Categories
мэдээ цаг-үе

Газар тариалангийн бүс нутгийг зарласанд тариаланчид ам сайтай байна

Засгийн газраас зарласан тариалангийн бүсэд долоон аймгийн 113 багийн нутаг хамрагдсан. Эдгээрээс Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн зарим сумдын нутгаар явж, Засгийн газрын шийдвэр тариаланчдад ямар ач холбогдолтой, үр өгөөжтэй байгаа талаар сурвалжиллаа. Бидний очсон эхний газар бол Төв аймгийн Угтаалцайдам сумын тариаланч Г.Мөнхсайханы тариалангийн талбай байв. Эднийх энэ жил 1200 га талбайд тариалан эрхэлж байгаа юм. Өнгөрсөн жил 300 орчим сая төгрөгийн тариалалт хийсэн боловч газрын чийг бага, хур бороо ороогүйн улмаас олигтой ургац авч чадаагүй байна. Харин энэ жил мөн л дээрх хэмжээний хөрөнгөөр тариалалт хийж байгаа. Одоо хур орж, газрын чийг сайн байвал санаа зовох зүйлгүй гэлээ.

БҮС НУТГИЙГ ТОГТООСНООР МАЛЧИД, ТАРИАЛАНЧДЫН ХООРОНД ҮҮСДЭГ ЗӨРЧИЛ БУУРНА ГЭВ

Тэрээр “Тариаланч бид Засгийн газрын энэхүү шийдвэр бидэнд үнэхээр хур бороо шиг дутагдаж байсан. Хаврын тариалалт ерөнхийдөө дуусчихсан. Малчид өвөлжөөнөөсөө нүүгээгүй байгаа нь асуудал болоод байна. Учир нь хэдхэн хоногийн дараа бидний тариалсан улаанбуудай соёолж эхэлнэ. Айлууд өвөлжөөнөөсөө нүүгээгүй болохоор энэ үеэр тариалангийн талбай руу мал орох эрсдэл өндөр байдаг. Сөөм цухуйчихсан тариаг идэхгүй мал гэж байхгүй шүү дээ. Харин бүс нутаг зарласантай холбоотойгоор малчид тавдугаар сарын 1-нээс өмнө өвөлжөөнөөсөө нүүчихвэл тариаланчдад ямар ч зовлон учрахгүй юм. Өнгөрсөн жил огт ургац авч чадаагүй. Харин энэ жил технологио өөрчилж, мөн газар тариалангийн бүс нутагт багтсан болохоор өнгөрсөн жилийнхээ алдагдлыг нөхнө гэж зорьж байгаа” гэв. Угтаалцайдам сум өнөө жил 11 мянган га талбайгаас ургац хураах тооцооллыг хийсэн байна. Тус суманд 36 мянган тоннын багтаамжтай эливатор ажиллаж байгаа нь Төв аймгийн тариаланчдад том дэмжлэг болдог аж. Өнгөрсөн жил найман мянган га талбайгаас авах ургацаа алдсан Угтаалцайдам сум өнөө жил алдагдлаа нөхөж ажиллахаар төлөвлөж байгаа талаар тариаланчид нь ярьж байв. Энэ талаар тус сумын тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбарын эрхлэгч Г.Пүрэвсүрэн “Хаврын тариалалт тавдугаар сарын 2-ноос эхэлсэн. Одоогоор 70 орчим хувьтай тариалалт явагдаж байна. Өмнөх жилүүдээс энэ жил хөрсний чийг сайн байна. Гэхдээ сүүлийн хэдэн хоног залгаа бүс нутгаар хур бороо орохгүй, хуурайшилттай байгаа учраас газрын чийг багасаж байна. Газар тариалангийн бүс нутгийг тогтоож өгсөнд тариаланчид ам сайтай байгаа. Ингэж бүс нутаг болгосон нь ашиглалтыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, цаашид малын үүлдэр, угсааг сайжруулах, малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм. Мөн малчид, тариаланчдын хооронд үүсдэг зөрчлийг буруулж, хоёр биенээ түшсэн, дэмжсэн харилцаа бий болгоход ач холбогдолтой үзүүлнэ гэж харж байгаа” гэв. Төв аймгийн Угтаалцайдам сумаас хойшоо 200 орчим километр явж Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын газар тариалангийн бүс нутагт очлоо. Улсын үр тарианы 45 орчим хувийг үйлдвэрлэдэг, 570 гаруй мянган малтай аймаг юм. Бидний очих үеэр тус аймгаас нийт сум, багуудад малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хийгдэж байлаа.

Б.Батзориг: ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРТ ХӨГЖЛИЙН ШИНЭ ЖАРАН ЭХЭЛЖ БАЙНА

Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригтой ярилцлаа.


-Газар тариалангийн бүс нутгийг зарлаж тогтоох цаг хугацааны зайлшгүй шаардлага яг энэ цаг мөчид байв уу?

-Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.5 хувьд газар тариалан эрхлэх боломжтой үржил шим бүхий хөрс бий. 0,5 хувь буюу нэг сая 50 мянган га талбайн үржил шим 60 орчим хувиар буурсан байна. Арваадхан жилийн дараа бид тариа ногоогоо тарих хөрсгүй болох гээд байна. Энэ гурван сая хүнээ хоол, хүнстэй, ажилтай, орлоготой байлгах нь миний хариуцаж байгаа ажилтай холбоотой гэж би үргэлж боддог. Цаашид ч ийм шийдвэрүүд гаргана.

-Бэлчээрийн мал аж ахуй бүс нутгаас гарахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна гэж ойлголоо. Энэ бүс нутагт ер нь хичнээн мал, малчин өрх байдаг вэ?

-Бас шууд тэгж ойлгох нь өрөөсгөл. Малчдад эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, өөрөөр хэлбэл, өндөр ашиг шимтэй мал аж ахуй эрхлэх боломж бий болж байгаагаараа давуу тал гэж харах хэрэгтэй. Цаашдаа тариалангийн бүс нутгийг зарласнаар тухайн бүс нутагт бэлчээрийн буюу уламжлалт мал аж ахуй эрхлэх боломжгүй болж байгаа нь үнэн. Гэхдээ тухайн сум орон нутгийн түвшинд газар зохион байгуулалтаа хийж, бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг тогтоож, худаг ус болон дэд бүтцийг шийдвэрлэх замаар тодорхой үе шаттайгаар уламжлалт мал аж ахуй эрхэлдэг малчдыг шилжүүлэх ажлыг зохион байгуулах ёстой. Энэ бүс нутгуудад бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн,1990 оны мал тооллогын дүнг 2017 онтой харьцуулахад малын тоо толгой Сэлэнгэ аймагт гурав дахин, Төв аймагт 2.7 дахин өссөн байх жишээтэй. 2017 оны байдлаар Сэлэнгэ аймагт 4680 малчин өрх, 9540 малтай өрх, Дархан-Уул аймаг 1370 малчин өрх, 2530 малтай өрхтэй байна гэсэн статистик мэдээлэл байна. Бэлчээрийн мал аж ахуйтай газар нутагт газар тариалангийн технологийг мөрдөх ямар ч боломжгүй байгаа нь салбарын хөгжилд ихээхэн нөлөөлж байгааг хаа хаанаа ойлгох хэрэгтэй.

-Малчдад ямар нэгэн дэмжлэг үзүүлэх үү?

-Тариалангийн тухай хуулиар Тариалангийн талбай дотор барьсан өвөлжөө, хаваржааг тухайн сум орон нутаг дотроо нүүлгэн шилжүүлэхэд гарах тээврийн нэг удаагийн зардлыг тариалангийн аж ахуйн нэгж хариуцахаар тусгагдсан байгаа. Түүнчлэн тариалангийн бүсэд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, малын үүлдэр угсааг сайжруулахад төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлж байгаа.

-Хэрвээ газар тариалангийн бүс нутгаас малчид гарахгүй гэвэл хүлээлгэх хариуцлага бий юу?

-Тариалангийн тухай хуулиар Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно. Нүүн шилжих мал аж ахуй эрхлэгчийн өвөлжөө, хаваржааны газрын асуудлыг сум, дүүргийн Засаг дарга 30 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Хуулийн эдгээр заалтыг зөрчвөл зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээх болно.

-Эрчимжсэн мал аж ахуй эрхэлье гэж шийдсэн тариалангийн бүс нутагт амьдарч буй малчдад төрөөс дэмжлэг үзүүлэх үү?

-Тариалангийн бүсэд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, малын үүлдэр угсаагаа сайжруулж ашиг шимийг нь нэмэгдүүлэхээр саналтай малчдад төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байгаа. Үүнд сүүний болон махны хэвийн үхэр өсгөх, фермерийн аж ахуй байгуулахад дэмжлэг үзүүлнэ.

-Газар тариалангийн бүс нутаг зарлаж байгаа нь үндсэн хуулийн тодорхой заалт зөрчиж байна гэж зарим хүмүүс үзэж байгаа. Тухайлбал 16 дугаар зүйлийн 18-д заасанчлан амьдрах газраа өөрөө сонгох эрхийг зөрчиж буй юм биш үү?

-Тариалангийн бүс нутаг, бэлчээрийн мал аж ахуй болон эрчимжсэн мал аж ахуй зэрэг нь үйлдвэрлэлийн хэрэгсэл бөгөөд төрөөс үйлдвэрлэлийн хэрэгслийн байршлыг зааж өгч байгаа болохоос биш, малчдын амьдрах газрыг зааж байгаа хэрэг биш юм. Тиймээс тариаланчид нь тариалангийн бүс нутаг болох талбайгаа дагаж, малчид нь бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйгаа дагаж амьдрах зүй тогтол үйлчилж байна гэж ойлгох хэрэгтэй.


Categories
мэдээ нийгэм

​Багш нар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хэлэлцүүлэгт орж ирэхийг шаардан эсэргүүцлээ илэрхийлж байна

Төрийн ордонд багш нар Ерөнхий сайд У.Хүрэлсүх болоод салбарын сайд Ш.Цогзолмаа нарыг хэлэлцүүлэгтээ суухыг шаардаж, эсэргүүцлээ илэрхийллээ. Өнөөдөр Төрийн ордонд “Төрийн үйлчилгээний ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийг бодитоор үнэлэх, үндсэн цалин нэмэгдүүлэх арга зам, гарц-шийдэл” хэлэлцүүлэг болсон юм. Энэхүү хэлэлцүүлэгт төрийн албан хаагч, багш нарын төлөөлөл болон 200 гаруй хүн оролцлоо. Хэлэлцүүлгийн гол зорилго багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар арга зам байгаа эсэхийг хэлэлцэн шийдвэрлэж, тодорхой үр дүн шийдвэр гаргах юм. Хэлэлцүүлгийг нээж Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ш.Цогзолмаа үг хэлж, багш нарын асуултад хариулт өгсөн. Мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өөрийн байр суурь болоод хөдөлмөр эрхлэгчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Гэвч оролцогчдын байр суурь, хэлж буй санал Засгийн газрын гишүүдийг хэлэх үггүй болгож, уур амьсгал эрс ширүүссэн. Энэ үеэр салбарын сайдууд хэлэлцүүлгийг орхин гарснаар багш, төрийн албан хаагчдын бухимдлыг өдөөсөн хэрэг болсон юм. Хэлэлцүүлэгт оролцогчид Ерөнхий сайд У.Хүрэлсүх, салбарын сайдуудыг хэлэлцүүлэгт эргэн орж ирэхийг шаардаж, 10 минутын турш алга дашин эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Хэрэв Засгийн газрын тэргүүн, танхимын сайдууд хэлэлцүүлэгт орж ирэхгүй, уг хэлэлцүүлгээр шийдвэрт хүрэхгүй өндөрлөвөл Төрийн ордонд суулт зарлаж, танхимаас гарахгүй гэдгээ багш нар мэдэгдлээ.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Болорчулуун: Тариалангийн бүс нутагт учруулсан хохирлыг тухайн хохирол үүсгэсэн этгээдээр бүрэн төлүүлнэ

Малын өсөлтөөс шалтгаалан газар тариалан, бэлчээрийн мал аж ахуйтай зөрчилдөж, улмаар ургацын гарц, хэмжээ, технологийн мөрдөлтөд нөлөөлж эхэлсэн. Мөн хөрсний үржил шим, элэгдэл, эвдрэлд орох, экологийн тэнцвэрт байдал алдагдах зэрэг сөрөг үр дагавар гарах болсон. Иймээс саяхан Засгийн газраас Газар тариалангийн бүс нутгийг нийтэд зарласан. Энэ талаар Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунтай ярилцлаа.


-Манай улс газар тариалангийн бүс нутгаа зарлалаа. Тогтоогдсон бүс нутгийг хэрхэн сонгож авсан юм бэ?

-Газар тариалангийн төвийн бүс нутгуудад үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэд, тэнд суурьшиж буй малчдын хооронд зөрчилтэй байдал их үүсч эхэлсэн. Энэ зөрчил юунаас үүссэн бэ гэдгийг эхлээд тайлбарлая. 1990 оны сүүлээс алслагдсан бүсийн аймгуудаас газар тариалангийн бүс нутгуудад малчид шилжин суурьших болсон. Ингэснээр хүн амын тоо нэмэгдэхийн зэрэгцээ бэлчээрийн тоо толгой огцом өсөх шалтгаан болсон. Тухайлбал, 1990 оны мал тооллогын дүнг 2017 онтой харьцуулахад Сэлэнгэ, Төв аймгуудад гурав дахин өссөн тооцоо гарсан байна. Улсын хэмжээнд нийт тариалангийн талбайн тал хувь Сэлэнгэ аймагт байдаг. Тухайн үед энэ аймаг 500 мянган толгой малтай байсан бол өнөөдөр нэг сая 300 мянган толгой малтай болтлоо өсчээ. Газар тариалангийн бүс нутагт бэлчээрийн мал аж ахуй огцом өснө гэдэг хаана хаанаа сөрөг үр дагавартай. Тийм учраас газар тариалангийн бүс нутгуудыг тодорхой болгож, батлагдсан хууль, дүрмийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх ёстой гэсэн зарчмаар саяхан Газар тариалангийн бүс нутгийг тогтоолоо. Хэрэв ингэж шийдээгүйсэн бол манай улс дотоодынхоо үйлдвэрлэлийг хангах нөхцөл багасах, цаашлаад тогтвортой ургац авах асуудал улам хэцүү болох асуудал тулгарч ирэх байсан болов уу. Газар тариалангийн тухай хуулиар Засгийн газраас газар тариалангийн бүс нутгийг тогтооно гэсэн заалттай. Энэхүү хуулийн хүрээнд аль аймаг, сумын нутгийг энэхүү бүсэд оруулах уу гэдгээ тухайн нутгийн ИТХ-ын шийдвэрээр тогтоож өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл тухайн орон нутгийн иргэдийн төлөөл болсон хүмүүсийн шийдвэрийг үндэслэж, түүнийгээ Засгийн газраар оруулснаар энэхүү бүс нутагт хамааруулж өгсөн.

-Газар тариалангийн бүс нутгийг тогтоосноор ямар ач холбогдолтой гэж үзэж байгаа вэ?

-Ач холбогдлын тухайд яриад дуусахгүй олон зүйл бий. Гэхдээ гол бөгөөд товчхон хэдэн зүйл хэлье. Бэлчээрийн даац их байгаа учраас намар тариа хурааж дуусаагүй байтал малчид өвөлжөө рүүгээ ирдэг. Өөрөөр хэлбэл тариалангийн бүс нутаг руу малаа оруулчихдаг гэсэн үг. Ингэснээр малын хөлөөр тариалангийн талбай талхлагдаж, дагтаршдаг. Мөн үндэс, үрийг нь мал идчихдэг. Ийм болсон тариалангийн талбайд технологи нэвтрүүлэх ямар ч боломж байдаггүй. Бүс нутгаа тогтоож, цаг уурын өөрчлөлт, технологийн дэвшилтүүдийг нэвтрүүлснээр газар тариаланг тогтвортой хөгжүүлэх, га-гаас авах ургацын хэмжээг тогтвортой болгох зэрэг эерэг өөрчлөлтүүд олон гарч ирнэ. Цаашлаад ургацын хэмжээгээ нэмэгдүүлж экспортод гаргах зэрэг эдийн засгийн болоод байгаль орчны олон эерэг үзүүлэлтүүд гарч ирэх юм.

-Газар тариалангийн бүс нутгийг тогтоосонтой холбоотойгоор тухайн бүсэд амьдарч байгаа малчдыг өөр нутаг руу нүүлгэх ажил явагдах уу?

-Бүс нутгийг тогтоосноор тэрхүү нутагт зөвхөн эрчимжсэн мал аж ахуй эрхэлж болно гэсэн заалт хуулинд бий. Энэ нь арван малаас авах ашиг шимийг таван малаас авна л гэсэн үг шүү дээ. Ийм байдлаар малаа эрчимжүүлээд энэ бүс нутагт маллаж болох юм. Өөрөөр хэлбэл тоонд биш, чанарт нь анхаарч мал аж ахуй эрхэлнэ гэж ойлгож болно. Ингэхээр тэр бүс нутаг дахь мал эрүүлжиж, улмаар мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэнэ. Эрчимжсэн мал аж ахуйг явуулахын тулд малдаа шим тэжээлтэй өвс, ургамлыг тариалах шаардлагатай болно. Тийм учраас тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүрэн боломжтой гэсэн үг. Нөгөөтэйгүүр өнөөдөр газар тариалангийн бүс нутгийг тогтоолоо гээд тэнд байгаа малчдыг хөөгөөд гаргахгүй. Энэ асуудал тодорхой цаг хугацааны дараа шийдвэрлэгдэх байх. Ер нь малчдад энэ бол газар тариалангийн бүс нутаг, тийм болохоор зөвхөн эрчимжсэн мал аж ахуй хөгжих боломжтой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Харин бэлчээрийн мал аж ахуйгаа өсгөнө гэсэн малчдыг бид өөр бүс нутаг руу нүүлгэн шилжүүлэх ажлыг зохицуулж болно.

-Тогтоогдчихсон бүс нутгийн тариалангийн талбай руу мал орж, тариалалтын талбайг сүйтгэх асуудлыг хэрхэн зохицуулсан бэ?

-Тариалангийн талбайд мал орсны улмаас үүссэн хохирлыг тооцох аргачлалыг саяхан гурван сайдын тушаалаар батлуулж байгаа. Өмнө нь сум, орон нутгаас ажлын хэсэг гарч, хохирол учирсан талбайд очиж, практик аргаар асуудлыг шийдвэрлэдэг байсан. Тухайлбал, ногооны талбайг адуу орж сүйтгэлээ гэхэд тухайн адууны эзний азарга адуу тутмаас нэгийг нь авч хохирлоо барагдуулдаг байсан. Харин энэхүү бүс нутгийг тогтоосонтой холбоотойгоор хохирол тооцох талаар тодорхой аргачлал боловсруулсан. Энэхүү аргачлалаа эдийн засгийн томьёоллоор тооцож, гаргасан хохирлыг буруутай этгээд бүрэн төлөх зохицуулалтыг баталж гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл тариалангийн бүс нутаг дахь тариалалтын талбайд учруулсан хохирлыг тухайн хохирол үүсгэсэн этгээдээр бүрэн төлүүлнэ. Тийм учраас энэ бүс нутагт амьдарч буй иргэд, малчид дор бүрнээ хариуцлагатай байж, бусдын хөдөлмөрийг хүндэтгэх хэрэгтэй.

-Газар тариалан өндөр хөгжсөн орнуудад тариалалтын талбайгаа хашаалсан байдаг шүү дээ…

-Эхний ээлжинд бид газар тариалангийн бүс нутгаа тодорхой болгож, олон нийтэд зарлалаа. Ингэж зарласантай холбоотойгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Газар тариалан өндөр хөгжсөн орнуудын туршлагыг харахад ойн зурвастай болсон байдаг. Тэр тариалангийн талбайд ойн зурвас байна гэдэг нь ус, чийгийг өөртөө байнга татаж байдаг. Мөн хөрсний элэгдлээс хамгаалж байдаг. Улмаар га-гаас авах ургацын хэмжээг тогтвортой болгож, нэмэгдүүлдэг ач холбогдолтой. Тэгэхээр манайх шиг бэлчээрийн мал аж ахуй голлосон оронд ойн зурвас бий болгохын тулд эхний ээлжинд хашаажуулах зайлшгүй шаардлагатай. Хашаажуулсныхаа дараа ойн зурвас байгуулах нь зүйтэй гэсэн эрдэмтдийн санал, судалгаа гарсан. Үүнийг үндэслэж энэ жил төсөвлөсөн дөрвөн тэрбум төгрөгөөр зарласан бүс нутгаасаа эхэлж хашаажуулах ажлыг орон даяар өрнүүлэх болно. Үүний дараа ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлнэ. Одоогоор ойн зурвастай болох асуудлаар тендер зарлагдчихсан байгаа.

-Зарим аймаг, сумдын нутгийг газар тариалангийн бүс нутаг болгон зарласантай холбоотойгоор малчид, иргэдээс гомдол ирсэн үү?

-Тариалангийн тухай хуулийн дагуу албан зохицуулалт хийж өгсөн. Энэхүү хуулинд тариалангийн талбайгаас гадагшаа 500 метрийн дотор өвөлжөө, хаваржаа байхыг хориглоно гэж заасан байдаг. Тийм учраас энэхүү хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллана. Бүс нутгийг зарлахаас өмнө бид тухайн бүс нутагт хамрагдаж буй малчид, иргэдийн төлөөлөгчтэй уулзаж, хэд хэдэн удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Улмаар тухайн орон нутгийн ИТХ-ын шийдвэрээр зарласан бүс нутагт хамруулсан байгаа. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр гэдэг малчид, иргэдийн шийдвэр байдаг. Тийм болохоор ямар нэгэн малчин, иргэнээс манай бэлчээрийг тариалангийн бүс нутагт оруулчихлаа гэсэн шүүмжлэл, гомдол санал ирээгүй. Яг газар дээрээ ганц хоёр хүний буруу, зөв ойлголтоос үүссэн хэл ам, маргаан гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ шийдвэр бол олон нийтийн гаргасан шийдвэр. Ер нь манай малчид энэхүү шийдвэрийг ойлгож байгаа. Мал гэдэг бол малчдын хөрөнгө. Тариалангийн талбай гэдэг тариаланчдын хөрөнгө. Тэд талбайдаа өөрийнхөө хөрөнгийг зарж, үр ашгийг нь хүртэж байгаа. Мэдээж хүний тарьсан талбай руу малаа оруулдаг монгол хүн гэж байхгүй. Тийм болохоор тариаланчид, малчид маань хоорондоо маш сайн ойлголцож, энэхүү бүс нутагт оршиж байгаа.

-Зарласан тариалангийн бүс нутгийн хүрээг цаашид тэлэх үү?

-Мэдээж хэрэг тэлж болно. Тухайн аймаг, орон нутгийн Иргэдийн хурлын шийдвэр гарч, бидэнд хүсэлт ирүүлбэл түүнийг нь Засгийн газарт оруулж, шийдвэрлүүлэх боломжтой.

-Энэ жил бүс нутгаа зарлалаа. Үүний хүрээнд газар тариалангийн салбарт тодорхой ажлуудыг хэрэгжүүлнэ гэнэ. Тэгэхээр өнөө жилийн ургац хураалт өнгөрсөн жилүүдийнхээс нэмэгдэх боломж гарч ирэх үү?

-Энэ жилийн тухайд зарлагдлаа гээд өмнөх жилүүдээс илүү ургац авна гэсэн зүйл байхгүй. Юутай ч зарласан бүс нутгаа иргэддээ ойлгуулах, хашаажуулах ажлыг эхлүүлэх зэрэг ажлуудыг хийнэ. Цаашид ач холбогдол нь өргөжиж, ургац хураалт нэмэгдэх боломжтой болно.


Categories
мэдээ нийгэм

Я.Мөнгөнцэцэг: Ардын намын шагналаар мээрэн болсон С.Батболд гэр хорооллынхныг дорд үзэж байна

Өнгөрсөн долоо хоногт төв талбайд тайван жагсаал хийж байсан хэсэг хүмүүсийг цагдаагийн байгууллага албадан тараасан билээ. Энэ талаар “Гэр хороолол хөдөлгөөн” ТББ-ын гүйцэтгэх захирал Я.Мөнгөнцэцэгтэй ярилцлаа.


-Өнгөрсөн пүрэв гаригт танай хөдөлгөөнийхөн Сүхбаатарын талбайд майхантай суулт хийлээ. Гэхдээ цагдаагийн байгууллага орой нь хүч хэрэглэн тараасан. Та нарт жагсаал хийх зөвшөөрөл өгөөгүй юм уу…

-Бид Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас суулт хийх зөвшөөрлийг албан ёсоор хүссэн боловч зөвшөөрөл өгөх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Гэвч Үндсэн хуулиараа Монгол Улсын иргэд эвлэлдэн нэгдэж, жагсч цуглаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Тиймээс бид Сүхбаатарын талбайд цуглаж, хотын дарга С.Батболдыг огцруулахыг шаардаж суулт хийсэн. Харамсалтай нь цагдаагийн байгууллага хүч хэрэглэн суултыг тарааж, Үндсэн хуулиар олгосон эрх чөлөөнд халдлаа. Энэ бол хотын дарга С.Батболд гэдэг хүн олж авсан эрх мэдэл, албан тушаалтайгаа үхэн хатан зууралдаж, зөөлөн суудалдаа тухалж, өчүүхэн нэр хүндээ авч үлдэхийн тулд гэр хорооллын иргэдийг яаж нухчин дарж, дорд үзэн ялгаварлаж байгаагийн тод жишээ боллоо.

-Суултыг тараах үйл ажиллагаа хэдэн цагт болсон бэ?

-Суулт өглөө 11.00 цагт эхэлсэн. Цагдаагийн байгууллагаас суултаа нэн даруй зогсоохыг удаа дараа шаардаж байлаа. Сүүлд нь 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа суулт хийж байгаа үйлдлээ зогсоохыг шаардсан албан бичиг өгсөн. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн удирдлага АН-ынхны гарт байгаа. Тэгэхээр АН, МАН хоёр гэр хорооллын иргэдийг үг хэлүүлэхгүй, үзэл бодлоо илэрхийлэхгүй, тэмцүүлэхгүй байх, гэр хорооллын дундаас өндийсөн энэ хөдөлгөөнийг нухчин дарах үйлсэд хамтран зүтгэж байгаа нь харагдаж байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын шаардлагыг бидэнд танилцуулаад хоёр цагийн дотор суултаа зогсоохгүй бол албадан тараана гэдгээ цагдаагийнхан мэдэгдсэн. Үүнээс хойш “Та нарын тэмцлийг дэмжиж байна” гэсэн залуучууд олноороо ирж, бидний дунд орж, зарим нь зураг авч, элдэв зүйлүүд асууж байсан. Үнэндээ тэд бол энгийн хувцас өмссөн цагдаагийн байгууллагынхан гэдэг нь ойлгомжтой байсан. Ингээд цагдаа нар харанхуй болмогц, төв талбайн гэрлийг асаалгүйгээр 22:00 цагт Гэр хороолол хөдөлгөөний суултыг тараах ажиллагаагаа эхэлсэн. Майхантай суултад орой 20 орчим хүн үлдсэн байлаа. 20 хүнийг баривчлахын тулд 200, 300 цагдаа жагсаалаараа гүйж гарч ирээд биднийг бүсэлж, сүрийг үзүүлсэн дээ. Гурван том автобус зогсоогоод таван минутын дотор ор мөр үлдээлгүй суулт хийж байсан газрыг “цэвэрлэсэн”. Гэр хороолол хөдөлгөөний гишүүдийг майхантай нь автобусанд чихээд аваад явчихсан.

-Хаашаа?

-Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Тэнд манай хүмүүсийг тус тусад нь өрөөнд оруулж, Гэр хороолол хөдөлгөөний тэргүүн Б.Батсүхийг байцаах гэж оролдсон. Гэвч өмгөөлөгчгүй ямар нэгэн байцаалт өгөхгүй гэсэн учраас байцаалтаа дараа нь үргэлжлүүлнэ гээд явуулсан байна лээ. Албадан тараалтын үеэр зарим цагдаа нарын гэр хорооллын иргэдэд дээрэлхүү байгааг яана. Гэмт хэрэг хийсэн ялтантай харьцаж байгаа мэт л байсан. Хүмүүсийн утсыг хүчээр булаах, хийж байгаа бичлэгийг унтраалгах гэж оролдож байгаа нь зэрлэг балмад байсан.

-Та нар хотын даргыг ямар учраас огцруулах гээд байгаа юм бэ?

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг энэ хүн үргэлжлүүлэхгүй байна. Ажлаа аваад хоёр жил боллоо. Хэдэн айлын газар чөлөөлөв, хичнээн айлыг орон сууцанд оруулав аа. Тийм тоо алга. Өмнө нь дор хаяж хоёр өрөө дээд тал нь дөрвөн өрөө байраар солигддог байсан хашааны газрыг өнөөдөр насаараа төлөх орон сууцны зээлийн урьдчилгааны 30 хувьд тооцон авч, газрын эздийг доромжилж байна. Хотын дарга С.Батболдын гэр хорооллыг дахин төлөвлөж байгаа царай энэ. Тиймээс бид энэ хүнийг ажлаа хийгээч ээ гэж шаардсан. Өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд Гэр хорооллын иргэдийн гуравдугаар чуулганыг СТӨ-нд зохион байгуулж, хотын даргад найман зүйлтэй шаардлага өгсөн. Харамсалтай нь бидний тавьсан шаардлагатай огтын хамааралгүй зүйлээр хариу өгч, гэр хорооллынхныг учир ойлгодоггүй тэнэгүүд мэтээр үзэж, дорд үзсэн. Удирдаж байгаа хотынх нь газар нутгийн 70 гаруй хувь дээр амьдарч байгаа гэр хорооллын иргэдээ ингэж үл ойшоож байгаа Засаг даргыг бид огцруулах тэмцлийг гэр хороололд эхлүүлсэн юм.

-Түүнийг огцрууллаа гээд ямар үр дүнтэй юм бэ?

-Огцрууллаа гээд ямар үр дүн байхав гээд ажлаа хийдэггүй дарга нарын толгойг илээд суугаад байх юм уу. Ард иргэдийн төлөө ажил хийнэ гэж албан тушаалд очсон юм бол ингэж дүлий дүмбэ царайлж, иргэдээ үл ойшоох эрх хэнд ч байхгүй. Нийслэлийн Засаг даргын ажил бол энэ хотыг хөгжүүлэх. Тэгвэл хотыг хөгжүүлэхийн тулд гэр хорооллыг хөгжүүлэх нэн шаардлагатай байна. Гэр хорооллын 220 мянган өрхийн асуудал үнэндээ төрийн бодлогоос ангид хаягдчихлаа. Хөгжил бүхэн гэр хорооллыг тойрч байна шүү дээ. Шилэн кабел, шилэн байшин, орчин үеийн үйлчилгээний газрууд гэр хорооллыг тойрон сүндэрлэж байна. Гэр хороолол руу дэд бүтэц татахгүй байна. Банкууд орон сууцны гэрчилгээгээ бариад ирсэн хүнд зээл олгодог. Харин хашааны газраа барьцаалаад мөнгө зээлье гэхээр гэр хорооллынхонд энэ эрх хаалттай байгаа. Тийм учраас гэр хорооллыг өнөөдөр хүмүүс ядуусын хороолол хэмээн цоллох боллоо. Тэгвэл гэр хороолол нь хөгжихгүй байгаа учраас Монгол Улс ядуу байгаа юм. Үүнийгээ дарга нар ухаарах цаг болсон.

-Гэр хорооллыг яаж хөгжүүлээсэй гэж хүсээд байгаа юм бэ?

-Өнөөдөр газрын эздэд ганцхан хүсэл бий. Тав, арваараа нийлж газар дээрээ таун хаус эсвэл орон сууц бариад өөрсдөө орж амьдармаар байна. Тэндээ үйлчилгээний обкъект бий болгон ажиллуулж эсвэл түрээслүүлж ажилтай, орлоготой болмоор байгаа. Илүү гарсан орон сууцаа худалдаж барилга барихдаа гаргасан зардал, эсвэл авсан зээлээ төлөөд цаана нь ашиг унагамаар байгаа. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын иргэдийн газрыг хямд үнээр худалдан авч, өндөр орон сууц барьж хэд нугалсан ашиг олдог компаниудын барилгын бизнесийг хашааны эзэд өөрсдөө хийдэг болмоор байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг яг л энэ зарчмаар үргэлжлүүлбэл, гэр хороололд хөгжил ирнэ. Монгол Улс ядуурлаас гарна. Харамсалтай нь ийм байдлаар гэр хорооллыг хөгжүүлэх сонирхол эрх баригчдад алга. Гэр хорооллын иргэдэд ийм боломж олгосон бодлого хэрэгжүүлээгүй байж өнөөдөр тэднийг утаа гаргагч халтрууд, агаар, хөрс бохирдуулагчид, ядуу зүдүү гуйлгачид хэмээн ад шоо үзэж, хөөж тууж, дээр дооргүй гутаан доромжилж байна.

-Гутаан доромжилсон гэдэг нь…

-Газрын эздийг, гэр хорооллынхныг энэ нийгмээс шоовдорлочихоод өнөөдөр хотын дарга С.Батболд нүүрс түлж, нүхэн жорлонд бие засахыг нь хориглож байна. Гэр хорооллын иргэдэд өвөл хөлдөж, зун нь түгжирч үхэх ял тулгаж байна шүү дээ. Хотоо хөгжүүлэх ажилдаа ингэж хоноцын сэтгэлээр хандаж байгаа Засаг даргаар бид яах юм бэ. Тэр бол ард түмний сонголтоор биш, Ардын намын шагналаар энэ албан тушаалд очсон учраас гэр хорооллынхны амьдрал, асуудал түүнд падлийгүй байгаа бололтой. Үнэндээ С.Батболд Засаг дарга “Аз жаргалтай Улаанбаатар”-ыг бий болгоно гэж хэлсэн. Аз жаргал гэж С.Батболд даргынхаар хэдэн хөшөө босгохыг хэлдэггүй юм. Аз жаргал гэж гэр бүлээрээ амгалан тайван аюулгүй орчинд сэтгэл хангалуун амьдрахыг хэлдэг юм. Тэгвэл өнөөдөр гэр хорооллын иргэд аюултай, бохир заваан орчинд аз жаргалгүй амьдарч байна. Тийм учраас жаргаана гэж амлачихаад жаргааж чадахгүй байгаа хотын дарга С.Батболдыг огцрохыг гэр хорооллынхон шаардаж байгаа юм.

-Хотын дарга та нартай зөвшилцье гэж санал тавьсан юм биш үү, уг нь…

-Манай хөдөлгөөнийхөн тавдугаар сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд майхантай суулт хийсэн. Энэ үеэр хотын дарга С.Батболд зөвшилцөх санал тавьснаар бид суултаа зогсоосон. Ингээд тавдугаар сарын 14-ний өдөр Гэр хороолол хөдөлгөөний удирдлагууд, гэр хорооллын иргэдийн төлөөлөл хотын дарга С.Батболдтой хэлэлцээрийн ширээний ард суусан юм. Гэвч хотын дарга С.Батболд гэр хорооллынхныг хүн ёсоор хүлээж аваагүй, уулзалт эхэлсэн мөчөөс илт тохуурхсан байдлаар харьцаж, “Та нар гэр хорооллын иргэд юм уу” хэмээн жуумалзаж, гэр хороолол хөдөлгөөнийхний үгийг сонсохгүй, ам уралдан ярьж, хэрүүлч авгай шиг загнаж, хотын дарга, удирдагч хүнд байхааргүй ааш авир гарган тавтиргүйтсэн. Тиймээс Гэр хороолол хөдөлгөөнийхөн уулзалтыг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж үзээд хэлэлцээрийг орхин гарсан юм. Гэр хорооллынхныг ингэж үл тоон, басамжилж байгаа хотын Засаг даргын энэ үйлдэл түүнийг огцруулах нь туйлын зөв гэдгийг л улам бататган харуулсан.

-Гэхдээ “Гэр хороолол хөдөлгөөн”-ийг хотын дарга асан Э.Бат-Үүлийн багийнхан байгуулсан гэдэг шүүмжлэл яваад байгаа…

-“Гэр хороолол хөдөлгөөн”-ий удирдлагад Э.Бат-Үүлийг Засаг дарга байхад хотын захиргаанд ажиллаж байсан хүмүүс бий. Тийм учраас гэр хорооллынхны сайн сайхны төлөө явж болохгүй гэсэн үг биш биз дээ.

-Ер нь Э.Бат-Үүл дарга хотын дарга байхдаа таны ярьж байгаагаар гэр хорооллыг хөгжүүлж болоогүй юм уу?

-Шидэт саваа байгаагүй учраас 220 мянган өрхийг дөрвөн жилийн дотор орон сууцаар хангаж чадаагүй. Мэдээж гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд хугацаа шаардлагатай байсан. Хэдийгээр муу хэлүүлэх нь их ч гэлээ яг үнэндээ өнгөрсөн дөрвөн жилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил урьд хожид байгаагүйгээр амжилттай явсан юм шүү. Дахин төлөвлөлтийн эхний үе шатанд арван мянган айлын орон сууцны барилга угсралтын ажил эхлүүлснээс 5000 орчим барилга ашиглалтад оруулж, 1100 айлыг орон сууцанд оруулсан байдаг юм. 120 мянган өрхийг дэд бүтцэд холбож, газрын үнэ цэнийг 3-10 дахин өсгөсөн. Дахин төлөвлөлтийн хоёр дахь шат болох газар шинэчлэн зохион байгуулах төслийг эхлүүлчихсэн байсан. Энэ бол түрүүнд миний ярьдаг төлөвлөлт л дөө. Энгийнээр хэлбэл, иргэд газраараа нийлээд таун хаус барьж, илүү гарснаа худалдах зарчим. Дээрээс нь “Сайн хашаа” хөтөлбөрийг өмнөх дөрвөн жилд эхлүүлчихсэн байлаа. Энэ бүхэн тасралтгүй үргэлжилсэн бол өнөөдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил маш их үр дүнд хүрсэн байх байлаа. Харамсалтай нь энэ ажлуудыг бүгдийг нь цуцалсан. Дахин төлөвлөлтөд зориулахаар босгосон байсан санхүүжилтийг хотын дарга С.Батболд гарч ирээд зогсоосон. Үр дүнд нь гэр хорооллын дахин төлөвлөлт үргэлжилсэнгүй өдий хүрлээ. Өмнө нь газраа чөлөөлчихсөн олон айлыг орох оронгүй, оочих аягагүй болголоо. Харамсалтай нь тэдний зарим нь энэ бүхнийг зогсоосон С.Батболдыг биш, өмнөх Засаг даргаа л харааж сууна.

-Олон улаан майхан барьж суулт хийгээд байгаагаас чинь харахад танай хөдөлгөөн ардаа асар том санхүүжилттэй гэдэг хардлага төрүүлээд байгаа?

-Бидэнд аль ч намын дэмжлэг, харьяалал байхгүй. Том санхүүжилт ч алга. Гэр хорооллыг хөгжүүлэх сайн үйлсийг дэмжиж хандив өргөсөн хувь хүн, бизнесийнхэн бий. Хандивлагчдаа удахгүй ил зарлана.

-Танай хөдөлгөөнийхөн цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Бид гэр хорооллоо хөгжүүлэх тэр цаг хүртэл тэмцлээ зогсоохгүй. Гэр хорооллынхныг үл тоодог Засаг даргыг огцруулах хүртлээ тэмцлийн бүх хэлбэрийг сонгож тэмцэнэ. Бид өнөөдрийг хүртэл нийслэлийн гэр хорооллоор явж, иргэдтэй уулзалт хийсээр ирсэн. Энэ уулзалтаа ч үргэлжлүүлэх болно.

-Та өөрөө сэтгүүлч хүн. Гэр хороололд амьдардаг юм уу. Яагаад энэ хөдөлгөөнд нэгдэх болов?

-Би сэтгүүлчийнхээ хувьд ажлаа хийж байгаа. Харин иргэн хүнийхээ хувьд үүргээ биелүүлж, гэр хорооллоо хөгжүүлэхийн төлөөх сайн үйлсэд хүчин зүтгэж явна. Миний ээж одоо ч гэр хороололд амьдарч, зунтай, зудтай аль ч үед гэр хорооллын зовлон жаргалыг үүрч, усаа зөөж, нүүрсээ түлж яваа хөгшин бий. Миний ээжтэй адилхан гэр хороололд амьдарч байгаа мянга мянган ээжийн сайн сайхны төлөө, халуун тогоонд түлэгдэн зовж шаналж, хүйтэн нойтонд өсч торниж байгаа хүүхдүүдийн аюулгүй орчинд амьдрах ирээдүйн төлөө зүтгэнэ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Эрдэнэ: Ч.Хүрэлбаатар худалч уу, ОУВС худлаа ярив уу гэдгийг цаг хугацаа харуулна

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Чуулганаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Ирэх жилийн төсөвт сөрөг хүчин ямар байр суурьтай байгаа вэ?

-Эдийн засгийн өсөлтийг тооцохдоо эрх баригчид буруу тооцоолдог. Тэдэнд нэг заль бий л дээ. Тэр нь орлогоо багаар, зарлагаа өндөр тооцдог. Инэгэхээр төсвийн орлого давж биелэсэн гэж харагддаг. Давж биелүүлсэн гэдэг нэрээр дураараа тоглолт хийдэг. Энэ бол байж болохгүй асуудал. Монгол Улсын төсвийн тухай хууль гэдэг онцгой хууль. Улс орон тухайн жилдээ юу өмсөх, юу идэх, хэрхэн галаа түлх үү гэдгээ шийдэх гол асуудал. Гэтэл эрх баригчид үүнд хөнгөн хандаж, ард иргэдийн эрх ашгийг хөндөн, тодорхой бүлэг нөхдүүдийн тансаглалд тааруулах зорилгоор төсвийг захиран зарцуулах гэж байгаа үйлдэл бол маш буруу.

-Хүүхдийн мөнгийг 100, эсвэл 80 хувь олгох асуудлаар гишүүд өөр өөр байрь суурьтай байна. Танай нам хүүхдийн мөнгийг зуун хувь олгох ёстой гэж яриад байдаг. Гэтэл Сангийн сайд үүнийг 100 хувь олгох юм бол ОУВС хөтөлбөрөө татна гэж анхааруулсан гээд байгаа. Энэ асуудлаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Ардын нам олонхоороо эрх барьснаас хойш хоёр жил өнгөрлөө. Энэ хугацаанд эрх баригчдын зүгээс гарт баригдах ямар ч ажил хийсэнгүй. Эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлт хийгдсэнгүй. Ардын намын 2016 оны амлалтаас өнөөдөр бодит үр дүнтэй ажил нэг ч алга. Эрх баригчид болохгүй, бүтэхгүй байгаа зүйлээ Олон улсын валютын сан гэх байгууллага руу чихдэг ажлаа л сайн хийж байна. Хүүхдийн мөнгийг зуун хувь олгож болохгүй гэж ОУВС-гийнхан хэлсэн гэж Засгийн газар яриад байгаа. Хэрэв зуун хувь олговол ОУВС хөтөлбөрөө татна гэсэн зүйлийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлж байсан. Манай намын бүлгийн гишүүд хэдхэн хоногийн өмнө ОУВС-тай уулзаж, улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдал, боломж бололцооны тухай ярилцсан. Энэ үеэр үнэхээр та нөхдүүд манай улсын Засгийн газартай дээрх асуудлаар ярьж тохиролцсон юм уу гэж асуусан. Гэтэд ОУВС-гийнхан үйл ажиллагаа, дотоод асууд-лаа танай Засгийн газар хэрхэн зохицуулах нь бидэнд хамаагүй. Бид танай дотоод асуудалд оролцож, ямар нэгэн тоо, хувийн талаар яриагүй ээ гэж хэлсэн. Үүнээс харахад манай Сангийн сайд худалч юм байна, эсвэл ОУВС гэж худлаа ярьдаг байгууллага юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа. Аль нь худлаа яриад байгааг цаг хугацаа харуулна биз дээ. Хүүхдийн мөнгийг зуун хувь олгох олон боломж, бололцоо энэ Засгийн газарт бий. Тухайлбал, энэ төрийн данхайсан бүтцээ цомхотгоод, үрлэгэн зардлаа танаад ч юм уу, эсвэл дэд сайд нарынхаа тоог цөөлөх аргаар хүүхдийн мөнгийг олгох хөрөнгийг бий болгож болно. Зөвхөн хүүхдийн мөнгө биш. Гадаа талбай дээр жагсаж байгаа эмч, багш нарынхаа цалин хөлсийг нэмэх, 380 мянган ахмадынхаа тэтгэврийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудал байна шүү дээ. Энэ олон ажлуудыг яагаад шийдвэрлэж, хийхгүй байгаа юм бэ. Сонгуульд ялж гарч ирснээс хойш хоёр жил өнгөрлөө, эрх баригчид аа. Нөгөө сайхан амлалт хаана байна. Ийм байдлаар цаашид явж болохгүй юм. Мөнхийн суудал гэж байхгүй. Удахгүй эрх баригчдаас ард түмэн амлалт, ажлын тайланг нь нэхнэ. Тэр үед мөн адил хариуцлагын асуудал яригдах болно. Тийм учраас аливаа улс төрийн хүчин хариуцлагатай л байх ёстой.

-Хүүхдийн мөнгийг 15-20 хувь нь огт авдаггүй гэсэн судалгааг Засгийн газраас гаргаад байгаа. Тийм болохоор мөнгө авъя гэсэнд нь олгох ёстой гэсэн санал ч хүртэл гарлаа. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Хүсэлт гаргасанд нь олгох гаргалгааг энэ Засгийн газар гаргачихсан юм биш л дээ. Өмнөх Засгийн газрын үед хэрэгжээд явж л байсан. Өмнөх Засгийн газрын үед нийт хүүхдийн 5-10 хувь нь авдаггүй л байсан. Гол нь хүүхдийн мөнгө бол халамж биш юм аа. Хүүхдийн мөнгийг зориулалтаар нь төгс ашиглахын тулд тухайн үед Сангийн сайд байсан Улаан, бид хоёр санаачилгаар хуулинд нэг заалт нэмж байсан. Тэр нь хүүхдийн мөнгөний үлдэгдэл буюу аваагүй хэсгээс үлдсэн хөрөнгийг төсөвт буцааж төвлөрүүлэхгүйгээр хүүхэд хөгжлийн зориулалтаар ашиглана гэдэг заалтыг оруулсан юм. Энэхүү бодлогын буянд хүүхдийн олон зуслангуудыг хөрөнгө оруулж, заслаа, тохижууллаа. Өнөөдөр төрөөс хүүхэд хөгжлийн талаар авч хэрэгжүүлж, хөрөнгө хаяж байгаа ямар ажил байгаа юм. Нэг ч ажил байхгүй байна. Тийм учраас өнөөдөр хүүхдийн мөнгийн үлдэгдэл буюу аваагүй хэсгийн хөрөнгийг төсөвт буцааж татах биш, хүүхэд хөгжлийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлдэг байх ёстой.

-Таны хувьд өмнө Хөдөлмөрийн сайдын албыг хашиж байсан. Тухайн үед та дэд сайдтай байсан шиг санагдана. Энэ хэл ам дагуулаад байдаг дэд сайдын эрх, үүргийг та хэрхэн хардаг вэ?

-Намайг сайд байх үед манайх Засгийн газар эвслийн Засгийн газар байсан. Өөрөөр хэлбэл тухайн үед манайх олонх болоогүй, олуулаа л байсан. Тэгэхээр хуулиараа хамгийн олон суудал авсан нам нь бусад намуудтайгаа зөвшилцөж, Засгийн газраа хамтарч байгуулдаг. Тэгэхээр эвслийн Засгийн газар байгуулагдвал дэд сайд, Шадар сайдын албан тушаал байх ёстой гэж боддог. Учир нь эвслийн Засгийн газарт эрх баригч нам, сөрөг хүчин, гурав дахь хүчнээс хүмүүс томилогддог. Эдгээр хүмүүсийн ажлыг хянаж, хамтран ажиллахын тулд дээрх албан тушаал байх ёсой юм.

Харин дангаараа төрийн эрх мэдлийг авсан буюу УИХ-ын 65 суудалтай намд дэд сайд, Шадар сайдын ямар ч хэрэг байхгүй. Ерөнхий сайд нь өөрөө танхимаа бүрдүүлээд ажиллаад явах ёстой. Яамдуудад дэд сайдын шаардлага байхгүй юм. Мөн сайд нарын зөвлөх гэж тоогоо алдлаа. Орон тооны зөвлөх ч гэнэ. Орон тооны бус зөвлөх ч гэж байна. Наанаа орон тооны бус, цалин авдаггүй гэж байгаа боловч цаанаа утасны төлбөрөө хийлгэж, элдэв янзын зүйлдээ төрөөр даалгаад л явж байгаа. “Зуун ямаанд жаран ухна” гэдэг шиг олон дэд сайд нарын хэрэг байхгүй шүү дээ. Энэ нь улам л төрийн бүтцийг данхайлгаж, төсвийн зарлагыг ихэсгэж, эдийн засгийн үр ашиггүй байдлыг бий болгож байгаа юм.

-Засгийн газрын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй бодлогын талаар байр сууриа илэрхийлбэл…

-Ипотекийн зээл зогсоод хоёр жил болж байна. Гэхдээ ар, өврийн хаалгаар хэдэн айл энэхүү зээлд хамрагдаж л байгаа байх. Яг жирийн иргэн ипотекийн зээл авъя гэхээр нөхцөл нь маш хүнд байгаа. Хоёрдугаарт, түрүүчийн дөрвөн жилд эхлээд дуусгаагүй байсан зам, барилга байгууламжийг одоогийн Засгийн газар ашиглалтад оруулж байна. Энэ бол Засгийн газрын хийсэн ажил биш. Өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлээд эхэлчихсэн ажил. Гэтэл эдгээр ажлуудыг эрх баригчид өөрсдөө эхэлж хэрэгжүүлээд хийж дуусгасан мэтээр олон нийтэд гайхуулж байна. Ийм арчаагүй байж болохгүй. Ер нь энэ Засгийн газрын хийсэн ажил, явуулсан бодлогын бодит тоо баримт, судалгааг бид хийж байгаа. Удахгүй гаргах болно.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Оюунбаатар: О.Баасанхүү бол улс төрийн хүнд байдалд орчихсон хүн

Улсын дээд шүүх МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан шийдвэр өнгөрсөн даваа гаригт гаргасан. Шүүх хуралдааны үеэр О.Баасанхүү гишүүн МАХН-ын зарим гишүүдтэй зодолдсон, ам зөрсөн гэх мэдээлэл цацагдсан билээ. Энэ асуудлаар Монгол Улсын Шадар сайд асан, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатартай ярилцлаа.


-Улсын дээд шүүхээс танай намын дүрмийн өөрчлөлтийг хоёр ч удаа бүртгэхээс татгалзлаа. Яагаад танай намын дүрмийг бүртгэхгүй байгаа юм бэ?

-Манай нам хоёрдугаар их чуулганаа энэ хаврын эхээр хийсэн. Энэхүү хуралдаанаар намын дүрэм, мөрийн хөтөлбөртөө тодорхой өөрчлөлтийг оруулсан. Энэхүү өөрчлөлт бусад улс төрийн намын дүрэм, мөрийн хөтөлбөртэй адилхан. Үүнийгээ бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд өргөн барьсан юм. Гэтэл Улсын Дээд шүүх удаа дараа О.Баасанхүүгийн эрх ашгийн төлөөх шийдвэрийг гаргалаа. Цаашид энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий шүүгчид хандана. Өөрөөр хэлбэл “МАНАН”-гийн улс төр, бизнесийн бүлэглэл шийдвэр гаргагчдыг санхүүжүүлж, намын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгүүлэхгүй байх үйл ажиллагааг явуулаад удаж байна. Улсын дээд шүүхээс манай намын зарим гишүүд хоорондоо маргаантай байгаа учраас бүртгэх боломжгүй гээд буцаадаг. Ямар нэгэн улс төрийн намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг л шүүхийн байгууллага хянах үүрэгтэй. Харамсалтай нь Улсын дээд шүүх энэхүү хэм хэмжээгээ зөрчиж, намын дотоод асуудалд оролцож байна. Үүнд манай нам шүүмжлэлтэй хандаж байгаа. Мөн Улсын дээд шүүхийн хуралдаанд О.Баасанхүү гэх хүнийг зориуд ирүүлж, нэг тал мэтээр харуулан, хооронд нь зөрчилдүүлсэн нь шүүхийн байгууллагын үйл ажиллагааны алдаа. Монголын шүүх ялзарч байна. Бид энэ ёс зүйгүй шүүгчдийн асуудлыг олон нийтэд гаргаж тавина. Мөн ойрын хугацаанд намынхаа дүрэм, мөрийн хөтөлбөрөө бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд дахин хандана.

-Өмнө Улсын дээд шүүхээс гаргасан шийдвэрт танай намын дүрэм, мөрийн хөтөлбөрийн зарим заалт, материал дутуу байна гэж буцаасан. Энэ удаад О.Баасанхүү гишүүнээс болсон гэж ойлгох уу?

-Энэ удаагийн манай дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтөд ямар ч хаягдсан, орхигдсон, дутуу зүйл байхгүй. Өнгөрсөн удаад гарсан тэр дутуу гээд байгаа материал, баримт, заалтуудыг нь хуулийн хүрээнд бүгдийг нэмсэн. Ингээд шүүхээр бүртгүүлэхээр очдог. Гэтэл шүүхээс “Дутуу, орхигдуулсан зүйл заалтаа нэмсэн байна. Гэхдээ өмнө гарч байсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа” гэж үзээд буцаасан. О.Баасанхүү гэдэг хүн манай намын жирийн нэг гишүүн. Бүртгүүлэх үйл ажиллагаанд жирийн гишүүн ч байна уу, УИХ-ын гишүүн ч байна уу хамаагүй байдаг. Энэ бол аж, ахуйн нэгжийн бүртгэлийн ажил. Гэтэл энэ хүнийг шүүх хуралдаанд ажиглагчаар оруулж ирүүлсэн нь асуудал үүсгэсэн. Үүнээс болж маргаан үүсч, О.Баасанхүү гишүүн шүүхийн танхимд салаавч гаргаж, бүдүүлэг авир гаргасан. Би шүүх, хуулийн байгууллагад насаараа ажилласан хүн. Өнөөдөр Монголын шүүх ийм нэр хүндгүй, дорд орсныг бид харлаа. Шүүхийн байгууллага ингэж бусдаар доромжлуулчихаад улс төр, бизнесийн бүлэглэлийн даалгавраар үйлчилж, тэдэнд ая тал засаж байгаа нь харамсалтай.

-Маргаан үүсгээд байгаа хүмүүст танай намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгүүлэхгүй байх ашиг сонирхол нь юунд байна?

-Хувьсгалт нам улам бүр өргөн тэлж байна. Олон нийтийн дэмжлэгийг авч байна. Бид Шинэ Үндсэн хуулийг хийлээ. Оюу толгой, Таван толгойн орд газрын баялгийг монголчуудад өгөхөөр шийдвэр гаргасан. Энэхүү баялгийн сангаас боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг ард түмэндээ үнэ төлбөргүй болгох асуудлыг шийдлээ. Өөрөөр хэлбэл, манай нам шинэ Үндсэн хуулиа боловсруулчихаад ард түмнээсээ дэмжлэг аваад явж байгаа болохоор олигарх бүлэглэлүүд бидний энэхүү үйл ажиллагааг зогсоох гэсэн оролдлого юм.

-О.Баасанхүү гишүүн Гурван шүүгчийн өмнө намайг зодсон гэж ярьсан. Энэ үнэн үү. Шүүх хурлын үеэр юу болсон талаар тодруулахгүй юу?

-Шүүгч бол аливаа ашиг сонирхлын нөлөөллөөс ангид шийдвэр гаргах ёстой. Гэтэл Улсын Дээд шүүхийн шүүгчид бусдын нөлөөнд автагдсан үйл ажиллагаа явуулж байна. Намын дотоод асуудалд оролцож байна, бусдын захиалгаар ажиллаж байна. Монголын ард түмэн авлигын сүлжээний хөлд үрэгдэж байгаа. Тиймээс Улсын Дээд шүүхийн шүүгч нарыг огцруулах ёстой. Улсын Дээд шүүх дээр болсон үйл явдлын талаар ташаа мэдээлэл тарсан. О.Баасанхүү өөрөө шүүхийн танхимд салаавч гаргасан. Бусдыг өдөөн хатгасан. Тэр нөхрийн талаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандана. Нөгөө талаар, О.Баасанхүү МАХН-ынханд зодууллаа гэдэг мэдээллийг сошиалд тараасан. Энэ бол ор үндэслэлгүй мэдээ юм. О.Баасанхүү шүүх хуралдааны дараа зүгээр л гараад явсан. Гарч явсныхаа дараа бусдад зодуулсан эсэхийг бид мэдэхгүй. Ийм ичих нүүргүй худлаа ярьдагаа болих хэрэгтэй. Улсын дээд шүүхийн гурван шүүгчээс юу болсон талаар лавласан ч болно. Хэн нь түрүүлж бүдүүлэг авир гаргасан бэ, хэн нь Монгол Улсын дээд шүүхийн танхимд ёс бус үйлдэл гаргасан бэ гэдгийг асуух хэрэгтэй. О.Баасанхүүг зодоогүй. Харин ч О.Баасанхүү өөрөө шүүхийн танхимд салаавч гаргасан. Шүүгч удаа дараа шаардлага тавихад биелүүлээгүй. Энэ бүх үйлдэл нь камерт бичигдсэн. Тиймээс би ёс зүйгүй гишүүнийг эгүүлэн татах нь зүйтэй гэж үзэж байгаа.

-2020 оны сонгууль дөхөж байна. Үүнээс өмнө намын дотоод асуудлаа хэрхэн шийдвэрлэх гэж байна вэ. Байнгын ийм хагаралтай, бутралтай байх уу. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Юуны өмнө намын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтөө Улсын дээд шүүхэд дахин өгнө. Шүүхээс хэдэн удаа буцаах нь уу гэдгийг бид харна. Хоёрдугаарт, манай нам дотор ямар нэгэн хүндрэлтэй, зөрчилтэй асуудал байхгүй. Харин ганц нэг хүнийг хөлслөөд Төрийн ордныг шөнийн дөрвөн цаг хүртэл ажиллуулж, хурал цуглаан хийдэг хууль бус бүлэглэл бий. Үүнийг бид ард түмэндээ ил болгож байгаа. Түүнээс биш нам дотор ямар ч хүндрэл, зөрчил байхгүй. Үүнд ард түмэн маань санаа зовох хэрэггүй ээ.

-Танай намаас УИХ-д суудалтай ганцхан хүн бий. Энэ хүнтэйгээ цаашид учраа олоод, хамтраад ажиллахад ямар саад бэрхшээл үүсчихээд байна вэ?

-Энэхүү зөрчилдүүлж буй үйл ажиллагааг цаанаас нь улс төр, бизнесийн бүлэглэл зориуд санхүүжүүлж хийж байгаа. Сая намын дүрмэндээ бид жигүүртэй байх асуудлыг оруулсан. Тийм болохоор О.Баасанхүү гишүүн бидэнтэй хамтраад ажиллаж болно. Үүнийг бид өөрт нь шууд хэлдэг. О.Баасанхүү бол улс төрийн хүнд байдалд орчихсон хүн. Тийм болохоор цаашдаа шинээр нам байгуулаад явах уу, бусад улс төрийн нам, хүчнийхэнтэй нэгдэх үү гэдэг нь өөрийнх нь шийдэх асуудал. Бид бол хамтраад ажиллаж болно гэдгээ хэлдэг.

-Танай намын гишүүн З.Баянсэлэнгийг сайдын алба хашиж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж түрээсийн орон сууцанд хамаатнуудаа оруулсан, ашиг сонирхлын зөрчил байсан гэх асуудлаар АТГ-аас шалгасан. Энэхүү асуудалд танай нам ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газрын тогтоолыг гүйцэтгэснийхээ төлөө энэ хүн шалгагдаж байна. Өөрөөр хэлбэл “Бэрэн” компаниас 223 орон сууц түрээсээр авч өг гэсэн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүллээ гэх үндэслэлээр З.Баянсэлэнгийг яллаж байгаа. Одоо энэхүү хэрэг Сонгинохайрхан дүүргийн шүүх дээр явж байна. Ийм ёс бус үйл ажиллагаагаа эрх баригчид зогсоогооч. Монголчуудыг үзэл бодол, намын харьяаллаар нь ялгаварладгаа болиоч ээ. Энэ талаарх шаардлагыг төрийн өндөр албан тушаалтан, эрх барьж буй байгууллагуудад бид албан ёсоор өгсөн. Энэ талаараа удахгүй олон нийтэд мэдээлэх болно. Ер нь “Бэрэн”-ээс өөр компаниас авсан байвал энэ бол гэмт хэрэг шүү дээ. Мөн 223-аас илүү айл орчихсон бол асуудал ярьж болно. Гэтэл ийм асуудлууд байхгүй. Энэ бол МАНАН бүлэглэлээс зориуд зохион байгуулж буй ажил юм. Ийм хийсвэр хэргээр монголчуудыг бүгдийг нь гэмт хэрэгтэн болгож болно.

-Танай намын дарга сүүлийн үед үүсээд байгаа асуудалд ямар байр суурьтай байгаа бол?

-Намын даргын байр суурь биднээс хол зөрөхгүй байх гэж бодож байна. Намын даргын өдөр тутмын үйл ажиллагаагаа хийгээд л явж байгаа. Саяхан бид Хан-Уул, Багануур, Багахангайд ажиллаад ирсэн. Манай намын удирдлагууд Монголынхоо жирийн иргэдийн гэрээр орж, намынхаа дүрэм, мөрийн хөтөлбөрийг танилцуулж байгаа. Үүнд хамгийн чухал нь бидний боловсруулсан шинэ Үндсэн хууль юм. Энэ хууль батлагдсанаар төрийн эрх мэдэл шууд утгаараа ард түмний гарт очно. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дээд танхим нам бус иргэдээс сонгогдоно. Харин Улсын бага хуралдай буюу хууль тогтоох байгууллага нь улс төрийн намын гаргасан саналын дагуу байгуулагдаж, тэр нь байнгын ажиллагаатай парламент байж, хуулиа гаргана. Ингэх юм бол улс орны өмнө тулгамдаж байгаа бүх асуудлууд амархан шийдэгдэх болно.


Categories
мэдээ цаг-үе

Л.Гантөмөр: Ч.Сайханбилэгийн зарчмыг буруутгаж эрүүгийн хуулиар шалгаж байгаа нь харамсалтай

Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд асан Лувсаннямын Гантөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Таны өмнө толгойлж байсан боловсролын салбараас яриагаа эхэлье. Удахгүй элсэлтийн ерөнхий шалгалт эхлэх гэж байна. Шалгалттай холбоотой материал задардаг гэх асуудал сүүлийн жилүүдэд их яригдах болсон. Энэ талаар болоод одоо салбар толгойлж яваа сайдын бодлого чиглэлийн талаар ярихгүй юу?

-Боловсролын хууль өөрчлөгдөхгүй байна. Хууль тогтвортой байгаа учраас энэ салбарын бодлого хэвийн байгаа болов уу гэж хардаг. Алдаатай, харамсалтай үйл явдлууд өмнө цөөнгүй тохиолдсон. Батсуурь сайд байхдаа их сургуулиудын удирдах зөвлөлийг хараат бус болгосон байдлыг алга болгож, төрийн захиргааны хүмүүсээр удирдах зөвлөлийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл яамны хараат байхаар хуулийн өөрчлөлт хийсэн. Энэ их харамсалтай зүйл. Угтаа их сургуулиуд бие даагаад ажиллах нь зөв чиглэл рүүгээ шуурхай дүн шинжилгээ хийж, гарцыг хурдан олдог боломжтой байв. Энэ боломжийг үгүй хийснээрээ энэ салбарын том ухралт гэж ойлгож болно. Мөн дэлхийн шилдэг сургуулиудад суралцаж байгаа хүүхдийг дэмжих, тэтгэлэг олгох боломжийг зогсоосон. Ирээдүй болсон хүүхдүүдэд хамгийн өндөр боловсрол, мэдлэгийг олгож байж, энэ улс орны хөгжил урагшаа явна шүү дээ. Би энэ асуудалд их анхааралтай ажилласан. Түүхээ харвал Герман, Орос гэх мэт улсуудад боловсрол эзэмшсэн хүн улсынхаа хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэсэн байдаг. Энэ жишгээр өнөө цагт дэлхийн хамгийн шилдэг мэргэжилтэн бэлтгэн гаргадаг сургуулиудад монгол хүүхэд суралцах боломжтой байсан зүйлийг зогсоочихсон нь том алдаа. Цаашид алдаагаа түргэн засч, энэ бодлогыг үргэлжлүүлэх шаардлагатай. Боловсролын салбарын удирдах түвшний хүрээнд сандал, суудлын төлөө гүйсэн, хөлөө олохгүй байдал анзаарагдаж байгаа. Үүнээс болоод багш нарын итгэл алдарч байна.

Тийм учраас Ш.Цогзолмаа сайдын хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол багш нартаа итгэл өгөх юм. Дээр нь хуулиа сайн унших хэрэгтэй байна. Төрийн бодлогоо сайн унш. Төрийн бодлогод Монголын боловсролын бодлого ямар байх вэ гэдгийг тусгачихсан байгаа. Боловсролын салбар тогтвортой байна гээд унтаа байж болохгүй. Улам л дээшээ давшиж, дэвших ёстой. Тэр тест задардаг асуудал бараг байхгүй. Энэ бол цагдаа, тагнуулын хяналтан дор хийгддэг ажил. Задарсан гэх янз бүрийн нотлогддоггүй ярианууд гардаг. Хэрэв энэ тест задарсан байвал эрүүгийн хэрэг болно.

-Тэгэхээр задрах ямар ч боломжгүй гэж ойлгож болох нь, тийм үү?

-Мэдээж боломжгүй байлгахын төлөө л ажилладаг. Гэхдээ ямар зальт этгээдүүд явж байгааг хэлж мэдэхгүй. Үүнийг олон нийтэд задарсан мэтээр харагдуулж, улс төр хийдэг зүйл бий.

-Таныг сайд байх үед танхимын тэргүүн нь Ч.Сайханбилэг байсан. Одоо энэ хүнийг болоод танай намын угшилтай бусад хүмүүсийг АТГ-аас шалгаж байгаа. Энэ шалгах, хорих асуудлаар таны байр суурь ямар байна вэ?

-Нэгдүгээрт, бид эрүүгийн хуулиа олигтой хийж чадаагүй юм болов уу гэж харж байгаа. Мөн хуульчид нь хэтэрхий хууль сахиулах байр сууринаас хандаж байна гэж бодож байна. Улс төр тодорхой хэмжээгээр хаалттай байна. Харин эсрэгээрээ ард түмэн нээлттэй байхыг хүсдэг. Аль ч газар адилхан. Жишээлбэл, С.Баярцогт хэнээс мөнгө авснаа хэлэхгүй болохоор Оюу толгойгоос мөнгө авсан байна гэсэн хардлага явж байна. Энэ хардлагыг дэмжиж байгаа нэг хэсэг хүмүүс бий. Энэ хэсэг хүмүүсийн санаа бодлыг хуулийн байгууллагууд дагаж орж ирж байна. Миний хувьд энэ хүмүүсийг Оюу толгойгоос авлига авсан гэдэгт огт итгэхгүй байгаа. Миний мэдээллээр энэ шалгаж байгаа хэрэгт холбогдуулж авлигын хэрэг нээгээгүй байна лээ. Албан тушаал хэтрүүлсэн л гэж байгаа. Тухайн орд газар дээр хийгдэж байгаа гэрээ хэлэлцээрийн хувьд албан тушаал хэтрүүлэх ч юм уу, ямар нэгэн байдлаар улс орондоо хохирол учруулах боломжгүй. Төсөл хэрэгжүүлж буй компани нь өөрөө олон нийтийн компани. Нөгөө талдаа уурхай бол Монголд байгаа. Тэнд болж байгаа бүх үйл ажиллагаа нээлттэй. Харин Оюу толгой гэдэг улстөржчих дуртай хүмүүсийн мөлждөг яс. Үүнийг ярьж л тодорно. Энэ тодролтод эрүүгийн хууль үйлчилж байгаа нь надад харамсалтай санагдаж байна. Тухайлбал, шүүх рүү Улсын Их Хурлын гишүүд дайрч байгаа нь тун харалган харагдаж байгаа юм. Хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал, хууль сахиулах, шүүх засаглал л байгаа шүү дээ. Энэ гурван засаглалаас төр ард түмнийхээ талд байхын тулд шүүх засаглал нь толгойд нь байх ёстой. Гэтэл хууль тогтоох нь шүүх засаглал руугаа дайраад эхэллээ. Энэ дайралт юуг илэрхийлж байна вэ гэхээр хуулийн үг үсгээр амьдрахаас илүү энэ их улстөржилтийг дааж гарах дарамтыг хуулийн байгууллагад бий болгож байгаа юм. Ч.Сайханбилэгийн танхимд ирсэн үүрэг бол энэ улс орныг хөгжүүлэх юм. Хуулиар олгогдсон энэ эрх, үүргээ хэрэгжүүлэхийн тулд Оюу толгойн олборлолт явах ёстой гэсэн зарчмыг Ч.Сайханбилэг барьсан. Үүнийг өнөөдөр буруу байна гээд эрүүгийн хуулиар шалгаж байгаа нь харамсалтай. Үүнийг л би шүүмжлээд байгаа юм.

-Энэ асуудал гарч эхлэх үед С.Баярцогтыг танай нам намаасаа хассан. Зарим хүмүүс намаасаа хөөлөө гэж яриад байгаа. Түүнийг намаас хассан шийдвэр зөв байсан уу?

-Оффшорын эсрэг том тэмцэл өрнөчихсөн гээд улс төрчид ойлгочихсон. Хэн нэгнийг муулж л байвал тэр хүн тодордог. Түрүү нь хэлсэн шиг улстөрчид хаалттай байгаа учраас түүний талаар муулж хэлсэн хүний үгийг ард түмэн нууц асуудлыг нь хэлж өгөөд байна гэж ойл-гоод байдаг. Жишээлбэл, нэг нөхөр С.Баярцогт гэдэг чинь оффшорчин байхгүй юу гээд хэллээ. Үүнийг нь ард түмэн хаалттай зүйлийг нээж өглөө гэж ойлгоод алга ташдаг. Ингээд муулсан хүний оноо, олны дэмжлэг нэмэгдээд байдаг. Энэ дэмжлэг дээр л Ардчилсан нам өөрөө орж байгаа гэж харагдсан. Олон түмэн С.Баярцогтыг шоронд хийхийг дэмжиж байна, тийм учраас Ардчилсан нам оноогоо цуглуулах л дүр төрх яваад байна уу даа гэж. Түүнийг намаас хасдаг нь улстөржсөн л шийдвэр. Нөгөө уснаас хуурай гарах үлгэр л явж байна. Гэтэл С.Баярцогтын авсан мөнгө, тэр Швейцарьт байсан хөрөнгө хэнийх юм. Энэ асуудал удахгүй олон түмэнд ил болно. Ямар учиртай мөнгө байсан нь ил болсны дараа Ардчилсан нам дахиад улстөрийн ямар шийдвэр гаргах вэ гэдэг нь надад сонин санагдаж байгаа юм. Манай нам хүний эрхийн төлөө нам. С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Ариунсан, Бямбасайхан хэн ч бай буруу нь нотлогдоогүй байхад урьдчилж буруутайд тооцно гэдэг бол өөрсдийнхөө үзэл санаанаас ухарч байгаа хэрэг. Үнэхээр буруу нь нотлогдвол намынхаа дүрмээр л явах учиртай. Тэр байтугай буруу зүйл хийсэн хүмүүс явж л байгаа шүү дээ. Ер нь намын гишүүнчлэлийн асуудал цаашид яаж тавигдах юм гэсэн асуудал гарч ирнэ. Юутай ч манай нам монгол хүний төлөө байдаг. Зүгээр С.Баярцогт хэнээс мөнгө авсан бэ гэдэг нь мэдэгдэхгүй учраас хардалт өөрөө шийдвэр болж гарч ирээд байна. Энэ бол бидний үеийнхний боловсролгүйн л шинж. Бид хөгжөөгүй байна. Ер нь цаг хугацаа явах тусам өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэр буруу болдог. Учир нь хүн хором өнгөрөх тусам л хөгжиж байдаг. Шинэ зүйл үзэж, харж, ойлгож байдаг. Гэхдээ өнгөрсөнд гарсан бүх шийдвэрийг буруутгахгүй. Эрүүгийн хэрэг шалгаж байгаа нөхцөл байдалд бид тайван хандах хэрэгтэй. Үнэхээр авлигын асуудал байгаа бол шалгах ёстой. Шалгаж л байг. Энэ өөрөө гаж, буруу зүйл биш. Харин улстөрийн өнгө аясад хууль хөтлөгдөнө гэдэг бол гаж зүйл. Өөрөөр хэлбэл хэн нэгнийг муулсаар ардын дайсан болгочихоод түүндээ хууль ашиглаж байгааг гаж зүйл гэж ойлгох юм. Тэгэхээр бид хуулиа дахиж нэг харах ёстой. Улстөржилтөөс хуулиа яаж хамгаалах юм. Хууль сахиулагчаасаа хуулиа яаж хамгаалах юм гэсэн шинэ даалгавар гарч ирж байна.

-Та Оюу толгой, Дубайн гэрээнүүд хэр сайн болсон гэж үзэж байна?

-Оюу толгойн гэрээг нийтэд муухай харагдуулах компанит ажил олон жил явлаа. Тэр утгаараа Оюу толгой гэдэг улстөрд сондгойрч гарч ирэх улстөрчдийн гол зэвсэг болж. Нөгөө талаасаа эдийн засгийн ойлголтгүй хүмүүс өөртөө итгэлтэйгээр энэ гэрээг шүүмжилж байна. Тэр хүмүүс үүнийг гэрийнхээ аж ахуйгаар төсөөлж, асуудлыг тавьж байна. Өөрөөр хэлбэл тэр аж ахуйн даргын байр сууринаас хандсан төсөөллөөр үзэл бодлоо илэрхийлдэг. Хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа хүмүүс Оюу толгойн компанийн захирал юм шигээр өөрийгөө бодож болохгүй. Хүн бүрийн айлгаад байгаа асуудал бол Оюу толгойн өөрийг бид төлж чадахгүй юм биш үү гэсэн ойлголт. Нөгөө талдаа Оюу толгойгоос бид ашиг хүртэхгүй юм биш үү гэж хардаг. Ийм хоёр асуудал нийгэмд байнга явж байна. Яг бодит эдийн засгийн тоо яривал, Оюу толгой маш их өгөөжөө өгч байгаа. Мөн Оюу толгой дээр авсан зээлээ тус компани төлөх нарийн графиктай. Энэ зээл төлөгдөхөөргүй дүр зураг байгаа бол рио Тинто гэх компанийн хувьцаа өдөр болгон унах ёстой. Оюу толгой ашигтай ажиллах юм байна, авсан зээлээ төлчих юм байна, ирээдүйд үнэ цэнэ нь нэмэгдэх юм байна гэж байгаа учраас рио Тинто компанийн хувьцааны үнэ унахгүй байна. Бид нэг зүйлийг ойлгох ёстой. Оюу толгой гэх компани тухайн үеийн хуулиараа Монгол Улсад үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй. Хамгийн чухал нь компанитай Монгол Улсын Засгийн газар хэлэлцээр хийсэн гэдгээ бид мартах учиргүй юм. Үүнийг эсрэгээрээ мартчихаад байна. Энэ гэрээг засч, залруулъя гэдэг бол Оюу толгойг эсэргүүцсэн хүмүүст л зориулж хэлж байгаа үг гэж ойлгодог. Яг үнэндээ өнөөдөр шинээр гэрээнд оръё гэж бодъё. Тэр хүмүүс С.Баяраас ухаантай байна гэж хэн нотлох юм. Бямбасайханаас илүү Монголын талд ашигтай байхаар гэрээг батална гэж хэн батлах юм. Ер нь энэ улс хөгжих ёстой. Тэр хөгжилд нь садаа болчих вий дээ л гэж бодох юм. Энд улстөржилт орсон нь тодорхой. Цаашид улам улстөржих нь тодорхой. Энэ төсөлд гай болох улстөрчид маш их байгаа. Тэгэхээр хатуухан хэлэхэд баялгийн хараал гэж үүнийг л хэлэх байх. Нөгөө талдаа нээлттэй байхыг ард түмэн хүсээд байна гэдгийг Оюу толгой ТУЗ-ийн гишүүд байнга санж явах хэрэгтэй. Олон улсын бизнес хийхэд монголчууд жулдаж байна гэдгийг энэ Оюу толгойтой холбоотой асуудлууд харуулаад байгаа юм. Дэлхийн хэмжээнд хийх боловсрол, туршлага дутаж байна.

-Нөгөө талаараа томоохон төслүүдийг эхлүүлсэн хүмүүс буруутан болж, цаашид том төсөл эхлүүлэх хүнгүй болчих вий гэсэн прогнозыг зарим улстөр судлаачид ярьдаг. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Үүнтэй санал нэг байна. Цаашид бүтээн байгуулалт хийсэн хүн бүр дахиад Ч.Сайханбилэг, С.Баяр шиг буруутан болох уу. Энэ бол аюул. Улс орны хөгжилд хэрэгтэй, томоохон түлхэц өгөх төслүүдийг хийх хүн гарч ирэхгүй. Н.Энхбаяр, С.Баяр, Ч.Сайханбилэг гэх мэт хүмүүсээ шоронд хийлээ. Дараагийн Ерөнхий сайд бас л шоронд орох уу. Өөрөөр хэлбэл өмнө хийсэн ямар ч ажил хожим харахад алдаа, оноо байж л байдаг. Яг зөв шийдвэр гарчихлаа гэсэн шийдвэрийг сүүлд нь харахад буруу л байдаг байхгүй юу. Ер нь алдаа олох их амархан. Үнэхээр Оюу толгой гэрээг хийсэн хүмүүст буруу байдаг юм бол Монголд дараа нь гэрээ хийсэн бүх хүмүүс буруутна. Ийм л логик байна.

-Шалгагдаж байгаа хүмүүсийн хэрэгтэй холбоотой асуудлаар шүүх ямар шийдвэр гаргах бол. Танд ямар нэгэн төсөөлөл байна уу. Олон нийтийн дунд янз бүрийн таамаглал байна л даа. Зарим нь энэ хүмүүсийг хэргээс мултрахгүй дээ гэх юм. Харин зарим нь улстөрийн хэлмэгдүүлэлт явах вий гэж болгоомжилж байна…

-Миний хувьд тэр хүмүүсийг шууд буруутай гэж харахгүй байгаа. Хардаж байгаа, сэрдэж байгаа. Татвар нэхэж байсныг хөнгөлсөн гэдгээр ял өгөхийг оролдох байх. Хэрэв энэ асуудлаар ял авах юм бол татварын хөнгөлөлт хийсэн Их хурал болгон ял авна. Хөнгөлөлт, чөлөөлөлт болгон улсын төсөвт орох мөнгийг хаасан байдаг. Түүнд хэмжээ хамаагүй. Өөрөөр хэлбэл цахилгаан автомашиныг татвараас чөлөөлсөн хууль гаргасан хүмүүсийг таван жилийн дараа шүүхэд өгнө шүү дээ. Ингэхээр ажил хийж байгаа хүмүүсийн хэн нь ч шийдвэр гаргаж чадахгүй гэж бодож байна. Гэхдээ энэ асуудал шийдэгдэнэ. Шийдэгдэхдээ авлига аваагүй л бол бусдаар яллах үндэслэл байхгүй л гэж үзэж байгаа. Яллаагүйн төлөө хуульчдыг бас буруутгаж болохгүй. Ерөөсөө хуулиа барьдаг л байх хэрэгтэй.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Туваан: Асуудлыг Ардчилсан нам руу чиглүүлж, харлуулбал бид өөрөөр ярина

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Саяхан Ардчилсан намын 28 жилийн ой болж өнгөрлөө. Энэ өдрүүдэд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, алдаа, оноогоо дүгнэн ярилцсан байх. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Ардчилсан нам үүсэн байгуулагдаж, Монгол Улс олон намын тогтолцоотой болсны 28 жилийн ойн арга хэмжээнүүдийг энэ сарын 7-ны өдөр орон даяар тэмдэглэж өнгөрүүллээ. Энэ өдрүүдэд ойн баярын хурал, намын нэрэмжит уламжлалт барилдааныг зохион байгуулав. Мөн Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, цаашид хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг баталж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан хуралдаан боллоо. Ирэх жилийн арванхоёрдугаар сарын 10-нд Монгол Улсад ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баяр, түүний дараа буюу 2020 онд Ардчилсан нам байгуулагдсаны 30 жилийн ойн тэмдэглэлт өдрүүд тохиож байгаа. Эдгээр арга хэмжээнүүд манай ардчилагчдын хувьд том баярт ой юм. Тийм болохоор бид одоогоос бэлтгэх ажилдаа орж байгаа.

-Сүүлийн үед Ардчилсан намын угшилтай гишүүдийг хэд, хэдээр нь баривчлан шалгаж байгаа. Тэр дундаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг баривчилсан. Энэхүү шалгалт, баривчилгаатай холбоотой асуудлаар танай нам ямар байр суурьтай байна вэ?

-Хууль, хүчний байгууллагуудаас явуулж байгаа үйл ажиллагааг бид хөндлөнгийн байр сууринаас л харж байна. Учир нь Ардчилсан нам хуулийг дээдэлдэг нам. Хэн нэгэн дарга, цэрэг асуудлыг шийддэг юм биш, ямар нэгэн нам шийддэг юм биш. Хууль бүхний дээр байх ёстой гэдэг зарчимтай учраас бид хууль дээдэлдэг нам юм. Тэр ч утгаараа хуулийн байгууллагуудын явуулж буй ажилд хөндлөнгөөс оролцох хүсэл байхгүй. Харин болж байгаа үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа. Үндэслэл болгон яригдаж байгаа асуудлыг хүн хийж байгаа учраас ямар нэгэн алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Хүний алдаатай оноотой байдлыг шүүхийн байгууллагаар эцэслэн тогтоодог. Ингэж тогтоогдсон үед нь л бид дуугарч үгээ хэлнэ. Түүнээс өмнө бид зөв, буруу гэж асуудалт хандахгүй. Сүүлийн үед явуулж буй баривчилгааг харж байхад Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн хүмүүс ч байна. Урьд нь намын нэрийн өмнөөс Төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс ч байгаа. Манай намын хүмүүсийг онцгойлж, асуудлыг Ардчилсан нам руу чиглэсэн байдалтай харлуулж явах юм бол бид өөрөөр ярина. Өөрөөр хэлбэл энэ асуудал хэтэрхий улстөржсөн өнгө аястай болоод ирвэл бид намын хувьд дуугарч эхэлнэ. Яригдаад байгаа Оюу толгой, Дубайн гэрээтэй холбоотой асуудлууд дээр хоёр нам хамтарч засаг барьж байх үедээ ч гаргасан шийдвэр бий.

Өмнө нь Ардын нам дангаараа Засаг барьж байхдаа ч гаргасан шийдвэр байдаг. Энэ бүх зүйл тэнцвэртэй, үнэн зөвийг олох тал руугаа явж байна уу гэдгийг бид анхааралтай хараад сууж байна.

-Ардчилсан нам Сангийн сайд асан С.Баярцогтоо намаасаа хассан, зарим бүр хөөсөн гэж яриад байгаа. Ингэснээрээ түүнийг гэм буруутай гэж нийгэмд харагдуулах болсон. Намынхаа гишүүнийг иймэрхүү янзаар өмгөөлдөг нам юм уу гэсэн яриа гадуур их явж байна. Энэ талаар тодорхой тайлбар өгөхгүй юу?

-Энэ асуудал анх өнгөрсөн оны хавар яригдсан. Өөрөөр хэлбэл манай намын партизануудын нэг, АТОЗ-ийн удирдах зөвлөлийн даргын зүгээс өнгөрсөн жил намын Үндэсний дүрмийн хороонд өргөдөл гаргаж, өгсөн байдаг. Тэр өргөдөл дээр Ардчилсан намд оффшортой холбоотой хүн байна. Энэ хүн намын эрх барих дээд байгууллагад байх нь ёс зүйд нийцэхгүй. Иймд энэ асуудлыг шийдэж өгнө үү гэсэн байсан. Ингээд тэрхүү өргөдлийн дагуу манай намын хяналтын дээд байгууллага болох Үндсэн дүрмийн хороо энэ асуудал дээр шийдэл гаргасан. Тэр нь энэ хүнийг Үндэсний бодлогын хорооны гишүүнээр бүртгэх боломжгүй гэсэн шийдэл юм. Иймд өнгөрсөн жил Үндэсний бодлогын хорооны гишүүнд элсэх шатанд нь бид бүртгэж авах боломжгүй гэсэн шийдвэр гарсан. Энэ үйл явдлаас хойш жилийн дараа энэхүү асуудал дахин хөндөгдөх болсон. Угтаа С.Баярцогт гишүүн Үндсэн дүрмийн хороон дээр өөрийн биеэр ирээд энэ нь ийм, тэр нь тийм гээд тайлбар өгөх эрх нь нээлттэй байсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд ямар нэгэн байдлаар энэ хороонд хандаагүй. Энэ жил тэрээр Үндэсний бодлогын хорооны сонгуульд дахин нэрээ дэвшүүлсэн байсан. Энэ асуудал дээр бид мөн өнгөрсөн жилийн Үндсэн дүрмийн хорооны шийдвэрийг үндэслэж, С.Баярцогт гишүүнийг дэвших эрхээс хассан. Үүний дараа манай намын Улс төрийн зөвлөл С.Баярцогт гишүүнтэй холбоотой сүүлийн үеийн асуудал буюу Швейцарийн холбооны улсын Прокурорын газрын мэдэгдлийг үндэслэж, асуудлыг авч хэлэлцэнэ үү гэж Үндсэн дүрмийн хороонд өгсөн. Энэ асуудалтай холбоотойгоор АН-ын Улс төрийн зөвлөлөөс “Ардчилсан нам шударга ёсыг дээдэлдэг нам учраас шударга бус үйлдэл, тэр дундаа оффшор, авлигын хэргүүдтэй холбоотой зүйлийг өмгөөлөхгүй” гэсэн мэдэгдэл гаргасан. Үүнийг тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэсэн байдаг. Ингээд энэхүү асуудлыг Үндсэн дүрмийн хороо дахин хэлэлцэж, зарим нэг асуудал гарч ирсэн учраас С.Баярцогтыг намын гишүүнчлэлийн бүртгэлээс хасах даалгаврыг Ардчилсан намын даргад даалгасугай гэсэн тогтоолыг гаргаж өгсөн. Үүний дагуу намын дарга С.Эрдэнэ тушаал гаргаж, гишүүнчлэлийн бүртгэлээс хассан байдаг. Ийм л процесс болсон.

-Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг намаас хасах уу. Энэ асуудал дээр танай нам ямар байр суурьтай байна вэ?

-Энэ асуудлаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тодорхой тайлбар өгсөн. Өөрөөр хэлбэл С.Сайханбилэгийн асуудал бол зөвхөн Авлигатай тэмцэх газраас асуудалд ямар нэгэн буруутай зүйл байна уу гэдэг үндэслэлээр шалгаж байгаа. Тэрнээс биш ямар нэгэн хууль, шүүхийн байгууллага асуудлыг эцэслэн тогтоочихсон зүйл байхгүй учраас бид анхааралтай ажиглаж л байгаа. Манай намын хувьд энэ асуудлаар шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа л намаас хасах уу, үгүй юу гэдэг асуудлыг авч үзнэ. Улс төрийн нам гэдэг хүн шалгадаг байгууллага биш. Нам бол үзэл бодлоороо нэгдсэн, хүмүүсийн нэгдэл. Тэгэхээр хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх эрх хэнд ч байхгүй. Тийм учраас одоо тэрийгээ шалгаач, ингэж шалгаач гэсэн зүйлээр асуудалд хандах боломжгүй. Харин шударгаар хэт нэг талыг барилгүй, адилхан л асуудалд хандаасай гэсэн байр сууриндаа байгаа.

-Оюу толгой гэрээг дахин хэлэлцэж, сайжруулах боломж байдаг юм уу?

-Энэ гэрээ бол маш том гэрээ. Олон тэрбум ам.долларын асуудал шийдсэн гэрээ. Мэдээж хэрэг гэрээ учраас энэ асуудал дээр наанатай, цаанатай харж үзэх зүйлүүд байна гэж үзэж байгаа. Би хувьдаа энэхүү гэрээг тийм ч сайн гэрээ гэж боддоггүй. Энд нэг талын буюу гаднын эрх ашиг илүү тусгагдсан юм болов уу гэсэн хувь хүний байр суурьтай байдаг. Ер нь ямар ч гэрээнд нэмэлт өөрчлөлт хийж болдог. Тэгэхээр энэхүү гэрээ ийм болж, тийм болж гээд засч сайжруулаад явах боломжтой.

-Сөрөг хүчний хувьд Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн харж байгаа вэ?

-Өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш манай нам ард түмний тавьсан үнэлгээнд хүндэтгэлтэй хандсан. Өөрөөр хэлбэл шинэ Засгийн газар байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлсэнтэй холбоотойгоор хэлж ярих, шүүмжлэх зүйлүүд олон гарч ирсэн ч манай нам тэвчээртэй, хүлээцтэй хандсан. Эхлээд намын дотоод асуудлаа анхаарч, цэгцлэх ёстой гэсэн зарчмаар эрчимтэй ажил эхлүүлсэн. Ингээд тодорхой хугацаа өнгөрсний дараа эрх баригч хүчин тэвчихийн аргагүй шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Тэр бүх шийдвэрүүд нь ард түмэн, улс эх орны язгуур эрх ашигт нийцэхээргүй, ард түмнийхээ амьдралыг доройтуулах шийдвэрүүдийг гаргаж явсан учраас бид тэмцэж эхэлсэн. Тэр хүрээнд эрх баригчдад удаа дараагийн шаардлага хүргүүлж, жагсаал цуглаан зохион байгуулсан. Харин эрх баригчид жил гаруй хугацаанд явсан Засгийн газраа дотроосоо болохгүй байна гэсэн дүн тавьж, өөрчилсөн. Өөрчлөгдсөн Засгийн газар одоо үйл ажиллагаагаа явуулаад таван сар орчим хугацаа өнгөрлөө. Гэвч У.Хүрэлсүхийн Засгийн газар нүдэн харагдахаар ажлуудыг хийсэнгүй. Ийм ажил хийсэн гээд хэлчих тийм дорвитой ажил нэг ч алга. У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийн ажлын тайланг сонсож байхад нэг яамны газрын хийчих, эсвэл нийслэлийн нэг агентлаг хийчих хэмжээний ажлууд тэрхүү хийсэн гээд байгаа 30 ажилд орсон байсан. Засгийн газрыг үнэлэх эхний хугацаа 100 хоног байдаг. Харин дараа нь зургаан сар гээд явдаг. Тэр үед бид дахин дуу хоолойгоо илэрхийлэх болно. Өөрөөр хэлбэл одоогийн Засгийн газар иймэрхүү шийдвэргүй байдлаар удаан ажиллах юм бол үүн дээрээ шийдэл ол, ялангуяа улс орны хөгжлийг урагшлуулах том том бүтээн байгуулалтаа хурдан хий гэсэн сөрөг хүчний байр сууринаас хандсан шахалтуудыг хийж явна. “Үнээг үхэхээр сүүтэйг нь мэддэг” гэсэн ардын зүйр үг байдаг. Үүнтэй зүйрлэж хэлбэл Ардчилсан нам эрх барьж байхдаа олон бодлого, арга хэмжээнүүдийг зоригтой эхлүүлж, хийж байсан. Зээл, бондыг хуулийн хүрээнд хийж байсан. Энэ бүх ажиллагаа ард түмний нүдэнд ил байсан. Эдгээр зүйлийг зоригтойгоор хийсний ард сонгуульд орсон. Харин ард түмэнд эдгээр ажлуудыг дутуу таниулж, ойлгуулж чадаагүй. Үүнийг сөрөг хүчнийхэн системтэйгээр, өөрөөр хэлбэл харлуулах тал дээрээ маш сайн ажилласан. Тийм учраас ард түмэн бидэнд муу дүн тавьсан болов уу гэж боддог. Ингээд МАН 65 суудал авч, эрх баригч нам болсон. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл юу болов. Бидний үед яригдаж байсан Чингис бондоос даруй тавин хувиар давсан хэмжээний өр буюу 2,5 тэрбум ам.долларын илүү зээл, бондыг босгоод авчихсан байна. Энэ хөрөнгөөр өнөөдөр гарт баригдсан, нүдэнд харагдах нэг ч ажлыг хийгээгүй л байна. Гэтэл тэр мөнгө хаашаа орчихв оо. Тэр мөнгө төрийн данхар бүтэц, төсвийн цоорхой нөхөх зэрэг аахар шаахар зүйлд зарцуулагдсан. Ард түмэн үүнд дүнгээ тавих байх.

-Сүүлийн үед шуугьж байгаа нэг асуудал бол “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаанд тавьж, зээл авсан. Тэрхүү зээлийн эргэн төлөлтийг тус үйлдвэр, Засгийн газар төлөх Лодонгийн Арбитрийн шүүхийн шийдвэр гарчихаад байгаа. Энэ асуудлаар та ямар бодолтой байна вэ?

-Энэ үйлдвэрийн 51 хувь улсад байдаг. Монгол Улсыг олон жил тэжээж ирсэн манай ганц “саалийн үнээ” болсон үйлдвэр шүү дээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайн үеийн удирдлагууд, зарим нэг бизнесмэнүүд нийлж тус үйлдвэрийг гаднын банканд барьцаанд тавьж, зээл авсан. Өнөөдөр энэ зээлийн мөнгө “Эрдэнэт үйлдвэр”-ээс төлөгдөх гэж байна. Хоног болгонд хүү бодогдоод, төлөгдөөд явж байгаа. Энэ бол маш том алдаа. Учир нь улсын төсөв рүү, ард түмний сайн сайхан амьдрал руу орж байх ёстой мөнгө гаднын банкинд хувийн компанийн буруутай үйлдлийн өмнөөс төлөгдөөд явж байгаа нь үндсээрээ маш буруу зүйл юм. Үүнийг манай нам эрс эсэргүүцэж байгаа. Хэдийгээр Ардчилсан нам цөөнхийн бүлэг байгаа ч гэсэн энэ асуудлаар ажлын хэсэг байгуулаад яг үнэн зөв нь юу юм бэ гэдгийг гаргаж тавихаар ажиллаж байгаа. Удахгүй ажлын хэсгийн дүн гарахаар илүү тодорхой зүйлийг ярих байх. Хэзээ ч хэсэг бүлэг хүмүүсийн буруутай үйлдлийг ард түмний сайн сайханд зориулагдах ёстой мөнгөөр төлж болохгүй гэдэг үндсэн зарчим дээрээ манай нам байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Ханьтайгаа нэгэн жарныг хамтдаа туулж яваа нас, буян нь тогтсон Ц.ДАНДАРЫНХ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ удаагийн “Танайд өнжье” буландаа ханьтайгаа нэгэн жарныг хамтдаа туулж яваа Цэенпилийн Дандар хэмээх нас, буян нь тогтсон айлыг онцлон хүргэе. Өдгөө 90 насыг шүргэж буй буурлууд Хорооллын эцсийн есөн давхарт оршин суудаг. Ц.Дандар гуайнд зорин очиход хэдийн хоол, цай, идээ будаагаар ширээгээ дүүргэчихсэн хүлээж суув. Гэрийн хоймортоо “Бумбат, Сутай хайрханы ургийн сүлжээ”, “Баянсайхан хайрханы Дархан овогтны ургийн сүлжээ” хэмээх хоёр номыг оройдоо залжээ. Эдгээр номуудад өөрийн болоод ханийнхаа нутгийнхны удам, ураг садны хэлхээ холбоог тэмдэглэн үлдээсэн, арав гаруй жилийн хөдөлмөрийн үр дүн учир ийн хоймортоо залсан хэмээн тайлбарлав. Ц.Дандар гуай Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг бригадын Задгай хэмээх газар 1932 онд мэндэлжээ. Харин түүний хань Л.Чулуунбямба гуай 1936 онд төрсөн, Төв аймгийн уугуул хүн. Хоёр буурал өдгөөгөөс 62 жилийн өмнө буюу 1956 онд гал голомтоо бадраажээ. Нэгэн жарныг хамтдаа туулж яваа энэ хоёр хөгшин долоон сайхан үртэй гэнэ. Хүүхдүүдээс нь төрсөн хүүхдийнхээ хүүхдийг өсгөж, эрхлүүлэн жаргаж суугаа буянтай буурлууд ажээ. Угтаа ач, зээ, жич, гучийнхаа инээд хөөрөнд сэтгэлээ уярааж, хүн бүрт хүндлүүлэн амьдрах насны буян юм аа гэсээр Дандар гуай бидэнтэй хөөрөглөлөө. Тэрбээр “Би ертөнцөд төрөхөөсөө эхлээд хэнзэдсэн хүн. Одоо бол тавин таван настай өвөө, дөчин тавтай эмээ хоёр 11 дэх хүүхдээ төрүүлбэл бөөн шуугиан болох биз. Аз болоход тэр нь 1932 он байсанд хэн ч гайхсангүй. Бас ч болоогүй ээж минь дөчин еснийхөө жилдээ миний дүүг төрүүлээд отгон охиноо эрүүл чийрэг өсгөсөн юм. Би 20 настай хархүү Ховдоос замын машинд дайгдаж, Улаанбаатарт ирээд ажилчин болчих санаатай тэнэж явахдаа тэр үеийн сумаас олгодог бичигтэн болсон гэсэн хоёр хуруу нарийн цагаан цаас ч авч чадаагүй харанхуй амьтан байлаа. Ховдоос Улаанбаатар руу явах зардал 220 төгрөг байлаа шүү дээ. Тухайн үед аавдаа “Би Улаанбаатар явмаар байна” гэж хэлтэл аав “Чи бид хоёрт тийшээ явах зардал хаана байна” гэхэд нь би малын буянаар болох л байлгүй дээ гэж хэлж билээ.

Нэг өдөр манай нутгийн Жанчив ах сум явах замдаа манайхаар дайрлаа. Тэгэхээр нь ахдаа “Би Улаанбаатар явах гэж байна, зардлын мөнгө өгнө үү” гэсэн захиа бичлээ. Удалгүй ах маань 200 төгрөг надад өгсөн юм. Ингээд Улаанбаатар орох зардалтай ч болчихлоо, аав ч нээх их дургүйцсэнгүй. Уг нь айлын отгон хүү гээд голомтоо сахиж үлдэх учиртай гэж аав бодсон байх.

Ингээд Жанчив ахтай сумын төв орж, тэндээсээ тэмээгээр аймаг орлоо. Аймгаасаа тээврийн тэргэнд суугаад хотод анх удаагаа орж ирлээ. 1951 онд шиг санагдаж байна. Хотын төвийн ганц содон газар гэгдэх Улсын их дэлгүүр гэгч хоёр давхар байшингийн өөдөөс харсан хэдэн навтгар барилга нь “Худалдааны техникум” гэсэн хаягтай харагдав. Сонирхоод хаалгаар нь шагайвал, хэдэн хүүхэд зогсч байна. Энэ сургуульд элсэлт авч байгаа, бид шалгалт өгөх гэж байна гэлцэв. Би тэднийг дагаад орчихов. Бүртгэгч багш сургууль төгссөн гэрчилгээгээ өгнө үү гээд гараа сарвайлаа.

Надад тийм юм байхгүй, би ерөөсөө сургуульд сурч үзээгүй хүн” гэсэнд багш түсхийтэл инээснээ, нэр, хаягаа бич гээд цаас харандаа өгөв. Сургуульд яваагүй ч гэлээ багийн бүлгэмээр шинэ үсэг сурсан, дээр нь алдаагүй, цэвэрхэн биччихдэг байсан болохоор нэр, усаа бичихэд асуудал байсангүй.

Багш миний бичсэнийг хараад шалгалтад ороод үз дээ гэв. Цээж бичиг, дөрвөн аргын тоогоор авсан нөгөө шалгалтад нь тэнцчихлээ. Техникум маань гурван жилийн дараа төгсөгчдөдөө анх удаа диплом олгоход гурван улаан диплом авсны нэг нь би боллоо. Техникумаа төгсчихөөд 1962 онд Ленинградын худалдааны дээд сургуульд явснаар үеийнхнээсээ арав гаруй насаар оройтож Худалдааны эдийн засагч гэх дээд боловсрол эзэмшсэн юм. Дөчин насандаа Монгол Улсын их сургуулийн багш болсон. Насаараа Худалдаа бэлтгэлийн удирдах газрын дарга, багшийн ажил хийж, 1992 онд тэтгэвэрт суусан хүн дээ” гэж ярив.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт зохолч Ц.Дандар гэр бүлийн хамт

НУТГИЙНХАНДАА ХҮНДЛЭГДСЭН БУЯНТАЙ ХӨГШИН БААВАЙ

Ц.Дандар гуайг нутгийнхан нь Баавай хэмээн авгайлдаг байна. Баавай нутгийнхаа хамгийн өндөр настай буурлуудын нэг юм. “Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа” гэдэг. Монголчууд эрт дээр үеэс өөрөөсөө дээш есөн үе, ураг удмын хэлхээ холбоогоо танин мэдэж, чухалчлан тэмдэглэн, угийн бичгийг хөтөлсөөр ирсэн өнө эртний сайхан уламжлалтай билээ. Энэ эртний сайхан соёл, уламжлал өнөө үед мартагдан баларч, угийн бичгийг хөтөлдөг айл өрх ч ховордон цөөрснөөр цус ойртолт гэдэг аюул дэргэд ирж үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэхэд хүрсэн гэгдэж байгаа.

Энэхүү аюулаас нутгийнхныгаа аварч, буянтай үйлс хийсэн хүн нь Баавай аж. Монголын үндэсний төв архивд 10 гаруй жил сууж, бичиг цаастай ноцолдсоны дүнд нутгийнхаа “Бумбат, Сутай хайрханы ургийн сүлжээ” хэмээх дөрвөн боть ном хэвлүүлэн гаргажээ. Мөн ханийнхаа нутгийн ургийн сүлжээг тэмдэглэсэн ном зэрэг ураг, удмын тухай нийт долоон цуврал номоо туурвисан ажээ. Угтаа Ховдын Чандмань, Дарви сумынхан, Төв аймгийн зарим сумын иргэд Баавайгийн гаргасан ураг, удмын номыг уншсанаар өөрийнхөө төрөл, саднаа мэдэж, удам судраа олж авах боломжтой болжээ. Бусдын төлөө арав гаруй жилийн нөр их хөдөлмөр, зүтгэл, өөрийн авьяас, билгээрээ ийн ураг, удмын тухай ном гаргасан хүн байхгүй байх хэмээн Баавай хийсэн бүтээсэн буянтай үйлсээрээ бахархан ярьж байлаа. Тийм ч учраас Ц.Дандар гуайг нутгийнхан хүндлэн, биширдэг байх.

Тэрбээр “Би 2005 онд нутгийнхаа 80 жилийн ойн тухай баримт цуглуулахаар Үндэсний төв архивт очсоноос хойш 10 жилийн дараа 90 жилийн ойд зориулсан номоо хэвлүүлж зорилгоо биелүүлсэн. Манай нутгийн хүн зоны талаар архивт тэмдэглэгдсэн хэдэн мянган хуудастай зузаан цаасыг баргийн эр хүн даахааргүй тийм хүнд ном байдаг юм. Тэр олон мянган хуудсыг эргүүлж, өөрийн хайсан баримтаа олж авч, нэг бүрчлэн тэмдэглэнэ гэдэг их хугацаа шаардсан ажил юм билээ. Манай нутгийн иргэдийн бүртгэл гэхэд 300 гаруй хуудас байсан. Хуучин монгол бичгээр биччихсэн тэрхүү баримтыг кирилл үсгээр сийрүүлж бичээд, ном болгоно гэдэг амаргүй. Гэхдээ арав гаруй жил энэ л ажлыг хийж, долоон боть номоо гаргаснаараа бахархдаг юм аа. Энэ насны минь нэгэн буян болог л гэж боддог” гэлээ.

Нас ная гарсан ч энэхүү номын ажлаа орхихгүй, ямар нэгэн баримт, материалын хойноос үргэлж хөөцөлдөн явдаг” хэмээн түүний том охин, аавынхаа нарийн бичгийн дарга болсон Тунгалаг гуай хэлж байлаа.

Сүүлд Баавай сумынхаа 90 жилийн ойд зориулж “Чандмань сумын түүхэн онцлог, нутгийн олны ургийн сүлжээ” хэмээх номоо гаргасан байна. Тэрбээр 1992 онд тэтгэвэрт гарснаас хойш цаас цоохорлож утга зохиолын болоод орчуулгын хэд хэдэн номоо гаргажээ. Нийтдээ 20 орчим ном хэвлүүлснээ бидэнд харуулж, дурсгал болгон өгсөн юм. Түүний уран бүтээлийн анхны ном нь “Хайрын жигүүртэй орчлон” хэмээх эротик туужууд гэнэ. Энэхүү ном нь өдгөө гурав дахь удаагаа хэвлэгдэн гарчээ.

Баавай “Би 1980-аад оноос сонин сэтгүүлд хэдэн шүлэг, өгүүллэг нийтлүүлсэн. 1993 онд “Ертөнц” сонинд “Номгоны савдаг” өгүүллэг өгсөнд төрийн шагналт зохиолч Д.Гармаа сүрхий үнэлж, ном бүтээхийг зөвлөж, урам хайрласан юм. Хэдэн өгүүллэг бичээд Д.Нацагдоржийн шагналт зохиолч Б.Нямаа гуайд толилуулсанд сайшааснаар 1994 онд “Сарны сүү” гэдэг жижигхэн ном гаргасан билээ. Ч.Зориг шүүн тунгаасан тэр ном минь уншигчдаас мундахгүй сайшаал сонсгосон. Олон жил сэтгэлдээ даршлан аагшуулж, олон удаа ноороглон зассаар бичсэн “Хайрын жигүүртэй орчлон” туужаа 2002 онд ном болгон хэвлүүлсэн.

Үүний дараа 2009 онд “Өнчин зэрэглээ” өгүүллэгийн ном туурвисан. Шинэ ном гаргах бүртээ сэтгэл уужирч, хийх бүтээхийн өрнүүн их хүсэл, эрмэлзэл улам дэвэрдэг бололтойдог” гэсээр инээмсэглэлээ. Баавай утга зохиолын ном туурвихаас гадна орчуулгын хэд хэдэн номтой. Тэртээ 1963 онд Ленинградад хоёр жил суралцахдаа орос хэлийг эзэмшсэн нь хожим орчуулгын ном бүтээх эхлэл нь болжээ.

Тэрбээр анх 2005 онд Оросын нэрт зохиолч Борис Воробьевийн “Ойн савдаг өлөгчин” хэмээх Орос, Америкийн онцгой сонин үйл явдалт зохиолуудыг орчуулан гаргасан нь олонд хүрч, чамгүй амжилт олсон байна. Тэрхүү олны сайшаалаас урам авч хоёр дахь орчуулгын номынхоо ажилд орсноор 2006 онд “Илбэчин” хэмээх Америкийн гоц явдалт сод романуудыг орчуулжээ. Түүний орчуулгын бүтээлүүдээс хамгийн алдартай нь Оросын алдарт зохиолч сэтгүүлч В.А.Гиляровскийн “Москва, Москвачууд” баримтат уран зохилын ном нь аж. Энэхүү 450 хуудас номыг тэрбээр 2017 онд орчуулан хэвлүүлсэн байна.

Тэрээр “Энэ ном бол 1800-1935 оныг хүртэлх 100 гаруй жилийн Москвагийн баримтат түүхийг уран зохиолоор найруулсан эссэ роман юм. Тэгэхдээ нийслэл хотын гудамж талбай, байшин барилгууд, бохир усны суваг, хоолой, хүнс худалдааны захууд, оронгүйчүүдийн хонуурууд, ус түгээх худгууд, дэлгүүр, гуанз, халуун усны газрууд, театрууд, олон нийтийн захууд зэргийн үүсэл хөгжил, хэн хэний мэдэлд байгаад хэрхэн устсан, орон зайд нь юу барьж босгосон зэргийг цаг хугацаа, баримтаар нь нотолжээ. “Москва, Москвачууд” нь хотын хүн амын амьдрал ахуйг нууж нэрэлхэж, гоёж чимэглэлгүй яг байгаагаар нь бичсэнээрээ амьд сонирхолтой ном болсон гэж нэрт зохиолч, уншигчид маань дүгнэж хэлдэг” гэв.

Харин тэрээр хамгийн сүүлд Английн эмч, уламжлалт анагаах ухааны салбарын нэртэй төлөөлөгч Майкл Ван Стратены орос хэлээр 1997 онд доктор Н.Мухинагийн орчуулж олны хүртээл болгосон “The good sleep guide” буюу “Нойр залахуй” хэмээх орчуулгын номоо гаргаж, уншигчдадаа бэлэг барьжээ.

Үндэсний төв архив дахь 6000 гаруй хуудастай хүн амын бүртгэлийн ном

Орчуулагч Ц.Дандар гуай өдгөө ерэн насыг шүргэж яваа ч дахин нэг орчуулгын бүтээл гаргахаар хэвлэлтэд өгсөн гэв. Тэр нь Австрийн алдарт зохиолч Стефан Цвейгийн “Магелланы гавьяа” хэмээх баримтад роман. Энэхүү романыг бичсэн зохиолчийг “Танихгүй эмэгтэйн захидал” өгүүллэгээр нь хүмүүс сайн мэдэх биз. Нэртэй зохиолчдын бүтээлийг орос хэлнээс орчуулан хүргэж, уншигчдын мэдлэгийн цангааг тайлж яваа ахмад зохиолч Ц.Дандар гуайн хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор” шагнасан байна. Ц.Дандар гуайн хань Л.Чулуунбямба нь хэдхэн хоногийн өмнө автобуснаас буух гэж байгаад гараа гэмтээж, эмнэлэгт хэвтсэн гэв. Хөгшин маань эмнэлэгт байгаа болохоор аяга цай ууж суухад ганцаардаад эвгүй золиг юм хэмээн ярих энэхүү буурал өдийг хүртэл ханьтайгаа хатуу үг чулуудаж үзээгүй өтөлсөн гэлээ.

Хүн хүнээ хайрлах, хүндэтгэх ухааныг хамгийн түрүүнд хүүхдүүддээ сургадаг хэмээн Баавай ярив. Энэ айлын долоон хүүхдийн хамгийн том нь Д.Батмөнх гуай өдгөө жар хүрч яваа хүн. Удаах охин Д.Тунгалаг нь хэдийн тэтгэвэртээ гарч аавынхаа бичиг, цаасны ажилд тусалдаг гол хүн нь болжээ.

Аав, ээжтэйгээ хамт өтөлж, өнөр бүлээрээ, элэг бүтэн аж төрнө гэдэг хорвоогийн нэгэн жаргал юм санж. Өнгөрсөн амьдралдаа үзэж, туулсан зовлон, жаргал, улс, эх орны нэгэн зууны түүхийг бүтээл туурвилаараа бусдад хүргэж яваа буянтай буурлуудын насны буян нь дэлгэрэх болтугай.


Categories
мэдээ цаг-үе

Т.Төрбат: Хурдан моринд хамааралтай 400 мянга орчим хүн бий, том салбар биш юм уу

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны үйл ажиллагааны талаар болоод саяхан болж өнгөрсөн “Дүнжингаравын хурд-2018” хурдан морины уралдааны талаар залуу уяач Тогмидийн Төрбаттай ярилцлаа.


-Жил бүрийн хавар болдог “Дүнжингаравын хурд” уралдаан нийгэм даяар сөрөг талаараа шүүмжлүүлдэг. Энэ жил ч гэсэн шүүмжлэлд их өртлөө. Энэхүү уралдааны талаар яриагаа эхлэх үү?

-Манай өнөөгийн нийгэмд яагаад морин уралдаанаас өөр тулгамдсан асуудал байхгүй юм шиг хүн бүр, янз бүрийн үзэл бодлоор тайлбарлаж яриад байгаа юм бэ. Үүний гол шалтгаан нь ердөө улстөртэй л холбоотой байх. Монголын Морин Спорт Уяачдын Холбоо (ММСУХ)-ны удирдлагууд нь төрийн өндөр албан тушаалтнууд, томоохон намын нөлөө бүхий улстөрчид байдаг. Жил бүрийн хавар болдог энэхүү уралдаан дөхөөд ирэхээр нийгэм даяар унаач хүүхдийн асуудлыг сөхөж, хэт нэг талыг барьсан мэдээллүүдийг цацаж, хурдан морины уралдааныг харлуулж ирсэн. Урд хөршид болон дундад Азийн улс орнуудын ижил төстэй морин уралдааны үеэр гарсан осол, гэмтэл, бэртлүүдийн бичлэгийг манайхан хольж хутган өөрийн оронд болсон мэтээр харагдуулдаг. Санаатайгаар гуйвуулан олон нийтэд цацдаг. Маш олон хүүхэд гэмтэж бэртсэн, тэр бүү хэл амь нас эрсдсэн гэх мэтээр тоо баримтыг бодит байдлаас ташаагаар мэдээлдэг. Энэ мэт худал мэдээллүүдийг манай уяачид болон уяачдын холбооны зохион байгуулсан уралдаан мэт ард түмэнд ойлгуулсаар ирлээ. Сүүлийн жилүүдэд бүр ч ихэссэн. Улстөржсөн гэдэг нь холбооны удирдлагуудыг гол “бай”-гаа болгож байгаагаар цаад зорилго нь ойлгомжтой харагддаг. Энэ нь ММСУХ өөрөө нийт уяачдыг улс төрийн зорилгоор маш их ашиглаж ирсний үр дагавар гэж би харж байгаа. Ер нь монголчууд морь, бөх хоёртоо үнэхээр хайртай, сэтгэл зүрхэнд нь уяатай байдаг ард түмэн. Энэ сайхан цагаан сэтгэл дээр дөрөөлж улс төр хийж байгаа хэсэг бүлэг хүмүүсийн харалган үйлдэл даамжирсаар байгаа энэ байдалд хүрлээ гэж харж байна.

-Саяын уралдаанаас болж улс даяар хурдан морины уралдаан зохион байгуулахыг зургадугаар 1 хүртэл хориглолоо. Бүр хүүхдээр морь унуулахгүй асуудлыг нийгэмд тавьж байна. Үүнийг зарим уяачид өв уламжлалыг устгах бодлого гэж харж байгаа бололтой. Таны хувьд ямар бодолтой байна?

-Нэг талаасаа хүүхдүүд эрсдэлтэй нөхцөл байдалд орж байгаа нь зарим нэг тоо баримтаас харагдаж байна. Гэхдээ тоо баримт бүр яг үнэн бодит байдаггүй. “Дүнжингарав-2018” уралдааны үеэр гурван хүүхэд бэртэж, хагалгаанд орлоо гэсэн. Би хурдан морины орчинд явдаг хүн мэдпэлгүй яахав дээ. Энэ бол худлаа мэдээлэл. Нэг хүүхэд бэртэж эмнэлгийн тусламж авсан. Хэдийгээр хөнгөн бэртэл ч гэлээ уяач нь биеийн байдлыг нь харзнах зорилгоор эмнэлэгт хэвтүүлсэн нь “Эмнэлэгт нэг хүүхэд маш муу байна” гэсэн шуугиан тараах үндэслэл болчихсон. Хүү тархиндаа 2 см орчим няцралтай гэж оношилогдсон нь хэдийгээр мэргэжлийн хэллэг нь “няцралт” гэдэг ч энэ нь хүүхэд орноосоо унаад ч авч болохоор хөнгөн бэртэл юм байна лээ. Эмнэлэгт байхад нь уяачдын холбооны зүгээс эмчилгээнд нь мөнгөн тусламж үзүүлсэн байхад эсрэгээрээ хүүгийн ээжтэй манай Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүмүүс ирж уулзан хүүгийн бие муу байгаа мэтээр ярилцлага өгөх, хүүдээ энэ тухай зааварчлах талаар ятгасан байдаг. Мөн тус газрын хуулийн хэлтсийн дарга гэх хүн уяач руу нь залгаж өдөр, цаг тулган албан өрөөндөө ирэхийг “даалган”, шаардлагатай тохиолдолд албадан ирүүлнэ хэмээн сүрдүүлсэн гэсэн. Энэ мэтчилэн төрийн болоод, төрийн бус байгууллагуудын зүгээс хамтран ажиллах биш шантаажлах, дарамтлах байдлаар ханддаг нь өөрөө уралдаанч хүүхдийн талаарх асуудалд хоёр өөр байр суурь илэрхийлдэг болгож байгаа буруу хандлага юм.

-Өнгөрсөн жилийн улсын баяр наадмын хурдан морины уралдааныг эргэж санахад эрлийз гэх нэрээр олон хурдан адууг хассан. Үүнийг нэг хэсэг нь их дэмжсэн. Гэтэл эрлийз гэх нэрийн дор олон монгол адууг хассан гэдэг. Энэ талаар ярьвал…

-Тухайн үеийн Шадар сайдын шийдвэр. “Монгол наадамд монгол адуу уралдах ёстой” гэсэн түүний тунхагийн шинжтэй шаардлагыг дахин дахин давтаад байсан нь цаанаа ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой улстөр явагдсан нь хожим бүгдэд ил болсон. Гэтэл бодит байдал дээр жирийн уяачдын монгол адуунууд их хэлмэгдсэн. Үүнээс болж жирийн олон уяачдын хөдөлмөр талаар болсон. Баяр наадмын зохион байгуулах хорооны шийдвэрээр 1,2 дахь үеийн эрлийз адууг хассан боловч үүнтэй зэрэгцээд олон сайхан монгол адуу бас хасагдсан. Гэхдээ өнөөдөр эрлийз, монгол адууны асуудал дараагийн удаад тавигдах зүйл. Үүнийг мэргэжлийн холбоо бие даагаад шийдвэрлэчих боломжтой. Ер нь уяачдын холбоо төрийн наадмыг зохион байгуулах асуудалд оролцож чаддаггүй. Хуулиараа ч оролцох боломжгүй байдаг. Цаашилбал хуулинд “эрлийз 3 насны уралдаан” гэсэн томьёолол байхгүй. Баяр наадмын зохион байгуулах хорооноос гаргасан шийдвэрээр эрлийз насыг уралдуулж, түүний амжилтаар нь улсын цол олгож байгаа нь мэдээж хууль бус үйлдэл. Ямар нэгэн шийдэл байхгүй, гарцыг нь олоогүй зүгээр л тунхагийн шинжтэй, хуулиас дээгүүр журам гаргасны үр дүн нь энэ юм. Иймэрхүү маргаанаас болж, энэ өв соёлыг улстөржүүлснээс болж сүүлийн үед ММСУХ-ны нэр хүнд ихээр унасан. Уяачид дотроо маш их маргадаг болсон. Тэрнээс болоод ямар ч уралдаан их сунжирдаг болсон. Ингэж сунжирдаг болсны үр дүн нь саяын “Дүнжингарав-2018” уралдаан юм. Цаашид холбоо өөрийн үйл ажиллагаагаа хууль эрх зүйтэй уялдуулах, морин уралдаанаа, уяачидаа, уралдаанч хүүхдүүдээ зөв томьёолж, тодорхойлох зэрэг өөрсдийн дүрэм журамтай холбоотой, морин уралдааны орчин дахь эрх зүйн актуудтай холбоотой шинэчлэлийг яаралтай эхлүүлэх шаардлагатай.

-Нийгэмд уяачдын холбооны нэр хүнд уначихсан энэ үед саяны Дүнжингаравын уралдааныг үлгэр жишээ зохион байгуулчихаж болоогүй юм болов уу?

-Хэсэг уяачдын зүгээс энэхүү уралдааныг хоёр өдөр зохион байгуулбал зүгээр юм биш үү гэсэн саналыг холбогдох хүмүүст нь хүргүүлсэн. Ер нь манай мэргэжлийн холбоо уяачдынхаа үзэл бодлыг сонсдоггүй л дээ. Ерөнхий нарийн бичгийн дарга нь уяачдыг хүлээн авч уулзаж, нааштай хандан асуудлыг цааш нь хүргүүлье гэдэг. Гэтэл уяачдын холбооны удирдах зөвлөл буюу тэргүүлэгч 45 гишүүн гол шийдвэрийг гаргадаг. Эдгээр хүмүүс энэ холбоонд буглачихсан, уяачдын санаа оноог сонсдоггүй, бусдыгаа хүндэлдэггүй, дор бүрнээ өөр өөрсдийнхөө эрх ашгийн төлөө л шийдвэр гаргаж морь уралдуулдаг болоод удаж байна. Энэ нь ч саяын Дүнжингаравын уралдаанаас харагдаж байна. Харин эдгээр хүмүүс алдаагаа ойлгож ирэх сард болох их хурлаараа бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг гаргаж байх шиг байна. Үүнийг залуучууд, залуу уяачид ялангуяа сайшааж хүлээн авч байгаа.

-Хурдан морь, унаач хүүхэд, уяач гэж юу болохыг мэдэхгүй байж хүүхдийн асуудлыг өлгөн авч, нийгэм даяар шуугиан тарьж ардын баатар болох гэдэг хэсэг хүн байна гэж уяачид ярьдаг?

-Хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд түүнийг олж илрүүлэх, хариуцлага хүлээлгэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зайлшгүй байх ёстой зүйл. Хүүхдийг хамгаалах нь хүн бүрийн үүрэг. Энэ үүргийг уяачид маш сайн биелүүлж явдаг хүмүүс л дээ. Зарим нэг хариуцлагагүй, хойрго ханддаг хүмүүс байхыг үгүйсгэхгүй л дээ. Ер нь манай хүүхдийн эрхийн төлөө гэж явдаг төрийн болон төрийн бус байгууллагууд цаг үеийн шинжтэй асуудалд ханддаг. Тухайлбал, “Дүнжингарав” уралдаан дөхөөд ирэхээр ч юм уу, эсвэл хаврын уралдаанууд эхлэхээр нөгөө уралдаанч хүүхдийн асуудлыг ярьж эхэлдэг. За тэгээд зун, намрын цагаар нөгөө хүмүүс маань таг чиг болчихно. Дараа жил нь тэс өөр хүмүүс гэнэт гараад ирнэ. Яг үнэндээ зохион байгуулалтгүй наадамд бол улирал харгалзахгүйгээр хүүхдүүд мориноос унах магадлалтай. Унасан болгон нь бэртээд байдаг ч юм биш л дээ бас. Хальтиргаа гэдэг зүйл бороотой, шавартайд ч байдаг. Бас хаврын уралдаанд хүүхдүүд даардаг гэдэг бол ташаа мэдээлэл. Гэх мэтчилэн нөхцөл байдлыг бодитой судалж тууштай үйл ажиллагаа явуулж байгаа субъект одоогоор алга байна. Өнгөрсөн жил энэ асуудлыг нийгэмд гарган ирж тавьсан хүмүүс энэ жил чимээгүй болчихож байна. Энэ жил өмнө энэ асуудлыг ярьж байгаагүй өөр шинэ хүмүүс гараад ирж байгаа юм. Энэ хүмүүс ирэх жил бас таг чиг алга болно. Нэг иймэрхүү сонин үзэгдэл бий болчихоод байгаа. Жил болгон ийм байдал ажиглагддаг. Тэгэхээр уяачид энэ хүмүүсийг ямар нэгэн зорилгоо биелүүлчихээд алга болоод байна гэж харддаг. Эндээс харахад хүүхдийн эрх ашгийн төлөө энэ хүмүүс үнэхээр дуугарч байна уу гэдэг дээр эргэлзээ төрдөг. Ямар нэг эрх ашгийн төлөө энэ цаг үеийг далимдуулж нийгэмд тодорч гарч ирчихээд ирэх жил нь алга болдог, өөрсдөө ийм тууштай биш байгаа нь олон нийтэд сэжиг төрүүлж байна. Ийм хүмүүс хүүхдийн эрхийн төлөө үнэн тэмцэгчид байж чадах уу. Бас л хүүхэд гэсэн нэрээр улстөрийн эсвэл хувийн эрх ашгийн тоглолт хийж байна уу. Ер нь хүүхдийн эрх унаач хүүхдийн асуудал дээр ч яригдах зүйл биш. Бид гэрээсээ гараад л хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгааг өнөөгийн нийгмээс харж болно. Тэр бүрийг энэ хүмүүс ерөөсөө ярьдаггүй шүү дээ. Морины хүүхэд бол хамгийн амархан бөгөөд тэдний хувьд их үр дүнтэй сэдэв нь бололтой. Тэд энэ асуудлыг ярьснаараа нийгэмд өөрийгөө таниулдаг гол аргатай.

-Зам тээврийн ослоор ч гэх үү, бусад хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудал хурдан морь унаач хүүхдийн асуудлаас хэр бага байдаг юм бол…?

-Наад зах нь нэг жилд хүүхдүүд ахуйн хүрээний түлэгдэлт буюу халуун тогоонд түлэгдэж амь насаа алдсан хорь гаруй тохиолдол байдаг юм билээ. Үүний эсрэг энэ хүүхдийн эрхийн төлөө тэмцдэг байгууллагууд ямар нэгэн ухуулга, сурталчилгааны ажлыг хийснийг би лав санахгүй байна. Унаач хүүхдийн асуудлаар дуугардаг шигээ энэ мэт бусад асуудал дээр хүчтэй, идэвхтэй оролц л доо. Гэтэл саяын тэр эмнэлэгт хэвтсэн хүүхдийн сургаар ямар ч их шуугиан дэгдээв. Тэр хүү манай хөрш айлын жаал. Өмнө нь улс, бүсийн наадмуудаас айраг, түрүү авч байсан туршлагатай хүүхэд. Тухайн үед морь дагаж явсан олон машины тоос, шахалтаас болж мориноосоо унасан байна лээ. Энэ хурдан морийг машинаар дагадаг үзэгдлийг хориглох л ёстой. Гэхдээ энэ бол уяачид тогоон дотроо ярих ёстой асуудал. Үүнийг мэргэжлийн холбоо хийх ёстой.

-Хурдан морины уралдааныг уламжлалаас гадна том эдийн засаг гэдэг талаас нь манайхан ерөөсөө хардаггүй. Та цөөнгүй жил морь уяж, уралдуулсан, басчиг эдийн засгийн эргэлтэд оруулдаг хүн. Наадмаас наадмын хооронд нэг адуунд хичнээн хэмжээний хөрөнгө зарж байна. Үүнд эдийн засгийн тооцоо гаргаж болох уу?

-Эдийн засгийн тооцоо гаргаж болно. Уяачдын хувьд намар хадлан тэжээл бэлдэх, уяа морьдоо унаж эдлэх, арваннэгдүгээр сард тэжээлд оруулах гэх мэт жилийн турш байнгын хөдөлмөрлөж байдаг. Тэр үеэс зуны наадам хүртэл нэг бага насны адууг, тухайлбал даагыг уяж, уралдуулахын тулд 2-3 орчим сая төгрөг зарцуулдаг. Мэдээж уяан дээрээ ганцхан адуутай уяач гэж бараг үгүй. Ер нь бол морин уралдаан сүүлийн үед маш сайн мэргэшиж байгаа. Морь уяна гэдэг ерөөсөө багийн ажиллагаа болчихсон. Уяач, унаач хүүхэд, туслах ажилтан гэх мэт. Эдгээр хүмүүс жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажилтай, орлоготой болсон. Сүүлийн үед зөвхөн зун улсын баяраар л ганцхан уралдаж байя гэж хэсэг хүмүүс яриад байх болж. Хэдийгээр баяр цэнгэл, наадам ч гэлээ манай уламжлалт морин уралдаан спортын шинжийг агуулдаг. Хол зайд боломжит өндөр хурд, тэсвэрийг зэрэг шаардсан зорилготой. Нэгэнт уралдаан л юм чинь нэг ёсны спортын өрсөлдөөн шүү дээ. Бүгд л амжилт үзүүлэх, түрүүлгэж айрагдуулах зорилготой, Наадмаар ямар морь айрагдаж, түрүүлэх магадлалтай вэ гэхээр жилийн турш байнгын бэлтгэлтэй байсан адуу л өндөр амжилт үзүүлэх тодорхой. Тэгэхээр энэ хаврын уралдааныг үгүйсгэх ямар ч боломжгүй юм. Дахин хэлэхэд морины уралдаан гэдэг өв уламжлалаас гадна спортлог шинжтэй зүйл. Тэгэхээр байнгын бэлтгэлтэй, уяатай байхыг шаардана. Тэгэхээр тэрхүү хурдан морьдыг нь уях, тэжээж арчлах, дасгал сургуулилт хийх, эрүүл мэндийг нь анхааарах зэрэг олон ажлыг жилийн дөрвөн улирлын турш тасралтгүй хийх ажиллах хүчин хэрэгтэй. Ингэснээрээ байнгын ажлын байр бий болчихно. Энэ талаараа ярих юм бол үндэсний морин уралдаан гэдэг эдийн засгийн, худалдааны эргэлтийн, жижиг дунд үйлдвэрлэлийн хувьд том салбар болж байгаа юм. Үүнийг манайхан ерөөсөө хүлээн зөвшөөрдөггүй. Ийм том эдийн засаг, хдалдааны эргэлт яригдаж байхад аль болох л үүнийг устгана, хориглоно гэсэн шийдвэр гаргадаг. Үүнийг дагаад маш олон хүн ажилгүй, орлогогүй болно. Ер нь аливаа зүйлийг хориглоно гэдэг нийгэмд буруу жишиг тогтоодог. Хориглохоосоо илүүтэйгээр гарц, шийдлийг нь олох нь чухал. Өөрөөр хэлбэл ямар нэгэн зүйл хаагдмал, нуугдмал болох тусмаа эрсдэл их гардаг. Тийм болохоор аливаа зүйлийг маш тодорхой, олон нийтэд ил болгох учиртай. Жилд тэдэн уралдаан тийм тийм газар зохион байгуулагдана. Уяачид ийм ийм шалгуур, зохион байгуулалтаар ингэж оролцоно гээд тодорхой заагаад өндөр зохион байгуулалтай болгочих юм бол хаа хаанаа эрсдэл дагуулахгүй уламжлал, өв соёлоо хадгалсаар л байна гэдгийг холбогдох эрх мэдэлтнүүд ойлгох хэрэгтэй. Энэ ажлыг мэргэжлийн холбоо удирдлагаар хангаад, санаачилж зохион байгуулах ёстой. Төр засгийн зүгээс иймэрхүү зүйлд оролцоод байх хэрэггүй. Харин хяналт, нөхцөлийг нь бүрдүүлж, хамгаалалтай явуулахад л оролцох ёстой. Ийм л энгийн зарчимаар болчих зүйлийг улстөржүүлээд, асуудлыг өөр дээрээ авчирч наах шаардлага манай төр засгийнханд ерөөсөө байхгүй шүү дээ. Засгийн газар уралдааны тов баталдаг, хүмүүсийг цолоор хуурдаг, түүний араас улайрах нөхцөлийг бүрдүүлдэг нь өөрөө буруу тогтолцоо. Морины уралдаан гэдгийг төр засгийн түвшинд ярьж, нийгмийн тулгамдсан асуудал мэтээр ойлгох хэрэггүй юм. Мэргэжлийн холбоо нь зөв удирдаад, уяачид нь ёс зүйтэй, боловсролтой, сахилга баттай оролцоод явахад л болох зүйл.

-Хурдан морины уралдааныг эдийн засаг талаас нь ойлгоосой гэсэн бодолтой хүмүүсийн нэг нь бий л дээ. Сүхбаатар аймгийн Асгат сумынхан нэг жилд зөвхөн хурдан морины наймаагаар 500 сая төгрөгийн орлого олжээ гэсэн тоо бий?

-Сүхбаатар аймгийн “Жавхлант шарга” уяачдын холбооны дэд тэргүүн надад хэлж байсан юм. “Жавхлант шарга” уралдааны үеэр нэг тэрбум орчим төгрөгийн наймаа жил бүр л явагддаг гэж. Сүхбаатар аймгийнхны амьдрал ахуйд эерэг нөлөөтэй нэг хүчин зүйл нь хурдан морины наймаа л даа. Гэхдээ сүүлийн жилүүдэд хурд бол хаана ч төрдөг болсон байна. Үүнийг дагаад хурдан морины наймаа Сүхбаатар ч гэлтгүй хаа сайгүй л хийгдэж байна. Орон нутгийн иргэдийн амьдрал, амьжиргаанд маш том боломж болж байгаа нь сайн хэрэг шүү дээ. Энэхүү худалдаанаас жирийн малчдын амьдрал эрс сайжирсан, эдийн засгийн хувьд биеэ даасан жишээ олон байдаг. Тэр ч бүү хэл унаач хүүхдээ урамшуулах замаар ар гэрт нь дэмжлэг болсон, байр орон сууц өгсөн гэх хүртэл адууны буянаар үйлдэгдсэн сайхан жишээ их. Тэр бүрийг уяачид зарлаад яриад байдаггүй. Би хувьдаа морины хүүхдүүдийг хөдөлмөр эрхэлж байна гэж үздэггүй. Тэд өөрсдийн дур сонирхлоороо хурдан морь унадаг. Хэрвээ дургүй бол унуулдаггүй учир энэ хөдөлмөр биш юм. Уяачдын зүгээс харин хүүхдүүдээ сайн урамшуулдаг болсон нь жил ирэх бүр л мэдрэгдэж байна. Нэг ийм үзэгдэл сүүлийн үед их харагдах болсон. Өвөрмонголд морин уралдаан их явагддаг. Бүр төр засгаас нь уяачдадаа урамшуулдаг, уралдаан тэмцээнүүдийн бай шагналыг нь даадаг. Тэр ч утгаараа Өвөрмонголын жирийн уяачид нь адууны соёлыг түгээж, хувьдаа морин тойруулгатай, хурдан адууны аж ахуйг утгаар нь эрхэлдэг болтлоо хөгжчихөөд байна. Үржлийн сайн азарга авахад ч хүртэл төр засгаас нь дэмжиж, зээл олгож, хөрөнгө мөнгө өгч байна. Хурдан морины уралдаан нь эрчимтэй хөгжиж буй тэр газарт ажиллаж, хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс нь ар монголчууд буюу манайхан байх нь элбэг болсон. Солонгост очиж ажиллана гэдэг шиг. Моринд дуртай, адуунд хайртай манай залуучууд урд хөрш рүү их явж байна. Мөн хурдан морины уралдаанч хүүхдүүд очиж морь унах нь элбэг болсон. Тэдэнд сард 1,5 сая орчим төгрөгийн цалин өгдөг гэж сонссон. Ийм нөхцөлд манайхан уралдаанаа хорьсноор манай адуучид, унаач хүүхдүүд урд зүг рүү хошуурах нэг шалтгаан бүрэлдэж байна. Энэ утгаараа нөгөө л нэг өв соёлыг устгах бодлого бас яваад байна уу гэсэн хардлага төрдөг. Манай оронд үндэсний их өв болсон энэхүү спортыг устгах бодлого явагдаад байдаг, гэтэл өвөрмонголд энэхүү өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх бодлого явагдаж байна. Энэ маягаараа тэд манай эрийн гурван наадмыг өмчлөөд, соёлын өвөөр бүртгүүлээд явж байхыг үгүйсгэх аргагүй болчихлоо. Нөгөө талаас манай хурдан морины уралдаан нь том эдийн засаг, нийгмийн нэгэн том салбар гэдгийг хүмүүс ойлгохгүй байна. Хурдан моринд ямар нэгэн байдлаар хамааралтай 400 мянга орчим хүн байна гэсэн статистик гарсан. Монголын нийт хүн ам гурван сая гаруй шүү дээ. Энэ нэг томоохон салбар биш үү. Том эдийн засаг биш юм уу. Монголчууд бидэнд юуны өмнө эдийн засгаа сэргээх, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх л хамгийн чухал байна шүү дээ. Гэтэл болж бүтэж яваа эдийн засгийн нэг том салбараа яагаад унагах гээд, устгах гээд байгаа юм бэ.

-Ирэх тавдугаар сард Уяачдын холбооны их хурал хуралдана. Та оролцоно биз дээ?

-Хуралд төлөөлөгчөөр оролцоно. Миний хувьд холбооны хуучин удирдлагуудыг учиргүй зүхдэг хүн биш л дээ. Харин ч тэдний хийсэн бүхэнд талархаж явдаг. Бид нэгнийхээ хийсэн ажлыг шүүмжлэх, үгүйсгэх, муулах бус хойшдын ажилдаа анхаарч, тэдний туршлагыг ашиглах ёстой. Энэ холбоог авч явах залуус нь өнөөдөр байгаа түвшнээс нь илүү өндөрт гаргаж, морин уралдааныг хөгжүүлээсэй гэж боддог. Хурдан морины орчинд өндөр боловсролтой маш олон залуус бий. Барууны том сургуулиудад боловсрол эзэмшсэн, санхүүгийн хувьд аль эрт бие даачихсан, гадагшаа харилцаа холбоо сайтай, өөрийн бодолтой, зорилготой. Шинэ удирдлагууд нь тэднийгээ зөв зохион байгуулах хэрэгтэй. Дээр нь нэмж хэлэхэд ах нар маань бас дүү нартаа зөв үлгэр дууриал болж яваасай гэж боддог. Зарим талаар маш буруу үлгэр дууриал болчихсон ах нар морины орчинд бий шүү дээ.