Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Буянбилэг: Бодгаль сэтгэл судлалын онолоор хүүхдийг шийтгэх ч, урамшуулах ч хүмүүжлийн буруу арга юм DNN.mn

Эцэг эхчүүдийн дунд байдаг хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн тухай буруу ойлголтуудын талаар сэтгэл судлаач Э.Буянбилэгтэй ярилцлаа.


-Одооны хүүхдүүд том хүнээс айх, ичих мэдрэмж багатай байна гэх боллоо. Энэ юутай холбоотой вэ?

-Гэр бүл бол нийгмийн хамгийн жижиг хэдий ч хамгийн чухал үүрэгтэй бүлэг. Одооны хүүхдүүд гэлтгүй бүх цаг үеийн хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшил нь ямар гэр бүл дунд өссөнөөс шууд хамаарна. Харин гэр бүл ямар үнэт зүйл, үнэлэмж, дэг журамтай байх нь нийгмээс хамааралтай. Жишээлбэл, бидний өвөө эмээ нарын өссөн гэр бүл, нийгэм биднийхээс өөр. Харин одооны хүүхдүүдийн эцэг эхчүүд ардчилсан нийгмийн буюу 1990-2000 оны хүмүүс байна. Тиймээс илүү эрх чөлөөний мэдрэмжтэй, нээлттэй, бага зэрэг хайнга эцэг эхчүүд бий болоод байгаа юм. Хүүхдээ ахмад, ах хүн хүндлэх гэдэг зүйлд сургахгүй байгааг нийгмийн ахмад үеийнхэн хурцаар шүүмжилж байгаа нь ажиглагддаг. Тиймээс зөвхөн эцэг эхчүүдийн буруу биш, нийгмийн хөгжилтэй холбоотой юм.

 

-Эцэг эхчүүдийн ямар үйлдэл, эс үйлдэл нь хүүхдүүдээ буруу зүйлд өөгшүүлж, буруу төлөвшихөд нөлөөлж байна вэ?

-Хүүхдээ ямар ч зүйл хийсэн бүх хүнээс өмөөрдөг, тэр байтугай багшаас нь хүртэл өмөөрдөг хандлага бол буруу. Хүүхэд сайн зүйл ч хийсэн бай, буруу зүйл ч хийсэн бай хариуцлагаа өөрөө үүрдэг байх хэрэгтэй. Хүмүүс дунд хүүхдээ сайн дүн авч, амжилт гаргах үед урамшуулах нь их байдаг. Энэ нь хүүхдийн далд ухамсарт өөрөө өөрийнхөө төлөө бус эцэг эхийнхээ төлөө тэдгээр зүйлсийг хийсэн мэт сэтгэгдэл үлддэг. Өөрийнхөө төлөө биш эцэг эхийнхээ төлөө сураад байна гэсэн далд ухамсар суух нь байна.

Тиймээс эцэг эх урамшуулахаа болих үед хүүхэд онц сурч, амжилт гаргахаа больдог. Хүүхдээ шагнах хэрэггүй, харин түүний хийж, сурч байгаа зүйлс өөрөө өөрийнх нь сайн сайхны төлөө гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Чи сайн дүн аваад аав ээжийгээ баярлуулахдаа гол нь биш, өөрөө юм сурч байна гэдэг чинь чухал шүү гэдгийг хүүхдэд ойлгуулах хэрэгтэй.

-Одооны хүүхдүүд багштай хүндэтгэлгүй харилцах болсон нь ямар шалтгаантай вэ?

-Өнөөгийн нийгэмд завгүй эцэг эхчүүд олон болжээ. Тэдний гол үүрэг өглөө хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөөд орой авдаг болсон байна. Хүүхдийн хамгийн их үлгэр дуурайл авдаг хүн нь эцэг эх. Даган дуурайх онолын дагуу аав ээж нь багштай хүндэтгэлгүй харилцаад байвал хүүхэд ч бас тийнхүү харилцах юм. Хүүхдүүд харж байгаа зүйлсээсээ л суралцаж байгаа нь тэр. Эцэг эхчүүд өөрсдийнхөө оролцоог ухамсарлаж харахгүй байна. Боловсрол олгох үүрэгтэй багш таны хүүхдийг хүмүүжүүлэх үүрэг хүлээх ёсгүй.

-Эцэг эхчүүд ямар үүрэг хариуцлагаа гээгдүүлэх хандлагатай байна?

-Хүүхдийн онцлогийг эхлээд ойлгох хэрэгтэй. Бас хүүхдийн аав ээж нь өөрсдөө ямар орчин нөхцөлд өсч хүмүүжсэн нь хүүхдийн хүмүүжилд шууд нөлөөлдөг. Хүн багадаа ямар гэр бүлийн орчинд өссөн байна, яг тэр хүмүүжлээрээ хүүхдээ өсгөх гээд байдаг хандлагатай. Намайг хүүхэд байхад ийм байсан, одоо ч ийм байх ёстой гэдэг бол хэт туйлширсан бодол. Эцэг эхийн хүүхдэдээ ханддаг дөрвөн хүмүүжлийн хэв маяг байдаг. Үл хайхарсан, захирангуй, авторитар, хайхрамжгүй. Монгол эцэг эхчүүд ихэвчлэн захирангуй хэв маягаар хүмүүжсэн байдаг.

“Би зодуулаад муудсан, буруудсан зүйл алга” гэдэг бол ташаа ойлголт. Захирангуй хэв маягаар хандах нь өнөөгийн хүүхдүүд дээр ажиллахгүй. Та хүүхэдтэйгээ захирангуй харилцаж байвал алдаа гаргаж байна аа гэсэн үг. Хүүхдийнхээ суурь хэрэгцээнээс гадна сэтгэл зүйн хэрэгцээг сайн хангаж өгөх хэрэгтэй. Хайрлуулах, хүлээн зөвшөөрөгдөх, ярилцах, оролцох гэх мэт хэрэгцээ хүүхдүүдэд бий.

-Өнгөрсөн сард Монгол Улсад хийсэн судалгаагаар бага ангийн хүүхдүүд эх хэл дээрээ өгүүлбэр уншаад утгыг нь ойлгохгүй байна гэсэн. Үүний шалтгаан юу вэ?

-Когнитив сэтгэл судал буюу танин мэдэхүйтэй холбоотой. Ийм нэгэн жишээтэй таарч байлаа. Хүүхэд нь зургаан нас хүрэх гэж байгаа ч бүрэн хэлд ороогүй. Оюуны бэрхшээл, аутизмтай юм болов уу гээд эмнэлгээр явахад хүүхэд эв эрүүл, сав саруул байсан. Үүний гол шалтгаан аав ээж нь хүүхэдтэйгээ ярилцдаггүй байсантай холбоотой байсан. Хамтдаа байхдаа гар утас, таблет хүүхдэдээ бариулчихдаг болохоор хүүхэд яаж хэлд орох билээ. Үүнтэй ижилхэн бага насны хүүхдийн хөгжил, сэтгэл зүйд маш олон хүчин зүйлс нөлөөлдөг. Тэр байтугай ургийн сэтгэл зүй гэж байдаг. Хүүхэд ээжийнхээ гэдсэнд байхаасаа л амьдарч эхэлдэг. Жирэмсэн байгаа эмэгтэй хүний сэтгэл тайван, тогтвортой байх ёстой. Ээж нь санаа зоволт ихтэй, түгшүүр өндөртэй байгаа бол ураг ч тийм байна. Сэтгэл гутралын шалтгааны 50 хувь нь удамшил, 50 хувь нь орчноос үүдэлтэй байдаг. Сэтгэл зүйн асуудалтай ээжээс сэтгэл зүйн асуудалтай, айдастай хүүхэд төрнө.

-Шөнийн цагаар хүүхэд гар утас оролдох нь ямар хортой вэ?

-Өсвөр насны хүүхдийн өсөлт 22:00 цагаас 02:00 цагийн хооронд хамгийн эрчимтэй байдаг гэдгийг хэн хүнгүй мэдэх байх. Хүн хамгийн чанартай нойрыг тэр хугацаанд авах ёстой байдаг. Тархи амрах, нөхөн сэргээгдэх хамгийн оновчтой цаг юм. Энэ хугацаанд унтах биш гар утсаа оролдоод өнгөрөөчихөөр маш буруу. Арван цаг унтсан ч гэсэн хүн эрт унтаж амраагүй бол унтсан юм шиг мэдрэмж авдаггүй нь ийм учиртай. Мөн сэтгэцийн ихэнх асуудал нойр хангалттай авч чадаагүйгээс үүддэг гэж үздэг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ гар утасны хэрэгцээг тодорхой хэмжээнд хянах хэрэгэтэй. Зарим нэгэн хүүхэлдэйн кинонууд хүртэл илт харуулахгүй ч гэсэн далд бэлгийн сэдэлтэй байдаг. Тэдгээр үзэж байгаа зүйлс хүүхдийн далд ухамсарт нөлөөлж байдаг.

-Эцэг эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн харьцах ёстой вэ?

-Найз шиг нь бай. Өсвөр насны хүүхдүүдийн онцлог нь гэр бүлээсээ илүү найз нартайгаа цагийг өнгөрүүлэх сонирхолтой байдаг. Тиймээс хүүхдийнхээ найзтай нь найз бай. Тэд хамтдаа хаана юу хийдэг, ямар хүмүүстэй нийлж буй зэргийг мэдэж байх хэрэгтэй. Хүнийг танья гэвэл найзыг нь тань гэдэг үг байдаг шүү дээ. Мөн манай эцэг эхчүүд дунд нийтлэг ажиглагддаг алдаа бол өөрийнхөө хүслийг, шаардлагыг хүүхдэдээ тулгах байгаа юм.

-Хүүхдийг урамшуулах нь буруу юм бол яаж хийж буй зүйлсийг нь дэмжих вэ?

-Бодгаль сэтгэл судлалын онолоор хүүхдийг шийтгэх ч, урамшуулах ч хүмүүжлийн буруу арга. Хүүхэд шалгалтандаа тэнцчихлээ гээд та ямар нэг зүйл аваад өгье. Тэгвэл хүүхэд урамшуулал авах гэж л хичээл хийдэг болно. Юм сурах гэж биш аав ээжээрээ юм авахуулхын тулд хийнэ гэсэн үг. Та бэлэг авч өгөхөө больсон цагт хүүхэд тань сурахаа болино. Хүүхдийн шийдвэр өөрийнх нь хүслээс гарах ёстой, аав ээжээс хамааралтай байх ёсгүй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ амжилтад талархалтай хандах л хангалттай. Өөрийнхөө төлөө хийж байгаа зүйл чинь зөв шүү гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

-Зарим өсвөр насны хүүхдүүд гадуур их тэнээд байдаг шүү дээ. Ийм үед эцэг эхчүүд хүмүүжлийн ямар аргыг хэрэглэх нь зүйтэй вэ?

-Тухайн хүүхэд гэртээ байх нь тайван мэдрэгддэггүй, сэтгэл зүйн таатай орчин биш гэж үздэг болохоор гадуур тэнэдэг. Олон дүү нартай, аав ээжтэйгээ ярилцаад ойлголцдоггүй хүүхдүүд гадуур цагийг өнгөрөөх нь их байдаг. Тийм хүүхдүүдэд өөрийнхөө хүслийг тулгах нь буруу. Тиймээс тэдний оронд өөрийгөө тавьж үзэх чадвартай байх хэрэгтэй. Зарим хүмүүс хүүхдээ сонсохдоо шүүмжлэх, загнах хандлагыг гаргадаг. Ойлгогдох, хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээтэй байгаа хүүхдийнхээ тэр хэрэгцээг хангаж өгөх хэрэгтэй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

С.Ганбат: Сайхан бүжиглэх бол чадвар, бүжгээр түүх өгүүлэх бол авьяас юм DNN.mn

 “World Ballet and Dance Grand Prix Mongolia 2024” Олон улсын бүжигчдийн тэмцээн Монгол Улсад анх удаа 2024 оны дөрөвдүгээр сарын 22-29-ний өдрүүдэд Соёлын төв өргөөнд зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээн зохион байгуулагдахтай холбогдуулан зохион байгуулагчид өчигдөр хэвлэлийн хурал хийлээ. Казахстан, ОХУ, АНУ, БНСУ, Хятад, Филиппин зэрэг олон улсын шилдэг бүжигчид тэмцээнд оролцох юм. “World Ballet and Dance Grand Prix Mongolia 2024” Олон улсын тэмцээний уран сайхны удирдагч, “G River” балет студийг үүсгэн байгуулагч, Соёлын тэргүүний ажилтан С.Ганбаттай ярилцлаа.


-Та хэдэн настайгаасаа бүжигтэй, тэр дундаа балеттай амьдралаа холбосон бэ?

-11 наснаас бүжгийн урлагтай амьдралаа холбожээ. Бүжгийн урлагт орсон шалтгаан маань сонин тохиолдол байсан. Сэлэнгэ аймагт хүүхэд байхдаа гадаа тоглоод явж байлаа. Тэр үед Ардын багш Г.Долгорсүрэн намайг олж хараад, бүжигчин болох хүүхэд байна гэж мэдсэн байгаа юм. Тэгээд “Чи бүжгийн сургуульд явах уу” гэж надаас асуухад би ч бүх шалгалтад нь тэнцчихсэн. Тэр хүн намайг анх хөгжим бүжгийн дунд сургуульд авч ирж байсан. Би 1986 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд сурч байлаа. 1993 онд төгсөөд Дуурь бүжгийн эрдмийн театрт ажилласан. Дуурийн теарт түүнээс хойш 14, 15 удаа бүжгийн жүжгийн гол дүрүүдийг бүтээж байсан байна. Ж.Жав багшаар анх бүжгийн тавилт, сууриа заалгаж байсандаа өөрийгөө их азтай гэж үздэг. Монгол Улсын гавьяат багш Н.Энхтуяа надад балетчин болох урам зориг хамгийн их өгч байсан.

-Ямар дүрийг хамгийн их хүсч байж бүтээсэн бэ?

-Хүүхэд насандаа монгол бүжгийн дасгалыг хамгийн их хийдэг, монгол бүжиг их бүжиглэдэг байлаа. М.Нарангэрэл багштайгаа зааландаа ихэнх цагийг өнгөрөөдөг байсан. Балетчин болоод урдаа хамгийн эхний зорилт маань Жизельд тоглох байсан. Сургуулиа төгссөнөөсөө хойш зургаан жилийн дараа Жизельд тоглосон. Альбертын дүрд тасралтгүй дөрвөн жил тоглож байлаа. Тэр л залуу насны хамгийн хайртай дүрүүдийн нэг байсан.

-Эрэгтэй хүүхдээ балетаар хичээллүүлбэл эмэгтэйлэг болно гэдэг үнэн үү. Хүүхэд балетаар хичээллэх нь ямар эерэг нөлөөтэй вэ?

-Эрэгтэй хүмүүс балетын урлагт орж ирснээрээ илүү их тэсвэр тэвчээр, хатуужилтай болдог. Хэрвээ та өөрөө балетаар хичээллээд үзвэл тэвчээр ямар их шаарддагийг мэдрэх болно. Хүн өөрөө бүжиглэх бол амархан хэрэг. Харин өөр хүн өргөж бүжиглэх, техникүүдийг хийнэ гэдэг бол амаргүй. Бөхчүүд хүнийг бяр чадлаараа өргөдөг бол бид арга техникээр хамтрагчаа өргөдөг. Шөрмөс булчингийн дасгал, үе мөчний дасгал сайн хийсний үр дүн юм. Хүн хөнгөн, хурдтай байж залуулаг биеийг хадгалж үлддэг.

-Дүрсгүй эрэгтэй хүүхдүүд балетаар хичээллэснээр төлөвших үү?

-Би өөрөө их хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Аав ээжийнхээ чихийг хатууруулдаг. Харин бүжгийн сургуульд орсноороо зааланд ихэнх цагаа өнгөрөөдөг болсон. Хүүхэд заалны соёл, балетын соёл сурснаараа хүмүүжиж байдаг.

-30, 40 настай хүмүүс балетаар хичээллэж болох уу?

-Хэрвээ эрүүл байхыг хүсч байвал балетаар хичээллэхэд хэзээ ч оройтохгүй. Студи дээр маань балетын сургалт авдаг хүмүүстээ ч хүн бүр бүжигчин байх албагүй. Хүн бүр эрүүл байх ёстой гэж хэлдэг. Балетын дасгалууд нь залуулаг биеийг бий болгож байдаг. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүмүүсийн хамгийн эрт сулардаг булчингууд нь бүсэлхийнээс доош хэсэг байдаг. Тэгэхээр тэр хэсэг хөнгөн, цусны эргэлт их байх тусам залуулаг байдаг.

-Балет бол “үггүйгээр түүх өгүүлэх юм” гэдэг. Яагаад вэ?

-Драмын жүжиг үгтэй болохоор ойлгох харьцангуй амар. Харин бүжгийн жүжиг бол яаж хүмүүст үггүйгээр ойлгуулах вэ, ярихгүйгээр үзэгчдэд ойлгогдох, биеийн хэлэмжээр ойлгогдох гэдэг бол уран бүтээлч чанар юм. Бага насны хүүхдүүд техник үйлдлүүдийг сурч байгаа ч дотоод сэтгэлийнхээ мэдрэмжийг бүжгээр хараахан илэрхийлж сураагүй байдаг. Мэдрэмжээ бүжгээр, үйлдлээр илэрхийлж чадаж байгаа хүн артист юм. Үзэгчид хараад үлгэр домог үзэж байгаа мэт ойлгох ёстой. Утга илэрхийлээд, бүжгийн жүжгийг ойлгуулж чадаж байна гэдэг бол бүжгийн жүжигчин юм. Бүжгийн жүжигчин, бүжигчин хоёрын хооронд асар их ялгаа бий.

-Францын бүжигчин, бүжгийн мастер Ж.Ж.Новерр “Балетчин залуус түүх, яруу найргийг судлахтун” гэсэн байна. Энэ үгний тухай юу гэж бодож байна?

-Москва хотноо болдог Олон улсын балетын “Best Contemporary Dancer” тэмцээний мөнгөн медальт, 1995 онд БНСУ-д болсон Олон улсын балетын фестивалийн шилдэг бүжигчин У.Бат-Эрдэнэ тэргүүлж энэхүү тэмцээнийг зохион байгуулж байна. Тэрээр дэлхийн том тайзуудаар бүжиглэж, дэлхийн түвшинд Монголын нэрийг гаргасан хүн. Зарим залуус маань урлагийн салбарын түүхэн хүмүүсийг танихгүй, тэдний хийж бүтээсэн зүйлстэй танилцахгүй байна. Бидний урьд урдын хүмүүс үгүй бол бид өдий зэрэгтэй сурч хөгжихгүй. Би өөрөө ч сурагч, хүүхдүүддээ Монголын балетын түүхийг, ямар ямар хүмүүс чухал үүрэг гүйцэтгэж байсныг хэлж сургадаг.

-Ж.Ж.Новерр “Балетчины бүтээл яруу найраг болог” гэсэн байдаг. Яагаад вэ?

-Д.Нацагдоржийн Хэнтий Хангай Соёны өндөр сайхан нуруунууд гэсэн мөр байдаг. Үүнийг биеийн хэлэмжээр хүмүүст ойлгуулах, илэрхийлэх гэдэг нь авьяас юм. Н.Оюун “Бүжиг бол өөрөө ухааны урлаг” гэсэн байдаг. Би чамд хайртай гэдэг өгүүлэмжийг үйлдлээр хэрхэн ойлгуулах вэ гэдэг бол бүжгийн жүжигчний ажил юм. Сайхан бүжиглэх бол чадвар, бүжгээр түүх өгүүлэх бол авьяас.

-Балетын урлаг үзэгчдэд юу өгдөг вэ. Тэдний зүрх сэтгэлд юуг үлдээх вэ?

-Үе үеийн бүжигчид дунд энэхүү сэдэв яригддаг. Дээхнэ үеийн зарим үзэгчид бүжгийн жүжиг үзээд уйлаад гардаг байсан. Тухайн үед бүжгийн техникээсээ илүү хүнд яаж ойлгогдох, хүрэх дээр анхаардаг байсан. Орчин үед бүжигчдийн хэлбэр галбир, техник төгс болчихсон. Харин хүмүүс бүжгийн жүжгийн илэрхийллийг ойлгохгүй ямар гоё үсэрч, бүжиж байгааг чухалчлах болсон. Илэрхийлэх гэсэн санаа, бүжгийн техник хоёр нийлж байж төгс бүтээл бий болох юм. Орчин үед аливаа зүйлд хандахдаа өнгөцхөн хандлагатай болж.

-Бүжигчин хүн бусад хүнийг биеийн хэлэмжээр нь ямар хүн бэ гэдгийг мэдэж чаддаг уу?

-Энэ тал дээр мэргэжлийн онцлог илт мэдрэгддэг. Хүний биеийн пропорц, хэлбэр галбираас тухайн хүн өөртөө яаж ханддаг вэ гэдгийг харж болно. Өөрөө өөртөө зарчимтай байдаг. Өөрийнхөө биедээ яаж хандаж байна, бид яг л тийм хүмүүс байдаг. Гадны зарим орнуудад бизнес хэлцэл гаднаасаа яаж харагдахаас л эхэлдэг байгаа юм. Өөртөө анхаардаггүй, өөрийгөө цэвэрхэн авч явж чадахгүй хүн бизнесээ ч авч явж чадахгүй гэж үздэг.

-Балетчин хүний амьдралын юу нь сайхан байдаг вэ. Хамгийн хүнд хэцүү цаг үе хэзээ байв?

-Миний мэргэжил бол ямар ч стрессгүй. Бид тайван ажлаа хийгээд, тайван сайхан ажлаа хийж байхад бүх зүйлс сайхан бүтэмжтэй байдаг. Бухимдалтай байх л юм бол бүх зүйл гацчихдаг, зогсонги байдалтай болдог. Олон сайхан багш нартай болж, тэдгээр хүмүүсээр энэхүү сайхан замыг заалгасандаа баяртай байдаг. Надад маш их хүсэл мөрөөдөл байсан болохоор надад хэцүү үе байгаагүй. Хүн сэтгэлээсээ хандах юм бол хүнд даваа гэж байдаггүй. Ажил хийж байгаа хойно ядрах, хөл гар гэмтэх бол байх ёстой зүйл. Бид залуу насандаа сахилгагүй байлаа. Хүмүүстэй гар зөрүүлээд эрүүгээ хугалчихаад Хунт нуур бүжиглэж байсан. Тэрийг хүндрэл гэж харсан бол би цаашид хөгжихгүй.

-Одооны хүүхдүүдтэй ажиллах ямар байна?

-Одооны залуус багш нараасаа илүү их зүйлс шаардаж, хүсэх болсон. Бидний үед болохгүй байгаа хүүхдийг цохиод авдаг байлаа. Харин хүүхэд юу хүсч байгаа, яаж заах вэ гэдгийг бид тэр бүр мэдэхгүй. Шинэ асуудал гарч ирж, өдөр бүхэн л суралцаж байна. Орчин үеийн хүүхдүүдтэй ижил сэтгэж байж тэдэнтэй ойлголцож, зааж зөвлөж явна. Өөрийн мэргэжлийн сайн сайхныг олон нийтэд таниулж, балетын дасгал хүний биед ямар сайн нөлөөтэй вэ гэдгийг сонирхогчдод ч мөн зааж байна.

Н.Нарванчин

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Гэрч: Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан DNN.mn

Дөрөвдүгээр сарын 17-нд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Хайлаастад зам тээврийн ноцтой осол гарч 16 настай охин амь үрэгдсэн юм. Энэ талаар тухайн дүүргийн оршин суугчид болон талийгаач охины сургууль дээрээс сурвалжиллаа.


Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч: Хайлаастын энэ зам чиний харж байгаачлан хоёрхон эгнээтэй зам. Өвлийн улиралд ч осол аваар гарах нь бага. Саяхан орсон борооноор зам нь бага зэрэг эвдэрснээс бусдаар дажгүй. Осол гарсан уулзвар дээр өмнө нь осол гарч байхыг би лав үзээгүй. Пунцогцогчинлин хийдийн урд талын уулзвар дээр жолооч нар нэгэндээ хүлээцтэй хандчих л хэрэгтэй байгаа юм. Туслах зам талаас нь гэр хороолол, сургуулийн зам төв замтайгаа нийлдэг. Жолооч Пунцогцогчинлин хийдийн урд өөр машинтай шүргэлцээд сандарсандаа эсрэг урсгалынхаа явган хүний замаар явсаар байгаад айлын хашаа очиж мөргөсөн байгаа юм. Осол гарах үед би яг нүдээр хараагүй ч ослын дараа очиж харсан. Хэрвээ тэр жолооч уруудаж явсан бол эсрэг урсгалынхаа явган хүнийг зам дээгүүр дайрч гарах боломжгүй мөртлөө айлын хашаа, хүнтэй юутай нь мөргөсөн байсан гэв.

Сурвалжилга бэлтгэж явах үеэрээ бидэнтэй таарсан тус хорооны оршин суугч бүрээс тус ослыг харсан эсэх талаар асууж, тодруулж байлаа. Тэр олон хүмүүс дундаас ослын газраас холгүй таарсан нэгэн иргэн “Юугаа шиншилж яваа хулгайч вэ, чамд ямар хамаатай юм” хэмээн уурласан юм. Гэвч тэрбээр амь үрэгдсэн охины хамаатан байж таарав.

Амь үрэгдсэн 16 настай охины хамаатны ах: -Осол гарсан тухай урьд шөнө олж мэдээгүй. Өглөө унтаж байсан чинь дүү маань гэрт орж ирсэн. Тэрээр охин маань өнгөрчихлөө гэдгээс өөр юу ч хэлээгүй. Би юу болсныг тухайн үед огт ойлгоогүй. Охины аав, ээж 50 гарсан настай хүмүүс. Охин хөдөлгөөн багатай, дээрээ ах, эгчтэй айлын бага хүүхэд гэв.

Ингээд осол болсон газрын байршлыг зааж өгсөн юм. Ослын газарт ирэх үед өдрийн 12:00 цаг болж байв. Блокоор ханаа өрсөн, баганыг нь тоосгоор өнгөлсөн хашаа байлаа. Хашааны төмөр хаалга цөмөрч зүүн урдахь хэсэг бүхэлдээ нурж унажээ. Ослын газар хүүхдийн улаан малгай, цус болсон ганц нэг чулуу үлдсэн байлаа.

59 дүгээр сургуулийн дөрвөн хөвгүүнээс тухайн ослын тухай мэдэж байгаа эсэхийг асуухад зургадугаар ангийн хөрслөг бор хүү ослыг нүдээр харсан гэв.

59 дүгээр сургуулийн зургадугаар ангийн хүү: -Энэ айлын хашаа өчигдрийн (уржигдар) ослоор ингээд нурсан. Хичээл маань 16:40 минутад тарсан. Гадаа дулаахан болчихсон болохоор шууд гэртээ харилгүй жаахан гадаа тоглох гээд үлдсэн. Сургуулийн ойролцоо тоглож байсан чинь тэнд осол гарчихсан байна гээд гэнэт найзууд маань хэлсэн. Тэнд очих үед нэг машин хашаа руу мөргөөд орчихсон байсан. Олон хүүхдүүд газарт блок, тоосгон дунд хэвтчихсэн, нэг гараа хугалсан хүүхэд гараа барьчихсан явган хүний зам дээр сууж байсан. Бас нэг охин огт хөдлөхгүй хэвтэж байсан гэв.


Осол болох үед автомашин айлын хашаа руу мөргөж орсон бөгөөд тус хашааны оршин суугчтай ярилцлаа.

-Та осол гарах үед гэртээ байсан уу?

-Хайлаастын зам манай гэрийн цонхоор харагддаг болохоор ихэвчлэн түгжрээтэй байдгийг нь хэлье. Осол гарах үед би гэртээ унтаж байлаа. Тэгээд ямар нэг чанга чимээнээр сэрсэн. Гэрээсээ гарах үед байшингийн урд хүүхдийн гутал хэвтэж байсан. Осол болох үед талийгаач охины гутал шидэгдээд ороод ирсэн байх. Манай хашааны буланд байдаг хогийн поошиг, нойлын хажууд хүүхдүүд тоосго, блоконд дарагдчихсан хэвтэж байсан. Ихэнх нь ухаангүй. Нэг насанд хүрсэн хүн ухаантай байсан ч тэрээр тоосго, блоконд дарагдсанаасаа болж хөдөлж ч чадахгүй. Хашааны төмөр хаалгыг цөмлөөд хүүхдийн хөл гараад ирчихсэн. Тэгээд л бушуухан тэр хүүхдүүдийн дээрх тоосго, блокыг зайлуулж эхэлсэн.

-Цагдаа, эмнэлгийн байгууллага хэр хурдан ирсэн бэ?

-Миний бодлоор удаан хугацааны дараа ирсэн. Яг минут зааж хэлж чадахгүй. Би тэр амь үрэгдсэн охины хүзүүн дээр хуруугаа тавьж зүрхний цохилтыг нь мэдэрсэн. Тэр үед багахан, удаанаар ч гэсэн судас нь цохилж байсан. Төд удалгүй түргэн тусламж ирсэн. Тэд охиныг амьсгал хураачихсан байна гэж хэлсэн. Тэгээд л би шоконд орсон доо. Үнэхээр аймшигтай, түрүүхэн намайг хуруугаа хүргэх үед амьд байсан охин ингээд амьсгал хураачихсан байна гэхээр үнэхээр цочирдом байсан. Түргэн тусламж ирэхээс өмнө талийгаач охин амьсгал хураагаагүй байсан.

-Түүний дараа юу болсон бэ?

-Тэгээд хамгийн хачирхалтай нь кинон дээр хүмүүсийг цахилгаанаар цохиулаад амь оруулах гэж оролддог шүү дээ. Ерөөсөө тэгээгүй, бас цагаан даавуу, эсвэл ямар нэгэн юмаар амьсгал хураасан охины нүүрийг бүтээхгүй байгаа нь үнэхээр эвгүй байсан. Ослын газрыг кино үзэж байгаа мэт хүмүүс тойроод зогсчихсон.

-Хашаагаа өөрсдөө засах гэж байна уу?

-Тэдгээр хүмүүс эрүүл, аюулгүй байвал манай хашаа бол яахав дээ. Хашаагаа өөрсдөө засах, яах эсэх нь тодорхойгүй байна. Жолооч дараа холбогдоно гэсэн. Манай хашаа замынхаа зүүн талд байрлалтай. Хашааны хажуу дахь зам дээшээ өгсөх урсгалтай. Яаж эсрэг урсгалаас ирж мөргөдөг байна аа хэмээн халаглав.

Амь үрэгдсэн охин 59 дүгээр сургуулийн сурагч байсан аж. Тухайн сургууль урд болон баруун талдаа орох, гарах хоёр хаалгатай. Сургуулийн урд талын замын гарц дээр хоёр хурд сааруулагч, замын тэмдэг, тэмдэглэгээ зэргийг хангалттай байрлуулсан. Сургуулийн хашааны гаднах шон дээр дөрвөн зүгт харах дөрвөн ширхэг камер ч суурилуулжээ. Охины сургууль дээр очих үед хоёр жижүүр багш үүдэнд нь сууж байлаа. Захирал, сургалтын менежертэй уулзах гэж яваагаа хэлэхэд “Одоо хуралтай байгаа, уулзуулах боломжгүй” гэв. Хэсэг хугацааны дараа өөр жижүүр багшид сургуулийн захирал, сургалтын менежертэй уулзах хүсэлтэй байгаагаа хэлэхэд “Гэмтэлийн эмнэлэг явсан” гэх хоёр өөр хариулт өгч байв.

Осол болсон өдөр хуваарийн дагуу хичээл 18:45 минутад тарсан. Осолд өртсөн хүүхдүүд сургуулиас урагш байрлах Пунцогцогчинлин хийдийн уулзвараар аюулгүй зам гарч, явган хүний зам дээр алхаж байжээ. Тэр үед Toyota Prius маркийн автомашин Hyundai Verna маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас явганаар зорчиж байсан зургаан хүүхэд, насанд хүрсэн нэг иргэнийг мөргөсөн байна. Эх сурвалжийн хэлж буйгаар хохирогчид блокон хашаатай хавсарч мөргүүлсэн. Өчигдрийн байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт нэг том хүн, хоёр хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Мөн хоёр хүүхэд хүүхдийн мэс заслын тасагт, нэг хүүхэд толгойн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.


Тус осолтой холбогдуулан ЦЕГын Урьдчилан сэргийлэх газрын ХМОНХХийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг өчигдөр мэдэгдэл хийлээ.

-Хоёр суудлын тээврийн хэрэгсэл мөргөлдсөний улмаас хажуугийн явган хүний замаар явж байсан нэг иргэн, 4-14 насны хүүхдүүд гэмтэж 16 настай нэг хүүхэд амиа алдсан. ЦЕГ-аас уг ослын шалтгаан, нөхцөлийг тодруулахаар мөрдөн шалгах үйл ажиллагааг шуурхай үргэлжлүүлэн ажиллаж байна.Хоёр жолооч хоёул согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Хааз, тоормос андуурч гишгэсэн эсэхийг мөрдөн шалгах явцад тодруулна. Гэхдээ тээврийн хэрэгслийн жолооч эрэгтэй, эмэгтэй байх энд хамаагүй. Тэдгээр автомашинууд ЧД-ийн Хайлааст орчимд хойноосоо урагш уруудах чиглэлд явж байсан. Хурд хэтрүүлсэн эсэх, хэний буруу вэ гэдгийг тодруулахаар ажиллаж байна. 2024 оны 3 дугаар сарын байдлаар бага насны хүүхэд зам тээврийн осолд өртсөн 149 тохиолдол бүртгэгдсэн байна. Жолоочийн хариуцлагагүй байдал хамгийн их нөлөөлдөг. Анхаарал болгоомжтой, хурдаа тохируулах, замын хөдөлгөөний дүрмээ баримтлаагүйгээс осол их гарч байна хэмээв.

Categories
мэдээ нийгэм

С.Мөнгөнзаяа: Дотуур байрын унтлагын өрөөнд камер сурилуулсан ноцтой зөрчил илэрсэн DNN.mn

Хүний эрхийн Үндэсний комиссоос Хангайн болон баруун бүсийн аймгууд дахь хүний эрхийн тулгамдаж буй асуудлаар хэвлэлийн бага хурал өчигдөр хийлээ. Тус хуралд Архангай аймаг дахь референт С.Мөнгөнзаяа Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Хөвсгөл аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээг танилцуулав. Завхан аймаг дахь референт Ч.Наранхүү Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн хүний эрхийн нөхцөл байдлыг талаар илтгэв.


Референт Ч.Наранхүү: Онцгой байдлын албан хаагчдаар ажлын бус цагаар зам, талбай цэвэрлүүлж, албадан хөдөлмөр эрхлүүлсэн

Баруун бүсийн дээрх аймгууд 413,704 иргэн, 111,625 өрхтэй. Ажилгүйдлийг бууруулах, өрхийн амьжиргааг дээшлүүлэх, малчин залуусын гэр бүл төлөвлөлтийг дэмжих, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэгт ахиц дэвшил гаргаж ажилласан олон жишээ байна. Тухайлбал Говь-Алтай аймаг нь малчин залуусын гэр бүл төлөвлөлтийн чиглэлээр “Алтайн залуус-2022” арга хэмжээг санаачилсан. Үүнд 700 орчим залуусыг оролцуулж, нийгмийн харилцаа, хувь хүний хөгжлийг дэмжиж, амьдрах ухааны чадварыг эзэмшүүлэх сургалтад хамруулж, гэр бүл төлөвлөлт, нийгмийн эрүүл мэнд буюу нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг өгөх, зан үйлийг төлөвшүүлэх мэдлэг, мэдээлэл олгосон. Энэ бол залуу малчдыг дэмжсэн чухал алхам.

Мөн Завхан, Говь-Алтай, Увс, Ховд аймаг нь эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих хүрээнд “Эрэгтэйчүүдийн к абинет” байгуулж, мэргэшсэн эмч бэлтгэсэн. Хөдөөгийн алслагдсан сум, багт хүний эрүүл мэнд нэн шаардлагатай эм, тариа хангалтгүй байдлаас үүдэн иргэд түргэн шуурхай эрүүл мэндийн үйлчилгээ авах, шаардлагатай эм, тариа хэрэглээгүйгээс өвчлөл хүндрэх, амь насанд эрсдэл учирч болзошгүй нөхцөл байдал баруун бүсэд тодорхой хэмжээгээр байна. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Буянт сум, Хөвсгөл аймгийн Цагааннуур, УлаанУул сумдад үйл ажиллагааг явуулж буй эмийн сангуудад шаардлагатай эм, тариа байхгүй, хүрэлцээгүй, эрүүл мэндийн даатгалаар олгодог эм, тариа хүртээмжгүй. Мөн зарим суманд эмийн сангүй учир 300-500 км зам туулж аймгийн төвөөсөө эм авч байна.

Түүнчлэн нэн шаардлагатай эм, тариаг Улаанбаатар хотоос захиалах, тээвэрлэлтийн үед хадгалалтын горим алдагдах, тээвэрлэлтийн хугацаанаас хамаарч цагийн хуваарийн дагуу эм тариаг хэрэглэж чадахгүй байх тохиолдол гарч байгаа учир алслагдсан аймаг, сум, багуудад чанартай эм, тариаг хүргэх, нөөц бүрдүүлэх чиглэлд холбогдох байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна.

Онцгой байдлын алба хаагчдаар ажлын бус цагаар зам, талбай цэвэрлүүлж, албадан хөдөлмөр эрхлүүлсэн хүний эрхийн зөрчил гарсан. Тухайлбал, Ховд аймгийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж, ажлын бус цагаар хууль сахиулах болон Онцгой байдлын алба хаагчдаар зам, талбай цэвэрлүүлж, албадан хөдөлмөр эрхлүүлсэн асуудлыг шалгасан. Улмаар Комиссын гишүүний зөвлөмжийг Ховд аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

Комиссын гишүүний шаардлагын биелэлт хангалтгүй байна. Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад хөдөлмөрлөх эрх болон хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид эрхийн талаар комиссын гишүүн зөвлөмж хүргүүлсэн. Комиссын гишүүний зөвлөмжийн хэрэгжилт 40 хувь буюу хангалтгүй. Орон нутгуудад Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийн шаардлага зөвлөмж хүргүүлдэг. Тодорхой хугацаанд аймаг, сумын удирдлагууд хариу ирүүлж байгаа боловч зөвлөмжийг бүрэн дүүрэн хэрэгжүүлж ажиллахгүй байгаа зөрчил бий гэв.


Архангай аймаг дахь референт С.Мөнгөнзаяа: Малчин өрхийн хүүхэд нэгдүгээр ангид суралцаж эхлэх нь гэр бүл салах шалтгаан болдог байна

Хөвсгөл аймагт “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-ийг байгуулсан бол Архангай аймагт  2024 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хөвсгөл, Архангай, Орхон, Булган, Баянхонгор зэрэг аймаг “Эрчүүдийн кабинет” байгуулж, мэргэжлийн эмч бэлтгэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэж буй аж.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, орлогыг нэмэгдүүлэх з орил гоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэл тийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд бүсийн хэмжээнд 170 иргэнд 1.448 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж, 5000 ажлын байр бий болгосон. Хэдийгээр хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлд аймаг орон нутгийн зүгээс идэвх санаачилгатай ажиллаж байгаа ч Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Орхон, Хөвсгөл аймгууд хүний эрхийн дараах таван асуудалд анхаарах шаардлагатай байгааг анхаарууллаа.

Хангайн бүсийн аймгуудын хувьд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх буюу агаар, орчны бохирдол, хүүхдийн сурч боловсрох эрх буюу сургуулийн дотуур байрын хүрэлцээ түүний орчин нөхцөл, туслах малчин болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй орчин, тэдний хөдөлмөрлөх, сурч боловсрох эрхийн асуудал нэн тулгамдаж байна. Хангайн бүсийн аймгийн төвүүдэд ашиглаж буй уурын зуух, тээврийн хэрэгсэл, гэр хорооллын айл өрхийн ахуйн халаалтын зуухны утаа, уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй цагаан тоосжилт зэрэг нь агаарын бохирдол нэмэгдэх шалтгаан болохын зэрэгцээ зарим аймагт ундны цэвэр усны хангамж тулгамдсан асуудал болж байна.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цагааннуур суманд ундны цэвэр усны худаггүйн улмаас иргэд нуурын усаар ундаалж буй нь цэвэр усаар хангагдах эрх зөрчигдөх шалтгаан болж байна. Мөн Өвөрхангай, Баянхонгор, Орхон аймагт хүхэрлэг хийн хэмжээ MNS4585:2016 стандартаас 1.2-2.5 дахин их байна.

Хангайн бүсийн зургаан аймагт үйл ажиллагаа явуулж буй 150 дотуур байрнаас 22-т хяналт шалгалт хийхэд барилгын насжилт дууссан, галын болон ослын стандарт шаардлага хангаагүй, боловсон ариун цэврийн өрөөгүй, унтлагын өрөөнд камер суурилуулсан зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн.

Түүнчлэн малчин өрхийн хүүхэд нэгдүгээр ангид суралцаж эхлэх үед гэр бүлийн хосын аль нэг нь хүүхдээ дагаж, суурин газарт амьдрах шаардлагатай болдог. Үүнээс үүдэн гэр бүл салах, үл итгэлцэл үүсэх, өрхийн зардал нэмэгдэх, малчин эмэгтэйчүүдийн тоо буурах зэрэг сөрөг үр дагавар бий болж байгаа юм. нөгөө талаар зургаан настай хүүхдээ сургуульд ороход нь ээжүүд хамтдаа аймаг, сумын төвд амьдарч байгаатай холбоотойгоор гэр бүл салалт ихсэж буй. Орон нутагт мал аж ахуй эрхлэхэд жендэрийн тэгш байдлын харьцаа алдагдаж, ганц бие малчин эрэгтэйчүүд олширсон. Үүний гол шалтгааныг охидыг хөвгүүдээс илүү боловсрол эзэмшүүлдэг. Гэрлэхэд боловсролын ялгаатай байдал нөлөөлж байна гэв.

Архангай аймаг дахь ХЭҮК-ын референт С.Мөнгөнзаяатай цөөн хором ярилцлаа.

———————————————————————————————————-

-Ганц бие эрэгтэй малчид олширсон гэж та илтгэлдээ дурьдлаа. ЕБС төгсөж байгаа хөвгүүд цаашид сурч боловсрох эсэхээ өөрсдөө шийдэхгүй, шийдвэрт гэр бүлээс нөлөөлж байна гэж ойлгож болох уу?

-Олон шалтгаан нөлөөлнө. Улсын хэмжээний тоон мэдээнээс үндэслэвэл нэгдүгээр ангид эрэгтэй, эмэгтэй сурагчдын хүйсийн харьцаа харьцангуй тэнцүү байдаг. 20 орчим хөвгүүд, 20 орчим охидууд. 12 дугаар анги төгсөх үед охидууд нь олон. Их, дээд сургуульд эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа илүү ялгаатай. Хөвгүүд мал аж ахуй буюу уламжлалт амьдралын хэв маягаа авч үлдэх, голомтоо залгах хэрэгцээ, шаардлагатай байж болно. Нөгөө талаас мал маллах, хөдөө амьдрах хүсэлтэй байхыг үгүйсгэхгүй. Санхүүгийн асуудал ч мөн нөлөөлнө.

-Хүүхдээ нэгдүгээр ангид суралцаж эхлэх үед хосууд тусдаа амьдарч байгаатай холбоотойгоор гэр бүл салалт ихсэж буйг тайлбарласан. дэлгэрэнгүй тайлбарлаж өгч болох уу?

-Хэд хэдэн хүчин зүйс нөлөөлнө. Дотуур байрын хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хүүхдүүд дотуур байранд амьдрахдаа гэртээ байгаа мэт тавтай тухтай, хоол ундны хүрэлцээтэй, ахуйн хангамж сайн байх хэрэгтэй. Дотуур байрны багш мэргэжлийн хүүхэдтэй ажиллах арга дүйтэй хүн байх ёстой.

-Хосууд тусдаа амьдарч эхлэснээр ямар өөрчлөлт гарч байна вэ?

-Эмэгтэйчүүд төв суурин газар амьдарч эхлэхээрээ амьдралынхаа чанарыг сайжруулах зорилгоор мэргэжилтэй болох, ажилд орох, хувиараа жижиг бизнес ч хийж байна.

-Баян-Өлгий аймгийн зургадугаар сургуулийн 80 хүүхдийн багтаамжтай дотуур байранд 160 хүүхэд амьдарч байна гэсэн. барууны бүсийн бүх дотуур байрнуудын нөхцөл байдал ийм байна уу?

-Дотуур байрны хүрэлцээ улсын хэмжээнд хангалттай биш байна. 100 хүүхдийн байранд 110, 105 хүүхэд амьдрах үзэгдэл зарим дотуур байранд гардаг.

-Хүн хаана амьдрахаа өөрөө сонгох эрхтэй. гадаадад байгаа монголчуудаа авч ирнэ гэх мэдэгдэл хүний эрхэд халдсан үйлдэл үү?

– Энэхүү асуулт нь өнөөдрийн сэдэвтэй хамааралгүй учраас хариулах боломжгүй.

 

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Н.Нарванчин

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Наранбат: СӨХ-ны төлбөрөө төлөөгүй бол Монголбанкны хар жагсаалтад оруулахаар хуулийн төсөлд тусгажээ DNN.mn

“Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль”-ийн нэршлийг “Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хууль” гэж шинэчилсэн хуулийн төслийг эсэргүүцэж буй СӨХ-г Шинэчлэх Ард Түмний түр зөвлөлийн тэргүүн Б.Наранбаттай ярилцлаа.


-Шинэчлэгдсэн хуулийн төслийг яагаад эсэргүүцэж байна вэ?

-2024 оны гуравдугаар сарын 13-нд Хууль зүй, дотоод хэргийн яамны вэб сайтын “Хуулийн төсөлд санал авах” гэсэн хэсэгт энэхүү шинэчлэгдсэн хуулийн төс лийг танилцуулсан. Тухайн хуулийн төсөлтэй хамт “Товч танилцуулга”, “Үзэл баримтлал”, “Дагалдах хуулиуд” гэсэн дэд тайлбарыг оруулсан байв. Энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа орон сууцны оршин суугчдаас огт санал аваагүй, СӨХ-ны дээд зөвлөл зөвхөн өөрсдийн хариуцан ажиллуулдаг СӨХ-ны одоогийн удирд лагуудаас санал авсан болоод өөрсдөдөө хэт давуу эрх олгох хуулийн заалтыг оруулахаар улайрч байна. 2003 онд батлагдсан “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн ориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль”-д байсан хуулийн зүйл, заалтыг тусад нь салгаж, илүү төвөгтэй, ойлгомжгүй болгосон. 2003 онд батлагдсан хууль муу биш, гэхдээ амьдрал дээр хэрэгждэггүй. Үүнээс үүдэж амьдрал дээр ийм олон уж гирсан асуудал гарч байна. “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн бай дал” гэдэг үгийг хасаж, “менежментийн” гэдэг үг нэмсэн.

-Шинэчлэгдсэн хуулийн төсөлд ямар ямар алдаатай заалтууд байна вэ?

-Хуулийн нэр томьёо болоод зүйл бүхий заалт нь 8.31, 31.1 дээр өөр хоо рондоо зөрчилдсөн, нэг зүйлийг хоёр удаа давтаж дурдсан. 6.1.9-д орсон заалт 25.1-д дахин давтагдаж дурдагдсан. Хуульд тусгах шаардлагагүй, хэрэгцээгүй, хоёрдмал утга агуулга бүхий зүйл заалт 8.3, 9.2-т оруулсан Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхэд халдсан, зүйл, заалтыг оруулсан. Үндсэн хуулиас давсан хуулийн төсөл ийм байгаа нь. Жишээбэл, 38 дугаар зүйл, 57.3. Мөн шинэчлэгдсэн хуулийн төсөлд тусгаснаар Барилгын компанийн хийх ёстой ажлыг СӨХ хийхээр тусгасан. СӨХ-г хуулийн этгээд болгох заалт оруулж байгаа нь Сууц Өмчлөгчдийн Холбооны Дээд зөвлөлийн хүсэл, санааг гүйцэлдүүлэх гэсэн далд зорилгыг агуулсан. 21 жилийн хугацаанд СӨХ-д бугшсан хулгай, луйврыг хянан шалгаагүй байж СӨХ-д хуулийн этгээдийн эрх олгож буй нь хэн нэгний эрх ашигт далдуур үйлчлэх гэж байна гэсэн үг. Түүгээр зогсохгүй СӨХ-ны төлбөрийг албажуулах заалт оруулсан. Хэрвээ иргэн СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш хугацаанд төлөөгүй бол орон сууц, зогсоолоо барьцаалах, түрээслэх, өмчлөл шилжүүлэх боломжгүй болж байгаа юм. Мөн Монголбанкны хар жагсаалтад оруулах хүртэл хариуцлага тооцох болж байгаа юм.

-Тэгэхээр хүний өмчөө захиран зарцуулах эрх зөрчигдөж байна гэж та үзэж байна уу?

-Хүн дараа төлбөрт дугаар хэрэглэж байхдаа төлбөрөө төлөөгүй бол дуудлага хийх боломжгүй болдог. Тэглээ гээд Монголбанкны жагсаалтад оруулдаггүй. Үндсэн хуулийн зүйл заалттай зөрчилдөж байгаа юм. Тухайн орон сууцанд амьдарч байгаа иргэдийн эрхэд халдаж байна. Хэрвээ оршин суугч үнэхээр зургаан сараас дээш хугацаанд төлбөрөө төлөөгүй бол Иргэний хэргийн шүүхэд л хандчих хэрэгтэй. 2019 онд Хан-Уул дүүрэгт шинээр байгуулагдсан СӨХ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төлбөрийг хууль бусаар татаж байна. Нэг орчим тэрбум төгрөг татчихсан байгаа юм.

-СӨХ-д Барилга, хот байгуулалтын яам хяналт тавьж байх ёстой гэсэн үг үү?

-СӨХ-ны одоогийн гүйцэтгэж буй ажлыг салбар яамнаас тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн хуулийн этгээд гүйцэтгэх хэрэгтэй. СӨХ ажлаа хийгээд, өөрийнхөө хийсэн ажлаа дүгнээд, өөрсдөө оршин суугчдаас хураах үнээ тогтоогоод байх ёсгүй. Мөн нийтийн зориулалттай орон сууцны барилгын чанар аюулгүй байдлыг хувь хүн хангаж чадахгүй.

Тиймээс яамнаас тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд л гүйцэтгэж чадна. Шинэчилсэн хуулийн төсөлд Барилгын тухай хуульд заасан Барилгын компанийн ажлыг СӨХ хийхээр тусгачихсан. Ногоон байгууламж, хогийн цэг, тоглоомын талбай, авто зогсоол, явган хүний зам зэргийг СӨХ хийхээр тусгачихсан байгаа нь маш ноцтой хуулийн зөрчил гэж үзэж байна. Тус хуулийн төслийг СӨХ Дээд зөвлөл гэдэг байгууллага батлуулах гээд байгаа нь лоббитой байх гэсэн хардлага бидэнд байна. Учир нь СӨХ Дээд зөвлөлийн жишиг тарифаар бүх төлбөрийг баталдаг. Бидний шаардаж байгаа зүйл бол СӨХ-ны жишиг үнийг БХБЯ-наас томилсон мэргэжлийн үнэлгээч байгууллага тогтоох ёстой. Шинээр баригдсан барилга, хуучин барилга гэхэд өөр өөр төлбөр тогтоогдох ёстой баймаар.

-СӨХ-ны төлбөр тогтоогдож байгаа өнөөгийн тогтолцоо зөв үү?

-СӨХ-ын төлбөрийг оршин суугчдын хурлаар баталдаг. Оршин суугчдын хурал 50 хувиас дээш хувьтай байх ёстой. Нийт хуралд оролцсон гишүүдийн 66 хувийн саналаар батлах ёстой байтал энэ нь хэрэгждэггүй. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа СӨХ-нуудын бараг 99 хувь нь ийнхүү баталдаггүй. 500 айлтай СӨХ-ны хурлын ирц нь бүрдээгүй бол СӨХны хурлын дараа ажилтан “Та дэмжсэн гээд гарын үсгээ зураад өгөөч” гээд айлуудаар явдаг. Тиймээс СӨХ-д хяналт тавих хэрэгтэй байна. Энэхүү хуулийн төсөл батлагдвал тэд хэт давуу эрх эдлэх гээд байна. Нийт орон сууц өмчлөгчид болоод биднээс шаардаж байгаа зүйл бол СӨХ-г БХБЯ-наас тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдэд хариуцуулах, бидний төлж буй төлбөрт хяналт тавих юм.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Отгонбаяр: Төрийн хүний ёс суртахуун нийгмийн дундаж иргэний ёс суртахуунаас доогуур байна DNN.mn

Ёс суртахуунгүй боловсрол ямар хортой болох, нийгэмд ёс зүй ямар үүрэгтэй талаар МУБИС-ийн философи, нийгэм судлалын багш Ж.Отгонбаяртай ярилцлаа.


-Ёс зүй гэж юу вэ. Хүн яагаад ёс зүйтэй байх ёстой вэ?

-Ёс зүй нь ёс суртахууны харилцааг судалдаг шинжлэх ухаан юм. Харин хүн өөрийн гэсэн ёс суртахуун, үнэт зүйл, үнэлэмжтэй байна. Бага наснаас нь хүүхдэд өвөө, эмээ нар юмсын мөн чанарыг “баба, гого” гэж зааж эхэлдэг шүү дээ. Өсвөр насанд бол “буян, нүгэл” гэдэг заагаар ёс суртахуун тодорхойлогддог. Монголчууд бидэнд эртнээс уламжилж ирсэн эрхэмлэх ёс, цээрлэх ёс бий. Үүнийг философийн хэлээр үнэлэмжийн систем, үнэт зүйлсийн тогтолцоо ч гэдэг. Үнэт зүйлс бол ээмэг, бөгж биш. Харин хүнийг хүн болгодог зүйл юм. Амьтны хүрээлэн үзээд ирсэн хүүхдүүд амьтны дууг дуурайх ч дөрвөн хөллөөд мөлхөхгүй. Тиймээс хүүхэд өөрийгөө хүн гэдгийг аль эрт ялгачихсан байгаа юм. Ёс суртахуун хүн юуг үнэт зүйл, үнэлэмж гэж хүлээн авч байгаагаар тодорхойлогдоно. Үнэлэмж гэдгийг гартаам гэдэг чулуугаар төсөөлье. Мэдэхгүй хүн бол дээгүүр нь сохор юм шиг алхаад гарна. Мэддэг хүн бол шүүрээд авна.

Ёс суртахуун бол хүнд төрөлхөөс л байдаг зүйл. Харин юуг өөрийн үнэт зүйл гэж үзэж байгаагаас их зүйл шалтгаална.

-Танихгүй хүн хүүхдэд чихэр өгч болдог нийгэмд би өссөн. Одоо цагт яагаад энэ үйлдэл байж боломгүй үйлдэл болов?

-Өмнө нь хүүхдэд чихэр өгч байгаа хүн бол өглөгч, хүүхдэд хайртай хүн. Хэрвээ чи одоо танихгүй хүүхдэд чихэр өгөх гэвэл чамайг гэмт хэрэг үйлдэх нь байна гэж хөндлөнгийн хүмүүс харна. Танихгүй эмээгийн цүнхийг өргөж өгье гэвэл чамайг аваад зугтчих вий гэж бодно. Үүнийг нийгмийн үнэлэмж өөрчлөгдөх гэдэг. Хуучин нийгэмд бид итгэлцэл дээр үндэслэж харилцдаг байлаа. Манай үеийн хүмүүс худлаа хэлж чаддаггүй байлаа. Одоо бол хэн хүнгүй худлаа ярьж байна. Худлаа яриагүй хүн нь тэнэг юм биш үү. Энэ бол нийгэм хөгжих үед болж буй энгийн л үзэгдэл.

-Одууд, улстөрчид хэрэг түвэгт нэр холбогдох болжээ. Ёс суртахуун үгүй болсны шинж үү?

-1990 оноос өмнө дээд боловсрол, ёс суртахуун хоёр хамт байлаа. Дээд боловсролтой хүн ёс суртахуунтай байдаг. Ёс суртахуунтай хүн дээд боловсролтой. Харин өнөө үед ёс суртахуун, боловсрол хоёр тусдаа орших болжээ. Ашиг орлого л хөөцөлддөг хүмүүс бий болж. Дээд боловсролтой хулгайч, луйварчид, хуульч боловсролтой авлигачид бий болсон. Төр гэдэг албадлагын тогтолцоо. Гэхдээ төрд байгаа хүмүүс энгийн хүмүүс. Төрд байгаа хүмүүс хамгийн том үлгэрлэлийг нийгэмд үзүүлэх ёстой байтал тэр үүрэг нь алдагдчихсан. Төрийн хүрээнд ажиллаж байгаа хэсэг хүмүүсийн ёс суртахуун нийгмийн дундаж иргэний ёс суртахуунаас доогуур байна. Нийгэм өөрөө үүнийг цахим орчинд ч хурцаар шүүмжилдэг болж. Төрийн алба хашиж байгаа хүн өөрийн эрх ашгаас илүү нийтийн эрх ашгийг чухалчлах ёстой.

-Орчин үеийн олны танил одууд хүүхэд залууст буруу үлгэрлэл үзүүлээд байна даа?

-Манай сургуулийн сэтгэл зүйн танхимын судлаачид өсвөр насны хүүхдүүд дунд судалгаа хийжээ. Өсвөр насны хүүхдүүд урлаг, спортын оддыг даган дуурайж, үлгэр жишээ авдаг. Бараг шүтдэг. Гэтэл тэр шүтдэг хүн нь ямар нэгэн хэрэг түвэгт нэр холбогдож, муу муухай нь ил гарах үед хүүхдүүдэд хямрал үүсдэг байна. XVII зууны Францын нэгэн алдартай философич “театрын төөрөгдөл” гэдэг онолыг дэвшүүлсэн байдаг юм. Хүн театрт байгаа байдлыг бодит байдал мэт хүлээж аваад бодит амьдрал дээр төөрөгдөлд ордог. Манай залуус ч нийгмийн амьдралыг театрчилсан өнцгөөс нь хараад төөрөгдөлд орох нь байна. Амьдрал үргэлж өөгүй сайхан мэт хуурмагаар харуулж байгаа нь буруу. Ер нь амьдралыг гоё сайхан гэж хэн хэлээд байгаа юм.

-Эрэгтэй хүүхдүүдийн төлөвшилд эрэгтэй хүний үлгэрлэл чухал уу?

-Манай сургуулийн эмэгтэй оюутны тоо эрэгтэйгээс илүү байдаг юм. Техникийн сургуулийг эс тооцвол олон Их, дээд сургуулийн хүйсийн харьцаа ийм байгаа. Мөн эрэгтэй багш, удирдагч нарын тоо ч харьцангуй цөөн. ЕБС-д ч бас эрэгтэй багш цөөхөн. Хөвгүүд хүүхэд насандаа ээждээ илүү их ханддаг. Эмэгтэй хүүхэд ч аавдаа илүү хайртай байдаг. Харин өсвөр насан дээрээ хөвгүүдэд зөв үлгэр дуурайл авах дүр хажууд нь байх ёстой. Эрэгтэй хүүхдэд эрэгтэй хүний хайр хэрэгтэй байдаг. Хатуу хайр гэхээр барьж аваад, зодож нүдээд байх тухай биш шүү. Яаж хувцаслах, ярих, биеэ авч явах, хэрхэн эмэгтэй хүнтэй харьцах гэх мэт зүйлийг зөв дүрээс үлгэрлэх ёстой юм. Тэгж чадахгүй болохоор солонгос залуучуудыг даган дуурайгаад байна. Хөвгүүдийн ажиллаж, суралцдаг орчинд нь үлгэрлэх эрчүүд байхгүй нь сөрөг нөлөө үзүүлж байгаа гэдэгт би ерөөсөө эргэлздэггүй.

-Өнөөгийн нийгэмд ёс зүй орхигдож байна уу?

-Миний түрүүн хэлсэнчлэн мэддэг хүнд бол эрдэнэ. Мэдэхгүй хүн бол дээгүүр нь алхаад гарна. Нийгмийн үнэлэмж гэдэг зүйл цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгддөг. 100 жилийн өмнө бидний эрхэмлэж байсан зүйл, өнөөдөр эрхэмлэж байгаа зүйлс тэс өөр. Энэ үнэлэмжийг хэн нэгэн хүн тогтоохгүй. Нийгмийн харилцаанд оролцож байгаа хүн бүр үнэлэмжийг тодорхойлоход оролцдог. Социалист нийгэмд хүний үйлдэл, үнэт зүйлсийн хэм хэмжээ, шашин, гэр бүл салах, нийлэх нь хүртэл төрийн хяналт дор байсан. Зах зээлийн, ардчилсан нийгэмд ёс суртахуунтай байх эсэх нь хувь хүний сонголт. Мэдлэг боловсролгүй хүмүүс энэ эрх чөлөөг зөв, үр ашигтай ашиглаж чаддаггүй. Социализмын үед өөрийн гэсэн өмчгүй, төрийн үзэл суртлыг дагадаг, хамтын хөдөлмөрийг шүтэн биширсэн хүн сайн хүн байлаа. Одоо хэн нэгэн хүн би социалист хүн юм гэвэл бид бараг айж, гайхна шүү дээ. Заавал үнэт зүйлтэй бай, үнэлэмжтэй бай, ёс суртахуунтай бай гэж бид бусдад тулгах боломжгүй нийгэм.

-2000-аад оноос өмнө өнөөгийнх шиг нийгмийн элит, сэхээтэн гэж хэлж болох хүмүүс арай ч ийм их хэрэг түвэгт орооцолддоггүй байсан?

-Олны танил одод, төрийн зүтгэлтэн хүмүүс ямар нэгэн хэрэгт холбогдох үед нийгэм анхаардаг. Манай нийгэм сайн хяналт тавьж байна гэсэн үг. Залуучууд өсөн өндийж байна. Ёс суртахууны мэдрэмжтэй байгаагийн илрэл. Хэрэв нийгэм тэнэг байсан бол одод, төрийн зүтгэлтэн ямар ч муухай зүйл хийсэн ч шүүмжлэхгүй. Харин ёс суртахууны мэдрэмжтэй байгаа тулдаа тэдгээр буруу зүйл хийсэн хүмүүсийг залуус хурцаар шүүмжилж байна.

-Одоогийн залуус болохоо байжээ гэж их ярих болсон байна…?

-Одоогийн залуус болохоо байжээ гэдэг үг аль ч нийгэмд, эрт Грекийн нийгэмд ч байсан үг. Зөвхөн монголын өнөөгийн залуус энэ зэмлэлийг сонсоод байгаа юм биш. Олон янз байдал хэвийн зүйл гэдгийг иргэд хараахан хүлээн зөвшөөрч сураагүй. Энэхүү байдлыг хүлээн зөвшөөрөхийг эрх чөлөө гэнэ. Олон янз байгаагаа, өөрийнх нь үнэт зүйлээс өөр үнэт зүйлтэй бусад хүнийг ёс суртахуунгүй, бүдүүлэг гэж шүүмжлэх нь өрөөсгөл.

-Гар утас хулгайлж байгаа хүнд ёс суртахуун ч, хууль ч үйлчлэхгүй байна уу. Ёс суртахуунаас илүү хууль хүнд үйлчилдэг үү. Эсвэл эсрэгээрээ юү?

-Арга зүйн хувьд зөрчилдөөнтэй асуулт. Хоёулаа хүнд үйлчилдэг. Гэр бүлийн хүмүүжлээрээ анхнаасаа хулгай хийхгүй байх нь ёс суртахуун үйлчилж буй илрэл. Хулгай хийчихээд баригдаад хоригдож байгаа бол хууль хэрэгжиж буй хэрэг.

-Худаг дээр ирсэн айлын адууг ч бид усалдаг ард түмэн. Энэхүү үйлдэл ёс суртахууны нөлөөлөл үү?

-Чинийх, минийх эсвэл дайсных байсан ч хамаагүй малтай харьцах монгол хүний ёс тусдаа зүйл. Ёс суртахуунаас тусдаа. Мал бол бидний шүтээн шүү дээ. Шүтээнээ хүн услалгүй яахав.

Н.Нарванчин

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Түвшинтөгс: Цагдаа нар 13 настай охиныг хүчирхийлсэн нь тогтоогдвол ял улам хүндэрнэ DNN.mn

Цагдаагийн албан хаагчид бүлэглэн 13 настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэг нийгмийг цочирдуулаад байгаа юм. Тэгвэл энэ хэргийн талаар ЦЕГаас өчигдөр олон нийтэд мэдээлэл өгч эхлэв.


ЭНЭ ХЭРЭГ НОТЛОГДВОЛ ОРОН НУТГИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГАД ХАРИУЦЛАГА ТООЦНО

ЦЕГ-ын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын дарга Цагдаагийн хурандаа Н.МИШИГДОРЖ:

-Сүүлийн үед цахим орчинд цагдаагийн байгууллагын нэр бүхий алба хаагчидтай холбоотой мэдээлэл гарсан. Цагдаагийн байгууллагын дотоод хяналт, аюулгүй байдлын газар нь хараат бус үйл ажиллагаа явуулдаг нэгж. Насанд хүрээгүй хүүхэдтэй цагдаагийн алба хаагчид бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй гэх мэдээллийг бид өөрсдийн хяналт шалгалтаар илрүүлсэн. Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн тусгай субьектийн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст харьяаллын дагуу шилжүүлсэн.

Хэрэгт холбогдсон цагдаа нарын албан үүргийг түр хугацаанд түдгэлзүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх гол зарчмаар гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг бүрэн илрүүлэх, гэм буруутай нь тогтоогдвол ялыг шударгаар оногдуулдаг. Хэрэв алба хаагчид гэм буруутай нь тогтоогдвол цагдаагийн байгууллага өмөөрөх ёс зүй байхгүй. Б

ид мэдээллийг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд өгөх боломжтой. Хувийн нууцтай холбоотой асуудлыг нийтэд мэдээлэх боломжгүй. Энэ хэргийг албан хаагчид үйлдсэн нь нотлогдвол орон нутгийн цагдаагийн байгууллагын удирдлагад хариуцлага тооцно гэв.

Мөрдөн байцаах албаны дарга Цагдаагийн хурандаа П.ОЧБАДРАХ: -Бид одоогоор хэргийг шалгаж байна. Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан журмын дагуу бид бага насны хүүхэдтэй холбоотой хэргийг олон нийтэд түгээх, задруулах ёсгүй гэв.

Б.ТҮВШИНТӨГС: БЭЛГИЙН ХАРИЛЦААНД ОРООГҮЙ Ч БИЕД НЬ ХҮРЧ ОРОЛДСОН БОЛ ХҮЧИРХИЙЛСЭНД ТООЦНО

Тус хэргийн талаар хуульч Б.Түвшинтөгстэй цөөн хором ярилцлаа.


-Хүчингийн хэргийн илрүүлэлт яагаад удаан байдаг вэ?

-Хүчирхийлэх гэмт хэрэг нь бусад төрлийн гэмт хэргээс онцлогтой. Хүний эрүүл мэндэд халдах, хулгай, дээрэм зэрэг гэмт хэргүүд харьцангуй нотлох баримт ихтэй.

Учир нь хяналтыг бичлэг, зарж борлуулсан байдал, хохирогчийн шарх сорив гэх мэт. Харин хүчирхийлэх гэмт хэрэг нь хүнгүй газар, хөндлөнгийн гэрчгүй, нууцлагдмал байдлаар үйлдэгддэг болохоор хэргийг нотлох, баримтжуулах буюу илрэх явц нь муу байдаг. Гэхдээ хохирогчийн мэдүүлэг бол гол нотлох баримт болдог. Мөн хэрэгт холбогдогчид гар утсаар юу ярьсныг нь мэдэх боломжгүй ч хэдэн цагийн үед ямар хугацаагаар ярьсныг нь олж илрүүлэх боломжтой.

-Энэ төрлийн гэмт хэрэгт ямар ял шийтгэл хүлээлгэдэг вэ. Гэмт хэрэгтэн нь цагдаагийн албан хаагч бол ял хүндрэх үү?

-14 нас хүрээгүй хүүхэдтэй хүсээгүй бэлгийн харилцаанд орсон. Бэлгийн харилцаанд ороогүй ч биед нь хүрч оролдсон бол хүчиндсэнтэй ялгаагүй адилтгаж үздэг. Хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэгт 12-20 жилийн хорих ял оноодог. Харин Цагдаагийн албан хаагч хэргийг үйлдсэн нь тогтоогдвол ял хүндрүүлэх шалтгаантай. Хэрэгтэнг бүх насаар нь хорихоор болж ял хүндэрнэ. Мөн хүүхдийн эрх зөрчигдөж байгаа учир ял шийтгэл нь дахин хүндэрнэ.

-Хэрэгт ямар, ямар зүйлс нотлох баримт болох вэ?

-Хүүхдийн онгон хальс цоорсон байгаа эсэх болон эр бэлгийн эс байгаа эсэхийг тогтооно. Хэрэг болсноос хойш сарын дараа шинжээч ажиллуулж байгаа тохиолдолд илрүүлэхэд хүндрэлтэй. Хэргийн газарт байсан салфетка, дотуур хувцас, хөнжил гудасны даавуу зэрэг зүйлсээс гэмт хэрэгтний эр бэлгийн эс олдсон бол нотлох баримт болно.

-Хэрэгт холбогдогчид охинд гар хүрээгүй ч мэдсээр байж тухайн үйлдлийг таслан зогсоогоогүй бол хуулийн ямар хариуцлага хүлээх вэ?

-Хэрэг үйлдэгдэх явцад хажууд нь байсан ч таслан зогсоогоогүй бол бүлэглэн гэмт хэрэг болно.

-Ямар хэмжээний нөхөн төлбөр авах боломжтой вэ?

-Эхний шатанд сэтгэл санааны хохирол, сэтгэцэд учирсан эмгэгийг тогтооно. Хөнгөн, хүнд, хүндэвтэр гэдэг шатлалаар тогтоогдоно. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-150 дахин нэмэгдүүлсэнтэй ижил хэмжээгээр нөхөн төлбөр олгох ёстой.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ, сэтгэл зүйчтэй уулзсан гэх мэт бусад хохирлоос үүдэлтэй төлбөрүүд ч мөн хэрэгтнээр төлүүлэх ёстой.

-Хэрэгт холбогдсон албан хаагчид мөрдөн шалгах ажиллагааны үед ажлаа үргэлжлүүлэн хийх эрхтэй юү?

-Хэрэгт холбогдсон цагдаа нарыг цагдан хорих ёстой. Цагдан хорих үндэслэл нь 12 ба түүнээс дээш хорих ялд оноогдох магадлалтай хэрэгт шалгагдаж байгаа этгээдийг заавал цагдан хорих ёстой. Учир нь ийм үед оргон зайлах үйлдэл хийх, амь насаа хорлох эрсдэл өндөр байдаг. Тиймээс яаралтай цагдан хорих хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Сэргэлэн: Мэс заслын дараахь амьдралын чанарын үзүүлэлтээрээ бид дэлхийд дээгүүрт үнэлэгддэг DNN.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр “Донор танд баярлалаа” талархлын өдөрлөг өчигдөр болж өнгөрлөө. Монгол Улсад 2006 оноос хойш өнөөг хүртэл эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байна. 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар УнТЭ нийт 342 бөөр, 243 элэг, 32 ясны чөмөг үүдэл эс, Хавдар судлалын үндэсний төв 133 элэг тус тус амжилттай шилжүүлэн суулгаад байгаа аж. Үүнээс 64 хүнд бөөр, элгийг тархины үхэлтэй донороос шилжүүлсэн байна. Донорын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр тархины үхэлтэй донорын гэр бүлийн гурван хүн зөвшөөрсөн тохиолдолд эд, эрхтнийг нь хүлээлгийн жагсаалт дахь өвчтөнүүдийн цусны бүлэг таарсан хүмүүст шилжүүлэн суулгадаг. 2024 оны эхний улирлын байдлаар эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай иргэдийн хүлээлгийн жагсаалт 1000 даваад байна.

УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн зөвлөх эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, професор О.Сэргэлэнтэй ярилцлаа.


 -Та хэдэн оноос хойш элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж байна вэ?

-Нийт 40 гаруй жил мэс заслын эмчээр ажиллаж байна. Тэр дундаа 2011 оноос өнөөг хүртэл элэг шилжүүлэн суулгах багийн ахлах эмч, мөн УНТЭ-ийн ЭСШТ-ийн зөвлөх эмчээр ажиллаж байна.2007 оноос бид эрхтэн шилжүүлэн суулгах багаа байгуулаад, туршилтын мэс заслаа хийж эхэлсэн. 2011 оны есдүгээр сард анх амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн.

-Мэс заслын дараахь амьдралын чанарын үзүүлэлт ямар байна вэ?

-Элэг шилжүүлэн суулгах мэс засал бол маш хүнд хагалгаа. 2022 оны ДЭМБ-ын судалгаагаар 100 мянган хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслын амжилтаараа бид дэлхийд нэгдүгээрт орсон. Мөн элэг шилжүүлэн суулгасны дараахь амьдралын чанарыг нэг гурав, таван жилээр авч үздэг.

Өнөөдрийн байдлаар нэг жилийн дараахь амьдрах чанар нь 94 хувьтай, гурван жилийн дараа амьдрах нь 93.8 хувь, таван жилийн дараа амьдрах нь 94.6 хувьтай байна.

Мэс заслын дараахь амьдрах хувь ийм өндөр байгаа нь БНСУ-ын Асананагаах ухааны төвийн яг удирдамжаар хийдэг. Багш нарынхаа шилийг дараад явж байна. Мэс заслын дараахь амьдралын чанар сайн байгаагаараа бид дэлхийд дээгүүр байна. 100 хувийн амжилттай биш.

-УНТЭ дээр ямар ямар эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийгдэж байна вэ?

-Элэг, бөөр, ясны чөмөгний үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ бүрэн нутагшаад байна. Цаашид бид нойр булчирхай шилжүүлэн суулгах бэлтгэл ажлаа үндсэндээ хангасан байна.

-Ажлын тань сайхан зүйл юу вэ?

-Эрхтэн шилжүүлэн суулгах нь мэс заслын шинжлэх ухааны ноён оргил нь юм. Дэлхийн бүх оронд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийгддэггүй. Ялангуяа хөгжиж буй болон буурай орнуудад элэг шилжүүлэн суулгах эрэлт байгаа ч донорын хүрэлцээ, эдийн засгийн боломж байдаггүй. Монгол Улс элэг шилжүүлэн суулгах мэс заслын амжилтаараа хөгжиж буй 40 орны нэгдүгээрт байна. Зөвхөн элэг шилжүүлэн суулгах багийн чадвараас гадна төр засгийн бодлого дэмжиж өгч байна. Тухайлбал, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал үнэ төлбөргүй хийгдэж байгаа. Тиймээс баян, ядуу хэн ч байсан эрхтэнээ шилжүүлэн суулгах боломж, бололцоо нь бүрдчихсэн учраас манай иргэд азтай байна. Мэс засал амжилттай болох нь ажлын маань хамгийн сайхан хэсэг.

-Донорын олдоц ямархуу байна вэ?

-Элэг шилжүүлэн суулгах 255 дахь мэс заслаа бид өнөөдөр хийж байна. Мэс засалд орох материалаа бэлдчихсэн, донортой 40 гаруй хүн ээлжээ хүлээж байна. Харин элэг шилжүүлэн суулгах доноргүй 400 гаруй хүн байна. Донорын олдоц бол маш ховор. Тэр дундаа амьгүй донорын олдоц маш ховор байна. Донорын тухай хуулийн дагуу ар гэрээс нь заавал зөвшөөрөл авах ёстой байдаг. 20 гэр бүлээс нэг нь амьгүй донор хийлгэхийг зөвшөөрдөг.

-Дунд чөмгийг шилжүүлэн суулгах боломжтой байгаа юу?

-Ясны хавдартай хүнд яс шилжүүлэн суулгах хагалгаа хийгдээд эхэлчихсэн байгаа.

-Шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдаж байна уу?

-2011 онд анхны эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал ямар ч тоног төхөө-рөмжгүйгээр хийгдсэн. Асананагаах ухааны төв бүх тоног төхөөрөмжөө авч ирээд элэг шилжүүлэн суулгадаг байсан. Нөхцөл байдал одоо дээрдсэн. Бүх багаж, тоног төхөөрөмжөөр хангагдаж байна. 2012 онд авсан анхны багаж, тоног төхөөрөмжөө 12 жил хэрэглэсний эцэст тэдгээр тоног төхөөржийг халсан. Өнгөрсөн онд 3.6 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж шинээр авсан. Гэхдээ хараахан бүрэн гүйцэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдаагүй байна.

-Элэг шилжүүлэн суулгах мэс засал хэдэн цаг үргэлжилдэг вэ?

-Анхны элэг шилжүүлэн суулгах мэс засал 33 цаг үргэлжилж байлаа. Одоо бол дунджаар 11 цаг үргэлжилдэг. Гурваас дөрвөн баг, багийн журмаар ажилладаг болохоор ээлжтэйгээр хагалгаа хийгддэг.

Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын ард амжилттай гарсан Д.Эрдэнэдалай болон түүний гэргий Д.Нямцэрэн нартай ярилцлаа. Д.Нямцэрэн нь нөхөртөө донор болсон юм.

-Бөөр шилжүүлэн суулгахад ямар хүндрэл бэрхшээл гарсан бэ?

Д.Эрдэнэдалай: -Ковидын үед байсан болохоор маш хүнд хэцүү нөхцөл байдалтай байсан. Бага хүүхэд маань ч нялх байсан болохоор манай гэр бүлд их айдас, түгшүүртэй байлаа.

-Өөр донор хайж үзсэн үү?

-Бөөр зайлшгүй шилжүүлэн суулгах шаадлагатай болсон гэдгийг мэдсэн эхний өдрөөс л эхнэр маань шууд донор болох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Би эхнэрээ, хүүхдүүдийнхээ ээжийг эрсдэлд оруулахыг хүсэхгүй байсан. Тиймээс, эхнэрээ донор болох хоёр гурван жил татгалзсан.

-Нөхрийн тань шинжилгээний хариу муу гарах үед та яаж хүлээж авсан бэ?

Д.Нямцэрэн: -Тухайн үеийн мэдрэмж, сэтгэл зүй маш хүнд байсан. Бүх ачаа миний нуруун дээр ирж байлаа. Хорвоод ганцаараа байгаа мэт л мэдрэмж төрж, ганцаараа хүүхдүүдтэйгээ үлдчих мэт айдастай байсан.

-Нөхөр тань донор болохыг зөвшөөрөхгүй байхад нь яаж ятгасан бэ?

-Гурван жил хүлээсэн болохоор эцсийн арга нь би донор болох байсан. Нөхрийн маань бие ч сүүлдээ хүндрээд, эмчилгээндээ орж чадахгүй болоод байлаа. Тэгээд л нэг өглөө шийдсэн дээ.

-Мэс засалд орох өдрийн сэтгэл зүй ямар байсан бэ?

-Хүн өөрийгөө бусдад хаачихдаг юм байна лээ. Бага зэрэг айдастай ч гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан.

-Хагалгаандаа амжилттай ороод гарч ирэх ямар байсан бэ?

-Мэс заслын дараа анх ухаан ороод хамгийн түрүүнд нөхрийгөө л хайсан. Нөхрийнхөө хаана байгааг эмч нараас асуусан. Бид хоёр тусдаа тасагт хэвтэж байсан. 14 хоногийн дараа л уулзсан даа. Хүн сэтгэл санаагаар их унадаг ч гэсэн дэргэдэх хүн маань тэнхэрч байгааг хараад өдөр ирэх тусам үнэхээр гоё болдог.

Н.НАрвАНчиН

 

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Жолооч: Ганц шөнийн дотор 260 мянган төгрөгийн цалинг 130 мянга болгосон DNN.mn

“Цагаан хад” суурьшлын бүсэд ажиллаж байгаа нүүрс тээврийн жолооч нарын цалинг үндэслэлгүй, гэнэтийн шийдвэрээр яагаад хассан талаар “Эко Глобал Ложистик” нүүрс тээврийн компанийн жолоочоос тодрууллаа. (Тэрээр нэрээ нууцлахыг хүсэв)


-Та нүүрс тээврийн жолоочоор хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-Ханбогд сумын Хайрхан багийн нутаг буюу Цагаан хаданд нүүрсний тэрэг бариад ойролцоогоор нэг жил болжээ. Манайх ам бүл дөрвүүлээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд цалин хассан шийдвэр гэнэт гарсан. Өмнө нь урьдчилж мэдэгдсэн зүйл байхгүй. Урьд орой нь ачаагаа буулгаад талоноо бичүүлэхэд ямар нэгэн цалин хасах талаар мэдэгдээгүй. Маргаашаас нь цалин хассан шийдвэр г аргасан тухай олж сонссон.

-Цалин нь хэдээс хэд болж буурав?

-Өмнө нь өдөрт 260 мянган төгрөгөөр цалинждаг байсан. Мэдээж ачаагаа буулгаж чадвал 100 мянган төгрөгний нэмэгдэл авна. Маш урт цуваа үргэлжилсэн байдаг болохоор сардаа хил гарч ачаагаа буулгах давтамж нь өөр өөр.

Гуравдугаар сарын 25нд ганц шөнийн дотор 260 мянган төгрөгийн цалинг 130 мянган төгрөг болгосон. Эрс 50 хувиар буурсан байгаа юм. Сонгуулийнхаа сурталчилгааны мөнгийг хийх гээд бидний цалинг хасчихлаа гэж харж байна.

-Та хэр уртад ачаа тээвэр лэдэг вэ. Ажлын байрны нөхцөл ямар байна?

-Ачаагаа ачихаас буулгах цэг хүртэл нийт 48км зам туулдаг. Ажлын цагийн хувьд өглөө 08:00-аас 17 цаг хүртэл автомашин дээрээ байна. Мэдээж нүүрс тээвэрлэж байгаа болохоор нүүрс, тортог болсон жолооч нар байгаа шүү дээ. Говь нутаг учир өвөлдөө маш хүйтэн, зундаа маш халуун байдаг. Ажлын байрны нөхцөл гэдэг бол бидний жолоодох машин, хоноглох газар хүртэл орж байгаа гэж боддог. Учир нь бид гэртээ хариад амрах боломжгүй шүү дээ. Ажилчдын байрны хувьд гол хөндөх зүйл бол хоол хүнс, эрүүл мэнд юм. Бид гэхэд сүүлийн хоёр сар зөвхөн будаа идлээ.

-Махны орцгүй дан будаа идсэн гэсэн үг үү?

-Махтай. Ямар ч гурилын хангамж байхгүй гэсэн үг. Бидэнд хэлэхдээ өдөрт 50 мянган төгрөгний өртөгтэйгөөр хооллож байгаа гэдэг. Бодит байдал дээр 50 мянган төгрөг гар дээрээ авах юм бол хамаагүй дээр хоол хийгээд иднэ. Мөн энд үйл ажиллагаа явуулж байгаа хоолны газар, дэлгүүр маш үнэтэй. Бидний кола гэхэд л зургаа, долоон мянган төгрөг болж байгаа юм.

Хамгийн хямд хоол нь 15 мянган төгрөгөөс эхэлдэг. Том тэрэгний жолооч нар гээд биднийг их мөнгөтэй гэж боддог юм шиг байгаа юм. Бодит нөхцөл байдал дээр Америкийн том тэрэгний жолооч нар шиг биш шүү дээ.

-Та бүхэн нийгмийн даатгал төлдөг үү. Эрүүл  мэндийн үйлчилгээ авч чадаж байна уу?

-Даатгал мэдээж төлнө. Эрүүл мэндийн үйлчилгээ авах ямар ч боломжгүй. Төрийн үйлчилгээ гээд хэд хэдэн контейнерүүд л байдаг. Үйл ажиллагаа явуулж байгаа ганц газар нь Хаан банк. Энэ газар маш олон богинын болон уртын тээврийн жолооч нар ажиллаж амьдарч байна. Тэдний ард гэр бүлийнх нь орлого хамаарч байдаг. Энэхүү жолооч нарын эрүүл мэнд муу бол тэд ар гэрээ яаж авч явах билээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Энхбадрал: Захиалагч буюу мөнгөтэй талд үйлчлээд эхэлбэл хэвлэл мэдээллийн байгууллага үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй DNN.mn

“Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр болж өнгөрлөө. Тус хэлэлцүүлгийн үеэр “Цогц Хөгжлийн Үндэсний Төв”-ийн гүйцэтгэх захирал, социологич М. Энхбадралтай ярилцлаа.


-Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг яаж бүрдүүлэх вэ?

-Хэвлэл мэдээллийн байгууллагууд тэнцвэртэй, үнэн бодит мэдээлэл хүргэх нь хариуцлагатай редакцуудаас шууд хамааралтай. Энэ салбарт мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагууд голчлон үйл ажиллагаа явуулах нь эрх тэгш байдлын гол тулгуур. Өнөөгийн нөхцөл байдалд цахим талбар дээр суурилан хэн хүссэн нь мэдээлэл түгээж байна. Жишээлбэл, дурын хүн хувийн цахим хаягаараа мэдээлэл цацаад, лайв хийгээд байх боломжтой эрин үе. Гэхдээ тэр хүнийг хориглох, хязгаарлах, х ариуцлага тооцох боломжгүй. Учир нь тухайн хүн хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй шүү дээ. Товчхон хэлбэл, түүнийг үзэж байгаа хүмүүсийн олонхмэдээллийн дархлаатай, ойлголт мэдлэгтэй, баттай бус эх сурвалжийг ялгаж салгадаг, зохисгүй сувгийг “блоколдог”, бусдад хуваалцдаггүй ёс зүйтэй болох хараахан болоогүй байна.

-Хэвлэл мэдээллийн байгууллагууд хараат бус байж чадаж байна уу?

-Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх хэвлэл мэдээллийн байгууллагууд улс төрийн хамаарал бүхий эзэнтэй. Тиймээс х эвлэл мэдээллийн байгууллагуудыг улс төрөөс хараат бусаар ажиллуулна гэдэг үлгэр. Урт хугацааны шийдэл нь хэвлэл мэдээллийн байгууллага нийгмээсээ буюу олон нийтээс санхүүжиж, үйл ажиллагаа явуулж чаддаг болбол хамгийн эрх чөлөөтэй, сонгодог хувилбар байж чадна. Жишээлбэл, аливаа редакц хэн нэгнээс хараат бусаар үйл ажиллагаа явуулж, аль нэг талд үйлчилдэггүй байвал баттай эх сурвалж болж чадна. Иргэдийн мэдэх эрхийг хангаж, үнэн бодитой сурвалжилдаг болбол иргэдийн итгэлийг хүлээж, олон нийтээс санхүүжих боломжтой болно.

-Хэвлэл мэдээллийн байгууллагын нийгэмд өгөх үнэт зүйл нь юу вэ?

-Сонгогчид мэдээлэл дээр л тулгуурлаж сонголтоо хийдэг. Яагаад гэвэл хүн ямар мэдээлэл хүлээн авч байна түүн дээрээ тулгуурлаж үнэлэлт, дүгнэлт гаргадаг гэсэн үг. Тиймээс иргэдийг үнэн зөв мэдээллээр хангаж, мэдэх эрх олгох ньхамгийн чухал. Угтаа бол хэвлэл мэдээллийн байгууллага хараат бус ажиллаж чадаж байгаа, эсэх тухай л юм. Бусдаар бол хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн ур чадвар муу биш. Хэвлэл мэдээллийн байгууллага хараат бус байхын тулд орлоготой, цалинтай, санхүүжилт сайтай байх ёстой. Захиалагч буюу мөнгөтэй талд үйлчлээд эхэлбэл хэвлэл мэдээллийн байгууллага үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй.

-Хэлэлцүүлгийн үеэр эмэгтэйчүүдийн квотын талаарих яригдлаа. Яагаад заавал квот тогтоох шаардлагатай вэ?

-Нийгэмд тодорхой нэг өөрчлөлт хийхийн тулд тухайн нийгмийн сэтгэл зүй, хандлага, мэдлэг нь төлөвшчихсөн бол өөрчлөлт өөрөө явагдана. Монголд сүүлийн хоёр удаагийн парламент дамжаад эмэгтэй гишүүдийн эзлэх хувь өөрчлөгдөөгүй, буюу 17  хувьтай. Тэнцвэрт байдлыг хангахын тулд одоо байгаа зарчмаараа үргэлжлээд үр дүн авчрахгүй. Учир нь сонгуулийн тухай хууль, сонгуулийн тойргийг тогтоосон хувилбар зэрэг нь шинэ нэр дэвшигч, эмэгтэйчүүд, шинээр улс төрд орж ирж байгаа 50 настай хүний хувьд ч хаалттай, боломжгүй байна. Ийнхүү системээрээ хааж байгаа нөхцөлд бид өөрчлөлтийг хүлээх нь үр ашиггүй. Ямар ч өөрчлөлт, үр дүнд хүрэхгүй.

-Жишээлбэл?

-Одоогийн том тойрогт буюу дөрвөн аймагт өрсөлдөж байгаа шинэ нэр дэвшигчийн хувьд сонгуулийн сурталчилгааны хугацаанд өөрийгөө таниулах, сурталчлах ажлыг хийхэд бусад туршлагатай улстөрчтэй тэгш өрсөлдөх боломжгүй. Илүү мөнгөтэй, илүү олонд танигдсан хүмүүст зориулагдсан сонгууль болох гэж байна. Үүнийг би шударга бус, хортой, шинэчлэгдэж өөрчлөгдөөгүй сонгууль гэж тодорхойлно.

-Сонгогчид мэдлэг боловсролтой байх нь мөн чухал, тийм үү?

-Тийм ээ, цаашид олон нийтийн хандлага ойлголт сайжрах шаардлагатай байна. Сонгуульд санал өгч байгаа иргэд сонголтоороо дамжуулж чухам ямар чиг үүрэгтэй хүнийг сонгож байгаа талаараа ойлголт мэдлэггүй байна. Сонгуульд өрсөлдөж байгаа хүнээс юуг шаардах, ямар хүчин зүйлс дээр үндэслэж сонголт хийх ёстойгоо иргэд мэддэг байх ёстой. УИХ-ын гишүүн иргэдийг төлөөлдөг, хууль тогтоодог, хуулийн хэрэгжилт болон гүйцэтгэх засаглалд хяналт тавьдаг гэдгийг иргэд мэдэх хэрэгтэй. Сонгогчид нэр дэвшигчдээс юу хүсэх, шаардах ёстойгоо мэдэхгүй хэвээр байвал бид зөв сонголт хийж чадахгүй.

-Жендерийн хувьд чухал бус, ямар мэргэжил боловсролтой хүн иргэдийг төлөөлөх нь чухал биш гэж үү?

-Эмэгтэйчүүдийг эмэгтэй хүн л төлөөлж чадна, залуучуудыг залуу нэр дэвшигчид л ойлгоно гэж хандах нь зохистой биш. Парламентад сууж байгаа бол нийгмийн бүх давхаргыг төлөөлөх чадвартай байх ёстой. УИХ-ын гишүүд зөвхөн өөрт нь санал өгсөн хүмүүсийг биш, нийт улс орны эрх ашгийг төлөөлж ажиллах ёстой. Тэр байтугай өөрийнх нь эсрэг санал өгсөн, өөрийнх нь эсрэг сонгуулиар ажиллаж байсан хүнийг ч төлөөлж тэнд сууж байгаа гэдгээ ойлгох ёстой. Тиймээс гишүүн хүн олон талт төлөөллийг төлөөлөх чадвартай хүмүүс байх ёстой. Зөвхөн төлөөлөх чадвараасаа гадна хууль батлах, санаачлах, гүйцэтгэх засаглалд хяналт тавих чадавх, мэдлэг боловсролтой байх ёстой. Парламент бол энгийн үгээр бид гурван саяулаа цуглаад асуудлаа хэлэлцэж чадахгүй учраас өөрсдийгөө төлөөлөх хүмүүсийг сонгуулиар сонгож байгаа л хэрэг. Иргэд гишүүдэд шаардлага тавьж, хариуцлага нэхэх эрхтэй. Малчин хүнийг малчин байж л төлөөлж чадна гэдэг нь өрөөсгөл ойлголт. Харин малчдыг төлөөлж ажиллаж чадах хүн байх хэрэгтэй. Бүх талын эрх ашгийг төлөөлөх чадвартай парламент бий болох нь хамгийн чухал.