Categories
мэдээ улс-төр

Д.Бямбасүрэн: Эд нар түүхийн хуудаснаас өөрсдийгөө арчих зам руу орж байна гэж бодогдох юм

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй
ярилцлаа.

-Эдийн засаг хүнд байна. Энэ хямрал үүссэн шалтгаан болоод даван
туулах арга замыг нь та хэрхэн харж байна вэ?

-Гадны ямар ч хорлон сүйтгэх хүч Монголын эдийн засгийг ингэж доройтуулж
чадахгүй. Зөвхөн Монголын төр өөрөө Монголынхоо эсрэг үйл ажиллагаа явуулбал ийм
байдалд хүргэж болно л доо. Тийм л байдалд байна. Одоо бид Монголыг аваад үзэх юм
бол өр зээлэндээ баригдаад нэг, хоёр жилд дампуурал зарлах тэр хэмжээндээ тулж очиж
байна. Нөгөө талаас эдийн засаг өсч байна гэдэг боловч үнэхээр орлогогүй үйлдвэрлэл
явуулж байгаа. Нүүрсээ ч гаргаад, зэсээ ч гаргаад байна. Тэгээд өссөн л тоо харагдахаас
биш ард түмний амьдралд, улс орны эдийн засагт ямар ч нэмэр хандив болж чадахгүй
байна л даа. Жишээлбэл, 2012 онд “Чалко”-гийн өр 140 сая ам.доллар гэж байсан. Гурван
жилийн дараа энэ өрийн хэмжээ хэвээрээ л байгаа шүү дээ. Өдөр бүр 24 мянган тн нүүрс
гарч байгаа хэрнээ өрийн дүн буурахгүй байна. Ийм байдалтай байхад бидэнд бодох
юм их бий. Ер нь эдийн засгийн хямралыг давъя гэвэл төр өөрийнхөө бодлогыг эргэж
харах ёстой.

-Төрд ямар бодлого дутагдаад байна вэ?

-Монголыг уул уурхайгаар хөгжинө гэсэн энэ номлолыг тулгасан эдийн
засгийн алуурчид өнөөгийн Монголын төр засагт нь тамгалж үлдээсэн улс төрийн зүтгэлтнүүд
гол буруутан нь шүү дээ. Эднийг уул уурхай нэрийн дор аваачаад маш их савлагаатай,
зах зээлд нүүр тулгалаа. Мөн нийгмийн доторх ашиг орлогын хуваарилалтыг шударга
биш болгосон. Хамгийн гол нь жаахан ашигтай ажиллаж байгаа салбарууд нь уул уурхай,
барилга хөөгөөд бусад салбаруудын хөрөнгө оруулалт сорогдоод эдийн засаг ядуурч
байна. Энэ нөхцөлд төрөөс явуулах бодлогынхоо ерөнхий шугамыг өөрчлөх хэрэгтэй.
Үүн дээр юу ч хийсэнгүй. Нөгөөтэйгүүр энэ хямралын үед төр бодлогын хувьд хөшүүргүүдээ
өөрчлөх ёстой байсан. Татварын бодлого, цалингийн бодлого, зээлийн хүүгийн бодлого,
мөнгөний бодлого гэх зэрэг. Гэтэл одоогийн Засгийн газар олигархи эрх мэдэлтнүүдийн
ноёрхолд автаад юу ч хийж чадсангүй.

-Төр бодлогын хөшүүр­гээ өөрчлөх ёстой гэж та сая хэллээ. Үүнийгээ
тодруулахгүй юу?

-Татварын бодлогын талаар хачиг, хувалз хазаж байгаа юм шиг энд тэнд
нь гарч ганц нэг зулгаасан юм хийсээр байгаад өнгөрлөө. Татварын бодлого бол хүний
орлогыг хувааж авах тухай асуудал биш. Ч.Сайханбилэгийн Засгийн газар сая байгуулагдахад
татварын 268 хөнгөлөлт байсан. Энд хэрэгтэй ч, хэрэггүй ч юм байсан. Үүнийг цэгцэлье
гэвэл том аж ахуй нэгжээсээ авах татвараа шударга болгоод ашгаа хуваарилахдаа жигдрүүлээд
нэмж болно. Гэхдээ том аж ахуйн нэгжүүдээ “Нефтийн, металлургийн, хөнгөн үйлд­­вэрийн
салбарт ноос боловсруулах чиглэлээр хөрөнгө оруулалт хийвэл татварыг чинь бууруулна”
гээд явсан бол энэ нь ухаалаг хөшүүрэг болно. Гэтэл
Өршөөлийн хуулийг ярихын оронд татвараар урамшуулах, дэмжих тэр бодлогоо томоор
ярьсан бол оновчтой болох байсан. Хамгийн харамсалтай нь Ч.Сайханбилэгийн Засгийн
газар гарч ирэнгүүтээ Монголын өр зээлийг өрөөр дарах бодлого явуулж байна. Монголыг
өрийн барьцаанд тавьж гүйцлээ. Ер нь өр төлөөс гэдэг бол хувь хүндээ ч, улс нийгэмд
ч хувь заяаны доромжлол шүү дээ. Өр сүүлийн үед сараар биш өдрөөр нэмэгдэж байна.
Ийм байдалтай болчихлоо. Одоогийн Засгийн газарт ажиллах хугацаа алга. Сонгууль
болоход ганцхан жилийн хугацаа үлдлээ. Ингээд бодохоор одоо төрийн эрх барьж байгаа
Ардчилсан нам, Ардын намын бодлогыг тодорхойлдог удирдлага буюу олигархи бүлгээс
бүрдсэн хэсэг ирэх сонгуульд амаараа шороо үмхэтлээ годройтох бэлтгэлээ л хангаж
байна. Эд нар түүхийн хуудаснаас өөрсдийгөө арчих тэр зам руу орж байна гэж бодогддог
юм даа.

-Мега төслүүд цаашаа
явснаар эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлт нийгэмд байна?

-Засгийн газрынхан үе, үе
“Мега төслүүдийг явуулах нь зөв үү, буруу юу” гэж олон түмнээс асуудаг. Энэ нь
Монголын ард түмнийг шууд доромжилж байгаа юм шүү дээ. Хэн ч энэ төслүүдийг
“Битгий явуул” гээгүй. Бүгд явуулахын төлөө байна. Гэхдээ энэ төслийг “Өөрсдөө
битгий идэж уугаад Монголд ашиггүй болгочихоосой” гэж байгаа юм. Жишээлбэл,
“Оюу толгойг явуулах нь зөв үү” гэж баахан хашгирч аваад “Явуулах нь зөв гэнэ
ээ” гээд Дубай руу очоод хөрөнгө
оруулалтыг нь хий нэмж бичээд ирлээ. Тэр 700 сая ам.долларын зээл, дээр нь 295
сая ам.долларын зээлийн хүү, дээр нь 400 сая ам.долларын хуваах ашиг гээд
бодохоор 4-5 зуун сая ам.доллараар хохироочихож байгаа юм.Үүнийг эд нар хувааж
идэх болохоор “Битгий тэгээч ээ” гээд байгаа юм. Түүнээс бол том төслийг
явуулахыг монголчууд дэмжиж байгаа.

-Ерөнхий сайд Дубайд
айлчлахдаа Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг
зурснаар эдийн засагт гэгээ татаж, нэлээд олон эерэг үзүүлэлт гарсан гэж
тайлбарлаад байгаа шүү дээ?

-Нэг зүйлийг зөв ойлгох
хэрэгтэй л дээ. Оюу толгойн асуудлаар Риогийнхон янз бүрийн мэдээлэл тарааж
байх үед нэг өдөр гадаадын 14 хэвлэлээр Монголыг гүтгэсэн, доромжилсон,
харлуулсан нийтлэл гарч байлаа. Оюу толгойн хуйвалдаан амжилттай болоод ирэнгүүт
эерэгээр яригдлаа. Хөрөнгө оруулагчид гэдэг эрүүл саруул сэтгэлгээгээр Монголыг
эргэж байгаа шинж биш. Монголыг хэн ч очоод идэж болох сонирхол байж болно.
Болгоомжтой хандах хэрэгтэй. Нөгөө талаас Монголын бондын нэр төр дээшиллээ, хүү
нь буурлаа гээд ярьж байна. Гадны компаниуд “Монгол өрөнд орчихоод ашиг хуваах
боломжгүй боллоо” гэдгийг ойлгосон бол эргүүлээд бондын төлбөрөө авна гэж
найдах уу даа. Тэгэхээр мэдээлэл дутмаг хүрч байгаагийн шинж. Энэ бүхэнд
болгоомжтой хандах хэрэгтэй.

-Монголд хөрөнгө оруулагчид
итгэж ирэхгүй байгааг засаг төр тогтворгүй байгаагаас үүдэлтэй гэлцдэг. Хөрөнгө
оруулагчид манай улсыг зорихгүй байгаа нь юутай холбоотой вэ?

-Ингэж шуугидаг, ингэж
боргодог суртал ухуулагчдын бүлэг Монголд бий болсон. Сайтуудаар, сонинуудаар,
телевизийн нэвтрүүлгүүдээр “Хөрөнгө оруулагчид Монголоос зугтлаа” гэдэг. Хоёр
шалтгаан бий байх. Эхнийх нь 2004 он гэхэд Монгол Улс газар нутгийнхаа 60 хувь
буюу 101 сая га газрыг лицензээр өгчихсөн байсан. Тэрийгээ эргүүлж авах талаар
Ерөнхийлөгч сүүлийн жилүүдэд нэлээд шийдэмгий ажиллаад лиценз өгөхийг
зогсоосон. Цаадуул нь амаа таглуулсан л даа. Лиценз өгөх, авах асуудал
хавтгайраад хувийн ашиг сонирхлын бизнес болчихсон байсныг бүгд мэднэ. Үнэндээ
зарим хүн долоо хоногтоо 4-5 хуурамч компани байгуулж, тэрийгээ худалдаж
байсан. Энэ хууль бус байдлыг нь хориглоод ирэхээр Монголын түшмэдүүдийг тэжээж
байсан гадны компаниудын дургүй хүрэх нь зөв байх. Монголын эрх мэдэлтнүүд
гадны хөрөнгө мөнгөтнүүдийн гарыг долоож амьдарсаар нэлээд удлаа. Ерөнхий сайд
нь гадны баячуудын гал тогооноос гарч ирдэг, Үндсэн хуулийн цэцийн гишүүн нь
гадны компанийн захирал болоод цалин аваад суудаг зам дээр очсон юм шиг байна.
Тэгвэл Их хурлын гишүүд, сайдууд яаж байна. Гадны хөрөнгө оруулагч ороод ирэхэд
“Өөрт юу унах вэ” гэдэг асуудлаа урьдаар тавьдаг. Ийм бохир хүмүүстэй шударга хөрөнгө
оруулагч гэрээ хийхгүй. “Энэ хүмүүстэй хамтарч ажиллаж болохгүй, хэзээ нэгэн
цагт шүүхийн ширээн дээр очиж, ялтны замаар явах юм байна” гээд зугтах нь
ойлгомжтой. Өөрсдөө өмхий, бохир байж хөрөнгө оруулагчдаа үргээчихээд газар
нутгаа өмгөөлсөн, хамгаалсан хүмүүс рүү чиглүүлээд яахав дээ. Хэрэггүй л дээ.
Хараад байхад, Оюу толгойн үндсэн эрх ашиг, үр өгөөжийг хайхрахгүйгээр зөвхөн
Оюу толгойнхонд үйлчилж явдаг хэдэн компаниуд байгаа. Тэднийг саяхан Ерөнхий
сайд Дубайгаас ирсэн даруйдаа “Хаялага ашиг” гэдэг гоё нэр томьёогоор
илэрхийллээ. Энэ бол гадныхны гар долоож байна гэсэн үг. Түүнээс Монголын үндсэн
баялгийг ашиглаад эдийн засаг босч ирнэ гэсэн үг биш шүү дээ. Түүнээс гадна Монголд янз бүрийн
олон нийтийн байгууллага гэсэн нэрээр лобби бүтэц үүссэнийг үгүйсгэж болохгүй.
Энэ бол Монголд 20-иод жил болж байна. Гадныханд үйлчилдэг, тэдний сонирхлыг
илэрхийлж, тэднээс санхүүждэг байгууллагууд бий.

-Ингэхэд та шинэчлэлийн
Засгийн газар хэрхэн ажилласан гэж дүгнэдэг вэ. АН, МАН хамтарсан Шийдлийн
Засгийн газрын үед эдийн засаг сэргэх янз ажиглагдаж байна уу, танд?

-Ер нь Монголын төрийн
бодлого Монголынхоо төрийн эсрэг чиглэх нь 2012 оноос өмнө худлаа амлалтаа биелүүлэхийн
тулд нөөц баялгаа халамж хэлбэрээр тарамдуулж илэрч байлаа. Нөгөө талд нь
барилгын салбар, уул уурхай гээд М.Энхболдын Засгийн газрын үеэс эхэлсэн том
бизнесийг дэмжих энэ бодлогоор хулгайлж идэж байсан нь үнэн. Гэтэл шинэчлэлийн
Засгийн газар гарч ирэнгүүтээ төрийн бодлогыг Монголын эсрэг 180 градус эргүүлж
тавилаа. Юу вэ гэхээр дөрвөн том нүгэл хийсэн. Эхнийх нь “Чингэс”, “Самурай”
бондоо ашиггүй зарцуулсан. Эргүүлж ашгаараа зээлээ нөхөхөд зориулж чадаагүй.
Хоёрдугаарт, тэд Монголын өв баялгийг үнэгүйдүүлэх, ашигт малтмалын нөөцийн төлбөрийг
бууруулах бодлого явуулсан. Гуравдугаарт, хөрөнгө оруулалтыг дэмжих нэрээр том
хөрөнгөтнүүдэд 30 жилийн, жижигт нь таван жилийн баталгаа олгоно гэснээрээ
Монголын эдийн засгийн орон зайг задалж, нэгдсэн зохицуулалт хийх боломжгүй
болгосон. Төрийн механизмын хувьд үйлчилгээгүй болгосон гэсэн үг. Дөрөвдүгээрт,
идэж уух нь улайм цаймдаа гарсан л даа. Сонгуульд орохдоо өртэй байсан компани
сонгуулийн дараа өчнөөн төчнөөн тэрбумаар төсвөөс идээд эхэлсэн. Ер нь
шинэчлэлийн Засгийн газрын үед АН-ынхан том эргэлт хийсэн. 2013 оны наймдугаар
сард ээлжит бус чуулган зарласан нь Монголын төрийн бодлогод эргэлт хийсэн.
Монголынхоо эсрэг чиглэсэн эргэлт. Ингээд гадныхны мэдэлд орсон.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга нь Д.Эрдэнэбат,
Эдийн засгийн байнгын хорооны дарга нь Б.Гарамгайбаатар байлаа. Тэр хөрөнгө
оруулалтыг дэмжих хуулинд их хөрөнгө оруулалт хийсэн газрыг нь 60 жилээр өгч,
40 жилээр сунгана гэсэн заалт оруулсан. Гэтэл газрын хуулийг өөрчлөөд дахиад уг
заалтыг баталгаажуулах асуудал оруулж ирсэн. Үндсэн хуулинд гадаадын иргэнд
газар эзэмшүүлэх тухай заалт бий. Энэ бол 100 жилээр түрээсээр өгнө гэсэн үг
биш. Эзэмшүүлнэ гэдэг нь нэг сумын ногоо, тарианы хэрэгцээг хангахын тулд
мэргэжлийн хүмүүстэй тодорхой гэрээ байгуулаад 5-10 жилээр ажиллах тухай
асуудал. Болзолтойгоор ашиглах тухай асуудал байж болно л доо. Ч.Сайханбилэгийн
Засгийн газар бол их өөр. Н.Алтанхуягийн идсэн уусныг цоллуулж байгаад их сонин түүхтэй гарч ирсэн
л дээ. АН-ын бүлэг нь Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгохоор 100 хувь шийдсэн
байхад ҮЗХ дээрээ очоод гэнэт эргээд Ч.Сайханбилэг гараад ирсэн. Одоо бид учрыг
нь харж байгаа. Сая Дубайд очоод Оюу толгойнхоо хуурамч хөрөнгө оруулалтыг хүлээн
зөвшөөрөөд Монголыг өрөнд оруулаад, Оюу толгойнхоо нөөц баялгийг зээлийн
барьцаанд тавиад ирлээ шүү дээ. Хоёр тэрбум 130 сая ам.долларын хий хөрөнгө
оруулалт бичүүлээд, тэрний 34 хувь буюу 714 сая ам.долларыг Монголын өр болгоод
байгаа юм. Энэ өрийн жилийн хүү нь 50 сая ам.доллар. Энэ хоёр тэрбумын үндсэн хөрөнгийн
элэгдлийн шимтгэлээр өөрийн өртөг шингээгээд ашгийг нь бууруулахад жилд 200 сая
ам.доллар байна. Тэрнээс Монголын талд ногдох татварын орлого гэхэд 40 сая
ам.доллар бид алдаж байгаа юм. Тэгэхээр Оюу толгой дээрээс бид хуваах ашиг хүртэхээ
байлаа. Ар талд нь өртэй үлдлээ. Үр дагавар нь ийм л дээ. Ер нь
Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг харахад амь тэмцсэн байдалтай байгаа. Ийшээ,
тийшээ гүйж зээл гуйгаад л байна. Хятадын банкнаас авсан 25 тэрбум юанийн өр
байгаа. Заримдаа 27 тэрбум юань ч гэж яриад байдаг юм. Тэгэхээр үүнийг эргүүлж өгөх
ёстой. Гэвч Монголд ийм боломж байхгүй. Ч.Сайханбилэгийн Засгийн газар бол
Монголын эдийн засгийн маанийг унших чиглэлтэй байгаа.

-Таныхаар “Чингэс”,
“Самурай” бондыг яавал үр ашигтай зарцуулах байсан юм бол?

-Зээл авч болно. Бонд гаргаж
болно. Тэр бол олон улсын эдийн засгийн чөлөөт хөрөнгийг татаж ашиглах нэг арга
шүү дээ. Гэхдээ юунд зарцуулах вэ гэдгээ сайн бодох ёстой. Тавантолгойгоос
Хятадын хил хүртэл 268 км төмөр зам тавихад 1.2 тэрбум ам.доллар хэрэгтэй. Үүнийг
ч тавьчихаж болох байсан. Тэгсэн бол Тавантолгой өнөөдрийнх шиг хүндрэлтэй
байдалд шийдэгдэхгүй байв. Тэнд жилийн 30 сая тн нүүрс тээвэрлэхээр 30 жилийн
дотор 15 тэрбум ам.долларын тээврийн ажил гүйцэтгэх юм. Үүнийг бид амархан нөхөж
болох зардал шүү дээ. Гэх мэтчилэн ийм ашигтай үйлдвэрлэл рүү бондын хөрөнгийг
зарцуулах ёстой байтал аймаг хотыг холбосон автозамд зарцуулсан. Ямар ч байсан өнөөдрийн
төрийн эрх баригчид “Чингэс” бондыг юунд зарцуулсан тайлангаа гаргаж чадахгүй
байгаа нь үнэн. Хэрэв үр ашигтай зарцуулсан бол ийм, ийм юманд зарцууллаа гээд
гаргаад ирнэ биз. Одоо АН-ынхны ярьж байгаа зүйл бол “Урьд нь МАН муу байсан.
Бид тэднээс их мундаг байна, зам барихад мөнгө зарцуулсан” гэдэг. Энэ бол өөрийгөө
зөвтгөх шалтгаан биш. Ер нь үр ашигтай, эргүүлж валют болгох тийм обьектод
зарцуулах ёстой байсан, даанч чадаагүй.

-АСЕМ-ийн дээд хэмжээний
11 дэх хурлыг манай улс ирэх жилд зохион байгуулна. Дэлхий дахинд Монголыг
таниулж, гадаад ертөнцөд итгэлцлийг бий болгох учраас мэргэжлийн түвшинд зохион
байгуулах хэрэгтэй. Төрийн түшээ байсан хүний хувьд та энэ арга хэмжээний үр дүнг
тодорхойлохгүй юу?

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Төрийн
тэргүүн байх хугацаанд Монгол Улсын гадаад байр суурь их бэхжлээ. Хоёр хөрштэйгээ
харилцаагаа сайжрууллаа. Европ бол технологийн төв, Ази эдийн засгийн төв нь
болжээ. Тэгэхээр Ази Европыг холбосон энэ холбооны зангилаа Монголоор дайрч
гарах юм. Монгол АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулж олон нийтийн анхаарлын төвд
орно гэдэг бол том асуудал л даа. Үүнийг дэмжих хэрэгтэй, зөв алхам. 1992 онд
миний бие Германы Канцлер Кольтой уулзахдаа “Хэн Монголд байна, тэр л Азид
байна” гэж хэлж байлаа. Одоо Европын хөрөнгө оруулагчдын 70 хувь нь дулаан бүсийг
заагаад хөрөнгө оруулалт хийгээд байгаа шүү дээ. Гэтэл Азийн төв чинь Монгол.
Орос, Хятад хоёр том зах зээлийн дунд, нөөц баялаг ихтэй. Монгол өөрийнхөө
давуу байдлыг ашиглахад АСЕМ-ийн уулзалт хэрэгтэй л дээ. Монголын тусгаар
тогтнол, аюулгүй байдал, олон улсын хувьд хүлээн зөвшөөрөх байдал дээшилнэ
гэдэг бол өөрөө бие даасан асуудал юм.

– Үндсэн хуульд өөрчлөлт
оруулах асуудлыг танаас асуулгүй өнгөрч болохгүй. Таны бодлыг сонирхмоор байна?

-Энэ бол хоёр талтай асуудал.
1992 онд коммунист тогтолцооноос дөнгөж салаад байв. Тэр үед ихэнх нь
коммунистуудаасаа бүрэлдсэн Их хурал байгуулагдсан. Бүх юмыг төгс шийдэж чадаагүй.
Одоогийн үндсэн хуулийг аваад үзэхэд өөрийнхөө орны нөхцөлд тохируулсан
оновчтой биш. Санхүү, эдийн засгийн удирдлагыг ч Үндсэн хуульдаа тусгасангүй.
Жишээлбэл, Монголын төр гэдэг Чингэс хаан, Өгөөдэй хааны үеэс эхлэн засаг төр
байгуулахад таван салаатай байсан. Гарын таван хуруу шиг. Одоо Монгол төрийн
гурван салаа гэж яриад байгаа. Энэ чинь үлэг гүрвэлийн мөр. Хүнийх биш.
Тэгэхээр таван салаатай төрийнхөө асуудлыг эргээд нэг харах хэрэгтэй. Энд төрийн
хяналтын асуудал, төрийн түшээдийн асуудал хоёр орхигдчихоод байна. Бас дордуулсан
долоон заалт бий. Гэтэл одоогийн Их хурлынхан үүнийг өөр өнгөөр ярьж байна. АН,
МАН хоёр эвсэхдээ хуйвалдсан гол зорилго нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг
бууруулаад Ерөнхийлөгчийг Их хурлаас томилдог болъё гэсэн. Миний бодоход Ерөнхийлөгчийг
сонгоно гэдэг бол төрийн тэргүүнээ сонгож байгаа Монголын бүх ард түмний төр
байгуулах эрхийн дээд илрэл юм л даа. Гэтэл энэ эрхийг Их хурал булаагаад авах
нь. Их хурлын 76 гишүүн толины өмнө зогсч байгаад өөрсдийнхөө нүүрийг хар даа
гэж хэлдэг юм. Энэ дотор хэдэн луйварчид, хэдэн хэрүүлч зодоончид байна. Бас төрийн
талаар “А” ч үгүй улсууд байна. Тэдэнд
найдаж төрийн тэргүүнээ орхих уу. Эдний одоогийн сонирхож байгаа гол зүйл нь
Монголын газрыг, баялгаа, ирээдүйгээ худалдчихлаа. Одоо Төрийн тэргүүнээ нэг
компанид худалдчихвал хэн нэгэн этгээд ирээд суух нь байна. Иймэрхүү дүр зураг
харагдаад байгаа. Энэ бол нийгмээ маш хурц зөрчил рүү түлхэж байгаа өдөөн
хатгалга л даа.

-Улс төрийн намуудын өнөөгийн
нүүр царай танд яаж дүрслэгддэг вэ?

-Монголын нийгэмд тохиолдож
байгаа бүх л бохир, зөрчилдөөн үзэгдлүүдийн эх ундарга нь улс төрийн намууд
болоод байна л даа. Улс төрийн нам гэдэг бол нэг талдаа улс орныхоо зам мөрийг үзлээр
тээж, олон түмнийхээ хүчээ чиглүүлэх талаас нь хэрэгтэй бүтэц байдаг. Гэтэл өнөөдөр
манай улс төрийн намууд нам дамжсан улс төрийн олигархиуд болсон. Тэд төрийн
эрх мэдлийг аваад өөрсдөдөө ашиглахын тулд бүхнийг хийж байна. Ардын нам,
Ардчилсан нам хоёрын хооронд одоогийн явуулж байгаа бодлогын талаасаа гэхэд
хуруу зөрүү байхгүй. Хуйвалдаад л хоорондоо хувааж идэж байна. Сонгууль дөхөхөөр
нэг нь цагаан болох гээд нөгөөхөө харлуулж мэтгэлцэх биз. Тэгэхээр улс төрийн
нам бол төрийн албыг худалддаг лангуу болсон нь хэнд ч ойлгомжтой. Сайдыгаа нэг
тэрбумаар, дэд сайдын суудлыг 480 сая төгрөгөөр авна гэх зэргээр бараг ханш
тогтоочихсон байгаа. Тэгэхээр улс төрийн намуудыг өөрчлөхгүйгээр Монголын
нийгэм өөрчлөгдөж чадахгүй. Ерөнхийлөгч олон удаа хэлсэн. Намуудыг өөрчлөх
хуулийн төсөл өргөн барина гэж. Үүнд УИХ дахь намууд тун дургүй юм шиг байгаа.
Дургүй байж болно, гэхдээ шинэчлэгдэхийг хүсээд, одоогийнхоо нам гэдэг
хуйвалдагчид, хорлон сүйтгэгчид, гэмт хэрэгтнүүдийнхээ бүлэглэлийг хадгалах гэж
оролдож байгаа эрх мэдэлтнүүд ирэх сонгуульд өөрсдөө годройтно.

-Сонгууль болгоны өмнө
Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулах юм. Эрхэм гишүүд дараагийн сонгуульд
гарахын тулд өөрсдөдөө зориулсан хууль санаачилдаг гэдэгтэй та санал нийлэх үү?

-1996 оноос хойш сонгуулийн
хуулийг өөрчилсөөр ирлээ. Нийтлэг асуудал нь тухайн Их хуралд байгаа улсууд өөрсдөө
сонгогдохын тулд бүхнийг хийж байна. Одоо ч тэр замаар явж байгаа. Таван бүлэг
болгоод тэр дундаас нэг тойрогтоо 20-30 хүн өрсөлдөх юм шиг байна л даа. “Тэр
дундаас олны танил болсон би гараад ирэх
байлгүй” гэсэн архаг гишүүд шинэ хүмүүсийг улс төрд гарч ирэх боломжийг нь
хааж, дарах арга шүү дээ. Үндсэн хуулиндаа өөрчлөлт хийгээгүй байхад Сонгуулийн
хуулийг өөрчлөх асуудал олигтой гарахгүй. Сонгуулийн нэгдсэн хуулийг энэ жилдээ
багтааж гаргахгүй, наадуул чинь. Яагаад гэвэл одоогийн Их хуралд ороогүй
намуудыг шахахын тулд 2016 оны эх хүргэж байж хуулиа батлах байх л даа.

-Манай орны нөхцөлд
сонгуулийн аль систем нь оновчтой вэ?

-Буруу хэрэглэвэл аль нь ч
хэцүү л дээ. 76 гишүүнийг сонгодог байхад сонгогчид тухайн нэр дэвшигчийн нүүрийг
харж, үгийг нь сонсч, хэн бэ гэдгийг нь шинжих боломж байдаг. Намаар гэхээр
намын бодлого орж ирж байна. Гэтэл намууд бодлогогүй юм чинь шуналаа л
шургуулах юм байна шүү дээ. Уг язгуур үндсийг нь шийдээгүй байж тэр нь,
энэ нь зөв гэхэд хэцүү л дээ. Тэгэхээр намууд нь зөв үзэл бодолтой, хөтөлбөр нь
үнэн бодитой байдаг бол тэрийг хэрэгжүүлэх ёстой. Харин сонгуульд хуурамч
амлалт өгөөд, дэвшүүлсэн хөтөлбөрөөсөө өөр бодлого явуулах нөхцөлд тэр намуудын
нэрээр орж ирнэ гэдэг бол утгагүй. АН 2012 оны сонгуульд орохдоо ийм арчаагүй
орно гэж мөрийн хөтөлбөр гаргаагүй. Ард түмнийг торгонд ороогоод тавьчих юм
ярьж гарч ирсэн. Ардын нам бүр ч том юм амлаж байсан. Аль нь ч ялгаагүй.
Оновчтой арга нь Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад парламентаа хяналттай
байлгаад асуудлыг шийдэх. Жишээлбэл, 1990 онд Улсын бага хурал байгуулахдаа
Улсын их хурлын 430 хүнийг орон нутагтаа сонгосон. Тэгээд Их хурал нь Бага
хурлаа байгуулж байсан юм. Тэр үед хүмүүсийг харж сонгох боломжтой байсан.
Гэтэл одоо хэдэн олигархиуд мөнгөө бариад гүйхэд бэлтгээд байж байна. Улаанбаатар
хотод халуун ус ч алга, замаа ч хаачихлаа. Энэ бол сонгуулийн өмнө мөнгө угааж
байгаа нэг хэлбэр. Сонгуулийн өмнөх жил зам засах, шугам тавих нэрээр хичнээн мөнгө
угааж байгааг хэн мэдэх вэ дээ.

-Сонгууль болоход ганцхан жилийн хугацаа үлдлээ. Одоогийн эрх
баригчид, улстөрчид гарч ирж дөнгөх болов уу?

-Сонгууль Монголд хувь заяа шийдэх ач холбогдолтой явдал. Бид
ардчилсан замналыг сонгохдоо улс орноо хөгжүүлье, өнгөтэй өөдтэй амьдаръя гэж
энэ замыг сонгосон. 25 жил үүн дээр
алдаж, онолоо ч гэсэн одоо нийгэмд хуримтлагдаад байгаа элдэв өнгийн сөрөг үзэгдлүүд
маань энэ ололтыг үгүйсгэх түвшинд ойртож явна л даа. Харамсалтай нь энэ бүхэн
Ардчилсан нам төр барьж байх үед тохиолдож байна. Ардчилсан намын удирдлага
дотор АН-ынхныг МАН-ынхны үзэл номлолд шингээе, хоёр намыг нэгтгэе гэсэн хүчтэй
бүлэглэл бий. Тэд байсаар ирсэн. Өнөөдөр нам дотроо давамгайлах байр суурин
дээр очоод 2012 оны УИХ-ын, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмнийхээ өгсөн
итгэлийг хойш тавьчихаад дахиж эвслийн Засгийн газар байгуулж Монгол орноо
худалдах ажил хийж байна л даа. Энэ бол АН-ын хувьд хувь заяагаа шуулгах сүүлчийн
арга хэмжээ байж болох юм. АН-ынханд ганц л зам бий. Эдийн засгаа бол мэдэгдэхүйц
сайжруулж чадахгүй. Эдийн засгийн байдал цаашид Чингэс болон Самуурай бондын өр
төлөөд ирэхээр улам хүндэрнэ. Оюу толгой, Таван толгойгоос 2016 оны сонгуульд
найдвар тавиад хэрэггүй болсон нь тодорхой боллоо. Тэгэхээр эдийн засгийнхаа
механизмыг сайжруулах тал дээр юм хийж чадахгүй ч одоогийнхоо байгааг муу
болгохгүй юм сан. Нөгөө талд байдлыг сайжруулах, олон түмэнд итгэл төрүүлэх
алхам бол төрийн хяналт, төрийн хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэх. Тухайлбал, Ерөнхийлөгч
Хариуцлагын тухай, Нийтийн сонсголын тухай хууль өргөн барьсан ч Их хурал
буцаалаа. АН-ынхан өөрсдөө төрийн хариуцлагыг дээшлүүлэхийн эсрэг ажиллаад
цаашдаа энэ бодлого нь үргэлжлэх юм бол сонгуульд тэд олонхийн санал авах
магадлал байхгүй. Хамгийн олон санал авах найдвар бүр ч байхгүй. Бүлэг
байгуулах хэмжээний түвшинд үлдэх үү, үгүй юу гэдэг болох байх. Хамгийн өрөвдөлтэй,
эмгэнэлтэй зүйл нь МАН-ынхан тэднээс дээргүй л дээ. Хуучны архаг хуйвалдаан,
алдаатай бодлогод бүгд оролцож байсан улсууд одоо гэмгүй царайлан амаа арчаад
сууж байна. Сонгуулийн цаг болоход наадуул чинь хөхөө шиг донгодоод гараад
ирнэ. Олон түмэн ил тод сонголт хийх юм бол Монголын хувь заяа 2020 он хүртэл бүдгэрнэ.
Үүний хариуцлагыг АН-ын одоогийн удирдлага хүлээнэ. АН-ынханд хэлэхэд, дотоод
хяналтаа ойлгооч ээ. Эцсийн боломж чинь энэ. Долдугаар сарын эхээр чоно
борооноор гэгчээр манайхан хуулиа баталж байхад амралт эхэлдэг шүү дээ. Тэрнээс
хойш нэг ч алхам хийх боломж гарахгүй. Долдугаар сарын 9-нийг хүртэл эд нар
толгойгоо ажиллуулахдаа жаахан цэгцэрч, ухаарах боломж бий. Тэгээд чадахгүй бол
тэдний маанийг уншихад нь бид эмгэнэл илэрхийлээд зогсч байхаас өөр яахав дээ.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Лхам: Их долоо дэлхийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд анхаарч, цөм хөтөлбөр хэрэгжүүлнэ

Энэ сарын 7-8-ны өдрүүдэд Германы Бавари мужид оршдог Эльма харшид болсон дэлхийн Их долоогийн уулзалтын талаар ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Дэлхийн бодлогын салбарын судлаач Ц.Лхамтай ярилцлаа.

-Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч Их долоогийн ээлжит уулзалт ямар асуудлууд дээр төвлөрөв. Судлаач хүний хувьд та үр дүнг нь хэрхэн харж байна вэ?

-Их долоогийн уулзалт болсон Эльма харш нь Бавари мужид уулархаг үзэсгэлэнт байгальтай газарт байрладаг. Очиход тийм амар биш. Тиймээс юун түрүүнд аюулгүй байдлыг хангаж чадсан. Их долоогийн уулзалтын үеэр жил болгон жагсаал цуглаан болдог. Энэ удаад ч зохион байгуулагч оронд болсон жагсаалын үеэр ямар нэгэн асуудал гараагүй, харьцангуй тайван болсноороо онцлог. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель “Герман бол жагсаал цуглааныг хүлээн зөвшөөрч, түүнд хүлээцтэй хандаж чаддаг улс болохоо дэлхий нийтэд харуулж чадсандаа бахархаж байна” гэсэн л дээ. Их долоо уулзалтынхаа эхний өдөр эдийн засгийн асуудлыг голлосон. Дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал ямар байгааг дүгнээд, тогтвортой өсөлтийг хэрхэн хангах тал дээр ярилцсан. Мөн худалдаа, санхүүгийн зах зээл, татварын асуудлыг хэлэлцсэн байна. Өнгөрсөн жил хуралдсан Их долоогийн уулзалтаас хойш дэлхийн эдийн засгийн байдал харьцангуй тогтвортой байна гэж үзсэн. Газрын тос, эрчим хүчний үнэ буурсан нь Их долоогийн ихэнх орнуудын эдийн засагт таатай нөлөө үзүүлж байгаа. Гэвч нөгөөтэйгүүр дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч тэрхүү долоон улсын хувьд ажилгүйдэл мөн л өндөр хэвээр байна. Хөрөнгө оруулалтын түвшин бага байна. Улсын болон хувийн секторын өр их байна гэсэн тулгамдсан асуудлаа шийдэх, бүгдэд хүртээмжтэй эдийн засгийн өсөлтөд хүрэхийн төлөөх хүчин чармайлтаа үргэлжлүүлэх шаардлагатай гэдэгт тэд санал нэгдээд байгаа.

-Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд юуг голчлов?

-Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд “Техник технологио хөгжүүлье, боловсрол инновацийг ахиулъя, оюуны өмчийн эрхийг хамгаалъя. Хөрөнгө оруулалтын орчинг жижиг дунд хөрөнгө оруулагчдад ээлтэй болгоё. Дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Бүтээмжийг нэмэгдүүлэх нь зүйтэй” гэдэгт Их долоо саналаа нэгтгэсэн. Дэлхий нийт урт хугацааны туршид үргэлжлэх эдийн засгийн өсөлтөд хүрэхийн тулд дэлхийн уур амьсгалыг хэвээр нь хадгалан хамгаалах, эрүүл мэндийн салбарыг дэмжих, тухайн нийгэмд гишүүн бүрийнх нь оролцоо тэгш эрхтэй байхад чухалчлан анхаарах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, эдгээрийг хөтөлбөрийнхөө гол цөм болгох үүргийг Их долоо хүлээх аж.

-Улс орнуудын гадаад худалдааны харилцааг зохицуулахын тулд ямар чиг шугам баримтлахаар болсон бэ?

-Худалдаа, хөрөнгө оруулалт нь эдийн засгийн өсөлт, ажлын байр, тогтвортой хөгжлийн хөдөлгөгч хүч болдог. Иймд худалдаа аль болохчөлөөтэй байх ёстой гэсэн чиг шугамыг баримтална. Худалдааны янз бүрийн хязгаарлалтуудыг бууруулах хэрэгтэй гэж үзсэн. Зарим улс дотоод зах зээлээ хамгаалахын тулд өөр орны бүтээгдэхүүнийг зах зээлээс шахдаг явдал бий л дээ. Энэ байдалтай тэмцэх нь зүйтэй гэдэгт Их долоо санал нэгдсэн.

-Ямар арга хэмжээ авах юм бол?

-Дэлхийн Худалдааны Байгууллагын “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр” (Trade Facilitation Agreement)-ийг 2015 онд хүчин төгөлдөр болгохыг чармайж байгаа.Их долоо үүнд анхаарлаа хандуулж, энэ ондоо багтааж, хэлэлцээрийг соёрхон батлах үүрэг хүлээж байна. Мөн бүс нутаг хоорондын болон хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах явдлыг дэмжиж байгаа аж. Ялангуяа Европын холбоо АНУ-тай хийж байгаа чөлөөт худалдааны хэлэлцээр байна. Мөн Европын холбоо Японтой, Канадтай хийж буй худалдаа, эдийн засгийн хэлэлцээр болон эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулж дуусгана гэдэгт найдаж буйгаа Их долоо нэгэн дуугаар илэрхийлсэн байна лээ. Үүнээс гадна, Европын холбооны орнуудын хоорондын дотоод худалдааг оролцуулан тооцвол дэлхийн худалдааны бараг 50 хувь нь Их долоод хамаарч байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн гинжин сүлжээнд ихээхэн анхаарал хандуулах шаардлага Их долоод тулгарч байна.

-Дэлхийн худалдааны 50 хувь нь Их долоод хамаатай гэлээ. Тэгэхээр тэд худалдааны гинжин сүлжээнд ямар байдлаар анхаарал тавих бол?

-2013 онд Бангладешт Рана Плаза оёдлын үйлдвэрийн барилга нурж, олон хүн амиа алдсан. Тэрнээс хойш бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн асуудалд ихээхэн анхаарал хандуулах болсон. Ази, Африкийн хөгжиж байгаа орнуудад хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлага хангагдаагүй нөхцөлд үйлдвэрлэгдсэн бараа, бүтээгдэхүүнийг хүлээн авч буйн хувьд Их долоогийн орнууд үүнд хариуцлагатай хандах ёстой. Тэнд ажлын байрны зохистой нөхцөлийг бий болгохын тулд Их долоогийн орнууд илүү анхаарал тавья. Нөгөөтэйгүүр найдвартай, тогтвортой ханган нийлүүлэлтийн гинжин сүлжээг бий болгохын тулд Их долоо хамтын хариуцлага хүлээх нь зүйтэй гэж үзсэн. Үүнийг ажил хэрэг болгохын тулд сан (Vision-Zero-Fonds) байгуулахаар болж байна. Уг сан нь Дэлхийн Хөдөлмөрийн Байгууллагатай нягт хамтарч, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, ажлын байрны норм стандарыг хангах, үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх зорилготой ажиллах юм билээ.

-Их долоо Украины асуудлаас үүдэлтэйгээр ОХУ-д тавьсан хоригоо үргэлжлүүлэх төлөвтэй байна. Асуудал цаашид хэрхэн өрнөх бол гэсэн хүлээлт дэлхий нийтийн анхаарлын төвд байна?

-Их долоогийн уулзалтаар гадаад бодлогыг өргөн хүрээнд авч хэлэлцсэний дотор Украины асуудалтай холбоотойгоор ОХУ-д тавьсан хориг арга хэмжээ нэлээд анхаарал татлаа. Энэ удаагийн Их долоогийн уулзалтаар, ОХУ олон улсын эрх зүйг зөрчин Крымыг өөртөө нэгтгэснийг нэгэн дуугаар шүүмжилж байсан. Украины зүүн өмнөд хэсэгт үүсээд байгаа зөрчлийг Минскийн хэлэлцээний дагуу улс төрийн арга замаар шийдвэрлэх ёстой. ОХУ Украины тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг хүндэтгэж үзэж, улмаар Минскийн хэлэлцээг 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Минск хотноо гарын үсэг зурсан багц арга хэмжээний хамтаар бүрэн биелүүлсэн нөхцөлд л Их долоо тус улсын эсрэг авч буй хориг арга хэмжээгээ зогсооно. Эс бөгөөс зогсоохгүй гэж байгаа л даа. Бүр зайлшгүй нөхцөлд хориг арга хэмжээгээ чангатгахад бэлэн байна гэдгээ ч мэдэгдсэн. Тиймээс ОХУ-ын байр суурь өөрчлөгдөөгүй нөхцөлд Их долоо Украины асуудлаар ОХУ-ын эсрэг хатуу байр сууриа хадгалах шинжтэй байна.

-ОХУ-д тавьсан хоригийг Их долоо ямар байдлаар чангатгах юм бол?

-Тэр талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй. Гэхдээ өөрсдөө ийм алхам хийхийг хүсэхгүй байгаа гэдгээ бас мэдэгдсэн. Цаашид Минскийн хэлэлцээг хэрэгжүүлэхийн төлөө Их долоогийн орнууд ажиллах болно гэсэн байр суурьтай байгаа. Мөн энэ хүнд цаг үед Украинд санхүүгийн болон техникийн тусламж дэмжлэг үзүүлэхийн тулд олон улсын санхүүгийн байгууллага хийгээд бусад түншүүдтэйгээ нягт хамтран ажиллана гэдгээ Их долоо мэдэгдсэн.

-Хэрэв ОХУ Минскийн хэлэлцээг биелүүлчихвэл урьдын адил Их долоог Их найм болгох боломж нь нээлттэй байгаа юу?

-Судлаачийн хувьд тэгэх байх гэж таамаглаж байна. Их долоо хоёр дахь удаагаа ОХУ-гүйгээр хуралдлаа. Хэрэв ОХУ Минскийн хэлэлцээг биелүүлчихвэл Их долоогийн зүгээс хориг арга хэмжээнүүдийг цуцална. Сая Их долоо хуралдахын өмнө Германы дотоодоос томоохон шүүмжлэл гараад л байсан. Зарим улстөрчид “Оросгүйгээр асуудлыг шийднэ гэж юу байхав” гэж байсан ч Их долоо ОХУ-ыг оролцуулахгүй гэдэг байр суурин дээрээ хатуу зогсч чадсан.

-Манай хөрш ОХУ-д тавьсан энэхүү хориг арга хэмжээ Монголд яаж тусах вэ?

-Украины асуудал Монголд нөлөөлөх байдал нь хоёр талтай. Хэрэв ОХУ Минскийн хэлэлцээг удаа дараа ноцтой зөрчөөд, цаашид асуудал даамжирвал хурц байдалд орж болзошгүй. Монгол Европын орнуудтай найрсаг харилцаатай байдаг болохоор ацан шалаанд орж магадгүй. Ер нь энэ байдал хурцадвал Монголд аюултай гэж бодож байна. Нөгөө талаар ОХУ-д тавьсан хориг арга хэмжээ хэвээр үргэлжилсээр байвал тус улсын бодлого Ази руу чиглэнэ. Орос, Монголын харилцаа хамтын ажиллагаа улам ойртоно.

-Халдварт өвчин, терроризмтой тэмцэх асуудлыг Их долоогийн уулзалтаар чухалчилдаг. Энэ удаад ямар шийдвэр гаргасан бэ?

-Терроризмтэй тэмцэх, ялангуяа терроризмын санхүүжилтийг зогсоох асуудалд Их долоо өндөр ач холбогдол байгаа. Террористуудын хөрөнгийг царцаахын тулд олон улсын зохицуулалтыг үр дүнтэйгээр ашиглах, бүхий л санхүүгийн урсгалыг улам бүр ил тод, тунгалаг болгох арга хэмжээг авах болно гэдгээ Их долоо мэдэгдсэн.

Халдварт өвчинтэй тэмцэх асуудалд Эболагийн дэгдэлт дээр тогтож ярьцгаасан. Эболагийн дэгдэлт нь дэлхийн эрүүл мэндийн салбарт их зүйл хийх ёстойг, мөн өргөн тархацтай халдварт өвчинтэй тэмцэх түргэн шуурхай, үр дүнтэй механизмыг бий болгох шаардлагатай байгааг нотлон харуулсан. Иймд, ирэх 5 жилд Баруун Африкийн зэрэг 60 улс оронтой эрүүл мэндийн тогтолцоог нь сайжруулахад хамтран ажиллах санаачилгыг АНУ-ын зүгээс гаргасныг Их долоогийн бусад улсууд дэмжсэн байна.

-Тэгвэл ядуу буурай орнуудыг хөгжүүлэхэд ямар ажил хийж байна вэ?

-Мянганы хөгжлийн зорилт 2015 онд дуусч байгаа. Тэгэхээр дараагийн зорилтуудаа тодорхойлох хэрэгтэй болж байна. Ирэх есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар хөгжлийн дараагийн зорилтоо ярилцана. Тэр үед 2030 он хүртэл тавих хөгжлийн зорилтууд нарийн тодорхойлогдох бөгөөд Их долоогийн зүгээс 2030 он гэхэд дэлхий дээрх хэт их ядуурлыг арилгая гэдэгт санал нэгдэж байгаа. Энэ тухайд Их долоогийн орнууд 2030 он хүртэл хөгжиж буй орнуудын 500 сая хүнийг хэт өлсгөлөнгөөс аврахын төлөө чармайх болно гэдгээ мэдэгдээд байна.

-Уур амьсгалын өөрчлөлтөд Их долоо нэлээд анхаарал тавьж хүч хаяж байх шиг ээ?

-Энэ оны арванхоёрдугаар сард Парис хотноо Уур амьсгалын дээд хэмжээний уулзалт болно. Их долоогийн уулзалт нь энэ дээд хэмжээний уулзалтын бэлтгэл хангах, оруулах саналаа нэгтгэхэд чиглэгдсэн. Их долоогийн орнууд энэхүү дээд хэмжээний уулзалтаар уур амьсгалын дэлхий нийтийн хэлэлцээр протокол байгуулах нь зүйтэй гэж байна л даа. Уг хэлэлцээрт заавал биелүүлэх заалт оруулъя, тухайлбал, дэлхийн уур амьсгалын дулаарлыг сааруулах “Хоёр градус”-ын зорилгыг оруулъя. Үүнийг биелүүлэхийн тулд нүүрс хүчлийн хийн ялгаруулалтыг 2050 он гэхэд2010 онтой харьцуулахад 40-70 хувиар бууруулах нь зүйтэй гэсэн саналыг Их долоогийн зүгээс гаргаж байна. 2020 оноос эхлээд жил болгон 100 тэрбум ам.долларыг цуглуулаад дэлхийн уур амьсгалыг хамгаалахад сан байгуулах тухайд Их долоо санал нэгдээд байгаа.

Эцэст нь дүгнэн хэлэхэд, энэхүү Их долоогийн уулзалт нь дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг авч хэлэлцэн, байр сууриа нэгтгэн, зарим тодорхой саналыг дэвшүүлснээрээ багагүй үр дүнтэй боллоо.

М.Мөнхцэцэг

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Эцэг, эхчүүд ээ хүүхдээ хэлд орохоос нь эхэлж тод, зөв ярьж сургаарай

Харахад тав, зургадугаар ангийн сурагч болов уу гэмээр хүү цэцэрлэгийн жаалуудаас ч долоон дор хэлээ хазалж, эрхэлж ярих нь эвгүй юм гээч. Тэр хүүгийн аав, ээж хоёрын хоорондоо ярьж байгааг сонсоход ямар ч асуудал алга. Тод, бас эмх цэгцтэй. Тэднээс хүүг нь хэдэн настай болохыг сонирхоод асуучихлаа. Гэтэл аав нь хүү рүүгээ хараад“Миний банди чинь хэдэн настай билээ” гээд яг хүүхэд шигээ зарим үсгийг нь хэлэхгүй зажлаад ярих нь тэр. Хүү өөдөөс нь “Алуун гулуу” гэжхариулав. Ер нь тэдний яриаг хөндлөнгийн хүн ойлгоход бэрх, аав, ээжийнх нь “орчуулга” шаардлагатай. Түүн шиг шулга хүүхэд сүүлийн үед ихэсч байгаа нь шууд эцэг, эхчүүдийн буруу болохыг эрдэмтэн, судлаачид онцолж байна лээ. Хүүхэд хэлд орохдоо ганц нэг хатуу үсгийг дуудаж чадахгүй байх нь энгийн үзэгдэл. Тэд аль болохоор дуудахад амар байгаа үсгээр орлуулан хэлдэг байна. Хүүхэд бүрэн хэлд орохоор аяндаа зүгширч, тод ярьж чаддаг ажээ. Гэтэл эцэг, эхчүүд тэднийг өхөөрдөж, дуурайн тультарч ярьснаас болж таны хүүхэд шулга, хэл муутай болдог байна. Энэ байдал тун богино хугацаанд буюу гуравхан долоо хоногийн дотор хүүхдэд зуршил болж тогтдог аж. Та ердөө сар хүрэхгүй хугацаанд бяцхан үрсээ эрхлүүлэн шулганаж ярьснаас болж хүүхдийнхээ хэл яриаг “эвддэг” байна шүү. Өнөөдөр та жаалуудаа өхөөрдөж ийн ярьж байгаа ч маргааш таны хүүхэд нийгэмд хүнтэй харилцаж чадахгүй, найз нөхдөдөө шоолуулахаас өгсүүлээд олон бэрхшээлтэй тулгарна. Үүнээс үүдэн хүүхэд өөртөө итгэх байдал алдарч, сул дорой нэгэн болоход нөлөөлдөг ажээ. Иймд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдээ хэлд орж эхлэхээс нь дуудаж чадахгүй байгаа үсгийг нь засч зааж, өөрсдөө тод ярьж байхыг эрдэмтэд зөвлөлөө. Харин шулга хэллэг нь нэгэнт тогтчихсон том болсон хүүхдүүд уйгагүй авиа зүйн дасгал хийснээр зөв тод дуудлагатай болох боломжтой гэнэ лээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Р.Бурмаа: Тариаланчдад газар эзэмших гэрчилгээгээ барьцаалж зээл авах боломжийг нээж өгч байгаа

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаатай ярилцлаа.

-Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрөөс хүнс хөдөө, аж ахуйд баримтлах бодлогыг баталж, УИХ-д өргөн барихад бэлэн болсон байна. Бодлогын баримт бичигт энэ салбарыг хөгжүүлэх асуудлыг хэрхэн тусгасан юм бэ?

-2003 онд баталсан Төрөөс хүнс, хөдөө, аж ахуйн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилт өнөө жил дуусгавар болж байгаа. Дараагийн үе шат нь 2016-2025 он хүртэл таван жилийн хугацаатай хоёр үе шаттайгаар хэрэгжихээр боловсруулсан. Энэ хүрээнд хөдөө аж ахуйн чөлөөт бүсийг байгуулна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд экспортлохын тулд олон улсын худалдааны хорио цээрийн нөхцөл шаард­­­лагыг хангасан чөлөөт бүсийг байгуулахаар судал­гаа хийсэн. Долоон газрыг боломжтой гэж үзсэн бөгөөд нэн тэргүүнд Халх голд хөдөө аж ахуйн чөлөөт бүсийг бай­гуулъя гэсэн асуудлыг Засгийн газ­рын хуралдаанд оруулж дэмжлэг аваад байна. Чөлөөт бүс байгуулснаар гадаад дотоо­дын хөрөнгө оруулалтыг татах нөхцөл байдал бүрэлдэж бай­гаа юм. Мөн мягмар гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетикийн тухай хууль, Органик хүнсний тухай хуулийн төслүүдийг дэмжлээ. Дээрх хуулийн төс­лүү­дийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.

-Манай улс хоёр хөршөө­сөө гадна Араб, Япон руу мах, махан бүтээгдэхүүн экспортлохоор болж байна. Хөдөө аж ахуйн чөлөөт бүс бай­гуулснаар махны экспор­тод яаж дэм болох вэ?

-Юун түрүүнд Монгол Улс газар зүйн байршлаа ашиглаж, хоёр хөрш болон гуравдагч хөршийн зах зээлд нэн тааламжтай нөхцөлөөр хүнс, хөдөө аж ахуйнбараа бүтээгдэхүүн экспортлох боломжтой.

Дээрээс нь Араб руу гэхэд таван сая хүртэлх малын мах экспортлохоор боллоо. Вьетнам ямааны мах их хэмжээгээр импортолж авъя гэсэн тааламжтай нөхцөлүүд тавьж байна. Мөн хүнс, хөдөө аж ахуйн салбарын гол бодлого бол үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэж байгаа. Өнгөрсөн онд 51.9 сая толгой мал тоологдсон. Энэ хавар 18 сая төл хүлээж авсан. Нийт дүндээ нийт малын тоо толгой 70 саяд дөхөж байгаа бөгөөд дотоодын хүнсний хэрэгцээнд 10 гаруй саяыг нь хэрэглэнэ гэж үзвэл энэ жил малын тоо толгой 60 сая орчимд хүрч Монгол орны бэлчээрийн даацаас давах төлөвтэй байна.Тэгэхээр илүүдэлтэй байгаа хэсгийг эргэлтэд оруулах шаардлагатай. Энэ тал дээр яам ажиллаж байна. Мах, махан бүтээгдэхүүнийг экспортлоход улс хоорондын хорио цээрийн гэрээ хэлэлцээрийн асуудал чухал. Ялангуяа хоёр хөршдөө мах, махан бүтээгдэхүүн гаргах талаар эрчимтэй хэлэлцээр хийж байна. Өнгөрсөн жил дотоодын махны хоёр үйлдвэр ОХУ руу мах экспортлох эрхээ авсан. Өнөө жил тав болж нэмэгдсэн. Хятад руу мах махан бүтээгдэхүүнийг гаргах эрхийг зургаан аж ахуй нэгж аваад байна.Ирэх долдугаар сард Хятадын Хорио цээрийн асуудал хариуцсан дэд сайд Монголд ирж хэлэлцээрийг үргэлжлүүлнэ. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хамгийн том бэрхшээл бол малын гоц халдварт өвчин юм. Тухайлбал шүлхий. Шүлхий өвчин жил дараалан гарч байна. Малын гоц халдварт өвчин гарснаар импортлогч улсууд импортоо зогсоодог. Тиймээс халдвар өвчнөөс ангид хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах замаар энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой. Ер нь бол хөдөө аж ахуйн чөлөөт бүс нь газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох зорилготой юм.

-Мах экспортлоход тухайн улсын стандартад нийцүүлэх шаардлага давхар яригддаг…

-Махны экспорт дээр Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс 64.4 мянган тн махыг экспортлох боломжтой гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ жил 4.4 мянган тн махыг экспортлох квот өгсөн. Одоогийн байдлаар 1400 тн мах экспортолсон мэдээтэй байна. Цаашдаа мах экспортын асуудал дээр нэг цонхны бодлогоор маркетингийн асуудлыг явуулахаар төлөвлөж байна. Компаниуд тус тусдаа гэрээ хэлэлцээр хийгээд явахаар экспортлох махныхаа үнийг унагаж, дотооддоо борлуулснаас ч хямд байдалд хүргэж байна. Дээрээс нь бид органик монгол махныхаа шинж чанарыг таниулсан маркетингийн нэгдсэн бодлогоор лаборатори судалгааны ажлуудыг дэмжих нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Газар тариалангийн хуулийн шинэчилсэн найруулгаар юу, юу зохицуулж байгаа вэ?

-Тариаланчдын хоёр холбооны төлөөлөл, мэргэжилтэн, судлаачид оролцуулсан зөвлөгөөнүүд хийсэн. Бас тариаланчидтай уулзсан. Олон талын саналыг оруулж, хэлэлцүүлэг хийж байна. Хуулийн төсөлд газар тариалангийн хөрсөө сайжруулах асуудалд хэрхэн яаж анхаарах ёстой юм, агрохимийн болон агрофизикийн шинжилгээг хэдийд хийж байх уу зэрэг асуудлуудыг тусгаж өгсөн. Тариаланчдын газар эзэмших хугацааг уртасгах, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ барьцаалж зээл аваад, аж ахуйгаа өргөжүүлэх, тоног, төхөөрөмжөө сайжруулах боломж бололцоог нээж өгч байгаа. Түүнчлэн хөрс бордох, технологио сайжруулах зэрэг асуудлуудыг зохицуулж өгч байгаа.

-Тариаланчдын зүгээс тариалангийн талбай руу мал ороод байна гэсэн гомдол байнга тавьдаг. Маргааны гол цөм болсон энэ асуудлыг дээрх хуулиар яаж шийдэхээр байна?

-Газар тариалан зонхилсон бүс нутагт фермерийн мал аж ахуйг хослон хөгжүүлэх замаар хөдөө аж ахуйн эрчимжсэн хөгжлийн бүс нутгийг бий болгохоор зорьж байна. Өөрөөр хэлбэл органик үйлдвэрлэлийн бүс. Тариалангийн талбайн 15-30 хүртэлх хувийг мал иддэг гэсэн тариаланчдын тавьдаг асуудлыг зохицуулах шийдвэрлэх шаардлагатай байгаа. Газар тариалангийн бүс нутагт малын тэжээл тарьсан газартаа ойрхон фермерийн аж ахуй хөгжүүлэхийг дэмжсэн бодлогыг хуулийн төсөлд оруулж байна. Урьд нь зохицуулаагүй асуудал байсан. Тухайлбал, газар тариалангийн бүс нутагт фермерийн аж ахуй байгуулаад байшин барилаа гэхэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гардаггүй байв. Учир нь тариалангийн талбай гэдэг бэрхшээл тулгардаг байсан. Харин шинэ хуулинд тариаланчдыг дэмжсэн зохицуулалт хийж өгч байгаа. Тариалангийн бүс нутаг болох асуудлыг эхлээд орон нутагтаа шийдвэрлэнэ.

-Хавар, намарт босдог бас нэг асуудал болох улаан буудайн урамшууллыг цаашид ямар хэлбэрээр олгох ёстой вэ. Мөн арьс шир, ноос, ноолуурын урамшууллын системийг хуулинд яаж тусгаж байгаа юм бол?

-Урамшуулал өнөөдрийг хүртэл тоон дээр түшиглээд явж ирсэн. Тухайлбал, тушаасан арьс ширнийхээ тоо ширхэг болгонд тооцоолж урамшуулал олгодог байсан. Үүний цаана чанар алдагдаад байдаг. Хэрэв үндэсний үйлдвэрлэлд ноос, арьс ширээ тушаасан бол тэр дор нь урамшууллыг нь олгоно гэдэг. Харин гүн боловсруулах эцсийн бүтээгдэхүүн хүртэл дэмжсэн бодлого байдаггүй. Ноос, арьс, ширийг угаах үйлдвэрлэлийг дотооддоо хийгээд бохирыг нь үлдэж, цэвэрлэснийг нь экспортолж байна. Энэ нь гадны үйлдвэрлэлийг дэмжсэн бодлогод улсын төсвөөс мөнгө олгож байна гэсэн үг. Тэгэхээр гүн гүнзгий эцсийн бүтээгдэхүүн боловсруулдаг тэр үйлдвэрт тушааж байгаа арьс, ширний урамшууллыг олгож дэмжмээр байна. Дээрээс нь эрүүл малыг үйлдвэрлэлийн аргаар төхөөрсөн малын арьсыг урамшуулах систем явмаар байгаа юм. Мөн ноосон дээр ялгавартай урамшуулал олгож байна. Арьс ширэн дээр ч бодлогоор чанарыг үнэлэх зохицуулалт хийнэ.

Улаан буудайн урамшууллын мөнгийг олгохдоо чанарыг баримтална. Тариаланчид тариалангийн газрыг ашиглаж байгаа бол хэдийгээр төрийн өмч ч гэсэн эргээд хөрсийг муутгахгүй байх тал дээр үүрэг хүлээж ажилладаг байх хэрэгтэй. Тэгээд 1-2 жил тутамд га тутамд агрохимич, агрофизикч нар хөрсний чанарыг шалгадаг байх шаардлагыг тавина. Монголын нөхцөлд хүлээн зөвшөөрөгдсөн бордоо, үр хэрэглэж, цавуулаг өндөртэй тариа ургуулдаг байх ёстой. Алхам тутамд урамшуулал олгоод байх биш, чанарын асуудлыг давхар шаардана. Ер нь цавуулаг өндөртэй буудай тариалахад тусгайлсан урамшуулал байх болно. Энэ бүгдэд тохирсон бодлого байх нь зүйтэй.

-Тариаланчид технологио шинэчилье гэхээр санхүүгийн хувьд бэрхшээл тулгардаг. Тэгвэл Газар тариалангийн тухай шинэ хуулиар тэд эзэмшиж байгаа газраа барьцаалж, хөнгөлөлттэй зээл авч, тоног төхөөрөмжөө сайжруулж болох юм байна?

-Тариаланчид заавал төрөөс урамшууллын мөнгө харж, ямар нэгэн дэмжлэг хүсч, хүлээхээсээ илүү өөрсдөө ашиглаж, эзэмшиж байгаа газар, агуулах дахь буудайгаа ч барьцаалж зээл авч болно. Эргээд найдвартай бизнес явуулахад хүү багатай энэ бололцоог олгох үүднээс Газар тариалангийн тухай хуулийн төсөлдөө зохицуулалтуудыг оруулж өгч байгаа. Төсөл батлагдвал гурилын үйлдвэр ч тариаланчдад ч боломжууд нээгдэнэ.

-Жил болгон Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариаланчдад хөнгөлөлттэй үнээр урьдчилгаат нөхцөлөөр үр, бордоо, шатахуун өгдөг байх аа. Өмнөх жилүүдийнхээ өрийг төлөөгүй нэлээд компани байгаа гэсэн. Энэ зэрэг асуудлыг хуульчилсан уу?

-Өнөө жилээс эхлээд сайн болон эрсдэлтэй харилцагчдын түүхийг бий болгож байгаа. Тариалан эрхлэлтийг дэмжих сан 80-аад тэрбум төгрөгийн өр авлагатай байсан. Он дамжаад зээлээ төлөхгүй явдаг. Тэгэхээр цаг хугацаандаа ном ёсоороо мөнгөө өгдөг аж ахуй нэгжийг сайн харилцагч гэж үзнэ. Ингээд тэднийг заавал 30-50 хувийн урьдчилгаа өг гэхгүй. Арван хувийн урьдчилгаа аваад дэмжээд явах болно. Мөн эрсдэлтэй авсан зээлээ олон жил он дамнуулаад төлдөггүй харилцагч нарт зээл дахиж гардаггүй, урьдчилгаа өгсөн ч шатахуун, үр тариа өгөх арга хэмжээнд оролцуулахгүй. Аливаа бодлогод чанарыг харгалзсан урамшууллын систем баримтална.

-Хөрөнгийн тухай хуулиар малын хөлийн татвар орж ирж байгаа. Бэлчээрийн тухай асуудал хүнд байгааг малчид уламжилдаг. Малын хөлийн татвараар бэлчээрээ хамгаалахад зарцуулж болно биз дээ?

-Энэ хуулийн төсөлд тусгаснаас малын хөлийн татварыг орон нутаг өөрсдөө тогтооно. Малын тоо толгойгоос авсан татвар улсын биш орон нутгийн төсөвтөө үлдэхээр байгаа. Харин ХХААЯ-нызүгээс татварын мөнгийг зүгээр орон нутгийн төсөвт оруулаад байх биш зориулалтыг нь зааж өгөх бодлоготой байгаа. Орон нутагт ямааны тоо толгой ихэсч, бэлчээрийн даац хэтэрсэн бол ямаанаас авах татвар илүү байх. Тэмээ үржүүлье гэж байвал хэдэн жилдээ татвар авахгүй байх ч юм уу. Цаашлаад бэлчээрийн менежмент, ашиглалт, малын эрүүл мэнд зэрэг үйл ажиллагаанд малын хөлийн татвараас орсон орлогыг зарцуулах нь зүйтэй. Тэгэхгүй бол зүгээр орон нутгийн дансанд орчихоод сумын наадам, ойн арга хэмжээ, цол авсны баярт зарцуулагдах ёсгүй. Бэлчээрийг хамгаалах үйл ажиллагаанд зориулдаг байх ёстой. Малын хөлийн татварыг тусгасан Хөрөнгийн тухай хууль батлагдвал Төсвийн зарцуулалтын тухай хуульд бид нэмэлт өөрчлөлт оруулахаар зорьж байна.

-Саяхан Төрийн ордонд бэлчээрийн төлөв байдлын тайланг хэлэлцэхдээ цөлжилт нэмэгдэж, уул уурхайн лиценз нэмэгдэж байгаа тухай хөндөж байсан. Энэ асуудалд салбарын сайдын хувьд ямар бодлого баримтлан ажиллах вэ?

-“Ногоон алт” төслөөс бэлчээрийн төлөв байдлын тайланг гаргасан. Монгол Улсын бэлчээрийн байдал салаа замын үзүүрт ирчихжээ. Цөлжөөд дахиж сэргэхгүй байдалд орох нь байна. Судалгаагаар бэлчээрийн даац зарим нутагт хэвийн байлаа ч ихэнх аймагт бэлчээрийн доройтолд орчихсон. Нэг хэсэг нь гурван жилийн хугацаанд бусад нь урт удаан хугацаанд сэргэх боломжтой гэсэн зураглалуудыг гаргасан байгаа. Эргээд харахад хөдөө аж ахуйн эдэлбэр газар хариуцах эзэнгүй олон яамдын дунд хаягдсан. Уялдаа холбоо муутай явж ирсэн. Бүртгэл нь Барилга, хот байгуулалтын яаман дээр. Хяналт шалгалт нь Шадар сайдын харьяанд, судалгаа шинжилгээний ажил нь БСШУ-ы яамны мэдэлд, Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяанд ашиглах, хэрэглэх нь явж ирсэн. Ер нь хөдөө аж ахуйн яам бол бэлчээр, хөрсний асуудалд онцгой анхаарал тавих нь зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс яамны бүтэцдээ газраа хариуцсан мэргэжилтэн шинээр бий болгож, Бэлчээрийн тухай хуулийн төслийг Газар тариалангийн хуулиндаа хамтатган боловсруулж байна. Бэлчээр, тариалангийн газраа илүү тусгаж байгаа. Ашиглаж буй хүн нь илүү хамгаалах ёстой. Салбарын яам нь ч анхаарлаа сулруулж болохгүй. Бэлчээр хэдийгээр улсын өмчит байдаг ч гэсэн хөдөө орон нутагт бэлчээрийг сэлгэдэг гэрээ хийдэг сайн жишээнүүд байна л даа. Үүнийг яам дэмжээд дэлгэрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Бэлчээр хариуцах эзэнгүй болохоор уул уурхайн лицензэд явчихаж байгаа. Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байхад энэ төрлийн гомдол их ирдэг байв. Хөдөө аж ахуй, малчидтай холбоотой гурван төрлийн гомдол ирдэг байсан. Бэлчээрийг уул уурхайд өгсөн. Лицензтэй аж ахуй нэгж малчдын дундсөргөлдөөн үүсдэг. Үлийн цагаан оготно ихэслээ гэдэг асуудал их ирж байв. Мөн малчны зургаан настай хүүхэд дотуур байранд амьдрахад бэрхшээлтэй. Үүнээс болоод ээж нь хүүхдээ хараад сумын төв дээр байдаг. Аав нь адуу малаа хараад хөдөөнөө үлддэг. Олон малтай айлд хүн хүч дутдаг.

Юун түрүүнд хөдөө аж ахуй эдэлбэр газраа зааглаж үзэх нь хэрэгтэй. Бид стратегийн орд газар гэж үздэг. Стратегийн холбогдолтой газраа тусгайлан төрөөс анхаардаг УИХ бодлогоор шийддэг байх ёстой. Гэтэл стратегийн гол үндэс болох ус, мах сүүг бий болгож байгаа малын бэлчээр. Мөн буудайг ургуулж, гурил болгож байгаа газар тариалангийн нутаг стратегийн бүс байх ёстой. Гэтэл хэрэглээд ашиглаад, тэрнийх нь араас хайхрах эзэн байдаггүй. Нэг мэдэхэд хайгуулын лицензэд өгчихдөг. Уул уурхай бол байнгын шавхагддаг. Харин газар тариалан байнгын нөхөн сэргээгддэг салбар. Гэтэл өнөөдөр эдийн засгийн хүндрэлийг даван туулж, орлого олохын тулд лицензийг чөлөөтэй өгч байна. Гадаадынхны анхаарлыг татах нь хэрэгтэй боловч хөдөө аж ахуйд осолтой. Бид хөдөө аж ахуй эдэлбэр газраа нийт газар нутгаас ялгаж зааглачихаад үлдсэн газар нутагт уул уурхай эрхэлж болно. Тэгвэл уул уурхайд хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүст маш тааламжтай. Яагаад гэвэл дараа нь хэл ам болж, малчидтай сөргөлдөхгүй. Бүс нутгаа тодорхойлчихсон юм чинь тогтвортой удаан хугацаанд үйл ажиллагаа явуулах бололцоотой.

Хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах асар их боломж байна. Хөдөө аж ахуйн эрчимжсэн бүсээ зарлачихвал гадаад, дотоодын хөрөнгийг энэ салбарт татах боломжууд байна. Өргөн уудам газар нутгаа хамгаалаад эзэн болоод амьдарч байгаа малчдынхаа амьдралын түвшинг нь сайжруулах тал дээр чанхаарах ёстой. Малчдыг шинээр орлоготой болгох үүднээс мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулаад гаргах ажиллагааг дэмжихээс гадна малчид хөдөө аж ахуйн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой.

-Яаж?

-Малчдаа Дэлхийн нүүдэлчдийн хөдөө аж ахуйн соёлын өвд бүртгүүлэхээр ажиллаж байна. Тэгвэл жуулчиднүүдэлчнийд, цаатангууд болон тэмээчнийхээр зочилъё, Ховдод байгаа төлчнийд хүрье гэж хөдөөг зорино. Ингэснээр малчид орлого олох боломжтой. Ерөөсөө тухайн орон нутагт амьдарч байгаа малчинд соёлын өвийг тээгч, хамгаалагч гэдэг эрхийг баталгаажуулж өгөх хэрэгтэй. Энэ мэтчилэн хөдөө аж ахуйд малчдын газар нутаг, бэлчээрийг хамгаалах олон талын арга хэлбэрүүдийг эрэлхийлж ажиллаж байна.

-Малын хулгай огт буурахгүй байна. Энэ тал дээр дорвитой ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Орон нутгийн төсвөөс гэрээт харуулыг санхүүжүүлээд ажиллуулж болно. Гэтэл орон нутагт зориулалтын зардал байдаггүй. Тэгэхээр малын хөлийн татвараас гэрээт харуулыг ажиллуулах боломжийг нээж өгье гэж байгаа юм. Ингэснээр малын хулгайн асуудлыг хамгаалж болно. Мөн ХХААЯ дэргэдээ 109 гэдэг тусгай дугаар ажиллуулж байна. Энэ утсыг малын хулгай болон гоц халдварт өвчний дуудлагад ашиглаж байгаа. Иргэдийн гар утас нэгжгүй байсан ч залгаад мэдээлэл өгч болно. Бид хууль зүйн яамтай яриад цагдаагийн байгууллага архивжуулах ажлыг хийж байна. Малын генетикийн тухай хуулинд малыг бүртгэлжүүлэх асуудлыг тусгаж байгаа. Мөн эмэгтэй малчдын зөвлөгөөнийг ирэх намар хийнэ. Малчдын зургаан настай хүүхдүүдийг сургуульд сурахад нь хэрхэн харж хандах асуудлыг хөндөнө. Сайн малчны хөдөлмөр бол өрхийнх. Гэтэл өрхийн тэргүүнд шагналыг гардуулдаг. Эхнэр, нөхөр хоёрт одон тэмдэг өгвөл яасан юм бэ гэж бодож байна. Малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн дээр тэдний саналыг сонсъё гэсэн бодол байна.

-Улсын баяр наадмын өдрүүдэд эрлийз морьдыг уралдуулж, цэнгэлдэх хүрээлэнд цоллуулдаг болгох саналыг уяачдын зүгээс тавьж байна. Танай яамны зүгээс анхаарлаа хандуулав уу?

-Удахгүй наадам болох гэж байгаатай холбогдуулан уяачид, малчид, Хурдан морины холбооныхноос санал ирж байна. Эрлийз болон монгол морьдыг хооронд нь ялгадаг дүрэм, журам амьдралд нийцэхгүй байна гэсэн саналыг хүлээж аваач ээ гэсэн. Ингээд сайдын дэргэдэх хурлаараа хэлэлцээд бид эрлийз морийг зөвхөн долдугаар сарын 13-ны өдөр биш, наадмын өдрүүдэд уралдуулаад цэнгэлдэх хүрээлэнд наадамчин олны өмнө цолыг нь дуудаж, бай шагналаа авдаг байх хүсэлтийг Шадар сайд У.Хүрэлсүхэд уламжилсан. Эрлийз морины уралдааныг уяачдын наадмаар биш Монгол наадамтай хамт явуулдаг байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Мөн адууны сэрвээний өндрийг хоёр см өндөр болгосон журам гарснаас хойш монгол морьд улсын болон бүсийн наадамд уралдах бэрхшээлтэй байна гэсэн хүсэлт ирсэн. Иймд энэ асуудлыг Стандартчилал хэмжил зүйн үндэсний төв харгалзан үзнэ үү гэсэн хүсэлтийг уламжлаад байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хоолой яагаад сөөдөг вэ?

Хоолойны сөөнгө хоёр шалтгаантай юм байна. Төрөлхийн дууны хөвч нь эмгэгтэй хүмүүсийн хоолой бүдэг, сааралтсан байдаг ажээ. Гэхдээ анагаах ухаан өндөр хөгжсөн улс оронд дууны хөвч суулгах, өөрчлөх зэргээр эмчилдэг.

Хоолой хүндүүрлэхгүй хэрнээ үе, үе сөөнгөтөж, хэлэх гэсэн үг, авиа тод биш гарах нь түвэгтэй байдаг. Шалтгаангүйгээр хоолой сөөх нь ямар нэгэн өвчний шинж тэмдэг юм байна. Ихэвчлэн дууны хөвч гэмтсэн буюу үрэвссэний дохио болохыг анагаах ухаан тогтоожээ. Тодруулбал, нармай, төвөнх, дууны хөвчний аль нэг хэсэг эсвэл тэр хэсэгт үрэвссэн гэсэн үг. Эсвэл дуу авиаг зохицуулагч мэдрэл гэмтсэнтэй холбоотой гэнэ. Энэ нь даамжраад дуу гарахгүй, бүр таг болох ч нь бий. Голдуу уртавтар тархи саажих өвчний үед хоолой сөөнгөтөж байснаа улмаар гуншиж ярих, чанга дуугарч чадахгүй шивнэх зэрэг бэрхшээл үүсдэг байна.

Хоолой сөөх шинж тэмдэг гүйлсэн булчирхайн эмгэгийн үед түгээмэл илэрдэг болохыг эмч хэлэв. Иймд үрэвслийн эсрэг эм, тариа хийлгэж болно. Хоолойн үрэвсэл намдаагч, хаван буулгагч эм бүхий уусмалаар зайлах хэрэгтэй гэсэн. Эмийн сангуудаар жоргүй олгодог царингосепт, стрепсис зэрэг хүлхдэг эмийг уух заалттай. Энэ мэтчилэн цацлага, утлагыг эмчийн заавраар хэрэглэснээр 2-3 хоногт үндсэндээ илааршдаг байна. Харин залгиур орчим хүчил, шүлт, халуун зүйлд түлэгдсэн бол сорвижин эдгэхдээ хоолой сөөнгө хэвээр үлдэхтохиолдол байдаг ажээ.

Мэдрэлийн шалтгаантай сөөнгөтөх нь дууны хөвчийн чөлөөтэй хөдөлгөөн хязгаарлагдсанаас болдог байна. Ийм үед харьцангуй удаан тууштай эмчилгээ шаардлагатай. Хэрэв эмчилгээ тасалдвал сөөнгө хэвээр үлдэх аюултай ажээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатар хотод гамшгийн байдал үүсчихсэн юм биш үү?

Нийслэл Улаанбаатар хотод 1.5 сая хүн амьдардаг. Монгол Улсын нийт хүн амын тэн хагас нь төвлөрсөн их хотод тохиолдож буй явдлууд гамшиг болсныг зарлаад байгаа юм биш үү.

Ойрын өдрүүдэд хотод юу, юу л болж өнгөрөв дөө. Нийслэлчүүд тэр аяараа тоггүй боллоо. Энэ нь сүүлийн арван жилд тохиолдоогүй юм гэсэн. Цахилгаан станцад ноцтой гэмтэл гарч, Улаанбаатар төдийгүй Эрдэнэт, Дарханыг хамрав. Томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагаа нам зогссон. Монголын эдийн засгийг тэжээж байгаа “Эрдэнэт” үйлдвэр 0 зогсолт хийсэн гэж байгаа. Лифтэнд хүн гацсан гээд тог тасарны улмаас учирсан хохирлын хэмжээг тоочоод байвал тоймгүй.

Хот нийтийн тээвэргүй болчихлоо. Гол, гол шугамд явдаг төрийн өмчит автобусны гурван компани ажил хаясан. Хамгийн орлого сайтай чиглэлд тээвэр хийдэг хэрнээ тэд цалингаа нэмүүлэхийг шаардаад байна.

Энэ үйл явдлыг Монголын үйлдвэрчний эвлэл зохион байгуулж, жолооч кондукторууд нь ажлаа хийхээс татгалзаад гэдийгээд суучихлаа. Бас орон сууцны халуун усыг гурван сарын хугацаатай тасалчих юм. Ингээд зуны аагим бүгчим өдрүүдэд нийслэлчүүд усанд орох аргагүй болж байна. Хувцас хунараа угаахдаа заавал усаа халааж, зардал нэмэгдэв.

Улаанбаатар хот унаагүй, усгүй, тоггүй боллоо. Энэ нь гамшгийн байдал биш гэж үү. 21 дүгээр зуунд манайх шиг ийм нийслэлтэй улс дэлхийд алга. Гадаадын орнуудад тог, цахилгааны асуудлаа үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үздэгийг бид мэднэ.

Тиймээс тог тасрах ойлголт бол өдөр од гардаггүйтэй адил. Харин Улаанбаатар хотод тохиолдоод байгаа гамшигт Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл анхаарлаа хандуулж байна уу.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ улс-төр

Ч.Сайханбилэг: Оюу толгойд улс төр хэрэггүй, энэ бол цэвэр бизнесийн харилцаа

АНЭУ-д айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр эх орондоо ирлээ. Тэрбээр аяны богцоо “Чингэс хаан” олон улсын нисэх буудалд хэвлэлийнхэнд задалсан юм. Энэ удаагийн айлчлал маш их үр дүнтэй, ганзага дүүрэн буцаж ирсэн тухайгаа Ерөнхий сайд эхлээд онцоллоо. Сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ “Удаан хүлээсэн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Манай ажлын хэсэг, айлын ажлын хэсэгтэй Улаанбаатар хот, Өмнөговь аймаг, Сингапур, Лондон, Дубайд хэлэлцээр хийсний эцэст гарын үсгээ зурлаа. Дубайд зурсан нь их утга учиртай. Яагаад гэхээр Дубай хот нь дэлхийд АНУ-ын Нью-Иорк, Сингапурын дараа ордог санхүү эдийн засгийн төв юм. Дубайд Оюутолгойн энэ том төсөл үргэлжлэх шийдвэр гарсан нь өөрөө дэлхий дахинд хурдан хугацаанд сурталчлагдаж эерэг мэдээлэл түгэхэд дөхөм байлаа. Хөрөнгө оруулагчид, Олон улсын байгууллагууд, Монгол Улсын Засгийн газар, хөрөнгө оруулагчдад баяр хүргэсэн үйл явдлууд үргэлжилж байна. Зарим хэвлэл, мэдээллийн байгууллагуудаар Ерөнхий сайд гэрээнд гарын үсэг зурчихлаа гэдэг зүйл бичиж, ярьж байна. Эхний ээлжинд хариу өгөхөд ямарваа нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй. Далд уурхайг үргэлжлүүлж ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Хоёрдугаарт, холбогдох аж ахуйн нэгж компаниуд, байгууллагын дарга нар зурсан байгаа. Өнөөдрөөс эхлээд Оюу толгой бол Засгийн газрын ч асуудал биш, улс төрийн ч асуудал биш болно.

Өнөөдрөөс эхлээд Оюу толгой эдийн засаг болон компани хоорондын асуудал болно. Тийм учраас улс эх орноо боддог л юм бол өнөөдөр улстөрчид Оюу толгойн асуудалд хутгалдах шаардлагагүй. Одоо Оюу толгойг зүгээр л орхих хэрэгтэй ийм цаг ирсэн. Эрдэнэт үйлдвэртэй адилхан Оюу толгой гэдэг ийм том бүтээн байгуулалт, энэ том үйлдвэр маань өөрөө үргэлжлүүлж ажиллах шаардлагатай болсон. Оюу толгойн далд уурхайг эхлүүлэхтэй холбогдуулаад хэд, хэдэн зүйлүүдийг хэлье.

Нэгдүгээрт, 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хөндөх асуудлыг аль аль талаасаа тавигдаагүй. Мэдээж аль, аль талд нь хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт байгаа. Энэ хэлэлцээрийн явцад хөндөгдөөгүй. 2009 оныхоо гэрээг үндэслэж явсан. Далд уурхайг эхлүүлэх үндсэн асуудлуудаа ярилцсан. Хоёр тэрбумын хэтрэлтийн асуудлыг 2009 оны ТЭЗҮ-ээр ярьдаг. Бид аль, аль талаасаа ярьсаар байгаад 1.2 тэрбумын ТЭЗҮ-ийн хэтрэлт дээр удирдлагын зардлын төлбөр төлье, бусад дээр нь төлөхгүй гэдэг дээр хоёр тал тохиролцсон байгаа. Монголын талд ашигтай болсон бас нэг зүйл бол удирдлагын менежментийн зардлыг зургаан хувиар тогтоосон байсан. Үүнийг далд уурхайн бүтээн байгуулалтын үйл явц үргэлжлэх долоон жилийн хугацаанд гурван хувь дээр буулгаж барихаар тохиролцож чадсан. Дараагийн нэг асуудал бол бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой болж байгаа. Хоёр талаасаа хоёр, хоёрхүн оруулсан. Монголын талын хүн ахлаад одоо цаашид Оюутолгойн уурхай дээр хийх бүх зардалд хоёр тал болон Монголын Засгийн газар өөрийнхөө хяналтыг тавих бололцоотой болсон. Та бүхэн 53:47 гэсэн тоог байнга сонсож байсан байх. Монголын тал энэ төслийнхуучин 53 хувь, Рио Тинтогийн тал 47 хувийг авна гэсэн зарчим өмнө нь ямар нэгэн баримт бичгэн дээр огт засагдаагүй байсан. Одоо бид далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөндөө энэ заалтыг албан ёсоор тусгасан байгаа. Хоёр талаас бүх тооцоонуудаа нэгтгэсэн. Бидний хувьд гадны том зөвлөх компаниудыг авч ажиллуулахгүй гэдэг шүүмжлэл хуучин гарч байсан. Үүний дагуу хуулийн зөвлөхөөр, “Шэйнинг Стэйлинг” гэдэг том компанийг хуулийн зөвлөхөөр, “Black stone” гээд энэ компанийг санхүүгийн зөвлөхөөр авч ажиллуулсан байгаа. Хоёр тал хуучин өөрсдийнхөө тоог янз бүрээр ярьдаг байсан. Одоо үндсэндээ хоёр талын бүх тоонууд нэгдсэн нэг тоон дээрээ тогтсон. Үүний дагуу хуваалтыг тооцоход түрүүний 53:47 гэдэг харьцаа Монголын талд 54.9 хувь болж очихоор бүх тохиролцоогоо хийсэн. Одоо 54.9 хувиас илүү Монголын талд ашигтай 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр байх боломж байхгүй гэдгийг хэлэхийг хүсч байна. Татварын асуудал үүссэн байсан. Татварыг нэмж 30 сая ам.долларыг төлөөд айлын талаас Олон Улсын Арбитр руу хандах гэж байсан тэр бүх процессыг зогсоосон байгаа. Татвар дээрээ 30 сая долларын татвараа аваад цаашид татвар дээр ямар нэгэн маргаангүйгээр хоёр тал бүх асуудлыг ойлгож явахаар тохирсон. Татварын асуудлыг гэрээнийхээ дагуу 2009 онд тогтворжих ёстой байсан тэр хүрээгээр нь, мөн Монгол Улсын өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудынхаа хүрээнд татварынхаа асуудлыг нэг мөр шийдсэн. Одоо дахиж энэ төсөл дээр татвартай холбоотой элдэв, маргаан гарах шаардлагагүй болсон. Энэ байгуулсан төлөвлөгөө бол ямар ч нууц зүйл байхгүй. Төлөвлөгөөнд гарын үсэг зурсны маргааш нь энэ нь өөрөө олон нийтэд зарлагдсан компани учраас вэб сайт дээр нь гарсан байгаа. Бид Монгол орчуулгыг нь маргааш Засгийн газрын вэб хуудсан дээр албан ёсоор тавина. Нуух зүйл огт байхгүй. Оюутолгойн гэрээ зурсны дараа Монгол Улсын Засгийн газрын бондын хувь хэмжээ хүү, өөрийнх нь үнэлгээ, Хөгжлийн банк болон Худалдаа хөгжлийн банкны бондын хүү, Оюутолгой, Туркойз Хилл, ММС гээд энэ бүх бондын бүх үзүүлэлтүүд Монголд эерэгээр өсч байгаа.Бид сүүлийн хоёр, гурван жил энийг л хүсч ирлээ. Сүүлийн хоёр, гурван жил энэ асуудал гацсан, сүүлийн 20 сар царцсан. Одоо хөдөллөө. Үр дүн нь ийм байна. Бид ийм үр дүнгийн төлөө явсан учраас энэ бол далд уурхай ажилуулсан бүх ажил Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцсэн ийм ажил болж байна гэдгийг Ерөнхий сайдын хувьд хэлэхийг хүсч байна. Одоо ямарваа нэг хувь улстөрчдийн өөрсдийнхөө оноо цуглуулах ажлыг ард түмнийхээ, Монгол орны хувь заяа шийдэхээс дээр тавьдгаа больцгооё. Одоо ажлаа хийх цаг болсон. Оюутолгойгоо шийдлээ. Дараагийн ээлжинд Засгийн газар, Их хуралтайгаа хамтраад Таван толгойгоо шийдэхийн төлөө ажиллах болно” гэлээ. Ерөнхийсайд үргэлжлүүлээд АНЭУ-д хийсэн айлчлалаа товчхон дүгнэхдээ “АНЭУ-ын дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд Шейх Мухаммед Бин Рашид Аль Мактумтай уулзаж хоёр орны харилцааны талаар асуудлууд ярилцсан. Бүх сайд нар нь уулзалтад оролцсон. Нэгдүгээрт, давхар татварын асуудал, хоёрдугаарт, гадаадаас орж ирж байгаа энэ хөрөнгө оруулалтыг хамгаалах асуудлыг, гуравдугаарт, хоёр улсын хооронд шууд нислэг үүсгэх энэ гэрээ, хэлэлцээрийг амжилттай хийж чадах юм бол том хэмжээний хөрөнгө оруулалт оруулахад бэлэн байна гэдгээ нөгөө тал илэрхийлсэн. Арабын нэгдсэн Эмират улсаас Монгол Улсад суух Элчин сайдыг шинээр томилох асуудлыг шийднэ. Мөн Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайдтай уулзсан. Цагдаагийн бие бүрэлдэхүүнийг сургах асуудлыг хоорондоо ярьж тохиролцлоо. Хааны хүүтэй бас уулзсан. Ингээд Дубай хот, Абу Даби хотын худалдааны танхимын бизнес эрхлэгчтэй уулзсан. Монгол Улс руу Абу Даби Дубайгийн бизнес эрхлэгчийн хоёр том худалдааны танхимууд хамтарсан төлөөллөө явуулъя гэдгээ тохирсон. Аяны богц хоосон байгаагүй.

Өнгөрсөн бүтэн сайн өдөр Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчилсан. Сүүлийн 60 жилд анхны Энэтхэгийн ерөнхий сайдын айлчлал байлаа. Нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын зээлийн шугам нээж, Монголын хөрөнгө оруулалтуудын төслүүдийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Өнгөрсөн хугацаанд бас Оюу толгойн зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтуудын асуудлуудыг шийдлээ. Дээрээс нь бид айлчлалынхаа үеэр Дубай хотноо CIB гэдэг банк санхүүгийн групптэй гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр Монгол Улсад хөрөнгө оруулалтын сан байгуулах замаар нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулахаар шийдвэрлэж, Сангийн яам, CIB санхүүгийн группийн хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байгаа. Ингээд ням гаригаас хойш тавхан өдрийн дотор Монгол Улсад найман тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдэж чадлаа. Манай улсын эдийн засаг бол 10 тэрбум ам.долларынх. Тиймээс бид нэгдэж урагшилж чадах юм бол боломж байгааг харуулж байна.Одоо хувийн хэвшлийнхэнтэйгээ нийлээд Засгийн газар шинэ хөрөнгө оруулах тал дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулах болно” гэлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ийн мэдээлэл өгснийхөө дараа сэтгүүлчдийн асуултадхариуллаа.

-Удаан хүлээлт үүсгэсэн энэ асуудлыг шийдсэнээр хөрөнгө оруулагчид эерэгээр харж байна. Монголын Зас­гийн газар болон Рио Тинто хоёр ямар ямар асуудлууд дээр буулт хийсэн бэ?

-Сая харилцан тохиролцсон бүх асуудлуудаа хэллээ. Харилцан тохиролцож чадсан учраас далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөгөө өгсөн баримт бичгүүдэд гарын үсэг зураад одоо бид дараагийнхаа процессын ажлуудыг явуулна. 14 банкнаас хөрөнгө оруулалтыг босгох ёстой. Энэ бүх ажил цаг хугацаагаар үргэлжлэх хэрэгтэй. Одоо З асгийн газрын ажил дууссан. Одоо компани хоорондын ажил үлдсэн. Монголын талаас Эрдэнэс Монгол, Оюу толгой компани, нөгөө талаас Туркойз Хилл Рио тинто-Оюу толгой компаниуд нийлж энэ ажлуудынхаа ард нь гарахын төлөө нар сартай уралдан ажиллах шаардлагатай цаг үе ирж байна.

-14 банкнаас хөрөнгө босгохдоо Оюу толгойн хөрөнгийг барьцаална гэсэн асуудал байгаа. Оюу толгой чинь үндсэн хөрөнгө нь ард түмний өмч шүү дээ. Хоёрдугаарт, энэ асуудлыг яагаад гадаадад шийдэв гэсэн асуудал байна л даа?

– Саяынасуудлууд бол 2009 оны хөрөнгө оруулалтынхаа гэрээгээр зохицуулагдсан.

Энэ асуудлууд руу ороогүй. Хоёрдугаар асуудал бол ямар нэгэн байдлаар нуугдаж, хулгайгаар өөр газар хийсэн зүйл байхгүй. Улаанбаатар хотод, Өмнөговь аймагт, Лондон хотод, Сингапурт, Дубайд гэсэн сүүлийн гурван сарын туршид шат дараатай маш эрчимтэй хэлэлцээрүүд явагдлаа. Тэгэхээр Дубай хотод асуудлаа шийдэж чадах уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байсан. Гэхдээ Дубайд хийсэн хамгийн сүүлчийн шатны хэлэлцээрийнхээ үеэр бүх асуудлуудаа тохирч чадсан учраас Ерөнхий сайдын хувьд гэрээнд гарын үсэг зурах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Ингээд Эрдэнэс Таван толгой компанийн захирлууд, Оюу толгой компанийн захирлууд гарын үсгээ зурж, энэ асуудлууд шийдэгдсэн байгаа. Ер нь бол 4.2 тэрбум ам.доллар хөрөнгө олон улсын гол 14 банкаар дамжиж босох ёстой. Хамгийн гол тоглогчид нь FC мега, ABRT байгаа. Энэ байгууллагууд Оюу толгойн төслийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн байгаа. Энэ хоёр банк ийм хатуу байр суурьтай байгаа учраас бусад банкууд энэ асуудалд ямар ч эргэлзээгүй орно гэдэгт найдаж байгаа.

-Оюу толгойн борлуулал­тын мөнгө нь монголоор дамжихгүй, гадны банкаар дамжих нь. Саяын хэлэл­цээрээр энэ тухай ярилцсан уу?

-Хэлэлцээрийн хувьд байнга л энэ тухай хөндөж ярьсан. Нөгөө талаас нэг зүйлийг хэлж байгаа 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр энэ асуудлууд нээлттэй байгаа. “Болно” гэдэг үгтэй байгаа. Өнгөрсөн хугацаанд юу болсон бэ гэхээр Монголын тал нөгөө талтайгаа хийх төсвийнхөө хуулин дээр шууд шинэ орлого тавьдаг. Мөн татварын байцаагч нар орж ирээд шууд хоёр, гурван удаа тэр чигээр нь хааж байсан учраас бидний хооронд итгэлцэл алга болсон байна. Бидний хооронд хүндрэлтэй асуудлууд харилцаан дээр гарсан байна. Одоо нэг завин дээр сууснаа хаа, хаанаа ойлгох ёстой. Бизнесийн жирийн үйл явцын дунд бие биедээ итгэлцэл ойлголцол нэмэгдэж байгаа үед Монгол Улсын санхүү, эдийн засгийн судсаар Оюу толгойн цус гүйх энэ асуудлууд цаг хугацаа харуулна гэж харж байгаа. Тиймээс нэг завин дээр суулаа. Цаашдаа бид нэг зорилгын төлөө хамтдаа явах хамтрагчид гэдэг ойлголтоо өнөөдөр бий болгох нь хамгийн чухал байгаа юм.

-Хөрөнгө оруулалтын хэмжээ яагаад өссөн юм бэ. Анх 4.2 тэрбум ам.доллар гэж бид төсөөлж байсан. Одоо зургаан тэрбум ам.доллар гэсэн тоо ярихаар үл ойлголцол үүсч байна?

-Оюу толгой болон ямар ч уул уурхайн төсөл бол байнга хөрөнгө оруулалтыг шаардаж байдаг. Тиймээс далд уурхай дээр Оюу толгойн нийт баялгийн 80 хувь байдаг. Тэгэхээр бид далд уурхайгаа эхлэхийн тулд зайлшгүй хөрөнгө оруулах шаардлагатай болно. Явцын дунд ч гэсэн дараа дараагийн хөрөнгө оруулалтын асуудлууд гарахыг үгүйсгэхгүй. Тухай бүрт нь ТЭЗҮ-гээ баталж, ил тод явж байхдаа зохицуулах боломжтой.

-УИХ-ын гишүүн С.Ган­баатар мэдээлэл өгөхдөө Сангийн сайд баталгаажуулж гарын үсэг зураагүй учраас хүчин төгөлдөр болж чадахгүй гэж байна л даа…

-Одоо бүгдээрээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. УИХ-ын гишүүн ч юм уу, улстөрчдөд хамаатай асуудал биш. Энэ бол эдийн засгийн, бизнесийн болон компани хоорондын цэвэр харилцаа. Бид энэ том бүтээн байгуулалтуудынхаа төслүүдийг нэг нэгээрээ улстөржүүлээд байх юм бол хэзээ ч бид тамын тогооноосоо гарахгүй. С.Ганбаатар гишүүний ярьж байгаагаар өнөөдөр Сангийн сайд гарын үсэг зурснаар батлагдана гэдэг процесс байхгүй. Бид бол сая гарын үсэг зурснаар энэ далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх бүрэн бололцоо гарч ирж, цаашаа явж байгаа юм. Би үүнийг хүссэн. Монгол Улсын эдийн засаг энэ үзүүлэлтэд үүн дээр ирлээ. Энэ үзүүлэлтүүд өшөө цаашаа явна. Үүнийг С.Ганбаатар гишүүн ч хүсч байгаа, жирийн иргэн ч хүсч байгаа байх гэж ойлгож байна. Өнөөдөр Монгол Улсын үзүүлэлтүүд, энэ хувь хэмжээ бидний маргаанд хариулт өгнө. Монгол Улс эндээс хожно. Тэгэхээр Ч.Сайханбилэг, С.Ганбаатар хоёрын хэн нь хожих вэ гэдэг асуудал байхгүй. Тиймээс энэ асуудал явдгаараа явна. Ерөнхий сайдын хувьд Засгийн газар асуудлуудаа шийдээд явна гэдгийг албан ёсоор хэлж байна. Энэ нь зарим хүнд таалагдахгүй байж магадгүй. Гэхдээ бид улс орныхоо төлөө гаргах ёстой шийдвэрүүдээ гаргана.

-Өнөөдрийн байдлаар хичнээн тэрбумын хөрөнгө оруулалт ороод байна вэ?

-Одоогоор нийтдээ долоо орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт ороод явж байна. Энэ нь үргэлжлээд цаашдаа явна. Нийтдээ Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зургаа орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Нийт үргэлжлэх хугацаа нь долоон жил. Ийм төлөвлөгөөтэйгээр бид ажлаа хийгээд явж байна. Энэ жил бол ажлууд нь явагдана. Эхний хөрөнгө оруулалтууд орж ирнэ. Оюу толгой хөдөлнө гэдэг бол Монгол Улсын эдийн засаг тэр чигээрээ хөдөлнө. Бид дандаа нэг хүслийн үндсэн ашгийн талаар ярьж маргалддаг. Цаана нь хаялага ашиг, үр өгөөжийн тухай бид ярьдаггүй. 2011 оны эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд, үр дүнгүүд эдийн засгийн идэвхтэй амьдрал энэ далд уурхайн олборлолтын үед эргэж сэргэнэ. Үүний төлөө бас Засгийн газар ажиллах болно.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Б.Лхагважав: Японоос Монголд орж ирэх хөрөнгө оруулалтын урсгал чөлөөтэй боллоо

Монголын худалдаа аж үйлдвэрийн тан­химын тэргүүн Б.Лхагважавтай Япон-Монголын эдийн засгийн түншлэлийн гэрээний талаар ярилцлаа.

-Монгол Японы хоорондох эдийн засгийн түншлэлийн гэрээг Японы тал саяхан баталж, хүчин төгөлдөр боллоо. Энэ гэрээ манай улсад ямар бодит боломжийг авч ирэх вэ?

-Ямартай ч гурван жилийн өмнөөс эхэлсэн уг гэрээ долоон үе шаттай явсаар хоёр тал баталлаа. Гэрээ үндсэндээ 17 бүлэгтэй. Манай улсад тусах гол ач холбогдол нь Японоос Монголд орж ирэх хөрөнгө оруулалт чөлөөтэй болж байгаа юм. Дээрээс нь технологи орж ирнэ. Хамгийн гол зүйл бол инноваци, боловсон хүчин. Японоос эдгээр нэр дурдсан зүйлүүд орж ирснээр Монголын хөдөө аж ахуй, уул уурхай, газар тариалангийн салбарт япон технологи, япон менежмент боловсруулалт хийнэ. Тэгээд бий болсон, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг буцаагаад Японы зах зээл рүү гаргах зам нээгдэж байна. Энэ бүх бололцоог бий болгохын тулд эцсийн дүндээ хүн л ажиллана. Япон, Монголын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаанд улс төрийн том шийдэл гаргаж өгч байгаа юм.

-Гэрээ батлагдахыг бизнесмэнүүд чих тавин хүлээж байсан. Манайхаас Японы зах зээлдхичнээн нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах юм бэ?

-Наад зах нь манайхаас 5700 бараа бүтээгдэхүүнийг Японы зах зээл рүү гаргана. Нэр төрлөөр нь гэрээнд оруулсан байгаа. Улс төр, хууль эрх зүй, боловсролын талаас гэрээ бүх боломжийг нээгээд өгчихсөн. Одоо ашиг орлого олох, тэр Японы том зах зээл рүү гаргах, үр шимийг нь хүртэх гарц нээлттэй болсон. Мөн Японы том зах зээлийг хоёрдогч түүхий эдээр юм уу, тэнд бүтээгдэхүүн нийлүүлэх, хангах бололцоо нь нээгдэж байгаа юм.

-Эдийн засгийн түншлэлийн гэрээ нь хоёр улсын бизнес эрхлэгчдэд татварын таатай орчинг бүрдүүлнэ гэсэн байх аа. Манайхаас хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүн Японы импортын гаалийн тарифаас чөлөөлөгдөх вэ?

-Япон бол өөрөө өндөр татвартай. Гэхдээ татварын хэсэгт нэлээд олон зэрэглэлд хуваачихсан. Тэр зэрэглэлийн дагуу татварууд нь үе шаттайгаар багасна. Яваандаа нэг татварын хэмжээнд очино. Гэрээнд энэ нь албан ёсоор суусан байгаа.Мөн гэрээний нэг онцлог бол эрх зүйн орчны бүх тохироонууд тусгагдсан. Дээр нь чөлөөтэй капитал эргэлдэх, бараа бүтээгдэхүүн, хөдөлмөрийн зах зээл чөлөөтэй байх зэргийг суулгасан байгаа юм. Японы зах зээлд экспортлоход импортын тарифаас чөлөөлөх бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гэрээнд тусгасан. Тухайлбал, өнгөт болон хар төмөрлөгийн үйлдвэр, газрын тос, нүүрс-химийн үйлдвэрийн үндсэн хийгээд дайвар бүтээгдэхүүн. Бүх төрлийн ган, төмөр, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, тунгаагаагүй зэс, катодын зэс, нэхмэл сүлжмэлийн 1200 орчим бүтээгдэхүүн, арьс шир, үслэг эдлэл, түүгээр хийсэн гутал, эд анги, цүнх, түрийвч, бээлий зэрэг бүтээгдэхүүнүүдийг Японы тал татвараас бүрэн чөлөөлсөн байгаа юм.

-Японоос импортлох бараа бүтээгдэхүүн бас хямд өртөгтэй байна гэсэн хүлээлт бий. Ялангуяа автомашин дээр их яригдаж байгаа?

-Японоос импортолж байгаа бараа бүтээгдэхүүний 60 гаруй хувь нь автомашин байгаа. Үүнийг дагаад сэлбэг орж ирдэг байгаа. Өнөөдөр манай валютын гол эх үүсвэр бол автомашины худалдаа, сэлбэгт явж байдаг. Өнөөдөр уул уурхай, барилгын салбар зогсонги байдалд орсон тохиолдолд автомашин, сэлбэг дийлж байна.

-Өнөөдөр Монголын хичнээн компани Японтой бизнесийн харилцаатай байдаг вэ?

-МХАҮТанхим дээр бүртгэлтэй 60-аад компани бий. Танхимд Япон Монголын хамтын ажиллагааны зөвлөл гэж байгаа. Манайхаас гадна ОХУ, Солонгос, БНХАУ-д ийм зөвлөл ажилладаг. Япон Монголын зөвлөлийг Токиод Монгол Улсаа төлөөлөн сууж байгаа Даваадорж авч явж байсан. Одоо Т.Хасбаатар гэдэг залуу хариуцан ажиллаж байна. Ерөнхийдөө зөвлөлийн гол онцлог бол түншлэлийн гэрээг аль болох хоёр талын бизнес эрхлэгчдэд сурталчлах, давуу талыг нь ойлгуулах, зөвхөн өөрсдөө биш, өрөөлийг үүн рүү хандуулах үүрэгтэй.

-Хоёр улсын хооронд эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулагдсанаар нэг талаар бизнес эрхлэгчдэд том боломж олдож байгаа ч давхар хариуцлага нэмэгдэнэ. Тэгэхээр манай бизнесмэнүүд юун дээрээ анхаарвал зохих вэ?

-Хамгийн гол нь манайхан судалгааны ажлаа сайн хийх ёстой. Нөгөө талаар манайхан 25 жилийн өмнөхөө бодвол харьцангуй бизнесийн гэрээ хэлцлээ тодорхой түвшинд хийж сурч байна. Том төслүүдийн гэрээ хэлэлцээрийг ч хийж байна. Өчигдөр Оюу толгойн II шатны төсөл гарын үсэг зурагдлаа. Бас Таван толгойн гэрээг удахгүй хийхээр ажлууд нь явж байна. Хамгийн чухал нь монгол баялаг бүтээгчид 10 сая ам.доллараас нэг тэрбум хүртэлххэмжээний төслүүд дээр ажиллаад сурсан байна. Энэ бол өөрөө давуу тал. 15-20 жилийн өмнө 10 сая ам.долларын төсөл гэдэг бол ахадсан тоо байлаа. Гэтэл өнөөдөр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай хэд хэдэн үйлдвэрүүдийг бариад эхэлчихсэн байна. Том хөрөнгийг хөдөлгөх эрдмийг сурч байгаа. Мэдээж капиталист нийгэмд хөрөнгө оруулалт, баялаг, технологи, хүний нөөц хэрэгтэй. Үүнд зах зээлд тохирсон хууль эрх зүй ч хэрэгтэй. Мэдээж бидэнд байгалийн нөөц, цөөхөн хүн ам байна. Тэгэхээр сайн технологи, сайн инноваци, хөрөнгө оруулалтаар бид бусад давуу талаа нөхөх бололцоо байгаа. Үүнийг нээх бололцоо Японы түншлэлийн гэрээгээр орж ирэх хөрөнгө оруулалт юм. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хамгийн гол үндсэн эерэг үр дүн бол энэ хөрөнгө оруулалтуудыг хийхэд Монголын талын компаниуд зөв санхүүтэй байх. Ямар ч хөрөнгө оруулагчийн гол тавьдаг зүйл нь шалгуур бол тэр компанийн албан ёсны санхүүг үздэг. Албан ёсны санхүүгээ үзүүлэхэд хэрвээ Монголын татварын байгууллагын тамгатай нэг балансаа үзүүлбэл гадаадынхан тун таатайгаар хөрөнгө оруулдаг. Яагаад гэвэл тэнд төрийн тамга байгаа болохоор. Гэтэл манайд ямар үйлдэл одоо ч гарч ирдэг вэ гэвэл татварын газар 100 сая төгрөгийн борлуулалтын татвар өгчихсөн байдаг. Наанаа хоёр тэрбум төгрөгийн борлуулалттай бичиг гаргаад ирдэг. Хуурамч ийм зүйлээс хөрөнгө оруулагчид зугтдаг. Яагаад гэвэл энэ хүн албан ёсны санхүүгээ уншуулж чадахгүй бол яаж хөрөнгө оруулагчаа олж, хувьцаагаа гаргах юм бэ. Гэхдээ Эдийн засгийн ил тод байдлынтухай хууль энэ бололцоог олгодог юм.

-Хоёр улсын хооронд байгуулагдаж буй гэрээ хэлэлцээрийн гол хамгаалах зүйл нь шүүх засаглал байх нь зайлшгүй. Японтой байгуулсан Эдийн засгийн түншлэлийн энэ гэрээнд үүнийг хэрхэн тусгасан бэ?

-Гэрээний хамгийн сүүлийн бүлэгт арбитрын шүүхийн асуудлыг нэлээд томоор хийж өгсөн. Гэхдээ бид аль болох арбитрт хүрэхгүйгээр хоорондоо гарсан маргаанаа эвийн шугамаар шийднэ гэсэн үндсэн зарчимтай. Тэр маань шийдэгдэхгүй бол арбитрт очно шүү дээ. Арбитрын шүүхийн хэсэг бол тусдаа бүлэг болж орсон байгаа. Яагаад гэвэл энэ маань сүүлийн 20 жилд явсан сөрөг талын үр дүнгээс бүхэл бүтэн бүлэг болж орсон байх л даа. Яагаад гэвэл манайхны зарим нь шударга байж чаддаггүй. Гадны хөрөнгө оруулагчдыг хулхиддаг, гэрээ хэлцэлдээ хүрдэггүй. Бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэггүй. Хүний нөөцөө хангадаггүй зэрэг энэ бүгдээс сэргийлж шүүхийн хэсэг нэлээд томорсон байх. Энэ бол бидний сөрөг замын л үр дүн.

-Ямартай ч гэрээ байгуулагдчихлаа. Тэгэхээр үүнийг хэрэгжүүлэхэд таатай орчин бүрдүүлэх хууль эрх зүй ямар байх ёстой вэ?

-Япон бол арав гаруй улстай 100 хувь түншлэлийн гэрээ хийдэг юм билээ. Монгол Улс 16 дахь нь. Тэгэхээр гэрээ хэлцэл хийж хоёр талаас улс төрийн хувьд шийдвэр гаргачихлаа. Хоёр талдаа хууль эрх зүй, татвар, шүүх, санхүү, мөнгөн урсгал, хүний эрх, эрх чөлөө, өмч хамгаалах асуудал байна уу гэдгийг яг тэнцүү шаардаж байгаа юм. Эдгээр тэнцүү болсон тохиолдолд албан ёсны гэрээ хэлэлцээр хэн хэндээ ялагч-ялагч буюу win-winзарчмаар үйлчилнэ. Энэ шаардлагуудыг бүгдийг нь тавьж байгаа юм.

-Манай талаас юун дээр анхаарах ёстой вэ?

-Татвар, хууль эрх зүйн орчноо тэнцүү болгох хэрэгтэй байх.Татварын хэмжээний хувьд манайх Японд давуу тал олгож байгаа. Татвар авч байгаа процесс, хүндрэлтэй асуудлуудыг гадныхан байтугай дотоодынхон ч ойлгохгүй байдаг. Үүнийг нөгөө талын гэрээ хэлэлцээрт орж байгаа хүмүүс бүгдийг нь ил тод ойлгомжтой болгохыг шаарддаг.

-Японоос ямар хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх бол?

-Хамгийн гол нь гэрээний талаар сайн танилцуулах ёстой. Энэ хоёр танхимын үүрэг, бизнесмэнүүдийг холбож байгаа байгууллагуудын үүрэг аль болох сайн сурталчилж, сайн мэдүүлэх тусам энэ хөрөнгө оруулалтуудыг татна. Технологитой хүмүүсийн хөрөнгө оруулалтыг татахын тулд хүч хөдөлмөр шаардана.

-Манайх Японы зах зээлд хонь, ямааны мах гаргана гэж байсан. Энэ ажил хэр нааштай явж байна?

-Түншлэлийн гэрээ хийх үеэр манай нэг бизнесмэн залуу Японтой махны асуудлыг нэлээд нарийн ярьсан. Хонины мах, ямааны мах гэж нэрийг нь зааж оруулсан. Япончууд монгол малын махыг их сонирхож байгаа. Хонины мах авахын тулд малынх нь бүх вакцин, халдваргүй байдлын технологийг хангана. Аль аймгаас хэдий хэмжээний мах авах зэрэг бүх төсөл нь хийгдчихсэн байгаа. Одоо вакцин нь орж ирээд малд хийгдэхээс өгсүүлээд олон ажил явагдаж байгаа юм билээ. Ингээд стандарт хангагдвал Япон руу мах гаргахад ойрхон байна лээ. Гэхдээ үүнийг бүр томоор хараад явж байгаа монгол залуус бий. Бүр Японы төсөвт мөнгө суулгуулчихсан байгаа юм. Саяхан авсан мэдээгээр Японоос ирсэн хүмүүс манай төмс, хүнсний нөгөөг онгоцоор зорчихдоо хүртэл аваад явдаг сурагтай. Яагаад гэвэл тэнд атомын бөмбөг дэлбэрч байсан.Мөн дөрвөн жилийн өмнө станц дэлбэрсэн. Тиймээс агаар, хөрснийх нь асуудал хүнд байгаа болохоор Монголын эрүүл хөрсөнд ургасан ногоо, малын махыг идэх сонирхол их байна.

-Та түрүүн Японд дутагдаж байгаа эрчим хүчний нөөцийг хангах үүднээс манай улс давуу талаа ашиглах ёстой гэлээ. Японд эрчим хүч худалдана гэсэн үг үү?

-Японы парламентад 15 жил ажилласан, хотын захирагч байсан Тэцундо Ивакуни гэж хүн манай улсад ирсэн. Тэрбээр өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Ээжийн төгөл” нээж мод тарьсан юм. Энэ хүн нэг зүйл хүсч байсан “Бид олон жилийн харилцаатай Монгол Улсад модтарьж байгаа нь чухал юм. Гэхдээ бид та бүхнээс нэг зүйл гуйя. Манайд нарнаасаа өгөөч. Танайд 360 хоногийн 300 гаад хоног нь нартай байдаг юм байна. Харин Японд эсрэгээрээ. Манай газар нутгаас дөрөв дахин их хэрнээ хүн ам нь 40 дахин бага. Тэгэхээр нар та бүхэнд их байна. Нарнаасаа өгөөч” гэсэн. Уг нь 2012 онд Японд С.Батболд сайд байхдаа айлчлах үеэр тус улстай санамж бичигт гарын үсэг зурсан юм. Тэр компани Монголд 10 жилийн хугацаанд 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад Дорнод, Дорноговь хээр талын бүсэд нарны эрчим хүчний станц барих тухай байсан. Энэ тухай Тэцундо Ивакунид би хэлж, сануулсан. “Та улстөрчийнхөө хувьд үүнийг ажил хэрэг болгохыг хичээгээрэй. Манай говийн хэсэгт нарны эх үүсвэртэй цахилгаан станц барих юм бол тэр япон руу буцаад нар очно” гэсэн. Тэр үед төслийг бид танилцуулж байхдаа, хэрвээ 10 жилийн дараа нарнаас авсан эрчим хүч нь 2012 онд Японы үйлдвэрлэж байгаа нийт эрчим хүчнээс тав дахин илүү цахилгаан үйлдвэрлэнэ гэж байсан. Тэрийг Япон руу гаргах өндөр хүчдэлийн шугам гээд ажил ундарна л даа.

-Японд мянган инженер сургахад МУИС, ШУТИС, МҮХАҮТ гурав хамтраад нэг гэрээнд гарын үзсэг зурсан. Танхимын зүгээс ямар оролцоотой юм бэ?

-Япон руу мянган инженер бэлтгэх төслийг хоёр жилийн өмнө Л.Гантөмөр сайдсанаач­лаад энэ нь ажил хэрэг болоод, 1000 инженер явах эхнийхээ болзлыг хангаж байгаа юм байна. Магистр, докторын хэмжээнд, зэргийн бус сургалт байгаа. Залуус Японд суралцаад ирэхэд нь ажиллах зах зээл нь бэлэн байх ёстой. Тийм учраас танхим тэднийг хөдөлмөр эрхлэхэд нь зуучлах юм.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн “Чанарын тэмдэг”-ийн эзэн “Тэнүүн-Огоо”

“Нийтийн тээврийн үйл ажиллагааг олон улсын өндөр жишигт хүргэн стандартын тэргүүлэгч байхад оршино”. Энэ бол том оврын автобусны үйл ажиллагаа эрхлэгч “Тэнүүн-Огоо” компанийн тэр­гүүн зорилго юм. Тиймдээ ч тус компанийн нийтийн тээв­рийн шинэчлэлийн төлөө гэсэн сэтгэл, хийж бүтээж буй үйлс арвин.

“Өдрийн сонин”-ы “Танайд өнжье” брэнд буландаа ний­гэмд нэр хүнд, ажил үйл­сээрээ манлайлагчид, үлгэр жишээ хамт олон, эрдэм бо­ловс­ролтой элит эрх­мүү­дийг сонгож, оролцуулдаг уламжлалтай. Энэ удаад бид Монгол Улсад авто тээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиол­дуулаад салбартаа чанарыг эрхэмлэгч, баялаг бүтээгчийнд өнжихөөр шийдлээ.Тэр хамт олон бол нийслэлчүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүл­дэг “Тэнүүн-Огоо” ком­­па­ни. Хэн бүхэнд том оврын ав­то­бусны талаар таатай ойлголт төрдөггүй. Ааш муутай мөнгө хураагч, тос маслодоо хутгалдсан жо­лооч, энд тэндгүй хөглөрөх эмх замбараагүй байдал гэх­чилэнгээр нийтийн тээврийнх­нийг төсөөл­дөг. Тэгвэл “Тэнүүн-Огоо” ком­панид өнгө­рүүлсэн нэг өдөр энэ бодлоо таягдан хаясан гэдгийг юун түрүүнд тодотгомоор байна.

NBA ШИГ СУПЕР СПОРТ ЗААЛТАЙ 11 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРТГӨӨР БАЙГУУЛСАН БААЗ

А.Ганхуяг захиралтай “Тэнүүн-Огоо” компани нийтийн тээврийн салбарын өнгө төрхийг өөрчилж, хийж, бүтээе гэсэн тэмүүлэлтэй ес дэх жилдээ зүтгэж байна. Энэхүү богино хугацаанд эднийх өөрийн хөрөнгөөр иж бүрэн засварын төвтэй гурван ч автобус бааз байгуулжээ.Төв бааз нь Гурвалжингийн гүүрний орчимд байрладаг. Автобусны салбар паркаа Дамбадаржаа, Улаанхуаранд өргөтгөжээ. Өнгөрсөн жил эхэлсэн Улаанхуаран дахь III баазын бүтээн байгуулалтын ажил саяхан дууссан байна. Одоо гаднах ногоон байгууламж, зам тавих ажил нь хийгдэж байгаа юм. Ирэх сард албан ёсоор нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа уг баазад дэлхийн стандартыг нэвтрүүлжээ. Нийтдээ 11 тэрбум төгрөгөөр нүсэр бүтээн байгуулалт хийснээрээ нийтийн тээврийн салбарт цоо шинэ өнгө төрхийг бий болгосон хувьсал хийж чадсан байна. Улс орны эдийн засаг хэцүүдээд байгаа өнөө үед хэн ч ингэж зориглож чадахгүй байгаа. Тэгвэл “Тэнүүн-Огоо” компани хямралыг сөрж, их хэмжээний хөрөнгө мөнгийг нийтийн тээвэрт зарцуулж буй нь энэ салбараа дэлхийн жишигт хүргэх гэсэн том хүсэл зорилгынх нь нэг ажээ. Шинээр баригдсан энэхүү III баазыг “Тулга-Огоо” гэж нэрлэсэн байна. Тэнд очсон хэн ч гэсэн автобусны бааз гэж хэлэхээргүй. Будаг нь ханхалсан цэвэр цэмцгэр уг бааз хоёр давхар оффис, дулаан гарааш, спорт заал, ажилчдын амралтын байртай.

Өндөр хөгжилтэй орнуудын автобус баазны стандарт л яг ийм байдаг байх. Нийтдээ 130 том оврын автобусны багтаамжтай цэлгэр дулаан гарааш тэнд бий. Мөн ажилчдын автомашины зогсоолыг оффисын байрныхаа хонгилд байгуулжээ. Энэ баазын бас нэг обьект нь Ашиглалтын албаны байр. Тэнд эмч, шалгах механик, касс нар байрлахаас гадна ажилчдын амралтын өрөөнүүдтэй. Амралтын өрөөнүүдэд эрэгтэй, эмэгтэйгээрээ тусдаа байрлачихна. Дотроо ор, хөнжил, душ, ариун цэврийн өрөө, гал тогоо гээд яг л айл шиг. Орой буусан жолооч, мөнгө хураагч нар бусдынхаа оронд зайлшгүй өглөө эрт ээлжлэхээр болбол тэнд байрлаж амарна. Хамгийн гол нь автобусууд шугамандаа тасалдахгүй зорчиж, иргэдэд саадгүй үйлчилдэг байх олон улсын жишиг ийм л байдаг аж. “Тэнүүн-Огоо” компанийн хувьд үнэхээр үйлчлүүлэгчээ гэсэн сэтгэл ажилчдаа ая тухтай, таатай байх тэр боломж бололцоог бүрэн хангажээ. Нөгөө талаар нийтийн тээврийнхэн гэхээр тос масло, шороо тоосондоо хутгалдаад явдагхэмээн ад үзэгддэг цаг ард хоцорч байна.

“Тэнүүн-Огоо” компанийн байгуулсан спорт заал бол хамгийн супер. Ингэж тодотгохын учир нь Монголдоо ганц нь. Өнөөдөр манай спортынхон ч ийм заалтай болж чадаагүй. Тэгвэл нийтийн тээвэрт үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн компани өөрийнхөө хөрөнгөөр ажилчдадаа зориулан спорт заал байгуулсныгхарсан хэн ч гэсэн бахархмаар. Нийтдээ 700 хүний суудалтай энэ заалны шал, шийт гээд тоног төхөөрөмжүүдийг АНУ-аас захиалж авчруулж байгаа гэсэн. NBA-тай эн зэрэгцэнэ. Зөөлөвчтэй шал, цахилгаан шийт, үзэгчдийн суудал зэрэг цөм дэлхийн стандарт.Спорт зааланд хүмүүс байнгын гүйж, харайж байдаг болохоор бөөр өвдөхөөс авахуулаад унаж, бэртэх аюултай. Тэгвэл зөөлөвчтэй, зориулалтын шал ийм эрсдлээс сэргийлж чадна. Энэ бүгдийг А.Ганхуяг захирал бүрэн тооцоолж, 300 сая төгрөгийг зөвхөн заалны шал худалдан авахад зарцуулжээ. Заалны зохион байгуулатын хувьд гурван давхар суудалтай, тамирчдын тоглолтыг өндрөөс харах боломжийг бүрдүүлсэн байна. Мөн тэнд тамирчдын ам­ралтын өрөөнүүдтэй. Тэм­цээн уралдааны шүүгчид, зохион байгуулагчдад зориулсан VIP өрөөнүүд ч бий. Спорт зааланд цугларсан олны хөлс эвгүй үнэр ялгаруулдаг. “Тулга-Огоо” баазын энэ заал бүрэн агааржуулалтын системтэй болохоор үүнд санаа зовох зүйлгүй аж. Түүнчлэн дуу чимээ тусгаарлагчтай, цуурайтна гэсэн ойлголт байхгүй. Цэлгэр том заалны хажууд тамирчдын хувцас солих өрөөтэй. Энэ нь гадаадын кинонд гардаг шиг эрэгтэй, эмэгтэйгээрээ тусдаа бөгөөд хувцасны шүүгээнүүдтэй.

Тамирчдын хувцас сольдог өрөө тус бүрдээ шүршүүртэй. Бас спорт заал нь дэргэдээ теннис, бялдаржуулах танхимтай. Спорт заалыг ингэж жинхэнэ утгаар нь байгуулсан явдал бол “Тэнүүн-Огоо”-гийн захирал А.Ганхуяг спортод хорхойтой нэгэн болох нь эндээс тод харагдаж байв. Тэрбээр “Манай авто тээврийн салбарынхан 90 жилийн хугацаанд анх удаа ийм спорт заалтай болж байна. Одоо энд уралдаан, тэмцээнүүдээ зохион байгуулна. Мөн ажилчид маань ч чөлөөт цагаараа зааландаа хөлсөө гаргаж, бэлтгэл сургуулилтаа хийнэ” гэж их л сэтгэл хангалуун өгүүлж байлаа. “Тулга-Огоо” баазын оффист захиргааны ажилтнууд байрлана. Мөн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон гал тогоо нэгдүгээрт давхарт нь байгуулжээ. Компани ажилчдынхаа өдрийн хоёр хоолыг хариуцдаг юм билээ.

ДЭЛХИЙН “ЧАНАРЫН ТЭМДЭГ”-ИЙН ЭЗЭН “ТЭНҮҮН-ОГОО”

Шинэ бааз дахь захирлын өрөөг сонирхлоо. Хананд байрлуулсан дэлгэцүүд дээр бусад баазуудын үйл ажллагааг хянахын зэрэгцээ онлайнаар хурал зөвлөгөөнөө хийчихдэг юм байна. Өнгөрсөн жил хотын дарга ам гараад байсан өнөөх GPS төхөөрөмжийг нийтийн тээврийнхэнд суурилуулчихвал дээрх дэлгэцээр шугаманд явж байгаа автобусуудыг ч хянах бүрэн боломжтой ажээ. А.Ганхуяг захирлын цуглуулга нүдэнд туслаа. Түүнд бүх төрлийн автобусны загварууд байна лээ. Тэрбээр гадаадад орнуудаар туршлага судалж явахдаа эдгээр жижиг автобусуудыг үйлдвэрээс нь худалдаж авдаг гэсэн. Нэг нь л гэхэд 450 ам.долларын үнэтэй. Өөрөө ч үүнийг цуглуулах хоббитой бололтой юм. Мөн түүний номын санд голдуу түүх, спорттой холбоотой ном харагдав. А.Ганхуяг захирал нийтийн тээврийн салбарт 20 гаруй жил зүтгэж яваа Монгол Улсын зөвлөх инженер. Хуучнаар ЗХУ-д суралцаж, энэхүү мэргэжлийг эзэмшжээ. Түүнтэй ярилцаж байхад нийтийн тээврийн салбар хөгждөггүйн гол шалтгаан зайлшгүй бодлого, бас дахин бодлого үгүйлэгдэж байгааг онцолж байв. Манай хувийн хэвшлийнхэн хичнээн зүтгээд ч төрийн зүгээс бодлого дутагдаж байна. Тэгвэл өндөр хөгжилтэй орнуудын нийтийн тээврийн салбар нь хэрхэн системтэй болсон түүх, туршлагыг сонсоод байх нь ээ, манай төр хийж ядаад байх юмгүй санагдлаа. Дэлхийн улс орнууд, тэр дундаа нийтийн тээвэр нь манайх шиг замбараагүй зураглалтай байсан Солонгос улс богино хугацаанд энэ зовлонгоосоо ангижирч чадсан нь хотын удирдлагуудын зөв бодлого зохион байгуулалт нөлөөлжээ. Ннийслэл хотын маань шүдний өвчин болсон нийтийн тээврээ хөгжүүлэх гарц суваг олон байгааг энэ салбарын мэргэжилтнүүд түвэггүйхэн шийдчихэж дөнгөнө. Гэтэл төр хувийн хэвшлийнхний үйл ажиллагаанд хөндлөгөөс оролцоод л байвал асуудал хүнд хэвээрээ байж, улам дордохыг ч үгүйсгэхгүй.

“Тэнүүн-Огоо” компанийн хувьд бас ч гэж салбартаа хайртай, мэргэжлийн хүн удирддаг болохоор бусдаасаа ялгардаг. Автобусны компаниуд өнөөдрийнхөө орлогоор эднийх шиг бүтээн байгуулалт байгуулна гэвэл үлгэр. Алдагдлаа нөхөж ч чадахгүй шахам, өдөр хоногийг залгуулдаг тэд мөрөөдөөд ч биелэхгүй. Харин “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг бусад салбарт бизнес эрхэлдэг бөгөөд тэндээсээ орж ирсэн орлогыг нийтийн тээвэртээ зориулчихдаг нэгэн. Ямар сайндаа эдийн засаг хямарчихаад байхад бүхэл бүтэн автобус бааз байгуулсныг нь найз нөхөд, ойрын хүрээнийхэн нь шүүмжилж, түүнийг мулгуугаар нь дуудаж байхав дээ. Салбартаа гэгээ татуулсан А.Ганхуягийн энэ хөдөлмөрийг дэлхий дахин өндрөөр үнэлжээ. Албан өрөөнд нь олон, олон шагналын цом, дурсгал байснаас нэгэн өвөрмөц хийцтэй өргөмжлөл анхаарал татлаа. Энэ бол дэлхийн “Чанарын тэмдэг” аж. Женевээс жил бүр дэлхийн улс орнуудын шилдэг бизнес эрхлэгчдийг зарладаг уламжлалтай. Анхныхыг нь Монгол Улс өнөө жил хүртсэн бөгөөд “Тэнүүн-Огоо” компани болзол бүрэн хангаж чаджээ. Тэрхүү чанар стандартын баталгаа болсон шагналыг тодруулахдаа зохион байгуулагчид нь улс орон очиж бодит байдалтай танилцаж үнэлэлт дүгнэлт өгдөг байна. Тэд манай улсад ирээд олон компанид очиж, өөрсдийн шалгуур үзүүлэлтийн дагуу болзол хангаж байгаа эсэхийг нягталжээ. Тэр дундаас “Тэнүүн-Огоо” компанийг сонгож, салбартаа хийж бүтээсэн ажлуудаар нь үнэхээр их бахархсан байна. Зах зээлгүй, ядуу буурай оронд нийтийн тээвэр нь ямар ч бодлогогүй энэ салбарт хувийн хэвшлийн компани өөрийн хөрөнгө хүчээр мундаг бүтээн байгуулалт босгосныг нь сайшаажээ. Бас ажилчдынхаа төлөө тус компанийн хийсэн бүхнийг нь үнэлж, дэлхийн “Чанарын эзэн”-ээр өргөмжилсөн байна. Бөмбөрцөгийн 55 улсын 100 аж ахуй нэгжид энэ шагналыг гардуулснаас Азиас Монгол, Хонгконг, Сингапур тодорсон байна. Ер нь “Тэнүүн-Огоо” компани байнга л ТОП-150 аж ахуй шалгардаг бөгөөд жил бүр байраа ахиулсаар ирсэн нь хамт олны хичээл зүтгэлийн үнэлгээ юм.

ЗАЛЬЖИН “ТУУЛАЙ”-НУУД

“Тэнүүн-Огоо” компани 800 гаруй ажилтантай өнөр бүл. Шинээр гуравдугаар баазаа байгуулж, үүнээс 300 хүний ажлын байр шинээр бий болгожээ. Автобусны компанийн ажил хэрхэн явагддагийг сурвалжлахаар Улаанхуаран дахь “Тулга-Огоо” баазад баасан гаригийн 05.40 цагт очлоо. Аль хэдийнэ ажилчид цуглачихсан бужигнаж байв. “Тэнүүн-Огоо” гэж бичсэн логотой хувцас дарга, цэрэггүй нэгэн жигд өмсдөг юм байна. Ерөнхий захирал А.Ганхуяг биднийг угтан авав. 130 автобусны багтаамжтай энэ баазад одоогоор 60 автобус байгаа аж. Дотно, гаднагүй угааж цэвэрлэсэн тэдгээр автобусууд ажилдаа гарахад бэлэн болцгоожээ. Үүнийг өөрсдийнх нь хэлж заншсанаар өглөөний гаралт гэж нэрлэдэг байна. Тэднийг ажилдаа гарах эсэхийг Шалгах механик шийддэг аж. Цагдаа, мэргэжлийн хяналт л гэсэн үг. Тэр өдрийн Шалгах механик Д.Мөнгөндалай өглөөний гаралтын автобусуудыг “байцаана”. Согтолтын хэмжээ тодорхойлдог багаж руу жолооч нарыг үлээлгэв. Жолооч нараас ямар ч зөрчил илрээгүй юм. Хэрэв асуудалтай байвал тэр өдөр шугамд гарахыг шууд л хориглоно. Мөн Шалгах механик автобусны гэрэл дохио бүрэн бүтэн, тоормос ямар байгааг шалгаж үйлчилгээнд гаргах зөвшөөрөл өгөх эсэхээ шийднэ.

Эхэнд нь М:1 буюу “Улаан­­хуа­­ран-III, IV хороо­лол” чиглэлийн автобус ажилдаа гарлаа. Дараагаар нь Т.Амарбат жолоочтой “Шархад-Зунжин” чиглэлийн автобус Шалгах механикийн “шалгалт”-ыг амжилттай даваад хөдөллөө. Д.Мөнгөндалай механик тун ч гярхай ажиглаж, урт жагсаалт бүхий хуудсаа бөглөж дууссаны дараа автобусуудаа үйлчилгээнд гаргаж байв. Гуравдугаар баазаас хөдөлсөн автобусууд “Ургах наран” хорооллоос эхлээд хотын төвийг чиглэнэ. Эхний автобус 06.00 цаг гэхэд шугамандаа гарахад нь манай сурвалжлах баг хамт суугаад хөдөллөө. Ургах наран хороолол орох замд хотын хөдөлгөөн сийрэг байв. Хотын зүүн зүгийг чиглэн явахад автобусны буудлууд хүнгүй шахам байлаа. Ингээд Ургах наран хорооллын эцсийн зогсоол дээр ирэхэд зорчигчид хүлээж байв. Голдуу л оюутан, сурагчид сууцгаана. Буудал болгоноос зорчигчид нэмэгдсээр дүүрэн хүнтэй автобус Офицеруудын ордон руу орж ирэв. Тэндээс зарим нь бууж овоо шингэрлээ гэж бодож байтал ялгаагүй зөрөөд тэр хэмжээний хүн суув. “Цүнх саваа хямгадаарай” гэж кондуктор зорчигчдыг хулгайчаас сэрэмжлүүлнэ. Автобусанд нэг дор олон хүн ороод ирэнгүүт мань мэт бол тэдний хэн нь мөнгөө төлж, хэн нь өгөөгүйг ялгаж чадахгүй. Харин кондукторууд нэг гүйлгэж хараад л зорчигчдоо нүдэлчихдэг гэнэ. Тухайлбал, энд нэг хүнд билет тасалж байх зуураа тэр, тэрнээс мөнгөө аваагүй байгаа гээд содон зүйлээр нь тогтоочихдог байна. Энэ янзаараа “Туулай”-чдыг бол гаргаахгүй. Офицеруудаас хөдлөөд явж байтал кондуктор эгч уурлаад явчихав. “Ямар ч орлогогүй сурагчид 200 төгрөг төлөөд зорчиж байхад та нар улсаас 70 мянган төгрөг авдаг байж 500-хан төгрөг төлөөд явчихаж чадахгүй байна уу” гээд л бухимдлаа. Хуурамч виза картаар үйлчлүүлэх гэж оролдсон оюутныг ёстой нэг зад загнаж байна аа. Өнөөх оюутан их зальжин арга хэрэглэжээ. Оюутны виза картныхаа ард сурагчийн үнэмлэх бариад скочдсон байв. Кондукторт оюутны визагаа харуулчихаад далд хийх гэтэл гярхай билет таслагч скочны наалтыганзаарчээ. Ингээд шалгаад үзтэл тэр зорчигч залуугийн зурагтай сурагчийн үнэмлэх байх нь тэр. Мань эр хоёуланг нь хуурамчаар үйлджээ.

Ажлын өдрүүдэд оюутны визагаар үнэгүй зорчино. Амралтын өдрүүдэд виза үйлчлэхгүй болохоор 200 төгрөг төлөөд сурагчийн үнэмлэхээ үзүүлээд явдаг байжээ. Олон хавар нэгэндээ гэгчээр энэ мэтчилэн хуурамч үнэмлэх ашиглаж байгаад баригдсан хүмүүс зөндөө гэнэ. Ерөнхийдөө 10.00 цаг хүртэл автобусууд дүүрэн хүнтэй зорчих юм. Харин түүнээс хойш 16.30 цаг хүртэл автобус заалан дахь суудлаа дүүрэх үү үгүй юу хүнтэй маршрутаараа зорчсоор өдрийг авдаг бололтой юм. Ажил цуглаж, тарах үеэр л автобус орлоготой байна. Өглөөгүүр ажил албандаа яарсан хүмүүс орж ирэх бол өдөр голдуу хог түүдэг, согтуу хөлчүү нөхдүүд зорчино. Тэд мөнгөө төлөхгүй гэж кондукторуудын уурыг хүргэнэ. “Хог түүдэг хүмүүсийг мөнгөө өг гэж шаардаад ч нэмэргүй. Урдаас хэл амаар доромжлох юу ч биш. Тэгэхээр хурдан буугаасай гээд дуугүйхэн шиг явуулж байдаг” гэж хаширсан кондуктор эгч хэлэв. Тэрбээр “Албатай юм шиг архи уучихаад үнэгүй зорчихоосоо ичихгүй байна уу. Наад архи ууж байх мөнгөө автобусандаа өгч чадахгүй юм бол ядаж талхаа аваад идээсэй” гэж үглэнэ. Энэ мэтчилэн том оврын автобусны жолооч, кондукторын ажил амаргүй юм. Орлого биелүүлэх гэж хотын түгжрэлд цагтай уралдан яалт ч үгүй давхих болно. Дээр нь мөнгөө төлөхгүй хүмүүстэй муудалцсанаас болоод бусдад уураа гаргана.

Өглөө баазын дулаан гараашаас нүүрээ угаасан хүүхэд шиг цэмцийгээд гарсан автобусууд үд дунд гэхэд бөмбөгдчихсөн юм шиг новшиндоо дарагдах юм билээ. Автобус эцсийн зогсоолд түр саатах үед кондуктор заалаа шүүрдэж, цэвэрлэнгээ “Манайхан хачин улс шүү. Гэр орондоо хогоо ингэж хаяхгүй дээ” гэж амандаа бувтнаж байв.

ӨРГӨН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ХУРАЛДДАГ ӨГЛӨӨ БОЛГОНЫ ШУУРХАЙ

“Тэнүүн-Огоо” компанийн удирдлагын түвшний шуурхай өглөө тогтмол 09.00 цагт эхэлдэг байна. Гэхдээ 20 минутын өмнө бүгд цугларна. Тэд 15 минутын турш дасгал хийснийхээ дараа хурлаа эхлүүлдэг тогтсон уламжлалтай юм билээ. Энэ нь нэг талаар байгууллагын соёл, нөгөөтэйгүүр ажилтнууд хөдөлгөөн хийснээр хуралд идэвхтэй оролцох үндэс болдог ажээ. Шуурхай Ерөнхий захирал А.Ганхуяг, Гүйэтгэх захирал Ж.Эрдэнэбат, Хамгаалалтын албаны дарга Т.Цогтбаатар, Төв инженер Э.Мөнхбат, Засварын төвийн инженер М.Мэнд-Амар, Хоёрдугаар хэсгийн дарга Н.Батбаяр, Гуравдугаар хэсгийн дарга А.Батбаяр, Дөрөвдүгээр хэсгийн дарга М.Анхбаяр, Төв баазын Шалгах механик Э.Билгээ, Ерөнхий нягтлан бодогч Ариунаа нарын бүрэлдэхүүнтэй хуралддаг юм байна. Хурлын эхэнд Ерөнхий захирлын туслах Б.Уянга өмнөх хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулав. Хариуцсан алба, хэлтсийн дарга нар өдөр тутмынхаа үйл ажиллагааг тайлагналаа. Автобусны гаралт, оройн буулт, ажилласан цаг, ямарваа нэгэн техникийн доголдол, угаалга цэвэрлэгээ, орлого, зарлага гээд бүхий л хүрээнд хуралддаг ажээ. Орлогын хувьд төлөвлөгөөг 50-60 хувьтай биелүүлдэг бололтой юм. “Тэнүүн-Огоо” компанийн өглөөний шуурхай өргөн бүрэлдэхүүнтэй хуралддаг байна. Төв баазынхаа хурлын танхимаас бусад баазтайгаа цахимаар холбогдож видео хурал хийдэг юм билээ. Энэ өдөр Дамбадаржаа дахь баазын Шалгах инженер С.Баяржаргал, Улаанхуаран дахь “Тулга-Огоо” баазын Шалгах механик Д.Мөнгөндалай, Хяналтын ажилтан Т.Цогтсайхан нар мэдээ, тайлангаа танилцуулж байсан. Холбогдох үүрэг даалгаврыг удирдлагууд нь өгч, цаг ямагт анхаарал, болгоомжтой, хянамгай ажиллахыг хариуцсан алба, хэлтсийн дарга нарт сануулж байлаа. Шуурхайгаар ажилд шинээр орж байгаа хүмүүсийг авч хэлэлцэнэ. Жолооч болох хүмүүсийг тогтмол даваа болон лхагва гаригийн шуурхайгаар оруулдаг байна. Харин баасан гаригт Хамгаалалтын албанд ажиллах хүсэлт гаргасан залууг оруулж ирэв. Энэ сарын 1-нд цэргээс халагдсан түүнийг хоёр өдөр дагалдангаар явуулсан гэнэ. Ерөнхий захирал А.Ганхуяг нь “Хамгаалалтын албаны ажил үүрэгтэй бүрэн гүйцэд танилцаж чадсан уу. Ажиллах байдлыг харгалзсан уу” гэж богино хугацаанд дагалдан хийгээд ажилд орж байгаа түүний талаар хамгаалалтын албаны дарга Т.Цогтбаатараас тодруулав. Хариуд нь “Энэ хүн цэргийн албанд байхдаа харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд ч цэргээс халагдаад удаагүй, байнгын бэлтгэлтэй байгаа. Тиймээс ажилд авах шаардлага хан­гаж байгаа” гэлээ. Ха­рин Гүйцэтгэх захирал Ж.Эр­дэнэбат шинэ хүндээ ажлын онцлогоо танилцуулж хурдан дадлагажуулах үүрэг өгнө лээ. Ийнхүү “Тэнүүн-Огоо” компанийн хамгаалалтын алба 39 хүнтэй болж бүл нэмэв.

ОЁДЛЫН ЦЕХ, ЭКО УГААЛГА, ИЖ БҮРЭН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

ТӨВТЭЙ АВТОБУСНЫ БААЗ

“Тэнүүн-Огоо” компани нийслэлийн найман чиглэлд өдөр тутамдаа тогтмол 167 автобус үйлчилгээнд гаргаж байна. Зарим автобусны компаниуд өөрийн гэсэн баазгүй, бусдын гараашийг түрээслэн амьдарч байхад “Тэнүүн-Огоо” хотын захын гурван бүсэд бүхэл бүтэн иж бүрэн тоноглогдсон баазтай байгаа нь олон давуу талтай аж. Зорчих маршрутын чиглэлийн дагуу бүсчлээд баазууддаа байрладаг аж. Нэг ёсондоо сул гүйлт хийхгүй гэнэ. Ингэснээр нэг автобус 20-30 литр шатахуун хэмнэдэг ажээ. Гурвалжингийн гүүрний урдхан талд байрлах “Тэнүүн-Огоо” төв баазын хашааны гаднах зам талбайгаа өөрсдийн хөрөнгөөр асфальтаж тохижуулжээ. Харамсалтай нь эднийхтэй зэрэгцээд үйл ажиллагаа явуулдаг хүнд даацын тэрэгнүүд зассан замыг нь эвдчихээд байдаг бололтой юм. Шороо татуулаад л өдөрт хэд хэдэн удаа өнгөрөх ажээ. Төв бааздаа ногоон байгууламж хийж эхэлжээ. Улиас мод тарьсан байв. Баазын үүдэнд харуул хамгаалалтын байр бий. Шалган нэвтрэхээр дотор ормогц цагаан хоолойгоор аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байв. Өглөө ажилчид цуглах 06.00 цагаас эхэлж, 10.30 цаг хүртэл давтамжтайгаар ингэж зааварчилгаа өгдөг байна. Мөн том гэгч нь электрон самбар дээр бүх чиглэл, маршрутыг байрлуулжээ. Жолооч нар орой буухдаа эндээс маргааш өглөөнийхөө хуваарийг хараад хэд дэх гаралт болохоо мэдэж авдаг байна.

Төв баазад эмч, оёдлын цех байдаг. Мөн хяналтын алба, хамгаалалтын алба, засвар үйлчилгээний төв, эко угаалгын газартай, өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг ажээ. Гараашийн тухай 120 автобусны багтаамжтай ч 60 автобус энд байрлана. Тус компанийн оёдлын цех гэхэд нийт ажилчдынхаа өвөл зуны бүх хувцсыг оёно. Тэдгээр хувцсаа нэг хүн нэг жил өмсөөд акталдаг аж. Биднийг очиход үйлчин бүсгүйчүүд Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн арга хэмжээний хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдсан сагсан бөмбөг болон волейболын тэмцээний хөгжөөн дэмжигчдийн хувцсыг урласан гэнэ. Улаан, цагаан өнгө алагласан энэ өмсгөл Албар спорт хороонд болсон тэмцээний үеэр өвөрмөц бас олны дундаас содон харагдаж байсан. Тус компани “Тэнүүн-Огоо” спорт клубтай. Эдний тамирчид сагс болон волейволоор улсдаа төдийгүй олон улсын тэмцээнд амжилт­тай оролцдог чанга баг. Буянт-Ухаа цогцолборт таван өдрийн турш үргэлжилсэн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд “Тэнүүн-Огоо” волейболын эрэгтэй баг ширүүн өрсөлдөгчдийн нэг байсан бөгөөд дөрөвдүгээр байрт орсон юм.

“Тэнүүн-Огоо”-гийн Авто­бусны засвар үйлчилгээний төв нь дотроо хэд хэдэн хэсэгтэй. Том оврын авто­бусны засварын төв атлаа шал нь нүүр харагдмаар өнгө­лөг. Учир нь арван жилийн баталгаатай резинэн будгаар буджээ. Гол нь тэрэндээ ч биш, засварын төв нь стандартын дагуу болохоор бохир нь хөглөрөөд байхгүй. Автобус гараашид асаалттай байхаар түлшнийх нь утаа тэнд байхын аргагүй болгодог. Тэгвэл эдний засварын төв дэх автобусны утааг зориулалтын сорогчоор гадагшлуулдаг болохоор орчин нь цэвэр, саруулхан байх бас нэг үндэс нь болдог ажээ. Мөн засварын төв токарь, цахилгаан, механик, мотор гэсэн цехүүдтэй. Бүгдийг эдний инженерүүд гардан хийдэг байна. “Тэнүүн-Огоо” компаниМонгол Улсын хоёр зөвлөх инженертэй. Ерөнхий захирлаас гадна Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат мөн л Монгол Улсын зөвлөх инженер юм билээ. Одоо Монголд явж байгаа эдгээр автобусууд тухайн улсдаа “тэтгэвэрт” гараад манайд ирсэн “өндөр настнууд”. Тус компани дэргэдээ автобусны засвар үйлчилгээний төвтэй болохоор мэргэжлийн инженерүүд нь тээврийн хэрэгслүүддээ тогтмол засвар үйлчилгээг 32-34 хоногт хийдэг байна.Бас өнгө зүсэд нь анхаарч, будаг, шунхаа ч хийчихнэ. Засварын төвийн хоёр давхарт сургалтын танхимтай. Тэндээ шинээр жолооч болохоор ирсэн хүмүүст сургалт явуулдаг байна. Хажуудаа номын сантай. “Тэнүүн-Огоо”-гийн бүх ажилтнууд ном сангаа баяжуулжээ. Тэнд ховор содон 3000 гаруй ном бий гэнэ.

Эдний Эко угаалгын төвийг магтахгүй өнгөрч болохгүй. Зөөлөвчтэй угаалгын сэгсүүргээр хормын төдийд автобусыг өнгө оруулна. Эко угаалгыг нэг удаадаа гурван тн усаар цэнэглэчихсэн байхад бүхэл бүтэн гурван сар тэрийгээ ашигладаг байна. Автобус угаасан усаа цэвэршүүлээд дахин ашигладаг гэсэн үг.

“Тэнүүн-Огоо” компанийн­хан орой үүрийн таван жингээр нэг бужигнадаг бол үдшийн бүрийд хөл хөдөлгөөнтэй байдаг ажээ. Орой автобус шугамнаасаа 22-23 цагийн хооронд бууна. Гарааш руу орохын өмнө эко угаалгаар заавал дамжина.Шалгах механик автобусуудаа хүлээж авна. Халтайсан автобусууд эко угаалгад ороод гарч ирэхдээ нүүрээ угаасан хүүхэд шиг өнгө орох гэж жигтэйхэн. Харин автобусны дотор талыг кондукторууд нь өөрсдөө цэвэрлэчихдэг юм билээ. Угаалгаас гарч ирсэн автобусууд шатахуунаа авчихаад гарааш руу орно. Ингээд өглөө эрлэн ажилдаа гарахад бэлэн боллоо. Жолооч нар автобусаа гараашид байрлуулж байх зуур кондукторууд орлогоо тушаачихаад гэрийн зүг хөдөлнө. Ажилчдын автобус тэдэндөглөө, оройдоо үйлчилдэг байна.

Тун удахгүй эх үрсийн баяр болно. Ажилчид энэ баярыг хоног тоолон хүлээж байгаагаа сонирхуулж байв. Учир нь энэ өдөр бүх ажилчдын 2000 гаруй хүүхэд хотоос зайдуу гарч баяраа нүсэр тэмдэглэдэг байна. Тэдний дунд уралдаан, тэмцээн зохион байгуулж, нэг өдрийг нижгэр өнгөрүүлдэг ажээ. Нийтийн тээврийн “Тэнүүн-Огоо” компанид өнгөрүүлсэн нэг өдөр ийм байлаа. Зангидсан гар шиг хүчтэй, бас эвтэй ийм хамт олныг бүрдүүлэх гол түлхүүр нь байгууллагын өрхийн тэргүүнд байгаа нь анзаарагдсан юм.Нийтийн тээврийн салбарыг хөгжүүлж, дэлхийн стандартад хүргэх гэсэн чин хүсэлтэй тэдний зам нь зөв болохоор дэлхийд Монголынхоо нэрийг гаргасан амжилтын эзэд бол чаджээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үхэлтэй нүүр тулсан Ц.Очирхуягийн гэр бүлд тохиолдсон явдал (II)

-СУМЫН ЗАСАГ ДАРГА “ЦАГААН ЭРЭГ” КОМПАНИЙНХАНТАЙ ХУЙВАЛДАЖ ХУУЛЬ ЗӨРЧИН БАЙЖ ӨВС ШАТААСНААС ТҮЙМЭР ДЭГДЖЭЭ-

Энэхүү тэмдэглэлийн эхний хэсэг нь “Өдрийн сонин”-ы¹115 (5067) дугаарт гарсан юм

Дорнод аймгаас Сүхбаатар айм­гийн Сүхбаатар сум руу дүрвэсэн түймрийн уршгаар нийт есөн хүн бэртжээ. Тэднээс хамгийн их түлэгдэж, хүнд гэмтсэн нь тус сумын Чулуут хэмээх газарт хаваржиж байсан Ц.Очирхуягийн гэр бүл байлаа. Тэд үхэлтэй тэмцэлдэн сөрж, амьд, мэнд мултарч чадсанаараа азтай. Зовсон цагт нөхрийн чанар танигдана гэж ардын зүйр үг бий. Утсан чинээ улаан амь нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, өөрийгөө яая гэж байгаа хэрнээ Ц.Очирхуяг эхнэр хүүхдээ гараасаа салгаагүй юм. Эмэгтэй хүн болсон хойно өөдөөс улалзан төөнөж ирэх түймрээс айж зугтахтай зэрэгцээд бяцхан охин ч гараас нь мултран нөгөө тийшээ гүйсэн гэж бай­гаа. Хүчтэй салхиндтуугдан эрчилсэн галтай өрсөж, Ц.Очирхуяг түмрийн битүү хар утаан дундаас эхнэр хүүхдээ олж аваад аюулыг сөрж даван туулсан нь яах аргагүй баатарлаг үйлс билээ. Ширүүн галаас амьд мэнд гарсан ч түлэгдэж, хайрагдсан тэдний биеийн байдал хүнд байсан тул Улсын онцгой комисс хуралдаж, Шадар сайд У.Хүрэлсүх шуурхай арга хэмжээ авч чаджээ. Тэд мэдээ авангуутаа яаралтай баг бүрдүүлж, нисдэг тэргээр өвчтөнүүдийг Улаанбаатарт авчирсан байна. Аав, ээж, охин гурав одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасагт хэв­тэн эмчлүүлж байгаа.Тэд­ний биеийн байдал ямар бай­гааг тодруулахаар тус эмнэлгийг зорилоо. Түлэнхийн тас­гийн нэг өрөөнд хамтдаа хэв­тэн эмчлүүлж байв. Гурвуу­лангийнх нь нүүр, толгой түлэгдэж, танигдахын аргагүй болжээ. Ээж, охин хоёрын гар битүү түлэгдчихсэн боолттой байсан. Хоёр талынх нь эгч нар тэднийг сахиж, тойглож байна лээ. Г.Наранцацрал гэзэгтэй байсан болохоор тэр үү нөхрөө бодвол хуйхных нь түлэгдэлт бага байсан. Харин жаахан охин нь унтаж байлаа. Толгой нь битүү түлэгдсэн болохоор боолттой, нүүрнийх нь арьс хуурсан байсан бөгөөд үе үе өвчиндөө шаналан цочин уйлж байгааг харахад зүрх шимширмээр. Аавынх нь тухайд гарны түлэгдэлт өнгөц байсан бололтой. Хоолоо өөрөө халбагадаад идэж байв. Харин түүний эхнэр охин, хоёрыг нь сахиурууд хооллож, ундалж байсан. Тэд ярихдаа “Анх дүү нараа харахад аймар байсан. Толгой нь битүү хуйхлагдаад, хөөж хавдсан хар юм байлаа. Харин энд эмчилгээ сайн хийлгэж, одоо овоо хүн төрхөндөө орох янзтай. Охин маш хүнд байсан. Шоконд ороод их сандаргасан. Аав, ээжийгээ хараад танихгүй уйлах нь хэцүү. Тэднийхээ дууг сонссон хэрнээ хайгаад, эхэндээ ээжийнхээ мөөмийг ч идэхгүй байсан. Тэр шөнө дүү нар маань цурман дунд хоноход охиноо хөхүүлэх гэтэл амаар нь дүүрэн чандар орчихсон байсан гэсэн. Тэгээд хэлээрээ цэвэрлэж байгаад арайхийн мөөмийг нь хөхүүлсэн байгаа юм. Түймэр гарах үед салхи маш хүчтэй байсан. Аймгийн төв Сүхбаатар сумаас 59 км-ийн зайтай хэрнээ эмнэлэг, албан байгууллагуудын үүдээр нэг цурмын чандар хийсээд орчихсон байсан. Газар тэнгэр нийлсэн айхавтар гамшиг болсон” гэлээ.

Амаа олигтой том ангайж чадахгүй болохоор соруулаар цайг нь уулгаж байв. Тэрбээр тийм ч сайн ярьж чадахгүй байсан юм. Харин Ч.Очирхуягийн сонсголд нэлээд өөрчлөлт орсон бололтой. Чанга ярихгүй бол дуулахгүй байсан. Гэхдээ асуултад сайн хариулж, харилцан ярилцаж чадаж байсан.

Ч.Очирхуяг: ҮХЭЛТЭЙ ТУЛГАРАХААР “ЯВАХ ЗАМГҮЙ, ҮЗЭЭД АЛДЪЯ” ГЭЭД ШИЙДЭМГИЙ БОЛДОГ ЮМ БИЛЭЭ

-Таны бие яаж байна. Юутай ч эр зориг гаргаж, гэр бүлээ бүтэн авч үлдэж чадлаа шүү дээ?

-Бие өдрөөс өдөрт дээрдэж байна. Нүд юм харахгүй байсныг бодвол овоо нээгдээд байгаа. Урьд нь ийм их галтай тулгарч үзээгүй болохоор яахаа мэдэхгүй их л сандарсан даа. Ядаж байхад шөнө дунд гэр рүү түймэр орж ирсэн болохоор амь мултрахын тулд бүхий л арга чаргыг хэрэглэсэн.

-Түймэр танайх руу орж ирэх үед мотоцикльтойгоо худаг руу давхисан гэсэн үү. Очиж амжихаар байсан уу?

-Гэрээс гарахад гал хол харагдаж байсан. Худаг орж амжихаар харагдаж байлаа. Гэтэл галыг тийм хурдан араас нэхээд ирнэ гэж бодоогүй. Ингээд мотоциклио дэлбэрчихэж магадгүй гээд орхиод эхнэр хүүхэдтэйгээ холдсон л доо. Гэтэл түймэр бараг зэрэгцээд шахам ирсэн. Тэр хүчтэй салхитай эрчлэнирж байгаа галыг хараад их олон юм бодогдсон. Юун түрүүнд доошоо суух хэрэгтэй гэж бодоод эхнэр хүүхдээ дараад хэвтсэн. Гэтэл нөгөө хоёр маань халуун галаас айж, орилж, зугтаад, тэгээдтэр хар утаан дундаас тэднийг олж аваад тас гэгч нь зуураад доошоо сууцгаасан.

-Хэрэв галыг сөрөөгүй бол амьд гарч чадахгүй байх байсан ч юм бил үү?

-Яг тэгээд ширүүн галтай нүүр тулахаар ухаан санаа балартаад хаашаа ч явахаа мэдэхээ байдаг юм билээ. Үхэлтэй тулаад ирэнгүүт хүн шийдэмгий болдог юм билээ. Нэгэнт явах газар байхгүй болохоор үзээд алдъя гэж бодсон. Тэгээд тэмцэхээс өөр арга байгаагүй. Тэгж сандарч явахад эхнэр, хүүхдийн орилж чарлах дуу сэтгэл шимшрүүлж байлаа. Тэд маань ингээд шатах нь яадаг билээ л гэж бодож байсан даа. Галаас айгаад цовхроод гүйсэн. Хүүхдээ битүү ороосон боловч эхнэртэйгээ зууралдаж байгаад ороосон хөнжлөө газарт унагаачихсан. Гал эхлээд дөхөөд ирэхээрээ их төөнөж, хүчтэй салхи татуулдаг юм билээ. Бидний өмсч байсан малгайг дээш нь шууд хөөргөөд аваад явчихсан. Тэгээд араас нь гал нөмөрсний дараа эрчилсэн улаан цурамтай шороо орж ирсэн. Бүр амьсгаа авч чадахгүй, арайхийн тэсч гарсан шүү.

-Аймшигт үйл явдал хэдий хугацаанд болж өнгөрсөн бэ?

Ер нь гал бидний дээгүүр гарахдаа нэг минут орчим л болсон байх. Салхи хүчтэй байсан болохоор гал нь хурдан өнгөрч, харьцангуй гайгүй түлэгдсэн болов уу гэж бодож байна. (Түүнийг ийн ярьж байхад эгч нь хажуугаас “Эднийх их өвсөн дунд байдаг. Шинэ хаваржаа л даа. Өөрсдөө сандарч байсан болохоор гал дайрч өнгөрсөн цаг хугацааг мэдээгүй байх. Мэдээж сандарч тэвдсэн хүмүүст богино хугацаа мэт санагдаж байгаа байх л даа)

-Танай ойр хавьд айл байхгүй юм уу. Та хэд шөнөжин цурман дунд хоносон гэл үү. Тэр шөнө цаг агаар ямар байв?

-Манайхаас нэг км орчим зайтай саахалт айл бий. Түймэр өнгөрөнгүүт горьдлого тээж, гэрийнхээ буурь руу эргээд очсон. Тэгээд гэр байхгүй, хашаа хороо, хоттой мал хуй юу ч үгүй шатчихсан байсан. Тэгсэн мотоцикль маань шатаагүй, бүрэн бүтэн байна лээ. Шөнө их хүйтэн салхитай байсан. Тэгээд тэндээс холдох гэтэл бидний нүүр нүд хавдаад, юм харж чадахгүй болсон. Баримжаагаараа шатсан гэрээсээ холдож байгаад газар сууцгаасан. Тэнд үүр цайлгасан даа. Цаг хугацаа ч явж өгөхгүй, хичнээн тусламж хүсч орилсон ч нэмэргүй. Эхнэр маань “Охиныг минь авраач” гэж шөнөжин уйлж хамаг чадлаараа хашгирч уйлсаар байв. Хоёр биенээсээ “Чиний нүд харж байна уу” гэж асууж байлаа. Тэгсэн өглөө болоход эхнэр нүдээ татаж байгаад бага зэрэг онгойлгосон. Ингээд саахалт айл руугаа явсан даа.

-Нэг км зайтай айл руу алхаад явсан юм уу?

-Миний нүд харахгүй байсан болохоор охиноо тэврээд эхнэрээс хөтлөөд алхаад очсон. Гэтэл айлын хүмүүс биднийг хараад орь дуу тавьцгааж уйлалдаж байв. Тэд манай хамаатнууд руу хэл дуулгаж, эмнэлгийн тусламж дуудсан даа.

-Та гал ирж байгааг хараад сумын төв рүү хамаатнууддаа хэл дуулгасан гэсэн. Тэд шөнө та нар дээр ирээгүй юм уу?

-Намайг утсаар ярингуут тэд машинтай манайх руу давхисан юм билээ. Тэгээд гал руу дөхөж ирээд биднийг хаана байгааг ч мэдэхгүй, ойртож чадахгүй буцсан гэсэн.

-Хотоос эмч, аврах багынхан хурдан очсон уу?

-Биднийг аймгийн нэгдсэн эмнэлэгт аваачингуут л хотоос нисдэг тэргээр эмч нар ирсэн. Улсын онцгой комисст маш их баярлаж байна. Шууд онгоц гаргаж өгөөд, Түлэнхийн төвийн Нараа эмч багаараа ирээд, хотод шуурхай авчирсанд талархаж байгаа.

-Хуйларсан салхитай хамт улаан гал дүрэлзээд ирж байх агшинд танд юу, юу бодогдож байв?

-Бид галаас амь мултрахын тулд гэрээсээ өмссөн хувцастайгаа л гарсан. Өмссөн хувцас маань ч шатаж, үгүй боллоо. Гал өнгөрөнгүүт хувцсандаа хүрэнгүүт л үмэрч унаад байсан. Бас охиндоо зузаан дээл, хантааз өмсүүлчихсэн байсан л даа. Тэр нь бүр барьцалдаад үрчийгээд тайлж болохгүй байсан. Тийм болохоор хайчилж байж тэр хувцаснаас салгасан. Анх цурманд сууж байхдаа “Хамаг хүчээ шавхан босгосон амьдрал маань нэг өдрийн дотор үгүй боллоо” гэж ихэд шаналж байсан. Одоо тэр үеэ бодвол бас ч гэж тайвшраад байгаа. Улсын онцгой комиссоос бидэнд гэр олгосон. Бас сайн санаат хүмүүс бидэнд тусламжийн гараа сунгаж байна. Эрүүл саруул болох хэрэгтэй. Амьдралаа дахин босгож чадна.

-Биеэ сайн бодоод, хурдан тэнхрээрэй.

Тэрбээр үе үе гүн бодолд автаад, хүний ярьж байгааг анзаардаггүйгэж сахиж байсан эгч нар нь ярьж байлаа.

Ц.Нарантунгалаг: ОНЦГОЙ БАЙДЛААС ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ, АМЬ НАС НЬ ДЭЭСЭН ДӨРӨӨН ДЭЭР БАЙСАН НЭГ Ч ГЭСЭН ГЭР БҮЛИЙГ АВАРЧ ЧАДЛАА

Түлэнхийн төвийн эмч Ц.Нарантунгалаг бол өвчтөнүүдийг орон нутгаас авчирсан багийн нэг гишүүн. Түүнтэй уулзаж, өвчтөнүүдийн биеийн байдал ямар байгааг тодрууллаа. Тэрбээр “Тавдугаар сарын 1-ний өдөр ОБЕГ-аас гурван хүний биеийн байдал хүнд байна, түлэнхийн эмч авч явах шаардлагатай гэсэн. Тэгээд хоёр эмч, хоёр сувилагчтай эмнэлгийн баг Сүхбаатар аймагт очсон.Өвчтөнүүд анхны тусламж аваад, эмчилгээ хийлгэж байсан. Тухайн үед хүүхэд болон ээжийнх нь биеийн байдал хүнд, аав нь хүндэвтэр байсан. Уг нь ээж охин хоёрыг авчиръя гэж байсан. Нэг гэр бүл болохоор тэднийг салгахаар бие биедээ санаа зовно гээд гурвууланг нь авчирсан.Ч.Очирхуяг эхнэр хүүхэддээ маш их санаа зовоод байсан. Ингээд хот руу ирэх явцад хүүхдийн биеийн байдал муудаж, амьсгалын дутмагшилд ороод байсан. Одоо ээж, охин хоёрын биеийн байдал тогтворжсон. Хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа. Энэ түймрийн гамшигт хөндлөнгөөс харахад Улсын онцгой комисс маш сайн ажиллаж, өндөржүүлсэн зохион байгуулалттай байлаа. Өвчтөнүүд анх ирэхдээ харах боломжгүй байсан. Хаван бууруулах, хордлого тайлах эмчилгээ сайн хийсэн болохоор одоо хоол ундаа идэж ууж, харилцан ярилцаж чадаж байгаа. Галаас эхнэр хүүхэд нь зугтаж байхад аав нь чирээд сөрөөд гарсан байгаа юм. Ер нь галыг сөрж гардаг гэдгийг хэр баргийн хүн мэдэхгүй. Тиймээс зөв арга хэмжээ авчээ гэж бодож байна. Аль аль талдаа шуурхай ажиллаж чадсан. Монголын нэг ч гэсэн ам бүл элэг бүүтэн үлдлээ.

М.Энх-Амар: ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТАН ХУВИЙН КОМПАНИЙН НӨХДҮҮДТЭЙ СЭМ ХУЙВАЛДАЖ, ТҮЙМЭР ТАВЬСАН

Түймэрт автсан зүүн гурван аймагт дөрвөн удаагийн ажлын хэсэг томилогдож ажилласан билээ. Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар, Улсын онцгой комиссын дарга Шадар сайд У.Хүрэлсүх, ОБЕГ-ын дарга Бригадын генерал Т.Бадрал нараар ахлуулсан эхний ажлын хэсэг орон нутагт очиж ажилласан. Дараагаар нь ХХАА-н сайд Р.Бурмаа, хамгийн сүүлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Т.Бадрал нар ахалж, түймэртэй бүсэд ажилласан. Дөрөвдүгээр сарын 13-19-ий хооронд Төрийн тэргүүнээр ахлуулсан бүхэл бүтэн дөрвөн баг ажиллаад, анхааруулгахүргэчихээд, сонор сэрэмжтэй байхыг сануулсан. Түймрийн хохиролд төрөөс их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсаар байхад хэсэг бүлэг хүний хайхрамжгүй үйлдлээс болж дахин тэр бүсэд түймэр гарч, олон иргэнийг хохироолоо.

Ой хээрийн түймэр гарах тоолонд үнсээ ил задгай хаясан Дулмаа, татсан тамхиныхаа ишийг хээвнэг хаяж гал авалцуулсан Дорж нарыг буруутгадаг. Харин олон айлыг амь зуулганаас нь салгаж, олон хүнийг гэр оронгүй, эрэмдэг болгосон дээрх түймрийг зохион байгуулалттайгаар тавьсан бололтой юм. Энэ талаар Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, Онцгой байдлын хурандаа М.Энх-Амартай ярилцлаа.

-Сүхбаатар суманд гарсан түймрийг Дорнод аймагт тариалан эрхлэх гэж байгаа хүмүүс шарилж шатааж байгаад алдсан гэсэн мэдээлэл байна. Та энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Дорнод аймгийн Булган сумын Засаг дарга Н.Туяатай тус сумын нутаг дэвсгэрт тариа тарих үйл ажиллагаа явуулах гэж байгаа “Цагаан эрэг трейд” компанийн гүйцэтгэх захирал Д.Гантулга дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан байна. Уг гэрээнд тус сумын гуравдугаар багийн нутаг, Хайчингийн тариа гэх нэртэй газрын хуучин тариа тарьж байсан атаршсан шар өвсийг шатаах тухай юм билээ. Дөрөвдүгээр сарын 29-ний үүрээр 04 цагийн үед сумын Засаг даргын орлогч Б.Соёлчхүүгээр ахлуулсан 12 хүний бүрэлдэхүүнтэй хүн “Цагаан эрэг” трейд компанийн хоёр ажилчдын хамтаар тухайн талбайн шар өвсийг шатаасан тухай мэдээлэл миний өмнө байна. Өглөөний 07 цагийн үед салхины эрч ширүүссэн гэж байгаа юм. Энэ үед тэр галыг унтраагаад манасан. Гэтэл салхины эрч баруун хойноос зүүн урагш чиглэлтэй, секундэд 7-12 метр хүчтэй салхилж байсан гэсэн. Салхи улам ширүүсч байгаад шатаасан газрын цурамд уугиж байсан галын цогтой аргал хомоол хийсч хээрийн түймэр гарсан байна. Тухайн үед тэнд ажиллаж байсан хүмүүс түймрийг унтраах гээд дийлэлгүй алдчихсан. Энэ түймэр Булган сумын Хайчингийн тариа, Хадан хөв, Ногоон толгой, Нарийний говь, Үүдийн жаран, Зэрэглээ, Хонгор, Магнай, Өвдөг, Ерийн худаг, Хутаг магнай, Болдог гэх нэртэй газруудаар дайран Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт орсон. Үүний улмаас тус сумын Булган сумын гурван гэр, зургаан малын хашаа, саравч, нэг бод мал 23 бог, 38.5 мянган га бэлчээрийн талбай шатсан. Харин Сүхбаатараймгийн Сүхбаатар сумын тухайд есөн иргэн түймэрт хайрагдаж, түлэгдсэн. 32 айлын гэр, эд хөрөнгө, 4000 гаруй мал шатаж, 448.800 габэлчээр шатсан зэрэг хохирол учраад байгаа.

Сүхбаатар сумын түлэгдсэн хүмүүсээс Ч.Очирхуягийн, гэр бүлийн гурав хотод ирсэн. Бусад нь орон нутагтаа эмчлүүлж байна.

-Өмнөх түймрээ дараад удаагүй байгаа, бас салхитай бүсэд яагаад өвс шатаасан юм бэ. Зөвшөөрлийг нь Булган сумын Засаг дарга өгсөн хэрэг үү?

-Уг хэрэгт сумын Засаг даргын Тамгын газрын нэр бүхий албан тушаалтнууд албан тушаалын байдлаа хэтрүүлэн ашигласан байх нөхцөл байдал тогтоогдоод байгаа. Анх “Цагаан эрэг” компанийн менежер Энхтөр гэгч дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Нармандахтай уулзаж, шар өвс шатаах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм билээ. Харин Г.Нармандах дарга зөвшөөрөөгүй. Учир нь энэ нь Ойн тухай хууль, Улсын онцгой комиссын 2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн албан даалгавар, аймгийн Засаг даргын захирамж зэргийг зөрчиж байгааг танилцуулсан. Мөн “Цагаан эрэг” компанийн менежер Энхтөр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Ганцогтоос тариалангийн талбайн өвсийг шатаах хүсэлтээ танилцуулахад зөвшөөрөл олгоогүй байгаа юм. Ингээд Булган сумын Засаг даргын орлогч Б.Соёлчхүү нь Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Онцгой байдлын ахмад Х.Энхнасантай утсаар холбогдож, өвс шатаах хүсэлтэй дээрх компанийн тухай мэдэгдэхэд мөн татгалзсан хариу өгсөн. Хууль зөрчиж байгааг дуулгаад, хээрийн түймэр тавих аюултайг сануулсан. Шат шатны холбогдох албан тушаалтнууд удаа дараа татгалзаж, түймэр гарах аюултайг сануулсаар байхад“Цагаан эрэг” компанийн менежер Энхтөр, Булган сумын, Засаг дарга С.Туяа, түүний орлогч Б.Соёлчхүү нар сэм хуйвалдаж, хэлцэл хийсэн байгаа юм. Тэд гурван, машин хүн дайчлан хөлсөлж, өвс шатаасан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

-Одоо энэ хэрэгт ямар хичнээн хүн холбогдоод байгаа вэ?

– Ер нь бол Зүүн гурван аймагт гарсан түймэр бүрэн унтраагүй, улс орон даяар тийшээ хамаг анхаарлаа хандуулчихаад байхад ийм дураараа авир гаргасан байна. 18 хүнд Эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна.

-Хохирлын хэмжээг бүрэн тогтоосон уу?

-Энэ хавар Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутагт гарсан түймэрт дөрвөн удаа ажлын хэсэг томилогдож ажилласан. Зүүн гурван аймгийг чиглэх хандив тусламжийн цуваа тасрахгүй байгаа. Засгийн газраас 155, 167 дугаар тогтоол гаргаж нийтдээ нэг тэрбум 800 сая төгрөг шийдвэрлэсэн. Дахиад 1.5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Улсын Онцгой комиссоос сүүлийн түймэрт гэхэд 25 гэр, зуух, яндангийн хамт, нэг фургон автомашин олгоод байна. Мөн түлэгдсэн хүмүүсийг улсын зардлаар Улаанбаатарт авчирч, эмчлүүлж байгаа. Цаашид сэжигтний үйлдэл, хохирол тогтоох чиглэлээр хэргийн газарт ахлах мөрдөн байцаагчаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.

Эрх мэдэлтнүүдийн хууль зөрчсөн хайхрамжгүй үйлдлийн балгаар бүхэл бүтэн сум орон шатаж, эрдэнэт хүмүүний амь эрсдэх аюултай байлаа. Олон гэр орон малгүй болж, их хэмжээний хохирол учраад байна.

М.МӨНХЦЭЦЭГ