Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭХЭМҮТ хөл, толгой нь мэдэгдэхгүй болтлоо олны хөлд дарагджээ

– ЦАГ АВЧ, ДУГААРААРАА ҮЙЛЧЛҮҮЛЬЕ ГЭВЭЛ 21 ХОНОГ ХҮЛЭЭНЭ –


Бүхэл бүтэн хагас сарын дараа эмнэлэгт үзүүлэхээр байтал нөгөө өвчин, зовиур нь хүндрэх нь хүндэрч, аясаараа эдгэрэх нь эдгэнэ дээ. Тиймээс л өнөө маргаашдаа яаралтай эмчид үзүүлэх гэсэн хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн гадаа дарааллаа хүлээн зогсох нь эмгэнэлтэй. Бид энэхүү нөхцөл байдлыг газар дээрээс нь очиж сурвалжиллаа.


Дээрх эмнэлгийн хашаа руу орж автомашинаа зогсоолд тавих гэж 20, 30 минут болов. Зогсоол үнэндээ алга. Зогсоол руу орох, гарах гарц хоёр талдаа ачаалалтай, таг гацчихсан байх. Сурвалжлага бэлтгэж байгаа бид ингэж мунгинаж байхад, өвчиндөө болоод шаналж, зовиурлан орь дуу хадаан уйлах хүүхдийнхээ биед сэтгэл нь зовж, яаралтай эмчид үзүүлэх гэсэн эцэг, эхчүүдэд автомашинаа зогсоолд тавихаас эхлээд л бухимдал үүсч байна.

Бидний нүдэн дээр нэг ээж машинаа эмнэлгийн хашаа руу дөнгөж оруулчихаад машинаасаа яаран бууж, хүүхдээ тэврэн хар хурдаараа гүйлээ. Гарц хаагаад зогссон энэ ээжийн автомашиныг яах ийхээ мэдэхгүй байтал цаанаас нэг эрэгтэй сандран гүйн ирж машиныг холдууллаа. Яалтай билээ л гэж бодох. Үүднээсээ л эхлээд энэ мэт бөөн асуудал байхад эмнэлэг доторх нөхцөл байдал ямар байгаа нь тодорхой биз. Хүүхдийн эмнэлэг гэсэн хаягтай хаалга урт өндөр шатны цаана харагдана. Энэ шат бас л асуудал. Гулгаа ихтэй нь дээр яасан ч огцом өгсүүр юм билээ. Яарч сандарсан, хүүхдээ тэвэрсэн хүмүүс уг шатаар ухаан жолоогүй л өгсөж, уруудах. Ээ дээ болгоомжтой л яваасай даа гэж харсаар эмнэлэг рүү орлоо.

Эмнэлэг дотор эмч, сувилагч, эцэг, эхчүүд нааш цааш шахалдан холхилдож, энд тэндгүй хүүхдийн ёолох, уйлах чимээ сонсогдоно. Хаана бүртгүүлж, аль өрөөнд орж эмчид үзүүлж байгаа юм, бүү мэд. Юутай ч орж ирсэн иргэдийг үүдэнд эмнэлгийн хоёр ажилтан хүлээн авч, эхлээд гадуур хувцсаа өлгүүлэн дугаар авч үйлчлүүлэхийг тайлбарлан зогсож байв. Зарим эцэг, эх хүүхдээ тэврээд хоёр сувилагчийн тайлбарыг сонсох чөлөөгүй “эмч ээ “гэсээр шууд дайран орж харагдана. Зарим нь хувцсаа өлгүүлэхээр шахалдан, бөөгнөрч зогсоно. Энд юун тэр ковидын халдварын сэргийлэлт. Нөгөө хүн хоорондын зай барьж, халуунаа хэмжүүлэн, гараа ариутгаж орох манатай. Үнэндээ ковид хоёр дахь асуудал болж. Эхлээд хүүхдээ эмчид үзүүлье гэсэн хүмүүсийн хөлд энэ эмнэлэг бүхэлдээ дарагджээ. Ачаалал дээд цэгтээ тулж. Энэ нөхцөл байдлын талаар тус эмнэлгийг зорин ирсэн иргэдээс дараахь сэтгэгдлийг тодруулан авлаа.


ХОРВОО ДЭЭР ГАНЦХАН КОВИДООР Л ХҮН ӨВДДӨГГҮЙ ЮМ ШҮҮ ДЭЭ


Баянгол дүүргийн V хорооны иргэн Б.Жаргалбуян: -Охин маань хоёр настай. Халуураад ханиалгаад байхаар нь эмчид үзүүлэх гээд ирлээ. Сая ээж нь аваад орсон. Өчигдөр бид гурав ирсэн. Гэхдээ их хүнтэй, ачаалал ихтэй байсан болохоор халдвар хамгааллын дэглэмдээ анхаараад харьсан л даа. Гэвч өөр очиж үзүүлэх газар байхгүй. Өрхийн эмнэлгүүд үзээд та хүүхдээ Эх нялхаст очиж нарийн мэргэшсэн эмчид үзүүл гэсэн. Тэгээд л ирлээ. Бас л хүн ихтэй байна. Өглөө 08:00 цагт ирээд дугаар авч, цагаа бүртгүүлээд хүлээж байгаад сая ээж нь аваад орлоо. Уг нь утсаар цаг захиалсан боловч бараг сарын дараа ирэхээр юм билээ. Яаж сар хүлээх вэ дээ. Ер нь эмнэлгийн ачаалал их байна. Миний бодлоор ковид гэж худлаа сенсаацилж, иргэдээ айлгаж байхаар яаж эмчлэх вэ гэдгээ сайн сурталчлах хэрэгтэй байна. Манай гэр бүл гурван сарын өмнө ковид тусаад эдгэрсэн. Одоо ч тэгээд ковид уу, ханиад уу гэдгээ мэдэхээ болчихсон юм биш үү. Ханиад хүрчихээд шинжилгээ өгөхөөр эерэг л гардаг юм билээ. Хорвоо дээр ганцхан ковидоор л хүн өвддөггүй юм шүү дээ. Бусад олон өвчин байна. Тэр бүгдэд анхаараад, эмнэлгийнхээ ачааллыг жаахан бууруулах тал дээр арга хэмжээ авах шаардлагатай байна.

Чингэлтэй дүүргийн XIII хорооны иргэн Э.Өлзий: -Ачаалал их байна. Охиноо үзүүлэх гээд гадаа хүлээгээд зогсож байна. Дотор байхаар ковидоос бас айгаад байх юм. Хувцсаа өлгүүлчихсэн дахиад авч чаддаггүй, гадуур хувцасгүй жаахан даарч л байна. Цаг авсан одоо 30 минутын дараа орно. Ороод шууд үзүүлэхгүй бас оочертой байгаа. Мэдрэлийн тасагт үзүүлэх юм. Түрүүн орж үзсэн чинь үүдэнд нь 14 хүн хүүхдээ тэврээд сууж байсан. Одоо арай цөөрсөн байлгүй. Ороод сууж байтал учир нь олдох байх.

Сонгино Хайрхан дүүргийн IX хорооны иргэн Б.Ган-Очир: -Эмнэлэгт үзүүлэх, шинжилгээ хийлгэх цахим нэрийн дор маш их хүндрэлтэй, цаг олдохгүй доод тал нь сарын дараа үзүүлэх цаг авч байна. Хөнгөн хүмүүс бол явцдаа цаг нь болохоор үзүүлнэ байх. Байнгын эмчийн хяналтад байдаг, тахир дутуу, даралт ихтэй зүрх судасны хүнд өвчтэй, яаралтай үзүүлж шинжилгээ өгөх хүмүүст бол хэцүү байна. Манай хүүхэд зүрхний өвчтэй. Байнгын эмнэлгийн хяналтад байдаг. Долоо хоногт би хүүгээ дагуулаад энэ эмнэлэгт хоёр удаа ирдэг. Оны өмнө ачаалал арай л гайгүй байсан. Харин нэгдүгээр сараас эхлээд ачаалал огцом нэмэгдчихлээ. Юунаас болж нэмэгдэж байгааг мэдэхгүй ч ханиад томуутай хүүхдүүд их ирж байх шиг байна лээ. Машины зогсоол олох бас хэцүү болсон. Уг нь зогсоол сайтай, зай талбай ихтэй газар шүү дээ. Гэвч эмчлүүлэх гэж ирж байгаа иргэд их байгаа болохоор зогсоол нь хүрэлцэхгүй хэцүү байна.


ӨӨРСДИЙНХ НЬ ХҮҮХДҮҮД ГАДААДАД ЭСВЭЛ ХУВИЙН ТОМООХОН ЭМНЭЛГҮҮДЭД ОЧДОГ БОЛОХООР ИРГЭД БИДНИЙ ЭНЭ ЗОВЛОНГ МЭДЭХГҮЙ БАЙНА


Сүхбаатар дүүргийн VIII хорооны иргэн Г.Мягмарсүрэн: – Хүүхдийн суулгаж бөөлждөг ханиад гадуур их байна. Манай хүүхэд бас ийм оноштой болов уу гэж бодож байна. Юутай ч эмчид үзүүлж, зөвлөгөө эмчилгээ бичүүлж авъя гэж бодоод ирсэн. Эмнэлгийн ачаалал аймаар байна. Яах ч ёстой юм. Хувийн эмнэлэг суулгасан бөөлжсөн хүүхдүүдийг хэвтүүлэхгүй гэж байсан. Эцэг, эхчүүд хүүхдүүд нь өвдлөө гэхэд Эх нялхаст л ирэхээс өөр очиж үзүүлэх газар байхгүй. Бусад нь эмчилгээ муу, зарим нь хүлээж авахгүй ийшээ яв гэдэг. Тийм болохоор бүх дүүргийн, бүх хороодын иргэд ганцхан эмнэлэгт ирж үзүүлж байгаа болохоор ачаалал их байгаа юм болов уу даа гэж бодож байна. Бас ковидоос ч болж байгаа байх. Гэхдээ энэ хүүхдийн эмнэлгийг илүү өргөжүүлэх, өөр том эмнэлэг барьчихвал ямар сайхан бэ л гэж бодож байна. Хараад байхаар энд тэндгүй л нам, төр захиргааны том шинэ байрууд баригдаад байх юм. Гоё сайхан сургууль, цэцэрлэг ч олон баригдаж байх шиг. Энэ эрүүл мэндийн салбартаа анхаарч, ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ эрүүл саруул байхад нь зориулсан том эмнэлэг барьчих хэрэгтэй шүү дээ. Дээгүүрээ баахан л идэж уусан хүмүүс байна. Өөрсдийнх нь хүүхдүүд дандаа гадаадад эсвэл хувийн томоохон эмнэлгүүдэд очдог болохоор иргэд бидний энэ зовлонг мэдэхгүй байна гэв.

Биднийг эмнэлгийн гадаа иргэдээс ийн сэтгэгдлийг нь сонсох зуур эмнэлэг дотор хүмүүсийн дунд маргаан болж байгаа нь хаалганы завсраар сонсогдлоо. Ороод хартал нэг хүн дугаар авалгүй шууд эмчийн өрөө рүү орсонд дугаарлаж байсан ээж аавуудын бухимдлыг төрүүлжээ. Бас л яалтай ч билээ. Энэ их дараалал, оочертой үед хэн бүхэн л таньдаг эмч, таньдаг хүн юу билээ л гэж бодох нь тодорхой биз.


Э.Наранцацрал: Ачаалал үүсгээд байгаа хүмүүс нь урьдчилж цаг аваагүй, өөрсдийнхөө хүсэл сонирхлоор шууд ирж байгаа иргэд байна


Бид эмнэлгийн ачааллын талаар ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх, поликлиникийн эрхлэгч Э.Наранцацралтаас тодрууллаа.


-Эмнэлгүүдийн ачаалал их байна. Тэр дундаа танай хүүхдийн эмнэлгийн ачаалал үнэхээр их байна лээ. Ачаалал яагаад ийм их байна вэ?

-Монгол Улсад эх, хүүхдэд нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг ганцхан эмнэлэг байдаг нь манайх. Тухайлбал, бөөрний мэс засал, бөөр, дотоод шүүрэл, зүрх судас гэх мэт бусад аймгийн төв болон дүүргийн эмнэлгүүдэд байдаггүй нарийн мэргэжлийн эмчилгээ манайд байдаг. Улс даяар зөвхөн манайд ирж эцсийн шатны оношилгоо эмчилгээг хийлгэж, оношоо тодруулдаг газар. Энэ утгаараа бүх хүн ганцхан Эх нялхсын төвд хандаж байгаа нь эмнэлгийн ачааллыг нэмэх нэг том шалтгаан болж байна. Олон улсын стандартаар нэг эмч өдөрт ажлын найман цагт 24 хүүхэд үзэх товтой байдаг л даа. Манай эмнэлэгт бүх төрлийн үзлэгийн тасаг бий. Иргэд Эх нялхас гэдэг нэрээр нь ч бас бүх төрлийн нарийн мэргэжлийн үзлэг хийгддэг учир манайх руу шууд ирээд байна. Угтаа өрхийн эмнэлэг, дүүргийн эмнэлэгтээ үзүүлчихээд тэндээсээ 13А маягт аваад манайх руу ирэх ёстой. Гэвч өөрсдийнхөө хүсэл сонирхлоор манайх руу шууд л хүрээд ирдэг. Ингэж ирж байгаа хүмүүсийн ихэнх нь буюу 60, 70 хувь нь нааш ирэх шаардлагагүй байдаг. Өөрөөр хэлбэл, өрхийн болон дүүргийн эмнэлгүүддээ үзүүлээд мэргэжлийн эмчийн тусламж зөвлөгөө аваад явах боломжтой байдаг гэсэн үг. Энэ нь ачааллыг нэмэгдүүлэх гол шалтгаануудыг нэг болоод байна. Нэгдүгээрт, Эх нялхсын эмнэлэг нь улсдаа ганцхан байдаг нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг учраас иргэд ихээр ирдэг. Хоёрдугаарт, иргэд өөрсдийнхөө итгэл, үнэмшил хүсэл сонирхлоор ирж байна.

-Цагаа урьдчилж аваад ирж үзүүлбэл оочер дараалалгүй үзүүлнэ гэсэн ойлголт иргэдийн дунд байдаг. Гэхдээ амьдрал дээр энэ нь бас боломжгүй, цаг авсан ч 14-21 хоногийн дараа ир гэдэг. Үүнээс болж цаг авалгүй шууд очих иргэд их байх шиг байна?

-Цахимаар цагаа захиалдаг үйлчилгээ нэвтрээд гурван жил болж байна. Уг нь аль болох хүмүүсийн бөөгнөрөл дараалал үүсгэхгүйн тулд цагаа урьдчилж захиалаад үйлчилгээ авдаг болгосон шүү дээ. Цагаа авсан хүмүүс Хүүхдийн эмнэлгийн гадаа дугаарлаж, шахалдаж, бөөгнөрч зогсохгүй. Цагаа авсан хүмүүс яг кабинет кабинетийнхээ үүдэнд хүлээж байгаад үйлчилгээгээ авч байгаа. Харин дараалал, бөөгнөрөл үүсгээд байгаа иргэд бол урьдчилж цагаа аваагүй, хүүхэд нь жаахан уйлангуут юм уу эсвэл ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрэнгүүт шууд хүрээд ирсэн хүмүүс. Тиймээс иргэд цагаа авч үйлчлүүлэх шаардлагатай байна. Одоо цагт чинь хүн хаанаас ч мэдээлэл аваад байж болохоор болсон шүү дээ. Бүх эмнэлгүүд урьдчилж цаг өгдөг болсон. Хүүхдийн эмнэлгээс бусад манай эмнэлгүүдэд ийм ачаалал байхгүй. Хүүхдийн эмнэлэг болохоороо л ингэж бөөгнөрөл үүсч байгаа юм. Нөгөөтээгүүр цаг аваагүй шууд хүрээд ирсэн хүмүүст бид цаг аваагүй байна гээд буцаачихаж бас болохгүй. Ингэж хэлэх ч эрх, зориг бидэнд байхгүй. Хэрвээ буцаах юм бол иргэдийн зүгээс асар их шүүмжлэл, гомдол мэдээлэл ирнэ. Тиймээс бид эмчийн үзлэгт нэмэлтээр оруулдаг. Ингэхээр нэг эмч 24 хүүхэд үзэх байсан бол 30-40 хүүхэд нэмэлтээр үздэг болсон. Энэ мэт хүнээ бодоод хүүхдээ бодоод буцааж чадахгүй эмч нарынхаа ачааллыг харж байгаад нэмж үзүүлсээр л байна.

-Өөр ачаалал нэмэгдэх болсон шалтгаан нь ковид болон бусад өвчлөл нэмэгдсэнтэй холбоотой юу?

-Ковидоос боллоо гэвэл үгүй юм. Ерөөсөө л манай эмнэлгийн ачаалал өдөр болгон л ийм л байдаг. Өдөрт бид нар 1000-1200 хүүхдэд үйлчилдэг. Хөл хорионы үед эмнэлгийн ачаалал буурсан ч хөл хорио тавигдсаны дараа буцаад ихэссэн. Гэхдээ бүр ковидггүй үеийг бодвол харьцангуй гайгүй байгаа нь энэ шүү дээ. Ялангуяа долоо хоногийн эхэнд болон сүүлээр манай эмнэлгийн ачаалал эрс нэмэгддэг. Энэ нь орон нутгаас зорин ирсэн иргэдийн хөл хөдөлгөөнөөс бас шалтгаалдаг байх. Нөгөөтээгүүр бүх хүмүүсийн сонирхол нь хүүхдээ Эх нялхсын эмнэлэгт л үзүүлье гэдэг нийтлэг хандлага байгаа нь ачаалал нэмэх нэг шалтгаан болж байна.

Мэдээж сайн эмнэлэг, сайн эмчид хэн бүхэн үзүүлье л гэнэ. Тэр сонирхол бол иргэдийн буруу биш ээ. Гэхдээ эхлээд өрх, дүүрэг, дараа нь Эх нялхас гэдэг тогтолцоогоор явбал хаа хаанаа хүндрэл чирэгдэл дагуулахгүй шүү дээ. Мөн 18 наснаас өмнөх насны хүүхдийн эмчилгээ үзлэг үнэ төлбөргүй учраас иргэд манайх руу ирж байна. Энэ бас нэг шалтгаан л байх. Энэ мэт маш олон шалтгаан байна.

-Эмнэлгийн ачааллыг бууруулах, дараалал дугаарлалгүй үзүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой юм бол?

-Нэгдүгээрт иргэд эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх шаардлагатай байна. Мөн соёлтойгоор үйлчилгээгээ авдаг болмоор байна. Тэр нь цаг захиалах, цагаа урьдчилж авах шүү дээ. Зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авах бол эхлээд хажуудаа байх өрхийн эмнэлэгтээ, дараа нь дүүргийн эмнэлэгтээ хандал даа. Бүүр эцсийн мөчид манайх руу хандах учиртай. Манай иргэдэд урьдчилж цаг авах соёл алга. Хүссэн үедээ өөрийнхөө завыг хараад амарч байвал өнөөдөр хүүхдээ үзүүлнэ гэдэг хандлагаа болих хэрэгтэй. Нөгөөтэйгүүр манай эцэг, эхчүүд хүүхэд нь жаахан уйлахад л мэдрэлийн эмчид үзүүлье гээд манайх руу шууд хүрээд ирдэг. Хүүхэд ямар ч шалтгаанаар уйлж болно. Эхлээд өрхийнхөө эмнэлэгт үзүүлээд болохгүй бол дүүргийн эмнэлэгтээ үзүүлэх хэрэгтэй. Тэгээд онош, юунаас болж зовуурилаад байгаа нь мэдэгдэхгүй бол манайд ирэх ёстой л доо. Ийм нэг систем гэх үү тогтолцоо алдагдчихсан учраас л хаа хаанаа асуудал үүсээд байна. Удахгүй эмнэлгийн шинэ байр барихаар төлөвлөж байгаа юм билээ. Тэр нь хурдан ашиглалтад ороосой л гэж бодож байна гэлээ.

Бид эмнэлгээс гарах замдаа “Эргэлтийн хаалга” гэсэн бичигтэй хэсэг рүү очлоо. Өвчтэй хүнээ эргэхээр очсон ар гэрийнхэн уг эмнэлгийн эргэлтийн хаалга дээр очоод л шууд сэтгэлээр унамаар орчин угтах авч байна. Эмнэлгийн гадна хана нь цөмөрсөн, цуурсан, будаг нь ховхорсон байх. Ойр орчимд нь тамхины иш бөөгнөрчихсөн жижиг хог ихтэй. Эргэлтийн хаалга нь шоронгийн хаалга аятай будаг нь ховхорч төмөр нь ил гарчихсан. Цаанаа л нэг хүйтэн орчин угтаж авах. Дотор нь ороод шат нь гэмтэлтэй, жавар хурчихсан тийм л газар байх аж. ЭХЭМҮТ-ийн байрыг шинэчлэх, орчныг сайжруулах, үйл ажиллагааг нь хэвийн, иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгэхгүй болох асуудал дээр тус дүүргээс сонгогдсон гишүүд болон Эрүүл мэндийн яам, холбогдох албаны хүмүүс анхааралдаа авмаар санж.

Монгол Улсдаа цор ганц томоохон эх, хүүхдийн эмнэлгээ тордож засварлахгүй бол гэрэлт ирээдүй үнэндээ харагдахгүй байна.

Categories
мэдээ улс-төр

Д.Цогтбаатар: Бид хандлагаа өөрчлөөгүй цагт өөрсдөдөө бий болгосон хаалтандаа түүртэн амжилттай урагшилж чадахгүй


Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Дамдины Цогтбаатартай ярилцлаа.


– МАНАЙ ХАМГИЙН АМЖИЛТТАЙ ХИЙЖ БОЛОХ ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН НҮҮРСНИЙ ХУВЬД АХИУХАН ХЭМЖЭЭГЭЭР БОРЛОГДОХ НАЙМАН ЖИЛИЙН ХУГАЦАА Л ҮЛДЭЭД БАЙНА –


-Сүүлд Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг санаачлан Их хурлаар батлуулсан. Одоо ямар хуулийн төсөл дээр ажиллаж байгаа талаар яриагаа эхэлье?

-Одоогоор хэд хэдэн хуулийн төсөл дээр санаачлагч, эсвэл ажлын хэсгийн гишүүний хувьд ажиллаж байна. Монгол Улсын Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг санаачлан боловсруулж батлууллаа. Өнгөрсөн долдугаар сараас уг хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль хүний эрхийн манаанд бусад хуулиудынхаа хамт гарч ажилдаа орсон нь зарим тод жишээн дээр харагдаж байна лээ. Одоо бусдын төлөө дуугарч буй нэгэн урьд өмнө байсан хуулиудын зэрэгцээ маш тодорхой хамгаалсан зохицуулалттай болсон болохоор эрх мэдэлтнүүдийн эсрэг илүү зоригтой, итгэлтэй дуугарах боломжтой болсныг энэ чиглэлээр бор зүрхээрээ ажилладаг хэд маань сайн мэдэж, ухамсарлаж байгаа. Өөрийн эрхээ иргэн бүрэн мэдэхгүй байсан ч эрхийг нь бүрэн хамгаалж, эдлүүлж чадаж буй тогтолцоог төлөвшүүлэхэд энэ хууль хувь нэмрээ оруулна гэж итгэж байна. Мэдээллийн технологийн гарааны бизнесүүдийг эдийн засгийн чөлөөт бүсийн тогтолцоогоор дэмжих хуулийн төслийг боловсруулаад УИХ-д өргөн барих бэлтгэлийг УИХ-ын гишүүн Н.Учралын хамт хангаад ажиллаж байна. Татварын мэргэшсэн зөвлөн туслах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн санаачлан боловсруулах ажилд ханцуй шамлан орсон байгаа. Нийтийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх ажлын хэсэгт орж ажилласан. Эдгээр хуулиуд сая эцэслэн батлагдсанаар Монгол Улсад цахим бизнесийн эрх зүйн орчин илүү боловсронгуй болон хөгжсөн гэж хэлж болно. Гэхдээ цахимжиж буй ертөнцөд өрсөлдөхүйц орчныг байгуулахгүйгээр бид энэ салбарт өөрийн орон зайг хадгалан үлдэх хэцүү. Тиймээс цахим бизнес эрх зүйн орчин үргэлжлүүлэн сайжруулах шаардлага хэвээрээ л байгаа. Одоо ажиглаад байхад гадаадад нэгэнт бие болсон цахим бүтээгдэхүүний Монгол хувилбарыг боловсруулж хэрэглээнд нэвтрүүлэх ажил түлхүү яваад байна. Энэ байдлаар цахим технологийн хөгжлийн зөрүүг багасгахгүй. Мөн улс орон даяараа цахим технологийн хэрэглээг нэвтрүүлснээрээ бас дээрх хөгжлийн зөрүүг нимгэлэхгүй. Нүүр ном, жиргээг иргэн бүр хэрэглэлээ гээд технологийн өндөр чадавхтай орон болохгүй. Гоёмсог машин техникийн хэрэглээ нэмэгдлээ гээд машин үйлдвэрлэгч болдоггүйтэй л адил асуудал юм. Тиймээс миний яриад буй эдийн засгийн чөлөөт бүс зэрэг зоригтой, дорвитой өөрчлөлтийг хийж байж сая энэ чиглэлийн гадны тэргүүлэх хөрөнгө оруулагчдын анхаарлыг татна, манай бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах үүд хаалгыг нээнэ. Үүгээр дамжуулж гадны энэ салбарын зах зээл нээгдэх боломж гарна, технологи шилжих суурь өргөжинө. Тэгэх тохиолдолд бид бас гадагш гарах нэг хоёр бүтээгдэхүүн бий болох магадлалыг өндөрсгөнө.

Мэдээллийн технологийн салбарын хөгжлийн дараагийн энэ шатыг л бодолцон дээрх цахим бизнесийг дэмжих эдийн засгийн чөлөөт бүсийн тухай яриад байгаа юм.

-Цар тахлын нэг удаагийн хуулийг үргэлжлүүлэх нь зөв үү. Энэ асуудлаар улс төрчид тал талын байр суурьтай байх шиг байна?

-Яг миний хувийн үзэл бодлоор бол уг нь үргэлжлүүлэх шаардлагагүй. Гэхдээ омикрон төрлийн хувилбарын эрсдэл аюулыг мэргэжлийн байгууллага нь Засгаар дамжуулан сануулж байхад би урдуур нь орж эсэргүүцэх зохимжгүй. Би эмчийн гэр бүлд өсч торнисон хүн. Одоо ч эмч нарын гэр бүлд л амьдарсаар. Эмч ямар нэгэн эмчилгээг зөвлөхөд хүний хувьдаа дургүй, эсрэг үзэлтэй байж болно, гэхдээ эмчийн заавар зөвлөгөөг дагадаг шүү дээ. Ийм л юм. Энэ хуулийг анхлан боловсруулахад би гадаадын олон орны ижил төстэй хууль, зохицуулалтын судалгааг хууль санаачлагчид гарган өгч байсан. Энэхүү хуулийг гаргаж байх тухайн үед би Онцгой комиссын гишүүн байсан. Бидний харгалзан үзэж байсан хоёр гол хүчин зүйл бол нэгдүгээрт манайд өвчнийг дотроо алдаагүй байсан. Хоёрдугаарт, вакцин гараагүй, сураг ч үгүй байсан асуудал юм. Тиймээс бид иргэдийнхээ эрүүл мэндийг тэргүүн эгнээнд тавьж ямар ч үнээр хамаагүй дотроо алдахгүй байхыг эрмэлзэж байсан. Ингэхийн тулд хатуу бөгөөд цочмог шийдвэрүүд гаргах шаардлагатай цаг тутам тулгарч байсан. Хатуу шийдвэрүүд эдийн засгийн амаргүй үр дагаврыг дагуулж болзошгүй байсан тул төсөв санхүүгийн зоримог шийдвэрүүдийг огцом далайлтаар гаргах шаардлагатай байсан. Энэ боломжийг энэхүү хуулиар олгож байсан юм. Мөн нийгмээрээ бүхэлдээ аливаа эмх замбараагүй сандарсан байдалд орж болзошгүй үүд хаалгыг хаах үүднээс зарим захиргааны хатуу арга хэмжээ авах боломжийг түр хугацаагаар төрд олгох шаардлагатай байсан. Гэтэл одоо вакцин нэгэнт гарсан, бид өвчнийг дотроо алдсан ч вакцинжуулалтыг амжилттай явуулж, хүмүүс сэтгэл зүйн нэн эмзэг байдлаас харьцангуй гарсан зэргийг харгалзан энэ хуулийг үргэлжлүүлсэн ч яг тэр хэвээр нь үргэлжлүүлэх хэрэггүй гэж үзэж байгаа. Хүний эрхийн аливаа хязгаарлалтуудыг цааш нь үргэлжлүүлэхгүй байх ёстой. Цаашид бизнесүүдийг гэнэт түр зогсоож, орлогын эх үүсвэрийг нь боомилсон шийдвэрүүд гаргах боломжийг хаавал зохино. Харин үйлчлүүлэгчдийг зайг нь бариулдаг, тэдгээрийг ариутгагч бодисоор хангадаг байх зэрэг зохицуулалт нь хэвээр үлдэх нь зөв байх. Мөн энэ хуулийг дахиж сунгахгүй гэсэн хатуу нөхцөлтэйгөөр л сунгавал сунгах хэрэгтэй.

-Койнтой холбоотой асуудал нийгэмд шуугьж байна. Үүнийг зохицуулсан хуулийн төслийг хэлэлцэх үү. Ямар хуулиар зохицуулах ёстой юм бэ?

-Энэ намрын чуулганаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, “Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай багц хуулийн төслүүдийг хэлэлцэж, эцэслэн баталсан. Энэ нь аливаа цахим бизнес эрхлэлтэд дөхөмтэй эрх зүйн орчныг бүрдүүлээд байгаа. Энгийн жишээ хэлэхэд, кибер аюулгүй байдлын нөхцөл байдал хангагдаагүй байхад аливаа цахим бүтээгдэхүүний арилжаа, санхүүгийн хэлэлцлүүд, тэдгээрийн гүйцэтгэлийн найдвар баталгаатай хангах нэн хүндрэлтэй. Тэр хэмжээгээр аливаа цахим бүтээгдэхүүн, хөрөнгийн бизнесийн хөгжилд тээртэй. Тиймээс эдгээр хуулиуд чухал ач холбогдолтой байсан. Эдгээр хуулиудыг хэлэлцүүлж батлуулах ажлын хэсэгт би орж ажилласан. Койнтой холбоотой харилцааг эрх зүйн илүү тодорхой, ойлгомжтой орчинд оруулахад виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль чухал үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ аливаа бизнест эрсдэлээ ухамсарлан оролцож буй чөлөөт оролцогчдын эрсдэлийг төр, нийгэм өмнүүр нь орж хүлээнэ гэдэг ойлголт байж болохгүй. Тиймээс виртуал хөрөнгөтэй холбоотой хууль гарлаа гээд зах зээлд оролцогчдын эрсдэл, хувийн хариуцлага буурахгүй гэдгийг хөдөлгөөнгүй нэг мөр ойлгох хэрэгтэй. Энэ хууль гарснаар зах зээлд койн гаргаж мөнгө татан төвлөрүүлж байгаа этгээдийг харин төр бүртгэлжүүлдэг болох ёстой.

-Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл яригдаж байна. Уг хуулиар шүгэл үлээгчдийн амыг барих нь уу гэсэн хардлага нийгэмд байна?

-Хүний эрх хамгаалагчийн хуулийг шүгэл үлээгчийн хуультай иргэд, гишүүд ихэд андуурдаг байсан. Одоо энэ хууль орж ирэхээр эрхбиш ялгааг нь ойлгох байлгүй дээ. Нийгэмд ил тод байдалд, хариуцлагын тогтолцоог бүхэлд нь сайжруулж, чанд төлөвшүүлэх үүднээс ийм хууль гаргасан цөөнгүй улс орнууд цөөнгүй байдаг. Ийм хуулийн үйлчлэлийн дүнд нийгмийн бугшмал, нуугдмал олон асуудал ил гарч байдаг. Гэхдээ энэ хуулийг хэрэгжүүлэхдээ нөгөө л хүний эрхийн хүрээ, дээсийг хэрхэн давж алхдаггүй болгох вэ, хүний эрхийн биелэлтийг хэрхэн чанга сахин хангадаг нөхцөлийг бүрдүүлэх вэ гэдэг бол бас л чамгүй чухал асуудал. Иймд, энэ хуулийн төслийн текст, үзэл баримтлал, зорилго, хэрэгжүүлэх арга хэрэгсэл, хариуцлагын тогтолцоо зэрэг олон зүйлийг сайтар уншиж танилцаж байж байр сууриа боловсруулна.

-Ардчиллын алтан хараацай болсон хотын дарга асан улсын баатар Э.Бат-Үүлийг шоронд хорилоо. Мэдээж шүүхийн байгууллага хараат бус шийдвэр гаргаж үйл ажиллагаа явуулсан байх. Гэхдээ нийгэмд шүүхийн шийдвэр тэнцвэргүй, ялгаварлтай хандаж байна гэх шүүмжлэл их бий…

-Шүүх хараат бус байж чадахгүй байсан болохоор л бид сая шүүхийн тогтолцоонд салхи оруулах олон өөрчлөлтийг өдөржин шөнөжин хуралдан байж, улс төрийн зөрчил тэмцлийг даван байж хийлээ. Ямар сайндаа л шүүх биш “хонгил” нэртэй болсон байх вэ дээ. Бид энэ үгэнд дасчихаад бараг ердийн хэрэглээний үг болчихоод байгаа юм. Үнэн хэрэг дээрээ энэ бол үндэсний эмгэнэл шүү дээ. Хууль шүүхийн байгууллага ингэж нэрлэгддэг болтлоо доройтно гэдэг бол зөвхөн салбарын бус манай улстөрчид, эрх мэдэлтнүүдийн ч увайгүйнх. Нэлээд олон жил дарга даамлын дохио зангаагаар явсан тогтолцоо шинэ хууль гараад л шууд өөрчлөгдчихнө гэж би харахгүй л байна. Шүүгчдийг чөлөөлж өгсөн энэ шинэ тогтолцоонд бүрэн итгээгүй хүмүүс олон л байгаа байх. “Шударга болоод явж байтал маргааш салхи эргээд юу ч болоо билээ” гээд сайн өөрчлөлтөд итгэж өгөхгүй хүмүүс байж л байгаа. УИХ-ын танхимд шүүхийн хууль, хүний эрхийг хамгаалагчийн хуулийг хэлэлцэх үед дэлхийн олон байгууллага манай шүүхийн тогтолцоог хараат бус байдлаа алдсан гэж нэгэн жигд шүүмжлээд байсныг дүгнэлт тайланг нь цуглуулан байж танилцуулж, анхааруулж байсан. Тэгэхээр өөрийн чинь ярьж буй болгоомжлол надад ч байна. Гэхдээ шүүх процесс дуусаагүй, давах шат байгаа тул хамаагүй дур зоргоор ярих хэрэггүй болов уу. Шүүх процессыг улс төрийн нөлөөнөөс ангид байлгана гэдэг бол хүн бүр өөрөөсөө эхлээд л хэрэгжүүлдэг зүйл байх ёстой. Ямартаа ч шүүх процессыг иргэний хувьд анхааралтай ажиглах болно. Мэдээж буруутай үйлдэл гарцаагүй баримттайгаар, аливаа эргэлзээгүйгээр нотлогдож байгаа бол хариуцлагаа хэн ч хүлээх ёстой. Харин “буруутай л харагдаад байгаа юм даа”, “олон нийт ерөнхийдөө тийм л хүлээлттэй байгаа” гэдэгт шахагдаж, дутуу баримттайгаар, буруутайг нь бодолдоо “дутуу баримтыг нь гүйцээн байж” тогтоож, үндэслэлгүй шийд гаргуулахгүйн төлөө өмгөөлөгчдийнх баг нь хатуу зогсох ёстой. Өмгөөлөгчид нь өндөр хариуцлагатай ажиллана гэж итгэж байна. Бас олон нийт, хүний эрхийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагууд ч ойроос ажиж байх болов уу гэж бодож байна.

-Саяхан Ерөнхийлөгч ОХУ-д албан айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлог байлаа.

Нэг зууны туршид дипломат харилцаатай байж ХХ зууны олон давааг хамтдаа даван туулж байсан манай хоёр орон өнөөдөр хугацаагүй гэрээний үндсэн дээр Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай болсон. Энэ бол хоёр улс хоорондын харилцааны хүрч болох хамгийн өндөр түвшин. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайд байхдаа Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий хоолой барих төслийг эхлүүлж чадсан. Энэ нь улс төрийн бүрэн итгэлцэлд хүрсний бас нэгэн илрэл. Манай Ерөнхийлөгч Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан “Транзит Монгол Улс” болох зорилт тавьсан, түүнчлэн ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин Их Евразийн санаачилгыг дэвшүүлээд байна. Энэхүү хоёр төслийн уялдаа холбоо манай хоёр улсын ирэх зуун жилийн харилцааны бас нэгэн тулгуур болно гэж бодож байна. Айлчлалын хүрээнд 100 жилийн ойн хамтарсан Тунхаглал гаргасан нь айлчлалын хамгийн чухал үр дүн гэж харж байна. Бид бүх зүйлийг зоосны нүхээр дүгнэх гээд байдаг болохоор айлчлалын дүнг ярихдаа эдийн засгийн ач холбогдолтой зарим нэг томоохон төслийг өөрийн эрхгүй ярьж байна. Түүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ айлчлал хоёр орны харилцааг аливаа чагт тээгээс ангижруулж урагшлуулах нэн чухал улс төрийн ач холбогдолтой айлчлал байсан гэж би үзэж байгаа. Яг энэ үед энэхүү айлчлал бол урагшлах замыг аливаа саадгүй болгох чухал алхам байсан.

-Манай улсын худалдаа, зах зээлийн 80 орчим хувь нь Хятад улсаас хамааралтай байна. Угтаа гадаад худалдаа нэг улстай дунджаар 30 орчим хувь байдаг. Үүнээс илүү гарвал Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрдэг тухай судлаачид хэлж байна. Тэр утгаараа Эрээн хилээ халаа гэхэд бараа бүтээгдэхүүний үнэ өсч, хомсдол бий болж байна. Цаашид Хятад хилээ хаасан хэвээр байвал манай улсын зах зээл, иргэдийн амьдрал хэцүүдэх нь. Энэ асуудлыг цаашид яах ёстой вэ?

-Монгол, Хятадын харилцаа бол бүс нутагтаа үлгэр жишээ болохуйц богино хугацаанд Иж бүрэн стратегийн түншлэлд хүрсэн харилцаа. БНХАУ бол дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч орон. Цар тахал гарахаас өмнө БНХАУ-тай хийж буй манай худалдааны тэнцэл эерэг байсан. Өнөөдөр дэлхий дээр хэр олон хөгжиж буй орон Хятадтай худалдааны эерэг тэнцэлтэй байгаа вэ. Мэдээж шийдвэрлэх шаардлагатай олон асуудал бий. Гэвч бид дэргэдээ байгаа дэлхийн хамгийн том зах зээлийг түлхэх биш, харин ч яаж гадаад худалдаагаа улам өргөжүүлж болох вэ гэж бодох ёстой. Цар тахал дөнгөж эхэлж байхад нөхцөл байдал өнөөдрийнхөөс хүнд, хатуу дэглэмтэй байсан үед манай хоёр орны худалдаа хэвийн үргэлжилж байсан гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй байх. Тэгэхээр асуудлыг Хятад хилээ хаалаа биднийг боож байна гэж харахаас илүүтэй бид бэлтгэл ажлаа хэр хангасан бэ. Хөрш орны тавьж буй эрүүл шаардлагыг биелүүлж байна уу гэдэг талаас харах нь зөв гэж бодож байна. Канад улсын худалдааны 80 хувь нь өмнөд, умард хөрш АНУ-тай байдаг. Тэглээ гээд тэр улс гутраад харанга дэлдээд байхыг үзээгүй. Аливаа улсын барааг авдаг худалдааны түншгүй байвал харин тухайн улсдаа аюул нүүрлэж буй нь тэр. Дэлхийн зах зээл гэдэг бол нэн өрсөлдөөнтэй талбар. Аливаа бараа бүтээгдэхүүнийг дэлхийн олон нийлүүлэгчээс авч болдог. Энэхүү “Өршөөлгүй өрсөлдөөн дунд” тухайн улсын барааг авдаг түнш байна гэдэг бол олзуурхах асуудал. Уг нь манай өмнөд хөршийн зах зээл дээр бараагаа борлуулахын төлөө дэлхий өрсөлдөж байгаа шүү дээ. Тэр өрсөлдөж буй ихэнх улс манай хөршөөс алс хол оршиж байгаа. Бид яг хаяанд нь байна. Тээвэрлэлтийн зардал талаасаа аваад үзвэл манай экспорт нэн өрсөлдөхүйц нөхцөлтэй байгаа гэсэн үг. Харин манай Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд ийм механик, дунд сургуулийн алгебрын харьцаа орчихсон. Хоёр хөрш нэмэх нь гуравдагч хөршүүддээ л аминдаа гурав хуваагаад гаргачихсан “суут” тооцоо, харьцаа юм л даа. Ухаандаа таны үйлдвэрлэж буй нэг барааг нэг худалдан авагч мөнгийг нь төлөөд бүгдийг нь авъя гэсэн чинь “өөрөө намайг хараат болгох гэдэг ямар муухай этгээд вэ, би бүгдийг нь өгөхгүй, өөр алс хол оршдог түншдээ илүү зардал гаргаад ч болов хүргэж өгнө. Тэгээд тэр нь тээвэрлэлтийн үнэ өртөгнөөсөө болоод дэлхийн зах зээлд өрсөлдөх үнэ бүхий байж чадахгүй ч байсан би түүндээ л бүтээгдэхүүнийхээ 30 хувийг өгнө. Харин тэр маань авах авахгүйг мэдэхгүй ч түүндээ л хадгалж үлдээнэ” гээд байгаатай адилхан юм. Уг нь бид чөлөөт зах зээлийн эдийн засаг номлодог улс юм л даа. Гэтэл чөлөөт зах зээлийг аюулгүй байдлыг нэн анхаардаг аюултай нөхдийн үзэмжээр 30:30:30-аар зохиомлоор хуваарилах гээд байгаа юм. Зах зээл үүнд тийм дуулгавартай захирагдах уу. Захирагдвал бид зах зээлийн нийгэмд амьдарч байх уу. Чөлөөт зах зээл гэж ярьчихаад ийм юм ярихаар нөгөө чөлөөт зах зээлийн тухай ухагдахуунаа үгүйсгээд байгааг ойлгож буй эсэхийг би мэдэхгүй. Ийм логик нэгэнт ашиглая гэвэл шатахуун дээр ч адилхан үйлчилнэ биз дээ. Хойд, амнөд хөршүүдээс 30:30 хувийг, гуравдагч хөршөөс 30 хувийг тив дэлхий дамнуулан нөгөө хоёрынхоо л нутгаар зөөвөрлөн авчирна. Ингэвэл шатахууны хомсдолд шууд л орно биз дээ. Хаанаас хамгийн хямд үнээр оруулж ирж болж байна, тэндээсээ л оруулах ёстой.

-Тэр ч тодорхой асуудал байх. Ер нь бид Хятадын зах зээл рүү яаж орох вэ. Тийм боломж байна уу?

-Түрүүний ярьснаа үргэлжлүүлэхэд аюулгүй байдлын халууралд орон үнэтэй шатахуун нийлүүлээд эхэлбэл харин жинхэнэ хөгжлийн хурдацад саад болсон аюул болж хувирна биз. Тэгээд ч манай хамгийн амжилттай хийж болох экспортын бүтээгдэхүүн нүүрсний хувьд ахиухан хэмжээгээр борлогдох найман жилийн л хугацаа үлдээд байгааг бодолцож байгаа болов уу. 2030 оноос угаасаа дэлхийн дулаарлыг бууруулах бодлогынхоо хүрээнд БНХАУ эрчим хүчний нүүрсний импортоо буулгахаар байгаа. Энэ нь манайд ч хамаатай байж таарна. Юун 80 хувь, юун 30 хувь. Нүүрсний борлуулалт эрс багасч болзошгүй байгааг эртхэн сэрж бодолцох л хэрэгтэй. Болж байгаа дээр нь өөрөө өөртөө хязгаарлалт тавилгүй ахиухан борлуулж, хуримтлал үүсгээд экспортын өөр нөөц салбаруудаа хөгжүүлэх хэрэгтэй.

-Ингэхийн тулд мөнгө л хэрэгтэй болно доо…

-Тийм, мөнгө л хэрэгтэй. Мөнгийг ахиухан экспорт хийж байж л хуримтлуулна. Түүнээс гоё үгсээр аж үйлдвэрийн нэг ч салбар босохгүй. Учир нь гоё үгс дэндүү хямдхан, дэндүү хоосон. Тэгэхээр бид бодлынхоо өнцгийг өөрчилж, сүүхээ самбаатай, санаачилгатай ажиллаж байж л энэ их өрсөлдөөний далайд орон зайгаа баттай хадгалан урагшилна. Тэгсэн цагт бид экспортоо төрөлжүүлж чадна. Экспортынхоо бүтээгдэхүүнийг өрсөлдөхүйц чанар, үнэ, хэмжээтэйгээр төрөлжүүлэн өсгөвөөс зах зээл өөрөө төрөлжин тэлнэ. Тэгвэл 30:30:30 гэсэн захиргаадалтын шинж чанартай хуваарьтайгаар худалдаа маань өрнөдөггүй юм гэхэд ядаж боломжийн хэмжээнд олширсон, төрөлжсөн зах зээлтэйгээр хөгжих байх. Харин бодлын өнцгөө, хандлагаа өөрчлөөгүй цагт цар тахалгүй байсан ч, хил хагаагүй байсан ч өөрөө өөрсдөдөө бий болгосон мэлмий, ухааны хаалтандаа түүртэн амжилттай урагш хурдалж чадахгүй л болов уу. Бид яг ингэсээр ч ирсэн шүү дээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Эрдэнэбүрэн: ОХУ-д хийсэн Ерөнхийлөгчийн айлчлалын ганц бодит ажил нь ойн хүрээнд гаргасан “Тунхаглал” л байлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсэхийн ОХУ-д хийсэн албан айлчлалын үр дүнгийн талаар Улс төр судлаач, Олон улс судлалын доктор Н.Эрдэнэбүрэнтэй ярилцлаа.


-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д албан айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын явцыг та нарийн сайн харсан байх. Тус айлчлалын үр дүнгийн талаар ярилцлагаа эхэлье?

-Манай улсын Төрийн тэргүүний ОХУ-д хийсэн албан айлчлалыг би нэг л өгүүлбэрээр хариулъя. ОХУ-ын тавьсан шаардлагыг манайх хүлээн авч байна гэж албан ёсоор хэлэх гэж очсон айлчлал. Ердөө л энэ. Айлчлалын өмнө ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, бусад салбарын сайд нар нь ар араасаа ирж бидэнд тодорхой шаардлагыг тавиад явсан шүү дээ. Тухайлбал, Эгийн голын УЦс-ыг танайх баривал манайд ийм байна ч гэдэг юмуу. Танайх үүнийг барих гэж битгий яар, биднээс эрчим хүч бусад зүйлсээ авч л бай” гэх зэрэг шаардлага, байр сууриа илэрхийлээд буцсан. Энэ бүх шаардлага, байр суурийг нь хүлээн зөвшөөрч байна хэмээн хэлэх гэж очсон айлчлал болов уу гэж харж байна. айлчлалын эхнээсээ л манайхан дорой, юм үзээгүй гэдгээ харуулсан. Гадаад явж үзээгүй, дипломат харилцаа, дипломат соёл гэдгийг мэддэггүй нөхдүүдээр Ерөнхийлөгч маань айлчлалын багаа бүрдүүлсэн бололтой. Монгол Улс буурай хөгжилтэй ч гэсэн хоёр улсын энэхүү айлчлалыг дэлхий нийтээр харж, үнэлэлт, дүгнэлт өгч ярилцаж байгаа. Нөгөөтэйгүүр айлчлал гэдэг бол тухайн улсын дэлхийд танигдах том талбар. Тэр утгаараа улс бүхэн ямар ч оронд айлчлал хийхэд хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ дипломат соёлыг дээд зэргээр эрхэмлэдэг. Хариуцлага, шударга ёсыг зарчим болгодог. Ерөнхийлөгчийн хувьд энэхүү айлчлалынхаа багийн бүрэлдэхүүнд хариуцлага тооцох ёстой гэж судлаач хүний хувьд эхний дүгнэлтээ хийсэн. ОХУ-ын талаас айлчлалд ач холбогдол өгч байгаа нь ойлгомжтой. Цар тахлын үед ОХУ-ын гадаад худалдаа болон улс төрийн нөхцөл байдал тийм ч таатай бус байгаа.

Ийм үед манайх шиг жижиг орнуудтай харилцаагаа өргөжүүлж, эдийн засгийн худалдаагаа эрчимжүүлэх бодлого баримталж байгаа юм. Энэхүү бодлогынхоо хүрээнд хамгийн ойрын хөрш орон болсон Монголтой харилцаагаа илүү бэхжүүлэх, Монголыг ашиглаж Хятадтай илүү уян хатан, түргэн шуурхайн худалдаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжоо судлах зорилгоор манайхыг хүлээн авсан болов уу.

Та айлчлалын үр дүнгийн талаар ярьсангүй. Томоохон эдийн засгийн төслүүдээ хэрэгжүүлэхэд түлхэц болсон айлчлал байв уу, зүгээр түүхэн ойгоо хэрхэн тэмдэглэж өнгөрүүлэх вэ гэдгээ ярилцсан айлчлал болчихов уу?

-Айлчлалын үр дүнг хэлэхээсээ өмнө айлчлал ямар бүтэц, ямар зохион байгуулалт, ямар өнгө аястай болов гэдгээ гаргаж ирэх ёстой. Тэр утгаараа айлчлалын зохион байгуулалтын талаар ярьсан юм. Энэ айлчлалын хүрээнд шийдвэрлэх ёстой олон асуудал байсан. Бид ч хүлээлт ихтэй байлаа. Гэвч бидний хүлээсэн шиг тийм үр дүнтэй айлчлал болж чадсангүй. Өнгөрсөн баларсан дайны он жилүүдээ ярилцаж, цаашдаа дайн гарвал хамтарч нөхөрлөх тухайгаа тунхаглалаа. Найрсаг харилцаагаа улам найрсаг нялуун болгоё гэлээ. ОХУ-аас Хятад улс руу явах хийн хоолойг дэмжинэ гэдгээ хэллээ. Гол нь хийн хоолой явснаараа манайх тийм ашиг авна шүү гэдгээ ярьсангүй. Хамгийн их хүлээлттэй байсан сэдэв бол Эгийн голын УЦС-ын төсөл.

-Танаас яг энэ талаар асуух гэж байлаа. Эгийн голын УЦС-ын төслийг дэмжихгүй гэдгээ ОХУ-ын талаас хэлсэн. Харин бидэнд эрчим хүчээ хоёр дахин нэмэгдүүлж өгье гэсэн. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улс эрчим хүчний хараат байдлаасаа гарах том төсөл гэдгийг хэн хүнгүй л ойлгож байна шүү дээ. Айлчлалын үеэр энэ асуудлыг хэрхэн авч хэлэлцэв?

-Тийм ээ, үргэлжлүүлээд ярихад Эгийн голын УЦС-ын төсөл бол хамгийн чухал сэдэв байсан. Хоёр талын эмзэг сэдэв. Хоёулаа өөр өөр байр суурьтай байна шүү дээ. Манайх барина, эрчим хүчнийхээ хараат байдлаас салъя гэнэ. Оросууд бариулахгүй ээ, манай байгаль, экологид сөрөг нөлөө үзүүлэх гээд байна гэдэг. Энэхүү байр сууриа нэгтгээд цааш явах ёстой байтал энэ талаараа нэг ч ярьсангүй. Харин ОХУ-ын талаас энэ төслийн талаар нэр цохож шууд яриагүй ч гэсэн Байгал нуурын цогцолбор газрыг хамгаалах, хил дамнасан гол, мөрнүүдийн байгаль, экологийн зүй зохистой байдлыг хамгаалах асуудлаар манайхтай хамтран ажиллах тухайгаа хэлсэн. Хариуд нь манайх хамтран ажиллая гэдгээ хэлж, тунхаг бичигтээ гарын үсэг зурлаа. Оросын цаад санаа нь хил дамнасан гол, мөрөнг хамгаалах асуудал биш. Манай Эгийн голын УЦС-ыг бариулахгүй гэсэн санаа энд явж байгаа юм. Үүнийг нь манайх ойлгосон ч ойлгоогүй юм шиг хамтран ажиллаж, танай Байгал нуурыг чинь хамгаалъя гэдгээ Ерөнхийлөгч нь очоод хэлчихлээ шүү дээ. Одоо энэ төсөл цаашдаа явах эсэх нь бүүр ч хүнд боллоо. Хийн хоолойн асуудал байна. Энэхүү хоолойг тавьснаараа бидэнд ямар ашигтай байх вэ гэдгээ ярьсангүй. Харин Хятадтай холбогдох хийн хоолойг чинь бид зөвшөөрч байна, манай газар нутгийг дайруулан барьчих аа гэдгээ хэллээ. Мөн Хятадтай холбогдох хурдны авто замаа манайхаар дайруулан бариарай гэнэ. Төмөр замаа ч гэсэн манайхыг дайруулахыг бодоорой гэнэ. Энэ бүгдээс нь харахад Орос, Хятад хоёрын эдийн засаг, худалдаа, тээвэр логистик гээд бүх асуудлыг л зөвшөөрсөн гуравдагч орны байр сууринаас хандлаа. Өөрөөр хэлбэл, Оросыг Хятадтай холбох асуудлыг л ярилаа.

-Манай хөгжилд чухал шаардлагатай байгаа төмөр зам, эрчим хүч, бензин, шатахууны асуудлаар ярилцаж бодит үр дүн гарсан зүйл байна уу?

-Асуудлуудаа манай тал хэлсэн. Төмөр замаа сайжруулах асуудлаа ярьсан. Эрчим хүчний хараат байдлаасаа салах талаар ярьсан. Ер нь томоохон төсөл хөтөлбөрүүдээ бүгдийг нь ярилаа. Гэхдээ ямар нэгэн бодит ажил хэрэг болгож, шийдэлд хүрсэн зүйл нэг ч байсангүй. ОХУ-д хийсэн Ерөнхийлөгчийн айлчлалын ганц бодит ажил нь ойн хүрээнд гаргасан “Тунхаглал” л байлаа. Өөр томоохон шийдвэр, үр дүн харагдсангүй. Харин ОХУ-ын хувьд энэхүү айлчлалаас бодит шийдвэртэй үлдсэн. Тухайлбал, “Роснефть” компани шинэ нисэх онгоцны буудалд шатахуун нийлүүлэх сонирхолтой байгаа тухайгаа хэлж, нийлүүлэхээр боллоо. Энэ нь Оросын ашиг сонирхол мөн үү, мөн. Үр дүнд хүрлээ. Мөн Оросоос Хятад руу Монголын нутгаар дамжуулан барих байгалийн хийн хоолойн төслөө явуулахаар боллоо. Энэ ч бас Орос, Хятадын л ашиг сонирхол биелж байгаа хэрэг. В.Путин “Өнгөрсөн жил манай улсын компаниуд Улаанбаатар хотын дөрөвдүгээр цахилгаан станцыг шинэчилсэн. Гуравдугаар дулааны цахилгаан станцыг шинэчлэх өөр нэг хамтарсан төслийг боловсруулж байна” гэж хэлсэн. Үүгээрээ манайх л юм хийж, ашгаа бодно, танайх харин бидний хэлсэн болгоныг зөвшөөрөөд яв гэдэг санаагаа илэрхийлж байна уу гэж харсан. Өөрөөр хэлбэл, ОХУ ашигтай гэсэн зүйлээ бүгдийг нь хийх зөвшөөрлөө авлаа. Харин манайд хийнэ, хамтарч ажиллана, найрсаг харилцаагаа бэхжүүлнэ, яваандаа болно доо гэсэн агуулгаар л хандлаа шүү дээ. Нөгөөтэйгүүр Орос, Хятад улс хөгжлийнхөө шинэ харилцаандаа Монгол Улсыг гүүр болгон ашиглах санаагаа илэрхийлсээр байгаа юм. Энэ асуудалд манай улс тун болгоомжтой хандах ёстой.

-Хоёр улсын төрийн тэргүүний хэлэлцээний үр дүнд Монгол, Оросын хамтын ажиллагааны 100 жилийн ойд зориулсан хамтарсан тунхаглал гарсан. Энэхүү тунхаглалаас онцлох зүйл юу байна вэ. Энэ тунхаглал бидэнд ямар үр өгөөжтэй вэ?

-Энэхүү тунхаглалаас би нэг зүйл олж харсан. Манай талд ашигтай ганц өгүүлбэр байгаа юм. Тэр нь “Монгол, Оросын хамтын ажиллагааг уламжлалт найрамдал, итгэлцэл, сайн хөршийн харилцаа, төрийн бүрэн эрхт байдлыг харилцан хүндэтгэх, бие биенийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмуудын дагуу цаашид хөгжүүлэх бат бөх эрх зүйн үндэс суурийг бүрдүүллээ” гэж байгаа юм. Үүнд хоёр талынхаа дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг баримтална аа гээд заачихсан байгаа биз. Энэ заалтаа урдаа барьж байгаад л Эгийн голын төслөө явуулах хэрэгтэй. Энэ бол манай дотоод асуудал. Танайх оролцохгүй гэдгээ Төрийн тэргүүнүүдийн хооронд хийсэн тунхаглалдаа хэлсэн байгаа шүү дээ гээд л дайрах ёстой. Нөгөөтэйгүүр хоёр улсын Төрийн тэргүүнүүдийн энэхүү тунхаглалд манай талд ашигтай байх зүйл ажиглагдсангүй. Нөгөө л нэг найрсаг харилцаа, сайн хөрш, ахан дүүсийн харилцаа гэдгээ л тодотгож өгсөн байна лээ. Яахав, хоёр улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтарч ажиллана, ийм ийм ажлууд хийнэ гэж тохиролцсон нь харагдсан. Үүнийг нь сайшааж байгаа ч бид томоохон төслүүдээ хөдөлгөх, том эдийн засгийн шилжилтийн асуудлыг ярьж, тохиролцон, шийдвэрт хүрэх ёстой байсан. Гэвч уламжлалт уулзалт, нөгөө л нэг ярьдаг хэдэн зүйлээ ярьж, хоёр улсын албаны хүмүүс нь гар барилцан зургаа татуулаад л айлчлал өндөрлөлөө. Надаас өөр судлаач өөр өнцгөөр нь ярих л байх. Энэ бол миний үзэл бодол, миний судлаачийн байр суурь шүү гэдгийг хэлье.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Олон улс судлаач П.Наранбаяр: Хятад хилээ хаагаад байгаа нь Бээжингийн олимптой холбоотой


Гадаад харилцаа болон цаг үеийн асуудлаар Олон улс судлалын доктор П.Наранбаяртай ярилцлаа.


-Монгол Улсын гадаад харилцаа, гадаад бодлого ер нь ямар чиг хандлага руу явж байна. Судлаач хүний хувьд алдаа дутагдал ажиглагдаж байна уу?

-Манай улсын хувьд тогтвортой гадаад бодлого баримталдаг орнуудын нэг. Өөрөөр хэлбэл, Засгийн газар солигдлоо гэхэд өмнөх бодлогоо үргэлжлүүлэх үүрэг хүлээж байдаг. Нөгөөтэйгүүр Үндэсний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг бол гадаад бодлого. Тэр утгаараа тогтвортой явах ёстой. Бодлогын тухайд бол хэд хэдэн зарчим бий. Түүний нэг нь олон тулгуурт гадаад бодлого. Нэг үе АНУ, ЗХУ гэсэн хоёр туйл байлаа. Манай улс ЗХУ-ын лагерь дотор орж гадаад бодлогоо томьёолж байсан түүхтэй. Энэ алдаа, сургамж дээрээ үндэслээд олон тулгуурт гадаад бодлогыг Монгол Улс тунхагласан. Өдийг хүртэл энэ бодлого дээрээ бат зогсож байна гэж харж байгаа. Гадаад бодлогын номлол бол огт өөрчлөгдөхгүй ингэж явах ёстой. Жижиг буурай орны хувьд энэ бодлогыг хамаагүй савлуулж бас болдоггүй.

-Тэгэхээр яг энэ зарчмаа бариад гадаад бодлогоо тодорхойлж явж чадаж байна уу?

-Ер нь бол гадаад бодлогын номлол өөрчлөгдөөгүй. Энэ талаараа сайн. Нөгөө талдаа гадаад бодлого дээр алдаа гарсан уу гэвэл гарсан. Хоёр хөршийн бодлого суларсан гэж хардаг. Томилсон Элчин сайд нар нь цэргийн хүмүүс байсан, нэг үе. Ийм байж болохгүй. Энэ албанд том туршлагатай, нэр хүндтэй, дипломатч хүн очно уу гэхээс цэргийн хүн биш. Цэргийн хүн томилсон нь буруу болжээ гэж боддог.

-Манай улсын хоёр хөрштэйгөө харилцах бодлого алдагдсан гэж ярилаа. Тодорхойлж хэлбэл юуг хэлээд байна вэ?

-Цар тахлаар далимдуулж хилээ хааж байна. Хойд хөршөөсөө эрчим хүч, бензин, шатахуунаараа хараат байгаа байдал зэрэг дээр бодлого алдагдсан нь харагдаж байгаа юм. Эрчим хүч гэдэг бол чухал. Хөгжлийн үндэс нь эрчим хүч. Хэр зэрэг эрчим хүч үйлдвэрлэж чадаж байна, тэр хэмжээгээ тухайн улсад хөгжих боломж нь нээлттэй байдаг. Энэ хүрээнд гэж ярихад усан цахилгаан станцын асуудлаар оростойгоо тохирч чадахгүй байна. Энэ мэт эзнээ, шийдлээ хүлээж байгаа гадаад бодлогын тулгамдсан асуудлууд байна шүү. Оросын Холбооны Улсад өөрийн үндэсний эрх ашиг байна. Тэр нь Монгол Улс өөрөөс нь эрчим хүчний хувьд хараат байх явдал. Энэ бол Оросын эрх ашиг. Харин Монголын үндэсний эрх ашиг бол эрчим хүчний хараат байдлаас гарах. Ингэхээр хоёр улсын эрх ашиг хоорондоо зөрчигдөж байгаа биз. Тэгэхээр зөрчилдөөнийг судлах гэдэг бол гадаад бодлогын үндсэн чиглэл юм. Гадаад харилцааг тойрсон өнөөгийн энэ хандлагаас нэг зүйл ажиглагдаж байна. Тэр нь их гүрнүүдийн харилцаа хүйтэрч байгаа явдал. Тухайлбал, Хятад улс дэлхийн хоёр дахь эдийн засаг болж хувирлаа. Дэлхийн худалдааны байгууллага дотор Хятад өөрсдийгөө хөгжиж буй орны хөнгөлөлт, чөлөөлөлтийн эрхээ эдлэхгүй гэдгээ зар-лачихлаа. Ийм маягаар Хятад хүчирхэгжиж байна гэдэг бол АНУ-тай шууд зэрэгцэхэд хүргэж байгаа юм. Олон улсын нөхцөл байдал нэг туйлт байдлаасаа олон туйлт руу орох магадлалтай болчихлоо. Улс орнууд Хятадаас зээл авч байна. Монгол Улс ч бас зээл авсан. Зээлээ төлж чадахгүй найман улсын нэг гэж АНУ-ын судлаач зарлачихлаа. Ийм маягаар их гүрнүүдийн харилцаа хүйтэрч байна. Тэр дундаа Орос Америк, Хятад Америкийн харилцаа хүйтрэх нь ардчилсан үзэл суртлыг хүлээж авсан орнуудад их таагүй нөхцөл байдал үүсгэх юм.

-Таны хэлдгээр эрчим хүч бол хөгжлийн үндэс. Тэр утгаараа бид өөрсдөө эрчим хүчээ үйлдвэрлээд явъя гэхээр оросууд нь таатай хүлээж авахгүй байна. Үүнийг нь манай гадаад харилцаа, гадаад бодлого тодорхойлдог нөхдүүд тэр улсынхаа байр суурийг ойлгох хэрэгтэй гэхээс илүү дорвитой хариулт өгдөггүй. Бид ер нь хоёр хөршөө ойлгох албатай юу. Бид бас хөгжмөөр байна шүү дээ?

-Гадаад харилцаан дээр манайд мэргэжлийн өндөр ур чадвар дутагдаж байна. Ялангуяа судалгаа, шинжилгээ дутагдаж байгаа юм. Тухайлж нэг жишээ хэлье л дээ. Зүүн өмнөд Азид Мэгүм гэж гол байдаг. Энэхүү гол олон улс орны нутаг дэвсгэрийг дайрч урсдаг. Энд усан цахилгаан станц баригдсан. Бас л байгаль орчин, экологийн тэнцвэр гэж ярьдаг. Уг голын доор нь байж байгаа улс орнууд эсэргүүцэж ярьдаг байсан. Гэхдээ л станцаа барьсан байдаг. Үүнээс жишээ аваад, тэр голын усан цахилгаан станцыг яаж барив, гадаад бодлого нь яаж явав, бусад улс орнуудтайгаа хэрхэн ойлголцов гэдгийг сайн судлах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр манай Гадаад харилцааны яамны дэргэдэх судалгааны хүрээлэн үүнийг маш анхааралтай ажиглах ёстой. Бид хоёр хөрштэйгөө мөнхийн байгаагүй шүү дээ. Монгол Улс хоёр хөрштэй болсон нь ХХ зууны л асуудал.

-Та хоёр хөрштэй болсон талаар түүх сөхөж ярих гэж байна уу?

-Тийм. Яахав, Манж Чин гүрнээс тооцоод үзвэл 17 дугаар зуунаас эхлэлтэй байх. Тэрнээс өмнө монголчууд хэзээ ч ийм хоёр улсын дунд оршин байгаагүй. 360 гаруй жилийн өмнө Оросын Сибирь лүү хийсэн түрэлт Буриадыг өөрийнхөө харьяанд оруулснаар Орос гэдэг улс манай хойд хөрш болж байгаа юм. Тухайн үед Чахундорж Түшээт ханын Орос руу явуулсан гадаад бодлого их зөв байсан. Хэрвээ тэр бодлогыг явуулаагүй байсан бол Оросын энэ түрэлт урагшаа Сэлэнгэ рүү орох байсан. Буур хээрийн гэрээгээр энэ түрэлт зогссон. Манж Чин гүрэн Монголыг өөрийнхөө харьяанд оруулсан. Тэгэхээр тухайн үед хөрш улс зөвхөн Орос л байсан, ийм түүхтэй. Тэр утгаараа хоёр хөршөө бид мөнхийн юм шиг боддог. Энэ хэзээ ч өөрчлөгдөж болно. Одоо манайхан зуу, зуун жилээр ой тэмдэглэж байна. Тухайлбал, 1921 онд анхны сургууль байгуулагдсан мэтээр 100 жилээ тэмдэглэлээ. Гэтэл 1911 онд анхны бага сургууль Хүрээнд байгуулагдаж байсан. Тэр утгаараа 109 жилийн ой гэж тэмдэглэх учиртай. 1921 онд Оростой анх дипломат харилцаа тогтоосон гээд ярьж байх жишээтэй. Үүнийг яг дипломат харилцаа гэж үзэхэд хэцүү. Тухайн үед Болшевик засгийн газар Монголын Ардын төр засгийн газартай гэрээнд гарын үсэг зурсан түвшингээс эхлээд өөр. Үнэндээ тухайн үед ЗХУ Монголыг де факто хүлээн зөвшөөрсөн болохоос биш де юре хүлээн зөвшөөрөөгүй. Үүнээс хойш явсаар байгаад де юре хамтын ажиллагаа буюу дипломат харилцаа тогтоосон үйл явдал 1945 оны Ялтын хэлэлцээр. Тэгэхээр дипломат харилцаа тогтоосны 100 жил гэхээс илүү гадаад харилцаа тогтоосны 100 жил гэвэл арай өөр.

-Тантай урд хөршийн талаар голлож ярилцах гэсэн юм. Хятад бүх хилээ хаалаа. Үүнээс шалтгаалж манай улсын эдийн засаг, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, хомсдол гээд асуудал эхнээсээ гарч эхэллээ. Хятад хилээ хаасан нь цар тахлын нөхцөл байдал гэж дүгнэж байгаа ч цаад зорилго нь манай улсыг өөрийн эрх ашигтаа нийцүүлэх санаа явж байна уу?

-Манай улсын импортын бараа бүтээгдэхүүний 80 хувь нь Хятадаас хамаарч байгаа. Энэ бол Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрчихсэн асуудал шүү. Аль нэг улсаас хамаарсан эдийн засгийн нөхцөл байдлыг 30 хувиас хэтрүүлэхгүй байна гэсэн заалт байдаг. Тэгэхээр Хятад улс 80 хувьд хүрчихсэн байгаа нь Үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөх асуудал. Давчихсан хэрнээ яваад л байдаг. Нөгөөтэйгүүр ийм болтол явсан нь бидний арчаагүй байдалтай л холбоотой. Замын-Үүд яаж хөгжив, Эрээн яаж хөгжиж байна. Манайхны хийж байгаа халдвар хамгааллын хаалга нь ямар байна. Эрээнд ямар байна. Энгийн жишээ л энэ. Энэ бүх зүйлээс харвал Монгол Улс авлигад дээрээсээ доошоо нэвт орсон гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Төмөр замаа хөгжүүлж чадаагүй нь бидний буруу. Аливаа тээвэрлэлтийг төмөр замаар явуулъя гэхээр төмөр замаа цахилгаан болгож чадаагүй нь бидний буруу. Монголын хилээс Хятадын хил рүү төмөр зам шууд гараад явчихаж чаддаггүй. Заавал ачиж буулгах асуудал үүснэ. Ковидоос шалтгаалж ямар нэгэн тээвэрлэлтийг алсын зайнаас буюу төмөр замаар явуулахыг шаардаж байна. Тэгээд төмөр замаар явуулъя гэхээр манайд төмөр зам нь хөгжөөгүй. Энэ бидний л буруу. Одоо болтол гаальтай 69 автомашинаар тээвэрлэлт хийж байна гэдэг бол ёстой онигоо. Хятад хилээ нээхгүй байж байж нэгхэн өдөр нээгээд хилээ хаачихсан. Хятадын зүгээс танай талын хорио цээрийн дэглэм чинь болохгүй байна гэдэг. Тэгээд ганц өдөр хилээ нээхэд хэний бараа таваар орж ирж байна. Дандаа тансаг хэрэглээний томчуудын бараа таваар нь орж ирж байгаа юм. Засгийн газар нь “Өнөөдөр Хятадаас тэдэн чингэлэг бараа орж ирлээ” гэж зарладаг, ийм хэмжээнд хүртлээ бид жижгэрчихсэн байна. Энэ бол өнөөгийн Монголын гамшиг. Тиймээс хэн нэгнийг буруутгахаас илүү өөрсдийгөө буруутгах ёстой. Бид хөгжих хэрэгтэй байна. Тээвэр ложистикээ бид хөгжүүлэх ёстой байжээ. Үүнийг татварын бодлогоор дэмжих ёстой байж. Хувийн оролцоог нэмэх байж, төмөр замуудаа тавих байж.

-Хятад хилээ хаасныг өөр өнцгөөр харж байгаа судлаачид байна. Тухайлбал, манай улсыг ШХАБ-д элсээгүй болохоороо Хятад улс соёлтойгоор цар тахал гэдэг байдлаар хилийн хориг тавиад байна уу гэж ярьж байна. Энэ асуудлаар та судлаач хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Соёлтойгоор хориг тавилаа гэж бас буруу томьёолж байна. Ковидтой байна. Хятад өөрөө ямар дэглэмтэй улс билээ. Хятад улс тэг халдварын тохиолдол гаргахгүй байх хэмжээнд хатуу бодлого барьж байгаа. Нөгөөтэйгүүр Хятадад байгаа Монгол Улсын Элчин сайд ажлаа хэр зэрэг сайн хийж байна вэ. Үүнд хариуцлагын асуудлыг ярих ёстой. Улс орны эрх ашиг, тэнд байгаа монголчуудын эрх ашгийг хамгаалах зорилгоор л Элчин сайдууд томилогдон очдог. Дээр нь нэмээд Элчин сайд гэдэг хүн мэргэжлийн хүн байх ёстой. Олон жил дипломат албанд нухлуулсан тийм хүнийг томилох хэрэгтэй. Өмнө нь Хятад улс төрийн зорилгоор хилээ хааж байсан. Монголд Далай лам айлчлал хийх үед хилээ хааж байсан удаатай. ШХАБ-д элсээгүй гээд хилээ хаасан гэж би харахгүй байна. Энэ байгууллагад элсэж ороо гэж хамгийн их шахдаг улс бол Орос шүү дээ.

-Хятад хилээ хаагаад удвал манай улсын эдийн засаг, бараа бүтээгдэхүүний хомсдол ёстой гамшгийн асуудалд хүрэхэд ойрхон байна. Тиймээс хилээ нээгээч ээ гэдэг шаардлагыг бид тавихаас өөр аргагүй юм. Нөгөөтэйгүүр хилээ нээхгүй байгаа энэ асуудлыг олон улсын байгууллагад хандаж, олон улсын анхааралд оруулахын тулд бид ямар байгууллагад хандах ёстой юм бол?

-Дэлхийн худалдааны төв байгууллагад бид хандаж болно. Хятад хилээ хаагаад байгаа нь Бээжингийн олимптой холбоотой л гэж харж байна. Бээжингийн өвлийн олимпийг ямар нэгэн байдлаар бойкотлох, эсвэл амжилтгүй зохион байгуулах юм бол Си Жиньпиний засаглалын нэр хүндэд маш том сөрөг нөлөөтэй. Тиймээс Бээжингийн олимпыг дуустал хатуу чанга бодлого барьж байгаагийн нэг илрэл бол энэ хилийн асуудал байх аа.

-Улстөрч хүний хувьд эрх баригчдын бодлого, тэр дундаа давхар дээлийн асуудлыг хэрхэн харж байна. Давхар дээлтэй гишүүдийг нэмье гээд Үндэс хуулийн өөрчлөлтийг яриад эхэллээ шүү дээ?

-Ард түмний сонголт гэж бий. Үүгээрээ Засаглах эрхээ хэрэгжүүлдэг. Парламентын гишүүдийг сонгодог. Пар-ламентаасаа Засгийн газар нь мэндэлнэ. Улмаар Засгийн газар бие дааж үйл ажиллагаагаа явуулна. Үүнээс нэг зүйл харагдаж байгаа юм. Ард түмнээсээ сонгогдсон парламентын гишүүн хүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж болно гэдэг зүйл. Энэ бол Английн парламентын систем. Эндээс угшилтай. Өөрөөр хэлбэл, чамайг сонгоогүй байхад засаглах эрхийг хэн өгсөн бэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Энэ асуултыг УИХ-ын гишүүн биш сайдаар ажиллаж байгаа хүнээс асууж болно. Тэр хүнийг ард түмэн сонгоогүй. Тэгсэн хэрнээ Засаглах гээд байдаг нь ямар учиртай юм. Засгийн газарт ажиллаж байгаа дан дээлтэй буюу УИХ-ын гишүүн биш сайд нарыг ард түмэн сонгоогүй гэдэг л ойлголт. Тэр утгаараа дан дээлтэй сайд нарын нэг нь ч сайн ажиллаж чадахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр манай Үндсэн хууль үүн дээр алдаатай ажиллаж буй нь харагдаж байгаа юм. Тэр утгаараа хэний ч сонголтоор гарч ирээгүй хүн сайд хийгээд явж байна. Тэр нь ямар ч хүчгүй, нөлөөгүй хүн байдаг. Ард түмний сонголтоор гарч ирээгүй болохоороо ямар хүч байхав дээ. Парламентын гишүүдийг нэмэх хэрэгтэй. 76 гишүүн байж байгаад 18 нь сайд болчихвол хачин юм болно. Нөгөө эрх мэдлийн тэнцвэр алдагдаж эхэлнэ. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулж, давхар дээлтэй сайд нарын тоог нэмэх нь зөв гэж бодож байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Туваан: Эрэгтэй хүн 65 хүрээд дунджаар жил орчим тэтгэвэр аваад бурханы орон руу явж байна

Нийгмийн дунд хүлээлт ихтэй байсан Нас барсан иргэний тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барьсан УИХ-ын гишүүн Ц.Туваанаас тодруулга авлаа.


-Таны өргөн барьсан хуулийн төсөл нийгмийн дунд хүлээлт ихтэй байсныг хуульчид болон судлаачид ярьж, бичиж байна. Уг хуулийн төслийнхөө талаар тайлбарлахгүй юу?

-Монгол Улсад өнөөдрийн байдлаар 450 мянган тэтгэвэр авагч бий. Үүнээс нас барсны дараа тухайн хүн зээлтэй байх юм бол тэрхүү зээлийг ар гэрийнхэн нь төлдөг. Банкаас зээл авахаар тухайн өрхийн хэн нэг нь заавал батлан даагч болж байдаг. Тухайн хүн нас барсан тохиолдолд тэр зээлийг ар гэрийнхэн нь төлдөг. Хүмүүс ажил явдалтай үед тэр зээлийг төлөх, дээрээс нь нас барсны гэрчилгээ авахын тулд тухайн хүний зээлийг төлж байж авдаг учир тус зээлийг чөлөөлөх нь зүйтэй гэсэн хуулийн төсөл юм. Энэ бол анх удаа хийгдэж байгаа арга хэмжээ биш. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санаачилгаар тэтгэврийн зээлийн үлдэгдлийг тэглэж байсан. Нийтдээ 240 мянган тэтгэвэр авагчийн 760 гаруй тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн. Мөн тэтгэврийн зээлгүй байсан 210 гаруй мянган тэтгэвэр авагчид нэг сая төгрөг өгч нийтдээ 900 гаруй тэрбум төгрөгийн асуудлыг шийдэж өгсөн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянга орчим байгаа. Тэгэхээр юмны үнэ өссөн энэ үед тэтгэвэр авагчдын маань тэтгэвэр амьжиргаанд нь хүрэлцэхгүй байна. Иймээс энэхүү хуулийн төслийг санаачилсан.

-Хөдөлмөрийн тухай хуулиар тэтгэвэр авах насыг нэмэгдүүлсэн. Үүнтэй бас энэхүү хуулийн төсөл хэрхэн уялдах вэ?

-Энэ хуулиар эрэгтэй 65, эмэгтэй 60 настай тэтгэвэрт гарна. Улирал тутам гурав, гурван сараар нэмэгдээд явж байгаа. Манай улсад эрэгтэй хүний дундаж нас 66, эмэгтэй хүнийх 75 байна. Үүнээс юу харагдаж байна гэхээр эрэгтэй хүн 65 хүрээд ойролцоогоор жил орчим тэтгэвэр аваад бурханы орон руу явж байгаа. Ийм байж болохгүй ээ. Энэ бол шударга бус, хүндээ ээлгүй төрийн үзэгдэл. Тухайн хүн насаараа нийгмийн даатгалын шимтгэлийг цаг тухайд нь төлж явж байгаад маш бага хугацаанд тэтгэвэр гэж хэдэн төгрөг аваад бурхан болдог байж болохгүй юм аа. Тиймээс ийм нийгмийн тулгамдсан асуудал байгаа учраас энэхүү хуулийн төслийг оруулж ирж байна.

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга ахмадын тэтгэврийн зээлийг нэг удаадаа тэглэсэн. Түүнээс хойш хичнээн ахмад настан хэдэн төгрөгийн зээлтэй байна. Хууль санаачлагчийн хувьд олон судалгааг үзсэн байх?

-Нэг удаад тэглэснээс хойш өдийг хүртэл нийт 71 мянган тэтгэвэр авагч 90 орчим тэрбум төгрөгийн зээлийг дахиад авсан байна. Яагаад зээл авч байгаа нь тодорхой. Тэр хүмүүсийн амьдралд тэтгэврийн 350 мянган төгрөг хаанаа ч хүрэлцэхгүй байна. Энэхүү иргэдийн тодорхой тооны хүмүүс бурханы орон руу явж байгаа.

Ар гэрийнхний энэхүү хүндрэлийг чөлөөлж, тэтгэврийн зээлийг нь нэг удаа тэглэх ийм хуулийн төсөл юм аа.

-Өөр нэг асуудал бий шүү дээ. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль. Уг хуулийн хүчинтэй хугацаа дуусах дөхөж байгаа. Энэ талаар УИХ ямар нэгэн бодлого зохицуулалт хийж байна уу?

-Энэ хууль 2022 оны нэг сарын 1 хүртэл хүчинтэй байна. Тэгэхээр манай малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид маань өнөөдрөөс эхлээд 15 хоног байна. Энэ хугацаанд амжиж сарын 42 мянга буюу жилийн 504 мянган төгрөгийг төлөх хэрэгтэй. Ингэснээр нийгмийн даатгалын шимтгэл тань цаг хугацаандаа төлөгдсөнөөр орно гэдгийг анхааруулж хэлье ээ. Энэ боломжоо сайн ашиглаарай. Хуулийн тухайд УИХ-аас уг хуулийг дахих сунгах боломжгүй гэж харж байгаа. Манай улс нийт 280 мянган орчим малчинтай гэсэн тоо байдаг. Үүнээс ердөө 20 гаруй мянган хүн л нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд явж байна. Малчдын тэтгэврийн насыг нааш нь татсан хууль бас бий. Өөрөөр хэлбэл, малчин эрэгтэй хүн 55, малчин эмэгтэй хүн 50 насандаа тэтгэвэрт гарах хууль хэрэгжиж байгаа шүү. Хэдийгээр ийм хууль байгаа ч малчид маань тогтмол орлогогүйгээсээ болоод нийгмийн даатгалын шимтгэлээ сар сараар нь төлөх боломжгүй байдаг. Тиймээс дээрх хуулийн боломжийг сайн ашиглаасай гэж хүсч байна.

-Тэтгэвэрт гарсан иргэд дээд тал нь хэдэн төгрөгийн зээл авах боломжтой юм бэ. Мөн хэдэн ч төгрөгийн зээл авсан тухайн иргэн өөд болчихвол тэглэх тухай хуулийн төсөл гэж ойлгож болох уу?

-Нэг удаагийн тэтгэврийн зээл тэглэсэн асуудлыг нийт 900 гаруй тэрбум төгрөгөөр шийдсэн. Үүнд зургаан сая хүртэлх төгрөгийн зээлтэй хүмүүс хамрагдсан. Тэрнээс хойш дахин хууль гарсан. Тэр нь банкууд тэтгэврийн зээлийг жилдээ нэг удаа зургаан сараас дээш олгохгүй гэдэг хууль. Тэгэхээр хэмжээ нь багасаад хоёроос гурван саяын дотор ороод ирсэн гэсэн үг. Өнөөдрийн энэ 70 мянган тэтгэвэр авагч 90 тэрбум гэдэг бол нэг иргэн дунджаар 1.3 сая төгрөгийн тэтгэврийн зээл авч болж байгаа хуулийн зохицуулалттай л гэсэн үг. Тиймээс хэмжээний хувьд тийм өндөр гарахгүй ээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Мөнхжин: Эрээний талаас дахиад хилээ хаах магадлал өндөр байгаа, манай талаас үүнийг хүлээж авахгүй

– ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ЗҮГЭЭС СОЛОНГОС ДАХЬ ЭЛЧИН САЙД, КОНСУЛ НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ НЬ ЗӨВ ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА –


Эрээн, Замын-Үүдийн хил нээгдсэн эсэх болон цаг үеийн асуудлаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинтэй ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногт та мэдэгдэл хийхдээ Эрээний хил энэ сарын 10-нд нээгдэнэ гэж ярьсан. Иргэд хил нээх нь гэж ойлгосон боловч ганц хоёрхон машин гаргаад буцаад хаачихлаа гэж дургүйцэж байна. Яг хил нээгдсэн үү, үгүй юү гэдэг дээр тодорхой тайлбар өгөхгүй юү?

-Юу болсон талаар цаг хугацааны дарааллаар ярьж эхэлье. Өнгөрсөн аравдугаар сарын 13-ны өдөр Эрээнд ковидын халдвар илэрч, бүх нийтийн тэг зогсолт хийж, хилээ бүрэн хаасан. Ингээд хоёр улс арваннэгдүгээр сарын 15-нд уулзалт хийж, харилцан тохиролцоонд хүрсэн. Хорь хоногийн хугацаанд халдвар хамгаалалт бусад бэлтгэлээ хангаад чингэлэг тээврээр авто замын боомтоор бараа материалаа солилцъё гэдэг тохиролцоо байсан. Улмаар энэ хугацаанд хоёр тал бэлтгэлээ хийсэн. Энэ сарын 6-нд хоёр тал бэлтгэлээ хангаж дууссан. Миний бие 8-нд газар дээр нь очиж ажилласан, шалгасан. Шалгалтаар бэлтгэл ажил бүрэн хангагдсан байсан. Тухайн үед надад хоёр сар шахуу хаалттай байсан Эрээний хил хэзээ нээгдэхийг тодорхой болгох асуудал чухал байв. Тэр утгаараа Хятад талдаа бид нарын тохиролцсон хугацаа дууссан. Энэ стратегийн боомт үүнээс илүү урт хугацаанд зогсонги байж болохгүй гэдгээ хэлсэн. Ингээд хоёр тал ярилцаж энэ сарын 10-ны өдөр хилээ нээхээр шийдвэрлэсэн. Би энэ шийдвэрийг есөнд нь “Маргааш хил нээгдэнэ” гэж олон нийтэд мэдээлсэн.

Нээгдэнэ гэж хэлэхдээ үе шаттайгаар нээнэ гэдгээ хэлсэн. Эхний ээлжинд Эрээний талд гацчихсан 150 ачаатай автомашин, 20 орчим ачаагүй автомашиныг гаргах замаар үе шаттайгаар нээх тухай ярьсан шүү дээ. Яг тэр дагуу 10-ны өдрөөс эхлээд авто тээврийн хэрэгслүүдийг Эрээний талаас дундын цэг рүү оруулсан. Энэ бол хил нээгдсэний нотолгоо мөн үү гэвэл мөн. Улмаар өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголын тал дундын цэгээс ачаа бараагаа авсан.

-Ачаагүй машин л орж ирснээс биш ачаатай машин орж ирээгүй гэдэг зүйлийг ярьж байна лээ. Уг нь ачаа таваартай машин орж ирэх нь чухал биз дээ?

-Яагаад дандаа ачаагүй машинууд орж ирэв гэдэг нь шалтгаантай. Эрээн талд бас хүндрэлүүд гарч байгаа. Бид тэр бүхнийг нь ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл, Эрээн талд гол хоёр хүндрэл гарсан. Нэгдүгээрт, тухайн автомашинууд хил хаагдахаас өмнө гадаа хоёр сар гаруй зогсчихсон байсан. Тиймээс зарим нь асна, зарим нь асахгүй. Хоёр дахь хүндрэл бол ачаатай автомашинууд яг хил гардаг дээрээ тулахаар гаалийн бүрдүүлэлт зөрсөн, хэт их ачсан, мэдүүлснээсээ өөр бараа таваар ачсан гэх мэт асуудлууд гарсан. Тиймээс өнгөрсөн хэд хоногт ачаатай автомашинуудын мэдээлэл зөрсөн учраас хил нэвтэрч чадахгүй нөхцөл байдал үүссэн. Ажил явагдаж байгаа учраас хүндрэл гарч ирэх нь тодорхой. Энэ асуудлаа ярилцаад нөхцөл бололцоогоо сайжруулаад цаашид явах ёстой.

-Өнөөдрийн хувьд хил дээрх нөхцөл байдал ямар байгаа юм бэ. Цаашид хил нээгдэж, хөдөлгөөн хэвийн үргэлжлэх үү?

-Цар тахлын өмнөх шигээ хэвийн, чөлөөтэй явагдана гэж байхгүй. Эрээний онцгой байдлын зүгээс Эрээн, Замын-Үүдийн боомтын дундын цэгт монголчууд орж ирсэн учраас үүнийг халдвартай бүс гэж үзэж байгаа. Тиймээс одоо энэ цэг дээр үнэлгээ хийнэ. Хил нээснээс хойш саяны хэд хоног хилийн үйл ажиллагаа хөдөлгөөн дээр үнэлгээ хийж байсан. Тэр утгаараа яг одоогоор Эрээний талаас үнэлгээ, дүгнэлт хийж байна. Энэхүү үнэлгээний шат дуусахаараа ийм, ийм ажлуудыг нэмж сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарна, Эрээн талаас. Дан ганц Эрээн хотын шийдэх асуудал биш. Цаашаа Шилийн гол аймаг, Хөх хотын Засгийн газар шийднэ. Ийм процесс явж байна. Энэ бол үе шаттайгаар бараа материал, авто тээврээ явуулж байгаа ажлын нэг хэсэг. Түүнээс биш, Эрээн дахиад хилээ хаачихлаа, холбогдох хүмүүс нь хил нээгдэнэ гэж худлаа хэлж гэсэн утгаар нь ойлгож болохгүй. Ийм зүйл байхгүй. Надад 10-ны өдөр хил нээгдсэн нь чухал. Хоёрдугаарт, дахиад 50, 60 хоног хил хаагдахгүй байх нь л чухал байна. Өөрөөр хэлбэл, Эрээний хилээр тогтвортой бараа материал эргэлдэж байх нь илүү чухал юм. Тэр утгаараа ганц хоёр хоног хилээ хаагаад хийсэн ажил дээрээ үнэлгээ дүгнэлт гаргахыг нь хүлээхэд асуудал алга. Гол нь дахиад урт хугацаанд таг хаачихгүй байх нь чухал байна.

-Тэгэхээр одоогийн байдлаар Эрээн, Замын-Үүдийн боомт хаалттай. Эрээний талаас үнэлгээ дүгнэлтээ хийж байгаа гэсэн үг үү?

-Тийм. Саяны хэд хоногт хил нээгдсэн үйл ажиллагаан дээрээ үнэлгээ хийж, дүгнэлтээ гаргах юм. Энэ дүгнэлт удахгүй гарчих байх гэсэн хүлээлттэй байна. Ямартаа ч дахиад таг хаачихгүй, тогтвортой бараа материалаа нэвтрүүлээд байх асуудал л чухал юм аа. Дундын цэгийг халдварын бүс гэж үзэж байгаа, Эрээн тал. Тиймээс үүн дээр үнэлгээ хийгдэх шатандаа явж байна. Энэ үнэлгээн дээр суурилсан дүгнэлтийг бид биелүүлэх ажил мөн явагдана.

-Эрээнээс халдварын эрсдэл өндөр учраас хилээ нээх боломжгүй гэсэн дүгнэлт гарвал яах вэ?

-Эхлээд хил хаагдахаас өмнө Эрээний талд юу гацав гэдгийг хэлж өгье. Хамгийн түрүүнд ачаатай 130 автомашин байна. Ачаагүй 20 автомашин байна. Нийлээд 150 автомашины асуудал. Үүн дээр импортын 192 автомашин бий. Энэ дотор суудлын тэргүүд болон уул уурхайн том тээврийн хэрэгслүүд ч байна. Энэ бүгдийг эхний ээлжид гаргаж дуусгах шаардлагатай. Ингэж байж тэнд зай талбай гарч дараагийн үйл ажиллагаандаа орно. Үүнийг үе шаттайгаар хийж байна. Эрээний талаас бол эрсдэл өндөртэй гэж үзвэл дахиад хилээ хаах магадлал өндөр байгаа. Мөн дүгнэлтээ ч тэр талаасаа гаргах магадлал өндөртэй. Эрээн, Замын-Үүдийн боомт бол манайд стратегийн чухал боомт. Тэр утгаараа энэхүү стратегийн ач холбогдолтой боомтоо хаахыг бид зөвшөөрөхгүй. Эрээний зүгээс хилээ дахиад бүрэн хаана гэсэн асуудлыг одоогоор тавиагүй ч ийм хариу өгвөл бид хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлнэ. Вирус гараад хаагдсаныг бид ойлгож байна. Цаашид эрсдэл өндөртэй учраас хилээ хаана гэдэг тайлбарыг бид хүлээж авахгүй. Стратегийн боомт байнгын ажиллагаатай байх нь Монголын эрх ашиг. Энэ эрх ашгаа Монгол Улсын Гадаад харилцааны яам хамгаалах ёстой.

-Та энэ сарын 9-нд мэдээлэл хийхдээ маргаашаас хил нээгдэнэ. Авто тээврийн үйл ажиллагаа хэвийн явагдана гэж хэлсэн шүү дээ. Үүнээс дүгнээд иргэд олон нийт хил нээгдэж бид чөлөөтэй ачаа тээврээ явуулаад байх юм байна гэсэн ойлголт авсан. Гэвч иргэдийн хүссэн шиг зүйл болсонгүй л дээ…

-Нэг зүйлийг дахиад тодотгоод хэлье. Цар тахлын үед байгаа тохиолдолд хэзээ ч өмнөх шиг хэвийн амьдрал, чөлөөтэй урсгал явагдана гэж байхгүй. Хятад улс цар тахлын асуудал дээр маш хатуу дэглэмийг баримталж байгаа. Эрээнд ковид гарахад сар гаруй тэг зогсолтыг хийлээ шүү дээ. Ийм хатуу бодлого баримталж байгаа улстай бид аль болох ойлголцож, өөрсдийн талын эрх ашгаа бага багаар тавиад байх нь чухал. Манайх шиг уян хатан чөлөөтэй дэглэм Хятадад үйлчлэхгүй. Бид нар өөрсөд шигээ төсөөлөөд учир дутагдалтай зүйл яриад байж болохгүй.

-Манай улсад халдварын тохиолдол багасаж байна. Нөгөөтэйгүүр дархлаажуулалтын ажил идэвхтэй үр дүнтэй хийгдэж байгаа. Энэ мэт нөхцөл байдлыг Хятадын тал хүлээн авч хил нээх асуудлаа нааштайгаар шийдчих боломж байхгүй юу?

-Энэ асуудал дээр дахиад л ойлголтын зөрүү гарч ирж байгаа юм. Халдварын тохиолдол бага байгаа нь бидэндээ л сайн. Түүнээс биш халдвар байгаа л бол Хятад улсад эрсдэл хэвээрээ л гэсэн үг. Хятад улсын баримталж байгаа бодлого маш хатуу буюу нойл халдварын тоо. Тиймээс нэг ч бай хоёр ч бай халдвар илэрсэн л бол тэг зогсолтыг авч байгаа нь манай хоёр улсын бодлого, дэглэм өөр гэдийг харуулж байгаа юм. Тиймээс миний хувьд дахиж Замын-Үүд, Эрээний боомт дээр халдварын эрсдэл гаргахгүй байх нь чухал байна. Тэр утгаараа яаран автомашин оруулж ирэхийг урьтал болгохгүйгээр тогтвортой бараа эргэлт явуулахыг чухалчилна.

-Ганц Эрээний боомт хаагдлаа гэхэд бид ачаа бараагаа авч чадахгүй, эдийн засаг, нийгмийн амьдрал хүндэрч байна. Энэ асуудлыг цаашид хэрхэн авч үзэх ёстой юм бэ. Бас нэг хараат бус болгох ойлголт гарч ирээд байна шүү дээ?

-Өмнөх жилүүдэд буюу ковидгүй үед Эрээний хилээр дамжуулаад ачаа бараагаа аваад, худалдаа наймаагаа хийгээд болоод байсан. Харин цар тахлын үед Эрээн хаагдлаа л бол ачаа барааны асуудал хүндрэлтэй байдалд орж байгаа нь үнэн. Энэ цар тахлын үед импортын урсгал ганцхан Эрээн боомтоос хэт хамааралтай болсон, гуравдагч улсаас орж ирж байгаа бараа Тяньжин боомтоос хэт хамааралтай болсон гэдгийг тод харуулж байна. Тиймээс бид энэ сургамж дээрээ үндэслэж цаашид Эрээний ачааллыг тэнцвэржүүлэх буюу бусад боомтууд ачаа таваар, худалдаа наймаа хийдэг ажлыг эрчимтэй зохион байгуулах шаардлагатай. Зөвхөн нэг замаар орж ирэх биш, олон замаар орж ирэх асуудлыг түргэн шийдвэрлэх нь чухал. Өөрөөр хэлбэл, Эрээний ачааллыг тэнцвэржүүлэхийн тулд бусад боомтууддаа жигд хуваарилах шаардлага байгааг энэ цар тахлын үед илүү тодоор харуулж байгаа юм.

-Солонгос улсад зодуулсан охины хэрэг нийгэмд шуугиан болж байна. Тухайн Элчин сайд, Консулыг ажлаас нь чөлөөлөх асуудал яригдаж байна. Ер нь гадаад улсад байгаа монголчуудынхаа эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ. Нөгөөтэйгүүр гадаадад байгаа монгол иргэн зодууллаа, эрх ашиг нь зөрчигдлөө гэхэд тухайн улсын Элчин сайдыг эгүүлэн татаад байх буруу жишиг тогтчихвол яах вэ?

-Нэгдүгээрт, ийм хэрэг болсонд маш их харамсаж байна. Өсвөр насны хүүхдүүдийн хоорондын харилцаа гэдэг эмзэг асуудал. Энэ бол Солонгост гэлтгүй бусад гадны оронд байдаг нийгмийн хэцүү үзэгдэл. Б.Батцэцэг сайд салбараа толгойлж, бодлогоо барьж байгаа хүний хувьд тухайн улсын Элчин сайд, Консулд нь хариуцлага ярьж байгааг зөв гэж үзэж байна. Сенсаци гарахаар дардаг арга хэмжээ гэж харахаас илүү хариуцлагын тогтолцоо зөв ажиллаж байгаагийн илрэл гэж харах ёстой. Солонгос улсад манай улсын хамгийн олон иргэд буюу 40 мянган иргэн хууль ёсоор болон хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа. Тиймээс илүү иргэн рүү хүрч ажиллах Консулын үйлчилгээ, хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлага үүсч байна.

-Саяхан 110 гаруй орон оролцсон Ардчиллын төлөө цахим чуулганд Монгол Улс албан ёсоор оролцоогүй гэдэг мэдээлэл байна. Энэхүү чуулганд яагаад оролцоогүй юм бэ?

-Энэхүү цахим чуулганд Монгол Улс албан ёсоор оролцсон гэдгийг хариуцлагатай хэлье. АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байдены санаачилгаар цахимаар зохион байгуулсан дээд түвшний уулзалтад манай улс оролцсон. УИХ-ын дарга Г.Занданшатар болон иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн төлөөллүүд уг уулзалтад оролцож, үзэл бодол, байр сууриа илэрхийлсэн. 100 гаруй улсын төр, засгийн тэргүүнүүд оролцож, ардчиллын ололт амжилт, тулгарч буй сорилт бэрхшээл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Бямбажаргал: Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын хүндэтгэлийн чуулганыг Хархоринд хуралдуулах гэж байгаа нь эрх баригч намын хоосон хийрхэл

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан УИХын хүндэтгэлийн хуралдааныг энэ сарын 29ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд зарлан хуралдуулахаар болсон. Энэхүү хурлыг Хархоринд хуралдуулах шаардлага түүхэн талаасаа байхгүй, дэмий өндөр зардлыг улсын төсвөөс гаргах гэж байна гэдэг шүүмжлэл иргэдийн дунд яригдаж байна. Энэ асуудлаар Физикийн ухааны доктор, улс төр судлаач Л.Бямбажаргалтай цөөн хором ярилцлаа.


-Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой арванхоёрдугаар сарын 29-ний өдөр тохионо. Энэхүү өдөр бол монголчуудын хувьд хамгийн түүхэн өдөр мөн. Энэ талаар ярихгүй юу?

-Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилсөн өдөр.

Түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан юм. Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон тухай түүхэн хуудаснаа бичиж үлдээсэн байдаг. Ийм л учиртай өдөр.

-Энэ өдөр УИХ хуучин нийслэл Хархоринд хүндэтгэлийн хурал хийх тухайгаа зарлаж байна. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхэн үйл явдал болсон газар нь Улаанбаатарт байхад тэнд хуралдах гээд байгаа шалтгааныг та юу гэж харж байна?

-Энэ бол УИХ-ын тухай хуулийг зөрчсөн л үйлдэл гэж харж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулган Төрийн ордны чуулганы танхимаас өөр газар хуралдах эрх зүйн үндэс байхгүй. Нөгөөтэйгүүр Хархоринд хуралдах түүхэн ач холбогдол гэж байхгүй. Хархорин бол Их Монгол Улсын нийслэл байсан газар. Арванхоёрдугаар сарын 29-нд болсон үйл явдалтай ямар ч хамааралгүй шүү дээ. Харин энэхүү түүхэн өдрийг хүндэтгэж хуралдах гээд байвал Төрийн ордондоо л хуралдах нь илүү өндөр ач холбогдолтой. Хүндэтгэлийн хурлыг Хархоринд хуралдуулах нь эрх баригч намын хоосон хийрхэл. За яахав, хурал нь боллоо гэхэд тэнд зарцуулагдах төсөв хөрөнгийг хаанаас гаргах вэ. Мэдээж татвар төлөгчдийн мөнгөнөөс л гаргана. Үүнийгээ даруй болих шаардлагатай. Түүх талаасаа ч тэр эрх зүйн талаасаа ч, тэр Хархоринд УИХхуралдах нь авцалдахгүй байгаа юм. Төрийн ордноо голоо юу. Хархоринд чуулган хийх нь улсын хөгжилд ямар нэмэртэй юм.

-Ардын намынхан бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийнхээ нутагт хүндэтгэлийн хуралдааныг хийх гэж байна гэх яриа нийгэмд байна. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Хархориных юм билээ?

-Тийм инээдтэй юм ч гэж арай байхгүй байх аа.

-Та зардлын тухайд ярилаа. Энд мэдээж өндөр зардал гарна. Үүнийг бусад улс төрийн намууд, тэр дундаа сөрөг хүчин яагаад шүүмжлэхгүй, чимээгүй байна. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юү?

-УИХдахь Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ төдийлөн сайн гүйцэтгэж чадахгүй байгаагийн илрэл. Саяхан эрх баригч нам Их хурлаа хийсэн. Шат шатандаа хариуцлагатай байж, эдийн засгийн тусгаар тогтонолоо олцгооё гэж сүртэй ярьж байна лээ. Эдийн засагт саад болоод байгаа асуудлаа шийдвэрлэнэ гэж байна. Тэгвэл иймэрхүү хоосон хийрхэл болсон хурал цуглаан, ойн тэмдэглэлт арга хэмжээнүүдээ болих хэрэгтэй. Наанадаж гарах зардал, төсөв нь нэг сургууль, цэцэрлэг барих бүтээн байгуулалтын зардалтай тэнцэнэ. Хурал боллоо гэж бодъё. Улаанбаатараас нийт хэдэн хүн явах вэ. Тэр хүмүүсийн замын зардал, онгоц, шатахууны зардал, зочид буудал, хоол унаа гээд асар өндөр зардлыг эд нар хий дэмий хээнцэрлэлдээ зориулж үрэх гээд байна. Энэ хүнд хэцүү үед тэвчиж болох зардлыг гаргахгүй байцгаая гэж ярьдаг. Өөрсдөө үрэлгэн байх хэрнээ ард түмнийг бүсээ чангал, улсын эдийн засаг хүнд байна гэж ярихаасаа ичих хэрэгтэй. Ард иргэдийн амьдрал их л хүндэрч байна. Юмны үнэ өдөр ирэх тусам өснө, цалин тэтгэвэр нэмэгдэхгүй. Хувийн хэвшлийнхэн ажилчиддаа цалингаа тавьж байвал их юм болж байна. Ийм байхад хэдэн улстөрчид агаарын сайханд очиж, амралт зугаалгаар явах санаагаа Хүндэтгэлийн хурал нэрээр халхалж буйд нь харамсаж байна.

-Та түрүүн Төрийн ордноос бусад газар хуралдах нь эрх зүйн чадамжгүй шийдвэрүүд гарна гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-УИХ-ын тухай хуулиар УИХзөвхөн Төрийн ордонд хуралдаж шийдвэр гаргана гэсэн заалт байдаг. Тэгэхээр өөр газар чуулган хийлээ гэхэд гарах шийдвэр нь ямар ч эрх зүйн чадамжгүй болж байгаа юм. Хархоринд хуралдана гэж байгаа. Хуралдаж л байгаа бол хуралдаанаас нь ямар нэгэн шийдвэр гарч таарна шүү дээ. Тэгэхээр тэр шийдвэр нь хүчин төгөлдөр биш болох нь. Ард иргэдээ идэх хоол, түлэх түлээгүй хорионд оруулччихаад өөрсдөө баяр ёслол хийж наргиж цэнгэж яваад байж болохгүй. Нөгөөтэйгүүр энэхүү хурал боллоо гэхэд цаашдаа УИХ-ын чуулган хаана ч болдог буруу жишиг тогтох юм. Улсын нийслэл нь Улаанбаатар. Тухайн улсын төр засгийн төв байр, удирдлага байршиж байгаа болохоор нийслэл гэж байгаа юм. Төр засгийн ажил бол хүүхдийн тоглоом биш. Бусад орнуудын парламентын чуулган өөр газар болж байсан түүх байхгүй. Ардын нам үнэмлэхүй олонх байж болно. Гэхдээ Төрийн ажил хууль, журмынхаа дагуу л явах учиртай.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Налгар улирал ирэхээр Налайхын замд гарц хийнэ гэсээр байтал чинь иргэд үхэж л байг уу, С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир гишүүд ээ!!!

Автомашинаар зорчиход саадгүй давхих Налайхын зам. Хоёр тусдаа зорчих хэсэг бүхий дөрвөн эгнээ, зорчих хэсэг дундаа хязгаарлагчтай, гэрэл үзэгдэх орчин гээд жолооч нарын хувьд давуу тал ихтэй авто зам юм. Харин явган зорчигчдод энэ зам бол жинхэнэ там. Баянзүрхийн товчооноос Налайх дүүрэг хүртэлх 20.9 км энэхүү авто замын ажил хоёр жилийн хугацаанд баригдаж, өнгөрсөн жил ашиглалтад орж, улсын комисс хүлээн авсан байдаг. Нээлтээ сүр бараатай хийж байсан энэхүү замд одоогийн байдлаар нийтдээ арав гаруй зам тээврийн ноцтой осол гарсан байна. Энэхүү осол аваарын дуудлагын ихэнхийг явган зорчигчид эзэлж байгаа юм. Учир нь уг замын эхлэл цэг буюу Баянзүрхийн товчооноос Налайхын тойрог хүртэл явган хүний нэг ширхэг ч гарц байхгүй. Гарцгүй ийм зам манайд хоёр бий. Нөгөөх нь Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал руу явсан хурдны зам. Энэ замд гарц байх шаардлагагүй. Дэд бүтцийнхээ төрөлд хурдны зориулалтаар баригдсан замд явган хүний гарц шаардлагагүй. Харин Налайхын шинэ зам бол хурдны зам биш.

Баянзүрхийн товчооноос Налайх хүртэл тасралтгүй хот, суурин бий. Өөрөөр хэлбэл, энэхүү зам нь хот хоорондын зорчих зам ч биш, суурин доторх авто зам. Тиймээс дэд бүтцийнхээ хувьд суурин доторх энгийн зорчих зориулалтаар баригдах авто зам юм. Гэвч зориулалт, стандартаасаа хол хөндий баригдсан энэхүү зам иргэдийн аюулгүй тайван амьдрах эрхийг зөрчсөөр байна. Тэр дундаа Хонхор, Ургах наран, Баянзүрхийн товчоо орчим амьдардаг оршин суугчдын эрхийг ноцтой зөрчөөд буй. Тус зам дагуу 150000 хүн оршин суудаг. Ерөнхий боловсролын хоёр сургууль, хоёр цэцэрлэг, холбогдох төрийн анхан шатны байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Энэ жил хичээлийн шинэ жил 100 хувийн дүүргэлттэйгээр танхимаар орж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор уг замаар зорчих явган зорчигч, тэр дундаа Ерөнхий боловсролын сурагчид замын хөдөлгөөнд оролцох нь эрс нэмэгдсэн. Налайхын энэхүү гарцгүй замаар сурагч, хүүхдүүд өөрөөсөө өндөр бетонон хашлага, саадыг даван гарч байгаа нь амь нас, эрүүл мэндээрээ ноцтой хохироход хүрээд байна.

Э.ДАВААЖАВ: МАНАЙ СУРГУУЛИЙН ХОЁР СУРАГЧ, НЭГ НЬ БҮР ЭМЭЭТЭЙГЭЭ ЯВЖ БАЙГААД ОСОЛД ОРСОН

Энэ талаар тус зам дагуух суурин газрын оршин суугчид ийн ярьж байна.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Б.Бүрэнтөгс: -Би хоёр дүүгээ өдөр бүр сургуулиас нь очиж авдаг. Уг нь манайх сургуультайгаа ойрхон. Гэвч сургууль, гэр хоёрын дунд энэ шинэ зам тавигдсанаас болоод тав, хоёрдугаар ангийн дүү нараа очиж авахаас өөр аргагүй болсон. Учир нь энэ замд явган хүний ямар ч гарц байдаггүй. Бүр сургуулийн харалдаа ч гарцгүй. Тиймээс замын гол байрласан гэрлэн шонгийн завсрын зайгаар хоёр дүүгээ өргөж зам хөндлөн гардаг. Хоёр талаар машинууд хурдтай явдгаас бид айдаг. Өдөр бүр энэ замыг яаж гарна даа гэсэн айдастай хоёр жил боллоо. Энэ замд явган хүний гарц гаргах өгөхийг хичээнгүйлэн хүсье.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэн өндөр настан Л.Гүррагчаа: -Өвөө нь долоо хоногт хоёр удаа өрхийн эмнэлэг орж үзүүлдэг. Дээрээс нь замын цаанаас түлш, усаа авдаг. Яах вэ эмнэлэг орж үзүүлээд ирэхэд аргыг нь олоод гараад байдаг. Харин түлш, усаа авах гэж их мунгинадаг даа. Дөчийн бидон устай тэргээ замын голд байх тэр хашлагыг давж гарах гэж хүн хараад л замын голд суучихдаг. Яг түүгээр явган хүн гарвал туслаад өгөөч гэж гуйдаг. Гэхдээ явган хүн гарах нь гарахгүйгээсээ их. Заримдаа жолооч нар бууж өвөөд нь тусалдаг. Энэ мэт хүндрэл их байна. Энэ төр засгийн удирдлагууд сайхан замтай болгосон нь сайшаалтай ч иргэдийнхээ аюулгүй амьдрах эрхийг бас хангаж өгмөөр санагдана. Зам хөндлөн гарч яваа жаахан хүүхдүүдийг хараад сэтгэл түгшиж л суудаг. Саяхан манай энд нэг сурагч бололтой жаахан охин дайруулсан. Их аюултай юм болсон. Хурдхан шиг явган хүний гарц, гэрлэн дохиотой болгож өгөхгүй бол энэ орчмын иргэд чинь энэ зам дээрээ хядуулсаар дуусах нь байна.

Жолооч С.Сарангэрэл: -Манай аавынх Хонхорт амьдардаг. Амралтын өдөр аавындаа очих гэж явна. Энэ зам уг нь их сайхан болсон. Гэхдээ явган зорчигчид гэнэт хашлага даваад гарч гүйх нь барагтай бол харагддаггүй. Зам нь сайхан ч сэтгэл амар давхих боломжгүй санагддаг. Явган хүний гарц байхгүй нь жолооч нарт ч гэсэн маш анхаарал болгоомжтой явахыг сануулдаг гэлээ.

Баянзүрх дүүргийн 126 дугаар сургуулийн багш Э.Даваажав: -Манай сургуулийн хоёр сурагч, нэг нь бүр эмээтэйгээ явж байгаад осолд орсон. Нэг нь их хүнд бэртэлтэй байгаа. Бид холбогдох газарт нь сургууль орчмын бүсэд явган зорчигч нэвтрэх гарц хийж өгөхийг хүссэн боловч энэ жилдээ ажил хийгдэхгүй гэсэн тайлбарыг өгсөн. Тиймээс сургуулийн зүгээс эцэг, эх багш, сайн дурын эргүүлийн хяналтын тоог нэмэгдүүлж ажиллахаар болж байгаа.

Налайх дүүргийн 8 хорооны оршин суугч Д.Пүрэвсүрэн “Налайхын зам хоёр жилийн өмнөөс зам ашиглалтад орсон. Миний мэдэхийн нэг урсгалаар зорчдог. Бетонон чулуугаар хоёр зорчих хэсгийг хязгаарлаж хаасан нь осол аваар гарах нөхцөлийг багассан байж магадгүй. Гэхдээ замын доогуурх тунелиэр мал гарч болдог. Харин зам дээгүүр явган хүн гарах гарц байдаггүй. Өөрөөр хэлбэл, малд зориулсан гэж хэлж болохуйц гарцтай хэрнээ хүнд зориулсан ширхэг ч гарц байхгүй. Иргэд гарц хайж гарна гэвэл ер нь бүтэхгүй асуудал. Өдөр өнжин явж, бүр хотоос гарч байж л сая нэг юм гарц олох байх даа. Тиймээс давж гарахаас өөр аргагүй. Машинд л явж байвал болно гэж бодсон юм шиг байгаа юм. Хүн зорчино гэж огт бодоогүй барьсан юм болов уу. Гарцгүйгээс болж машинд мөргүүлэх эрсдэл их байдаг. Хүнээ бодоогүй шулуун зам л байх ёстой гэж ханддаг нь ямар учиртай юм бэ. Тендер зарлахдаа зураг төслийг нь харалгүй өгчихдөг юм байх даа гэж гайхдаг.

Б.БУМ-ЭРДЭНЭ: ГҮҮРЭН ГАРЦЫН АЖИЛ ИРЭХ 2022 ОНД ХИЙГДЭНЭ

Налайх, Баянзүрх хүртэлх шинэ авто замын явган хүний гарцтай холбоотой асуудлаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын хэлтсийн дарга Б.Бум-Эрдэнээс тодрууллаа.


Тэрбээр “Явган хүний гарцын асуудалтай холбоотой гомдол санал их ирж байгаа. Бид Баянзүрхийн товчоо, Ургах наран хорооллын наад талд хоёр гүүрэн гарц барихаар төлөвлөж байгаа. Энэхүү гүүрэн гарцын ажил ирэх 2022 онд хийгдэнэ. Энэ оны хувьд гүүрэн гарц барих ажил хүндрэлтэй байгаа. Ирэх жил барилгын улирал эхлэх үед барих төлөвлөгөөтэй байна. Барилгын ажил эхэлчихвэл хоёр сар гаруй хугацаанд барьчих болов уу гэсэн тооцоололтой байна. Явган хүний цагаан шугамтай гарц хийе гэхээр энэхүү замын ангилал өөр” гэсэн тайлбарыг өгч байна.

Налайх дүүргээс УИХ-ын гишүүн, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан болон Ц.Сандаг-Очир нар сонгогдсон. Нэг нь Улсын онцгой комиссын дарга. Саяхан Монгол Улсын ирэх оны төсөв батлагдсан. Дээрх хоёр гишүүн тойрог дээрээ тодорхой хэмжээний төсөв тусгуулсан нь ирэх онд баригдах хоёр гүүрэн гарц. Барих гэж байгаа нь сайн ч тэр болтол Налайхын там шиг зам дээр хэчнээн иргэн, хэчнээн сурагч хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирох вэ.

Энэхүү асуудлаар УИХ-ын гишүүн, УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайханы ажлын албанаас тодруулахад “Гишүүдийг ийм асуудалд чирч оруулах нь уг нь буруу. Нийслэлийн авто тээврийн газраас тодруулсан нь дээр” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Дарга нарынхаа нэр хүндийг бодсон иймэрхүү тайлбарыг тавьж байхаар энэхүү зам дээр явган хүний гарц барих боломжийг судалж, тэр чигийнхээ ажлыг дарга нартаа зөвлөх сэтгэлтэй, хандлагатай болмоор. Юутай ч албаныхан нь уг зам дээр явган хүний гарц барих боломжгүй, улирал нь биш, нартай налгар өдрүүд ирэхээр гарц, гүүр барьчихна гэсэн тайлбарыг өгч байна. Налгар улирал ирэхээр Налайхын замд гарц хийнэ гэсээр байтал чинь иргэд үхэж л байг уу, С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир гишүүд ээ!!!

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Энхтүвшин: Коксоо гаргачихвал гурван жилийн дараа дотоодынхоо арматурын хэрэгцээг бүрэн хангадаг болно

Цаг үеийн асуудлаар болон барилгын гол нэрийн бүтээгдэхүүний импортын асуудлаар УИХ-ын гишүүн Төмөртогоогийн Энхтүвшинтэй ярилцлаа.


-Улсын төсөв батлагдлаа. 2022 оны төсвийг зарим улстөрчид болон эдийн засагчид хэт өөдрөг, амьдралаас тасарчихсан төсөв боллоо гэж шүүмжлээд байгаа. Таны хувьд ирэх оны төсвийг хэрхэн батлагдсан гэж харж байна?

-Төсвийг сайн боллоо, муу боллоо гээд дор бүрнээ л санал бодлоо хэлэх нь тэр хүмүүсийн эрх. УИХ юутай ч төсвөө батлаад авлаа. Ерөнхий зургаар нь харвал ирэх оны төсвийн ихэнх хөрөнгө оруулалт нь боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулагдахаар болж байгаа. Үүн дээр нэмээд цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх зорилгоор ажлын байрыг нэмэгдүүлэх, томоохон мега төслүүдээ төр хувийн хэвшлийн түншлэл дээр явуулах зарчмаар хөрөнгө оруулалт нь төсөвт тусгагдаж батлагдсан. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийг тэлэх, орлогыг сайжруулах бололцоо боломжийг нээж өгсөн төсөв болсон.

-Сая батлагдсан төсвөөс онцлоод хэлчих зүйл юу байна?

-Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний нэгжийн тухай хуулиар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь нь орон нутагтаа үлддэг болсон. Энэ хууль шинээр батлагдаад хэрэгжээд эхэлчихсэн байгаа. Тэгэхээр энэхүү хувь сум, орон нутагтаа үлдэж байна гэхээр аймаг, сумдын Засаг дарга нарын санхүүгийн эрх мэдэл тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг. Орон нутгийн сан, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бас аймгуудад нэмж өгсөн. Мөн малын хөлийн татвар авдаг болсон. Энэ мэт сум, орон нутагтаа үлдэж байгаа хөрөнгө нэмэгдсэнээр захиран зарцуулах, өөр бүтээн байгуулалтын ажил хийх зэрэг нь тухайн орон нутгийн өөрсдийнх нь асуудал болчихож байгаа юм.

-Засгийн газраас орж ирсэн төсвийг УИХ-аараа хянаж хэлэлцээд баталдаг. Тэр утгаараа сүүлийн үед “Богд Зонхов” төслийг 32 тэрбум төгрөгөөр барихаар төсвөө батлуулжээ. Энэ нь иргэдийн эсэргүүцэлтэй тулахаас гадна УИХ орж ирсэн төсвөө хянаж чадахгүй байна уу, эсвэл төсвийн хулгай байв уу, түүнийг нь гишүүд мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөв үү гэсэн хардлага хүчтэй явж байна. Та үүнийг мэдсэн үү?

-Энэ төсөл төсөвт орж ирснийг мэдсэн л дээ. Энэ төсөл 2021 оны төсөвт таван тэрбум төгрөгийн өртөгтэй суугдчихсан байсан. Харин 2022 оны төсөв дээр нэмэгдсэн өртөг нь 27 тэрбум болж орж ирснээс ирэх жил 10 тэрбум төгрөгийг нь гарахаар төсөвт орж ирсэн байсан. Тэгэхээр юуны өмнө таван тэрбум төгрөгийн өртөгтэй төсөл яагаад 32 тэрбум болсныг маш сайн нягтлах хэрэгтэй. хамгийн эхэнд. Би Барилгын хөгжлийн төв үүн дээр магадлан хийсэн байна гэж харсан. Тэр утгаараа магадлан хийсэн байгууллага энэ төсөл дээр зөв магадлан хийсэн үү, эсвэл хэт их үнийг нь нэмэгдүүлээд магадлан хийсэн үү гэдгийг шалгах шаардлагатай.

-Энэ төсөл УИХ-аар ороод Төсвийн хуулиараа батлагдчихсан зүйл, тийм үү. Одоо үүнийг Засгийн газар царцаая гэж байна. Тэр дундаа салбар хариуцсан сайд нь хөрөнгийг нь зогсооно гэж мэдэгдсэн. Эрх зүйн хувьд батлагдсан төсвийг зогсоох, царцаах эрх мэдэл сайд, Засгийн газарт байдаг уу?

-УИХ-аас батлагдсан тогтоол, хуулийг хэн нэгэн сайд ч юм уу хэн нэг гишүүн зогсооно, царцаана гэсэн зүйл байхгүй. Бүхэл бүтэн 2022 оны Төсвийн тухай хууль болоод батлагдаад гарчихсан асуудал. 2021 онд энэ төсөлд таван тэрбум төгрөг суулгаад батлагдсан. 2021 оны төсвийг 2020 онд баталдаг шүү дээ. Тэгэхээр 2020 онд таван тэрбум гээд төсвийг баталчихсан, ажил нь эхэлчихсэн асуудал. Яагаад ингэж өндөр үнээр төсөв нь нэмэгдчих вэ гэдгийг шалгаж үзэх хэрэгтэй. Үнэхээр авлигажсан төсөв байх юм бол хөрөнгийг нь хасаад боломжид бодит хөрөнгөөр нь энэ ажлыг дуусгах ёстой. Тэгэхгүй бол энэ төсөл өндөр өртөгтэй байна, гацаана, зогсооно гээд асуудлыг гацаачихвал татвар төлөгчдийн таван тэрбум төгрөг хоосон газарт цемент болоод л үлдэнэ. Тиймээс хөрөнгийг нь тодорхой болгоод төслийн ажлыг дуусгах хэрэгтэй. Ер нь анх яах гэж тухайн төслийг оруулж ирсэн юм бэ гэдэг дээр би хувьдаа эргэлзэж байна. Цар тахалтай жил, эрүүл мэндийн салбартаа ч гэдэг юмуу илүү үр өгөөжтэй зүйл рүү энэхүү төсвийг хандуулахгүйгээр бурхан шашны хөшөө дурсгал босгоно гээд оруулж ирсэн нь буруу л гэж үзэж байна. 2022 оны төсөв Засгийн газраас орж ирэхэд нь үүнийг харж байсан. Тухайн үед энэ төсөл 2021 онд эхэлсэн, одоо ингээд үргэлжилж байгаа юм байна л гэж харсан. Одоо царцаая, зогсооё гэвэл Ерөнхийлөгч Төсвийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавина. Үүнийг нь УИХ хэлэлцэн батлаж байж энэхүү асуудал шийдэгдэх ёстой.

-Барилгын гол түүхий эд болох цемент болон арматурын төмрийн эрэлтийн асуудал барилгын компаниудад хүндээр тусаж байна. Урд хөрш хилээ хаачих л юм бол Монгол дахь барилгын ажил үндсэндээ зогсож байна шүү дээ. Ирэх жил арматур бас л дутах юм билээ. Энд чиглэсэн бодлого зохицуулалт Их хуралд байна уу?

-Ер нь манайх дотооддоо цемент үйлдвэрлээд хэрэгцээгээ 100 хувь хангаж чадаж байгаа. Харин арматурын төмрийн үйлдвэр байхгүйгээс бид гаднаас импортлон авдаг. Орос болон БНХАУ-аас л авна. Барилгын материалуудын 80 хувийг манай улс гаднаас буюу хоёр хөршөөсөө л авч байна. Үүнээсээ болоод манайд барилгын материалын үнэ, орон сууцны үнэ өндөр байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа. Цаашид барилгыг хямдруулъя гэж үзэж байгаа бол арматураа бид дотооддоо үйлдвэрлэх шаардлагатай. Бусад барилгын материалуудаа өөрсдөө үйлдвэрлэж байж барилгын үнэ буурна. Тэгэхгүй бол өнөөдөр хэт их нэг улсаас хараат болчихоор үнийн өсөлтийн дарамтад орчихоод байна. УИХ төр засгийн зүгээс энэхүү хүндрэлээс гарахын тулд хүнд үйлдвэрийн салбар болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээ дэмжих нь хамгийн чухал.

-Цементээ дотооддоо үйлдвэрлэж байгаа шиг арматурын төмөр үйлдвэрлэж байгаа газар бий юү. Цэвэр арматурын төмөр гэсэн үг шүү дээ.

-Цементийн гурван том үйлдвэр байна. Арматурыг ч үйлдвэрлээд эхэлчихсэн байгаа. Дорноговь аймагт төмөр угаах, коксын үйлдвэр, ширэмний үйлдвэр баригдаж байна. Кокс гарчих юм бол төмрөө шатаагаад арматур хийх бүрэн боломжтой. Эдгээр үйлдвэрүүд хоёроос гурван жилийн дараа ашиглалтад орно. Тэгэхээр гурван жилийн дараа монголчууд өөрсдөө арматур үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангадаг болно. Энэ талын төрийн бодлого, тооцоолол, ажлын хэсэг гарчихсан ажлууд нь явж байна.

-Арматур болон барилгын хөөсөнцөр үйлдвэрлэгчдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийг УИХ-аас томилж, ахлагчаар нь Х.Ганхуяг тэргүүтэй нэр бүхий гишүүд энэ чиглэлээр ажилласан. Ажлын хэсгийн дүгнэлт хэрхэн гарсан. Энэ асуудлаар ямар бодлого зохицуулалт хийсэн бэ?

-Энэхүү ажлын хэсэг 100 гаруй объект, тэр дундаа сургууль, цэцэрлэг, соёлын төвүүдийг магадлангаар оруулж, 2022 оны төсөвт үнэ өртгийг нь нэмэгдүүлэн суулгуулж өгсөн. Барилгын материал, барилга байгууламж, орон сууцны үнийг тогтвортой болгоё гэвэл томоохон үйлдвэрүүдээ ашиглалтад оруулах шаардлагатай. Тухайлбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг ашиглалтад оруулж, цэвэр арматур үйлдвэрлэх нөхцөлийг бий болгож, төмрөө өөрсдөө хийдэг болох ёстой. Ажлын хэсгийн хүрээнд бид арматур болон барилгын хөөсөнцөр үйлдвэрлэгчидтэй цахимаар холбогдсон. Энэ үеэр арматур үйлдвэрлэгчид төрөөс хөнгөлөлттэй зээл, эрчим хүчний хөнгөлөлт, түүхий нүүрс хэрэглэх зөвшөөрөл олгон дэмжихийг хүссэн. Мөн хөөсөн полистирол хавтангийн түүхий эд нь аюултай бүтээгдэхүүний жагсаалтад орсон тул БНХАУ-ын нутаг дэвсгэрээр тээвэрлэхгүй байгаа юм билээ. Үүний улмаас түүхий эдийг татан авч чадахгүй байгаа тул улсын хилээр нэвтрүүлэх асуудалд анхаарахыг хүсч байсан. Цар тахлын улмаас импортын бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж, хомсдол үүссэнээр барилгын материал болон түүхий эдийн үнэ 80 орчим хувиар нэмэгдсэн. Үүний улмаас барилга, бүтээн байгуулалтын ажилд хүндрэл үүсээд байгаа. Гадаад худалдаа, боомт хариуцсан албан тушаалтнуудтай уулзаж, мэдээлэл сонссоны дараа байнгын хорооноос дээрх асуудлуудыг шийдвэрлэх талаар Засгийн газарт чиглэл хүргүүлсэн. Энэ талаар Засгийн газар идэвхтэй ажиллана байх.

-Эрээн хаагдаа л бол Монголд бүх юмны үнэ өсч байна шүү дээ. Хилийн боомтууд, тэр дундаа Эрээн хэзээ хилээ нээхээр байгаа вэ?

-Эрээний хил удахгүй нээгдэнэ. Ирэх сарын эхээр нээгдчих болов уу гэж харж байгаа. Эрээн-Замын-Үүдийн хилийн нойл цэг дээр чингэлэг тээврийн ачааг шүлжүүлэн ачдаг терминал байгуулж байна. Нэг ёсондоо Хятадын талаас чингэлгээ тэрхүү цэг дээр авчраад бид наашаа дамжин зөөнө гэсэн үг. Энэхүү терминал ашиглалтад орчихвол манай улс руу орж ирэх ачаа тээвэр саадгүй болно. Эхний ээлжиyд 50 чингэлэг бууна. Цаашдаа 100, 200 чингэлэг гэх мэтээр нэмэгдээд явахаар байгаа. Бусад боомтууд, тухайлбал Ханги Мандалын боомт хэвийн ажиллаж байгаа. Түүгээр нүүрс, төмрийн хүдэр зэрэг өдөртөө 100 орчим машин гарч байна. Цаашдаа хил гааль, боомтуудын үйл ажиллагаа хэвийн болчих дүр зураг харагдаж байгаа. Нүүрсний гарц бас нэмэгдэж байна. Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хилийн боомтуудаар ажиллаад ирсэн. Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор 600 гаруй машин гарч байна. Энэ бүхнээс харахад хил гаальтай холбоотой асуудал цэгцэрчих болов уу гэсэн бодолтой байгаа.

-Саяхан танай намын Удирдах зөвлөл хуралдаж Их хурлынхаа товыг зарлах шиг боллоо. Мөн хурлаараа Шинэ сэргэлтийн бодлогоо хэлэлцсэн. Энэ талаар товч тайлбар өгөхгүй юү?

-Шинэ сэргэлтийн бодлого гэж УИХ-ын гишүүдэд танилцуулсан. Энэ бол ерөөсөө л том төслүүдээ хөдөлгөе гэж байгаа юм. Иргэдээ ажилтай орлоготой байлгая. Тухайлбал, таван толгой дээр эрчим хүчний станцаа барья. Нүүрс угаах, баяжуулах үйлдвэрээ байгуулъя. Ханги Мандал Зүүнбаянгийн төмөр замаа тавья, Хөөт Бичигтийн төмөр замыг барьж дуусгая гэж. Энэ ажлуудыг зуун хувь төрөөс хийнэ гэж байгаа юм биш. Төр хувийн хэвшлийн түншлэлээр эдгээр төслүүдээ хэрэгжүүлье гэсэн зарчмаар л энэхүү шинэ сэргэлтийн бодлого хэрэгжих юм. Нөгөөтэйгүүр уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь гадагшаа зөөх биш, аль болох боловсруулж, нэмүү өртөг шингээсэн, ажлын байр бий болгосон ийм үйлдвэрүүдтэй л болъё гэж байгаа юм. Ингэхдээ төр оролцох биш хувийн хэвшлээ л дэмжье, төрийн зүгээс бодлогоо л тодорхой болгоё гэсэн үндсэн зармаар л явж байна. Манайд нэг юм хийх гэж олон зөвшөөрөл, бөөн хүнд суртал болдог. Тэр тундаа дунд, доод шатанд энэ хүнд суртал их байдаг. Тиймээс энэхүү хүнд суртал гаргаад байгаа төрийн байгууллага болон албан тушаалтнуудтай тэмцье, улмаар хүн бүр чадах чадах зүйлээ хийж, баялаг бүтээдэг улс болъё л гэж байгаа юм. Том мега төслүүд хөдөлж байж дагаад жижиг дунд үйлдвэрлэл хөгжинө. Энэ бодлогын гол зарчим бол ерөөсөө л ийм байна.

-Банкны хувьчлалын тухай хуульд өөрчлөлт орсон. Сүүлийн үед Хаанбанкны хувьчлалтай холбоотой асуудал нийгэмд шуугиан тарьж байна. Энэ асуудлыг та хэрхэн харж байна?

-Хувьчилсан гэж яриад байгаа болохоос биш яг авчихсан, хувьчилчихсан нь тодорхойгүй л юм байна лээ. Сүүлд таны хэлснээр Банкны тухай хуульд өөрчлөлт орсон. Манайд голлох системийн таван банк л байдаг. Энэ таван банкийг олон нийтийн банк болгоё л гэж байгаа. Олон нийтийн банк гэдэг нь хэрэв хувьцаа эзэмшигч иргэн бол тухайн банкны 20-25 хувийг л эзэмшинэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэг хүн 50 ч юмуу 60 хувийг эзэмших бололцоо уг хуулиар хориотой байгаа. Хаан банк хувьчлагдсан гээд байгаа боловч япон хүн авсан уу, монголчууд өөрсдөө авсан уу гэдэг нь тодорхойгүй. Хэн ч авч болно, гэхдээ 20-25 хувиас илүүг авч болохгүй л гэсэн үг.

-Чуулганаар Мөнгөний бодлогыг хэлэлцсэн. Төгрөгийн ханш өдөр ирэх тусам унаж байна. Юмны үнэ тэнгэрт хадлаа. Мөнгөний бодлого ер нь ямар байх ёстой юм бэ?

-Хамгийн гол бодлого бол төгрөгийн ханшийг чангаруулж л ажиллах ёстой. Өдөр ирэх тусам өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Төгрөгийн ханшийг чангатгахын тулд валютын нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай болно. Валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд уул, уурхайн бүтээгдэхүүнээ гадагшаа ахиухан гаргах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлэхгүй байх бодлогыг барих шаардлагатай байна.

-УИХ-ын дарга болон Ерөнхий сайд Оюу-Толгойн асуудлаар нөгөө талын хүмүүстэй уулзалт хийлээ. Таны хувьд дубайн гэрээ ч гэдэг юмуу энэ “Оюу толгой” төслийг хэрхэн харж байна?

-Дубайн гэрээг хүчингүй болгох хэрэгтэй. Тэр 2.3 тэрбум долларыг бүр хүчингүй болгочих хэрэгтэй юм. Яахаараа бид энэ гэрээнээс болоод авах ёстой ногдол ашиг маань хойшлоод өрөнд ороод яваад байх ёстой гэж. Манай улс жилд Оюу толгойгоос 160 сая долларын татвар авдаг. Дубайн гэрээгээр бол жилдээ 170 сая долларын хүү нэмэгдэж байна. Үүнээс үзэхэд бид энэ төслийг бараг ажиллуулах хэрэггүй байгаа юм. Тиймээс энэхүү гэрээг хүчингүй болгох ёстой. Би ч ингэж бодож байгаа биш, УИХ-д сонгогдсон шинэ гишүүн надтай адилхан байр суурьтай байгаа гэдэгт итгэлтэй байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Бямбацогт: Шулуухан хэлэхэд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний нэр нэг даргын халаасанд явдаг байсныг өөрчилсөн

Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын асуудлаар болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Сандагийн Бямбацогттой ярилцлаа.


-Юуны өмнө яриагаа саяхан батлагдсан Монгол Улсын 2022 оны төсвийн хуулийн талаар эхэлье. Төсвийн орлого хэт өөдрөгөөр батлагдсан гэх шүүмжлэлийг зарим УИХ-ын гишүүд яриад байгаа шүү дээ. Таны байр суурь ямар байна вэ?

-Монгол Улс жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-ны дотор дараа жилийнхээ төсвийг баталдаг гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Төсөв батлах нь УИХ-ын онцгой бүрэн эрхийн асуудал. Тухайн жилийн төсвийн төслийг оруулж ирэх нь Засгийн газрын

бүрэн эрхийн асуудал байдаг. Жил бүрийн төсөв батлагдахад хардлага, шүүмжлэл яригддаг. Энд нэг зүйлийг онцлоход, тухайн жилийн орлого, зарлага, гадаад, дотоод эдийн засгийн хүчин зүйл гэх мэт маш олон талаас нь харгалзан төсвийн төслийг боловсруулдаг. Урьд өмнө нь УИХ-ын гишүүд дур дураараа, өөр өөрсдийн тойрогт төсвийн зардлыг нэмэгдүүлдэг байсан үүнээс шалтгаалан төсвийн төлөвлөлт алдагддаг сөрөг үр дагавар гараад байсан учраас УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа энэ асуудлыг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн хоринтавдугаар зүйлийн нэг дэх хэсгийн долоо дахь заалтад “Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно” гэсэн тодорхой зохицуулалтыг оруулсан.

-Танай тойрогт энэ жил болон ирэх жилүүдэд ямар бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр байна. Хэр хэмжээний төсөв тусгуулав?

-Өнгөрсөн хугацаанд ховдчууд бид хөгжилд хөтөлсөн 1300 км авто замтай, илч гэрэл түгээсэн хос дулааны станцтай болсон. Улсдаа хоёрдугаарт тооцогдох Хүүхдийн парктай болж, бараг бүх сумын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга шинэчлэгдсэн. Мөн зөөлөн дэд бүтэц гэгдэх нийгмийн салбарын бүхий л барилга байгууламжууд үндсэндээ шийдэгдсэн.

Иймээс үйлдвэрлэл эрхлэгчид, малчид, тариаланчдаа бодлогоор дэмжиж жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх, эдийн засгаа хөгжүүлэх, шинээр ажлын байр бий болгох зорилгоор миний бие “ШИНЭ ХОВД” хөтөлбөрийг санаачлан эхлүүлсэн.

Мөн хөтөлбөрийг Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын төсөв, намын мөрийн хөтөлбөр, Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Ховд аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт “Шинэ Ховд” хөтөлбөрийн дэд төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгуулсан.

Ирэх онд Ховд аймаг төдийгүй баруун бүс, Монгол Улсыг эрчим хүчний хараат бус улс болгох “Эрдэнбүрэнгийн УЦС”, жилдээ 300 мянган тонн цемент үйлдвэрлэх “Цементийн үйлдвэр” ашиглалтад орно. Баруун бүсийн агаарын бохирдлыг бууруулах “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр”, “Үйлдвэр технологийн парк”, “Олон угсаатны театр”, “Багшийн хөгжлийн ордон”, “Кинотеатр” гээд цөөнгүй томоохон бүтээн байгуулалтууд хийгдэнэ. Мөн гэр хорооллын айл өрхүүддээ гэртээ яндангүй, гаднаа ил жорлонгүй, худгаас ус зөөхгүй амьдрах боломжийг олгох цэвэр бохир усны шугамд холбох “Хашаандаа сайхан амьдарцгаая” төсөл дараагийн багуудад үргэлжлэн хэрэгжинэ. Чандмань, Эрдэнэбүрэн, Ховд сумдыг авто замаар холбоно гээд үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлэх томоохон төслүүд хэрэгжихээр болж байна.

-Хууль зүйн байнгын хороо Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийг оролцуулсан томилгооны нээлттэй сонсголыг өнгөрсөн өдрүүдэд ил тод зохион байгуулсан. Хуралдаанд оролцсон зарим гишүүд томилгоог хууль бус, зарим журам заалтын зөрчилтэй хүмүүс орж ирсэн гэж шүүмжилж байсан. Энэхүү асуудлаар байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Та бүхэн нэг зүйлийг анзаарсан байх. Урьд өмнө нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг ийм нээлттэй, ил тод томилж байсан уу. Хүн бүхэн үгүй л гэх байх. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн хэн томилогдсон, юу хийсэн талаар жирийн иргэд битгий хэл УИХ-ын гишүүд ч бараг мэдэлгүй өнгөрдөг байсан. Үүнийг өөрчилсөн. Шулуухан хэлэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний нэр нэг даргын халаасанд явдаг байсныг өөрчилсөн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 29 хүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн нэр дэвшин өрсөлдсөн.

-Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах бүрэн эрх бүхий Шүүхийн сахилгын хороонд олгосон байдаг шүү дээ. Эдгээр нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчилгүй юү?

-Түрүүний үгээ дуусгая. Өөрөөр хэлбэл, би энэ ажлыг хийж чадна гэж үзсэн 53 хүн нэрээ дэвшүүлсэн гэхээр хууль эрх зүйн орчны өөрчлөлт тодорхой харагдах байх. Түүнчлэн Их хурлын үндсэн зорилт бол ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангах явдал юм. Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг. Үндсэн хуулийн болон Парламентын засаглалын энэ суурь зарчмыг хэрэгжүүлэх нэг чухал арга зам бол Их хурлын шийдвэр гаргах үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх, Их хурлаас томилох албан тушаалд нэр дэвшигчийг иргэд, олон нийтийн оролцооны үндсэн дээр томилох юм. Энэ нь нэг талдаа тухайн албан тушаалтны хүлээн зөвшөөрөгдөх байдлыг хангадаг бол нөгөө талдаа иргэдийн төрд итгэх итгэлийг бий болгодог. Энэ ч үүднээс Хууль зүйн байнгын хороо хоёр өдрийн турш нээлттэй сонсголыг зохион байгуулсан. Монгол Улсын шүүхийн тухай хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод, хараат бусаар зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг олон талын тэнцвэртэй төлөөллийн үндсэн дээр байгуулна гэж заасны дагуу ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг долоон сарын хугацаанд сонгон шалгаруулалтын оролцогчидтой холбоотой байж болох бүхий л мэдээллийг цуглуулан нэг бүрчлэн ярьсны үндсэн дээр нэр дэвшигчдийг тодруулсан. Хууль болон журамд заасныг зөрчсөн нэр дэвшигчийг Хууль зүйн байнгын хороонд санал болгох боломжгүй гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна.

-Нээлттэй сонсголын үеэр Н.Алтанхуяг гишүүн таныг ашиг сонирхлын зөрчилтэй, ажлын хэсгийг ахлах ёсгүй гэх зэргээр тань руу хатуу үг чулуудсан. Яагаад гишүүд орж ирсэн нэр дэвшигчдэд тэгж их дургүйцээд байгаа юм бол?

-Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлд ажлын хэсгийн бүрэлдэхүүний талаар тодорхой зохицуулсан. Өөрөөр хэлбэл, ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар томилогдсон Их хурлын гишүүн ажлын хэсгийг ахлах талаар тодорхой заасан. Энэ зохицуулалтын дагуу Г.Занданшатар дарга намайг ажлын хэсгийг ахлах нь зүйтэй гэж үзэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргасан. Би энэ ажлыг чинь хийхгүй гэж хэлэх эрх надад байхгүй юм. Н.Алтанхуяг гишүүний тухайд Их хурлын тухай хуульд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг тодорхой зохицуулсан байгаа. Юу вэ гэхээр, хэлэлцэж байгаа асуудлаар санал, бодлоо илэрхийлэх нь чөлөөтэй юм. Ер нь бол хэлэлцэж байгаа асуудлаар мэтгэлцээн өр-нүүлэх, тал, талаас нь ярилцах нь парламент эрүүл байгааг л илтгэж байгаа асуудал. Парламентын үндсэн зарчим бол асуудлыг олон талаас нь хэлэлцэж олонхын саналаар л асуудлыг шийддэг. Нэр дэвшигчдийн талаар саналаа хэлэх нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал. Харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтыг долоон сарын туршид нээлттэй, ил тод зохион байгуулсан явдал бол шүүхийн шинэчлэлийн нэг том дэвшил гэдгийг онцолъё.

-Гишүүд ч нэгэн рүүгээ хатуу үг чулуудах нь их л дээ…

-Зөв шүүмжлэлтэй байна гэдэг парламент өөрөө эрүүл байгаагийн илрэл. Тэр гишүүн над руу ингэсэн тэгсэн гэдэг бол улс төрд байх ёсгүй л зан юм.

-Түрүүн Эрдэнбүрэнгийн УЦС-ын тухай хальт яриад өнгөрлөө. Энэ сэдвээ дэлгэрэнгүй ярья, хоёулаа. Эхлээд тус станцын эдийн засгийн үр өгөөж, тооцоолол талаас нь та ярихгүй юу?

– “Эрдэнэбүрэнгийн УЦС”-ын нийгэм, эдийн засгийн ач холбогдлын талаар эхлээд ярих нь зүйтэй байх.

-За…

-Жилдээ 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж баруун таван аймгийн өнөөгийн 253.3 сая кВт.ц хэрэглээ болон тус бүс нутгийн өсөн нэмэгдэх хэрэгцээг бүрэн хангана. Нийтдээ 520 мянган ахуйн хэрэглэгчдийг хангах шинэ эх үүсвэр бий болно гэсэн үг.

-Үүнийг тодорхой задлаад хэлэхгүй юү?

-Бүр тодруулж хэлбэл баруун таван аймгийн 4430 аж ахуйн нэгж, 5400 орон сууц, 36 мянга гаруй гэр хорооллын хэрэглэгчийг дотоодын цахилгаан эрчим хүчээр бүрэн хангана гэсэн үг. Баруун бүсийнхэн өнөөдөр нийт хэрэглээнийхээ 70 гаруй хувийг Оросоос, гурваас дөрвөн хувийг Хятадаас авч байгаа. Ингэхдээ Дөргөний УЦС-д үйлдвэрлэсэн эрчим хүчнээс даруй таваас долоо дахин өндөр үнээр авч байна.

-Таваас долоо дахин өндөр үнээр үү?

-Тйим. Иргэд аж ахуйн нэгждээ энэ үнийн дарамтыг мэдрүүлэхгүй гэсэндээ төрөөс байнга татаас өгч ирсэн. ОХУ, БНХАУ-аас авч буй импортын эрчим хүчний төлбөр 17.5 тэрбум төгрөг. Жилээс жилд импортоор авах эрчим хүчний хэмжээ, түүнийг дагаад төлөх мөнгөний хэмжээ нэмэгдээд л байгаа. Эрчим хүчний салбар бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэг тулгуур. Аль 1968 оноос хойш хагас зуун жил яригдаж байгаа том төсөл одоо л нэг юм бодит биеллээ олох гэж байна. Өнөөдөр манай улс эрчим хүчний хэрэглээнийхээ 25 хувийг гаднаас авч байгаа. Үүнд жил бүр дунджаар 140 сая ам.доллар зарцуулдаг юм шүү дээ. Бид эрчим хүчний хараат бус найдвартай эх үүсвэртэй болсон цагт л хөгжлийн тухай ярьж болно гэж хэлээд байдгийн учир ерөөсөө энэ.

-Энэхүү станц ашиглалтад хэзээ орох вэ. Тулгараад байгаа хүндрэл бэрхшээл бий. Манайд чинь нэг том төсөл эхлэх гэж бөөн асуудал болдог шүү дээ?

-Төслөөрөө бол таван жилийн хугацаанд баригдах ёстой. Гэвч аль болох дөрвөн жил болгохыг зорьж байгаа. Энэ жилийн тухайд төслийн тендер сонгон шалгаруулалт цөөнгүй хойшлогдож, цуцлагдсан асуудал үүссэн. Засгийн газрын үйл ажиллагааны томоохон зорилго, зорилт болох энэхүү төслийг төрийн албаны хүнд сурталтай, шан харамж, авлига хардаг нөхдүүд гацаасан гэж харж байгаагаа удаа дараа мэдэгдэж байсныг та санаж байгаа байх. Иймээс Ерөнхий сайдад асуулга тавьж, сонгон шалгаруулалт удааширсан асуудлыг шалгуулахаар холбог-дох байгууллагад хандсан. Монгол Улс гаднаас эрчим хүчний хараат бус болгох энэхүү төсөл гацах учиргүй гэж үзэн шахаж шаардан ажил-ласан. Харин одоо төсөл гацаа саадгүй хэрэгжинэ гэж итгэж байна.

-Эгийн голын УЦС-ын төсөл шиг цаасан дээр гацах вий гэсэн хардлага байгаад байна л даа. УЦС-ын давуу талыг тоочоод барахгүй болов уу?

-Та санаж байгаа байх. Дөргөний УЦС байгуулах үед хэрэгтэй юү, хэрэггүй юү гэж олон жил ярьж, эсэргүүцэлтэй тулж байж баригдсан. Өнөөдөр үр дүнд нь баруун бүсгийн цахилгааны 20 гаруй хувийг хангаж байна. 70 гаруй хувийг нь ОХУ-аас, гурваас дөрвөн хувийг БНХАУ-аас өндөр үнээр авдаг. Дөргөний УЦС нэг квт эрчим хүчийг 38 төгрөгөөр үйлдвэрлэдэг. ОХУ-аас нэг квт-ыг 250 төгрөгөөр, БНХАУ-аас 350 орчим төгрөгөөр авдаг. Тэгвэл Эрдэнбүрэнгийн УЦС барьснаар хөнгөлөлттэй зээлээр барих учир зээл дуусах хүртэл тодорхой хэмжээнд үнэтэй байна. Зээл дууссаны дараагаас нэг квт цахилгааныг 38 төгрөг нь больё гэхэд 50 төгрөгөөр, БНХАУ-аас авч байгаа үнээс долоо дахин, ОХУ-аас авч байгаа үнээс тав дахин хямд эрчим хүч авах боломжтой болох юм. Баруун гурван аймаг, наашлаад Завхан, Говь-Алтай аймгуудыг цахилгаанаар хангах боломж бүрдэнэ. Товчхон хэлбэл, баруун аймгийнхан одоо хэрэглэж байгаа тогны мөнгөнөөс тав дахин хямдаар цахилгаан авдаг болно гэж л үзэж байгаа юм. Энэ бол бидний хамгийн том зорилго.

-Дөргөний УЦС баруун аймгийнхны цахилгааны хэрэглээний 20 гаруй хувийг хангадаг гэж байна. “Эрдэнэбүрэнгийн УЦС” ашиглалтад орвол хэдэн хувийг нь хангах вэ?

-Эрдэнэбүрэн УЦС ашиглалтад орсноор баруун гурван аймгийн цахилгааны хэрэглээг 100 хувь хангаад зогсохгүй илүүдэл эрчим хүчээ төвийн бүс рүү нийлүүлнэ. Ер нь баруун таван аймгаа эрчим хүчээр хангачихаад түүнээс хоёр дахин илүү тогийг төвийн бүс рүү нийлүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, баруун таван аймгийн хэрэглэж байгаа тогноос хоёр дахин илүү тогийг үйлдвэрлэх юм.

-“Эрдэнэбүрэнгийн УЦС”-ыг эсэргүүцдэг хүмүүс байна. Тухайлбал, саяхан Увс аймгийн малчид нийслэлд ирж эсэргүүцлээ илэрхийлээд явсан. Малчид болсон хойно бэлчээр, нутаг ус гэх нь аргагүй. Үнэхээр тэр орчмын малчдын амьдралд сөргөөр нөлөөлж байгаа юу?

-Дахиад хэлье, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь төрийн бодлогоор 1968 оноос хойш яригдсан том төсөл. Монгол Улсын эрчим хүчний системд чухал ач холбогдолтой. Тэр дундаа ОХУ, БНХАУ-аас өндөр үнэтэй эрчим хүч хэрэглэдэг баруун бүс нутгийн ард түмнийг хямд үнэтэй, хэзээ ч тасардаггүй найдвартай эрчим хүчээр хангах зорилготой төрийн бодлогоор баригдах гэж байгаа станц. Судалгаа, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах явцдаа нутгийн иргэдэд мэдээллийг хангалттай зөв өгөөгүйгээс болж, Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн хэсэг иргэд Улаанбаатар хотод ирж уг ажлыг эсэргүүцсэн. Судалгаа хийсэн ЭХЯ, БОАЖЯ-ныхан мэдээллээ буруу өгснөөс болж, иргэд өөрсдийгөө хохироод үлдэх нь гэдэг байр суурьтай болсон байсан. Газрын тухай хуулиар улсын тусгай хэрэгцээнд газрыг авсан бол түүнийг сольж оронд нь газар өгөх буюу нөхөн олговор олгох ёстой. Өөрөөр хэлбэл, орон нутгийн иргэдийг хохироохгүйгээр асуудлыг шийднэ. Улс орны том эрх ашиг, төрийн бодлогын хүрээнд явагдаж буй учраас Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ямар нэгэн асуудалгүй баригдах байх. Гэхдээ улс орны эрх ашиг гэх нэрээр нутгийн иргэдийг хохироож огт болохгүй. Нийслэлд ирээд эсэргүүцэж, тэмцэж буй үйлдлийг буруу гэж үзэхгүй байна. Хүн өөрийнхөө эрх ашгийн төлөө үзэл бодлоо хаана ч, хэзээ ч чөлөөтэй илэрхийлэх ёстой.

-Та тэр малчидтай уулзалт хийсэн. Уулзалтын үр дүн хэрхэн гарсан бэ. Хоёр талдаа ойлголцолд хүрч чадсан уу?

-Төрж өссөн нутаг ус, амьдран суугаа газар шороогоо хайрлан хамгаалж байгаа иргэдийн хүсэл зоригийг маш сайн ойлгож байна. Малчдын зүгээс мэдээлэл дутмаг өгсөн, хийсэн судалгаа алдаа мадагтай байх вий гэсэн эргэлзээтэй байгаагаа хэлж байсан. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс авахуулаад хөгжлийн дунд, урт хугацааны бүх бодлогод тусгагдаж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурал дэмжсэн, хагас зуун жил яригдаж судалсан тус төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, судалгааны тайлан, үр өгөөжийг нээлттэй ил тод танилцуулах үүрэг хүлээсэн нөхдүүд ажлаа сайн хийх хэрэгтэй.

-УЦС баригдлаа гэхэд тухайн бүсэд байгаа малчид руу хандсан ямар бодлого барьж ажиллах юм бэ?

-Цаашид нөлөөллийн бүсэд орж буй айл өрхөд олгох нөхөн олговрын асуудалд анхаарч, хяналт тавьж ажиллана. Тооцоо судалгааг алдаатай, дутуу хийсэн бол хуулийн дагуу хариуцлага тооцуулж ажиллана гэдгээ мэдэгдсэн.

-Зарим хэвлэлээр таныг “Эрдэнэбүрэнгийн УЦС”-ын төслийг эхлүүлж, тэрэндээ өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулан цемент шахах гэж байна гэдэг. Яагаад таныг ингэж хардаад байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2019 онд Ховд аймагт очин шавыг нь тавьж эхлүүлсэн, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдаж ирэх 2022 онд ашиглалтад орох бүтээн байгуулалт. “Ховд эко цемент”-ийн үйлдвэр ашиглалтад орсноос баруун бүсийн цементийн хэрэглээг бүрэн хангаж, хоёр дахин өндөр үнэтэй байгаа цементийг хотынхтой ижил үнэтэй болгож хямдруулснаар иргэдийн мөнгө хэмнэгдэж, бүтээн байгуулалтын зардал буурах юм. Тэнд миний тодорхой хамаарал бүхий компани оролцож байгаа нь үнэн. Гадна дотны хөрөнгө оруулагчидтай нийлээд хийж байна. Эхний зорилго бол баруун бүс нутгийн ард иргэдийг хямд үнэтэй цементээр хангах. Хямд цементтэй болно гэдэг хямд барилгын материалтай болно гэсэн үг. Хямд барилгын материалаар хямд байшин барилга, орон сууц, сургууль, цэцэрлэг барина. Хоёрдугаарт, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтад шаардлагатай материал, тэр дундаа цементээ хаанаас авах нь тус төслийн захиалагч Засгийн газар, Эрчим хүчний яам, нөгөө талаас гүйцэтгэгч талын л мэдэх ажил. Хууль журам, эдийн засгийн зарчмаар л асуудалд хандах байлгүй дээ. Өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах тендерийн хууль, уралдаант шалгаруулалтаар л асуудал шийдэгдэх биз. Дэргэд нь байгаа “Ховд эко цемент”-ийн үйлдвэрээс хямд цемент авна уу, Улаанбаатар болон БНХАУ-аас тээврийн өртөг зардал шингэсэн өндөр үнэтэйг сонгох уу гэдэг сонголтын асуудал байх. Хэрэвзээ материалын үнэ өндөр байвал станцын өртөг тэр хэрээр нэмэгдэнэ гэдэг нь дөрвөн аргын тоо мэддэг хэнбугайд ч ойлгомжтой хэрэг. Хажуугаасаа хямд үнэтэй цемент аваад хэрэглэх юм бол УЦС-ын өртөг багасна. Монгол Улсын төлөх зээл багасна. Тиймээс үүн дээр цэрвэж цочоод, сандарч тэвдээд байх юм надад үнэндээ алга. Харин ч нутаг орноо, баруун бүсээ хямд үнэтэй цементээр хангах бодол маань бодитоор хэрэгжиж, түүхэн том бүтээн байгуулалтад нэмэр хандив болбол болох нь тэр. Хамгийн гол нь Монгол Улс, баруун бүс эрчим хүчний хараат бус байдлаас гарах үүдийг Эрдэнэбүрэн эхэлж нээж, тэнд хөгжлийн шинэ хөдөлгүүр ажиллаад эхэлнэ гэдэг л тун чухал шүү дээ. Улс оронд, нийтийн эрх ашигт хэрэгтэй том төслийг гацаах, харлуулах гэж над руу жижигхэн чулуу няслаад хэрэггүй биз дээ.