Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Алтантуяа: Хариуцлага хүлээлгэх механизм байхгүйгээс хүний эрхийн зөрчил газар авч байна

“Эмнести интернэшнл” олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяатай ярилцлаа.

-“Эмнести интернэшнл”-ээс дэлхийн хүний эрхийн 2014 оны төлөв байдлын тайлан гаргасан байна. Тайланд Монгол Улс дахь хүний эрхийн зөрчлүүдийг тусгажээ. Гэмт хэрэг хүлээлгэхийн тулд эрүүдэн шүүдэг, иргэдийг албадан нүүлгэж, бэлгийн чиг хандлагаар нь алагчилдаг зэргийг онцолсон байна. Хүний эрхийн зөрчлийг арилгах гарц нь юу вэ?

-Аливаа хүний эрхийн зөрчил гарч байгаа суурь шалтгаан бол хүмүүс эрхээ мэдэхгүй байгаатай холбоотой. Нөгөөтэйгүүр эрх баригчид, төрийн албан хаагч нар, тухайлбал, хууль сахиулагч,эмч, багш нар хүний эрхийн талаар мэдлэггүй байна. Дээрх зөрчлийг арилгах гарц нь Монгол Улс хүний эрхийн боловсролыг бүх нийтэд олгох үндэсний хөтөлбөртэй байж, тэрийгээ хэрэгжүүлэх тогтолцоотой болох шаардлагатай. Социализмын үед хүний эрх гэдэг үндсэн ойлголт өгдөггүй байсан. Хэдийгээр 1990-ээд оны дундуур Монгол Улсад ерөнхий боловсролын хичээлийн программд хүний эрхийн тухай сургалт орж эхэлсэн боловч энэ нь чанартай, цогц сургалт болж чадахгүй байна. Агуулга дутуу, эрээвэр хураавар олгож байна. Хүний эрхийн боловсролыг цогцоор нь биш зөвхөн хүний эрхийн тухай заагаад цаана нь хандлагаа өөрчлөх, эрхээ хамгаалах чадвар олгох тал дээр анхаарахгүй байна. Дээрээс нь их, дээд сургуулиудад хүний эрхийн тухай хичээл ордоггүй. Хууль зүйн зарим сургуульд орж байгаад сонгох хичээл болгочихсон. Улмаар их, дээдсургууль төгсөөд албан тушаалд очиж байгаа залуус ч тэр, дарга нар нь ч хүний эрхийг зөрчиж байна. Үүнээс болоод хүний эрх зөрчсөн тушаал журмууд гаргаж, энэ нь хүмүүст сөрөг үр дагавар авчирч байна.

-Хууль сахиулах хүчнийнхэн дүрэмт хувцастайгаа цомцойн сууж байгаад нотлогдоогүй хэргийн талаар мэдээлэл өгөх нь олонтаа үзэгдэх юм. Хэрэгт холбогдогчийг оюун санааны хувьд дарангуйлж буй энэ үзэгдэл хүний эрх зөрчиж байгаа хэлбэр биз дээ?

-Энэ асуудалд “Эмнести Интернэшнл”-ээс Монгол Улсад анхааруулга өгсөн байгаа. Монгол Улс шударгаар шүүхийг уриалсан мэдэгдэлдээ “Энэ нь эрх баригчид, үүний дотор прокурор, цагдаа, төрийн албан тушаалтан буруутгагдаж байгаа аливаа этгээдийн гэм буруутай эсэх талаар өөрийн санаа бодлыг тусгасан мэдэгдлийг эрүүгийн шүүх ажиллагааны дүгнэлтээс өмнө хийх ёсгүй. Энэ бол гэм буруугүй байх зарчимтай нийцүүлэн шүүгдэж байгаа бүх хүнтэй хүнлэг харьцаж, нэр төрийг нь хүндэтгэхийг баталгаажуулах Монголын эрх баригчдын үүрэг юм” гэсэн байгаа л даа.

Аливаа хууль сахиулахын удирдлагууд, хүний гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад ямар нэгэн байдлаар мэдээлэл хийх нь хүний эрхийг зөрчиж байгаа явдал. Хүмүүс ямар эрх нь зөрчигдөөд байгаагаа мэддэггүйгээс гомдол гаргаж чаддаггүй. Тэд шударга шүүхээр шүүлгэх эрхээ чмэдэхгүй байна шүү дээ. Харин шүүх болохоор өөрсдийгөө шударга шүүдэг гэдэг. Шударгаар шүүх эрх бол зөвхөн шүүх шатандаа биш. Хүн ямар нэгэн гэмт хэрэгт холбогдлоо гэхэд тэр үеэс авахуулаад шүүхээр шийдвэрлэгдээд буцаад гэм буруутай нь тогтоогддог ч юм уу, хохирогчоор тогтоогдоод нөхөн олговор авах гээд шүүхийн дараахь эрх сэргээх бүх үйл ажиллагаа ордог. Хичнээн шударгаар мөрдөн шалгаад шүүх дээр шударгаар ял оноолоо ч шүүхийн шийдвэр биелүүлэх шатандаа эрх зөрчвөл, тухайлбал, хохирол барагдуулахгүй бол тухайн иргэний эрх зөрчигдсөөр байх болно. Хэрэв төр хохиролыг нь барагдуулахгүй бол энэ нь өөрөө шударгаар шүүлгэх эрх нь зөрчигдсөн хэвээр байх болно.

-Манай улс бол ардчилсан орон. Тэр ч утгаараа олон улсын хүний эрхийн конвенциудад нэгдсэн. Гэтэл хүний эрх ноцтойгоор зөрчигдөх явдал газар авсаар байх юм. Төр ард түмнийхээ эрхийг дээдэлж, хамгаалж чадахгүй байгаа юм чинь конвенциудад элсээд үр дүн байна уу?

-Энэ нийгэмд хариуцлагыг хүлээлгэдэггүй, ял завшуулдаг байдал газар авсан болохоор хүний эрхийг дагаж мөрдөх, гаргасан хууль тогтоомжоо, нэгдэж орсон конвенциудынхаа хэрэгжилтийг үгүйсгэж байгаа. Улстөрчид хоёр нүүр гаргаад байгаагийн нэг хэлбэр юм. Гадаад талдаа шүүмжлүүлэх юм уу, хориг арга хэмжээ авахуулахаас эмээж, конвенцэд нэгдэж ороод байдаг. Буцаад үйлдлээрээ хууль тогтоомжоо зөрчөөд байж байна. Үүний тод жишээ бол Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх тухай олон улсын конвенцын нэмэлт II протокольд нэгдэж орж байгаагаа улстөрчид эрүү шүүлттэй тэмцэнэ гэж тайлбарлаад байна. Гэтэл нөгөө талаас УИХ-аас Эрүүгийн байцаан шийтгэх, эрүүгийн хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулаад прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгачихсан. Тэгэхээр аливаа хэргийг хараат бусаар хянах механизмгүй болчихоор хүмүүс гомдол гаргаж чадахгүй, айдастай байна. Гомдол гаргалаа гэхэд Хүний эрхийн үндэсний комисст хандаж байгаа. Ингээд шүүх хурал уг гомдлыг хэлэлцээд нөхөн төлбөр олгох шийдвэр гарчихна. Гэтэл Шүүхийн шийдвэр биелүүлэх албанаас нөхөн төлбөрийг нь олгодоггүй. Хууль сахиулах байгууллагынхнаас тэр хэргээ буцаагаад татахгүй бол өөр хэргээр дахин татлаа шүү гэж айлгаж, сүрдүүлдэг. Энэ зөрчил өнөөдөр асар их байгаа. Хариуцлага хүлээлгэдэг механизм байхгүйгээс хүмүүс айгаад дуугарч чадахгүй, гомдлоо гаргаж чадахгүй байгаа юм. Дээрээс нь манай улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцэд нэгдэж орохдоо үүний 22 дугаар зүйлд тайлбар хийлгүй орсон. Монгол Улс хүний эрхийг зөрчиж байна гэвэл олон улсын механизмаар дамжуулаад гомдлоо гаргах эрхийг нь баталгаажуулаагүй. Тэгэхээр миний эрх зөрчигдлөө гэхэд НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцэд гомдлоо гаргах эсэх нь эргэлзээтэй. Эрүүдэн шүүхийн эсрэг хороо нь ч бас гомдлыг нь авах уу, үгүй юу гэдэг нь ч эргэлзээтэй. Тэгэхээр аливааасуудал тодорхойгүй байна гэдэг бол цаанаа “но”-той.

Өнөөдөр Монгол Улсад хүний эрхийн зөрчил үүсгэж байгаа хүмүүстээ хариуцлага тооцох тогтолцоо хэрэгтэй. Энэ бол хоёр дахь гарц нь юм.

-Сошиал ертөнцөд үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хорьж цагдсан явдал манайд гарсан. Танай байгууллагын тайланд энэ талаар ямар санал зөвлөмжийг тусгасан бол?

-Өнөөдөр мэдээлэл технологи асар хурдтай хөгжиж байна. Тэгэхээр аливаа мэдээлэл, асуудал хурдтай тархаж байна л даа. Хүмүүсийг энэ зөв үү, буруу юу гэдгийг бодож амжаагүй байхад үр дагавар нь үүсээд байгаа зүйл ажиглагдаад байна. Сошиал медиагаар энэ хүрээнд асуудлыг яаж хүлээж авах уу гэдэг соёлд хүмүүс суралцаагүй байна. Хязгаарлалт тогтоох асуудал хоёр талтай, маргаантай. “Эмнести Интернэшнл”-ээс гаргасан 2014 оны тайланд дэлхийн хямрал, мөргөлдөөнтэй байгаа газар нутгуудад янз бүрийн гарсан эсэргүүцэл тэмцэлд эрх баригчдаас авч байгаа хариу үйлдэл нь хүний эрхэд суурилаагүй, ичгүүргүй байгааг дурдсан. Тэдний энэ үйлдэл буцаад туйлшрах орчинг бүрдүүлж байна. Ямар үйлдэлд ямар хариуцлага хүлээлгэхээ тооцохгүй бол буцаад нийгэмд хэт сөрөг хандлага, туйлширсан үзлүүдийг ихэд дэвэргэдэг. Тухайлбал, хүнийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснийх нь төлөө хорьж цагдаж болохгүй. Мэдээж, хүнийг ёсзүйгүй байдлаар хэл амаар доромжилсон бол түүнд хариуцлага хүлээлгэнэ. Гэхдээ шоронд хорих хэмжээнийх биш. Хүний эрх, эрх чөлөөг тодорхой хэмжээгээр хязгаарлаж болно. Гэхдээ үүнийг хуулиар хязгаарлах ёстой. Харин хэн нэгэн дарга, эрх баригчдын субьектив санаагаар, тушаал, журмаар хязгаарлаж болохгүй. Хүний гаргасан буруутай үйлдэл зөрчилд хариу арга хэмжээ авахдаа тохирсон байхгүй бол эрх, эрх чөлөөг хэт хязгаарлах, ял шийтгэл хүндрүүлж олгох нь асуудлыг хурцатгадаг.

Хүн болгон үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Мэдээлэл, олж, эрж хайх эрхтэй. Хүн болгон үзэл бодлоо илэрхийлэхдээ бусадтай хуран цуглаж, эвлэлдэн нэгдэх эрхтэй. Үүнтэй холбоотойгоор өөрийнхөө үзэл бодлыг, оюуны өмчөө хамгаалах, өвлүүлэх эрхтэй. Энэ бүх эрхүүдийг хамгаалсан хууль эрх зүйн орчин шаардлагатай. Одоогийн манай хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжууд цаг үеэс үнэхээр хоцрогдсон.

-Төр дарангуйллаа хуульчлан тогтоож болоод байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд хүн бүр уйгаржин бичиг сур, телевизээр үзэх нэвтрүүлгийн чинь тэн хагас нь монгол контент байх ёстой гэлээ. Энэ нь хүний эрх зөрчсөн явдал мөн үү?

-Аливаа хууль тогтоомжийг гаргахдаа иргэдийн саналыг тусгаж, тэднийг оролцуулах нь хамгийн чухал. Иргэдийн оролцоог хязгаарлах нь эргээд дарангуйллыг бий болгодог.

-Манай улсаас орогнол хүсэгчдийг хүний эрхийн ноцтой зөрчилд өртөх эрсдэлтэй улсад албадан буцаасан тухай “Эмнести Интернэшнл”-ийн өнгөрсөн жилийн тайланддурджээ. Энэ тухай тодруулахгүй юу?

-Өнгөрсөн оны тавдугаар сард Өвөр Монголын өөртөө засах орны орогнол хүссэн хоёр иргэнийг манай улс БНХАУ руу албадан буцаасан. Мэдээж, өөрийн нутаг дэвсгэр дээр хууль зөрчсөн хүмүүсийг албадан буцаах асуудал Монгол Улсын бүрэн эрхийн асуудал байж болно. Гэхдээ НҮБ-аас дүрвэгсдийн орогнол хүсээд орогнолыг нь олгох тодорхой хугацаа өгсөн. Харин манай улс олон улсын гэрээ хэлэлцээрээр хүлээн зөвшөөрсөн үүргээ умартаад тодорхойгүй шалтгаанаар албадан гаргаж байгаа нь хүний эрхийн зөрчил юм.

-Архангай аймагт хэрэгт холбогдсон гурван хүнийг хүнлэг бусаар, хэрцгийгээр эрүүдэн шүүсэн гэх гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна. Энэ асуудалд таны байр суурийг сонирхъё?

-Архангай аймгийн цагдан хорих төвд хоригдож байхад нь хэрэг хүлээлгэхийн тулд цахилгаан бороохойгоор цохиулж, зодсон хэмээн гурван иргэн Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан байдаг. Тэдний нэг мэдүүлэгтээ “Хэрэг хүлээлгэхийн тулд бидэнд хүч хэрэглэж, зургаа хоног хоолгүй хорьсон” гэсэн байдаг. Гэвч Архангай аймгийн цагдаагийн хэлтэс энэ хэргийг мөрдөн шалгасан бөгөөд эрүүдэн шүүж, хэрцгий, хүнлэг бусаар харьцсан талаарх гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Цагдаа цагдаагаар мөрдөн шалгаад хэргийг хэрэгсэхгүй болгоно гэхээр ямар ч иргэнд хардлага төрүүлнэ. Тэгэхээр манай улсад байгаа эрүүдэн шүүхтэй холбоотой гомдлыг мөрдөн шалгаж байгаа одоогийн байдлыг яаралтай таслан зогсоохгүй бол энэ нь эргээд иргэд шударга ёсонд итгэхгүй, гомдол гаргахгүй байх сөрөг талтай. Ийм хэргийг хөндлөнгөөс мөрдөн шалгаж, хянах тогтолцоо байхгүй байгаа нь манай эмгэнэл юм.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Г.Өнөрбаяр: Зуун жилийн өмнө өрнөж байсан хос бичигтэн болох маргааныг өнөөдөр давтаад сууж байгаа нь дэвшил биш ухралт

Төрийн бүх хэргийг уйгаржин монгол, кирилл гэсэн хос бичгээр явуулахаар шийдвэрлэсэн хуулийг УИХ сар шинийн өмнөхөн яаран сандран баталсан. Энэ хуулийн талаарх маргаан хүрээгээ тэлсээр байна. Уг асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Г.Өнөрбаяраас цахим ертөнцөд илэрхийлсэн байр суурийнх нь талаар ярилцлаа.

УИХ-аас Монгол хэлний тухай хуулийг баталсан. Уг хуулиар Монголчуудыг хос бичигтэй болохыг албан ёсоор хуульчилсан нь том маргааны сэдэв болоод байна. Таны хувьд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа нь анзаарагдлаа…

-Монгол бичигт шилжих нь зөв буруу гэж өөрийн хандлага, ойлголтоор тайлбарлахаас илүү хуулийн зүйл заалт, түүнээс урган гарах хүндрэлийг харж ярих нь зүйд нийцнэ. Бас бидний өвөг дээдэс Уйгаржин монгол бичгээс латин бичигт, дараа нь кирилл бичигт шилжих гэж юу болсон талаарх өнгөрсөн түүхийг ч эргэцүүлэх ёстой. Манай монголчууд 2000 гаруй жилийнхээ түүхэнд арав гаруй бичиг үсэг хэрэглэж ирсэн. Хэдийгээр улс төр, шашны гэх мэт янз бүрийн нөлөөлөл байсан боловч тухайн цаг үе бүртээ бичиг үсгээ шинэчилж орчин үеийн дэвшилд нийцүүлсэн. Миний санаж байгаагаар анх 1925 онд хуралдсан МАН-ын IV Их Хурлаар “Монгол үсэг бичгийг засамжлан шинэтгэж амар дөхөм болгох” тухай яригдсан байдаг. Тухайн үед уйгаржин монгол бичгийг “Нэг үсгээр хоёр авиа тэмдэглэдэг, нэг үсэг эхэн, дунд, адагт хувирдаг. Сурахад бэрхшээлтэй. Бичгийн дүрэм нь ярианы хэлнээс зөрүүтэй. Шинэ үеийн техник, технологийн нэршлийг илэрхийлэхэд хүндрэлтэй, орчин үеийн хөгжлийн зорилтуудыг хангахад төвөгтэй” гэх мэтээр тайлбарлаж байсан юм билээ. Өөрөөр хэлбэл, өнөөдрийнх шиг маргаан 1925 онд буюу 100 орчим жилийн өмнө өрнөж байсныг дахиад л давтаад сууж байгаа нь харамсалтай.

Тухайн үеийн энэ маргаан ямархуу байдлаар хүрээгээ тэлсэн юм бол?

-Ардын хувьсгал ялсны дараагаас эхлэн яригдаж 1925 оны үеэс эрчимжсэн маргаан хүрээгээ тэлсээр 1930 онд хуралдсан МАН-ын VIII Их Хурлаар латин үсэгт шилжих нь улс орны цаашдын хөгжилд хэрэгтэй, өрнөдийн соёл иргэншилтэй хөл нийлүүлж хөгжих ёстой гэсэн шийдвэрт хүрсэн. Энд нэг зүйлийг онцлон дурдахад тухайн үеийн МАН-ын удирдлагууд кирилл биш латин бичигт шилжих ёстойг чухалчилсан байдаг. Энэ бол Монгол Улс барууны ардчилсан орнуудын хэв загвараар, ардчиллын үзэл санааны дагуу хөгжих ёстой гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй байсных нь нэг илэрхийлэл юм. Ингээд Ардыг гэгээрүүлэх яамны дэргэд “Латин-Монгол үсгийн зөвлөл” байгуулж 26 үсэгтэй латин хэлний цагаан толгойг зохиож Засгийн газар нь баталсан байдаг. Гэтэл тухайн үед Монгол бичгийг халж Латин бичигт шилжих нь зохимжгүй гэсэн асар том маргаан өрнөсөн юм билээ. Хамгийн дэвшилттэй нь хос бичигт шилжих тухай хэлэлцүүлгийг сургууль, эмнэлэг, захиргаа гэх мэт нутгийн удирдлагын болон олон нийтийн газар өргөн хүрээтэй хэлэлцүүлж ард олны саналыг сонссон байдаг.Үр дүнд нь Засгийн газар бага сургууль, түр сургуулиудад латин монгол, уйгаржин бичгүүдийг зэрэгцүүлэн зааж хос бичигтэй болох шийдвэрийг гаргаж асуудлыг намжаасан. Бас сонин хэвлэлийг хос хэлээр гаргах, албан байгууллага, дэлгүүр, гуанз, албан бланк, тамга тэмдгийг латин монгол бичгээр шинэчлэх, засаг захиргаа, үйлдвэрийн ажилчдыг латин монгол бичигт албан журмаар сургах, төр засгийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй бол шийтгэхээр болсон. Яг л өнөөдрийн Монгол хэлний хуулиар зохицуулсан маргаан байгаа биз. Танил зураг, дуусашгүй маргаан. Ийм түүхийг давтаад сууж байгаадаа санаа зовох юм.

Энэхүү хос бичигтэй болох маргаан хэзээ төгсгөл болсон юм бэ?

-МАН-ын X Их Хурлын тогтоолд ард түмнээ бичиг үсэгт сургах явдлыг тодорхой тусгаж, латин үсэгт аажмаар шилжиж, араб тоог авч хэрэглэхийг шийдвэрлэсэн юм. Араб тоо бол дэлхий дахинд түгэн дэлгэрсэн тэмдэглэгээ. Үүнийг нэвтрүүлсэн нь бас л том дэвшил. Удахгүй бид араб тооноос татгалзаж уйгаржин тоогоороо явна гэж тэнэглэх хүмүүс гарч ирэх л байх. Нэг туйлшрал энэ мэтээр үргэлжилдэг түүхийг бид давтаж байна. МАН-ын уг хурлаар шинээр авч хэрэглэж байгаа латин бичгийн цагаан толгойг шинэчлэн сайжруулах үүрэг ч өгөгдсөн. Ингээд 1941 оны хоёрдугаар сард Латин үсгийг боловсруулах комиссоос ард түмний саналыг үндэслэн дахин 29 үсэгтэй латин цагаан толгойг зохиосон. Ингэж байтал кирилл бичигт шилжих гэсэн өөр санаачилга хүчээ авсан.

-Kирилл бичиг шилжих санаачилгыг анх Ю.Цэдэнбал дарга санаачилж байсан гэдэг байх аа. Тэгээд манай улс бүх нийтээрээ бичиг үсэгтэн болсон ард түмэн гээд ЮНЕСКО-гоос шагнал авч байсан биз дээ?

-1941 оны гуравдугаар сарын МАН-ын төв хороо, Сайд нарын зөвлөлийн хамтарсан хуралд Ю.Цэдэнбал дарга “Кирилл үсэг авч хэрэглэх” санаачилга оруулсан. Ингээд уйгаржин, латин бичгийн маргаан дээр кирилл гэсэн бичиг нэмэгдэн орж ирсэн юм. Үүний дагуу кирилл үсгийн цагаан толгойг 35 үсэгтэйгээр зохиож, 1941-1942 оны хичээлийн шинэ жилээс эхлэн бага сургуулийн хичээлийг шинэ үсгээр явуулах, сонин хэвлэлийг кирилл үсгийн булантай болгосон. Харамсалтай нь кирилл үсэгт шилжих ажил маш их удаашралтай байсан. Тухайлбал 1945 он гэхэд бичиг үсэгтэй хүн амын дөнгөж 20 хувь нь л кирилл үсэг мэддэг болсон. Энэ үйл явцыг тун хангалтгүй гэж дүгнэж 1946 оны нэгдүгээр сарын 1-нээс Монголын бүх сонин хэвлэл, төрийн албан хэргийг кирилл үсгээр явуулах шийдвэрийг гаргасан. 1946 оны энэхүү зоримог шийдвэрээс хойш 26 жилийн дараа монголчууд бүх нийтээрээ бичиг үсэг сурсан Азийн анхны орон болж ЮНЕСKО–гийн шагнал хүртсэн дээ. Тухайн үед бичиг үсгийн маргаан ийм олон жил өрнөсөн. Бид 1990 оноос хойш уйгаржин Монгол бичгээ сэргээх гэж бас л 25 жилийн маргаан өрнүүллээ. Эцэст нь хос бичигтэн болно гэсэн 1930 оны шийдвэрээ давтан гаргачихаад сууж байна. Энэ дэвшил биш ухралт.

ГАДААДАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ХҮҮХДҮҮД МОНГОЛЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРАХ, ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН

Монголчууд өв соёлоо уламжлан авч явахын тулд уйгаржин бичигт шилжих ёстой гэх хүмүүс цөөнгүй байх шиг. Харин та сая хос бичигтэй болох шийдвэрийг дэвшил биш ухралт гэж тодорхойллоо. Энэ тухайгаа тодруулахгүй юу?

-Бид Монгол бичигт хайргүй, түүх соёлоо хүндэтгэхгүй байгаадаа ингэж хандаад байгаа юм биш ээ. Би монгол бичигтээ, түүх, соёл иргэншил бүрт хайртай. Монголынхоо соёлыг тээж хойч үедээ үлдээх ариун үүрэгтэй гэдгээ ухамсарладаг. Монгол хүн бүрийг ийм итгэл үнэмшилтэй гэдэгт итгэдэг. Гэхдээ цаг үетэйгээ, өнөөгийн нөхцөл байдалтайгаа зохицож амьдрах ёстой биз дээ. Бид чинь өнөөдөр 13 зуунд амьдраагүй. Хөгжил дэвшлийн хурдасгуур хүчээ авсан, дэлхийн соёл иргэншил улам бүр даяаршиж байгаа эрин үед амьдарч байна. Уйгаржин монгол бичгийг монгол хэлний эрдэмтэд, энэ чиглэлийн сургууль соёлын хүрээнд үзэж тээж хадгалж байвал болоо юм биш үү. Заавал хүүхдүүдээс их, дээд сургууль ороход нь монгол бичгийн шалгалт авна, төрийн албаны шалгалтыг монгол бичгээр өгүүлнэ гэж эх оронч царай гаргах хэрэг байна уу гэж хууль санаачлагчид болон батлагчдаас асуумаар байна л даа.

Их, дээд сургуульд элсэгчид, төрийн албаныхан монгол бичиг мэддэг байх үүрэг хүлээлээ. Үүнийг том ялгаварлал үүсгэлээ гэж та твиттертээ бичсэн байснаа тайлбарлахгүй юу?

-Бид энэ хуулийн хэрэгжилтийг Монголын газар нутгийн хилийн зурвасаар өнгөцхөн харах хэрэггүй. Олон монголчууд гадаадад төрж, өсч байгааг Монголын төр мартаж болохгүй. Тухайлбал, гадаадын нэлээд олон оронд манай ЭСЯ гэж бий. Бас гадаадад сурч, ажиллаж амьдарч байгаа хүмүүс бий. Тэр бүхний хүүхдүүд байгаа газрынхаа сургуулиудад сурдаг. Тэднийг байгаа газарт нь монгол бичигт сургана гэдэг бэрхшээлтэй. Эдгээр хүүхдүүд Монголдоо буцаж ирээд их, дээд сургуульд элсэн орж чадахгүй. Яагаад гэвэл шалгалтынх нь тодорхой хувийг монгол бичгээр өгнө. Бас эдгээр хүүхдүүд гадаадад дээд боловсрол эзэмшээд эх орондоо эргэн ирээд төрийн албанд ажиллах боломжгүй. Бас л төрийн албаны шалгалтын тодорхой хувь монгол бичиг байна. Тэгэхээр гадаадад төрж, өссөнийх нь төлөө ингэж хуулиар гадуурхан ялгаж болохгүй шүү дээ.

Монгол бичгийг сэргээн хэрэглэснээр эдийн засагт ямар нэгэн хүндрэл үүсэхгүй гэж хууль батлагчид тайлбарлаж байна л даа. Харин та эсрэгээрээ энэ бичиг эдийн засагт томоохон хүндрэл үүсгэнэ гэж байсан байх аа?

-Монгол бичгийг сэргээн хэрэглэхийн тулд Монгол бичгийн багш нарын орон тоо олноор нэмэгдэнэ. Бас төрийн албаны бичгийг 2025 оноос кирилл, уйгаржин монгол бичиг хоёроор хавсран хэрэглэхээр хуульчилсан. Төрийн албан хаагчдын ихэнх нь уйгаржин монгол бичгийг төгс эзэмшээгүй. Цаашид ч албан бичгийг кирилл, уйгаржин монгол бичгээр давхар бичээд сууж байх завтай албан тушаалтан байхгүй. Тэгэхээр төрийн албанд уйгаржин монгол бичиг мэддэг хүмүүс олноор хэрэгтэй болно. Цомхон байх ёстой гэж сүүлийн хоёр жилийн турш хэрүүл хийсэн төрийн алба нь дахиад л данхайна. Төрийн албаны бичгийг уйгаржин монгол бичиг, кириллээр давхар явуулахаар хуульчилсан. Үүнээс улбаалан төрийн албаны бичиг хэрэг, тээврийн зардал одоогийнхоос хоёр дахин нэмэгдэнэ. Уйгаржин монгол бичгийн олон программ шаардлагатай болно. Төрийн бүх байгууллага уйгаржин монгол бичиг, кирилл гэсэн хоёр толгойтой бланкийг хэвлүүлнэ. Тамга, тэмдгээ шинэчилж таарна. Энэ бүхний зардал хаанаас гарах вэ. Үүнийг эдийн засгийн ачаалал биш гэж хэлж чадаж байгаа нь ухаалаг төрийн тооцоололбайх л даа.

Төрийн бүх албан хэргийг хоёр бичгээр хөтлөн явуулснаар эдийн засагт учрах бэрхшээлээс гадна өөр ямар хүндрэл үүсэх вэ?

-Албан бичгийг кирилл, уйгаржинаар давхар бичихээр олон хүндрэл үүснэ. Наанадажхөрвүүлгийн алдаа гарвал яах вэ. Зарим нь зориуд луйвар булхай хийх гэж нэгнийх нь эхийг нөгөөгөөс бага зэрэг зөрүүтэй хийнэ. Шүүх, цагдаадаа очно. Шүүх аль бичгээр бичсэн нь албан ёсны үнэн зөв нь гэж тогтооход ч хэцүү байдал үүснэ. Өөрөөр хэлбэл, төрийг мэхлэх арга замууд нарийсан нээгдэнэ.

Хос бичигтэй болох шийдвэрт үндэсний цөөнхүүд их эмзэглэн хандаж байна л даа. Тэдний саналыг төр засаг сонсох ёстой биз дээ?

-Эрх баригчид маань шийдвэр гаргахдаа ард түмнээсээ асууна. Төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлнэ гэж их ярьдаг. Яг шийдвэр гаргах болохоороо ардчиллын ямар ч шинж тэмдэг байхгүй дарангуйллын байдлаар асуудалд хандах болсны нэг илрэл. Ардчилал гүнзгийрсэн өнөө үед битгий хэл манай улс 1930 оны үед хос бичигтэй болох тухай шийдвэрээ ард түмнээсээ асууж, удаа дараагийн хэлэлцүүлэг маргаан өрнүүлж байсан түүхтэй. Энэ шийдвэрээс хамгийн их хохирол амсах нь казахууд. Тэд одоо хоёр хэлтэй, гурван бичигтэй болж таарах нь. Ийм ухралт хийж байхын оронд Кембрижийн стандартыг нэвтрүүлсэн бол дэвшилд хүрэх байлаа. Энэ дэвшлээс бас л татгалзсан.

KЕМБРИЖИЙН СТАНДАРТААС ТАТГАЛЗАЖ, МОНГОЛ БИЧИГТЭЭ ШИЛЖИХ НЬ ХӨГЖЛИЙН АСАР ТОМ УХРАЛТ БОЛНО

Кембрижийн стандарт, уйгаржин Монгол бичиг хоёр ямар холбоотой юм бэ. Нэгээс нь татгалзаж нөгөөг нь нэвтрүүллээ гэдгээ дэлгэрүүлэхгүй юу?

-МАН, АН хоёрын бодлогын ялгаа олон зүйл дээр гардаг. Бас олон зүйл дээр ч нэгддэг. Нэг ялгаа нь боловсролын салбарын бодлогын асуудал болчихлоо. 2011 оны үед Ерөнхий сайд С.Батболд, МАН-ынхантайгаа ярилцаад Монголын боловсролын салбарт Кембрижийн стандартыг нэвтрүүлэх санаачилга гаргасан юм. Энэ стандартыг Монголд нутагшуулах санаачилга гаргасан багт би ажилласан. Энэ бол маш том амбиц байлаа. Маш том дэвшил байлаа. Монголын боловсролын салбарт байгаагүй эргэлтийн бодлого байлаа. Монголын бүх хүүхдийн хувь заяанд асар том түлхээс болох байлаа. Одоо би зөвхөн байлаа гэдэг цаг дээр ярьж суугаадаа харамсах юм.

Яагаад?

-Тухайн үед Кембрижийн стандартыг нэвтрүүлэхээр англи, монгол хэл дээр хичээлээ явуулах хос хэлний сургалттай сургууль Улаанбаатарт гурвыг байгуулсан. Тэгээд бүх дүүрэг, аймгийн төвүүдэд хос хэлээр хичээллэх Кембрижийн стандарттай сургуулийг байгуулж эхэлсэн юм. 2017 он гэхэд улсын хэмжээний бага болон ахлах ангиудаа Кембрижийн стандартаар хичээллүүлэхээр төлөвлөж Кембрижийн олон улсын шалгалтын төвөөр үнэлгээ хийлгэхээр төлөвлөсөн. Бидэнд Кембрижийн олон улсын шалгалтын төвийнхөн тусалсан. Харамсалтай нь АН Засгийн эрхэнд гарснаар энэ бодлого алдагдсан. Тэгээд Кембрижийн стандартаар хичээллэх зориулалтаар засч тохижуулсан сургуулиудыг лаборатори сургууль гэж нэрлэдэг болсон гэсэн. Кембрижийн стандартын сураг алдарсан.

Өнөөдөр дэлхийн улс орнуудын боловсролын ситем даяарчлагдаж байна. Улс орон бүр ерөнхий боловсролын стандарттай байсан үе түүх боллоо. Хөгжсөн болон хөгжиж буй улс орнууд Женевийн эсвэл Кембрижийн стандартыг сонгодог. Өнөөдөр Кембрижийн стандартаар дэлхийн 130 гаруй орон хичээллэдэг болчихлоо. Энэ тоо бидэнд нэгийг хэлж өгнө. Женевийн стандарт бол маш хатуу болзол шалгууртай учир европын голдуу орнууд хичээллэдэг. Харин Кембрижийн стандарт уян хатан учраас эрчимтэй түгэн дэлгэрлээ. Тухайлбал Кембрижийн стандартыг нэвтрүүлэхдээ түүх, соёл, хөдөлмөр, хэл бичиг гэх мэт хичээлүүдийг өөрийн улсын арга барилаар заана. Харин хими, физик, алгебр, математик, геометр, англи хэл гэх мэт байгалийн ухааны голдуу хичээлүүдийг Кембрижийн стандартаар заалгана гэж зорьсон. Учир нь эдгээр хичээлийг дэлхийн хаана ч нэг л стандартаар заадаг. Манай хүүхдүүд ч тэр стандартаас хоцрохгүй. Нэг л сурах бичгийн арга барилаар хичээл явагдана. Тийм учраас Кембрижийн стандартаар сурсан хүүхдийг дэлхийн аль ч их сургууль шууд хүлээн зөвшөөрдөг. Тухайн үеийн МАН-ын дэвшүүлсэн зорилтоор бол Кембрижийн стандартаар хичээллэсэн бүх сургуулийн сурагчдыг үндэсний болон Кембрижийн стандартын гэрчилгээтэй төгсгөхөөр төлөвлөж байсан юм. Үндэсний сургалтын гэрчилгээгээр дотоодын их дээд сургуулиудад, Кембрижийн гэрчилгээгээрээ дэлхийн ямар ч сургуульд элсэн суралцах боломж нээгдэх байлаа. Хичээл, Англи, Монгол гэсэн хос хэлээр явагдана. Дэлхийн нэг номерийн стандартаар, дэлхийн нэг номерийн хэлээр хичээллэж төгссөн Монгол хүүхдийн өрсөлдөх чадвар өснө гэсэн том амбицыг чухалчилж байлаа. Харамсалтай нь АН ялаад дэлхийн 130 гаруй оронд нэвтэрсэн Кембрижийн стандартыг зогсоогоод 13 дугаар зууны үеийн монгол бичгээ сэргээхээр хуульчлаад өглөө дөө.

Өнөөдөр өндөр төлбөртэй цөөхөн хэдэн ерөнхий боловсролын сургууль Кембрижийн стандартаар хичээллэж байна. Дэлхий нийт даяаршиж байгаа өнөө үед харин ардын хүүхдүүд уйгаржин бичиг сурах гэж зовох болох нь ээ?

-Миний мэдэж байгаагаар бол Орчлон, Американ, Элит, Интернешнл гэсэн хэд хэдэн сургууль Кембрижийн стандартаар хичээллэдэг болсон. Энэ бол маш том дэвшил. Эдгээр сургуулийн төлбөр хэд билээ, хэний хүүхэд сурдаг билээ гэсэн хоёрхон асуулт олон зүйлийг бодогдуулна. Сонирхолтой нь өөрсдийнхөө хүүхдүүдийг олон мянган ам.долларын төлбөртэй Кэмбрижийн стандартаар хичээллэдэг эдгээр сургуулиудад сургачихаад ард түмний хүүхдийг Кембрижийн стандартаар сургая, ерөнхий боловсролын бүх сургуулийг аажимдаа, үе шаттайгаар Кембрижийн стандартаар хичээллэдэг болгоё гэхэд үгүй гэж байна. Тэгсэн мөртлөө ард түмний хүүхдийг багаас нь монгол бичигтэй болгоно. Өөрсдийнхөө хүүхдийг Кембрижийн стандартаар хичээллэсэн сургуульд сургаж төгс англи хэлтэй болгоно гэсэн бодлого баримталж байна. Нийгмийн асар том ялгарлын суурь чимээгүй тавигдаж эхэллээ. Кембрижийн стандартаар хичээллэж дэлхийн бүх орныхон ярьдаг англи хэлийг төгс сурсан хүүхдүүдтэй жирийн ардын, зөвхөн Ар, Өвөр Монголд л хэрэглэгдэх уйгаржин монгол бичигтэй хүүхэд өрсөлдөнө гэдэг маш хэцүү. Хүүхэд, залуучуудад гарааны тэгш боломж олгоно гэдэг энэрэнгүй бодлого ингэж устаж байгаад эмзэглэж байна. Тиймээс Монголын ерөнхий боловсролын бүх сургуулиудад Кембрижийн стандартыг нэвтэрүүлнэ гэсэн санаачилга бодлогоо орхихгүй ээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Ц.Уртнасан: Өрхийн эрүүл мэндийн даатгалын мөнгийг өвдсөн нэгэндээ шилжүүлэн зарцуулах боломжтой

Саяхан шинээр батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль ирэх долдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлнэ. Уг хуулийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, нийгмийн даатгалын улсын ерөнхий байцаагч Ц.Уртнасантай ярилцлаа.

Шинэ гарсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн ач холбогдлыг эхлээд тодруулмаар байна. Өмнөхөөсөө ямар онцлог, давуу талтай заалтуудыг тусгаж өгөв?

-Манай улс 1994 оноос хойш Эрүүл мэндийн даатгалын өнөөгийн тогтолцоог сонгож авч, хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал, эмийн үнийн хөнгөлөлтийн төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг бие даасан тогтолцоог бид бүрдүүлж чадсан. Тодруулбал, эрүүл мэндийн даатгалын санд жилдээ 280 гаруй тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж, мөн хэмжээний санхүүжилтийг олгож байна. Ингэж эрүүл мэндийн даатгалын сан нь эрүүл мэндийн байгууллагын найдвартай санхүүжилтийн эх үүсвэр болж, даатгуулагчдад эрүүл мэндэд нь эрсдэл тохиолдсон үед эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг саадгүй, шуурхай олгох бололцоотой даатгалын сан болон хөгжиж байна. Үүгээр эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бүрдүүлж хөгжүүлсний нийгэм, эдийн засгийн бодит үр дүнг товчоор үнэлж болох юм. Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт нь эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн 40-70 хувийг эзэлж байна. Шинэ хуулиар Даатгуулагчдын авах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанаржуулах, сайжруулах талаар олон зохицуулалтыг тусгаж өгсөн. Нэг үгээр хэлбэл даатгуулагчаа эрхэмлэсэн хууль болж чадсан гэж үзэж байна. Тухайлбал, өрхийн даатгалын үйлчилгээг шинээр хуульчиллаа. Төр хариуцан төлдөг иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг бас нэмэгдүүллээ.

Тодруулж асуухад манай улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоо ямар зарчмаар явдаг юм бэ. Даатгалын шимтгэл төлөөд байдаг хэрнээ эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чаддаггүй иргэд олон бий. Шинэ хуулиар үүнийг хэрхэн зохицуулсан юм бол?

-Манай Эрүүл мэндийн даатгал нь эв санааны нэгдлийн зарчим дээр үндэслэсэн тогтолцоо л доо. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд даатгуулсан хүний даатгуулагчдын төлсөн шимтгэлээр орлого бүрдүүлж нэгдсэн сан бий болгоод уг сангаас тохиолдсон эрсдэлдээ ногдох төлбөр авч, эрсдэлээ хуваалцдаг зарчимтай тогтолцоо. Олон арван эрүүл саруул даатгуулагч нь өвчин зовлонд өртсөн даатгуулагчаа эдгэж, илааршихад нь дэмжлэг үзүүлдэг, хүмүүнлэг тогтолцоо гэвэл илүү ойлгомжтой байх болов уу. Монголчууд дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг дээ.

Нэг даатгуулагчид эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулах зардлын нийт хэмжээ жилд 1.8 сая төгрөг байгаа. Одоогийн хуулиар төрөөс шимтгэлийг нь хариуцдаг иргэд сар тутамд 670 төгрөг, жилдээ 8040 төгрөгийг эрүүл мэндийн даатгалд өгдөг л дөө. Ийм хэмжээний мөнгө төлснийхөө хариуд 1.8 сая төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах бололцоо нээж байгаа юм. Хорвоод нэг нь өвдөж байхад, нөгөө нь эрүүлсаруул байдаг. Хэрэв эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хөгжүүлээгүй бол хүн бүр 1.8 сая төгрөг болоод түүнээс их хэмжээний мөнгө эрүүл мэнддээ зарцуулна гэвэл хүндрэлтэй. Эв санааны нэгдлийн даатгалын тогтолцооны давуу тал энэ л дээ. Ингэж эв санааны нэгдлийн зарчмаар бүрдүүлсэн эрүүл мэндийн даатгалын сангаас бид 20 гаруй жилийн хугацаанд эмнэлгийн байгууллагуудынхаа тогтвортой үйл ажиллагааг хангаж, олон зуун иргэдийнхээ эрүүл мэндэд тохиолдсон эрсдлийг хуваалцаж ирлээ.

Давхардсан тоогоор 4.4 сая иргэн 2014 онд эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлаа гаргуулсан байна. Хэрэв энэ даатгалын тогтолцоо байгаагүй бол эдгээр тохиолдлыг эрүүлжүүлэхэд их хэмжээний зардал гарна. Гэтэл “Би эрүүл мэндийн даатгал төлчихөөд эмнэлгийн тусламж, үйлчилгээ аваагүй. Энэ мөнгөө буцааж авмаар байна” гэдэг бол үнэхээр хувиа хичээсэн явдал. Өнөө биш ч хэзээ нэгэнтээ өөрт эрсдэл тохиолдоно. Тэр үед хамтын сангаас мөн ногдох төлбөрөө гаргуулж таарна. Бид чинь бүгдээрээ бие биенийхээ дэм, харилцан уялдаатай зохицуулалт бүхий хүний нийгэмд амьдарч байна. Шинэ хуулиар ч эв санааны нэгдлийн энэ зарчмаа хадгалсан.

Төр өөрийн хариуцсан иргэдийнхээ эрүүл мэндийн даатгалд төлдөг шимтгэлийн хураамжийг нэмэгдүүлсэн гэж та дээр хэллээ. Хуульд орсон өөрчлөлтийг танилцуулахгүй юу?

-Манай улсын нийт хүн амын 50 орчим хувийнх нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцаж ирсэн. Нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авагчид, цэргийн албан хаагчид, оюутан сурагчид, 16 хүртэлх насны хүүхдүүд, хүүхдээ асарч байгаа эцэг эх багтана. Ингээд аваад үзэхээр эрүүл мэндийн даатгалд даатгагдсан хүмүүсийн олонхи нь бага шимтгэл буюу сард ердөө 670 төгрөг төлдөг. Гэтэл өнөөдөр өндөр өртөгтэй эмчилгээ сувилгаа хийлгэх шаардлагатай хүмүүс олон болсоор байна. Иргэн сард 670 төгрөг төлөөд хорт хавдрын эмчилгээ, хиймэл эрхтэн хийлгэх, өндөр үнэтэй мэс засал, эм, эмнэлгийн хэрэгсэлд эрүүл мэндийн даатгалын сангаас ихээхэн хэмжээний төлбөр гаргуулна гэдэг боломжгүй зүйл. Шинэ хуулиар төр хариуцаж байгаа иргэдийн шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг, хоёр хувиас багагүй байхаар тогтоосон. Одоогийн мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.0 мянган төгрөг. Үүний хоёр хувь нь сард 3840 төгрөг болж байна. Төр хариуцах иргэдийнхээ шимтгэлд Засгийн газар ийм хэмжээний мөнгө сардаа төлөхөөр хуульчилсан.

Тэгэхээр Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг тусламж, үйлчигээний нэр төрөл нэмэгдсэн гэсэн үг үү?

-Тиймээ, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр төрлийг өргөжүүлсэн байгаа. Тухайлбал, хорт хавдрын хөнгөвчлөх эмчилгээ, өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээ, түүнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнэ, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засварлах зориулалтаар хийгдэх хэрэгслийн үнийг, сум, өрх, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж, үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, асаргаа, сувилгаа, оношилгоо, шинжилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас олгох боллоо. Хорт хавдрын өдрийн болон химийн туяаны эмчилгээ, түүнчлэн жирэмсний 37 долоо хоногоос өмнөх, төрсний дараах үеийн эмгэгийг эмчлэх тусламж, үйлчилгээг хамруулахаар хуульд тусгасан байгаа. Бүхэлдээ эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж, үйлчигээний цар хүрээ өргөжсөн.

Өрхийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ ямар онцлогтой юм бэ. Энэ даатгалын иргэндээ хүрэх давуу тал нь юу юм бол?

-Эрүүл мэндийн даатгалд даатгуулагч жилдээ 1.8 сая төгрөгийн эрүүл мэндийнтусламж, үйлчилгээ авах эрхтэй, нэг өрх ам бүл дөрвүүлээ гэж үзвэл гэр бүлийн гишүүд бүгдээрээ нийлээд жилд 7.2 сая төгрөгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулах эрх нээгдэнэ. Гэр бүлийн гишүүдийн нэг нь өвдсөн тохиолдолд нөгөө нэг гишүүний зөвшөөрснөөр эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулах төлбөрийг шилжүүлж болно гэсэн үг. Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөр гаргуулах эрхээ гэр бүлийнхээ хэн нэгэн гишүүнд жилд нэг удаа шилжүүлэн зарцуулах эрхтэй болох юм. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар иргэд эмчилгээ хийлгэснийх нь дараа Эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн эрүүл мэндийн байгууллагад санхүүжилт нь шилждэг. Тэгвэл иргэд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг нь хийх боломжийг хуульд тусгасан болов уу?

-Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх оношилгоо, эмчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх боломжтойболж байна. Заавал өвдсөн хойно нь үзүүлдэг эмнэлгийн тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх биш, эрүүл саруул байхад нь чиглэсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоонд даатгуулагчийг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдлээс нь хамааралтайгаар товлолт хугацаанд оруулж, уг зардлыг даатгалын сангаас төлөх юм.

Мөн энэ хуулиар Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийн эрх, үүрэг, эмнэлгийн байгууллагын үүрэг хариуцлагыг маш тодорхой тусгаж өгсөн. Нэг эмнэлэгт очоод үзүүлсэн болдог, тэрнийх нь төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг практикийг халах зорилт тавьсан. Эрүүл мэндийн байгууллага даатгуулагчид чанартай, сэтгэл ханамжид нь нийцсэн тусламж, үйлчилгээ үзүүлдэг, ийм байдлыг даатгуулагчийн өмнөөс худалдан авч, төлбөр төлдөг харилцааг төлөвшүүлэхэд чиглэсэн зохицуулалтууд орсон байгаа. Эрүүл мэндийн даатгалд даатгуулсныг гэрчлэх, мэдээллээр хангах цахим картыг нэвтрүүлэх, мэдээллийн нэгдсэн цахим сангийн тогтолцоог бүрдүүлснээр даатгуулагчид санхүүгийн хяналт тавих бололцоо бүрдэх юм.

Эрүүл мэндийн даатгалаар үнийн хөнгөлөлт үзүүлдэг эмийн нэр төрлийг нэмэгдүүлсэн үү. Санхүүжилт дуусчихсан гээд эмийн сангууд хөнгөлөлттэй үнээр эм өгдөггүй бэрхшээл бий. Үүнийг хэрхэн зохицуулсан бэ?

– Эм өвчин эдгээх шидтэй ч бас хортой зүйл. Зүй зохистой эмийн хэрэглээг төлөвшүүлэх, харилцан хяналт бүхий тогтолцоог хөгжүүлэх, нэгэнт хүрсэн үйлчилгээний түвшинг бууруулахгүй байхаар холбогдох зохицуулалт хийсэн. Одоогийн хуулиар зөвхөн өрх, сум, багийн эмчийн жороор олгох эмэнд үнийн хөнгөлөлт үзүүлж байгаа бол шинэ хуулиар үүн дээр нэмээд аймаг, дүүргийн эмнэлгийн амбулаторийн нарийн мэргэжлийн эмчийн бичсэн жороор олгох эмэнд үнийн хөнгөлөлт үзүүлэхээр боллоо.

Гурван жил дараалан эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ аваагүй хүнийг нэг удаа эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулж, урамшуулахаар журам баталсан байна лээ.Ийм иргэд цөөнгүй бий. Тэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахын тулд хаана, хэрхэн хандах вэ?

-Энэ нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ жил бүр тогтмол төлсөн боловч дараалсан гурван жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ аваагүй даатгуулагчийг эрүүл мэндийн бүрэн үзлэгт нэг удаа хамруулж урамшуулах тусламж, үйлчилгээ юм. Нэг даатгуулагчид даатгалын сангаас төлөх урамшууллын зардлын хэмжээ 80 мянган төгрөг бөгөөд даатгуулагч оношилгоо, шинжилгээний гурван төрлийн багцаас сонгон үйлчлүүлэх боломж бий. Даатгуулагч нийгмийн даатгалын байгууллагаас сонгосон лаборатори бүхий төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдээс өөрөө сонгон урамшууллын үйлчилгээгээ авах боломжтой. Даатгуулагч урамшууллын тусламж, үйлчилгээнд хамрагдахын тулд НДЕГ-ын цахим хуудас (www.ndaatgal.mn)-аас, эсхүл нийгмийн даатгалын байгууллага дээр очиж урамшууллын эрхтэй эсэхээ шалгуулаад Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээндээ тэмдэглэл хийлгэж, дээрх оношилгооны багцаас сонгож хуудсаа авна. Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, оношилгооны хуудсын хамт нийгмийн даатгалын байгууллагатай урамшууллын үйлчилгээ үзүүлэх гэрээт эмнэлгүүдээс сонгон үйлчлүүлж болно. Гэрээт эмнэлгүүдийн талаарх мэдээллийг мөн манай цахим хуудаснаас авч болно.

Урамшууллын үйлчилгээнд 10,5 мянган даатгуулагч хамрагдаж, тэдний зардалд даатгалын сангаас 841,0 сая төгрөг зарцуулсан.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Ё.Отгонбаяр: Идэх хоолоо яая даа гэж байхад юун бичиг үсэг солих вэ

УИХ-ын гишүүн Ё.Отгон­баяртай ярилцлаа.

Монголчуудыг уйгаржин, кирилл хос бичигтэн болгох хуулийн төсөл нэлээд маргаан дагуулж байна. Таны хувьд ч шүүмжлэлтэй хандаж байгаа анзаарагдсан?

-Уг хууль нь уйгаржин бичгийнх биш, Монгол хэлний тухай хууль юм байгаа юм л даа. Харамсалтай нь хуулийн гол маргаан нь уйгаржин бичиг болоод байна л даа.Чингэс хаан 800 жилийн өмнө Их Монгол Улсыг байгуулахдаа энэ бичгийг төрийн бичиг болгож авсан байдаг. Ингээд аваад үзэхээр монголчуудын 750 жилийн түүх уйгаржин бичиг дээр байгаа. Тэгэхээр энэ бичиг соёлоо авч явж, хадгалах ёстой гэдэгт нь миний хувьд санал нийлж байгаа. Харин бүх юмыг хос бичгээр бичиж, яг арван жилийн дараа хос бичигтэн болно гэдэгт шүүмжлэлтэй хандаад байгаа юм. Хүүхдүүд уйгаржин бичгийг сургуульдаа заалгачихаад, амьдрал дээр гарахаар хэрэглээ нь алга. Тиймээс 2025 оноос хос бичигт шилжих заалтаа татаад авчихмаар юм.

Хэрэв уйгаржин бичигт шилжвэл төрийн бүх албан хэрэг хос бичиг дээр хөтлөгдөнө. Үүнээс үүдэн зардал мөнгө ч их гарч таарна?

-Тэгэлгүй яахав. Монгол хэлний тухай хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа миний хоёр дахь шалтгаан бол энэ. Хэтэрхий өргөн хүрээг хамруулахаар төсөлд заачихлаа. Төрийн бүх албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулна гэж байна. Энэ нь зардал чирэгдэл ихтэй. Хоёр хүн хоорондоо гэрээ байгуулахад хэвтээ болон босоо бичгээр бичих болно. Хоёр бичиг хоорондоо адил хүчин төгөлдөр байх ёстой. Нэг бичгийнх нь текст нөгөө бичгийнхтэйгээ зөрөөд эхэлбэл хоёулаа шүүх дээр очиж маргалдаж таарна. Хамгийн наад захын асуудал энэ. Цаашлаад шүүх хуралдааны протоколыг уйгаржин, кирилл бичгээр хөтлөх нь. Аль нэг бичиг дээр хүн алдаа гаргаад биччихсэн байгаад тухайн хүний хувь заяа хохирвол яах юм бэ. Тийм болохоор зөв зүйтэй зорилтыг хүчирхийллийн буруу аргаар хэрэгжүүлэх гээд байгаад эсэргүүцээд байна.

Энэ хуулийн төсөл нь цаашлаад монголчуудыг уйгаржин бичигт хүчээр оруулах гэсэн Хятадын бодлого гэж зарим эрдэмтэд үзээд байгаа юм билээ. Уйгаржин бичигтэй болчихвол бид гадаад ертөнцөд Өвөрмонголоос өөр харилцах оронгүй болох юм биш үү гэх болгоомжлол байсан л даа?

-Гадаад улс орон руу илгээж байгаа албан бичиг, нотууд англи юм уу, тухайн орны хэл дээр илгээгддэг. Бүр социализмын үеэс манайх Ардын их хурлын тэргүүлэгчдийн даргын илгээлтийг гадагшаа уламжлалт уйгаржин бичгээр давхар явуулдаг байсан юм. Харин одоо шинэ орж ирсэн хуулиар бүгдийг хавтгайруулаад байна. Тухайлбал, Нийслэлийн захирагчийн шийдвэр хос бичгээр гарчихсан байхад буруудаад байх юм алга. Тэр захирамж энэ тэрийг бичиг үсэг сайн мэддэг хүмүүс хянах байх л даа. Тэгэхээр алдаа мадаг нь гайгүй биз. Харин хоёр байгууллага хоорондоо албан бичгээр харьцахдаа уламжлалт монгол бичгээр бичнэ гэж байна. Өнөөдөр уламжлалт монгол бичгээр байтугай кириллээр алдаагүй бичдэг хүн ховор болчихоод байна. Бид авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдээ цаашид урагшилж чадаж байна уу, ухралт болж байна уу гэдгийг харж байх ёстой.

Хэвлэлийн байгуул­лагууд нийтэд түгээж байгаа мэдээллийнхээ талыг уйгаржин бичгээр нийтэлж, нэвтрүүлэх ёстой гэсэн асуу­дал хэлэлцүүлгийн шатанд өрнөж байсан. Өнөөдөр МҮОНРТ-ээс бусад нь хувийнх. Уйгаржин бичгээр нийтлэл, нэвтрүүлэг цацах боломжгүй. Зардал ч их гарна. Сонин сэтгүүлийн тухайд хүн ч уншихгүй шүү дээ?

-Магадгүй, үүнийг үгүйсгэхгүй. Хэрэв хууль батлагдвал энэ асуудалд төрөөс бодлого гаргах ёстой. Уламжлалт монгол бичгийг сэргээх ажил бол ардаа зарцуулах мөнгө хөрөнгөний л асуудал. Миний бие энэ салбарыг, Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хариуцаж байсан хүний хувьд хэлэхэд тавьсан жаахан мөнгөндөө таарсан ажлууд л хийгддэг. Үүнийг нийтийн хэрэглээтэй харьцуулбал, асар бага мөнгө. Гэтэл ирэх арван жилд хос бичигтэн болно гэж байна. Эхний таван жилд нь эдийн засаг сайнгүй байхад юун бичиг үсэг солих, идэх хоолоо яая даа гэдэг асуудалтайгаа тулгарах өнгөтэй болоод байна.

Энэ хууль батлагдахад хүн бүр дагаж мөрдөхгүй бол буух хариуцлага нь өндөр юм билээ. Дэлхий нийт даяаршиж байхад манай улс бичиг үсгийнхээ хуучин цагийн соёл руу ухарч байна шүү дээ. Тодорхой хүрээнд, хэм хэмжээтэй хэрэглэмээр санагдах юм…

-Хуулийн хэрэглэх хүрээг жаахан заагтай байсан бол дэмжихэд асуудал алга. Гэтэл хэт туйлширсан байгаа юм. Амиа арай гэж авч яваа хүнд гай болохооргүй байх хэрэгтэй. Уламжлалт монгол бичгээр бичсэн юмыг уншчихдаг хэмжээнд байхад тэр нь заавал тухайн хүний толгой дээр шийтгэл болоод очдоггүй, хязгаарлалт болоод байдаггүй баймаар сан. Тэр утгаар нь хүч хэрэглэх гэж байгаа заалтуудыг эсэргүүцээд байгаа юм.

Хуулийг дагаж мөрдөөгүй тохиолдолд ногдох хариуцлага нь өндөр. Хэлэлцүүлгийн шатанд торгуулийн хэмжээг буулгах тухай ярьж байгаа. Уг нь энэ төсөлд хуулийн “тодорхой заалтууд”-ыг зөрчсөн бол арга хэмжээ авах тухай заасан байсан. Гэтэл одоо болохоор “холбогдох бүх заалтууд”-ыг гээд оруулчихсан байгаа юм. Тэгэхээр хамрах хүрээ хэтэрхий өргөн байна. Жишээлбэл, хоёр байгууллагын албан хаагч нар хоорондоо гэрээ байгуулж байгаад алдаа гаргасан бол 1.5 сая төгрөгөөр торгуулах нь байна шүү дээ. Мөн хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн байцаагч торгоно гэсэн байгаа. Үүнийг хязгаарлах хэрэгтэй. Яагаад гэвэл эхэн үед мэдэхгүйгээс болж зөрчил их гарна. Хавтгайрсан торгуулиас үүдэн хуулийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй.

Албан бичиг гэснээс уйгаржингаар гарын үсгээ зурж таарна. Энэ асуудлыг яаж хуульчилж байгаа вэ?

-Уйгаржин бичгээр хүмүүс нэрээ биччихэж дөнгөнө. Харин гарын үсгээ зурна гэдэг хэцүү. Гарын үсгийн тухай хууль гээд будлиантай юм орж ирнэ. Энэ мэт асуудал ар араасаа босно.

Орчин цагт хүүхдүүд цахимжиж, голдуу латин үсгээр хоорондоо харилцдаг болсон. Тэд уйгаржин бичиг сурахгүй, заалаа гэхэд нэлээд хүндрэл бэрхшээл учирна. Гишүүдийн зүгээс ч “Хүүхдүүдээ тэгж зовоож яах гээд байгаа юм бэ, үндэсний цөөнхүүд яах болж байна” гэхчилэн шүүмжлэлтэй хандаж байсан. Тэгвэл таны хувьд ямар бодолтой байна вэ?

-Тиймээ. Хүүхдүүдэд хүндрэл учирна. Одоо кирилл бичгээрээ явж байгаа. Дээрээс нь монгол бичгээр сургаж эхлэх нь.

Төсөлд хүүхдүүдэд гуравдугаар ангиас уламжлалт бичиг заана гэж байсныг зургадугаар ангиас болгож өөрчилсөн. Бидэнд өмнөх алдааны сургамжбий шүү дээ. 1990-ээд оны эхэн үед хүүхдэд уйгаржин заасан. Тийм ч удаан үргэлжлээгүй. Нэг бичгийн соёл нь бүрэн сууж дуусаагүй байгаа үед давхар бичгийн соёл ороод эхлэхээр хүндрэлтэй. Монгол, англи хэл байсан бол өөр хэрэг л дээ. Гэтэл нэг хэл хоёр бичгийг нэг зэрэг орохоор хүний толгой эргэдэг. Цаашид “уул” гэж бичиж байх юм уу, “агула” гэж бичиж байх юм уу. Бага ангийн хүүхэд үүнийг ойлгодоггүй.

Энэ хуульд үндэсний цөөнхүүдийн тухай заалт тусч өгсөн. Тэд бүр хэцүү болох шинжтэй. Тэнд одоогийн байдлаар Монгол хэл, казах, гадаад хэл гээд гурван хэл үзэж байна. Гурван хэл үзэж байгаа нөхөр гурван бичиг давхар үзэх болж байна. Тэдэнд амаргүй нөхцөл байдал үүсэхээр байгаа биз?

-Аав гэдэг үгийг уйгаржингаар “абу” гэж бичнэ. Ингээд “абу” гэх үү, “аав” гэж дуудах уу. Уйгаржин бичиг монголчуудын хэлний аялгад нөлөөлөх сөрөг талтай гэж судлаачид ярьж байна лээ. Энэ утгаараа кирилл бичиг хүнийг авиаг тэмдэглэхэд хялбар, бичихэд ч хурдан.

Манайхан аливаа хуулийг ямар нэгэн судалгаа муутай баталчих юм. Хуучин монгол бичиг оруулаад ирлээ гэхэд бидний хэлний дуудлага яаж өөрчлөгдөх үү гэдгийг судлах ёстой юм. А, Э хоёр нэг болчихно. Х, Г хоёр нэг болчихно. О, У нэг болчихно. Халх аялга өөрчлөгдөөд эхэлбэл яах вэ. Яагаад гэвэл бичиг дагаад заавал аялга өөрчлөгдөнө. Би дээр үед кирилл, латин, уйгаржин байх уу гэдэг маргааны улмаас гадаадын эрдэмтэдтэй уулзаж байсан юм. Тэд “Уламжлалт бичиг чинь Монголын эзэнт гүрний бичиг. Тиймээс адилхан биччихээд та нар халх монголоор “за” гэдэг бол Өвөр Монголд “жа” гэж дууддаг юм. Кирилл монгол бол халх аялгуунд тааруулсан үсэг. Хэрэв Монгол Улс цаашаа бусад монгол үндэстнүүдээ авч нэгтгэх гэж байгаа юм уу? Яг ямар зорилготой юм бэ?” гэж асууж байлаа. Үүнийг ч бид бодох ёстой. Хэрэв бид халх аялгаа өөрчлөх зорилго тавьж байгаа юм уу, хэрэв ярьж байгаа халх аялгадаа бичгийн хэлээ тааруулж тавих уу. Үүнийг харж хийх ёстой байх. Худлаа эх оронч дүр эсгэхийн оронд амьдралаа бодитойгоор хармаар байгаа юм.

Дээрээс нь бид бичиг үсэгтэн байх тодорхойлолтоо энэ хуульд оруулж өгөх ёстой байсан юм. Уламжлалт монгол бичиг, кирилл монгол бичиг мэддэг хүн бичиг үсэгтэн гэдгийг хуулинд оруулах ёстой. Хүн амын 95 хувь нь уламжлалт монгол бичгээ мэдэхгүй байгаа. 1972 онд ЮНЕСКО-гоос бичиг үсэг үл мэдэх явдлыг тайлсан гэж шагнал авч байсан улс маань ганцхан шөнийн дотор бичиг үсэггүй улс болоод хувирчихаж болохгүй л дээ.

Уйгаржин бичиг бол зар­дал ихтэй. Кирилл дээр бичигдсэн ном, бүтээлүүдийг уйгаржинд хөрвүүлэхэд 3-4 дахин зузаан болдог шүү дээ. Энэ мэт уйгаржин бичгийн сул талууд бий?

-Уламжлалт монгол бичигт сул тал бий. Кирилл үсгийг бодоход ном зузаарч, цаасны орц нэмэгдээд эдийн засгийн хувьд хүндрэл дагуулах байдал үүсэх л байх. Бас давуу тал ч бий. Бид энэ бичгийг хэрэглэх хүрээг тэлье гэж байгаа юм бол амьдралд нийцтэй байлгах бодлого барих ёстой болохоос хүчээр түрэх бодлого байж болохгүй. Намайг боловсролын сайд байхад Өвөрмонголын нэг профессор ирж байсан юм. Тэр хүн “Манай сургуульд ирж байгаа хүүхдүүдийн зарим нь тодорхойлолтоо уйгаржингаар бичээд өгчих юм. Нэг бол кирилл дээр бичээд өгчихөж бай. Бид кириллээр уншина. Хэрэв уламжлалт монгол дээр бичвэл алдаагүй бичих ёстой. Тодорхойлолт өгсөн тэр гэхдээ “үхсэн” гэж бичээд байх юм. Тэр нь манайд очихоор доог тохуу болоод байна” гэж байсан. Бид өвөрмонголчуудыг радиогоор аялгаар нь шоолдог шиг тэд өөрсдийнхөө радиогоор биднийг бичгээр нь шоолдог үе ирчих вий дээ гэж болгоомжилж л байна.

Энэ хуультай зэрэгцээд Соёлын тухай хуульд нэмэлтээр орж байгаа телевизүүдийн контен­тын асуудал хэвлэлийн болоод үзэгчдийн эрхэнд бүдүүлгээр халдах нь ээ. Та уг хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа нь анзаарагдсан. Ер нь манай нийгэмд ийм хууль байх шаардлагатай юм уу?

-Энэ хууль бүх телевиз, кино театр, интернэт порталд суурилсан телевиз гээд бүгд монгол агуулгатай байх ёстой гээд хавтгайруулаад хувь заачихсан. Үүнд л шүүмжлэлтэй хандаад байгаа юм. Яагаад гэвэл контент үйлдвэрлэнэ гэдэг бол мөнгөний асуудал. Гэтэл одоо үйл ажиллагаа явуулж байгаа телевизүүдийн чадамж ямар билээ. Одоогийн телевизүүдийг 100 хувь зах зээлд гаргаж хаячихсан. Тэд жаахан мөнгөн урсгалаа хувааж хүртэж байна. Гэтэл одоо контентийнх нь хувь хэмжээг заачихаар телевизүүдийн оршин тогтнох процесст нь сөрөг үйл явц болно. Контентын тухай асуудал ярьж байхад үйлдвэрлэгчийг ярих ёстой болохоос борлуулагч руу гүйгээд орчихож байгаад гайхаж байгаа. Кино театрууд өөрсдөө кино үйлдвэрлэдэггүй. Хүний хийсэн киног гаргадаг. Тэд энд, тэндээс үзэгчид ачиж авчраад кино үзүүлээд байдаггүй. Үзэгчид өөрсдөө сонгосон киногоо очиж үздэг. Хэрэглэгчийнх нь сонирхлоор л явна. Би Соёлын сайд байхдаа “Цогт тайж” киног сэргээгээд кино театруудаар гаргах асуудал тавьсан. Гэтэл тэд “Уучлаарай сайд аа. Бид ганц, хоёр удаа л гаргаж өгье. Наадахаар чинь мөнгө олдоггүй юм. Хүн үздэггүй” гэсэн. Тиймээс бид чанартай бүтээл үйлдвэрлэхэд нь анхаарал тавих ёстой болохоос шууд ийм байж болохгүй. Хоёрдугаарт, интернэт порталд суурилсан телевиз, кино театруудыг үлгэрлэжхэлэхэд дэлгүүрийн худалдагч юм. Тэд чихрээ өөрсдөө үйлдвэрлэдэггүй. Гэтэл дэлгүүрийн худалдаг­чийг “Чиний чихрийн 40 хувь үндэсний чихэр байх ёстой” гээд байгаатай монгол контентын асуудал адил шүү дээ. Үндэсний чихэр үйлдвэрлэж байгаа хүнээ дэмжээд гадаадын чихэр үйлдвэрлэж байгаатай өрсөлдөхүйц бүтээгдэхүүн бий болгож байх ёстой. Гэтэл худалдагчийг очиж торгоод яахав. Энэ бол нөгөө талаас үзэгчийн эрхэнд халдаж байна.

Эрх баригчид өөрс­дийнхөө телевизүүдийг санхүүжүүлэх ийм хуулийн төсөл оруулж ирлээ. Ирэх сонгуульд бэлтгэлээ базааж байна гэх хардлага дагуулж байгаа л даа…

-Ардчилсан намын нөхдүүд засгийн эрх барингуутаа хүний хувь хэмжээг зааж, хааж, боож, торгоно гэдэг хууль дандаа санаачилж байна. Үүнийгээ болих хэрэгтэй. Монгол контентыг дэмжинэ гээд эхлээд Засгийн газраас 10 тэрбум төгрөг суулгахаар санал оруулж ирсэн. Төсөв хэлэлцэх үед таван тэрбум болж хасагдсаар байгаад сүүлдээ 0 болсон. Хэрэв таван тэрбум төгрөг суулгачихсан байсан юм бол төр баахан захиалга өгөх юм яриад явчихаж байгаа юм. Төр өөрөө сонгон шалгаруулалт хийхдээ буруу хийдэг механизмтай. Энд лобби явагдах нь ойлгомжтой. Ингээд уран бүтээлд төрийн зүгээс цензур тавина. Ингээд социализм руугаа эргээд үсрээд орчих гээд байгаа юм.

Хэрэв хуулийн төсөл батлагдаж, “Монгол контент” хөтөлбөр хэрэг­жээд эхэлбэл телевизүүдийн эфирийг хянах механизм нь ямар байх бол. Энэ боломжийг нь та хэрхэн харж байна?

-Хуулийн төсөлд торгуулийн хувь хэмжээний заалтуудыг ажлын хэсэг дээр хасагдсан. Ингээд энэ хууль ардаа нэг ч төгрөгийн санхүүжилтгүй, шийтгэлийн заалтгүй тэгчихээд телевизүүдийн нийтлэл нэвтрүүлэгт хувь заагаад байх ямар утгатай юм бэ. Хэрэв нэвтрүүлж байгаа монгол контент нь 50 хувьдаа хүрээгүй байлаа гэхэд яах юм бэ. Ер нь гадаад контентыг дотор нь зааглах ёстой. Тэр шүүмжлээд байгаа Солонгос сериалаа яаж зохицуулах юм. Үнэхээр өрнөдийн их сайн чанартай кинонууд манай зах зээлд ороод ирвэл үндэсний контентыг хурцалж байгаа нэг хэлбэр болдог. Нөгөөтэйгүүр бид 21 дүгээр зуунд амьдарч байгаа байж, “Чи BBC үзэж болохгүй, чи гадаад нэвтрүүлэг үзэж болохгүй” гэж хуульчлах нь утгагүй юм. Хамгийн эцэст нь хууль нь өөрөө ямар ч агуулгагүй болчихоод байгаа юм. Тухайлбал, өнөөдөр Юнивишнээр гэртээ гадаадын 150 гаруй, дотоодын 50 орчим суваг үзэж байгаа. Хэрэв энэ хууль хэрэгжээд эхлэнгүүтминий ямар нэвтрүүлэг үзэж байгааг яаж шалгах юм бэ. Тэр үндэсний контент нь сонирхолгүй байвал гадаад суваг л үзнэ. Үүнийг хянах ямар ч боломжгүй. Харин тэр монгол сувгууд дээр чанартай нэвтрүүлэг гаргах дээр бодлого нь явах ёстой. Телевизүүд оргил цагаар гадаад нэвтрүүлэг явуулчихаад шөнийн цагаар монгол контентоо нэвтрүүлээд байвал яах вэ. Яаж ч чадахгүй. Зохицуулалт нь салбартаа үр ашиггүй, ямар ч бодлогын өөрчлөлт авчирахгүй.

Арилжааны телевизүүд реклам зар сурталчилгаа төл­бөрт нийтлэл нэвтрүүлгээс олдог ашиг орлогоороо санхүүждэг. Эфирт үндэсний нэвт­рүү­лэг, киноны эзлэх хувийг 50 хувиас доошгүй болговол телевизүүдийн орлого тэр хэмжээгээр буурч таарна?

-Эдийн засгийн хүндрэлтэй, хямралтай нөхцөл байдал телевизүүдэд хүнд тусч байна. Реклам өгдөг компаниуд нь цөөрчихсөн. Орлого тааруу байгаа телевизүүдийг нэвтрүүлгийнхээ тэдэн хувийг монгол байлга гэвэл хэн зөвшөөрөх юм бэ. Энэ утгагүй хүчээр зохицуулдаг арга цаашаа дэлгэрч болохгүй. Жишээлбэл, би үндэсний хоол идэх хууль санаачлаад “Таны идэж байгаа хоолны 50 хувь нь үндэсний хоол байх ёстой” гэвэл яах вэ. Тэгээд гэрт нь орж, идэх хоолыг нь заагаад байгаатай Монгол контентын хууль агаар нэг байгаа юм.Их амттай сайхан үндэсний хоол гараад ирвэл өөрөө сонголтоо хийж иднэ шүү дээ. Үүнтэй адил телевизүүдийн нэвтрүүлгийн чанарыг сайжруулж, санхүүжилтийг нь шийдэх механизмаа энэ хуулинд сайн тусгаж өгөх ёстой байсан болов уу.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Г.Гүнжидмаа: Хэвлэл мэдээллийн зөвлөлийг гишүүдийн олонх нь захирна

“Монголын Хэвлэл Мэдээллийн Ёс зүйн Зөвлөл” НҮТББ-ыг үүсгэн байгуулах чуулганаа хуралдуулж, удирдах зөвлөл болон хэвлэлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг батламжиллаа. Энэ талаар санаачилгын бүлгийн гишүүн, Хэвлэлийн хүрээлэнгийн Гүйцэтгэх захирлын орлогч Г.Гүнжидмаатай ярилцлаа.

-Олон жилийн өмнөөс яригдсан хэвлэлийн консул буюу Монголын хэвлэл мэдээллийн ёс зүйн зөвлөл байгуулах ажил сая биелэлээ оллоо. Чуулганаар ямар асуудлуудыг хэлэлцэв, үр дүнгийн талаар эхлээд сонирхуулахгүй юу?

-Хуралдааныг салбарын олон талын оролцоотойгоор явуулсан. Тодруулбал,хэвлэмэл, өргөн нэвтрүүлэг, цахим, орон нутаг, мэргэжлийн бүлэг гэсэн салбар хуралдаанд түшиглэсэн. Эдгээр нь тус бүрдээ ажил олгогч, сэтгүүлч гэсэн хоёр салбар хуралдаанаас бүрдсэн. Ингээд салбар хуралдаанаас удирдах зөвлөлд 15, хэвлэлийн зөвлөлд 30 гишүүнийг нэр дэвшүүлж, батламжиллаа. Хэвлэлийн зөвлөлд ажиллах 30 хүнийг Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороо, Телевиз, радио өргөн нэвтрүүлгийн ёс зүйн хороо гэж тус бүр 15 гишүүнтэй байхаар байгууллаа. Хуралдааны нэг гол ажил бол дүрмийн төслийг заалт бүрээр нь хэлэлцэж, оролцогчдын саналыг тусгаж баталсан. Чуулганаар Хэвлэл мэдээллийн ёс зүйн зөвлөл НҮТББ-ыг үүсгэн байгуулах шийдвэр гаргаад улсын бүртгэлд бүртгүүлэх тогтоолын төслийг чуулганд оролцогчдын 100 хувийн саналаар баталлаа.

-Удирдах зөвлөл болон Ёс зүйн хороодын дарга нарыг хэрхэн сонгосон бэ?

-Салбар хороод дотроо хуралдаад хүмүүсээ илээр нэр дэвшүүлж олонхийн саналаар удирдах зөвлөл болон ёс зүйн хороодын дарга нарыг сонгосон. Удирдах зөвлөлийн 15 гишүүн дотроосоо хэд хэдэн хүний нэр дэвшүүлж өрсөлдөөд даргаа сонгосон. Удирдах зөвлөл нь хоёр дэд даргатай байхаар болж тодорхой чиг үүрэг хариуцуулсан. Дэд даргаар “Медиа порт ТВ-үүдийн консерциум”-ын тэргүүн Ч.Батцэнгэл,МХЧБФ-ын тэргүүн У.Тамир нарыг сонголоо. Харин Ёс зүйн зөвлөлийн Хэвлэмэл болон цахим хэвлэл мэдээллийн хороон даргаар “Өдрийн сонин”-ы хуулийн зөвлөх, “Нийслэл таймс” сонины ТУЗ-ийн даргаШ.Сүхбаатар, Ёс зүйн зөвлөлийн Өргөн нэвтрүүлгийн салбарын хороон даргаар МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал доктор Ж.Батбаатар нарыг сонголоо.Сонгогдсон нэр бүхий хүмүүс эрх мэдэлтэй боллоо гэхээс илүү шинэ тутам байгууллагыг хөл дээр нь босгох, олон нийтийн итгэл үнэмшлийг олж авах гээд бусдаасаа илүү ачаа үүрэх болж байна. Хэвлэл мэдээллийн зөвлөл нь хэвтээ удирдлагын тогтолцоотой буюу бүх гишүүдийн саналд тулгуурлан олонхиор асуудлыг шийдэж явах юм.

-Хэвлэл мэдээллийн зөвлөл бүтцийн хувьд Удирдах зөвлөлтэй, Ёс зүйн хоёр дэд хороотой ажиллах нь. Тэгвэл чиг үүргийн хувьд яаж ажиллах вэ?

-Иргэдээс ирсэн гомдлыг барагдуулах чиг үүрэг нь зөвхөн Ёс зүйн хороодод хамаарна. Энэ үйл явцад удирдах зөвлөл хөндлөнгөөс оролцохгүй. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлж, нэвтрүүлсэн мэдээлэлтэй холбоотой ёс зүйн асуудлыг хороод хэлэлцээд дүгнэлт гаргаад явна. Удирдах зөвлөл бол энэ байгууллагын бодлого, тогтвортой үйл ажиллагааг хангах, санхүүжилт босгох чиг үүргээ л мэднэ. ТББ-ын хувьд гүйцэтгэх удирдлага буюу захиралтай байх ёстой. Тиймээс энэ ажлын байрыг олон нийтэд нээлттэйгээр зарлаж, сонгон шалгаруулна.

Байгууллагын чиг үүргийг дүрмээр нэлээд тодорхой болголоо. Тухайлбал, хэвлэлийн эрх чөлөөг хангахад дэмжлэг үзүүлэх, сэтгүүл зүйн салбарт ёс зүйг төлөвшүүлэх, сэтгүүлчийн хараат бус байх эрхийг хамгаалах, хэвлэл мэдээллийнхний нийгмийн өмнө хүлээх хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх гэх мэтээр үндсэн зорилго дээр санал нэгдсэн. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд иргэд, олон нийтээс сэтгүүлзүйн тодорхой бүтээлийн ёс зүйтэй холбоотой гомдол,санал хүлээж авна.

-Иргэдээс ирсэн санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Хэвлэл мэдээллийн зөвлөлд сэтгүүлчийн ёс зүйн асуудлаар Монгол Улсын иргэн хэн ч гомдлоо ирүүлж болно. Гомдлыг хүлээж авах, барагдуулах журмыг ойрын хугацаанд удирдах зөвлөл батлаад www.presscouncil.mn вэб сайтаар олон нийтэд мэдээлснээр иргэдээс санал гомдол хүлээж авах нь нээлттэй болно. Гэхдээ бүх гомдлыг хэлэлцэхгүй. Хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой шүүмжлэл, сэтгүүлчийн биеэ авч яваа байдал, цалин мөнгө, сэтгүүлчийн хөдөлмөрлөх эрхийн тухай зэрэг ерөнхий асуудлыг хэлэлцэхгүй. Учир нь эдгээрийг тусад нь хэлэлцдэг төрийн бус байгууллагууд бий. Харин тодорхой бүтээл, нэвтрүүлэг, нийтлэлээр гарсан ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдлыг ёс зүйн хороохэлэлцээд хамтын шийдвэрийг үндэслэн дүгнэлт гаргах юм. Шийдвэрээ нээлттэй болон хаалттай гэсэн хоёр хэлбэрээр зарлана. Эхний ээлжинд тухайн редакцитай холбоотой ирсэн гомдлыг удирдлагуудад нь мэдэгдэнэ. Редакци буцаагаад тайлбар өгөх юм уу, хэвлэл мэдээллээр дамжуулан өөрсдөө уучлал гуйсан тохиолдолд асуудал шийдэгдсэн гэж үзнэ.

-Удирдах зөвлөл хэдэн жилийн хугацаатай томилогдохоор дүрэмдээ тусгасан бэ?

-Удирдах зөвлөлийг гурав, зургаан жилийн хугацаатайгаар 49:51 хувийн оролцоотойгоор солихоор дүрэмд заасан. Ямартай ч бүх гишүүд гурван жил ажиллана. Үүний дараа долоон гишүүн орныхоо төлөөллийг оруулж ирээд өөрсдөө чөлөөлөгдөнө. Үлдсэн найм нь зургаан жилийн хугацаатай томилогдож байгаа юм. Тэд шинэ гишүүдийг бэлтгэх,байгууллагын тогтвортой байдлыг хангах юм.

-Хэвлэл мэдээллийн зөвлөлийг байгуулах гол шалтгаан нь сэтгүүлзүйн ёс зүйн асуудал. Тэр дундаа сэтгүүлчийн бүтээлтэй холбоотой гэдгийгүүсгэн байгуулагчид онцолж байсан. Ер нь сэтгүүл зүйн салбарын ёс зүй дэлхийн хаахна явна вэ?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслийн ёс зүй болон хариуцлагатай холбоотой асуудал сүүлийн жилүүдэд шүүмжлэл дагуулж байна. Хэн нэгнийг шүүмжилсэн төлбөртэй нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж түгээдэг, нийгмийн өмнө хариуцлага хүлээхгүй байгаа нь судалгааны тоо баримтаар ч баталгаажиж байна. Хэвлэлийн хүрээлэнгээс “Сэтгүүлчийн ёс зүй ба хариуцлага” судалгааг үндэсний хэмжээнд явуулахад оролцогчдын 70 гаруй хувь нь “ХМХ-ээр цацагдаж байгаа нийтлэл, нэвтрүүлэгт итгэдэггүй, эргэлздэг” гэсэн хариулт өгсөн. Энэ нь ХМХ-ийн салбарынхан өөрсдийгөө эргэж харах, ёс зүйн асуудалдаа нухацтай хандаж, ёс зүйн хэм хэмжээг сахиулан мөрдүүлдэг байхын төлөө ажилладаг Ёс зүйн зөвлөл байгуулах зайлшгүй шаардлагатайг харуулсан л даа.Судалгаагаар ёс зүйн алдааг ихэвчлэн санаатай биш санаандгүй байдлаар гаргадаг болохыг тогтоосон.Өөрөөр хэлбэл, сэтгүүл зүйн мэргэжлийн хэм хэмжээг мэддэггүй, эсвэл дагаж мөрддөггүй, ёс зүйн асуудлыг төдийлөн өдөр тутмынхаа ажилд ойшоодоггүйгээс алдаа гаргадаг. Үүнээс үүдэн хуулбарлах, гүтгэх, доромжлох, баримт нотолгоогүй бичих, мэдээллээ нягтлаагүйгээс наад зах нь хүний овог нэр, газар усны нэрийг хайнга бичих явдал сүүлийн жилүүдэд олширч байна. Цөөн хүний алдаанаас болж сэтгүүлч хэмээх эрхэм мэргэжил, цаашлаад салбарын нэр хүнд, амжилттай яваа хэвлэлийн байгууллага, сэтгүүлчдийг доош татаж байгаа сөрөг үр дагавар ч ажиглагдсан.

-Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдсанаар сэтгүүлч шүүхэд дуудагдах нь багасна гэж байсан л даа. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?

-Дээрх алдаануудаас болж олон сэтгүүлч шүүхэд дуудагддаг. Сэтгүүлч, редакц ч тэр болгонд цаг хугацаа, хөрөнгө мөнгөө зарцуулдаг. Иймд шүүх рүү явахаас өмнө асуудлаа шийддэг замыг бий болгож, төлөвшүүлэхэд өөрийн зохицуулалтын байгууллага хувь нэмэр оруулах ёстой. Ер нь бол Хэвлэл мэдээллийн ёс зүйн зөвлөл байгуулагдсанаар ёс зүйгүй, мэргэжлийн бус бүтээлийг багасгах, шүүх рүү эрүүгийн болон иргэний хэргээр татах тохиолдлыг багасгах, хэвлэлийн эрх чөлөөг улам баталгаажуулах, хэвлэл мэдээллийн нэр хүндийг нь дээшлүүлэх зорилготой. Итгэл үнэмшил, нэр хүнд дээшлэх тусам бизнесийн үйл ажиллагаанд нь илүү эерэгээр нөлөөлөх ач тустай. Тийм болохоор сэтгүүлзүйн салбартаа мэргэжлийн, эрүүл байгууллагууд бүгд энэ зөвлөлийг байгуулахад гараа өргөн дэмжсэн. Сэтгүүлч, ажил олгогч, багш, судлаач зэрэг мэргэжлийн хүмүүс гар нийлж байгуулсан учраас энэ зөвлөл үр дүнгээ өгөх итгэлийг төрүүлж байгаа.

-Хэвлэл мэдээллийн зөвлөл сэтгүүлчдийг шүүх дээр төлөөлөх үү?

-Бид иргэдийн шүүх рүү хандах эрхийг хааж чадахгүй. Бусад орны жишгээс харахадхэвлэлийн өөрийн зохицуулалтын байгууллага ажиллаж байгаа нөхцөлд иргэд гэхээс илүү нөлөө бүхий хүмүүс сэтгүүлчийг шүүхэд өгдөг байдал эрс багасдаг. Энэ соёл яваа яваандаа төлөвшдөг юм байна. Хэвлэлийн зөвлөл нь ажиллаад, салбар доторх асуудлаа зохицуулах боломж байсаар атал заавал шүүхээр явах гээд байгаа хүн ёс зүйн хувьд өөрийгөө нийгэмд сөргөөр харагдуулдаг. Тиймээс аль болох өөрийн зохицуулалтын байгууллага руу асуудлыг татаж, шийдвэрлэх гэдэг. Хэрэв тухайн гомдол гаргагчийн эрхийг хэвлэлүүд ноцтойгоор зөрчөөд, асуудал нь Ёс зүйн хороогоор орсон ч шийдвэрлэгдээгүй тохиолдолд цаашаа шүүхэд хандах эрх нь нээлттэй.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүмүүс хүүхдээ буруу хүмүүжүүлж байна

Эцэг, эхчүүд хүүхдээ төгөлдөр хуурч, балетчин болгох гээд л бие биеэ дуурайх юм. Дугуйлан, дамжаа, сургуулиуд руу хүүхдүүдээ хөтлөөд хошуурцгааж байна. Хүн өөрийнхөө хүүхдэд ямар боловсрол олгож, хэрхэн хүмүүжүүлэх нь тэдний асуудал л даа. Гэхдээ манайх шиг гуравхан сая хүн амтай улсад ихэнх нь төгөлдөр хуурч, балетчин боллоо гээд хоолоо олж идэж чадахгүй. Харин манай эцэг, эхчүүд хоёр, гурван зуун сая хүн амтай улсад амьдарч байгаа юм шиг л сэтгэж, хүүхдээ төгөлдөр хуурч, балетчин болгох гээд бэлдээд байдаг. Энэ буруу хүмүүжил өөрсдөд нь л хохиролтой. Хөгжимчин болоод Н.Жанцанноров гуай шиг сайхан амьдарна гэж харж байгаа бол эндүүрэл. Төрмөл авьяастай ийм хүнийг сургаад ч байдаггүй юм. Тэрний оронд гуталчны дамжаанд сургавал дээр сэн. Дэлхийд гараар хийсэн гутлууд хамгийн их үнэд хүрдэг. Дор хаяж 800-1000 ам.долларын ханштай байна. Үүн шиг амьдралд хэрэг болохоор өөр мэргэжил олон бий. Хүмүүс хүүхдээ ирээдүйдэлбэг, хангалуун амьдруулахыг л хүсдэг. Тэгвэл хөгжимчин, бүжигчин болгохоор хэт их туйлширч, цаг зав, хөрөнгө хүчээ зарцуулж байхаар амьдралд нь хэрэгтэй мэргэжлийг эзэмшүүлж, сургавал яасан юм бэ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гар утсандаа номын сантай болцгооё

Орчин цагт хүмүүс гар утасныхаа тусламжтайгаар амжилтад хүрсэн олон жишээ байна. Наад захын жишээ гэхэд махлаг хүмүүс жингээ хаялаа л гэнэ. Эзнийхээ эрүүл мэндэд бүрэн анхаардаг программ ухаалаг утаснуудад бий. Алхам бүрийг нь тоолж, хөдөлгөөнийг нь хяначихаж байна. Сахартай хүмүүсийн идэх хүнсийг хяначихна. Гар утаснаасаа интернэтэд орж дэлхийн хаана ч байгаа хүмүүстэй холбогдож, мэдээлэл авч болж байна. Энэ мэтчилэн гар утас холыг ойртуулж, хоёрыг учруулахаас гадны хүний эрүүл мэндийн хувийн зөвлөгч болжээ. Тэгвэл мэдлэг боловсролд нэмэрлэсэн хувийн номын сантай болцгооё.

Хаа ч явсан тантай цуг байдаг гар утсандаа номын сан суулгавал хэдийд ч хүссэн цагтаа номынхоо хуудсыг эргүүлчихэж болж байна. Монголын зохиолчид, ном бүтээгчид, хэвлэлийн бизнес эрхэлдэг байгууллагууд энэ боломжийг нээж иргэдийн номын санг баяжуулаасай. Тухайлбал дэлгүүрийн лангууны ард суудаг хүмүүс тэр болгон нийтийн номын санд очихгүй. Иймд иргэдийнхээ мэдлэг боловсролд анхаарсан энэ төрлийн үйлчилгээг манай мэдээлэл, технологийн салбарын мэргэжилтнүүд ч дэлгэрүүлээсэй. Ухаалаг утсыг бүрэн утгаар нь ашиглаж чадвал бидний хэрэглээний бүх юм тэнд бий.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Өнөө жилийн цагаан сарын буузны амтыг “Нүүдэл” брэнд өнгөлнө

Цаг агаарын байдал цагаан сарын буузанд ч яах аргагүй асуудал үүсгэж мэдэхээр байна шүү. Нийт нутгаар өмнөх жилүүдийнхийг бодвол харьцангуй тогтуун сайхан байгаа. Говийн аймгуудаар бүр нэмэх хэмтэй өдрүүд ч байсан. Идэр есийн хүйтэн шувтрахад Монгол түмэн маань сар шинийнхээ баяртай золгоно. Энэ янзаараа налайсан өдрүүд үргэлжилбэл бууз, банш хөлдөж өгөхгүй шинжтэй дэг ээ. Тээр жилийн сар шинийн баяр санаанаас минь огт гардаггүй юм.

Цагаан сар ч гуравдугаар сар дөхөж болсон байх. Бууз, банш хөлдөж өгдөггүй. Дэмий амсар нь хатаад байдаг. Дээр үеийн орос хөргөгчний хөлдөөгчинд юу шальтай оров гэж дээ.

Гаднах температурт хөлдөхгүй байгаа буузаа хөлдөөгчиндөө цөөн ширхгээр нь хийж аваад л хөлдөөмөөр аядаад шуудайлаад байлаа. Шинийн нэгний өглөө зочин гийчиндээ буузаа жигнэж өгөх гэтэл бүгд хоорондоо наалдчихаж. Баарцагласан нэг том бууз болчихсон байж билээ. Одоо ч тэр үеийг бодвол бэлэн үйлдвэрийн бууз гэж сайхан юм элбэг болсон. Ажил алба ихтэй хот суурин газрын мань мэтийн хүмүүст бэлтгэсэн бууз, банш авчихаар амар байдаг юм. Цагаан сарын нөр их бэлтгэлийн ажил хөнгөрөөд л явчихна. Үйлдвэрийн бууз болгон адилгүй. Орц, найрлага, амт чанарыг судалж, сонголт хийнэ гэдэг түвэгтэй. Монголчууд сар шинийн бууз банш ямар байхаас тухайн жилийн өнгөө тодорхойлдог уламжлалтай ард түмэн. Өнөө жилийн цагаан сарын бууз, баншны амтыг “Махимпэкс” компанийн “Нүүдэл” брэнд өнгөлнө гэдгийг “Танайд өнжье” буландаа онцлон хүргэж байна. Эдний бүтээгдэхүүн хэрэглэгчдээс авсан судалгаа, амталгаагаар олны сэтгэлд таашаагдсаар ирсэн. Тиймээс “Нүүдэл” бууз, баншийг хэрэглэгчид сэтгэлд өег гээд шуудсонгож байгаа. Дан ганц бууз, банш гэлтгүй “Мах импэкс”-ийн хиамнууд ч дэлгүүрийн лангуун дээрээс хамгийн түрүүнд дуусчихсан байдаг. Үнэхээр амт чанараараа тасархай юм чинь мэдээж шүү дээ. Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, үндэсний ууган компанийн гал тогооны ажил хэрхэн өрнөдгийг сурвалжиллаа. Тус үйлдвэрт үүр цайхаас үдшийн бүрий хүртэл бүтэн нэг өдрийн турш өнжсөн тэмдэглэлээ хуваалцаж байна.

ӨГЛӨӨТЭЙ УРАЛДАХ ҮЙЛДВЭРИЙНХЭН

Таван шард байрлах “Мах импэкс” компанидманай сурвалжлах баг 06.20 цагт очлоо. Борлуулагч, түгээгчид аль хэдийнэ ирчихэж. Тун их ажилтай хүмүүс нааш цааш сүлжилдэнэ. Шинэхэн бүтээгдэхүүний ачилт ид явагдаж байлаа. Ер нь үйлдвэрийн ажил эндээс л эхэлдэг байна. Хиамнуудаа нэр төрлөөр нь ангилан сагснуудад хуваан хийжээ. Электрон пүү дээр тавьж жинлэнэ. Нярав, борлуулагч хоёр ширээний ард суучихсан зэрэг тэмдэглэл хөтөлнө. Нэг сагс бүтээгдэхүүн гэхэд 20-30 кг татаж байна лээ. Эдний үйлдвэрийн эртэч хүмүүсийн нэг борлуулагч Ш.Чанцалдорж гуайтай уулзлаа. Тэрбээр 1979 оноос хойш өнөөдрийг хүртэл үйлдвэртээ технологичоос авахуулаад цехийн дарга хүртэл ажиллаж байсан нэгэн.Өглөө бүр 06.00 цаг гэхэд ирдэг тэрбээр ажлынхаа онцлогийн талаар сонирхуулахдаа “Ах нь гэрээсээ 05.30 цаг гэж гараад ажил дээрээ ирнэ. Бүтээгдэхүүнүүдээ хүлээж аваад дэлгүүрүүддээ хүргэнэ дээ. Миний хувьд 50 гаруй дэлгүүрт борлуулалтаа хийнэ. Манай бүтээгдэхүүн амт, чанарын хувьд бусад үйлдвэрийнхээс шал өөр байдаг юм. Тиймээс дэлгүүрүүд дуртай авна, бүтээгдэхүүнтэй буцаж ирнэ гэсэн ойлголт байхгүй” гэв.

Ийнхүү гадаа нэг цуваанд орон зогсох түгээлтийн машинуудад 07.25 цаг гэхэд бүтээгдэхүүнээ ачиж дууслаа. Эдний бүх ажил хуваарийн дагуу явагдана. Минут, секундээр хэмжигдэнэ гээч. Хэрэглэгчдийнхээ өглөөний цайг хоцроохгүй гэж ургах нартай уралдан ажиллацгаана. Бүтээгдэхүүн зайгүй ачсан арав гаруй машин 07.30 цагт хөдөллөө. Тэд нийслэлийн зургаан дүүрэгт бараагаа хүргэдэг. Эднээс гадна орон нутгийн түгээгчид гэж тусдаа байна. Налайх, Багахангай, Багануур гээд алслагдсан дүүргүүд болон Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Дорнод аймаг руу ч бүтээгдэхүүнээ түгээж байгаа гэсэн.

“МАХ ИМПЭКС”-ИЙН ДОТООД ХЯНАЛТЫГ МАГТЪЯ

“Мах импэкс”-ийн 16 нэр төрлийн хиам үйлдвэрээс борлуулалтад гарахдаа олон шат дамжлага давдаг юм билээ. Мэдээж, бүтээгдэхүүн болгоноос дээж аваад тэрийгээ хадгална. Дээрээс нь дотоод лабораторидоо шинжилгээ хийнэ. Химийн болон микробиологи гэсэн хоёр хэсэгтэй. Хяналт, шалгалт нь чанга гэж жигтэйхэн. Яг л мэргэжлийн хяналтынхан гэсэн үг. Бүтээгдэхүүнд нэг л үл тохирол илрэхэд тэр төрлийг зөрчил дутагдлаа арилгатал нь худалдаанд гаргахыг тас хорьчихдог гэсэн. Нэгэнт л хүний эрүүл мэндтэй холбоотой хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа улс чинь ингэж ажиллахгүй гээд ч яах билээ. Хамгийн чухал нь эрүүл, аюулгүй бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүргэхийн тулд лаборатори найдвартай, баталгаатай байх учиртай. Эдний лаборатори хүнсний бүтээглэхүүний химийн найрлагыг богино хугацаанд найдвартай тодорхойлдог ХБНГУ-ын иж бүрэн компьютерийн удирдлага бүхий тоног төхөөрөмжтэй. Түүнчлэн ажилчдын хувцас, үйлдвэрлэлийн орчноос тогтмол шинжилгээ авч, ариун цэвэрт хяналт тавьж ажилладаг болохыг Лабораторийн эрхлэгч, доктор профессор С.Уянга ярилаа. Сонирхуулахад тус лаборатори Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвөөс зохион байгуулдаг шинжилгээний ур чадвар үнэлэх шалгалтадбайнга 90-100 хувийн гүйцэтгэлтэйгээр оролцдог байна.

Лабораторийн шинжилгээнд орсон ч гэсэн бүтээгдэхүүнийг ачихаас өмнө төмөр сав барьсан, цагаан халадтай эмэгтэй орж ирээд сагсанд хийсэн хиамнуудыг нэг бүрчлэн эргүүлж тойруулан харж, нэр төрөл болгоноос зүсч авч байсан нь лабораторийн ажилтан байжээ. Тэрбээр хиамнуудад мэдрэхүйн эрхтний шинжилгээ хийж үнэлгээ өгдөг байна. Амт, үнэрээс нь хужир тунг хэрхэн тааруулсныг гаргаахгүй сайн мэднэ. Хэрэв жаахан асуудал гарах юм бол тухайн бүтээгдэхүүнд хориг тавих бүрэн эрхтэй.

“Махимпэкс” компанийн Малын их эмч Л.Дуламжавын ярьснаар лаборатори бэлэн болсон бүтээгдэхүүнийг шинжлэхээс урьдаар гаднаас ирэх түүхий эддээ их анхаарал тавьдаг байна. Ийнхүү нарийн хяналт шалгалтыг давсан сайн чанарын бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдэд хүрэхээр замдаа гарлаа. Гадаа гэгээ орохтой зэрэгцэн “Махимпэкс” компанийн хөл хөдөлгөөн ч нэмэгдэв. Үйлдвэрийн ажил 08.00 цаг гэхэд ерөнхийдөө жигдэрдэг юм билээ. Хиам болон бууз баншны үйлдвэрлэлт хэрхэн явагдаж байгаа шат дамжлагыг сонирхлоо. Цехүүд сэрүүн, шал нь нойтон байгааг тодруулахад “Тогтмол усаар цэвэрлэгээ хийх ёстой. Мөнхалуун орчинд нян үрждэг болохоор сэрүүн нөхцөлд үйлдвэрлэлээ явуулдаг” гэж технологичид тайлбарлав.

“НҮҮДЭЛ” БУУЗАНД ЭЛДЭВ АМТЛАГЧ ХОЛЬДОГГҮЙ

“Мах импэкс” компани “Нүүдэл” нэртэй бууз, банш худалдаанд гаргаад багагүй хугацаа өнгөрсөн. Үндэсний брэнд бүтээгдэхүүн болсон “Нүүдэл” бууз, баншийг үйлдвэрлэж байгаа цех рүү ортол ихэд дотно санагдлаа. Цагаан сар дөхөхөөр аав, ээж, ах, эгч нартайгаа ширээ тойрон сууж байгаад буузаа хийдэг багын дүр зураг буув. Тэнд цагаан халат, малгай өмсч, амны хаалт зүүсэн бүсгүйчүүд буузыг чамбай гэгч нь “урлаж” байлаа. Томоос том ванданг тойрон сууцгаажээ. Есөн өөр хүн чимхэж байгаа хэрнээ яг л нэг гараар хийсэн шиг хийцтэй. Нэгэн жигд тасдсан гурилыг гурван эмэгтэй элдэх гэж хурдан юм. Гараар элдсэн буузны гурилны ёроол салж унаад байдаггүй давуу талтай. Ингэж элдэхийн өөр нэг онцлог нь гурилны нимгэн зузааныг гарын мэдрэмжээр тааруулдагт байгаа юм. Бууз, баншаа “Милл хаус” үйлдвэрийн дээд зэргийн гурилаар хийж байгаа болохоор урсч, наалдана гэсэн асуудал гарахгүй гэж хариуцсан технологич Ц.Цэрэнлхам бидэнд өгүүлэв. Харин баншны хувьд чимхэлт нь автомат машинаар жигд дараад гаргаж байна лээ. “Нүүдэл” брэндийн жорыг танилцуулахад дээд зэрэглэлийн гурил, тарган хонь, үхрийн мах, сүүл, сонгино, гоньд, давс. Яг л бидний гэртээ хийж иддэг буузны жор байгаа биз. Өөр ямар нэгэн амт оруулагч байхгүй. Монгол буузны амт, жорыг хадгалдаг болохоор эдний бууз бусдаас ялгардаг ажээ. Чимхэж бэлтгэсэн буузаа хасах 30 хэмийн хөлдөөгчинд гурван цаг болгоход тэс хөлддөг юм билээ. Ер нь орчин цагт гэртээ ул боов хийдэг айл үлдээгүй шиг бууз хийх завтай хүн тун цөөхөн биз. Цаг заваас гадна зөвхөн Улаанбаатар гэхгүй Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ гэх мэт хот суурин газрын хүмүүс бууз хийгээд хөлдөөх аргагүй болсон. Жилээс жилд нэмэгдэж байгаа утаанд уушги, ходоодоо зэрэг хордуулаад яахав. Иймд баталгаатай газар үйлдвэрлэж, зориулалтын орчинд хөлдөөсөн, үндэсний манлай үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүн болох “Нүүдэл” брэндийн бууз энэ жилийн сар шинийн баярын буузны амтыг өнгөлөх нь тодорхой. Ер нь тэгээд хүн хүч, явдал чирэгдэл болж гэртээ хийснээс бэлэн бууз худалдаж авсан нь биед амар. Зардал мөнгөний хувьд дүндээ дүн болж байна лээ. Уншигчид маань харьцуулаад үзнэ биз. “Нүүдэл” бууз нэг кг нь 6600 төгрөгийн үнэтэй гэсэн. Мянган ширхгийг авахад 260,000 орчим төгрөг болно. Гэртээ 1000 бууз хийхэд ч ай даа мөн их ажил болно доо. Зах руу явж мах сонгоод, гурилаа шилээд, хамжиж чимхэх хүн дуудаад…

“Мах импэкс”-ийн бууз, банш хийдэг Хагас боловсруулсан бүтээгдэхүүний цехэд бас хуушуур, котлет, бургер, бөөрөнхий мах үйлдвэрлэдэг юм билээ.

ОРГАНИК ОРЦТОЙ ОЛОН ТӨРЛИЙН ХИАМ ШИНЭЭР ХИЙНЭ

“Махимпэкс” компани өнгөрсөн оноос “ISO 9001” чанарын стандартыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн бол 2007 оноос техник технологио шат дараатай бүрэн шинэчилжээ. Герман, Австри зэрэг улсад үйлдвэрлэсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд нь өдөрт 15 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Бүтээгдэхүүн боловсруулах бүхий л үйл явц дамжлага нь автомат болохоор ажлын бүтээмж ч жигд явагддаг байна. Дээрээс нь ариун цэврийн шаардлага хангахдаа стандартыг давуулан биелүүлнэ үү гэхээс цалгардуулахгүй.

1946 оноос өрхөө татсан “Махимпэкс” гэдэг энэ айл мах бэлтгэх бүхэл бүтэн том баазтай. Хөдөө орон нутгаас мал махаа бэлтгэхдээ тарга тэвээргийг нь чухалчилдаг ажээ. Манай сурвалжлах багийг үйлдвэрт өнжиж байхад мах бэлтгэлийн өрөөнд тарган, тарган хонины гулууз олноор нь өлгөсөн харагдав. Тэнд махны гадна талыг арчиж цэвэрлэж байхад нөгөө талд шулж сортолж байлаа. Үйлдвэрлэж байгаа хиамныхаа төрлөөс хамаарч махнуудаа ангилан ялгадаг байна. Махаа жинлээд холигч машин руу хийх аж. Бүх тохируулга нь автомат болохоор холигчид хийсэн маханд ямар хэмжээний давс, нитрит орох шаардлагатай гээд жорыг нь заадаг. Ингээд жорын дагуу хольсон махаа сэврээх өрөөнд хадгалдаг байна. Энэ өрөө нь стандартын дагуу тохируулсан температуртай. Олон тасалгаатай вандангууд дээр бэлтгэсэн хиамны махаа төрөл бүрээр нь ангилан тавьжээ. Тухайлбал, “Зочид”, “Утлагат”, “Хүслэн”, “Аялал” гэх мэтээр ялгасан харагдав. Ингэж махыг 24 цаг амрааснаар өнгө, ус шингээх чадвар нь сайжирдаг ажээ. Тэнд амарсан мах бүтээгдэхүүн болохоор дараагийн шат дамжлага руу шилжинэ.

Хиаман цехэд ч үйлдвэрлэлт нэлээд эрчимтэй явагдаж байлаа. Ургамлын гаралтай сайн чанарын шар буурцагны уургийг хиамандаа хольдог юм билээ. Ийм байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг болохоор “Махимпэкс”-ийн хиамнууд уураглаг чанар нь өндөр байдаг юм байна. Ингээд төрөл бүрийн хиамнуудаа үйлдвэрлэнэ дээ. Өргөн, нарийн, өндөр, нам гээд л. Гадна талын бүрхэвчээс хамаарч янз бүрийн хэлбэртэй дүрстэй хиамнууд бий болох нь тэр. Бүрхэвчний хувьд ОХУ-ын “Атлантис-Пак” үйлдвэрт захиалж хийлгэдэг. Хэвэнд шахаж бэлэн болгосон хиамнуудаа Германы “Бастра” фирмийн утлага, чаналганы камерт оруулна.

“Махимпэкс”-ийнгайхалтай нэг бүтээгдэхүүн бол төрөл бүрийн утлагат мах. Утлагат махны цехэд ортол гахайн цоройг олноор нь өлгөсөн харагдав. Утаж бэлэн болгосон гахайн цоройг хэрчээд савлаж байлаа. Гахайн махаа тэд Европын холбооны улсуудаас импортолдог гэсэн. Гахайны аж ахуй эрхэлдэг дотоодын компаниудын хувьд эдний хэрэгцээг нь хангаж чадахгүй аж. Мөн тус үйлдвэрийн царцаамаг, гүзээ, цусан хиамнууд нь эрэлт ихтэй байдаг. Дотор махан бүтээгдэхүүний цехийн технологич Б.Туяа энэ талаар ярихдаа “Эдгээр бүтээгдэхүүнүүд нь коллегин, төмөр ихээр агуулсан болохоор цус багадалтаас сэргийлж, эрүүл мэндэд ач тустай” гэлээ.

Аливаа бүтээгдэхүүний амт, чанар нь жорноос шууд хамаардаг. Тэгвэл “Мах импэкс”-ийн хиамнуудын жорыг Ж.Алтанцэцэг хэмээх бүсгүй “барьдаг”. Тэрбээр энэ үйлдвэрт 20 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай нэгэн. Жорны өрөөний хаалгыг татангуут төрөл бүрийн ногооны үнэр сэнхийв. Германы “Могунциа” фирмийн жор амтлагчийг хэрэглэдэг байна. Найрлагад заасан норм, хэмжээний дагуу тэр жороо бэлтгэдэг байна.

Тус үйлдвэр байнга л шинэ жор бүхий хиамнуудыг туршдаг гэсэн. Лаборатори ч байнгын ажиллагаатай болохоор энэ тал дээр судалгааны ажлууд их хийгддэг байна. Одоогоор дөрвөн шинэ төрлийн хиамны туршилт хийж байгаа аж. Улаан лоольтой, коньяктай, сармистай, өргөст хэмхтэй хиам шинээр худалдаанд гаргахаар бэлтгэж буй гэнэ. Биднийг өнждөг өдөр эдгээр хиамны амталгаа явагдсан юм. Өвөрмөц содон амттай санагдав. Худалдаанд гаргавал борлуулалт ч сайн байх нь дамжиггүй. Гэхдээ технологичид хэсэг хугацаанд олон дахин туршиж байж зах зээлд нийлүүлэх тухай хоорондоо ярилцацгааж байна лээ.

Шинэ төрлийн хиам худалдаанд гаргахаар ийнхүү байнга туршихаас гадна уламжлалт хиамны амтыг хэвээр нь хадгалахыг хичээдэг тухай тэд ярив. Хуучны долоон төгрөг 20 мөнгөний хиам одоо тэр амтаараа “Аялал” нэртэйгээр үйлдвэрлэгдэж байгааг технологич нар онцоллоо.

ҮЕ ЗАЛГАМЖИЛСАН БОЛОВСОН ХҮЧИНТЭЙ ӨНӨР ГЭР БҮЛ

“МАХИМПЭКС”

Далан жилийн түүхтэй “Мах импэкс” компанийн хувьд олон зуун айлын амьдралыг “хариуцаж” байгаа. Тиймээс ажилтнуудынхаа ахуй амьдрал, боловсрол, эрүүл мэндэд нь ихээхэн анхаардаг ажээ. Тухайлбал, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон фитнес клуб ажиллаж байсан. Мөн аэробик танхим, саун, дүш гээд цөм бий. Бас мэргэжлийн багш ажилтнууддаа хичээл заадаг юм билээ. Эрүүл хүн эрүүл хүнс үйлдвэрлэх учраас спортыг чухалчилсан хамт олон ажээ.

Олон жилийн түүхтэй “Махимпэкс” компанийн боловсон хүчнүүдийн тухайд ихэнх нь хуучны гэгдэх хүмүүс. Тэд залуу хойч үеийнхэндээ зааж сургаж өөрсдөө ч, сэтгэл хангалуун ажилладаг ажээ. Түүнчлэн гэр бүлээрээ, 2-3 үеэрээ энэ үйлдвэртэй амьдралаа холбосон хүмүүс ч олон байгаа ажээ. Харин маркетингийн албаныхны хувьд шижигнэсэн залуус байв. Тэд 07.00 цаг гэхэд цуглацгаадаг юм билээ. Ингээд л бүтээгдэхүүнийхээ борлуулалт, судалгаа зэргийг нягт нямбай ярилцаж, санал солилцож байсан шүү.

Өглөө болгон таны ширээн дээр алаглах амтат хиам, бууз, банш, махан бүтээгдэхүүнүүдэд энэ үйлдвэрийн 300 гаруй хүний сэтгэл, хөдөлмөр зүтгэлшингэн бэлэн болдог юм байна. Үүрийн гэгээгээс үдшийн бүрий болтол хэрэглэгчдийнхээ төлөө мандах нартай уралдан ажилладаг “Мах импэкс”-ийнхэнд ажлын амжилт хүсээд сурвалжлагаа өндөрлөсөн юм.

М.МӨНХЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинэ Засгийн газар тохиролцоондоо хүрч чадахгүй байна

Ч.Сайханбилэгийн Засгийн газар хэлсэн амандаа хүрэх­гүй байна гэж МАН гомдол мэдүүлж байгаа. Сайд нарын тоог хоёроор нэмэгдүүлж, дөрвөн яамны Төрийн нарийн бичгийн даргыг дур мэдэн томиллоо гэж байна. Ажлаа авангуутаатохиролцооноосоо няцсан өөр бас бус юмнууд ч байгаа л байх.

Хуучин Ерөнхий сайд буюу АН-ын дарга асан Н.Алтанхуягийн унах болсон шалтгаан ердөө л энэ байсан. Тэрбээр хэлсэндээ хүрдэггүй, хууль зөрчин өөрийн дураар томилгоо хийдэг байв. Ойр дотнынхоо хүмүүсийг албан тушаалд аваачсан нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн бөөн хэл ам болдог байлаа. Сүүлдээ энэ асуудал Үндсэн хуулийн Цэц дээр очих нь олонтаа тохиолдсон. За тэгээд Цэц хуралдах гэж нэлээд сунжирна. Энэ хойгуур экс Ерөнхий сайд нөгөө хэл ам дагуулаад байгаа халаасныхаа хүнийг ажлаас нь халчихдаг.Дараагаар нь Цэц хуралдаад мэдээж, хууль зөрчсөн байдал ариллаа гэсэн дүгнэлтэд гаргах нь тодорхой. Нэгэнт Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарчихсан болохоор Н.Алтанхуяг албан тушаалын томилгоог хийхдээ хууль зөрчөөгүй болжтаарна. Ингээд мань эр өөрийнхөө хүнийг буцаагаад томилчихдог байв.Мөн ч олон аймгийн Засаг дарга, агентлагийн дарга нарыг ийм зальжин аргаар томилсон доо. Хэн хүнд яасан айхавтар ухаан гаргасан юм бэ гэж бодогдохоор. Хэтэрхий сэргэлэн ч юм уу гэмээр. Жинхэнэдээ өөрөө өөрийгөө л залилаад дууссан хүн шүү дээ. Их сэргэлэн эзнээ алдаг гэж хуучны үг яах аргагүй үнэн юм гээч.

Түүнтэй адил Ч.Сайхан­билэг засгийн эрхэнд гарч ирчихээд хулхиддаг гэдэг хэл аманд орж байна. Ингэж болохгүй ээ. Хэлсэндээ хүрч, жудагтай байх ёстой. Монгол Улсад хууль болон шударга ёсыг хамгийн их мөрдөх учиртай төр засаг энэ байдлыг уландаа гишгээд байвал бусад нь яах болж байна вэ. Бүгд хүнээ байж эхэлнэ. Монгол Улс чинь ёс суртахууны хямралд ороод оршин тогтноход хэцүү болно биз дээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Ягаан Гажидаар овоглосон гавьяатынх

Монголын их урлагийн гал тогоонд тоглосон дүрийнхээ нэрээр мөнхөрч, үзэгч олондоо танил болсон хүн бол яах аргагүй Ягаан Гажид буюу Монгол Улсын гавьяат жүжигчин Цэндийн Цэнд-Аюуш юм. Ширмэн тогоо хагармаар тачигнатал инээдэг тэрхүү говийн эгэл бүсгүйн дүр “Нийслэл хүү” киног олонд хүргэхэд их нөлөөлсөн гэдэг. Хотын цэмцгэр залуу хөдөө очоод хэрхэн хөгөө чирч байгаа хөгжилтэй киноны зохиолч нь Жагван гэж хүн байв. Л.Ванган гуай зохиолчид хандан нэгэн дүр нэмэх зөвшөөрөл авсан нь Ягаан Гажидыг оруулж ирж л дээ. Энэ дүр зөвхөн Ц.Цэнд-Аюуш гэдэг хүнд зориулж төрснийг урлагийн ахмад үеийнхэн ярих юм билээ. Ёстой жүжигчнийхээ характер, авьяас билгийг нь нарийн мэдэрч, судалж чадсан хүн л ингэж тусад нь дүр бий болгож онооно гэж бодогдохоор. Ер нь түүнд тухайлан бичигдсэн дүр үүгээр зогсохгүй гэлцэнэ.

Олон сайхан уран бүтээлээрээ ард түмний хайр хүндэтгэлийг хүртсэн гавьяат жүжигчнийд өнжлөө. Гэр нь “Гэсэр” сүмийн зүүн талд байрладаг.

Ягаан Гажид гуайнх аль вэ гэж байрны гадна явж байсан захын хүнээс асуухад түвэггүйхэн хэлээд өгөв. Үүдэнд нь очоод хонхыг нь дартал гавьяат маань хаалгаа нээлээ. Цэнхэр дээл өмссөн Ягаан Гажид эгч нүүр дүүрэн инээмсэглэсээр биднийг угтсан юм. Гэртээ ганцаараа байгаа бололтой нам жим байхаар нь лавлатал “Манай зээ өрөөндөө байгаа. Оюутан хүү л дээ. Сонин, хэвлэлийнхэн ирсэн болохоор өрөөнөөсөө цухуйхгүй байх. Лут том эр бий” гэв. Ц.Цэнд-Аюуш гуайойрын үед шинэ жилийн урилгад дарагдаад байгаа аж.

“Өдөр болгон л ямар нэг арга хэмжээнд очиж байна даа. Өнөө орой ч бас явна” гэж дараагийнхаа ажлын төлөвлөгөөг бидэнд дуулгав. Гавьяат маань одоо охин болон зээ нартайгаа амьдардаг гэсэн. “Хүүхдүүд маань тус тусын ажилтай болохоор манайд үзэгдэх нь ховор доо. Баяр ёслолоор л цугларцгаах юм байна шүү дээ, хүү минь” гэлээ.

17 НАСТАЙ ЖААХАН ОХИН УРЛАГИЙН ЕРТӨНЦТЭЙ ХОЛБОГДСОН ТҮҮХ

Ц.Цэнд-Аюуш гуай багшаараа маш их бахархана. Байн байн л түүнийг дурсаж, “Миний энэ дайны явж байгаа нь Лхамжавын Ванган гэдэг хүний ач гавьяа” гэх аж. Тэрбээр ёстой л Л.Ванган гуайн бүтээгдэхүүн. Анх театрт орж, урлагийн алтан өргөөний босгыг алхсан цагаас багш нь бурхан болтлоо түүнийг гараасаа хөтөлж явсан гэх юм билээ.

Долдугаар ангийн жаахан охин байхдаа Хүүхэлдэйн театрт жүжигчнээр орж байжээ. “Хүний хувь тавилан гэж сонин юм шүү. Театрын өмнүүр гүйж явтал үүдэнд нь “Жүжигчин шалгаруулж авна” гэсэн зарлал наасан байхыг олж хараад шууд л орохоор шийдэж билээ. Дуулж, бүжиглэж, шүлэг уншлаа. Тухайн үед ямар шүлэг уншсанаа ч би одоо санадаггүй юм. Улаан галзуу амьтан явсан шиг байгаа юм. Багшийн анхааралд өртсөнийг бодоход их л сэргэлэн, бууж өгөхөөргүй хүүхэд байсан бололтой” гээд Ц.Цэнд-Аюуш гуай инээв. Тэрбээр 1954 оны дөрөвдүгээр сарын 22-д Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Ц.Гантөмөртэй хамт нэг өдөр Хүүхэлдэйн театрын дансанд бүртгэгджээ. Сар гаруйн хугацааны дараа хөдөөгүүр бригад явах болов. Сурагчийн ширээнээс шууд урлагт хөл тавьсан жаахан охины хувьд 90 хоногийн турш хөдөө тоглолтоор явна гэдэг том боломж. Тэр үед олон жүжигчин нялх хүүхэдтэй гээд урт хугацаанд хөдөө явахаас чөлөөлөгдсөн байна. Харин тэдний тоглох ёстой дүрүүд өнөөх 17 настай Ц.Цэнд-Аюуш охинд оногджээ. Тэрбээр хөгшин авгайгаас авахуулаад бүжин, зээр гээд тус бүр таван жүжигт дүр бүтээсэн байна. Гурван сарын дараа шинэхэн жүжигчин маань бараг партизан болоод, их сургуулийг нь төгссөн дайны болоод иржээ. Төд удалгүй Оросын “Нэрсийг нь дурсаад яахав” орчуулгын жүжигт 70 гаруй насны Хөдөлмөрийн баатар авгайн дүрд тоглосон байна. Ардын жүжигчин Цэндээхүү гуайн эгч нь болж тайзан дээр гарсан гэдэг. Хорь ч хүрээгүй охин өндөр настны дүрийг чадварлагаар бүтээсэнд тухайн үеийн сонин хэвлэлээр ёстой нэг шуугиж л дээ. Эндээс л түүний сайн жүжигчин болох суурь нь тавигдсан ажээ.

ОЧИЖ, ОЧИЖ ЯГААН, БАС ГАЖИД ШҮҮ”

Ц.Цэнд-Аюуш гуай тайзны уран бүтээлээс гадна олон сайхан киноны дүрээрээ ард түмний сэтгэлд хоногшсон. “Нийслэл хүү” киноны зохиол Уран сайхны зөвлөлөөр батлагдсан тэр даруйд хүмүүс түүнийг Ягаан Гажидаа гээд дуудацгааж л дээ. Тэгэхэд нь эгч ихэд гайхаж “Зүгээр байж байгаад яагаад намайг ингэж нэрлэв. Ямар ч муухай нэр юм дээ. Очиж, очиж яагаан, бас гажид нь ч юув дээ. Өөр нэр олдоогүй л юм байх даа” гээд бухимджээ. Зохиолд түүний дүрийг нэмсэн багшдаа “Та яагаад ийм муухай нэр өгөв” гэж гомдоллоход “Хөөрхөн ш дээ, зүгээр ш дээ” гээд инээд алдан зугтаж байсан аж. Ер нь бол тэр зохиолд Ягаан Гажид гэдэг хүнийг нэмээд “Нийслэл хүү” кино төрсөн гэдэг юм билээ.Жүжигчинд зориулж дүр бичнэ гэдэг юм тийм ч амар ажил биш. Тэр болгон нэг хүнд зориулаад дүр бичнэ ч гэж байхгүй. “Багш маань намайг чадна гэж итгэсэн болохоор хэн гэдгээ харуулахаар хичээж тоглосон юм. Киноны хар зургийг үзэхэд миний зүрх хагарах шахсан. Багш маань үзчихээд ийм юм хийлээ гээд загнах байхдаа гэж ихэд айж, хамгийнард хулганан сууж байлаа. Харин багш маань гарахдаа “Молодец Цэнд-Аюуш” гэж билээ. Тэгэхэд хачин их баярласан сан. Өнөөдрийг хүртэл би Ягаан Гажидаа гэж дуудуулсаар ирсэн. Жинхэнэ нэрийг минь мэдэх хүн ховор. Энэ нэрээр би өдий болтол хоолоо олж идэж, та бүхний дунд нэр төрөө олж, байр суурь эзэлж явж байна даа. Багш маань миний насны хоолыг бэлдэж өгч дээ гэж бодож явдаг” хэмээн гавьяат ярилаа. Тэрбээр одоо болтол Ягаан Гажид гэдэг нэртэй хүнтэй таараагүй гэсэн. Тэгэхээр Л.Ванган гуай яах аргагүй брэнд нэр оноосон байгаа биз. Анхандаа ичингүйрч, уурлаж байсан энэ нэрэндээ Ц.Цэнд-Аюуш гуай одоо хайргүй байхын аргагүй гэсэн шүү.

“Өглөө” киноны Дамирангийн ааштай хадам ээжид тоглосон дүр мөн л түүнд зориулагдаж бичигдсэн гэх юм билээ. Зохиол нь батлагдахгүй, Бодоогийн дүр тодорхойбиш байна гээд л Улс төрийн товчооноос буцаагджээ. Энэ зохиол дээр Ванган гуай шөнөжин сууж ажиллаад нэг бүлэг нэмсэн нь Бодоогийн хадам ээжийн дүр багтсан аж. Ингээд л кино зохиол түвэггүйхэн батлагдаж, дэлгэцийн бүтээл болсон түүхтэй. Хорь гаруйхан настай залуу бүсгүйг хөгшин хүний дүрд хувиргана гэдэг чанга ажил. Дээрээс нь түүний хүргэнд тоглож байгаа Лхасүрэн арав гаруй насаар ах байгаад байдаг. Харин охинд нь тоглосон эмэгтэй есөн насаар дүү. Ингээд хөгшин залуу хоёрын дундаас настай хүн болж гарч ирнэ гэдэг амаргүй. За тэгээд тухайн үеийн кино судлаачид гэж айхавтар “өлөн” нүдтэй хүмүүс байж. Жаахан л өө харангуутаа шүүмжилж өгнө гээч. Энэ бүгдэд Ц.Цэнд-Аюуш бүсгүй ихэд санаа зовж, “Хүргэнээсээ ялгарсангүй гээд л олны аманд унах нь дээ” хэмээн эмээж байжээ. Харин жүжигчний чадвар, дээрээс нь нүүр хувиргагчид сайн ажилласан болохоор кино олны хүртээл болсон даруйдаа ам сайтай байв. Одоо ч энэ киног үзсэн хэн бүхэн түүнийг хүргэнээсээ залуужсан шүү гэдэггүй.

Мөн Ц.Цэнд-Аюуш гуай “Тамирын охин” киноны Норов гэдэг айхавтар авгайн дүрээр ард түмэнд буух нь бий. Чимэд-Осор гуай уг дүрийг түүнд зориулан бичсэн гэдэг. Энэ талаар гавьяатаас тодруулахад “Би ч энэ талаар хүнд тэр болгон ярьдаггүй. Өөрийгөө дөвийлгөсөн болно. Хамт олныхоо итгэлийг даана гэдэг том шагнал шүү” гэж хариуллаа.

Гавьяат маань орчуулгын болоод уран сайхны олон кинонд дуу оруулсан байдаг юм. Тухайлбал, Оросын “Ийм нэгэн явдал” киноны дарга Л.П.Калугина хэмээх эмэгтэйд дуу оруулжээ. Ээрч, сандруу ярьдаг түүний дууг хийсний дараа өөрийн эрхгүй тэгж ярьдаг болчихсон байж л дээ. Хийж байгаа ажилдаа сэтгэл гарган, дүрдээ орж ажиллана гэдэг энэ биз ээ. Тэрбээр саяхныг хүртэл кинонд дуу оруулж байгаад гэнэтхэн болихоор шийджээ. Учир нь орчин цагт дуу оруулагчид тухайн киноны баатрын дүрийг гаргахад анхаарахгүй, ёстой нэг халтуурны маягаар энэ урлагийг авч явж байгаа нь түүнийг гонсойлгосон бололтой. Хуучин цагт тухайн кинонд жүжигчин уйлах, инээх, амьсгаа авах гээд ямар ааш аяг гаргана дуу оруулагчид яг түүнийг нь дагана. Тиймээс дээхний кинонуудыг үзэхээр ёстой нэг кино үзсэн юм шиг болж, дүр нь санаанд тод бууж үлддэгсэн. Ахмад уран бүтээлчмаань арвин туршлагаасаа орчин цагийн кинонд дуу оруулж суухдаа хамт ажиллаж байсан залуу жүжигчинд зөвлөхөд үгийг нь тоогоогүй байна. Мань хүн тэндээс “Би дахиж орчуулгын кинонд дуу оруулахгүй” гэж хэлээд гарснаасаа хойш үзэл бодолдоо үнэнч хэвээр байгаа гэсэн.

Тэрбээр сүүлийн үед хэд хэдэн тайз, дэлгэцийн уран бүтээлд тоглосон. “Black box” театрын тавьсан хоёр гурван жүжигт ажиллажээ. Энэ онд гэхэд дөрөв, таван кинонд тоглосон байна. “Кино энгийн байх тусмаа хүнд хүрдэг урлаг. Давхар хүнийг хүмүүжүүлдэг. Тухайн киноны дүрээс хүн үлгэр авдаг байх ёстой” гэж түүнийг хэлэхэд одоо үед тийм бүтээл төрөхгүй байгаад оносон шүүмжлэл шиг санагдав. Гавьяат маань цааш нь ярихдаа “Бид ямар их бэрхшээл туулж ирсэн юм бэдээ. Төдөн кинонд дуу оруулж, тэдэн кинонд тоглох ёстой гээд л төлөвлөгөө ар араасаа ундарна. Кинонд тоглоход гурван удаа дубель хийлгэх эрхтэй. Дөрөв дэх удаагаа зураг авахуулбал хальсны мөнгө төлнө. Тэр үед хальс валютын ханшаар үнэлэгддэг байсан санагдана. Үгээ цээжилж ядаж байхад хальс нүдэнд эргэлдэж харагдаад л мөн ч хариуцлагатай ажилладаг байж дээ. Харин одоо улс хөгжиж, техник технологийн дэвшил сайхан юм. Харамсалтай нь тэрэндээ эрдээд жүжигчний дутуу гүтүү тоглох юм ажиглагдаж л байна. Кино үзчихээд гараад ирэхэд юу билээ гээд үйл явдал нь санаанд үлдээгүй ч байх шиг. Бидний үед бол тэр чигээрээ үзэгчид тухайн кинонд орчихно. Дараагаар нь жүжигчдийн хэлдэг үгийг дагаж, хэв маягийг нь дуурайна. Дүрд нь ороод л, тэрэн шиг, энэн шиг гээд л үгийг нь дагаад хэлдэг байсан юм. Алтан үеийн агуу хүмүүс маань үнэхээр мундаг, байгалиас заяасан авьяастай байжээ гэж бодогддог.

МИНИЙ ХАНЬ

ЖИНХЭНЭ МОНГОЛ ЭР ХҮН БАЙСАН ЮМ”

Ц.Цэнд-Аюуш гуай Дундговь аймгийн харьяат. Эхээс хоёулаа. Ганц эрэгтэй дүү нь ШУТИС-д багшилж байгаад тэтгэвэртээ суусан тухай бидэнтэй хуучлахдаа дурдаж байв. Түүнээс ханийнх нь тухай асуухгүй өнгөрч чадсангүй.Хүүхэлдэйн театраар овоглодог Ч.Авирмэд гэж хүн байв. “Мандухай цэцэн хатан”-ы Иштөмөр, “Хоньчин найдан”-гийн лам, “Цэргийн эцэг” киноны морь унаад салхилж давхидаг залуугийн дүрүүдээр нь хүмүүс андахгүй. Мөн “Зэрэг нэмэхийн өмнө” киноны ноёны дүрийг бүтээдэг Доржсүрэн гуайн орлон тоглогчоор уг кинонд ажилласан байдаг юм. Ер нь Ч.Авирмэд гуай тэр хоёр тун адилхан. Кино зураг авалтын үеэр авахуулсан зураг нь хэн нь хэн бэ гэдгийг ялгахааргүй юм билээ.

Ч.Авирмэд гуай дэлгэцийн бүтээл гэхээсээ тайзны бүтээлүүдэд олонтой ажиллаж Ц.Цэнд-Аюуш гуай ханийнхаа уран бүтээлийн дүрүүдээр маш их бахархаж байв. Тэрбээр “Уг нь Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг хүртэх л ёстой хүний нэг байсан даа. Гэвч Хүүхэлдэйн театр нь ч тарчихлаа. Өвгөн маань ч бие ньмуудаад дуусах шив дээ” гээд урт амьсгаа авлаа. Тэд нэг дор ажилладаг байсан болохоор эртнээс учир ургуулжээ. Гавьяат маань энэхүү дурсамжаа уудлахдаа “Бидний үед нэг л хүн бариад авбал насны ханиа гэдэг байсан. Тэрнээс сална гэсэн ойлголт байхгүй. Нөхөртэйгээ нэг тайзан дээр ажиллаж байгаад л дасаад гэр бүл болж, зургаан хүүхдийн эцэг, эх болсон доо. Миний хань Архангай аймгийн хүн байсан юм. Амьдралын эцсийн цэг хүртэл энэ хүнтэй амьдарна гэж боддог байлаа. Бид 40 гаруй жил хамт амьдарчээ. Өвгөн маань намайг эрт орхисон доо. Гэхдээ хэдэн хүүхдийнхээ буянаар болж байна” гэв.

Хоёул, хоёулаа урлагийн хүн. Гэртээ үзэгдэхгүй нь их. Хоёр, хоёрхон насны зайтай төрсөн эдний зургаан хүүхдийг өвөө, эмээ нар нь хүн болгожээ.”Тэр үед олон төрөхөөр гахай, тахиа шиг гээд л ад үзэгдэнэ. Дээрээс нь нярайлаад 45 хонов уу үгүй юу ажилддуудна. Гэртээ шөнө дөлөөр л бараагаа харуулна даа. Ижий минь сувилагч байсан юм.Намайг анхныхаа хүүхдийг төрүүлэнгүүд зээгээ харна гээд ажлаасаа гарсан. Ижий минь л хуурай хөхөө хөхүүлсээр байгаад бүгдийг нь өсгөсөн дөө. Нөхөр бригад гээд хөдөөгүүр явж зуны цагтаа гэрийн бараа харахгүй. Өвөлдөө л нэг үзэгдэнэ. Хадам аав Чойжил гэж хөгшин, миний ээж хоёр л хэдэн хүүхдүүдийг минь өдий зэрэгтэй өсгөж, хүмүүжүүлсэн юм шүү дээ. Энэ сайхан буянтай буурлуудынхаа ачийг хариулж чадаагүйдээ харамсах юм” гэж Ц.Цэнд-Аюуш гуай өгүүлэв.

Эднийх гурван охин, гурван хүүтэй. Хүүхдүүдээс нь урлагийн хүн хараахан төрөөгүй гэсэн. Уг нь дэмжсэн бол хоёр ч хүүхэд нь аав ээжийнхээ авьяасыг өвлөх байжээ.Эцэг, эх нь өөрсдийнхөө туулсан амьдралаас халгаж, жүжигчин болгоогүй гэнэ лээ. Гэхдээ ач, зээ нараас нь өвөө, эмээгийнхээ эрийг дуурсгахаар цоорч гарч ирэх хүүхдүүд бий аж.

Саяхны нэг өдөр Ц.Цэнд-Аюуш гуайн хүүхдүүдийнх нь дунд нэгэн хөгжилтэй яриа өрнөж л дээ. Энэ нь ээжийнх нь ажлын сонголтоос урган гарчээ. Тэрбээр театрт зургаан жил гаруй ажиллаад радиогийн нэвтрүүлэгч болжээ. Дуу хоолой сайтай юм гээд түүнийг радиод ажиллах санал ирэхэд нь шууд зөвшөөрсөн байна. Цалин нь театрын жүжигчнээс 200 төгрөгөөр илүү, дээрээс нь Москвад дөрвөн жил суудагт нь дурлажээ. Ингээд мань хүн радиод гурван жил орчим ажилласан гэнэ. Тухайн үед Л.Ванган багш нь Кино үйлдвэрт уран сайхны удирдаачаар очоод “Радиод юу хийгээд байгаа юм бэ. Хурдан энд ирж ажилла. Бэлэн орон тоо гаргачихлаа” гэж. Багшийнхаа үгэнд ормоор байдаг. Гэтэл Орос оронд амьдрах оочир нь ойртчихсон байдаг. Москвад очно гэсэн мөрөөдлөө гээж чадахгүй шийрэгнэж гэнэ. Ингээд нөхөртөө хэлтэл “Ванган багш хоёр удаа чамайг дуудлаа. Кино үйлдвэр гээд шинэ сэргэг юм нээгдэж байна. Багш мэдэж байгаа байх оч” гэжээ. Ц.Цэнд-Аюуш гуай радиогоосоо гарч багшийнхаа удирдлагад ажиллахаар шийдсэн байна. Тухайн үед том хүүхдүүд нь гарчихсан байсан болохоор ээжийгээ яах гэж ажлаасаа гарч байгаа юм бэ, Орос руу явах байсан юм гээд л гоншигонож байсан гэдэг. Харин хэдхэн хоногийн өмнө энэ яриа бага хүүхдүүдийнх нь дунд дахиад л өрнөжээ. “Ээж Москвад очсон бол бид нар орос сургуульд сураад л, тэр хэлээр ус цас байхгүй юу” гээд л ярьж өгчээ. Гэтэлнэг хүү нь “Мөн горидов оо. Хэрэв ээж Москвад очсон бол бид хэд төрөө ч үгүй байгаа. Хүн болж төрсөндөө ээжид баярла. Юу гээд л тэнд хүүхэд төрүүлээд суухав дээ” гэж бөөн инээдэм болжээ.

МЕТРИЙН МААРЛИАР ГОЁСОН ЦАСАН ОХИН

Ц.Цэнд-Аюуш гуай бага байхын урлагт хорхойтой нэгэн байжээ. Хүүхэд насных нь дурсамжид тодоос тод үлдсэн баяр бол шинэ жил аж. Нийслэлийн Хоёрдугаарсургуульд сурдаг байсан гэнэ. Өвлийн өвгөн бэлгээ тараахаар ирэхэд нь цасан охид даган бүждэг байсны нэг нь тэр байжээ. Даанч одоогийнх шиг гоё тансаг хувцас байхгүй. Ээж нь метрийн цагаан маарлийг элсэн чихэртэй усанд базаж хатаагаад даргар болгож байгаад цасан охины хувцас урлаж өгдөг байж л дээ.Бас болоогүй ээ, бор хөвөн энд тэнд нь шигтгэж, цасан ширхэг болгоно. Хүүхэд бүрийн оёж авчирсан бэлэгний даавуун уутанд өвгөн аав бэлгээ хүртээнэ. Бэлгэнд голдуу ховор барааны нэг алим байна. Ногоон өнгөтэй жижигхэн бөгөөд хөлдүү. Хүүхдүүд алимаа шалаар нэг өнхрүүлж, өшиглөж тоглоно. Зарим нь тэндээсээ түүж идэж ч байх шиг. Сургууль даяар алимны үнэр ханхалж, шинэ жил маш гоё болдог байсан тухай цасан охин бидэнд сонирхуулав. Шинэ жилийн тухай ийн ярихад түүний нүдэнд гэрэл тодорч, тэр үедээ оччихсон юм шиг хачин их аз жаргалтай байлаа.Ажил дээр гарсны дараа Кино үйлдвэрийн шинэ жил сүрлэг сайхан болдог байсан нь гавьяатын сэтгэлд тод үлджээ.Зассан ширээ, сандал нь хаад ноёдынх шиг. Тэнд сууж байгаа хүмүүс хичнээн эрхэмсэг ялдам харагдана гээч.Кино үйлдвэрийн гачгаар, зураглаач гээд бүгд нийлсэн хөгжмийн хамтлагтай. Тэд үүр цайтал хөгжмөө тоглоно. Өвгөн аав үг хэлэхэд бүгд жижигхэн хундагатай архи бариад тулгана. Хаалга онгойнгуут уур цан савсаж, цаана нь дотогш орж чадаагүй олон хүн харагдана. Үүд онгойх сиймхийгээр тэд “Хэнийг дуудаад өгөөч, ингэж дамжуулаад хэлээдхээч” гээд л орилолддог байжээ. Улаанбаатарын хамгийн гоё шинэ жилийн энэхүү цэнгүүний тасалбар ховор. Харин оролцох гэсэн иргэд хэд дахин их байсан гэнэ.

Ц.Цэнд-Аюуш гуайг бүжигчин байсан гэхээр одоо хүмүүс гайхах байх. Тэгвэл гавьяат жүжигчин Энхтуяа тэр хоёр ёстой нэг янзага шиг л бие хаатай, хачин сайхан охид байсныг эдний үеийнхэн ярих юм билээ. Бүжгийн тэмцээний тэргүүн байруудыг энэ хоёр бүсгүй түүдэг байж. Эрчүүдийг араасаа нэг хуйлруулах шиг болдог байсан гэж байгаа. Энэ тухай түүнээс тодруулахад “Театрт данстай л бол Учиртай гурван толгой, Жаргалын зам жүжгийн олны хэсэгт бүгдээрээ орно. Зүгээр ч үгүй дуулцгаана шүү. Учиртай гуравын нэгдүгээр үзэгдлийн ардуудын хэсэгт би даалимбин дээл өмсчихөөд дуулаад суудаг байлаа. Нэгдүгээр үзэгдэл дуусангуут дээлээ тайлж шидчихээд Энхтуяа бид хоёр “Элдэв-Очир” кино театр руу гүйж ороод жаал бүжиглэнэ. Энхтуяа болохоор тавдугаар үзэгдэл дээр гарна. Тэрнээс өмнө хоёулаа хоорондоо баахан бүжиглэж байгаад л гарч ирнэ дээ. Бүжиглэх зав олдохгүй. Тоглолтынхоо завсраар ингэж бүжиглэдэг байлаа шүү дээ” гэж ирээд инээв.

БИ ЖҮЖИГЧИН БОЛОХ ГЭЖ ХИЧЭЭЖ Л ЯВНА”

Ягаан Гажид гэж ард түмэндээ 50 гаруй жил дуудуулж яваа гавьяат маань найз нөхдөөр хүрээлүүлсэн нэгэн. Өөрөө ч олонтойгоо явах сан гэж бодож, хичээдэг ажээ. Найзуудыгаа гэртээ урьж, тоглох дуртай гэсэн. “Хүн аль болох ном уншиж, тоглоом тоглож байвал тархины үйл ажиллагаа сэргэдэг юм. Тогтохжаргал, Эрдэнэ, Амгалан, Вандан, Цэвэгжав гээд хар багаас нөхөрлөсөн найзууд олон бий. Хүмүүс нэг нэгэндээ аль болох сайхан үг хэлж, тэдэнд урам хайрлах хэрэгтэй л дээ. Урмын үг хэллээ гээд надаас юу ч хорогдохгүй. Харин ч найзууд маань баяртай байхыг харахаар сайхан санагддаг. Би ер нь гуниглаж, стресстэх дургүй. Тийм сэдэл төрвөл хурдхан найз нөхөд рүүгээ утасдаж, тэр байдлаасаа амархан гарчихдаг” гэлээ. Тэрбээр наснаасаа хамаагүй залуу харагддаг нууц өөдрөг философитой нь холбоотойбайх гэж бодогдов. Залууст хандан “Бүх зүйл өөрөөс шалтгаална. Дотор хүнтэйгээ сайн ярьдаг байх ёстой. Өөрөө өөртөө эзэн байж, байнга цэнэглэж бай. Би хөгширлөө гээд хэвтээд өгвөл аяндаа өтөлнө. Миний нас залуу байна, би өшөө хийж бүтээж чадна гэж тэмцэж явах ёстой. Гэтэл манайхан 40 гарчихаад өөрсдийгөө хөгширлөө, өвөө, эмээ болоод л өндөр настан гэж боддог. Миний үеийнхэн таяг баримаар байна гэх юм. Би таягнаас хол явдаг. Аргаа баривал таяг барилгүй л яахав. Гэхдээ барихгүй байхын төлөө тэмцэж, өөрийгөө цэнэглэж байна. Цэнэглэж дуусвал амьдрал дуусна. Хүнд дараа болохгүй өөдрөг байцгаая” гэж манай сониноор дамжуулан захиж байлаа. Гавьяат маань одоо бие дааж англи хэл сурч байгаа гэсэн. “Энэ хэлээр ярихгүй ч гэсэн англиар хүн юу гэж байгааг мэддэг байя л даа. Хүүхдүүд маань намайг мэдэхгүй байгаа. Нэг л өдөр “Өглөөний мэнд, сайн байна уу” гээд мэндэлнэ дээ” гэсээр бөөн инээдэм болсон шүү.

Түүнтэй олон цаг хөөрөлдөн сууж байтал урлагтай амьдралаа холбоод 60-аад жил болсон хэрнээ өнөөдрийг хүртэл өөрийгөө жүжигчин болчихсон гэжхэлж чадахгүй гэх нь тэр.Сайтар лавлатал “Өнгөрсөн хугацаанд чадахаасаа чадахгүйг нь хүртэл хийлээ. Бүгд хачин сайхан болсон гээд бахархаад байх юм алга. Гэхдээ өдий болтол зүгээр суугаагүй. Жүжигчин болох гэж оролдлоо. Одоо болтол чадаагүй л явж байна. Жүжигчин болно гэдэг бол тийм ч амархан санасны зоргоор болчихдог юм биш. Энэ л дүрд мөн ч сайхан тоглож дээ гээд хэлчих зүйл байхгүй явж байна. Тэгэхээр урлаг гэдэг айхавтар нарийн хэмжүүртэй. Хүн насжих тусмаа, өөрийнхөө юу хийж байсныг их дүгнэдэг юм байна. Хэнийг гомдоож, хэнийг баярлуулж байлаа гээд өөрийнхөө ажилласан байдлыг хүртэл бодож байх жишээний. Одоо ч гэсэн нэг эмгэний дүрд тоглоодхооч гэх санал ирэхэд биеэ бариад, “За” гээд итгэлтэйхэн хэлж чадахгүй л юм байна шүү дээ. Ягаан Гажид гэдэг нэрийг худалч хүнд кинонд дөрвөн өгүүлбэр хэлээд авсан. Би айхавтар сайн дүр бүтээсэндээ ингэж дуудуулж байна гэж боддоггүй. Одооүеийн хүмүүсийн дунд үгүйлэгдээд байгаа нэг л дүр тэр кинонд байсан юм байна. Тачигнатал инээх цагаан сэтгэлтэй, санасан бодсоноо хамаагүй хэлчихдэг нэгэн сайхан охин байсан. Түүнийг хүмүүс одоо болтол санаж байгаа нь тэр дүр амьдралд байж л байгаа хэрэг” гэлээ. Тиймдээ ч тэрбээр яг бэлдсэн гарын шавь гээд байхгүй гэлээ. “Үржинбадам, Батцэцэг хоёр намайг багшаа гээд ихэд хүндэлдэг л юм. Миний зааж сургах гэж гавьсан юмгүй дээ. Тэд маань сайн сайхан явж байна” хэмээв.

ГАВЬЯАТЫН ТЭМДГЭЭ ГАРДАХДАА ХАНИЙНХАА ХЭЛСЭН ҮГИЙГ БОДОЖ, НУЛИМСАА ЗАЛГИЖ БАЙЖЭЭ

Ахмад киночдоо хэрхэн харж үзэж байгаа талаар асуухад сэтгэл өвдмөөр гэж Ц.Цэнд-Аюуш гуай хариулсан юм. “Манай киноны ахмадуудаас одоо цөөхөн хэдэн хүн үлдсэн байна. Хожуу гавьяат болцгоосон доо. Хөөцөлдөх хүн байхгүй болохоор тэр. Би гэхэд гавьяатынхаа шагналыг 2009 онд авч байлаа” гэв. Тэрбээр энэ шагналыг авах гэж хөглөж байжээ. Түүнийг эмнэлэгт хэвтэж байтал “Та гавьяат жүжигчин цол авлаа. Маргааш 11 цагт ирээрэй” гээд шөнө болсон хойно Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярьжээ.Үдэш оройн цагаар хэн нэгэн нь дамшиглаж байна гэж санажээ. Өрөөнийх нь өвчтөнүүд бас тэгж хэлэхээр нь ихэд гайхжээ. “Даралт өндөртэй гээд эмнэлэгт хэвтсэнийг ч хэлэх үү, намайг цус харвуулж алах гэсэн хүн тоглож байна даа” гэж боджээ. Ингээд Дээд шүүхэд ажилладаг охиноосоо шагнал авахаар болсон нь үнэн болохыг мэдээд яаран сандран бэлтгэл базаажээ. Ингээд маргааш өглөө нь 11 цагт Төрийн ордонд очтол яах аргагүй нэрийг нь дуудаад жагсааж байна гэнэ. Хүүхдүүд нь ч “Ээжээ хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон өгдөг юм шүү. Яавч гавьяат биш” гэж сэтгэл зүйн бэлтгэл өгчээ. Харин Ерөнхийлөгч түүнд Монгол Улсын гавьяат жүжигчин гэдэг цол өгөх зарлиг уншихад сая нэг юм итгэжээ. Тэрхэн агшинд өвгөнийх нь хэлж байсан үг толгойд нь оржээ. Өмнө түүний хөгшин “Энэ төр яасан хачин юм бэ. Чамд минь гавьяат өгчихдөггүй юм байх даа. Чинийхээ гавьяат авахыг харааднэг угаачихаад нүд аних юм сан” гэж ярьдаг байжээ. Ингэж хэлж байсан нь бодогдоод самсай шархирч, нүднийх нь аяга нулимсаар бүрхээд ирсэн гэдэг. “За би уйлж л болдоггүй юм шүү. Хүмүүс энэ Цэнд-Аюуш хожуу гавьяат болоод баярласандаа уйлж байна гэж бодно. Ямар намайг өвгөнөө бодож байгааг мэдэх биш” гээд нулимсаа барьжээ.

Ийнхүү бидний яриа түүний Ягаан Гажид болсон түүхээс авахуулаад амьдралынх нь баяр баясалтай, дурсамж хөөртэй он цагуудад нь айлчилсан юм. Цаг ч орой болж шинэ жилийн цэнгүүнд очих цаг нь дөхсөн байв. Тэрбээр толиныхоо өмнө сууж, бэлтгэлээ базаав.

“Нийслэл хүү”-гийн Ягаан Гажид одоо ч бидний дунд гал цогтой хэвээрээ байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН