Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн аварга Д.сумъяагийн аав М.Доржсүрэн: “Аав аа, би дэлхийн аваргын татами дээр аварга болох торгон агшныг мэдэрмээр байна” гэж хэлж байсан шүү

Дэлхийн аварга Сумъяа аав, дүү нарынхаа хамт

Унгарын нийслэл Будапешт хотноо үргэлжилж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд зодоглосон “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт, Дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа жүдо бөхийн түүхэн дэх Монголын дөрөв дэх дэлхийн аварга болов. Тэрбээр дэлхийн аваргын татамид жиндээ А хэсгийг тэргүүлэн барилдаж, эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Европын аварга, багийн дэлхийн аварга, Лондонгийн олимпийн хүрэл медальт, Францын жүдоч Присцилла Ньетог, дараагийн барилдаандаа Хонконгийн тамирчин Льюн По Сумыг цэвэр ялснаар шөвгийн наймд шалгарсан билээ. Улмаар хэсгийн аваргын төлөө Өмнөд Солонгосын жүдоч Квон Юү-жёныг вазари үнэлгээгээр, хагас шигшээд Панамын жүдоч Мирьям Роперыг цаг дуусахаас хоёр минут 38 секунд дутуу байхад цэвэр ялсан юм. Гавьяат тамирчин Д.Сумъяа ийнхүү Монгол Улсаас төрсөн дөрөв дэх дэлхийн аварга, хоёр дахь эмэгтэй аварга, ДАШТ-ээс хос медаль хүртсэн мөн дөрөв дэх жүдоч болж байна.

Энэхүү түүхэн үйл явдлын талаар шинэхэн аваргын аав Манкагийн Доржсүрэнтэй ярилцаж, сэтгэгдлийг нь сонслоо.


-Танд баяр хүргэе ээ. Таны охин ард түмнээ дахин нэг баярлуулж, дэлхийн аварга боллоо. Охиноо дэлхийн аварга болно гэдэгт нь итгэлтэй байсан уу?

-Баярлалаа. Дэлхийн аварга болно гэдэгт нь бүрэн итгэлтэй байлгүй яахав. Ганц би ч биш монголын ард түмэн бүгд л охиныг минь аварга болно гэдэгт итгэж байсан байх аа. Барилдаан бүрт нь биднээс дутуугүй дэмжиж, захыг нь мушгиж суусан ард түмэндээ баярлалаа. Өнгөрсөн жил олимпоос медаль хүртэж, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан охиноороо бахархаж, баярлаж байлаа. Тэр үед мэдэрч байсан баярын сэтгэгдэл хуучраагүй байтал дахин биднийгээ ийн баярлууллаа. Охиноороо бахархаж байна. Мөн охиныг минь өдий зэрэгт хүргэсэн багш дасгалжуулагч, Монголын жүдо бөхийн холбоо, шигшээ багийн хамт олонд нь, тусалж дэмждэг компани, байгууллагуудад нь чин сэтгэлээсээ талархаж байна. Спортын амжилт гэдэг дан ганц тамирчин хүний амжилт биш. Миний охины ард олон сайхан хүмүүс бий. Тэр бүх хүмүүст баярлаж байгаагаа уламжилъя.

Дэлхийн аваргын татами дээр зогсон төрийн дууллаа сонсож байна.

-Аваргын алтан медалийн төлөө Японы залуу жүдоч Цүкаса Ёшидатай барилдсан. Хоёр тамирчны барилдаан нэмэлт цагт шилжиж, нийт 12 минут 56 секунд, бараг 13 минут үргэлжилж, тэсвэр, тэвчээр, ухаан, хүч, бүх боломжоо шавхсан хэцүү барилдаанаас Д.Сумъяа ялалт авч чадлаа. Охиныхоо энэхүү барилдааныг нь хэрхэн хүлээн авч үзэв дээ?

-Ёстой хүч шавхсан барилдаан болсон. Би л лав өмнө нь ийм барилдаан үзэж байгаагүй юм билээ. Монгол хүний тэсвэр тэвчээр, спорт гэж юу байдгийг тод харуулсан барилдаан болсон доо. Тэр Япон бөх ч гэсэн охиноос минь дутахааргүй их мундаг барилдсан. Аргагүй л дэлхийн бөх гэдгээ харуулж байна лээ. Гэхдээ миний охин илүү байсан. Яг аваргын төлөөх барилдааныг нь үзэх гэтэл шууд дамжуулж байгаа телевиз нь кабелийн сувгаар гардаг юм билээ. Барилдаан юу юугүй эхлэх дөхчихсөн. Бушуухан Хороололд байх ахынх руугаа явсан даа. Биднийг очихтой зэрэгцээд барилдаан эхэлсэн. Тэнд манайхан бөөнөөрөө үзсэн дээ. Бүхэл бүтэн 13 минут барилдана гэдэг хүнд. Охин минь их л зүтгэсэн, хоёр нүднээс нь аварга болох хүсэл нь илт харагдаж байсан шүү. Үндсэн цаг дуусч нэмэлт цаг явж эхлэхэд “за алдаа гаргах вий дээ, уг нь илүү барилдаж байна даа” гэж сэтгэл түгшин харж суусан даа.

-Энэ их хүч, хөлс, хөдөлмөр, итгэл найдварын эцэст хүссэн зорилгодоо хүрнэ гэдэг юутай сайхан. Медаль гардуулах мөчид Сумъяа маань баярын нулимс унагаж байсан. Тэр үед охиныгоо хараад уйлав уу, та?

-Би ч уг нь уйлаад байдаггүй хүн л дээ. Гэхдээ охиныхоо олон жил хөдөлмөрлөж, спортод үнэн сэтгэлээсээ зүтгэн, ард олныхоо итгэлийг алдалгүй дэлхийн аварга болж чадсаныг нь бодоод дотроос нэг юм шууд л оргилсон шүү. Уртаас урт 13 минутын дараа ирсэн дэлхийн аваргын алтан медаль шүү дээ. Тэгээд охиныхоо нулимсаа арчихыг нь хараад өөрийн эрхгүй дагаад л уйлсан. Миний охин олимпоос мөнгөн медальтай эх орондоо ирчихээд “Аав аа, би дэлхийн аваргын татами дээр аварга болох торгон агшныг мэдэрмээр байна” гэж хэлж байсан шүү. Аав, ээжийнхээ ачийг миний охин хариулж чадлаа. Ард олныхоо итгэлийг миний охин алдсангүй. Эх орныхоо нэрийг миний охин нэр төртэй дуурсгаж чадлаа, бахархаж байна.

-Таны охин Их спортоор хичээллээд хичнээн жил болж байна вэ. Анх энэхүү спортоор хичээллэж эхлэхэд нь та хэрхэн хүлээн авч байв?

-Миний охин чинь анх зургадугаар ангид байхдаа л “Би бөх болно” гэдэг байсан л даа. Их багаасаа бөхийн спортод сонирхолтой, дуртай хүүхэд байсан юм. Доороо дөрвөн эрэгтэй дүүтэй, айлын том охин шүү дээ. Багын л дүү нартайгаа ноцолдож, тоглож байгаад бөх болох сонирхолтой болсон юм болов уу л гэж боддог. Би ч өөрөө бөхөд хайртай болохоор охиныгоо бөх болохыг нь хориогүй ээ. Тэр цагаас хойш өдгөө 13 жил энэхүү спортоор хичээллэж, зүтгэж, амжилт гарган явж байна даа. Олон сайхан уран бүтээлчид, охины минь талаар кино хүртэл хийлээ. Тийм болохоор түмэн олон охиныг маань биднээс дутахааргүй мэддэг болсон байна (инээв).

Дэлхийн аваргын алтан медалийн төлөөх барилдаан

-Дэлхийн хос медальтан, гавьяат тамирчин Сумъяа хэзээ эх орондоо ирэх бол. Дэлхийн аварга болсноос нь хойш охинтойгоо холбоо барив уу?

-Дэлхийн аварга болсноос нь хойш холбоо бариагүй байж байгаад өчигдөр л интенетээр холбогдлоо. Энэ сарын 4-нд багийн барилдаан нь болох юм байна. Түүндээ оролцчихоод 7-нд наашаа ирнэ гэж байна лээ.

-Та бүхэн охиноо хэрхэн угтан авах бодолтой байна. Ирснийх нь дараа нутаг руугаа явах уу?

-Нутаг руугаа явах үгүйг ирэхээр нь ярьж байгаад болох байх аа. Охин маань эх орондоо ирээд хэсэг хугацаанд амрах байлгүй. Одоогоор хэрхэн угтаж авах талаар ярьж хийсэн юм алга л байна. Гэхдээ ээж, аав хоёр нь охиныгоо тэврээд, үнсэхийг хүсч байна. Охиндоо хайртай шүү. Өнгөрсөн олимпоос медаль хүртчихээд эх орондоо ирэхэд нь ард түмэн нь үнэхээр сайхан угтаж авсан. Бид хоёр хүртэл төдийлөн тухтай уулзаж, үнсэж чадаагүй шүү дээ (инээв). Юутай ч охиноо тосчихоод нутаг буцаж, тариа ногоогоо хурааж авна гэсэн бодолтой байна даа, ах нь.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн аваргын хошой хүрэл медальт Э.Бэхбаяр: Дэлхийн аварга болж чадсангүй, уучлаарай багш аа

Дэлхийн аваргын дэвжээнд төрийнхөө далбааг хоёронтоо мандуулж, хошой хүрэл медальтан болсон Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяртай ярилцлаа.


-Дэлхийн дэвжээнд гурван удаа зодоглож, дэлхийн аваргын хошой хүрэл медалийн эзэн болсонд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Танаар монголын ард түмэн бахархаж байна…

-Баярлалаа. Бөхөө дээдэлдэг ард түмнийхээ сэтгэлээр, багш нарынхаа хүчээр, ар гэр, найз нөхдийнхөө итгэлээр дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэндээ баяртай байна.

Гэхдээ үүнээс илүү амжилт гаргах бүрэн боломжтой байсан ч боломжоо алдлаа. Энэ жил дэлхийн аварга болно гэдэгтээ бүрэн итгэлтэй л байсан. Чадна гэдгээ ч мэдэж байлаа. Гэвч өөртөө дэндүү итгэлтэй байснаасаа болж, барилдаандаа алдаа гаргасан. Шөвгийн наймд Японы Юки Такахашид хоёр оноо алдаж, улмаар ялагдсан. Ингээд дагах барилдаанд өнгөрсөн жилийн Азийн аварга Энэтхэгийн Сандееп Томарыг оноогоор цэвэр ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Болгарын бөх В.Дубовыг ялж, дэлхийн аваргын хоёр дахь хүрэл медалиа хүртлээ. Энэ жилийн дэлхийн аваргын барилдаан санасныг бодоход өрсөлдөгч их ширүүн байв. Багш, дасгалжуулагч, миний ард ажилласан бүх хүмүүсдээ баярлалаа.

-Үнэхээр таныг энэ жил өнгөтэй байгааг, бэлтгэл сургуулилт тань ханачихсан сайн байсныг багш нар тань хэлж байна лээ…

-Тийм ээ. Бэлтгэл сургуулилт сайн байсан. Аварга болно гэдэгтээ үнэхээр итгэлтэй байсан ч санаснаар болсонгүй ээ. Дэлхийн аварга болж чадаагүйдээ сэтгэл гонсгор л байна.

-Гэхдээ дэлхийн хошой медальтан болно гэдэг бас л бахархмаар амжилт шүү дээ. Та өмнө нь Юки Такахашиг дийлж байсан удаатай. Түүнтэй барилдаж байхдаа юу бодож байв?

-Энэ бөхтэй би анх дэлхийн аваргын хүрэл медаль хүртэхдээ гуравдугаар тойрогт таарч байсан. Ер нь их хүчтэй бөх л дөө. Өмнө нь хаячихсан болохоор энэ удаад дийлчих байх гэж санасан маань алдаа болсон. Миний барилдааныг их судалсан байж мэднэ ээ. Унаж байж бөх болно гэдэг шиг надад дийлдсэн тэр Японы бөх дахин таарвал хэрхэн барилдах уу гэдгээ их бодсон нь илт. Би харин өмнө дийлж байсан болохоор энэ удаад бас л ялна гэсэн бодолтой байсан.

Бэхбаярын энэхүү мэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдрийн шилдэг барилдаанаар тодорсон

-Таны барилдсан хэсэгт дэлхийд чансаа өндөр бөхчүүд их орсон. Сугалаа ер нь хатуухан таарчих уу даа?

-Сайн, дэлхийд танигдчихсан бөхчүүдтэй нэг зоонд таарлаа. Нөгөө талаасаа нэг л жинд барилдаж байгаа бөхчүүд учраас хатуухан таарсанд нь баярласан. Хэсэгтээ сайн, сайн бөхчүүдийг дийлж, медалийн төлөө барилдана гэдэг яагаад ч юм сайхан санагдсан л даа.

-Хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн аваргын хос медальтан Болгарын бөх Владимир Дубовтой таарсан. Түүнтэй барилдахдаа бэргэж байсан уу. Сэтгэл зүйн хувьд хэр давуутай байв?

-Дубов бол дэлхийд танигдсан бөх л дөө. Өмнө нь би чинь хоёр удаа дэлхйин аваргын дэвжээнд гараад үзчихсэн. Бас медаль хүртчихсэн болохоор айх, эмээх зүйл байгаагүй ээ. Адилхан дэлхийн аваргаас медаль хүртэж, дэвжээнд гарсан бөхчүүд гэдэг утгаараа зоригтой л барилдсан. Дэвжээнд гарахаасаа өмнө энэ миний сүүлийн боломж, үүнийг л алдвал надад багш нартаа, ард түмэндээ хэлэх үг олдохгүй гэж бодсон. Шуудхан хэлэхэд би энэ бөхийг ялна, дийлнэ л гэсэн бодолтой гарсан. Ингээд хүрэл медаль хүртчихээд өөрийн эрхгүй баярласан даа.

-Дэлхийн аваргаар таны хийсэн мэхийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос уг тэмцээний тав дахь өдрийн шилдгээр тодруулсан. Таны багш Болормаа “Бэхбаяр маань ямар ч мэхийг их даацтай, мэдрэмжтэй хийдэг” хэмээн онцлон хэлж байсан.

-Миний хувьд ихэвчлэн өрсөлдөгч бөхийнхөө хөлд нь орж барилддаг. Ямар нэгэн мэх хийхдээ өөртөө их итгэлтэй хийдэг л дээ. Тэгж байж л оноо авч чадна шүү дээ. Саяны дэлхийн аваргаар нэгдүгээр тойрогт Кыргызстаны бөх Улукбек Жолдошбекогтой таарч барилдсан. Барилдааны үеэр өрсөлдөгч бөх маань ухас хийгээд миний хөл рүү дайрсан. Тэр үед бие зөрүүлээд баруун хөлийг нь тойрч, тэндээсээ ард нь гарч, гараа бэлхүүсээр нь холбосон. Ингээд шууд л өргөж, араараа шидсэн. Улмаар Кыргызстаны бөхийг оноогоор цэвэр ялсан даа. Сүүлд нь миний энэ барилдааныг нэгдсэн холбооноос тэр өдрийн шилдэг барилдаанаар тодруулсан юм билээ. Миний хийж байгаа мэх, техник, хөдөлгөөн бүр хоёр багштай минь салшгүй холбоотой гэж боддог. Багш нарынхаа хүчээр л би өдий зэрэгтэй яваа шүү дээ.

-Дэлхийн аваргаас хоёр дахь удаагаа хүрэл медаль хүртэж, шагналын тавцан дээр зогсож байх тэр мөчид юу бодогдох юм?

-Тавцан дээр гараад хамгийн түрүүн эх орны минь төрийн далбааг барьсан монголчууд маань үзэгчдийн суудалд байна уу гэдгийг харсан. Яг медаль гардуулах мөчид тэнгэрт одсон аавыгаа их бодлоо. Миний аав хүүгээ дэлхийн хошой медальтан болсныг үзсэн бол бахархах байсандаа гэж. Бас багш нартаа очиж баярлалаа гэж хэлмээр санагдсан шүү. Ер нь их сайхан.

-Таны багш Монгол Улсын гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ гуайг олон түмэн андахгүй мэднэ. Нэгэн үед тив дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг гаргаж явсан алдарт бөх шүү дээ?

-Багш маань дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтай, дэлхийн бөх. Дэлхийн аваргын хос медальтан болж багшийнхаа амжилтыг давтсандаа баяртай байна. Уг нь дэлхийн аварга болж багшийнхаа зорьж байсан амжилтыг гаргахыг хүсч байлаа. Даанч болсонгүй дээ. Уучлаарай багш аа. Дараа дараагийн тэмцээнүүдэд илүү их амжилт гарган барилдах болно. Энэ жилийн дэлхийн аваргаар багш маань хамт явж амжаагүй ээ. Миний барилдааныг эх орондоо үзэж, дээлний минь захыг мушгиж суусан.Намайг хүрэл медаль хүртсэнд багш маань үнэхээр их баярласан гэж байсан. Миний энэхүү амжилтын ард чөлөөт бөхийг үнэн сэтгэлээсээ дэмждэг олон хүмүүс, байгууллага бий. Монголын чөлөөт бөхийн холбоо, Үндэсний шигшээ багийн алба, Спортын анагаах ухааны алба, “Хангарьд” спорт хороо, “Алтай констракшин” компани зэрэг намайг сэтгэл зүрхнээсээ дэмжин тусалдаг хүмүүсдээ талархаж байгаагаа илэрхийлье ээ.

-Чөлөөт бөхийн спортоор хичнээн жил хичээллэж байна вэ. Таныг анх ахтайгаа хамт энэхүү спортыг сонирхон хичээллэх болсон гэдэг?

-Тийм ээ. Би эцэг, эхээсээ хоёулаа. Ах бид хоёр нэг насны зөрүүтэй болохоор найзууд шиг л байдаг. Ахыг маань Э.Бөхбаяр гэдэг. Спортын мастер цолтой хүн. Дэрсхэн өссөн айлын хоёр эрэгтэй хүүхэд болохоор чөлөө завгүй л хоорондоо ноцолддог байсан сан. Бид хоёрыг бөх болъё гэхэд аав, ээж хоёр маань дуртайяа зөвшөөрч билээ. Ингээд 2004 онд гавьяат тамирчин А.Энхээ багшийнхаа шавь болж ирсэн дээ. Өдгөө 13 жил Энхээ багш, түүний эхнэр Болормаа багш нартайгаа амьдралын жаргал зовлон, ялалт, ялагдлыг хамт л туулж явна. Ийм мундаг багш нараараа бахархаж бас талархаж явдаг.

-Өнгөрсөн жилийн “Рио”-гийн олимпоор санасандаа хүрч барилдаж чадаагүй. Тэрхүү алдаагаа дүгнэж, ирэх олимпод өндөр амжилт гаргахын төлөө зорьж байгаа байх…

-Тэгэлгүй яахав. Өнгөрсөн жилийн олимпод манай улсаас хамгийн олон тамирчид явсан. Гэхдээ төдийлөн амжилт гаргаж чадаагүй. Миний хувьд ч гэсэн. Эхний тойрогтоо Сенегалын бөх А.Диатад дийлдэж, тааруу амжилт үзүүлсэн. Би юун дээр алдав, юу дутуу байв гэдгээ хожим багш дасгалжуулагч нартайгаа ярилцаж, түүндээ тулгуурлан бэлтгэл сургуулилтаа хийж байна. Ирэх олимпоор юутай ч өнгөрсөн жилийнхээ алдааг давтахгүй ээ. Илүү өндөр амжилтыг гарган, эх орныхоо нэрийг Японы тэнгэрт мандуулах болно.

-Та баруун аймгийн хүн. Нутаг усандаа очих уу. Эсвэл эндээ бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлэн хийх үү?

-Би Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрж, өссөн хүн. Ойрын хэдэн хоног бэлтгэл сургуулилт хийх бодолгүй л байна. Нэг сайхан амарч авна аа (инээв). Нутаг руугаа очих санаа бол байна. Харин амжих нь уу даа. Дараа дараагийн дэлхийн аварга, Азийн аваргаас алтан медаль хүртэхийн тулд одооноос бэлтгэл сургуулилтаа базаах хэрэгтэй. Тамирчин хүнд амрах хугацаа их. Гэхдээ амрах цаг маань одоо болоогүй л байна. Тийм болохоор ард түмнийхээ итгэлийг алдалгүй, гаргасан амжилтаа улам дээшээ ахиулах болно.

Categories
мэдээ цаг-үе

Тайваний нэрт яруу найрагч Юй Си: Монголын яруу найраг уудам тал нутаг шигээ амьдралын гүн ухааныг өгүүлдэг

40 орчим орны 200 гаруй нэрт яруу найрагч, зохиолч, нийтлэлч, орчуулагч, урлаг соёлын зүтгэлтнүүд оролцсон “Дэлхийн яруу найргийн өдрүүд” манай улсад энэ сарын 16-22-ны өдрүүдэд манай улсад анх удаа болж өндөрлөв. Энэ хүрээнд “Байгалийн оюун санаа ба Хүмүүний сэтгэлийн байгаль” хэмээх агуулгын дор Дэлхийн яруу найрагчдын XXXVII их хурал болсон. Энэхүү хуралд Норвегийн Вангийн яруу найрагч “Поэт лауреат”, “Хүлэг баатар” цолтой нэрт яруу найрагч Кнут Өдигард, Испани хэлт яруу найргийн өнөө цагийн сод төлөөлөгч Испанийн нэрт яруу найрагч Хусто Хорхе Падрон, Казахстан улсын төрийн шагналт, суут яруу найрагч Улугбек Оразбайулы Есдаулет, Унгарын Ерөнхий сайдын зөвлөх, нэрт яруу найрагч Гиза Чекс нарын алдар суутнууд ирсэн билээ.

Энэ үеэр дэлхий дахинд нэрд гарсан Тайваний яруу найрагч, Хятадын утга зохиолын шагналт, Дэлхийн урлаг соёлын академийн утга зохиолын доктор Юй Ситэй ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн мягмар гаригт Хүүхдийн номын санд өөрийн уран бүтээлийнхээ дээжээс дурсгал болгон бэлэглэсэн юм.


-Та Монгол оронд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Манай улсад хэдэн удаа ирж байна вэ?

-Би танай улсад өнөө жил тав дахь удаагаа ирж байна. Монголчуудын ёс заншил, аж амьдрал надад үнэхээр дотно, сонирхолтой сайхан санагддаг. Ирэх болгондоо Монголын үзэсгэлэнт байгаль, ёс заншилтай танилцаж, түүгээр нь бахархаж байдаг. Монгол бол үнэхээр аугаа түүхтэй улс юм. Тэртээ 800 гаруй жилийн өмнө дэлхий дахиныг эзэгнэн явсан их гүрэн шүү дээ. Би анх Монголд ирэхдээ цэв цэнхэр тэнгэрийг нь хараад нүд баясаж, өргөн уудам тал нутгийг нь харж сэтгэлээ баясгасан. Ямар гүн цэнхэр тэнгэр вэ, ямар өргөн уудам газар нутаг вэ хэмээн өөрийн эрхгүй дуу алдсан. Тийм болохоор монгол орныг би өөрийнхөө хоёр дахь эх орон хэмээн бодохыг хүсэж байна.

-Дэлхийн яруу найрагчдын ээлжит чуулган манай улсад анх удаагаа зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалтын зорилго юу байв?

-Дэлхийн яруу найрагчдын XXXVII их хурал Монгол Улсад анх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Олон орны алдар цуутай зохиолчид танай улсад бүтэн долоо хоногийн хугацаанд чуулсан. Энэ үеэр би ойрд уулзаагүй олон найз нартайгаа уулзаж, сэтгэлийн онгодоо хөглөлөө. Энэхүү чуулга уулзалтын гол зорилго бол дэлхийн энх тайван, эрх чөлөө, сайн сайхан амьдрахын төлөө байв. Мөн “Байгалийн оюун санаа ба хүмүүний сэтгэлийн байгаль” хэмээх уриан дор тодорхой ажлууд хийгдлээ. Дэлхийн яруу найрагчдын анхдугаар чуулганыг анхлан санаачилж, зохион байгуулсан нь тайвань хүн байдаг.

-Таны уран бүтээлийн багагүй хувийг хүүхдийн зохиол эзэлдэг гэсэн. Саяхан та манай улсын Хүүхдийн номын санд өөрийнхөө бүтээлээс хандивласан. Ямар бүтээлүүд багтав?

-Монголын хүүхэд багачуудад зориулж, өөрийн бүтээсэн “Сайхан сэтгэлт анчин”, “Амин навчны дууль” хэмээх тус бүр гурван боть үлгэрээс бүрдсэн хоёр номоо хэвлүүлэн өнчин ядуу, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд Монголын хүүхдийн төв номын сангаар дамжуулан бэлэглэж байна. Энэхүү хоёр номыг маань Монголын нэрт орчуулагч Доржсүрэнгийн Болдбаатар эх хэлнээ хөрвүүлэн уншигч түмэнд хүргэсэнд талархаж байна. Улс орны ирээдүйг авч явах хүүхэд багачуудыг номонд дуртай болгох нь миний хамгийн гол зорилго. Нялх балчираасаа ном уншиж, номтой нөхөрлөсөн хүн хэзээ ч муу хүн болдоггүй гэдэгт итгэдэг. Тэд нийгмийнхээ манлайлагч нь байдаг юм. Үүнийг би баттай хэлнэ. Миний өдий хүртэл хийсэн уран бүтээл, зохиолуудын ихэнх хувийг хүүхдийн зохиол эзэлдэг. Энэ чиглэлээр чамгүй олон бүтээл гаргасан. Монголын хүүхэд багачуудад бэлэглэж буй дээрх хоёр бүтээлээ таван жилийн өмнөөс бичиж эхэлсэн. Би хүүхдийн зохиолоос гадна яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол, тууж, роман, жүжиг зэрэг төрөл жанраар бичдэг. Өдгөө утга зохиолын салбарт 50 гаруй жил сэтгэл зүрхээ зориулан явж байна даа. Мөн миний зохиолуудад хүнийг хайрлах хийгээд хүний мөн чанарын тухай түлхүү өгүүлдэг. Мөн байгаль дэлхийгээ хэрхэн хайрлах ёстойг зохиолдоо тусгаж өгдөг.

-Утга зохиол, яруу найраг тухайн улс, үндэстний соёл, түүхийг илэрхийлэгч толь нь болдог болов уу. Та Тайвань, Монголын утга зохиол, яруу найргийн ялгаа, онцлогийг хэлэхгүй юу?

-Тэгэлгүй яахав. Хэл бол соёлын амин сүнс. Энэхүү хэлээр үг холбож, утга зохиол, яруу найраг туурвидаг. Мөн хүний сэтгэл зүрхнээс ундран гарч, тодорхой нэгэн утгыг илэрхийлдэг. Тэрхүү утга нь тухайн улс, үндэстний соёл, зан заншил, үүх түүх, ахуй амьдрал, хүмүүсийнх нь ааш занг бүрэн тольтсон байдаг. Тайванийг та бүхэн мэднэ. Манай орон жижиг арал дээр оршин тогтнодог шүү дээ. Харин монгол бол өргөн уудам нутагтай, нүүдэлчин өв соёлтой ард түмэн. Ерөнхийдөө яруу найргийн хувьд адилхан хэв маягаар бичигдэнэ. Гэхдээ зохиол бүтээлдээ өгүүлж буй утга агуулга нь өөр. Монголын яруу найрагчид уудам тал нутаг шигээ гүн ухаанаар шүлгээ тэрлэдэг бол манай зохиолчид тэнгис далайн гайхамшгийг цалгиулан уяхнаар бичдэг. Өөрөөр хэлбэл Монголын шүлэг яруу найраг, зохиолд тэрхүү уудам тал нутаг шигээ амьдралын гүн ухааныг өгүүлдэг хэмээн боддог доо.

-Та өөрийнхөө шилмэл зохиол, уран бүтээлүүдээсээ сонордуулахгүй юу?

-Миний хамгийн алдартай бүтээл “Зам” хэмээх найраглал бий. Энэхүү найраглал маань дэлхийн гуч гаруй улс орны хэлээр орчуулагдан, хэвлэгдэн хүрсэн байдаг. Сонирхуулахад, Энэтхэг улсын Ерөнхийлөгчийн ордонд “Зам” найраглал маань тавигдсан нь нэр төрийн илэрхийлэл хэмээн үздэг. Өдгөө үргэлжилсэн үгийн зургаан ном, яруу найргийн 20 гаруй ном хэвлүүлсэн. Миний бие Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж “Чингис хаан-Хөх тэнгэрийн орны луу” хэмээх уянга туульсын томоохон хэмжээний найраглал бичиж ирүүлсэн бөгөөд энэхүү бүтээлийг маань орчуулагч Д.Болдбаатар яруу сайхан орчуулсан билээ. Уг найраглал Тайваний утга зохиолын сэтгүүлд хэвлэгдэн хятад, англи хэлээр дэлхийн олон оронд түгсэн.


Categories
мэдээ цаг-үе

Удам дамжсан зургаа дахь үеийн бөх улсын арслан Ө.Эрдэнэ-Очирынх

Төв аймгийн “Таван халуун”-ы нэг, Монгол Улсын гавьяат тамирчин, үе дамжсан энгүй хүчит улсын арслан Өлзийсайханы Эрдэнэ-Очирынд өнжлөө. Нэгэн үед дархан аварга Ж.Мөнхбат, аварга д.Хадбаатар, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, П.Дагвасүрэн, Л.Сосорбарам нарын хүчтэнүүд баяр наадмын дэвжээг хотолзтол, үзэгч олныг дуу алдан босон харайтал мөн ч галтай цогтой барилдаж явсан нэртэй цуутай бөхчүүд гэдгийг бөхөө дээдлэх түмэн олон мэднэ. Тэд 1963-1986 оны хооронд Ардын хувьсгалын баяр наадмын найман түрүү, 10 үзүүрийг авч, их шөвөгт 17, бага шөвөгт 39 удаа шалгарч байсан билээ. Эдгээр бөхчүүд дээрх хугацаанд улсын баяр наадмын их шөвөгт найман удаа хоёр хоёроороо шалгаран үлдэж байсан бол 1975 онд Ж.Мөнхбат, П.дагвасүрэн, Д.Хадбаатар, дараа жил нь буюу 1976 онд Д.Хадбаатар, П.Дагвасүрэн, Ө.Эрдэнэ-Очир нар их шөвгийн дөрөвт нэгэн зэрэг шалгарч байжээ. ард түмэн тэдэнд Төв аймгийн “Таван халуун” хэмээх хоч хайрласан нь монголчуудын бахархан дээдэлдэг үндэсний бөхийн тэргүүн эгнээнд багтаж, тэдний соруудын нэгэн үеийн төлөөлөгч болж байсны бодит үнэлгээний тод илрэл гэж хэлж болно.

“Азийн аваргын дэвжээнд

Арван литр ус залгилж

Далаараа биш элгээрээ

Төрийнхөө далбаа руу мөлхсөн

Төв аймгийн харьяатан

Эцгээсээ бусдыг тонгорсон

Эрдэнэ-Очир гавьяатан” хэмээн нэрт яруу найрагч Цэндийн Чимиддорж гуай нэгэнтээ элэглэн бичиж байсан удаатай. Ө.Эрдэнэ-Очир гуайнх хотоос зүүн тийш Хужирбулан дахь амины сууцандаа аж төрөн амьдардаг ажээ. Биднийг очиход арслангийн ач, зээ нар нь бололтой бага насны охид, хөвгүүд хашааны үүдээр инээлдэн зөрөн гарлаа. Хашаан дотор гурван байшин сүндэрлэнэ. Баруун захад нь байх цагаан байшин нь Ө.Эрдэнэ-Очир гуайнх аж. Харин дээд талын тоосгон хоёр давхар байшин нь арслангийн хүргэнийх гэнэ. Цагаан байшингийн хажууханд том цагаан банхар бидэн рүү сүртэй нь аргагүй боргон, хуцаж байна. Энэ аймаар нохой уяа нь алдарвал ч хэцүүхэн юм болно доо хэмээн бодсоор гэрийн хаалгаар яаран орлоо. Биднийг ороход Ө.Эрдэнэ-Очир гуай зочныхоо өрөөнд тамхиа баагиулж, зурагт үзэн сууж байв. Арслангийн хань гаднаас орж ирээд “Хөгшин бид хоёр дээр ач, зээ нар маань хэдэн хоног “нар мандуулж” байгаад сая буцлаа. Манайх чинь дөрвөн залуу, гурван охинтой, өнөр өтгөн айл шүү дээ. Эдгээр долоон хүүхдээс минь төрсөн хорь гаруй ач, зээ нар бий. Ёстой л үрээ танихгүй баян гэдэг нь болсон доо. Удахгүй сургууль орох гэж байгаа болохоор хичээлдээ бэлдэх юм гэнэ” хэмээн ач, зээ нараа өхөөрдөн ярих зуураа тавагтай идээ дөхүүлэн, цай аягалж өглөө. Гэр доторх байдал эмх цэгцгүй, хаа сайгүй тоглоом, хүүхдийн хувцас хөглөрүүлсэн гол эзэд түрүүн бидэнтэй хөхрөлдөн зөржээ. Үндэсний их баяр наадамд 16 удаа шөвгөрсөн хүчит арслан Ө.Эрдэнэ-Очир гуай бидэнтэй хөөрөглөх зуур өнөө жилийн баяр наадмын тухай сэтгэгдлээ хуваалцав. Тэрбээр “Өвгөн ах нь нас дээр гарсан болохоор бие сульдаад, өнгөрсөн наадмаар бараг явчих дөхлөө шүү.(инээв) Харин сайн эмч нарын буянаар яахав босоод л ирлээ. Хүн өтлөнө гэдэг хэцүү юм аа, хүүхдүүд минь. Энэ жилийн баяр наадмыг зурагтаар үзлээ. Их сайхан наадам болсон. Жил жилийн наадам ер нь сайхан л болдог. Өнөө жилийн наадмаар улсын харцагууд их өнгөтэй байлаа шүү. аймгийн арслангууд ч ялгаагүй сайн барилдав. Одоо ч улсын том цолтой залуу бөхчүүд айж, эмээхгүй, зоригтой, дайчин барилддаг болж дээ. Бидний үед том цолтой бөхчүүдтэй барилдахдаа жаахан халгадаг байж билээ. Улсын өндөр цолтой аварга, арслангууд чинь эрэмгий дайчин, сүрээрээ залуу бөхчүүдийн сэтгэлийг “үхүүлдэг” байсан. Харин одооны бөхчүүдэд айж, эмээх зүйл ер харагдахгүй юм. Тийм болохоор сүүлийн жилүүдэд улсын баяр наадамд хэн нь түрүүлж, ямар бөх шөвгөрөхийг тааж хэлэхийн эцэсгүй болсон” хэмээн ярьж суутал Ө.Эрдэнэ-Очир гуайн гэргий “Манайд чинь наадмаар олон хүмүүс ирдэг. Хөгшний найз, улсын том цолтой бөхчүүд бүгд л ирдэг юм” хэмээв. Ө.Эрдэнэ-Очир арслантай нэгэн үед ид барилдаж, улсын өндөр цолонд хүрсэн бөхчүүдээс өдгөө хамгийн ахмад нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, “сээрэн дунгуй”мэхээрээ алдаршсан улсын хурц арслан Цэрэннадмидын Бадамсэрээжид билээ. Тэрбээр Ө.Эрдэнэ-Очир гуайг тусгай хороонд цэргийн алба хааж байхад нь аавынх нь хүсэлтээр гурван жил мэх зааж, барилдах дөртэй болгосон багш нь хэмээдэг.

ГУРВАН ҮЕЭРЭЭ УЛСЫН АРСЛАН ХЭМЭЭХ ЭРХЭМ ЦОЛЫГ ХҮРТСЭН ЦОРЫН ГАНЦ ГЭР БҮЛИЙНХЭН

Өдгөө 81 насны сүүдэрт хүрч буй хүчит арлсан Ө.Эрдэнэ-Очир гуайг удам дамжсан бөх гэдгийг бөх сонирхогчид андахгүй мэднэ. Түүний өвөг эцэг Хас-Очир нь даншигийн арслан байсан бол төрсөн эцэг Өлзийсайхан нь улсын арслан цол хүртэж, гурван үеэрээ Монгол үндэсний бөхийн дээрээсээ хоёрт орох эрхэм цолыг хүртсэн цорын ганц гэр бүлийнхэн юм. Энэ тухайгаа Ө.Эрдэнэ-Очир гуай “Би олон үе дамжсан удамтай бөх. Гэхдээ миний хүч чадал дээд үеийнхээ бөхчүүдийн хаана нь ч хүрэхгүй ээ. Үүнийг маань гэрчлэх нэг түүх болсон юм. Би Авто тээврийн нэгдүгээр баазад бензиний тэрэг барьдаг байлаа. Нэг удаа тээвэрт яваад Лүнгийн товчоонд бүртгүүлээд хоол идэж суутал улаан хүзүүтэй өвгөн надтай хамт яваа жолоочоос улсын заан Ө.Эрдэнэ-Очир гэдгийг маань мэдчихээд надтай уулзаж, миний гарыг барин мэндэлж, бугалганы минь булчинг барьж үзсэнээ “Бөх юм биз дээ, Өлзийсайханы хагаст ч хүрэхгүй юм байна. Аавдаа миний мэндийг дамжуулаарай” хэмээн хүд, хүд инээгээд явж билээ. Тэр хүн улсын арслан улаан хүзүү Дэлэг гэж аавын үеийн цуутай бөхчүүдийн нэг байсан юм санж. Хожим Банзар арслан “Ж.Мөнхбат, С.Цэрэн бид хэдийг барилдаж байхыг харж сууснаа Мөнхбат гол бяртай, сайн бөх юм. Цэрэн, Эрдэнэ-Очир хоёр яах вэ орон гаран бяртай л юм” гэж голоход хажууд нь суусан бөхчүүд “Таны үед энэ хоёр хэр зэрэг бөх байх байсан бол” гэж асууж л дээ. Мань өвгөн арслан “Яахав дээ, хоёрын давааны хатуухан боорцогнууд юм даа” хэмээн голж байсан юм гэнэ лээ. Ингээд бодохоор дээр үеийн бөхчүүд асар бяртай, үнэнхүү хүчтэй бөхчүүд байж л дээ.Манай өвөө даншигийн арслан Хас-Очир гэж их бяртай хүн байсан гэдэг. Түүний аав Саманд бас л даншигийн арслан. Түүний аав Бат-Очир, Бат-Очирын аав Дашдоной нар долоон хошуу даншиг наадмын аварга цолтой сайн бөхчүүд байсан юм гэнэ лээ. Би тэдний зургаа дахь үеийн бөх болж байгаа юм. Энэ сайхан бөхийн удам, хувь заяандаа баярлаж, бахархаж явдаг даа. Аав маань нас ахисан хойноо тав давчихаад ид барилдаж байсан идэрхэн арслан Бадамсэрээжид гуайг зургаагийн даваанд амлаж л дээ.Ингэхэд нь багш маань “Өвгөн арслан надад бууж өгөх гэж амласан юм болов уу, үнэхээр хүч үзье гэж санасан уу” гэж бодоод “Та надтай хүчээ үзэх юм байгаа биз дээ. Аль эсвэл бууж өгөх гэж амласан юм уу” хэмээн асуухад нь “Намайг бууж өгнө гэж бүү горьд. Үнэн хүчээ үзэх л гэж чамайг амлахгүй юу“ гэж аав хээв нэг хэлээд Бадамсэрээжид гуайтай үнэн хүчээ шавхаж барилдаад дийлэлгүй өвдөг шүргэж “Чи аргагүй сайн бөх юм даа. Сайн барилдаарай” гээд үнсэж байсан гэдэг. Манайхан чинь ер нь нас ахих тусмаа бяр сууж, барилдаан нь сайжирдаг онцлогтой юм шиг ээ” хэмээн Ө.Эрдэнэ-Очир гуай аягатай цайгаа оочлоо.

Аранзан Гомбодорж заан, 1961 оны бүх ард түмний анхдугаар спартакиадаар заан цол хүртсэн Эрдэнэ-Очир, Зундуй нар

Монгол Улсын хүчит арслан Лувсанчимэдийн Сосорбарам: ЭРДЭНЭ-ОЧИР ОЙГҮЙ БЯРТАЙ, ЭНГҮЙ ХҮЧТЭЙ БӨХ Л ДӨӨ

Ард түмнийхээ дунд домог болж алдаршсан хүчит бөхчүүдийн нэг нь бярт арслан Ө.Эрдэнэ-Очир гуай билээ. Хэдий өөрийнхөө хүч, тэнхээг эцэг, өвгийнхөө хэмжээнд хүрэхгүй хэмээн ярьж байгаа ч түүний энгүй хүчийг үеийн бөхчүүд нь дурсан ярьдаг. Тэр дундаа арслангийн дотны нөхөр, “Таван халуун”-ы нэг, Монгол Улсын хүчит арслан Лувсанчимэдийн Сосорбарам гуай нэгэн ярилцлагадаа “Эрдэнэ-Очир ойгүй бяртай, энгүй хүчтэй бөх л дөө. Ж.Мөнхбат бид мэт нь бяраар түүнээс дутуу ч гэсэн мань эрээс илүү хурдтай барилддаг байсан тулдаа түүнд хав бариулалгүй бужигнуулж байж, хийг нь тааруулж хаядаг байв. Түүнээс биш хав бариулчих юм бол өнгөрөх нь тэр. Монгол Улсад авто тээвэр үүсч хөгжсөний 50 жилийн ой ойртоод ирэхэд бааз нь Долгорсүрэн зааныг ажлаас нь чөлөөлж, бэлтгэлд гаргасан хэрнээ адилхан жолооч Ө.Эрдэнэ-Очирыг харьж яваа хүн наадамд түрүүлж чадахгүй гэж бодсон ч юм уу ажлаас нь чөлөөлж бэлтгэлд гаргаагүй юм билээ.Тэр үед Долгорсүрэн заан цэл залуу бяр нь амтагдаж ид барилдаж байсан үе. Адилхан жолооч хоёр бөхийг ялгасанд Эрдэнэ-Очирын дургүй хүрч залуу зааныг хаяж, баазынхаа дарга нарт ямар бөх гэдгээ харуулъя гэж дотроо шаралхаж явсан юм шиг байгаа юм. Ойн баяр наадам болж тэрбээр Долгорсүрэнтэй үзүүрт үлдлээ дээ. Нутгийн юм болохоор давчихаасай гэж бодоод дээлийнх нь захыг мушгиж суулаа.Тэгсэн юу болсон гэж санана аа. Эрдэнэ-Очир хав барьцнаас давуулж гуядахдаа Долгорсүрэнгийн шуудагны гадар, дотрыг ширээстэй нь өм татаж гартаа атгаад хоцорсон байж билээ. Олон эгнээ ширээстэй зодгийг өм цөм тасдах нь бүү хэл даавууны ам цуулах амаргүй шүү дээ. Ө.Эрдэнэ-Очир арслан харьж явахдаа идэрхэн хүчтэй заан Долгорсүрэнг тэгж хаясныг нүдээрээ хараагүй бол итгэхийн аргагүй юм болсон. Цаадах чинь номхон дөлгөөн мөртлөө бас чиг аатай золиг шүү. Өөрт нь аятайхан хэлэлгүй амлачихвал шаралхаад хэмхчээд хаячих шахдаг юм. Шөвгийн наймд юм уу дөрөвт үлдсэн үед нь цолны эрэмбээр Ж.Мөнхбат амлахад шаралхаад сүрхий ууртай амьтан гарна л даа. Ж.Мөнхбат аварга түүнийг амлачихаад гарсан хойноо засуулынхаа араар нуугдчихна.Ө.Эрдэнэ-Очир засуулынхаа дэргэд хэсэг зогссоноо дорхноо тайвшраад ир нь дарагдчихна. Тэр үед нь Ж.Мөнхбат эвтэйхэн хөдөлгөж байгаад хаячихдаг байлаа. 1960-аад онд Ө.Эрдэнэ-Очир чөлөөт бөхийн улсын шигшээ багийн тамирчин, хүнд жингийн бөх байлаа. Намайг чөлөөтөөр барилд гэж манай Хөдөө аж ахуйн дээд сургуулийн биеийн тамирын тэнхимийн эрхлэгч гавьяат багш Ишдорж шаардсаар байгаад түүнтэй барилдуулдаг юм байна. Ө.Эрдэнэ-Очир намайг давуулаад шидэхэд нь мост хийж унах гэж байж хүзүүндээ юм оруулчихаад олон хоног зовж зүгээр болгож билээ. Ямар азаар тэр их хүчтэн хүзүүг минь хугалчихаагүй юм бэ гэж одоо болтол бодож явдаг юм. Ө.Эрдэнэ-Очир ер бусын бяртай бөх төдийгүй тун чиг гүндүүгүй, илүү дутуу зангүй, хор шар, атаа жөтөөгүй, тусч сайхан сэтгэлтэй жинхэнэ эр хүн” хэмээн нэгэнтээ дурссан байдаг.

Автотээврийн I баазын жолооч улсын арслан Ө.Эрдэнэ-Очир

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН АНХНЫ УУГАН ТАМИРЧДЫН НЭГ Ө.ЭРДЭНЭ-ОЧИР

Улсын хүчит арслан Ө.Эрдэнэ-Очир гуайнд ирээд хэдийн үд өнгөрсөн байлаа. Ийн суутал арслангийн хань гарынхаа хоолоор биднийг дайлав. Цай, хоол зооглох зуур гэрийнхэн хойморт эгнүүлэн өлгөсөн жаазтай зургуудыг ажиглаж суулаа. Хамгийн анх чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явж байсан үеийнх нь зураг хийгээд дархан аварга Жигжидийн Мөнхбат аваргатай авахуулсан, идэр залуугийнхаа зургийг хүндэтгэлтэйгээр хоймортоо байрлуулжээ. Мөн хагас зуун жилийг хамт туулж буй ханьтайгаа авахуулсан зургаа хүүгийнхээ хуримын зурагтай хамт эгнүүлэн өлгөсөн байв. Энгүй хүчит удам залгасан арслангийн үр хүүхдээс нь Энхтөр хүү нь барилдаж байгаад сургууль соёл гээд больчихсон гэнэ. Гэхдээ тэрээр хүүхэд байхдаа улсын хүүхдийн барилдаанд барилдаж түрүүлээд шонхор цол авч байсан ажээ. Харин арслангийн бага хүү Балдорж улсын наадамд барилдаад хоёр давж гурвын даваанд Б.Бат-Эрдэнэ аваргад унаж байсан удаатай юм санжээ. Гадагшаа сургуульд яваад бас л барилдахаа больсон гэнэ. Том хүү Энхбаяр нь эмч. Жүдогийн шигшээ багийн тамирчдыг эмчилдэг гэв. Ө.Эрдэнэ-Очир гуай “Би 1936 онд хуучнаар Төв аймгийн Баянзүрх сумын нутаг одоогийн Богд-Уулын зүүн суга болох Төрхурхын ам хэмээх газар төрж өссөн хүн. Манай аав, ээж хоёул Дорнод аймгийн Халх гол сумын уугуул иргэд. Аав минь идэр залуудаа Төв аймгийн Баянзүрх суманд суурьшиж, улсын наадамд олон жил барилдаж, хоёр удаа үзүүрлэн, улсын арслан цол хүртсэн хүн. Намайг арван тавтай байхад буюу 1951 оны зун манай долдугаар багийн наадам болов. Наадам үзэх гээд очтол багийн дарга монхор Даваа гуай барилд гэж загнасаар байж барилдууллаа. Би дээлтэйгээ барилдсаар байгаад түрүүлчихэв. Тэр үед бараа таваар ховрыг хэлэх үү байнд авсан дугуй булантай цай, даалимба, дүнсэн тамхиа авчирч өгөхөд ээж минь их баярлаж байж билээ. Харин өнөө цагийн бөхчүүд, улсын баяр наадамд түрүүлбэл дор хаяж хоёр дугуйт, цаашлаад дөрвөн дугуйт авдаг болжээ. Энэ их сайхан. Монгол бөх хөгжиж, мэргэжлийн түвшинд очсоны шинж. Нөгөө талаасаа бөхчүүд маань олны итгэл найдвар, хайр хүндэтгэлийг үргэлжид дээдлэн явах учиртай. Улсын цолонд хүрч болно. Харин тэрхүү цолоо ирэх жилийн наадмаар баталж, цолондоо хүрсэн сайхан барилдаан гаргах учиртай л юм” хэмээн залуу бөхчүүддээ захин хэллээ. Ө.Эрдэнэ-Очир арслан 1957 онд 21 настайдаа үндэсний их баяр наадамд анх удаагаа зодоглож, улсын начин, 1961 онд Монголын бүх ард түмний анхдугаар спартакиадаар барилдаж, улсын заан, хожим 1976 оны баяр наадмаар долоо давж, улсын арслан цол хүртэж саруул сайхан, үнэн хүчит, хурц шаламгай, бат хүчит, саруул сайжрах, гарамгай хүчит, бат орших, чин зоригт, үлэмж бадрах, хичээнгүй нягт, хуурнин шуугигч, хүчит улсын арслан цол, чимгүүдийг хүртсэн билээ. Тэрбээр “Арслан болж байсан үе маань сэтгэлд тодхон үлдсэн. Тэр үед улсын арслан аав маань миний хүү аавынхаа цолонд хүрлээ гэж хамгийн ихээр бэлгэшээж байлаа. Зорьсон хэрэг чинь бүтэж, аавынх нь бодож явсан биелэлээ оллоо гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм” гэв. Ө.Эрдэнэ-Очир арслан чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн хамгийн анхны тамирчдын нэг юм. Тэрбэр энэ тухайгаа “Би дэлхийн аваргад зургаа, олимпод хоёр удаа оролцохдоо хоёр удаа дөрөв, гурван удаа тавдугаар байр эзэлж, шагналт байранд орж байснаас биш медаль авч чадаагүй юм. Тэр үед манай баг тамирчид дэлхийд нэрээ гаргаж явлаа шүү дээ. Би хүнд жинд барилддаг, жин хүрэхгүй бол жингээ нэмэх гэж зовдог байлаа. 1967 онд Энэтхэгт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байхдаа жингээ гүйцээх гэж их хоол идэж, зөндөө ус уусан. Нэгийн даваанд Энэтхэгийн бөхийг ялчихаад маргааш нь Ираны бөхтэй барилдах байлаа. Тэгтэл Монголын бөх Эрдэнэ-Очирын жин хүрэхгүй байгаа учраас барилдуулахгүй гэж шүүгчид шийдсэн юмсанж. Маргааш өглөө нь дөрвөн цагт сэрэхэд маш их хоол унд бэлтгээд ширээ дүүрэн өрчихсөн байв. Ингээд амаараа гартал идэж, уулаа даа. Тэгээд ч жин хүрдэггүй ээ. Яая даа гэж бодож байтал Болгарын бөх Рако Петрович давхиж ирээд “Би чиний жинг нэмж өгнө өө” гээд машиндаа суулгаж спортын ордонд давхиж хүрэн 10 л бүлээн ус уулгаж, нэг консерв, нэг бүтэн талхтай идүүллээ. Жин хүрмээргүй шиг санагдахаар нь өөрийнхөө шуудган дээр хоёр Мөнхийн шуудгийг давхарлан өмсөж трикогоо өмсөөд жин дээр гарч зогслоо. Тэгтэл ашгүй 95,5 кг татаж жин хүрлээ шүү. Жигнүүлж дуусмагц жорлонд гүйн орж уусан их усаа гаргачихаад барилдлаа. Барилдаж байхад ам, хамраар ус олгойдоод их тэвдүүлж билээ. Тэгж тэвдэж байж шагналт дөрөвдүгээр байр эзэллээ. Тэмцээнд оролцож ирээд удаагүй байтал намайг гавьяат тамирчин цолоор шагнасан юм даг” гэлээ. Ийн ярьж суутал гадаа хэдийнэ бүрэнхий болж, бидний буцах цаг болсон байв. Энэ үеэр арслан “За хүүхдүүд минь түр хүлээж байгаарай” гэсээр тавагтай чихэрнээсээ атга дүүрэн авч ажлын амжилт ерөөн бидэнд өглөө. Зургаан үеэрээ үндэсний бөхийн түүхэнд бичигдсэн энэхүү гэр бүлийг залгамжлан Ө.Эрдэнэ-Очир арслангийн зээ нь жүдо, үндэсний бөхөөр хичээллэж буй аж. Зээ хүүгээ улсын цолонд хүрэхийг нь харж чадах болов уу даа гэсээр бидний яриа өндөрлөсөн юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголоос тодорсон чөлөөт бөхийн тав дахь дэлхийн аварга Пүрэвдоржийн Орхон

Олон улсын хэмжээний мастер П.Орхон Парисын тэнгэрт эх орныхоо төрийн далбааг мандуулж буй агшин

“Парис-2017” чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн мөнгө, цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Монгол Улсын хошой аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин олон улсын хэмжээний мастер Пүрэвдоржийн Орхон Монголын чөлөөт бөхийн тамирчдаас дэлхийн аваргын долоо дахь алтан медалийг авчирч, эх орон, элэг нэгтнүүдээ баярлуулсан түүхэн үйл явдал боллоо.

Тэрбээр Парисын дэвжээнд эхний барилдаанаа 2012 оны ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Энэтхэгийн Шилпи Шерантай хийж оноогоор цэвэр ялж, хоёр дахь барилдаанаа Африк тивийн долоон удаагийн аварга Нигерийн Блессинг Оборудудуг цэвэр ялснаар хагас шигшээд шалгарсан билээ. Улмаар “Бээжин-2008”, “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, Пан Америкийн дөрвөн удаагийн аварга Колумбийн Жаклин Рентериа Кастильог оноогоор цэвэр ялснаар алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Улмаар өнгөрсөн лхагва гаригийн шөнө аваргын төлөөх барилдаанд дэлхийн аварга, Европын хошой аварга Украины бөх Юлья Ткачийг 6:3-аар буулган авч Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандуулав.

Тэрбээр 2016 онд олимпийн гурав, дэлхийн арван удаагийн аварга Японы алдарт бөх Каори Ичог “Иван Ярыгин”-ы нэрэмжит тэмцээний алтан медалийн төлөөх барилдаанд 10:0-ээр ялж байв. Японы домогт их аварга К.Ичо 2003 оноос хойш ялагдал гэгчийг “мартаад” байсан босоо аварга гэдгийг олон түмэн санаж буй биз ээ. 13 жилийн турш үргэлжилсэн ялагдаагүй амжилтдаа цэг тавьсан ч үнэхээр босоо аварга гэдгээ Ичо баталж, Риогийн олимпоос дөрөв дэх түрүүгээ хүртсэн юм. Манай улсаас чөлөөт бөхөөр дэлхийн аварга болсон бөх ховор. Дэлхийн хошой аварга З.Ойдов, С.Батцэцэг, дэлхийн аварга Х.Баянмөнх, С.Цэрэнчимэд гээд нийт зургаан алтан медалийг дөрвөн хүн л эзэмшдэг байсан бол одоо Монголоос тодорсон тав дахь дэлхийн аварга, долоо дахь алтан медалийн эзэн Пүрэвдоржийн Орхон боллоо.

ДЭЛХИЙН АВАРГА П.ОРХОНЫ ЭЭЖ Б.ПҮРЭВДУЛАМ: ОХИНЫГОО АВАРГА БОЛОХ ТЭР МӨЧИД ӨӨРИЙН ЭРХГҮЙ УЙЛСАН ШҮҮ

Парисын дэвжээнд гялалзтал барилдаж, дэлхий дахинд эх орныхоо нэрийг дуурсгасан монголын тав дахь тамирчин П.Орхоны талаар түүний ээж Батын Пүрэвдуламтай холбогдож сэтгэгдлийг нь сонслоо.

-Сайн байна уу. Өнгөрсөн лхагва гаригийн шөнө таны охин Парисын тэнгэрт эх орныхоо төрийн далбааг мандууллаа. Монголын чөлөөт бөхийн түүхэнд дэлхийн аварга болсон тав дахь тамирчин боллоо. Охиноо дэлхийн аварга болох тэр мөч танд ямар санагдсан бэ?

-Миний охин санасандаа хүрлээ. Юуны өмнө охиныг маань үргэлж дэмждэг, барилдаан болгонд нь надтай хамт захыг нь мушгин суудаг монголынхоо ард түмэнд чин сэтгэлээсээ баярлалаа. Охиныг маань бөхийн эрдэмд сургаж, олон сайхан амжилт гаргахад нь нөмөр нөөлөг болсон Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр багш нарт нь талархаж байна. Мөн Монголын чөлөөт бөхийн холбооны багш, дасгалжуулагч, тамирчдадаа баярлалаа. Охиныхоо аваргын төлөөх барилдааныг гэр бүлээрээ сэтгэл догдлон байж, үзсэн. Охиныгоо яг аварга болоход нь өөрийн эрхгүй уйлсан шүү. Миний охин олон жил бэлтгэл сургуулилтаа чамбай хийж, хөлс, хүчээ урсгасны үр дүнд дэлхийн бөх боллоо. Алтан медалийн төлөөх барилдаанд Европын хошой аварга Украины Юлья Ткач гэж мундаг бөхийг ялсан шүү дээ. Тэр бөх бас л чанга өрсөлдөгч болох нь харагдсан. Гэхдээ л миний охин, монгол хүн илүү байлаа. Охиноороо бахархаж байна.

-Та охиныхоо талаар илүү тодорхой танилцуулахгүй юу. Бага байхын л барилдах сонирхолтой хүүхэд байсан уу?

-Манайх чинь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын айл. Орхон маань багын л их бөхөд сонирхолтой охин байсан. Нэгдүгээр ангид ороод шатрын дугуйланд хичээллэж, оюуны спортоор гараагаа эхэлж байсан санагдана. Ингээд Орхоныг тавдугаар ангид байхад нь манайх хот руу шилжин ирсэн юм. Улаанбаатарт ирээд олимп, дэлхийн аваргууд олноороо төрөн гарсан 79 дүгээр сургуульд шилжиж, тэндээ арван жилээ төгссөн юм. Охины сургуулиас олимпийн аварга Э.Бадар-Ууган, олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт, дэлхийн аварга С.Цэрэнчимэд нар төрж гарсан юм шүү. Их л бэлгэшээлтэй сургууль гэж боддог. Орхоныг 14 настай байхад нь “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр багшийн шавь болгож билээ. Тэр үеэс л зүтгэсэн багш, шавь хоёрын хичээл зүтгэл ийнхүү гарч байна. Хосбаяр багш үнэхээр мундаг, чөлөөт бөхийн нэрт зүтгэлтэн хүн шүү дээ.

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Орхон айлын хэд дэх хүүхэд бол?

-Манайх долоон хүүхэдтэй айл. Орхон маань манай отгон охин юм. Дээрээ дөрвөн ах, хоёр эгчтэй. Айлын бага ч гэсэн тийм ч эрх охин биш шүү (инээв).

-Танайх бөхийн удамтай юу?

-Миний аав цэргийн начин Бат хэмээх хүн бий. Мөн ах нь аймгийн начин хүн байлаа. Өвөө, ах хоёрынхоо удмыг залгасан мундаг сайн бөх болжээ, миний охин.

-Дэлхийн аварга маань гэр бүлтэй юу?

-Албан ёсоор батлуулсан зүйл бол байхгүй ээ. Гэхдээ олон жил үерхэж байгаа найз залуутай. Та бүхэн мэднэ дээ. Армийн дэлхийн аварга, энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлөн эрэгтэйчүүдийн 70 кг-ийн жинд өрсөлдөж байгаа “Алдар” спорт хорооны тамирчин Н.Лхамгармаа шүү дээ. Манай улсын чөлөөтийн залуу, шилдэг бөхчүүдийн нэг. Сүүлийн хэдэн жил хамт амьдарч байгаа.

-Хоёулаа бөх гэхээр нэгнийгээ их ойлгодог байх. Их сайхан хосууд байна. Та зээтэй болов уу?

-Миний отгон охин чинь жоохон шүү дээ. Хүүхэдтэй болох арай л болоогүй байна. Гэхдээ яваандаа болох нь тодорхой биз. Юутай ч ирэх олимп хүртэл бэлтгэл сургуулилтандаа л анхаарах байх аа. Хоёулаа тамирчин учраас нэгнийгээ ойлгож, нэгнийхээ бэлтгэл сургуулилтыг бүрэн хангаж өгдөг гэсэн. Нэг дэвжээн дээр байгаа улсууд нэгнийгээ сайн ойлгож, сайхан амьдарна гэдэгт нь итгэлтэй байна.

-Таны охин өнгөрсөн “Рио”-гийн олимпийн эрх авч, санасандаа хүрч барилдаагүй ч ирээдүйтэй тамирчин гэдгээ батлан харуулсан.

-Казахстанд болсон олимпийн эрх олгох сонгомол болон чөлөөт бөхийн тэмцээнээс охин минь 58 кг-д барилдаж, эрхээ авч байсан. Японы алдарт бөх Ичог ялснаас хойш монголчуудын төдийгүй дэлхий нийтийн анхааралд өртөж чадсан гэдгийг олон түмэн хэлж л байсан. Риогийн олимпод санасандаа хүрч чадаагүй ч шагналт долдугаар байр эзэлсэн.

-Охин тань сургуулиа төгссөн үү. Аль сургуульд сурдаг вэ?

-Арай төгсөөгүй л байгаа. Энэ жил Шинжлэх ухаан техникийн их сургуулийг төгсөнө дөө. Бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан гээд бяцхан охин маань амжуулах ажил их ээ.

-Таны охин, дэлхийн бөх П.Орхон энэ эрчээрээ ирэх олимпод эх орныхоо нэрийг гаргана гэдэгт эргэлзэхгүй байна…

-Монголчуудынхаа итгэлийг алдалгүй аварга болсон охиноороо үнэхээр бахархахгүй байхын аргагүй юм. Миний охинд илүү амжилт гаргах боломж бүрэн бий. Ирэх олимпод аварга болж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваарай гэж ерөөе өө.

Categories
мэдээ цаг-үе

Б.Жаргалсайхан: Өмнөд монголчуудтай хамтран “Чингис хаан” олон ангит кино хийж байна

Image result for Жүжигчин Б.Жаргалсайхан

Ард түмэн “Хасар“ Жагаа хэмээх алдраар нь хүндлэх, Монгол Улсын гавьяат жүжигчин Бэх-Очирын Жаргалсайхантай ярилцлаа. Тэрбээр сүүлийн үед Өмнөд Монголын уран бүтээлчидтэй хамтран дэлгэцийн түүхэн олон ангит кино хийхээр ажиллаж буй юм.


-Өмнөд Монголын уран бүтээлчидтэй хамтран олон ангит түүхэн кино хийх тухай сонслоо. Ямар кино бүтээх гэж байна вэ?

-Өмнөд монголын нэрт кино найруулагч, уран бүтээлчидтэй хамтран “Чингис хаан” хэмээх түүхэн 50 ангит кино бүтээхээр ажиллаж байна. Хоёр орны кино уран бүтээлчдийн хувьд энэ бол том төсөл. Өмнөд Монголын алдарт жүжигчин Баасан гуайн тоглосон “Чингис хаан” киноноос хойш хориод жилийн дараа хийгдэж буй кино. Хамгийн гол нь манай хоёр орны хамтарсан хамгийн анхны түүхэн уран бүтээл гэдгээрээ их онцлогтой. Мөн энэхүү кино хийгдэж дууссаны дараа Хятадын төв телевиз болох “CCTV”, манай Үндэсний олон нийтийн радио телевизээр нэгэн зэрэг гарч эхлэх юм. Хятадын үндэсний хамгийн том телевизээр энэхүү кино маань ийн цацагдах нь нэг талдаа Монголын үзэсгэлэнтэй байгалийг, соёл, түүхийг сурталчилах, нөгөө талаасаа жуулчдыг татах асар том боломж хэмээн харж байгаа. Энэхүү ажлын хүрээнд ирэх сарын эхээр хоёр орны Соёлын яамны сайд нар уулзаж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. Ингэснээр албан ёсоор энэхүү кино төслийн ажил эхэлнэ. Киноны тухайд Монгол талаас бүх ажлыг миний бие ерөнхийд нь хариуцаж байгаа бол нөгөө талаас Өмнөд Монголын алдарт найруулагч Нинцай хэмээх хүн хариуцан ажиллаж байгаа. Бидний энэхүү ажлыг маань хоёр улсын салбарын яамд дэмжин ажиллаж байгаад баяртай байна.

-Чингис хааны тухай олон кино, уран бүтээлүүд бий. Яагаад ийм кино хийхээр болов?

-Хятадын алдарт найруулагч, жүжигчин Нинцай хэмээх уран бүтээлчтэй би жил гаруй энэхүү киноны тухай ярьж, уулзсан. Ийм сайхан түүхэн уран бүтээл хийе гэдэг санааг хамгийн анх гаргасан Нинцай найруулагчийн хувьд Их хааны тухай уран бүтээл хийх мөрөөдөлтэй, олон жил дотроо бодож явсан юм билээ. Улмаар энэхүү киног хийх зайлшгүй шаардлагатай гэж бодсоны үндсэн дээр ханцуй шамлан ажилдаа орсон. Түүхэн киног бүтээхийн тулд хоёр орны төр, засгийн дэмжлэг их хэрэгтэй. Тийм болохоор Нинцай найруулагч өөрийн орны Соёлын яамтайгаа, би эндээ холбогдох хүмүүстэй уулзаж, “Ийм түүхэн кино бүтээх гэж байна” хэмээн хүсэлт гаргасан. Хоёр орны Соёлын яам бидний энэхүү санааг их нааштай, тааламжтай хүлээн авсан. Ингээд манай Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр гуай энэхүү ажлыг хариуцан өнгөрсөн долдугаар сарын сүүлээр Хятадын Хэвлэл мэдээлэл, кино радио телевизийн дэд сайд Тунг Гангтай уулзаж, албан ёсоор баталгаажуулсан юм. Мөн Хятад улсын төрийн тэргүүн Си Зиньпиний санаачилсан “Нэг зам,нэг бүс” хэмээх төслийн хүрээнд хийгдэж буй эхний ажил нь энэхүү “Чингис хаан” кино байх юм. Энэ кино хийгдсэнээрээ олон улсад Монголын соёл, урлагийг таниулах, сурталчилах өндөр ач холбогдолтой. Мэдээж хэрэг Чингис хааны тухай Орос, Япон, Хятад, Франц, Америк зэрэг олон орон кино хийж байсан. Гэтэл монголчууд хамгийн их суурьшдаг Өмнөд Монгол, Монгол Улс нэгдэж, энэ аугаа хүний тухай кино хийж байгаагүй юм билээ. Үүнийг бид их онцлон үзэж байгаа.

-Түүхэн олон ангит кино бүтээхэд тодорхой хэмжээний зардал гарах нь ойлгомжтой. Зардал, хөрөнгөө хэрхэн шийдсэн бэ?

-Тэгэлгүй яахав. Аливаа уран бүтээлийг хийхэд хөрөнгө мөнгө их чухал. Хоёр орны хамтарсан энэхүү түүхэн кинонд шаардагдах хөрөнгийн ихэнхийг нь Хятад улс гаргаж байгаа. Мөн энэхүү уран бүтээлийг маань таатай хүлээн авч, тусалж дэмжсэн хүн бол манай улсад суух Хятадын соёлын төвийн дарга Хасбагана юм. Ер нь олон ангит уран бүтээл хийнэ гэдэг амаргүй их ажил. Гэхдээ эдгээр олон хүмүүсийн тус дэмээр болдог л юм.

-Энэ кинонд хааны тухай хэрхэн өгүүлэх бол?

-Өмнөх гарч байсан Чингис хааны тухай киноноос туршлага ч гэх үү авах зүйлийг нь авна. Ер нь бол түүхээ л барих ёстой. Түүхээ үнэн зөвөөр нь гаргаж өгнө. Киноны үйл явдлын хувьд Чингис хааныг төрснөөс нь эхлүүлээд Их Монгол Улсын хаан болсон буюу 1206 оны түүх хүртэл харуулахыг зорьж байна. Ер нь Чингис хааны тухай монголчууд ч гэлтгүй гадаадынхан их сайн мэддэг болсон. Тэгэхээр бид энэхүү киногоо одоогийн залуучуудад үлгэр дууриалал авах, сургамж болох талаас нь бүр ирээдүйд нь нөлөөлөл болохуйц хэмжээнд гаргах болно. Хүний амьдралд ямар их саад бэрхшээл байдгийг, хүн өөрөөрөө хөдөлмөрлөж байж, ямар их хөлс хүчээ урсган амжилтад хүрч болдгийг киногоороо залуучуудад харуулах болно. Хүнээр өөрийгөө тойруулах биш, чи өөрөө юм хийгээд бүтээчихсэн бол хүн чамайг аяндаа тойрон хүрээлдэг гэдгийг нийгэмд ойлгуулахыг хичээнэ. Өөрөөр хэлбэл хүмүүс тэр дундаа өнөөгийн залуучууд бидний бүтээх Чингис хаан киног үзээд ирээдүйн хүсэл, зорилго руугаа тууштай зүтгэж, түүндээ хүрэхийг хичээх болно. Үүн дээр л их анхаарч уран бүтээлээ хийх бодолтой байна.

-Одоогоор киноны бэлтгэл ажил явагдаж байгаа болов уу. Ер нь хэдийгээр зураг авалтандаа орох вэ. Мөн хэзээ энэ кино үзэгчдэд хүрэх бол?

-Бэлтгэл ажил ид явагдаж байна. Киноны маань зохиол бичигдээд эхэлчихсэн. Хоёр орны түүх судлаач нар, ялангуяа XIII зууны түүхийг судалдаг нэрт эрдэмтдийн санаа оноог зохиолдоо тусгаж өгнө. Улмаар ирэх оны намар киноныхоо зураг авалтыг эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Намар гэхээр өвлийн зураг авалтаар л эхэлнэ гэсэн үг. Гол зураг авалтуудаа эх орондоо бүр түүхэн үйл явдал болсон тэрхүү газар нь очиж авах болно. Мэдээж хэрэг хоёр орны хамтарсан уран бүтээл болохоор Өмнөд Монголын Шилийн гол аймгийн нутагт мөн зураг авалт явагдана. Түүхэн олон ангит кино учир цаг хугацаа их шаардлагатай. Бидний ярьж, төлөвлөж байгаагаар энэхүү уран бүтээл маань 2019 оны сүүлээр үзэгчдэд хүрэх болов уу.

-Энэхүү киноны гол дүрүүдэд аль улсын жүжигчид түлхүү тоглох бол. Тэр дундаа Чингис хааны дүрд хэн тоглох нь сонин байна?

-Түүхэн кино учир тодорхой хэдэн дүр бий. Их хаан, түүний өрлөг жанжинг, хатдууд гэх мэт. Энэхүү дүрүүдэд мэдээж хэрэг хоёр орны шилдэг жүжигчид тоглоно. Уран бүтээл хийхдээ хоёр талаасаа ижил тэнцүүхэн оролцоно гэж ярьсан. Манай талаас нэг найруулагч байлаа гэхэд нөгөө талаас мөн найруулагч байна. Харин ямар дүрд хэнийг тоглуулах вэ гэдгээ сонгон шалгаруулалтаар л шийднэ. Хоёр улсын нэртэй жүжигчид тухайн дүрийг хэрхэн бүтээж байна, тохирч байна уу үгүй юу гэдгийг найруулагч, олон хүний шүүлтээр шийдэгдэх асуудал юм. Чингис хааны дүрийг ч гэсэн ийм шалгуураар сонгож, үнэхээр энэ хүний дүрд тохирох үгүйг хоёр талаасаа харгалзан үзнэ.

Хятад Монголын хамтарсан “Чингис хаан” кино төслийнхний уулзалт

-Таны хувьд энэ кинонд ямар нэгэн дүрд тоглох уу?

-Монгол талаасаа энэхүү уран бүтээлийг гардан хариуцаж байгаа хүний хувьд ажил их л байна. Жүжигчин хүнийхээ хувьд энэ том уран бүтээлд тоглох хүсэл бол байгаа. Юутай ч сонгон шалгаруулалтад нь орно гэсэн бодолтой байна. Түүхэн кино, олон түмний хамгийн сайн мэдэх Чингис хааны тухай учир дүр сонголт үнэн байх хэрэгтэй. Зөв байх учиртай.

-Ийм том уран бүтээлийн төсөл дээр ажиллаж байгаа болохоор зав зай муутай л яваа байх. Энэ зун ер нь амарч чадав уу. Та хаагуур наадав?

-Манай театрын амралт зургадугаар сарын сүүлээс эхэлсэн. Гэхдээ миний хувьд амарсан гэхээсээ илүү энэ ажлынхаа нэг ч гэсэн хэсгийг амжуулах гээд завгүй л явлаа. Сая наадмаар ч гэсэн завгүй, гэхдээ үндэснийхээ баяр наадмыг цэнгэлдэх рүү хальт орж үзсэн. Их сайхан наадам болсон. Бөхчүүд нь өнгөтэй, морьд нь хурдан, сур нь мэргэн, үнэхээр олныг баясгасан сайхан наадам боллоо. Ерөнхийдөө энэ зуны амралтаа их л ажил хэрэгч байдлаар өнгөрүүллээ. Жил бүрийн наадмаар залуу бөхчүүд улсын цол хүртэж байна. Энэ нь их сайхан, үндэсний бөх хөгжиж байна. Гэхдээ улсын цол авчихаад дараа жил нь тэрхүү цолондоо хүрч, баталж байх хэрэгтэй юм болов уу гэж бодох юм. Наадмаар хэн түрүүлэхийг хэлж, тааж мэдэхгүй болсон байна шүү дээ. Тэгэхээр манай үндэсний бөх мэргэжлийн түвшинд хүрчихсэн гэхэд хилсдэхгүй болж.

-Наадам, бөх гэснээс таныг багадаа үндэсний бөх, чөлөөт бөхөөр хичээллэж, тэр ч бүү хэл 1981 онд сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн нэрэмжит чөлөөт бөхийн барилдаанаас мөнгөн медаль хүртэж байсан гэдэг. Энэ тухайгаа сонирхуулахгүй юу?

-Сурагч байхдаа бөхөөр хичээллэж, тухайн үедээ үеийнхэнтэйгээ гайгүй барилдаж байсан, эргээд бодоход. Жаран дөрвөн оны луу жилтэй бөхчүүдийн ихэнхтэй нь барилдаж байлаа. Би 1981 оны Үндэсний бөхийн улсын аваргаар Пионерийн ордноос орж байсан юм. Тэр үед барилдаж байсан луу жилтнүүдийн ихэнх нь өдгөө улсын цолонд хүрчихсэн байна. Тухайлбал дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ арслан, том Сүхбат, Баярсайхан заан, Жавхлантөгс, Гармаабазар, Ганбаатар нарын улсын өндөр цолтой үеийн бөхчүүд өчнөөн байна. Эдгээр бөхчүүдтэй бүгдэнтэй нь л сайхан найз нөхдийн харилцаатай, хааяа уулзаж, ярьж хөөрдөг л юм. Ер нь их олон сайхан бөх найз нар бий л дээ.

-Бөхийн эрдэмд суралцаж байсан хүү, гэнэт яагаад жүжигчин болов оо. Таныг бөхөөрөө явсан бол өдийд улсын цолтой хүчтэн байх байсан хэмээн домогт луу жилтэнгүүд тань дурсдаг юм билээ.

-Би чинь хөдөөний хүүхэд шүү дээ. Хөдөө байхдаа л “Алтан Москваг зорьсон

Ухаант жанжин Сүхбаатарыг

Намрын хонгор салхи

Найртай сайхнаар угтав

Алтан Кремлийн цогт орой

Алсаас тодхон гялалзана” хэмээх шүлгэнд байх “алтан” Москва гэж ямархан сайхан газар байдаг юм бол, үзэх юмсан гэж их л мөрөөддөг байлаа. Ингээд хөдөөний хүү хотод шилжин ирж бөх болох санаатай, бэлтгэл сургуулилт хийж байлаа. Нэг өдөр манай ангийн Сүхээ хэмээх хүүхэд над дээр гүйж ирээд “Москвагийн театрын их сургуулийн жүжигчний ангид хэдэн хүүхэд шалгаруулж авах гээд манай сургууль дээр Жарантав гуай ирчихсэн байна. Тэгээд биерхүү хүүхдүүдийг авна гээд явж байна. Чи яг таарах юм байна, очооч” гэв. Тэгэхээр нь би “Юун жүжигчин болох. Тэмцээн дөхөж жингээ нэмэх гээд “үхэх” гэж байхад” гэлээ. Тэгсэн манай найз “Үгүй ээ чи чинь алтан Москва явж үзэх юмсан гээд үглээд байдаг биз дээ” гэхээр нь “ Нээрээ ч тийм дээ, тэнцээд Москва явахаар бол сайхан даа” гэж бодсон. Ингэж л Москва хэмээх үлгэрийн мэт орныг үзэх гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдөн явсаар жүжигчин болсон доо. Гэхдээ бөх болсон бол өдийд улсын том цолонд хүрчихсэн л байх байлаа (инээв). Үеийн бөхчүүд хааяа уулзахаараа миний тухай ярьдаг л юм. Манай Баярсайхан заан “Бид чамайг “Их асарын өмнө” хэмээх номондоо оруулсан шүү” гэдэг. Харин хөөрхий том Сүхбат маань нэг телевизэд ярилцлага өгч байхдаа “Нэгэн үеийн луу жилтнүүд хоорондоо их үзнэ. Бид дунд одоогийн энэ жүжигчин Хасар Жагаа чинь их сайн байлаа шүү дээ. Харин цаад золиг чинь жүжигчний сургуульд явснаар, нэг “гай” ч гэсэн бидний замаас холдсон юм” хэмээн маазарч ярьсныг нь би сонсчихоод “Ай хөөрхий. Тэгвэл ч би бас эдгээр хүчит луу жилтнүүд дундаа гайгүй байжээ” хэмээн бодож билээ (инээв).

Categories
мэдээ цаг-үе

​М.Түмэнбаяр: 2020 оны олимпод оролцож, өөрөөсөө гарч болох бүх боломж, хүч чадлаа дайчлах болно

“Өдрийн сонин”-ы 2017.08.17-ны дугаараас авч нийтлэв.

Манай улсад олимпийн таеквондогийн спорт сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж, тамирчдын техник, ур чадвар богино хугацаанд өсч байна. Өнгөрсөн “Рио-2016” олимпод манай улсаас анх удаа таеквондогийн төрөлд оролцох эрхийг П.Тэмүүжин авч, энэхүү спортын түүхэнд шинэ хуудас нээсэн. Тэрхүү амжилтыг үргэлжлүүлэн монгол тамирчин мөн анх удаа Гранпри тэмцээнд оролцох эрх аваад байна. Ингээд олимпийн эрх олгох, оноо цуглуулах хамгийн том тэмцээнд оролцохоор болсон Үндэсний шигшээ багийн гишүүн, “Алдар” спорт хорооны таеквондогийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Моломын Түмэнбаяртай ярилцлаа.


-Олимпийн жиндээ шилдэг 32-т багтаж, Гранпри тэмцээнд оролцох эрхээ авсан анхны монгол тамирчин болсонд баяр хүргэе. Энэхүү тэмцээний тухайд тодруулахгүй юу?
-Баярлалаа. Миний хувьд саяхан болсон Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, шагналт тавдугаар байрт орсон. Мөн өмнөд Солонгос улсад зохиогдсон “Корёо опэн” тэмцээнээс алтан медаль хүртэж тус тэмцээний шилдэг тамирчин боллоо. Ингэснээр Дэлхийн таеквондогийн холбооны наймдугаар сарын Дэлхийн чансааны 54, 58 кг-ын жингийн тамирчдын амжилтыг нэгтгэн гаргасан олимпийн чансаа гэж бий. Үүнд жиндээ буюу 58 кг-д 1400 гаруй тамирчнаас 28 дугаарт эрэмбэлэгдлээ. Ингэснээр миний хувьд олимпийн жиндээ шилдэг 32-т багтаж энэхүү Гранпри тэмцээнд оролцох эрхээ авч чадлаа. Өмнө нь манай улсаас энэ тэмцээнд оролцож байгаагүй юм билээ. Тэмцээн ирэх есдүгээр сарын 22-24-нд Морокко улсад “Ra¬bat 2017 World Taekwondo Grand Prix” нэртэйгээр зохион байгуулагдах юм.
-Гранпри тэмцээн нь хамгийн өндөр оноо олгодог гэсэн. Таны хувьд энэхүү тэмцээнд амжилттай оролцвол олимпийн эрх авах боломж үүсэх үү?

-Таеквондогийн спортын онцлог нь олимпийн чансааны эхний 32-т багтсан шилдэг тамирчид л Гранпри ангиллын тэмцээнд өрсөлддөг. Олимпийн чансааны эхний зургаад эрэмбэлэгдсэн тамирчид олимпод оролцох эрхийг шууд авдаг бөгөөд бусад тамирчид тухайн тивийнхээ олимпийн эрхийн төлөө тэмцээнд зөвхөн алт, мөнгөн медаль хүртсэнээр олимпод оролцох эрхээ авдаг шалгуур өндөртэй спортын төрөл юм. Энэхүү тэмцээнд гадаадын шилдэг тамирчид оролцож байгаа учраас чансаа өндөр, тэр хэрээр амжилт гаргасан тамирчинд хамгийн өндөр оноог, бүр олимпийн оноо өгдөг тэмцээн л дээ. Мэдээж хэрэг миний хувьд энэ тэмцээнд амжилттай оролцож, медальт байрт шалгарч чадвал өндөр оноо авч олимпод оролцох эрх рүүгээ нэг алхам дөхнө гэсэн үг. Олимпийн эрх авахын тулд жиндээ оноогоороо эхний зургаад жагсах ёстой.

-Тэгэхээр оноогоороо эхний зургаад эрэмбэлэгдэж байж л ирэх 2020 оны олимпод оролцох эрхтэй болох нь ээ…

-Тэгэлгүй яахав. Одоогоор би жиндээ 28 дугаарт бичигдэж байна. Энэхүү байраа улам урагшлуулж, эхний зургаад жагсвал олимпод оролцох эрхтэй болно. Ингэхийн тулд олон улсын болоод тив дэлхийн томоохон тэмцээнд амжилттай оролцож, өндөр оноо цулуулах нь чухал. Үүнээс хамгийн өндөр оноог энэхүү Гранпри тэмцээн олгодог юм. Энэ бол их чухал тэмцээн л дээ.

-Таны хувьд хичнээн жил таеквондогийн спортоор хичээллэж байна. Бэлтгэл сургуулилтыг тань гардан хийлгүүлдэг багшийнхаа тухайд ярихгүй юу?

-Энэ спортоор 2005 оноос өдий хүртэл хичээллэсэн. Харин үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 2013 онд орж, мэргэжлийн тамирчин хэмээх статусаар бэлтгэл сургуулилтаа хийдэг болсон. Бэлтгэл сургуулилтыг маань Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Эрдэнэбат, Солонгосын мэргэжлийн дасгалжуулагч Хо Ин Ён багш нар маань гардан хийлгэдэг байгаа. Гол техник, бэлтгэл сургуулилтыг Солонгос багш маань хариуцдаг.

-Бэлтгэл сургуулилтаа хаана базаадаг вэ?

-Одоогийн байдлаар Хороололд байрлах “Олимп” глуб дээр бэлтгэлээ хангаж байна даа.

-Таеквондогийн спорт бусад тулааны спортоос ялгагдах онцлог, давуу тал нь юу бол?

-Онцлог давуу тал их. Бусад тулааны спортоос илүү нь хөлний ажиллагаа. Энэ спортын үндсэн хөдөлгөөн, техникийн 80 гаруй хувь нь хөлөөрөө тоглох байдаг. Мөн энэхүү спортоор хичээллэснээр хувь хүн төлөвшихөөс гадна өндөр тооцоололтой болдог юм болов уу гэж боддог. Мөн өрсөлдөгчийнхөө үйл хөдөлгөөн, тэр бүү хэл амьсгалыг нь мэдэрч байх хэрэгтэй.

-Дэлхийд таеквондогийн спортоор ямар орны тамирчид тэргүүлдэг бол. Манай улсын хувьд энэ спорт хэр хэмжээнд хөгжсөн гэж боддог вэ?

-Монголд таеквондогийн холбоо 1991 онд байгуулагдсан. Өдгөө энэхүү тулааны спортын нэгэн төрөл манай улсад сүүлийн жилүүдэд их хурдацтай, хөгжиж байгаа. Монголын шилдэг тамирчид энэ спортоор олон улс, тив дэлхийн нэртэй тэмцээнүүдэд болоод олимпод амжилттай оролцож байна. Дэлхийд энэхүү спорт их жигд хөгжсөн байдаг. Азидаа тэргүүлэгч нь гэвэл Тайланд, Иран, Солонгос улс юм уу даа. Эдгээр улсын тамирчдын ур чадвар, техник нь их сайн.

-Таны цаашдын зорилго юу вэ. Мэдээж хэрэг ирэх олимпод амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дуурсгах бодолтой байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Энэ оноос эхэлж өөртөө хатуу зорилго тавин ажиллаж байна. Тэр маань жиндээ эхний зургаад шалгарч, олимпийн эрх авах байгаа. Улмаар ирэх 2020 оны олимпод оролцож, өөрөөсөө гарч болох бүх боломж, хүч чадлаа дайчлах болно. Надад үргэлж тусалж дэмждэг, ар гэр, найз нөхөд, багш дасгалжуулагч, ард түмнийхээ итгэлийг алдахгүй, хичээх болно.

Categories
мэдээ цаг-үе

МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн гишүүн, улсын харцага Д.Сэрээтэр: Хоёр бөх зэрэг унахад түрүүлж мэх хийсэн нь давна гэсэн дүрэмтэй

Ардын хувьсгалын 96 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн тавын даваа. Улсын аварга Ч.Санжаадамба, аймгийн арслан Г.Ганжад нарын барилдаан

Энэ жилийн наадмын бөхийн барилдааны хөлийн цэцээр ажилласан, Ардын багш, гавьяат тамирчин, Монгол Улсын харцага Данзандаржаагийн Сэрээтэртэй ярилцлаа.


-Өнөө жилийн наадам үзүүштэй, ярих зүйлтэй сайхан наадам болж өнгөрлөө. Таны хувьд олон жил үндэсний бөхийн хөлийн цэцээр ажиллаж байна. Энэ жилийн наадмын тухайд яриагаа эхлэх үү?

-Энэ жилийн наадам яриангүй сайхан болж өнгөрлөө. Сонин, содон барилдаанууд их гарч, олон түмний хайрлан хүндэтгэж явдаг улсын харцагууд урамтай сайхан барилдаж, цолоо нэмлээ. Ёстой л нар хур нь тэгширсэн сайхан наадам болсон гэж бодож байна. Миний хувьд хорь гаруй жил үндэсний бөхийн хөлийн цэцээр ажиллаж байна. Хүчит бөхчүүдийн барилдааныг дэргэдээс нь харж, шийд гаргана гэдэг маш их хариуцлагатай ажил. Улсын баяр наадамд ч гэлтгүй бүх барилдаанд барилдаж буй тухайн бөхийн олон жилийн хөдөлмөр, хөлс хүчийг Монголын үндэсний бөхийн дүрмийн дагуу шударгаар шүүж, шийдвэр гаргах нь бидний зорилго байдаг. Тийм дээ ч өдий олон жил хөлийн цэц хийхдээ, нутаг нуга гэхгүйгээр дүрмийн дагуу шударгаар шийдвэр гаргаж явлаа. Энэ жилийн наадмаар хоймор нутгийн хүчтэн Ц.Содномдорж маань одтой байж, улсын харцага цолоо ахиулан, түмэн олныхоо итгэлийг алдалгүй, урамтай сайхан барилдаж улсын арслан цол хүртлээ.

-Ц.содномдоржийн хувьд өнөө жил яалт ч үгүй бусдаасаа илүү байж, харгүй сайхан барилдан улсын арслан цол хүртсэн. олон түмэн ч их баяртай байна. Мөн энэ жилийн наадмын гол сенсаци бол аварга Ч.санжаадамба, г.ганжад нарын барилдаан байлаа шүү дээ. Энэ хоёр бөхийн барилдааныг яг дэргэдээс нь харсан хүний хувьд та юу хэлэхсэн бол?

-Энэ жилийн баяр наадмын тавын даваанд улсын аварга Ч.Санжаадамба, Төв аймгийн бөх аймгийн арслан Г.Ганжадыг амалж авсан. Ганжадын хувьд гурвын даваанд улсын заан Амгаланбаатарыг, дөрвийн даваанд гарьд Ш.Жаргалсайхантай оноолт таарч, давсан. Улмаар аварга Ч.Санжаадамба тавын даваанд Ганжадыг амлан барилдсан. Хоёр бөхийн барилдаан нэлээдгүй маргаан дагуулсан. Барилдааны эцсийн шийдвэрийг хөлийн цэц, засуул, ерөнхий цэцийн шийдвэрээр Г.Ганжадыг давсан гэж үзсэн шүү дээ. Энэ шийдвэр нэг хүний шийдвэр биш тав, зургаан хүний олонхийн саналыг дагасан шийдвэр. Нодлин жилийн улсын баяр наадмын наймын даваанд улсын арслан п.Бүрэнтөгс, тухайн үед начин цолтой барилдаж байсан Р.пүрэвдагва нарын барилдаан бас маргаантай болсон. Тэрхүү барилдааныг ч бас хөлийн цэц, засуул нарын олонхийн саналаар шийдэж л байсан шүү дээ.

Үндэсний бөхийн дүрмэнд зэрэг буюу хайн унасан барилдааныг шийдвэрлэхдээ тухайн хоёр бөх зэрэг унахад түрүүлж мэх хийсэн нь давна гэсэн дүрэмтэй. Үүгээр бол хамгийн түрүүнд Ганжад дэгээ ороож хөмрөөд буцаж эргэх үед Санжаадамбыг далаар нь унагачихаж байгаа шүү дээ. Энэхүү барилдааныг камераар яг зэрэг, олон талаас нь харуулах боломжгүй. Санжаадамба, Ганжад нарын барилдааныг ганцхан хүн шийдчихсэн юм биш. Хоёр засуул нь Санжаадамбыг унасан гэж үзсэн. Би бас уначихлаа л гэж харсан. Гэхдээ юмыг яаж мэдэх үү гээд Мөнхжаргал начинг дуудаж асуусан чинь “өө Санжаадамбын гуя түрүүлж газарт хүрсэн” гэсэн. Ингээд бид хоёрыг ярьж байтал цаанаас Баярсайхан “Санжаадамба түрүүлж хүрсэн, хүрсэн” гэсэн юм.

Харин Бадрах начин “Энэ хоёрын барилдаан зэрэг шахуу болчихлоо” гэж билээ. Тэгэхээр нь бид ерөнхий цэцтэй уулзъя гээд Мягмар заан дээр очсон. Ингээд бид зургаа ерөнхий цэцэд учир байдлаа хэлсэн. Улмаар Мягмар заан “Зургаан хүний тав нь Санжаадамбыг унасан гэж шийдвэр гаргаж, тийм болохоор олонхоо дагана, Ганжадыг давуул” гэсэн юм. Тухайн үед болсон зүйл ерөөсөө л ийм. Үүнийг нутаг, ус, нэг хүний шийдвэр гэж ярих нь дэндүү болчимгүй зүйл л дээ.

-Тухайн үед дэлгэцээр Ганжадын тохой түрүүлж хүрсэн мэт харагдаж байсан. Үүнийг үзсэн үзэгчид болоод аварга Санжаадамба нэлээдгүй эсэргүүцсэн шүү дээ?

-Хоёр бөхийн барилдаан дууссаны дараа Санжаадамба аварга унасан үгүй дээ их эргэлзэж байсан. Улмаар элэг бүсээ тайлаад тахим өгөх гэж байсан юм. Гэтэл тэр хоёрын барилдааныг дэлгэцээр удаашруулан харуулсан. Наадмын комиссын дарга нь дэлгэцээр маргаантай барилдааныг харуулж, шүүхгүй шүү хэмээн хэлсэн ч манай телевизийнхэн хоёр бөхийн барилдааныг хэд дахин давтан, удаашруулж харуулсан. Ингээд л бөөн будлиан болгочихож байгаа юм. Дэлгэцнээс үзэхэд Ганжадын тохой түрүүлж хүрчихсэн нь харагдсан л даа. Үүнийг харсан Санжаадамба эсэргүүцэх нь тодорхой. Энэ бол Санжаадамба аваргын буруу зүйл огт биш. Хэн ч гэсэн “өө тэр дэлгэцнээс харалдаа би унаагүй байна шүү дээ” гэж хэлэх нь тодорхой.

Гэхдээ дэлгэц харж, барилдааныг шүүнэ гэсэн дүрэм байхгүй. Тэрхүү бичлэг зөвхөн нэг талаас нь авсан дүрс. Сумогийн барилдааныг дөрвөн талаас нь дүрсийг нь авч, шүүдэг. Гэтэл манайд барилдааныг холоос дээрээс нь юм уу зөвхөн нэг талаас нь дүрсийг авдаг. Ингэхээр хоёр бөхийн хэн нь түрүүлж унасныг шүүх боломжгүй болж байгаа юм. Тухайн хоёр бөхийн барилдааныг дэлгэцээр харж шүүнэ гэдэг манай үндэсний бөхийн хувьд боломжгүй зүйл л дээ. Улсын баяр наадмын өмнө бөхийн барилдааныг шууд дамжуулах гэж буй телевизүүдийн улсуудтай уулзаж, “Маргаантай барилдааныг дэлгэцээр үзүүлэхгүй шүү. Зөвхөн хөлийн цэц, засуул нарын саналаар хоёр бөхийн барилдааныг эцэслэн шийдвэрлэнэ. Үүнийг дэлгэцээр үзүүлчихвэл бөөн маргаан болно” гэж анхааруулан хэлж л байсан.

-Жил бүрийн наадмаар иймэрхүү маргаан их гарах болжээ. Хожим ийм маргаан гаргахгүйн тулд орчин үеийн техник, хэрэгсэл ашиглаж, хоёр бөхийн барилдааныг камерийн бичилгээс үзэж байгаад шийдчихэж болохгүй юу?

-Болохгүй ч юм байхгүй л дээ. Үнэхээр камерийн бичлэг, дэлгэц харж байгаад шүүхээр болбол барилдах бөхчүүдээ цөөлж, дэвжээн дээр хоёр, хоёроор нь гаргах хэрэгтэй. Ингээд нэг л барилдаан явуулж, түүнийгээ дэлгэцээр шүүх боломжтой юм. Яг сумо шиг. Гэвч манайх чинь мянган бөхийг дэвжээн дээр зэрэг гарган барилдуулдаг болохоор энэ зүйл худлаа болж таарч байгаа хэрэг. Талбай дээр энэ олон бөх гараад ирэхээр яаж барилдаан болгоныг бүх талаас нь камераар бичих билээ.

Тийм болохоор л үндэсний бөхийн барилдааныг нэг талаас нь авсан дүрс бичлэгийг олон нийтэд үзүүлэхгүй байвал зүгээр. Хоёр бөхийн барилдааныг зөвхөн хажууд нь үзэж байгаа хөлийн цэц, засуул нар нь дүгнэж, шийдвэр гаргах боломжтой. Ингэж хэлээд байхад л олон нийтэд үзүүлээд, наадамчин олонг талцуулж, бөөн будлиан болгочихож байгаа юм. Манай телевизийнхэн жоохон зарчимтай байх ёстой. Ер нь хөлийн цэц, засуул, бөхчүүд, хэвлэлийнхэн бүгд л дүрэм журмаа л барих хэрэгтэй. Дэлгэцээр хоёр бөхийн барилдааныг удаашруулан харж, шийдвэр гаргана гэсэн дүрэмтэй бол хамаагүй шүү дээ, тэр дүрмээ л барина.

-Санжаадамба, Ганжад нарын барилдааныг эс тооцвол үнэхээр сайхан наадам болсон гэж олон түмэн ярьж байна лээ…

-Наадам сайхан болсон. Гэхдээ манай бөхчүүдэд нэг дутагдалтай зүйл харагдсан. Улсын үнэн хүчит аварга, арслангууд учраа бөхдөө элэг бүсээ шууд л тайлж өгч байсан. Тухайлбал, долоогийн даваанд улсын аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат нар нутгийн бөхчүүддээ шууд л элэг бүсээ тайлж, тахим өгсөн. Уг нь өвдөг газар хүрч байж, элэг бүсээ тайлах ёстой юм. Ийм үйлдэл цаашид олшрох юм бол наадам наадам биш болно шүү дээ. Хичнээн нутгийн, таньдаг, тусалдаг, дэмждэг бөхтэйгээ таарсан ч гэсэн шууд л ингээд бууж өгөөд байвал утгаа алдана биз дээ. Олон түмнийгээ хүндэтгэн, төрт ёсоо дээдэлж, үнэн хүчийг үздэг наадмаар барилдахгүй бууж өгнө гэдэг муухай л харагдаж байна лээ. Хамгийн гол нь улсын баяр наадмаар нэгнийгээ амалж авчихаад барилдахгүй бууж өгч болохгүй л юм. Энэ ч бас дүрмэндээ бий шүү дээ. Үндэсний бөхийн дүрмэнд “тухайн бөх учраа бөхтэйгөө барилдахгүй, элэг бүсээ тайлж, бууж өгвөл хоёр бөхийг уг барилдаанаас шууд хасна” гээд заачихсан байдаг. Энэхүү дүрмийг манай бөхчүүд бас мөрдөхгүй л байна. Хэрэв дүрэм гээд элэг бүсээ тайлж өгсөн бөхчүүдийг хасчихвал, наадам ч утгагүй болно, үзэгчид ч дургүйцэх байлгүй. Иймэрхүү нарийн ширийн асуудлыг олон түмэн ойлгох хэрэгтэй, бөхчүүд дүрмээ мэдэж, мөрдөж байх учиртай юм. Мөн Үндэсний бөхийн холбоо олон түмэндээ бөхийн дүрмээ илүү тодорхой сайн тайлбарлах хэрэгтэй.

-Өнгөрсөн долоо хоногт даншиг наадам болсон. Энэхүү наадмаар шөвгөрсөн, түрүүлсэн бөхчүүдэд цол олгож эхэлсэн. Ингэж цол олгох нь зөв үү?

-Үүнийг одоо бас больчих хэрэгтэй. Ямар ч үр ашиггүй цол. Үнэхээр цол олгож байгаа юм бол улсын баяр наадмаар олгосон цол, даншиг наадмаар олгосон цол хоёрын эрэмбэ ямар байх юм. Даншгийн цол хүртсэн бөхчүүд ам авах уу, хэрхэн ам авч, эрэмбэлэгдэх юм гэдгээ судлах хэрэгтэй. Хоёрын хооронд ийм худлаа цол гуншингаар бөхчүүд яах юм. Цол олгож байгаа бол эрэмбэ гаргах хэрэгтэй. Тэр эрэмбээрээ ам авч барилдах ёстой шүү дээ. Энэ жилийн даншгаар ам авах байх гэж харсан чинь авсангүй. Мөн л сугалаа, оноолт тааруулж барилдуулж байна. Ийм заваан зүйл хийхээ болих ёстой. Энэ наадамд улсын арслан Р.Пүрэвдагва гурван удаа түрүүлж, даян аварга боллоо. Тэглээ гээд одоо яах юм. Тухайн бөхдөө ямар ч үр ашиг алга байна шүү дээ.

-Даншиг наадмаар мөн л улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Н.Түвшинбаяр нарын барилдаан маргаан дагуулсан. Олон түмэн Гончигдамбын өвдөг түрүүлж хүрсэн хэмээн одоо хүртэл цахим сүлжээнд маргалдаж байна..

-Даншиг наадмыг дэлгэц, камерийн бичлэгээр шүүж, шийдвэр гаргана гэсэн. Гэтэл бас болохгүй л байна. Зурагтаар харж байхад Гончигдамбын өвдөг түрүүлээд хүрчихсэн л байна лээ. Тэгээд дэлгэцээр харж шийдвэр гаргана гэсэн юм бол Түвшинбаярыг давуулах нь зөв л байсан. Нөгөө дэлгэцээр харж шийдвэр гаргана гээд байсан, чадахгүй л байгаа байхгүй юу. Тийм болохоор дүрмэнд юу гэж заасан байна, түүгээрээ л шийдвэр гаргах учиртай.

-Таны талаар гадуур ташаа буруу мэдээлэл нэг бус удаа гарч байсан. Үүнийг та “Манайд Сэрээтэр нэртэй гурван хүн бий. Тэр хүмүүсийн гаргасан үйлдлийг намайг хэмээн хэвлэл мэдээллээр цацаж байсан удаатай” хэмээн хэлж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-1960-аад оны сүүлээр “Улсын начин Сэрээтэр согтчихоод жорлонд унажээ, Сэрээтэр начин мөнгө хулгайлжээ” гэсэн мэдээлэл гардаг байсан. Энэ ийм учиртай юм. Эхнийх нь Боксын Сэрээтэр гэх хүнтэй намайг андуурдаг. Тэр хүн жоохон архи уудаг хүн байж л дээ. Тэгж согтуурхан явж байгаад хуучин Пионерын ордны тэнд нэг айлын хашаанд орж жорлонд нь бие засахдаа ойчсон байдаг юм билээ. Ингээд намайг согтуу явж байгаад жорлонд унасан мэтээр ташаа мэдээлсэн. Би чинь амьдралдаа архи дарснаас хол явсан хүн юу гэж тийм юм тохиолдох билээ. Дараагийнх нь манай чөлөөтөд Сэрээтэр гэх эмэгтэй багш, дасгалжуулагч байлаа. Тэр багш гимнастикийн хичээл зааж байгаад савлуурнаас унаж хүнд гэмтсэн байгаа юм. Хөөрхий одоо хөгжлийн бэрхшээлтэй хүн бий л дээ. Тэр хүнтэй намайг андуурч “Сэрээтэр турникаас унаад нугасандаа юм оруулжээ” гэсэн мэдээлэл цацагдаж билээ. Ийм хоёр ташаа мэдээллийн учрыг олчихоод байж байтал “Сэрээтэр харцага мөнгө хулгайлсан хэргээр шүүхэд дуудагджээ” хэмээн цуурхаж эхэлсэн. Тэр нь Цэрэндагва багшийн хүүхэд Чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга Сэрээтэртэй намайг андуурсан хэрэг л дээ. Хожим намайг хулгай хийгээгүй, өөр Сэрээтэр гэх хүнтэй андуурсан гэдгийг мэдсэн л дээ. Ингэж л гурван удаа миний нэрийг андуурч, төөрч байсан юм.

-Сүүлийн үед Монголын үндэсний бөхийн холбоог тойрсон маргаантай асуудал олон түмнийг талцуулж байгаа шүү дээ. Та энэхүү холбооны тэргүүлэгчийн хувьд асуудлыг юу гэж харж байна?

-Монголын үндэсний бөхийн холбоо, Бөхийн өргөөг хууль бус аргаар хувьдаа авах гэсэн нэр бүхий хэдэн нөхдүүдийг би мэднэ. Олон ч жил жоохон зүйлээс болж, маргалдаж байна. Одоо учраа олох цаг болсон. Хамгийн гол нь Монгол бөхийн өргөөг Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан нарын хүмүүс олон жилийн өмнө ард түмнийхээ итгэл сэтгэлээр байгуулсан нь үнэн. Үндэсний бөх өдий зэрэгтэй хөгжиж байгаа нь эдгээр хүмүүсийн гавьяа гэж боддог.

Гэтэл нэр бүхий хэсэг нөхдүүд шүүхийн шийдвэр гараагүй байхад хууль бус хурал, цуглаан хийж, холбооны тэргүүнээр Чинбат гэх нөхрийг тавьчихаад Бөхийн өргөө рүү дайран орж, тамга тэмдэг булаах үйлдэл хийж байгаа нь харамсалтай. Ийм утгагүй, хууль бус үйлдлээ одоо зогсоо. Учир зүйгээ олох хэрэгтэй. Удахгүй Үндэсний бөхийн холбоо их хурлаа хийнэ. Тэр хурлаар өөрсдийнхөө санаа бодлыг тусгаад, учир зүйгээ олж болно шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Хар сүүлт зээрийн тавилан

Энэ амьтны нэрийг сонсох төдийд л ээж минь санаанд орно. Би гэдэг хүн энэ хорвоод мэндлэхдээ эхийгээ ихэд зовоон байж төрсөн байгаа юм. Өдгөөгөөс хориод жилийн өмнө буюу усан мичин жилийн сүүлээр шинэ он солигдохтой зэрэгцэн би төржээ. Тухайн үед ээж минь сумын төвийн эмнэлэгт амаржсан учир төдийлөн эмчилгээ сувилгаа одооных шиг байсангүй юм болов уу. Тэр үед амаржсан эмэгтэйчүүдийг эмнэлэгт дор хаяж долоо хоног цаашлаад сар шахуу хэвтүүлдэг байсан гэлцдэг. Ийм хугацаа өнгөрсний дараа ээж бид хоёр гэртээ ирж. Тухайн үед ээж минь хөхөндөө сүү оруулах гэж өдөр бүр л шар будаатай цай, боорцог, борц гээд сүү оруулдаг бүхнийг идэж, уусан ч хүүгээ цадтал нь хөхүүлж дөнгөдөггүй байж. Би ч өлссөндөө өдөр шөнөгүй л уйлж байсан нь ойлгомжтой. Ингээд арга ядаж, яах ийх тухай ярьж суух үеэр нь нутгийн хүндтэй улсын сайн анчин манайд гийчилсэн юм санж. Манай хоёр учиргүй хамаг зовлонгоо тоочоогүй ч хашир анчин миний тасралтгүй уйлах, ээжийн арга ядсан царайг харж, байдлыг ойлгосон бололтой богцноосоо бор цаасанд ороосон бөөрөнхий юм ээжид гаргаж өгсөн гэдэг. Өвгөн анчин “Аан, наадах чинь хар сүүлтийн хонгоны хатаасан цул мах байгаа юм. Чи наад махаараа аяга хар шөл хийгээд уучих. Төрсөн эмэгтэй хүнд ч үүнээс илүү сайн хоол гэж үгүй шүү дээ” хэмээн хэлжээ. Өвгөн анчны хэлсэн ёсоор тэр дор нь аягахан шөл хийж уучихаад орой аавыг ажлаас ирэхэд нь ээжийн хоёр хацар цог шиг улайчихсан намайг хөхүүлэн сууж байсан гэдэг. Ингэж л би гэдэг хүн харангадаж үхэхийн аюулаас хар сүүлтийн шөлөөр аврагдсан юм гэдэг. Тийм ч болохоор одоо хар сүүлт хэмээх нэрийг сонсохоор сэтгэл дулаацаж, тэр амьтныг хайрлах нинжин сэтгэл өөрийн эрхгүй төрдөг болсон. Хожим аавтай хөдөө гадаа, уул хадаар явахдаа нөгөө буянт хар сүүлт хэмээх амьтан үүгээр байгаа юу, ямар амьтан байдаг юм бол хэмээн асууж, шалгаадаг болсон доо. Манай нутагт Жаргалант хайрхан хэмээх сүрлэг сайхан уул бий. Тэрхүү уулын өвөрт тунгалаг Хар-Ус нуур мэлтэлзэнэ. Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан манай нутгаар гийчлэхдээ энэхүү Хар-Ус нуурын хөвөөнд нэгэн оройг өнгөрүүлсэн гэдэг. Намар оройхон үеэр Хар-Ус нуурын шагшуурга салхины аясаар найгаж, хотон шувууд нуурын мандалд нэг бууж, нэг нисэх агшинг хараачилсан их яруу найрагчийн сэтгэл уянгалж, “Хар-Ус нуурын шагшуурга” хэмээх яруу тансаг шүлгээ тэнд л тэрлэсэн түүхтэй. Нэг зун гэрийнхэнтэйгээ Жаргалант хайрханы өвөрт орших Өвөрийн рашаан, өндөр хүрхрээг зорьсон юм. Рашааны наахна олон жалга, дов, садарга ихтэй. Түүгээр аавын хөх 69-өөр дээш, доош донслуулан явж байтал хэдэн ямаа бидний барууханд жалганаас үргэн цааш давхилаа. Ямаа ч гэж дээ нөгөө миний амь зуусан буянт хар сүүлт хэмээх амьтан байсан аж. Ингэж л анх ойроос харж билээ. Хожим ном, сониноос хар сүүлтийн тухай уншиж бага сага мэддэг болсон доо.

ХАР СҮҮЛТ ЗЭЭР ИХ ГОЁМСОГ АМЬТАН

Хар сүүлт нь хөхтөн амьтны аймгийн нэг туурайтны баг болох тугалмайтны овогт багтдаг. Уулын бэлийн хялганат, багалуурт сайр, садарга бүхий дагжуур хөрст хэвгий тал, загт бударгана говь, сондуул бүхий бут сөөгт элсэрхэг говь, хотос хоолой зэрэг янз бүрийн орчинд байршдаг аж. Миний анх хар сүүлтийг харж байсан газар яг ийм. Манай улсад Их нууруудын хотгорын өмнөд хэсэг, нууруудын хөндий, зүүн гарын говь, Алтайн өмнөх говь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн баруун хэсгээр алаг цоог тархсан юм билээ. Хар сүүлтийн эрийг ооно, эмийг шаргачин, төлийг нь янзага гэдэг. Нас гүйцсэн ооно 30 кг, шаргачин 17-20 кг орчим жинтэй. Зүс нь элсэн саарал, мөч цайвар, бөгс нь сүүлний угаас дээш үе хэтрэх цагаан танатай, сүүлний доод тал нь хар, их гоёмсог амьтан л даа.

Утга уянгын өгүүллэгийн урлаач Б.Золбаяр ах маань нэгэн бүтээлдээ “Шаргачингийн тана загалтах цагаар” хэмээн уянгалуулсан нь буй. Энэ нь ороо хөөцөлдөөний үеийг зүйрлүүлсэн агаад арванхоёрдугаар сарын 20-доос нэгдүгээр сарын 10 хүртэл үргэлжилдэг аж. Цаг хүндэрсэн үед байгалийн эрсдэлд өртөмтгий амьтан. Зуд турханд нэрвэгдэж идэш тэжээл нь хомсдох үедээ өвс тэжээлийн үнэрээр малчны хотонд орж ирэх нь түгээмэл байсныг хуучцуул дурсан ярьдаг. Тээр жилийн намар өвөөгийнх Хар-Ус нуурын захаар намаржлаа. Ус нутагтаа олон ямаатай гэгдэх өвөөгийн хонин сүрэгтэй нь хамт нэг орой янзагатай шаргачин дагаж ирж л дээ. Зэрлэг амьтан болсон хойно хонин сүргийн захаар янзагаа дагуулан ийш, тийш тэвдсэн янзтай шогшиж байсан гэдэг. Хар сүүлт зээр нь нэг газар удаан амьдардаггүй, бэлчээрийн соргогийг даган хэдэн арван километр аялал хийдэг. Ийн явахдаа бүлээсээ тасарсан бололтой. Төрөөд удаагүй хөөрхөн янзагыг өвөө морьтой урдуураа дүүрж уулын бэл, хар сүүлт нутагладаг чигтэй явжээ. Өвөөгийн араас янзагаа хүний гарт алдсан шаргачин холхон шиг дагасаар явсан гэдэг. Хар сүүлтийн чих соотон урт учир сонсгол нь маш сайн хөгжсөн байдаг. Чоно, ирвэс зэрэг махчин амьтад гэтэн ойртож байгаад нэг л алдаа гарган анирдах аваас түүнийг алдалгүй чагнаж, сорт хийгээд давхиж одно. Их хурдан амьтан, цагт 55-65 километр туулж чадна. Тэр уулын олон садарга, нуга жалгаар ийн харайлгаж буй амьтныг ямар ч амьтан, техник гүйцэхгүй болов уу. Ёстой л Монгол нутаг орондоо хурдны хаан болсон амьтан. Манай нутгийн худалч Хөөдий хэмээх марзан нөхөр айл, аймгаар зочлох бүртээ хээр анд явж байхдаа янзагатай шаргачин барьж, сүүгээр нь цай чанаж уусан тухай хүн итгэмээргүй үлгэр, домог шиг юм ярьдаг байж билээ. Хар сүүлтийн сүү нь 3,9 хувийн тослогтой гэж эрдэмтэд тогтоож. Энэ нь үнээний сүүтэй ойролцоо гэсэн үг. Тийм болохоор худал Хөөдийгийн ярьж буй зүйл үнэнч байж мэдэх л юм. Харин янзага нь хоёр долоо хоногийн дараа эхийгээ дагаж, 8-10 хоногийн дараа өвс ногоо идэж эхэлдэг байна.

МОНГОЛ УЛСАД ХАР СҮҮЛТ ЗЭЭР АГНАХЫГ 1965 ОНООС ХУУЛИАР ХОРИГЛОЖЭЭ

Хүн малын хөлд хэт автагдаагүй нөхцөлд цагаан зээртэй адил улирлын нүүдэл хийдэггүй, хонд үүсгэн бүлээрээ хэвтдэг ямаатай адил бүлэрхүү амьтан юм. Хар сүүлтийн амт, чанартай мах, дулаан, хөнгөхөн арьсанд нь болж хулгайгаар агнаж, тоо толгойг нь эрс цөөрүүлсэн байна. Оонын хүзүүний арьсаар хийсэн уурганы хуйв эдэлгээ сайтай, эврээр нь соёо сэтгүүр хийж ахуйдаа хэрэглэдэг түүгээр ч барахгүй шилбээр нь хурдан морины ташуур хийх гээд энэ хөөрхийлөлтэй амьтныг хөнөөх шалтаг мундахгүй. Монгол Улсад хар сүүлт зээр агнахыг 1965 оноос хуулиар хориглосон байдаг. Өнгөрсөн зууны 60-аад оны сүүлээр юм уу даа. Агнахыг хориглоод удаагүй л байсан цаг шиг байгаа юм. Манай нутгийн Буриад ах гэдэг хүн хар сүүлт агнаад эвэр толгойг нь гэр дээрээ тавьчихсан байсныг аймгийн нэг албаны хүн үзчихээд хууль шүүх гээд нэлээн юм болж л дээ. Өвгөн ч “Гүй ээ, би хориотойг нь мэдээгүй л дээ, Алтайн хишиг гээд хааяа нэг хүртчихээд л байдаг юм” хэмээн үглэсээр байж. Эцэст нь түүнд нэг сайн сануулж аваад өршөөх бодолтой. “Та үүнээс хойш ингэж болохгүй шүү” гэсэнд өвгөн “За за мэдлээ, даргаа. Гүй ээ, тэгээд тааралдвал энэ өгөр толгой тэсэхгүй байх өө” гэж хээвнэг хэлээд хатуу арга хэмжээ авахуулж байсан тухай өвөө минь хуучилдаг байж билээ. Энэ бол морь унаж цахиур буу мөрөвчилсөн монгол өвгөний л хийдэл. Сүүлийн үед хурц зэвсэг хурдан унааны аагаар хуйлруулан хөөж, шөнө нь гэрэлтүүлэн хядаж энэ амьтныг ихээхэн сүйрүүлжээ. Зарим нь зугаа цэнгэл болгож амиар нь тоглож байдгийг бид их зохиолч Ч.Лодойдамбын “Шаргачин” алдарт өгүүллэгээс уншиж л байсан. Байгаль дахь хамгийн том дайсан нь чоно, шилүүс, бүргэд. Дөнгөж төрсөн янзагыг нь тас, бүргэд зэрэг махчин шувууд шүүрэх нь их ээ.

ЗАРИМ НУТГААР ХАР СҮҮЛТ ЗЭЭРИЙН ТОО ТОЛГОЙ ЦӨӨРЧ, ХАРАГДАХАА БОЛЖЭЭ

1990-ээд оны үед Монгол нутагт 60 орчим мянган толгой хар сүүлтийн нөөцтэй байв. 2000 оны байдлаар, 543 мянган ам км буюу манай орны нутаг дэвсгэрийн 34 хувьтай тэнцэх талбайд хар сүүлт зээр 140 орчим мянган толгой болж өссөн байдаг аж. Гэтэл 2010 оны судалгаагаар энэ тоо 17 орчим мянган толгой болтлоо цөөрчээ. Сүүлийн жилүүдэд дорвитой судалгаа явуулаагүй ч хүн малын болон байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр дахин цөөрсөөр зарим газарт устаж үгүй болж байгааг нутгийн иргэд халаглан дурсаж байна. Өдгөө дээрх тоо хэд дахин буурсныг мэдэхгүй юм. Зарим нутгийн иргэд энэхүү амьтны бараа харагдахаа больсон тухай ч хэлдэг. Хар сүүлт хэмээх хар тавилантай энэ бяцхан зээрийн хувь тавилан хүмүүс бидний гарт байна. Цөл, цөлөрхөг хээр, хээрт зээр ундаалах задгай ус бий болгох, зудын үед нэмэгдэл тэжээл тавьж өгөх, байршил нутгийг байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл, нутгийн иргэдэд хариуцуулан хамгаалуулах, хяналтыг тогтмолжуулан сайжруулах замаар хууль бус агналтыг таслан зогсоох, Их нууруудын хотгор, нууруудын хөндийд сэргээн нутагшуулах, тархацын умард зах руу байршин нутаглах нөхцөлийг бүрдүүлэх, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөнд хамгаалах зориулалтаар сэргээн нутагшуулах, өсгөн үржүүлэх арга хэмжээг тусган хэрэгжүүлэх, удмын санг хадгалах гэх мэтчилэн шинжлэх ухааны олон талт ажлуудыг хийх шаардлагатай байгаа юм.


Categories
мэдээ цаг-үе

​Шатрын дэлхийн аварга Б.Дамбасүрэнгийн багш Ч.Баттүшиг: Шатарчин хүн хожих нь чухал биш шатрыг зөв тоглох нь чухал

Зүүн Азийн өсвөрийн шатарчдын II удаагийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад болж өндөрлөв. Энэхүү тэмцээний тухай “Дагшаа-Хүү” шатрын клубын багш, дасгалжуулагч Чойжамцын Баттүшигтэй ярилцлаа. Түүний гарын хоёр ч шавь энэхүү тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн юм.

-Таны шавь Азийн аварга боллоо. Сая болсон тэмцээний тухай болоод шавийнхаа талаар ярихгүй юу?

-Зүүн Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах “Улаанбаатар-2017” тэмцээн өнгөрсөн мягмар гаригт өндөрлөж дүнгээ гаргасан. Арван орны 400 гаруй тамирчин оролцсон тус тэмцээний “рапид” төрөлд манай улс зургаан алт, таван мөнгө, дөрвөн хүрэл, “близ” төрөлд долоон алт, долоон мөнгө, 11 хүрэл хүртэж, тэмцээний үндсэн төрөл болох “стандарт” төрөлд найман алт, найман мөнгө, 10 хүрэл медаль авч багийн нийлбэр дүнгээр тэргүүллээ. Харин Вьетнам, Малайз улсын баг тамирчид хоёр, гуравдугаар байрт шалгарсан. Хоёр дахь удаагаа зохиогдож байгаа энэхүү тэмцээнд миний шавь спортын мастер Болдбаатарын Алтантуяа 18 насны ангилалд нас өгсөн орж, мөнгөн медаль хүртлээ. Түүний хувьд өнөө жил 12 настай. Мөн олон улсын их мастер Батсүрэнгийн Дамбасүрэн шавь маань уг тэмцээнд есөн өрөг тоглон, бүгдэд нь хожиж аваргаллаа. Хоёр шавийнхаа амжилтаар бахархаж байна. Б.Дамбасүрэн өнөө жил 13 настай, цаашид дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгах манай улсын өсвөрийн шилдэг тамирчдын нэг юм.

-Тэмцээний онцлог юу байв?

-Зүүн Азийн шатарчдын тэмцээн манай улсад болсон нь их онцлогтой. Тухайлбал, бид гадаадын улсыг зорихгүй, зардал мөнгө гаргахгүй эх орондоо тэмцээнд оролцоно гэдэг том боломж л доо. Ямар ч спортод гадаад руу явж томоохон тэмцээнд оролцоно гэдэг тодорхой хөрөнгө шаарддаг шүү дээ. Мөн дэлхийд алдартай мэргэжлийн шатарчид хүрэлцэн ирсэн.

-Зүүн Азийн орнуудаас аль улсын шатарчид хамгийн хүчтэй өрсөлдөгч байв?

-Оюуны спорт учир улс орны хөгжлөөс тамирчдын ур чадвар шалтгаалдаггүй л дээ. Ер нь Азийн орнуудаас Хятад, Малайз, Вьетнам улсын шатарчид их хүчтэй. Гэхдээ манай улс Азидаа төдийгүй дэлхийд шатар гэлтгүй оюуны бүх төрлийн спортоор эхний аравт багтдаг шүү.

-Алт, мөнгөн медаль хүртсэн шавь нарыгаа дэлгэрэнгүй танилцуулаач. Өмнө нь ямар амжилтуудыг гаргаж байсан бол?

-Б.Алтантуяа, Б.Дамбасүрэн нар маань Нийслэлийн ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн долдугаар ангийн сурагчид. Саяны тэмцээнд түрүүлсэн Б.Дамбасүрэн долоон настайгаасаа эхэлж шатрын спортоор хичээллэсэн хүүхэд юм. Анх өвөө нь түүнд шатар тоглохыг зааж өгч байсан гэсэн. Улмаар шатарт сонирхолтой болж хоёр жилийн өмнөөс манай клубт явж, шатрын спортоор тууштай хичээллэж эхэлсэн дээ. Б.Дамбасүрэн өмнө нь Румын улсад болсон өсвөрийн шатарчдын дэлхийн аваргын тэмцээнд оролцож, дэлхийн аварга болсон. Ингэснээр олон улсын хэмжээний мастер цолыг хүртсэн байгаа. Б.Дамбасүрэн бид хоёрын ирээдүйн зорилго их мастер болох юм. Энэхүү мөрөөдөл маань удахгүй биелэх болно. Харин Б.Алтантуяа маань өсвөрийн шатарчдын улсын гурван удаагийн аварга, сая болсон тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, амжилттай оролцлоо. Бас л өсч яваа шилдэг шатарчдын нэг юм. Таван жилийн өмнөөс шатар сонирхож эхэлсэн хүүхэд.

-Олон жил шатрын спортын багш, дасгалжуулагчийн ажлыг хийсэн хүний хувьд энэхүү спортын давуу талыг ярихгүй юу?

-Шатар тоглосон хүн урт насалдаг гэсэн домгийг миний багш надад хэлж билээ. Оюун ухаан саруул байвал бие эрүүл байна шүү дээ. Мөн бусад спортын адил шатрын спорт маань хүний зан чанарыг зөв тийш нь төлөвшүүлдэг. Дээр үед шатрын тэмцээнд өсвөрийн шатарчид насанд хүрэгчдийг хожих нь битгий хэл тоглодоггүй байлаа. Харин одоо өсвөрийн шатарчид маш сайн нүүдэг болсон. Ер нь шатар хэмээх хөлөгт тоглоом Монголоос үүсэлтэй гэж ярьдаг. Эрдэмтдийн судалгаа, хүмүүсийн бичсэнээс үзэхэд энэхүү тоглоомыг анх Хүннү, Киданчууд тоглож байсан гэх баримтууд байдаг. Тиймээс оюун ухааны загалмайлсан эцэг болсон энэхүү спортоор манай улсын тамирчид дэлхийд тэргүүлдэг л дээ.

-Шатар оюуны спорт. Ямар нэгэн биеийн хүч, хурд, хөдөлгөөн ,шаардсан спорт биш. Гэтэл шатрын тэмцээнд эрэгтэй эмэгтэйгээр нь ялган оролцуулдаг нь ямар учиртай вэ?

-Шатар бол цэвэр стратеги, тактикийн тоглоом. Биеийн хүч төдийлөн шаардахгүй ч оюуны хүчийг асар ихээр шаарддаг, их хэцүү спорт л доо. Харахад хоёр хүн тайван суугаад тоглох боловч, сэтгэл санааны болоод оюуны хүчийг шавхдаг спорт юм. Тийм болохоор энэхүү спортыг эрэгтэй, эмэгтэй төрөлд хуваадаг. Дэлхийн алдартай эрэгтэй их мастеруудыг ямар ч эмэгтэй шатарчин хождоггүй, тийм түүх одоогоор байхгүй. Гэхдээ хожихыг үгүйсгэхгүй л дээ. Олон ч эмэгтэй шатарчид эрэгтэй шатарчдыг хожих гэж оролддог. Гэхдээ эцсийн дүндээ бардаггүй юм. Үүнийг шинжлэх ухаанаар ч нотолсон байдаг юм билээ. Эрэгтэй хүний зан чанар, алсын хараа, зориг тэвчээр, байгалиас заяасан хурц ухаан эмэгтэйчүүдээс арай илүү байх л даа. Гэхдээ шатрын спортын мэргэжлийн тамирчид хүнийг хожих гэж улайрдаггүй. Шатарчин хүн хожих нь чухал биш шатрыг тоглох нь чухал гэдгийг олон мастерууд залуу тоглогч нарт зөвлөдөг.

Таны хувьд хичнээн жил шатрын спортын багш, дасгалжуулагчийн ажлыг хийж байна вэ?

-Анх 2008 онд Монголын шатрын холбооны багш, дасгалжуулагчаар ажиллаж байлаа. Улмаар “Дагшаа-Хүү” шатрын клубыг байгуулж, дасгалжуулагчийн ажлыг өдгөө есөн жил хийж байна. Энэ хугацаанд миний гарын олон шавь нар маань тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцож байсан.

-Удахгүй болох ямар тэмцээнд шавь нараа бэлтгэж байна?

-Манай клубт элсэн суралцаж, шатрын спортоор хичээллэж байгаа хүүхдүүд олон. Түүнээс Б.Алтантуяа, Б.Дамбасүрэн тэргүүтэй гарын тав, зургаан шавь байна. Ирэх наймдугаар сард Бразилд болох өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эдгээр шавь нартайгаа оролцох гээд одооноос бэлтгэл сургуулилтаа базааж байна.