Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Одсэржмаа: Энхтайваны корпусаар дамжуулж манайд бүх насны хүмүүс америк багшаар англи хэл үнэгүй заалгах боломжтой DNN.mn

АНУ ба Монгол Улсын түншлэлийн нэг хэлбэр нь Энхтайваны корпус юм. Дэзэрэт олон улсын байгууллагын хуулийн мэргэжилтэн, “Ameri­can Conversational Eng­lish” төслийн удирдагч Д.Одсэржмаа болон АНУ-аас Монгол Улсад ажиллаж байгаа сайн дурын англи хэлний багш нартай ярилцлаа.


-Танай байгууллага хэдэн оноос хойш үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Дэзэрэт олон улсын байгууллага нь дэлхийн 200 орчим улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсад 1993 онд байгуулагдсан. Түүнээс хойш хүмүүнлэгийн чиглэлээр төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн билээ. Одоогоор “American Conver­sational English” төсөл маань амжилттай явагдаж байна.

-Ямар чиглэлээр түлхүү сургалт, үйл ажиллагаа зохион байгуулдаг вэ?

-Манай байгууллага нь боловсролын болон эрүүл мэндийн чиглэлээр ихэвчлэн төсөл, хөтөлбөр зохион байгуулдаг.

Тухайлбал, ундны усны хүрэлцээ сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэргэнцрээр хангах, сургууль цэцэрлэгийн гал тогооны төхөөрөмжийг шинэчлэх, эмнэлгийн хагалгааны өрөө тохижуулах, хараа зүй болон нярайн өвчлөлийн эсрэг зэрэг олон төсөл хэрэгжүүлдэг. Сургалтын хувьд англи хэл, донтолтоос ангижруулах, бие даах чадвар хөгжүүлэх, боловсрол, санхүү, ажил мэргэжлийн, сэтгэл зүйн зэрэг суурь мэдлэг олгох хөтөлбөрүүд байдаг. ACE буюу American Conversational English хөтөлбөрийн зорилго нь англи хэлний ярианы чадвар сайжруулахад чиглэсэн. Америк багш нартай гэдгээрээ онцлог. Нэг ёсондоо хэлийг орчинд нь байгаа мэт сурах боломж бүрдэж байгаа юм.

-Аль улсаас сайн дурын багш, сургагч нар ирдэг вэ?

-Сайн дурын багш нарын ихэнх нь АНУ-аас ирдэг. Жишээлбэл хоёр багш маань Флорида, Айдахо мужаас ирсэн.

-Нийгэмд үзүүлж байгаа эерэг нөлөөлөл, үр дүнгээ хэрхэн харж байна?

-Хэлтэй бол хөлтэй гэдэг шүү дээ. Англи хэл дэлхий нийтийн хэл болсон өнөө цаг үед англи хэлний чадвараа сайжруулах нь өнөөгийн нийгмийн хүмүүсийн дунд буй өндөр хэрэгцээ, шаардлага. Манай сургалтад хамрагдсан хүмүүсээс олон улсын англи хэлний шалгалтаа амжилттай давж, гадаадын их дээд сургуулиудад элсэж суралцсан олон залуус бий. Мөн хэлний мэдлэгээ сайжруулснаар ажил мэргэжилдээ амжилт үзүүлэх, салбартаа манлайлах гэх мэт олон боломжууд нээгддэг.

-Иргэд ямархуу хэмжээнд хамрагдаж байна. Ямар хандлагатай байна?

-Иргэд тун нааштай хүлээн авч байна. Монголчууд бид англи хэлний бичгийн дүрмээ сайн мэддэг хүмүүс. Гэвч ярианы чадвар, дуудлагаа сайжруулах, унаган англи хэлтэй хүмүүстэй ярилцах боломж тэр бүр байдаггүй. ACE хөтөлбөр нь энэ боломжийг олгож байна. Дээр нь сургалтууд маань үнэ төлбөргүй бөгөөд хүн бүрт нээлттэй. Хүн өөрөө л хүсвэл англи хэлээ сайжруулж, цаашид ахисан түвшний боловсролын байгууллагуудад суралцах, ажил мэргэжилдээ өсч хөгжих боломжууд асар их байна. Манай байгууллага дээр зөвхөн хүүхэд, залуус гэлтгүй бүх насны хүмүүс америк багшаар англи хэл үнэгүй заалгах боломжтой.

-Одоо англи хэлний сайн дурын багш нараас асуултууд асууя. Та хоёрыг хэн гэдэг вэ. Хаанаас ирсэн бэ?

Dawson K.Woolley: -Намайг Dawson гэдэг Монгол ирээд 18 сар болсон байна. АНУ-ын Флорида мужийн Понтэ Вэпрагаас ирсэн.

Marcus B. Heemeyer: -Би Айдахо мужийн Мэридиан хотоос ирсэн. Намайг Mar­cus гэдэг. Монголд ирээд 14 сарын хугацаа өнгөрсөн байна.

Манай байгууллагад сайн дурын ажил хийх боломжууд их байдаг. Бид сайн дурын ажил хийх хүсэлтээ явуулахад, Монгол Улсад ажиллахаар хуваарилагдсан байсан. Монголд ирэх болсноо мэдээд их сайхан санагдсан.

-Монголын ямар соёл, хоол хамгийн их таалагдаж байна?

-Цагаан сарын баяр маш их таалагддаг. Би хувьдаа монгол хоолнуудаас хорхогт хамгийн дуртай. Хорхог хийх арга нь их өвөрмөц сонирхолтой санагддаг. Чулуу, 40 литрийн бидон ашиглаж байгаа нь их өвөрмөц. Амт нь түүнээсээ болоод гоё байдаг. Мөн хуушуурт дуртай. Хуушуур дундаа наадмын халиартай хуушуур хамгийн гоё нь.

-Монголд ирэхээс өмнөх болон дараах сэтгэгдэл ямар байна?

-Монголын талаар ирэхээсээ өмнө сайн мэддэггүй байсан. Одоо сэтгэгдэл маш өндөр байна. Маш сайхан байгальтай, ёс заншил, уламжлалтай. Монгол үндэсний хувцас их тансаг. Миний бодлоор монголчууд их мэдрэмжтэй хувцасладаг хүмүүс шүү. Өвөрмөц соёл, ёс заншилтай. Харин уур амьсгалын хувьд хүйтэн байна.

-Хэдээс хэдэн насны хүмүүст хичээл орж байна?

-Насны хязгааргүй болохоор бид бүх насны хүмүүст хичээл заадаг. Суралцахаар ирж байгаа хүмүүс үсгээ мэддэг байхад хангалттай.

-Долоо хоногийн хэдэн өдөр хичээл ордог вэ. Ачаалал их байна уу?

-Долоо хоногийн даваа, лхагва, баасан гаригуудад хичээл заадаг. Ачаалал бага байдаг.

-Сурагчид нь хурдан сурч байна уу?

-Хичээлийн турш ярих боломжийг суралцагчдадаа олгохыг зорьдог. Хүмүүс буруу ярих вий, зөв дуудлагаа дуудахгүй байх вий гэж бие барих үйлдэл ажиглагддаг. Тиймээс ичиж зовохгүй ярих хэрэгтэй. Хэлийг ярьж байж л сурна шүү дээ. Хүүхдүүд амархан сурдаг.

-Хичээл заах хөгжилтэй байдаг уу?

-Мэдээж хэрэг зугаатай байдаг. Хичээлийн үеэр тоглоом тоглоно, дуу сурна. Хичээлээ аль болох уйтгартай биш, сонирхолтой, бүтээлч байдлаар заахыг хичээдэг. Бас манай хөтөлбөр царайлаг багш нартай шүү.

-Гэрээ санаж байна уу?

-Үгүй дээ, одоогоор санахгүй байгаа. Монгол бол миний хоёр дахь гэр гэж хэлж болно. Би Монголд хайртай шүү. Гэхдээ Америк дахь гэр бүлээ хааяа бодож санадаг гэдгээ нуухгүй ээ.

-Монголд хийж үзмээр зүйлс бий юү?

-Морь унах хүсэлтэй байгаа. Монголд морь их байгааг мэддэг ч хараахан морь унаж амжаагүй явна. Мөсний баяр болон Бүргэдийн баяр үзмээр байна.

-Монголчуудын ямар зан таалагдаж байна?

-Монголчуудын зочломтгой зан таалагддаг. Монгол айлд орох үед өөрийнхөө гэртээ орж байгаа мэт мэдрэмж төрдөг. Ирснээсээ хойш зөндөө олон найз нөхөдтэй болсон. Дахин Монголд ирэх бодолтой байгаа.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Далхжав: Малынхаа тоонд бус чанарт ач холбогдол өгөх хэрэгтэй DNN.mn

1954 оноос хойш мал аж ахуйн салбарт ажиллаж ирсэн Монгол Улсын гавьяат мал зүйч А.Далхжавтай зудын нөхцөл байдал болон мал маллахад юун дээр анхаарах тухай ярилцлаа.


-Өвөл дууссан ч хавар урт гэдэг. Өвс тэжээлийн хүртээмж муу үед яах хэрэгтэй вэ?

-Нэн тэргүүнд малчид маань мал хорогдлоо гээд гундаж, сэтгэл санаагаар унаж болохгүй. Мал бол өсөх жамтай. Зудын нөхцөл байдлыг хараад сэтгэл маань өмөрч, өвдөж байгаа ч энэхүү хэцүү нөхцөл байдалд бид зоригтой, тэвчээртэй, ухаалаг хандах хэрэгтэй. Үлдсэн сүргээ дахин хорогдуулалгүй авч үлдэх боломж бололцоо бидэнд бий. Өвс тэжээлийн хүртээмж, хүрэлцээ муу байна гэж дуулдаж байна. Мал бүрийнхээ аманд хүргэж өг. Ялангуяа ядарч, сульдсан малдаа заавал амлуулж өг. Өвс, тэжээлийг цасан дээр хаяж өгч үрэн таран хийж болохгүй. Мал бүрийн аманд заавал хошуувч хий. Малчид маань нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Өвс тэжээлийг их хэмжээгээр өгөхдөө бус бүгдэд нь хүртээмжтэйгээр тарааж, хуваарилж өгөх нь чухал. Бид үхэр, адуунд хивэг, тэжээл өгөхдөө хошуувч зүүлгэдэг шүү дээ. Яагаад гэвэл тэнхээтэй нэг нь тамиргүй амьтныхаа тэжээлийг булаадаг, мөргөдөг, ёвордог шүү дээ.

-Тэгэхээр бог мал ч ялгаагүй гэсэн үг үү?

-Үүнтэй агаар нэг, бог мал ч бас ялгаагүй. Тиймээс өвсийг газар, цасан дээр хамаагүй цацаад хаях бус хонь, ямаа бүрдээ хошуувч зүүлгээд өвс, тэжээлийг нь өгөх хэрэгтэй. Ингэж байж чадалгүй тэнхээ нь муудсан хонь, ямаанууд идэх юм. Тэгэхгүй бол зарим нь их идээд, зарим бага идээд байдаг талтай. Тэгж байж ядруу хэсэг нь тамир тэнхээ орно.

-Малыг тамир тэнхээ оруулах өөр ямар арга байдаг вэ?

-Хорогдсон малын сэг зэмийг устгах бол амархан, гэхдээ тэрийг ашиглах хэрэгтэй. Ямар нэг өвчнөөр үхээгүй малын махыг ялз чанаад, ясыг нь бутлаад, ясны шөл хийгээд хивэг, тэжээлээ зуураад малдаа өгнө. Хэдий турж, хөлдөж үхсэн ч гэсэн тэр мах чинь уурагтай байгаа. Харин амьд үлдсэн мал уургаар дутагдаж байгаа шүү дээ. Цаашлаад махыг нь буузны мах татаад, таташ шиг болгоод тэжээлд нь холиод өгөх хэрэгтэй. Тэжээл 70 хувь, мах 30 хувь байх зохистой. Мөн хүнсний шар будааг малын тэжээлдээ хольж өгөх нь нэн сайн. Шар будааг амь аврагч алтан будаа гэдэг шүү дээ. Хангай, тайгын нутгийн иргэд маань модны мөчир, нахиаг малдаа авч өгөх хэрэгтэй. Мод хаврын цагт шүүс, шимээ дээшээ огшоож байдаг. Гэхдээ модыг сүйтгэх биш мөчирний үзүүр хэсгээс 30 хувийг огтолж авч болно. Үүн дээр болгоомжтой хандах хэрэгтэй. Энэ бол маш боломжийн, чанарлаг тэжээл юм.

-Таван цул эрхтэнг хивэгтэй хольж өгч болох уу?

-Малын элгийг түүхийгээр нь давс ханасан усанд хийх хэрэгтэй. Түүний дараа элгээ буузны мах шиг жижиглээд хивэг, тэжээлтэйгээ хольж өгч болно. Элгийг егөөдсөн, хэвтэрт орсон малд өгнө.

-Тэжээл, хивэг зэргийг яагаад заавал дэвтээж өгдөг юм бэ?

-Хуурай тэжээлэнд мал идээшихгүй. Энгийн үгээр хоол болохгүй гэсэн үг. Ямар ч тэжээлийг дэвтээж, исгэж өгч байх хэрэгтэй. Цас зудтай үед тэжээлийн исгэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тиймээс урьд шөнө нь зуураад хонох ёстой. Ийнхүү хивэг, тэжээлийг бэлдвээс үр дүнтэй. Мөн зудын нөхцөлд ямар ч тэжээлд заавал давс нэмнэ. Цайны давс тааруулж хийдэг шиг тэжээлд нь хийх хэрэгтэй. Мөн цайныхаа шаарыг тэжээлдээ нэмээд хийж болно.

-Хаврын хавсарганы үед юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Гурав, дөрөв, тавдугаар сарууд бол том даваа. Шороо, цасаар шуурна, бороо орно, нар гарна гээд хаврын цаг агаар тогтворгүй байдгийг хэн хүнгүй мэдэж байгаа шүү дээ. Өнөөгийн малчдын хашаа, хороог харахад аргалын саравч шиг байна. Дулаалга, чигжээс их бага. Ханаа огт шаваагүй, хуучин цагт нойтон аргалаар хүртэл малын хашаа, хорооны ханаа дулаалдаг байлаа. Ийм байхад цас, зуданд хэцүү шүү дээ. Тиймээс малын хашаа хороог дулаалж нөмөр, халхлаг хийх нь чухал. Салхи нэвт салхилахгүй байх ёстой.

-Малын хэвтэр, хороо, бууцыг хуурай байлгах нь чухал уу?

-Чамайг нойтон хөнжилд унтуулаад байвал хэцүү байна аа даа. Үүнтэй агаар ижил, малын хэвтэрийг хуурай, дулаан байлгах бол маш чухал. Өглөө малаа бэлчээгээд дараа нь хорооныхоо бууцыг овоолох хэрэгтэй. Овоолсон бууц нь нарны дулааныг сайн шингээж авдаг ба дотроос нь халалт үүсдэг. Орой сүргээ хотлуулахдаа овоолсон бууцаа буцаагаад сайхан тараагаад өгөх хэрэгтэй. Ингэж байж мал дулаан хононо. Тиймээс хөлдүү, хүйтэн бууцаар хэвтэр хийлгээд байж болохгүй. Мал жиндэнэ шүү дээ. Хотондоо утаа, май тавих хэрэгтэй.

-Усалгаа муу байгаагаас болж мал цас иддэг. Цас идэх нь малыг сульдааж, муутгах уу?

-Хэрвээ малчид маань голоос, худгаас усаа зөөж авчирч усалгаа хийж байгаа бол нэг зүйлийг санах хэрэгтэй. Усныхаа жаврыг бага зэрэг гаргаад усалгаа хийвэл сайн шүү. Огт услахгүй байвал мал цас идээд тамир тэнхээгүй болно. Дотроосоо илчээ алдаж, хөрнө гэсэн үг.

-Төллөсөн малыг бэлчээрт гаргах уу?

-Тамир тэнхээтэй болсон хойно нь бэлчээрт гаргах хэрэгтэй. Малын шилбэ, туурай цөмөөрөө халцарчихсан, доголчихсон байгаа. Тиймээс заавал зам гаргаж өгөх шаардлагатай. Их цастай үед трактороор далпуу чирж зам гаргадаг байлаа. Мод, бут, өвстэй газар руу зам гаргаж өгөх хэрэгтэй. Мөн хээлтэй маландаа нэмнээ хийж өгөх нь маш чухал. Тэгэхгүй бол эрт хээлээ хаячихлаг талтай. 1962 оны зургадугаар сарын 2, 3-нд Булган аймгийн нутагт маш их цас орж, шуурсан. Тухайн үед нэгдлийн зүгээс яаралтай арга хэмжээ авч хохирол багатай туулсан. Үүгээр юуг хэлэх гэсэн бэ гэхээр манай оронд зургадугаар сарын эхний арав хоногт цочир хүйтэрдэг эрсдэл байдаг. Мөн малчид маань хүн хүчээр дутаж байна.

Зудын гамшиг өвөл болдогч үүнтэй зун, намраас эхэлсэн бэлтгэл ажлаар тэмцдэг. Энэ зуд бидэнд “чанаргүй олон мал маллах уу, чанартай цөөхөн мал маллах уу? гэсэн асуулт тавилаа. Дундаж жин нь 50кг 500 малтай сүрэг маллах нэг хэрэг. Дундаж жин нь 40 кг татдаг 1000 сүрэг маллах нэг өөр хэрэг. Бид малаа чанаржуулж, тоонд бус чанарт ач холбогдол өгөх хэрэгтэй байна.

Н.Нарванчин

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Амьжиргааны эх үүсвэрийг нэмэгдүүлснээр малчид зудын нөлөөлөлд бага өртөнө DNN.mn

АНУ-ын “OpenAI” компанийн “Хиймэл оюун ухаан”-т ChatGPT аппликэйшнтэй буюу хүн хиймэл оюун ухаантай зудын талаар ярилцлага хийлээ. Хүн асууж, хиймэл оюун ухаан хариулав.


-Чи зудын тухай юу мэдэх вэ?

-“Зуд” гэдэг нь Монгол орны хэмжээнд цас их хэмжээгээр орж, эрс хүйтэрч, хүчтэй цасан шуургатай, өвөлжилт хүндэрсэн байгалийн гамшгийг хэлдэг. Энэ нь ихэвчлэн газар дээр зузаан мөсөн давхарга үүсгэдэг. Энэхүү нөхцөл байдал нь малыг хоол хүнс, усаа олоход хэцүү, эсвэл боломжгүй болгож, малын хорогдлыг өндөрт хүргэдэг. Өвөлжилт хүндэрсэн энэ нөхцөл байдал нь мал их хэмжээгээр хорогдохоос гадна нүүдэлчин малчдын хувьд ч хүнд байдалд орж болзошгүй. Зуд бол Монголын нүүдэлчин малчдын орлого, хоол хүнс нь малаас түшиглэдэг тул ихээхэн санаа зовоосон асуудал юм.

Зуд Монголд үе үе тохиолдож, эдийн засаг болон нүүдэлчин амьдралын хэв маягт сөрөг нөлөө үзүүлдэг. Монгол Улсын Засгийн газар болон байгууллагууд зудын үеэр гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд тусламж үзүүлэх, тэр дундаа малчид, тэдний гэр бүлийг хоол хүнс, эм тариагаар хангах зэргээр ажилладаг.

-Зудын гамшгийн нөлөөллийг хэрхэн багасгах вэ?

-Зудын хүндрэл, давтамж нь жилээс жилд өөр өөр байдаг ч ихэвчлэн хэдэн жил тутамд тохиолддог. Зуд болох төлөвтэй, эсвэл тохиолдсон үед Монголын төр, олон улсын байгууллагууд гамшигт өртсөн малчдад яаралтай тусламж үзүүлэхийн тулд нөөц бололцоогоо дайчлах нь элбэг. Энэхүү тусламж нь гацсан амьтдад өвс тэжээл, ус хүргэх, гамшигт өртсөн гэр бүлд санхүүгийн дэмжлэг, эмнэлгийн тусламж үзүүлэх зэрэг багтаж болно.

Зудын нөлөөллийг бууруулах арга хэмжээнд малчдын өвөлжилтийн мал аж ахуйн менежмэнтийн дэд бүтцийг сайжруулах, өөр төрлийн амьжиргааны эх үүсвэрийг төрөлжүүлэх, малчдыг цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх зэрэг ажлууд багтаж байна. Эдгээр хүчин чармайлтыг үл харгалзан зуд нь Монголын хөдөөгийн иргэдийн хувьд томоохон сорилт байсаар байгаа нь уламжлалт бэлчээрийн мал аж ахуй цаг уурын гамшигт өртөмтгий байдгийг онцолж байна.

-Өөр төрлийн амьжиргааны эх үүсвэрийг төрөлжүүлэх гэдгээр чи юуг хэлж байна?

-Малчдын амьжиргааны эх үүсвэрийг төрөлжүүлэхэд шинэлэг арга барил, олон нийтийн оролцоо, тогтвортой хөгжлийн стратеги хосолсон байх шаардлагатай. Амьжиргааг төрөлжүүлэх гэдэг нь уламжлалт мал аж ахуйгаас гадна орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэхийг дэмжих юм. Үүнд байгаль орчинд ээлтэй аялал жуулчлал, гар урлалын үйлдвэрлэл, жижиг хэмжээний газар тариалан, боловсрол, эрүүл мэнд, үйлчилгээний салбар зэрэг хөдөө аж ахуйн бус хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг өөр амьжиргааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх юм. Үүний үр дүнд цаг агаарын эрс тэс үзэгдлийн нөлөөнд бага өртөмтгий орлого бий болох юм. Амьжиргааны эх үүсвэрийг нэмэгдүүлснээр малчид зудын нөлөөлөлд бага өртөх юм.

-Монголд өмнө нь болж байсан зудын тухай мэдэх үү?

-Монголд 2009-2010 оны өвөл болж байсан айхтар зудын нэг тод жишээ. Энэхүү онцгой зуд нь сүүлийн үеийн түүхэнд тохиолдсон хамгийн хүнд зуднуудын нэг бөгөөд нийт нутаг дэвсгэрийг хамарч, мал сүрэг, амьжиргааг ихээр хохироосон юм. Энэ өвлийн улиралд их хэмжээний цас орж, эрс хүйтний эрч хэдэн сар үргэлжилсэн нь Монгол орны хэмжээнд мал ихээр хорогдож, малчид хүндхэн байдалд орсон. Дараа зуны хуурайшилт(ган) нь бэлчээрийн ургацыг сулруулж, өвс тэжээлийн хүрэлцээг хязгаарласан нь байдлыг улам хүндрүүлсэн.

-Зуд болохоос сэргийлэх хамгийн шилдэг арга зам юу вэ?

-2009-2010 оны зуд нь Монголын нүүдэлчин малчид цаг агаарын эрс тэс үзэгдэлд өртөмтгий байдгийг тод сануулж, ийм гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, олон нийтийн дэмжлэг чухал болохыг харуулж байна. Эрт сэрэмжлүүлэх буюу зуд болох эрсдэлийн талаар малчдад мэдээлэх боломжтой эрт зарлан мэдээлэх системийг хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулах.

Эдгээр системүүд нь цаг уурын мэдээ, хиймэл дагуулын зураг, уламжлалт мэдлэгийг агуулсан байх ёстой бөгөөд цаг агаарын эрс тэс үзэгдлийг үнэн зөв урьдчилан таамаглах, малчид хариу арга хэмжээг түргэн шуурхай авах боломжийг олгох юм.

-Олон нийтийн дэмжлэг яагаад чухал вэ. Иргэд хэрхэн туслах вэ?

-Сайн дураараа иргэд зудын үеэр малчдад мал арчлах, тэжээх, замын цасыг цэвэрлэх зэргээр туслах боломжтой. Эцэст нь хэлэхэд, иргэд малчдадаа сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, тэдний санал хүсэлтийг сонсож, нийгэмд оруулсан хувь нэмрийг нь үнэлж байгаагаа илэрхийлэх хэрэгтэй. Малчдыг хүнд хэцүү цаг үед үнэлж, дэмжиж байгаагаа илэрхийлэх сэтгэл зүйн дэмжлэг юм.

-Засгийн газрын зүгээс зуданд нэрвэгдээд байгаа малчдад хэрхэн туслах ёстой вэ?

– Даатгалын хөтөлбөрүүд буюу Засгийн газар малчид, тариаланчдыг цаг агаарын тааламжгүй нөхцөл байдал, тэр дундаа өвөлжилттэй холбоотой гамшгийн улмаас учирсан хохирлоос хамгаалах даатгалын хөтөлбөрүүдийг санал болгох. Эдгээр даатгалын хөтөлбөрүүд нь малын хорогдол, цаг агаарын нөлөөллөөс шалтгаалсан бусад хохирлуудыг нөхөн төлж, өвлийн улиралд газар тариалан, мал аж ахуйтай холбоотой санхүүгийн эрсдэлийг бууруулахад туслах юм.

Засгийн газар хөдөө орон нутгийн өвөлжилтийн боломжийг сайжруулахад чиглэсэн зам засвар, цас цэвэрлэх, малын өвөлжөө, усан хангамжийг сайжруулах зэрэг техникийн үйлчилгээний дэмжлэг үзүүлж болно. Эдгээр хөрөнгө оруулалт нь малчдад өвлийн улиралд үр дүнтэй дэмжлэг болж, улс орны алслагдсан, хүйтэн бүс нутагт амьжиргаагаа залгуулахад тус дөхөм болох юм.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Доржсүрэн: Манайд дрон ашиглах тухай нарийвчилсан хууль хэрэгтэй DNN.mn

Монгол Улсад ашиглагдаж байгаа дронуудын стандарт, тэдгээрийг ямар дүрэм журмын дагуу ашиглах тухай Монгол Улсын зөвлөх инженер Н.Доржсүрэнтэй ярилцлаа.


-Дроны хөгжил ямар түвшинд явж байна вэ?

-Дрон бол аж үйлдвэрийн IV хувьсгалын нэг тод жишээ. Дэлхийн нэгдүгээр дайны үед 1917 онд Англичууд анх удаа нисгэгчгүйгээр онгоцыг алсаас нисгэх туршилтыг хийсэн. Дроны хөгжил түүнээс хойш тогтвортой явагдаж 1990-2000-аад онуудад нийтийн хэрэглээнд нэвтэрч эхэлсэн. Өнөө үед АНУ-ын өндөр хүчин чадалтай, довтолгооны зориулалттай, шингэн түлш ашигладаг, алсын зайнаас удирдах чадвартай цэрэг тагнуулын дронууд хүртэл бий болсон. Тэдгээрийг хиймэл дагуулын холбоогоор дамжуулаад дэлхий хаанаас ч удирдах боломжтой. Мөн энгийн удирдлагатай дронууд бидний өдөр тутмын амьдралд ч хэрэглээ болсон байна. Тусгай зориулалтаар ашиглахаас гадна чөлөөт цагаа өнгөрүүлэх арга хэрэгсэл болон өргөн хүрээнд тархаж байна.

-Манай оронд дроныг зөв зүйтэй ашиглаж байна уу?

-Аливаа шинэ технологи сайн муу талтай байдаг. Хүн төрөлхтөнд ашиг тусаа өгөх боловч эргүүлээд ямар нэг байдлаар муугаар ашигладаг

луудаас хэрхэн яаж өөрсдийгөө хамгаалах вэ гэдэг асуудал хөндөгдөж байна.Дроны ашигтай тал их бий. Дрон бий болсноор агаараас зураг авах илүү хямд, амархан болсон байна шүү дээ. Алсаас тандалт, судалгаа хийх, алсын зайнд хүргэлт хийх, өндөр байгууламж, барилгууд дээрх нөхцөл байдлын хяналт, шалгалтыг хийх хялбар болж байна. Тухайлбал Хөдөө, аж ахуйн салбар өргөн хэмжээний талбайд дрон ашиглаж хяналт хийх, бордоо, ургамал хамгаалах бодис цацах, мөн цахилгаан эрчим хүчний өндөр шугамын орой дээр заавал хүн гарах шаардлагагүйгээр тухайн багананд гэмтэл үүсэх эрсдэл бий эсэхийг харах зэрэг олон боломжуудтай болсон байна. Ашигтай талыг дурдвал маш олон жишээнүүд байна.

-Дроны ямар сөрөг талуудаас сэргийлэх вэ?

-Сөрөг талын гол жишээ бол хууль бус ажиглалт, тандалт хийх юм. Таныг хэн ч, хэзээ ч дроноор дамжуулан харах боломжтой болж байна. Хувь хүний аливаа байгууллагын орон зайд халдах, тагнан туршихад өндөр хүчин чадалтай камераар тоноглогдсон дрон ашиглагдах боломжтой. Түүнчлэн дронууд килограммаар ч хэмжигдэх даацтай болсон тул хориотой бараа болон хар тамхийг хил дамнуулан тээвэрлэх эрсдэлтэй. Очих цэгийг нь тохируулаад өгчихвөл дрон аваачаад өгчихөж байна. Мөн агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлөг, түүний аюулгүй байдалд дрон ашиглаж сөрөг нөлөө, халдлага үзүүлж болзошгүй юм. Иймээс Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас үүн дээр онцгой анхаардаг бөгөөд өндөр түвшинд сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөдөг. Дроныг ашиглаж бусдын эрүүл мэнд, амь насанд халдах оролдлогууд олон улсад гарсан жишээнүүд байдаг. Ийм төрлийн халдлага гарахаас урьдчилан сэргийлэх хэрэгцээ, таслан зогсоох шаардлага тулгарч байна.

-Монгол Улсад дрон ашиглах тухай хууль, эрх зүйн зохицуулалт бий юү?

-Манайд огт хууль эрх зүйн зохицуулалт байхгүй гэдэг нь өрөөсгөл ойлголт. Манай улсын Иргэний нисэхийн дүрмийн 101 буюу Хүнгүйагаарын хөлөг, пуужин, жиро-глайдер болон парасэйлийн үйл ажиллагааны дүрэм зохицуулагдах боломжтой. Манайд дрон ашиглах тухай нарийвчилсан хууль хэрэгтэй. Цаашид дронуудыг бүртгэлжүүлэх шаардлагатай. Гэхдээ ямар үзүүлэлтээс дээших техникийн чадамж бүхий дронуудыг бүртгэх вэ гэдгээ сайн тодорхой болгох. Ямар хэмжээний ачаа зөөх чадвартай, хэр хол, хэр өндөрт нисэх, хөдөлгүүрийн хүчин чадал, ажиллах цаг гэх мэт үзүүлэлтүүдийг нарийвчлан авч үзэж, тодорхой босго тогтоогоод үүнээс дээшихийг заавал бүртгэлжүүлнэ. Удирдан ажиллуулах нисгэгчийг богино сургалтад хамруулна гэх мэт тавигдах шаардлагуудыг тодорхой болгох хэрэгтэй. Иргэний нисэхийн дүрмээр иргэний нисэхийн хяналттай, хяналтгүй агаарын зай, ерөнхий зориулалтын агаарын зай, хориотой бүс, аюултай бүс, улсын нислэгийн агаарын зай гэх мэтээр тодорхойлж өгсөн байдаг. Тийм ч учраас хяналттай орон зайд дроныг нэвтрүүлэхгүйн тулд дрон үйлдвэрлэгчдийн дроны өгөгдлийн санд эдгээр бүсийг суулгаж өгсөн байдаг. Тухайлбал, албан ёсны дрон үйлдвэрлэгчийн ямар ч дрон нисэх буудлын нислэгийн талбай орчимд хөөрөхгүй байх ёстой.

-Хэрхэн дроноос хамгаалах вэ?

-Дроноос хамгаалахын тулд түүний ажиллагааны онцлогийг харгалзан үзэх нь зөв. Дрон болон дроны удирдлага хоёрын хооронд цахилгаан соронзон долгионоор удирдлагын холбоо явагддаг.Тэгэхээр дроныг идэвхгүй болгох, устгах гэж байгаа бол удирдлагын дохионд нөлөөлөх хэмжээний багажтай байх хэрэгтэй. Түүнийг дроны эсрэг буу ч гэж нэрлэдэг. Дронтой тэмцэх хатуу, зөөлөн хэмээх үндсэн арга бий. Хатуу арга нь зориулалтын тортой сумаар буудах, чулуу шидэх, сургасан бүргэдээр дроныг барьдаг газар ч байна. Илүү хүчтэй, хурдтай дронд тор дүүжилж байгаад барьж авах арга ч бий.

-Зөөлөн хүчний арга нь ямар арга вэ?

-Харин зөөлөн хүчний арга нь радио давтамжид нөлөөлөх. Дроны эсрэг буу нь урд хэсэгтээ урагшаа чиглэсэн антеннтай байдаг. Тэр буу нь дроны удирдлагын дохиог саатуулагч радио давтамжтай долгионоор бууддаг. Тиймээс дрон удирдлагагүй болоод шууд газар унана. Удирдаж байгаа хүн ч удирдах боломжгүй болно.

Дараагийн арга нь дроныг өөрийн байршлаа тогтоох боломжгүй болгох юм. Гар утас бүрт GPS гэж хэлж заншсан, эсвэл байршил тодорхойлогч хиймэл дагуулын навигацийн дохионы хүлээн авагч байдагтай адилхан дронд мөн бий. Энгийн үгээр дроныг идэвхгүй болгох өөр нэг арга бол төөрүүлэх юм.Дээрхтэй адилхан буугаар дроны байршил тогтоох хүлээн авагчийг хиймэл дагуулын навигацийн дохиог хүлээн авах боломжгүй болгоно. Түүгээр буудсаны улмаас дрон орон зайн баримжаагүй болж идэвхгүй болдог, осолддог.

Мөн онцгой объектод шаардлагатай бол хамгаалалтын радио тор үүсгэгч хамгаалалтын системийг суурилуулж болно. Энэ нь хяна, илрүүл, хамгаал буюу устга гэсэн зарчмаар ажилладаг төхөөрөмжүүдийн нэгдэл юм. Дроны удирдлагад түгээмэл ашигладаг радио давтамжуудыг байнга хянах, дрон илрүүлэгч радар ажиллуулах, илэрсэн үед радио дамтамжуудыг саатуулж, дроныг ажиллагаагүй болгох зориулалттай цогц систем байдаг.

Түүнчлэн бидэнд дроноос хамгаалах систем чухал шаардлагатай боллоо.

Н.Нарванчин

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Удвал: Гар утасны донтолт нь хэл ярианы хоцрогдол, хөдөлгөөний дутагдал, анхаарал төвлөрөх чадваргүй болгодог DNN.mn

Гар утасны хяналтгүй хэрэгцээ бага насны хүүхдүүдийн тархины хөгжил, хүмүүжил төлөвшилд хэрхэн нөлөөлдөг тухай сэтгэл судлаач Б.Удвалтай ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд гар утасны хэрэглээ бага насны хүүхдүүдийн дунд элбэг боллоо. Эцэг эхийн хараа хяналт сул байна уу?

-Өнөө үед эцэг эхчүүдэд нийгмийн стресс, ажлын ачаалал их байна. Ажлаасаа ирсэн аав, мөн өдөржин гэр орны ажил хийж, хүүхдээ харсан ээж хоёул амрах хэрэгтэй шүү дээ. Тиймээс хүүхдээ саатуулах шалгарсан арга нь гар утас хүүхдэдээ бариулах болж байгаа юм. Мөн манай залуус төлөвлөөгүй хүүхэдтэй болох тохиолдол их байна. Үүнийг буруутгаж байгаа хэрэг биш. Гэхдээ нийт эцэг эхчүүдэд  хүүхэд хүмүүжүүлэх, асрах, халамжлах, хүүхэдтэй харилцах мэдлэг, туршлага  дутмаг байдаг. Хүүхдэд зориулсан ихэнх контент хурдан үйл явдалтай, дуу чимээ нь хүүхдийн анхаарлыг амархан татдаг. Энэ төрлийн бичлэг нь хүүхдэд анхаарал төвлөрөлт муу байх суурь болдог. Зарим эцэг эхчүүд хүүхдээ хооллохын тулд, уйлахыг нь болиулахын тулд гар утас бариулдаг болсон байна.

Энэ бол буруу зуршилд хүүхдээ сургаж байгаа үйлдэл юм. Хятад улсад наймаас доош насны хүүхэд өдөрт 40 минут гар утас ашиглах дүрэмтэй байдаг.

-Бага насны хүүхэд гар утас хэт их ашиглах нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Хүүхдийн насны ангиллаас хамаарч гар утасны замбараагүй хэрэглээний сөрөг нөлөө илэрдэг.Мэдээж гар утасны хяналтгүй хэрэглээ томчуудын эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй байдаг учраас 0-2 насны хүүхэд ямар ч тохиолдолд гар утас хэрэглэх ёсгүй. Учир нь энэ насанд хүүхдийн тархины хөгжим эрчимтэй явагдаж байдаг учраас гар утас маш сөрөг нөлөөтэй. Зайлшгүй хэрэглүүлэх шаардлагатай бол хамгийн ихдээ 15 минут бол дээд хэмжээ.

Хэл ярианы хоцрогдол, хөдөлгөөний дутагдал, анхаарал төвлөрөх чадвар муудах, уур уцаартай болох, түрэмгий авиртай болох гэх мэт сөрөг талуудтай.

-Гар утасны зөв хэрэглээг хүүхдэд сургах нь ямар үр ашигтай вэ?

-Анхнаасаа эцэг эхчүүд хүүхдэд гар утсыг зөв таниулах хэрэгтэй. Ингэснээр өөрийгөө хянах, удирдах чадварт хүүхдээ сургаж байгаа юм. Гар утасны хэрэглээ бага байгаа хүүхдийн танин мэдэхүйн болоод тархины хөгжил эрүүл явагддаг. Учир нь эргэн тойрны бүх зүйлсээ танин мэдэх оролдлого хийнэ. Зөвхөн дэлгэц ширтэх бус гэрийнхээ тавилгануудаа тэмтэрч үзэх нь хүртэл хүүхдийн хувьд танин мэдэхүйн чухал үйлдэл юм. Юмсын шинж чанарыг таньж мэдэх боломж ерөөсөө гараараа барьж үзэх шүү дээ.

-Хэрхэн хүүхдийнхээ гар утасны хэрэглээг багасгах хэрэгтэй вэ?

-Хүүхэд өсгөх, хүмүүжүүлэх гэдэг амархан зүйл биш. Эцэг эхээс маш их тэвчээртэй ба тууштай байдал шаарддаг. Хүүхдийнхээ гар утасны хэрэглээг багасгахыг хүсэж байгаа бол тууштай байх хэрэгтэй. Та хүүхдэд бүх зүйлийг шинээр зааж өгч байдаг. Хүүхэд анхны оролдлогоор сурахгүй, хоёроос гурван долоо хоног тууштай байж хүүхдэдээ аливаа зүйлсийг зааж сургана. Тэр хугацаанд хүүхэд тань таны эсрэг тэмцэнэ, уурлана, уйлна. Гэхдээ үүний үр дүнд хүүхэд сурах болно. Гар утсыг хурааж авсан бол өөр хийх зүйлийг хүүхдэд олж өгөх, түүнчлэн хамтран хийх хэрэгтэй.

-Жишээлбэл?

-Гар утасны оронд гэр бүлийн амьд харилцаа маш чухал. Хамтдаа тоглох, хоол хийх, ярилцах, үлгэр унших, монгол наадгай ч тоглож болно шүү дээ.  Мөн хүүхдийнхээ дуртай хүүхэлдэйн киног хамтдаа үзээд тухайн киног тайлбарлаж өгөөд, ярилцаж хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөх боломжтой. Учир нь хүүхэд хүүхэлдэйн кино үзээд юу буруу, юу зөв гэдгийг тунгаах чадваргүй. Тиймээс эцэг эх цензургүй хүүхэлдэйн киног ганцаараанг нь үзүүлэх биш хамтдаа үзэх хэрэгтэй болно. Тухайн хүүхэлдэйн кино таны хүүхдэд ямар үлгэр дуурайлал үзүүлэх вэ гэдгийг мэдэж байх ёстой.

-Хүүхдийнхээ юу үзэж, харж байгааг хянах хэрэгтэй юү?

-Манай хүүхэд youtube үзээд англи хэлтэй болчихсон гэсэн өрөөсгөл ойлголт байдаг. Таны хэр их хараа хяналтгүй эцэг эх вэ гэдэг л үүнээс харагдаж байгаа юм. Хүүхэд автоматаар гадаад үг сурч байгаа болохоос биш тухайн үгнийхээ илэрхийллийг бүрэн ойлгохгүй. Мөн эх хэлний дархлаанд сөргөөр нөлөөлж байна гэсэн үг. Хүүхэд дэлгэцтэй харьцаж эхэлсэн цагаас та хүүхдийнхээ үзэж байгаа зүйлсэд, хандаж байгаа сайтуудад хяналт тавих хэрэгтэй. Насны ангилал болоод тухайн контентод агуулагдаж байгаа санааг та мэдэж байх ёстой. Хүүхдэд буруу ойлголт, үлгэр дуурайлал өгөх зүйлс байгаа эсэхийг та мэдэхгүй учир заавал хянах хэрэгтэй. Хүүхэд өсөж томрохын хэрээр эцэг эххүүхдийн харилцаа илүү дотно байх хэрэгтэй. Утсыг нь шууд шүүрч аваад хурааж шалгах бус хүүхдээсээ асуух байдлаар хяналт тавьж болно.Бага насны хүүхэд юмсыг шүүлтүүргүйгээр даган дуурайж суралцдаг. Тиймээс хүүхэд үзсэн зүйлсээ хийх болно. Та хүүхдийнхээ хэрэглээнд анхаарал тавих уу. Үгүй бол таны хүүхдийг та биш, гар утас хүмүүжүүлэх юм гэж үү? “Донтуулах чадвар”аараа гар утас биднээс илүү ухаалаг байдаг нь гарцаагүй.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

С.Төгсжаргал: Талбай дээр маргаан өрнөдөг ч гэсэн тоглолтын дараа тамирчид найзууд байдаг DNN.mn

МСБХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргалтай спортын ёс зүй, ҮДЛ-т мөрдөгдөж байгаа дүрэм, журмын тухай ярилцлаа.


-Спортын ёс зүй гэж юу вэ. Үндэсний Дээд Лигийн тоглолтуудад ёс зүйн дүрэм ямар хэмжээнд мөрдөгдөж вэ?

-Нийгэмд олон хүүхэд залуус мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчдаас үлгэр дууриалал авдаг. Даган дууриадаг. МСБХ-ны зүгээс тамирчдаас ёс зүйг өндөр хэмжээнд шаарддаг. МСБХ нь олон улсын сагсан бөмбөгийн холбооны албан ёсны гишүүн. Тиймээс ОУСБХ-ны ёс зүйн дүрмийг чанд даган мөрддөг. Лиг хажуудаа мэргэжлийн зөвлөлтэй үйл ажиллагаа явуулдаг. Хэрвээ ямарваа нэгэн тамирчин ёс зүйн зөрчил гаргавал мэргэжлийн зөвлөл ямар хариуцлага хүлээлгэх шийдвэрийг лигийн журмын дагуу гаргадаг. Сагсан бөмбөгийн тамирчид дунд  талбай дээр маргаан өрнөдөг ч гэсэн тоглолтын дараа найзууд байдаг. Өмнө нь нэг багт тоглож байсан найз нөхөд, олон жил өрсөлдсөн, ахан дүүс байхыг ч үгүйсгэхгүй. Сагсан бөмбөгийн соёлд шүгэл дуугарсны дараа нөхөрлөл хадгалагдаж үлддэг. Ийнхүү байсаар ирсэн, ирээдүйд ч энэ соёл үргэлжилнэ. Тухай мөчид маргалдсан ч дараа нь уучлалт гуйдаг, уучилдаг байх нь спортын салшгүй нэг хэсэг.

-Ямар журам баримталдаг вэ. Олон улсын жишигт нийцүүлж чадаж байна уу?

-ОУСБХ-ны дүрэм журмыг дагаж мөрддөг. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос бүх төрлийн зөрчил, ёс зүйгүй үйлдэлд оноох шийтгэл, хариуцлагийг тодорхой зааж өгсөн байдаг. Мөн ҮДЛ-гийн журам нь МСБХ-ны дүрэм, журамтай холбоо уялдаатай байдаг.

-Өнгөрөгч долоо хоногт талбайн шүүгчийн биед халдсан, нэгнийгээ газар шидсэн ёс зүйгүй үйлдлүүдэд ямар хариуцлага хүлээлгэсэн бэ?

-Энэхүү тохиолдол манай лигт болж байгаагүй. Шүүгчийн биед халдах бол олон улсын хэмжээнд хамгийн хүнд шийтгэлтэй, аль ч спортын төрөлд хатуу шийтгэлтэй байдаг. Учир нь шүүгчийн шийдвэр эцсийнх байдаг. Олимп, Дэлхийн аварга, бусад улсуудын дотоодын лигүүдэд гурваас дөрвөн жил хүртлэх хугацаагаар тоглох эрхийг нь хасах тохиолдлууд бий. Шүүгчийн биед халдсан нь ямар ч тохиолдолд байж болохгүй том ёс зүйн алдаа. Тухайн тамирчин мэргэжлийн зөвлөл, ажлын хэсгийн хурлын шийдвэрээр 2026 он хүртэл  лигт тоглох эрхээ хасуулсан. Энэхүү үйл явдал нь харамсалтай байлаа. МСБХ-ны зүгээс ийм алдааг дахин давтуулахгүй байх тал дээр анхаарна.

Харин бид эсрэг багийн тамирчнаа авч шидсэн тоглогчийг хоёр тоглолт өнжүүлэх шийдвэр гаргасан. Сагсан бөмбөг нь өөрөө маш их контактай спорт. Хасагдах шатны тоглолтууд болж байгаа үед тоглолт өнжүүлэх гэдэг бол маш хатуу шийтгэл. Хасагдах шатны тоглолтуудад энэ мэт азаартах тохиолдолууд байдаг. Хичнээн өрсөлдөөн, тэмцэл байгаа ч гэсэн дайн байлдаан биш.

-Мөнгөн торгуулийн хэлбэр байдаг уу?

-Сануулах, мөнгөн торгууль, тоглолт өнжөөх гэсэн шатлалтай хариуцлагын хэлбэрүүд байдаг. Мэргэжлийн зөвлөл хуралдаж шийдвэр гаргадаг. Шаардлагатай үед ажлын хэсэг, ёс зүйн зөвлөл хамтран хуралдаж шийдвэрээ гаргадаг. Шүүгчид гар хүрсэн зөрчилд мөнгөн торгууль оногдуулаагүй. Мөн FIBA-гийн дүрмээр ямар ч тохиолдолд сэлгээний тоглогчид талбай руу орохыг хатуу хориглодог. Талбай руу орж ирсэн зарим тамирчдад мөнгөн торгууль, зарим тамирчдад мөн сануулах арга хэмжээ авсан.  Аливаа баг тоглогчидтой байгуулсан гэрээнийхээ дагуу цалингаас нь хасах арга хэмжээ ч авах тохиолдлууд ч байдаг.

-Бусдыг доромжилдог, олон нийтийг турхирдаг хөгжөөн дэмжигчидтэй МСБХ-ны зүгээс ямар арга хэмжээ авдаг вэ?

-Лигийн ордны хамгаалалтын албанаас ҮДЛ-ийн тоглолт үзэх эрхийг нь хасдаг.Ямар үйлдэл хийснээс хамаараад ямар хугацаанд эрх хасагдах нь тодорхойлогдоно. Энэ нь олон нийтийн эмх замбараагүй байдал үүсгэх эрсдэлтэй учир цагдаагийн байгууллагатай ч хамтарч ажилладаг. Багаа, дуртай тоглогчидоо ихэнхи үзэгчид маань соёлтой дэмждэг болсон. Учир нь сагсан бөмбөгийг гэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ, хосоороо зорин ирж үздэг соёл хэвшиж байна.  Залуучууд, хосууд болздог, хүүхдээ дагуулан ирж үзэн чөлөөт цагаа хамтдаа өнгөрөөх хамгийн тухтай газар Үндэсний дээд лиг болсон. Энэ хэрээрээ ч залуучууд соёлтой үзэж дэмжиж байгаа.

Бидний зүгээс багууд, тамирчид болон шүүгчдэд чиглэсэн сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Улирлын тоглолтууд эхлэхийн өмнө допинг, хориотой бодисоос сэргийлэх, бооцоот тоглоомоос сэргийлэх сургалтуудыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Үүнээс гадна бүгд тэгш эрхтэйг сануулан уриалсан “One Basketball” компанит ажлыг ҮДЛ-ээс эхлүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Цэнгүүн: Өвөө маань одоо ч намайг “мэлхий сэлэлтээ” сайн сур гэдэг DNN.mn

Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн хошой аварга, “Күнз” сургуулийн 6.1 ангийн сурагч М.Цэнгүүнтэй ярилцлаа. Түүний өвөө Ш.Даваадорж болон М.Цэнгүүн нар нэгдүгээр сард болсон мөстэй усан сэлэлтийн ДАШТ-ээс дөрвөн алтан медальтай ирсэн юм.


-Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хаана, ямархуу болж өнгөрөв?

-Тэмцээн маань АНУ-ын Вашингтон хотод зохион байгуулагдсан. Тэмцээны өдөр гадаа нэмэх найман градус байсан. Би сэлэх усаа 15 градус хэм гэж бодож байсан. Гэвч сэлэх үед маш хүйтэн санагдсан, өмнөх жилийн уснаас илүү хүйтэн шүү. Учир нь өвөө бид хоёр усны температурыг фаренгейтаар хэмжиж байгааг мэдээгүй. Бид хоёр “за яах вэ, 15 градус тийм ч хүйтэн биш” гэж эндүүрсэн. Тиймээс сэлсэн ус маань гурван хэмтэй буюу өмнөх жилийн уснаас илүү хүйтэн байв.

-Хэдэн орноос хүүхдүүд ирж оролцсон бэ?

-Зургаан улс, АНУ-ын есөн мужаас хүүхдүүд ирж оролцсон. Өмнө жил би өвлийн усан сэлэлтийн төрөлд өрсөлдөөд түрүүлсэн харин энэ жил мөстэй усанд сэлэлтийн төрөлд өрсөлдсөн. Энэ жил сэлэхдээ далайн ус биш бассейны цэнгэг усанд сэлсэн. Үүний ялгаа нь юу байдаг вэ гэхээр цэнгэг ус нь далайн уснаас илүү хүйтэн байдаг. Усны хэм ялгаагүй зааж байгаа ч биед мэдрэгдэх хүйтэн  илүү байдаг. Мөстэй усанд сэлэлт илүү хүйтэн байдаг. Өмнөх дэлхийн аварга дээр би далайд сэлсэн. Далайд сэлэх үед сэлж байгаа хурдаасаа таван секундээр ч юм уу харьцангуй удаан сэлдэг. Өмнө жил таван градус усанд сэлэхэд хүйтэн санагдаагүй  харин энэ жил гурван градус усан сэлэх надад эрс хүйтэн санагдсан.

-Олон орны найзуудтай болж байна уу?

-Манай сургуульд англи хэл сайн заадаг, таван өдрөөс дөрвөн өдөрт нь англи хэл заадаг болохоор тэмцээний үеэр гадаад найзуудтай болдог шүү. Би 15 хүртэлх насны ангилалд оролцдог болохоор олон эгч нартай танилцдаг.

-Өөрөөсөө эгч хүүхдүүдтэй уралдаад мундаг юм аа. Хэдэн настайгаасаа усан сэлэлтээр хичээллэж байна?

-Би таван жилийн өмнө усан сэлэлтээр анх хичээллэсэн. Тэр цагаас хойш усан сэлэлтээр тогтмол хичээллэж байна. Анх хөвүүргүй сэлсэн мөчөө тод санадаг. Яг живэх гэж байгаа юм шиг санагдаж байж билээ. Зуны амралтын үеэр Тэрэлжид их усанд сэлдэг байсан. Өвөө тогтмол сэлдэг болохоор би дагаад сэлэх боломжтой.

-Бэлтгэлээ яаж хийдэг вэ. Хэн дасгалжуулдаг вэ?

-Надад сэлэлтийн арга техникийг өвөөгөөс өөр хэн ч заагаагүй. Тиймээс манай өвөө их мундаг байгаа биз. Ихэвчлэн өвөөгийн шавь нартай хамт бэлтгэлээ хийдэг. Бэлтгэлийн хувьд өдөрт эхлээд 500 метрт мэлхийгээр сэлдэг. Дараа нь 500 метрт ачаатай сэлнэ, сүүлийн 500 метрт гарандаа хөвдөг салбар барьж байгаад хөлний дасгалаа хийдэг. Тиймээс өдөрт нийт нэг километр 500 зуун метрт сэлдэг гэсэн үг. Өвөө байхгүй өөр хүнтэй бэлтгэл хийх үед тоглосоор байгаад л цаг дуусдаг даа. Нэг удаа өвөөгийн шавьтай хамт бэлтгэл хийсэн чинь бид хоёр усанд тоглосоор байгаад уснаас гарч ирсэн(инээв). Сонин зүйл хэлэхэд би зөвхөн мэлхий сэлэлтээр сэлдэг. Маш олон удаа чөлөөт сэлэлт заагаад өг гэж өвөөгөөс гуйсан боловч өвөө маань одоо ч намайг мэлхий сэлэлтээ сайн сур гэдэг. Ирэх гуравдугаар сард тэмцээнтэй түүндээ бэлтгэлээ базааж байгаа.

-Усан спортын тамирчид дэглэм барьдаг уу?

-Хоол идээд нэг цагийн дараа бассейнд орох нь дээр байдаг. Тэгэхгүй бол огих эрсдэлтэй. Манай өвөө намайг хэдэн цагаас сэрэх, хэдэн цагт өглөөний цайгаа уух, хэдээс бэлтгэлээ хийхийг  цагийн хуваарийг маань зааж өгдөг. Надад онцгой хоолны дэглэм байхгүй гэхдээ чипс, хийжүүлсэн ундаа, шарсан төмс зэргийг идэж болохгүй. Гэхдээ чипс идэх хүсэл заримдаа төрдөг (инээв).

-Бэлтгэлдээ их цаг зарцуулаад хичээлээ хийх цаг зав гарч байна уу. Анги хамт олон, багш нь дэмждэг үү?

-Тавдугаар ангид маш онц сурдаг байсан. Одоо зургадугаар ангид хичээлүүд нэмэгдээд жаахан толгой эргэх шинжтэй шүү. Ангийн багш маань надад урмын үг их хэлдэг. Манай анги спортлог анги шүү.

-Усан сэлэлтээс өөр хоббитой юу. Ямар мэргэжилтэй болмоор байна?

-Би жижигхэн ноорог зургууд их зурдаг. Би эмээ шигээ эмч болохыг хүсдэг. Манай эмээг Саранчулуун гэдэг, ардын эмч цолтой, маш мундаг хүн бий. Эмч болоод хажуугаар нь усанд сэлэлтээрээ тууштай хичээллэх хүсэлтэй.

-Өвлийн усанд сэлэлтийн онцлог юу вэ?

-Өвлиийн усанд сэлэлтээр хичээллэдэг хүмүүс залуухан харагддаг. Тэмцээний үеэр хүмүүс өвөөг маань миний аав гэж их андуурдаг. “Танай аав хэдэн настай вэ. Танай аав хэдэн медаль авсан бэ” гэж надаас их асуудаг. “Манай аав биш өвөө байгаа шүү” гэж хэлэх үед хүмүүс “ийм залуухан өвөөтэй юм уу” гэж их гайхдаг. Мөн би нэг зүйлийг анзаарсан. Хүйтэн усанд сэлдэг болохоор гадаа хүйтэнд даардаггүй. Би сүүлийн таван жил хоёр, гурван удаа л ханиад хүрсэн.

-Гэр бүлийнхэн нь хэрхэн дэмждэг вэ. Ах эгч, дүүтэй юу?

-Гэр бүл маань намайг үргэлж тусалж дэмждэг. Саяны тэмцээнд ээж маань өвөө бид хоёртой хамт явсан. Би нэг эрэгтэй дүүтэй. Намайг гурван настай байхад дүү маань төрсөн. Нэг нууц хэлэхэд би заримдаа дүүгийнхээ гэрийн даалгаварыг хийчихдэг байсан. Манай дүүгийн ангийнх нь багш миний бичгийг хүртэл таньдаг болчихсон гээч (инээв). Сүүлийн үед дүү маань гэрийн даалгавраа мундаг хийдэг болсон. Одоо нэг хөөрхөн охин дүүтэй болмоор байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Мөнхжин: Хүн мэдэхгүй зүйлээсээ айж түгшдэг DNN.mn

Өнөөгийн нийгэмд иргэд олон хүчин зүйлээс шалтгаалж түгшүүртэй амьдрах болжээ. Түгших эмгэгийн тухай сэтгэл судлаач А.Мөнхжинтэй ярилцлаа.


-Түгших эмгэг гэж юу вэ?

Түгших айдас гэдэг бол энгийн үгээр сэтгэл тавгүйрхэх, аюулаас сэргийлэх мэдрэмж юм. Түгших айдас дангаараа гэхээс илүү бусад эмгэгтэй хавсарч илэрдэг. Дийлэнх сэтгэцийн эмгэгийн суурь шалтгаан бол сэтгэл түгшилтийн асуудалтай холбоотой. Сэтгэл түгшилтийн тухай ярихын тулд бид эхлээд түгшүүр гэдэг ойлголтыг ярих хэрэгтэй. Түгшүүр гэдэг ойлголт бол гаднын өдөөгчид үзүүлж байгаа хариу үйлдэл. Тухайн хариу үйлдлээсээ хүн айдас, сөрөг болон тухгүй мэдрэмж авч байгааг түгшүүр гэдэг. Өдөөгчид хариу үйлдэл үзүүлж байгаа нь тухайн хүн айдастай байгааг илэрхийлж байна гэсэн үг.

-Тэгвэл түгшүүр гэж юу вэ?

-Түгшүүр гэх ойлголт хоёр янз. Нэгдүгээрт бодит буюу химийн түгшүүр. Химийн түгшүүр бидний өдөр тутмын амьдралд тохиолддог. Тухайлбал, оюутнууд шалгалтаас, харин оффисын ажилтан чухал илтгэл, тайлангийн өмнө түгшүүрийн мэдрэмж авдаг гэх мэт. Яагаад гэвэл түгшиж байгаа шалтгаан нь тодорхой. Эрүүл амьдралд байх ёстой сэтгэл хөдлөл явагдаж байна гэсэн үг. Хоёрдугаарт, невротик түгшүүр юм. Өдөөгч нь тодорхойгүй, хаанаас ямар шалтгаанаас түгшүүр үүсэж байгааг тодорхойлоход бэрх. Өдөөгч хүчин зүйл байгаа ч түүнийг анзаарахад хэцүү юм. Энэхүү шинж тэмдгийг ужгарсан түгшүүр гэж нэрлэдэг. Үүний шалтгаан нь урт хугацааны стресс. Стресс нь депрессийн хэмжээнд хүрэх, мэдрэлийн ядаргаа, зарим тохиолдолд бусад эмгэгтэй хавсарч үүсдэг.

-Түгших айдас хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Жишээ нь, сэтгэцийн эмгэгийн салбарт дэмийрэл буюу эмгэг бодол санаа гэж байдаг. Паранойд буюу хардах бүлгийн дэмийрэл, өөрийгөө буруутгах, аугаа ихийн дэмийрэл гэх мэт эмгэгүүд үүсээд эхэлдэг. Хардах гэдэг нь хэн нэгэн өөрт нь аюул занал учруулах гээд байна гэх болгоомжлох айдсаас үүдэлтэй байдаг. Түгшүүр өөрөө болгоомжлох айдсаас бий болдог. Хүн юунаас түгшдэг вэ гэхээр хүн мэдэхгүй зүйлээсээ айж түгшдэг. Жишээлбэл, шалгалтандаа сайн бэлдсэн оюутанд түгшүүр үүсэхгүй. Шалгалтандаа бэлдээгүй оюутанд бол шууд түгшүүр үүсдэг учир нь мэдэхгүй зүйлийг нь багш асуух гэж байна шүү дээ. Түгшүүрийн тухай хамгийн тод жишээ нь “Ковид-19”.

Тухайн үед дэлхий нийтээрээ түгшүүрт автсан. Яагаад вэ гэхээр “Ковид-19” халдварт өвчин нь шинэ төрлийн халдварт өвчин байсан. Хүмүүс энэхүү өвчний тухай ямар ч мэдлэг мэдээлэлгүй байлаа. Халдвар авсан тохиолдолд эмчилгээ авч чадалгүй үхэх эрсдэлтэй, эмчлэх эм, вакцин байгаагүй болохоор хүмүүс түгшүүрт автсан. Хүмүүс аливаа үйл явдлын сөрөг талыг өнгөцхөн хүлээж авдаг. Үүний үр дүнд тухайн зүйлийн талаар бодит бодолгүй мэдээлэлгүй байдаг. Сэтгэл хөдлөлд тулгуурласан бодол санаа нь сэтгэл түгшилтийн үндэс.

-Өөр нийгмийн хүчин зүйлсээс үүсэх боломжтой юу?

-Хүүхэд насны трауманаас үүдэлтэй түгшил мөн байдаг. Таагүй дурсамжийг өөрөөсөө чөлөөлж, салж чадаагүй тохиолдолд тэр дурсамж нь хүний ухамсарт бус сэтгэц рүү нэвтэрдэг. Энэ нь хүний түгшүүрлэхэд хүргэдэг. Практик амьдрал дээрээ чанга дуу чимээнээс, амьтнаас айдаг хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүс хүүхэд насандаа чанга дуу чимээ, амьтан холбоотой таагүй дурсамжтай. Жишээлбэл, багадаа нохойнд хазуулж байсан бол нохойноос айх түгшүүртэй байна гэсэн үг. Гэмтлийн дараах сэтгэл гутралын үед сэтгэл түгшилт гэдэг зүйл үүснэ. Хүчтэй осол аваар, гэмтэл авсан шалтгааныг нь санагдуулам өдөөгч байгаа тохиолдолд сэтгэл түгшилт үүсдэг.

-Түгших айдсаас хэрхэн ангижрах вэ?

-Сэтгэл, мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлээд сурчихсан хүмүүс сэтгэлзүйчид хандах тохиолдол өндөр байдаг. Харин манай нийгмийн ихэнх хүмүүс мэдрэмжээ нуун дарагдуулах хандлагатай. Нийгэм соёлын онцлог юм. Учир нь монголчууд нүүдэлчин ард түмэн байсан болохоор нийгмийн харилцаанд харьцангуй бага ордог байсан. Монгол хүний хувь хүний онцлог нь мэдрэмжээ илэрхийлж сураагүй байдаг. “Эр хүн уйлж болохгүй, өөрөө унасан хүүхэд уйлдаггүй” гэх эдгээр үгс нь хүнийг зоригтой, тэвчээртэй байхад сургаж байгаа ч нөгөө талаасаа хүнийг мэдрэмжээ илэрхийлэхэд хааж боогдуулаад байдаг. Хүн мэдрэмжээ илэрхийлж, хүлээн зөвшөөрч чадахгүй бол тэр нь ужгарсаар түгшүүрийн төрлийн эмгэг үүсгэх шалтгаан болдог. Иргэд өөрийнхөө мэдрэмжийг чөлөөтэй илэрхийлж сурах хэрэгтэй.

-Хүүхдийг түгших айдастай болохоос эцэг эхчүүд хэрхэн сэргийлэх вэ?

-Хүүхдийн хүмүүжлийн асуудалд хүүхдийн нас зүйн онцлогийг анхаарах хэрэгтэй. Хүүхдийн зан төлөв өсвөр насанд хүрэх хүртлээ харьцангуй тогтвортой байдаг. Өсвөр насандаа хүүхдүүд өөрийгөө илэрхийлэх, батлах, мэдрэмжээ илэрхийлэх хэрэгцээ маш их байдаг. Харин эцэг эхчүүд хүүхдээ өөрсдийн шаардлагад нийцүүлэх гэж хүүхдийнхээ бодол санаа, мэдрэмжийг сонсолгүй хаалт тавьчихдаг. Хүүхэд мэдрэмжээ, тулгамдаж байгаа асуудлаа ярилцах гэж оролдох үед сонсдоггүй.

Энэхүү үйлдэл нь хүүхдээ үл хайхарч байна гэсэн үг. Хүүхэд эцэг эхдээ мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлээд идэвхтэй харилцаа үүсгэж байна гэдэг тэдний дундах ээнэгшил бат байна гэсэн үг. Харилцаа дутмаг байгаа тохиолдолд мэдрэмжээ нуудаг. Хүүхэд асуудалд орлоо гэхэд ээж ааваасаа нууна. Хамгийн ойр дотны хүмүүсээсээ нууж байна гэсэн үг. Насанд хүрсэн хойноо асуудалд орлоо гэхэд түүнийгээ нуудаг болно. Хорт хавдартай хэрнээ гэр бүлийнхэнээс нуудаг хүмүүс байдаг шүү дээ.

Н.Нарванчин

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Бэхбат: Нүдээр, гараар үнэт эдлэл жинхэнэ эсэхийг тогтоох боломжгүй  DNN.mn

Өчигдөр “Мөнгөн завьяа” худалдааны төвд СЗХ болон Стандарт, хэмжил зүйл газрын сорьцын хяналтын газраас тухайн төвд худалдан борлуулж буй эрдэнийн чулуу, үнэт эдлэлүүдэд сорьцын баталгааны тэмдэг дарагдсан эсэхийг хяналаа. Мөн мөнгөн аягыг стандартын дагуу үйлдвэрлэсэн эсэхийг нягтлах, иргэдэд хуурамч бараа, бүтээгдэхүүн авахаас сэргийлэх заавар зөвлөмж өгөв.


Ямар төрлийн хяналт хийгдэж байна вэ?

-Бүх хэмжих хэрэгсэл заавал баталгаажуулалтад хамрагдсан байх ёстой. Иргэд, худалдаа эрхлэгчид дунд хамгийн түгээмэл асуудал бол жингийн асуудал байдаг. Үнэт эдлэлийн худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд нарийвчлал өндөртэй жин ашиглах ёстой. Худалдаа эрхлэгчид стандартад нийцсэн жин ашиглаж байгаа эсэхэд хяналт шалгалт өнөөдөр хийгдэж байна. Өнөөдөр нийт “Мөнгөн завьяа” худалдааны төвд 80 гаруй худалдаа эрхлэгчид үйл ажиллагаа явуулж байна. Бид “Мөнгөн завьяа” худалдааны төвийн зохион байгуулагчид болон удирдлагуудтай уулзалт хийж байна. Бид хэд хэдэн асуудлын хүрээнд ярилцаж байна. Нэн тэргүүн худалдааны жин баталгаажсан байх ёстой. Жин баталгаажуулах ажил дээр Стандарт хэмжил зүйн газрын улсын шалгагч нар ажиллаж байна.

Худалдаа эрхэлж байгаа түрээслэгчид хууль эрх зүйн талаарх мэдлэг боловсрол дутмаг байгаа бол бидний зүгээс мэдлэг мэдээллийн сайжруулах чиглэлээр хамтарч ажиллаж болох тухай хэлэлцэж байна. Нийтлэг зөрчлийг арилгах зорилгоор албан шаардлага хүргүүлэх юм.

Иргэд гараар бариад, нүдээр хараад хуурамч барааг таних боломжтой юу?

-Өргөн хэрэглээний үнэт эдлэлүүд жинхэнэ, хуурамч эсэхийг олж тогтоох уламжлалт аргууд байдаг. Тухайлбал мэдрэхүйн эрхтнээ ашиглаж, шүлсээрээ норгож, гараараа имэрч гэх мэт. Гэхдээ өнөө үед үнэт металлын чанарыг хүн нүдээр хараад мэдэхгүй, гараараа бариад мэдрэхгүй. Хуурамч, жинхэнэ бүтээгдэхүүнүүдийг ялгах боломжгүй учраас баталгаажсан бүтээгдэхүүн авах хэрэгтэй. Бүрмэл мөнгөн аяганд цул мөнгөн аяганы өртөг төлөх ёсгүй.

Хуурамч бараа авсан иргэд хаана хандах ёстой вэ?

-Нэн тэргүүнд сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Стандарт хэмжил зүйн газарт хандах ёстой. 1800-2525 гэсэн утсаар санал гомдол тогтмол хүлээн авч байна. Хяналт шалгалт хийж байгаа гол зорилго бол хэрэглэгчийг хохирогч болохоос өмнө урьдчилан сэргийлэх зорилготой юм. Энэхүү үйл ажиллагаагаар бид иргэд худалдан авалт хийхдээ анхаарах ёстой зүйлсийг мэдээлж байна. Нэгдүгээрт, сорьцын баталгаатай бараа бүтээгдэхүүн ав. Хоёрдугаарт, эрдэнийн чулууны ангилалд багтаж байгаа бүтээгдэхүүн авахдаа “Эрдэнийн чулууны гэрчилгээ”-тэй бараа сонгож авах хэрэгтэй. Сорьцын баталгааны тэмдэг дарагдсан эсэхийг буюу сорьц тогтоох шинжилгээний бичгийг худалдан авагч шаардах эрхтэй.

Дутуу сорьцтой бол яах вэ?

-Сорьц гэдэг зүйл маань үнэт металлын агуулга дээр яригддаг хэмжигдэхүүн юм. Үнэт металлаар хийсэн эдлэлийн чанар байдлыг илэрхийлж байгаа гол үзүүлэлт. 999 гэдэг бол тухайн үнэт металлын хальсийг 1000 нэгж гэж үзэх юм бол 999 нэгж нь алт байх ёстой. 999 сорьцтой гэж зарчиад 999-ээс доош сорьцтой байх юм бол худалдан авч байгаа хүндээ хохиролтой юм. Үүнээс сэргийлэх зорилгоор бид энэхүү хяналт, шалгалтыг хийж байна. Сорьц баталгаагүй байна гэдэг сорьцдоо хүрээгүй байна гэсэн үг. Үнэт эдлэл худалдан борлуулах үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрөл шаарддаг. Тиймээс иргэд худалдан авалт хийж байгаа бол үйлдвэрлэгчийн барааны тэмдэг, сорьцын баталгааны тэмдэгтэй бүтээгдэхүүн авах хэрэгтэй.

Сорьцыг ямар байгууллага баталгаа жуулдаг вэ?

-Засгийн газрын тохируулагч агентлаг, стандарт хэмжил зүйн газрын харьяа Сорьцын хяналтын газар баталгаажуулдаг. Үнэт металлын сорьц тогтоох лаборатори болон эрдэнийн чулууны лаборатори баталгаажуулдаг.

-Хуурамч үнэт эдлэл зарсан тохиолдол 2023 онд хэд бүртгэгдсэн бэ?

-Иргэдийн санал гомдолын дагуу 69 иргэн, 34 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийсэн. Зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжид нийт 55 зөвлөмж, албан шаардлагыг зохих журмаар өгсөн. Иргэдээс ирсэн гомдлыг бид барагдуулах, нягтлах шалгах чиглэлээр ажиллаж байна. Хэрэглэгч худалдаж авсан бараа бүтээгдэхүүнийхээ тухай санал гомдол гаргаж байгаа бол авсан газар тодорхой байх ёстой. Буцах хаягтай, буух эзэнтэй газраас худалдан авалт хийсэн тохиолдолд бид иргэний санал, гомдлыг шийдвэрлэхээр ажиллах боломжтой. Харин гудамжнаас, гар дээрээс буюу үнэт эдлэл худалдаалах зөвшөөрөлгүй газраас хуурамч үнэт эдлэл авсан тохиолдолд бидний зүгээс шийдвэрлэх боломжгүй.

-Импортын бүтээгдэхүүн ямар стандарт мөрдөх вэ. Тухай импортолсон улсын сорьцын гэрчилгээ монголд хүчинтэй юу?

-Импортын үнэт эдлэлд Монгол Улсын сорьцын хяналтын дүрэм журам хэрэгжинэ. Заавал баталгаажуулах ёстой. Өнөөдрийн байдлаар бид “Мөнгөн завьяа” худалдааны төвд худалдаа хийж байгаа хүмүүүст импортын 380 орчим ээмэг, зүүлтээ сорьцын баталгаанд хамруулах шаардлага тавилаа. Тиймээс сорьцын баталгаанд хамрагдах хүртэл эдгээр барааг худалдан борлуулах эрхгүй болж байгаа юм.

-Нэг үнэт эдлэлд хэдэн баталгаажуулсан баримт шаардаж байна?

-Мөнгөн эдлэл дээр зургаан талтай тэмдэглэгээ дарагдсан байх ёстой. Жишээлбэл энэхүү мөнгөн аяга дээр сорьцын баталгааны тэмдэг дарагдсан байна. Энэхүү хоёр тэмдэглэгээний нэг нь үйлдвэрлэгчийн барааны тэмдэг. Үйлдвэрлэгчийн барааны тэмдэг гэдэг бол оюуны өмчийн газраас олгогддог тэмдэг. Хэн нэгэнтэй давхцах боломжгүй. Хэн үйлдвэрлэсэн гэдэг нь тодорхой болж байна гэсэн үг. Дараа нь Стандарт хэмжил зүйн газраас химийн шинжилгээ хийгээд сорьц нь 999 гэдгийг баталгаажуулж байгаа юм. Энэхүү хоёр тэмдэглэгээ дарагдсан бүтээгдэхүүнийг сорьцын баталгаатай гэсэн үг. Өөрөөр хэлбэл мөнгөн эдлэл биш эдлэл дээр бид баталгааны тэмдэг тэмдэглэгээ дарах боломжгүй юм. Мөнгөн эдлэл биш бол химийн шинжилгээ хийх боломжгүй байдаг. Сорьцын баталгааны тэмдэгийг зөвхөн зохих шаардлага хангагдсан бүтээгдэхүүн дээр дардаг.

-Мөнгөн аяга ямар стандарттай вэ?

-2015 онд мөнгөн аяганы стандарт батлагдсан. Тагшны хэмжээ, мөнгөн металл орох орцны хэмжээ аяганы хэмжээнээс хамаараад бүгд өөр. Бүрмэл мөнгөн аяганы дотрыг MNS 3477 стандартад заасан 999.0 сорьцтой мөнгөөр, суурийг М3 925, 875, 835, 800 сорьцтой мөнгөний хайлшаар үйлдвэрлэх ёстой.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Мөнхтөр: Цагаан сарыг Шаньюйгийн үеэс тэмдэглэж ирсэн DNN.mn

Цагаан сарын утга учир, мөн чанар болон хэрхэн ширээ засах, ууц тавих ёсны тухай ШУА-ийн Түүх, угсаатан зүйн хүрээлэнгийн судлаач Ч.Мөнхтөртэй ярилцлаа


-Цагаан сарыг монголчууд хэзээнээс тэмдэглэх болсон бэ?

-Цагаан сар бол төрт ёсны уламжлалт баяр ёслол юм. Өнөө үед иргэд зөвхөн ахмадуудад зориулагдсан баяр гэх буруу ташаа ойлголттой байх боллоо. Хүннүчүүдийн үеэс тэмдэглэж ирсэн баяр. “Хүннүгийн шастир” хэмээх түүхэн тэмдэглэлээс уншвал Шаньюйгийн үеэс Цагаан сар тэмдэглэдэг байсан. Их Монгол Улсын үед мөн тэмдэглэдэг байсан юм. Тухайлбал Хубилай хааны ордонд Цагаан сарын ёслолыг маш өргөн хүрээнд хийдэг байжээ. Ёслолыг хамгийн ахмад настай хүн удирддаг байлаа.  Тухайн цаг үедээ засаглалаа бэхжүүлж байгаа хэлбэр юм.

-Цагаан сарыг яагаад заавал тэмдэглэх ёстой вэ?

-Цагаан сарын өргөн тэмдэглэхийг зогсоох оролдлого Социализмын үед гарсан. ЗХУ-ын зүгээс хэрэгжүүлж байсан зүйл юм. 1940 оны сүүлчээс 1950 оны эхэн хүртэл эрчимтэй оролдлогууд хийдэг байсан. Тухайлбал Маршал Чойбалсангийн шарилыг нь яг Цагаан сарын шинийн нэгний өдөр авч ирсэн байдаг. Тиймээс Монгол Улс даяараа Цагаан сар тэмдэглээгүй юм. Цагаан сарын үнэ цэнийг бууруулах энэ мэт оролдлогууд байсан. Тиймээс тусгаар улс гэдэг нэгэн илэрхийлэл нь өөрөө үндэсний хэмжээний энэхүү баяр юм.

-Цагаан сарын утга учир, үнэт зүйл нь юу вэ?

-Цагаан сар бол бид тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэдгийн илэрхийлэл. Бид өөрсдийн гэсэн соёл, уламжлалтай гэдгийг сэргээж, идэвхжүүлж өгч байдаг юм. Энэхүү баяр бүх зүйлийн шинэ эхлэл. Цагаан сар зөвхөн хүн баярладаг баяр биш. Таван хошуу мал, нохой, уулс ус, хангай дэлхийгээ хүртэл монголчууд баярлуулж байгаа юм. Тухайлбал битүүнд нохойны идүүр буюу хишгийн хүрээг дүүрэн байлгаж баярлуулж байна. Зарим монголчууд гэртээ ууган хургаа оруулж ирээд ууган хурганы дөрвөн туурай, магнайг сүүгээр, шар тосоор мялаадаг. Говь нутгийнхан  шинийн нэгний өглөө буураа мялаадаг. Буурныхаа горьхноос улаан цацаг уядаг жишээтэй. Тэр орчинд байгаа бүх зүйлс баярлаж байгаа юм. Зарим аймагт шинийн хоёронд айл хэсдэггүй.

-Монголчууд баярын ширээгээ яаж засах нь зөв зохистой вэ?

-Монголчууд энэ тухай сүүлийн үед их талцах болсон. Үндэс, угсааны ялгаа үүн дээр харагдаж байгаа юм. Түүхэндээ Цагаан сараар айл өрх бүр том ууц, өвчүүгээр ширээгээ чимэглэдэг байгаагүй. Мэдээж зарим өрх айлууд ууцаар ширээ чимдэг байсан. Гэхдээ өнгөрсөн зун бид Завхан аймгийн Яруу суманд хээрийн судалгаа хийлээ. 7093 насны ахмадууд хэлэхдээ “Бидний бага насанд Цагаан сараар ууц, өвчүү ширээндээ тавьдаг байгаагүй. Гэхдээ Бурханы өмнө хонины толгой, хонгодой, шаант зэргээр идээ засдаг байсан” гэсэн юм. Өмнөговьд хийсэн судалгаанд эсрэгээрээ бүгд ууцаар ширээгээ засдаг байх жишээтэй. Юу байна, түүгээрээ л дайлдаг байсан юм. Америкийн талархлын баярын ширээний онцлог нь цацагт хяруул байдаг шиг. Бидний баярын ширээний гол онцлогийг тодотгох зүйл яах аргагүй ууц, өвчүү мөн юм.

-Цагаан сараар бэлэн мөнгө өгдөг, авдаг соёл хэзээ дэлгэрсэн бэ?

-Монголчуудад эртнээс зочин хүний гарыг дээш нь харуулах, гар цайлгах гэдэг уламжлал байсан. Гэхдээ зуун жилийн өмнө учиргүй бэлэн мөнгө өгдөг байгаагүй. Монголчууд Цагаан сарын бэлгэнд дугуй боов, ёотон өгдөг байсан. Бэлэг гэдэг бол хүний сэтгэлийн зүйл байдаг. Татвар шиг тоо хэмжээ заадаггүй. Түүхэндээ монголчууд Цагаан сараар бэлэг өгдөг байсан, өгөх ёсгүй гэж хэлэх ямар ч боломж байхгүй.

-Монголчуудын буруу хийх болсон ёс байдаг уу?

-Хэвийн боов хаях ёс зүйгүй үйлдэл байна. Зарим иргэд хог дээр хаядаг зүйлд мөнгө зарах шаардлагагүй гэх мэт бүдүүлэг хандлагатай. Цагаан сарын идээг ахмад настай хүмүүс үр хүүхэд, ахан дүүстээ хувь болгож тараадаг уламжлал байдаг. Тэр уламжлал мартагдах хандлагатай байгаа нь харамсалтай.

-Зарим иргэд Цагаан сар санхүүгийн дарамт үүсгэдэг тул тэмдэглэхгүй гэдэг. Энэ талаарх таны бодол?

-Цагаан сар тийм ч их өртөгтэй баяр биш. Хүн нэг дээлээ хоёр жил өмсөх нь нүгэл биш. “Хурын хувцас олддоггүй, хуримын хувцас олддог” гэдэг ардын үг байдаг. Монголчууд нэгэн бодлын нэрэлхүү ард түмэн. “Та өнгөрсөн жил өмссөн дээлээ энэ жил ахиад өмсчихжээ” гэж хэн ч хэлэхгүй шүү дээ. Өөрсдөө тэгж ургуулж бодоод байдаг. Зээлээр баяр тэмдэглэх шаардлагагүй. Хэн ч дүн тавихгүй. Гэр бүлтэйгээ, төрөл садантайгаа цагийг хамтдаа өнгөрөөх нь хамгийн чухал юм.