Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Оюун-Эрдэнэ: Хүн хоцрох айдастай болчихвол бусдын амьдрал, хувийн асуудлыг хэт их сонирхож эхэлдэг DNN.mn

FOMO буюу “хоцрох айдас”-ын тухай сэтгэлзүйч, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.


-Хоцрох айдас гэж юу вэ?

-Орчин үед анхаарал татаж байгаа, маш сонирхолтой асуудлыг хөндөж байгаад талархаж байна. Хоцрох айдсыг “Fear of Missing Out” буюу Fomo гэж нэрлэдэг. Сэтгэл судлаачид 2000 оны эхээр хүмүүс интернэтийг идэвхтэй ашиглах үзэгдлийг тайлбарлахдаа хүмүүс аливаа үйл явдлаас хоцрох айдас мэдрэмжтэй холбоотой болохыг  тогтоож энэхүү нэр томьёог ашиглах болсон. Сүүлийн жилүүдэд хоцрох айдсын үр нөлөөний талаар судалгаанууд эрчимтэй хийгдэж байна. Гэхдээ нэр томьёоны хувьд сүүлийн 20 гаруй жил хэрэглэгдэж байгаа ч анхнаасаа хүмүүст байсан мэдрэмж юм.

-Сүүлийн жилүүдэд ШУ-д энэ зүйл хэр их байр суурь эзлэх болсон бэ?

-Өнөөгийн аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэж нэрлэгдэж байгаа мэдээллийн эрин зуунд хүмүүс улам бүр олон нийтийн сүлжээг ашиглах нь нэмэгдэж байна. Хосолмол нийгмийн хүмүүс гэж би нэрлээд байгаа. Яагаад гэвэл хүмүүс өөрт оногдсон цаг хугацаагаа бодит харилцаа болон цахим нийгмийн харилцаанд хослуулан зарцуулж байна. Үүнтэй холбоотой хүмүүс олон нийтийн сүлжээнээс их хэмжээний шүүлтүүргүй мэдээллийг хүлээн авдаг. Жишээлбэл хүмүүс бусдыг хэрхэн чөлөөт цагаа өнгөрөөдөг, ямар ажил, карьертэй явна, тэр ч байтугай гэр орон, хувцас, хэрэглэл, ямар хоол идэж байгааг харж байдаг. Энэ бүгдийг харах нь өөрийгөө бусадтай харьцуулах, ямар нэгэн зүйлээс хоцроод байгаа юм шиг мэдрэмжийг хүнд хүчтэй төрүүлдэг гэсэн үг.

Цахим сүлжээг идэвхтэй ашиглах нь хоцрох айдсыг бий болгодог эсвэл тухайн хүн хоцрох айдастай учраас цахим орчинд олон цагийг өнгөрөөдөг гэж судлаачид үзээд байгаа юм. Сэтгэлзүйч Эрин Вогелийн хэлснээр Fomo хүмүүс дараах шинж чанартай.

Аливаа зүйлд цаг хэтрүүлэх буюу удаан хугацаагаар цахим орчинд байх. Биеийн ядаргаа, ядарч сульдсан мэдрэмж үргэлж мэдрэх. Төвлөрөх чадвар муудах, нойргүйдэх гэх мэт.

-Хоцрох айдас хүний сэтгэцийн эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ?

-Fomo бол сэтгэл зүйн эмгэг биш. Өөрөөр хэлбэл эмгэг, өвчин огт биш. Гэхдээ хүний ажил, амьдрал, өөрийгөө үнэлэх үнэлэмж, сэтгэл зүй, бие махбодид сөрөг нөлөөтэй. Хэт бусдын тухай, ялангуяа өөрөөс нь амжилттай яваа хүмүүсийн мэдээллийг байнга өдөр тутам авах нь сөрөг нөлөөтэй. Ялангуяа тэр хүний амьдралд шийдвэрлэх асуудал их байх тусмаа Fomo-д их автана. Интернэтээс өмнө хүмүүст өөрийгөө бусадтай харьцуулах, хоцрох айдаст автах тохиолдол байсан ч орчин үеийн мэдээллийн хурдтай нөхцөлд улам бүр нэмэгдсэн. Ингэснээрээ өсвөр насныхны сэтгэл зүйд илүү их хор хөнөөл учруулах болсон.

Хүн бүрийн амьдрал адилгүй шүү дээ. Бид заавал хэн нэгэнтэй адил байх албагүй. Өөр өөрийн хувь тавилангаар амьдралыг туулаад дуусна. Гэвч олон нийтийн сүлжээ энэ ойлголтыг өөрчлөөд байна л даа. Зарим хүмүүс олон мэдээллийг өдөр бүр авах бүрдээ өөрийн нөхцөл байдалтайгаа харьцуулж, санааширч байдаг байна. “Түүн шиг гоё, сайхан байж чадахгүй, би хичээгээд ч ийм болж чадахгүй” гэж өөртөө урам хугарах, гутрах, шантрах гээд олон асуудалтай тулгарна. Асуудалд бодит бусаар хандаж ямар нэг зүйлээс хоцорч байна мэдрэмжтэй больчихдог. Үүний үр дүнд урам нь хугарч, өөрийгөө дутуугаар үнэлдэг, өөртөө сэтгэл дундуур болчихдог.

Энэ нь сэтгэл зүйн тулгамдсан асуудал болчихдог. Тиймээс сэтгэл зүйн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Хүн бусдаас суралцах, үлгэр дуурайл авах эрхтэй, гэхдээ хоцрох айдаст автаж болохгүй. Өөртөө талархаж, өөрийн сайн талаа ямагт зүлгэж, өөрийн гэсэн эрхэмлэх үнэт зүйлтэй, өөрийн амьдралаараа л амьдрах нь сайхан гэдгийг ойлгох хэрэгтэй. Амьдрал олон өнгөтэй. Олон нийтийн сүлжээнд байгаа гоё сайхан бүхэн гоё биш. Дийлэнх хувь нь бизнес зорилготой гэдгийг л анхаарах нь чухал шүү гэж хэлмээр байна.

-Энэхүү айдсаасаа салж чадахгүй бол юу болох бол?

-Хэрэв хүн хоцрох айдастай болчихвол бусдын амьдрал, хувийн асуудлыг хэт их сонирхож эхэлдэг. Батаа яасан бол, Дулмаа яасан бол гэх мэт бусдын тухай илүү их боддог, сонирхдог. Өөрөөр хэлбэр би өнөөдөр юу хийх вэ гэж бодох биш Батаа юу хийж байгаад илүү анхаарч эхэлдэг. Тиймээс орхигдсон, хоцрогдсон мэдрэмжийг авч бүх зүйлд сэтгэл ханамжгүй болж эхэлдэг. Цаашлаад амьдралын идэвх бүтээмж буурах, түгшүүр, айдаст автах, бие махбодийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.

-Хүн мэдлэг боловсролгүй байх нь хоцрох айдас их хэмжээгээр байх шалтгаан болдог уу. Нийгмийн ямар бүлэгт энэ шинж тэмдэг их илэрдэг вэ?

-Fomo үүсэх нь мэдлэг боловсролоос илүү хүний сэтгэл зүйн төлөв байдалтай холбоотой. Хоцрох айдасыг үүсгэх хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт гар утас болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь өөрийгөө бусадтай харьцуулах нөхцөлийг өөрийн эрхгүй бүрдүүлж байгаа нь голлох шалтгаан юм. Хоёрдугаарт тухайн хүний сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн байдал, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь доогуур байгаа бол аливааг энгийн зүйл хэмээн хүлээн авч чадахгүй өөрийгөө бусдаас муу  байна гэж боддог. Fomo өөртөө сэтгэл ханамжгүй байдаг, өөрийнхөө давуу тал,  үнэ цэнэ, сайн сайхан зүйлийг олж харахгүй байгаа  бүлгийнхэнд илүү илэрнэ.

-Хоцрох айдас дээр тулгуурлан компаниуд хэрхэн бараагаа борлуулдаг вэ. Жишээ нь шинэ кино нээлтээ хийх үед бүх нийтээрээ шуурдаг, Iphone шинэ загвар гарах үед зайлшгүй шаардлагагүй ч авах зэрэг үйлдэл нь хоцрох айдас мөн үү?

-Яг тийм. Энэхүү жишээ нь хоцрох айдас үүсгэх нэг шалтгаан. Гадны орнуудад Fomo маркетинг гэдэг нэр томьёо ч байдаг. “Та хоцорлоо, яараарай” гэдэг сурталчилгаа элбэг байдаг даа. Энэхүү маркетингийн арга нь “Би бусдаас хоцроод байна, хоцорчихвол яана аа” гэх дотоод айдсыг бий болгодог. Компаниуд хэрэглэгчдийн энэ сул тал дээр маш сайн ажилладаг. Fomo үүсгэх сурталчилгаа яаж явдаг вэ гэвэл хүмүүс бүтээгдэхүүн худалдан авч байгааг харуулах, урамшууллын хугацаа дуусах хүртэл тоолох цагийг харуулах, хүмүүс хэрхэн бужигнаж байгааг харуулах зэргээр явагддаг. Энэхүү худалдаанд оролцохгүй бол хоцрох айдас хүмүүст бий болно.

-Хоцрох айдастай байхад давуу тал бий юу?

-Хоцрох айдас нь зарим хүмүүст мотиваци, өөрийгөө хурцлах, илүү хичээх шалтгаан болно. Гэхдээ илүү хичээдэг, хүчирхэг, өөрийн үнэ цэнээ мэддэг хүмүүст яг үнэндээ хоцрох айдас байхгүй. Тиймээс Fomo давуу тал гэж байхгүй, сөрөг үр дагавар л гэж бий.

-Эсрэгээрээ Jomo буюу баяр баясал гэдэг ойлголтыг хоцрох айдастай зэрэгцүүлж ярьдаг болж. Эдгээрийн ялгаа юу вэ?

-Fomo-той хүний хийдэг зүйлсийн эсрэг үйлдэл хийх. Таныг аз жаргалтай болгодог тэр зүйлдээ төвлөр. Таныг юу аз жаргалтай болгодог вэ түүнийгээ хий. Аз жаргал, баяр баясгаланг бүтээ гэсэн үг. Бүх зүйлд оролцох гэж гүйх биш хамгийн ач холбогдолтой, баяр баясалтай зүйлдээ заавал цаг гаргаж бай гэж энгийнээр хэлмээр байна.

-Монголын нийгэмд Fomo-той хүмүүс давамгайлдаг уу?

-Fomo-г өдөөгч гол хүчин зүйл бол цахим хэрэгцээ. Монголчууд олон нийтийн мэдээллийн хэрэгслийг маш идэвхтэй ашигладаг. Цахим орчин нийгмийн харилцаанд маш том зай эзэлдэг. Ялангуяа манай улсын хувьд эдийн засгийн нөхцөл байдал хүнд, цалин бага, баялгийн тэгш бус хүртээмжтэй, авлига гээд нийгмийн олон асуудал нь цахим орчинд иргэдийг бухимдалд хүргэдэг. Үүнээс үүдэлтэйгээр ч хоцрох айдас үүсч байгаа.

-Хоцрох айдсаа хэрхэн давж туулах вэ?

-Fomo-г ялна, даван туулна гэдэг нь өөртөө сэтгэл ханамжийг өгнө гэсэн үг. Тиймээс амьдралын сэтгэл ханамжаа нэмэгдүүлэх алхмууд хийх явдал юм. Өөрт тань хоцрох айдас байна уу гэдгийг мэдэр. Түүний дараа өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөр. Хэрэв таны ажилтай гарцаагүй холбоотой биш л бол олон нийтийн мэдээллийн хэрэгслээс завсарлага ав. Тухайн цаг мөч, хүрээлэн буй хүмүүс, хүрээлэн буй орчинд илүү их анхаарал хандуулахыг хичээ. Амьдралд дутагдаж байгаа зүйлийнхээ оронд одоо байгаа зүйлд анхаарлаа хандуулах нь маш чухал. Хөгжилтэй дурсамж, туршлагаараа тэмдэглэл хөтлөх, аялах гэх мэтээр аз жаргалтай, хөгжилтэй зүйлүүдийг амьдралдаа бий болгох хэрэгтэй. Ялангуяа байгальд гарч, бүтээлч хөдөлмөр хийх зэрэг нь тустай.

-Хоцрох айдсыг эцэг эхчүүдийн зүгээс хүүхдүүдэд өгөх тохиолдол байдаг уу. Тухайлбал “үеийнхэн чинь мундаг байхад чи ямар ч урагшгүй” гэх мэт хандлага зөв үү?

-Манай эцэг, эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ харилцах, тэднийг ойлгох тал дээр алдаа дутагдал гаргах нь түгээмэл. Аль ч насны хүүхдийн сэтгэл зүй маш эмзэг. Гэтэл хүүхдийнхээ нас, сэтгэл зүйн онцлогийг мэдэхгүйгээс гаргадаг алдаануудын нэг бол бусад хүүхдүүдтэй харьцуулах, адил байхыг шаардах, эсвэл өөрийн дутуугаа хүүхдээрээ гүйцээх нөхөх гэж шахах зэргээс үүдэлтэйгээр хүүхдүүдэд хоцрох айдас бий болдог. “Чи бусадтай адил байх ёстой” гэх нь нэг талаас хоцрох айдас үүсгэх шалтгаан мөн. Хүүхдээ бусадтай адил байхыг шаардах бус илүү өөртөө итгэлтэй, өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, өөрийнхөө хүсэл, зорилгоор эрч хүчтэй хичээдэг хүн болгон өсгөхөд анхаарах ёстой. Үүний тулд хүүхдийнхээ бодит хичээл зүтгэлийг магтан урамшуулдаг, илүү итгэж найдаж байгаагаа илэрхийлдэг, хайрладаг, хүндэлдэг, ярилцдаг байх хэрэгтэй. Шүүмжлэх бус дэмждэг, хамтардаг, загнах зэмлэх бус сонсож зөвлөдөг байх маш чухал. Учир нь  эерэг хандлагын үр дүнд хүүхэд өөртөө итгэлгүй болох, өөрийгөө үнэ цэнэгүй гэж мэдрэхээс урьдчилан сэргийлдэг юм. Хүүхдэдээ дахин давтагдашгүй цорын ганц үнэ цэнэтэй хүн гэдгийг нь ойлгуулж, амьдрал олон янз гэдгийг мэдрүүлж өсгөх нь чухал.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Амартайван: Халаасны хулгайг орлогын эх үүсвэрээ болгочихсон хүмүүс байдаг DNN.mn

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа С.Амартайвантай ярилцлаа.


-Халаасны хулгайн гэмт хэргийн гаралт сүүлийн саруудад хэр их байна вэ?

-Нийслэл хотын хэмжээнд 2023 оны байдлаар халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчийн шинжтэй гомдол, мэдээлэл нийт 3806 бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 3559, зөрчлийн шинжтэй 247 тохиолдол бүртгэгдсэн байна. Хулгайлсан зүйлийн үнэлгээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш бол Эрүүгийн хуулиар шийдэгдэнэ харин доош бол Зөрчлийн тухай хуулиар шийдэгдэнэ. Нийт бүртгэгдсэн гомдол мэдээллийн 63.9 хувь нь нийтийн тээврийн хэрэгсэл дотор бүртгэгдсэн. Алдагдсан эд зүйлсийн 92.5 хувь нь гар утас.

-Хулгайд алдагдсан эд зүйлсийг хэрхэн үнэлдэг вэ?

-Үнэлгээ хийх журмын дагуу үнэлгээний компаниудад цагдаагийн байгууллагаас мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан тогтоол хүргүүлдэг. Тухайн үнэлгээний компани нь худалдаж авсан цаг хугацаа, үйлдвэрлэсэн газар, эдэлгээний элэгдэл, зах зээлийн ханш зэргээс үндэслэн үнэлгээг тогтоодог.

-Цагдаагийн газрын зүгээс ямар арга хэмжээ авч байна?

-2023 оны байдлаар 133 хэргийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж илрүүлэлт 48,7 хувьтай байсан. Цагдаагийн байгууллагаас халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, илүү үр дүнтэй болгох, хохирогчдын гар утсыг шуурхай олох зорилгоор манай хэлтэсийн бүтэц, орон тоо нэмэгдсэн. Мөрдөн байцаах тасгийн хэлтэст нэмэлтээр оруулж өгсөн. Халаасны хулгай үйлдэгддэг зах худалдааны төв, нийтийн тээвэр, томоохон гудамж талбайнуудад эргүүл, шалгалтыг зохион байгуулдаг. IMEI кодоор нь алдагдсан гар утас хаана байгааг тогтоох, ажиллагаагүй болгох боломжтой.

-Камерт гэмт хэрэг хийж байгаа дүрс бичлэг нь байхад хэрэг илүү амархан шийдэгдэх үү?

-Орчин үед ихэнх албан байгууллагууд камертай болоод байна. Цагдаагийн байгууллага хэрэг илрүүлэх явцад эерэг нөлөө үзүүлж байгаа. Камертай бол хэрэг илрэх ёстой, камергүй бол хэрэг шийдэгдэх боломжгүй гэж бодож болохгүй. Камерт бичигдсэн бол шалгах, эрэн сурвалжлах үйл ажиллагаанд илүү үр дүнтэй.

-Хуулийн хүрээнд ямар хариуцлага хүлээж байна?

-Эрүүгийн хуулийн 17.1.1 зааснаар хянан шийдвэрлэдэг. Ялын бодлогын хувьд хорих ял байгаа гэхдээ нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялыг түлхүү ногдуулдаг. Давтан гэдэг ойлголт байхгүй болчихсон. Өмнө нь хоёр дахь удаа гар утас хулгайлсан этгээд давтан гэмт хэрэг үйлдсэн учраас хорих ял өгдөг байлаа. Халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд хуулийн цоорхойг ашиглаж байна. Давтан гэмт хэрэг гэсэн ойлголт байдаггүй болсон учраас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд хоридоггүй.

-Нэг удаа халаасны хулгай хийсэн хүн дахин хийх эрсдэл байдаг уу?

-Халаасны хулгайг орлогын эх үүсвэр болгочихсон хүмүүс байдаг. Ялын бодлогын үр нөлөө бага байгаа болохоор тэдгээр хүмүүс зоригтой хулгай хийж байна. Халаасны хулгайн онцлог нь хэзээ ч гэмт этгээд ганцаараа үйлддэггүй. Үргэлж хоёр ба түүнээс дээш тооны хүмүүс хамтран үйлддэг. Тухайлбал нийтийн тээвэрт иргэн А гар утсаа хулгайд алдлаа. Иргэн А хэн гар утсыг нь авсныг мэдээд сэжигтнийг нэгжихэд гар утас нь байдаггүй. Учир нь сэжигтэн хамсаатандаа дамжуулчихсан. Түүний дараа гуравдагч этгээд нийтийн тээврээс буугаад явчихдаг. Нотлоход төвөгтэй гэдэг асуудлыг гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс сайн мэдэж байдаг. Байнгын хяналтад байдаг 500 гаруй хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүс ямар нэг байдлаар халаасны хулгайн гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байсан.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Хархорин” захын нэг өдөр DNN.mn

“Шинэ Сандэй”-ын гадаа  цагаан сарын үзэсгэлэн худалдаа болж байна. Иргэд портерийнхоо тэвшин дээр ууц, гулууз мах зарж байлаа.

Бид энэ удаа  “Шинэ Сандэй” худалдааны төвөөс сурвалжлага бэлтгэлээ.

Тэдгээр хүмүүс дунд хүүхдүүддээ хэлэлгүй тор, даавуун уут зардаг эмээ ч байлаа.


Гадаа талбайн түрээс дунджаар сард 600 мянган төгрөг.  Харин дотор талбайн түрээс маань 350 мянган төгрөг гэв


Энэ талаар Иргэн А “Манай лангуу өдөрт 20 мянган төгрөгийн түрээс төлдөг. Манайх мөн урд байгаа барилга дотор нарийн ногооны  лангуутай. Дөрвөн жилийн өмнө өдөрт 10 мянган төгрөг төлдөг байлаа. Нийтдээ гадаа талбайн түрээс дунджаар сард 600 мянга болдог харин дотор талбайн түрээс маань 350 мянган төгрөг. Мэдээж өдрийн хоол авч идэх гэх мэт урсгал зардлууд бас байгаа.

Энд өглөө эрт ирж машинаа байршуулахын тулд бензин, шатахуун зарцуулна. Хүйтэнд зогсоод ойр ойрхон бие засдаг болох ч асуудал байна. Гадаа хүйтэнд худалдаа хийж байгаа бид эргээд эрүүл мэндээрээ хохирч байна” хэмээн ярилаа.

Харин иргэн С.Төмөрмөнх “Манай асар үнэгүй энд байрлаж байгаа. Учир нь БГД-ээс худалдаа эрхлэх хүсэлтэй хүмүүст үнэгүй олгосон талбай. Гадаа хүйтэнд нийтийн өмчийн талбайг үнэгүй түрээслэлгүй яахав вээ. Бүх асар битүүний өдрийн орой татан буугдана. “Шинэ Сандэй” урд байрлаж байгаа асрууд 500 мянган төгрөгөөр түрээсэлж байгаа. Бидэн шиг хүмүүс бол үнийг нь дийлэхгүй” гэв.


Хүүхдүүддээ хэлэлгүй тор, даавуун уут зарж байна. Тэдэнд төвөг удахыг хүсээгүй

Иргэн Ө хүүхдүүддээ төвөг удахгүйн тулд тэдэнд хэлэлгүйгээр тор, даавуун уут зарж буйгаа хуучилсан юм.

Тэрбээр “Эмээ нь тэтгэврийн зээлтэй. Бага хүүдээ зээл авч өгсөн. Том охиндоо энэ тухай хэлээгүй. Тор, даавуун уут зарахгүй бол ямар мөнгөөрөө цайны сүү, түлээ нүүрс авах, цагаан сар хийх мөнгөө олох билээ. Хүүхдүүд маань намайг зах дээр тор, даавуун уут зардгийг мэдэхгүй. Мэдвэл намайг болиулна шүү дээ. Үр хүүхдүүддээ төвөг удмааргүй байна” хэмээн ярьсан юм.

Иргэн Б.Батбаатар “Манайх Төв аймгаас ирж хэдэн хонио зарж байгаа. Ууц 200-450 мянган төгрөгийн хооронд байна. Тарга тэвээргээсээ хамаараад үнэ хэлбэлзэнэ. Гадаа юмаа зарж байгаа бүх хүмүүс ялгаагүй 20 мянган төгрөг түрээсэнд төлдөг. Өглөө эрт ирээд машинаа байрлуулдаг. Түрээсийн үнэ бол боломжийн байна. Ченжид хямдхан өгч байхаар өөрсдөө ийнхүү зогсоод зарсан нь илүү ашигтай байна шүү дээ. Авч байгаа хүмүүстээ ч арай хямд болно. Учир нь хүн дундаас нь үнэ нэмэхгүй.

Тэр ченжүүд чинь намар идэш хийх үеэр их хэмжээгээр мах хямд аваад зооринд хийгээд хадгалчихдаг. Тэгээд хавар хямдхан авсан махаа үнэтэй зардаг улс шүү дээ. Нөхцөл байдал ийм байхад яаж бид махаа үнэ хүргэж зарж чадахгүй. Иргэд ч хямдхан авах боломжгүй” гэв.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

О.Энх-Эрдэнэ: Жазз дуучин Дэлхийн тайзан дээр ч, жазз бааранд ч дуусаж магадгүй DNN.mn

Каунтри, жазз хөгжмийн урсгалыг монголчуудад түүчээлэн таниулж , “Mongol Country” төслийг баг хамт олонтойгоо эхлүүлээд байгаа дуучин О.Энх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Уран бүтээлээрээ юуг илэрхийлэхийг зорьж байна вэ?

– “Амьдрал баян” цомог маань  “М Music” дээр цацагдсан байгаа. Цомог дотор нэг жазз дуу, бусад дуунууд маань каунтри урсгалын дуунууд байгаа. Цомог маань Цагаан сарын дараа хэвлэлтээс хүрээд ирнэ. Түүний дараа биет хэлбэрээр худалдаанд гарна. “Mongol Country” төслийг бага хамт олноороо хэрэгжүүлээд явж байгаа. Манай хөгжмийн продюсер Мөнхболд гэдэг хүн байгаа. “Амьдрал баян” цомгийн шүлгийг Батцэнгэл ах маань зохиосон. Манай төслийн зорилго бол Монгол соёл, ахуйгаа шингээсэн жазз, каунтри урсгалын дуу хийх. Нөгөө талаасаа амьд хөгжмийг илүү их дэлгэрүүлэх зорилготой. Энэ цомгийн бүх дуу амьд хөгжимтэй. Монгол хүн зохиосон учраас монгол соёл шингэсэн. Үүгээр зогсохгүй Монгол Улсаа бусад улс орнуудад өөрсдийнх нь мэдэх хөгжмийн урсгалаар дамжуулан таниулах оролдлого юм даа.

-“Авьяаслаг Америкчууд” шоунд орох шийдвэр яагаад гаргасан бэ. Хэр их бэлтгэл хийдэг вэ?

-Урилга ирсэн. Тэгээд миний хүлээх ёстой үүрэг хариуцлага мөн боломж минь байсан. Би дэлхийн хамгийн алдартай жааз дуучин болох мөрөөдөлтэй түүнийгээ шат шатаар биелүүлээд л явж байна. Жазз дуучин дэлхийн тайзан дээр ч, захын бааранд ч дуусаж болно гэхдээ миний хүсэл бол дуулсаар, аз жаргал түгээсээр байх. Аль нь ч байлаа, би мөрөөдлийнхөө төлөө ямар нэг зүйл хийх ёстой. Би хязгааргүй мөрөөддөг, төлөвлөгөөг бол хамгийн тааруухан байхаар төлөвлөдөг. Тэр мөрөөдөлд хүрэхийн төлөө маш их хугацаа, нүсэр хөдөлмөр зарцуулна. Яг одоо хийж байгаа зүйлээ  тууштай хийгээд, өөрийгөө илүү их хөгжүүлэхийг хүсч байна. Надад гүйгээд явсан өдрүүд байгаа, мөлхөөд ч явсан өдрүүд байгаа. Хамгийн гол нь зогсохгүй яваа маань чухал. Хүн хийсэн бүхнээсээ туршлага хуримтлуулаад явдаг. Алдсан бол суралцаад л явдаг. Бэлтгэлийн хувьд  дуулах дуртай болохоор цаг заадаггүй. Хамгийн багадаа хоёроос гурван цаг. Магадгүй түүнээс дээш. Хоолойгоо сөөх хүртэл дуулах үе ч байна.

-Өөр урсгалаар дуулаад үзэх бодол бий юу?

-Би дуртай дуугаа илүү дуулах дуртай. Бүх хүн трэйп сонсож байна гээд уран бүтээлч хүн хийдэг зүйлээ өөрчилөх нь утгагүй хэрэг л дээ. Каунтри хөгжим маань сонсоход илүү таатай урсгал. Харин эсрэгээрээ хүмүүст илүү танин мэдүүлэхийг зорьж байна. Сонгосон замдаа огт харамсдаггүй ээ. Нэг дуунаас авсан мэдрэмжээ бусадтай хуваалцах гэж бэлтгэл хийж, дуулдаг болохоор намайг сонсож байгаа хүмүүс жаргалтай байгаасай л гэж хүсдэг.

О.Энх-Эрдэнэ "America's Got Тalent" нэвтрүүлгийн хагас финалд шалгарчээ

Жазз клубтэй болох хүсэлтэй юу?

-Жазз урсгал нийгмийн цөөнх сонсдог урсгал. Миний бодлоор амьд хөгжимд бүх зүйл амьд байх хэрэгтэй. Бид нэг тоглолт хийлээ гэхэд тэр бүх хамтлагийн гишүүдийн, үзэгчдийн мэдрэмж амьд байж байдаг, тухай үедээ цор ганц. Тэр бүх амьд сэтгэл зүй, амьд мэдрэмжүүд хүмүүст илүү сайхан санагдах байх гэж найддаг. Хүмүүс бидний хөгжмийг сонсож, гоё мэдрэмж авч байна гэдэг л гол зүйл. Мэдээж жазз клубтэй болох бол жааз хөгжим сонсдог хүн бүрд байдаг хүсэл байх.

-Хүүхэд насаа хаана, хэрхэн өнгөрөөсөн бэ?

-Би айлын хоёр хүүхдийн бага, нэг эгчтэй. Аав маань Архангай нутгийн хүн, гэхдээ би хүүхэд насаа Эрдэнэт хотод өнгөрөөсөн. Гэртээ ганцаараа их үлддэг хүүхэд байлаа. Youtube миний хамгийн том багш байлаа. Тэндээс л анх жазз хөгжим олж сонссон. Миний хамгийн том бэлтгэл хийдэг газар гэр байсан. Хамгийн анхны том тайз бол “Авьяаслаг монголчууд” байсан. 14 настайгаасаа хойш тогтмол жазз, каунтри урсгалын хөгжим сонсоод, дуулаад явж байна.

-Гэр бүлийнхэн нь анх дуучин болох шийдвэрт хэрхэн хандсан бэ?

-Манай хамаатан садан дунд урлагийн хүн огт байхгүй. Аав ээж маань мөн урлагаас хол хүмүүс. Магадгүй надад багахан өгөгдөл байсан. Анх өөрөө хөгжим сонсоод, дурлаад дуулж эхэлсэн. Би чадаагүй зүйлээ чадчихсан юм шиг ярих дургүй. “Авьяаслаг монголчууд”-д орохдоо шилдэг 32-т шалгарчихаад гэрийхэндээ хэлж байсан. Америк руу тэмцээн рүү явахдаа хэнд ч  хэлээгүй шахам. Зөвхөн ойр дотны маань хүмүүс мэдэж байсан. Мөн миний үлгэр жишээ авдаг хүн бол Франк Синатра. Тэр хүний харизм, байгаа байдал, дуулах өнгө аяс маш их таалагддаг. Нэг үгээр бол ярьж дуулдаг хүн . Үлгэр уншиж байгаа юм шиг.

-Чөлөөт цагаа юу хийж өнгөрөөдөг вэ?

-Би 20 гаруй жил хөл бөмбөг үзэж байна. Зургаан настайгаасаа хойш хөл бөмбөг үзсэн. Real Madrid гэдэг суваг гардаг байсан. Тухайн үед Real Madrid-ын тухай гардаг, гоё тоглолтууд ч гардаг суваг байсан. Premier League-ээс Arsenal гэдэг багд дуртай. Үндсэн дэмждэж баг маань Real Madrid. Ямар баг үзүүштэй тоглолтуудын үзүүлж байна. Тэр багийг дэмжих үе ч байна.

 

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал энтертаймент-ертөнц

Б.Солонгоо: Мэдээллийг шүүх, тунгаах чадвар нийгэмд маш их учир дутагдалтай байна DNN.mn

Өнөөгийн нийгэмд инфлүүнсер хүмүүс нийгэм болоод хүүхэд, залуу үед ямар нөлөөлөл үзүүлж буй тухай Олон улсын Franklincovey Mongolia LLC боловсролын байгууллагын гүйцэтгэх захирал Сэтгэлзүйч, Манлайлал, хандлага, харилцааны трэйнер, бизнес коуч Б.Солонгоотой ярилцлаа.


-Инфлүүнсер гэж хэнийг хэлэх вэ. Олон улсын ойлголттой бидний ойлголт ижил байна уу?

-Инфлүүнсер гэдэг бол нийгэм, олон нийтэд маш товч тодорхой, цэгцтэй, оюунлагаар мэдээлэл болон нийгэмд болж байгаа, болохгүй байгаа асуудлуудыг цахим орчинд илэрхийлдэг, тодорхойлдог, хуваалцдаг хүмүүсийг хэлнэ. Influencer буюу Нөлөөлөгч хүн гэж хэлж болно. Олон улсын хэмжээнд бол яг Influencer-ын тодорхойлолт бол зөв системээрээ, оюунлаг мэдлэг мэдээллээ нийгэмд зөв зүйтэйгээр түгээх, өөрийгөө илэрхийлэх юм. Монголд яг энэ хэм хэмжээ нь байна, оюунлаг Influencer-үүд ч байна. Төдий хэмжээндээ Influencer хүмүүс мэдлэг мэдээллээ хуваалцаж байна. Гэхдээ яг одоо манай Монголын нөхцөлд инфлүүнсер гэдэг маань ард иргэд юу сонсохыг хүсч байна, ард иргэдэд юу хэрэгтэй байна, ард иргэд өөрсдөө хэнийг дагаж байна гэдгээс шалтгаалан цаг үеэ дагаад өөр өөрөөр тодорхойлогдож байна. Хүссэн хүн бүр Influencer нэр зүүж байгаа нь анхаарах ёстой зүйл.

-Инфлүүнсер хүмүүс нийгэмд ямар үүрэг, хариуцлага хүлээдэг вэ?

-Мэдээллийг шүүх, тунгаах чадвар нийгэмд маш их учир дутагдалтай байна. Нийгмийн учир дутагдалаа дагаад олон нийтийн үг хэлэх эрх хязгаарлагдаж байна. Нийтийн зориг мохож байгаа учраас, аливаа асуудлуудыг айдасгүйгээр, хошин наргианаар шүүлтүүргүйгээр хуваалцаж, дамжуулж байгаа. Нийгэм болон олон нийтийн өмнө бусдын оюун санаа, эрүүл мэнд, эрх ашиг, нэр хүндэд халдсан, эрсдэл дагуулсан буюу сөргөөр нөлөөлсөн аливаа зүйлийг хийж болохгүй.

-Инфлүүнсер хүн зөвхөн цахим орчноор дамжуулж нөлөөлөл үзүүлэх ёстой юу?

-Заавал олон нийтийн орчинд нөлөөлөх хүрээлэл тодорхойлогдохгүй. Ажлын байрны хүрээлэл, албан харилцаа гэх мэт. Мөн гэр бүлийн хүрээнд зөв нөлөөлөл, зөв үлгэрлэл, сайн сайхныг түгээдэг бол мөн инфльюнсер юм. Инфлүүнсер хүн бүх хүнд танигдах албагүй юм.

-Өөрсдийн цахим хаягаар дамжуулж бараа бүтээгдэхүүн сурталчлах нь ёс зүйтэй үйлдэл үү?

-Нийгэмд өгөөж өндөр, цаг хугацаа, санхүүгийн хувьд олон нийтийн хэрэгцээ, амьдралд нийцэхүйц бол байх боломжтой, гол нь нийгмийн болон өөрийн эрх ашиг хоёр нь тэнцвэртэй байх нь маш чухал.

-Инфлүүнсер хүмүүс хүүхэд, залуу үеийнхэнд ямар нөлөөлөл үзүүлж байна вэ?

-Мэдээж сайн талаас ч, сөрөг талаас ч нөлөөлөл үзүүлж байна, гэвч сөрөг нь илүү хүчтэй үр дагавар дагуулж байгаа нь цахим орчинд илэрч байна. Салбар бүрийн удирдах түвшний нөлөөлөх хүн бүр л хүрээлэл бүрдээ зөв цэгцтэй мэдээлэл олгох, түгээх, үлгэрлэх оролдлогуудыг илүү их хүчтэй, идэвхтэй зохион байгуулах нь сөрөг үр дагавруудыг давамгайлах боломж олгож байна. Гэр бүлийн орчин л бүх үед зөвөөр нөлөөлдөг, гэр бүл бол маш том нөлөөтэй инфлүүнсерүүд юм. Хүн бүр л өөрийгөө соёлжуулж, мэдлэгжүүлж, зөв мэдээлэл олж авч сурах маш чухал. Ялангуяа өсвөр үеийн хүүхэд, залуучууд руу хандсан зөв нөлөөлөл хэрэгтэй. Оновчтой зөв мэдээлэл гэр бүл бүрд түгээгдэх хэрэгтэй.

-Хэт их мэдээллийн орчин нь мэдлэггүй иргэдийг төрүүлж байна?

-Нөлөөлөгч хүмүүс үнэ цэнэтэй мэдээллийг иргэдэд өгч чадаж байгаа. Бүх юм хоёр талтай байдаг. Influencer хүмүүс мэдлэг мэдээлэл өгч байна, мэдлэггүй хүмүүсийг мөн мэдлэгжүүлж байна.

Н.НАРВАНЧИН              

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц баринаDNN.mn

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа.

Төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг салбарын сайдад даалгав.

Манай улсад 2023 оны арванхоёрдугаар сарын  байдлаар 1061 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

Цахилгаан автомашины тоог 2030 онд 30,000-д хүргэж хэрэглээг нэмэгдүүлсэн тохиолдолд одоо байгаа ердийн, дунд, өндөр хүчин чадалтай 70 цэнэглэгчийн тоог 15 дахин нэмэгдүүлж, 1000-аас доошгүй хэмжээнд хүргэх шаардлагатай. Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц барихаар төлөвлөж байна.