Categories
мэдээ цаг-үе

Монголын бодибилдингийн спортын загалмайлсан эцэг

Тэртээх
1980-аад оны эхээр Монголд
фитнесс, бодибилдингийн үнэр ч байгаагүй
үе. Тэгэхэд нэгэн туранхай
залуу энэ спортыг ихэд
сонирхон, хичээллэх гэж оролдож эхэлсэн
нь албан тушаалтнуудад адлагдаж
байсан гэдэг. Хаалттай нийгэмд
хөрөнгөтний орны үзэл суртлыг
дэлгэрүүлэх гэлээ хэмээн буруудаж
л дээ. Гэвч
түүний хүсэл мөрөөдөл ямар
ч саад бэрхшээл,
хориг саадыг даван туулж,
өнөөдөр фитнесс, бодибилдингийн спортыг Монголд өдий
зэрэгт нь хөгжүүлж чадсан
юм. Энэ эрхэм бол
“Тайхар” клубыг үүсгэн байгуулагч,
Монголын анхны гурван удаагийн
мистер Б.Батсуурь билээ.
Тэрбээр олон зуун тамирчин
бэлтгэн тив, дэлхийн тэмцээн
уралдаануудад улсынхаа нэрийг удаа дараа
гаргасан амжилтууд нь олон.

Нэгэн цаг үед хориотой
спортыг нэвтрүүлэх нь гэж бангадуулж
байсан Б.Батсуурь дасгалжуулагчийн
төдийгөөс өдий хүртэл хийсэн
тэрхүү гавьяа зүтгэлийг төр
өндрөөр үнэлж “Алтан гадас”
одон хүртээсэн юм.

“Танайд өнжье” булангийнхаа ээлжит
дугаараар Батмөнхийн Батсуурь хэмээх энэ эрхмийнд
саатлаа. Тэднийх “Маршал таун” хотхонд
амьдардаг ажээ. Бид ч
товлосон цагтаа очив. Б.Батсуурь дасгалжуулагч гэргий В.Ариунбалынхаа
хамт биднийг халуун дотноор
угтсан юм. Гэрийн эзэн
спортын хүн гэсэн шиг
биеийн тамирын хослол өмсчээ.
Үүдэнд байх томоо гэгч
нь хүндийн өргөлтийн гир
анхаарал татав. Хэр зэрэг
хүнд болохыг нь сонирхтол
32 кг гэнэ. Б.Батсуурь
дасгалжуулагч үүнийг баруун гараараа
түвэггүйхэн дээш өргөж байсан.
“Таны нөгөө айхавтар булчин
шөрмөс хэвээрээ байгаа юу” гэхэд
“Бага зэрэг юм бий.
Бариад үз л дээ”
гээд инээгээд гараа сунгав. Ноосон
цамцны цаанаас анзаарагдахгүй байсан
түүний булчин яг л
чулуу шиг хатуу, бас
нэлээд товгор байсан шүү.

Б.Батсуурь, В.Ариунбал нар
ганц охинтой, Б.Дөлгөөн гэдэг
юм билээ. Одоо тэрбээр
Бээжингийн их сургуульд Олон
улсын бизнесийн чиглэлээр суралцаж байгаа, гуравдугаар курсийн
оюутан гэсэн. “Ер нь
бол аав, охин хоёр
алхам тутамдаа дүрсээ хараад утсаар
ярина аа. Ойрхон сурдаг
болохоор охин маань өвлийн
амралтаараа ирээд хоёр сар
амарчихна. Одоо цагаан сарын
үеэр л ирэх байх
даа” гэж гэрийн эзэгтэй
охиноо танилцуулангаа хуучлав. Энэ үед нөхөр
нь гар утсаа аваад
охин руугаа залгалаа. Б.Дөлгөөнөө ч тэр даруй
утсаа авч байна. Тэгэхэд
аав нь “Манайд “Өдрийн
сонин”-ы сэтгүүлч, зурагчин
ирсэн байна. Танилц миний
охин” гээд бидэн рүү
утсаа чиглүүлэв. “Сайн байцгаана уу”
гээд инээмсэглэн мэндчилсэн тэр охин нүдэнд
тун дулаахан, царайлаг юм гээч. Тэгснээ
төд удалгүй холбоо тасарчихав.
Аав, ээж хоёр нь
байн, байн залгасан ч
охин утсаа авахгүй гүрийж
байгаа бололтой. “Манай энэ охин
иччих шиг боллоо. Бүрэг,
даруу гэж жигтэйхэн. Тэгсэн
хэрнээ ангийн дарга хийдэг
гэж байгаа. Хичээлдээ бол
сайн л даа. Онц
сурсан гээд сургуулиасаа 3000 юаниар
шагнуулсан байна лээ” гэж
ирээд л тэд охиноо
хачин их санасан янзтай
ярив.

ХААЛТТАЙ НИЙГЭМД ХОРИОТОЙ СПОРТЫГ ДЭЛГЭРҮҮЛСЭН ТҮҮХ

Монголын анхны мистер болох
энэ эрхэм сургуульд ортлоо
охин шиг гэзгээ салаа
сүлжүүлж, эгч
нарынхаа хувцсыг өмсч өсчээ.
Тэрбээр энэ тухайгаа дурсан
ярихдаа “Манай аав бол
Завханы Шилүүстэй сумын уугуул. Налайхад
шилний үйлдвэрийн орлогч дарга хийж
байсан юм. Би айлын
тав дахь хүүхэд. Дээрээ
дөрвөн эгчтэй, дороо нэг
эрэгтэй дүүтэй. Уг нь
эгч нарын маань дээр
ихэр хоёр хүү төрсөн
ч эндчихсэн гэсэн.
Дараа нь баахан охин
төрсний дараа дүү бид
хоёр жил дараалаад гарсан
байгаа юм. Урьд нь
хоёр хүүгээ алдчихсан болохоор
аав, ээж хоёр маань
намайг төрөнгүүт олны хэл амнаас
цээрлэж, нууцалсан бололтой. Тэгээд дүү бид
хоёрын үс гэзгийг капроноор
боож, охид шиг хувцасладаг
байж л дээ. Гэтэл
хөвгүүд юм болохоор босоогоороо
морь харж байгаад аав,
ээжийнхээ найзуудад нь баригдчихна. Тэгээд
нөгөөдүүл нь хүүхдээ нуулаа
гээд л эцэг, эх
хоёрт маань гомдож, тунирхаад
сүйд болдогсон” гээд инээв. Ах,
дүү хоёр сургуульд орохдоо
яалт ч үгүй үсээ
хусуулж, жинхэнэ төрхөндөө оржээ.
Б.Батсуурь дасгалжуулагчийн
хувьд багадаа туранхай хүүхэд
байсан гэнэ. Спортод бол
нугасгүй. Наймдугаар ангиасаа дугуйн спортоор хичээллэж
эхэлжээ. Гэтэл 1981 онд улсын аварга
шалгаруулах тэмцээнд орохын өмнө аваарт
ороод хөлөндөө хүнд бэртэл авч,
удаан хугацаанд эмчлүүлсэн байна. Ингээд цаашид
дугуйгаар явах боломжгүй болжээ.
Тэр үед түүнтэй хамт
Төмөр-Очир хэмээх унаган
багын найз нь энэ
спортоор хичээллэдэг байсан аж. Хожим
тэрээр Францын мэргэжлийн багт
легонероор явж, одоо болтол
тэндээ ажиллаж амьдарч байгаа
тухай Б.Батсуурь дасгалжуулагч
бахархан дурсана лээ. Түүний
хувьд нэгэнт дугуйн спортоор
явж чадахгүй болсноо мэдээд бодибилдинг
ихэд сонирхож эхэлсэн байна. Том,
том булчинтай 1970-аад оны дэлхийн
оддын зурагт хуудас, сэтгүүлүүдийг
ихээр цуглуулж, орос хэл дээрээс
энэ спортын тухай гарын
авлага судалж гарч гэнэ.
Тухайн үед манай улсад
энэ спортын талаар зааж
сургачих мэргэжлийн багш байх нь
битгий хэл бодибилдинг гэж
юу болохыг гадарладаг хүн
ч ховор байв.
Ингээд мань эр энэ
спортыг мэддэг хүнийг эрэлхийлж,
туршлага судлах санаатай ихэд
хорхойсч байжээ. Аз болж
нэгэн гадаадын иргэний сураг гарчээ.
Таван шарын орчимд байсан
Чех, Монголын хамтарсан үйлдвэрт тэр хүн ажилладаг
байсан гэнэ. Мань эр
Чехэд болсон бодибилдингийн улсын
аварга шалгаруулах тэмцээнд орж байсан тус
улсын иргэн байж л
дээ. Түүнээс зөвлөгөө авч
байсан тухайгаа Б.Батсуурь дасгалжуулагч
тод гэгч нь санаж
байв. Бас болоогүй ээ,
тэр үед гадаадад байсан
дүүгээс нь бодибилдингийн холбогдолтой
сэтгүүлүүд ирдэг байсан гэж
байгаа. Тэр сэтгүүл дээрх
техник хэрэгслүүдийг харж байгаад хаягдал,
төмөр, станцын тээрэмний шааригуудыг
хооронд нь гагнаад бэлтгэлээ
хийдэг байж. Тухайн үед
Б.Батсуурь Сонсголонд
байрлах цэргийн ангид алба
хааж байхдаа жагсаалын дарга
байсан ажээ. Жагсаалын дарга
өөрийн гэсэн өрөөтэй. Тэндээ
өнөөх гар хийцний гантель,
техникүүдээ байрлуулж, дасгал сургууль хийдэг
байж л дээ. Мөн
ширээн дээрээ том хавтгай
шил тавиад тэрнийхээ доогуур
Шварцнегер, Фрэндсэн гээд өнөөх бодигийн
одуудын зургийг ярайтал хийж,
өрөөгөө хэрэндээ л тохижуулаад байж.
Гантель хийхийн тулд цэргүүдээрээ
IV цахилгаан станцын хаягдал дээрээс
тээрэмний шааригууд нууцаар авчруулж тэрийгээ
хооронд нь баарцаглуулан гагнаж
байсан гэдэг. Тэгтэл хөрөнгөтний
спортыг сурталчиллаа хэмээн жагсаалын дарга
Б.Батсуурь арга
хэмжээ авахуулжээ. Армийн удирдлагууд өрөөнийх
нь бүх зүйлсийг хурааж
аваад батальон цэргийн өмнө жагсааж
байгаад л “Энэ нөхөр
барууны орны үзэл суртлыг
нэвтрүүлэгч” гээд баахан донгодож
байсан аж. Ингээд цэргээс
халагдаад “Ерөөсөө энэ спортыг
Монголд хөгжүүлье” гэж сэтгэл шулуудсан
байна. Хуучнаар Хөдөлмөр нийгэмлэгийн байранд 1988 онд хүндийн өргөлт,
бодибилдингийн “Тайхар” клубээ байгуулжээ.
Тухайн үед Савхин эдлэлийн
“Сор” компанийн дарга Хүнийхүү гэдэг
хүн тэднийг спонсорлодог байсан
гэнэ. Анх клубтээ нэр
өгөх гэж янз бүрийн
л санаа гаргаж
байжээ. Арнольд гэсэн нэр
ч орж ирсэн
байна. Ингээд Архангай аймгийн
Их Тамир сумын цэлгэр
талд байрлах тэр ганц
чулууны домгийг бэлгэдэж “Тайхар”
гэж нэрлэжээ. Монголд ямар ч
мэргэжлийн техник, хэрэгсэл орж
ирээгүй цаг үе болохоор
хүндийн өргөлтийн бүх төхөөрөмжөө өөрсдөө
хийжээ.. “Тэр үед ямар
одоогийнх шиг ийм боловсронгуй
техник, тоноглол байсан биш. Гадны
сэтгүүл дээрээс зургийг нь
харж байгаад төмөр гагнаад
нийлүүлдэг байлаа. Штангны тахир
голыг халуун төөнүүрээр халааж
тахийлгаад л тун бүдүүлэг
үздэг байж дээ. Хар
тугалга хайлуулан хэвэнд шахаж, төмөр
гагнаж, нийлүүлээд л. Гэхдээ миний
энэ техникүүд маш бат бөх.
Одоо Залуу техникчдийн ордны
хонгилд байдаг байх” гэж
энэ спортыг үүсгэн байгуулагч
маань дурсамжаа хуваалцав. Өөрсдөө хийсэн хэрэгслүүдээр бэлтгэл
сургууль хийдэг байсан “Тайхар” клубын тамирчид
1992 онд техникийн шинэчлэл хийжээ. ОХУ-ын
Красноярскгаас Монголд бодигийн хэдэн
тамирчин ирээд СТӨ-нд
хоёр өдрийн турш үзүүлэх
тоглолт хийсэн байна. Тэд
нутаг буцахдаа манайханд техник хэрэгслээ үлдээгээд
явж байжээ. Тэдгээр нь
ч ялгаагүй гар
хийцнийх байсан аж. Гэхдээ
энэ спорт хөгжсөн орных
юм болохоор арай л боловсронгуй
эд байжээ. Тухайн үед
“Тайхар” клубт урлаг, соёлын
одод, спортынхон бүгд бэлтгэлээ хийдэг
байв. Одоогийн улстөрчдөөс гэхэд Ерөнхий сайд
Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Д.Сумъяабазар, Б.Бат-Эрдэнэ аварга,
“MCS”-ийн Оджаргал, АПУ-гийн Батсайхан,
Монгол газрын Ш.Мянганбаяр
гээд бүгд хичээллэж байжээ.
Урлагийнхнаас дуучин Т.Ариунаа
анхдагчдын нэг гэнэ. За
тэгээд загварын охид, “Гурван охин”,
“Камертон”, “Номин талст” зэрэг
хамтлагийн дуучид бүгд “Тайхар”
клубт бэлтгэл хийж, бие
хаагаа хөгжүүлцгээдэг байсан юм билээ.

ХУВЦАС ЗАГВАРЫН НҮҮР ЦАРАЙ, ЗАЛУУСЫГ ШУУГИУЛСАН МИСТЕР

Б.Батсуурь багадаа туранхай хүүхэд
байсан учраас Арнольд Шварцнегер
шиг том сайхан булчинтай,
бяр тэнхээтэй болохыг ихэд мөрөөддөг
байжээ. Тиймээс хүсэл зорилгынхоо
төлөө тууштай явжээ. Өндөр
өртөг, зардалтайн дээр Монголд ямар
ч суурь үндэс
нь тавигдаагүй энэ спортыг хөгжүүлэхэд
түүнд амаргүй байсан нь
ойлгомжтой. Нийгмийн систем солигдож байсан
шилжилтийн үе ч таарав.
Одоогийнх шиг нэмэлт уураг,
тэжээл, витамин гэж юу
ч байхгүй. Гэтэл
өндөр хэмжээний уургийн агууламжтай хүнс
хэрэглэж байж булчин шөрмөсөө
хөгжүүлэх хэрэгтэй. Цул хар үхрийн
мах, өндөг, бүх төрлийн
жимс, тахианы мах идэж
уургаа авах ёстой байдаг.
Гэтэл дэлгүүрийн лангуу хоосон, картын
бараанд оочерлодог байсан тэр үед
энэ бүхэн элбэг олдохгүй.
Цаг төр хэдий хүнд
байсан ч гэсэн түүнийг
хамгийн их ойлгож, дэмжсэн
хүн бол эхнэр В.Ариунбал нь. Тэрбээр шувуун
фабрик руу очиж, өндөг,
тахианы мах “арын хаалга”-аар авдаг байж.
Картаар олгодог кг-ын
махнаас цулыг нь нөхөртөө
зориулна. Энэ тухай гэрийн
эзэн дурсахдаа “Тэр үед ч
хүнд байсан шүү. Хадмууд
маань1993 оны арваннэгдүгээр сард
манай идшинд соёолон үхэр
өглөө. Гэтэл “Мартын-8” гэхэд
дуусчихсан байсан гээч. Охин
дөнгөж ой гарантай байв.
Эхнэр хүүхэд хоёр маань
идэж шалихгүй. Тэгэхээр би л ганцаараа
идчихсэн байгаа биз. Тэр
хэцүү цагт хамаг өнгөтэй
өөдтэйг нь би идчихээр
эхнэр маань заримдаа өлсдөг
байсан тухайгаа хожим ярьж билээ.
Би зөвхөн өндөгний цагааныг
л иднэ. Шарыг
нь охин, эхнэр хоёртоо
өгнө. Энэ хоёр маань
сүүлдээ тэрийг идэхээс ч
залхсан” гээд инээхэд гэрийн
эзэгтэй В.Ариунбал “Тэгээд
юм ховор байсан үед
хаяхаас хайран санагдаад иддэг
байсан” гээд инээх нь
тэр.

Монголын анхны мистер тэмцээн
1991 онд Залуучуудын соёлын төвийн байранд
болжээ. Энэ тэмцээнд Б.Батсуурь түрүүлж, гурван жил дараалан
Монголын сайхан залуугаар тодорч
байсан юм. Тухайн үеийн
залуусыг ёстой нэг байлдан
дагуулж байв. Одоо хэр
нь “Тайхар”-ын Б.Батсуурь гэхээр ерөнхийдөө 35-аас
дээш насныхан “Монголын анхны мистер” гэж
ирээд л андахгүй шүү
дээ. Бие хаа, нүүр
царай, булчин шөрмөсөөрөө гайхуулах
шиг болж байсан гэж
дурсах юм билээ. Бас
болоогүй ээ, Монголын ноос,
ноолууран хувцасны нүүр царай, модель
хийж байжээ. Од байх
үеийнх нь сонин хэвлэл
дээр гарсан нийтлэл, ярилцлагуудын
зарим нь одоо хүртэл
түүнд хадгалаастай байсан. Чемоданыхаа ёроолоос
хавтас дүүрэн сонингийн хайчилбар
гаргаж ирээд бидэнд сонирхууллаа.
Тэнд сүүлийн үеийн сэтгүүлүүд
ч харагдав. “Ардын эрх” сонины
1992 оны аравдугаар сарын 2-ны дугаарт
“Ертөнцийг чимэхэд, чимх ч бол
нэмэр” гэсэн гарчигтай, булчинлаг
биетэй зураг бүхий түүний
тухай нийтлэл хэвлэгдэж байжээ.
Мань эр үүнийг харснаа
“Ямар сонин юм бэ.
Миний төрсөн өдрөөр гарсан
юм байна шүү дээ”
гээд сая л анзаарч
байгаа бололтой ихэд бэлгэшээв. Тэгснээ
сонин­гуудын хавсрал­тууд
дундаас сурагч­дын зурагтай
хэсэг гаргаж ирлээ. “Манай
эхнэрийн зураг байна. Далимд
нь эхнэрээ рекламдана аа,
манай хүн 48 дугаар сургуулийг
алтан медальтай төгсч байлаа. Улсын
тооны болон физикийн олимпиадын
аварга болж байсан мундаг
бүсгүй дээ. Бид анх
танилцахад эхнэр маань зохион
бүтээгч хийдэг байсан. Бид
сувилалд хамт амарч байгаад бие биетэйгээ учирсан даа” гэв.

Б.Батсуурь дасгалжуулагч тэрхүү залуу насныхаа тэмцээн уралдаанд орж байсан үеэ дурсан ярихдаа “Монголын анхны мистер болоход 3000 төгрөгөөр шагнаж байлаа. Харин дараа жил нь 10 мянган төгрөгийн шагнал авч билээ. Тэр үед охин маань мэндэл­чихсэн байсан болохоор 3500 төгрөгөөр нь хүүхдэ­дээ комбин­зон авч өгч байсан даа. Одоо бодоод байхад тэмцээнд ороод, тамирчдаа дасгалжуулаад л залуу насны эрч хүчээр явдаг байж дээ. Тэмцээнд орж байгаатамирчдад түрхдэг зориулалтын крем гэж байсангүй. Урлагийнхнаас шоколадан бор өнгөтэй крем гуйгаад тэрийгээ ургамлын тостой холиод биеэ тослоод тайзан дээр гардаг байж билээ. Крем олдохгүй бол зарим нь уруулын будаг холиод түрхчихнэ. Тэгээд гахайн тоорой шиг яагаан өнгөтэй юмнууд тайзан дээр гарч ирнэ дээ” гээд инээв. Тэгэхэд эхнэр нь хажуугаас “Тэр крем нь хувцсанд нь наалдчихаад угаагаад арилахгүй ээ бас” гэж нэмж хэлээд бөөн инээдэм боллоо.

Тэрбээр Монголын мистерээр гурван удаа шалгарсны дараа 1994 оноос хойш ерөнхийдөө тэмцээн уралдаанд ороогүй байна. Харин мисс, жентелмэний тэмцээн уралдаануудын шүүгчээр ажилладаг болж л дээ. Ардын жүжигчин Цогзолмаа, Хайдав гуай нар болон талийгаач жүжигчин Лхасүрэн, Чингис хамтлагийн ахлагч дуучин Жаргалсайхан гээд мундагуудтай хамтМонголын сайхан залуу, бүсгүйчүүдийг шалгаруулдаг байжээ. Нэг удаа мистерийн тэмцээн дээр болсон хөгжилтэй явдлыг гэрийн эзэн ярилаа. Түүний шавь Энхтайван, Ардын жүжигчин Н.Сувд гуайн хүү Бат-Оргил хоёр эцсийн шатанд тунаж үлджээ. Циркийн үзэгчдийн суудал пиг дүүрсэн байж. Тэгтэл Б.Батсуурь дасгалжуулагчшавийгаа дэмжээд тайзан дээр хамт гарч, үзүүлбэр үзүүлж өгчээ. Тэрбээр энэ тухай ярихдаа “Шүүгч хийж байгаа хэрнээ тайзан дээр гарчихаж билээ. Тэр үед ямар харагдсан бол доо. Хоёр тийшээ зөрж гүйгээд л одоо бодохоор ичих шиг болдог. Бат-Оргил сайхан ч залуу байсан болохоор түрүүлсэн. Манай Энхтайван хоёрдугаар байрт орж байв” гэлээ.

БАЙГАА ЗҮЙЛДЭЭ ХАНАЖ АМЬДРАХ САЙХАН

Бодибилдинг бол дэлхийд 1930-аад оноос эхтэй спорт ажээ. Харин манай улсад хожуу дэлгэрсэн. Б.Батсуурь дасгалжуулагчийн хувьд суурийг нь тавиад 27 жил энэ спортын төлөө тасралтгүй явжээ. Анх 1993 онд Сөүлд болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэрбээр оролцож, Олон улсын бодибилдингийн холбоонд Монгол Улсаа албан ёсоор бүртгүүлж байв. Харин 2009 оноос хойш манайх бодибилдингийн дэлхийн аваргад оролцдог болжээ. Манай тамирчид тив дэлхийн уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, Монгол Улс энэ спортоор одоо л танигдаж байгаа. Бодибилдинг маш их цаг хугацаа шаарддаг спорт гэдгийг энэ эрхэм онцолж байлаа. Түүнийг хичнээн шавь бэлтгэсэн болохыг нь асуутал “ За даа, шавиа тоолж үзээгүй дээ” гээд даруухнаар хариулав. Тэгтэл гэрийн эзэгтэй Ариунаа “Монголд бодигоор хичээллэдэг бүх тамирчид манай хүний шавь нь” гээд нөхрөөрөө бахархах омогшил түүнээс нэвтмэдрэгдэв.

Монголын гурван удаагийн мистер Энхтайван, Батгэрэл, Ганболд, талийгаач “Цагаан арслан” клубын захирал асан Буянтогтох болон Золбаяр, Мөнхбаатар, Баянхүү, эмэгтэйчүүдээс Азийн анхны хоёр удаагийн аварга болж байсан Сарангуа зэрэгбодигоор танигдсан олон тамирчин түүний шавь аж. 2015 он Б.Батсуурь дасгалжуулагчийн хувьд одтой, хийморьтой жил байжээ. Төр засгаас түүнд “Алтан гадас” одон хүртээсэн бол Монголын үндэсний олимпийн хорооноос спортод онцгой үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж Монголын Олимпийн хорооны дээд шагнал “Алтан-Очир” хэмээх нэр хүндтэй шагналыг олгосон байна.

Монголын бодибилдингийн холбооны анхны ерөнхийлөгч нь С.Зориг агсан байжээ. Тэрбээр “Монголын залуучууд эрүүл чийрэг, сайхан бие хаатай байвал гоё биз дээ. Зуны цагт гоё бие бялдартай залуус Улаанбаатарын гудамжаар алхаад явж байвал ёстой нэг чимнэ дээ” гэж Б.Батсуурь дасгалжуулагчид хэлж байсныг дурсан ярив. Ингэхдээ “Орчин цагт нийгэм стресстэй байгаа болохоор залуучууд архи, тамхиар өөрийгөө тайтгаруулж байна. Хэрэв спортоор хичээллэвэл тэр хорт зуршлаасаа салж, эрүүл мэнддээ анхаарах болно доо. Өнөөдөр Улаанбаатарт 300 гаруй фитнесс, бодибилдингийн клуб ажиллаж байна. Бүгд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг болохоор төлбөр нь өндөр байхаас аргагүй. Уг нь Америкт бүхий л орон сууц, барилга байгууламжийн дор фитнесс, бодибилдингийн төвүүд байдаг. Асар хямд үнэтэй, зарим нь төлбөргүй байх нь ч бий. Манай улс уг нь хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө энэ тал дээр ямар нэгэн бодлого шийдвэр гаргавал зүгээр л байх” гэлээ. Тэрбээр шавь нартаа “Эрчилсэн эрээн булчингаас гадна тархиа хөгжүүлэх хэрэгтэй. Сайхан бие бялдартай байхад ямар ч хувцас зохино. Харин доторх бие эрхтэн эрүүл бус, ухаан бодол нь саруул биш бол хичнээн булчингаар хучаад яах билээ” гэж захидаг байна. Мөн аливаа ажлыг хийхдээ “Би үүнийг хийх ёстой гэж бодвол ял болно. Харин би үүнийг хийхийг хүсч байна” гэх ёстой. Ингэснээр аливаа ажлыг чин сэтгэлээсээ
хийж, үр шимийг нь
хүртэж чадна” хэмээн Б.Батсуурь дасгалжуулагч ярьж байсныг энд
онцолмоор санагдлаа. Энэ эрхэм өнгөрсөн
хугацаанд, хүнд хэцүү үеийг
туулан бодибилдингээр хичээллэхдээ нэг ч удаа
шантарч байгаагүй нь түүний
энэхүү филисофитой холбоотой биз ээ.

Биднийг ийн хуучилж байх зуур гэрийн эзэгтэй гал тогоондоо тун завгүй байв. Эдний гэр бүл сүүлийн үед хоолны дэглэм барьж байгаагаа сонирхуулав. Өрхийн тэргүүн бэлтгэгч, эхнэр нь ерөнхий тогооч аж. Голдуу ногооны салат хийгээд гадуур тэр болгон хооллохоос татгалзаж байгаа гэнэ. Б.Батсуурь дасгалжуулагчийн хувьд нэг хэсэг бэлтгэл сургуулиа орхиод байсан бол өнгөрсөн жилээс идэвхжүүлжээ. Долоо хоногт гурван удаа зааландаа хичээллэж байгаа гэсэн. Гэхдээ тэмцээн уралдаанд орох зорилгогүй харин эрүүл мэнддээ анхаарч, насан туршдаа бэлтгэлээ орхихгүй гэж байв.

Б.Батсуурь, В.Ариунбал нар гэр бүлийн олон сайхан найз нөхөдтэй юм билээ. Тэдний нэг Б.Бат-Эрдэнэ аваргын гэр бүл аж. Тэрбээр 1990-ээд оны эхээс хүчнийхээ бэлтгэлийг хамтран хийж эхэлсэн дотнын цөөхөн, найзуудынх нь нэг юм байна. Аварга ч барилдахаа болиод найзууд ярилцаж байгаа сургууль байгуулахаар санаачилжээ. Ингээд хуучнаар Хөдөлмөр нийгэмлэгийг хувьчилж аваад тэндээ “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн эх суурийг тавьсан байна. Б.Батсуурь дасгалжуулагч эхэндээ сургуулийн дэд захирлаар нь ажиллаж байсан бол одоо ТУЗ-ийн гишүүн аж. Энэ мэтчилэн тэрбээр бизнес эрхлэхээр янз бүрийн л юм оролдож байжээ. Бусдын жишгээр эхнэртэйгээ хамт зах зээл эхлэхэд ганзагын наймаа эрхэлж ч үзсэн байна. Одоо тэд Тэрэлж орчимд амралтын газартай гэнэ. Эхнэр нь Европоос гэр ахуйн коллекц импортолдог бизнесээ хариуцдаг аж.

Эдний гэр бүлийн цомгийг үзэж байхад аяллын зурагнууд маш олон байв. Тэд дэлхийн 40 гаруй улсаар, Монгол орныхоо ихэнх аймгаар аялжээ. Б.Батсуурь дасгалжуулагч
“100 наслахгүй хорвоод мянган жил барахгүй хөрөнгөөр яана аа гэдэг үг байдаг шүү дээ. Байгаа зүйлдээ ханаж амьдрах сайхан. Хүн бол зурвасхан олдох хорвоод аль болох ихийг үзэж,
таньж мэдэх хэрэгтэй” гэсэн
филисофитой нэгэн ажээ. Ийнхүү
аяллын урт замд мордож,
адал явдлаар дүүрэн амьдрах
хүсэл зорилготой Монголын бодибилдингийн спортын загалмайлсан эцэг,
Монголын анхны гурван удаагийн
мистер Б.Батсуурийнд өнжсөн
тэмдэглэлээ өндөрлөе.

Categories
мэдээ цаг-үе

Б.Санжмятав: Монголын цаг агаарын дулаарал дэлхийн дунджаас гурав дахин их байгаа

Парис хотноо дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлэлцсэн НҮБ-ын дээд хэмжээний 21 дэх удаагийн уулзалтын талаар МУИС-ийн ОУХОНУС-ийн Олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Б.Санжмятавтай ярилцлаа.

-Парис хотноо арав гаруй хоногийн турш чуулсан дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн хурлын онцлогийг судлаачийн хувьд хэрхэн ажиглав?

-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх энэ удаагийн арга хэмжээ нь хэд хэдэн онцлогтой болж байна. Анх удаа дэлхийн 150-иад орны төр засгийн тэргүүнүүд цугларч уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлэлцэж байгаа юм. Учир нь цаг агаарын дулаарлын асуудал бүх орныг хамарч нөлөөгөө үзүүлж буй учраас анхны том хэмжээний уулзалт боллоо. Францын ерөнхийлөгч уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн бидний энэ уулзалтаас дэлхийн хүн төрөлхтний цаашдын амьдралын хувь заяа хамаарна. Заавал шийдэл гаргах хэрэгтэй” гэсэн. Уур амьсгалын өөрчлөлтийг хоёр грудас(хэм)-т барихын тулд өндөр хөгжилтэй орнууд тодорхой хэмжээний санхүүжилт гаргана гэдэг амлалтаа өгөөд энэ хурлын хүрээнд 100 тэрбум ам.долларын сан бүрдүүлж байна. Энэ сан бол дэлхийн хэмжээнд хамтын ажиллагаа амжилт олохын баталгаа болж байгаа.

-Энэ удаагийн уулзалтаар Киотогийн протоколыг орлох шинэ төсөл баталлаа гэж мэдээлж байна. Уг дээд хэмжээний хурлаас хүлээж байсан үр дүн мөн үү?

-1997 онд Киотод нүүрс хүчлийн хийн үйлдвэрлэлийг багасгах, хязгаарлах талаар тохиролцож, олон улсын конвенц байгуулсан. Тэр үед агаарыг гол бохирдуулдаг улсууд, тухайлбал, АНУ уг конвенцид ороогүй, конвенцид гарын үсэг зурсан дэлхийн 190 гаруй орны 40-өөд нь өөрийнхөө нүүрс хүчлийн хийн үйлдвэрлэлийг багасгах үүрэг авсан. Тэгэхээр дээрх тохиролцоог дэлхийн хэмжээнийх болгох шаардлага байгаа гэсэн үг. Парисын хурлын үеэр дээрээс нь хоёр санал нэмэгдсэн. Эхний санал бол дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болсон агаарт хуримтлагдсан нүүрс хүчлийн хийн давхаргыг бий болгоход улс орнууд өөр өөр түвшинд оролцсон тул улс орнуудад ногдох хариуцлагын хувьд ялгавартай хандах ёстой. Өөрөөр хэлбэл, цаг агаарын дулааралд үйлдвэржсэн орнуудын үйл ажиллагаа голлон нөлөөлсөн болохыг харгалзан үзэж, тэдгээр том улс, гүрнүүд мөнгөн сан бүрдүүлэхэд голлох үүрэгтэй оролцох учиртай гэж байгаа. Бүрдэх сангийн хөрөнгийн нэг хэсгийг хөгжиж байгаа орнуудын ирээдүйг харсан, эрчим хүч хэмнэсэн цэвэр технологи нэвтрүүлье гэдэг асуудал явж байгаа. Хурлаар яригдаж байсан хоёр дахь гол санал бол, дэлхийн хэмжээнд хариуцлагын тогтолцоог бий болгож, хүлээсэн үүргээсээ илүү хэмжээний нүүрсхүчлийн хий үйлдвэрлэсэн, үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцдог олон улсын механизмыг бий болгоё гэж байгаа юм. Энэ гурван санааг оруулсан тохиролцоонд хүрэх нь эл дээд хэмжээний уулзалтын үндсэн зорилго болж байлаа.

-Киотогийн протокол яагаад хэрэгжээгүй юм бэ?

-Конвенци хэрэгжээгүй үндсэн шалтгаан бол зарим томоохон орнууд нэгдээгүй, мөн НҮБ-ын хүрээнд гаргасан аливаа шийдвэр нь зөвлөмжийн чанартай байдаг тул хэрэгжүүлэхгүй байхад хариуцлага тооцох боломжгүй байдагтай холбоотой. Харин одоо хариуцлага тооцдог тогтолцоог чангатгахаар дэлхий нийтээрээ тохиролцлоо.

-Парист болсон дээд хэмжээний уулзалтын үр дүнд 100 тэрбум ам.доллар бүхий хөрөнгөтэй ногоон сан байгууллаа. Энэ хөрөнгийг хэрхэн зарцуулах вэ?

-Энэ мөнгийг нэгдсэн санд төвлөрүүлээд тэрийгээ гурван чиглэлээр зарцуулахаар тохиролцсон. Нэгдүгээрт, газрыг зөв ашиглах, ойжуулах чиглэлээр зарцуулна. Хоёрдугаарт, цэвэр технологит зарцуулах чиглэл рүү. Гуравдугаарт, хамтарсан хэмжээний төслүүд хэрэгжүүлнэ. Киотогийн протоколын дараагаар дэлхийн хэмжээнд нүүрсхүчлийн хийн худалдаа гэж бий болсон. Өөрөөр хэлбэл өндөр хөгжилтэй орнууд авсан үүргээ шууд өөрийнхөө оронд хэрэгжүүлэх боломжгүй байвал, үүргээ биелүүлэх зорилгоор тодорхой төслийг гадаадад хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн. Жишээлбэл, Япон улс нүүрсхүчлийн хий их хэмжээгээр гаргадаг үйлдвэрээ шууд буулгах боломжгүй байлаа гэж бодъё. Тэгвэл Япон өөрийн бууруулах ёстой нүүрс хүчлийн хийг бууруулах ажлыг бусад оронд хийж, нүүрс хүчлийн хий бууруулах, эрчим хүч хэмнэх төслийг хэрэгжүүлж болно. Энэ тохиолдолд Япон улс Монголд мод тарьж, усан цахилгаан станц барихад нь туслалцаа үзүүлэх байдлаар санхүүжүүлэх боломжтой. Манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Парисын хуралд хэлсэн үгэндээ “Нүүрс түлээд нэг КВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх нь сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авсан КВт цагийн цахилгаанаас дөрөв дахин илүү үнэтэй байдаг” тухай ярьсан. Энэ тохиолдолд хөгжиж байгаа орнууд нь өндөр хөгжсөн орнуудын мөнгийг ашиглаад өөртөө сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж болно.

-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс ОХУ-д цаг агаарын таатай нөхцөл байдал үүсч, хамгийн их хожиж байгаа орноор нэрлэгдэж байна. Монголд ч ялгаагүй сүүлийн жилүүдэд цаг уур эрс өөрчлөгдөж, харьцангуй дулаан болсон. Тэгэхээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлт манай улсад эергээр нөлөөлж байх шиг…

-Дэлхийн хэмжээнд цаг агаарын дулаарлыг аваад үзэхээр бөмбөрцөгийн хойд хэсэгт илүү хүчтэй дулаарч байв. Үүний нөлөөгөөр Хойт мөсөн далай их хэмжээгээр хайлж байгаа. Сүүлийн 40 жилд нийт мөснийх нь 40 хувь нь хайлаад дуусчихсан. Ингээд Хойд мөсөн далайн эргийн орнуудад, түүний дотор ОХУ-д их хэмжээний газар чөлөөлөгдсөн. Тэнд байгалийн асар их баялаг бий. Дээрээс нь ургамал ургангуут тус улсад таатай нөхцөл бүрдээд ирж байна. Сүүлийн гурав, дөрвөн жилийн дотор Хойд мөсөн далайгаар далайн тээвэр хийхийн тулд заавал мөс зүсдэг усан онгоц явуулахаа больсон. Зүгээр усан онгоц Владивостокоос Мурманск руу ордог болж байна. Ингэснээр дэлхий дээрх хамгийн богино усан замыг нээсэн.

Монгол Улсын цаг агаарын дулаарал дэлхийн дунджаас гурав дахин их байгаа. Энэ нь цөлжилтийг асар их хэмжээгээр бий болгох хандлагатай. Бид Парист тодорхой хэмжээнд тохиролцоонд хүрээд дэлхийн дулаарлыг зогсоож чадаагүй нөхцөлд үндсэндээ 15 жилийн дараа Монгол Улсад бэлчээр нь өвсгүй, малгүй, ус хомсдох аюул хүлээж байсан.

-Хүлэмжийн хийг гол ялгаруулдаг нүүрс, хониор манай улс баялаг орон. Дэлхий нийтээр дулаарлын эсрэг тэмцэнэ гээд эдийн засгийн гол хөшүүрэг болсон түүхий эд маань хориг тавиулчих юм биш биз дээ. Гол импортлогч Хятад улс гэхэд сүүлийн жилүүдэд хүлэмжийн хийгээ бууруулахад маш идэвхтэй оролцож байгаа. Биднээс нүүрс авахаа больчихвол яах вэ?

-Нүүрсхүчлийн хийн үйлдвэрлэл Хятадад 2030 он гэхэд дээд хэмжээндээ хүрээд, дараа нь 2050 он хүртэл эрчимтэй бууруулахаар төлөвлөчихсөн байгаа. Тэгэхээр хятадууд нүүрс түлдэг байдлаа ихээхэн хэмжээгээр багасгана. Манай нүүрс гаргадаг хэмжээ тодорхой байдлаар буурч болзошгүй. БНХАУ өнөөдөр жилд 3.5 тэрбум тонн нүүрс хэрэглэдэг. Харин бид 10-хан сая тонн нүүрс нийлүүлж байгаа. Тэгэхээр тэдний хэрэглээний дэргэд манайхаас авч байгаа нүүрсний хэмжээ нэг дусал гэсэн үг. Гагцхүү Монгол, Хятадын харилцан ойлголцол, бие биеэ яаж дэмжихээс хамаарч манай нүүрсний хувь заяа шийдэгдэнэ.

-Ер нь манай улс дэлхийн нүүрсхүчлийн хийн үйлдвэрлэлд ямаршуу үзүүлэлттэй байдаг юм бэ?

-Хүн, амьтны ялгадас нүүрсхүчлийн болон метаны хий гаргадаг. Тэгэхээр Монгол Улсын хувьд малын тоо, ялангуяа хонь, ямаа олон байна гэдэг чинь нүүрсхүчлийн хийн үйлдвэрлэлд нэлээд идэвхтэй оролцож байна. Монголчууд бид “Том газар нутагтай болохоор нүүрс хүчлийн хийн үйлдвэрлэлээрээ бид бага байгаа” гэж боддог. Гэвч дандаа нүүрс түлдэг, автомашины хэрэглээ өндөртэй, малын тоо толгой ихтэй учраас манай улс нүүрсхүчлийн хийн үйлдвэрлэлээрээ дэлхийн дундаж хэмжээнд явдаг. Цаашид бид цахилгаан станцуудаа бариад эхлэхээр улам нэмэгдэнэ.

-Ингэхэд хүлэмжийн хий цаг агаарын дулааралд яг яаж нөлөөлдөг талаар та энгийнээр тайлбарлахгүй юу?

-Нүүрсхүчлийн хийг метр тонн гэдэг нэгжээр хэмждэг. Хүн төрөлхтөн жилдээ 36-37 тэрбум метр тонн нүүрс хүчлийн хий үйлдвэрлэж гаргаж байгаа. Үүний 50 хувь нь агаар мандалд дэгдээд гардаг. Харин 26 хувийг нь ургамлууд, 24 хувийг нь далайн ус өөртөө шингээж авдаг. Агаар мандалд гарсан нүүрсхүчлийн хий азоны давхарга шиг давхарга болоод үлдчихэж байгаа юм. Тэр нь нарны энерги дэлхийгээс ойгоод буцаж гарахад нь өөртөө саатуулаад барьчихдаг. Үүний үр дүнд дэлхийн уур амьсгал дулаарч байна. Энгийнээр ойлгоход дэлхийгээс гараад явах байсан нарны энергийг барьчихаар агаар мандалд нөлөөлөөд уур амьсгал дулаараад байгаа юм.

Сүүлийн жилүүдэд дэлхий дээр үүсч байгаа гамшигт үзэгдлүүдийн бараг 50 хувь нь уур амьсгалын нөлөөллөөс болсон тооцоо бий. Гамшигт үзэгдлүүдийн давтамж ихэсч, энэ хэмжээгээр маш их хохирлыг хүн төрөлхтөнд учруулж байна.

-Дэлхий дахинд нүүрсхүчлийн хийн үйлдвэрлэл жил тутамд өссөн үзүүлэлттэй байдаг. Харин улс орнууд цаг уурын дулаарлыг хоёр градуст барина гэж байгаа. Хэрэв уур амьсгалын өөрчлөлт хоёр градусаас давбал нөхцөл байдал ямар болох вэ?

-XX зууны сүүлийн 30 жилд болсон дэлхийн уур амьсгалын дулаарал нь өмнөх 1400 жилд өөрчлөгдсөн хэмжээтэй тэнцүү байна. Өнгөрсөн бүтэн зуунд болсон уур амьсгалын өөрчлөлт сүүлийн 15 жилийнхтэй адил байгаа юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн цаг агаар маш эрчимтэй өөрчлөгдөж байна. Үйлдвэрлэж байгаа нүүрсхүчлийн хий жилд 2.5 хувиар өсч байгаа. Энэ тохиолдолд хоёр градуст барьж чадах уу, үгүй юу гэдэг маш эмзэг бөгөөд хариуцлагатай үед тулаад ирчихсэн. Хэрэв дэлхийн агаарын темпратур гурван хэмээр дулаарах юм бол өнөөдөр бидний харж байгаа бүх юм өөрчлөгдөнө. НҮБ-ын хүрээнд байгуулагдсан уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх судалгааны олон улсын ажлын хэсэг байдаг. Энэ ажлын хэсгийн ажиллагаанд уур амьсгалын өөрчлөлтөөр мэргэшсэн 3000 гаруй судлаач оролцож, дэлхийн хэмжээнд судалгаа явуулсан. Хэрэв хүн төрөлхтөн арга хэмжээ авч чадахгүй, энэ хэвээр цааш явбал XXI зууны төгсгөлд дэлхийн цаг агаар 5-7 хэмээр дулаарахаар байгаа юм. Тэр үед бидний өнөөдөр харж байгаа бүх юм танигдахааргүй өөрчлөгдөнө. Хүн төрөлхтөн тэнд зохицож амьдрах бололцоогүй болно. Хэрэв гурван градусаар нэмэгдлээ гэхэд тэр уур амьсгалд дасан зохицох зардал нь дэлхийн ДНБ-ий 25 хувьтай тэнцэнэ гэсэн тооцоо гарсан.

Тэгэхээр дэлхий нийтээр эрдэс түүхий эд ашиглаад эрчим хүч гаргаж байгаагаа багасгах, сэргээгдэх эрчим хүч ашиглах, эрчим хүч хэмнэсэн технологи ашиглах байдал руу орохыг эрмэлзэж байна. Сүүлийн жилүүдэд Европын холбооноос бусад бүх оронд хүлэмжийн хийн үйлдвэрлэл нэмэгдэж байгаа. Харин Европын холбоо жилд 1.8 хувиар бууруулж байна. Тус холбоо Киотогийн протоколд нэгдэхдээ нүүрсхүчлийн хийн үйлдвэрлэлийг 30 хувиар багасгах зорилт тавьж байсан. Одоо 2030 он хүртэл 40 хувиар бууруулна гэж байна. Дэлхийн банк, Валютын сан гээд олон улсын байгууллагууд хүртэл уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд анхаарал хандуулж, байгаль орчинд ээлгүй төсөл санхүүжүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан. Ер нь бол Парисын хурлын дараагаар дэлхийн улс орнууд нэгдсэн бодлогод захирагдаад явбал үр дүн гарах байх.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хар машин ба калкулятор

Улс төрийн намууд сонгуулийг шударга явуулахын төлөө дуу хоолойгоо нэгтгэж байна. Тэд сонгуулийн саналыг хар машинаар биш гараар тоолохыг шаардлаа. Ингэхдээ “Луйврын хар машингүй шударга сонгуулийн төлөө”, “Цагаан морин жилийн ардчиллыг хар машин булшиллаа”, “Шилэн сонгууль хийцгээе”, “Хар машин+АН=Луйвар” зэрэг лоозон барьсан байв. Намуудын байр суурь ийм байна. Монголд хэн юу ч гэж хэлэх эрхтэй. Бидний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх энэ эрх чөлөөг тэртээх цагаан морин жилийн үйл явдал тунхагласан билээ. Тиймээс 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл монголчууд нэг нэгнийхээ үзэл бодолд хүндэтгэлтэй хандсаар ирсэн.

Хар машин гээчийг хүмүүс сайн мэддэг болсон. Энэ бол сонгуульд нэр дэвшигчдэд өгсөн иргэдийн саналыг автоматаар тоолдог төхөөрөмж. Нэг ёсондоо хүний оролцоогүйгээр саналын хуудсыг өөрөө тоолж, эцсийн хариуг гаргадаг юм. Ямар сайндаа “Хар машинд программ бий, хазгар өвгөнд учир бий” гэх хэлц үг гаргасан байхав дээ. Намуудын тавьж байгаа гол шаардлага нь хар машинаар гарсан саналын хариуг гараар тоолсон дүнтэй тулгая гээд байх шиг. Хэрэв хоёр хариу яв цав таарч байвал цаашид сонгуулийн саналыг хар машинаар тоолохыг зөвшөөрөх юм байна. Энэ үйл явдлыг харахаар дээхнэ үеийн хөгжилтэй явдал санаанд орох юм аа. Орчин цагт бидний хэрэглэдэг электрон тооны машин манай улсад 1980-аад оны дунд үеэс анх нэвтэрч байж билээ. Улаан, ногоон өнгөөр тоонууд нь дурайх тэр хавтгай дөрвөлжин эдийг калкулятор гэж нэрлэж хэвшсэн. Үүнд хүссэн тоогоо оруулаад нэмэх, хасах, үржих, хуваах үйлдлийг хийнгүүт хормын дотор хариуг нь гаргаад ирнэ. Хэдэн цаг, минут зарцуулан байж боддог тоонуудын нийлбэрийг тэр дор нь хэлээд өгдөг калкуляторт тухайн үед нягтлангууд итгэдэггүй байв. Захын нягтлан бодогч “Энэ жижигхэн машинд итгээд яахав дээ” гээд хятад сампингаа нүдэж өгдөг байсан сан. Хэрэглэж сурсан юм болохоор тэрэндээ жигтэйхэн их дуртай. Сампингаараа тоогоо бодохдоо уянгалуулан дуудна гээч. Жишээлбэл, 125675 гэсэн тоог “Нэгэн зуун хорин таван мянга, зургаан зуун далан таван мөнгөн цэг ээ” гэж дуудан сампингаа балбаж өгдөг байсныг хуучны үеийн нягтлангууд андахгүй. Тухайн үед худалдааны нягтлангууд өнөөдрийнх шиг хэдэн арван тэрбум, их наядаар нь тоо бодохгүй. Үсрээд л нэг саяын дотор нэмж, хасаад тайлан баланс гаргана. Энэ зэргийн тоог бол калкулятороор ёстой нүд ирмэхийн зуур л бодно шүү дээ. Тэгтэл нябо нар тооны машинаас урьдаас удаан ч гэсэн сампиндаа илүү итгэдэг байв. Тэр байтугай калкулятороор бодсон тооны хариуг үнэн эсэхийг нь нягтлахын тулд сампингаар гурав хоногийн турш нүдсэний эцэст тулгаж байсан гэдэг. Тэгснээ “Сонин юм гээч, яг мөргөж байна шүү” гээд гайхацгааж байсныг нь одоо бодохоор үнэхээр хөгтэй. Улс төрийн намуудын хар машинд эргэлзэж буй үйл ажиллагаа яг л тэр үеийг санагдуулаад байх юм даа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сайхан мэндэлдэг хүүхдүүдийг шалгаруулъя

Өглөө болгон хаалгаар нь оронгуут халуун дотноор угтан мэндэлдэг нэг газар бий. Тэр бол нийслэлийн Сүхбаатар дүүргийн 69 дүгээр цэцэрлэг юм. “Өглөөний мэнд, сайхан амарсан уу бяцхан үрс минь. Сайхан амарцгаав уу ээж, аав нар аа” гэж жижүүр багш чин сэтгэлээсээ инээсээр угтах нь сайхан. Бүтэн өдрийн энерги, ажиллах эрч хүчийг минь өгөх шиг л болдог юм. Тус цэцэрлэг урьд жилүүдэд ийм байгаагүй гэдгийг эцэг, эхчүүд бүгд мэддэг болохоор анхандаа багш нарыг ингэж мэндчилэхээр нэг л дасч өгдөггүй байв. “Хаалгаа хаагаач ээ, гутлаа арч, улавчаа өмс” гээд л үүдээр оронгуут хэн нэгний орилох дуу сонсогддог байсан сан. Харин энэ хичээлийн жилийн эхний өдрөөс багш нар ээлжээр үүдэнд жижүүрлэж, өглөө бүрийг найрсгаар угтаж, оройдоо инээмсэглэлээр үддэг болсон юм. Нойроо харамлан уйлагнан орж ирэх хүүхдүүдийг “Манай энэ ч ёстой мундаг шүү” гэж онгирооно. Тэгээд орой явахад нь “Өнөөдөр миний хүү хамгийн сайн нь байсан, маргааш заавал ирээрэй” гэхчилэн үднэ. Тийм болохоор хүүхдүүд цэцэрлэгт явах тун дуртай болцгоожээ. Одоо энэ цэцэрлэгийн хүүхдүүд томчуудтай хэрхэн мэндлэхээ хэнээр ч заалгахгүй мэднэ. Жаахан бүрэг дуугүй байсан хүүхдүүд нээлттэй болсон нь анзаарагддаг юм. “Манай ангийн тэрний аав, ээж байна. Та сайн байна уу” гээд л өөдөсхөн хүүхдүүд мэнд мэдэх нь эгдүүтэй.

Ер нь бусадтай зөв мэндэлж, эргээд тэдний хүндэтгэлийг мэдрэх шиг сайхан зүйл хаа байхав. Хэн ч гэсэн “Сайн байна уу” хэмээн амар мэндийг нь эрж байгаа хүний урдаас уурлаж, ярваганаад байхгүй. Тиймээс бие биетэйгээ элэгсэг дотноор мэндэлцгээж байя. Харилцааны хамгийн анхны бөгөөд дээд хэлбэр нь мэндчилгээ гэдгийг эрдэмтдийн олон арван бүтээлд онцолсон байдаг шүү дээ.

Монголчууд танихгүй л бол ямар ч хүн байсан мэндлэхийг мэддэггүй улс. Дэлхийн хөгжилтэй орнууд болох Япон, Солонгосын ард түмэн бие биедээ хүндэтгэл үзүүлж, бөхөлзөн тонголзож мэндчилж байгааг нь харахад нуруу хугармаар бодогддог биз дээ. Тэдгээр улсуудын амжилтын нэг үндэс нь яах аргагүй энэ хүнлэг мэндчилгээ гэдэгтэй судлаачид маргадаггүй юм. Тэгвэл манай цэцэрлэг, сургуулиуд сайхан мэндэлдэг багш, ажилтан, сурагч, хүүхдүүдийг шалгаруулж яагаад болохгүй гэж. “Хамгийн шилдэг мэндэлдэг хүүхэд” гэж өргөмжилье л дөө. Ингээд шилдгээ долоо хоног, сар тутамд шалгаруулж, хүүхэд бүрт энэ алдрыг хүртээе. Энэ нь тэднийг ирээдүйдээ хөлөө олоход нь хамгийн том хөрөнгө оруулалт болох ч юм бил үү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголд хувь хүний биш багийн спортыг хөгжүүлье

Монголд багийн спортыг дэмжиж хөгжүүлэх хэрэгтэй байна. Энд сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлбөмбөг, хоккей зэргийг нэрлэж болно. Олон хүнээс бүрдсэн ийм спорт хувь хүнд зөв ухамсар, төлөвшлийг суулгаж, бас бусадтай хамтран ажиллах чадварыг сургадаг юм. Дээрээс нь багийн сахилга баттай болгоно. Нэг ёсондоо тэр олон хүн нэг эрх ашгийн дор зангидагдаж, зорилгынхоо төлөө тэмцэж чаддаг. Тиймээс ач холбогдол, үр дүн нь ганц хүний гаргасан амжилтыг дагуулахааргүй илүү байдаг. Харин багийн спортоос хэн нэгэн нь тодорч гарахыг хичээж хувийн тоглолт хийвэл тэдний бүгдийнх нь амжилт үгүй болно. Нөхдөөсөө онцгойрох гэсэн хувь хүний амбиц багаа “алах” ийм аюултай. Шулуухан хэлэхэд Монголд хувь хүний спорт хэрээс хэтэрсэн. Энэ нь ч монголчуудын амиа хичээсэн амбицтай нь холбоотой. Хоёр хүн байсан ч нэг нь тодорч ялгарахыг боддог. Тиймээс монголчуудын унаган увайгүй занг дэвэргэсэн спорт нэлээд дэлгэрсэн дээ. Жишээлбэл, үндэсний бөх, жүдо, чөлөөт ууланд авиралт, бокс, сур харваа, гүйлт, усанд сэлэлт, шатар, даам гэх мэтчилэн дандаа л ганц хүнийг тодотгосон спорт байна.

Үнэндээ гадаадын орнуудад бол хувь хүний энэ спортоор амжилт гаргасан тамирчныг улс нь тийм ч өндрөөр үнэлээд тоогоод байдаггүй. Тив, дэлхийн уралдаан тэмцээнд түрүүлж, олимп, дэлхийн аварга болоход нь хүртэл шүү. Учир нь “Тэр манай улсын нэрийг ашиглаж, хувийн амжилт гаргаж байна” гэсэн философи үйлчилдэг юм. Ер нь бол хувь хүний спортын амжилтын үндэс нь тухайн тамирчны өөрийнх нь л сурталчилгаа болдог. Тэрнээс улс орны нэрийг тэнгэрт тултал нь мандуулаад байгаа гавьяат үйл явдалд тооцогдохгүй.

Энэ жишгээр ганц хүний спортод гаргасан амжилт Монголын сурталчилгаа гэдэг бол хатуу үнэн биш ээ. Аль нэг улсын тамирчин дэлхийн хаана ч очиж тэмцээн уралдаанд оролцоход эхлээд нэрийг нь зарладаг. Дараа нь аль улсынх болохыг нь дууддаг. Тэгэхээр хувь тамирчны амжилт хичнээн мундаг байсан ч улс орны нэр ямагт хоёрт тавигддаг гэсэн үг. Тухайлбал, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг хаана ч очиж барилдсан “Олимпийн аварга” гэж ирээд л хамгийн түрүүнд нэрийг нь зарладаг шүү дээ. Харин Монгол Улсын нэрийг сүүлд нь зарладаг байх жишээтэй. Аварга маань бөмбөрцгийн хаана ч очсон өөрийгөө эхэлж цоллуулаад л барилддаг. Тэгэхээр хувь хүний спортоор улсынхаа нэрийг дэлхийд гаргана гэдэг бол сүйдтэй зүйл биш юм. Улсаа сурталчлах ажил болж ч чадахгүй. Тиймээс хувь хүний спортыг дэмжихээс илүүтэйгээр багийн спортыг хөгжүүлмээр байгаа юм.

Ядаж л багийн спортын клубүүд улсаараа овоглогддог биз дээ. Тэднийг дэлхий дахинд зарлахдаа нэг бүрчлэн нэрлээд байхгүй. Шууд л тэр улсын баг гэдэг шүү дээ. Английн “Манчестер сити”, Испанийн “Барселона” гэхчилэн хөлбөмбөгийн багуудыг дандаа улсыг нь эхэлж онцолдог. Багийн спортыг дэмжиж хөгжүүлье гээд байгаагийн учир нь энэ юм. Улсын нэр хүндийг тэргүүнд тодотгож, дараа нь баг хамт олныг цоллодог.

Багийн спортын бас нэг онцлог нь тамирчид бие биедээ тусалж, хамтарч сурдаг. Хувиа хичээсэн зан чанар ямар ч амжилт олохгүй гэдгийг ойлгуулдаг. Гэтэл монголчууд өөрөөсөө бусдыг хүн гэж үздэггүй. Танихгүй л бол ямар ч монгол байсан дайсан мэт үздэг байдал нь багийн спортыг хөгжүүлэхэд саад болж байна. Энэ бол бидний эмгэнэл. Монголчууд танихгүй ч гэсэн үндэстнээ өмөөрч, хамгаалж сурмаар байна. Монгол хэлээр ярьж байгаа нэгэндээ баярлаж, хайрлах хэрэгтэй. Тэгэхээр багийн спортыг хөгжүүлбэл цөөхөн хэдхэн монголчууд бидний зүрх нэг нэгнийхээ төлөө цохилдог, дэмнэж, дэмждэг тийм уур амьсгалыг бүрдүүлнэ дээ.

Монголд хувь хүний спорт ямар хөгийн байдгийг саяхан дуулиан болсон чөлөөтийнхний хулгайн хэрэг нүцгэн үнэнээр харууллаа. Бакуд болсон Алтан Гранпри тэмцээнээс ОУХМ Э.Бэхбаяр мөнгөн медаль хүртэж 5000 ам.доллараар шагнуулсан. Гэтэл тэрээр шагналынхаа 4200 ам.долларыг ирэх замдаа хулгайд алдсан хачирхалтай хэрэг гараагүй юу. Нэг групп болоод явсан чөлөөтийн тамирчдын дундаас нэг нь түрүүлээд их хэмжээний мөнгөн шагнал авсан нь бусдад нь огт хүртээлгүй. Тэгэх нь битгий хэл түүний дасгалжуулагч багшид нь ч хамаагүй. Энэ бол тухайн тамирчны л өмч болно. Тиймээс л ийм хулгайн хэрэг гарч байгаа юм шүү дээ. Болсон үйл явдлыг ажиглаад байхад мөнгөө алдсан нь ч, хулгай хийж байгаа нь ч тэр таарсан юм гэж хэн хүнд бодогдохоор. Яахаараа мөнгөө өөртөө хадгалж чадахгүй бусдад найдав. Хүүхэд шиг гэнэн занг нь далимдуулж нөгөөх нь мэхэлж л байдаг. Ёстой л харь дайснууд мэт бие биедээ хандацгаалаа. Өлсгөлөн нохдын өмнүүр мах баривал юу болдгийг энэ үйл явдал тод харуулсан. Спортод хувь хүний амжилт өөртөө дайсан хураадгийн нэг жишээ энэ. Адилхан бэлтгэл хангачихаад амжилтын оргилд бусдаасаа түрүүлж гарсан нэгэндээ атаархаж, жудаггүй авир гаргах нь олонтаа. Ер нь бол хувийн спорт тэмээний сүүл мэт өгөөжгүй байгаагийн тод жишээ л дээ. Харин тэдний оронд багаараа амжилт гаргасан тамирчид ямар их бахархалтай, ярих хууч зөндөөтэй ирцгээх байсан бол. Нэг удирдлаган дор, нэгдмэл байж гаргасан амжилтаа баяртайгаар ард түмэнтэйгээ хуваалцах нь лавтай. Иймээс л Монголд хувь хүний биш багийн спортыг дэмжиж, хөгжүүлмээр байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Амарсанаа: Нас баралтын тэргүүлэх өвчлөлүүдийг бууруулахын тулд ресторан, хоолны газруудын цэсийг шинэчилнэ

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаатай ярилцлаа.

-Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг хоолны газруудын цэсэнд өөрчлөлт оруулах санаачилгаа ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэл үү?

-Нийслэлийн Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын байнгын хороонд энэ асуудлыг оруулсан шалтгаан бол Монгол Улсын хэмжээнд нас баралтын тэргүүлэх өвчинтэй холбоотой. Өнөөдөр зүрх судасны өвчин тэр дундаа шигдээс, цус харвалт монголчуудыг хамгийн их үхэлд хүргэж байна. Дараагаар нь хорт хавдар ордог. Тэгэхээр энэ асуудал руугаа чиглэсэн үйл ажиллагааг шат дараатайгаар яаралтай эхлэх хэрэгтэй юм. Бид ассан галыг унтраах гэж үзээд байдаг. Харин гал юунаас болж тархсанд төдийлөн анхаарал хандуулахгүй явсаар ирлээ. Зүрх судасны өвчин, харвалт маш их залуужиж байна. Шалтгаан нь буруу хооллолт, амьдралын буруу хэв маяг буюу хөдөлгөөний дутагдал. Бидний хоол тэжээлийн бүтэц болон хэмжээ нь буруу байна. Иймд хүн өдөрт хэдий хэмжээний хоол идэх ёстой юм бэ гэдэг мэдлэг бидэнд хэрэгтэй. Тиймээс нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүх хоолны газар, ресторануудын цэсийг дахин шинэчилнэ. Таны идэх гэж байгаа хоол хэдэн хувийн калоритой, ямар хэмжээний тослогтой гэдгийг тавьдаг болно гэсэн үг. Мөн тухайн хоолонд агуулагдаж байгаа давсны хэмжээ болоод транс тос орсон эсэхийг ч тавих юм. Тэгэхгүй бол хоолыг идэх гэж байгаа хүн ямар ч мэдээлэлгүй байна шүү дээ. Тэр мэдээллийг үйлчлүүлэгчдэдээ өгөх нь хоолны газруудын хариуцлага. Аж ахуйн нэгжүүдийг хариуцлагажуулах нь Засаг захиргааны төв байгууллагын ажил байдаг. Тиймээс хоолны газруудад нийслэлийн Засаг даргын захирамжаар чиглэл өгөх нь зүйтэй. НЗДТГ-аас хоолны газруудад тусгай зөвшөөрөл олгодог байгаа. Энэ эрх мэдлийнхээ хүрээнд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө тэдгээр хоолны газруудад жижигхэн шаардлага тавих нь нүсэр дарамт болохгүй. Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр Засаг даргын захирамжид оруулна. Тэгэхээр үйлчилгээний газрууд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй.

-Меню дээрх хоол болгоны ард байгаа илчлэг калори, давсны хэмжээг заасан тоо үнэн эсэхийг үйлчлүүлэгчид яаж мэдэх вэ. Хоолны газрууд ямар аргаар зөв тооцоолол гаргах вэ?

-Нэг таваг цуйван дахь калорийн хэмжээг эрдэмтэд аль хэдийнэ гаргаад тавьчихсан. ШУТИС-ийн хүнсний технологийнхон энэ чиглэлээр хэд хэдэн ном гаргасан байгаа. Тэгэхээр толгой өвдөөд, зардал гараад байх юм үгүй. Үүн дээр загвар хоолны цэс гаргасан.

Дээрээс нь зүрх судасны өвчнөөр нас барагсдын тоо хамгийн өндөр байгаа нь өөх тосны зохисгүй хэрэглээтэй холбоотой. Ингэхдээ малын гаралтай өөх тос их хэрэглэж байна.

Харин хүний эрүүл мэндэд хэрэгтэй ургамлын тос, оливын тос, цөцгийн тос, загасны тосны хэрэглээ өчүүхэн бага. Транс тос буюу маргаринийг хүмүүс хоолны газруудад асар ихээр идэж байгаагаа мэддэггүй. Хамгийн хямд бөгөөд эрүүл мэндэд маш ноцтой муу нөлөөтэй транс тос хоолны газрууд, хүнс үйлдвэрлэгчид голдуу хэрэглэж байна. Ийм тосыг дахин дахин халааж, хайрсан хуурсан хоол хийхэд өнгө чанараа алддаггүй бас түлэгддэггүй. Тийм болохоор цайны газрууд ихэвчлэн хуушуур хайрахад, хоолоо хуурахад ашигладаг. Ургамлын тосыг ч дахин дахин хэрэглээд байхаар трансждаг

-Транс тосны хэрэглээг хязгаарлахын тулд хоолны газруудад тавих хяналтаа чангатгах ёстой юм биш үү. Үнэндээ цайны газрууд хуушуур чанадаг тосоо солихгүй хэдэн өдөр ашигладгийг нь үйлчлүүлэгчид мэдэх боломжгүй байдаг шүү дээ?

-Иймэрхүү зүйл байгаа учраас хоолны цэсэнд өөрчлөлт оруулах юм. Тиймээс хоолны цэсэнд транс тос, давсны хэмжээг тусгана. Давс ходоодны хорт хавдар, зүрх судасны өвчнийг нэмэгдүүлэхэд асар их нөлөөлж байна. Монгол Улс давсны хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжсэн. Мөн Засгийн газраас хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр баталлаа. Үүндээ транс тосны хэмжээг хязгаарлахаар оруулчихсан байгаа. Энэ бол шийдлийн Засгийн газар хүн ардынхаа эрүүл мэндтэй холбоотой хийсэн томоохон ажлуудын нэг. Одоо хэрэгжүүлэх нь чухал. Өнөөдрийн байдлаар транс тосыг хэрхэн хязгаарлах гээд байгаа тухайд мэргэжлийн хяналтынхан, нийслэл, орон нутгийн засаг захиргаа ямар ч мэдлэггүй байна. Одоо үүнийг хариуцлагажуулах ёстой. НЗДТГ-ын тухайд хүлээгээд суухгүй, ажлаа эхлүүлнэ. Бүх холны газрыг хариуцлагажуулна.

-Сүүлийн үед хүмүүс хооллолтдоо анхаарч, амьдралын хэв маягаа зөв болгох хандлагатай болсон. Тэгвэл нас баралт өндөртэй өвчлөлүүдийн хэдэн хувь нь хоолны зүй бус хэрэглээнээс үүдэж байна вэ?

-Монголчуудын 50-60 хувь нь хэт таргалалттай байна. Энэ нь зүрх судасны өвчнөөр нас барах гол шалтгаан. Мөн сахарын өвчин арван жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдчихсэн. Одоогийн бидний өдөр тутамд иддэг хоол энэ хэвээрээ байх юм бол 20 жилийн дараа сахарын өвчнөөр дэлхийд тэргүүлэх орон болж болзошгүй.

-Өнөөдөр эрүүл мэндийн салбар хүнд байдалд байна. Энэ асуудалд салбарын дэд сайдаар ажиллаж байсан хүний хувьд ямар бодолтой байгааг тань сонирхмоор байна?

-Монгол Улсын хэмжээнд нэг яам дээр сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нь байхгүй ийм тохиолдол анх удаа гарч байгаа. Тэр нь хамгийн чухал салбар болох эрүүл мэндийн салбар дээр шүү. Энэ нь засаглалын маш том ноцтой байдал руу орж байгааг хэлж байна. Тиймээс нэн түрүүнд засаглалынхаа асуудлыг шийдэх ёстой. Манайхан хаа хамаагүй салбарын хүнийг сайдаар тавьчихдаг. Зүй нь Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхийн тулд тухайн салбарыг удирдах сайдын бодлого, Засгийн газрын бодлоготой нийцэж байгааг харгалзан үзээд сонгодог байх хэрэгтэй. Эрүүл мэндийн салбар бол хэзээ ч улстөржиж болдоггүй чухал салбар.

-Тэгвэл эрүүл мэндийн салбарт ямар бодлого үгүйлэгдэж байна вэ?

-Олон жил эрүүл мэндийн салбарт гуйсан мөнгийг нь өгсөөр ирсэн. Энд эмч, сувилагч гээд эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ямар ч буруу байхгүй. Зөвхөн эдгээр хүмүүсээ зөв бодлогоор нь чиглүүлж чадахгүй байсаар өдий хүрснийх л дээ. Энэ салбарт асар их шинэчлэлт хийх хэрэгтэй.

-Жишээлбэл, юуг нь өөрчилмөөр байгаа юм бэ?

-Өнөөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ төлөвлөгөөт эдийн засгийн үеийнхээс салж чадаагүй байна. Нийгэм маань чөлөөт эдийн засаг руу орчихлоо. Гэтэл эрүүл мэндийн салбар нөгөө л социализмынхаа үеэр явж байна. Тухайлбал, үр дүнд суурилсан санхүүжилтийг өгч чадахгүй байна. Эмнэлгүүдэд төсөвлөдөг мөнгийг юунд зарцуулахыг нь мэддэггүй, зүгээр л тавиад өгчихдөг. Өрхийн эрүүл мэнд дээр бүр дампуурсан. Өрхийн эмнэлэгт харьяалагддаг хүн амын тоогоор нь тооцоод үржүүлээд мөнгө өгчихдөг. Уг нь тус эмнэлэг хариуцаж байгаа нутаг дэвсгэрийнхээ хүн амын эрүүл мэндийг яаж сайжруулсан, ямар үр дүн гарав гэхчилэн хийсэн ажлынх нь үр дүн чухал. Гэтэл өрхийн эмнэлгүүд тэдэн хүнд сургалт хийсэн гэсэн тоо үзүүлдэг л дээ. Иймд үр дүнд суурилсан санхүүжилт өгдөг болмоор байгаа юм. Тэрнээс харанхуйгаар мөнгө өгдгөө болих хэрэгтэй.

-Эрүүл мэндийн салбар бол хамгийн их авлигад идэгдсэн. Ялангуяа амаржих газар, гэмтлийн эмнэлгүүд асар ачаалалтай. Таны яриад байгаа үр дүнд суурилсан санхүүжилтийг өгдөг болбол энэ байдал арилах уу?

-Нийслэлийн хэмжээнд хуруу дарам төрөх эмнэлэг байна. Хэт төвлөрүүлчихсэн болохоор үүнтэй холбоотой авлига хээль хахууль, хүндрэлүүд, хүнд суртлууд, чанарын асуудал гарч ирж байгаа. Бид эрүүл мэндийн даатгалаас орж ирж буй мөнгөний тодорхой хувийг нь төрөлттэй холбоотой зардалд зориулдаг тогтолцоо руу орох ёстой. Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж байгаа зардлыг нэг эхэд 130 мянга гэж тооцвол 100 мянгыг нь даатгалын сангаас, бусдыг нь өөрсдөө хариуц гэвэл зөндөө олон хувийн эмнэлэг гарч ирнэ. Чанартай тусламж үйлчилгээ үзүүлнэ шүү дээ. Эмч нарын буруу гэхээс илүүтэйгээр чиглүүлэг буруу байгаа юм. Чанар руу чиглэсэн өрсөлдөөн бий болгох хэрэгтэй. Одоо бол ямар ч өрсөлдөөн алга. Тиймээс улсын, хувийн гэлтгүй эмнэлгүүдийн санхүүжилтийг шударга болгох хэрэгтэй.

Өнөөдөр улсын эмнэлэгт ажиллаж байгаа эмч нар хичнээн хүнийг зөв, буруу эмчилсэн нь хамаагүй, авдаг цалингаа авч байна. Тиймээс ажлынх нь үр дүнг хянадаг, тайлагнадаг болгоод цалинжуулах хэрэгтэй. Үнэндээ Монгол Улсын хэмжээнд нэг эмч хэдэн хүнийг эдгээсэн дүн байхгүй. Тэгэхээр энэ салбарт шинээр томилогдох сайд нь эмч болгонд мэдээллийн ил тод байдлыг бий болгоод өгмөөр байгаа юм. Өвчтөнг эмчилснээр нь биш эдгээснээр нь дүгнэх хэрэгтэй. Эмчилснээр нь дүгнээд байхаар манай эмч нар хувийнх, улсынх гэлтгүй аль болох их эмчилгээ бичээд явж байна. Харин эдгээснээр нь эмчлээд эхлэхээр санхүүжилтээ хэмнэнэ. Монголын эрүүл мэндийн салбарыг ил тод болгох хэрэгтэй байгаа юм.

-Яаж?

-Эмч болгон дээр мэдээллийн сан үүсгэе л дээ. Эмчилж байгаа эмчилгээ болон гарсан үр дүн дээр нь тодорхой хэмжээний мэдээлэл оруулдаг байя. Энэ мэдээллийн санг эрүүл мэндийн салбарынх нь дотор ил тод болгоё. Зарим орнууд иймэрхүү мэдээллийн сангаа ард түмэндээ ил тод болгочихсон байдаг. Тухайлбал, энэ эмч тэдэн хүнд олгойн мэс засал хийснээс төд нь амжилттай гэхчилэн жагсаалтыг нь гаргаад тавьдаг. Тэндээс чинь жинхэнэ чанарын өрсөлдөөн гарч ирж байгаа юм. Ингэснээр эмнэлгүүд дэх хүндрэлүүд багасна. Эхлээд идээ бээр нь гарна. Яваандаа чанартайгаа уялдана.

-Чанартай болохоороо үнэтэй байдаг гэсэн ойлголт байдаг шүү дээ?

-Эрүүл мэндийн салбарт чанартай болох тусмаа хямдарч эхэлдэг. Яагаад гэвэл чанартай болохоор тусламж үйлчилгээ нь оновчтой болж эхэлдэг. Шаардлагатай гурван шинжилгээ өгөх ёстой байтал манайхан хорь, гучин шинжилгээ хийдэг. Ингээд тэр хүнийг нэг эмээр бүрэн эмчлэх боломжтой байхад болсон болоогүй дархлааны эмчилгээ, эм, тариа, дусал зоодог. За тэгээд сүлжээний эмчилгээ бичиж өгнө. Энэ чинь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг байх ёстой хэмжээнээс нь үнэтэй болгоод байна. Харин чанартай зөв эмчлээд эхлэх юм бол оношлогооны зардал багасна. Тэгэхээр тухайн эмч богино хугацаанд аль болох бага зардлаар хүнээ эдгээчихнэ гэж бодно доо. Ийм л тогтолцоо руу явмаар байгаа юм.

-Гурван шатлалын эмнэлэг хоорондоо уялдаа холбоогүй ажилладаг гэх шүүмжлэл зонхилдог. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүтэц ямар байх ёстой юм бол?

-Гурван шатлалын эмнэлгийн эмч нарын хооронд уялдаа холбоо байхгүй нь үнэн. Уг нь энэ гурав холбоотой байх ёстой. Үүнээс болж өвчтөнд үзүүлж буй тусламж үйлчилгээний хүнд суртлууд гараад байгаа юм. Тэгэхээр яалт ч үгүй тусламж үйлчилгээний бүтцийн асуудал манайд дутагдаж байна. Өнөөдөр өвчтөнийг ороод ирэнгүүт дүрс оношлогоо, лабораторийн хэсэг рүү явуулчихдаг. Дараа нь тэр хүн дахин цаг аваад очерлож байж дотрын эмчдээ үзүүлдэг. Ингээд баахан явдал чирэгдэл болж байна. Энэ бол социализмын үеэс байгуулсан тусламж үйлчилгээ болохоор эмч нарт тааруулсан бүтэц. Зөв бүтэц нь өвчтөнд тааруулсан байх ёстой. Өвчтөнд эмч нар нь өөрсдөө ээлжлэн орж ирээд үзлэг хийж, зөвлөгөө өгдөг байж болно.

-Та Эрүүл мэндийн дэд сайдын албан тушаалыг хашиж байхдаа дээд удирдлага буюу сайд асан Н.Удвалыг шүүхэд өгсөн. Та хоёр жил тойрон шүүхээр явсны эцэст өнгөрсөн долоо хоногт шийдвэр гарсан байна лээ. Нэг яам удирдаж байсан хүмүүс ингэж заавал шүүхээр явах шаардлага байсан юм уу?

-Бидний хоорондох хамгийн гол үл ойлголцол бол өнгөрсөн жил Нийгмийн бодлогын байнгын хороон дээр Н.Удвал сайд миний тухай ташаа мэдээлэл ард түмэнд өгснөөс үүдсэн. Тэрбээр намайг 900 ам.долларын үнэтэй элэгний эмийг 1800 ам.доллар болгосон мэтээр гүтгэсэн. Гурван сарын эмчилгээ нь 900 ам.доллар. Харин зургаан сарын эмчилгээ нь 1800 ам.доллар гэдгийг би эртнээс ярьж байсан. Гэтэл хүмүүст буруу ойлголт өгөх хэмжээний гүтгэлгийн шинжтэй мэдээлэл өгөхөөр нь шүүхэд хандсан. Тухайн үед миний эргэн тойрныхон “Өөрийн тань дарга, сайд шүү дээ заавал шүүхээр явах хэрэг байна уу” гэж байсан. Миний хувьд шууд шүүхэд хандаагүй л дээ. Хоёр сар шахам Н.Удвал сайдыг надаас уучлал гуйчих болов уу гэж хүлээсэн. Харин надаас уучлал гуйгаагүй учраас би нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан. Би залуу, улстөрч хүн. Шүүхийн явц нь удаан байдаг юм байна. Жилийн дараа анхан шатны шүүхийн шийдвэр гарч сайд асан Н.Удвал намайг гүтгэсэн гэдгийг тогтоолоо.

Categories
мэдээ цаг-үе

Д.Уламбаяр: Сирийн улс төрийн удирдлагыг аажмаар шилжүүлэх үйл явцад Б.Обама, В.Путин нар санал нэгдсэн

Их 20” болон АПЕКийн дээд хэмжээний уулзалт саяхан шил шилээ даган болсон билээ. Дэлхийн лидерүүдийг нэгэн дээвэр дор цуглуулдаг эдгээр арга хэмжээний талаар судлаач Д.Уламбаяртай ярилцлаа.

-“Их 20”-ийн дээд хэмжээний арав дахь удаагийн уулзалт саяхан боллоо. Дэлхий дахинд өрнөж буй үйл явдлуудаас хамааран хэлэлцэх асуудал өргөн хүрээг хамрах шиг боллоо. Энэ жилийн уулзалтын эргэн тойрон дахийг тоймлохгүй юу?

-Өнөө жил “Их 20”-ийн уулзалтыг Туркийн Газар дундын тэнгисийн эрэг дээр байдаг Антали хотод зохион байгууллаа. Уг арга хэмжээнд дэлхийн эдийн засгийг хөдөлгөж байдаг 19 орон, Европын холбоо багтдаг. Тэгэхээр “Их 20”-ийн үндэс суурь нь 1999 оны тавдугаар сард Германы Берлин хотноо тавигдсан. Ингээд түүнээс хойш жил болгон уулзалт болдог байв. Харин 2008 оны дэлхийн санхүүгийн хямралыг шийдвэрлэх үүднээс АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушийн санаачилгаар тухайн үед Вашингтон хотноо дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байлаа. Үүнээс хойш АНУ, Канадын Торонто болон Сөүлд дээд хэмжээний уулзалтууд болж байв. Энэ жилийн дээд хэмжээний уулзалт арваннэгдүгээр сарын 13-нд Парист террорист халдлага гарсны дараа болсноороо онцлогтой. Тиймээс “Их 20”-ийн уулзалтад Францын Ерөнхийлөгч оролцож чадсангүй. Тус улсыг төлөөлж Гадаад хэргийн болон Сангийн сайд нар нь оролцсон.

-“Их 20”-ийн уулзалтаар дэлхийн эдийн засгийн асуудлыг хэлэлцдэг. Харин энэ удаад Парист болсон халдлагатай холбоотойгоор терроризмтай тэмцэх асуудалд анхаарлаа хандууллаа

-Тэгэхээр “Их 20” гэдэг бол дэлхийн ДНБ-ий 80 хувь, худалдааны 85 хувь, хүн амын гуравны хоёрыг багтааж байдаг тийм том бүтэц. Дэлхийн эдийн засгийн тулгамдаж байгаа нөхцөл байдалд судалгаа дүн шинжилгээ хийж, ойрын нэг жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа бодлогыг уялдуулан зохицуулж, хамтарсан мэдэгдэл гаргадаг. Энэ жилийн уулзалтаар хоёр мэдэгдэл хийсэн. Мэдээж дэлхийн эдийн засгийн асуудлаар мэдэгдэл гаргасан. Нөгөөх нь дэлхийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байгаа олон улсын терроризмын эсрэг тэмцэхтэй холбоотой. Терроризм нийт хүн төрөлхтөн соёл иргэншилд заналхийлж байна. Иймээс бүх улс орон хүчээ нэгтгэхээр болсон.

Энэхүү дээд хэмжээний арга хэмжээний завсарлагааны үеэр Б.Обама, В.Путин нар албан бусаар 30 минут уулзсан. Тэд юун тухай ярилцсаныг дэлхий нийт чих тавьж байсан л даа. Судлаачийн хувьд та энэ талаар ямар бодолтой байна?

-Энэ арга хэмжээний анхаарал татсан зүйл бол яах аргагүй Б.Обама, В.Путин нарын уулзалт байв. Тэд дээд хэмжээний уулзалтын завсарлагаанаар 30 гаруй минут ярилцсан. Хэдийгээр албан бус ч гэлээ тэдний уулзалтын нэг чухал үр дүн бол Сирийн улс төрийн удирдлагыг аажмаар шилжүүлэх үйл явцад санал нэгдсэн гэж дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Хоёр тал Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэхэд 100 хувь санал нэгдсэн. Зарим нэг тодорхой асуудал дээр өөр өөрийн байр суурьтай байна. Үүний өмнө Парисын аллагын дараа Австрийн Вена хотноо Сирийн асуудлаар урьдчилсан тохиролцоонд хүрсэн. Тэнд дэлхийн 20 орны Гадаад хэргийн сайд нар уулзсан. Үүгээр Сирийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх, Башар Асадын Засгийн газар босогчдын хооронд энхийн хэлэлцээрийг ирэх нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр ярилцсан. Нөгөө нэг асуудал нь Сирид ардчилсан сонгууль явуулж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, тус улсын сэргээн босголтын хандивлагчдын уулзалтыг зохион байгуулах гэх мэтчилэн чухал асуудлууд хөндөгдсөн. Эдгээрийг шийдсэний дараа Башар Асадыг яах вэ гэдэг асуудал гарсан. Үүн дээр оролцогчдын байр суурь ялгаатай байсан л даа. Ингээд Вена хотод болсон уг уулзалтын дараа “Их 20”-ийн уулзалт боллоо. Б.Обама, В.Путин нар энэ асуудал дээр санал солилцсон. Исламын эсрэг цохилт өгөх байр суурин дээр хоёр тал ойролцоо байгаа гэдгээ нотолсон нь чухал. Мөн тэд зүүн Украины асуудлаарх Минскийн гэрээг тууштай баримтална гэдэгт санал нэгдсэн.

-“Их 20”-ийн уулзалтаар дэлхийн эдийн засгийн асуудлыг хэрхэн авч хэлэлцэв. Ямар шийдэлд хүрсэн бэ?

-Өнөөгийн дэлхий дахинаа тулгамдаж байгаа макро эдийн засаг болон улс орнуудын эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгах нь хамгийн чухал асуудал байв. Үүн дээр гол анхаарал тавих ёстой. Энэ үндсэн дээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулган дээр баталсан 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чухал зорилт болж байна гэж тэмдэглэсэн. “Их 20”-ийн уулзалтаар анхаарал татсан гол асуудал бол Олон улсын валютын сангийн үйл ажиллагааг шинэчлэхэд төвлөрсөн. Энэ уулзалтад олон улсын валютын сангийн захирал Кристина Лагард оролцсон.

Олон улсын валютын сангийн үйл ажиллагааг яаж шинэчлэх юм бол?

-Зээлийн квотыг өөрчилж, өргөжүүлэх асуудалд анхаарал хандуулсан. Валютын сангийн үйл ажиллагаанд хөгжиж байгаа орнуудын дуу хоолойг өргөжүүлэх асуудал чухлаар тавигдлаа. Дээр нь Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засагт маш чухал нөлөө үзүүлж байна гэж тэмдэглэсэн. Ирэх онд Хятадын эдийн засагт 6.5 хувийн өсөлт гарна хэмээн үзэж байгаа. Хятадын тал үүнийг үзүүлэлт биш гэж тэмдэглэсэн. Өнөөдөр олон улсын худалдаа эдийн засагт Хятадын мөнгөн тэмдэгт чухал байр суурьтай байгаа. Олон улсын валютын сангийн зээлийн сагсанд юанийг оруулах асуудал нааштай гарах төлөвтэй болсон. Энэ ондоо багтаж зээлийн сангийн сагсанд юань орох нь тодорхой боллоо.

Мөн дэлхийн эдийн засагт нөлөөлж байгаа байгаль цаг уур гээд бусад асуудлуудыг хэрхэн хөндөв?

-Дэлхийн эдийн засагт маш их нөлөөлж байгаа хүчин зүйл бол цаг агаарын дулаарал, байгалийн гамшиг. Энэ удаагийн уулзалтын онцлог нь арваннэгдүгээр сарын 30-нд Парис хотноо НҮБ-ын ивээл дор эхлэх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурлын өмнө боллоо. Дэлхийн дахинаа ялангуяа аж үйлдвэржсэн орнууд өөрсдийн хүлэмжийн хийг хоёр дахин багасгах Киотогийн протоколоор хэрэгжүүлсэн үүргээ биелүүлэхийг “Их 20”-ийн уулзалтаар ярилаа. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар авч хэлэлцсэн бас нэг асуудал бол газрын тосны үнэ байлаа. Ялангуяа экспортлогч орнуудын хувьд хүндээр тусч байгаа. Тухайлбал, ОХУ, АПЕК-ийн гишүүн орнуудад хүнд тусч буй юм. Дээр нь нэг гол асуудал бол Ираны хоригт анхаарал тавьж байна. Энэ сарын 18-нд Ираны цөмийн асуудлаар олон талт хамтын ажиллагааны бүтэц тохиролцоонд хүрсэн. Ингэснээр Иран бол дэлхийн газрын тос байгалийн хий дээр маш том оролцогч болоод гараад ирлээ. Өдөрт нэг сая тн баррелль нефть экспортолно гэдэг бол газрын тосны үнэ дээр нөлөө үзүүлнэ. Ер нь эрчим хүчний асуудал “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтаар байнга яригддаг зүйл л дээ. Өнөө жилийн арга хэмжээ Туркт болсон учраас өмнөд урсгалын асуудал яригдаж, үүнийг хурдацтай хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн. Туркээр Европ руу дамжих байгалийн хийн хоолойн асуудал л даа. “Их 20” бол цэвэр олон улсын эдийн засагт анализ хийдэг бүтэц.

Ирэх ондИх 20”-ийн уулзалтыг БНХАУд зохион байгуулахаар боллоо. Сонирхуулахад, даргалагч орнуудын хувьд ямар шаардлага тавьдаг юм бэ?

-Хоёр жилийн өмнөөс саналыг нь авдаг. Бэлтгэл ажил, аюулгүй байдал гээд дээд зэргийн зохион байгуулалт шаардана. Ер нь арга хэмжээг даргална гэдэг бол тухайн улс орны нэр хүндийн асуудал. 2016 оны “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтыг Хятадын аж үйлдвэржсэн бүс болох Ханжоу хотноо зохион байгуулахаар боллоо. Энэ удаагийн арга хэмжээ Парис дахь халдлагын дараа болсон учраас 15 мянган цэрэг цагдаа хамгаалалтад гарсан. Аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байна лээ.

-“Их 20”-ийн уулзалтыг залгаад АПЕКийн уулзалт боллоо. Энэ удаад ямар асуудлуудыг хөндсөн бэ?

-Филиппиний Манелла хотод болсон АПЕК-ийн уулзалтын гол уриа нь “Хүртээмжтэй эдийн засаг, таатай ертөнцийг цогцлоон байгуулах нь” уриан дор явагдлаа. Нийтдээ 21 гишүүн орон багтдаг бөгөөд Ази, Номхон далайд болж байгаа цэвэр эдийн засгийн интеграцийн үйл явц. 1998 онд ОХУ, Перу, Папау, Шинэ Гвиней хамгийн сүүлд гишүүнээр элссэн. Одоогоор манай улс АПЕКТ-т элсэх өргөдлөө өгчихсөн байгаа. 2011 онд АНУ-ын дэмжлэгтэйгээр Энэтхэг анх удаа АПЕК-т ажиглагч статустай улс болсон.

Энэ удаагийн АПЕК-ийн уулзалтын мэдэгдэлд терроризмын эсрэг томоохон заалт орлоо. Ялангуяа Ливанд болсон аллага, Парист болсон террористт халдлага, ОХУ-ын сүйрсэн онгоцны хувьд олон улсын терроризм аюулын харанга дэлдэж байна гэсэн.

-“Хүртээмжтэй эдийн засаг, таатай ертөнцийг цогцлоон байгуулах ньгэсэн уриатайгаар энэ удаагийн АПЕКийн уулзалт өрнөсөн гэлээ. Үүний ач холбогдлыг тодруулахгүй юу?

-Энэ уулзалтаар хүртээмжтэй эдийн засгийг Ази, Номхон далайн бүс нутагт хөгжүүлэх асуудалд гол анхаарал хандуулсан. Өнөөдөр улс орнуудын эдийн засаг өөрсдийнхөө хэмжээнд өндөр өсөлттэй байгаа ч нийт хүмүүст хүртээмжтэй биш байна. Тэгэхээр хүртээмжтэй эдийн засгийг хөгжүүлэхийн тулд гол үйл ажиллагааны баримтлалыг гаргалаа. Энэ хүрээнд таван заалт бүхий мэдэгдэлдээ тодорхой заасан. Нэгдүгээрт, тэнцвэртэй эдийн засаг. Хоёрдугаарт, хүртээмжтэй эдийн засгийг хөгжүүлнэ. Ялангуяа эмэгтэйчүүд, залуучууд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн бусад салбар эдийн засгийн үр ашгаас хүртэх ёстой гэсэн. Хүртээмжтэй эдийн засагт жижиг, дунд үйлдвэрлэлийн оролцоог хөгжүүлэх тухай онцолсон. Улмаар ажлын байрыг нэмэгдүүлж, технологийн шинэчлэл, зээлийн бодлогод хамруулахаар тусгасан байна. Гуравдугаарт, тогтвортой эдийн засгийг онцолсон. Тухайлбал, бүс нутгийн эдийн засгийн өсөлт нь тогтвортой хөгжих ёстой гэж байгаа юм. Дөрөвдүгээрт, шинэлэг эдийн засгийг хөгжүүлэхийг чухалчилсан. Энэ хүрээнд мэдээллийн технологийн, цахим эдийн засгийг хөгжүүлэх зэрэг маш өргөн хүрээтэй асуудлууд орж ирсэн. Тавдугаарт, аюулгүй эдийн засаг. Хятадын эдийн засаг өнгөрсөн наймдугаар сард ихээхэн савлалаа. Тиймээс эдийн засгийн эрсдлүүдийг тооцох хэрэгтэй. Ази, Номхон далай нь газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, далайн хар шуурга, хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх бүс нутаг учраас байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулахад онцгой анхаарах ёстой. Ингээд НҮБ-ын ивээл дор болсон Японы Сандэйн хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлнэ гэж байгаа юм.

Монгол Улс АПЕКт элссэнээр эдийн засагт ямар ач холбогдолтой юм бэ?

-АПЕК-ийн уулзалтаар нэг чухал зүйл тавьсан байгаа. Богорын зорилтуудыг тууштай хэрэгжүүлэх үндсэн дээр олон улсын худалдаа хөрөнгө оруулалтуудыг хэрэгжүүлнэ гэж байгаа. Саяхан гарын үсэг зурж хүчин төгөлдөр болсон чөлөөт худалдааны хэлэлцээртэй хамтарч ажиллана гэдгийг заасан. Чөлөөт худалдааг хөгжүүлэх, худалдаа хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөхөд Дэлхийн худалдааны байгууллагын зарчмын үйл ажиллагаан дээр зохицуулна гэж байгаа. Монгол Улс одоогийн нөхцөлд АПЕК-т элсэхэд эрт байгаа юм.

Яагаад?

-Манай хоёр хөрш бол АПЕК-ийн гишүүн. Тэгэхээр Богорын уулзалтын гол зорилго бол 2020 он гэхэд 21 орны гаалийн тарифыг үе шаттайгаар тэглэх юм. Монгол Улс гаалийн тарифыг тэглэчихвэл бусад орны бараа бүтээгдэхүүн манайд ямар ч татваргүй орж ирнэ. Энэ үед үндэсний үйлдвэрлэлүүд зах зээлээ яаж хамгаалах вэ. Өрсөлдөөнд яаж тэсч үлдэх вэ гэдэг асуудал ургана. Тэгэхээр бид маш их бэлдэж, экспортынхоо чадавхийг нэмэгдүүлэх хэрэгтэй.

Уг нь чөлөөт худалдаа давуу талтай биз дээ?

-Тиймээ. Олон улсын худалдаанд тарифын болон тарифын бус саад тотгорыг арилгадаг. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд экспортын чадавхи султай улс орнуудын хувьд бэлтгэл хийх шаардлагатай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мексикт хүү төрвөл хар тамхичин, хөлбөмбөгчин, харин Монголд бол дуучин, бөх болгодог

Хойд Америкт орших Мексик нь хүн ам ихтэй, ядуу орон. Тэнд үе залгамжилсан бизнесмэн гэж байдаггүй. Тус улсыг дэлхийд таниулах нэрийн хуудас нь хөлбөмбөг. Мөн хар тамхины наймаагаараа зартай. Тиймээс Мексикт хүү төрвөл амьдрах хоёрхон л арга зам бий. Хөлбөмбөгчин юм уу эсвэл хар тамхичин болгодог. Хөвгүүдээ хөлд орохоос нь авахуулаад арьсан бөмбөг өшиглүүлдэг болохоор энэ спортоороо чамлахааргүй амжилттай яваа орнуудын нэг юм. Мексикээр овоглосон Уго Санчес, Рафаэль Маркес, Хавьер Эрнандес нарын хөлбөмбөгчдийн фанатууд бөмбөрцгийн булан бүрт бий. Уго Санчесын тухайд “Реал Мадрид”-ын од довтлогч байлаа. Мөн тэднээс гадна Испанийн “Малага”-д тоглодог хаалгач Гильермо Очоа байна. Мексикчүүд манайхыг бодвол хөлбөмбөгөөрөө амьдраад болоод байх шиг харагддаг.

Монгол Улс бол яг Мексиктэй адилхан ядуу, үе залгамжилсан бизнесмэнгүй орон. Хүү төрвөл бөх юм уу дуучин болгоно гэдгээрээ тэдэнтэй адилхан юм даа. Ерөнхийдөө дийлэнх нь ийм сонголт хийдэг. Монголд дуулж чаддаггүй, зодоглож зүрхэлдэггүй эр хүн гэж үгүй. Дийлэнх эрчүүд бага балчир байхдаа ойр дотнынхон болоод нутаг усныхаа хэн нэгнээс “Манай энэ ч мундаг бөх болно доо” эсвэл “Шаггүй дуучин болох янзтай” гэдэг үгийг сонсч л байсан биз. Айл гэрт хүү төрөнгүүт энэ хоёроос өөр мэргэжил байдаггүй юм шиг л хуйларцгаана гээч. Монголд дуу дуулаад, бөх барилдаад амьдралаа залгуулахад хэцүү. Өндөр хөгжилтэй орнуудын урлагийн од, тамирчидтай адилтгаж дуучин, бөх болж хангалуун сайхан амьдарна гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Учир нь Монголын зах зээл ямар билээ дээ. CD гаргаж зараад, олсон ашиг орлогоороо насан туршийнхаа хоолыг олохгүй. Бөх барилдаад ч мөн ялгаагүй.

Харин хүн ам олонтой, зах зээлтэй улс орнуудад энгийн нэг дуучин ганц дуугаар од болдог жишээ зөндөө. Тэд насан туршийнхаа хөрөнгийг түвэггүйхэн цуглуулчихдаг. Тухайлбал, Солонгосын дуучин, реппер PSY байна. Энэ нөхөр “Ганнам стиль” хэмээх ганцхан дуугаар дэлхийн тэрбумтан болчихсон шүү дээ. Тэгвэл Монголд бол эсрэгээрээ. Олныг хичнээн байлдан дагуулсан, нийгмийг тэр чигт нь давалгаалуулж чадсан дуу дуулаад ч түүн шиг амжилтад хүрч яасан ч чадахгүй. Нөгөө л зах зээлийн боломж нь байхгүйтэй холбоотой юм. Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр нэг хэсэг гарч байсан “Тусгай салаа” олон ангит киног санаж байна уу. Яагаав энэ кинонд байлдагч Дэндэвийн дүрээр тоглосон жүжигчин Т.Эрдэнэбаяр гэдэг залуу сүүлд нь нэг сүрхий дуугаар гарч ирээгүй юу. Тэрээр “Ааваа зорино” гэдэг тун аятайхан аялгуутай дуу дуулсан даа. Хөдөө, гадаагүй бүгд л түүний дууг сонсдог байв. Нийтийн дууны урсгалд ёстой нэг байлдан дагуулсан. Хаана ч явсан энэ дууг хүмүүс амандаа аялах нь сонсогдоно. FM, радиогоор зөвхөн тэр дууг захиалан явуулдаг байсан үе саяхан. Жүжигчин залуу маань ч энд тэндхийн арга хэмжээнд нэлээд уригдаж, “Ааваа зорино” дууг эгшиглүүлсэн. Яг л PSY шиг ганц дуугаар гарч ирж, богино хугацаанд Монголдоо гялалзаж чадсан даа. Харин түүний энэ дуугаараа олсон орлогыг сонсох нь ээ ердөө 15 сая орчим болсон гэсэн санагдаж байна. Ийм хэмжээний мөнгөөр Монголд бүтэн жил ч амьдарч дөнгөхгүй. Жижиг зах зээл, том орон хоёрын ялгаа үүнд л байгаа юм.

Манайхан хөдөлмөр хийхгүй, амар хялбар аргаар мөнгө олох гэдэг болсон. Хамгийн жаргалтай мэргэжил нь бясалгал хийх болж. Гэгээрч байгаа нь гээд харанхуй нүхэнд хэдэн сараар суудаг хүмүүс олширсон. Ингэж бясалгагчид өөрийнхөө зовлогыг жаргаахаас биш үр хүүхдүүдэд нь үлдэх юм байхгүй. Сүүлийн үед лам, бөө нар нийгэмд дэлгэрлээ. За тэгээд тэднээс арай ухаан дээгүүрүүд нь өмгөөлөгч, эдийн засагч, багш, хуульч, эмч гээд түгээмэл мэргэжил сонгодог. Дээрээс нь эцэг эхчүүд юм л болбол хүүхдүүдээ хөгжимчин, балетчин болгоно гээд л биесээ дуурайж хавтгайрах дуртайг нь яана. Манайхан гуравхан сая хүн амтай улсад амьдарч байгаа байж гурван зуун саяулаа юм шиг сэтгэж хэт туйлшрах юм даа. Хөгжимчин болоод Н.Жанцанноров гуай шиг, балетчин болоод Б.Алтанхуяг шиг сайхан амьдарна гэж харж байгаа бол эндүүрэл. Монголд энэ олон лам нар дотроос хэдэн хамба л гойд сайхан амьдарна. Бөхчүүдээс ч мөн ялгаагүй хуруу дарам цөөхөн хүчтэнүүд насаараа сайхан амьдрах нөхцөлөө бүрдүүлж чадсан. Үндэсний бөхөөс Ч.Санжаадамба, чөлөөт, жүдогийнхноос Н.Түвшинбаяр, Мандахнаран нар өөрсдийнхөө орон зайг бүрдүүлчихсэн. Тэгэхээр өөр хэн нэгэнд тэдгээр эрхмүүдийн чинээнд амьдрах орон зай Монголд даанч алга даа. Хувьсгалын үеийн лам нараас хойш энэ олон хуульч, нягтлан бодогч, урлагийнхан, бөхчүүд төрлөө. Тэгсэн атлаа баялаг бүтээгч дээр хэн ч очдоггүй. Монголчууд өнгөц сэтгэсэн, хялбар амьдралаас татгалзах хэрэгтэй. Материаллаг баялаг бүтээж, үр удамдаа бизнесээ өвлүүлэх хөдөлмөр эрхэлцгээе гэж уриалмаар санагдах юм.

Монголтой адилхан цөөхөн хүн амтай хэрнээ тансаг хангалуун амьдарч байгаа олон орон дэлхийд байна. Европт гэхэд Дани, Швед, Нидерланд зэрэг улсууд маш жаргалтай амьдарч байгаа. ДНБ-ээрээ дэлхийд тэргүүлэх хэмжээнд байдаг эдгээр улсуудын ард түмэн баяр баясалтай, уур уцааргүй, найрсаг, уриалгахан, элбэг дүүрэн аж төрцгөөж байгаа шүү дээ. Тэд яагаад ийм жаргалтай амьдарч байна вэ. Нийгмээрээ бөх, дуучин болж тэнэглэдэггүйд байгаа юм. Харин ажиллаж, хөдөлмөрлөх ёстой гэдэг ухамсар тэдэнд бий болохоор аз жаргалтай байна. Тухайлбал, тэнд 200-гаад жилийн өмнөх эцэг өвгөдийнх нь байгуулсан тонгорогны үйлдвэр байдаг. Эвхчихдэг, авсаархан хутга үйлдвэрлээд, тэрийгээ зараад л амьдарч болоод байна. Хүмүүсийг төрөхөд энэ ажил нь бэв бэлэн. Гагцхүү яаж хийхийг нь сурахад л хангалттай. Нийгмийн тогтсон амьдрал нь ингээд л байж байна шүү дээ. Тэгвэл бид ямар байна. Талаар нэг нүүдэллэж амьдарсаар ирсэн болохоор өнөөдөр баялаг бүтээж чадахгүй, ядуу хэвээрээ байгаа юм. Тиймээс хөгжил сайтай дээрх жижиг орнууд шиг тайван жаргалтай амьдаръя гэвэл монголчууд суурьшмал амьдралд шилжиж, ажил, хөдөлмөр хийдэг гэдэг сэтгэхүйг л суулгах юмсан. Хамгийн хялбар аргаар мөнгө олох гэсэн сэтгэлгээ ард түмэнд давамгайлаад байгаа болохоор Монгол хөгжихгүй байна. Ойрын жишээ гэхэд Японыг хар л даа. Яаж баялаг бүтээж, ямар их хөдөлмөрлөдгийн тод дүр зургийг тэднээс харж болно. Хүмүүс нь урт удаан насалж, баяр баясгалантай амьдарч байгаагийн нууц нь ердөө л энэ юм. Тус улс Дэлхийн II дайны дараахан АНУ-д баялаг бүтээх боловсон хүчнүүдээ бэлдэж өнөөдрийн тэнгэр баганадсан барилга байгууламжтай, эдийн засгийн асар их чадамжтай хөгжлийг цогцлоож чадсан жинхэнэ хөдөлмөрч ард түмэн.

Манайд ч боломж дүүрэн байна. Орчин цагт дэлхий дахинд “Hand made” гэж нэрлэгддэг гарын чимхлүүр ажлаар бүтсэн гутал, хувцас нэлээд үнэд хүрч байгаа. Нэг гутал нь дор хаяж 1000 ам.долларын үнэтэй зарагддаг. Бүгд хүүхдүүдээ дуучин, бөх, хөгжимчин, хуульч болгоно гэж туйлшралгүй тэдний ирээдүйн сайхан амьдралыг харсан сонголт яагаад хийж болохгүй гэж. Энэ мэтчилэн дор бүрнээ хөдөлмөр эрхэлбэл үр шимээ өгч л таараа. Хамгийн гол нь үр хүүхэд, хойч үедээ залгамжлуулаад үргэлжлэх өв хөрөнгө, бизнестэй болцгоох юмсан.

Categories
мэдээ улс-төр

Д.Базардорж: Монгол Хятадын харилцан итгэлцлийг улам зузаатгасан айлчлал боллоо

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д төрийн айлчлал хийсэн билээ. Түүний айлчлалын эргэн тойрондох асуудлаар ШУА-ын Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Д.Базардоржтой ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д төрийн дээд хэмжээний айлчлал хийлээ. Энэхүү айлчлалын ач холбогдлыг талууд хэрхэн дүгнэж байна вэ?

-Арваннэгдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Жиньпиний урилгаар тус улсад төрийн айлчлал хийлээ. Түүний айлчлал нь өнгөрсөн жилийн наймдугаар сард Си Жиньпиний манай улсад хийсэн айлчлал, түүнтэй зэрэгцэн хоёр улсын хооронд байгуулагдсан иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны дараа болж байгаагаараа онцлогтой байлаа. Мөн хоёр улсын Төрийн тэргүүнүүд жил дараалан харилцан айлчлал хийж байна. Ер нь хоёр улсын хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлал, ажил хэрэгч уулзалтуудын давтамж нэмэгдэж байгаа нь улс орны харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой, хоёр улсын харилцаа маш нягт байгааг харуулдаг юм л даа. Тэгэхээр энэ удаагийн айлчлал нь манай хоёр орны өндөр дээд түвшний харилцаа улам нягт гүнзгийрч буйг л илтгэж байгаа хэрэг. Тийм ч учраас талууд иж бүрэн стратеги түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал боллоо хэмээн санал нэгтэй үзэж байна.

-Хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааныхаа хүрээнд аль салбарыг голлон хөгжүүлэхэд анхаарч байгаа вэ?

-БНХАУ-ын дарга Си Жиньпин 2014 оны наймдугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийхдээ манай улсын Ерөнхийлөгчтэй “Хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурсан. Тэр айлчлалын үр дүнд хоёр улсын харилцаа шинэ шатанд гарсан. Ялангуяа, монголчуудын өмнөд хөршдөө хандах зарим эргэлзээг тайлсан гээд түүхэн чухал үйл явдал болсон юм. Си даргын айлчлалын үеэр байгуулсан иж бүрэн стратегийн харилцаанд улс төр, эдийн засаг, нийгэм хүмүүнлэгийн салбар, олон улс бүс нутгийн зэрэг бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцсон байдаг. Энэ удаагийн айлчлалаар дээрх тохиролцоонуудаа дахин нотолж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа цаашид эдийн засгийн харилцаагаар голлон хөгжүүлэхээр ерөнхийдөө санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн. Ийм ч учраас энэ айлчлалын хүрээнд хоёр улсын хооронд хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг голлосон холбогдох 11 баримт бичигт гарын үсэг зурагдлаа.

-Монгол, Хятадын худалдааны хэмжээг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх боломжтой гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ онцолсон байна лээ. Энэ зорилтод хүргэхийн тулд талууд томоохон төсөл хөтөлбөрүүдийг ажил хэрэг болгох хэрэгтэй байх?

-Ер нь бол Ерөнхийлөгчийн хэлсэн үг тун ойлгомжтой. Одоогийн байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ зургаан тэрбум ам.доллар даваад байна. Энэ бол хоёр улсын эдийн засаг хурдацтай өсөж байсан цаг үеийнхээс буураагүй харин ч нэмэгдсэн үзүүлэлт байгаа юм л даа. Манай улсуудын хооронд ирээдүйд хийгдэх эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны том боломжууд хүлээгдэж байгаа. Ялангуяа БНХАУ-ын зүгээс дэвшүүлээд байгаа “Нэг бүс нэг зам” санаачилга нь манай улсын хөгжлийн чухал боломжуудыг агуулж байдаг. Бид тэрхүү боломжид эдийн засгийн салбараар түлхүү оролцох сонирхолтой байдаг л даа. Энэ хүрээнд “Талын зам” хэмээх хөгжлийн санаачилгаа ч дэвшүүлээд, харилцан уялдуулах асуудлын талаарх яриа хэлэлцээр, судалгаа эрчимтэй хийгдэж байгаа. Монгол Улсын “Талын зам” бол транзит шинжтэй байхаар ойлгогддог, Хятадын “Нэг бүс нэг зам” бодлого нь бүс нутгийн шинжтэй. Иймээс гуравдагч орон буюу ОХУ-ын оролцоо зайлшгүй юм. Үүнд Уфад болсон гурван улсын Төрийн тэргүүнүүд санал нэгдсэнээр гурван талт бодит хамтын ажиллагаа хэрэгжих боломжоор улам бүр хангагдаж байна. Гурван улсын эдийн засгийн коридор, түүнийг дагалдаад манай нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээврийн асуудал, уул уурхай болон эрчим хүчний хамтын ажиллагаа, худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд ач тусаа өгөх зарим боомт гарцыг олон улсын шинжтэй болгох зэрэг хүлээгдэж байгаа том том төсөл ажлууд хөдлөөд эхэлбэл худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанууд эрчимжиж 10 тэрбумд хүрэх бүрэн боломжтой хэмээн үзэж байгаа юм.

-Уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарласан байнга төвийг сахих статусын тухай Хятадын талд танилцуулсан байна. Энэ асуудалд манай урд хөрш ямар байр сууринаас хандах бол?

-Айлчлалын анхаарал татсан сэдэв бол удахгүй хуулиар баталгаажих манай улсын төвийг сахих статусын тухай асуудал байв. Үүнтэй холбоотойгоор зарим суурь үзэл баримтлалуудад тодотгол хийгдэх учиртай болж байна. Ерөнхийлөгч төвийг сахих статусын тухай албан ёсоор зарласны дараахан өмнөд хөршид айлчиллаа шүү дээ. Үүнд Хятадын тал маш их анхаарал хандуулж байгаа. Хятадын хэвлэл мэдээллээр Монгол Улсын төвийг сахих статусын эргэн тойронд мэдээ нийтлэлүүд нэлээд гарч, тэр тоолонд судлаачид нь байр сууриа илэрхийлсээр байна. Энэ хууль батлагдаж гарснаар манай улсын гадаад харилцаа илүү тодорхой, ойлгомжтой болно гэж харж байгаа. Мэдээж Монгол Улс цоо шинэ гадаад харилцааны бодлого тодорхойлж байгаа асуудал биш, харин өнгөрсөн 25 жилийн турш мөрдөж ирсэн зарчмууддаа нэр өгч байгаа хэрэг гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ үүнийгээ гадаад ертөнцөд ялангуяа хөрш орнууддаа тайлбарлан учирлах нь чухал юм. Үүнээс өмнө манай хоёр улсын харилцаанд өмнөд хөршийн хувьд зарим ойлгомжгүй, тодорхойгүй асуудал байлаа шүү дээ. Тухайлбал, гуравдагч хөршийн бодлогын хүрээн дэх дэлхийн их гүрнүүдтэй бүх салбарт харилцаагаа аль болох өргөжүүлэхийг чухалчилсаар ирсэн. Энэ нь зарим талаар хөрш орнуудын Монголд хандах хандлагад эргэлзээг төрүүлэхүйц нөлөөг ямар нэгэн хэмжээнд үзүүлсээр ирсэн юм. Ялангуяа аюулгүй байдлын тал дээр. Тодруулбал, Монгол Улсад БНХАУ-ын хамгийн том өрсөлдөгч болох АНУ-ын нөлөө бодитой суурьшиж байгаа хэмээн үзэх хандлага юм. Хоёр хөрш орны хооронд хийгдсэн аварга том төслүүд манайхыг тойроод байсны нэг шалтгаан нь энэ байсан гэхэд буруудахгүй. Тэгвэл Байнга төвийг сахих статусын асуудал нь дээрх шалтгаанаас үүдэлтэй өмнөд их хөршийн манай улсад хандах эргэлзээг арилгаж, улам идэвхтэй харилцах боломжийг нээн өгч байгаа хэмээн харж болох юм. Ерөнхий агуулгын хувьд ярихад манай улсын төвийг сахих байр суурийг хүндэтгэн үзэж байна. Энэ нь манай хоёр улсын харилцаанд өөрчлөлт оруулахгүй, харин ч бүх салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой гэдгийг саяын айлчлал нотлон харуулсан хэрэг юм. Тиймээс энэ удаагийн айлчлал нь манай хоёр улсын харилцан итгэлцлийг улам зузаатгасан хэмээн үзэж болох юм.

-Монгол, Хятадын харилцаа улс төр, соёл боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд гээд бүхий л талаар идэвхтэй байгаа. Харин хөдөө аж ахуйн чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар хоёр улсын Төрийн тэргүүнүүд санал солилцсон байна. Хятадын тал яаж хүлээж авав?

-Тийм ээ. Харилцаа маш идэвхтэй байгаа, улам ч нягт болох төлөвтэй байна. Гэхдээ манай хоёр улсын хамтын ажиллагаанд хоёр талын ашиг сонирхолд нийцсэн ч ашиглагдаж чадахгүй орхигдоод байдаг өргөн их талбар бий л дээ. Түүнд хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа хамрагдаад байдаг юм. Монголд асар өргөн уудам, байгалийн унаган шинжээ алдаагүй хөдөө аж ахуйн эдэлбэр газар бий. Мөн экспортод гаргах шаардлагатай бэлчээрийн малын багагүй хэмжээний нөөцтэй. Хятад улсад байгалийн цэвэр бүтээгдэхүүний хэрэгцээ, шаардлага улам ихээр нэмэгдэж байна. Иймээс хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, тэргүүний технологийг ашиглан БНХАУ-д экспортлох байгаль экологийн цэвэр, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх нь хоёр талын хүсэл сонирхол юм л даа. Энэ хүрээнд дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг Монгол Улсаас БНХАУ-д экспортлох асуудлаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Цаашид хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа бүх талаар өргөжин хөгжих хангалттай боломж бий.

-Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар Монгол, Хятадын хооронд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, хөнгөлөлттэй зээл зэрэг хэд хэдэн гэрээ, санамж бичиг байгууллаа. Мөн “Шивээ-Овоо” төслийн ТЭЗҮ-ийн судалгааны ажлыг хамтран гүйцэтгэх тухай гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ ажлын хүрээнд Хятад руу эрчим хүч нийлүүлэх боломжтой юу?

-Яг ч бас тэгж тодорхойлсонгүй л дээ. “Шивээ Овоо” төслийн ТЭЗҮ-ийг хамтран гүйцэтгэх тухай л асуудал байв. Ер нь бол Хятад эрчим хүчний асар том хэрэглэгч шүү дээ. Тэд өнөөдөр дэлхийгээс далайн болон хуурай газрын таван сувгаар эрчим хүч авч байгаа болон авахаар төлөвлөж байгаа. Манай улс эрчим хүч экспортлох бүрэн боломжтой, түүхий эд, нөөц нь хангалттай шүү дээ. Хятадад эрчим хүч нийлүүлэх сонирхолтой байдаг. Гэтэл өнөөдөр гадагш эрчим хүч гаргах байтугай өөрсдийгөө ч хангаж чадахгүй байдалтай байна. Монголын асар их нөөцөд тулгуурлан эрчим хүч гаргаж импортлох болон экспортлох нь хоёр талын аль алинд ашигтай. Гуравдагч улс орнууд ч манай эрчим хүчний салбарт хамтран ажиллах асар их сонирхолтой байдаг. Чухам хэнтэй хамтарч эрчим хүч үйлдвэрлэн Хятадад гаргах вэ гэдэг асуудал л тодорхой бус байгаа юм. Тиймээс Хятадтай хамтран Монголын нүүрсний их нөөцийг түшиглэн цахилгаан станц байгуулан, улмаар тус улсад эрчим хүч экспортлох зэрэг асуудал яваандаа тодорхой болох асуудал юм.

Categories
мэдээ цаг-үе

Р.Отгонтулга: Үйлчлүүлэгчид баримтаа цуглуулаад НӨАТ-ын хоёр хувийг буцааж авахаас гадна сугалаанд оролцох боломжтой

Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем төслийн нэгжийн захирал Р.Отгонтулгатай ярилцлаа.

-Ирэх 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтын хууль хэрэгжээд эхэлнэ. Бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна?

-Нэлээд урагштай явж байгаа. Хууль хэрэгжихэд 50 хоног үлдлээ. Өнөөдрийн байдлаар Татварын ерөнхий газар дээрх НӨАТ-ыг цуглуулах системийг бүрэн хийж дуусаад байна. НӨАТ-ын паданыг цахим хувилбар руу шилжүүлэх ажлыг гүйцэтгэж бэлтгэл хангаж байгаа. Хуулийн шинэчилсэн найруулга дээр аж ахуйн нэгж, иргэн гэсэн хоёр гол субьектийг оруулж ирсэн. Хуулиараа манай улс анх удаа иргэдийн төлсөн татварын хоёр хувийг нь тэдэнд эргүүлэн өгөх гэж байна. Мөн хоёр аж ахуйн нэгжийн хооронд хийгдсэн худалдан авалтын 10 хувийг буцааж олгодог. Тэгэхээр энэ хоёр асуудлын бэлтгэл ажил технологийн түвшинд дуусч байна. Хамгийн гол нь технологийг ашиглах аж ахуйн нэгж, иргэдэд зориулсан сургалтуудыг хийж байгаа.

-Аж ахуйн нэгжүүдийн хоорондын гүйлгээг цахимжуулах нь ямар давуу талтай юм бэ?

-НӨАТ төлөгч аж ахуйн нэгж хоорондоо худалдаа наймаа эрхлэхэд 10 хувийн буцаан авалтыг хийдэг. Тэгэхээр өнөөдрийн энэ хасалтыг систем дээр хийнэ гэсэн үг. Тухайлбал, хоёр компани байлаа гэхэд Татварын ерөнхий газрын албан ёсны веб сайт руу ороод аж ахуйн нэгжийнхээ дугаар, худалдсан барааныхаа дүнг нэг оруулаад явуулахад таныг НӨАТ төлөгч болохыг баталчихна. Тэгэхээр “Та НӨАТ төлөгч мөн үү, биш үү” гээд л чирэгдэл болоод байдаг нь арилах юм.

-Иргэдийн хувьд НӨАТ-ын хоёр хувиа яаж буцааж авах вэ?

-Юун түрүүнд худалдаа наймаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд баримтаа хэвлэнэ. Энэ нь албан ёсны логотой, татварын бодолт хийсэн байх ёстой.Тухайлбал, нийслэл хотын татвар, НӨАТ төлөх дүн зэрэг байна. Ийм баримтыг албан ёсоор хэвлэж аж ахуйн нэгжүүд танд өгөх ёстой. Одоо баялаг бүтээгчид улс орныг нуруун дээрээ авч явдаг гэж байгаа. Гэтэл иргэд маань өндөр оролцоотой татварын системд оролцдог.Таны төлж байгаа татвар аж ахуйн нэгжүүдээр дамжаад улс руу төвлөрдөг. Харин таныг төлсөн татвараасаа хоёр хувийг нь буцаагаад авах боломжийг хуулиар хангаж өглөө.

Ер нь иргэд дэлгүүрээс авсан баримтаа хогийн саванд л хаядаг. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс энэ зуршлаа засах хэрэгтэй. Иргэн та авсан бараа болгоныхоо баримтын талоныг үйлчлүүлсэн газраасаа заавал нэхэж авч байх ёстой. Тэгээд татвараа цуглуулаад оны эцэст, НӨАТ-ын хоёр хувиа улсаас буцааж авах юм. Манайд ийм хяналтын систем байхгүйгээс зарим аж ахуйн нэгж худлаа тайлан бичиж, далд эдийн засгийг өөгшүүлдэг. Тэгэхээр төр энэ хууль бус явдлыг цэгцлэхийн тулд иргэдтэйгээ, аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтарч байгаа юм.

-Иргэд үйлчилгээний газруудаас авсан баримтаараа сугалаанд оролцох боломжтой гэж байсан. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Монгол Улсад маш олон үндэсний сугалаа явдаг байсан. Тэгвэл төрөөс албан ёсоор лото явуулах юм. Иргэд худалдан авсан барааныхаа баримт дээрх дахин давтагдашгүй дугаараар сугалаанд оролцоно. Үүгээрээ иргэддээ мөнгө урамшуулж өгнө. Татварын хоёр хувиа авахаас гадна сугалаанд оролцох боломжтой.

-Сугалааны шагналын сан хэр зэрэг байх вэ. Хаанаас яаж санхүүжүүлэх үү?

-Төсөвт суулгана. 2016 оны төсвийг ид хэлэлцэж байна. Энэхүү үндэсний лотод зориулж 22 тэрбум төгрөгийн шагналын сантай байхаар Сангийн яаман дээр яригдаж байгаа. Ямартай ч төсвөөс зарцуулах чиглэл байгаа.

-Нэг ёсондоо иргэдийг үйлчлүүлсэн газар болгоноосоо заавал баримт нэхэх хөшүүрэг гэж ойлгож болох уу. Нөгөөтэйгүүр аж ахуйн нэгжүүдийг хянах том механизм энд үйлчлэх нь ээ?

-Яг тийм.

-Тэгвэл гэр хорооллын хүнсний мухлагууд, найман нэрийн жижиг дэлгүүрүүд баримт өгдөг байх боломжоор нь яаж хангах вэ?

-Аж ахуйн нэгжүүдийг энэ тогтолцоо руу шилжүүлэх ажлыг төслийн нэгж маань зохион байгуулж байгаа. Эхний ээлжинд 34 топ аж ахуйн нэгж буюу баримт хэвлэдэг газруудтай уулзалт зохион байгуулсан. Энд сүлжээ дэлгүүрүүд, үүрэн холбооны оператор, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ зэрэг байгууллагуудыг хамгийн их хамрууллаа. Дараагийн ээлжинд дунд шатны аж ахуйн нэгжүүдийг дуудаж уулзана. Татварын ерөнхий газрын http://vatps.mta.mn албан ёсны сайт ажиллаж байгаа. Энд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголттой холбоотой иргнэ, аж ахуйн нэгжүүдэд зориулсан гарын авлагууд бий. Өнөөдөр хүн болгон гар утастай, интернэт ашиглах боломжтой болсон. Тэгэхээр энэ сайт руу ороод аж ахуйн нэгжийнхээ дугаарыг бичээд нууц үгээрээ ороод үйлчлүүлэгчдээ баримт хэвлэж өгч болно. Хэрэв интернэтгүй бол кассын машин ашиглаж болно. Энэ нь гурав хоног интернэтгүй байж байгаад автоматаар албан ёсны вэб сайт руу илгээгддэг механизм нь байгаа. Аль болохоор уян хатан байхаар зохицуулсан.

Ирэх нэгдүгээр сарын 1-нээс энэ систем албан ёсоор үйлчлээд эхэлнэ. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд маань ийм баримт хэвлэж өгөхөөсөө битгий түвэгшээгээсэй. Бага насны хүүхдүүдийг битгий хуураасай. Ямар ч үнэ цэнгүй, албан бус баримт битгий өгөөсэй. Олон улсын туршлагаар ялангуяа өндөр настнууд энэ баримтыг их цуглуулдаг юм байна. Тэгэхээр тэр хүмүүстээ хүндэтгэлтэй хандаж, энэ соёлтой үйлчилгээг нэвтрүүлээсэй.

-Бараа бүтээгдэхүүний худалдан авалтын баримтын систем нь Ил тодын хуультайгаа холбогдож байгаа биз дээ?

-Ирэх онд тоглоомын дүрмээ өөрчилж, шударга тоглоно. Хэн шударга байсан нь л хол явна. Хэрэв бульхайтай хэн нэгний бизнес хэдхэн сарын настай байх болов уу. Яагаад гэвэл хэрэглэгчид НӨАТ-ын хоёр хувиа авахыг бодно. Тиймээс баримт өгдөггүй дэлгүүр, үйлчилгээний газруудыг сонгохоо больчихно. Ингээд харахад хүн бүрт хоёр хувийн НӨАТ-ын буцаан олголтыг өгнө гэж байгаа ч үнэн хэрэгтээ төрийн институциудын томоохон өөрчлөлт, систем тогтолцоон дээр гараад байгаа асуудлуудыг шийдэх, хүнээс гараад байгаа байдлуудыг автоматжуулснаар далд эдийн засаг хумигдана. Хүмүүсийн шударга бус үйлдлийг системээр хааж өгөхийг хүсч байгаа юм. Энэ эрүүл тогтолцоон дээр тайван амгалан стресс багатай амьдрах нийгмийг санхүүгийн эрх чөлөөгөөр олж авч, тогтолцоог өөрчлөх шийдлийг нэвтрүүлж байна.

-Нийт массын үйлчлүүлдэг автобус, зах, нийтийн хоолны газрууд байна л даа. Тэдгээрт худалдаа наймаа эрхлэгчид бас борлуулсан барааныхаа баримтыг өгөхөд амаргүй байх болов уу. Энэ тал дээр судалгаа хийсэн зүйл байна уу?

-Манай төслийн нэгж дээр программ хөгжүүлдэг 40 шажигнасан залуу нойр хоолгүй ажиллаж байна. Бид бүтэн жил ажиллаж байгаа болохоор олон талаас нь бодсон. Баянзүрх зах дээр долоо хоног туршилт хийсэн л дээ. Гайхам амжилт гарсан шүү. Лангууны ард сууж байгаа хүмүүсийн 80 хувь нь ухаалаг утастай байсан. Манай залуус захын үүдэнд зогсоод иргэдийг “Та бүхэн худалдаж авсан барааныхаа баримтыг заавал аваарай. Эндээс азтан тодруулаад гарын бэлэг өгч байгаа шүү” гэж зарласан. Тэгэнгүүт худалдаа эрхлэгчид гар утсан дээрээ манай вэб сайтыг нээгээд тухайн зарж байгаа барааныхаа нэрийг оруулаад үнийн дүнг нь бичингүүт баримтын дугаар гараад ирж байгаа юм. Яг тооны машин шиг хялбархан систем. Баримтын дугаар дээрх дөрвөн оронтой код гарч ирнэ. Ингээд дундын баримт хэвлэгч машинд тэр кодоо оруулаад авсан барааныхаа баримтыг хэвлээд авчихаж байгаа юм. Энд заавал тухайн худалдагч кассын машин юм уу, хэвлэгч дэргэдээ тавьчихаад зардал чирэгдэл гэж түвэгшээгээд байх шаардлагагүй. Иймд бид Баянзүрх захад дундын баримт хэвлэгч машин байрлуулсан байсан юм. Тэндээс иргэд баримтаа аваад сугалаанд оролцсон. Бидэнтэй хамтран ажилладаг арилжааны 17 банкны гарын бэлэг өгсөн юм. Гуравхан цагийн дотор наймаа эрхлэгчид өөрсдөө гар утсан бариад манай ажилтнууд дээр хүрээд ирсэн. “Эгчдээ наадахаа заагаад өг. Тэгэхгүй бол биднээс хүмүүс бараа худалдаж авахгүй байна” гэж байсан л даа. Худалдаачид орлоготой байхыг хүсэх нь гарцаагүй шүү дээ. Мөн автобуснууд смарт карттай болчихлоо. Манай системтэй холбогдоход бүр амар. Таны дансны аккаунттай манай систем холбогдчихно. Тэгэхээр асуудалгүй.

Таны худалдаж авсан барааны баримт НӨАТ-ын хоёр хувийг буцааж өгөөд зогсохгүй тухайн дэлгүүрийн бүтээгдэхүүний чанарыг хөндөнө. Бараа бүтээгдэхүүн болгон дээрх нэгдсэн бар кодын систем дэлхий дахинд үйлчилж байдаг. Тэгэхээр энэ кассын системд манай систем холбогдсон байгаа. Тухайлбал, үйлдвэрээс дэлгүүрт нийлүүлэгдсэн хиамны хэмжээ, эцсийн хэрэглэгчид хүрсэн он сар гээд бүгд бүртгэгдэнэ. Мөн бараа, бүтээгдэхүүний хугацааг хүртэл илрүүлж болох тогтолцоо харагдаж байгаа. Системийг бид тэгж томоор сэтгэж, өгөгдлийн сан, энэ зохион байгуулалтыг нарийн тогтож хийсэн. Та бидний эрүүл мэндийг төр анхаарах үүргээ маш сайн биелүүлэх боломж нь мэдээлэл дээр тогтох юм.

-Дэлгүүр, цайны газар гээд үйлчилгээний газруудад баримт хэвлэдэг кассын машиныг 1.5 сая төгрөгөөр шахаж байна гэсэн мэдээлэл байсан. Төр ямар нэгэн шинэ ажлыг санаачлахад хэн нэгний бизнес давхар явж байдаг гэсэн иргэдийн хардлагыг төрүүлээд байна л даа?

-Тэр машиныг авах авахгүй нь тухай аж ахуйн нэгжийн асуудал. Манай вэб сайт руу ороод бүрэн мэдээлэл авах боломжтой. Интернэтээр баримт хэвлэх ч боломжтой шүү дээ. Тэр байгууллага өөрийнхөө бололцоогоор шийдэх хэрэгтэй. Татварын ерөнхий газар дээр технологийн шийдлүүдийг зааж өгч байгаа. Энд ирээд шоу рүүмтэй танилцах нь нээлттэй.

-Нэг гэр бүр жилдээ НӨАТ-ын хоёр хувийн татвараар хэдэн төгрөг буцааж авах бол?

-Хамгийн өргөн хэрэглэдэг барааг хаанаас аваад хэрэглэхэд нэг өрх сардаа хэдэн төгрөгийн НӨАТ цуглуулж болох нь уу гэдгийг бид тооцож үзсэн. Сардаа хоёр сая төгрөгийн орлоготой өрх байлаа гэж бодъё. Эднийх сардаа 34-50 мянган төгрөгийн НӨАТ-ын хуримтлал бий болгох боломжтой. Сугалаандаа азтай байх юм бол машин, байр, мөнгөн хонжворуудын эзэн болно. Мөнгөн хонжворыг шатлалтайгаар боловсруулна. Нэг өрх хожих магадлал өндрөөр байхаар тооцоолж байгаа. Аль болох олон хүнд хүртээмжтэй байдлаар, 20 мянган төгрөг хүртэл хождог байхаар тохирол хийнэ.

-Одоогоор худалдан авалтын баримтын системд холбогдсон аж ахуйн нэгжүүд байна уу?

-37 аж ахуйн нэгж бидэнтэй холболтоо хийгээд бэлтгэлээ хангаад явж байна. Тэд ирэх 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлээд явуу­лахад бэлэн болсон гэсэн үг.

-Худалдан авалтын баримтыг хуурамчаар хэвлэхээс яаж сэргийлэх вэ. Төслийн нэгж энэ зэрэг эрсдэлээ хэрхэн тооцоолсон бэ?

-Технологи дээр суурилж байгаа болохоор QRQ кодын системээр албажуулж байна. Дуурайж хийх ямар ч боломжгүй. Шинээр үүсгэж хийх ч боломжгүй. Хэрэв хуурамчаар зургийг нь аваад хэвлэвэл амархан баригдана. Иргэд худалдан авсан барааныхаа талон дээрх дугаарыг татварын вэб сайт руу шивж оруулах ёстой. Тэгэнгүүт ийм мөнгөн дүнтэй та оны эцэст ийм хэмжээний татвараа буцаан авах боллоо гэж танд мэдэгдэнэ. Мөн татварын маргаан таслах баг ажиллана. Хэрэглэгчийг хуурахаас бүрэн сэргийлэлт хийж чадсан.

-Хэрэв хэрэглэгч авсан бараагаа буцаах тохиолдол гарвал яах уу?

-Баримт дээрх кодыг кассан дээр уншуулчихна. Төв системээс ийм борлуулалт хийгээгүй байна гээд хасчихна. Хэн нэгнийг буруутан гэмтэн болгохгүйгээр уян хатан системийг хийж байгаа. Технологийн хувьд дэлхийд байхгүй шийдэл болж байна. Ер нь бол иргэд маань санхүүгийн боловсролтой болно. Хэдэн төгрөгөөр юу авч, хэдийг нь татварт төлж байгаагаа хянана. Энэ бүхнийг систем харуулах юм.

-Манайхтай ижил ийм татварын хяналтын систем нэвтрүүлсэн олон улсын туршлагаас хуваалцахгүй юу. Далд эдийн засгийг илрүүлэхэд хэр зэрэг амжилттай байсан бол?

-Словак, Тайвань улс том амжилт гаргаж чадсан. Словак ийм систем нэвтрүүлснээр далд эдийн засаг нь 23 хувьтай байжээ гэж гарсан байсан. Тайвань энэ хавьцаа байх болов уу гэхэд 75 хувьтай гарсан байгаа юм.

-Татварын тогтолцоо эрүүл­жээд системтэй болоод ирвэл манай улсад гадны хөрөнгө оруулагч­дын сонирхол хэр зэрэг нэмэгдэнэ гэж харж байгаа вэ?

-Бизнес эрхлэгчид бүгд шударгаар татвараа төлдөг болоод ирэнгүүт гадаадын томоохон сүлжээ манайд орж ирэх сонирхолтой болно. Нэг нь татвар төлөөд, нөгөө нь төлдөггүй ийм орчинд гадны ямар хөрөнгө оруулагч орж ирэх билээ. Манайх дэлхийд хамгийн бага татвар авдаг гурван орны нэг. Тэгэхээр манайд үйлдвэрээ байгуулах сонирхол гадны томоохон компаниудад бий. Хоёр том их гүрний дунд оршиж байгаа Монгол Улсад хөрөнгө оруулж, Хятадын зах зээл рүү орох сонирхолтой Европын компаниуд байж болно.