Мах боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэх улсын (ахлах) байцаагчийн дүгнэлттэй 49 үйлдвэрийн дүгнэлтийг цуцаллаа. Эмээлтийн махны үйлдвэрүүд ихэнх нь улирлын шалтгааны улмаас одоогоор үйл ажиллагаа явуулахгүй байна. Эмээлтэд байрлалтай махны үйлдвэрүүд болон тэнд үйлдвэрлэгдсэн, боловсруулагдсан махнууд хаашаа нийлүүлэгддэг талаар үйлдвэрийн төлөөлөлтэй ярилцлаа. (Тэрээр нэрээ нууцлахыг хүсэв).
-Танай үйлдвэр одоогоор ямар үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагаа явуулах эрхийг нь хаасан, хориглосон зүйл байгаа юу?
-Би өөрөө малын мах худалдах, борлуулах салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Манай компанийн хувьд монгол эзэнтэй, монгол ажилчидтай. Орос, Хятад, Турк, Солонгос зэрэг орнууд руу малын мах экспортолдог. Заримдаа хувь хүн, албан байгууллагын хүсэлтээр мал бойлох үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн 11 дүгээр сард явуулсан хяналт шалгалтаар ямар нэгэн зөрчил, асуудал гараагүй. Бүх үйл ажиллагаа маань стандартын дагуу явагдаж, татвараа ч ном журмын дагуу төлдөг. Манай үйл ажиллагааг хааж, хориглосон зүйл байхгүй, одоогоор хөлдөөгч зэрэг тоног төхөөрөмжиндөө засвар үйлчилгээ хийгээд ирэх саруудын бэлтгэл ажлаа базааж байна.
-Эмээлтийн махны үйлдвэрүүд чанар, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй, махыг угаадаг зэрэг асуудал гарсан шүү дээ?
-Нэгдүгээрт, миний мэдэхээр Эмээлтэд цөөн хэдэн махны үйлдвэр л монгол эзэнтэй. Бусад нь ямар нэг гадаад хүний санхүүжилттэй. Монгол хүн бол мэдээж мах угаахгүй, угаасан мах идэхгүй. Харин тэдгээр гадаад удирдлагатай үйлдвэрүүд махыг усанд хийж хонуулаад, усыг нь дахин солих замаар цэвэрлэдэг бололтой байдаг.
-Тэгэхээр та мах угаадаг гэдгийг үгүйсгэхгүй байна уу?
-Тийм ээ, гэхдээ манай үйлдвэр гэхэд тийм үйл ажиллагаа явуулдаггүй. Малын махыг бид угаадаггүй. Зарим нэг хятад эзэнтэй, гадаад эзэнтэй газрууд угаадаг байх.
-Тэдгээр газрууд хот руу мах нийлүүлдэг үү?
-Чи нэг төсөөлөөд үз. Монгол Улсад махны бизнес хийж байгаа хятад хүний оронд өөрийгөө тавиад үзээрэй. Хятад наймаачин монголчуудаас мах аваад монголчуудад буцааж зарах тийм тэнэг байх уу даа. Тэд манайхны худалдаачид, наймаачдаас нэг кг махыг найм орчим мянган төгрөгөөр аваад, хил гаргаад нэмүү өртөг шингээгээд 16000, 17000 төгрөгөөр зарж байгаа хүмүүс. Тэдэнд “Хүчит шонхор” захын худалдаачидтай зэрэгцэж мах зарах ч юм уу, гуанзны газарт мах нийлүүлэх ямар ч шаардлага байхгүй. Олигтой ашиг ч олохгүй. Их хэмжээний мөнгө зарчихсан гадаад хүмүүс гадаадад зарж сайн ашиг хийхээ бодохоос биш юу гэж “Хүчит шонхор” дээр зарж 100 төгрөг унагаахыг бодох юм. Тэдгээр хүмүүс Монголд нэг ширхэг ч мах зарахгүй. Эмээлтийн гадаад эзэнтэй махны газрууд бохир мах үйлдвэрлэдэг байлаа гэхэд ширхэгийг ч Монголд зардаггүй. Хятадын хөрөнгө оруулалтай газрууд айгаад юм дуугарахгүй байх нь аргагүй юм даа. Та нарыг ийм зүйл нийтэлвэл ч бас хужаагаас мөнгө авчихсан байна гэх хүмүүс дээ, нийгмийн хар масс.
-Тиймээс хоолны газруудыг чанаргүй мах хэрэглэдэг гэж сэрдэх нь үндэслэлгүй байх нь ээ?
-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа ямар ч хоолны газар чанаргүй мах, аль эсвэл хүмүүсийн хэлдгээр үхсэн малын мах хэрэглэхгүй. Өндөр зэрэглэлийн ресторанаас, жижигхэн хуушуурын газраас ч “хямдхан муу мах байна, авах уу” гэж асуувал “хэзээ ч авахгүй” гэж л хариулах вий. Нөгөө талаасаа мах нийлүүлдэг ажил хийнэ гэдэг бол ямарваа нэгэн байгууллага хувь хүнд үргэлжид чанартай мах зарах юм. Бид нэг л удаа муу, амт муутай мах зарах юм бол тэр хоолны газар, дэлгүүр манайхаас дахиж мах авахгүйд хүрнэ. Тиймээс ч чанартай, эрүүл мах нийлүүлдэг маань энэ олон жил махны салбарт амжилттай ажилласан нууц маань байх.
Мөн хиам, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүд ч чанартай махаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Би өөрийн биеэр үйлдвэрлэлтэй нь танилцаж байсан хүний хувьд үүнийг баттай хэлнэ. Дээр үед гэртээ хувиараа хиам, махан бүтээгдэхүүн хийдэг байсан зүйл одоо алга болсон шүү дээ.
-Гэхдээ хүмүүс ямар мах хэрэглэж байгааг мэдэх ёсгүй гэж үү?
-Мэдээж гарал үүсэл, хаана үйлдвэрлэгдэж, савлаж баглагдсан нь тодорхой байх ёстой. Гэхдээ бид хүнсний аюулгүй байдалдаа үнэхээр анхаарч байгаа бол гадагшаа гарч байгаа мах ямар байгаад биш, манайд импортлогдож байгаа нарийн ногоо, Хятадаас орж ирдэг сүү, сүүн бүтээгдэхүүний савнууддаа анхаармаар байгаа юм. Түүнчлэн малчид зах дээрээс чанартай, чанаргүй нь мэдэгдэхгүй малын тариа, вакцин авдаг. Түүнийгээ малдаа тарьдаг. Тиймээс хяналтгүй, ямар газар үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй вакцин л маш хортой байх эрсдэлтэй.
-Гадаад эзэнтэй газрууд л махыг угаадаг гэж ойлгох уу?
-Тийм ээ, тэр газруудын үйл ажиллагааг зогсоосон бололтой байсан. Гэхдээ манай иргэд асуудалд хэт өнгөцхөн дүгнэлт хийж, нийтээрээ сохроор юманд итгэх юм. Тэдгээр газрууд гадаад эзэнтэй ч гэсэн маш олон монголчуудыг ажлын байраар хангаж байгаа юм. Тэндээс олон монгол хүн ашиг хүртэж байна. Манайд ажилладаг хүмүүс гэхэд сард 2-3 сая төгрөгөөр цалинждаг.