Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголд нарийн царигтай төмөр зам тавиулаагүй хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй

ОХУ Хятадын
хилийн боомт руу нарийн царигтай төмөр зам тавихаар болсон байна. Приморийн
хязгаар дахь Зарубино боомтоос Орос-Хятадын хилийн Махалино өртөө хүртэлх 60 км
замыг ийнхүү нарийн царигтай төмөр замаар холбох нь ээ. Гэхдээ ОХУ-ын өөрийнх
нь гэгддэг 1520 мм-ийн өргөн царигийг өмнөд хөршийн 1435 мм-ийн нарийн царигтай
хослуулан барина. Ингэснээр Хятадын ачаа тээврийн галт тэргүүд ОХУ-д саадгүй
нэвтрэх гарц бий болж байгаа юм. Тэгээд ч Зарубино бол далайд гарцтай боомт.
Дээрх чиглэлд нарийн царигтай төмөр зам тавигдсанаар боомтын үйл ажиллагаа олон
улсын түвшинд хөгжих ач холбогдолтой ажээ. Уг төмөр замыг барихад 30-40 сая
ам.доллар зарцуулахаар эдийн засгийн тооцоо судалгаа гаргасан байна лээ.
Ойролцоогоор 60 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай нарийн төмөр замыг зургаахан сарын хугацаанд барихаар
төлөвлөчихөж. Зарубино хүртэл ийм шинэ төмөр зам барих шийдвэрийг ОХУ дотооддоо
хэдийнэ эцэслэсэн байгаа юм.

Ингээд нарийн цариг гээд ярихаар та бидэнд танил болсон байгаа биз.
Манай улс ийм төмөр зам барих гэж үзээд баралгүй долоон жилийг ардаа орхилоо.
“Хэрэв нарийн царигтай төмөр зам баривал Монгол Улсын тусгаар тогтнолд
заналхийлсэн асуудал болно” гэж ард түмний тархийг угааж талцуулсаар өдий
хүрсэн. Бүр урд хөрш нарийн төмөр замаар танк зөөвөрлөнө гэхчилэн мухар
сүсэглэсэн давалгаа нийгэмд үүсгэж байв. Биднийг энэ мэт үлгэрийн юм яриад,
хэрүүл хийгээд сууж байх хойгуур ОХУ Хятадтай нарийн төмөр замаар холбогдох гэж
байна. Нарийн царигтай төмөр замын ач холбогдлыг оросууд өндрөөр тооцоолж,
эдийн засгийн нэг түлхүүрээ болгожээ. Тэд Хятадтай шууд нарийн царигтай төмөр
замаар холбогдвол цаг хугацааг товчлохоос гадна ачаа шилжүүлдэг үргүй зардлыг
хэмнэнэ гэдгийг тооцоолсон нь мэдээж. Цаашлаад нарийн төмөр зам ОХУ-ын хувьд
Ази-Номхон далайн бүсийн интеграцчилалд идэвхтэй нэгдэх боломж гэж томьёолсон
байгаа юм. Ингэхэд Орос Хятадын хооронд нарийн төмөр зам тавигдсанаар манай
улсын эдийн засагт ямар их хохирол авчрахыг анхнаасаа нарийн царигийг
эсэргүүцэгчид ухаарч байна уу. Бидний урд хөршид зарах нүүрсийг оросууд тэдэнд
худалдахаар болчихоод байна шүү дээ. Уул уурхайгаас хамааралтай Монголын эдийн
засаг элгээрээ хэвтсэн дээрээ улам өндийж чадахгүй байдал үүснэ. Өнгөрсөн
долоон жилд харанхуй бүдүүлэг монголчууд хэний тоглоом болж байв аа. Үнэхээр
нарийн цариг тавьснаар улсын тусгаар тогтнолын асуудал ганхах юм бол ОХУ яагаад
ийм алхам хийв. Тэд тусгаар тогтнолоо алдахаас айж болгоомжлолгүйгээр, энэ
шийдвэрийг гаргачихаагүй нь ойлгомжтой. Ер нь “ОХУ нарийн төмөр замыг
сонгосноор туурга тусгаарласан улсынхаа эрх чөлөөг алдах нь байна” гэж дуулсан
уу. Тийм л их тусгаар тогтнолын асуудалд санаа зовж байгаа бол Оросын энэ
шийдвэр “харалган байна шүү” гээд тэдэнд анхааруулж, “Хятадууд танайх руу
танкаа оруулж, террорист халдлага явуулна даа” гэж монголчуудыг хагаралдуулсан
шигээ орилох нь яав. Үнэндээ энэ бүх мунхаглал худлаа байсан гэдгийг анхнаасаа
өргөн төмөр замтай явж ирсэн Орос нарийн царигийг сонгосон үйл явдал батлан
харуулж байна. Ер нь хэн биднийг хэнээр дамжуулж тоглоом тохуу хийж байсан нь
эндээс ойлгомжтой юм биш үү. Тэр олон жилийн хийрхлийн эцсийн хохирогч нь
Монголын ард түмэн боллоо. Тэгэхээр Монголд нарийн төмөр зам тавиулаагүй
хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүүхдийн яриа

Томчуудын анзаарч хараагүй, бодоогүй тийм санаа балчир хүүхдүүдээс гарах нь олонтаа. Хүүхэд байгаа газарт хөгжилтэй яриа өрнөж, хөөр баяраар дүүрдэг шүү дээ. Хүүхдийн хэвлүүхэн ярианаас сонирхуулъя.

Ажлаа тараад гэртээ харьтал бага ангид сурдаг охин маань мэндийн зөрүүгүй багшийнхаа тухай гомдоллов. “Өнөөдөр манайд ёстой муухай багш орсон. Бид бүгдээрээ цээж бичигтээ тэнцээгүй” гэж хошуугаа унжууллаа. Яагаад гэтэл “Уг нь яг багшийн хэлснээр бичсэн байхгүй юу. Манай ангийнхныг алдаатай бичсэн гээд бүгдэд нь муу дүн тавьчихсан гээд бод доо” гэж ирээд л нэг амьсгаагаар дуржигнуулав. Тэгснээ “Багш өөрөө их муухай хэлээд байсан юм л даа” гэх нь тэр. Цээж бичгийнх нь дэвтрийг сөхөөд хартал манай хүн “Көк мөнк тэнгэрийг эзэгнэкэнэ төрлөө би нь. Көмсгөнө сарны туяай нь…” гээд биччихжээ. “Аргагүй ш дээ, миний охин өөрөө алдаатай бичсэн байна” гэтэл “Манай багш өөрөө ингэж албаар хэлчихээд бүгдэд нь муу тавьчихаж байгаа юм даа. Аймаар муухай санаатай байгаа биз” гэхэд нь гэрээр нэг инээдэм болов. Яахав багш нь аялгатай ярьдаг нэгэн байсан бололтой.

Хажуугийн айлд нэг өдөр хулгайч орсон тухай хавийн хөгшчүүл ам дамжин ярив. Хөрш айлын эмээ ч хулгайчийн хажууд байсан мэт өнгөтөөр дүрсэллээ. Маргааш өглөө нь дөрвөн настай охин маань “Ерөөсөө би цэцэрлэгээсээ амралтаа авчихъя. Гэрээ хараад л сууж байя. Энүүгээр хулгайч яваад байгаа гэсэн биз дээ” гэв. Манай хүн ч цэцэрлэгт явах тун дургүй л дээ. Хулгайчаар далимдуулж, цэцэрлэгтээ явахгүй гэсэн санаагаа ингэж илэрхийлэв.

Орой зурагтаар мэдээ гарч байна аа. Оюутнуудад сар бүр 70 мянган төгрөг олгодог. Бас дээрээс нь автобусаар үнэгүй зорчдог тухай байв. Энэ мэдээг анхааралтай ажиглаж суусан найзын маань найман настай хүү аав руугаа хараад “Би автобусаар үнэгүй явах уу. Манай сургууль бас хэзээнээс бидэнд мөнгө өгдөг болох вэ” гэлээ. “Хүү минь зөвхөн оюутнууд л ийм давуу эрхтэй, сурагчид бол тийм биш” гэснээс өөрөөр тайлбарлаж чадсангүй. Гэтэл өнөөх жаал “Аан, тэгвэл тэр оюутнууд хөгжлийн бэрхшээлтэй юм уу” гэж ааваасаа лавшруулж асуусан шүү.

Хүүхдийн яриа цаанаа л хөөрхөн.

Categories
мэдээ цаг-үе

А.Ганхуяг: Ухаалаг системээс ухрахгүй, олон улсын жишигт хүрсэн үйлчилгээг иргэддээ хүргэхийн төлөө явна

Нийтийн тээвэрт нэвтрүүлсэн ухаалаг системийн талаар том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчид ямар байр суурьтай байгаа бол. Нийтийн тээврийн “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуягтай ярилцлаа.

-Иргэд автобусанд смарт картаар үйлчлүүлдэг болоод нэг сарын хугацаа өнгөрлөө. Ухаалаг системийг цааш үргэлжлүүлэн мөрдүүлэх тал дээр хувийн хэвшлийнхэн ямар санаа оноотой байгаа вэ?

-Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын нийтийн тээврээс харагддаг смарт картны үйлчилгээ манай улcын хувьд мөрөөдөл байсан нь саяхан. Нийслэлийн удирдлагууд тэр дундаа хотын дарга Э.Бат-Үүл маш зоригтой алхам хийж ухаалаг системийг нийтийн тээвэрт нэвтрүүлж чадлаа. 60 гаруй жил явж ирсэн хуучин системээ орхиж, олон улсын жишигт хүрэх смарт үйлчилгээ рүү хувийн хэвшлийн компаниуд бүгд 100 хувь дэмжээд орсон. Долдугаар сарын 29-нөөс иргэд маань анх удаа автобусанд өөрөө төлбөрөө хийдэг ухаалаг картаар үйлчлүүлж эхэлсэн.Энэ бол нийтийн тээвэрт үгүйлэгдэж байсан маш том бодлого.

Одоо манай улсад хэрэгжиж эхэллээ. Автобусны компаниуд урьд нь орлогын төлөө явдаг байсныг бүгд мэднэ.

Жолооч нь хэдэн хүн суулгачих гээд замын дунд зогсч, буудал дээр удна. Кондуктор нь зорчигчдоо загнаад л. Энэ бол үйлчилгээний доголдол байжээ. Харин ухаалаг системтэй болж иргэдээ хүлээлгэдэггүй, цагтаа явдаг, тэдэнтэй соёлтой, хүндэтгэлтэй харьцдаг олон улсын жишигт хүрсэн зөв үйлчилгээг нэвтрүүлсэнд хувийн хэвшлийнхэн бүгд баяртай байгаа.

-Нийтийн тээврийн маршрут өөрчлөгдөж, богино эргэлттэй болсон. Энэ нь иргэдэд хүндрэлтэй байна. Тодруулбал, дахин дамжилтад илүү мөнгө төлж байгаа. Иргэдийн бухимдал их байгаа болохоор ухаалаг систем цаашид үргэлжлэх боломжгүй гэх мэдээлэл ч тарсан. Асуудлыг яаж шийдэх ёстой вэ?

-Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралын хэлсэнчлэн “Хуучин системээ март” гэснийг дэмжиж байгаа. Энэ ухаалаг системийг цаашид улам боловсронгуй болгож , мөрдүүлж хэвшүүлэхийн төлөө бүгд хамтран ажиллах ёстой. Ямарваа нэгэн шинэлэг систем нэвтрэхэд хүн бүр амархан дасаж чадахгүй, янз бүрийн шүүмжлэл дагуулдаг шүү дээ. Энэ бол цаг хугацааны л асуудал. Смарт картын үйлчилгээг нэвтрүүлсэн компанид жижиг сажиг процедурын алдаа байгаа. Жишээлбэл, иргэдэд смарт картыг борлуулах тал дээр менежментээ хийж чадахгүй байна. Дээрээс нь иргэдийг бухимдуулаад байгаа нь дахин дамжилт, сэлгэлтийн үнийг шийдэж чадахгүй байна. Хотын захын гэр хорооллоос нэг автобусаар хотын төв рүү ороод ирээд сурчихсан иргэд одоо хэд хэдэн автобус дамжиж байгаа нь өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдалтай шууд уялдаж хүндрэлтэй тусаж байгаа. Мөн цаг хугацааны хувьд ч алдагдалтай санагдаж байгаа байх. Гэвч энэ нь хотын төвийн түгжрэлийг бууруулах бодлоготой нягт холбоотой төлөвлөлт юм.

-Сүлжээ төлөвлөлт хийж, богино эргэлттэй болсноор автобус компаниудын орлого нэмэгдэж байна гэх юм?

-Нийтийн тээврийн үйлчилгээний оператор компаниуд өдөр тутамдаа хэдэн төгрөгийн орлого хуримтлуулаад, хэрхэн ажилладгийг ухаалаг систем харуулж байгаа. Урьд нь оператор компаниуд маш их хардалтыг дагуулдаг байсныг энэ систем нэвтэрснээр үйл ажиллагаа нь тодорхой харагдаж, үйлчилгээний орлого нь шилэн дансаар мэдээлэгдэнэ. Одоо бид орлогын араас хөөцөлдөх шаардлагагүй болсон. Хотоос чиглэл маршрутаа зохиогоод ингээд яв гээд замыг нь заагаад өгчихлөө. Тэгэхээр бид зөвхөн иргэддээ аюулгүй, соёлтой үйлчилгээг хүргэх ёстой болж байгаа нь олон жилийн туршид ярьж байсан бодлого хэрэгжиж байгаагийн илрэл. Урьд нь автобусууд орлогын хойноос хүнээ булаацалдаж, буудал дээр нэг нэгнээ шахаж зогсдог байсан цаг ард хоцорч байна. Бүх компаниудын үйлчилгээнээс орсон орлогыг нэг дансанд хуримтлуулаад түүнийг нь явсан гүйцэтгэл цагаар нь эргэн хуваарилах систем юм. Тэгэхээр үйлчилгээний орлогыг оператор компаниуд мэдэхээ больсон гэсэн үг. Тухайн автобус тогтоосон цагтаа ирээд, цагтаа явдаг болно. Жолоочид нь орлого ямар ч хамааралгүй болж байгаа нь замын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах нөхцөл бүрдэж байгаа юм. Энэ бол манай нийслэлийн удирдлагуудын нийтийн тээврийн салбарт хийж байгаа том шинэчлэл мөнөөс мөн.

-Смарт карттай иргэн тодорхой хугацаанд амжиж автобус сэлгэн зорчвол 500 төгрөг л төлнө гэж анх яригдаж байсан. Энэ хэрэгжиж байгаа юу?

-Улаанбаатарт өдөр тутамдаа ойролцоогоор 700-800 мянган хүн нийтийн тээврээр зорчиж байгаа. Тэд бүгд ухаалаг системд нэгдчих юм бол дахин сэлгэлтийнхээ 20 юм уу 30 минутыг үнэгүй болгох асуудлыг шийдэхээр нийслэл болон нийслэлийн тээврийн газрынхан тооцооллоо хийхээр хүлээж байгаа. Иргэдийн маань карт худалдан авалт тийм ч сайн биш байгаа нь тооцоолол хийх боломжгүй болгож хүлээлт үүсгэж байна.

-Хуучин системээр явж байхад хувийн хэвшлийнхний орлого сайн байсан. Харин жолооч, кондукторын гар дээр бэлэн мөнгө ирэхгүй байгаа болохоор энэ системээр цаашид явах сонирхолгүй байх шиг…

-“Автобус компаниуд хуучин сэтгэлгээнээсээ салж чадахгүй байна. Кондуктортой системээрээ явах гэж зориудаар смарт картын системийг эсэргүүцэж байна” гэх мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж байгаа л даа. Тодруулж хэлэхэд, хувийн хэвшлийн бүх компани ухаалаг системийг 100 хувь дэмжиж ажиллахаа анхнаасаа мэдэгдэж, албан ёсоор гэрээ байгуулсан. Хувийн хэвшлийнхэн эргэж, буцахгүй. Оператор компаниудын өдөр тутмын үйлчилгээнээс орж байгаа бүх орлогыг Смарт карт компани хүлээн авч байгаа. Хүлээн авсан орлогыг эргэн хуваарилах ажил нь удаашралтай, алдаатай байна. Явсан автобус гүйцэтгэл цаг рейсээ бүрэн гүйцэт гаргаж чадахгүй байгаагаас болоод мөнгө хуваарилалт нь удааширч, үйл ажиллагаанд томоохон хүндрэлүүд гарч ирж болзошгүй.

-Үүнээс болоод та нарын орлого буураад байгаа юм биш үү?

-Шинэ системээрээ сар гаран явлаа. Нийтийн тээврийн 20-иод компани өдөрт 120-140 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Энэ алдагдал нь сардаа дөрвөн тэрбум орчим төгрөг болж байгаа юм. Мөн богино эргэлттэй болоод нийтийн тээврийнхний орлого нэмэгдсэн гэдэг мэдээлэл бол ташаа ойлголт юм.

-Тэгэхээр бүх автобус компаниуд алдагдалтай ажиллаж байна гээд иргэдэд үйлчлэх автобусныхаа тоог цөөлж байгаа юу?

-Үгүй. Харин ч хичээл, сургууль эхлэх гээд хотын хүн амын хөдөлгөөн ихэсч байгаа энэ үед наймдугаар сарын 23-наас үйлчилгээнд явах гаралтын тоогоо нэмэгдүүлсэн.Одоо хувийн хэвшлийнхний өдөр тутмынх нь орлого байхгүй болчихоор бүгд түлшний компаниудад хуримтлагдсан өртэй байна.Тэглээ гээд нэгэнт нэвтрүүлсэн смарт үйлчилгээг буруутгахгүй байгаа.

-Нийслэлийн удирдлагууд ямар чиглэл өгнө бид тийшээ иргэдэд үйлчилнэ гэж та дээр хэллээ. Тэгвэл төрийн өмчит автобусны компани орлого сайтай чиглэлд үйлчлээд, хувийн хэвшлийнхэн нь ашиггүй талдаа ажиллаад байх шиг. Энд өмчийн ялгаа гараад байгаа юм биш үү?

-Өнөөдөр бид орлого гэдгийг мартаж үйлчилгээг чухалчлах ёстой оператор компанийн төлөөлөл. Сүүлийн 60 жил хөдлөөгүй сүлжээ төлөвлөлтийг хотын удирдлагууд маань маш шийдэмгий хөдөлгөж, олон улсын жишигт нийцсэн маршрутаа тогтоож чадлаа. Энэ бол маш том шинэчлэлт. Дэлхийд ийм шинэчлэлтийг богино хугацаанд зоригтой хийсэн улс бараг байхгүй. Ямар сайндаа “Танайх мөд сүлжээ төлөвлөлтөө хийж чадахгүй” гэж хэлж байсан олон улсын мэргэжилтнүүдийг гайхшруулсан шинэчлэлтийг манай хот хийсэн. Энэ сүлжээ төлөвлөлтийг хийснээр Энхтайвны өргөн чөлөө рүү автобус гурав, дөрвөн зуугаараа бөөнөөрөө ордог байсан нь болилоо. Нийтийн тээврийн энэ том шинэчлэлтэд хувийн хэвшлийнхэн ямар ч маргаангүйгээр дэмжээд орсон. Гэтэл манай төрийн өмчит автобус компанийн захирал, НИХТ Ц.Одонтунгалаг буруу ойлголттой яваа бололтой.ТӨК хэвтээ, босоо тэнхлэгт өмчийн ялгаа гаргаж маршрутаа авсан. Тэгсэн атлаа нэг тогоонд төвлөрсөн орлогыг нийт компаниудад явсан цагаар нь тооцоолж өгөх ёстойг эсэргүүцэж байна. Өөрөөр хэлбэл, хуучин системтэйгээ андуураад байгаа бололтой. Өөрсдийнхөө орлогыг өөрсдөө авна, бусадтай хуваалцахгүй гэж дайрч байна шүү дээ. Ц.Одонтунгалаг дарга маань Нийслэлийн удирдлагуудын санаачлан нэвтрүүлсэн ухаалаг системээс өөрөө ухраад эхэлчихлээ. Сүлжээ төлөвлөлт задлахад хотын маршрутыг нийслэлээс тогтоогоод өгсөн байтал өмчийн ялгаа гаргаад бүх ашигтай чиглэлүүдийг төрийн өмч авсан. Тэгсэн хэрнээ бид орсон бүх орлогоо авна гэдэг чинь ардчиллын зарчим биш байлтай. Тэрээр “Бусад компаниуд алдагдалтай ажилладаг юм бол төр нь өгдөг юм байгаа биз” гэж байна. Тэгвэл бид энэ систем рүү орсны хэрэг юунд байна вэ. Хувийн хэвшлийн компани алдагдалтай байвал тэр л биз, ямартай ч төр нь ашигтай байя гэсэн өмчийн ялгаа гаргах юм бол энэ систем унана. Бидний орлогын төлөө явахгүй, маршрут булаацалдахгүй гэсэн итгэл маань алдарч эхлэх нь байна. Бид Э.Бат-Үүл даргыг ардчиллыг байгуулчихаад өмчийн ялгаа гаргаж, ингэж хувийн хэвшлийнхнийг нүд үзүүрлэн ялгаварлаж байна гэдэгт итгэхгүй байгаа. Харин Ц.Одонтунгалаг дарга өөрөө буруу ойлголттой яваад байх шиг байна. Улс орон мөнгөгүй хамгийн хүнд үед хувийн хэвшлийнхнийг явуулчихаад төрийн өмчит компани парк шинэчлэлт хийнгүүтээ ашигтай чиглэлүүдээ булаагаад авчихаж байна. Энэ чинь үндсэндээ хувийн хэвшлийнхнийг шахаж эхэлж байна гэсэн үг. Харин ч төр тэртэй тэргүй төрийн компанидаа татаасаа өгдөг юм чинь орлогогүй чиглэл рүүгээ явуулж яагаад болохгүй гэж. Нэгэнт нийслэлээс маршрут тогтоогоод хотын захад юм уу төвд очоод үйлчил гэвэл бид очно. Ганцхан тэнд соёлтой, аюулгүй үйл ажиллагаа явуулах ёстой. Орлогын төлөө биш болохоор өрсөлдөөн гэж байхгүй болно.

-Ухаалаг систем нэвтрүүлж байгаатай холбоотойгоор мөнгө хураагч нарын ажлын байр хөндөгдөж байна. Энэ асуудлыг яаж зохицуулах вэ?

-Нийтийн тээврийн салбарт олон жил, үе дамжаад ажиллаад ирсэн 1800-гаад мөнгө хураагч бий. Тэднийг шууд шинэ системд орсноор ажлаас нь халах үндэслэл байхгүй. Учир нь бүгд ар гэрээ авч явдаг, цалингийн зээлтэй, дийлэнх нь өрх толгойлсон эмэгтэй хүмүүс байдаг. Манай компани гэхэд смарт картын үйлчилгээнд шилжлээ гээд нэг ч мөнгө хураагчийг ажлаас нь халаагүй. Харин ч эдгээр хүмүүсийн хүчийг зөв ашиглаж, төвлөрөхгүй байгаа орлогыг бүрдүүлэх хэрэгтэй. Шинэ систем анх нэвтэрч эхлэхэд зорчигчид маань их идэвхтэй, картаа уншуулаад, мөнгөө төлөөд явдаг байсан.Эхэндээ кондукторууд ч хяналт тавиад ажиллаж байлаа. Харин сүүлийн өдрүүдэд орлого асар их унасан үзүүлэлттэй гарсан нь иргэд мөнгөө өгч байгааг хянах механизм байхгүйтэй холбоотой. Бид ухаалаг системд шилжчихлээ гээд ганц жолоочид энэ асуудлыг хариуцуулчихаар хотод алдагдалтай. Ядаж хүмүүсийг энэ шинэ системдээ дасаад зорчдог ухамсартай болтол нь мөнгө хураагч нарыг хяналтын ажилтан болговол хот эрсдэл багатай байна. Тэгээд ч хүмүүс хаанаас смарт карт авахаа тэр бүр мэдэхгүй байна. Кондукторууд автобусанд смарт картыг борлуулж болж байна. Одоо ухаалаг систем нэвтэрсэн юм чинь тухайн жолооч, кондукторын орлогоор ажлыг нь дүгнэх боломжтой. Нэг чиглэлд үйлчилгээ үзүүлдэг хоёр автобусны орлого газар тэнгэр шиг ялгаатай гарвал тэр нь мөнгө хураагчийн ажилтай холбоотой гээд хариуцлагын асуудал хөндөгдөж болно. Мэдээж зорчигчдыг бүрэн төлөлт хийлгэсэн, шаардлагаа зөв тавьсан, хяналтаа сайн хийж чадсан автобусных нь орлого ахиу байна. Энэ мэт бүх орлого шилэн данстай болж байгаа болохоор хяналтыг сайн хийж, хариуцлагыг зөв тооцож чадвал орлого бүрэн төвлөрнө. Тэрнээс өнөөдөр ухаалаг системд шилжлээ гээд мөнгө хураагч нарыг бөөн бөөнөөр нь ажлаас халж болохгүй. Ядаж 1-2 жилдээ тэднийг цалингийн зээлээ төлж дуусгах , дараагийн ажлын байраа олох хүртэл нь нийгмийн баталгааг нь хангах хэрэгтэй.

-Одоо жолооч, кондукторын цалин хэд байхаар болсон бэ?

-Тэд хэдэн төгрөгөөр цалинжих нь одоохондоо тодорхой биш байгаа. Ийм тооцоо ч гарч ирээгүй. Хотын захиргаанаас энэ бүх тооцоогоо хийгээд хурдан ухаалаг системийг бүрэн хэрэгжүүлэх, шийдвэрлэгдэхгүй байгаа олон асуудлуудыг зоригтой шийдвэрлэх хэрэгтэй.

-Ямартай ч нийслэлийн удирдлагууд зоригтой алхам хийж олон улсын жишигт нийцсэн ухаалаг систем рүү шилжчихлээ. Одоо энд парк шинэчлэлтийн асуудал хөндөгдөх байх?

-Хөгжлийн банкнаас зам тавина гээд зээл авдаг шүү дээ. Тэрэнтэй ялгаагүй оператор компаниудад 400, 500 автобусыг нь зээлээр олгочих хэрэгтэй байгаа юм. Ганц ТӨК-д гэхгүйгээр хувийн хэвшлийнхэнд өгчихвөл элэгдэл хорогдлынхоо мөнгөөр парк шинэчлэлт хийгээд явах нь шударга зарчим. Өнөөдөр иргэд маань хиртэй, тоос шороотой, хөлдүү хүйтэн автобусанд суумааргүй байна. Ухаалаг систем дээр хамгийн их дутагдаж байгаа зүйл бол парк шинэчлэлт. Цэвэрхэн сайхан ухаалаг системтэй, интернэттэй автобусанд ямар ч иргэн баяртайгаар үйлчлүүлнэ.Хотоор дүүрэн ийм автобус иргэдэд үйлчилбэл нийслэлийн удирдлагуудын нөгөө замын түгжрэлийг бууруулах гэсэн арга хэмжээ биелэлээ олно. Хэн машиндаа түгжрээд явахыг бодох билээ дээ. Хурдан шуурхай, цэвэр цэмцгэр нийтийн тээврийг л сонгоно. Одоо энэ дутагдаад байгаа зүйлээ хотын дарга яаралтай шийдэх хэрэгтэй. Эсвэл хувийн хэвшлийнхэн бидний цуглуулсан хөрөнгийг хот үнэлж аваад энэ салбарыг орхи гэвэл болж байна. Ингэж өмчийн ялгаагаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Төрийн компани гэхээр ивээл дор яваад байдаг. Ороод ирсэн шинэ автобус болгоноо өгч, алдагдлыг нь даадаг байж болохгүй. Харин хувийн хэвшлийнхэн банкнаас зээл аван байж энэ зэрэгтээ явж байхад хариуцлагыг нөгөө талдаа өндрөөр үүрүүлсээр байдаг.

-Манай улс смарт картыг нэвтрүүлснээр олон улсын жишигт хүрсэн үйлчилгээ үзүүлдэг болоход хэдий хэр хугацаа шаардлагатай вэ?

-Смарт карт ХХК нь процедурынхаа алдаануудыг хурдан шийдэж чадах юм бол гурван сарын дараа ард иргэд маань энэ системээрээ яваад сурчихна. Нийтийн тээврийн салбарынхаа бодлогыг хамгийн сайн шийдэж чадсан улс бол өмнөдСолонгос. Дэлхийд байгаагүй энэ ухаалаг системийг 2002-2004 онд нэвтрүүлсэн.Тухайн үеийн хотын дарга буюу одоогийн экс Ерөнхийлөгч Пак Гын-Хэ нийтийн тээвэрт явдаг хувийн хэвшлийн бүх компанийн удирдлагуудаа тойруулан суулгаж байгаад “Одоогийн орлого хөөцөлдөж маршрутаа булаалцалддаг системээ март” гэж хэлээд шинэчлэлтийг зоригтой хийсэн. Солонгосын нийтийн тээврийн үйлчилгээ урьд нь яг манай улс шиг орлогын төлөвлөлттэй, маршрутын зохион байгуулалт муутай байсан. Харин хотын дарга нь ард иргэддээ хүрч чадсан маршрут зохиож түүгээрээ үйлчилгээнд явахыг оператор компаниуддаа санал болгож, түүнээс гарах алдагдлыг нь төр даахаар тохиролцсон. Эхний жилдээ 800 сая долларын алдагдалтай гараад бөөн шүүмжлэлд өртөж байлаа. Харин өнөөдрийн байдлаар 100 сая долларын алдагдалтай ажиллаж бууруулж чадсан. Автобус нь ухаалаг болоод үйлчилгээ нь сайжраад ирэхээр бүх хүн автобусаар үйлчлүүлдэг болсон. Ингээд орлого нь нэмэгдээд нөгөө талдаа татаас нь багассан. Манайх хүссэн хүсээгүй энэ системийг хотын удирдлага хийсэн л бол татаас гэдэг асуудал гарч ирнэ.

-Сэдвээс хазайсан асуулт байна. Танай компани “МТ 150” гэдэг станцыг нэг дор олноор нь жижиг машинд суурилуулаад хуурамч рейс бүртгүүлдэг байсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Одоогоор энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Нэг л зүйлийг хариуцлагатайгаар мэдэгдмээр байна. Энэ юу вэ гэвэл манай компани олон улсын жишигт хүрсэн үйлчилгээ үзүүлэхийн төлөө өнөөдрийг хүртэл тууштай үйл ажиллагаа явуулж байгаа, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх үзүүлэлтээрээ ч өнгөрсөн жил дэлхийн чанарын тэмдэг авсан. “МТ 150” станцыг бөөнөөр нь жижиг машинд суурилуулаад рейс уншуулсан гэх мэдээлэл манай компанитай холбоотой асуудал биш, харин ч бид үүний эсрэг байдаг гэдгийг хэлмээр байна. Иргэн хүнийхээ хувьд Монгол Улсын шүүхээр гэм буруутай эсэх нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүжирдэх, дайрч доромжлон нэр хүнд болоод сэтгэл санааны хохирол учруулдаг байдал сүүлийн үед түгээмэл болсонд харамсаж явдаг.


Categories
мэдээ нийгэм

Г.Дэнзэнгийн өлсгөлөн буюу монголчуудын араншин

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн 90 гаруй хоног хоригдож байгаад өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гарлаа. Тэрбээр 4.8 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдож, Цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн хавраас хойш саатуулагдсан юм. Ямар ч шүүхийн шийдвэр гараагүй байхад түүнийг ийн удаан хугацаагаар хорих болсон шалтгаанаа хууль хяналтынхан анхнаасаа тайлбарлахдаа “Монгол Улсаас оргон зайлж болзошгүй” учраас гэж байв. Харин Г.Дэнзэн өөрт нь тохсон хэргийг эсэргүүцэн өлсгөлөн зарлаж, улмаар биеийн байдал нь хүндэрч шоконд орсныг олон нийт мэдэж байгаа. Ер нь хүн өлсгөлөн зарлахын тулд биеэ урьдчилан бэлдэх ёстой байдаг. Тэгвэл Г.Дэнзэнд тийм боломж олдоогүй. Хорих ангийн удирдлагууд зөвшөөрөөгүй болохоор тэрбээр биеэ цэвэрлэж бэлдэлгүйгээр шууд өлссөн. Үүний улмаас тэр үхлийн аюултай нүүр тулж, амь нас нь дээсэн дөрөөн дээр ирсэн. Г.Дэнзэн гэдэг хүний хэрэг хийсэн үгүйг зөвхөн шүүх л тогтооно. Гэтэл сошиал сүлжээгээр хүмүүс түүн рүү дайрч, доромжилж, нэр төрд нь халдсан үйлдлүүд идэвхжиж байх юм. Тухайлбал, “Их идсэний маргааш өнж гэдэг дээ, болж”, “Шорондоо хатаж, үхэхдээ таарсан амьтан” гэхчилэн хүний санаанд багтамгүй хорсол зэвүүцлийн үгээр дайрч давшилцгаах боллоо. Ядарч, зүдэрч, унаж, бүдэрч байгаа нэгэндээ ямар авир, хандлага гаргах нь хүний жинхэнэ мөн чанарыг л харуулдаг. Тэгвэл Г.Дэнзэн рүү хуйлран дайрч байгаа сошиал сүлжээний цаана зүсээ нуугчдад хүн чанар гэж алга. Тэд хэтэрхий харгис, хэрцгий гэдгээ үйлдлээрээ батлаад байна. Дэлхий дээрх долоон тэрбум хүн бүгд ингэжбие биеэ үзэн ядаж, үхүүлж далд оруулахыг хүсдэг гэж үү. Гадаадын олон орны аж байдал, хууль журмыг нь хараад байхад хүний эрхийг дээдэлсэн, хүн байх ёсны наад захын хүнлэг, энэрэнгүй, хүндэтгэлтэй зан чанарууд нь хамгийн түрүүнд ажиглагддаг. Нийтийн тээвэртээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай суудалтай байх жишээтэй. Автобусанд багталцахгүй шахам дүүрэн хүнтэй байсан ч тэр суудалд хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс өөр хэн ч суухгүй. Харин гадаадын иргэд манай нийтийн тээврээр зорчихдоо энэ мэт дутагдлыг анзаарч гайхах нь дүүрч. Бие биеэ гэсэн хүний ёс монголчуудын нийгмийн харилцаанд үнэхээр доголдолтой болохыг ажигласан нэгэн жуулчны хэвлэлд өгсөн ярилцлагыг энд дурдмаар байна. Канадаас ирсэн тэр жуулчин “Хүний хөл ихтэй Улаанбаатарын гудамжинд явж байсан залуу эмэгтэй бүдрээд унахад түүнийг өргөөд босгох хүн олдсонгүй. Харамсалтай нь инээж, шоолж байгаа олон хүнийг харлаа. Би хэд хэдэн орноор аялсан. Нэгнийгээ газар унаж байхад нь өргөөд босгохгүй, тохуурхаж, инээж байгаа хүмүүсийг Монголд л харлаа. Гадаадад бол шатнаас юм уу, санамсаргүйгээр бүдэрч ойчсон хүнд ойр орчимд яваа хүмүүс бүгд очиж тусалдаг” гэжээ. Тэгэхээр унаж, бүдэрч яваа нэгнийгээ улам дэвсэлдэг нь монголчуудын л араншин юм шиг ээ. Хот суурин газарт нийтээрээ төвхнөж сураагүй, ганц гэрээрээ нутаг сэлгэн нүүдэллэж ирсэн уламжлалтай болохоор монголчууд амиа бодсон зантай, өөрөө болж байвал бусад нь яахав гэсэн сэтгэлгээтэй юм уу. Нүүж, суухдаа уналга, ачлагадаа хэнээс ч тусламж авахгүй. Сүү, цагаан идээ, арьс ширээ өөрсдөө боловсруулж, бусдаас хамааралгүй амьдарсаар ирсэн нь зөвхөн хувиа хичээгч болгосон гэх түүхч, судлаачдын таамаг ч байдаг юм билээ. Тиймдээ “Монгол монголдоо дургүй, мод ярандаа дургүй” гэдэг ардын зүйр үг байдаг биз. Ялангуяа мэдээллийн эрин зуунд сошиал сүлжээ хөгжсөнөөр монголчуудын хэн нь муухай хүнлэг бус араншинтайг тольдох боллоо. Сошиалд хэн нэгнийг дэмжиж, сайшаавал түүнд долигонуур, бялдууч “өргөмжлөл” зүүдэг. Тэгээд бүгд л шүүмжлэгчид болчихсон. Юм болгоныг сөрөг өнцгөөс харж, магтаал, урмын үг хайрлахаа байцгаасан. Олны танил, амжилттай яваа гоё сайхан эмэгтэй байвал түүн рүү бөөн бөөнөөрөө дайрч, элдэв шалдав зураг эвлүүлэн доромжилж, зохисгүй нэр хоч зүүх явдал хавтгайрчээ. Энэ байдлаас тухайн хүнд болоод ар гэрийнхэнд нь ч давхар дарамт үүснэ. Нийгэм бүхэлдээ ийм аймшигтай болсон гэдэгт хувьдаа итгэхгүй байна. Ерөөсөө нийтийн сүлжээ хөгжсөнөөр хүмүүс дотроо бодож явдаг зүйлээ ил гаргаж, зарим нь хорсол заналаа илэрхийлэхэд ашигладаг болсон байх. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл твиттер хуудастаа “Г.Дэнзэнгийн тухай бичсэнийг уншихад “Бид чинь шинэ их хэлмэгдүүлэлтэд яасан сайн бэлтгэгдчихээ вэ” гэж бодогдож байна. Аймшигтай дүр зураг” гэсэн байна лээ. Түүний хэлсэн бол үнэн. Гэхдээ нийт монголчуудын цөөхөн хэсэг нь л Г.Дэнзэнг муулж, муухайгаар харуулахыг оролдон бичиж байгаа. Ингэж бие биеэ буруутгаж жиргэдэг хүмүүс ердөө кофен дээр тогтсон хөөс төдий юм. Г.Дэнзэнг хорих буюу муулах нь буруу гэдгийг татвар төлөгчид, ард түмэн совингоороо мэдэж л байгаа. Тиймээс сошиалынхан шиг дайрч давшлахгүй байгаа юм. Харин Г.Дэнзэн рүү улайран дайрдаг галзуурсан хүмүүс бол татвар төлдөг нь юу л бол.

Сошиал сүлжээгээр нэгнийгээ хэмлэдэг энэ үзэгдэл ганц Г.Дэнзэнд тохиолдсон явдал дээр ч харагдаж байгаа юм биш. Ямарваа нэгэн хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтан болгон руу дайрдаг. Хөрөнгө мөнгөтэй хүмүүст нийгэм таагүй хандаж, үзэн яддаг социализмын үеийн балай сэтгэлгээ байсаар л байгаагийн нэг илрэл гэж харж болох ч жирийн иргэдэд бэрхшээл тулгараад ард түмнээсээ тусламж гуйхад нь цаашаа гэж түлхдэг бүлэглэл ч сошиалд бий. Хоёр жилийн өмнө Т.Аятунгаа хэмээх бүсгүй гадаадын иргэнд хүүхдээ алдчихаад элэг нэгт монголчууддаа хандаж, бүлээн нулимсаа урсган байж тусламж гуйхад түүнийг хэлэхгүй үгээр харааж, зүхэж, доромжилсон хүн олон байлаа. Хүн чанараа гээсэн тэдний ааш аягийг ганц “Өдрийн сонин” л шүүмжилж, үрээ алдсан эмэгтэйд туслахыг уриалж байсан. Үнэндээ тэр хөөрхий эмэгтэйд туслахаар хууль хяналтынхан хуруугаа ч хөдөлгөөгүй. Тэгсэн атлаа албан тушаал, эрх мэдэл, улс төрийн зорилготой хэрэгт гаргууд гэгч нь ажилладаг. Өнөөдөр Монголд хамгийн идэвхтэй ажилладаг байгууллагаар АТГ, ШӨХТГ, машин ачигчдыг нэрлээд байгаа. Хүмүүсийг торгодог, хорьдог, эрхийг нь зөрчдөг болохоор тэр. Үнэн хэрэгтээ АТГ-ыг буруу ажиллаж байгаа гэдгийг хүн бүр мэднэ. Г.Дэнзэнгээс хоёрхон байцаалт авахын тулд 90 гаруй хоног хорьж, хамаг юмтай нь холин үхлүүт болгож, нийгэмд ийм айдас хүйдэс төрүүлэхээр ажиллаж байгаа АТГ-ыг дарангуйлах байгууллага юм гэдгийг ард түмэн ойлгоод байгаа. Хэн ч тэнд очсон хэрэгтэн болж, ийм шийтгэл амсдаг. Хэрэв АТГ дарангуйлах байгууллага биш л юм бол хүнээс хоёрхон зүйл асуухын төлөө ингэж зовоохгүй шүү дээ. Энэ тохиолдолд АТГ хуулиа барьж ажиллаж байгаа гэж тайлбарлах байх. Тэгэхээр тус байгууллагын буруу биш гэх болохоор манай улсын хуулийн тогтолцоо л гажуудалтай байна гэсэн үг. Харахад яг хуулиа мөрдөж, хэрэгжүүлээд байгаа юм шиг байдаг. Гэтэл цаана нь хуулийн сүүдэртэй талуудыг ашиглаад, ийм аймшигтай хууль үйлчлээд байгаа юм. Үүнийг хэн нэгэн санаатайгаар хэрэгжүүлдэг байх ч талтай. Тэгвэл энэ бүгдийг нийгэм аль хэдийнэ ойлгодог болсон. Жинхэнэдээ ард түмэн гэдэг чинь ухаантай, хэрсүү хүмүүс болохоор юмны учир начирыг ойлгож, мэдэж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Андрей Туяа: Эх орныхоо өв соёлыг “Монгол Арт” шоугаараа дэлхийд таниулна

Монгол
соёлыг дэлхийд түгээх чин хүсэлтэй нэгэн хөдөлмөрч бүсгүйтэй ярилцлаа. Түүнийг
Андрей Түвшинтуяа гэдэг. АНУ-д 13 жил ажиллаж амьдарчээ. Энэ хугацаанд
Монголынхоо өв уламжлалыг гадныханд сурталчлах олон ажлыг санаачилсан байна.
Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард Сан-Фрациско хотноо “Монгол Арт“ шоуг анх удаа
амжилттай зохион байгуулж чадсан юм. Эх орондоо цөөхөн хоногийн хугацаатай
ирээд байгаа түүнтэй уулзлаа.

-“Монгол Арт”
шоу гадаадынхны сэтгэлийг маш их хөдөлгөсөн арга хэмжээ болсон гэсэн. Ийм шоу
зохион байгуулах санаа яаж төрсөн тухайгаа эхлээд сонирхуулахгүй юу?

-“Монгол Арт”
шоунд маань АНУ-д амьдардаг монголчууд төдийгүй дипломатууд, гадаадын томоохон
зочид төлөөлөгчид гээд 600 орчим хүн цугларсан ч үнэхээр дэлхий дахинд хүрч
чадсан шүү. Тэнд хүрэлцэн ирсэн зочдод шоу маш их таалагдсан. Ялангуяа
гадаадынхан Монгол орны болоод энэ улсын ард түмний талаар зөв ойлголттой болж,
ихээхэн хүндэлж байна. Америк бол шоу бизнесийн орон. Тиймээс зураачдын уран
бүтээлийг үзэсгэлэн хэлбэрээр гаргахын оронд шоу маягаар Монголын урлагийн
тоглолттой хослуулбал олон хүнд хүрнэ.
Учир нь уран зураг бол зөвхөн зураг сонирхдог хүмүүст л хүрдэг. Тиймээс
зургаан сарын турш бэлдсэн “Монгол Арт” шоугаа АНУ-ын Сан-Франциско хотод
зохион байгуулсан.

-Гол
оролцогчид нь ямар хүмүүс байсан бэ?

-Дэлхийн маш олон
оронд үзэсгэлэнгээ гаргасан Цацаа буюу Зазаа, калиграфчин Амарсанаа хоёр маань
гол баатрууд л даа. Шоу хийхэд нүсэр зардал гарсан. Тэглээ гээд би бууж
өгөөгүй. Хамгийн сайхан нь Америкт амьдардаг монголчууд маань чин сэтгэлээсээ
оролцож байсан. Америк дахь оюутны холбооны залуус, загвар өмсдөг охид
өөрсдийнхөө дээл хувцсыг бэлдээд ирэх жишээний. Мөн “Хөх тэнгэр” хамтлаг
Төмөрчөдөр багштай морин хуурын баг, нугараач охин гээд бүгд л Америкт ажиллаж,
амьдардаг урлагийнхан маань идэвхтэй оролцсон шүү. Бид зохиолдоо тааруулаад хувцас, тайзаа
өөрсдөө зассан. “Жалам хар”-ын ая эхлэхэд зураачид маань зургаа тэр хэмнэлд нь
тааруулан эмоцтойгоор зурж байлаа. Ингээд ая дуусахад манай хоёр зураач ч
зургаа дуусгаж, үнэхээр сэтгэл хөдөлгөж байсан. Тэнд очсон олон хүний омогшил
төрж, уйлж байсан гээч. Дундуур нь этник Зоригоогийн маань хөөмийн эгшиг
холбож, тэр орой үнэхээр гайхалтай, Монгол орныг таниулж чадсан.

-“Монгол Арт”
шоу дэлхийг тойрно гэлүү. Ойрын хугацаанд хаана зохион байгуулахаар төлөвлөж
байна вэ?

-Би Америкт
амьдардаг болохоор ямартай ч тэндээс эхэлсэн. Цаашлаад дэлхийг тойрно. “Монгол
Арт” шоу болсны дараа надад маш олон
захидал ирсэн. Монголчуудын зүгээс “Ийм сайхан арга хэмжээ зохион байгуулсанд
баярлалаа” гэсэн бол гадаадынхан “Монголын талаар мэдээлэл өгч, бидний нүдийг
нээсэнд талархлаа” гэж байсан. Мөн Европын орнуудаас нэлээд захидал ирсэн.
“Хэзээ манай улсад ирэх гэж байна вэ. Бид туслахад бэлэн” гэж байсан л даа.
Ямартай ч энэ ондоо багтаад Лос-Анжелес, Лас-Вегас хотод шоугаа явуулна гэсэн
зорилготой байгаа.

Эхний удаад бид
Монголынхоо түүх соёлыг орчин үеийн гэрэл чимэглэл хосолсон байдлаар зохион
байгуулсан л даа. Яваа яваандаа сайжруулна. 3D, усан дэлгэц ашиглах санаанууд
бий. Монголынхоо бүхий л авьяастай залуусыг аваад дэлхийг тойрох зорилготой
байгаа.

-Таны энэ
санаачилга гадаадынхныг Монголд очиж үзэх хүслийг бадраах нь ойлгомжтой. Нэг
ёсондоо жуулчдыг татах чухал арга хэмжээ болох байх?

-Шоу маань аль
тавдугаар сард болоод дуусчихсан байхад одоо ч яригдсаар байгаа. Америкт урьд
нь шоу маягаар урлагийн тоглолт болж байгаагүй л дээ. Хамтлаг, дуучид Америкт
очоод тоглолт хийчихээд яваад өгдөг. Тэрийг нь зөвхөн тэнд ажиллаж, амьдарч
байгаа монголчууд л үздэг. Харин “Монгол Арт” шоуг бол гадаадынханд
зориулснаараа онцлогтой. Миний санаачилсан энэ ажил Монголд маань маш их
өгөөжтэй. Наад зах нь тэнд амьдарч байгаа монголчууд гадныхны хүндлэлийг авч
байгаа гэж би дээр хэлсэн дээ. Үүний нэг тод жишээ бол олон монгол хүн
гадаадынхантай гэрлэсэн байдаг. Гэтэл гадаад хүмүүс монголчуудын талаар ойлголт
байдаггүй. “Монгол Арт” шоунд ирсэн хүмүүс бидний түүх соёлыг үзчихээд хүндлэл
маш их авч ирсэн. Манай найз бүсгүй гадаад хүнтэй олон жил хамт амьдарсан. Гэтэл
өнгөрсөн хугацаанд тэр хүн гэрлэх санал огт тавьж байгаагүй. Харин манай шоуг
үзсэнийхээ дараа найз бүсгүйд маань гэрлэх санал тавьсан шүү. Энэ мэтчилэн
гадаадынхан Монголыг маш их сонирхож байгаа юм.

-Төр
засгийнханд энэ арга хэмжээнийхээ талаар танилцуулсан уу. Хэр дэмжиж байх юм?

-Нуулгүй хэлэхэд
манай төр засгийнхан дэмжихээс татгалзсан. Монголынхоо түүх, соёлыг дэлхий
дахинд таниулан сурталчлах арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа талаараа
Засгийн газар, УИХ-ын гишүүд, үндэсний үйлдвэрлэгчдэдээ уламжилсан. Харин улс
орны эдийн засаг хямралтай байгаа болохоор төр засгийн зүгээс хамтрах
боломжгүйгээ тайлбарласан л даа. Нэгэнт би шоугаа “June” продакшнтай хамтраад
хийхээр зорьж, тэднийг Америкт ирүүлчихсэн байлаа. Төр засгийнхан, үндэсний
үйлдвэрлэгчдээ хамтран оролцож, бараа бүтээгдэхүүнээ дэлхий дахинд сурталчлах
болов уу гэж гурван сар хүлээсэн. Ингээд нааштай хариу ирээгүй болохоор бид
өөрсдийн нөөц боломжоо ашиглаж зоригтой хөдөлсөн.

-Хэдий
хэмжээний зардал гарсан бэ?

-Шоундаа нийтдээ
40 мянган ам.доллар зарцуулсан. Би баян хүн биш. Тэнд ажиллаж, амьдарч байгаа
жирийн л нэгэн монгол хүн. Тиймээс надаас ийм их мөнгө гарах боломж байгаагүй.
Найз нөхдөөсөө зээлж байж цуглуулсан л даа. Одоо тэдэндээ зөндөө өглөгтэй.
Зардал маш их гарсан ч тасалбараа
үнэрхээгүй, 60 ам.доллараар худалдсан.
Гэхдээ оролцогчдын ихэнх нь урилгатай хүмүүс байсан л даа. АНУ дахь Монгол
Улсын ЭСЯ биднийг ихэд дэмжиж ажилласан.

-Монголд ирээд
дараагийнхаа шоунд орол­цуулах уран бүтээлчидтэй уулзаад завгүй байгаа гэсэн.
Ямар ажил амжуулав?

-Эх орондоо ирээд
маш олон зураач, сийлбэрчидтэй танилцлаа. Тэд ямар мундаг юм бэ. Олон оронд
тэмцээн уралдаанд оролцож, шагнал авсан хүмүүсийг зөвхөн урлагийнхан л мэддэг.
Харин энгийн хүмүүс мэдэхгүй байна. Мөн “XIII зуун”-ыг бий болгосон залуустай
уулзлаа. Зураач Ганбаатар, Жаргалан хоёрын хаалттай үзэсгэлэнг сонирхлоо.
Тэдгээр залуусын уран бүтээлийг харахад толгойд маш олон шоуны зохиол бууж
байсан. Зазаа, Амарсанаа хоёртой “Монгол Арт” шоуг хийхдээ Бөртэ чоно, Гоо
Маралаас эхлүүлээд Монгол хэрхэн үүссэн тухай зохиомжтой байсан. Хэрэв хөрөнгө
мөнгө нь байвал Монголд уулзсан уран бүтээлчдийнхээ шоуг ээлжлээд хиймээр байна
л даа.

-Та 13 жилийн
дараа Монголдоо ирж байгаа гэсэн. Америкт яг юу хийж байна?

-Одоогоор “Монгол
Арт” шоугаараа занималдаад байна даа(инээв). Би “Отгонтэнгэр” дээд сургуулийг
Тээврийн эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн юм. Дараа нь Р.Гүрбазар
багшийн Радио телевизийн дээд сургуулийг
төгссөн. Анхны FM 105-д ажиллаж байлаа. Харин Америкт Невадагийн их сургуульд
сурч байгаад дараа нь бизнесийн чиглэлээр коллежид суралцсан. Уг нь
радиогийнхоо чиглэлээр суралцах хүсэлтэй байсан ч тухайн үед хэлний асуудлаас
болоод эмээсэн. Тэгээд хүмүүст бизнес хэрэгтэй юм чинь гээд коллежид орсон доо.
Нэг хэсэг Окландад хүүхдийн хувцасны дэлгүүр нээгээд ажиллуулдаг байлаа. Гэтэл 2008 онд Америк эдийн засгийн хямралд
өртөж, дэлгүүрээ татан буулгасан. Тэгэхэд ёстой нэг “шатсан” даа. Үлдэгдэл
бараагаа зараад олигтой мөнгө болохгүй байсан. Тэндхийн ядуу хүүхдүүдэд өгч
байхын оронд Монгол руугаа явуулсан нь дээр гэж шийдээд тэр том том хайрцагтай
хувцаснуудыг ээж рүүгээ илгээсэн. Манай ээж хүнд юм өгөх дуртай, тэрнээсээ кайф
авдаг хүн л дээ. Ачаа маань ч яг наадмын өмнөх өдөр Монголд очсон. Ээж маань
хавь ойрынхоо хүүхдүүдэд хувцаснууд тарааж өгөөд бөөн баяр болсон гэсэн. Харин
гоё нь наадмаар баахан адилхан хувцастай хүүхдүүд гүйлдэж байсан гэсэн.

-Ер нь
гадаадад очсон монголчууд нэрээ өөрчилдөг талтай. Харин таныг Андрей Туяа гэж
дууддаг гэсэн байх аа. Өөртөө ийм нэр өгчихөв үү. Эсвэл таны овог юм уу?

-Намайг угаасаа
Андрей Түвшинтуяа гэдэг л дээ. Харин гадаадынхан бүтэн нэрийг минь дуудаж
чаддаггүй юм. Тэгээд л овгоор маань Андрей Туяа гэдэг.

-Ингэхэд таныг
дэлхий дахинд шуугиан тариад байгаа “Грейгийн амьдралын 50 сүүдэр” номын
нэгдүгээр ботийг орчуулсан гэдгээр нь эчнээ танил байлаа. Одоо ямар ном орчуулж
байна даа?

-Би өөрийнхөө
номон дээр олон жил сууж байгаа. Сүүлийн үед “Монгол Арт” шоугаа хийх гээд тун
их завгүй байлаа. Хажуугаар нь Зазаатайгаа хоёр ч хүүхдийн номон дээр ажиллаж байна.
Мөн хоёр, гурван ном орчуулахаар бэлдсэн байгаа.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цогтбаатар: Манай 30 хувийн урьдчилгаа Америкийн иргэнд ч ихдэхээр байсан

Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатартай ярилцлаа.

-МАН-ын зургаан сайд засагт найман сарын хугацаатай байлаа. Тэднээс салбартаа үр дүнтэй ажилласан нь таныг гэж хүмүүс дүгнэж байгаа?

-Бид хамтдаа бие биенээ дэмжиж зүтгэсэн болохоор бас тодорхой үр дүн гарсан байх. Мөн барилгын салбарынхны хичээл зүтгэл бол энэ айлыг хөдөлгөж байдаг дотоод хөдөлгүүр.

Барилгын салбарын хувьд би шинэ хүн байсан нь нууц биш. Тэр нь харин надад зарим зүйлсийг шинэлэг өнцгөөс харах боломжийг олгосон байх гэж боддог. Салбарын бодлого боловсруулах тогтолцоонд зарим шинэ зүйлсийг оруулах боломж орон зай байсан. Нэгдүгээрт, Хэрэглэгч төвтэй бодлого, түүний хэрэгжилтэд чиглэсэн арга хэмжээнүүд, Хоёрдугаарт, Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлого, чингэхдээ гадаадын хөрөнгө оруулалтыг түлхүү татах үйл ажиллагаа, Гуравдугаарт, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн яамны бодлого, арга хэмжээ, Дөрөвдүгээрт, Евростандартыг нэвтрүүлэх ажил, Тавдугаарт, Түрээсийн орон сууцны зах зээлийг бий болгож, иргэдэд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох ажил, Зургадугаарт, Нийгмийн даатгалын санг орон сууцжуулах хөтөлбөртэй анх удаа холбох бодлого, арга хэмжээ гэх зэрэг.

Эдгээрийг задлаад нарийвчилбал урт яриа хөвөрнө. Гол нь энэ өөрчлөлтүүдийг одоо эргүүлж буцаах бараг л боломжгүй байх гэж найдаж байгаа. Тухайлбал, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээ, бодлогыг буцааж, өөрчлөх гэвэл олон нийт зөвшөөрөхгүй л болов уу. Тиймээс нийгмийн захиалгад нийцсэнээрээ удаан амьдрах өөрийн дотоод нөөц чадавхитай шинэчлэлүүд болсон болов уу л гэж найдаж байгаа.

-МАН-ын сайд нарыг огцруулахын өмнөхөн та Барилгын тухай хуулийн төсөл өргөн барьсан. Төслийн агуулгыг танилцуулахгүй юу?

-Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дээр дурдсан шинэчлэлүүдээсээ оруулж өгсөн. Ингэж байж шинэчлэл чинь яриа биш ажил хэрэг болно шүү дээ. Тухайлбал, хуулийн төсөлд бизнесийн орчинг хөнгөвчлөх бодлогыг тусгаж өгөхийн зэрэгцээ нөгөө хүн хэрэглэгч төвтэй салбар байх асуудлуудыг чинь оруулж өгсөн байгаа. Одоо бол барилгын компаниуд нэг их гоё зураг, сурталчилгаа худалдан авагчдад үзүүлээд, түүгээрээ иргэдийн худалдан авах шохоорхлыг төрүүлдэг. Энэ нь цаашдын хэлцэл хийхэд хүргэх үндсэн нөхцөл болдог бөгөөд эрх зүйн үр дагавартай зүйл юм. Гэтэл амьдрал дээрээ нөгөө гоёмсог зүйлс нь өөр болчихсон эсвэл бүр байхгүй болсон байх тохиолдол цөөнгүй л байдаг. Байр сууцны хэмжээнээс авахуулаад машины зогсоол, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, засал чимэглэлийн чанар стандарт гэх зэрэг олон зүйлс сурталчилж байснаас өөр болсон байдаг. Иргэн дангаараа эсвэл хэсэг бүлгээрээ улсын комисс нэгэнт хүлээгээд авчихсан барилгын гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар зарга үүсгэхэд барилгын компаниудын дэргэд зүгээр л жижигддэг. Одоо харин сурталчилгаанд ярьсан зүйлс нь байрыг худалдан авах гэрээний салшгүй хэсэг болохоор байгаа. Тэгэхээр байраа байгаагаас нь гоё болгож сурталчлах боломжгүй болж байгаа юм. Ер нь сурталчилгаандаа ярьж хэлсэн зүйлсийнхээ хариуцлагыг барилгын компаниуд бүрэн хүлээдэг болно гэсэн үг л дээ. Иргэдийн эрх ашгийг чиглэсэн бас нэг чухал зүйл бол бид барилгын баталгааны асуудлыг шинээр зохицуулахаар оруулж өгсөн байгаа. 90 жилийн түүхтэй, хийсэн бүтээсэн зүйл ихтэй барилгын салбар маань иргэдийнхээ өмнө уртаашаа гурван жилийн баталгааны хариуцлагыг л хүлээдэг тогтолцоотой байсан нь миний гайхшралыг ихэд төрүүлсэн. Уг нь энэ заалт нь барилгын дотор засал чимэглэл, тоноглолтой холбоотой байх учиртай. Гэтэл нэгэнт нарийвчлалгүйгээр ерөнхий заачихаар салбарын баталгааны зохицуулалт бүхэлдээ л үүнд захирагдчихаж байгаа юм. Тэгэхээр гурван жил өнгөрсний дараа тухайн барилгын асуудлаар түүнийг барихад оролцсон бүх этгээдийн хариуцлага дуусчихаж байгаа хэрэг. Тиймээс бид үүнийг өөрчилж, барилгын эдэлгээний хугацааг бетон, мод, төмөр хийцтэй байхаас нь хамаараад хамгийн багадаа 40-60 жил байхаар төсөлд тусгасан байгаа. Иймд барилгынхны хувьд хийсэн бүтээлийнхээ бат бэхийн асуудлаар иргэдийнхээ өмнө хүлээх хариуцлагынх нь хугацаа өөрчлөгдөж байгаа юм. Бид уг асуудлаар олон орны жишгийг судалсан. Эдэлгээний хугацаа дээрхээс хамаагүй урт байх нь ердийн үзэгдэл юм билээ. Бид бас бизнесүүддээ огцом ачаалал өгөхгүйн тулд, мөн Монголынхоо бодит нөхцөл байдлыг тооцож үзээд хугацааг арай татуу сонгосон. Энэ үзүүлэлтийг ийнхүү өөрчлөх нь гадаадын хөрөнгө оруулалтыг үл хөдлөх хөрөнгийн салбарт татах асуудалд ч эерэгээр нөлөөлнө. Эдэлгээний хугацаа нь 100 гаруй жил байдаг орнуудын хөрөнгө оруулагчид хүрч ирээд байр байшин сонирхтол аль хэдийнэ уг байшингийнх нь талаар хариуцлага хүлээх этгээдгүй болчихсон байвал яаж хөрөнгө оруулах билээ дээ. Даатгуулах гэхэд л шууд хүндрэл гарч эхэлнэ шүү дээ. Барилгын дотоод засал чимэглэл, сантехникийн холболт, тоноглолтой холбоотой баталгаат хугацаа харин гурван жилтэй тэнцэж байгаа. Үүн дээр нэмээд тохируулгын хугацааг нэг жилээр тусгаж өгсөн байгаа. Ингээд иргэдийн хувьд дотоод эвдрэл гэмтлийг үнэ төлбөргүй засуулах хугацаа дөрвөн жилтэй тэнцэж байгаа. Уг хуульд бизнесийнхнийхээ эрх ашгийг бас нэлээд сайтар тусгаж өгсөн байгаа. Дөрвөн жилийн сонгуулийн мөчлөгтэй манайх шиг оронд барилгын тусгай зөвшөөрлийг яагаад ч юм гурван жил байхаар хуульчилчихсан байна. Яг сонгуулийн өмнөхөн дарга нарын үүдийг бүх насаараа барилга барьчихсан, нэр хүнд нь зах зээл дээр бүр танил болчихсон компанийн удирдлагууд сахиад суух магадлал байна л даа. Тэгэхээр нь тусгай зөвшөөрлийн хугацааг шууд тав эсвэл 10 жилээр өгөхөөр тусгасан байгаа. Ихэнх нь сонгуулийн мөчлөгийг давж тарах биз. Давахгүй байлаа гэхэд нэг удаа аваад даргаас дараа нь дахиад гуйх шаардлага гарч болзошгүй хугацааг аль болох холдуулах боломжийг эрэлхийлсэн гэсэн үг. Нэг удаа аваад хэсэгтээ мартдаг байгаасай л гэсэн хэрэг.

Гурван жилийн баталгаат хугацааны заалт бас нэг гажуудлыг бий болгосон байна билээ. Төсвийн хөрөнгөөр барилга барьж буй компаниудыг бас л бөөрөлхөж, тодорхой мөнгөн баталгааг уг компаниудаас гурван жилээр авч ямар ч хүүгүйгээр хадгалдаг явдал. Тохируулгын хугацаа нэг жил гэсэн заалтыг оруулснаар энэ хугацаа нь даруй 60 гаруй хувиар буурч байгаа юм. Мөн баталгааны хөрөнгө байршуулахын оронд даатгуулах боломжийг нээж өгөхөөр тусгасан. Тэгвэл компаниудад очих санхүүгийн дарамт буурсан ч хариуцлагынх нь баталгаа хэвэндээ үлдэнэ, бас даатгалын бизнес хөгжих шинэ орон зай ч бий болж байгаа юм.

Мөн барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагааны хугацаа, шаардагдах гарын үсгийн тоог дорвитой бууруулж өгсөн байгаа. Өнөөгийн хуульд байгаа эдгээр тоог Барилгын яамны өмнөх удирдлага засгийн газрын шийдвэрээр мэдэгдэхүйц буулгаж өгсөн байдаг. Ийнхүү буулгасан тоотой харьцуулахад хугацаа ч, гарын үсгийн тоо ч тус тус 30 гаруй хувиар буусан байгаа. Гэхдээ хуулийг засгийн газрын шийдвэртэй биш, хуультай нь л харьцуулдаг. Энэ өнцгөөс авч үзэн өнөөгийн хуулийг шинэ төсөлтэй харьцуулах юм бол цаг хугацааны үзүүлэлт бараг ес дахин, гарын үсгийн тоо 3.5 дахин буюу 30 хол давсан хувиар буурсан байгаа. Бизнест энэ дорвитой дэм болно гэж бодож байгаа. Иргэн-хэрэглэгч төвтэй бодлогыг тусгасан, мөн барилгын бизнесүүдийн дарамтыг нимгэлэн дэмжихэд чиглэсэн заалтуудын заримаас жишээ болгон дурдахад ийм байна.

Энэ хуулийн төсөл барилгын салбарт үгүйлэгдэж байгаа бодлогыг хуульчилсан байх нь ээ. Төслийг өргөн барьсан сайд нь огцорсон болохоор хууль цаашаа явах эсэхэд олон хүн эргэлзэж байсан л даа.Тэгэхээр хуулийн төсөл батлагдсанаар ямар ач холбогдолтой болохыг тодорхойлохгүй юу.

-Монгол төрийн ажил хувь хүнээс хамаарахгүй байх ёстой. Тэгээд ч хууль сайдын мэдлээс гараад УИХ-ын мэдэлд шилжсэн. Сайд солигдсоноос УИХ солигдоогүй. Иймд асуудал явдаг журмаараа л явна.

Энэ хуулийн шинэчлэн найруулсан төсөл батлагдаад хэрэгжээд эхэлбэл иргэдэд, бизнесүүдэд л хэрэгтэй. Салбарыг хүн-хэрэглэгч төвтэй болгоход чиглэсэн заалтууд хуульчлагдчихвал үүнийг хэн нэгэн албан тушаалтан мартаад эсвэл ойшоохгүй явах боломжгүй болох юм. Тухайлбал, ШӨХТГ-ыг би Сайдын зөвлөл, Барилга хүлээж авах комисст оруулсан байсныг сайд өөрчилж болно. Харин хуулийг бол дагах хэрэгтэй болно. Барилгын салбарыг хэрэглэгч төвтэй болгон хөгжүүлнэ гэдэг бол маш том сэтгэлгээний өөрчлөлт дагуулна шүү дээ. Энэ нь эргээд бизнес-хэрэглэгчийн шударга харилцааг хөгжүүлэхэд л хэрэг болно. Мөн технологи, чанарын дэвшил, хариуцлагын тодорхой тогтолцооны төлөвшилтөөс авахуулаад олон дэвшлийг дагуулна гэж бодож байгаа. Зөвхөн хүн-төвтэй өөрчлөлт талаас нь ярихад л энэ шүү дээ. Түүнээс өөр бусад талаас нь яривал хуулийн шинэ төсөл олон эерэг зүйлсийг дагуулна.

Таны энэ салбарт хийсэн томоохон ажлуудын нэг бол ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгосон явдал. Энэ нь яг ямар шатанд явна вэ? Хэзээнээс хэрэгжих бол?

-Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт орон сууцны үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх баталгааг засгаас Хөгжлийн банкаар дамжуулан гаргах асуудал бүрэн шийдэгдсэн.

Салбар хариуцсан сайдын хувьд засгаас гаргах ёстой бүх шийдвэрүүдийг гаргуулж үлдээсэн. Одоо зөвхөн хэрэгжих цаг хугацаагаа л хүлээж байна.

Энэхүү зохицуулалтын дүнд анх удаа орон сууц авч буй, тогтмол орлоготой, нийгмийн даатгалын төлбөрөө хоёр жилээс дээш төлсөн иргэд урьдчилгаа 10 хувиа төлөөд байртай болох боломжоор хангагдаж байгаа. 10 хувийн урьдчилгааг цоо шинэ зүйл мэтээр ойлгож, бүтнэ, бүтэхгүй гэж эргэлзэх явдал байгаа. 10 хувийн урьдчилгааны тухай заалт өнөөдөр мөрдөгдөж буй урьдчилгаа 30 хувьтай зээлийг зохицуулж буй 2.4 дүгээр заалтад зээлийн урьдчилгаа 10-30 хувь байна гээд заачихсан байдаг. Тиймээс бид тэр боломжийг л ашигласан.

Зарим улсууд үүнийг Америкийн хямралтай л холбох юм. Америкийн хямрал subprime mortgage буюу хоёрдогч ипотекийн зээлээс үүдэлтэй юм. Түүнээс ердийн ипотекийн зээлээс үүдээгүй. Дэлхийн бүх улс орон ипотекийн зээлтэй. Тэнд Америкийнх шиг ипотекийн зээлийн хямрал өрнөөгүй.

-Яагаад?

-Яагаад гэвэл тэнд зүгээр ипотекийн зээл л зонхилж байснаас subprime гэдэг тодотголтой ипотекийнх нь зээл Америкийнх шиг газар аваагүй байсан. Манайх ч гэсэн ердийн л ипотекийн зээлтэй. Маш хашир тооцож хийсэн зээлтэй шүү.

Урьдчилгааг нь 30-аас 10 болгоод л буулгачихаар эдийн засгийг хямруулдаг хоёрдогч ипотек болчихдог юм шиг гэнэн юм зарим нь ярих юм. Тэр хямралд өртсөн АНУ-д чинь Фэнни Мэй гэдэг компанийнх нь олгодог ипотекийн зээлийн урьдчилгаа нь гурван хувьтай байдаг юм шүү дээ. Интернетээр ороод харахад л шууд гараад ирнэ шүү дээ. Энэ бол ипотекийн зээлийг хамгийн ихээр нь орлого багатай иргэддээ олгодог компани. Хэрэв ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувьтай байж л аюулгүй байдаг, түүнийг бага болгосноос хямардаг юм бол хямралын гашуун зовлонг ном сонингоос биш бодит амьдрал дээрээ амссан АНУ яагаад өнөөдөр хүртэл ийм бага хувийн урьдчилгаа төлбөртэй зээлийг байлгасаар байгааг тайлбарлуулмаар байгаа юм.

Фэнни Мэй зэрэг тусгай зохицуулалттай компанийнх нь зохицуулалтыг орхиё л доо. АНУ-д анхны байраа авч буй хүмүүст олгодог ердийн ипотекийн зээлийн урьдчилгаа 20 хувьтай л байдаг. Энэ бол боломжтой дундаж орлоготой иргэдэд олгодог зээл шүү дээ. Бас л манайхаас бага байгаа юм. Гэтэл тэнд байгаа хүмүүсийн дундаж орлого манай иргэдийнхээс хэдэн арав дахин их шүү дээ. 30 хувийн урьдчилгаа бол америк хүнд хүртэл их байгаа юм.

Америкийг харьцуулахаа больё. Сингапурт энэ урьдчилгаа 10 хувь, Тайландад 20 хувь гээд харьцуулаад байх юм бол манайх хамгийн бага орлоготой иргэдтэй хэрнээ хамгийн өндөр урьдчилгаатай байгаад байгаа юм. Байрны үнэ хөөсрөлтэй үед бол энэ чухал зохицуулалт байсан. Гэхдээ хөөсрөлт байхгүй болчихоод байхад хичнээн удаан иргэдийг ийм дарамттай зээлтэй байлгах гээд байгаа юм бол. Сингапур, Тайланд, Энэтхэг зээлийнхээ урьдчилгааг манайхаас бага байлгаад байгаа нь хямралаас айхгүй, эсвэл биднээс бага мэдээд, болгоомжгүй бодлого хэрэгжүүлээд байгаа хэрэг үү. Би тэгж бодохгүй байна.

Нэмээд хэлэхэд энэ бодлогыг шүүмжлээд байгаа улсууд эдийн засгийг хямруулахаас болгоомжлоод байгаа юм. Гэхдээ үүнийг хэрэгжүүлж эрэлтийг нэмэх чинь яг л тэр болгоомжлоод байгаа хямралаас нь урьдчилан сэргийлэх гэж хийж буй гарцаагүй арга хэмжээ юм шүү дээ. Үүнийг хийхгүй бол тэр айгаад байгаа хямрал чинь болно. Америкийн хямралыг нарийн судалбал хүмүүс нь зээлээ төлж чадахаа больсноос эхлээгүй, харин үл хөдлөхийн үнэ огцом бууснаас эхэлсэн юм шүү. Тэгмэгц зээлүүд муудаж, түүнээсээ үүдэн дараа дараагийн гинжин урвал явсан даа.

Саяхан нэг танил маань “10 хувийн урьдчилгаатай зээлийн тогтолцоо эрсдэлтэй, түүний оронд хямд төсөр байрны судалгааг гаргах хэрэгтэй” л гэж ярьсан байна лээ. Хямд төсөр байрыг Америкийн чинээлэг иргэдэд ч чанга тусах 30 хувийн урьдчилгаатай зээлийн тогтолцоотойгоор Монголд яаж хөгжүүлэх гээд байгааг нь сайн ойлгоогүй.

-Иргэдийг хямд орон сууцаар хангах түрээсийн орон сууцны хөтөлбөр таныг тус салбарыг удирдаж байхад шуурхай батлагдсан бас нэг ажил. Энэ хөтөлбөрийн үр дүнг та хэрхэн харж байна вэ?

-Иргэдийг орон сууцаар хангах тал дээр хийсэн бас нэг ажил бол “Түрээсийн орон сууц”-ны хөтөлбөрийг батлуулсан явдал юм. Улаанбаатарын иргэдийн 60 орчим хувь нь гэр хороололд амьдарч байна. Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт багтсан 1300 айлын түрээсийн орон сууцыг ашиглалтад оруулах заалтыг хэрэгжүүлэхийн тулд хувийн хэвшлийн барилгын компаниудтай гэрээ байгуулж эхлээд байна. Товчхондоо төрийн зүгээс иргэдээ түрээсийн орон сууцаар хангах эхний хувилбарууд ажил хэрэг болж эхлээд байгаа юм.

“Түрээсийн орон сууц”-ны хөтөлбөр зөвхөн Улаанбаатар хотод хэрэгжээд дуусахгүй. 21 аймагт хэрэгжих юм. Аймгийн төвүүдэд эмч, багш, төрийн албан хаагчид, цэрэг, цагдаа гээд орон сууцны тодорхой хүлээлттэй айл өрх, иргэд олон байдаг. Тэдний асуудлыг ч орхигдуулахгүй шийдэх боломжтой.

Хувийн хэвшлийнхний барьсан хорооллоос тодорхой тооны орон сууцыг улс аваад дараа нь тухайн компанитай концессын гэрээгээр төлбөрөө барагдуулаад явах юм. Энэ ажил ТОСК дээр ч хэрэгжиж байгаа. Орон сууцанд амьдрах хүсэлтэй ч худалдаад авах боломжгүй иргэд олон бий. Шинээр гэр бүл болсон залуус, оюутнууд, гадаадын иргэд гээд түрээслэгчид байна. Тэдэнд байраа худалдаад ав, эсвэл боль гэдэг л хувилбаруудыг зөвхөн санал болгодог тогтолцоо бол хоцрогдоод байна. “Түрээсийн орон сууц”-ны хөтөлбөр хэрэгжсэнээрээ өвөл бүр асуудал болдог утаа багасах, агаарын бохирдол буурах, эрүүл ахуйн олон асуудал шийдэгдэх боломжтой болно гээд ач холбогдол нь маш их л дээ. Иргэддээ хямд төсөр орон сууцыг нийлүүлэх, барилгын салбарыг их ч бай, бага ч бай зогсолтгүй ажиллагаатай болгоход их чухал үүрэг гүйцэтгэх нэг зохицуулалт бол нийгмийн даатгалын санг орон сууцжуулах хөтөлбөртэй холбох гээд байгаа асуудал чинь шүү дээ. Бас л би сэдчихсэн юм биш л дээ. Дэлхийн бүх улс орнууд өөрийн хамгийн урт хугацааны хөрөнгийн энэ эх үүсвэрийг яг энэ зорилгод амжилттай ашиглаж ирсэн туршлага байгаа юм. Ийм хөтөлбөрт хөрөнгө оруулахыг хамгийн найдвартай хөрөнгө оруулалтын хэлбэр гэж үздэг. Үнэхээр ч байраараа барьцаалагдсан, байр нь хэзээ ч тодорхой үнээ хадгалж, мөнгөн урсгалыг бий болгож байдаг учраас ийм тогтолцоог бий болгосон байдаг байх. Иймд манай яамнаас өргөн барьсан хуулийн төсөл бол уг нь 10 хувийн урьдчилгаатай, 20 хувийн баталгаатай зээлээс том өөрчлөлтийг бий болгох юм шүү дээ.

-Барилгын салбарт стандарт гэж юм байгаагүй. Та сайд болсныхоо дараа иргэд рүүгээ чиглэсэн бодлого явуулна гэж байсан. Үүний нэг нь евростандартыг нэвтрүүлсэн ажил уу?

-Стандарт байсан л даа. Гэхдээ энэ нь өнөөгийн амьдралаас хоцроод бизнесийн, салбарын хөгжилд тушаа болох талдаа байгаад байна. Нөгөө хэрэглэгч-төвтэй болгох бодлогыг чинь хэрэгжүүлэх чиглэлээр авсан олон арга хэмжээний чухал хэсэг нь бол энэ стандартын асуудал.

Яаманд ирээд юуны өмнө чанар стандарт хариуцсан шинэ нэгжийг яамны бүтцэд анх оруулсан. Энэ бүтэц маань Европын стандартуудыг нэвтрүүлэх богино болоод урт хугацааны бодлогыг боловсруулах ажилд орсон. Эхний ээлжинд 160-аад евростандартуудыг нэг жилийн хугацаатайгаар шууд нэвтрүүллээ. Энэ хугацаанд эдгээрийг европ суурьтай монгол стандарт болгон батлах ажлыг хийх ёстой. Нэг жилийн хугацаанд бүгдийг нь MNS стандарт болгож амжихгүй л дээ. Яг өнөөгийн байдлаар л гэхэд дөнгөж 40 гаруй евростандартыг л монгол сууринд буулган баталж амжсан байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөг хүртэл яг хэвшсэн журам шат дарааллаараа явж эдгээр стандартуудыг нэвтрүүлнэ гэвээс энэ нь хэдэн арван жилийн ажил болохоор байгаа биз. Харин ингээд хурдавчилсан аргаар шууд нэвтрүүлээд цаашид бүх стандартыг монгол болгон баталтал жил жилээр уг стандартуудыг хэрэглэх эрхийг сунгаад явчихвал үр өгөөж нь хэрэглэгч иргэдэд өнөөдрөөс мэдрэгдээд эхлэх боломжтой юм. Стандарт хэмжил зүйн газрынхан маань энэ асуудал дээр дэмжиж шийдэмгий хамтарч ажилласныг энд тэмдэглэх хэрэгтэй. Мэдээж энэ төгс хувилбар биш. Бид байгаа хууль эрх зүйн орчиндоо зохицож, гэхдээ боломжоороо шинэлгээр асуудалд хандан ажиллаж байгаа нь л энэ. Дээрх арга хэмжээ бол богино хугацааны хэсэгчилсэн л шийдэл.

Цаашид, урт хугацаандаа бол евростандартуудыг Монголд нутагшуулахдаа шууд англи хэл дээр нь хэрэглэдэг тогтолцоо руу шилжих хэрэгтэй. Ингэхийн тулд хууль эрх зүйн орчноос эхлээд боловсролын тогтолцоо хүртэл багагүй өөрчлөлтүүд хийгдэх ёстой байгаа юм. Мэдээж цаг уурын онцлог орчин бүсэд оршдог, тусгаар тогтносон орны хувьд манай зохих байгууллагууд эдгээрийг судалж үзээд баталдаг байх ёстой. Гэхдээ энд баталдаг гэхээсээ хүлээн зөвшөөрдөг тогтолцоог ярьж байгаа юм. Тусгайлан батлах асуудал нь зөвхөн манай цаг уурын нөхцөлд зайлшгүй тохируулж хэрэглэх стандартуудын тухайд л гарч байх ёстой юм. Ингэвэл шилжилт хамаагүй хурдасна.

Европчууд мөнгө нь багтахаа байсан баяндаа евростандартын бүтээгдэхүүнийг шаардан хэрэглээд байдаг юм биш. Тэд мөнгөндөө хэмнэлттэй хандаж буй нь тэр.

-Барилгын салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг богино хугацаанд татаж чадсан. Хятадын Эксим банк, Сингапурын хөрөнгөөр босох барилгуудын тухай мэдээлэл өгөөч. Эдгээр орон сууц баригдсанаар зах зээлд хямд үнэтэй орон сууцаар хангагдах боломж бүрдэх үү?

-Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэсэн шинэ санаачилгаа хэрэгжүүлэхэд бас ахиц гаргасан. Эдийн засаг удааширсан, дотоодын хөрөнгийн эх үүсвэр эрс хумигдсан, гадаад хөрөнгө оруулалт огцом татарсан үед мөчлөг сөрж үл хөдлөх хөрөнгийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж зөрүүдэлсэн гэх үү дээ ажиллалаа. Ингэж ажиллахдаа уул уурхайн салбарт манай төр, хувийн хэвшлийнхэнтэй хамтран далайцтай сурталчилгаа хийж байсан туршлагыг харгалзан зохих бодлого, үйл ажиллагаагаа зохион байгуулсан. Анх удаа ийм сурталчилгаанд зориулсан өргөн сурдалгааг хийлгэж, шинэ шинэ тоо баримтуудыг боловсруулсан. Түүний үндсэн дээрээ танилцуулгууд боловсруулсан. Багагүй хүч хөдөлмөр зарцуулсан ажил болсон. Гэхдээ үр дүнгээ өгсөн. Сингапур, Туркэд хувийн салбарынхантайгаа хамтран үл хөдлөх хөрөнгийн талаар далайцтай сурталчилгааг хийсний дүнд цөөнгүй хөрөнгө оруулагчид барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарыг сонирхогчид Монголыг чиглэсэн. Үүнд урам орсон. Болох юм байна. Энэ салбар чинь хийсэн бүтээсэн юмтай учир бусдын анхаарлыг хандуулаад л өгдөг юм бол сонирхлыг нь татахуйц юм байна гэдэг итгэлийг олсон. Харин бид энэ өнцгөөс улс орныхоо үл хөдлөх салбарыг ер сурталчилж байгаагүй юм билээ.

Нөгөө голланд өвчнөөс салахыг хүсвэл яг үүнийг л бодлогоор хийх хэрэгтэй юм л даа. Одоо Монголд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн нэг компани Сингапурын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргахаар ажиллаж байна. Амжилттай гараасай гэж хүсч байгаа. Тэгвэл Монгол гэдэг чинь ганц уул уурхайн орон биш юм байна гэдгийг гадаадын хөрөнгө оруулагчдад ойлгуулах юм.

Гадаадын хувийн хөрөнгө оруулалтаас гадна хөнгөлөлттэй зээл тусламжийг салбар руугаа түлхүү татах чиглэлээр ажиллалаа. Үүний дүнд БНХАУ-ын ЭКСИМ банкнаас хөнгөлөлттэй зээл авах асуудлыг гацаанаас нь гаргаж шийдвэрлэх шатанд нь оруулсан. БНСУ-аас хөнгөлөлттэй зээл авах асуудал уг нь нэлээн ахицтай яригдаж байгаа. Энэ бүгдийн дүнд улс орны нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн орон сууцны хорооллуудын барилгын асуудал зогсчихгүй урагшлах боломжтой болж байгаа юм. Нийтдээ 6000-7000 мянган айлын орон сууцны барилгын тухай ярьж байна шүү дээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

“Монцемент” жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэнэ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уржигдар үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт болсон шинэ үйлдвэрийн туузыг хайчиллаа. Улаанбаатараас 500 гаруй км-ийн зайтай Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт баригдсан “Монполимент” группын “Монцемент” эко үйлдвэрийн нээлтийн арга хэмжээ ийн болсон юм. Тус компани нь жилдээ нэг сая тн нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ. Харин манай улсын цементийн жилийн хэрэгцээ 1.5-2 сая тн байдаг. Барилгын салбар хурдтай хөгжиж байгаа энэ цаг үед цементийн хэрэглээ улам нэмэгдэх нь гарцаагүй. Тиймээс Засгийн газраас 2016 он гэхэд дотоодынхоо цементийн хэрэгцээг бүрэн хангах зорилт тавин ажиллаж байгаа билээ. “Монцемент” эко үйлдвэр ашиглалтад ийнхүү орсноор манай улс жилд нийтдээ гурван сая орчим тонн цемент үйлдвэрлэх боломжтой болж байгаа юм. Хөтөлийн болон Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь үндэсний үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллас­наар дотоодын цементийн хэрэгцээг бүрэн хангахаас гадна валютын урсгалыг дотооддоо шингээх юм. Мөн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа барилгын салбарын хөгжлийг хангах, орон сууцны үнийг тогтвортой барих зэрэг олон талын ач холбогдолтой. Иймд импортын цементийн татварыг нэмэх бодлого хэрэгжүүлэхээр судлан ажиллаж байгааг “Монцемент” үйлдвэрийн нээлтэд оролцсон салбарын яамныхан онцолж байлаа. “Монцемент” эко үйлдвэрийн нээлтэд олон хүндэт зочид төлөөлөгчид, орон нутгийн иргэд хүрэлцэн ирсэн байлаа. Энэ үеэр дэлхийн стандартыг хангасан технологиор шинэ үйлдвэр барьж, олон хүнийг ажлын байраар ханган, эх орондоо том бүтээн байгуулалт хийсэн үндэсний үйлдвэрлэгч “Монполимент” групп, үйлдвэрийн хамт олонд Ерөнхий сайд баяр хүргэж, үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын эдийн засаг, аж үйлдвэр, барилгын салбарт түүхэнд тэмдэглэгдэх шинэ хуудас бичигдэж байна. Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж, хамтран ажиллаж олон том бүтээн байгуулалтыг хийлээ. Монголчууд хамтдаа хөдөлмөрлөж зүтгэвэл амжилтад хүрч болохыг энэ үйлдвэр харууллаа. Монгол Улс дотооддоо “Дэлхийн чанартай Монгол цемент үйлдвэрлэдэг боллоо. Дэлхийн стандарт, тэр дундаа Европын стандарт Монгол нутгийн хөрсөнд бууж, нутагшиж байна. Эх орныхоо бүтээн байгуулалтын хэрэгцээг хангах, импортыг орлох цементээ Монголд бүрэн үйлдвэрлэж чадсан нь зөвхөн барилгын салбар гэлтгүй бусад салбарт техник, технологио өөрчлөх боломжийг олгож байна. Зам тээврийн салбар, тэр дундаа авто зам, төмөр замын салбарт технологио өөрчилж, бетон цементэн дээр суурилсан дэвшилтэт технологи руу шилжих бололцоо Монгол Улсад ойрын ирээдүйд гарах болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэв. Дорноговь аймгийн Сэнжит Худагийн шохойн чулууны ордыг түшиглэсэн “Монцемент” төсөл анх 2006 оноос хэрэгжиж эхэлсэн байна. Төслийн хүрээнд орон нутагт ихээхэн бүтээн байгуулалтын ажлуудыг хийжээ. Тухайлбал, Сайншандад дэд станцаас салаалсан 53.3 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугамын дэд станцыг ашиглалтад оруулсан байна. Мөн Өргөн өртөөгөөс салбарласан 3.5 км урттай, нийтийн эзэмшлийн гарам, вагон жин бүхий салбар төмөр замыг барьжээ. Тус суманд 1000 хүний багтаамжтай орчин үеийн тохилог орон сууц, хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төв, спорт заал бүхий иж бүрэн ажилчдын хотхон барьж байлаа. “Монцемент” үйлдвэрт 500-гаас дээш ажлын байр шинээр бий болох юм байна. Ийнхүү Дорноговь аймаг анх удаа барилгын материалын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлээд байгаа юм. Цаашид нутгийн хөгжилд үүнээс ч илүү үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт орон нутгийн удирдлагууд болоод иргэд итгэл дүүрэн байв. Ялангуяа Өргөн сумын иргэд “Монцемент” үйлдвэр манай сумын хөгжлийн түлхүүр боллоо. Өргөн сум одоо байгаагаасаа гурав дахин өргөжин, 280 айлын орчин үеийн тохилог орон сууц, ахуйн үйлчилгээний төв, цэцэрлэг, спорт цогцолбортой болж, бүтээн байгуулалт хийгдэнэ” хэмээн баярлацгааж байсан юм. Уг үйлдвэр нь цемент үйлдвэрлэхдээ байгаль орчинд ямар ч сөрөг нөлөөгүй, эко тоног төхөөрөмжүүдийг суурилуулжээ. Эдийн засгийн эрчимтэй хөгжлийг дэмжиж, экспортыг орлож, импортыг нэмэгдүүлэх тус үйлдвэрийн төслийг Франц, Англи, Австрали, Хятад, Швейцарь улсын салбартаа тэргүүлэгч байгууллага, зөвлөхүүдийн оролцоотойгоор хэрэгжүүлж байгаа аж. Төслийн дүнд Европын стандартыг хангасан олон төрлийн өндөр чанартай чулуунцар үйлдвэрлэж, өсөн нэмэгдэж буй цементийн импортыг орлож, хөрш орнуудад экспортлох боломжтой ажээ. Мөн дотоодын цементийн тээрмүүдийг 170 жил цемент, чулуунцраар хангах найдвартай ажиллагаатай гэнэ.

Ерөнхий сайд болон арга хэмжээнд оролцож буй зочид “Монцемент” үйлдвэртэй танилцсан юм. Эднийх байгаль орчиндоо ихэд анхаарал хандуулдаг бололтой. Усан оргилуур, ногоон байгууламж хүртэл хийжээ. “Монцемент” үйлдвэр эко гэдгийн учир нь хуурай аргын боловсруулах технологийг ашигладаг юм байна. Энэ нь усны хэрэглээ хамгийн бага. Мөн хүлэмжийн хий ялгаруулж, тоосжилт үүсгэх хэмжээ ч хамгийн бага гэнэ. Тодруулбал тоосжилт, азот, хүхрийн ислийн ялгаруулах хэмжээ нь Монгол Улсын болон Европын стандарт, шаардлагыг хангасан байгаль орчинд ээлтэй технологитой. Ахуйн болон үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлэн 90 хувийг дахин ашиглах системтэй эко үйлдвэр юм.

Монгол Улсын эдийн засаг, аж үйлдвэрлэлийн хөгжилд томоохон түлхэц үзүүлж буй “Монцемент” төслийг Хөгжлийн банк болон Евсропын Сэргээн босголт хөгжлийн банк, “Монполимет” группын санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлж байгаа гэнэ. Ямартай ч цементийн үйлдвэрийг байгуулахад “Чингис” бондоос 45 сая ам.долларын санхүүжилт олгосон ажээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

М.Баярмаа: Сайхан адуу харахаар сэтгэл сэргэдэг

Даншгийн үеэр жороо морь, үндэсний хувцас, гоо үзэсгэлэнгээрээ наадамчин олны нүд, сэтгэлийг баясгаж, олон нийтийн сүлжээнд “гол баатар” болсон М.Баярмаа бүсгүйтэй цөөн хором ярилцлаа.

-Таны бага насны дурсамжаар яриагаа эхэлье. Морь унаж байгааг тань харахад хэзээний адуучин аятай харагдаж байсан. Тэгэхээр багаасаа морь малын дэргэд өссөн бололтой, тийм үү?

-Тийм ээ, би Сэлэнгэ аймгийн Баруунхараа буюу Баянгол суманд хүүхэд насаа үдсэн. Аав, ээж маань багш хүмүүс. Гэхдээ манайх өвөг дээдсийн өвлөж үлдээсэн хурдан удмын адуутай айл болохоор бид багаасаа л адуундаа явах, гүүгээ саах гээд хөдөөгийн хүмүүсийн хийдэг бүх л ажлыг хийж өссөн. Аав маань аймгийн алдарт уяач н.Мижиддорж гэж хүн байдаг. Авга ах маань бас Монгол Улсын алдарт уяач. Тийм болохоор наадамд морьдоо сойж, дүү нар маань унадаг байлаа. Миний хувьд том биетэй хүүхэд байсан болохоор уралдааны морь цөөхөн удаа унасан. Гэхдээ байнга л морь унадаг охин байлаа.

-Морь унаад давхихаар яг ямар мэдрэмж төрдөг вэ?

-Тэр чинь л хамгийн гоё доо (инээв). Сэлэнгэ нутгийн олонхи гэр бүлийн нэгэн адил манайх газар тариалан эрхэлдэг. Тариан талбайгаа сүйтгүүлчихгүйн тулд хүний, өөрийн адуу мал орохоос хамгаалж, морьтойгоо эргүүл хийж, тойроод давхидаг байлаа.

Тэр үед өөрийн эрхгүй л “Адуучин би жаргаж явна” гэсэн дууны үг санаанд орж ирээд аялчихдаг, нэг л тийм үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрдөг. Сайхан адуу харахаар самсаа шархирна, сэтгэл сэргэнэ, ер нь “дурлачихдаг” гэж хэлж болно доо.

-Даншиг наадамд оролцоход тань юу нөлөөлсөн бэ, хэн нэгэн санал болгосон уу, эсвэл өөрөө шийдэв үү?

-“Монголын жороо морины уралдаан” төрийн бус байгууллага хориод жилийн өмнөөс наадмын сүүлийн өдөр жороо морины тойргийн уралдаан зохион байгуулдаг болсон. Миний хувьд энэ жил анх удаа оролцлоо. Моринд хорхойтой болохоороо л оролцъё гэж шийдсэн. Түүнээс хэн нэгний ятгалгаар орсон зүйл байхгүй.

-Жороо морь, дотроо бас олон янзын явдал байдаг уу. Та хэр сайн мэдэх бол?

-Тийм ээ, жороо морийг явдлаар нь уран, усан, тэлмэн гэж гурав хуваадаг. Мөн төрөлхийн болон олдмол ч гэж хуваадаг. Жороо явдал нь өвөг дээдсийн үеэс адуу унаж эдлэх соёл маллагааны үр дүнд бий болсон гэж үздэг юм билээ. Сайн жороо моринд эмээл хазаараас гадна эзэн нь гологддог гэсэн үг ч бий.

-Таны зургийг олон нийтэд анхлан дэлгэсэн хүн бол УИХ-ын гишүүн М.Зоригт. Тэр бас ирэх жилийн даншгаар жороо морины уралдаанд бүсгүй хүн түрүүлбэл 50 сая төгрөгөөр байлна гэдгээ зарласан. Үүнийг олон нийт янз бүрээр л хүлээж авч байна. Таны хувьд?

-М.Зоригт гишүүн бол сошиал ертөнцөд хамгийн нээлттэй, бас постолдог зургуудыг нь харахад монгол ахуй соёлыг хадгалж авч үлдэх, залуучуудад уламжлуулах чин сэтгэлтэй хүн шиг санагддаг. Тэр утгаараа л миний зургийг авч постолсон байх, үүгээр дамжуулаад тэрхүү агшинг минь гэрэл зурагт мөнхөлж, түмэнд түгээсэнд талархаж байгаагаа илэрхийлье.

Тавин сая төгрөгийн шагналын тухайд би хувьдаа дэмжиж байгаа. Ингэснээр ирэх жил илүү олон хүн, түүний дотор бүсгүйчүүд үндэснийхээ дээл хувцсаар гоёж, сайхан морь унаад энэ наадамд оролцох байх гэж найдаж байна. Аль болох олуулаа сайхан монгол дээл, хувцсаа өмсөөд, морио унаад явбал гоё шүү дээ. Тавин сая төгрөг гэдэг бол бага мөнгө биш. Үүнийг авахын тулд залуус маань хөдөлмөрлөнө. Морь унаж чаддаггүй хүн хүртэл морь унаж, адуу эдлэх соёлд суралцахыг үгүйсгэх аргагүй. Бас үндэсний хувцсаа өмсөнө гэдэг өв соёлоо тээх нэг хэлбэр. Тэгэхээр ийм сэдэл төрүүлж байгаагаараа М.Зоригт гишүүний энэ шийдвэр ихээхэн ач холбогдолтой гэж бодож байна.

-Та оролцох уу?

-Оролцоно гэж бодож байгаа.

-Тэгвэл нэлээд олон бас хүчтэй өрсөлдөгчидтэй болох нь ээ дээ…

-Тийм ээ, тэр тусмаа сонирхолтой шүү дээ. Энэ дашрамд залуучууддаа хандаж хэлэхэд, жилд ядаж хоёрхон удаа, цагаан сар болон наадмаар үндэснийхээ хувцсаар гоёж байя гэж уриалахыг хүсч байна.

Миний эмээ маш уран бас ажилсаг хүн байсан. Тиймдээ ч жил бүр цагаан сараар бидэнд шинэ дээл оёж өгдөг байлаа. Дөрөвдүгээр ангид сурч байсан жилээ би цагаан сарын дараа хааяа хичээлдээ дээл өмсч явдаг байсан. Тэр үеийн зураг ч байдаг.

-Та өөрөө үйлэнд хэр вэ?

-Би эмээгийнхээ дэргэд өссөн, дээл оёход нь дандаа тусалдаг байсан болохоор гадарлана аа. Эмээгийн маань хөдөлмөрч хичээнгүй чанар үр хүүхэд бидэнд нөлөөлж, ажил үйлээр хэнээс ч дутахгүй хүн болж өссөн гэж боддог.

-Адуучин охин хэзээнээс хотын хүн болов?

-1999 онд оюутан болоод хотод суурьшиж үлдсэн. Гэхдээ жил бүр нутагтаа очиж наадамладаг. Бид ерөнхийдөө хотжиж, монгол ахуйгаасаа нэлээд холдож байна. Үүнд сэтгэл эмзэглэж явдаг хүний хувьд хүүхдүүдээ аль болох хөдөө авч очиж, ахуй, соёлтойгоо танилцуулж байхыг эрмэлздэг дээ. Малын дэргэд өссөн хүүхэд морь унаж, борви бохисхийлгүй ажилладаг болохоор булчин шөрмөс нь чангардаг. Энэ нь хүүхдийн өсөлт бойжилтод эергээр нөлөөлдөг л дөө.

-Тэгэхээр “Даншгийн мисс” маань гэр бүлтэй байх нь ээ…

-Тийм ээ, би гэрлэсэн.

-Орчин үед санаатай болон санамсаргүй байдлаар олон нийтийн сүлжээнээс “од” төрдөг болчихсон. Таны хувьд даншиг наадамд оролцож жороо морь унаснаараа энэ талбараас төрсөн бас нэгэн “од” боллоо. Сэтгэгдэл бичсэн хүмүүс 100 хувь өөрийг тань дэмжиж, сайшаасан байсан. Найзын хүсэлтэд дарагдсан л байх, тийм үү?

-Тийм ээ, таних, танихгүй маш олон хүн найзын хүсэлт илгээж, зургийг маань постолж, бас шэйрлэн, урмын үг харамгүй хайрлаж байна. Хүмүүсээс маш их бахархаж, хүндэтгэсэн хандлагыг мэдэрч байгаа. Сумын наадамд бол бүсгүйчүүд морь унах нь байдаг л зүйл. Харин хот газар энэ нь ховор тохиолдол болохоор олны нүдэнд содон тусч байгаа байх л даа. Ямар ч байсан ийм олон хүний бахархлыг сэргээж, дараа жилийн наадмаар ингэж гоёх юм шүү гэсэн сэдэл төрүүлж байгаадаа би бас баяртай байгаа.

-Адуучин бүсгүйтэй уулзсаных олон нийтийн дунд маргаан үүсгэдэг нэг асуудлаар саналыг тань сонсмоор байна. Бага насны хүүхдээр морь унуулах, мөн хүйтний улиралд морь уралдуулахад шүүмжлэлтэй ханддаг хүмүүс цөөнгүй бий. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

Энэ бол хоёр талтай асуудал. Нэг талаас ярих нь өрөөсгөл болно. Би багадаа байнга морь унадаг байсан гэдгийг түрүүн хэлсэн. Миний зулай дээр гишгэж төрсөн дүү тавхан настайдаа улсын наадамд оролцоод түрүүлж байлаа. Бид долоо хоногийн турш адуугаа туугаад улсын нийслэлд ирж байсан. Эргээд бодоход маш дурсамжтай санагддаг.

Нөгөөтэйгүүр, аливаа зүйлд эрсдэл заавал байдаг, унаж бэртэх аюул байна. Өвлийн морин уралдааны тухайд өнтэй жил бол зохион байгуулахад болохгүй зүйлгүй, зудтай жил хэцүү байх болов уу даа.

М.Мөнхцэцэг

Э.Ирэхбаяр

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ё.Отгонбаяр: Улс төрийн нөхцөл улам тогтворгүй байдал руугаа явж байна

УИХ-ын гишүүн Ё.Отгон­баяртай ярилцлаа.

-МАН ээлжит бус чуул­ганыг хууль бус гэж үзэн, нээлтэд оролцоогүй. Гэтэл Ерөнхий сайд танхимынхаа зургаан сайдыг явуулахаар нэрсийг нь өргөн барьсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдаж байх үед намаа хамтрахыг эсэргүүцэж байсан гишүүний нэг бол та. Ийм үйл явдал болно гэж төсөөлж байв уу?

-УИХ-ын чуулганы хэлэл­цэх асуудлын жагсаалтад” Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох” тухай ороод ирсэн байсан. Тэгэхээр ээлжит бус чуулганыг зарлах захирамж гарах хүртэл Засгийн газрын гишүүнийг огцруулах томилох асуудал өргөн баригдаагүй байлаа л даа. Өргөн баригдаагүй байгаа асуудлаар ээлжит бус чуулган зарласан нь хууль зөрчсөн асуудал юм гэж үзээд манай намын бүлэг чуулганы нээлтэд оролцоогүй. Нэгэнт сайд нарыг огцруулах асуудлыг өргөн барьчихсан болохоор бид байнгын хороо, чуулганы хуралдаанд оролцож өөрсдийнхөө үнэлэлт дүгнэлтийг өгөөд явж байна.

Ер нь энэ Засгийн газарт орж ажиллах шаардлагагүй гэж би анхнаасаа байр сууриа илэрхийлж байсан. Нэгэнт хамтарна гээд улс төрийн шийдвэр нь гарсан. Ерөнхий сайд, АН-ын дарга нь хүртэл манай намын бүлэг дээр орж ирээд “Хямрал нүүрлэчихлээ. Нэг завин дээр сууж байгаа юм байна. Хамтраад нөхцөл байдлыг давъя” гэдэг асуудлыг тавьсан. Уг асуудал манай намын Бага хурлаар ороод батлагдсан. Гэвч хямралын нөхцөл байдал арилсан гэж бодохгүй байна. Харин ч цаашид улам хүндэрч болзошгүй. Ядаж байхад гантай зун байлаа. Өвөлжилт хүндэрч, өргөн хэрэглээний барааны үнэ зогсолтгүй өсөх янзтай. Ийм л үед АН улс төрийн шийдвэрээ гаргаж, МАН-ын сайд нарыг засгаасаа гаргаж байгаа юм байна. Тэгэхээр тэр их нялуун үгтэй захидал бичээд хадаг барьж гүйгээд байсан нь бүгд худлаа байжээ гэдэг нь эндээс харагдаж байна.

-Ардын нам засагт хамтарчихаад гэрээгээ биелүүлээгүй гэж АН дүгнэсэн?

-Хамтарсан Засгийн газар байгуулагдаж байх үед чуулганы хуралдааны үеэр миний бие “Засгийн газарт орлоо гээд амаа үдүүлэхгүй. Буруугийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй. Хэлдэг үгээ хэлж байна шүү” гэж хэлж байсан. Өнгөрсөн хугацаанд ч хэлсээр ирсэн. Сая(өчигдөр) байнгын хороон дээр “Ардын нам Хөдөлмөрийн сайдаа тавьчихаад Хөдөлмөрийн хуулиа шүүмжлээд байсан” гэх юм. Хөдөлмөрийн хууль бол улс төрийн асуудал биш. Тиймээс тэр хуулин дээр юу нь буруу байна гэдгийг бид шүүмжилж хэлж байх ёстой. Муу нөхцөл байдлаа ярихаас өөр замгүй шүү дээ. Яалт ч үгүй хоол хүнсний үнэ өсчихөж. Ингээд ирэхээр ард иргэд “Яагаад вэ” гэж асуух нь мэдээж. Ямар алдаанаас болсныг нь хэлэхээс яахав. Цаашдаа ч хэлэх зарчим руу явна даа.

-Таныхаар Ардын нам засгаас гарч байгаа нь хэр зөв алхам бэ?

-Бид гараагүй. Биднийг гаргаж байна. Нэгэнт эрх баригчид ийм улс төрийн шийдвэр гаргачихаж байгаа болохоор бидэнд сонголт гээд байх юм алга. Хамгийн их харамсч байгаа зүйл нь 73 гишүүний дэмжлэгтэй Засгийн газар байсан бол одоо 40 гаруйхан гишүүний дэмжлэгтэй Засгийн газар үлдэж байна л даа.

-Төр засаг тогтворгүй байх нь улс орны эдийн засаг, хөгжил дэвшилд халтай гэж судлаачид тайлбарлаж байна. Хамтарсан Засгийн газрын хувьд наймхан сарын настай байжээ. Тэгвэл дараагийн Засгийн газрын хувь заяаг Ардын нам хэрхэн төсөөлж байгаа бол?

-Засаг төр тогтворгүй байх нь ард түмэндээ, улс орондоо хохиролтой гэдгийг бид өнгөрсөн гурван жилд харсан. Саяын Засгийн газар хамгийн тогтвортой байх боломжтой байсан. Ер нь улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, эрх барьж байгаа АН доторх эв түнжингүй байдал, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгаа хамгийн том жишээ нь Таван толгой. Хаврын чуулганы туршид муур хулгана болж гүйлдсэн. Нэг нь өргөн барина гээд л нөгөө нь авахгүй гээд л. Тэгээд өргөн барьсныхаа дараа ажлын хэсэг байгуулаад хууль зөрчсөн үйлдэл хийсэн. Харамсалтай нь энэ хугацаанд ОХУ-д асар том нүүрсний уурхай ашиглалтад ороод Хятад руу нийлүүлээд эхэлчихлээ. Эрх барьж байгаа АН доторх эрх ашгийн зөрчил улс орны эдийн засгийг туйлдуулж байна.

-Өнгөрсөн хугацаанд танай намын зургаан сайд хэрхэн ажилласан гэж бодож байна?

-Миний хувьд тэднийг сайн ажилласан гэж хэлнэ. Чинзоригийн хувьд Хөдөлмөрийн сайд байхдаа Хөдөлмөрийн тухай хууль болон томоохон хууль тогтоомжуудаа УИХ-д өргөн барьчихсан. Салбартаа олон жил ажилласан хүн байсан. Харин дараагийн томилогдох сайд нь томоохон хуулиудаа батлуулж чадах эсэх асар эргэлзээтэй. Мөн Д.Цогтбаатарын хувьд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгож, салбартаа тулгамдсан хүндрэл бэрхшээлүүдийг шийдэх чиглэл дээр тодорхой үр бүтээлтэй алхмууд хийсэн. Ж.Эрдэнэбат маань хямд үнэ өртөгтэй хөрөнгийн эх үүсвэр босгож ирээд энэ хавар цалингаа тавьж чадахгүйд хүрээд байсан Сангийн яам­ны асуудлыг тухай бүрт нь шийдээд явж байсан. Мөн Шадар сайд байна. Энэ хавар салбараа хариуцсан үйл ажиллагааг идэвхтэй сайн явуулсан гэж дүгнэх байна даа.

-Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийг явуулахгүй гэж мэдэгдэж байсан болохоор танай сайд нар тийм ч амархан огцорчихно гэж бодоогүй байх…

-Манай Ерөнхий сайд чинь байн байн цоглог үг хэлээд маргааш нь ам руугаа алгадуулаад явдаг шүү дээ. Яг л тэгж харагдаж байна. Таван толгойн талаар ямар гоё үг хэллээ. Маргааш нь ам руугаа алгадуулсан. Засгийн газрын гишүүдээ өргөн барихгүй гэж хэлээд өөрөө өргөн бариад явж байна.

-Сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Цаашид улс төр хэрхэн өрнөнө гэж харж байгаа вэ. Хашир улстөрчийн бодлыг сонсмоор байна?

-Н.Алтанхуяг Ерөнхий сайдын хийсэн сонголт руу явж байна. Тодруулбал, 2012 оны яг тэр үе давтагдана. Ардчилсан нам Их хурал дотроосоо сайд нараа томилох зарчмын шийдэл гаргасан гэнэ лээ. Энэ бол буцаад Засгийн газрын 17 гишүүн УИХ дотроосоо тавигдана гэсэн үг. Тэгээд давхар дээлтэй явах нь. УИХ-ын дөрөвний нэг нь Засгийн газрын гишүүн болоод хувирчихаж байгаа юм. Ингээд УИХ нь Засгийн газрынхаа үйл ажиллагааг хянаж чадахгүй. Яг л 2012 оны үйл явдал бий болно. Хэлж анхааруулах ёстой зүйл бол 2012 онд Н.Алтанхуяг 17 хувийн өсөлттэй боломжийн эдийн засаг хүлээж авсан. Улс төрийн нөхцөл байдал улам тогтворгүй болно гэдгийг дүгнэж хэлмээр байна. Хүнээр ярих юм бол Ч.Сайханбилэг ерөнхий сайд өрөөсөн хөлөө хөрөөдөөд сууж байна гэсэн үг.

-Ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа хуулийн төслүүд батлагдсанаар эдийн засгийг хүнд байдлаас гаргах болов уу?

-Ээлжит бус чуулган гэдэг бол цаг тулчихсан, зайлшгүй түргэн шийдэх ёстой асуудлуудаа хэлэлцдэг зүйл. Гэтэл яаралтай шийдвэрлэх ёстой асуудлын жагсаалтад Галт зэвсгийн тухай хууль байх юм. Яахав энэ хууль хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ ээлжит бус чуулганы хэмжээнд хэлэлцэх асуудал мөн үү. Манай улсад тэгтлээ галт зэвсгийн асуудал хүндэрчихээд байна уу. Эрүүгийн болон зөрчлийн хууль гээд асар чухал хуулиуд байдаг. Монгол хүний эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж байгаа хуулиуд шүү дээ. Гэтэл ээлжит бусаар хуралдаад, процессын хууль нь байхгүй ингэж оруулж ирж байна. Үлдсэн асуудал нь гэвэл нөгөө цагаан захтнуудыг өршөөх Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль. Өршөөлийн тухай хууль гэсэн хуулийг оруулчихаж байгаа юм. Манай эдийн засаг хүнд байна. Нөгөө хаваржин мөнгө олно гэж ярьсан Таван толгойгоо яаралтай оруулж ирж ээлжит бусаар хэлэлцэх ёстой байлаа. Тэгэхээр эдийн засагт авах арга хэмжээний хуулиудаа яаралтай хэлэлцэх ёстой. Үнэн хэрэгтээ бол ээлжит бус чуулганыг зарласан шалтгаан Засгийн газрын гишүүдийг чөлөөлж, томилох асуудалтай холбоотой. МАН-ынхныг өнгөрсөн чуулганы 60 гаруй хувьд нь сандал ширээний асуудал ярилаа гээд АН-ынхан хүртэл шүүмжлээд байдаг. Харин энэ ээлжит бус чуулган жинхэнэ сандал ширээний асуудал ярьж байгаа шүү дээ. Зургаан сайдыг огцруулчихаад араас нь сайд болох гээд үс гэзгээ гельдээд яваад байгаа нөхдүүд байна.

-Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэж байгаа. УИХ-ын хүний эрхийн дэд хорооны даргын хувьд энэ хууль батлагдвал ямар үр дүн хүлээж байна вэ?

-Өршөөлийн хуулийг гаргах нь зөв гэж үзэж байгаа. Энэ хууль батлагдвал ял эдэлж байгаа 2400 гаруй хүний асуудал хөндөгдөнө. Харин уг хуулийг гаргахдаа өмнө үзүүлдэг байсан өршөөлөөсөө хамрах хүрээг нь өргөсгөж гаргах вий гэсэн болгоомж байна. Уг хуулиар далимдуулаад эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн, авлига хээль хахуульд орооцолдсон хүмүүсийн асуудал өршөөгдөж гарах вий гэсэн болгоомж ч байгаа.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдвал нуугдмал хөрөнгүүд ил болж, эдийн засаг сэргэнэ гэж үзэж байгаа…

-Аж ахуйн нэгжүүдийн эд хөрөнгөтэй асуудлуудыг бид дэмжиж байгаа. Үүгээр далимдуулаад эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн, авлига авсан хүмүүс өршөөгдөөд гарчих хаалга, үүд яваад байна. Зарчмын хувьд аваад үзэх юм бол төр хариуцлагатай байх ёстой гэж ярьдаг. Тэгчихээд хариуцлагагүй байдлыг өдөөн дэврээсэн хуулийг ээлжит бус чуулган зарлаж яаран сандран хэлэлцэх нь буруу юм. Тиймээс бид энэ хэсэг дээр эсэргүүцээд байгаа.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Д.Ганбат: Нийгэмд хүлээлт үүсгэсэн хуулиудаа энэ 14 хоногийн хугацаанд яаралтай хэлэлцэн батлах ёстой

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай ярилцлаа.

-Ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Гэвч МАН-ынхан суусангүй. АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын хэлс­нээр чуулганы хуралдаан Ардын намгүйгээр үргэлжлэх бололтой?

-МАН-ын байр суурь ямар байгааг хэлж мэдэхгүй. УИХ-ын даргын гаргасан захирамжийн дагуу ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна. Өнөө өглөө(өчигдөр) гишүүдийн 58.3 хувийн ирцтэйгээр нээлтээ хийлээ л дээ. Ардын намын бүлгээс нэг ч хүн үзэгдсэнгүй. Чуулган бол хуулийнхаа хүрээнд нээлтээ хийсэн. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл гэж байдаг. Байнгын хороо, УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нараас бүрдсэн тус зөвлөл энэ долоо хоногт ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудаа баталчихсан байгаа. Нийгэмд хүлээлт үүсгэсэн Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн эцсийн хэлэлцүүлэг, Галт зэвсгийн тухай хуулийн эхний хэлэлцүүлгийг өрнүүлнэ. Мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн тухай хуулийн хэлэлцэх эсэхийг шийдээд явна. Маргааш(өнөөдөр) Хууль зүйн байнгын хороо хуралдах юм. Манай байнгын хороо УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэж, захирамжид заасны дагуу дөрвөн хуулийн төслийг хэлэлцэнэ. Эрүүгийн, Зөрчлийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дуусгана. Галт зэвсгийн хуулийн эхний хэлэлцүүлгийг явуулж, Өршөөлийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг шийднэ. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль бол Эдийн засгийн байнгын хороогоор явна. Дээрх нэр дурдсан хуулиуд нийгэмд хүлээлт үүсгэсэн болохоор яаралтай хэлэлцэх ёстой. Мэдээж УИХ-ын гол ажил бол хууль тогтоох ажил юм. Үүнийхээ дагуу Хууль зүйн байнгын хороо хуулийнхаа дагуу хууль тогтоох үйл ажиллагаа явуулах ёстой. УИХ-д 76 хууль тогтоогч байдаг. Харин манай байнгын хороонд нам эвслийн бүлгүүдээс оролцсон 19 хууль тогтоогч ажилладаг.

-Хэрэв МАН ээлжит бус чуулганд оролцохгүй гэвэл байнгын хороонд ч суухгүй байж таарна. Тэгэхээр гол хуулийн төслүүд цааш саадгүй явж чадах уу?

-Ер нь хуулийн төслүүд шат дамжлагаараа явсан. Эрүүгийн хууль болон Зөрчлийн хууль дээр ажлын хэсэг байгуулагдаад явсан байгаа. Хуулийнхаа дагуу тав хоногийн завсарлагаа авчихсан. Тухайн төсөл дээр нэг л удаа завсарлага авдаг хуультай. Өршөөлийн болон Галт зэвсгийн тухай хуульд завсарлага авах нь нээлттэй. Мэдээж хэрэг аль болох Ардын нам орж ирээд ажиллавал сайн. Цаг хугацаа бол хүлээхгүй. Ард түмэн биднийг хийх ажлаа хийхийг шаардаж, хүлээж байгаа. Харин Ардын намын нөхдүүд цалингаа аваад явж байгаа. Хуулийнхаа дагуу завсарлагаа авсан. Хууль дүрэмгүй оронд амьдарч байгаа юм шиг ингэж болохгүй л дээ. Ер нь ямар нэгэн улс төрийн нөхцөл ч юм уу, шоу хийгээд байдаг цаг хугацаа заримд нь байдаг л байх. Гэхдээ улс орны эрх ашиг шаардсан, хүлээлт үүсгэсэн ийм асуудалд хууль тогтоогчид, тухайн ажиллахаар заасан гишүүд маань Байнгын хороондоо ажиллаад явах ёстой. Тэрнээс “Би ажиллахгүй, би ирэхгүй” гэдэг юм байхгүй. Хэрэв тийм байсан юм бол УИХ-д сонгогдохоосоо өмнө тэрийгээ хэлээд явах ёстой биз дээ. Бид УИХ-д цалин авч байгаа. УИХ-ын гишүүнээс өөр хүн бол ажил тасалсан гээд хөөгдөнө шүү дээ. Өнөөдөр энэ хүмүүс ухамсар оюунаараа сонгогдсон мандаттай төрийн түшээд. Тиймээс хийх ёстой ажлаа хийгээд явах хэрэгтэй. Тэгэхгүйгээр нэгэнт мэдэгдэл гаргасан бол хэлсэн ярьсандаа хүрдэг байх ёстой.

-Хаврын чуулган завсарлахын өмнөхөн Эрүүгийн хуулиар МАН завсарлага авсан. Тэдний тавьсан шаардлагыг ажлын хэсэг дээр хэрхэн авч хэлэлцсэн юм бэ?

-МАН-ын бүлгээс Эрүүгийн хууль болон Зөрчлийн хууль дээр оруулсан саналуудыг нь хүлээгээд авчихсан. Тухайлбал, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалтыг багасга гэснийг нь багасгасан. Торгуулийн хэмжээг ч багасгасан. Төрийн хөрөнгө мөнгийг завшсан этгээдэд хүлээлгэх хариуцлагыг оруул гэснийг нэмсэн. Тэгэхээр энэ талаар тэдний заасан зүйлүүдийг оруулж ирсэн байгаа.

-УИХ-ын даргыг хууль бус захирамж гаргасан гээд Үндсэн хуулийн цэцэд өгөхөөр болсон гэсэн мэдээлэл байна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд багтдаг Байнгын хорооны даргын хувьд та тайлбар өгөхгүй юу?

-УИХ-ын дарга бол хуулийнхаа хүрээнд захирамж гаргасан. Харин Цэц нь ямар шийдвэр гаргахыг хэлж мэдэхгүй.

-АН-ын бүлэг МАН-ын зургаан сайдыг явуулах асуудалд санал нэгдсэн гэсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танхимынхаа зургаан ги­шүү­ний асуудлыг өргөн мэдүүлж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр боллоо. Хэрэв энэ асуудал энэ хоёр долоо хоногийн хугацаанд шийдэгдэхгүй бол дахиад ээлжит бус чуулган зарлах уу?

-Зургаан сайдыг чөлөөлөх асуудал бол төрийн ажил. Хууль номынхоо дагуу явна. Жишээлбэл, Ерөнхий сайд өргөн мэдүүлэх гэж байгаа бол Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой. Тав хоногийн хугацаатай. Тэр хугацаандаа л явж байна. Бүрдэл болбол УИХ-д өргөн бариад УИХ-ын дарга хүлээн аваад хэлэлцэх эсэхээ шийднэ. Асуудлыг УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар оруулаад явдаг л даа. Тэр шугамаар явж байгаа гэж ойлгож болно. Хэрэв энэ 14 хоногтоо өргөн мэдүүлж амжихгүй бол дахиад ээлжит бус чуулган зарлах магадлалтай.

-Ерөнхий сайд намын дарга байх, намын дарга Ерөнхий сайд байх асуудал бас яригдсан. Ерөнхий сайдын зүгээс ҮЗХ-г хуралдуулахыг УИХ-ын даргаас шаардсан. АН-ын ҮЗХ хуралдах уу?

-Намын дүрмийн дагуу явна. АН-ын дүрэмд “Олонхи болоогүй олон намаас бүрдсэн Засгийн газрын тэргүүн заавал намын дарга байх шаардлагагүй” гэдэг. Тэгэхээр намын дүрмийн хэмжээнд асуудал шийдэгдээд явна.

-Таны ахалдаг Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн төслийн ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Эдгээр хууль нь аж ахуйн нэгжүүдийг, баялаг бүтээгчдийг нэлээд дарамталсан болж гарах гэж байгааг бизнес эрхлэгчид эсэргүүцэж, шаардлага хүргүүлж байсан. Энэ мэтчилэн Эрүүгийн хуулийн ээдрээтэй асуудлуудыг ажлын хэсэг авч хэлэлцэв үү?

-Тэр шаардлагуудыг бүгдийг нь хүлээж аваад хуульд тусгасан байгаа. Өнөөдөр хуулийн төслийг болохгүй байна гэж байгаа нэг ч аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага алга. Тэд бүгд энэ хуулийг гаргах шаардлагатай гэж байна. 2002 онд батлагдсан хууль тэр болгон зохицуулж чадахгүй байгааг хэлдэг. Тухайлбал, энэ хууль батлагдсанаар гэмт хэрэг багасах ёстой. Амгалан тайван байдал, нийгмийн харилцааг зохицуулахад маш их шаардлагатай. Өнөөгийн нийгэмд шаардаж байгаа хууль болчихоод байна л даа. Үүнийг Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын чуулган батлаасай гэж хүлээж байна. Түүний төлөө ээлжит бус чуулган зарласан. Ганц сайд нарын асуудал ярих гээгүй. Өнөөдөр тэр бүрдэл нь болоогүй учраас хойшилж байх шиг байна.

-Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд хэвлэлийн эрх чөлөөнд халдсан, боомилсон заалтууд тусгагдсан байсан. Тэдгээр заалтуудад ажлын хэсэг байр сууриа хэрхэн нэгтгэсэн бэ?

-Энэ тухай ч ажлын хэсэг дээр ярьсан. Тухайлбал, Олон улсын конвенцид сэтгүүлчдэд эрүү үүсгэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд нь халдахыг хориглосон заалтууд бий. Тэрийг шинэ эрүүгийн хуульд тусгасан байгаа. Үнэхээр гүтгэх буруу зөрүү зүйл нийтэлсэн бол Зөрчлийн хуулиар шийтгэхээр явж байна. Энэ хууль гарснаар нөхцөл байдал хамаагүй дээрдэнэ.

-Өршөөлийн хуулийг баталснаар цагаан захтнуудыг, авлигачдыг гэмт хэргээс хэлтрүүлэх нь гэсэн шүүмжлэл дагуулдаг. Энэ хууль ямар эерэг үр дүн авчрах вэ?

-Мэдээж гарах ёстой хуулийн нэг бол энэ. Гэхдээ албан тушаалтанд зориулж гарч болохгүй. Ялангуяа УИХ-ын 76-д зориулагдсан байж болохгүй. Ардчилсан төр бол хүнлэг энэрэнгүй нийгмийг байгуулж байгаа. Иргэдээ өршөөдөг, аж ахуйн нэгжүүдийг уучилдаг. Тухайн нөхцөлд хүмүүс ямар ч байсан байж болно. Бүгд хуулийн хүрээнд байх ёстой. 2002 онд баталсан Эрүүгийн хуулиар давтан гэмт хэрэг үйлдсэн хүнийг шоронд суулгана гэсэн заалттай. Өнөөдрийн нөхцөл байдалд энэ хуулиар бол арван мянган төгрөг хулгайлсан хүн дараа нь дахиад өөр төрлийн гэмт хэрэг үйлдчихсэн байхад жирэмсэн эмэгтэй ч бай, хүүхэд ч бай таарсан ялаа эдлэх биш 10, 20 жилийн ял авч байгаа юм. Энэ хүмүүсийг залруулах ёстой. Өнөөдөр Монголын шоронд найман мянган хоригдол байна. Халуун дулааны улиралд дүүрчихсэн байгаа энэ хүнд нөхцөлд Өршөөлийн хууль гарснаар ялтнуудын тоо 20-30 хувиар багасах ёстой. Өршөөл уучлал үзүүлээд явах ёстой. Тодорхой хэмжээнд цаг хугацаа нь болсон. Хуулийнхаа дагуу ч хийх хэрэгтэй. Тэд дандаа л хүнд гэмт хэрэг хийсэн улс биш шүү дээ. Зохих хэмжээний ялаа эдэлчихсэн байдаг. Мэдээж үйлдсэн гэмт хэрэг нь эдэлсэн ялын хугацаанд нь таарсан байвал хөнгөлөх ёстой. Энэ хууль амгалан тайван нийгмийн харилцааг зохицуулахад хэрэгтэй.

-Татварын ерөнхий хуулийн 73-т зааснаар акт тогтоосон аж ахуйн нэгжүүдийг Өршөөлийн хуульд яагаад хамруулаагүй юм бэ?

-Өршөөлийн хуулийн хэлэлцэх эсэхийг шийдээгүй байна. Байнгын хороогоор шийднэ. Мэдээж чамбай хууль гаргахын тулд хэлэлцүүлгийн явцад сайжраад явна.

-Галт зэвсгийн тухай хуулийн төслийг яагаад яаралтай хэлэлцэх шаард­лагатай гэж үзсэн юм бол?

-Ирэх онд олимп болох гэж байна. Манай тамирчид гадагшаа тэмцээн уралдаанд явахдаа буу зэвсгээ авч явах шаардлагатай байдаг. Үүнээс болж хил, гаалиар тамирчдад хүндрэл учирдаг. Тиймээс олимпоос өмнө энэ хуулийг баталж, хэрэгжүүлэх нь чухал. Түүнчлэн ан амьтан агнахад олон үсэрдэг байлдааны зориу­лалттай буу ашигладаг гэж яригдаж байгаа. Галт зэвсгийн тухай хууль хүлээгдсэнээс энэ зэрэг асуудлууд үүсдэг. Тиймээс хуулиар зохицуулах хэрэгтэй.