаар зүйлд хаалттай мэдээллийг тодорхойлож өгсөн. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлд төрийн нууцад оруулах мэдээллийг зааж өгсөн байдаг. 2018 онд УИХ-аар баталсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.3-д заасан мэдээллүүд хаалттай байна. Тодруулбал, хүний биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээний мэдээлэл, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуультай холбоотой зарим мэдээлэл гэх мэт байдаг. Мөн хуулиар хаалттай байхаар заасан бусад мэдээллийг хаалттай мэдээлэлд оруулна гэж төсөлд тусгасан байгаа. Дээрх хоёр төрлөөс бусад бүх мэдээлэл нээлттэй байж иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл олж авах эрхийг хангах ёстой гэсэн агуулгаар мэдээллийн ангиллыг тусгайлан зааж өгсөн.

-Хүний хувийн мэдээллийг төрийн байгууллага болон хувийн хэвшлийн байгууллага хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал маш учир дутагдалтай байсаар ирсэн. Одоо хэрхэн хамгаалахаар хуульд тусгав?

-Хүн, хуулийн этгээд өөрийнхөө хувийн болон бизнесийн нууц, хамгаалах шаардлагтай мэдээллээ зөвхөн өөрөө зөвшөөрснөөр бусад этгээдэд ашиглах, хадгалах, цуглуулах, дамжуулах эрх үүснэ гэдгийг дээр хэлсэн. Энэ нь хамгаалах маш чухал үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл хүн, хуулийн этгээдийн аливаа мэдээлэлд өөрийнх нь зөвшөөрөлгүй хандаж болохгүй л гэсэн үг. Харин мэдээллийг харж, ашиглаж, өөрчилж, дамжуулж байгаа тохиолдол бүрт мэдээллийн эзэнд заавал мэдэгддэг системтэй байх ёстой. Уг систем нь албан тушаалтан, ажилтны оролцоогүйгээр ажилладаг байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Хуулийн төслийн 18.4.5-д мэдэгдэл хүргэх системтэй байх талаар тусгайлан тусгаж өгсөн.

-Нээлттэй мэдээллийг төлбөртэй болгох талаар судалж байгаа юм билээ. Энэ тухайд. Ямар мэдээллээс нь хамаарч үнэ ханш тогтоох юм уу?

-Хуулийн төслийн наймдугаар зүйлд заасан нээлттэй мэдээлэлтэй холбоотой зохицуулалтыг та хэлж байх шиг байна. Мэдээж нээлттэй мэдээллийг хэн, хэзээ, хэрхэн, яаж ил тод, нээлттэй байлгах талаар илүү нарийвчлан тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, мэдээлэл олж авах эрхийн хүрээнд зөвхөн өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсруулалт хийж, нээлттэй мэдээллийг авах тохиолдолд тодорхой хэмжээний төлбөртэй байж болно гэсэн зохицуулалт юм. Магадгүй тодорхой хугацааны шалгуураар цаасан хэлбэрээр нээлттэй мэдээлэл авах хүсэлт мэдээлэл хариуцагчид гаргах тохиолдолд мэдээж зардал, үйлчилгээний хөлсний асуудал гарна шүү дээ.

-Мэдээллийн ил тод байдлын тухай хууль нь мэдээлэл хүсэгчдэд “байгууллагын нууц мэдээлэл” гэдэг үгээр ам тагладаг. Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслөөр үүнийг яаж зохицуулж өгсөн бэ?

-Байгууллагын нууц гэдэг хүрээнд мэдээлэл олж авах эрх тодорхой хэмжээнд хангагдахгүй байгаа асуудал бий. Хуулийн төслийг хэлэлцэж УИХ-аас баталсны дараа Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Төрийн болон албаны нууцын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар бэлтгэж байгаа. Нийтийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад Төрийн болон албаны нууцын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт зайлшгүй шаардлагатай. Тус өөрчлөлтөөр байгууллагын нууцтай холбоотой асуудлыг бүрэн зохицуулж, нийтийн мэдээллийн тухай хуулийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа.

-Уг хуулийн төсөлд “Хуулиар төрийн нууцад хамааруулахаар заасан мэдээллийг ил болгоход энэ хууль үйлчлэхгүй” гэж заасан байна лээ. Ингэхээр иргэдийн мэдээлэл авах эрх, мэдээллийн ил тод байдлыг хангахгүй нөхцөл байдал үүсэх юм биш үү?

-Тэгэлгүй яахав. Энэ хоёр ойлголт тусдаа асуудал. Өөрөөр хэлбэл, төрийн нууцтай холбоотой харилцааг тухайлсан Төрийн болон албаны нууцын тухай хуулиар зохицуулдаг. Харин Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл нь мэдээллийн эзэн, мэдээлэл хариуцагч хоёрын харилцааг зохицуулахаар тусгагдсан. Үндсэндээ төрийн нууцад орох мэдээлэл, төрийн нууцаас гаргах мэдээлэл, хэрхэн оруулах, гаргах үйл ажиллагаа энэ хуулийн төсөлтэй хамааралгүй гэж ойлгох хэрэгтэй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Найдалаа: Монгол Улсад улс төр ямар өнгө аястай байхыг СХД-ийнхэн шийдэх эрхтэй болж байна

ХҮНаас СХДийн 28 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Найдалаатай ярилцлаа.


СХДт явагдах нөхөн сонгуульд ХҮНаас та нэр дэвшихээр болсон. Танай нам сонгон шалгаруулалтаа хэрхэн хийв?

-хүн, Зөв хүн электорат эвслийн зүгээс нөхөн сонгуульд өндөр ач холбогдол өгч оролцоно. бид ханддаг зарчмынхаа дагуу хэн хүн-ын гишүүд болон хамгийн гол нь дэмжигчдийн төлөөлөл хэн байж чадах вэ гэдгийг харж нээлттэй шалгаруулалт хийсэн. ингээд уих-ын нөхөн сонгуулийн 28 дугаар тойрог буюу схд-т Зөв хүн электорат эвсэл, хүн-аас миний биеийг нэр дэвшүүлсэн. сЕх-нд нэр дэвшигчийн материалаа хүлээлгэн өгчихөөд байгаа. Удахгүй үнэмлэхээ авах байх.

СХДт МАН хоёр удаагийн УИХын сонгуульд ялалт байгуулсан. СХДт ялалт авчирна гэдэгтээ хэр итгэлтэй байна?

-схд-ийн иргэд олон удаа ман-ын гишүүдийг 100 хувь дэмжиж ирсэн. 2020 оны сонгуулиар ман-ын гурван гишүүнийг гурвууланг нь дэмжсэн. гурвуулаа гурван хүн шиг, гучин хүн шиг ажиллаж чадсан эсэхийг би шүүхгүй. Иргэд нь шүүх байх л даа. нэг л онцлог байгаа юм. схд-ийн 28 дугаар хороонд тус дүүргийн хүн амын тал нь амьдардаг. 28 дугаар хорооны 110 мянган иргэн Монгол Улсад ямар өөрчлөлт авчрах, улс төр ямар өнгө аястай байхыг нийт иргэдийг төлөөлөөд шийдэх эрхтэй болж байна. схд-ийн иргэдийн сонголтоос уих-ын өнгө төрх ямар байх нь шууд хамаарна гэсэн үг. Сонгинохайрхан дүүргийн иргэд Засгийн газрын үйл ажиллагаа хангалтгүй, эрх баригчдын үйлдэл, үйл ажиллагаа нь иргэдийн хүлээлтэд хүрэхгүй, гаргасан шийдвэр нь эргэж буцаж байгаа нь бухимдах шалтгаан болж байна.

Та өмнө нь УИХын сонгуульд Чингэлтэй дүүргээс нэр дэвшиж байсан. СХДийн ялгаа нь юу байна вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд Чингэлтэй, СХД маш төстэй. Иргэдийн амьжиргааны түвшин, эрхэлж байгаа ажил, тулгарч байгаа асуудлыг бүгдийг нь сайн мэднэ.

Та эдийн засагч хүн. Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тэр дундаа эдийн засгаа сэргээхэд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг хэрхэн харж байна?

-Ковидтой улс үндэстэн бүр өөр өөрийн гэсэн арга хэмжээг авч ажиллаж байна. Манай улсын хувьд ковидтой тэмцэж, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг зөв гэж харж байгаа. Гэхдээ Монгол Улсад сүржигнэл нь арай их байна. Юу ч болоогүй байхад ковид дотоодод тараагүй байхад бүх иргэд, бүх бизнесээ хорьсон. Энэ чинь эргээд иргэдийн амьдралд асар хохирол дагуулж байгаа юм. Дотооддоо халдвар тараагүй байхад л сагсны шийдийг хүртэл авч байсан. Барилдахаасаа таахалзах нь гэгчээр их зүйл явж байна. Дэлхийд вакцинжуулалтаараа тэргүүлнэ гэх зэрэг уралдаанч сэтгэлгээгээр ажиллаад байгаа болохоос цаана нь иргэдийн амьдрал, бизнесийг ковидтой хэрхэн зэрэгцүүлж амьдрах вэ гэдэг тал дээр арга техник дутаж байна. Хоёрдугаарт, Монгол Улс өрөнд баригдсан эдийн засагтай. Маш их өртэй улс шүү дээ.

Ковидтой холбоотой асар их өр тавигдсан. Бид “Сүх далайтал үхэр амар” гэгчээр тайван сууж байгаа хэдий ч цаана нь өч төчнөөн өр нэмэгдчихээд байгаа юм. Яах аргагүй жижиг дунд гэлтгүй бизнесийг дэмжих шаардлага манайд бий. Манай улсад бизнесийг дэмжсэн ямар ч дэмжлэг байдаггүй. Юм хийе, бүтээе гэсэн хүн торгуулдаг, шийтгүүлдэг. Хурган дарга нарын үүдийг сахидаг. Түмэн гарын үсэг дамжиж зуруулах гэж хамаг цаг заваа алддаг. Авлигад идэгддэг бурангуй тогтолцоо манайд бий. Дорвитой их мөнгөөр эдийн засгийг дэмжиж байгаа нь зөв хэдий ч ганц том асуудал байна. Аливаа хөтөлбөр хэрэгжүүлэнгүүт эзэндээ очдоггүй. Арын хаалгаар, даргын сүлжээгээр, намын сувгаар яваад байдаг. 10 их наяд чинь хэн даргатай танил, хэн авлига өгсөн нь зээл авдаг. Ингээд энэ нь нийт монголчуудын өр болоод яваад байдаг. 10 их наядын зээл яг эзэндээ очиж байна уу гэдгийг хянаж шалгаж байгаа юу гэдэг нь эргэлзээтэй. Иргэд гудамж талбайдаа хүнсээ зарахад зөвшөөрөл аваад түрээс төлөөд татвар төлөх ёстой юм. Цагдаа ирээд хөөхвий, галын байцаагч ирээд хөөхвий гэж айх ёстой юм. Гудамжны худалдаа чөлөөтэй байх ёстой. Хандлага нь хуучин социализмын үе шиг байгаа биз дээ. Аль ч улс гудамжны худалдааг жижиг гэлтгүй дэмжээд, томроод ирэхээр нь татвар авдаг. Бид хандлагаа эрс өөрчлөх ёстой юм. Жижиг дунд бизнес эрхэлье гэхээр төрийн шахалтаар ажил нь явдаггүй. Ажил хийх боломжтой байтал халамжаар угжаад байна. Энэ бүхнийг өөрчлөхөд өөр улс төр хэрэгтэй. 30 жил явж ирсэн улс төр энэ хэвээрээ байх юм бол авлигачид хурган дарга нар нь баяжаад тэндээс шимж байгаа нам нь томроод, нам дагасан хэдхэн хүн баяжаад иргэд ажилгүй ядуу орлогогүй болоод байна. Үүнийг л өөрчилмөөр байгаа юм.

-18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт ХҮН нэр дэвшигч тодруулаагүй. Яагаад вэ?

-Нэг нам өнөөдөр ноёрхож байна. МАН болон бусад гэсэн ийм цаг үе улс төрийн орчинд бодитой бий болсон. Ийм тохиолдолд бид бусад намууд, бие даагчдад боломж өгөх нь зүйтэй гэсэн бодлогын шийдвэр гаргасан.

ХҮН Ерөнхийлөгчийн сонгуульд сайн оролцсон. Энэ удаагийн нөхөн сонгууль Ерөнхийлөгчийн сонгуулиар ХҮН хэрхэн танигдсанаа харах боломж болов уу?

-ХҮН улс төрийн хоёр дахь хүчин гэдгээ харуулж чадсан. Яах аргагүй МАН-ын дараа саналыг авсан. Санал өгсөн таван хүний нэг нь ХҮН-ыг дэмжиж байна гэсэн үг. Өмнө нь орон нутгийн сонгуулиар 15 төлөөлөгч суудал авсан. Хоёр том намын араас гарч ирж байгаа намууд хэзээ ч ингэж орон нутгийн сонгуульд орж жигдхэн амжилт үзүүлж байгаагүй. Дандаа УИХ-д ганц хоёр хүн гарч ирээд алга болчихдог. Энэ бол ХҮН цаанаа дэмжигчтэй жинхэнэ нам болж байгаагийн нотолгоо. Мэдээж энэ удаагийн нөхөн сонгуулиар иргэд ямар нам, ямар нэр дэвшигчийг хүсч байна гэдэг нь ил болох байх. Хунтайж нарыг хүсээд байгаа юм уу, бие даагч нарыг хүсээд байгаа юм уу, эсвэл шинэ цагийг тодорхойлсон улс төрийн хүчнийг хүсч байгаа юм уу. Эсвэл авлигачдыг хүсэж байна уу гэдгийг СХД-ийнхэн төлөөлөөд үзүүлэх хэрэгтэй болчихлоо.

Сонгуулийн системд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Монголд сонгуулийн холимог тогтолцоо хамгийн тохиромжтой. Одоогийн олон мандаттай тогтолцоо цөөхөн дампуурсан улсад хэрэглэгддэг сонгуулийн системээр яваад байна. МАН өөрийн намын эрх ашиг сонгогдох эрхийн төлөө ажиллаад байна. Үүнийгээ яаралтай болих ёстой. Монгол Улсад аль нь хэрэгтэй вэ гэдгийг бодох хэрэгтэй.