Categories
мэдээ цаг-үе

Б.Мөнхнаран: Багийн спорт гэдэг нэгнийгээ мэдрэх, сул талыг нь нөхөж байж ялалтанд хүрдэг онцлогтой

Азийн Зүүн бүсийн орнуудын дунд зохион байгууллагддаг волейболын тэмцээн энэ сарын 20-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Тэмцээний эхний өдөр “B” хэсгийн Хонгконг болон БНАСАУ-ын шигшээ багуудын тоглолтоор эхлэх бол манай улсын шигшээ баг эхний тоглолтоо 19:00 цагаас БНСУ-ын шигшээ багийн эсрэг хийх ажээ. Энэ талаар болоод волейболын спортын талаар Монголын волейболын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Баярбаатарын Мөнхнарантай ярилцлаа.


-Удахгүй болох тэмцээний онцлог болоод өмнө нь манай улсаас ямар амжилт гаргаж байсан талаар яриагаа эхлэх үү?

-Зүүн азийн волейболын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн нь 1998 оноос эхлэн зохион байгуулагдсан бөгөөд манай улсад дөрөв дэх удаагаа болох гэж байгаагаараа онцлогтой юм. Мөн өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ удаагийн тэмцээнд оролцож буй найман улсын багийн бүрэлдэхүүнд чансаа өндөр, ур чадвартай, дэлхийн шилдэг тамирчид орсон байна. Тэмцээний эхний өдөр 13:00 цагаас “B” хэсгийн Хонгконг болон хойд Солонгосын шигшээ багуудын тоглолтоор эхлэх бол манай улсын шигшээ баг эхний тоглолтоо 19:00 цагаас Өмнөд Солонгосын шигшээ багийн эсрэг хийхээр тов гарсан. Уг тэмцээнээс Монголын эмэгтэй шигшээ баг 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Харин эрэгтэй шигшээ баг 2015 оны тэмцээнд тавдугаар байранд шалгарч байсан бөгөөд энэ жил нутагтаа медалийн тавцанд хүрэх зорилготойгоор бэлтгэл сургуулилтаа базааж байна. Азийн зүүн бүсийн волейболын холбооноос 2012 оноос эхлэн энэхүү тэмцээний эмэгтэй, эрэгтэй төрлүүдийг тусад нь явуулж байхаар шийдвэрлэсэн байдаг.

-Манай улсын багийн бүрэлдэхүүнд багтсан тамирчдыг товчхон танилцуулахгүй юу?

-Тэмцээнд Макао, Монгол, БНАСАУ, БНСУ, Тайвань, Хонгонг, БНХАУ, Япон улсын волейболын үндэсний холбоод оролцоно. Манай шигшээ багийн хувьд хоёрдугаар сараас эхлэн тэмцээний бэлтгэлээ базааж хорь хоногийн өмнөөс Хасу Мегаватт компанийн эко цогцолборт байрлан, нэгдсэн бэлтгэлд хамрагдсан. Багийн бүрэлдэхүүнд 15 тамирчин, ахлах, туслах дасгалжуулагч багтаж байгаа. Довтлогчоор олон улсын хэмжээний мастер Э.Сайнбилэг, М.Мягмарсүрэн, хамгаалагч, холбогчоор Э.Сайханбаатар, Э.Алтангэрэл, Б.Даваажаргал нар гарч тоглоно. Манай шигшээ баг сугалаагаар А хэсэгт Макао, Өмнөд Солонгос, Хятадын багуудын эсрэг тоглохоор болсон.

-Та волейболын багш, дасгалжуулагчийн ажлыг хичнээн жил хийж байна вэ?

-Миний хувьд 2000 оноос волейболын спортоор хичээллэж эхэлсэн. Харин Монголын волейболын шигшээ багийн дасгалжуулагчаар 2008 оноос өдийг хүртэл ажиллаж байна.

-Энэхүү спортын онцлог нь юу вэ?

-Мэдээж хэрэг спорт болгон өөрийн гэсэн онцлогтой. Волейболын спорт нь тамирчин түргэн хугацаанд сэтгэх, мэдрэмжтэй байх, нэгэнт бөмбөг давуулчихсан, даваад ороод ирсэн бол зогсоох арга байхгүй, тийм болохоор богино хугацаанд шийдвэр гаргаж , нэгдмэл байж тоглодгоороо онцлогтой юм. Мөн агшны спорт ч гэж ярьдаг. Учир нь бөмбөгөнд нэг секунд ч хүрэхгүй хугацаанд агшин зуур хүрч, эсрэг талын талбай руу цохидог болохоор тэр. Мөн тамирчны хувийн ур чадвар, авхаалжтай байдал болоод нуруулаг байхыг шаарддаг спорт л доо.

-Багийн тоглогчид тоглолтын үеэр ямар үүрэг хүлээдэг юм бол?

-Волейбол нь багийн спорт бөгөөд талбайд зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр гардаг. Хуучин өндрийн довтлогч, нам хагасын гэсэн нэршлээр баг бүрддэг байсан бол одоо үед арын зайнаас хүчтэй давуулан тоглох довтлогч гэсэн байрлал шинээр бий болсон. Мөн хоёр талын хамгаалагч, холбогч, үндсэн довтлогч гэсэн байрлалтай. Багийн зургаан гишүүн бүгд л өөрийн талбайд орж ирсэн бөмбөгийг хамгаалж, мөн довтлогчдоо шилжүүлэн, өрсөлдөгч багийнхаа талбайд бөмбөгийг унагаахыг зорьдог. Багийн бүх гишүүд хоорондоо зай талбайгаа мэдэрч тоглох нь чухал.

-Манай улсын волейболын баг бусад орны багтай харьцуулахад өрсөлдөх чадвар ямар байдаг бол?

-Манай волейболын шигшээ баг тамирчид олон улсад болдог чансаа өндөр тэмцээнүүдэд харьцангуй цөөн оролцдог. Тийм болохоор олон улсад өөрийн гэсэн байрь суурь, амжилт гаргаж амжаагүй л байна. Зүүн Азийн орнууд тэр дундаа Солонгос, Хятад, Япон улсын баг дэлхийд чансаагаараа эхний аравт ордог юм. Тэр ч утгаараа бид Зүүн Азийн хэдхэн орнуудтай өрсөлдөх гэж байгаа мэт харагдах боловч, чансаа өндөр, дэлхийн хэмжээний багтай өрсөлдөнө гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй.

-Багийн спортоор манай тамирчид олон улсад төдийлөн өндөр амжилт үзүүлдэггүй. Үүний учир нь юу вэ. Эсвэл багийн тоглолт гэдгийг манай тамирчид ойлгохгүй, мэдрэхгүй байна уу?

-Аливаа спортын онцлог гэж бий. Волейболын спортод өндөр нуруулаг тоглогчид их давуу талтай. Олон улсын шилдэг тамирчид бүгд л хоёр метрээс дээш өндөр нуруулаг, тэр ч утгаараа бөмбөг давуулах, довтлох, хамгаалах техник, ур чадвараар бусдаас илүү л дээ. Өөр нэг зүйл нь манай тамирчид мэргэжлийн гэхээс илүү сонирхогчийн түвшинд бэлтгэл сургуулилалтаа хийдэг. Ажил, хувийн амьдралынхаа зав зайгаар бэлтгэл хийж байгаа нь амжилтад нь нөлөөлж байна. Харин гадаадын тамирчид мэргэжлийн түвшинд бэлтгэл сургуулилалтаа хийж, зөвхөн тухайн спортдоо бүхий л цаг заваа зориулдаг. Өөрөөр хэлбэл гадаадын тамирчин спортоор амьдралаа аваад явах бүрэн боломжтой, тэдний хийх ёстой ажил нь зөвхөн бэлтгэл сургуулилалт. Өөр юунд ч санаа зовохгүй хичээллэж буй спортдоо бүрэн анхаарлаа хандуулдаг учраас өндөр амжилт гаргах нь тодорхой юм. Харин манай тамирчдын хувьд спортод бүхий л зав зайгаа зориулах боломж бололцоо хомс.Тэмцээн болохоос хоёр, гурван сарын өмнө л бэлтгэл сургуулилалт хийж эхэлдэг. Ийм маягаар яваад байх юм бол манай тамирчид хэзээ ч мэргэжлийн түвшинд хүрэхгүй, олон улсын тэмцээнд амжилттай оролцож чадахгүй шүү дээ. Бэлтгэл сургуулилалтаас гадна Монгол хүний зан араншин, биеийн онцлог, ур чадвар, арга барилаас хамаарч багийн спортоор амжилт гаргах, үгүй нь яригдах байх. Нэгдмэл чанар, нийтэч байдал манай тамирчдад бий. Гэвч нэгнийхээ сул талыг нөхөх чадвар дутагдалтай. Эдгээр сул талыг засахын тулд, олон улсад багийн спортоор амжилт гаргахын төлөө байнгын бэлтгэл сургуулилалт хийх хэрэгтэй юм.

-Волейбол сонирхогч, үзэгчид зарим довлогчийн гаргаж буй тоглолтод нь сэтгэл дундуур байдаг. Довтлогч гэхээрээ биеэ тоосон зантай, хувийн тоглолт үзүүлдэг байж болохгүй биз дээ. Ийм байвал багийн спорт манай улсад хөгжих үү?

-Тийм шүү. Орчин үед волейболын спорт довтолгоон дээр суурилаж, хожил авдаг болчихоод байгаа. Ялахын тулд маш хүчтэй довтолгоо, давуулалт хийх шаардлагатай болсон гэсэн үг. Тэр ч утгаараа өрсөлдөгч багаа ялахын тулд довтлогч маш сайн тоглох хэрэгтэй. Ерөнхийдөө гол тоглогч бол довтлогч. Гэхдээ багийн спорт учир бүгд л хичээх хэрэгтэй болдог. Довтлон тоглогч бөмбөгийг асар холоос биеийнхээ бүх хүчээр үсрэлттэй цохилт хийж, давуулна гэдэг өндөр ур чадвар шаарддаг техник. Үүнийг алдаагүй хийхийн тулд олон жил сургуулилж байж эзэмшдэг юм. Нэг хэсэг манай улсын волейболын тамирчид, баг хамт олонтойгоо зөрчилдөх, нэгдмэл бус байх, нэгнийгээ хүндэлдэггүй гэх мэт ёс зүйн алдаа их гаргадаг байсан л даа. Гэхдээ одоо бол ийм задгай байдал алга болсон. Хүн бүр тамирчин гэж ямар хүн байдгийг мэдчихсэн байна. Багийн спорт нэгдмэл нэг тоглолт гаргавал амжилт ойрхон гэдгийг мэддэг болжээ. Мөн багийн спорт гэдэг нэгнийгээ мэдрэх, сул талыг нь нөхөж байж ялалтанд хүрдэг онцлогтой.


Categories
мэдээ цаг-үе

Д.Мэндбаяр: Хүмүүс намайг “Жаргал даахгүйн зовлон” киноны Сүндэръяа баатраар ч төсөөлөн магтдаг, “Мандухай цэцэн хатан”-ы Юнгэн хатны дүрээр ч бодон муулдаг

Монголын кино урлагийн шилдэг уран бүтээл шалгаруулах “Cinema аwards” наадам өнгөрсөн баасан гаригт болж өндөрлөлөө. Наадмын шилдгийн шилдэг бүтээлээр соёлын тэргүүний ажилтан Б.Амарсайханы гол дүрд нь тоглосон “Итгэл” уран сайхны кино шалгарав. Мөн тэрээр шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртсэн билээ. Тус кино наадамд өнгөрсөн онд үзэгчдийн хүртээл болсон 12 кино 14 номинацид өрсөлдөж ийнхүү шилдгүүдээ тодруулсан юм. Тухайлбал шилдэг нүүр хувиргагчаар “Бүү март” киногоор Ц.Дэлгэр, шилдэг дууны найруулагчаар “Үргээлэг-2” киноны дууны найруулагч Б.Билгүүтэй, шилдэг хөгжмийн зохиолчоор “Итгэл” киноны хөгжмийн зохиолч Б.Одбаяр, шилдэг туслах эмэгтэй дүрээр “Атганд үлдсэн эрдэнэ” киноны уран бүтээлч гавьяат жүжигчин У.Уранчимэг, шилдэг туслах эрэгтэй дүрээр “Ээж” киноны уран бүтээлч гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, шилдэг найруулагчаар “Lov­ers” киноны найруулагч Ж.Сэнгэдорж нар шалгарсан юм. Ингээд тус кино наадамд “Ээж” киноны дүрээрээ шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн Монгол Улсын ардын жүжигчин Дагвадоржийн Мэндбаяртай ярилцлаа.


-Монголын кино урлагийн шилдэг уран бүтээл шалгаруулах “Cinema аwards” наадамд “Ээж” киноны эхийн дүрд тоглон шилдэг эмэгтэй жүжигчин болсонд баяр хүргэе. Энэхүү наадмын тухайд болоод тоглосон уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу?

-“Ээж” хэмээх уран бүтээлийг залуу авьяаслаг зохиолч Б.Мөнхтуяа бичиж, найруулагчаар нь жүжигчин Б.Эрдэнэцэцэг ажилласан юм. Тус уран бүтээлийн зохиолыг Б.Мөнхтуяа арав гаруй жил бичиж, улмаар эхийн дүрд нь намайг тоглуулах санал ирүүлсэн. Өдий насанд “Ээж” уран сайхны киноны эхийн дүрд тоглох болсон маань бас нэгэн хувь заяа юм уу даа. Миний уран бүтээлийн их зам болоод өнгөрсөн амьдралдаа үзэж, харсан монгол эхчүүдийн олон сайхан зан араншин, нийтлэг эх хүнийг төлөөлөн энэхүү дүрийг бүтээсэн гэж хэлж болно. Киноны зураг авалт өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр Дорноговь аймгийн Зүүнбаянд хийгдсэн болохоор шороон шуурга ихтэй, ер нь цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд киноны багийнхан ажилласан. Энэ нутагт зураг авалтынхаа 80 гаруй хувийг авсан байгаа. Кино сайн болох уу, муу болох уу гэдэг хамтран ажиллаж байгаа уран бүтээлчдээс их шалтгаалдаг л даа. Харин энэхүү уран бүтээлийн хамт олон үнэхээр сайн ажилласан. Тийм ч болохоор уран бүтээл маань үзэгч түмэнд их хүрсэн дээ. Миний шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн маань энэ бүх хүмүүсийн ач тус, үр шим юм аа. Мөн хаврын хавсарганаар Зүүнбаянд зураг авалт хийж байхад уугуул нутгийн ард түмэн бидэнд чин сэтгэлээсээ тус дэм болж байлаа. Тэр нутгийн ард олон “Мэндбаяр гуай ирчихсэн байна. Энэ их шуурга салхитай үед ажиллаж байгаа болохоор ядарчих вий дээ” гэсээр өдөр бүр борцтой, банштай цай хийж авчирдаг байсанд үнэхээр их баярлаж байна. Энэ их сэтгэлээр манай кино багийнхан маань ажлаа амжилттай хийж дуусгасан шүү. “Ээж” уран бүтээлийн гол утга агуулга нь 1986 онд Дорноговь аймгийн Зүүнбаян хотод өрнөдөг юм. Гол дүрийн ээж буюу Ханд 63 настай, Увс аймгийн малчин хүн. Хэнзхэн гарсан ганц хүүтэй. Хүү ээжийнхээ хайранд юугаар ч дутахгүй өсөж, цэргийн сургуульд суралцаж, төгсөөд Ардын армид албаа үргэлжлүүлэн хааж байхдаа, хайртай ээжээ удахгүй ирж авна гэж хүүгийнхээ хэлсэн баярт мэдээг сонсож Ханд хүлээнэ. Гэвч хүү нь ээжийгээ ирж авах биш, ээж нь хүү рүүгээ явах хэрэг гардаг юм. Учир нь хүү нь хэрэгт холбогдож шоронд орсноор үйл явдал өрнөж, ээж нь хорвоогийн бүх зовлон бэрхшээлийн өмнө үрээ хайрлах эхийн цагаан сэтгэлээр бамбай хийн тулалдаж, ялалт байгуулдаг. Монгол эхчүүдийн нийтлэг араншин, эх хүний үрээ гэсэн сэтгэл ямар байдаг вэ, монгол эхийн ухаан бусдаас арай өөр шүү гэдгийг энэхүү уран бүтээл хүргэж байгаа юм. Ийм сайхан эх хүний дүрийг өдий насандаа бүтээж, шилдэг гол дүрийн шагнал хүртсэндээ баяртай байна. Мөн өнгөрсөн жил ОХУ-ын Башкортостан улсын нийслэл Уфа хотноо зохион байгуулагдсан “Серебряный Акбузат” кино фестивалаас миний бие энэхүү уран бүтээлийн ээж дүрээр “Шилдэг эмэгтэй дүр”- ийн шагнал авсан. Манай улсаас энэхүү наадамд тавиад жилийн өмнө “Ардын элч” киноны Ариунаад тоглосон гавьяат жүжигчин Пүрэвийн Цэвэлсүрэн гуай мөнгөн шагнал авч байсан түүхтэй юм билээ. Энэ бол Зүүнбаянчууд, кино багийнхан, миний гэр бүл, үр хүүхдийн минь сэтгэлийн галаар дулаацсан уран бүтээлийн үр шим ээ.

-Энэхүү наадам жил бүр уламжлал болон зохион байгуулагдах уу?

-Уламжлал болгон зохион байгуулагдах талаар мэдэхгүй юм. Ер нь манай улсад кино үзвэр гаргаж, олон түмэнд хүргэдэг кино театрууд хамтран Монголд анх удаа кино урлагийн их наадам зохион байгуулсанд үнэхээр талархаж байна. Намайг залуу байхад кино наадмыг хувь уран бүтээлч болоод кино үйлдвэр зохион байгуулдаг байлаа шүү дээ. Тухайн үед шинээр гарсан уран бүтээлийг кино театрууд авч гаргадаг, заримыг нь хүн үзэхгүй байна гээд буцаадаг, олсон хэдэн төгрөгийн ихэнх хувийг кино гаргасан газар нь авчихдаг байсан. Харин одоо үед кино театрууд боловсронгуй болж, үзэгч түмэндээ бидний бүтээсэн уран бүтээлийг сэтгэл гарган хүргэдэг болж.

-Тайз дэлгэцийн их урлагт анх хөл тавьж байсан үеэ дурсахгүй юу?

-1957 онд намайг долдугаар ангид байхад манай ангийн багш Дэндэв гэж хүн байлаа. Монголын радиод олон жил сэтгүүлч хийсэн, хэл уран зохиолын багш хүн л дээ. Багш маань “Муурын байшин” гэдэг жүжгийг тавиад ангийнхаа хүүхдүүдийг тоглуулсан юм. Би тэр жүжигт баян муурын дүрд тоглож байлаа. Тэгэхэд л би анх драмын жүжиг гэж байдаг юм байна гэдгийг мэдэж авсан юм. Манай сургууль төмөр замын сургууль байсан болохоор бид жүжгээ төмөр замын дагуу Сайншанд хүртэлх зөрлөгүүдээр явж тоглодог. Анх урлагийн зах зухаас мэдэрч эхэлсэн үе минь гэвэл энэ л юм даа. Үүнээс хойш өдгөө театрын урлагт 50 гаруй жил ажиллалаа. Өдгөө 180-аад жүжгийн гол ба туслах дүрд тогложээ. Монголын тайз дэлгэцийн их урлагт оруулсан хувь нэмрийг төр засаг, түмэн олон маань үнэлж, 2005 онд ардын жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цол хайрласан.

-Та хамгийн анх ямар кинонд тоглож, ямар дүр бүтээж байсан юм бэ?

-Нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ хүүхнүүд үү” киноны Должингийн дүрд тоглосон маань миний хамгийн анхны дэлгэцийн дүр байсан юм. Тухайн үед би оюутан байлаа. Р.Доржпалам гуай манай ангид киноны түүхийн хичээл заадаг, хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай тайзны яриа, Э.Оюун багш театрын түүх заадаг байж билээ. “Энэ хүүхнүүд үү” кино 1962 онд хийгдсэн. Багш нар маань энэ кинонд тоглосон, найруулсан болохоор манай ангийнхан бүгд туслах дүрд тоглох боломж олдсон юм. Манай Н.Мягмар Дулмаагийн дүрд, би найз охин Должингийнх нь дүрд тоглож байлаа. Кинон тоглох эхлэл болсон энэхүү сайхан уран бүтээл өнөөдрийг хүртэл хүмүүсийн үзэх дуртай кино хэвээр байдагт баярлаж явдаг аа.

-Өдий олон жил кино урлагт зүтгэж, олон сайхан дүрээр үзэгч олонтойгоо уулзлаа. Ер нь таны бүтээсэн дүрүүдээс таны амьдралд хамгийн ойрхон нь хэний дүр байсан бол?

-Ер нь хүмүүс намайг “Жаргал даахгүйн зовлон” киноны Сүндэръяа баатраар ч төсөөлөн магтдаг, “Мандухай цэцэн хатан”-ы Юнгэн хатны дүрээр ч бодон муулдаг. Ингэж олон түмнийхээ дунд тоглосон киноныхоо дүрээр сайн, муугаар хэлүүлэх нь жүжигчин хүний хөдөлмөрийн үр шим байх хэмээн санадаг.

-Та Ховд аймгийн Манхан сумын хүн. Танай нутгаас төрөн гарсан алдартнууд хэн, хэн байна вэ?

-Олон ястны өлгий нутаг Ховд аймгаас төрөн гарсан алдартнууд их бий. Харин манай нутгаас Монгол Улсын баатар хилчин Цэндийн Олзвой, хөдөлмөрийн баатар Борондонгийн Лувсан, Улсын их хурлын дарга асан Дамдины Дэмбэрэл гуай гээд хүмүүсийн мэдэх олон сайхан алдартнууд төрөн гарсан байдаг.

-Аав, ээжийнхээ тухай болоод гэр бүл, үр хүүхдийнхээ талаар ярихгүй юу. Ач зээ хэд хүрч байна?

-Миний аав Ховд аймгийн Манхан сумын харьяат Лооройн Дагвадорж гэдэг хүн байлаа. Төмөр замын хамгийн анхны ажилчдын нэг. Халхын голын дайнд орж “Бид ялав” гэсэн тэмдэг, “Алтан гадас”, “Цусан гавьяаны одон”-гоор шагнуулсан, шударга, сайхан сэтгэлтэй, хүний мөстэй хүн байсан даа. Өдгөө амьд сэрүүн байсан бол зуун настай буурай байх байж дээ аав минь. Бага нас минь Зүүнхараад өнгөрсөн. Аав маань ах, бид хоёрыг Сайншанд хүртэл вагондоо авч явдаг байсан. Зуны цагт яшик гэдэг жижиг ачааны вагонд амьдардаг байлаа. Ингэж явсаар л аав минь бид хоёрын хөлийг дөрөөнд, гарыг ганзаганд хүргэсэн. Намайг хоёр настай байхад ах бид хоёр аавыгаа дагаж, хотод орж ирсэн. Тийм болохооор хар багаасаа ээжээсээ хол өссөн. Би ханьтайгаа анх 1968 онд танилцаж, 1971 онд нэг гэрт орсон юм. Өнөөдрийг хүртэл 40 гаруй жил хамт амьдарч байна. Миний хань бид хоёр өдгөө гурван сайхан үртэй, арван ач, зээ, дөрвөн гучтай өнөр олуулаа, энх тунх, элбэг хангалуун амьдарч явна.

-Сүүлийн үед шинээр гарч ирж буй киноны тухайд таны бодол ямар байдаг вэ?

-Сүүлийн үед шинээр гарч ирж байгаа кинонуудад сайн уран бүтээл ч байна, бага зэрэг тааруу болсон кино ч байна. Гэхдээ залуучууд юмыг хийж, бүтээж байна гэдэг сайн хэрэг. Хийж л байхад болдог юм, алдсан ч алдаан дээрээ суралцах боломжтой. Юм хийхгүй байвал алдах ч үгүй, онох ч үгүй шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

Т.Батзул: Эх орноо түүхий эд нийлүүлэгч бус баялаг бүтээгч улс болгоё гэвэл инженер, технологийн чиглэлийг илүү хөгжүүлэх хэрэгтэй

Шинжлэх ухаан техникийн их сургуулийн хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн математикийн багш, доктор Төмөрөөгийн Батзултай ярилцлаа.


-Таны төрж өссөн нутаг уснаас тань яриагаа эхэлье?

-Би Ховд аймгийн төвд буюу одоогийнхоор Ховд Аймгийн Жаргалант суманд төрсөн хүн. Хүүхэд ахуй насандаа аймгийн төвөөр урсдаг тунгалаг Буянт голынхоо хөвөөнд үеийн багачуудтайгаа наадан тоглож өссөн маань одоо хүртэл сэтгэлд тодхон үлджээ. Аравдугаар анги дүүргэж оюутан болохоос өмнө аймгийнхаа ганц хоёр суманд очсоныг эс тооцвол бараг л аймгийн төвд эцэг эх, эмээ, дүү нартайгаа хамт байсан. Миний аав Ж.Төмөрөө Ховд аймгийн нисэх буудалд 2006 он хүртэл ажилласан, ээж Б.Батчулуун худалдааны байгууллагад ажиллаж байсан улсууд, одоо аав ээж хоёр маань Ховд аймагт амьдардаг.

-Сурагч ахуй насныхаа тухайд дурсахгүй юу?

-1979 он хүртэл аймгийн төвийн баруун хэсэгт Ховд аймгийн Буянт сумын захиргаа болон бага сургууль гэж байлаа. Тэр үед миний эмээ М.Балжир энэ сургуульд цэвэрлэгчээр ажилладаг, ээж маань Буянт сумын дэлгүүрт худалдагчаар ажилладаг байв. Анх 1978 онд хичээлийн шинэ жилийн анхны өдөр эмээ маань Буянт сумын бага сургуульд намайг дагуулан очиж нэгдүгээр ангид хөтлөн оруулж байсан юм. 1979 оноос буюу хоёрдугаар ангиасаа эхлэн аравдугаар анги төгстөл Ховд аймгийн 10 жилийн нэгдүгээр дунд сургуульд суралцсан даа.Наймаас аравдугаар ангидаа математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид суралцаж төгссөн. Арван жилд байхад манай ангийн хөвгүүдийн ихэнх нь хөлбөмбөг сонирхдог, тоглодог байлаа. Улмаар аравдугаар ангиа онц дүнтэй төгсөж, 1988 онд Монгол Улсын Их Сургуулийн математикийн ангид элсэн орж суралцаад 1993 онд төгссөж, 2000-2003 онд их сургуулийн докторантурыг сурч төгссөн хүн.

-Анхны А үсэг заасан багш болоод их сургуулийнхаа багш нарын тухайд яривал?

-1978 онд анх нэгдүгээр ангид орж байхад Баасандорж гээд, хүүхдэд их хайртай багш гардан авч байлаа. Тухайн үед надад олон сайхан эрдэмтэй багш нар хичээл заадаг байснаас физикийн багш Б.Гантулга, Д.Борхүү, Ш.Харашаш, орос хэлний багш Ж.Энхтал, монгол хэлний багш Ц.Алтанцэцэг, биологийн багш Д. Даваахүү, химийн багш Ц.Энхжаргал, математикийн багш Г.Сонин нарын ахмад багш нар маань одоо хүртэл төрөлх сургуульдаа багшилсаар байгаа билээ. Оюутан байх үед А.Мекей, Л.Хадхүү, Ц.Лхамсүрэн, В.Адъяасүрэн, Ц.Дашдорж, Ц.Баясгалан, Р.Энхбат, Ц.Хашбаатар, .Лхагва, Б.Батцэнгэл, С.Батсүрэн, С.Төмөрбат, С.Ганбаатар, А.Галтбаяр, А.Булган, Ц.Далайжамц, Д.Гармаа, О.Цэрэнбат, Өвгөн зэрэг нэр хүндтэй эрдэмтэн доктор багш нараар математикийн хичээл заалгаж байснаараа бахархмаар санагддаг. Миний докторын ажлын удирдагч А.Мекей багш маань Монголдоо төдийгүй дэлхийд танигдсан нэрт математикч эрдэмтэн багш байсан юм.

-Ажил амьдралын гараагаа хэрхэн эхэлж байсан бэ?

-1993 онд их сургуулиа төгсөөд Монгол Улсын их сургуулийн салбар сургууль болох Ховдын их сургуульд математикийн багшаар томилогдон багшлах ажлын анхны гараагаа эхэлж байсан. Анх ажлын гараагаа эхэлж байх үед Ховдын их сургуулийн багш Б.Цэрэнжав, С.Шийдэв, Ц.Равданжамц зэрэг багш нар тусалж дэмжиж байсанд одоо хүртэл талархаж явдаг. Тэр сургуульдаа би арвангурван жилийн турш математикийн багшаар ажилласан даа. Улмаар 2006-2009 онуудад Дарханы техникийн коллеж, Эрдэнэтийн техникийн их сургуулийн дэд захирал, ахлах багш зэрэг ажлуудыг хийж байгаад 2009 оноос Шинжлэх ухаан технологийн их сургуулийн математикийн багшаар ажиллаж байна. Одоогоос 14 жилийн өмнө “Стандарт бус бодит тоон талбарын зарим чанарууд” сэдвээр математикийн ухаанаар боловсролын докторын зэрэг хамгаалж байлаа.

-Багш хүний сайхан нь юу вэ. Ер нь та багш болно гэж бодож байв уу?

-Анх дунд сургуульд байхдаа математикч эсвэл физикч болохыг их хүсдэг сурагч байв. Их сургуулийн матматикийн ангид элсэн орсноор миний хувьд математикч, математикийн багш болох хүсэл маань биелсэн юм даа. Би их дээд сургуульд олон жил багшилсны хувьд оюутан бүхэн бүтээлч сэтгэлгээтэй судлаач болоосой гэж хүсдэг. Хэрэв би математикч эсвэл физикч болоогүй бол байгаль орчин юм уу, газарзүйн чиглэлийн хүн болох байсан болов уу гэж санагддаг. Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан албыг багш хүнд заяажээ гэсэн энэ алдарт үг миний хувьд мэргэжлийн минь бахархал юм. Хүн амьдралынхаа турш суралцдаг гэдэг. Тэгвэл багш хүн амьдралынхаа турш шавь нартаа хичээл заана гэдэг нэгэн ёсны их бахархал гэж би боддог. Тухайлбал, багш хүний хичээл заалгаж байсан шавь багшийгаа ямар ч үед багш аа, сайн уу хэмээн хүндэлдэг бол том дарга байсан хүний удирдлаган дор байсан хүмүүс тэр хүнийг дандаа дарга хэмээн дуудахгүй шүү дээ. Энэ бол багш хүний жинхэнэ бахархал гэж хэлж болно.

-Математикийг бүх шинжлэх ухааны хаан гэдэг. Мэргэжлийнхээ онцлог, давуу талыг дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Үнэхээр математикийн судалгаа хийгдээгүй байгаль техникийн ухааны салбар гэж үгүй юм. Инженер хүн ямар нэгэн техникийн судалгаа хийх, ядаж тухайн салбартаа ашиглагдах инженерийн нэр томьёог ойлгоход математик хэрэгтэй байдаг бол байгалийн ухааны физик, хими, биологи, газарзүй зэрэг салбарууд математикийн шинжлэх ухаангүйгээр хүний ой тоонд буухгүй шүү дээ. Санхүү эдийн засаг, компьтерийн ухаан гээд ер нь бүхий л салбарт математикийн шинжлэх ухаан өргөн ашиглагддаг. Эдгээр салбаруудад ажилладаг хамгийн шилдэг мэргэжилтнүүд нь үнэн хэрэгтээ хамгийн сайн математикчид байдаг юм. Орчин цагийн шинжлэх ухааныг судлахад математикийн гүйцэтгэх үүрэг их. Улс орноо хөгжүүлье, эх орноо түүхий эд нийлүүлэгч бус харин үйлдвэрлэгч баялаг бүтэгч улс болгоё гэвэл инженер, технологийн чиглэлийг илүү хөгжүүлэх хэрэгтэй. Тэгвэл энэ чиглэлийг хөгжүүлэхийн тулд математикийн сургалтыг эрс сайжруулах нь зүй ёсны шаардлага юм. Нөгөө талаас математик гэдэг бол сэтгэлгээний гайхамшиг сэтгэлгээний гоо зүй гэдгийг хүн болгон мэдэж байх учиртай.

-Бидний амьдралд математик яг ямар ашиг тустай вэ. Тодорхой тайлбарлаж болох уу?

-Манай улсын хөгжилд ялангуяа баялаг бүтээгч улс болоход инженер технологийн чиглэл тэргүүлэх үүрэгтэй гэдгийг дахиад хэлье. Тэгвэл математикийн хичээлдээ сайн хүн л хамгийн сайн инженер, менежер болно. Тухайлбал, математик мэдэхгүй сайн эдийн засагч болно гэдэг амьдрал дээр бараг боломжгүй зүйл шүү дээ. Зарим хүмүүс математикаар яах юм бэ, хэн тэр тоог боддог юм эсвэл математикийг би амьдралдаа хэрэглэхгүйгээр сайхан амьдарч байна гэх мэтээр боддог. Үнэндээ бол математикаар байнга хичээллэдэг хүмүүс эсвэл түүнийг байнга ашигладаг инженер техникийн ажилчдын сэтгэлгээ нь бусад хүмүүсийг бодвол арай илүү тооцоотой юм уу гэж би ойлгодог. Тэр ч утгаараа өөрийнхөө амьдралыг хэрхэн зөв авч явах ухаанаа олдог юм болов уу.

-Тооны хичээл их хэцүү гэж зарим оюутан сурагчид шантардаг. Математикийн хичээлдээ сайн байхын тулд анхнаасаа яах ёстой юм бол?

-Ирээдүйд таны амьдралд математик ямар үүрэгтэй вэ гэдгийг эхлээд сайн ухамсарлах хэрэгтэй, бас эзэмшиж буй мэргэжилд нь математикийн хичээл хичнээн чухал үүрэгтэй вэ гэдгийг сайн ойлговол энэ хичээлийг сурах бэрхшээл багасна. Бодож чадахгүй бодлого, ойлгоогүй томьёогоо багшаасаа, найзаасаа ичиж зоволгүй шууд асууж байх нь их чухал л даа. Ер нь математикийн хичээлд сайн байхын тулд би яагаад ч энэ тоог бодож чадахгүй гэсэн хулчгар зангаасаа хамгийн түрүүнд салах хэрэгтэй. Нэг л удаа би энэ тоог, бодлогыг бодож чадахгүй гээд сэтгэвэл тэр хүнд математикийн хичээл хүнд л санагдана. Тэгвэл эрдэм сурахад оройтохгүй гэдэгтэй адил тооны хичээлийг ойлгоход ч хичээл зүтгэл итгэл байвал хэзээ ч оройтдоггүй юм. Үүнийг манай зарим математикч эрдэмтдийн түүх нотолдог.

-Өөрийнхөө болоод шавь нарынхаа гаргасан амжилтаас дурдахгүй юу?

-Би стандарт бус анализ, дифференциал тэгшитгэл, тодорхой бус олонлогийн чиглэлээр математикийн онолын судалгаа хийдэг хүн. Одоогийн байдлаар 26 өгүүллийг гадаад дотоодын мэргэжлийн сэтгүүлд нийтлүүлсэн байх юм. Мөн 10 орчим олон улсын их хуралд математикийн мэргэжлийн чиглэлээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн гээд өдий хүртэл гаргасан амжилтууд их бий. Миний хичээл заасан шавь нараас Т.Гансүх, Ц.Дашдэмбэрэл, М.Итгэл, Т.Цэвээнгэрэл, М.Мөнхтуул, Б.Алтангэрэл, Т.Ганзориг зэрэг нэлээд олон шавь маань их дээд сургуульд багшилж байна. Эдгээр шавь нараас зарим нь дифференциал тэгшитгэл, алгебр, криптографи зэрэг чиглэлээр онолын судалгаа хийж олон улсын хуралд илтгэл тавьж, гадаад дотоодын математикийн мэргэжлийн сэтгүүлд ажлаа нийтлүүлсэн байдагт нь би их бахархдаг.

-Урлаг соёл, спортын хүмүүс хэдийгээр эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгаж яваа ч гэсэн, улсын хөгжилд төдийлөн нэмэр болдоггүй ээ хэмээн олон түмэн ярьдаг. Харин манай улсын хөгжлийг эрдэмтэд, баялаг бүтээгчид авч явна гэж та хэлж байна?

-Нэг талаасаа үнэн боловч урлаг соёл нь Монголын ард түмний үнэт баялаг юм. Монгол Улсын хөгжил дэвшил, үйлдвэрлэлд эрдэмтэд, баялаг бүтээгчид чухал үүрэгтэй гэдэгт хэн ч маргахгүй гэдэгт би санал нэгтэй байна. Ядаж л бид бусдаас эд материал гуйлгүй, дотоодынхоо үйлдвэрүүдийг улам хөгжүүлж, нөөц бололцоогоо өөрсдөө ашиглаж сурмаар байх юм. Чанартай хувцас, гутлаас эхлээд мал аж ахуйгаа өргөн хүрээнд дотооддоо чанартай боловсруулж, өөрсдийн хэрэгцээгээ хангах шаардлагатай юм шүү дээ.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Миний амьдралд их олон зорилго, мөрөөдөл бий. Эрдэмтэн хүний хувьд цаашдаа судалгааны ажилдаа амжилт гаргах, өөрийн судалгааны үндсэн чиглэл болох стандарт бус анализын чиглэлээр нэг сайн математикч шавьтай болох зорилготой. Мэдээж хэрэг түмний хүүхдүүдэд хичээл зааж байгаагийн хувьд сурагч бүрт хичээлээ ойлгомжтой тайлбарлаж, энэхүү аугаа шинжлэх ухаанд суралцуулах, дурлуулахыг эрмэлздэг, үүний төлөө зүтгэж явдаг.

Categories
мэдээ цаг-үе

С.Батсүх гавьяатын шавь Б.Бат-Энэрэл: Би багш шигээ дуучин болохыг мөрөөддөг. Бас ээж шигээ сайн хүн болно

Монгол Улсын гавьяат жүжигчин “Завханы” хэмээх Санжаажавын Батсүхийн “Орчлонг хайрлаарай”, “Ухаарал”, “Хаан заяатай орчлон” зэрэг дууг тун ч эвлэгхэн дуулж, олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа бяцхан дуучин Болормаагийн Бат-Энэрэлтэй ярилцлаа. Тэрбээр төрөлхийн харааны бэрхшээлтэй төрсөн ч нэг настайгаасаа сул хардаг болсон гэнэ. Иймд бяцхан хүү Энэтхэг улсад нүдний хагалгаанд орохоор болсон байна. Хагалгааны зардалд зориулан гэр бүлийнхний зүгээс энэ сарын 20-нд хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ.


-Б.Бат-Энэрэл хүү хэзээнээс дуулах болсон юм бэ. Одоо хэдэн настай вэ. Гэртээ хэдүүлээ амьдардаг талаар ярихгүй юу?

-Манай ээж Солонгос руу явсан. Удахгүй ирнэ. Би гэртээ эмээ, ээжтэйгээ (ээжийнх нь төрсөн эгч), эгчтэйгээ хамт амьдардаг. Би чинь их багаасаа дуулж эхэлсэн л дээ. Анх хоёр настайдаа дуулж, дуунд дуртай болсон юм. Завханы С.Батсүх гээд хүн чинь миний дууны багш. Багшдаа үргэлж залбирч явдаг даа. Би одоо таван настай удахгүй зургаан нас хүрээд сургуульд явна. Ээждээ нэг юм хэлчих үү. Ээж ээ, сайн байна уу. Та наанаасаа хурдан ирээрэй. Та утсаараа их оролддог шүү. Ер нь хүүдээ хайртай юм уу, утсандаа хайртай юм уу гэж хэлмээр байна.

-С.Батсүх гавьяатын дууг анх яагаад дуулах болов?

-Миний багш хорвоо дэлхийн үнэнийг үргэлж дуулдаг. Тэр нь надад таалагддаг. Бас багшийн дуулсан бүх дууны аялгуу нь гоё. Хүний сэтгэлд шууд л хүрдэг. Багшдаа баярлалаа, хайртай шүү.

-Ирээдүйд багш шигээ дуучин хүн болно гэж бодож байна уу. Юуг хүсэж, мөрөөддөг вэ?

-Би багш шигээ дуучин болохыг мөрөөддөг өө. Бас ээж шигээ сайн хүн болно. Би дуучин, жүжигчин, урлагийн хүн л болохыг мөрөөддөг. Бас Отгонтэнгэр хайрхнаасаа миний хоолойг үргэлж ийм эвлэгхэн хөөрхөн байлгаж, ирээдүйд мундаг дуучин хүн болгоосой гэж хүсдэг. Бас том болоод гурван ажил хийнэ. Эхнийх нь цагдаа, дараа нь лам, сүүлийнх нь дуучин хүн болно доо.

-Яагаад энэ гурав гэж?

-Цагдаа хүн чинь хулгайч муу хүмүүсийг барьдаг, лам хүн сайхан сэтгэлтэй, буянтай амьдардаг, дуучин болох нь угаасаа тодорхой юм чинь ингэж хэлж байгаа юм. Ийм гурван ажил хийнэ.

-Анх тайзан дээр гарч дуулахад ямар санагдсан бэ. Ер нь дуулж байхдаа юуг дотроо боддог вэ?

-Тайзан дээр гарч дуулах гоё санагдсан. Би өмнө хүмүүсийн алга ташилтыг сонсож байсан. Харин намайг гарч ирэхээр хүмүүс алгаа хорстол ташсан. Тэрийг нь би харсан юм. Дуулж байхдаа ээжийгээ их боддог. Бас багшийгаа яаж дуулж байсныг нь төсөөлдөг. Тэгээд хүмүүст миний дуулж байгаа дуу таалагдаж байгаа болов уу гэж боддог.

-Багшийнхаа “Орчлонг хайрлаарай” дууг үнэхээр сэтгэлээсээ дуулсан байсан. Мөн хамгийн сүүлд багштайгаа хамтарч уран бүтээл хийсэн. Тэр дуу олон түмэнд их хүрсэн шүү. Чиний хамгийн ихээр хайрлаж, хүндэлдэг хүн хэн бэ?

-Би дууг багш шигээ сэтгэл дотроо төсөөлж дуулахыг боддог. Тэгж дуулсан дуу хүний сэтгэлд хүрдэг гэж багш маань хэлсэн. Хамгийн сүүлд багштайгаа “Хаан заяатай орчлон” гээд сайхан дууг нь дууллаа. Чи тэр дууны клиппийг үзсэн биз дээ. Багш бид хоёр хоёулаа хар хослолтой гоё харагдаж байгаа биз. Би дуугаа чин сэтгэлээсээ сүсэглэж дуулдаг. Миний хамгийн хайртай хүн ээж, эмээ, эгч, багш нар минь. Би энэ хүмүүсийнхээ төлөө залбирч дуулдаг.

-Ээжийгээ санаж байна уу?

-Үгүй ээ, санахгүй байна. Яагаад гэвэл би чинь одоо уул шиг том эр болсон шүү дээ. Тийм болохоор санахгүй байгаа юм. Гэхдээ жоохон л санаж байна. Манай багшийн дуулсан Бүтэн нойртой хонож үзээгүй

Бүлээн цайгаа ууж амжаагүй

Ганцхан биений жаргал эдлээгүй ч

Газар дээр миний ээжий

Үр чинь өсөж том болжээ

Үргэлж юунд санаа тавина вэ

Уул шиг том эр болсон шүү дээ

Унтаж амар даа бүүвэй ээж ээ гээд дуу байна ш дээ, энэ дууг дуулахаараа л ээжийгээ санаад байгаам.

-Найзууд нь чиний дууг сонсоод юу гэж хэлж байна?

-Чамайг телевизэээр харсан, чи од болчихсон юм уу гэсэн. Тэгэхээр нь би од биш ээ хүн гэж хэлдэг. Зүгээр л олны танил шүү дээ. Гэхдээ манай найзууд чинь жоохон болохоор дуу сонсдоггүй юм шиг байна лээ.

-Дуучин Төрмандахтай хамтарч дуулсан хүүг таних уу?

-“Булдруу” юу. Тэрийг танина. Бас хөөрхөн дуулдаг юм билээ. Төрмандахтай хамт дуулдаг мөн биз дээ. Бас адилхан дуулдаг “булдруу” байна лээ.

-Удахгүй болох тоглолтынхоо тухайд ярихгүй юу. Тоглолт хийх гэж байгаадаа баяртай байна уу. Тусалж, дэмжиж байгаа хүмүүс их байгаа байх. Тэр хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?

-Миний тоглолт энэ сарын 20-нд болно. Намайг бүгдээрээ хүрч ирж үзээрэй. Би та бүхэндээ гоё дуугаа дуулж өгнө. Манай тоглолтод багш маань болоод бусад Завхан нутгийн алдартай, мундаг дуучид ирж ая, дуугаа өргөнө. Хамгийн ихээр тусалж байгаа эгчдээ, ээждээ, багшдаа, бусад бүх хүмүүст баярлалаа.


Categories
мэдээ цаг-үе

Ургац алдаж үзээгүй Улсын аварга тариаланч Нямжавын Хишигт

Төв аймгийн Борнуур суманд газар тариалангийн ажил эрхэлж буй Улсын аварга тариаланч Нямжавын Хишигтийнд өнжлөө. Бидний очих аварга тариаланчийнх сумын төвийнхөө баруун урд байрлах цэлгэр том модон хашаанд амьдардаг аж. Яваад очтол хашаан доторх зоориноос хэсэг залуус шуудайтай төмс зөөж, портер машин дээр ачиж байв. Тэр хүмүүсээс “аварга тариаланч Хишигтийнх мөн үү” хэмээн асуутал хувцас хунар нь шороо тоос болсон залуу “аав зооринд байгаа. Би дуудаж өгье” гэсээр зоорь руу орлоо. Төд удалгүй гэрийн эзэн хоёр бээлийгээрээ өмд, цамцаа гөвсөөр гарч ирэв. Ийнхүү учир явдлаа тайлбарлаж, танилцаж зогстол аваргын гэргий нь гэртээ орохыг урьсан юм.Улаан тоосгон байшингийн үүдээр нь ортол нэгэн эмэгтэй гал зуухны өрөөнд аяга таваг угаах зуураа мэнд мэдэж, зочны өрөөгөө заалаа. Аварга маань гэрийнхээ хойморт тахиа жилийн босгон дээр Ерөнхий сайдаас гардан авсан “Улсын аварга тариаланч” хэмээх хүндэд өргөмжлөл, тавын бидон шиг хэлбэртэй зэсэн сав, шаргал арвайн түрүү хэлбэрт цомоо хүндэтгэлтэйгээр залжээ. Харин хажуугаар нь газар дэлхий, үр тариагаа бэлгэшээж тавьсан улаанбуудай, овьёос, хөх тариа зэргийг тусгайлан чимэглэсэн ваар дотор хийж тавьсан байна. Ийн гэр доторх байдлыг сонирхон харж, цай ууж суух зуур гэрийн эзэн, гэргий хоёр орж ирээд “За бид хоёр гялс ажлын хувцсаа сольчихоод ирье” гэсээр жижиг өрөө рүүгээ орлоо. Төд удалгүй монгол дээл өмсөж, энгэртээ одон медалиа гялалзуулан гарч ирээд “Өнөөдөр манай хүүхдүүд хотоос ирээд, бид хоёрын ажлыг ёстой л нэг хүний хүчээр нугалж байна. Хөөрхий хүүхдүүд минь их туслах юм даа” гэсээр бидний яриа эхэллээ. Н.Хишигт ах өдгөө жар хүрч яваа, энэ нутагт насаараа газар, тариалангийн ажил эрхэлж, үр шимийг нь хүртэж, зургаан хүүхдээ дээд боловсролтой болгож, амьдралын захад хүргэсэн гэнэ. 1959 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд төрсөн тэрбээр мал маллаж, эцэг, эхдээ туслан хөдөөний бусад хүүхдийн адилаар өсөж хүмүүжсэн аж. Улмаар 1977 онд цэрэгт татагдаж, хотод Барилгын цэргийн 073 дугаар ангид гурван жил алба хаажээ. Энэ хугацаанд нутагтаа хоцорсон эцэг, эх нь хүүгээ бараадан Төв аймгийн Баянчандмань суманд ирж, суурьшсан гэнэ. 1980 онд цэргээс халагдаж ирээд Баянчандмань суманд ойр зуурын ажил хийж байгаад гэр бүлээрээ Борнуур суманд шилжин ирж, Борнуурын сангийн аж ахуйд уурын зуухны галч, сантехникийн ажил хийж эхэлснээр ажил амьдралынхаа гарааг эхэлсэн түүхтэй гэнэ. Ийн ажиллаж байхдаа хань Х.Пүрэвсүрэнтэйгээ танилцаж, 1982 онд гэр бүл болцгоосон аж. Аваргын гэргий нь 1960 онд Улаанбаатарт төрсөн хэдий ч Борнуур суманд аав, ээжийнхээ дэргэд мал маллан өсчээ. Улмаар Борнуурын найман жилийн дунд сургуулийг төгсөж, сангийн аж ахуйн зочид буудалд тогооч хийдэг байж. Зах зээлийн нийгэмд шилжих үед ажиллаж байсан газрууд нь хувьд шилжин хаалгаа барьснаар хийх ажилгүй болж, бусдыг даган нөхөртэйгөө хамт ногоо тарьж, газар тариалангийн ажил эрхлэх болжээ. Анх ногоо тарьж байхад хүндрэл бэрхшээл их гардаг байсан ч гэсэн одоо бодоход тэр бүх зүйл болох ёстой амьдралын энгийн л шалгуур мэт санагддаг гэсээр ярьж суусан аваргын эхнэр “Алив цаагуур чинь хэн байна. Энэ хүмүүст хоол, цай хийж өгье” гэсээр галын өрөө рүүгээ орлоо.

БИД НУТГИЙНХАА АЖИЛГҮЙ ЗАЛУУЧУУДЫГ ЦУГЛУУЛЖ ХӨЛСӨӨР АЖИЛЛУУЛДАГ

Н.Хишигт гуай “Борнуур, Бороогийн голын сав уудам хөндий нь үржил шимтэй хөрстэйгөөс гадна усалгаат тариалан эрхлэхэд нэн тохиромжтой нутаг шүү дээ. Борхужирын голын баруунд Дал, Зур хэмээх хоёр томхон ам, зүүнээс цутгах Бөөрөлжүүтийн голын амны адгаар дээр үеэс хятад, орос иргэд суурьшин усалгаат талбайд ногоо тарьж ирсэн юм гэдэг. Манай сумын өмнөх бор толгойн урд Борнуур хэмээх жижиг нуур бий. Сая та хэд наашаа ирж байх замдаа харсан биз дээ. Бороо гол нь олон жил тариа ногоо тарьж, хүн ардаа хүнс тэжээлээр хангаж ирсэн үржил шимт хөрстэй хөндийгөөр хойт мөсөн далайг зүглэн урсдаг гол юм. “Ус мөрөн олон чиг Сэлэнгийг минь яаж гүйцэхэв” гээд дуу байдаг шиг Бороо голыг минь яаж гүйцэхэв дээ” гэсээр суугуул нутгийнхаа сайхныг бахархалтайгаар өгүүлэв. Ногооны талбай нь сумын төвөөсөө зүүн хойш 10 гаруй километр зайд хоёр голын бэлчирт байрлах 10 га газар байдаг гэнэ. Тэр талбайдаа төмс, хүнсний ногоо тарьдаг аж. Биднийг яг очих үеэр өнгөрсөн намрын төмсөө таваарт гаргаж, заримыг нь үр болгон ашиглахаар ногооны талбай руугаа зөөж байсан гэдгээ хэллээ. Анх ногоо тарьж, намар ургацаа хурааж аваад заримыг нь хүнсэндээ хэрэглэж илүү гарсныг нь хот руу орж, Хархорин зах дээр худалдаалдаг байсан тухайгаа ярив. Харин одоо хурааж авсан төмс, хүнсний ногоогоо шуудайг нь 12 мянган төгрөгөөр бодож ногооны ченжүүдэд арилжаалдаг болсон гэнэ. Н.Хишигт гуайтай ийн ярьж байх үеэр түүний гэргий Х.Пүрэвсүрэн хоол унд барьсаар орж ирээд “За хүүхдүүд минь сайхан хоол идэцгээ. Эгч нь гадаа байгаа ажилчдынхаа хоол цайг нь хийгээдэхье” гэсээр гарлаа. Тэднийх хаврын тариалалт, намрын ургац хураалтынхаа үеэр нутгийнхаа ажилгүй залуусыг цуглуулж, хөлсөөр ажиллуулдаг аж. Энэ тухайгаа аварга “Залуудаа бүх зүйлээ өөрөө л хийдэг байлаа. Одоо ч ногооны ажлаа хүчрэхээ байх нь ээ. Ямар сайндаа нутгийнхаа хэдэн дүү нарыг гуйж ажиллуулдаг болсон. Борнуурчууд их ажилсаг хүмүүс. Намар ид ургац хураалтын үеэр сумын төвд нэг ч хүн байдаггүй. Бүгд л ногооны талбай дээр ажиллаж байдаг нь сайхан. Манай ногооны талбайн буланд жижигхэн амбаар бий. Хавар үр тариагаа суулгачихаад намар болтол тэндээ амьдарна шүү дээ. Манайх бас хэдэн үхэртэй. Төмс, хүнсний ногоо тарихаас гадна бага зэрэг улаанбуудай тарьдаг юм. Тэрийгээ намар нь хадаж аваад үхэртээ өгдөг” гэв. Ийн ярьж дуусаад шүүгээнээс нэг бор дэвтэр гаргаж ирлээ.


НОГООНЫ ЧЕНЖҮҮД ҮНЭХЭЭР БАШИР АРГАТАЙ ХҮМҮҮС

Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт манай суманд яамны хүмүүс ирж нийт тариаланчтай уулзсан юм. Тэр талаар би энэ дэвтэр дээрээ тэмдэглэчихсэн байгаа. Тэр хүмүүсийн хэлснээр энэ онд улсын хэмжээнд 381.6 мянган га талбайд үр тариа тарина гэсэн. Мөн тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 30-40 хувийн, шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр шийдвэрлэнэ гэдгээ ч хэлсэн. Бид тэр шатахууны хөнгөлөлт гэдгийг нь хүлээж л сууна. Бас төр засгаас энэ олон тариаланч, ногоочдоо анхаарах хэрэгтэй. Бид бүхний нөр их хөдөлмөр хэдэн ченжийн гарт үгүй болж байна. Учир нь намар ургацаа аваад хэн хүнгүй л хот суурин газар зорьж шинэ ногоогоо борлуулахыг боддог. Харин үүнийг нь тэр ченжүүд нь андахгүй мэднэ. Ингээд бидний хагас жил орчим ногооны талбай дээр ажилласан нөр их хөдөлмөрийг тэр улсууд үнэлдэггүй, ашгаа л боддог, үнэхээр башир аргатай хүмүүс. Энэ бүхнийг төр засаг анхаарч, хувийн тариаланч ард иргэдийнхээ хөдөлмөрийг үнэлэх асуудал дээр бодлоготой ажил явуулах шаардлагатай байна. Бид чинь 40 килограмм шуудай төмсөө ердөө 10 мянгаар л өгч байна шүү дээ. Тэгэхээр нэг килограммыг нь 250 төгрөгөөр бодож өгч байгаа нь арай л хямд биш гэж үү. Сүүлийн жилүүдэд л ийм болчихоод байгаа юм. Үүнийг цаашид анхаарч тэр олон ногооны ченжийг зохицуулах хэрэгтэй” гэлээ.

БАЙГАЛЬ ЦАГ УУРААС ШАЛТГААЛЖ, УРГАЦ ХУРААЛТ МУУДАЖ БАЙНА

Улсын аварга тариаланчийнх хашаан дотроо 40 тоннын зоорьтой, мөн энэ хэмжээний нүхэн зоорь ч бий гэнэ. Ингээд тэр бүгдийгээ үзүүлэхээр биднийг авч гарлаа. Хашаан дотор нь “пад пад” трактор, ачааны портер машин, малын саравч байх юм. Саравчинд нь төрөөд сар гаруйхан болж буй хоёр хөөрхөн тугал хэвтэж харагдана. Ногоочдын ганц бэрхшээл нь цаг уурын өөрчлөлт гэнэ. Энэ тухайгаа “Сүүлийн жилүүдэд байгаль цаг уураас шалтгаалж, ургац хураалт муудаж байна. Гэхдээ манай ногооны талбай харьцангуй гайгүй байгаа. Учир нь хоёр талаараа жижигхэн гол урсдаг юм. Ерөнхийдөө байнгын усалгаатай гэсэн үг. Талбайгаа 14 хоногт нэг удаа усалдаг. Харин бусад ногоочдын талбай услалт муу, дээр нь бороо хур төдийлөн орохоо больсон болохоор хүндхэн л байх шиг байна. Манайх энэ жил долоон га газарт Герман улсын “Гала” сортын төмс, лууван, сонгино, манжин зэрэг хүнсний ногоо тарихаар ажиллаж байна. Ер нь энэ цаг уурын өөрчлөлт нь байгальдаа ээлгүй хандсан буруу санаатай хэдхэн хүний хор нөлөө юм уу даа” гэв. Мөн Борнуураа нутгийн иргэд нь хайрлаж, хамгаалж, засаж тордвол тариаланч, ногоочид алзахгүй гэдгээ ч хэлсэн юм. Ер нь хаврын үр тариалалтын ажлыг тавдугаар сарын 10-аас өмнө хийж дуусгасан байх шаардлагатай аж. Харин наадам өнгөрөөгөөд зэрлэг ургамал, хортон шавьж устгах зэрэг ажлуудыг хийхгүй бол болдоггүй гэнэ. Энэ жил Н.Хишигт гуай 10 га талбайдаа төмс, лууван, манжин зэрэг хүнсний ногоо тариалахаар болжээ. Ингэхдээ хамгийн чухал нь үр байдаг гэв. Үрэндээ л сайн анхаарвал намар ургац хураалт алддаггүй гэдгээ дуулгав.

НОГООЧДЫН АШИГ ОРЛОГО ЖИЛ ЖИЛД АДИЛГҮЙ БАЙДАГ

Н.Хишигт гуайнх жил бүр ногооны талбайгаа сэлгэж тариалалтаа хийдэг юм байна. Өнгөрсөн жил 10 га талбайнхаа зургаан га-д нь төмс, лууван, сонгино тарьсан гэнэ. Харин үлдсэн дөрвөн га талбайг амраах буюу дараа жилийн тариалалтаа хийхэд бэлтгэдэг байна. Ингэж ногооныхоо талбайг сэлгэж тариалалтаа хийснээр ургацын чанар, хөрсний шимтэй байдал хэвээр хадгалагддаг туршлагаасаа хуваалцсан юм. Ерөнхийдөө олон жилийн дунджаар авч үзвэл эднийх жил бүр 6-7 га газарт тариалалт хийдэг байна. Үүнээс дөрвөн га газарт төмс тарьж, намар нь 70 гаруй тонн төмс хурааж авдаг гэнэ. Хурааж авсан төмсөө таваарт гаргах, буцаан үр болгох, заримыг нь малд өгөх гэхчилэнгээр ялгаж авснаар 40 гаруй тонн төмсийг жил бүр зах зээлд нийлүүлдэг ажээ. Мөн бусад 20 гаруй тонн хүнсний ногоог хамтад нь борлуулдаг байна. Энэ тухайгаа аваргын гэргий Х.Пүрэвсүрэн “Өнгөрсөн жил нийт 60 гаруй тонн хүнсний ногоо хураан авч шуудайг нь 10-15 мянган төгрөгөөр борлуулсан. Ер нь жил жилд ногоочдын ашиг орлого адилгүй байдаг. Тухайн жил ногооны үнэ ямар байна, ченжүүд хэрхэн дуугарахаас л бидний ашиг орлого шалтгаална. Гэхдээ өдий олон жил газар дэлхийнхээ шимийг хүртэж яваа учраас ашиггүй ч гэх үү, алдагдалтай ажилласан тохиолдол байхгүй. Ер нь ногоочин хүнд дутагдах зүйл бага шүү” гэсэн юм. Мөн хөдөө аж ахуй, газар тарилан эрхлэгчдийн байгууллагаас ямар нэгэн зээл тусламж хүсч байгаагүй. Ер нь тэдгээр байгууллага төмс, хүнсний ногоо эрхлэгчдийг төдийлөн дэмжээд байдаггүй гэдгээ ч хэллээ. 1990 оноос хойш өдгөө 30 шахам жил төмс, хүнсний ногоо тарихдаа ургац алдсан тохиолдол гарч байгаагүй. Энэ нь цэвэр хөдөлмөр зүтгэлийн үр дүн гэдгээрээ улсын аварга тариланч бахархаж байсан юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Б.Нарантуяа: Бильярд тоглох нь зан араншинг төлөвшүүлж, тооцоололтой амьдрах чадварыг бий болгодог

Пүүл болон снүүкер бильярдын улсын зургаан удаагийн аварга, спортын мастер Баярсайханы Нарантуяатай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан пүүл бильярдын УАШТ-ээс алтан медаль хүртсэн билээ.


-Юуны өмнө уншигчдадаа өөрийгөө танилцуулахгүй юу. Анх бильярдыг хэнээр заалгаж, тоглож сурсан бэ?

-Би Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 1994 онд төрсөн. Намайг төрөөд долоо ч хоноогүй байхад манайх Улаанбаатар хотод шилжин ирж суурьшсан гэдэг. Улмаар манай гэр бүл 100 айлд, нэг давхар улаан тоосгон барилгын материалын дэлгүүрийн ард талын хашаанд манаач хийж амьдардаг байлаа. Аав, ээж, ах, эгч гээд бүгд л дор бүрнээ ажил хийж, амьдралаа авч явдаг байв. Тухайн үед би ч гэсэн аав, ээжийнхээ өгсөн мөнгөөр чихэр, печень, ундаа, ус аваад зарж, олсон хэдэн төгрөгөө гэр бүлийнхээ орлогод нэмэрлэдэг байсан. 100 айл орчмоор ингэж явахдаа бильярд тоглож байгаа хүмүүсийг хараад гоё санагдаж, өөрөө тоглож үзэх юмсан гэж боддог байв. Нэг өдөр аав маань найзуудтайгаа бильярд тоглох үед би хамт явсан юм. Аав маань надад бильярд тоглохыг зааж билээ. Тэр цагаас хойш өнөөх бильярдны газраас салахаа байсан даа.

-Улсын аварга шалгаруулах тэмцээнд хэд дэх жилдээ оролцож байна. Өмнө нь ямар амжилтууд гаргаж байв?

-Өнгөрсөн долоо хоногт болсон пүүл бильярдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, алтан медаль хүртсэндээ баяртай байгаа. Энэхүү тэмцээнд зургаа дахь удаагаа түрүүлж байна. Ийм амжилт гаргасан эмэгтэй тамирчин одоогоор надаас өөр байхгүй. Харин эрэгтэй шилдэг тамирчид их шүү. Ер нь сүүлийн жилүүдэд манай улсад бильярдын спортоор хичээллэх хүүхэд, залуучуудын тоо эрс нэмэгдсэн. Тэр ч утгаараа Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа тамирчдын чансаа жилээс жилд дээшилж байгаа нь харагдаж байна.

-Ихэнх хүмүүс чөлөөт цагаараа найз нөхдөөрөө нийлж энэхүү тоглоомыг тоглох дуртай байдаг. Ер нь мэргэжлийн тамирчид бильярдыг ямар дүрмээр хэрхэн тоглодог вэ?

-Мэдээж хэрэг мэргэжлийн тамирчдын тоглож байгаа дүрэм сонирхогчдынхоос бага зэрэг өөр л дөө. Пүүл бильярд нь арван зургаан шааригтай. Шаариг тус бүр дээр нэгээс 15 хүртэлх цифр бичигдсэн байдаг. Мөн алаг, цул гэсэн өнгөтэй. Эдгээр шааригийг ямар ч тоогүй, цагаан өнгийн шаариг буюу “бух”-аар цохиж, ширээний хоёр талд байрлах зургаан нүхэнд оруулж тоглодог. Үүнийг бараг мэдэхгүй хүн гэж байхгүй биз. Ихэнх хүмүүс бильярдыг найман шааригны дүрмээр тоглодог. Жишээ нь хоёр тоглогч шааригийг алаг цул өнгөөр нь ялган цохиж, хамгийн сүүлд хар өнгийн шааригийг оруулсан тоглогч хождог. Мэргэжлийн тамирчид ч гэсэн энэ дүрмээр тоглодог. Гэхдээ хамгийн сүүлийн хар шааригийг оруулах гэж байгаад “бух”-аа унагачихвал шууд хожигддог онцлогтой. Сонирхогчид тоглолтын явцад “шороом” буюу өрсөлдөгчийнхөө шааригаар өөрийнхөө шааригийг цохиж болдог. Харин мэргэжлийн тамирчид тэгж тоглож болохгүй. Санаандгүй байдлаар өрсөлдөгчийнхөө шааригийг цохих юм бол торгуулдаг. Мөн есөн шаариг, арван шааригны дүрэм гэж бий. Есөн шааригны дүрэм нь хоёр тоглогч өнгөөр биш тоогоор тоглодог. Энэ нь нэгээс ес хүртэлх шааригийг ямар нэгэн захиалга өгөхгүй, яг дарааллаар нь цохиж оруулна гэсэн үг. Жишээ нь, би нэгээс найм хүртэлх тооны шааригийг цохиж оруулчихаад ес дэх шааригаа оруулж чадаагүй цохилтоо шилжүүллээ. Харин өрсөлдөгч маань тэр үлдсэн нэг шааригийг оруулчихвал шууд хождог дүрэмтэй. Арван шааригны дүрэм нь ч гэсэн үүнтэй адилхан. Гэхдээ тухайн цохих гэж байгаа шааригаа яаж цохих, аль нүхэнд унагахаа урьдчилан хэлж, захиалах ёстой. Мөн адил хамгийн сүүлд арав дугаартай шааригийг авсан нь хождог.

-Бильярд тоглох явцад ямар ямар захиалга өгч, цохилт гүйцэтгэдэг юм бол?

-Тоглолтынхоо байдлаас болоод юу ч гэж хэлж болно. Ерөнхийдөө “булан”, “дундуур”, “эргэж дундаа” буюу ширээний голын хананд ойролцоо байгаа шааригийг эсрэг талын нүхэнд унагах зорилготой цохилт, “богино булан” буюу ширээний буланд байрлах шааригийг эсрэг талын буланд нь унагах зорилготой цохилт, “дүплээ булан” буюу буланд байрлах шааригаа ширээний хананаас (борт) ойлгон, эсрэг буланд нь унагах зорилготой цохилтыг хэлж байгаа юм. Үүнийг яг таг үгээр илэрхийлнэ гэдэг хэцүү юм. Тоглоод үзвэл хялбархан ойлгогдоно (инээв). Мөн цагаан шаариг буюу “бух”-аа татаж, түлхэж, эргүүлэгтэй цохиж болдог. Ингэхдээ бухныхаа тойргийг цагтай адилтгаж үзнэ. Жишээ нь бухныхаа дээд хэсэг буюу арван хоёр цагийн байрлалд цохилт хийвэл бух түлхэгдэнэ. Харин зургаан цагийн байрлалд цохивол бух татагдана гэсэн үг. Хажуугийн гурав юм уу, есөн цагийн байрлалд цохивол шаариг эргүүлэгтэй өнхөрнө. Энэ цохилтуудыг тоглолтын явцад хэдэн ч удаа гаргаж болно. Гол нь бухны онох шаариг ямар байрлалд байна гэдгээс их хамаарна.

-Бильярд тоглоход зогсолт их чухал байх. Ямар байрлалтай, хэрхэн зогсох ёстой вэ?

-Тэгэлгүй яахав. Энэ спортоор амжилт гаргаж хожихын тулд зөв зогсч, зөв цохилт хийж сурсан байх шаардлагатай. Тоглогчийн зүүн хөл хагас нугаларсан, баруун хөл нь шулуун байх хэрэгтэй. Бөхийж баруун гараа цохиур модныхоо араас 90 хэмийн өнцгөөр нугалж, тэгшхэн барьж цохино. Ингэж зогсч зөв барилтаар цохилт хийж байж шааригаа оруулна шүү дээ.

-Снүүкер болон пүүл бильярдын ялгаа нь юу вэ. Өөрөө аль төрлийг нь илүү сонирхдог вэ?

-Дэлхийд пүүл, снүүкэр гэсэн бильярдын хоёр л төрөл хөгжиж байгаа. Миний хувьд энэ хоёр төрлөөр хоёулангаар нь хичээллэдэг. Пүүл нь снүүкерийг бодвол арай жижиг ширээтэй хэрнээ шаариг орох нүхнийх нь амсар өргөн, тэр ч утгаараа шаариг нь арай том. Харин снүүкер ширээ томтой хэрнээ шаариг нь жижиг, тоогүй, зөвхөн өнгөөр нь цохиж, оноогоор тоглодгоороо ялгаатай. Ер нь улс орон бүрт залуучууд нь пүүл бильярдыг түлхүү тоглож, ахимаг насны, хөрөнгө чинээтэй хүмүүс нь снүүкер тоглож байгаа нь ажиглагддаг. Гэхдээ ч өнөө цагт хүмүүс дуртайгаа л тоглодог болсон л доо. Миний хувьд тэр энэ гэсэн зүйл байхгүй. Гэхдээ арай илүү сонирхолтой нь гэвэл снүүкер. Учир нь аль их оноо авсан нь ялдаг. Бас их мэдрэмж, ур чадвар шаарддаг учраас тоглох дуртай.

-Снүүкер бильярдыг хэрхэн тоглох талаар тодруулаач?

-Дөрвөн өнцөгт зургаан нүхтэй том ширээн дээр 15 ширхэг улаан шаариг, мөн хоёр онооны шар, гурван онооны ногоон, дөрвөн онооны бор, таван онооны хөх, зургаан онооны ягаан, долоон онооны хар өнгийн шааригийг бэлдэж тавьдаг. Нийтдээ 21 шааригаар тоглодог юм. Эхний ээлжинд улаан өнгийн шааригийг оруулж, дараа нь өөр өнгийн шаариг оруулах замаар хамгийн өндөр оноо авсан тоглогч хожно. Ихэвчлэн тодорхой тооны тоглолтын дараа хэн олон хожсон нь ялагч болдог. Энэхүү тоглоом нь Энэтхэгт байрлах Их Британийн армийн офицеруудын дундаас үүссэн гэж үздэг бөгөөд Их Британийн колоничлол болон нөлөөнд байсан бүх улсад тархан хөгжсөн байдаг юм билээ.

-Ер нь бильярдын спортоор хичээллэснээр хувь хүн ямар ур чадварыг эзэмших бол. Энэ спортын давуу тал нь юу вэ?

-Бильярд нь тооцооллын спорт шүү дээ. Шатартай л адилхан гэсэн үг. Яаж нүүхэв гэж их боддогтой адил толгойгоо сайн ажиллуулах хэрэгтэй. Гурван нүүдлийн цаадахыг харж тоглоно гэдэг шиг л гурван цохилтын цаадахыг харж байгаад л тоглодог. Нэг л алдвал хожих боломж эрс буурна. Бараг найдлагагүй. Тийм болохоор сэтгэл санааны хувьд тайван байж, цохилтоо хийхийг шаарддаг спорт. Бильярд тоглох үедээ өөрийн мэдэлгүй нааш, цаашаа хөдлөхдөө таваас долоон километр зайд алхчихсан байдаг. Яагаад ч юм бильярд тоглохоор миний санаа зовж байсан зүйлс мартагддаг шүү. Тоглож байхдаа сандраад л “одоо яанаа” гээд байх юм бол шааригаа огт цохиж чадахгүй. Сандрах, айж балмагдах үед зүрхэнд хэт их ачаалал өгдөг учраас төвлөрч чадалгүй бие салганаж эхэлнэ. Тийм учраас сэтгэл санаагаа маш сайн бэлдэх хэрэгтэй. Тэр ч утгаараа бильярд тоглох нь хүний зан араншинг төлөвшүүлж, тэвчээртэй, тооцоололтой амьдрах чадвар бий болгодог гэж боддог.

-Хамгийн анх ямар тэмцээнд оролцож байв. Манай улсад энэ төрлөөр ямар уралдаан тэмцээнүүд болдог вэ?

-2009 онд одоогийн “Шайн” клубээс зохион байгуулсан тэмцээнд анх удаа оролцож мөнгөн медаль хүртсэн. Тэндээс л тэмцээн уралдаан гэж юу байдаг талаар ойлголттой болсноор амжилтын гараагаа эхлүүлсэн. Ер нь 14 хоногт нэг удаа тэмцээн зохион байгуулдаг. Заримдаа долоо хоногт ч нэг тэмцээн явагддаг. Тухайн зохион байгуулж байгаа клубээсээ шалтгаалаад л янз бүр. Харин зуны гурван сард тэмцээн уралдаан зогсчихдог.

-Олон улсын тэмцээнүүдэд оролцож байсан уу?

-2013 онд Инчоны Азийн наадамд оролцож “Хүндэт диплом”, 2014 онд “China open” тэмцээнд оролцож шилдэг 32 тоглогчийн нэгээр шалгарсан, “Ногоон ширээний дэлхийн аварга”-д хоёр удаа явж байсан. Ер нь ямар ч тэмцээн рейтингээс шалтгаалахгүйгээр нээлттэй байдаг. Ямар ч хүн явж болно. Хамгийн гол нь хувиасаа зардал гаргах л хэцүү. Энэ асуудал дээр л манай монгол тамирчид гацаад байгаа юм.

-Өөрөө ямар мэргэжлээр сурч байна. Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Би Отгонтэнгэр их сургуулийн санхүүгийн ангийн төгсөх дамжааны оюутан. Анх энэхүү мэргэжлийг сонгохдоо дурлаж, сонирхож ороогүй (инээв). Ер нь санаандгүй л сонгосон гэж хэлж болно. Дунд сургуулиа төгсөж байхдаа Хууль сахиулахын их сургуульд орох хүсэлтэй байсан боловч эмэгтэй хүүхэд элсүүлдэггүй жил таарсан юм. Тэгээд л энэ сургуульд орсон. Одоо Монголд болох улсын хэмжээний тэмцээндээ оролцох, их сургуулиа амжилттай төгсөх гэсэн төлөвлөгөөтэй байна даа. Энэ ажлуудыг амжуулчих юм бол цаашдаа их зүйл хийнэ. Энэ спортоор багаасаа сонирхон хичээллэсэн болохоор эцсийг нь үзнэ л гэж бодож байна.


Categories
мэдээ цаг-үе

Б.Баасандорж: Ой тогтоолтын энгийн дасгал хийж, стресстэхгүй амьдарвал мартах өвчнөөс салж чадна

Б.Баасандорж өөрийн шавь “Супер тархи” буюу Э.Энхмөнхтэй хамт

Монголын оюун ухааны академийн багш дасгалжуулагч, Олон улсын мастер Баттулгын Баасандоржтой ярилцлаа.

-Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах урьдчилсан шатны шалгаруулалт болоод УАШТ ямар журмаар хэрхэн явагдаж байна вэ?

-Урьдчилсан шатны шалгаруулалтад 110 гаруй хүүхэд оролцож, оюун ухаанаараа өрсөлдсөн. Энэ удаагийн тэмцээнд Эрдэнэт, Дархан, Хөвсгөл, Зүүнхараа, Сэлэнгэ зэрэг хөдөө орон нутгаас шинэ залуу тамирчид зорин ирж оролцож байгаа нь ой тогтоолтын тэмцээн жилээс жилд илүү өргөн хүрээтэй болж байгааг илэрхийлж байна. Эцсийн шатны шалгаруулалтад нийт 56 тамирчинг шигшиж авах учиртай. Зохион байгуулагчдын зүгээс ямар тамирчдыг шигшээд үлдээх вэ гэдгийг нийлбэр дүн, оноогоор нь тогтоож авдаг. Улмаар энэ сарын 18,19-нд болох ой тогтоолтын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж байна гэсэн үг.

-Монголын оюун ухааны академид хэзээнээс багш, дасгалжуулагчаар ажиллах болов?

-Монголын оюуны академи анх 2009 онд Монголын оюуны хөгжил, оюуны спорт төрийн бус байгууллага нэртэй байх үед би долоо дахь төгсөлтөд нь хамрагдаж байсан. Түүнээс хойш энэ спортоор хичээллэж эхэлсэн. Одоогоос таван жилийн өмнөөс ой тогтоолтын багш дасгалжуулагчаар ажиллаж байгаа.

-Энэ спортоор хичээллэж, багшлах хугацаанд гаргасан амжилтууд гэвэл?

-Миний хувьд олон улсын тэмцээнд оролцож байгаагүй л дээ. Гэвч миний хувийн амжилт бол шавь нарын минь амжилтаар илэрхийлэгдэх байх гэж боддог. Гэр бүлийн байдлаас болж, ямар нэгэн олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцох боломжгүй байсан. Тийм учраас Монголд оюуны спортыг хөгжүүлэх талаас нь түлхүү ажиллах болсон. Монголд анх өсвөр насны ангилал гарч ирээгүй байхад тамирчин бэлтгэж, тэмцээнд оролцуулж байлаа. Өдгөө манай өсвөрийн тамирчид дэлхийд чансаагаараа тэргүүлж байгаа нь миний бахархал юм.

-Багшийн эрдэм шавьд хэмээдэг. Таны гарын шавь нараас Олон улсын их мастер Э.Энхмөнхийг “Супер тархи” нэрээр нь олон түмэн мэднэ. Шавь нарынхаа тухайд яриач…

-Сүүлийн үед манай оюуны спортоор хичээллэдэг хүүхэд, залуучуудын амжилтыг зөвхөн Монголд биш дэлхийд гайхан бишрэх болсон. Энэхүү амжилтыг бүтээж буй тамирчдын төлөөлөл болох 2014 оны өсвөрийн дэлхийн аварга, 2016 оны “Super Brain” шоуны ялагч оюун ухааны академийн тамирчин, Олон улсын их мастер Эрдэнэбатхааны Энхмөнх миний хайртай шавь нарын нэг. Анх 2013 онд манай академид элсэн орж, миний шавь болсон түүхтэй. Эхлэн сурагч нар энэ спортоор анх хичээллэж эхлэхэд мэдэхгүй, чадахгүй зүйлс их гарч ирдэг л дээ. Энэ их тоог яаж цээжлэх вэ, боломжгүй юм байна гэх зэргээр шантрах тохиолдол бий. Энэ бүхнийг өөрийн хичээл зүтгэл, авьяас билгээрээ давж чадвал амжилт чиний гарт шүү гэж шавь нартаа үргэлж захидаг. Э.Энхмөнхийн хувьд цаашдаа бэлтгэл сургуулилтаа сайн хийж, энэ эрчээрээ зүтгэх юм бол олон сайхан амжилт гаргах бүрэн бололцоотой, манай улсын шилдэг тамирчдын нэг.

-Монголын оюуны спортын тамирчид дэлхийд толгой цохиж байна. Бусад орны тамирчидтай харьцуулбал ямар давуу тал ажиглагдаж байна вэ?

-Монголын оюуны спортын академийн тамирчид 2011 оноос хойш багаараа тэмцээн уралдаануудад оролцож ирсэн түүхтэй. Өдгөө 42 удаагийн олон улсын чанартай дэлхийн аварга, оюуны олимп гэсэн томоохон тэмцээнүүдэд оролцож байсан. Үүнээс нийт 677 медалийг эх орондоо бахархалтайгаар авчиржээ. Тэр дундаа Монголын өсвөрийн тамирчид 2013 оноос хойш дэлхийн аваргын тэмцээнд тасралтгүй түрүүлсээр байгаа нь монгол хүний оюун ухаан ямар гайхамшигтай болохыг харуулж байгаа хэрэг юм. Дэлхийд ой тогтоолтоороо тэргүүлдэг Герман, Швед, Англи, Япон улсын тамирчид энэхүү спортоор тасралтгүй 10-аас дээш жил хичээллэдэг. Бүр өөрийнхөө мэргэжил болгож чаддаг л даа. Мөн улсаас нь хангамж сайтай байдаг. Гэтэл манай улсын тамирчид чөлөөт цагаараа энэхүү спортоор хичээллэж байна. Тэглээ гээд гадаадын алдартай тамирчдын арав гаруй жил хичээллэж байж эзэмшсэн ур чадварыг нэгээс хоёр жилийн дотор л эзэмшдэг. Хамгийн ойрын жишээ гэвэл саяхан Солонгос улсад болсон ой тогтоолтын олон улсын тэмцээнд манай тамирчид багаараа тэргүүн байр эзэллээ. Мөн дунд насны ангиллаас насанд хүрэгчдийн ангилал руу шилжин орж байгаа Энхшүр, Мөнхшүр хэмээх ихэр тамирчид тив дэлхийн мундгуудтай эн тэнцүүхэн өрсөлдөж, хоёр, гуравдугаар байрт шалгарч, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан.

-Ой тогтоолтын спортын онцлог, давуу тал мэдээж их байх. Энэхүү спортынхоо тухайд яривал?

-Оюуны спорт гэж ярихаар хүмүүс шатар, даам гэж боддог. Ингэж бодох нь ч зөв. Яах ч аргагүй энэ спортын хатан, хаан болсон төрөл шүү дээ. Гэвч оюуны спорт дотроо маш олон төрөл бий. Манай академи оюуны спортын арван төрлөөр хүүхдүүд, тамирчдаа бэлтгэдэг. Улмаар тэмцээнд арван төрлийнхөө нийлбэр оноогоор аваргаа шалгаруулдаг. Энэ арван төрөлд харааны ой тогтоолтыг шалгасан хүний нэр, царай зүс цээжлэх, багц хөзөр цээжлэх, тоо, түүхэн үйл явдал цээжлэх, сонсголын ой тогтоолтыг шалгасан дуут цифр цээжлэх зэрэг бий. Ер нь оюуны спорт нь дан ганц тамирчин, хүүхэд гэлтгүй хүн бүрийн өдөр тутмын амьдралд хэрэг болж байдаг. Бидний амьдралд наад зах нь хүний утасны дугаар цээжлэхэд бэрхшээл гарч ирдэг шүү дээ. Тэгвэл оюуны спортоор хичээллэсэн хүүхэд, тамирчид үүнийг төвөггүйхэн цээжилчдэг. Ер нь бидний амьдралд асар их цээжлэх зүйлс өдөр бүр л гарч ирдэг. Тэр бүрийг яг таг цээжилнэ гэдэг энгийн хүний хувьд их хэцүү. Харин оюуны спортоор хичээллэсэн хүний хувьд энэ бүх зүйл ямар ч асуудалгүй болдог. Гэхдээ заавал энэ спортоор хичээллэж тамирчин болох албагүй л дээ. Хамгийн чухал нь үүнийг ажил, амьдралдаа ашиглаад явах нь чухал.

-Хэд хоногийн өмнө юу хийсэн, хэнтэй уулзаж, юу ярьсан гэдгээ мартах тохиолдол амьдрал дээр их л дээ. Тэгвэл энэ спортоор хичээллэснээр энэхүү мартах өвчнөөс салж чадах уу?

-Зарим шаардлагатай мэдээллийг мартах эсвэл гэнэт мартах зэрэг үзэгдлийг өөр өөрийнхөөрөө би “зөнөж” байна, “мартдаг өвчтэй” болсон байна гэх зэргээр ташаа ойлгодог. Ер нь марталт бол нийтлэг тохиолддог бөгөөд оюун ухааны хэвийн үзэгдэл юм. Сэтгэл судлаач, ой тогтоолт судлаач, алдарт “The Memory” номыг бичсэн Херман Эббингауз цээжилж, тогтоосон мэдээллийг дахин давтаж санахгүй бол цаг хугацааны багахан нарийвчлалд мэдээллийн тогтоомж огцом буурдгийг олж тогтоосон. Амьдрал дээрх энгийн нэгэн жишээг авч үзье. Оюутан, сурагчид шалгалтын өмнө хичээлээ давтах нь мэдээллийг хадгалах үйл явц болдог. Шалгалтын үеэр мэдээллийг эргэн санах үйл явц тохиодог. Харин дараа нь шалгалтын өмнө хадгалсан мэдээллийг давтахгүй бол 20 минутын дараа мэдээлэл бага багаар алдагдсаар 31 өдрийн дараа юу ч үгүй болдог. Үүнтэй холбоотойгоор Б.Ф.Скиннер “Ой тогтоолтоос үлдсэн хэсгийг боловсрол гэнэ” хэмээн хэлсэн удаа ч бий. “Decay” буюу гажуудлын онолоор мэдээлэл нь ой тогтоолтын ул мөр гэдэг ойлголттой холбоотой. Ямарваа шинэ зүйлийг цээжлэхээр бол ой тогтоолтын ул мөр шинээр үүсдэг. Тэрхүү ул мөр нь мэдээлэл өнгөрөн явсан гэдгийн баталгаа гэсэн үг юм. Энэхүү ул мөрөөр мэдээлэл нааш цааш явахгүй тохиолдолд ул мөр бага багаар бүдгэрч алга болдог. Иймд өнөөх марталт үүсдэг гэж үздэг л дээ. Манай академид ойр зуурын юм мартчихаад байдаг боллоо гэсэн хүмүүс их ирдэг. Тэгэхээр яаж мартахгүй болох вэ. Юуны өмнө өдөр бүр тодорхой оюуны дасгал хийдэг байх ёстой. Юмыг мартах гол шалтгаан нь стресс. Тэгэхээр өөрийгөө аль болох тайван байлгаж, аливаа юманд уурлаж, бухимдалгүй, зөвөөр ойлгож, ой тогтоолтын энгийн дасгал хийж, стресстэхгүй амьдарвал мартах өвчнөөс салж чадна.

-Ой тогтоолтын энгийн дасгал хийснээр аливаа юмыг мартахгүй болно гэхээр ямар дасгал хийх хэрэгтэй юм бэ?

-Та өөрийгөө аливаа зүйлийг мартаад байна гэж бодож байвал өдөр бүр гучин минут ямар нэгэн ном унших, үгийн сүлжээ бөглөх, судоку тоглох зэрэг ой тогтоолт сайжруулдаг энгийн дасгалыг хийх хэрэгтэй. Эдгээр дасгалуудыг өдөр тутмынхаа амьдралд хэвшил болгосноор аливаа юманд анхаарлаа бүрэн төвлөрүүлж чаддаг болно. Анхаарал төвлөрч байна гэдэг нь бид тэр зүйлд ач холбогдол өгч байна гэсэн үг. Ач холбогдол өгч байгаа нь тухайн юмсыг мартахгүй болж байгаа хэрэг л дээ. Ер нь мартсанаа шууд санана гэдэг боломжгүй. Тийм болохоор мартахгүйн тулд тухайн зүйлдээ хариуцлагатай хандаж, үйл явдал бүрийг ер бусын мэдээр төсөөлөн бодож, ач холбогдол өгч байх нь чухал юм.

-Ойрын хугацаанд болох олон улсын чанартай ямар тэмцээн уралдаанд шавь нараа бэлдэж байна вэ?

-Ирэх наймдугаар сард Хонгконгт болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Үүнд удахгүй болох улсын аваргын тэмцээний сүүлийн шатанд шалгарсан тамирчдыг шигшиж, сонгон авч явах болно. Тийм болохоор Азийн аваргад оролцох тамирчид манай улсын шилдэг тамирчид байна гэсэн үг.

-Ер нь энэхүү спортын арга техникийг ерөнхий боловсролын системд хамруулан зааж, хичээллэх боломж бий юү?

-Бага насны хүүхдэд, тэр дундаа бага ангийн сурагчдад ордог хичээлүүдийн 50-иас илүү хувийг нь тухайн хүүхдийг бие хүн болгон төлөвшүүлэх чиглэлийн хичээл байвал эерэг үр дүн гарах болов уу гэж багш, дасгалжуулагч хүний хувьд боддог. Манай улсын боловсролын системд бага сага дутагдал бий. Тухайлбал, хүүхдийг багаас нь эхлээд математик, хими, монгол хэл, нийгэм, физик, гадаад хэл зэрэг олон төрлийн хичээлээр тал талаас нь “нүдэж” өгдөг. Эдгээр хичээлүүдийг тухайн хүүхдэд сонирхолтой арга барилаар зааж сургах нь чухал. Манай улсын бага ангийн хүүхдүүдийн 70 гаруй хувь нь математикийнхаа хичээлд дургүй гэсэн судалгаа байдаг. Гэхдээ математик гэх хичээлийн учрыг нь олчих юм бол маш хялбар, амар хичээл шүү дээ. Тэгэхээр бага ангийн хичээлд тухайн хүүхдийн баруун тархийг хөгжлүүлэх чөлөөт сэтгэлгээний хичээлүүдийг оруулж өгөх юм бол маш сайн үр дүнгээ өгөх учиртай. Оюун ухааны академид хүүхдийн баруун, зүүн тархийг зэрэг хөгжүүлэх спорт тоглоомын төсөл хэрэгжиж эхэлсэн байгаа. Үүнийг одоогийн байдлаар цэцэрлэгийн хөтөлбөрт хамруулж байна. Мөн сургуулийн биеийн тамирын хөтөлбөрт оруулж өгснөөр дан ганц сагс, гар бөмбөг гэх биш оюун ухааны спорт төрлөөр дасгал хөдөлгөөн хийснээр оюун санааны өв тэгш хөгжилтэй болох юм. Ирэх намраас оюун ухааны академийн нэрэмжит бага сургууль байгуулагдана. Цаашдаа сургууль маань өргөжих юм бол хүссэн хүсээгүй ерөнхий боловсролын системд ой тогтоолтын тодорхой нэршилтэй хичээл орохыг үгүйсгэхгүй .


Categories
мэдээ цаг-үе

“Эгшиглэнт чимээ” хамтлагийн багш С.Жамъянхорол: “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож, олон түмэндээ танигдан тоогдож, хайрлуулсан маань л бидний хамгийн чухал хөрөнгө

“Авьяаслаг монголчууд-2015” телевизийн шоуны ялагч “Эгшиглэнт чимээ” хамтлаг энэ сарын 22-нд тоглолтоо хийхээр болжээ. Энэ тухай тус хамтлагийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын гавьяат багш С.Жамъянхоролтой ярилцлаа.


-Танай хамтлаг удахгүй тоглолтоо хийх гэж байна. Тоглолтын бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна?

-Бид 15 жилийнхээ ойн баярыг угтаж, бие даасан тоглолтоо хийх гэж байна. “Эгшиглэнт чимээ” хамтлагийн авьяаслаг хүүхдүүд маань мэргэжлийн уран бүтээлчид биш болохоор хичээл, сургууль гээд зав зай муутай хэдий ч хажуугаар нь амжуулахыг л бодож байна. Энэ сарын 22-ны 15 цагаас зөвхөн хүүхдүүдэд зориулан тоглоно. Харин орой 19 цагаас нийт ард түмэндээ зориулан уран бүтээлээ хүргэнэ. Үндсэндээ нэг өдөр хоёр тоглолт хийх гэж байна.

-Тоглолтонд мэдээж хэрэг таны гараар бүтсэн хөгжмийн зэмсгийн содон сонин хөг аялгууг сонсох байх. Өөр ямар уран бүтээлчид хүрэлцэн ирж уран бүтээлээ хүргэх вэ?

-Миний ч гэлтгүй 40 гаруй шавь нарын минь бүтээсэн 500 гаруй төмөр, мод, яс, хуванцар, шил, шаазан гэх мэт эд зүйлсийг хөгжмийн зэмсэг болгон ашиглаж, хөг аялгууг нь сонсгоно. Манай тоглолтонд урилгаар Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Чулуунхүү, Завханы С.Батсүх, У.Далантай болоод “Universe best songs”, “Авьяаслаг монголчууд” шоуны оролцогчид оролцоно. Уран бүтээлч хүний хувьд үзэгч, олон түмэнтэйгээ уран бүтээлээрээ уулзана гэдэг хамгийн аз жаргалтай агшин байдаг. Тэр ч утгаараа удахгүй болох тоглолтоо тэсэн ядан хүлээж байна даа.

-“Авьяаслаг монголчууд” шоунд оролцоноос хойш гурван жил өнгөрчээ. Анх энэ шоунд оролцох болсон түүхээсээ хуваалцаач. Мөн “Эгшиглэнт чимээ” хамтлагийг хэдэн онд байгуулж байв?

-Завхан аймгийн Тосонцэнгэл суманд анх “Аялгуу” гэж хамтлагтай байлаа. Улмаар зах зээлд шилжихтэй зэрэгцээд амьдрал ахуй, ажил төрөл өөрчлөгдөж, Эрдэнэт хот руу шилжин суурьшсан юм. Ингээд Эрдэнэтэд “Ардын аялгуу” хэмээх хүүхдийн хамтлагтай болж, орон нутагтаа гурван жил тоглосон. Анх 2001 онд Дархан-Уул аймагт шилжиж ирээд “Эгшиглэнт чимээ” хамтлагийг үүсгэн байгуулсан. Түүнээс хойш өдий хүртэл хүүхдүүдтэйгээ ажиллаж, түмэн олондоо уран бүтээлээ хүргэж байна. “Авьяаслаг монголчууд” шоунд оролцох болсон маань их сонин. 2015 онд би охиныхоо урилгаар Япон улсад очиж хонхны баярт нь оролцоод ирсэн чинь манай шавь нарын эцэг, эхийн төлөөллөөс “Авьяаслаг монголчууд” шоунд оролцохоор аль хэдийнэ бүртгүүлсэн байж. Би өөрөө оролцохгүй хүүхдүүдээ оруулъя гэж шийдээд бэлтгэж эхэлсэн. Тэгээд “Авьяаслаг монголчууд” шоуны баг манай бэлтгэл хийдэг танхимд ирж өөрсдөө бидний үзүүлбэрийг үзэж сонирхсон. Учир нь хөгжим, хүүхдүүд гээд бүх зүйлээ аваад очиход шалгаруулалт хийсэн газар бид багтахааргүй байсан л даа. Шоуны багийнхан ч бидэн дээр ирж бидний тоглолтыг үзээд, хэсэг ярилцаж суухдаа намайг хүүхдүүдтэйгээ хамт хөгжимдөж шоундаа оролц гэж зөвлөсөн. Ингээд хамгийн эхний шалгаруулалт буюу нээлттэй шалгаруулалтад орж байсан түүхтэй. Одоо бодоход их сайхан дурсамж шүү. Харин эхний шат буюу шүүгчийн шалгаруулалтад бид хотод ирж оролцох ёстой байсан. Нэгэнт шоундаа орно гээд сэтгэл шулуудсан учраас эцэг, эхтэйгээ ярилцаад том оврын автобус хөлсөлж хотод ирж байсан. Тухайн үед үнэхээр хүнд байсан ч анх тайзнаа гарч тоглолтоо үзүүлээд үзэгч, шүүгчдээс сайхан үнэлгээ авсандаа баяртай байдаг. Энэ шоунд оролцохоос өмнө зүүн Азийн хүүхдийн 10 дугаар наадам гэж Найрамдал зусланд болж байхад нь оролцож байв. Хоёр мянган оны үед “Туурайн төвөргөөн” гээд олон улсын шинэ хөгжмийн зэмсгийн наадам болж, түүнд бас оролцож байлаа. Улмаар “Авьяаслаг монголчууд”-д оролцож, түрүүлсэн дээ бахархаж явдаг.

-Энэ шоунд оролцоод ялагч болно гэдэгтээ хэр их итгэлтэй байсан бэ?

-Тухайн үед оролцохдоо түрүүлнэ, ялагч болно гэж ёстой бодоогүй. Зүгээр л оролцоод үзье л гэж зорьсон. Ингээд нэгдүгээр шатанд тэнцчихлээ, дараагийн шалгаруултад нь тэнцчихээд за болоо, хангалттай л гэж бодсон. Улмаар шат ахих тусам за шилдэг наймд үлдчихвэл яах бол, бүр цаашаа шилдэг гуравт, финалд үлдчих юмсан гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг юм билээ. Тэр ч утгаараа их хичээх хэрэгтэй болсон. Олон хүний хөдөлмөрийн үр шим түмэн олонд хүрэх нь илүү байсан байх л даа.

-Тухайн үед үзэгчдээс хамгийн олон санал авлаа гэж хэлэх тэр мөчид хамгийн түрүүнд юу бодогдсон бэ?

-Маш сайхан санагдсан. Хүүхдийн цэвэр ариун сэтгэл, цагаан энерги, буян заяа их нөлөөлсөн. Монголчууд маань ч их дэмжиж саналаа өгсөн. Гадаад, дотоод гээд биднийг дэмжиж тусалсан хүмүүсийн ачийг уран бүтээлээрээ хариулах болно.

-Энэ шоуны ялагч “Эгшиглэнт чимээ” хамтлаг анхны 100 сая төгрөгийн эзэн болсон. Нууц биш бол энэхүү мөнгийг юунд зарцуулсан бэ?

-Тэрэнд нуугаад байх юу байхав. Нэг хүний тухайд гэвэл энэ мөнгө чинь их шүү дээ. Харин хамтлаг, тэр дундаа манайх шиг ийм өргөн бүрэлдэхүүнтэй хамтлагийн хувьд ямар хэмжээний мөнгө болох нь ойлгомжтой байх. Бид энэ хөрөнгөө ашиглаж, цаашдаа уран бүтээлээ тасралтгүй хийх боломжтой. Ерөнхийдөө шагналын 100 сая төгрөгөө нийт хүүхдүүд, уран бүтээлчдэд хувааж өгсөн. Мөн хөгжмийн зэмсэг, замын зардал гээд энгийн зүйлсэд л зарцуулсан. Зарим муухай бодолтой хүмүүс “Эгшиглэнт чимээ” хамтлагийн багш 100 сая төгрөгөө ганцаараа халаасаллаа гэж ярьж байна. Тийм байж болох уу.

-Мэдээж хэрэг хөрөнгө мөнгө чухал биш. Харин олон түмэндээ хайрлуулж, хүндлүүлнэ гэдэг асар их хөрөнгө гэлээ. Тэр ч үнэн байх. Шоунд оролцсоны дараа төр засгаас таны зүтгэлийг үнэлж гавьяат багш хэмээх эрхэм цолоор мялаасан шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Олон ч жил хүүхдүүдтэй гар нийлж ажилласны минь буян. Хүүхэд бүр ямар нэг авьяастай. Түүнийг нь нээж, хөгжүүлэх л чухал. 2012 оноос хойш “Зөв монгол хүүхэд”, “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдээ бэлдэж уралдаанд орсон. Мөн насаараа дунд сургуульд дуу хөгжмийн багшийн ажил хийж, нөгөө л цэвэр ариун сэтгэлтэй хүүхдүүдийн дунд явлаа. Ер нь миний амьдрал энэ бяцхан хүмүүстэй салшгүй холбоотой.

-Та ер нь аль нутгийн хүн бэ. Ажил, амьдралынхаа гарааг хэрхэн эхэлж байв?

-Би Завханых. Хөвсгөл нуурын дараа ордог Тэлмэн нуурын хөвөөнд мэндэлсэн хүн. Тэр нуураас цааш 60 киллометрийн зайд орших Монголын хамгийн хүйтэн цэг гэх Тосонцэнгэл суманд хүүхэд ахуй нас минь бусдын адил өнгөрсөн дөө. Сумын соёлын төвд сайн дурын уран сайханч явлаа. Циркийн урлагийг үүсгэн хөгжүүлэхэд хүч хөдөлмөр, авьяас билгээ зориулж першийн тэнцүүр, акробат, үг ярианы номер, илбэ, хөгжмийн эксцентрик зэрэг 70 шахам бүтээлийг чадварлаг тоглож, олон арван хөтөлбөр боловсруулан тавьж циркийн урын санд хувь нэмэр оруулсан ардын жүжигчин Ламжавын Нацаг гэдэг хүн улсын хоёр дахь циркийг Завханд байгуулж байсан юм. Тэр циркэд миний бие сайн дурын жүжигчин байлаа. Нацаг багш залуудаа хийж байсан хөгжмийн нэг үзүүлбэрийг хийж байлаа. Ерэн оноос хойш цирк маань хаалгаа барьсан даа. Түүнээс хойш дунд сургуульд нийгмийн ажилтан, дуу хөгжмийн багш зэрэг ажил хийж байгаад өөрийнхөө хүүхэд насныхаа сонирхлоор эд зүйлийг дуугаргаж, хөгжмийн зэмсэг болгох ажилдаа тууштай орсон. Өдгөө жаргаж суудаг жаран насыг зооглож байна даа (инээв).

-Ямар ч хамаагүй эд зүйлийг хөгжмийн зэмсэг болгон ашигладаг нь таны бас нэг авьяас байх. Анхны хөглөсөн хөгжмийн зэмсэг юу байв?

-Анх модоор хөгжим хийж эхэлсэн. Дараа нь Оросын эвхдэг 40 төгрөгний үнэтэй цагаан орны төмрөөр хөгжим хийсэн. Түүний дараа лонхонд ус хийж эзлэхүүнээр нь хөглөж хөгжим хийж байлаа. Ингээд шаазан, чулуу, яс, турба, төмөр, сангийн хоолой, машины эд анги, бууны сумны хонгио, насос, чийдэнгийн бүрхүүл гээд дуу гаргаж болох бүх зүйлсээр хөгжим хийж байна даа. Айлд орж цай уухдаа ч хүртэл аягыг нь цохиж, үүнээс ямар дуу гарах бол гэж туршиж явдаг. Нэг хэсэг үүгээр өвчилсөн гэх үү дээ. Шөнө нь янз бүрийн эд зүйлсийн дуу чимээ сонсогдож байна хэмээн зүүдэлж хонодог байлаа. Манай шавь нар ч гэсэн эд зүйлээр хийсэн өөрсдийн сонин содон хөг аялгуу гаргадаг хөгжмөө авчирч үзүүлдэг. Энэ чиглэл рүү их дурладаг шүү. Өдгөө миний хөглөсөн хөгжим нэг мянга руу дөхөж байна. Мөн олон ч сайхан шавь нартай болжээ.

-Таны удамд урлагийн хүмүүс бий юү. Гэр бүлээ танилцуулбал?

-Манай гэр бүлийн хүн математикийн багш. Боловсролын салбарт мөн 30 гаруй жил ажиллаж байгаа. Манай ууган хүү хотод цахилгаанчин мэргэжилтэй, урлаг уран сайханд сонсгол сайтай. Удаахь хоёр охин маань Соёл урлагийн их сургуульд багшилдаг. Бага хүүхэд маань мөн тэр сургуульд хөгжмийн зохиолч, найруулагчийн ангид суралцаж байгаа оюутан. Би чинь 50-иад оны хүн шүү дээ. Тухайн үед мэргэжлийн урлагийн байгууллага гэж байсангүй. Харин хөдөө айлын найран дээр ганц, хоёр дуу их сайхан дуулдаг ах дүүс байсан. Ер нь манай удам урлагтай их ойр хүмүүс л дээ.