Categories
мэдээ цаг-үе

Д.Данзан: Камерын бичлэг хардаг болвол дэвжээгээ жижиглэж, хоёр бөхийн 10 талд нь камер байрлуулах шаардлагатай

Холбоотой Зураг

Монгол үндэсний бөхийн барилдааныг дүрс бичлэгээр шүүх эсэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулжээ. Энэ асуудалтай холбогдуулан Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Довдонгийн Данзантай ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд хөлийн цэцийн буруу шийдвэрээс болж бөхчүүд хохирох, хэн нь түрүүлж унасан зэрэг маргаантай барилдаанаас болж үзэгчдийг талцуулах байдал гарах болсон. Үүнтэй холбогдуулан барилдааныг камераар шүүх асуудлыг судлах зорилгоор МҮБХ-ноос ажлын хэсэг гарчээ?

-Үндэсний бөхийн барилдааныг дүрс бичлэг ашиглаж шүүж болно гэсэн санааг олон хүн ярьдаг. Олон ч жил болж байна. Монголын үндэсний бөхийн холбоо энэхүү асуудлыг дэмждэггүй, хүлээж авалгүй өдийг хүрсэн нь үнэн л дээ. Үүний учир нь монгол бөхийн барилдаан нь том дэвжээн дээр, олон бөхчүүд хоорондоо нэгэн зэрэг барилддаг онцлогтой. Улсын баяр наадамд 16 хос гарна гэдэг нь 32 бөх, засуулууд, найман хөлийн цэц ажилладаг. Эдгээр хүмүүс барилдаан бүрийг харж чадахгүй байгаа. Тэгвэл камерын бичлэг үзнэ гэвэл бас л учир дутагдалтай. Камерын өмнүүр эдгээр хөлийн цэц, засуул нар орж, тухайн хоёр бөхийн барилдааныг халхалдаг тохиолдол их ээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ асуудлыг их ярих болсон учирҮндэсний бөхийн холбоо иргэдийнхээ саналыг хүлээн авч, энэхүү асуудлыг судлах ажлын хэсэг гаргасан. Бид тал бүрээс нь судалж, олон хүний саналыг сонсох болно. Ажлын хэсэгт бөхийн тайлбарлагч, судлаач, зүтгэлтэн, эрдэмтэд гээд маш олон салбарын хүмүүс багтсан.

-Энэхүү асуудлыг танай холбоо яагаад дэмждэггүй байсан юм бэ. Камерын бичлэг үздэг болчихвол яах бол?

-Бид дэмжихгүй өдий хүрсэн нь үнэн. Учир нь камерын бичлэг харж, шийдвэр гаргадаг болчихвол бөхийн жудаг алдагдаж болзошгүй. Манай бөхчүүд чинь унасан давснаа үнэхээр мэддэг. Ингээд ойрхон газардчихвал шууд камерын бичлэг үзнэ гээд л ирнэ. Улмаар хоёр бөхийн барилдааныг бичлэгээс үзэхийн тулд хөлийн цэц, засуул, бөхчүүд цугларна. Гэтэл нэг бөх нь “чиний тохой түрүүлж хүрсэн байна” гэхэд нөгөөх нь “чиний өвдөг түрүүлж хүрсэн байгаа биз дээ” хэмээн дахиад л маргана. Бас л санал зөрөөд л явна. Ингэж бодохоор камерын бичлэг үзэж шийдвэр гаргадаг болчихвол нөгөө таван цагийн хугацаанд өрнөдөг 256 бөхийн барилдаан дор хаяж арван цаг үргэлжлэнэ. Тийм болохоор л бид дэмждэггүй юм. Гэхдээ олон түмний шүүмжлэлийг тусгаж аваад энэхүү асуудлыг аль болох зөв талаас нь шийдвэрлэхийн төлөө ажиллах болно.

-Олон улсад спортын ямар нэгэн маргаантай асуудлыг камерын бичлэг харж шийдвэр гаргадаг тохиолдол бий. Япончууд сумо бөхийнхөө барилдааныг камерын бичлэг харж, түүндээ үндэслэн дөрвөн шүүгч хоорондоо хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргадаг шүү дээ.

-Манайхан үндэснийхээ бөхийг бусад спортуудтай зүйрлэж их ярьдаг. Зарим нь үндэсний бөх хоцрогдсон, бүдүүлэг байна ч гэж хэлдэг. Сумо бол Японы үндэсний спорт. Өөрийн онцлогтой. Өндөрлөсөн жижигхэн тойрог буюу дэвжээн дээр хоёрхон бөх л барилдана. Дөрвөн талд нь шүүгчид барилдааныг нь нягт хараад сууж байдаг. Мөн хоёр сумочийн барилдааныг тал талаас камераар бичдэг шүү дээ. Гэтэл манайх бол тийм биш. Нөгөөтэйгүүр сумо бөхөд шүүгчид нь камерын бичлэг харж байгаад л шууд шийдвэр гаргачихдаггүй. Бүр камерын бичлэг ч үздэггүй ээ. Өөр нэгэн техникийн мэргэжилтэн “камерын бичлэгээс үзэхэд барилдаан иймэрхүү болжээ” гэдгийг л ерөнхий шүүгчдэд хэлж өгдөг. Үүн дээр үндэслэн өөрийн гаргасан шийдвэртээ итгэл үнэмшил олж авдаг юм билээ. Үүнээс үзэхэд сумо ч гэсэн бүрэн камерын бичлэг үзэж, шүүлт явуулдаггүй гэж ойлгож болно. Ер нь ямар ч спортод бичлэгийг гол үндсээ болгож авдаггүй юм билээ. Жүдо, чөлөөт бөхийн хувьд мэхний үнэлгээ өгөх буюу цэвэр ялсан уу эсвэл оноо өгөх үү гэдгийг бичлэг үзэж хардаг. Харин манай үндэсний бөхөд цэг хардаг. Энэ нь хэнийх нь өвдөг, тохой, толгой түрүүлж газарт хүрсэн бэ гэх цэгийг хардаг гэсэн үг. Үүгээрээ бас ялгаатай.

-Дэлгэцнээс бичлэг хараад шүүнэ гэж үзвэл үндэсний бөхийн барилдааныг ямар зохион байгуулалттай явуулах бол?

-Үнэхээр камерын бичлэг харж барилдааныг шийдвэрлэнэ гэвэл дэвжээгээ жижиглэж, нэг хос буюу хоёр бөх барилдвал дөрвөн талд нь, дөрвөн хос гарвал арван талд нь камер байрлуулж харж байх хэрэгтэй болно. Ингэвэл нөгөө 500, 1000 гаруй бөхчүүдийн барилдаан хэзээ дуусах билээ. Сумод, дөчин бөхөөс аваргыг нь шалгаруулахын тулд 15 өдөр болдог. Манайд 256 бөхийн түрүүг шалгаруулахын тулд таван цаг л зарцуулдаг. Монгол бөх бол өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн үнэт өв соёл, уламжлал. Бөхийн өргөөнөөс барилдааныг шууд дамжуулж буй телевизийн камерууд дэвжээ буюу шалнаас гурваас дээш метрийн өндөрт байрладаг. Хоёр бөхийн барилдааныг дээрээс харуулж байгаа тохиолдолд хэн нь түрүүлж, унасан эсэхийг шийдэх үнэхээр хэцүү л дээ. Камерын бичлэг зөвхөн нэг талаас л харуулдаг учир зөв үнэлэх боломжгүй юм.

-Өнгөрсөн жилийн наадмаар Санжаадамба, Ганжад нарын барилдаан маргаантай болсон. Дэлгэцнээс Ганжадын тохой түрүүлээд хүрчихсэн харагддаг. Мөн даншиг наадмаар Гончигдамба, Түвшинбаяр нарын барилдааныг үзэж байхад гарьдын өвдөг газарт хүрчихсэн хэрнээ мэхээ үргэлжлүүлсэн шүү дээ. Энэ бүх зүйл камерын бичлэг дээр тодорхой харагддаг. Харин шийдвэр гаргахдаа үүнийг анзаарахгүй байна гэсэн шүүмжлэл гарсан. Тийм болохоор л камерын бичлэг харъя гэсэн санаа иргэдийн дундаас их гарч ирж байгаа болов уу?

-Гол зүйл бол камерын бичлэг харж, барилдааныг шийдвэрлэнэ гэсэн дүрэм байхгүй. Тэр барилдаанууд дүрмийн хүрээнд л болсон. Бид өнөөдөр эрх зүйт нийгэмд амьдарч байгаа. Нөгөөтэйгүүр бөхийн дүрмийг цэцдийн зөвлөл хэлэлцэн баталдаг. Тийм болохоор камерын бичлэг харж, шийдвэр гаргана гэсэн дүрмийг цэцдийн зөвлөл хуралдаж байж л оруулах учиртай. Энэ хоёр бөхийн барилдааныг камерын бичлэгээс үзэхдээ удаашруулж, ухрааж, зогсоож байгаад үзсэн. Тийм болохоор барилдаан удаан болсон мэт санагдаж магадгүй. Тэрхүү бичлэгийг удаашруулахгүйгээр шууд тоглуулбал бодит үзэгдэл гарч ирнэ шүү дээ. Тэр үзэгдлээс л шийдвэр гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл удаашруулсан үзэгдлээс бус бодит буюу удаашруулаагүй үзэгдлээс шийдвэр гаргах учиртай. Хоёр бөх барилдаж, нэг нь мэх хийхэд унах үйл явц явагдана. Ингээд нэг бөх нь бүтэн биеэрээ дор нь орчихсон унаж байх агшинд нөгөө бөхийнх нь тохой түрүүлээд хүрэх, ийм барилдаан монгол бөхийн түүхэнд болж л байдаг. Нэг бөх нь бүтэн биеэрээ дор нь орчихсон унаж яваа, нөгөөх нь дээр нь байгаа ч тохой нь түрүүлээд хүрчихсэн. Энэ тохиолдолд хэнийг нь унасан гэх үү. Дүрмэндээ бол тохой хүрснийх нь гэнэ. Гэтэл нөгөөх нь бүтэн биеэрээ газардаж байгаа. Үүнийг манайхан “хайнцах” гэдэг шүү дээ. Үнэхээр буруу шийдвэр гаргасан гэж байвал хөлийн цэцүүд хоёр бөхийн барилдааныг “хайн” хэмээн үзээд дахин барилдуулах л байсан. Ингээд цэцүүд шийдэж байхад Баяр наадмын салбар хороо ч юм уу эсвэл ямар нэгэн эрх мэдэл, албан тушаалтай нөхөр барилдааны шийдвэр гарах үйл явцад нөлөөлж болохгүй.

-Бөхийн барилдааны нэг, хоёрын давааг камераар шүүх боломж байхгүй. Тийм болохоор цол олгодог даваанд, буюу дээгүүр даваануудад камерын бичлэг харж байвал зүгээр гэсэн санааг бөх сонирхогчид хэлдэг. Энэ хэр зөв санаа вэ?

-Энэхүү ажлын хүрээнд маш олон санаанууд гарч ирнэ. Тэр бүрийг судлаж, тусгаж авна. Энэ сарын 25-нд энэхүү асуудлаар ажлын хэсгийнхэн болоод бусад хүмүүс оролцсон уулзалт, хэлэлцүүлэг болно. Энэ үеэр цэцдийн зөвлөлд зөвлөмж хүргүүлнэ. Ингээд цэцдийн зөвлөл эцсийн шийдвэр гаргана. Үнэхээр барилдааныг камерын бичлэг харж шүүхэд гэмгүй ээ гэж үзэхийг үгүйсгэхгүй. Одоогоор ямар шийдвэр гарахыг хэлж мэдэхгүй л байна. Ер нь бол онцгой даваа, барилдаан гэдгээр нь ялгаж болохгүй л дээ. Дүрэм бол хууль шиг хүн бүрт л тэгш үйлчлэх учиртай. Энэхүү дүрэм шинээр батлагдвал сумын наадамд ч тэр, улсын наадамд ч тэр баримтлах ёстой. Хүний эрх, бөхчүүдийн эрх адилхан л байх учиртай. Энэ бол бидний бодол. Гэхдээ олон хүний саналыг сонсох нь зүйтэй.

Categories
мэдээ цаг-үе

Ахмадын баяр л гэнэ ахмадуудаа автобуснаас өшиглөөд буулгадаг төртэй улс шүү дээ, бид

Хэдхэн хоногийн дараа олон улсын ахмадын баярын өдөр тохионо. 1992 онд НҮБ-аас жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар зарласан. Тэгэхээр өнөө жил ахмадын баярыг албан ёсоор 25 дахь жилээ тэмдэглэх гэж байна. Ахмадын баяр л гэнэ, ахмадын өдөр л гэнэ яг үнэндээ монголчууд бид ахмад настнаа хайрладаг билүү.

Хэдэн жилийн өмнө манай сонин “Хөгшдөө хөгшин нохой шиг хаядагаа больё” гэж бичиж байсан. Монголын төр ахмад настнууддаа үзүүлж буй ганц дэмжлэг нь нийтийн тээвэр буюу автобусаар үнэгүй зорчуулдаг. Гэвч ахмад настай л бол үнэгүй явна гэвэл бас асуудалтай.

Ахмадууд автобусанд ороод картаа уншуулна. Өөдөөс нь “өндөр настан” гэх хариу өгнө. Харин хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирээд, бүр тодруулбал, баярынхаа өдөр гоёлын дээлээ өмссөн ахмадууд автобусанд суувал юу болох билээ. Уншуулах картгүй тэднийг мөнгөө төлөөд явъя гэсэн ч хүлээж авалгүй автобуснаас золбин нохой шиг өшиглөөд хөөгөөд буулгана. Гавьяаныхаа амралтыг эдэлж буй буурлууддаа барьж буй төрийн ганц дэмжлэг нь бодит амьдрал дээр ийм л өрөвдмөөр дүр зурагтай байна.

Өндөр настан л бол ямар ч үед нийтийн тээврээр үнэгүй зорчдог зохицуулалтыг өнөө хүртэл хийчихэж чадаагүй харгис хатуу төр засагтай ард түмэн шүү дээ, монголчууд бид чинь.

АХМАДЫН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ЭМНЭЛГҮҮД ҮНЭЭ 100-20000 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХӨНГӨЛЖ БАЙНА

Ингээд монголчууд ахмадын баяраар ахмадуудаа хэрхэн баярлуулдаг, тэдэнд зориулж ямар үзвэр үйлчилгээ, төрөл бүрийн хөнгөлөлт үзүүлдэг болохыг сурвалжиллаа. Эхлээд эрүүл мэндийн салбарыг сонирхсон юм. Ахмадууд баяраараа хувийн эмнэлгүүдэд хөнгөлөлттэй үзүүлэх боломж байдаг эсэхийг лавлахаар Монголын топ гэгдэх “Грандмед”, “Интермед” эмнэлгүүдэд хандсан юм. “Грандмед” эмнэлгээс асуутал “Ахмадын баярын өдрийг тохиолдуулж, зүрхний бичлэг, зүрхний эхо,биеийн өндөр, жинг үзэх, эмчийн зөвлөгөө гэсэн жижигхэн багц хөнгөлөлт зарласан байгаа. Өөр хөнгөлөлт болоод үнэгүй үйлчилгээ алга. Энэхүү хөнгөлөлттэй багц нь 19900 төгрөгийн үнэтэй. Өмнө нь хорин мянга байсан. Харин цусны даралт, зүрхний эхо, биеийн жинг үзүүлэх багц нь 29900 төгрөг. Эдгээр багцууд өмнө нь дөч гаруй мянган төгрөг байсан. Ахмадын баярыг тохиолдуулж хорь гаруй мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ” гэв. Харин “Интермед” эмнэлгээс тодруулахад “Манайд ахмадын баярыг тохиолдуулан ямар нэгэн хөнгөлөлттэй, үнэгүй үзлэг, оношилгоо байхгүй ээ. Манай эмнэлэгт хандахаар бол цаг авч үзүүлэх ёстой” гэж байна.

Эндээс харахад хувийн эмнэлгүүд ахмадын өдөрт зориулсан хөнгөлөлттэй үйлчилгээ бараг алга. Эрх биш даралт нь ихсээд ороод ирэхэд өрхийн эмнэлэг нь цаашаа гэхгүй байгаа даа. Хэдхэн жилийн өмнө Сонгинохайрхан дүүрэгт байрлах өрхийн эмнэлэгт даралт нь ихэссэн эмээ биеэ үзүүлэхээр сандран очтол эмч нь чагнуураар цээж рүү гөвдрүү гартал ороолгосон тохиолдол бий. Эрүүл мэндийн үйлчилгээг ахмадууддаа ингэж үзүүлдэг байна. Тэгвэл нийтийн хоолны салбарыг аваад үзье. Нэр усыг нь нэгд нэгэнгүй бичээд яахав. Өндөр зэрэглэлийн ресторанаас жирийн цайны газрынхнаас “ахмадын баярын тусгай үйлчилгээ гэж байна уу, ирэх сарын 1-нд танайх ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх үү” гэж асуухад “Манайх хэн нэгэнд үнэгүй хоол өгдөг буяны байгууллага биш. Тийм зүйл байхгүй” гэх хариултыг өгч байна. Зарим нэг цайны газрын эзэд, рестораны үйлчлэгчид “Яагаад заавал ахмадуудад хөнгөлөлттэй үнээр өгөх ёстой юм” гэж бүр уурлаж уцаарлан хүлээж авсан. Зарим нь бүр гайхаад байна лээ. Нийслэл хотод гэхэд дүүрэг тус бүрийн харьяаллын ахмадууд энэ өдрийг хүүхэд шиг сэтгэл догдлон хүлээдэг. Тэд хороо дүүргийнхээ дарга нарынхаа “будаа хуурга”-наас өөр гавьтай зүйлээр баярладаггүй. Дүүргийн дарга нар, албан байгууллагууд ахмадаа хүлээж авч байгаа нэрийн дор таваг шөл уулгаад л гаргадаг. Өөрөөр гар сунгана гэсэн ойлголт байдаггүй бололтой.

Тэгвэл удахгүй болох ахмадын баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаарх Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасангаас тодрууллаа. Тэрбээр “Манай холбоо ахмадын баяраар л ахмадуудаа тоодог газар биш л дээ. Монголын ахмадуудын сайн, сайхны төлөө бодлого боловсруулж, ажилладаг байгууллага. Бид нар саяхан “Амьдрах ухаан” төвийн, “Жаргалант” сувилалтай хамтарч ахмадуудыгаа сувилалд амраасан. Өнгөрсөн долдугаар сарын нэгнээс Ахмад настны тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор шинээр батлагдсан хууль, тогтоомжийг ахмадууддаа сурталчлан таниулах, үр ашгийг нь мэдүүлэх зорилготой гол ажлыг хийх гэж байна. Ахмадууд гэдэг бусдаар өрөвдүүлж, хайр халамж горьддог улсууд биш. Ахмадууд хөгжих ёстой. Үндэс хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байна. Энэ утгаараа өнөө жилийн ахмадын баяраар ахмадуудыгаа эрх зүйтэй байх, хөгжих боломжийг нь нээж өгөх ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Нийгмийг тэргүүлэх хүч нь ахмадууд байдаг. Ахмад хүн гэдэг номын сан л гэсэн үг. Тийм болохоор ахмадууд залуучуудад хандсан, сургасан, туршлагаасаа хуваалцсан ажлуудыг хийнэ” гэж байв.

Олон улсын ахмадын баярыг тохиолдуулаад ахмадуудад зориулсан хөнгөлөлттэй, үнэгүй үйлчилгээ олгох томоохон сүлжээ дэлгүүрүүд нэг ч байсангүй. Эдгээр үйлчилгээний байгууллагууд “Бид шинэ жил, цагаан сар, наадам хэмээх томоохон баяр, ёслолын үеэр л хөнгөлөлт зарладаг. Харин энэ өдөр чинь ахмадын баяр шүү дээ. Тийм болохоор ердийн үнээрээ борлуулалтаа хийнэ” гэж байлаа. Мөн “Нарантуул” худалдааны төвийн үндэсний хувцас борлуулдаг худалдагч “Ахмадын баяраар хөнгөлөлт үзүүлэх боломжгүй ээ. Бидний түрээс өндөр. Мөн дээл, хувцасны борлуулалт муудсан гээд зовлон их л байна. Тийм болохоор хямдралтай үнээр дээл зарахгүй л болов уу. Ер нь хямдарсан хямдраагүй үр хүүхдүүд нь аав, ээждээ дээл аваад өгчих л байлгүй дээ” гэлээ. Олон улсад энэхүү баярыг хүндэтгэлийн баяр хэмээн тэмдэглэдэг бол Монголд энэхүү баярыг ашгийн баяр хэмээн хардаг. Дэлхий нийт энэ өдрийг хүндэтгэлийн баяр гэж тэмдэглэдэг тухай дээр дурдсан. Япон, Солонгос зэрэг Азийн хөгжилтэй орнуудад ахмадын баяраар ахмадууддаа төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг байна. Өөрсдийнх нь хүсэлтийг бүр эртнээс хүлээн авдаг аж. Тэгээд хүссэн амралтад нь амрааж, төрөл бүрийн үзвэр үйлчилгээ үнэгүй үзүүлж төрийн зүгээс хүндэтгэлтэй ханддаг. Америкт гэхэд баярынх нь өдөр нийтийн тээвэр автобусаар мэдээж үнэгүй зорчуулна.

Тэгвэл Монгол яадаг вэ гэвэл эл өдөр урлаг соёлын тоглолт, үзвэр үйлчилгээ бусад баяраас дутахааргүй болдог. Сарын өмнөөс л “Тэр газар ийм сайхан тоглолт болно, хайртай ээж, аав, эмээ, өвөөгөө баярлуулан хүрэлцэн ирж үзээрэй” хэмээн тоглолт, концертын зар чихэнд хоногштол явуулна. Бүр “Үнэгүй шүү, хүрэлцэн ирээрэй” гэж ойлгогдохоор. Ингээд ахмадын баярын өдөр үр, хүүхдүүд нь ёс юм шиг л аль нэг урлагийн тоглолтыг өчнөөн мөнгө зарлагадаж аав, ээждээ үзүүлдэг. Зарим ахмадууд тэтгэврийн хадгалсан хэдэн төгрөгөө ч эл өдөр зарцуулдаг билээ. Цагтаа Монгол Улсын хөгжил дэвшлийг өөд нь татаж, оюун ухаан, авьяас билгээ зориулж явсан хүмүүсийг төр, Засаг нь хэрхэн анхаарах учиртай вэ. Энэхүү баяраа хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг талаар зарим ахмадуудаас сэтгэлийг нь сонслоо.

Н.САРАНЦЭЦЭГ: МӨНГӨӨ ТӨЛӨӨД АВТОБУСАНД СУУХАД “ТА САЙХАН БАЯРЛАЖ БАЙНА УУ” ГЭЭД СУУДАЛ ТАВИАД ӨГӨХ ЗАЛУУЧУУД ХОВОРДСОН БАЙНА

Сүхбаатар дүүргийн өндөр настан Н.Саранцэцэг: -“За энэ өдөр биднийг хороо хорины Засаг дарга хүлээн авдаг. Мөн харьяа байгууллагууд хүлээн авч уулздаг. Би “Говь” компанид олон жил ажилласан хүн. Байгууллага маань хүлээн авч, бидэнд гарын бэлэг өгдөг. Ингээд л гэртээ ирнэ дээ. Сүрхий гоё дээл хувцсаа өмс л гэдэг юм. Өмсөөд очно, баахан цай, хоол унд идэж, ууттай хэдэн чихэр аваад л буцдаг. Гэхдээ хэдэн өлссөн хөгшдийг хооллож байгаа мэт санагддаг аа нуугаад яахав ээ. Харин хэдэн хүүхдүүд маань ирж, нар мандуулна л даа. Ер нь энэ баярыг үр, хүүхдүүдтэйгээ л өнгөрөөдөг дөө. Зарим жил манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд ахмадын баяраар ирж, уулздаг л юм. Нэгдсэн нэг бодлогоор энэхүү баярыг тэмдэглэн өнгөрүүлмээр санагдах юм. Ядаж л автобусаар үнэгүй зорчдог болмоор байна. За үнэгүй зорчих нь байг. Мөнгөө төлөөд автобусанд суухад “Та сайхан баярлаж байна уу” гээд суудал тавиад өгөх залуучууд ховордсон байна шүү дээ”гэв. Мөн тэрээр “Өнөөгийн залуучууд ахмад настай хүнийг хүндлэхгүй байна. Залуучууд өөрсдөө хөгшрөхгүй мэт л аашилдаг. Хүн үхэх нь үнэн, төрөх нь үнэн шүү дээ. Тийм болохоор нэрт яруу найрагч О.Дашбалбар агсны “Амьддаа бие биенээ л хайрла, хүмүүсээ” хэмээх үгийг санаж явах учиртай” хэмээв.

Ш.ДЭЛГЭРЖАРГАЛ: БИДНИЙ ҮЕД АХМАДЫН ҮГИЙГ МАШ ИХ СОНСДОГ БАЙЖЭЭ

Сүхбаатар дүүргийн VIII хорооны иргэн, ахмад хуульч Ш.Дэлгэржаргал: -“Намайг бага байхад нэг насны зөрүүтэй байсан ч ахаа эгчээ гэдэг байсан. Тэр үе саяхан юм шиг санагдаж байна. Гэхдээ одоо үед нийгмийн ороо бусгаа байдлыг дагаад тэр сайхан хүндлэл алга болчихоод байна. 60 насыг бол шижир алтан нас гэж үздэг юм билээ. Гэтэл сүүлийн үеийн залуус 50, 60 настай хүмүүсийг өвөө, эмээ гэж хэлж байгаа нь ах, эгч гэдэг үг үгийн сангаас хасагдаж байгаа юм шиг санагдаж, дотроо эмзэглэж явдаг. Хүн ахтай дээл захтай, ах нь сургаж дүү нь сонсдог гэж ардын сайхан үг байдаг. Ер нь бол бидний үед ахмадын үгийг маш их сонсдог байжээ. Ахмадуудынхаа алт шиг үнэ цэнэтэй сургаалыг сонсч байхгүй бол тэд чинь мөнх амьдрахгүй шүү дээ. Улс орондоо оюун ухаан, эрдэм мэдлэг, хүч чадлаа зориулсан ахмадуудынхаа үгийг сонсохгүй бол сүүлд харамсана шүү хүүхдүүдээ гэж уриалмаар байна” гэлээ.

Б.СҮРЭНХОРОЛ: ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛЬЕ ГЭЭД ОЧИХОД ГУТЛАНД УГЛАХ УЛАВЧНААС ЭХЛЭЭД Л МӨНГӨ НЭХЭЖ ЭХЭЛНЭ

Хан-Уул дүүргийн иргэн, худалдааны тэргүүний ажилтан Б.Сүрэнхорол: -“Бидэнд төр Засгаас хандаж, тусгай хөтөлбөр, үйлчилгээ үзүүлдэг зүйл бол алга. Яахав зарим ахмадуудыг хүлээн авч уулздаг л байх. Би өдгөө 70 наслахдаа тийм зүйл үзээгүй л дээ. Миний хувьд ахмадын баярыг үр, хүүхдүүдтэйгээ сайхан баярлаж өнгөрүүлдэг. Харин нийгмийн хүрээнд энэхүү баярыг жирийн өдрүүд шиг л өнгөрүүлдэг ээ. Ахмадын баярын өдөр нэг урлаг, соёлын тоглолт үзчихдэг л юм. Хэдэн хүүхдүүд маань мөнгө төгрөг нийлүүлж байгаад л өвгөн бид хоёрыг боломжоороо л баярлуулдаг. Гэхдээ тасалбарын үнэ нь өндөр юм шиг санагддаг. Би гурилын үйлдвэрт насаараа ажилласан хүн. Хөдөө мал маллаж ч байлаа. Улсад дөч гаруй жил ажилласныхаа үр шимд “Алтангадас одон”-той л үлдлээ. Бие өвдөөд эмнэлэгт үзүүлье гээд очиход гутланд углах улавчнаас эхлээд л мөнгө нэхэж эхэлнэ. Ер нь ахмадуудад чиглэсэн төр Засгийн бодлого чамламаар санагддаг даа” хэмээж байсан юм. Ахмадууд баяраа ихэвчлэн гэрийнхэнтэйгээ тэмдэглэн өнгөрүүлдэг хэмээн ярьж байна. Насаараа энэ улсын төлөө, амьдралынхаа төлөө зүтгэсэн буурлууд маань өнөөгийн төр, засаг, ард түмэндээ гомдож явдгийг тэдний хэлсэн үгнээс тодорхой харж болохоор байна. Төр засаг, нийгэм цаг үеэ дагаад хүмүүсийнх нь сэтгэхүй ч увайгүй болчихжээ. Ахмад настнаа дээдлэх хүндэтгэх, сургаал номыг нь сонсч, туулж ирсэн замнал түүхээр нь бахархахаас илүүтэйгээр ад үзсэн, хэнд ч хэрэггүй юм гэж бодсон, нэг тээршаасан байдалтай хүлээж авах нь бий.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн аваргын хүрэл медальт Г.ОДБАЯР: “Тамирчин хүнд амжилтын шунал хэрэгтэй” гэсэн Н.Түвшинбаяр аваргын үг үргэлж бодогддог

Дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсгаж, алтан соёмбот төрийнхөө далбааг мандуулсан алдарт тамирчид, дасгалжуулагчдыг өчигдөр БСШУСЯ-ны удирдлагууд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний үеэр нийт тамирчин, дасгалжуулагчдад талархлын өргөмжлөл болоод Монголын түүхийн номыг дурсгал болгон гардуулан өгөв. Энэ үеэр “Будапешт-2017” жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, олон улсын хэмжээний мастер Г.Одбаяртай ярилцлаа.


-Юуны өмнө дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Энэ жилийн ДАШТ-нд манай улсын баг, тамирчид ганзага дүүрэн буцаж ирлээ шүү дээ?

-Энэ жилийн дэлхийн аваргад оролцсон манай улсын жүдо, чөлөөт, боксын тамирчид үнэхээр амжилттай оролцлоо. Тамирчдын бэлтгэл сургуулилт маш сайн хангагдсан нь харагдаж байсан. Дэлхийн аваргаас медаль хүртсэн баг, тамирчид, дасгалжуулагчдыг өнөөдөр (өчигдөр) Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын сайд хүлээн авч уулзлаа. Тамирчдын хамтын амжилтыг төр засаг маань өндрөөр үнэлж, үргэлж тусалж дэмждэгт талархаж байна.

-Таны хувьд өмнө нь Ази тивийн аварга шалгаруулах болоод бүсийн томоохон тэмцээн уралдаанд оролцож, чамгүй амжилт гаргаж байсан…

-Тивийн аварга шалгаруулах тэмцээнд хэд хэдэн удаа оролцож, медаль хүртэж байсан. 2014 онд Солонгост болсон жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байлаа. Манай улсын иргэд хамгийн их байдаг Солонгосын татамид барилдахад сэтгэл зүйн хувьд илүү байсан. Ер нь тамирчин хүнд хөгжөөн дэмжигчдийн уухай хамгийн их хүч оруулдаг гэж боддог.

-Жүдо бөхийн спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

-Хүүхэд байхын л үеийнхэнтэйгээ ноцолдож, хувцас хунараа урж явлаа. Би чинь хотын унаган хүүхэд шүү дээ. Багаасаа л бөхийн спортод хорхойсож, сонирхож эхэлсэн л дээ. Сурагч байхдаа ч анги дотроо хөвгүүдтэйгээ ноцолдож, бооцоотой хоорондоо барилддаг байв. Ингэж явсаар 2003 оноос жүдо бөхөөр түлхүү суралцаж, хичээллэж эхэлсэн юм. Улмаар “Женко” клубт анх очиж Энхбаяр, Цэвэлмаа багшийн удирдлага дор хичээллэж эхэлсэн дээ. Энэ дашрамд багш нартаа Монголын жүдо бөхийн холбоо, шигшээ багийн хамт олон, гэр бүлийнхэндээ баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг алдахгүйг хичээнэ гэдгээ хэлмээр байна.

-Мэдээж хэрэг монгол эр хүн бүр багаасаа барилдаж, ноцолдож өсдөг байх. Мөн бөхийн олон төрөл бий. Яагаад заавал жүдо бөхийг сонгон хичээллэж эхэлсэн юм бэ?

-Бөхийн спорт гэдэг өөрөө хүний бие болоод сэтгэлийг төлөвшүүлж, асар их тэвчээр хатуужлыг суулгаж өгдөг болов уу гэж боддог. Би анх чөлөөт бөхөөр бэлтгэл сургуулилт хийдэг байсан. Жүдо, чөлөөт, үндэс гээд бөхийн спорт л юм чинь ялгаа юу байхав гэж бодоод жүдо бөхөөр тууштай хичээллэж эхэлсэн. Татами дээр цагаан, цэнхэр өмсгөлтэй бөхчүүд сүр сар хийтэл нэгнийгээ үүрч байхыг хараад л жүдо бөхөөр хичээллэх хүсэл төрсөн дөө. Жүдо бөхийн барилдаан, уран мэх хийж учраа бөхөө цэвэр ялах гээд энэ спортод дурлах шалтгаан их ээ. Манай багш нар “Чи жүдогоор явбал их ирээдүйтэй бөх болно” гэж хэлж билээ. Багш нарынхаа зөвлөснөөр энэ спортоор хичээллэж эхэлсэн гэж хэлж болно. Миний хувийн сонирхол ч байсан. Хүн сонирхсон зүйлдээ илүү их амжилт гаргадаг шүү дээ.

-Тэгэлгүй яахав. Хүн сонгосон мэргэжил, спортдоо сонирхолтой, сэтгэл зүрхтэй байж гэмээнэ амжилтын үзүүрээс атгана. Нөгөө талаараа амжилтын оргилд хүрэх зам тийм ч дардан биш шүү дээ. Тэр ч утгаараа шантрах, урам хугарах тохиолдол цөөнгүй байсан болов уу. Тэр үед та юунаас зориг, сэтгэлийн хүчийг авч татами дээр итгэл дүүрэн гардаг вэ?

-Хүний амьдралд алдаа, оноо, сэтгэлийн тэвчээр шалгасан тохиолдол их л дээ. Спорт тэр дундаа бөхийн спорт гэдэг бэлтгэл сургуулилтаасаа эхлээд л шантрах зүйл их шүү. Хатуу, ширүүн бэлтгэлийн үеэр шантарч буцах хүмүүс ч байна. Би үүнийг тэвчээд, амжилт гаргахын төлөө, эх орныхоо нэрийг дуурсгахын төлөө, ард түмэн, гэр бүл, найз нөхөд, ачит багш нарынхаа итгэлийг алдахгүйн төлөө шүд зуугаад ард нь гарах болно гэсэн сэтгэлийн асар их тэвчээртэй бөхчүүд ч бий. Тамирчин хүний амжилтын ард бүхэл бүтэн улсын нэр хүнд гэж бий. Анх жүдо бөхөөр хичээллэж, бэлтгэл сургуулилт хийж байх даа ер нь бөх болох хэрэг ч байна уу даа гэж бодох үе байсан. Гэхдээ өөрийн хүсэл, зорилго, тэмүүллээ хүн хэзээ ч орхиж болохгүй юм шиг санагддаг. Надад урам зориг, сэтгэлийн дэм өгдөг хүмүүс их ээ. Багш нар, гэр бүл, найзууд гээд бүгд л надад итгэж, миний захыг мушгиж суудаг. Энэ их итгэл надад юунаас ч илүү урам зориг өгдөг.

-Азийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальтан боллоо. Таны дараагийн зорилго юу вэ?

-Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр ах “Тамирчин хүнд амжилтын шунал байх хэрэгтэй” хэмээн хэлсэн удаатай. Би энэ үгийг үргэлж боддог. Тийм болохоор өдгөө гаргасан амжилтынхаа буухиаг таслахгүй дараа, дараагийн тэмцээн уралдаанд амжилт гаргахын төлөө хичээх болно. Миний хамгийн том зорилго бол дэлхийн медалиа олимпийн медальтай хослуулах. Үүнийхээ төлөө тууштай бэлтгэл сургуулилт хийж, ард түмэн, ачит багш нарынхаа итгэлийг алдахгүйн тулд хичээх болно.

С.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Төсвийн орлого долоон татвараар нэмэгдсэн, харин иргэдийн амьдрал сайжирсан уу

Холбоотой ЗурагМонголчууд “Чингис” бонд гаргаснаар их хэмжээний өрөнд орсон тухай жил гаруй шуугиж байна. Харин энэ шуугианыг түгээсэн Засгийн газар огцорлоо. Засгийн газар огцрох нэг шалтгаан нь сайд нартаа их хэмжээний үнийн дүнтэй концессын гэрээ олгосон хэрэг. Нөгөө хоёр асуудал нь хүүхдийн мөнгийг хууль зөрчиж олгосон, татвар нэмсэн шалтгаан. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат огцрохын өмнө УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ “Гадаад валютын нөөц нэг тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр 1.3 тэрбум ам.доллар болж нэмэгдлээ. Сүүлийн дөрвөн жилийн турш тогтмол тасарч байсан улсын төсвийн орлого энэ оны хагас жилийн байдлаар 330 тэрбум төгрөгөөр давж биеллээ” гэж мэдэгдсэн. Их хэмжээний мөнгөтэй болсон тул хүүхдийн мөнгийг төсвийн тодотгол хийлгүйгээр олгосон бололтой юм. Сайд нартаа олгосон тендерийн хувьд түүний Засгийн газар биш өмнөх Засгийн газар шийдсэн аж. Хэрэв түүний хэлсэн үгийг анзаарвал сонгуулийн дараа манай валютын нөөц тэрбум байсан, төсвийн орлогоо эхний зургаан сард 330 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна. Төсвийн орлог гэдэг нь татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийн орлогоос бүрддэг. Тэгвэл эхний ээлжинд өнгөрсөн оны мөн үеийнхээс 330 тэрбум төгрөгийг Засгийн газар бидний халааснаас авсан болж таарна. Мөн татварын албанаас улсын татварын орлого 700 шахам тэрбум төгрөгөөр давж биелсэн тухай мэдээлсэн. Сүүлийн хэдэн жилд төсвийн орлого ингэж ихээр нэмэгдсэн тухай мэдээ гараагүй.

Гэтэл төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр татвар нэмэгддэг хачин тогтолцоо манай улсад үйлчилж эхэлж байна. ОУВС-тай тохирсон гэрээгээр Монгол Улсын Засгийн газар долоон төрлийн татвар нэмэхээр болсон. Үүнээс гурав нь тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж байна. Тэр нь суудлын автомашины онцгой албан татвар, хадгаламжийн хүүгийн орлогод ногдох татвар 170 тэрбум төгрөг, импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг нэмсэн. Тэгвэл тамхины онцгой албан татварын бүрдэлт 14.9 тэрбум, 40 гаруй тэрбум төгрөгөөр давж, 438 тэрбум төгрөгт хүрсэн нь аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн нөхцөл байдлыг нэг талаар илтгэж буй. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны татвар 416.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Эхний зургаан сард төсөвт гурван их наяд төгрөг төвлөрчээ. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр орлогод тооцогдоно.

Гэтэл 2018 оноос эхлэн гурван жилийн хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагч тус бүрээс авах хэмжээг нэмэгдүүлснээр 293 тэрбум төгрөг төсөвт орно. Мөн суудлын автомашины онцгой албан татварыг нэмснээр 33.8 тэрбум төгрөг төсөвт нэмэгдэх нь. Тамхины татвар 20 тэрбумыг босгоно. Иргэдийн хадгаламжинд татвар ноогдуулж 43 тэрбум төгрөгийн орлого олно.

Бас нэг сонирхолтой тоо бол өнгөрсөн оны эцсээр түлшний үнийн татварыг хоёр удаа бууруулсан. Үүнээс болж төсөвт орох орлого 210 тэрбум төгрөгөөр буурчээ. Энэ алдагдлаа нөхөхийн тулд буцаагаад бууруулсан хэмжээгээ нэмнэ. Манай Засгийн газар өмнөх бууруулсан татвараа нэмсэн ч энэ салбараас орох орлого 120 орчим тэрбум төгрөгөөр буурах тооцоо гаргасан аж. Зарим эдийн засагчдын тооцоолсноор Засгийн газар нэмэгдсэн долоон татвараас гурван жилийн турш 500 хүрэхгүй тэрбум төгрөг олно. Жилд 100 гаруйхан тэрбум төгрөг.

Гэтэл Засгийн газрыг огцруулах томоохон шалтгаан болсон концессын гэрээ нь хэдэн төгрөгийн өртөгтэй вэ. УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газарт 2016 оны наймдугаар сарын 17-нд “Концессын төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргаж концессын зүйлийн жагсаалтад “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэхээр тусгасан улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй концессын гэрээг 2018 оны төсвийн жил хүртэл аливаа этгээдтэй байгуулахгүй байх үүрэг өгчээ. Гэтэл 2016 оны арванхоёрдугаар сарын 7-нд “Төсөл хэрэгжүүлэх тухай” 180 дугаар тогтоолоор эрчим хүчний салбарт зургаа, зам тээврийн салбарт дөрвөн төслийг хэрэгжүүлэхээр жагсаалт гаргасан аж. Тэдгээр төслүүдийг концессын гэрээгээр хэрэгжүүлж, гүйцэтгэгч нартай 2017 оны эхний хагас жилд багтаан гэрээ байгуулж, ажлыг эхлүүлэх үүргийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нарт даалгажээ. Энэ нь нийтдээ 807.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий ажил юм.

Зарим мэдээллээс харвал гэрээ нь багагүй хар дагуулна. Жишээлбэл, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Н.Номтойбаярын “МАК” компанитай шууд гэрээ байгуулсан 78.7 тэрбум төгрөгийн өртөгтэй. “Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станцын төсөл” нэртэй төсөл. Энэ нь Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумдыг цахилгаан эрчим хүчинд холбох зорилготой. Мэдээж хөдөөгийн хоёр сумыг цахилгаантай холбох ажлыг хэн ч эсэргүүцэхгүй. Гэвч дээрх сумдыг эрчим хүчээр холбох ажлыг 2015 онд улсын төсвийн хөрөнгөөр барьчихсан гэдэг мэдээ бий. Харин өнөөг хүртэл тодорхойгүй шалтгаанаар сумдыг эрчим хүчний нэгдсэн системд холбоогүй байна. Энэ төслийн хөрөнгийн эргэн төлөлтийг 2018, 2019 онд хийхээр гэрээнд тусгажээ.

Асуудал үүсгэсэн бас нэг гэрээ бол ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбаттай хамааралтай аж. “Засагт чандмань майнз” ХХК-тай байгуулсан энэ гэрээ 87 тэрбум төгрөгийн өртөгтэй. “Дорноговь аймгийн Сайншанд сум болон Дэлгэрэх сумдыг холбосон 130 км хатуу хучилттай авто зам”-ын төсөл. Зам бариад хэзээ ямар ашиг олох, стратегийн ач холбогдлын тухай мэдээлэл байхгүй энэ концессын эргэн төлөлтийг концесс эзэмшигчийн 2020-2026 онд улсын төсөвт төлөх татвараас суутгана.

Мөн УИХ, Засгийн газрын гишүүн С.Бямбацогтын компани 77 тэрбум төгрөг хүртэнэ. Түүний “Алтай трест” компани “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концессын гэрээтэй. Барих, шилжүүлэх гэрээтэй концессын төсөвт өртөг нь 77 тэрбум 695 сая төгрөгөөр батлагджээ. Энэ гэрээг Засгийн газрын тогтоолыг зөрчиж 2018 болон 2019 онд эргэн төлөлт хийх нөхцөлтэйгээр байгуулсан байна.

“Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас Зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын төсөл”-ийг мөн л концессоор гүйцэтгэхээр болжээ. Төсөвт өртөг нь 211.3 тэрбум төгрөг. Замын гүйцэтгэгч компаниар “Хос мөнгөн залаа” компани ажиллана.

Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тендертэй нэр холбогдох болсон шалтгаан нь тойрогтоо авсан 26 тэрбумын концесс. Дархан-Эрдэнэтийн автозамаас Сэлэнгэ аймгийн Сант, Орхон сумын замын зураг төслийг боловсруулах-барих-шилжүүлэх нөхцөлтэй 22.2 км авто зам юм. Төсөвт өртөг нь 26 тэрбум төгрөг.

Нийт өртөг нь 700 тэрбум гэж яригдаж байгаа төсвөөс гадуурх гэж шуугиан тарьсан концесст доорх төслүүд хамрагдаж байна.

“Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц”-ын төсөл,

“Чойр дэд станцын өргөтгөл шинэчлэл”-ийн төсөл,

“Шар тээгийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 56.6 км хатуу хучилттай авто зам”-ын төсөл,

“Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас Зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто зам”-ын төсөл,

“Завхан аймгийн Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвараас Нөмрөг, Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай авто зам”-ын төсөл,

“Дархан, Эрдэнэтийн авто замаас Сэлэнгэ аймгийн Сант, Орхон сумын замын зураг төслийн боловсруулах, барих, шилжүүлэх” төсөл,

“Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмнэлэг”-ийн барилгын ажил багтжээ.

Дээрх баримтуудаас харахад төр мөнгөгүй биш, мөнгөлөг байгаа нь харагдана. Засгийн газар ард иргэдийг бүсээ чангалах тухай уриалдаг. Гэтэл Засгийн газрын орлого ихээр нэмэгдсэн. ОУВС их хэмжээний мөнгө өгч байгаа. Татварыг ихээр нэмсэн. Энэ арга хэмжээг аваад иргэдийн амьдралд наалдсан зүйл алга. Гэтэл хэдхэн сайд нийт иргэдийн гурван жил төлөх нэмэлт татвараас хоёр дахин их мөнгийг концесс нэрээр авсан байх юм. Мөн татварын нэмэгдэл ч удахгүй иргэдийн амьдралд нөлөөлнө. Харамсалтай нь Засгийн газраас эдийн засаг гайхалтай сэргэж байгаа мэдээлсээр… Хэний амьдрал сайжирч хэний амьдрал уруудаж байгааг Долоон буудлын Должин эмээгийнд очилгүйгээр харчих боломж Засгийн газрын мэдээлэлд л байна.

Х.Баттөгс

Categories
мэдээ цаг-үе

Улсын арслан Л.Сосорбарам: Монгол бөхийн гадаад байдлыг их сайхан хөгжүүлсэн, одоо дотор тал буюу бөхчүүдийн ёс, жудгийг засах хэрэгтэй

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн гишүүн, хүчит арслан Лувсанчимэдийн Сосорбарамтай ярилцлаа.


-Таныг ид үед Монголын домог болсон их аваргууд, арслан, заанууд барилдаж байсан. Тэр дундаас олон түмний дунд төдийлөн яригддаггүй хэрнээ тухайн үедээ монгол бөхийн гайхамшиг болж байсан хүчтэнүүдийн тухай дурсахгүй юу?

-Би ч ер нь их огцом гарч ирсэн хүн шүү дээ. Ингэж гарч ирсэн бөхийг том цолтнууд төдийлөн амладаггүй байсан. Хорин нэгтэй залуу ид гарч ирж байхад Түвдэндорж аварга дөч гарчихсан бөх байлаа. Намайг ер нь л авдаггүй байсан. Түвдэндорж аварга мундаг хүн л дээ. Араас нь харвал бөгтгөр, урдаасаа гэдгэр, хажуугаас нь харвал урагшаа түрсэн гүдгэр цээжтэй бөх байсан юм. Их өргөн цээжтэй. Домог болсон олон аваргуудтай ид үед байхад нь барилдаж явсан. Үйлдвэрчдийн эвлэлийн хоёрдугаар их наадам гэж 1962 билүү жаран гурван онд болсон юм. Тэр наадамд Дамдин аваргатай үзүүр, түрүүнд үлдлээ. Тэр үед чинь Дамдин аварга гэж орсон буур шиг амьтан л байсан шүү дээ. Ингээд барилдлаа. Өрж эхлээд л над руу дайрч, янз бүрийн мэх хийж байна. Арай гэж тогтоочихоод сэнжигнийх нь барьцыг халаад тавиулчихсан чинь гараа үлээгээд л цаашаа хэд алхав. Тэгэхээр нь жаахан зориг орлоо шүү. За Дамдин аварга надаас бас бэргэж байна. Би ч бас сүрхий халдаг л байлаа. Дахиад дайраад ороод ирэхээр нь хоёр улаан сугаар нь тэвэрч аваад татчих юм бодоод мэх хийх гэтэл хоёр гараа ганцхан суга татангуутаа намайг тахимдаж хаячихаад дэвээд явчихлаа. Тэр үед Дамдин аварга миний шинэ далбааг хоёр сугаар нь зад татаж билээ. Дамдин аваргатай тулахад хад чулуу л гэсэн үг. Хүн байна даа нааш цаашаа хөдлөнө биз дээ. Ерөөсөө тийм юм байхгүй. Очоод тулна, залгаад хөдөлгөх гэтэл бат л зогсдог. Мижиддорж арслан Дамдин аварга хоёр их сайн найзууд. Улсын баяр наадмаар Дамдин аварга Мижиддорж арсланг есөн удаа авсан юм. Наадмын өмнөх бэлтгэлээ ч хамт хийнэ. Мижиддорж арслан амнаасаа болоод л авахуулдаг байсан даа. Нэг жил наадмын бэлтгэл хамт хийж байхдаа Дамдин аваргыг хаясан юм билээ. Тэгээд Мижиддорж арслан “Чи ч энэ жил олигтой барилдах юм уу даа. Ер нь их сул байна шүү. Миний өрөөсөн хөлийг даахаа больсон байна. Ийм байж намайг давахгүй шүү” гэж л дээ. Дамдин аварга “Тэгвэл чамайг өнөө жил авчих уу” гэдэг байж. Тэгээд л наадам болохоор Мижиддорж арсланг амлан авч барилддаг байсан гэдэг. Хамгийн сүүлийн буюу ес дэх удаагаа Дамдин аваргад амлуулан барилджээ. Тэгсэн Мижиддорж арслан “Чи элэг бүсдээ хүргүүлчихвэл юу ч биш л дээ” гэж. Тэгэхээр нь Дамдин аварга элэг бүсний барьцыг нь өгсөн гэнэ. Тэгсэн ч Дамдин аварга давж. Барилдааны дараа Мижиддорж арслан “Муу нохой чинь гар хугалчих шахлаа” хэмээн гомдоллон ярьж байсан гэдэг. Энэ хоёр чинь хоорондоо их муудалцаж, зодолдоно. Тэгснээ маргааш нь хамт ууж, инээж ханиагаад л явна. Дамдин аварга гэж ийм л мундаг тэнхээтэй, жудагтай, ааш зан, яриа хөөрөө их сайхантай хүн байлаа.

-Та Түвдэндорж, Чимэд-Очир аваргуудын талаарх дурсамж түүхийг их мэднэ. Түвдэндорж аваргын тухайд…

-Түвдэндорж аварга ч энгүй хүчтэй, цаанаасаа л тусгай төрчихсөн хүн л дээ. Нэг жилийн наадмаар Мөнхбат, Баянмөнх аваргуудыг удаан барилдсан гээд хасч байсан даа. Тэр жилийн наадмын маргааш түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд бай шагналаа гардан авч байх үед Түвдэндорж аварга улаан “яавтай” ирж явна. Бид хоёр хоорондоо их маазарна. Тэгсэн Түвдэндорж аварга “Энэ хоёр (Хоёр Мөнх) төрийн наадам удаагаад” л гэж байна. Тэгэхээр нь би тоглоод “Та бол ингэж уддаггүй байсан биз” гэсэн чинь “Шудраад өнгөрөхгүй яах юм” гэж байна. Тэгэхээр нь “Аан тийм үү. Та манай Дэлгэрхааны мохой Норов гэдэг хүнийг хонон өнжин шударсан (удаан барилдсан) гэл үү” гэтэл Түвдэндорж аварга их ууртай “Үхсэн, тэр чинь аль эрт балрын явдал” гэж билээ(инээв). Аваргатай барилдсан манай нутгийн мохой Норов гэдэг хүнийг би мэднэ л дээ. Их л бяртай, хүчтэй бөх хүн байсан юм. Тэр хүнтэй л аварга хонон өнжин барилдсан гэдэг.

-Танд хамгийн харамсалтай ч гэх үү, хамгийн их сургамж авсан барилдаан гэвэл…

-Би ч ер нь их багаасаа барилдсан. Хүүхэд байхын л үеийнхэнтэйгээ ноцолдож, хувцас хунараа урж, тасдана. Бүтэн сугатай дээл өмсөнө гэж байхгүй шүү дээ. Сургамж авсан барилдаан их ээ. Би наймдугаар ангийн хүүхэд байв уу даа. Төв аймгийн Баянбараат, Баянцагаан сум нийлчихсэн байлаа. Тэр суманд очиж анх удаа зодоглож цэргийн заан Юндэн гэх бөхийг давж түрүүлж байв. Дараа нь Угтаалын наадам болох сургаар хүргэн ахаа гуйж байгаад хамт морьтой явлаа. Тэр наадамд дөрөвт үлдчихлээ. Түрүү, үзүүрт Дэрэн сумын Жамц хэмээх бөхтэй үлдлээ. Барилдаан болох гэж байхад тэр бөх алга болчихов. Тэгсэн наадамчид “Баянцагаанд түрүүлээд ирсэн Сосорбарамаас Жамц айгаад алга болчихлоо” гэж ярьцгааж байна. Үнэхээр айж дээ гэж би бодов. Тэгсэн нээх том биетэй хар нөхөр зодог шуудгаа өмсөөд гараад ирлээ шүү. Нөгөө нөхөртэй чинь үзлээ. Би нэг хөлд ордог ухаантай. “Том биетэй хүнийг хөлд нь орж, хүчтэй унагавал их сүртэй байдаг юм гэсэн. Тэгж хаянаа” гэж бодоод орох гээд ухасхийснээ болиод сугадаж аваад давуулах гэтэл дор нь орчихлоо. Тэгээд тэр наадамд үзүүрлэсэн юм. Энэ л их сургамж болсон доо. Би одоо шавь нартаа хэлдэг. Бөх хүнд хоёр мундаг алдаа байдаг. Нэгдүгээрт бардаж байгаад унах, хоёрдугаарт айж байгаад унах. Айсан хүн мэхээ дандаа дутуу хийдэг. Бардсан хүн сагсуурч байгаад учраа бөхдөө хөнгөхөн “зууш” болдог юм. Бөх хүн ерөөсөө дөлгөөн, тайван, хараатай, ухаантайхан барилдах хэрэгтэй.

-Таны үед монгол бөхийн ёс жудаг, эрэмбэ дараа, нэгнийгээ хүндэтгэнэ гэдэг жинхэнэ утгаараа оршиж байсан. Цагийн эрхээр бөхийн ёс жудаг элэгдэх боллоо хэмээн ахмадууд ярьдаг. Таны хувьд өнөөгийн монгол бөх эртний ёс уламжлалаасаа хэр алсарсан гэж бодож байна?

-Монгол бөх бол монголчуудын шүтээн болсон өв соёл. Ахмад бөхийн хувьд залуус дүү нартаа энэ тухай их ярьдаг. Эцэг эхээс заяасан бие галбир, бяр чадлаараа бөх болж болно. Үүнийг зөв авч явах л учиртай. Монгол бөхийн ёс жудаг гэдэг бол монгол эр хүний ёс суртахуун юм. Үүнийг л залуучууд маань сайн ойлгох хэрэгтэй. Монгол бөхийн ёс жудаг гэдэг бол ахмад болон том цолтой бөхчүүдээ хүндэтгэж, эрэмбээ мэдэж байх хэрэгтэй. Хамгийн чухал нь цолтноо хүндэтгэх явдал юм. Энэ нь сүүлийн үед буюу зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш жаахан алдагдах гээд байна. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг нэг бөх алдаа гаргалаа гэхэд бөхчүүд ингэлээ, тэглээ л гэж ярина. Тийм болохоор бөх гэдэг нэр алдрыг дээдэлж, өндөрт өргөн явах учиртай.

-Нөгөө талаас бөхийн ёс жудаг алдагдаж, бөхчүүд зүй бус авир гаргах болсон нь бөхийн бай шагналаас боллоо гэж зарим нь хэлдэг дээ. Та үүнтэй санал нийлэх үү?

-Ээ, яг даа. Манай Дагвасүрэн арслан амьд сэрүүн байхдаа бөхийн бай, шагналын талаар нэг нийтлэл бичсэн юм. Тэрийг би цаг үеэ олсон их үнэн зүйл бичлээ гэж тухайн үед уншиж байлаа. “Хоёр давааны дундах даваанаас болж эр хүний жудаг алдах ёсгүй” ч билүү иймэрхүү гарчигтай нийтлэл бичсэн санагдана. Бидний үед түрүүлсэн бөхийг хоёр, гурван төгрөгөөр байлдаг байв. Одоо ч сая, саяар нь хэлдэг болж. Улсын баяр наадамд 15 сая төгрөг өгч байхад захын нэг компанийн ойн баяраар л түрүүлсэн бөхөд хорь, гучин сая төгрөг өгч байна. Үүнээс л болж бөхийн ёс жудаг, эр хүний ноён нуруу хугарч байна уу даа. Энийг анхаарах ёстой.

-Та олон жил Үндэсний бөхийн хөлийн цэцээр ажилласан хүн. Сүүлийн үеийн барилдаанууд маргаан их дагуулах болсон. Ялангуяа улсын баяр наадмаар…

-Энэ ажил миний хийдэг ажил биш юм билээ. Одоо ч хоёр бөх унасан ч дэвдэг болсон. Очоод хэлэхээр миний өөдөөс элдэв бусын юм хэлж, хөгшин зөнөгөөр нь дуудахгүй л юм. Гэхдээ л гаргаж байгаа үйл хөдлөл нь их дургүй, төвөгшөөсөн янзтай. Манай Үндэсний бөхийн холбоо монгол бөхийн гадаад байдлыг их сайхан болгосон, хөгжүүлсэн. Малгай, дээл, зодог шуудаг, залаа гээд… Одоо дотор тал буюу бөхчүүдийн ёс, жудгийг засах хэрэгттэй. Мөн жалга довны үзэл их гаргах болсон. Энэ бол маш том аюул. Монголчууд эрт дээр үеэсээ эвтэй байхдаа хүчтэй, их гүрэн болж байсан. Хоорондоо эвдрэлцэж, талцсанаасаа болж бутарсан, сүйрсэн. Яг энэ систем, өнөө цагт монгол бөхөөр жалга довны үзэл гаргах байдлаар илэрч байна. Үүнийг цаашид хаа, хаанаа анхаарч, бие биенээ ялгаварлах, талцах үзлийг арилгах хэрэгтэй. Энэ бол өргөн хүрээндээ үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Хэдэн бөхчүүдийн биш төр улсын хэмжээнд очиж болохоор том аюул шүү. Монгол бөхийн дэг жаяг алдагдана гэдэг бидний хойч ирээдүйд үнэхээр хор хөнөөлтэй, муу зүйл. Энэ бүгд өнөөгийн Монголын нийгмийн байдлаас их шалтгаалж байх шиг байна.

-Өнөө жилийн наадмын тухайд ярихгүй юу. Аварга, арслангууд өндөр даваанд барилдалгүй элэг бүсээ тайлсан. Үүнийг Сэрээтэр харцага их шүүмжилж байсан. Мөн тавын даваанд аварга Санжаадамба, улсын начин болсон Ганжад нарын барилдаан гээд ярих зүйл ихтэй наадам боллоо?

-Жил бүрийн наадам сайхан болдог. Энэ жилийн наадам ч гэсэн сайхан болсон. Гэхдээ ганц, хоёр хүн дээр л асуудал гараад байгаа юм. Тавын даваанд аварга, аймгийн арслан хоёрын барилдаан дүрмээрээ л шийдэгдсэн. Тэр дэлгэцээр маргаантай барилдааныг үзүүлэх буруу л даа. Санжаадамба, Ганжад нарыг найман шүүгч шүүсэн. Олонхийн саналаар барилдааныг Ганжадын талд шийдвэрлэсэн. Дүрмээ л барих учиртай.

-Үндэсний бөхийн хөлийн цэцийг ахмад бөхчүүдээр бус нүд сайтай, залуу хүмүүсээр хийлгэх хэрэгтэй гэсэн саналыг иргэдийн зүгээс гаргадаг?

-Олон жил хөлийн цэц хийсэн дээ. Одоо ч больсон. Нэгдүгээрт халуун наранд суугаад байх хэцүү юм. Хоёрдугаарт их хариуцлагатай ажил. Олон түмэн хоёр бөхийн барилдааныг үзээд л сууж байгаа. Хөлийн цэц буруу шийдвэр гаргавал үзэгчид эсэргүүцэх нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр аль нэг бөхийн талд шийдвэр гаргахад нутгийнхаа бөхийн талд орлоо, буруу харлаа гэж шүүмжилдэг. Их л хэл амтай ажил. Манай нутагт хуучин хөлийн цэцийг хөлийн сайд гэж хэлдэг байлаа. Хөлийн цэцээр хуучин барилдаж байсан бөх хүнийг ажиллуулах хэрэгтэй. Багачууд, хүүхдийн барилдаанд бол нүдний хараа гэх мэт зүйл чухал. Харин томчуудын барилдаан бол өөр шүү дээ. Тийм ч учраас өмнө нь барилдаж байсан хүн хөлийн цэц хийснээр тухайн хоёр бөхийн аль нь түрүүлж унасан, хэн нь давсныг мэдэрдэг юм. Харин барилдаж байгаагүй хүн хөлийн цэц хийвэл үүнийг мэдрэхгүй. Иймд барилдаж байсан туршлагатай бөхчүүдээр хөлийн цэц хийлгээд байгаа юм. Ахмад бөхчүүд хөлийн цэц хийж байгаа нь эртний уламжлал. Хүний нүдний хараа гэдэг их сонин. Шууд хараад тэр бөх уначихлаа, давчихлаа гэж хэлэхэд хэцүү. Үүнд барилдаж байсан хүний мэдрэмж чухал. Би хөлийн цэц хийж байхдаа “Хөөе тэр цэнхэр далбаатай нь давлаа, улаан далбаатай нь уналаа” гэж бөхчүүдийн далбааны өнгөөр нь дууддаг байсан. Тэр их зүгээр. Тэгэхгүй бол тэр аварга давсан, тэр заан унасан гэж нэр устай нь хэлэхээр шийдвэр гаргахад нөлөөлдөг юм болов уу гэж боддог. Өөр нэг зүйл нь даваа бүрийг цол, эрэмбээр нь амлуулж барилдуулах хэрэгтэй. Яах гэж цол өгч байгаа юм. Бөх хүн даваа бүрт өөрийнхөө эрхээр, цолныхоо эрэмбээр бөхөө амлахгүй байна гэхээр тухайн бөхийн эрх зөрчигдөж байгаа мэт санагддаг. Энэ бол миний л бодол шүү.

-Та Үндэсний бөхийн холбооны Цэцийн зөвлөлийн гишүүн. Танай холбоог тойрсон маргаан сүүлийн хорь гаруй жил яригдлаа. Ирэх онд МҮБХ ээлжит “Их Эе”-ийг хуралдуулна гэсэн.

-Эрт л энэ маргааныг шийдье гэсэн саналыг оруулж байсан ч дэмжигдээгүй юм. Уг нь миний бодлоор хоёр талын улсууд ижил түвшинд, тэрхүү их хурлаараа шударгаар өрсөлдөх хэрэгтэй юм. Улстөрийн намууд шиг. Манайд чинь АН, МАН гээд хоёр том нам байна шүү дээ. Сонгуулиар УИХ-д аль нам суудал авсан нь Засгийн газраа байгуулж, улс эх орноо жолооддог шиг л аль их хүнтэй тал нь бөхийн холбоог удирдчихмаар байгаа юм. Энэ саналыг би хэд дахин хүргүүлж байсан. Даанч хүлээж авдаггүй юм. Уг нь шийдэхэд их амархан санагддаг. Болдоггүй л юм байлгүй дээ. Одоо эв эеэ ололцох хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Улсын засуул Т.Хэнбат: Үнэндээ Ганжадын тохойг би ч хараагүй, Санжаадамба ч анзаараагүй

Өнөө жилийн баяр наадмын тавын даваанд улсын аварга Ч.Санжаадамба тухайн үед аймгийн арслан цолтой байсан Г.Ганжад нарын барилдаан маргаантай болж, Хөлийн цэц, засуул нарын шийдвэрээр Г.Ганжадыг давсан хэмээн үзсэн. Тэр үед Ч.Санжаадамба аваргын засуулаар ажилласан улсын засуул Түвдэнгийн Хэнбаттай ярилцлаа.


-Юуны өмнө уншигчдадаа өөрийгөө танилцуулахгүй юу. Та аль нутгийн хүн бэ?

-Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат хүн. Багаасаа л бөхөд хорхойтой, домог болсон бөхчүүдийн барилдаан, засуул нарын цол дуудахыг нь сонсох дуртай л хүүхэд байв. Тийм ч болохоор хожим үндэсний бөхийн засуулаар өөрийн сонирхлоор дурлан ажиллах гол шалтгаан болсон юм болов уу.

-Хэзээнээс үндэсний бөхийн засуулаар ажиллаж эхэлсэн бэ?

-Анх 2008 онд Монголын үндэсний бөхийн холбоонд орж, улсын тонж манлай засуул Цогзол, улсын ахлах засуул Пүрэв гуай нарын удирдлага дор засуул болох анхныхаа гарааг эхэлж байлаа. Миний багш болсон эрхэм хүмүүс ээ. Энэ хоёр хүн л надад их зүйлийг хэлж, зааж сургадаг байсан. Одоо ч үлгэр дууриалал авч, хүндэлж явдаг аа.

-Засуул хоёр бөхийн барилдааныг шүүхээс гадна бөхийн цол дуудах хэмээх гайхамшигт өв соёлыг түгээдэг хүмүүс шүү дээ.

-Тэгэлгүй яахав. Миний хувьд сүүлийн зургаан жил улсын баяр наадамд хүчит бөхчүүдийн цолыг дуудаж байна. Зарим хүмүүс дуучин хүн л бөхийн цол дуудчихна гэж эндүүрдэг. Бөхийн цол дуудна гэдэг бол дуу дуулахаас өөр зүйл. Дууг нэг бус өнгөөр, янз бүрийн хэмнэлд оруулж дуулдаг. Харин бөхийн цол дуудна гэдэг бол нэг өнгөөр дуугарах боловч, дээшээ, доошоо, буулгах, өсгөх түрэх зэргээр уянгалуулан дууддаг онцлогтой. Гэхдээ манай засуул нарын ихэнх нь дуучид байдаг. Тэр дундаа уртын дуучид цол дуудахдаа илүү. Хоолойны өнгө, амьсгаа авалт зэрэг нь тохирдог гэх үү дээ. Мэргэжлийн хүн биш учир хэлж мэдэхгүй юм. Ер нь цол дуудна гэдэг төрөлхийн авьяастай хүний л ажил. Хичнээн сайн дуулдаг байлаа гээд цол дуудаж чадахгүй л дээ. Би гавьяат жүжигчин Ганзориг гуайтай уулзаж байхдаа “Та ийм сайхан хоолойтой, мундаг сайн дуулдаг байж бөхийн цол дуудаж болохгүй юу” гэтэл “За тэр чинь ёстой хэцүү юм билээ. Цол дууддаг хүн тусдаа төрдөг байх. Би лав чадахгүй” гээд дуу алдаж байсан шүү. Ийм мундаг дуучин ингэж хэлэхийг бодохоор цол дуудна гэдэг хэн хүн хийгээд байдаггүй зүйл юм шиг ээ.

-Засуул хүний ёс зүй, баримтлах ёстой чиг шугам нь юу бол?

-Хамгийн чухал нь энэ бөх манай нутгийнх, тийм болохоор нөгөө бөхийг дэмжихгүй ээ гэдэг сэтгэлээр ажиллаж болохгүй. Мөн олон түмний өмнө биеэ зөв авч явах учиртай. Хүнийг засах гэж буй хүн өөрийгөө хамгийн түрүүнд засч, зүлэг ногоон дэвжээнээ гишгэх хэрэгтэй л дээ. Ерөөсөө л шударга л байх учиртай. Холбооноос тогтоосон дүрэм журам бий. Үүнийг баримтлан ажиллах нь зүйтэй. Засуул хүн хоёр бөхийн хэн нь давсан, аль бөх нь түрүүлж унасан талаарх саналаа Хөлийн цэцүүдэд хэлдэг. Улмаар барилдааны шийдвэрийг Хөлийн цэцүүд Ерөнхий цэцэд уламжилж, Ерөнхий цэц олонхийн саналаар эцэслэн шийдвэрлэдэг дүрэмтэй.

-“Засуул хүн залуу бөхчүүдэд багш нь, задарсан бөхчүүдэд аав нь мэт үнэтэй зөвлөгөө хэлж, сургаж, барилдааныг нь чиглүүлж өгдөг” хэмээн Цогзол гуай хэлсэн удаатай. Бөхийг засахаас улбаалж, эр хүний ёс суртахуун, жудаг гэж юу болохыг бөхчүүдэд хэлж өгөх үүрэгтэй эрхэм хүмүүс ээ…

-Үнэхээр үнэн. Барилдах гээд гарч ирж байгаа бөхчүүдэд урам өгч, учраа бөхийнх нь сул талыг хэлж, зоригийг нь хурцалдаг хүмүүс л дээ. Тэр утгаараа засуул бөхчүүдийг сайн судалсан байх учиртай. Бөхчүүд гарч ирээд “Ах аа, энэ бөхийн тал нь юу билээ, яаж барилдвал, ямар мэх хийвэл давчих бол” гэж асуудаг. Тэр болгонд нь хамгийн зөв зүйлийг хэлж, боломж байгаа гэдгийг нь ойлгуулах нь зүйтэй.

-Ард түмэн өнөө цагийн бөхчүүдийн гаргаж буй ааш авир, барилдаанд их шүүмжлэлтэй ханддаг болсон. Мөн засуулын тавьж буй шаардлагыг биелүүлэхгүй, урдаас нь янз бүрээр хэлэх, барьцаа авч барилдахгүй цаг удах зэрэг шүүмжлэх зүйл их л дээ. Засуулаар ажиллах хэр хүндрэлтэй вэ?

-Мянга гаруй бөх наадмын талбайд гарч барилдана. Эдгээр бөхчүүдийг 32 засуул хэн нь хэнтэй барилдах, аль нь түрүүлж давсан, унасан гэдгийг нь харах, нэг засуулын мөрнөөс хичнээн бөх гардаг эсэхийг тооцвол хэцүү ажил шүү. Зарим нь унасан ч улаан цагаан унаагүй гэж мэлзэнэ. Урдаас янз бүрээр хэлнэ. Одооны залуус ухамсар муутай болсон. Тэр бүрийн учрыг олж, халуун наранд хоёр өдөр зогсоно гэж бодохоор хэцүү байгаа биз. Гэхдээ яалт ч үгүй бөхөд дуртай, хайртай болохоор, үндэснийхээ өв соёлыг тээж яваа гэдгээрээ бахархдаг учраас л хийж байгаа хэрэг. Хэцүү бүрийг яривал их зүйл байдаг. Гэхдээ тэр бүрчлэн зовлонгоо хэлээд байдаггүй хүмүүс бол засуул нар.

-Засуулын өмнөөс ёс бусаар хэлэх, тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй байгаа бөхийг тухайн барилдаанаас хасах эрх мэдлийг засуулд олгочихвол бөхчүүдийн дутагдалтай байдал засрах болов уу. Таны хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа бөхчүүдийг тухайн барилдаанаас хасах эрхийг засуулд олгоно гэдэг чинь их зөв санаа байна. Засуул Хөлийн цэцдийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, өөдөөс нь янз бүрээр хэлдэг бөхөд нэг удаа сануулна, хоёр удаа анхааруулна. Тэгээд болохгүй бол барилдаанаас хасахад буруугүй л юм. Бид бөхчүүдээ их хайрладаг, хүндэлдэг болохоор тэр бөх тийм зүйл хэлсэн гээд яриад явдаггүй л дээ. Энэ бас буруу юм байна. Бөхчүүдийн гаргаж буй үйлдэл, алдааг нь хэлж байж л нөгөө бөх хүний, монгол эр хүний жудаг гэдэг зүйлийг ярих учиртай юм байна. Одоо ч бидний үгэнд байтугай багш, дасгалжуулагч, эцэг, эхийнхээ үгэнд ордог бөх цөөрч. Энэ бүх дутагдалтай зүйлээ засуул нар ч бөхчүүд ч анхаарч, хэн хэндээ хэлж баймаар санагдана.

-Сүүлийн жилүүдэд улсын баяр наадам ч гэлтгүй барилдаан болгоноор бөх-чүүд, засуул нарын дунд маргаан гарах болжээ. Хоёр бөхийн барилдааныг зөв шийдвэрлэх, маргаан гаргахгүйн тулд яах ёстой юм бол?

-Ер нь засуул, бөхчүүд гээд аль алинаас нь болж л байгаа. Зарим тохиолдол засуул муу ажилласан, буруу шийдвэр гаргасныг үгүйсгэхгүй. Мөн улаан цагаан хоёр засуулын өмнө уначихаад “Би унаагүй ээ” гээд мэлзэх, маргалдах бөхчүүд ч их ээ. Ер нь барилдаан гэдэг гэнэт маш хурдан хугацаанд болж өнгөрдөг үйл явдал шүү дээ. Хүний нүд гүйцэж харах боломжгүй барилдаан ч их болно. Үндэсний бөхийн холбоо энэ асуудлыг шийдэх цаг болсон. Орчин үед техник технологи их хөгжиж байна. Тийм болохоор цол олгох ч юм уу дээгүүр давааны барилдаанд маргаан гарвал камерийн бичлэг харчихад гэмгүй л дээ. Нэг хоёрын даваанд тэр олон бөхчүүдийн барилдааныг камерын бичлэг харж шийдэх боломжгүй хэмээн бөхийн холбооноос дургүйцдэг. Энэ үнэн л дээ. Тийм болохоор тавын даваанаас дээш бичлэг хараад шийдвэр гаргадаг болчихвол зүгээр санагддаг. Дээгүүр даваанд бөхчүүд ч цөөрчихнө шүү дээ.

-Өнөө жилийн наадмын гол шуугиан нь Санжаадамба, Ганжад нарын барилдаан байлаа. Тухайн үед хоёр бөхийн халуун амьсгалыг нь сонсож, барилдааныг нь нүд салгалгүй харж байсан хоёр засуулын нэг нь та. Энэ хоёр бөхийн барилдаан шударга болсон уу?

-Тавын даваанд Санжаадамба аваргын цолыг нь дуудаж, мөрнөөсөө гаргасан хүн нь бий. Харин Ганжадын засуулаар Гантогоо ажиллаж байлаа. Би Санжаадамба аваргын талд барилдааныг нь хараад зогсож байсан шүү дээ. Тэр өнцгөөс харахад Санжаадамба аварга түрүүлээд дор нь орчихсон. Санжаадамба аварга Ганжадыг шуудагнаас нь өргөөд тавих үед Ганжад зөрүүлээд хутгаад эргэчихсэн. Тэр үед яалт ч үгүй Санжаадамба аварга түрүүлээд дор нь орчихсон харагдсан. Ингээд барилдаан болж өнгөрсний дараа Санжаадамба “Яасан бэ, юу болчих воо” гэж асуухад нь “Миний дүү дор нь орчихлоо” л гэсэн. Үнэндээ тэр Ганжадын тохойг би ч хараагүй, Санжаадамба ч анзаараагүй. Хөлийн цэцүүд ч Санжаадамба түрүүлээд уначихлаа хэмээн ярьж байсан гэсэн. Ингээд аварга маань элэг бүсээ яг тайлах гэж байтал гэнэт дэлгэцээр хоёр бөхийн барилдааныг удаашруулж үзүүлсэн л дээ. Ямар ч маргаан гарахааргүй барилдаан дэлгэцний бичлэгээс болоод бөөн юм болсон. Уг нь наадмын өмнө Бөхийн холбооныхон бөхчүүд, засуул, шууд дамжуулах телевизийнхэнтэй уулзаж, ямар нэгэн маргаантай барилдааныг олон нийтэд түгээхгүй ээ, бичлэг харж барилдааныг шүүхгүй гэж анхааруулж хэлж л байсан. Гэтэл хэн нэгэн нь гар утасныхаа бичлэгийг Санжаадамба аваргад үзүүлсэн. Тухайн үед “Нэгэнт дэлгэцээр харж, барилдааныг шүүхгүй гэсэн дүрэмтэй байж яагаад дэлгэцээр гаргачихаж байгаа юм. Энэ чинь миний нэр төрийг сэвтээж байна” гэж наадмын комисст хандан хэлсэн л дээ. Тэгсэн чинь “Хэн ингээд дэлгэцээр гаргуулчихаж байгаа юм, мэдэхгүй байна. Бид бол гаргаагүй” гэсэн. Ингээд л миний засуулын нэр төр сэвтэж байгаа юм шүү дээ. Уулзсан хүн бүр “Чи л Санжаадамба аваргыг унагасан” гэж хэлдэг болсон. Хэрвээ камерын бичлэг харна гэж хэлсэн бол, мөн тийм дүрэмтэй байсан бол би эхлээд бичлэгээ харчихъя. Дараа нь саналаа хэлье л гэх байсан.

-Наадмын дараа таныг олон түмэн буруу шийдвэр гаргасан хэмээн их л шүүмжилсэн. Нээрээ ч би буруу шийдвэр гаргачихсан юм болов уу гэсэн бодол танд төрж байв уу?

-Энэ барилдаан үнэхээр хурдан болж өнгөрсөн шүү дээ. Би өөрийнхөө харсан зүйлээ л хэлнэ. Өөр юу хэлэх юм. Засуул хүн өөрийн харсан зүйлээ шударга хэлж, ямар нэгэн шийдвэр гаргах хэрэгтэй биз дээ. Бөх засч байж дуугай зогсоод байна гэж байхгүй. Засуул хүн аль нэг талд нь шударгаар шийдвэр гаргах учиртай. Наадмын дараа аваргыг унагачихлаа гэх хүмүүсийн яриаг сонсоод их сэтгэлээр унасан. Нээрээ буруу санал гаргачихсан юм болов уу ч гэж бодсон. Харин сүүлд нь Баяр наадмын комиссын хүмүүс “Та бол шударга ажилласан. Буруудах зүйл байхгүй. Бид л бичлэг үзүүлж алдаа гаргалаа” хэмээн уучлалт гуйсан л даа.

-Барилдааны дараа тань руу Г.Өсөхбаяр аварга “Чи юу харж байсан юм” хэмээн бухимдалтай хэлж байсныг олон түмэн сонссон…

-Бөхчүүд засуул нартайгаа ёс зүйгүй харьцдаг, барилдааны үеэр хэн юу хэлэв гэдгийг сонсох зорилготой засуул нарын энгэрт микрофон байршуулсан. Энэ бол зөв бодлого. Харин тухайн барилдааны үеэрх бөхчүүд, засуул нарын ярьсан яриаг олон нийтэд сонсгож, хүргэнэ гэдэг нөгөө талаасаа буруу мэт санагддаг. Ер нь хоёр бөхийн барилдааныг засуул, Хөлийн цэцүүд л хянаж байх үүрэгтэй. Барилдааны шийдвэрт хөндлөнгөөс хүн оролцох дүрэм байхгүй шүү дээ.

-Та Сүхбаатар аймгийн хүн гэлээ. Өнөө цагийн шилдэг аймгийн арслангуудын нэг танай нутгийн бөх Ш.Мөнгөнбаатарыг жил бүрийн наадмаар цол авчих болов уу хэмээн ард түмэн хүлээдэг. Та ч энэ хүнийг олон барилдаанд засч байсан болов уу.

-Жил бүрийн наадмаар л Мөнгөнбаатар арсланг улсын цолонд хүрчих болов уу хэмээн хүлээн суудаг. Би Мөнгөнбаатарыг багаас нь л мэднэ л дээ. Миний аав Онгон сумын хүн. Тийм болохоор бид нэг нутгийн улсууд. Засуул хүний хувьд харж байхад Мөнгөнбаатарт сэтгэл зүйн бэлтгэл дутаад байдаг юм болов уу гэж боддог. Яг улсын баяр наадмаар шүү. Түүнээс биш бусад заал танхимын барилдаануудад бүгдийг нь хаядаг шүү дээ. Бусад үе шигээ улсын баяр наадмаар зоригтой дайчин, сэтгэл зүйн бэлтгэлтэй барилдвал улсын цолонд одоо ч хүрнэ дээ.

Categories
мэдээ цаг-үе

Улсын начин Г.ГАНЖАД: Өсөхөө аварга “Хөлийн цэцүүд чамайг давсан гэсэн. Баяр хүргэе” гээд үнсэхэд сэтгэл уужрах шиг л болсон

Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмаар улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамбаар тав давж, Монгол Улсын начин хэмээх эрхэм цолыг хүртсэн Төв аймгийн Сүмбэр сумын уугуул, улсын начин ГалсанОчирын Ганжадтай ярилцлаа.


-Юуны өмнө таны төрж өссөн нутаг уснаас тань яриагаа эхэлье. Та хэдэн онд хаана төрсөн бэ?

-Хүн өсөж, төрсөн нутгаа дээдэлж, зон олноороо бахархаж явах сайхан. Би 1987 онд Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн. Манай аав, ээж хоёр маань Завханы хүмүүс л дээ. Ааваараа бол Завханых л гэнэ. Гэхдээ анх Сүмбэр нутгаараа харьяалагдаж, зарлуулж гарч ирсэн болохоор энэ сайхан нутгаараа цоллуулж явахыг хүсдэг ээ.

-Таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ. Багын л барилдаж ноцолддог байсан болов уу?

-Мэдээж хэрэг эрэгтэй хүүхэд болж төрснийх үеийнхэнтэйгээ, ах нартайгаа барилдаж, ноцолдож өссөн. Эмээ маань л намайг хүн болгож, өсгөсөн дөө. Учир нь манайх сумын төвд. Харин эмээгийнх маань хөдөө. Тийм болохоор байнга л эмээгийнд байдаг байлаа. Зун болгон эмээгийндээ сургуулийнхаа амралтаар очиж, бусад хүүхдүүдийн адил морь унаж, хонь хариулдаг л байсан.

-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ?

-Миний аав, ээж хоёр маань таван сайхан хүүхэд төрүүлж, өсгөсөн буянтай хүмүүс ээ. Би дээрээ эрдэнэ мэт ганц эгчтэй хүн. Харин доороо хоёр эрэгтэй, нэг охин дүүтэй.

-Танай гэр бүлээс тантай адил бөхийн спортоор хичээллэдэг хүн бий юу?

-Надаас өөр байхгүй ээ.

-Тэгвэл таны удамд…

-Манай аав, ээж хоёрын талд мундаг сайхан барилдаж, ус нутагтаа нэртэй цуутай бөхчүүд байсан. Аавын маань аав Завхан аймгийн Баянтэс сумын харьяат Уснахиа хэмээх сумын заан цолтой мундаг хүн байсан. Сум орон нутгаасаа гарч барилдаж байгаагүй ч төрсөн нутагтаа олон жил их сайн барилдсан хүн байсан юм билээ. Миний аав мөн сумын заан цолтой хүн л дээ. Ээжийн удам ч гэсэн барилддаг улсууд бий л дээ. Ер нь хоёр талаасаа л бөхийн удамтай хүн л дээ би.

-Үндэсний бөхөөр хэзээнээс хичээллэж эхэлсэн юм бэ?

-Дунд сургуулиа төгсөөд, 2005 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуульд уран барилдаант улсын начин Адъяахүү багшийнхаа шавь нь болж, энэхүү үндэсний спортод хөл тавьсан даа. Тэр цагаас эхэлж заал танхим, орон нутгийн барилдаануудад барилдаж эхэлсэн. Тухайн үед “Аварга” сургууль үндэсний бөхийн анхныхаа ангийг нээж байсан юм. Манай ангиас өдгөө улсын цолонд хүрсэн нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат улсын начин Сангисүрэн нөгөөх нь би болж байна. Өнөө цагт барилдаж буй шилдэг аймгийн цолтонгууд манай ангид бий л дээ. Өнөө жил Өмнөговь аймгийн наадамд түрүүлсэн аймгийн хурц арслан Дарханбат, Ховдын Тайван, Хөвсгөлийн Баттүвшин, Өвөрхангайн Наранбаатар, Архангайн Бат-Эрдэнэ, Хэнтийн Ганцоож нарын аймгийн цолтонгууд их ээ. Энэ хүчтэй, хийморьтой ангиараа бахархаж суудаг даа. Сургуулиа төгсчихөөд нутгийнхаа бөхчүүдтэй хамт бэлтгэл сургуулилт хийж байна.

-Улсын баяр наадамд анх хэдэн онд зодоглож байв?

-Өнөө жил тав дахь жилдээ барилдаж байна. Анх 2012 онд аймгийн арслан болчихоод улсад ирж барилдаад хоёрын даваанд Өмнөговь аймгийн харьяат бөх улсын начин Сумъяад өвдөг шороодож байв. Дараа жилийнх нь наадмаар хоёр давж, гурвын даваанд Бямбажав харцагад унасан. 2014 онд гурав давж, дөрвийн даваанд Доржсамбуу гарьдад өвдөг шороодсон юм. Өнгөрсөн жил хоёрын даваанд уначихаад бэлтгэл сургуулилтаа сайн хийж, алдаанаасаа суралцаж ирэх жилийнхээ наадмаар зодоглоно гэж бодсон. Ингээд өнөө жил тав давж, өөрийнхөө хүссэн цолондоо хүрч, сайхан наадсан.

-Өнөө жилийн баяр наадмын гол шуугиан нь яах аргагүй Санжаадамба аварга та хоёрын барилдаан байлаа. Энэхүү барилдааны тухайд ярихгүй юу?

-Наадмын дараа интернэт сүлжээгээр сайн, муу олон ч шүүмжлэл хүртлээ. Олны дунд сайн, муугаа дуудуулах хэцүү л юм билээ. Миний хувьд өнөө жил хүчит аваргатай үнэхээр одтой, хийморьтой л барилдлаа. Энэ том аваргаар тав давж улсын цолонд хүрнэ гэдэг бахархмаар сайхан л санагдсан. Бид хоёрын барилдааныг би биш хөлийн цэцүүд шийдвэр гаргаж, намайг давсан гэж үзсэн. Тийм болохоор би яах ч билээ. Наадмын өмнө бэлтгэл сургуулилт хийж байхад Монголын Үндэсний бөхийн холбооноос “Энэ жил барилдааныг камерын бичлэгээс удаашруулан үзэж, ямар нэгэн шийдвэр гаргахгүй шүү” гэж анхааруулан хэлж л байсан. Бичлэг үзэж шүүхгүй гэсэн дүрмээ баримтлаад л шийдсэн.

Ер нь камерын бичлэг шийдвэр гаргахад үндэслэл болж чадахгүй л юм билээ л дээ. Яг ижил түвшинд олон талаас барилдааны дүрсийг нь авч байж л шүүх боломжтой юм билээ. Тэр утгаараа холбогдох хүмүүс нь шийдвэр гаргасан байх. Миний хувьд хөлийн цэцийн шийдвэрийг л дагасан. Хөлийн цэцүүд дахин барилдуулна гэсэн бол би дахиад л барилдах байлаа. Эсвэл намайг унасан гэвэл би элэг бүсээ тайлаад тахимаа өгөх л байсан. Эцсийн шийдвэрийг би биш бид хоёрын барилдааныг дэргэдээс үзсэн хөлийн цэцүүдийн л шийдвэр шүү дээ. Би дүрмээрээ л барилдсан. Нэг нь цолоо ахиулах, нөгөө нь цолонд хүрэхийн төлөө сайхан л барилдсан гэж бодож байна.

-Тавын даваанд таны засуулаар ямар хүн ажиллаж байсан юм бол?

-Тэрийг одоо сайн санахгүй юм.

-Та ер нь аваргад амлуулна гэж бодож байв уу?

-Яг Санжаа аваргыг авна ч гэж нэг их бодоогүй шүү. Гэхдээ дээгүүр л очих байх, хэн нь ч авсан зоригтой сайхан барилдана гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан л даа.

-Наадмаас хойш Санжаадамба аваргатай нүүр тулж уулзав уу?

-Яг ч нүүр тулж уулзаагүй. Ер нь л таараагүй шүү. Би чинь “Алдар” спорт хорооны бөх. Наадмын дараа шинээр улсын цол хүртсэн бөхчүүдээ Г.Өсөхбаяр аварга тэргүүтэй “Алдар” спорт хорооныхон маань хүлээн авч уулзсан юм. Тэр үеэр Өсөхөө аварга “Нэгэнт хөлийн цэцүүд чамайг давсан гэж үзсэн учир өөр юу ярих билээ. Баяр хүргэе” гээд үнсэхэд сэтгэл уужрах шиг л болсон шүү. Санжаадамба аварга бол том аварга шүү дээ. Миний хувьд үргэлж л хүндэлж явдаг бөхчүүдийн нэг.

-Улсын цолонд хүрчихээд төрийнхөө есөн хөлт цагаан тугнаасаа адис авчихаад буцахад ямар санагдах юм?

-Ёстой сайхан. Үгээр хэлэх аргагүй л юм билээ. Тухайн үед нэг л зүйл бодогдсон. Манай аав бурхан болчихсон л доо. Тэгээд аавыгаа л их бодсон. Тав давчихаад есөн хөлт цагаан тугаа тойрох мөчид аав минь бодогдож, нулимс унагасан. Өмнө сумын заанаас шууд аймгийн арслан цол хүртэхэд ч гэсэн аавыгаа бодож, уйлж л байлаа. Цаашаа улам сайн барилдаж, цолоо ахиулах болно.

-Төв аймаг бол Монгол бөхийн өлгий болсон нутаг шүү дээ. Харин танай сумаас улсын алдар цолтой бөх бий юу?

-Манай нутгаас төрөн гарсан улсын алдар цолтой домог болсон бөхчүүд их ээ. Төв аймаг 27 сумтай. Үүнээс есөн сумаас улсын цолтой бөх төрөөгүй байж. Өнөө жил би улсын начин цол хүртсэнээр энэ тоо найм болсон л доо. Өнөө жил манай сумын 40 жилийн ой тохиолоо. Энэхүү түүхэн ойгоо манай нутгийнхан үнэхээр сайхан тэмдэглэлээ. Нийт нутгийн зон олон болоод монголын ард түмэндээ баярлаж, талархаж явдагаа илэрхийлье ээ.

-Улсын цолтой залуу бөхийн хувьд найраа, допинг гэх асуудлын талаар ямар бодолтой байдаг вэ?

-Бөх хэмээх өв соёлыг өнөө цагт гутааж байгаа зүйл нь найраа, допинг юм болов уу л гэж боддог. Миний хувьд эдгээр зүйлээс хол явдаг хүн. Тамирчин хүнд үнэхээр хортой зүйл шүү дээ. Тиймээс залуучууд маань ухамсартай л хандах учиртай.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу. Таны хүүхдүүдээс барилдах эвсэлтэй ч гэх үү ирээдүйд бөх болчихмоор хүүхэд анзаарагдаж байна уу?

-Би одоо гурван хүүтэй. Дөрөв дэх хүүхдээ өлгийдөж авах гээд л байна. Эхнэр маань охин, хүү гэдгийг нь хэлэхгүй л байгаа. (инээв) Манай эхнэр Завханых. Гэхдээ Сэлэнгэд өссөн хүн. Манай хадам аав ч бас сумын цолтой бөх хүн байсан л даа.

-Таны цаашдын зорилго юу байна?

-Мэдээж хэрэг бэлтгэл сургуулилтаа сайн хийж, цолоо ахиулан барилдах бодолтой байна. Юун түрүүнд энэ хүндтэй цолоо батлахын төлөө зорино. Ард түмнийхээ хүндэтгэл, хайр буяныг дааж, улам илүү л хичээж, өшөө өндөр цолонд хүрэх юмсан л гэсэн бодолтой, зорилготой байна.Миний амжилттай байнга цуг байдаг Сугаррагчаа захирагчтай Зэвсэгт хүчний 311 дүгээр анги хамт олондоо баярлаж явдаг. Мөн Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээний хамт олондоо талархаж байна. Тусалж дэмждэг бүх л хүмүүстээ баярладаг шүү.

Categories
мэдээ цаг-үе

“Универсиад” их наадмын мөнгөн медальт Б.НАРАНТУЯА: Миний дараагийн зорилго дэлхийн аварга болох

Универсиад наадмын пүүл биллиардын хосын төрөлд хүрэл медаль хүртсэн баг. Баруун гар талынх нь Б.Нарантуяа

Тайванийн Тайпей хотноо болж өнгөрсөн Дэлхийн оюутан, залуучуудын “Универсиад” их наадмын пүүл биллиардын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг олон улсад дуурсган ганцаарчилсан төрөлд мөнгө, багийн төрөлд хүрэл медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер Баярсайханы Нарантуяатай ярилцлаа.


-Юуны өмнө Дэлхийн оюутны их наадамд амжилттай оролцож, төрийнхөө далбааг мандуулсанд баяр хүргэе. Бэлтгэл сайн байв уу?

-Баярлалаа. Энэхүү наадам олимпийн дараа орох чансаа өндөр том тэмцээн. Универсиад их наадамд энэ жил дэлхийн 160 гаруй орноос 8000 орчим тамирчин хүрэлцэн ирж, спортын 19 төрлөөр өрсөлдсөн байна лээ. Үүнээс пүүл биллиардын төрөлд олон улсын шилдэг 32 тамирчин оролцсон. Миний хувьд шөвгийн наймд Солонгосын тамирчин Ён Хи Жэнийг 9:3-ын харьцаатай хожиж, хагас шигшээд Тайванийн тамирчин Вү Жи Тинийг 9:6-ын харьцаатай буулган авснаар аваргын алтан медалийн төлөө Тайванийн шилдэг тамирчин Кү Чен Чинтэй өрсөлдсөн юм. Бид хоёр их удаан тоглосон л доо. Эцэст нь би 6:9-ын харьцаатай хожигдож, мөнгөн медаль хүртсэн.

-Алтан медалийн төлөөх тоглолтод яагаад хожигдов. Өрсөлдөгч тань чансаатай байв уу?

-Яг алтан медалийн төлөө тоглохдоо сэтгэл санааны хувьд ч гэх үү тийм айж, бэргэсэн зүйл байгаагүй л дээ. Харин мөнгөн медалийн төлөө Тайванийн алдартай тамирчин дэлхийн аварга хүнтэй тоглосон болохоор хожих болов уу гэсэн бодол төрж байлаа. Бага зэрэг итгэл муутай тоглосон ч гэлээ хожсондоо маш их баярласан. Хамгийн хүчтэй өрсөлдөгчөө хожчихсон болохоор аваргын төлөөх тоглолт тийм ч хэцүү санагдаагүй юм. Гэтэл “Их санасан газар есөн шөнө хоосон хононо” гэдэг шиг юм болсон доо (инээв). Алтан медалийн төлөө дахиад Тайванийн тамирчинтай тоглож, хожигдсон.

-Та багийн төрөлд хүрэл медаль хүртсэн. Ганцаарчилсан болон багаараа тоглоход аль нь хэцүү байдаг бол?

-Хосын төрлөөр оролцох нь илүү хэцүү л дээ. Учир нь өөрийнхөө анхаарлыг болоод тоглолтын төлөвлөгөөгөө бүрэн гаргаж чаддаггүй. Ер нь ганцаарчилсан төрөл нь амар санагддаг. Манай улсын эрэгтэй, эмэгтэй тамирчид пүүл биллиардын багийн төрөлд аль аль нь хасагдах шатны тоглолтоо тэмцээнийг зохион байгуулагч орон Тайванийн багтай хийсэн. Тайванийн багийн хувьд бүрэлдэхүүндээ дэлхийн аварга тамирчин багтаасан шилдэг баг байсан. Тэр ч утгаараа эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алт, мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алт, хүрэл медаль хүртсэн. Харин манай улсын баг эмэгтэйчүүдийн төрөлд хүрэл медаль хүртсэн амжилттай оролцлоо.

-Пүүл биллиардын хэд хэдэн дүрэм бий. Энэ удаагийн наадам аль дүрмээр нь явагдсан бэ?

-Есөн шааригны дүрмээр тоглосон. Биллиард сонирхогчид мэднэ дээ. Ширээн дээр нэгээс ес хүртэлх шаариг байдаг. Түүнийг нэг дугаартайгаас нь эхэлж оруулсаар хамгийн сүүлийн шаариг буюу ес дугаартай бөмбөгийг оруулсан тоглогч хожил авдаг юм.

-Өмнө нь Универсиад наадамд пүүл биллиардын төрөл байгаагүй санагдах юм?

-Тийм ээ. Пүүл буюу ногоон ширээний биллиардын төрөл энэхүү наадамд багтдаггүй байсан л даа. Энэ жилийн Универсиад их наадам Тайваньд болсон болохоор зохион байгуулж буй эзэн орон спортын нэг төрөл нэмэх эрхтэй байдаг юм. Энэхүү спорт Тайваньд сүүлийн жилүүдэд их хурдацтай хөгжиж байгаа. Тийм болохоор аль чадах спортоо нэмж оруулсан байх. Гэхдээ дэлхийд биллиардын спорт хамгийн сайн хөгжсөн, хамгийн алдартай тамирчидтай улс бол Хятад шүү дээ. Өнөө цагийн биллиардын шилдгүүд, чансаагаараа дэлхийд тэргүүлдэг нь Хятад тамирчид юм.

-Анх биллиардыг хэнээр заалгаж, тоглож сурсан бэ?

-Манай гэр бүл 100 айлд, нэг давхар улаан тоосгон барилгын материалын дэлгүүрийн ард талын хашаанд манаач хийж амьдардаг байлаа. Аав, ээж, ах, эгч гээд бүгд л дор бүрнээ ажил хийж, амьдралаа авч явдаг байв. Тухайн үед би ч гэсэн аав, ээжийнхээ өгсөн мөнгөөр чихэр, печень, ундаа, ус аваад зарж, олсон хэдэн төгрөгөө гэр бүлийнхээ орлогод нэмэрлэдэг байсан. 100 айл орчмоор ингэж явахдаа биллиард тоглож байгаа хүмүүсийг хараад гоё санагдаж, өөрөө тоглож үзэх юмсан гэж боддог байв. Нэг өдөр аав маань найзуудтайгаа биллиард тоглох үед би хамт явсан юм. Аав маань надад биллиард яаж тоглохыг зааж билээ. Тэр цагаас хойш өнөөх биллиардын газраас салахаа байсан даа.

-Спорт болгон хүний эрүүл мэндэд ашигтай гэдэг. Тэгвэл биллиардын спортоор хичээллэснээр хувь хүнд ямар давуу талыг бий болгох бол?

-Мэдээж хэрэг ямар ч спортоор хичээллэсэн хүний биед сөрөг үр нөлөө үзүүлэхгүй нь ойлгомжтой. Би багаасаа энэхүү спортоор хичээллэж, тоглож өссөн болохоор ашиг тусыг нь мэдэрч л байдаг. Биллиард нь тооцооллын спорт шүү дээ. Би энэ үгийг хэлэх дуртай. Шатартай л адилхан гэсэн үг. Яаж нүүхэв гэж их боддогтой адил толгойгоо сайн ажиллуулах хэрэгтэй. Гурван нүүдлийн цаадахыг харж тоглоно гэдэг шиг л гурван цохилтын цаадахыг харж байгаад л тоглодог. Нэг л алдвал хожих боломж эрс буурна. Бараг найдлагагүй. Тийм болохоор сэтгэл санааны хувьд тайван байж, цохилтоо хийхийг шаарддаг спорт. Ингэснээрээ оюуны спорт, харааг тогтворжуулж, сайжруулдаг хэмээн багш нар маань хэлдэг. Тэр ч үнэн байх. Энэ спортын өөр нэг давуу тал нь хөдөлгөөн. Харахад ширээ тойрч, алхаад хэдэн цохилт хийчихээд сууж байгаа мэт боловч яг үнэндээ биллиард тоглох үедээ өөрийн мэдэлгүй таваас долоон километр зайд алхчихсан байдаг. Яагаад ч юм биллиард тоглохоор миний санаа зовж байсан зүйлс мартагддаг шүү. Тоглож байхдаа сандраад л “одоо яанаа” гээд байх юм бол шааригаа огт цохиж чадахгүй. Сандрах, айж балмагдах үед зүрхэнд хэт их ачаалал өгдөг учраас төвлөрч чадалгүй бие салганаж эхэлнэ. Тийм учраас сэтгэл санаагаа маш сайн бэлдэх хэрэгтэй. Тэр ч утгаараа биллиард тоглох нь хүний зан араншинг төлөвшүүлж, тэвчээртэй, тооцоололтой амьдрах чадвар бий болгодог гэж боддог.

-Өмнө нь ямар амжилт гаргаж байсан бэ?

-2009 онд одоогийн “Шайн” клубээс зохион байгуулсан тэмцээнд анх удаа оролцож мөнгөн медаль хүртсэн. Тэндээс л тэмцээн уралдаан гэж юу байдаг талаар ойлголттой болсноор амжилтын гараагаа эхлүүлсэн. 2013 онд Инчоны Азийн наадамд оролцож “Хүндэт диплом”, 2014 онд “China open” тэмцээнд оролцож шилдэг 32 тоглогчийн нэгээр шалгарсан, “Ногоон ширээний дэлхийн аварга”-д хоёр удаа явж байсан. Ер нь биллиардын ямар ч тэмцээн хувь тамирчдын рейтингээс шалтгаалахгүйгээр нээлттэй байдаг. Ямар ч хүн явж болно. Хамгийн гол нь хувиасаа зардал гаргах л хэцүү. Энэ асуудал дээр л манай монгол тамирчид гацаад байгаа юм.

-Ойрын хугацаанд ямар уралдаан, тэмцээнд оролцохоор бэлдэж байна вэ?

-Ирэх нэгдүгээр сард “Ногоон ширээний” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хятад улсад зохиогдоно. Ойрын хугацаанд болох хамгийн том тэмцээн энэ л байна. Яг оролцох, үгүйгээ хэлж мэдэхгүй юм. Уг нь ирэх жилийн дэлхийн аваргад оролцох хүсэл их байна. Гэхдээ олон улсын тэмцээн уралдаанд оролцохын тулд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулагддаг. Ер нь ихэнх тамирчид хувийн зардлаараа гадаадад болж буй тэмцээн, уралдаанд оролцдог шүү дээ. Энэ л асуудал болж байна. Гэхдээ ирэх жилийн дэлхийн аваргад оролцохыг хичээнэ.

-Өөрөө ямар мэргэжлээр сурч байна. Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Би Отгонтэнгэр их сургуулийн санхүүгийн ангийг өнгөрсөн хавар төгссөн. Анх энэхүү мэргэжлийг сонгохдоо дурлаж, сонирхож ороогүй (инээв). Ер нь санаандгүй л сонгосон гэж хэлж болно. Өмнө сургууль соёл гээд биллиардын спортод бүрэн анхаарал тавьж чаддаггүй байлаа. Харин одоо их сургуулиа төгссөн болохоор цаг зав гайгүй болсон. Тийм болохоор өөрийн бодож, санаж, зорьж байгаа дэлхийн аварга хэмээх эрхэм амжилтад хүрэхийг хичээнэ.

Миний дараагийн зорилго дэлхийн аварга болох. Энэ спортоор багаасаа сонирхон хичээллэсэн болохоор эцсийг нь үзнэ л гэж бодож байна.


Categories
мэдээ цаг-үе

Олимпийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальт Н.ТҮВШИНБАЯР: Одоогоор зодог тайлах тухай бодоогүй л байна

Унгарын нийслэл Будапешт хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид өчигдөр эх орондоо ирлээ. Энэхүү тэмцээнд Монголын жүдочид эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэн 126 орноос гуравдугаар байрт шалгарч түүхэн амжилтыг үзүүлсэн билээ. Дэлхийн дэвжээнд төрийн дууллаа эгшиглүүлж, эх орныхоо нэрийг дуурсгасан жүдочдийг ард түмэн нь баяртай угтан авлаа. Энэ үеэр олимпийн алт, мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяртай цөөн хором ярилцлаа.


-Юуны өмнө дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Үнэхээр ард түмнийхээ найдлагыг алдалгүй төрийнхөө далбааг дэлхийн дэвжээнд мандууллаа шүү дээ?

-Олон жил дэлхийн аваргын дэвжээн дээр медаль хүртэхийг хүссэн. Олон жил бэлтгэл сургуулилт хийж, энэхүү тэмцээнд -100 кг-ын жинд барилдлаа. Харамсалтай нь тэр жиндээ медальт байранд орж чадсангүй ээ. Энэ жил +100 килограммын жинд зодоглож, хүрэл медаль хүртлээ.

Миний медалийн санд ганцхан дэлхийн аваргын дэвжээнээс хүртсэн медаль байдаггүй байлаа. Намайг үргэлж дэмждэг, жүдо бөх сонирхогч ард түмэндээ талархаж байна. Та бүхнийхээ итгэлийг алдалгүй дахин нэг дэлхийн дэвжээнээ эх орныхоо нэрийг дуурсгалаа. Үүгээрээ бахархаж байна. Манай жүдо бөхийн уриа “Хамтын хүч, амжилт”. Хамтын хүчээр энэ бүх амжилт бидэнд ирлээ. Тиймээс Монголын маань бүх ард түмний хүч хөдөлмөр шингэсэн учраас ийм амжилтыг жүдо бөхийн тамирчид бид гаргалаа, ард түмэндээ баярлалаа.

-Энэ жилийн дэлхийн аваргаар жин өгсөж барилдсан. Тантай таарсан учраа бөхчүүд харьцангуй их том биетэй, нуруулаг тамирчид байсан шүү дээ. Жин өгсөж барилдахад хүнд байв уу?

-Мэдээж хэрэг өмнө зодоглож байсан жингээс амаргүй, хүнд л дээ. Олон жил барилдчихсан, мөн дэлхийн болоод олимпийн татамид гараад үзчихсэн хүний хувьд туршлагаараа тэр бөхчүүдээс илүү байсан юм болов уу.

-Та “Хамгийн сүүлийн дэлхийн аваргын тэмцээнд оролцлоо” хэмээн хэлсэн. Зодог тайлах уу?

-Өдгөө би 33 настай. Бөхийн спорт бол залуу насны эр бяраар, хөлс хүчээр амжилт гаргадаг. Миний араас их олон залуучууд, дүү нар маань төрөн гарч байна. Ирэх жилээс залуучууд маань дэлхийн аваргаас цаашлаад олимпоос бахдам дүүрэн амжилт гаргаасай хэмээн хүсч байна.

-Та зодог тайлсныхаа дараа дасгалжуулагч хийх үү, эсвэл улс төр лүү орох уу?

-За одоогоор яг таг зодог тайлах тухай бодоогүй л байна.

-Өнөө жилийн наадмаар уран сайхан барилдаанууд гарган долоо давж, улсын заан цол хүртсэн. Удахгүй таны “улсын заан” цолны мялаалга наадам болно гэж байсан?

-Энэ сарын 10-ны өдөр Булган аймгийн Сайхан сум буюу төрсөн нутагтаа энэ сайхан улсын цолныхоо мялаалга наадмыг хийх гэж байна. Завтай хүмүүс байвал манай нутгаар зочилж, намрын сайхан айраг шимэнгээ сумын наадам үзээрэй. Нийт монголчуудыгаа урьж байна.

ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ Д.ОТГОНДАЛАЙ: ОЛИМП, ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫН ТӨЛӨӨ БҮХНЭЭ ДАЙЧЛАХ БОЛНО

Герман улсын Ханбург хотноо болсон боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай өчигдөр өглөө эх орондоо ирлээ. Монгол түмнээ баярлуулж дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн Д.Отгондалайг ар гэр, ард олон нь баяртай угтан авлаа. Энэ үеэр олимп, дэлхийн хос хүрэл медальт гавьяат тамирчин Д.Отгондалайтай ярилцлаа.

-Юуны өмнө олимп, дэлхийн хос медальтан болсонд баяр хүргэе. Танаар Монголын ард түмэн бахархаж байгаа. Энэ жилийн дэлхийн аваргад оролцож, амжилт гаргасан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Эх орондоо ирээд сайхан байна. Маш олон хүн тосож авлаа. Үнэхээр их сэтгэл хөдөлж байна. Олон жил боксын спортоор хичээллэсний үр дүнд олимп, дэлхийн хос медальтан хэмээн дуудуулах эрхэм алдрыг хүртсэн дээ баяртай байна. Өөрийнхөө сэтгэлзүйг бариад олон улсын тэмцээнд оролцож байгаа шигээ тоглолоо. Өмнө нь тоглож байсан тоглогч нар олон байлаа. Ялагдаж байсан тамирчид энэ удаа таарсан. Анх 2014 онд Азийн аваргад түрүүлснийхээ дараа дэлхийн аварга, олимпийн наадмаас медаль авах зорилго тавин бэлтгэлээ хийсэн. Энэхүү хоёр зорилгодоо одоо хүрлээ. Маш сайхан байна. Энэ медалийг авахад олны дэмжлэг их байлаа.Энэ хүртэл надтай цуг байж, захыг минь мушгиж суусан гэр бүл, ард түмэндээ баярлалаа. Намайг дэмждэг байгууллагууд болон нутгийнхаа зон олонд талархаж байна.

-Энэ удаагийн дэлхийн аваргаар мөнгөн медалийн төлөө Францын боксчинтой дахин нүүр тулсан. Түүнтэй та өнгөрсөн олимпоор мөн таарч байсан шүү дээ. Энэ удаад Софиан Омияадыг ялахын тулд зайлшгүй тактик боловсруулах шаардлага гарсан байх?

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцэээнээр мөнгөн медалийн төлөөх тулалдаанд Францын тамирчин Софиан Омияадтай таарч тулалдлаа. Өмнө нь “Рио”-гийн олимпийн наадамд бид хоёр мөнгөн медалийн төлөө тулалдаж, Францын боксчин ялалт авч байсныг тод санаж байгаа биз ээ. Ингэснээр түүнтэй олимп, дэлхийн хоёр том рингэн дээр таарч, тулалдлаа. Өнгөрсөн жилийн олимпоор мөнгөн медалийн төлөө тулалдаад ялагдаж байсан болохоор энэ жилийн дэлхийн аваргаар “даагаа нэхэх” боломж гарлаа гэж бодсон ч болсонгүй ээ. Үнэхээр харамсалтай байна. Гэхдээ дараа, дараагийн тэмцээн уралдаануудад олон таарах учраас хариугаа авах боломж бий гэж найдаж байна. Франц боксчинтой энэ удаагийн дэлхийн аваргын рингэнд таарч тулалдахдаа олимпоор тулалдаж байсан шигээ тулалдаагүй. Түүнтэй тулалдахдаа урагшаа давшсан, дайрсан тоглолт гаргаж байсан бол энэ удаад арай өөрөөр буюу өөр лүүгээ дуудаж, цохилтыг нь хамгаалж, угтуулан цохих тактикаар тулалдсан. Тэр Франц боксчинг хожъё гэсэн эрмэлзэл их байсан боловч харамсалтай нь ялагдал хүлээгээд ирлээ.

-Таны хувьд Азийн аварга, Олимпийн хүрэл медальт, сая дэлхийн хүрэл медалийг тус тус хүртлээ. Тамирчин хүний хувьд одоо юу бодогдох юм?

-Тамирчин хүн амжилтын төлөөх шуналтай байх ёстой хэмээн боддог. Одоо гаргасан амжилтандаа ханахгүй. Цаашаа олон сайхан амжилтыг гаргаж, ард түмнийхээ итгэлийг алдалгүй тулалдана. Мөн олимп, дэлхийн хос алтан медаль хүртэхийн төлөө, аварга болохын төлөө бүхнээ дайчлан зүтгэх болно.

-Энэ удаагийн дэлхийн аваргад манай боксын дөрвөн тамирчин оролцлоо. Тантай хамт амжилтын төлөө хамт зорьсон нөгөө гурван тамирчдынхаа тухайд ямар бодолтой байна вэ?

-2015 оны дэлхийн аваргаас эхэлж, Дэлхийн боксын холбооноос эрхээ авч оролцдог болсон. Энэ жил манай улсаас дөрвөн боксчин оролцлоо. Манай гурав маань бүгд л медалийн төлөө тулалдаж, ширүүн өрсөлдөөн гаргасан боловч харамсалтайгаар ялагдал хүлээлээ. Гэхдээ олимпийн эрх авахаас илүүтэйгээр дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрх авна гэдэг их хэцүү байсан. Тийм болохоор манай улсын тамирчид чамлахааргүй амжилттай оролцсон хэмээн бодож байна.

-Дэлхийн аваргад оролцсон тамирчид маань эх орондоо ирлээ. Олон жил бэлтгэл сургуулилт хийсний үр дүнд зорьсондоо хүрлээ. Энэхүү өндөр амжилтын ард гарсан болохоор тамирчид маань хэсэг хугацаанд амрах байх…

-Мэдээж хэрэг мэргэжлийн тамирчин хүний хувьд энэхүү спорт маань миний ажил л гэсэн үг. Их ажлын дараа түр амсхийгээд үргэлжлүүлэн ажлаа эрч хүчтэйгээр хийдэг шиг дэлхийн аварга хэмээх том тэмцээнд оролцоод ирсэн болохоор хэсэг хугацаанд амарна даа. Гэхдээ тийм ч удаан амрахгүй байх. Бэлтгэлээ жигдрүүлчихээд энэ жилийн тэмцээний хуваариа харж байгаад, тодорхой төлөвлөсөн тэмцээн уралдаануудад оролцох болно.

-Та Дорнод нутгаар овоглодог. Нутгаа зорих бодолтой байна уу?

-Дорнод аймгийн төвд төрж өссөн. Миний хүүхэд насны нандин сайхан дурсамж тэнд үлдсэн дээ. Эх орондоо ирсний дараа манай нутгийнхан надруу залгаж “Чи хэзээ ирэх вэ, бид хүлээж байгаа шүү” гээд баяр хүргэсэн. Одоо нутагтаа хурдан очих юмсан гэдэг хүсэл төрж байна.Нутаг руугаа явж, нутгийн зон олон, ахан дүүстэйгээ уулзаж, төрсөн газартаа хэд хоночихоод ирнэ дээ. Ирээд шууд л бэлтгэлдээ орно.

-Таныг тосч авахаар ээж, эхнэр, хоёр хөөрхөн охин тань ирсэн байсан. Эх орноосоо хол тэмцээн уралдаанд оролцож байхдаа эрхэм хүмүүсээ санана биз?

-Энд байсан ч өдөр бүр л санадаг. Гадаад руу тэмцээн уралдаанд явахдаа их санах нь ойлгомжтой. Монгол руу нисэхээс урьд орой нь эхнэртэйгээ холбогдож, охидуудтайгаа ярьсан. “Маргааш аав нь очноо, миний хоёр охин аавыгаа тосч аваарай” гэж хэлсэн. Ёстой их санана шүү дээ.

-Та эхнэртэйгээ нэг ангид хамт сурдаг байсан гэсэн…

-Бид хар багаасаа нөхөрлөсөн болохоор нэг нэгнийхээ зан чанарыг сайн таньсан хүмүүс. Спортын жаргал, зовлонг эхнэр маань надаас дутахгүй мэддэг. Тэмцээнд байнга оролцдог болохоор би гэртээ тухалж өнжсөн удаа ховор л байх. Эхнэр л ар гэрийн бүх ажлыг хариуцаж өнөөг хүргэлээ. Миний гаргасан эдгээр амжилт бүгд л эхнэрийн минь зүтгэл, итгэл шингэсэн юм шүү.

Categories
мэдээ нийгэм

“Приус”-тэй жолооч үүнийг мэдэхэд илүүдэхгүй

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр бензин хөдөлгүүртэй суудлын автомашины хэрэглээ эрс багасаж, хосолмол хөдөлгүүрт болон бүрэн цахилгаан автомашины хэрэглээ өссөөр буй. Манай улсад 2010 оноос эхэлж хосолмол хөдөлгүүртэй автомашины хэрэглээ, импорт нэмэгдэж, өдгөө замын хөдөлгөөнд оролцож буй арван машины дөрөв нь “hybrid” гэсэн тооцоо гарчээ. Иймд Монголд хаа сайгүй байх Приус маркийн автомашины давуу тал болон сул тал, “hybrid” автомашинтай жолооч нар мэдэж байх хэрэгтэй зөвлөгөө, болоод үнэ ханшны талаарх мэдээллүүдийг энэ удаагийн “Авто салон” булангаараа хүргэж байна.

“ПРИУС”-НЫ УС ТУУЛАХ СИСТЕМИЙГ ИДЭВХЖҮҮЛЭХ НЬ

Ойрын үед ихэнх нутгаар усархаг бороо орсны улмаас зам харгуй хальтиргаа гулгаа, шавар шавхаа их байна. Ялангуяа нийслэл хотын ихэнх автозамуудад ус зайлуулах хоолой байхгүй учраас нуур мэт тогтоол ус түр зуурын хүчтэй борооны дараа хаа сайгүй л үүсдэг. Тэрхүү их усаар “hybrid” машиныг гаргахын тулд хэд хэдэн зүйлийг анхаарах нь чухал юм. Юуны өмнө “приус”-ны цахилгаан хөдөлгүүрийг салгах буюу ус туулах системийг идэвхжүүлэх хэрэгтэй. Энэхүү системийг идэвхжүүлэхийн тулд эхлээд автомашинаа унтраана. Дараа нь юун дээр ч гишгэж, дарахгүйгээр асаах товчлуур дээр хоёр дарна. Энэ үед таны автомашин “On mode” руу шилжинэ. Үүний дараа хаазан дээрээ гурван удаа гишгэнэ. Дараа нь араагаа “N” рүү шилжүүлэх ёстой. “N” буюу араа салсан байх үед мөн хаазан дээрээ гурван удаа гишгэж өгнө. Ингэсний дараа араагаа буцааж “P” дээр нь тохируулна. Улмаар дахин хаазан дээрээ гурван удаа гишгэх ёстой. Дээрх үйлдлийг хийсний дараа таны автомашины дэлгэц дээр машины зурагтай анхааруулах санамж бичиг болон усны даатчикны зурагтай хоёр гэрэл асна. Энэ нь ус туулах систем идэвхжсэн гэсэн үг. Энэ үед таны автомашин “on mode” дээр байгаа учраас тормос дээрээ гишгэж, асаах товчлуурыг дарж, асаана. Ийм тохируулга хийж, гол, усаар гатлах нь автомашиныхаа дээд, доод, их, бага компьютерийг шатах эрсдэлээс бүрэн хамгаалах боломжтой болох юм.

“ПРИУС”-НЫ “TRACTION CONTROL SYSTEM”-ИЙГ САЛГАХ БУЮУ ҮРГЭЛЖИЛСЭН “МААЖИЛТ”-ЫГ БИЙ БОЛГОХ НЬ

АВТОМАШИН ХУДАЛДААНЫ “ДА ХҮРЭЭ” ЗАХЫН ҮНЭ ХАНШ

Худалдан авагчдын хамгийн ихээр сонирхон авч буй автомашины үнэ

Харин жолооч та цастай, элстэй, гулгаатай бартаат замаар явах гэж байгаа бол эсвэл санамсаргүй байдлаар автомашинаа цас, шавранд суулгасан тохиолдолд “приус”-ны “traction control system”-ийг салгах хэрэгтэй. Энэхүү системийг салгаснаар цахилгаан хөдөлгүүр туслах хөдөлгүүрийн үүргийг гүйцэтгэх болно. Ингэснээр “приус”-ны бензин хөдөлгүүр байнга ажиллаж, урд хөтлөгчийг тасралтгүй зүтгүүлэх болно. “Приус”-ны “traction control system”-ийг салгах буюу үргэлжилсэн “маажилт”-ыг бий болгохын тулд дээрх ус туулах системийг идэвхжүүлэх үйлдлийг давтаж хийнэ. Гэхдээ ус туулах системийг идэвхжүүлэхийн тулд хаазан дээрээ гурван удаа гишгэж байсан бол “traction control system”-ийг салгахын тулд хаазан дээр хоёр удаа гишгэх ёстойг анхаарах учиртай. Дээрх үйлдлийг хийсний дараа таны автомашины дэлгэц дээр анхааруулах тэмдэгтэй машины зураг гарч ирнэ. Энэ нь “Traction con¬trol system” бүрэн салсан буюу цахилгаан хөдөлгүүрийг салгасан гэсэн үг. Улмаар урд дугуй тасралтгүй “маажиж” эхэлснээр уг машины туулах чадвар нэмэгдэх нь ойлгомжтой билээ.

“HYBRID” АВТОМАШИНЫ ПААРЫГ ЭЦЭСТ НЬ ХҮРТЭЛ ТОХИРУУЛАХ ХЭРЭГГҮЙ

Зуны аагим халуун, өвлийн хүйтэнд автомашиныхаа кондейшн, халуун паарыг ажиллуулахдаа хамгийн хүйтэн, хамгийн халуун хэм хүртэл нь тавих хэрэггүй. Хэрэв та автомашиныхаа паарыг 32 хэмээс дээш эцэст нь хүртэл тохируулдаг бол компьютерийн ачаалал ихэсч, бензин хөдөлгүүрийг байнга ажиллуулж эхэлнэ. Ингэснээр бензин зарцуулалт ихсэх ба хөдөлгүүрийн эдэлгээг богиносгодог байна. Иймд автомашиныхаа паарыг 23 хэмийн дулаан байхаар тохируулж, үлээлтийг нь “М” дээр тааруулах нь зөв. Ингэснээр таны автомашины хөдөлгүүр хэвийн ажиллаж, бензин зарцуулалт, компьютерийн ачаалал хэвийн хэмжээнд байх болно гэдгийг анхаарах хэрэгтэй.