Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Энхболд: Монголчуудын аминчхан үзлээс болж жилд 400 гаруй хүн авто ослоор амиа алдаж байна

Улсын хэмжээнд өнгөрсөн жил 429 хүн зам тээврийн ослын улмаас амиа алдсан гэх харамсалтай мэдээ байна. Авто замын осол аваар юунаас болж гараад байдаг талаар Замын цагдаагийн албаны Техник, замын хяналтын ахлах мэргэжилтэн, ХСИС-ийн дэд профессор, цагдаагийн ахмад Э.Энхболдтой ярилцлаа.


-Энхийн цагт жил бүр 500 орчим иргэдээ авто ослоор алдана гэдэг манайх шиг хүн ам цөөн улсын хувьд дэндүү харамсалтай. Үүнийг гамшгийн хэмжээнд ойлгох уу?

-Зам тээврийн ослоор амиа алдах, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэдийн тоо өндөр байгаа нь гамшгийн түвшинд хүрснийг харуулж байна. Тухайлбал улсын хэмжээнд өнгөрсөн жил 36591 зам тээврийн осол бүртгэгдсэн. Үүнээс 429 хүн амиа алдаж, 4712 хүн зам тээврийн ослын улмаас хүнд болон хөнгөн гэмтсэн байна. Уг судалгаанаас үзэхэд сүүлийн арван жилийн хугацаанд дөрвөн сумын хүн амтай тэнцэх хэмжээний хүн зөвхөн авто ослоор амиа алджээ. Монголд замын хөдөлгөөний аюулгүй байдлын түвшин маш муу байгааг бид өөрсдөө хүлээн зөвшөөрөх ёстой юм.

-Зам тээврийн осол, аваар ихээр гарах болсон гол шалтгаан нь юу бол?

-Хувь хүний анхааралгүй байдал, болгоомжгүй үйлдлээс болдог. Мөн монгол хүний сэтгэхүйн онцлог, дадал зуршлаас их шалтгаалсаар байна. Гэхдээ осол юунаас болж гардаг талаар ярихаас өмнө замын хөдөлгөөний аюулгүй байдал гэж чухам юуг ойлгох вэ гэдгийг мэдэх нь чухал. Үүнийг хуулинд “Замын хөдөлгөөнд оролцогчийг зам тээврийн осолд өртүүлэхгүй, түүнээс үүдэн гарах хор уршгаас хамгаалагдсан байдлыг ойлгоно” гэж заасан байдаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөгч хүчин зүйлсийг эрдэмтэд “Хүн, автомашин, зам, орчин” гэсэн эрсдэлт дөрвөн хүчин зүйлсийн хоорондын нарийн уялдаа холбоо, найдвартай ажиллагааны үр дүнд бий болж буй аюулгүй түвшин гэж тодорхойлсон.

Эдгээр дөрвөн зүйлийн нэг нь доголдож, асуудал үүсэхэд хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж, осол аваар гардаг. Авто ослын улмаас явган зорчигч, жолооч нарын амь эрсдэх нь их. Явган зорчигчид гарцгүй газраар гарахдаа ойртон ирж яваа автомашиныг өнгөрүүлдэггүй, жолооч нар явган зорчигч зам хөндлөн гарч байхад хурдаа сааруулж, осол аваараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаггүйгээсээ болж хүний амь эрсдэх тохиолдол бий. Яг энэ байдал нь нөгөө монголчуудын хувиа бодсон сэтгэхүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөнд харилцан бие биенээ хүндэтгэн, соёлтой оролцдоггүйгээс болж осол гардаг гэж ойлгож болно. Мөн согтуу жолоочийн буруугаас болж хүний амь нас, эд хөрөнгө хохирсоор л байна. Өнгөрсөн жил 793 согтуу жолооч осол аваар хийсэн гэсэн тоо гарсан. Үүнийг 365 хоногт хуваагаад үзэхэд өдөрт 2-3 согтуу жолооч хаа нэгтээ осол гаргасаар байна. Хэдийгээр хяналт шалгалт сайн хийгддэг ч гэсэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байгаа юм.

-Замын хөдөлгөөнд оролцохдоо нэгнийгээ хүндэлдэггүй нь монгол хүний сэтгэхүйн онцлогтой холбоотой гэж ярилаа. Энэ талаар тодорхой ярихгүй юу?

-Монголчуудад нэг сул тал байна. Тэр нь амин хувиа хичээх буюу аминчхан үзэл юм. Би л уулзвар нэвтэрч, түрүүлэн явж байвал бусад нь надад хамаагүй гэсэн ойлголт. Би гэдэг үзэл их хотын иргэний үзэл биш. Эхлээд та дараа нь би гэсэн ойлголт, ёс суртахуунтай байж бид хотын жинхэнэ оршин суугчид болж чадна. Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэх ойлголт бол их хотын соёл юм. Үүнийг монголчууд ойлгохгүй байгаа нь хотжилт гэдгийг бүрэн ойлгоогүйгээс улбаатай. Монголд 1990 оноос хувийн өмчтэй болох эрх үүссэн. Түүнээс арваад жилийн дараа хувийн автомашинтай иргэд олширч, суурин газрын хөл хөдөлгөөн нэмэгдсээр өдийг хүрсэн. Ингээд бодохоор бид хотын эмх замбараанд ороод 20 гаруй л жил болж байна. Энэ хугацаа бол хэдэн мянган жилийн түүхтэй нүүдэлчин ахуйтай харьцуулахад дэндүү богино хугацаа. Өөрөөр хэлбэл бид нүүдэлчин ахуй, ганцаараа том газар нутагт хэдэн малтайгаа дураараа нүүдэллэн амьдардаг зан чанар, дадал зуршлаасаа салаагүй болохоор хотжилт, суурин соёл гэдгийг ойлгосон ч хэвшүүлж чадахгүй байна. Тэгэхээр осол гарч буй гол шалтгаан нь монголчуудын аминчхан үзэл, бусдын эрх ашгийг хүлээн зөвшөөрч чаддаггүй зан нөлөөлсөөр байна. Энэ монгол хүний сэтгэхүйн онцлогоос болж жилд 400 гаруй хүн авто ослоор амиа алдаж байна гэсэн бодитой судалгаа гарсан. Тэгэхээр таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэсэн хотын зарчмаар нэгнээ хүндэтгэн хөдөлгөөнд оролцох нь чухал.

-Зам тээврийн осол хүний анхааралгүй байдлаас болж үүсдэг гэлээ. Өнөө цагт хүний анхаарлыг сарниулах эд зүйлс чихэвчтэй хөгжим, ухаалаг утаснаас эхлээд олон болсон шүү дээ?

-Зам тээврийн ослын 90 хувь нь жолоочийн буруугаас болдог гэсэн судалгаа бий. Тийм болохоор эхлээд жолооч нарын анхаарал, болгоомжийн талаар тайлбарлая. Жолоочийн аюулгүй, найдвартай байдлыг гурван хүчин зүйлээр авч үздэг. Энэ нь тухайн жолоочийн мэргэжилдээ тэнцэх байдал, бэлтгэгдсэн байдал, ажиллах чадвар зэрэг шалгуур үзүүлэлт юм. Мэргэжилдээ тэнцэх байдал гэдэг нь жолоочийн хувийн зохион байгуулалт, сэтгэл санааны онцлог зэргийг тооцоолон үздэг. Бэлтгэгдсэн байдал гэдгийг жолоочийн мэдлэг чадвар, олж авсан туршлага зэргийг ойлгоно. Харин ажиллах чадвар гэдэг нь тухайн жолооч автомашин жолоодохоосоо өмнө хэр зэрэг амарч чадсан, ямар нэгэн стрест орсон уу зэргийг авч үздэг. Эдгээр хүчин зүйл жолоочид сөргөөр нөлөөлөөд ирэхээр осол аваар гарах нөхцөлийг бүрдүүлж байдаг. Жолоочийн бие сэтгэлийн онцлогоос шалтгаалж анхаарлын түвшин өөр байдаг. Энэ нь эргээд хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлдөг гэж ойлгож болно. Хөдөлгөөнд оролцож байгаа жолооч замын хөдөлгөөний мэдээллийн 80-90 хувийг харааныхаа тусламжтайгаар олж авдаг. 60 километр цагийн хурдтай тээврийн хэрэгсэл жолоодож буй жолоочийн гар утсанд мессеж ирлээ гэж саная. Ингээд жолооч хоёр өгүүлбэр мессеж уншихад 2-5 секундыг зарцуулдаг. Тэр хэрээр жолоочийн анхаарал нь сарнина. Гар утсаа оролдчихоод эргээд замын хөдөлгөөнд бүрэн анхаарал хандуулахад тодорхой хугацаа хэрэгтэй болдог. Эдгээр үйлдэл хэд хэд давтагдахад жолооч осол гаргах гол суурь тавигдаж байдаг. Өөрөөр хэлбэл мессежээ унших хугацаанд жолооч 40-60 метр замыг ямар ч хараа хяналтгүй туулчихсан байдаг. Осол гэдэг агшин зуур тохиолддог үйл явдал. 40-60 метр замд хүний амь, бусдын эд хөрөнгө ямар их зөрж болохыг бид ойлгох хэрэгтэй. Явган зорчигчид ч мөн ялгаагүй. Сүүлийн үед чихэвчтэй хөгжим сонсож яваад зам тээврийн осолд өртсөн тохиолдол нэмэгдсэн. Хүн нүд, чих хоёроороо орчин тойрны аюулаас урьдчилан сэргийлж, яаралтай арга хэмжээ, хариу үйлдлүүдийг үзүүлж байдаг. Гэтэл чихэндээ чанга хөгжим хангинуулж, нүдэндээ тас хар шил зүүж, толгойгоо бүрхсэн том юүдэн малгай өмсөж хотын гудамж, замын хөдөлгөөнд оролцож байна. Энэ нь тухайн зорчигч осол аваарт өртөх эрсдлийг дагуулдаг. Өөрөөр хэлбэл энэ их хөл хөдөлгөөн дунд өөрийгөө бусдаас тусгаарлах нь алхам тутамдаа эрсдэл дагуулж байдгийг анхаараарай.

-Үнэхээр хэдэн метр газар яаж явсан билээ гэж бодох үе байдаг шүү…?

-Тийм болохоор л жолооны ард маш анхааралтай байх ёстой. Сүүлийн үед фэйсбүүк, твиттер зэрэг цахим сүлжээнээс болж осол аваарын тоо 20 гаруй хувиар нэмэгдсэн. Түгжрээнд орсон жолооч фэйсбүүк хуудсаа шалгаж байгаад жолоо барьж яваагаа ор тас мартах явдал ч байна. Ногоон гэрэл асчихаад байхад л таг зогсчихдог. Ингээд арын машин нь дуут дохиогоо орилуулж байж сая нэг сөхөө авч хөдөлдөг. Цочсондоо болоод сандарсан жолооч огцом хөдлөхдөө явган зорчигчийг мөргөж осол гаргах жишээний. Тэгэхээр түрүүний хэлсэн жолооч хүний анхаарлыг сарниулах зүйл маш их болсон. Гэхдээ жолооч хүн зам тээврийн хөдөлгөөнд оролцож яваа гэдгээ үргэлж ухамсарлаж, хариуцлагатай байх нь чухал. Мөн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигчдын темперамент буюу зан төлвөөс шалтгаалж осол аваар гардаг.

-Түрүүн монголчуудын сэтгэхүйтэй холбоотой гэж ярьсан. Харин сэтгэл зүйн байдалтай холбоотой гэдэг нь юу гэсэн үг үү?

-Тухайлбал, өглөө гэрээсээ тайван гарсан хүн машиныг аядуу зөөлөн жолоодно. Харин эхнэртэйгээ ам зөрж, ууртай гэрээсээ гарсан хүн машиныг түрэмгий, ширүүн жолооддог. Энэ бүх жолоочийн бие сэтгэл зүйтэй холбоотой учир хөдөлгөөний байдалд нөлөөлдөг юм. Үүнтэй адил машин дотроо чанга хөгжим сонсох, сонсож байгаа хөгжмийн төрөл, жанр ч жолоочид нөлөөлнө. Тухайлбал, ардын дуу, сонгодог, уянгын хөгжим сонсож явдаг жолооч бусдыг хүндэтгэж, ямар нэгэн тохиолдолд хүлээцтэй ханддаг. Харин рок, хип хоп, эмоцитой, хүчтэй хэмнэлтэй ая сонсдог жолооч бусдыг үл хүндэтгэх, түрэмгий жолоодлого хийх, юм бүхний урдуур дайрч, онгироо сагсуу зан гарган замын хөдөлгөөнд оролцдог нь судалгаагаар нотлогдсон. Өөрөөр хэлбэл эхнэртэйгээ маргалдаад ууртай гэрээсээ гарсан жолооч, чанга, хүчтэй рок хөгжим сонсож явдаг хүний сэтгэл зүй адилхан байдаг гэсэн үг юм. Үүнээс болж осол аваар гаргах нь бий. Тэгэхээр жолоочид өөрийнхөө тэрхүү темпераментээ барьж, замын хөдөлгөөнд оролцох нь зөв өө. Автомашиныг арван жил жолоодсон хүнд тодорхой дадал зуршил суудаг. Тийм жолооч гар утсаараа оролдож байсан ч гэсэн замын хөдөлгөөний мэдээллийг мэдэрч, анхаарлаа тал бүрт хувааж сурсан байдаг. Иймд залуу жолоочид дор хаяж 10 жил тасралтгүй автомашин жолоодож байж, бусад зүйлийг оролдож болох юм. Тэрнээс нааш жолоо барьж явахдаа гар утас, элдэв төрлийн эд зүйлээр оролдож анхаарлаа сарниулахгүй байхыг сануулъя.


Categories
мэдээ нийгэм туслах-ангилал

Хятадын нүүрс тээвэрлэлтийн компаниуд Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг эсэргүүцэн Ганцмодны боомтыг хаажээ

Ганцмодны боомт зурган илэрцүүд

Өмнөд хөршийн Ганцмодны боомтод Хятадын компанийн ажилчид жагсаал зохион байгуулж хил хаасан тухай мэдээллийн мөрөөр манай тусгай сурвалжлагч Э.Хүрэлбаатар газар дээр нь ажиллаж байгаа билээ. Энэ талаар түүнээс дараахь тодруулгыг авлаа.


-Үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч?

-Цагаан хадны боомтод 200 гаруй километрийн урттай нүүрс тээвэрлэлтийн цуваа бий болсноос болж Монгол Улсын Засгийн газраас нүүрс тээвэрлэлтийн талаар авах арга хэмжээтэй холбогдуулан 2017 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 320 дугаар тогтоолыг батлан гаргасан. Энэхүү тогтоолоор уртын урт тээвэрлэлтийг зогсоосон юм. Улмаар Монголын нүүрс тээвэрлэгчид Цагаан хад боомтны ойролцоо байрлах томоохон нүүрс тээвэрлэлтийн компаниудын хашаанд нүүрсээ буулгачихаад буцдаг болсон. Энэхүү буулгасан нүүрсийг цөөн хэдэн нүүрс тээвэрлэлтийн компаниуд дахин ачиж Хятадын хилээр гаргах юм. Гэтэл үүнийг Ганцмодны боомтын нүүрс тээвэрлэлтийн Хятадын хөрөнгө оруулалттай зарим компанийн эзэд эсэргүүцэн Баяннуур хот болон Ганцмодны боомтын удирдлагуудад хандаж өргөх бичиг барьсан байна. Энэхүү өргөх бичигт “Хятадын тал их гүрний байр сууринаас Хятадын талаас заавал нийгмийн даатгал төлөх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, баримт бичиг, торгууль төлөх зэрэг нь хүндрэлтэй байдаг. Иймд уртын урт тээврийг зогсооснийг эсэргүүцэж, нүүрсний импортыг зогсоож, Монголын талд хатуу сануулга өгнө үү” гэсэн утгатай зүйл дурдсан байна.

-Хятадын нүүрс тээвэрлэгчид ямар хэлбэрээр эсэргүүцлийн жагсаал хийж байна вэ?

-Дөрөв хоногийн өмнөөс эхлэн Винсвэй тэргүүтэй Хятадын ченж компаниуд Ганцмодны боомт дээр бослого гаргаж, хил хаасан байна. Тэд ойролцоогоор 50 орчим машиныг Ганцмодноос Гашуунсухайт руу нэвтрэх замын зорчих хэсэгт эмх замбараагүй байрлуулж, зам хааж эсэргүүцэл илэрхийлсэн бөгөөд ингэснээр Хятадын талаас экспортын тээврийн хэрэгслүүд Монгол руу нэвтрэх боломжгүй болж, нүүрс экспортын үйл ажиллагаа бүрэн саатаж байна. Тэд нүүрс тээвэрлэх С зөвшөөрлийг машин бүрт олгох, уртын урт тээврийг дахин эхлүүлэх гэх мэт шаардлага тавьж байгаа гэнэ. Хятадын талын боомтын удирдлагууд эдгээр ченж компаниудад хандан “Шаардлагыг чинь Баяннуур аймгийн удирдлагад мэдэгдье, тэр болтол энэ байдлаа зогсоо” гэж шаардсан хэдий ч тэд хариуг үл тоон “Шаардлагын хариу иртэл бид эсэргүүцнэ” гэж байна” гэв.

Энэхүү Ганцмодны боомтод үүсээд буй эсэргүүцлийн жагсаал болон үйл явдлын дэлгэрэнгүй сурвалжлагыг ирэх долоо хоногийн даваа гаригийн дугаараас хүлээн авч уншаарай.

Categories
мэдээ цаг-үе

Гадаад паспортын сунгалтыг зогсоосон нь Иргэний бүртгэлийн газрын ачааллыг эрс нэмэгдүүлжээ

-ИРГЭД ГАДААД ПАСПОРТ ШИНЭЭР ЗАХИАЛАХЫН ТУЛД 3-4 ЦАГ ДУГААРЛАЖ БАЙНА ГЭВ-

Он гарсаар энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаанд сунгалт хийхийг зогсоосон. Үүнээс болж Оюуны өмч, иргэний бүртгэлийн ерөнхий газарт шинээр гадаад паспорт авах гэсэн иргэдийн тоо эрс нэмэгдсэн гэх мэдээллийн дагуу бид газар дээр нь очиж сурвалжиллаа. Гадаад паспортоо сунгуулах, шинээр авах гэсэн иргэдийн тоо зун буюу аялал зугаалгын үед эрс нэмэгддэг. Гэвч энэ он гарсаар Улсын бүртгэлийн ерөнхий газар иргэдийн хөлд дарагджээ. Ачаалал их байгаагийн улмаас иргэдэд үйлчлэх албан хаагчид цайны цагаараа хүртэл ажиллаж буйгаа хэлсэн юм. Өмнө нь ийн ачаалалтай үед цагдаагийн байгууллагаас хамгаалалт хүсэж байсан тохиолдол бий. Цаашид гадаад паспорт авах гэсэн иргэдийн тоо нэмэгдсээр байвал цагдаагийн хамгаалалт хүснэ хэмээн албаны хүмүүс ярьж байв. Хүчний байгууллагаас хамгаалалт хүсэхдээ тулсан гэхээр энэхүү байгууллагаар ямар их хүн үйлчлүүлж, ачааллыг нь нэмэгдүүлж байгаа нь тодорхой юм. Шинээр гадаад паспорт авах гэсэн иргэд өглөөний 9:00 цагт ирж, дугаар аван хүлээсээр 12 цагийн үед үйлчлүүлж байна хэмээн тэнд цугларсан иргэд ярьж байв. Харин өдөр ирсэн иргэд үдээс хойш, зарим нь бүр орой ажил тарах үед үйлчлүүлж байна гэлээ.

Ингээд бодохоор гадаад паспорт захиалахын тулд 3-4 цаг орчим оочерлох шаардлагатай болох нь. Оюуны өмч, иргэний бүртгэлийн ерөнхий газрын байрны үүдээр ороод л зай завсаргүй хүмүүс дугаарлаж, тус газар хар зах шиг л болсон байв.

Ч.ДАШНЯМ: ГАДААД ПАСПОРТАА ЭНГИЙНЭЭР ЗАХИАЛАХ ИРГЭД ЗУУН АЙЛЫГ ЗОРЬЖ, ООЧЕР ҮҮСГЭХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬЕ

Ачаалал өндөр байгаа учраас иргэд, ажилчдын дунд багахан маргаан ч гарч байсан юм. Нөхцөл байдал яагаад ийм болсон, цаашид ямар арга хэмжээ авснаар иргэдийн ачааллыг буруулж болох талаар тус газрын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Дашнямаас тодрууллаа.

-Гадаад паспорт авах гэсэн хүсэлтэй иргэд их байна. нөхцөл байдлын талаар тодруулахгүй юу?

-Ажил их байна. Би нэг минутад найман иргэний паспорт дээр гарын үсэг зурдаг. Өдөрт 1300 гаруй паспорт дээр гарын үсэг зурж байна. Чамтай ярих хугацаанд тэр хэмжээний гарын үсэг зурчихна шүү дээ. Яагаад ачаалал эрс нэмэгдсэнийг иргэдээс асуу л даа. Ер нь ийм байна. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 94 дүгээр тогтоол гарсан юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, үндэсний хэмжээнд гадаад паспортын сунгалтын үйл ажиллагааг зогсоох тухай юм. Үүнийг үндэслэж Оюуны өмч, иргэний бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар 2018 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн гадаад паспортын сунгалтын үйлчилгээг зогсоож, хугацаа нь дууссан тохиолдолд шинээр олгодог болсон.

-Сунгалтыг болиулснаас болж, ийн хүндрэл гарсан хэрэг үү?

-Ачаалал өссөн нь хэд хэдэн зүйлээс болсон. Нэгдүгээрт, гадаад паспортын сунгалт хийлгэдэг иргэд шинэ паспорт авч байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь сунгалт хийлгэдэг байсан 300 гаруй иргэн, шинээр гадаад паспорт авч буй 800 гаруй иргэдийн тоон дээр нэмэгдсэн гэсэн үг. Тийм учраас өдөрт 1300 иргэн гадаад паспорт авч байгаа болохоор ачаалал ихсэх нь аргагүй юм.

-Шинэ загварын паспорт гаргах гэж байгаа болохоор сунгалтыг болиулсан хэмээн үзэх иргэд ч байна…

-Энэ бол буруу ойлголт шүү. Гадаад паспорт шинээр хэвлэгдэн олгогдож байгаа болохоос биш бүр шинэ загвартай паспорт гаргасан юм биш. Дахин хэлэхэд гадаад паспортын сунгалт хийлгэлтийг л зогсоосон.

-Нийслэл хотод гадаад паспорт захиалах ямар газрууд байна. тэрхүү салбарт ачаалал мөн адил байгаа юу?

-Оюуны өмч, иргэний бүртгэлийн газрын төв байранд л ачаалал их байгаа. Бусад салбаруудад ямар ч ачаалалгүй, хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайлбал, иргэд гадаад паспортаа энгийнээр захиалах бол Драгон, Дүнжингарав, Мишээл, Зургаан буудлын “Оргил” худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр үйлчлүүлэх боломжтой юм. Заавал “100 айл”-ын түгжрээн дундуур явсаар манайхыг зорих шаардлагагүй шүү дээ. Гадаад паспорт ажлын арав хоногт гардаг. Харин яаралтайгаар буюу ажлын гурав хоногийн дотор авах бол нэгдүгээр байранд очиж захиална. Тиймээс иргэд та бүхэн гадаад паспортаа энгийнээр захиалах тохиолдолд Зуун айлыг зорьж, оочер дараалал үүсгэж, ачаалал нэмэхгүй байхыг уриалж байна.

-Орон нутгийн салбаруудад ачаалал их байгаа юу?

-Орон нутагт ч ялгаагүй ачаалал нэмэгдсэн.

-Цаашид иргэдийн ачааллыг хэрхэн буруулах ёстой юм бол?

-Энэ ачаалал бол түр зуурынх гэж хэлмээр байна. Учир нь иргэд гадаад паспортын талаар ташаа ойлгосноос болсон. Сунгалт зогссон учраас эхний ээлжинд иргэдийн ачаалал өндөр байх нь аргагүй. Харин цаашид гадаад паспортоо сунгуулдаг иргэд шинэ паспорттой болсноор энэхүү ачаалал хэвийн түвшиндээ очих болно. Хэвийн түвшинд очихын тулд тийм ч их хугацаа шаардагдахгүй болов уу.

ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ МӨРДӨХИЙН ТУЛД ГАДААД ПАСПОРТЫН СУНГАЛТЫГ ЗОГСООСОН ГЭВ

Албаны хүмүүсийн ярьж буйгаар сунгалтыг зогсоож, шинэ загварын паспорт олгож эхэлсэн гэх буруу мэдээллээс болж иргэдийн ачаалал ихэссэн гэнэ. Тэгвэл сунгалтыг болиулж шинэ паспорт олгож байгаа нь цаанаа далд бизнес явагдаж байгаа гэх иргэд ч байсан юм. Яагаад гадаад паспортын сунгалтыг зогсоосон талаар Иргэний бүртгэл, гадаад паспортын газрын дарга Д.Энхцэцэгээс тодрууллаа. Тэрбээр “Энэ сарын эхээр иргэдийн ачаалал их байсан. Харин өчигдрөөс иргэдийн ачаалал буурсан харагдаж байна. Гадаад паспортын сунгалт зогссон өдрөөс эхлээд өчигдрийг хүртэл бид өглөө 500 гаруй хүнд үйлчилгээ үзүүлдэг байсан. Тэгвэл өчигдрөөс энэ тоо 300 руу орсон байна лээ. Энэ бол хэвийн түвшинд очсон гэсэн үг. Сунгалтыг зогсоосон нь ийм учиртай. Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас 2004 онд гишүүн орнууддаа машинаар уншигддаггүй аяллын бичиг баримтыг эргэлтэд гаргах тухай тунхаг бичиг гаргасан байдаг. Манай улс энэхүү байгууллагын гишүүн орон. Тиймээс Засгийн газраас 2010 онд 289 дүгээр тогтоолоор Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр батлагдсан. Энэхүү хөтөлбөрт гадаадад зорчих бичиг баримттай холбоотой хоёр заалт орсон байдаг. Үүнд гадаад паспортыг иргэдэд олгохдоо олон улсын стандартыг мөрдөнө гэж заасан. Улмаар өнгөрсөн онд Засгийн газраас үүнтэй холбоотой тогтоол гарснаар энэ онд гадаад паспортын сунгалтыг зогсоосон байгаа. Гэхдээ сунгалтыг зогсоосон өдрөөс өмнө сунгалт хийлгэсэн иргэний гадаад паспортын хугацаа хүчинтэй хэвээр байх юм. жилээс жилд монголчууд гадаадад зорчих хөдөлгөөн 10-15 хувиар өсч байдаг. Тэгвэл 2017 онд энэхүү тоо 28 хувиар өссөн гэсэн үзүүлэлт гарсан. Улмаар энэ оноос сунгалтыг зогсоочихоор шинээр гадаад паспорт авах иргэдийн тоо өсөх нь тодорхой юм. Мөн гадаад паспортын үнэ хураамж, үйлчилгээний хугацаанд ямар ч өөрчлөлт ороогүй. 2010 онд Монгол Улсын Засгийн газраас баталсан журмаар л өдийг хүртэл явж байна” гэлээ. Энгийн гадаад паспорт таван жилээр захиалбал 32500 төгрөг. Яаралтайгаар авах тохиолдолд 10000 төгрөг нэмэгдэх энэхүү журам хэвээр байгаа ажээ. Мөн бүрдүүлэх бичиг баримтад ямар нэгэн өөрчлөлт ороогүйг албаныхан онцлон хэлж байв.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Батжаргал: Том төслүүдээ хөдөлгөж чадвал 7000 ажлын байр нэг дор бий болно

Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргалтай ярилцлаа.


-Өнгөрсөн жилүүдэд орон нутгийнхаа хөгжил, бодлогын хүрээнд хийгдсэн онцлох ажлуудыг дүгнэхгүй юу?

-2017 он их онцлогтой жил боллоо. Учир нь Засаг даргын бүрэн эрхийн гарааны суурь он юм. Тийм болохоор 2016-2020 онд аймаг, орон нутгийг хөгжүүлэх хөгжлийн бодлогуудын хэрэгжилтийг хангах тал дээр онцгойлон анхаарал хандуулж, нутгийн удирдлагын байгууллагуудаас аймгийнхаа хөгжлийн бодлого зорилтуудыг сайн дүн шинжилгээ хийж үзээд ирэх он жилүүдийн хөгжлийн хэрэгцээ, шаардлага, хөгжлийн бодлогуудаа цэгцтэй бодлогын түвшинд хүргэх “Хөгжлийн түүчээ Төв аймаг” гэсэн уриан дор 2024 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрөө боловсрууллаа. Энэхүү хөтөлбөрт тулгуурлаж “Ажилтай, орлоготой иргэн” зорилтыг дэвшүүлж ажиллаж байна.

-Энэ зорилтын хүрээнд юу хийх вэ?

-Энэ хүрээнд бүхий л хөрөнгийн эх үүсвэрүүдийг дайчлах замаар иргэдийнхээ ажилтай, орлоготой байх бололцоог нээсэн бодлогын, хөрөнгө санхүүгийн, тодорхой зах зээлийн өргөтгөлийг хийж хэрэгжүүлсэн он жил байлаа. Төв аймгийн нутаг дэвсгэр дээр хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын үйл ажиллагааг аймгийнхаа эрх ашигт уях, бодлогын нэгдмэл байдлыг хангах зорилтыг бэхжүүлэн ажиллалаа. Жилд манай аймагт 13 мянга орчим ажлын түр байр бий болдог гэсэн судалгаа гарсан.Энэ бол өнөө жилийн ололт хийгээд ирэх жилүүдийн суурь баримжаа тооцоо гарч байгаа гэсэн үг. Бид иймэрхүү зохион байгуулалттай ажиллаж чадвал жилд 13 мянган иргэдээ түр ажлын байраар хангаж, ажилтай, орлоготой болгож, амьдрал ахуйг нь дээшлүүлэх боломж харагдаад байгаа юм. Төв аймгийн хөгжил, эдийн засгийн бүтцийг судлаад үзвэл боловсруулах чиглэлийн нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлүүдийн хөгжил сул байна. Тийм болохоор мал аж ахуй, газар тариалангийнхаа үйлдвэрт тулгуурлаж, түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр анхаарал хандуулан ажиллалаа.

-Санхүүжилтийг шийдсэн үү?

-Аймгийн тухайн оны төсвийн шилжих үлдэгдлийн 30-аас доошгүй хувийг нь аймаг хөгжүүлэх санд татан төвлөрүүлж, 600 гаруй сая төгрөг бүрдүүлсэн. Хөрөнгө санхүү дутагдалтай байгаа энэ цаг үед цомхон зохион байгуулалтаар, багахан хөрөнгө гаргаж тодорхой ажлын байр бий болгох боломж бүрдэж байгаа хэрэг. Энэ хүрээнд бид өдийг хүртэл сум хөгжүүлэх сангаас 680 сая төгрөгийн зээл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зургаан хөтөлбөрийнхөө хүрээнд нэг тэрбум 500 орчим сая төгрөгийн дэмжлэг, туслалцааг иргэддээ үзүүлсэн байна. Том дүнгээр нь авч үзвэл 17 орчим шинэ үйлдвэр, цех ашиглалтад оржээ. Мөн өмнө нь ашиглагдаж байсан 30 орчим үйлдвэрүүд хөдөлгөөнд орж, үйл ажиллагаа нь тодорхой хэмжээгээр өргөжсөн байна. Энэхүү хүрээнд 1200 орчим байнгын ажлын байрыг бий болгож чадлаа. Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй том төсөл, хөтөлбөрүүдтэй үйл ажиллагаа уяснаар мянга орчим иргэдээ ажлын байраар зуучлуулж оруулсан байна. Ингээд тооцоод үзвэл 15 мянга орчим иргэд ажлын байраар хангагджээ. Ингэснээр энэ жилд 540 орчим сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүн борлуулсан байна гэсэн дүн мэдээ гарсан.

-“Эко тохилог хашаа” төсөл хэрэгжүүлж байгаа гэж дуулсан?

-Төв суурин газрын айл, өрхүүд 0.07 га газартаа зөвхөн байшин барилга, жорлон барьдаг тухай ойлголт биш юм. Энэхүү газартаа амьжиргаагаа дэмждэг тодорхой эх үүсвэртэй байх ёстой. Өөрөөр хэлбэл хашаандаа хүлэмжтэй, жимсний модтой байх ёстой. Жилд хувьдаа хэрэглэх хүнсний ногоогоо хашаанаасаа хураачих, цаашлаад илүү гарсныг нь худалдаанд гаргаад хэдэн төгрөг болгочих юм бол иргэдийн амьдрал, амьжиргаанд бодитой түлхэц болно гэж үзэж байгаа. Энэхүү төслийн хүрээнд бид аймагтаа хүлэмж угсрах үйлдвэртэй боллоо. Одоогийн байдлаар 100 орчим өрх жижиг хашааны хүлэмжээр хангагдсан байна.

-Танай аймгийн хувьд өвөлжилт ямар байна?

-Сүүлийн 30 гаруй жил тохиогоогүй ган гачиг боллоо гэж газар тариалангийн салбарын улсууд хэлж байна. Аймгийн онцгой комиссын хурлаар газар тариалангийн салбарын бүх дүн мэдээг нэгтгэн авч үзэхэд 52 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Зун гантай байснаас бэлчээрийн ургамлын гарц тааруу, намрын хадлан, тэжээлээ үндсэндээ орон нутгаасаа бэлдэж чадаагүй ээ. Сүхбаатар, Дорнод, Хэнтий зэрэг аймгаас нийтдээ 80 мянган тонн хадлан бэлтгэж, иргэд, малчдадаа борлуулалтыг нь зохион байгуулалттай хийлгэж аймаг сумынхаа аюулгүй нөөцөд бүрдүүлэх ёстой өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлж авлаа. Малын тарга тэвээрэг намрын отор нүүдлээр бага зэрэг өөхөн тарга авсан. Өнгөрсөн намрын сүүлээр орсон цас Төв аймгийн нутгаар олон жилийн дунджаас нэлээд ахиу орсон. Аймгийн онцгой комиссоос ажлын хэсэг гарч сумдынхаа өвөлжилтийн байдалтай танилцахад 17 сум зудтай, 10 сум зудархуу байна гэсэн дүгнэлт гаргасан.

-Зам дагаж хөгжил гэдэг. Энэ онд зам тээврийн салбарт хийгдсэн онцлох ажлууд гэвэл…

-Энэ онд манай аймаг төсөл, хөтөлбөр бусад хөрөнгө оруулалтаар нийтдээ 46 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийлээ. Сургууль, эрүүл мэндийн байгууллагуудын засвар, үйлчилгээ, тоног төхөөрөмжийн хангалтын чиглэлд нэлээдгүй хөрөнгө оруулалт хийсэн. Мөн дэд бүтцийн чиглэлд таван жил царцчихсан байсан хэд хэдэн замыг бид энэ жил хатуу хучилтай болгож ашиглалтад хүлээн авлаа. Энэ бол Зуунмод хотод зүгээр нэг зам тавигдаад байгаа зүйл ч биш. Шороон замаар явах машины тоос, тоосонцроор дамжиж иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа зүйл л дээ. Үүнийг нь цардчихаар ойр хавийн гудамж, талбай тоос шороогүй, замтай ойр орших айлын амьдрах орчин тохиотой болох юм. Энэ хүрээнд аймагтаа хоёр том замыг улсын хөрөнгөөр, таван жижиг замыг аймгийнхаа хөрөнгөөр шийдэж, чадлаа. Нийт тав орчим тэрбум төгрөгийг зам барих ажилд зарцуулсан. Нөгөө талаар хот суурийн газрын иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бид онцгой анхаарах ёстой юм. Ингэхийн тулд өөрсдийнхөө санхүүгийн нөөц бололцоондоо тулгуурласан ажил, үүргийг хийж гүйцэтгэх шаардлагатай. Эхний ээлжид инженерийн шугам сүлжээнд ойрхон айл, өрхүүдийг энэхүү шугам сүлжээнд холбох ажил юм.

-Өнгөрсөн хугацаанд ямар ажил хийгдэв?

-Өнгөрсөн жилүүдэд бид энэ чиглэлд нэг тэрбум 500 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн. Шинэ суурьшлын бүсүүдэд цахилгаан, дулааны шугам сүлжээг тавьж байгаа нэг хэсэг байна. Харин инженерийн шугам сүлжээнд холбогдож чадаагүй, алслагдал орших айлуудыг юун түрүүнд бүрэн шаталттай, түлш бага зарцуулдаг зуухаар хангах ажлыг энэ онд хийлээ. Нийт дүнгээрээ 3200 зуухыг айл, өрхүүдэд олгочихсон. Зуух тавьсан айлууд “Түлш бага зарцуулж, утаа униар бага гаргадаг зуух байна” гэж ярьж байна лээ. Шинэ хөтөлбөр, том ажил эхэлчихсэн учраас айл бүр энэхүү зуухыг тодорхой горим, зааварчилгаагаар нь ашиглаж чадахгүй байгаа. Тийм болохоор удирдлагуудын зүгээс эдгээр зуух ашиглаж буй айл өрхүүдэд шат дараатай сургалт явуулж, зуух ашиглах ойлголтыг нийтэд түгээх ажлыг хийсэн. Ирэх онд бид аймгийнхаа өрх, айлуудыг инженерийн шугам сүлжээнд холбох ажлаа улам эрчимжүүлнэ. Энэ талаар тодорхой төсөл, хөтөлбөр, арга туршлагыг судалж байгаа.

-“Ашигтай, орлоготой иргэн” уриан дор ямар ажил хийгдэв?

-Манай аймагт 14 мянган малчин өрх бий. Зуны цагт сүү, цагаан идээ боловсруулахад их түвэгтэй л дээ. Тэр өдрийн халуунд байнгын гал түлээд сүүгээ хөөрүүлээд сууна гэдэг хүн асуудал шүү дээ. Тийм болохоор зуух үйлдвэрлэгчид маань бидэнд бөөрөө буюу хажуу талаараа халдаггүй, зөвхөн дээшээ буюу тогоо руугаа халдаг зуухыг санал болгоод байгаа юм. Үүнээс саяхан гурвыг захиалж хийлгээд туршиж үзлээ. Ирэх зунаас хөдөөгийн малчин гурван өрхүүдэд энэхүү зуухыг туршиж үзнэ. Ингээд үнэхээр малчдын сүү, цагаан идээ боловсруулахад нь нэмэр болж байвал үйлдвэрт захиалгыг нь өгч, малчдадаа бөөрөөрөө халдаггүй зуухаар хангах асуудлыг хэлэлцэнэ. Үүнийг Засгийн газрын хоорондын гэрээ хэлэлцэлд оруулах бодолтой байна. Эдгээр дэвшилттэй санааг ашиглаж, иргэдийн зардлыг хэмнэж болохоор, эдийн засгийн хувьд үр ашгаа өгч чаддаг эд зүйлээр хангах аваас иргэн ажилтай, орлоготой болоход ихээхэн дэмжлэг үзүүлнэ. Үүнд тулгуурлаж ирэх жилийг үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих жил болгон зарласан байгаа.

-Саяхан ирэх оны төсөв батлагдсан. Төв аймагт ирэх жил хийгдэх онцлог ажлууд юу байна?

-Төв аймаг ирэх жил улсын төсвөөр 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бол аймгийн төсвөөр 6.4 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэх юм. Энэ хүрээнд хэлэх чухал хэдэн санаа бий. Тухайлбал, үйлдвэрлэл, үйлчилгээнийхээ хөгжлийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах талын арга хэмжээнүүдээ бодлогын их цэгцтэй эрэмбэтэй үйл ажиллагаа явуулж байж хангана гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, бид хүний хөгжлийг хангах асуудал дээр онцгой анхаарах ёстой. Тэр дундаа эрүүл мэндийн үйлчилгээ иргэдийн маань суурь үйлчилгээ байна. Аймгийн төвөөс 200 гаруй, сумын төвөөсөө 100 орчим километрт алслагдчихсан иргэдээ бид жилд нэг удаа үзлэг, оношлогоо, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх ёстой гэж зорьсон. Улмаар “Эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр”-ийг батлан гаргасан. Энэхүү хөтөлбөрт бид 85 орчим сая төгрөг төсөвлөчихсөн байгаа. Мөн сурагчдын дотуур байрны асуудал байна. Адаглаад хүүхдийн ариун цэврийн өрөөний асуудал бий. Хүүхдүүд яагаад заавал шөнө орой гадаа ариун цэврийн өрөө орох ёстой юм. Энэ асуудлыг дотроо шийдвэрлэх асуудлаар тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөчихсөн байна. Тухайлбал, аймгийнхаа хөрөнгө оруулалтаар 17 суманд худаг гаргана. Үлдсэнийг нь улсын хөрөнгөөр барьж, байгуулах юм. Мөн бэлчээрийн мэрэгчид их боллоо. Мэрэгчдийн эзэлж буй талбай их өргөн болж байна. Нүүдлийн маж ахуйн тэжээлийн үндсэн бааз нь бэлчээр. Тэгэхээр бэлчээр менежментийн талаар зөв менежмент явуулахгүй бол болохгүй. Хөдөө аж ахуйн яаманд хэрэгжиж буй бэлчээрийн чиглэлийн “Ногоон-Алт” төсөл бий. Энэхүү төслийг аймгийнхаа дөрвөн сум дээр хэрэгжүүлнэ. Улмаар энэхүү төслийн арга туршлагыг бусад сумдад хэрэгжүүлэхээр ажил хийгдэж байна. Мөн Солонгосын бэлчээрийн мэрэгчтэй тэмцэх утагч аппаратууд байна. Энэ жил аймгийнхаа төсвөөр 20 аппарат, төслийн байгууллагуудаас 10 аппарат оруулж ирэн сум бүрд нэгийг өгсөн. Энэ ажиллагаагаа ирэх жил үргэлжлүүлнэ. Болж өгвөл баг тус бүр нэг аппараттай байвал сайн. Улмаар нийтийн хэрэглээнд оруулж өгөх ажлыг хийнэ. Энэхүү аппарат нь 500 мянган төгрөгөөр худалдаалагддаг. Хоёр малчин өрх 250 мянган төгрөгөөр нийлж байгаад дундаа нэг аппараттай болчихвол зүгээр. Мөн махчин шувууд, мэрэгчдээр хооллох амьтдын суултуурыг нэмэгдүүлэх чиглэлийн ажил хийгдэнэ.

-Ирэх жилүүдэд хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулахгүй юу?

-Юуны өмнө ирэх онд Төв аймгийн хэтийн хөгжилд нэлээд түлхэц болохоор есөн төслийг эхлүүлэх бодолтой байна. Одоогийн байдлаар судалгааны ажлууд эхэлчихсэн явж байна. Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын гэрээ, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Төв аймгийн төвийг дулааны станцтай болох асуудал байна. Техник, эдийн засгийн үндэслэлүүд нь хийгдчихсэн. Мөн Манзуширын амыг хаанаас хэн ч ирсэн үзэж харах зүйлтэй болгох ажлыг хийх хэрэгтэй байна. Аялал жуулчлалыг хөгжүүлье гэвэл хүний нүдийг хужирлах түүх дурсгалын үзвэртэй л байхгүй бол болохгүй шүү дээ. Энэхүү ажлыг эхлүүлэхээр Аялал жуулчлалын яаманд судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлүүд нь явагдаж байгаа. Мөн шинжлэх ухааны парк барих асуудлыг Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамтай хамтарч Хятадын засгийн газрын дэмжлэгээр хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ажил явагдаж байгаа. БСШУС яамны дэргэд Шинжлэх ухаан технологи үйлдвэрлэлийн нэгдэл буюу шинжлэх ухаан технологийн паркийн захиргаа гэсэн нэгдэл байгуулагдаад ажилдаа орсон. Энэ нь дотроо зургаан хэсэгтэй байна. Тухайлбал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өндөр технологийн үйлдвэр, IT-ийн чиглэлээр, цөлжилтэй тэмцэх ургамал, ногоон байгууламжийн тариалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах шинжлэх ухааны паркийг аймагтаа байгуулахаар ажиллаж байна.

-Хөшигийн хөндийн Олон улсын нисэх буудал ирэх жил ашиглалтад орно. Энэхүү том бүтээн байгуулалтаас орон нутгийнхаа эдийн засаг, иргэдийн аж амьдралд ашигтай байх талаар ямар ажил зохион байгуулж байна вэ. Мөн урагшаа гарах төмөр зам ч танай нутгаар дайран өнгөрнө шүү дээ?

-Олон улсын нисэх буудал 2018 онд ашиглалтад орно. Улсын тусгай хэрэгцээнд авагдчихсан энэ 12 мянган га талбайд чухам юу байх юм бэ гэдгийг эцэслэн дуусгая гэж байна. Энэ дагуу хөрөнгө оруулалт, газрын харилцааны эрх зүйн зохицуулалт бүх зүйлийг нь хангая. Үүгээр дамжуулж аймгийн төсөв рүү нэлээдгүй хөрөнгийг оруулж ирэх шаардлагатай байна. Үндсэндээ олон улсын нисэх буудлаас гадна төмөр зам нь ч тавигдахаар болсон. Тийм болохоор яалт ч үгүй тээвэр, логистикийн том бүтээн байгуулалт хийгдэхээс өөр аргагүй. Үүнийгээ дагаад олон мянга зорчигчид энэ орон нутгаар дамжин өнгөрнө. Тэр хүмүүсийн ая тухтай байдлыг хангах, үзвэр, үйлчилгээгээ бүрэн авч чадах зочид буудал, нийтийн хоолны газар, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбар чухал болоод байна. Нисэхийн үндсэн үйлчилгээг дэмжсэн жижиг үйлдвэрлэл, цех бий. Жишээ нь зорчигчдын уух усыг нь бид үйлдвэрлэж, борлуулдаг болох ёстой. Мэдээж хэрэг олон улсын нисэх буудал учир олон улсын стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүн байх нь гарцаагүй. Энэхүү ажлыг хийхийн тулд үйлдвэрлэгч нартаа тодорхой шаардлага тавьж, мэдээллээр хангах нь чухал байна. Мөн тодорхой хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлбэл Төв аймгийн үйлдвэрлэл үйлчилгээний салбар хөгжих гол түлхэц болно. Энэхүү ажил, том төсөл дээр бид онцгой анхаарал хандуулж, ажиллаж байна. Баянжаргалант сумын нутагт орших Бөөрөгжүүлт цайдамын нүүрсний ордыг түшиглэсэн цахилгаан эрчим хүчний том төсөл бий. Энэхүү цахилгаан станц ашиглалтад ороод үйл ажиллагаа явуулбал жилдээ 1.5 сая тонн нүүрс хэрэглэнэ. Үүнээс 500 гаруй мянган тоонн үнс гарна. Тэр үнсийг барилгын материал болгох үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлэх гэж байна. Энэхүү станцыг тойрсон цахилгаан эрчим хүчний үйлдвэр, байгалийн хийн үйлдвэр, барилгын материалын үйлдвэр зэрэг томоохон гурван үйлдвэр бий болох юм. Энэхүү төслийг дэмжээд ажил болгочихвол манай орон нутагт ч тэр улсын хөгжилд том түлхэц болно. Бүтээн байгуулалтын цаг хугацаанд 1800 орчим ажлын байр бий болно гэсэн судалгаа гарсан. Гурван үйлдвэр бүрэн ашиглалтад орвол 7000 орчим ажлын байр бий болох тооцоо гарсан. Энэ төсөл хөдлөөд үнэхээр ажил болчихвол эдийн засгийн маш том өсөлт бий болох юм. Том төслүүдээ хөдөлгөж чадвал 7000 ажлын байр нэг дор бий болно. Энэхүү ажлыг хэрэгжүүлбэл манай аймагт болоод улсад эдийн засгийн бодитой том түлхэц өгнө. Энэ мэт томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж, ажил болоод явбал орон нутаг хийгээд улсын хөгжил, эдийн засгийн томоохон дэвшилт гарч ирнэ гэдгийг хэлэх байна.


Categories
мэдээ цаг-үе

П.Мягмарсүрэн: Монголд хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, оролцох, хамгаалуулах эрх зөрчигдөж байна

Монгол Улс Ази тивд анх удаа хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх олгох сургалтыг зохион байгуулж, хүүхдийн эрхийн улсын 38 байцаагчийг бэлтгэлээ. Эдгээр нэр бүхий байцаагч нарт уржигдар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд үнэмлэх, тамга тэмдгийг гардуулан өгсөн юм. Хүүхдийн эрхийн тухай хуульд “Хүүхдийн эрхийн байцаагч”-ийг хуульчилсан байдаг. Хуульд заасан хүүхдийн эрхийн байцаагч нь шинээр батлагдсан Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу тодорхой төрлийн хүүхдийн зөрчлийг шалган шийдвэрлэх эрхтэй аж. Энэхүү үйл ажиллагааны үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “2016 онд УИХ-аас Хүүхдийн эрхийн тухай хуулиар хүүхдийн эрхийн хэрэгжилтэд нь хяналт тавих, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх бүхий албан тушаалтныг хуульчилж, хүүхдийн эрхийн зөрчлийг шалган шийдвэрлэх, хууль зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх механизмыг бий болгосон нь хүний эрхийг хамгаалах үндэсний томоохон ажлын нэг болсон. Хүүхдийн эрхийн байцаагчаар ажиллах хүсэлтэй иргэд, төрийн албан хаагчид их байсан. Гэхдээ хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр таваас дээш жил ажилласан байх шаардлагыг хангасан 43 албан хаагч, хүүхдийн эрхийн улсын байцаагч бэлтгэх 14 хоногийн сургалтад хамрагдаж, байцаагчийн эрх олгох шалгалтад тэнцсэн 38 албан хаагчид эрх олголоо. Хүүхдийн эрхийг зөрчсөн этгээдэд оногдуулах хариуцлага сайжирсаар байгаа ч хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байна. Тэр дундаа бага насны охид бэлгийн хүчирхийлэлд өртөх, амь насаа алдах зэрэг тохиолдол гарсаар байгаа нь харамсалтай. Тухайлбал, гэмт хэргийн улмаас хүүхэд амь насаа алдсан тохиолдол энэ онд 120 орчим гарчээ. Энэ бол гурван сая монголчуудын хувьд маш эмгэнэлтэй хэрэг юм аа” гэлээ.

Энэ үеэр бид Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын хүүхдийн эрхийн хяналт, зохицуулалтыг хариуцсан ахлах мэргэжилтэн, Хүүхдийн эрхийн улсын байцаагч П.Мягмаржавтай ярилцлаа.


-Монгол Улс хүүхдийн эрхийн улсын байцаагчтай боллоо. Энэхүү албан тушаалын эрх, үүргийг тодруулахгүй юу?

-Юуны өмнө Хүүхдийн эрхийн улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүүхдийн эсрэг зөрчил, хүүхэд харах үйлчилгээ, төрийн албатай холбоотой гурван зүйлийн зөрчлийг шалган шийдвэрлэх юм. Энэхүү ажил, мэргэжил манай улсад зайлшгүй шаардлагатай байсныг онцлон хэлмээр байна. Монгол Улсад хүүхдийн эрх, хүний эрхийн асуудал үнэхээр тулгамдсан сэдэв болчихоод байгаа. Адаглаад бид агаарын бохирдлоос болж, эрүүл саруул амьдрах эрхээ хасуулсаар байна. Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучуудын сурч боловсрох, амар тайван амьдрах, эрүүл энх өсөн бойжих эрх зөрчигдсөөр байгааг бид энгийн жишээнээс л харж болохоор. Энэхүү ажил мэргэжлийн ур чадвар, туршлага шаарддаг. Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн гол чиг үүрэг бол хүүхдийн жам ёсны эрхийг хангуулах явдал юм. Мөн хүүхдийн эрхийг зөрчсөн хуулийн этгээд болоод иргэнд зохих хариуцлагыг оногдуулна. Хүүхдийн эрх зөрчигдсөний дараа ажил хийх биш, түүнээс өмнө урьдчилан сэргийлэх ажлыг идэвхтэй зохион байгуулах ёстой.

-Хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч нь хариуцаад явчих болохоор хүүхдийн эрх зөрчигдөхгүй гэсэн явцуу ойлголтоор бид өнөөг хүрсэн гэж салбарын сайд хэллээ. Яг хүүхдийн эрхийг хамгаалахын тулд та бүхэн ямар ажлуудыг хийх вэ?

-Хүний эрх дотор хүүхдийн эрх оршдог. Хэдийгээр эцэг, эх, асран хамгаалагч байгаа боловч хүүхдийн жам ёсны эрх гэж бий. Тэгэхээр бидний гол үүрэг бол хүүхдэд хуулиар олгогдсон жам ёсны эрх гэж байдаг юм шүү. Үүнд нь хяналт тавьдаг төрийн бодлого, албан хаагчид ажилладаг шүү гэдгийг олон нийтэд ойлгуулж, хамтран ажиллахыг зорилгоо болгох юм.

-Сүүлийн үед бага насны охидыг хүчирхийлэх, хулгайлах зэрэг онц ноцтой гэмт хэргүүд гарсаар байна. Мөн энэ онд л гэхэд 120 орчим хүүхэд амь насаа алдсан гэсэн харамсалтай тоо гарчээ…

-Хүүхдийн эрхийн зөрчил, онц ноцтой гэмт хэргүүд сүүлийн үед их гарч байна. Энэ нь нийгмийн хөгжилтэй холбоотой боловч нөгөө талаараа эрх зүйн орчин сайжирч, энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт сайн байгаатай холбоотой юм. Өнөөдөр Монгол Улс хүүхдийн эрхийн улсын байцаагчтай боллоо гээд хүүхдийн эрхийн зөрчил шууд арилахгүй ээ. Тийм болохоор бид ямар нэгэн зөрчил гарахаас өмнө урьдчилсан сэргийлэх ажлуудыг маш сайн явуулах хэрэгтэй байна.

-Эхний ээлжид яг ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?

-Юуны өмнө бид иргэд, эцэг, эхчүүдэд хүүхдийн эрхийн зөрчлийн талаарх ерөнхий ойлголтуудыг өгөх ажлыг гүйцэтгэнэ. Хүүхдийн эрхийг хэрхэн зөрчиж байна, түүнд ногдуулах хариуцлага юу вэ гэдгийг сайн сурталчилна. Иргэд болоод байгууллагууд хүүхэдтэй холбоотой хууль, эрх зүйн мэдлэгтэй болох хэрэгтэй. Мэдээд зогсохгүй хэрэгжүүлэх шаардлагатай юм. Мөн бидний үйл ажиллагаа нарийн судалгаан дээр тулгуурлаж явагдах болно. Сургуулийн орчимд хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол их байдаг. Тийм болохоор сургууль, цэцэрлэгүүдэд хүүхдийн эрхийг хамгаалах талаар сургалт, семинар зохион байгуулна. Иргэд хүүхдийн эрх гэж юу болохыг мэдээгүйгээс болж зөрчил гаргадаг. Яахаар хүүхдийн эрх зөрчигддөг юм, юуг хүүхдийн эрх гээд байгааг иргэд, байгууллагуудад мэдээлж, энэ талаар мэдээлэлтэй болгосноор бидний анхны ажил эхлэх юм.

-Сүүлийн үед эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэг, сургуульд явуулахаасаа өмнө эмээдэг болжээ.Учир нь цэцэрлэгийн багш нь зоддог, хүүхэдтэй зүй бусаар харьцдаг, сургуулийн орчимд автомашины хөдөлгөөн, хулгай дээрэм их болсонтой холбоотой гэж тайлбарлаад байгаа шүү дээ…

-Зарим сургууль, цэцэрлэгийн багш нар уламжлалт хэв буруу зуршлаасаа болж хүүхэдтэй зүй бусаар харилцаж, үүнээсээ болж хүүхдийн эрхийн зөрчил гаргаж байна. Хүүхдийн эрхийн зөрчил гарсны дараа бидний зүгээс үргэлжлүүлэн хяналт тавина. Дахин хүүхдийн эрх зөрчигдөж байна уу, хүүхдүүдтэйгээ зөв сайн харилцаж байгааг бид хянах юм. Манайхны нэг дутагдал нь буруу үйлдэл, зан авир гаргаж буй хүүхдийн алдааг зөвөөр хэлж, ухааруулахын оронд гар хүрч, ширүүн загнадаг. Үүнээс болж хүүхдийн эрхийн зөрчил үүсэж байна. Энэхүү үйлдлээсээ болж хуулийн хариуцлага хүлээдэг. Тийм болохоор хүүхдийн эрхийг дээдэлж, тэдэнтэй зөв харилцах учиртай.

-Мэргэжлийн хүний зүгээс хэлэхэд амьдрал дээр хүүхдийн эрх ямар тохиолдолд зөрчигдөөд байна вэ?

-Наад зах нь хүүхдийн үндсэн дөрвөн эрх зөрчигдөж байгаа юм. Монголд хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, оролцох, хамгаалуулах эрх зөрчигдөж байна. Хүүхэд төрсөн цагаасаа эхлээд л эрх нь үүсэж байдаг. Монгол хүүхэд бүр агаар, хөрс, ус, дуу чимээний бохирдолгүй газар эсэн мэнд өсөж бойжиж байна уу, гэр бүлийн, нийгмийн хүрээнд аюулгүй, дарамт шахалтгүй амьдарч чадаж байна уу, сурч боловсрох эрхээ бүрэн гүйцэт эдэлж чадаж байна уу. Энэ бүхэн нь хүүхдийн жам ёсны эрхүүд зөрчигдсөөр байгаа гэсэн үг юм.

-Та бүхний ажлын үр дүн хэдэн жилийн дараа нийгэмд тодорхой харагдах бол. Ирэх жилүүдэд Монголд хүүхдийн эрхийн зөрчил буурах уу?

-Бидний ажлын гол зорилго бол хүүхдийн эрхийн зөрчлийг цөөн болгож, улмаар хүүхдийн эрхийг дээдэлдэг нийгмийг бүрдүүлэх явдал юм. Бид энэхүү зорилгодоо хүрэхийн тулд маш шаргуу, нягт нямбай ажиллах хэрэгтэй. Дан ганц бидний оролцоо энэхүү асуудлыг шийдвэрлэхгүй. Нийгэм бүхлээрээ хүүхдийн эрхийн төлөө дуугарч, хүүхдээ хайрлаж, хамгаалж чадсанаараа бидний ажлын үр дүн харагдах болно. Гэхдээ тодорхой хэдэн жилийн дараа Монголд хүүхдийн эрхийн зөрчил эрс буурна гэдэгт итгэж байна. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг цөөн болгож, хүүхдийн эрхийг хамгаалахын тулд бид урьдчилан сэргийлэх ажлуудыг л маш сайн хийх ёстой юм.


Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын гавьяат жүжигчин Самъяагийн Ганзориг: Найман удаа дахиулж дуулуулснаас хойш “Ган хоолойт” хэмээн дуудуулах болсон

“Бурхан Буудай уул”, “Алтан шар зам”, “Богд хан уул”, “Намрын өнгө” зэрэг олон сайхан уран бүтээлээрээ ард түмэндээ танигдсан Монгол Улсын гавьяат жүжигчин “Ган хоолойт” Самъяагийн Ганзоригтой ярилцлаа.


-Удахгүй уран бүтээлийн тайлан тоглолт хийх гэж байгаа гэж сонссон. Таны хувьд ойрын жилүүдэд тоглолт хийгээгүй байх аа?

-2013 оноос хойш өөрийн бие даасан уран бүтээлийн тоглолт хийсэнгүй ээ. Ажил төрөл ихтэй, завгүй явсаар нэг мэдэхэд л таван жил болсон байна. Энэ хугацаанд миний дууг сонсох дуртай, намайг дэмждэг олон түмэн маань “Ганзориг гавьяат аа, өөрийн бие даасан тоглолтоо хэзээ хийх вэ” гэсэн санал, хүсэлт их ирүүлсэн. Ялангуяа миний хувийн цахим хаягаар иймэрхүү хүсэлт ирэх болсон. Миний хувьд ч нэг сайхан уран бүтээлийн тоглолт хийе гэж бодсоор өдийг хүрлээ. Ингээд энэ сарын 18-нд “UB palace”-ийн концертын их танхимд бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа орж байна.

-Таны тоглолтод ямар уран бүтээлчид оролцох бол. Өмнөх тоглолтуудаас тань юугаараа онцлог болох вэ?

-Энэ удаагийн тоглолтын гол онцлог нь фонаграммтай дуулахгүй. Харин Бүх цэргийн дуу, бүжгийн чуулгын оркестр, найрал дуучидтайгаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, Хөгжим, бүжгийн их сургуулийн үндэсний найрал хөгжимтэй хамтран дуулахаараа онцлогтой юм аа. Энэхүү тоглолтод Монгол Улсын ардын жүжигчин Аюурзанын Долгор, гавьяат жүжигчин Гэндэндарамын Эрдэнэбат, хийлч Ч.Дэлгэрцэцэг, “Авьяаслаг монголчууд” шоуны дэд байрын шагналт лимбэ, ёочин хөгжмийн хослол, “Улаанбаатар” чуулгынхан маань хүрэлцэн ирж уран бүтээлээ толилуулна. Ерөнхийдөө урлагийн хүмүүсийн сэтгэл, хүсэл мөрөөдөл шингэсэн тоглолт болно. Миний хувьд алтан үеийн дуучид дуулсан, олон түмний сайн мэдэх дуугаа дуулна. Үзэгчид, сонсогчид маань ч хуучны сэтгэлд хоногшсон сайхан дуунуудыг дуулна. Мөн хажуугаар нь сүүлийн үеийн уран бүтээлүүдээсээ хүргэх болно. Голцуу үндэсний хөгжим, том, том чуулгууд хүрэлцэн ирж байгаа болохоор ерөнхийдөө “амьд” тоглолт болно.

-Та Алтай, говь хосолсон баруун аймгийн хүн. Таны уран бүтээлд ч уул, ус, нутгийн тухай дуунууд их бий дээ?

-Би 1970 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн хүн. Манай нутаг хүний диваажин болсон газар л даа. Алтай, говь, тал хээр хосолсон байгалийн өвөрмөц тогтоцтой, үзэсгэлэнт нутаг. Баруун талаараа Хар азаргын нуруу, Бурхан Буудай уул, зүүн талаараа Хөх сэрхийн нуруу, Богдын нуруу хэмээх өндөр сүрлэг уулс нуруудаар хүрээлэгдсэн. Зуны аагим халуунд өндөр уулсаараа цастай сэрүүхэн байхад тал, говиороо халуун нар шарчих шахдаг ийм л сонин тогтоцтой. Энэ сайхан нутагт хүн болж төрснөөрөө бахархаж, хаа ч омогшиж явдаг. Аав, ээжийн минь буянаар дуулах авьяас, хоолой надад заяасан. Улмаар 2001-2006 онд Соёл урлагийн их сургуулийг Найдалмаа багшийнхаа удирдлага дор суралцан төгсөж, дуучин болж байлаа. Багаасаа хөдөө өсөж, уулсаа харж баясаж, нутгаа бодож сэрдэг болохоор нутгийн тухай, уул, усны тухай дуу дуулахдаа дуундаа их орж дуулдаг юм болов уу гэж боддог.

-Таныг Говь-Алтайн Бигэрээс Улаанбаатар хот руу фургон машинаар хүн тээвэрлэдэг байсан гэж сонссон. Ийн явахдаа аян замын дугараа өргөж, зорчигчдын сэтгэлийг дуугаараа хөдөлгөж байсан гэлцэх юм билээ. Та энэ дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Би чинь 1990 оноос хойш 2000 он хүртэл арван жил тендерт явсан жолооч л доо. Тэр үед чинь жинхэнэ зах зээл эхэлж байлаа шүү дээ. Залууст сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх бүх юм хаалттай болсон хүнд хэцүү үед амьдралд хөл тавьсан.1992 онд айл гэр болсон.Тэгээд жолооч болж нэг машин аваад ийш, тийшээ ойр зуур тээвэрт явна. Нутаг усандаа айл нүүлгэх, аргал ачихаас эхлээд л янз бүрийн ажил хийж байгаад сүүл рүүгээ зах зээлд орж ноос ноолуур, арьс ширний наймаа хийж наана цаана гэж явсаар байгаад амьдралаа жаахан төвхнүүлж авсан. Ингэж явахдаа машиныхаа кабинд хуучны, алдартай сайхан дуунууд, ардын дуугаа дуулж л явлаа. Ер нь манай жолооч нар мэднэдээ холын замд хань болдог ганц зүйл нь дуу шүү дээ. Хүн чаддаг, чаддаггүй нь хамаагүй монгол сайхан дуунуудаа дуулаад л явдаг. Манай нутгаас Улаанбаатар ороход мянга гаруй километр. Энэ хол газар олон хүмүүс авч яваа жолооч хүн ая дан өргөлгүй л яахав. Олон жил ингэж дуулаад явахаар зарим хүмүүс мэдсэн байх л даа. “Өө нөгөө сайхан дуулдаг жолооч залуу байна” гэцгээгээд л нэгэндээ ярина. Олон хүний ам дамжсан яриа явсаар миний дуучин болох хувь заяаны хаалгыг минь нээж өгсөн юм болов уу даа. Би тэгж л бодож байна.

-Ийм сайхан дуулдаг жолооч залуу яаж яваад мэргэжлийн дуучин болчихсон юм бэ?

-2000-аад оны эхээр юм. Тэр жил би “Нарантуул” зах дээр фургон машиндаа хөдөө явах хүмүүсийг суулгаж байтал “Алтай” чуулгын морин хуурч Иванов багш маань таарлаа. Мэндээ мэдэлцэж, ганц хоёр үг ярьтал багш маань “Соёл урлагийн их сургуульд эчнээгээр элсэлтээ авах гээд хэдхэн хоног үлдчихээд байна. Чам шиг сайхан дуулдаг, өвөрмөц хоолойтой хүн тэнд очиж шалгуулахгүй бол болохгүй” гэдэг юм байна. Би ч “Багшаа би хөдөө явах хүмүүсээ суулгачихсан, одоо яг хөдлөх гэж байна шүү дээ” гэтэл “Чи бушуухан яваад хүнээ буулгачих. Тэгээд яаж ийгээд хурдхан хүрч ирээд тэр сургуульд шалгалт өгөөдөх” гэж билээ. Ингээд Бигэр рүү хамаг хурдаараа явж хүмүүсээ буулгачихаад буцаад шалгалт болохоос ганцхан хоногийн өмнө хотод ирж билээ. Ингээд шалгалт өглөө. Анх Соёл урлагийн их сургууль дээр очиход Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн О.Булган багш маань хүлээн авч, Найдалмаа, Банди багштай уулзуулж, шалгалтад оруулсан даа. Тухайн үед надтай хамт жараад хүүхэд шалгалт өгснөөс би хоёрт жагсаж, тэнцэж билээ. Сурч байх явцдаа Үндэсний дуу бүжгийн чуулгад дуучнаар орж байсан. Тэр түүх их сонин. Хотод анх орж ирчихээд “ex­cel” автомашин авч, түүгээрээ хааяа таксинд явдаг байлаа. Нэг өдөр “халтууранд” явж байтал Үндэсний дуу бүжгийн чуулгын дуучин, ардын дуучин Гэрэлмаатай таарлаа. Гэрэлмаа дуучин миний дуулахыг сонсчихоод “Чи Үндэсний дуу, бүжгийн чуулгад ор. Ёстой чиний байх ёстой газар шүү” гэж билээ. Учир нь энэхүү чуулгад Б.Банзрагч, В.Оросоо гуай нарын алдартай дуучид бүгд л уран бүтээлээ туурвиж байсан юм. Тэр дуучдаас хойш дуунуудыг нь дуулах, ойролцоо хоолойтой дуучин гарч ирээгүй байж л дээ. Харин намайг яг тохирно гэж бодсон болохоор чуулгад ор гээд байж.

-Таны удамд сайхан дуулдаг, дуучин хүмүүс бий юу?

-Их бий шүү. Миний аав, аавын минь аав их сайхан дуулдаг хүмүүс байлаа. Манай аав уртын дууг их сайхан дуулдаг. Одоо ч гэсэн сайхан дуулдаг хэвээрээ байгаа. Харин манай аавын өвөөг Засагт хан аймгийн даншиг наадам болоход хошуу ноёд нь дуулуулах гэж урьж аваачдаг байсан гэдэг. Одоо бөхийн барилдаан болохоор цаана нь тасралтгүй урдын дуу эгшиглэдэг дээ. Үүнтэй адил тухайн үед найр наадам, бөх хэзээ дуусна тэр хүртэл дуулчихдаг байсан гэнэ лээ. Өдгөө олон түмэндээ хүндлэгдсэн сайхан дуучин болсон маань удмын минь буян заяа биз ээ.

-Таны хоолойг мэргэжлийн хүмүүс цээлхэн, нарийн дуугардаг өвөрмөц гэдэг. Харин ард түмэн “Ган хоолой”-той дуучин гэлцдэг. Ер нь таны хоолой мэргэжлийн хэллэгээр ямар төрөлд нь багтдаг бол?

-Мэргэжлийн хэллэгээр теонор гэж байгаа юм. Монголоор хэлбэл эрэгтэй хоолойн хамгийн нарийн дуугаралт юм уу даа. Өөрөөр хэлбэл их нарийхан дуугардаг ч, цээлхэн, сонсголонтой хоолой гэж хэлж болно. “Ган хоолой” хэмээх нэрийг ард түмэн маань хайрласанд талархаж явдаг.

-Яагаад таныг “Ган хоолойт” гэж дуудах болов. Хэзээнээс ийм нэр зүүсэн бэ?

-Одоогоос бараг арваад жилийн өмнө юм уу даа. Хөдөө, орон нутгаар тоглолт хийж аймаг, сумдын ой, төрөл бүрийн арга хэмжээнд оролцох гээд их л явдаг байлаа. Ингэж яваад нэг сумын ойн арга хэмжээний үеэр найман удаа дахиулдаг юм байна. Хэд дахин дуулсан ч миний хоолой ядрахгүй, яг л хэвээрээ байсанд олон түмэн урам өгч “Ган хоолойт” хэмээн орилж билээ. Яг тэр цагаас хойш олон түмний дунд “Ган хоолойт” гэгдэх болсон юм уу даа. “Ган” гэдэг маань бөх бат, хугаршгүй, нугаршгүй гэсэн үг шүү дээ.

-Түрүүн та нэлээд хожуу дуучин болсон гэж хэлсэн. Ер нь эрэгтэй хүн дуучин болох гэж байгаа бол шилжилтийнхээ насыг өнгөрөөгөөд дуулах хэрэгтэй гэдэг. Учир нь шилжилтийн насан дээрээ эрэгтэй хүүхдийн хоолой бүдүүрч дуулж чадахаа больдог гэнэ л дээ. Та ер нь хоолойгоо хэрхэн гамнадаг вэ?

-Одоо бол жоохон гамнах талаар боддог болсон шүү. Ер нь хоолойгоо хамгаалж, гамнаж байгаа. Манай орон эрс тэс цаг ууртай, хуурайшилт, тоосжилт ихтэй шүү дээ. Өмнө нь хоолойгоо гамнана, хамгаална гэж мэддэггүй л байлаа. Хөдөө өсөж, төрсөн болохоор ч тэр үү тоодоггүй л явсан. Хөдөө чинь малын хөлийн тоосонд ч, морины нуруун дээр ч тэр “манартал” сайхан дуулаад л явдаг. Тийм болохоор саяхныг болтол хоолойгоо гамнах, хайрлах гэдгийг төдийлөн анхаардаггүй л байж.

-Таныг ард түмэн “Богд хан уул” дуугаар тань илүү сайн мэднэ. Энэхүү дууны шүлгийг зарим хүмүүс сөрөг талаас нь шүүмжилдэг. Гэхдээ үнэхээр сайхан шүлэгтэй, яруу тансаг дуу гэж боддог хүмүүс ч их. Таны хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-“Мөнгөн тоногтой хазаар ч юм шиг ээ

Ганган хийцтэй эмээл ч юм шиг ээ

Хүмүүний шүтээн Богд хан уул минь

Хүслийн минь тэнгэрт морь шиг дүүхэлзэнэ” хэмээх “Богд хан уул” дууны яруу найраг, ая дан үнэхээр гайхалтай. Монголчуудын хамгийн нандин дотно хүмүүс болох аав, ээж мөн эрхэмлэн дээдэлдэг хэрэглэлтэй нь зүйрлэж хэлсэн болохоор яаж ч бодсон муу шүлэг, муу дуу биш л дээ. Энэ дууны шүлгийг муу гэж хэлж байгаа хүн бол монгол ахуй, монгол ёс заншлаа, уул, ус хангай дэлхийгээ шүтэж, дээдэлж, хайрлаж чадахгүй байна гэсэн үг.

-Энэхүү дуу хэрхэн төрсөн бэ?

-Манай эхнэрийн авга ах Мягмар гэдэг хүн үгийг нь зохиосон. Хүү нь Хөх хотын Анагаах ухааны их сургуульд сурдаг.Тэгээд аав ээж хоёр нь хүүгээ дагаж гурав дөрвөн жил тэнд амьдарсан юм. Одоо Мягмар ахынх Богд уулын баруун хойд хормой дээр байдаг. Тэр хүн Хөх хотын “Далан хар уул”-ыг харж байж энэ шүлгийг бичсэн юм билээ. Анх шүлэг нь “Далан хар уул” нэртэй байсан юм. Би Цэвээнравдан багшид шүлгийг нь хүргэж өгөөд ая зохиолгосон. Анх дуулахдаа “Далан хар уул”- аар нь дуулсан. Тэгтэл хүмүүс “Далан хар уул” хаана байдаг юм танай нутагт байдаг юм уу гэж асуугаад байсан. Тэгээд би “Далан хар уул”- ыг өөрчлөх гэж нутгийнхаа уулсын нэрийг их бодож үзсэн боловч нэг л зохимжгүй оргиод. Тэгээд өргөн хүрээ хамруулъя гэж бодож байгаад яалт ч үгүй энэ Богд уулыг үзээгүй хараагүй монгол хүн байхгүй. Улаанбаатарт ирээгүй, хонож өнжөөгүй хүн гэж байхгүй болохоор Мягмар ахад хэлсэн. Энэ Богд хан ууландаа та мөргөж залбираад орой болгон өвөр дээр нь унтаж байгаа. Ерөөсөө хоёулаа Богд хан уул гэж өөрчилье гэсэн. Гэтэл чи өөрөө л яаж өөрчилмөөр байна дураараа бол гэж хэлсэн. Дараа нь Цэвээнравдан багшид хэлсэн. Яг зөв, тийм байна ерөөсөө л “Богд уул” юм байна гэсэн. Тэгээд л “Богд хан уул” дуу төрсөн түүхтэй л дээ.

-“Алтан намар” дууг ардын жүжигчин Зангад гуай дуулдаг. Таны хувьд энэ дууг анх дуулахдаа айж байв уу?

-Энэ дууг ард түмэн мэднэ. Эхэндээ Зангад гуай шиг олон түмэнд хүргэж чадах болов уу хэмээн санаа зовж л байсан. Гагцхүү дууг хэн ард түмэнд хүргэж хэн дуулсан гэдгээр нь ард түмэн үнэлдэг. Миний хувьд Зангад гуайтай уулзаж энэ дууг дуулж үзсэн. Бас санаанд нь тохирох эсэхийг ярилцсан. Харин Зангад гуай “Их сайхан дуулж байна. Болж байна шүү” гэсэнд урам ороод дүрсжүүлээд үзүүлсэн. Энэ дууны агуулга цар хүрээ асар гайхамшигтай учир айсан тал бий.

-Сүүлд таны дуулсан “Ардын дуу шиг амраг минь” хэмээх хайрын сэдэвтэй дууг олон түмэн их сонсох болжээ. Таны хувьд хайрын тухай дуулсан анхны дуу байх шүү?

-Тийм байна. Би чинь дандаа эх, орон, уул, ус, нутгийн дуу дуулдаг хүн. Хайрын сэдэвтэй хамгийн анхны дуу энэ дуу болж байна. Энэ сайхан дууны үгийг Төв аймгийн харьяат Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч, сэтгүүлч Цэрэндоо гуай бичсэн. Аяыг нь Янгиг хэмээх олон сайхан дуутай, хөгжмийн зохиолч бичсэн дээ. Энэ хүн маань дуу хөгжмийн багш. Надад ийм нэг дуу байна, чи дуулж өгөөч гэж над руу их олон ярьсан. Бид хоёр ч тухтайхан шиг уулзалдаж чадахгүй жил тойрсон. Ингээд жилийн дараа уулзаж, энэхүү дууг дуулснаар урын сандаа хайрын тухай нэгэн шинэ дууг нэмсэн дээ.

-Та гэр бүлээ танилцуулаач.Таны үр хүүхдүүдээс урлаг руу хөл тавьсан хүн бий юу?

-Би эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Манай том саяхан их сургуулиа төгссөн. Урлаг руу орж байгаа хүүхэд алга л байна. Гэхдээ манай хүүхдүүд дуулах дээрээ хүрвэл их хөөрхөн дуулчихдаг шүү. Урлагаар манай бага л явж магадгүй байгаа юм даа. Бага хүүхэд маань өнөө жил нэгдүгээр ангид сурч байна. Тэр нөхөр л дуулж магадгүй. Манай ах, дүү нар, нагацууд их сайхан дуулдаг. Бөөнөөрөө нийлж, найрлах юм бол нэг тоглолт дайны юм хийчихнэ шүү. (инээв)

-Таны гар их том харагдлаа. Та бага залуудаа барилдаж байсан уу?

-Өө, би чинь сумын цолтой бөх хүн шүү дээ (инээв). Одоогоор бол сумын харцага цолтой хүн. Залуудаа сумынхаа наадмаар аманд гарч, зургаа давж харцага болж билээ. Тэр үед буюу 1992 онд чинь суманд зургаа давсан бөхөд өсөх идэр начин хэмээх цол олгодог байлаа шүү. 1990 онд цэргээс халагдаж ирээд 1992 онд ийн цол хүртсэн дээ.

-Уран бүтээл туурвихаас өөр юу хийдэг бэ?

-Би хар багаасаа эмээ дээрээ, малын захад өссөн болохоор малд их элэгсүү л дээ. Тэр ч утгаараа одоо ч гэсэн малаа малласаар байгаа. Манайх хотод суурьшихдаа хөдөөнөөс малтайгаа ирсэн айл. Одоо хэдэн мал маань Төв аймгийн Баянжаргалан сумын нутгаар байна. Хааяа мал дээр очихоор сэтгэл тайвширч, нэг сайхан болчихоод л ирдэг юм.

Categories
мэдээ цаг-үе

С.Тулга: Азийн орнуудын нэр хүндийг олон улсын сагсан бөмбөгийн талбарт монголчууд тахалдаг. Үүнийг Азид нүүр бардам хэлж чадна

Монгол Улсад аравдугаар сарын 27-29-нд 2020 оны олимпийн эрхийн оноо олгох сагсан бөмбөгийн 3х3 насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт өнөөдөр болно. Энэхүү тэмцээний талаар Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбооны тэргүүн, Монголын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч С.Тулгатай ярилцлаа.


-3×3 сагсан бөмбөгийн тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт болж байна. Олимпийн эрхийн оноо олгох гэдгээрээ их ач холбогдолтой, чансаа өндөр тэмцээн болох юм байна.

-Манай улсад олимпод оролцох төрөл буюу 3×3 сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа нь багийн спортын түүхэнд бичигдэхээр том үйл явдал юм. Энэхүү тэмцээнд 2014 оны дэлхийн аварга Катарын шигшээ багаас гадна сагсан бөмбөгийн ноён оргил улсууд болох Австрали, Шинэ Зеландын шигшээ баг анх удаа олимпийн эрхийн төлөө өрсөлдөх гэж байна. Монгол, Япон, Хятад, Казакстан, Туркменистан, Киргизстан, Тайван, Малайз, Ливан, Энэтхэг, Бахрейн гэсэн 15 орны эрэгтэй эмэгтэй багууд оролцоно.Монгол Улсын эрэгтэй шигшээ багийн хувьд энэ удаагийн тэмцээний “А” хэсэгт Япон, Бахрейны шигшээ багуудтай нэг хэсэгт орсон.Эмэгтэй баг БНХАУ, Шри-Ланкын багуудтай хэсгийн тоглолтоо хийнэ. Тэмцээн өнөөдөр эхэлж байгаа бөгөөд манай улсын эрэгтэй шигшээ баг эхний тоглолтоо 18:30 цагт Бахрейны шигшээ багтай тоглож, 20:15 минутаас хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ.Монголд болж буй энэхүү тэмцээнийг бид Дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулж байгаа мэт явуулах болно.

-Таны хувьд монголын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байна. Энэхүү тэмцээнд оролцож буй багийн бүрэлдэхүүнийг танилцуулахгүй юу?

-Манай багийн бүрэлдэхүүнд дэлхийд чансаагаараа дээгүүрт жагсаж буй дөрвөн тамирчин тоглож байна. Багийн спорт болохоор чансаанд дэлхийн сая гаруй тамирчид жагсдаг. Үүнд манай багийн тамирчин Дөлгөөн 79-д, Цэнгүүнбаяр 80-д, Дэлгэрням 97-д эрэмбэлэгдсэн. Гэхдээ бөмбөг бөөрөнхий гэдэг шиг бид бүхэн нягт зохион байгуулалттай тоглохгүй бол болохгүй ээ.

-3×3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байгаа. Тийм болохоор манай багийн хувьд илүү давуу талтай байгаа болов уу..

-Эх орондоо болж буй томоохон тэмцээн уралдаанд оролцоно гэдэг мэдээж хэрэг хөгжөөн дэмжигчдээс эхлээд давуу тал их л дээ. Нөгөө талаараа тамирчдын сэтгэлзүй их савалдаг. Энэ нь сул тал болж байдаг. Үүн дээр бид бүхэн анхаарах болно. Энэхүү тэмцээнд оролцохын тулд эрх авдаг. Азид 50 гаруй улс бий. Үүнээс 12 орны эмэгтэй, эрэгтэй 12 баг эрхээ авч оролцож байна. Манай улсын хувьд эрэгтэй нэг баг эрхээ авч оролцож байгаа бол эмэгтэй баг маань зохион байгуулж буй орны давуу эрхээр оролцож байгаа юм.

-Сүүлийн үед манай улсад багийн спорт сайн хөгжиж байна. Тэрхүү хөгжлийн түүчээ нь монголын 3х3сагсан бөмбөгийн баг, тамирчид гэдгээ яах аргагүй өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтаараа харуулж чадлаа шүү дээ.

-Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллахдаа олон улсын чанартай 16 тэмцээнд багаа дасгалжуулж, оролцжээ. Ингэхдээ бүх тэмцээнээс манай баг, тамирчид медаль хүртсэн байна. Дэлхийн шилдэг арван хоёр багийн мэргэжлийн тэмцээнд Монголоос оролцож байгаа нь үнэхээр үсрэнгүй том амжилт. Дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн багт Сербийн гурван баг, Америкийн хоёр баг, Латвийн нэг баг ордог. Эдгээр багийн араас Монголын хоёр баг орж байгаа нь бид дэлхийд гараад ирчихсэн гэсэн үг л дээ. Хамгийн гол нь бид багийн спортоор зөв бодлого, зөв менежмент явуулбал монгол хүний онцгой авьяасыг дэлхийд харуулах боломжтой юм аа. Орчин үеийн сагсан бөмбөгийн спорт гэдэг тоглогч талбай дээр гараад дураараа тоглолт үзүүлэхийг хэлэхгүй ээ. Юм өөр болсон. Бүгд нэг удирдлага дор маш сайн зохион байгуулалттай, тактиктай, төлөвлөгөө боловсруулж тоглодог болсон. Хамгийн сайн төлөвлөгөөтэй баг л хождог.

-Та бүхний ирээдүйн зорилго мэдээж хэрэг ирэх олимпод оролцож, амжилт гаргах болов уу. Энэхүү багийн спортоор олимпоос медаль хүртэнэ гэсэн итгэлийг ард түмэн хүлээлгэж буй.

-Тэгэлгүй яахав. Манай багийн хувьд олимпод оролцож, медаль хүртэнэ гэсэн том зорилго тавин ажиллаж байгаа. Нөгөөтэйгүүр манай эрэгтэй баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй хамгийн шилдэг, чансаа өндөр багуудын эгнээнд жагсаж байна. Монголчууд “Багийн спортоор энэ яваа насандаа дэлхийн аварга, олимпод оролцож, медаль хүртэж чадахгүй” хэмээн ярьдаг. Харин бид энэхүү боломжгүй хэмээн төсөөлж байсан бодлыг нь амжилтаараа удаа дараа батлан харуулж, өөрчилж чадсан. Энэ тэмцээний үеэр дэлхийн шилдэг 20 багийг олон улсад зарлана. Үүнд Монголын баг 17 дугаар байрт орсон. Энэ бол үнэхээр монголын багийн спортын түүхэнд бичигдэх үсрэнгүй том амжилт юм. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд гаргасан амжилтаараа бид дэлхийн 192 орны багаас 30 дугаарт нь эрэмбэлэгдсэн. Олон улсын мэргэжилтнүүд Монголын багийн амжилтыг хараад “шоконд” орсон гэдгээ хэлж байна. 3×3 сагсан бөмбөгийн спорт олимпийн нэгэн төрөл болсон. Монголчууд олимпод топ гурван төрөл гэгдэх чөлөөт, жүдо, боксоор оролцож, амжилт гаргадаг. Тэгвэл одоо энэ маань топ дөрөв боллоо шүү гэж хэлээд байгаа юм. Бид энэхүү спортыг өдий болтол хөгжүүлэхэд цэвэр өөрсдийнхөө хөрөнгө мөнгөөр, сэтгэл зүрхнээсээ ажиллаж ирсэн. Цаашид ч ажилласаар л байна.

-Олон улсын томоохон тэмцээнүүдийг харж байхад зарим улсын шигшээ баг гадаадын легионер тоглогчийг багтаа оролцуулж, тоглоод байсан. Энэ тэмцээнд Европ гаралтай тоглогчид ирэх үү?

-Энэ тэмцээнд Катарын баг гурван Америк, нэг Серби тоглогчтой байгаа. Улс орнууд өөр орны нэртэй тамирчдыг өөрийн улсын иргэншилтэй болгоод л оролцдог. Тийм болохоор гадаадын легионер тоглогчид оролцсон цөөнгүй хэдэн баг энэхүү тэмцээнд тоглож байгаа. Харин манайх зөвхөн өөрийн орны тамирчтайгаа тоглоно. Азийн орнуудын нэр хүндийг олон улсын сагсан бөмбөгийн талбарт монголчууд гаргадаг болсон. Үүнийг бид Азидаа нүүр бардам хэлж чадна. Япон, Солонгосын багууд Европын багуудтай энэ тэнцүүхэн тоглож чадахгүй байгаа. Харин ганцхан монголчууд яг дөрвөн монгол тоглогчоороо л ширүүн өрсөлдөж байна.

-Монголын сагсан бөмбөгийн хэсэг тамирчид ийнхүү эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгаж байхад нөгөө хэсэг нь үүнийг үгүйсгэх хандлага ажиглагдаад байгаа. Та бүхнийг олон улсад амжилт гаргаад ирэхээр холбоо болоод төр, засгаас хүлээн авч уулздаггүй гэж сонссон. Та бүхнийг яагаад улсаас дэмжихгүй байна вэ?

-Тэр үнэн л дээ. Олон улсад, дэлхийд өндөр амжилт гаргаж, монголынхоо нэрийг дуурсгаж байхад биднийг хэн ч тоодгүй. Манай багийн залуусыг хүлээн авч, уулзаад баяр хүргэчихвэл, тэр чинь их урам зориг болно шүү дээ. Гэвч тэгсэнгүй. Хүлээн авч уулзсангүй гээд бид гутрахгүй ээ. Бид олон улсад очихдоо улаан, цагаан, ногоон намаас оролцож байна гэж хэлдэггүй. Бид Монгол Улсынхаа нэрийн өмнөөс л оролцдог. Бид хэн нэгнээс юу ч гуйгаагүй. Манай төр, засгаас багийн спорт угаасаа хөгжихгүй, тийм болохоор мөнгө зарлагадах шаардлага байхгүй хэмээн үздэг. Энэхүү үзэл бодлыг нь бид өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтаараа няцаасан гэж бодож байна. Бид гадаад руу тэмцээн уралдаанд оролцох гэж өөрсдөөсөө мөнгө гаргаж, амжилт гаргаад ирэхээр улсдаа татвар төлдөг. Хамгийн гол нь жил бүр төр, засгаас Монголын спортод зориулан төсөвлөх 10 гаруй тэрбум төгрөгнөөсөө эдгээр амжилт гаргаж яваа залуусд замын зардал байг гэхэд аяга хоолны мөнгийг нь өгчихөж болно доо. Гэтэл өөр зүйл рүү энэ их мөнгө зүгээр л алга болж байдаг.

-Та бүхнийг заал, танхим, бэлтгэл сургуулилтаар хангаж байх ёстой Спортын төв ордон хэмээх том газар бий. Гэтэл энэ ордонд нэг удаа ч гэсэн бэлтгэл хийж үзээгүй гэх юм. Энэ ямар учиртай юм бэ?

-Яг үнэнийг хэлэхэд Спортын төв ордны зааланд “Нарантуул” захынхан, эсвэл аль нэг хөрөнгө мөнгөтэй хүмүүс, байгууллагын хамт олон ирж тоглодог болсон байна. Гэтэл Монгол Улсын шигшээ баг тамирчдаасаа мөнгө цуглуулж, өөрсдөө хөрөнгө босгож зааланд гуйж тоглодог. Яагаад бид Монгол Улсын нэрийг гаргахын төлөө мөнгө төлөх ёстой юм. Мөнгө гаргаж бэлтгэл сургуулилт хийж, тэмцээн уралдаанд оролцоно гэдэг үнэхээр хүнд байна. Гэвч бид эх орныхоо төлөө, Монголын багийн спортын төлөө ингэж явахаас өөр арга алга.Бидэнд тус болдоггүй юм аа гэхэд саад битгий болооч ээ. Ардын, Ардчилсан намын Монгол Улс гэдгийг спортоосоо авч хаях шаардлагатай байна. Спортод нам, засаг ямар ч хамаагүй шүү дээ. Анх 2007 онд Монголд сагсны лиг ч байхгүй, тэмцээн ч болдоггүй л байсан. Тэр үед ажилчин залуусын лиг гэх тэмцээнийг зохион байгуулж байлаа. Тэр тэмцээнээс хойш сагсан бөмбөг улс даяар өргөжиж, өдгөө монголд сагс тоглодоггүй хүн гэж байхгүй болжээ. Хамгийн гол нь тухайн үед Монголын сагсан бөмбөгийн спортын төлөө нэг ч зүйлийг хийгээгүй, алга болчихсон хүмүүс өдгөө гэнэт орон дээрээс унасан юм шиг аймаар идэвхжсэн. Бүгд л сагсан бөмбөгийн спортод худлаа хайртай, дуртай болж, өөрсдөө өдий хүртэл өргөөд аваад явчихсан мэт л дүр үзүүлдэг. Ийм баймааргүй байна. Одоо том эрх мэдэлтэй, баян хүний хүүхэд “Gаваа надаа энэ тоглоомыг аваад өгөөч” гэж байгаа юм шиг монголын сагсан бөмбөгийн холбоогоор тоглоом хийж байна шүү дээ. Уг нь хамтдаа цугтаа явъя гэхээр “Та нар энэ салбараас холд оо, хэн ч биш байж” гээд дайрдаг. Бид өдий хүртэл зовж босгосон амжилт, өдий хүртэл хөгжүүлсэн сагсан бөмбөгөө хэн нэгэн эрх мэдэлтнүүдэд харж байгаад л өгчихмөөргүй л байна. Өгөх ч үгүй. Нэг үе арьсан бөмбөгөөр амьдрал шийдэхгүй хэмээн ярьдаг л байсан. Харин одоо манай сагсчид энэ спортоор явснаар амьдралаа хэнээс ч дутахааргүй аваад л явчихаж байна. Тухайн тамирчин спортоороо амьдралаа аваад явна гэдэг тэрхүү спорт өндөр хөгжсөний илэрхийлэл юм болов уу. Манай улсын спортын топ төрлүүд гэгдэх чөлөөт, жүдо, боксийн шигшээ багийн тамирчид сард 400 мянган төгрөг л авч байгаа. Харин манай сагсчид нэг багт тоглоход 15-20 сая төгрөг авч байна. Энэ бол амьдрал шүү дээ. Манайханд нэг ийм юм байна. Спортоо хөгжүүлнэ гээд Спортын төв ордонд костьюм өмсөөд л яваад байдаг. Би үүнийг их гайхдаг. Манай монголын спортын салбар социализмын дэглэмтэй яваад байгаа юм. Өнөө үед хүний наймааг хуулиар зөвшөөрч байгаа ганцхан салбар бол спорт шүү дээ. Тийм болохоор спортоо дэлхийн түвшинд аваачих нь чухал. Сүүлд нь хэлэхэд сагсан бөмбөг спорт гэдэг ямар Оюутолгой, Тавантолгой юм уу. Тийм болохоор одоо энэхүү маргаан, нам, засаг гэсэн худлаа хийрхлээсээ болих ёстой. Хатуухан хэлэхэд манай Монголын сагсан бөмбөгийг дэмжих ёстой дээд байгууллагууд энэ спортыг яг л бэлгэвч шиг л ашиглаж байна. Ийм систем Монголын бүх салбарт л байна. Харин үүнийг цэвэрлэж чадсан нь сагсан бөмбөгийн салбар юм.


Categories
мэдээ цаг-үе

Т.Алтанцаг: Нэг цаг билльярд тоглоход гурван километр гүйсэнтэй тэнцэнэ

Тэртээ жараад оны эхээр улс төрийн товчооны дарга, сайд нартай, урлаг, соёлын авьяастнуудтай хамт билльярд тоглож явсан, ахмад билльярдчин 16 удаагийн аварга Түмэнбуянгийн Алтанцагтай ярилцлаа.


-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-1943 онд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн. Улмаар 1951 онд бага сургуульд орж, Зүүн хараагийн дунд сургуулийг 1961 онд төгссөн хүн. Ингээд Улаанбаатарт ирж Эдийн засгийн дээд сургуульд дөрвөн жил суралцан Худалдааны эдийн засагч мэргэжилтэй болж төгссөн. Тэр цагаас хойш нийслэл хотод жар гаруй жил аж төрж байна даа.

-Та билльярдыг хэзээнээс тоглож сурсан бэ. Таныг хөгжмийн нэрт мастерууд болох Л.Мөрдорж, Г.Дарамзагд нар болоод тухайн үеийн сайд, дарга нартай билльярд тоглож байсан гэдэг…

-1961 оноос буюу Улаанбаатарт оюутан болж ирээд л билльярдыг тоглож сурсан даа. Тэр үед Улаанбаатарт билльярдын 10 гаруйхан ширээ л байсан. Тэрхүү ширээнүүд нь зөвхөн Оросын пирамид хэмээх бүдүүн том шааригтай билльярд л байдаг байв. Улаанбаатар хотын Хөдөлмөр нийгэмлэг, Хоршоолол нийгэмлэг, Офицеруудын ордон, Их тэнгэр, Нүхт, Импорт нэгдэл, Төмөр замын соёлын ордон, Барилгачдын соёлын ордон зэрэг газруудад билльярдын газар байлаа. За энэ газруудад тухайн үеийн сэхээтнүүд, урлаг, соёлын нэрт мастерууд чинь чөлөөт цагаараа билльярд цохьдог байсан даа. Би ч оюутан залуу хажуугаас нь хараад, хаяа босож тоглочихоод л суудаг байв. Ингэж анх билльярдыг тоглож байхад спорт гэдгээрээ хөгжөөгүй, хүмүүс зүгээр чөлөөт цагаараа, зугаацах гэж л тоглодог байсан юм. Тухайн үед билльярдыг эрдэмтэн, зохиолчид, нам, улс төрийн дарга нар, цэргийн дарга нар л тоглодог байв. Тухайлбал, хар малгайт Жамбал, монхор Базарсад, бүлтгэр Чимэддорж, Багшийн дээдийн багш Бариашир нар, хөгжмийн зохиолчдоос Билэгийн Дамдинсүрэн, Гончигдамбын Дарамзагд, Лувсанжамбын Мөрдорж зэрэг нэрт мастерууд тоглодог байлаа. Ардын жүжигчин Гонгорын Хайдав гуайтай билльярд тоглож байхад тэрээр “Анх билльярд гэдгийг чинь би Цэдэнбал даргатай тоглож сурсан юм” хэмээн бахархан ярьж байсан. Зохиолчдоос Дэндэвийн Пүрэвдорж, З.Баттулга нарын бичгийн хүмүүс тоглож байсан юм. Ер нь билльярд монголд анх дэлгэрч байхад сэхээтнүүдийн л тоглоом байлаа шүү дээ. Би улсад 40 гаруй жил ажилласан хүн. 2003 онд тэтгэвэрт гарснаас хойш л билльярдыг идэвхтэй тоглодог болсон. Тэр үед нөгөө Оросын ширээнүүд цөөрч, снукер билльярд дэлгэрч байсан юм. Өдгөө билльярдыг тасралтгүй 20 гаруй жил тоглож байна даа.

-Билльярдыг сэхээтнүүд тоглодог байсан гэлээ. Тухайн үеийн улс, нийгэм, урлаг, соёлын томчууд ихэвчлэн хаана тоглодог байв?

-Ер нь томчуудын тоглодог газар нь Их тэнгэр, сайд нарын гэгдэх Нүхтийн амралт байлаа. Миний хувьд тэр үеийн томчуудаас нэрт хуульч С.Жалан-Аажав гуайтай тоглож байсан. Тухайн үед залуучуудаас билльярд тоглодог хүн ховор. Нэг сэлгээнд нь би гарч ийн тоглож байлаа. Оросод элчин сайдын албыг хашиж байсан, Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гуайд бэлэглэсэн ширээ хэмээх нээх их хээ, угалзтай тансаг зэрэглэлийн ширээ Их тэнгэрт байдаг байв. Тэр ширээн дээр л их тоглодог.

-Таныг ихэвчлэн Төмөр замын эмнэлгийн зүүн талд байрлах “Наранбилэг” снукер билльярдын “NB” клубт ирж тоглодог гэж сонссон. Энэ газар томчууд их ирж тоглох уу?

-Улаанбаатарт томчууд цуглардаг хоёрхон л газар бий. Нэг нь Замын цагдаагийн ард байрлах снукер билльярдын клуб, нөгөөх нь энэ “NB” клуб юм. Энэ хоёр клуб дээр л монголын хамгийн сайн билльярдчид цуглардаг даа. Ерээд оны ихээр билльярдын газрын доторх тохижилт, орчин их бохир байлаа. Архи, тамхины үнэр, тоос шороо ихтэй, их л заваан, бүдүүлэг байсан. Харин өнөө үед тэдгээр газрууд их цэвэрхэн, орчин нь тохилог, тоглож буй хүмүүс нь соёлтой болжээ. Манай гэр Бэлхэд байдаг. Тэр холоос “NB” снукер клубыг зориод ирнэ гэдэг үнэхээр тоглох сонирхолтой байгаа биз. Улсын хэд, хэдэн удаагийн аварга билльярдчин Дашбазар, хөдөлмөрийн баатар Чимиддорж нарын миний үеийн ахмад тоглогч нар энэ клубт байнга ирж тоглодог л доо.

-Тухайн үед билльярд тоглоход хэдэн төгрөг төлдөг байсан бол. Та бүхэн хоорондоо янз бүрийн мөрий тавьж тоглодог байв уу?

-Элдэв янзын мөнгөний мөрийтэй бол тоглодоггүй байлаа. Харин томчууд ганц, хоёр шил хатуухан юманд үзнэ. Тухайн үед билльярд тоглоход цаг нь зургаан төгрөг байсан юм. Билльярд тоглох газар цөөхөн учир оочер авч, тоглодог байв. Тэр үед хувийн цохиур модтой хүн гэж байхгүй, бүгд л билльярдны газрын модоор цохино. Одооных шиг шохой, дэр хийдэг мод ч байхгүй. Шохойгүй болохоор цохиурынхаа үзүүрийг модон таазанд хэд сайн үрчихээд л тоглодог байсан.

-Монголд хэдийгээс билльярдын спорт орж ирсэн юм бол?

-Өнөө жил Монголд билльярдын спорт үүсэж хөгжсөний 90 жил тохиож байгаа юм билээ. Тэгээд бодохоор анх 1927 онд л Монголд билльярдыг тоглож байжээ. 1950-иад оны үед намайг бага ангийн сурагч байхад Баруунхараагийн дотуур байранд нэг метр хиртээ бага гарын жижиг билльярдын ширээ байсан юм. Шаариг нь гэж цул төмөр. Сургуулийн багш нар тэр ширээг хааяа гадаа гаргаад тавьчихна. Тэгэхээр нь сурагчид нөгөөх дээр чинь тоос манартал тоглоно шүү дээ. Шаариг нь цул төмөр байсан болохоор цохиж буй модны үзүүр тэсэхгүй ээ. Бүр сүүлдээ сумны хонгиог модныхоо үзүүрт углаж байгаад төмөр шааригаа цохино. Тас, тас дуугараад л өнхөрдөг. Хааяа хөл, гар дээрээ унагааж, уйлах нь уйлаад л явдаг байсан юм. Тухайн үеийн хүүхдүүдэд их л содон, сонин тоглоом байсан даа.

-Та өдгөө нас сүүдэр ная руу дөхсөн хүн атлаа их ануухан, хөнгөн шингэн байна. Энэ магадгүй билльярд тоглож байсантай холбоотой болов уу?

-Аливаа спорт хүнд муу, сөрөг нөлөө үзүүлдэггүй ээ. Шатар тархи сэргээдэг, сагсан бөмбөг, гар бөмбөг тоглохоор их сайхан хөлс гарч, бие хөнгөрдөгтэй адил билльярд тоглох нь оюуны болоод биеийн өндөр үр дүнтэй дасгал болж чаддаг. Нэг цаг билльярд тоглоход ширээгээ тойрч алхсаар дор хаяж гурван километр газар гүйчихсэнтэй тэнцдэг. Ингээд өдрийн хагас тогловол хэдэн арван километр алхчихсан байдаг. Тийм болохоор билльярд тоглох нь эрүүл мэндэд, болоод сэтгэл зүйг тайвшруулж, стресс тайлахад асар ач холбогдолтой спорт. Мөн хүний ой санамжийг их сайжруулж өгдөг. Би хэрэв билльярд тоглодоггүй байсан сан бол өдийд ийм хөнгөн шингэн, ухаан саруул, эрч хүчтэй байхгүй, гэрээсээ гардаггүй, сүүтэй цайгаа уугаад сууж байдаг өвгөн л болох байсан. Тийм болохоор хүүхэд, залуучууд болоод ахмадуудыгаа билльярд тоглож, энэхүү спортоор идэвхтэй хичээллэхийг уриалж байна.

Categories
мэдээ цаг-үе

Монголын оюун санааны“ОД” Очирбатын Дашбалбарын мэндэлсний тэгш ойг тэмдэглэн өнгөрүүллээ

“Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ

Алив сайхнаа бусдаас битгий харамла” хэмээх шүлгийг мэдэхгүй хүн гэж үгүй. Төрийн шагналт, яруу найрагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Очирбатын Дашбалбар агсны энэхүү хоёр мөрт монголчуудын оюун санааны хөтөч болсоор өдгөө 37 дахь жилтэйгээ золгож байна. Их найрагч О.Дашбалбар цэл залуухан хорин гуравхан насандаа энэхүү уран бүтээлээ туурвижээ. Эх оронч, улс төрч, яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучин, зураач зэрэг салбарт нэрээ тамгалсан их найрагчийн мэндэлсний жаран жилийн ой өнгөрсөн баасан гаригт Соёлын төв өргөөнд боллоо. Энэхүү аугаа эх орончийн мэндэлсний жаран жилийн ойд Монголын утга зохиол, улстөрийн нэрт зүтгэлтнүүд, урлаг, соёлын “од”-ууд ах, дүү хамаатан садан, найз, үр хүүхдүүд нь хүрэлцэн ирлээ. Их найрагчийн мэндэлсний тэгш ойн эхлэлд хүү Д.Гангабаатар нь “Өнөөдөр би дөчин хоёр нас хүрлээ.

Өнгөт орчлонгийн нар дөчин хоёр нас хүрлээ

Холхи алсын уулс, хонгор талын толгод дөчин хоёр нас хүрлээ

Хорвоо дээр надтай цуг нарс, горхи дөчин хоёр нас хүрлээ

Аугаа тэнгэр мөнхийн настай, үхэлгүй шидтэй ч

Аяа миний л хувьд дөчин хоёр настай

Асралт нар тэрбум тэрбум жилийг элээсэн ч

Аяа миний л хувьд дөчин хоёр настай” хэмээн аавынхаа уран бүтээлээр энэхүү арга хэмжээг нээв. Тэрбээр “Аав минь өнөөдөр цэл залуу дөчин хоёр настай тэр л дүрээрээ Монголын ард түмэн, үзэг нэгт нөхөд, үзэл бодол нэгтэй андууд, ачит багш, хайрт шавь, амраг садан, үр хүүхдүүд биднийхээ сэтгэлд хүн чанар, мөн чанар, бүтээлээрээ мөнхөрсөн. Нарт хорвоод дөчин хоёр наслахдаа миний аав хорь гаруй ном хэдэн зуун яруу найраг, эсээ, өгүүлэл, уянгын бичлэг, нийтлэл, өөрийн гараар зурсан хорь гаруй уран зургийн бүтээлийг бидэнд үлдээсэн байна. Аавынхаа уран бүтээлийн баялаг сангаас та бүхэнтэйгээ өнөөдөр хуваалцаж байгаад туйлын их баяртай байна” хэмээн үгээ өндөрлөсөн юм. Энэхүү тэмдэглэлт ойг “Болор цом”-ын хошой эзэн, яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо хөтлөн явуулсан. Ойд зориулан уран бүтээлийн үзэсгэлэн, номын баяр, эрдэм шинжилгээний бага хурлыг “Дашбалбар” сан, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатарын их сургууль, Монголын Уран зургийн галерей, Хүүхдийн төв номын сан, Сүхбаатар аймгийн угсаатны зүйн музей, Соёл, яруу найргийн академи хамтран зохион байгуулав. Монголын оюуны санааны “Од” О.Дашбалбарын зурсан зураг, бусад бүтээлийн үзэсгэлэн, ойд зориулж шинээр хэвлүүлсэн таван номын нээлт, баярын арга хэмжээ Монголын Уран зургийн галерейд, эрдэм шинжилгээний бага хурал, “Миний мэдэх Очирбатын Дашбалбар” эсээ бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслол Хүүхдийн төв номын санд тус тус болсон юм. Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхдүүд чуулах оюуны их өргөөнд Монголын оюун санааны их мэргэдүүд хөл гишгэх зайгүй хүрэлцэн ирсэн байлаа. Ойн нээлтийн үеэр О.Дашбалбар найрагчийн дотны анд “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан “Шилийн богд” хэмээх уран бүтээлээрээ ая дуу өргөсөн юм. Энэ үеэр их найрагчийн гэргий Н.Борхүүхэн “Би 18-тай, хань минь 17-той байхад бид хоёр анх танилцаж билээ. Насны ганцхан ханьтайгаа, нарт хорвоо дээр хорин долоон жил ханилсан. Өнөөдөр хайрт нөхрийн маань 60 насны ой болж байна. Энэхүү тэмдэглэлт ойг нь хамтран зохион байгуулж буй ах, дүү, найз нөхөд, үр, хүүхэд, ач, зээ, хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ баярлаж байна” хэмээв. Их найрагч Очирбатын Дашбалбар бол XX зууны төгсгөл үед ид уран бүтээлээ туурвисан, гайхамшигт, суу билэгт яруу найрагч. Түүний шүлэг уран бүтээл нь эх орноо хайрлах, аугаа их хайр бахархлаар амьсгалдаг. Тэрбээр уран бүтээлийн 10 гаруй номыг хойч үедээ үлдээсэн. Их найрагчийн оюун санаа, үзэл бодлын төлөвшлийн эхлэл гэж хэлж болохоор “Салхиар ганхах цагаан өвсөнд амь нас минь буй” хэмээх шүлэг нь байна. Хээр талд намрын салхинд ганхах ганц цагаан өвсөнд өөрийнх нь амь нас байгаа юм шиг энэхүү шүлэгтээ илэрхийлсэн нь үнэхээр гайхамшигтай. Энэ бол түүний уран бүтээлийнх нь удирдтгал юм. Их найрагч О.Дашбалбар өөрийгөө олж авахын тулд цэл залуухан насандаа гайхамшигтай хөдөлмөрлөсөн хүн гэдгийг Монголын оюун санааны нэрт төлөөлөгчид хэлдэг билээ.


Д.Мөнгөндалай: ААВЫНХАА ЖАРАН НАСНЫХ НЬ ТЭМДЭГЛЭЛТ ОЙГООР ХҮН БОЛГОНЫ МЭДДЭГГҮЙ НЭГЭН ШИНЭ ЕРТӨНЦИЙГ НЬ ДЭЛГЭН ХАРУУЛЛАА

Төрийн шагналт, их найрагч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Очирбатын Дашбалбарын том охин, “Өдрийн сонин”-ы албаны дарга, нэрт нийтлэлч Д.Мөнгөндалай: -Аавын минь жаран насны тэмдэглэлт ойгоор урлаг, соёл, төр засгийн төлөөлөл болсон нэрт зохиолчид, улстөрчид, найз нөхөд, ах, дүүс, уран бүтээлийг нь шимтэн унших дуртай олон түмэн, дэмжигчид нь хүрэлцэн ирлээ. Аавынхаа мэндэлснийх нь тэгш ойн жилүүдийг бид бүхэн ийн тэмдэглэдэг. Өнөө жил аавын зурсан уран зургуудаар нь том үзэсгэлэн дэлгэж, олон түмэнд сонирхууллаа. Мөн аавынхаа “Миний захидлууд” хэмээх номыг шинээр хэвлэж уншигч түмэндээ бэлэг барилаа. Одооны хүмүүс нэгэндээ захиа бичихээ бараг больсон. Энэхүү номонд хүний сэтгэлээс гарах дотоод харилцааг ил болгож тавьснаараа онцлог болсон болов уу. Зарим хүмүүс миний аавыг яруу найрагч талаас нь түлхүү мэддэг. Гэхдээ аав маань шүлэг, яруу найраг бичихээс гадна хөгжмийн зохиолч, олон төрлийн хөгжмийн зэмсгээр тоглодог, сайхан дуулдаг, зурдгийг нь тэр бүр мэддэггүй. Тийм болохоор аавынхаа болор талст шиг олон талын авьяасыг нь харуулахаар энэ жил уран зургуудыг нь нийтэд дэлгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл аавынхаа жаран насных нь тэмдэглэлт ойгоор хүн болгоны мэддэггүй нэгэн шинэ ертөнцийг нь дэлгэн харууллаа. Өмнө нь бид аавынхаа тэгш ойн тэмдэглэлт өдрийг орон нутагт нь бөх барилдуулж, морь уралдуулж, яруу найргийн наадам зохион байгуулдаг байсан. Гэвч энэхүү арга хэмжээ маань төдийлөн хүнд хүрж чадахгүй байгааг мэдсэн. Тийм болохоор өнөө жил нийслэлд буй олон түмэнтэйгээ аавынхаа тэмдэглэлт ойг хамт өнгөрүүлэхээр шийдсэн. Тэр ч утгаараа илүү олон хүн, илүү өргөн хүрээнд энэ удаагийн арга хэмжээ өргөн дэлгэр болж өнгөрлөө” хэмээв.

Т.Галсан: ТҮҮХ САЙН ХҮҮГЭЭР ДУТДАГ Л ЮМ БАЙНА

Монгол Улсын ардын уран зохиолч, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Тангадын Галсан:

-О.Дашбалбарын мэндэлсний жаран жилийн ойгоор түүний хүү Гангабаатар нь аавынхаа улс төрийн үзэл баримтлалынх нь тухай ярьж байхыг сонсоход цаг, түүх надад дахин амилах шиг сайхан санагдлаа. Улсаа худалдсан урвагчидтай, идэж уухын донтонтой, эвлэшгүй тэмцдэг тийм шударгуу улс төрч, сайхан эх оронч хүн байсан даа. Гачлантай нь дэндүү эрт дээд тэнгэрийн оронд дуудагдчихсан. Тэгээгүй бол Монголын улс төрд нүүрлэсэн авлига, энэ “овт шаарууд”, оргож цугтаагчдын шийрүүд ийм олноороо төрөхгүй байсан. Түүх сайн хүүгээр дутдаг л юм байна гэсэн бодолтой байна. Дашбалбар өдгөө амьд сэрүүн байсан бол миний дунд хүүтэй насны хувьд ойролцоо байх байлаа. Ер нь ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гэдэг шиг ахмад үеийг хүндэтгэх сэтгэлээрээ надтай их эрт уулзаж, танилцаж, олон удаа лонхны бөглөө сэтгэлийн таглаа онгойлгож байсан. О.Дашбалбар хуучин нийгмийн хүн атлаа шинэ нийгмийн хувь заяаны төлөө зоригтой тэмцэж явсан улс төрч. Өнөө жил туужийн зохиолын их аварга Чадраабалын Лодойдамба гуайн ой, “Маамуу нааш ир” хэмээх ганцхан шүлгээрээ Монголын зургаан үеийг хүмүүжүүлсэн их яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэн нарын 100 жилийн ой тохиож байна. Эх хэлийн дархан аваргуудын ойг Монгол Улс төрийн дэмжлэгээр тэмдэглэхгүй байгаа нь их харамсалтай. Уг зүйдээ их л бага мөнгө орох юм шүү дээ. Гэтэл Засаг аймагт үүрэг өгчихдөг. Аймаг нь төсөв батлаад суманд нь үүрэг өгчихдөг. Нөгөө төсвийн мөнгөө дараа нь цохьчихдог байхгүй юу. Ингээд сумаас үр хүүхдүүд нь тэмдэглэ гэдэг. Тэгээд үр, хүүхдүүд нь аав, ээждээ хайртай юм болохоор нутаг орондоо суварга босгож, бөх барилдуулж, таван насны морь уралдуулаад л өнгөрдөг. Энэ бол авьяас билгийг, эх хэлний дархан аваргуудыг мартахуйн мананд оруулах гэсэн харийн бодлого л юм даа.

Ш.Сүрэнжав: ӨДГӨӨ ДАШБАЛБАРЫГ АЛГАБОЛСОНД БИ БАС ИТГЭЖ ӨГӨХГҮЙ Л БАЙНА

Монгол Улсын ардын уран зохиолч, төрийн шагналт Шаравын Сүрэнжав:

-Дашбалбар бидний одоог хүртэл хийж чадаагүй, хүмүүст уран бүтээлээрээ хэлэхийг хүссэн амьдрал, хүний мөн чанарын тухай ойлголтыг тухайн үедээ гаргаж ирж, олны хүртээл болгож чадсан аугаа найрагч юм. Дашбалбарыг хойшоо явж сурахаас нь өмнө хамт явах гэж буй хүүхдүүдээс математикийн шалгалт авсан юм. Манай хүн ямар юмных нь тоо мэдэх билээ. Ингээд шалгалт автал шалгалтын материалан дээр нь шүлэг биччихсэн байсан юм. Тэгтэл Дээд боловсролын хорооныхон “Манайхаас зохион байгуулсан арга хэмжээг зориуд нурааж, унагаж байна” хэмээн зарга хийснээр Дашбалбарын Оросод сурах нь асуудал болж байлаа. Ингээд томчууд дээгүүр ярьсаар байж Дашбалбарыг хойно хоёр жил сургасан юм. Очирбатын Дашбалбар бидний үед төрсөн энгүй их суу билэгтэн байсан. Тэрээр аав Очирбатыгаа өөд болоход нь “Дээлийг тань өмсөж, бүсийг тань бүслээд

Дэлхий дээгүүр хүү чинь алхаж явна даа

Арван тавны сар оддын адил мэлмэрнэ

Алга болсонд тань нэг л итгэж өгөхгүй байна” хэмээх шүлгээ бичиж билээ. Үүнтэй адил өдгөө Дашбалбарыг алга болсонд би бас итгэж өгөхгүй л байна.

Ц.Хулан: ЭХ ОРОНЧ, ЯРУУ НАЙРАГЧ О.ДАШБАЛБАРЫН УРАН БҮТЭЭЛИЙН ЦӨМ, АГУУЛГААС УЛС ТӨРЧИД ИЧИХ ЁСТОЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Цоодолын Хулан:

-Өдгөөгөөс дөчин жилийн дараа О.Дашбалбар найрагчийн 100 жилийн ойгоор нь ЮНЕСКО-оос монголчуудын оюун санааны яруу найргийн сод төлөөлөл болсон Очирбатын Дашбалбарын яруу найргийг соёлын үнэт өвд бүртгэх байх. Магадгүй тэр үед Монголын одон орон хөгжиж Очирбатын Дашбалбар буюу овог, нэрийнх нь эхний үсгээр “ОД” болон гэрэлтсэн энэхүү хүмүүн одыг тэнгэрт нэр зааж, нэгэн одыг Очирбатын Дашбалбар хэмээн нэрлэх байх аа” хэмээн яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо гуай их сайхан зүйлийг ярьж бидний сэтгэлийг бөмбөрүүлж, хөдөлгөлөө. Үнэхээр ч тийм юм. Яруу найрагчтай ард түмэн яруу найрагчгүй ард түмнээс оюун санаа, сэтгэлгээний хувьд илүү баян байдаг. Очирбатын Дашбалбар шиг найрагч нэгэн зуунд ховорхон төрдөг. Одоогоос хорь, гучин жилийн өмнө тэрээр “Газар шорооны төлөөх тулалдаан эхэллээ” хэмээн ярьж, бичиж байсан. Өнөө цагт дэлхий дахинд ийм л байгаа. Ирээдүйг эртнээс харж бичдэг ийм л яруу найрагч хүн. Эх оронч, яруу найрагч О.Дашбалбарын уран бүтээлийн цөм, агуулгаас улс төрчид ичих ёстой. Яруу найргийг хавсралт урлаг мэт ойлгож, яруу найргийг зүгээр толгой холбож, уран ярьдаг хүмүүс мэтээр ард түмэнд ойлгуулахыг улс төрчид хүссээр ирсэн. Санасандаа ч хүрч чадаж байгаа. Гэтэл үүний эсрэг бослого зарлаж буй мэт Дашбалбарын ном бүтээл өнөөдөр жаран жилийнх нь ойгоор дахин ирж байна. Тэгэхээр Дашбалбар судлал бол зөвхөн явцуу хүрээний уншигчид юм уу, түүний найз нөхөд, ар гэрийнхний асуудал биш ээ. Дашбалбар судлалыг улам сайн хөгжүүлж, монголын ард түмэнд яруу найрагчийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх учиртай. Их найрагчийн үзэл санааг Монгол даяараа мэдэж байж гэмээн өнөөдөр манай улс хөгжлийнхөө зөв голдрилдоо орно.

Д.Жаргалсайхан: ДАШБАЛБАР БОЛ ӨӨРӨӨ ТЭР ЧИГТЭЭ БРЭНД ЮМ

“Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан:

-Дашбалбар бол өөрөө тэр чигтээ брэнд юм. Тэр байж байгаа, амьдарч байсан хэв маяг, зан ааш нь рок. Шүлэг зохиол нь эрч хүчтэй, галтай цогтой. Ерөөсөө маш хоромхон зуурд амьдраад буцахдаа энэ хорвоог зүгээр бужигнуулчихсан л хүн шүү дээ. Үүнийг хэлэх нь зүйтэй. Дашбалбар маань Их хурлын гишүүн байхдаа тэрхүү хүндтэй индрээс Монголын эстрад, рок попын урлагийг дэмжиж, олон улсын хэмжээнд гаргахад хөрөнгө мөнгийг нь шийдээч хэмээн хэлж байсан ганц хүн юм. “Чингис хаан” хамтлагийг 1991 онд Япон руу явж байхад өөрийнхөө “Зохист аялгуу” хэмээх сониныхоо бүтэн том нүүрийг “Чингис хаан, арлын Японыг байлдан дагуулахаар явлаа” хэмээн гаргаж байсан. Тухайн үед ингэж гаргах нь бас л их зориг шүү дээ. Тэгэхээр энэ хүн өөрөө их өргөн дэлгэр сэтгэж чаддаг, хэнээс ч айж ширвэдэггүй. Үнэхээр шүлэгтэйгээ адил цогтой, зоригтой сайхан амьдарсан хүн юм. Намбарын Энхбаяр Монголын зохиолчдын хороонд орчуулагчаар ажиллаж байхад Дашбалбартай намайг танилцуулж байсан юм. Анх тавдугаар сургуулийн урд байрлах мурий цагаан байранд гэрт нь очиход анд маань хөлөө хугалчихсан байдалтай намайг угтаж билээ. Тухайн үед би гэнэт яваад очсон болохоор Дашбалбар их санаа нь зовсон байдалтай, яахаа мэдэхгүй тэвдэж “За ороорой” хэмээн хэлж билээ. Ингээд дотогшоо орох гэхэд жижигхэн өрөөнд хүүхдүүд нь шалаар нэг тоглоомоо асгаад тоглож байна. Би хаагуур нь гарахаа мэдэхгүй зогсож байсан тэр үе бол найзтайгаа нүүр тулж уулзсан анхны өдөр байсан. Энэ өдрөөс хойш бид хоёрын нөхөрлөл эхэлж, олон сайхан уран бүтээлийн эхлэл тавигдаж билээ. Анх уулзсан өдөр тэднийд гурван цаг гаруй ярьж, суугаад гарахдаа “Бороотой үдшийн дуу”, “Бага насны дурсамж”, “Дарьганга нутаг”, “Наранбулаг”, “Гэгээн наранд ойрхон өслөө” хэмээх бага насны дурсамж шингэсэн маш олон шүлгүүдийг нь аваад гарснаа санж байна. Энэ үе бол 1984 он шиг санагдаж байна. Дашбалбарын гэрт нь зочлохоор анд маань надад өөрийн хийж бүтээсэн бүх зүйлээ харуулж, сүйд болдог байсан. Борхүүхэнийхээ чанаж өгсөн чихэртэй баахуу цайг бид хоёр хөлсөө гартал ууж, андынхаа шүлэг, уран бүтээлийг нь уншаад суух шиг жаргал үгүй байжээ. Бид гэр бүлийн их сайхан найзууд байлаа. Би Борхүүхэний гарын хоолыг олон ч жил идлээ. Дашбалбар ч манай гэргийн цайг олон удаа уусан даа. Миний хүү Тэнгэрийг төрөхөд анд минь “Тэнгэр шиг бай” хэмээх шүлгээ зориулан бичиж байсан. Дашбалбарын гэрт яг хажууд нь суугаад яруу найргийг нь уншихад ер бусын эрч хүч, энерги мэдрэгддэг шүү. Тухайн үед Дашбалбарыг ажиглаж байхад яг гараанаасаа гарах гэж буй хурдан морь шиг нэг л аугаа зүйл хийх нь мэдрэгдэж, эрч хүч нь буцалж байсан. Ер нь хүнтэй анх уулзаж, хэдэн үг солиход л тэр хүний ямархуу сэтгэлтэй, мөн чанартай хүн болохыг нь мэдэрдэг шүү дээ. Тэр утгаараа бид хоёрын нөхөрлөл их удаан, сайхан байх нь ээ хэмээн зөнгөөрөө мэдэрч билээ.

Ай.Төмөр-Очир: ЖИНГИЙН ЦУВАА ХОЛДОХ ТУСАМ, ЭНЭ ХҮНИЙ НЭР АЛДАР, УРАН БҮТЭЭЛ НЬ УЛАМ ТОДОРНО

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ай.Төмөр-Очир:

-Очирбатын Дашбалбар хэмээх эгэлгүй хүн 1957 оны тахиа жил төрсөн. Жаран насных нь ой тахиа жил тохиож байна. Би Сүхбаатар аймгийн Наран сумын хүн. Бид хоёр гэмгүй сайхан найзалж, нөхөрлөж байсан. Балбар маань надаас ганц хоёр ах байх. УИХ-ын XXXI тойрог гэж Монголын улс төрийн түүхэнд анх удаа улс төрийн гурав дахь хүчин гарч ирэн УИХ-д суудал авсан. 1996 онд Балбарыг УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд нь миний бие менежерээр нь ажиллаж байлаа. Очирбатын Дашбалбар бол төрийн шагнал, төрийн түшээдийн тэмдгийг энгэртээ зүүсэн ганц улстөрч. Тэрбээр бурхан болохдоо “Сэгэн дээр минь битгий уйлаарай, Сэвсэн дээр минь олигтойхон дуугараарай” хэмээн гэрээслэсэн. Энэ үгийг хэн нэгэнд нэр зааж хэлээгүй ч Монголын яруу найрагч, орчин үеийн залуустаа эх орончийн дуу хоолой тасрахгүй шүү, иртэй байгаарай хэмээн хэлсэн үг гэж ойлгодог. Жингийн цуваа холдох тусам, он цаг алсрах бүр энэ хүний нэр алдар, уран бүтээл нь улам тодорно.

Д.Нямаа: МОНГОЛЫН УТГАЗОХИОЛЫН НАЯАД ОНЫХОН ГЭДЭГ БОЛ АЛТНЫ СУДАЛ ШИГ ҮЕ ЮМ

Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн эрхлэгч Данзангийн Нямаа:

-Их найрагчийн амьдралынх нь гэрэлт агшин гэнэт санаанд буулаа. Дашбалбар маань анх удаа Улаанбаатар хотод зураач болох санаатай орж ирж билээ. Балбартай би 1970-аад оны дундуур танилцсан. Монгол Улсын Их сургуулийн С.Дулам багшийн дугуйлан дээр Багшийн дээдийнхэн, “Гал” нэгдлийнхэн ирж шүлгээ уншдаг байв. Тэнд Балбар маань ирж шүлгээ уншдаг, их гал цогтой яруу найрагч байсан. Манай “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн анхны дугаарт Очирбатын Дашбалбарын яруу найрагч Бямбажавын Хүрэлбаатарт бичсэн захиа нийтлэгдэж билээ. Тэр захианд “Би яруу найргийг өөрийнхөө амьдралын утга учир болголоо” хэмээн бичиж байсан юм. Тэгэхээр арван долоохон настай хүү амьдралынхаа утга учрыг тэр үед, ингэж тодохойлно гэдэг бол аугаа их авьяастайн шинж. Би ч бас 16, 17 настай явсан. Хэзээ ч амьдралынхаа тодорхой итгэлийг хүнд ингэж хэлж байгаагүй. Ийм насны хүүхдүүд амьдралын утга учрыг ойлгох нь битгий хэл таниа ч үгүй, дэрвэж, дарвиж л явдаг шүү дээ. Гэтэл Балбар маань цэл залуугаараа хүний амьдралын утга учир, мөн чанарыг ойлгочихсон байсан нь аугаа хүний төрөлхийн билэг, танхай авьяас, суу билэг юм. Он цаг өнгөрч, түүхийн шаргал хуудас зузаарахын хэрээр Очирбатын Дашбалбарын яруу найраг, уран бүтээлийн өнгө, агуулга нь улам л тодорно. Биднийг наяад оныхон гэдэг. Энэхүү өндөрлөгөөс эргээд харахад Монголын утга зохиолын наяад оныхон гэдэг бол алтны судал шиг үе юм. Ухаандаа яруу найрагч Очирбатын Дашбалбар, Нямсүрэн, сумын заан алдарт Мягмарсүрэн, яруу найрагч Цэндийн Чимэддоржгүйгээр Монголын уран зохиолын яруу найргийг ярих ямар ч боломжгүй болчихож байгаа юм. Мөн Пүрэвжавын Баярсайхан зохиолчийг ярихгүйгээр тууж өгүүллэгийг, Соргодогийн Жаргалсайханыг ярихгүйгээр орчин үеийн уран зохиолын кино, жүжгийг тодорхойлох боломжгүй болчихно. Ингээд яриад байвал наяад оныхны авьяас билгийн тэрхүү сондор бол ёстой алтны судал шиг гялалзаж байсан юм аа” хэмээв.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Нацагдорж: Надад ямар нэг ашиг сонирхол байхгүй учраас шүүх засаглалыг өмгөөлье, хамгаалъя л гэсэн юм

Монголын хуульчдын холбооны ээлжит III Их хурал маргааш болох гэж байна. Энэхүү хурлаараа холбооны дүрэмд өөрчлөлт оруулах, мөн холбооны Ерөнхийлөгчийг шинээр сонгох асуудлаар хэлэлцэх аж. Энэхүү албан тушаалд зургаан хуульч нэр дэвшиж байгаа юм. Түүний нэг нэр дэвшигч, өмгөөлөгч Г.Нацагдоржтой цөөн хором ярилцлаа.


-Хуульчдын холбооны Их хурал удахгүй болох гэж байна. Хурлаар ямар асуудлыг хэлэлцэх вэ?

-Хуульчдын холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, холбооны Ерөнхийлөгчийг сонгох асуудлыг нийт хуульчдаас сонгогдсон төлөөлөгчдөөс буюу Их Хурлын хуралдаанаар хэлэлцэнэ. Харин төлөөлөгчдийг сонгосон сонгуулийн үр дүн нь нийт хуульчдын хүсэн хүлээсэн буюу тэдний дуу хоолойг шийдвэр гаргах хуульчдад хүргэх сонголт болсон гэж би үзэхгүй байгаа.

-Ерөнхийлөгч гэснээс хэдэн жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийг шүүхэд хариуцагчаар татаж байсан өмгөөлөгч та байх аа. Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Анхан болон давж заалтах шүүхийн бүх шүүгч нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргасан. Тэд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй тул Ерөнхийлөгчийн зарлиг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж Үндсэн хуулийн Цэцэд хандан мэдээлэл гаргасан. Дараа нь энэ асуудлаар өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон.

-Тэгээд Үндсэн хуулийн Цэцэд хянагдаж байсан хэрэг яагаад шүүхийн асуудал болчихсон юм бэ?

-Учир нь Захиргааны хэргийн шүүх дээр шүүгч нарыг чөлөөлсөнтэй холбоотой асуудлаар хэрэг үүссэн гэх үндэслэлээр мэдээллийг хүлээн авахаас татгалзсан юм. Ингээд тухайн иргэд буюу албан тушаалдаа эгэн томилогдоогүй 12 шүүгчтэй уулзалдаж, тэдний өмгөөлөгчөөр ажиллах болсон. Анхан шатны шүүх хуралдаанаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолыг илт хууль бус хэмээн тооцсноор нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй тул Ерөнхийлөгчийн зарлиг хүчин төгөлдөр байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Уг шийдвэрийг эс зөвшөөрөн давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан ч шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Хамгийн харамсалтай нь тухайн захиргааны хэрэг дээр Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийг үгүйсгэдэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байнга саад учруулдаг нэр бүхий хоёр иргэнийг татвар төлөгчийн мөнгөөр хөлслөн өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр сонгон авсан явдал юм. Энэ талаар миний бие тухайн үед өөрийн цахим хуудаст бичиж, нийтэд хүргэсэн тул удалгүй хариуцагч тал итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзаж байлаа. Хяналтын шатны шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон тул 2015 оны нэгдүгээр сард Үндсэн хуулийн Цэцэд дахин хандсан. Дахин хандахад Үндсэн хуулийн эрх зүйн маргаан биш гэх үндэслэлээр мэдээллийг хүлээн авч маргаан үүсгэхээс татгалзсан. Цэцийн гишүүний тогтоолд холбогдуулан Үндсэн хуулийн Цэцэд хандан дахин гомдол гаргасан. Тогтоолыг хэвээр үлдээсэн магадлалд тогтоол үндэслэлтэй байна, харин эрх нь зөрчигдсөн иргэд шүүхэд хандах эрх нь нээлттэй байна гэсэн. Ингээд миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Иргэний хэргийн шүүхэд хандан Ерөнхийлөгчийг шүүхэд анх удаа хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан. Шүүх харьяаллын бус гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул уг захирамжийг эс зөвшөөрөн гомдол гаргахад хэвээр үлдээсэн. Тэгэхээр нь захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Гэвч мөн л харьяаллын бус гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн аваагүй. Иймд харьяалал тогтоолгохоор Үндсэн хуулийн Цэцэд хандан гомдол гаргахад Үндсэн хуулийн эрх зүйн маргаан биш байна гэсэн ба шүүхэд хандах эрхтэй талаарх магадлалын заалт хүчинтэй байна гэсэн хариуг өгсөн. Энэ үед хуульчдын эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй Монголын хуульчдын холбоо, шүүгч нарын эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс ямар нэг бодитой буюу эрх зүйн үр дагавар бий болгох ямар нэг үйлдлийг хийгээгүй шүү дээ.

-Ер нь та Үндсэн хуулийн асуудал гэж их ярих юм. Энэ чиглэлээр илүүтэй мэргэшсэн хүн үү?

-Үгүй ээ. Би захиргааны эрх зүйн багш. Хичээл маань Үндсэн хуулийн эрх зүйтэй шууд холбогддог учраас энэ чиглэлээр сонирхон судалдаг юм.

-Тэгвэл та яагаад зөвхөн шүүхтэй холбоотой асуудлаар гомдол, мэдээлэл гаргаад байна вэ?

-Улстөрчид нь хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалаа хамгаалж, тэдэнд зориулж хуулиа баталдаг. Харин шүүх засаглалыг өмгөөлдөг, хамгаалдаг төрийн байгууллага байдаггүй. Надад ямар нэг ашиг сонирхол байхгүй учраас шүүх засаглалыг өмгөөлье, хамгаалъя л гэсэн юм.

-Шүүхтэй холбоотой өөр ямар асуудал байна вэ?

-Шүүхийг нэгтгэж, тэдгээрийг дугаарлан тойргийн системд оруулсныг үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, Үндсэн хуулийн Цэцэд хандан мэдээлэл гаргасны дагуу уг зөрчил арилсан. Гэвч нөгөө л нэгдсэн шүүх хэвээр бөгөөд иргэдээсээ холдсон буюу байршлын хувьд чирэгдүүлсэн хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ хэлбэрийн хувьд биелүүлсэн мэт боловч агуулгын хувьд биелүүлээгүй хэвээр байгаа. Мөн хэрэг маргааныг шийдвэрлэх замаар хуулийг тайлбарлах нь Үндсэн хууль зөрчиж байгааг Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасны дагуу хуулийн уг заалтыг Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгосон. Гэвч хуулийг хэрхэн зөв хэрэглэх талаар тайлбар хийх эрхийг нь Улсын дээд шүүхэд УИХ-аас өдийг хүртэл олгоогүйн улмаас хуульд байхгүй нэр томьёо болох зөвлөмж гаргуулан Улсын дээд шүүхийг үндсэн хууль зөрчүүлж байгаа юм. Гэвч Улсын дээд шүүх нь Үндсэн хуулийн Цэцэд харьяалагдах субьект биш тул уг зөрчлийг зогсоох зөвтгөх арга зам хуульч миний хувьд байхгүй байна.

2016 оны аравдугаар сард Сүхбаатарын талбай дээр “Улаанбаатарын намар” арга хэмжээ болж, улсын төсвөөс 218 сая төгрөг гарсан байдаг. Нийслэлийн Засаг даргын гаргасан А680 дугаар захирамжийг хуульд нийцээгүй болохыг тогтоолгохоор МОнгол Улсын Ерөнхий сайдад хандан миний бие гомдол гаргасан. Гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тул Захиргааны хэргийн шүүхэд Ерөнхий сайдыг хариуцагчаар татан иргэн миний бие нэхэмжлэл гаргасан. Харин Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэх үндэслэл заахаас гадна Ерөнхий сайдыг бус харин Нийслэлийн Засаг даргыг хариуцагчаар татах нь зүйтэй гэсэн агуулгаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан.

Уг захирамжийг эс зөвшөөрөн гомдол гаргахад гомдолд дурдсан үндэслэлийг дурдахгүйгээр тогтоол гаргаж, захирамжаа хэвээр үлдээсэн. Захиргааны хэргийн шүүхийн харьяаллынх биш гэсэн учраас иргэн болон Эрүүгийн хэргийн шүүхэд хандсан боловч мөн хүлээн авахаас татгалзсан. Иймд шүүхүүд хэргийн талаар буюу миний гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул харьяалал тогтоолгохоор өнгөрсөн хоёрдугаар сард үндсэн хуулийн цэцэд хандсан. Үндсэн хуулийн эрх зүйн маргаан биш байна гэсэн хариуг тавдугаар сард өгсөн. Тэгэхээр нь Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ буюу гомдлыг заавал шийдвэрлэхгүй байгаа Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчиж байна хэмээн Үндсэн хуулийн Цэцэд хандахад мөн Үндсэн хуулийн эрх зүйн маргаан биш гэх үндэслэлээр маргаан үүсгэхээс татгалзсан.