Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Я.Баярбаатар: Манай сонины цахим хувилбар уншихад маш ойлгомжтой, хялбархан

Монголын хамгийн олон уншигч,захиалагчтай, өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”-ыг цахимаар захиалан унших сонирхолтой хүмүүс их байдаг. Иймд манай сонины цахим хувилбарыг хэрхэн захиалж, унших талаар “Өдрийн сонин”-ы дэргэдэх “DNN.mn” сайтын орлогч эрхлэгч Я.Баярбаатартай ярилцлаа.


-Шинэ хэрэглэгчид цахим сониныг хэрхэн захиалж унших вэ. Энэ талаар та энгийн жишээн дээр тайлбарлахгүй юу?

-Бүх үйлдэл маш хялбар. Юуны өмнө www.admin.dnn.mn хэмээх манай сайт руу нэвтэрч орно. Дараа нь “ЦАХИМ ӨДРИЙН СОНИН” гэх цэс рүү нэвтэрч, нэр, мэйл хаягаа бичиж, бүртгүүлэх хэрэгтэй. Бүртгэлээ хийлгэсний дараа таны мэйл хаягаар хэрэглэгчийн нэр болоод нууц үг ирнэ. Улмаар хүлээн авсан нууц үг, хэрэглэгчийнхээ нэрээр цахим Өдрийн сонин руу нэвтрэх болно. Ийн бүртгэлээ хийлгэсэн хэрэглэгч манай сонины Голомт банкин дахь 1102028377 “Өдрийн мэдээ ХХК” тоот дансанд төлбөрөө шилжүүлснээр цахим сонин унших боломжтой болж байгаа юм. Шинэ хэрэглэгчид манай сайт руу орж, бүртгэлээ хийлгэхээс гадна өөр нэг арга бий. Төлбөрийн баримт, бүртгүүлэх майл хаягаа манай сонины майл хаяг руу явуулж, 88085029 гэсэн дугаараар холбогдож, мэдэгдэнэ. Ингэснээр сайтын админ таны ирүүлсэн мэйл хаягаар цахим сонины мэдээллийн санд бүртгэж, хэрэглэгчийн нэр, нэвтрэх нууц үгийг таны утас руу мессежээр явуулах болно. Тухайлбал, Б гэх хүн шинээр цахим сонин захиалъя гэж бодъё. Ингэхийн тулд өөрийн майл хаяг, төлбөр төлсөн баримтынхаа зургийг udriinsonin@admin.dnn.mn гэсэн хаягаар явуулна. Улмаар танд админаас “хэрэглэгчийн нэр болон нууц үгийг явуулна. Энэхүү нэвтрэх нэр, нууц үгээрээ “admin.dnn.mn” сайт руу орж, “цахим өдрийн сонин” гэсэн цэсийг сонгож, нэвтэрснээр цахим сонин унших боломжтой болж байгаа юм. Цаашид сунгалт хийлгэхээр бол төлбөр төлсөн баримтынхаа зургийг, бүртгүүлсэн мэйл хаягтайгаа хамт сонины мэйл хаягаар илгээхэд л болно.

-Төлбөрийн тухайд тодруулбал…

-Нэг сарын төлбөр нь 6000 төгрөг. Дээрх дансанд төлбөр тушаасан баримтынхаа зургийг манай сонины udriinsonin@admin.dnn.mn мэйл хаягаар явуулснаар таны эрх баталгаажина. Мөн цахим сониныхоо эрхийг сэргээж, сунгуулах боломжтой. Эсвэл та өөрийн биеэр манай сонины байранд ирж, төлбөрийн баримтаа санхүүгийн албанд өгснөөр захиалгаа баталгаажуулж болно.

-Танай цахим сонины давуу тал юу вэ?

-Ер нь сонин уншиж, дэлхий ертөнцөд болж буй мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч байна гэдэг хувь хүний хамгийн том давуу тал. Манай сонины цахим хувилбарыг уншихад ойлгомжтой, эвтэйхэн хэмээн уншигчид маань сайшаадаг. Ихэнх сонины цаасан хэвлэл хараар хэвлэгддэг. Цахим хувилбар нь ч бас тийм. Харин манай цахим сонины бүх нүүр өнгөт.

Ерөнхийдөө орчин үеийн уншигчдын шаардлага, шалгуурыг бүрэн хангахыг хичээдэг. Хэрэглэгч гар утас юмуу таблет, ipad дээрээс унших боломжтой IOS, Google play store-оос “ӨДРИЙН СОНИН” гэсэн аппликэйшнийг хайж татаж суулгаад Аппликэйшний СОНИН УНШИХ гэсэн булан дээр дарж дээрх хэрэглэгчийн нэр, нууц үгээрээ нэвтэрч унших боломжтой.

Зарим цахим сониныг зөвхөн интернеттэй орчинд уншдаг. Гэтэл уншигчид байнга интернеттэй газар байхгүй шүү дээ. Иймд хэрэглэгч та гар утасаараа интернет сүлжээтэй орчинд цахим сониныхоо шинэ дугаарыг татчихаад хаана ч, хэзээ ч эргээд унших боломжтой юм. Сонин татаж уншихад хэдхэн хором л болно.

Categories
мэдээ цаг-үе

Намайг бухимдуулж наадамчдыг талцуулсан тэр жилийн наадам

Наадам ойртохоор наадмын тухай бодол, дурсамж сэртхийж, ирэх наадмыг хүлээн хүсэмжлэх баяр хөөрт автах сэтгэл авай. Аливаа баяр цэнгэлийг угтан хүлээх тэр өдөр хоногууд хамгийн их аз жаргалыг мэдрүүлдэг юм санж уу. Нүдэнд ил харагдах тугал, хургыг наашлуулах төдийхөн тусад орж байсан балчирхан үеийн тэр нэгэн наадам сэтгэлд тодхон үлджээ. Манайх Урд голынхоо Ногоон Бургасны өвөрт хөгшин ээжийнх болон Чоогоо ах, Нэргүй ах, Баатархүү ахынхтай айлсан зусдаг байлаа. Эдгээр хүмүүсийн үр хүүхдүүд нь нутаг усныхаа нэрийг дуурсгасан алдартай бөхчүүд билээ. Чоогоо хэмээх ус нутагтаа ажил хөдөлмөрөөрөө онцгойрсон буурал байв. Тэр буурлын хүү улсын заан Батзоригийг бөх сонирхогчид, ард түмэн андахгүй мэднэ. Түүний ах Баатархүү нутаг олондоо хүндтэй, насаараа жолоо мушигсан хүн юм. Баатархүү ахын бага хүү өдгөө улсын заан цолтой, ид барилдаж буй Пүрэвсайхан билээ. Наадмын урд орой манайх гэдэг айлын зургаан ам бүл бие биенээ олж харахааргүй тийм олон хүмүүс, уяан дээрээ ялаархан өнжих чөдрийн гурван морио олж танихааргүй нутгийн зон олны морьд манайд цуглардагсан. Аав хоттой сүргээсээ хоёр бог төхөөрч, ээж, эмээ хоёр маань хоёр түмпэн боорцог хайрч эдгээр хүмүүсийн хүнсийг бэлтгэнэ. Тэрсхэн өссөн хоёр эгч, охин дүү бид дөрөв жоохон ногоон майхнаа голын эрэг дээр барьж, “өрх тусгаарлана”. Энэ өдөр урд уул буюу Бумбат хайрханд нутаглах ээжийн талын хамаатан садан, ах дүү нар зарим нь морьтой, зарим нь мотоцикльтой сум руу орж ирдэгсэн. Ийн манайх гэдэг айл наадмын өдрүүдэд ёстой л хөл гишгэх зайгүй хүний хөлд дарагддаг байлаа. Манайхаар өдөржин холхисон тэр олон гийчид орой болоход морьдоо идээшлүүлэхээр тал, тал тийш таран одож, өвөө тэргүүтэй хэдэн хөгшчүүл болон уралдааны морь унах хэдэн жаалууд л үлдэнэ. Аав маань нутгийн өвөгчүүлтэй морь, бөх ярьсан шигээ шимийн архи шимсхийн сэтгэл нэн тааламжтай улаа бутран суудагсан. Наадмын өглөө намайг сэрэхэд урд орой хээр хонохоор явсан уяач нар аль хэдийн ирчихсэн зарим нь морьдынхоо сүүлийг шууж, зарим нь горхины хүйтэн усаар морио шавшиж, зарим нь ганзагалаагаа задлан гоёлын дээлээ өмсч буй харагдана. Нөгөө л олон морьдын үүрсээ тургиан, үхэр тугал мөөрөлдөх дууг сонссоор нойроо сэргээлээ. Ийн босох зуур эмээ маань түүртсэн ч янзгүй цай хоолоо хийж,нутгийн хүмүүстэй наана цааныг ярилцах агаад бас өнгө өнгийн торгон дээл өмссөн ганган эгч нар эмээд тусалж, аяга тавгийг нь ойртуулна. Аав ээж маань сумын албан хаагчид болохоор аль хэдийн наадмын талбай руу одсон байв. Мөдхөн чанга яригчаар “Хүндэт наадамчид аа, баяр наадмын ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо. Соёолон морьдоо бүртгүүлж гаргаарай” хэмээн дахин дахин хүнгэнүүлэн зарлах дуугаар нь аавыгаа танилаа.

Манай сумын наадмын талбайн зүлэг ногоо худалч хүнд дотроос нь хүүхэд олдохооргүй өндөр өвстэйн дээр хэдэн таримал улиас нь сумын наадамд ирсэн бүх хүмүүсийг ч сүүдэртээ багтаахаар өтгөн шигүү ургасан байдаг сан. Стадионы хойморын саравчин дээр давхарлан барьсан жижигхэн асар бий. Энэхүү асарт хөгжим техник хэрэгсэл, түүнийг ажиллуулах Улаан булангийн эрхлэгч Нямсайхан ах нутгийн хэсэг ах нартай ганц хоёр зуу татсан шигээ наадмын ерөнхий хөтөлбөрийг танилцуулж, хөтлөгчийн ажил хийдэгсэн. Эхнэр нь Баясаа хэмээх манай сумын урдаа барих уран сайханчдын нэг. Баясаа эгч наадам, шинэ жил гэх мэт ямар нэгэн тэмдэглэлт баяруудад бүгдэд нь оролцож, хөгжим дарж, өөрөө дуулж, хөтлөх зэрэг урлаг соёлын бүхий л ажлыг гардан хийдэгсэн. Одоо ч гэсэн тэр янзаараа байна лээ. Манай сумын гэж яриад байгаа нь хүчит бөхөөрөө аймагтаа төдийгүй улсдаа алдартай, хөөмийн эх нутаг гэдгээрээ дэлхийд ч зартай Ховд аймгийн Чандмань сум шүү дээ. Хэдийгээр бөхийн өлгий ч гэсэн 128 бөх барилдуулна гэдэг хоёр мянгаадхан хүн амтай сумын хувьд хэцүүл дээ. Тиймээс таван наснаас дээш эрэгтэй хүүхэд бүрийг аманд гаргах гээд л хөглөнө. Зарим нь дуртай нь аргаггүй хэд хэдэн удаа ч гарчихна.

Сундуй адиа хэмээх залуудаа сайн барилдаж явсан өндөр хөх хүн намайг аманд гаргахаар чирсээр бөхийн талбайд гаргахад, манай хамаатны сумын заан Энхсайхан ах инээд алдан тэвэрч үнсчихээд дэвээд явчихав. Тэр үед би “Барилдана гээд гарч ирж байхад тэвэрч үнсчихээд явчихдаа яахав дээ” гэж дотроо цухалдаж билээ. Өөрийгөө ямархан эр гэж бодож явсан юм болдоо хөөрхий. Шарандаа Сундуй адиагийн нүдэнд зориуд өртөж, гурван удаа нэгийн давааны аманд гарч, сумын цолтой бөхчүүдэд гурвантаа үнсүүлж билээ. Тэд нарын хэн нь ч надтай барилдаагүйд сэтгэл гонсгор үлдэж байсан маань өдгөө ч сэтгэлээс минь салдаггүй, сайхан дурсамжуудын нэг юм. Ийн барилдчихаад ааваас гуйж авсан мянган төгрөгөө гартаа тас атгаж, үеийн багачуултайгаа нийлэн талбайн ойр орчимд зарагдах гоё сайхан бүхнийг сонирхон тэнэнэ. Сумын төвийн дэлгүүрийн ах, эгч нар том ачааны машины тэвшин дээрээ ундаа ус, чихэр печень, усан буу, хөөсөн чихэр, хайрсан хуушуур зарна. Манай сумын наадам бусад наадмуудын адил хоёр хоног үргэжилнэ. Сумын наадмын хоёр хоног моторт унаа морьдын хөлөөр морины бариа, наадмын талбай хоёрын хооронд цагаан жим татуулан, түргэн морьдын хөөрүү омгоор залуус дайрчих шахан хөлхөлдөнө.

Наадмын эхний өдөр гурван насны морь уралдаж, хүчит бөхийн нэгийн даваа эхэлж, наадамчин олон, нутгийн улсууд нэгэнтэйгээ “Амар байна уу, сайхан наадаж байна уу, танайх хаагуур нутаглаж байна” гэх зэргээр мэндэлж, хууч хөөрнө. Ийн манай сумынхан наадмын эхний өдөр морио уралдуулж, хүчит бөхийн гурвын давааг эхлүүлээд өндөрлөдөгсөн.Харин наадмын хоёр дахь өдөр л жинхэнэ наадам болно доо. Учир нь манай сумынхан зургаан насны морь уралдуулдаг ч их насны морийг л гол болгоно. Наадамд хэний морь түрүүлэв гэхэд их насанд тэдний морь түрүүллээ гээд бусад насныхыг бараг л ярихгүй жишээтэй. Түүнээс гадна жороо морьдын уралдаанаа жигтэйхэн шимтэн үзнэ. Тэгээд энэ жил хэний хүү цол авах, хэний хүү наадмын түрүү хүртэх, хэний морь айрагдах бол гээд хүсэн хүлээсэн бүхэн нь наадмын сүүлийн өдөр л шийдэгдэнэ. Ер нь манай сумынхан жоохон талцамтгайлдаа. Тэр нь юу гэхээр сумын төвөөс урагш нутагладгийгаа урд талынхан, хойш нутагладгийгаа хойд талынхан гээд л тал талынхаа морь бөхийг уухайлан дэмжинэ. Гэхдээ энэ нь өрсөлдөөн л болохоос ямар нэгэн гэм хорын шинжгүй. Тэр жилийн наадамд урд талаас Алтангэрэл буюу зон олондоо Адимбаа хэмээн авгайлуулсан сумын зааны хүү Амараа ах, хойд талаас Төрөө зааны хүү Отгоо ах нар үзүүр түрүүнд үлдэж, оройн нарыг Жаргалант хайрханы цагаан тэргүүн дээр сааттал уухай, цуурай болж билээ. Энэ хоёр залуу хоёулаа аймгийн цолтой идэрхэн хүчтэнгүүд агаад хоёр аав нь хоёулаа нэгэн үед барилдаж бас л наадамчдыг талцуулж шуугиулж явсан сумын заанууд юм.

Тэр жил их насны моринд хойд талын Дайдаагийн хар гэдэг ахимагдуухан морь түрүүлсэн болохоор Амараа ахыг түрүүлээсэй гэж би дотроо догдлон байлаа. “Наад барьцыг нь халаад тавиулаач…, тэр сул хөлийг харахгүй байна уу…, ” хэмээх Адимбаагийн бачимдан хашгирахтай зэрэгцэн Амараа ах Отгоо ахыг тасхийтэл хавирах нь хоёр адуу ноцолдож байна уу гэлтэй тоос манан татуулан давахуйд хүүгийнхээ дээлийн захыг тасартал мушгиж суусан Адимбаа заан сая л сэтгэл нь амрав бололтой гарынхаа араар духныхаа хөлсийг арчингаа хөөрөг даалингаа тэмтрэв.Төд удалгүй наадамчин олон Адимбааг тойрон баяр хүргэж, хөөрөглөнө. Ийн сумын наадмын үйл ажиллагаа сүүл мушгиж, үзүүрлэсэн, түрүүлсэн, шөвгөрсөн бөхчүүдийн бай шагнал, айрагдсан зургаан насны морьдод нутгийн удирдлагууд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болж, наадамчин олон тарцгаана. Харин үдэш сумын төвийн Улаан булан буюу соёлын төвд наадмын хаалтын үйл ажиллаагааны цэнгүүн болдог байв. Наадам дууссаны дараа Баатархүү ахын хөх 69-тэй гэр лүүгээ явлаа. Намайг очиход аав, ээж хоёр гоё хувцсаа өмсөөд гарах гэж байв. Би “Та хоёр хаачих гэж байгаа юм, би цуг явъя” гэхэд аав “Миний хүү явж яах юм. Одоо гэртээ байж бай. Аав, ээж хоёр нь шоунд явлаа” гэв. Тэр шоу гэдэг үгийг би ойлгоогүй ч ямар нэгэн гоё кино ч юм уу, циркийн тоглолт үзэх юм байна гэж бодоод учиргүй дагалаа. Нус, нулимсандаа холилдсон тэрчгэр шар хүүгээ өрөвдөж, аав ээж хоёр маань миний хүсэлтийг ёсоор болголоо. Ингээд сумын төвд байх соёлын төв рүү орлоо. Аав маань тайзны ард касио хөгжим дарж, ээж маань ардын дуу дуулахтай зэрэгцэн нутгийн хүмүүс заалан дотор тоос манаруулан бүжиглэсээр л байв. Би ч нөгөө шоу нь хэзээ болох юм бол гэж бодсоор аавынхаа хажууд томоотой хүлээн суусаар л байлаа.

Сүүлдээ нойр хүрч, юу хийх учраач олсонгүй. “Ааваа нойр хүрээд байна, харих болоогүй юм уу” хэмээн гуйлаа. Уйлж, дуулан аав, ээжийгээ дагаж үзэх гээд байсан шоу хэмээгч нь цэнгээнт бүжиг л байж л дээ хөөрхий. Энэхүү бүжиг дуусч, сумын наадам албан ёсоор өндөрлөсөн билээ. Хот руу орж ирэхээс хоёр жилийн өмнөх нутгийнхаа наадамд анх зодоглохдоо унаачгүй, даваачгүй хэрнээ гурван удаа нэгийн даваанд гарч, нутгийн ах нартаа үнсүүлсэн, наадмын дараа аав, ээжийгээ дагаж, шөнөжингөө ах, эгч нарын утгагүй бүжгийг харж, урам хугарсан тэр жилийн наадам миний сэтгэлээс ер салдаггүй юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын манлай заан Д.Мягмар: Хадаа аваргатай барилдсан тэр жилийн наадам үнэн сайхан

Зүүн гар талаас Д.Ганболд начин Ло.Эрхбаяр начин, Ч.Бямбадорж заан, Р.Даваадалай начин, Д.Мягмар заан, Ло.Энхбаяр начин, И.Мөнхбаатар начин. 2000-аад он

Монгол төрийн их баяр наадамд 11 удаа шөвгөрсөн, Монгол Улсын манлай заан Дасрангийн Мягмартай наадмын талаар хууч хөөрлөө.


-Та нэг ярилцлагадаа “Дамдин аварга хоёр Мөнхийн дундаас дээшээ гаран барилдана гэдэг үнэхээр хүнд байсан” хэмээсэн байдаг. Таны хэлсэн энэхүү үг үнэн байсан санагддаг юм?

-Тухайн үед шөвгийн дөрөвт Д.Дамдин аварга, Мөнхбат, Баянмөнх аваргууд сүүлийн гурван бөхөөр нэрийг нь зоочихсон юм шиг үлддэг байлаа. Шөвгийн дөрвөн бөхийн гурав нь бол зоолттой, харин үлдсэн нэг орон тоо руу дайрч, хүч үзэж байсан бөхчүүд нь Цэрэнтогтох аварга, Дагвасүрэн арслан, Мөнгөн арслан, Долгорсүрэн, Дүвчин заан бид хэд л хоорондоо үздэг байв. Ямар сайндаа тэр нэг орон тоо руу орох гэж би долоогийн даваанд зургаан удаа очиж, таван удаа унасан хүн. Ингэснээр нэг л удаа долоо давж, гурван аваргатай үлдсэн дээ. Өөрөөр хэлбэл тэр үед энэ гуравтай шөвгийн дөрөвт үлдэх, дундаас нь цоорч гарч ирнэ гэдэг үнэхээр хүнд хэцүү байсан.

-Гарлаа, дэвлээ, давлаа хэмээн гуравхан үгээр цоллуулдаг Дарийн Дамдин аваргын тухай та дурсахгүй юу?

-Д.Дамдин аварга хэлэх юмгүй аугаа хүн л дээ. Бид хоёр хоорондоо хоёрхон л удаа таарч барилдсан байна. Яг хэдэн оных вэ гэдгийг сайн санахгүй юм. Би улсын цол аваагүй, аймгийн заан цолтой байх үед цагаан сарын барилдаанаар тавын даваанд Дамдин аварга намайг амлаж, би унаж байсан бол Улаанбаатар хотын спартакиадаар дахин амлахад нь хаяж байсан түүхтэй. Ингэж л хоёр удаа хүч үзсэн байдаг юм. 1970 оны хавар Улаанбаатар хотын спартакиадаар хоёр Мөнх хоёулаа байхгүй байх үед Дамдин аварга Бээжин аварга, Эрдэнэбат, Төрөө хэмээх бөхчүүдийг дараалан давж, түрүүлж байлаа. Ер нь Дамдин аварга намайг яагаад ч юм ямар ч барилдаанд амлаж авдаггүй байсан даа.

-Яагаад таныг амладаггүй байсан юм бол?

-За тэрийг сайн хэлж мэдэхгүй байна. Би уг нь баруун талтай, баруун хөлөө урагшаа тавьж барилддаг онцлогтой. Гэтэл Дамдин аварга баруун хөл их авдаг ч миний баруун хөлийг ерөөсөө авдаггүй байсан юм. Мөн Дэмүүл арслан бэлтгэл дээр ч, баяр наадмаар ч тэр надтай ерөөсөө таарч барилдаж байгаагүй. Намайг бас л авдаггүй байв. Яагаад Дэмүүл арслан намайг авдаггүй байсан, Дамдин аварга миний баруун хөлийг авч барилддаггүйн учрыг би өдий насалтлаа ойлгодоггүй юм. Дамдин аварга бас их ирээдүйгээ харсан их ухаантай хүн юм болов уу гэж би бодддог. Учир нь нэг хэсэг Хоёр Мөнх чинь байнгын л шөвгийн дөрөвт гараад ирдэг байлаа. Харин Дамдин аварга энэ хоёрыг чинь хооронд нь тунаахгүй гээд аль нэгийг нь амлан авдаг байсан юм. Амлахгүйгээр хооронд тунаагаад байсан бол, өдийд хоёр Мөнх нэгнийгээ дарсаар байгаад л таарах байсан болов уу. Ингээд би Дамдин аваргад хандаж “Та жил бүр л Мөнхбат, Баянмөнх хоёрыг ээлжлэн амлаад байх юм. Нэг жил энэ хоёроос өөр хүн амлан авч, түрүүлж, үзүүрлэхээ боддоггүй юм уу” гэтэл Дамдин аварга “За яахав улсын баяр наадамд үлдэх ёстой хоёр нь л үлдэг” гэж билээ. Үнэхээр сайхан сэтгэл шүү. Тээр жилийн наадмаар Мижиддорж арслан тавын даваанд Дамдин аварга дээр очоод “Та намайг авчих” гээд гуйж байна. Тэгэхээр нь би гайхаад “Та чинь яагаад намайг авчих гээд гуйгаад байгаа юм бэ. Өчнөөн жил Дамдин аваргад унаа биз дээ” гэтэл Мижиддорж арслан “Өө яршиг яршиг. Тэр уналаа гэж олон хүнийг хэлж байхаар Дамдингаараа дуусъя даа” гэж билээ. Тэгэхээр нь би “Та олон удаа Дамдин аваргатай таарч барилдахдаа ганц удаа хаяж болоогүй юм уу” гэтэл “Уулын орой дээрээс бул хар чулуу өнхрүүлбэл чи яаж тогтоох юм. Тэрэнтэй адил шүү дээ” гэж билээ (инээв).

-Монгол бөхийн шинж, уран мэхийг нэгэн биед цогцлоож чадсан хүн бол яахын аргагүй Д.Цэрэнтогтох аварга байсан. Таныг заан болдог жил Цэрэнтогтох аварга түрүүлж байл уу?

-Тэр чинь 1978 оны наадам. Цэрэнтогтох аварга тэр жил Дамдин аварга, хоёр Мөнхийг хаяж түрүүлсэн юм. Харин би зургаагийн даваанд Хадаа аваргатай, долоогийн даваанд Дагвасүрэн арсланг орхиж дөрөвт үлдэн, Мөнхбат аваргад тахим өгч билээ. Хадаа тэгэхэд аварга болоогүй байсан л даа. Долоогийн даваанд Дагвасүрэнтэй барилдаж, заан болчихоод үнэхээр их баярласан. Тухайн үеийн аварга, арслангуудын дундаас зургаан удаа зааны давааг шүргэж, таван удаа унаж байж, заан болно гэдэг үнэхээр хүнд. Тэр наадмын өмнөх буюу 1976 онд Хадаа түрүүлж, Дагвасүрэн үзүүрлэж байсан шүү дээ. Тэгэхээр хоёр жилийн дараа би тэр хоёртой барилдаж заан болж байсан гэсэн үг.

-1991 оны баяр наадам шиг санагдаж байна. Хадаа аварга хэцүү газраас гарч ирсэн жил таныг тавын даваанд амлан авч тахим өгсөн байдаг байх аа. Гүндүүгүй сайхан, хүүхэд шиг зантай хэмээгдэх Хадбаатар аваргын тухай ярихгүй юу?

-Хадбаатар аварга намайг улсын баяр наадамд хоёр удаа л амлаж авсан. Нэг нь намайг заан болдог жил зургаагийн даваанд амлан авч тахим өгсөн. Түүний дараа намайг дөч гарчихсан байхад улсын баяр наадмын тавын даваанд амлан авахад нь бас хаяж билээ. Хамгийн сүүлд Хадааг хаядаг наадмыг би хэлье. Тэр жил Хадаа түрүүлнэ гэж байсан юм. Ингээд тавын даваанд намайг амлаж бид хоёр барилдлаа. Өмнө заалны барилдаанд Хадаа намайг давхар ачих гэж байгаад унасан юм. Тэрийгээ санахгүй байсан уу, бас л намайг ачих гээд зүтгэж байна. Ер нь давхар ачих юм бол надад их ашигтай болж ирнэ л дээ. Хадаа аварга тэр үеийн бөхчүүд дундаа хамгийн их бяр, тэнхээтэй хүн байсан шүү дээ. Ингээд давхар ачааны барьцыг нь хааж хорьж байгаад өглөө. Үүний учир нь Хадаа аваргад давхар ачааны барьцыг нь хааж, байгаад гэнэт өгчихвөл, хамаагүй мэх хийх болов уу гэж бодсон. Ер нь барьцандаа хүрчихвал ямар ч тохиолдолд мэхээ хийдэг хүн л дээ. Тийм болохоор хааж байгаад, санаандгүй байдлаар өгсөн мэт хуураад хариу мэх хийх бодолтой байв. Ингээд дайраад байсан барьцыг нь өгсөн чинь мань хүн ухаан жолоогүй барьцандаа шунаж, байгаад хамаа намаагүй давхар ачихад нь сүлбэж хаяж билээ. Ер нь Хадаа аваргатай барилдсан тэр жилийн наадам үнэндээ сайхан байсан. Хөөрхий минь үнэхээр хүүхэд шиг цайлган сэтгэлтэй хүн шүү дээ. Санаа зөв бол заяа зөв гэдэг ч, тийм сайхан сэтгэлтэй хүн яагаад тэр хэцүү газар орчихсоныг нь би үнэхээр гайхдаг. Хадаагийн зан, аашийг нь би үнэхээр сайн мэднэ. Бид хоёр их л ойр байсан даа. Манай Хадаа чинь хүн амьтанд муу санана гэж ерөөсөө байдаггүй, яг л хүүхэд шиг л хүн байсан юм. Насны хувьд надаас хоёр билүү гурав дүү. 1972 он буюу Ардын хувьсгалын 51 жилийн ойн баяр наадмаар Хадбаатар тав давж начин болж байлаа. Тэр жил Чойжилсүрэн начин тавын даваанд Хадаатай таарч барилдахдаа “Би ингэж харьчихсан юм уу, эсвэл энэ хүүхэд ийм бяртай юм уу, унаж явсан хэрнээ намайг хоёр тийшээ ээлжлэн шидээд байх юм” хэмээн уулга алдаж байсан шүү. Тэгж хэлэхэд нь би яг хажууд нь зогсож байсан юм. Яах вэ, Хадаа тухайн үед залуу, ид гарч ирж байлаа шүү дээ. Миний хувьд Хадаа аваргын хоёр зүйлд их гайхдаг. Нэг удаа Спортын ордонд бидний үеийн бөхчүүд бэлтгэл хийж байлаа. Тэгтэл Хадаа гаднаас “Өнөөдөр чинь өсгийнөөс холгоод явуулсангүй” гэсээр орж ирдэг юм байна. Тэгээд бэлтгэлээ хийж дуусаад байр луугаа очлоо. Бид хоёр байранд хамт байсан юм. Орой Хадаа гутлаа тайлтал оймсных нь өсгий улаан нялга. Яачихсан юм гэтэл “Аан харин гутлын хадаас нь дээшээ гарч ирчихээд өсгийг нь холгоод байсан юм байна. Тэгээд л өсгий алаад хаячихаж” гэдэг юм байна. Тэгэхээр нь би “Наад хадаас чинь холгоод байсан юм бол өдөр гутлаа тайлаад хадаасыг нь чулуугаар ч гэсэн цохиж, цааш нь дарахгүй яасан юм” гэж хэлтэл ер тоосон ч юмгүй “Харин тэгдэг байж” хэмээн хариулж байна. Бас л их гүргэр, хэнэггүй хүн дээ. Тэр хадаасан дээр гишгээд өдөржингөө явчихсан байгаа юм шүү (инээв). Бас нэг өдөр элэг нь улаан гүвдрүү болчихсон ирдэг юм байна. Яасан гэхээр нэг бөхтэй Налайхын тэнд явж байгаад машин нь эвдэрч л дээ. Тэгэхээр нь мань хоёр машинаа хаячихаад цааш явж. Ингээд тэр шөнө нь айлын тушаатай морь байхаар нь Хадаа нөгөө морийг сүүлдэж, баригдахгүй болохоор нь тэвэрч авах гээд ухас хийтэл Хадаагийн гэдэс рүү тангарчихсан юм гэсэн. Тэгээд л улаан гүвдрүү болчихсон гэдэстэй ирсэн юм байна лээ.

-Б.Бат-Эрдэнэ аваргын хамгийн хүндэлж явдаг хүн нь та юм билээ. Мөн таныг ид барилдаж байх үедээ Б.Бат-Эрдэнэ аваргыг дэмжиж, наадам, цагаан сарын барилдаанд тунаанаас гаргаж өгдөг байсан гэдэг?

-Би нэг л удаа амлан авч байсан юм. Ер нь Бат-Эрдэнэ аварга бол энгүй хүчтэй, төрчихсөн хүн шүү дээ. Энэ хүнтэй би 10 хэдэн жил нэг байранд хамт байсан. Бат-Эрдэнэ аваргын нэг онцлог бий. Өөрийн барилдаандаа гаргасан алдаагаа дахиж ерөөсөө давтдаггүй. Үүгээрээ их онцлогтой хүн юм. Аварга саяхан “Монгол тулгатны зуун эрхэм” гээд нэвтрүүлэгт орж байхдаа хөлөө гэмтээсэн наадмаа ярьсан л даа. Яг юу болсныг нь би хамт байсан хүний хувьд мэдэх юм. Тэр чинь долоон сарын 8 буюу наадам болохоос хэдхэн хоногийн өмнө болсон. Тэр орой Бат-Эрдэнэ “Хөл эвгүй болчихлоо” гэсээр байрандаа ирсэн. Ингээд би барьж өгөөд “За гайгүй л юм шиг байна. Ер нь гаднаасаа нээх мэдэгдэхгүй юм” гэж хэлсэн. Маргааш өглөө нь би эрт сэрээд хөнжлийг нь сөхөж үзтэл нөгөө өвдөөд байсан хөл нь булуу болтлоо хавдчихсан байдаг байгаа. Ингээд Бат-Эрдэнийг сэрээж, бариач дээр оч гээд явууллаа. Тэгээд 9-ний өглөө боллоо. Нөгөө хүнээс чинь сураг байдаггүй. Миний санаа зовоод гэр лүү нь ярьсан чинь Болормаа утас авч байна. Би “Цаадах чинь яачихваа. Хөл нь зүгээр үү” гэж асуутал Болормаа “Харин тэр бариач дээр очсон чинь Багануур явчихаж гэнэ. Тэгээд тийшээ хөлөө бариулахаар явсан” гэдэг юм байна. Наадам болоход хоёрхон хоног л дутуу. За одоо баларсан юм боллоо л гэж бодсон. Хөлөө гэмтэлтэй гэдгээ аварга тас нуусан л даа. Тухайн үед Бат-Эрдэнийн хөл гэмтэлтэй гэдгийг дуучин Эрдэнэбат, Болормаа, манай хөгшин Хандаа, аваргын хадам аав Д.Барамсай гуай хэмээх таван хүн л мэдэж байсан. Ингээд л тэр жилийн наадамд барилдаж түрүүлж байсан түүхтэй юм. Орой гэртээ ирээд хөл нь тийм их хавдартай байсныг мэдээгүй улсууд их гайхаж байсан даа.

-Бат-Эрдэнэ аваргын хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Д.Баяраа гарьд хэмээдэг. Энэ үнэн болов уу?

-Бат-Эрдэнэ ид гарч ирж байх үедээ Д.Баяраатай энэ тэнцүүхэн сайхан барилдаж байсан л даа. Тухайн үед Баяраа гарьд ч бас сайн байсан шүү. Сүүлдээ Бат-Эрдэнэ хамаагүй тасраад явчихсан л даа. Яг Баяраад аварга тахим өгч байсныг сайн санахгүй юм. Ер нь унаж байгаагүй байх шүү. Нэг удаа заалны барилдаанд Баяраа гарьд их амьсгаадчихсан ирдэг юм байна. Би тэр хүний ингэтлээ их хөлс хүчээ гарган, цуцаж байсныг нь ер харж байгаагүй. Тэгээд хүрч ирээд “Бат-Эрдэнэ чинь аргаггүй л өөр хүн юм аа” гэж хэлснийг нь санах юм.

-Наадам айсуй. Өнөө жилийн баяр наадмын дүр зургийг та хэрхэн харж байна вэ?

-За даа баяр наадмын дүр зургийг харах чинь үнэхээр хэцүү болсон доо. Олон жил үндэснийхээ их баяр наадамд зодоглож, бөх хүний зовлон жаргал, алдаа оноог мэддэг хэдий ч хэн нь дээшээ гарч барилдахыг үнэхээр хэлж мэдэхгүй юм. Аймгийн цолтой бөхчүүд ч дээшээ гарч ирэн барилдах боломжтой болж. Хэн ч гэсэн улсын өндөр цол хүртэх, том цолтой бөхчүүдтэй хамаагүй барилдчих юм. Би ер нь учраа олохгүй л байгаа шүү. Бэлтгэл сайн хийсэн хүн л дээшээ ахиж барилдана л гэж хэлье дээ.

-Тэгэхээр нэг үеэ бодвол монгол бөх хөгжсөн гэж хэлж болох уу. Өнөө жилийн баяр наадамд улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Ц.Содномдорж нарын зэрэг бөхчүүд дээшээ гарч барилдах нь ойлгомжтой байх. Чухам хэн нь шөвгөрч, хэн нь түрүүлдэг юм болоо?

-Ер нь чиний дурдсан бөхчүүд бүгд л дээшээ гарч барилдана. Өнөө жилийн баяр наадамд ч түрүүлэх боломжтой бөхчүүдийг хэлж байна. Эдгээр бөхчүүд бусдаасаа арай өөр л барилдаад байгаа юм даа. Гэхдээ зарим нь хоорондоо тунаж, зарим нь нэгнийгээ амлан авч барилдах болов уу даа.


Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэвдорж: Хуулийнхан ЖДҮ-ийн зээлийн асуудлыг анхааралдаа авч шалгаж байгаа бол бидний хувьд чуулгандаа оролцох боломж нээгдэж эхэлж байна

Улсын Их хурлын гишүүн Б. Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар ирэх оны төсөв болон холбогдох хуулийн төслүүдийг баталлаа. Төсөв батлагдах эцсийн хэлэлцүүлгийн үеэр танай намын бүлэг ажил хаясан. Төсвийг энэ сарын 15-наас өмнө батлах хуультай ч хугацаанаасаа өмнө батлагдчихлаа шүү дээ. Үүнийг та хэрхэн харж байна. Хэт яарч баталсан төсөв болчихлоо гэж зарим гишүүн ярьж байна л даа?

-Төсөв мөнгө батлах нь УИХ-ын гол хийх ёстой чухал ажлын нэг. Олон ч хэлэлцүүлэг, санал, шүүмжлэлийг тусгаж байж сая улсын төсөв батлагддаг.

Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн болон төрийн байгууллагуудаас ирсэн саналтай холбоотойгоор нэмэлтийг хийж болдог. Харин төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр зайлшгүй нэмэлт оруулах, засварлах ёстой гэж үзвэл байнгын хороо болон чуулганы хуралдаан дээр гишүүдийн гуравны хоёрын саналаар өөрчлөлт хийж болдог.

Өөрөөр хэлбэл, өндөр хувиар нэмэлт хийж болно гэсэн үг. Тиймээс гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргасан ч үр дүнд хүрэхгүй л дээ. Тэр утгаараа эцсийн хэлэлцүүлгүүдэд ямар нэгэн асуудал нэмэгдэж ордоггүй учир процедурынхаа зарчмаар явж дуусдаг. Ер нь төсөвтэй холбоотой асуудлаар сөрөг хүчний хувьд нэг зүйлийг хэлье. Засгийн газар, ажлын хэсэг тодорхой хэмжээнд сөрөг хүчнийхээ саналыг эрх баригч гишүүдийн саналтай адилхан тавьж өгсөн.

-Гишүүний мөнгө гэдэг зүйл нийгэмд асуудал болж яригддаг. Тэрний тойрогт тийм ч хэмжээний мөнгө тавьчихаж миний тойрогт тэрнээс бага тусгагдсан байна гэж. Энэ асуудлаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Орон нутаг, тойрогт хөрөнгө оруулалт хийгдэх зайлшгүй шаардлагатай ажил байдаг. Энэхүү асуудалд иргэдийн шүүмжлэл бий. Үүнийг үгүйсгэхгүй. Маш их үр ашиггүй зардлыг орон нутагт тавилаа гэсэн шүүмжлэл иргэдээс гардаг. Гэхдээ нэг зүйлийг хэлье.

Төр бол хамгийн том худалдан авагч болчихсон. Тиймээс төрөөс тусгаж байгаа хөрөнгө оруулалтаар дамжин тухайн сум, аймаг, орон нутагт тодорхой хэмжээний ажил үйлчилгээг хийж, үйлдвэрлэл эрхлэн, ажлын байр бий болгодог хүмүүс байдаг. Тэр хүмүүст энэхүү орон нутгийн хөрөнгө оруулалт маш сайнаар нөлөөлдөг. Төсвийн мөнгийг 76 жижиг тойрог руу татлаа гэсэн иргэдийн шүүмжлэл байна. Энэ бол сонгуулийн хуультай холбоотой асуудал. Сонгуулийн тухай хуулиараа бид жижиг 76 мажоритар тойргоос гарч ирсэн. Тиймээс дахин сонгогдохын тулд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хийх сонирхол Их хурлын гишүүдэд маш их байгаа. Тэр утгаараа улс орныхоо хөгжлийг том дүр зургаар нь харж, илүү хөгжилд хэрэгтэй тэр зүйл рүү хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Мөн эдийн засгийн хямралын үед ирээдүйд хуримтлал бий болгох замаар энэхүү төсвөө баталъя гэж үзэж байвал Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. Ингэснээр тодорхой том тойргоор ч юм уу, эсвэл Монгол Улсын хэмжээнд нэг тойрог болгох замаар асуудлаа шийдвэл илүү үр дүнтэй юм болов уу гэж харж байна.

-Танай намын бүлгийн гишүүд УИХ болох Байнгын хороодын хуралдаанд суухгүй байгаа. Та бүхний тавьж байгаа шаардлага бол ЖДҮХС-тай холбоотой асуудал шүү дээ. Тус сангаас зээл авсан албан тушаалтнууд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна л даа. Энэ мэт хариуцлага тооцож чадвал хуралдаа буцаад сууна гэж ойлгож болох уу?

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан албан тушаалтнуудад хариуцлага тооц, Засгийн газарт цаашид ажиллах чадамж алга гэдэг шаардлагыг манай намын бүлгээс тавьсан. Шаардлагыг хүлээж аваагүй учир УИХ-ын чуулган болон Байнгын хороодын хуралдаанд суухгүй байх замаар тэмцлээ илэрхийлж байна. Одоо хууль хяналтын байгууллагаас сайд, зарим албан тушаалтнуудтай холбоотой асуудлыг шалгаж эхэлсэн байгаа. Нэгэнт хууль, хяналтын байгууллагууд энэ асуудлыг анхааралдаа аваад шалгаж байгаа бол бид чуулгандаа оролцох боломж нээгдэж эхэлж байна гэсэн үг.

-Та бүхэн дараагийн удаад ямар тэмцлийн хэлбэр сонгох вэ?

-Ирэх долоо хоногоос нэг гишүүнээ хяналт тавьж чуулган, байнгын хорооны хуралдаанд оролцуулна гэж бүлгийн хуралдаанаар шийдсэн. Тэмцлийн хэлбэрийг өнөөдөр ярихад эрт байна.

-УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдсан. Хуралдаанаар ирэх оны улсын төсвийн талаар тодорхой байр суурь илэрхийлсэн. Өндөр зардалтай, эрсдэлтэй төсвийг бид дэмжих боломж байхгүй. Ерөнхийлөгч хориг тавибал бид дэмжинэ гэж мэдэгдсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хэрэв Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх оны төсөвт хориг тавибал бид хүлээж авна. Манай улсын эдийн засгийн гол тулгуур салбар бол мал аж ахуй. Тэгэхээр энэхүү салбарт ажиллаж байгаа иргэд, малчдынхаа амьдрал ахуйг сайжруулах, орлогыг нь нэмэгдүүлэхийн тулд энэ салбар руу хөрөнгө оруулалтыг хийх, тусгах шаардлагатай. Тэр утгаараа Ерөнхийлөгч мал аж ахуйн салбар руу 300 тэрбум төгрөг хөрөнгө оруулалтыг хүртэлх үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар төсөвт суулгах саналтай байсан болохоор төсөвт хориг тавина гэж сонссон. Ерөнхийлөгчийн энэхүү саналыг би хувьдаа зөв гэж үзэж байгаа. Учир нь орон нутагт ажлын байр алга, тодорхой орлого гэж алга. Тиймээс төв суурин газар бараадан ажилтай, орлоготой болох гэж сүүлийн жилүүдэд хөдөө, орон нутгаас Улаанбаатар хот руу шилжин ирэх иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Энэ нь түрүүний хэлсэн шалтгаанаас ихээхэн хамаарч байгаа юм. Тиймээс энэхүү шилжилтийг бууруулах, хөдөө, орон нутагтаа малчид, иргэд маань орлоготой, ажилтай сайхан амьдрах боломжийг бүрдүүлж өгөхийн тулд энэхүү салбар руу хөрөнгө оруулалтыг татах зайлшгүй шаардлагатай юм. Тиймээс л Ерөнхийлөгчийн энэхүү саналаар төсөвт хориг тавина гэх агуулгыг би дэмжиж байгаа. Хоригийг хүлээж авна.

-Б.Батзориг сайд албан тушаалаасаа чөлөөлөгдөх асуудлаа өөрийн хүсэлтээр гаргачихаад байгаа. Сая (өчигдөр) прокурорын газраас сайдыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх бичиг ирүүлсэн…

-Энэ талаар надад тодорхой мэдээлэл алга. Хууль, ном дүрмийнхээ хүрээнд л явагдах асуудал байх.

-Та болон таны хамаарал бүхий этгээдүүд болон танай намын гишүүд ЖДҮХС-гаас ямар нэгэн зээл авсан асуудал байгаа юу?

-Тийм асуудал байхгүй. Нэг ч төгрөгийн зээл аваагүй гэдгийг би хариуцлагатай хэлье.

-Шатахуун импортлогч компаниуд он гарсаар найман удаа үнээ нэмлээ. Энэ асуудлаар иргэд жагсаж, шатахууныхаа үнийг бууруулахыг төр, засгаас шаардан жагсаж байна. Энэ асуудлаар сөрөг хүчний байр суурь ямар байгаа вэ?

-Дэлхий дээр Монгол шиг шатахуун импортлогч улс олон бий. Тэд шатахууны үнийг зах зээлд найдаад сул байлгадаггүй. Суурь үнийг үргэлж тогтвортой барьж байж зах зээлийн чадамжаа хангах бодлого явуулдаг. Харамсалтай нь, энэ Засгийн газар шатахууны үнийг чөлөөтэй орхисноос болж өнөөдөр жагсаал болж байна. АН бол шатахууны үнийг төрийн бодлогоор зохицуулах ёстой гэсэн байр суурьтай. Бидний энэ бодлогыг олон улсад хэрэгжүүлдэг.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Эрдэнэ: Цаашид Ардчилсан нам УИХ-аас гаргасан аливаа шийдвэрийн хариуцлагыг хуваалцахгүй

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн есөн гишүүн өндөөрийн (өчигдрийн) чуулганы хуралдааныг орхин гарлаа. УИХ, Засгийн газрыг харицлагаа хүлээтэл чуулган болон Байнгын хороодын хуралдаанд суухгүй гэдгээ хэлсэн. Энэхүү асуудалд та намын даргын хувьд тайлбар өгөхгүй юу?

-Сүүлийн үед УИХ, Засгийн газар Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиудыг зөрчсөн шийдвэр, ноцтой алдаатай бодлогуудыг ихээр гаргах боллоо. Энэхүү гаргасан буруу бодлого, шийдвэрээс нь болоод улс орны нийгэм эдийн засгийн байдал үндсэндээ дампуурал руугаа явж байна. Тухайлбал, сүүлийн хэдэн сард урьд хойчид байгаагүйгээр бензин, шатахууны үнэ өслөө. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсч байна. Мөн иргэдийн орлого буурч, амьжиргааны чадвар нь багаслаа. Түүнчлэн валютын ханш гэдэг зүйл хэрээс хэтэрлээ шүү дээ. Үүнтэй зэрэгцээд нөгөө алдарт 60 тэрбумынх нь хэрэг шийдэгдээгүй байтал 60 байтугай тэрбумын асуудал бослоо. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас нэр бүхий гишүүд хэдэн тэрбум төгрөгийн зээл авсан нь ил болж байна. Угтаа ЖДҮХС-гаас зээл авсан гэж байгаа ч үүнээс гадна маш олон сан бий. Тухайлбал, Зээлийн батлан даалтын сан, Тариалан эрхлэлтийн сан, Хөдөө аж ахуйн сан гэх мэт олон сан байдаг. Эдгээрээс хичнээн төгрөгийн зээл авсан нь нууц байна. Тиймээс л манай нам шаардлага тавьсан.

-Та бүхний шаардлагын хариуг УИХ-ын дарга өгсөн юм биш үү?

-Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт манай намын бүлгээс УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Нэгдүгээрт, дээрх сангуудаас зээл авсан гишүүдийг шалгаж тогтоогоод ямар хариуцлага тооцох талаараа мэдээллээч гэж. Хоёрдугаарт, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсээр байна. Цаашид энэхүү шатахууны үнийг барих, бууруулах асуудлаар ямар ажил хийх гэж байгаагаа тодорхой илэрхийлээч гэж. Мөн УИХ-ын гишүүдийг зохион байгуулалттайгаар авлигадсан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг шаардсан. Гуравдугаарт, энэ бүхнээс болж алдагдсан боломжийг иргэдэд буцаан олгох ажлыг УИХ , Засгийн газар яаралтай зохион байгуулахыг шаардаж байгаа. Харамсалтай нь үүнд УИХ-ын дарга тодорхой хариу ирүүлээгүй. Нэг албан бичиг ирсэн. Түүнд нь бидний хүссэн хариулт алга байсан. Бид улс орны нийгэм эдийн засгийн байдал ноцтой байдалд орчихоод байна гэдэг асуудлаар шаардлага тавьсан болохоос хуралд суух, суухгүй тухай асуудлыг яриагүй л байхгүй юу. Нөгөөтэйгүүр АН-ын есэн гишүүнтэй бүлэг Ерөнхий сайдад асуулга тавиад байхад одоо болтол бидэнд хариу ирүүлсэнгүй. Иймэрхүү нөхцөл байдлаас болж бид өнөөдрөөс (өчигдөр) эхлээд чуулган болон байнгын хороодын хуралд суухгүй гэдгээ хэлээд шаардлагуудаа ширээн дээрээ орхиод гарсан. Энэ бол сөрөг хүчний хувьд хийх ёстой тэмцлийн хэлбэр. Түүнээс биш бид хийх ажилгүйдээ ч юм уу ямар нэгэн улс төрийн ашиг хонжоо олох гэж хийгээгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

-Танай намын есөн гишүүн чуулганы хуралдаанд суухаа больчихлоо гээд УИХ-ын шийдвэр гаргах, хууль батлахад нь саад болж чадахгүй шүү дээ. Та бүхний шаардлагыг хэрхэн хүлээж авбал буцаад хуралууддаа суух юм бэ?

-Ерөөсөө л гэм буруутай этгээдэд хариуцлага тооц. Бодит үнэн зөв мэдээллийг гаргаж олон нийтэд ил болго. Засгийн газарт байгаа тэрхүү ёс зүйн зөрчил гаргасан гишүүддээ хариуцлага тооцоо л гэсэн шаардлагыг тавьсан. Хэрэв дээрх бүгдэд хариуцлага тооцоод эхэлбэл бид хуралдаа сууна. Бидэнтэй бидэнгүй энэ удаагийн эрх баригчид хэт олонхоороо шийдвэр гаргаад явчих боломжтой. Үүнийг нь бид үгүйсгээгүй. Сөрөг хүчин юутай ч шаардлагаа тавьж байна. Өнөөдөр сөрөг хүчний шаардлагыг эрх баригчид үл огоороод хэт олонхдоо дулдуйдаад цааш явах юм бол эндээс гарч байгаа аливаа шийдвэр бүхэн өөрөө ёс зүйгүй л шийдвэр болно.

Өөрөөр хэлбэл парламентын цөөнх оролцоогүй шийдвэр гэдэг бол тийм ч цэвэр шийдвэр гарахгүй гэсэн үг. Ганцхан нэг хүчний, эрх баригч намын дангаараа гаргасан шийдвэр л болж явна. Цаашид сөрөг хүчин буюу Ардчилсан нам УИХ-аас гаргасан аливаа шийдвэрийн хариуцлагыг хуваалцахгүй. Яагаад гэвэл бид тэрхүү санал хураалтад оролцоогүй, асуудал ярьж байхад нь ямар нэгэн байр сууриа илэрхийлээгүй. Тиймээс эрх баригч МАН дангаараа цаашаа явах юм бол хариуцлагаа өөрсдөө л хүлээх ёстой.

-Энэ сарын 15-наас өмнө чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэн батлах ёстой. Гэтэл сөрөг хүчин чуулганы хуралдаанд суухгүй болохоор ирэх оны төсөв хэрхэн батлагдах юм бол. УИХ дахь намын бүлгийн саналыг тусгаж байж төсөв батлагдана биз дээ?

-Ардчилсан намын бүлгийн хувьд дүгнэлтээ Их хуралд танилцуулсан. Ирэх оны төсөв үнэхээр учир дутагдалтай төсөв болсон. Хэт хөөсөрсөн, орж байгаа орлогоо бодитоор тооцоолж чадаагүй, хэт өөдрөг төсөв болсон байна лээ. Үүнийг засаач ээ, өөрчлөөч ээ гэдгийг бид олон удаа хэлж шаардсан. Харамсалтай нь эрх баригчид хүлээж аваагүй. Монгол Улсын 2019 оны төсөв нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал аж ахуйн бүх хэвшил болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах гэсэн Үндсэн хуулийн 5.4 дүгээр заалтыг ноцтой зөрчиж байгаа. Төрийн өндөр албан тушаалтнууд нь шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим байна гэсэн Үндсэн хуулийн 1.2 дугаар заалтыг ноцтой зөрчсөн байдлууд илэрч байгаа. Тиймээс эдгээр зөрчлүүдийг арилгатал УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын Дэгийн тухай хуулийн 4.10-т зааснаар хуралдаанд хугацаагүйгээр оролцохгүй байхаа мэдэгдэж байгаа юм.

-Уржигдар Б.Батзориг сайд өөрийн хүсэлтээр сайдын суудлаасаа чөлөөлөгдөж байгаагаа мэдэгдсэн. Энэ нь Засгийн газар хариуцлагаа үүрч байгаагийн нэг хэлбэр гэж харж байна уу?

-Зүгээр нэг сайд огцорсон гээд Засгийн газар хариуцлагаас мултарна гэдэг зүйл байж болохгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газар ганц, хоёрхон сайдыг ажлаас нь чөлөөлчихөөд хариуцлагаас зугтах гэж оролдож байна. Өмнө нь ЗТХЯ дээр гарсан ноцтой хүн амины хэргээс болж ганц сайдаа огцруулаад хариуцлагаас зугтсан. Одоо хэдэн арван сая төгрөгийн мөнгө угаасан байж болзошгүй авлигын шинжтэй хэрэг гарчихаад байхад мөн л тухайн асуудал хариуцсан сайдыг огцруулах замаар хариуцлагаас бултах гэж байна. Ер нь гэм буруутай үйлдэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрчихлөө, тийм үү. Үүний илрэл нь тэрхүү зээл авсан гишүүд ч өөрсдөө хүлээн зөвшөөрсөн, дээр нь энэхүү зээлийг олгосон сайд нь өөрөө албан тушаалаасаа огцорч байна. Одоо тэгээд яах уу, дан ганц огцроод л асуудал дуусахгүй. Энэ улс хуультай юм бол хуулийнхаа дагуу л хариуцлага тооцоод явах ёстой.

-Энэ удаагийн Засгийн газрыг асуудал үүссэн сайдаа асуудалтай сайдаар сольчихдог гэж яриад байна л даа. Уг асуудлыг та юу гэж харж байна. Тухайлбал, ЗТХ-ийн сайдыг асуудал гаргахаар нь огцруулсан. Гэтэл түүний оронд томилогдсон сайд нь ЖДҮХС-гаас зээл авсан гэх асуудалд нэр холбогдчихсон байна гэдэг зүйлийг улстөрчид ярьж байна л даа?

-У.Хүрэлсүхийн Засгийн газар ажиллах чадамжгүйгээ иймэрхүү үйлдлүүдээсээ харуулаад л байгаа юм. Миний хувьд энэ удаагийн Засгийн газрыг шүдгүй арслантай л зүйрлэж байгаа. Засгийн газар үйл ажиллагаагаа явуулснаас хойш өдгөө хоёр том соёогоо аваад хаячихлаа. Арслангаар жишээ болговол энэ Засгийн газар шүдгүй болж байна л гэсэн үг. Энэ мэт нэг хоёроор нь шүдээ суга татаж хаяад байвал сүүлдээ юугаараа хоолоо идэх вэ. Үүнтэй адил бүхэл бүтэн нэг улсын Засгийн газар өөрийн буруу бодлогоосоо болоод алдаатай үйлдэл бүртээ нэг сайдаараа туг тахиж байна. Ингээд яваад байж болохгүй л байхгүй юу. Энэ бол хариуцлагагүй байгаагийн тод илрэл. Цаашид Засгийн газар үйл ажиллагаагаа явуулах боломж, чадамжгүй болсон.

-УИХ-ын 75 гишүүнээс 50 гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан гэдэг мэдээлэл нийтэд ил боллоо. Үүнд танай намын гишүүд байгаа юу?

-Байхгүй.

-Байхгүй гэдэгт нь та итгэлтэй байна уу?

-Итгэлтэй байна. Угаасаа тус сангаас зээл авсан хүмүүс чинь нэр усаараа ил тод байж байгаа шүү дээ.

-Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг өөрөө тарах саналаа Их хурлын даргад хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн энэхүү УИХ өөрөө тарах ёстой гэдэг саналыг та болон танай нам хэрхэн хүлээн авч байна вэ?

-Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах, чуулганы хуралдаанаар хэзээ, хэрхэн хэлэлцүүлэх нь УИХ-ын даргын мэдэх асуудал. УИХ-ыг хариуцлагаа хүлээгээд тар гэж байгаа бол би хувьдаа үүнтэй санал нийлэхгүй байгаа. Учир нь УИХ-д 76 өөр өөр тойргоос сонгогдсон далан зургаан бие даасан субьект байж байгаа. Нөгөөтэйгүүр яахаараа гэм хийсэн этгээдүүдийн өмнөөс гэм зэмгүй гишүүн ямар нэгэн ял, хариуцлага хүлээх ёстой юм. Тиймээс УИХ-ыг бүхэлд нь хариуцлага тооцох ёстой гэдэг саналыг би шударга бус гэж үзэж байна.

-Тэгэхээр УИХ бүхэлдээ тарах шаардлага үүсээгүй байгаа гэж ойлгож болох уу?

-Бүхэлдээ тарах ёстой гэдэг нөхцөл байдлыг би харахгүй байгаа. Мэдээж асуудлыг хэрхэн тавих нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал.

Categories
мэдээ цаг-үе

Н.Оюундарь: Өнгөрсөн жил 28 сая тонн нүүрс борлуулсан атлаа энэ жил 40 сая тонныг зарна гэсэн нь хэт өөдрөг төсөөлөл болжээ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн чуулганы хуралдааны үеэр ЗТХЯ дээр гарсан хэрэгтэй холбогдуулж уг хэрэгт хамааралтай хүмүүсийн талаар таны хэлсэн үг олны анхаарлыг татсан. Уг хэргийн хуулийн зүйлчлэл буруу байгаа талаар дурдсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Зам, тээврийн хөгжлийн яам дээр гарсан хүн амины ноцтой хэрэг төрийн алба ямар хэмжээнд завхарсаныг тод харууллаа. Тэр дундаа төрийн захиргааны байгууллагад төрийг төлөөлсөн удирдах албан тушаалтнууд ажлын байран дээр архидан согтуурч, мөрөөрөө ажлаа хийж байсан хүнийг удаа дараа утсаар дуудаж авчраад алтан аминд нь хүрсэн явдал бол Төрийн албанд урьд хойч үед гарч байгаагүй хамгийн том шившиг. Бусдын адил амьдарч гэр бүл, ажил төрлөө нэр төртэй авч явсан залууг хамт ажилладаг нөхөд нь зодож, аминд нь хүрлээ. Харамсалтай ч гэх үү, хариуцлагагүй нэг зүйл бий. Монголд мөрдөн байцаалтын нууцлал гэдэг юм байна уу. Мөрдөн байцаалт гэдэг маш нууцлалын зэрэгтэй явагдах ёстой. Гэтэл энэхүү ажиллагаа яагаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил болоод байна вэ. Нөгөөтэйгүүр хууль, шүүхийн байгууллага уг хэргийн зүйлчлэлийг үнэн бодитоор тогтоох ёстой. Зохион байгуулалттай бүлэглэн хүний аминд хүрсэн бол Эрүүгийн хуулийн хүндрүүлсэн заалтаар зүйлчлэгдэх нь гарцаагүй. Гэтэл уг хэргийг өнөөдөр зүгээр л хүн алсан гэх ямар ч хүндрүүлэх нөхцөлгүй хуулийн заалтаар зүйлчилчихээд л явж байна. Өөр нэг асуудал яригдах ёстой. Тэр нь тухайн үед согтуу нөхдүүд орилж чарлаад зодоон хийж байхад ойр хавьд байсан, эсвэл тухайн яамны харуул хамгаалтын албаны хүмүүс юу хийж байв. Төрийн тусгай хамгаалалттай газар шүү дээ. Мөн болсон явдлыг тал бүрээс нь бүрэн бичиж авсан албан байгууллагын камерын бичлэг яагаад устчихсан юм. Энэ мэтчилэн хардаж сэрдэх зүйл олон байна. Одоогийн байдлаар хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учраас эрт дүгнэх нь өрөөсгөл байх.

-Та талийгаач Т.Гомбосүрэнгийн талаар хэр сайн мэдэх вэ?

-Талийгаач манай нутгийн хүн. Тохьтой томоотой, хорхойд хоргүй хүн гэж ярьдаг даа, яг тийм хүн. Олон жил хууль хүчин, өмгөөллийн байгууллагад ажиллаж байсан. Маш сайн хуульч, төрийн албан хаагч. Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас гараагаа эхэлж шат дараагаар явсаар одооныхоо албан тушаалд ирсэн. Энэхүү ажлаа хэнээр ч заалгахгүй чадварлаг сайн гүйцэтгэж чадах хүн. Гэтэл тус яамны газрын дарга нар нь нийлж талийгаачийн оронд өөр хүнийг томилуулах талаар хөөцөлдөж байсан нь эцэстээ хүний аминд хүрлээ. Ажил албан тушаалын төлөө хүн ална гэдэг үнэхээр байж боломгүй бусармаг үзэгдэл.

-Талийгаачийн ар гэрийнхэнтэй нь очиж уулзаж ярилцсан тухайгаа та Их хурлын индэр дээрээс хоолой чичрүүлэн хэлж байсан…

-Талийгаачийнх дөрвөн сайхан хүүхэдтэй. Өнгөрсөн наадмын дараа талийгаачийн эхнэр одонгоо авчихаад бөөн баяр жаргалтай найраа хийх гээд л явж байсан гэнэ лээ. Гэтэл энэ гэр бүлийн баяр хөөр, аз жаргалыг тэр нэгэн хар өдөр харуусал, гашуудал, зовлонгоор сольсон. Талийгаачийн хамгийн бага хүүхэд нь ой гарантай. Одонгийн хүүхэд хэмээн өхөөрдөж, эрхлүүлэн үнсээд гарсан аав нь дахиад гэртээ ирсэнгүй гэж бодохоор өөрийн эрхгүй сэтгэл эмзэглэмээр, өрөвдөлтэй санагдсан. Нөгөөтэйгүүр нийгэмд нэгэн өрх гэрийн амьдрал нурж, гуч гаруйхан настай эхнэр нь дөрвөн хүүхэдтэй бэлэвсэн үлдэж, эцэг эх нь бэтгэрч үлдэж байгааг үгээр хэлшгүй. Энэ их гай зовлонг зүгээр нэг албан тушаал, сандал суудлын төлөө үүсгэсэн гэхээр харамсалтай.

-Ж.Мөнхбат гишүүн Тэр С.Дорждагва гэх нөхрийгөө халаарай. Тэр хүнээс болж энэ хэрэг үүссэн шүү гэж хэлсэн. Тэр С.Дорждагва гэж хэн болох талаар тодруулахгүй юу?

-Авлигатай тэмцэх газраас С.Дорждагвыг шалгаад өмнөх олон зөрчил дутагдлыг илрүүлсэн байгаа. Ийм эмгэнэлт явдлын дараа ч газрын даргын албан тушаал, эрх мэдэлд шунан тэмүүлээд байгаа Дорждагвын өмнөх болон одоогийн үйлдэл, ёс суртахууныг харсаар байж дуугүй өнгөрч болохгүй. Тэр хүний талаарх мэдээллийг миний хувьд олонд хүргээд байх сонирхол алга.

-Дүрс бичлэгийг үнэхээр устгасан уу, эсвэл цагдаагийнхан нууцалж байна уу?

-Нотлох баримт алга болсон, холбогдогчдод согтолтын зэргийг тогтоогоогүйд хариуцлага яригдана биз. Хэргийг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа ид явагдаж байгаа учраас прокурор, цагдаа нар үүн дээр анхаарч байгаа байлгүй дээ.

-Таны хувьд намрын чуулганыг нэлээд бухимдалтай эхлүүлж байна уу даа. Энэ намрын чуулганаар хэлэлцэн батлах ёстой гол асуудлын нэг нь 2019 оны улсын төсөв байгаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийг та хэрхэн дүгнэн харж байна вэ?

-Төрийн албанд ийм бусармаг хэрэг гарсан явдал нь дан ганц надад бус бүх төрийн албан хаагчдын нэр төр, сэтгэл зүтгэлийг унтраасан үйлдэл боллоо гэж ойлгож байгаа. Тиймээс болохгүй байгаа, худал хуурмаг зүйлийг эсэргүүцэж, шударга үнэнд ойрхон байлгахын тулд Их Хурлын гишүүн хүн дуугарах ёстой. Байнгын ажиллагаатай парламентын хийх ёстой гол ажил бол намрын чуулганаар төсөв, төлөвлөгөө батлах. Эдийн засгийн бодит өсөлт өнгөрсөн оны эхний хагасын байдлаар 6.3 хувьд хүрч, 2016 онтой харьцуулахад 5.1 пунктээр өссөн байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг ирэх онд найман хувь байхаар тооцсон нь нэлээн өөдрөг төсөөлөл болж байгаа. Манай улсын эдийн засгийн өсөлт болон төсвийн орлогын бүрдүүлэлт уул уурхайн салбараас нэлээд хамааралтайгаас гадна дэлхийн эдийн засгийн өсөлттэй холбоотой байдаг. Дэлхийн эдийн засгийн өсөлт ирэх онд 3.7 хувь болж, өмнөх оны түвшнээс буурах хандлага ажиглагдаж байгаа. Мөн манай худалдааны гол түнш болох ОХУ болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт ч энэ оноос 0.1-.0.2 нэгжээр буурахаар байна. Эдийн засгаа солонгоруулна гэж бараг 20 жил ярьсан боловч бодитой хийгдсэн ажил маруухан байна. Монгол Улс 2017 оны мал тооллогоор 66 сая малтай, 230 орчим малчин өрхтэй гэсэн тоон судалгааг гаргасан байдаг. Гэтэл бид мах, ноос ноолуур, арьс шир, сүүгээ экспортод гаргах битгий хэл импортоор оруулж ирж байгаа биз дээ. Ядаж монгол малыг эрүүлжүүлэх, махыг нь боловсруулах, экспортлох, түүнээс гарсан түүхий эдээ боловсруулж экспортлох цогц аж ахуйгаа дэмжих шаардлагатай байна. Монгол малаа “чулуу” болгох бэлэн төсөл байгаа. Жишээ нь, Шинэ Зеланд 46 сая хонь, 10 сая үхэртэй.

Гэтэл Шинэ Зеланд нийт экспортынхоо 18 хувийг мах, махан бүтээгдэхүүн мөн сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангадаг. Дэлхийн хонины махны экспортын талыг нь дан ганцаараа Шинэ Зеланд эзэлж байна. Махны экспортоос 6,1 тэрбум ам доллар, ноосноосоо 228 сая ам доллар, сүүнээсээ 8,3 тэрбум ам доллар олж байгаа.

Нэг мянган га-с дээш талбайд тариалан эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд нийлээд консорциум байгуулаад сүүний үйлдвэр байгуулах кластэр төслөө хийсэн. Иймэрхүү баялаг бүтээгчид импортыг багасгах, экспортыг нэмэгдүүлэх санаачилгуудыг дэмжээд явмаар байна. Эдгээр төслүүдийг ирэх жилийн төсөвтөө тусгавал илүү үр дүнтэй болно. Ер нь Монголын эдийн засгийн хямрал валютын хомсдолоос үүдэлтэй. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нөөцийг нэмэх бодит боломж бий болно. Орлого энэ оны эхний найман сарын байдлаар 5.8 их наяд төгрөгт хүрсэн. Монгол Улсын Засгийн газар 2018 онд гадаад, дотоодын зээлийн өр, өрийн хүүд 3.8 их наяд төгрөг төлөх ёстойгоос эхний хагас жилд 753.3 тэрбум төгрөгийн өр барагдуулсан. Өнөөгийн үнэ цэнээр тооцсон Засгийн газрын өр 2018 оны эхний хагас жилийн байдлаар 63.4 хувь байна. Зээлийн үйлчилгээний төлбөр 2018 оны эхний найман сарын байдлаар төлөвлөсөн дүнгээс 132.2 тэрбум төгрөгөөр буюу 17.1 хувиар бага байгаа нь энэ онд хүүгийн зардал буурах төлөвийг харууллаа. Энэ чуулган ирэх оны мөнгөний бодлого, улсын төсвөө хэлэлцэн батална. Ингэхдээ бодлогоо тогтвортой хадгалж, өсөлтийг иргэддээ хүртээх чиглэлд түлхүү анхаарах шаардлагатай. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас тэтгэвэр, тэтгэмжийг найман хувиар, есдүгээр сарын эхнээс төрийн зарим албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэх шийдвэр гарсан. Ирэх онд ч төсөв санхүүгийн боломжтойгоо уялдуулан цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх хөрөнгийг улсын төсөвт суулгах ёстой. Төрийн алба цомхон, чадварлаг байх учиртай. Хоёр жилийн өмнө төсөв зардлаа хэмнэх шийдвэрийг УИХ гаргаж байсан. Энэ дагуу УИХ-ын Тамгын газар орон тоо зардлаа 10 хувь бууруулснаар урсгал зардлыг 546.4 сая төгрөгөөр хэмнэжээ. Харин төрийн бусад байгууллага орон тоо зардлаа бууруулах дорвитой арга хэмжээ авсангүй. Энэ жилийн төсвийг хэлэлцэхдээ төрийн бүх шатны байгууллагад орон тоо зардлыг 10 хувиар бууруулах бодлого баримтлах хэрэгтэй.

-2019 оны төсвийг хэт мөрөөдлийн төсөл болсон гэж шүүмжлээд буй. Баталгаагүй орлогыг их тавьж, адил түвшний зарлагаа өндөрт тооцсон талаар УИХ-ын гишүүд шүүмжилж байна л даа.

-Улс орны төсөв батлах эгзэгтэй үед аудитын байгууллагын дүгнэлт маш чухал. 2019 оны улсын төсвийн төслийн аудитын дүгнэлтэд дурдсан нэлээн өөдрөг төсвийн төсөл боловсруулжээ гэдэгтэй санал нэг байна.

Төсвийн төслийг харахад маш олон мөрөөдлийн жагсаалт гаргасан. Өнгөрсөн жил л гэхэд улсын төсөвт өмч хувьчлалаас 150-160 тэрбум төгрөгийн орлого олно гэсэн ч энэ нь хэрэгжээгүй. Төрийн өмчит компаниуд өнөөдөр алдагдалтай ажилласан хэвээр байгаа. Мөн тонн нүүрсийг уурхайн амнаас 68 ам.доллараар борлуулж байгаа. Гэтэл төсөлд 80 ам.доллараар зарна хэмээн оруулж ирсэн байх жишээтэй. Дэлхийн зах зээлд зэс, нүүрсний үнэ ирэх жилүүдэд буурах таамаг бий. Мөн Монгол Улс өнгөрсөн жил 28 сая тонн нүүрс борлуулсан байхад энэ жил 40 сая тонныг зарна гэсэн нь хэт өөдрөг төсөөлөл болжээ. Үүнтэй би санал нийлэхгүй байгаа.

-Зарим нь ирэх оны төсвийг сонгуулийн өмнөх төсөв учир хайр зарласан төсөв болжээ гэх юм. Мөн ирэх оны төсвийн хуваарилалтыг та хэр оновчтой болсон гэж харж байгаа вэ?

-Яг одоогийн байдлаар төсвийн хуваарилалтад үнэлэлт, дүгнэлт өгөх цаг биш. Байгаа хөрөнгийг оновчтой, зөв хуваарилж чадаж байна уу гэдгийг хэлэлцүүлгийн явцад нямбайруулаад, чанаржуулаад явчих боломжтой. Төсөв ихэсч, багасах нь учир шалтгаантай. Эхэлчихсэн олон бүтээн байгуулалт ашиглалтад ороод дуусчихсан бол хэмжээ нь багасна. Ер нь төсөв дээр эдийн засгийн агуулгаар, үр ашгийн үүднээс хандах ёстой. Гэтэл манайд төсөв дээр улс төрийн агуулгаар, хэрэгцээ шаардлагын талаас нь хандаад байна. Надад юу өгөх гэж байна, миний тойрогт юу хийгдэх гэж байна ч гэдэг юм уу, ийм өнцгөөр асуудалд хандаж болохгүй. Ирэх оны төсвийн төлөвлөлтөд анхаарахаар нэлээд асуудал байна лээ.

-Тухайлбал ямар асуудал байна вэ?

-2019 онд төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 1.9 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээс урсгал зардлыг 777.9 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардлыг 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Урсгал зардлын төлөвлөлтөд зарим нэг тэвчиж болох зардлуудыг хасах, өмнөх онуудын түвшинд барих зэрэг зарчмуудыг баримтлах нь зүйтэй. Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдуулан төлөвлөх ёстой. Тэгж чадаагүйгээс бүс нутгийн чанартай томоохон төсөл арга хэмжээнүүд хэрэгжихгүй үлдэж, орон нутгийн шинж чанартай хөгжлийн бодлоготой уялдаагүй ажлууд хийгдэж, төсвийн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдаж байна. Мөн зарим төсөл, арга хэмжээний хэрэгжих хугацааг 3-4 жил дамжуулан хийхээр төлөвлөж байгаа нь тухайн төсөл, арга хэмжээг чанаргүй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн Аудитын дүгнэлтэд тусгаснаар 2019 онд шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нийт төсөл, арга хэмээний 71.3 хувь нь Төсвийн тухай хуульд заасан техник эдийн засгийн үндэслэл хийгдээгүй, зураг төсөв нь магадлалаар баталгаажаагүй ажил байгаа нь 2019 онд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд хугацаа алдахаар байгаа юм. Аймаг, орон нутгаас ирсэн саналуудыг УИХ-ын гишүүнээрээ дамжуулан улсын төсөвтөө суулгадаг шүү дээ. Хүн амын нэн чухал эмнэлэг, цэцэрлэг, сургууль, зам харгуй зэрэг бүтээн байгуулалтын ажлыг улсын төсөвтөө хийхгүй бол өөр хаанаас хийх вэ. Гагцхүү төсвийг жижиглэн, тойрог тойргоор хуваахаасаа гадна хөгжлийнхөө бодлоготойгоо уялдуулах ёстой. Жишээ нь, суманд нэг км хатуу хучилттай зам барихын оронд тэр газар тариалангийн гол зам болох монголчуудын хоол хүнсээр хангаж байгаа Сэлэнгэ аймгийн Түшиг, Алтанбулаг сумаас Улаанбаатарын чиглэлийн төв замтай хатуу хучилттай замаар холбох явдал илүү чухал санагдана.

-Энэ намрын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ. Үндсэн хуулийг өөрчлөх, Төрийн тогтолцоог бэхжүүлэх асуудлаар таны байр суурийг сонсъё?

-1992 оны Үндсэн хууль, манай улсын тусгаар тогтнол, ардчилал, хүний эрхийн баталгаа болж ирсэн. Монгол ардчилсан дэглэмтэйгээ байгаагийн гол шалтгаан бол Үндсэн хууль. Иймд Үндсэн хуулийг сууриар нь өөрчлөх гэхээс илүү судлагдсан, практикт харагдсан цөөн асуудлыг шийдэх нэмэлт, өөрчлөлт хийж болно. Эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийг хангах, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлэх, шүүх засаглалыг шударга, хараат бус, хариуцлагатай байлгах шаардлагатай. Ерөнхий сайд танхимын бүрэлдэхүүндээ хэн байх вэ гэдгийг өөрөө шийддэг болох, УИХ-аас Ерөнхий сайдыг сонгоход хариуцлагатай ханддаг болох, гүйцэтгэх эрх мэдлийг илүү тогтвортой ажиллах боломж бүрдүүлэх, эргээд УИХ-аас гүйцэтгэх эрх мэдэлд тавих хяналтыг сайжруулах өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. Давхар дээлийн асуудлыг бүрэн хориглох зэрэг асуудлыг л шийдэх хэрэгтэй. Үгүй бол ардчилалд хүмүүс хоорондоо маргалдаад шийдвэр гаргаж чаддаггүй, хариуцлага хүлээдэггүй гэсэн ойлголт газар авч сүүлдээ дарангуй дэглэмтэй болох санаа цөөн хүнээс гарахад хүргэж байна. ХБНГУ, Их Британи, Япон зэрэг парламентын ардчилалтай ч эдийн засгийн хувьд хамгийн сайн хөгжиж чадсан улсуудад гүйцэтгэх эрх мэдэл нь тогтвортой, хариуцлагатай байдаг. Энэ жишгийг авч парламентын засаглалаа бэхжүүлэх хэрэгтэй.

-Улстөрч хүний хувьд манай улсын улс төрийн тогтолцоог ямар хэлбэртэй байхыг илүү дэмждэг вэ. Зарим хүмүүс Ерөнхийлөгчийн засаглалтай болох асуудлыг ярьж байна л даа. Аль засаглал манай улсад тохирох вэ?

-Монгол Улс өөрөө гурванхан сая хүн амтай, хоёр том хөршийн дунд оршдог орны хувьд парламентын засаглал илүүтэй тохирох учиртай.

Харин энэхүү засаглалынхаа тогтолцоог илүү төгөлдөржүүлэх, хариуцлагатай болгох асуудлыг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Үнэхээр төрийн алба, төрийн тогтолцоонд сэв суусан нь үнэн. Гэхдээ бүх бурууг тогтолцоо руу чихэх нь учир дутагдалтай. Тиймээс хариуцлага, төрийн албыг чанаржуулах, чадавхжуулах, нам, улс төрийн хүчний хариуцлагын асуудлыг маш өндөрт тавьж, шаардах учиртай.


Categories
мэдээ цаг-үе

Ч.Улаан: Төрийн алба гэдэг сонгуульд хүчин зүтгэсэн хүнийг цалинтай байлгах нэг механизм болж

УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.


-Энэ намрын чуулганаар хэлэлцэн батлагдах гол асуудлын нэг нь төсөв. Ирэх оны төсвийг та хэрхэн дүгнэн харж байна вэ?

-Байнгын ажиллагаатай парламентын хийх ёстой гол ажил бол намрын чуулганаар төсөв, төлөвлөгөө батлах. Ер нь жилийн турш тасралтгүй хэлэлцдэг сэдэв бол төсөв төлөвлөгөө, мөнгөний бодлогын асуудал байдаг. УИХ хууль заасан хугацаанаасаа өмнө төсвөө хэлэлцээд дуусчихвал аймаг, орон нутаг энэ ондоо багтаад төсвөө хэлэлцэж батлах ёстой. Ингээд оны эцэст нэгдсэн төсөв батлагдан гарч ирдэг. Үүнээс гадна энэ намрын чуулганаар хэлэлцэгдэх гол асуудал байна. Тухайлбал, татварын багц хуулиуд бий. Үүнд, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хүн амын орлогын албан татварын хуулиудад нэлээд дорвитой өөрчлөлт хийгдэнэ. Энэ бол ирэх оны төсвийн том суурь болж өгнө гэсэн үг. Мөн энэ чуулганаар Тендерийн тухай хуульд өөрчлөлт орно. Одоо УИХ дээр ирчихсэн хэлэлцэгдэж байгаа. Тиймээс энэ намрын чуулган улс орны эдийн засгийг хэлэлцсэн үр дүнтэй чуулган болно.

-Намрын чуулганаар хэлэлцэгдэх гол хуулиуд ийм байж. Тэгвэл ирэх оны төсвийн гол онцлогийг та ярихгүй юу. Өмнөх жилүүдээс юугаараа ялгаатай байна вэ?

-Ирэх оны төсөв маш хариуцлагатай төсөв байх ёстой. Учир нь манай улс ОУВС-тай тохирсон хөтөлбөр ирэх онд дуусч байгаа юм. Уг хөтөлбөрийн дагуу Монгол Улс 2020 он гэхэд санхүүгийн хямралыг гэтлээд эдийн засгийн тогтвортой хөгжлийн замд орох ёстой. Тиймээс 2019 он уг хөтөлбөрийн хувь заяаг шийдэх жил болж таарна. Хэрэв уг хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж чадаагүй, үр өгөөжийг нь хүртэж чадахгүй бол Монгол Улс эдийн засгийн хямрал дотор байх хугацаа цаашаа сунана. Тиймээс ирэх оны төсөв үүгээр маш онцлогтой болж байна. Зарим хүмүүс ирэх оны төсвийг сонгуулийн өмнөх төсөв, хайр зарлах төсөв гэж янз бүрээр л дүгнэн ярьж байгаа. Гэхдээ ямар ч байсан ирэх оны төсөв хайр зарласан төсөв байж болохгүй. Өөрөөр хэлбэл, сонгууль болох гэж байна гээд амласан зүйлээ гүйцээх, ард иргэдийн санаанд нийцсэн сайхан арга хэмжээнүүдийг хийнэ гээд тусгаж болохгүй. Тиймээс бага зэрэг шорвогдуу төсөв байх ёстой.

-Ирэх оны төсөвд тулгарч байгаа эрсдэлүүдийг та хэлэхгүй юу. Жил жилийн төсөв дээр л асуудал үүсдэг шүү дээ?

-Эрсдэл бий. Тухайлбал, орлогоо дайчилсан байдал хэр бодитой байна, зарлагаа хэр зэрэг оновчтой, хэмнэж зарцуулж чадсан гэх мэт үзүүлэлт бүрээр яривал асуудал бий. Үүнээс гадна төсөв дээр ямар эрсдэл учирч болох вэ гэдгийг анхаарах ёстой. Улс төрийн агуулгаар төсөвт хандаж, эдийн засагт бие болсон нааштай ололтуудыг алдчих эрсдэл байгаа. Манай улсын эдийн засаг өсч байна гээд яриад байгаа чинь оргүй зүйл биш. Гэхдээ энэ өсөлт маш эмзэг үедээ явж байна. Бид анхаарал жаахан сарниад ч гэх үү, улс төрийн агуулгаар хандах л юм бол эдийн засгийн нааштай өөрчлөлт, тогтворжилтын хандлага хормын зуур л алдагдана. Ингэснээр буцаад л 2016 оны хямрал руугаа орчих эрсдэлтэй.

-Төсвийн хуваарилалтыг оновчтой хийж чадаж уу. Манайд энэ жил бага төсөв олгочихлоо, тэрэнд ихийг өглөө гэх зэргээр маргаан гарч ирдэг ээ…

-Яг одоогийн байдлаар төсвийн хуваарилалтад үнэлэлт, дүгнэлт өгөх цаг биш. Байгаа хөрөнгийг оновчтой зөв хуваарилж чадаж байна уу гэдгийг хэлэлцүүлгийн явцад нямбайруулаад, чанаржуулаад явчих боломжтой. ЗТХЯ дээр гарсан хэрэгтэй холбоотойгоор ирэх оны төсөв нь багасчихлаа гэдэг утгагүй яриа гарч байгаад гайхаж байна. Яаманд гарсан балмад, танхай хэрэг чинь нэг өөр асуудал. Төсөв гэдэг бол төрийн бодлого, хөгжил дэвшлийн бодлого. Тиймээс энэ хоёрыг хамтатгаж ойлгож байгаа нь утгагүй. Төсөв ихэсч, багасах нь учир шалтгаантай. Эхэлчихсэн олон бүтээн байгуулалт ашиглалтад ороод дуусчихсан бол хэмжээ нь багасна. Ер нь төсөв дээр эдийн засгийн агуулгаар, үр ашгийн үүднээс хандах ёстой. Гэтэл манайд төсөв дээр улс төрийн агуулгаар, хэрэгцээ шаардлагын талаас нь хандаад байна. Надад юу өгөх гэж байна, миний тойрогт юу хийгдэх гэж байна ч гэдэг юм уу, ийм өнцгөөр асуудалд хандаж болохгүй.

-Чуулган дээр зарим гишүүд ирэх оны төсвийг хэт өөдрөг төсөв болсон гэж шүүмжилж байна…

-Энэ бол зөв шүүмжлэл. Өнөөдрийг хүртэл төсөв дээр нэг буруу хандлага явдаг нь зардлаа их тавьчихдаг. Тэгэхээр энэ их зардлаа сүүлд нь хасч чадахгүй яадаг вэ гэхээр орлогоо механикаар шахаж өгдөг. Өөрөөр хэлбэл, зардал их байна, орлого ол гэдэг. Энэ нь яагаад ч хэрэгждэггүй. Өнгөрсөн жил өмч хувьчлалаас 160 тэрбум төгрөгийн орлого оруулна гэж төлөвлөсөн. Гэтэл өнөөдөр энэ орлого ороогүй байх жишээтэй. Тэгэхээр нэг талдаа хэрэглээндээ хөтлөгдөөд орлогоо их үндэслэл муутай шахдаг. Нөгөө талдаа төсөвт батлаад өгчихсөн, хуульчилчихсан энэ орлого оруулах ажлаа хийдэггүй. Ингээд энэ хэмжээгээр орлого тасарч эхэлдэг. Үүнээс болж төсөв дээр асуудал үүснэ дээ. Яахав ирэх оны төсөв дээр орлогоо маш сайн бодитой оруулж ирсэн нь ажиглагдаж байгаа юм.

-Төсвийн байнгын хороогоор Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг шинээр байгууллаа. Уг зөвлөлийн ач холбогдлыг та тайлбарлахгүй юу?

-Энэ чухал ач холбогдолтой зөвлөл. УИХ өөрсдөө хууль бус үйл ажиллагаа явуулдаг. Үүнийгээ засч залруулахын тулд зарим үед шаардлагагүй ч байж мэдэх механизмыг бодож олдог. Хөрөнгө мөнгө зарлагаддаг, ийм нэг чөтгөрийн тойрогт байгаа улсууд шүү дээ. Угтаа тогтвортой байдлын зөвлөл байх шаардлагатай юу гэвэл үгүй. Манай улс уг нь төсвийн тогтвортой байдлын тухай хуультай улс. Уг хуулиа ягштал дагаад мөрдөөд хэрэгжүүлээд явчихдаг бол Монгол Улсын төсөв дээр ямар ч асуудал, эргэлзээ үүсэхгүй. Гэтэл хуулийг хэрэгжүүлэх явцдаа элдэв өөрчлөлт хийгээд нөгөө тогтвортой байх зарчмыг нь алдагдуулчихдаг. Тэгснээ тогтворгүй болсон төсвөө тогтвортой байлгахын тулд нэмэлт бүтэц байгуулж байна, зөв үү. Энэ талаас нь аваад үзвэл ямар ч утгагүй харагдаж байгаа юм. Гэхдээ нэгэнт төсөв тогтворгүй, замбараагүй, төсвийн сахилга бат алдагдчихсан энэ үед уг зөвлөл байгуулах зайлшгүй шаардлага үүсчихэж байгаа юм. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулагдсанаар төсвийн асуудалд эдийн засгийн агуулгаар үр ашиг талаас нь хандах хэнийг нөлөөгүй бие даасан бүтэц байгуулагдаж байгаагаараа ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр төсөв дээр ажиллаж байгаа УИХ, байнгын хэсэг, ажлын хэсэг, яамдууд өнөөдөр ямар байдалд орчихсон бэ гэхээр дээд зэргийн үрэлгэн, үр ашиг муутай, тогтворгүй, өөрсдөдөө зориулж төсвийн үзүүлэлтийг өөрчилдөг зэрэг замбараагүй байдалд байна. Тэгэхээр энэ байдлыг засахын тулд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гол үүрэг чиглэл оршиж байгаа юм. Өнөөдөр төсвийн асуудалд төрийн байгууллага, төрийн түшээдүүд зөвхөн улс төрийн өнцгөөр ханддаг болчихсон байна.

-Та түрүү нь энэ намрын чуулганаар татварын багц хуулиуд батлагдана гэж ярьсан. Олон улсын зүгээс манай орныг татварын систем тааруу улс орны тоонд оруулж, хар жагсаалтад оруулсан шүү дээ. Энэ хууль батлагдсанаар энэхүү жагсаалтаас гарах, цаашлаад гадаадын хөрөнгө оруулагчдыг татах боломж бүрдэнэ гэж ойлгож болох уу?

-Татварын хуулиуд олон улсын стандартыг аваад хэрэгжүүлээд ирэхээр хоёр чиглэлээр үйлчилнэ. Татварын хуулийн концепц ч тийм байгаа. Дотоодын аж ахуйн нэгжүүддээ чиглэсэн татварын хэмжээг нь багасгах, хүрээг нь тэлэх гээд нэг хэсэг бодлого байгаа.

Гол нь бүгдээрээ тэгш шударгаар татвараа төлдөг, тэгээд татвараас зугтдаггүй байх, татварын хэмжээ дарамтыг буулгах л зорилготой. 2017 оны сүүлийн хагаст Монгол Улсын татварын орчинд үнэлгээ өгөх судалгаа хийж байх явцад тэр оны арванхоёрдугаар сарын эхээр Европын холбоо Монгол Улсыг татварын хар жагсаалтад оруулсан. Татварын хар жагсаалт ямар учиртай юм бэ гэдгийг тэр үед манайхан сайн ойлгоогүй болов уу. “Хар жагсаалтад орчихлоо, аюул боллоо” гээд манайхан бужигнасан. Миний хувьд магадгүй завшаантай хэрэг болсон гэж бодож байгаа. Монгол Улсад татварын ил тод байдал хангалтгүй байна. Хоёрдугаарт, Монгол Улс татварынхаа мэдээллийг олон улсын холбогдох байгууллагуудад өгөхгүй, нууж хааж байна. Уг нь бол санаатайгаар нууж хаасан юм байхгүй. Ерөөсөө татварын ил тод боловсронгуй систем байхгүй учраас бид гадагш нь мэдээлэл өгч чаддаггүй. Гадагш нь өгөх битгий хэл дотроо мэдээллээ авч чаддаггүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад гаднын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд татвараас зайлсхийж байна гэдэг үндэслэлээр манайхыг хар жагсаалтад оруулсан юм. Монгол Улс хар жагсаалтад орчихлоо гэдэг нь хүмүүст аймшиг төрүүлсэн болохоос биш яг үнэндээ манай бодит байдлыг зөв үнэлсэн. Хар жагсаалтад байгаад байвал бид бас их олон сөрөг үр дагавартай болно л доо. Хамтын ажиллагаа цаашдаа амаргүй байдалд орно. Эргэлзээ тээнэгэлзээ төрнө. Хөрөнгө оруулалт багасна.

Харин тэр үед ОУВС-гаас байгуулагдсан ажлын хэсэг энэ хар жагсаалтаас гарахын тулд Монгол Улс олон улсын татвараас зайлсхийхийн эсрэг тэмцдэг байгууллагын гишүүнээр элс, энэ чиглэлийн гэрээ конвенцид нь ор гэдэг зөвлөмж өгсөн. Монгол Улсын Засгийн газар харин энэ асуудалд маш шуурхай хандаж, 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Засгийн газар хуралдаад ерөөсөө Татварын ил тод байдлыг хангая. Татварын мэдээллээ олон улсад ил тод болгоё, харилцдаг болъё, энэ чиглэлээр олон улсын дүрэм, журмуудыг мөрдье гэдэг шийдвэр гаргасан. Ингээд Монгол Улс татварынхаа ил тод байдлыг сайжруулах амлалт авсан учраас бид хар жагсаалтаас гарч, саарал жагсаалтад орсон.

-Татварын багц хуульд яг ямар өөрчлөлт орж байгаа юм бэ?

-Үндсэндээ базаад хэлвэл хоёр том өөрчлөлт орж ирж байгаа. Нэгдүгээрт, дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих. Шударга бизнесийг дэмжих, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, улмаар татварын ачааллыг багасгаж, хүрээг нь өрөгтгөх явдал юм. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд буюу үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагааг хянах, татварыг ил тод болгох татвараас нуугддаг, зувчуулдаг явдлыг арилгах гэсэн чиглэлтэй байгаа. Манайханд нэг дутагдал бий. Далайд гарцгүй орон, дэд бүтцийн хөгжил султай учир гадныханд давуу нөхцөл өгч байж хөрөнгө оруулагчдыг татна гэж ярьдаг. Гэтэл дэлхий дахинд ингэж хөнгөлөлттэй нөхцөл өгөх нь тухайн оронд эргээд хохиролтой тусна гэж үздэг. Тиймээс хэд давуутай нөхцөл олгож татвараас зугтаах бололцоо олгож байгаа энэ үйл ажиллагааг хаах ёстой.

-Сөрөг хүчний зүгээс МАН 2016 онд сонгуульд ялахдаа АН-ыг иргэн бүрийг 15 сая төгрөгийн өрөнд оруулчихлаа гэж хар пиар хийж байгаад гарч ирсэн. Харин одоо өөрсдөө хүн бүрийг 22 сая төгрөгийн өрөнд оруулчихаад сууж байна гэж чуулганы индэр дээрээс хэлсэн. Энэ үнэн үү?

-Улс төрийн шүүмжлэл байнга л байдаг. Ярих яриа, хийх ажил, амлах амлалтаа аль алиныг нь бодож байж л амлалт өгөх ёстой. Огт өр тавихгүй гэж амласан бол энэ байж болохгүй асуудал. Ер нь зээл авахгүйгээр хөгжсөн улс орон, аж ахуйн нэгж гэж байдаг юм уу. Энэ үүднээс аваад үзвэл эдийн засгийн байдаг л нэг харилцаа. Өрийг зээлээр төлж байна гэдэг бол өр төлөх зах зээлийн нэг боломж. Бага хугацаатай өндөр хүү төлж байснаас бага хүүтэй урт хугацааны зээл авах нь ашигтай. Тухайн үед энэ их өр зээлээ төлж чадахгүй Монгол Улс дампуурна гээд л яриад байсан. Өнөөдөр бид дампуурсангүй. Ямар нэгэн хэмжээнд бодлогын үйл ажиллагааг авч хэрэгжүүлсэн байгаа байхгүй юу. Яг өнөөдөр гадаад өр зээлүүдээ бүгдийг нь төлж дуусгаагүй ч гэсэн зарим зээлийнхээ хугацааг сунгаад заримынх нь хүүг багасгаад л явж байгаа.

-Төрийн алба чадавхгүй боллоо, төрийн тогтолцоонд гажиг суулаа гэж ярьж шүүмжлэх хүмүүс олон байна?

-Хуучин бидний үед Төрийн албанд ажиллахын тулд олон шалгуур үзүүлэлтийг хангадаг, шүүлт өндөртэй, хариуцлагатай байж төрд байр сууриа олж ажилладаг байлаа. Ингээд бусдаасаа шалгарсан, манлайлсан хүн л дээшээ өсч, дэвшиж явдаг л байсан. Гэтэл өнөөдөр энэ байдал алдагдчихсан. Төрийн алба гэдэг сонгуульд хүчин зүтгэсэн хүнийг цалинтай байлгах нэг механизм болж. Дадлага, чадвар муутай, орон тоо бөглөсөн хүнээр төрийн алба дүүрч. Дадлагын оюутан шиг танин мэдэхүйн шатандаа яваа хүмүүсээр төрийн албаны ихэнх орон тоог дүүргэсэн байна. Үүнээс болоод төрийн албаны тоо нь өсөөд байгаа болохоос ажлын үр дүн асар бага болж. Үүнийг дагаад зардал өсч байна. Тиймээс үүнд томоохон өөрчлөлт оруулах ёстой. Төрийн алба бол цомхон чадварлаг, мэргэшсэн байж гэмээнэ сая төрийн зардал багасдаг, ажлын үр дүн нааштай гардаг. Төр суларна гэдэг ард түмэн найдвартай хамгаалал түшиг тулгуургүй болж байна гэсэн үг.

-Намрын чуулганы нээлтийн үеэр Ерөнхийлөгч, УИХ-ын даргын хэлсэн үгэнд төрийн тогтолцоо болохгүй байгаа талаар дурдаж байсан. Мөн Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах ёсой гэдэг зүйлийг ярьсан. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Миний хувьд парламентийн засаглал манай улсад яг тохирсон засаглал гэж үздэг хүн. Монголчууд үүнээс илүү оновчтой тогтолцоог олж чадахгүй байх. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг ардын мэргэн сургаалтай ч бүрэн нийцэж байгаа гэж ойлгодог. Төрийн үйл ажиллагаа суларч, төр доройтож байгааг зөвхөн тогтолцоотой холбон үзэх нь учир дутагдалтай юм. Байгаа тогтолцооны хүрээнд үр ашигтай ажиллуулах боломж бололцоог бид хэр ашигласан юм. Би хувьдаа ашиглаж чадаагүй гэж боддог. Яг үнэндээ монголчууд бидэнд салан баавгайн үлгэрийн зарчим шиг нэг тийм сониучхан, юмыг амархан мартдаг зан бий. Бурууг бусдаас хайдаг. Тогтолцооноос болоод бүх зүйл буруудчихсан гэвэл тийм биш. Энэ төрийг бүрдүүлж байгаа нам, түүнийг төлөөлж төр засагт гарч ирсэн удирдлагуудын үйл ажиллагаа арга барилтай холбоотой. Тогтолцоондоо асуудал байдаг гэвэл байдаг л байх. Гэхдээ бүх болохгүй зүйлээ тогтолцоо руугаа чихэж байгаа нь буруу. Асуудал юундаа байна вэ гэхээр хүндээ л байгаа юм. Энэ төр, нийгмийг зөв зохион байгуулаад аваад явах чадвартай удирдагчид нь гарч ирвэл үүнээс илүү үр дүнтэй ажиллаж чадна гэдэгт би итгэдэг. Бид л энэ тогтолцоог нураасан. Хууль болгоноос нь зулгаасаар байгаад л тогтолцоог юу ч биш болгосон. Тиймээс сонгодог парламентынхаа тогтолцоог бэхжүүлж, түүнийхээ давуу талыг ашигллаж явах нь илүү оновчтой.

-Оюу толгойн үр өгөөжийг нэмэх лобби бүлэг байгуулагдаад нэлээд хугацаа өнгөрчээ. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах УИХ-аас гарсан Ажлын хэсэгтэй хэрхэн хамтарч байна вэ?

-Лобби бүлэг байгуулагдсанаас хойш нэлээд өргөн хэмжээний судалгаа хийж байна. Эрх зүйн бүх акц, гэрээ хэлцлүүд, засаг төрөөс гаргасан бүх тогтоол, шийдвэрийг судалж гишүүд нэгдмэл ойлголттой болсон. Нэг үгээр Оюу толгойн гэрээг шинэчилж, Монголын талд үр өгөөжтэйгөөр шинэчлэлт өөрчлөлт оруулахаас аргагүй юм аа гэдэг байр суурин дээр бид хатуу нэгдсэн. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах УИХ-ын ажлын хэсэгтэй бид хамтарч ажиллаагүй. Яахав, лобби бүлгийн гурван гишүүн Ажлын хэсэг дотор ажиллаж байгаа. Ажлын хэсэг хараахан дүгнэлтээ эцэслэж гаргаагүй байна.


Categories
мэдээ цаг-үе

О.Бум-Ялагч: Салбар бүрийг хариуцаж байгаа сайд цаашлаад Засгийн газар мафи, бүлэглэлийн барьцаанд орчихсон байна

Монголын Ногоон намын дарга Олзодын Бум-Ялагчтай ярилцлаа.


-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиар Монгол Улс иргэдээс эрчим хүч худалдаж авах үүрэг хүлээсэн. Гэтэл уг хуулийн журмыг өдийг хүртэл гаргаагүйгээс хууль хэрэгжихгүй байна гэх юм. Энэ хуулийн гол агуулга, ач холбогдол нь юу бол?

-Газрын тухай хуулиар монгол хүн бүр 0.07 га газар өмчлөн авах эрхтэй. Дэлхий дээр иргэддээ газар хувьчилж өгдөг улс цөөхөн. Иргэн бүр газартай болно гэдэг олон талын ач холбогдолтой. Түүний нэг нь Сэргээгдэх эрчим хүчний хуулиар зохицуулагдах ёстой юм. Энэ хуулиар иргэнээс нэг кВатт эрчим хүчийг 350400 төгрөгөөр худалдаж авахаар байгаа. Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль 2007 онд батлагдсан боловч өдийг хүртэл журам нь гараагүй. Харин хувийн компаниудаас худалдаж авах журам нь гарсан ч, хувь хүнээс авах журам нь гараагүй байна. Тэгэхээр иргэнээс эрчим хүч авах боломж бий. Түрүү нь газар ярьсан. 0.07 га газрын тал дээр нь нарны эрчим хүч хураах хавтан зоочихъё.

Ингэхээр нэг айл хашаандаа 30 кВаттын нарны хавтантай болчихож байгаа юм. Үүнээс эрчим хүч гаргаж аваад улсад худалдахад сар бүр багаар бодоход нэг сая төгрөгийн орлоготой болно. Үүнээс илүү гарсан орлогоороо хөрөнгө оруулагчдаа хүүг нь тооцон мөнгөө буцааж төлнө гэж тооцвол найман жил болж байгаа юм. Өнөөдөр Монгол Улсад эрчим хүч хэрэгтэй байна. Жил өнгөрөх бүр зургаан хувийн эрчим хүчний нэмэгдэл хэрэглээ бий болж байдаг гэсэн судалгаа бий. Үүнийг нөхөх бололцоог Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиар зохицуулаад өгчихсөн. Гэтэл яам нь өдийг хүртэл иргэнээс эрчим хүч худалдаж авах журмаа гаргаагүй байна. Уг нь журам батлагдчихвал нийгэмд олон талын эерэг өөрчлөлт бий болно.

-Тухайлбал, ямар өөрчлөлтүүд гарч ирэх юм бэ?

-Уг хууль бүрэн хэрэгжээд эхэлбэл ядууралтай тэмцэхэд жинтэй хувь нэмэр оруулах юм. Ажилгүйдэл, ядуурал бол манай нийгэмд тулгамдаж буй хамгийн хүнд асуудал болоод байна. Ядууралтай тэмцэх гол аргачлал бол ажлын байр бий болгох. Уг хуулиар иргэн бүр өөрийн өмчилж авсан газартаа нарны хавтан суурилуулж, гаргасан эрчим хүчээ улсад худалдах боломж, эрх зүйн орчин нь байна. Одоо яамнаас уг хуулийг хэрэгжүүлэх журмаа хурдан гаргах хэрэгтэй. “Өрх бүр үйлдвэрлэгч” гэсэн манай намын бодлого бий. Хөрөнгөний эх үүсвэрийг шийдвэл нарны хавтан иргэдийн эзэмшлийн газар нь зоочихно. Ингээд иргэн бүр эрчим хүч үйлдвэрлээд улсдаа борлуулаад байвал эдийн засаг өсч, амьжиргаа сайжирна. Цаашлаад айл бүр уг цахилгаан эрчим хүчээр дулааныхаа асуудлыг шийдчихвэл Улаанбаатар маань утаагүй болно. Манайд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжихгүй байгаагийн гол шалтгаан бол борлуулалт, маркетинг дутмаг байгаад, дээр нь төр засгаас борлуулалтад нь хангалттай анхаарахгүй байна. Нэг жишээ санал болгоё, Монгол Улс 24 сая хонь, 23 сая ямаатай. Нэг хониноос 4 килограмм ноос гарна. Хойд хөршид жил бүр 100 сая эсгий гутал шаардлагатай байдаг. Үүнийхээ аравхан саяыг л хангаж чадаж байгаа. Тэгэхээр хойд хөршид эсгий гуталны асар том зах зээл байгаа нь ойлгомжтой байгаа биз. Манайх 50 сая орчим эсгий гутал үйлдвэрлээд хойшоо гаргачих бололцоотой. Үүнийг өрхийн үйлдвэрлэлээр хийчихэж болно. Энэ мэт эдийн засагт ач холбогдолтой зүйлийг Төр анзаарч харахгүй байна. Харсан ч ажил хэрэг болгох сэтгэл алга.

-Манай улсын эдийн засаг сүүлийн үед өсөлттэй байгаа талаар салбарын сайд нь ярьж байгаа. Эдийн засгаа улам өсгөж, өргөжүүлэхийн тулд яах ёстой гэж боддог вэ?

-Хамгийн чухал байгаа зүйл бол ухаалаг менежмэнтийн бодлого явагдах ёстой. Монгол Улсын эдийн засаг жижиг, гэтэл унаж байна гэж шүүмжилдэг. Арга ч үгүй биз, 17 тэрбум ам.доллар гадагшаа гараад оффшорт орчихоор яах ч билээ. Монголын эдийн засаг хяналтгүй. Хяналтаа сайжруулах шаардлагатай. Мөн халамжийн эдийн засаг гэх зүйлийг бий болгох ёстой. Учир нь манай улсын нийт хүн амын гуравны нэг нь ядуурчихаад байна. Тэгэхээр дээрх хуулийн хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлж, ухаалаг менежмэнтийн бодлогыг явуулж чадвал энэ улсын эдийн засаг эрс сайжирна. Манай нам ч энэ талын бодлого барьж, мөрийн хөтөлбөрөө тусгаад хэрэгжүүлэхийн төлөө явж байгаа. Бидний зүгээс эдийн засгийг өсгөх, иргэдийн амьжиргааг бодитоор дээшлүүлэх бодлогыг үе үеийн Засгийн газар, эрх барьж буй намд санал хүргүүлдэг. Гэвч бидний санал, санаачилгыг өдийг болтол аль ч Засгийн газар хүлээж авч, ажил хэрэг болгоогүй байна.

-Эрх барьж буй нам бодлогоо гаргаж явах нь тодорхой. Гэхдээ бусад улс төрийн хүчний санал санаачилгыг хүлээн авч, хамтран ажиллах талдаа тааруу байдаг асуудлыг олон хүн шүүмжилж ярьдаг л даа…

-Энэ Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн хүрээнд хийгдэх боломжтой ажлуудыг зургаан жил Засгийн газарт танилцуулсан боловч өдийг хүртэл ямар ч хариу алга. Аль ч Засгийн газарт иргэдийнхээ амьдрал, амьжиргааг дээшлүүлчих юмсан гэсэн хүсэл эрмэлзэл алга. Өнөөдөр Монгол Улс эрчим хүчнийхээ системд томоохон өөрчлөлт хийхгүй бол болохгүй болчихлоо. Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль хэрэгжээд айл өрхөөс эрчим хүч худалдаж авах юм бол тогтмол эрчим хүчний эх үүсвэртэй болчихно. Эрчим хүчийг хурааж, хадгалах цаашлаад тогтмол чадлын эх үүсвэртэй болох зэрэг ажил гарна. Ингэхийн тулд Германы технологиор нарны эрчим хүчээр устөрөгч бий болгоод түүнийгээ метанжуулаад жирийн газ болгочихож болно. Ингэснээр ахуйн газаа өөрсдөө үйлдвэрлэх боломж гарч ирж байгаа юм. Германчууд уг технологио эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд өгье л гэж байгаа. Хэрэв үүнийг Засаг дэмжээд өгвөл монгол хүн өөрсдөө эрчим хүч гарган авдаг тоног төхөөрөмжүүдийг засварлах, цаашлаад үйлдвэрлэх боломжтой болно. Гэтэл улс төрчид Засгийн газар байгууллахаасаа өмнө дэмждэг боловч байгуулсныхаа дараа үүнийг таг мартчихдаг. Ер нь ажил хийнэ гэдгээ Засгийн газар байгууллахаас өмнө баахан ярьдаг шүү дээ. Харин дараа нь нөгөө ярьж, амлаж байсан ажлуудаасаа нэгийг нь ч хийдэггүй.

-Яагаад эрх мэдэлд очихоороо амлаж байсан, ярьж байсан ажлаа хийдэггүй юм бол. Үүнийг та юу гэж харж байна?

-Эрх мэдэлд очсон хүн ажил хийхгүй, бодлого гаргахгүй байгаа юм биш. Бас ч улс орны төлөө гэсэн сэтгэлтэй сайд, дарга нар бий. Гэвч тэднийг мафи, бүлэглэл хүрээндээ оруулчихаад ажлыг нь хийлгүй байгаа юм. Тухайлбал, эрчим хүчний салбарт Ц.Даваасүрэн сайд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн хүрээнд иргэнээс эрчим хүч худалдаж авах боломжийг судлаад ажил хэрэг болгоё гэж бодъё. Тэгвэл гурав, дөрөвдүгээр цахилгаан станцуудад байнга гэмтэл, аваар гарна. Өвөл бол “За сайдаа, тогийг чинь тасаллаа, Улаанбаатар хот чинь хөлдөнө шүү!” гэж анхааруулж, айлгана. Өөрөөр хэлбэл ямар ч салбарт цаана нь тодорхой хэмжээний айлган сүрдүүлдэг мафи бий болчихож. Засгийн газрын гишүүд салбартаа тулгамдсан асуудал, шинэ шинэ шийдэл ажлуудыг хэрэгжүүлье гэсэн сэтгэл байв ч нөгөө мафижсан бүлэглэл үүнийг нь сүрдүүлгийн хэлбэрээр таслан зогсоодог. Энэ жишээ сая эрчим хүчний салбарт тодорхой харагдлаа. Ц.Даваасүрэн сайд эрчим хүчний салбарт шинэчлэл хийе гээд ажил явуулах гэтэл ДЦС-4 дээр аваар гарч, хот тоггүй болсон. Ийм нэг салбар бүрээс мөнгө идээд сурчихсан тогтолцоо аалзны тор шиг Монгол Улсыг бүрхчихсэн байна. Өөрөөр хэлбэл салбар бүрийг хариуцаж байгаа сайд цаашлаад Засгийн газар ямар нэгэн мафи, бүлэглэлийн барьцаанд орчихсон гэсэн үг. Тэгэхээр ажил яаж явах вэ. Улс яаж хөгжих вэ. Тэр бүлэглэл, мафийн хамааралд хууль хүчний байгууллагууд бүгд орчихсон нь хамгийн аюултай. Улстөрчдийн ард түмнээ гэх хүсэл эрмэлзэл хэдий байв ч улс төрийн карераа бодох уу, эсвэл огцрох уу гэдэг сонголттой тулчихдаг. Засаг авахаасаа өмнө нийгмийн болохгүй байгаа юмыг өөрчлөнө, үүнээс айгаад байх юу байна гэж боддог. Гэтэл Засгийн газрын гишүүн болсныхоо дараа өөр болчихож байгаа юм.

-Эрчим хүчний салбарт ямар алдаа дутагдал байгаа болоод өөрчлөлт ярих болов?

-Эрчим хүчний салбарт нэг зүйл болохгүй байна. Багануурын нүүрс дээр суурилсан эрчим хүч нэг кВатт цахилгаанаа 68 төгрөгөөр үйлдвэрлэдэг. Энэ нь хэрэглэгч дээр очихоороо 196 төгрөг болчихдог. Энэ хоорондох мөнгө хаашаа алга болоод байна вэ. Манай улс нэг цагт мянган МВатт цахилгаан зарцуулдаг. Үүнийг зөрүү 128 төгрөгөөр үржүүлбэл нэг цагт 128 сая төгрөг хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болж байна. Ингээд 24 цагтаа үржүүлбэл хоногт эрчим хүчнээс ямар их хэмжээний мөнгө алга болж байна вэ. Энэ мөнгө нэг зүйл рүү л орж байгаа. Ямартаа ч улсын төсөв рүү энэ мөнгө орохгүй байгаа. Тэгэхээр гадагшаа оффшор данс руу л орчихоод байна уу даа гэж хардагдахаар байгаа юм. Тиймээс эрчим хүчний салбарт томоохон өөрчлөлт хэрэгтэй. Үүнийг ил болгохын тулд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн хүрээнд ард иргэд улсдаа эрчим хүч худалддаг нийлүүлэгч болж хөндлөнгийн хяналтыг баталгаажуулах ёстой юм. Хувийн компаниас төр эрчим хүч авч болж л байгаа юм чинь иргэдээс авч болно. Иргэд маань хоорондоо нэгдэж нэг хоршоолол болчих хэрэгтэй. 100 айл нэгдээд хоршоолол болоод нарны эрчим хүчээ улсад борлуулж болно. Газар нь байна. Хөрөнгө оруулагч нь байна. Хууль эрх зүйн орчин нь ч байна. Гол нь иргэдийн идэвх, төр засгийн дэмжлэг, зохион байгуулалт, хэрэгжилт шаардлагатай байна.

-Төрийн тогтолцоо болохгүй байна, гажигтай болчихлоо гэж ярих хүн олон. Тогтолцооны гажиг гэдэг зүйл үнэхээр байдаг бол хэзээнээс бий болчихсон юм бол. Танай намын хувьд энэ асуудлаар ямар байр суурьтай байна?

-Монгол Улсад хандивлагч орны уулзалт гэж болдог байлаа. Энэ хүрээнд Монгол Улсад их хэмжээний хөрөнгө орж ирдэг байсан. Энэ их хөрөнгийг ямар ч хяналтгүй зарцуулдаг байснаас болж Төрийн тогтолцоонд гажиг сууж эхэлсэн. Авлига, хүнд суртал, танил тал гэдэг зүйл цэцэглэн хөгжихөд гол түлхэц болсон доо. Төрийн тогтолцоо болохгүй байгаа нь үнэн. Улсын төсвийг зохион байгуулалттай иддэг бүлэг сүлжээ бий болчихлоо. Тэгэхээр манай нийгэм одоо нэг тохиролцоонд хүрэх ёстой. Тэр нь улс төрийн тохиролцоо байх болно. Өөрөөр хэлбэл хөрөнгө мөнгө иддэг хүмүүстэй “Та нарын өдийг хүртэл идэж уусан хөрөнгийг хурааж авахгүй. Харин цаашид хөрөнгө завшдаг асуудлаа боль!” гэдэг тохиролцоог хийх хэрэгтэй. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин авлигач бүлэглэл, улсын төсвөөр баяжсан хөрөнгөтнүүдтэй уулзаж тохиролцож байсан. Зарим нэг эсэргүүцсэн хүмүүсийг шууд шоронд хорьж байсан. Идэж, уудаг хүмүүстэй одоо иймэрхүү улс төрийн тохиролцоог хийх хэрэгтэй байна. Олон жил л татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа завшлаа. Одоо болно шүү дээ.

-Хоёр нам олон жил ээлжлэн төр барилаа. Нэг үе эрх баригч намынхаа алдаа дутагдлыг сөрөг хүчний зүгээс идэвхтэй дуугарч, тэмцэж байсан бол одоо хэн хэндээ хатуухан үг хэлж, шаардлага тавьж чадахаа байчихлаа гэж ярьдаг улс төрчид олон. Таны хувьд энэ асуудлыг юу гэж харж байна вэ?

-Сонгуулийн системд л байгаа. Гэхдээ сонгуулийг шударга бус болдог гэж хэлэхгүй. Хамгийн гол шалтгаан нь сонгогчид л байна. Сонгогчид хоёр том намаа ээлжлэн сонгоод л байна. Манай сонгогчид гишүүн олонтой намд итгэл үзүүлдэг. МАН 360 мянган гишүүнтэй, АН 180 мянган гишүүнтэй. Тиймээс энэ хоёр намыг ээлжлэн сонгоод байгаа хэрэг. За энэ жил энэ нам нэг юм хийчих байх даа, өнгөрсөн удаа яахав алдсан, гэхдээ болчихно доо гэсэн итгэлээр ханддаг. Гэвч хоёр намын аль нь ч болохгүй байна. Нийлж үзээд ч дийлэхгүй байна. Ард түмний итгэлийг алдсаар л байна. Хоёр намын ахмад үеийг сонгож Төрийн эрх бариуллаа болсонгүй. Дунд үеийнхнийг нь сонгосон ч бас л болсонгүй. Бүр аргаа бараад залуу үеийг нь сонгосон боловч улам ч хэцүү байдалд ард түмнийг орууллаа. Одоо ирэх 2020 оны сонгуулиар энэ хоёр намын юуг нь харж, хэнд нь итгэж сонгууль өгөх вэ. Тэгэхээр одоо манай сонгогчид сонгуулийн хувьсгал хийх цаг нь болсон. Өөрөөр хэлбэл Засгийн эрхийг шинэ улс төрийн хүчинд өгье гэсэн үг.

-Хэнтий аймагт товлогдсон нөхөн сонгуулийг ҮХЦ-ээс Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Үүнээс болоод уг сонгууль болох болохгүй нь эргэлзээтэй боллоо. Нөхөн сонгуультай холбоотой асуудлыг танай нам хэрхэн дүгнэж байна?

-Сонгууль хууль эрх зүйн хүрээндээ л явагдах ёстой. Гэтэл СЕХ Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг айхавтар хүлээн авч байна. Улмаар ирэх сард явагдах ёстой сонгуулийг түдгэлзүүлчихлээ. Энэ тухай албан бичиг улс төрийн намуудад ирүүлчихсэн байгаа. Угтаа СЕХ нь УИХ-ын шийдвэрийг шууд хэрэгжүүлэх ёстой байгууллага. Түүнээс биш ҮХЦ-ийн гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ёсгүй юм. УИХ-аас гаргасан 62 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа. Тиймээс СЕХ хийх ёстой ажлаа хийгээд л явж байх ёстой байсан. Гэвч тэгсэнгүй. Хэрэв УИХ ээлжит бусаар хуралдаж 62 дугаар тогтоолоо хэлэлцэж ҮХЦ-ээс гаргасан шийдвэрийг зөв гэж үзсэн бол СЕХ нөхөн сонгуулийн бэлтгэл ажлаа зогсоож болно. Гэвч УИХ уг тогтоолоо хэлэлцээгүй байтал СЕХ дур мэдэн уг ажлыг зогсоос нь хууль зөрчсөн үйлдэл. Өөрөөр хэлбэл УИХ-аас илүү эрх мэдэлтэй байна гэсэн үг юм. Ийм байж болохгүй. Ирэх долоо хоногт УИХ-ын намрын чуулган эхлэх гэж байна. Эхний хэлэлцэх асуудал нь нөхөн сонгууль байх. Хэрэв УИХ ҮХЦ-ийн гаргасан шийдвэрийг буруу гэж үзэн 62 дугаар тогтоолоо хэвээр нь үлдээвэл яах вэ. Сонгууль ирэх сарын 7-нд болно. Тэгэхээр хоёрхон хоног үлдэнэ гэсэн үг. Мэдээж сонгуулийн хугацааг шинээр тодотгох байх, намууд нэр дэвшигчээ тодруулж, СЕХ-нд хүргүүлэх болно. Хэрэв 7-ндоо хийнэ гэвэл цаг хугацаа нь тулчихаж байгаа юм. МНН-ын хувьд миний нэрийг Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нэр дэвшүүлэхээр албан ёсоор СЕХ-нд зөвлөмжийн дагуу хүргүүлсэн байгаа. Уг нь УИХ ард түмний эрх ашгийг хамгаалдаг бол ээлжит бус хурлаа ҮХЦ-ийн хурлын дараа зарлан хуралдуулах байлаа, гэтэл харамсалтай нь ийм ухамсар нэг гишүүнд нь ч алга!


Categories
мэдээ цаг-үе

Ж.Батсуурь: Боловсролын салбар мөнгө олдог хэдэн олигархиудын гарт орчихсон

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Ж.Батсуурьтай ярилцлаа.


-Өмнөх Засгийн газрын үед та боловсролын сайдаар ажиллаж байсан хүний хувьд одоо энэ салбарын үйл ажиллагаа, бодлого, зохицуулалтыг хэрхэн дүгнэн харж байна вэ. Багш нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардан ажил хаялт зарласан шүү дээ?

-Шууд хэлэхэд багш нарын цалинг нэмэх нь зөв. Ганц боловсролын салбарынхны цалин бага байгаа юм биш. Ерөнхийдөө нийт төрийн албан хаагчдын хөдөлмөрийн хөлс бага. Урд болон хойд хөрштэйгөө харьцуулаад үз л дээ тэнгэр газар шиг өөр байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн авч байгаа цалин хүний амьдралын наад захын хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй байгаа нь үнэн. Төрийн албан хаагчийн дундаж цалин нэг сая төгрөгт хүрсэн гэж ярьдаг нь худлаа. Юмны үнэ тэнгэрт хадаад байдаг хэр нь цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмнэ гэхээр тийм ч эдийн засгийн хүндрэл, ийм ч өр, хэлцэл гээд яриад суугаад байж болохгүй. Багш нарын цалинг 50 хувиар нэмэхэд нэг их наяд төгрөг шаардлагатай гэж хэвлэлээр ярьж байсныг сонссон. Одоо нийт багш нарын авч байгаа сарын цалин ч нэг их наяд хүрэхгүй, 300 орчим тэрбум төгрөг л төсөвлөж байгаа, үүнийг төсвийн зардлын цалингийн задаргаанаас харчихаж болно шүү дээ. Үнэн, бодит тооцоо судалгааг ард иргэдийг төөрөгдөлгүйгээр бодитойгоор мэдээлээсэй, Боловсролын яамны зүгээс Сангийн яам, Засгийн газартайгаа асуудлаа шийдэж ажиллаасай. Хөдөлмөрчдийн үндсэн цалин бага байгааг төр, засаг хүлээн зөвшөөрч орлогоо зөв хуваарилж, оновчтой бодлого барих шаардлагатай. Манай улсад орлого орохгүй биш орж байгаа. Орж ирсэн орлогоо бүтээн байгуулалтын ажилд зарцууллаа л гэнэ. Хэдэн тэрбум төгрөгөөр тийм ч бүтээн байгуулалт хийлээ гэх юм. Гэтэл тэрхүү бүтээн байгуулалтын зорилт, ач холбогдол, төсөв зардал нь бодитоор тооцогддог эсэх нь эргэлзээтэй. Зарим ажлыг дэндүү өндөр зардлаар хийгээд байна уу даа гэж анзаарагддаг. Том тоо ярьж, их зардлаар боссон ажил нь чанартай, үр дүн нь бодитой байх ёстой. Чанаргүй олон ажил хийгдэж байгаа нь нөгөө л хөрөнгө мөнгө идэж, уудаг асуудалтай шууд холбоотой. Бид сүүлийн 10-аад жил авто замд бүтээн байгуулалт хийлээ. Гэтэл өнөөдөр Нарны замаас өөр бүтэн зам Монголд нэг ч алга байна шүү дээ.

Ингэж хөрөнгө мөнгийг хувьдаа шамшигдуулж, чанаргүй бүтээн байгуулалт хийгдээд байвал улс орны хөгжил, эдийн засаг яаж дээшлэх юм. Үнэндээ Монгол Улс хэдэн сургууль цэцэрлэг бариад хэдхэн хүүхдээ бүрэн цэцэрлэг, сургуульд хамруулж чадахгүй л өнөөдрийг хүрлээ шүү дээ.

-Тэгэхээр чанаргүй бүтээн байгуулалтын ажилд өндөр зардал гаргаж, дээр, дооргүй идээд байгаа болохоор цалин нэмэгдэхгүй байна гэж ойлгох уу?

-Орж ирсэн орлогоо зөв хуваарилж чадаагүй, хариуцлага, хяналтын тогтол-цоо нь сул байхаар улсын эдийн засаг яаж өсөх юм бэ. Эдийн засаг нь өсөхгүй бол цалин яаж нэмэх билээ. Боловсролын салбарын жилийн төсөв дөнгөж их наяд гаруй төгрөг л байсан. Энэ мөнгөнөөс цалин тавина, сургууль, цэцэрлэгийн засвар, урсгал зардал, бусад шаардлагатай зардлууд гарна. Ингээд бодохоор багш нарын цалинг 50 хувиар нэмэгдүүлэхэд нэг их наяд төгрөг яагаад ч болохгүй. Бусад салбарт тухайлбал Зам, тээврийн салбарт нэг, гүүр, зам эвдэрч нурлаа гэхэд буцаагаад засварлаж болно. Харин боловсролын салбар бол амин чухал, өнөөдөр үүссэн ангал нүхийг бид хэзээ ч засаж чадахгүй, ирээдүйгээрээ төлнө гэдгийг мартаж болохгүй. Боловсролын салбар нь уналтад орж, улс төрийн бодлого нь тогтворгүй, хээл хахуульд идэгдсэн улс орон, ард түмэн маш эмгэнэлтэй байдалд хүрдэг гэдгийг олон орны түүх, туршлага харуулсаар байна. Орлого багатай улс оронд хулгай дээрэм, цахим сүлжээг ашигласан янз бүрийн гэмт хэрэг, луйвар зэрэг нийгмийн хар бараан зүйл нь улам л тодордог. Тиймээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг дээр миний хувьд санал нэг байгаа.

-Засгийн газрын шийдвэрээр багш нарын цалинг 8-30 хүртэлх хувиар нэмсэн. Гэтэл ажил хаялтад оролцож байгаа багш нар энэхүү нэмэгдлийг жил бүр төрийн албан хаагчдад олгодог 300 мянгаа л хувааж өгч байна. Үүнийгээ цалин нэмэгдүүллээ гэж ард түмэнд ойлгуулаад байна гэх юм?

-Ер нь хаана хаанаа бодит мэдээлэлтэй болох ёстой. Засгийн газар нь ч тэр, төрийн албан хаагчид ч тэр. Ард түмнээс үнэнийг нуугаад хэрэггүй. Боловсролын салбарт цалинг нь нэмсээр байхад багш нар нь сурагчдын эрхийг хохироогоод, эсвэл багш нарынх нь эсрэг төр нь байгаа ч юм шиг янз янзын ойлголтыг ард түмэнд төрүүлж болохгүй. Энд Засгийн газар албан ёсны тайлбар мэдээллийг ард түмэнд өгөх шаардлагатай. Монголын айл өрх, иргэн бүр боловсролын салбарт ямар нэгэн хэмжээгээр хамааралтай амьдардаг. Энэ салбарт нэг сая гаруй суралцагч байна. Багш нар маань л цалингаа нэмэгдүүлмээр байна гэж түрүүлж дуугарч, ад үзэгдээд байгаа болохоос биш нийт төрийн албан хаагч, ажиллагсдын цалин дэндүү бага байгаа. Эдгээр хүмүүсийн олонх нь арилжааны банкны хүлээсэн дунд амьдарч байна. Өнөөдөр монгол айл өрхөд орлого алга, ажлын байр хомс, энэ асуудлаар төр засгаас анхаарч дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлж чадахгүй байна. Засгийн газар ард иргэдийг маргаашийн тухай гоё үлгэрт итгэ хэмээн тулган өнөөдөр маргаашийн ирээдүйг бүтээгчдийг, маргааштай хамт золионд гаргаж байна.

-Өнгөрсөн хугацаанд яагаад энэ салбарын ажиллагсдын цалинг нэмэгдүүлээд байж болоогүй юм бол?

-Ардчилал гарснаас хойш өдийг хүртэл энэ асуудлыг ярьж байна. Төрийн зарим өндөрлөгүүд хүртэл албан хаагчдын цалинг нууцаар нэмэгдүүлнэ. Харин ил тод нэмнэ гээд зарлачихвал юмны үнэ тэнгэрт хадчихна гэдэг зүйлийг ярьдаг байсан. Цалин нэмчихээр юмны үнэ нэмэгдчихнэ, тиймээс инфляцийн түвшинг харж байгаад нэмэгдүүлнэ гэх утгагүй зүйлээ энэ төр сүүлийн гучин жил ярилаа. Цалин нэмэхээр л юмны үнэ огцом өсчихнө гэж юу байх вэ. Юмны үнийг хээрийн салхи хүрч ирээд шууд өсгөчихгүй. Энд ямар нэгэн хүний оролцоо орсон учраас л үнэ нэмэгдэж байгаа юм. Тэгэхээр үнийг хянаж, шалгаад хязгаарлаж болох байхгүй юу. Ерэн онд бид юуны төлөө тэмцсэн юм. Төрийн зохицуулалттай, шударга эдийн засгийн нийгэм байгуулахын төлөө л тэмцээ биз дээ. Гэтэл өнөөдөр Төр өөрөө үүнийгээ зохицуулж чадахгүй байна. Шинжлэх ухаан, мэдээллийн эрин зуунд мэдээллийг ямар ч аргаар олж авч чадна. Яагаад тэр компани үнээ нэмчихэв, үнэхээр бензиний үнэ өсчихсөн үү, гаднаас бензин оруулж ирэх зардал, энд нэг литрийг нь хэдээр худалдаалах вэ гэдгийг судлаад, мэдээллийг нь олох боломжтой. Тэгэхээр үнэхээр үнээ нэмэгдүүлэхээс аргагүйд хүрсэн үү, эсвэл хийсвэр үнийн өсөлт үүсгэчихсэн үү гэдгийг мэдэх боломж, хариуцсан төрийн байгууллагуудад бий. Харамсалтай нь үүнийг хийхгүй, хийхийг хүсэхгүй байна. Үнийн өсөлт үнэн үү, энэ асуудлыг зохицуулчихъя, буруутай этгээдэд хариуцлага тооцъё гэсэн хүсэл төрд алга. Хэдэн олигархиудын ил, далд дохио зангаагаар л төрийн ажлыг явуулаад байна уу даа гэж харж байгаа. Энэ мэт төрийн зохицуулалтгүйгээс болж цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэх ёстой хугацаандаа нэмэгдэж чадахгүй өдийг хүрсэн.

Үүнийг би мэдээд, өнөөдөр хэлээд байгаа юм биш, хүн бүхэн л мэдэж байгаа. Гол нь асуудлыг зохицуулах хүсэлтэй байна уу, хэний таалалд нийцүүлж бодлого шийдвэр гаргаж байна вэ гэдэгтээ л байгаа юм. Боловсролын салбар ч гэсэн мөнгө олдог хэдэн олигархиудын гарт орчихсон. Хэдэн арван сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуулиуд байна. Гэтэл ерөнхий боловсрол, бага дунд боловсролыг үнэ төлбөргүй олгох ёстой гэсэн төрийн үүрэг бий. Энэ механизмыг зөв хэрэгжүүлээд бүх ерөнхий боловсролын сургуулиудыг жигд ажиллуулж, нийтээрээ нэг хөтөлбөртэй байх ёстой.

-Одоо энэ салбарыг удирдаж байгаа сайдаас та-ны өмнө хийж хэрэгжүүлж байсан бодлого, үйл ажиллагаа анзаарагдаж байна уу?

-Сургалтын хөтөлбөрийг олон өөрчлөөд байх шаардлага байхгүй. Үүнийг салбарын мэргэжилтнүүд дээрээ суурилж маш болгоомжтой хандах ёстой. Хэдийгээр хэн юу ярих, юу бодох нь эрх чөлөөний асуудал ч ерөнхий боловсролын хичлээлийн хөтөлбөрт нөлөөлөх нь утгагүй. Тухайлбал, залуучууд хар тамхинд донтож байна гэхээр энэ талын хичээлийг ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулах ёстой гэнэ. Бүх улс орны боловсролын системд өөрийн гэсэн зорилт бий. Мөн ерөнхий боловсролд баримталдаг үндсэн зарчим бий. Тэр нь сурагчийн толгой гэдэг хогийн сав биш, тэнд юм бүрийг чихэх ёсгүй гэдэг зарчим. Тиймээс өнөөдөр сайд хэн байхаас, эсвэл хэн нэгэн албан тушаалтны санаа бодолд нийцүүлэн юуг ч хамаагүй зааж, боловсролын үндсэн агуулгыг алдагдуулж болохгүй. Бусдын үг, сошиал сүлжээнд хэт туйлширч явдаг буруу мэдээлэл дээр үндэслэн боловсролын салбарын бодлогыг тодорхойлох ёсгүй. Дэлхийн боловсролын суурь зарчим гэж бий л дээ. Тэрийгээ бариад явах ёстой.

-Та яг ямар учраас сайдын албан тушаалаас огцорсон юм бэ?

-Тухайн үед зарим өндөр албан тушаалтнуудын зохион байгуулалттай хийж хэрэгжүүлсэн арга хэмжээ бий л байх. Тэр үед төр барьж байсан намын бодлого, шийдвэрээр л огцорсон. Түүнээс биш хувь хүнийхээ хуьд ямар нэгэн хууль зөрчсөн, эсвэл ёс суртахууны доголдол гаргасан зүйл байгаагүй. Өгч болсон ажил түүнийгээ авна л биз гэж бодсон. Энэ үеэр янз бүрийн худал мэдээлэл, буруу ташаа зүйлс гарч байсанд харамсдаг. Намайг зүгээр дуудаад Засгийн газар хамтран ажиллах боломжгүйгээ илэрхийлсэн бол томилогдсон менежер хүн ажлаа шууд л өгчихнө шүү дээ. Миний хувьд энэ төр засаг, нийгэм шударга байгаасай л гэсэн бодолтой явдаг. Тэр ч утгаараа сайд байх хугацаандаа боловсролын салбарт шударга ёсыг эрхэмлэн, шударга байя гэсэн зарчмыг л баримталсан. Ерэн оноос эхлэн шударга үнэнийг нэхэмжилж байгаа ард түмний дуу хоолой өдгөө улам л чангаар сонсогдох болж. Ард түмний дийлэнх олонх нь энэ төр, нийгэмд шударга үнэнийг тогтоогоод өгөөч гэсэн чин хүсэлтэй байна.

-Таныг элсэлтийн ерөнхий шалгалтын материал задалдаг, мөн сургуулийн захиралтай холбоотой асуудлаас болж огцруулсан гэж нийтээрээ дайрсан шүү дээ…

-Энэ бол хэн бүхэнд л ил тодорхой асуудал. Жил бүр л улсын болон элсэлтийн ерөнхий шалгалтын тест задардаг гэсэн гомдол гарч байсан. Багш нар гэдэг чинь сурагчиддаа сайнаар үлгэрлэн, сурган хүмүүжүүлэгч үлгэр дуурайлал болсон хүмүүс. Цөөн хэдэн увайгүй хүмүүсийн үйлдлээс багш хүний нэр сэвтэн, үнэлэмж буурч байгаад үнэхээр харамссан. Тухайн үед шалгалт авах багш урьдчилаад шалгалтын материалаа задалчихсан байсан. Тэр битгий хэл ангиараа зохион байгуулалтад орж шалгалтын тестийг худалдаж авсан үйлдэл нь ч тогтоогдсон. Үүнийг хариуцаж байсан Боловсролын үнэлгээний төвийн нөхдүүдэд хандаж “Жил болгон тест зардаг гэсэн асуудал яригддаг. Хэрэв энэ удаад ийм зүйл гарвал эзэн холбогдогчийг нь заавал олж тогтоо” гэсэн үүргийг өгсөн. Тэр үед хэн хаанаас тест задлав, хаана, хаана тэрхүү тестийг тараасан бэ гэдэг нь тодорхой болгосон. Миний хувьд шалгалтын материалыг тараагаагүй ч, салбар хариуцаж байсны хувьд хариуцлага хүлээх нь зүй ёсных. Гэхдээ сургуулийн бяцхан сурагчдаас мөнгө хурааж аваад тест задалж байгаа үйлдэл ардын багш нараас гарч байгаад их харамсч байсан. Иймэрхүү шударга бус зүйлийг энэ нийгмээс зайлуулахгүй бол хойч үеэ улам л шударга бус, амар хялбар амьдардаг нийгмийг нь бүтээж өгч байгаагаас ялгаагүй юм. Үүнийг засахын тулд л тэмцэж, дуугарсан. Ер нь ёс суртахуунгүй байснаас боловсролгүй байсан нь дээр гэсэн үг бий. Ёс суртахуун хэмээх зүйлийг л эрхэмлэн үлгэрлэх ёстой.

-У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлыг сөрөг хүчний зүгээс болоод улс төрийн бусад нам, эвслүүдээс удаа дараа шаардлага тавьж байна. Уг асуудлыг та юу гэж харж байна?

-Засгийн газрыг огцруулах нь маш муу үр дагавартай. Улс орны хөгжил, бүтээн байгуулалт, том төслүүд гадаад ертөнцөөс хамааралтай болчихсон ийм цаг үед байнга Засгийн газраа сольж байдгаа болих хэрэгтэй. Гадны улс орнууд, хөрөнгө оруулагчид ч гэсэн бидэнтэй харилцахаасаа нуруугаа авахуулсан морь шиг л болж байна. Цаашлаад дотоодын ажил, төрийн бодлого ч урагшаа явахгүй байгаа. Өмнө Засгийн газрын үед сайдаар томилогдсон даруйдаа урд, хойд хөршийн боловсролын салбарын удирдлагуудтай уулзаж, харилцан хамтын ажиллагаа, бодлого зорилтоо тодорхойлчихсон байсан. Ингээд удаагүй манай Засгийн газар огцорсон. Одоо харж байхад тэр үед хийхээр төлөвлөсөн ажил, зөв бодлого, төсөл хөтөлбөрүүд бүгд алга байна. Салбар бүрт яригдсан зүйл Засаг солигдсоноор хэрэгжихээ больж, холбоо тасардаг. Энэ нь улс орны хөгжил, тухайн салбарын ирээдүйд сөрөг нөлөөтэй. Тиймээс Засгийн газрыг аль болох тогтвортой ажиллуулах л шаардлагатай. Болж өгвөл бүрэн эрхийн хугацааг нь дуустал ажиллуулаад үзэх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр тогтвортой байлгаж байна гээд хариуцлагаас мултрах шалтгаан болохгүй. Засгийн газар тогтвортой байлаа гэж бодоход бодлого хэрэгжүүлж байгаа төрийн алба хаагчдыг байнга сольж байна. Угтаа мэргэшсэн хариуцлагатай төрд баг бүрдүүлэх, өөрийн танил, итгэлтэй хүнээ томилдог гэдэг ойлголт байдаггүй. Харин ажлаа мэддэг, мэргэшсэн, бэлтгэгдсэн хүн л тэрхүү төрийн албыг хашдаг юм.

-Шуудхан асуухад У.Хүрэлсүхийн Засгийн газрын явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа таны сэтгэлд нийцэж байна уу. Та хэрхэн дүгнэж байна?

-Засгийн газар ажлаа аваад нэг жил орчим болж байна. Засгийн газрын тэр нь болохгүй, энэ болж байна гэдэг зүйлийг ярих эрт байна, тийм цаг хугацаа нь ч болоогүй байна. Би хувьдаа ганцхан зүйлийг л ярьдаг. Өмнөх Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн үгийг хэлсэн. Би бодохдоо ухаалаг төрд зөв тогтолцоо чухал гэж дүгнэдэг. Өөрөөр хэлбэл төрийг ухаалаг болгох гол механизм бол тогтолцоо нь зөв байх ёстой. Төрийн тогтолцооны гажиг туйлдаа хүрч байгаа өнөө үед Ерөнхий сайд үр дүнтэй ажиллах боломж бараг үгүй байна.

-Тэгвэл өнөөгийн төрийн тогтолцоо ямар байна вэ. Тогтолцоо нь зөв явж чадаж байна уу?

-Ер нь төрийн тогтолцоонд гажиг үүсээд удаж. Бүр улам даамжирч байна. Төрийн өндөр албанд ямар ч хүн байсан үр дүнд хүрч ажиллах боломжгүй байна. Энэ юунаас болж байна вэ гэхээр төрийн тогтолцооноос хамааралтай. Нийгмийн бүхий л шатанд улс төрийн ашиг сонирхол, хонжоо гэдэг юм нэвт шувт шингэчихлээ. Өмнө нь улс төрөөс ангид олон байгууллага байлаа. Эрүүл мэндийн салбар, академик байгууллагууд, хууль, хяналтын байгууллагууд улс төрөөс ангид байсан. Энэ төрийн тогтолцооны гажиг улам нөлөөлсөөр дөрөв, дөрвөн жилийн хугацаанд муудсаар өдгөө тартагтаа туллаа. Өнөөдөр сонгууль хийгээд маргаашаас нь дараагийн сонгуулийн эрх ашиг яригдаж, үйлчилж байна.

-Тэгэхээр төрийн тогтолцооны гажгийг хэрхэн зөв засах ёстой юм бэ?

-Аймгийн удирдлага бие даагаад үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байна. Ямар нэгэн шийдвэр гаргаад явах гэхээр ИТХаас нь шүүмжилдэг. Цаашлаад огцруулна, энэ бодлого чинь таалагдахгүй байна гэдэг. Ийм нэг хайчин дунд л төрийн удирдлага яваад байна. Аймаг, сумын түвшинд айхавтар улс төрийн сонгууль явуулах хэрэггүй. Цөөн хүн амтай манайх шиг улсад улс төрийн сонгуулийг жижиг орчинд явуулах нь маш сөрөг үр дүнд хүргэдэг. Олигархиуд, бүлэглэлүүд аймаг, сум, бүс нутгийг хуваагаад худалдаад авчихлаа. Зарим нь бүр салбараар нь худалдаад авчихсан. Тиймээс иргэд тэр салбар хувийн компани шиг ажиллаж байна гэж яриад байгаа юм. Ийм нэг улс төр нэвт шингэсэн нийгэм цаашдаа урт удаан хугацаанд тэснэ гэдэг хэцүү. Олон судлаач ийм улс төрийн тогтолцоотой явсаар байвал Монгол Улс маш хүнд байдалд хүрнэ шүү гэдгийг сануулсаар л байгаа. Нэг л их ард түмэн, улс эх орондоо хайртай хүн мэтээр бүх шатанд жүжиглэж байна, энэ улстөрчид. Тиймээс улс төрийн нам, төрийн тогтолцоонд суусан энэ гажгийг засахгүй бол улс орон хөгжихгүй, урагшаа нэг ч алхахгүй. Хууль, хүчний байгууллага улс төрийн нөлөөллөөр шийдвэр гаргаж байна.

-Хэнтий аймагт товлогдсон нөхөн сонгуулийн талаар улстөрчид байр сууриа илэрхийлж байгаа. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Хууль зөрчсөн үү, үгүй юу гэдгээ УИХын гишүүд бүгд л мэдэж байгаа. Ер нь Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийг яаралтай явуулах хэрэгтэй. Тухайн тойргийн төлөөллийг УИХ-д суулгах нь зөв. Энэ мэт аахар, шаахар хуулийн үгээр хөөцөлдөөд байвал ард түмэн л хохирч үлдэнэ. Хаана хаанаа хуулийн үгээр ярьж, мэтгэлцэж, маргалдан, нэгдсэн шийдвэрт хүрч чадахгүй байгаа нь төрийн тогтолцоонд гажиг суусны нэг илрэл л дээ.

-Та одоо ямар албан тушаал, ажил алба эрхэлж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газрын байгууллага болох “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл”ийн даргаар ажиллаж байна. Хот суурин газрын ус хангамж, ариутгах татуургын тухай хууль байдаг. Энэ хуулийн хүрээнд энэ чигийн байгууллагуудыг зохицуулах зөвлөлийг удирддаг. Ус сувгийн байгууллага, орон сууцны конторуудад мэргэжлийн ажил үйлчилгээг үзүүлэх чиглэлээр, мөн орон нутагт ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ тусгай зөвшөөрөл олгох, үнэ тарифыг нь батлах үүрэгтэй зөвлөл юм.


Categories
мэдээ цаг-үе

Т.Шимизү: Монголчууд үргэлж гаднаас буцалтгүй тусламж авна гэж битгий бодоосой

Монгол-Японы найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгүүдийн II хуралдаан өчигдөр Гадаад харилцааны яаманд боллоо. Уг хурлаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхэн замналыг танилцуулж, өнөөгийн байдалд дүгнэлт өгч, цаашдын зорилтуудаа тодорхойлсон юм. Энэ үеэр Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Такэнори Шимизүтэй ярилцлаа.


-Хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгүүдийн хуралдааны зорилго, гарах үр дүнг та юу гэж харж байгаа вэ?

-Хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэг эртнээс байгуулагдсан. Гэвч эдгээр байгууллагуудын үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд жаахан суларч байх шиг. Учир нь ихэнх нийгэмлэгүүдийн гишүүдийн нас нь өндөр болж. Тиймээс С.Хүрэлбаатар сайдын хувьд Монгол – Японы хамтын нийгэмлэгүүдийг дэмжиж, харилцааг нь дахин өргөж, бэхжүүлэх ажлын эхлэл нь энэхүү хурал юм болов уу. Энэ хурлаар хоёр орны эв найрамдлыг улам бэхжүүлэх, хамтран ажиллах ямар санал санаачилга байгаа талаар ярилцсан. Тухайлбал, Монгол Улсын гадаад эдийн засаг болон аялал жуулчлалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг байгуулж, ажиллуулах асуудлыг хэлэлцлээ. Энэхүү хуралд Япон – Монголын найрамдал, хамтын ажиллагааны арван нийгэмлэг, найман байгууллагын төлөөлөгч оролцсон.

-Японы соёлын өдрүүд удахгүй болох гэж байгаа. Үүнийг хэрхэн зохион байгуулах талаар ярилцсан болов уу?

-Яг энэхүү хуралдаанаар манай улсын соёлын өдрийг Монголд ингэж тэмдэглэнэ гэсэн зүйлийг гол болгож ярьсангүй. Гэхдээ хуралд оролцогчид эл өдрүүдийг хэрхэн өнгөрүүлэх талаар өөр хоорондоо ярилцаж байх шиг харагдсан. Сүүлийн жилүүдэд Япон дахь янз бүрийн байгууллага, соёлын нийгэмлэгүүд өөрсдийн санаачилгаараа Монголд ирж тэрхүү соёлын өдрүүдийг зохион байгуулдаг болсон. Өмнө нь Элчин сайдын яам, Засгийн газрын дэмжлэгээр хийж байсан зүйл энэ жил хувь хүн, хоёр орны хамтын ажиллагаатай янз бүрийн байгууллагууд санаачилан зохион байгуулна. Энэ нь хоёр орны харилцаа улам хөгжиж байгаагийн илрэл гэж үзэж байна.

-Та олон жил Элчин сайдын албыг хашсан. Шинээр томилогдсон Элчин сайдын бодлого, зорилтууд таныхаас зөрөх юм уу?

-Японы Засгийн газрын бодлого тууштай, хариуцлагатай байдаг. Манай улсын гадаад харилцааны хувьд Монгол Улс чухал ач холбогдолтой түнш орон. Тиймээс манай улсаас Монгол Улсад суух Элчин сайд хэн байхаас үл хамаарч хоёр орны найрсаг, хамтын ажиллагаа цааш идэвхтэй үргэлжилсээр л байх болно. Бид тууштай ард түмэн. Төрийн алба сэлгээтэй ч төрийн бодлого тогтвортой, тууштай явахыг бид эрхэмлэдэг. Харин манай Элчин сайдын яам Засгийн газар хоорондын хамтын ажиллагаатай холбоотой нэг асуудалд санаа зовж байгаа.

-Таны санааг зовоож байгаа асуудлыг тодруулахгүй юу. Ямар асуудал байна вэ?

-Шинэ онгоцны буудлыг Японы дэмжлэгтэйгээр барьж дуусгах гэж байгаа. Өмнөх Ардчилсан намын Засгийн газрын үед менежмэнтийн эрхийг Японы компанид олгоно уу гэсэн санал хүргүүлсэн. Ингээд Японы компаниуд идэвхтэй ажиллаж байсан ч тэрхүү менежмэнтийн эрх өдий болтол шийдэгдээгүй. Онгоцны буудлаас гадна, хурдны зам барих ажил байгаа. Энэ бүгд одоо болтол дуусаагүй. Өөрөөр хэлбэл том хөрөнгө оруулалт хийсэн ч өдийг хүртэл ашиглалтад оруулаагүй гэдэг зүйлийг ярьж байна л даа. Үүнд л би санаа зовж сууна. Угтаа шинэ онгоцны буудал ашиглалтад орчихвол Монгол Улсын аялал жуулчлалын салбар илүү хурдацтай хөгжинө. Үүнийгээ дагаад эдийн засгийн бодитой өсөлт гарч ирнэ шүү дээ. Сингапурт жил бүр 800 мянган япончууд очдог. Нэг япон жуулчин дунджаар 25 мянган ам.долларыг тухайн улсад зарцуулдаг гэсэн судалгаа бий. Ингээд бодоод үзэхээр аялал жуулчлалын салбар тухайн улсын эдийн засагт ямар эерэг нөлөөтэй гэдэг нь тодорхой.

-Японы эдийн засаг өөрөө хүчирхэг. Манай улстай олон жил харилцаа холбоотой байгаа таны хувьд Монголын эдийн засаг хүчирхэг болоход юу хэрэгтэй вэ?

-Би Монголын аялал жуулчлалыг судалж байгаа. Аялал жуулчлал бол Монголын бүхий л салбар дундаас хамгийн боломжтой нь гэж боддог. Уг аялал жуулчлалыг хөгжүүлж чадвал уул уурхайн салбарыг хөгжүүлснээс чухал. Жишээлбэл, тухайн уурхай нь ард түмэнд ашгаа өгөхгүй бөгөөд тодорхой хэдэн хүмүүст л хамаатай. Өөрөөр хэлбэл, Монголд хүн бүр уурхай гэж ярьдаг. Энэ нь буруу гэж боддог. Уурхай хөгжих ёстой ч өөр салбараа хөгжүүлэх нь илүү ашигтай гэж үзэж байна.

-Япон улсаас манай улсыг зорин ирдэг, манай улсаас япон улс руу аялдаг хичнээн жуулчид байдаг юм бол?

-Манай улсын хүн ам 130 сая. Монголд жил бүр дунджаар 20 мянган япон иргэн очдог. Харин Монгол Улс гурван сая гаруй хүн амтай. Гэтэл манай улс руу жил бүр 23 мянган хүн янз бүрийн санаа зорилготой очдог. Энэ тооноос нэг зүйл ажиглагдаж байгаа биз. Яагаад хэд дахин илүү хүн амтай орноос ирж байгаа иргэдийн тоо танайхаас бага байна вэ. Үүнтэй холбоотойгоор судалгааны ажил эхлүүлчихсэн байгаа. Судалгааны үр дүн гарсны дараа үүнийг тайлбарлаж болох байх.

-Монголд Японы хөрөнгө оруулалтаар нэлээд олон ажил хийгддэг. Яг энэ жил болон ирэх жилүүдэд манай улсад ямар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бол?

-Өнгөрсөн жилүүдэд Монголд манай улсын дэмжлэгтэйгээр сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг цөөнгүй барьж, байгуулсан байх. Энэ ажил жил бүр л явагдах болов уу. Энэ жилийн тухайд Улаанбаатар хотын хэд хэдэн байршилд шинээр сургууль, цэцэрлэг барина гэж сонссон. Монгол Улсын хөгжилтэй холбоотой анзаарч харах нэг чухал зүйл бий. Тэр нь Монголын эдийн засаг нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ дөрвөн мянга гаруй. Энэ хэмжээ бол Монгол Улс нь гаднаас буцалтгүй тусламж авах орон биш гэдгийг харуулж байгаа юм. Олон улсын эдийн засгийн судалгааны байгууллагаас ийм өндөр хэмжээтэй оронд буцалтгүй тусламж үзүүлэхийг хориглодог. Харин хөнгөлөлттэй зээл олгож болдог. Тиймээс цаашид Монгол Улсын гадаадын хөнгөлөлттэй зээлийг дотооддоо хэрхэн үр өгөөжтэй ашиглах ёстой вэ гэдгээ л бодох хэрэгтэй. Монголчууд үргэлж гаднаас үнэгүй тусламж орж ирнэ гэж битгий бодоосой. Монгол Улс одоо хөгжсөн учир буцалтгүй тусламж гэх шатнаас гарсан гэж ойлгох хэрэгтэй.

-Монгол Улс экспортлогч орон болно гэсэн зорилтыг тавиад нэлээд хугацаа өнгөрсөн. Шуудхан асуухад, япончууд манай улсаас яг ямар бараа, бүтээгдэхүүн авах сонирхолтой байдаг юм бол?

-Юуны өмнө Япон улс техник, технологиороо дэлхийд тэргүүлж байгаа. Тиймээс энэ төрлийн салбарт Монгол Улсаас импортоор авах зүйл нэг ч байхгүй. Харин манай улсад байхгүй зүйл бол байгалийн нөөц. Тиймээс Монголоос байгалийн баялаг, өнгөт металлыг авч болох юм. Ер нь авдаг. Үүнээс гадна хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүнийг сонирхож байгаа.

-Тэр дундаа мах, махан бүтээгдэхүүнийг үү?

-Тийм ээ. Гэхдээ Монголын мах, махан бүтээгдэхүүнийг манай улс одоогоор тийм ч их авахгүй байгаа болов уу. Учир нь Монголын мал сүргийн тодорхой хэсэг нь өвчтэй байна. Хавар, зун болгон л Монгол орны хөдөө орон нутагт малын өвчин гарлаа гэж дуулддаг. Тиймээс эхлээд мал сүргээ бүрэн эрүүлжүүлж, дараа нь орчин үеийн технологийг ашиглан боловсруулж үйлдвэрлэн, экспортод гаргах нь зөв. Гэхдээ япончууд Монголоос адуу, хонины мах авахад боломжгүй зүйл байхгүй. Бусад ямаа, тэмээ, гахай, тахиа, үхрийн махыг авах боломжгүй байна. Мөн Монголын малын гаралтай бүтээгдэхүүнийг авдаг. Тухайлбал, ноос, ноолуур, түүгээр хийсэн бараа, бүтээгдэхүүн Японы зах зээл дээр худалдаалагддаг. Энэхүү зах зээлийг цаашид өргөжүүлж, импорт, экспортыг аль аль талдаа нэмэгдүүлэх чиглэлээр зөв бодлого, дорвитой ажлуудыг хийх шаардлагатай.

-Япон улс технологийн салбартаа дэлхийд тэргүүлдэг нь үнэн. Тиймээс Монгол Улсад Японы инноваци шингэсэн үйлдвэр байгуулах асуудлыг идэвхтэй ярьж байгаа. Энэ асуудлаар таны байр суурь ямар байдаг вэ?

-Үйлдвэр байгуулах асуудал тийм амархан зүйл биш. Гэхдээ монголчуудад нэг давуу тал бий. Монголд ухаантай, мэдлэг, боловсролтой залуучууд их байна. Тэр дундаа технологийн салбарт. Монгол хүн компьютерийг бүрэн эзэмшиж, ашиглах тал дээрээ Азийн бусад орнуудын хүмүүсээс илүү. Ийм давуу байдлаа ашиглаад инноваци шингэсэн үйлдвэр үйлдвэрлэх боломжтой. Гэхдээ ямар үйлдвэр байгуулах вэ, хэрхэн ажиллуулах вэ гэдэг зүйл тийм амархан шийдэгдчихдэг асуудал биш. Монголын том дарга нар хүнд үйлдвэрлэл, тэр дундаа автомашины үйлдвэр байгуулна гэж ярьдаг. Миний хувьд Япон улсын том компани, үйлдвэрийн захиралтай уулзаж ярилцаж байсан. Тэд хүнд үйлдвэрлэл барих нь асар их хөрөнгө оруулалт, зардал, ажил болдог. Үүний үр дүнд гарах ашиг нь маш бага. Ингэснээс дундаж түвшний үйлдвэрлэлээ сайн хөгжүүлсэн нь хамаагүй ашигтай гэж хэлж байсан юм. Тэр үнэн байх. Өөрөөр хэлбэл байгалийн нөөцийг бүрэн цэвэрлэж, боловсруулах үйлдвэр байгуулснаас дундаж буюу зэсийн баяжмалыг гаргаж авдаг үйлдвэртэй байсан нь илүү ашигтай юм. Ингээд гадагшаа экспортод гаргавал хямд, ашигтай байж чадна. Тиймээс заавал үйлдвэр байгуулна гэж ярих хэрэггүй. Нөгөөтэйгүүр үйлдвэр байгуулснаар ажлын байр нэмэгдэж, иргэд цалинтай болох давуу талтай ч зардал, хөрөнгө оруулалт маш ихээр шаардагдах юм. Тиймээс баялгаа хагас боловсруулаад л экспортолж байх нь илүү ашигтай, амар. Үүнийг манай улсын том уурхайн захирлууд надад хэлж байсан.

-Манай улсад Японы автомашин их. Тэр дундаа хосолмол хөдөлгүүртэй буюу батарейгаар явдаг автомашинууд элбэг. Энэ утгаараа ашиглалтын хугацаа нь дууссан хабрид машинуудын батарейг дахин боловсруулах үйлдвэр манай улсад нэн чухал байгаа?

-Энэ асуудлыг Тоёота компани анхаарч байгаа гэдэгт итгэлтэй байна. Монгол шиг ийм олон приус маркийн автомашинтай орон дэлхийд байхгүй. Хуучирсан приус автомашиныг дахин ажиллуулж, засварлахын төлөө Төтө компани тодорхой бодлого явуулах ёстой. Харин Монголд хуучирсан, ашиглалтын хугацаа нь дууссан батарейг дахин боловсруулах үйлдвэр байгуулах эсэх нь Монгол Улсын л асуудал. Ийм үйлдвэр байгуулах боломжтой.

-Япон улс руу монгол залуучуудыг сургах “Мянган инженер” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд 2000 хүнийг Япон улсын технологийн их сургуульд суралцуулах зорилтыг тавьсан. Яг одоогоор танай улсад хичнээн монгол залуус бэлтгэгдэж байгаа бол. 2000-аас хэд нь гарчихаад байна вэ?

-Засгийн газрын шугамаар гэрээ байгуулж явсан монгол залуус Японд суралцаад Монголд буцаж ирэх ёстой. Гэхдээ би энэ асуудалд санаа зовдог. Монгол залуучууд Японд сураад инженер болчихоод буцаад Монголд ирээд шууд ажиллах газар байна уу. Нөгөөтэйгүүр сургуулийг нь төгсөөд мэргэжилтэй болсон ч ажиллах туршлага гэж байна уу. Тиймээс суралцаж байгаа залуучууд сургуулиа төгсчихөөд Японын ямар нэгэн үйлдвэрт мэргэжлээрээ дор хаяж гурван жил ажиллах ёстой байх. Ингэвэл жинхэнэ утгаараа монголчууд манай улсад инженер бэлтгэж чадах юм. Энэ нь Монголын ирээдүйд ашигтай, чухал ач холбогдол үзүүлнэ байх. Би энд л санаа зовж байна. Намайг Элчин сайдаар ажиллаж байх үед энэхүү “Мянган инженер” хөтөлбөр эхэлсэн. Тэр үед 200 монгол залуу Японд ирж, суралцсан. Тэд одоо төгсөж байгаа. Дахиад хэдэн зуун залуучууд явсан байх. Ингээд бодохоор яг одоогийн байдлаар 400 гаруй залуу Японы технологийн их сургуульд суралцаж байгаа болов уу. Үүнээс илүү явсан ч байж мэднэ.

-Монголчууд Япон, Америк зэрэг орнуудад ажиллах, суралцах, амьдрах, аялах сонирхолтой. Саяхан АНУ хариуцлагатай аялал гэх аяныг зарлалаа. Энэ хүрээнд хөнгөлөлттэй виз олгох үйлчилгээг үзүүлэх боломжтой гэдгээ хэлсэн. Япон улсын хувьд визний асуудлаар ямар бодлоготой байдаг вэ. Манай улстай харилцан визгүй зорчих боломж хэр байгаа бол?

-Намайг Элчин сайдаар ажиллаж байх үед буюу 2012 оноос хойш монголчуудад хөнгөлөлттэй виз олгох бодлого хэрэгжиж эхэлсэн байдаг. Тэрнээс хойш Япон руу зорчих монголчуудын тоо эрс нэмэгдэж байгаа. Энэ тоо нэмэгдэхийн хэрээр Японд үлдэх, визний хугацаагаа хэтрүүлэх асуудал их гарах болсон. Хөнгөлөх төдийд л энэ тоо нэмэгдэж байна. Ийм байхад визгүй зорчдог болчихвол маш олон монголчууд Япон руу зорчино. Тэр хэрээр хууль бус үйлдэл гарах нь ихэсч, сүүлдээ хоёр орны найрсаг харилцаанд сэв суух ч аюул учирч болзошгүй юм. Тиймээс одоогоор визгүй болгох асуудал яригдахгүй болов уу. Тийм боломж байхгүй.

-Япон улсад ирэх 2020 онд олимп болно. Олимпийн бэлтгэл ажил өдийд ид явагдаж байгаа байх. Үүнтэй холбоотойгоор манай улсаас ажиллах хүч авах сонирхол хэр байгаа бол. Ажиллахыг хүссэн залуучууд яаж явах вэ?

-Манай улсад ирэх 2020 оны олимпийн бэлтгэл ажил ид явагдаж байна. Японы мужийн түвшинд салбар салбараараа ажиллах хүчин хүлээж аваад, дадлагажуулаад ажиллуулахад асуудалгүй. Энэ төрлийн төсөл хөтөлбөрүүд явж л байгаа байх. Би ажлаа өгсөн учир энэ талаар сүүлийн үеийн мэдээлэл алга. Гэхдээ Япон улсын зүгээс энэ хүрээнд гаднын улс орнуудаас ажиллах хүчин олноор нь авч байгаа. Тэр дундаа монголчуудыг авах сонирхолтой байгаа болов уу. Олимпийн бэлтгэл ажлын хүрээнд том бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байгаа. Тиймээс барилга, бүтээн байгуулалтын ажилд ажиллах хүчин дутмаг байгаа шүү. Энэ асуудлаар монголчууд холбогдох мэргэжлийн хүмүүс, яам, төрийн бус байгууллагуудаар дамжуулаад Япон руу гарч ажиллах боломж нээлттэй. Ажиллах хүчин явуулах гэж буй байгууллага нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Тэр нь тухайн явах гэж байгаа хүнээ бэлтгэх юм. Өөрөөр хэлбэл япон хэлний анхан шатны мэдлэгтэй, барилгын салбарт тодорхой хугацаанд ажиллаж байсан гэх мэт шалгуураар хандах нь зөв.