Categories
мэдээ цаг-үе

Арван охин, нэг хөвгүүнтэй Анагаахын төгсөгчид

“Хүсэл бүхэн мухардах цагт

Хүрээд очих андуудтайгаа сана

Хүний амь дэнслэх цагт

Хүслээ шивнэсэн тангарагтайгаа сана” хэмээх мөртийг уншаад ямар хамт олныг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа онцлох гэж байгааг уншигчид маань гадарласан байх. Олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг 2002-2008 онд амжилттай сурч төгссөн, арван охины зүрхийг хайлуулагч залуу Ч.Буджавын ангийнхныг онцолсон юм. Дээрх мөртүүд эдний ангийн төгсөлтийн цомогт сувдан шигтгээ мэт бичигдэн орсон нь онцгой харагдах аж. Анагаахын их сургуулийн Ерөнхий мэргэжлийн ангийнхан зургаан хавар, зургаан намрыг инээд хөөр, баяр, гунигийн дурсамжтай арваннэгүүлээ хамт төгсжээ. Мэдээж тэдний арав нь охин, нэг хөвгүүн. Мэргэжил мэргэжлийн дундаас эмчийн мэргэжил хамгийн хэцүү хэр нь хамгийн буянтай сайхан ажил байдаг аа гэж хүний дээд болсон ахмад эмч, сувилагчид ярьдаг. Өмссөн халаат шигээ цагаахан үйлстэй, хүний эрүүл мэндийн дархан хилийг хамгаалдаг эмч хүмүүн ертөнцийн сод болсон буянтай мэргэжлийн эзэд ээ хэмээн нэрт зохиолч Л.Дагвадорж гуай хэлсэн байдаг. Ч.Буджавын ангийнхныг албан ёсны нэршлээр А-626 дугаар хэсэг хэмээн нэрлэдэг байна. Энэхүү хэсгийн ахлагч буюу ангийн дарга нь П.Болормаа ажээ. Оюутан насны дурсамж гэдэг насан туршид анд, нөхдийнх нь сэтгэлд залуу насных нь баяр жаргал болон үлддэг билээ. П.Болормаа дарга угийн тослог бор арьстай охин байж. Нэг өдөр анги дотор ийм нэгэн хөгжилтэй яриа болсон гэнэ. Ангийн ганц хөвгүүн П.Буджав “Болороо, чи яагаад ийм бор юм бэ” гэж асууж л дээ. Тэгтэл дарга “Намайг жоохон байхад манай ээж тарваганы тосоор биеийг минь тосолж, наранд хатаасаар байгаад ийм бор болсон юм гэдэг” хэмээн хэлтэл, ангийнхан нь пирхийтэл инээлдсэн гэнэ. Тэр явдлаас хойш энэхүү онигоо уулзалт бүрт яригдаж, нэгэн хөгжилтэй дурсамж ийн үлджээ. П.Болормаа дарга өдгөө АНУ-ын Калифорниа мужын Сан Франциско хотод сэтгэцийн эмчийн нарийн мэргэжлэлээр сурч байгаа ажээ. Оюутан байхын л сэргэлэн цовоо, нийгмийн идэвх зүтгэлтэй тэрбээр анги хамт олноо зургаан жил нэр төртэй удирдаж төгсгөсөн гавьяатан гэнэ. Анагаахын шинжлэх ухааныг судалж, таньж мэднэ гэдэг арван жилийнхээ ширээнээс дөнгөж салсан нэгдүгээр дамжааны оюутнуудад эхнээсээ л сонирхолтой, адал явдалтай санагддаг байна. Бүр ламд очиж, сүнсээ дуудуулж үзээгүй нэг ч оюутан байдаггүй гэж эдний сургуулийнхан хэлэлцдэг. Ингэж бодохоор үнэхээр аймшигтай, адал явдалтай ажээ. Энэхүү адал явдал 626 дугаар хэсгийг ч тойрсонгүй. Гуравдугаар дамжааны оюутнууд гэдэг угтаа дөнгөж л сургуультайгаа танилцаж, хичээл ордог багш нарынхаа зан аашийг мэдэхтэйгээ болдог гэнэ. Тэр хавар эдний сургуульд анатомийн олимпиад болсон байна. Анатоми гэдэг нь хүний эд эрхтэнг судалж, дадлага хийдэг хичээл. Энэхүү олимпиад болохоос сарын өмнө ангийнхан морфологийн тэнхимд олимпиадад оролцох баг, багаараа орж, нас барсан хүний биеэс эд эрхтүүдийг нь ангилан авч, үзүүлэн бэлтгэх ёстой байжээ. Ингээд Ч.Буджав ангийнхаа дотнын найз Д.Уранчимэгтэй хамт нэг баг болж. Энэ хоёрын олимпиадад оролцох сэдэв нь хүний биеийн яс угсрах үзүүлэн аж. Иймд тэр хоёр нөгөө анатомийн тэнхимд байх өөд болсон хүний мөчийг салган авч, түүнийгээ ясыг нь цэвэрлэж авах шаардлагатай болжээ. Махыг нь яснаас салгаж, цэвэрлэх ажил гэдэг өмхий, сэжиг хүрмээр ажил байх нь ойлгомжтой. Мөн ажиллагаа их ордог байна. Тийм болохоор оройжин тэрхүү тэнхимд дээрх ажлаа мань хоёр нөхөр хийдэг байжээ. Анатомийн тэнхим нь спортын заал шиг том гэнэ. Ингээд нэг орой Ч.Буджав, Д.Уранчимэг хоёр тэнхимдээ яс цэвэрлэх ажлаа хийсээр оройтсон байна. Оюутан нас учир дуу, хөгжим сонсож, тэрүүхэн зуураа хөгжилтэйгөөр яс цэвэрлэх ажлаа үргэлжлүүлж байж л дээ. Гэтэл гэнэтхэн хүний алхаж буй хөлийн чимээ тог, тог хийгээд сонсогджээ. Ямар ч хүн байхгүй үед яагаад хөлийн чимээ сонсогддог билээ гэж эхэндээ тэр хоёр гайхаж, нэгэн рүүгээ айсан царайтай харж. Тэр үед дахиад л нөгөөх хөлийн чимээ мань хоёр нөхөрт сонсогдсон байна. Бүр хойгуур нь хүн алхах шиг мэдрэгджээ. Ч.Буджав, Д.Уранчимэг хоёрын нуруугаар нь хүйт дааж, айдсаа тэвчихээ байгаад тэр тэнхимээс хар хурдаараа гүйн гарсан гэнэ. Ингэхдээ Ч.Буджав хамгийн түрүүнд тэнхимээс гүйн гарчээ. Гэтэл нөгөө сонсогдоод байсан хөлийн чимээний дууг ангийн дүрсгүй охид болох Р.Намуунсүрэн, С.Оюунханд нар нуугдчихаад санаатайгаар гаргаад байжээ. Царай зүс нь хувхай цайсан ангийнхаа нөхдийг хараад татаж, унатлаа инээлдсэн гэнэ. Арваад жилийн өмнө айлгах төлөвлөгөөг ийн зохион байгуулагч ангийн охин Р. Намуунсүрэн нь өдгөө Амгалан төрхийн амаржих газрын нярайн эрчимт эмчилгээний их эмч болжээ. Тэрээр их эршүүд, зүггүй охин байсан гэнэ. Тийм ч болохоор айлгах төлөвлөгөөг сэдэж, зохион байгуулсан болов уу. Гэхдээ хичээлдээ их мундаг, ерөөсөө тасалж байгаагүй аж. Ч.Буджавын ангийнхан нэгдүгээр дамжаандаа анх удаагаа Нэгдүгээр эмнэлгийн моргт орж үзжээ. Анагаахын оюутнуудын хамгийн анхны айдсаа давах даваа нь энэ аж. Морг гэдэг нас барсан хүн хадгалдаг, түүнийг судалж, бие эрхтэн дээр нь шууд дадлага хийдэг газар билээ. Ингээд эр зоригт ганц хөвүүнээрээ манлайлуулсан арван охинтой ангийнхан морг руу орж. Гэтэл хаалганы цаана эр зоригтой байсан ангийхан орж ирэнгүүт айх нь айж, бөөлжих нь бөөлжиж, уйлах нэгэн нь уйлж, зарим нь мэл гайхсан гэнэ. Тэр дундаа тэргүүн эгнээд алхсан эр зоригтон Ч.Буджавын дотор нь муухайрч, гэдэс, дотор эрхтнийг нь гаргачихсан цогцсыг харах бүртээ муужирч унах шахсан ажээ. Ингээд тэрхүү хичээлээ арайхийж дуусгасны дараа Ч.Буджав долоо хоног мах идээгүй гэнэ. Шөнө болгон хар дарж зүүдлээд, дотор нь муухай оргисноос болж бие нь хүртэл тавгүйтэж эхэлжээ. Улмаар түүний ээж нь лам хард үзүүлж, сүнсийг нь дуудаж байж сая нэг зүгээр болсон байна. Иймэрхүү хөгтэй, хөгжилтэй дурсамж их бий гэдгээ ангийн ноён нуруу болох Ч.Буджав бидэнд ярьсан юм. Нэг сургуулийн дээвэр дор зургаан жил тохой нийлүүлэн хамт сууна гэдэг бие биеэ дэндүү сайн мэдэж, хамт хийж, бүтээсэн зүйл, дурсамж түүх их байх нь ойлгомжтой. Нэгнийхээ айсан үед хажууд нь нөмөр болж, аашилсан үед нь буулт хийж, анагаах эрдэмдээ хамтдаа мэрийж, хамт дэрвэн, зугаацаж явсан оюутан нас гэдэг юутай сайхан байсныг ангийнх нь нөхөд дурсан ярьж байв. Айлын ганц хүүхэд эрх гэдэг шиг эдний ангийн ганц хөвгүүн Ч.Буджав нь зургаан жил цэцэг шиг сайхан арван охиныхоо цагаахан хайр, халамжин дунд сурч, төгссөн гэнэ.

А-626-ГИЙНХАН ТӨГСӨӨД АРВАН ЖИЛ БОЛЖЭЭ

Анагаахын их сургуулийг төгсөөд арваад жил болж буй эдний ангийнхан өдгөө мэргэжлээрээ ажиллаж, улс нийгэм, хүн зоныхоо төлөө хоёргүй сэтгэл зүрхээр ажиллаж яваа ажээ. Ангийн ганц хөвгүүндээ нууцхан дурлан, шохоорхож явсан Өмнөговийн бүсгүй Ө.Солонго нь өдгөө аймгийнхаа бүсийн оношилгооны төвд их эмчээр ажиллаж яваа гэнэ. Ө.Солонгод говийн бүсгүйн даруухан ааль, хүлээцтэй зан байдаг ч цаанаа л нэг адтай, сэргэлэн, нийтэч оюутан байсан гэнэ. Хааяа толгой нь өвдөхөөрөө хичээлээ тасалчихдаг хэнэггүй зантай ч сурлага сайтай охин байсан аж. Мөн эрэгтэй хүүхдээс дутахааргүй дүрсгүйтдэг, хэнэггүй явсан оюутан найз нь Д.Заяа. Ангийнхаа ганц залууг юм бүхнээрээ л дийлчих гээд байдаг гэв. Р.Намуунсүрэн, Д.Заяа хоёр ааш авир адилхан, рок стилиэр хувцасладаг дүрсгүй, гэхдээ хичээлдээ сайн охид байж. Ангийн даруухан, жижигхэн биетэй, “авсаархан” охидын нэг С.Алтанчимэг нь өдгөө Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдрэлийн эмгэг судлалын тасагт их эмчээр ажиллаж байгаа. Тэрбээр Сэлэнгийнх ба хичээл, сурлагадаа онцгой нэгэн гэнэ. А-626-гийнхан төгсөөд зарим нь гадаадад мэргэжил дээшлүүлэн сурч, ажиллаж байгаа бол зарим нь хөдөө, орон нутагт ажлаа хийсээр байгаа юм байна. Тэдний нэг болох С.Оюунханд нь Дорнод аймгийн бүсийн оношилгооны төвийн халдвартын эмчээр ажилладаг аж. Оюутан байхдаа хааяа хэнэгүй зан гаргаж, хичээлээ тасалдаг байсан ч бусдын л адил сургуулиа нэр төртэй суралцан төгссөн байна. Тэрээр уруулынхаа орчим том мэнгэтэй гэнэ. Ангийн анд Ч.Буджав нь түүнийг одоогийн Хууль зүйн сайд Ц.Нямдоржтой адилтгаж шоолдог байжээ. Оюутан насны гэгээхэн, хиргүй цагаахан зан чанараа өдий хүртэл хадгалсаар яваа гэнэ. Л.Мандалсүрэн нь Цэргийн госпиталийн эмчээр ажилладаг. Оюутан байхдаа хүн бүртэй үг сөрчих гээд байдаг ч гэмгүй цагаахан, цайлган сэтгэлтэй охин байсан гэдгийг ангийн найз Ч.Буджав нь онцлон хэлсэн юм. Харин С.Нямжав нь Өргөө амаржих газрын эх барих эмэгтэйчүүдийн эмчээр амжилттай сайн ажиллаж байна. Ангийн хамгийн урт нэртэй охин нь Д.Нямсүрэндэжид гэв. Тэрбээр өдгөө төрөлх сургуульдаа Анатомийн тэнхимийн багшаар ажилладаг. Монгол Улсын ардын жүжигчин Адилбишийн Дашпэлжээ гуайн охин Д.Уранчимэг эдний ангийнх. Тэрээр Ч.Буджавтай оюутан насандаа найз нөхдийн хүрээнд их дотно нөхөрлөж, ангийнхаа андууд дунд эгч, дүү хоёр хэмээн яригдаж явсан байна. Ч.Буджав нь өдгөө Залуучуудын эрүүл мэндийн корпорацийн захирал, хүний их эмч болжээ. Тэрбээр Олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан “Алтан гарт эмч-Шилдэг 100 залуу” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг удахгүй зохион байгуулах гэж буйгаа энэ үеэр хэлсэн юм. Энэхүү ёслолын ажиллагаанд дотоод, гадаадын шилдэг эмч нар оролцож байгаагаараа онцлогтой аж. Мөн шалгарсан шилдэг залуу эмчид Монголын залуучуудын холбооны тэргүүний залуу эмч алтан медаль, батламж, ивээн тэтгэгч байгууллагын шагнал зэргийг олгохоос гадна телевизийн нэвтрүүлэг бэлтгэн хүргэхээр зорин ажиллаж байгаа юм байна. Монгол Улсын эрүүл энхийн манаанд бат зогсох дайчдыг бэлтгэн гаргадаг хүндэт профессор, доктор, багш нараа дурсахгүй байхын аргагүй гэдгээ Ч.Буджав шавь нь хэлж байв. Эдний ангийнхны суралцаж байх үед сургуулийн захирлаар нь Анагаах ухааны доктор, профессор, академич Ц.Лхагвасүрэн ажиллаж байжээ. Мөн буруу зүйлд хатуу байж, зөв зүйлийг нь дэмжин, урмын үг, ухаан, сэтгэлээ зориулсан Оюутны албаны дарга, Биологийн ухааны доктор А.Гүрбадам багшдаа талархаж буйгаа уламжилж байлаа. Монгол Улсын гавьяат эмч С.Бямбасүрэн, Ж.Баасанхүү, Х.Гэлэгжамц, Г.Цагаанхүү нарын төр, нийгэмдээ танигдсан эрдэмтэн багш нар хичээл заадаг байсан гэдгээрээ энэ ангийнхан үеийн үед бахархаж явдаг гэв.


Categories
мэдээ цаг-үе

Н.Баярсайхан: Боксын рингэнд хоёр ч тамирчин амиа алдсан гэхээр эцэг, эхчүүд хүүхдүүдээ тэмцээнд оруулахаас айж байгаа

Боксын өсвөр үеийн тамирчидтай холбоотой таагүй мэдээлэл сүүлийн үед цөөнгүй гарах болсон. Он гарсаар хөдөө, орон нутагт зохиогдсон боксын хоёр ч тэмцээний үеэр өсвөр насны хоёр хүүхэд нас барлаа. Иймд тэмцээн зохион байгуулагдах журам, дүрмийн талаар Монгол Улсын боксын спортын гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт, Ази тивийн хошой аварга Намжилын Баярсайхантай ярилцлаа.


-Юуны өмнө боксын спорт гэж яг юуг хэлээд байгаа талаар яриагаа эхлэх үү?

-Орчин үеийн бокс 1900-аад оны үед Англид хөгжсөн байдаг. Орчин үе гэдэг нь тухайн үед тамирчид дүрэмтэй, хамгаалалтын хувцастай, бээлийтэй ринг дээр гарч тулалдах болсон гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл боксын спортын анхны дүрэм зохиогдож тулалддаг болсноос хойш энэ спортын орчин үеийн хөгжил бичигдэх болсон. Тэгэхээр бокс гэдэг нь дүрэмтэй, оноотой, шүүгчтэй, техниктэй тулаан юм. Харин эдгээр зүйлгүй тулааныг зодоон гэж ярьдаг. Харин Монголд боксын спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэгч нь Н.Лувсандорж агсан юм. Тэрээр 1947 онд хуучнаар Зөвлөлт холбоот улсад Нисэхийн сургуулийг төгсөж ирээд 1948 онд Монголын хамгийн анхны боксын спортын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан хүн юм. Анх боксын тэмцээнийг их болхи зохион байгуулж байлаа. Одооных шиг ийм ринг байхгүй. Тухайн үед рингний оронд дөрвөн хүн олс барьж зогсдог байв. Дотор нь шүүгч, хоёр тамирчин тулалддаг, ийм л байсан. Тэр үед тамирчдын жин, насыг харгалздаггүй байлаа шүү дээ. Ер нь монголчуудад хамгийн их тохирох спорт бол бокс юм.

-Монголчуудад хичнээн тохирдог спорт ч гэлээ саяхан боксын спортоор хичээллэдэг хоёр ч хүүхэд тэмцээний үеэр амиа алдлаа. Яагаад өсвөрийн тамирчид ийн харамсалтай байдлаар амиа алдаад байна вэ. Энэ юунаас болов гэдэг талаас нь та тайлбарлахгүй юу?

-Яг тухайн тэмцээнүүдэд өөрийн биеэр байгаагүй болохоор юунаас болж хүүхдүүд амиа алдсаныг нарийн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ энэ бол цэвэр дасгалжуулагч, эцэг эхчүүдийн хариуцлагын асуудал болно. Мөн холбооны зүгээс дасгалжуулагч нарт зөв шаардлага тавьж, сургалтад хамруулж байх ёстойг хэлээд байгаа юм. Энэ ажил хийгдэхгүй байгаа болохоор тамирчидтайгаа тулж ажиллах, хэрхэн бэлтгэл хийлгэх үү гэдгээ ойлгодоггүй дасгалжуулагчид их болж байна. Ямар ч тэмцээн уралдаанд дасгалжуулагчид хүүхдүүдийг хариуцан авч явдаг шүү дээ. Тэмцээнд оролцохоос өмнө тамирчдынхаа биеийн эрүүл мэндийн байдал, сэтгэл санаа ямар байгааг байнга асууж, харилцах, түүнийг мэдрэх ёстой байдаг. Бүр эцэг, эхтэй нь холбоотой байж, хүүхдийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болсон байх шаардлагыг дасгалжуулагч хүнд тавьдаг. Тэр утгаараа саяын тэмцээнүүдэд амиа алдсан тамирчдыг бүрэн хариуцах хүн нь дасгалжуулагч юм. Тамирчид амиа алдсан нь олон шалтгаанаас болно л доо. Тухайн үед тэрхүү тамирчдын сэтгэл санааны байдал, бэлтгэл сургуулилт ямар байсан эсэх, бэлтгэлийн ачаалал их байсан уу гэх мэт. Бокс гэдэг маш хүнд бэлтгэл сургуулилтыг зөв хийж байж, амжилт гаргадаг спортын төрөл. Тамирчин хоол хүнсээ бэлтгэлтэйгээ хэр нийцүүлэх үү, хэдийд нь биеэ амраах уу гэдгээ ч хүртэл тооцох ёстой болдог. Сүүлийн үед манай өсвөр үеийн тамирчид өдөржингөө хүнд бэлтгэл хийчихээд гэртээ очоод шууд амрах ёстой байтал шөнөжин гар утсаараа ч юм уу, компьютер, телевизийн дэлгэц ширтээд суучихаад байна. Ингэхээр нөгөө амрах ёстой бие организм маргааш өглөө нь шууд тэмцээнд орохоор ачааллаа дийлэлгүй ялагддаг. Зарим нь хүчтэй цохилт дааж чадалгүй ухаан алдах тохиолдол ч байдаг. Тийм болохоор тамирчин хүн тэр дундаа боксоор хичээллэдэг хүүхдүүд зөв бэлтгэл хийж, сайн амрах ёстой. Мөн боксын тамирчид жин хасна гэж айхтар зүйл бий. Жингээ хасах гэж хоолоо сойх ч юм уу, буруу аргаар жингээ хасах гэж оролдох тохиолдол цөөнгүй. Буруу аргаар жингээ хасаж, бэлтгэл хийсэн, амарч чадаагүй тамирчин тэмцээнд шууд орно гэдэг их хэцүү. Хүүхдүүд чинь юмаа нуудаг. Тархи, толгой нь өвдсөн ч гэсэн “Намайг тэмцээнээс хасчихна” гэсэн айдсаасаа болоод дасгалжуулагчдаа хэлдэггүй тохиолдол ч байна. Зарим нь хол газраас мөнгө төгрөг зарлагадаж ирсэн болохоор тэмцээнд орохоос өөр аргагүй байдалд орно. Үүнийг дасгалжуулагчид мэдэрч, тамирчинтайгаа зөв харилцах ёстой юм. Энэ мэт их олон нөхцөл шалтгаан хэлж болохоор. Тэгэхээр энэ бүгдийг зохицуулж, дасгалжуулагчдыг чадавхжуулах ажил бол Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасангийн хийх ёстой ажил. Ер нь холбооны зүгээс жилд нэг удаа ч гэсэн мэргэжлийн хүмүүсийг цуглуулж, дасгалжуулагч, тамирчдад сургалт явуулах хэрэгтэй.

-Зарим тамирчид бэлтгэл сургуулилт хийхээс гадна биеийн хөгжлийг нэмэх нэмэлт хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх болж. Харин зарим нь дан ганц бэлтгэлээ л хийдэг. Хэдий нас, жин тэнцүүхэн ч хүч тамир, булчин шөрмөсний эрс ялгаатай хоёр тамирчин ринг дээр тулалдуулснаас болж нэг нь амиа алдах хэмжээнд хүрээд байна уу. Ийм зүйл байж болох уу?

-Ийм зүйл байхгүй болов уу. Өөрөөр хэлбэл боксын спортод 12-16 насны хүүхдүүд гэдэг жинхэнэ утгаараа тамирчин болоогүй үеийнхэн байдаг. Тэднийг зүгээр л сонирхогчид л гэнэ. Харин 16-аас дээш насныхан гэдэг чинь нас бие гүйцэж яваа, тамирчин гэдэг нэршил рүүгээ ойртсон байдаг. Тийм болохоор дээрх насны хүүхдүүдийн дунд тэмцээн зохион байгуулахдаа маш анхааралтай, өндөр хяналтан дор явуулах учиртай юм. Тэдгээр насны хүүхдийг тэмцээнд оруулахаас өмнө биеийг нь сайн халааж, даралтыг нь үзэж, толгойны хамгаалалт өмсүүлээд гаргах ёстой. Иймэрхүү зүйл дээр хариуцлагагүй хандаж байгаа нь дасгалжуулагч бид нарын өөрсдийнх нь л хайнга, хариуцлагагүйн алдаа юм шүү дээ. Энэхүү харамсалтай хэрэг Монголд анх удаагаа болж байгаа юм биш. Тэртээ 1970, 1980-аад оны үед тохиолдож л байсан. Ер нь боксын тамирчид тулалдах явцдаа цохилт аваад яг ринг дээр нас барчихдаггүй л дээ. Бэртэл авсан тамирчинг эмнэлэгт хүргэнэ, улмаар хуучин бэртэл, өвчин нь сэдэрсэн ч юм уу, эсвэл өөр ямар нэгэн шалтгааны улмаас ийм харамсалтай зүйл болдог. Монголын боксын түүхэнд миний мэдэхийн зургаан хүн байна уу даа, харамсалтайгаар бурхан болсон байдаг. Гэтэл сая ойрхон хоёр тэмцээнд хоёр хүүхэд амиа алдсанд харамсаж байна. Боксын рингэнд ийм ойрхон хоёр тамирчин амиа алдсаныг сонссон эцэг, эхчүүд хүүхдүүдээ тэмцээнд оруулахаас айж байгаа. Тийм болохоор цаашид Монголын боксын холбоо иймэрхүү асуудал дээр анхааралтай хандаж хаана, хаанаа болгоомжтой, хариуцлагатай байх нь зөв.

-12-16 насныхан тэмцээний үеэр бэртэж, зарим нь бүр амиа алдаж байна. Ийм байхад Монголын боксын холбоо энэ үеийнхний тэмцээнийг хориглож болохгүй гэж үү. Цаашид хичнээн хүүхэд бэртэж, гэмтэхийг бид мэдэхгүй шүү дээ…

-Ер нь нас насаар нь тэмцээнд оруулах ёстой. Гэтэл энд нэг алдаа гараад байдаг. Юу гэхээр зарим дасгалжуулагчид тамирчдынхаа насыг дарж орж ирдэг. Үүнийг улс даяар хянана гэвэл боломжгүй. 14 насныхны тэмцээн боллоо гэхэд 15, 16 настай хүүхдүүд 14 настай хүүхдийн гэрчилгээгээр ороод ирдэг. Ингээд хоёр насны зөрүүтэй хүүхдүүд хоорондоо зодолдоно гэдэг чинь өдөр, шөнө шиг ялгаатай шүү дээ. Үүнд хяналт тавьдаг судалгааны баг гэж байх ёстой. Яг 17, 18 нас хүрч байж насны зөрүү арилдаг. Тэрнээс өмнөх насныхан бол нас насаараа л тэмцээнд оролцох нь чухал. Манайханд бас нэг алдаа бий. Тэр нь боксоор хичээллэж байгаа хүүхэд кикбокс ч юмуу, тайбоксоор давхар хичээллээд байдаг. Өөрөөр хэлбэл кикбоксын тэмцээн боллоо гэхэд боксын тамирчин орж тулалддаг тохиолдол их анзаарагддаг. Үүнийг болих хэрэгтэй. Зөвхөн гараараа тулалддаг, нударганы цохилт авдаг хүн хөл техниктэй, хөлний цохилт авна гэдэг өөр шүү дээ. Тийм болохоор бокс бол боксоороо л явах учиртай. Яагаад хүүхдүүд тулааны бусад төрлөөр давхар хичээллээд байгаа вэ гэхээр тэмцээнтэй л холбоотой юм. Яг боксын тэмцээн манайд ховор зохиогддог. Болж өгвөл жилд 12-14 тэмцээн зохион байгуулах хэрэгтэй. Одоо манай улсын боксын нэрийг хэдхэн тамирчид л авч явж байна. Араас нь залгаад гарч ирэх залуу үе тасарчихаад байгаа. Спортын топ төрөл гэгдэх жүдо, чөлөөтийнхөн залуу үеэ их дэмжиж байна. Манай боксын холбоо ч гэсэн үүнээс жишээ авч, илүү сайн ажиллах хэрэгтэй.

-1960-аад оны эхээр боксын спортыг улсаас хааж, хориглож байсан гэсэн. Ямар учраас хориглосон байдаг юм бол?

-Миний мэдэхийн 1964-1968 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд боксыг хориглосон байдаг. Тухайн үеийн Биеийн тамир, спортын газраас “Боксын спорт Монголд ерөөсөө тохирохгүй юм байна, барууны орнуудаас орж ирсэн, хүн гэмтээдэг спорт” гэж хориглосон гэдэг. Гэвч энэ хугацаанд манай багш нар, ахмад үеийнхэн маань нууцаар бэлтгэл хийдэг байсан. Улмаар Ю.Цэдэнбал дарга, манай боксын алтан үеийн төлөөлөл, Б.Олзод багш нар энэ спортыг “Монголд байх ёстой” гэж хөөцөлдсөөр байгаад 1968 онд эргүүлээд нээж байсан түүхтэй юм билээ. Үүнээс хойш манай улсын баг, тамирчид олимп, дэлхийн наадмуудад тасралтгүй оролцож ирсэн байдаг.

-Монголын боксын холбооны үйл ажиллагаа хэр хангалттай явагдаж байгаа вэ?

-Ер нь бол Монголын боксын холбоо өдөр тутмынхаа ажил, үүргийг гүйцэтгээд үйл ажиллагаагаа явуулж л байна. Гэхдээ тэрхүү үйл ажиллагаагаа илүү сайн болгох, энэ спортыг Монголд улам хөгжүүлэх талын ажлыг идэвхтэй хийх хэрэгтэй гэж хардаг. Монголд боксын спорт хөгжөөд далан жил боллоо. Гэвч энэ спортыг нарийн судлах, энд тэнд болж буй тэмцээн уралдаануудын дүн мэдээ, кодыг бүртгэх ажлууд дээр дутмаг хандаж байгаа гэж боддог. Холбооны ерөнхийлөгчийн зүгээс жил бүр тодорхой хэмжээний хөрөнгө, санхүү гаргаж өгдөг. Тэрхүү хөрөнгийг холбооны гүйцэтгэх албаныхан боксын спортын төлөө зөв зүйлд зарцуулах нь чухал юм. Гэтэл шаардлагагүй ч гэдэг юмуу, дэмий зүйлд хөрөнгө зарж байна. Үүнээс болоод зарим нэг асуудал үүсэж байгаа гэж боддог. Ер нь холбоо ойрын үед хуралдаж, хуучин дүрэм журмаа шинэчлэн батлах хэрэгтэй байгаа юм. Дэлхийн боксын холбооны дүрэмд тулгуурлаж, Монголынхоо нөхцөлд тохирсон журам батлаад гаргачих ёстой байна. Ингээд тэрхүү журмаараа ажил үүргээ гүйцэтгээд, тэмцээн уралдаан зохион байгуулж хяналт, хариуцлагын асуудлыг бэхжүүлэх хэрэгтэй л гэж боддог.

-Монголд болж буй боксын тэмцээн бүрийг бүртгэх хэрэгтэй гэлээ. Гэтэл мэргэжлийн холбоондоо мэдэгдэхгүйгээр тэмцээн уралдаан энд тэнд зохион байгуулдаг зүйл байдаг гэж албаны хүн ярьж байсан. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Аливаа тэмцээн уралдааныг зохион байгуулах гэж байгаа бол хэдэн сарын өмнө боксын холбоондоо мэдэгдэж, тэмцээний заавраа батлуулсан байх журамтай байдаг. Ингээд тэмцээн зохион байгуулахдаа мэргэжлийн холбоодын, эмнэлгийн, цагдаагийн, эцэг, эхчүүдийн хяналт дор зохион байгуулдаг. Харин манайд хэн нэгэн хүн хаа нэгтээ дураараа тэмцээн уралдаан зохион байгуулсан тохиолдлыг бий сайн мэдэхгүй юм. Хөдөө орон нутагт битгий хэл сургуулийн, эсвэл хамт олны хүрээнд боксын тэмцээн зохион байгуулах гэж байгаа бол заавал холбогдох мэргэжлийн байгууллагуудад мэдэгдэх шаардлагатай.

-Боксын спортоор хэдэн наснаасаа эхэлж хэрхэн хичээллэх ёстой юм бол?

-Боксын спорт өндөр хөгжсөн Орос, Хятад, Куб улсуудад хүүхдийг 8-10 наснаас нь хичээллүүлж эхэлдэг юм билээ. Харин манай улсад 12-оос дээш насны хүүхдүүд энэ спортыг сонирхон, хичээллэвэл илүү ач холбогдолтой юм болов уу гэж боддог. Хэтэрхий багаасаа хичээллэснээр хүүхдүүд алсдаа сонирхолгүй болох, хичээл завсардах зэрэг сөрөг талтай.


Categories
мэдээ цаг-үе

Т.Мэндсайхан: Х.Нямбаатар гишүүний шүүгчдийн талаарх мэдээлэл нотлогдохгүй бол гишүүн өөрөө уучлал гуйх, хариуцлага хүлээх тал руугаа очно

Т.Мэндсайхан зурган илэрцүүдМонгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Хуулийн ухааны доктор Т.Мэндсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчдийн ХОМ-ийг олон нийтэд ил болгосон. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Авлигын эсрэг хууль, олон улсын гэрээгээр төрийн өндөр албан тушаалтнуудаас гадна төрийн бусад албан хаагчдын хөрөнгө оруулгын мэдүүлэг олон нийтэд ил байна гэсэн зохицуулалт бий. Харин АТГ-аас үүнийг ил болгохгүй, хэн сонирхоно түүнд мэдээлэл өгнө гэсэн зарчмаар явж ирсэн. Гэтэл хуулиараа ил байна гэж заасан. Заавал хүн асуухаар гаргадаг юм биш, угаасаа л ил, тод байхаар зохицуулагдсан байдаг. Тийм болохоор бид энэ заалтыг л барьж шүүгчдийн ХОМ-ийг нийтэд ил тавьсан. Бидний гол зарчим бол шүүх өөрөө нээлттэй байж, иргэдийнхээ итгэлийг олж авна гэдгийг чиг болгодог.

-ХОМ-оос харахад хэд хэдэн байртай, машинтай, жилийн орлого нь өндөр гарсан шүүгчид байна. Мөн ихэнх шүүгчид банкинд зээлтэй гэсэн мэдүүлэг өгчээ. Нийгмийн сүлжээгээр гарч буй шүүмжлэл, хардлага их байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

Шүүгчдийн ХОМ ил болсноор сөрөг зүйл гарч ирсэн ч гэлээ эерэг зүйлүүд их бий. Өөрөөр хэлбэл шүүгчдийн хараат бус байдлыг бэхжүүлж, иргэдийн эргэлзээг тайлах ач холбогдолтой юм. Түүнчлэн олон нийтийн шүүмжид өртсөн шүүгчид иргэдийн эргэлзээ, хардлагыг арилгах бодитой алхмыг өөрсдөө эхэлж хиймээр байна. Иргэдийн шүүмжлээд байгаа тэр хөрөнгө чинээтэй шүүгчид бол нийт шүүгчдийн дөрөв орчим хувь л байгаа. Дөрвөн хувь гэдэг нь ойролцоогоор хорь хүрэхгүй шүүгчдийн хөрөнгийн асуудал юм шүү дээ. Бусад шүүгчид буюу нийт шүүгчдийн 96 хувь нь тийм ч өндөр орлоготой, хөрөнгөтэй биш байна. Цалингийн хэмжээ, гэр бүлийн гишүүдийн орлого яг л дундаж түвшинд байгаа юм. Нөгөө талаараа нийт шүүгчдийн 98 хувь нь зээлтэй. Тэрхүү зээл нь голдуу орон сууц, автомашины зээл байгаа юм. Монгол Улс зах зээлийн нийгэмд орсноос хойш хувь хүмүүс хөрөнгөжих, бизнес хийх боломжууд их болсон. Тийм болохоор хүнийг хөрөнгөтэй байна, хууль бус хөрөнгөжсөн гэж шууд буруутгах үндэслэлгүй юм. Шүүгч гэдэг нийгмийн нэг л хэсэг шүү дээ. Бусадтай адил өөрийнхөө цалин, ашиг орлогоороо хөрөнгөтэй болсон ч байна, аав, ээжээсээ өвлөж авсан зүйл ч байна. Мөн гэр бүлийн гишүүдийнх нь бизнес бий.

-УИХ-ын гишүүн Х.Нямбаатар С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо Монгол Улсын шүүгчдийн асуудлаар олны анхаарлыг татсан ноцтой зүйл ярьсан. Үүнтэй холбоотойгоор танай байгууллагаас мэдэгдэл гарсан. Мөн Х.Нямбаатар гишүүн хариу тайлбар өгсөн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Эрхэм гишүүний хэлсэн ярианых нь агуулгыг харвал зарим нэг шүүгч үндэслэлгүй хөрөнгөжсөн байна, авлигал авдаг гэж ойлгогдохоор байсан. Нэгэнт ийм мэдээлэл тэр хүнд байгаа бол хуулиараа заавал холбогдох хуулийн байгууллагад мэдэгдэж, шалгуулах үүрэгтэй. Бидний зүгээс Х.Нямбаатар гишүүнд энэ асуудлаар шаардлага хүргүүлсэн. Үнэхээр тийм зүйл байгаа бол үүнийгээ Цагдаа, АТГ-аар шалгуулж олон нийтэд ил болгооч ээ. Хэрэв тийм зүйл байхгүй бол олон нийтээс уучлал гуйж, буруу мэдээлэл хүргэснийхээ төлөө тодорхой хариуцлага хүлээх ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Бидний тавьсан эхний шаардлагыг хүлээж авсан. Тэр нь Х.Нямбаатар гишүүн “Би энэ мэдээллээ олон нийтэд ил болгоё, шалгуулъя” гэсэн. Тийм болохоор бидний шаардлагыг эрхэм гишүүн хүлээж авсан гэж ойлгож болно. Хуулийн байгууллагууд нь энэ асуудлыг шалгаж дууссаны дараа хэрэв үнэхээр тийм шүүгч гарч ирэх юм бол хариуцлага хүлээх нь тодорхой. Харин нотлогдохгүй асуудал байх юм бол Х.Нямбаатар гишүүн өөрөө уучлал гуйх, хариуцлага хүлээх тал руугаа очно. Энэ одоо цаг хугацааны л асуудал болчихоод байна.

-Х.Нямбаатар гишүүн “Нэг шүүгчийн дансанд сая ам.доллар, таван настай хүүхдийнх нь дансанд таван сая төгрөг байсан шүү” хэмээн ярьсан. Ийм хөрөнгөтэй шүүгч байгаа гэж үү. Байвал хэн юм бол…

-Ийм шүүгч байна уу, үгүй юу гэдгийг харуулах гээд бүх шүүгчдийн ХОМ-ийг олон нийтэд ил болгосон. Үүнээс л хайгаад үзчих. Гэвч бидний харснаар бол сүүлийн таван жил буюу 2013-2017 онд тийм хөрөнгөтэй шүүгч нэг ч байхгүй байгаа. Үнэхээр тийм мэдээлэл байгаа бол Х.Нямбаатар гишүүн гарган ирж тавих байх л даа.

-Шүүгчийн сарын цалин 3-4 сая төгрөг гэсэн үү?

-2015 онд УИХ-аас баталж гаргасан 101 дүгээр тогтоолоор шүүгчийн цалин 2,8-3,2 сая төгрөг байна гээд заачихсан. Улмаар тухайн шүүгч таван жилээс дээш ажилласан бол тодорхой нэмэгдэл аваад явдаг. Үүнээс өөр зэрэг дэвийн, ажлын нөхцөлийн ч гэдэг юм уу нэмэгдэл байхгүй шүү дээ.

-Бусад оронд шүүгчийн цалин хөлс ямар байдаг юм бол?

-Энэ талаар харьцуулсан судалгаа тооцоо их л гаргаж байсан. Бусад оронд шүүгчдийн цалин хамаагүй өндөр л дөө. Одоо манай шүүгчид татвар даатгалаа хасаад сарын мянга орчим долларын цалинтай байна. Гэтэл 2000-ад оны эхэн үед ОХУ-ын шүүгчийн цалин ийм хэмжээнд байсан. Одоо бүр өндөр болсон байх. БНХАУ, Япон, Солонгос, Герман, Америк зэрэг бусад орнуудтай манайхныг харьцуулах аргагүй, 3-10 өндөр цалин авдаг. Шүүгчид яагаад ийм өндөр цалин өгдөг вэ гэхээр тодорхой хоёр шалтгаан хэлж болно. Эхлээд шүүгч болъё гэж зорьж байгаа хүн өндөр ёс зүйтэй байх ёстой. Хувийн харилцаа, найз нөхөдтэйгөө тэр болгон уулзаж, учраад дарвиж зугаалаад явах боломжгүй. Мөн бизнес хийх, өөр аргаар орлого олохыг нь шууд хаачихдаг. Баруун орнуудын хэллэгээр бол шүүгчийг сүмийн гэлэнмаа болсон гэж үздэг. Өөрөөр хэлбэл шүүгчийн хувийн амьдралын олон эрх ашгийг хаадаг болохоор нөхөн олговор хэлбэрээр шүүгчийн цалинг өндөр тогтоож өгдөг. Нөгөө талаар шүүгч өөрөө маш өндөр эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа юм. Бид Засгийн газар, УИХ-ыг хамгийн өндөр эрх мэдэлтэй гэж хардаг. Гэтэл түүнээс өндөр эрх мэдлийг хуулийн хүрээнд хэрэгжүүлдэг нь шүүгч юм. Өөрөөр хэлбэл шүүгч бусдын амьдрал хувь заяаг эцэслэн шийддэг. Энэ их өндөр эрх мэдлийг эдэлж байгаа хүн эдийн засгийн хувьд хараат бус байх нь чухал. Тийм болохоор Монголын төрийн албан хаагчдаас шүүгч хамгийн өндөр цалинг авч байгаа нь зөв өө.Өнөөдөр Монголд 512 шүүгч ажиллаж байна.

-Монголын шүүгчийн гаргасан шийдвэр, шүүн таслах ажиллагааг бусад оронтой харьцуулахад хэр өндөр үзүүлэлтэй гардаг юм бол. Энэ талын судалгаа бий юу?

-Шүүгчийн хамгийн гол бүтээгдэхүүн нь шийдвэр гаргах. Тэрхүү гаргасан шийдвэр нь хэр үндэслэлтэй байна, хэр хэрэгжихүйц байна, талууд хүлээн зөвшөөрөхөөр байна уу гэдгээр нь үнэлж болно. Шүүхийн шийдвэрт анализ хийх зүйл байдаг. Эрх зүйн хөгжлийн олон улсын байгууллагатай хамтарч шүүхийн шийдвэрт анализ хийдэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд хоёр жил болж байгаа. Ингэхдээ долоон үзүүлэлтээр шүүхийн шийдвэрийг дүгнэдэг юм билээ. Үүнийг бид өнгөрсөн жил хийлгэсэн. Энэ жил бас хийлгэнэ. Долоон үзүүлэлт гэдэг нь олон улсад тогтчихсон шалгуурууд юм. Ингээд анализ хийгээд үзэхээр манай улсын шүүхийн шийдвэр 65-70 хувьтай байна лээ. Үүнээс харахад манай улсын шүүхийн шийдвэр бүүр доошоо уначихаагүй, тийм ч сайн биш. Ямар ч л байсан дундаж түвшинд одоохондоо байгаа нь харагдсан. Энэ үнэлгээнээс харж цаашид шүүгчийн шийдвэрийг хэрхэн сайжруулах уу, шүүгчийг хэрхэн сургах уу гэдэг асуудал яригдана.

-Ер нь шүүгчид хэрэгт холбогдох тохиолдол сүүлийн жилүүдэд гарсан уу?

-Шүүгч хэрэгт холбогдлоо гэх цөөхөн мэдээлэл 2013 оноос хойш гарсан. Гэхдээ эрүүгийн ял шийтгэл авсан шүүгч байхгүй. Харин шүүгчтэй холбоотой ёс зүйн зөрчил Шүүхийн ёс зүйн хороонд их ирдэг. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд шүүгчтэй холбоотой давхардсан тоогоор 800 гомдол ирсэн байдаг. Нийт шүүгчдийн 56 хувьд нь гомдол ирсэн байна лээ. Энэхүү иргэдээс ирсэн гомдол дотор янз янзын зүйл бий. Үүнийг шалгаж үзээд 42 шүүгчтэй холбоотой гомдол үндэслэлтэй юм байна гэсэн дүгнэлт гарсан. Улмаар тэдгээр шүүгчдэд сахилгын арга хэмжээ авч ажилласан байдаг. Бусад нь хэрэгсэхгүй болсон.

-Нийгэмд ил болчихсон хэргүүд байна. Эдгээр хэрэг мөрдөн байцаалт, прокуророор шийдэгдчихээд шүүх дээр очоод удаад байна гэсэн шүүмжлэлийг иргэд их тавьдаг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Шүүх дээр гурван төрлийн хэрэг явдаг. Эрүүгийн хэрэг, захиргааны хэрэг, иргэний хэрэг гэж. Үүнээс иргэн, захиргааны хэргүүд нэлээд удаан хугацаанд үргэлжилдэг. Харин эрүүгийн хэрэг дээр харьцангуй богино хугацаанд шийдвэрлэгдээд явдаг. Яг одоогийн байдлаар шүүх дээр явж буй эрүүгийн хэргүүд хугацаа нь удаж байгаа хэрэг байхгүй. Ер нь прокурор, хэрэг мөрдөн шалгах шатан дээрээ л тухайн хэрэг зөв явагдсан бол шүүх дээр удахгүй. Гэтэл хэрэг нь буруу явагдсан, нотлох баримт нь хууль бусаар авагдсан ч гэдэг юм уу, эсвэл хангалттай нотлох баримт нь бүрдээгүй тохиолдолд л уддаг тухай асуудал яригддаг. Өнөөдрөөс бид Хэргийн хөдөлгөөний удирдлагын төвийг нээх гэж байна. Шүүхэд ирсэн бүх хэргийн мэдээллийг шуурхай харах боломжтой. Ямар хэрэг аль шүүгч дээр явж байна. Яагаад удаад байгаа нь олон нийтэд ил тод, нээлттэй болох юм.

-Шүүхээр шийдвэрлэгдсэн том хэргүүд байна. Тухайлбал саяхан С.Зоригийн хэргийг шүүхээр шийдвэрлэчихлээ. Эдгээр хэрэгтэй холбоотой иргэдийн шүүмжлэл их байх юм. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Шүүхийн Ерөнхий зөвлөл гэх байгууллага нь шүүн таслах ажиллагаа хэвийн явагдах, шүүх аль болохоор нээлттэй байх нөхцөлийг хангадаг. Түүнээс биш шүүн таслах ажил буюу шүүгчийн ажилд бид оролцдоггүй. Үүнийг үндсэн хуулиар хориглочихсон. Нөгөөтэйгүүр шүүгчийн эрх мэдлийн асуудал юм. Яг С.Зоригийн хэргийг бид олон нийтэд нээлттэй явуулах үүднээс Шүүхийн тамгын газруудад үүрэг өгч, шүүх хуралдаан явуулах нөхцөлийг хангачихсан байсан. Харамсалтай нь шүүгчид өөрсдөө шийдвэр гаргаад 461 дүгээр хорих ангид энэ хэргийн шүүх хуралдаан хийсэн нь хамгийн эхлээд иргэдийн хардлага, сэрдлэг төрүүлэх эхний шалтгаан болсон гэж боддог. Анхнаасаа энэхүү шүүх хуралдааныг олноос нуух хэрэггүй байсан юм. Төрийн нууцтай холбоотой асуудлаар зарим хэсгийг нь хаалттай хийгээд, нээлттэй хийх зүйлийг нь ил л явуулах учиртай байсан юм. Уг нь хорих ангид шүүх хурал хийлгэхгүй байхыг Л.Гансүхийн хэргийн өмнө яригдаж байсан. Улмаар дахин ийм шүүх хурал хийхгүй гээд цэг тавьчихсан байсан. Хорих ангид шүүх хурал хийснээр шүүгчийн хараат бус байдал хөндөгдөх, хоёрдугаарт олон нийтэд хаалттай орчин бүрдүүлэх. гуравдугаарт шоронд шүүх хурал явуулснаар шүүгдэгчийг сэтгэл зүйн дарамтад оруулах, өмгөөлөгч ажиллахад бэрхшээлтэй болох зэрэг хууль зөрчсөн зүйл их. Тийм болохоор цаашид шүүх хуралдааныг хорих ангид хийхгүй байх ёстой. Харин С.Зоригийн хэрэг ч гэдэг юм уу Г.Дэнзэнгийн хэрэгтэй холбоотой шүүх хурлын шийдвэр зөв буруу гарсанд тайлбар өгөх боломжгүй юм.

-Хууль зөрчихөөр байхад яагаад шүүх хуралдааныг хорих ангид хийхээр шүүгч шийдвэрлэсэн юм бол?

-Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргаж буй хүн нийгмийн мэдрэмжтэй, эр зоригтой, өөртөө итгэлтэй байх ёстой. Шүүгч хүн хуулиа мэдэхээс гадна, нийгмийн шударга ёс, иргэдийн хүлээлтийг мэдрэх чадвартай байх ёстой. Тухайлбал, прокурор, цагдаа, тагнуул, АТГ-ын хүсэлт, саналыг хүлээн авахаас татгалзах, дээд шатны шүүхийн чиглэл, удирдамжийг сөрөх эр зоригтой, хууль хэрэглээний талаар өөртөө итгэлтэй хүн шүүгчийн ажлыг үнэнчээр хийнэ. Харамсалтай нь ийм зан чанар зарим шүүгчдэд дутмаг байна. Үүний улмаас шүүхийн зарим шийдвэр иргэдийн шүүмж, эргэлзээг дагуулж байна.

-Хуулийн ухааны доктор хуульч хүний тань хувьд нэг зүйл асууя л даа. Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж мөнгө зээлсэн гэх хэрэг, Лондонгийн Арбитрийн шүүхийн шийдвэртэй холбоотой асуудал нийгэмд их шуугьж байна. Энэ талаар та хуульч хүнийхээ хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Шүүхийн ерөнхий зөвлөл энэ асуудлаар ямар нэгэн байр суурь илэрхийлэх бололцоо байхгүй. Харин хувь хүнийхээ хувьд юм уу, хуульч хүнийхээ хувьд энэ асуудлаар ярьж болно л доо. Олон улсын бизнесийн үйл ажиллагаатай холбоотой гэрээ хэлэлцэл түүнээс гарч болох маргааныг Арбитраар шийдэж болдог жишиг олон улсад тогтчихсон байдаг. Тэр жишгээр л энэхүү маргаан явж байгаа байх. Арбитраар шийдэгдэх асуудлыг буруу гэж хэлэхгүй. Гол нь тэрхүү гарсан шийдвэрийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг талаарх асуудлаар манайхан янз бүрийн байр суурьтай байна лээ. Гадаадын Арбитрийн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх 1958 оны Нью-Йоркын конвенци гэж байдаг. Энэхүү конвенцид манай улс тэртээ 1994 онд нэгдээд орчихсон. Манайхаас гаргасан Арбитрийн шийдвэрийг өөр улс биелүүлдэг, өөр улсын гаргасан Арбитрийн шийдвэрийг манайх биелүүлдэг ийм тогтолцоонд дэлхийн 158 улс нэгдэж орсон маш чухал бичиг баримт юм. Тэгэхээр энэхүү конвенцийн дагуу л бид гадаадын Арбитрийн шийдвэрийг хэрэгжүүлэх тухай асуудлыг ярина. Хэрэв Стандарт банктай холбоотой Лондонгийн Арбитрийн шийдвэр гараад хүчин төгөлдөр болчихсон тохиолдолд уг шийдвэрийг хэрэгжүүлэх үүргийг Монгол Улс хүлээнэ. Монголд хэрэгжихгүй байлаа ч Эрдэнэтийн өөрийнх нь хөрөнгө данс байгаа гадаад улсуудад тэрхүү хөрөнгөтэй холбогдуулж битүүмжлэх, Арбитрийн шийдвэрийг биелүүлэх асуудал бусад орнуудад ч байгаа шүү дээ. Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаагаа олон улсад явуулдаг учир Монголд энэхүү шийдвэр хэрэгжихээс илүү гадаадад хэрэгжих, дансыг нь хаах асуудал явагдах бололцоотой. Энэ шийдвэрийг манай улсад хэрэгжүүлэхтэй холбоотой хоёр санааг хэлье. Нэгдүгээрт, төрийн өмчит компани, дээр нь Засгийн газартай холбоотой гэрээ хэлэлцээтэй маргаанд тухайн улсын бүрэн эрхт байдал хөндөгдөх боломжтой. Монгол Улсын бүрэн эрх /sovereignty/, дархан эрх /immu­nity/ хөндөгдсөн тохиолдолд Арбитрийн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байж болно. Хоёрдугаарт, арбитрийн ажиллагаанд оролцогч талууд буюу монгол талын хэрэг хянан шийдвэрлэх процессын эрхийг хангаагүй тохиолдолд гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байх үндэслэлтэй байдаг. Бусад тохиолдолд олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ бид биелүүлэхээс өөр аргагүй.


Categories
мэдээ цаг-үе

Хоёр Алтай, холбоо гурван нуураа эзэгнэнхэн суусан чандманьчууд

Өгөөмөрийн улаан цохио

Өлзийтийн гурван салаа

Богд Ацат, Бор мараа, Бялзуухай

Будын овгор, Буурлын дух, Бунхант

Салхитын нуруу, Сээрийн толгод, Сэнжит

Баянхайрхан, Бараа шороот, Баатарын хаваржаа

Талын булаг, Таанын эх, Тахилт

Тагийн хөндий, Тарнитын хөтөл, Ташгай

Хар улаан, Харзын ус, Хавчиг

Хаа гүн, Харганын гол, Харуул

Хүрэн өндөр, Хөхсайр, Хүүш

Хүрмийн нуруу, Хөрт жалангар, Хөндлөн…нэр нь шүлэг шиг хэлхэгдэх энэ газар усны нэрс бол Ховд аймгийн Чандмань сумынх. Хүмүүний алаг хорвоод хүй дарсан чулуу, хөлд орсон мөрийг минь хадгалан надад, бидэнд өвлөгдөн ирсэн, цаашдаа ч үеийн үед өвлөгдөх нандинаас нандин эх нутаг минь билээ. Манай сум 6000 гаруй ам дөрвөлжин км нутагтай, 3000 хүрэхгүй хүн амтай, улсын нийслэлээс 1350 км, Ховд аймгийнхаа төвөөс 160 км алслагдсан, хүн амын 90 гаруй хувь нь халх ястнаас бүрдсэн буйдхан хязгаарын бөглүүхэн дайдад оршдог. Нутгийн зон олон Хоёр Алтай минь хэмээн сүслэн залбирч, сүүн цацлаа дээжилдэг Бумбат, Жаргалант хоёр хайрханаараа нөмөрдүүлэнхэн, Хар-Ус, Хар, Дөргөн гэх холбоо гурван нуураараа хүрээлүүлэн байгалийн үзэсгэлэнт газар зүйн онцлог нутгийг эзэгнэнхэн суудаг. Ардын гайхамшигт язгуур, хүн төрөлхтний биет бус соёлын үнэт өв болох монгол хөөмийн эх нутаг гэдгээрээ дэлхийд бахархдаг. Эндээс Д.Сундуй, Н.Сэнгэдорж, Д.Цэрэндаваа, Р.Даваажав, Д.Хосбаяр, М.Саруултөгс, Ц.Цогтгэрэл, Монголын анхны мэргэжлийн эмэгтэй хөөмийч Д.Золзаяа, мөн Ч.Баатарсүрэн нарын тив дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан хөөмийчдөөс гадна 400 гаруй өв тээгчид дэлхийд бүртгэгдсэн байдгаараа онцлогтой. Хүн бүрийн сэтгэлд төрсөн газар нь эхийн хэвлий мэт ариухан, гэгээхэн оршдог болов уу. Би ерээд оны хүүхэд. Миний сэтгэлийн мэлмийд нутаг минь яг л тэртээ ерээд оныхоороо. Манай сумын төвийг тойрсон дэлгүүр их. Дэлгүүр бүр супермаркет л гэсэн үг. Аль дэлгүүр рүү орсон ч хэрэгтэй бүх зүйлээ аваад л гарна. Чихэр печень, ус, ундаа, сархад, пиво, хувцас, мотоциклын сэлбэг хэрэгсэл, ахуйн бараа гээд зүгээр л “Нарантуул”. Зуны аагим халуунд тэрхүү дэлгүүрээр чихэр горьдон ороход сэрүү татаж, алим, мандарин, араат моторын тос, модон лангууны үнэр хамар цоргино. Одоо ч тэр хэвээрээ байна лээ. Зуны нартай борооны үнэр шиг тийм мэдрэмжийг нутгаасаа өөр газрын дэлгүүрээс хүртээгүй л байна. Мэдээж тэр дэлгүүрийн гоё сайхны дээд болсон амттан, бараануудыг Улаанбаатар хотоос татна. Одоо ч цаг, зам сайхан болсон болохоор дэлгүүрийн бараа татах асуудалгүй болсон байх. Биднийг хүүхэд байхад буюу ерээд оны сүүлээр хотоос дэлгүүрийн бараа ачсан чиргүүлтэй гуч машинууд суманд орж ирэхэд хөгшин, залуугүй гүйлдэн очно. Хотоос бараа ачсан машин ирэх бүрт л манай суманд найр болдог тогтсон уламжлалтай. Хүүхдүүд амттан, чихрээр гэдсээ дүүргэнэ. Мөн шинэ содон зүйл ирж үү гэдгийг сонирхон харна. Тухайн үед өнгөтэй юм бүхэн содон санагддаг байв. Арга ч үгүй биз ээ. Анхны өнгөт телевизорыг тэр үед л үзэж байсан болохоор тэр биз. Гялгар уутаар бүтэн ороосон цоо шинэ Оросын “Планэета 5”-ыг хараад гайхдаг л үе шүү дээ. Түүнийг хотоос захиулсан эзэн нь нэг хэсэгтээ л сумын төвийн “од” болж байгаа хэрэг. Мөнөөх “од” маань хэдэн хоног шинэ “яаваа” гайхуулж сумын төвөөр тоос манаруулна. Татуулсан тоосоо чийглэх гэж үеийн залуустайгаа аяга тагш юм хөнтөрчихнө. Сумын төв, сумын амьдрал хойно дөө. Мөнөөх дэлгүүрүүдийн голд нэгэн эртний балгас мэт харагдах нуруулдсан урт ягаан байшин бий. Сум битгий хэл аймагтаа ганцханд тооцогдох ундааны цех тэнд ажилладаг юм. Түүнийг Пүрэвжамц гуай ажиллуулна. Энэ хүнийг нутгийнхан маань Аяа хэмээн авгайлдаг. Аяагийн ундааны цехийн үүдэнд хөлс нь сумын төвийн тоостой холилдон урсах, төмөр цагариг түрсэн гүрдийсэн бор жаалууд шороо татуулан эрхэлнэ. Сумын төвийн хүүхдүүд тэнд тоглодгийн учир нь хүйтэн, хийжүүлсэн ундаа уух гэсэн отолт юм. Нусаа татсан, тоостой хувцастай бор жаалуудын хүслийг тэтгэгч бурхан нь Аяа. Тэрхүү бурхан үдээс хойш гарч ирэн хүүхдүүдийн цангааг тайлж, сэтгэлийг нь амраана. Хэргээ бүтээсэн хүүхдүүд тэр өдөртөө л дахиж ундааны цехийн үүдээр эргэлдэхгүй шүү дээ. Ийм л болохоор бидний сэтгэлд бурхан мэт санагдах Аяа маань хүүхэд насны дурсамжийг хөглөн оршдог болов уу. Нутаг гэхээр яалт ч үгүй хүүхэд насны дурсамж сэдрэх юм. Тийм болохоор дурсамжаа түр орхиж нутгийнхаа онцлогийг тэмдэглэе.

ЧАНДМАНЬЧУУДЫГ ЦОЧООСОН ИХ ДУУН

Манай нутгийн өндөр уулсын оргил зүрх алдам хэц. Тэрхүү уулсын дунд таван хошуу малаа жилийн дөрвөн улиралд маллаж ирсэн удамт малчны гэрийн тооноор сүрэглэн бэлчих хонин сүрэг харагдах нь сүрдмээрчиг сүртэй. Уулсын оргилд үүлс хүртэл тэргүүнд нь хүрч чадалгүй өвөрт нь илбэнэ. Тэрхүү сүрдэм өндөр Алтайд болсон ийм нэгэн харуусалтай явдал болжээ. Тэртээ 1973 оны есдүгээр сард Жаргалант хайрханы Дөрвөлжин хүрэн хэмээх газар онгоц осолджээ. Тухайн үед тэнгэр бүрхэг, үүл манан ихтэй байж. Цаг агаарын нөхцөлд нисгэгчид нь өндрөө тооцоолж чадаагүй болов уу гэж таамагладаг. Тэрхүү осолдсон МИАТ-ийн АН-24 хэмээх хөлөгт багийн гишүүд, зорчигчид нийлсэн 40-өөд хүн амь үрэгдсэн байдаг. Хүрэнхунх гэж нэрлэдэг хад асга ихтэй давч салаанд онгоц өндрөө алдаж, зүүн далавчаараа эхэлж хад гуядаад эрчиндээ 200 метр газар шидэгдэн хойд талынхаа энгэрийг мөргөн дэлбэрсэн гэдэг. Аав минь тэр үед эрлийн хүмүүстэй сүйрэл болсон газар очиж үзсэн болохоор түүнээс илүү аймшигтай, нүд хальтирам зүйлийг амьдралдаа одоо ч үзээгүй, үзэх ч үгүй биз хэмээн харуусан ярьдаг. Аавыг онгоц осолдсон газар очиход дөнгөж төрсөн өлгийтэй хүүхэд л бүтэн шахуу байсан гэж ярьдаг юм. Тэрхүү түйтгэрт явдлын дараа нэгэн сонирхолтой баримт яригддаг нь Ховдын Хөгжимт бүжгийн театрын уран сайхны удирдаач байсан урлагийн гавьяат зүтгэлтэн Яасай гуай уг онгоцонд зорчиж явжээ. Гэвч тэрээр онгоц Говь-Алтайд буухад нь таньдаг хүнтэйгээ аяга тагш юм ууж байгаад хоцорчихсон гэдэг. Тэрбээр хожим “Архи амьдралын дайсан ч гэлээ тааруулж хэрэглэдэг хүнд аминд ордог эд шүү” хэмээн ярьсан байдаг. Тэрбээр 1960-аад оны эхээр Завханы Отгонтэнгэрт сүйрсэн онгоцноос бас санаандгүй хоцорсон азтай хүн гэж ховдчууд дурсдаг. Хөдөө нутаг гэдэг тэртээ өндөр уулын бэлд хонио хариулж яваа бүсгүйн уяран дуулах дуу хот айлын хаяанд хажууд мэт тод сонсогддог. Харин ачаалсан арван тэмээтэй тэнцэх том төмөр тэнгэрээс унахад тээр доор зусаж байсан Алиа Гүр гуай цочилгүй л яахав. Алсад харагдах Чандмань сумын иргэд хүртэл их дууг сонсож, гайхсан гэдэг. Онгоц осолдсон Дөрвөлжин хүрэн гэх газар угтаа аргаль, янгирын эх нутаг юм. Харин тэр их дуунаар мөнөөх ан, амьтан уулс дамжин дайжсан. Гэвч хэдхэн жилийн дараа уулын эзэд буцаж ирсэн түүхтэй.

Миний аав, аавын маань аав анчин, малчин ус нутагтаа нэртэй, төртэй улсууд. Хүнд муу санадаггүй, тусархуу, ухаалаг, ажилсаг хүмүүс гэдгээрээ тэрхүү нэр төрийг олж авсан болов уу. Шуудхан хэлэхэд удмынхаа нэрийг сэвтээхгүй үеийн үед Чандмань нутагт ажиллаж, амьдарч ирсэн хүмүүс юм. Хэдхэн сарын өмнө манай сонинд “Хар сүүлтийн хар тавилан” хэмээх ан, амьтны талаарх нийтлэл гарч байсныг уншигчид маань санаж байгаа болов уу. Чандмань сум ан, амьтны эх орон юм. Өндөр хэц уулс, өргөн их тал, энгүй уудам усан далайгаар хүрээлэгдсэн болохоор тэр биз ээ. Сум маань Жаргалант хайрханы өвөрт оршино. Энэхүү хайрханыг манайхан дээд уул хэмээн нэршдэг. Харин Бумбат хайрханыг урд уул гэнэ. Ерөнхийдөө дээшээ, доошоо, урд, хойно гэсэн зүг чигийн яриатай хүмүүс. Дээшээ, урагшаа, хойшоо уулархаг. Харин доошоо буюу ертөнцийн зүгээр зүүн тийшээ тал, говь хосолно. Нам доор газар гэсэн үг л дээ. Дээд ууланд аргаль, янгир, ирвэс элбэгтэй. Мөн тооны махчин шувууд, тэр дундаа хүний биеийн шархыг анагаах онцгой увдистай хойлог гэх шувуу их. Харин доошоо буюу тал руугаа цагаан зээр хэдэн зуугаараа сүрэглэн бэлчинэ. Түүнээс их байдаг нь бөхөн юм. Хойшоо буюу Хар-Ус нуур чигтээ Хар сүүлт гэх гоёмсог гөрөөс их. Тэрхүү гөрөөс Жаргалант хайрханы өвөрт орших Улаан цутгалан гэх Монголд хамгийн өндрөөс урсах хүрхрээ хавиар нутаглана. Мөн Чандманьд Монголын хамгийн том арал бий. Говь, тал, уулархаг газар ийн өндөр хүрхрээ, арал байна гэхээр зарим хүмүүс худлаа байлгүй хэмээн дуу алддаг. Гэвч тэр үнэн. Тэрхүү том арал Хар-Ус нуурын тэг дунд нь оршино. Энэхүү арал зэрлэг гахай, төрөл бүрийн усны шувуудын баян бүрд болсон газар. Тээр жил Хар-Ус нуурын хөвөөнд Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан гуай тухлан саатсан түүхтэй. Ингэхдээ “Хар-Ус нуурын шагшуурга” хэмээх агуу шүлгээ тэрлэж, түүнийг нь Ардын жүжигчин Б.Зангад гуай ая дан өргөн олон түмэнд хүргэсэн байдаг. Тиймдээ ч Хар-Ус нуурыг мэдэхгүй хүн гэж үгүй байх.

Энэхүү цэнхэртэн мяралзах их усыг дэлхий даяар алдаршуулсан нэг зүйл бол Борцгор хотон шувуу юм. Энэ зүйлийн шувуу нь дэлхийд цор ганц. Хоёрхон нутагтай гэж байгаа. Хавар, зун, намартаа манай нутагт буудаллана. Харин өвөлдөө дулаан орныг зорин нүүдэлдэг билээ. Манай сумыг Чандмань гэж нэрлэх болсон нь учиртай. Анх үүсэн байгуулагдахдаа хуучин засаг, захиргааны гурван нэгжийг нэгтгэн Чандмань сум бий болсон түүхтэй. Мөн алтай, говь, тал гэх байгалийн гурван үзэсгэлэн бүрэлдэн тогтсон нутаг болохоор Чандмань гэж байгаа юм. Үүнээс гадна Хар-Ус, Хар, Дөргөн гэх холбоо гурван нууртай учир Чандмань гэжээ. Харин сүүлийн үед дээрх агуулгаас гадна хүчит бөх, хөөмий, хөгжилтэй “панжига”-тоглоомын өлгий нутаг болсон чандманьчууд гэдгээрээ алдаршиж байна. Аймагтаа, төдийгүй улсад эхний гуравт багтах хүчит бөхчүүдтэй нутаг билээ. Учир нь нэг сумаас улсын цолтой бөхчүүд олон төрсөн сум ховор ажээ. Тэртээ 1940-өөд оны эхээр улсын баяр наадамд түрүүлсэн Ховдын хүчит арслан Ванчинхүүгээс эхлээд Хөдөлмөрийн баатар Р.Чадраабалын хүү улсын уран барилдаант заан Бямбадорж, зургаан залуу зааны үед гарч ирсэн өөр нэгэн зургаан залуу зааны нэг Чогсомын Батзориг, улсын начин Идшийн Мөнхбаатар нарын тэргүүтэй хүчтэнүүд энэ л нутгийн хүүхдүүд билээ. Мөн өнөө цагийн бөхийн өнгийг тодорхойлж, ид барилдаж буй улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан, улсын харцага Нямаагийн Батзаяа, улсын начин Чулуунбатын Цогбаяр нарын бяртай бөхчүүд Чандмань гэх буйдхан сумаас төрөн гарчээ. Уулс усны зохицол, энерги эрчмийн хуйлрал, өвөг дээдсийн уламжлал шүтэлцэн байдаг Чандмань нутгаас төрсөн Монгол Улсын баатар Б.Тэгшээ тэргүүт ардын хувьсгалын партизанууд их. Алдартнуудыг залгаад төрийн шагналт кино найруулагч Б.Балжинням, Хууль зүйн шинжлэх ухааны доктор С.Жанцан нарын нэрт зүтгэлтнүүд төрсөн нь эрдэнийн Чандмань нутгийн хүүхдүүд босоо хийморьтойн илрэл гэлтэй. Энэ мэт суу алдартнуудыг дурсахад хэдэн мянгаараа бичигдэх тул мөн л түр үлдээе. Дээр өгүүлсэн хөгжилтэй “панжига” хэмээх тоглоомыг манай нутгийнхан л хоорондоо тоглодог хөлөгт тоглоом билээ. Шатрын хөлөг шиг нэлэнхүйдээ дэлгэмэл биш. Нэмэх тэмдэг шиг дөрвөн хошуу бүхий даавуунаас хөлөг нь бүрдэнэ. Хошуу бүртээ нэг хүн сууж, хоёр багт хуваагдана тоглоно. Тоглоомын гол учир нь өөрийн хошуу дахь хоёр зүүгээ бусдын хошууг тойруулж явуулсаар өөрийнхөө хошуунд оруулж ирснээр ялна. Зүүг нүүхийн тулд явуу гэх цагаан, хар хоёр талтай хумсны толио шиг зургаан ясыг шоо шиг шидэж, хар талаар нь бууснаар нүд тоолж, нүүдэл хийдэг тоглоом. Чандманьчууд үүнийгээ их тоглоно. Тоглоомоосоо болж, маргалдана, инээлдэнэ, уйлалдана. Тоо, арга билэг, шатар шиг нүүдэл харж тоглодог тоглоом учраас хүүхдийн оюун ухааныг задалж, сэргэлэн, ухаалаг занг сургадаг ач холбогдолтой. Тийм ч болохоор чандманьчуудыг сэргэлэн, суусан газраасаа шороо атгаж босдог гэлцдэг.

Хөхөлбөр уулсын өвөрт хөөмийн аялгуугаа эгшиглүүлэн, хөгжилтэй “панжинга” тоглоомыг хийцтэй цайны амтанд уусган жаргах чандманьчууд гэдэг сайн, сайхан бүхний жишээ болсон нутгийнхан юм. Тэр л цэнхэр хязгаараас Монголын ирээдүйг залган авч явах эрдэмтэн мэргэд, инженерүүд, улс, нийгмийн нэрт зүтгэлтнүүд төрөн гарсаар байна гэдэгт эргэлзэх зүйлгүй. Идэр хүчтэнгүүд, энгүй авьяастнууд нь ч зон олныхоо сэтгэлийг жаргаан цэнгээж, уламжлал болсон соёлын өвөө тээн явсаар л байх билээ.


Categories
мэдээ цаг-үе

Ч.Хосбаяр: Надад таван автомашин, жил бүр орж ирдэг 268 сая төгрөг, дөрвөн байр байхгүй. Миний ХОМ-ийн задаргааг харах хэрэгтэй

Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс нийт шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд ил болгосон билээ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаяртай ярилцлаа.


-Шүүгчдийн ХОМ олон нийтэд ил болсон. Үүнтэй холбоотойгоор таныг хамгийн “баян” шүүгчээр тодорхойлоод байгаа. Та өөрийн мэдүүлсэн хөрөнгийнхөө талаар тайлбар өгөхгүй юу?

-Өнгөрсөн жил би хамгийн “ядуу” шүүгчээр тодорч байсан бол энэ жил хамгийн “баян” шүүгч гэх нэртэй боллоо. Юуны өмнө төрийн өндөр албан хаагчдын хөрөнгө оруулгын мэдүүлэг олон нийтэд ил байх нь хууль ёсных. Гэвч тэрхүү мэдүүлсэн хөрөнгийг зөв тайлж, олон нийтэд тайлбарлана гэдэг их чухал. Харин миний хөрөнгийн талаар олон нийтэд ташаа тайлбарласан. Тийм болохоор энэ асуудлаар тодорхой зөв ойлголт өгье гэж бодсон юм.

Зөвхөн минийх ч биш хэд хэдэн шүүгчийн эрх ашгийг хөндсөн учир тэдгээр шүүгчтэй хамтарч олон нийтэд энэ асуудлыг тайлбарлах байх гэж бодоод хэсэг чимээгүй байлаа. Гэтэл гадуур буруу мэдээлэл яваад байгаа учир үүнд тайлбар өгөх ёстой гэж хувьдаа бодлоо. Ерөөсөө алдаа гарчихаад байгаа юм. Тэгэхээр үүнийг залруулахгүй бол болохгүй ээ.

-Таны өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгт үү?

-Тийм. Энэ хөрөнгө орлогын мэдүүлэг гэдэг чинь санхүүгийн баримт бичиг шүү дээ. Тийм учраас үүнийг зөв уншиж сурах ёстой юм байна л даа. Гэтэл энэхүү баримт бичгийг хүн бүр зөв уншиж чадахгүйтэй холбоотойгоор зарим шүүгчдийн эрх ашиг хөндөгдөж байна. Тэгэхээр орлого гэж юу юм бэ. Энэ бол ашиг гэж ойлгож болохгүй. Орлого гэдэг бол миний дансаар дамжиж буй мөнгө болгон орлого болчихоод байгаа юм. Жишээлбэл, зуун сая төгрөгийн үнэтэй байртай шүүгч байлаа гэж бодъё. Энэ байраа жоохон томруулъя гэж бодоход банкнаас зээл авна. Ингээд өөрийнхөө байрыг зуун саяаар зараад, үүн дээрээ банкнаас авсан тавин сая төгрөгийнхөө зээлийг нэмээд зуун тавин сая төгрөг болж байгаа юм. Улмаар зуун тавин сая төгрөгөөр шинэ байр авлаа. Тэгэхээр хуучин байраа зуун сая төгрөгөөр зарлаа гэхэд миний дансанд зуун сая төгрөгийн орлого орж ирнэ. Дээр нь банкнаас зээлсэн тавин сая төгрөг миний данс руу орох болохоор нийлээд зуун тавин сая төгрөгийн орлого орж ирсэн гэсэн үг. Мөн зуун тавин саяаар шинэ байр авсан учир бараг 300 сая төгрөгийн орлого гэж уншигдахаар байгаа юм. Тэгэхээр тэрхүү хөрөнгө орлогын мэдүүлэгт орлого гэсэн багана дотор 300 сая төгрөг гэж бичигдэхээр байгаа юм. Үүнийг би ч сайн ойлголгүй явж. Тэгэхээр Ч.Хосбаяр гэх шүүгчийн орлого ийм хэмжээнд байжээ гэж Шүүхийн ерөнхий зөвлөл ерөнхий базсан хэлбэрээр олон нийтэд ил гаргасан. Тэгэхээр олон нийт намайг 300 сая төгрөгийн жилийн орлоготой гэж ойлгохоор байгаа юм. Гэтэл тийм биш. Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс тэрхүү 300 сая төгрөгийн орлого гэдгийн цаад задаргааг мөн гаргах ёстой. Гэтэл нийт шүүгчдийн орлогын задаргааг гаргах нь хэцүү, хууль бус байж мэдэх. Тэгэхээр яах уу. Олон нийтэд их хөрөнгө гэж харагдсан нэр нь гараад байгаа цөөн хэдэн шүүгчдийн эд хөрөнгийн задаргааг ил болгочихмоор байгаа юм. Тэгвэл их ойлгомжтой болно. Учир нь миний хөрөнгийн задаргаа руу оръё л доо. Тухайлбал намайг дөрвөн байртай, таван машинтай, 268 сая төгрөгийн орлого олсон гэсэн гурван асуудлыг яриад байгаа. Тийм болохоор Ч.Хосбаяр шүүгч хамгийн “баян”-аар тодорчихсон. Гэтэл миний өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгийг хараад зөв уншиж чаддаг хүн бол өөрөөр ойлгоно. Юу гэхээр 268 сая төгрөгийн орлогыг уншихдаа 200 саяын байр зарж. Харин 68 сая төгрөг нь орлого. Үүний 43 сая төгрөг нь цалин. Цалингийнх нь 25 сая төгрөг нь энэ шүүгчийн эхнэрийнх нь жилийн орлого гэж ойлгоно. Тэгэхээр дээрх 200 сая төгрөгийг Ч.Хосбаяр шүүгчийн жилийн орлого гэж ойлгох учиргүй юм. Энэ хүн байраа зарж, банкнаас зээл авч. Энэ бүх мөнгө нь өөрийнх нь дансаар ордог болохоор орлого гэж мэдүүлэх учиртай юм байна гэж ойлгох нь зөв юм.

-Гэтэл олон нийт Ч.Хосбаяр гэх шүүгчийн жилийн тогтмол орлого нь 268 сая төгрөг гэж ойлгоод байгаа шүү дээ…

-Үүнийг хүмүүс ашиг гэж хараад байгаа. Гэтэл 200 сая төгрөгийн байртай байж байгаад түүнийгээ зарж, 200 сая төгрөгтэй болсон. Харин байр байхгүй. Зүгээр л 200 сая төгрөгтэй болсон юм. Тэгэхээр хөрөнгө орлогын мэдүүлгийг хэн яаж уншихаас хамаараад тухайн хүний хөрөнгө янз янз гардаг юм байна. Өнгөрсөн жил намайг 660 сая төгрөгийн өртэй, хамгийн “ядуу” шүүгч гэж шалгаруулчихсан байсан. Өнөөдөр би 200 сая төгрөгийг нь төлчихсөн болохоор 400 сая төгрөгийн өртэй л байж байна.

-Таны орлого бол ийм юм байж. Гол нь хөрөнгийн задаргааг харах ёстой гэж ойлголоо. Тэгвэл таны мэдүүлсэн таван автомашин ямар учиртай юм бэ?

-Машин дээр би ингэсэн юм. Хөрөнгө орлогын мэдүүлэгдээ “Land rover”-ийн “Range rover” маркийн автомашин нэг гэж бичсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр “Land rov­er” компанийн үйлдвэрлэсэн “Range rover” маркийн машин л гэсэн үг шүү дээ. Гэтэл гадуур хоёр автомашин гэж ойлгож. Тэгэхээр надад “Land rover” гэдэг машин байхгүй. Ингээд нөгөө таваас чинь нэг нь хасагдчихлаа, тийм үү.

-За, тэглээ…

-Хамгийн тансаг хоёр машинтай гэж гадуур яриад байгаа болохоор би үүнийг тайлбарлаж байгаа юм. Миний мэдүүлсэн тэрхүү “Range rov­er” гэх автомашин бол гурван сая төгрөгөөр үнэлэгдсэн 1988 оны тэрэг юм. Үүнийг миний хөрөнгө орлогын мэдүүлэг зөв уншиж чаддаг хүн шууд мэднэ. 1988 оны машин шүү дээ. Энэ машины гэрчилгээ нь надад бий. Энэхүү машин Монголд 1996 онд орж ирсэн юм. Би энэ машиныг 2001 он хүртэл унсан уу даа. Тухайн үед би төрийн албанд ажилладаггүй байлаа. Ийм машин ч ховор байсан байх. Ингээд унаад явж байтал машины маань мотор нь цохьчихсон. Янзлуулъя гэхээр манайд сэлбэг нь олдохгүй болохоор нь айлын хашаанд аваачаад орхисон. Сүүлд дүүгээсээ миний нөгөө мотор нь цохьчихсон машин яасан бэ гэсэн чинь төмрийн сэлбэгэнд өгсөн гэнэ лээ.

-Тэгээд байхгүй болчихсон автомашиныг яагаад хөрөнгө орлогын мэдүүлэгдээ бичсэн юм бэ. Хасуулчихаж болоогүй юм уу?

-Хасуулж болохгүй байгаа юм. Учир нь тэр автомашин 2000 оны эхээр мотор нь цохьчихоор нь янзалж чадалгүй айлын хашаанд хаялаа гэж хэллээ шүү дээ. Тийм болохоор нэгэнт унахгүй байгаа машины татварыг нь төлөөгүй юм. Ингэж явсаар өдийг хүрсэн л дээ. Өөрөөр хэлбэл 18 жил замын хураамж төлөөгүй, угаасаа явахгүй байсан машин. Тийм болохоор Замын цагдаагаас хасаж өгөхгүй байгаа юм. Хасуулъя гээд очихоор ийм, ийм татвар төлөх ёстой гэдэг. Ийм асуудал байгаа болохоор л миний нэр дээр өдийг хүртэл яваад байгаа хэрэг шүү дээ. Нэгэнт миний нэр дээр байгаа учир хөрөнгө орлогодоо мэдүүлэхээс өөр аргагүй болчихож байгаа юм. Миний мэдүүлснийг зөв уншдаг хүн харвал энэ машин гурван сая төгрөгөөр үнэлэгдсэн, 1988 оны автомашин байна гээд л харчихна. За ингээд байхгүй хоёр машин хасагдчихлаа.

-Одоо гурван автомашины асуудал байна уу?

-Тийм ээ. Энэ гурван машин бас ийм учиртай. Миний эхнэр бид хоёр нэг, нэг автомашинтай. Би “Land-70”-тай, эхнэр маань “High lander” гэдэг машинтай. Харин тэр “Nissan murаno” маркийн автомашин нь миний эхнэрийн компанийн машин. Компанийн ажилчид ажилдаа унадаг л машин байхгүй юу. Эхнэр бид хоёрын машин хоёулаа лизингийх. Гэтэл намайг тансаг зэрэглэлийн таван автомашинтай гээд буруу ойлгочихоод байна. Миний өгсөн мэдүүлгийг нарийн унших хэрэгтэй байгаа юм л даа. Ороод уншихад бүгд л бичээстэй байгаа.

-Тэгвэл дөрвөн байрныхаа учрыг тайлбарлахгүй юу?

-Үүнийг би товчхон хэлье. Надад нэг байр байгаа. Миний амьдарч байгаа байр. Нөгөөх нь зуслангийн байшин. Үүнийг мэдүүлгээс харвал 25 сая төгрөгөөр үнэлэгдчихсэн байгаа. Гэтэл зун л амьдардаг 40 метр квадрат талбайтай жижигхэн байшинг орон сууц гэж яриад байгаа. Ерөнхий утгаараа ингэж үзэх ёстой л байх. Гурав дахь орон сууц гэдэг нь надад Гачууртад нэг хашаа байшин байдаг юм. Бас жижигхэн, 22 метр, квадрат. Би нохой тэжээх хоббитой. Түүнийгээ тэнд байлгадаг юм. Харин дөрөв дэх нь гучин жил амьдарч, гурван хүүхдээ төрүүлж, өсгөсөн Оросын өмчийн 17 дугаар хорооллын угсармал байр бий. Одоо тэнд манай дүү нар амьдарч байгаа. Энэ байрыг ч би хөрөнгө орлогын мэдүүлэгдээ бичдэг. Миний одоо амьдарч байгаа байр 300 сая төгрөгийн байрцаанд байгаа. Ер нь өөрийн гэсэн хөрөнгөтэй ч болж амжаагүй байгаа юм. Шуудхан хэлэхэд надад гадуур яригдаад байгаа шиг тансаг зэрэглэлийн таван автомашин, жил бүр орж ирдэг 268 сая төгрөг, дөрвөн байр байхгүй. Миний ХОМ-ийн задаргааг харах хэрэгтэй. Тэгэхээр нийт шүүгчдийн хөрөнгийн мэдүүлгийг ингэж задаргаагаар нь тайлбарлаж, гаргана гэхэд хэцүү л дээ. Харин Шүүхийн ерөнхий зөвлөлөөс маргаан дагуулаад байгаа тэр хорь орчим шүүгчийн мэдүүлгийг олон нийтэд дэлгэрэнгүй хүргэчих хэрэгтэй юм болов уу л гэж бодоод байгаа юм. Ер нь Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллага ХОМ-ийн мэргэжилтэн биш. Мэргэжилтэн нь Авлигалтай тэмцэх газар шүү дээ. Тийм болохоор мэргэжлийн байгууллага нь ХОМ-ийг задлаж, олон нийтэд тайлбарлах нь зөв. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд зарлаж, шүүгчийн хөрөнгөөр байр эзлүүлээгүй гэдэг нь ойлгомжтой. Харин ямар хүмүүс, ямар тоог нь аваад тэр шүүгч баян, тэр нь өртэй гэж гаргаад байгааг би ойлгохгүй байна. Үүний учрыг олох ёстой. Магадгүй намайг янз бүрийн хэргийг шийдэж байсан болохоор зориуд ингэж мушгисан мэдээлэл гадуур цацсан байж болошгүй гэж бий хардаж байгаа. Гэхдээ би ямар нэгэн хэвлэл мэдээлэлд ч юм уу зориуд миний хөрөнгө орлогын мушгисан хүнд гомдсон зүйл бол байхгүй. Эцэстээ ХОМ-ийг мэргэжлийн хүн л уншиж, олон нийтэд мэдээлэл ёстой байж дээ л гэж бодож байна. Өөрөөр хэлбэл сэтгүүлчид санхүүгийн баримт уншиж чаддагүй юм байна гэж ойлгоод байгаа юм.

-Төрийн албан хаагчдын хамгийн өндөр цалинг шүүгчид авдаг. Тэр утгаараа банкнаас зээл авсан шүүгчид их байна…

-Нэг үеэ бодвол шүүгчдийн цалин нэмэгдсэн нь үнэн л дээ. Хуучин бол шүүгчид айлын өрөө түрээсэлдэг, гэрт амьдардаг байлаа. Гэхдээ өөр боллоо гээд бид хөрөнгөжөөгүй. Бид зүгээр зээлээ төлж чаддаг л болсон. Тийм болохоор зээл авах сонирхолтой байдаг. Шүүгчид цалингаа хурааж байгаад автомашин авах ч гэдэг юм уу, эсвэл орон сууц худалдаж авах боломжгүй шүү дээ. Тэгэхээр зээл авч энэ бүгдийг худалдаж авахаас өөр аргагүй юм.

-Саяхан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар телевизэд ярилцлага өгөхдөө зарим шүүгчдийг хууль бусаар хөрөнгөжсөн байдаг, авлигал авдаг гэх утгатай зүйл ярьсан. Гишүүний ярьсан шиг тийм шүүгч бий юу?

-Байна уу, үгүй юу гэдгийг харуулахын тулд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нийт шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болгосон шүү дээ. Тэр дотор дансандаа сая ам.долларын хөрөнгөтэй шүүгч гарч ирсэнгүй л дээ. Тэгэхээр Х.Нямбаатар гишүүн яг юу ярих гэснийг би сайн ойлгоогүй. Зүгээр шүүх засаглалд шинэчлэл хэрэгтэй гэж хэлэх гэсэн юм болов уу даа. Мөн шүүгч нарт сахилга бат, дэг хэрэгтэй гэх гэсэн үү, мэдэхгүй. Эрхэм гишүүн яг миний эсрэг юм ярьж хэлээгүй болохоор надад хэлэх юм алга.

-Шүүгч хүний гол бүтээгдэхүүн нь шийдвэр гаргах гэдэг. Таны өнгөрсөн хугацаанд гаргасан бүтээгдэхүүн хэр чанартай байсан гэж бодож байна?

-Би өнгөрсөн хугацаанд аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хараат бусаар ажиллаж чадсан гэж боддог. Миний гаргасан шийдвэрүүдийг маш хууль бус болчихлоо гээд гомдол гаргасан, эсэргүүцэж жагсан тохиолдол нэг ч байхгүй. Шүүгч хүн Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг болохоор бүхнийг хуулийн хүрээнд зөв л гаргах ёстой. Тийм болохоор би зөв шийдвэр гаргасан гэдэгтээ итгэл төгс байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Өөдрөг сайхны жишээ болсон Ц.Буянбатынх

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж энэ удаагийн “Танайд өнжье” буландаа хорь гаруйхан настай ч ихэр дөрвөн хүүхдийн аав, ээж болсон Ц.Буянбат, Б.Наранцацрал нарын гэр бүлийг онцоллоо. Эднийх Таван шарын орчим байрлах хоёр өрөө байранд амьдардаг байна. Хотын утаанаас болж бяцхан ихэр охидууд нь байнга л хамрын ханиад хүрчихдэг учир агаар сайтай газар өвөлждөг гэнэ. Тийм болохоор Улаанбаатар, Ховд аймаг хооронд ирэн, очин амьдардаг ажээ. Биднийг очиход Ц.Буянбатын эхнэр бага ихэрүүдийнхээ живхийг нь сольж, том хоёрынхоо үдийн ундыг бэлтгэн нуруу тэнийх завгүй хүүхдүүдээ асарч байв. Залуу гэр бүл гэхэд дутах зүйлгүй сайхан амьдарч байгаа нь гэр дотроос шууд л харагдав. Хоймортоо бурхан шүтээнээ залж, наагуур нь таван төрлийн идээ будааг дээжлэн тавьжээ. Мөн хурдан морины хусуур, хазаар, түрүү, айраг хүртсэн медаль зэргийг эгнүүлэн өрсөн байна. Ийн гэрийн хойморт залрах хүндтэй эдлэлүүдийн хажуугийн хананд нутгийнхаа уул, гэр бүлийн зургаа өлгөсөн харагдана. Алсад цэнхэртэн харагдах уулын наана мэлтэлзэн мяралзах нууртай энэхүү зургийн дор “Хар-Ус нуур, Хан Жаргалант алтай” хэмээн тайлбар бичжээ. Гэр бүлийн зурагт орон дээр өлгийтэй унтаж буй ихэрүүдийн зураг багтаагүй байна.

Эдний том ихэрүүдийг Б.Хишигзул, Б.Хишигзол гэнэ. Хоёр настай. Харин бага ихэрүүд болох Б.Энх-Энэрэл, Б.Энх-Амгалан нар нь гурван сар гарантай нялхаараа ажээ. Ихэр битгий хэл нэг хүүхэд өсгөх ямар хэцүү болохыг зарим эцэг, эхчүүд дуу алдан ярьдаг. Харин жил дараалсан төрөлтөөр ихэр дөрвөн хүүхэдтэй болсон залуу гэр бүлд бусдаас дөрөв дахин хариуцлагатай байх өдрүүд ийн үргэлжилж буй юм.

Энэхүү өндөр хариуцлагыг үүрч яваа залуу аав, ээж хоёр маань Ерөнхий боловсролын сургуулийн нэг ангид суралцаж төгсжээ. Арван жилээсээ л нэгнийхээ сайн, муу занг мэдэлцэж, гэр бүл болсон болохоор амьдралд тохиолдох бэрхшээл бүрийг давхад хэцүү биш байдгаа түүний эхнэр Б.Наранцацрал ярьж суув. Ц.Буянбат дунд сургуулиа төгсөх жилээ нийгмийн тухай мэдлэг хичээлээр улсын олимпиадад амжилттай оролцож Монгол Улсын их сургуулийн хуулийн ангид үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнуулсан байна. Улмаар сургуулиа төгсөх жилээ цэрэгт татагдан Ховд аймагт алба хаажээ. Цэргээс халагдаж ирээд сургуулиа амжилттай төгсөж, эхнэртэйгээ нэг гэрт орж, хоёр ихэр хүүхэдтэй болсон гэнэ.

Дөнгөж сургуулиа төгсөөд ажилд ч ороогүй байтал эхнэр, хүүхэдтэй болсон болохоор гэр бүл толгойлон авч явах эхэндээ хэцүү байсан гэдгээ Ц.Буянбат хэллээ. Тэрбээр “Тэр үед хоёр ихэрдээ живх, эхнэртээ сүү оруулах хүнс бэлтгэх, байрны ус, цахилгаан гээд өдөр тутмын хэрэглээнд царцуулагдах мөнгө олох гэж ажил бүрийг голохгүй хийж байлаа. Их сургууль төгсөөд шууд ажлын байртай болно гэдэг амар биш юм билээ. Би хуульч мэргэжлээр төгсөөд олон ч газар очиж ажилд орох материал бөглөн, хөөцөлдөж үзсэн. Гэвч ажил олдоогүй. Тийм болохоор цагийн ажил хийж хажуугаар нь фото зураг дарж, гэртээ хэвлэн хэдэн төгрөг олдог байсан. Аль болох хоёр талын эцэг, эхээсээ юм гуйж шалгаахгүй өөрсдийнхөө хөдөлмөрөөр амьдралаа авч явна гэсэн бодолтой байдаг. Гэхдээ аав, ээж, ах дүүс маань бидэнд байнга л дэм болно. Улаанбаатар хотод хэрэглээ өндөр, утаа, тоос шороо, дуу чимээ ихтэй болохоор Ховд аймагт очиж амьдарсан. Нутагтаа ирээд удаагүй байтал бага ихэрүүд маань төрсөн л дөө. Ингээд хоёрхон жилийн дотор дөрвөн хүүхэдтэй болчихсон. Том хоёр нь гараас гарч амжаагүй байтал дахиад хоёр хүүхдийн даавуу угаана гэдэг хэцүү хэрнээ бөөн аз жаргал юм билээ” гэв. Залуу гэр бүлд заримдаа шантрах зүйл гардаг ч зовлон биш давах л даваа гэж боддог гэнэ. Биднийг ийн ярьж суух зуур гэрийн эзэгтэй хэзээний хоол хийчихсэн ширээнд суухыг урьлаа. Хүүхэд харах том ажлын хажуугаар гэрээ цэвэрлэж, хоол хийнэ гэдэг хэцүү харагдав ч түүний өдөр тутмын үйлдэл аж. Ц.Буянбат саяхнаас Ховд аймгийн Прокурорын газарт мэргэжлээрээ ажиллахаар болжээ. Тэрээр хуульч мэргэжилтэйгээс гадна хурдан морь сонирхон уяж, уралдуулдаг байна. Аймаг, сумын хэд хэдэн түрүү, айраг хүртсэн гэдгээ хэлээд гэрийн хойморьт эгнүүлэн тавьсан хурдан морьдынхоо медаль, өргөмжлөл, зураг хөрөг, хазаар, ногтоо харуулж байв. Монгол хүн тэр дундаа эр хүн морио дээдлэж, өв соёлоо хүндэтгэх нь буян болдог хэмээн бэлгэшээдэг гэнэ. Ийн хурдан морь уяж, уралдуулахаас гадна зүүн аймгуудаас хурдан адуу авч баруун аймгуудын уяачдад худалдаалдаг гэдгээ хэлэв. Үүнээс олсон ашиг амьдрал ахуйд нь ихээхэн дэм болдог ажээ. Ц.Буянбатын өвөө Монгол Улсын сайн малчин Гомбосүрэнгийн Дамдиндорж хэмээх нутаг усандаа хүндтэй буурал байж. Өвөөгийнхөө дэргэд өссөн болохоор багын л хэрсүү ухаантай, малд нүдтэй болсон гэнэ. Тэр ч утгаараа малын буян, ажлын хүчээр амьдралдаа алзахгүй гэдгээ бардам хэлж байв. Эднийх Төрийн орон сууцны корпарацийн байранд түрээс төлж амьдардаг байна. Анх байрандаа орж ирэхэд түрээс нь боломжийн байсан ч хоёр жилийн дотор шат дараатайгаар хэд хэдэн удаа өссөн гэнэ. Энэхүү ТОСК-ийн байрныхан Ц.Буянбатын гэр бүлд их сайн байдаг аж. Залуу хүмүүс хэрнээ бусдад их тусархуу, ажилласаг, найрсаг гэр бүл байдгийг тус байрны оршин суугчид нь ярьж байв. Эднийх гурван давхарт амьдардаг. Ихэр дөрвөн хүүхдээ гадаа салхилуулах гэж авч гарахад хэцүү байдаг аж. Гэхдээ нэг давхарт амьдардаг хөрш өвөөгөө дуудаж, тусламж авдаг гэнэ. Шөнө орой ихэрүүд нь юмнаас айж уйлахад нэг давхрын өвөөг дуудаж, үлээлгэчихээр зүгээр болчихдог гэв. Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг гэдэг шиг л дэм дэмэндээ болцгоодог бололтой. Боловсролтой, чадвартай залуу хүмүүс учир хийж болох бүхий л ажлын хойноос хөөцөлддөг гэнэ. Тэд гэртээ ч зүгээр суугаад байдаггүй хүмүүс аж. Гэрийн эзэн Ц.Буянбат ажлынхаа хажуугаар гэртээ аквариумын загас өсгөн үржүүлж, борлуулдаг бол эхнэр Б.Наранцацрал нь ихэрүүдээ өсгөхийн зэрэгцээ юмханаар ээмэг, бөгж, гоёлын зүүлт хийж, интернетээр зардаг байна. Мөн монгол дээл, гутал, хөөрөгний дайлан гэх зэргээр урлаж болох бүхий л зүйлийг оёж, худалдаалдаг гэв. Нөхөр нь адуу, загас, фото зураг зэргээр бизнес хийчихдэг. Эхнэр нь оёдол, эсгүүр, гоё л чимэглэл хийчихнэ. Энэ хоёр үндсэн ажлынхаа хажуугаар ийн ахуйн бизнес эрхэлдэг болохоор гэр бүлийн эдийн засагт хүндрэл учраад байдаггүй гэв. Бүр аав, ээжүүдийнхээ цагаан сарынх нь тавгийн боовийг бэлдчихдэг гэж байна. Үнэхээр л өөдрөг, сайхны жишээ болсон айл гэдэг нь харагдаж байсан юм. Цагаан сарын өмнөхөн эднийд Монгол Улсын Их Хурлын гишүүн асан Мөнхчулууны Зоригт зочилсон байна. Энэ үеэр тэрээр ажиллсаг, хийж бүтээхийн өрнүүн их хүсэлтэй, ихэр дөрвөн хүүхэдтэй Ц.Буянбатын гэр бүлийг онцолж дээрх үгийг хэлсэн ажээ. Нийгэмд Ц.Буянбатынх шиг жишгээр амьдрал ахуйгаа авч явдаг гэр бүл олширвол улс, эх орны хөгжил нүд эрмэх төдийд л дэвшинэ гэдгийг онцлон ярьж байв. Ц.Буянбат ирээдүйд шүүгч болох зорилготой гэнэ. Тэрээр “Манай улсад хууль хүн бүрт эрх тэгш үйлчилж чадахгүй байгаа. Иргэд үндсэн хуулиар олгогдсон эрхээ бүрэн эдэлж чаддаггүй. Мөн ирээдүй хойч үеийнхээ хүмүүжил, нийгэмд эзлэх байр суурийг нь бэхжүүлэх төрийн бодлого дутмаг байдаг. Залууст хөгжих боломжийг нь хангалттай нээж өгөх хэрэгтэй. Тэднийг юм бүхнээр дэмжих ёстой. Нөгөө талаараа залуучууд өөрсдийгөө маш сайн дайчлаж сурах хэрэгтэй болов уу. Хэтэрхий эрх байна гэж боддог. Өнөөгийн нийгэмд хүн мэдлэг, хөдөлмөр, мэдээллээр л хөгжинө. Гэр бүлтэй болсон залуучууд маань амьдралынхаа төлөө тууштай тэмцэх хэрэгтэй. Нэг л олдсон амьдрал юм чинь хүн шиг сайхан амьдраад л дуусгах ёстой гэж боддог. Хоёрын хооронд хэн ч биш амьдрах дэндүү уйтгартай шүү дээ. Эхнэртэй болсон бол эхнэрээ насаараа хайрлаж, халамжлах хэрэгтэй. Хүүхэдтэй болсон бол хариуцлагаа ухамсарлаж амьдралаа зөв авч явах ёстой. Ер нь хийж байгаа ажил бүртээ хариуцлагатай л байвал болдог юм шиг санагддаг. Би хэдий залуу ч дөрвөн хүүхдийн эцэг. Тийм болохоор надад өвдөх ч эрх байхгүй” гэлээ. Биднийг ийн ярилцаж байтал эдний удаах охин Б.Хишигзул буюу “дүрсгүй шар” хоол идэж байсан тавгаа ширээн дээрээс унагаад хагалчихлаа. Таваг хагарах чимээнээр хоймрын орон дээр өлгийтэй унтаж байсан ихэрүүд зочин сэрж, уйллаа. “Дүрсгүй шар” дүү нараа сэрээсэн хэргээр ээжээрээ аашлуулж, бас л уйлав. Харин том охин Б.Хишигзол аавынхаа утсаар хүүхэлдэйн кино үзээд чимээгүйхэн буланд сууна. Надтай ярилцаж суусан гэрийн эзэн, цай аягалж зогссон гэрийн эзэгтэй хоёр өлгийтэй ихэрүүдээ нэг нэгээр нь тэвэрч бүүвэйлнэ. Гэр бүлийн аз жаргалын нэгээхэн хэсэг нь энэ биз. Хэдхэн жилийн дараа дэрсхэн өссөн ихэрүүд аав, ээжийнхээ гарын үзүүрт зарагдаж, ирээдүйд эцэг, эх шигээ ажилласаг, ухаантай хүмүүс болон төлөвшиж, энэ улс орноо хөгжүүлэн бадраах нь гарцаагүй юм. Ц.Буянбатынх гурван охин ганц бандитай. Том хоёр охиноо төрөхөд тэрээр “Миний охидууд ямар хүнтэй суух бол” хэмээн анх боджээ. Эцэг хүн охин үрдээ амь гэдэг дээ. Охин үр нь өсөж томроод нэг л мэдэхэд хүний хүн болно. Алсын энэхүү бодлыг эцэг нь төрөхөд л нүдэндээ дүрслэн бодсон байна. Удахгүй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Эл өдөр Ц.Буянбат түүний бага хүү Б.Энх-Амгалан нар эгч, ээж нараа баярлуулах гэж одооноос л гэрийн ажлаа хийж эхэлсэн гэнэ. Ямар ч баярын өдөр үнэтэй бэлэг сэлт хэн нэгэнд өгөхөөс илүү бүтэн дулаан гэр бүлтэйгээ хамт халуун хоол идэж, инээлдэн хөхрөх, уйлж, аргадуулахын аз жаргал хаа байх билээ.


Categories
мэдээ цаг-үе

Дүрсгүйгээрээ алдартай ч аймгийн тэргүүний анги болтлоо гэнэт “цоорч” төгссөн 11а-гийнхан

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа алс баруун хязгаар Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст-Алтай” цогцолбор сургуулийг 2009 онд төгссөн хамт олныг урилаа. Юуны өмнө бидний онцолсон анги тус сургуулийн хамгийн дүрсгүй сурагчтай анги байсан гэнэ. Арван жилийн сургуулийн ангид дүрсгүй, сахилга султай сурагчид их ч манай ангийг гүйцэхгүй байх аа гэсээр ангийн Ц.Буянбат нарын нөхөд нь бидэнтэй уулзлаа. Тэрбээр “Арван жилийн сурагч байсан үе хүн бүхэнд гэнэхэн дурсамжуудыг бодогдуулж, тэртээд одсон он жилүүдийг нэхэн сануулдаг нь сайхан. Бид ямар азаар Ховд аймагт төрж, амьдралын анхны гараагаа “Цаст-Алтай” цогцолбор сургуулийн ширээнээс эхэлсэн юм бэ гэж бодохоор сэтгэл нэг л өег санагддаг юм. Нийслэлийн сурагчдыг бодоход хөдөө, орон нутгийн сурагчид амьдралын ухаантай, хэрсүү зан, басхүү хүн чанартай хүн болон төлөвшдөг болов уу гэж боддог. Манай анги анх 1999 онд охид, хөвгүүд нийлсэн 32 улаан хацартай жаал цуглаж, нус, нулимсандаа хутгалдсан нэг анги бүрдэж байлаа. Тэр цаг саяхан юм шиг л санагдаж байна. Орон нутгийн сурагчид болохоор зуны амралтаараа ар гэрийнхээ ажилд тусалж, намар хичээл орохоос өмнө нийгмийн янз бүрийн ажилд идэвхтэй оролцдог байв. Манай анги сургуульдаа хамгийн дүрсгүй анги байсан. Хичээл ордог багш нарыгаа уйлуулж, хэлэх үггүй болтол нь дүрсгүйтдэг байлаа. Гэхдээ тэрхүү дүрсгүйтэл нь сургуулийн хэмжээнд энгийн хэрнээ хорлонтой гэх үү дээ. Хичээлийн цагаар хоорондоо ярих, охидоо шоглож уйлуулах, дэвтрийн цаас зажлан балны гэрээр хэн нэгэн рүү үлээх зэргээр их л дүрсгүйтдэг байв. Бидний энэхүү үйлдлээс болж манай ангид хичээл заах багш нар нуруугаа авахуулсан морь шиг л орж ирдэг байсан даа. Гэхдээ дүрсгүй, сахилга султай анги гээд биднийг үе үеийн эрдэмтэн багш нар маань зөнгөөр нь орхиогүй. Аливаа буруу үйлдэл бүрт биднийг ухааруулж, учирлаж, чин сэтгэл зүрхнээсээ ханддаг байсан багш нарынхаа ачийг бид мартахгүй. Тэрхүү эрдэмтэн багш нарын ачаар боловсролтой, хүмүүжилтэй, энэ үеийн залуучуудын түүчээ болж яваа ангийн нөхдөөрөө бахархдаг” гэв. Хүүхдийн боловсрол, хүмүүжил бага, дунд, ахлах ангийн багш нараас ихээхэн шалтгаалдаг хэмээн эрдэмтэн, багш нар хэлдэг. Тэрхүү зарчмаар эдний ангийг дунд бүлгээс нь өөр дээрээ хүлээн авч, төгсгөсөн багш нь монгол хэл, бичгийн В.Янжиндулам багш ажээ. Бага, дунд ангидаа сургуулийн багш нарын дургүйг хүргэж, чихнээс нь үргэлж хонх зүүдэг ангийг дааж, төгсгөх зоригтой, сэтгэлтэй багш В.Янжиндулам багшаас өөр байгаагүйг түүний шавь нар нь ярьж байна. Энэ талаар ангийн хүү Л.Эрдэнэдондог “Багшийн минь хичээл зүтгэл, бидэнтэй уйгагүй тулж ажиллаж, сэтгэл зүтгэл гаргасны үр дүнд сурлага, урлагаар сургуулийн болон аймгийн тэргүүний анги болж төгсөж байлаа” гэсэн юм. Ангиараа өдөр бүр үймүүлж, улаан тоос манаруулан, ноцолдон тоглодог дэггүй хүүхдүүд ахлах бүлгийн сурагчид болоод гэнэт бүх зүйлээрээ “цоорсон” амжилт үзүүлжээ.

Сургуулийн багш нарын дургүйг хүргэдэг 11а-гийнхан гэнэт хичээл сурлага, спорт, урлагаараа сургуулиа болоод аймагтаа тэргүүлэн гэж хэн ч санаагүй байх. Ёстой л цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдгээр 11а-гийнхан ахлах ангиасаа бүх зүйлд манлайлж иржээ. Ангийнхаа энэхүү амжилтын талаар Ц.Буянбат “Бүхий л зүйлээрээ шүүмжлүүлж, багш нарын эгдүү, дургүйг зэрэг хүргэдэг манай анги аравдугаар ангиасаа эхэлж хичээл, сурлага нь жигдэрч эхэлсэн. Манай ангиас 2009 оны аймгийн мэргэжлийн хичээлийн олимпиадад 11 сурагч сургуулиасаа шалгаран оролцож байсан. Улмаар монгол хэлний хичээлээр Б.Баярхүү, биологийн хичээлээр Э.Уянга, монгол бичгийн хичээлээр Л.Сарангэрэл, англи хэлний хичээлээр Х.Ачука, нийгмийн тухай мэдлэг хичээлээр миний бие тэргүүтэй таван нөхөр тэргүүн байр эзэлж, улсын олимпиадад оролцож байсан. Харин улсын олимпиадад оролцсон таван сурагчаас Нийгмийн тухай мэдлэг хичээлийн улсын олимпиадад оролцсон миний бие III байр эзлэн Монгол улсын их сургуулийн Хууль Зүйн сургуульд таван жил үнэ төлбөргүй суралцах урилга гардан авч суралцаж төгссөн. Мөн 2009 оны элсэлтийн ерөнхий шалгалтын гүйцэтгэлээр Б.Баярхүү, Л.Сарангэрэл, Б.Наранцацрал нар аймгийнхаа нийт сурагчдаас хамгийн өндөр үнэлгээтэй оролцож, манай ангийнхан бүгд хүссэн сургуулиа авч, амжилттай төгсөж, улс эх орон, гэр бүлийнхээ төлөө хөдөлмөрлөж байна” гэж ярилаа. Эрдэм мэдлэгээрээ аймгийнхаа нэр хүндийг улсын хэмжээнд өндөрт өргөсөн анги хамт олон тийм ч олон биш гэдгийг тус сургуулийн үе үеийн эрдэмтэн багш нар онцлон хэлж байсан юм. Ахлах ангиасаа сургуульдаа сурлагаараа тэргүүлсэн Ц.Буянбат, Л.Эрдэнэдондог, Х.Ачука, Э.Уянга, Б.Баярхүү, Отгонбаяр, Д.Алтанбилэг, Л.Сарангэрэл нар аймгийн олимпиадад оролцож, тэргүүн байруудыг эзэлжээ. Мөн урлаг, спортоороо ч тэргүүлж чадсан байна. Эдний ангиас Г.Билгүүн, Отгонбаяр, Түмэнсүх нар бүжиглэх авьяастай сурагчид байж. Бүжгийн хамтлаг байгуулж, сургуульдаа болон аймагтаа хэдийнэ нэрт гарсан аж. Мөн хувийн бизнес эрхэлдэг, хөдөлмөрч сурагч болох Дижитал Пүүжээ буюу Пүрэв-Очир нарын нөхөд нь одоо ч нийгэмдээ байр сууриа олсон бизнесмэнүүд болсон гэнэ. “Цаст-Алтай” цогцолбор сургуулийн гар бөмбөгийн шигшээ багт Г.Билгүүн, Б.Наранцацрал нар нь маш сайн тоглож, олон амжилтын эзэд болжээ. 11а-гийнхан бүх зүйлээрээ тэргүүний анги болоход нөлөөлсөн гол хүн нь ангийн багш, хэл шинжлэлийн ухааны доктор В.Янжиндуламтай салшгүй холбоотой гэдгээ шавь нар нь хэлж байв. Арван жилийн сургуулиа төгссөнөөс хойш эдүгээ 10 дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж буй 11а-гийнхан удахгүй төгсөлтийн баяраа хийх юм байна. Анхны арван жилийн ойгоо тэмдэглэх гэж одооноос олон ажил төлөвлөж буйгаа эдний ангийнхан ярьж байлаа.


Categories
мэдээ цаг-үе

Нийгэм судлаач Э.Баатарцогт: Монголчууд амиа бодох их муухай гэж ярьдаг атлаа хамгийн өөдгүйгээр амиа боддог

Шинжлэх ухаан технологи, нийгмийн судалгааны төвийн захирал Энэбишийн Баатарцогттой ярилцлаа.


-Улсын хөгжил хүнээсээ гэдэг. Тэгэхээр улсын хөгжил ярихаас өмнө хүнээ ярьсан нь зөв байх?

-Манай улс өндөр хөгжилтэй гэгдэх Япон, Солонгосыг бодвол байгалийн баялаг ихтэй, газар нутаг томтой, мал аж ахуй, газар тариалан эрхлэх нөөц боломж ихтэй орон. Гэвч үүнийгээ бид олигтой ашиглаж чадахгүй өдийг хүрээд байна. Үүнд олон хүчин зүйлс нөлөөлж байгаа боловч хамгийн ихээр саад болж байгаа зүйл бол монгол хүний сэтгэлгээний хөгжил юм. Монгол хүний өөрийгөө үзэх ухамсарт би гэсэн үзэл давамгайлж байдаг. Зөвхөн би л бүгдийг хийх ёстой. Миний урдуур хэн ч хөндөлсөх ёсгүй. Би чадахгүй ч гэсэн тэрнээс илүү хийж чадна. Хэрэв тэр түрүүлж хийх л юм бол би үхэх гээд байна гэх зэргээр өөрийгөө хорсолд хөтөлдөг унаган чанарууд монгол хүн болгонд нэвт шингэсэн. Энэ зан чанар нь аливаа зүйлийг хийхэд саад болж, нийгэмд хамтран амьдрах чадваргүй болгож байгаа юм. Нэгнийгээ бүх зүйлд дэмжин уриалж байгаа хүн алга. Учир нь хүн болгон “баатар” болох гэсэн үзэлдээ дийлдсээр байгаа болохоор тамын тогоо шиг юу ч хийсэн бүтдэггүй. Би, би гэсэн үзэл монголчууд бидний хамгийн том саад тотгор болоод байна. Хамтаараа бусдын төлөө гэсэн сэтгэл бидэнд алга. Энгийн жишээ хэлэхэд машин гүйцэж түрүүлэх оролдлого хийхэд хурдаа нэмдэг асуудал авто зам дээр ажиглагддаг. Өөрийн нутгийн бөх түрүүлээгүй бол тэр наадам, наадам биш гэх үзэл бөх сонирхогчдын дунд байсаар байна. Ер нь энэ талцал би гэсэн үзлээс эхлээд дош, баг, сум, овог, аймаг гэсэн хэлбэр лүү орсон. 2016 оны олимпод Хөдөлмөрийн баатар Д.Сумьяаг давсан Бразилын бөх Силваг монголчууд тэр чигээрээ хараасан. Бүр тив алгасаж хэрүүл хийж, харааж зүхсэн дээ. Энд юу ажиглагдаж байна гэхээр зөвхөн би гэх үзэл монголчууд бидэнд хэзээнээсээ байжээ. Энэ бол нийгмийн дунд ажиглагдаж байгаа үзэл суртал юм. Улс төр, бизнесийн хүрээнд бол томоохон шийдэл, үйл ажиллагаанууд явц дундаа үргэлж унадаг. Аливаа улс төрийн томоохон төслүүдийг манай бизнесийн болон улс төрийн бүлэг фракцууд л өөрсдийнхөө ашиг сонирхлыг оруулахын тулд л бүх юмыг гацааж байдаг. Магадгүй геополитикийн болоод хөрш улсуудын ашиг сонирхол байхыг үгүйсгэхгүй ч байнга нөлөөлөөд байх нь юу л бол.

-Аливаа улсын хөгжлийг харъя гэвэл ард түмнийг нь ажигла гэж нийгэм судлаач, эрдэмтэд их ярьдаг. Хотынхоо төв гудманд шүлсээ хаях, олон нийтийн газар тамхи татах…гэх мэт олон саар жишээг дурдаж болохоор. Энэ бүх зүйл монгол хүний ямар зан чанартай холбоотой юм бэ?

-Манайхан нус шүлсээ баруун солгойгүй хаяж, тамхины ишээ газар шидэж, ланд 200-ийн цонхоор хэрэглэсэн салфеткаа хаях нь энүүхэнд. Манайх уул нь тамхины хуультай. Тэгэхдээ тэр хуулийг нь хуулийнх нь ч өөрсдөө хэрэгжүүлдэгүй шүү дээ. Хуулийг санаачилсан хүн нь өөрөө тамхи яаж татдагийг үзүүлсэн. Шүлсээ хаях бол хөгшин залуугүй үзүүлж өгнө. Бүр техниктэй нусаа нийдэг гээд л нэг залуу шоглоом болгож ярина лээ. Энэ бүгд чинь л өөрийгөө бодох зан чанартай шууд холбоотой. Миний гудамж биш, манай нойл биш. Надад ямар хамаатай юм гэсэн монголчуудын тархинд гүн шигдсэн сэтгэлгээ л яваад байна. Өөрийгөө бодох зан нь авто зам дээр л их илүү харагддаг юм даа. Эгнээгээ барьж явж чадахгүй урдуур дайрах, болих дахиад дайрах зэргээр нервтүүлж яг ганцаараа явж байгаа юм шиг л аашилна. Их уучилна. Их уурлана. Харин авто зам дээр миний өөрийгөө бодох түвшин арай бага юм шиг санагддаг. Бүх хүнийг өөрийнхөө хамаатан мэт санаж, ах шигээ хүндэлж урдуураа оруулна, гаргана. Ингэх нь надад стрессгүй амар. Үүнтэй холбоотой нэг жишээ хэлье. Шведийн Төв банкан дахь эдийн засгийн салбарын Нобелийн хороо 2017 оны шагналын эзнээр Чикагогийн их сургуулийн профессор Ричард Тейлер тодорсныг зарласан. Ингэхдээ түүний “Сэтгэл судлалын эдийн засаг”-т оруулсан хувь нэмрийг үнэлж, тус шагналыг олгож буйгаа хэлсэн юм. Ричард Тейлер нь сэтгэл судлалын эдийн засгийн анхдагчдын нэг бөгөөд орчин үед энэ чиглэлийн судалгаа эрчимтэй хөгжих болсны гол шалтгаан, түлхүүр нь. Түүний чиглүүлэх эдийн засгийн энгийн жишээг би хэлье. Босоо нойлруу бие засаж буй эрэгтэйчүүдийн шээс их цацардаг тул цацрахгүй урсах тэр хэсэгт ялаа зурж. Тэгтэл юу болсон гээч, шээс цацрахаа больж цэвэрлэгээний зардал, хөдөлмөр маш ихээр хэмнэгдсэн байна. Учир нь ялааг онож шээхийн тулд эрчүүд цацруулахгүй шээдэг болж л дээ. Их дүрсгүй шинжтэй. Энэ бол хүний хөдөлмөрийг үнэлдэггүй хүмүүсийг чиглүүлэх зайлшгүй шаардлагатайг харуулж байгаа юм. Хүний нийгэмд араатан ч бий амьтад ч бий. Тэр хүн болгоныг хянах боломжгүй учир эдийн засгийн аргаар чиглүүлэн тохируулах ухаан хэрэгтэй гэсэн үг л дээ. Ер нь ардчилсан нийгэмд эрх тэгш амьдрах гол нөхцөл нь буруу шийдвэр гаргадаг төр засагт хариуцлага тооцож чаддаг ард түмэн, ард түмний хяналтанд дор зөв үйл ажиллагаа явуулдаг төр хоёрын нарийн мэдрэмжтэй харилцаа юм. Нэг талаас Монголын нийгэм ард түмний мэдлэг, ойлголтын түвшинг л дээшлэхийг хүлээгээд байгаа шүү. Хэн нэгэн бүлэг фракцыг дагаад шуураад байдаггүй зөвхөн үндэсний эрх ашгаа урдаа барьсан ард түмэн хөгжилд хүрдэг. Тэгсэн цагт бид төрөөс хариуцлага нэхэж чаддаг болох юм байна. Тэгсэн цагт бид энэ чөлөөт нийгэмд хамтран амьдрах чадвартай болно. Тэр хүртэл нутгархах, овгорхох үзлээс салж чадахгүй л байхаа даа. Нийгэмд амин хувиа бус бие биеэ бодох ухамсар тогтсон цагт хөгжлийн талаар, баялгийн дахин хуваарилалтын талаар ярьж хэрэгжүүлэх байх.

-Дэлхий дээр монголчууд л ганцхан аминчхан үзэлтэй биш байх. Бусад орны хүмүүс ер нь ямар үзэл бодолтой байдаг бол?

-Амиа бодохуй нь улс, үндэстнүүдийн хувьд өөр өөр байна. Япон болон өрнөдийн орны иргэд их амиа бодсон байдаг. Танихгүй хүмүүс байтугай аав ээж, үр хүүхдүүд хоорондоо нэгнээсээ мөнгө төгрөг, зээл авахгүй, бүгд л өөрөө өөрсдийгөө бодсон, тусдаа санхүү, эд хөрөнгөтэй, нэгнийхээ хэрэгт оролцоод байдаггүй. Бүгд л өөрсдийгөө бодож амьдардаг. Гэхдээ л Япон улс өнөөдөр хамгийн хөгжилтэй орнуудын тоонд орж байна. Бусад орнууд ч адил. 2012 онд Японд аймшигтай цунами болж, хүмүүнлэгийн их сүйрэл тулгарсан. Тэнд очсон Америкийн нэгэн сурвалжлагчийн хийсэн нэвтрүүлэг телевизээр гарч байна аа. Цунамийн төвтэй ойролцоо байсан нэгэн хотод ундны цэвэр ус ихээр дутагдаж, өөр газраас савтай цэвэр ус зөөж байх юм. Цэвэр ус авах гэсэн иргэд уртаас урт цуваа болон дугаарлаж. Ус тарааж буй хүмүүс авчирсан ус нь хангалттай биш болохыг тэр хүмүүст урьдчилан хэлсэн байна л даа. Тэгмэгц ундны усаар гачигдсан тэр олон хүн дээр доороо ороод эхлэх байх даа гэтэл тийм юм огт болсонгүй. “Надад ундны ус хамгаас их шаардлагатай байна, тийм өвчтэй эцэг эх, үр хүүхэд байна” гээд элдэв худал үнэн шалтаг тоочоод урдуур хойгуур нь дайрах байх гэтэл бас л тэгсэнгүй. Танил талаа урдуураа оруулах гэсэн ойлголт бүр ч байхгүй. Тэдний баттай мэдэж буй нэг зүйл бол хүн бүр өөрийгөө бодох эрхтэй, иймд хамгийн түрүүнд ирсэн хүн л хамгийн түрүүнд ус авах эрхтэй, би сүүлд ирсэн учраас надад ус хүрэлцэхгүй бол яах ч аргагүй гэж боддог. Амиа бодлоо гээд шударга бус зүйл хэзээ ч гаргадаггүй байна. Үүнийг л рациональ эгоизм гээд байгаа юм шүү дээ. Манайд бол эхлээд, урдуур дайраад үзнэ, дараа нь оочерт урдуур зогсож буй танилаа хараад “би энд байсан юм” гэж нэг худал хэлээд үзнэ, дараа нь ус түгээж буй хүний эцэг эх, танил талыг “судална”, бүр болохгүй бол шулуухан дайрна. Монголчууд амиа бодох муухай гэж маш их ярьдаг атлаа хамгийн өөдгүйгээр амиа боддог. Автобусанд түрүүлж орохын тулд хэнийг ч дайрч унагахаас сийхгүй, машинтай явж байгаад дүрэм зөрчин, бөөн түгжрэл үүсгэчихээд яваад өгнө. Зогсоол дээр дүрмээр тавьсан машины өмнө машинаа тавьж хүний цаг завыг үрнэ. Хэдэн хүнтэй нийлж, нам хөдөлгөөн байгуулаад, ард түмний төлөө амь насаа үл хайхран тэмцэнэ гэчихээд ямар нэг албан тушаал олдонгуут нам жим болоод алга болно. Энэ мэт жишээ даан ч олон, ярьж барагдахгүй. Монголчуудыг муухай харагдуулдаг хамгийн өөдгүй зан чанар бол яг энэ шүү дээ.

Хараад байхад хамгийн арчаагүй байдлаар хувиа боддог хүмүүс л бусдыг бодох хэрэгтэй, либертари эгоизм бол хамгийн муухай зүйл гэж ярих юм. Бусдын төлөө амьдрах тухай номлож, альтруизмын хичээл заадаг тэр хүмүүст “Чи тэгвэл ах дүү… түүндээ туслах цаг болжээ, тэр чинь их ядарч явна лээ”, “чиний багын найз, ангийн нөхөр … тэр чинь тэнд өвчтэй байна, эм тарианых нь мөнгө төгрөг хүрэлцэхгүй хэцүү байна лээ”, чамайг туслах хүсэлтэй байна гэдгийг түүнд дуулгачих уу, хэдэн төгрөг өгвөл би аваачаад өгье гэнгүүт л нөгөөх альтруистын маань хулхи бууж, ээрч гацан, элдэв шалтаг хэлээд “унжганаад” унадаг. Нэгийг бодож, түүнээсээ өөрөөр ярьж, бүр эсрэгээр нь үйлддэг хүмүүс бол альтруистууд. Тэгвэл либертари эгоистуудын бодол, хэлсэн үг, үйл үйлдэл маш тодорхой. Тусалж чадах бол чадна, чадахгүй бол чадахгүй. Тэгэхээр өөрийгөө бодсондоо бусдыг яахаас ч буцдаггүй, бусдыг ямагт гутлын алчуур болгодог, өөрөөсөө бусдыг хүн гэж боддоггүй, хамгийн арчаагүй, муухайгаар өөрийгөө боддог хүмүүс л “би амиа боддог” гэж хэлэхээс айдаг бололтой. Үндэсний баялгийн 90 хувь нь олигархиуд буюу хүн амын 2 хувьд нь төвлөрч байхад юуных нь ардчилал, тэгш хуваарилалт байхав дээ. Нийгмийн тэмцэл явж явж хүмүүсийн ёс суртахуун дээр тулаад гацаад байгаа гэж ойлгодог. Тэр нь үндэсний эрх ашиг, хувийн эрх ашгаа ялгаж салгаж чадах ухамсар, үйлдэл хэр вэ? гэсэнтэй утга нэг л дээ. Баялагийг тэгш хуваарилах нь нйигмээсээ шалтгаалах гээд байгаа ч юм шиг. Хууль журмаа мэдэхгүй, хамтран амьдрах чадваргүй, эрх чөлөөг дураараа загнах гэж ойлгодог хүмүүст мөнгө өгөөд хэрэггүй л дээ. Архи уугаад, авгай хүүхэн эргүүлээд, хөөрөг бариад, хурдан морь хөөгөөд жинхэнэ амралтын байдалтай амьдарна шүү дээ. Гэвч нийгмийн хөгжил хувь хүний хөдөлмөрөөр хэмжигдэж байна. Аль ч улсын хүн ам арай илүү хөдөлмөрлөж, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэн, мэдлэг шингээсэн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байна тэр улс орон илүү хөгжингүй байна.

-Монголчуудын амиа бодох үзэл нүүдэлчин ахуйтай холбоотой юу?

-13 дугаар зуунд овог аймгуудын талцал, тэмцэл дээд цэгтээ хүрээд байхад Тэмүүжин нэгтгэж зангидсан. Нэг удирдлагад орсон Монгол Улс ямар хурдан хүчирхэг болдгийг түүх бидэнд харуулсан. Одоо харин ард түмний дунд Чингис хаан шиг хүчирхэг удирдагчийг төрүүлэх хүлээлт байсаар байна. Ардчилсан засаглалтай улс оронд Чингис хаан шиг удирдагч гарч ирэх боломжгүй юм л даа. Нөгөө талаас Монголчуудын нэгдэж нягтарч чаддаггүй үзэл нь нүүдлийн соёлтой шууд хамааралтай. 100 жилийн өмнөөс л хот сууринд төвлөрөн хамтран амьдрах байдал эхэлсэн. 2000 онд авто замын түгжрэл байхгүй байхад тайван л амьдарч байлаа. Одоо авто зам дээрх осол, аваар, эд хөрөнгө, хүний амь насны хохирол ямар их болоо вэ. Бидэнд хамтран амьдрах чадвар дутагдаж байна. Гарцаар гарах, хурдаа барих, гэрлэн дохионд захирагдах чадвар, чадамж байхгүй л байхгүй юу. Хүн болгон өөрийн дүрмээр машин барьж байгаа болохоор үргэлж зөрчил үүсч байна л даа. 2010 оноос хойш сошиал ертөнцөд хүмүүс амьдарч эхэлсэн гэж хэлж болно. Одоо энэ сошиалын солиоролд нийтээрээ орсон байх. Ажилд хийдэг хүн алга боллоо. Бүгд фэйсбүүк, твиттерийн ажилтан болсон. Сошиалийн зөрчил, тэмцэл хэрээс хэтэрлээ, үүнээс шалтгаалсан гэмт хэргийн тоо улам бүр нэмэгдсээр байна. Энэ юу хэлээд байна вэ гэхлээр бид нийгэмд зөв, зөрчилгүй, хамтран амьдрах соёлд суралцаагүйг л илэрхийлээд байх шиг.

-Та нийгэм судлаач хүн. Монголын нийгмийг хэрхэн харж байна вэ?

-Өнөөгийн бидний нийгэм худал, хуурмагаар дүүрэн байна. Нэг үе идэвхжсэн иргэдийн хөдөлгөөний зохицуулагч нар ард түмний нэрийг барьж яваад карьераа өсөөд ирэхээр нь хэрэглэж дууссан гэсэн шиг тэнд чин сэтгэлээсээ зүтгэж байсан хүмүүсээ хаяад нам улс төрлүү шургалж аль нэг фракц бүлэгт орсон. Үр дүн нь энэ. Өнөөдөр хэн үнэн яриад хэн худлаа ярьж байгааг ард түмэн ялгахаа больсон. Одоо хэн нь ард түмний нэрийг барьж карьераа өсгөж байгаад аль нэг хүчтэй гэх бүлэг фракцид шингэж худлаа үнэн бодлого ярьж суух бол. Тэр иргэний хөдөлгөөний удирдлагууд бүгд өөрсдийнхөө төлөө явсан. Нийтийн төлөө гэж дуугардаг болохоос цаанаа өөрийнхөө карьерт л үр дүнг шингээсэн л байхгүй юу. Ямар ард түмэн байна тийм төр байна гэж цэцэрхэх боллоо. Өөрөөр хэлбэл та нар тэнэг болохоор ийм төртэй байгаа юм хохь чинь хар малнуудаа гэж байна. Ард түмэнд сонголтгүй сонголт тулгачаад та нар сонгосон гэнэ. Тэр намын даргын чинь 60 тэрбумын авилгаар бүрэлдсэн танхим шүү. Монголын ард түмнээр нэр дэвшигчдийг сонгуулсан бол жинхэнэ эх орноо гэсэн чин сэтгэлтэй, боловсролтой, өнгө мөнгөний шуналгүй шилдгүүдээс түүвэрлэх байлаа. Одоо хар та нар эх орноо. Өвөл нь утаанд угаартсан, зун нь бөгснийхөө баасыг дутуу арчсан хүүхэд шиг үмхий ханхалсан, төрийн сүлдээ турсиктэйгээ хольсон ихэнхдээ бөгснөөс доогуур зүйл ярьж, өрнөөс өрний хооронд, засгаас засгийн хооронд, шийдэж чаддаг асуудал байхгүй, талцал, хэрүүл, хорон дунд учраа олохгүй явна. Үндсэн хуулиа өөрчлөнө. Эрх мэдлийг нэг талд нь төвлөрүүлнэ гэнэ. Эвлэрч нэгдэж ажиллаж чадахгүй болохоор эрх мэдлийг төвлөрүүлж нэг нэгэндээ ташуур өгөхийн байх. Цаазаар авна. Ерөнхийлөгчийн засаглалтай болгоно. Тэгээд бүгд ок болно гэсэн. Одоо энэ талцалаа зогсоож жинхэнэ ажлаа эхлэх хэрэгтэй. Асуудлын гол нь эдийн засагт байгаа. Эдийн засгийг сэргээх гол хөдөлгөгч хүч нь хувийн хэвшил. Тэднийгээ бүх талаар дэмжих ажил бидний гол анхаарлын төвд байх ёстой. Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэн, экспортыг дэмжиж, зээлийн хүүг бууруулж, хадгаламжийн хүүгээс татвар авах зэргээр ажлаа эрчимжүүлье. Уул уурхайгаас хамааралгүй эдийн засгийг бүтээе. Үйлдвэр эрхлэгчдэд зээлийг нь олгоё, эрүүл ахуйг хангахад нь тусалъя, гадаад дотоодын зах зээлд нийлүүлэхэд нь зуучилья. Ердөө л энэ шүү дээ. Ард түмэнд таалагдах гэж халамжийн бодлого, инфляци ярьж муйхарлахаа больё. Хувийн хэвшлийг тултал нь дэмж. Дараа нь хөгжлийн тухайгаа ярьж том төслүүдээ хөдөлгө. Хөгжлийг их олон зүйлээр ойлгож болно. Хамгийн эхэнд байгаль эхийн тэнцвэр дараа нь хүний эрх, эдийн засаг, шинжлэх ухаан технологи, иргэдийн ухамсар боловсрол гээд маш олон хүчин зүйл байгаа байх. Одоо шүүмжилж, хэрэлдэж, талцаж, нутгархаж, амин хувиа хичээж ханалаа. Хийцгээе.

-Монголчууд аминчхан үзлээсээ салахын тулд яах ёстой вэ?

-Мөнхийн эрх ашиг хүн болгонд байдаг. Үүнийг хэн бүхэн мэднэ. Барьцаанд орсон, хэт шунасан, хувийн мөнгөний эрх ашгаа бусдаас дээгүүр тавьсан энэ бүх зүйл бидний амьдралд байх ч болно, байсаар ч байна. Амиа хичээх үзлийг зөв талаас ойлгох аргагүй юм л даа. Монголчууд бид ирээдүй болсон үр хүүхдүүддээ амьсгалах агаарчгүй, уух усчгүй, бохирдсон хөрс, ухаж төнгөчсөн газар шороо, удирдлагагүй төр, хар тамхи, бузар булхай болсон нийгмийг хүлээлгэн өгөх гээд байна. Тиймээс бие биенээ дэмж, хамтран ажилла, эхнээс нь эхлээд дуусах хүртэл нь хамтын ажлаа ярилц, ойлголц, үр дүнг нь тооцоол, эрх ашгаа зөвшилц, эцсийг нь үз гэж хэлмээр байна. Монголчууд бидэнд хамгийн ихээр дутагдаж буй зүйл бол эвлэрэл, нэгдэл, хамтын ажиллагаа юм. Бидэнд баялаг байна, мэдлэг байна, байгалиас өгөгдсөн бие бялдрын чадавх байна. Үүнийгээ л ашигла. Монголчууд талцал, хуваагдал, жагсаал цуглаанаар асуудлыг шийдэхгүй. Эвлэрэл, тэвчээр, хөдөлмөр, тууштай сэтгэлээр хандаж хамтдаа зүтгэвэл бүх зүйл их амархан өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна. Тэгэхийн тулд би гэсэн үзлээ орхиж, бид гэсэн үзэлтэй болох учиртай.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Бямбадорж: Хүний эрхийн зөрчлийг хоромхон зуур дэлхий даяар мэддэг болсон

– НҮБ МОНГОЛЫН ХУРДАН МОРЬ УНААЧ ХҮҮХДИЙН
АСУУДЛЫГ АНХААРАЛДАА АВСАН БАЙНА –

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржтой ярилцлаа.


-Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын өдөр тохиосон. Хүний эрхийн үндэсний комисс иргэний нийгмийн байгууллагуудтай хэрхэн уялдаа холбоотой ажилладаг вэ?

-Нэг үеэ бодвол хүний эрхийн талаар үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудыг иргэд ойлгодог болж. Энэ бол нийгмийн нэг том ололт юм. Учир нь хүний эрхийн төлөөх иргэний нийгмийн байгууллагууд үйл ажиллагаагаа сэтгэл, зүтгэлтэй явуулж байдаг. Ингэснээрээ монгол хүнд тусалж, Монгол төрийн ачааг үүрэлцэж байна гэсэн үг. Тийм учраас эдгээр байгууллагуудтай Хүний эрхийн үндэсний комисс байнга хамтран ажилладаг. Бид жилд хоёр удаа уулзаж, санал бодлоо солилцож, үйл ажиллагааныхаа талаар танилцуулдаг уламжлал тогтсон. Хүний эрхийн үндэсний комисс бол жижиг бүтэцтэй байгууллага шүү дээ. Харин 2014 оноос эхлээд орон нутагт нэг, нэг хүнтэй болсон. Гурван сая хүний эрх ашиг, нийгэмд эзлэх байр суурь, хөгжлийг хариуцдаг байгууллага энэ бүтцээр ажиллана гэвэл барахгүй. Хүч хүрэхгүй гээд орон тоогоо нэмнэ гэвэл бас хэцүү. Тэгэхээр олон түмэнд хүрч ажиллахын тулд иргэний нийгмийн байгууллагатай нягт ажиллах нь зөв. Мөн хүний эрхийг хамгаалахын тулд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо чухал. Тухайлбал, өөртөө тохиолдсон эрхийн зөрчлөө ойлгодоггүй нэг хэсэг хүмүүс байна. Тэдэнд хүний эрх, үүргийг ойлгуулахын тулд ямар үйл ажиллагаа явуулж болохыг мэдээлэх ёстой. Үүнийг хэвлэл мэдээллийн байгууллагын тусламжтай олон нийтэд хүргэж болно. Гэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд ихэнх тохиолдолд арилжааны нөхцөлтэй байгаа. Энэ нь нэг талаараа зах зээлийн нийгмийн хууль.

Нөгөөтэйгүүр Хүний эрхийн үндэсний комисст хэвлэл мэдээллийн байгууллагад төлбөр төлөөд мэдээлэл дамжуулах боломж, төсөв ч байхгүй. Тийм болохоор бид үйл ажиллагаагаа явуулахын тулд дэргэдээ сэтгүүлчдийн клуб ажиллуулдаг болсон. Ингэж хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг олон түмэнд хүргэж байна. Үүнээс үзвэл иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл гэх хоёр том институт бидний түшиг, тулгуур гэж ойлгодог.

-Хүн байгаа газар хүний эрх зөрчигдөж байдаг гэж та ярьсан. Монголд хүний эрхийг зөрчиж байгаа гол субьект нь хэн бэ?

-Нийгэм оршин тогтнож буй газар хүний эрхийн зөрчил байнга гардаг. Тийм учраас хүний эрхийн зөрчлийг арилгах, багасгах үйл ажиллагаа явуулахыг НҮБ-ын холбогдох хороод болон тухайн улсын төр үндсэн хууль, бусад хууль, тогтоол батлах замаар хамгаалж байдаг. Ихэнх тохиолдолд төрийн эрх мэдэл бүхий байгууллага, албан тушаалтны зүгээс хүний эрхийг зөрчдөг асуудал буурахгүй байна. Үүнд манай байгууллага маш өндөр хяналт тавьж, ажиллаж байгаа. Мөн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх үйл ажиллагаанд хүний эрхийг зөрчихгүй байх талаар байнга хяналт тавьж ажиллаж байна. Эрүү шүүлтийн асуудал нэг үеэ бодвол цэгцэрсэн. Энэ төрлийн хүний эрхийн зөрчил буурсан гэсэн үг. Гэр бүл, хамт олон дотор хүний эрхийг зөрчих үйл ажиллагаа байсаар байна.

-Яавал хүний эрхийн зөрчлийг буулгах боломжтой вэ?

-Өнөөгийн нийгэмд миний эрх, эрх чөлөө чиний эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагдана гэсэн зарчмаар л явах ёстой. Ингэж байж бид нэгнийхээ болоод өөрийнхөө эрхийг хамгаалж чадна. Жишээлбэл, би чиний уурыг хүргэсэн байж болно. Чи маш их уурласан ч гэсэн намайг зодож болохгүй. Яагаад вэ гэхээр би халдашгүй эрхтэй хүн. Миний эрүүл мэнд, махбодь халдашгүй байх ёстой. Үүнийг хуулиар зохицуулж өгдөг. Айх аюулгүй, гачигдах зовлонгүй нийгмийг цогцлоон байгуулахын төлөө 1948 онд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батласан. 2015 онд буюу НҮБ-ын далан жилийн ойгоор НҮБ-ын гишүүн орнуудын төр засгийн тэргүүнүүд уулзаж 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилт гэх баримт бичиг баталсан. Учир нь НҮБ 1948 онд баталсан түгээмэл тунхаг бичгийнхээ зорилгод хүрч чадаагүй юм. Өөрөөр хэлбэл бид айх аюулгүй, гачигдах зовлонгүй нийгмийг өнөөг хүртэл цогцлоон байгуулж чадсангүй. Энэ олон жил өнгөрөхөд яагаад зорилгодоо хүрч чадаагүй юм бэ гэхээр дайнтай, эдийн засаг муу, хөрөнгө санхүү хүрэхгүй, улс төрийн дэглэм хатуу байлаа зэрэг янз бүрийн шалтаг хэлдэг. Одоо ийм шалтаггүйгээр 2030 он гэхэд хүн төрөлхтөн хүний эрхийг хамгаалах арван долоон зорилтыг хангасан байх ёстойг дахин баталлаа. Хүний эрх, эрх чөлөө нийгмийн хөгжлийг дагаад нэмэгдэж байдаг. Ер нь хүний эрхийн цаад утга бол хүнийг нийгэмд чөлөөтэй хөгжих боломжийг хангах ойлголт шүү дээ. Тэгвэл улс орон, энэ ертөнц хөгжинө. Би бол ардчиллыг ерөөсөө сонгуульт байгууллагатай, Үндсэн хуультай, иргэн нь эрхээ дээдэлсэн тэр л улс орныг ардчилсан улс орон гэж хэлнэ. Монгол Улсад өнөөдөр энэ шалгуур үзүүлэлт хангагдаж байна уу гэвэл хангагдаж байгаа. Бид ямар ч байсан ард түмнээсээ сонгогдсон Их хуралтай, Ерөнхийлөгчтэй. Бидэнд одоо юу дутагдаж байна вэ гэвэл эдийн засгийн баталгаа л дутагдаж байгаа юм. Үүнээс болоод хүний олон эрх, эрх чөлөө тэр болгон хэрэгжиж чадахгүй байгаагийн нэг жишээ нь утааны асуудал юм.

-Монголд хүний эрхийн зөрчил бусад орнуудтай харьцуулбал ямар байдаг юм бол?

-Манай улсад хүний эрхийн ноцтой зөрчил гарч байна. Харьцангуй гайгүй ч юм байна. Гадаадын орнуудаар явж байхад хүний эрхийн ноцтой зөрчлүүд гарч байсныг харж л байсан. Гэхдээ хүний эрхийн зөрчил гэдгийг эрэмбэлж болдоггүй юм. Өөрөөр хэлбэл тэр эрх нь гайгүй, энэ эрх нь ноцтой гэж ялгаж болохгүй. Дэлхийн улс орнуудыг хүний эрхийн зөрчил хэр гарч байгаагаар дүгнэсэн тооцоо байдаггүй. Хүний эрхийн зөрчлийг хоромхон зуур дэлхий даяар мэддэг болсон цаг. Түүний төлөө бүх нийтээрээ дуугарч, тэмцдэг болж. Ноцтой зөрчил гарсан улсад бусад улс орнуудын зүгээс шийтгэл хүлээлгэдэг болсон. Тэр нь улс төрийн, эдийн засгийн гэх мэт хориг тавих юм. Тэгэхээр дэлхий ертөнц нэг нэгээсээ хамааралтай болсон өнөө үед хүний эрхийг дураараа зөрчих асуудал байхгүй шүү. Үүнийг монголчууд ойлгох ёстой.

-Иргэний эрхийг зөрчсөн асуудлыг төрийн байгууллагууд хэрхэн хүлээн авч байна вэ?

-Өнөөгийн нийгэмд хүмүүс чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Тийм болохоор иргэний гаргасан өргөдөл, санал гомдолд ямар ч байгууллага анхааралтай ханддаг болж. Гэхдээ манай төрийн албанд бугшсан нэг муухай юм бий. Тэр нь ихэмсэг зан. Иргэд төрийн байгууллагуудын үүдээр ороод л ихэмсэг зантай албан хаагчидтай тулж байна. Үүнийг хүнд суртал гэж хэлж болох байх. Төрийн эрх мэдлийг зарж амьдрах гэсэн, ихэмсэг байдлаараа далимдуулж хүнтэй харьцдаг энэ үйл ажиллагаа тасрахгүй байна. Энэ зан арилчихвал нийгэм хөгжинө. Жишээлбэл, гадаадын орнуудад худалдаа хийдэг худалдагч нар үйлчлүүлэгч ороод ирэхээр танд юу хэрэгтэй байна, юу авах вэ гээд урд нь сөгдөх шахам л болдог. Гэтэл манайд худалдагч нар ч тэр, үйлчлүүлэгчид ч гэсэн бие бие рүүгээ шилбэлзэж, хялалзаад эхэлдэг шүү дээ. Ямар ч ажил хүний харилцаан дээр тогтдог. Зөв сайхан, ямар ч хүнийг хүндэлж, соёлтой харилцаж байж нийгэм хөгждөг. Энэ системийг Монголын төрийн албанд тууштай нэвтрүүлэх хэрэгтэй. Үүнийг товчхондоо хүн чанар л гэж хэлээд байгаа юм.

-Таны хэлдгээр төрийн өндөр албан тушаалтнуудын зан харилцаанд биеэ тоосон чанар анзаарагддаг шүү. Гадны судлаач нар монголчуудыг их аминч үзэлтэй гэдэг. Үүнээсээ болж хүний эрхийн ойлголт сул хөгжсөн гэж ярьдаг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Үнэхээр тийм. Монголчуудын хувиа хичээсэн үзэл гэх үү, зан ч гэх үү ийм юм манай улсын хөгжилд асар том саад болж байна. Гэрээсээ гараад хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг хараад л үүнийг мэдэрдэг. Би л түүний өмнө нь явж байвал тэр бөглөрнө үү, хоорондоо мөргөлдөнө үү надад ерөөсөө хамаагүй гэсэн байдлаар л манай жолоочид явж байна. Монголчуудын довоо шарлуулж, хувиа боддог үзэл нийгмийн их олон салбарт ажиглагддаг. Ер нь хувиа хичээнэ гэдэг монгол хүний мөн чанар биш шүү дээ. Монголчууд үр хүүхдээ “хүнд тусалж бай, олонтойгоо явахад алзахгүй ээ” гэж сургадаг байсан. Намайг бага байхад аав маань “Миний хүү хүн бол хүн шиг бай” л гэдэг байсан. Тухайн үед би энэ үгийг сайн ойлгоогүй, гайхаад л өнгөрсөн. Хожим ямар гүн философитой үг байсныг нь ойлгосон. Хүн эхээс төрөөд хүн болох процесс нь явагддаг юм байна. Энэ хүн болох процессд нь алдаа гарсан, ямар нэгэн байдлаар согог гарсан тохиолдолд дутуу хүн болж төлөвшдөг байна. Улмаар ийм хүн амьтны шинжээр хүнтэй харьцаж, хүн зодож, хүний эрхийг ноцтой зөрчих үйлдэл хийдэг. Адилхан хүн байж нэгнээсээ хулгай хийж байна, нэгнийгээ амийг хөнөөж, элдэв бусын муу үйлийг хийж байна. Энийг хүн болсон байна гэж ойлгож болох уу. Тийм учраас хүн шиг хүн байна гэдэг ойлголт монгол хүний хувьд маш чухал асуудал юм.

-Сүүлийн үед хар тамхи татаж мансуурсан хэрэг залуучуудын дунд их гарах болжээ. Тэр бүү хэл насанд хүрээгүй хүүхдүүд энэ төрлийн бодисыг хаанаас олох, хэрхэн хэрэглэх талаар мэдээлэлтэй болсон байна. Энэ бол нийгмийн маш том аюул болов уу?

-Би түрүүн хэлсэн. Өнөөгийн нийгмийн гол хэрэгцээ бол мэдээлэл. Хүүхдүүд мэдээллийн далай дотор сэлүүр битгий хэл завь ч үгүй хөвж явна. Тийм учраас тэд нийгмийн хөгжлийг дагаад асар их мэдээлэл авч байна. Гэхдээ хүлээн авч байгаа мэдээлийнхээ аль нь ашигтай, аль нь ашиггүй вэ гэдгийг ялгаж чадахгүй байгаад асуудал оршиж байгаа юм. Ээж, аав нь архичин, эсвэл салсан, өрхийн ямар ч орлогогүй айлын хүүхдүүд өнөө маргаашийнхаа хоол, хувцсыг бодоод л амьдарч байгаа. Тийм хүүхдүүд хар тамхи татах уу, үгүй шүү дээ. Тэр талаар мэдэх ч үгүй. Харин нийгмийн амьдралын хамгийн бололцоотой бүхнийг мэдчихсэн, хоол, хувцас, бусад хэрэгцээгээрээ туйлчихсан айлын хүүхдүүд хар тамхи татаж байна. Хар тамхи татаж буй хүүхэд хийх юмаа олж ядаж байгаагийн илрэл юм болов уу л гэж боддог. Хүн өөрийнхөө хүслийг хязгаарлаж байх учиртай. Хүний шунал тачаал гэдэг бол хязгааргүй. Тэрүүн дээрээ гишгэх тоормосгүй бол хадны ангал руу унаж үхэж байгаатай л агаар нэг.

-Монгол хүүхдийн эрх зөрчигдөх хамгийн энгийн жишээ нь хурдан морь унуулах явдал. Нэг талдаа уламжлал, өв соёл гэх утгаараа энэхүү зөрчлийг хаацайлдаг. Нөгөө хэсэг нь хүүхдийг тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлж байна гэдэг. Энэ асуудлаар та бүхэн саяхан Засгийн газарт шаардлага хүргүүлсэн шүү дээ?

-Шууд хэлэхэд энэ асуудлыг би дийлэхгүй юм байна. Хүний эрхийн байгууллагууд энэ асуудлаар нэлээд зүтгэлээ, тэмцлээ. Бүр НҮБ-аас монгол хүүхдийн эрхийг зөрчиж буй энэхүү асуудлыг хориглосон шийдвэр хүртэл гарсан. Өөрөөр хэлбэл унаач хүүхдийн асуудлыг НҮБ анхааралдаа авсан. Гэвч Засгийн газрын тогтоолоор бүх зүйл болдгоороо болох юм шиг байна.

-Хүний эрхийн асуудлаарх гомдол мэдээлэл танай байгууллагад их ирдэг нь ойлгомжтой. Иргэдээс ирж буй гомдолд хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудал юу байна вэ?

-Ер нь хүний эрхийн төлөө ажиллах шиг гоё ажил байхгүй. Гэхдээ бид энэ нийгэмд болж байгаа хамгийн аймаар юмнуудыг иргэдээс ирсэн гомдлоос хардаг. Тэр болгоныг нь олон нийтэд цацаад байх хэцүү л дээ. Үүнээсээ болж би нервтдэг. Би бас хүн шүү дээ. Иргэдээс ирж байгаа өргөдөл, гомдол жилээс жилд нэмэгдэж байна. Тэр болгоныг алтан загасны үлгэр шиг биелүүлж чадахгүй ч гэлээ, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож, ажиллаж байна. Ирж буй гомдлын дийлэнх хувь эрүү шүүлтийн асуудалтай холбоотой байдаг. Зарим хүмүүс биднийг “Шоронд орсон хүмүүсийн эрхийг хамгаалах юм” гэдэг. Тийм биш л дээ. Эрүү шүүлтийн асуудал дэлхийд үнэхээр анхаарал татдаг болчихсон. Одоо бүх аймагт цагдан хорих байрууд шинэчлэгдэж дуусч байна. Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад өдөр шөнө шиг ялгаатай болсон. Өөрөөр хэлбэл, нөхцлийн эрүү шүүлт арилсан гэж хэлж болно. Монголын төр үүн дээр онцгой анхаарч, арга хэмжээ авсан. Харин хэрэг үүсгэхээс өмнөх шатанд цагдаатай холбоотой гомдол тасрахгүй байна. Боловсролгүйгээр нь, айж сандарснаар нь далимдуулж, аав, ээж, эхнэр хүүхэд, нөхрийг чинь хорино гэж айлгаж байгаад хэрэг хүлээлгэж, баахан цаасан дээр гарын үсэг зуруулсан гэдэг гомдол олон байдаг. Иймэрхүү хууль зөрчсөн үйлдэл тасрахгүй байна. Мөн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол их ирдэг.

-Нийгэмд ил болчихсон хэрнээ танайд албан ёсоор гомдол ирээгүй хэргийг хэрхэн шийдвэрлэдэг бол?

-Хамгийн чухал нь мэдээллийг яаралтай авч, нөхцөл байдлыг зөв тодорхойлох ёстой. Эмнэлгээр ярих юм бол өвчтнийг сайхан сэтгэлээр хүлээн авч ямар эмчилгээ хийлгэх вэ гэдгийг нь зааж өгдөг байгууллага. Иргэдийн гомдлын дагуу холбогдох байгууллагад шаардлага хүргүүлэхэд ямар нэгэн хариу ирүүлдэг нь бидний ажлын үр дүн.

-Хүний эрхийг хамгаалахын тулд төрийн оролцоо чухал гэдэг нь ойлгомжтой. Нөгөө талаараа хүн өөрөө эрхээ хамгаалж, идэвхтэй дуугарч байх нь зөв болов уу?

-Ерөөсөө хамгийн чухал ойлголт бол энэ л дээ. Миний эрхийг төр хамгаалчихнаа гээд дээшээ хараад хэвтээд байж болохгүй. Төр боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой. Нэг хүн дээр жишээ болгож ярья л даа. Хүн төрлөө. Хамгийн түрүүнд амьд явах эрхээ эдлэх ёстой. Эрүүл өсөх ёстой. Тэр үүргийг эцэг эх биелүүлэх учиртай юм. Улмаар хүүхэд өсөж томроод нийгэмд тодорхой хэмжээний байр суурь эзлэх шаардлагатай болно. Тэгэхийн тулд тухайн хүн боловсролтой болох ёстой. Хуулинд Монгол Улсын төр иргэнээ бүрэн дунд боловсролтой болгоно гэж заасан байдаг. Боловсролтой болчихсныхоо дараа тэр хүн нийгэмд баялаг бүтээж амьдрах шаардлага болно. Ингэхийн тулд мэргэжилтэй болох ёстой. Мэргэжилтэй болсныхоо дараа ажлын байраа хайх хэрэгтэй. Үүнд төр тухайн иргэнийг ажлын байраар хангах ёстой. Тэгэхээр хүн төрсөн цагаасаа эхлээд эрх, үүргийн нэгдлээр амьдарна гэсэн үг л дээ.

Categories
мэдээ цаг-үе

Та “эртний” болон “индиан” нэрээ мэдсэн бол фэйсбүүкнийхээ нууц үгийг даруй солих хэрэгтэй

Фэйсбүүк, твиттер хэрэглэгчдийн нууц үгийг нь мэдэх зорилгоор цахим ертөнцөд хуурамч сайт, линк үүсгэж, иргэдийг залилах гэмт хэрэг сүүлийн үед их гарах болжээ. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт фэйсбүүк сүлжээнд их байгаа гэнэ. Тухайлбал, “Энэхүү видеог дараахь линк дээр дарж үзнэ үү”, “Таны орк нэр юу вэ?”, “Хамгийн сүүлд таны профайлыг хэн харсан бэ?”, “Таны тухай сонирхолтой бичлэгийг хүргэж байна”, “Мөнгөтэй болох уу”, “Та ямар хүнтэй учрах вэ” зэрэг хуурамч сайт, линк рүү нэвтэрснээр фэйсбүүк, цахим шуудангийнхаа нууц үгийг алдах эрсдэлтэй ажээ. Кибер гэмт хэрэгтнүүд цаг үеийн сенсаци болсон эсвэл хүний сонирхлыг татсан нэрээр хуурамч хаяг үүсгэн иргэдийн хувийн мэдээллийг цуглуулдаг хэмээн албаныхан ярьж байна. Сүүлийн хэдэн өдөр “Индиан” нэрээ үзэх программаар олон хүн нэрээ үзэж, өөрийн нүүр хуудастаа нийтэлсэн байв. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Индиан нэрээ мэдсэн бол нууц үгээ солиорой” хэмээн өөрийн твиттер хуудаснаа бичжээ. Өөрөөр хэлбэл, иймэрхүү төрлийн аппликэйшн ашигласан бол фэйсбүүкийнхээ нууц үгийг нэн даруй солих ёстой гэв.

Энэ төрлийн гэмт хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Ц.Очирбатаас тодрууллаа.


-Сонжоо, зурхай болон хялбар аргаар мөнгөтэй болохыг санал болгосон сайт руу фэйсбүүк хаягаараа нэвтрэхэд нууц үгийг нь авдаг гэх юм. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Ийм сайтууд ихэвчлэн хандалт авах зорилготой байдаг. Олон улсын нэршлээр “Fishing” буюу хуурамч сайтууд юм. Эдгээр сайтууд руу фэйсбүүк, твиттэр шиг хаяг код хийж ордог ч тухайн сайт руу нэвтэрч болдоггүй. Ийм төрлийн сайтаар нэвтэрснээр тухайн хүний и-мэйл рүү орж хувийн мэдээллийг авч сүүлд нь үүгээрэй түрий барьж сүрдүүлдэг. Мөн и-мэйл дэх банкны мэдээллийг нь ашиглан данснаас нь мөнгө хулгайлах гэмт хэрэг түгээмэл үйлдэгдэж байна. Тиймээс энэ төрлийн цахим хаяг руу нэвтрэхгүй байх, ямар нэгэн аппликэйшн рүү орсон л бол цахим хаягныхаа нууц үгийг хурдан сольж байх хэрэгтэй.

-Цахим ертөнцөд хамгийн түгээмэл үйлдэгддэг гэмт хэргүүд юу бол?

-“Онлайн ертөнцөд өөрийн болон гэр бүлийнхнийхээ хувийн мэдээллүүдийг нийтлэх нь аюул дагуулж байна. Энэ нь хувь хүний эсрэг ашиглагдаж ч болохыг анхаарах нь чухал. “Зээл гаргаж өгнө”, “Виз гаргаж өгнө”, “Мөнгө шилжүүлнэ” гэх заруудыг хуурамч фэйсбүүк хаягнаас зарын группүүдээр тарааж байна. Дээрх утга бүхий зарууд нь худал буюу иргэдийг залилах тул ямар нэг байдлаар мөнгө шилжүүлж хохирохгүй байхыг анхааруулъя. Цахим орчинд хамгийн түгээмэл үйлдэгддэг хэрэг бол залилан мэхлэх болон компьютер, мэдээллийн хэрэгслийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг юм. Иргэд болон аж ахуй нэгжүүд мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах ойлголт, тоног төхөөрөмж хангалттай биш, хувийн мэдээллээ нийгмийн сүлжээнд их хадгалдгаас мэдээлэл нь алдагдан энэ төрлийн гэмт хэрэгт өртөх шалтгаан болдог. Төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд бүгд мэдээлэл технологийн мэргэжилтэнтэй болсон. Ямар нэг асуудал үүсээд тухайн алба хаагчаа ажлаас нь халсан тохиолдолд өс санасан ажилтан тухайн байгууллагын цахим сүлжээгээр нэвтэрч хорлох, хохирол учруулах тохиолдол их гарч байна. Мөн гадаад худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд “Нигерийн залилан” гэх залилан мэхлэх гэмт хэрэгт хамгийн их өртдөг. Монголын гадаад худалдан авалт хийдэг байгууллага түнш байгууллагатайгаа и-мэйлээр харьцдаг. Худалдан авалт хийж, банкны дансаа солилцох мөчид хакерчид и-мэйлд нь нэвтрэн орж түншээс нь цахим шуудан ирж буй мэтээр өөр данс өгдөг. Гэтэл Монголоос худалдан авалт хийж буй байгууллага үүнийг шалгалгүй мөнгөө шилжүүлчихдэг. Ийм төрлийн гэмт хэргээс болж сүүлийн гурван жилийн дотор хоёр тэрбум гаруй төгрөгийн хохирол үүсээд байна. Энэ төрлийн гэмт хэрэг улс дамнасан байдаг учир эд хөрөнгөө буцаан авахад цаг хугацаа их шаардагддаг. Ихэнх тохиолдолд ийм хэрэг илэрдэггүй.

ФЭЙСБҮҮКИЙНХЭЭ НУУЦЛАЛЫГ САЙЖРУУЛАХЫН ТУЛД ЯАХ ЁСТОЙ ВЭ?

Манай улсад сардаа нэг удаа фэйсбүүкт нэвтэрдэг нэг сая 600 мянган хэрэглэгч байдаг гэсэн судалгааг фэйсбүүкийн Ази-Номхон далай хариуцсан мэргэжилтнүүд гаргажээ. Мөн өдөрт тогтмол ордог 900 гаруй хүн байдаг бөгөөд нэг хүн өдөрт дунджаар 77 минутыг фэйсбүүк, твиттерт өнгөрөөдөг аж. Бусад улс орны дундаж 55 минут байдаг гэтэл цөөн хүн амтай манай улсын хувьд дэлхийн дунджаас өндөр байгаа нь дээрх судалгаанаас харагдаж байна. Иймээс кибер гэмт хэрэгт өртөх, хохирогч болох эрсдэл их байгааг албаныхан сэрэмжлүүлж буй юм. “Фэйсбүүк” компанийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн менежер Мелисса Лу-Ван фэйсбүүкийнхээ нууцлалыг нэмэгдүүлэхийн тулд яах ёстой талаар олон нийтэд мэдээлсэн байна. Нэгдүгээрт, нууц үгээ сонгохдоо анхаарах ёстой гэнэ. Хүмүүс эргэн санахад амар байдлаа бодож өөрийнхөө төрсөн өдөр, утасны дугаар, дараалсан тоо зэрэг өргөн ашиглагддаг нууц үг сонгодог нь алдаа болдог аж. Мөн хүмүүс хэд хэдэн хаягтаа нэг нууц үг ашиглах нь хувийн мэдээллээ алдах эрсдэлийг нэмдэг олон үсэг, тооноос бүрдсэн нууц үг ашиглахыг зөвлөжээ. Хоёрдугаарт, “Login Approvals” буюу фэйсбүүкт өөр төхөөрөмжөөс нэвтрэхийн тулд гар утаснаас зөвшөөрөл өгөх тохиргоог ашиглах нь хамгийн үр дүнтэй арга гэнэ. Энэ тохиргоог хийснээр та өмнө нь ашиглаж байгаагүй төхөөрөмжөөс нэвтрэх оролдлого гарсан тохиолдолд фэйсбүүкээс таны гар утсанд нууцлалын код асуусан мессэж ирдэг байна. Фэйсбүүкийнхээ https://www.facebook.com/settings?tab=security линкээр нэвтэрч “Code Generator” цэсийг сонгож, шинэ нууц үг өгнө. Энэ тохиргоог хийсэн тохиолдолд дээрх кодгүйгээр хэн ч таны хуудаст нэвтрэх боломжгүй болно. Мөн зарим шинэ аппликэйшн, программ татах үед фэйсбүүк хуудсаараа дамжиж нэвтрэх зөвшөөрөл асуусан байдаг. Энэ тохиолдолд хэн нэгэн таны хувийн мэдээллийг олж авах эрсдэл үүсдэг учир болгоомжлоход илүүдэхгүй. Фэйсбүүк хаяг руугаа нэвтрэх боломжгүй болсон тохиолдолд итгэмжлэх код ашиглах нь аюулгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, таны и-мэйл болон утас руу тусгай код илгээх замаар хаяг руугаа дахин нэвтрэх боломжтой болдог. Иймээс фэйсбүүк болон бусад нийгмийн сүлжээнд бүртгүүлэхдээ гар утас болон и-мэйл хаягаа бүрэн, зөв бөглөж байхыг зөвлөсөн байна.