Categories
мэдээ цаг-үе

Сүүж уулын бэлд гарсан “Хүч”-ийн галаас улсын заан Б.Пүрэвсайхан, аймгийн арслан О.Хангай нар өнгөтэй байна

Монгол түмний үндэсний их баяр наадам болоход арваадхан хоног үлдлээ. Наадам дөхсөн энэ өдрүүдэд бид уншигчдын хамгийн ихээр сонирхон үзэх дуртай хүчит бөхийн барилдаанд зодоглохоор бэлтгэл сургуулилтаа хангаж буй Ховд, Завхан, Дундговь, Дорноговийн бөхчүүд гарсан Сүүж уулын амралтыг зорилоо. Энэ өдөр халуун нартай ч хэд хоног орсон борооны дараа шороо тоос босохгүй, чийг үнэртсэн тогтуун сайхан өдөр тохиосон байв. Цагдаагийн ерөнхий газрын мэдэлд байдаг энэ амралтын газар нь Сүүж уулын бэл дэх үзэсгэлэнт ой хөвч дунд байрладаг. Энд ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны хүчит бөхчүүд сүүлийн 30 гаруй жил баяр наадмын бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм. Энэ галаас даяар дуурсагдах далай даян дархан аварга Б. Бат-Эрдэнэ, Ардын хувьсгалын 93 жилийн ойгоор од нь гийж, улсын начин, харцага, заан цолыг алгасаж, улсын гарьд цолонд хүрэн, түмэн олноо баясгасан Завхан аймгийн Идэр сумын харьяат улсын гарьд Ш.Жаргалсайхан, үнэн хүчит, саруул сайжрах, уран барилдаант улсын заан Ч.Бямбадорж, Монгол бөхийн түүхэнд “Зургаан залуу заан” хэмээн нэрлэгдэх хүчтэнүүдтэй ид өрсөлдөж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Чогсомын Батзориг, Цэдэвийн Мягмарсүрэн, тэртээ 1990-ээд оны эхээр Б.Бат-Эрдэнэ аваргыг ид байх үед нь улсын наадамд өвдөг шороодуулж байсан улсын начин Идшийн Мөнхбаатар нарын алдар цуутай улсын цолтнууд төрөн гарсан, өгөөж буянаа хайрласан нутаг билээ. Сүүлийн жилүүдэд Сүүж амралтад “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн Б.Адъяахүү начингийн шавь нар, Дорноговь, Хөвсгөл нутгийн бөхчүүдийн гал төвхнөх болсон.

Хойд чиглэлд Баруунтурууны даваанд орших “Сүүж уул” нөхөн сэргээх сувиллын амралтын газар ийнхүү жил бүр “Хүч”-ийн хэмээх тодотголтой олон аймаг, галын бөхчүүд наадмын бэлтгэлээ хангадаг уламжлал тогтсон гэж болно.

Биднийг очих үед бөхчүүд өглөөний хөнгөн бэлтгэлээсээ бууж ирж байлаа. Энэ жил тус амралтад улсын харцага Т.Амартүвшин, өсөх идэр начин Ц.Лхагвасүрэн нар “Хүч” спорт хорооныхоо бөхийн галыг, улсын гарьд Ш.Жаргалсайхан Завхан аймгийн бөхийн галыг, улсын начин Б.Адъяахүү “Аварга” дэвжээгээ ахлан гарсан байв. Завхан аймгийн бөхчүүдээс өнгөрсөн жилийн тэгш ойн баяраар зургаа давж, улсын харцага цол хүртсэн Нөмрөг сумын харьяат бөх Д.Бат-Эрдэнэ, улсын начин цол хүртсэн Их-Уул сумын харьяат бөх Б.Чимэдвандан нарын улс, аймгийн цолтой 50 гаруй бөхчүүд бэлтгэлээ базааж байлаа. Харин Ховд аймгийн бөхчүүдээс өнгөрсөн жилийн баяр наадмын долоогийн даваанд улсын харцага Ц.Содномдоржтой тунан давж, улсын заан хэмээх эрхэм цолыг хүртсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Пүрэвсайхан, Ардын хувьсгалын 94 жилийн ойгоор Өсөхөө аваргатай үнэн хүчийг үзэж, олныг баясгаж чадсан улсын харцага Нямаагийн Батзаяа, өнөө жилийн хамгийн сүүлийн барилдаан болох Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд иртэй, бяртай барилдан түрүүлсэн улсын начин Ч.Цогбаяр, аварга, арслан цолны хүндэтгэлийн барилдаанд дараалан түрүүлсэн аймгийн арслан Оргихын Хангай тэргүүтэй Ховдын 80 гаруй хүчтэн наадмын бэлтгэлээ базааж байв. Тус галынхан Буянт сумын уугуул, аймгийн арслан О.Хангайг улсын цолонд хүрэх залуу бөх хэмээн итгэл хүлээлгэж байгаа нь лавтай. Мөн улсын заан Б.Пүрэвсайханыг өнгөтэй байгаа талаар галын ахлагч, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат улсын харцага Түмэннасангийн Амартүвшин ярьж суув.

Б.ПҮРЭВСАЙХАН ЗААН, О.ХАНГАЙ АРСЛАН НАРЫН БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛТ ЖИГДЭРЧИХСЭН, ӨНГӨТЭЙ САЙХАН БАЙНА

Тэрбээр “Өнөө жил манай Ховдоос улсын шинэ цолтон төрөх магадлал өндөр байгаа. Өнгөрсөн жилүүдэд нутгаас минь төрөн гарсан заан, начингууд өнөө жил цолоо ахиулан барилдах, Ховдын ард түмэн, нийт монголчуудаа баярлуулсан сайхан амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Манай гал зургадугаар сарын эхээр уламжлал ёсоор Сүүж уулын амралтад гарч ирлээ. Энэ үзэсгэлэнт хангай нутаг, нутгийн бөхчүүдийг ивээлдээ авч, өгөөж буянаа хайрладаг их сайхан газар л даа. Өнөө жил хур бороо, хурц нар хоёр ээлжлэн, газар ногоо чийг алдахгүй, сайхан зун болж байна. Зун сайхан болбол наадам сайхан болдог гэдэг. Энэ жил бидний дундаас Б.Пүрэвсайхан заан, О.Хангай арслан нарын бэлтгэл сургуулилт жигдэрчихсэн, өнгөтэй сайхан байна. Тийм болохоор удахгүй болох үндэсний их баяр наадмаар нэг нь цолоо ахиулж, нөгөө нь шинэ цолонд хүрнэ хэмээн ихэд найдаж байна. Хэрэв Б.Пүрэвсайхан заан түрүүлж, арслан цол хүртчихвэл 77 жилийн өмнөх Ховдын Ш.Ванчинхүү арслангийн амжилтыг давтана гэсэн үг. Тиймдээ ч нутгийн зон олны олон арван жил хүлээсэн итгэлийг Б.Пүрэвсайхан заан алдахгүй болов уу. Гэвч улсын наадмын дэвжээ хатуу гэдгийг санах хэрэгтэй. Харин улсын шинэ цол хүртэх боломжтой олон сайхан аймгийн цолтнууд манай галд бий. Тухайлбал, Буянтын О.Хангай, Дарвийн Б.Тайван, Мянгадын Н.Батсайхан нарын шилдэг аймгийн арслангууд бэлтгэл сургуулилтаа чамбайруулж байна. Эдгээр бөхчүүд өнөө жил улсын начин, цаашлаад өндөр цолонд хүрч барилдах бүрэн боломж бололцоо харагдаж байгаа юм” гэлээ. Түүнийг нь батлах мэт галын ахлагч Ц.Лхагвасүрэн начин энэ жилийн бэлтгэл сургуулилтын явцын талаар яриа өрнүүлэхийг шамдахгүй байсан юм. Энэ хангайд галд гарсан бөхчүүд өглөө 6 цагт босч ойрын зайд тайван гүйж, биеэ халаах хөнгөхөн дасгалуудыг гурван цаг давтдаг аж. Ингээд 9 цагт байрандаа ирж, өглөөний цайгаа уучихаад амардаг гэнэ. Харин өдөр 13 цагаас бөхчүүд нэгдсэн журмаар өдрийн хоолоо иддэг байна. Бид ч бөхчүүдийн өдрийн хоолноос ам тослов. Бөхчүүд өглөөний цайнд бантан, өдрийн хоолонд тахианы махтай, ногоотой шөл, мөн хоёрдугаар хоол иддэг байна. Хоолны порц нь аргагүй л бөх хүн идэж баймаар их ажээ. Улмаар хоолоо шингээх дасгал, хөдөлгөөн хийж байгаад хоёр, гурван цаг унтаж амрав. Харин үндсэн бэлтгэлээ үдээс хойш буюу 16 цагаас эхэлж хийдэг гэнэ. Энэхүү бэлтгэлээр галын бөхчүүд зодог, шуудгаа өмсөж, олон жил бэлтгэл сургуулилтаа хангасан тэгшхэн талбай болох дэвжээн дээр очин, 50 орчим метр зайд дэвэн дэвсээр гүйдэг ажээ. Барилдаан эхэлж бөхчүүд хоёр талын засуулаас дэвэн гардаг шиг хэд хэдэн удаа энэхүү үйлдлээ давтлаа. Энэ үеэр улсын өсөх идэр начин Цогтоогийн Лхагвасүрэнтэй бөхчүүдийн бэлтгэл сургуулилтын арга барилын талаар тодрууллаа.

Улсын начин Д.Адъяахүү шавь нараа бэлдэж байна

Улсын начин Ч.ЦОГБАЯР: БИЕИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛАА АШИГЛАЖ, ХИЙ БАГАТАЙ БАРИЛДВАЛ ЦОЛОО АХИУЛАХ БОЛОМЖ БИЙ

Тэрбээр “Бөхчүүд ийн дэвэн гарах нь их учиртай. Нэгдүгээрт, үндсэн бэлтгэлд орохын өмнөх биеийн халаалт болно. Хоёрдугаарт, зүлэг ногоон дэвжээн дээрээ хэрхэн зөв гарахыг мэдэж авна. Мөн барилдахын өмнөх сэтгэл санааны бэлтгэл болж өгдөг. Гуравдугаарт, хэдэн удаа дэвэн гарч байна, тэр тоогоор наадамд давна гэсэн бэлгэшээлийг боддог. Ингээд бөхчүүд маань 8-10 удаа гарч дууссаны дараа жижиг биетэй бөхчүүд том биетэй бөхтэй хослон барилдаж, халаалт авдаг юм” гэлээ. Үнэхээр түүний хэлснээр зарим бөхчүүд нь долоон удаа гарч, зарим нь 10 удаа гараанаас туг хүртэл дэвэн гарч байв. Энэ үеэр улсын харцага Н.Батзаяа, улсын начин Ц.Цогбаяр нар хоорондоо “Хоёулаа хэдэн удаа гарчихав аа. Ер нь долоо гарчихсан байхад болно доо” гэцгээн ярилцаж байлаа. Энэ нь өнөө жилийн баяр наадмаар долоо давна гэсэн санаа юм. Ч.Цогбаяр начин бусад бөхчүүдээс арал чац сайтай, бяр ихтэй бөх. Энэхүү биеийн онцлог, давуу талаа ашиглаж, хий багатай барилдаж чадвал өнөө жил долоогийн даваанд гараад ирэх боломж бий хэмээн галын ахлагч Т.Амартүвшин харцага ярилаа.

Улсын харцага Н.БАТЗАЯА: ӨНӨӨ ЖИЛИЙН НААДМААР ЦОЛОО БАТЛАХЫГ ХИЧЭЭНЭ

Мөн энэ үеэр Ардын хувьсгалын 94 жилийн ойгоор тавын даваанд Г.Өсөхбаяр аваргатай урамтай сайхан барилдаж, олныг шуугиулсан, зургаагийн даваанд хүчит арслан Намсрайжавын Батсуурийг давж, Монгол Улсын харцага цолыг хүртсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын харцага Нямаагийн Батзаяатай ярилцлаа.

-Бэлтгэл сургуулилт тавлаг уу. Хэзээнээс эхэлж галдаа нэгдэв?

-Зургадугаар сарын 10-наас эхэлж энэ сайхан хангайдаа нутгийн болон бусад бөхчүүдтэй хамтран бэлтгэлээ базааж байна. Одоогоор нийт бөхчүүдийн бэлтгэл сургуулилт жигдэрчихсэн, сайхан байна. Өнөө жил манай галд дөрвөн аймгийн 150 гаруй бөхчүүд нэгдсэн нь урьд жилүүдийнхээс олон бөхчүүд нэгдэн бэлтгэл хийж байгаагаараа онцлог болж байна.

-2015 оны баяр наадмыг та сайн санаж байгаа байх. Үнэхээр үзэгчдийг шуугиулсан барилдааныг та гаргасан шүү?

-Тэр жил миний бэлтгэл сургуулилт маш сайн байсан. Зургаан жил начин цолтой барилдаж байгаад тэр жил цолоо ахиулахыг үнэхээр их хүссэн. Тэр хүсэлдээ хүрэхийн тулд олон жил хөдөлмөрлөсөн. Ингээд харцага болж чадсан. Тухайн жил начин цолоо баталчихаад л маш их баярлаж байлаа. Тавын даваанд хүндэлж явдаг аваргадаа амлуулж, барилдан, давсан.

-Мөн та өнгөрсөн жилийн сар шинийн барилдаанд шөвгийн дөрөвт шалгаран үлдсэн байх аа?

-Тийм ээ. Тэр жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэсэн. Миний хувьд тэр жил улсын аварга Г.Эрхэмбаярыг давсан бол түрүү булаалдахаар үлдэх байсан. Тухайн үед би эхлээд барьц сонгоод дараа нь аварга сонгосон. Барьц салах явцад аваргыг ардаа алдаад унасан. Аваргатай урьд нь олон барилдаж байсан. Гэхдээ сар шинийн барилдаанд их шөвөгт үлдэнэ гэдэг их хэцүү.

-Энэ жил танай галаас хэнийг илүү өнгөтэй байна гэж харж байна?

-Мэдээж хэрэг нутгийн сайхан заан Б.Пүрэвсайхан маань өнөө жил их өнгөтэй байгаа. Мөн Буянтын О.Хангай арслан, Дарвийн Б.Тайван гээд аймгийн арслангууд бий. Ер нь бөхчүүд маань дор бүрнээ бодлоготой, хийгүй, хамаг бүхнээ дайчлан барилдаж чадвал улсын цолонд хүрэх тийм ч хол биш юм шиг санагддаг.

-Таны хувьд өнөө жил хэрхэн барилдах бодолтой байна. Мэдээж хэрэг цолоо ахиулахыг бодох байх?

-Би өдий хүртэл харцага хэмээх цолныхоо хэмжээнд хүрч барилдахыг хичээсэн. Цаашдаа ч сайн барилдах болно. Харин өнөө жилийн баяр наадмаар цолоо батлахыг, цаашлаад ахиулахын төлөө хичээнэ дээ” хэмээв.

УЛСЫН ЗААН Ч.БЯМБАДОРЖ АГСАН ШАВЬ НАРТАА ХАТУУ ШААРДЛАГА ТАВЬДАГ БАЙЖЭЭ

Монгол Улсын манлай заануудын нэг, хөдөлмөрийн баатар Чадраабалын хүү улсын заан Бямбадорж гуай ид үедээ наадамчин олныг шуугиулсан, зоригтой дайчин барилдаан гаргаж байсныг ард түмэн мэднэ. Тэрбээр барилдахын зэрэгцээ нутгийнхаа болоод бусад нутгийн залуу бөхчүүдийг дэмжиж, улсын цолонд хүргэж байсан хүн юм. Улсын заан Ц.Мягмарсүрэн, Ч.Батзориг нарын багш байсан тэрбээр шавь нартаа хатуу, зөөлнийг уялдуулан бөхийн эрдэмд сургадаг байсан гэдэг. Наадмын өмнө галд гарч бэлтгэл сургуулилтандаа орсон л бол залуу бөхчүүдийг бүтэн сарын турш өндөр шаардлага тавин бэлддэг байсан тухай түүний шавь нар нь дурсаж байв. Ч.Бямбадорж заан бэлтгэлээс хоцорсон, мэх зааж өгөөд сурахгүй байгаа бөхчүүдийг сураар ороолгож, заримыг нь автомашинаар араас нь хөөн элдэж байсан тухай яриа ч бий. Залуу бөхчүүдтэй ийн өндөр шаардлага тавьж ажилласны хүчинд Ховд нутгаас өдгөө гурван заан, гурван харцага, өчнөөн улсын начин төрсөн байдаг гэнэ. Орой бэлтгэл дууссаны дараа Ховдын бөхчүүд ийн багшийгаа санагалзан ярьж суусан билээ.

ЗАВХАНЫХАН ӨНӨӨ ЖИЛИЙН НААДАМД АЙМГИЙН АРСЛАН ШАРХҮҮГИЙН ПҮРЭВГАРЬДАД НАЙДЛАГА ТАВЬЖ БАЙНА

Харин Завханы бөхчүүдийг ахалж буй улсын гарьд Ш.Жаргалсайхан хувийн ажлаар хот руу буцсан, удахгүй ирнэ хэмээн нутгийн бөхчүүд нь хэлж байсан юм. Завханыхан өнөө жилийн наадамд аймгийн арслан Шархүүгийн Пүрэвгарьдыг өнгөтэй байгаа, наадмаар улсын цол хүртчих байх гэсэн найдлага тавьж байлаа. Ш.Пүрэвгарьдын хувьд хурдан шаламгай хөдөлгөөнтэй, ямар ч бөхтэй барилдсан дайчин, шуурхай барилдаж, олон угсраа мэх, уран барилдаан гаргадгаараа онцлогтой бөх. Тиймдээ ч өнөө жил од нь гийж, улсын цол авч магадгүй аймгийн шилдэг арслангуудын нэг билээ. Ирэх долдугаар сарын эхээр “Сүүж уул” амралтад гарсан галуудын бөхчүүд их баяр наадмын өмнөх сүүлийн сорилго барилдаан зохион байгуулна гэнэ. Энэ барилдаанаас аль галын хэний бэлтгэл нь ханаж, иртэй, уртай, хүчтэй, тамиртай болж өв тэгш жигдэрснийг харуулах биз ээ.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Гүйлтийн дэлхийн аварга Б.Буджаргал: Би ялалтандаа тохирсон алга ташилтыг сонсмоор байна

Тэсвэр хатуужлын тэмцээн гэгдэх 240 цаг үргэлжилдэг “Self-transcen­dence USA open” тэмцээний арван өдөр, шөнийн хэт холын марафон гүйлтэд Монгол Улсаа төлөөлөн оролцож, 1189 км гүйж түрүүлэн дэлхийн аварга болсон Бямбаагийн Буджаргалтай ярилцлаа.


-Өнгөрсөн хавар Америкт болсон 10 хоногийн гүйлтэд амжилттай оролцон түрүүлж, дэлхийн аварга болсонд баяр хүргэе. Тэрхүү тэмцээний тухай сонирхуулахгүй юу?

-Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6-10 өдрийн “Self-transcendence USA open” тэмцээн АНУ-ын Нью-Иорк хотноо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-27-ний өдрүүдэд болсон. Өдгөө 22 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг тэмцээнд дэлхийн 40 гаруй орны 86 гүйгч оролцсон юм. Хэт холын зайн гүйлтийн спорт дэлхийд хөгжөөд 40 гаруй жил болж байна уу даа. Ер нь 10 өдөр, шөнө тасралтгүй гүйнэ гэдэг миний хувьд өөрийгөө ялах тэсвэр хатуужлын шалгуур байлаа. Энэхүү тэмцээний нэр нь “Өөрийгөө ялах”. Тийм ч болохоор өөрийгөө ялахын төлөө, эх орныхоо нэрийг гаргахын тулд л хамаг байдгаа шавхаж гүйсэн дээ. Энэ тэмцээнд оролцох хүсэлтэй маш олон тамирчид байдаг. Гэвч тэдгээрээс ердөө ная гаруйхныг л оролцуулдаг юм. Тамирчдад шаардагдах дэд бүтцийг бодолцож тэр тоог тогтоосон гэсэн. Тухайлбал хоол хүнс, эмч эрүүл мэндийн тусламж амрах орчин зэргийг харгалзаж үздэг юм билээ. Харин 84 тамирчиндаа тавих шалгуурт нь өдөрт 80 км гүйчих боломжтой, өмнө нь 24 цагийн гүйлтэд амжилт гаргасан гэх зэрэг хэд хэдэн шалгуурыг тавина. Миний хувьд 24 цагийн гүйлтийн Монгол Улсын гурван удаагийн аварга учраас дээрх болзлыг нь төвөггүй хангасан. Мөн энэхүү тэмцээнд хэтэрхий залуу тамирчныг оролцуулдаггүй. Залуу тамирчид дээр хэлсэнчлэн шалгууруудыг хангаагүй байдаг. Ер нь тэмцээний онцлог нь шинжлэх ухаанаар бол доктор хүмүүс оролцох ёстой гэсэн үг.

-10 хоног өдөр, шөнөгүй гүйнэ гэхээр хүнээс асар их тэсвэр тэвчээр гарах болов уу?

-Мэдээж хэрэг. Миний бие организмийн хувьд бага зэрэг хямарсан явдал бий. Тухайлбал хоёр удаа бөөлжиж хэвтсэн. Хэсэг унтаж амраад цааш гүйтэл өвдөг, дэлүүгээр хатгаж байх жишээтэй. Энэ тохиолдлуудад хэсэг амархад л 100-гаад км-ээр хоцорсон байдаг л даа. Ер нь10 өдрийн турш өдөржин шөнөжин гүйхэд бие организм, сэтгэл санааны хувьд олон л юм болно ш дээ. Эхний таван километр газар гүйгээд л хүний бие ядарч эхэлдэг. Ингээд оюун ухаан, бие мах бодь хоорондоо тэмцэлдэж эхэлдэг юм шиг байгаа юм. Бие эрхтэн ядарч байна, амрах хэрэгтэй гэсэн дохиог үргэлж тархинд өгч байдаг. Тэр бүхэнтэй оюун ухаан, сэтгэл зүрхээрээ тэмцэн байж, сая нэг өөрийгөө ялж чадна. Би өөрийгөө ялсан. Энэхүү тэмцээнд дөрөв дэх жилдээ оролцож байна.

-Гүйж явахдаа хэсэг амардаг гэсэн. Яг тэмцээнд ямар байдлаар уралддаг юм бол?

-Нью-Йорк хот дахь Флашинг Медов цэцэрлэгт хүрээлэнд гүйлтийн зориулалтын зам бий. Гүйгчид нэг километр 600 метрийн тойрог замаар бүтэн арав хоногийн турш уралдана. Хонон өнжин гүйж байгаа болохоор замдаа бие засах, хоол идэх, ус уух зэрэг хэсэг зуурын амралт бий л дээ. Тамирчид өөрсдийн дураар хичнээн цаг, минут ч амарч болно. Гэхдээ уралдаан тэмцээн л юм чинь тэр бүр хоол, ус эргүүлээд явахгүй. Миний хувьд нэг ч зогсоогүй. Болж л өгвөл гүйж л байсан. Гүйх зуураа хоол унд, шингэнээ нөхөж байлаа. Зогсолтгүй явж байж л өөрийгөө ялна, түрүүлнэ шүү дээ.

-1189 км зам туулна гэдэг Улаанбаатараас Говь-Алтай орох зай шүү дээ. Ингэж бодохоор хүнээс ямар их хүч гарах нь ойлгомжтой…?

-Тэгэлгүй яахав. Өдөрт дор хаяж 100-120 км зам туулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл өдөр бүр хотоос Лүн сум орно гэсэн үг шүү дээ. Ингэж бодохоор хүний оюун ухаан битгий хэл, анагаахын шинжлэх ухаанаар ч боломжгүй гэж хэлнэ. Гэвч хүний эцсийн нөөц боломжоос илүү цаад талын асар их хүч байдаг юм билээ. Би өөрөөсөө эцсийн хүч гэдгээс давсан хүчийг гаргаж чадсан.

-Ихэнх хүмүүс өөрийгөө хэрхэн ялах учраа олдоггүй байх. Өөрийгөө ялах мэдрэмж ямар байдаг юм бол?

-Тамхи татдаг хүний тамхийг нь хорьчихвол тухайн хүн нэг хэсэг хэцүүднэ. Хаа нэг газраас тамхи олоод татчих юмсан гэсэн бодол толгойд нь үргэлж эргэлдэнэ. Тэр бие дотроос хүсээд байгаа хүсэлтэйгээ тэмцэлдэнэ гэдэг тамхичин хүний хувьд хэцүү. Үүнтэй л адил. Гэхдээ энэхүү спортын дэргэд тэр тамхичны хүсэл жижигхэн зүйл л дээ. Хүн усгүйгээр хоёр хоноход ам нь цангана. Ус уумаар санагдана. Үүнийгээ 10 хоног тэвчээд байвал хүний бие ядрана, сульдана. Гэвч ядарлаа, би өөрийнхөө тэсвэрийн эцэст хүрлээ гэж бодоход түүний цаана дахин нэг цөм хүч байдаг. Яг л дэлхийн цөм шиг. Би үүнийг л мэдэрсэн. Хүний тэсвэр тэвчээр, тэр дундаа монгол хүний өвөрмөц ген, цус бусад хүмүүсээс ямар их ялгаатай вэ гэдгийг мэдэрсэн, үүнийгээ харуулж чадсан.

-Барианд орж ирэх мөчид та монгол баатрын хуягт хувцастай, төрийн далбаагаа намируулсаар орж ирсэн. Өөрийгөө энэхүү тэмцээнд түрүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байв?

-Өмнө нь энэхүү тэмцээнд оролцохдоо дөрөв, зургаа, аравдугаар байранд орж байлаа. Өнөө жилийн тухайд өөртөө “Би энэ тэмцээнд түрүүлэхгүй юм бол, үхсэнтэй адил” гэсэн хатуу шаардлага тавьсан л даа. Тэмцээнд амжилттай оролцохын тулд маш сайн бэлтгэл сургуулилтаас гадна сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Сэтгэл зүрхээ зоригжуулах нь чухал. Тийм болохоор би нэг л зүйлийг дотроо бодож, сэтгэл санаагаа өргөсөн. Мэдээж хэрэг надаас бие, бялдар, амжилтын хувьд хол илүү гарах дэлхийн алдартай тамирчид олон. Би тэр тамирчдаас юугаараа илүү вэ гэж их бодсон. Ингээд монгол хүн, Монголын түүхээ барьж авахаас өөр арга байгаагүй. Тэртээ хэдэн зуун жилийн өмнө бидний өвөг дээдэс дэлхийг морьтойгоо эзэлж явсан. Аугаа Чингис хаан, түүний хөлөг баатруудын сүр хүч, авьяас билэг дэлхийд цуутай. Тийм болохоор өвөг дээдсийнхээ аугаа үйлсийг бодож, түүнээс сэтгэлийн хүч, зоригийг олж байж, тэмцээнд оролцсон. Тэртээ 800 гаруй жилийн өмнө Чингис хаан дэлхийг байлдан дагуулж байхад өнөө цагийн монголчууд бид яагаад дэлхийг амжилт үйлсээрээ тэргүүлж болохгүй гэж. Би ингэж л өөрийнхөө сэтгэлийг бэлдсэн. Улмаар тэмцээнд оролцохоос өмнө эх орондоо Чингисийн хүлэг баатаруудын өмсөж байсан хуягт хувцсыг захиалгаар хийлгэсэн юм. Түрүүлнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан. Хатуухан хэлэхэд би тэрхүү тэмцээнд түрүүлээгүй бол үхсэн ч яахав л гэж бодсон.

-Дэлхийн аварга гэсэн нэр хүндтэй зэрэгцэн тодорхой хэмжээний шагнал урамшуулал олгосон байх. Тэр тухай сонирхуулахгүй юу?

-Чи хэдий хэмжээний мөнгөөр шагнасан бол гэж байна уу. Тийм зүйл өгдөггүй л дээ. Өөрийгөө ялж чадсан маань л миний хамгийн том шагнал. Энэ тэмцээнд оролцоогүй, түрүүлээгүй бол би өөрийгөө яаж ялах байсан юм бол, мэдэхгүй.

-Тэгэхээр ямар ч шагнал өгдөггүй гэсэн үг үү. Тэмцээнд оролцохын тулд 700 доллар төлдөг гэж байсан?

-Тийм ээ. Гэхдээ ямар нэгэн мөнгөн шагнал өгөөгүй. Өргөмжлөл, батламж бол олгоно. Энэхүү тэмцээний нэр “Өөрийгөө ялах” шүү дээ. Өөрийгөө ялахын тулд л мөнгө төлж байгаа хэрэг.

-Та өмнө нь дөрвөн ч удаа энэхүү тэмцээнд оролцсон гэнэ. Гадаад руу явах зардал, тэмцээний зардал гээд багагүй хэмжээний хөрөнгө шаардагдах юм биш үү. Тамирчин хүний амжилт түшигтэй ивээн тэтгэгчид байдаг болов уу?

-Ивээн тэтгэгч маш чухал. Гэхдээ би өөрийн гэсэн бизнес эрхэлдэг. Гүйлтийн спортоос олж авсан тэсвэр хатуужил, сэтгэлийн хат маань амьдрал дээр олон зүйлд хэрэг болдог л доо. Нөгөө талаараа оюун санааны томоохон дасгал ч болох нь бий. Миний хувьд одоогоор томоохон бизнес эхлүүлчихсэн явж байна. Түүний дотор дэлхийн хэмжээний бизнес ч бий. Дэлхийн хэмжээний мундаг таирчидтай мөр зэрэгцэн гүйж чадаж байгаа юм чинь бизнесийн салбарт тэдэнтэй хойно урдаа ороод явахад болохгүй зүйл үгүй гэж бодсон. Гэхдээ өргөн хүрээнд ярьвал энэ төрлийн спортыг дэмжээд туслаад явах хүн манайд ховор шүү.

-Дэлхийн хэмжээнд монгол хэмээх нэрийг дуурсгаад ирсэн тамирчингаа эх орон нь хэрхэн хүлээн авсан бол?

-Намайг дэлхийн аварга болчихоод, олон улсад эх орныхоо нэрийг дуурсгаад ирж байхад төр засаг төдийлөн анзаарсангүй. Хүн л болсон хойно урмын үг сонсохыг л бодно. Монголчуудын хэлдгээр бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг шиг тамирчин хүний хямдхан олдоогүй алдрыг үнэлэх нь чухал. Тэгж байж л цаашид тамирчин хүн хөгжинө, илүү их амжилт гаргана, улсынхаа нэрийг дуурсгаж чадна шүү дээ. Гадаадын улс орнууд өөрийн орны тамирчдадаа үнэхээр атаархам анхаарч, дэмжих юм. Намайг дэлхийн аварга болсны дараа гадаадынхан манай улсын нэр дээр гүй гэсэн санал их ирүүлсэн. Ирүүлсэн саналтай зэрэгцээд асар их тэтгэмж, цалин хөлс өгнө гэж байв. Гэвч би тэр болгонд нь “Уучлаарай би эх орноосоо урвахгүй. Хичнээн ядарсан ч энэ чинь миний монгол” гэж хэлдэг. Би ер нь хүнийхээ хувьд их үндсэрхэг үзэлтэй хүн л дээ. Гэхдээ монгол гээд хоосон цээжээ дэлдээд явдаггүй. Өөрийн хүч хөдөлмөрөөрөө үүнийгээ батлан харуулдаг. Америкийн ерөнхийлөгч Д.Трамп “Би ялагдах дургүй. Миний ялалтанд тохирсон алга ташилтад дуртай” гэж хэлсэн байдаг. Үүнтэй адилхан би ч бас ялалтандаа тохирсон алга ташилтыг сонсмоор байна. Гэвч тэрхүү алга ташилт үнэхээр бага байна. Яг үнэндээ би гайхамшигтай ялалт байгуулаад ирлээ шүү дээ. Өөрийгөө ч яллаа. Бас бусдыг ялсан.

-Таныг ном унших дуртай, мөн бичдэг гэж сонссон. Одоогоор хэчнээн ном биччихээд байна вэ?

-Ном унших сайхан. Ном ертөнцийг харах цонх гэдэг үнэхээр үнэн үг. Би ч нэг их ном бичээд сүйд болдоггүй л дээ. Гэхдээ өөрийн гаргасан гурван ном бий. Харин хүмүүстэй хамтарч гаргасан 10-аад ном, хэвлүүлэх гээд бэлдчихсэн.

-Та нэг хэсэг сошиалд “од” болж байлаа шүү дээ. Зарим нь таныг жиргээний ханхүү гэх нь бий, зарим нь муугаар бичих нь ч бий?

-Хүн бүрт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг цахим ертөнц тэгш олгодог гэж боддог. Би тэр л эрхээ эдэлдэг төдий. Түүнээс биш айхтар их цаг зав зарцуулаад л юм болгонд хариу өгөх гээд улайраад суудаггүй.

-Та Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг мэтгэлцээнд дуудаад байсан. Тэр асуудал юу болсон бэ?

-Улс орны хөгжил, нийгмийн болохгүй байгаа зүйлийг хараад залуу хүний хувьд их эмзэгээр хүлээж авдаг. Яагаад тэртээ дэлхийн талыг эзэлж байсан Монголчууд өнөө цагт дэлхийн хамгийн ядуу орны тоонд орчихсон явж байна вэ гэх мэт төвөгтэй, асуудал манайд бий. Эрх мэдэлтэнүүд нэг л их цээжээ дэлдэж, монгол гэж ярьсан хүмүүс байдаг. Гэвч хийсэн бүтээсэн зүйл өдий болтол харагдахгүй юм. Энэ бүхэнд миний сэтгэл эмзэглэж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг мэтгэлцээнд дуудсан. Гэвч миний саналыг одоо болтол хүлээж аваагүй л байгаа. Би мэтгэлцээний санал гаргахаасаа өмнө Ерөнхийлөгчид дөрвөн удаа захиа бичсэн байсан. Гэсэн ч нэг ч хариу ирээгүй.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Одоогоор гэр бүлтэй болж амжаагүй л явна. Нас явсаар л байна (инээв).


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бугын сангийн аж ахуй дахь “булиа” бөхчүүд өнгөтэй байна

“Наадам айсуй…”, “өнгөрсөн наадмаар…”, “өнөө жилийн наадмаар хэн нь түрүүлэх бол, ямар цолтон шинээр төрөх вэ…” гэсэн яриа олны дунд ид хүчээ авлаа. Арга ч үгүй биз. Наадам дөхөөд ирэхээр хүлгийн үүрсээ, хүүхдийн гийнгоо, хүчит бөхчүүдийн шаваа чат пад сонсогдож, ууц нуруу, духны хөлс нь бөмбөлзөнхөн урсах нь юутай үзүүштэй, бахдам сайхан. Наадмын тухай ийн бодол болсоор Бугын сангийн аж ахуй дахь Өвөрхангай, Ховдын бөхчүүдийн галыг зорин явлаа. Улаанбаатараас холгүйхэн орших уул, ус ой мод хослосон энэхүү газарт эртнээс халхын хүчит бөхчүүд бэлтгэл сургуулилтаа базаан улсын баяр наадмын дэвжээнд хүчийг үзэн, алдар цолоо дуудуулж ирсэн билээ. Өнөө жил улсын арслан Ганхуягаар ахлуулсан Өвөрхангайн бөхчүүд, улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын начин Бүрэнбаатар нарын ахалсан Ховдын хүчтэнүүд зургаан сарын эхээр Бугын сангийн аж ахуй дахь “Тоорил ханы хүрээ” хэмээх амралтын газар байрлан, нэгэн зүрхээр галыг бадраан наадмын бэлтгэлээ базааж буй ажээ.

“Их Монголын хүчтэн” дэвжээний нийт 120 гаруй улс, аймгийн цолтой болон залуу бөхчүүд энэхүү галд багтжээ. Эдгээр бөхчүүдийн бэлтгэл сургуулилтыг улсын начин, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Н.Бүрэнбаатар ерөнхийд нь хариуцан хийлгэж байлаа. Тэрбээр “Хил хамгаалах ерөнхий газрын харьяа “Хилчин” спорт хорооны үндэсний бөхийн дасгалжуулагчийн албыг олон жил хашиж байгааг бөх сонирхогчид мэдэх биз ээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр төвийн нутгаар хоёр хоног дараалан хур бууж, гандуухан болоод байсан газар өдгөө чийг дааж, өдрийн нарнаар өнгөө зассан байв. Тиймдээ ч энэхүү газарт гал болон гарсан бөхчүүд бэлтгэл сургуулилтаа хийхэд нэн таатай, зүлэг ногоон дэвжээ нь төдийлөн цагаан шороо бургихгүй болсон нь ажиглагдаж байсан юм. Бөхчүүд өглөө эрт буюу 5-8 цагийн хооронд хөнгөн гүйлт, биеэ халаах маягаар бэлтгэл хийдэг бол түүнээс хойш байрандаа иргэн ирж, бөх гэгчийн унтаж амардаг байна. Харин өдөр 14 цагийн үед амарсан бөхчүүд босч, нэгдсэн журмаар өдрийн хоолондоо ордог ажээ. Өдрийн хоолонд нэг, хоёрдугаар хоол өгнө. Тухайлбал өглөө бантан, цай, талх, өдөр нь ногоотой шөл, будаатай хуурга, орой нь цутан идчихээд унтдаг гэнэ.

“Их Монголын хүчтэн” дэвжээний ахлагч Д.Ганхуяг арслан хуучилсан юм. Түүний ахалдаг галд улсын заан Б.Сайнбаяр, Т.Санчир, улсын харцага Д.Сангисүрэн тэргүүтэй улс, аймгийн болон сумын цолтой 30 гаруй бөх бэлтгэл хийж байгаа ажээ. Тэрээр энэ жил “Их Монголын хүчтэн” дэвжээнээс хоёр, гурван шинэ цолтон төрнө хэмээн найдаж буйгаа хэлсэн юм. Биднийг очиход бөхчүүд өглөөний бэлтгэлээсээ буугаад хоолондоо орж байв. Тэд ч монгол уламжлалын дагуу биднийг хамт ширээнд суухыг урилаа. “Их Монголын хүчтэн” дэвжээнээс хоёр аварга төрсөн байдаг.

-Энэ жил “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүдийн бэлтгэл хэр байгаа юм бол?

-Наадмын бэлтгэл ерөнхийдөө жигдэрч байна. Бид зургаадугаар сарын эхээр бэлтгэлдээ гарсан. Ажиглаад байхад энэ жилийн наадмын өнгө их сайхан харагдаж байна шүү. Байгаль дэлхий хур бороогоор өнгө засч, хүчит бөхчүүдийн маань бэлтгэл сургуулилт жигдэрч эхэллээ. Энэ жил Бугын сангийн аж ахуйд манай “Их Монголын хүчтэн” дэвжээнээс гадна “Хилчин” спорт хорооны гал хаяа нийлэн бэлтгэлээ базааж байна. Ер нь бол жилийн жилд бид хамтдаа бэлтгэл гардаг болсныг та бүхэн мэдэх биз.

-Энэ жил анх удаа наадамд зодоглох залуу бөхчүүд бий юү?

-Арав орчим шижигнэсэн залуу бөх байна. Бүгд сумын наадамд зодоглож, цол авахын төлөө хичээн барилдах байх.

-Бэлтгэлээсээ хэзээ буух вэ?

-Ерөнхийдөө наадмаас ганц, хоёр хоногийн өмнө буудаг заншилтай. Наана нь аймаг, сумын наадамд зодоглох бөхчүүд маань буух байх.

Ийн ярилцсанаар бөхчүүд бэлтгэлдээ гарах цаг нь болов. Монгол төрийн наадамд дэнж хотойтол барилдах “Их Монголын хүчтэн”, болон “Хилчин” спорт хорооны бөхчүүдийн бэлтгэл сайн байгаа нь, өнгөтэй ч байгаа нь харагдав. Дээрх галуудаас олон сайн бөхчүүд төрсөн. Энэ уламжлалаа таслахгүй улсын цолтнуудын тоо дахин нэмэгдэх болно хэмээн галын ахлагч нар ярьж суусан юм. Бугын сангийн аж ахуй дахь ийн “Булиа” эрчүүд өнөө жил өнгөтэй сайхан наадах бололтой.


Categories
мэдээ нийтлэл үндэсний-бөx

Өнөө жилийн наадмын түрүү, үзүүрт Ч.Санжаадамба аварга, П.Бүрэнтөгс нар хүчийг үзэх үү

Өнөө жилийн наадам урьд жилүүдийнхээс илүү үзүүштэй, сэтгэл хөдөлгөм сайхан наадам болох шинжтэй. Арваадхан хоногийн дараа болох Үндэсний их баяр наадмаар чансаа өндөр 512 бөх зодоглож, үнэн хүчээ үзэн барилдах болно. Одоогоор нутаг нутгийн бөхчүүд гал болон наадмын бэлтгэл сургуулилалтаа хангаж байна. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зодоглох Булган аймгийн “Булган хан” дэвжээний бөхчүүд зургадугаар сарын эхээр нутагтаа бэлтгэлд гарчээ. Монгол Улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр нарын ах дүүсийн ахалж буй галынхан Бүрэгхангай суманд үндсэн бэлтгэлээ базааж байгаа ба улсын начин Д.Амарсайхан, аймгийн хурц арслан Ө.Сүхбат нарын бөхчүүд энэхүү галд нэгджээ. Харин Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүд сурсан газар болох Бугын сангийн аж ахуйд бэлтгэлдээ гарсан байна. Зургадугаар сарын 12-ноос эхэлсэн тэдний бэлтгэлийг улсын арслан Д.Ганхуяг удирдаж байгаа аж. Сэлэнгэ аймгийн “Таванхан” дэвжээний бөхчүүд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Харзтайд наадмын бэлтгэлээ эхлүүлжээ. Уг галыг улсын харцага Т.Өсөх-Ирээдүй ахалж байгаа бөгөөд гуч гаруй бөхчүүд нэгдсэн гэнэ. Өнөө жилийн баяр наадамын гол тааврын эзэд болох улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарын Увс аймгийн “Увс нуур” галын бөхчүүд мөн Харзтайд бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Зургадугаар сарын 9-нөөс эхэлсэн нэгдсэн бэлтгэлд аварга С.Мөнхбат, харцага Ө.Бат-Орших, Т.Баасанхүү тэргүүтэй 40-өөд бөх гарчээ. Тэгвэл Засагт ханы хөх харчуул Багануурын ойролцоох ‘Мандал’ амралтад бэлтгэлээ базааж байгаа бол Хан Хэнтий нутгийнхан Өндөр дэнж хэмээх газар наадмын бэлтгэлдээ оржээ. Хэнтийн бөхчүүдийг улсын начин Д.Одхүү ахалж буй юм. Хонгор нутгийн “Их Богд” дэвжээний бөхчүүдийн хувьд нутгаа зорьж, зургадугаар сарын 5-наас бэлтгэлээ эхлүүлжээ. Ийн нутаг нутгийн бөхчүүд цолгүй нь улсын цолонд, цолтойчууд нь шөвгөрөхийн тулд халуун нар, зүсрээ бороог үл ажран бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Өнөө жилийн наадмаар шинэ цолтонгууд харьцангуй цөөн төрөх болов уу хэмээн бөх судлаачид харж буй. Учир нь 512-д энэ цагийн бөхийн өнгийг тодорхойлж буй шилдэг улсын цолтонгууд бүгд зодоглоно. Мэдээж хэрэг ирэлсэн тонгорог шиг аймгийн цолтонгууд бий.

Тухайлбал, өнгөрсөн жилийн наадмаас хойш өдий хүртлэх хугацаанд зохиогдсон заалны барилдаанд тогтмол дээгүүр барилдаж, улсын аварга, арслангуудыг дараалуулан өвдөг шороодуулж байсан Завхан аймгийн Баянтэс сумын харьяат аймгийн арслан Шархүүгийн Пүрэвгарьдыг нэрлэж болох юм.

Тэрбээр өнөө жилийн сар шинийн барилдааны тавын даваанд улсын арслан П.Бүрэнтөгсийг өвдөг шороодууж, шөвгийн наймт шалгаран үлдсэн билээ. Мөн дөрвөн уулын хишиг барилдаан, болоод чансаа өндөр барилдаануудад тогтмол дээгүүр барилдаж, шөвгөрч байсан юм. Түргэн шуурхай, бие жижигч уран мэхтэй, хүнд бярдуулдаггүй өөрийн гэсэн онцлог барилдаантай өнөө цагийн шилдэг аймгийн арслангуудын нэг яахын аргагүй Ш.Пүрэвгарьд юм. Удахгүй болох наадмаар ч аварга, арслан, гарьд, заануудыг сандаргах бөхчүүдийн нэг билээ. Мөн сүүлд болсон томоохон барилдаан болох улсын арслан цолны хүндэтгэлд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаанд томчуудыг дараалан давж, урамтай сайхан барилдан түрүүлсэн, аварга цолтны хүндэтгэлийн барилдаанд мөн л адил иртэй барилдаж өнгөлсөн Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан Оргихын Хангайг өнөө жил дээгүүр барилдах болов уу гэсэн бөх сонирхогчдын зүгээс ихэд харж буй.

О.Хангай арслан хүчтэй, чацтай, мэхэнд үлдэцтэй, шуудагнаас ч, задгайгаас ч тэр сайн барилдаг хүчтэй арслан билээ. Тэрбээр өнөө жилийн баяр наадын гурвын даваанд тунан барилдах өндөр магадлалтай. Харин дөрвийн давааны оноолтод улсын арслан Э.Оюунболд, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарын хүчтэй арслангуудын нэгэнтэй нь таарч болзошгүй. Ингээд давчихвал тавын даваанд О.Хангай арсланг амлан авч барилдах бөх ховор болов уу. Доороос гарч ирсэн шилдэг аймгийн арслантай эсвэл улсын заан Б.Пүрэвсайхан, Ц.Содномдорж нарын нэгтэй тунж магадгүй л юм. Хэрэв Б.Пүрэвсайхан заантай тунчихвал О.Хангай арслан начин болох магадлал өндөр. Учир нь өмнөх заалны барилдаанд Б.Пүрэвсайхан заантай дөрвөн ч удаа таарч барилдахдаа гурван удаа давсан болохоор тэр. Гэхдээ наадмын дэвжээ арай өөрөөр яригдах байх. Ямартай ч О.Хангай арсланд улсын цол авах боломж бий. Бүр П.Бүрэнтөгс арслангийн амжилтыг ч гаргаж болзошгүй бөх өө. Харин улсын цолтой бөхчүүдээс өнөө жил өнгөтэй байгаа нь өнгөрсөн жилийн түрүү бөх улсын аварга Ч.Санжаадамба. Өнгөрсөн хугацаанд болсон заалны барилдаануудад барилдахдаа ихэнхд нь түрүүлж, үзүүрлэсэн, шинэхэн аварга цолныхоо хэмжээнд хангалттай хүрч барилдсан юм. Тийм дээ ч өнөө жилийн наадмаар Санжаа аваргын гарыг нугалах бөх ховор болов уу. Түүний хамгийн хүчтэй өрсөлдөгч нь улсын арслан П.Бүрэнтөгс. Тэрбээр Санжаа аваргатай барилдаан таардаг, аралтай, бяртай, барилдааны хий багатай бөх гэдгийг ард түмэн мэднэ. Өнөө жилийн баяр наадмын түрүү, үзүүрт аварга, арслан хоёр таарах магадлал бас бий. Хэрэв Санжаа аварга түрүүлбэл далай аварга болно. Харин П.Бүрэнтөгс арслан түрүүлбэл улсын аварга цолтон нэгээр нэмэгдэх билээ. Өөр нэг зүйл нь өнөө жилийн баяр наадмаар шинэ улсын цолтонгууд ховор төрөх хандлагатай харагдана. Улсын начин цолтон хоёроос ихтэхгүй, улсын харцага ч алил. Харин улсын заан цолтон нэг төрж магадгүй бол улсын арслан цолтон шинээр төрөхөд үнэхээр хэцүү болж таарна. Энэхүү цолонд Б.Пүрэвсайхан, Ц.Содномдорж болоод од нь гүйсэн аймгийн арслангуудын нэг нь хүрч магадгүй. Харин улсын аварга цолтон төрөх магадлал өндөр юм. Өнөө цагийн бөхийн өнгийг тодорхойлж буй шилдэг арслангууд болох П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва нарын нэг нь аваргуудын эгнээнд бичигдэж магадгүйл юм. Ерөнхий дүр зургийг гаргах хэцүү болж. Хэн нь ч унаж, хэн ч давж магадггүй. Гэхдээ л олон түмэн улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс нарыг өнөө жилийн наадмын түрүү, үзүүрт үлдэнэ гэцгээх юм.

Categories
мэдээ цаг-үе

Т.Туяа: Сампингаар бодож сурснаар богино хугацаанд илүү өргөн хүрээнд сэтгэх чадварыг эзэмшдэг

Өнгөрсөн баасан гаригт МҮЭСТ ордонд “Тояа” хүүхдийн хөгжлийн академиас зохион байгуулдаг Цээж тоолол, соробан сампингийн үндэсний аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд хөдөө орон нутгийн болоод нийслэлийн 1000 гаруй хүүхэд гурваас 10 насны ангилалд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм. Энэ үеэр тус академийн захирал Т.Туяатай соробан сампингийн ач холбогдлын талаар ярилцлаа.


-Цээж тоолол, соробан сампингийн аварга шалгаруулах тэмцээний талаар яриагаа эхлэх үү?

-Энэхүү тэмцээнийг жил бүр манай академиас зохион байгуулдаг. Өдгөө долоо дахь удаагаа зохион байгуулж байна. Жил ирэх бүр соробан сампингаар хичээллэх хүүхдийн тоо эрс нэмэгдэж байгааг энэхүү тэмцээнд оролцож буй 1000 гаруй хүүхдийн төлөөллөөс харж болох юм. Би анх 2007 онд Боловсролын яамны мэргэжилтэнгүүдтэй Япон улсад ерөнхий боловсролын сургуулиудын сургалт арга зүйтэй танилцахдаа энэхүү соробан сампинг өөрийн улсад, тэр дундаа ерөнхий боловсролын сургуулиудын бага дунд боловсролын системд нэвтрүүлэхийг зорьсон. Тэр ч утгаараа есөн жилийн өмнөөс “Тояа” хүүхэд хөгжлийн академийг санаачлан үүсгэн байгуулсан. Ийнхүү эхэн үедээ Япон улсын соробан сампингийн аргачлалаар сургалтаа явуулж байгаад хожим “UCMAS” буюу олон улсын холбоонд нэгдсэн. Улмаар олон улсын тэмцээн, уралдаанд амжилттай оролцсоор ирлээ. Соробан сампин 13 түвшинд хөгжиж ирсэн байдаг. Манай улсын хувьд долоон төрлийн түвшинд хичээллэж, олон улсын тэмцээнд оролцдог юм. Түвшин гэдэг нь тухайн бодлогын үйлдэл, чадвар нэмэгдэнэ гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нэгдүгээр түвшинд нэмэх, хасах, хоёрдугаар түвшинд үржих, хуваах, бүр дээшээ долдугаар түвшинд тоог квадрат зэрэгт дэвшүүлэх гэх мэт бодолтын арга, ур чадвар нь дээшилнэ гэсэн үг юм. Олон улсын тэмцээнд найман минутад 200 бодлого бодох шаардлагатай байдаг. Тэр ч утгаараа бид үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг яг энэхүү зарчмаар явуулдаг. Энэ жилийн хувьд сонсох тэмцээнийг анх удаагаа нэмж орууллаа.

-Соробан сампингаар хичээллэснээр хүүхдэд ямар ач холбогдолтой юм бэ?

-Сампингаар хичээллэснээр тоог хурдтай бодохоос гадна аль ч төрлийн хичээлд хандах хандлага нь өөр болж байгаа юм. Гадаад хэлний цээжлэх чадвар нь хөгжинө. Манай нэг ээж ярьж байсан. Хүүхэд нь нэгдүгээр ангид ороод 18 үсэг нүдлэх гэж хоёр сар гаран болсон. Гэтэл манай сургалтад яваад үлдсэн үсгүүдээ долоо хоногийн дотор тогтоосон гэж байсан. Энэ бол сампин гэхээсээ илүү сурах чадварыг дээшлүүлж байна. Яаж хурдан бодох вэ, яаж хурдан цээжлэх вэ, ой тогтоолтоо сайжруулах уу гээд. Дээр нь зохион байгуулалт сайтай болдог. Баруун гарын таван хуруун дээр жишээлэхэд эрхий хуруу логик сэтгэлгээ хөгжүүлдэг, долоовор хуруу зүүн тархины бүтээлч чадварыг нь сайжруулдаг. Дунд хуруу ой тогтоолтыг сайжруулдаг. Ядам хуруу харах, чигчий хуруу сонсох чадварыг хөгжүүлдэг гэж Америкийн их сургуулиудын эрдэмтдийн судалгаагаар дүгнэсэн байдаг. Манай улсын хувьд ес дэх жилдээ сампингийн сургалт явагдаж байна. Сурч чадахгүй нэг ч хүүхэд байхгүй. Олон улсын багш нар хүүхдээс яаран үр дүн битгий хүлээ. Ажигла, хар гэдэг юм билээ. Харин манай багш нар болохоор “сайн, дунд, муу. Чи чадаж байна, чи чадахгүй байна” гээд хүүхдээ ангилчихдаг. Энэ ангилал нь хүүхдийг айлгачихдаг. Хятадаас гаралтай. Хүүхдийн хурдтай бодож, сэтгэж байгаа нь сампингийн үр дүн. Гэхдээ үүнд дан сампингаар бодож сургаад зогсохгүй, хүүхдийн тархийг хөгжүүлж байгаа.

-Тооны машин, гар утас, математикийн багш байхад сампин ямар хэрэгтэй гэж?

-Бидний хамтран ажилладаг “UCMAS” боловсролын байгууллага сампингаар хичээллэсэн 60 гаруй орноос долоогоос найман хүүхдийг долоон жилийн турш дэлхийн нэртэй томоохон орны эрдэмтэдтэй хамтран судласан юм байна лээ. Судалгаанд Харвард, Манчестэр, Калифорни, Суданы их сургуулийн анагаах болон математикийн багш нар оролцож “Энэ сампин төдий зүйл биш. Энэ бол хүүхдийн тархины хөгжлийг өндөрт гаргадаг сургалт байна” гэсэн дүгнэлт хийж баруун гарын таван хуруугаар сампингаар бодоход зүүн тархины таван цэгт, зүүн гарын таван хуруугаар бодоход баруун тархины таван цэгт үйлчилдэг болохыг тогтоосон байна лээ. 1981 онд Америкийн эрдэмтэн доктор Рожер Сперри “Баруун зүүн тархины үүрэг” сэдвээр анагаахын шинжлэх ухаанд Нобелийн шагнал хүртсэн. Хүмүүс яагаад дууг их амархан сурдаг талаар эрдэмтэн Колин Роуз судалгаа хийгээд үзсэн чинь зүүн тархиараа үгийг тогтоож, баруун тархиараа аялгууг нь тогтоодог юм байна л даа. Хүүхдүүд маань ямар ч зүйлийг сурахдаа дуу сурч байгаа шиг амархан сурахын тулд баруун зүүн тархины тэнцлийг хангуулах нь их чухал гэж үздэг болжээ. Тийм ч болохоор сампингаар хичээллэсэн хүүхдийн баруун зүүн тархины тэнцэл хангагдахад маш том нөлөө үзүүлдэг юм. Сампингаар хичээллэсэн хүүхэд баруун тархиндаа сампингаа төсөөлж, зүүн тархиараа тооцоолон боддог болохыг эрдэмтэд тогтоогоод байгаа.

-Төмөрбаатар гуайн санаачилсан сампин танайхтай ижил үү?

Төмөрбаатар гуайн санаачилсан сампин бол Японы уламжлалт хоёр хурууны сампин шүү дээ. Үүнд бол Японы зан заншил, соёл уламжлал нэвт шингэсэн байдаг. Харин манай аргачлал бол арван хурууны сампин. Өөрөөр хэлбэл баруун гарын таван хуруугаар бодохоор зүүн тархины таван цэг дээр, зүүн гарын таван хуруугаар бодоход баруун тархины таван цэг илүү хөгжиж байдаг. Ингэснээр хүүхэд аливаа юмыг тал талаас нь сэтгэн бодох чадвар нэмэгдэж, сэргэлэн, ухаалаг, богино хугацаанд илүү өргөн хүрээнд сэтгэх чадварыг эзэмшдэг. Энэ бол орчин үеийн амьдрал хамгийн чухал тооцолох арга юм.

-Ямар аргачлалаар тоо боддог юм бол?

-Хүүхэд маш хурдан хугацаанд бодож сурахын тулд үндсэн техникээ сайн сурсан байх шаардлагатай. Үндсэн техникээрээ нэг, хоёр оронтой тоо бодож сурсан хүүхэд орон ихсэх тусам илүү хурдан боддог болдог. Манай уламжлалт математикт хүүхэд нэг, хоёр оронтой тоо гайгүй сурч байснаа орон ихсэх тусам алдаа гаргадаг шүү дээ. Харин сампин бол эсрэгээрээ л дээ. Мөн уламжлалт математикт үржих, хуваахыг хойноос нь эхэлж боддог бол сампин урдаас нь эхэлж боддог. Тухайлбал, 93-ийг наймаар үржүүлье. Тэгвэл гурван наймын 24, долоо наймын 56 гээд санасантайгаа бодож хариугаа гаргадаг бол сампин дээр наймыгаа 100-гаар үржүүлээд, 93 чинь зуу болоход долоо дутуу гэж санаад, долоо наймын 56 гэж араас нь хасчихдаг. Өөрөөр хэлбэл сампингаар хичээллэсэн хүүхдийн тархинд хоёроос дөрвөн янзын задаргаа явагддаг. Тийм учраас л хүүхдийн тархийг хөгжүүлэх гол дасгал хэмээн үздэг.

-Сампингаар хичээллэсэн хүүхдүүд үнэхээр тооцоолол сайтай болж байгааг эцэг эхчүүд ярьдаг болжээ?

-Хүүхдийн бага нас буюу 0-12 нас их чухал болохыг эрдэмтэд тогтоосон. Мөн хүний амьдралын эхний мөчлөг болох 12 хүртэлх насандаа амьдралд бий болгох бүх чадварыг бараг 100 хувь олж авдаг болохыг тогтоосон байна. Та үр хүүхдээ ямар хүн болгохыг хүсдэг, ямар мэргэжилтэй болгож, хариуцлагатай цэвэрч нямбай, бие даасан, энэ бүх дадал хэвшлийг энэ л насанд нь зааж сургаж ойлгуулах ёстой юм байна л даа. Монголчууд энэ талаар мэдэхгүй биш мэддэг. Тухайлбал, хүүхдийн 0-3 насыг “Гэгээнтэн нас”, 3-5 насыг “Суутан нас”, 5-12 насыг “Ухаантан нас” хэмээн нэрлэж, энэ л насанд нь хүүхдийн төрмөл нууцлаг чадварыг хөгжүүлэх хэрэгтэйг эрдэмтэн зохиолч Л.Түдэв гуай бичсэн байдаг. Манай академи 3-4 наснаас эхлэн соробан сампинг зааж байгаа нь бас үүнтэй холбоотой. Энэ маань зөв байсныг баталж сүүлийн хоёр жил олон улсын тэмцээнээс таван настай Амартөгсийн Ангараг Гран при, найман настай Б.Номуундарь Гранд чампион Алтан цом, зургаан настай Э.Амаржаргал, П.Бат-Эрдэнэ нар Мөнгөн цом хүртээд байна.

-Саяхан олон улсын тэмцээнд оролцоод ирсэн гэсэн. Амжилттай оролцов уу?

-Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо цээж тоолол, соробан сампингийн олон улсын 21 дэх удаагийн тэмцээнд олон улсын 4000 гаруй хүүхэд өрсөлдснөөс манай улсаас Тояа академийн 55 сурагч оролцож, Гранд чампион, Чампион, Алтан цом найм, Мөнгөн цом 20, хүрэл 25 хүртэж үнэмлэхүй амжилт гаргалаа” гэв.

Х.Хүслэнбаяр: Аль Ч хиЧээлээ ангийнхнаасаатҮрҮҮлээд дуусгаЧихдаг

Энэ үеэр Соробан сампингийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээнээс сампингийн төрөлд Хүрэл цом, баруун тархины бодолтын төрөлд Алтан цом хүртэж, ирэх өвөл Индонезид болох олон улсын тэмцээнд оролцох эрхээ авсан “Их Засаг” лицей сургуулийн 4б ангийн сурагч Хүрэлбаатарын Хүслэнбаяртай ярилцлаа.

-Соробан сампингийн 2017 оны Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе. Ямар амжилт үзүүлсэн бэ?

-Баярлалаа. Үндэсний аварга шалгаруулах тэмцээний сампингийн төрөлд Хүрэл цом хүртэж, ирэх арванхоёрдугаар сарын 9-нд Индонези Улсад болох Олон улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Мөн энэ тэмцээний баруун тархины бодолтын төрөлд Алтан цом авлаа. Тэмцээнд сампингийн төрөлд найман минутад 141 бодлого бодож чадсан. Тэмцээнд орохоос өмнө найман минутад 150 гаруй бодлого бодож байсан. Харин баруун тархины төрөлд 120 зүйлийг тогтоож, бичиж, тэмдэглэсэн.

-120 зүйл гэхээр ямар нэг нэр, тэмдэглэгээ юм уу?

-Тийм ээ. Нэр, өнгө, тоо гэх мэтээс бүрдсэн 120 өөр тэмдэгт, нэршлийг тогтоож, шалгалтын хуудсан дээр бичиж, дугуйлсан гэсэн үг.

-Чи хэдэн настай вэ. Хэзээнээс соробан сампингаар хичээллэж эхэлсэн юм бэ?

-Би удахгүй арван нас хүрнэ. Соробан сампингаар зургаан сар хичээллэсэн. Надтай хамт тэмцээнд оролцож байгаа хүүхдүүд 1-3 жил тогтмол хичээллэж байгаа гэсэн.

-Соробан сампингаар хичээллэхийн гоё нь юу вэ. Давуу тал их байдаг уу?

-Давуу тал нь бусад хичээлээ сампингийн хичээл шигээ богино хугацаанд гүйцэтгэж дуусахыг хичээдэг болдог. Шатрын багш маань “Сампингаар хичээллэдэг болсноосоо хойш их хурдан нүүдэг болжээ. Гэхдээ үр дүнтэй байна” гэж хэлсэн. Үнэхээр нүүдлээ өмнөхөөсөө хурдан хардаг болчихсон юм шиг санагдаад байгаа. Харин баруун тархины хичээл ой тогтоолт, сэтгэн бодох чадвар сайжруулдаг. Би аль ч хичээлээ ангийнхнаасаа түрүүлээд дуусгачихдаг. Ангийнхнаасаа түрүүлээд бодлогоо бодоод, юмаа бичээд дуусчихдаг болохоор багш хичээлийн цаг дуустал нэмэлт бодлого бодуулж, өөр юм хийлгэдэг.

-Хэдийн дотор цээжээр бодож чадах вэ?

-Хоёр оронтой тоон дээр чөлөөтэй бодно. Гурван оронтой тоог бодож эхэлж байгаа. Эхлээд цээжээр бодлого бодож байхад хэцүү юм шиг санагддаг байсан. Тухайлбал, нэг дор хоёр оронтой тоог 28+81+91+64-51 гэдэг ч юм уу хоёр оронтой олон тоог хооронд нэмж хасаад боддог. Эхлээд багш тоогоо хэлээд дуусчихсан байхад хариуг нь гаргаагүй сууж байдаг байсан. Сүүлдээ цээжээр тоо бодох маш амархан болчихсон. Багш цээжээр бодуулах тоогоо хэлж дуусахтай зэрэгцээд хариуг нь шууд хэлдэг болсон.

-Ирэх арванхоёрдугаар сард болох олон улсын тэмцээндээ хэрхэн бэлдэхээр төлөвлөж байна вэ?

-Соробаны хоёр багш маань тэмцээний бэлтгэл эхлэхээр дуудна гэсэн. Тэмцээнд баруун тархи, соробан гэсэн хоёр төрлөөр орох учраас маш сайн бэлдэхгүй бол болохгүй. Тиймээс зуны амралтаараа сампингийн ном, дасгал ажлуудаа бие дааж дуусгана. Бали аралд болох Олон улсын тэмцээнээс Гран при авах хэмжээнд бэлтгэл сургуулилт хийнэ гэж бодож байгаа.

Categories
мэдээ спорт

С.Пүрэвсүх: Дэлхийн дэвжээнд гарч, монголын хөлбөмбөгийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн Г.Ганбаяр шавиараа бахархаж байна

Манай улсын хөлбөмбөгийн өсвөр үеийн шилдэг дөрвөн тамирчин Ференц Пушкашийн нэрэмжит академид өнгөрсөн жил суралцахаар Унгар улсыг зорьсон билээ. Эдгээр тамирчдийн нэг болох Ганболдын Ганбаяр “Пушкаш”-ийн академийн багийн өмсгөлтэй “Сузуки кап” тэмцээнд ур чадвараа сорьж байна. Энэхүү тэмцээнд “Байерн Мюнхен”, “Реал Мадрид” хэмээх дэлхийн шилдэг клубүүдийн 17 хүртэлх насны багууд оролцдгийг хөлбөмбөг сонирхогчид, фанаатууд андахгүй биз ээ. Тэгвэл Г.Ганбаяр өнгөрсөн баасан гаригт “Пушкашийн академи”-ийн багийн хамтаар “Сузуки цом”-ын эхний тоглолтоо дэлхийд алдартай “Байерн мюнхен”-тэй хийсэн. Дэлхийд тэргүүлэгч шилдэг клубийн багтай “Пушкашийн академи”-ийн тамирчид энэ тэнцүүхэн тоглолтыг үзүүлэн, хоёрдугаар үеийн дунд хүртэл хэн хэн нь гоолгүй тэнцсэн юм. Улмаар тоглолтын сүүлийн хагасын 72 дахь минутад Г.Ганбаяр сэлгээгээр орж ирсэн нь Монгол хөлбөмбөгчин дэлхийн хэмжээний тоглолтод оролцсон түүхэн үйл явдал болсон. Г.Ганбаярыг талбайд гараад долоон минутын дараа “Пушкашийн академи”-ийн тоглогч Тимари Норман торгуулийн талбайн гаднаас гоол оруулснаар 1:0-ээр дэлхийн шилдэг баг “Байерн Мюнхен”-ийг буулган авчээ. Ийнхүү хүн төрөлхтний аугаа спорт хөлбөмбөгийн дэлхийн дэвжээнд монгол хүү гарч, олон улсад эх орныхоо нэрийг цуурайтууллаа. Ингээд түүний багш олон улсын хэмжээний мастер С. Пүрэвсүхтэй энэхүү түүхэн үйл явдлын талаар болон гарын шавь Г.Ганболдын тухай ярилцлаа.

-Таны шавь Г.Ганболд дэлхийн дэвжээнд гарлаа. Монголын хөлбөмбөгийн түүхэнд шинэ амжилт гэж харж байна. Энэ талаар таны сэтгэгдэл ямар байна вэ?

-Энэ хүүхдийн багшийн хувьд үнэхээр их баяртай байна. Өнгөрсөн жил манай улсын шилдэг тамирчин Б.Амгаланбат, О.Хантэнгэр, Д.Тэмүүлэн, Г.Ганбаяр нарыг Ференц Пушкашийн нэрэмжит академид суралцахаар Унгар улсыг зорих үед миний бие хариуцан шалгалт авч байлаа. Тухайн үед эдгээр дөрвөн шавьдаа “Та нар анх удаагаа Европын шилдэг академид очих гэж байна. Тэр газар бүтэн жил суралцаад, тоглоно гэдэг асар их хариуцлага шүү. Та нарыг амжилттай сайн суралцаад ирвэл, монголын хөлбөмбөгийн дараагийн үе дэлхийд гарах боломжтой болно гэдгийг сайн санах хэрэгтэй” хэмээн захиж билээ. Харин Г.Ганбаяр маань багшийнхаа итгэлийг алдалгүй, Пушкашийн үндэсний шигшээ багт нь тоглож, дэлхийн дэвжээнд гарч чадлаа. Энэ бол манай улсын хөлбөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээх, том амжилт юм. Дэлхийн дэвжээнд гарч, монголын хөлбөмбөгийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн Г.Ганбаяр шавиараа бахархаж байна.

-Г.Ганбаярын гараанд гарч тоглосон тоглолтыг сэтгэл догдлон үзсэн байлгүй?

– Ер нь дэлхийн хэмжээний багуудтай Монгол тамирчин өрсөлдөнө гэдэг бидэнд ямар их боломж байгааг харууллаа. Тоглолтыг нь үзэлгүй яах уу. Гарч талбай дээр гарч ирэх тэр мөчид нулимс дуслуулсан шүү. Пушкашийн шигээ багийн үндсэн гараанд гарч тоглоогүй ч хоёрдугаар ээлжинд тоглохдоо үнэхээр ширүүн, хурдтай, тоглолтуудыг гаргаж байсан. Дэлхийд тэргүүлэгч “Байерн Мюнхен”-ий багийн эсрэг манай хүн үнэхээр сайн тоглосон.

Г.Ганбаярын баг дараагийн тоглолтоо ямар улсын багтай тоглох юм бол?

– “Реал мадрид” клубын багтай тоглоод байна. Энэхүү тоглолт хэрхэн болж өрнөснийг одоогоор мэдэхгүй юм. Бас дэлхийн шилдэг тоглогчтой, ширүүн баг шүү дээ.

-Г.Ганбаярыг анх хэдэн настайгаас нь өөр дээрээ хүлээн авч байсан бэ?

-Манай Ганбаа маань Сэлэнэгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат. Нэг настайдаа аав, ээжтэйгээ хотод ирсэн юм гэнэ лээ. Улмаар Ганбааг найман настай байхад аав ээж хоёр нь манай клубд дагуулан ирж, тоглуулдаг байлаа. Тэр үеэс эхэлж, энэ хүүхдийн ур чадвар тоглож буй арга барилыг нь хараад ирээдүйд сайн тамирчин болох шинжтэй хэмээн харж билээ. Ингэж л шавьтайгаа учирсан даа.

-Г.Ганбаярын тоглолтын онцлог нь юу юм бол?

-Энэ хүүхэд маань зүүн жигүүрийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог. Манай “Хоромхон” клубд их олон жил тоглож байгаа. Аливаа зүйл туушдаа хандаж, бууж өгөхийг мэддэггүй, мэдрэмжтэй тоглодгоороо их онцлогтой. Мөн биеийн хөгжил сайтай, тоглолтыг уншдаг, ухаалаг тоглолт гаргадаг, ер нь багын л их мэдрэмжтэй, хурдтай, бусдаасаа онцлог, шаргуу хүүхэд байсан даа. Г.Ганбаяр маань өдгөө 17 настай, үеийнхээ хүүхдүүдээс ур чадварын хувьд хол илүү тасарчихсан, манай улсын ирээдүйн шилдэг тамирчин юм.

-Г.Ганбаярын өндөр нь хэд вэ. Өмнө нь гаргаж байсан амжилтынхан талаар яриач?

-Нэг метр 80 см-байгаа болов уу. Ер нь их нуруулаг хүүхэд, цаашид ч өсөх байх. Өмнө нь 15 настайдаа Монголын хөлбөмбөгийн лигийн түүхэнд таван гооль хийж, 16 настайдаа лигийн хүрэл медаль хүртэж байсан бахархмаар амжилттай тоглогчоо. Цаашид монголын хөлбөмбөг дэлхийд гарч тоглох боломжтой юм байна гэсэн итгэлийг Ганбаа маань өглөө. Энэ л хамгийн чухал амжилт.


Categories
мэдээ цаг-үе

МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан: Р.Нямдоржоос өөр тэргүүн Монголын үндэсний бөхийн холбоонд байхгүй

Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монголын Үндэсний бөхийн холбоо хэдэн онд батлагдсан дүрмээр үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-2002 оны дөрөвдүгээр “Их Эе”-ээр баталсан дүрэм, бас 2010 оны зургадугаар “Их Эе”-ээр баталсан дүрэм хоёрыг барин ажиллаж байна. 1998 онд сонгогдсон тэргүүлэгчдээс зарим нь мөнх бусыг үзүүлснээр хүчинтэй бүрэлдэхүүнгүй болсон тул 2010 онд сонгогдсон тэргүүлэгчид өдгөө ажлаа явуулж байна. Эдний 70 хувь нь хуучин тэргүүлэгчид юм.

-2010 оны их Эеийн хуралдаанаар яг юу болсон юм бэ. Ү.Хүрэлбаатар гуай “Их Эеийг дөрвөн жил тутам хуралдуулах ёстой. Гэвч 2002 оноос хойш хуралдаагүй” гэж ярьжээ. Энэ ямар учиртай вэ?

-2002 оны дараа 2006 онд их хурал хуралдах байсан. Бид 2005 оны зургадугаар сард Цэцдийн зөвлөлөө хуралдуулж ээлжит их эеийг товлох гэсэн боловч Х.Баянмөнх, Ж.Ганболд, Ц.Дуламсүрэн нарын бүлэг энэ хурлыг хийлгээгүй юм. Улмаар 2006 ондоо дахин Цэцдийн зөвлөлийг хуралдуулахад тэд санаатайгаар ирцийг хүргэхгүй болгосон тул дүрэмд заасан ёсоор бүрэлдэхүүнээ сэлбэж улсын арслан Б.Ганбаатар, улсын заан Д.Мягмар, Р.Давааням, улсын харцага Д.Одсүрэн, улсын начин Т.Өсөх-Ирээдүй, ахлах гарын даа С.Сэлэмбаатар, засуул Д.Цогзол нарын хэдэн хүнийг Цэцдийн зөвлөлийн гишүүнээр сонгож ирцээ бүрдүүлээд “Их Эе”-ээ 2006 оны арванхоёрдугаар сарын 5-нд хуралдуулах тов зарласан боловч Ж.Ганболд нар шүүхэд “Гудамжнаас хүмүүс оруулж ирээд Цэцдийн зөвлөлд сонгосон тул энэ шийдвэрийг хүчингүй болгож өгөөч” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, “гудамжнаас хүн оруулсан” гэх үндэслэлд итгэж, “Их Эе” хуралдуулахыг зогсоосон. Гудамжнаас оруулсан гээд байгаа хүмүүс нь дээрх хүмүүс шүү дээ. Энэ мэтчлэн Бөхийн холбоог “Их Эе”-ээ хуралдуулъя хэмээн зарлах бүрд саад учруулаад, өөрснөө ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулах тухай ярьж хөөцөлддөг улс.

Ээлжит бус “Их Эе” хуралдуулбал МҮБХ-г булаан авч, Монгол бөхийн өргөөг хувийн болгоно гэж тооцож, увайгүй үйлдэл хийдэг юм. Бид 2010 онд ээлжит хуралдаанаа хийсэн. Гэтэл эд нар “Их Эе”-ийг Цэцдийн зөвлөлөөс зарлаж хуралдуулах ёстой байтал тэргүүлэгчид зарлаж хуралдуулсан гэдэг үндэслэлээр шүүхэд хандсан.Шүүх тэдний хүсэлтийг хангасан юм. Яг үнэндээ ээлжит “Их Эе”-ийг Цэцдийн зөвлөл зарлана гэсэн заалт дүрэмд байдаггүй. Дүрмийн 7.3-д Цэцдийн зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувь нь “Их Эе”-ийг хуралдуулах шаардлагатай гэж үзвэл хугацаанаас нь өмнө хуралдуулж болно” гэсэн заалт бий. Энэ бол ээлжит бус “Их Эе”-ийн тухай заалт болохоос ээлжит “Их Эе”-ийн тухай заалт биш. Мөн энэ дүрмийн 7.16-гийн “В”-д зааснаар МҮБХ-ны тэргүүнд “Их эе”, Цэцдийн зөвлөлийн хуралдааныг зохион байгуулах эрхийг олгосон байдаг юм. Бид зургадугаар Их эеийг зөвхөн тэргүүний шийдвэрээр биш, хамтын удирдлагын байгууллага болох Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр хуралдуулсан. Энд хууль дүрэм зөрчсөн зүйл нэг ч байхгүй. Гэтэл Ж.Ганболд нар дахиад шүүхэд “Их эеийг Цэцдийн зөвлөл зарлах ёстой байтал тэргүүлэгчид зарласан тул хүчингүй болгож өгнө үү” гэснийг шүүх бас л хүсэлт ёсоор болгосон юм. Ингээд харахаар бид Их эеэ хийх гээд байдаг, харин Ж.Ганболд нар нэг бол хийлгэхгүй гацаадаг, эсвэл хийснийг нь хөөцөлдсөөр байгаад хүчингүй болгодог ийм л улс байгаа юм.

-Тэдний яриад байдаг 403 дугаар тогтоол ямар учиртай юм бэ?

-Дөрөвдүгээр “Их Эе” хэлэлцэхээр товлосон бүх асуудлаа хэлэлцэж дуусаад холбооны тэргүүний сонгуулийг явуулахад таван хүн нэр дэвшсэнээс Р.Нямдорж, Б.Сүхбаатар нар үлдэн өрсөлдөж, Р.Нямдорж 90, Б.Сүхбаатар 82 хүний санал авч, Р.Нямдорж найман хүний саналын илүүгээр ялсан юм. Үүний амьд гэрч одоо 160-аад хүн байж байна. Мөн видео бичлэг нь, хүмүүсийн санал өгсөн хуудас зэрэг бүх нотлох баримт нь байж байхад гурван шатны шүүх “сонгууль явсныг үнэлэх боломжгүй байна” гэсэн шийдвэр гаргасан.Тооллогын комиссын дарга нь Ж.Ганболд байсан юм. Х.Баянмөнх, А.Сүхбат, Ж.Ганболд нарын урьдчилан төлөвлөснөөр энэ Их эе дээр МҮБХ-ны удирдлагыг булаан авах байж. Гэтэл энэ зорилгоо хэрэгжүүлж чадаагүй тул Х.Баянмөнх гуай ширээ шааж, элдвийн муухай үгээр харааж зүхэн хурлыг хүчээр тараасан. Энэ бичлэг нь одоо хадгалагдаж байна. Тэд “Хэрэв ялагдвал хурал хаяж явахаар тохирчихсон байсан юм” гэж Г.Бор нотлон хэлдэг юм. Ийм булхайтай, луйвартай юм болсныг дүрс бичлэгээр харуулж нотлоод байхад шүүх тийм шийдвэр гаргасан. Бодит амьдрал дээр ийнхүү Р.Нямдорж ялсан байхад шүүх түүнийг тогтоох боломжгүй байна гэсэн дүгнэлт гаргасан нь эргэлзээ төрүүлдэг. Иймээс бид энэ асуудлаар шүүхэд дахин хандахаар бэлдэж байна.

-Р.Нямдорж тэргүүн биш гэж Ү.Хүрэлбаатар нар яриад байх юм, энэ ямар учиртай юм бэ?

-Манай гүйцэтгэх удирдлага бол тэргүүн, дэд тэргүүн нар юм. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12-ын дөрөвт “Гүйцэтгэх захирал нь өөрийн бүрэн эрхийн хугацаа дууссан нөхцөлд шинээр гүйцэтгэх захирлыг сонгох хүртэл албан үүргээ гүйцэтгэнэ” гэж заасан байдаг юм. Ү.Хүрэлбаатар Р.Нямдоржийг тэргүүнээр сонгогдсон гэж үзээд 2002-2013 оныг хүртэл МҮБХ-ны тэргүүлэгчийн сонгуульт ажлыг хийж байгаад, 2014 онд бусад тэргүүлэгчдийн санал болоод үйл ажиллагааг үл ойшоон хутган үймүүлж, түүнд нь сануулга өгөхөд “Одооноос эхлэн МҮБХ-ны эсрэг үйл ажиллагаа явуулна” гэж заналхийлсны учир тэргүүлэгчээс хөөгдсөн юм. Ү.Хүрэлбаатар өөрийн үзэл бодлоосоо урван өдгөө Р.Нямдоржийг тэргүүн биш гэж үзэж байгаа бол оронд нь сонгогдсон тэргүүн нь яагаад одоо болтол ажлаа хүлээж авахгүй байгаа юм бэ. Тэр тэргүүн нь хаана байна вэ. Хууль мэддэггүй, ямар нэгэн асуудалд мэдлэг мэдээллээр биш, сохор номингийн тэмтрүүлээр ханддаг хүмүүсийн яриа ийм л байгаа юм. Хуульд заасны дагуу бүрэн эрхтэйгээр ажил үүргээ гүйцэтгэж байгаа тэргүүн бол Р.Нямдорж. Түүнээс өөр тэргүүн МҮБХ-нд байхгүй.

-Гэтэл Ү.Хүрэлбаатар, М.Хүдэрбаатар, Х.Баянмөнх, А.Сүхбат нарын хүмүүс Монголын үндэсний бөхийн ээлжит бус Их Эеийг хуралдуулж, тэргүүнээ сонгочихлоо гээд байгаа?

-Х.Баянмөнх, А.Сүхбат, Ж.Ганболд, Д.Амгаа, Ү.Хүрэлбаатар, Ц.Дуламсүрэн нарын зохион байгуулсан “Их Эе” гэх цуглаанд ихэнх бөхчүүд нь оролцоогүй, ирц нь бүрдээгүй. Уг нь тэд бөхчүүд өөрснөө гүйгээд ирэхээс аргагүй болтол Р.Нямдоржийг гутаан гүжирдсэн хар нэвтрүүлэг хийж бараг бүх телевизээр олон хоногийн турш цацаж, сайт, фэйсбүүкийг дүүргэсэн. Гэтэл нөгөө цуглаанд нь улсын цолтой 40 бөх, хэн ч танихгүй хүмүүс очсон байна. Тэд сайн дураараа очсон ч биш нэг хүн рүү гурав, дөрвүүлээ ээлжлэн утасдаж улайран дуудсаар цуглуулсныг тэнд очсон бөхчүүдээс ярьж, зарим нь биднээс уучлал гуйж байна лээ. Бөхчүүд лут нуруутай, гол чиг алддаггүй хэрсүү улс байдаг юм. Тэр ч ёсоор 10 аваргаас гурав нь, 15 арслангаас дөрөв нь, 9 гарьдаас хоёр нь, 25 заанаас зургаа нь л очжээ. Энэ нь Монгол бөхийн асуудлыг шийдэх бүрэлдэхүүн болж чадах уу? Чадахгүй. Энэ юуг харуулж байна вэ гэхээр Монголын бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, судлаачид, жаяг дэгийн багийнхан маань эдгээр хүмүүсийг хэн бэ гэдгийг өмнөх замнал, ажил үйлсээс нь хангалттай сайн мэддэг болсных юм. Тиймээс ч Х.Баянмөнх, А.Сүхбат, Ж.Ганболд, Д.Амгаа, Ц.Дуламсүрэн нар тэдний өмнө ил гарч чадахгүй Ү.Хүрэлбаатар, М.Хүдэрбаатар, Л.Ням нарын ашиг сонирхолтой нөхдийг өмнөө бариад ард нь нуугдаад явж байна. Дээрх хүмүүс хуурамч бичиг бүрдүүлэх, ирээгүй хүнийг ирсэн болгож бичихдээ гарамгай, түүгээрээ шүүхийг хуурахдаа мэргэшсэн хүмүүс л дээ. Нөгөө талаас энэ цуглаан хууль бус болсны хууль зүйн нотолгоо нь прокурор дээр тэдний “нотлох баримтыг шүүхэд хуурамчаар гаргаж өгсөн” үйлдэлд Эрүүгийн хуулийн 253.1-ээр эрүүгийн хэрэг үүсгээд хянаж байхад буюу прокурорын эцсийн дүгнэлт шийдвэр гараагүй байхад яаран хуралдах гэж оролдсон явдал юм.

-Ү.Хүрэлбаатар гуай “Р.Нямдорж, Д.Данзан нар дүрмэндээ “Залгамжлагч” хэмээх үг оруулсан нь үр хүүхдэдээ МҮБХ-г өвлүүлэх гэж байгаа хэрэг юм” хэмээсэн байдаг. Энэ тухайд?

-Биднийг 2002 оноос хойш 2007 он хүртэл идэж ууснаар нь гүтгэж байлаа. Ингээд Монголын бүх хяналт шалгалтын байгууллагаар шалгуулж идэж, уусан зүйл байхгүй байна гэсэн. Ингэснээр биднийг гүтгэх арга нь мухардсан. Бид Монгол бөхийг спорт болоод өв соёл талаас нь хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн цогц бодлого боловсруулан хэрэгжүүлж ажилласан. Монгол бөхөд 50 шинэ зүйл хийсэн. Үүнийг бөхчүүд, олон түмэн, төр засаг мэддэг юм. Зөвхөн бөхчүүдийн бай гэхэд л 1990-ээд оны үед түрүү бөхийн бай 50 төгрөг л байлаа шүү дээ. Мөнгөний ханш 1000 дахин унасан гэвэл түрүү бөхийн бай одоогийн ханшаар 50 мянган төгрөг болно гэсэн үг. Гэтэл одоо түрүү бөхийн бай хоёр сая төгрөг болсон. Бид бөхчүүдийнхээ байг ингэж 40 дахин нэмэгдүүлсэн байна. Тэмцэгчид маань бидний нэр төрийг гутаах, олны дургүйцлийг төрүүлэх өөр нэг юм бодож олсон нь биднийг МҮБХ болон Бөхийн өргөөг үр хүүхдэдээ өвлүүлэх зорилготой ажиллаж байна гэсэн ор үндэслэлгүй гүтгэлэг юм. Гэрчилгээн дээр “Хугацаагүй” гэсэн үг бий. Энэ нь бөхийн холбооны ажиллах хугацааг заасан утгатай болохоос өөрсдийнхөө ажиллах хугацааг заасан үг биш. Мөн гэрчилгээн дээр Р.Нямдорж, Д.Данзан, Д.Мягмар гэсэн нэр байхгүй. Тэгэхээр Ү.Хүрэлбаатар маань хий юм олж хараад тэгтлээ гайхсан юм болов уу? Харин “МҮБХ нь залгамжлагчид шилжинэ” гэдэг бол хувь хүнд юм уу, үр хүүхдэдээ өгнө гэсэн үг биш. Төрийн бус байгууллагын тухай хуульд заасны дагуу дараагийн байгууллагад нь өгнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл МҮБХ-ны үйл ажиллагаа зогссон тохиолдолд залгамжлан үргэлжлүүлэх байгууллагад өмчийг шилжүүлнэ. Ийм ойлгомжтой зүйлийг мушгиж, гүтгэж байгаа нь арга ядсан хүмүүсийн үг юм даа. Дашрамд хэлэхэд Ү.Хүрэлбаатар бид нэг байгууллагад нэгэн сэтгэлээр зүтгэж явсан хүмүүс. Харин одоо Ү.Хүрэлбаатар царай нь мөн ч ярьж байгаа зүйл нь Ж.Ганболд болжээ. Ү.Хүрэлбаатарын хэлээд байгаа бүгдийг Ж.Ганболд ярьдаг байсан юм.

-Монголын үндэсний бөхийн өргөөний 10 хувь буюу 212 сая төгрөгийг Р.Нямдорж авчихсан хэмээн Ж.Ганболд, Ц.Дуламсүрэн, Д.Амгаа нар хэлдэг. Одоо Ү.Хүрэлбаатар гуай бас хэлж байна. Энэ ямар учиртай юм бол?

-Бөхийн өргөө ашиглалтад орохоос хоёр сар гаруйн өмнөөс эдгээр хүмүүс Төрийн өмчийн хороогоор явж, Бөхийн өргөөг хувьчлах асуудлыг шийдүүлэхээр хөөцөлдөж эхэлсэн юм. Тийм учраас бид төр булаацалдаж магадгүй юм байна гэж ойлгоод бөхийн талд давуу эрх байлгахын тулд менежментийн баг тодорхой саналын хувьтай байх хэрэгтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, төрийн оруулсан хөрөнгө 45 хувь, Бөхийн холбооны оруулсан хөрөнгө 45 хувь байх үед менежментийн багийн 10 хувийн саналыг төлөөлөх хүн нь бөхийн талын хүн байхаар шийдвэрлэсэн юм. Энэ асуудлыг 2001 оны тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор тэрхүү 10 хувийн саналыг менежментийн багийн удирдагч Р.Нямдорж төлөөлж байхаар зохицуулсан юм. Энд Р.Нямдорж Монгол бөхийн өргөөний 10 хувийг хувьчлаад авчихсан гэх ямар ч үг, өгүүлбэр байхгүй. Харин Бөхийн өргөөг хувьчлахад хүрвэл МҮБХ 45 хувь дээр нэмэх нь 10 хувь бүгд 55 хувийн төлөөлөлтэй байж, ингэснээр Монголын бөхчүүд ямар ч тохиолдолд Бөхийн өргөөгөө алдахгүй байх нөхцлийг бүрдүүлсэн, бөхчүүдийн эрх ашгийг хангасан тогтоол гаргасан юм. Энэ тогтоолыг гаргахад Ү.Хүрэлбаатар өөрөө оролцож, гарын үсэг зурсан байдаг. Одоо болохоор эвдэрсэн хүний эвлэршгүй зан гарган рекламдаад ярьж байна.

-2014 оны Цэцдийн зөвлөлийн хуралд тэргүүн Р.Нямдорж та хоёрыг ирээгүй гэдэг юм билээ. Та хоёр яагаад очоогүй юм бэ?

-МҮБХ 2014 онд ээлжит Их Эеэ хуралдуулна гээд тэргүүн Р.Нямдорж сонин хэвлэлд “Р.Нямдорж, Д.Данзан нар Их Эеийг хуралдуулаад ажлаа өгнө. Бөхийн холбооны ажлыг хийх хүмүүсийг бөхчүүд маань дотроосоо сонгож, өрсөлдүүлээрэй” хэмээн албан ёсоор мэдэгдэж, улмаар 2014 онд Цэцдийн зөвлөлөө хуралдуулах гээд яг төлөвлөөд байж байтал Ү.Хүрэлбаатар, Ц.Дуламсүрэн, Ж.Ганболд, Х.Баянмөнх, А.Сүхбат нар мөн оны зургадугаар сарын 24-нд Цэцдийн зөвлөлийн хурлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны оролцоотойгоор дайрч хуралдуулсан. Тэгэх мөртөө МҮБХ ээлжит Их эеэ хуралдуулж болохгүй гэсэн захирамж гаргуулчихсан. Манайх ингээд хуралдуулах гэхээр энэ мэт арга хэрэглэж, болиулдаг. Өмнө нь 2006 он, 2010 оны Их эеийг ингэсэн. Сая өөрсдөө хурал хийлээ. Дүр зураг нь ямар болсныг хүмүүс харж, ойлгож мэдэж байна.

-Та нөхдийг шүүхийн шийдвэрийг үл хүндэлдэг, гүйцэтгэдэггүй хэмээн шүүмжлээд байдгийн учир юу вэ?

-2014 оны Цэцдийн зөвлөлийн хурал болж өнгөрсний дараа бидэн дээр тав зургаан хүн ирсэн. Эдгээр хүмүүс “Бид нар эдгээр хүмүүсийн зохион байгуулсан цэцдийн зөвлөлийн хуралд оролцоогүй, бас гарын үсэг зураагүй байтал яагаад бидний гарын үсэгтэй хуралд суусан гэсэн бичиг яваад байгаа юм бэ” гэж асуусан. Тэгэхээр нь бид цагдаад “Шүүхийн шийдвэр гаргахад үндэслэл болсон нотлох баримтыг хуурамчаар гаргаж өгсөн байна, үүнийг шалгаж өгнө үү” гэсэн гомдол гаргасан юм. Цагдаа эрүүгийн хуулийн 253,1 гэдэг зүйлээр эрүүгийн хэрэг үүсгээд шалгасан. Ингээд цагдаагийн мөрдөн байцаалтаар эдгээр хүмүүс Цэцдийн хуралд оролцоогүй болох нь тогтоогдсон юм. Тэр таван хүн “Бид нар Ү.Хүрэлбаатар, Х.Баянмөнх, А.Сүхбат нарын зохион байгуулсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны оролцоотой хуралд ерөөсөө суугаагүй” гэдгээ цаасан дээр бичиж, амаараа хэлж, гарын үсгээ биш гэдгээ цагдаагийн мөрдөн байцаалтад хэлсэн. Гэтэл энэ хэргийг хянасан Сүхбаатар дүүргийн прокурор “эдгээр таван хүн хуралд оролцсон байна” гэсэн хачирхалтай дүгнэлт гарган манай гомдлыг хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргажээ. Прокурорын энэ шийдвэр эцсийн шийдвэр биш. Бид ийм хариу авчихаад дээд шатны прокурорт нь гомдол гаргасан, үүний дагуу одоо хянаж байгаа юм. Тэгтэл эдгээр хүмүүс анхан шатны прокурорын дүгнэлтийг шүүрч аваад хурал цуглаан хийсэн нь хууль бус ажиллагаа тул тэдний хийсэн дээрх хурал гэгч нь хүчингүй болж байгаа юм.

-Ээлжит Их Эеийг он гаргаад хийхээр товлож байгаа юу. Нөгөө талын хүмүүс энэхүү хурлыг Р.Нямдорж хийхгүй гэсэн байрь суурьтай байгаа гэх юм. Энэ талаар?

-Хүмүүс, бас зарим бөхчүүд манай 2016 оны арванхоёрдугаар сард гаргасан мэдэгдлийн утгыг буруу ойлгосон тал байна. Тэр мэдэгдэлд “2017 оны хоёрдугаар улиралд багтаан Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, ээлжит их эеийнхээ товыг тогтооно” гэж бий. Энэ бол хоёрдугаар улиралд Их эеэ хуралдуулна гэсэн үг биш. Одоо хоёрдугаар улирал дуусахад сарын хугацаа байна. Энэ хугацаанд Цэцдийн зөвлөлөө хуралдуулна, Их эеийнхээ товыг тогтооно. Манайх Их эеэ дөрвөн жил тутамд хуралдуулж ирсэн тул ээлжит Их эе 2018 он гаргаад хуралдана.

-Сая болсон ээлжит бус Их эе чинь тэргүүнээс гадна Цэцдийн зөвлөл, тэргүүлэгчдийг бас сонгосон юм уу?

-Бидэнд албан ёсны бичиг баримт шийдвэрээ өгөөгүй байна. Өөрсдийнх нь хэлж байгаагаар Цэцдийн зөвлөлийг байгуулж, Цэцдийн зөвлөлийн даргад Ү.Хүрэлбаатарыг сонгожээ. Бас тэргүүлэгчдийг, хяналтын албыг ч сонгосон гэнэ. Уг нь ийм эрх тэдэнд байхгүй л дээ, бас л хуулийн зөрчил. Нэг сэтгүүлчийн ярьж байгаагаар, бас Ү.Хүрэлбаатарын нотолж байгаагаар, Цэцдийн зөвлөлийн 46 хүний 27 нь Увсын бөхчүүд болсон юм байх. Энэ ч арай дэндэж байгаа хэрэг байхаа даа. Үүнийг учрыг Ү.Хүрэлбаатар Увс олон бөхтэй учраас гэж тайлбарлаж байна лээ. Олон бөхтэй нь ийм эрхтэй байх тухай ямар ч дүрмийн заалт байхгүй. Тэгээд ч Увс хамгийн олон бөхтэй нь бас биш. Тэд ийм юм хийгээд сууж байхаасаа ичихгүй байна л даа. Дашрамд нэг зүйлийг зориуд хэлэхэд тэр хуралд очиж суусан Увсын харьяалал, хамааралтай бөхчүүд, бусад хүмүүст бид ямар ч буруу өгөхгүй. Тэднийгээ ойлгож байна. Багш шавь, нутаг усны нөлөөллийг энэ хуйвалдааны шинжтэй цуглааныг зохион байгуулсан хүмүүс ашигласныг бид ойлгож байна. Ер нь бид 1990-ээд оноос өмнө нэгэнт бий болчихсон байсан нутаг усны үзлийг арилгах, тийм үзэгдэл гаргуулахгүй байх талаар хичээн ажиллаж ирсэн. Үүний тодорхой жишээ нь анхдагч, ахмад, бас халх гэдгийг бодолгүй амжилт илүү гэдгийг үндэс болгон Х.Баянмөнх аваргаа хамгийн түрүүнд Хөдөлмөрийн баатар болгуулсан билээ. Үүнд их баярласнаа аварга өөрөө ярьдаг бөгөөд бидний ийм үзэл гаргадаггүйг бас хэдэнтээ хэлж байсан юм шүү.

-Ү.Хүрэлбаатар гуай “Увсынхан бөхийн өргөөг авах гээгүй, харин Р.Нямдорж хувьдаа авах далд санаатай нь харагдаж байна” гэсэн байх юм?

-Харин тийм байна. Түүний санааны үндэслэлийг өмнө тайлбарласан. Бид Увсынхан ч гэдэггүй юм. Х.Баянмөнх, Д.Амгаа, Ж.Ганболд нар л гэдэг юм. Учир нь Д.Амгаагийн “Одоо Монгол улсад Бөхийн өргөөнөөс өөр авах юм үлдсэнгүй, бид заавал авна” гэж бөхчүүдэд ярьж явсан үг бий. Тэр ч санаагаараа элдэв хэрүүл тэмцэл өрнүүлэн дайрч давшилж, Бөхийн өргөөг гаднын хөлсний хамгаалалтын хүчээр булаан авч, тамгыг дээрэмдэж байсан үйлдлийг нь хүмүүс мартаагүй байгаа байх. 2010 онд болсон ээлжит Их эеэрээ холбооныхоо дүрэмд Бөхийн өргөөний тухай нэмэлт бүлэг оруулаад “1. Бөхийн өргөө бол МҮБХ-ны өмч мөн, 2. Бөхийн өргөөг хувьчилж болохгүй, зээлийн барьцаанд тавьж болохгүй. 3.Бөхийн өргөөтэй холбогдох асуудлыг зөвхөн Их эеэр хэлэлцэнэ” гэсэн гурван заалт оруулан баталгаажуулсан юм. Гэтэл энэ хурлыг тэд шүүхээр хүчингүй болгуулсан. Үүний далд санаа нь Бөхийн өргөөг дур мэдэн авахад нь саад болох дүрэмд оруулсан энэ дархлааг л устгаж байгаа хэрэг л дээ.


Categories
мэдээ цаг-үе

Ү.Хүрэлбаатар: “Их Эе” хуулийн дагуу хуралдаж шийдвэр гарсан болохоор шинээр сонгогдсон тэргүүнээ хадаг сүүтэй угтах хэрэгтэй

“Өдрийн сонин”-й 2017.05.31-ний Лхагва гаригийн №122(5689) дугаараас авч нийтлэв.

Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их Эе” хуралдааныг хуралдуулж шинэ тэргүүнээ сонгосон талаар ээлжит бус “Их Эе”ийг зохион байгуулах ажлын хэсгийн дарга Үржингийн Хүрэлбаатартай ярилцлаа.


-“Их Эе”-ийг хуралдуулах тодорхой журам байдаг байх. Энэ удаагийн “Их Эе” хичнээн хүний бүрэлдэхүүнтэй болж өнгөрсөн бэ. Мөн хууль бус хурал зохион байгуулсан хэмээн МҮБХ-ноос үзээд байгаа шүү дээ?

-Монголын үндэсний бөхийн холбоо бол төрийн бус байгууллага. Тийм болохоор төрийн бус байгууллагын хуулинд нийцсэн өөрийн гэсэн дүрэмтэй газар. Яг одоогоор Монголын үндэсний бөхийн холбооны дөрөвдүгээр “Их Эе”-ээр буюу 2002 онд батлагдсан дүрэм үйлчилж байгаа юм. Яг хүчин төгөлдөр байгаа ганц дүрэм бол энэ. Харин Р.Нямдорж, Д.Данзан нарын барьж яриад байгаа дүрэм бол 2010 оны зургадугаар “Их Эе”-ээр батлагдсан дүрэм. Гэтэл энэхүү зургадугаар “Их Эе”-ээр гаргасан шийдвэрийг гурван шатны шүүх бүхэлд нь хүчингүйд тооцчихсон. Тийм учраас өнөөгийн дэд тэргүүн, тэр үед батлагдсан дүрэм журам бүгд хүчингүй гэсэн үг. Гэтэл 2010 оны хуралдаанаар томилогдсон тэргүүлэгчид өнөөг хүртэл хуралдаж, ямар нэгэн шийдвэр гаргаж байгаа нь хүчин төгөлдөр бус юм аа. Ингэж шүүхийн шийдвэрээр хүчингүй болчихсон хурлын шийдвэрээр тэргүүлэгчид шийдвэр гаргаж яваад байгаа нь хууль бус үйлдэл гэдгийг тодорхой хэлмээр байна. Яг барьж байгаа буюу 2002 оны “Их Эе”-ээр батлагдсан дүрмэнд дэд тэргүүн гэсэн бүтэц байхгүй. Би энэ батлагдсан хүчин төгөлдөр дүрмээ л барин ярьж байгаа юм. Дүрмийн дагуу Монголын үндэсний бөхийн холбооны эрх барих дээд байгууллага нь “Их Эе”. Энэ нь дөрвөн жилд нэг удаа хуралддаг байх ёстой. Гэтэл 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл хуралдаагүй явсаар ирлээ. 2002 оны “Их Эе”-ээр бүх асуудлыг шийдвэрлэсэн ч тэргүүнээ сонгож чадаагүй тарсан. Үүний дагуу Р.Нямдорж “Би тэргүүн байх ёстой, найман хүний дундаас би ялсан. Үүнийг тогтоож өгнө үү” хэмээн шүүхэд хандсан юм. Улмаар Р.Нямдоржийн энэхүү асуудлыг гурван шатны шүүх авч хэлэлцсэн. Эцэст нь Дээд шүүхээс “МҮБХ-ны тэргүүнээр сонгох асуудлаар ээлжит бус “Их Эе”-ийг 2003 оны гуравдугаар улиралд багтааж зохион байгуулахыг МҮБХ-ны Цэцдэд үүрэг болгосугай” хэмээн дүгнэлт гарсан байдаг юм. Энэхүү Дээд шүүхийн шийдвэр сая болсон “Их Эе”-ээр дуусгавар болж байгаа хэрэг. Тэгэхээр 14 жил энэхүү шүүхийн шийдвэрийг Р.Нямдорж биелүүлээгүй байх нь ээ дээ. Үнэхээр энэ хүн тэргүүн юм бол Цэцдийн зөвлөлийг бүрдүүлж, хуралдуулах үүрэгтэй байсан. Үүнийгээ хийхгүй, хийсэн ч гэсэн хууль бусаар зохион байгуулж ирсэн учраас хэрэгжихгүй явсан. Тэр утгаараа шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй хурлаа хийхгүй явсаар 2014 онд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийг албан хуралдуулсан юм. Тэр хуралд Цэцдийн зөвлөлийн 67 хүн бүрдэж, хуралдсан. Энэхүү хуралдаанаар ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулах ажлын хэсгийг томилон гаргасан байдаг юм. Тэрхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нь миний бие орсон. Энэ эрх үүргийнхээ хүрээнд өнгөрсөн жил Их хурлын товыг зарласан байсан. Гэтэл одоогийн тэргүүн нь тухайн үед нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтанд хэрэг үүсгэн шалгуулсан учраас тэрхүү хурал хойшилсон юм. Улмаар холбогдох хууль, хяналтын байгууллагууд шалгаж дуусаад Р.Нямдоржийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гарсан. Тийм болохоор тухайн үеийн ном журмаараа ээлжит бус их хурлыг зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл сая болсон “Их Эе”-ийг хууль ёсны дагуу явуулж, гүйцэтгэсэн гэсэн үг. Хамгийн гол нь 2003 оны Дээд шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу бид их хурлаа хийсэн.Нөгөөтэйгүүр гурван шатны шүүхийн шийдвэр гарчихаад байхад эсэргүүцээд байгаа нь өөрөө хууль бус үйлдэл юм.“Их Эе” 200 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй байж гэмээнэ ирц бүрэлдэнэ гэсэн дүрэмтэй. Харин сая болсон “Их Эе” 85 хувийн ирцтэй буюу 170 гаруй төлөөлөгч оролцсон. Улсын цолтнууд, бөхийн зүтгэлтнүүд болоод орон нутгийн төлөөллүүд өөрсдийн хурлаар сонгогдсон хүмүүс оролцсон албан ёсны “Их Эе” болсон.

-“Их Эе”-д оролцсон бөхийн зүтгэлтнүүд болоод бөхчүүдийн ихэнх нь Увс аймгийн гаралтай хүмүүс байсан хэмээн МҮБХ-ноос мэдэгдсэн. Энэ үнэн үү?

-Хуралд оролцсон бөхчүүдийн ихэнх нь Увсынх байсан гэдэг бол худлаа. Цэцдийн зөвлөлд Увс аймгийн арав гаруй хүн л байсан. Ер нь толгой бөхчүүдийг харахад ихэнх нь Увсынх шүү дээ. Улсын цолтой бөхчүүдийг ангилаад үзвэл хамгийн олон бөхтэй нь Увс аймаг байдаг юм. Тэр ч утгаараа Х.Баянмөнх, С.Мөнхбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь гээд улсын аварга, арслангууд нь оролцохоор тэр хүмүүс өлгөж авч байхгүй юу. Цэцдийн зөвлөлийг аймаг бүрээс сонгоод оруулах гэхээр Увс аймгаас арав гаруй хүн болчихож байгаа юм. Үүнийг бид яах юм. Ямар хүмүүс хэрхэн оролцсон нь бүгд л дүрэм журмынхаа дагуу л зохион байгуулсан. Улмаар Цэцдийн зөвлөл хуралдаж 11 тэргүүлэгчийг сонгосон. Эдгээр тэргүүлэгч дунд Увс аймгийн нэг л хүн бий. Энэ нь улсын гарьд Б.Гантогтох юм. Нэг л хүнийг ингэж сонгоход нийт даяар Увсынх юм шиг ярьж байгаа нь утгагүй л дээ.

-Тэгвэл 2010 онд хуралдсан “Их Эе” яагаад хүчингүй болсон юм бэ?

-Их Эе буюу их хурлыг Цэцдийн зөвлөл хуралдаж, товыг нь зарладаг дүрэмтэй. Гэтэл Цэцдийн зөвлөлөөс зарлалгүйгээр тэргүүлэгч, тэргүүн нь зарлаад 2010 оны зургадугаар их хурлаа хийсэн. Тийм болохоор энэхүү үндэслэлээр зургадугаар их хурал хүчингүй болчихож байгаа юм. Ер нь бол Р.Нямдорж, Д.Данзан нар иймэрхүү хууль бус, цаг авсан, амиа аргацаасан аргаар явсаар байгаад 15 жил боллоо.

-Гурван шатны шүүхийн үндсэн нотлох баримтыг та бүгдийг хуурамчаар үйлдсэн тухай МҮБХ-ноос яриад байгаа. Энэ ямар учиртай юм бэ?

-Хуурамч материал бүрдүүлсэн гэх гомдлыг нь цагдаа шалгаж, шат шатны шүүхээр хэлэлцээд нотлогдохгүй байна гэсэн шүүхийн шийдвэр гарчихсан. Нэгэнт шүүхийн шийдвэр гарчихсаны дараа үүнийг дахин дахин яриад байгаа нь олон түмнийг төөрөгдүүлэх гэсэн утга учир муутай, аргаа барсан хүний үйлдэл. Ер нь яагаад заавал шүүхийн шийдвэрээр их хурлаа хийх ёстой юм бэ. “Их Эе” боллоо гэхэд яагаад зохион байгуулалттай ажил хийж, ирцийг нь бүрдүүлэхгүй байгаа юм. 2014 оны шүүхийн шийдвэрийн дагуу албадан хурал болоход Р.Нямдорж ирээгүй. Өөрөө ирсэн гэдэг юм. Бүр тэр хурлын ирцийг нь бүрдүүлэхгүй байх ажлыг зохион байгуулсан. Энэ бол шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс санаатайгаар бултаж байгаа асуудал байхгүй юу.

-Та бүхний зохион байгуулсан “Их Эе”-ээр гарсан шийдвэрийг Монголын үндэсний бөхийн холбоонд албан ёсоор танилцуулсан уу?

-Одоогоор бол өгөөгүй байна. Уг нь өгөөд байх шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл Р.Нямдорж гэдэг хүн тэргүүн биш гээд 2003 онд сонгогдоогүй шүү дээ. Тэр үеэс хойш тэргүүн бишээр явж байгаа. Тийм болохоор тэргүүн гэж үзээд гаргасан шийдвэрээ танилцуулаад байх шаардлага байхгүй. Сая их хурал болохоос өмнө бөхийн зүтгэлтнүүдийн хурал болсон юм. Тэр хуралд Р.Нямдорж, Д.Данзан нарыг урьсан. Гэвч хуралд хүрэлцэн ирээгүй. Тийм болохоор төлөөлөгч биш хүнийг энэхүү “Их Эе”-д урих ямар ч шаардлага байхгүй юм. Бидний явуулсан албан бичгийг буцаачихна, хүн очихоор доромжлоод хөөгөөд гаргадаг, урихаар ирдэггүй хэрнээ олон юм яриад гоншигоноод байдаг.

-Монголын үндэсний бөхийн холбоог анх санаачлан үүсгэн байгуулсан хүмүүс нь Р.Нямдорж, Д.Данзан, Д.Мягмар, Р.Давааням, Ч.Даваасамбуу хэмээх таван хүн байдаг гэсэн. Харин та нөхдийг энэхүү хүмүүсийн үүсгэн байгуулсан холбоог хувьдаа авах гээд байна хэмээн олон нийтэд тайлбарлаад байгаа шүү дээ. Энэ тухай тодруулахгүй юу?

-Монголын үндэсний бөхийн холбооны улсын бүртгэлийн гэрчилгээг нь хараад би их гайхсан. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр “хугацаагүй”, үүсгэн байгуулагч нь Р.Нямдорж, Д.Данзан, Д.Мягмар гээд биччихсэн байсан. Гэтэл яг одоогийн хүчин төгөлдөр, мөрдөгдөж буй Р.Нямдоржийн гарын үсэгтэй дүрмэнд “Монголын үндэсний бөхийн холбоог өөрчлөн байгуулах, эсвэл татан буулгасан тохиолдолд залгамжлагчид шилжинэ” гээд заачихсан байгаа юм. Тэгэхээр тэр залгамжлагч гэдэг нь хэн юм. Мөн эдгээр хүмүүс наанаа Увсынхан Бөхийн өргөөг авах гээд байна, Бөхийн өргөө ашиглалтад орсноос хойш энэ хэрүүл эхэлсэн гэсэн хөшиг татчихаад, хэрэг дээрээ эрх зүйн бичиг баримтыг өөрсдөө авч байгаа нь энэхүү байгууллагыг хувьдаа авах гэсэн далд санаатай байгаа нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл Бөхийн өргөөний 10 хувийг өөр дээрээ авч буй байдал, дүрмэндээ “залгамжлагч” гэж оруулж байгаа үйлдэл, үүсгэн байгуулагчаар нь өөрийн гурван хүнийг оруулсан нь эцсийн эцэст өөрсдөө Бөхийн өргөөг хувьдаа авах санаатай байгаа гэсэн үг юм.

-Дүрмэндээ дөрвөн жилд нэг удаа “Их Эе” хуралдана гэж заачихсан байдаг гэж байна. Ингэж бодвол дараагийн “Их Эе” ирэх онд болох ёстой биз дээ?

-Энэ бол тэр хүмүүсийн заль мэх. Үнэхээр л энэ дүрмээ барьдаг бол өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа хуралдах байсан юм. Гэтэл хуралдсангүй шүү дээ. Цэцдийн зөвлөл хоёр жилийн хугацаагаар солигдож, шинэчлэгдэнэ гэдэг. Өнөөг хүртэл хэдэн удаа Цэцдийн зөвлөл солигдохоор болж хэдэн удаа хурал хийчих байсан бол. Гэтэл 2002 оноос хойш хурал хуралдуулахгүй, 2014 он хүртэл явсан. Бүр болохгүй болохоор шүүхийн шийдвэрээр албадан хуралдуулсан шүү дээ. Үүнээс харахад Р.Нямдорж хэзээ дүрмээ барьж, хуралдаанаа хийдэг байсан юм. Өөрийнхөө тааллаар аливаа юмыг хийж болохгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, дүрмээ барих үедээ барьдаггүй хэрнээ өөрт ашигтай үе гарч ирэнгүүт дүрэм гэж ярих нь ёс зүйгүй юм. 2018 онд ярьж байгаа шигээ “Их Эе”-ийг хийхгүй. Тэр үед бас нэгэн маргаан гаргаж ирээд л хойшлуулна. Энэ мэтчилэн явсаар дараагийн дөрвөн жил тэргүүн хийнэ. Ингэж олон түмнийг хоёр талцуулж, бөхчүүдийг хагаралдуулж, хууль шүүхийн байгууллагыг доог тохуу хийж болохгүй шүү дээ. Би үүнд л дургүйцээд байгаа юм. Түүнээс биш Р.Нямдорж бид хоёр үе тэнгийн, нэг нутаг усны найзууд шүү дээ. Би шударга үнэний төлөө л явж байна. Би найзын хувьд хэдэн үг хэлье. Одоо миний найз болсон. “Их Эе” хуулийн дагуу хуралдаж шийдвэр гарсан болохоор шинээр сонгогдсон тэргүүнээ хадаг сүүтэй угтах хэрэгтэй. Битгий олон түмнийг талцуулаач ээ гэдгийг хэлмээр байна.

Categories
мэдээ цаг-үе

Р.Нямдорж: А.Сүхбат, Х.Баянмөнх, Ү.Хүрэлбаатар нарын үнэн, худал нь тун удахгүй тогтоогдож ил болно

“Өдрийн сонин”-ы 2017.05.30-ны Мягмар гаригийн 121(5688) дугаараас авч нийтлэв.

Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их Эе”-ийг Х.Баянмөнх, А.Сүхбат, Ж.Ганболд, Д.Амгаа, Ү.Хүрэлбаатар, М.Хүдэрбаатар нарын хүмүүс зохион байгуулан хуралдуулж, холбооны тэргүүнээр “Гацуурт”-ын Л.Чинбатыг сонгосон талаар өчигдөр мэдэгдсэн. Хуралдааны үеэр МҮБХ-ны тэргүүнээр дархан аварга Х.Баянмөнх, дархан аварга А.Сүхбат, Хэнтий аймгийн Бөхийн холбооны тэргүүн М.Хүдэрбаатар, Гацууртын Л.Чинбат нар нэр дэвшсэн. Ингээд эхний гурван нэр дэвшигч нэрээ татаж, Л.Чинбатыг 99.9 хувиар сонгосон гэж мэдээллээ. Энэ үеэр М.Хүдэрбаатар “Энэ хурлаар Үндэсний бөхийн холбоо дэд тэргүүнгүй болсон. Дэд тэргүүний оронд дотоод үйл ажиллагаагаа удирдах Гүйцэтгэх захирлыг ойрын үед томилно гэж шийдвэрлэсэн. Бид энэ хурлын тайланг Бөхийн холбооны хуучин тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан нарт өнөөдөр албан ёсоор хүргүүлнэ. Хуучин удирдлагууд маань энэ шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, ажил, тамга тэмдгээ хүлээлгэн өгнө гэж найдаж байна” хэмээв. Харин үүний дараа Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан, улсын заан Д.Мягмар нар албан ёсоор мэдээлэл хийж, дээрх хүмүүсийн зохион байгуулсан ээлжит бус “Их Эе” нэртэй цуглаан нь хууль бус болсон гэдгийг хэллээ.

Энэ үеэр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж “Энэ цуглаандаа бөхчүүдийг оролцуулахын тулд нэг бөх рүү дөрөв, таван хүн буюу Х.Баянмөнх, А.Сүхбат, Д.Амгаа, Ж.Ганболд, Ц.Дуламсүрэн нар тасралтүй ээлжлэн ярьж, нэг нь айлган сүрдүүлэх, өөр нэг нь аргадан гуйж, гурав дахь нь амлалт өгөх зэргээр уйгагүй ятгасан боловч өдгөө амьд сэрүүн байгаа 10 аваргаас долоо нь, 15 арслангаас 11 нь, есөн гарьдаас долоо нь, 25 заанаас 19 нь, 40 харцагаас 30 нь, 179 начингаас 163 нь тэдний зохион байгуулсан цуглааныг хууль бус гэж үзэн оролцоогүй байна. Ийм цуглааныг Монголын үндэсний бөхийн холбооны “Их Эе” гэж үзэж болох уу. Нөгөө талаас тэдний бөхчүүдийн цуглуулсан тэн хагас нь Увс аймгийн бөхчүүд байгаагийн зэрэгцээ хадам, хүргэн, үр хүүхдээ хүртэл хамж нийлүүлэн, хэвлэл мэдээлийхнийг оролцуулалгүй, хаалттай хурал хийсэн нь энэ цуглаан хуйвалдаан болсныг нотолж байгаа юм. Мөн энэ цуглаан нь “Их Эе”-д төлөөлөгч сонгох тухай МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар баталсан журмыг ноцтой зөрчсөн байна. Дээрх хүмүүс гурван шатны шүүхээр зөв нь тогтоогдсон гэж яриад байгаа Цэцдийн зөвлөлийн хурал нь хуурамч ирц бүрдүүлсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 253.1 зүйлээр хэрэг үүсгэн шалгагдаж, тэр нь тогтоогдон, одоо прокурорын шатанд хянагдаж байгаа юм. Хуулийн үйл ажиллагаа явагдаж дуусаагүй, эцсийн шийдвэр гараагүй байхад хийсэн цуглаан нь хууль зөрчсөн тул холбогдох хууль, дүрмийн дагуу хүчингүй болно гэсэн үг. Х.Баянмөнх, А.Сүхбат, Ү.Хүрэлбаатар нарын нөхөд 2002 онд хуралдсан дөрөвдүгээр “Их Эе”-ээр МҮБХ-ны удирдлагыг булаан авах хуйвалдаан зохион байгуулж ажиллаад ялагдсан юм. Тэгээд гурван шатны шүүхээр явж “Тэргүүнийг сонгох сонгууль явагдсан нь тогтоогдохгүй байна” гэсэн шийдвэр гаргуулсан. Тэр шийдвэр нь үнэнд нийцээгүй. Иймээс энэ асуудлыг бид дахин хөндөнө, үнэнийг тогтоолгоно” гэлээ.

Өнгөрсөн ням гаригт болсон хууль бус гэгдээд буй Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их Эе”-д Увс аймгийн Хяргас сумын харьяат, дархан аварга Х.Баянмөнх, түүний хүргэн дархан аварга А.Сүхбат, Увсын С.Мөнхбат аварга, улсын арслан Ж.Хайдав, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, гарьд Б.Гантогтох, улсын заан Ж.Ганболд, О.Одгэрэл, харцага Ө.Бат-Орших, А.Бямбажав, улсын начин Б.Эрдэнэбилэг, Д.Жанчивдорж, Н.Мөнхжаргал, Б.Насандэлгэр, Ц.Цэрэнхүү, Даваасамбуу, Д.Энхбаяр нарын хуралд оролцсон бөхчүүдийн дийлэнх нь Увс аймгийнх байсан аж.

Уг нь ээлжит “Их Эе”-ийг хуралдуулахдаа бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, засуул цэцдийн төлөөлөл, судлаачид, орон нутгийн төлөөлөл оролцох журамтай байдаг гэнэ. Ийм учраас Монголын үндэсний бөхийн холбоо дээрх цуглааныг жалга довны үзлээр цугласан, нэгнийгээ дарамтлан хүчээр оролцуулсан хурал болсон талаар ярьж байсан юм.

Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан “Эдгээр хүмүүс 2002 оноос МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж бид хоёрыг идсэн ууснаар нь их гүтгэсэн. Тэгээд бидний идсэн уусныг Монгол Улсын хяналт шалгалтын бүх байгууллага шалгасан. Үр дүнд нь нэг ч төгрөгийн дутагдал гаргаагүй, идсэн уусан юм байхгүй гэдгийг тогтоосон. Ингээд хэлэх үггүй болсон Х.Баянмөнх, А.Сүхбат, Ү.Хүрэлбаатар нар хэсэг чимээгүй болсон. Гэтэл саяхнаас өөр нэг шинэ зүйл олж авч л дээ. Тэр нь биднийг Монголын Үндэсний бөхийн холбоог алсдаа үр хүүхдүүддээ өгөхөөр бичиг баримт бүрдүүлж байна гэсэн ор үндэсгүй зүйлээр гүтгэх боллоо. Монголын үндэсний бөхийн холбооны гэрчилгээг авахдаа бүртгэлийн газар хандсан. Үүний дагуу Иргэний бүртгэл мэдээллийн газраас гаргасан гэрчилгээ авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ гэсэн хэдэн заалт, журам бий. Энэхүү журманд тухайн байгууллагын үүсгэн байгуулагч нь хэн бэ гэсэн асуулт байдаг юм. Түүнд нь хэнийг хэлэх вэ гэхээр хамгийн анх үүсгэн байгуулсан хүмүүсийнхээ нэрийг л хэлэх ёстой. Монголын үндэсний бөхийн холбоог Р.Нямдорж, Д.Данзан, Д.Мягмар, П.Даваасамбуу, Р.Давааням хэмээх таван хүн үүсгэн байгуулсан болохоор нэрсээ бичсэн. Энэ бол Монголын түүхэнд тов тодорхой байгаа, худлаа зүйл биш. Ингээд бидний нэрээр гэрчилгээ шинэчлэгдсэн. Одоо бол Нямдорж, Данзан, Мягмар гэсэн гурван хүний нэр дээр бий. Төрийн бус байгууллагыг тодорхой хүмүүс байгуулдаг, дэмждэг. Энэхүү субектийг хэн ч авах боломж байдаггүй. Тэр үүсгэн байгуулагчийн гэрчилгээн дээр Ганболд, Дуламсүрэн, Амгаа гэсэн нэр бичих ямар ч боломж байхгүй. Яагаад гэвэл эдгээр хүмүүс энэхүү холбоог үүсгэн байгуулаагүй шүү дээ. Бид Монголын үндэсний бөхийг спорт, өв соёлын талаас нь хорь гаруй жил бодлого боловсруулж ажиллаж байгаа болохоос биш үхэхийнхээ өмнө энэ холбоог үр хүүхдэдээ аваад өгье гэсэн бодлого, сэтгэл өчүүхэн ч агуулаагүй хүмүүс” гэв.

Энэ үеэр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн Р.Нямдоржтой ярилцлаа.


-Өнгөрсөн ням гаригт Ү.Хүрэлбаатар, М.Хүдэрбаатар тэргүүтэй хүмүүс МҮБХ-ны ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулсан талаар мэдэгдсэн. Тэрээр гурван шатны шүүхээс “Их Эе”-ийг хуралдуулах ажлын хэсгийн ахлагчаар томилсон тухай шийдвэрийг хууль ёсных хэмээн хэлж байсан. Мөн бидний хийсэн хурал хууль ёсны дагуу болсон гэж байна. Энэ талаар та тайлбар өгөхгүй юу?

-Монголын үндэсний бөхийн холбоо байгуулагдаад 50 шинэ зүйл хийсэн тухай ном бий. Тэр номонд 1998 оны арванхоёрдугаар сарын 26-нд ашиглалтад орсон Монгол бөхийн өргөө юм. Бөхийн өргөөг байгуулах хүртэл ямар нэгэн хэрүүл, тэмцэл болдоггүй байлаа. Энэ Бөхийн өргөө хэмээх сав ашиглалтад орсноос хойш Х.Баянмөнх тэргүүтэй Ганболд нарын хүмүүс Бөхийн өргөөг авах зорилгоор тэмцэж эхэлсэн. Улмаар эдгээр хүмүүс 2002 оны ээлжит дөрөвдүгээр “Их Эе”-ийн хурлаар тэргүүнийг өөрчилнө, Бөхийн өргөөг хувьчилж авна гэсэн ойлголттой байсан ч чадаагүй. Ү.Хүрэлбаатар, М.Хүдэрбаатар гэсэн хүмүүс чинь нийгэмд бас их сонин зүйл хийснийг та бүхэн мэдэж байгаа байх. Эдгээр хүмүүсийн зохион байгуулсан хурлаар Бөхийн өргөө, Монголын үндэсний бөхийн холбоог бусдын гарт очихгүй ээ. Энэ хурал хүчингүй, хууль бус хурал болно. Энэ улсад чинь хууль хяналт, цагдаа шүүх гэсэн хүчний байгууллагууд байдаг юм. Гурван шатны шүүхээр бидний талд явсан маргаан тэдний талд гарсан нь үнэн. Ер нь Цэцдийн зөвлөлд жар гаруй хүн бий. Эдгээр хүмүүсийн гурваны хоёр нь буюу 66 хувь нь хуралдаж байж, ээлжит бус “Их Эе”-ийг зарлах дүрэмтэй юм. Шүүхийн шийдвэрийг нэг хүн гүйцэтгэх ёстой шүү дээ. Гэтэл хөндлөнгөөс нь Ганболд, Дуламсүрэн, А.Сүхбат нар орчихсон. Улмаар бусад хүмүүсийг ятгаж, айлгаж, дарамталж байгаад сая нэг юм хурал хийжээ. Тэр хуралд нь таван хүн очоогүй байхад таван хүний хуурамч гарын үсгийг дууриалган хийсэн байна. Аймгийн бөхийн холбооны дарга нарыг янз бүрээр дарамталж байж, итгэмжлэл буюу төлөөний хүн оролцуулах бичиг авсан байна. Тэгэхээр цэцдийн зөвлөлийн хүн биш юу ч мэдэхгүй, танихгүй хүн оролцуулжээ.

-Гурван шатны шүүхийн шийдвэр Ү.Хүрэлбаатарыг ээлжит бус Их эеийг хуралдуулах ажлын хэсгийн ахлагч болохыг тогтоосон гэнэ. Шүүхийн энэхүү шийдвэртэй яагаад санал нийлэхгүй байгаагаа тайлбарлахгүй юу?

-Шүүхийн шийдвэр гаргахад үндэслэл болгох нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн учраас Цэцдийн зөвлөлийг бүрдүүлсэн гэсэн үндэслэлээр тэр хурлаа хийж байгаа юм. Гэтэл одоо тэрхүү хуурамчаар хийсэн зүйл нь цагдаагийн газар эрүүгийн гэмт хэрэг үүсгэгдээд тогтоогдсон. Одоо прокурорын газарт хянагдаж байна. Хүнийг хэлмэгдүүлэхгүйн тулд тав, зургаан прокурор хянадаг. Тэгэхээр хуулийн үйлчилгээ явагдаж байх хооронд хулгайч нохой шиг ийм зүйл хийсэн нь дэндүү ичгүүргүй явдал юм. Гэхдээ би энд худлаа гэж ярина, тэнд Ү.Хүрэлбаатар намайг бас үгүйсгэнэ. Тийм болохоор тун удахгүй Хүрэлбаатар, А.Сүхбат, Х.Баянмөнх нарын үнэн худал нь тогтоогдож, ил болно.

-Ер нь дараагийн албан ёсны “Их Эе”-ийг хэзээ хуралдуулах юм бэ. Хоёр талын асуудал хэзээ эцэслэн шийдвэрлэгдэх бол?

-Энэ оны хоёрдугаар улирал дуусахад гуч хоногийн хугацаа байна. Үүний дараа бид Цэцдийн зөвлөлийн хурлаа хийж “Их Эе”-ийнхээ товыг зарлана. Үүнийг зарим хүмүүс “Их Эе” хуралдахтай андуураад байна. Харин ээлжит “Их Эе” 2018 онд болно. Бүр яараад байгаа бол 2018 он дөнгөж гарангуут хуралдъя гэсэн бодолтой байгаа. Тэр болтол хүлээхийг хүсье. Тэр үед эдгээр нөхдүүд хүмүүсээ өрсөлдүүлнэ биз. Гэхдээ эдгээр хүмүүсийг олон түмэн мэдэж байгаа учраас сонгох нь юу л бол. Эдгээр хүмүүс бөхийнхөө хүрээнд нэр хүндээ алдсан улсууд шүү дээ. Ирэх намраас буюу есдүгээр сараас эхэлж хуралдах болно. Д.Данзан бид хоёр энэхүү албан тушаалаа өгье өө гэж байгаа. Гэхдээ Х.Баянмөнх, А.Сүхбат, Ганболд, Дуламсүрэн нар болоод энэ хүмүүсийн дэвшүүлж буй хүнд суудлаа тавьж өгөхгүй ээ. Эдгээр хүмүүс энэ ажлыг хийж чадахгүй, чадах ч сэтгэл байхгүй. Бид нарын өдийг хүртэл гаргасан амжилт, монгол бөхийн хөгжлийг улам дэлгэрүүлэн, сэтгэл гарган ажиллах хүнд л энэхүү суудлаа өгнө үү гэхээс ашиг хонжоо хайсан хүмүүст өгч болохгүй биз дээ. Бөхийн өргөө байгуулагдаад хорин жилийн ойтойгоо золгож байна. Энэ хугацаанд бид хоёр хувьдаа авах байсан бол аль хэдийнээ авчих л байсан. Гэтэл бидэнд тийм сэтгэл байхгүй. Зүгээр өгсөн ч авахгүй.


Categories
мэдээ цаг-үе

Д.Буяндэлгэр: 50 километрийн зайд 23 настай эмэгтэй түрүүлж, би жаран есөн настайдаа аман хүзүүдэж билээ

Өнгөрсөн долоо хоногт болсон “Улаанбаатар Марафон-2017” олон улсын гүйлтийн тэмцээнд 42 километрийн зайн төрөлд амжилттай оролцсон марафон гүйлтийн спортын мастер, ахмад тамирчин Даваадоржийн Буяндэлгэртэй ярилцлаа.


-“Улаанбаатар марафон-2017” олон улсын гүйлтийн тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе. Энэхүү тэмцээнд оролцсон тамирчдын хамгийн ахмад нь та байлаа шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Би 1945 онд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн хүн. Энэхүү олон улсын тэмцээнд анх зохион байгуулагдаж эхэлсэн 2011 оноос хойш тасралтгүй оролцож байна. “Улаанбаатар марафон” олон улсын тэмцээний 21, 42, 50, 75, 100, 250 километрийн холын зайн гүйлтийн төрөлд бүгдэд оролцож, тодорхой амжилтуудыг гаргаж байлаа. Харин өнөө жилийн тэмцээнд 73 насандаа 42 километрийн зайг таван цаг, хоёр минутын хугацаанд амжилттай гүйж, бариандаа орлоо. Аливаа спорт бусдыг ялж түрүүлэхдээ гол нь биш, өөрийгөө ялж сурах нь чухал байдаг. Марафон гүйлтийн тэмцээн ч гэсэн өөрийгөө ялах, тэсвэр тэвчээртэй болгоход сургадаг их спорт л доо.

-Барианд орохын тулд тасралтгүй гүйсээр л байх уу, эсвэл тусдаа арга жор байна уу?

-Холын марафонд гүйж байгаа бол замдаа амарч, хоол цай уух шаардлагатай болдог. Тасралтгүй гүйгээд байж бас болохгүй. Бүр ядраад байвал тайван алхах, замд тосоод хүлээж байгаа дасгалжуулагч, бариач нараараа хөлөө бариулах тохиолдол байна. Мэргэжлийн автомашины уралдаанд оролцогчид хэдэн тойрог явчихаад машиныхаа дугуйг сольдог биз дээ. Үүнтэй адилхан гүйлтийн тамирчид дор хаяж таван километр газар гүйчихээд амралт авдаг. Гэхдээ назгайраад удаад байдаггүй л дээ. Уралдаан л болсон хойно хурдан гүйж, цаг хугацаагаа тооцоолох хэрэгтэй болдог. Цаг хэмнэж л байвал тамирчинд ашигтай гэдэг нь ойлгомжтой.

-Анх хэзээнээс хөнгөн атлетикаар хичээллэх болсон бэ?

-Хүүхэд байхын л хурдан шаламгай хөдөлгөөнтэй, биеийн тамирын хичээлдээ үргэлж онц авдаг охин байв. Тавдугаар ангиасаа эхэлж гүйлтийн спортоор хичээллэж, сургуулийнхаа аварга болж байсан. Түрүүн хэлсэнчлэн гүйлтээс гадна цанын спортоор хичээллэдэг байлаа. Аравдугаар ангийн сурагч байхдаа Сэлэнгэ аймагт зохиогдсон цанын 5, 10 километрийн зайн уралдаанд түрүүлж, аварга болж байв. Өдгөө Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургуулийн хүндэт самбарт миний хөрөг, гаргасан амжилтуудыг бичсэн байхыг хараад их баярладаг юм.

-Таны насны хүн дөч, тавин километр зайд залуучуудтай хамт гүйнэ гэдэг бахархмаар шүү. Гүйлтийн спортоор хичээллэхэд нас хамаарах уу?

-Миний насны хүн гүйж болохгүй гэсэн хууль байхгүй нь мэдээж. Багаасаа энэ спортоор хичээллэж, гүйж ирсэн болохоор одоо ч орхиж чадахгүй юм. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг шиг хөл гар маань хөдөлж л байвал би гүйхэд болно. Ер нь хүн хөгширч биш, хөшиж үхдэг гэдэг үнэн шүү. Хөгшин бид хоёр өдгөө есөн сайхан үртэй, хорь гаруй ач, зээтэй, өнөр гэр бүл. Би үр хүүхдүүддээ ингэж л сургадаг. Хүн аливаа юманд хөдөлгөөнтэй, авхаалжтай, сэргэлэн байх л хэрэгтэй. Энэ спортын онцлог нь холын зайг, өөрийн нөөц бололцоо, хүч чадлаа хэрхэн тэнцвэртэй зохицуулах арга ухаанаар даван туулдаг. Өдий насны хүн залуучуудтай уралдах их хэцүү л дээ. Гүйлтийн тэмцээнд олон хүн бүртгүүлж ордог. Гэхдээ замынхаа дундаас оролцсон хүмүүсийн гуравны нэг нь шантарч, тэмцээнийг орхидог бичигдээгүй хууль байна. Зарим нь хөл холгох, шөрмөс татах, тэвчээргүй болох гэх мэт шалтгаанаар тэмцээнийг орхидог хүмүүс их бий. Би өдий насалтлаа энэхүү спортоор хичээллэж, олон тэмцээн уралдаанд орсон болохоор, мөн гүйлтийн спортод дур, сонирхолтой учир өдий хүртэл спортоосоо салж чадахгүй л байна. Би нэг ч тэмцээнээс шантарч, замын голоос хаяж үзээгүй. Үүгээрээ би өөрийгөө ялж чадсан хэмээн бодож, бахархдаг.

-Холын зайн марафонд хэдэн хоногоор ч гүйдэг гэсэн. Та хамгийн хол зайд, хэдэн хоногоор гүйж байсан бэ?

-Марафоныг зарим хүмүүс 5, 10 километрийн зайд гүйх гэж бодоод байдаг. Уг нь ч агуулгын хувьд мөн л дөө. Гэхдээ олон улсад марафоныг хагас, бүтэн, хэт холын гэж ангилдаг. Хагас марафон нь 21 километр, бүтэн нь 42, хэт холын марафон нь хоногоор 100-гаас дээш километрийн зайд гүйхийг хэлж байгаа юм. 2013 онд манай улсад зохион байгуулагдсан олон улсын 50 гаруй тамирчин оролцсон хэт холын марафонд зургаан хоног япончуудтай гүйсэн тэмцээн байлаа. Энэхүү уралдаан Өвөрхангай аймгийн Элсэн тасархайгаас гараагаа эхэлж, 250 километрийн зайд зургаан хоног гүйсэн юм. Энэ л миний хамгийн хол гүйсэн, бас их адал явдалтай марафон болсон доо. Гүйлтийн зам бартаа ихтэй л дээ. Өдөрт 60 километр замыг уул хад, өгсүүр, уруу, ус, горхийг туулан явж билээ. Энэ их хэцүү. Жирийн хүн замын дундаас шантарч үлдэх л уралдаан болсон. Нөгөө талаасаа энэхүү уралдаан миний өөрийгөө ялах бас нэгэн шалгуур болж өгсөн.

-Өмнө нь гаргаж байсан амжилтуудаасаа дурдахгүй юу?

-Ер нь би холын зайд гүйдэг хүн. 2013 онд манай улсад зохион байгуулагдсан холын зайн марафоны олон улсын тэмцээнд япончуудтай хамт оролцож, 250 километрийн зайд гүйж, мөнгөн медаль хүртэж байлаа. Мөн гүйлтийн спортоос гадна байт харваа, цана, уулын алхалт, граунд гольф, хийн дасгал, бөөрөнцөг, зээрэнцэг шидэлтийн төрлөөр тус тус хичээллэн, тэмцээн уралдаанд оролцож байсан. Мөн 2013, 2014 онд Багахангайд зохион байгуулагдсан марафон гүйлтийн тэмцээний 50 километрийн зайд 100 гаруй тамирчинтай уралдаж, хоёрдугаар байрт орсон. Тухайн үед 50 километрийн зайн гүйлтэд 23 настай эмэгтэй түрүүлж, би жаран есөн настайдаа араас нь орж, аман хүзүүдэж, мөнгөн медаль хүртэж билээ. Харин амьдралын эрхээр спортоор төдийлөн гүнзгий явж чадаагүй л дээ. Гэхдээ олон сайхан гарын шавь нартай болсон. 1967 онд хуучнаар Багшийн дээдийг багш дасгалжуулагч, эрүүл ахуйч мэргэжлээр төгссөн. Өдгөө 34 жил хүүхдүүдтэй ажиллаж, багш-дасгалжуулагчийн ажлаа хийж л явна.

-Шавь нарынхаа тухайд яриач?

-Өдий наслахдаа олон сайхан шавь нар бэлдэж, гадаад, дотоодын тэмцээн уралдаан явуулж байлаа. Миний хамгийн отгон шавь болох А.Отгонбаяр маань гүйлтийн дөрвөн төрөлд уралдаж, улсынхаа рекордыг шинэчилж байсан. Тухайлбал, 60 метрийн зайг 7.0 секундийн хугацаанд туулж, улсынхаа рекордыг шинэчилсэн. Түүний энэхүү амжилтыг өдгөө эвдсэн, шинэчлэн тогтоосон тамирчин хараахан гарч ирээгүй л байна. Хүндийн өргөлтийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Н.Байгалмаа, Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байсан улстөрч Чимидийн Сайханбилэг миний хайртай шавь нарын минь нэг ээ. Энэ хүүхдийг би 45 дугаар сургуульд анх нэгдүгээр ангид орж ирэхэд нь хүлээн авч, аравдугаар ангийг нь төгстөл биеийн тамирын хичээл зааж, багшилдаг байсан юм. Эдгээр шавь нараараа би их бахархдаг даа.

-Та уулын аялал их сонирхдог, үүгээрээ спортын мастер болсон гэнэ. Энэ тухайгаа ярихгүй юу?

-Уулын аялал үнэхээр сайхан. Ер нь Монголынхоо маш олон хайрханд гарсан л даа. Тухайлбал, Бурхан Халдун, Асралт хайрхан, Өвөрхангай аймгийн Богд, Сэлэнгийн Булган хайрхан, Гүнжийн сүм гэх мэт ууланд явган аялал хийж, оргилд нь хүрч байлаа.

-Бурхан Халдун хайрхан дээр эмэгтэй хүн гардаггүй гэдэг. Та яаж гарсан юм бэ?

-Энэ хайрхан бол эрт дээр үеэс монголчуудын тахин шүтэж ирсэн хүндтэй хайрхан. Эмэгтэй хүн гардаггүй нь үнэн л дээ. Тэр газар Бурхан гээд их сайхан гол байдгийг хүмүүс мэдэх байх. Энэ голын захад эмэгтэйчүүд нь үлдэж, цааш 11 километр газар эрэгтэйчүүд нь алхаж, Бурхан Халдун хайрхан дээр гардаг юм. Харин эмэгтэйчүүд нь Бурхан Халдун хайрханы баруун талын уулан дээр гардаг л даа. Өнгөрсөн оны өвөл, идэр есийн хүйтнээр Багануур хотоос аяллын багийнхан алхсаар Бурхан Халдун хайрхан дээр гарчихаад буцаж ирж билээ.