Categories
мэдээ цаг-үе

Аж үйлвэрлэлээрээ Азийн орнуудын үлгэр жишээ болсон Чаньчүн хот

Чаньчүн хот нь Хятадын зүүн хойд хэсэгт орших Жилинь мужийн нийслэл. Манай улсын Дорнод аймгийн хилээс чанх зүүн тийшээ мянга орчим километрийн цаана оршдог. Манайхаас тийшээ очихын тулд Бээжингээр дамжин явдаг байна. Чаньчүн хот нь Азийн орнууд дундаа аж үйлдвэрлэл, кино урлагаараа алдартай. Тиймдээ ч Азийн орнуудын кино урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулдаг XIV удаагийн “Чаньчүн” кино наадам нь энэ сарын 1-8-ны хооронд тус хотод болж байгаа юм. Хятадын нэрт жүжигчин, кино найруулагч, уран бүтээлчид нэрээ дуурсгасан алдартай хүмүүс энэхүү кино наадамд оролцдог байна. Тус кино наадмын хамгийн дээд шагнал болох “Алтан буга”-ын эзнийг энэ үеэр тодруулдаг. Энэхүү шагналыг нэрт жүжигчин Жаки Чан, Жет Ли, “Хөзрийн хаан” киногоороо нэрд гарсан Чоу Юньфат нарын зэрэг Хятадын алдартай жүжигчид хүртэж байжээ. Харин өдгөө дээрх алдартнуудаа залгаад шинэ залуу жүжигчид, кино уран бүтээлчид хүч түрэн гарч ирж байгаа юм байна. Хятадын кино зах зээл дэлхийд хүчтэй өрсөлдөх болсон нь Чаньчүн хотын кино урлагийг дэмжих бодлоготой шууд хамааралтай. Тус хотод үе үеийн кино урлагийн нэрт мастеруудаа хүндэтгэсэн, киног хэрхэн бүтээдгийг орчин үеийн технологийг ашиглан харуулсан сонирхолтой кино урлагийн төв музей байдаг аж.

Чаньчүн хот нь манайхаар сумын статуст хамаарах засаг захиргааны нэгж. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын том хотын хөгжлөөс дутаад байх зүйл алга. Өндөр барилга, өргөн зам, метротой. Гэрэлтүүлэг, зүлэгжүүлэлт, моджуулалт зэрэг нь ярих юмгүй сайхан. Хөгжсөн хотод юу л байх ёстой тэр бүхэн байна. Хэдий том эдийн засагтай их гүрний хот ч гэлээ тухайн засаг захиргааг удирдаж буй албан тушаалтнуудын бодлого хэрхэн зөв явж, ажлаа яаж сэтгэл гаргаж хийдгээс хамаарч хот шиг хот болдог байна. Чаньчүн хотод хүнд үйлдвэрлэл болоод шинжлэх ухаан, технологийн том сургуулиуд бий. Үүнээс дутахааргүй нь Анагаахын их сургууль. Ерөөсөө шинжлэх ухаан, инженерүүд буюу баялаг бүтээгч, хүнийг анагаах эмч мэргэжилтнүүдийг илүүтэйгээр бэлтгэдэг хот юм. Харин нийгмийн ухааны сургууль, тэр чигийн мэргэжлийн хүмүүс олон биш. Тэр хэрээр тус хотын эдийн засаг өргөжин тэлж, өдгөө гадаад худалдаа, экспортоороо Азид эхний аравд багтжээ. Манайхаар нэг сум л эдийн засгаараа тивдээ тэргүүлэхээр дэлхийн эдийн засгийг Хятад улс тэргүүлэлгүй л яах вэ гэж бодогдном. Манайхны хүсээд байдаг хүнд үйлдвэрлэл энд төрөл бүрээрээ хөгжжээ. Том, жижиг янз бүрийн загвар хийцтэй автомашин, комбайн, ширэм онгоц, метро, нефть боловсруулах үйлдвэртэй. Үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдээ ч өөрсдөө зохион бүтээдэг байна. Сүүлийн үед бензин хөдөлгүүртэй автомашинаас илүү цахилгаан тээврийн хэрэгслийг илүү боловсронгуй болгон үйлдвэрлэдэг болж.

Чаньчүн хотын дундуур урсах И түн гол

Нэг цаг цэнэглээд 300 километр, таван цаг цэнэглээд 1000 км зам туулах хүчин чадалтай цахилгаан автомашин бүтээсэн байна. Эдгээр нь гадаад, дотоодын зах зээлд эрэлт ихтэй байгаа аж. Анх чаньчүнчүүд Германы технологиор метро барьж. Харин одоо өөрсдөө метрог улам боловсронгуй болгон үйлдвэрлэж эхэлсэн байна. Үүнийг нь германчууд судалж, хятад инженерүүдээс санаа, зөвлөмж авдаг болжээ. Хүнд үйлдвэрийг тултал нь л хөгжүүлж яваа хот юм санж. Гэтэл манайд үнэндээ автомашины толь ч боловсруулах үйлдвэр алга. Наад зах нь толиос эхлээд автомашин, онгоц хийчих инженерүүд Монголд бий. Гэвч яагаад хүнд үйлдвэрлэл өдий хүртэл огт хөгжөөгүйг гаднын инженер, мэргэжилтнүүд гайхаж байна.

Чаньчүн хотын Сансар судлалын төв лабораторийн хөөргөсөн сансрын хиймэл дагуулаас ирсэн 3D бичлэгийн дүрс. Чаньчүн хот дахь автомашин болоод сэлбэгийн үйлдвэрАНУ-ын агаарын нисэх хүчний ангийг ингэж харуулжээ

САНСАР СУДЛАЛ, ОРЧИН ҮЕИЙН ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ, ИНЖЕНЕРИЙГ ХЭТ ШҮТСЭН ЧАНЬЧҮН ХОТ

Чаньчүн хотын Сансрын хиймэл дагуулын төв лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа. Үнэхээр хэлэх үггүй болоод л гарав. Арав гаруй жилийн өмнө тус лабораторийн инженерүүд өөрсдийн бүтээсэн анхны хиймэл дагуулаа сансарт хөөргөжээ. Энэхүү хиймэл дагуул нь дэлхийн гадаргын зургийг нарийвчилсан нягтаршилтайгаар авч тус лабораторид ирүүлдэг байж. Хиймэл дагуул хөөргөснөөр харилцаа холбоо, интернэт сүлжээ илүү хөгжиж, дата орчин бүрдсэн байна. Харин энэхүү лаборатори сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж сансрын хиймэл дагуулыг ашиглан 3D бичлэг хийдэг болжээ.

Сансраас хийж буй энэхүү бичлэг нь дүрсний нягтаршил сайтай, дроны бичлэгээс дутахааргүй болсон нь сансрын технологийн нэгэн шинэ үеийн дэвшил болж чадсан байна. Тус лабораторийн инженерүүдийн бүтээсэн сансрын хиймэл дагуулын явуулсан 3D бичлэгийг үзэв. Америкийн агаарын цэргийн баазын дүрс бичлэгийг дээрээс нь хийж. Бичлэгээс үзэхэд хаана ямар газар, ямар загварын онгоц байгааг тодорхой харж болохоор юм. Сансраас 3D дүрс бичлэг шууд хийдэг хэдхэн улс байдаг гэнэ. Тэр нь Орос, Америк, Хятад, Франц, Герман зэрэг дэлхийн том гүрнүүд аж. Эдгээр их гүрнүүдэд ч ийм төрлийн дүрс бичлэгээс хамгаалсан систем байдаг ажээ. Жишээлбэл, сансраас Америкийн тусгай цэргийн бааз, цөмийн зэвсэг, Засгийн газрын ордон, ямар нэгэн стратегийн ач холбогдолтой газар, үндэсний аюулгүй байдалтай холбоотой объектуудын үйл ажиллагааг дээрээс нь дүрс бичлэгт буулгахыг хориглосон системийг бий болгож. Өөрөөр хэлбэл иймэрхүү дүрс бичлэгийг сансраас хийх оролдлого хийвэл тухайн улсын аюулгүй байдлын систем идэвхжиж, анхааруулах дохиог хариу өгдөг байна.

Тиймээс тухайн улсын зөвшөөрөгдсөн газар нутгийн дүрс бичлэгийг хийх боломжтой юм. Энэхүү систем нь дээрх их гүрнүүдэд байдаг ч дэлхийн ихэнх улсад байдаггүй аж. Чаньчүн хотын энэхүү Сансрын хиймэл дагуулын лаборатори сансрын 3D бичлэгийг дэлхийн том хотуудын хөгжлийн дүр зургийг авч, түүнээс санаа оноо, шийдлийг олохын тулд ашигладаг байна. Тухайлбал, Москва хот замын түгжрэлээ хэрхэн бууруулж байгааг, хаагуур нь яаж зам баривал түгжрэл арилдаг, Вашингтоны дэд бүтэц ямар байна, цахилгаан станц, дулааны станцуудаа хаана барьж, хот төлөвлөлтийг хэрхэн зохион байгуулж байгааг тодорхой харж, суралцдаг аж. Тус лабораторийн инженерүүд удахгүй нарны аймгийн гаригийг судлах, гадаргууных нь зураг, бичлэгийг хийх, хөрснөөс нь дээж авах зэрэг сансар судлалын томоохон нээлт хийхийн төлөө ажиллаж байгаа юм байна. Энэ мэт шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэл, инженерийг хэт шүтсэн сэтгэлгээ Чаньчүн хотын иргэдэд гүн суужээ. Тиймээс ч жилээс жилд Чаньчүн хотын хөгжил, худалдаа эдийн засаг асар хурдацтай хөгжиж буй юм. Тус хотын дотоодын нийт бүтээгдэхүүн нэг триллион 298 тэрбум 100 сая юань. Харин нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 22 мянган юань ажээ. Энэ үзүүлэлтээрээ Азидаа тэргүүлдэг байна.

Чаньчүн хот дахь автомашин болоод сэлбэгийн үйлдвэр

ЧАНЬЧҮН ХОТЫН ТҮҮХ, СОЁЛ

Манай эриний 1653 онд Нингута Анбан Занжинийг байгуулсан нь Жилинь муж байгуулагдах үндэс болжээ. Хожим 1931 онд япончууд Хятад улстай дайн эхлүүлж, улмаар тэр оны намар хуучин Чаньчүн хотыг эзлэн авчээ. Ингээд хоёр жил Чаньчүн хот Японы колони болсон байна. 1933 оны хавар Манж Го буюу хуурамч Манж улс байгуулагдаж Чаньчүн хот дахь япончуудын эсрэг тэмцэлдэж, тус хотыг эзлэн авсан түүхтэй. Үүнээс хойш дэлхийн II дайны төгсөлд буюу 1948 онд Ляошены тулалдааны дараа Хятадын зүүн хойд нутгийн ардын цэргүүд Чаньчүнийг бүслэн авч, улмаар Жилиний бүх нутгийг япончуудаас нэг мөр чөлөөлсөн байна. Ийнхүү Чаньчүн хотын шинэ үеийн түүх бичигдэж эхэлсэн аж. Чаньчүн хотод өглөө бүр, заримдаа үдэш нэгэн дуу цуурайтна.

Зарим автобус, томоохон заал танхим дотор ил дуу мөн л сонсогдоно. Энэ нь Хятадын аугаа удирдагч Мао Зэдуны “Дундад иргэн улс байгуулагдлаа, бүх дэлхий сонсогтун” гэсэн алдарт үг юм. Тэртээ 1911 онд цагаагчин гахай жилийн хувьсгал Чин гүрнийг мөхөөж, Дундад иргэн улс байгуулагдсан түүхтэй. Өдгөө тус хот газар тариалан, аж үйлдвэрлэл, мал аж ахуй, далайн боомт, гаалийн худалдааны боомт, шинэ суурьшлын зэрэг бүс нутагт хуваагдан хөгжиж буй. Тус хот нь найман сая гаруй хүн амтай. Нийт хүн амынх нь 90 орчим хувийг төв хятад үндэстэн эзэлдэг. Харин үлдсэн 10 хувийг түвд, өмнөд монгол, ордос монгол, жуан, хотон, манж, уйгур, мяо, и, тужян ястнууд эзэлдэг байна. Чаньчүн нь Хятадын зүүн хойд хэсэгт оршдог учир тус хотын иргэд нь өмнөд болоод баруун хойд хятадуудаас царай зүсний хувьд шингэн цагаан, намхан нуруутай, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг илүүтэй хэрэглэдэг онцлогтой аж. Чаньчүн хотод Чанбай уул, Манж Го хааны ордон, Жин еэтан ойн цэцэрлэгт хүрээлэн, Бэйдахү цанын бааз зэрэг түүх дурсгалын олон газар байдаг ажээ. Тус хотод ирсэн жуулчид дээрх газруудыг голлон очиж сонирхох дуртай гэнэ. Зарим жуулчид Хятадын бүх хэсгээр Цагаан хэрэм байгаа хэмээн андуурдаг бололтой. Гэвч Хятадын зүүн хойд хэсгээр алдарт цагаан хэрэм байдаггүй.

Дэлхийн хамгийн олон хүнтэй улс учир 1979 оноос Хятад “Нэг хүүхдийн бодлого” хэрэгжүүлэх болсон. Хэт өсөлтийг зогсоож, хэмжээг хязгаарлах, ядуурлыг бууруулахад амжилт олсон боловч ажиллах хүч цөөрөх, хүүхэд нуух, наймаалах муу үйл бас дагалджээ. Харин саяхнаас хүүхэд, гэр бүлтэй холбоотой шинэ хууль гаргасан байна. Тэр нь гэр бүл нэг ч хүүхэдгүй байж болохгүй, хэрэв хүүхэдгүй гэр бүл байвал өндөр татвар төлдөг байхаар хуульчилжээ. Чаньчүн хотын соёлыг энд ярихгүй байхын аргагүй. Хятад улс тамхины тухай хууль байхгүй учраас иргэд нь хаана ч хамаагүй тамхи баагуулах боломжтой. Гэвч хотын соёл, суурьшмал амьдралын харилцаа өндөр хөгжсөн учраас биесээ хүндэтгэж, хэн дуртай нь хаана ч хамаагүй тамхи татдаггүй байна. Манайхан хэдхэн жилийн өмнө тамхийг баар, кафе, зэрэг олон нийтийн үйлчилгээний газар үүл манан болтол татдаг байсан. Үүнийг хуульчилж, хүчээр нэг болиулсан. Харин хятадууд тэр дундаа Чаньчүн хотын иргэдэд ийм хууль хэрэггүй мэт санж. Тэд их хотын иргэд учраас үүнийгээ ухамсарлаж байгаа нь тодорхой. Энэ бол иргэдийн том соёл. Чаньчүн хотын иргэд далайн хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа хавч идэх дуртай.

Энэ нь чаньчүнчүүдийн оройн амтат зоог болдог байна. Хоол, цайны соёлтой нь ярих ч юмгүй. Үйлчилгээний байгууллагын соёл гэж жигтэйхэн сайхан. Хэрэглэгч бол хаан гэдэг үг энэ хотын үйлчилгээний байгууллагаас илэхнээ мэдрэх боломжтой. Тус хотын гудамжнаас ширхэг чулуу, тамхины иш, хог олж ир гэвэл нэлээд эрж хайх юм болох байх. Сул газар байвал моджуулчихсан, зүлэгжүүлчихсэн, эсвэл цардмал зам тавьчихсан байх юм. Ийм л соёлтой, найрсаг харилцаа, суурин амьдралын үлгэр жишээ болсон газар нутаг бол Чаньчүн хот байлаа.


Categories
мэдээ цаг-үе

Н.Учрал: Цахим сүлжээтэй холбогдуулж хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай

УИХ-ын Цахим бодлогын түр хорооноос зохион байгуулж буй “Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гаригт Төрийн ордны их танхимд боллоо. Уг арга хэмжээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, мөн НҮБ-ын хүүхдийн сан зэрэг байгууллагууд оролцсон. Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Нийслэлийн боловсролын газар, Монголын оюутны холбоо, Монголын сурагчдын холбоо дэмжин оролцлоо. Уг нээлттэй хэлэлцүүлэг нь урьд урьдын ийм төрлийн хэлэлцүүлгээс оролцож буй байгууллагын хүрээгээрээ харьцангуй өргөн хүрээг хамарч зохиогдсон ба ЦЕГ-аас өрнүүлж буй Unfriend аяныг дэмжин явагдсанаараа онцлогтой байв. Нээлттэй хэлэлцүүлэг нь “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал”, “Цахим орчны зохистой хэрэглээ” гэсэн хоёр панелийн хүрээнд явагдсан.

Энэ үеэр дээрх хэлэлцүүлгийг санаачлагч УИХ-ын гишүүн Н.Учралаас зарим зүйлийг тодрууллаа.


Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулж буй нь цаг үеэ олсон зүйл байлаа гэдгийг оролцогчид хэлж байна. Уг хэлэлцүүлгийн талаар тодруулахгүй юу?

-Цахим бодлогын түр хороо өнгөрсөн хаврын чуулганы сүүлээр байгуулагдсан. Байгуулагдсанаасаа хойш дөрвөн сар өнгөрчих үү дээ. Энэ хугацаанд манай түр хороо гурван чиглэлээр ажиллаж байна. Дижитал шилжилт, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд бэлтгэх, нийгмийн сүлжээнд хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудалд голчлон анхаарч ажиллаж байгаа. Өсвөр насныхан, залуучууд цахим орчинд цагийг их зарцуулдаг. Биднийг хүүхэд байх үед ээж, аав “Чи орой үдэш гадуур явж болохгүй, танихгүй хүнтэй уулзаж болохгүй, мэдэхгүй хүнд хаалгаа битгий нээж өгөөрэй” гэж захидаг байсан. Харин одоогийн хүүхэд залуучуудад эцэг, эх нь ингэж хэлдэг ч өдөр тутам танихгүй хүмүүстэй тааралдаж, харилцаж байдаг. Энэ танихгүй хүнтэй харилцах харилцаа цахим орчинд элбэг байна. Цахим ертөнцөд нэр, зүс нь үл мэдэгдэх хүн таны хүүхдэд өдөр болгон садар самуун зүйлийг сурталчлах, татан оруулах, гэмт хэрэгт уриалах, холбогдогч, хам хэрэгт унагах аюулд уруу татаж байна. Үүнээс болж цахим гэмт хэрэг манай улсад нэг дахин өссөн гэдэг үзүүлэлтийг Цагдаагийн газраас мэдээлсэн. Тиймээс энэ асуудлаас хүүхдээ хамгаалахын тулд эцэг эх, багш, нийгмийн ажилтнууд хамтран ажиллаж, хараа хяналтаа сайжруулах нь зөв. Өмнөх өмнөхөөсөө хэд дахин илүүтэйгээр хүүхдэд анхаарлаа хандуулах цаг үе иржээ. Тиймээс УИХ-ын Цахим бодлогын түр хорооноос өнөөдөр цахим орчин дахь хүүхдийн хамгааллын чиглэлээр уг хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

-Хэлэлцүүлгийн үр дүнг та бүхэн хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Хэлэлцүүлгээс гарах үр дүн их чухал. Гарах үр дүн нь яг одоогоор нөхцөл байдал ямар байгаа вэ гэдгийг тодорхойлно. Үүнийг хэрхэн шийдэх вэ гэдэг дээр технологийн шийдэл гэж гарч ирнэ. Тухайлбал, фэйсбүүк нээхдээ зөвхөн гар утаснаасаа нээдэг байх ч гэдэг юмуу, иймэрхүү технологийн шийдлээр асуудлыг зохицуулахад нөлөөлнө. Хамгийн чухал нь цахим сүлжээтэй холбоотой эрх зүйн орчинг боловсронгуй болгож, хүүхдийн эрхийг хамгаалах хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн зохицуулалтыг чангатгах хэрэгтэй. Өөр нэг чухал зүйл нь соён гэгээрүүлэх ажлыг идэвхжүүлэх юм. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас “Unfriend” хөдөлгөөнийг эхлүүлсэн. Манай түр хороо үүнийг нь дэмжин ажиллаж байгаа. Өнөөгийн нийгэмд эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал хандуулах зайлшгүй шаардлага байна. Тэр дундаа орчин үеийн технологи, цахим сүлжээнээс хамгаалах чиглэлээр соён гэгээрүүлэх ажлыг идэвхтэй өрнүүлэх хэрэгтэй юм. “Un­friend” хөдөлгөөний хүрээнд нэр, зүс нь үл мэдэгдэх тэр хүмүүсийг хүүхдийнхээ цахим сүлжээнээс хасах, хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх нийтлэлүүдийг устгах ажлыг эцэг, эхчүүд нэн даруй хийх шаардлагатай.

-Дан ганц нийгмийн сүлжээ гэлтгүй зарим нэг цахим сайтуудад гарч буй нийтлэл, хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөөлөх мэдээ, мэдээлэл, садар самуунд уруу татсан зураг, дүрс бичлэгийг хэрхэн зохицуулах вэ?

-Үүнийг хэрхэн зохицуулах асуудлаар холбогдох мэргэжлийн хүмүүстэй уулзаж, хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд янз бүрийн гэмт хэргийг сурталчилж буй сайт, фэйсбүүк пэйжүүдийг “Хар жагсаалт”-д оруулах, энэ төрлийн сөрөг мэдээлэлтэй цахим хуудаснуудыг ядаж гэртэй IP-гаараа хаах боломжийг шийднэ. Энэ ажлуудыг эхлүүлэхийн тулд хууль, эрх зүйн орчинг эхэлж бүрдүүлэх нь чухал. Тиймээс ирэх намрын чуулганаар Хүүхдийг цахим орчинд хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр ажиллах болно. Уг хуулийн судалгаан дээр НҮБ-ын Хүүхдийн сангийнхан туслалцаа үзүүлж байгаа. Герман, Америк, Орос, Япон зэрэг олон улс уг хуулийг хэрэгжүүлээд эхэлчихсэн. Тиймээс эцэг эх, багш, нийгмийн ажилтнуудаа ирээдүй болсон үр хүүхдээ танихгүй хүмүүсээс хамгаалъя. Энэ бол цахим орчин шүү. Энэхүү хэлэлцүүлгээс дээрх зөвлөмжүүдийг гаргана. Үүнийгээ Төрийн гурван өндөрлөгт хүргүүлэх болно. Манай түр хороо, бусад төрийн байгууллага энэ асуудлаар бодитой үр дүн гартал нь ажиллах болно.

-Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулж цахим ертөнцийг хэрхэн зөв ашиглах талаар хичээлийн цаг нэмэх үү. Энэ асуудлыг хэлэлцүүлгийн үеэр хөндсөн үү?

-Америк, Япон зэрэг улсуудад цахимын зохистой хэрэглээний талаарх хичээлийг оруулдаг юм билээ. Бид энэхүү аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудад цахимын зохистой хэрэглээний талаарх бэлдсэн хичээлийг нэвтрүүлэх гэж байна. Хоёрдугаарт, манай түр хорооноос Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яаманд Цахим зохистой хэрэглээний талаарх тусгайлсан хичээлийг оруулах шаардлагатай байгаагаа албан ёсоор илэрхийлсэн. Удахгүй уг хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулж, мөрдүүлж эхэлнэ.

-Цахим бодлогын түр хороо өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд ямар асуудлаар Засгийн газарт санал, санаачилгаа хүргүүлж, хамтран ажиллаж байна вэ?

-Төрийн цахим шилжилтийг хийх асуудалтай холбоотойгоор Төрийн байгууллагууд дээр хэрэгжиж байгаа 230 сая ам.долларын программ хангамжийн үйлчилгээний төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлсэн. Эдгээр төслийн хэрэгжилтийн явцыг шалгах ажлын хэсгийг байгуулаад энэ сарын 15-аас Төрийн байгууллагуудад ажиллах гэж байна. Ингээд ирэх сард хөнгөлөлттэй зээлээр хийгдсэн Төрийн цахим шилжилтийн ажил үнэхээр үр дүнд хүрсэн эсэх нь тодорхой болно. Энэхүү мэдээллийг УИХ-д танилцуулна.

МОНГОЛД ХОЁР САЯ 900 ГАРУЙ МЯНГАН ХҮН ИНТЕРНЭТ АШИГЛАДАГ

Сүүлийн таван жилийн хугацаанд гэхэд Монгол Улсад интернэт хэрэглэгчийн тоо 4.5 дахин хэмжээгээр нэмэгдэж 2012 онд дөнгөж 654.000 байсан уг тоо өнгөрсөн 2017 онд 2.910.778-д хүрсэн гэсэн судалгаа гарсан байна. Түүнчлэн цахим орчноор дамжуулан хүүхдийн эрхэд халдсан зөрчил өнгөрөгч онд 44 удаагийн тохиолдол бүртгэгдсэн бол энэ оны эхний найман сарын байдлаар аль хэдийнэ 200 даваад байгаа аж. Манай улсад өнөөдрийн байдлаар цахим орчинд тавих хяналтын чиг үүргийг Харилцаа холбооны зохицуулах хороо төсөөтэй байдлаар зохицуулж байна. Төсөөтэй гэсний учир нь одоогийн Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, эрх зүйн актуудаар тус хороо нь цахим веб хуудас, радио телевизийн үйл ажиллагаа, тэдгээрийн контентод хяналт тавихаар зохицуулагдсан байдаг. Гэвч фэйсбүүк, твиттер зэрэг иргэн бүрийн үзэл санаа, үйлдэл эс үйлдэхүйн чөлөөт индэр болсон платформууд бий болж, улмаар Монгол Улс тэдгээрийн хэрэглээгээр Ази тивд нэгдүгээрт, дэлхийд 10 дугаар байрт жагсах болсон нь биднээс дараагийн бодлого, төлөвлөлт, алхмуудыг шаардаж эхэллээ. Иймээс уг арга хэмжээг зохион байгуулах болсон талаараа зохион байгуулагчид ярьж байна. Уг хэлэлцүүлэгт хууль хүчний байгууллага, харилцаа холбоо мэдээллийн технологийн чиглэлийн газар албадуут, хүүхэдтэй ойр ажилладаг ЕБС-ийн багш, нийгмийн ажилтан, сурагч болон эцэг эхийн төлөөлөл гээд нийт 800 гаруй оролцогч оролцсон юм.

Д.ДАГИЙМАА: СОХОРТЛОО Л УЙЛАВ ГЭЖ ДЭЭ, ЭЭЖ МИНЬ

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газрын дарга Г.АРСЛАНХУЯГ: -Хүмүүсийн хамгийн сайн мэддэг сэдвээр ярилцаж байна. Цахим хэрэглээний талаар эцэг, эхчүүд хүүхдээсээ дор мэдлэгтэй байна. Хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавина л гэх юм, чадах уу гэсэн асуудал гарч ирнэ. Un­friend аяны зорилго нь цахим хэрэглээнд иргэдийг соёлтой болгох, хүүхэд, залуучуудыг цахим ертөнц дахь аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх юм. Манай улсад цахимаар үйлдэгдэх гэмт хэрэг хувиар биш тав дахин өссөн. Монголчууд нийгмийн сүлжээгээр явж буй сөрөг мэдээлэлд хэт их дасч. Үүний хамгийн ноцтой нь хүүхдийн ёс суртахуун, хүмүүжилд хүчтэй сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Хуулиараа хүүхдийг таван орчинд хамгаална гээд заачихсан байдаг. Үүний нэг нь цахим орчинд хүүхдийг хамгаалах юм. Ингэхийн тулд эцэг, эх, багш нарын үүрэг оролцоо хамгийн чухал. Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд технологийн шийдэл дутагдаж байна. Энэ асуудлыг нэн яаралтай шийдээд, аль аль талдаа хариуцлагатай, анхааралтай хандаж чадвал хүүхдээ цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой” гэв.

Мөн ХИС-ийн Мэдээлэл харилцаа, менежмэнтийн сургуулийн захирал Д.ДАГИЙМАА: -Энэ цаг үеийнхнийг судлаачид дэлгэцийнхэн гэж онцолж байгаа. Учир нь хөгшин залуу гэлтгүй бүгд дэлгэцээс хамааралтай болчихсон. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр фэйсбүүкийг хог гэсэн шинжтэй харагдаж байна. Би хоёр жилийн өмнө өөрийнхөө фэйсбүүк хуудаснаа “Сохортлоо уйлав гэж дээ, ээж минь” гэсэн пост оруулсан юм. Энэ нь ямар агуулгатай вэ гэхээр дээхнэ үед нэг эрх хүүхэдтэй айл байж. Нэг өдөр хүүхэд нь унинд хавчуулчихсан хайч авна гэж уйлаад, ээж дээ хэлж л дээ. Учир зүггүй уйлаад, арга ядахдаа тэр ээж хүүхдэдээ хайчийг аваад өгчихөж. Гэтэл эрх хүүхэд хайчаар тоглож байгаад болгоомжгүйгээсээ болоод нүдээ сохолчихож л дээ. Хожим тэрхүү хүүхэд нас биед хүрээд ээждээ “Ээж минь та надад тэр хайчийг яах гэж авч өгсөн юм бэ. Би хайч авч өгсөнгүй гэж сохортлоо л уйлав гэж дээ” хэмээн эхийгээ зүхсэн гэдэг яриаг бид сайн мэднэ. Үнэхээр тэр хүүхэд сохортлоо уйлав л гэж дээ. Энэ сургамжтай адил одоогийн эцэг, эхчүүд бид утас нэхээд уйлж байгаа хүүхдэдээ гар утсаа өгчихдөг. Хожим хүүхэд нь нүдний эмгэгтэй болж, зарим нь гар утас зэрэг дижитал хэрэгсэлд донтож, сэтгэцийн өвчтэй болж байна. Тиймээс үр хүүхдээ цахим орчны зохисгүй хэрэглээнээс хамгаалах, орчин үеийн технологитой зөв зохистой харилцах ухаанд багаас нь сургах нь зөв гэв.


Categories
мэдээ цаг-үе

Монгол угсаатны зүйн арван мянган цуглуулгатай гэр музейн эзэн О.Маш-Эрдэнийнх

Тэртээ 1974-1983 онд тухайн үеийн Монгол ардын хувьсгалт намын Төв хороонд, Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМаУ-ын ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Юмжаагийн Цэдэнбалын туслахаар ажиллаж байсан дипломатч, монгол угсаатны зүйн гэр музейн эзэн Очирын Маш-Эрдэнийнхээс энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Өдгөө далан насыг ардаа үлдээсэн О.Маш-Эрдэнэ гуай гэргийн хамт гуравдугаар хороололд байх дөрвөн өрөө байрандаа биднийг угтан авсан юм. Гэрийнх нь үүдээр ороод л түүхийн музейд орчиховуу гэлтэй энд тэндгүй эртний эдлэл өрөөстэй байх. Монгол түмний үнэтэй өв соёл болсон морин хуур хөгжим эртнээс эдүгээ цагийн хийцээрээ ялгагдан өрөө бүрийн хананд өлгөөстэй харагдана. Бурхан шашны эд зүйл, судар номыг ч хоймортоо хүндэтгэлтэйгээр залжээ.

Зун, намартаа агаар устайг нь бодож Яармаг дахь хашаа байшиндаа амарч үр хүүхэд, ач зээ нартайгаа наадан өнгөрүүлдэг байна. Харин хүйтрэхээр хороолол дахь энэхүү байрандаа өвөлждөг ажээ. О.Маш-Эрдэнэ гуайн гэргий д.Оюун гуай бидэнд цай аягалж, тавгийн идээ барив.

Хана, ширээн дээр байх эртний ваар, авдар, модон сийлбэр, баримал, судар, бурхан, ташуур, эмээл, хазаар, уран зураг гэх мэтийн сонин содон эд зүйлийг гайхан харж суусаар чухам ямар цай, идээ ундааг идэж ууснаа мартаж. Ийн суутал О.Маш-Эрдэнэ гуай “Хэдүүлээ манай Яармаг дахь гэрт очъё. Тэнд манай гэр музей бий. Түүнийг очиж сонирх” гэлээ. Ингээд хороолол дахь гэрээс нь гарч Яармаг дахь Монгол угсаатны зүйн гэр музей рүү нь явлаа. Бид замдаа О.Маш-Эрдэнэ гуайгаас зарим зүйлийг асууж, түүний түүх намтраас сонирхов. Тэрбээр 1949 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төржээ. Түүнийг таван настай байхад нь Улаанбаатарт ирж, суурьшсан байна. 1967 онд тэрбээр ерөнхий боловсролын сургуулийг төгсөж, 1973 онд хуучин ЗХУ-ын Улсын аюулаас хамгаалах хорооны дээд сургууль буюу тагнуулчдыг бэлтгэдэг алдартай сургуулийг гадаад хэл, хууль эрх зүйн мэргэжлээр сурч, төгсжээ. Улмаар эх орондоо ирж Нийгмийг аюулаас хамгаалах яамд ажиллаж байгаад МАХН-ын Төв хороонд хариуцлагатай албан тушаал хашиж байсан аж. Түүнээс тагнуулчийнх нь талаар сонирхон асуусан боловч дорвитой хариулт авсан ч үгүй, инээгээд л өнгөрсөн юм. Тагнуулч хүн ийм л байдаг даа гэлтэй. Тэрбээр хожим 1983-1987 онд Афганистан улс дахь БНМАУ-ын Элчин сайдын яаманд үүрэг гүйцэтгэсэн дипломатч байснаа буцаад НАХЯ-д ажиллаж байгаад 1990 онд тэтгэвэртээ гарчээ. Тэр цагаас хойш өдий хүртэл Монгол угсаатны зүйн эд зүйлийг цуглуулж, өдгөө хувийн музей байгуулах хэмжээнд хүрсэн байна. О.Маш-Эрдэнэ гуай хууль эрх зүйч мэргэжилтэйгээс гадна орос, англи, франц, герман, перс хэл эзэмшжээ. Тэрбээр эцэг, эхээс зургуулаа. Түүний хамгийн том ах О.Бат-Эрдэнэ гуай олон жил телевизийн салбарт ажилласан Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн хүн юм. О.Маш-Эрдэнэ гуайн дүү О.Машбатыг манай уншигчид “Жинжиймаа” буюу гавьяат жүжигчин Н.Батцэцэгийн хань гэдгээр нь илүү мэдэх биз. Монголын кино урлагийн нэрт найруулагч, зохиолч О.Машбат агсны найруулсан “Жинжиймаа”, “Сийлэн бөөр”, “Хэенхуар”, “Вансэмбэрүү”, “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” зэрэг олон кино нь монголчуудын сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдсэн уран бүтээлүүд билээ. О.Маш-Эрдэнийн гэргий Дашнямын Оюун гуай 1949 онд Улаанбаатар хотод мэндэлжээ. Тэрбээр урлагийн хүн юм. Хуучин Хөгжим бүжгийн дунд сургууль, Багшийн сургуулийн соёлын ангийг тус тус төгссөн байна. Гэр бүлийн хоёр маань тэртээ жаран найман онд хувь заяагаа холбосноос хойш 50 гаруй жил хамт амьдарч буй. Таван хүүхэдтэй, хамгийн бага нь дөч хүрч яваа бол хамгийн том нь 50 настай гэнэ. Хоёр бага хүүхэд нь Америк улсад 10 гаруй жил гэр бүлээрээ ажиллаж амьдарч байгаа бол ах, эгч нар нь эх орондоо хувийн ажил, ахуйгаа эрхлэн аж төрдөг байна. Ач, зээ хэдийнэ арав гарсан өнөр өтгөн сайхан амьдарч байна даа хэмээн О.Маш-Эрдэнэ гуай сэтгэл өег ярьж явав.


Монгол угсаатны зүйн эртний эд зүйлс. 200 жилийн настай дархад бөөгийн хувцас

МОНГОЛ ТУУРГАТАН ДУНДАА ХАМГИЙН ОЛОН АВДАРНЫ ЦУГЛУУЛГАТАЙ ХҮН

Ийн явсаар түүний Яармаг дахь Монгол угсаатны зүйн гэр музейд нь ирлээ. Хоёр давхар, өндөр дээвэртэй модон байшингийн орой дээр төрийн далбааг байрлуулсан нь хаанаас ч харагдахаар юм. Биднийг очиход тосч авсан залуу бол түүний хүү М.Золбаяр. Энэ залуу мөн л аав шигээ англи, орос, герман, япон хэлтэй, түүх соёлоо дээдэлдэг нэгэн аж. Эднийх хашаан дотроо жимсний мод, төрөл бүрийн ургамлыг битүү тарьжээ. Урин дулаан цаг учир эдгээр тарьсан модны зарим нь жимсэлж, ургамал бүрээс нь өнгө өнгийн цэцэг дэлбээлсэн байна. Үнэхээр ч агаар устай, ойн төгөл мэт цэвэр цэмцгэр хашаа хороотой. Байшингийн хажууханд том саравч барьжээ. Түүний цаана таван ханатай монгол гэр харагдана. Энэ гэр дотор нөгөө Монгол угсаатны зүйн эд зүйлс байгаа нь тодорхой. О.Маш-Эрдэнэ гуайн энэхүү байшинд мөн л эртний эдлэл, түүх соёлын үнэтэй олдвор, урлагийн бүтээл энд тэндгүй харагдана. Хувь хүнд ийм содон сонин олон гайхам эд зүйлийн цуглуулга байна гэдэг гайхамшиг. Тэрбээр 1990 онд тэтгэвэртээ гарснаас хойш өдийг хүртэл эдгээр эд зүйлсийг цуглуулж эхэлж. Өдгөө арван мянган эд цуглуулгатай болсон гэнэ. Ингээд түүнтэй хамт гэр музей рүү нь орлоо. 2005 оноос угсаатны зүйн гэр музей болгож хүмүүст сонирхуулж эхэлсэн байна. Хуучны сархинаг тоонотой дөрвөн ханатай гэрт тийм ч олон эд зүйл багтахгүй болохоор таван ханат болгож томсгон эд зүйлсээ байрлуулж гэр музейгээ байгуулжээ. Эдний музейд 300 гаруй эд зүйлс бий. 30 гаруй жил цуглуулсан модон авдар, хайрцаг, сав суулга, төмөр тогоо, мод, зэс, гууль, төмрөөр хийсэн шанага, хувин сав, таваг, гуулин данх, айргийн хөхүүр, ширээ, сандал, малгай, ууж, дээл хувцас, эмээл, хазаараас эхлээд тэмээнд тохож хүүхдээ дүүрдэг “өөжин”, нохойны идүүр, морин хуур, хөгжмийн зэмсэг, бурхан шашны эд зүйл гээд нүүдэлчин монголчуудын ахуйн соёлыг эндээс харах боломжтой болгож. Тухайлбал, нэг ч хадаас ороогүй углуургатай модон авдар гэхэд 200 гаруй, номын сан хөмрөгт нь Алтангэрэл, Жадамба, Их хөлгөний болон уншлагын судрууд, Чойрын номууд гээд 3000 гаруй судар тэвхийтэл хураасан байх. 100 гаруй жилийн настай XIX зуунд хамаарах бэлтэй айлын хүүхдийн уужтай дээл. Монголын ЮНЕСКО-гийн номд орсон хуучны айргийн хөхүүр байдгийг ч тэрбээр тайлбарлав. Гэр музейн баруун хатавчинд дөрвөн эвэртэй хонины толгойд модоор их бие хийгээд байрлуулжээ. Энэ ямар учиртай болохыг лавлахад, “Хөвсгөл аймгийн мянгат малчны хотонд төрсөн дөрвөн эвэртэй хонины толгой юм. Энэ бол тэр айлын сэтэртэй хонь. Монголчууд хайртай малаа сэтэрлэж заазлахгүй, тахин шүтээд байгалийн жамаар нь наслуулж нүд аниулдаг уламжлалт зан үйл байдаг. 7-8 жилийн өмнө шүтээн болсон хонины толгойг авч ирж өгчээ. Мөн 1800-аад оны үед томоохон ламын хэрэглэж байсан үнсэн самбар энд байна. Үүнийгээ ЮНЕСКО-гийн биет бус өвд бүртгүүлэхээр хүсэлт тавьсан гэж байв. Түүний цуглуулгад байх нэг төрлийн хамгийн олон эд байсан нь авдар юм. Тэрбээр өдгөө 400 гаруй авдарны цуглуулгатай болжээ. Энэ нь Монгол туургатан дундаа хамгийн олон авдарны цуглуулгатайд тооцогдох аж. Авдарнууд нь жижиг том, өргөн, нарийнаас эхлээд сийлбэртэй, эртний, орчин цагийнх гэдгээрээ ялгагдана. Түүний цуглуулгуудаас хамгийн эртнийх нь 1640-оод онд Бээжинд хэвлэгдсэн шашны судар номууд. Эрдэмтэд О.Маш-Эрдэнэ гуайд байх энэхүү эртний судар номыг үзээд ийн дүгнэсэн гэнэ. Харин угсаатны эд зүйлээс нь 300 гаруй жилийн настай хөхүүр, 200 жилийн настай эртний бөөгийн хувцас зэрэг эд зүйлс байдаг 200 жилийн настай Хөвсгөлийн бөөгийн нэлээд эртний иж бүрэн өмсгөл гэрийн хойморт байлаа. Японы Киотогийн Их сургуулийн нэг эрдэмтэн модон сав суулганы гарал үүслийн талаар 27 жил судалгаа хийсэн судлаач дөрвөн жилийн өмнө Монголд гурав хоногийн хугацаатай ирээд Түүхийн музейд байдаг нэг гэрт модон эдлэл буйг хараад ихэд сонирхон зургийг нь авах гэхэд музейн ажилтнууд зөвшөөрөөгүй аж. Тэгээд мань судлаач урамгүйхэн нутаг буцах гэж байтал түүний хэлмэрч охины ээж нь О.Маш-Эрдэнэ гуайтай холбож өгснөөр модон сав суулганы үзмэрийг нь хараад нүд нь сэргэж ихэд олзуурхаж байжээ. Судалгааны ховор материалуудаас гадна О.Маш-Эрдэнэ гуайн цуглуулгаас авч түүхэн кинонд ашиглах тохиолдол олон гэнэ. Хамгийн сүүлд “Солиот эх” кинонд орсон түүхэн цаг үеийг харуулсан эртний эд зүйлсийг О.Маш-Эрдэнэ гуайн цуглуулгаас авчээ. Нүүдэлчин монголчуудын эдлэл хэрэглэлийн нэг онцлог нь нүүдлийн ахуй, соёл, сэтгэлгээтэйгээ уялдсан авсаархан, олон хувилбараар ашиглаж болдог, зай бага эзэлдэг, эвхэгддэг, аяны зориулалттай, бөх бат бөгөөд ур хийц нь өвөрмөц байдаг билээ. Тус музейд XVII-XX зууны эхэн үеийн монголчуудын нүүдэлчин сэтгэлгээ шингэсэн ахуй, соёлыг сав, суулга, хувцас, хэрэглэл, шашны эд зүйлс байрлуулсан нь сонирхогчид, гадаадын жуулчдын анхаарлыг татахаас аргагүй юм. О.Маш-Эрдэнэ гуай арав гаруй жил Европын орнуудаар аялж, амьдарч явсан хүн. Ийн явахдаа орон бүрт уран зургийн үзэсгэлэн зохион байгуулж, Монголын залуу зураачдын үзэсгэлэн гаргаж, язгуур урлагийн хамтлагуудыг урьж тоглуулдаг байжээ. Ер нь Монголын уламжлалт соёл, урлагийг сурталчлах чиглэлийн ажлуудыг голдуу хийдэг байсан гэв. Үүний хажуугаар гаднын орны иргэдийн тэрхүү түүх соёлын үнэт өв, эдлэлээ хэрхэн хайрлан хамгаалж, хадгалж байгааг хараад эх орондоо угсаатны зүйн музей байгуулах хүсэл нь төрсөн байна.

Зүүн гар талаас Үнэн сонины эрхлэгч Ц.Намсрай, I орлогч эрхлэгч Цэрэндагва, Юмжаагийн Цэдэнбал нарын хамт. 1981 он.

ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛ ДАРГЫН ТУСЛАХ О.МАШ-ЭРДЭНЭ

О.Маш-Эрдэнэ гуайн аав Ц.Очир хэмээх хүн 1912 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд мэндэлжээ. Хуучин Дотоод яаманд ажилд орж, сүүлдээ офицер болсон байна. Харамсалтай нь 1954 онд эрүүл мэндийн шалтгаанаар цэргээс халагдаж, улс төрийн албанаас чөлөөлөгдсөн аж. Улмаар Утга зохиолын салбарт орж, янз бүрийн түүхэн, адал явдалт, хилийн цэрэг, тагнуулын тухай роман бичиж эхэлсэн байна. О.Маш-Эрдэнэ гуай өнгөрсөн 2012 онд аавынхаа бичсэн “Амь насны хөлс”, “Бага дарга” хэмээх романыг нь хэвлүүлжээ. Харин монгол бичгээр бичсэн шүлэглэсэн романыг нь хуучин МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга асан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ц.Балхаажав гуайгаар эхний долоон бүлгийг нь кирилл үсэг дээр буулгуулсан байна. Монголд шүлэглэсэн роман ховор байдаг. Аавынхаа энэхүү оюуны өв соёлыг хойч үедээ хадгалан үлдээхийн тулд идэвхтэй ажиллаж буй талаараа О.Маш-Эрдэнэ гуай хэлж байв. Тэрбээр өөрөө түүхэн үнэнийг гаргаж ирэх зорилгоор нэгэн ном бүтээхээр ажиллаж байгаа юм байна. О.Маш-Эрдэнэ гуай БНМАУ-ын төрийн тэргүүн, ерөнхий сайд Ю.Цэдэнбал даргын туслахаар зургаан жил ажиллажээ. Тиймээс Ю.Цэдэнбал гэж хэн бэ, түүхэнд ямар ул мөрөө үлдээсэн хүн бэ гэдэг талаас нь ном бичиж байгаа гэлээ. Энэ талаараа “Ю.Цэдэнбал даргыг би мэднэ. Түүнтэй зургаан жил хамт ажилласан. Төв хорооны бүх нууцыг хадгалж, Улс төрийн товчооны бүх хурлын протоколыг хөтөлдөг байсан хүнийхээ хувьд энэ талаараа түүхэн үнэнийг гаргаж ирсэн ном бүтээхээр ажиллаж байна. Үндсэндээ номоо бичээд дууссан. Бал даргын 100 жилийн ойгоор хэвлэх санаатай байсан боловч бүтсэнгүй. Энэхүү номоо “Хөшигний ар дахь амьдрал” гээд нэрлэчихсэн байгаа. Түүхэн баримт, зураг хөрөгтэй хийхээр төлөвлөсөн. Ер нь Бал даргын тухай яриад байвал барагдахгүй. XX зуны монголчуудын манлай удирдагч хүн байсан. Би бол Их удирдагч гэж хэлнэ. Монгол Улс 1940 онд ямар байсан, үүнийг нь 24-хөн настай хүн хүлээж аваад өдгөө ямар болгов. Бичиг соёлтой, эрүүл, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл хөгжсөн улс болголоо. Хуучин нийгмийн үзэл суртлын талаар яригдах асуудал байгаа. Гэхдээ ард түмэн, улсынхаа хувьд түүхэн чухал зүйл бүтээсэн хүн юм аа. Хүнийхээ хувьд их зөөлөн, ямар нэгэн асуудал тавиад өрөөнд нь орохоор шууд шийдэж өгдөг. Хүнийг ялгаж харьцана гэсэн ойлголт ер гаргадаггүй хүн байсан. Энэ мэт Бал даргын талаар болоод тухайн үеийн улс төр, нийгмийн амьдралын талаар баримттай түүхэн үнэнийг гаргасан номоо удахгүй гаргана” гэж байлаа.

Монголчуудын бичгийн их соёлыг хадгалсан үнсэн самбар

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
гадаад мэдээ

Фото: Хятад улсын Чаньчүн хотын Итүн голын тохижилт

Хятадын Гирийн мужийн Чаньчүн хот нь тус улсын том хотуудын нэг юм. Нийт найман сая хүн амтай. Уг хот нь Хятадын кино урлагийн өлгий болсон газар билээ. Хятадын нэрт жүжигчид, найруулагчид, кино урлагийн мастерууд энэхүү хотоос төрөн гарсан байдаг. Хотын төвөөр Итүн гол урсддаг байна. Манайхны Хатан туул шиг. Голын ойр орчим нэг ч хог байхгүй. Иргэд жуулчдын аялал жуулчлалын бүс болгон тохижуулсан нь Итүн голоо хамгаалах төгс шийдэл болжээ. Энэхүү голын тохижилтыг харуулсан зургийн цоморлогийг сонирхуулъя.









Categories
мэдээ цаг-үе

Ц.Цогзолмаа: Манайд хүүхдээ бүртгүүлээч гэж гуйх түвшинд хүртэл сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлнэ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас өргөтгөсөн хэвлэлийн хурлыг өчигдөр хийлээ. 2018-2019 оны хичээлийн жил нь хүүхдийн сурах орчинг бүх талаар бүрдүүлсэн, хүүхдийг төлөвшүүлж хүмүүжүүлж иргэншүүлэх суурь үндэс хөгжлийн төв байх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх жил болж буйг энэхүү хэвлэлийн хурлын үеэр онцлов. Энэ үеэр Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаатай боловсролын салбарыг тойрсон асуудлаар ярилцлаа.


-Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор бэлтгэл ажлуудын талаар танилцуулахгүй юу?

-Бид хичээлийн шинэ жилийн өмнө яам, дүүргийн удирдлага, ажилтнуудыг дүүргүүд дээр сольж ажиллуулан сургууль, цэцэрлэгийн байр саваас эхлээд аюулгүй, эрүүл ахуйн орчин бүрдүүлэхэд бэлэн эсэх дээр хяналт тавьж шалгалт хийлээ. Мөн тодорхой хугацааны үүрэг даалгавар ч өглөө. Өнгөрсөн хавар хичээл хаагдах үеэр хөлбөмбөгийн талбайд хүүхдийн амь эрсэдсэнтэй холбоотойгоор тодорхой шийдвэр гаргасан. Тухайлбал, хичээлийн шинэ жил эхлэхэд сургалтын орчинг эрүүл, аюулгүй байх нөхцөл байдлыг хангана. Энэ хүрээнд багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхийн төлөөллийг оролцуулсан Улсын зөвлөгөөнийг хоёр удаа хийж боловсролын асуудлаа ярилцлаа. Засгийн газраас багш нарын цалинг тодорхой хувиар үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Ингэхдээ хүнд нөхцөлд ажиллаж буй бага ангийн багш, тусгай хэрэгцээт сургуулийн багш нарын цалинг 8-15 хувиар нэмж, цаашид 2019-2020 онд шат дараалан бүрэн нэмэх шийдвэрийг гаргаад байна. Цалин нэмэх талаар тавьж буй багш нарын эхний шаардлагыг биелүүлсэн. Энэ жил нийт 1435 цэцэрлэг, 814 сургууль үйл ажиллагаа явуулахаас төрийн өмчийн цэцэрлэг 25-аар, хувийн цэцэрлэг наймаар, сургуулийн тоо 16-гаар нэмэгдэж байна. Гэвч сургууль, цэцэрлэгийн хүүхдийн тоо өссөөр л байдаг. Жишээ нь, өнгөрсөн жилтэй харьцуулахад Ерөнхий боловсролын сургуульд суралцах хүүхдийн тоо 2.4 мянгаар, нэгдүгээр ангид орох хүүхдийн тоо 8.2 мянгаар тус тус нэмэгдсэн гэсэн дүн гарсан.

-Гурван ээлжээр хичээллэх асуудал сүүлийн үед их шүүмжлэл дагуулах болсон. Энэ байдал хэзээ арилах вэ? Засгийн газраас хөрөнгө мөнгө нь шийдэгдчихсэн гэсэн…

-Иргэдийн шүүмжлэл бий. Гэхдээ бид зөв мэдээлэлтэй байх ёстой. Энэ есдүгээр сарын 1-нд орон нутагт гурван сургууль, нийслэлд есөн цэцэрлэг шинээр нээгдэж байна. Гурван ээлжээр хичээллэж буй 27 сургуулийн өргөтгөлийн ажилд энэ жил 800 сая төгрөгийн төсөв батлагдсан.

Он дамжаад тендер, сонгон шалгаруулалтын ажил явагдана. Хавар хичээл тарахад Хотын боловсролын газрын даргад хаана ямар цэцэрлэг, сургууль нураагдсан, дотор нь хичээллэж байсан хүүхдүүдийг энэ хичээлийн жилд аль сургууль, цэцэрлэгт тараан байршуулж сургах гэж байгаа төлөвлөгөөгөө гаргаж өгөх үүрэг өгсөн. Боловсролын яаманд шийдэгдэхгүй, он дамжиж явагдах хоёр ажил байна. Нэгдүгээрт, Б.Жавхлан гишүүний тойрогтоо хүлээж авах гэж буй шинэ сургуулийг бид хууль зөрчин авах боломжгүй. Учир нь 960 хүүхдийн сургууль гэж хөрөнгөө авсан ч 660 хүүхдийн сургууль барьсан. Тиймээс бид хуулийн энэхүү зөрчилтэй сургуулийг хүлээж авах боломжгүй байгаа юм. Хоёрдугаарт, газрын маргаантай холбоотой 15 сургуулийн асуудлыг шийдэхгүй, хугацаа алдаж байна. Гэхдээ Хотын Засаг даргатай ойлголцож, өдөр бүр шаардлага тавьж ажилласны үр дүнд газрын маргаантай 14 сургуулийн асуудлыг шийдэж чадсан.

-Их, дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдсэнээс болж оюутнууд гудманд жагсаж байна. Жагсаалтай холбоотойгоор их сургуулийн багш оюутнуудтай бүдүүлэг харилцсан нь олны шүүмжлэлийг дагуулсан. Энэ асуудалд яам хэрхэн ажиллаж байна вэ?

-Монгол Улсын их сургуулийн оюутнууд төлбөрийн асуудлаар жагсаал зохион байгуулсан. Жагсаалтай холбоотой хэд хэдэн асуудал нийгэмд үүсээд байна. Оюутнуудын жагсаалыг эсэргүүцэж, буруу үйлдэл, бүдүүлэг зан гаргасан МУИС-ийн Мөнхбат гэх багшид ёс зүйн хариуцлага тооцох үүргийг сайдын хувиар тус сургуулийн удирдлагуудад хүргүүлсэн.

Их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмж, бууруулах нь сайдын эрхлэх асуудалд байдаггүй. Хуулиараа тухайн сургуулийн ТУЗ нь шийддэг. Жил болгон сургалтын төлбөр нэмсэн эсэхтэй холбоотой ямар нэгэн асуудал гардаг. Тиймээс их, дээд сургуулиудад зөвлөмж хүргүүлсэн. Үүнд тухайн сургуулийн ТУЗ-ийн гишүүд сургалтын төлбөрийг нэмэхээс өмнө эхлээд оюутнуудын төлөөлөл, эцэг, эхчүүдтэй уулзаж, харилцан ойлголцсоны үндсэн дээр төлбөр нэмэх эсэх асуудлыг шийдэх ёстой гэсэн зөвлөмж хүргүүлсэн.

-Авлигатай тэмцэх газарт МУИС-ийн багш шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл байна. Мөн улсын их, дээд сургуулиудын төлбөрөө нэмж буйд яамны зүгээс хяналт тавих, эсвэл шууд арга хэмжээ авч болдоггүй юм уу?

-Дээд боловсрол дээр яамны зүгээс ямар хяналттай, зорилготой ажиллах вэ гэдэг их чухал. Иргэдийн зүгээс бидэнд ганцхан шаардлага тавьдаг. Тэр нь дээд сургуулиудын чанарыг сайжруулах, тоог цөөлөх асуудал. Энэ хүрээнд манай яам их, дээд сургуулиудын магадлан итгэмжлэлийн чанарыг сайжруулах тал дээр өндөр шаардлага тавьж ажиллаж байна. Үүний цаана хувийн дээд сургуулиудын төлөөлөл “Олон жил үйл ажиллагаа явуулсан сургуулийг Ш.Цогзолмаа ирээд хаачихгүй” гэж сөрж дуугардаг. Миний хувьд боловсролын чанартай сургалт явуулах шаардлагыг хатуу тавьдаг. Энэ хүрээнд зарим сургуулиудыг хаасан, заримыг нь нэгтгэсэн.

-Таныг зарим төрийн албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлж, халаа сэлгээ хийсэн гэх мэдээлэл байна. Тухайлбал, босч мэндэлсэнгүй гэж Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын дөрвөн хүнийг ажлаас халсан гэх мэдээлэл сүүлийн үед маш их яригдаж байгаа. Ер нь сайдын албыг авснаасаа хойш хичнээн хүнийг ажлаас нь чөлөөлсөн бэ?

-Маш их ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явсаан. Хатуу хэлье, миний бие Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын дотоод ажилд нь орж, хэн нэгнийг халах, солих асуудлыг тавиагүй. Ганцхан зарчмын шаардлага тавьж байгаа. Дээрх байгуулга бол манай яамны амин сүнс болсон газар. Сайн багшаас сайн сурагч төрнө. Багш болгоны мэргэжлийг яаж дээшлүүлэх вэ гэдэг дээр л бодлого гаргаж ажиллаарай гэдэг шаардлагыг тавьсан. Тавьсаар ч байх болно. Өнөөдрийн байдлаар миний тушаалаар халагдсан, томилогдсон нэг ч захирал байхгүй. Тэгээд ч өнөөдрийн хэрэгжиж буй хуулиар Боловсролын сайдад Ерөнхий боловсролын сургуулиудын захирлыг халж, солих эрх байдаггүй. Хотын дарга томилж, чөлөөлдөг эрх зүйн орчинтой. Харин яамны харьяа лаборатори сургуулиуд, тусгай хэрэгцээт сургуулиудын удирдах албан тушаалтнуудыг томилж, чөлөөлөх эрх мэдэл бий. Энэ дагуу тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн захирал Батсайханы асуудлаар шүүхдээд явж байна. Хуулиараа надад сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг чөлөөлдөг, томилдог эрх байхгүй учраас үүнийг ялгаж салгах хэрэгтэй гэдгийг дахин давтан хэлье.

Ер нь би халаа сэлгээнээс илүүтэйгээр өөрт оногдсон ажлаа сайн хийх шаардлагыг салбарынхандаа тавьсаар ирлээ. Төрийн ажил ч бай, хувийн бизнес ч бай ялгаагүй нэг л зарчмаар явах ёстой. Хэн чадвартай нь, хэн зүтгэлтэй, сэтгэлтэй нь ажиллах. Хийж чадахгүй бол, чадваргүй бол халагдана, солигдоно. Сэлгээ хийгдэнэ. Энэ бол зарчим юм. Үүнийг шууд улс төржүүлж, олон нийтийн сэдэв болгож, жагсаал цуглаан хийдэг нь манай нийгмийн өнөөгийн үндсэн дүр төрх болоод байгааг шулуухан хэлчихье. Ийм улс төржсөн дайралтууд, улс төржсөн жагсаал цуглаанаас би айж, шантрахгүй ээ. Боловсролын салбарыг хөгжүүлж, шинэ шатанд гаргах зорилгынхоо төлөө хуулийн хүрээнд зарчмаа барьж ажилласаар байх болно.

Шударга шүүмжлэл, шударга шаардлагыг би хүлээж авнаа. Харин улс төржсөн аливаа үйлдэл, улс төржсөн жагсаал цуглааныг бол авч хэлэлцэхгүй гэдгээ хатуухан хэлье. Янз бүрийн төрийн бус байгууллага шаардлага тавих юм. Тухайлбал, Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо гэж байгууллага дотроо хэд хэд хуваагдчихсан улстөржөөд явж байх жишээний. Тэдний тавьж буй шаардлага, шахалт багш нарын төлөө бол хамтарч ажиллахад бэлэн байгаагаа удаа дараа хэлж байсан. Гэвч улстөржүүлж, ямар ч хамаагүй зүйлийг Цогзолмаа дээр нааж болно гэж байгаа бол энэ салбарыг хариуцаж яваа хүнийхээ хувьд бодлого гэж юу юм гэдгийг би хатуу ярих болно. Халаа сэлгээ, хөдөлгөөнийг ямар нэгэн шаардлага, шалтгаан байгаа учраас хийдэг. Нэг хүний асуудал мэт харагдах боловч нийтийн эрх ашгийн төлөө сайжруулах зорилгоор энэ асуудлыг авч үздэг.

-Тэгэхээр зарим асуудалд сайдын эрх мэдлийн хэм хэмжээ хүрдэггүй гэж ойлгож болох уу?

-Хуулийн зохицуулалт байхгүй учраас сайдын эрх мэдлийн хэм хэмжээ хязгаарлагдмал.

Саяхан манай салбарыг хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга албан ёсоор ажилдаа орлоо. Өнгөрсөн есөн сар би хагас эрх зүйн чадамжтай түвшинд л ажиллаж ирлээ. Цаашид хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлээд явах боломж нээгдэж байна.

-Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн захирлыг халсан, оронд нь өөрийнхөө хүнийг томиллоо гэсэн мэдээлэл гарсан. Энэ асуудлаар тус сургуулийн зарим төлөөлөл эсэргүүцлээ илэрхийлж байна. Уг асуудлаар тодруулахгүй юу?

-Би энэ асуултад дуртайяа хариулъя. Батбаатар гэх мундаг захирал байж байгаад ажлаа өгчихсөн юм шигээр өнөөдөр нийгэмд ярьж байна. Зарим хэвлэлд төлбөр төлөөд өөрийгөө хамгаалуулдаг үйлдэл өнөө цагт хэрээс хэтэрчээ. Гэвч нийт хэвлэл тийм биш гэдэгт би итгэж байна. Батбаатар захиралтай холбоотой нэг л жишээ ярья. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт Япон Монголын хамтарсан эмнэлгийн төслийн төлөөлөгчид ирж уулзсан. Тэд үгээ барж байна. Хоёр сарын хугацаанд уг эмнэлэг, сургуулийн барилгын ажлыг ашиглалтад оруулах гэж байна. Ингээд Японоос сүүлийн үеийн тоног төхөөрөмж оруулж ирнэ. Үүн дээр ажиллах боловсон хүчинг бэлтгэх үүргийг Батбаатар захиралд аль эрт өгсөн. Хугацаа ч өгсөн. Гэтэл өнөөдөр тэдгээр суралцсан хүмүүс нь ажлаа хийхгүй байна. Батбаатар захирал энэ төслийн хүрээнд олон хүнийг сургаж байгаа гэдэг. Гэвч суралцсан хүмүүс нь өнөөдөр энэ эмнэлэг дээрээ ажиллахгүй гэж байна. Шуудхан хэлэхэд Батбаатар захирал өөрийн таньдаг, мэддэг хүмүүсээ гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтад явуулсан байгаа юм. Үүнийг Батбаатар захирлын хариуцлага гэх үү. Ажлаа хийж чадаагүй, тендер сонгон явуулаагүй, графикаар ажлаа хийгээгүй. Тэр бүү хэл банкны баталгааг хүртэл хуурамчаар үйлдсэн зөрчил байна. Ийм хүнтэй хариуцлага тооцохгүй гээд яах юм. Товчхондоо шаардлагатай учраас АШУҮИС-ийн захирлын ажлыг сайн хийж чадах хүнд албыг нь шилжүүлсэн. Ж.Цолмон захирлаас үр дүн гарна гэдэгт итгэж байгаа. Эрүүл мэндийн сайдын дэд сайдаар ажиллаж байсан, туршлагатай, салбараа мэддэг, бодлогын шаардлага тавиад ажиллах чадвартай хүн гэж харж байгаа.

-Жил бүр Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийн асуудал яригддаг. Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр англи хэлний сурах бичигт ёс зүйгүй үг, өгүүлбэр, зурагтайгаа гарсан. Энэ нь эцэг, эхчүүдийн бухимдлыг төрүүлж байна. Үнэхээр ийм сурах бичиг байна уу?

-Би харсан. Англи хэлний сурах бичиг гээд маш ёс зүйгүй номын зураг нийгмийн сүлжээгээр нэлээд их явж байна. Энэ бол манай яамнаас гаргасан, манай ерөнхий боловсролын сургуульд үздэг сурах бичиг биш. Боловсролын системд ч байдаггүй сурах бичиг. Энэ бол боловсролын салбарыг хэн нэгэн санаатайгаар харлуулах гэсэн үйлдэл. Тэр ном магадгүй гадуур худалдаанд байдаг албан бус олон ном, сурах бичгүүдийн нэг. Ер нь эцэг, эхчүүд худалдаанаас сурах бичиг авч хүүхдийнхээ сургалтад нэмэлт болгох гэж байгаа бол тухайн ном, сурах бичиг доторхыг харж, уншиж, шалгах хэрэгтэй гэж зөвлөмөөр байдаг. Миний хувьд ажлаа авснаас хойш нэг ч шинэ сурах бичиг гараагүй. Харин хуучин сурах бичгүүдийг чанаржуулах ажлууд ид хийгдэж байна. Энэ жилийн тухайд ганцхан сурах бичиг нэмэгдсэн. Тэр нь эрүүл мэндийн хичээлийн хүрээнд сурагчид үзэх ёстой Эрүүл мэндийн сурах бичиг.

Би сайд болсноор сайдын нэрэмжит ямар нэгэн хөтөлбөр хэрэгжүүлэхгүй, ямар нэг туршилт хийхгүй гэдгээ ажлаа авахдаа л хэлсэн. Энэ зарчмаа барьж ажиллах болно.

-Зарим Ерөнхий боловсролын сургуулиудад хүүхдээ оруулахын тулд тогтсон ханшаар мөнгө өгдөг гэдэг зүйл олон нийтийн сүлжээгээр явж байна. Ингэж мөнгө өгч хүүхдээ гайгүй гэсэн сургуульд оруулдаг зүйлийг хэрхэн өөрчлөх вэ?

-Мөнгө, авлига авч хүүхдийг хүлээж авдаг сургууль, цэцэрлэг байгаа бол баримттайгаа манай яаманд хандахыг уриалъя. Би багш нарыгаа авлига авдаг гэж бодохгүй байна. Үнэхээр ийм үйлдэл гаргадаг төрийн албан хаагч байвал шууд хариуцлага тооцоход бэлэн. Ингэж байж бид багш нарынхаа, салбарынхаа нэр хүндийг цэвэрлэнэ. Эрэлт өндөр байгаа зовлонгоос бид ирэх жилээс салж эхэлнэ. Хүүхэд бүр цэцэрлэг, сургуульд явдаг болно. Ямар ч арын хаалга гэх зүйл алга болно. Манай сургууль, цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлээч гэж гуйх түвшинд хүртэл хүүхдүүдийнхээ тоогоор цэцэрлэг, сургуулийн суудалтай болно гэж бид зорьж байна. Энэ бол манай Засгийн газрын чухал зорилтуудын нэг.

-Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор зарим сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийг хойшлуулсан гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ жил есдүгээр сарын 1 бямба гаригт тохиож байгаа. Энэ өглөө усархаг, аадар бороотой гэсэн мэдээллийг цаг уурын албанаас авсан. Тиймээс хичээлийн шинэ жилийн нээлтийг үдээс хойш буюу 13 цагаас хойш сургуулиуд өөрсдийн эрх мэдлийн хүрээнд хийж болно гэсэн чиглэл хүргүүлээд байна. Есдүгээр сарын 1-ний өглөө хичээл орохгүй, Эрдмийн баяр болно. Харин ирэх даваа гаригаас буюу есдүгээр сарын 3-нд хичээл албан ёсоор цагийн хуваарийн дагуу орно. Харин замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор зарим их, дээд сургуулийн нээлтийг цагийн өмнө, эсвэл хойно хийх асуудлаар холбогдох албаныхантай хамтарч ажиллаж байна. Шийдвэр гарахаар сургуулиудад мэдэгдэх болно.

-Их, дээд сургуулийн нэршилтэй холбоотой асуудал олон нийтийг төөрөгдүүлж байна гэсэн шүүмжлэл гарах болсон. Тухайлбал, Үндэсний их сургууль чинь Монгол Улсын их сургууль биш юм уу гэдэг асуудлыг иргэд, тэр дундаа орон нутгийн иргэдийн зүгээс их асуух болсон. Нэршилтэй холбоотой асуудлыг яам хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

-Үндэсний их сургууль гэдэг нь тухайн улсын боловсролын брэнд болсон сургуулийн нэр шүү дээ. Миний бие ажил авсан цагаасаа хойш их, дээд сургуулийн нэршилтэй холбоотой асуудлыг анхаарч, ажиллаж байгаа. Монгол Улсын их сургууль гэх нэрийг тэнд Үндэсний их сургууль гэдгээр нь ашиглаад явж байгаа Мөнхбат гэж захирал бий. Тус сургуулийн удирдлагуудад бид удаа дараа асуудал тавьсан. Шүүхэд хүртэл хандсан.

Гэвч шүүхээс тус сургуулийг уг нэршлээр нь явахыг зөвшөөрсөн шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл энэ нь хууль зөрчсөн үйлдэл биш ээ гэсэн шийдвэр гаргасан. Ингээд шүүхийн өмнө Боловсролын яам хүчин мөхөсдсөн. Товчхондоо дээрх сургуультай маргалдах газар бидэнд үлдээгүй. Харин бид Үндэсний гэх нэрэндээ хүрсэн сургалтын систем, боловсролын чанарыг уг сургуулиас хатуу шаардаж ажиллах болно.


Categories
мэдээ цаг-үе

П.Мягмардорж: Туркийн иргэнийг хулгайлах гэж оролдсон нь Эрдоганы дэглэмийн хүрээнд хийгдсэн тусгай ажиллагаа юм

Туркийн иргэнийг хулгайлах оролдлого энэ сарын эхээр манай улсад болсон. Энэ хэрэгтэй холбоотойгоор улс төрийн нам, эвсэл, улстөрчид, иргэд янз бүрийн байр суурь илэрхийлсээр буй. Одоогийн байдлаар Турк улсын нөхцөл байдал ямар байгаа, дээрх хэргийн учир шалтгааныг судлаачид юу гэж дүгнэж байгаа талаар ХИС-ийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн ахлах багш, судлаач П.Мягмардоржтой ярилцлаа.


-Туркийн нөхцөл байдал одоогоор ямар байгаа бол. Саяны болсон хэргийг та юу гэж харж байгаа вэ?

-Өнгөрсөн жил Турк улсад төрийн эргэлт гарах шахсан. Үүний гол зорилго бол Реджеп Тайип Эрдоганы дэглэмийг авч үлдэх байсан. Тэрээр өнгөрсөн зун болсон ерөнхийлөгчийн сонгуулиар ерөнхийлөгчийн засаглалыг Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад баталгаажуулчихсан. Ерөнхийдөө Турк улс авторитари дэглэмтэй болчихлоо. Мэдээж Туркт Р.Т.Эрдоганы үйл ажиллагааг дэмждэггүй улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд олон бий. Гэхдээ Курт энд бол ямар ч хамаагүй, тусдаа асуудал. Тэгэхээр манай улс дахь турк сургуулийн захирлыг хулгайлсан үйл явдал бол Р.Т. Эрдоган өөрийнхөө дэглэмийг л авч үлдэх гэсэн бодлогын хүрээнд хийгдсэн тусгай ажиллагаа гэж харж байгаа. Энд нэг зүйл хэлье. Миний ойлгож байгаагаар уг ажиллагааг манай Гадаад хэргийн яам мэдээгүй болов уу. Өөрөөр хэлбэл Монгол, Турк улсын Гадаад харилцааны яам энэ үйл явдлын талаар шууд зөвшилцөл хийгээгүй гэсэн үг. Энэ хэргийн дараа Туркийн Гадаад харилцааны сайдыг манай улсын Гадаад харилцааны сайд хүлээн авч уулзсан. Үүнээс манай Гадаад харилцааны яам дээрх хэрэгтэй холбоотой ямар ч мэдээлэл байгаагүй гэдэг нь харагдсан. Тэгэхээр Турк болоод манай талын тусгай албаныхны зохион байгуулсан ажил. Нөгөөтэйгүүр аливаа нэгэн улсын улс төрийн дэглэмийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа, явуулсан байх магадлалтай гэх үндэслэлээр хүн хулгайлах гэмт хэрэг дэлхийд олон гардаг. Манайхан ч ялгаагүй. Одоогоос 15 жилийн өмнө Монголын тагнуулынхан Францын хөдөөгийн нэг хотод очоод танил хүүхнээр нь Д.Энхбатыг дуудуулж авчран цохиж унагаад хулгайлчихсан. Ингээд түүнийг хэд хэдэн улсын хил гааль дамжуулан Монголд авчраад С.Зориг агсны хэрэгт холбогдуулан шалгасан байдаг шүү дээ. Үүнтэй адил улс төрийн зорилгоор хүн хулгайлах үйл явдал дэлхий дээр их гардаг. Тусгай албадууд баримт, нотолгоон дээр үндэслэж гүйцэтгэх ажиллагаа явуулдаг. Тийм байх магадлалтай гэдэг үндэслэлээр гүйцэтгэх ажиллагаа тэр бүр явуулдаггүй. Тэгэхээр энэ хэрэгт Туркийн хүчний байгууллага, тусгай алба оролцсон гэдэг нь ойлгомжтой.

-Монгол, Туркийн хооронд гүйцэтгэх ажиллагаа явуулах нь олон улсын гэрээ, конвенцийг зөрчсөн үйлдэл болох уу. Энэ хэргээс болоод олон улс дахь Монгол Улсын нэр хүнд ямар болсон бол?

-Манай улс ардчилсан орон. Тэр утгаараа олон улсын гэрээ, конвенциар хүний эрхийг баталгаажуулсан байдаг. Иймд манай улсын нутаг дэвсгэрээс гаднын тусгай албаныхан хүн хулгайлсан бол олон улсын гэрээ, конвенцийг зөрчиж байна л гэсэн үг. Гэхдээ тусгай албадуудын хоорондын нууцын зэрэглэлтэй зүйл байж магадгүй. Тэр хүрээндээ л хийгдэж байгаа ажиллагаа юм болов уу гэж харж байгаа. Нөгөөтэйгүүр дээрх хэргээс болоод Монгол Улсын нэр хүнд олон улсын түвшинд айхавтар унасан, эсвэл сэргэсэн зүйл огт байхгүй.

Тэртээ тэргүй иймэрхүү ажиллагаа дэлхийн бусад улс орнуудад олон хийгддэг. Гэхдээ улс төрийн орогнол хүсчихсэн хүн гэдэг өөр асуудал. Өөрөөр хэлбэл аливаа нэгэн улс улс төрийн орогнол хүссэн хүнийг хамгаална гэдгээ шууд хэлдэг. Ийм нөхцөлд орогносон этгээдийг нөгөө улс гүйцэтгэх ажиллагаа явуулж авахыг оролдвол оршин суулгаж буй улс хамгаалдаг. Энэ утгаараа хулгайлагдсан Турк захирал манай улсад улс төрийн орогнолоор байгаагүй. Хууль ёсоор оршин суугаа гадаадын иргэн. Тиймээс хулгайлсан үйл явдал бол хүний эрхийг зөрчсөн үзэгдэл гэж олон улс үнэлж байгаа юм. Харин нэр хүндийн тухайд айхавтар унаж, сэргэсэн зүйл ажиглагдаагүй.

-Манай улсад Туркийн нисэх онгоц буусантай зэрэгцээд хүн хулгайлах үйл явдал болсон. Албаныхан онгоц буусныг Турк захирал хулгайлсан үйл явдалтай хамаагүй, түлшээ цэнэглээд буцсан гэж тайлбарлаад буй. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Монголын талын хүчний алба, тусгай албадын зөвшөөрөлгүйгээр Туркийн онгоц буух боломжгүй. Тэгэхээр Монгол, Туркийн тусгай албадын нууц хэлэлцээгээр ч гэх үү, ямар нэгэн зөвшилцлийн хүрээнд л хийгдсэн ажил байх. Бүхэл бүтэн гаднын хоёр ч онгоц буугаад, буцаад хөөрөхөд манай тагнуулынхан мэдэхгүй байна гэж байхгүй. Манай агаарын орон зай сул, хяналтгүй байна гэж байхгүй шүү дээ. Монгол Улсын дээгүүр гаднын тусгай үүргийн онгоц нисээд өнгөрч байвал өөр. Харин тэр онгоц манай улсад газардаж, тодорхой хугацааны дараа хөөрсөн. Зүгээр шатахуун, түлшээ цэнэглээд хөөрсөн гэдэг шалтгаан хангалтгүй санагдаж байна. Тиймээс энэ бүгдээс юу харагдаж байна вэ гэхээр энэ хэргийг хоёр улсын тусгай албадууд гүйцэтгэх ажиллагаа хийсэн нь тодорхой болж байгаа юм. Засгийн газраас энэ асуудлаар дорвитой тайлбар өгөөгүй гэж зарим хүмүүс шүүмжлээд байгаа. Энэ нь манай Засгийн газар Тагнуулын албатай ямар нэгэн байдлаар зөвшилцсөн л гэж харагдахаар байгаа юм.

-Энэ хэргээс болж Турк, Монгол Улсын хоорондын харилцаанд ямар нэгэн сэв суух уу?

-Турк бол том гүрэн. Натогийн хоёр дахь ч том цэргийн баазтай, Бага Ази дотроо нэлээд нөлөө бүхий улс шүү дээ. Манай улсын хувьд эдийн засгийн тодорхой түвшинд Туркаас хамааралтай болчихсон байгаа. Монгол Улсын гурав дахь хөршийн хэмжээнд олон үйл ажиллагаанд хамтарч ажилладаг. Тухайлбал, агаарын болоод бусад тээврийн салбарт бид Турктай идэвхтэй хамтран ажилладаг. Монголчууд Туркаар дамжиж Европ руу гарч байна. Туркийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажил манайд олон хийгдэж байгаа. Ийм үед монголчууд Туркийн эсрэг үгүй гэж дуугарах боломжгүй болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл Туркийн тусгай албаныхан танай улсад ийм ажиллагаа явуулах гэсэн юм, ийм ийм нотлох баримтууд байна гээд гүйцэтгэх ажиллагаа явуулахад бид эсэргүүцэж чадахгүй. Тиймээс Туркийн тал ажиллаа хийсэн учраас манай улстай харилцах харилцаанд ямар нэгэн сэв тогтоогүй байх. Нөгөөтэйгүүр энэ хэргийг Вейсел Акчайн эхнэр нь мэдэж олон нийтэд мэдээлээгүй бол бид юу ч мэдэхгүй өнгөрөх л байсан. Түүний эхнэр олон нийтэд мэдээлснээр тус сургуулийн удирдлагууд дуугарч, нийгэм даяар хүн хулгайллаа гэх мэдээллийг цацсан. Тийм болохоор холбогдох яам, албаныхан уг хэрэгт оролцохоос өөр аргагүй байдалд хүрсэн. Саяны үйл явдлаас нэг зүйлийг бид ойлгох хэрэгтэй. Энэ бол гадаад харилцааны асуудал, үндэсний аюулгүй байдалтай холбоотой зүйл. Дэлхийн улс орнуудын хүчний байгууллага, тусгай алба, дипломат байгууллагууд хоорондоо нягт холбоотой ажилладаг. Манайхан ч гэсэн ийм нягт холбоотой ажиллаж байгаа байх. Тэр утгаараа Р.Т.Эрдоган ардчилсан биш бид ардчилсан гэдэг өнцгөөр асуудалд хандаж болохгүй. Р.Т.Эрдоган бол чанга нөхөр шүү дээ. Тиймээс манай Аюулгүй байдлын зөвлөл, тусгай албадууд нэгдэж цаашид Туркаас ирэх дарамт шахалтыг бодлоготойгоор, дипломатч байдлаар нэгдсэн байр сууринаас хандах нь зөв.

-Яагаад Турк сургуулиудын удирдлагуудыг хулгайлаад байна вэ. Үүний цаад учрыг та судлаач хүний хувьд юу гэж дүгнэж байна?

-Турк сургуулиудын санхүүжилт Фетулла Гулленээс орж ирдэг нь тодорхой болсон. Баруунд Ф.Гулленийн сургуулийг санхүүгийн пирамед гэж хардаг. Эдгээр сургуулиудаасаа мөнгө босгож, сан бүрдүүлж, түүгээрээ одоогийн эрх барьж буй Р.Т.Эрдоганы Засгийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгодог. Туркийн Засгийн газрын албан ёсны байр суурь бол улс орнуудад үйл ажиллагаа явуулж буй Ф.Гулленийн санхүүжилттэй Турк сургуулиудыг хаах л байгаа. Манай улсын хувьд ч байр суурь тодорхой болгосон. Турк сургуулиудыг манай улсын Боловсролын яам мэдэлдээ авах асуудлыг ярьж байгаа. Зарим нэг сургуулийг авчихсан. Энэ асуудлыг нөгөө талаас нь харвал Турк удирдлагатай сургуулиудыг Монгол Улсад байлгахгүй гэдэг санаа гарч ирж байгаа юм. Манай улсад л Турк сургууль байдаг юм биш. Бусад оронд олон бий. Турк сургуулиудын шийдвэр, үйл ажиллагааг бид анхааралтай ажиглаж байх хэрэгтэй юм. Эдгээр Турк сургуулиудыг Р.Т.Эрдоганы Засгийн газар Ф.Гуллентэй холбоотой гэж хардаг. Түүний Засгийн газрыг Ф.Гулленийн санхүүжилттэй гэх Турк сургуулиуд эсэргүүцдэг болохоор л саяных шиг хүн хулгайлах хэрэг олон гараад байгаа юм. Ф.Гулленийн санхүүжилтийг таслахгүй бол Р.Т. Эрдоганы Засгийн эсрэг Турк сургуулиуд идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар л байна. Тиймээс л Р.Т.Эрдоган дэглэмээ авч үлдэхийн тулд иймэрхүү гүйцэтгэх ажиллагаануудыг олон явуулж байгаа юм. Аливаа улс төрийн тэмцэл соён гэгээрүүлэх, парламентын, зэвсэгт гэх мэт янз бүрийн замаар явдаг. Тэрний адил Ф.Гуллен Р.Т.Эрдоганы дэглэмийн эсрэг Турк сургуулиудаар дамжуулж, соён гэгээрүүлэх шугамаар улс төрийн тэмцлийг идэвхтэй явуулж байгаа юм. Ф.Гуллен нь одоо Америкт байгаа. Туркийн одоогийн Засгийн газраас Ф.Гулленийг өгчих гэдэг хүсэлтийг Америкийн талд тавьдаг. Гэвч Америк хүний эрх, ардчилал гэж яриад өгөхгүй байгаагаас болж сүүлийн үед Турк, Америкийн харилцаа хөндий хүйтэн болсон. Ийм цаг үед манай улс ч гадаад бодлогынхоо хувьд нэгдмэл нэг байр суурьтайгаар асуудалд хандах ёстой.

-Туркийн иргэнийг хулгайлсан асуудалд манай улсын улс төрийн нам эвсэл, улстөрчид өөр өөрийн байр суурьтай хандаж байна. Энэ нь Монгол Улсын гадаад бодлогын нэгдмэл чанарыг алдагдуулах аюултай юу?

-Өнөө цагт олон улсын харилцаа буюу гадаад ертөнц хурдацтай өөрчлөгдөж байна. Бид дотроо дээр дооргүй хэрэлдчихээд гадааддаа өөр өөр байр суурь илэрхийлээд яваад байж болохгүй. Аюулгүй байдал, гадаад бодлогын хувьд монголчууд нэг л байр сууртай байх ёстой. Хэрэв нэгдмэл гадаад бодлоготой байхгүй бол Монгол Улсын аюулгүй байдал хэврэгшиж, цаашлаад тусгаар тогтнолын асуудал яригдаж эхлэх эрсдэлтэй. Манай улсын аюулгүй байдлын 20 дугаар зууны тусгаар тогтнолын баталгаа болж байсан хойд хөрш суларч байна. Хүчний тэнцвэр өмнө тал руу эргэж байна. Гадаад нөхцөл байдал ийм хурдацтай өөрчлөгдөж байхад бид нэгдмэл бодлоготой байхгүй бол аюултай. Саяны Турк иргэнийг хулгайлсан асуудлаас л бид үүнийг ойлгож, жижиг гэлтгүй асуудалд нэгдмэл байр суурьтай байдгаа гаднын улс орнуудад харуулах учиртай юм. Тэгж байж улс, үндэстнийхээ аюулгүй байдлыг бэхжүүлнэ. Цаашид манай улсад гаднаас нөлөөлөх дарамт шахалт, бодлого, үйл ажиллагаа олон хийгдэнэ. Тэр болгонд дотроо хэрүүл хийж, худлаа улстөржүүлээд байвал Монгол Улсын нэр хүнд олон улсын түвшинд жинхэнэ утгаараа унаж эхэлнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

М.Билэгт: Нэгнийгээ үхтэл нь зодож байхад бусад нь зүгээр л хараад зогсч байсанд харамсч байна

Улсын их хурлын гишүүн Магваны Билэгттэй ярилцлаа.


-Таны бариулж буй орчин үеийн, олон улсын стандартад нийцсэн гэх эмнэлгийн талаар яриагаа эхэлье. Уг эрүүл мэндийн томоохон төслийг хэзээнээс эхлүүлсэн бэ?

-Хориод жил бизнeс хийсэн бүх хуримтлалаараа дэнчин тавиад эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулах гэж 2010 оноос зүтгэсэн. Оношилгоо хийлгэх гэж гадаад орнуудыг зорьж байгаа хүмүүсийг Монголдоо дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ авдаг болоосой гэж бодсон юм. Анх Монгол Улсын эмнэлгийн барилгын стандарт, хууль дүрмийнхэн хүрээнд төслөө бичээд япончуудад үзүүлсэн. Гэтэл тэд “Таны төсөл манай улсын эмнэлгийн барилгын стандартыг хангах нэг ч зүйл алга. Эмнэлэг барихад наад зах нь урсгал, зөв төлөвлөлт байдаг юм. Энэ хоёр хийгдээгүй тохиолдолд хичнээн том барилга барьсан ч эмнэлэг болж чадахгүй” гэж хэлж байсан. Тухайн үед япончуудын хэлсэн зүйлийг би ойлгоогүй ч сүүлд нь эмнэлгийн барилга хэрхэн барьдаг, юу чухал болохыг ойлгосон. Ингээд Япон руу хандахад “Монголд Японы орчин үeийн оношлогоо, эмчилгээний мeнeжмeнтийг оруулахын тулд хамгийн түрүүнд шаардлага хангасан барилга хэрэгтэй. Tа нар барилгаа барьчихвал бид тоног төхөөрөмж, мeнeжмент багтайгаа очно. Гэхдээ 120 ортой эмнэлэгт манай тоног төхөөрөмжийг тавихад бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чадахгүй. 20-30 мянган ам метр талбайтай эмнэлгийн барилгын цогцолбор байх юм бол тоног төхөөрөмжөө бүрэн хүчин чадлаар нь ашиглаад, хямд үнэтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ явуулах боломж бүрдэнэ” гэсэн.

Өндөр хөгжилтэй орны стандартад нийцсэн эмнэлгийн барилга барьчих юм бол мeнeжмeнтийн баг нь орж ирж болох юм байна гэж ойлгоод, байгаа бүхнээрээ дэнчин тавиад зүтгэж байна. Япончуудаар ТЭЗҮ хийлгэж, барилгын ажилдаа зөвлөгөө авсан. Япончууд ч өндөр шаардлага тавих юм. Одоогоор эхний барилгын ажил 90 хувьтай, өргөтгөлийн ажил эхэлчихсэн яваа. Нийтдээ 300 ортой эмнэлэг босох юм. Иргэд маань гадаад явж эмчлүүлдэг замынхаа зардлаар эх орондоо эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжийг нээж өгөхийн төлөө энэ төслийг санаачилж, хэрэгжүүлж байна.

-Таныг улсын хөрөнгөөр хувьдаа тус эмнэлгийг бариулж байна, эмнэлэг барих газрын зөвшөөрлөө хууль бусаар авсан гэх мэдээлэл байдаг. Энэ асуудлаар тайлбар өгөхгүй юу?

-Анх уг төслийг санаачилж, эмнэлгийн барилгын ажлаа эхлүүлснээс өдийг хүртэл дунд нь янз бүрийн худал, гүтгэсэн мэдээлэл гарч ирж байсан. Энэ сөрөг мэдээллийг жирийн иргэд, хөдөлмөрч залуучууд гаргахгүй. Харин төрийн эрх мэдэл, өндөр албан тушаалтнуудын нөмөр нөөлөг дор амьжиргаагаа залгуулж, эрүүл мэндийн салбарыг удирдаж байсан хүмүүсийн даалгавраар уг сөрөг мэдээллийг хийлгэж байгаа. Намайг гүтгэж, миний талаар худал, сөрөг мэдээлэл түгээж байгаа хүмүүсээс би айхгүй. Монгол Улсын хөгжил, ард түмнийхээ сайн сайхны төлөө, эрүүл мэндийн салбарыг шинэ түвшинд гаргаж ирэх зорилгынхоо төлөө явж байгаа болохоор би айхгүй байгаа юм. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүн хувийн өмчтэй байж болохгүй гэсэн хууль байхгүй. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарыг удирдаж байсан, шийдвэр гаргах түвшний эрх мэдэлтэй үе үеийн албан тушаалтнууд өдийг хүртэл дорвитой ажил, том бүтээн байгуулалт хийсэнгүй. Энэ хүмүүс эрүүл мэндийн салбарын хууль, эрх зүйн орчинг сайжруулах ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Яагаад манай улсын эрүүл мэндийн салбар ингэтлээ уналтад орчихсон юм бэ гэдэг зүйл надад бодогддог. Жирийн иргэн эрүүл мэндийн үйлчилгээ авах гэж юу болдог билээ, ард түмэн мэдэж байгаа. Нөгөөтэйгүүр эрүүл мэндийн салбарт ажиллагсдыг харилцаагүй, ааш муутай гэж олон хүн шүүмжилдэг. Шүүмжлэх нь зөв, гэхдээ тэр хүмүүсийн ажлын нөхцөлийг нь бас бодох хэрэгтэй. Манай эрүүл мэндийн салбар өвчтөнүүд нь эмч, сувилагч нартаа бухимдаж, эмч сувилагч нар нь ажлын ачаалалтай байдаг дүр зураг хаа сайгүй харагддаг. Энэ салбарыг ийм болтол хэн, хаана юу хийж байсан юм бэ. Муу хамт олон гэж байдаггүй, муу удирдагч л гэж байдаг. Монгол Улс зах зээлд шилжээд 30 орчим жил болох гэж байна. Тэгэхэд эрүүл мэндийн салбараас бусад бүх салбар хөгжилтэй орнуудын түвшинд хүртлээ хөгжчихсөн байна. Гэтэл яагаад эрүүл мэндийн салбар өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүртэл хөгжиж чадахгүй байгаа юм. Монгол төрийн нэн тэргүүний бодлого бол ард иргэдээ эрүүл байлгаж, аюулгүй орчинд амьдруулах. Гэтэл нэгдүгээрт байдаг эрүүл мэндийн салбар ийм буурай байгаад би харамсдаг. Монголд гарын таван хуруунд тоологдох төдийхөн эмнэлэг байна. Энэ эмнэлгүүдийг өдгөөгөөс 30-аад жилийн өмнө оросууд барьж өгсөн. Тэр үед манай улс хоёр сая гаруй хүн амтай байсан байх. Гэтэл одоо хүн амын тоо, нийгмийн хөгжил ямар болсон билээ. Тиймээс л ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө тэдэнд дэлхийн жишигт нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулахын тулд уг төслийг эхлүүлсэн юм.

-Таны барьсан хувийн эмнэлгийг ХӨСҮТ болгох гуйлт, саналыг Засгийн газарт өргөн барина гэх мэдээлэл бий. Та эмнэлгээ төрд өгөх үү?

-Хавдрын эмч, мэргэжилтнүүд надад эмнэлгээ төрд өгөх санал анх тавьж байсан. Тэд “Хавдрын эмнэлгийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхийн тулд энэ эмнэлгээ төрд өгчихөөч ээ” гэж хэлээд өвчтөнүүдийнхээ зовлон бэрхшээлийг ярьж эхэлсэн. Надад өгөхгүй гэж хэлэх зориг дутсан. Учир нь хавдрын өвчтөнийг төр хариуцна гэж хуульд заасан байдаг. Одоо энэ асуудлаар төр ч, би ч ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа.

Нөгөөтэйгүүр төр, ард түмнийхээ зовлонг ойлгож байгаа. Гэхдээ олон жилийн хүч хөдөлмөрөөр босгож буй эмнэлгээ төрд худалдана гэдэг хэцүү. Эмнэлэг барих болсон санал санаачилга анхнаасаа төрд худалдах зорилго байгаагүй. Өндөр хөгжилтэй орны тусламж үйлчилгээг Монголдоо нутагшуулах байсан юм. Бид энэ зорилгынхоо төлөө явна. Уг бүтээн байгуулалтыг явуулахад саад бэрхшээл бишгүйдээ л тохиолдож байсан.

-УИХ-ын хаврын чуулган завсарлачихсан энэ үед ихэнх гишүүд тойрогтоо ажиллаж байх шиг байна. Таны хувьд эмнэлгийн барилгын ажлаа амжуулахаас гадна тойрогтоо очиж ажиллав уу?

-Одоогоор тойрог руугаа явж амжаагүй л байна. Энэ сарын сүүлээр тойрог руугаа явна. Хийх ажил их байна. Ард иргэдийнхээ санал, санаачилгыг сонсч, тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх хуулийн төсөл боловсруулж ирэх намрын чуулганаар хэлэлцүүлнэ.

-Саяхан төрийн албан хаагчид нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарлаа. Үүнээс болж салбарын сайд болоод удирдах түвшний албан тушаалтнуудыг Ерөнхий сайд ажлаас нь чөлөөлсөн. Үүнтэй холбоотой зарим улс төрийн хүчний зүгээс У.Хүрэлсүхийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах санал гаргасан. Энэ асуудлаар таны байр суурь ямар байна вэ?

-Үнэхээр харамсалтай, эмгэнэлтэй хэрэг болсон. Тэр дундаа төрийн байгууллагад төрийн албан хаагчид архидаж, нэгнийхээ аминд хүрсэн нь бидэнд нэг зүйлийг тод харуулсан хэрэг боллоо. Ерөөсөө л ажил үүргээ мэддэггүй, боловсролгүй, албан тушаалыг худалдаж орж ирсэн нөхдүүдээр төр дүүрсэн байна. Хэн нэгэн том улстөрчийн нөлөөлөл, шахаагаар төрийн албанд орж ирсэн нөхдүүдээс л болж төрийн үйл ажиллагаа суларч байгаа юм. Зам, тээврийн яамны бүх түвшний удирдлагуудыг ажлаас нь чөлөөлсөн. Би нэг зүйлд үнэхээр харамсч байгаа. Талийгаачийг буруутай этгээд ямар нэгэн мэс хэрэглэж аминд нь хүрээгүй. Түүнийг хэдэн цаг зогсолтгүй зодсоноос болж аминд нь хүрсэн байгаа юм. Энэ үед зодоон хийж буй хоёр даргын дэргэд тус яамны газрын дарга, мэргэжилтэн гэх хэдэн залуучууд байсан байгаа юм. Энэ хүмүүсийн нүдэн дээр нь хоёр хүн зодолдож байхад яагаад салгаж болоогүй юм бэ. Бүр хэдэн цаг яг урд талд нь зодолдсон гэх юм. Эр улсын дунд маргалдах зүйл гарч л байдаг. Гэхдээ нэгнийгээ үхтэл нь зодож байхад бусад нь юу ч хийхгүй зүгээр л хараад зогсч байсанд нь харамсч байна. Монголчууд ингэтлээ дарга, өндөр албан тушаалтнуудын өөдөөс үг хэлж, зохисгүй үйлдлийг нь буруушааж чадахаа байчихсан юм уу. Энэ бол Монгол төрийн эмгэнэл.

-Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах саналыг Ерөнхийлөгч болоод зарим гишүүн УИХ-ын даргад хүргүүлсэн. Таны хувьд ээлжит бус чуулган хуралдахыг дэмжиж байгаа юу?

-УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах хууль, тогтоомжтой. Тэр хуулийнхаа эрх үүргээр л асуудал шийдэгдэх байх. Надад одоогоор УИХ-ын Тамгын газраас ээлжит бус чуулганыг хуралдуулахтай холбоотой мэдэгдэл ирээгүй байна. Хэрэв зарлан хуралдуулбал УИХ-ын гишүүд очих үүрэгтэй л гэж харж байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Н.Оюундарь: Хууль хяналтын байгууллага 60 тэрбумын асуудлыг нэг тийшээ цэгцлэн эцэслээсэй

УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарьтай ярилцлаа.

-УИХ-н ээлжид бус чуулган зарлан хуралдуудах шаардлагатай гэж нэр бүхий гишүүд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-н даргад шаардлага ирүүлээд байгаа энэ талаар та ямар байр суурьтай байна бэ?

-Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “Ээлжит бус чуулганыг нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар хуралдуулна”, “Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын гишүүд нь ээлжит бус чуулган хуралдуулах санал, хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ”, “Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудал, хуралдах өдөр, цаг, үргэлжлэх хугацааг товлон захирамж гаргана” гэж тус тус заасан байдаг. Мөн ээлжит бус чуулганаар зөвхөн Их хурлын захирамжид заасан асуудлыг хэлэлцдэг. Их Хурлын дарга ээлжит бус чуулган зарлах шаардлагад заасан асуудлын хууль зүйн үндэслэлийг нь судлан үзэж шийдвэрлэх асуудал юм.

-Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх асуудлын талаар та ямар байр суурьтай байна бэ?

-Авлигын эсрэг хуулиар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, түдгэлзүүлэх, огцруулах үндэслэлийг тодорхой хуульчилж өгсөн байдаг. Энэ дагуу л шийдэгдэх асуудал. Хуульд гурван үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын даргыг хугацаанаас нь өмнө огцруулахаар хуульчилсан байдаг. Тодруулбал, өвчтэй, гэмт хэрэг холбогдсон, өөрийн хүсэлтээр гэсэн үндэслэлээр л Авлигатай тэмцэх газрын даргыг хугацаанаас нь өмнө солино гэсэн үг. Нэр бүхий гишүүд Авлигатай тэмцэх газрын даргыг огцруулахын тулд ээлжит бус чуулган хуралдуулъя гэж санал гаргасан байна лээ.

Миний хувьд ийм асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагагүй гэж үзэж байна. Угтаа бол шүүхийн байгууллага, гүйцэтгэх засаглал, хууль тогтоох байгууллага нь гурван өөр институт учраас бие биедээ хяналт тавиад явах ёстой. Хэрэв гүйцэтгэх засаглал хяналт тавиулахгүй гэж байгаа бол шүүхийн байгууллагын хэрэг байхгүй. Хэрвээ хууль тогтоох байгууллагын гаргасан хуулийг хэрэгжүүлэхгүй бол гүйцэтгэх засаглал, хууль тогтоох байгууллага байсны хэрэггүй. Тэгэхээр энэ асуудлаар хамаагүй оролдож болохгүй юм. Тиймээс УИХ хуулиас давсан зүйл хийж болохгүй.

-Хэрвээ АТГ-ын даргыг огцруулахаар УИХ хуралдвал хууль зөрчинө гэж ойлгох уу?

-Хууль зөрчсөн үйлдэл болно. Үндэслэлүүдийг нь харах хэрэгтэй л дээ. Дахин хэлэхэд өвдсөн, гэмт хэрэгт холбогдсон, өөрөө хүссэн тохиолдолд л огцруулах хуультай байхад ингэж болохгүй.

-60 тэрбумын асуудлаас болж танай намын нэр хүнд нэлээн унаж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой юм бэ?

-Энэ асуудал хэрхэн шийдвэрлэгдэх бэ гэдэг нь өнөөдөр нийгэмд томоохон хүлээлт үүсгээд байгаа нь үнэн. Ер нь аливаа асуудалд түргэн шуурхай зөв шийдвэрүүд гаргаж, ард түмэндээ үнэн бодит, итгэл найдварыг өгч, хууль хяналтын байгууллага энэ 60 тэрбумын асуудлыг нэг тийшээ цэгцлэн эцэслээсэй гэж бодож байна.

-Намрын чуулганаар ямар асуудлууд хэлэлцэгдэх бол. Таны хувьд ямар хуулийн төсөл дээр илүү анхаарч байна?

-Хаврын чуулган завсарлахаас өмнө УИХ-аас намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоодог. Энэ зааснаар Татварын багц хуулиуд, Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн өөрчлөлт, Сонгуулийн тухайн хууль, Улс төрийн намын тухай, Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулах зэрэг нийгэмд тулгарсан олон асуудлыг шийдвэрлэх зэрэг чухал хуулиуд хэлэлцэгдэнэ. Мөн миний өргөн мэдүүлсэн Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл хэлэлцэгдэх юм. Эдгээрээс гадна Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах, Нисгэгчгүй алсын зайн удирдлагатай төхөөрөмж ашиглах талаар болон бусад хуулийн төслүүд боловсруулж байгаагаа өргөн мэдүүлж хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна. Мөн Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагааг эрчимжүүлэх тал дээр нэлээд ажилууд хийхээр төлөвлөөд гишүүдтэйгээ санал солилцож байгаа.

-Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслөө тодруулахгүй юу?

-Энэхүү хуулийн гол зорилго нь нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих зорилгоор үргүйдлийг эмчлэх, орчин үеийн нөхөн үржихүйд туслах аргыг ашиглах, талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх юм. Манай улсын хууль, тогтоомжид нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах талаар хууль эрх зүйн үндэслэлийг тусгахдаа зохицуулах харилцааг хэт явцуу тодорхойлсон байдаг. Үүнээс шалтгаалж бэлгийн замын халдварт өвчин, үр хөндөлт, үргүйдэл зэрэг нийгмийн дунд тулгамдсан асуудлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, шинэ технологи нэвтрүүлэхэд хууль эрх зүйн цогц арга хэмжээ дутагдалтай байгаа юм. Тиймээс эдгээр асуудлын шийдлийг тусгасан Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл боловсруулсан. Яагаад энэ хуулийг санаачилсан бэ гэхээр нэгдүгээрт, тээгч эхийн харилцаа Монголд аль хэдийн бий болчихсон. Гэтэл үүнийг зохицуулах эрх зүйн орчин байдаггүй. Өөрөөр хэлбэл, тухайн эмнэлэг, үйлчлүүлэгч, хүүхдийг хамгаалах эрх зүйн орчин байхгүй. Тиймээс эрх зүйн орчинг бүрдүүлж, Донорын тухай хуультай холбочихвол эмнэлгүүдийн хариуцлага нэмэгдэнэ. Хосуудын хувьд ч баталгаатай болно. Хоёрдугаарт, олон хүн эмчилгээний журмаар гадаад руу явж байна. 2016 онд 4700, өнгөрсөн онд 4500 орчим хүн эмчилгээний виз авсан байна лээ. Тиймээс л энэ чиглэлээр хууль, эрх зүйн орчин байх шаардлагатай гэж үзсэн.

-Хүний эрхийн дэд хороог та даргалахаар болсон. Тус дэд хорооны хийх томоохон ажлуудыг онцлохгүй юу?

-Хаврын чуулган завсарлахын өмнөхөн Хүний эрхийн дэд хорооны даргаар томилогдсон. Тиймээс хоёр гишүүний хамтаар Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагаатай танилцсан. Бидний намрын чуулганаар хийх хамгийн чухал ажил нь хүний эрхийн тайланг хэлэлцүүлэх ажил байна. Өмнө нь бид хүний эрх, эрх чөлөөний XVII илтгэлийг хэлэлцүүлж байхад эмэгтэйчүүд, хүүхдийн эрх маш их хөндөгдөж байгаа талаар ярьсан. Энэ удаагийн тайланд ч энэ асуудал нэлээд дурдагдана. Мөн ажлын байран дахь бэлгийн дарамт, хорих ангиудтай холбоотой асуудлууд бий. Хүний эрх зөрчигдсөн тохиолдолд хохирлын мөнгөн дүнг гаргахад их хүндрэлтэй байдаг. Тиймээс хүний эрх, эрх чөлөөний байдлыг ярихдаа хохирлын талаар нэлээд анхаарна. Согтууруулах ундаа, мансууруулах бодистой тэмцэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Тиймээс энэ чиглэлээр нэлээд хэдэн аймагт хэлэлцүүлэг зохион байгуулна. Зөвхөн хэлэлцүүлэг хийгээд зогсохгүй архинаас гарах хүсэлтэй ч хараат болчихсон хүмүүсийг бүлэг болгож, архинаас гаргах талаар ажиллана. Улсын болон хувийн эмнэлгүүдтэй хамтарч, таван хүнийг ч гэсэн архинаас гаргахыг хичээнэ. Одоогоор бүсчилсэн байдлаар хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна.

-Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахаар УИХ тогтоол гаргасан. Гэвч УИХ-ын тус тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн гурван хуульч Үндсэн хуулийн Цэцэд хандсан байна лээ. Үүний дагуу Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэх боломжтой гэж үзэн Дунд суудлын хуралдаанаараа шийдвэрлэхээр болсон. Үнэхээр УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн юм уу?

-УИХ-ын тогтоолыг Сонгуулийн тухай хуультай зөрчилдөж байгаа гэсэн байна лээ. Нөхөн сонгуульд нэр дэвшигч болон нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээ нь ямар нэгэн хууль зөрчөөгүй. Үндсэндээ УИХ-ын тогтоол бол хуулийн дагуу гарсан. Ямар нэгэн асуудал байхгүй. Харин олон жилийн өмнө баталсан Сонгуулийн тухай хууль ийм учир дутагдалтай гэдэг нь одоо мэдэгдэж байгаа юм.

-Тус сонгуульд оролцох улс төрийн намуудыг Сонгуулийн ерөнхий хороо бүртгээд дууссан. Танай намаас хэн нэр дэвших бол?

-Саяхан манай намын хоёрдугаар Бага хурал болж өнгөрсөн. Энэ хурлаар нөхөн сонгуульд оролцох тухай, мөн тус сонгуульд намаас хэнийг нэр дэвшүүлэх вэ гэсэн хоёр асуудлаар хуралдсан. Мэдээж манай нам уг сонгуульд ялах бүрэн боломж бий. Нэр дэвших туршлагатай, мэдлэгтэй, нэр хүндтэй улстөрчид ч олон байгаа. Тиймээс ирэх сарын 4-нд нэр дэвшигч тодорхой болно.

-УИХ-н хаврын чуулган завсарласан энэ хугацаанд та ямар ажил хийж байна бэ?

-Их хурлын хаврын чуулган өнгөрсөн зургадугаар сарын 29-н өдөр завсарласан. Үүнээс хойш нэлээд хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд хийхээр төлөвлөсөн болон цаг үеийн нөхцөл байдалтай уялдаатай хийх шаардлагатай ажлуудаа хийж байна. Юуны өмнө УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргаар сонгогдсоны хувьд Монгол Улсад хүний эрхийн хэрэгжилт ямар байна, цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх үү гэдгээ төлөвлөхөөр Хүний эрхийн үндэсний комиссын болон энэ чиглэрээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж санал солилцож байна. Монгол дахь Эмпати сургуулиудын захирал, Бүгд Найрамдах Турк улсын иргэн Вейсел Акчайд холбогдох асуудлаар Монгол Улсаас Турк улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Р.Болдтой уулзсан. Улмаар болоод байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа. Тухай хэрэг асуудал болдог өдөр ч гэсэн миний зүгээс хууль хяналтын байгууллагуудтай холбогдон хүний эрхийн зөрчил гаргахгүй байх, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн заалт, дотоодын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах талаар хэлэлцэж байсан. Мөн УИХ дахь Монгол-Европын парламент хоорондын бүлгийн даргын хувиар Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд ноён Трайан Лаурентий Христеаг хүлээн авч уулзсан. Уулзалтаар цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Бүгд Найрамдах Турк улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлгийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагчаар томилогдсон ноён Эмрах Устаомер тэргүүтэй төлөөлөгчид, БНХАУ-ын Жөзян мужийн Лишуй хотын төлөөлөгчидтэй уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцох гээд олон ажилтай завгүй л явж байна. Мөн Герман улсын “Хил хязгааргүй шүдний эмч нар” Олон улсын тусламжийн байгууллагын эмч нарыг урин ирүүлж тойргийн 8500 орчим иргэний шүдний үзлэг, эмчилгээ, сургалтанд хамрууллаа. Үүний хажуугаар тойргийн иргэдтэй уулзах, долдугаар сард Сүхбаатар суманд орсон хүчтэй аадар бороо, үерийн улмаас хохирол амссан иргэд, байгууллагуудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах. Тэдэнд туслах, шаардлагатай асуудлуудыг холбогдох байгууллагуудад нь тавьж шийдвэрлүүлэх зэрэг ажлуудыг хийж байна. Мөн Сэлэнгэ аймгийн төв болон сумдад оёдлын цех байгуулж, эмэгтэйчүүдийг дэмжих үйл ажиллагаа явуулж байна. Ирэх сард боловсролын салбарынхны чуулга уулзалт, эмнэлгийн ажилтнуудын уулзалт хэлэлцүүлэг хийнэ. Саяхан Алтанбулагт байрлах цагдаагийн хэсгийн орон тоог нь нэмүүллээ. Алтанбулаг маш их ачаалалтай байдаг. Нэг өдөрт л гэхэд 2000 иргэн, 800 орчим автомашин хилээр зорчиж байна. Энэ бүхэнд хяналт тавих, иргэдийг хамгаалах, хэв журам сахиулах үүднээс цагдаагийн хэсгийн орон тоог нь нэмүүлэх зайлшгүй шаардлага байсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Цогзолмаа: Энэ жил улсын хэмжээнд таван сургууль, есөн цэцэрлэг ашиглалтад орно

-ИРЭХОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 1-Н ГЭХЭД ГУРВАН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭХГҮЙ-

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал эцэг, эх, цаашлаад салбарын яамны толгойны өвчин болдог нь нууц биш. Улсын төсөв хөрөнгөөр нийслэлийн аль нэг байршилд сургууль, цэцэрлэгийн барилга эхэлдэг ч явц дундаа ямар нэг шалтгаанаар гацаанд орж удааширдаг. Энэ нь тухайн байршлын оршин суугчдын бухимдлыг төрүүлж, хүүхдийн хичээл сургууль завсарддаг зэрэг олон асуудлыг үүсгэдэг. Үүний адил “Нарны хороолол”-ын шинэ сургууль, цэцэрлэгийн барилгын ажил бүтэн хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа аж. Үүнд тус хорооллын 4000 гаруй оршин суугчид бухимдаж, санал хүсэлт, шаардлагаа холбогдох шат шатны байгууллагуудад хүргүүлсэн байна. Гэвч тус хорооллын шинэ сургууль, цэцэрлэг өдийг хүртэл ашиглалтад ороогүйгээс болж оршин суугчид нь жагсаал зохион байгуулж, тэмцлээ илэрхийлнэ гэж төлөвлөсөн байна. Харин өчигдөр “Нарын хороолол”-д баригдаж буй шинэ сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай салбарын сайд өөрийн биеэр очиж танилцан, оршин суугчтай уулзалт хийлж, энэ хичээлийн жил эхлэхээс өмнө ашиглалтад оруулна гэдгээ хэллээ.

Энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаатай ярилцлаа.


-“Нарны хороолол”-ын шинэ сургуулийн барилгын ажил хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж, оршин суугчдын дунд хүлээлт үүсгэсэн гэнэ. Тус сургууль, цэцэрлэг хэзээнээс ашиглалтад орж, сурагчдаа оруулах вэ?

-Манай яам, Барилгын хөгжлийн төв, барилгын ажлыг гүйцэтгэсэн компанийн удирдлагууд “Нарны хороолол”-ын эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тус сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын статуст оруулан, хүлээж авах ажлыг миний бие танилцуулна. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлээд эцэг, эхчүүд бидэнд санал тавьж байсан. Уг сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын мэдэлд авч, ашиглалтад яаралтай оруулж өгнө үү гэж. Тэгэхээр ирэх сарын 1-ээс өмнө шинэ сургууль, цэцэрлэгт “Нарны хороолол”-ын хүүхдүүдийг бүртгэхээс гадна, ойр орчмын хүүхдийг бүртгэнэ. Ингээд энэхүү сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлнэ. Манай улсад цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ хангалттай биш байгаа. Гэхдээ манай Засгийн газар энэ онд түүхэнд байгаагүй хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт оруулсан.

-Тус сургууль, цэцэрлэг хэдэн хүүхдийн багтаамжтай вэ?

-Нийт 960 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор шинээр бий болж байна. Үүнийг ирэх сарын 1-ээс өмнө улс хүлээж авбал манай боловсролын салбарт хамгийн орчин үеийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор бий болно. Цаашлаад олон улсын стандартад нийцсэн, хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлсэн ийм сургууль, цэцэрлэгийн цогцолборын жишиг тогтоно гэж харж байгаа. “Нарны хороолол” ч гэлтгүй янз бүрийн хотхон, хороололд иргэд шинэ байр авахдаа сургууль, цэцэрлэгтэй эсэхийг шаарддаг. Тиймээс хороолол, хороо бүрийг сургууль, цэцэрлэгтэй болгохыг бид зорин ажилладаг.

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тус сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг томилох асуудлыг хэлэлцэх үү?

-Тус цогцолборын барилгын ажил үндсэндээ дууссан. Тийм болохоор өнөөдрийн Засгийн хуралдаанаар сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох тухай яригдана. Ингээд уг асуудал ирэх долоо хоногт шийдэгдчихнэ, энэ сарын 15-аас хүүхдүүдээ бүртгэж эхэлнэ. Улмаар ирэх сарын 1-нд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэх юм.

-Олон улсын стандартад нийцсэн сургууль, цэцэрлэгийн цогцолбор гэж байна. Үүнийг барихад хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн юм бол?

-Энэхүү сургуулийн хөрөнгө оруулалтыг улсын төсвөөр баригддаг сургуулиудтай харьцуулбал өндөр байгаа. Учир нь тус сургууль, цэцэрлэгийн цогцолбор олон улсын стандартад нийцүүлсэн. Ер нь бид цаашдаа чанаргүй, байнгын засвар үйлчилгээ шаардагддаг сургууль барьж байхаар нэг мөр чанартай материал, туршлагатай компаниар олон улсын стандартад нийцсэн сургуулиудыг барих нь чухал. Дор хаяж тавь, жаран жилийн баталгаатай сургуулиудыг хүлээж авбал жил бүр улсын төсвөөс засварын мөнгө гарахгүй. Тиймээс тус сургуулийн цогцолбор нь манай боловсролын салбарт шинэ жишиг тогтоож өгч байна.

-Цаашид нийслэл, хөдөө, орон нутагт дутагдалтай байгаа сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэхийн тулд төр, хувийн хэвшил хэрхэн хамтарч ажиллах ёстой юм бол?

-Үнэнийг хэлэхэд өнөөдөр бид төсвийн мөнгөөр бүх асуудлаа нэг дор шийдчих боломж алга. Тиймээс баригдаж буй хороолол бүр сургууль, цэцэрлэг, эмнэлэгтэй байна гэсэн жишиг тогтоож өгөх хэрэгтэй байгаа юм. Улмаар тухайн баригдсан сургууль, цэцэрлэг, эмнэлэг улсын мэдэлд авч, хувийн хэвшлийн хөрөнгийг графикийн дагуу буцаан олгодог олон улсын жишгийг дагах ёстой. Үүнийг бид цаашид аваад явах бололцоотой гэж үзэж байна. Удахгүй ирэх оны төсвийг ярина. Үүнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжийн барьсан сургууль, цэцэрлэгийн барилгыг улс хүлээн аваач ээ гэсэн 5-6 хүсэлт манай яамд ирсэн. Энэ дагуу бид журмыг нь танилцуулж, ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллаад авах эсэхийг шийдэх болно.

-Удахгүй шинэ хичээлийн жил эхлэх гэж байна. Үүнээс өмнө улсын төсвөөр хаана, ямар сургууль цэцэрлэг баригдаж, ашиглалтад орох вэ. Засвар үйлчилгээг дуусгаж амжих уу?

-Нийслэлийн есөн дүүрэгт Боловсролын яамнаас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Ажлын хэсгийн гол зорилго бол хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө сургууль, цэцэрлэгийн засварын ажил дуусах уу, явц ямар байна вэ гэдгийг шалгана. Мөн шинээр эхэлсэн тендерийн явц ямар байна вэ гэдгийг хянана, шаардлага тавина. Одоогийн байдлаар засвар үйлчилгээний ажил нийслэлийн олон сургуулиудад ид хийгдэж байна. Энэ хичээлийн жил эхлэхээс өмнө шинээр есөн цэцэрлэг ашиглалтад орно. Харин орон нутагт шинээр гурван сургууль үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Харин энэ он дуусахаас өмнө нийслэлийн хэмжээнд хоёр сургуулийн барилгын ажил дуусаж, ашиглалтад орно.

-Зарим сургууль, цэцэрлэгийн барилгыг буулгасан мэдээлэл байна. Тухайлбал, 75 дугаар сургуулийг нураасан гэсэн. Шилжин сургах асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

-Шилжин сургах асуудлыг энэ хичээлийн жилээс өмнө харьяа хамран сургах тойргийн хэмжээнд шийднэ. Энэ жил буулгасан сургууль, цэцэрлэг 2020 оны есдүгээр сарын 1-нд дахин шинээр ашиглалтад орох ёстой. Тэр хүртэл гурван жилийн дотор хүүхдийг шилжин сургах асуудлыг шийдвэрлэсэн байгаа.

-Энэ хичээлийн жилээс эхлээд салбар яамнаас ямар бодлогын шинэчлэл, өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж байна?

-Шинээр сургууль, цэцэрлэг барих, засварлах асуудал төлөвлөгөөний дагуу шийдэгдээд явна. Харин боловсролын системийн хувьд сургалтын чанарт илүү анхаарч байгаа. Сургалт чанартай сайн байж ирээдүйд боловсролтой, мэдлэгтэй монгол залуучуудын тухай ярина. Тиймээс сургуулиас өмнөх боловсролын түвшинд бид юу хийх үү, бага, дунд ахлах ангийнханд ямар дэвшил гаргах уу, улмаар дээд боловсролд ямар ахиц гаргаж ажиллах ёстой вэ гэдэг үүднээс ажиллана. Энэ хүрээнд ирэх долоо хоногт бүх сургуулиудын захирал, эрхлэгчдийг хамруулсан сургалт зохион байгуулах болно. Миний хувьд өнгөрсөн жил боловсролын салбарт хийж хэрэгжүүлнэ гэсэн ажлаа хийж байгаа. Тухайлбал, Эрүүл мэндийн яамтай хамтарч 4-12 дугаар ангийн сурагчдад ордог байсан эрүүл мэндийн хичээлийг энэ жилээс сургалтын хөтөлбөрт тусгаж өгсөн. Эрүүл мэндийн хичээл олон жил таслагдчихсан байсан. Хамгийн чухал хичээлүүдийн нэг. Одоогийн байдлаар эрүүл мэндийн хичээлийн сурах бичиг, хөтөлбөр бэлэн болсон байгаа. Уг хичээл ороогүйгээс болж хүүхдүүд маань өвчтэй болж, өсвөр насны хүүхдүүдийн дунд бэлгийн замын янз бүрийн халдварт өвчин бий болж байна. Хүүхэд залуучуудын нийгэмд тулгамдсан асуудлыг сууриар нь шийдэхийн тулд эрүүл мэндийн хичээл үнэхээр чухал. Мөн монгол хэл, уран зохиолын хичээлийн цаг багассан байсныг өнөөдөр нэмэгдүүлэх асуудлыг шийдлээ. Үндсэндээ ирэх есдүгээр сарын 1-нд сургалтын өөр орчин, олон улсын стандартад нийцсэн сургалт, багш нарын мэдлэг ур чадвар илүү дээшилсэн байдлаар хүүхдүүдээ угтана. Тиймээс тодорхой шинэ үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа.

-Эцэг эх, сурагч, багш нарт хамгийн хүндрэлтэй байдаг асуудал бол гурван ээлжээр хичээллэх явдал шүү дээ. Энэ жил уг асуудлыг хэрхэн шийдсэн бэ. Гурван ээлжээр хичээллэх үү?

-Жил бүр шинэ сургууль, цэцэрлэг баригддаг ч төдийлөн хүрэлцээ, хэрэгцээг хангах түвшинд хүрч амжаагүй л байгаа. Өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд 27 сургуулийн 10 мянга орчим хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж байгаа. Гурван ээлжээр хичээллэдэг асуудал хэзээ шийдэгдэх вэ гэж эцэг, эхчүүд байнга асуудаг. Уг асуудал ирэх оны есдүгээр сарын 1-нд бүрэн шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл ирэх оны хичээлийн жилд нэг ч сургууль гурван ээлжээр хичээллэхгүй.

-Сурагчдын сурах бичгийн чанар, хүртээмжид салбар яамнаас хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

-Сурах бичгийн тухайд чамгүй их ажил хийгдэж байгаа. Гэхдээ ажил хийхэд тийм амар тайван сайхан зүйл байхгүй. Ер нь сурах бичгийг тендерээр явуулдгийг болих ёстой гэсэн байр суурьтай байгаа. Маш өндөр үнээр ном хэвлэдэг компаниуд хэвлэлээр зодолдож байгааг иргэд мэддэг. Тиймээс цаашид эдийн засаг сайжирч, боломжийн түвшинд хүрээд ирвэл Боловсролын яам дэргэдээ хэвлэлийн үйлдвэртэй болох ёстой юм. Улмаар сурагчдын сурах бичгийг төсвийн мөнгөөр хэвлээд хүүхдүүддээ тарааж өгдөг болох нь зөв. Өмнө социализмын үед энэхүү үйл ажиллагаа явагддаг байсан шүү дээ. Үүнийг бид сэргээх шаардлагатай байгаа юм.


Categories
мэдээ цаг-үе

​Б.Цогтгэрэл: Хэнтийд 10 тэрбум төгрөг зарлагадаж нөхөн сонгууль хийх шаардлагагүй

Монгол үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэлтэй ярилцлаа.

-Танай намын бодлого чиглэл, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар яриагаа эхэлье?

-Монгол үндэсний ардчилсан нам одоогоор Үндсэн хуулийн өөрчлөлтөд түлхүү анхаарч, ажиллаж байна. Үүний дараа Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль өөрчлөгдөнө. Тиймээс эдгээр хуулиудын өөрчлөлтөд манай нам илүү анхаарч байгаа.

-Парламентад суудалгүй намын улс төрийн нөлөөлөл ямар байдаг юм бол?

-Улс төрийн намын үндсэн чиглэл бол төрийн бодлогод оролцох, нөлөөлөх. Тэр утгаараа дотор байна уу, гадна байна уу байнгын судалгаа хийж байх учиртай. Мэдээж эрх баригч нам болоод бусад намуудын явуулж буй үйл ажиллагаанд намынхаа санаа бодлогыг тусгах гэж идэвхтэй ажилладаг. Эдгээр намууд бодлогодоо тусгахгүй, санааг хүлээж авахгүй бол ард түмэндээ ойлгуулж, нийтийн дэмжлэгтэйгээр тус намын буруу бодлогыг засах гэж оролдоно. Нөгөөтэйгүүр эрх барьж буй хүчнүүд нийгэмд хохиролтой бодлого гаргаж ирвэл түүнийг эсэргүүцэх үүрэгтэй. Манай нам Ардчилсан, Ардын намаас ялгаатай нь илүү бодлого ярьдаг. Салбар бүрийн бодлого хэрхэн яаж явах ёстой, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, халамж ямар байх ёстой юм. Газрын доорх баялгаа нийгэмд яаж зөв, тэнцвэртэй ашиглах вэ. Үүний орлого, зарлага, үйл ажиллагаа нь олон нийтэд хэрхэн ил тод байх ёстой вэ гэх мэт бодлогууд дээр манай нам төвлөрч ажилладаг. Тиймээс нийгэм манай намыг илүү бодлогын нам гэж тодорхойлдог. Бид ч ингэж ажиллахыг хичээдэг.

-Та бүхний үзэл бодол, санал, санаачилгыг эрх баригч нам хэр хүлээн авч байна. Ер нь Монголд улс төрийн намуудын соёл ямар түвшинд байна гэж хардаг вэ?

-Бидний санаа бодлыг сонсохгүй биш сонсдог. Хүлээн авч, дэмждэг улстөрчид цөөнгүй бий. Гэвч бидний бодлого зөв байлаа ч бусад улс төрийн нам, хүчнүүд үүнийг авч, хэрэгжүүлдэг механизм Монголд алга. Монгол төр ажиллаж чадахаа больчихсон. Яг хуучны Оросын техник шиг. Тиймээс Монгол төрийг үндэсний үзлээр дахин урлах түүхэн цаг үе энэ нийгэмд тулгарч байна. Төр шиг төртэй болчихвол энэ улс амархан хөгжинө. Тийм боломж, чадамж, өгөгдлүүд Монголд хангалттай бий. Харамсалтай нь төрийг мэргэн бодлогоор удирдах, ухаантай зохицуулалт хийх, шийдэмгийгээр шийдвэр гаргаж, тасралтгүй тогтвортой хэрэгжүүлдэг төр байхгүй учраас өнөөдөр монголын нийгмийг “Морь унасан толгойгүй хүн”-тэй зүйрлэж байна. Тиймээс Үндэсний ардчилсан намын боловсруулсан үнэ цэнтэй санааг авч өөрсдийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг тогтолцоо, механизм бусад намуудад алга. Тэд цэвэр түрээсийн зарчмаар ажиллаж байна.

Сонгуульд орохдоо асар их мөнгө өгч, би тэр салбарыг авна гээд захиалчихдаг. Өөрөөр хэлбэл театрт үнэтэй суудал авч тоглолт үзэж буй хүнтэй адилхан гэсэн үг. Тоглолт үзэхэд хамгийн тухтай, үнэтэй суудлыг хэн нь авна тэр хүн тэр суудалдаа сууна шүү дээ. Эсвэл хувь нэр дэвшигч намтайгаа тохирно. Зарим нь хэсэг бүлгээрээ нийлж нэг фракц болчихоод тэр яамыг манайх авна гэж зүтгэдэг. Ингээд хүссэн эрх мэдлээ авсан улстөрчид ард түмний төлөө бус өөрсдийнхөө төлөө ажилладаг. Бүр намынх нь мөрийн хөтөлбөр, бодлого чиглэл тэдэнд ямар ч хамаагүй болдог. Одоо олонх болсон намаас асууя. Та нар ямар хөтөлбөртэй байсан гэж. Тэгвэл санах хүн бараг байхгүй болов уу. Харин гишүүд өөрийнхөө тойрогт яаж нэр нүүр олох вэ гэдэг хөтөлбөрөө сайн санаж байгаа. Ийм л нэг ойр зуурын үр дүнгүй буруу бодлогоор ажиллаад байгаа болохоор Монгол төр төр шиг байж чадахгүй байна.

-Төрийн эрхэд гардаг улс төрийн хоёрхон хүчин бий. Аль нь ч гарсан улс орон, ард түмний амьдрал дээшлэхгүй байна гэж хатуухан шүүмжлэх хүмүүс цөөнгүй байдаг. Тэгэхээр нийгэм одоо бодлоготой, хариуцлагатай гуравдагч хүчинг үгүйлж байх шиг харагддаг. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Ер нь шинэ хүчин хэрэгтэй. Монгол үндэсний ардчилсан нам Монголын төрд их цэвэрлэгээ хэрэгтэй гэж үздэг. Учир нь энэ хоёр нам 20 гаруй жил Монголын төрийг ээлжлэн удирдлаа. Ингэхдээ хорин жил хамт амьдарсан айлын эхнэр, нөхөр шиг л болсон. Сонгууль болохоор түр тар хийчихээд сонгуулийн дараа дахиад л нийлж, хамт амьдардаг. Ёстой цусаа гоожтол зодолдож, тосоо гартал тэврэлдэнэ гэдэг шиг энэ хоёр нам олон жил ингэж явахаар бие биедээ хатуу үг хэлж чадахгүй, хариуцлага тооцох чадамжгүй болчихсон байхгүй юу. Бие биеийнхээ буруутай, булхайтай бузар бүхнийг ил гаргахаас айдаг болсон. Учир нь бүгд тэрхүү бузар, булхай болгон руу гараа дүрчихсэн. Нэг нь л илчлэгдвэл араас нь бүгд дагаад шаварт унана.

Өөрөөр хэлбэл, хам хэрэгтэн болчихсон гэсэн үг. Энэ их авлига, хулгай, хууль бус үйлдэл бүрийг нэг бүрчлэн сайн мэдэж байгаа ч хав дараад өнгөрдөг хэсэг хүмүүс бий. Тэр хүмүүс ч бүгд хам хэрэгтэн гэсэн үг. Нэгэнт хамтрагсад болчихсон учраас бие биеийгээ яагаад ч илчлэхгүй. Тиймээс л Монгол төрд яах аргагүй их цэвэрлэгээ хэрэгтэй байгаа юм. Хоёрдугаарт, боловсролтой, ариун цагаахан хүмүүс гэнэт гарч ирээд энэ улсыг хөгжүүлчихнэ гэдэг худлаа. Иймд ажиллаж, төлөвлөж, гүйцэтгэж чаддаг, түүнийгээ маш сайн хянаж чаддаг төрийн тогтолцоо хэрэгтэй. Улмаар уг тогтолцоо тогтвортой байх ёстой. Энэхүү тогтолцоог бүрдүүлэхийн тулд манай нам Үндсэн хуулийн өөрчлөлтөд анхаарч байгаа юм.

-Ардын нам үнэмлэхүй олонх болж Төрийн эрхийг барьж байна. Гэтэл дотроо хоёр бүлэгт хуваагдаж, бие биеийнхээ бодлогыг үгүйсгэх юм. Угтаа олонх болсон нам ямар бодлогоор хэрхэн ажиллах ёстой байдаг юм бол?

-Улс төрийн нам төлөвшихөд пропорциональ систем маш чухал. Өнөөгийн энэ мажоротар тогтолцоо гэдэг бол хувь хүнийг намтайгаа тэнцүү улс төрийн лидер болгочихож байгаа юм. Нам тэрхүү улстөрчдөд ямар ч хамаагүй. Тухайн нөхөр мөнгөө төлөөд гарч ирсэн учраас тойрог нь түүнийх. Зарим тойрогт гарч ирсэн улстөрчийн нэр хүнд, сүлжээ, ажилладаг механизм намаасаа илүү байх жишээтэй. Тиймээс л нам төлөвшихгүй байгаа юм. Иймд зайлшгүй пропорциональ системээр явах шаардлагатай. Ингэвэл намаараа хэлэлцэж, баталсан мөрийн хөтөлбөр, бодлого зорилтынхоо төлөө нэг зүг рүү явдаг. Ингэж нэг зүг рүү явсан намын бодлого, үйл ажиллагааг нийгэм дүгнэхэд хялбар болдог. Муу бол зайлуулна, сайн бол үргэлжлүүлэн ажиллуулна. Ардын нам доторх хуваагдал бол хэд хэдэн шалтгаантай гэж харж байгаа. Нэгд, олуулаа төрийн эрхэд гарсан болохоор хуваадаг юм нь хязгаарлагдмал. Тиймээс бүгдэд нь хүртэхгүй байна. Хоёрт намынх нь нэр хүнд өнөөгийн нийгмийн байдлаас хамаарч тааруу байгаа учраас дараагийн улс төрдөө үнэлгээ авах сонирхолтой байна. Гуравдугаарт, намд нь нэг үе солигдох процесс явж байгаа учир тэнд өөрийн гэсэн орон зайг олох хүсэлтэй хүмүүсийн тэмцэл өрнөж байна. Дөрөвт, өширхөл. Өмнөх унасан Засгийн газрын гишүүд гарч ирсэндээ өш санадаг. Тавд, гадаад, дотоодын томоохон улстөрчдийн нөлөөлөл их байна. Энэ мэт хуваагдсан шалтгаануудыг нь тоочоод байвал хэдийг ч нэрлэж болохоор. Ингэж хуваагдаж, талцаж, солигдоод л байвал Монгол Улсад хохиролтой л байна. Тиймээс манай нам байгуулагдсан цагаасаа эхлээд тогтвортой төрийн төлөө зүтгэж ирсэн.

-Хэнтий аймагт нөхөн сонгууль явагдана. Нөхөн сонгуультай холбоотой маргаантай асуудал бас гарч байна. Танай намаас тус сонгуульд хэрхэн оролцох вэ?

-Шууд хэлэхэд нөхөн сонгууль явуулах ямар ч хэрэггүй. Энэ сонгууль боллоо гэхэд хэнд ашигтай юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, аймгийн Засаг дарга Н.Ганбямба нар сонгуульд оролцохгүй гэж мэдэгдсэн. Энэ зарчим нь бол зөв. Ажил хийхэд Ардын намын суудал цөөдөөгүй. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд энэ суудал нь хангалттай. Ардчилсан нам бүлэг байгуулчихсан. Үүнээс илүү юм хэрэггүй. Сонгууль болбол их зардал гарна гэсэн үг.

Тэртээ тэргүй хоёр нам бага газрын их тулаан хийнэ. Ингэж хийхдээ Монголын баялгаас тав, таван тэрбум төгрөгийг зүгээр л салхинд хийсгэнэ. Ингэн байж сонгууль хийх ямар хэрэг байна. Намар, өвлийн ажлаа алдаж бүх сайд, бүх улстөрчид тийшээ очно. Бүгд өөрсдийн сүлжээгээ ажиллуулна. Бие биеэ газар доор ортол муулна, доромжилно. Энэ Монголд хэрэгтэй гэж үү. Хэрэггүй шүү дээ. Үндсэн хуулийн цэцэд энэ асуудлаар гомдол гаргасан хүмүүсийн зарчмыг зөв гэж харсан. Үүгээрээ бол Хэнтийд нөхөн сонгууль болохгүй байх.

-Гэхдээ тус тойрог гишүүнгүй, ажил хийгдэхгүй гэх асуудал гарч ирэх юм биш үү?

-Улсын Их Хурлын гишүүн гэдэг ард түмний элч. Аль ч тойргоос сонгогдсон бай хэнтийчүүдийг төлөөлөх л үүрэгтэй. Нөгөөтэйгүүр Хэнтийгээс гишүүд цөөнгүй бий. Нэг гишүүнгүй боллоо гээд хохирох юм юу ч байхгүй. Гишүүн тойрогтоо хоёр тэрбум төгрөгийн ажил хийнэ. Гэтэл сонгууль болох юм бол тэнд 10 тэрбум төгрөг салхинд хийснэ шүү дээ. Тиймээс Хэнтийд зөвлөлдөх санал явуулах хэрэгтэй. Арван тэрбум төгрөг зарлагадаж сонгууль явуулж ганц гишүүнтэй болсон нь дээр үү таван тэрбум төгрөгийн ажил шууд хийлгэсэн нь дээр үү гэж асууя. Тэгэхээр хэнтийчүүд сонгуульд санал өгнө гэж бодохгүй байна. Тиймээс нөхөн сонгууль явуулах ямар ч шаардлага байхгүй.

-Ээлжит бус чуулган зарлах тухай яригдаж байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Ээлжит бус чуулган зарлаж Засгийн газраа эсвэл Их Хурлын даргаа ярих байх. Манай нам өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар уг нь Ардын намыг дэмжсэн юм. Ардын нам үнэмлэхүй олонх болсон учраас бид ажил хийх боломжийг нь олгох ёстой гэсэн зарчмыг баримталсан. Хоёрдугаарт, Төрийг бүхэлд нь Ардын намд өгснөөр хожим хариуцлага тооцоход амар болно гэж харсан. Тэр утгаараа Ерөнхийлөгчөө ч гэсэн Ардын нам аваг гэж бодсон.

Гэтэл ардчилсан талаасаа Ерөнхийлөгч нь гараад ирлээ. Ингэхээр хорин онд Ардын намтай хариуцлага ярих гэтэл тэд манай ажлыг Ерөнхийлөгч л гацаасан, тээг болсон, унагасан гэж ярина. Тэгэхээр ард түмэн дахиад төөрөлдчихнө. Хэнийх нь буруу вэ, зөв бэ гэдэг дүн тавьж чадахгүйд хүрээд байна. Одоо нийгмээрээ хариуцлага тооцож, ард түмэн нэг талдаа гарах цаг болсон.