Categories
мэдээ цаг-үе

Г.Ундармаа: Хүнд хүсээд ч ирдэггүй зүйл байдаг тул өөрийн хийж чадах зүйлээ хийж, амьдралдаа зөв хандах ёстой

Г.Ундармаа “Single ladies 3” зурган илэрцүүд

Ганц бие бүсгүйчүүдийн амьдралыг өгүүлэх “Single ladies” киноны гуравдугаар ангийг хийх сураг сонсогдсон үеэс л олны анхаарлыг татаж байсан. Учир нь “Single la­dies” киноны хоёр ч анги үзэгч түмэнд хүрч чадсанд байгаа юм. “U Film” уран бүтээлийн нэгдлийн “Single ladies” романтик инээдмийн киноны гуравдугаар анги өнгөрсөн лхагва гаригт нээлтээ хийлээ. Уг киноны өмнөх хоёр ч ангийг найруулсан А.Миеэгомбо найруулагчаар нь ажилласан бол продюсерээр нь жүжигчин Г.Ундармаа ажиллажээ. Киноны гол дүр болох жүжигчин Г.Ундармаа, А.Туяа, О.Дөлгөөн нар хэвээрээ. Харин жүжигчдийн баг шинэчлэгдсэн нь харагдана. Тухайлбал, тал нутгийн гоо үзэсгэлэн, сайхан бүсгүйн 21 шинжийг агуулсан, уран цэцэн Хадаан бүсгүй, “юань” Юмжир, адуучин залуу Алтангэрэл гээд олон шинэ жүжигчид тогложээ. Нээлтэд ирсэн үзэгчид болон хамтран ажилласан уран бүтээлчид, найз нөхөд, хэвлэл мэдээллийнхэнд кино группынхан дараагийн анги хийх бодолтой гэдгээ дуулгалаа. Мөн энэ үеэр кино зураг авалтад зориулагдан хийсэн найман ханатай иж бүрэн тавилгатай монгол гэрийг таван хүүхдийн эх, өрх толгойлсон эмэгтэй Бямбасүрэнд “U film” кино нэгдлийн захирал, жүжигчин Г.Ундармаа гардуулан үзэгч олон болон гэр бүлийн зургаан гишүүнийг баярлуулав. Ийнхүү гурван анги хийгдсэн “Single la­dies” уран сайхны киноны дөрөвдүгээр анги удахгүй үзэгчдийн хүртээл болох аж. Ингээд тус киноны ганц бие бүсгүй Аригийн дүрд тоглосон Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Гончигийн Ундармаатай шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.


-Үзэгчдийн хүсэн хүлээсэн ганц бие бүсгүйчүүдийн тухай өгүүлэх “Single ladies” киноны гурав дахь анги нээлтээ хийлээ. Жүжигчин хүний хувьд олон түмэнтэйгээ шинэ уран бүтээлээр уулзах шиг жаргал байдаггүй байх. Яг одоо төрж буй сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Бидний энэхүү уран бүтээл үзэгчдэд инээд, аз жаргал, хөнгөн гуниг, гэрэл гэгээг билгэлдэг. Тийм болохоор яг одоо надад энэ бүх мэдрэмжүүд нэгэн зэрэг төрж байна. Аливаа ажил, уран бүтээлийн ард гарах тэрхүү мөч, агшин бүр сайхан санагддаг. Хүн зорьсон зорилгодоо хүрч, төлөвлөсөн ажлаа бүтээнэ гэдэг жаргал шүү. Кинонд хоёр секунд гарах дүрсийг авах гэж бид дор хаяж 3000 километр газрыг туулах тохиолдол ч гарлаа. Ингээд бодохоор асар их хүч хөдөлмөрөөр нэг уран бүтээл бүтдэг болохыг харж болохоор. Нэг уран бүтээлийн ард мянган хүн ажилладаг. “Single la­dies” кино төсөлтэй хамтран ажилласан бүх байгууллага, хувь хүмүүстээ чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ удаагийн уран бүтээл дээр минь хамтран зүтгэсэн кино уран бүтээлчдэдээ талархаж, баяр хүргэе ээ. Олон сар, жил хамтдаа байж, сэтгэл зүрхээрээ хамт байсанд баярлалаа. Би үнэхээр аз жаргалтай байна. Бидний уран бүтээлийг тэсэн ядан хүлээдэг үзэгч, ард түмэндээ талархаж байна.

Г.Ундармаа “Single ladies 3” зурган илэрцүүд-Энэ удаагийн уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу. Өмнөх хоёр ангиасаа юугаараа өөр болов?

-Энэ удаа ‘Single ladies’ киноны маань объект нь өөрчлөгдсөн ч ганц бие гурван бүсгүйн аз жаргал, адал явдал цааш үргэлжилнэ. Мэдээж ганц бие бүсгүйчүүдийн амьдралын талаар судалгаа хийж, хүмүүстэй уулзана. Тэр болгоныг зовлон бэрхшээл гэдэг талаас нь биш хөгжилтэй байдлаар хүмүүст хүргэхийг зорьдог. Өмнөх ангиуд дээр ч тийм санаа агуулагддаг. Ганц бие бүсгүйчүүдийн амьдралд илүү олон сонголт, боломж хүлээж байдгийг өгүүлэхийг хүссэн. Энэ удаагийн уран бүтээлээрээ бид үзэгчдэдээ олон зүйлийг илэрхийлэхийг хүсэж байгаа. Өнөөгийн нийгэмд ганц бие эмэгтэйчүүдийн тухайн сэдэв яалт ч үгүй хөндөх ёстой. Таарч тохирохгүй хүнтэй учирснаас болж эмэгтэйчүүд өрх толгойлж, хүүхдүүд өнчирч байна. Насныхаа ханийг сонгох, сонгосон хойноо аз жаргалтай амьдарч чадаж байна уу, үр хүүхдэдээ үлгэр дуурайлалтай амьдрах зэрэг амьдралд тохиолдох асуудал их ээ. Манай кинонд гардаг “Хүнд чинь хүсээд ч болдоггүй зүйл байдаг” хэмээх санаа бол үндсэндээ амьдралын ханиа зөв сонгоно гэдэг амаргүй даваа, эхнэр хүүхдээ нуусан эрээс болоод цонхоор хүртэл зугтаж гарах шаардлага гардаг Аригийн жишээнээс авахуулаад амьдралд тохиолдож болох эрсдэлүүдийг бид урьдчилан харуулж үүнээс сэрэмжлэх арга хэмжээ авахыг л хүсэж уран бүтээлээ хийдэг. Харин энэ удаагийн уран бүтээлдээ хотын гоё чамин дүрс, хээнцэр амьдралыг бус Монгол ахуй руугаа дөхөж очих, Монголын аялал жуулчлалыг дэмжих үүднээс урд урдын хөдөөгийн сцена гардаг уран сайхны кинонуудаас эрс өөр байлгахыг хүссэн юм. Энэ бүхнийг би ганцаараа хийдэггүй. Миний ард асаалттай танк шиг эрч хүчээр дүүрэн залуус байдаг.

-Өмнөх хоёр ангиас зураг авалтын орчин эрс өөр байлаа. Хөдөө, хээр нутагт зураг авахад хүндрэлтэй байв уу?

-Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, хөдөө ахуйг өнгөтэй, гэрэлтэйгээр харуулахыг зорьсон болохоор зураг авалт хөдөө, хээр нутагт болсон гэдгээрээ хүндрэлтэй зүйл байгаагүй ээ. Гэхдээ өмнөх хоёр ангиасаа илүү сайн, чанартай уран бүтээл хүргэхийн тулд тэр чинээгээрээ хөлс, хүч гаргах нь тодорхой. Хүндрэл бэрхшээлтэй зүйл цөөнгүй гарна. Гэхдээ тэр бүрийг ярих онц биш юм. Хамгийн гол нь үзэгч түмэндээ сайн уран бүтээлээрээ эргэн уулзахыг хүссэн. Хувь хүнийхээ хувьд аялал жуулчлалаа дэмжсэн гэх үү дээ. Бас их хол замыг туулсан. Нийтдээ 5000 км зам туулах үнэхээр амаргүй байсан. Гэхдээ хэцүү ч гэсэн бид сайн зохион байгуулалттай байсан учраас кино маань амжилттай боллоо, их гоё байна. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас хойш кино маань сайхан болох болов уу, гэж бодсоор зүрх их догдолсон. Үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэж бодоод кино нээлтийнхээ урьд орой нь унтаж чадаагүй шүү. (инээв)

-Энэ удаагийн анги дээр Гэрлээ, Сарнай хоёр хадамд гарлаа. Харин Ари заяаныхаа ханьтай учирч чадсангүй кино дууслаа. Та яагаад өөрийгөө ганц бие хэвээр үлдээв. Магадгүй дөрөв дэх ангиа төлөвлөж байна уу?

-Нөгөө хоёрыгоо хадамд гаргахгүй бол болохгүй ээ.(инээв) Дөрөв дэх ангийн тухайд ярих эртдэх байх. Кино уран бүтээлчид маань төлөвлөсөн ажил их байна. Цааш яах, хийхээ бодож байгаа бодол ч их байна. Нэг эхэлсэн ажлаа хүн чинь заавал дуусгадаг шүү дээ. /инээв / Тийм болохоор энэхүү кино төслөө амжилттай явуулахын төлөө хичээх болно.

-Киноны зураг авалт хэдий хэр хугацаанд үргэлжлэв?

-“Single ladies-3” киноны зураг авалт нийтдээ хоёр сар үргэлжиллээ. Гол хугацаа нь нэг сар байсан хэдий ч дундуур нь бид нөхөөс зураг гээд олон зураг авсан. Харин кино зохиол бол өнгөрсөн оны намраас бичигдэж эхэлсэн л дээ.

Манай багийнхан Монголдоо өөдрөг, өнгөлөг бүтээл хийхийг зорьж киногоо хийдэг. Хатуу зүйлийг хатуугаар нь харуулахыг хүсдэггүй. Хэцүү зүйлийг аль болох хөгжилтэйгөөр харуулахыг зорьдог. Маш олон ажил, уран бүтээл хийхийг зорьж байна. Нэг кино хийхэд төлөвлөгөө хувцас, зохиол бэлтгэл ажил гээд нийтдээ нэг жилийн хугацаа ордог. Зөвхөн хувцас хийхэд бүтэн хоёр сар зарцуулсан байна. Тэгээд ширээний ажил сайн байх юм бол бүх юм сайхан болдог шүү дээ.

-Киноны зураг авалтад ашигласан гэрээ өрх толгойлсон эмэгтэйд бэлэглэж, Монголын нэг ч гэсэн гэр бүлийг баярлууллаа. Сайн үйлсийнхээ тухайд гэвэл…

-Сайн үйлс гэж юу байхав. Кинонд хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон саальчин бүсгүй гардаг. Энэ дүрд зориулж бид гэр хийсэн. Тэр гэрээ бид олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйд бэлэглэхээр анхнаасаа төлөвлөчихсөн байсан ажил л даа. Энэхүү эмэгтэйн нөхөр нь өнгөрөөд удаагүй байгаа. Бид амьдралдаа арчаатай, амьдралынхаа төлөө зүтгэж байгаа эмэгтэйд өгөхөөр олон хүн дээр судалгаа хийсний эцэст Бямбааг сонгосон юм. Энэхүү гэрийн маань шалыг хийж дуусаагүй байгаа. Энэ сарын 22-нд сайн өдөр байна лээ. Тэр өдөр кино багийнхан маань очиж гэрээ барьж өгөөд, хамт хоол хийж идээд сайхан зүйл ярилцан инээлдэнэ. Кино зураг авалтын үеэр бид энэхүү найман ханатай гэрийг маш олон удаа барьсан. Харин одоо 89 дэх удаагаа барьж, Бямбаадаа өгнө.

-Бусдад тусалж түүнээсээ баяр талархлын энергийг мэдэрнэ гэдэг мэдээж гайхалтай байх?

-Тэгэлгүй яахав. Өөртөө таашаал авахаас илүүтэй хүмүүсийн баярлаж буй төрхийг харах үнэхээр сайхан. Сүүлийн үед инээмсэглэсэн царай харж тэндээс цэнэглэгдэхийг хичээх болсон. Нөгөө талаар урлагийн алтан тайз, уран бүтээлч хамт олонтойгоо олон жил ажил амьдралын замыг туулсан байна. Тэр хэрээрээ олон хүмүүс, үзэгчид намайг танил мэт дотно ханддаг болсныг мэдэрдэг. Тэдний хэлж байгаа үг, үзүүлж буй үйлдэл, хандаж буй хандлага болгон нь үнэхээр чин сэтгэлийнх байдаг.

Categories
мэдээ спорт

Улсын харцага Б.Бат-Өлзий: Харцага болчихоод дараагийн даваанд хэнтэй ч барилдсан зоригтой “үзнэ дээ” л гэсэн бодол төрдөг юм билээ

Улсын харцага Б.Бат-Өлзий, нутгийн хүчит заан Б.Пүрэвсайхан, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хамт

Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмаар Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, аймгийн арслан Д.Анараар зургаа давж, Монгол Улсын харцага цолыг хүртсэн Ховд аймгийн Зэрэг сумын харьяат идэр залуу харцага Баярхүүгийн Бат-Өлзийтэй ярилцлаа.


-Юуны өмнө таны төрж өссөн нутаг уснаас тань яриагаа эхэлье?

-Алс баруун хязгаар, Алтайн өндөр уулсын дунд орших Ховд аймгийн Зэрэг суманд 1992 оны зургадугаар сарын 8-нд эгэл жирийн малчин ардын гэрт төрсөн хүн. Миний төрсөн нутаг Монголын сайхан орон хэмээдэг шиг өсөж төрсөн нутгаараа бахархаж, хайрлаж явдаг аа. Монголчууд маань бүгд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж асны төрсөн нутаг гэдгээр нь сайн мэдэх байх. Ийм л сайхан нутагт төрсөн, өссөн болохоор нутгаа ярихад их сайхан санагддаг шүү.

-Таны бага нас хаана өнгөрөв. Хүүхэд байхын барилдаж, ноцолдож өсөв үү?

-Миний хүүхэд ахуй цаг Зэрэг сумын төвд өнгөрсөн дөө. Мэдээж хэрэг бусад монгол хүүхдийн адил хөдөө хурга, ишигтэй тоглож, үеийнхэнтэйгээ шороо тоос болтлоо ноцолдож л өссөн. Манай аав, авга ах хоёр маань нутаг усандаа сайн барилдаж, алдар цолоо дуудуулж явсан хүмүүс байсан. Хоёулаа сумын заан цолтой хүчтэнгүүд. Миний ээжийн талд ч гэсэн сумын цолтой мундаг сайн бөхчүүд бий л дээ. Аав, ээжийнхээ талд бөхийн удамтайг ч хэлэх үү, үндэсний бөх хэмээх өв соёлыг багаасаа мэдэрсэн учраас бөх болох хүсэл, сонирхол өөрийн эрхгүй төрсөн байх л даа. Би аав, ах нар шигээ мундаг сайн бөх болно гэсэн бодолтой явсаар өдийг хүрсэн. Энэ нь миний амьдралын гол зорилго болсон байх. Энэхүү зорилгынхоо нэгээхэн хэсгийг биелүүлж улсын цолонд хүрлээ. Цаашаа улам сайхан амжилт гаргахын төлөө хичээх болно хэмээн санаж явдаг даа.

-Багадаа хэр биерхүү хүүхэд байсан бэ?

-Бага ангийн сурагч байхдаа ангидаа хамгийн биерхүү, том цээжтэй, нуруулаг хүүхэд байсан шүү. Харин ахлах ангид орж ирээд төдийлөн өсөөгүй дээ (инээв). Өндрөөрөө ангийнхандаа дунд хавьцаа л жагсдаг болсон.

-Үндэсний бөхийн цол хүртсэн анхны наадмаа дурсахгүй юу. Бас их урам зориг авч байсан болов уу?

-2009 оны үндэсний их баяр наадмаар 16 настай байхдаа Ховд аймгийн Чандмань сумын баяр наадамд зодоглож, сумын заан хэмээх эрхэм цолонд хүрч билээ. Тэр жил Ховд аймгийн бүх сумаас шалгарч ирсэн сумын заан, залуу бөхчүүд тойргоор барилдаж, цол олгосон юм. Тэр барилдаанд түрүүлчихээд сууж байтал хүмүүс “Бат-Өлзий чамд цол олгоно” гэхээр нь сумын начин болчихож байгаа юм байх даа л гэж бодож байв. Тэгсэн сумын заан боллоо гэхэд нь их л баярлаж билээ. Ямар ч цол хүртэх их сайхан шүү дээ. Цол гэдэг миний амжилт. Энэ амжилтад хүрэхийн тулд багагүй хөлс, хүч, хөдөлмөр гаргана шүү дээ. Тийм болохоор хөлсөө гаргаж олсон хоол амттай гэдэг шиг бэлтгэл сургуулилтынхаа үр дүнгээр хүртсэн цол сайхан, сайхан. Сумын заан болчихоод цаашдаа бөхөөрөө тууштай хичээллээд өшөө илүү өндөр цолонд хүрнэ гэсэн зорилготой болсон. Нутгийн бөхчүүд, зон олон маань ч миний талаар “ам сайтай” байдаг байсан.

Зарим мундаг багш нар “Чамайг шавиа болгоё, бөхийн эрдэм зааж, сургая” хэмээн хэлдэг л байсан. Тэр бүгдээс урам авч, бөхийн спортоор тууштай хичээллэх болсон. 2008 онд “Шонхор” биеийн тамирын дээд сургуульд элсэн орж, тогтмол бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн дээ.

-Улсын том цолтой бөхчүүдээс болоод нутгийн хүчтэнгүүдээс хэнийх нь барилдааныг харж, хүндэлж явдаг вэ?

-Би ерээд оных. Миний үеийнхнийг мэдээ орж, юмны наад, цаадах учрыг олж байхад “Зургаан залуу заан” хэмээх монгол бөхийн домог болсон нэг үеийн заанууд ид л барилдаж байсан даа. Сургуулийн дотуур байр, гэрт, хөдөөний айл болгоны номын шүүгээний шилэн дээр эдгээр заануудын зураг наалттай. Хааяа нэг сонин хэвлэлд ярилцлагууд нь гарчихсан байдаг байсан. Хүүхэд байхдаа Б.Бат-Эрдэнэ аваргыг л их гоё бөх юм аа гэж боддог байлаа. Жудагтай, сайхан аварга шүү дээ. Тэр хүн шиг сайхан цолтой, жудагтай бөх болох юм сан гэсэн хүүхэд насны мөрөөдөл бий. Мөн нутгийн олон сайхан хүчтэнүүд, ид барилдаж буй улсын заан, харцагууд гээд хүндэлж явдаг бөхчүүд их ээ.

-Та “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийг 2013 онд төгсчээ.Танай ангиас улсын цолонд хүрсэн бөхчүүд бий юу?

-Одоогоор надаас өөр улсын цол хүртсэн бөх гарч ирээгүй л байна. Гэхдээ мундаг сайн барилддаг аймгийн цолтонгууд их ээ. Баянхонгорын Жамбалдорж, Дундговийн Энхболд нарын аймгийн начингууд бий. Оюутан байхад бид улсын том цолонд хүрэх нэг л зорилготой байсан. Тэр зорилгынхоо төлөө бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж л байна. Хүн том зүйлийг мөрөөдөж байж л түүндээ хүрдэг байх. Анх бөхөд хөл тавьж эхлэх үедээ сумын, аймгийн цолонд хүрчих юмсан гэсэн бодолтой явдаг байлаа.

Аймгийн цолонд хүрчихээд улсын цол гэж бодно. Өдгөө улсын харцага болчихоод цолоо ахиулахын төлөө хичээнэ. Улмаар төрийнхөө их баяр наадамд түрүүлэхийн төлөө л бэлтгэл сургуулилтаа хийдэг дээ.

-Өнгөрсөн жилийн баяр наадмаар одоогийн улсын начин Д.Анартай зургаагийн даваанд тунан барилдаж, давснаар улсын харцага болсон. Улсын их баяр наадамд хэдэн жил зодоглож энэхүү цолонд хүрэв дээ?

-Төр, түмний их наадамд хоёр дахь жилдээ зодоглож улсын харцага цолонд хүрсэн. Эхний жил буюу 2015 онд гурав давж, дөрвийн даваанд Ч.Санжаадамба аваргад, тухайн үед заан цолтой байхад нь өвдөг шороодож билээ. Манай сум үүсгэн байгуулагдаад өдгөө 90 гаруй жил болж байна. Түүхэндээ улсын цолтой бөх, нутгаас минь төрөөгүй юм билээ. Харин өнгөрөгч жил төрийнхөө их баяр наадамд зодоглож, улсын начин Д.Анартай тунан барилдаж, давснаар Монгол Улсын харцага хэмээх эрхэм цолыг хүртэж Зэрэг сумаас төрөн гарсан хамгийн анхны улсын цолтон болсон доо. Нутгийн зон олон маань ч үнэхээр их талархалтай хүлээж авсан. Үүгээрээ их бахархдаг юм. Монголчуудынхаа итгэлийг алдахгүй өшөө дээшээ цолоо ахиулан барилдах болно.

-Харцага болдог жилээ хаана бэлтгэл сургуулилтаа базаасан бэ?

-Өнгөрсөн жилийн зун наадмын бэлтгэл сургуулилтаа Г.Эрхэмбаяр аваргын удирдлага дор Төр хурахын аманд хангаж, улсын наадамд зодоглосон доо. Тэр жил яалт ч үгүй миний бэлтгэл сургуулилт маш сайн байсан л даа. Зургаагийн даваанд Д.Анар начинтай тунан барилдаж даваад, долоогийн даваанд улсын аварга Г.Эрхэмбаяр багшдаа амлуулж, өвдөг шороодсон байгаа.

-Харцага болчихоод “За одоо нэг давчихвал заан болно, хоёр давчихвал гарьд” хэмээх бодол орж ирэх юм уу. Эсвэл бүр түрүүлнэ дээ гэж бодох уу?

-Аймгийн арслан цолтой байхдаа улсын баяр наадмын өмнөхөн болсон Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд түрүүлж билээ. Тухайн үед “Бэлтгэлээ сайн хийчихвэл, дээшээ ямар ч цолонд хүрэх боломжтой юм байна” хэмээн бодож л байсан. Ингээд улсын баяр наадамд зургаа давж, харцага болчихоод бие, сэтгэл их тавирч, дараагийн даваанд хэнтэй ч барилдсан зоригтой “үзнэ дээ” л гэсэн бодол төрдөг юм билээ.

-Ховд нутгаас сүүлийн 70 гаруй жил улсын баяр наадмын түрүү бөх тодорсонгүй ээ. Тэртээ 1940 оны улсын наадмаар ес даван түрүүлсэн Ш.Ванчинхүү арслангийн амжилтыг давтах Ховдын бөхчүүд өнөө цагт их бий. Тэр дундаа таныг ирээдүйд өндөр цолонд хүрч, төрийн наадмын түрүү бөхөөр тодрох байх гэсэн итгэлтэй улс олон шүү дээ…

-Нэг үеэ бодвол Ховд нутгаас минь шинээр төрөн гарч байгаа улс, аймгийн алдар цолтой бөхчүүд их болж. Тухайлбал, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага О.Хангай, Б.Бат-Өлзий, Н.Батзаяа, улсын начин Ч.Цогбаяр нарын улсын цолтнууд болоод шилдэг аймгийн цолтнууд бий. Ховдчууд эдгээр хүчтэнүүдийн нэг нь түрүүлнэ хэмээн итгэж явдаг. Тийм дээ ч төрийн наадмын түрүү бөх Ховдоос тодрох мөч ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна.

-Танд “Манай нутгийн тэр бөх, бэлтгэл сургуулилтаа сайн хийж, ингэж барилдвал, улсын том цолонд хүрнэ дээ” гэсэн бодол байдаг уу. Тухайлбал, Ховдын Ч.Цогбаяр начинг хүмүүс “Аралтай, бяртай бөх өө, улсын өндөр цолонд хүрэх бүрэн боломжтой хүчтэн” хэмээн ярьдаг шүү дээ.

-Цогоо ах маань бие хаагаараа өнөө цагт барилдаж буй аралтай, бяртай цөөхөн хэдэн бөхчүүдийн нэг л дээ. Хэнээс ч дутахгүй. Цогоо ах хүчний бэлтгэлээ сайн хийж, сэтгэл зүйгээ хурцалж барилдвал хэнд ч дийлдэхгүй л дээ. Ухаалаг, хараатай сайхан барилдвал улсын заан цол ч ойрхон байна даа.

-Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх хайрханы хишиг, чансаа өндөр 128 бөхийн барилдаан боллоо. Энэхүү барилдаанд Ховдын хоёр харцага түрүү булаалдлаа. Нэг нутгийн хоёр бөх ингэж үлдэх тохиолдол тийм ч олон биш шүү.

-Тэгэлгүй яахав. Миний хувьд хоёр удаа нутгийнхаа бөхтэй түрүү булаалдаж байна. Өнгөрсөн хавар болсон улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд Ч.Цогбаяр начинтай үлдэж байв. Харин өнгөрсөн долоо хоногт болсон хишиг барилдаанд О.Хангай харцагатай үлдэж, тэр барилдаанд үзүүрлэлээ. Нутгийнхан маань “бэлгэшээлтэй байна” хэмээн ам дамжин ярьж л байна лээ.

-Таны барилдааны онцлог юу вэ?

-Баруун, зүүн аль ч талаараа барилдахыг хичээдэг. Ерөнхийдөө золгооны барьцнаас мэх хийж, барилдаан гаргадаг даа. Таньдаг хүмүүс “Бат-Өлзий чи жоохон явж барилд. Сийрэг барилдах хэрэгтэй” хэмээн хэлдэг. Аль болох хүмүүсийн хэлсэн, зөвлөснийг сонсож, барилдаандаа тусгахыг хичээдэг дээ.

-Таны үеийн бөхчүүд гэвэл улсын арслан Э.Оюунболд нарын тэргүүтэй улсын цолтой ерээд оны бөхчүүд их ээ. Тантай барилдаан таардаггүй ч гэх үү, хэцүүхэн өрсөлдөгч тань хэн бэ?

-Үндэсний бөх мэргэжлийн түвшинд хөгжчихсөн болохоор бөхчүүд жигдхэн бэлтгэл сургуулилт хийж, барилддаг болсон л доо. Гар амар давна гэж байхаа болчихсон. Нэгийн даваанаас эхлээд л чанга, хатуу болчихоод байгаа. Тийм болохоор бүгд л миний өрсөлдөгч өө.

-Таны ирээдүйн зорилго юу вэ. Мэдээж хэрэг улсын цолоо ахиулан барилдана гэсэн бодолтой байгаа байх…

-Мэдээж хэрэг. Ард түмнийхээ итгэлийг алдалгүй, урамтай сайхан барилдаан гаргаж, цолоо ахиулан барилдахын төлөө л бэлтгэл сургуулилт хийж, хөлсөө гаргаж байгаа. Тийм болохоор түмэн олныхоо итгэлийг алдалгүй барилдаж, Төрийнхөө их баяр наадамд түрүүлнэ гэсэн бодолтой. Түүндээ хүрэхийн төлөө хичээх болно.


Categories
мэдээ цаг-үе

Нуур судлаач М.Алонсо: Монгол орон байгалийн онгон дагшин байдлаа алдаагүйн дээр нуур, усны хомсдолд ороогүй байна

Баруун гар талаас доктор М.Алонсо, түүний гэргий Мариа, орчуулагч Соёлмаа нар

Манай улсад нийт 12 мянга гаруй нуур, цөөрөм байдаг аж. Үүнээс 1200 нуурыг судалсан Барселоны их сургуулийн Лимнологийн багийн ахлагч, доктор Мигел Алонсотой ярилцлаа.

-Хамгийн анх ямар нуурыг судалж байв. Ер нь нуур судална гэж юуг хэлээд байна вэ?

-Анх танай оронд ирээд яг тэр нуурыг судална гэж яваагүй. Юутай ч газрын зураг харж байгаад говиор явсаар Алтайн уулс руу явна гэж бодсон. Хамгийн анх Баянхонгор аймгийн Бөөн цагаан хэмээх том нуурыг үзээд их баярласан. Цаашаа явсаар Алтай таван богд орох замд тааралдсан нуурууд бүгд л миний сэтгэлийг хөдөлгөж, эрдэмтэн хүний хувьд солиоруулах шахаж байлаа. Судалгаа хийхийн тулд нэг нууран дээр хамгийн удлаа гэхэд цаг хэртэй болдог. Хамгийн эхлээд нуурын том, жижгийг нь хэмжиж, гаднах төлөв байдлыг нь судална. Дараа нь давслаг эсэхийг нь тогтооно. Улмаар шүлтийн хэмжээг нь судална. Энэ нуурнаас ууж болох уу, үгүй юу, өнгө, үнэр, амт, ургамал гээд нуур тойрсон бүхнийг л судалдаг. Эдгээр гол мэдээллүүдээ авч нэгтгээд нэгдсэн судалгааны системд оруулдаг. Ингэснээр тухайн нуурын усны хэмжээ, ширгэх аюултай юу, үгүй юу гэдгийг мэдэх бүрэн боломжтой.

-Яагаад манай орны нууруудыг судлахаар болсон юм бэ. Үр ашиг нь юунд байна?

-Хамгийн анх Испаний тал нутгийн нуурыг судалж байлаа. Гэвч манай нутгийн нууруудын ихэнх нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж зарим нь ширгэчихсэн, зарим нь устах аюулд орчихсон байсан. Тийм болохоор судлаач хүний хувьд их харамсалтай санагдаж билээ. Ингээд судалгаагаа үргэлжлүүлэхийн тулд дэлхийн олон орны нууруудыг тандсан л даа. Одоогоос 17 жилийн өмнө Монголд аялах зорилготой анх ирж билээ. Мөн хажуугаар нь мэргэжлийнхээ ажлыг хийе гэж бодсон. Тэгтэл Монгол орон намайг үнэхээр гайхшруулсан шүү. Монгол орны байгаль, цаг уур их өвөрмөц. Нуур, ус гол ихтэй. Тоо томшгүй сонин содон тогтоцтой нуур элбэг байсан учир жил бүр л ирдэг болсон. Дэлхийд цорын ганц онгон дагшин, өвөрмөц хэв маягаараа үлдсэн нуурууд Монголд байсан нь судалгааны явцад ил болсон. Бидний хийсэн судалгааны ажил ирээдүйд Монгол Улсад үнэхээр үнэ цэнтэй биологийн судалгаа болно. Аль нуур нь ширгэх гэж байна, аль нь хэвийн байна гэдгийг судалгааны үр дүнд л мэднэ. Мөн ширгэх аюулд орсон нууруудыг эртнээс хамгаалалтад авч, устах аюулаас сэргийлж болно. Ус дундаршгүй. Гэхдээ хүмүүс бид байгальтайгаа зөв харьцахгүй л бол нуур битгий хэл тэнгис ч хүртэл ширгэнэ. Ер нь аливаа ажил үргэлж шинжлэх ухааны судалгаан дээр үндэслэгддэг. Хамгийн чухал нь судалгаа хийсний үр дүнд, нутгийн иргэд болоод монголчууд нууруудаа мэддэг болох юм. Одоо ч Монголын нуурууд хэвийн түвшинд байна. Гэхдээ эртнээс зөв зохистой харьцахгүй л бол манай нутаг шиг ч гэх үү бусад цэвэр усны хомсдолд орсон орнуудын араас жагсах болно. Үүнийг Монголын төр Засаг, салбар яамны удирдлагууд анхааралдаа авах хэрэгтэй.

-Тэгэлгүй яахав. Тухайлбал, усан цахилгаан станц барих асуудал байна. Нуур судлаачийн хувьд усан цахилгаан станц байгальд хэр сөрөг нөлөө үзүүлдэг хэмээн боддог вэ?

-Юун түрүүнд улс орон хөгжих ёстой. Хөгжихийн тулд ард иргэдэд тог цахилгаан чухал. Усан цахилгаан станц барьж оршин суугаа иргэдэд тог өгөх л ёстой. Улс орон, ард түмний эрх ашгийг тэргүүнд тавих нь зөв. Зөвхөн байгаль орчин, нуур, усаа бодоод энэхүү ажлыг хийхгүй байна гэвэл улс орон хөгжихгүй шүү дээ. Тэгэхээр яах ёстой вэ. Хамгийн чухал нь баримт, судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр гол, усанд цахилгаан станц, газар шороон дээр зам, барилга барих учиртай юм. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны судалгаа хамгийн чухал. Судалгаа хийснээр тэрхүү дэд бүтцийн байгальд үзүүлэх сөрөг нөлөөллийг эрс бууруулж байдаг. Зүгээр очоод энэ газар уурхай нээнэ, тэр газар цахилгаан станц барина гэдэггүй. Тухайн газар нутагт ямар ан амьтан байдаг, байгалийн онцлог, тогтолцоо нь юу вэ гэдгийг судлах хэрэгтэй. Тэгж байж л хүмүүсийн бүтээсэн эд байгальд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь буурна. Би байгаль дэлхийдээ үнэхээр хайртай, нуур судлаач ч гэлээ Монгол шиг уудам тал нутагт цөөхөн хүн ам оршин суудаг улс ард түмэн, эх орныхоо хөгжлийн төлөө зарим нэг зүйлийг золиослох ёстой бол хийх л хэрэгтэй. Ганцхан нуурыг авч үлдэхийн тулд олон түмний эрх ашгийг хохироох ёсгүй шүү дээ.

-Тэгэхээр усан цахилгаан станц барих нь байгальд ямар ч сөрөг нөлөөгүй хэмээн үзэж болох уу?

-Мэдээж хэрэг буруу судалгаагаар аливаа зүйлийг хийвэл үр дүн нь сөрөг л гарна. Тэгэхээр сайн судалгаа хийсний үр дүнд усан цахилгаан станц барьвал тухайн нуур, гол, байгальдаа ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй ээ. Нуур судалгааны ажлаар Завхан аймагт явж байхад нутгийн иргэд нь Тайширийн усан цахилгаан станцаас болж Завхан гол ширгэчихлээ хэмээн их шүүмжлэн ярьж байлаа. Завхан гол нь Айраг нуур луу цутгаж, Айраг нуур Хяргас нуурыг тэтгэдэг шүү дээ. Анх энэхүү цахилгаан станц ашиглалтад орж эхлэхэд үйл явцыг нь харж байлаа. Усан цахилгаан станц ажиллаж эхлэхэд Завхан голын ус том цахилгаан станцын турбиныг дүүргэх гэж түр татарсан нь үнэн. Үүний улмаас Айраг нуурын ус багассан л даа. Харин усан цахилгаан станц хэвийн ажиллаж, буцаад Завхан гол урсаж эхлэхэд бүх зүйл хэвэндээ орсон. Хожим Завхан гол ч тэр Айраг нуур ч ялгаагүй өмнөх дүр төрхөөрөө оршин тогтносон. Иймэрхүү жишээнээс үзэхэд аливаа зүйл сайн судалгаан дээр үндэслэх юм бол байгаль, дэлхийд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж хэлж болно.

-Манай улсад хичнээн нуур байна. Та хэдийг нь судалж амжив?

-Анх 2005 онд Монголд аяллаар ирсэн боловч судлаач хүний сонирхлыг татах асар их зүйл байсан учир шууд л ажилдаа орсон. Ингээд “google.com”-оос Монгол Улсын нууруудын тоо, судалгааг гаргатал, 12 мянга гаруй нуур, цөөрөм байсан. Бид эдгээр нуураас ердөө 1200 нуурыг л бүрэн судалж, баримтжуулсан байгаа.

-Манай улсад үнэхээр тийм их нуур байдаг гэхээр сонирхолтой санагдаж байна. Нуур гэхээр бид Хөвсгөл, Хар-Ус, Өгийнуур хэмээн ойлгодог. Судлаачдын хувьд энэ нэршил өөр юм шиг ээ?

-Таны хэлсэн нуурууд шинжлэх ухаан талаасаа их л сонирхол татсан шүү. Гэхдээ судлаачийн нүдээр жижигхэн шалбааг, тогтоол усыг ч нуур л гэж үзнэ. Эдгээр нуурыг “google”- ээс тоолж, судлахад 12 мянга орчим байсан. Түүнээс томоохонд тооцогдох 1200 гаруй нуурыг 15 жилийн судалгааны ажлын үр дүнд бүрэн судалчихсан. Монголд орших нууруудыг цэнгэг уст том, цэнгэг уст жижиг, давстай том, цөөрөм, гүехэн нуур, хэт давстай жижиг нуур хэмээн таван бүлэгт хуваасан. Тус бүрт нь судалж байна. Цэнгэг уст том, жижиг нуур Монголд элбэг байдгийг судалгааны явцад мэдсэн.

-Танд манай орны нууруудыг судлах явцад хамгийн түрүүнд юу бодогдож байв?

-Нэг нуураас нөгөө нуур луу судалгааны ажлаар явах бүртээ шинэ нээлт, ололт гарч ирнэ гэсэн бүрэн итгэлтэй, өөдрөг бодолтой явдаг. Үнэхээр Монголын нууруудыг судлах сонирхолтой шүү. Мөн шинжлэх ухаан талаасаа өнөөгийн Монгол орон байгалийн онгон дагшин байдлаа алдаагүйн дээр нуур, усны хомсдолд орох болоогүй байна. Харин тэрхүү онгон дагшин, үзэсгэлэнт байгальтайгаа иргэд нь их хайр халамжгүй, болчимгүй харьцах юм. Үүнийг анхаарах учиртай. Дуусдаггүй ус, өөрчлөгддөггүй байгаль гэж үгүй. Миний хийдэг хамгийн чухал ажлуудын нэг бол усны сээр нуруугүйтэн амьтныг судлах юм. Бүх төрлийн нууранд жижиг сээр нуруугүйтэн амьтан байдаг. Одоогийн байдлаар Монголын нууруудад дэлхийд огт байдаггүй шинэ төрлийн дөрвөн зүйлийн усны сээр нуруугүйтэн байдаг гэдгийг шинжлэх ухаанд нээн илрүүлсэн. Үүнээс ч илүү шинжлэх ухааны асар өндөр ач холбогдолтой биологийн төрөл зүйлийг олох боломжтой юм.

-Та бүхэн энэхүү судалгааны ажлаа төр засагт танилцуулж байв уу. Манай улсаас юу гэж хариу өгөх юм?

-Бидний хувьд Монголын нууруудыг 15 дахь жилээ судалж байна. 1200 гаруй нуур албан ёсоор судалчихлаа. Энэ хугацаанд Монголын Байгаль орчны яаманд судалгааны ажлаа жил бүр л танилцуулдаг. Гэтэл биднийг очих бүр удирдлагууд нь солигдож, бидний хийсэн судалгааг анзаарч хардаггүй нь их хүндрэлтэй л дээ.

-Таны хэтийн төлөвлөгөө юу бол?

-Миний нас өндөр болж. Гэхдээ хөгшин гээд судалгааны ажлаа орхихгүй. Би хөдөлж, ухаан балартаагүй л бол энэ ажлаа хийсээр л байх болно. Гэхдээ үлдсэн насандаа Монголд орших 12 мянган нуурыг судалж чадахгүй бололтой. Тийм болохоор миний энэхүү ажлыг залгамжлан авч явах гарын шавь, хамт олонтой болмоор байна. Энэхүү шинэ судалгааны багт монгол багш нар, оюутнууд байгаасай хэмээн хүсч байна. Тэр ч утгаараа МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, доктор Н.Сонинхишиг багштай хамтран ажиллах болсон. Миний хийж чадах зүйл бол судалгаа, шинжилгээ. Үүнийгээ хийж чадаж байгаа дээрээ Монгол Улсад нуур судлалын мэргэжлийн баг бүрдүүлэхэд чин сэтгэлээсээ тусалмаар байна.

Categories
мэдээ нийгэм

Өлгий шатангийн намаржаа нутагт өвөл иржээ

Байгалийн хамгийн гайхамшигт улирал нь намар. Намар цаг цаанаа л хүний сэтгэлийг тайвшруулж, юм бүхэн элбэг дэлбэгээр дүүрдэг. Хүмүүс ирээдүйн амьдралаа гэрэл гэгээтэйгээр төсөөлөн бодож, ер бусын эрч хүчийг олж авдаг сайхан улирал. Чухам тэрхүү эрч хүчийг намрын шаргал ой, хээрийн салхи, хөдөө ахуйгаас олж авах боломжтой. Ийм нэгэн энергиэр бие, сэтгэлээ цэнэглэхээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Хан Хэнтий нурууны урд хэсгийг үргэлжлэн сунгах Өлгий шатан хэмээх буйдхан нэгэн тосгоныг зорилоо. Хүмүүсийн сайн мэддэгээр Төв аймгийн Батсүмбэр сумаас хойш гуч гаруй километрийн зайд орших Өлгий шатанд нагац ах маань үхэр сүргээ хариулан аж төрдөг. Өнөө жилийн намар манай улсын нийт нутгаар цас олон жилийн дунджаас их хэр нь, эрт оржээ. Энэ сарын эхээр орсон их цас хайлах шинжгүй, өвлийн сар гарсан мэт л цавцайна. Уг нь намрын дунд сар, мал тараглаж, хөдөө айл сүү, саалиар бялхаж, тос даасан бор ааруул, нэрмэлийн үнэр Монгол гэрээс сэнхийдэг сэн. Хөдөө ахынх маань яг ийм л байгаа хэмээн бодсоор Толгойтын баруун салаагаар Ар гүнтийн даваа өөд өгслөө. Давааны замын хоёр талаар шигүү ургасан нарс модтой.


-АР ГҮНТИЙН ДАВААГААР ХЭЗЭЭД Ч ЯВСАН САЙХАН-

Зун, намартаа үүгээр явбал төрөл бүрийн жимс, жимсгэнэ түүж, цэцэг навчны үнэрт цохиулна. Харин өвөл нь засмал зам шиг цастай харгуйгаар ан, амьтны мөр сонирхон харж, өвлийн сэнгэнэсэн салхиар уушгиа дүүргэн зорчдог билээ. Биднийг явсан өдөр бударсан их цас яах ийх зуургүй малгайлан дарж байлаа. Ийм даваа өөд тоноглолтой том жийп явдгаас биш жижиг тэрэг явах нь ховор. Гэвч бид засмал замын тэрэг гэгдэх “приус-20” хөлөглөн явсан нь бас л их зориг шүү. Төмөр хүлгийнхээ цахилгаан моторыг салгаж, бензин хөдөлгүүрээр нь зүтгүүлсэнд шавартай давааг шаналгаагүй л давж орхив. Цааш явсаар Гүнтийн даваагаар давсан шинэхэн засмал замтай нийлж, хуучин Партизаны сангийн аж ахуй руу давхив. Үүнээс Батсүмбэр хүртэлх 40 гаруй километр засмал замаар явна. Ийн давхисаар Мандал өнгөрч, цааш Шинэбулагийн даваа өөд өгслөө. Давааны ар цас багатай ч шавар ихтэй байв. Бас л жижиг тэрэг явахад хэцүүхэн нухчаатай аж. Харин давааны өвөрт цас их унажээ. Энэ даваанаас цааш, Хараа голын бэлчир харагдана. Хараа голынхоо хөвөөгөөр урсгал ус сөрөн давхисаар Өлгий шатан буюу “95” дугаар зөрлөг хүрлээ.

-АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ, СПОРТЫН МАСТЕР Д.БЯМБАХАМБЫНХ-

Сумын төвөөсөө холгүй ч өндөр, модтой уулсаар хүрээлэгдсэн учир хүний хөл хөдөлгөөн багатай суурин юм. Хаашаа л харна өндөр уулс, өргөн гол, шигүү ойтой энэхүү нутгийг намрын улирал бүр ч үзэсгэлэнт төгөлдөр харагдуулах аж. Манай нагацынх Хараа голоос холгүйхэн орших намаржаандаа буусан байлаа. Биднийг очиход гэрийн эзэн хониндоо явчихсан, бэргэн эгч маань гэр зуурын ажлаа хийж байв. Нагац маань уг нь Ховд аймгийн Чандмань сумын уугуул. Хэдэн жилийн өмнө мал хуугаа туусаар төв суурин газар руу хэдэн хүүхдүүдээ бараадан ойртсон нь энэ билээ. Нутаг усандаа малч ухаанаараа гайхагдаж, адуу, эмгэг сургахдаа шагшигдсан аймгийн алдарч уяач, спортын мастер Д.Бямбахамба хэмээх нас тогтсон эл эрхэм миний нагац болдог юм. Эднийх 500 гаруй бог, 100 гаруй бодоо өнөө жилийн өвөл эсэн мэнд онд оруулчих санаатай хэрдээ л малчин хүний ухаанаар зүтгэнэ. Гэхдээ намрын дунд сард орсон цас өдий болтол хайлаагүйн дээр өдөр бүр нэмж цас дарсаар бог малын идэш муудсан гэнэ. Хэдий хангай газар ч өнөө жилийн зун гантай, хур бороо ороогүй болохоор өвсний шим, гарц тийм ч сайн биш байжээ. Харин намар нь бороо орж, хэдэн мал нь бөвийтөл бээрч мөн л төдийлөн тарга авч чадаагүй байна. Тийм болохоор ирэх өвөл үнэхээр хүндхэн өнгөрнөө гэдгээ арга ядсан харцаар ярьж суулаа. Өлгий шатанд зун, намартаа ийн өнгөрч буй болохоор намрын хадлангаа нутгаасаа хойш 20 гаруй километрт орших Шар хадны амнаас хаджээ. Хорь гаруй машин өвс, өвөлжөөндөө булгасан гэнэ. Гэхдээ ийм хэмжээний өвс энэ өвөл хаанаа ч хүрэхгүй. Гэхдээ хангай газар болохоор арга нь олдох байлгүй хэмээн Бямбахамба гуай хэлж байв. Шөнө гийчилсэн бид агаарт цохиулсан уу, аян замын ядаргаа болсон уу намт унтаж орхив. Үүр цүүрээр нэгэн уянгалаг чимээ намайг сэрээлээ. Анх сонссон дариудаа юуны дуу болохыг нь мэдээгүй ч хэд хэд дуугарсных нь дараа буга урамдаж байгааг нь анзаарав. Бугын урамдах дуу ойн хусыг модон нидрүүлгээр хөрөөдөж байгаа аятай л сонсогдоно. Их л өвөрмөц сонин дуу л даа. Буга намрын эхэн сараар урамдаж эхэлнэ. Намрын дунд сараар бугын урамдах чимээ цөөр ч, аниргүйтдэг билээ. Уулс нурууд дамнуулан урамдахыг нь, чөмгөө ус болтол цомбон туурайгаараа газар бөмбөрдөн согоо хөөн давхихыг нь, тэнхээ тамираа баран багтран хөөс сахруулан тэмцэн мөргөлдөхийг нь харах ч сүрдмээр сүрлэг амьтан. Яах аргагүй тэнгэрийн амьтан лусын хөлөг.

Image result for Гур зүр

-БОР ГӨРӨӨС ЖИЛИЙН ДӨРВӨН УЛИРАЛД ТАРГАЛЖ, ТУРДАГГҮЙ АМЬТАН-

Өглөөг бугын урамдах дуу сонсож, шинэхэн өрөмтэй боорцог, хийцтэй цай ууж угтлаа. “Алсын анирхан уулс дундаа, агаарын ариухан нь хөдөө юм аа хө, Ажил хийж, амьдран суухад, айдаа сайхан нутаг юм аа хө” хэмээн дуулдаг шигээ үнэхээр л амар, амгалан өглөөг угтаж байгаа юм шүү. Гэтэл хотод өглөөг хорт утаанд хоолойгоо хорсгож, чихэнд чийртэй дуу чимээн дунд угтдаг сан. Өдөр бэлчээрлэсэн хонины араас бидний дөрвөн нөхөд мордлоо. Энэ өдөр бас л цас бударсаар. Намаржаанаас хойхон орших Бөөрөгийн ам өгсөн явтал гөрөөсний шинэхэн хэвтэртээ таарав. Хэвтрээс баруун зүгт явсан мөрөөр нь хөөтөл модтой энгэрийн торлогон дотор хоёр гөрөөс байх нь харагдлаа. Бид ч наанаас нь чимээ гаргалгүй ойртож, зураг хөргийг нь авчих санаатай дөхтөл яах ийхийн завдалгүй анир авсан бололтой үргэн харайв. Хоёулаа эвэртэй байхыг бодоход гур бололтой. Холоос ч гэсэн зургийг нь авч чадаагүйдээ амаа барьж байлаа. Энэ амьтан жилийн дөрвөн улиралд сүрхий таргалаад, тураад байдаггүй. Ёстой л жингээ жигдхэн барьчихдаг гоёмсог амьтан л даа. Гэхдээ дуу нь тийм ч сайхан биш. Гуцаж буй нохой шиг, гуаглаж буй хэрээ шиг их сонин дуутай амьтан. Хавар яргуй идсэн бор гөрөөсний цус уух сайн хэмээн хүмүүс ярьдаг. Гэвч энэхүү ташаа мэдээлэл нь худлаа гэдгийг мэргэжлийн эмч нар баталдаг аж. Учир нь зэрлэг амьтны цусанд агуулагдах нян бактери хүний биед онцын сайн нөлөө үзүүлэхгүй хэр нь янз бүрийн халдварт өвчин авах эрсдэлтэй байдаг гэнэ. Иймд хаврын яргуй идсэн гөрөөсний цус уухгүй байхыг сануулдаг байна. Хоёр гур хэдхэн хариагаад ойн гүн рүү орж бараа нь тасарлаа. Бидэнтэй цуг явсан нутгийн малчин залуу Б.Мөнх-Эрдэнэ нэг өдөр хонинд явж байгаад дөрвөн гөрөөстэй таарчээ. Ан харсан эр хүн яаж зүгээр байхав. Гэхдээ мань эр тухайн үед буугүй явж л дээ. Харин арван алд суран бугуйл мөрлөчихсөн явж. Ингээд хурдхан шиг бугуйлаа эвхэж, урд дуур нь үргэн гарсан дөрвөн гөрөөс рүү шиджээ. Адуу, мал бугуйлдаж байснаас биш ан амьтан руу шидэж үзээгүй болохоор эвгүй л юм билээ хэмээн ярьж байв. Ингээд мань эрийн шидсэн бугуйлд бор гөрөөсний нарийхан хүзүү орсон байна. Хүний гарт орсон гөрөөс ийш тийшээ цовхчин тийчлэхээс өөр эсэргүүцэл эс үзүүлэх билээ. Бугуйлаа татаж, гөрөөсний зөөлөн арьсанд хүрч, ойроос амьсгааг нь сонсоход их сонин мэдрэмж төрдөг юм билээ хэмээн хэлж байна. Бор гөрөөс бугуйлдаад зогсохгүй түүнтэй сэлфий хийсэн гэдгээ баталж, гар утсан дээрх зургаа харууллаа. Нээрээ ч энэхүү түүх үнэн ажээ.

Намар оройхон морьтой уул, хангайгаар явж, ан, амьтны мөр мөшгөж, барааг нь харах шиг сайхан зүйл үгүй. Хамт явсан нутгийн малчин залуугаас “Үүгээр зэрлэг гахай бий юу” хэмээн асуутал “Тэр амьтан чинь үүгээр элбэг шүү. Зэрлэг гахайны зураг, дүрс бичлэг хийх гэсэн телевизийн улсууд өнгөрсөн жил манайд ирсэн юм. Би тэр хүмүүст газарчилсан. Манай намаржааны хойд модтой уулаар гахай элбэг л дээ. Намар өдийд зэрлэг гахай хуяглачихсан байдаг юм билээ. Телевизийн хүмүүсийг дагуулсаар ойн гүн рүү ортол гахайны мөртэй таарсан. Мөрөөр нь хөөж явсаар гахайн сүрэгтэй таарсан шүү. Гахай, Хандгай зэрэг амьтад ойн хамгийн бартаа ихтэй, шигүү модтой газар идээшилдэг. Телевизийн хүмүүст сүрэг гахай харуулсныхаа шанд сүлжээ сайн барьдаг гар утастай болсон шүү” хэмээх дээлнийхээ энгэрээс сүрхий том хар утас гарган харууллаа. Ууланд дандаа эрчүүд яваа болохоор бидний ярих сэдэв ан, амьтны тухай байв. Ийн хоорондоо ярьж явсаар үд өнгөрч гэрийн зүг мориныхоо амыг эргүүллээ. Өвөл хаяанд ирсэн гэсэн шиг намрын орой басхүү хүйтэн хонож байна лээ. Өглөө бас л цас хялмаалсаар байв. Өлгий шатангийн намаржаа нутагт өвөл болжээ л гэж бодохоор. Удахгүй өвлийн сар гарна. Цас хайлахгүй, өдөр бүр хялмаалан нэмсээр байвал, өнөө жилийн өвөл ч хатуухан өнгөрч магадгүй болж. Малчид хэдэн малаа махалж, худалдаалъя гэсэн ч үнэд хүрэхгүй хэмээн ярьж байна. Тэрний оронд хэдэн малаа зовлогоор нь байлгасаар хавартай золгох ажээ.


Categories
мэдээ соёл-урлаг

Ш.Өлзийбаяр: “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжим маань оскарт эгшиглэвэл бахархалтай санагдаж байна

“Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино 90 дэх удаагийн Оскарын шагналд өрсөлдөх эрхтэй боллоо. Тодруулбал, “Гадаад хэл дээрх кино”-ны төрөлд Монгол Улсыг төлөөлөн анх удаа албан ёсоор өрсөлдөх эрх авлаа. Энэ талаар өчигдөр тус киноны уран бүтээлчид мэдээлэл хийв. Д.Золбаярын найруулсан “Чингисийн хүүхдүүд” киног нүүдэлчин монголчуудын ёс заншлыг дэлхий дахинд сурталчлах зорилгоор бүтээсэн хэмээн уран бүтээлчид хэлж байсан юм. Тус кино одоогийн байдлаар 10 гаруй олон улсын кино наадамд оролцох урилга аваад байгаа аж. Энэ үеэр тус киноны зөвлөх продюссер Д.Цэнгэл “90 дэх удаагийн Оскарын кино наадамд нийт 92 улсаас нэр дэвшүүлснээс Оскарын хороо Монгол Улсыг бүртгэж авсан. Оскарын шагнал гардуулах ёслол ирэх оны гуравдугаар сарын 4-нд болно. Мөн оны нэгдүгээр сар хүртэл 92 улсын уран бүтээлчид кампанит ажил явуулж таван улсын кино Оскарын “Гадаад хэл дээрх шилдэг кино” номинацид тунаж үлдэнэ. Дэлхий дахиныг хамарсан кампанит ажил явуулж байж олон улсын шүүгчид, кино сонирхогчдын анхаарлыг татаж чадна. Манай кино оскарт албан ёсоор оролцох эрхтэй болсноо баталгаажуулж байгаа болохоос өрсөлдөх эрхтэй болсон гэсэн үг биш. Өрсөлдөх эрхтэй болохын тулд хамгийн сүүлийн таван кинонд тунаж үлдэх хүртэлх үйл ажиллагааг бид зохион байгуулах шаардлагатай” гэлээ. Мөн тус кинонд тоглосон жүжигчин Р.Анхням “Хотод амьдарч буй хүүхдүүд хөдөөний амьдралаас хөндийрсөн байдаг. Бид нүүдэлчин соёлтой учраас хөдөөний хүүхдүүд яаж амьдарч, байгаль орчинтойгоо хэрхэн зохицож чадаж байгааг энэхүү киноноос үзээсэй. Уран бүтээлчийн хувьд манай кино Монгол ахуй, ёс заншил, соёлыг дэлхийд сурталчилж чадах бүтээл болсон” хэмээв. “Чингисийн хүүхдүүд” хэмээх эрэмгий хурдан морь унах туршлагыг бага наснаасаа хуримтлуулж ирсэн Монгол хүүхдийн ур чадварыг харуулсан бүрэн хэмжээний уран сайхны киноны зураг авалтыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Архангай аймгийн Цэнхэр суманд эхлүүлж жил гаруйн хугацаанд нийт нэг тэрбум 200 сая төгрөгийн төсөв зарцуулан бүтээжээ.Уг киноны зураглаачаар Д.Ангараг, продюссерын багт гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг, зохиолчоор Ч.Ганзориг, Г.Буянцогт нар ажилласан бол гол дүрийг Д.Доржсамбуу, Д.Дорж, Д.Шаравдорж, Б.Батмэнд, Р.Анхням, Britanny Belt нар бүтээсэн байна.

Ингээд “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны хөгжмийг бичсэн,Улсын филармонийн хөгжмийн зохиолч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Шатарын Өлзийбаяртай ярилцлаа.

-“Чингисийн хүүхдүүд” хэмээх уран сайхны кино өчигдөр нээлтээ хийлээ. Таны хувьд энэхүү киноны хөгжмийг нь бичсэн. Хэдий хэр хугацаанд энэхүү уран бүтээл дээр ажилласан бэ?

-Юуны өмнө энэхүү кино Америкийн кино академийн дээд шагнал болох Оскарт өрсөлдөх эрхтэй болсонд баяртай байна. Оскар бол нэг ёсондоо “Киноны олимп” гэж хэлж болох юм. Монголчууд бид нэгэн сэтгэлээр түүхэн амжилт гаргахын төлөө нэгдэн, кино урлагийг дэмжих шаардлагатай. Миний хувьд энэхүү киноны хөгжмийг нэг сар гаруй хугацаанд маш их зүйлийг бодож, бичсэн. Энэ сарын таванд тус киноны хөгжмөөр Улсын филармонийнхон тоглолт хийж, үзэгчдэдээ хүргэсэн. Симфони найрал хөгжим биш, Морин хуурын чуулгаар киноны хөгжмийг тоглуулснаараа онцлогтой болсон л доо. Хөгжмийн дуугаралтыг нь хүчтэй болгохын тулд өргөлттэй хэсгүүдэд нь компьютер ашигласан байгаа.

-“Чингисийн хүүхдүүд” кино “Оскар”-т өрсөлдөхөөр болвол таны хөгжим гадаадын нэртэй уран бүтээлчдийн чихэнд хүрэх болно. Монгол ахуйг харуулсан, монгол аялгуу содон, сонин санагдах байх шүү.

-Тийм л дээ. Манай улсын кино уран бүтээлчид сүүлийн жилүүдэд их чадварлаг, мэргэжлийн түвшинд уран сайхны болоод баримтат кино хийдэг болсон. Найруулагч Д.Золбаярын энэхүү бүтээл дэлхийн нэр хүндтэй кино наадамд оролцоно гэдэг их бахархмаар амжилт. Аливаа зүйлд ая, дуу чимээ хамгийн чухал байдаг. Тэр утгаараа уран сайхны киног илүү хүнд хүргэхийн тулд хөгжим их чухал. Энэхүү кино маань хурдан морь унаач хүүхдийн тухай өгүүлэх учир хурдан морины хэмнэлд тохирсон хөнгөхөн, ая эгшиг сонсогдохоор хөгжмөө бичсэн. Тус киноны уран бүтээлчийн багт ажиллаж, уран сайхны киноны нэгээхэн хэсэг болох хөгжмийг нь бичсэндээ баяртай байна. Тэр ч утгаараа миний бичсэн “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжим оскарт эгшиглэвэл бахархалтай санагдаж байна.

-Өмнө та ямар киноны хөгжим бичиж байв. Ер нь киноны хөгжим бичих хэцүү юу?

-Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойд зориулан бүтээсэн “Эх орон дуудаж байна” уран сайхны кино болоод залуучуудын хайр дурлалыг харуулсан “Цэн тогоруу” хэмээх киноны хөгжим бичсэн. Киноны хөгжим бичих, бусад төрлийн хөгжим зохиохоос их ялгаатай л даа. Киноны хөгжим өөрийн таашаал онгодоор биш, найруулагчийн тавьсан дүрсийг үзэж, түүнд тааруулан туурвидгаараа ялгаатай. Ер нь нэлээд түвэгтэй л дээ. Гэхдээ киноны хөгжмөөр гаршсан хөгжмийн зохиолчид амархан гэж ярих нь бий.

-Хэдий хэр хугацаа шаардагдах бол?

-Киноны хөгжим, бүжгийн жүжиг, концертийн хөгжмийг бичихэд хамгийн багадаа сарын хугацаа шаардагдана. Хөгжим бичихээс илүү хөгжмийн найралжуулах, зэмсэгжүүлэлт дээр их уддаг л даа. Ерөнхий төлөвлөгөө хурдан гарч болох ч механик ажиллагаа нь маш их. Найралжуулахын тулд симфони оркестрын хөгжим болгонд тохируулна. Гаргахыг хүсэж байгаа аялгуу маань бусад хөгжимд дарагдах вий гэж санаа зовж, тооцоо хийнэ. Энэ ажиллагаанд олон цагийг зарцуулдаг. Нэг сар, түүнээс илүү хугацаа зориулах нь ч бий. Том хэлбэрийн хөгжмийн бүтээлийг дуу шиг сэтгэлийн хөдөлгөөнөөр бичдэггүй. Няхуур ажиллаж, бүтээлийнхээ гүнд орж, “шатаж” байж хийдэг учраас энэ хөдөлмөрийг хэмжихэд хэцүү л дээ. Том хэлбэрийн хөгжмийн бүтээлийг олон удаа сонсож хянадаг учраас “хий нь багасдаг” юм. Тийм учраас том бүтээлд, нөр их хөдөлмөр, зүрх сэтгэл шингэсэн байдаг учраас сонсогчдод хөгжмийн урлагаар дамжуулан бүхий л зүйлийг ойлгуулах боломжтой болдог. Сонгодог бүтээл, том хөгжмийн бүтээлүүдийг сонссон хүн сэтгэлийн асар их таашаал, энерги авдаг. Энэ бол нотлогдсон зүйл.

-Та гадаад, дотоодын мэргэжлийн хөгжмийн их сургуулиудад суралцаж, хөгжмийн урлагийн өндөр боловсрол эзэмшсэн манай улсын нэртэй хөгжмийн зохиолчдын нэг. Эзэмшсэн боловсролынхоо тухайд ярьвал?

-Монголдоо Соёлын коллежийг 1997 онд дүүргэж байлаа. Улмаар Оросод суралцах ганцхан хуваарийг нь би авч, их л баярлаж байв. Ингээд ОХУ-д зургаан жил сурч, Москва хотын Соёл, урлагийн их сургууль, М.И.Гнесиний нэрэмжит хөгжмийн академийг дүүргэсэн. Хүн эзэмшсэн мэргэжлээрээ илүү сайн, чадварлаг ажиллахын тулд сурч боловсрох, сурсан эрдмээ амьдрал дээр боловсруулж бүтээл, бүтээгдэхүүн болгож байх нь хамгийн чухал юм.

-Та Монголын хөгжмийн зохиолчдыг төлөөлөн олон улсын хэмжээний уралдаанд тогтмол “шандас” сорьж алдраа дуурсгаж байдаг хөгжмийн зохиолч. Өөрийн гаргасан амжилтаасаа дурдахгүй юу?

-2010 онд Москвад суралцаж байхдаа Италид болсон олон улсын хөгжмийн зохиолчдын их наадамд төгөлдөр хуур, найрал хөгжимд зориулсан бүтээлээрээ оролцож, гуравдугаар байрыг эзэлж байлаа. Их урам, зориг өгсөн уралдаан болсон л доо. Учир нь дэлхийн олон орны шилдэг хөгжмийн зохиолчид оролцож, тэргүүн байрыг нь Словани, хоёрт Япон, гуравт Монгол орсон гэж бодохоор бахархмаар санагддаг юм билээ. Тэр үед гадаадын том хөгжмийн уралдаан, наадамд монгол хөгжмийн зохиолчид оролцож байгаагүй юм. Харин надаас хойш хэд хэдэн хөгжмийн зохиолчид уран бүтээлээ дэлхийд таниулах болсон. ОХУ-ын Калуга хотод болсон “XXI зууны хөгжмийн зохиолч” олон улсын уралдаанд оролцож тусгай байр эзэлж байв. Миний морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан нэгдүгээр концертыг морин хуурч Д.Шинэцог тоглосон бол хоёрдугаар концертыг нь Д.Жигжиддорж амилуулан олны хүртээл болгож байлаа. Д.Шинэцог Австрийн Вена хотноо болсон Ф.Шубертын нэрэмжит олон улсын уралдааны тэргүүн шагналыг хүртэхдээ ч энэ зохиолыг тоглосон байдаг.

-Таны хувьд киноны болоод томоохон хөгжмийн бүтээл туурвихаас гадна олон сайхан нийтийн дууны аяыг зохиосон шүү дээ. Ер нь хичнээн дуутай вэ?

-200 орчим дуутай. Энэ жил “Морин хуур” уралдаанд “Тэнэгэр их тал” дуугаараа тэргүүн байр эзэлсэн. Өмнө нь хоёр, гуравдугаар байр эзэлж байлаа.“Дорнын говиос Монгол эхэлдэг”, “Би Монгол”, “Хулдын цэнхэр уулс” зэрэг олон сайхан дуу байна даа. Нийтэд хүрсэн “Чамайгаа санахаар” гэж дуу бий.


Categories
мэдээ цаг-үе

Д.Дэлгэрням: Бид олимпоос медаль хүртэх зорилготой учраас л оролцсон тэмцээн бүртээ амжилт гаргахын төлөө зүтгэдэг

Азийн танхимын наадмын хүрэл медальт баг. Баруун гар талаас Д.Дэлгэрням, А.Гансүх, Г.Цэнгүүнбаяр, Э.Дөлгөөн нар

Өнгөрсөн сарын сүүлээр болсон “Ашгабат-2017” Азийн танхимын болон тулааны спортын V наадмын 3х3 сагсан бөмбөгийн төрлөөс хүрэл медаль хүртсэн Монголын 3×3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Даваасамбуугийн Дэлгэрнямтай ярилцлаа.


-Юуны өмнө уншигчдадаа өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн ч хоёр настайгаасаа Төв аймагт өссөн хүн. Дунд сургуулиа Төв аймгийн тавдугаар сургуульд суралцаж төгсөөд Шинжлэх ухаан техникийн их сургуульд элсэн суралцсан. Өдгөө Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ажилладаг.

-Сагсан бөмбөгөөр хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

-Багийн л их нуруулаг хүүхэд байсан болохоор хааяа сагс тоглочихдог л байлаа. Гэхдээ тийм ч их биш л дээ. Би чинь арван жилд байхдаа дугуйчин хүүхэд байсан юм. Дугуйн спортыг их сонирхон хичээллэж байв. Улмаар 2008 оноос буюу оюутан болоод л энэхүү спортод илүү сонирхолтой болж, бэлтгэл сургуулилт хийж, тасралтгүй хичээллэх болсон.

-Дугуйн спортоор сонирхон хичээллэж байсан хүүхэд яагаад сагсан бөмбөг сонирхох болов оо?

-Гэнэт сагсчин болно гээд шийдчихсэн зүйл байхгүй л дээ. Урсгалаараа явсаар л байгаад л сагсчин болчихсон. Яахав өндөр нуруулаг болохоор энэ спорт руу орсон байх. Манай нутгийн ах нар “Дэлгэрням өндөр нуруутай юм чинь багтаа авч тоглоё” гээд л янз бүрийн тэмцээнд оролцуулдаг л байлаа. Ер нь ах нарыгаа дагаж, тэмцээн уралдаанд оролцсоор байгаад сагсан бөмбөгийн спортоор тууштай явах болсон юм болов уу. Мөн их сургуульд оюутнуудын дунд сагсан бөмбөгийн тэмцээн их явагдана. Тэр тэмцээнүүдэд ангиа, сургуулиа төлөөлж оролцдог байсан маань нөлөөлсөн байх.

-Таны өндөр хэд вэ?

-Одоогоор 195 см-ийн өндөртэй байна. Багт төвийн тоглогчийн байрлалд тоглодог.

-Таны хамгийн анхны тэмцээн юу байв?

-16 настай байхдаа аймгийнхаа өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд одоо байгаа багийнхаа Ганболд, Мөнхтөр хэмээх андуудтайгаа оролцож байлаа. Энэ л миний анх багаараа тоглосон тэмцээн байсан болов уу.

-Тэгвэл анхны багш, дасгалжуулагч тань хэн бэ?

-Дунд сургуульд байхад Наранхүү багш маань намайг сагсчин болгох гэж их гүйдэг байлаа. Хожим Төв аймгийн “Төв ургац” багт ороход Эгий ах надад сагсан бөмбөгийн спортын хичээл заадаг байсан. Яг мэргэжлийн түвшинд ч гэх үү байнга бэлтгэл сургуулилт хийж эхлэхэд Амаржаргал багш маань надад их зүйлийг сургасан даа. 2008 оноос лигт орж тоглодог болсноос хойш Амараа багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базааж, өдий хүртэл тоглож явна. Ингээд бодохоор сагсан бөмбөгийн спортыг мэдрүүлж өгсөн багш нар их ээ.

-Хорин нэгэн аймгийн 3х3 үндэсний лигийн тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Таны хувьд “Төв ургац” багт тоглодог. Танай баг одоогоор хэдэн хожилтой байна вэ?

-Энэхүү тэмцээн эхлээд удаагүй байгаа. Манай баг уржигдар анхныхаа тоглолтыг хийж, Хан-Уул дүүргийн багийг хожсон. Тэмцээнд хорин нэгэн аймгийн баг тамирчид оролцохоос гадна нийслэлийн есөн дүүргийн баг оролцож байгаа юм билээ. Учир нь манай улсад сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр үндэсний лигийн тэмцээн анх удаа зохион байгуулагдаж байна.

-Хорин нэгэн аймгийн багуудаас хамгийн хүчтэй нь аль аймгийн баг бол?

-Тэр баг нь илүү, дутуу гэсэн юм байхгүй. Манай улсын хорин нэгэн аймаг, есөн дүүрэгт хүчтэй, сайн тоглодог сагсчид их л дээ. Ер нь бүгд ижилхэн л өгөө аваатай үздэг дээ. Хэн нь ч хэнийгээ хожоод дээшээ гараад ирэх боломжтой болохоор тэр баг нь илүү гэж хэлж чадахгүй юм.

-Мөн удахгүй NBA-ийн шинэ улирлын тоглолтууд эхлэх гэж байна. Таны хувьд ямар баг, тоглогчийг дэмждэг вэ?

-Миний хувьд Леброныг л их дэмждэг. Өнөө цагийн домог болсон тоглогч шүү дээ. Леброн аль багт байна тэр багийг л дэмжинэ. Мөн “San Antonio Spеrs” багийн хөгжөөн дэмжигч ээ.

-Америкчууд яагаад сагсан бөмбөгөөрөө дэлхийд ноёлдог юм бол?

-Мэдээж хэрэг Америкийн үндэсний спорт. Монголчууд бөхийн спортоор дэлхийд тэргүүлдэг шүү дээ. Ийн тэргүүлдэг нууц нь монгол хүний цусанд нь байдаг байх. Үүнтэй адил америкчуудын цусанд нь сагсан бөмбөг хэмээх спортыг гайхамшигтай тоглох ур чадвар оршдог юм болов уу.

-Сагсан бөмбөгийн шинэ төрөл буюу 3х3 хэмээх багийн спортоор манай улс сүүлийн жилүүдэд өндөр амжилтыг гаргаж байгаа. Саяхан дэлхийн оюутны лигийн тэмцээнээс алтан медаль хүртсэн шүү дээ.

-Манай улсын сагсчид 5х5 төрлөөр Инчонд болсон Азийн их наадамд шилдэг наймд үлдэж чадсан. Энэ бол хамгийн том амжилт. Харин 3х3 төрлөөр сүүлийн жилүүдэд их сайхан амжилтуудыг гаргаж байгаа. Бидний хувьд энэ жилийн тавдугаар сараас олон улсын тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн л дээ. Өнгөрсөн сард Ашгабат хотод болсон Азийн танхимын болон тулааны спортын V наадмаас хүрэл медаль хүртлээ. Харин нөгөө залуучууд маань оюутны дэлхийн лигт түрүүллээ. Энэ мэт өндөр амжилтууд ар араасаа цуварч байна. Энэ бол яалт ч үгүй манай улсад багийн спорт эрчимтэй хөгжиж байгаагийн илрэл ээ.

-Өмнө нь гаргаж байсан амжилтаасаа дурдахгүй юу?

-Миний хувьд өмнө нь 2011 онд 3х3 олон улсын тэмцээнд багаараа оролцож хүрэл медаль хүртэж байв. 2016 онд Вьетнамд болсон Азийн наадмаас мөнгө, өнөө жилийн Ашгабатад болсон Азийн танхимын наадмаас хүрэл медаль хүртлээ. Томоохон амжилтууд гэвэл ийм байна.

-Манай сагсчид 3х3 төрлөөр тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцож байна. Гэтэл 5х5 төрлөөр яагаад олон улсад төдийлөн амжилт гаргадаггүй юм бол?

-Сагсан бөмбөгийн энэхүү хоёр төрөл хоорондоо их зөрүүтэй л дээ. Багийн гишүүдийн тоо болоод тоглож буй талбайн хэмжээ, дүрмээрээ их ялгаатай. 3х3 бол жижигхэн талбайд маш богино хугацаанд, авхаалж самбаа гаргаж тоглодог. Мөн тамирчнаас биеийн хүч их шаарддаг. Харин 5х5 төрөл нь хоёр талын шийдэнд арван тамирчин тоглодог. Үүгээрээ хамгаалалт, довтолгоо гээд өндөр ур чадвар гаргаж, тактикийн тоглолтууд их явагддаг онцлогтой. Мөн тамирчнаас нуруулаг байхыг шаарддаг төрөл.

Тиймээс 3х3 төрөлд манай тамирчид нуруу намдахгүй, өндөр ур чадвар гаргаад байдаггүй, биеийн хүчээр илүүрхэж тоглодог болохоор дэлхийн багуудтай өрсөлдөж, амжилт гаргах боломжтой байдаг. Манай улсын сагсан бөмбөгийн 3х3 холбоо энэ жил байгуулагдсан хэдий ч үнэхээр идэвхтэй ажиллаж байна.

-Сагсан бөмбөг сонирхогчид төдийгүй олон түмэн манай улсын 3х3 сагсан бөмбөгийн багийг ирэх “Токио-2020” олимпод амжилттай оролцож, медаль хүртчих байх гэсэн хүлээлттэй байгаа. Ер нь олимпоос медаль хүртчих байх гэсэн итгэл хэр байна вэ?

-Юуны өмнө олимпод оролцох эрхээ олж авах учиртай. Олимпод оролцохын тулд аль болох олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцож, амжилт гарган оноо авах нь чухал. Гаргасан амжилт, оноогоор нь дүгнэж олимпийн эрх олгох болохоор бид одооноос л тэмцээн уралдаанд алгасалгүй оролцох нь чухал байна. Мэдээж хэрэг олимпод оролцох эрхээ авчихвал медаль хүртэхийн төлөө хичээх болно. 3х3 үндэсний шигшээ баг маань олимпоос медаль авах чин зорилготой учраас л оролцсон тэмцээн бүртээ амжилт гаргахын төлөө зүтгэдэг.

-Монголын сагсан бөмбөгийн холбоо хоёр хуваагдчихаад байгаа. Үүнээс болж тамирчид хохирч байна гэсэн мэдээлэл сүүлийн үед их явах болсон…

-Бид сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр тив, дэлхийн тэмцээн, уралдаанд оролцож, өндөр амжилтуудыг гаргаж байна. Манай залуучууд үнэхээр энэ спортоор чамлахааргүй, түүхэн амжилтуудыг гаргасаар л байгаа. Гэвч Монголын сагсан бөмбөгийн холбоод биднийг дэмжихгүй байна. Манай сагсчид үүнд их гомдолтой байдаг. Ямар ч спортоор амжилт гаргахын тулд бэлтгэл сургуулилт их чухал. Бэлтгэл сургуулилт хийхийн тулд тусгай заал, танхим шаардлагатай. Гэвч бидэнд бэлтгэл сургуулилт чөлөөтэй хийх заал, танхим гаргаж өгөхгүй л байна. Бид өнгөрсөн зунжингаа гадаа талбайд мөнгө төлөн байж бэлтгэл сургуулилт хийсэн. Уг нь Спортын төв ордон хэмээх Монголын шигшээ багийн бэлтгэл сургуулилтыг бүрэн хангаж өгдөг газар бий биз дээ. Бид энэ ордонд нэг ч удаа орж, бэлтгэл хийсэнгүй. Тив, дэлхийн тэмцээнд өндөр амжилт гаргаад ирэхэд спортын салбарын удирдлагууд нэг ч удаа хүлээн авч, баяр хүргэсэнгүй. Бид нарыг хэн ч тоохгүй байна. Тоохгүй байгаа ч бид бор зүрхээрээ болгоод л байгаа. Бид нарыг дэмжихгүй байж болно. Гэхдээ бидний дараагийн үеийг дэмжээсэй хэмээн хүсч байна. Тухайлбал, оюутны дэлхийн аварга болсон залуучуудыг дэмжээсэй. Ядаж л бэлтгэл сургуулилт хийх заал, талбайгаар хангаж өгөөсэй билээ. Сагсчдын хувьд хамгийн чухал нь заал, танхим байдаг. Уг нь биднийг маш сайн ойлгох хүн спортын салбарыг удирдаж байгаа шүү дээ.

-Энэ бүхэн сагсан бөмбөгийн хоёр холбооны тэмцлээс болж байна уу?

-Миний хувьд тэгж л харж байна. Манай сагсчдад аль нэг нам, холбоо ямар ч хамаагүй. Олон улсын тэмцээнд оролцохдоо бид эх орныхоо нэрийн өмнөөс явдаг. Гадаадад очоод биднийг монголчууд байна л гэж хэлдэг. Түүнээс биш энэ баг Ардчилсан намынх, Ардын намынх байна гэж хэлэхгүй. Эсвэл энэ баг Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Сагсан бөмбөгийн холбооны тамирчин байна гэж хэзээ ч хэлэхгүй шүү дээ. Бид гадаадад нэг л улсын нэрийг гаргаж яваа. Тэр нь Монгол Улс. Тийм болохоор дотоодынхоо асуудлыг шийдвэрлэж, сагсчид, тамирчдаа дэмжих цаг болсон.


Categories
мэдээ цаг-үе

Л.Баатархүрээ: Волейболоор хичээллэснээр эгзэгтэй үед ухаалаг шийдвэр гаргах оюуны асар өндөр чадамжийг олж авдаг онцлогтой

Монголын спортын салбарт тэр дундаа волейболын спортоор тасралтгүй дөч гаруй жил хичээллэж, эх орондоо болоод, олон улсын уралдаан тэмцээнүүдэд амжилт гаргаж явсан ахмад тамирчин, “Хасумегастарс” клубын багш дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Лхамжавын Баатархүрээтэй ярилцлаа.


-Волейболын спортод хэдийнээс хөл тавьж эхлэв. Өдгөө хичнээн жил энэхүү спортоор хичээллэж байна вэ?

-Ерөнхий боловсролын тав, зургадугаар ангийн сурагч байхдаа л анх волейбол тоглож сурсан. Сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, амжилтынхаа гарааг эхэлж байлаа. Улмаар 1980 онд залуучуудын шигшээ багт орж, хоёр жилийн дараа улсын шигшээ багт тоглож билээ. Тухайн үед идэрчүүдийн улсын аваргын тэмцээнээр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал гуайн гэргий Филатовагаас хоёр ч удаа шагнал гардан авч байсан сайхан дурсамжууд бий. Тэр үеэс буюу 1979 оноос өдгөө дөч гаруй жил энэхүү спортоор хичээллэж байна даа.

-Ахмадын баяр болж өнгөрлөө. Монголын ахмад үеийн нэрт волейболчдын тухайд ярихгүй юу?

-Би армид гурван жилийн алба хааж байхдаа “Алдар” нийгэмлэгт тамирчин байлаа. Энэхүү нийгэмлэгт анх ирэхэд гавьяат багш Дэмбэрэлсайхан хэмээх волейболын их мастер хүнтэй нэг багт тоглож байв. Миний дээд үеийнхэн буюу Тулгабаатар, Жаргалсайхан хэмээх нэртэй волейболчидтой хамт тоглож байснаараа их бахархдаг юм. Мөн миний үеийн Баасансүрэн, Цогоо, Цогтсайхан, Батболд, Баттулга, Энхболд хэмээх мастерууд бий л дээ. Эдгээр хүмүүстэй нэг баг болж тоглохдоо завсаргүй 10 гаруй удаа улсын аварга болж байсан. Тухайн үед “Алдар” нийгэмлэгийн тамирчид ямар ч багт дийлдэшгүй, их хүчтэй баг байлаа шүү дээ. Өнөө жил манай волейболын холбоо үүсч хөгжсөний 60 жил, Монголд волейболын спорт үүссэний 90 жилийн ой тохиож байгаа юм. Тэр утгаараа өнөө жил Монголын волейболын холбоо нэлээдгүй их ажил төлөвлөн, хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд залуучуудын улсын аваргыг зохион байгуулахаар болсон. Тэмцээн энэ долоо хоногт Спортын төв ордонд болно. Монголд волейболын спортын гавьяат тамирчин болсон хоёр хүн бий. Доржжүгдэр, Шоовдор гавьяатууд гэж. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа оролцож байсан мундаг, нэртэй ахмад тамирчид их ээ.

-Үндэсний шигшээ баг анх хэдэн онд байгуулагдаж байсан юм бэ?

-Би 1982 онд үндэсний шигшээ багт тоглож байхад хоёрдугаар шигшээ багийн цалин гэж 99 төгрөг авдаг байлаа. Яг албан ёсоор 1986 онд бүрэлдэж бий болсон юм болов уу. Тэгж л санаж байна. Үүнд миний бие багтаагүй л дээ. Учир нь би цэрэгт байлаа. Одоо шигшээ багийн тамирчдад цалин, мөнгө өгдөггүй. Хэдэн шилдэг тамирчид нийлээд л үндэсний шигшээ багийг бүрдүүлдэг болсон.

-Манай улсын иргэд хөдөө, хотгүй волейбол түлхүү тоглодог шүү дээ. Нийтээрээ энэхүү спортыг мэддэг, тоглодог хэрнээ яагаад олон улсад төдийлөн амжилттай оролцдоггүй юм бол?

-Амжилт гаргадаггүй нь олон зүйлтэй холбоотой. Дээхэн үед гадаадад тэмцээн уралдаанд оролцохдоо манай тамирчид нуруугаараа их дээрэлхүүлдэг байлаа. Одоо ч харьцангуй гайгүй болж. Манайхан хамгийн гол нь системтэй, нэгдсэн зохион байгуулалттай тамирчдаа, багаа бэлдэхгүй байна. Миний хувьд амьхандаа л залуучуудын шигшээ багийг системтэйгээр, бодлоготой бэлтгэж байгаа. Ингэж л бэлдэхгүй шууд л тэмцээн уралдаанд гүйгээд очвол үр дүн нь ахихгүй шүү дээ. Орон нутгаас волейбол тоглодог шилдэг тамирчдыг цуглуулж нэг баг болгон бүрдүүлж, урагшаа, хойшоогоо тэмцээн уралдаанд идэвхтэй оролцоод байвал Монголын волейболын багийн ур чадвар, туршлага нь сайжирна. Нөгөөтэйгүүр монголд багийн спорт хөгждөггүй, амжилт гаргадаггүй нь эдийн засаг, хөрөнгө мөнгөтэй холбоотой юм. Гэхдээ юм хийе гэвэл бүтэхгүй зүйл байхгүй л дээ. Үүнд манай волейболын холбоо идэвхгүй, бодлого нь зогсонги байталтай яваад байна л даа. Энэ бүхнээ анхаараад Монголын волейболын багийг ядаж зүүн Азид чансаагаараа эхний гуравт ордог болгочихмоор байна. Үүний төлөө Монголын волейболын холбоо тодорхой бодлого боловсруулж, зорилт тавьж ажиллах хэрэгтэй санагддаг. Манай холбоо их удаашралтай байна. Жоохон дайчин, зоригтой хөдөлгөөн хэрэгтэй. Манайхан бүгд л нэг зорилготой хэрнээ хоорондоо эвлэж өгдөггүй нь бидний сул тал болж байна. Монголын баг одоогоор Азийн болоод бүс нутгийн жижиг түвшний тэмцээн уралдаануудаас медаль хүртэж, тодорхой амжилт гаргаж л байгаа. Гэхдээ бид волейболоор илүү их амжилт гаргаж, Азид болон дэлхийд өөрийн гэсэн нэр хүндээ олох хэрэгтэй байна.

-Волейболын спортоор хичээллэснээр хүнд ямар давуу талтай вэ?

Миний хувьд волейболыг сэхээтний спорт л гэж ойлгодог. Учир нь волейболыг Монголд сэхээтнүүд оруулж ирж байсан юм. Манай төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд энэхүү спортоор хичээллэх, тоглох дуртай байдаг нь ч үүнтэй холбоотой. Нэг хэсэг Д.Содном гуай Сайд нарын зөвлөлийн дарга байхдаа Спортын ордны урд зааланд долоо хоногийн нэг өдөр зориуд цаг гарган ирж тоглодог байсан юм. Өнөөгийн сайд дарга, бизнесменүүд бүгд л энэхүү спортоор хичээллэдэг. Волейбол нь хүнээс биеийн гоо сайхан, уран мэдрэмж, сэтгэмжийг шаарддаг спортын онцгой төрөл шүү дээ. Бөмбөг тамирчны гарт хэдхэн долийн хугацаанд тогтоно, шүргэнэ. Яг энэ үед тухайн тамирчин асар хурдан сэтгэж, тэрхүү бөмбөгийг хааш нь цохивол хожих боломж илүү байна гэдгийг бодож чадах ёстой. Үүгээрээ волейболын спортыг гүн ухааны, сэтгэмж, авхаалж, самбааны спорт л гээд байгаа юм. Хүнээс ийм философлоги зүйл шаардах учир ямархан үр ашиг, давуу талтай нь ойлгомжтой болов уу. Өөр нэг зүйл нь ямар спортоор хичээллэж буйгаас нь хамаарч тухайн хүний зан араншин өөр, өөр байдаг. Тухайлбал, сагс, хөлбөмбөгөөр хичээллэсэн хүмүүс огцом тэсрэлттэй, ууртай болдог бол волейболоор хичээллэсэн тамирчин төлөв даруу, түвшин сайхан бие галбиртай, энгийн нийтэч хүмүүс болж төлөвшдөг. Хамгийн чухал нь эгзэгтэй үед ухаалаг шийдвэр гаргах оюуны асар өндөр чадамжийг олж авдаг онцлогтой. Энэ спортыг хөөсөн хүн их даруухан байдаг. Юм болгон дээр савсганаж, онгироод байдаггүй. Энэ мэт яривал давуу тал их ээ.

-Сүүлийн жилүүдэд манай улс багийн спортоор боломжийн сайхан амжилтуудыг гаргах болсон. Энэхүү амжилтаа өшөө дээшлүүлж, энэ эрчээрээ хөгжвөл волейболын спорт, багийн спортоор олимпоос медаль хүртэхэд хэр ойрхон байна гэж харж байна?

-Энэ бол үнэхээр хол асуудал. Нэг жишээ хэлье л дээ. Ираны баг саяхныг болтол дэлхийн хэмжээний баг биш л байлаа. Өнгөрсөн тивийн тэмцээнээр Ираны багийг харсан чинь тамирчид нь тийм ч өндөр биш хэрнээ биеийн хөгжил, тоглолтын ур чадвар нь огцом сайжирсан нь мэдэгдсэн л дээ. Одоогоор Монголын баг дэлхийн хэмжээнд битгий хэл Азидаа хэцүүхэн л байгаа. Гэхдээ бодлого, бэлтгэл сургуулилтаа хавсаргаад зөв чиглэлд явах юм бол Иран шиг гэнэтхэн л дэлхийд гараад ирэхийг үгүйсгэхгүй. Сүүлийн үеийн залуучуудын нуруу туруу ч гайгүй болчихлоо. Яг одоо үеэс л Монголын волейболын багийн шинэчлэл, шинэ түүх ирж байна уу даа л гэж харж байна. Олимп, дэлхийгээс медаль хүртэхийн тулд өнөөгийн явж буй бодлогыг л маш сайн өөрчилж байж л ярих учиртай болов уу. Шуудхан хэлэхэд дэлхийн волейболын спортоос Монгол хоцорч яваа. Эхний удаад дэлхийд биш зүүн Азийн орнуудыгаа дийлчих хэрэгтэй байгаа юм. Энэ нь ойрын хэдэн жилдээ бидний хувьд дөхүү санагдана.

-Манай улсын сагсан бөмбөгийн холбоо легионер тамирчдыг дотоодын лигт их тоглуулдаг шүү дээ. Үүнтэй адил волейболын спортыг монголд илүү сайн хөгжүүлэхийн тулд гадаадын чадварлаг, нэртэй тамирчдыг урьж, хамтран тоглож болдоггүй юм уу?

-Манай волейболын холбоо бодлого, үйл ажиллагаа нь жоохон зогсонги л байгаа болохоос биш уг нь анхдагч нь л байсан. Хамгийн анх легионер тоглогчдын монголын волейболын холбоо урьж, дотоодынхоо багуудтай тоглуулж байсан түүхтэй. Биднээс санаа авч, сагс, хөлбөмбөг гадаадын тоглогчдыг урих болсон. Тухайн үед тамирчдын ур чадвар ч өсөж л байлаа. Энэ бас нөгөө эдийн засгийн асуудалтай холбоотой болоод явчихдаг. Одоо үүнийг их гоё л зохион байгуулах хэрэгтэй байгаа юм. Мэдээж манай улсын баг, тамирчид гадаадын чадварлаг, нэртэй тамирчидтай гар зөрүүлнэ гэдэг ур чадвар, туршлагын хувьд өсөх нь тодорхой юм. Үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тийм болохоор л волейболын холбоог зоригтой, дайчин, хурдан хөдөлгөөн орох шаардлагатай хэмээн хэлээд байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Улсын сайд, сайн малчидтай “Сэхээтний” гэгдэх нэг ангийнхан

Зүүн гар талаас С.Бямбацогт, Д.Хосбаяр, М.Сүхбаатар нар. 1990 он

Алтайн өндөр уулс шигээ нэгнийгээ түшиж, алдрайхан насаа хамт өнгөрүүлсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сундуйн нэрэмжит Ховд аймгийн Чандмань сумын найман жилийн дунд сургуулийг 1982-1990 онд суралцан төгссөн 8а ангийнхныг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа. Өдгөөгөөс гучин таван жилийн тэртээх тэр л гэрэлт өдөр бор хилэн дүрэмт хувцсаар ижилссэн бяцхан хөвгүүд, өнгийн туузаар гангарсан жаахан охид ижий аав, эгч, ах нарынхаа гараас хөтлөлцөн сургуулийн босго алхан орж, Жавзан багштай 1а ангид тохой нийлүүлэн суралцаж эхэлжээ. Тухайн үед Чандмань сумын дунд сургуулийг “Хөдөлмөрчдийн” хэмээн нэрлэдэг байж. 1а ангийн сурагчид дөрвөн намар, дөрвөн хаврыг элээсээр ахлах анги буюу тавдугаар ангидаа орж, олон нийтийн ажилд оролцож сургуулиас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх болжээ. Тав, зургадугаар ангийн сурагчид зуныхаа амралтаар аргал түүж, намар хадлан хураах ажилд нийтээрээ оролцдог байсан гэнэ. Сургуулийн дотуур байрны хүнсийг бэлдэхийн тулд хавар төмс, хүнсний ногоо тарина. Ингээд намар болж төмс хураах ажилд сурагчид нийтээрээ оролцдог байжээ. Сургуульдаа а-гийнхан хамгийн дүрсгүй хүүхдүүдтэй хэрнээ урлаг, спорт, сурлагаараа үргэлж тэргүүлдэг манлайлагч анги байжээ. Энэ талаар ангийн охин Л.Бат-Орших “Манай анги сургуульдаа үймүүлж, шуугидгаараа алдартай байв. Охидууд нь ч хөвгүүдээсээ дутахааргүй дүрсгүйтнэ. Бүр ангидаа тоос манартал хөвгүүдтэйгээ барилдаж, ноцолддог байсан шүү. Гэхдээ спорт, урлаг, сурлагаараа сургуульдаа жил бүр л тэргүүлнэ. Сургуулийн аварга ангиар ч удаа дараа шалгарч л байсан. Би сургуулийн сурагчдын бүлгийн дарга хийдэг байлаа. Манай ангид сургуулийн захирлын, сумын Засаг даргын, намын даргын хүүхдүүд сурдаг. Тийм болохоор “Сэхээтний анги” гэдэг байсан юм. Багш нар юм л болвол биднийг “Дарга нарын хүүхдүүд юм байж, дүрсгүйтэж болохгүй” хэмээн загнаж, хатуу шаардлага тавина. Ер нь сурагч ахуй нас гэдэг хүн бүхний сэтгэлд гэгээхэн оршдог байх. Хичээлийн завсарлагаанаар аль нэг ангийг коридорт гаргаж дуу дуулуулна. Энэ ажилд манай анги их л дуртай, идэвхтэй оролцдог байв. Манай ангийнхны дуулах чимээ сумын төвд байх Захиргааны байр хүртэл сонсогддог байж билээ. Их л чанга дуулна. Цаг цагаараа гэдэг шиг үе үеэрээ байдаг. Нэгэн оны төгсөлтийнхөн гэхээр нэг амьтай болцгоодог юм байна” хэмээн дурсан ярилаа. “Сэхээтний” гэгдэх эдний анги наймдугаар ангиа гучуулаа Б.Мягмарсүрэн багшийн удирдлага дор суралцан төгссөн байна. Тэртээ хорин таван жилийн өмнө хонхны баяраа тэмдэглэн дуулан шуугиж явсан алдрай багын андууд нь өдгөө Ховд нутагтаа нэртэй хотол Монголдоо мөртэй, амьдрал тэгширч ажил үйлс нь дэлгэрсэн эрхэм хүмүүс болцгоожээ. Өнөө жил 8а ангийнхан төгсөлтийнхөө 25 жилийн ойгоо тэмдэглэсэн гэнэ. Эдний ангиас төрөн гарсан алдартнууд их. Үүнээс УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Сандагийн Бямбацогт, хамгийн анхны эмэгтэй энхийг сахиулагч Л.Байгалмаа, Монгол Улсын сайн малчин А.Саруул, М.Нямсүрэн нарыг дурьдаж болох юм. С.Бямбацогт сайдыг Мянгад суманд дөрөвдүгээр анги төгсөх жил нь түүний аав Сандаг гуай Чандмань сумын Засаг даргын албанд томилогджээ. Ингээд хүүгээ тус сумын дунд сургуульд тавдугаар ангиас нь оруулсан нь энэ аж. Эдний ангийн дарга нь сургуулийн захирал Очирбатын хүү Ганбаатар байж. Харин Засаг даргын хүү буюу Бямбацогт сургуулийн сурагчдын зөвлөлийн дарга хийдэг байжээ. Тийм болохоор “А”-гийнхныг нь “Сэхээтний анги” хэмээн нэрлэх болсон байна. Манай улсаас энхийг сахиулах ажиллагаанд явсан хамгийн анхны эмэгтэй Л.Байгалмаа “Долдугаар ангид байхад монгол хэлний Мягмаржав багш сахилгагүйтлээ гээд охидуудаас Л.Бат-Орших бид хоёрыг манай ангийн ихэнх хөвгүүдтэй хамт самбарын өмнө гарыг нь өргүүллээ. Их л удаан зогсоосон юм. Хөвгүүд нь охидуудынхаа өмнө унаж, онигоонд орохгүйн тулд шүд зуун тэвчиж байсан нь тодорхой. Гэтэл үеийнхэндээ бяр, чадлаараа аархдаг манай ангийн ганц бөх Д.Сэргэлэн маань хамгийн түрүүнд хөлс нь гоожоод, унаж билээ. Ангийнхан бүгд л “пир” хийгээд л инээсэн. Хамгийн чадалтай, бяртай бөх нь уначихаар бусад нь ямархан их тэссэн нь тодорхой гэж бодсон уу багш биднийг суулгаж билээ. Хүүхэд насаа гэж, инээдтэй, хөгжөөнтэй дурсамжууд ихтэй шүү” хэмээв.

“Гэнэн багын тэр л сайхан үеэ дурсахаар эрдэм номын их өргөө болсон сургуулийн минь бараа харагдаж, анги танхимынх нь эгэл дотно дүр байдал бодолд ургаж, гагцхүү сургуульд л байдаг тэрхүү содон танхил үнэр сэнхийн үнэртэх шиг болдог юм аа” хэмээн бидэнтэй уулзсан “Сэхээтний” гэгдэх ангийн зарим нөхөд нь хүүхэд ахуй насандаа оччихсон мэт л дурсан ярьж байлаа.

Б.Мягмарсүрэн багштай 8а анги 1990 он

Categories
мэдээ нийгэм

Р.Нямдорж: Улсын цолтой бөхчүүд бүтэн жилийн барилдааны 50 хувьд нь оролцоогүй бол төрийн наадамд зодоглох эрхгүй

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Саяхан үндэсний бөхийн барилдаанд улсын цолтой бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх журам гаргажээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Ер нь бол барилдаан, бөх, үзэгч, дүрэм журам, жаяг дэгийн баг гэсэн таван хэсгээс “үндэсний бөх” гэдэг ойлголт бүрдэж байгаа юм. Тийм учраас бид залуу бөхчүүдэд “Барилдаан хэмээх хүч сорьдог, өвөрмөц урлагийг бий болгож өгсөн өвөг дээдэсдээ залбирч явах учиртай” гэж сургадаг. Мөн барилдах сайхан бие хааг заяасан эцэг, эхдээ баярлаж явах учиртай. Гуравдугаарт, Монголын үндэсний бөхийн барилдааныг үзэж буй бөх сонирхогч ард түмэн, үзэгч олондоо баярлаж, тэднийг хүндэтгэж явах хэрэгтэй гэдгийг үргэлж захидаг. Үүн дээр нэмээд хийсэн оноолтоор нь барилдаж, мөрөн дээр нь дарж дэвж дэлж гардаг, өөрийн амжилтыг нь олон түмэнд сурталчилдаг гарын даа, засуул, тайлбарлагч гээд жаяг дэгийн баг хамт олныг бөх хүн хүндэтгэж явах ёстой. Монгол бөхийн ёс, жудаг, философиос өөрийн биедээ шингээж эзэмшихийн тулд монгол бөхийн барилдааны дүрэм, журмыг ягштал мэдэж, дагаж мөрдөх нь чухал. Монгол бөхийг бий болгож буй эдгээр таван хэсгийн нэг нь алдагдах аваас “Монгол бөх” хэмээх өв соёл оршин байж чадахгүй. Тийм учраас бөхчүүд эдгээр зарчмуудыг дагаж явах ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд улсын өндөр цол хүртсэн бөхчүүд наадмаас наадмын хооронд зохион байгуулдаг барилдаануудад цөөхөн барилдах болсон. МҮБХноос наадмаас наадмын хооронд 22-28 барилдаан зохион байгуулж байна. Эдгээр барилдаануудад улсын баяр наадмаар түрүүлсэн бөх дөрөвхөн удаа барилдсан дүн бий. Гэтэл үзэгчид юу хүсч байна вэ гэхээр “Улсын том цол хүртсэн бөхчүүдээ наадмаас бусад барилдаануудад барилдуулаач” гэсэн шаардлагыг тавьдаг. Хоёрдугаарт, бөх хүний цол бол амжилтыг нь үнэлж, өгч буй ард түмний алдар, хүндэтгэл юм. Энэхүү хүндэтгэлийн хариуд бөх хүн үүрэг хүлээх учиртай. Тэр үүрэг нь юу вэ гэвэл Монгол бөхийн барилдаанаар барилдаж, түүнийг олон түмэнд үзүүлж, ард түмнийг баясган цэнгүүлж, монгол бөхийг өөрийн биеэр сурталчлах явдал юм. Энэхүү үүргээ манай улсын цолтой бөхчүүд сүүлийн жилүүдэд төдийлөн сайн биелүүлэхгүй, ганц хоёрхон удаа барилдаад алга болчихдог болсон. Иймээс бөхчүүдийг үүрэгжүүлж байгаа юм. Өмнө нь монгол бөхийн барилдаанд барилдах эсэх нь хувь бөхийн асуудал мэт ойлгож байсан. Одоо бол нийгмийн шаардлагаар тэднийг барилдуулах шаардлага бий болж байна. Монгол бөх үзэгчгүй болчихвол оршин байж чадахгүй.

-Энэ шинэ журмаар яг юуг яаж журамласан юм бэ?

МҮБХны Тэргүүлэгчдийн 2017 оны есдүгээр сарын 27ны өдрийн хурлын “03” тоот тогтоолоор батласан “Үндэсний бөхийн барилдаанд улсын цолтой бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх журам”нд бөхчүүдийг насаар нь хувааж, барилдаанд оролцох хувийг зааж өгсөн. Тухайлбал, 35аас дээш настай бөхчүүд Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулсан барилдаануудад өөрийн тааллаар ирж барилдана. Учир нь 35-аас дээш настай бөхчүүдийн бэлтгэл, сургуулилтын эрчим хорин хэдтэй залуучуудыг гүйцэхгүй болсон. Харин 30-34 настай бөхчүүд МҮБХ-ноос гаргасан албан ёсны хуваарьт барилдааны 50 хувь буюу 10 барилдаанд заавал оролцон барилдана. Тэгвэл 29 ба түүнээс дооших насны бөхчүүд хуваарьт барилдааны 70 хувь буюу 14 барилдаанд оролцон барилдана.

-Хэрэв бөхчүүд журам зөрчсөн, барилдааныхаа төлөвлөгөөг биелүүлж чадаагүй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх бол?

-Жилд болох барилдааныг есдүгээр сараас цагаан сарын барилдаан хүртэл, цагаан сараас наадам хүртэл гэж хоёр үечлэл болгон хуваасан. Нэгдүгээр үед буюу намраас цагаан сар хүртлэх 10 барилдаанд тухайн бөх наснаасаа хамаарч тавд нь ч юм уу долоод нь барилдах ёстой. Хэрэв энэ хугацаанд барилдааныхаа төлөвлөгөөг биелүүлээгүй бол тухайн бөхийг нийтийн сүлжээнд мэдээлнэ. Жишээлбэл, аварга цолтой тэр бөх энэ хугацаанд таван удаа зодоглохоос гуравт нь барилдаагүй байна гэж мэдэгдэнэ. Ингэснээр олон нийтийн зүгээс тухайн бөхөд барилдах шаардлага тавина. Тэр шаардлагыг бөхчүүд биелүүлэх үүрэгтэй. Хэрэв тухайн бөх түүнийг биелүүлэхгүй бол тэр жилийн цагаан сарын барилдаанд оролцуулахгүй байхаар журамласан. Цагаан сарын барилдаанаас долдугаар сар хүртлэх хугацааны дунд бас сануулга өгнө. Өөрөөр хэлбэл, улсын цолтой бөхчүүд бүтэн жилийн барилдааны 50 хувьд нь оролцоогүй бол төрийн наадамд зодоглох эрхгүй. Ийм шийтгэл, сануулгыг энэхүү журманд заасан байгаа.

-Улсын баяр наадамд барилдуулахгүй гэхээр их л өндөр хариуцлага ногдуулж байгаа юм байна?

-Барилдаанд оролцоогүйгээс, үзэгчдээ хүндлээгүйгээс болж бүтэн жилийн хөдөлмөр нь үнэлэгдэхгүй болохоор энэ бол хатуу хариуцлагатай. Ийм хариуцлага хүлээхгүйн тулд бөхчүүд журмаа дагах хэрэгтэй. Ар гэрийн гачигдалтай, өвчин зовлон туссан, мөн бэртэж гэмтсэн бол эмчийн акт бусад баримт бичгээр баримтжуулан барилдаанаас чөлөөлөх үндэслэлийг журамд мөн тусгасан.

-Наадам, цагаан сар хэмээх томоохон барилдаануудаас бусад заал, танхимын барилдаануудад цөөхөн ирж барилддаг бөхчүүд бий. Сүүлийн жилүүдэд Ганбаатар гарьдын хувьд Бөхийн өргөөнд болж буй барилдаануудад төдийлөн харагдахаа больсон шүү дээ?

-Ганбаатар энэ жил 35 настай. 35 гээд зүгээр ч нэг заачихаагүй. Барилдааны амжилт хэдэн насны дотор гарч байна вэ гэдгийг судалсны үндсэн дээр энэ насыг дээд хязгаар болгож авсан. Одоо Ганбаатарын үеийн бөхчүүд 35-аас дээш настай учраас тааллаараа л барилдана.

-Хариуцлага ногдуулах тухай тодорхой боллоо. Тэгвэл бүтэн жилийнхээ төлөвлөгөөг биелүүлж, амжилт гаргасан бөхчүүдийг урамшуулах заалт энэ журманд тусгагдсан болов уу?

-Шаардлага /болзол/ биелүүлээгүй бөхчүүдэд шийтгэл ногдуулж байгаатай адилаар амжилт гаргасан бөхчүүдийг шагнаж урамшуулна. Улсын аварга цолтон барилдвал тухайн барилдааныхаа бай дээр нь нэмж 330 мянган төгрөг, улсын арслан цолтой бөх барилдвал 220 мянган төгрөг, улсын гарьд цолтон 110 мянган төгрөг нэмж авна. Нэгийн даваанд унана уу, шөвгөрч, түрүүлнэ үү тэр хамаагүй, барилдсан л бол эдгээр урамшууллыг хүртэхээр заасан. Хоёрдугаарт, бөхчүүдийг бүтэн жилийн барилдааных нь дүнгээр шалгаруулна. Жилийн хугацаанд барилдах ёстой тоогоо гүйцээсэн аварга, арслан, гарьд цолтой бөхчүүдээс хамгийн өндөр амжилт гаргасан нэг бөхийг “Үзэгчээ дээдлэгч бөх” өөр шалгаруулж, улсын наадмын өмнө цом, 10 сая төгрөгөөр урамшуулах юм. Улсын заан, харцага, начин цолтой бөхчүүдээс мөн дээрх болзлоор нэг бөхийг шалгаруулж, цом, 5.0 сая төгрөгөөр шагнана.

-Сүүлийн жилүүдэд бөхөө дээдэлдэг ард түмэн бөхчүүдийн жудагт шүүмжлэлтэй хандах болсон. Бөхчүүдийг жудагтай болгохын тулд яах ёстой юм бол?

-Монгол бөхийн онцлог байна. Гоё дэвдэг, шавдаг, унасан бөхийнхөө дээр өвдөглөхгүй, тахимаа зөв өгч, авалцах, гар хөлийг нь хөшихгүй гэдэг ухагдахуунууд бүгд тухайн бөхийн жудаг чанарын асуудал юм. МҮБХ-оо жил бүр тодорхой уриан дор нэгдэн ажилладаг байгууллага. Өнгөрсөн жил “Допинггүй Монгол бөхийн төлөө” уриан дор ажилласан, тодорхой ажлуудыг хийж, хэрэгжүүлсэн. Үүний үр дүнгээр өнөө жилийн наадмаар шөвгөрсөн бөхчүүдээс допинг илрээгүй. Ирэх жил бид “Ойлголт зөв бол үйлдэл зөв” гэдэг уриатайгаар ажиллана. Үзэгчид “Танай энэ бөх чинь амжилтаа ахиулахгүй байна. Начин цолтойгоо л байгаад байна, заавал заан болох ёстой” гэсэн шаардлага тавьдаггүй. Харин “Танай тэр бөх чинь ёс суртахуунгүй, жудаггүй байна. Тахимаа зөв авахгүй, уначихаад маргалдаад байна” гэж шүүмжилдэг. Үүнээс үзэхэд ард түмэн монгол бөхөөс жудагтай байхыг шаарддаг нь харагдаж байна. Тийм учраас бид Монгол бөх жудагтай, ёс суртахуунтай байх тухай ойлголтыг бөхчүүдэд, нийгэмд түлхүү өгнө. Үүнтэй манай ирэх жилийн уриа холбогдож байгаа юм.

-Журам хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

Энэ сарын 8нд болох “Баянзүрх хайрханы хишиг” барилдаанаас эхэлнэ.

-Өнгөрсөн долоо хоногт МҮБХ-ноос барилдааныг камериар шүүх асуудлыг судлах ажлын хэсэг гарсан. Ажлын хэсгийн дүгнэлт хэрхэн гарсан бол?

-Үндэсний бөхийн барилдааныг камераар шүүхгүй. Уламжлалт арга барилаараа хөлийн цэц, засуулууд л шүүнэ. Харин камерын тухайд гэвэл маргаантай барилдааныг шийдэх үед дүрс бичлэгийг үзэж, ашиглах боломжийг л судлаж байгаа юм. Маргаантай барилдаан бол тийм ч олон гардаггүй юм. Тухайлбал 512 бөх барилдлаа гэхэд 511 барилдаан болдог. Энэ олон барилдаан дундаас маргаантай барилдаан нэг хувь ч хүрэхгүй гардаг. Сүүлийн хоёр жилийн наадмаас харахад 512 барилдаанаас хоёр, гуравхан л маргаантай барилдаан гарсан. Харин үлдсэн 508-509 барилдааныг хөлийн цэцүүд л шүүнэ. Өнөө жилийн Санжаадамба, Ганжад нарын барилдаан, ноднингийн Пүрэвдагва, Бүрэнтөгс нарын барилдаан шиг маргаан гарсан нөхцөлд камерын бичлэг үзэж, шийдвэр гаргах боломж байна уу гэдгийг судлаж байгаа юм. Ажлын хэсэг маргаантай барилдааныг камерын бичлэг ашиглаж, шийдэж болох эсэхийг туршиж үзье гэж шийдсэн. Энд юун түрүүн техникийн хангамжийг шийдэх ёстой. Тухайлбал Бөхийн өргөөнд болж буй барилдаанд камерын бичлэг ашиглахын тулд наанадаж 6-10 камер байрлуулах шаардлагатай. Ингэж байж тэрхүү бичлэгийг хөлийн цэц, засуулууд үзэж шийдвэр гаргах боломжтой болно хэмээн ажлын хэсэг дүгнэсэн байна лээ.

-Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит “Их Эе” ирэх онд хуралдах тов гарсан. Энэ талаар тодруулбал?

-“Их Эе” ирэх оны гуравдугаар сарын 24, 25-ны өдөр хуралдана. Ээлжит “Их Эе” гэдэг бол дөрвөн жил тутам нэг удаа хуралдахаар дүрэмд заасан хурлыг хэлж байгаа юм. МҮБХны анхдугаар “Их Эе” 1990 онд болсон. Түүнээс хойш 1994, 1998 онуудад “Их Эе”үүд хуралдсан. Харин бөхийн өргөөг ашиглалтанд оруулсны дараа 2002 онд хуралдсан IV “Их Эе”эр зарим бөхчүүд үгсэн хуйвалдаж бөхийн өргөөг эзлэх, МҮБХ-г булаан авах хууль бус тэмцэл явуулснаар зарим “Их эе”үүд тасалдсан. Одоо 2018 оны гуравдугаар сарын 24, 25-нд албан ёсны ээлжит VIII “Их Эе” хуралдана. Энэ товыг 2017 оны зургадугаар сарын 22нд хуралдсан МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурлаас гаргасан, одоо бэлтгэл ажлууд хийгдээд явж байна.

Categories
мэдээ цаг-үе

Э.Алтангэрэл: Волейболын спортоор дэлхийд тэргүүлэх багуудыг хожих боломжтой гэх итгэлийг олж авсан нь хамгийн том амжилт

Монгол Улсын Волейболын шигшээ багийн тамирчин, спортын мастер Энхээгийн Алтангэрэлтэй ярилцлаа.


-Хэзээнээс волейболын спортоор хичээллэж эхэлсэн бэ. Яагаад энэхүү спортыг сонгох болов?

-Ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар ангид байхдаа энэхүү спортод анхлан хөл тавьсан. Өдгөө есөн жил волейболоор хичээллэж байна. Анх арван жилийн ангийн багш маань биднийг волейболын секцэнд хамруулж байсан юм. Ингээд “Мон-Алтиус” сургуулийн волейболын секцийн Хулан багшийн удирдлага дор ангиараа очиж, бэлтгэл, сургуулилт хийж эхэлсэн л дээ. Улмаар есдүгээр ангидаа дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байхад олон улсын хэмжээний мастер Солонго багш намайг олж харсан байгаа юм. 10 дугаар ангид байхад өдгөө миний тоглож буй “Хасумегастарс” баг байгуулагдаж байсан л даа. Тэр цагаас хойш энэ багт орж, волейболын спортоор тууштай хичээллэх болсон. Түүнээс биш багаасаа волейболоор хичээллэж, энэ спортын тамирчин болно гэж бодож яваагүй. Хувь заяагаараа л энэ спортод хөтлөгдөж орсон доо.

-Монгол Улсын волейболын шигшээ багийн бүрэлдэхүүнд хэдэн жил бэлтгэл сургуулилт хийж, тэмцээн уралдаанд оролцож байна?

-Анх 2014 онд Монголын шигшээ багийн тамирчнаар дуудагдаж байлаа. Улмаар 2015 онд зүүн бүсийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, тэр ондоо шигшээ багийн гарааны тамирчин буюу төвийн хаагчаар тоглож байсан. Шигшээ багийн тухайд намайг орсноос хойш хоёр л удаа томоохон тэмцээнд оролцсон. Тэр нь хоёр удаагийн зүүн Азийн тэмцээн. Энэхүү тэмцээнүүдэд хүрэл медалийн төлөө тоглоод хожигдож, дөрөвдүгээр байрт орсон. Хэдий дөрөвдүгээр байрт орсон ч гэлээ чамлаад байх амжилт биш ээ.

-Манай улсын хувьд волейболын спортоор эрэгтэй гэхээс илүү эмэгтэйчүүд нь амжилт гаргадаг. Ер нь волейболын спортын онцлог юу вэ?

-Эмэгтэй волейболчдын хувьд чамгүй олон амжилт гаргасан. Ер нь манай эмэгтэйчүүд их мундаг л даа. Бусад спортын төрлүүдийг харахад ч гэсэн эмэгтэйчүүд түлхүү амжилт гаргаад байдаг. Волейболын спорт бусад спорттой харьцуулбал бөмбөгтэй удаан харьцаж чаддаггүй. Маш богинохон хугацаанд бөмбөгтэй харьцдаг шиг ээ хоромхон зуур сэтгэж, хурдан шийдвэр гаргаж тоглодгоороо онцлогтой. Тийм болохоор волейболын тамирчнаас маш өндөр техник, ур чадвар шаарддаг юм. Мөн өрсөлдөгч багийн гишүүдтэй биеийн хүчний тоглолт хийдэггүй ч сэтгэлзүйн тоглолтыг их хийдэг. Тэр ч утгаараа байнга оюун ухаан, сэтгэн бодох чадвараараа өрсөлддөг.

-Мэдээж хэрэг багийн спорт. Харин манай улс багийн спортоор олон улсын тэмцээн уралдаанд төдийлөн амжилт гаргаж чаддаггүй. Үүний учир юу вэ?

-Багийн спортын хамгийн сонгодог жишээ нь волейболын спорт. Багийн спортын тоглолтыг харъя л гэвэл волейболыг үзэх хэрэгтэй. Учир нь тэр том талбай дээр долоохон хүн бөмбөг унагаахгүйн төлөө нэг хүн шиг сэтгэж, бие биенээ мэдэрч тоглох шаардлагатай болдог. Багийн нэг л гишүүний тоглолт болохгүй, сул байвал өрсөлдөгч багийн хожих магадлал асар өндөр болдог. Тийм болохоор волейболын багийн гишүүд бүгд л жигд тоглох ёстой. Үүнийг л манайхан анхаарах учиртай санагдана. Бусад спортод, жишээлбэл сагсан бөмбөгт нэг тоглогч нь оноо аваад, багаа чирээд хожил авчихаж болдог. Хөлбөмбөг ч ялгаагүй. Харин волейболд бүх тамирчин жигд л тоглох учиртай.

Монголын волейболын шигшээ багийн гаргасан амжилт юу бол?

-Ахмад волейболчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан түүхтэй. Энэ бол бас л том амжилт. Хамгийн сүүлд гаргасан амжилт гэвэл өнгөрсөн тавдугаар сард болсон зүүн Азийн орнуудын эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, тусгай байр эзэлсэн явдал юм уу даа. Өмнө манай улсын багийн хувьд дэлхийд тэргүүлэгч багуудтай тоглохдоо хожино гэсэн ямар ч итгэлгүй өрсөлддөг байсан. Харин энэхүү тэмцээний үеэр Азийн тэргүүн баг япончуудтай тоглохдоо хожино гэсэн бүрэн итгэлтэй тоглосон л доо. Энэ бол бидний хувьд маш том амжилт юм. Өөрөөр хэлбэл волейболын спортоор дэлхийд тэргүүлэх багуудыг хожих боломжтой гэх итгэлийг олж авсан нь бидний хамгийн том амжилт юм. Тэр ч утгаараа ард түмэн маань биднээс амжилтыг хүлээдэг болсон. Өнгөрсөн тавдугаар сард болсон зүүн Азийн тэмцээнээр манай баг Макаогийн багийг хожиж, улмаар Солонгосын багтай таван үе маш ширүүн өрсөлдөж, хожигдсон. Сүүлд нь Солонгосын багийнхан “Монголын багийг амархан хожино гэж бодож байлаа. Гэтэл үнэхээр ширүүн өрсөлдөөнтэй тоглолт гаргалаа. 2015 онд тоглож байсан баг биш болжээ. Монголын багийн ур чадвар сүүлийн хэдхэн жил үнэхээр дээшилсэн байна” хэмээн ярилцлага өгснийг нь сонсож билээ. Үнэхээр манай улсад волейболын спорт хөгжиж байгаа. Өндөр нуруутай, ур чадвартай шинэ үеийн залуус гарч ирсэн. Цаашид Монголын баг Азийн болон дэлхийн шилдэг багуудтай тэнцүүхэн өрсөлдөх болно.

-Багийн спортын тамирчин хүн ямар байвал багаараа амжилт гаргахад ойрхон хэмээн боддог вэ?

-Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд багийн спорт хурдацтай хөгжиж байгаа. Сагсаар “Гурвын эсрэг гурав”-ын тэмцээнд дэлхийн аварга болчихлоо. Удахгүй волейболоор Азийн аварга цаашлаад дэлхийд дээгүүр өрсөлдөх багтай болох бүрэн боломж бүрдчихсэн. Нэг баг гэхээсээ илүүтэйгээр нэг гэр бүл хэмээн сэтгэвэл багийн спорт илүү сайн хөгжих боломжтой юм. Багийн нэг хүн хөдөлгөөн хийхэд, нөгөө гишүүн нь тэрхүү хөдөлгөөнийг түрүүлээд харчихсан, нэгнийгээ мэдрээд хоёр дахь тоглолтыг урьдаас төлөвлөчихсөн мэт байх учиртай. Ийм л тоглолт гаргаж байж л волейболын спортод, багийн спортод амжилт гаргаж чадна. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэсэн зарчмаар тоглоно гэсэн үг л дээ.

-Азид, болоод дэлхийн хүчтэй багуудтай эн тэнцүү өрсөлдөхийн тулд хэрхэх ёстой юм бол?

-Волейбол бол тамирчдаас нуруулаг байхыг шаарддаг спорт. Дээхэн үед олон улсын хэмжээнд волейбол тоглох өндөр, нуруулаг тамирчид ховор байсан гэж ярьдаг. Харин өдгөө бидний үеийн залуучууд өндөр, нуруулаг болж байна. Тийм болохоор ирээдүйд энэ спортоор өндөр амжилт гаргах боломж төдий чинээгээр нэмэгдэж байгаа нь тодорхой. Манай волейболчдын хувьд талбайн захын тамирчид сайн тоглодог. Гэхдээ хамгийн чухал тоглогч нь голын хаагч. Миний хувьд энэхүү байрлалд тоглодог. Би одоо 192 см-ийн өндөртэй л дөө. Гэхдээ олон улсын тэмцээнд энэхүү байрлалд дор хаяж 197 см-ийн өндөртэй хүн тоглохгүй бол тэр баг хожих давуу талаа алддаг. Хичнээн ур чадвар, хурдан хөдөлгөөнтэй байлаа гээд нуруу намхан бол хожигддог. Учир нь 197 см-ээс дээш нуруулаг тамирчны бөмбөг давуулалтын цэгт хүрнэ гэдэг хэцүү. Үсрэлт сайтай, намхан тоглогч тэр цэгт хүрж чадах байсан ч цаг хугацааны хувьд хоцордог. Өөрөөр хэлбэл бөмбөг давж буй тэрхүү цэгт доороос хүрэх, яг тэр цэгээс нь хүрэх хоёр өөр шүү дээ. Үүнд л цаг алддаг хэрэг. Энэ спорт маань агшин зуур болдог гэж хэлсэн. Тийм болохоор тэрхүү цаг алдсан мөчид өрсөлдөгч баг довтолгоо хийж, оноо авах боломж үүсдэг. Ингээд голын хаагчийн тоглолт дээр алдаа гараад байвал яаж хожих билээ. Тийм учраас энэхүү байрлалд өндөр нуруулаг тоглогч байх нь хамгийн чухал юм. Манай улс энэхүү байрлалд тоглох өндөр тамирчинтай болчихвол ирээдүйд амжилт гаргах нь тодорхой.

-Таны цаашдын зорилго юу вэ. Ойрын үед ямар тэмцээн уралдаанд бэлтгэж байна?

-Хэдхэн хоногийн өмнө хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Тэнүүн-Огоо КАП” клубуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо. Энэхүү тэмцээнд Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш эзэнтэй, ОУХМ Л.Баатархүрээ дасгалжуулагчтай, А.Даваажаргал ахлагчтай манай баг аварга болсон. Ирэх 11 дүгээр сард Монголын волейболын холбооны цомын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байгаа. Энэхүү тэмцээнд бэлтгэж, амжилт гаргахын төлөө зорьж байна даа.