Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Судлаач Ц.Батсугар: Дарангуйлал бүрэлдэх тусам жагсаал, цуглаан ихэсдэг DNN.mn

Хараат бус судалгааны хүрээлэнгийн зөвлөх, судлаач Ц.Батсугартай жагсаал, цуглааны үеэрх хүний эрхийн зөрчил болон бусад асуудлаар ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд болсон жагсаал, цуглаануудад дүн шинжилгээ хийж судалсан гэсэн. Энэ судалгаанаас олны анхааралд хүргэх ямар дүгнэлтүүд гарч ирсэн бэ?

-Жагсаал, цуглааны тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Жагсаал нэмэгдэх тусам иргэдийн жагсаал цуглаан зохион байгуулах, оролцох эрх, үүрэг, эрх зүйн мэдээлэл дутмаг байгаа нь ажиглагдсан. Нөгөөтэйгүүр манай улсад жагсаал, цуглаан зохион байгуулах эрх зүйн орчин алдаа, дутагдалтай байна. Мөн жагсаал, цуглаанд оролцож байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй байгууллагуудын оролцоо, идэвх тааруу байгаагаас болж хүний эрхийн зөрчлүүд нэмэгдэж байна.

Бидний хийсэн энэхүү судалгааны гол зорилго бол жагсаал, цуглааны үеэр иргэд эрхээ зөрчүүлэхээс хэрхэн сэргийлэх вэ, өөрсдийнхөө аюулгүй байдлыг яаж хамгаалах вэ гэдгийг гаргаж ирж урьдчилан сануулах, мэдээжүүлэх агуулга дотор зангидагдаж байгаа гэж ойлгох хэрэгтэй.

-Хэчнээн жагсаал, цуглаан дээр яг ямар судалгаа хийсэн юм бэ?

-Өнгөрсөн 2020-2023 оны хооронд Монгол Улсад нийт 714 орчим жагсаал, цуглаан өрнөсөн байна. Хоёроос гуравхан жилийн дотор ийм өндөр тоо гарч байгаа бол үүнийг 10-15 жилээр нь тооцвол асар том тоо гарч ирэх нь тодорхой. Тэр бүрийг бүгдийг нь бүртгэх боломж бол хязгаарлагдмал. Жагсаал, цуглаан болгон өөр өөрийн гэсэн зорилго, хэлбэр агуулгатай байна. Тэр болгондоо өөрийн гэсэн хууль эрх зүйн зохицуулалт, эрсдлүүдийг дагуулдаг. Энэ олон агуулгыг багцалж тусгахын тулд өнгөрсөн 15 жилийн хугацаанд өрнөсөн 10 жагсаал дээр гол судалгаагаа явуулсан.

-Сонгож авсан 10 жагсаал нь ямар ямар жагсаалууд вэ?

-Мэдээж эрсдэл, хүний эрхийн зөрчил хамгийн өндөртэй болсон 2008 оны долдугаар сарын 1-ний жагсаал байна. Мөн “NO” тодотголтой жагсаалуудыг нэг багц болгосон. 2021 оны Ерөнхий сайдын огцорсон жагсаал. Дуучин С.Жавхлангийн зохион байгуулсан “Монголоо аваръя” нэртэй жагсаал. Эмнэлгийн ажилчдын суулт, “Монголдоо сайхан амьдаръя” буюу нөгөө “Ажлаа хийе” жагсаал гэх мэт 10 жагсаал дээр судалгаа хийгдсэн.

-Дээрх жагсаалуудыг судлаад үзэхээр ямар дүгнэлтүүд гарч ирж байна. Мэдээж хүний эрхийн зөрчил талдаа олон асуудлууд байгаа байх л даа…?

-Мэдээж жагсаал болгоны онцлог, агуулгаас хамаараад судалгааны дүн өөр өөр. Жагсаалын өмнөх үе шатанд ямар алдаа дутагдал гарч байна. Жагсаалыг зохион байгуулах үеэр ямар асуудал гарч байна. Жагсаалын дараахь үр дүнд хүрсэн байдал дээр ямар асуудал гарч байна зэрэг олон дүгнэлтүүд гарч ирсэн.

-Хамгийн түгээмэл гарч ирсэн асуудал нь юу байна вэ?

-Хамгийн түгээмэл гарч ирсэн асуудал бол жагсаал зохион байгуулахтай холбогдсон эрх зүйн орчин тааруу байна гэж гарч ирсэн. Тухайлбал, “Ажлаа хийе” болон нүүрсний хулгайн жагсаалыг аяндаа үүссэн жагсаал гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тодорхой үйл явцын дараа иргэд өөрсдөө үзэл бодлоороо нэгдэн нийлээд өрнөж байгаа жагсаалыг аяндаа үүссэн жагсаал гэж ойлгож болно. Ийм жагсаал дээр ямар эрсдэл үүсдэг вэ гэхээр нэгдүгээрт, урьдчилсан зохион байгуулалт хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан. Мэдээж аяндаа үүссэн жагсаал болохоор ямар ч урьдчилсан зохион байгуулалтгүй байж таарна. Гэхдээ жагсаалын аюулгүй байдлыг яаж хангах вэ гэдгийг урьдчилсан зохион байгуулалтын үед авч хэрэгжүүлдэг. Тэгэхээр аяндаа үүссэн энэ мэт жагсаалуудын урьдчилсан аюулгүй байдлыг хангаж чаддаггүй гэж ойлгож болно. Хоёрдугаарт, жагсаалд хэрэглэж байгаа элдэв янзын материал байна. Уриа лоозон гээд. Энэ бүх материалын бэлтгэл, аюулгүй байдлыг хангах. Гуравдугаарт, жагсаалын өмнө болон жагсаалын үеэр иргэд, оролцогчид өөрсдийнхөө аюулгүй байдлыг яаж хангах вэ гэдэг асуудал. Эдгээр томоохон гурван асуудлын урьдчилсан бэлтгэл ажил хангагдаагүй болохоор тухайн жагсаал үр дүнд хүрдэггүй, сүүлдээ хүч хэрэглүүлэн тараах дээрээ тулдаг.

-Жагсаал, цуглаан зохион байгуулахын тулд заавал холбогдох байгууллагад нь мэдэгдэх, бүртгүүлэх ёстой гэсэн зохицуулалт байдаг шүү дээ. Тэгэхээр гэнэт үүссэн жагсаалын бүртгэлийг яаж хийх ёстой вэ?

-Аяндаа үүссэн жагсаал дээр бүртгэл хийх боломжгүй байдаг. Бүртгүүлж байгаа суурь зарчим нь юу юм бэ гэдгээ манайхан аль аль талдаа ойлголтгүй байна. Юу гэхээр үндсэндээ жагсаалд оролцож байгаа иргэдийг хамгаалах, хэв журам сахиулах үүргийг тухайн жагсаал болж байгаа нутаг дэвсгэрийн холбогдох засаг захиргаа хариуцах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ эрх олголт руу шилжүүлж ойлгочихдог эрсдэл их бий. Юу гэхээр жагсаал зохион байгуулах асуудал дээр заавал зөвшөөрөл авах ёстой гэж ойлгодог. Нөгөө бүртгэх үүрэг нь зөвшөөрөл болчихсон явдаг. Улмаар зөвшөөрөл олгогдоогүй жагсаал гэж үзээд цагдаагийнхан тухайн жагсаалыг албадан тараах үйл ажиллагаа авагддаг. Үүнээс болоод цагдаа жагсагчдын хооронд зөрчил бий болж байна. Нөгөөтэйгүүр Монголд жагсаал цуглааны элдэв хэлбэрүүдийг нарийвчлан зохицуулсан эрх зүйн орчин байхгүй байна. Тиймээс нэг ижил журмыг бүх жагсаалтад тулгах, түүгээрээ зохицуулах гэж оролддог. Тухайлбал, ганц эсвэл хоёр хүн лоозон бариад үзэл бодлоо илэрхийлж болно, тийм үү. Гэтэл энэ хоёр хүн дээр хэдэн мянган хүн цугларсан жагсаалын үеэр авдаг хуулийн зохицуулалтыг ашиглаж, ижил түвшний шаардлага, шахалтыг эрх зүйн талдаа үзүүлдэг нь хамгийн том дутагдал. Энэ нь өөрөө хүний эрхийн зөрчлийг үүсгэдэг гол суурь хандлага болж байна.

-Өөр ямар онцлог илэрсэн бэ?

-Иргэдийн жагсаал цуглаанд оролцох хандлага өөрчлөгдсөн нь тогтоогдсон. 2013 онд явагдсан Үндэсний хэмжээний санал асуулгын дүн бий. Хэрэв төр засаг ард түмний эрх ашигт нийцсэн, улс орны хөгжлийг тодорхойлсон зөв бодлого шийдвэрүүдийг авч хэрэгжүүлэхгүй бол иргэн та яаж тэмцэх вэ гэдэг санал асуулга 2013 онд явагдсан. Тэр үед иргэдийн 4.7 орчим хувь нь жагсаал, цуглаанд оролцож гудамжнаас тэмцэнэ гэж хариулсан байна. 20.2 хувь нь иргэний нийгмээр дамжина гэсэн байна. Харин энэ тоо арван жилийн дараа буюу 2023 онд огцом өөрчлөгдсөн нь бидний хийсэн судалгаагаар гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, 13.3 хувь нь жагсаал, цуглааны хэлбэрээр хариу арга хэмжээ авч тэмцэнэ гэж өссөн бол 16.6 хувь иргэний нийгмээр дамжина гээд буурсан байна. Үүнээс юу харагдаж байна вэ. Жагсаал цуглаан гэдэг бол иргэдийн оролцооны олон талбаруудын зөвхөн нэг нь. Харин иргэдийн хувьд энэхүү тэмцлээ улс төрийн намаар дамжуулна гэсэн нь ердөө нэг хувийг эзэлсэн. Үүнээс юу харагдаж байна гэхээр иргэдийн хувьд улс төрийн нам болон иргэний нийгмийн байгууллагуудад итгэх итгэл алдарсан байгааг харж болно. Тиймээс энэ чиглэлдээ итгэл нь алдарчихсан болохоор өөрсдөө буюу жагсаал цуглаанд оролцох замаар төр засгийн гаргасан шийдвэр явуулж буй буруу гэж үзсэн үйл ажиллагаатай тэмцэх нь нэмэгдсэн байна. Нөгөөтэйгүүр хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхийг уриалсан жагсаалуудад иргэдийн хувьд тааламжгүй ханддаг болсон байна. Илүү тайван, илүү үр дүнтэй жагсахыг эрмэлздэг болсон нь судалгааны дүнгээс тодорхой болсон.

-Сүүлийн жилүүдэд жагсаал цуглааны тоо нэмэгдсэн гэсэн. Тэгвэл бусад орнуудтай харьцуулахад манайд яг ямар байна вэ?

-Яг ямар улстай харьцуулах вэ гэдэг чухал байх. Ерөнхийдөө томоохон удаан үргэлжилсэн жагсаал цуглаан ихэвчлэн ямар улсад болоод байна вэ гэдгийг бид ажигласан. Ингээд харвал ерөнхийдөө авторитар буюу дарангуйллын дэглэмтэй улс орнуудад томоохон жагсаал цуглаан болох нь их байна. Беларусь, Хонконг, Иран, Орос зэрэг орнуудад олон нийтийг хамарсан удаан үргэлжилсэн томоохон жагсаалууд их болж байна. Тэгэхээр дарангуйлал бүрэлдэх тусам жагсаал, цуглаан болох нь ихэсдэг юм байна гэсэн ойлголтыг энэ жишээнээс харж болохоор байгаа юм. Нөгөөтэйгүүр дэлхий нийтэд ардчиллын уналт гэх үү, ухралт 18 дахь жилдээ үргэлжилж байгаа. Манай улсын хувьд сүүлийн 10 орчим жил ардчиллаас ухарч байгаа. Үүнийг олон улсын индекс буурч байгаа үзүүлэлтээс харж болно. Ардчилал гэдэг бол иргэд төрийн хэрэгт оролцох олон талын боломж нээлттэй байхыг хэлдэг. Мэдээж ардчиллын индекс сайжрахын хэрээр жагсаал, цуглаан зохион байгуулагдах нөхцөл багасна. Эсрэгээрээ энэхүү индекс муудах тусам жагсаал, цуглаан болох нь мэдээж хэрэг. Жагсаалын гол бай бол төр засаг шүү дээ. Төр засгаа шүүмжилж л жагсдаг. Түрүүн би нэг тоо хэлсэн. Жагсаал цуглаанаар дамжуулан төр засагт дуу хоолойгоо хүргэх сонирхол, хандлагатай иргэдийн тоо өссөн гэж. Тэгэхээр цаашид бид ардчиллын индексээ сайжруулахгүй бол иргэдийн зүгээс хүссэн хүсээгүй жагсаал, цуглаанаар үзэл бодол, дуу хоолойгоо хүргэхээс өөр сонголтгүй болно.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Ардчилсан орнуудад сонгогдох эрхийг хамгаалдаг бол манайд аль болох хааж, боож сонгогдохгүй болгохыг илүүд үздэг DNN.mn

Ардчилал гэдэг бол эрх чөлөө. Тэр дундаа сонгогдох, сонгох эрх эрэмбээрээ нэгдүгээрт бичигдэхийг хүний үндсэн эрх гэж ардчилсан орнууд үздэг. Энэ зарчмаа ч хатуу баримталдаг. Ардчилсан орнуудын үлгэр жишээ авдаг ардчилалтай хэмээгдэх улс бол Америк. Энэ улсад хүний үндсэн эрх буюу заяагдмал эрхүүдийг хууль гарган зөрчихийн эсрэг байдаг. Өөрөөр хэлбэл, ямар ч хууль санаачлахдаа хүний заяагдмал эрхийг зөрчихгүй байхаар баталдаг. Үүгээрээ хүний заяагдмал эрхүүдийг дархалж өгч байгаа юм.

Тиймээс ч энэ улсыг ардчиллын өлгий нутаг хэмээн дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн. Америкт хүний үндсэн эрхийг хууль, шүүхийн байгууллага нь ч хүртэл хориглож, хааж болдоггүйн тод жишээг Дональд Трампын асуудлаас тодорхой харж болохоор байна. АНУ-ын экс ерөнхийлөгч Дональд Трампыг эрүүгийн хэрэгт буруутгаж шүүж байгаа. Гол онцлог нь түүнд холбогдсон эрүүгийн хэргээс үл хамаарч АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэйг дэлхийн хэвлэл дуу нэгтэйгээр зарлаж байна. Манайд бол эрүүгийн хэрэгт холбогдсон л бол сонгуульд нэр дэвших битгий хэл сонгох эрхийг нь ч хориглоно. Гэтэл Америкт тийм биш аж. Тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүст ердөө гуравхан шаардлагыг л тавьдаг байна. АНУ-ын Үндсэн хуульд Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 35-аас дээш настай, АНУ-д төрсөн болон улсдаа 14-өөс доошгүй жил амьдарсан байна гэж заажээ, маш энгийн байгаа биз. Ингээд л болдог байна. Өөрөөр хэлбэл, Дональд Трампын сонгох, сонгогдох эрхэд ямар ч хууль, ямар ч шүүхийн шийдвэр нөлөөлөхгүй. Хүний заяагдмал эрхэд шүүх ч нөлөөлөх ёсгүйг харуулсан хэрэг юм. Тэр шоронд орсон ч улсынхаа ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй. Ямар ч сонгуульд саналаа өгөх эрхтэй. Энэхүү сонгох, сонгогдох эрхийг нь гагцхүү ард түмнийхээ мэдэлд л үлдээдэг нь нөгөө төгс ардчилал гэдэг нь бололтой. Хүн амины хэрэгтэн ч нэр дэвшиж болно. Гол нь тэр хүнийг сонгох уу, эс сонгох уу гэдгийг ард түмэн нь шийднэ гэсэн үг юм уу даа. Манайд бол хэнийг нэр дэвшүүлэх вэ, хэнд нь санал өгүүлэх вэ гэдгийг ард түмэн бид шийдэж чадаж байгаа бил үү гээд бодоод үзээрэй. Хүн алсан гэмт хэрэгтэнг битгий нэр дэвшүүл гэж тэмцэх, дуугарах, ийм үзэл бодолтой нэг ч иргэнийг АНУ-аас хайгаад ч олохгүй байх.

Гэтэл манайд энэ бүх зүйл яг эсрэгээрээ байна. Аль болох нэр дэвшихийг нь хориглосон, сонгогдох эрхийг нь хязгаарласан, хааж боосон заалтууд өнөөгийн Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд их байгааг олон улсын хуульчид байнга сануулан хэлдэг. АНУ-ын Конгрессын сонгуулиар нийт нэр дэвшигчдийн 90 орчим хувь нь сонгогдох эрхийнхээ хүрээнд сонгуульд оролцдог. Харин үлдсэн 10 хувь нь өөрийнхөө хүсэлтээр нэр дэвшилтээсээ татгалздаг байна. Нэг ч нэр дэвшигчийг ямар нэгэн шалтгаанаар сонгуульд оролцуулаагүй тохиолдол гараагүй аж. Гэтэл манай СЕХ саяхан нам, эвсэл, бие даагчдын материалыг хүлээн авлаа. Нийт 1000 гаруй нэр дэвшигч энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр материалаа хүргүүлсэн байна. Үүнээс СЕХ нэр дэвшигч бүрийн материалыг хянаж үзээд хуулийн шаардлага хангаагүй 160 орчмыг нь буцаажээ. Өөрөөр хэлбэл, 160 хүний Үндсэн хуульд заасан сонгогдох эрхийг нь олгоогүй гэсэн үг. СЕХ Үндсэн хуулиас давсан эрх мэдэлтэй байгууллага уу. Тийм эрх мэдэл тэр байгууллагад байхгүй.

Ямар хуулийн шаардлага хангаагүйгээс болоод эдгээр хүмүүсийн нэр дэвших эрхийг хаасан шалтгааныг харвал үнэхээр инээдтэй. Хамгийн түгээмэл шалтгаан нь зээлтэй, өртэй байсан гэдэг асуудлаас болоод нэр дэвших эрхийг нь олгоогүй байна. Ардчиллаар бид эрх чөлөөтэй зах зээлийн нийгмийг бүрдүүлсэн гэдэг. Тэгвэл тэрхүү зах зээлийн нийгэмд хүн амьдралаа дээшлүүлэх, хөдөлмөрлөх, хийж бүтээхийн тулд мэдээж хөрөнгө оруулалтаа босгож таарна. Ингэхдээ зээл авах нь тодорхой. Гэтэл манай улсад зээл авч эдийн засгийн харилцаанд орсон иргэнээ гэмт хэрэгтэн мэт үзээд сонгогдох эрхийг нь хязгаарлачихаж байгаа нь инээдтэй. Энэ бол нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзаж болох хуулийн нэг л заалт.

Иймэрхүү маягаар иргэнийхээ сонгогдох эрхийг хааж боосон 10 гаруй хуулийн заалт байна. Үүнээс шүүхээр гэм буруутай нь тогтоогдоод хариуцлагаа үүрээд гараад ирсэн хүн нэр дэвшинэ гэж бүр саналтгүй. Гэтэл АНУ-ын экс ерөнхийлөгч Дональд Трампыг дөрвөн ч эрүүгийн хэрэгт нэр холбон шүүж байгаа. Хоёр ч хэрэгт нь шүүхээс ял оноочихсон. Гэхдээ л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй. Гэтэл манай экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр ном оруулж ирсэн хэргээс болоод ял авч, шоронд суугаад гарсан. Гэтэл тэрээр 2016 оны сонгуульд нэр дэвших эрхээ хасуулж байсан удаатай. Улмаар 2020 оны сонгуульд ч нэр дэвшээд бүртгэж аваагүй. Манайд хуулийн хязгаарлалтаас гадна улс төрийн хязгаарлалт гэдэг зүйлээс болж тухайн нэр дэвшигчийг бүртгэхгүй байх тохиолдол ч гардаг. Үүний тод жишээ бол энэ сонгуульд “Үндэсний эвсэл” гэдгийг тэргүүлэн оролцох байсан Н.Номтойбаярыг шоронд орж байсан гэдэг шалтгаанаар нэр дэвшигчээр бүртгэж аваагүй. Энэ мэт олон хүнийг хуулийн шаардлага хангаагүй хэмээн буцаасан байна. Хүний амьдрал баян. Өндөг шиг өөгүй хүн гэж орчлонд үгүй. Монголд сонгогдох эрхийг нь хязгаарласан энэ олон хуулийн заалтуудыг урдаа бариад тухайн нэр дэвшигчийг ухаж, шалгаад л байвал хуулийн шаардлагад нь тэнцэх нэр дэвшигч цөөхөн л болов уу. Хууль нь байхад хэнийг ч хамаатуулан шийтгэж болдгийг бид социализмын туршлагаасаа бэлээхэн мэднэ.

Хүн алдаж болно. Алдаагаа ухамсарлаад хариуцлага үүрсэн бол буцаад нийгмийнхээ харилцаанд орох эрх ардчилсан оронд бий. Гэтэл манайд ял авч, шоронд суусан иргэнээ хүн гэж үздэггүй хандлага ч байдаг. Бүр зарим хуулийн агуулга, заалтуудад ч иргэнээ ялгаварласан өнгө аяс ил цагаан уншигддаг. Тиймээс бид цаашид хүний үндсэн эрх, эрх чөлөөнөөс давсан аливаа хуулийг гаргахгүй байх. Хүний эрхийн зөрчилтэй эрх зүйн баримт бичгүүдээ засах цаг болсон байна.

Ардчилал гэдэг бол сонгох, сонгогдох эрх. Хэрэв сонгох, сонгогдох эрхээ иргэд нь эдэлж чадахгүй бол тухайн улс дарангуйллын тогтолцоо руу орсон жишээ олон. Тиймээс л ардчиллын амин сүнс болсон сонгогдох, сонгох эрхийг юугаар ч хориглож, хязгаарлаж болдоггүйг Америк тодорхой харуулсаар байна. Манайх ардчилсан орон юм бол үүнээс үлгэр жишээ авч хуулиудаа өөрчлөх хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Б.Цацрал: Дарангуйлагч А.Лукашенког эсэргүүцэн жагслаа гэж Монголын цагдаа биднийг эрүүдэн шүүлээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь улсын ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийж, өчигдөр манай улсад хүрэлцэн ирсэн. Энэхүү айлчлалыг эсэргүүцэн иргэдийн төлөөлөл болон “No War” хөдөлгөөний жагсагчид өчигдөр Төрийн ордны зүүн хаалганы дэргэд үзэл бодлоо илэрхийллээ.


– БИЕДЭЭ ШАРХ АВСАН. ГАР ХӨХӨРЧ, СУДАС ХАГАРСАН БАЙНА –

Энэ үеэр Нийслэлийн засаг дарга асан Монгол Улсын баатар Э.Бат-Үүл: -Беларусь улсын дарангуйлагч А.Г.Лукашенког УИХ-ын сонгуулийн үеэр Монголд төрийн айлчлал хийж байгааг эсэргүүцэж байгаа Ц.Чинбатынхаа үзэл бодлыг дэмжиж байна. Цуст дарангуйлагч А.Г.Лукашенког ардчилсан Монгол Улсад айлчлуулж байгааг эсэргүүцэж байна. Энэ хүн сүүлд өрсөлдөгч эмэгтэйдээ сонгуульд ялагдаж, төрийн эрх мэдлийг хүчээр булаан авч, Европын хамгийн аймшигтай дарангуйлагч болсон. Ийм хүнийг ардчилсан сонгуулиа зохион байгуулах гэж байгаа Монголд айлчлуулж байгаагаараа МАН юу хэлэх гэж байна вэ. Монгол Улс дарангуйлагч болох ёсгүй. Ард түмний сонголтын эрх мэдлийг булаасан энэ хүн Монголд айлчлах ёсгүй. Ийм санаатай үйлдлийг эсэргүүцэж байгаа. Монголоо Беларусь болгохгүйн төлөө тэмцэнэ гэв.

No description available.

Төв талбайд эсэргүүцлийн жагсаалыг “No War” хөдөлгөөний гишүүн Э.Одбаяр, Б.Цацралт, Т.Золбаяр, Ц.Жаргалсайхан нар зохион байгуулж, Украин улсын далбааг барьж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Энэ үеэр цагдаагийн алба хаагчид ирснээр жагсагчид болон цагдаагийн алба хаагчдын хооронд маргаан өрнөв. Улмаар дээрх нэр бүхий жагсагчдыг баривчлан Төв талбайгаас авч явлаа.

“No war” хөдөлгөөний гишүүн Б.Цацрал: -Гэмт хэрэгтэн А.Лукашенког эсэргүүцэн жагссан “No war” хөдөлгөөний залуусыг баривчилсан. Өдөр 12 цагийн цагийн үед Т.Золбаяр, Э.Одбаяр нарыг болон намайг үндэслэлгүй баривчилж, дараа нь Ц.Жаргалсайханыг мөн үндэслэлгүй баривчиллаа.

Олон улсын эрүүгийн гэмт хэрэгтэн Беларусийн ерөнхийлөгч А.Лукашенко Монгол Улсад айлчилж буйг эсэргүүцэн төв талбайд үзэл бодлоо илэрхийлэх гэтэл иргэдийг цагдаагийн алба хаагчид хүч хэрэглэн, хууль бусаар баривчлан гурван цаг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст саатуулсан.

Биднийг цагдаагийнхан эрүүдэн шүүсэн. Би биедээ шарх авсан. Гар хөхөрч, судас нь хагарсан байна.

“No War” хөдөлгөөний гишүүн Т.Золбаяр: -Үзэл бодлоо илэрхийлээд жагсаад зогсож байж болохгүй юу. Хаана ч иймэрхүү эсэргүүцэл байж байдаг. Ялангуяа дарангуйлагч А.Г.Лукашенко мэтийн нөхөр улс оронд нь айлчлахад энэ байтугай эсэргүүцэж Тусгаар ардчилсан улс гэдгээ харуулна шүү, хэдүүлээ гэв.

Айлчлалыг эсэргүүцсэн жагсагчдыг баривчилсан талаарх асуудлаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэсээс тодруулахад “Өчигдөр Сүхбаатарын талбайд бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулж болзошгүй үйлдэл хийж байгааг манай цагдаагийн алба хаагчид шалгасан. Энэ үеэр зарим улсын туг барьж явсан иргэдээс манай цагдаагийн алба хаагч хуулийн дагуу асуудлыг тодруулах зорилгоор шаардлага тавьж, шалгасан нь үнэн.

Энэ үед нэр бүхий иргэдээс төрийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн тул хуульд заасан үндэслэл журмын дагуу холбогдох шалгалтыг явуулж байна. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

SPEAK OUT: Сүүлийн “далан зургаа”-тай парламент сайн ажилласан уу, муу ажилласан уу? DNN.mn

УИХын хаврын чуулган удахгүй хаалтаа хийснээр 20202024 оны парламентын өдөр тутмын хууль тогтоох чиг үүрэг үндсэндээ дуусгавар болно. Энэхүү парламент 76 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа Үндсэн хуулийн хүрээнд эхлүүлсэн. Гэвч бүрэн эрхийнхээ төгсгөлд 72 гишүүнтэй болж, хамгийн олон гишүүд нь тодорхой хэргүүдэд нэр холбогдсон парламент болов. Мөн авлига, албан тушаал, хулгай луйвартай тэмцэх зорилгоор хамгийн олон удаа УИХын Хянан шалгах хороо байгуулагдаж, чиглэл бүрийн сонсгол зохион байгууллаа. Тиймээс “сүүлийн 76” гэх тодотголтой энэхүү парламентад гишүүд нь ямар байр суурьтай байгааг энэ удаагийн “Спик аут” булангаараа хүргэж байна.  


УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-Энэ удаагийн парламент олон арван жил дуншсан олон суурь шинэчлэлийн багц хуулиудыг баталж, эрх зүйн томоохон шинэчлэлийг хийж чадсан. Тухайлбал, Боловсрол, Нийгмийн даатгалын багц, Улс төрийн намын санхүүжилт, сонгуулийн тогтолцоо, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, баялгийн сан, шүүхийн багц хууль гээд олон том эрх зүйн өөрчлөлтийг хийлээ гэж хэлмээр байна. Эдгээр томоохон өөрчлөлтүүд өнөө маргаашдаа гэхээс илүү үр дүн нь урт хугацаандаа гарах суурь шинэчлэлүүд гэж ойлгох хэрэгтэй. Томоохон эрх зүйн шинэчлэл хийгдсэн нь энэ парламентад үнэмлэхүй олонх болсны давуу тал. Дахиад ч хууль, эрх зүйн томоохон өөрчлөлтүүд биднийг хүлээж байгаа. Тухайлбал, газар, төрийн өмч, төрийн өмчийн компанийн засаглал, арилжаа худалдаа гээд хувийн эрх зүйн салбарын, бизнесийн эрх чөлөөг дэмжсэн суурь шинэтгэлүүд шинэ парламентын өмнө үлдэж байна даа.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-2020-2024 оны парламентад гурав дахь удаагаа сонгогдон ажиллалаа. Энэ парламентын хувьд хамгийн олон эмэгтэй гишүүд орж ирж ард түмнийхээ төлөөлөл, дуу хоолой болж ажилласан. Нөгөөтэйгүүр улс төрийн хүрээн дэх хулгай, луйвартай хүчтэй тэмцсэн парламент гэж хэлнэ. Хамгийн чухал нь ард иргэд маань байгалийн баялгийн үр шимийг бодитоор хүртэх эхлэл тавигдсан он жилүүд байлаа гэж хэлмээр байна. Цаашид эерэг үйл ажиллагаануудаа эрчимжүүлж, сөрөг үзэгдлүүдэд цэг тавьж чадвал бидний хүсэн хүлээж буй хөгжил аяндаа ирнэ. Энэ бол ердөө цаг хугацааны асуудал гэж бодож байна.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан:

-Энэ парламент Засгийн газраа маш сайн дэмжиж, мөн маш сайн хяналт тавьж, ташуур өгч ажилласан. Цаашид тогтолцооны олон өөрчлөлтүүдийг бий болгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадлаа. Хүн төрөлхтний хувьд нүүр тулсан томоохон сорилт болох цар тахлын үед Засгийн газрын хурдтай, моневртай ажиллах эрх зүйн боломжийг бүрдүүлж өгсөн парламент байлаа. Мөн УИХ Засгийн газартаа хяналт тавих үндсэн чиг үүргээ сайн гүйцэтгэснээрээ түүхэн үүргээ биелүүлсэн гэж бодож байна.

УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-“Сүүлийн 76” гэх тодотголтой парламентын түүх “архивт” орлоо. Удахгүй 126 гишүүнтэй шинэ үе эхлэх гэж байна. Харамсалтай нь энэхүү парламентын төгсгөлийн дөрвөн жилд нэг нам хэт олонх болсноороо сөрөг хүчний хяналтгүй дур зоргоороо авирлаж, олонх гэдгээрээ түрий барьж асуудалд хандлаа. Ялангуяа сүүлийн нэг сарын хугацаанд олон хууль яаралтай гэх горимоор орж ирэн батлагдаж байна. УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчин олон хууль мэргэжлийн байгууллагуудаар хэлэлцүүлэгдэхгүйгээр УИХ-д орж ирлээ. Түүнийг нь олонхын бүлэг яаран сандран батлан гаргасаар байна. Энэ нь ардчиллын үнэт зүйлээс ухрах, хувь хүний болон эдийн засгийн эрх чөлөөг хязгаарлах, төрийн өмчит компаниудын эрх мэдэл нэмэгдэх, төр хувийн хэвшлийн хийж ирсэн бизнесийг булаах, гадны хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлэх, ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлтийг нэмэгдүүлэх замаар төсвийн орлогоо нэмэгдүүлсээр байна. Ингэснээрээ энэ парламент иргэдийн урам, хүсэл эрмэлзлийг хугаллаа гэж бодож байна. УИХ-аас Засгийн газрын үйл ажиллагаануудад өгсөн үнэлгээ тайлан хамгийн өндөр, сайн сайхан байгаа ч энэ их өсөлт өрхийн хаалгаар орсонгүй нь харамсалтай. Тиймээс 126 гишүүнтэй парламент бүрдээд дээрх зөрчлүүдийг арилгахын тулд олон хуульд өөрчлөлт оруулах байх гэж бодож байна.

 

Categories
мэдээ нийгэм

Д.Ганхуяг: Сайн туршлагыг муу хуулдаг учраас Монгол Улс хөгжихгүй байрандаа хий эргэсээр байна DNN.mn

УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан, нийгэм, улс төрийн судлаач Д.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Та Төрийн өндөр албан тушаал хашиж явсан туршлагатай улстөрч, судлаач хүн. Тэр утгаараа удахгүй монголчууд Төрөө төвхнүүлэх ээлжит сонгуулиа явуулах гэж байна. Энэ удаагийн сонгууль өмнөх сонгуулиудаас өөр тогтолцоогоор явна. Таны хувьд холимог тогтолцоо болон УИХ-ын гишүүний тоог нэмсэн ач холбогдлыг юу гэж ойлгож байгаа вэ?

-Монгол Улс бүдэрч, будилж явсаар арайхийж төрийн эрх барих хууль тогтоох дээд байгууллагын гишүүдийг сонгох сонгуулийн тогтолцоогоо мажоритар буюу тойрог, бүсийг төлөөлөх болон хувь тэнцүүлэн төлөөлөх буюу пропорционал холимог тогтолцоог сонгож Үндсэн хуульдаа бичиж чадсан.

Мөн УИХ-ын гишүүдийнхээ тоог ч нэмж чадсан. Энэ бүхэн бол зөв шийдвэр, харин энэ шийдвэрийг Монголын төр, засаг буруу хэрэгжүүлбэл мөддөө засагдахгүй ухралт болж, хожим нь хор ихтэй үр дүн гарахыг ч үгүйсгэхгүй.

-Ямар нэгэн зүйл мэдээж хоёр талтай. Та энэ тогтолцооны сайн, давуу талыг нь хэлэхгүй юу?

-Холимог тогтолцоогоор сонгууль явагдсанаар УИХ-ын олонхыг бүрдүүлсэн нам,эвсэл хамгийн багадаа нийт санал өгсөн иргэдийн 50+1 хувийн саналыг авдаг байна. УИХ-ын 2016, 2020 оны сонгуулиар УИХ-ын гишүүд 100 хувь тойргоос сонгогдсон. Эдгээр сонгуулиар МАН санал өгсөн нийт сонгогчдынхоо 43-45 хувийн саналыг авсан ч, УИХ-ын суудлын 81-84 хувийг бүрдүүлсэн. Мөн эдгээр сонгуулийн үр дүнд УИХ-д сул цөөнх ч бүрдсэн.Сул цөөнх гэдэг нь УИХ-ын олонхиос сонгогдсон Ерөнхий сайдтай хариуцлага тооцох хуулийн төсөл санаачлахад хүрэлцэхгүй тооны УИХ-ын гишүүдтэй байхыг хэлнэ. Тэгвэл УИХ дахь цөөнх болох АН-ын бүлгийн гишүүдийн тоо нь 2016 онд 9, 2020 онд 11 гишүүнтэй байв. УИХ болон ЗГ-ын тухай хуульд зааснаар ерөнхий сайдтай хариуцлага тооцох хуулийн төслийг өргөн барих гишүүдийн тооны доод хязгаар нь нийт 76 гишүүний 4-ний нэг буюу 19 гишүүн дэмжсэнээр уг хуулийн төслийг УИХ-д өргөн барих боломжтой. Ардчилсан орнуудад хүчтэй цөөнхгүй парламентыг манайхаар бол шүншиггүй бурхантай ижилхэн гэж зүйрлэдэг нь ийм учиртай. Эдгээр орнуудад эрх баригч болон намын бүлгийн гишүүд нь сонгуульд ялсны маргаашнаас эхлээд цөөнхийн бүлэгтээ хүндэтгэлтэй ханддаг.

-Шалтгаан нь…?

-Сонгуулийн дараагаас эхлэн парламентын цөөнх нь эрх баригчдаасаа хууль дээдлэх болон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг шаардах, баялаг, татвар төлөгчдийн хөрөнгө, байгалийн баялгаас орох орлого гэх мэтийн хуваарилалтын зөв шийдвэрийн төлөө бодлого өрсөлдүүлэх болон гүйцэтгэлд нь хяналт тавих, шүүмжлэх, хариуцлага тооцох зэрэг ажлыг улс, мөн нийт иргэдийн эрх ашгийн үүднээс хариуцдагтай холбоотой. Гэтэл манай улсад олонх, эрх баригч нь гэдгээ бүхнийг захирагч гээд ойлгочихсон. Тэд найман жил тасралтгүй эрх барьж байгаа ч шүүмжлэл сонсохгүй, буруугаа цөөнхөд өгсөөр өнөөдрийг хүрсэн нь үнэн. Тэгээд үр дүн нь ямар байна. Олон улсын холбогдох байгууллагуудын үнэлгээгээр Монгол Улсын иргэдийн аюулгүй амьдрах, хүний эрх, хууль дээдэлсэн эрх чөлөө, мөн бизнес эрхлэх орчин зэрэгтэй холбогдсон өрсөлдөөний бүх үзүүлэлт ухарч, унасаар байна.

-Авлига болон ардчиллын индексээрээ сүүлийн жилүүдэд байнга ухрах болсон нь үнэн. Яг юунаас болж ингэж ухарч байгааг та хэлэхгүй юу?

-Энэ бол маш буруу жишиг, хоцрогдсон муу соёлтой холбоотой. Эрх баригчид нь хуульд ч захирагдахгүй болж ирж байх шиг байна. Хэрэв парламентын засаглалтай оронд “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах”, “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” зэрэг Үндсэн хуулийн заалтууд зөрчигдөж байвал, дарангуйлал тогтож буй орон гэж үздэг. Сануулж хэлэх хүнгүй бол сайн засаг ч ялзардаг гэдэг нь энэ. Ардчилсан эрх зүйт төртэй, хуулийн засаглалтай улсад Үндсэн хууль зөрчсөн ямар ч улстөрч огцордог. Өөрөө огцрохгүй бол нам нь огцрохыг шаардаж огцруулдаг. Шалтгаан нь УИХ болон ЗГ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн бол төрийн сүлдэнд өргөсөн тангаргаасаа няцсан гэж үздэгтэй шууд холбоотой. Нам нь хариуцлагатай бол Төр, засаг нь хариуцлагатай байна гэх зарчим бол ердөөсөө энэ.

-Үндсэн хууль зөрчсөн улстөрчдөд хариуцлага тооцох битгий хэл тэд уг хуулиа дураараа өөрчилдөг болчихоод байгаа юм биш үү?

-Сүүлийн жилүүдэд Монголын улстөрчид Үндсэн хуулиа зөрчих нь энгийн үзэгдэл мэт болсон. Үндсэн хууль зөрчсөнийг тоолъё гэвэл тоолж барагдахгүй.Нөгөөтэйгүүр УИХ дээрх байдлаар цөөнхдөө хүндэтгэлтэй ханддаггүй хүчирхийлдэг, гүтгэдэг байдал нь УИХ-ын түвшнээс халиад НИТХ-д халдварлаж байх шиг байна. Энэ бол парламентын засаглалд нүүрлэж буй том аюул. Улс төрчид ҮХ зөрчих бүрд улсын болон нийт иргэдийн эрх ашиг, хүний эрх, эрх чөлөө ямар нэг байдлаар зөрчигдсөн байдаг. Тиймээс ҮХ зөрчсөн улстөрч огцордог нь олон улсын жишиг. Монгол Улсын ҮХ-д ч ийм заалт бий. Тиймээс ҮХ зөрчдөг, ҮХ зөрчиж байгаа ЗГ-тайгаа хариуцлага тооцож чаддаггүй амьгүй албат царайлсан намын эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг коммунист бодолтой УИХ-ын гишүүн, мөн ҮХ зөрчиж буй нэр дэвшигчийг битгий дэмжээрэй. Сонгуулийн дараагаас ч гэсэн ҮХ зөрчсөн улстөрч бүрийг намын харьяалал харгалзахгүйгээр хамтдаа тэмцэж огцруулдаг болъё гэж олон түмэндээ уриалах байна. Улстөрчдийн амладаг Хуулийн засаглал ҮХ-иа мөрдөхөөс эхэлнэ. Нэр дэвшигч сонгуулийн үед мөнгө тараасныг нь төрийн эрхийг хууль бусаар авахыг зорьсон, завдсан гэж үзэх үндэслэлтэй. Мөнгийг нь аваад, тэр нэр дэвшигчийг таныг хүнийх нь хувьд доромжилсон, эрх зүйт төрийн зарчим болон бидний хойч үеийн ирээдүйг гутаан доромжилж, Монгол Улсыг интернэтийн хурдаар даяаршсан олон улсад шившиг болгосон хэмээн үзэж эсрэг санал өгөх, улмаар илчилж нэрийг нь татуулаарай гэж хэлэх байна.

Нөгөөтэйгүүр “УИХ-ын гишүүний үндсэн ажил нь хууль тогтоох, хяналт тавих.Тэрнээс татвар төдөгчдийн хөрөнгөөр бариулсан барилга дээр тууз хайчлах, зургаа авахуулах нь УИХ-ын гишүүний хийх ажил огт биш.

-Мөнгө тараах асуудал сонгууль болгоноор л гардаг л даа. Үүнтэй холбогдох байгууллагууд нь тэмцэнэ биз. Тэр дундаа СЕХ асуудлыг анхааралтай ажигллаж байгаа байлгүй дээ…

-Энэ жилийн сонгуулийн мөнгө тараалт эхэлчихсэн юм биш үү. Зарим нэр дэвшигчид мөнгө тарааж байна гэсэн мэдээлэл ч явах юм. Таны хэлдгээр СЕХ нь ямар шийдвэр гаргахыг нь харъя. Хэрэв СЕХ мөнгө тараасан нэр дэвшигчийг нэрийг нь татуулах шийдвэр гаргахгүй бол сонгуулийн кампанит ажил эхлэхээс өмнө бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан нь дээр. СЕХ цаг эвгүй бас өөр болсныг мэдэрч ажиллах зайлшгүй шаардлагатай үе гэж хэлэх байна.

-Нөгөөтэйгүүр сонгуулийн жил УИХ-ын гишүүд тайлан гэх нэрийн дор далд сурталчилгаа явуулах асуудал энэ жил газар авах шиг боллоо. Та улстөрч хүнийхээ хувьд тайлан тавих асуудлыг юу гэж харж байна вэ?

-Юуны өмнө УИХ-ын гишүүд нь 100 хувь тойргоос сонгогддог сонгуулийн тогтолцоо хамгийн муу тогтолцоо гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Учир нь парламент дахь дийлэнх олонх нь нийт санал өгсөн иргэд, сонгогчдынхоо 40 гаруйхан хувийн саналаар сонгогддог. Нийт сонгогчдынхоо олонхыг төлөөлөөгүй УИХ гэсэн үг шүү дээ. Нөгөөтэйгүүр улс төрийг анагаагч сөрөг хүчний гишүүдийн тоо нь хэт цөөн бол эрх баригчиддаа хяналт тавьж чадахгүй болдог. Мөн татвар төлөгчдийн хөрөнгөөс бүрддэг улсын төсөв жижиг тойргуудад хуваарилагдан нохойн замаар орж үр өгөөж нь асар их мууддаг учраас хамгийн муу тогтолцоо гэдэг нь ойлгомжтой байх. Таны хэлж байгаатай санал нэг байна. Одоо энэ сонгууль дөхөхөөр өөртэй нь ямар ч хамааралгүй татвар төлөгчдийн хөрөнгөөр санхүүжиж, дахиад хувийн хэвшлийн барьсан бүтээн байгуулалтын ажлууд дээр УИХ-ын гишүүд очиж тууз хайчлах, эсхүл нойр хоолгүй давхиж байшингийн гадаа олон гоё зураг авахуулж, энэ зургаа зузаан гоё цаастай сэтгүүл дээрээ тавьж, сэтгүүлийн хамт эд зүйлсийн чанартай бэлэг тараадаг марзан, аль хэдийнэ хоцрогдсон үйлдэл хийдэг байдлыг хуулиар хориглож, халах цаг нь болжээ.

-Холимог тогтолцоогоор сонгуулиа явуулах гэж байна. Мөн 126 гишүүнтэй парламенттай болно. Гол зүйл бол нийтийн эрх ашиг гэдгийг л амин сүнсээ болгож эдгээр өөрчлөлтүүдийг хийсэн. Энэ өөрчлөлт, шинэчлэлт бодитой болж чадах уу?

-Холимог буюу пропорционал тогтолцооны давуу талын талаар түрүүн хэлснээс өөр нэг хамгийн чухал зүйл бий. Тэр нь нийт улс, иргэдийн эрх ашгийг бодож хууль тогтоодог гишүүдийн тоо олон болно гэсэн үг. Энэ удаагийн сонгуулиар пропорционал тогтолцоогоор сонгогдох УИХ-ын гишүүдийн тоо нь нийт гишүүдийн 38 хувь буюу 48 гишүүн байна гэсэн. Энэ 48 гишүүн нь жалга, дов жижиг тойргийн эрх ашиг биш нийт улсын эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлж ажиллах учиртай. Мөн УИХ-ын олонхоос сонгогдсон ерөнхий сайдаас хариуцлага нэхэж чадах хүчтэй цөөнхтэй байна гэж бодож байна. Ийм байхад парламентын холимог тогтолцооны сонгуулийн үед эрх баригч намын дарга нь тойргоос нэр дэвшинэ гэдэг бол утгагүй санагдсан. Ийм жишиг өнөөгийн дэлхий дээр ховор байх. Энэ бол зүгээр л нэг популизм гэж хэлэх үндэслэлтэй харагдаж байна.

-Холимог тогтолцоогоор сонгууль явуулах нь бидний хувьд шинэ үзэгдэл биш. Өмнө хоёр ч удаа энэ тогтолцоогоор сонгуулиа явуулж үзсэн. Үүнд ямар алдаа гарсан гэж та үздэг вэ?

-Уг нь 1992 оноос хойш хоёр ч удаа холимог тогтолцоогоор УИХ-ын сонгуулийг явуулсан байдаг.Сүүлийнх нь 2012 оны сонгууль. Гэтэл 2016 онд холимог тогтолцоо нь ҮХ-д нийцэхгүй гэсэн шийдвэрийг ҮХЦ гаргаж УИХ хүлээж авсан. Үүнд тэр үед олуулаа Засгийн эрх барьж байсан АН ч асар их буруутай. Үр дүнд нь парламентын ардчиллаас найман жил ухарлаа. Ийм нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргадаг ҮХЦ гэж байж болох уу. Цэц шүү дээ. ҮХЦ-ийн хоёр нүүртэй энэ шийдвэр нь улстөрчид, улс төрийн намын дохио зангаагаар ажилладгийг удаа дараалан нотолсоор байна. Иймд дэлхийн улс орнууд улс, нийт иргэдийн эрх ашиг, хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хамтын шийдвэр гаргадаг төрийн байгууллагын бүтцийг нам бусчуудаас эсхүл намаасаа 3-5 жилийн өмнө татгалзсан, тухайн салбартаа нэр хүндтэй, нэр хүндээ худалдахгүй нь нотлогдсон хүмүүсээс бүрдүүлдэг болоод удаж байна. Манайд улстөрчид үйлчилж иргэдийн доог тохуу болж, иргэдийн төрд итгэх итгэлийг бууруулдаг байгууллагууд гэвэл ҮХЦ, СЕХ, МҮОНРТ,сүүлийн үед улс төрөөс хараат бус ажиллах хуультай, эрхтэй боловч тэгж чаддаггүй Монгол банкны удирдлага байна.

-Нэг хэсэг ч Монголбанкны удирдлагууд намын тушаалаар хөдөлдөг, Засгийн газраас хараат бусаар ажиллаж чадахгүй байна гэх шүүмжлэлийг авч байсан л даа…?

-Нүүрсний экспортын биет хэмжээ өсөх, мөн нүүрсний зах зээлийн үнэ өсөхөөр ам.долларын эсрэг төгрөгийн ханш чангарч иргэдийн амьдралын чанар овоо сайжрах хандлага гарч эхэлдэг.Гэвч яг энэ үед нь улс төрийн намын даргын дохиогоор ялангуяа сонгуулийн жилд Монголбанкны удирдлага нь зах зээлд төгрөгийг хахаж цацтал нь хэвлэн нийлүүлэх ажлыг хийдэг. Тэр утгаараа сонгуулийн дараа төгрөгийн ханш навсайтлаа унадаг болсоор уджээ. Төгрөг цаас болсон. Тодруулбал, 2016 онд хоёр сая төгрөг 1080 ам.доллартай тэнцэж байсан. Харин 2023 оны хагас жилийн байдлаар хоёр сая төгрөг 580 ам.доллартай тэнцэж байв. Мөн нэг хүнд ногдох ДНБ сүүлийн 12 жилд ам.доллараар дунджаар 4400 ам.долларийн орчимд хэлбэлзсэн бол, төгрөгөөр бараг 5 дахин нэмэгдчихээд байна. Энэ нь төгрөг хэвлэж, эрх баригч намын дарга нарын зарцуулдаг төсвийн зарлагыг жил бүр ялангуяа сонгуулийн жил 30-40 хувиар нэмж ирсний гор нь гарч байгаа хэрэг. Ийм инээдтэй байж болохгүй биз дээ. Энэнээс нь болоод импортын өргөн хэрэглээний бараа ихтэй Монгол Улсад юмны үнэ гурав дахин өсч, авдаг цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй тул залуус маань өдөр бүр гадагш дайжсаар байна. 10 монгол хүний тав нь ядуувтар амьдрах болсон нь олон улсын байгууллагын судалгаагаар тогтоогджээ. Энэ ₮-ийг улс төрийн зорилгоор хэрээс хэтэртэл нь зах зээлд нийлүүлдэг нь нийт иргэдийн эрх ашгийг хохироосон ноцтой гэмт хэрэг тооцогдоно. Монгол банкны удирдлага сонгуульд зориулсан төсвийг хэт их тэлэх бодлогыг дэмжих нь байтугай, үүний эсрэг дуугарч байх эрхтэй, үүрэгтэй. Гэсэн чинь хавтгай мөнгө хэвлэн нийлүүлээд явж байна.Иймд тэр албан тушаалын боол болсон дарга нарыг хамгийн багадаа тэтгэвэртээ гартал нь төрийн албанд ажиллуулахгүй болгодог хууль ч хэрэгтэй болжээ.Дээр дурдсан улсын эрх ашигт чухал нөлөөтэй хамтын удирдлагын төрийн байгууллагын шийдвэр гаргах бүрэлдэхүүнийг улс төрөөс хараат бусаар ажилладаг болгохгүй бол улсын аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх түвшинд ирж байна.Үүнийг чадах нь өнөөгийн байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх л байна даа.

-Улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулсан. Ихэнх нь залуу хүмүүс байх шиг байна. Мөн эмэгтэйчүүд. Олон улсад ямар байдаг юм бол.Таны хувьд нэр дэвшигчдийн тухайд ямар бодолтой байдаг вэ?

-Ийм асуудал дээр миний санал гэхээсээ илүү судалгаа чухал байна. Судалж үзлээ. УИХ-ын сонгуульд улстөрчийн нэрийг дэвшүүлэх насны тухайд олон улсын дундаж нас 50-52 байна.Харин парламентад сонгогдсон гишүүдийн дундаж нас бол 56-58 нас байна. Монгол хүний дундаж наслалтыг хүйс хамааралгүйгээр бодож үзэхэд 71 орчим байх шиг байлаа. Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн тэгш оролцооны тухайд бол янз янз л байдаг. Сүүлийн жилүүдэд улс төр дахь эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх хандлагатай байгаа нь үнэн. Харин сум, дүүрэг, аймаг, нийслэлийн ИТХ-ын гишүүдийн дундаж нас бол харьцангуй залуу байдаг. Энэ удаад эрх баригч МАН-ын тухайд 25-аас дээш 35 нас хүрээгүй залуусыг олноор нь жагсаалтад оруулж УИХ-ын гишүүн болгохоор болсон нь олон улсын хэмжээнд тодоор тэмдэглэгдэж үлдэх байх. Энэ талаар Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Улс төр гэдэг мэргэжил бөгөөд үүнийг хичээл номоор бус амьдралын сургалтаар олж авдаг. Гэтэл дээд сургуулиа бараг төгсөөгүй залуусыг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оруулж ирлээ. Үнэн чанартаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ асуудлын мөн чанарыг ойлгох болоогүй кнопчид бэлдэж байна. Тэд дуулгавартай бөгөөд багшийн хэлсэн үгийг дагаж кноп дарна гэсэн үг. Өөрийн үзэл баримтлал, чиг баримжаа нь хараахан төлөвшиж амжаагүй баахан залуусыг оруулж ирсэн нь “Амьгүй албат, мөн кнопчид” бэлдэж байгаа мэт. Харин муу хэлүүлээд байгаа Л.Гантөмөрийн жагсаалт “Хүний хуучин, дээлийн шинэ нь дээр” гэдэг шиг жагсаалт болжээ. АН-ын жагсаалтад ордог нөхдийг хэний нөхөр, хүүхэд, бүр хэний нууц гэдгийг нь хүртэл мэднэ. Ямар үзэл баримтлалтай, боловсролтойг нь ч мэдэх юм. Энэ утгаараа Гантөмөрийн сонголт сайн байв. Тэрээр өвсөнд боолгүй, өөхөнд нуулгүйгээр өнөөх хэдээ гаргаад ирлээ. Байгаа царай нь тэр шүү дээ. Түүний өөрөө жагсаалтад орсон нь ч зөв, бас шудрага байв”гэж хэлсэн. Энэ баавай маань тэг дундуур нь хэлдэг ахмад улстөрч л дөө. Ер нь төрийн бодлогын уламжлалт бөгөөд тогтвортой байдал гэдэг нь холимог тогтолцооны жагсаалтад нэр цэвэр ахмад улстөрчдийг ихэвчлэн оруулснаар хэрэгждэг хэмээн номонд бичсэн байна лээ. Нийгмийн бүлэг, сонирхлын бүлгийн төлөөлөлийг УИХ-д оруулахыг буруутгахгүй. Гэхдээ хөгжсөн орнуудад мэргэжлийн холбоод нь улстөржилгүй сайн ажилладаг тул эрх ашгаа хамгаалж чаддаг. Манайд бол мэрэгжлийн холбоодын удирдлага байтугай, төрийн жинхэнэ алба нь улс төрийн намын удирдлагын болон улстөрчдийн хамаатан, цүнх баригчдаар дүүрсэн байна. Энэ байдал ер нь нэг биш болчихлоо.

-Ардын уран зохиолч, улс төр нийгмийн зүтгэлтэн асан Л.Түдэв гуай нэгэнтээ “Улс төрд бэлтгэгдсэн хүн ирдэг болохоос, хүн бэлтгэдэг газар биш” гэсэн утгатай онч үг хэлсэн байдаг…?

-Яг зөв. Хууль боловсруулна, тогтооно, тогтооход оролцоно, батлалцсан хуулиндаа хяналт тавина гэдэг бол хэн ч хийж болох хариуцлага султай ажил биш ээ.Нэгэнт УИХ-аар батлагдсан хууль улс орон даяар мөрдөгдөхөөс гадна тэр улсын бүх л насны иргэдийн амьдрал ажил үйлстэй холбоотой харилцаанд нөлөөлж бас зохицуулдаг. Тийм л учраас ардчилсан хөгжилтэй орнуудад парламентын гишүүдийнх нь 80 орчим хувийг хангалттай төлөвшсөн 50-60 насныхан эзэлдэг юм байна. Ер нь бол улс төрчийг бэлтгэхэд 8-10 жил шаардлагатай гэж үздэг. Хүн боловсрол болон мэдлэгтэй болох, туршлагаар дамжин ажил мэрэгжлийн бодит ур чадвартай болох, алдаж онож, бас унан босч амьдралын нугачаанд нухлагдан зовлон жаргалыг ээлжлэн амссаар хэвийх насандаа бусдыг ойлгох хүн чанартай болж төлөвшдөг нь бичигдээгүй хууль гэлтэй. Тийм учраас манайд “40 хүрсэн эр, дөрөө дарсан ат” гэсэн онч үг байдаг байх. Би дээрх судалгаа, мөн бусад үндэслэлээр энэ удаагийн сонгуулийн жагсаалтыг монголчууд бид “Олон улсын сайн туршлагыг муу хуулдаг учраас Монгол Улс байрандаа хий эргэсээр байна” гэж дүгнэж хэлэх байна. Энэ чигээрээ бол чадавх сул, бүтээмж тааруу, хариуцлага сул, алдаа оноо ихтэй УИХ болж магадгүй байна. Нөгөө талаас энэ сонгуулийн жил дөрөвдүгээр сарын 1-нээс хойш УИХ элдэв шинэ хууль, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг баталдгийг зогсоох хэрэгтэй. Одоо манай орны хууль эрх зүйн орчин маань цоо шүршүүлчихсэн лааз шиг болчихлоо. Мөн УИХ-ын даргыг сонгогдмогц нь намын гишүүнчлэлээс нь түдгэлзүүлдэг олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхгүй бол намын эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан хуулиуд батлагддаг болсон учраас энэ оронд намын гишүүн бус хүн амьдрахад хэцүүхэн болох шинжтэй. Ер нь энэ сонгуулийн дараа парламентад суудалтай намууд хамтраад намын хатуу гишүүнчлэлээс

татгалзах хуулийн орчин бүрдүүлсэн нь дээр. Хүн ам цөөтэй учраас 100 ямаанд 60 ухна гэдэг болчихжээ.

-УИХ-ын гишүүдийг 126 болгосон нь яг өнөөгийн Монгол Улсад хэр оновчтой шийдвэр вэ?

-УИХ-ын гишүүдийн тоог нэмсний сайн тал нь УИХ нь ЗГ-ын үйл ажиллагаанд хяналт тавих эрх нэмэгдсэнд байх учиртай. Гэхдээ УИХ-ын гишүүд нь гишүүн шиг өргөсөн тангарагтаа үнэнч байх тохиолдолд шүү. 76 гишүүнтэй байх тохиолдолд 20 УИХ-ын гишүүн ЗГ болсон тохиолдолд УИХ-ын ЗГ-таа тавих хяналт чадавх сулардаг нь үнэн. Гэхдээ давхар дээл гээд нэг УИХ гишүүн болон ЗГ-ын гишүүн байж болохгүй гэдэг нь ардчилалын үндсэн зарчмаас гажсан туйлшрал байсан. Танаас сонгогдож, таныг төлөөлж, таны төлөө ажиллана гэдэг нь ардчилсан засгийн үндсэн зарчим. УИХ-ын гишүүн бөгөөд ЗГ-ын гишүүн нь ард түмний шүүлтүүрээр сонгогдсон, сонгуулийн маргаашнаас намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд бэлэн болсон, ихэвчлэн хоёроос дээш сонгогдсон УИХ-ын гишүүн нь ЗГ-ын гишүүн болдог учраас улс төрийн туршлага хуримтлуулсан байдгаараа давуу талтай. Гэхдээ ихэнх оронд ЗГ-ын гишүүдийн 10-20 хувь нь УИХ-ын гишүүн биш тухай салбарын чадварлаг нь тогтоогдсон мэрэгжилтнүүдээс томилогдох тохиолдол бол нийтлэг байдаг.

-Сонгууль болгоны өмнө С.Зориг агсны амь насыг хороосон хэрэг сөхөгдөн гарч ирдэг нь бараг л уламжлал маягтай зүйл болчихлоо. Та улстөрч хүнийхээ хувьд уг хэргийг байн байн сөхөн гаргаж ирж, улс төрд ашиглаж байгааг юу гэж боддог вэ?

-Ардчилсан хувьсгалын манлайлагч С.Зоригийг зэрлэгээр хөнөөсөн гэмт хэрэгтнийг илрүүлэлгүй 26 жил болжээ. Энэ хугацаанд УИХ-ын зургаан удаагийн сонгууль болов. Өнөөгийн эрх баригч МАН нь гол өрсөлдөгч АН-ынхаа эсрэг энэ хэргээр зургаан удаагийн сонгуулийн хар пи арын гол топ сэдэв болгон ашиглаж иржээ. Сонгуульгүй 20 жилд нь болохоор бараг нам жим болчихдог нь хачирхалтай.

-Яагаад энэ хэргийг зургаан удаагийн сонгуулиар пи арын сэдэв болгон ашиглаж улс төрийн хонжоо болгодог юм бол оо. Тэр дундаа танай намын угшилтай хүмүүс үүнд буруутан нь болоод байх шиг…?

-Бүр сүүлдээ 70-аад онд төрсөн АН-ын дарга Л.Гантөмөр, эсхүл 1980-аад онд төрсөн өөр хэн нэгэн Дорж гэдэг хүн улс төрчийнхөө хувьд яахаараа ардчилсан хувьсгалын манлайлагч С.Зоригийн амь насыг балмадаар бүрэлгэсэн хүн амины хэрэгтнүүд, эсхүл захиалагчидтай нь хамаарал бүхий этгээд буюу холбоотон нь болчихдог байна. Энэ нь төстэй үзэл бодолтой, мөн нэг улс төрийн намд харьяалагдаж байсан гэдгээр гүтгэж буй нь орчин цагийн улс төрийн хэлмэгдүүлэлт гэж би хэлнэ. Монгол Улсад сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тохиолдол нэн өндөр хувьтай байгааг НҮБ-ийн хүний эрхийн холбогдох байгууллага онцгойлон тэмдэглэсэн байдаг. Тодруулбал, 2020 онд баривчлах ажиллагааны 99.3 хувь нь, 2021 онд 98.3 хувь нь шүүхийн шийдвэргүйгээр хийгдсэн байна гэдэг. Түүнчлэн Монгол Улсад сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээнд хүний эрх, эрх чөлөөний индексүүд байнга буурсаар байна. Тодруулбал, хэвлэлийн эрх чөлөөний индекс 2015 онд 54-т байсан бол 2024 онд 109 дүгээр байранд орж, дахин ухарчээ. Энэ нь одоо хэрэгжиж холбогдох хуулиар олон сэтгүүлч, хэвлэлийн байгууллагуудыг гэмт хэрэгтэн болгож, улмаар энэ байдал нь сэтгүүлчид, мөн энгийн иргэдийн үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хаасан, боосон, айдаст автуулсан байдлыг бодитоор бий болгож буйг харуулж байна.Энэ байдлыг нөгөө талаар ард иргэдийг үнэн бодит мэдээлэл авах эрх, эрх чөлөөнд халдаж буй явдал гэж үздэг байна. Зарим хүмүүс дэлхийн дайн, эсхүл дэлхийг хамарсан халдварт өвчнөөр хамгийн олон хүн амь насаа алдсан гэж бодож байж магадгүй. Тэгвэл олон улсын хэмжээнд коммунист дарангуйлагчид 100 хол гаруй сая хүнийг амь насаар нь хохироон улс төрийн хэргээр хэлмэгдүүлсэн бөгөөд одоо ч үргэлжилж байгаа гэсэн мэдээлэл гарсан байна. Монголд ч тухайн үеийн коммунист нам 1922-1939 оны хооронд Оросуудтай хамтарч 30 гаруй мянган иргэнээ хоморголон цаазалсан түүх бичээстэй байна.

-Улс төрийн хэргээр хэлмэгдсэн олон жишээ манайд бий л дээ…?

-Хэрхэн улс төрийн хэргээр хоморголон хэлмэгдүүлж байсан талаар хоёрхон жишээ дурдъя. Ж.Лхүмбэ, П.Гэндэн, Г. Дэмид нарын удирдсан Японыг түшиглэсэн хувьсгалын эсэргүү хуйвалдааны байгууллага гэсэн хэд хэдэн хэргийг зохион байгуулж, 1937-1939 оны хооронд Онцгой бүрэн эрхт комисс гэгч нь 25824 хүний хэргийг шүүж 20474 хүнд нь буудан цаазлах ял өгч байжээ. Энэ хүмүүс дотор гуравны нэг нь лам нар, бусад нь нударган бая (феодал, гайгүй хэдэн малтай малчид)-чууд төрийн албан хаагчид, ардын цэрэг эрс, буриад иргэд байсан байдаг. 1956-1990 оны сэхээтний төөрөгдлийн он жилүүдийг улс төрийн хэлмэгдүүлэлтийн гуравдугаар үе шат гэдэг. Энэ хэлмэгдүүлэлт нь Монголын шинэ үеийн сэхээтнүүдийн эсрэг хандаж тэдний үндэс угсаагаа сэргээх эх оронч үзлийг нь мохооход чиглэсэн байжээ. 1962 онд Чингисхааны 800 жилийн ойг тэмдэглэлээ, үндсэрхэг үзэл гаргалаа, Марксизм-Ленинизмийн жанжин шугамаас ухарлаа хэмээн Д.Төмөр-Очир, Ц.Лоохууз, Б.Сурмаажав нарын 300 гаруй сэхээтнийг хамруулан нутаг заан цөлсөн байдаг. Ийнхүү Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт эхний үедээ алан хядах замаар хэрэгжсэн бол хоёрдугаар үедээ аажмаар төрхөө өөрчлөн, нам захиргааны арга хэмжээ авч шийтгэх, хүний нэр төр, нандин чанар буюу хүний эрх, чөлөөнд халдан гүтгэх, үзэл бодлоор хавчин гадуурхах, нэр хоч өгөх, нутаг заан цөлөх хэлбэртэй болсон байдаг. Энэ үед хууль хяналт, прокурорын байгууллагын оролцоотой хэлмэгдүүлэлтээ хэрэгжүүлсэн гэж тэмдэглэсэн байна.

-Тэгвэл үүн шиг өнөө цагийн улс төрийн хэлмэгдүүлэлтэд танай намын угшилтай улс төрчид өртөх нь их байгаа юм биш үү?

-С.Зоригийн амь насыг хэрцгийгээр хороосон хэргээр АН-н гишүүн Ч.Энхтайван хоригдон сул-лагдаж, захиалсан хэргээр Ардчилсан хувьсгалын манлайлагч Э.Бат-Үүл хоригдон суллагдсан. Харин одоо улс төр нийгмийн зүтгэлтэн, ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болж байх шиг байна. Монголчууд ч, би ч хүний амийг санаатайгаар егүүтгэсэн, эсхүл эсвэл захиалсан хэнийг ч хамгаалахгүй. Мөн хүнийг олноор хядан дайн хийж байгаа ямар ч улсыг дэмжихгүй. Энэ бол монгол хүн бүр мөрдөх ёстой Ардчилсан Үндсэн хуулийн заалт.Нөгөө талаас монгол хүний саруул ухаанд итгэе гэж хэлье.

-Гэтэл энэ хэрэг гарснаас хойш 26 жил өнгөрсөн. Яагаад яг сонгуулийн кампанит ажлын өмнө улстөржүүлж сонгуулийн ашиг хонжоо болгож ирсээр байгаа юм бол оо?

-Ер нь үүнийг олон улсад коммунистуудын хийдэг пропогонда буюу хар пиар, cөрөг суртачилгаанытехнологи. Энэ технологи нь сонгуулийн өмнө аль нэг намыг урьд өмнө тухайн намыг нь удирдаж байсан манлайлагчдыг “Иргэд Сонгогчидоор нь Аймшигтайгаар Үзэн Ядуулдаг Технологи” юм. Тэгвэл Яг өнөөдөр ардчилсан Монгол Улсад юу болж байна вэ.

-Юу болж байна гэж…?

-Бүх иргэд нь гэртээ амарч байх үед таван гэр бүлийг галдан шатааж 25 жилийн ял авсан, таксины жолоочийг алж мөчилж багажиндаа хийж яваад баригдсан гэх Амгаланбаатар гэгч гэмт этгээд Монгол Улсын 800 мянга гаруй өрхийн зурагтаар дамжиж хойморт нь шууд заларлаа. Энэ чинь юу болж байна вэ. Энэ аймшигийн нэвтрүүлгийг нь Монгол Улсын ирээдүй болсон залуус, түүнчлэн 13-18 насны ертөнцийн бүх л үзэгдлийг таньж мэдэх түвшинд аль хэдийнэ ирчихсэн хүүхдүүд хүртэл үзэж байгаа шүү дээ. Ийм ардчилсан, хүмүүнлэг, эрх зүйт төр гэж байдаг юм уу. Нөгөө эрх баригч МАН-ын дарга нарын “хүн биш хууль засаглана”гэсэн амлалт яасан бэ. Гэтэл эрх баригч намын зүгээс энэ нэвтрүүлгүүдээр бол С.Зоригийн амь насыг бүрэлгүүлэх захиалгыг өгсөн хүн нь Ц.Элбэгдорж шүү гээд байгаа бололтой юм. Гэтэл саяхан энэ аймшигт нэвтрүүлгийн дараа Ц.Элбэгдорж гуайд ЦЕГазраас хэрэг үүсгэлээ гэсэн мэдээлэл гарсан. Энэ бас юу болоод байгаа юм бэ гэж гайхах олон хүн байна. Би ч гайхаж байна. Монгол Улс чинь хуультай төртэй. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн Үндсэн хуулийн заалтыг хэн ч мөрдөх ёстой баймаар юм. Хүн амины хэргийг хийсэн болон захиалсан этгээдүүдийг заавал илрүүлэх ёстой, үүнийг хүн бүхэн дэмжинэ. Гэвч 26 жил илрүүлээгүй атлаа таны асуудгаар яагаад УИХ-ын сонгууль болгоны өмнө ингэж аймшигтайгаар улстөржүүлнэ вэ гэдгийг бид хэрсүү ойлгох хэрэгтэй.

-Таны хувьд яагаад энэ хэргийг ингэж улс төржүүлдэг гэж бодож байна вэ. Мэдээж сонгуульд ялах зорилго л явагдаж байгаа нь нууц биш байх л даа…?

-1998 оны үед “Эрдэнэт ХХК-ийн захиралд Ш.О гуайг буцаан томилуулах асуудал” нь Монгол төрийн буюу УИХ, ЗГ-ын үйл ажиллагааг бүхэл бүтэн зургаан сар гацаагаад зогсохгүй Ардчилсан Холбоо эвслийн Ж.Наранцацралт асны зэрэг хоёр ч ЗГ-ыг огцруулах үндэслэл нь болсон гэдэг. АХЭ нь Да.Ганболдыг долоон удаа Ерөнхий сайдад дэвшүүлэхэд нь тухайн үеийн ерөнхийлөгч Н.Багабанди гуай зөвшөөрөөгүй. С.Зориг агсан тухайн үед “Эрдэнэтийн захирлыг буцаан томилох уу гэсэн ЕТГазрын даргынх асуултад нь “Поезд уже ушел- Галт тэрэг аль хэдийнэ хөдөлсөн, зөвшөөрөхгүй” гэж хариулсан. Хэрэг гарсан үеийн ЦЕГазрын дарга нь УИХ-ын сонгуульд ялвал хэргийг илрүүлнэ, энэ хэргийн мөрдөгчдөөс зарим нь тодорхой бус шалтгаанаар амиа алдсан ч зарим нь асар их мөнгөлөг болсон гэсэн мэдээллүүд хөвөрдөг.

-Тусгаар тогтносон орны ганц төрийн өмчит компанийн захирлын асуудал яагаад ийм их үнэ цэнэд хүрч байсан юм бэ?

-Зөвхөн шуналын асуудал байсан уу. Өнөөг хүртэл энэ өнцгөөс нь хэр их шалгаж, ямар үр дүн гарсан бэ гэдэг нь тодорхой бус байсаар байгаа бололтой. Саяхны нэвтрүүлгийн зорилго нь “ардчилсан хувьсгалын манлайлагч, Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж нь С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч байх талтай, АН-ын одоогийн дарга Лу.Гантөмөр нь хоёр дахь Элбэгдорж буюу Ц.Элбэгдоржийн залгамжлагч, АН-ын нийт нэр дэвшигчидийн 80 хувь нь Ц.Элбэгдоржийнх. Тиймээс иргэд сонгогчид АН-ын нэр дэвшигчдийг битгий сонгоорой” гэсэн утга, агуулгатай бололтой. Угтаа АН-ын нэр дэвшигч дотор Ц.Элбэгдоржийн хүүхэд алга, хамаатан бас байхгүй бололтой. Тэр бас АН-д одоо хамаагүй, гишүүнчлэлээ сэргээгээгүй гэдгээ сошиалд бичсэн байсан. Хэрэв Ц.Элбэгдоржийн үед АН-ын гишүүн байсан гэдгээр нь ингэж байгаа бол Монгол Улсад сэхээтний төөрөгдлийн улс төрийн хэлмэгдүүлэлтийн 4 дүгээр үе эхэлжээ гэж хэлэх байна. Тэр үед л Японы тагнуулыг илрүүлж байгаа нэрийдлээр ажил төрлийн болон янз бүрийн холбоотой 25 мянган иргэнийг илрүүлээд улс төрийн хэлмэгдүүлэлтээр цаазалчихсан гэдэг. Өөр өнцгөөс нь харвал хүн амины хэрэгтэй Солонгосын сериал гурван ангит кинотой ч төстэй юм шиг. Хэрэв МАН-ын өнөөгийн дарга нар, улстөрчдийг 1937-1939 оны хооронд олон мянган монгол хүний амийг авч одсон улс төрийн хэлмэгдүүлэгчидийн холбоотон гээд байвал ямар сонсогдох вэ. Ийм байдлаар С.Зоригийг балмадаар хөнөөсөн хүн амины хэрэг нь “МАН-ынудирдлагаас залуу хойч үедээ ярьж өгдөг “Аймшгийн бас Ноцтой Сэдэв” болон хувирчээ. Гэхдээ аливаа юманд хязгаар гэж байдагсан.

ЭРДЭНЭТИЙН 49 ХУВЬ ЭЗЭМШИГЧ ОХУ ХЭВЭЭРЭЭ БАЙСАН БОЛ ӨДГӨӨ ИХ ХЭМЖЭЭНИЙ НОГДОЛ АШИГ НЭХЭМЖЛЭХЭЭС ГАДНА ЭНЭ ХУВИА НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААР САНАЛ БОЛГОХ БАЙСАН БОЛОВ УУ

-С.Зориг агсны хэргээс өөр АН руу чиглэсэн таны хэлдэгээр хар пи ар цөөнгүй болов уу. Тухайлбал, Эрдэнэтийн 49 хувийн асуудал байна, тийм үү?

-Тийм шүү. Эрдэнэтийн 49 хувийн асуудал бол өнөөгийн эрх баригч МАН Ардчилсан намын эсрэг 2016, 2020, 2024 гэсэн гурван удаагийн сонгуулийн хар пиарын ТОП сэдэв болгон ашиглаж байна. Ямар ч байсан Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Монголын нэг хувийн компани 2016 оны зургадугаар сард энэ компанийн 49 хувийг эзэмшдэг ОХУ-ын ЗГ-аас харьцангуй хямд үнээр худалдан авчихжээ гэж ойлгож байгаа. Тэр үед энэ 49 хувийг худалдан аваад ирсэн нь бол сайн ажил хэрэг гэж хэлэх байна. Харин нь ОХУ-аас 49 хувийг 400 сая ам.доллараар худалдан авахдаа улсын хөрөнгийг ашигласан, мөн хууль зөрчсөн эсэхийг тогтоох зэрэг нь дотооддоо тооцоо бодох, түүнчлэн хууль хяналтын байгууллагуудын үүрэг юм. Хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдвол хариуцлага хүлээх нь ч мэдээж л байх. ОХУ-аас Эдэнэтийн 49 хувийг авчирсны эцсийн үр дүн бол сайн. Цаашдаа ч энэ үр дүн нь улам сайжрах нь тодорхой байна. Тухайлбал, Эрдэнэт ХХК 100 хувь Монгол Улсын Засгийн газрын өмч болсон учраас ковидын үед гэхэд л 1.5 их наяд орчим төгрөг гаргуулж Монгол Улсын нийт өрх, байгууллагуудынхаа цахилгааны төлбөрийг хөнгөлж чадсан. Хэрэв ковидын үед Эрдэнэтийн хувь нь ОХУ-ын өмч байсан бол ингэж чадахгүй байсан болов уу. Ковидын төгсгөлд ОХУ болон Укрианы хооронд дайн үүссэн. Хэрэв өнөөг хүртэл Эрдэнэтийн 49 хувь ОХУ-ын өмч хэвээрээ байсан бол тэд шал өөр байр суурь баримтлах нь ойлгомжтой.

-Ямар өөр байр суурь баримтлах байсан гэж…?

-Шалтгаан нь 2016 оны үетэй харьцуулахад өнөөгийн байдлаар зэсийн зах зээлийн үнэ 1 тн тутамд дунджаар 3.000 ам.доллараар өссөн ба цаашдаа ч өсөх нь тодорхой болсон. Дээр нь Н.Алтанхуягийн ЗГ-ын үед Эрдэнэтийн овоог тойрсон дөрвөн хайгуулын лицензийг хувийн компани авчихсан байсныг хуулийн хүрээнд улсын нөөцөд авах замаар Эрдэнэт ТӨҮГазарт авч өгсөн. Ингэснээр Эрдэнэтийнхэн өөрсдийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц нь нэмэгдэн, энэ ордын насжилт даруй 40 жилээр уртсаад байгаатай шууд холбоотой. Энэ дайны үед Эрдэнэтийн 49 хувь эзэмшигч ОХУ хэвээрээ байсан бол, их хэмжээний ногдол ашиг нэхэмжлэхээс гадна хэрэв 49 хувийг нь Засгийн газар худалдаж авъя гэсэн санал тавьбал хамгийн багадаа 1 тэрбум ам.доллараар санал болгох нь мэдээж болов уу.

-Цаашид Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг яах ёстой гэж та хувьдаа бодож байна?

-Уг нь ингэж найман жил маргаан дэгдээж сууж байхаар Эрдэнэт ТӨҮГазрыг буцааж ХХК болгон хувьцааных нь тодорхой хувийг иргэддээ өмчлүүлчихсэн нь хамгийн зөв гарц байсан. Хэрэв энэ маргаан ийм байдлаар цааш үргэлжилбэл ямар ч асуудал босохыг үгүйсгэх боломжгүй байх. Одоо Эрдэнэт ХХК нь буцаад хаалттай ТӨҮГазар болсон тул тэнд юу болж байгааг энгийн иргэн бид мэдэх боломжгүй. Ер нь гадны компаниас 49 хувийг Монголын хувийн компани худалдан авчраад, улмаар ЗГ авчихсан тул ингэж сонгууль бүрээр улстөржүүлэхийг ойлгохгүй юм. Тэр байтугай дэлхийд томд ордог улсын хөрөнгөөр хайж, нөөц тогтоосон Таван толгойн ордын нөөцийн гуравны нэгээс илүү хувийг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр тасдаад тасдаад хувийн компанид өгчихсөн л байна. Түүнээс гадна улсын хөрөнгөөр хайгуул хийж, нөөц тогтоосон стратегийн ордод орох учиртай томоохон ордуудыг ямар нэг байдлаар авчихсан хувь хүмүүс энэ УИХ-д сууж л байна. Энэ нь байдал, бас хандлага нь ялгавартай шударга бус байна гэж хэлэх байна.

ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭГ ЯВУУЛСАН БИД БААТАР ГЭЖ ЯРЬДАГ ХҮМҮҮС БИЙ. ТЭР ҮЕД УГ ГЭРЭЭГ ЯВУУЛАХГҮЙ ГЭСЭН НЭГ Ч УИХ-ЫН ГИШҮҮН БАЙГААГҮЙ

-Та Уул уурхайн сайд байсан хүн. Оюу толгой төсөл ба Дубайн гэрээтэй холбоотой асуудал дээр маш их улстөржилт явагддаг. Энэ асуудал дээр бас МАН буруугүй. АН буруутай юм биш үү?

– Уг нь тийм биш ээ. МАН, АН-ын гэрээ байгуулахад оролцсон хүмүүс, тэр үеийн хамтарсан ЗГ-ууд буруутай гэвэл хамтдаа буруутай. Бодит байдлыг нь гадарладгийн хувьд тайлбарлая. 2009-2010 онд Оюу толгой Төслийн Хөрөнгө Оруулалтын Гэрээг байгуулах үед МАН УИХ-д олонх, С.Баярын ЗГ, дараа нь Сү.Батболдын ЗГ байсан.

Тиймээс С.Баяр толгойгоороо хариуцна гэдгээ хэлсэн байдаг. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах Ажлын хэсгийн анхны дарга нь тэр үеийн ЭБЭХЯамны сайд Д.Зоригт гэж хүн байсан. Энэ хүн МАН-н гишүүн. Хүмүүс андуурч магадгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Н.Энхбаярыг 2009 онд ялж, УИХ-ын гишүүн болж байсан байх. Энэ Хөрөнгө Оруулалтын Гэрээний Санхүүгийн Зөвлөхөөр Голдман Сакс Азиа хк(ГСАК)-г сонгон ЭБЭХЯамыг төлөөлж Эрдэнэс Монгол ХХК-ийн захирал Б.Энэбиш гэж хүн гарын үсэг зурсан байдаг. ГСАК-н 98 хувийг эзэмшдэг толгой компани нь Голдман Сакс ХК (ГСК) нь Айванхоу майнз ХК-ийн найм дахь том хувьцаа эзэмшигч нь байсан. Ингээд Оюу толгойн гэрээ байгуулагдахад Айванхоу майнз ХК-ийн хувьцааны үнэ өсч, ГСКомпани нь хувьцааны үнийн зөрүүгээс 700 орчим сая ам.долларын ашиг хийсэн байдаг. Эндээс л энэ гэрээг байгуулахдаа Монголын улстөрчид авлига авсан байж болзошгүй нь тодорхой харагдмаар юм.Одоо болохоор Оюу толгойн гэрээг явуулсан бид баатар гэж ярьдаг хүмүүс бий. Тэр үед Оюу толгойн гэрээг явуулахгүй гэсэн нэг ч УИХ-ын гишүүн байгаагүй байх. Тийм олон УИХ дамжиж байж шийдэгдсэн гэдэг нь ч худлаа. Энэ гэрээг энэ чигээр нь явуулбал арай дэндэнэ гэж бодсон эсхүл судалсан 7-8 орчим УИХ-ын гишүүн байсныг бол гадарлана. Тэр нь одоо бол дөрвөн аргын тооны үйлдэл ойлгодог хэнд ч ойлгомжтой нотлогдсон байх. Ер нь энэ гэрээнд хөрөнгө оруулагч тал буруугүй, шалтгаан нь улстөрчдийг хүчээр гарын үсэг зуруулна гэж байхгүй.

-Таны хувь Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газарт Уул уурхайн сайдаар ажиллаж байсан байх аа?

-2012 оны УИХ-ын сонгуулийн дараа АН олуулаа болж Н.Алтанхуягийн ЗГ байгуулагдав. Гэвч гэрээ болон ТЭЗҮ-д заасан ил уурхайн хөрөнгө оруулалтын зардлын дөрвөн тэрбум ам.доллар нь долоон тэрбумам.доллар болж 70 гаруй хувиар өсчихжээ. Энэ нь бол С.Баяр болон Сү.Батболдын ЗГХЭГ, Оюу толгойн ТУЗ, Монгол Улсын Засгийн газрын тал зардлаа хянаагүйн гай. Албаар ч хянаагүй юм уу яаж мэдлээ. Тэр үед Австрали улсын нэг сонинд Монголын эрх баригчидтай тохирч гэрээ байгуулахад нэг тэрбум ам.долларыг авлигад төлсөн гэсэн гэх мэдээлэл гарсан нь манай хэвлэлийн мэдээлэлд гардаг байсан. Ийм байдлаар МАН-ын Засгийн газрын үед зардлаа хянаагүй учраас энэ дээр нь АН-ын Н.Алтанхуягийн болон Ч.Сайханбилэгийн Засгийн газар халтирч унасан юм.Би Н.Алтанхуягийн шинэчлэлийн ЗГ-т нь Уул уурхайн сайдаар ажиллаж байсан. Тэр гурван тэрбум ам.доллараар хэтэрсэн зардалд нь аудит хийлгэх ажлын хэсгийг байгуулахыг санаачилсныхаа төлөө хэвлэлээр зөндөө балбуулдаг. Хэзээ нэгэн цагт үнэн ялна гэдэгт итгэлтэй байдаг. Одоо би улс, ард түмнийхээ эрх ашгаас урваагүйдээ сэтгэл уужуу тайван сайхан амьдарч байна.

-Дубайн гэрээ л гэдэг. Яг үнэндээ уг гэрээ сайн, муу эсэхийг нь тогтоосон зүйл гарч ирдэггүй. Таны хувьд уг гэрээг ямар байдлаар дүгнэдэг вэ?

-2009-2010 онд С.Баярын ЗГ-ын үед байгуулагдаж, Сү.Батболдын Засгийн газрын үед баталгаажсан Хөрөнгө оруулалтын гэрээнээс давсан заалт тэр санамж бичигт ширхэг ч байхгүй. Сү.Батболдын ЗГ-ын үед баталгаажсан гэдэг нь 2009 оны 10 дугаар сард УИХ-аас ЗГ-т энэ гэрээг баталгаажихаас өмнө хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж шийдэх хэдхэн үүрэг чиглэл өгсөн. Гол үүрэг нь зэс алтны зах зээлийн үнэ тодорхой түвшнээс дээш гарсан үед эзэн орны газрын хэвлийн баялгийг ашигласнаас авдаг нөөц ашигласны төлбөр буюу “Royalty”-ийг нэмэгдүүлэх байсан. Гэтэл таг, чиг болсон. Ингээд тэр гэрээнд зааснаар алт, зэсний royalty нь 30 жил таван хувь дээр хөдөлгөөнгүй тогтворжсон. Гэвч Эрдэнэт ТӨҮГ зэсийн үнэ нэг тонн нь 8500 ам.доллар орчимд 12-14 хувийн royalty төлдөг. Цаашид 2025 оноос хойш ч юмуу нэг тонн зэсийн үнэ 15000 ам.доллар хүрнэ гэсэн таамаг гарах болов. Сү.Батболдын ЗГ-т Сангийн сайд нь С.Баярцогт, ЗГХЭГазрын дарга нь Ч.Хүрэлбаатар, ЭБЭХүчний сайдаар нь Д.Зоригт нар ажиллаж байсан. Ч.Сайханбилэгийн ЗГ нь МАН-тай хамтарсан ЗГ байсан. Сангийн сайд нь Ж.Эрдэнэбат байв. Ж.Эрдэнэбат нь Сэлэнгээс сонгогдсон МАН-ын гишүүн. Энэ Сангийн сайд нь Ч.Сайханбилэгийг Дубай явахын өмнөхөн Оюу толгой төслийн зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрсөн гэдэг. Н.Алтанхуягийн ЗГ-ын Сангийн сайд Ч.Улаан нь зардлын хэтрэлт дээр хатуурхаад байсан учир ЗГ нь огцорсон байдаг. Бодит үнэн ийм байхад ганцхан АН буруутай, мөн С.Баярцогт буруутай гээд гүтгээд байх нь утгагүй, бас жудаггүй үйлдэл бус уу.

-Яг ямар гэрээ вэ гэдэг тал дээр та тодорхой зүйл хэлэх үү?

-Энэ гэрээ ямар гэрээ вэ гэдгийг олон түмэн надаар хэлүүлэлтгүй мэдэх болсон. Зүгээр эх орноо гэсэн сэтгэлтэй жаахан туршлагатай ЖДҮЭрхлэгч гэсэн яг ийм гэрээнд гарын үсэг зурахгүй байх. Ер нь бол олон улсын хэмжээнд МУ-ын хөрөнгө оруулалтын орчин өрсөлдөх чадвартай байж, хөрөнгө оруулагчид ашиг ихтэй байж гадаадын хөрөнгө оруулагчдыг татна гэдгийг бол ойлголгүй яах вэ. Тэр тусмаа ийм том төсөл дээр. Гэхдээ бас харилцан ашигтай байх учиртай болов уу. Гэрээг товчхон дүгнэж хэлэхэд, Монгол Улсын Засгийн газар аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (АНОАТ) бараг авахгүй болов уу. Энэ ордыг ашиглаж эхэлснээс хойш ААНОАТ гэж олигтой юм төлөөгүй байх гэж бодож байна. Уг нь С.Баярцогтын ярьснаар нэг тонн зэсийн үнийг дунджаар 6790 ам.доллароор тооцоход энэ төслөөс ААНОАТатвараар 14.5 тэрбум ам.доллар, ноогдол ашгаар 8 тэрбум ам.долларыг Монгол Улсын Засгийн газар авна гэсэн урьдчилсан тооцоог хэлж байсан. Энэ тохиолдолд төслийн нийт ашгийн 53.7 хувь нь Монгол Улсын Засгийн газарт орно гэсэн. Энэ урьдчилсан тооцооны хэрэгжилтийн байдлыг нь Оюу толгойн Монголын талын ТУЗ-ын гишүүд нь олон түмэнд тайлагнахгүй юм. Тайлагнахгүй юм бол тэнд Монгол Улсыг төлөөлж өндөр цалин авч байгаад хэрэггүй.Зүгээр Рио Тинто ХК-иас тавигдсан Оюу толгой компанийн гүйцэтгэх захирлын тайланг зурагтаар сонсоход хангалттай. Хамаагүй илүү хариуцлагатай тайлагнах нь ойлгомжтой.Гүйх нохойд Гүйхгүй нохой саад болдог гэдэг ардын зүйр цэцэн үг байдаг даа. Тэр цалингаар нь Монгол Улсын Засгийн газарт зээлийн хүүгээ ч болтугай төлж байвал зохистой.

-Энэ сонгуульд МАН-аас дэвшиж буй Хууль зүйн дэд сайд Б.Солонгоо саяхан Монгол Улсын Засгийн газар ногдол ашгийг 2040, эсхүл 2050 оноос ч юмуу авч эхлэх байх, ААНОАТ бараг авдаггүй гэж хэвлэлээр яриад байсан. Үнэн юм болов уу?

-Сонгуульд нэр дэвшиж байгаа учир итгэхэд бас хэцүү. Одоо тэр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж буй Оюу толгойн ТУЗ-ын гишүүдээс манай сэтгүүлчид энэ талаар асуумаар юм. Ер нь бол энэ төсөл дээр нийт үйл ажиллагааны зардал, дээр нь хөрөнгийн зардлыг нэмээд энэ дүнгээс нь хөрөнгө оруулагч тал зургаан хувийн менежмэнтийн төлбөр авах гэрээтэй. Ингэхээр чинь Оюу толгой компанийн захирал, ер нь ямарч захирал зардлаа өсгөх сонирхолтой байх нь ойлгомжтой. Тэгээд зардлаа өсгөсөөр байгаад ашиг үлдвэл ААНОАТ татвар авна, үүний дараа ашиг үлдвэл хоёр тал ногдол ашиг авах маягтай юм. Тэр үед энэ гэрээг байгуулахад оролцож байсан С.Баярын ЗГ-ын нэг гишүүнээс “хөрөнгө оруулагч тал нь зардалаар ашигаа хийх гэрээ болчих” гээд байна, ойлгож байна уу гэсэн чинь, тийм юм байхгүй гэж хариулсан, ингээд дууссан. Угтаа бол хөрөнгө оруулагч талын менежмэнтийн төлбөрийг ААНОАТ төлөхийн өмнөх ашгаас өгдөг байхаар гэрээнд тусгасан бол зөв байсан. Энэ тохиолдолд Монгол Улсын Засгийн газар болон хөрөнгө оруулагч тал хоёрын ашиг сонирхол нэгдэж нэг зүгт урагшлах байсан. Ер нь бол ийм гэрээн дээр санхүүгийн тайлан гол нь орлогын тайлан ч ойлгохгүй, бизнес эрхэлж зовж үзээгүй мөртлөө мангар олон хувьсагч ярьдаг, мөн зузаан цаас барьсан улстөрчид, эсхүл гэрээгээ ч сөхөж хараагүй харсан ч ойлгохгүй мөртлөө хариуцлагыг би хүлээнэ гэдэг улстөрчид оруулдаг нь маш буруу байсан. Мөн том том сургууль төгссөн мөртлөө хувийн хэвшилд ажиллаж үзээгүй залуусыг Оюу толгой компанийн Монгол Улсын Засгийн газарыг төлөөлөх ТУЗ-ын гишүүнээр томилох нь ч тийм зохистой бус. Харин төрийн тусгай албанаас сайн орчуулагч гаргаад УБ хотын аль нэг дүүрэгт байрлах олон жил татварт дарамтлуулсан орлогын тайлан ойлгодог, эх орноо гэсэн сэтгэлтэй, туршлагатай, хүн чанартай, худалч биш ЖДҮЭрхлэгчийг Оюу толгой компанийн ТУЗ-ын гишүүнээр тавиад жил бүр өөрчлөөд байсан нь хавьгүй дээр. Тэр үеийн ЗГишүүд нь Оюу толгой компанийн рестораныг ажиллуулах, бензинийг нь шахах зэсийн баяжмалыг нь тээвэрлэх, компаниудад тэнд ажил олж өгөх зэрэг бизнесийн ард байдаг гэж ярих юм. Хэрэв тийм бол сайн биш байна. Иймд тэр үеийн гэрээ байгуулахад оролцсон улстөрчдийг нам нь улс төрөөс зайлуулсан нь дээр гэж бодож байна. Одоо далд уурхайн санхүүжилт ороод Оюу толгой компанийн нийт зээл 13 орчим тэрбум ам.доллар байх учиртай атал яагаад 16-17 тэрбум ам.доллар гэсэн мэдээлэл яваад байгаа нь анхаарал татаж байна. Ийм үед нөгөө Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж суугаа ТУЗ-ын гишүүд нь олон нийтэд тайлангаа тавьмаар байна.

-Та яагаад сонгуульд нэр дэвшээгүй вэ?

-Аль 2021 онд 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Тэр хэвээрээ байгаа. Лу.Гантөмөрийг АН-ын дарга болсны дараахан ч үүнийгээ хэлсэн. АН-аа болон элдэв юманд холбогдоогүй нэр дэвшигчдийг дэмжиж ажиллана. Шалтгаан нь намайг 12 жил иргэд, сонгогчдынхоо итгэлийг дааж УИХ-ын гишүүнээр ажиллах боломжийг олгож байсан залуус маань одоо 40 гарсан ид насны улстөрчид болсон байна.

-Туршлагатай улс төрчийнхөө хувьд улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр, сонгуультай жилийн улстөржилт ямар байгаасай гэж боддог вэ. Таны хэлдгээр сонгууль бүрийн өмнө л топ болсон хэдхэн сэдвийн хүрээнд л нэг нэгнээ дайрч, гүтгэх юм. Одоо арай бүтээлчээр, арай өөрөөр асуудалд хандах цаг болсон баймаар юм?

-Улс орны хөгжил дэвшилд чухалд тооцогдох дээр ярьсан Монгол Улсын УИХ-ын сонгуулиудын хар пиарын ТОП сэдвүүдийг сонгуулийн бус үед буюу налайсан гурван жилийн хугацаанд ярьж шийддэг болоосой. Уг нь улс төрийн намууд сонгуулиар эх орныхоо ирээдүйг илүү гэгээлэг болгох гэж мөрийн хөтөлбөр боловсруулж, энэ хөтөлбөрөө өрсөлдүүлж, олон түмнээрээ шүүлгэж сонгуульддаг гэж ойлгодог. Бас эрх баригч нам нь өмнөх хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг үнэн зөвөөр тайлагнах учиртай. Тэгэхээр Гэгээлэг Сонгууль явуулсан дээр байгаа биз дээ. Европчууд аль хэдийнэ Гэгээлэг байхыг дэлхий нийтэд уриалаад эхэлчихсэн. Мөн сонгуулийн жилд сонгуулийн дараа амьдрахгүй юм шиг хуулиа шүршчихсэн лааз шиг болгодог, хэрээс хэтэрсэн их төгрөгийг зах зээлд хэвлэн нийлүүлснээр сонгуулийн дараагаас үндэсний валют төгрөгийн ханш улам муудаж, иргэдийн амьжиргааны чанар доошилдог мунхаг үйл ажиллагаа энэ удаагийн сонгуулиар төгсгөл болоосой гэж бодож байна. Ингээд байхаар чинь улс орны хөгжил маань нэг алхам урагшилж, хоёр алхам хойшилж дөрвөн жилийн хугацаанд нийлбэр утгаараа дороо хий эргэсээр байх юм.

-Хоёулаа нэлээд хүнд сэдвүүдээр ярилцлаа. Бодит үнэний талаар ч та ярилаа. Ярилцлагынхаа төгсгөлд танаас хөнгөн нэг зүйл асууя. Таны цаашдын зорилго юу вэ?

-Миний цаашдын зорилго тодорхой. Би улс төрд олон жил байж үзсэн. Шударга байлаа гээд, хэнээс ч дутахгүй хөдөлмөрлөлөө гээд, төлөөс нь хөлсний бичээчдэд гүтгүүлдэг юм билээ. Тэгвэл одоо Олон нийтийн төлөөх ТББ-аар дамжуулж, энгийн иргэдийн дундаас Үндсэн хууль зөрчсөн улстөрч өөрөө огцордог болгохоос эхлүүлээд, цөөхөн монголчууд биднийг ажиллаж, амьдрах аюулгүй таатай, мөн өрсөлдөх чадвартай орчинтой болгох төрийн үндсэн чиг үүргийг эрх баригчдад нь байнга сануулах, энэ үйлсийн төлөө тэмцэх зэрэг байх болно. Ингэснээр сонгуулийн дараагаас эхлэн улстөрчдөөс иргэд нь эмээж айдастай амьдардаг биш, эсрэгээр улс төрчид нь иргэдээсээ ичиж эмээдэг болдог олон улсын сайн жишиг эх оронд минь нутагшина гэж ойлгож байна. Би бодит үнэнийг ярьсан.Бас ид үе, залуус маань сайн мэдэхгүй байна гэж бодоод коммунизмын улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар жаахан хөндсөн. Аль ч намыг үгүйсгэх зорилго байгаагүй гэдгээ хэлмээр байна. Ер нь бол эрх баригч намын улстөрчид нь соёлтой шүүмжлэлийг хүлээн авч ажлаа сайжруулж байх үүрэгтэй. Тийм ертөнцийн жишигтэй юм шүү. Сонгочид маань хэрсүү болсон. Аль нам нь нэртэй хулгайчдыг илүү олноор нь дэвшүүлсэн байна, эндээс шүүлтээ эхлээрэй гэж хэлье. 1962 оноос 1990 оныг хүртэлх улс төрийн хэлмэгдүүлэлтийг зарим прокурор болон цагдаагийн долоогч удирдлагын гүнзгий оролцоотойгоор хийсэн байдаг. Энэ дижитал зуунд бол тийм боломжгүй тул хууль хяналтынхан болгоомжтой ажиллах учиртай байх. Сонгуулийн зорилго нь Ардчилсан орны иргэдэд хамгийн сайныг нь сонгох боломж олгодог. ”Election is chance to change for the better”. Залуу байхад алдаж ононо. Гэхдээ хуулиа дээдлээд,өвөг дээдсийн сургаалаа бодоод, ямагт гэр бүл үр хүүхэд ач, зээ нарынхаа ирээдүйг бодоод гэлдэрч байхад монгол хүн алзахгүй байх.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Анхзаяа: Улс төрийн шинэ соёл хандлагыг түгээж, олон нийтэд танилцуулж чадсан улс төрийн хүчинд их боломж байна DNN.mn

Улс төр судлаач Б.Анхзаяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Нам, эвслүүд сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодрууллаа. Таны хувьд нэр дэвшигчид болон намын жагсаалтын тухайд ямар байр суурьтай байна вэ?

-Өнгөрсөн долоо хоногт зарласан нам, эвслүүдийг жагсаалтыг олон нийт анхааралтай ажиглаж, товч дүгнэж хэлбэл улс төрийн сайн маркетинг байлаа гэж хэлмээр байна. Энэ бүхэн хэлбэр тал руугаа хэтэрхий хэлбийх юм бол парламентын чадамжид сөргөөр нөлөөлөх учир болгоомжтой хандах нь чухал. Ер нь намын жагсаалтыг энгийн сонгогч хараад үнэлэлт дүгнэлт өгөхөд нэлээн хүндрэлтэй байна. МАН-ын жагсаалтыг өнгөц харж дүгнэвэл маш гоё харагдах ч нарийн харвал өнгөлөн далдлалт ч гэж хэлж болохоор. АН-ын жагсаалтын хувьд ямар зарчмаар намын жагсаалтаа зурсан нь тодорхойгүй фракцуудын өрсөлдөөний үр дүн байсан. Намын дүрэм, нэр дэвшүүлэх журам тодорхойгүй байсан нь нэлээд зөрчил маргаан дагуулж эв нэгдэлгүй харагдсан нь нууц биш. Энэ мэт олон асуудлыг ярьж болох ч намууд олон нийтийн хүлээлтэд нийцүүлэх гэж хамаг сайнаараа хичээлээ гэж харж байна.

Ер нь намууд нэр цэвэр, мэргэжлийн хүн гээд улс төрийн туршлагагүй, сонирхдоггүй хүнийг жагсаалтын эхэндээ бичиж улмаар УИХ-ын гишүүн болгох нь хууль тогтоох байгууллагын нэр хүнд, чадамжид шууд нөлөөлнө. Энэ байдал удаан үргэлжилбэл аюултай. Мөн намын листээр сонгогдсон гишүүдийн хууль тогтоох үйл ажиллагааны бие даасан байдал маш чухал. Намын даргын нөлөөнөөс ангид хууль тогтоох үйл ажиллагаа явуулах боломжийг хуулиар олгох ёстой. Ингэж байж бид энэ сонгуулийн тогтолцооны намын листийн үнэ цэнийг хадгалж үлдэнэ.

Үгүй бол намын даргын даалгавраар кноп дардаг хүмүүсийн улс төрд орох үүд хаалга болох талтай.

-Намууд олон нийтийн дэмжлэгийг авах бүхий л боломжийг ашиглаж байна гэж та хэллээ. Тэгвэл үүнийг дагаад төрд тэр тусмаа намд итгэх олон нийтийн итгэл сэргэх болов уу?

-2012 онд бид сонгуулийн холимог тогтолцоог хэрэглэж намын жагсаалт гэх зүйлтэй анх танилцсан. Тэр үед жагсаалтаар ихэнхдээ намыг санхүүжүүлэгч хуучин ах нар орж ирсэн учраас олон нийт намын жагсаалтын талаар сөрөг төсөөлөлтэй үлдчихсэн. Тэр үеийг бодвол одоо олон нийтийн мэдлэг ойлголт харьцангуй дээшилж, оролцоо нэмэгдсэн учир намууд олон нийтийн хүсэл сонирхолд нийцүүлэхийг ихэд хичээсэн нь харагдаж байна. Гэхдээ улс төрийн намд итгэх итгэл нэг удаагийн сонгуулиар бүрэн сэргэх боломжгүй. Сонгуулийн бус үед ч явуулж буй улс төрийн тогтвортой үйл ажиллагаа, улс төрийн боловсрол олгох үр дүнтэй процессын дараа аажмаар сэргэх байх.

-Намын жагсаалт хүйсээр сөөлжлөх нь парламентад эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх бодит боломж болж чадах уу?

-Өнгөрсөн 2023 оны УИХ-ын Хаврын чуулганаар гарсан өөрчлөлтүүдийн нэг амжилт бол энэ юм. Намын жагсаалтыг хүйсээр сөөлжлөхийг Сонгуулийн тухай хуульд тусгаж өгсөн. Хэрэв энэ зохицуулалт байгаагүй бол сонгууль дахиад л эрэгтэйчүүдийн өрсөлдөөн болж өнгөрөхөөр байлаа. Улс төрийн тавцанд эмэгтэйчүүд орж ирж, тоглох боломжийг хүйсээр сөөлжилсөн намын жагсаалт, квот олгож байгаа нь мэдээж давуу талтай. ХҮН намын тухайд 50:50 бодлого дэвшүүлж энэ чиглэлд манлайлж ажиллахыг хичээсэн. Үүний үр дүнд ч бусад намуудыг бодвол эмэгтэйчүүдийг олноор нь нэр дэвшүүлж байна.

МАН, АН-ын тухайд 13 тойрогт 14 эмэгтэйг нэр дэвшүүлж, намын жагсаалтынхаа 24-ийг эмэгтэйчүүдээр бүрдүүлсэн харагдана. Ерөнхийдөө Сонгуулийн тухай хуульд тусгасан аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувь байна гэх заалтад шүргэх төдий нэр дэвшүүлж байна гэсэн үг. 30 хувийг нэр дэвшүүллээ гээд тэр чигээрээ сонгогдоно гэсэн үг биш. Одоо сонгогчдын мэдрэмжид л найдах үлдлээ.

Гэхдээ манай сонгогчдын хувьд харьцангуй мэдрэмжтэй гэж хэлж болохоор. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулийн тухайд нийт нэр дэвшигчдийн 25 орчим хувь нь эмэгтэйчүүд байсан бол сонгуулийн дүнгээр 17 хувь нь сонгогдоод парламентад төлөөлөл болж ажилласан. Өөрөөр хэлбэл, манай сонгогчид намаас нэр дэвшүүлсэн эмэгтэйчүүдийг хангалттай хэмжээнд сонгочихсон гэсэн үг. Ингэхээр эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо муу гэж дүгнэх нь өрөөсгөл. Харин намууд тэдэнд шийдвэр гаргах түвшинд орж ажиллах боломжийг олгодоггүй буюу хангалттай нэр дэвшүүлдэггүй гэж дүгнэж болно. Жишээ нь одоо 10 мандаттай тойрогт нэг л эмэгтэйг нэр дэвшүүлж байна шүү дээ.

-Өнгөрсөн саруудад бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр зорилтот контентууд цацагдаж, олон нийт ч энэ тал дээр нэлээн бухимдалтай байгаа нь харагдсан. Энэ бүхэн сонгуулийн үр дүнд хэр нөлөөлөх бол?

-Үндэсний хэмжээний бүх телевизээр нэгэн ижил контент цацагдаж, үүнийгээ хамгийн олон дагагчтай нөлөөлөгчдөөр олон нийтэд хүргэх гээд маш өндөр зохион байгуулалттай сонгуулийн өмнөх хар пиар хөвөрлөө. Заримдаа ардчилсан улсын иргэн гэдэгтээ эргэлзэхэд ч хүргэсэн. Гэхдээ улс төрийн коммуникаци талаасаа энэ бол хуучирсан, үр нөлөө нь багатай арга л даа. Төдийлөн сонгуулийн үр дүнд нөлөөлдөггүй ч хамгийн хортой нь нийгмийг талцуулж, итгэлцлийг эвдэж байдаг.

Манай намууд нийгмийн хөгжлөө дагаад өөрчлөгдөхгүй байгаад л гол асуудал байна. Нийгэм олон нийт нь улс төрийн өөр өрсөлдөөн, соёл хүсэж хүлээж байхад намууд хэн нэгэн дайсанг санаатай болон санамсаргүйгээр гаргаж ирээд хоорондоо “байлдаж” байгаа нь утгагүй. Бид олон жил энэ драмыг үзээд уйдаад залхчихсан шүү дээ.

-Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдах парламен-тын бүтцийг та хэрхэн харж байна вэ?

-Урьд өмнөх сонгуулиудаас ялгаатай нь энэ удаагийн сонгуульд хамгийн олон нам эвсэл оролцохоор байна. Өрсөлдөөн арай өргөн хүрээнд өрнөнө гэсэн үг. Битүүхэн дүгнэхэд олон нам парламентад суудалтай болохоор байна. Сонгуулийн тогтолцоо мэдээж санал гээгдэхгүй, олон намын тогтолцоог дэмжсэн учраас ийм үр дүн гарах байх. Ернь том тойрогт эвтэй хамтарч ажилласан нам л амжилтад хүрнэ. Сонгуулийн үр дүнд эвслийн засгийн газар байгуулагдах төсөөлөл байна.

Эцсийн дүндээ манай парламентад үгүйлэгдэж байгаа зүйл бол хяналт. Нэг улс төрийн хүчин хэт олонх болохоор заавал үүсдэг эффект л дээ. Сонгогчид энэ талыг харгалзаж сонголтоо хийгээсэй л гэж хүсэж байна.

-Улс төрийн нам, эвсэл, бие даагчид тус бүрдээ аль нам нь хэдэн суудал авах шинжтэй болоо. Энэ талаар нийгмийн өнөөгийн хандлагыг харж ойролцоо тооцоолол хийж болох уу. Тэр нам тэдэн суудал авна гэх мэтээр…?

-Сонгуулийн үр дүнг урьдчилж харсан судалгаанууд мэр сэр байгаа. Гэхдээ үүнийг сонгуулийн өмнө олон нийтэд дэлгэх нь хуулиар хориотой. Олон нийтийн улс төрийн боловсрол тааруу учраас нууцалдаг байх. Угтаа бид сонголтоо хийхдээ аль улс төрийн хүчин давамгай байхаар байна, алийг нь дэмжих шаардлага байна гэж хараад сонголтоороо хүчний тэнцвэрийг хангахад энэ судалгааны үр дүнгүүд туслах учиртай. Ер нь одоогийн нөхцөл байдлыг хараад дүгнэхэд улс төрийн шинэ соёл хандлагыг түгээж, түүнийгээ олон нийтэд танилцуулж хүлээн зөвшөөрүүлж чадсан улс төрийн хүчинд их боломж байна. Ер нь сонгогчид намыг дэмжихгүй, итгэхгүй гэх хандлагатай байна. Энэ орон зайд зөв тоглолт хийж чадвал сонгуулийн үр дүн төсөөлснөөс өөр ч байж магадгүй.

-Сонгуулийн зардал ч өндөр гарахаар байна. Бууруулах боломж бий юу?

-Сонгуулийн холимог тогтолцоо, Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийн гол концепц сонгуулийн зардлыг бууруулах байсан. Гэтэл сонгуулийн тойргийн бүтэц нь үүнийхээ эсрэг болж хувирсан. Одоо тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүс үр дүнтэй хамтарч ажиллаж чадвал зардлаа бага зэрэг хэмнэж чадах байх. Дараа дараагийн сонгуульдаа бид сонгуулийн зардлыг бууруулах тал дээр онцгой анхаарах шаардлагатай.

Харин сонгогчдын хувьд хийх ажил их байна. Нийгмийн сүлжээг ажиглахад сонгогчид буюу олон нэр дэвшигчдийн үйлдлийг харж шоолж, даапаалж байгаа дүр зураг их ажиглагдаж байна. Нэг үгээр хэлбэл тэд зөвхөн нэр дэвшигчдийн уралдааныг сонирхохоор ирсэн үзэгчдийн байр суурь дээрээ л үлдэж. Гэтэл сонгууль бол сонгогчдын хувьд сонгох эрхээ эдлэх нөгөө талд нэр дэвшигчдийн хувьд сонгогдох эрхээ эдлэх олон талт үйл ажиллагаа байдаг. Гэтэл манай сонгогчид сонгуулийг зөвхөн улс төрийн намд хамааралтай хэсэг бүлэг хүмүүсийн л “ажил” гэж үзээд, хэн надад хамгийн ойр ирж, танигдахыг харъя гэх хандлагаасаа салахгүй л байсаар байна. Энэ нь манай сонгуулийн улмаар улс төрийн гажуудлын нэг суурь болдог. Сонгуулийн өндөр зардал ч үүнтэй холбоотой. Ингээд харахаар сонгуулийн зардлыг бууруулах нь олон талт үйл ажиллагаанаас хамаарах зүйл болчихоод байна.

-Бие даагчдын хувьд яг ямар боломж байгаа гэж үзээд энэ сонгууль нэр дэвшин өрсөлдөх гэж байгаа юм бол. Олон бие даагчид хүсэлтээ өгсөн гэж байгаа шүү дээ. Бие даагчдад ер нь боломж хэдэн хувь байгаа вэ?

-Бие даагчдын хувьд том тойрогт, сонгуулийн зардал өндөр энэ үед боломж нэлээд хязгаарлагдмал болов уу даа. Манай улс төрийн намууд олон нийтийн улс төрийн эрхийг хангах, хүсэл сонирхлыг илэрхийлэх платформын үүргээ биелүүлж чадахгүй байгаа учраас хувь хүн бие даан нэр дэвших сонголтыг хийдэг шүү дээ. Намын дотоод соёл хандлага нь хуучинсаг, тоглоомын дүрэм нь тодорхойгүй байдал манай намуудын нийтлэг дүр төрх л дөө. Энэ байдлаа засаж сайжруулахгүй л бол цаашид хүлээн зөвшөөрөгдөх байдлаа алдаж, улс төрийн тавцнаас арчигдах нь гарцаагүй.

-Энэ сонгуулиар иргэдийн оролцоо ямар байх бол. Сонгуулийн ирц хүрдэг болов уу?

-Олон хүний санаа зовоож байгаа асуудал бол энэ. Олон нийт сонгуулийн тогтолцоо яаж өөрчлөгдсөн сонгууль ямар дүрмээр явагдах талаар мэдээлэл тааруу байна. Энэ удаагийн сонгогчийн саналын хуудас гэдэг асар нүсэр бүтэцтэй зүйл учир мэдээлэлгүй, судалгаагүй хүнд хэцүү даалгавар байх болно. Тийм учраас сонгогч түмэн минь саналын хуудсын загвартай урьдчилж танилцаж, санал өгөх байрт очихдоо сонголтоо хийчихээд очоорой л гэж хэлмээр байна.

Мөн энэ сонгуулийн санал өгөх өдөр нь баасан гараг. Урт амралтын өдрүүд тохиох учир хүмүүс хөдөө явахыг илүүд үзэж магадгүй. Хэрэв ийм шийдвэр гаргаж байгаа бол та сонгуулийн үр дүнд сэтгэл дундуур байх, миний амьдрал болохгүй байна гэж гоншигнох ч эрх байхгүй.

-Улс төр, нийгмийн анхаарлыг татсан өөр нэг асуудал байна. Тэр нь ШХАБ. Энэ хавар билүү, зунаас ШХАБ-т Монгол Улс элсэнэ гэж Лавров хэлж байсан. Энэ ямар учиртай юм бол. Үнэхээр Лавровын хэлснээр манай улс ШХАБ-д элсэнэ гэж үү?

-Манай улсын хувьд ажиглагчийн байр суурь дээр олон жил явсан. Олон ч жил шахалтад байсан. Энэ удаагийн хурлаар ажиглагч орон гэх статусыг байхгүй болгох ч эрсдэл байна. Гэхдээ нөхцөл байдал яаж ч эргэсэн бид тусгаар улсын бодлогоор шийдвэр гаргах нь гарцаагүй. Хоёр том гүрний дунд орших “жижиг” улсын зовлон их. Гадаад харилцааны тухайд бол манай улс хамгийн боломжит зөв бодлогыг барьж ирсэн гэдэгт би эргэлздэггүй.

Олон нийт дотроо ШХАБ-т элсэх, элсэхгүй талаар олон байр суурь илэрхийлж болно. Бид чинь ардчилсан улсын иргэд шүү дээ. Гэхдээ элсэх элсэхгүйн тухайд Монгол Улс нэг цонхны гадаад бодлогоороо шийдээд явах болов уу л гэж харж байна.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Бороо, бороо ороод л байгаарай… DNN.mn

Хувьтай хүн хур борооноор гэдэг дээ. Зуны эхэн сар гарлаа гэсэн шиг зүсэр бороо орсоор л. Нэг тийм тайван, намуухан, дулаахан мэдрэмжийг авсаар л. Тийм болохоор энэ бороог зогсоомооргүй санагдана.

Өнөөдөр ч ороосой, маргааш ч ороосой. Уйдтал ороосой. Бороо орох тусам бодол дахь бүлээн дурсамж сэргэх шиг. Задгайн энгэрт зусдаг байсан хөгшин аавынх маань санагдана. Задгайн хөндийгөөр өгсөх мотоциклийн чимээ намуухнаас тодрон тодорсоор чихэнд наалдаж, зүрхэнд баяр төрүүлнэ. Сумын төвөөс нагац ах маань өвөр дүүрэн чихэртэй ирсэн дээ хэмээн тэрүүхэн зуур горьдоно.

Гэтэл чихэнд наалдсан мотоциклийн тэр чимээ манайд биш Задгайн арыг ташлаад Үхэр чулуут өгссөөр алсарна. Бараа нь тасрах тэр мотоциклийн хаазлахтай зэрэгцэн олгойтох цэнхэр утаа зүсэр бороонд идшээ ханан хэвтэх хөх сарлагийн уур савссан амьсгалтай холилдон хөндийд хоцорно.

Энэ хөндийд замаа дагаад сууж хоцорсон цэнхэр утаа чихэр горьдсон миний сэтгэл шиг л замхран үлдлээ дээ хэмээн санаа алдан бодлогоширно. Хүүхдийн санаа нүдэнд нь тодорч харагдсан уу, зүрхэнд нь уясаж мэдрэгдсэн үү хөгшин ээж минь авдараа уудлаад атга дүүрэн чихэр гаргаж өгч билээ.

Бороо, бороо ороод л байгаарай. Бодолд нуугдсан дурсамж бүхнээ сэргээгээд авъя…

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Наранбат: Нам, эвсэл санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болно DNN.mn

Сонгуулийн ерөнхий хорооны Хуулийн газрын дарга Т.Наранбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Улс төрийн нам эвслүүд нэр дэвшигчдээ тодрууллаа. Улмаар сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэхээр баримт бичгүүдийг өгөх хуулийн хугацаатай. Яг одоогийн байдлаар хэчнээн нам, эвсэл нэр дэвшигчдээ бүртгүүлэхээр өгчихөөд байна вэ?

– Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нам, эвсэл болон бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана. Үүний дагуу тавдугаар сарын 14-20-ны хооронд нам, эвслүүдийн нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явагдаад дууссан. Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явагдаж дууссанаас хойш тав хоногийн дотор буюу тавдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд нам, эвслүүд Сонгуулийн Ерөнхий хороонд нэр дэвшигчтэй холбоотой баримт бичгийн бүрдлийг хүргүүлэх үүрэгтэй. Улмаар Сонгуулийн ерөнхий хороо тавдугаар сарын 25-наас хойш долоо хоногийн хугацаанд тухайн нам, эвслээс ирүүлсэн нэр дэвшигчийг бүртгэх, мөн бие даагчдыг бүртгэх асуудлыг шийдвэрлэхээр хуульчилсан байдаг. Өнөөдрийн байдлаар СЕХ-нд нэг бие даагч материалаа ирүүлсэн байдалтай байна.

-Долоо хоногийн хугацаанд нэр дэвшигч дийг бүртгэх эсэх асуудлыг онгуулийн рөнхий хороо хянана гэсэн үг үү?

-Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч, баримт бичгийн бүрдэл бүрэн, мөн хуульд заасан шаардлагуудыг  хангасан нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргана.

-Нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах хуулийн хугацаа хэзээ байгаа вэ?

-Сонгуулийн суртал чилгаа зургадугаар сарын 10-ны өдөр эхэлнэ. Энэ өдөр нэр дэвшихээр бүртгэх шийдвэр гарсан нэр дэвшигчдэд үнэмлэх олгоно.

-Тойрогт болон намын жагсаалтаар нэр дэвшиж байгаа хүмүүс эрх зүйн хувьд ялгаатай үүрэг хүлээж байгаа юу?

-Энэ удаагийн сонгууль холимог тогтолцоогоор явж байгаа. Гэхдээ тойрогт болон намын жагсаалтаар нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдэд тавигдах шаардлага хуулийн хувьд яг адилхан байна. Бүгд адилхан шаардлагын дагуу баримт бичгээ бүрдүүлж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж, шаардлага хангасан нэр дэвшигчид сонгуульд оролцох үнэмлэхээ авна.

-Ямар тохиолдолд онгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах вэ?

-Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах хуульд заасан үндэслүүд бий. ишээ нь, 51-ээс дээш хувьцаа эзэмшдэг компанитай нэр дэвшигч байлаа гэж бод ё. Тэгвэл тухайн компани нь татварын өртэй байлаа гэхэд СЕХ тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж болно. Гэхдээ зургадугаар сарын 2-ыг дуустал тэрхүү зөрчлөө арилгачихвал эргээд бүртгэх боломж хуулиараа нээлттэй байгаа. Нөхөн нэр дэвшүүлэх гэсэн эрх зүйн харилцаа бий. Тухайн нам эвслээс нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэчихлээ гэж бод ё. Гэтэл нэр дэвшигч нас барсан, шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд нам, эвсэл санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болно.

-Нам, эвслүүд  хүнийг жагсаалтаар нэр дэвшүүлж, Х-нд хүргүүлж байгаа. Тэгвэл сонгуулийн дараа суудал хуваарилалт явагдахад тухайн нам, эвсэл жагсаалтаа өөрчлөх боломжтой юу. Жишээ нь, жагсаалтын наймдугаарт бичигдсэн хүнийг тав руу оруулах зэргээр өөрчлөх боломжгүй биз дээ?

Улс төрийн нам, эвслээс нэр дэвшүүлэх ажиллагааны хугацаанд тодруулсан тойрогт нэр дэвших 78, жагсаалтаар нэр дэвших 48 хүний нэрсийг СЕХ-д ирүүлнэ. Эдгээр ирүүлсэн хүмүүсийн баримт бичгийг СЕХ-оос шалгаад ямар нэгэн хуулийн болон баримт бичгийн зөрчил байхгүй байна гэж үзвэл нэр дэвших үнэмлэх олгодог. Ингэж үнэмлэх олгохдоо энэ нэр дэвшигч тэр намын жагсаалтын тэд дүгээрт бичигдсэн гэдгийг нь баталгаажуулж өгдөг гэсэн үг. Тэр утгаараа тухайн нам, эвсэл санал хураалтын дараа хэчнээн санал авсан байна түүнийг нь хувьд тэнцүүлэн тооцож, суудал хуваарилалт явагдана. Ингэхдээ таны хэлдгээр наймдугаарт бичигдсэн хүн тав руу орно гэсэн зүйл огт байхгүй. Тийм боломж ч хуулиар олгогдоогүй. Хэрэв тэгвэл хууль зөрчсөн үйлдэл болно.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Д.Ганхүрэл: Үндэсний баялгийн сангийн тухай хуульд аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн орд газраас хувь авна гэсэн заалт байхгүй DNN.mn

Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, хуульч Д.Ганхүрэлтэй Үндэсний баялийн сангийн тухай хуулийн хүрээнд ярилцлаа.


-Үндэсний баялгийн сангийн тухай хууль хаврын чуулганаар батлагдлаа. Та хуульч хүний хувьд энэ хуулийн ерөнхий ач холбогдлын тухай юу гэж бодож байна. Эрх зүйн актын хувьд чанартай хууль болж чадсан уу?

-Үзэл баримтлал буюу яагаад энэ хууль батлагдах болсон шалтгаанаас нь эхэлье л дээ. Ерөөсөө л Үндсэн хуулийн 6.2 гэдэг заалт байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Энэхүү өөрчлөлтийн гол зорилго бол газар доорх баялаг, тэр дундаа стратегийн ач холбогдолтой уул уурхайгаас орж ирж байгаа орлогын ихэнх нь монголчуудынх байх ёстой. Монголын ард түмэн нийтээрээ ашиг, үр өгөөжийг нь хүртэх ёстой гэдэг ийм агуулгатай өөрчлөлтийг хийсэн.

Үндсэн хуульдаа шүү дээ. Тэгэхээр энэхүү Үндсэн хуулийн агуулгыг яаж бодитой болгох вэ гэдэг асуудал гарч ирнэ.

-Үндсэн хуульд байгалийн баялаг нийт ард түмний өмч мөн гэдэг заалтыг л илүү бодитой болгосон хууль гэж хэлж байна уу, та?

-Ерөнхийдөө тийм. Баялгийн сан байгуулаад тухайн сандаа байгалийн баялгаас олсон мөнгөө хуримтлуулах замаар, мөн ирээдүйн монголчуудад өгөөжийг нь хүртээх ёстой гэдэг ийм үзэл баримтлал Үндсэн хуулиар батлагдсан. Энэ үзэл баримтлал Баялгийн сангийн тухай хууль болж батлагдаж байгаа нь энэ юм. Өөрөөр хэлбэл, энэ хууль батлагдаагүй бол тэр Үндсэн хуулийн заалт бодитоор хэрэгжихгүй гэсэн үг. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн тавдугаар зүйлд Баялгийн сангийн үйл ажиллагаанд баримтлах зарчим гэж бий. Энэ нь Үндсэн хуулийн заалт тэр чигтээ явж байгаа. Тодруулбал “Баялгийн хөрөнгө нь нийт ард түмний мэдэлд байна, өгөөжийг нь одоо болон ирээдүйн монголчуудад тэгш шударга хүртээнэ. Урт хугацааны бодлогод тулгуурлана” гэх мэт заалтууд орсон байгаа.

-Монгол Улсад олон сан байгаа. Өмнөх сангуудтай холбоотой авлига, албан тушаалын хэргүүд цөөнгүй гарсан. Тэгэхээр шинээр бий болж байгаа Баялгийн гурван сан дээр хулгай, луйвар гарахгүй гэсэн эрх зүйн баталгаа бий юу?

-Үндсэн хуулийн заалтыг амь оруулсан эрх зүйн зохицуулалт учраас бусад сангуудыг бодоход харьцангуй хяналттай. Учир нь уул уурхайгаас орж ирж байгаа баялгийн өгөөжийг эдгээр гурван сан дээр хуримтлуулаад өсгөх зорилготой агуулга хуульд тусгагдаж өгсөн.

Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын зорилготой гэсэн үг. Нөгөөтэйгүүр хувийн хөрөнгө оруулалтын сангууд бас бий. Хувь хүмүүс мөнгөө нийлүүлээд хөрөнгө оруулалт хийдэг. Үүнтэй төстэй байдлаар хяналт тавигдаад явах юм. Нэгдүгээрт, Үндэсний баялгийн сангийн хуулийг харвал жил болгон АУДИТ орно гэж байгаа. Хоёрдугаарт, баялгийн өгөөжийг юунд хөрөнгө оруулав гэдэг нь тайлангаараа тодорхой гараад явах байх. Өмнөх сангуудын асуудлыг та асуусан. Тэр нь гол төлөв зээлийн сангууд. Тухайлбал, Нийгмийн даатгалын сан дампуурах гэж байгаа банкинд хөрөнгөө байршуулчихсан. Ийм л асуудлууд байсан. Харин энэ сангуудын хөрөнгийг арилжааны ч гэх үү банкинд бараг байршуулахгүй. Аль болох л эргэлдүүлэх, хөрөнгийг нь өсгөх эдийн засгийн эрүүл системээр хөгжүүлэх юм билээ.

-Яаж хөрөнгийг нь эргэлдүүлнэ гэж?

-Монголд өндөр дүнгээр хөрөнгө оруулалт татах хэмжээний компаниуд ч гэдэг юм уу, хөрөнгийн, санхүүгийн зах зээлийн бүтээгдэхүүн байхгүй. Тиймээс гадаадын санхүүгийн бүтээгдэхүүнүүд рүү хөрөнгө оруулалт хийх болов уу. Учир нь эргэлдүүлэх хөрөнгө мөнгө нь маш өндөр. Тиймээс энэ мөнгө дээр хаашаа хөрөнгө оруулалт хийх вэ зэрэг менежментийн баг нэгдэх байх. Товчхон хэлбэл, компанийн удирдлага шиг гэсэн үг. Тэр утгаараа тус сангуудыг хариуцан менежмент хийгчид нь өөрсдөө боловсролтой, тэр дундаа намын томилгоо биш яг ур чадварын томилгоо байж чадвал үр өгөөжөө өгөх боломжтой. Хамгийн чухал нь ил тод байдал. Хөрөнгө оруулалтын сан учраас ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж, түүнээсээ ямар хэмжээний өгөөж болон алдагдал хүлээж байна вэ гэдгээ тогтмол тайлагнах ёстой.

-Та түрүүн ордуудын талаар ярьсан. Баялгийн сангийн тухай хуулиар стратегийн бус ордууд буюу ААН-үүд ашигладаг, эзэмшдэг ордуудаас хэдэн хувийг нь авахаар заасан юм бол?

-Эхлээд стратегийн ач холбогдолтой орд гэж юу юм бэ гэдгээ бид ойлгох хэрэгтэй. Ашигт малтмалын тухай хуульд байгаа тодорхойлолт нь улс орны урт хугацааны хөгжилд нөлөө үзүүлэхүйц хэмжээний ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдолтой орд гэж нэрлээд байгаа шүү дээ. Тэгэхээр яг ямар орд нь стратегийн ач холбогдолтой орд болох вэ. Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.12-т Нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт төсвийн арван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, үйлдвэрлэх боломжтой ордыг хэлнэ гэж заасан байдаг. Ийм томоохон хэмжээний ордуудыг Засгийн газраас энэ ордыг стратегийн ач холбогдолтой ордоор бүртгэе гэдэг саналыг УИХ-д өргөн мэдүүлдэг. Улмаар УИХ тогтоол гаргаад, ямар ордуудыг стратегийн ач холбогдолтой ордод хамааруулах юм бэ гэдэг шийдвэр гаргана.

-Тэр ч ойлгомжтой биз. Гол нь Баялгийн сангийн хуулиар бусад ордуудын хэдэн хувийг нь эдийн засгийн тооцооллоор бодож авах бол гэдэг нь сонин байна?

-Стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтыг батлах тухай гээд тогтоол бий. Уг тогтоол дээр бүртгэлтэй байгаа ордуудын багадаа 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшинэ гэж заасан байдаг. Мөн Ашигт малтмалын тухай хуулиар ч заасан. Багадаа 34 хувь гэдэг нь хувийн ААН-үүд нь өөрсдийн хөрөнгөөр хайгуулын ажлаа хийгээд нөөц байгааг тогтоогоод, тодорхой хэмжээний уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулахаар бол хамгийн багадаа стратегийн ач холбогдолтой ордын 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмших ёстой.

Харин төрийн өмчит компаниудын хайгуулаар бий болсон ордуудыг Монгол Улсын Засгийн газар өөрөө 100 хувь эзэмшиж байгаа. Тэр 34 хувь гэдэг нь хувийн ААН-үүд гэж ойлгож болно. Ашигт малтмалын тухай хуулиар 34 хувийг нь эзэмшинэ гэж заасан. Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар баялгийн сангуудын хөрөнгийг хаанаас хуримтлуулах вэ. Эх үүсвэрийг нь хаанаас бий болгох вэ. Нөгөө 34 хувьд ногдох ногдол ашиг байж болно. Мөн АМНАТ. Ногдол ашиг бол компани тодорхой хэмжээний зардлуудаа хаагаад, ашигтай ажилласны дараа ногдол ашиг тараах уу үгүй юу гэдэг шийдвэр гаргана. Тэр ногдол ашгаа хувьцаа эзэмшигчдэд тараана гэсэн үг. Монгол Улсын Засгийн газар 34 хувийг эзэмшиж байгаа учраас түүндээ ногдох хэмжээний ногдол ашиг авна. Тэр ногдол ашгийг Баялгийн сан руу оруулна гэсэн ийм агуулгаар л явж байгаа. Стратегийн бус ордууд гэж стратегийн ач холбогдолтой холбоотой жагсаалтад ороогүй ердийн ордуудыг хэлээд байгаа шүү дээ. Оруулах уу, үгүй юу гэдгийг шийдэж болно. Өөрөөр хэлбэл, тэр орд ач холбогдолтой орд байвал стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад оруулаад, Монгол Улсын Засгийн газар 34 хувийг нь эзэмшье гэдэг шийдвэрийг УИХ-аас гаргаж болно. Ингэж гаргаагүй л бол тэр нь хувийн орд. Хувийн орд юм чинь хувьцаа эзэмшигч нар нь үр өгөөжөө хүртээд явна гэсэн үг. Тэгэхээр тэндээс ногдол ашиг авахгүй. Харин АМНАТ авдгаараа авна. АМНАТ гэдэг нь хувийн байна уу, төрийн байна уу гэдгээс үл хамаараад ашигт малтмал олборлож л байгаа бол тодорхой хэмжээний төлбөр хураамж авч байгаа хэлбэр.

-Уг хуулийн хүрээнд хувийн эзэмшилд байгаа орд газруудыг хүчээр авах, дээрэмдэх гэх мэт боломж эрх зүйн хувьд бүрдчихсэн юм биш үү?

-Үгүй. Гэхдээ хуучин ашигт малтмалын тухай хууль байгаа шүү дээ. Тэр хуулиар бол орд газрыг төрд авах, эзэмшүүлэх эрх нь Засгийн газарт байгаа гэсэн үг. Засгийн газраас санал болгоод УИХ-д шийдүүлэх эрх нь Ашигт малтмалын тухай хуулиараа зохицуулагдаж байгаа. Харин Үндэсний баялгийн сангийн тухай хуульд ямар ч тийм агуулгатай заалт байхгүй.

-Таны бодлоор энэ хуулийг яаж илүү сайн үр өгөөжтэй болгох вэ. Энэ хуулийг сонгуульд зориулсан хууль болчихлоо гэж зарим хүмүүс шүүмжилдэг. Үнэхээр тийм бол яаж сайжруулах вэ?

-Хууль дөнгөж батлагдсан. Хэрэгжилт нь сайн байна уу, муу байна уу гэдгийг дүгнэх цаг хугацаа өнгөрөөгүй байгаа. Тиймээс ерөнхий агуулгаараа уг хууль бол манайд заавал байх ёстой. Цаашид хуулийн хэрэгжилт болон нэмэлт өөрчлөлт оруулах эрх нь УИХ-д нээлттэй шүү дээ. Тиймээс засч залруулах зүйл гарвал нэн даруй засах л шаардлагатай.

-Бусад орнуудын Баялгийн сангийн хууль ямар байдаг вэ. Хэрхэн хэрэгжиж, ямар үр өгөөжийг ард түмэн нь хүртдэг бол. Та энэ талаар судалж үзсэн үү?

-Олон сангуудын жишээ бас байдаг. Энэ хууль нь гадаадын сангуудын жишээ, туршлага дээр үндэслэж батлагдсан. Бид улиг болтол ярьдаг Норвегийн сан гэж байгаа. Норвегийн сан бол газрын тос, нефтийн бүтээгдэхүүнээс олсон орлогоо хуримтлуулаад, хөрөнгө оруулалт хийж байгаад, ард иргэд нь ажиллах боломжгүй болоод тэтгэврийн насан дээр хүрээд ирэнгүүт өгөөжийг нь өгдөг. Тэтгэврийн өргөдлийн сан гэсэн үг. Норвегийн сан бол маш ашигтай ажилладаг. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт хийж байгаа тэр менежментийн баг нь зөв хөрөнгө оруулалт хийдэг гэсэн үг л дээ. Яг одоо хуулийн заалт нь ийм байдаг, тийм байдаг гэхээсээ илүүтэй бодитоор үр өгөөжөө өгч байгаа орнууд гэвэл хамгийн нэгдүгээрт Норвегийн баялгийн сан. Мөн Скандинавын орнууд, Австрали байна. Эдгээр орнуудын хувьд гол төлөв тэтгэврийн хуримтлалын сан гэдэг зүйл байдаг. Тэтгэвэрээ авч эхлэхтэй зэрэгцээд нөгөө баялгийн санд хуримтлагдсан хөрөнгө нь тэтгэвэр дээр нь нэмэгдэл байдлаар орж ирнэ гэсэн үг. Энэ бол их зөв хувилбар. Учир нь аливаа хөрөнгө оруулалтууд урт хугацаандаа байх тусмаа өгөөж нь хамаагүй өндөр байдаг. Үүний жишээ бол алдарт хөрөнгө оруулагч Уоррен Баффет. Дэлхийн топ баян хүний эхний тавд байнга байдаг. Уоррен Баффетын хөрөнгө хэзээ их хэмжээгээр нэмэгдсэн бэ гэдэг их сонирхолтой. Мань хүн бүр 20 настайгаасаа эрт хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Гэхдээ хөрөнгийнх нь өсөлт нь хэзээ хамгийн их өсөлт үзүүлсэн бэ гэхээр тэр хүнийг 50, 60 настайгаас нь хойш. Өөрөөр хэлбэл тэр хүн 30, 40 жил урт хугацааны хөрөнгө оруулалт хийсэн учраас өгөөж нь маш өндөр байна гэсэн үг. Энэ хуримтлалын сангийн өгөөжийг өндөр байлгая гэж хүсч байвал урт хугацааны хөрөнгө оруулалтыг л хийж байх ёстой гэж ойлгох хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Дүрэм зөрчиж Израилийн тамирчинг мөргөсөн нь монголчуудын нийтлэг араншингуудын илрэл л дээ DNN.mn

Монголчууд шуугиан, хэрүүлээс уйдах биш. Тэдгээрийн нэг шуугиан нь мэдээж А.Анандын үйлдэл. Нийгэм хоёр хэсэгт хуваагдан А.Анандын талаар шуугилаа. Яг юу болсныг товчхон хэлэхэд, 3х3-ын сагсан бөмбөгийн тэмцээнд олимпийн эрх авах хариуцлагатай тоглолтыг Израилийн багтай манайхан хийсэн. Тоглолтын турш Израилийн хүчирхэг багийг манай шигшээ баг илүүрхэн хожиж байсан. Гэтэл багийн лидер тоглогч болох А.Ананд тоглолтын хувь заяа хэдийнэ манайх руу эргэчихсэн үед өрсөлдөгч багийн гишүүнийг толгойгоороо мөргөж дүрмийн бус үйлдэл гаргасан. Үүнээс болоод дараа дараагийн тоглолтуудад Монголын шигшээ баг хожигдлоо. Олимпод орох эрхгүй боллоо. Дэлхийн спортын хөгжил багийн төрөлд хурдацтай хөгжсөөр байгаа. Энэ хөгжлөөс манай улс бараа сураггүй хойно хоцорсныг 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр чамгүй наашлуулсан нь үнэн. Үүнд нь монголчууд багийн спорт Монголд одоо л хөгжих нь гэж баярласан. Учир нь манайд өнгөрсөн хугацаанд ганц хүний спортын төрөл л хөгжиж ирсэнтэй холбоотой. Хувь хүний спортын төрөлд тухайн тамирчнаас өөр хэн ч хариуцлага хүлээдэггүй. Өөрөөс нь өөр хэн ч ашиг шимийг нь хүртдэггүй. Үндэсний бөх гэхэд л ганц хүн улсын цол авснаараа ард түмний хайр хүндэтгэлийг хүлээнэ. Морины уралдаан ч мөн адил. Энэ мэт бусад хүмүүст ямар ч ашиг, ач холбогдол байхгүй хувь хүний спортыг монголчууд сайн хөгжүүлсэн. Эсрэгээрээ багийн спорт бол нийтээрээ хариуцлага хүлээдэг, нэг хүн бусдынхаа өмнө ёс суртахууны өндөр хариуцлага хүлээдэг, ашиг шимийг нь оролцсон бүгд хүртдэг. Тиймдээ ч дэлхийн спортын чиг хандлага багийн спортын төрөлд илүү ач холбогдол өгдөг. Нэг хүний спортыг үздэг, дэмждэг хандлага ч эрс багассан. Харин багийн спорт буюу хөл бөмбөг, сагсан бөмбөгийг дэлхий нийтээрээ үзэж, дэмжиж, шимийг нь хүртдэг учраас хурдтай хөгжсөөр байна. Монголчууд багийн спортоор тивдээ гарч ирж чадсан. Цаашлаад дэлхийд гарч ирэхэд нь монголчууд бидний төрөлх зан араншин саад боллоо. Үүний нэг тод жишээ саяны А.Анандын үйлдэл. Уг үйлдлийг хувь хүний алдаа гэхээс илүү ерөөсөө монголчууд бидний араа боддоггүй, бас эрх өссөн, хөөрүү зантай холбож ойлгох хэрэгтэй. Хамгийн хэрэгтэй цаг мөчид өөрийгөө ялж чаддаггүй нүүдэлчин монголчуудын цусанд байдаг бодлогогүй хөнгөмсөг зан бидэнд гай болсоор л. Гэхдээ А.Ананд л монголчууд бидний энэхүү нийтлэг зан араншинг гаргаж байгаа биш л дээ. 2016 оны олимпийн үеэр чөлөөт бөхийн төрөлд мөн адил үйл явдал болсон. Олимпийн наадмын сүүлийн өдрийн сүүлчийн найдвар Г.Мандахнаран тун харамсалтайгаар Олимпийн дэвжээг орхиж байсныг монголчууд мартаагүй. Бас л өрсөлдөгчөө илүүрхэн ялж байсан. Цаг дуусч байхад манай бөх нэг онооны илүүтэйгээр хожиж байлаа. Гарцаагүй олимпийн хүрэл медаль авлаа шүү гээд омогшоод найзтайгаа хундага тулгаж байснаа санаж байна. Гэтэл юу боллоо. Манай бөх цаг дуусаагүй байхад ялчихлаа гэж баярлаж гүйж байгаад хожигдсон. Үнэхээр ч цаг дуусаагүй байхад манай бөх өрсөлдөгч бөхөө үл тоон дэлхийн дэвжээн дээр байгаагаа умартан хөөрсөн. Уг үйлдлээс нь болоод өрсөлдөгч бөхөд нь шүүгчид шууд ялалтыг өгсөн. Ялалтын баярын сэтгэл хөөрлөө ердөө дөрвөн секунд л тэвччихсэн бол олимпийн хүрэл медаль бүрэн утгаараа манайх болох байлаа. Энэ нь Г.Мандахнарангийн буруу гэхээс илүү нөгөө л монгол хүний унаган зангаас шалтгаалсан алдаа байгаа юм. Дөхүүлээд л хаядаг, хяналтгүй хөөрдөг, нэгэнт энэ хүртэл дийлээд ирсэн юм чинь намайг дийллээ гэж үзнэ гэх мэтчилэн. Дээрээс нь дүрмийг дуртай үедээ,нэрд гарсан үедээ, баян болчихвол, дарга аварга болчихвол нэг удаа зөрчиж болдог гэсэн ойлголт. Үгүй дээ, дүрэм л бол дүрэм, үүнийг зөрчиж болохгүй. Зөрчвөл үр дүн нь яаж гардгийг саяны хоёр жишээ харуулна. Үүнээсээ болоод би гэдэг үзэл нь хэт өндөр давамгайлчихсан нь суурин соёлд маш том гай болсоор байгааг бид анзаарсан ч засаж чадахгүй өдийг хүрлээ. Монголчуудын би гэдэг үзэл өнөөгийн Улаанбаатар хотын иргэдэд хамгийн их гай болж байгааг бид мэдэрдэг болсон. Үүний тод жишээ нь нийслэл хотын замын түгжрэл. Энэ уулзвараар би л түрүүлээд хурдхан гарчихвал боллоо гэж дайрсаар байгаад л уулзвар дээр түгжирч зогсдог. Эсрэгээрээ би түр хүлээж байгаад энэ хүнийг урдуураа оруулчихвал уулзвар дээр түгжрэхгүй шүү гэсэн бодлоор замын хөдөлгөөнд оролцдог монгол хүн цөөхөн. Ихэнх нь би эхлээд гаръя, би түрүүлээд явчихъя, би гялс орчихъё гэж дайрсаар байгаад хөдөлгөөнийг нь чагталчихдаг. Монголчуудын би гэдэг үзлийг баталж байгаа юм шиг замын түгжрэлийн шалтгааны 80 хувь нь жолооч нараас үүдэлтэй гэдгийг гадны судалгааны байгууллага олоод тогтоочихсон нь ичмээр. Энэхүү судалгааны дүн аль арваад жилийн өмнө л гарсан. Гэтэл одоог хүртэл түгжрэлийн гол шалтгаан нь жолооч бид өөрсдөө атлаа тэрийгээ засаж чадахгүй байна гэдэг монголчуудын шинжлэх ухаан, судалгаа, баримт тооцоололд итгэдэггүйн тод жишээ. Суурин соёл иргэншилд өөрийнхөө эрх, эрх чөлөөг хамгаалахын тулд бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэнэ гэсэн хатуу дүрэм ч бий, хууль ч бий. Нэг сая гаруй хүн амтай хотод дүрэм, хуулийг хатуу мөрдөж л амьдрах ёстой. Гэтэл бидэнд нийтийн дунд амьдрах хүмүүжил үнэхээр төлөвшөөгүй байгаа нь энгийн өдөр тутмын үйлдлээс л тодорхой харагдаж байна. Хатуу мөрдөх ёстой дүрэм, хуулийг юу ч болоогүй мэт зөрчдөг энэ хандлага монголчуудыг дэлхийд гарахад хамгийн том саад, тээг болсоор байгааг бид саяны багийн спортоос харлаа. Бусад спортын төрлүүдэд ч энэ алдаагаа олон давтсан. Дүрэм зөрчсөн л бол алдаа болдог. Гэтэл монголчууд алдаагаа олон давтаж байгаа нь дүрэм зөрчсөнийхөө хариуцлагыг мэдрэхгүй байна гэж ойлгож болох юм. Хэлээд хэлээд ойлгохгүй хүүхдэд алганы амт үзүүл гэж монголчууд ярьдаг. Үүн шиг хууль дүрэм зөрчсөн бол хүлээх хариуцлагыг ясанд нь тултал мэдрүүлэх хэрэгтэй юм шиг. Хариуцлага сул, бүр хүлээлгэдэггүй учраас л дүрмийг зөрчих гэж гаргадаг. Түүнчлэн Монголын хууль гурав хоног гэсэн ойлголт өргөн тархсан байх. Тиймээс хууль, дүрэм зөрчсөн л бол хүлээлгэх хариуцлагыг нь хатуу оногдуулдаг байх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр монголчууд бид алдаа гаргасан хүнийг өрөвдөж, өршөөх дуртай үндэстэн юм аа. Гэтэл энэ нь нөгөө хариуцлагатай байх, хариуцлагаа үүрч сурах мөн чанартайгаа тэрсэлдээд байгаа юм биш үү гэлтэй. Дүрэм зөрчвөл хариуцлага үүрнэ гэдэг ойлголтыг хатуу санамаар байна. Чөлөөтөөр олимпийн медаль хүртэх боломжтой байсан Г.Мандахнаранг тухайн үед хайрлаж, хамгаалаад л өнгөрсөн. Дараа нь амжилтаа ахиулсан уу. Саяны дүрэм зөрчиж, Израилийн тамирчныг мөргөж унагаасан нөхөрт дэлхийн шүүгчид хариуцлага тооцож байхад монголчууд өрөвдөж, хайрлаад л байна. Бас л А.Анандын буруу биш ээ л гэж байна. Нэгэнт л дүрэм зөрчсөн бол хатуу хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Тэгж байж тэр хүн дараа дараагийн тэмцээндээ багаа хөөдөхгүй, багийнхаа өмнө ямар өндөр үүрэг хариуцлага үүрч яваагаа ойлгож багийн спорт гэж юу болохыг, юу чухал байдгийг мэдэх юм биш үү. Хайрлаж, хамгаалж, хариуцлагаас мултлах тусам л хүн хүнээ байдаг цаг шүү дээ.

Э.МӨНХТҮВШИН