Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Лхагважав: Эдийн засгийн ил тодын хууль хэрэгжвэл авлига өгөх хүн байхгүй болно

Нийгэмд хүлээлт үүсгэсэн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан билээ. Энэ талаар Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.

-Бизнес эрхлэгчдийг өршөөлд хамруулах, тэдний нуугдмал хөрөнгийг ил болгох хуулиудыг өмнөх парламентын үед ч баталж, мөрдөж байсан. Тухайн үед уг хуулийг сурталчилж байсан хүний нэг бол та. Тэдгээр төслийн хэрэгжилт ямар байсан талаар яриагаа эхэлье гэж бодлоо?

-1992 онд манай улс чөлөөт зах зээлийг сонгож иргэд маань өмчтэй болсон. Хувиараа аж ахуй эрхлэхийг Үндсэн хуулиараа олж авсан. Компани байгуулах, өмчөө захиран зарцуулах эрхтэй болсон. Энэ бол Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлд тусгагдсан хамгийн нандин чухал эрхүүд юм. Энэ эрхийг баталгаажуулах зүйл нь иргэний өмчөө төрд бүртгүүлдэг явдал байв. Төрөөр өмчөө хамгаалуулах анхны хэлбэр нь энэ юм. Дараа нь бизнес эрхлэх чөлөөтэй эрх олж авсан боловч төртэй татварын системээр холбогддог. Тэгэхээр татварын систем, бодлогын үндсэн үүрэг нь тэр иргэний аж ахуй эрхлэх эрхийг тасралтгүй хамгаалах, өмчөө захиран зарцуулах эрхийг нь хамгаалахын төлөө ажиллаж байх ёстой. Үүн рүү бид явж чадаагүй учраас байнга Өршөөлийн хууль ч юм уу, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн механизмыг хэрэглэх гээд байгаа нэг оролдлогууд бий. Энэ алдааг одоо харж байгаа юм биш. 2005 оноос хойш болохгүй байна гэдгийг нь мэдээд 2006 оны зургадугаар сарын 19-нд “4:10”-ын бодлогоор бүх татваруудаа баталсан. Тэр үед аж ахуйн нэгжүүд 45 хувийн татвар төлдөг байлаа. Тэрийг дээрх бодлогын хүрээнд 25, 10 хувь болгоод бүх шатлалыг нь багасгасан.

-Тэр үед аж ахуйн нэгжүүд нуун дарагдуулсан хөрөнгөө ил болговол хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн түгшүүртэй байсан байх аа?

-Тухайн үед манай улсад 43 мянган аж ахуйн нэгж байсан. Нийтдээ 750-иад мянган иргэн аливаа нэг хэлбэрийн татвар төлдөг байв. Гэтэл үүнийг хаа, хаанаа сурталчлаагүй. Өөрсдөдөө ашигтай зүйл хийж байна гэсэн хар төрүүлсэн. Энэ механизмыг зөв явуулаагүйн тод жишээ бол зургаан сарын хугацаанд хэрэгжих хууль батлагдсан байхад дөрвөн сар 13 хоногийн дараа Сангийн яам, Татварын ерөнхий газар тэр хуулийг яаж хэрэглэх тухай журам гаргасан. Тэгээд дараа нь сар гаруйхан хугацаа үлдсэн байв. Миний хувьд хуулийн талаар сурталчилгаа хийж байхад 2200 иргэн, 2800-гаад компани хамрагдсан. Тэд дөрвөн тэрбум ам.долларыг ил болгосон. Ингэж 18 жил явсан буруу бүртгэл, буруу тооцоо, буруу хяналт, хар зах зээлийг ил болгосон юм. Тэгээд татвар төлдөг үндсэн 2000 гаруй компани ашиглаж чадсан. Цаана нь 41 мянган компани бараг ашиглаж чадаагүй. Тэрийгээ тайлбарлахдаа шударга улсууд нь ашиглаж чадаагүй гэдэг. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Гол нь айдастай, мэдээлэлгүй байсан. Төр өөрөө буруу сурталчилгаа явуулсан. Тухайн үеийн Сангийн яам, Татварын ерөнхий газар “Энэ бол түр зуурын хууль шүү. Шинэ гарч ирсэн Засгийн газар албаар орлогыг чинь мэдэж авчихаад нөхөн татвар тавих гэж байгаа” гэж эсрэг сурталчилгаа хийгээд сууж байсан. Үүнээс болж айдаст автсан хэрэг. Социализмын үед иргэд маш их өмчөө хураалгаж байсан. Тэр үед татварын системийн үндсэн үүрэг нь хүнийг өмчгүй байлгахын төлөө байв. Тиймээс иргэдийн тэр их айдас хүлээс нь 2008 онд ч хэвээр байсан. Хуулиар нөхцөл бололцоог нь олгочихоод байхад ашиглаж чадаагүй. Ингээд 2008 оны нэгдүгээр сарын 21-нд Татварын өршөөлийн хууль гарсан. Өршөөлийн хууль гэдэг бол Их хурлын онцгой эрхэнд өршөөл үзүүлэх юм. Шүүхээр шийдэгдчихсэн эсвэл эрх бүхий байгууллагаас ял зэм авчихсан ийм улсуудыг өршөөж байгаа. Нөгөөдөх нь аливаа тэр процесс нь хүчний байгууллага юм уу хяналтын байгууллагаар илрээгүй тийм хөрөнгөө ил гаргасанд хамааралтай. Тиймээс өнөөдөр хоёр хууль дахиад яригдаад байгаа юм.

-Одоо яригдаад байгаа Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлахгүй удсанаар манай эдийн засаг туйлдаа хүрсэн гэх юм. Эдгээр хууль хэрэгжиж эхэлбэл үр өгөөж нь ямар байх вэ?

-Өнөөдрийн хувьд ямар үр дүн гарсан бэ гэхээр 2008 оны хуулийг хоёрхон хувьд нь хэрэглэснээс хуулийн тэгш бус үйлчилгээ гараад ирсэн. Нөгөө талаас манай эдийн засаг 17 хувь өслөө. Тэр өсөлтөд нөлөөлсөн зүйл бол “4:10”-ын бодлого, өмнө гарсан хоёр хууль байсан юм. Дээр нь ашигт малтмалын үнэ нэмэгдсэн. Манайхан зөвхөн ашигт малтмалын ханш өссөнтэй холбоод байдаг. Цаана нь бол Оюу толгой дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байх үед яг дотоодын хөрөнгө оруулалтаас ийм хэмжээний ам.доллар ил гарч байсан. Энэ найман тэрбум ам.доллар чинь манай эдийн засгийн хөгжилд маш нөлөө үзүүлсэн. Тэр үеийн 17 хувь хүрчихсэн эдийн засгийг микро эдийн засаг руу шингээх гээд буцаагаад алдчихсан. Дараа нь 2013, 2014 онд төрийн сангийн бодлогыг хойш нь тавиад төрийн мөнгөний бодлогыг оролдоод үзье гээд Д.Алтанхуягийн Засгийн газар Монголбанктай нийлж байгаад Үнэ тогтворжуулах хөтөлбөр, УИХ-аас эрх аваад бондын мөнгө гаргалаа шүү дээ. Зах зээл рүү бараг таван тэрбум ам.долларын мөнгө орж ирсэн. Гэтэл энэ мөнгө буцаад микро эдийн засаг руу шингэдэггүй. Эдийн засгийн 17 хувийн өндөр өсөлттэй макро эдийн засгийн үед ч гэсэн мөнгөний бодлогоор зах зээл рүү их хэмжээний мөнгө оруулсан ч гэсэн микро руу шингэхгүй байна гэдэг бол аж ахуйн нэгж иргэдийн санхүү бүртгэлтэй холбоотой. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд маань 1999 оны хуурамч тайлантай, 2-3 баланстай явж ирсэн учраас саяын хоёр ололт шингэхгүй гадуур нь урсчихаад байгаа юм. Тиймээс үүнийг шингээхийн тулд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль ерөөсөө хөрөнгө бүртгэл, тайлан балансыг шинээр эхэлье гэж том түвшинд харж байгаа юм. Бид шударга ёс гэхээс илүү эдийн засгийн үр дүнг хараад байгаа юм. Статистикийн мэдээгээр 32-34 хувь нь хар зах зээлд мөнгө эргэлдэж, манай эдийн засгийн тооцоо бүртгэлд орохгүй байна.

-Энэ хууль батлагдсанаар бизнес эрхлэгчид жижиг, том гэлтгүй бүгд нэг гараанаас эхлэх боломж бүрдэнэ гэж яригдаад байгаа. Санхүү бүртгэлийн системд орох өөрчлөлтийг нь хэлээд байна уу?

-НӨАТ-ын шинэчилсэн найруулга батлагдчихлаа. Дараа нь манай бүх татвартай холбоотой хуулиуд өөрчлөгдөнө. Татварын ерөнхий хуульд ч өөрчлөлт орно. Дахиад бид дүрмээ шинээр эхэлж байгаа юм. Дүрэм шинэчлэгдэж байгаа болохоор гарааг шинээр эхэлнэ. Нөгөө талаас нэгэнт эдийн засаг уналттай байгаа энэ үед шинэчлэлт хийх бололцоо гарч ирдэг. Монгол Улсын нийгмийг бүх хүн, жижиг том гэлтгүй компаниуд бүрдүүлж байгаа.Тэгэхээр тэдэнд нэг удаа санхүүгийн эрх чөлөөг нь олгочихъё. Бүх бүртгэлийг шинээр хийчихье. Монгол Улсад сүүлийн 25 жилд маш их баялаг бий болсон. Хувь хүний өмч, аж ахуйн нэгжийн өмч. Энэ баялгийн хуваарилалтаа хийж чадахгүй байгаа юм. Нэгэнт тайлан нь тав, арван жилийн өмнөөс худлаа явчихсан бол үндсэн том хөрөнгө нь бүртгэгдэхгүй байгаа юм. Тэгэхээр ДНБ-ий тооцоо буруу гардаг гэсэн үг. Бүгдийг бүртгэчихвэл 22 их наяд төгрөгийн мөнгө эргүүлж байгаа бол бүртгэлийн дараа 7-8 их наяд бараг гарна. 30 их наяд болчихвол бид шал өөр тооцоо хийх бололцоо гараад ирж байгаа юм. Дүрэм эхэлбэл 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс шинэ гараагаар явна.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль одоо ч эсэргүүцэлтэй тулгарч, хаврын чуулганаар хэлэлцэх явцад нь МАН завсарлага авсан…

-Энэ хуулийг эсэргүүцэж байгаа хоёр том субъект бий. 2008 онд дөрвөн тэрбум ам.долларыг ил болгож байсан. Бүхэл бүтэн төрийн механизмыг ашиглаж тийм их хөрөнгийг нууж чадаж байсан. Энд төр хамжилцсан. Тэрнээс хувь хүн, компани чадахгүй. Тэр хөрөнгийг ил болгосноор эдийн засаг 17 хувьд хүрэхэд тэдгээр компаниудын орлого 3-5 дахин нэмэгдсэн. Энэ бол маш сайн. Харин ашиглаж чадаагүй нь доошоо орсон. Тэгэхээр хуулийн төслийг эхний эсэргүүцэж байгаа нь энэ давуу, монополь байдлаа авч үлдэхийн тулд зах зээл рүү өөр этгээдүүдийг оруулж ирэхийг хүсэхгүй байна.

Өнөөдөр Монгол Улсад 95 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй. Хууль батлагдсан тэд бүгд шинэ тайлан баланстай ороод ирнэ. Тэгэх юм бол зах зээл дээр 95 мянган шинэ тоглогч гараад ирж байгаа юм. Өнөө 2800 тоглогч дээр 95 мянган шинэ тоглогч нэмэгдэхээр сандарна даа. Үүнээс айж байгаа юм. Нөгөө нэг хэсэг нь хуулийн аливаа нэг доголдлыг ашиглаж, хүч хэрэглэдэг бүхэл бүтэн систем бий болчихсон. Тэд энэ хоёр хуулиас айгаад байгаа юм. Дахиж тэдний дарамтад нь орох, шантаажид нь орох, авлига өгөх хүн байхгүй болчихно. Бүх юм ил болно. Сүүлийн гурван жилд 11240 компанийн захирал, нягтлангууд цагдаад очиж байцаагдсан. Тэд зөвхөн Эрүүгийн хуулийн 166-аар байцаагдаж байгаа юм. Манай үндсэн татвар төлж байгаа компани 10 мянга л байдаг. Өнөөдөр эрүүгийн хуулийн ганц заалтыг тодорхой бишээс болоод манай бүх аж ахуйн нэгжийг, баялаг бүтээдэг хүнийг дарамталдаг гол хэрэгсэл болсон. Үүндээ хүчний байгууллагыг ашигладаг. Зах зээлд ширүүн өрсөлдөөн байдаг. Тэр өрсөлдөөнийг буруу талаар ашиглаж, өрсөлдөгчөө дарахын тулд хүчний байгууллагад матаас бичдэг ажилтай болжээ. Нөгөө талаар арав гаруй мянган аж ахуйн нэгж цагдаад дуудагдсан шалтгаан бол 2008 онд гарсан хуулийг таатай ашиглаж чадаагүйгээс хэлмэгдсэн юм. Жишээлбэл, гурван жилийн өмнөх татвар дээр акт тавьдаг. Татвараа төлж чадаагүй бол хүү, алданги тавьдаг.

-Тэгвэл хууль батлагдсанаар энэ нь яаж өөрчлөгдөх юм бэ?

-Ногоо тарьж байгаа хүн нягтлан бодох бүртгэл хийнэ гэж байхгүй. Тэгэхээр жижиг аж ахуйн нэгжүүд тусгай тайлан гаргадаг санхүүгийн компаниудаар тайлангаа гаргуулж байх хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд санхүүгийн ажилтанд жилдээ 10 сая төгрөгийн цалин өгч байна. Тэрний оронд жилдээ нэг сая төгрөг төлөөд санхүүгийн компаниудад даатгачих хэрэгтэй. Хялбаршуулсан системд оруулна гэсэн үг. Энэ бол Америкт ч, Солонгост ч хэрэгжээд явж байгаа практик. Аль болох санхүү бүртгэлийг хялбаршуулсан маягаар өгөөд нөгөө бизнес хийж байгаа өсөх процессыг гаргаж өгөх ёстой. Өнөөдөр манайд 23 мянган нягтлан байдгийн дийлэнх нь хуурамч тайлан гаргаж байна. Монголын асар том оюуны бүтээл хэрэггүй цаас болж хувирч байгаа. Одоо энэ санхүү бүртгэлийг тусд нь гаргаад энэ 23 мянган нягтлан цэвэр мэргэжлийн нягтлан бүртгэлийн компани байгуулчих хэрэгтэй. Монголд 300-400 компани байгуулчихаж болж байна. Харин том компаниуд нь санхүүтэйгээ явж байна биз. Үндсэн хуульд Монгол Улсын иргэд татвар төлөх журамт үүрэгтэй. Хувь хүний орлогын албан татвар татварын үндсэн суурь байх ёстой.

-Үүнийг хянах механизмыг нь яаж зохицуулж байгаа юм бол?

-НӨАТ-ын хоёр хувьд буюу тухайн татварын 20 хувийг буцааж өгнө гэж байгаа. Энэ нь хоёр янзын системтэй. Нэг нь карт уншуулах юм. Банкныхаа картыг уншуулаад талх авахдаа ч НӨАТ төлж байгаа шүү дээ. Тэгвэл үүний 20 хувь нь таны данс руу буцаад орно. Тэгэхээр бүх үйлчилгээндээ карт уншуулах болно. Энэ бололцоо нь манайд байгаа. Техникийн талаас асуудалгүй. Үүнийг хэрэгжүүлэх алхмуудыг Татварын ерөнхий газраас хийгээд эхэлсэн. Карт уншдаггүй газар талоноо уншуулна. Талоноор улс даяар том лото явах юм. Тэгэхээр хүн бүр талон аваад сурчихна. Харин талон өгдөггүй газар аяндаа зах зээлээс гарна. Сонгодог утгаар татвар төлж байгаа нь татварыг хянаж чаддаг. Энэ цагираг битүү болж эхэлнэ. Үр дүн нь 2017 оноос гарна. Тиймээс УИХ-ын 76 маань энэ долоо хоногт хуулиудаа батлаад өгөөсэй гэж хүсч байна. Тэгэхгүй бол бид хохирч үлдэнэ.

-Татварын өртэй компаниудыг Өршөөлийн хуульд хамруулаагүй нь нэг талдаа шүүмжлэл дагуулсан. Тэднийг өршөөх нь зөв үү гэдэг асуудалтай ч тулгарсан. Таны байр суурийг сонирхъё?

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн хуулийн голоор нэг хэсэг этгээд алга болчихлоо гэдгийг МАН-ын зүгээс тавьж байгаа нь зөв юм. Акт тавиулсан хүмүүсийг хуульд хамруулаагүй. Онолынхоо хувьд Өршөөлийн хуулиар орчихно гэтэл Татварын ерөнхий хуулийн 73 дугаар заалтыг оруулаагүй байна лээ. Тэгэхээр тэд хэлмэгдчихэж байгаа юм. Тэр улсуудыг энэ хоёр хуульд хамруулахгүй бол яриад байгаа сөрөг үр дагавар болно. Сайн ч муу ч татвартай харьцаж байгаа улсуудаа жагсаалын гадна гаргах гээд байна. Төслийг хэлэлцэх явцад засах болов уу.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Р.Эрдэнэцэцэг: Түрээсийн орон сууцны төлбөр нь тухайн өрхийн сарын орлогын 25 хувиас ихгүй байна

Зорилтот
бүлгийн иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах үүднээс “Түрээсийн орон сууц”
хөтөлбөрийг Засгийн газар баталсан билээ. Уг хөтөлбөрийн талаар Барилга, хот
байгуулалтын яамны Барилга нийтийн аж ахуйн бодлогын газрын дарга
Р.Эрдэнэцэцэгтэй ярилцлаа.

-“Түрээсийн
орон сууц” хөтөлбөрийн талаар эхлээд мэдээлэл өгөхгүй юу. Орон сууцны талбай
хэмжээ хэр зэрэг байх уу, санг нь ямар журмаар бүрдүүлэх вэ?

-Төрөөс
орон сууцны талаар баримтлах бодлого нь өөрөө нийгмийн халамжийн бодлогын
салшгүй нэг хэсэг байна гээд заачихсан. Энэ дагуу бид тодорхой үе шаттай арга
хэмжээнүүдийг аваад явж байгаа. Мөн Засгийн газрын 2012-2016 оны үйл
ажиллагааны хөтөлбөрт түрээсийн 1000 айлын орон сууцыг барих тухай заалт
тусгагдсан. Энэ арга хэмжээний хүрээнд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг
гаргаад Засгийн газрын 248 дугаар тогтоолоор батлуулсан. Энэ хөтөлбөрт
тусгагдсанаар Төрийн өмчийн орон сууцны сан байх бөгөөд ТОСК-ын дэргэд
бүрдүүлнэ. Мөн Орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны сан гэж байна. Үүнийг
аймаг, нийслэлийн Засаг дарга бүрдүүлнэ. Түрээсийн сууц нь барилгын норм дүрэм,
шаардлагыг хангасан 30-50 метр квадрат талбайтай байна. Хэрэв хувийн
байгууллагууд өрсдөө, түрээсийн орон сууц барих юм бол өрөөний доод хязгаар нь
30 метр квадратаас багагүй байна. Яагаад гэвэл, сүүлийн үеийн орон сууцнууд хүн
ая тухтай амьдарч болохооргүй, хэтэрхий жижигхэн байна. Тиймээс доод хязгаарыг
нь ингэж тогтоосон.

-Түрээсийн
орон сууцанд ямар хүмүүс хамрагдах боломжтой вэ?

-ТОСК,
Төрийн өмчит үйлдвэрийн газар, аймаг, нийслэлийн Засаг дарга нар түрээсийн орон
сууцанд хамрагдах шаардлага хангасан нийгмийн зорилтот бүлгийн хүмүүсийн
тодорхойлолтыг гаргах юм. Тухайн байр тэр иргэний өмч биш. Тиймээс хувийн орон
сууцтай адил бусдад худалдах, барьцаалах, бэлэглэх, өв залгамжлуулах эрхгүй.
Өөр хэн нэгэнд ч дамжуулж түрээслэх асуудал байхгүй гэсэн үг. Яагаад гэвэл тухайн зорилтот бүлэг өөрөө л орон сууцандаа
амьдрах ёстой гэж зааж өгч байгаа. Салбарын яам бол бодлогынхоо хүрээнд
түрээсийн орон сууц хөтөлбөрөө гаргачихлаа. Одоо Орон сууцны тухай хуульд
түрээсийн орон сууц гэдэг ойлголтыг оруулж өгөх ёстой. Бидэнд өмнө ийм ойлголт
байгаагүй шүү дээ. Дээрээс нь ямар хүмүүст хөнгөлөлт үзүүлж, түрээсийн орон
сууцанд хамруулах талаар нарийн журам гаргана. Тэгэхгүй бол бүгдээрээ
хавтгайраад хямд үнэтэй түрээсийн орон сууцанд амьдраад байж болохгүй.

-Сарын
түрээсийн төлбөр нь хэд байх вэ. Эндээс орж ирж байгаа хөрөнгийг юунд зарцуулах
уу?

-Энэ
бүгдийг журмаар зохицуулна. Түрээсийн орон сууцанд хамруулахын тулд Үндэсний
статистикийн хорооноос гаргадаг өрхийн нийгэм эдийн засгийн судалгаанд
тулгуурлана. Түрээсийн орон сууцны сарын төлбөр тухайн өрхийн дундаж
орлогын 25 хувиас хэтрэхгүй байх ёстой.
Тэгэхээр тэр тооцоо судалгаануудыг яам хийнэ гэж үзэж байгаа. Нэг метр
квадратын үнийн бодит өртгийг нь тооцож гаргаад, жил бүр индексжүүлэх замаар
тооцно. Ингээд барилгын үнэ бүрдлийн тогтолцоог нь бүрдүүлж явна гэж үзэж
байгаа. Тухайн иргэн амьдарч буй сууцынхаа ус, цахилгаан, дулааныг төлөхөөс
гадна түрээсийнхээ бага хэмжээний мөнгө төлөх ёстой. Тэгэхээр тэр мөнгийг хэд
байхыг индексжүүлэх замаар бид статистикийн газартай тогтоогоод явна. Тэр нь
ашиглалтын зардлаасаа гадна сард 100 мянгыг төлөөд явна гэдэг ч юмуу. Ингээд
явах боломжийг нь бас харгалзах ёстой.

-Түрээсийн
орон сууцыг яаж бүрдүүлэх вэ?

-Улсын төсөвт тусгаж нэг түрээсийн орон сууц
барьж болно. Дээрээс нь хувь хүмүүс буюу компаниуд барих нь нээлттэй. Хэрэв
компаниуд түрээсийн орон сууц барих юм бол газар, дэд бүтэц дээр нь хөнгөлөлт
үзүүлье гэж байгаа юм. Өмнө нь явж байсан журмынхаа дагуу тухайн барьсан
барилгын талбайн хоёр хувийг төр аваад иргэдэд түрээсийн орон сууцын сан
бүрдүүлэх журмаар олгож болох санааг өгсөн.

-Түрээсийн
орон сууцны хороолол гэж тусдаа байхгүй, шинээр баригдсан байрнуудад хуваарилна
гэж дуулдаж байсан. Энэ асуудал яаж шийдэгдсэн бэ?

-Бидний
барьж байгаа нэг зарчим бол түрээсийн орон сууцыг хорооллоор байлгахыг бодохгүй
байгаа. Нийгмийн зорилтот бүлгийнхнийг ялгасан асуудал үүсэх вий гэхээс
болгоомжилж байгаа юм. Нэг хорооллын 2-3 орон сууц нь түрээсийнх байхаар
зохицуулж байгаа.

-Одоо
бэлэн болсон байр бий юу?

-Нийслэлээс
Зуун айлын орчимд 300 айлын түрээсийн орон сууцыг барьж ашиглалтад оруулсан.
Одоо Баянзүрх дүүрэгт 1300 айлын түрээсийн орон сууцыг барьж байна. Барилга,
хот байгуулалтын яам, хотын захиргаа, “Гангар Инвест” компанитай хамтраад гурвалсан гэрээ хийгээд
явж байна. Өнөө жил эхний ээлжинд 168 айлыг оруулахаар төлөвлөж байгаа. Аймаг
орон нутагт ч гэсэн өөрсдөө түрээсийн орон сууцыг барьж ашиглалтад оруулах
боломж нь бүрдэж байгаа гэж хэлж болно.

-“Түрээсийн
орон сууц” хөтөлбөрийн хүрээнд хичнээн айлын орон сууц барих шаардлагатай
байгаа вэ?

-Түрээсийн
орон сууцны сан бүрдүүлээд, эрх зүйн орчныг нь бий болгож өгснөөр нийслэлд 16
мянга, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдэж болох юмаа
гэж тооцож байгаа. Цааш цаашдаа энэ их ач хобогдолтой гэж үзэж байгаа. Гэр хорооллын
дахин төлөвлөлтөд орсон айлуудыг түр суурьшуулах орон сууцыг бий болгож байна.
Дээрээс нь ипотекийн зээлд хамрагдах зорилготой залуу гэр бүлүүд хямд үнэтэй
түрээсийн орон сууцанд амьдрах хугацаандаа хуримтлал үүсгэх боломжтой. Одоо бид
зөвхөн агаарын бохирдол гээд хөрсний бохирдлыг ярихгүй байна. Гэр хороолол
тэлэх тусам хөрсний бохирдол тэр хэмжээгээр үүсээд байна гэсэн үг. Яагаад гэвэл
айл болгон хашаандаа нойл барьж байгаа. Хэрэв бид орон сууц бариад эсвэл гэр
хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж, нэгдсэн цэвэр, бохир усны сүлжээтэй болвол
агаарын бохирдол буурахаас гадна хөрсний бохирдол буурч эрүүл ахуйн нөхцөл
сайжрах ач холбогдолтой. Тиймээс бид үүнийг ч гэсэн судалж үзэж тооцсон байгаа.
Мөн Засгийн газрын тогтоолоор хөтөлбөрийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг төлөвлөгөөг
баталсан. Иймд журмаа аль болох боловсруулж гаргана.

-Манай
улсад хичнээн өрх орон сууц хөлслөн амьдардаг юм бол?

-Судалгаагаар
2013 онд 18.4 мянган өрх байсан. 2014 онд 22.6 мянга болж нэмэгдсэн байгаа юм.
Энэ бол зайлшгүй энэ хөтөлбөр гарах үндэслэл болсон. Бид эрэлт нийлүүлэлтийн
судалгааны үндсэн дээр “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг гаргаж байна.

-Түрээсийн
орон сууцанд орсон өрх тэндээ хэдэн жил амьдарч болох вэ?

-Яг
хэдэн жил гэдгийг хөтөлбөр дээр заагаагүй. Гэхдээ тэр хүн насаараа байх нь
хэцүү болохоор аль болох хуримтлалаа үүсгээд өөрийн гэсэн орон сууцтай болохыг
хичээх хэрэгтэй. Яагаад бид талбайн хэмжээ зааж өгч байгаа вэ гэвэл тансаг
зэрэглэлийн байр биш шүү дээ. 80 мкв-аас дээш түрээсийн байр байна гэвэл энэ
чинь утгагүй асуудал. Энд аль болохоор
залуу гэр бүл, ахмад настан, нийгмийн боломжгүй хэсгийг хамруулах зорилготой
учраас ингэж талбайн хязгаар заасан.

-Манайхан
гадаадын иргэдэд гэхээр байраа өндөр үнээс түрээсэлдэг. Тэгвэл төрөөс явуулж
байгаа түрээсийн орон сууцанд гадаадын иргэд хамрагдаж болох уу?

-Монголд
ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдэд энэ нь нээлттэй. Эрх зүйн орчин нь
байж байгаа. Тэгээд ч түрээсийн орон сууцыг төр дангаараа бариад ашиглуулах
тухай хөтөлбөрт тусгаагүй. Хувийн хэвшлийнхэн ч оролцож болно. Тиймээс тэдэнд
түрээслүүлэх эрх нь байгаа.

-Ер
нь энэ хөтөлбөрийг барилгын компаниуд хэр зэрэг сонирхож байна вэ. Тэдний
барьсан түрээсийн орон сууцны үнийг яаж тогтоох юм бол?

-Одоо
бид метр квадратыг нь зааж өгч байгаа. Түрээсийн үнийг гэрээгээр зохицуулах
асуудлыг журмаар зохицуулна. Зах зээлийг хэт хумиад байж болохгүй. Сарын
түрээсийн төлбөрийг 200 мянган төгрөгөөр тохирчихоод байхад нь төр хөндлөнгөөс
оролцож, 100 мянгад барина гээд тулгаад байж болохгүй. Тиймээс ТОСК-ын
түрээсийн орон сууц дээр бид журмын дагуу хязгаар тавина.

Ер нь
бол барилгын компаниуд энэ хөтөлбөрт хамрагдах сонирхолтой байгаа.

-Өмнө
ипотекийн зээлд хамрагдаж байсан болон байртай иргэдэд түрээсийн орон сууцанд
орох эрх бий юу?

-Ерөнхийдөө
бид орлогын түвшинг хараад зорилтот бүлгийг тодорхойлно. Өөрийнхөө байрыг
үнэтэй түрээслээд оронд нь хямд түрээсийн байранд орох ийм асуудал байж
болохгүй. Судалгаагаар Монголд 50, 60 байртай ч хүмүүс байгаа шүү дээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Д.Дэлгэрцогт: Тавдугаар цахилгаан станцын нэмэлт гэрээнүүд есдүгээр сард зурагдсанаар бүтээн байгуулалтын ажил эхэлнэ

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогттой ярилцлаа.

-Наадмын дараа намар гэдэг. Эрчим хүчний салбар өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн базааж байна даа?

-Манай салбарын хувьд өвөлжилтийн бэлтгэлийг жилийн жилд зуны улиралд хийдэг давтамжтай ажил. Өнөө жилийн хувьд ч мөн адил Сайдын тушаал нэгдүгээр сард гараад, ажлын хэсэг байгуулагдсан. Эх үүсвэр болох станцууд, дамжуулах, түгээх сүлжээний компаниуд өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд хийгдэх ажлуудаа яамаар батлуулдаг. Наадмын дараагаас бид өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгаад явж байна. Одоогийн байдлаар 50 гаруй хувийн биелэлттэй байна. Гол ажлууд нь эрчимтэй явагдаж байгаа. Томоохон ажил гэвэл Амгалангийн дулааны станц юм.

-Өнгөрсөн долоо хоногт энэ станцын ажлын явцтай Ерөнхий сайд танилцаж хөрөнгө мөнгөтэй холбоотой үүссэн асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж, үүрэг даалгавар өгсөн?

-Тэгсэн. Амгалангийн дулааны станц бол зөвхөн дулааных. Гэхдээ 348 мегаваттын килкалор дулаан үйлдвэрлэнэ. Иж бүрнээрээ баригдаж байгаа уг станц гурван зуухтай. Эндээс хоёр гол магистрал шугам гарна. Хойд тал руугаа 800 метр, 700 мм-ийн голчтой дулааны шугам 14 дүгээр хороолол хүртэл гарч байгаа. Харин урд тал руугаа 4.2 км урттай шугам гарсан. Мөн станцыг цахилгаанаар тэжээх Амгалангийн дэд станц бий. Эндээс 350 метрийн цахилгаан дамжуулах агаарын шугам татсан. Түүнчлэн станцын талбай дээр дэд станц байгуулсан. Бохир,цэвэр усны шугам ч татсан байгаа. Дээрээс нь төмөр замын өргөтгөлийг хийсэн. Төмөр замын хуучин шугамыг ачаалал нь нэмэгдэж байгаатай холбогдуулаад зорчих хэсгүүдийг засварлах ажлыг төмөр замын газар, Зам тээврийн яамтай хамтраад хийсэн.

-Хотын зүүн бүсийг дулаанаар хангах Амгалангийн станц өнгөрсөн жил ашиглалтад орно гэж хүлээлт үүсгэж байсан ч амжаагүй. Энэ өвөл бүрэн хүчин чадлаараа ажиллана биз дээ?

-Энд хийгдсэн хамгийн том ажил бол газар чөлөөлөлт байсан. Улаанбаатар хот маш их хүч, хөрөнгө зарсан. Амгалангийн дулааны станцыг барих шийдвэр 2013 оны нэгдүгээр сард гарсан. Тавдугаар сараас нь ажил эхлэх ёстой байсан. Харин газар чөлөөлөлт явагдаад тухайн онд станцын бүтээн байгуулалтын ажил төдийлөн хийгдэж чадаагүй. Наймдугаар сарын эхээр ажил эхэлсэн. Манай зуны улирал бага. Ерөнхийдөө 2014 оны зун бүтээн байгуулалтын ажил явагдсан. Сараар нь тооцох юм бол 18 сард багтааж энэ станцыг барих ёстой юм. Энэ өвөл бүрэн хүчин чадлаараа ажиллана. Одоогийн байдлаар 95 хувийн биелэлттэй байна. Зарим ажлууд нь 98, 99 хувьтай байгаа. Бүтээн байгуулалтын ажил бол үндсэндээ хийгдчихсэн. Одоо тохируулга, дотоод зохицуулалт, зам, бусад засварын холболтын үйл ажиллагаанууд үлдсэн байгаа. Үүнд Засгийн газраас онцгой анхаарал хандуулж, 3.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргаж байна. Ерөнхий сайд холбогдох байгууллагуудын дарга нарт үүрэг, чиглэл өгсөн. Энэ станц ашиглалтад орсноор нийгэмд маш том ач холбогдолтой. Хотын зүүн талын дулаан хангамжийг хийнэ. Ингэснээр “ТЭЦ-3”-аас гарч байгаа дулааны ачаалал нь багасна. Төвийн дулаан хангамжийн чанар ч сайжирна.

-Улаанбаатар хотод барилга байгууламж нэмэгдэж, цахилгаан, дулааны хэрэглээ өсч байгаа. Энэ хэрээр өвөлдөө зарим газруудын халаалт муу байдаг зэрэг асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Үндсэн тойруулал өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангана гэж тооцож байгаа. Хотын төвийн зарим хэсэгт дулааны асуудал хүндрэлтэй байдаг. Учир нь шигүү баригдсан тодорхой хэсгүүдэд шугамынх нь даац хүнд гэсэн үг. Түүнээс ерөнхий том утгаараа дулаан хангамж найдвартай болсон.

-Хотоос зайдуу баригдаж буй шинэ хорооллуудад шугам хоолой нь очихгүй, барилгын ажилд саад болж байгаа юм биш үү. Тухайлбал, “Буянт-Ухаа-2” хороололд шугам очоогүй гэж мэдээлээд байгаа?

-2014 онд Засгийн газрын 18 дугаар тогтоол гарч эрчим хүчний салбарт шинэ бүтээн байгуулалтууд хийж эхэлсэн. Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Улаанбаар хот, тэр үеийн Эдийн засгийн хөгжлийн яам хамтраад нэг баг болж удирдах хороогоо байгуулаад нийтдээ 400 тэрбум төгрөгийн өртөгтэй бүтээн байгуулалтын ажил эхлүүлсэн. Дотроо хариуцах хэсгээрээ салсан. Эрчим хүчний салбарт гэхэд 200-гаад тэрбум төгрөгийн өртөгтэй нийтдээ 22 ажил төлөвлөгдсөн. Энэ хүрээнд “ТЭЦ-3”, “ТЭЦ-4” гээд томоохон эх үүсвэрээс гарч байгаа магистрал шугамуудыг шинэчилсэн. Манай улсад 1200 мм-ийн голчтой магистрал шугам байхгүй байсныг анх удаа тавьсан. Буянт-Ухаа, Яармаг гээд шинэ хорооллуудад ерөнхий магистрал шугамууд нь очсон. Тэндээс салбарлаад хорооллууд руугаа явна. Цахилгааны хангамж ч ялгаагүй.

Улаанбаатарын хувьд төлөвлөж байгаа гол юм бол Их тойруу. Энэ Их тойруутай холбогдолтой дэд станцуудын нэлээд хэсэг нь баригдчихсан. Шинэ хорооллуудын төлөвлөлттэй холбоотой хийгдсэн ажил л даа. Баянголын ам руу шинэ хороолол төлөвлөгдөж байсны дагуу тийшээ дэд бүтцийн ажил нь хийгдчихээд байхад барилга нь баригдаагүй л байна. Энэ мэтчилэн зарим хэсэгт их хөрөнгө зарчихсан байхад зарим газарт ачаалал өндөртэй байгаа.

-Эх үүсвэрүүд болох томоохон станцуудын насжилт өндөр. Үүнээс болж цахилгаан, дулаан доголддог. “ТЭЦ-5” буюу Тавдугаар цахилгаан станц гээд шинээр эх үүсвэр барих асуудлууд юу болж байна?

-Эрчим хүчний салбар эх үүсвэрүүдээс гадна дамжуулах, түгээх системдээ ч насжилт өндөртэй. Гэхдээ сүүлийн үед шинэчилж байгаа. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк Германы томоохон төслийн санхүүжилтээр хэсэгчилсэн шинэчлэлтүүд хийсэн. Бидний зовлон бол жилийн жилд засвар үйлчилгээний ажил хийдэг. Ер нь эрчим хүчний салбарын ерөнхий тоноглолуудыг орчин үеийн болгох зайлшгүй шаардлагатай. Шинэ найдвартай ажиллагаатай, барууны орчин үеийн технологид суурилсан шинэ эх үүсвэр барьж, дамжуулах, түгээх сүлжээ үүсгэх ёстой. Энэ хүрээнд хийгдэх хамгийн том ажил бол “ТЭЦ-5”-ын асуудал байгаа. Орчин үеийн шинэ эх үүсвэрүүд бий болчихвол тасралтгүй ажиллана. Манайдаа сайнд тооцогдох дөрөвхөн станцад хангалттай засвар шинэчлэл хийгээд явж байгаа ч хурд технологийн хувьд хуучин оросынх. Тиймээс байнгын засвар үйлчилгээ ихээр шаарддаг. Үүнийг эрчим хүчний энергийн талаас аваад үзэхэд бүтэц нь тун хэврэг болдог. Өөрөөр хэлбэл, зуны улиралд гэхэд манай импорт өсдөг. Өвлийн оргил ачаалалд гайгүй. Яагаад гэвэл бүх эх үүсвэр нь ажилладаг учраас ямар нэгэн аваар ослын онцгой үед холболтуудаа хийдэг. Зуны улиралд эсрэгээрээ засвар үйлчилгээ хийж байгаа учраас импортын цахилгаан хэрэглэдэг. Цаашид томоохон бодлогын үйл ажиллагаанд анхаарах шаардлагатай байгаа. Энэ үүднээс Эрчим хүчний төрөөс баримтлах бодлогод нэлээд зүйлийг суулгаж өгсөн. Мэдээж шинэ эх үүсвэрүүдийг сонирхдог. “ТЭЦ-5”-ын үйл ажиллагаа 2014 оны зургадугаар сард хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрээ байгуулсан. Энэ долдугаар сарын сүүлчийн өдрүүдэд бусад гэрээнүүдийг зурахаар төлөвлөж байгаа. Ерөнхий сайдаас үүрэг даалгавар өгсний дагуу шахуу ажиллаж байна. Одоо хэдхэн хоног үлдлээ. Есдүгээр сард нэмэлт гэрээнүүд нь явна. Цаашдаа санхүү босгох бусад ажлууд нь эрчимтэй явагдаад “ТЭЦ-5”-ын асуудал бүтээн байгуулалтынхаа ажил руу орох бололцоо бүрдэнэ.

-Эгийн голын усан цахилгаан станц барих асуудалд Засгийн газрын зүгээс хөнгөлөлттэй зээлийг ашиглах шийдвэр гаргасан. Ажил нь ямар шатандаа явна. Нэмээд Багануур, Таван толгойн цахилгаан станцуудын ажлын талаар ч асуумаар байна?

-Оюу толгойн асуудал харьцангуй шийдэгдэж байна. Энэ үед Таван толгойн станц баригдах, санхүү босгох ажил гадны хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа. Тийм учраас боломжууд нь өсч, гэрээ хэлэлцээрүүд нь сайжраад, хөрөнгө оруулалт, шалгаруулалтаа хийгээд явах бололцоо бүрдсэн. Төслийн нэгж ажиллаж байна. Эгийн голын усан цахилгаан станц дээр мөн ялгаагүй төслийн нэгж ажиллаж байгаа. Сангийн яам, бусад холбогдох байгууллагуудтайгаа нийлээд Хятадын талтай эрчимтэй ажиллаж байна. Багануурын цахилгаан станц байна. Энэ ажил сүүлийн үед эрчимтэй явагдаж байна. Эхнийх нь гэрээ хэлцлүүд байгуулагдсан. Бусад дагалдах гэрээ хэлцлүүдэд ажлын хэсэг ажиллаж байгаа.

-Манай орон байгалийн шавхагдашгүй нөөц болох нар, салхиа ашиглаж, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж чадвал хөрш орнууд руу экспортлох боломжтой гэж байсан. Ерөнхийлөгчийн зүгээс дэвшүүлсэн “Гобитек” санаачилга хэрхэн ажил хэрэг болж байна?

-Сэргээгдэх эрчим хүч дэлхий нийтэд тун чухал асуудал болоод байгаа. Шавхагдашгүй нөөц гэдэг утгаараа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах томоохон бодлого дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад идэвхтэй явж байна. Монгол Улс ч үүнээс хоцрохгүй бас өөрийн гэсэн санаачилгууд гаргаж байна. Жишээлбэл, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Гобитек” санаачилга гаргасан. Манай говьд нарны болоод салхины асар их нөөц бий. Энэ их нөөцөөр эрчим хүч үйлдвэрлэлээ гэхэд дотоод хэрэглээ бага. Тиймээс бид “Гобитек” хэмээх том санаачилга дээр тулгуурлаж, хэрэглээ өндөртэй Япон Солонгос зэрэг орнууд руу эрчим хүч нийлүүлэх боломжтой. Улмаар Азийн супер сүлжээ гэдэг гольцоо үүсгэх бололцоотой юм. Энэ тал дээр эрдэмтэд ажиллаж байгаа. Мөн БНХАУ-тай экспортын зориулалттай том чадлын станц барих асуудлын хүрээнд хоёр тал ажиллаж байна. Нүүрсэн дээр суурилсан том станц байлаа ч гэсэн тодорхой хувьд нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр байх нь зөв. Бодлогын энэхүү чиг хандлагыг бодит ажил болгох тал дээр гэрээ хэлэлцээр хийхэд нь зайлшгүй анхаарч явах нь чухал. Тиймээс хамтарсан ажлын хэсэг байгуулах асуудал ч яригдаж байгаа. Ирэх наймдугаар сарын 4-нд БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооны эрчим хүчний удирдах газрын удирдах албан тушаалтнууд манай оронд ирнэ. Ажлын хэсгийн хамтын ажиллагааны хүрээнд бид асуудлуудаа ярина.

-Та дээр зуны цагт өвлийнхөөс илүү эрчим хүч импортолж авдаг гэлээ. Гэтэл ОХУ-аас импортолж авч байгаа эрчим хүчний үнэ нэмэгдсэн байна. Импортын үнийг тогтвортой байлгах тал дээр ямар бодлого баримтлах вэ?

-Эрчим хүчний үнийн асуудалд ОХУ-ын Засгийн газар гэхээсээ илүү тэнд тодорхой аж ахуйн нэгж, хувь хүмүүс байгаа. Тэд бизнесийн зорилгоор эрчим хүчээ худалддаг. Бид дотоод боломжоо нэмэгдүүлж байгаа учраас тус улсаас авах эрчим хүчээ багасгасан. Гэтэл Оросын талын компани эрчим хүчнийхээ үнийг өсгөөд байна. Тэгэхээр энд хичнээн багасгаад ч төлөх төлбөр нь адилхан байгаа л даа. Энэ асуудалд нэлээд яриа хэлэлцээр хийх шаардлагатай. Тэгэхээр бид Оросын талтай эрчим хүчний үнийг урт хугацаанд тогтвортой байлгах асуудлыг нэлээд ярьж байна. Үүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УФА-гийн уулзалтад орох үеэрээ ч хөндсөн байна лээ. Тэгэхээр бид бас дэвшил гаргахыг хичээж ажиллах болно. Хоёр талын хичээл чармайлтаар харилцан зөв ойлголцох асуудал юм л даа.

-Эрчим хүчний үнийг чөлөөлөх УИХ-ын 72 дугаар тогтоолыг хаврын чуулганаар Эдийн засгийн байнгын хороо авч хэлэлцэж байсан. Тус байнгын хороо тогтоолыг хэрэгжүүлэхийг дэмжсэн шийдвэр гаргасан байх аа. Эрчим хүчний үнэ чөлөөлөгдвөл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч дагаад өсөх эрсдэлтэй. Энэ асуудалд салбарын яамны зүгээс ямар бодлого баримталдаг юм бол?

-УИХ-ын 72 дугаар тогтоолд Засгийн газрын зүгээс одоогийн эдийн засгийн нөхцөл байдал иргэд аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн хэрэглээний өртөг, амьдрал ахуйд нь сөрөг нөлөө үзүүлэх асуудал учраас болгоомжтой хандаж байгаа. Гэхдээ энэ нь эрчим хүчний үнийг чөлөөлөхгүй гэдэг үг биш. Чөлөөлөх гэдэг ойлголтыг хэрэглэхгүй байгаа. Аль болох зохицуулалт, үр ашиг муутай байдлыг арилгах, эрчим хүчийг хэмнэлттэй ашиглаж, хэрэглэх тал руу, тэрийг урамшуулсан үнэ тарифийн зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлж байгаа. Тийм учраас судалгаа байнга хийгддэг. Хэрэглэгчид хүргэж байгаа дамжуулах, түгээх сүлжээний зардлыг одоогийн мөрдөгдөж буй үнэ тариф нөхөхгүй байна. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчин дээр гэхэд Салхитын 50 мегаваттын цахилгаан станцыг авах нь сайн хэрэг боловч нөгөө талдаа төвийн эрчим хүчний системд нийлүүлж буй үнэ нь хамаагүй өндөр. Тиймээс жилдээ 12 орчим тэрбум төгрөгийн зөрүү гардаг. Үүнийг төр даахаас өөр аргагүй. Эрчим хүчний нэгдсэн зохицуулалтаасаа л хийнэ шүү дээ.

-Саяхан цахилгааны үнэ нэмэгдсэн. Энэ нь эрчим хүчний үнийг чөлөөлөх зохицуулалтын бодлогын хүрээнд хийгдсэн ажил гэж ойлгож болох уу?

-Эрчим хүчний үнэ тарифийг Эрчим хүчний зохицуулах хороо шийдвэрлэдэг. Тус хорооноос ойрын өдрүүдэд зохицуулалтын шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулаад зарим үнэ тариф өөрчлөгдөж байгаа. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг баталлаа. Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбогдуулаад бодлогын хоёр том шийдэл бий. Нэг нь чадлын тариф гэдэг ойлголтыг нэвтрүүлнэ. Томоор нь харвал манай эрчим хүчний хэрэглээнд найдвартай, баталгаатай ажилладаг үйлдвэр цөөхөн байна. Ихэвчлэн ахуйн хэрэглээнд суурилдаг. Энэ нь бүтцийг өөрийг нь хэврэг болгодог. Найдвартай төчнөөн чадлын эрчим хүч авна гэчихээд тэр бүтээн байгуулалт нь хийгдэхгүй байх явдал бий. Тиймээс энергийн баланс нь алдагддаг учраас барууны орнууд ихэвчлэн чадлын тариф хэрэглэдэг. Бид энэ ойлголтыг хуулиараа оруулж ирсэн. Удаах гол асуудал нь Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд дэмжих тариф гэдгийг оруулсан.

Тодруулбал, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих юм. Шаардлагатай бол төр засгаас татаас өгнө. Тэгж байж сэргээгдэх эрчим хүчийг дэмжихгүй бол хөрөнгө оруулагчдад ашиггүй байхаар тэд энэ салбарт орж ирэхгүй. Тиймээс ашигтай байдал үүсгэхийн тулд дэмжих тариф гаргаж ирэх нь зүйтэй. Үүнтэй холбогдсон өөрчлөлтүүд байгаа. Зарим нь бодит өртөг рүү нь дөхүүлэхийг хичээсэн өөрчлөлтүүд ч бий.

-Өнгөрсөн тавдугаар сард цахилгаан станц тэг зогсолт хийж, нийслэл даяар гэрэл тоггүй болсон. Санаатай үйлдэл гэж тайлбарлах нэг хэсэг байхад эрчим хүчний салбар ийм найдваргүй байна гэх шүүмжлэлд ч өртөж байсан. Энэ асуудалд таны тайлбарыг сонсмоор байна?

-Тухайн үед янз бүрийн мэдээлэл гарсан. Гэхдээ эрчим хүчний салбар бол хагас цэрэгжсэн зохион байгуулалттай. Бид цаг тухайд нь ажлын хэсэг гаргаад аваарын нөхцөлд хэрхэн ажилладаг тэр схемээр л ажилласан. Улиастайд байдаг дэд станц дээр гал гарснаас үүсэлтэй л дээ. Бид маш том дүгнэлтүүд хийж байгаа. Одоо болтол зарим зүйлийг задалж үзэж байна. Станцын хувьд тэг зогсолт хийнэ гэдэг бол хүнд. Тийм учраас буцаад бүх хамгаалалтууд ажиллаж байх ёстой. Юуны алдаа байгааг нарийвчилж үзэж байна. Томоохон өөрчлөлт, шинэчлэлт хийх зайлшгүй шаардлага гарна. Мэргэжилтнүүдийн хийсэн дүгнэлтээс харахад тийм санаатай халдлага болсон гэж харагдахгүй байгаа.

М.Мөнхцэцэг

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгүүлч С.Баттулгыг баривчилж буй нь Ардчилсан намын нэр хүндийг гутаах гэсэн хууль шүүхийнхний ажил бололтой

Сэтгүүлч С.Баттулгыг эх сурвалжтай нь хамт баривчлаад хорьчихсон. “Ноёд” группээс гаргасан сэрэмжлүүлгийг сайтдаа байршуулсных нь төлөө түүнийг одоогоос нэг жилийн өмнө хууль бусаар 32 цаг хорьж байв. Буух эзэн, буцах хаягтай тов тодорхой мэдэгдлийг нийтэлсэн атал гэмт хэрэг үйлдсэн хэмээн сэтгүүлч бүсгүйг буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэжээ. Улмаар түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөнд халдсан ноцтой явдал байлаа. Харамсалтай нь Монголын хууль хяналтынхан үүнд дүгнэлт хийхийг хүссэнгүй. Түүнийг дээрх асуудлаар хоёр дахь удаагаа, олон хоногоор цагдан хорих хууль бус шийдвэрийг өнөө жилийн Үндэсний их баяр наадмын өмнөхөн гаргасан юм. Мөн С.Баттулгын нийтэлсэн мэдээллийн эх сурвалж болох Г.Буяндоржийг ч саатуулаад авсан. Ардчилсан засаглалтай Монгол Улсад анх удаа сэтгүүлчийг эх сурвалжтай нь хорьж, цагдаж буй уг явдал нийгмийг гайхшруулж байна. Шуудхан хэлэхэд энэ бол Ардчилсан намын нэр хүндийг нийгэмд гутаан доромжлох гэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа. “Ард түмний итгэл хүлээлгэж, төрд гаргасан нам нь ийм өөдгүй зан гаргаж, та нарын эсрэг турхирч байна шүү” гэж АН-ыг муухай харагдуулахыг оролдсон ядмагхан заль юм даа.

Хорвоогийн буруу, зөвийг дэнсэлж, зөвхөн чин үнэнч, шударгаар ажиллахаа амлан тангараг өргөж, Монгол Улсынхаа туганд мэхийн сөгддөг хууль, шүүхийнхний гишгэлт бүрийг энгийн иргэд анхааралтай ажиглаж суудаг. Гаргасан шийдвэр болгон нь хаашаа хазайж, үнэний дэнс хэрхэн дийлж байгаа нь ч ард түмний нүдэнд ил байдаг болохоор түвэггүйхэн “шүүчихнэ”. Тиймдээ ч тэдний явуулж буй үйл ажиллагаа, гаргасан шийдвэрүүд нь санаандгүй эсвэл бодлогогүй алхам байжээ гэдэгт итгэх хүн байдаггүй. Малын хулгайчид л үнэмшдэг байх. Уг нь хууль шүүхийнхэн хэн нэгэн албан тушаалтан, эрх мэдэлтний нөлөөнд орохгүй, бие даасан хараат бус ажиллах ёстой салбар. Гэтэл энэ бол зүгээр л үлгэр юм байна гэдгийг болж буй үйл явдлууд тод харуулсаар. Дээрээс нь хууль шүүхийнхэн авлигыг хамгийн их өөгшүүлсэн гэдгээ өөрсдөө зарлачихсан шүү дээ. Авлигаас ангид байхын тулд цалингаа нэмүүлэх гаргалгааг эрэлхийгчид юм, тэд. Үнэндээ хууль шүүхийнхэн бүх зүйлийг санаатайгаар, бодлоготойгоор, урьдчилан төлөвлөж, зохион байгуулалт­тайгаар хийдэг. Энэ салбарын дунд шатныхан цэнхэр тугтай бүдүүлгүүдэд үнэн голоосоо дургүй. Хууль шүүхийнхний хэд хэдэн үе дамжсан, удам залгасан нөхдүүд зөвхөн Ардын намдаа л хайртай. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суухав гэгчээр тэднийг ингэж хардах болсон үндэслэл өөрсдөөс нь улбаатай. Дан ганц сэтгүүлч С.Баттулгад тохиолдоод буй явдалтай ч холбоотой биш. Түүн дээр явуулсан зохион байгуулалттай ажиллагаа шиг үйл явдал урьд нь олонтаа давтагдаж байсан гашуун түүх бий. Ардчилсан нам Монголын парламентын түүхэнд хоёр удаа олонхи болж төр барьсан. Энэ хугацаанд ардчилсан хүчний нэрийг сэвтүүлж, хийсэн гавьяаг нь баллуурдах гэсэн оролдлого бүрийг хамгийн ихээр уухайлагчдыг ард түмэн ч андахгүй. Ардчилсан намыг засаг барьж байх тэр үед юу болсныг эргэн саная.

1996-2000 онд Ардчилсан нам дангаараа УИХ-д 50 суудал авч, олонхи болсон. 1998 оны аравдугаар сарын 2-нд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан. Өнөө маргаашгүй Ерөнхий сайдын албан тушаалд томилогдох тухай шум гараад байхад ийн харамсалтайгаар бусдын золиос болсон юм. Бүхэл бүтэн 17 жилийн нүүр үзсэн энэ хэргийн гогцоо одоо болтол тайлагдаагүй. Харин хэрэг дээр ажилласан, талийгаачтай урьд нь ямар нэгэн сэжмээр холбоотой байсан гэгдэх хүмүүс амиа алдсан тухай жагсаалт гарсан нь ч бий. Тэр жагсаалтад хэргийн мөрдөн байцаагч, прокурор, гэмт этгээдийг анх харсан гэгдэх жирийн иргэн, таксины жолооч гээд 20 орчим хүн учир битүүлгээр хорвоог орхицгоосон гэж тэмдэглэсэн байдаг юм билээ. Ерөөсөө С.Зоригийн хэргийг илрүүлэхийг манай хуулийнхан хүссэнгүй. Тэд огт хөдөлж өгөөгүй. Тэр бүү хэл “Ардчилсан нам төр барьж байгаа цагт С.Зоригийн хэрэг илрэхгүй” гэсэн мессэжийг ард түмэнд өгч байсан юм. Ардчиллынхан төрийн эсрэг байсан мэтээр хуулийнхан харагдуулж чадсан. Тэд ийм л хүмүүс. Нөгөө талд талийгаач С.Зоригийн амиа алдсан явдал зарим нэг олз хайгчдад аманд нь орсон шар тос мэт болж байв. Тухайлбал, 2000 оны сонгуульд зарим нэг нэр дэвшигч нийгэмд хүлээлт дагуулсан энэ хэргийг далимдуулж, “Намайг сонговол С.Зоригийг хөнөөсөн этгээдийг илрүүлнэ” гэхчилэн лоозогнож, уриагаа болгон шоудаж байсан удаатай.

С.Зориг амиа алдсанаас нэг жилийн дараа буюу 1999 онд Казиногийн хэрэг мандсан. УИХ-ын гишүүдийн 80 орчим хувийн дэмжлэгтэйгээр батлагдаж байсан энэ хууль олонхийн саналаар унах нь тэр. Дараагийн ээлжит сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдээд байхад тухайн үеийн МАХН болох одоогийн Ардын намын тэргүүтэй УИХ-ын нэр бүхий гишүүд Казиногийн хуулийг хүчингүй болгуулах ажиллагаа явуулсан юм. Судлаачдын тэмдэглэснээр С.Зоригийн хэрэг илрэх магадлал өндөр байсан учраас Казиногийн хэргийг зохиомлоор үүсгэж, өндрийг нь авахуулсан гэх юм билээ. Ийнхүү Монголын түүхэнд анх удаа Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг энэ хэрэгтэй холбогдуулан түтгэлзүүлж байв. Одоогийн НИТХ-ын дарга Д.Баттулга, баригадын генерал Д.Энхбаатар, тухайн үеийн Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд С.Батчулуун агсан нарыг казиногийн хэргээр хоморголон шоронд хорьж байсан юм.

Харамсалтай нь С.Батчулуун сайд хоригдож байх хугацаандаа нас барсан. Харин Казиногийн хэрэгт нэр нь холбогдон ганц нэг удаа асуугдаж байцаагдаж байсан МАХН-ын хэд хэдэн гишvvн ямар ч ял зэмгvй өнгөрч байсан нь хэн бүхэнд сэжиг төрүүлдэг. Тэр үеийн МАХН-ын нарийн бичгийн дарга асан Б.Энхмандахын нэр ч дуулдаж байсан санагдана. Тэрбээр 25 саяыг авлигаар биш зээлээр авсан гэж гvрийхэд хуульчид “итгэж” мань хvнийг сулласнаар барахгүй Их Британид дипломат ажил эрхлүүлэхээр томилж байсан. Түүнээс гадна МАХН-ын хэд хэдэн гишүүний нэр дуулдаж байгаад намжсан байдаг.

Ингээд 2000 оны сонгуульд МАХН буюу өнөөгийн Ардын нам УИХ-д 72 суудал авсан юм. Өмнөх парламентад нь сөрөг хүчин болоод сууж байсан Ардын намынхны явуулсан хор уршиг нь ийм л байна. Нэг ёсондоо хууль, хяналтынхныг ашиглаж санасандаа хүрч чаджээ. Тэд төрийн эрхийг аваад тендер, газар, лицензийн наймааг жинхэнэ цэцэглүүлсэн. Өөрсдийнхөө бохир бизнесийг гүйцэлдүүлэхийн тулд увайгүй башир арга хэрэглэдэг нь одоо ч хэвээр. Ардчилсан хүчнийг дараагийн сонгуульд ялахаас болгоомжилж “Хамгийн муу ёрын нам” болгон харагдуулж, нийгэмд ийм сэтгэхүйг суулгахыг оролдож байна. Ардчилсан намыг улс төрөөс арчиж, нийгэмд байхгүй болгох Ардын намын ажиллагааг хууль шүүхийнхэн зохион байгуулалттайгаар гүйцэлдүүлдэг. Тэд өөрсдийнхөө бусармаг үйлдэлдээ бат итгэлтэй байдаг бололтой. “Тэртэй тэргүй дараагийн сонгуульд Ардчилсан нам ялагдана” гэсэн хандлагаар засаг төр барьж байгаа эрх баригч намынхаа удирдлагуудын үгэнд орохоо больдог нь гэм биш зан болжээ. Хууль, шүүхийнхэн яг одоо энэ өнгөндөө орж ирж байна. Үндсэндээ хууль шүүх, цагдаагийнхан гол зорилгоо Ардчилсан намын нэрийг уландаа гишгэхэд чиглүүлж, төрийн эсрэг ажиллаж эхэлдэг.

Өмнө нь тэд Хууль зүйн сайдаа шоронд хорьж, хөнөөсөн. Тэгвэл Ардын намын нөхөд иймэрхүү зүйлд орооцолдлоо гэхэд яах бол. Хууль зүйн сайд байсан Ц.Нямдоржийг ингэж чангалж чадах болов уу. Арай ч шоронд илгээчихгүй, ихэд хайрлана даа. Ардын намын хуучцуул болон багачуудын хийсэн балмад танхай явдал, дээрэм луйвар гээд хууль зөрчсөн явдал нь өнгөрсөн 25 жилд хэрээс хэтэрсэн. Жишээлбэл, Монголын түүхэнд хар толбо болон үлдсэн ойрын жишээ болох долдугаар сарын 1-ний үйл явдлыг бүгд тод санаж байгаа. 2008 оны сонгуулийн дүнг эсэргүүцэн Ардчилсан намд саналаа өгсөн иргэд ардын нам буюу хуучин ху-гийн нөхдөөс ам асуух гэж намын байрных нь өмнө эсэргүүцлээ илэрхийлж жагссан. Монгол хүн монгол хүн рүүгээ гал нээх тушаалыг тухайн үеийн ху намын удирдлагууд гаргаж таван хүний алтан амийг авч одсон. Ингээд Ардын нам УИХ-д 45 суудал авч, олонхи болсноор гэмт этгээдүүд уснаас хуурай гарцгаасан юм. Гэвч хэрэг хуучирдаггүй гэдэг.

Хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг Монгол Улс баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчдаа хорьж, дүрвүүлэн, ардчиллын нүд, чих, дуу хоолой, амин сүнс болсон сэтгүүлчийгээ ч эх сурвалжтай нь шоронд хийсэн явдлыг дэлхий нийт нүдээ бүлтийлгэн харж байна. Хорьж цагдана гэдэг бол бусад оронд шившиг болж байна гэсэн үг. Нийгэм даяар Ардчилсан хүчнийг харааж, зүхэж эхэллээ. Энэ хэрээр Ардчилсан намын нэр хүнд хүссэн хүсээгүй шороотой хутгалдаад ирж байгаа юм. Ингэж төр барьж байгаа намаа зохион байгуулалттай гутаан доромжилдог ажиллагаандаа хууль, шүүхийнхэн бүр өөгшөөд байна.

Цаана нь зохиомол хэрэг гэж яригдаад байгаа Л.Гансүх, Г.Дэнзэн нарын асуудал юу болох юм бэ. Хууль шүүхийнхний зохион байгуулалттай ажиллагааны цаад зорилго бол Ардчилсан нам төр барьж буй үед нөлөө бүхий гишүүд нь шоронгийн хаалга татаж, ээлж дараалан бусармаг үйлдэл гарган, төр барьж чаддаггүй гэсэн сэтгэхүйг нийгэмд суулгах юм. Өнөөдөр Засгийн газрыг Ч.Сайханбилэг толгойлж, Хууль зүйн яамыг Д.Дорлигжав даргалж байгаа юм бол одоо доод албан тушаалын хүмүүсээ захирсан шиг захирч, дэгэнд нь оруулах цаг ирснийг болж буй үйл явдлууд сануулаад байна. Тэднийг зангидсан гар шиг нэгдмэл бодлогоор “хүмүүжүүлэх” хэрэгтэй болжээ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Оюунхорол: “Торгоны зам”-ын хүрээнд нүүдэлчдийн өв соёлыг сурталчилсан аяллын шинэ брэндтэй болно

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролтой ярилцлаа.

-“Торгоны зам аялал жуулчлал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх төслийн нэгж байгуулахаар Зас­гийн газрын даваа гаригийн хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Энэхүү төслийн нэгжийг байгуулснаар манай улсад ямар ач холбогдолтой вэ?

-Дэлхийн аялал жуулч­лалын байгууллагаас “Торгоны зам аялал жуулчлал” хөтөлбөрийн хүрээнд бидэнд санал тавьсан юм. Тодруулбал, “Монгол Улс нүүдэлчдийн замаар аялахуй” гэдэг шинэ аялал жуулчлалын брэнд бий болгооч гэсэн л дээ. Өнгөрсөн зургадугаар сард болсон “Торгоны зам” олон улсын хуралд оролцож байх үеэр Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифай “Дэлхийн аль нэг орон Монгол Улсын өмнөөс нүүдэлчдийн тэр арвин соёлын өвийг сурталчилж чадахгүй. Тэгэхээр танай улс эдийн засгийн агуулгаар нь мөнгө болгож хөгжүүлэх гарц болгох хэрэгтэй” гэж бидэнд хандан уриалж байлаа. Тиймээс энэ ажлыг бид шуурхай зохион байгуулж, “Торгоны зам аялал жуулчлал”-ын төслийн нэгж байгууллаа. Ингэснээр нүүдэлчдийн замаар аялахуй маршрутыг бий болгож, уг чиглэлээр үйл ажиллагаа явуулахад бэлэн болоод байна. Миний өмнө Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас дөнгөж сая ирсэн захидал байна. Ноён Талиб Рифайн гарын үсэгтэй уг захидалд “Үнэхээр танай улс Торгоны зам аялал жуулчлалын төслийн нэгжийг байгуулж байгаа бол Дэлхийн аялал жуулчлалын байгууллага НҮБ-аас дэмжинэ” гэжээ. Энэ бол Монголын аялал жуулчлалын байгууллагыг хөгжүүлэхэд том дэмжлэг болно. Өнөөдөр БНХАУ-д 40 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Торгоны замын аялал жуулчлалын фонд бий болсон. Ер нь Торгоны замын аялал жуулчлал, дэд бүтцийг бий болгох чиглэлээр улс хоорондын эв нэгдэл, найрамдал, хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэхээр дэлхий нийт идэвхтэй ажиллаж байна. Энэ том арга хэмжээнд Монгол Улс хамтран оролцож, өөрийнхөө улс орныг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулъя гэж Засгийн газраас шийдвэр гаргасан байгаа.

-Манай улсын тухайд ямар маршрут гаргах боломжтой вэ?

-Одоо аялал жуулчлалын комисс байгуулаад байна. Ямар замаар аяллын маршрут гаргах вэ гэдгээ Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай ярилцаж байж шийдвэрлэнэ. Ингэхийн тулд бид төслийн нэгж байгуулж, энэ асуудлуудыг ярих боломж бүрдэж байна.

-Өнөө жил Монгол оронд зочлох жуулчдын тоо урьд жилүүдийнхээс илүү байна гэсэн хүлээлт бий. Учир нь манай улс “ITB-2015” олон улсын үзэсгэлэнд түнш орноор оролцсон. Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд салбарын яамны зүгээс ямар ажлуудыг хийж байна вэ?

-Ер нь бол аялал жуулчлал ямар нэг хэмжээгээр өссөн тоог аяллын компаниуд өгч байгаа. Яагаад гэвэл зочид буудлуудын ор хоногийнх нь тоо дүүрэн хүнтэй, тэдний үйл ажиллагаа идэвхтэй явж байна. Гэвч өнөөдөр аялал жуулчлалын салбарт шийдвэрлэгдэж чадаагүй олон асуудал бий. Үүнийг бүгд мэднэ. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам багагүй ажлуудыг хийж амжуулж байна. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд Монгол Улс анх удаа үндэсний хөтөлбөр боловсруулж, зургадугаар сарын 29-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар батлуулсан. Энэ хөтөлбөр батлагдсанаар аялал жуулчлалын салбарын өмнө тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэнэ. Тэгэхээр салбарын асуудлуудаа эрэмбэ дараатай, цэгцтэй болгоё. Зөвхөн аялал жуулчлалын салбарын хүнд ачааг хувийн хэвшлийн хэдэн аж ахуйн нэгжийн нуруун дээр үүрүүлээд яваад байж болохгүй. Дэлхийн олон улс орон өөрийнхөө эдийн засгийн салбарыг хөгжүүлэх нэг гол хөлийг аялал жуулчлалын салбар гэж үзэж байна. Бид бусад оронтой харьцуулахад илүү материал сайтай ард түмэн. Тиймээс эдийн засгаа хөл дээр нь босгоход, эдийн засгийнхаа гол брэндийг, бүтээгдэхүүнийг бий болгож, дэд бүтцийг нь сайжруулж, аялал жуулчлалынхаа салбар руу тодорхой хөрөнгө зарцуулж байж эргээд мөнгө олох боломжтой. Ингэснээр ажлын байр нэмэгдэнэ. Олон хүнийг ажилгүйдэл ядуурлаас гаргахад тус дэм болно. Бидэнд гадаадаас ирж байгаа жуулчдаа яаж татах уу, тэдэнд хэрхэн шуурхай үйлчлэх үү, сэтгэл ханамжийн баталгааг яаж үзүүлж чадах вэ гээд маш олон асуудал байгаа. Үүнийг аялал жуулчлалын компаниуд дангаараа шийдвэрлэж чадахгүй. Тиймээс бид үндэсний хөтөлбөрийг батлуулсан юм. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж чадаагүй гацсан гол шалтгаан нь төрийн ямар ч дэмжлэггүйгээр хувийн хэвшлийнхэн маань хүнд ачааг нуруун дээрээ үүрч явсантай холбоотой. Тийм учраас бүх юмыг хувийн хэвшилдээ үүрүүлээд байх биш, Монголын нэр нүүрийг авч гарах ёстой асуудал болгонд төр анхаарлаа хандуулан ажиллая гэж үндэсний хөтөлбөрийг баталсан.

-Аялал жуулчлалын компаниудын нуруун дээрх хүнд ачааг хөнгөвчлөхөд төр ямар үүрэгтэй оролцох ёстой вэ?

-Хувийн хэвшлийнхэн дангаараа шийдэх боломжгүй байгаа асуудлуудыг төр хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурлаж шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай. Ийм зохицуулалтуудыг хийж өгөх хөрөнгө оруулалтын асуудлыг бололцоогүй байгаа салбаруудад нь татах ёстой. Мөн аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжлийг хангаж өгөх асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна. Эдийн засгийн таатай орчин бүрдэхээс гадна орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулахгүй бол гадаадын болон дотоодын жуулчдын асуудал хуримтлагдсан байна. Үндэсний хөтөлбөр батлагдсанаар цаашдаа аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадвар нэмэгдэх учиртай.

-Дотоодын аялал нэмэгдэж байна. Ялангуяа Хөвсгөл аймаг наадмын өдрүүдэд хүний хөлд дарагдлаа. Тэнд нөхцөл байдал хүнд байсан тухай амрагчид гомдоллож байгаа. Энэ нь эргээд жуулчдыг үргээж болзошгүй. Иймд асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Хөвсгөл далайд жуулчны тоо багтахгүй, кэмп олдохгүй байгаа асуудлууд үүссэн. Бидэнд бодлого хэрэгтэй. Илүү их байгаа материалаа эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэдгийг болж буй үйл явдлууд хэлээд байна. Хөвсгөл орчимд байгаа бүх аялал жуулчлалын компаниудыг 00-ийн асуудлаа шийдвэрлэж, ирсэн зочдоо халуун усанд орох боломжоор нь хангадаг зэрэг аяллын стандартыг биелүүлэх шаардлагыг бид тавьж эхэлсэн байгаа.

Дотоодын аялал жуулчлал маш идэвхтэй хөгжиж байгааг наадмын үйл ажиллагаа, Хөвсгөлд амрагчдын дүр төрх харуулсан. Тэнд буудал, гэр, ариун цэврийн өрөө олдохгүй, асуудал маш хүнд байсан. Тиймээс Засгийн газраас цаашид аялал жуулчлалын салбарыг бодлоготойгоор хөгжүүлж, тодорхой хэмжээний хөрөнгө оруулж, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж, асуудлаа шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Энэ бодлогын хүрээнд тодорхой ажлуудыг хийж эхлүүлсэн. Улаанбаатар хотоос 90 км-ийн зайд байгаа Аглаг бүтээлийн хийдийг манай Г.Пүрэвбат лам маш сайхан байгуулсан. “Нэг км бурхны замаар аялахуй” маршрутыг бий болгосон энэхүү хийдийн дэд бүтцийн асуудлыг шийдэхээр анхаарлаа хандуулсан. Хүн яаж уул ус, байгаль эх дэлхийгээ хамгаалдгийг харуулж, гайхамшигтай үзмэрүүдийг Г.Пүрэвбат лам бий болгож чадсан. Тэрбээр буддын шашны эрхэм төв нь бол Монгол орон байсан юм гэдгийг харуулж чадахуйц урлагийн бүтээлүүдийг хийсэн. Тийшээ жуулчид хэдэн мянгаараа очиж байгаа. Аялагчдыг тав тухтай зорчуулахад зам дэд бүтцийн асуудлыг зөвхөн Г.Пүрэвбат лам өөрөө хийх ёстой мэтээр бид хардаг байсан. Тэгвэл тийм биш. Сүсэгтэн олон хийгээд жуулчдын мөргөж, залбирахаар зорьж байгаа тэр чиглэлийн нийтийн эзэмшлийн замын асуудлыг төр шийдээд өгчих юм бол бужигнаж байгаа шороо тоос нь алга болно. Энэ нь хүмүүсийг ая тухтай амрахад, нөгөө талаас эрүүл мэндэд нь тустай. Мөн тэнд нь ариун цэврийн өрөөний хувьсгал хийж, боловсон 00-уудыг байгуулж, тохижуулсан. Богино хугацаанд алхам алхмаар урагшилж л байна.

-Сэдвээсээ жаахан хазайя. Улс төрийн үйл явдалтай холбоотой нэг асуулт байна. Наймдугаар сарын 3-нд ээлжит бус чуулган зарлаж, МАН-ын зургаан сайдыг засгаас гаргах тухай наадмын өмнөхөн хөндөгдсөн. Туршлагатай улстөрчийн хувьд асуудлыг хэрхэн харж байгаа вэ?

-Ээлжит бус чуулган зарлах нь УИХ-ын даргын бүрэн эрхийн асуудал байдаг. Үнэхээр хэлэлцэх асуудал нь өргөн баригдвал хурал зарлагдана. Ирц хүрвэл ээлжит бус чуулган хуралддаг. Зөвхөн хэлэлцэж байгаа асуудлаараа хуралддаг. Улс төрд 16 жил зүтгэж яваа улстөрчийн хувьд Монгол Улсын улс төр, эдийн засаг нь тогтвортой хөгжөөсэй гэж боддог. Улс төр эв нэгдэлтэй, тогтвортой тайван байвал ажиллаж, амьдарч байгаа бүх хүнд үр шимээ өгнө. Дээрээ эв нэгдлээ олж чадахгүй бол, доороо суудлаа олж чадахгүй байх нь ойлгомжтой. Тиймээс эцсийн дүнд улстөрчид Монголын ард түмний төлөө зүтгэнэ гэсэн хариуцлагатай үйлдлээсээ няцах ёсгүй. Ямар ч улс төрийн нүүдэл хийхэд түүний ялагч нь ард түмэн байгаасай гэж хүсдэг.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Арвин: Монголчууд хүний итгэлийг алдах ард түмэн биш, хэдхэн улстөрчид эх орныхоо нэрийг унагаж байна

УИХ-ын гишүүн Д.Арвинтай ярилцлаа.

-МАН-ыг засгаас гаргах асуудал улс төрийн гол сэдэв болоод байна. АН-ын бүлэг хаалттай хуралдахад гишүүдийн дийлэнх нь МАН-ыг засгаас явуулахыг дэмжсэн сурагтай. Харин та ямар байр суурьтай байгаа вэ?

-Бүлгийн хурлаар МАН-тай байгуулсан гэрээний дүгнэлтийг авч хэлэлцсэн юм билээ. МАН засагт хамтарчихаад Монгол Улсын хөгжил, эдийн засагт хэрэгцээтэй хуулиудыг баталж өгөхгүй байна. Улсынхаа ажлыг урагш явуулахгүй байгаа тэд ингэх гэж засагт хамтарсан юм уу. Ер нь яагаад МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулсан бэ гэхээр өмнөх Засгийн газрыг ажил хийлгүүлэхгүй сайд нарыг огцруулах гэж гурван удаа өргөн барьж төрийн ажлыг явуулахад хүндрэлтэй байсан.Засгийн газарт ороод Монгол Улсын төлөө нэгдэж ажиллая гэсэн боловч үгүй юм. Сүүлийн үед МАН зохион байгуулалттайгаар УИХ-ын үйл ажиллагааг үймүүлж байна. Чуулганы хуралдааныг өглөөгүүр нэг нь, өдөр нь өөр нэг нь, үдээс хойш дахиад нэг нь зориудаар үймүүлдэг. Бид эд нараас дор байна уу. Засгийн газрын гишүүд нь засаг дээр ажиллаж байгаа дүр гаргаж, парламентын гишүүд нь Их хурлын ажлыг гацааж, Монгол Улсын хөгжлийг зогсоогоод байна. Үүнийг АН ажсан. Иймээс ч бид гэрээний дүгнэлтээ хийж байгаа.

-Хамтарсан Засгийн газар байгуулагдаад гол гол хуулиудаа баталж чадсангүй. Ер нь аливаа хуулийн төсөлд МАНзавсарлага авч байгаа харагдах юм. Энэ тал дээр таны бодлыг сонирхъё?

-Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн гол хуулиудаа баталж чадсангүй. Дандаа хэрүүл маргаантай байлаа. Ардын нам хэдэн хүнээ сайд болгох, ажилтай болгох гэж засагт орж ирсэн байна. Тэгээд зогсохгүй, Өршөөлийн хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Үл хөдлөх хөрөнгийн тухай хууль гээд хэд хэдэн чухал хуулийг цааш явуулахгүй байна. Монгол Улс дөрвөн жил тутамд татварын өршөөл үзүүлдэг. Дэлхий нийтийн жишиг ч ийм. Бизнес хийж байгаа хүмүүс өнөөдөр улс төрчдөөс илүү хүнд нөхцөлд ажиллаж байдаг. Ийм хүмүүсээ төр нэг удаа харж үзэх ёстой.

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль наад зах нь эрүүл ахуйн стандарт шаардлага хангахгүй болохоор унагаж байна гэж Ардын намын нэр бүхий гишүүд тайлбарлаж байсан л даа?

-МАН-ын гишүүн Д.Хаянхярваа, Я.Содбаатар гээд хэдэн эрэгтэй гишүүд энэ асуудлаар хэрэлдэн, маргалдаж Нийгмийн бодлогын байнгын хороон дээр дөрвөн эмэгтэй гишүүнийг доромжилсон. Би үнэхээрийн гутсан. Тэд хуулиа уншаагүй байгаа юм. Уншихыг ч хүсэхгүй байна. Зөвшөөрөл авах бүх стандартыг Засгийн газрын журмаар тогтооно гэсэн байгаа. Дэлхий нийтэд өнөөдөр хүүхдийнхээ асуудлыг 100 хувь шийдсэн орон байхгүй. Цэцэрлэгийн хүртээмж муутай байгаа манай нийгэмд хүүхэд харах үйлчилгээ хэрэгтэй. Өндөр хөгжилтэй орнууд хүүхэд харах үйлчилгээгээрээ хүүхдийн эрхийг хамгаалж байдаг. Энэ чинь өөрөө маш том асуудал болдог. Өөрийнхөө болоод танилуудынхаа хүүхдийг харах нэгдсэн зохион байгуулалтад орох ёстой. Нэг талаар ажилгүй хүмүүсийг ажилтай болгоно. Хувьсах зардлыг улсаас өгчихнө. Хүүхдээ хараад маш олон эмэгтэй ажил хийж чадахгүй байна. Тэдэнд хүүхдээ өгөөд ажил хийх таатай боломж нээгдэж байна шүү дээ.

-МАН-ынхны тайлбараар энэ хуулиар далимдуулан улсаас их хэмжээний мөнгө төсөвлөж, хэдхэн хүн сонгуул ийнхаа сурталчилгаанд зарцуулах гэж байгаа юм биш үү?

-Энэ бол Монгол Улсад сайн сайхан зүйл хийлгэхгүй гэсэн балмад этгээдүүдийн санаа. Д.Хаянхярваа гишүүн өөрийнхөө тойрогт ахмадуудад Улсын мөнгө тарааж байгаад гарч ирээ биз дээ. Ингэж тараах болохоор мөнгө нь байж байдаг. Хүүхдэд болохоор байхгүй гэдэг. Хүүхэд бол ганц эмэгтэй хүний асуудал биш. Эрэгтэй хүний оролцоо ч байгаа шүү дээ. Яг асуудлыг шийдэх болохоор өөрийнх нь хүүхэд биш гэдэг байдлаар хандаж байгаа юм, тэд. Тиймээс Монгол Улсын хөгжлийг тодорхойлогч гээд байгаа энэ хүмүүсийг харахаар үнэхээр итгэл алдарч байна.

– МАН-д улс орноо урагшлуулъя гэсэн бодлого алга гэж хэлэх гээд байна уу?

-Ухаантай улсууд тэдний үйлдлийг хараад гутаж байгаа байх. Өнгөрсөн парламентад байхад МАН-ын иргэдэд тараасан 21 мянган төгрөгийн асуудлыг хөндөн гаргаж ирж байлаа. Энэ бол цэвэр Ардын намын мөнгө угаалт байсан. Тэрийгээ иргэдэд тараахдаа нэг банкаар дамжуулсан. Санаж байгаа бол тухайн үед маш том мэдэгдэл гаргасан боловч Засгийн газар нь авч хэлэлцээгүй. Эд нар өөрсдийнхөө хувийн эрх ашигт нийцсэн бодлого явуулахдаа сайн. Жирийн иргэдэд ард түмний төлөө гэхээр бодлого нь байхгүй болчихоод байгаа юм. Би сая ОХУ-ын Чита, Улаан-Үүдэд томилолтоор яваад ирлээ. Тэнд ард түмэн нь ямар сайхан амьдарч байна вэ. Бодлого нь хичнээн сайхан тодорхой байна гээч. Гэтэл манай гэр хорооллынхон хүй нэгдлийн үеийнхэн шиг амьдарч байна. Тэнд маш олон цэцэрлэг, сургууль, зам барих хөрөнгийг 21 мянган төгрөг тараасан нэрээр угаасан. Би хувьдаа ажилгүй, орлого багатай иргэдэд халамжийн мөнгө өгөхийг шүүмжлээгүй, амьдрал нь сайн Төрийн албан хаагч хүмүүсийг хамруулан тараасан нь буруу юм. Ингэж улс орныхоо мөнгийг шамшигдуулсан албан тушаалтнуудад ногдуулах хариуцлагын тогтолцоо алга. Тэгвэл жирийн иргэд телевизор хулгайллаа гэхэд хэдэн жилийн ял авдаг билээ. Яагаад улс төрчид парламентын засаглалыг дэмждэг, энэ засаглалд дуртай вэ гэхээр хариуцлагагүй шийдвэр гаргаж, улс орны хөрөнгийг шамшигдуулж хариуцлага хүлээх хүн гардаггүй учир дэмждэг юм.

-Гадныхан Монголд итгэхээ болилоо, үргэлээ л гэх юм. Улс төр тогтворгүй байгаа болохоор хөрөнгө оруулагчид зүглэхгүй байна уу. Учир мэдэх хүмүүс ийм цуу яриаг албаар тараадаг зохион байгуулалттай бүлэглэл бий гэх юм билээ?

-Өнөөдөр гадныхан монголчуудад итгэнэ. Итгэсээр ч ирсэн. Монголчууд бол хүний итгэлийг алдах ард түмэн биш. Хөрөнгө оруулагчид Монголд итгэхгүй байна гэдэг бол зүгээр зохиомол яриа. Үүнийг улстөрчид тэр дундаа парламентын танхимаас гаргаж ирж байгаа юм. Энэ бол Монгол Улсыг хөгжүүлэх сонирхолгүй гишүүдийн тараасан цуурхал. Эдийн засгийн ашиг сонирхолтой тэдгээр гишүүд “Хөрөнгө оруулагчид хөрөнгөө татлаа” гээд байна. Тиймээс “Монгол Улсаа битгий балбаад бай улстөрчид өө” гэж би олон удаа хэлдэг. Монголын ард түмэн амьдарч байна, тэмцэж байна. Өнөөдөр УИХ дээр Гацуурт, Төмөртэйн орд гээд Таван толгой, Оюу толгойг сайн ярьж, маргалддаг. Тэгсэн атлаа Монгол Улсыг хөгжүүлэх өөр хуулиудыг огт ярихгүй байна. Гадны хөрөнгө зогслоо гэж Оюу толгойн хөрөнгө оруулалт зогсохоос айж байна. Монгол Улсын гадаад харилцаа ямар ганц Оюу толгой юм уу. Тэгэхээр цуу яриаг гадаад хэл эзэмшсэн, мөнгөнд сонирхолтой, улс орноо боддоггүй, хүмүүжилгүй улстөрчид хийж байна. Тэд бол Монголыг гадныхантай нийлээд бүр идээд сурчихсан хүмүүс. УИХ-д ийм тав, зургаахан гишүүн байна. Ихэнх нь МАН-аас үүдэлтэй. Ийм улсууд Оюу толгойн асуудлыг зөвөөр явуулъя гэхээр гадныхны хөрөнгө оруулалт зогссон гээд байдаг. Тэгвэл Монголд гадаадын жирийн компаниуд хамтраад маш сайхан ажил хийж байна. Тэд нар тэгвэл яагаад монголчуудад итгээд байгаа юм бэ. Монголын улстөрчид эх орноо дэлхийд итгэлгүй улс гэж зарлаж байгаа. Зарим улстөрчдийн тендер зарлаж, мөнгө иддэг байсныг хязгаарлачихсан. Монгол Улсад цүнхтэй компанийн захирлууд явдаг байлаа шүү дээ.Тэдний мөнгө иддэг байсныг чөдөрлөчихөөр “Гадныхан Монголд итгэхээ больж, эдийн засаг хямарлаа” гэх зэрэг яриа албаар тарааж байгаа. Би үүнийг хоёр талтай харж байгаа л даа.

Нэгдүгээрт, улстөрчдийг улсын төсөв рүү оруулдаг нь аажмаар хумигдаж байна. Бид дэлхийн соёлт жишиг рүү явж байгаа. Зарим нь үүнээсээ салж чадахгүй үхэлдээд буй нь шууд харагддаг. Жишээлбэл, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар байна. Тэрбээр албан тушаалгүй, эрх мэдэлгүй, жирийн гишүүн байж чадахгүй байгаа нь мэдрэгдээд байгаа. Хоёрдугаарт, Монгол Улс өөрийнхөөрөө хөгжих ёстой. Энэ хөгжлийн төлөө явж байна. 1990-ээд онд өрнөсөн Ардчилал, зах зээлийн нийгэм өрнөж Монгол хүн малтай, газартай, гэртэй, өмчтэй болж хүн бүр чөлөөтэй гадаадад зорчих эрхтэй болсон. Хүн болгонд өөрийнхөө эдийн засаг, өрх гэрээ аваад явах эрх зүйн орчинг нь бүрдүүлж өгөх ёстой. Хувь хүний хашааны газрыг эргэлтэд оруулах боломжийг нээсэн хууль УИХ-д орж ирсэн. Гэтэл МАН-ын бүлэг асар их эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Иргэдийн газрыг барьцаалуулж, өрөнд оруулуулах гэлээ гэдэг. Хүн болгон газраа барьцаанд тавьж эргэлтэд оруулах ёстой. Гэхдээ банк хүн болгонд зээл олгочихгүй. Юм хийж чадах хүнээ судалж байж өгнө. Энэ эрх зүйн орчинг нь бүрдүүлээд өгье гэхээр МАН тээг болоод унагаачихаж байх жишээтэй.

-Оюу толгой, Таван толгой зэрэг томоохон төслүүдээ урагшлуулбал эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлт бас нийгэмд бий болоод удаж байна…

-Оюу толгой батлагдаад хэдэн жил болж байна вэ. Эрдэнэтээс том орд л юм бол Монгол Улсын төсөв өнөөдөр хахаж цацаж байх нь яасан юм бэ. Их хурлын гишүүд гадны мөнгөтэй хүмүүсийн удирдлага дор яваад байна. Оюу толгой Таван толгой бол сонин зүйл биш. Энэ том төсөлгүйгээр Монгол Улс хөгжихгүй юм шиг яриад байх юм. Авах мөнгөө авах хэрэгтэй. Ер нь хариуцлагагүй шийдвэр гаргасан Их хурлын гишүүдэд хариуцлага тооцох цаг нь болсон. Парламентын засаглал хэрэгтэй л гээд байдаг. Тэгвэл хариуцлагын тогтолцоо алга байна. Ойрын жишээ хэлэхэд Казахстаныг хар л даа. Улс орноо яаж хөгжүүлж, ямар ухаалаг бодлогоор удирдаж байна вэ. Гэтэл манай Их хуралд эцэг, эх нь бизнестэй, мөнгө угаадаг хүмүүсийн эрх танхи хүүхдүүд суучихсан байгаа. Бодлого тодорхойлох чадваргүй эрх танхи банди нар дарга, дэд сайд болсон байхад улс орны маань хөгжил дэвшил яаж урагшлах билээ дээ.

-МАХН дотроо нэлээд хагаралтай байна. Тус намын дарга Н.Энхбаярын рейтинг өндөр байна гэсэн мэдээлэл сүүлийн үед цацагдах боллоо. Энэ үйл явдлыг хашир улстөрчийн хувьд та хэрхэн харж байгаа вэ?

-Ер нь улс төрийн намуудын хуулийг маш зөв гаргах ёстой. Н.Энхбаяр дарга бол Монгол Улсын Ерөнхий сайд, Их хурлын дарга, Ерөнхийлөгч байсан хүн. Тэрбээр өндөрлөг рүү гүйгээд явах хүн биш байхаа гэж би боддог. Одоо Н.Энхбаяр дарга лидер хүний хувьд Монгол Улсын хөгжлийн төлөө намаа зөв удирдаад явах байх. Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаярыг АН-ын одоогийн удирдлагуудтай муудалцуулах бодлого зориуд явагдаад байгааг ажиж байна. Учир нь Н.Энхбаярын рейтинг өндөр байна, бусдынх нь бага байна гэдэг санаатай явуулгыг явуулж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Н.Энхбаяртай хагаралтай мэт харагдуулах, хооронд нь муудалцуулах, улмаар МАХН, АН хоёрыг муудалцуулах үйлдлүүдийг хийгээд байна. Ер нь бол монгол эрчүүд уужуу ухаанаар харж, энэ мэт яс хаялтыг даваад л гарах чадвартай байх ёстой баймаар. Ямар бид нар Манжийн дарлалын өмнөх үеийн хаад, ноёд биш. Ер нь Эзэн Чингис хаан хэзээ ч дотны хувь хүнээс зөвлөгөө авдаггүй, асуудлыг зөвлөлөөрөө шийддэг байсан, тиймдээ ч Чингис хаан Дэлхийн хаан байж чадсан.

-Өнгөрсөн долоо хоногт Эх Дагинын дуган галд өртлөө. Үүнийг зохион байгуулалттай гэж хэвлэлүүд мэдээлж байна. Та ямар бодолтой байна?

-Гал юунаас болж гарсныг шинжээчид тогтоочих байх. Хэдийгээр Эх Дагины дуган үгүй боллоо ч гэсэн түүний түүхэнд оруулсан хувь заяаг хэн ч гишгэж, шатааж чадахгүй. Богд хаанд тулгарсан хүнд хэцүү үеүдэд хажууд нь хат шиг сууж байсан тэр сайхан Монгол хатан 1911 болон 1921 оны хувьсгалыг удирдахад онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ хүний үйлсийг хэн ч дарж чадахгүй. Тиймээс Эх Дагинын ордонг бид дахин байгуулна. Богд хааны өвлийн ордонг ч засна. Дондогдулам хатан бол маш их зовлон бэрхшээлийг туулж ирсэн. Тиймээс сэтгүүлч Жавзандуламын зохиолоор “Эх Дагинын хувь заяа” уран сайхны кино хийхээр төлөвлөн ажиллаж байна. Монгол Улсын нэртэй түүхч, доктор профессор Урангоо зөвлөхөөр ажиллаж байгаа. Монголын ард түмэнд Дондогдулам гэж ямар агуу хатан байсныг харуулна. Энэ кино үзэгчдийн хүртээл болсноор Эх Дагинын тухай маш олон худлаа түүхийн эргэлзээ тайлагдана.

-Улсын баяр наадам хаяанд ирлээ. Аливаа баяр ёслол, арга хэмжээнд таны өмссөн үндэсний хувцас олны нүдийг хужирладаг. Ингэхэд та энэ жилийн наадмаар ямар дээлээр гоёх вэ?

-Долдугаар сарын 10-ны орой “Учиртай гурван толгой” дуурийг төв талбайд тоглох юм байна. Үндэсний хувцастай хүмүүсийг зөвхөн оруулж, дээл, хувцасны зохион байгуулна гэсэн. Би ч бас оролцох бодолтой байгаа. Үндэсний хувцас гэснээс сүүлийн үед Монгол ёсонд харшилтай зүйл ихэд дэлгэрч байна. Энэ бол эмэгтэйчүүд хөөрөг зөрүүлээд байх юм. Үүнд би шүүмжлэлтэй ханддаг. Хөөрөг зөрүүлнэ гэдэг бол Монгол эр хүний маш том ёс. Дээрээс нь Дондогдулам хатны хөөрөг гээд хэдэн жилийн өмнөөс худлаа ярилаа. Эх дагина хэ зээ ч хөөрөгтэй байгаагүй. Харин монгол эмэгтэйчүүд эр нөхөртөө даалин урлаж, хэнийх нь сайхан болсныг шинждэг байсан. Эмэгтэйчүүдтэй хөөрөг зөрүүлж байгаа эрчүүдийг ямар эр хүн гэх вэ дээ. Эмэгтэйчүүд хамрын тамхи татна гэдэг бол эмгэнэл, энэ Монголын зан заншил биш.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Такэнори Шимизу: Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр батлагдсанаар Япон Монголын бизнес улам өргөжин тэлнэ

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизутай ярилцлаа.

-Монгол, Японы улс төрийн харилцаа идэвхтэй байгаа. Тэгвэл эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэхийн тулд саяхан хоёр улсын парламент Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг баталлаа. Үүний үр дүнг та хэрхэн харж байна вэ?

-Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь чөлөөт худалдааны хэлэлцээрийн хүчин зүйл болох гадаад худалдаанаас гадна хөрөнгө оруулалт, Засгийн газрын худалдан авалт, хоёр орны хамтын ажиллагаа зэргийг багтаасан цогц хэлэлцээр юм. Энэхүү хэлэлцээрийн гол хүчин зүйл болох бараа худалдааны зорилго нь хоёр орны хоорондох гаалийн татварыг бууруулах, тэглэх зэргээр харилцагч орныхоо зах зээлд нэвтрэх экспортын боломжийг нэмэгдүүлэхэд оршино. Гаалийн татварыг тэглэснээр хоёр орны хувьд илүү чөлөөт зах зээлийн хэлбэр бүрэлдэх, гадаад худалдаа нэмэгдэх учиртай. Мөн гадаад дотоод дахь эдийн засгийн үйл ажиллагаа идэвхжинэ. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг бүхэлд нь харвал хоёр орны эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, өргөжүүлэхэд ахиц дэвшил гарна хэмээн найдаж байна.

-Энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр улсад ямар бараа бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх төлөвтэй байна?

-Бараа худалдааны тухайд 10 жилийн дотор хоёр орны хоорондох нийт бараа эргэлтийн 96 орчим хувь нь гаалийн татвараас бүрэн чөлөөлөгдөнө. Монголын ноолууран бүтээгдэхүүн, бэлэн хувцас, Японоос машин, механизм зэргийн экспортын хэмжээ нэмэгдэх болов уу гэж бодож байна. Гэхдээ Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь гаалийн татвартай холбоотой хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ. Иймд Японы зах зээлд гарах бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн тулд үнэ болоод чанараар өрсөлдөх шаардлага өөрчлөгдөхгүй. Чанарын түвшинг улам бүр дээшлүүлэхэд хүчин чармайлт гаргах нь нэн чухал.

-Японоос орж ирэх автомашины үнэ буурна гэсэн хүлээлт нийгэмд байгаа. Энэ асуудалд та албан ёсны мэдээлэл өгөхгүй юу?

-Автомашины гаалийн татварын тухайд, үйлдвэрлэснээс хойш гурван жилболж байгаа 4500 сс хүртэлх моторын хүчин чадалтай автомашин Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болмогц гаалийн татвараас бүрэн чөлөөлөгдөнө. Харин үйлдвэрлэснээс хойш 4-6 жил болсон хуучин автомашиныг 10 жилийн хугацаанд үе шаттайгаар чөлөөлөх юм. Үйлдвэрлэснээс хойш 7-9 жил болсон хуучин автомашиныг 11 дэх жилийн эхний өдрөөс эхлэн бүрэн чөлөөлөхөөр тохиролцсон. Гэхдээ 10 жилээс илүү болсон хуучин автомашиныг гаалийн татвараас чөлөөлөхгүй. Энэ мэтчилэн зарим автомашиныг гаалийн татвараас шууд болон шат дараалан бүрэн чөлөөлнө. Ингэснээр Монголд худалдах автомашины үнэ одоогийнхоос буурах болов уу.

-Японы ямар, ямар өндөр технологи Монголд орж ирэх бол?

-Эдийн Засгийн түншлэлийн гэрээг байгуулснаар Японы өндөр технологийг Монголд нутагшуулах боломж нээгдэж байна. Япон улсын бусад орнуудтай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг харахад тухайн улсад Японы хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа. Энэ жишгээр Монголтой байгуулсан эдийн засгийн түншлэлийн гэрээ үр дүнтэй байна гэдэгт найдаж байгаа. Ер нь Монголд Японы компаниуд орж ирээд хийж чадах ажил олон байна. Тухайлбал, хуучирсан барилгуудын дэд бүтэц, шугам сүлжээг шинэчилж, өндөр технологи нэвтрүүлэх боломжтой. Гагцхүү Монголын зүгээс Засгийн газрын бодлого хэрэгтэй. Гадны ямар ч улсын тэргүүний технологийг нэвтрүүлж тухайн салбарыг хөгжүүлэх нь Монголд ашигтай. Тэр тал дээр гадны хөрөнгө оруулалтыг татах механизм байхгүй бол маш замбараагүй болох байх. Монгол Улс хүн ам цөөнтэй. Хөгжих хамгийн ирээдүйтэй салбарын нэг бол хөдөө аж ахуй байна. Энэ салбар руу Японы хөрөнгө оруулалт, техник, технологийг татахад Монголын талаас хүчин чармайлт гаргах нь зүйтэй болов уу.

-Ингэхэд Японы тал Монголоос их хэмжээний малын мах авах тухай яригдаж байгаа. Энэ тал дээр Японы технологийгнэвтрүүлэх ямар боломжууд байна?

-Япон бол дэлхийд чанарыг хамгийн ихээр эрхэмлэдэг орон юм. Өрсөлдөөн маш их бий. Японы зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнийг дэлхийн хаана ч гаргах боломжтой. Тиймээс Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд хүргэх нь амар биш. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхийн тулд Японд зарагдаж байгаа бүтээгдэхүүний технологийг сайн судлах хэрэгтэй. Монголын бүтээгдэхүүн эко гэдэг утгаар дэлхийн зах зээлд оролцож чадах болов уу гэж найдаж байна. Харамсалтай нь үүний тухай бидэнд мэдээлэл алга. Тиймээс Монголын зах зээлд тодорхой нэр хүнд бүхий бүтээгдэхүүнийг гадагшаа гаргах замаар ажиллах нь зохистой. Үүний тулд Японы технологийг нэвтрүүлж, илүү сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадагшаа гаргах замаар ажиллавал амжилтад хүрнэ. Ний нуугүй хэлэхэд, одоогийн байдлаар Япон бол Монголоос түүхий мах авч чадахгүй. Яагаад гэвэл шүлхий өвчний асуудлаа шийдээгүй орнуудаас бид түүхий мах оруулахгүй гэсэн зарчим баримталдаг.

-Монголын ноолууран бүтээгдэхүүн Японы зах зээлд хэр зэрэг өрсөлдөх чадвартай вэ?

-Махнаас илүү ноолууран бүтээгдэхүүн Японы зах зээлд өрсөлдөх чадвартай.Япон улс ноолууран бүтээгдэхүүнийхээ ихэнхийг Хятадаас авч байгаа. Гэхдээ гаалийн татварт арав гаруй хувийг нь авдаг. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор цаашид Монголоос импортлох ноолуур татваргүй болно. Японы зах зээлд Монголын бүтээгдэхүүн Хятадынхаас 10 хувийн үнийн зөрүүгээр өрсөлдөх чадвартай гэсэн үг. Тиймээс ноолууран бүтээгдэхүүн Японы зах зээлд гаргах нь ирээдүйтэй. Монголын хувьд хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх олон гарц бий. Японы Хөдөө аж ахуйн яамнымэргэжилтнүүд Монголд ирээд уулзалт, семинар зохион байгуулж гурвалжин будаа тарихаар яригдаж байна. Сүүлийн жилүүдэд Монголын цаг агаар өөрчлөгдөж, бороо их ордог болсон нь будааны тариалалтад эерэг нөлөөтэй.

-Японы хөрөнгө оруулагчид Монголд хөдөө аж ахуйн салбарыг түлхүү сонирхож байна гэж ойлгож болох уу?

-Японы Засгийн газар, хөрөнгө оруулагч тус бүрийн сонирхож буй салбарын талаар хийсэн судалгаа байхгүй. Элчин сайдын яамны мэдэж байгаагаар, хөдөө аж ахуй, хүнс, барилга, уул уурхай, эрчим хүч зэрэг салбарыг сонирхож байгаа компаниуд байна гэсэн ойлголттой байна. Түүнээс бусад салбарт ч хоёр орны хувийн хэвшлийнхний хоорондын тодорхой зохицуулалтын дагуу бизнес болж хэрэгжих төслүүд байгаа. Иймээс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Япон, Монголын бизнес улам өргөжин тэлнэ хэмээн найдаж байна.

-Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэл­цээрээр дээр дурдсанчлан гаалийн татвараас бүрэн чөлөөлөгдөхөөс гадна аж ахуй нэгжүүдийн хувьд ямар хөнгөлөлт эдлэх эрх нээгдэх вэ?

-Хөрөнгө оруулалтын тухайд, өмнө нь хэрэгжиж байсан “Монгол Улс, Япон улс хоорондын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ээсдавсан хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах болно. Тодорхой хэлбэл, аль нэг хувийн хэвшил харилцагч орныхоо хөрөнгө оруулалтын зах зээлд нэвтэрсний дараа төдийгүй хөрөнгө оруулалтын зөвшөөрөл авах шатандаа ч үндэстний нөхцөл, нэн таа­ламжтай үндэстний нөхцөлөөр хангах болно. Тухайлбал, Японыкомпани Монголд хөрөн­гө оруулалт хийх тохиолдолд, Монголын аж ахуйн нэгжийн нэгэн адил эрх эдлэнэ. Мөн багаар бодоход Монгол Улс гуравдагч улсад үзүүлэх хамгийн хөнгөлөлттэй нөхцөлийг эдлэх боломжтой болно.

Эсрэгээрээ Монголын компани Японд хөрөнгө оруулалт хийх тохиолдолд адил нөхцөл эдлэх болно.

-Хоёр орны гадаад худалдаа нэмэгдэхийн зэрэгцээ үүрэг хариуцлага ч өндөрсөнө гэж бодож байна. Монгол компаниуд юун дээр илүү анхаарах ёстой вэ?

-Монголын бараа, бүтээгдэхүүнийг Японд экспортлох үед Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт заасан онцгой татварын хувь хэмжээг ашиглахын тулд гарал үүслийн гэрчилгээг зайлшгүй авсан байх ёстой. Энэ нь “Гарал үүслийн дүрэм”-ийн дагуу Монгол Улсын зохих гарал үүсэлтэй бараа болохыг нотлох юм. Цаашлаад, гаалийн татварын квот заасан бараа бүтээгдэхүүний тухайд, экспортлох болгондоо тохирсон тоо,хэмжээний хүрээнд гаалийн квотын гэрчилгээг (Quota certificate) авах шаардлагатайг анхаарах хэрэгтэй. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь Япон, Монголын эдийн засгийн харилцааг дэмжих бөгөөд хоёр тал заавал дагаж мөрдөх учиртай. Хэлэлцээр хүчин төгөлдөр болмогц хоёр орны Засгийн газар уг хэлэлцээрийн үзэл баримтлалд үндэслэн, гаалийн татвар тэглэх ба хөрөнгө оруулагчдад хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээг бүрэн авах шаардлагатай.

-Японы визний нөхцөлд хөнгөлөлт орсон гэлүү?

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн тавдугаар сард Япон улсад ажлын айлчлал хийх үеэр Ерөнхий сайд Ш.Абэтэй албан ёсны хэлэлцээ хийсэн. Энэ үеэр дипломат паспорт эзэмшигч иргэдийг визээс чөлөөлөх, мөн энгийн паспорт эзэмшигч иргэдэд олон удаагийн виз олгох боломжийг нээхээр шийдвэрлэсэн билээ. Өнөөг хүртэл Монгол Улсын Засгийн газрын зүгээс гадаад паспортын төрөл хамаарахгүйгээр визээс чөлөөлөх талаар хүсэлт тавьж ирсэн. Энэ удаагийн шийдвэр нь тэрхүү хүчин чармайлт биеллээ олох эхний том алхам болсон гэж бодож байна. Цаашид, хоёр орны Засгийн газар хооронд хэлэлцээ, зохицуулалт хийх бөгөөд хоёр тал хамтран ажиллаж, аль болох богино хугацаанд энэхүү шийдвэр хэрэгжиж эхэлнэ хэмээн найдаж байна. Нөгөөтэйгүүр, сүүлийн үед Япон улсад хууль бусаар визийн хугацаа хэтрүүлэн үлдэж буй монгол иргэдийн тоо энэ он гарсаар нэмэгдэх хандлагатай байгаа нь анхаарвал зохих асуудал болоод байна. Энэ удаагийн визийн нөхцөлийн хөнгөлөлттэй холбогдуулан, Япон, Монгол хоёр орны хүн солилцоо, эдийн засгийн харилцаа цаашид улам бүр өсөн нэмэгдэх төлөвтэй байгаа. Албан паспорт эзэмшигч иргэдийг, цаашлаад энгийн паспорт эзэмшигч иргэдийг визээс чөлөөлөх талаар дорвитой алхам хийгдэнэ гэдэгт найдаж байгаа. Гэвч энэ мэт хууль бус үйлдэл гарч буйд туйлын ихээр харамсаж байгаагаа хэлэхээс өөр аргагүй байна. Хууль бусаар оршин суух асуудал нь хоёр орны Засгийн газар хооронд төдийгүй хууль бусаар оршин сууж буй тухайн хүний хувьд ч өчүүхэн ч тус нэмэр болохгүй атлаа туйлын хор хохиролтой болохыг онцолж хэлмээр байна.Хугацаа хэтрүүлэн хууль бусаар оршин сууж байсан хүний хувьд дахин Япон улс руу зорчиход нэн хүндрэлтэй болно. Иймд хууль журмын дагуу оршин сууж Япон улсын техник технологи эзэмшингээ орлого олох боломжтой “Ур чадварын дадлага эзэмшүүлэх хөтөлбөр”-т хамрагдах нь зүйтэй болов уу.

-Монголоос сард хичнээн хүн визэнд орж байна вэ?

-2011 онд намайг Элчин сайдаар томилогдон ирж байхад Японы ЭСЯ-наас гаргасан визний тоо 7000 орчим байсан. Ингээд визний хөнгөлөлтийг хэрэгжүүлснээр энэ тоо үлэмж нэмэгдсэн. Өнгөрсөн жил манай яаманд ирсэн визний мэдүүлэг 13 мянгаас давсан. Цаашид визгүй зорчдог болгох асуудал маш чухал. Монголын Засгийн газраас энэ асуудлыг олон удаа тавьж байгаа боловч хараахан шийдэгдэж чадаагүй. Яагаад гэвэл жилд арван мянган хүн Япон руу яваад 150-иас илүү нь харлах гээд байна. Энэ нь Монголын нэр хүндийг унагана. Хууль бусаар үлдэх буюу визийн журмыг зөрчих асуудалд Япон улс маш хатуу ханддаг. Хятад улсад сард 200 мянга гаруй хүнд виз олгодог бол Монголд 1300 хүнд виз өгч байгаа. Гэтэл хууль бусаар үлдэж буй хүмүүсийн тоо төдийлөн ялгарахгүй байна. Тиймээс бид эхний шатанд дипломат паспорттой хүмүүсийг визгүй болгохоор шийдсэн. Аажмаар албаны болон энгийн паспортыг визгүй болгох ажил шат дараатай явна. Цаашид хууль бусаар үлдэх хүний тоо багассан тохиолдолд энэ визний асуудлыг шийдэж болно.

-Японы аль салбарт гадны ажиллах хүчин хэрэгтэй байна?

-Хөдөө аж ахуй, барилгын салбарт ажиллах хүч маш их шаардагдаж байгаа. Хөдөө аж ахуйн салбарт тариачид өндөр настай болж, ажиллах хүчин дутмаг болсон. Мөн барилгын ажил хүнд хэцүү учраас энэ салбарт ажиллах хүн хомс. 2020 онд Японд Олимпийн наадам зохион байгуулна. Маш их бүтээн байгуулалтын ажил явуулна. Гэвч боловсон хүчин алга. Иймээс Японд ажиллаж байсан хүнийг дахиж татахын тулд бодлогын өөрчлөлтүүдийг хийхээр шийдвэрлэсэн.

-Японд 1000 инженер бэлтгэх хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрийн ирээдүйг та хэрхэн төсөөлж байна вэ?

-Малайзын Ерөнхий сайд Махатхир гэж мундаг хүн байсан. Тэрбээр “Дорно зүгт хар” гэдэг бодлого хэрэгжүүлж ирсэн. Япон улс дайны дараа маш хурдан хөгжсөн туршлагаас сурах бодлогыг Ерөнхий сайд Махатхир хэрэгжүүлж ирсэн. Түүний бодлогынхүрээнд Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийг ашиглаж Малайзын 10 мянга гаруй залуусыгЯпонд сургахаар явуулсан. Эдгээр залуус өнөөдрийн Малайзын хөгжилд маш их хувь нэмэр оруулж байгаа. Тиймээс Монголын технологийн салбарын боловсон хүчнийг сургах ажлыг хэрэгжүүлж чадвал улсынхаа хөгжилд ашигтай байна гэдэгт миний бие итгэж байлаа. Тиймээс ч энэ төслийг дэмжсэн. Одоо бэлтгэлийн шатанд байгаа. Өнөө жилээс эхлээд оюутнууд Японы Коосэн сургуулиар дамжиж явах болно. Мөн энэ төслөөр МУИС, ШУТИС-ийн залуу багш нарыг Японд сургах юм.

-Японы Засгийн газрын тэтгэлгээр бүх салбарт суралцах боломж нээлттэй юу.Ернь монгол оюутнуудын хандлага ямар байна?

-Өнгөрсөн тавдугаар сард Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн шалгалтын бүртгэл явагдсан. Техникийн коллеж, их сургуулийн үндсэн оюутан, мэргэжлийн сургууль, судлаач оюутан төрөлд нийт 1000 гаруй хүн бүртгүүлсэн. Одоогоор бичгийн эхний шалгалтыг аваад байна. Шалгалтад тэнцсэн судлаач болон их сургуулийн үндсэн оюутнууд эдийн засаг, менежмент зэрэг хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны чиглэлийн мэргэжлийг сонгох нь олонтаа. Байгалийн ухааны чиглэлээр мэдээллийн технологи, механикийн инженерийг голдуу сонгосон байдаг. Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг бүх төрлийн тэтгэлэгт хөтөлбөрийг Монголд зохион байгуулдаг бөгөөд үүнд техникийн коллежоос эхлээд төрийн албан хаагчдыг дадлагажуулах зэрэг олон хөтөлбөр багтдаг. Японд төгсөгчдийн дунд улс төр, бизнесийн салбарт амжилт гаргаж, хоёр улсын гүүр болж буй олон хүн бий. Иймээс цаашид ч олон залуусыг уг хөтөлбөрүүдэд хүчээ сориосой гэж хүсч байна.

Харамсалтай нь бакалаврын шалгалтад тэнцэх оюутнуудын тоо цөөрөх боллоо. Харин магистрт хамрагдах хүмүүс нэмэгдэж байна. Өнөө жил 38 хүн байсан нь мундаг үзүүлэлт. Ер нь Монголын оюутнуудын мэдлэгийн түвшин өндөр гэдэг нь судалгаанаас харагдаж байгаа. Гэхдээ бакалаврын түвшинд тэнцэхгүй гэдэг нь харамсалтай асуудал. Өмнө нь 20 гаруй хүн тэнцдэг байсан бол сүүлийн үед гурав, дөрөвхөн байх жишээтэй. Бид Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутнуудын шалгалтыг дэлхий даяар нэг өдөр зохион байгуулдаг. Тэгээд сайн оноо авсан оюутныг шалгаруулж авдаг. Зориуд Монголоос бакалаврын төвшинд авах оюутны тоог багасгаж байгаа хэрэг огт биш, харин өрсөлдөөн ширүүсч байна гэсэн үг.

-Японы хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар манай улсын хэд хэдэн салбарт хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд та гарын үсэг зурсан. Хөшгийн хөндийн асуудал хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэхэд таныг их үүрэг гүйцэтгэсэн гэж дуулсан юм байна?

-Намайг Элчин сайдаар томилогдож ирэхэд хэрэгжүүлэх ёстой хамгийн том төсөл болох Хөшгийн хөндийн нисэх буудлын ажлыг зогсонги байдлаас гаргах байв. Тэр ажил хэцүү байсан. Гэхдээ саяхан хоёр дахь удаагийн зээлийг олгосон. Ер нь зээлийг сайн ашиглаж чадвал Монгол Улс хөгжилд хүрч чадна. Шинэ онгоцны буудлыг барих төслийн хөрөнгийн хүү бол 0.1 хувь. Дөчин жилд хувааж байгаа.Эхний арван жилд хүү төлнө. Үлдсэн 30 жилд үндсэн зээлээ төлөөд явна. Энэ зээлийг Монголын нийгмийг хөгжилд хүргэх шаардлагатай салбарт зөв ашиглах ёстой.

-Бондын зарцуулалтад ямар дүн тавих вэ?

-Бонд бол өөр. Хүү маш өндөр. Саяхан “Өдрийн сонин”-д Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн ярилцлага нийтлэгдсэн байхыг уншсан.Тэрбээр “Чингэс”, “Самуурай” бондыг үр ашигтай зарцуулж чадаагүй гэж ярьсан байна лээ. Түүнтэй би санал нэг байгаа.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цогтбаатар: Ипотекийн зээлийн урьдчилгааны хорин хувьд Засгийн газар 200 тэрбумын баталгаа гаргана

Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатартай ярилцлаа.

-Ипотекийн зээлийн орон сууцны үнийн дүнгийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож 20 хувьд нь Засгийн газраас баталгаа гаргах асуудал бүрэн шийдэгдлээ. Даваа гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг эцэслэж, холбогдох сайд нарт үүрэг болгосон байна. Засгийн газар хэдэн тэрбумын баталгаа гаргаж байгаа вэ?

-Өнгөрсөн долоо хоногт бид түрээсийн орон сууцны хөтөлбөрөө батлуулсан. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар ипотекийн зээлээр худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэл хувийн урьдчилгаа төлбөрт баталгаа гаргах тухай шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Уг шийдвэрийн дагуу орон сууцны үнийн 20 хувийн баталгааг хэрэгжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг арилжааны банкуудад гэрээний үндсэн дээр гаргахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгасан болно. Мөн ипотекийн энэхүү зээлэнд иргэдийг хамруулах шалгуур үзүүлэлтүүд бүхий журмыг долдугаар сард багтаан боловсруулахыг ХАХНХ сайд С.Эрдэнэ, Сангийн сайд бид гуравт үүрэг болголоо.

Ипотекийн зээлээр худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэл хувийн урьдчилгаа төлбөрт Хөгжлийн банкнаас гаргах баталгаанд хамрагдах зорилтот бүлгийг тодорхойлох чиглэлээр ХАХНХЯ-тай хамтран ажилласны дүнд 2014 онд хийсэн “Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа”-ны “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”г ашиглахаар тогтоод байгаа. Мөн салбарын төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж орон сууцны эрэлт, нийлүүлэлт, орон сууцны барилгын зах зээлийн судалгааг шинэчлэн, барилгын салбарын санхүүгийн өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт гаргаад байна.

Иймд анх удаа орон сууц авч буй, тогтмол орлоготой, нийгмийн даатгалын төлбөрөө төлдөг, орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийнхөө 10 хувийг бэлэн мөнгөөр төлөх санхүүгийн чадвартай, иргэдэд худалдан авах орон сууцных нь үнийн дүнгийн 20 хүртэл хувийн урьдчилгаа төлбөрт баталгаа өгөх шийдвэр гарлаа. Хэрэгжилтийг хангаж ажиллах эзэд нь тодорхой болж албажлаа.

Ийм шийдвэрийг гаргахад уИХ, засгийн газар, Монгол Банкны ойлголцол, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой байлаа.

-200 тэрбум төгрөгийн баталгаа зах зээл дээр хэр хүртээмжтэй байх вэ?

энэ бол эдийн засгийн амаргүй хүнд үеийг даван туулахад дэм болох зорилго бүхий арга хэмжээ. Тиймээс зах зээлд өнгөрсөн жил болон энэ жилд нийлүүлэгдээд буй нийт орон сууцны эрэлтийг бүхэлд нь хангахгүй. Үүнийг ийм тооцоотой хэрэгжүүлэх нь үнэ хөөрөгдөхөөс ч сэргийлнэ.

-Эдийн засаг хүнд байгаа ийм үед Засгийн газар баталгаа гаргаж өгч чадахгүй гэж зарим УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа. Тэгээд ч банк зөвшөөрөхгүй гэх сөрөг мэдээллүүд бас сонсогдсон. Сонгууль дөхсөн болохоор улс төр, популизм, шоу ороод байна уу гэж харагдаж байсан л даа. Ингэхэд банкуудтайгаа яаж тохирсон бэ?

-Хийрхэхтэй мантай л байна. Хэрэв ипотекийн зээлийг огт урьдчилгаа төлбөргүй болгож, хүүг нь бууруулж, барилгажилтыг хурдасгаж, хязгааргүй баялагтай орныхоо бүх иргэдийг байртай болгоно гэх мэт эерэг хүлээлтийг хөөрөгдөж байсан бол хийрхэж байна гэж болох л байсан байх. Гэтэл “Манай салбар тун амаргүй сорилт бүхий үеийг даван туулж байна, салбарыг маань ийм цаг үед нь ойлгож, дэмжих бодит хэрэгцээ байна” гэж гүйх маягаар хийрхдэггүй байлгүй дээ.

Манай улсын эдийн засаг өнгөрсөн онд долоон гаруй хувиар өссөн статистик мэдээ бий. Энэ үзүүлэлтийн 30-аад хувийг барилгын л салбар бүрдүүлсэн байдаг. Гэтэл эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлын хүндрэлээс болоод энэ салбар хэцүүдвэл эдийн засаг өөрөө ямар эрсдэлд орох вэ. Яг ийм эрсдэлийг л бий болгохгүй гэж барилгын салбарт тодорхой хэмжээний дэм үзүүлэх бодлогын сонголтыг хийх хэрэгтэй байгаа юм. Гэхдээ дээр хэлсэнчлэн бодлогын дэмжлэгийн тухай ярихдаа бүх барилга байшинг авахуулаад, салбарынхныг “гарыг нь гадаа, хөлийг нь хөдөө” жаргаах тухай огт яриагүй. Зөвхөн хүнд үед гал алдчихгүйхэн, салбар дахь өр зээлийн гинжин сүлжээнээс үүсээд буй хүндрэл гацааг аядуухан даван туулах л асуудлыг ярьж байгаа. Ийм бодитой, хэтрүүлэггүй, аргадсан арга хэмжээг авах тухай ярьж популизм хийдэггүй байх гэж бодож байна.

Банкнууд зөвшөөрч байгаа. Учир нь тэдний томоохон харилцагчид бол барилгынхан. Энэ салбарынхны ажил хөдөлж байвал тэдэнд өөрсөд нь л хэрэгтэй.

Бидний ярьж буй арга хэмжээний дайны нөөц боломж төрд бий. Өнөөдөр хийхгүй бол маргааш хэд дахин нугалсан өртөгтэй шийдвэр гаргах зайлшгүй сонголтод хүрэхгүйн тулд л ийм шийдэрийг гаргаж байгаа юм. Гэхдээ салбарыг дэмжихдээ ард иргэдээ орон сууцжуулах хувилбарыг манай засгийн газар сонгосныг бас анзаарч буй бизээ. Түүнээс дан барилгын салбараа шууд зээл, татаасаар дэмжсэн бол эдийн засгийн үр өгөөжийн хувьд жаахан өрөөсгөл л болох байсан байх.

-Манай эдийн засагчид ярихдаа барилгын салбар ингэж зогсонги байдалд орсоныг ипотекийн зээлтэй холбодог. Тэр ч утгаараа 2009 оны АНУ-д өрнөсөн хямрал шиг юм болох вий гэж болгоомжлоод байх шиг…

-АНУ-д болсон хямрал бол эн тэргүүнд ипотекийн хоёрдогч зээлийн эрсдэлтэй байдал даамжирснаас үүдсэн. Учир нь ердийн ипотекийн зээлийг олгохдоо зээлдэгчийн орлогын чадавхи зэрэг суурь шалгуур үзүүлэлтүүдийг харгалздаг байсан тогтолцоо үгүй болсон байдаг. АНУ-ын банк, санхүүгийн хүрээнийхний өнөөдөр хүлээн зөвшөөрч байгаагаар Америкт байрны үнэ буурахгүй гэдэг суурь ташаа дүгнэлтэд тулгуурлан зээлийн ийм бүтээгдэхүүнүүдийг олноор “үйлдвэрлэж” эхэлсэн. Тэгэхээр өмнө нь ипотекийн ердийн зээл авчихсан хүн ипотекийн зээл авч байр нэмэн авах боломжтой болсон. Ажилтай нэг нь хэд хэдэн ипотекийн зээлийг өөрийн даах чадавхийг харгалзахгүйгээр авах боломжтой болсон гэсэн үг. Нэг ёсондоо хүн бүр өөрийн үндсэн ажлын зэрэгцээгээр үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэх боломж нээгдсэн ч юм шиг л болж л дээ. Гэтэл ийм бизнесийг хүн бүр хийгээд байдаг зүйл бас биш. Өөрийн гэсэн том эрсдэлтэй шүү дээ. Тиймдээ ч том хямралыг дагуулсан.

Гэтэл манайд байгаа ипотекийн зээлүүд бүгд ажил, орлогын хатуу шалгуурыг давж байж олгогддог. 30 хувийн урьдчилгаа чинь өчнөөн шалгуур давж зээлээ авч буй хүний төлбөрийн чадавхид эргэлзсэн тогтолцоо биш шүү дээ. Харин үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом унахаас сэргийлсэн механизм юм. Тэгэхээр энэ зээлийн суурь ойлголт нь ч Америкийн ипотекийн хоёрдогч зээл шиг барилгын үнэ өснө гэдэгт тулгуурлаагүй, харин ч унахыг үгүйсгээгүй бөгөөд тэр эрсдэлээ хаах 30 хувийн механизмыг өөртөө агуулсан мөн чанартай. Өөрөөр хэлвэл манай ипотекийн зээлууд бол ард иргэдээ орон сууцжуулах гэсэн бусад бүх оронд байдаг ердийн ипотекийн зээл юм. Түүнээс үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэх боломж, үүд хаалгыг хавтгайруулан нээсэн хариуцлагагүй гэмээр зээлийн тогтолцоо биш. Энэ ялгаа бол маш том ялгаа юм шүү. Тиймдээ ч манай энэ зээл чинь 2003 оноос яваад 2009 онд Монголд өрнөсөн хямралын ард гараад өдийг хүрсэн гэхэд хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд орсон нь ердөө л 2.5 хувь, муу зээл болсон 0.5 хувьтай байгаа юм.

-Банкны урьдчилгаа 30 хувиа төлөөд орон сууцтай болох хүмүүсийн хэрэгцээ хангагдсан. Тэгэхээр Засгийн газраас иргэдээ орон сууцжуулах чиглэлээр авч хэрэгжүүлэх энэ арга хэмжээ нь олон нийтэд маш их таалагдаж байна. Харин төр, иргэн хоёр нийлээд орон сууцны урьдчилгаа мөнгийг босгохыг арилжааны банкууд зөвшөөрч байгаа юу?

-30 хувийн урьдчилгаат төлбөртэй 20 хувийн зээлийг яагаад дэмжих хэрэгтэй вэ гэдгийн үндсэн хариултыг та асуултаараа өгчихлөө. 30 хувийн урьдчилгааг төлөөд 80 метр квадрат хүртэлх байрыг авах ипотекийн зээлд хамрагдах хүсэл эрмэлзэлтэй иргэд бараг шавхагдсан. Үүнийг үргэлжлүүллээ гээд үр дүн ер нь л гарахгүй гэж хэлж болно. Тэгэхээр тодорхой шийдэл зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Лав л “Эдийн засаг ийм болсонд би хамаагүй юм чинь” гээд ёстой популист шоу-шүүмжлэлийг өрнүүлээд юу ч хийхгүй суух нь ёс суртахунгүй сонголт.

Тиймээс бусад улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг харж байгаад хамгийн үр дүнтэй, гэхдээ зах зээлийн зарчмыг гажуудуулахгүй бодлогыг гаргах нь нэн чухал.

Одоо яригдаж буй шийдлийг банкууд дэмжиж буйг дээр дурдсан. Учир нь банкнуудын хувьд 30 хувийн урьдчилгааны тогтолцоо нь өөрчлөгдөхгүй байгаагийн зэрэгцээ тэдгээрийн томоохон харилцагчид зээлээ төлөх боломж нээгдэх нь эргээд банк, санхүүгийн систем цаашлаад улс орны эдийн засагт л тустай. Тэгээд ч энэ шинэ зээлийн тогтолцоо банкуудад эх үүсвэрийн шинэ дарамтыг бий болгохгүй. Ер нь иргэдийн хувьд урьдчилгаа нь 10 хувьтай болж байгаа нь огтоос байж болохгүй агаараас зохиочихсон тогтолцоо биш гэдгийг банкныхан бас сайн мэдэж байгаа. Найман хувийн зээлийн өнөөдрийн мөрдөж буй журамд урьдчилгаа төлбөрийг 10 байж болохоор заачихсан байгаа юм шүү дээ. Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журмын 2.4-т урьдчилгаа төлбөрийг 10-30 хувь байна гээд тов тодорхой бичсэн байгаа. Харин журмыг батлах тухайн үед бодлогын сонголтоо хийхдээ 30-ийг нь авсан байгаа юм. Тэгэхээр яг ийм хэцүү үед нь л 10 хувийг сонгоно гэж энэ тоог журамд тусгасан байгаа байх.

Тэгээгүй, эдийн засгийн өндөр өсөлттэй үед хэрэглэнэ гэж тооцож ийм тоог оруулсан бол эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөж байх тухайн үед л энэ 10 гэсэн хувийг сонгох байсан байлгүй дээ. Нэгэнт банкуудын өнөөг хүртэл мөрдөөд ирсэн журамд урьдчилгаа төлбөрийн хэмжээ 10 хувьтай тэнцэж байж болохоор тусгасан байдаг тул банкууд үүнийг дэмжиж байгаа юм. Тэгээд ч дахин хэлэхэд банкуудын хувьд 30 хувийн урьдчилгааны тогтолцоо өөрчлөгдөхгүй байгаа шүү дээ.

Урьдчилгаа төлбөр 10 хувь болохыг банкууд дэмжих бас нэг шалтгаан нь бусад улс оронд энэ нь байдаг л босго. Хаана ч байдаггүй юмыг яриад унасан бол хэн ч цочирдоно л доо. Харин ч манай 30 хувь бүс нутагтаа өндөртөө л орно. Гэтэл манай иргэд бүс нутгийн бусад орныг бодвол харьцангүй бага орлоготой байдаг. Манайд ипотек шинэ тогтолцоо учраас түүнийг 30 хувьтай байж баймаажин л найдвартай байдаг мэтээр ойлгох явдал ажиглагдах юм. 5-20 хувийн урьдчилгаа төлбөрийн тогтолцоотой орнууд тэгтэл ийм урьдчилгаа төлдөг зээлдэгчдийгээ найдваргүй гэж огт үздэггүй болоод л ийм бага урьдчилгааны тогтолцоотой байгаа шүү дээ. Бусад орныхоос өндөр байгаа юм бол эхнээсээ яах гэж 30 хувийг гаргасан юм бэ гэж асуух хүн гарч болно. Журмыг баталж байх үед байрны үнэ хөөсрөлтэй байсныг бүгд мэдэж байгаа. Хөөс сарнидаг нь жам. Харин хөөс сарнихад зээлээ асуудалгүй төлөөд явж буй Лутаагийн зээл түүнээс огт хамаараагүй шалтгаанаар муудаж, буруугүй Лутааг эрсдэлд оруулж магадгүй хэмээн болгоомжилсон тооцоотой тогтолцоо. Түүнээс Лутаа зээлээ төлж чадахгүй болчихож магадгүй хэмээн нэн тэргүүнд хардсан тогтолцоо биш. Лутаагийн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд түүний сар бүр төлсөн мөнгө бас байр өөрөө банкинд байгааг бодолцох хэрэгтэй. Харин байрных нь үнэ буурвал яах ч аргагүй байдал бий болдог. Тиймээс л 30 хувийг нь цаашид ч буулгахгүй, зөвхөн засгийн газрын баталгаагаар тодорхой хэмжээнд нь орлуулах тухай яриад байгаа юм.

Харин өнөөдөр 30 хувьтай тогтолцоог сонгоход хүргэсэн барилгын “хөөсрөлттэй хэмээх” үнэ төгрөгийн ханшийн хэлбэлзэл, нийлүүлэлтийн илүүдэл, эрэлтийн сааралтаас болоод буурч, хөөсрөлөөс ангижирч байхад 20 хувийн баталгаатай тогтолцоог нэвтрүүлж, зах зээл дээр хөдөлгөөн үүсгэн дэм өгч, иргэдээс ачааллыг буулгах нь зохимжтой. Эс тэгвээс эрсдэл өөр өнцгөөс довтлох магадлалтай. Төлбөр тооцооны удаашралыг зөөллөхгүй байж байгаад үл хөдлөх хөрөнгийн огцом уналт руу явбал банкинд байгаа барилга байгууламжийн барьцаатай бүх зээлүүд эрсдэлд орох магадлалтай. Энэ нь эргээд эдийн засагт яаж нөлөөлөх билээ гэдгийг төсөөлж болно. Манайх шиг нөхцөл байдалд орсон бусад улс орнуудын төр засаг барилга, үл хөдлөх хөрөнгийн салбараа анхаарч, харин бүр далайцтай, аливаа эргэлзээгүйгээр дэмжих арга хэмжээ авдгийг энд бас дурдах нь илүүдэхгүй биз ээ.

Та түрүү Америк шиг болохвий гэж байсан. Цаг үедээ тохирсон ийм арга хэмжээг авахгүй зүгээр суувал харин тийм байдал орох вий гэж болгоомжлууштай. Барилгын салбар бол улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлсээр ирсэн томоохон салбарын нэг. Тэгж тэр бүр туслалцаа дэмжлэг гуйгаад байдаг ч салбар биш. Хүнд үед нь дэмжээд өгөхөд өгсөн дэмжлэгийг цаашдаа үр шимийг нь давуулж л хариу барьдаг салбар. Тэгэхээр тэдгээрийг ядарсан үед нь зөнд нь хаяхгүй дэмжих нь банкнуудад өөрсөд нь ч, эдийн засагт ч ашигтай гэдгийг бас ойлгоцгоож л байгаа байх.

-Ипотекийн зээлээр худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэл хувийн урьдчилгаа төлбөрт Засгийн газар баталгаа гаргаж өгч байна. Тэгэхээр орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн баталгааны хугацаа хэдэн жил байх вэ. Хүү төлөх үү?

-Засгийн газрын баталгаанд хамрагдсан иргэн орон сууцныхаа үнийн дүнгийн 10 хувийг бэлэн мөнгөөр төлж, 90 хувьд жилийн 8(±1) хувийн хүүтэй ипотекийн зээл авна гэсэн үг. Зээлдэгчийн сар бүрийн төлбөрөөс нийтдээ 20 хувийн баталгааны хэмжээний төлбөр хийгдмэгц Засгийн газрын баталгаа дуусгавар болдог байх байр суурийг манай яам баримталж байгаа. Энэ бол найман хувийн зээл, тэгэхээр баталгааг үндэслэн авсан зээлийн хэсэгт ч үйлчлэх ёстой.

-Нэг хэсэг нь Засгийн газар энэ мөнгийг иргэдэд хүүгүй, урт хугацаанд өгнө гэх юм. Хэрэв тийм бол эдийн засаг хүнд байгаа энэ үед төр улам хүнд байдалд орно. Нөгөөтэйгүүр банкны хүүтэй ижил байвал иргэдийн нуруун дээр ачаа болно гэж байна л даа. Орон сууцанд орохын тулд урьдчилгаагаа ахиу төлөх тусам банкнаас авч байгаа зээлийн хүү бага тооцогдоно. Харин урьдчилгаагаа бага төлбөл хүүгийн төлбөр нэмэгдэж, иргэд өрийн дарамтаас гарч чадахгүй гээд байна. Иймэрхүү эргэлзээтэй асуудалд та тайлбар өгөхгүй юу?

-Ямар ч мөнгө үнэ цэнтэй. Тэр нь хүүгээр илэрхийлэгддэг. Засгийн мөнгө татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрддэг тул тэгэх тусмаа үнэ цэнэтэй. Тэгэхээр үнэ цэнийг нь буюу хүүг нь төлүүлэлгүй зээл өгнө гэдэг бол бэлэглэнэ гэсэн үг. Ёстой нөгөө популизм ч нь болно. Тийм зүйл байх боломжгүй. Баталгааны 20 хувьтай тэнцэх зээлийн хэсэг адилхан найман хувийн хүүтэй л байна. Найман хувийн хүүг байж боломгүй хүнд ачаа гэж өнөөг хүртэл үзээгүй ирсэн гэж ойлгодог. 20 хувийн баталгааны тухай асуудал яригдахаар гэнэт тэгэмгүй юм.

Харин 20 хувьдаа хүү төлдөггүй байсан, одоо төлдөг болчихож буй юм биш үү гэж асуух нь бий. Гэхдээ 20 хувь нэмэх нь 10 хувийг шууд өөрийнхөө халааснаас иргэд төлж байгаа шүү дээ. Тэгэхээр зээлдэгч өөрөө л найман хувийн хүүгийн ачаалалтай зээлтэй байх уу, эсвэл зээлийнхээ 20 хувийг шууд гаргах ачаалалтай байх уу, аль нь нуруун дээр нь илүү ачаалал болж буух уу гэдгийг өөрсдөө л шийдэх асуудал. Урьдчилгаа 10 хувийг тэртэй тэргүй төлнө, нэмээд зээлийн 20 хувьтай тэнцэх мөнгийг өнөөдөр шууд гаргана гэдэг хэцүү ачаалал байгаа учраас л өнөөдөр таны дээр асууснаар 30 хувийг урьдчилаад шууд төлчихдөг хүмүүсийн тоо ханаад байгаа байх. 30 хувийг урьдчилаад шууд төлж чадахгүй байна гэдэг муу зээлдэгчийн шинж огт биш. Шууд л бэлэн мөнгө гаргаад ир гэвэл баруунд ч тийм амар бүтэхгүй. Тийм ч учраас тэнд урьдчилгаа чинь 30 хувиас доогуур байх нь маш элбэг. Тухайлбал, ихэнх залуу хүмүүс зүгээр л залуу учраас тэр 30 хувийг чинь бүхлээр нь хуримтлуулж чадаагүй байдаг. Түүнээс тэд залхуу, худалч, зальхай хүмүүс биш шүү дээ. Тэдэнд 30-40 жил ажиллах ирээдүй байгаа. Тэр хугацаандаа байрны байтугай олон зээл авна ч, барагдуулна ч. Машин, гэр орны тавилга хэрэгсэлийн гээд л зөндөө зээл авна шүү дээ. Гэтэл найман хувийн хүү гэдэг бол манай хэмжээгээр аваад үзэхэд тийм ч өндөр биш. Ийм залуусын хувьд найман хувьтай зээл авах нь 20 хувийн урьдчилгааг шууд бэлнээр төлөхөөс гайгүй ачаалал байх болов уу.

20 хувийн баталгааг үндэслэн авах зээлийн 20 хувийнхаа хүүд найман хувийг төлөхийг ачаалал гэж үзэж буй хүнд 30 хувиа шууд төлөөд (өөрөөр хэлвэл 10+20 хувиа шууд төлөөд) ипотекийнхаа зээлийг авах боломж өнөөдөр ч нээлттэй байгаа. Цаашид нээлттэй хэвээрээ л үргэлжлэх болно. Гэхдээ ихэнх иргэдийн хувьд 20 хувийг цүлхийтэл гаргаад тавьчих нь найман хувийн хүү төлөөд авах зээлнээс илүү ачаалалтай тусах байх даа. Зүгээр 30 хувийг шууд төлөх бэлэн мөнгөтэй хүн байлаа гэхэд 10 хувиа урьдчилан төлж зээл аваад найман хувийн хүү төлөөд 20 хувьтай тэнцэх мөнгөө банкинд хугацаатай хадгалуулахад л 10-аас дээш хувийн хүү банкнаас хадгаламжиндаа авна шүү дээ. Тэрийгээ тэгж хадгалуулахгүй бизнест хөрөнгө оруулбал бүр илүү ч байж мэднэ. Тэгэхээр 30 хувийн урьдчилгаагаа шууд төлөх чадвартай хүнд ч энэ 10 хувийн урьдчилгаа төлөх зээлийн тогтолцоо нь илүү ачаалалтай гэхээсээ ашигтай л байх болов уу. Харин 30 хувиа шууд төлж чадахгүй, гэхдээ алсдаа асуудалгүй төлчих олон ажилсаг залуусын хувьд бол 20 хувийн баталгаанд суурилсан зээл нь ачаалал биш харин боломж юм. 10 хувийн урьдчилгаатай ийм зээл байхгүй бол тэд өнөөдөр байртай болж чадахгүй. Тэд “Бид найман хувийн хүүгийн ачааллыг 20 хувийн баталгаан дээр үндэслэж авсан зээлэн дээрээ авъя” гээд ч, тэр ачааллаа тэгээд үнэхээр даахаар байгаад ч өнөөдөр байртай болж чадахгүй. Тэд мөнгөө хуримталтал хүлээх л хэрэгтэй болно. Гэтэл тэд өнөөдөр байртай болчихвол тэд ч хожно, барилгын салбар ч хожно, ипотекийн зээлийг олгож буй банк ч хожно. Ажилтай, ажилсаг, хариуцлагатай хүмүүс бол уг нь алсдаа байртай болохдоо л болно. Түүндээ ипотекийн зээлийн хэмжээний мөнгийг тэртэй тэргүй төлнө. 30 хувийн зээлийн тогтолцоондоо бид уян хатан хандаад яг өнөөгийн бодит шаардлага хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөлт хийхгүй бол, ажилч хичээнгүй, хямралтай ч хямралгүй ч олон жил орлого тогтвортой олох боломжтой, зөвхөн өнөөдөр хангалттай хуримтлалыг бий болгож чадаагүй хүмүүс маань энэ жилдээ биш, нэлээд хэдэн жилийн дараа л байртай болно. Тэртэй тэргүй мөнгө төлөх ирээдүйн бололцоотой ийм хүмүүстээ өнөөдөр боломж олгох нь шударга биз дээ.

Харин 10 хувийг төлж буй зээлдэгч маань үнэхээр төлбөрийн чадвартай эсэхийг бол газар дээрээ банк л тогтоож шийдвэрлэнэ. Банкнууд өөрсдийнхөө эрсдэлийг бодоод шигшилтийг мэдээж сайн хийнэ. Ямартай ч өнөөг хүртэл энэ зээлийн хувьд шигшилтийг “өршөөлгүй” хийж ирснийг бодоход цаашид ч сайн хийх байх. Энэ ажиллагаанд нь төр харин хушуу нэмэрлэх хэрэггүй.

-Өнөөдрийн байдлаар зах зээлд 32.6 мянган айлын орон сууц нийлүүлэгдсэн гэж ярьж байна. Эдгээр орон сууцны хэдэн хувь нь 80 ам.метрээс дээш талбайтай юм бэ?

-2014-2015 онд зах зээл дээр нийлүүлэгдэж байгаа 32-36 мянган айлын орон сууцны 23 хувь нь 80 ам.метрээс дээш талбайтай гэсэн мэдээлэл бидэнд байна. Эдийн засаг хүндрээд барилгын салбарт эрсдэл бий болгоод, тэр нь ажлаа зүгээр хийгээд мөрөөрөө явж буй барилгын инженер, ажилтнуудад мөн эдийн засагт бүхэлд нь эргээд дарамт болох гээд байгаа учраас л оновчтой гарцыг Засгийн газар эрэлхийлж, уян хатан, бодит нөхцөл байдлыг харгалзсан, олон улсын жишгээс ангид биш шийдвэрийг гаргах ёстой гээд байгаа юм шүү дээ.

-Амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулж байгаа юу. Уг нь журам гарсан байх аа?

-Засгийн газрын 2014 оны тавдугаар сарын 10-ны 151-р тогтоолоор, Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолоор баталсан “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д нэмэлт оруулснаар ипотекийн зээлийн хүү аймаг, сумын иргэдийн хувьд 7(±1) хувь болж өөрчлөгдсөн. Аймаг, сумын төвийн батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан, дэд бүтцийн шийдэл бүхий амины орон сууц мөн хот төлөвлөлт, барилгын норм, дүрэм, стандартын шаардлагад нийцүүлэн тухайн иргэний өөрийнх нь өмчийн газар дээр баригдсан, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, дэд бүтцийн шийдэл бүхий амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулахаар шийдвэрлэсэн. Гэхдээ хэрэгжилт тал дээрээ нэг их урагштай биш л байгаа.

-Өнөөдөр орон сууц илүүдээд байгаа бас нэг шалтгаан нь арилжааны банкуудын босго дэндүү өндөр байна гэж иргэд шүүмжлэлтэй ханддаг. Мэдээж банк эрсдэлээ тооцох нь зөв. Ипотекийн зээлийн журмыг уян хатан болгох тал дээр салбарын сайдын хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

-Банкуудын босго дэндүү өндөр байна гэлээ. Яг ийм учраас л буулгахыг эрмэлзэж байгаа юм. Тэгээд л асуудалд уян хатан хандъя, иргэдээ ч эртхэн орон сууцтай, эдийн засагтаа ч дэм өгье л гэдэг байр суурийг Засгийн газар барьж байгаа.

-Цаашид орон сууцны үнэ буурах уу?

Одоо төгрөгийн ханш, эдийн засгийн хямрал зэрэг хэд хэдэн сөрөг үзүүлэлт үйлчилснээс улбаалаад байрны үнэ бууж байна. Бидний санал болгоод буй арга хэмжээ зах зээлд дэм түлхэц л өгнө. Түүнээс нийт нийлүүлэлтээс эрэлтийг давуулах гэсэн халуурал биш. Тэгэхээр шинэ зээлийн дүнд үнэ өсөх зах зээлийн шалтгаан байхгүй.

-Барилгын компаниуд асар хямд өртгөөр босгосон орон сууцныхаа үнийг хөөсрүүлээд байна гэх шүүмжлэл байдаг. Өнөөдөр орон сууцны боломжит үнэ хэд байх ёстой юм бэ. Одоогийн байгаа үнэтэй харьцуулан авч үзвэл нэгж талбай тутамд хэдэн төгрөгөөр буурах боломжтой вэ?

-Үнэ ямар байхыг зэх зээл л шийднэ. Үнийг төр, сайд тогтоодоггүй. Эрэлт буураад ирэхээр үнэ буурах нь зах зээлийн хууль. Үүнийгээ дагаад хөөсрөлт буурна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Монгол орны бүх нутагт хүрч ажиллах хүсэлтэй Элчин сайд

Их Британи, Умард Ирлан­дын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Элизабет Жэйн Арнолдынд өнжлөө. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.

Кэтринийх Монгол дахь Элчин сайдуудын хотхонд байдаг. Харуул хамгаалалт бүхий ногоон зүлэг, модоор хүрээлүүлсэн тэр цэмцгэр хашаанд орон орны Элчин сайдууд амьдардаг юм билээ.Английн Элчин сайдын өргөө хоёр давхар цагаан өнгөтэй. Зочны, гал тогооны, ажлын, албан өрөөнөөс гадна гурван ч унтлагын өрөөтэй ажээ. Кэтрин Монголд ирээд ердөө гуравхан долоо хонож байгаа болохоор гэрээ өөрийнхөө хүссэнээр тохижуулж ам­жаа­гүй байгаагаа бидэнд учирлав. Тэрбээр уран зураг, хөгжим, ном, спорт гээд маш олон зүйл сонирхдог бөгөөд арвин цуглуулгатай аж.Тэдгээр эд хогшлоо гааль дээрээс авахаар хүлээж байгаагаа ч дуулгасан юм.

Хатагтай Кэтрин хэвлэлд нээлттэй санагдав. Хэр баргийн Элчин сайдууд түүн шиг байдаггүйг бид мэднэ. Шинээр томилогдож ирсэн эрхмүүд ойрын нэг, хоёр жил­дээ хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй шүү дээ. Тэгвэл Кэтрин Монголд ирсэн даруйд эрх ямба эдэлж хойш суулгүй эгэл ардын аж амьдрал, хотын хөгжил цэцэгжилт, түүх дурсгалын сонин хачинтай танилцаад амжжээ. Тэрбээр илүү ихийг мэдэж, ард түмнийг судалж, таньж чадвал хоёр улсын хамтын ажиллагааны хөгжилд дэвшил гарна гэж байлаа.

Жил бүрийн зургадугаар сарын 14-нд Их Британичууд дэлхий даяар Хатан хаан-II Элизабетийнхаа төрсөн өдрийг тэмдэглэдэг уламж­лалтай. Монгол дахь Элчин сайдын яам ч энэ баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ. Энэ удаад шинээр томилогдон ирсэн Элчин сайд Кэтрин хатан хааныхаа төрсөн өдрийг өвөрмөц хэлбэрээр зохион байгуулахыг хүсчээ. Тэрбээр уг баярыг хэрхэн тэмдэглэдэг, ямар утга учиртайг монгол­чуудад таниулахын тулд хэв­лэлийн байгууллагаас “Өдрийн сонин”-ыг урьсан юм. Урьд жилүүдэд нам гүмхэн тэмдэглэдэг байсан уламжлалыг ийнхүү эвдэж, олон нийтэд нээлттэй байд­лаар тэмдэглэж байгаа нь Элчин сайдын санал хэмээн Английн ЭСЯ-ны ажилтнууд өгүүлж байв. Их Британийн хатан хаан Элизабетын төрсөн өдрийн арга хэмжээг Кэтрин өөрийнхөө гэрт тэмдэглэв. Хүлээн авалтад Барилга хот бай­гуулалтын сайд Д.Цогт­баатар, УИХ-ын гишүүн Р.Амар­жаргал нар болон Монголд суугаа орнуудын Элчин сайдууд хүрэлцэн ирсэн байлаа. Мөн салбар салбарын төлөөллүүдийг ч урьжээ. Хатагтай Кэтрин хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт Сайд, УИХ гишүүн, ноёд хатагтай нараа. Та бүхнийг Хатан хааны төрсөн өдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд маш их баярлаж байна. Өнгөрсөн долоо хоногт хатан хаан өөрийн төрсөн өдрөөр уламжлалт цэргийг жагсааж албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлэв. Хатан хааны гэр бүлийн хувьд энэ явдал нь маш онцгой үйл явдал байсан ба хатан хаан төрсөн өдрийн парадад 63 дахь удаагаа оролцож түүхэн амжилт тогтоож, Букингем ордны тагтан дээр хааны гурав дахь үеийн хүн болох хунтайж Жоржтой хамт гарч ард олондоо харагдсан юм. Мягмар гаригт миний амьдардаг энэхүү газраас холгүй би Монголын талаас зо­хион байгуулсан албан ёсны арга хэмжээнд оролцсондоо маш олзуурхаж байна. Монгол Улсын төрийн хүндэтгэлийн харуулуудын өмнө зогсож Монгол Улс болон Их Британийн төрийн дууллыг Чингэс хааны талбайд эгшиглүүлсэн тэрхүү мөчийг би хэзээ ч мартахгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Европын парламентад хэлсэн үгэндээ “Эрхзүйд суурилсан олон улсын хэм хэмжээг сахих нь бидний хамтын үүрэг” гэдгийг онцолж, Их Британи, Монгол Улс дэлхий дахинд аюулгүй байдал, хөгжил цэцэглэлийг хангах, ардчилал болон хүний эрхийг хангах нь чухал болохыг тэмдэглэж мөн нэн тэргүүнд хуулийг дээдлэх шаардлагатайг дурдлаа. Энэ жил бид Магна Картаг баталсны 800 жилийн ойг тэм­дэглэж байна. Уг эртний баримт бичиг нь XIII зууны Английн хаан болон түүнийг эсэргүүцэж байсан баронуудын хооронд анхлан зөвшилдөж байгуулсан нь сайн засаглалын гол суурь болсон хуулийн өмнө хүн болгон тэгш эрхтэй гэсэн зарчмыг бий болгосон. Англи болон бусад оронд уг баримт бичиг нь хуулийг дээдлэх, түүнийг хэрэгжүүлэх байгууллагыг хууль ёсны дагуу байгуулах, хариуцлагатай засаглалыг бий болгож түүний үндсэн дээр аливаа нийгэм тогтвортой тууштай, баталгаатай цэцэг­лэн хөгжинө. Өнөөдөр мөн Ватерлод болсон тулааны 200 жилийн ой тохиож бай­на. Энэхүү тулаанд хэн ялсныг би мэргэжил нэгт нөхөр Францын Элчин сайд байгаа үед дурдмааргүй байна. Гол хэлэх зүйл бол Европыг хамарсан 23 жилийн мөргөлдөөнийг дуусгавар болсон өдрийн ойг тэмдэглэж байгаа юм.

Шекспирийн 400 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Шекспирийн ихэнх жүжгийг анх удаа тоглож байсан дэлхийд алдартай “Глоб” театрынхан Монголд Гамлетийг тоглохоор энэ жил ирэх болсныг дуулгахад таатай байна.

Олон улсад Их Британи улс нь бүтээлч, шинэлэг санаа, дээд зэргийн чанараар танигдсан бөгөөд Монгол Улсад Британийн олон компаниуд үйл ажиллагаа явуулж байгааг дуулгахад таатай байна. Энэхүү хоёр орны харилцааг бид тэмдэглэх зорилгоор энэ оны есдүгээр сард Их Британийн өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Great кампанит ажлын нэгээхэн хэсэг болох энэхүү өдөрлөгийн үеэр өнөөгийн Их Британи, Монголын хоорондын харилцаа бүхий л талаар хэрхэн амжилттай хөгжиж байгааг харуулахаас гадна Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой Английн компаниудыг танилцуулах боломжийг олгох юм.

Миний бие, хагас зууны тур­шид үргэлжилсэн энэхүү харилцааг цааш нь үргэлжлүүлэх Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаа бөгөөд Монголд байх хугацаандаа хоёр тал болон олон талт харилцаанд илүү хөгжил цэцэглэлт, аюулгүй байдал бий болгох бидний хамтын зорилгыг биелүүлэхэд хоёр орны хамтын ажиллагааг илүү өргөжүүлнэ гэж найдаж байна” гэв.

Түүнийг ийн үг хэлж дуус­­саны дараа Дуурь бүж­гийн эрдмийн театрын хөгжимчид хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлснээр үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. Энэ үед Кэтринд ямар ч зав гарсангүй. Ирсэн зочидтойгоо уулзаж, найрсаг яриа өрнүүлж бай­лаа. Ингээд хүндэт зочдод СУИС-ийн оюутнууд Шекспирийн жүжгийн хэсгээс толилуулж, тэднийг хэсэгтээ л догдлуулаад авна лээ. Харин Кэтрин зочдодоо Английн уламжлалт жимсний коктейл бэлдсэн байсан нь тэдэнд маш их таалагдаж байгаа бололтой байв.

Энэхүү арга хэмжээ товлосон ёсоор 16-18 цагийн хооронд үргэлжилж, цагтаа өндөрлөв. Кэтрин ч зочдоо үдсэний дараа бид түүний бага ахуй наснаас дипломатч болсон түүхийн хуудсыг эргүүлсэн юм.

СОНИУЧ ЗАНТАЙ КЭТРИНИЙ БАГА НАС

Хатагтай Элчин сайд Кэтрин Элизабет Жэйн Арнолд одоогоор гэрлэж амжаагүй яваа гэсэн. Эхээс хоёулаа бөгөөд нэг эгчтэй аж. Кэтриний гэр бүл орон орноор аялж, ажилладаг байжээ. Аав нь далайчдын эрх ашиг, нийгмийн хамгааллыг хариуцдаг олон улсын байгууллагад ажилладаг байжээ. Энэ тухай тэрбээр ярихдаа “Далайчдын ажлын нөхцөл хэцүү. Олон сараар далайд явна. Гэртээ ганц, хоёр хоноод л буцаад явна. Ингээд хөлөг онгоц дээр байдаг хүмүүсийн ариун цэврийн хэрэглээ дутмаг, ар гэрийнхэнтэйгээ утсаар холбоо тогтооход хүндрэлтэй. Тиймээс миний аав, ээж тэр бүх нийгмийн асуудлыг нь хариуцан ажилладаг байлаа. Энэ бол тэдний маань хувийн, сайн дураараа хийдэг ажил нь. Харин олон улсын түвшинд бол далай дээр ямар нэгэн осол гарлаа гэхэд улс орнууд хил рүүгээ оруулдаггүй. “Манайх биш” гээд өөрсдөөсөө холдуулахыг хичээдэг. Мөн тухайн завийг эзэмшиж байгаа хүн мөнгө угаах зорилгоор ашиглаж байж болзошгүй зэрэг асуудлууд их гардаг. Тэр тохиолдолд нөгөө завийг ТББ нь хил рүү нэвтрүүлж, тусламж үзүүлэхийн тулд тухайн улс оронтой нь харилцан ойлголцуулдаг. Би ааваасаа дэлхийн улсууд, ард түмнийг сонирхох байдлыг нь өвлөж авсан. Ээжийн ном их уншдаг байдал надад нөлөөлсөн. Хэрэв миний юмнууд ирвэл энэ ханыг тэр чигээр нь дүүргэнэ” гэж зочныхоо өрөөний цэлгэр ханыг заав.

Кэтрин Өмнөд Солонгосын Пусан хотод төрж өссөн байна. Гурван настайгаасаа Солонгосоос гарснаас хойш да­­хин очих боломж таараагүй гэнэ. Харин энэ удаад Солонгостой ойролцоо орших манай улсад Элчин сайдаар томилогдсондоо ихэд олзуурхаж байв. Кэтрин бага насаа дурсахдаа нүдэнд нь гэрэл тодорч, тухайн үеийг түвэггүйхэн санаж байв. Тэрбээр “Солонгост байхдаа би гуравхан настай байсан. Тэр үеийн зургаа харахаар ихэд дэвшилтэт технологитой орон байсан гэж бодогддог юм. Дэд бүтэц, эмнэлэг сайн хөгжсөн байсан. Дээр үеийн Пусаныг өнөөдрийн Пусантай харьцуулахад маш өндөр хөгжсөн байгаа. Эцэг, эх маань тэр үед их таатай нөхцөлд амьдардаг байлаа. Манай гэр бүл тэндээс Дубай, Шри-Ланкад шилжиж амьдарсан. Би их азтай хүн шүү. Багадаа олон орноор аялж, тухайн улсуудын соёл иргэншилд суралцсан. Спортоор их хичээллэдэг хүүхэд байлаа. Ялангуяа хөлбөмбөг, сагсан бөмбөгт хорхойтой. Бас мөсөн гулгуурт нугасгүй” гэв. Тэрбээр хүйтний улирал ирэхээр гол хөлдөнгүүт гулгана гэдгээ ч нуусангүй. Кэтрин Шри-Ланкад байхдаа төгөлдөр хуур, бишгүүр, лимбэ тоглодог байжээ. Хөгжим бол түүний сэтгэлд оршдог чухал зүйл гэсэн. Тиймдээ ч сонгодог урлаг тэр дундаа дуурийн тоглолтуудыг алгасахгүй үзэх бололтой. Тэрбээр манай дуурийн дуучин Э.Амартүвшингийн чадварыг ихэд үнэлж, хурдан түүний тоглолтыг үзэх юм сан гэж байсан шүү. “Амартүвшин Кардипийн олон улсын дууны уралдаанд шилдэгт үлдсэн байсан. Энэ тухай сонсоход таатай байна. Алдарт дуучин маань эх орондоо ирээд театрт тоглолт хийвэл би хамгийн түрүүнд очиж үзнэ” гэж Кэтрин өгүүлэв. Ер нь Кэтрин Англид байхдаа долоо хоногтоо хоёр удаа заавал дуурийн тоглолтүздэг байжээ.

Кэтрин тун сониуч зантай. Ямарваа нэгэн ажил хэргийг явуулахдаа, хүнтэй харилцахдаа байнга өөртөө асуулт тавина. Түүний багын сониуч хэрсүү зан нь олон зүйлд хөтөлсөн байна. Тухайлбал, улс орныг, хүнийг их судалдаг гэв. “Хүн сониуч байхын хэрээр юмыг илүү ойлгодог. Тэгж байж амжилтад хүрнэ” гэж хатагтай Элчин сайд хэлж байв. Тиймээс Монголын бүх нутагт очиж ажиллахыг хүсдэг байна. Тэгж байж ард түмнийг сайн ойлгож, илүү сайн Элчин сайд болно гэсэн бодолтой байгаагаа хуваалцав. Кэтриний багын эрч хүчтэй, цовоо сэргэлэн зан нь одоо түүний ажил руу нь шингэжээ.

ОНГОЦНЫ НИСГЭГЧ, СЭТГҮҮЛЧ, АКАДЕМЧИАС ДИПЛОМАТЧИЙГ СОНГОСОН ЗАМНАЛ

Кэтрин Кэмбрижийн Их сургуульд математикийн чиглэлээр суралцаж байжээ. Гэвч ганц мэргэжилд баригдаж ча­даагүй байна. Иймд фили­софи, шашин судлалаар бас суралцжээ. Их сургуулийн оюутан байхдаа гурван чиглэлээр дугуйланд давхар суралцаж байсан гэнэ. Тэр нь хоккей, теннис, сонгодог найрал дууны анги ажээ. Ер нь урлагт бол авьяастай, олон улсын жишигт нийцсэн хуурцаг хүртэл хэвлүүлж гаргасан байна. Сонирхуулахад, Кэтрин онгоцны нисгэгч байсан гэнэ. Их сургуулийнхаа нисэх хүчний салбарт цэргийн зориулалттай “Бульдог” загварын сургалтын онгоц жолооддог байжээ.Уг онгоц нь овор багатай болохоор ганцаараа агаарт янз бүрийн үзүүлбэрүүдийг үзүүлдэг байсан гэнэ.

Кэтрин Кэмбрижийн их сургуульд мастер хамгаалаад “City of London”-д санхүүгийн хэлтсээс ажлын гараагаа эхэлсэн байна. Их Британи улс бол санхүүгийн чиглэлээр дэлхийд мундаг. Тиймээс Элчин сайд Кэтрин Англи, Монголын худалдааны харилцааг илүү хөгжүүлэх тал дээр ажиллах бодолтой байгаа гэлээ. Английн турш­лагыг суугаа орныхоо хөрсөнд нутагшуулахад нэлээд анхаар­лаа хандуулах юм байна.

Кэтриний сониуч зан түүнийг сэтгүүлч болгоход нөлөөлсөн тухай тэрбээр бидэнд хуучилсан юм. “City of London”-д ажилласныхаа дараа тэрбээр эцэг, эхийнхээ амьдарч байсан газрын сонин, телевизэд сэтгүүлчээр ажиллаж байжээ. Английн урд зүгт байдаг Isle of Wight гэдэг газрын “Country Press” хэвлэлийн газарт сэтгүүлч болжээ. Тэнд ажлын туршлагатай болсныхоо дараа Иракт ажиллах томилолт өвөр­төлжээ. Тус улсад Анг­лийн анхны сэтгүүл гаргах ажилд туслахаар ийн зорьсон гэнэ. Иракт байсан хугацаа нь түүний амьдралын гайхалтай мөчүүд байсныг дур­­сав. Тэнд хувиараа “Bloomberg”, “BBC”, “Guardian” зэрэг дэлхийн томоохон агентлагуудад ажиллажээ. “Багдадад зориулсан аяллын хөтөч” ном хэвлүүлснээс гадна сонинд аяллын талаар хэд хэдэн нийтлэл бичиж байжээ. Тэрбээр Ойрхи Дорнодод ажилласныхаа дараа Англид буцаж очоод Ноттингамын их сургуульд дахиад мастерт суралцжээ. Ингээд Гадаад хэргийн яаманд ажиллахаар болсон байна. Улс орнуудыг илүү их таньж мэдэхийг хүссэн учраас ийнхүү Гадаад хэргийн яаманд ажилд орсон гэж Кэтрин тайлбарлаж байлаа. Түүнд хоёр сонголт тулгарчээ. Докторын зэрэг хамгаалах боломж байсан хэдий ч улс орнуудын талаар дэлгэрэнгүй мэдэж байж суралцах ёстой гэж үзжээ. Тэгээд сэтгүүлч, академич байх хоёрын дундаас дипломатчийг сонгосон байна. Энэ тухайгаа “Дипломатч байх нь сэтгүүлчийн талаас хүмүүсийг ойлгоно. Академич бол онолын төвшин дэх зүйлүүдийг ухамсарлана. Энэ хоёрыг нэгтгэхэд дэлхийн улс орнуудыг илүү сайн сайхан байлгахад анхаарлаа хандуулан ажиллаж болно гэж харсан. Хувь хүн болон улс оронд болохоор аюулгүй байдал, эдийн засгийн хувьд ашигтай зүйлийг бий болгоход туслах юм байна гэж ойлгосон” гэж ярив. Кэтрин Гадаад хэргийн яаманд ажиллаад хэд хэдэн газар томилогджээ. Тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржид итгэмжлэх жуухаа барихдаа энгэртээ хоёр одон зүүсэн байв. Энэ нь түүнийг аюултай бүсэд ажиллаж байсныг нотлох иргэний хүндэт медаль юм байна. Тэрбээр сонирхолтой орнуудад ажиллах тун дуртай гэж инээмсэглэн ярилаа. Ингэхдээ “Афганистан бол маш гайхалтай орон. Олон жилийн дайны дараа хөгжиж байгаа. Бидний хамаалалт сайн байсан. Тиймээс би аюулгүй орчинд байв. Харин Афганистанд аялах боломж байгаагүй. Нэг удаа Файзабад гэдэг газар руу явж аялсан. Тэр үед Монголын энхийг сахиулагчид нисэх онгоцны буудал орчмыг хамгаалж байлаа. Тэнд бид долоо хоног байрлаж байхад Монголын энхийг сахиулагчид тун чадварлаг хамгаалж байсан шүү. Монгол орон бол маш гайхалтай. Хаашаа ч очоод аялах боломжтой байна. Би ууланд авирах дуртай. Иранд байхдаа хамгийн өндөр буюу 600 метрийн өндөр галт ууланд авирч байсан. Тиймээс Монголын Алтай таван богд руу авирна гэж бодож байгаа” гэв.

“АНГЛИ МОНГОЛЫН ХАРИЛЦААГ ХЭД ХЭДЭН ШАТАНД ХӨГЖҮҮЛНЭ”

Хатагтай Кэтрин Монголд Элчин сайдаар томилогдож ирсэн ач холбогдлоо ихэд өндрөөр үнэлж байсан шүү. Учир нь ардчилал хөгжөөд 25 жилийн ой тохиож байгаа энэ үед Монгол Улс хөгжлийнхөө чухал шатанд ирж буй хэмээн онцолж байлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Европын парламентад хэлсэн үг нь Европын холбоо, Английн зорилготой нийцэж байгааг Элчин сайд Кэтрин дурдав. Түүнээс 52 жилийн түүхтэй хоёр улсын дипломат харил­цаа цаашид салбар, салбарт хэрхэн өргөн тэлэхийг төсөөлж бай­гааг нь тодруулахад “Мон­гол, Англи хоёр улс олон сал­барт хамтран ажил­­лаж байгаа. Английн өндөр технологийг Монголд нутагшуулна. Би Монголд ирсэн даруйдаа “English of school”-д очиж ажилласан. Кэмбрижийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Монголын Засгийн газар, БСШУЯ-тай хамтран энэ программыг цааш нь явуулах сонирхолтой байгаа. Боловсрол бол ямар ч орныг амжилтад хүргэх гайхалтай түлхүүр. Мөн хоёр улс хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана. Английн шилмэл үүлдрийн, махны ашиг шим, ноосны чанар сайтай хонийг Говьсүмбэр аймагт нутагшуулна. Дээрхээс гадна Их Британийн амьтны нийгэмлэг Монголын Засгийн газар хоёрын хооронд нягт хамтран ажиллаж байгаа. Энэ нийгэмлэгийн маань гол зорилго бол хууль бусаар амьтан агнах, хил гаргахыг хориглодог. Их Британийн Хавтгай хамгаалах нийгэмлэг болон Мазаалай хамгаалах нийгэмлэг Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Амьтан хамгаалах нь хоёр улсын хамтын ажиллагааны чухал хэсэг. Учир нь амьтан бол тухайн орны соёлын нэг хэсэг байдаг” гэлээ. Тэрбээр амьтанд тун хайртай юм билээ. Одоогоор Монголд бүрэн төвхнөж амжаагүй болохоор хараахан амьтан тэжээгээгүй байгаа аж. Тун удахгүй сонирхлынхоо дагуу олон төрлийн амьтан тэжээнэ гэв.

Английн виз бол амаргүй гардаг. Монголчууд визний мэдүүлэгт орохын тулд Бээжинг зорьдог. Визний чирэгд­­лийг хөнгөвчлөхийн тулд шинээр томилогдсон Элчин сайд ямар ажил хийхийг лавлатал “Визний асуудлын тухайд зөвхөн Монголд биш, дэлхий даяар баримталж байгаа Их Британийн бод­лого юм. Миний ажиллаж байсан бусад орнуудад ч ийм нөхцөлтэй байсан. Ганц Монгол орныг ингээд байгаа юм биш. Визний хувьд Азийн нэг бүсэд төвлөрч буй. Энэ нь бидний харж байгаагаас илүү үр дүнтэй үйл ажиллагаа юм. Визний мэдүүлэг нэг оронд төвлөрсөн нь илүү хямд тусна. Афганистан, Иран, Ирак гээд миний ажиллаж байсан бүх оронд ийм байдлаар ажиллаж байгаа. Монголд байгаа визний материал хүлээн авах төв гэж бий. Тэднийг илүү шуурхай ажиллахад анхаарч байна. Бизнесийн болон аяллаар явах хүмүүст визэнд орох алхмууд нь энгийн байгаа. Энэ үйлчилгээг авсан хүмүүсээс сонсоход таатай байсан” гэлээ.

Элчин сайд Кэтрин Мон­голд ирсэн анхны сэтгэгдлээ маш гайхалтай байсан гэдэг үгээр илэрхийлнэ лээ. Тэр­бээр эрс тэс уур амьсгалтай манай орны цаг агаарт дасан зохицохдоо огтхон ч санаа зовохгүй байгаа аж. Учир нь түүний амьдарч байсан орнуудын ихэнх нь жилийн дөрвөн улиралтай байсан аж. Кэтрин Монголд ирээд удаагүй байгаа ч амралтын өдрүүдийг үр дүнтэй өнгөрүү­лэхийг хичээж байгаа гэсэн. Цонжинболдог руу очиж, музей үзсэн аялал ихэд таалагдсан тухайгаа сонирхуулав. Мөн хотын төвтэй танилцаж, Зайсан руу алхжээ. Тэрбээр амралтын өдөр, чөлөөт цаг гар­вал Монгол оронтой бүхэлд нь танилцаж, аймаг, сум болгонд хүрч ажиллах хүсэлтэй байгаагаа дахин дахин хэлж байсан юм. Түүний хувьд хоёр бөхтэй тэмээ унаж үзэх нь мөрөөдлийнх нь нэг бололтой. Энэ тухай их л сонирхож байгаа янзтай ярьж байв.

Кэтрин олон орноор аялж байсан болохоор үндэснийх нь хоолуудыг ихэж сонирхон зооглодог байна. Монголын хувьд бууз хуушуурт дуртай гэнэ. Тэрбээр гал тогоондоо маш сайн тогооч. Төрөл бүрийн амтыг шинээр гаргах дуртай аж. Тиймээс дэлгүүр хэсэхдээ Монголын цай, бяслаг зэргийг худалдан авсан гэж инээм­сэглэн өгүүлэв. Тэрбээр монгол хэл бага сага мэднэ. Энд ирэхээсээ гурван сарын өмнө монгол хэлийг судалжээ. Гэвч түүний байсан орчинд монгол хүн байгаагүй болохоор бидний хэлийг хэрэглэхэд амаргүй байсан бололтой. ”Сурахад нэлээд хүндрэлтэй санагдсан. Гэхдээ эх оронд нь эрчимтэй сурна аа” гэж байсан шүү.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Сонгуулийг АСЕМ-ийн уулзалтын хойно явуулах хэрэгтэй

АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтыг 2016 онд Монгол Улсад зохион байгуулна. Дээд түвшний уулзалтын гол онцлог нь АСЕМ-ийн 20 жилийн ойтой давхцаж байгаа юм. Ойн арга хэмжээг тэмдэглэх стратеги, төлөвлөгөө боловсруулах үүрэг бүхий 15 гишүүнээс бүрдсэн АСЕМ-ийн ажлын хэсгийг Монгол Улс даргалахаар болсон. Тэгэхээр энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүндтэй үүрэг бидэнд ноогдож буй. АСЕМ-д дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч Австрали, Герман, Итали, Франц, Япон, Өмнөд Солонгос, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Бельги зэрэг 51 орон, хоёр олон улсын байгууллага гишүүнчлэлд нь багтдаг юм. Тэдгээр 53 орны төрийн тэргүүнүүдээс эхлээд зочид, төлөөлөгчид цөм Монголд ирнэ. Тийм болохоор манай улс эрвийх дэрвийхээрээ хөдөлж, бэлдэж байна. Одоогийн байдлаар АСЕМ-ийн 11 дэх удаагийн Дээд хэмжээний уулзалтыг ирэх оны долдугаар сарын 28, 29-нд зохион байгуулах тов бий.

АСЕМ-ийн урсгал зардалд зориулж 2015 оны төсөвт 2.5 тэрбум төгрөг суулгасан. Мөн төлөөлөгчдийг хүлээн авах, ая тухтай байлгах үүднээс зочид буудлуудад 197 тэрбум 384 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа гэсэн. Тиймээс энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, хөнгөлөлттэй зээл хэлбэрээр дэмжлэг үзүүлэхээр болсон юм. АСЕМ-ийн үйл ажиллагаанд өөрийн эрх ашигт нийцсэн чиглэлээр идэвх санаачилгатай оролцох нь манай орны олон улс, бүс нутгийн тавцан дахь байр суурийг бэхжүүлэх, баримталж буй бодлого, байр сууриа сурталчлан таниулахад ихээхэн ач холбогдолтой. Тиймээс энэхүү агуу үйл явдлыг мэргэжлийн түвшинд зохион байгуулах хэрэгтэй. Дэлхийд Монгол Улсын нүүр царайг тод харуулах болохоор засаг төр тогтвортой, туршлагатай харагдах нь нэн чухал. Иймд 2016 оны сонгуулийг АСЕМ-ийн уулзалт болоод өндөрлөсний хойно аажуу, уужуу явуулах санал байна. Учир нь сонгууль болсны дараа өндөр дээд хэмжээний энэхүү уулзалтыг зохион байгуулах нь дэмий санагдаад байна. УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын сүүлчийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр болох хуулийн заалт бий. Хуанлигаас харахад 2016 оны сонгууль бараг зургадугаар сарын 30-ны өдөр болох болов уу. За тэгээд саналын дүнг нэгтгээд УИХ-аа эмхлэн байгуулах гэж хэд хонодог билээ. Сонгууль маргаан дагуулахыг үгүйсгэхгүй. Сунжраад, бөөн юм болно. Хэрэв ямар нэгэн асуудалгүй сонгууль боллоо гэхэд наадамтай уралдаж шинэ гишүүд тангаргаа өргөнө. Энэ үед УИХ-ын даргаа чүү чай сонгож амжсан байдаг. УИХ даргатай болоод Улсынхаа баяр наадмыг шинэ, хуучин гишүүд шимтэн үзэцгээнэ. Баяр наадмын амралт гээд бас хэд хоног налайна. Ингэж явсаар ажлын өдөртэй золгомогц УИХ цугларч, Ерөнхий сайдаа сонгох гээд завгүй болно. Гэвч АСЕМ-ийн уулзалтаас өмнө яавч Засгийн газрын кабинет бүрдэж амжихгүй. Олон жилийн туршлагаас харахад АСЕМ болох өдөр Монгол Улсын Засаг төр эзэнгүй байх нь. Шинэхэн Их хурлын дарга, гишүүдийнхээ хамт угтах янзтай. Тэр үед ганц хуулийн бүрэн эрхтэй төрийн өндөрлөг нь Ерөнхийлөгч байх нь шүү дээ. УИХ-ын байнгын хороо, Засгийн газар сураг ч үгүй байна биз. Ийм үед АСЕМ-ийг даргалагч орны хувьд зохион байгуулах нь хэр оновчтой вэ. Дэлхийн мундагчууд ирчихээд байхад манай улстөрчид Засгийн газраа эмхлэх гээд тэр том үйл явдлыг тоох ч үгүй сууж байх болж байна уу. Тэгээд ч монголчууд ялангуяа улстөрчид жудаггүй улс. УИХ нь олонхи, цөөнхөөрөө талцаж, өөрийнхөө хүнийг сайд болгочих гээд дөвчигнөж өгнө. Тэр олон хүндэт зочид, төлөөлөгчдийн өмнө Монгол Улсыг нүдний булай болгох вий дээ. Улстөрчдийн балгаар гадаадын томчууд “Энэ Монгол ямар хаашаа орон бэ” гэж бодохоор улсын нэрийг хугалах зовлон байна. Дэлхийд дахиад Монгол Улс байдаг гэдгийг дуудахаас ч ичмээр байдалд оруулж мэднэ.

Харин сонгуулийг намар аравдугаар сард зохион байгуулбал яасан юм бэ. АСЕМ болох долдугаар сарын сүүлчээр хуучин засаг нь шинэ гарсан улстөрчдийг бодвол туршлагатай, асуудалд буурьтай хандана. Тэгээд ч одоогийн засаг нь АСЕМ хэмээх нүсэр том арга хэмжээг өндөр хэмжээнд зохион байгуулбал дараагийн сонгуульд гарч ирнэ гэдгээ мэдээд маш сайн ажиллана. Гэтэл сонгуулийг аравдугаар сард болгохоор АСЕМ-аас болж хойшлууллаа гэх улчтөрчид цээжээ дэлдээд гараад ирж болзошгүй бас нэг хувилбар бий. Улстөрчдийн хийрхлээс илүү Монгол Улс хэмээх айлын нэр хүнд чухал. Энэ нэр хүндээ хугалахгүйн тулд бүгд хичээх хэрэгтэй. Дахиад хэлэхэд, АСЕМ-ийн уулзалт болсны хойно сонгууль зарлах нь хамгийн зөв хувилбар юм.

М.МӨНХЦЭЦЭГ