Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Лу.Гантөмөр: Ардчилсан намын хууль ёсны ээлжит бус Их хурал ирэх сарын 7-нд болно || DNN.mn


АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Лу.Гантөмөртэй намын дотоод асуудал болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.


– С.ЭРДЭНЭ ТЭРГҮҮТЭЙ НӨХДИЙН ХУРАЛ БОЛ ДҮРМИЙН БУС ЦӨӨНХИЙН ХУРАЛ БОЛСОН –


-Танай намын Үндэсний бодлогын хороо ээлжит бус хурлаа хийж, намынхаа Их хурал болон намын даргаа батламжлах асуудлыг хэлэлцлээ. Хурлын үр дүнгийн талаар болон намын ээлжит бус Их хурлаа хэзээ хийхээр товлов?

-Хурлын үр дүнгийн талаар та асууж байна. Хурал ирцэндээ хүрч, асуудлуудаа хэлэлцэж байна гэдэг бол маш том үр дүн. Манай намын бодлого, зохицуулалт, үйл ажиллагааны чиглэлийг гаргадаг дээд байгууллага бол Үндэсний бодлогын хороо. Энэ удаагийн хуралд Үндэсний бодлогын хорооны 200 гаруй гишүүд Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж оролцлоо. Манай нам хоёр хуваагдсан зүйл байхгүй гэдгийг энэхүү хурлаас харж болно. Хуваагдал, маргаантай асуудал зөвхөн намын удирдлагуудад бий.

Түүнээс биш Ардчилсан намын гишүүд хоёр хуваагдчихсан зүйл байхгүй гэдгийг энд дахин хариуцлагатай хэлье ээ. Мэдээж хурлаар тулгамдсан хэд хэдэн асуудлуудыг хэлэлцлээ. Юуны өмнө намын ээлжит бус Их хурлынхаа товыг зарлаж, хэлэлцэх бусад асуудлуудаа ярьж, шийдвэрлэлээ. Намын ээлжит бус Их хурал ирэх сарын 7-ны өдөр болохоор тогтлоо. Ээлжит бус Их хурлаараа намынхаа даргыг батламжлах, намын дүрэмдээ өөрчлөлт оруулах болон бусад асуудлуудыг хэлэлцэн гаргасан шийдвэрээ Улсын дээд шүүхэд өргөн барина. Тиймээс нийт гишүүд дэмжигчиддээ намынхаа Их хуралд идэвхтэй оролцож, асуудлуудаа шийдвэрлэж, дараагийн үйл ажиллагаандаа цаг алдалгүй шуурхай орохыг уриалж байна.

-Ер нь өнөөдөр Монголд Ардчилсан нам гэж байна уу?

-Манай нам өнөөдөр Монголын улс төрд тодоос тод оршин тогтнож байна. Салж сарних тухай ойлголт байхгүй, үүнийг хатуу ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт, АН-ын аливаа маргааныг гишүүд нь хагалах хэрэгтэй. Манай нам 200 мянган гишүүнтэй. Эдгээр гишүүдийг төлөөлж байгаа хүмүүсээс маргаж байгаа нь гарын арван хуруунд багтах цөөн хүн бий. Дээд тал нь 20 гэж бодъё. 200 мянган хүний өмнөөс 20 хүн зодолдоод байж болохгүй. Тиймээс 200 мянган гишүүнээрээ асуудлаа шийдүүлдэг нь учиртай. Асуудал шийдэгдсэн гэж би хувьдаа дүгнэж байгаа. 330 сум, 200 гаруй үүр, есөн дүүргийн төлөөлөл бүрэн сууж байгаад 95 хувийн ирцтэйгээр намын онц их хурлаа хийсэн шүү дээ. Улс төрийн нам гэдэг бол дэмжигч гишүүдийн байгууллага. Тиймээс гишүүд нь асуудлаа шийднэ. Бид хоёр зарчим барьж байгаа. Нэгдүгээрт, нийлж нэгд. Хоёрдугаарт, гишүүдээрээ шийдүүл. Энэ хоёр зарчмыг тунхаглах хэрэгтэй. Гуравдугаарт, залуу үе болон гишүүдээ хохироож болохгүй. Эдгээр хүмүүсийн санал, хүч, буянаар олон жил УИХ-ын гишүүн, сайд, дарга хийсэн хүмүүс тэднээсээ асуухгүй маргалдаад суугаад байж болохгүй.

-Нөгөө талд чинь ээлжит бус хурлаа хийж хуралдууллаа. Үүнийг танайхан хууль бус гэж хэлэх байх л даа. Ингээд хоёр талдаа нэгнийгээ үгүйсгээд удлаа шүү дээ. Үнэхээр шийдвэрт хүрч нэгдэж чаддагүй юм бол одоо хоёр тийшээ хараад тарчихаж болдоггүй юм уу. Тус тусдаа намаа байгуулаад яваач дээ?

-Хууль бус зүйлийг хууль бус л гэж хэлнэ. Учир нь намын жинхэнэ гишүүд тэр хуралд оролцоогүй. Энд тэндээс гишүүн биш нөхдүүдийг цуглуулаад цөөнхөөрөө намын асуудлыг шийдвэрлэх гэж оролдож байгаа нь өөрөө хууль бус юм. Манай нам Ардчилсан нам. Тэр утгаараа аливаа шийдвэр, үйл ажиллагааг намын гишүүдийн олонхын саналаар гаргаж явдаг. Тэгэхээр тэр талын намын хурал гэдэг бол хэсэг бүлэг цөөнхийн л эрх ашиг. Бид үүнтэй хатуу тэмцэх болно. Та биднийг тарчих гэж байна. Тарах шиг амархан зүйл байхгүй. Энэ бол нөгөө талын болон диктатур хүсдэг нөхдүүдийн туйлын хүсэл нь. Бид тэдний хүслийг хангаад тарна гэж байхгүй. Нөгөөтэйгүүр бидэнд тарах, бутрах ямар ч шаардлага болон нөхцөл байхгүй. Ардчилсан нам асуудлаа шийдэж чаддаг нам. Ардчилсан нам асуудлаа ярьж чаддаг нам. Тийм болохоор цаашид энэ бүх асуудал шийдэгдээд явна.

-Дээд шүүхийн шийдвэр С.Эрдэнэ талын АН-д шийдэгдээд байна уу гэж хараад байгаа. Гэхдээ олонх нь О.Цогтгэрэл талдаа дуугараад байдаг шүү дээ. Олонх гэдгийг би УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн байр сууринаас л харж байна л даа. Яг одоогийн байдлаар Дээд шүүхийн шийдвэр яаж гараад, цаашид ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа юм бэ?

-Тэр талд шийдэгдээд байна гэж харж байгаа чинь буруу. Тийм зүйл огт байхгүй. Дээд шүүхээс АН-ын даргын асуудалд хэнийг нь ч бүртгэж аваагүй байгаа. Тэр утгаараа АН өнөөдөр даргагүй байна. Тиймээс даргыг Их хурлаараа сонгодог дүрэмтэй. Ингэхдээ намын удирдлага Үндэсний бодлогын хороонд төвлөрдөг. Үндэсний бодлогын хороо нь хуралдаж Их хурлаа зарладаг. Үүгээрээ намын даргаа сонгож, тодруулдаг, ийм л энгийн дүрэмтэй. Тиймээс л бид эдгээр хурлыг хийж, цаашдын үйл ажиллагаагаа ханган ажиллаж байна. Намынхаа энэхүү шийдвэрт жирийн гишүүдээс эхлээд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн олонх нь идэвх зүтгэлтэй оролцож байгаа. Тиймээс асуудал удахгүй дуусна.

-Ирэх сар Их хурлаа хийгээд намын даргаа сонгож, батламжлаад материалаа Дээд шүүхэд өглөө. Гэтэл Дээд шүүхээс урьдын адил шийдвэр гаргаж хүлээж авах боломжгүй гэвэл яах вэ?

-Тэгэх хууль эрх зүйн ямар ч боломжгүй л гэж бид харж байгаа. Ардчилсан нам асуудлаа хууль, дүрмийнхээ хүрээнд шийдвэрлээд өгч байхад хүлээж авахгүй гэвэл асуудал бидэнд биш, Дээд шүүхэд байна л гэж харна даа. Сая Үндэсний бодлогын хорооны гишүүд хэлж байна. Биднийг дахин хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгож, тэмцэх болно гэнэ. Үнэхээр бид тэмцэнэ. Монгол орон даяар АН-ын гишүүд дэмжигчид цуглаж, үнэхээр болохгүй байгаа зүйлийн эсрэг зоригтой тэмцлийг эхлүүлнэ. Ганц С.Эрдэнэ гэдэг хүн АН-аар ингэж тоглож болохгүй.

-Та 2020 оны сонгуульд яагаад нэр дэвшээгүй юм бэ. Ямар нэгэн нээнтгэнд орчихсон болов уу гэж хараад байгаа?

-Би дэвшээгүй биш намайг зүгээр хасчихсан байхгүй юу. Тухайн үед миний рейтинг ч өндөр байсан. УИХ-д намаасаа гарах бүрэн боломжтой л гэж харж байсан. Би дүрэм, журмынхаа хүрээнд бэлтгэлээ базааж, намдаа дэнчингээ өгчихсөн хүлээж л байсан. Гэвч намайг зүгээр хасчихсан шүү дээ. Тэр үед ковидоос шалтгаалж нам анх удаагаа цахимаар хуралдсан. Энэ хууль бус хурлын үр дүнгээр намайг шууд л хасчихсан. Ингээд дэвших боломжгүй болсон. Түүнээс биш би дэвших сонирхолгүйдээ ч юмуу, эсвэл хэн нэгэн хүний нээнтгэнд ороод болчихсон юм биш.

-Сайнаар харъя л даа. Ирэх сар Их хурлаа хийгээд асуудлуудаа бүгдийг нь шийдээд цааш явлаа гэж бодъё. Одоо ээлжит сонгуулийн хугацаа талаасаа өнгөрлөө. Үлдсэн хугацаанд намаа эвлүүлээд, бодлогоо шинэчлээд УИХ-ын сонгуульд оролцож, ялалт авч чадах уу. Олонх болдоггүй юм аа гэхэд ядаж хүчтэй сөрөг хүчин болж чадах уу. Тийм боломж байгаа юу?

-Асуудалгүй. Бид ялах бүрэн боломжтой. Бидэнд зөв бодлого, төлөвлөгөө байна. Бидэнд эв нэгдэл, хүч байна. Нам үнэхээр хуваагдсан зүйл байхгүй гэдгийг дахин хэлье. Удирдлагын түвшинд л ганц нэг хүний асуудал энд явж байгаа учраас хуваагдсан мэт харагдаад байгааг үгүйсгэхгүй. Бид нэг цул хэвээрээ байгаа. Тиймээс цаашид бодлогоо тодорхойлоод сонгуульд оролцож ялалт авчирна гэдэгт итгэлтэй байна.

-УИХ-д үнэхээр сөрөг хүчний байр суурь, дуу хоолой дутагдаж байна. Танай УИХ дахь бүлэг ч хуваагдчихсан асуудалтай байна. Цаашид хүчтэй сөрөг хүчин болохын тулд бүлэгтэйгээ хэрхэн хамтарч ажиллах вэ?

-Эрх баригч Монгол Ардын нам 63 гишүүнтэй. Энэ бүлгийн гишүүдэд үйлчилж байгаа нь Монголын Засгийн газар. Үүний цаана хэдэн зуун мянган хүн энэ хүмүүст үйлчилж байгаа. АН-ын бүлэг яагаад сул харагдаж байна гэхээр ард нь үйлчилдэг хүмүүс, иргэний нийгэм, аппарат, үйл ажиллагаа алга. Тиймээс л ажил хэрэгч улс төрийн хүчинг АН-ын бүлгээр бий болгоно. Тэр бүлгийг бид бодлого болон бусад дэмжлэгээр хангах ёстой. Бүлэг дээр бид Монголын иргэний нийгмийн оролцогчдыг хөтөлж аваачиж өгөх ёстой. Тэдний дуу хоолойг сонсож мэдээллээр хангах хэрэгтэй. Жишээлбэл, бүлгийн гишүүдийг боловсрол, эрүүл мэндийн салбар, хүний эрхийн зэрэг байгууллагуудтай уулзуулах ёстой. Өөрөөр хэлбэл, бид бүлэгтээ үйлчлэхгүй бол бүлэг бидэнд үйлчлэхгүй. Мэдээллээр дутагдана, үзэл санаа, үйл хэргээр дутагдана. МАН-ын 63 гишүүнд хэн үйлчилж байгааг бид тодорхой харах хэрэгтэй. Энэ бол тэнцвэргүй тулаан. Тэнцвэргүй тулаан удаан үргэлжлэхээр парламентын ардчилал харагдахаа больчихдог. Учир нэг тал нь мэдээллийн хомсдолтой, дэмжлэггүй. АН сөрөг хүчний дуу хоолойг парламентад хүргэхийн тулд бид сүүдрийн Засгийн газрын түвшинд бодлогын баримт бичиг боловсруулах чадвар, чансааг өөр дээрээ авах ёстой. Тэр ажлыг их богино хугацаанд хийнэ.

-Таван нам нэгдэж АН үүссэн. АН-ын лидерүүд муудалцахад гишүүд ч тэднийг дагаж байна. Тэдгээр лидерүүдийг үзэл санаан дээрээ нэг цул болгохын тулд юу хийх вэ?

-Би олон жил энэ хүмүүсийн дунд явсан. Тэд бол үзэл санаан дээрээ нэг цул байгаа. Монголчуудын эрх чөлөөний төлөө тэд бүгд зогсоно. Харин үйл хэрэг, арга барил дээрээ зөрөөд байгаа юм. Тэгэхээр арга барилын зөрүүг хэрүүл маргаан болгомооргүй байна. Бид боловсрол төвтэй улс төр хүний нөөцөөрөө намынхаа янз бүрийн арга барилын зөрүүг багасгана. Шийдвэр, шийдлийн зөрүү байгаа. Нийгмийн салбар бол бодлого бодоход олон хариу гардаг салбар шүү дээ. Шинжлэх ухааны салбар бол нэг л хариу гардаг. Олон хариутай ажил учраас олон хариу гаргачихаад байгаа хүмүүсийн хариу бүрт ач холбогдол өгч болохгүй. Сайн хариултыг цаг үе өөрөө авч ирдэг. Нийгэм өөрөө авч ирдэг. Тиймээс бид олон хүний оролцоотой хэлэлцүүлэг хийж, олон хүний гол үзэл санаагаа алдахгүй, үнэт зүйлээ гээхгүй шийдлээ гаргаад явна. Энэ бол маш прагматик ойлголт.

Categories
мэдээ нийгэм

Ковид эсвэл ханиад гэдгийг богино хугацаанд ялгаж 100 хувь илрүүлэх технологи Монголд нэвтэрлээ

Дэлхийг хамарсан цар тахлын нөхцөл байдал үе шаттайгаар буурч байгаа хэдий ч тухайн вирусийн мутацилагдсан хувилбарууд шинээр гарч, халдварын тархалт эрчимтэй буурахгүй байна. Хэдий шинэ хувилбарууд нь хүнд шинж тэмдэг илрэхгүй байгаа ч эрт оношилгооны үр дүнд зөв эмчилгээ хийхгүй байгаагаас болж амь нас эрсдэх аюултай байна. Манай улсад өдөрт бүртгэгдэх халдварын тоо эрчимтэй буурахгүй байгаа. Өдөрт дунджаар 500 гаруй хүн ковидын халдвар авч бүртгэгдэж байгаагийн цөөнгүй хувь нь ханиад, томууны вирус байгаа юм. Иймд ковидын вирус үү ханиад томууны вирус үү гэдгийг илүү тодорхой ялгаж байж түүнд тохирсон эмчилгээг хийх нь эрүүл мэндэд тустайг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Мөн ковид туссан уу, үгүй юү гэдгээ PCR шинжилгээ өгч 24 цаг хүлээх нь зарим сөрөг үр дагаврыг үзүүлж буйг иргэд ярьж байна. Иймд ковид уу, эсвэл ханиад томуу юу гэдгийг 45 минутын дотор 100 хувь илрүүлэх орчин үеийн дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлээд байна.

Тухайлбал, Альфа доктор мед болон Жидакс компаниудын хамтарсан Их бараат лабораторийн нээлт өчигдөр боллоо. Энэхүү лаборатори нь БНСУ-ын сүүлийн үеийн биотехнологи дээр суурилагдсан корона вирусийн PCR шинжилгээний тоног төхөөрөмж юм. Энэхүү төхөөрөмжийг Европын холбоо болон Герман, Арабын эмират зэрэг дэлхийн 20 гаруй улсад ашигладаг байна. Тус лабораторийг нээхэд Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ зэрэг байгууллагууд дэмжлэг туслалцаа үзүүлжээ.


ЛИ ЖОН ХУ: НЭГ ДУСАЛ ЦУСААР ХОРТ ХАВДАРТАЙ БАЙНА УУ, ӨӨР БУСАД ӨВЧИН БАЙНА УУ ГЭДГИЙГ ХОРОМХОН ЗУУР ИЛРҮҮЛДЭГ АППАРАТЫГ БИД ОРУУЛЖ ИРЛЭЭ


Дээрх лабораторийн нээлтийн арга хэмжээнд оролцсон албаны болон мэргэжлийн эмч нараас үйл ажиллагааных нь талаар тус тус тодрууллаа.


“Альфа доктор мед” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хүний их эмч Х.Сарангэрэл: -Манай лаборатори нь PCR-ийн оношилгоо, халдварт болон бусад өвчнүүдийн эрт илрүүлэлтийг БНСУ-ын технологиор маш богино хугацаанд найдвартай шинжилж, гаргах зорилготой. Цаашид ковид буурсан ч гэсэн хилийн боомтуудаар нэвтэрч буй автомашинуудын хөдөлгөөн дээр PCR-ийн шинжилгээ бусад халдварт өвчнийг оношлох боломжтой юм аа. Энэхүү тоног төхөөрөмжийн гол технологи бол бичил чипэнд тулгуурлаж өвчний илрүүлэлтийг шинжлэн гаргаж ирдгээрээ онцлогтой байгаа. Тухайлбал, чипээрээ сүрьеэ юү, хорт хавдар уу гэдгийг ганцхан дусал цусаар илрүүлдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл халдвар, халдварт өвчин, вирусийн гаралтай болон зүрх судасны гаралтай өвчин зэрэг 50 гаруй өвчний эрт илрүүлэлтийг тусгай чипээр оношилдог аппаратыг манай компани оруулж ирсэн. Яг одоогийн нөхцөл байдал дээр энэхүү аппарат маань 15 минутын дотор ковидын вирусийг оношилж, илрүүлж байна. Энэ бол эхний аппарат. Бидний оруулж ирсэн хоёр дахь аппарат бол БНСУ-ын дэвшилтэт технологи байгаа. Тэр нь жи системийн 16 хүний хариуг 45-60 минутад гаргадаг PCR оношилгооны аппарат юм аа. Нөгөөтэйгүүр оношилгооны аппаратууд маань цөөврөөр байгууллага болон сургууль, оюутнуудад гээд хаана ч явуулын лабораторитойгоо очоод түргэн хугацаанд оношилгоо хийж үйлчлэхэд бэлэн боллоо. Түүнчлэн энэхүү хоёр аппарат зөвхөн хүн дээр биш малын өвчин мал дээр ажиллах, оношилгоо шинжилгээ хийх бүрэн хүчин чадалтай байгаа.

“Их бараат” лабораторийн эрхлэгч С.Наранчимэг: -Солонгос улсын жи системийн аппарат байгаа. Гол онцлог давуу тал бол био чип дээр суурилсан шинэ технологи юм. Мөн амьсгалын дээд замын халдвар болон доод замын халдвар, тэр дундаа сүрьеэг оношлох боломжтой. Энэхүү аппарат маань нэг удаагийн шинжилгээгээрээ 16 хүний хариуг 45 минутын дотор гаргадаг онцлогтой.

“Альфа доктор мед” ХХК-ийн хөрөнгө оруулагч, “Жидагс” компанийн гүйцэтгэх захирал Ли Жон Ху: -Манай улсын дэвшилтэт технологи тоног төхөөрөмжийг Монголд нэвтрүүлэн ажиллаж байна. Манай энэхүү лаборатори болон оруулж ирж байгаа тоног төхөөрөмжийн хамгийн гол зүйл бол богино хугацаанд хялбар аргаар өвчнийг найдвартай оношилж, шинжилдгээрээ давуу талтай. Нэг дусал цусаар хорт хавдартай байна уу, өөр бусад өвчин байна уу гэдгийг хоромхон зуур илрүүлдэг аппаратыг бид оруулж ирлээ. Энэ бол хүн бүрийн эрүүл мэндэд маш их тус нэмэр болно. Хүн өвчнөө эрт илрүүлж, зөв оношоо олж байж сая богино хугацаанд яаралтай арга хэмжээг авснаараа амь нас эрсдэлгүй болдог. Тиймээс энэ бүхэнд бидний оруулж ирсэн аппаратын гол үүрэг тодорч харагдах юм аа. Лаборатори байгуулах болсон гол шалтгаан бол Монголын ард түмнийг эрүүл энх байгаасай, хүн бүр өвчин зовлонгүй байгаасай гэсэн ганцхан чин хүсэл эрмэлзэлтэй. Цуснаас дээж авч тухайн өвчний био чипийг уншуулж шинжилгээ хийснээрээ тухайн өвчнийг 100 хувьд зөв оношлох юм. Өөрөөр хэлбэл, энэхүү аппаратын үр дүнд та огт эргэлзэх хэрэггүй шүү гэдгийг хэлье. Цаашид бид энэхүү лабораторийнхоо үйл ажиллагааг өргөжүүлэн Монгол Улсын 330 сумдад салбараа нээхээр зорин ажиллаж байна.


ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ БҮХИЙ БИО ЧИПИЙН ТУСЛАМЖТАЙГААР 50 ГАРУЙ ӨВЧИНГ ОНОШИЛЖ ИЛРҮҮЛЭХ ЦӨӨВРИЙН АППАРАТЫГ СУМЫН БОЛОН ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮДЭД АШИГЛАХАД ТОХИРОМЖТОЙ


“Амар мед” нэгдсэн эмнэлгийн дарга, Анагаах ухааны доктор профессор, Хүний гавьяат эмч Н.Гансүх: -Манайд ковидын түргэвчилсэн шинжилгээг тестээр хаа сайгүй л үзэж байна. Гэхдээ хариу нь тийм ч найдвартай үнэн зөв гардаггүй. Аливаа өвчин ханиад байна уу, ковид байна уу яг л өөртөө тохирсон эмчилгээг хийж байж сая хүн эрүүл саруул болдог. Тиймээс энэ аппаратын хувьд нэг дусал цусаар шинжилгээ хийж ямар өвчин бэ гэдгийг богино хугацаанд 100 хувь оношилж хариуг нь гаргадаг. Солонгосоос хоёр төрлийн аппарат орж ирсэн. Нэгдэх аппарат нь маш жижигхэн, зөөврөөр аваад яваад байх боломжтой. Үүнийг хаана ч очиж ямар ч өвчнийг илрүүлэхэд ашиглаж болох юм. Өөрөөр хэлбэл, өвчтөн ямар өвчин туссанаа эмнэлэг рүү очиж шинжилгээ өгч, шинжилгээнийхээ хариуг хэдэн хоног хүлээх шаардлагагүй л гэсэн үг. Та биднийг дуудлаа. Бид гэрт тань очоод богино хугацаанд шинжилгээ оношилгоог найдвартай гаргах ийм орчин үеийн дэвшилтэт технологи манай улсад орж ирж байгаа юм аа. Үүнийг манай эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг өрхийн болон сум орон нутгийн багийн эмнэлгүүдэд ашиглах хамгийн тохиромжтой гэж бодож байна. Зөвхөн ковид ч юмуу ханиад томууг илрүүлэх биш нэр төрлийн 50 гаруй өвчнийг илрүүлэх боломжтой. Тухайлбал, сүрьеэ, хорт болон хоргүй хавдар зэргийг эрт богино хугацаанд илрүүлэх ач холбогдолтой. Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий био чипийн тусламжтайгаар 50 гаруй өвчнийг оношилж илрүүлэх зөөврийн аппаратыг сумын болон өрхийн эмнэлгүүдэд ашиглахад хамгийн тохиромжтой юм.





Categories
мэдээ улс-төр

Ч.Номин: Зөвхөн төрийн албан бичгийг л уйгаржин бичигт шилжүүлье, кирилл бичигтэйгээ хослуулан ашиглая гэж байгаа юм

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өчигдөр Шинэ сэргэлтийн бодлого – Аялал жуулчлал сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Соёлын сайд Чинбатын Номинтой цөөн хором ярилцлаа.


-Хэлэлцүүлэгтэй холбоотойгоор асууя. Аялал жуулчлалын салбарт голлох байр суурийг соёлын салбар эзэлнэ. Энэ хоёр ойлголтыг салгах боломжгүй. Тэгэхээр нэн түрүүнд аялал жуулчлалын салбарт танай яамны зүгээс ямар бодлого баримтлан ажиллахаар байгаа вэ?

-Аялал жуулчлалын бодлого нэг яам, төрийн байгууллагын бодлого бус Засгийн газрын тэргүүлэгч бодлого гэдгийг онцлон хэлье. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх төрийн бодлого тогтвортой байснаар цаашид уг салбарын бодлого тогтвортой үргэлжлэх юм аа. Манай яамны хувьд аялал жуулчлалын салбартай салшгүй холбоотой. Манай улсад аялал жуулчлалаар ирж байгаа иргэдийн нийт 70 гаруй хувь нь Монгол орны үзэсгэлэнт байгаль, өв соёлд нь татагддаг гэсэн судалгаа гарсан. Өөр нэг судалгааны дүнгээс танилцуулахад манай улсыг зорин ирэх гэж байгаа санхүүгийн чадамжтай иргэдийн 80 орчим хувь нь Монгол Улсын талаарх тодорхой мэдээлэл байдаггүй гэж гарсан. Харин үлдсэн 20 хувийн гуравны нэг нь манай улсыг тухайлан Монгол гэж ойлгохгүй, Хятад улстай хамааруулан ойлгодог гэсэн судалгаа байна. Тиймээс цаашид манай яамны зүгээс аялал жуулчлалын салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтыг үндэсний онцлогт тулгуурлан нийтэд харуулсан байх ёстой гэдэг үзэл баримтлалыг барьж ажиллах болно. Бид Азийн улс орнуудаас түрүүлж хилээ нээж байна. Аялал жуулчлалын салбарт богино хугацаанд сэргэлт авчрах үүднээс Засгийн газраас хилээ нээж, жуулчдад тогтвортой нээлттэй болж байгааг зарлаж байна. Тэгэхээр аялал жуулчлалын компаниуд тогтвортой захиалга авч, үйлчилгээний байгууллагууд ч мөн адил үйл ажиллагаа нь жигдэрснээр эдийн засгийн сэргэлтэд эерэгээр нөлөөлнө.

Урт хугацаандаа Монгол Улсыг соёлын бүтээгдэхүүнээр дамжуулан дэлхийд таниулах.

Жуулчдаар дамжуулан соёлын бүтээгдэхүүнээр эдийн засгийн эргэлтийг сайжруулах. Ингэснээр олон улсад үндэсний брэндээ таниулж сурталчилна. Нөгөө талд, агаарын тээврийн либералчлалд анхаарах хэрэгтэй. Хатуу дэд бүтцээс гадна аялал жуулчлалын дэд бүтцэд анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл, түүхэн дурсгалт газарт хүний ердийн хэрэгцээ, шаардлагыг хангасан зочид буудал, ариун цэврийн байгууламж зэргийг анхаарах хэрэгтэй болов уу.

-Тодорхойлж хэрхэн хоршин ажиллах юм бэ?

-Соёлын яам Үндэсний брэндингийн судалгааг хийж дуусгаад, аялал жуулчлалын салбарын оролцогч талуудад танилцуулахаар бэлтгэж байна. Энэ судалгаа, концепт нь бид гадна талдаа ямар байдлаар харагдах, жуулчдыг хэрхэн татах, эх орноо юу гэж сурталчлах гэсэн үндсэн суурь судалгаа, үзэл баримтлал нь гэсэн үг. Жишээ авбал, БНСУ “Imagine your Korea”, Япон “Endless Discovery” гэх брэндинг гаргаж түүгээр нь Төрийн болон хувийн хэвшлийн бүх тур агентлагууд аялал жуулчлалын сурталчилгаагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, улс даяараа “нэг цэг” хатгаад түүндээ хүрэхийн тулд өөр, өөрийн арга барилаар ажилладаг. Тиймээс Соёлын яам Үндэсний нэгдмэл үнэт зүйлд тулгуурласан үндэсний брэндингийг бий болгож, бид өөрсдөө ямар үнэт зүйлтэй үндэстэн бэ, түүнийхээ юуг нь дөвийлгөж гадна талдаа сурталчлах вэ гэдэг том судалгааг хийж гүйцэтгэж байгаа юм. Үндсэндээ Соёлын яам түүх, соёл, нүүдэлчин хэв маяг, байгалийн болон соёлын өвийн хосгүй шинж чанарыг илтгэн харуулсан нөгөө талдаа Үндэсний онцлогтоо нийцсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого баримталж байна.

-Уйгаржин бичгийг төрийн албаны хоёр дахь хэл болгох асуудал зарим иргэдийн эсэргүүцэлтэй тулж байна. Энэхүү хэлийг өв соёл талаас нь судлаад явахаас биш нийтээр эзэмшүүлэх хоёр дахь хэл болгох шаардлага байхгүй гэж шүүмжлэх иргэд олон байна. Соёлын яамны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Соёлын яамнаас саяхан нэгдмэл үнэт зүйлийн судалгаа гэж хийсэн. Улс эх орныг тогтвортой байлгах, оюун санааны аюулгүй байдал талаасаа нэгдмэл үнэт зүйл гэдэг маш чухал байдаг. Нэгдмэл үнэт зүйлүүдийг бий болгодог зүйл бол соёлын үнэт зүйлүүд байдаг. Улс орон нэгдмэл байх нь дөрвөн зүйлээс тогтдог. Тэр нь соёл, эдийн засаг, нийгэм, улс төрийн нэгдмэл байдлаараа энэ улс нэгдмэл байна гэж үздэг. Тэгвэл бидний судалгаанаас харахад манай улс соёлын үнэт зүйл дээрээ илүү нэгдмэл чанар нь илэрч байна гэж гарсан. Эдгээр судалгаанаас үзэхэд монголчуудын эх хэл монгол бичиг бол соёлын үнэт зүйлийн нэг хэсэг гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Монголчууд бид түүхэнд есөн эрхэмлэх үнэт зүйлтэй гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч баталчихсан. Энэ дотор монгол бичиг гэдэг үнэт зүйл орсон. Бид бусдаас ялгаатай байх бусад соёлоос ялгарч харагдах гол үнэт зүйлийн нэг бол монгол бичиг.

-Уйгаржин бичгийг яагаад заавал хоёр дахь хэл болгож авч явах гээд байгаа юм бэ?

-Нийтээр авч явна гэсэн зүйл байхгүй. Ирэх 2025 он гэхэд зөвхөн төрийн албан бичгийг л уйгаржин бичигт шилжүүлье, кирилл бичигтэйгээ хослуулан ашиглая л гэж байгаа юм. Түүнээс биш монгол хүн бүр хос бичигтэн бол оо гэсэн үг биш шүү. Цаад агуулга нь бол яваандаа бидний ирээдүй болсон үр хүүхэд маань монгол бичгээ мэддэг байгаасай гэсэн гол санаа явж байгаа юм. Нөгөөтэйгүүр монгол бичиг бол бидний монгол гэж бусдаас ялган өгч байгаагаараа онцлогтой. Тиймээс энэ хэлээ бид үр хойчдоо зааж сургаж явахгүй бол мартагдах аюулд орчихсон байна. Хэл мартагдах тусмаа тухайн хэл дээр гарч байгаа эрдэм шинжилгээний бүтээлүүд үгүй болох ийм эрсдэл байна. Улмаар тухайн хэлний чадамж суларч мөхөх аюулд ордог.

-Манай улс ардчилсан орон. Тэр утгаараа хувь уран бүтээлчид ямар сэдвээр, ямар агуулгатай бүтээл гаргах нь тэдний асуудал байх. Гэхдээ сүүлийн жилүүдэд нэн ялангуяа кино урлагийн салбарын агуулга, хэлбэр хийц, утга санааны хувьд чамлахаар бүтээлүүд олон нийтэд их хүрч байна. Кино гэдэг бол нийгмийн сэтгэл зүйг өөрчлөх хүчтэй. Тэр утгаараа танай яамнаас киноны агуулга, утга санаанд нь цензур тогтоосон ямар нэгэн шүүлтүүр тогтоох бодлого баримтлан ажиллах уу?

-Өргөн нэвтрүүлгийн тухай, Соёлын тухай, Садар самуунтай тэмцэх тухай гэх мэт хуулиар энэхүү асуудал зохицуулагдан явж байгаа. Тухайлбал, насны хязгаар тогтоох, хүүхдийн хүчирхийллийн эсрэг, цаашлаад хүчирхийлэл, гэмт хэргийг өөгшүүлсэн бүтээл гаргахгүй байна гэж заасан байдаг. Ардчилсан улсын хувьд кино салбарт баримталдаг нэг бодлого бий. Тухайлбал илүү түүхэн кино болон хүүхдийн киног захиалж хийлгэдэг бодлого байдаг. Дээхнэ үед бид “Цогт Тайж”, “Мандухай цэцэн хатан” гэх мэт кинонуудыг захиалга өгч хийлгүүлдэг байсан шүү дээ. Түүх өв соёлоо таниулахын тулд. Үүнтэй адил түүх, өв соёлоо таниулсан кино уран бүтээлүүдийг улсаас захиалга өгч хийлгүүлэх ёстой. Ингэж байж чанартай сайн кино уран бүтээл гарч ирнэ гэж үзэж байгаа. Киноны зах зээл шударга чөлөөт өрсөлдөөний зарчмаар явж байгаа. Тиймээс сайн уран бүтээл, киног захиалгаар гаргаж ирэх юм бол агуулгаараа энэ салбар хөгжөөд явна гэж бодож байна. Сүүлийн үед шинээр гарч ирж байгаа кинонуудын зарим нь үнэхээр агуулга, чанарын хувьд учир дутагдалтай. Гэхдээ энэ бол энэхүү салбарын хөгжлийн явц явагдаж байгаагийн нэг илэрц юм уу даа. Эрх зүйн орчин ч бас дутагдалтай байсан. Харин Соёлын яамтай болсноороо Кино урлагийг дэмжих тухай хууль батлагдлаа. Цаашлаад кино урлагийн талаар бүхэл бүтэн бодлого гарган ажиллаж байна. Бид яаж олон улсад Монгол Улсынхаа кино урлагийн зах зээлийг таниулах вэ гэдэг талаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Ингээд олон улсаас томоохон кино уран бүтээлчид орж ирээд энэ салбарт ажиллаад ирвэл манай залуучууд чадваржиж, уран бүтээлүүд нь чанаржаад ирнэ. Одоохондоо манай кино урлагийн шинэ залуучууд бүтээлийнхээ хэлбэр дээр нь анхаарч ажиллаад байна. Цаашид агуулга дээрээ анхаардаг болно гэдэгт итгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, кино уран бүтээлийн агуулга тал дээр төрөөс болон манай яамны зүгээс түлхүүтэй анхаарч ажиллах болно.

-Үндэсний уламжлалт баярын өмнө томоохон контентуудыг Соёлын яам яагаад сайн хийхгүй байна вэ. Иргэдийн зүгээс үндэсний гэсэн агуулгатай контент чанаргүй, дутмаг байгаа талаар их шүүмжлэлтэй хандаж байна?

-Соёлын яам үйл ажиллагаагаа эхлээд хоёрхон жил болж байна. Өмнө магадгүй орхигдсон юмнууд байгаа л байх. 24 жил манай улс Соёлын яамгүй явж ирлээ шүү дээ. Харин манай яам бий болсноосоо хойш сая Цагаан сараар соёлын өвийг харуулсан контентуудыг бүтээж, олон нийтэд хүргэсэн. Нийтдээ Монголын өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд 16 нэвтрүүлгийг захиалж гаргуулсан. Цаашид ч үнийг илүү чанаржуулж хийж явна. Соёлын яамны зүгээс мэдлэг шилжүүлэх бодлогын хүрээнд ажлуудыг хийж байна. Түүх соёлоо сайн мэдэхийн хэрээр тэр чигийн нэвтрүүлэг уран бүтээл сайн болно. Нөгөөтэйгүүр наадам гэдэг бол Үндэсний хэмжээний баяр. Ганцхан Соёлын агууламжаараа биш. Энэ бол өөрийн гэсэн хуультай, хуулийнхаа хүрээнд нэгдсэн байдлаар хийгдэж явдаг баяр юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Ганхуяг: Зохих журмын дагуу зээл авч үйл ажиллагаагаа явуулсны төлөө бүгдийг “хулгайч” нэрээр цоллох нь байж боломгүй асуудал

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


-БИД БИЗНЕС ЭРХэЛЖ БАЙХ ҮЕДЭЭ БИЗНЕСИЙНХЭЭ ЗЭЭЛИЙГ ХУУЛЬ, ДҮРМИЙН ДАГУУ АВСАН-


-УИХ-ын чуулган завсарлачихсан энэ өдрүүдэд гишүүд тойрогтоо ажиллаж, зарим нь хуулийн төслөө хөгжүүлэх ажлуудыг хийцгээж байх шиг байна. Таны хувьд ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ?

-Тийм ээ. Ээлжит чуулган бүрийн завсарлагааны хугацаанд итгэл хүлээлгэн сонгогдсон гишүүд нь иргэдтэйгээ ойр ажиллаж, тэднийхээ санаа бодол, хүсэлтийг сонсож, ярилцах чухал үе байдаг. Нэг ёсондоо иргэдтэйгээ илүү ойр байж, тойрогтоо ажиллах боломж гардаг. Миний хувьд ч ялгаагүй, ажлын өдрүүдэд тойргийнхоо иргэдтэй уулзалт хийж, төлөөлөгчийнхөө байранд ажиллаж байна. УИХ-ын гишүүн гэдэг бол хууль боловсруулж, түүнийг батлах үйл хэрэгт оролцохоос гадна сонгогдсон тойрогтоо ажиллаж, төрийн үйлчилгээ, хуулийн хэрэгжилт ямар байгаад хяналт тавьж, таниулах, мөн иргэдийнхээ аж амьдрал, амьдрах орчныг эрүүл аюулгүй болгох тал дээр анхаарч ажиллах үүрэгтэй. Өнгөрөгч чуулганы хугацаанд би Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хууль зэрэг бизнесийн орчныг сайжруулах чиглэлд хэд хэдэн хуулийн төслийг санаачлан, ажлын хэсгийг ахлан ажиллаж, тэр дундаа Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл дээр анхаарал хандуулан ажиллаж байна. Хуулийн концепци нь зах зээлд шударга өрсөлдөөн, бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглэж байгаа. Энэ өөрөө процессын хууль. Тиймээс үйл ажиллагааны зөвшөөрөл авахын тулд хэрхэх вэ гэдгийг маш тодорхой зааж өгнө. Иргэн, аж ахуйн нэгж өргөдөл гаргачихна. Өргөдөл гаргаснаас хойш хэдий хугацаанд шийдвэр гаргах, шийдвэр гаргаагүй бол яах вэ гэдгийг хуульд заана. Энэ нь нийтлэг зарчим болж тусаад бүх салбар дагаж мөрдөнө гэсэн үг. Өргөдөл гаргах, өргөдөл хүлээн авах, татгалзах, түдгэлзэх, цуцлах гэсэн бүх зарчмуудыг хугацаатай нь тодорхой оруулна. Мөн зөвшөөрөлтэй холбогдуулаад аль нэг төрийн байгууллагаас тодорхойлолт авчир гэдэг асуудал байхгүй болно. Мэдээллийн сангаасаа хараад шаардлагатай мэдээллээ хардаг болно. Тухайлбал, татвар, нийгмийн даатгалын өргүй гэсэн тодорхойлолтыг нэхэхгүй.

Ажлын 45 хоногт ямар ч төрлийн зөвшөөрлийг олгодог болно. Нэг үгээр хугацаа, хэнээс ямар зөвшөөрөл олгох нь маш тодорхой болно. Хатуу хугацаа байгаа болохоор иргэн, аж ахуйн нэгж ажлаа төлөвлөх боломжтой болно гэсэн үг. Цахимаар хүсэлтээ өгөөд ажлын тав хоногийн дотор материал хүлээж авсан байгууллага дутуу бичиг баримтыг нь хэлж өгнө. Үүнийгээ бүрдүүлээд өгчихөөр хугацаагаа хүлээгээд л байж байна гэсэн үг. Хариугаа ч цахимаар авах боломжтой болно. Манай улс Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг 2001 онд баталж байсан. Тухайн үед 210 орчим тусгай зөвшөөрөл олгохоор хуульд тусгасан байсан. Гэтэл үүнээс хойш энэ тусгай зөвшөөрлийг ийм байгууллага олгоно гэж нэмсээр байгаад 913 болчихсон байна. Тиймээс уг хуулиар зөвшөөрөл нэрийн дор төрийн үйлчилгээг хүнд суртал, авлига, хээл хахууль руу чирж байгаа нөхцөл байдлыг засч, зөвшөөрлийн тоог цөөлж, олголтын үйл ажиллагааг сайжруулах юм.

-Ээлжит бус чуулганаар тэтгэврийг нэмэгдүүлсэн. Энэ нь одоо байгаа эдийн засгийн боломжоо шавхаж нэмсэн үү. Үүнээс илүүг нэмэх боломж байсан уу?

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа. Эдгээр хуулиудыг хэлэлцэн баталснаар Монгол Улсын 465.000 ахмад настны тэтгэврийг нэмэх шийдвэр гарсан. Халдварт цар тахлын дэгдэлт улсын эдийн засаг, иргэдийн маань амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа ч 2022 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар энэ шийдвэрийг гаргалаа. Энэхүү арга хэмжээнд нийтдээ 637.0 тэрбум төгрөг зарцуулагдана. Энэ хөрөнгөөр тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 15 хувиар нэмэгдүүлнэ. Төсвийн байнгын хороо богино хугацаанд үр дүнтэй хуралдаж, 310 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төсвийн урсгал зардлыг 15.4 хувиар танах замаар буюу төрийн байгууллагуудыг 2022 онд урсгал зардлаа танаж, бүсээ чангалах байдлаар ажиллахыг чиглэл болгосон хэлбэрээр энэ эх үүсвэрийг гаргалаа. Азай буурлуудын маань тэтгэвэр 15 хувиар нэмэгдэж, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 500.000 төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэвэр 400.000 төгрөг боллоо. Цаашид тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэх, тэтгэврийн тогтолцоог сайжруулах, шинэчлэх чиглэлд миний бие илүү санаачилга, оролцоотой ажиллах болно.

-Өнгөрсөн намрын чуулганаар Засгийн газрын бүтцийг нэмэх шийдвэр гаргаж, шинэ яам байгуулагдах болсон. Энэхүү яамны голлох үүрэг юу вэ. Эдийн засгийн хямралтай үед шинээр яам байгуулах нь хэр оновчтой гэж та харж байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2021 оны 11 дүгээр сард УИХ-аар баталсан. Ингэснээр Засгийн газрын бүтцэд шинээр Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулсан. Сангийн яам бол цэвэр орлого, зарлагаа хянаад явдаг. Ингэхдээ зарлагаа бага байлгах талд гол анхаарлаа хандуулчихдаг. Орлого төвлөрүүлэх талд төдийлөн хангалттай сайн ажиллаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, бондуудтайгаа зууралдсаар байгаад жил өнгөрчихөөд байгаа юм. Ирэх оны төсөв батлах үеэр УИХ оновчтой хөрөнгө оруулалт талд маш их маргаантай байлаа. Цаашид хөрөнгө оруулалтын асуудлыг илүү оновчтой болгох үүднээс хөрөнгө оруулалтуудаа эрэмбэлэх ёстой. Ингэхдээ хоёр талаас харах ёстой. Нэгдүгээрт, эдийн засгийн үр өгөөжийг харж эрэмбэлэх. Хоёрдугаарт, нийгмийн хөгжлийн үр өгөөж талаас нь эрэмбэлж хөрөнгө оруулалтыг тавих ёстой. Яагаад гэвэл, улсын төсөв, улсын хөрөнгө оруулалт хийх боломжтой дүн нь хязгаарлагдмал байдаг. Дутууг нь гадаадын зээл тусламжаар хааж л явдаг шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалтад гаднаас зээл авах боломж хязгаарлагдмал байгаа. Бид зээлийн таазанд тулахад маш ойрхон болсон байна. Тиймээс байгаа жаахан нөөцөөрөө хөрөнгө оруулалтаа эрэмбэлж, оновчтой болгох зайлшгүй шаардлагатай. Үүнийг хийж, ярьж байгаа төрийн байгууллага өнөөдөр байхгүй байна. Тиймээс Эдийн засаг, хөгжлийн яам хөрөнгө оруулалтуудыг эрэмбэлж, хамгийн үр өгөөж өндөртэй зардлууд руу хөрөнгө оруулалт хийх, боомтын нэвтрүүлэлтийг сайжруулах, арьс, ширний боловсруулах үйлдвэрүүдээ барих, ядаж зэс баяжуулах үйлдвэрээ өөрсдөө барих ёстой. Өнгөрсөн хугацаанд цахим хөгжлийн хүрээнд 200 гаруй сая ам.долларын программ хангамжийн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжсэн. Үүний үр дүнг хангалттай гэж дүгнэх боломжгүй. Гэтэл дэлхий ертөнц цахим хөгжил, виртуал хөрөнгө гээд хөгжлийнхөө үе шатаар дээш ахиж, бодлоготой болж, түүнийг нь хэрэгжүүлэх төрийн бүтцийн байгууллагуудтай ч болоод байна. Цахим хөгжлийн төсөл хэрэгжээд байгаа хэрнээ үр дүн гарахгүй байгаа шалтгаан нь хууль батлагдахдаа боловсруулах шатандаа салбарын яамнаас чиглэл чиглэлээр нь л санал авдаг. Тэгвэл Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдсанаар УИХ-аар хэлэлцэн батлах гэж байгаа хуулиудад технологийн талаас нь дүгнэлт, зөвлөмж өгнө. Засгийн газрын бодлого, шийдвэр болон салбар бүрт хэрэгжиж буй программ хангамжийг нэг зүгт чиглүүлэхэд энэ яам асар чухал үүрэгтэй. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны нэгэн том зорилт бол дижитал эдийн засгийг хөгжүүлж улсдаа орлого олох бодлого байна. Мөн Үндэсний аюулгүй байдалтай холбоотой яам.

-Шинээр байгуулагдаж байгаа яамдуудын сайдаар УИХ-ын гишүүд очих сонирхол байх шиг байна. Гэхдээ Үндсэн хуулиараа энэ нь хязгаартай байгаа. Тиймээс давхар дээлийг нэмэгдүүлэх асуудал яригдах болсон. Үүнд та ямар байр суурьтай явдаг вэ?

-Гол бодлогын яамдууд хоёр жилийн хугацаанд давхар дээлтэй буюу УИХ-ын гишүүн дөрвөн сайд, бусад нь дан дээлтэй сайд нартай явж үзлээ. Тухайн салбарын чухал болон бодлогын хуулиуд УИХ-д орж ирэхэд дан дээлтэй сайд нар орж ирэхгүй, асуудлыг хамгаалж чадахгүй байгаа тал ажиглагддаг. Тиймээс гол бодлогын яамдууд яалт ч үгүй давхар дээлтэй сайд нар байвал илүү тохиромжтой бөгөөд бодлого илүү хэрэгжих юм болов уу гэж харж байгаа. Миний хувьд хэдэн сайд давхар дээлтэй байх нь тийм чухал биш.

-Сүүлийн үед Хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбоотой асуудал нийгэмд шуугиан болж байна. Зарим нь зээлээ зөв зүйлд зарцуулж, эргэн төлөлтөө чанартай хийж байна. Зарим нь чанаргүй зээлдэгч болж, эргэн төлөлтөө хийхгүй байгаа нь асуудал үүсгэж байх шиг. Таны эгчийн компани уг банкнаас зээл авсан тухай мэдээлж байна. Мөн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Г.Дамндинням та гуравтай холбоотой зээл гэж байна. Энэ үнэн үү. Авсан бол таны оролцоо байсан уу. Эсвэл тухайн компани хууль дүрмийнхээ дагуу зээлээ авч үйл ажиллагаандаа зарцуулж байгаа юу. Эргэн төлөлтөө хийж байгаа юу. Энэ асуудлаар та тодорхой үнэн бодит мэдээллийг өгөөч?

-Хөгжлийн банкнаас авсан зээл бол УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө болсон үйл явдал. Бизнес эрхэлж байх хугацаандаа тогтвортой үйл ажиллагаа явуулж, энэхүү зээлийг миний хамаарал бүхий этгээд авсан. Ингэхдээ зээлийн шаардлага, нөхцөлийг хангаад хууль дүрмийнхээ дагуу авсан байдаг. Зээлийн зориулалт нь экспортын чиглэлийнх байсан. Тухайн зээл авсан компани нь Энержи ресурс компанийн уурхайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулдаг. Зээлийг авахдаа 1х3 буюу 90 гаруй тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгө байршуулж зээлээ авсан. Миний хувьд зээлтэй холбоотой шаардлагатай бүх материалыг хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй өгсөн. Би тухайн зээлиийг авахад ямар нэг нөлөө үзүүлэх боломжгүй. УИХ-ын гишүүнээр ч сонгогдоогүй байсан. Аливаа зүйлд зааг байх ёстой. Улстөрч болчихоод зээл авсан бол ёс зүйн хариуцлага. Улстөрч болсныхоо дараа хамаарал бүхий этгээддээ энэ зээлийг авч өгсөн бол өнөөдөр ч хариуцлага хүлээхэд бэлэн байна. Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудал үүсэхэд уг зээлийн эргэн төлөлтийг судалж үзэхэд сүүлийн нэг жилийн хугацаанд экспортын үйл ажиллагаа саатсан. Компанийн үйл ажиллагаа 2021 оны хоёрдугаар сараас хойш зогссон. Үндсэн төлбөрийн хугацааг экспорт идэвхжихээр төлөх бөгөөд зээлийн хүүний хувьд тогтвортой төлж байгаа юм билээ. Одоогоор 8.8 тэрбум төгрөгийн хүү төлсөн. Уг зээл чанаргүй гэдэг ангилалд ороогүй хэвийн явж байгаа.

-Таны эгч энэ банкнаас зээл авсан гэхээр энэ нь таны хувьд ашиг сонирхлын зөрчил болох уу?

-УИХ-ын гишүүн болсны дараа миний эгч юмуу хамаарал бүхий этгээд төрийн аль нэг банкнаас зээл авсан бол энэ бол давуу байдлаа ашигласан нөхцөл болж, хуулийн болон ёс зүйн дагуу хариуцлага хүлээх ёстой болно. Харин олон жил хуулийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж, улсад татвараа төлж, олон зуун ажлын байрыг бий болгож ирсэн бизнес эрхлэгчидээ зохих журмын дагуу зээл авч үйл ажиллагаагаа явуулсны төлөө бүгдийг “хулгайч” нэрээр цоллох нь байж боломгүй асуудал. Магадгүй улстөрчийн гэр бүл гэдгээр олон нийтэд хардлага үүсдэг. Тийм ч учраас цаашид төр болон бизнесийн заагийг бий болгох, шилэн байлгахын тулд өөрийн гэр бүлийн гишүүдийн хамаарал бүхий компанийг хувьцаат компани болгон өөрчилснөөр ард иргэд, олон нийт нээлттэй ил тод, бодит мэдээллийг авах боломжийг хангахаар зорьж байна.

-Хөгжлийн банкаас авсан чанаргүй зээлийг төр хариуцан эргэн төлөлтийг нь хийнэ гэж ярих юм. Энэ үнэн үү, ингэх боломж байхгүй биз дээ?

-Мэдээж энэ тохиолдолд зээл авсан иргэн, аж ахуйн нэгж хариуцлагаа үүрэх ёстой. Төр хариуцан төлөх ямар ч эрх зүйн үндэслэл хийгээд боломж байхгүй.

-Үнэхээр зээл авсан этгээдүүд нь зээлээ төлж чадахгүй бол яах ёстой байдаг юм бол оо?

-Аливаа зээлийг авахад түүнтэй тэнцэх хэмжээний үнэлгээ бүхий барьцаа эд хөрөнгийг байршуулдаг. Хэрвээ зээл авсан этгээд төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд төр тухайн барьцаа хөрөнгийг зохих журам хийгээд гэрээний дагуу хураан авч, хохирлыг барагдуулах ёстой.

-ЖДҮ гээд нэг хэсэг шуугьсан. Одоо Хөгжлийн банк гээд шуугьж байна. Улстөрчид, өндөр албан тушаалтнууд мэдээлэлд ойр байдаг болон эрх мэдлээ ашиглаж ингэж зээл аваад байхаар ард түмэн үнэхээр эгдүүцэж байх шиг байна л даа. Цаашид ч ийм үзэгдэл нийгэмд ил болсоор л байна байх. Улстөрчдийг мөнгөний эрх мэдлээс зааглах эрх зүйн орчин дутаад байна уу?

-Ер нь Хөгжлийн банкнаас зээл авсан болон хамаарал бүхий этгээдүүдийг ингэж ил зарлаж байгаа нь зүйтэй юм. Ил зарлагдаж байгаа руу нь л ингэж гал ирээд байгаа болохоос бус анхнаасаа нууж, хаасан зүйл байгаагүй. Бид бизнес эрхэлж байх үедээ бизнесийнхээ зээлийг хууль, дүрмийн дагуу авсан. Улстөрч болно гээд энэ зээлийг давуу эрх эдэлж, нөлөө үзүүлж авсан зүйл байхгүй учраас нээлттэй ил тод зарлаж байгаа нь зөв. Өнөөдөр 26 компанийн асуудал яригдаад байна. Эцсийн өмчлөгчийн асуудлыг ярих ёстой. Эцсийн өмчлөгч нь тодорхой бус, судлаад үзэхээр арилжааны банкууд хүртэл зээл авчихсан байх жишээтэй. Тухайн банкны эцсийн өмчлөгч нь хэн бэ. Үүнийг тодруулах ёстой. 1.2 их наяд төгрөг гэдэг бол Монгол Улсын хувьд их мөнгө. Энэ мөнгө найдваргүй зээл болчихсон. Гэтэл зээл авсан компанийн эцсийн өмчлөгч байж л байгаа шүү дээ.

-Нэг хэсэг тантай холбоотой Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл нийгмийн бухимдлыг төрүүлсэн. Яг учир шалтгааныг нь мэдэх улсууд бол дэмжсэн. Одоо энэ хуулийн төсөл ямар шатандаа яваа вэ. Батлагдаагүй байгаа биз дээ?

Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 оны зургадугаар сарын 21-нд УИХ-ын даргад өргөн барьсан. Хуулийн төсөл УИХ-ын нэгдсэн чуулган болон холбогдох байнгын хороодоор хэлэлцэгдэж байгаа. Хараахан батлагдаагүй байна. Монгол Улс хэдхэн жилийн өмнө гадаадын асар их хөрөнгө оруулалттай улс байсан. Харин өнөөдөр яагаад гадаадын хөрөнгө оруулалт багасчихав. Монгол Улс 1993 онд гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулан дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, эд хөрөнгийг хамгаалах болон гадаадын хөрөнгө оруулалтын холбогдолтой харилцааг зохицуулах зорилтын хүрээнд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг анх баталсан байдаг. Одоо үйлчилж байгаа хуулиар гадаадын компани Монгол Улсад бизнес эхлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, эсвэл төлөөлөгчийн газар гэсэн статусын аль нэгийг сонгох хэрэгтэй болдог. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой. Энэхүү хөрөнгийн босго нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаардлагагүй бөгөөд тухайн хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээг зааж өгөх нь тохиромжтой гэж үзсэн. Мөн уг хуульд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг нэгэн адил авч үзэх зохицуулалтыг тусгаж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад тавигдаж байсан шаардлага буюу 100 мянган ам.долларын хөрөнгийн хэмжээг байхгүй болгож, харин хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан байх шаардлагыг нэмж тусгасан. Уг хуулийн гол зорилго бодит хөрөнгө оруулалт хийх хүмүүсийг ялгаж салгах, тэдэнд зориулсан эрх зүйн орчныг нь нээлттэй болгож эерэг мессэж өгөх зорилготой.

-Ирэх хаврын чуулганаар та ямар хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байна вэ. Хаврын чуулганаар хүлээгдэж байгаа гол гол батлагдах хуулийн төсөл юу байна вэ?

Мэдээж УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан эхлэхээс өмнө ахлан ажиллаж байгаа Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг ажлын хэсэгтэйгээ сууж илүү чамбайруулах, хийдэлгүй болгох чиглэлд ажиллаж байна. Ирэх хаврын чуулганаар уг хуулиа батлуулахаар зорин ажиллаж байгаа. Мөн Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл ч байна. Миний хувьд УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны гишүүний хувьд өнгөрөгч чуулганаар батлагдсан цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилт болон хэрэгжилтэд шаардлагатай эрх зүйн бусад баримт бичгүүдийг боловсруулан гаргах чиглэлд байнгын хорооны дарга, гишүүд, холбогдох байгууллагын мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажиллаж байна. Түүнчлэн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Боловсролын багц хуулийн ажлын хэсгийн гишүүний хувьд холбогдох хуулийн төсөл дээр ажлын хэсгийн гишүүдтэй хамтран боловсролын салбарын хөгжил, шинэчлэлийн эрх зүйн орчинг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Чинбүрэн: Цаашид ковидын вирус аюултай, хэрцгий хувилбараар гарч ирэхгүй болов уу. Тиймээс энэ ондоо дуусчих байх

УИХ-ын гишүүн, Хүний гавьяат эмч Ж.Чинбүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ-ын чуулган завсарлачихсан энэ үед гишүүд тойрогтоо ажиллаж, зарим нь хаврын чуулганаар өргөн барих хуулийн төсөл дээрээ нэлээд их цаг зарцуулан сууж байх шиг. Таны хувьд энэ цаг үеийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?

-Юуны өмнө нийт монголчууддаа бар жилийн мэнд хүргэе. Цагаан сарын өмнө УИХ-ын ээлжит бус чуулган хуралдлаа. Үүгээр ахмадын тэтгэврийн асуудлыг шийдлээ. Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу Засгийн газрын өргөн барьсан хуулийн хүрээнд тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөс дээш болгосон. Миний хувьд чуулган завсарласан энэ үед тойрогтоо болон хэд хэдэн хуулийн төсөл дээр ажиллаж байна.

Тойрогтоо ажиллаад явж байхад ахмадууд маань их баяртай хүлээн авч байгаа нь энэ ажил үнэхээр цагаа олсон зөв шийдвэр болсон гэдэг нь ажиглагдаж байна. Чуулган завсарлачихлаа гэхээр зарим хүмүүс УИХ-ын гишүүд амарчихдаг юм шиг бодоод байдаг. Бид харин ч хуулийн төсөл дээрээ илүү сайн ажиллах цаг гарч ирдэг.

УИХ-ын даргын захирамжаар батлагдсан эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх ажлын хэсгийн анхдугаар хурлаа хийлээ. Өнөөдөр эрүүл мэндийн салбарын үндсэн 12 журам, хууль үйлчилж байна. Үүний зарим нь бүр 2010 онд батлагдсан хуучин шинэчлээгүй хуулиуд байх жишээтэй. Тиймээс эдгээр хуулиудын хаана ямар өөрчлөлт оруулж байж, энэ салбарыг дэлхийн хөлтэй нийлүүлж явах вэ гэдгээ ярилцлаа.

-Үнэхээр эрүүл мэндийн салбарт эрх зүйн шинэчлэл үгүйлэгдэж байгаа шүү…

-Эмч, эмнэлгийн ажилчдын эрх зүйн тухай хуулийг боловсруулах шатандаа явж байна. Энэ хуулийн нэг томоохон сэдэв бол эрсдэлийн даатгал юм. Тухайлбал, эмч хүн ажлаа хийж байгаад өвчтөн эрсдэх тохиолдолд тэрийг даатгах тухай асуудал байж байна. Өөрөөр хэлбэл, эмчийг хамгаалах даатгал атлаа цаагуураа үйлчлүүлэгчийг хамгаалах тухай хууль юм. Жишээлбэл, эмчийн алдаанаас болоод үйлчлүүлэгчид хөнгөн гэмтэл гарсан бол 30 сая, хүндэвтэр алдаа гарсан бол 40 сая, маш хүнд байвал 50 сая төгрөгийн нөхөн олговор нэхдэг ийм журам байдаг. Үүнийг хуульчилж, эмч даатгуулдаг байх ёстой. Нөгөөтэйгүүр үүнийг заавал хуулиар батлахгүй бол Санхүүгийн зохицуулах хороо дангаараа шийдэх, зохицуулаад яваад байх боломж байхгүй юм. Бидний ажиллаж байгаа өөр нэг томоохон хууль бол Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хууль. Өнөөдөр Монголын зах зээл дээр байж байгаа эмийн чанаргүй байдалтай холбоотой хууль шүү дээ. Энэхүү хуулийн төсөл дээр нэлээд их цаг заваа зарцуулж байна. Энэ мэт эрүүл мэндийн салбарын эрх зүйн тухай хуулиудыг энэ ондоо багтаагаад батлуулахаар ажиллаж байгаа юм.

-Цар тахлын өвчлөл буурахгүй байгаа ч сүүлийн хувилбарууд нь өмнөхөө бодвол айхавтар хүндээр илэрч байх нь бага юм болов уу гэж харж байна. Ер нь тахлын цаашдын нөлөөлөл, хандлага ямар байхаар байна вэ?

-Таны хэлдэг үнэн. Өвчлөл буурахгүй байгаа ч хүндэрч байгаа өвчтөн харьцангуй бага байна. Гэхдээ бид тойрогтоо ажиллахдаа аль болохоор олон хүн цуглуулахгүй, зөвхөн тодорхой газарт очиж уулзалтууд хийх зэргээр халдварын дэглэмээ баримтлан ажиллаж байна. “Ковид-19” вирус хувьсан өөрчлөгдсөөр байгаад омикрон дээр ирчлээ. Үүнийг ажиглахаар олон хүмүүсийг хурдан өвчлүүлж, халдвар тархааж байгаа ч гэсэн хүндрэх эрсдэл болон нас баралтын түвшин бага байна. Сүүл рүүгээ бүр ханиад томуутай төстэй болчихлоо. Нөгөө талаасаа энэхүү вирус хүнтэй дасан зохицох гэж байгаа оролдлого байнга хийгээд байна гэж харж болох юм. Тухайлбал, ковид анх гарахдаа маш хэрцгий байлаа шүү дээ. Туссан хүн шууд хатгаа авч, хүндрээд дархлаа султай хүмүүс хэвтэрт орж хүндэрсэн. Харин одоо вирус эзэн биеэ хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй байгаа нь хүнтэй дасан зохицох оролдлого хийж байгаагийн илрэл юм. Үүнийг ойлгоход жаахан төвөгтэй байж магадгүй.

-Д.Нямхүү эмч “Энэ вирус гэдэг чинь амьтай, өөрсдийн гэсэн ухаантай” гэж хэлж байсан. Та бас энэ өнцгөөр нь ойлгуулах гээд байна уу даа…

-Дэлхий дээрх амьд организмын ганц ижил шинж нь үржих. Ямар ч амьд амьтан бүгд үрждэг. Үржиж л байвал тэр амьд организм гэсэн үг. Тэгэхээр ковид гэх вирус үржихийн тулд эзэн биеэ хайрлах хэрэгтэй байгаад байна шүү дээ. Анх гарахдаа аюултай хэрцгий байснаасаа болж туссан хүн бүрээ хүндрүүлж, үхүүлээд байсан бол одоо тийм биш болчихлоо. Өөрөөр хэлбэл, эзэн биеэ үхүүлэхгүй, хэвтэрт оруулахгүй байгаа нь дасан зохицож байгаагийн илрэл юм. Өөрөө бас амьд организм болохоор дэлхийгээс устчихгүй гээд үзээд байна шүү дээ. Устахгүйн тулд эзэн биетэйгээ буюу хүнтэй дасан зохицохоос өөр аргагүй юм. Цаашид ковидын вирус аюултай, хэрцгий хувилбараар гарч ирнэ гэдэгт би итгэхгүй байна. Тиймээс энэ вирус аажимдаа энэ ондоо дуусчих байх аа. Гэхдээ дуусчихна гээд санаа амар сууж болохгүй. Халдвар хамгааллын дэглэмээ сайн барьж, маскаа зүүж, гараа ариутгах хэрэгтэй. Дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж болж өгвөл гурав, дөрөв дэх тунгаа хийлгүүлчих шаардлагатай.

-Сая ээлжит чуулганаар ахмадын тэтгэврийг нэмсэн. Нэмэхдээ эдийн засгийн боломжиндоо тааруулж нэмсэн үү. Үүнээс илүү, ахиухан нэмэх боломж байв уу?

-Үнэхээр боломжоо шавхлаа гэж харж байгаа. Томоохон төслүүдээсээ 15 хувийг нь татчихаж байгаа юм. Өнөөдөр 350 мянган төгрөг аваад амьдрах нь ахмадуудад үнэхээр хүнд байсан. Эмч хүнийхээ хувьд бодоход зүгээр элэгний хагалгаа хийлгэсэн ахмад хүн эмнэлгээс гараад уураг аваад ууя гэхэд л 10 хоног уух уураг авах мөнгө шүү дээ. Үүнээс харахад амьдралын доод түвшнээс доогуур амьдралтай байна гэхээр амьд явах баталгаагүй болчих гээд байна. Тиймээс Ерөнхийлөгчийн гаргасан энэ санаачилга цаг үеэ оллоо л гэж бодож байна л даа. Ер нь бол тэтгэвэр гэдэг бол өөрийнхөө тушаасан мөнгөө сүүлд нь буцааж авч байгаагийн л хэлбэр. Тиймээс цаашид инфляцитайгаа уялдуулаад тэтгэврээ нэмж байх бодлого бол зөв.

-Тэтгэвэртэй холбоотойгоор нийгэмд хүсдэг нэг зүйл байдаг. Тэр нь тэтгэврээ авч чадалгүй нас барчихлаа гэдэг. Үүнийг нь өвлүүлэх, олон жилийн тооцооллоор бодож ар гэрт нь нөхөн олгодог болгомоор байна гэдэг. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?

-Тэтгэврийн бодлогын том шинэчлэл угаасаа хүлээгдээд байгаа юм. Манай нам сонгуулиар ялж гарч ирэхдээ энэ тэтгэврийн шинэчлэлийг хийнэ гэж амласан. Бидний амласан тэтгэврийн гол бодлого бол тэтгэвэр өвлөгддөг байх юм. Таны хэлдгээр ажиллаж, ажиллаж хураалгасан мөнгөө буцаагаад авч чадалгүй өнгөрчихөөр үнэхээр харамсалтай л даа. Тиймээс үүнд энэ удаагийн Их хурал тодорхой шинэчлэл, өөрчлөлтийг хийх ёстой. Нийгмийн даатгал гэдэг бол хуримтлалын сан. Энэхүү хуримтлалын санг арвижуулах өсгөх тэр менежмэнт нь өөрөө чухал. Мөнгө байгаа тоогоороо байгаад байвал инфляциа дагаад босч чадахгүй. Тухайлбал, 2000 онд авч байсан цалин 2020 онтой харьцуулахад шал өөр шүү дээ. Тиймээс энэ хоёрыг тэнцүүлж байхын тулд инфляцийн түвшнээр нь тэтгэврийг нэмж байх хэрэгтэй болж байгаа юм. Ингэхийн тулд энэ хуримтлалын сангаа зүгээр байлгаад байж бас болохгүй. Мөнгө өөрөө мөнгө бий болгож байх ёстой. Гэхдээ хэн нэгэнд хулгайлагдаад алга болчих биш. Тухайлбал, капитал банкны жишээ шиг нийгмийн даатгалын мөнгө, Эрүүл мэндийн даатгалын мөнгөө авч чадалгүй алдчихаж байгаа биз дээ. Одоо үл хөдлөхийг нь барьцаалаад буцаагаад авч байна. Иймэрхүү эрсдэл гаргахгүйн тулд хууль эрх зүйн маш том шинэчлэл хэрэгтэй. Үүнийг хийж байж энэ өвлөгддөг тогтолцоог бий болгоно. Энэхүү хүлээгдэл маш их байгаа. Үүнийг Засгийн газар болон зарим УИХ-ын гишүүд өргөн барьсан шүү дээ.

-Энэ оноос эмч нар гүйцэтгэлээр санхүүждэг болсон. Үүний давуу тал юунд байх вэ?

-Гүйцэтгэлээр санхүүжүүлэхийн хамгийн чухал нь эмнэлгийн удирдлага бие даасан тогтолцоотой болох ёстой. Өөрөөр хэлбэл, эмнэлгүүд үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах эрх чөлөө нь юм. Түүнээс төсвийн хуульд захирагдаад явах биш. Төсвийн хуулиас салахгүй бол гүйцэтгэлээр санхүүждэг санхүүжилтийн өгөөжийг амсаж чадахгүй. Өнгөрсөн жилтэй харьцуулахад эмнэлгүүдэд өгч буй санхүүжилт 2-10 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Түүнийг дагаад цалин нэмэгдэх ёстой биз дээ. 2-10 тэрбум төгрөг жижигхэн тоо биш. Тэгэхээр зөв гэдэг нь үүнээс харагдаж байгаа юм. Одоо орж ирж буй санхүүжилтийг эмнэлгийн удирдлага ажилчиндаа “наах” ёстой. Зарим газруудад эмнэлгийн тусламж үйлчилгээ, үйлчлүүлсэн иргэний тоог харахаар зөрүү байхгүй байна шүү дээ. Гүйцэтгэлээр санхүүжих нь зарим нэг сул талтай байж болно. Жишээ нь, өртгийг дутуу тооцсон байдаг ч юмуу. Аливаа шинэчлэлд цаг хугацаа ордог. Түүний өгөөжийг эргэж харж, анализ хийх хэрэгтэй.

-Тэтгэвэр нэмсэнтэй адил эмч, ажилчдын цалин нэмэгдэх үү. Та өрхийн эмч нарын цалинг хоёр сая төгрөг болгох ёстой гэж байсан?

-Эрүүл мэндийн салбарын анхан шатны тусламж үйлчилгээ гэж байгаа. Тэгэхээр өрх, суманд ажиллаж байгаа эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх шийдвэр гаргачихсан. Анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилтийг хоёр дахин нэмчихсэн, саяны төсвийн хуулиар. Тухайлбал, манай Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны өрхийн эмнэлэг ойролцоогоор 10 мянган хүнд үйлчилдэг. Тэгвэл нэг иргэн 30 мянган төгрөг гэж бодоод санхүүжилт авдаг. Энэ оноос эхлээд 60 мянган төгрөгийн санхүүжилт авдаг болсон. Өөрөөр хэлбэл, 300 сая төгрөг авдаг байсан бол одоо 600 сая төгрөг авдаг болсон, өрхийн эмнэлгүүд. Одоо юу чухал вэ гэхээр тухайн өрхийн эмнэлгийн зохион байгуулалт зөв байх ёстой. Тиймээс энэ нэмэгдсэн санхүүжилтээ ажиллаж байгаа эмч, ажилчиддаа жигд тараах ёстой. Нэг үгээр хэлбэл, цалинг нь хоёр дахин нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн үг. Тийм боломж нь энэ оноос эхлээд хэрэгжлээ шүү дээ. Тэгэхээр одоо өрхийн эмнэлгийн эмчийн цалин 800 мянган төгрөг байсан бол 1.5 саяас дээш болно гэсэн үг.

-Цалинг нэмчихдэг юм байж. Гэхдээ иргэдийн хүссэн үйлчилгээг үзүүлж чаддаггүй. Иргэд Өрхийн эмнэлгийн эмчид итгэхгүй болохоороо хүүхдээ тэврээд шууд Эх нялхаст очдог. Тэгэхээр энэ асуудлыг яаж шийдэх вэ. Цалин нэмэгдээд байдаг, ур чадвар нь хоцрогдоод байж болохгүй биз дээ?

-Хамгийн гол зүйл бол итгэлцлийн асуудал юм. Яагаад итгэлцэл үүсэхгүй байгаа гэхээр эмчийн ур чадварын асуудал бас хөндөгдөнө. Үүнийг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр яагаад ур чадвар, дадлага туршлага муутай эмч нар өрхийн эмнэлэгт байна вэ гэхээр цаагуураа цалингийн асуудал л яригдах юм. Өөрөөр хэлбэл, цалин бага учир тэнд ажиллах эмч нар дадлага, туршлага авч амжилгүй явдаг. Дөнгөж төгссөн хүүхдийг бага цалингаар ажиллуулаад байдаг. Эхний жил цалингаа аваад явлаа, дараа жил хүндхэн байсан ч муу цалинтай ажиллалаа. Ингээд гурав дахь жилээсээ цалин өндөртэй газар руу явдаг. Тиймээс өрхийн эмнэлэг иргэдийн дунд итгэлцэл үүсэхгүй байгаа юм. Үүнээсээ болоод өрхийн эмнэлгийн нэр хүнд унах, цаашлаад улсын төв эмнэлгүүдийн ачаалал үүсээд байна л даа. Тиймээс өрхийн эмнэлэг анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээний төвд ажиллаж байгаа эмч, ажилчдын цалинг дорвитой нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Тэр утгаараа энэ жилээс хоёр дахин нэмэгдэх нөхцөл нь бүрдсэн гэсэн үг.

-Шинэ сэргэлтийн бодлого боловсруулж Засгийн газар, УИХ баталсан. Энэ ер нь хэр зөв, үр өгөөжтэй бодлого юм бэ?

-Зөв, судалгаатай, тооцоололтой бодлого гэдгийг би хоёр гараа өргөөд дэмжиж явдаг хүний нэг. Өвлийн олимпийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урд хөршид ажлын айлчлал хийгээд ирлээ. Энэ үеэрээ Си Жиньпин даргатай уулзаад зарим боомтуудын нэвтрэх чадварыг улам хурдасгах, төмөр замын өргөн нарийн царигийн асуудлыг шийдсэн. Бид яг энэ асуудлаар улс төр хийсээр байгаад л 10, 20 жил алдчихсан шүү дээ. Энэ хооронд ямар олон боломжуудаа болон эдийн засгийн том босолтуудаа алдсан бол. Тэгэхээр бид улстөржихөөс илүүтэйгээр эдийн засгаа бодсон том бодлогуудыг хийхгүй бол бахь байдгаараа л байгаад байна. Улстөржилт, талцал хуваагдлаас хэн хожиж, хэн хохирч байна. Эцсийн бүлэгтээ Монгол Улс, Монголын ард түмэн л хохирч байна шүү дээ. Цаашид энэ нэг улстөржсөн талцсан зүйлээ болих хэрэгтэй. Бодит ажил, тооцоолол, судалгаан дээр суурилсан бодлого зохицуулалтыг цаг алдалгүй хийж, улс орныхоо хөгжлийг урагшлуулах шаардлагатай.

-Улстөрчтэй холбогдсон томоохон хэрэг үе үе гарч ирэх юм. ЖДҮ-тэй холбоотой асуудал, сүүлд Хөгжлийн банктай холбоотой асуудал бас гарч ирлээ. Ер нь улстөрчид ард түмний боломжийг хулгайлдаг үйлдэл дээр та ямар байр суурьтай явдаг хүн бэ?

-Хөгжлийн банкны хувьд МАН байр сууриа илэрхийлчихсэн байгаа. Ер нь бол зээл авсан 60 гаруй хувийг Ардчилсан намыг эрх барьж байх үед олгосон юм билээ. Гэхдээ аль нэг нам гэхээс илүүтэйгээр том бүтээн байгуулалтын санхүүжилтийн тогтолцоо банкныхаа системээр л явах нь чухал. Ямар нэгэн улс төрийн нөлөөлөл орохоороо л буруу болчихож байгаа юм л даа. Тиймээс аль болохоор улстөржихгүй, банк санхүүгийн механизмаараа л явах нь зөв. Зээл авсан хүмүүс энэ асуудлаа шийдэх ёстой. Төрийн мөнгө бол ард түмний л мөнгө. Үүнээс зээл авсан бол буцааж төлүүлэх нь л чухал.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчуудын гүн бишрэлт хайрхан Бурхан Халдун

Хайрхан руу нэг гарсан бол гурван жил гардаг ёстой. Бар жилийн, бар сарын, бар өдөр анхны гаралтаа хийлээ. Шинийн зургааны билэгт сайн өдрийг сонгон энэхүү түүхээр баян хайрхандаа очлоо. Бурхан Халдун хайрхан руу явах хамгийн тохиромжтой цаг үе бол 12-оос гуравдугаар сар юм. Хавар, зун, намар явах тохиромжгүй, зам, бартаа ч ихтэй. Бараг автомашин явах боломжгүй гэж хэлж болно. Бартаа саад туулах чадвар сайтай автомашин дээрх тохиромжтой үед явсан ч зам тийм ч дардан биш. Бурхан халдун хайрхан хотоос 280 гаруй километр зайтай. Багануур хүртэл засмал замаар яваад зүүн хойшоо Төв аймгийн Мөнгөнморьт сум руу салж, шороон замаар 80 гаруй километр явна. Цааш Мөнгөнморьт сумаасаа зүүн хойд чигтэй хайрхан руу 80 гаруй километр яваад очих юм. Бурхан Халдун хайрхан нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт байрлах арвин их түүх агуулсан, төрийн тусгай хамгаалалттай тахилгат хайрхан ажээ. Мөнгөнморьтоос цааш явахад хайрхан руу гараад буцаж байгаа болон гарах гээд явж буй автомашины цуваа тасрахгүй нааш, цааш тоос татуулсаар. Ил хөдөлгөөн шинийн найман, 15-нд улам нэмэгддэг нь монголчууд бидний тэр тусмаа монгол эрсийн гүн бишрэлт хайрхан гэдэг нь тодорхой харагдах аж.

Замын бартаа хайрханы өврөөс 50 орчим километрийн наана байрлах төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн бүс буюу хяналтын байрнаас эхэлнэ. Үүгээр нэвтрэхдээ хэдэн хүнтэй явж байгаагаа мөн тусгай хамгаалалттай газар нутагт хориглох санамжуудтай танилцаад 10 мянган төгрөгийн хураамж төлөөд гардаг байна. Үүнээс цааш хоёр талаараа өндөр модтой уулсаар хүрээлэгдсэн бартаа ихтэй хөндийгөөр явсаар Босго тэнгэрийн даваан дээр гарлаа. Босго тэнгэрийн даваанаас нааш харийн хүн, хатан хүний мөр үл гарга гэсэн Их хааны зарлигтай уг даваан дээр овоо байх аж. Гэхдээ байгалийн чулуу биш, жижиг цагаан тоосгоор цэвэрхэн өрсөн овоо юм. Энэ даваанаас Бурхан Халдун хайрханы орой аав шиг л дүнхийж харагдана. Харсан хүн бүр л “…сайхан, сайхан байна…” гэсэн үгийг хэлэх юм. Уужуу амьсгаа авч алсыг харан, сэвшээ салхинд үсээ хийсгэн зогсох үнэхээр л сайхан ажээ.

Идээ будаагаа өргөөд цааш явлаа. Анх удаагаа явж байгаа болохоор замынхаа хаагуур явдгаа мэдсэнгүй. Шууд чигээрээ буусан замаар уруудтал айхавтар мөстэй, гулгаатай зам байж. Зогсож, ухрах нэгэнт өнгөрч, тэр чигтээ 200 метр орчим мөстсөн даваа руу эрчээрээ л гулгаж орхилоо. Азаар янз бүрийн юм болсонгүй, автомашинтайгаа хоёр бүтэн “вальс” эргээд л буулаа. Уг нь энэхүү замаар биш, баруун талаа бариад ташиж буудаг ажээ. Хайрханыг зорих эрчүүд маань бас санаад авчихад илүүдэхгүй биз ээ. Автомашинтай “вальс” эргэсэн залуучууд замын бартаа саад их байгааг ярьж гэлдэрсээр хайрханы өвөрт очлоо. Ээ ёстой сайхан шүү. Олон арван аавын хөвгүүд. Дандаа монгол сайхан эрчүүд том том төмөр хүлгүүдтэйгээ иржээ. Зарим нь майхан барьчихсан, гал түлээд дээр нь тогоо тавьж, цайгаа чанаж байх. Зарим нь гэр барьчихсан дотор нь гал түлээд хөзөр тоглож суух. Ёстой эр хүний жаргал эзгүй хээр гэдэг дээ. Ганц хоёр зуу татаастай, бас…Бид өглөө 10 цагийн үед хотоос гараад ирэхэд 18 цаг өнгөрч байв. Яарч тэвдэхгүй явахад зургаан цаг л явах газар гэж бодлоо. Бид ч мод түүж, бусдынхаа адил жаргалаа эдэлж, хайрханы талаарх түүх домог хоорондоо ярьж суулаа. Бурхан халдун хайрханыг өмнө Хадун хайрхан гэж нэрийддэг байж. Улмаар Монголд шарын шашин орж ирээд монголчууд бурхан гэдэг үгийг хэрэглэдэг болсноос хойш уг хайрханыг Бурхан Халдун гэж нэрийдэх болжээ. Их хааны онгон энд байдаг гэж хүмүүс ярьдаг. Үнэн ч бай, худлаа ч бай тэртээ XIII зуунд ч, өдгөө Бурхан Халдун хайрхан яг л энэ янзаараа. Олон зууны түүхийг өөртөө шингээн оршиж л байна, цаашид мөнхөд оршино. “Хэдүүлээ санаандгүй явж байгаад Чингисийн булшийг олчихвол яах вэ…, Чингис хаан чинь энэ хайрхан дээр гараад бууж ирэлгүй гурав хоносон юм гээ биз дээ…, нөгөө Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг чинь энд явж байгаад төөрсөн юм гэдэг шүү…” иймэрхүү яриа бидний дунд тасралтгүй үргэлжилсээр үүрийн дөрвөн цаг боллоо. Гадаа хасах 35 хэмийн хүйтэн гэж автомашины заагч дээр гарч. Гэхдээ дулаан хувцастай учир түүдгийн галд даарахгүй л юм билээ. Бурхан Халдун хайрхан далайн түвшнээс дээш 2361 метр. Гэхдээ бэлээс нь орой хүртэл алхахад гурваас дөрвөн цаг явж хүрдэг байна. Бид үүрийн дөрвөн цагт алхаж эхэллээ. Хайрхан дээр дөрвөн овоо байдаг аж. Эхнийх нь Сүүн овоо. Тэгээд Дунд овоо. Улмаар Бага, Их овоо гэж байх юм. Дунд овоо хүртлээ огцом өгсүүр, битүү модон дунд алхах юм. Дунд овооноос дээш хэдхэн метр алхаад модгүй нүцгэн уулсын орой угтана. Модноосоо гараад огцом өгсүүр байхгүй болох ч ширүүн хүйтэн салхи хувцас нэвт шуурдаг нь хэцүү юм билээ. Тиймээс алхахдаа хөлсөө айхавтар гаргаж алхахгүй байх нь зүгээр санагдсан юм. Түүнчлэн модноос гарахаас өмнө хөлсөө сайн хатааж, амарч байгаад дээш яваарай. Ихэнх эрчүүд явган алхах болов ч зарим нь морьтой явна. Хайрханы бэлд хэд хэдэн газар морь түрээслүүлдэг хүмүүс байна лээ. Нэг морь унаад дээшээ гараад бууж ирье гэвэл 50 мянган төгрөг. Гэхдээ ханш хүмүүс хэр олон байгаагаас хамаарч дээш доош болдог гэнэ. Шинийн нэгэн, гурван, найманд олон хүн ирдэг. Найманд бүр 300-400 хүн ирэх нь бий. Тэр үед нэг морь гурав дахин үнэтэй болдог гэнэ.

Бид ч морь унасангүй, нийтийнхээ жишгээр алхлаа. Гэхдээ морь унаж гарч ирсэн эрчүүдэд бусад нь тийм ч таатай хандахгүй байгаа нь анзаарагдсан шүү. Хүн гэдэг хаана ч явсан газраа бусдад атаархах юм даа. Бид энэ муухай зангаа болих хэрэгтэй мэт санагдсан. Хотын утаан дунд уушги нь тамхи татдаг хүнийхээс ялгаагүй болсон бид энэ өөдөө гарах гэж хэцүүхэн л юм боллоо. Бага овоон дээр гарч ирэхтээ зэрэгцэн алтан шаргал наран мандлаа. Цугларсан эрчүүд уухай хадаан алтан шаргал нарыг угтан авч, сүү, идээ будаагаа өргөн сүсэглэлээ. Нийтлэгээрээ нэг ах дүүс шиг сайхан санагдах. Гарч ирсэн хүн болгон нэгэндээ ямар нэгэн хэмжээгээр тус болчих санаатай, эвтэй сайхан байх юм. Танихгүй ч гэлээ нэгэнтэйгээ эвтэй, нөхөрсөг, тусархуу хандаж байгаа нь монгол эрийн зан биз ээ. Идээ будаагаа өргөн мөргөж залбирчихаад буцлаа. Буцах зам өгсөхөөс хэцүү аж. Амьдрал ч ялгаагүй…

Categories
мэдээ улс-төр

Б.Энхмандах: Улстөрчид мөнгөний эрх мэдлээсээ татгалзсан эрх зүйн шинэчлэлт, зохицуулалтыг яаралтай хийх хэрэгтэй

МАН-ын Нарийн бичгийн дарга асан, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин, доктор Балдангийн Энхмандахтай ярилцлаа.


– ҮҮНИЙГ ШИЙДЭЖ ЧАДВАЛ ШУДАРГА ЁС ТОГТЛОО Л ГЭСЭН ҮГ –


-Сар шинийн босгон дээр тантай ярилцаж байна. Улиран одож буй жил таны хувьд болон улс орны хувьд ямархуу жил болж өнгөрөв. Мэдээж цар тахал гээд хүндхэн он цаг нэгээр дуусч байна шүү дээ?

-Сар шинийн баяр ойртож, хүн бүр, айл өрх төдийгүй байгууллага, хамт олон, улс орны хэмжээнд үхэр жилийнхээ ажил үйлсийг дүгнэн цэгнэж байгаа байх. Миний хувьд олонхын жишгээр халдвар “хүртсэн” ч хурдан эдгэрч, гэр бүлээрээ энх мэнд, үр хүүхдүүдийн маань эрдэм номын болон эрхэлсэн ажлууд амжилттай сайхан жил улирч байна. Үхэр жилд төр, засаг маань хоёулаа шинэ тутам бүрэлдсэн нь улс орны хувьд хамгийн онцлох үйл явдал болов. Үндсэн хуулийн шинэ нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчөө зургаан жилийн хугацаагаар сонгож, Монголын ууган улс төрийн нам болон Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн ой тохиож, эрх баригч МАН-ын шинэ дарга Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдлоо. Энэ бүхнээс үндэслэн үхэр жил Монголын улс төрийн амьдралд томоохон өөрчлөлтийг авчирсан жил боллоо гэж хэлж болно.

-Та Ардчилсан хувьсгал эхэлсэн он жилүүдэд одоогийн МАН-ыг МАХН нэртэй байхад нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн. Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал болон нийгэм эдийн засгийн байдал бас ч амаргүй байсан гэдэг…

-Цаг үе бүхэн улс төрийн намуудын өмнө өөр өөрийн онцлогтой зорилт, бодлогын шийдлийг тулган тавьж байдаг. 1990-ээд он бол улс орон маань чөлөөт зах зээл, ардчилалд шилжсэн шилжилтийн эхлэл, өрнөлтийн он жилүүд байж, хүндрэл бэрхшээлийг туулж байсан цаг. МАН-ын улс төрийн амьдрал ч мөн буцалж, шинэчлэлт, өөрчлөлт өрнөж байв. МАН-ын түүхийн нэгэн сонирхолтой үед Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Даш-Ёндонгийн удирдлагад Нарийн бичгийн даргаар ажиллах завшаан тохиосон. Энэ цаг үед “МАХН” гэдэг бол хуучны байгууллага, “хөгшчүүдийн нам” гэдэг ойлголт түгээмэл байсан учир ардчилалтай дөнгөж танилцаж эхэлсэн залуу үеийнхний дунд МАХН-аас зай барьсан хандлага ноёлж байлаа. Иймээс намын өмнө тулгарч байсан нэг том сорилт бол намын гишүүдийн эгнээг залуужуулах, дэмжигчдийн хүрээг залуучуудаар өргөжүүлэх явдал байв. Тиймээс залуучуудын хүсэл сонирхол, эрх ашиг, тэдний нас биений онцлогт тохирч, нийцсэн улс төр, сурталчилгааны ажлыг зохион байгуулах нь бидний цаг үеийн тулгамдсан зорилт байлаа шүү дээ. Нарийн бичгийн даргын хувиар МАН-ын төлөвшил, хөгжилд оруулсан өөр нэг өчүүхэн хувь нэмэр бол онол, үзэл суртал, сэтгэлгээний эрэл хайгуулд оролцож байсан явдал. Марксизм-ленинизмийн ангич, намч байр сууринаас бүр мөсөн татгалзаж, үндэсний ардчилсан үзлийг дэвшүүлэн гаргаж тавьсан нь Монголын нийгмийн ардчилсан өөрчлөлтийг сөргөлдөөн, хүчирхийлэлийн аргаар бус, тайван замаар шийдвэрлэх улс төрийн таатай нөхцөлийг бүрдүүлж чадсанд хөгжлийн энэ шатан дахь МАН-ын үзэл баримтлалын шинэчлэлтийн түүхэн онцлог оршиж байсан. Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Даш-Ёндон “Төв ёсны үзэл”-ийг боловсруулж гарч ирсэн нь 1990-ээд оны Монголын улс төрийн нөхцөл байдал нэн ээдрээ, түвэгтэй болж эхэлсэнтэй шууд холбоотой гэж би боддог. Тэрээр Монголын нийгэм үзэл баримтлалын хуваагдалд орсон “хоёр туйлт энэ нөхцөлд аль аль талыг туйлшралд хүргэж үл болно” гэсэн оюун дүгнэлтэд хүрч, хоёр туйлшралын дундуур монголчууд бид бие биенээ ойлгох учиртай хэмээн эргэцүүлж “Төв ёсны үзэл”-ээ гаргаж тавьсан юм. Ээдрээ түвэгтэй нөхцөлд улс төрийн ууган намын үзэл баримтлалыг шинэчилж, онолын сэтгэлгээг хөгжүүлж, “Төв ёсны үзэл”-ийн дагуу арга, билгийн тогтолцоогоор үндэсний үзэл болон ардчилсан үзэл хоорондын улс төрийн шүтэн барилдлагааг хангаж чадсанаараа учирч болох хүчирхийллийн эрсдэлээс Монголын нийгмийг сэргийлж, нийгмийн нэгдлийг хангаж чадсан. Энэ бол мартаж болохгүй түүх.

-Их сонирхолтой түүх байна…

-Монголын улс төр, нийгмийн онолын сэтгэлгээний тод төлөөлөгч Б.Даш-Ёндонгийн удирдлага дор ажиллаж, шүүмжлэл, дайралтуудыг сөрөн “Төв ёсны үзэл”-ийг сурталчилж, намын гишүүд төдийгүй, нийт иргэд, сонгогчдод ухуулан таниулах ажлыг гардан хэрэгжүүлж байснаараа би хэзээ ч ичиж, зовдоггүй. Харин ч бахархаж явдаг.

-Голлох улс төрийн хүчний гал тогоог хариуцан ажиллаж байсан хүний хувьд өнөөгийн улс төрийн намууд болон нийгэм, эдийн засгийн хөгжлийн онцлог байдлын талаар ярихгүй юу?

-Нийгмийн үнэт зүйлс алдагдаж, эдийн засаг, нийгэм, улс төрийн хагарал, зөрчил хурцдаж, сошиал мэдээллийн эмх замбраагүй ертөнцөд хүмүүс төөрөлдөж байгаа өнөө цаг үед сэтгэлгээгээ эмхлэн цэгцэлж, үндэсний ухамсар, үнэт зүйлийг сэргээж, монгол хүний үнэлэмж, үнэ цэнийг өсгөж, итгэл үнэмшлийг бий болгож, төлөвшүүлэхэд “Төв ёсны үзэл”-ийн ач холбогдол өнөөдөр ч өндөр хэвээрээ байна.

Нийгэм хараал зүхэл, гүтгэлэг доромжлол, өс хонзон, үзэн ядалт, хов жив, хуурмаг явдал, сувдаг шунахайн сэтгэхүйгээр дүүрсэн өнөөгийн ээдрээт нөхцөлд хүмүүсийн хооронд эд хөрөнгө, ахуй, амьдралын зааг, ялгаа гарсан байгааг, улс төрийн намууд болон эдийн засаг, улс төрийн бүлэглэлүүдийн хоорондын эвлэршгүй зөрчил, ухаангүй өрсөлдөөн, дайсагналыг хүчирхийлэл, дарангуйллын замаар шийдвэрлэхээс зайлсхийхийг, нийгмийн эв нэгдлийг ардчилсан замаар шийдэх аргыг эн тэргүүн улс төрийн намууд эрж хайхсан.

-Төв ёсны үзэл гэхээр их хуучинсаг сонсогдож байна шүү?

-Нэгдлийн гүн ухаан болох “Төв ёсны үзэл” нь улс төрийн нэг намын үзэл суртлын хувьд бус нийгмийн оюун санааны үнэт зүйлийн хувиар өнөө цаг үед нийгмийн хурц зөрчлийг арилгах, монголчуудын эв нэгдлийг хангахад тус дэм болох учиртай.Үеэ өнгөрөөсөн мэт сонсогдож болох хэдий ч үүнийг хэлэхгүй өнгөрмөөргүй байна. Улс төрийн намуудын нэгдмэл ойлголт, хамтаар хүлээн зөвшөөрсөн байр сууриар монголчуудын эв нэгдлийг бий болгох нь Монгол орны хөгжлийн өнөөгийн шатны улс төрийн гол зорилт болж байна гэж ойлгож болно. Улс төрийн энэ зорилтыг хэрэгжүүлж эхлүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулиар хүлээсэн үүргийн дагуу онцгой анхаараасай гэж бодож явдаг.

-Улс төрийн намууд өнөөгийн нөхцөлд хэрхэн ажиллаж байж улс орны хөгжил дэвшлийг хангах юм бэ?

-Ер нь улс төр судлалын шинжлэх ухааны үүднээс улс төрийн намын нийгэмд гүйцэтгэх үүргийг үзэл суртлын, ашиг, сонирхлыг нэгтгэх, улс төрийн удирдагчдыг бэлтгэх, улс төр зохион байгуулалтын, сонгуулийн гэх мэт ангилан авч үздэг. Орчин цагт улс төрийн намуудын эдгээр үүрэгт өөрчлөлт орж байгаа нь гадаад улс орнуудын туршлагаас ажиглагдаж байна. Тухайлбал, намын үзэл суртлын болон ашиг, сонирхлыг нэгтгэх, улс төрийн зохион байгуулалтын үүрэг хумигдаж, энэ үүргийг ашиг, сонирхлын бүлгүүд болон ТББ гүйцэтгэх үзэгдэл нэмэгдэж байна. Харин улс төрийн удирдагчдыг бэлтгэх, төрүүлэн гаргах болон сонгуульд оролцоход улс төрийн намуудын гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэх хандлагатай болж байна гэж судлаачид бичиж дүгнэж байгаа. Манайд ч гэсэн энэ хандлага сүүлийн үед ажиглагдаж байна. Тухайлбал, намынхаа онол, үзэл суртал, улс төрийн зохион байгуулалтын ажлуудыг судалгааны төв, тинк танк болон намын дэргэдэх олон нийтийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх нь хэвийн үзэгдэл болж байна. Ялангуяа улс төрийн намын төлөвшлийг баттай олсон бараг цорын ганц улс төрийн хүчний хувьд өнөөгийн эрх баригч МАН-ын удирдлагын хувьд сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах, парламентын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, Засгийн эрхийг амжилттай хэрэгжүүлэхэд илүүтэй анхаарч ажиллах болсон гэж хэлмээр байна.

Харамсалтай нь Монголын улс төрийн тогтолцоо “МАН, АН ба бусад” гэсэн хэлбэрээс “МАН ба бусад” гэсэн олон намын тогтолцооны маш эмзэг хэлбэртэй болж хувирч байна. Иймд АН болон улс төрийн бусад намд төлөвших, боловсрох асуудал чухал зорилт хэвээр байсаар л байна даа.

-Саяхан МАН их хурлаа хийж, “Шинэ сэргэлтийн бодлого” гэдгийг гарган ирлээ. Үүгээрээ ирэх зуун жилд эдийн засгийн тусгаар тогтнолоо олж авна гэж ярьж байна.Үүн шиг тухайн үеийн МАХН-ын бодлого, зорилго юу байв.Түүндээ хүрч чадсан уу?

-XXI зуунд МАН-ын өмнө улс төрийн өргөн далайцтай зорилт зогсож байна. Энэ бол шударга ёс, эрх тэгш байдал жинхэнэ утгаар ноёрхсон чинээлэг дундчуудын нийгмийг цогцлоон байгуулах явдал. МАН үүнийг бүхэлд нь “Шинэ сэргэлтийн бодлого” гэж томьёолон тавьж байна гэж ойлгодог. Үүний тулд авлигыг устгаж, улс төрийн эрх мэдлийг санхүү, мөнгөний эрх мэдлээс тусгаарлах, нийгмийн баялгийн хуваарилалтыг ил тод, тэгш, шударга болгох, хуулийн хэрэгжилтийн ил тод байдлыг хангах зэрэг зайлшгүй алхмуудыг эхлээд авч хэрэгжүүлэх нь чухал. Биднийг ажиллаж байх үе бол өнөөгийнхөөс тэс өөр нөхцөл байдал байсан. Монголын эдийн засаг, нийгмийн шилжилтийн үеийн гүн гүнзгий хямралыг дагаад улс төрийн намын амьдрал ч гэсэн хүндрэл бэрхшээлтэйгээр урагшилж байсан цаг үе. Учирч байсан зарим хүндрэл бэрхшээлийг өнөөдөр яривал зарим хүн “мөн бурж байна” гэж хэлж магадгүй л дээ. Тухайн үед манай намын байгуулсан Засгийн газрын гол зорилт бол эдийн засгийн гүн гүнзгий хямралыг аль болох хурдан хугацаанд, хохирол багатайгаар гэтлэн давах л асуудал байсан. Түүнээс биш өнөөдрийнх шиг их бүтээн байгуулалт, том хөрөнгө оруулалтыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал байх нөхцөлгүй байлаа. Монголын эдийн засаг өнөөдрийнх шиг 20-30 их наяд төгрөг биш, хэдэн зуухан тэрбум төгрөгт л эргэлдэж байлаа шүү дээ. Гэхдээ П.Жасрай гуайн Засгийн газар тухайн цаг үедээ хямралыг хохирол багатай давж, өнөөгийн эдийн засгийн сэргэлтийн үндсийг тавьж чадсан гэж би боддог.

-Таныг нам улс төрийн ажил хийж байх үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан болон одоо хашиж байгаа улс төрчид бүгд л шинэхэн улстөрчид байсан биз. Тухайбал, Н.Энхбаяр, М.Энхболд, У.Хүрэлсүх гээд.Намынхаа ахмад гишүүний хувьд, туршлагатай улстөрчийн хувьд залуу намын гишүүдэд хандаж юуг захиж хэлмээр санагддаг вэ?

-Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй. Улс орон хөгжихийн хэрээр улс төрийн нам төдийгүй хувь хүний өмнө тавигдах үүрэг, зорилт өөрчлөгдөж байдаг нь жам ёсны хэрэг.Тиймээс цаг үе бүхэн тухайн үеийнхээ үүрэг, зорилтыг хэрэгжүүлэх улстөрчийг, удирдагчийг төрүүлдэг.Намын удирдлага ч адилхан. Миний тооцоолсноор МАН-д 1990 оноос хойш удирдлагын зургаа дахь үе идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж эхлэж байна. Зургаа дахь үеийнхэн бол XXI зууны Монголын өнөөгийн гажуудсан нийгмийн дүр төрхийг өөрчлөх шинэчлэгчид гэж би ойлгож байгаа. Миний хувьд МАН-ын улстөрч, удирдагчийнх нь хувьд гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэхэд залуучууддаа тус дэм болж явсан нь үнэн. Тэр үеийнхэн Н.Энхбаяр, М.Энхболд, У.Хүрэлсүх нарын намыг удирдаж байсан үе төгсөж, харин тэдний бэлтгэсэн шинэ үеийнхэн удирдлагад гарч ирээд байна шүү дээ.Тэсэхгүй тэдэндээ хааяа хатуухан үг дайж орхидог л юм. Гомддоггүй л юм шиг байна лээ. Тэгэхээр би маш эртний “динозаврын эриний хүн” болж таарч байгаа биз дээ (инээв). Өнөөгийн залуучууд сонсъё гэвэл үгүй гэхгүй ээ. Нөгөө талаас, МАН бол ахмад, дунд, залуу гурван үеийн хэлхээн дээр тогтож ирсэн улс төрийн хүчин гэдгийг ямагт санаж явах учиртай. Бага хурал, Удирдах зөвлөлөө бүрэлдүүлэхдээ үе тэнгийнхэн, найз нөхөд гэхээсээ илүүтэй эрдэм мэдлэгийг, туршлагыг харах зарчмыг эн тэргүүн анхаарч, хэрэгжүүлмээр санагддаг. Монголын улс төрийн нөлөө бүхий хүчин болох АН маань удирдлагын үе солигдох үйл явцын тал дээр нэг л учраа олохгүй, өрсөлдөгчөөсөө хоцроод яваад байна. Үүнээсээ болоод парламентын дотор болон гадна хүчтэй сөрөг хүчин үгүйлэгдэж, нийгмийн ерөнхий төлөвшилд ч хохиролтой байсаар байна шүү дээ.

-Та сөрөг хүчний талаар ярилаа. Өнөөдөрхөн баатар байсан хүн маргааш нь шоронд байх жишээ их л байна. Тэр дундаа улстөрчид…

-Улс төр тоглоом биш. “Улс төрөөр чи оролдохгүй бол улс төр чамаар оролдоно” гэдэг үг ч бий. Тиймээс зөвхөн Монголд биш, дэлхий дээр хаана ч улс төр гэдэг бол хамгийн “бохир” мэргэжил байдаг. Улстөрч гэдэг эрх мэдэл, мөнгөнд хамгийн ойр “мэргэжил” учраас эдгээрийг зааглах асуудал ардчиллын хамгийн эмзэг бөгөөд нарийн асуудлын нэг байсаар ирсэн. Үүнийг шийдэж чадвал шударга ёс тогтлоо л гэсэн үг.

-Тэгээд үүнийг шийдэж чадсан улс байх юм уу?

-Үүнийг шийдэж чадаж байгаа улс орон дэлхий дээр бас цөөн. Миний олж судалснаар Умардын орнууд буюу Швед, Норвеги, Дани, Финланд, Исланд улсуудад парламент, улс төрийн намын үйл ажиллагааг санхүү, мөнгөний эрх мэдлээс холдуулан тусгаарлах эрх зүйн зохицуулалтыг улс төрийн бүх намынхаа оролцоотой нийтлэг эрх ашгийн тохиролцоогоор шийдэж чадсан байдаг. Ингэж нийгмийн баялгийн хуваарилалтад эрх мэдэлтнүүдийн оролцоог хамгийн бага хэмжээнд барьж чадаж байгаа учраас Умардын орнуудад улстөрчид шоронд орох нь ховор гэж хэлж болно. Норвегийн ерөнхий сайдын албыг найман жил хашсан, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Енс Столтенберг “Бид баян болохоосоо өмнө шударга ёсыг тогтоосон байлаа” гэж хэлж байсныг би байнга хэлэх дуртай. Харин манайд шударга ёсыг тогтоож амжаагүй учраас улстөрчид нь эрх мэдлээ ашиглан, мөнгө хөрөнгөтэй орооцолдох нь хэвийн үзэгдэл байсаар байна.Төсвийн хуваарилалтаас эхлээд ЖДҮ, ХААДС, НДС, банк гээд манай УИХ-ын гишүүд, улстөрчдийн оролцоогүй асуудал гэж алга болоод байна. Нөгөө талаар энэ байдал нь өөрөө улс төрийн ашиг хонжоо хайж, нэг нь нэгнийгээ гүтгэх, хэлмэгдүүлэх хөрс нь болж байдаг. Ямар сайндаа “Хүн нь байвал хэрэг нь олдоно” гэдэг яриа Монголд газар авсан байхав дээ. Тиймээс улстөрч, эрх мэдэлтнүүдэд итгэх итгэл үндсэндээ алдарчихаад байна. Ямар нэг бүтээн байгуулалт хийлээ гэхэд л хэн яаж идэж байгаа бол гэдэг хардлага сэрдлэг гарч, улмаар хэрэг мөрдлөг, шүүх, шорон дагалддаг болж. Баатар гэснээс Э.Бат-Үүлийн хувьд арван жилийн сурагч, МУИС-ийн оюутан ахуй цагаас нь мэдэх юм. Ямар ч байсан “Намаа бодоод улс орноо худалдах улстөрч биш” гэж би боддог доо. Үнэн мөнийг нь хуулийн байгууллага тогтоох биш.

-Эрх барьсан нам нь нөгөө намынхаа лидерүүдийг ганц нэгээр нь дээл нөмрүүлээд байна уу, эсвэл үнэхээр хэрэг хийсэн учраас үүрэх ёстой ялаа эдлээд байна уу?

-Энд аль нэг намыг буруутгах аргагүй. Улстөрч та мөнгөтэй хэт ойр байгаа учраас ардчилсан нийгэмд таныг хардах эрх хэнд ч байдаг. Байнга хардуулж, шалгуулж зовохгүйн тулд манай улстөрчид, ялангуяа УИХ-ын гишүүд тойргийн дөрвөн тэрбум төгрөгөө төсвөөс хасахаас эхлээд мөнгөний эрх мэдлээсээ бүрмөсөн татгалзсан эрх зүйн шинэчлэлт зохицуулалтыг яаралтай хийх хэрэгтэй. Тиймээс нэг нам нь нөгөө намынхаа хэн нэгийгээ хийгээд байгаа гэхээсээ илүүтэй авлигад өртөх, өртүүлэх нөхцөлийг бий болгоод байгаа шалтгааныг нь тухайлбал, улс төрийн эрх мэдэл, мөнгөний эрх мэдлийг эн тэргүүн тусгаарлах нь шударга ёсонд нийцнэ. Өнөөгийн нийгмийн хамгийн хурц зөрчлийн энэ шалтгааныг арилгаж, жинхэнэ шударга ёсны үндэс болгохуйц эрх зүйн шинэчлэлтийг хийж, улс төрийн эрүүл хандлага бий болгох асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч анхааралдаа авах биз.

-Та ер нь Монгол Улсын шүүх, хуулийн байгууллагуудын үйл ажиллагаанд хэр сэтгэл нийцтэй, итгэлтэй явдаг вэ. Тэд үнэхээр хуулийн дагуу ажиллаж байна уу.Эсвэл хэн нэгэн улстөрч, улс төрийн намын захиалгаар ажиллаж байна уу?

Шүүх, хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг үнэлж дүгнэдэг хүн нь бий биш л дээ. Шүүхийн хараат бус байдлыг хангах эрх зүйн шинэчлэлт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийгдэж эхэлсэн гэж ойлгож явдаг иргэдийн нэг. Хэрэгжүүлэхэд бас цаг хугацаа шаардагдаж байгаа болов уу. Нийгмийн амьдралын бүхий л салбарт шударга ёс төлөвших Монголын ирээдүйд би итгэдэг. Үүнд эн тэргүүн шүүх, хуулийн байгууллагынхны үүрэг чухал байх нь дамжиггүй.

-Та олон сонгуулийн нүүрийг үзсэн хүн. Ер нь энэ сонгуулийн тогтолцоог дахин харж үзэх ёстой юу. УИХ-ын гишүүн бүх ард түмний элч гэдэг атлаа тухайн сонгогдсон тойрогтоо л ажиллаад байх шиг. Сонгуулийн системээс урган гарч ирж байгаа сөрөг зүйлүүд таныхаар юу байна вэ?

-Судлаач эрдэмтэн хүний хувьд улс төрийн сонгуулийн тогтолцооны талаар чамгүй л ярьж бичиж ирсэн. Намын Нарийн бичгийн дарга байсан үеэсээ эхлээд жижгэрүүлсэн мажоритар буюу 76 тойрогтой сонгуулийн тогтолцооны сул талыг шүүмжилж, сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж, намынхаа зарим гишүүдэд шүүмжлүүлж, ахмадууддаа загнуулж ч байлаа. Элчин сайд байхдаа 2011 онд Шведийн сонгуулийн тогтолцооны давуу тал, түүнээс суралцах талаар албан ёсны танилцуулга бэлтгэж, УИХ, Засгийн газар, Сонгуулийн ерөнхий хороо, парламентад суудалтай улс төрийн бүх намуудад хүртэл хүргүүлж байлаа. 2012 оноос хойш сонгууль бүрийн өмнө сонин сэтгүүл, сайтуудад УИХ-ын сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох тухай бичиж, нийтэлж ирлээ. 76 тойрогтой мажоритар тогтолцоо нь харьцангуй жижиг газар нутагтай, цөөн сонгогчидтой манай орны хувьд сонгуулийг мөнгөжүүлж, санал худалдан авах боломжийг нэмэгдүүлдэг. УИХ-ын гишүүд хууль тогтоох ажлаасаа илүүтэй тойргийнхоо сонгогчдод өгсөн амлалтад барьцаалагдаж, төсөвт мөнгө суулгахын төлөө ажиллахад хүргэдэг. Улс төрийн намуудын төлөвшилд сөрөг нөлөө ихтэй зэрэг олон дутагдалтай талыг нэрлэж болно. Ядаж л Цагаан сарын өмнө УИХ-ын гишүүд тойрогтоо “Боов тараалаа”, ”Мөнгө тараалаа” гэсэн мэдээлэл тархаж, “сонгогчдыг хахуульдаж байна” гэх шүүмжлэл тасрахгүй байна шүү дээ.

-Үндсэн хуульд саяхан нэмэлт, өөрчлөлт оруулсан. Одоо дахиад нэмэлт оруулах тухай ярьж байна. Тухайлбал, Засгийн газрын гишүүнээр УИХ-ын гишүүд ажиллах ёстой гэсэн нийгмийн нэг хэсэг хүмүүсийн байр суурь байна. Та Үндсэн хуулийн талаар болон энэ давхар дээлний асуудлаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Улс төр судлаачийн хувьд Монгол орон парламентын засаглалыг сонгон хөгжөөд 30 жил болж байгаа ч парламентын сонгодог замаас хол явж ирсэн гэж боддог. Тухайлбал, Ерөнхийлөгчийг бүх нийтийн сонгуулиар сонгож ирсэн нь төрийн өндөрлөгүүдийн хоорондын эрх мэдлийн зөрчлийг бий болгож ирсэн. Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр нар МАН-тайгаа, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар АН-тайгаа яагаад зөрчилдөөд байсан юм бол гэж бодож үзсэн үү.

-Яагаад юм бол…

-Намаас нэр дэвшсэн Ерөнхийлөгч нь эргээд намтайгаа зөрчилдөх явдал ердийн үзэгдэл болсон нь Үндсэн хуулийн асуудал. 2020 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ асуудлыг бүрэн шийдэж чадалгүй үлдээсэн. “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэж монголчууд ярьдаг. Цаашид Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болж байж парламентын сонгодог тогтолцоонд шилжих юм.

-Давхар дээлний асуудлаар таны байр суурь ямар байна вэ?

-Парламентын гишүүн Засгийн газрын гишүүн байх асуудлын тухайд гэвэл, Их Британи, Герман, Франц болон Умардын орнуудад хэвийн үзэгдэл. УИХ-ын 76 гишүүнтэй Монгол орны хувьд эрх мэдэл төвлөрч харагддаг. Тиймээс сайд болох сонирхол хүсэл гишүүн бүрд төрж, нэг сонгуулийн хугацаанд Засгийн газар 2-3 удаа солигдоход хүргэж ирсэн дутагдалтай байсан. Энэ дутагдал Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр ерөнхийдөө шийдвэрлэгдэж эхэлсэн гэж боддог. Цаашид Засгийн газрыг парламентаас бүрэлдүүдэхийн тулд УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхтэй уялдуулан шийдэх арга замыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлсэн байна билээ. Байж болох гаргалгааны нэг. Бодвол Бүх нийтийн санал асуулга явуулж байж шийдэх биз. Гэхдээ УИХ-ын гишүүдийн нэр хүнд ихээхэн унасан энэ үед олон түмэн дэмжих нь юу л бол. Бодолцох л хэрэгтэй.

-Үе үеийн Засгийн газарт давуу болон сул талууд байдаг. Энэ удаагийн Засгийн газрын давуу болон сул талуудыг та хэрхэн харж байна?

-Монгол Улсын урт хугацааны бодлогын “Алсын хараа-2050” баримт бичиг дээр тулгуурлан чинээлэг дундчуудын нийгмийг байгуулах зорилтоос үүдэлтэйгээр Засгийн газар үйл ажиллагааны бодлогоо энэ удаа нэлээд үндэслэлтэй боловсруулсан санагдсан. Нөгөө талаар Засгийн газрын гишүүдээ парламентын гаднаас аль болох боловсролтой, шинэлэг, зоригтой мэргэжлийн залуу боловсон хүчнийг сонгон дэвшүүлэх замаар бүрэлдүүлэхийг зорьсон санагддаг. Ерөнхий сайдын УИХ-аас хамаарах хамаарлыг багасгаж, төсвийн болон бусад эрх мэдлийг боломжийн хэмжээнд бэхжүүлж чадсан нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийгдсэн гол ололт. Тиймээс 1990 оноос хойших Ерөнхий сайд нарт байгаагүй давуу тал энэ Засгийн газарт бий болсон. Сул талын хувьд ажлын дадлага туршлага дутагдах, асуудалд хэт түрэгдэх, түүнээсээ болоод Засгийн газрын салбар, мэргэжлийн шийдэл, шийдвэр эргэж буцах байдал ажиглагдаж байгаа. Цаашид үүнийгээ засах хэрэгтэй.

-Та бол дипломат албанд зөвлөх, элчин сайд, улмаар дэд сайдаар ажиллаж байсан хүн. “Монгол Улсын гадаад бодлого алдагдлаа” гэж зарим хүмүүс яриад байгаа. Үүнтэй санал нийлж байна уу. Ер нь гадаад бодлого гэж ямар байх ёстой юм бэ?

-Монголчууд бид бусад улс орнуудтай харилцаж, элч төлөөлөгч томилж ирсэн гадаад харилцааны олон мянган жилийн түүхтэй орон. Өнгөрч буй үхэр жилд Монгол Улсын орчин цагийн гадаад харилцаа үүсч, ГХЯ байгуулагдан хөгжсөний 110 жилийн ойн баяр тохиосон. Монгол Улсын Үндсэн хууль болон “Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал”, “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал” зэрэг баримт бичгүүдэд тусгагдсан гадаад бодлогын номлолд ямар нэг өөрчлөлт ороогүй, бодлогын ноцтой алдаа гараагүй, Монгол Улсын Алтан аргамж тасраагүй гэж би дипломатч явсан хүний хувьд бодож явдаг. Монгол Улсаа төлөөлөн гадаад орнуудад суух Элчин сайд нар болон дипломат ажилтнуудын зарим нэг тодорхой томилгоотой холбоотойгоор иймэрхүү шүүмжлэл гарч байгааг ойлгож байна. Би ч өөрөө шүүмжилдэг хүмүүсийн нэг. Гэхдээ энэ нь гадаад харилцааны салбарын бодлого бүхэлдээ алдагдсан мэтээр ярих үндэслэл болох учиргүй.

-Нөгөөтэйгүүр бид дотооддоо асуудлаа шийдээд явъя гэхээр аль нэг улсын эрх ашгийг хараад байх шиг. Тухайлбал, Эгийн голын УСЦ-ийг бие даагаад шийдчихэж чадахгүй л байх шиг байна шүү дээ.Оросын талын байр суурийг сонсох л ёстой болохоос дагах ёсгүй гэж ойлгох юм… Бид эрчим хүч, томоохон үйлдвэрүүдийг барьж ашиглалтад оруулж байж л сая нэг улс шиг улс болох юм биш үү?

-Аль нэг улсын эрх ашгийг хараад гэхээсээ илүүтэй бид монголчууд өөрсдөө дотооддоо учраа олох зүйл их байгаа санагддаг. Аливаа алдаа, бүтэлгүйтлийн шалтгааныг эхлээд өөрсдөөсөө хайж сурах хэрэгтэй. Миний хувьд Байгаль орчны дэд сайдаар ажиллаж байхдаа ОХУ болон БНХАУ-тай байгуулсан “Хилийн усны хэлэлцээр”-ийн Монголын талын Даргын албыг хашиж байсны хувьд монголчууд хил дамжин урсан гарч буй гол, мөрний усыг ашиглах нь манай орны дотоодын асуудал гэдгийг мэдэж байна. Тиймээс хоёр улсын болон олон улсын маргаан мэт дэвэргэх шаардлагагүй. Өнөө цагт манайд ч тэр, гадаадад ч тэр байгаль хамгаалах хөдөлгөөн нэрээр үйл ажиллагаа явуулдаг ТББ олширч, тэднийг гадаад, дотоодын давхар ашиг сонирхолтойгоор хөдөлгөх байдал ажиглагдах болсон. Ер нь бол Эгийн голын УЦС-ийн ТЭЗҮ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ цөм хийгдсэн гэдэг. Гагцхүү эдгээрийг түншүүддээ зөв ойлгуулж, тулж ажиллах шаарлагатай. Гадаад харилцааны яриа хэлэлцээний механизмыг сайтар ашиглаж, аливаа асуулт, эсэргүүцэлд мэргэжлийн, үндэслэл, гаргалгаа сайтай хариулт өгч чадвал хөрш орнуудтай харилцан ойлголцохгүй асуудал байхгүй гэж боддог.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхий сайд асан Д.Содном: Шинээр байгуулагдаж байгаа эдийн засаг, хөгжлийн яамны сайдыг УИХ-ын гишүүдээс томилж болохгүй

Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содномтой ярилцлаа.


-УИХ, ЗГ-ЫН ГИШҮҮН ХЭМЭЭХ ӨНДӨР АЛБЫГ ОРОНЦОГЛОХ БИШ, ЖИНХЭНЭ ЁСООР ХАРИУЦАЖ ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАХЫГ ЭРХЭМЛЭДЭГ ХҮН ДАВХАР ДЭЭЛ ГЭГЧЭЭС ХОЛ БАЙХ ЁСТОЙ –


-Улиран одож буй үхэр жилд таны хувьд болон улс орны нийгэм эдийн засаг, улс төрийн бодлого үйл ажиллагаа хэрхэн явагдаж өнгөрөв?

-Сүүлийн хоёр жил дэлхийн бараг бүх улсад эдийн засаг нь өсөлтгүй, юмны үнэ инфляци өссөн, иргэдийн амьдрал хүндэрсэн жилүүд байлаа. Манай улс мөн тийм зовлонг туулж байна. Цар тахлын халдвар хэзээ арилж хэвийн амьдралд шилжихийг таах аргагүй.

-Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ хэмээх залуу энэ хүндрэлтэй үед зөв бодлогоор ажиллаж чадаж байна уу?

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуу, туршлага бага боловч Монгол Улсаа гэсэн сэтгэлтэй, ажилч хичээнгүй хүн. Энэ хүндрэлтэй үед тулгараад байгаа эдийн засаг нийгмийн тулгамдсан асуудлуудыг зөв бодлогоор шийдэж, улсдаа байгаа нөөц бололцоог ашиглан ажиллаж чадаж байгаа Засгийн газрын тэргүүн гэж үздэг. Цар тахлын халдвараас хэсэг хугацаанд хамгаалах арга хэмжээг амжилттай зохион байгуулсан, аргагүйн эрхэнд халдвар тархаж эхлэх үед бизнес, хөдөлмөр эрхлэлтэд саад болох хөл хорионы дэглэмийг сулруулж, вакцинжуулалтыг өргөн хэмжээгээр зохион байгууллаа. Манай улс вакцинжуулалтад иргэдээ бүрэн хамруулж чадсан цөөн улсын нэг байх шүү. Засгийн газар маань цар тахлын уршгаар ард иргэдээ хэт ядуурлын аюулд нэрвэгдэхээс хамгаалахын тулд нийгмийн халамжийн арга хэмжээг эрс нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагад тулгарсан. Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тоо 2020 онд 2.6 саяд хүрч 2016 онд байснаас 2.5 дахин нэмэгдсэн, Халамжийн үйлчилгээнд олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтүүдийн хэмжээ 2016 онд байснаас зургаа дахин өссөн байна. Энэ бол 2020 оноор гараад байгаа статистикийн мэдээ, 2021 оны мэдээ гарах үед дурдсанаас илүү өсөлт гарах байх. Одоо халамжийн бодлогоос хөдөлмөр эрхлэлтийн бодлогод шилжих тухай, нийгэм эдийн засгийн хөгжлийн суурь нөхцөлийн чухал ач холбогдолтой асуудлын тухай ярьж байгаа. Энэ зөв чухал бодлого амжилттай хэрэгжих эсэх нь Монгол Улсын эдийн засгийн тамир тэнхээг өсгөх, ажлын байрыг өргөтгөж иргэдийнхээ хөдөлмөрийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэхээс хамаарах болно.

-Эрх баригч намаас Шинэ сэргэлтийн бодлого гэж гаргаж ирсэн. Хэр үр дүнтэй бодлого вэ?

-Шийдэх шаардлагатай гол асуудлуудаа зургаан хэсэгт хувааж, 20 том төсөл болгон боловсруулж байгаа юм билээ. Засгийн газрын энэ санаачилга нь Монгол Улсын үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэх, дунд хугацааны тодорхой төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх шинэ чухал ажлын эхлэл болж байгаа учраас би талархан дэмжиж буйгаа Ерөнхий сайд болон УИХ-ын даргад бичиж өгсөн. Төлөвлөгөө төслийг нарийвчлан боловсруулж УИХ-аар батлуулах ажил 2022 оны эхний хагаст үргэлжлэх байх. Шинэ сэргэлтийн бодлого төлөвлөгөөний төслөө дараах арга хэлбэрээр эцэслэн боловсруулбал үр өгөөжтэй болно гэсэн санал бичсэн. Тухайлбал, Монгол Улсын үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэх 2022-2032 оны Үндсэн чиглэл, 2022-2026 оны таван жилийн төлөвлөгөө болгон боловсруулж, тэдгээрт шинэ сэргэлтийн бодлогоор хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төслүүдээ он оны хуваарьтай тусгах. Төсөл, арга хэмжээ нэг бүрээр техник эдийн засгийн үндэслэл боловсруулж, зөвхөн эдийн засгийн өндөр үр ашигтай нь баталгаажсан хэсгийг Үндсэн чиглэл, таван жилийн төлөвлөгөөнд тусган УИХ-аар батлуулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах. Үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэх 2022-2026 оны таван жилийн төлөвлөгөөнд мал аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх. Мөн Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдийг сумдад, эхний ээлжинд 100 суманд байгуулах, ямааны ноолуур сарлагийн хөөврийг бүрэн боловсруулж зуун хувь ноолууран утас үйлдвэрлэдэг болох, улмаар нэхмэл, сүлжмэл эдлэл болгон экспортод гаргадаг болох. Хорин саяас доошгүй арьс ширийг хамгийн орчин үеийн технологиор боловсруулах үйлдвэртэй болох төсөл, арга хэмжээг нэмж тусгах санал өгөөд байна.

-Засгийн газрын бүтэц, орон тоо нэмэгдлээ. Энэ цаг үед яг хэрэгтэй яам байгуулагдав уу?

-Миний бодлоор Засгийн газарт яг энэ цаг үед маш чухал шааардагдаж байдаг хоёр яам байгуулагдлаа гэж харж байна. Түүний нэг нь Эдийн засаг, хөгжлийн яам. Дэлхийн бүх улс эдийн засаг, нийгмээ хөгжүүлэх бодлого төлөвлөгөөтөй, түүнийг хариуцсан яам газартай байдаг. Гэтэл манай улсын Засгийн газар 1990 оноос хойших гучин жилд улс нийгмээ ямар бодлого төлөвлөгөөгөөр хөгжүүлэх асуудлыг боловсруулдаг яамгүй, нэг удаа байгуулсан яамыг ажиллуулж чадаагүй. Өнгөрсөн онуудад Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нэртэй баримт бичгүүдийг УИХ гурван удаа баталж байсан боловч, эхнийх нь хугацаа 2020 онд дууссан боловч хэрэгжээгүй. Хоёр дахийн хугацаа 2030 онд дуусах боловч хэрэгжилт маш хангалтгүй, гурав дахь “ Алсын хараа 2050” нэртэй баримт бичгийн төсөл боловсрогдож байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улс урт хугацаанд баримтлах хөгжлийн бодлоготой болоогүй байгаа. Хөгжлийн бодлого гэдэг бол маш хариуцлагатай, хариуцсан эзэн, яам газартай байхад бүтдэг ажил. Гэтэл дээр дурдсан гурван удаагийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлал хэмээх баримт бичгүүдийн төслийг хөгжлийн бодлого төлөвлөлтийн ажлын мэдлэг, туршлагагүй, боловсруулсан баримт бичгийнхээ хэрэгжилт, зөв буруугаар ямар ч хариуцлага хүлээхгүй, алдар нэр мөнгө шагналын сонирхолтой эрдэмтэн нэртэй зарим хүний удирдлагаар боловсруулсан байдаг. Эдийн засаг, нийгмийн хөгжлөөр зорилт болгосон тоо түвшинг хангах үндэслэл тооцоотой тодорхой төсөл боловсруулдаггүй байсан явдал олон удаагийн үзэл баримтлал хэрэгжээгүйн шалтгаан. Ийм гажуудлыг арилгаж Монгол Улсыг хөгжлийн урт хугацааны ухаалаг бодлогоор, дунд болон богино хугацааны төлөвлөгөөтэй хөгжүүлэхийн тулд шийдэх ёстой тулгамдсан чухал асуудал бол Засгийн газарт энэ ажлыг хариуцсан яамтай болох асуудал байсан. Хөрш ОХУ-д Эдийн засгийн яам, БНХАУ-д Хөгжил шинэтгэлийн хороо гэж байдаг бөгөөд харьяандаа хүчирхэг эрдэм шинжилгээний байгууллагатай. Шинээр байгуулагдаж байгаа Эдийн засаг, хөгжлийн яам юуны өмнө дараах гурван ажилд анхаарал төвлөрүүлбэл зүйтэй.

-Ямар гурван ажилд гэж…

-Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 он болон Алсын хараа-2050 хэмээх үзэл баримтлалын төслийг шинэчилж боловсруулах, “Шинэ сэргэлтийн бодлого “ төслийг үндэс болгож Монгол Улсын үйлдвэрлэх хүчнийг ойрын арван жилд хөгжүүлэх үндсэн чиглэл болон Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2022-2026 оны таван жилд хөгжүүлэх төлөвлөгөөний төслийг боловсруулах. XXI зуунд бусад улс орнуудтай зэрэгцэж амьдрахад мэдээллийн технологийн хөгжлөөр хоцрогдоогүй байх зайлшгүй шаардлагаар Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулж байгаа нь зөв юм.

-Үндсэн хуулиа дахиад өөрчлөх тухай яригдаж байна. Давхар дээлийн тоог нэмэгдүүлье гэж байна. Таны хувьд энэ асуудлаар ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж давхар дээлийн тоог нэмэх санал байгаа бол би буруу гэж үзэж байна. Ер нь давхар дээл буюу УИХ-ын гишүүн болон Засгийн газрын гишүүний албыг нэг хүн хавсран хашихыг нэмэх биш, харин цөөлөх хэрэгтэй гэж үздэг. УИХ-ын гишүүн болон Засгийн газрын гишүүн хэмээх өндөр хариуцлагатай ажил үүргийг оронцоглох биш, жинхэнэ ёсоор хариуцаж үр бүтээлтэй ажиллахыг эрхэмлэдэг хүн давхар дээл гэгчээс хол байх ёстой. УИХ-ын гишүүн хүн долоо хоногийн ажлын 2-3 өдөрт заавал чуулгандаа оролцоно, бусад өдрүүдэд байнгын хорооны хуралд оролцохын зэрэгцээ хууль санаачлах, хэлэлцэх асуудал нэг бүрээр саналаа бэлтгэх, сонгогчидтойгоо уулзах зэрэг хангалттай ажилтай, зав чөлөөгүй байдаг. Тийм ачаалалтай хүн төрийн сайдын ажлыг яаж амжуулах вэ. Яамныхаа ажилтнуудтай хэзээ ажиллах вэ. Аль нэгийг нь оромцоглож таарна. Ер нь ажлын хариуцлагыг жинхэнэ утга, ач холбогдлоор нь ухамсарласан хүн давхар дээл гэгчийг зөвшөөрөхүй. Би төрийн байгууллагад 41 жил ажиллахдаа олон жил сайдын алба хашсан. Амралтын өдрүүдэд ч, өдөрт 12-14 цаг ажиллаж байж сайдын үүрэгт ажлаа амжуулахыг хичээдэг байсан. Тэр үед Ардын Их Хурлын гишүүн байсан боловч жилд нэг хоёр удаа 1-3 хоног чуулганд оролцдог байсан учраас давхар дээлэнд халууцаж байгаагүй. Шинээр байгуулагдаж байгаа эдийн засаг, хөгжлийн яамны сайдыг УИХ-ын гишүүдээс сонгон томилж болохгүй. Хэрэв УИХ-ын гишүүний үүрэг хүлээсэн хүн энэ яамны сайдаар томилогдвол Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төрийн бодлого төлөвлөгөөг боловсруулах хэрэгжүүлэх өндөр хариуцлагатай ажлыг чанартай гүйцэтгэх цаг ба биеийн хүчний бололцоогүй байх болно. Харин Эдийн засаг, хөгжлийн яамны сайд нь Ерөнхий сайдын орлогч буюу Шадар сайдын зэрэгтэй байх шаардлагатай. Шадар сайдын удирдлагад ажилладаг эдийн засаг, хөгжлийн яам байх нөхцөлд төрийн бүх яам, тусгай газар, нийслэл аймгийн удирдлага, төрийн ба хувийн хэвшлийн газруудын хөгжлийн бодлого төлөвлөгөөг уялдуулан зохицуулах, төр хувийн хэвшлийн түншлэлийг зохистой хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол Улсын ашиг сонирхлыг хангасан нөхцөлөөр татаж байх зэрэг чухал асуудлууд тус яамны хариуцлагад төвлөрөн зохистой шийдэгдэж байх болно.

-Энэ удаагийн парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх ёстой Ардчилсан нам дотроо учраа олохгүй байх шиг. Ер нь улс төрд сөрөг хүчний үүрэг оролцоо чухал уу?

-Манайд төр төвтөй гэхээс нам төвтэй засаглал байгаа мэт байдаг. Сонгуулиар ихэнхийн санал авсан улс төрийн нам УИХ, Засгийн газраа бүрдүүлдэг. Парламентаас ямар хууль шийдвэр гарах нь засгийн эрх авсан улс төрийн намын удирдлага, УИХ дахь бүлэгийн саналаас хамаардаг, Засгийн газрын Ерөнхий сайд нь эрх авсан улс төрийн намын дарга байдаг. Ийм нөхцөлд засгийн эрх асан улс төрийн намын гаргаж байгаа шийдвэр, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ алдаагүй, улс нийгмийн ашиг сонирхолд нийцэж байгаа эсэхийг соргог хянаж алдааг засуулж байх үүрэгтэй сөрөг хүчин болж байгаа улс төрийн нам байх нь маш чухал. Тийм учраас би ардчилсан намыг дотроо учраа олоосой, намын нь удирдлага, УИХ дахь намын бүлэг нь ялихгүй жижиг асуудлаар биш улс нийгмийн хөгжлийн бодлого, эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах, ядуурлыг арилгах гэх мэт зарчимын асуудлаар судалгаатай, шүүмжлэлтэй хандаж ажилладаг байгаасай гэж хүсдэг.

-Монголын эдийн засгийг нуруун дээрээ авч яваа томоохон хэдэн аж ахуйн нэгжүүд бий. Эдгээр бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдээ төр засаг хэрхэн дэмжих ёстой вэ?

-Ажилд нь саад болдоггүй болчихвол хамгийн чухал дэмжлэг болно. Би ямар ч хууль журам зөрчихгүй, чадлынхаа хэрээр ажил хийгээд төр засгаас юу ч хүсэхгүй гэр бүлийнхээ амьжиргааг аваад явж болохоор байна. Гэтэл олон байцаагчид хойно хойноосоо тасралтгүй цувж ирж шалгаад хардаад амар тайван ажиллах, амьдрах аргагүй болгож байна. Яадаг билээ гэж ярих хүнтэй тааралддаг. Миний бүтээн байгуулалтыг ирж үзээд магтаж, дэмжинэ гэж хэлээд алга болдог хэсэг байдаг бол чи их баяжиж байгаа, хөрөнгийг чинь зөвшөөрөл лицензийг чинь хураана гэж дарамталдаг төр засгийн албан тушаалтан бас байна. Ер нь Монголдоо бизнес хийхэд хэцүү байна гэж ярих томхон бизнес эрхлэгчтэй тааралдаж байна. Чадварлаг залуучууд гадагш гараад байгаа нь бизнесийн орчин хүнд байгаатай холбоотой байх. Дахин хэлэхэд, саад хийгчид, хүнд сурталтай тэмцвэл том жижиг аж ахуй эрхлэгчдэд дэмжлэг болно.

-Үндсэн хууль гэдэг байн байн хөндөөд, оролдоод байх хууль биш. Гэхдээ таны хувьд Үндсэн хуулийн аль нэг заалтыг сайжруулчихаасай ч гэх юмуу, тэрийг нэмхичээсэй гэсэн хүсэл бодол байдаг уу?

-Үндсэн хуульд ганцхан өөрчлөлт, тухайлбал парламентыг хоёр танхимтай болгох саналтай байдаг. Үндсэн хуулийн төслийг 1992 онд хэлэлцэж байхад энэ саналаа хэлж байсан, өнгөрсөн гучаад жил хэлсээр бичсээр байгаа. Энэ саналыг олон жил ярьж байгаа зорилго бол Засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд байлгах, Төр төвтэй засаглалыг бий болгох, Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх засаглалын үйл ажиллагаанд ард түмний хяналтыг бий болгоход юм. Энэ зорилгоор Ардын Их Хурал хэмээх дээд танхимыг бий болгох шаардлагатай гэж боддог.

-Монгол Улс Эрчим хүч, нефть бүтээгдэхүүнээр ОХУ-ын бүрэн хараат байдалд байна. Гадаад худалдааны хувьд БНХАУ-ын хараанд байна. Бид хоёр хөрштэйгөө хэрхэн харилцвал зохистой вэ?

-Хөрш улсууд хоорондоо харилцан хамааралтай, эсвэл бодит нөхцөл байдлаас болж нэг нь нөгөө талын хараат байдаг. Манайх хоёр хөрштэйгөө тийм л байдалд байгаа. Бид харин хараат байдлыг арилгах, эсвэл зөөлрүүлэх боломжийг ашиглахын төлөө ажиллах ёстой. Түүнийгээ хөршдөө ил тод хэлж шийдлийг олох хэрэгтэй. Харилцааны соёл урлаг чухал. Миний бодлоор манай улсад Эрчим хүчний хувьд хоёр хөршөөс хамааралгүй болох боломж ирээдүй байгаа. Таван толгойн эрчим хүчний нүүрсийг ашиглах цахилгаан станцыг байгуулж хэрэгтэй цагт нь өргөтгөх замаар урд хөршөөс хараат байдлаас гарч болно. Эрдэнэбүрэнгийн болон Эгийн голын усан цахилгаан станцыг барьж ОХУ-аас хараат байдлаа зөөлрүүлж, улмаар Багануурт цахилгаан станц барих, мөн ОХУ-ын санал дагуу атомын станц барих замаар ОХУ-аас хараат байдлыг үгүй болгох бодлоготой байх нь зүйтэй. Цахилгаан эрчим хүчний нөөц хүчин чадалтай байвал төмөр зам, автотээврийн болон бусад салбарыг цахилгаан эрчим хүчинд шилжүүлж нефть бүтээгдэхүүний хэрэгцээг багасгах болон экологийн асуудлыг шийдэж болно.Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж хараат байдлаас гарах нь маш чухал. Ямар нэг шалтгаанаар богино боловч хугацаанд цахилгаан эрчим хүч тасалдахад ялангуяа хүйтний улиралд асар их нөхөж баршгүй хохирол амсах эрсдэлтэй. Харин нефть бүтээгдэхүүний хувьд ОХУ-аас хараат байдлаас гарах бодит боломжийг эргэн харах хэрэгтэй санагддаг. Саналаа шууд хэлбэл, манай улсын нутаг дэвсгэрт түүхий газрын тосыг хайж олборлож байгаа үндэсний аж ахуйн нэгж бараг байхгүй, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэртэй ч хэрэгцээг нь хангах түүхий эдийн нөөцтэй орд илрэх эсэх, олборлож тээвэрлэх асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна. Ийм учраас газрын тос боловсруулах үйлдвэр барих төслөөсөө татгалзаж, хэрэгцээт нефть бүтээгдэхүүнийг ОХУ-аас авч байх удаан хугацааны гэрээ хэлэлцээр байгуулах нь зүйтэй байж болох. Өөрөөр хэлбэл, Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээр хамааралгүй болох, харин нефть бүтээгдэхүүний хангалтаар бүрэн хараат байдалд байхаас өөр аргагүй гэдгээ Оросын талд ил хэлж тохиролцоонд хүрэх нь зөв санагддаг. Гадаад худалдааны хувьд БНХАУ-аас хараат байдлаа зөөлрүүлэхийн тулд анхаарах гол асуудал бол уул уурхайн болон мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх ажил.

-Та Монголын эдийн засгийн сэргэлт, улсын хөгжлийг түргэсгэхийн тулд яг ийм ийм зүйл хийвэл зохино гээд нэг хэлээч?

-Энэ хүртэл миний ярьсан бүх зүйл таны энэ асуудалд хариу болох биш үү. Дахин нэг хэлэхэд, эдийн засгийн сэргэлт, улсын хөгжлийг түргэсгэхийн тулд яг юу хийвэл зохихыг хэлж өгдөг, төлөвлөж хэрэгжүүлдэг Эдийн засаг, хөгжлийн яам бий боллоо. Энэ бол том ололт.

-Монголоор дамжих хийн хоолойн асуудлыг та дэмжиж байгаа юу. Бид энэ хийн хоолойноос ашиг хүртэх боломжтой юу?

-Манай нутгаар дамжих хийн хоолой барьж ашиглах төслийг би дэмжиж байгаа. Саяхан техник эдийн засгийн үндэслэл нь боловсрогдож дууслаа гэсэн. Чухам ямар эдийн засгийн үндэслэл тооцоо боловсрогдсоныг мэдээлээгүй. Тэр баримт бичгийг нарийн судалж үзэх бололцоо гарвал уг төслийг хэрэгжүүлэх, ашиглалттай холбогдсон гэрээ хэлэлцээрийн төсөлд санал өгөх зүйл гарах байх. Нутгаараа хийн хоолой бариулсан улсын туршлагыг манай нөхөд судалсан байдаг биз.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Сарангэрэл: Олон жил алдаатай явж ирсэн тэтгэврийн зөрүүг зөв шийдвэрлэх цаг болсон

УИХ-ын гишүүн, МАН-ын орон тооны бус нарийн бичгийн дарга, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Сарангэрэлтэй ярилцлаа.


-УИХ-ын ээлжит нэгэн намрын чуулган өндөрлөлөө. Гол шийдсэн асуудал юу байв. Таны оролцсон хууль, тогтоомжийн талаар яриагаа эхлэх үү?

-УИХ-ын чуулган Үндсэн хуульд заасны дагуу 75 өдөр хуралдаж завсарласан. Нийт 243 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Бүх л шийдвэр хамтынх байдаг. Харин асуудал нь олон учраас гишүүд харьяалагдах байнгын хороо, эзэмшсэн мэргэжил, голлон ажилладаг сэдвээрээ нэгдэн баг, ажлын хэсэг болж хуваагдан хууль, тогтоомжийн төсөл дээр ажиллан чуулганаар хэлэлцүүлж батлуулдаг. Тухайлбал, би Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүний хувьд энэ чиглэлийн үйл ажиллагаанд түлхүү оролцох үүрэгтэй. Манай байнгын хороо намрын ээлжит чуулганы хуралдаанд 14 хууль, тогтоолын нэг төсөл батлуулсан байна. Монгол хүний удмын сангийн аюулгүй байдал, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай тогтоол нь хойч үе маань эрүүл саруул байх боломжийг бүрдүүлэх суурь болно гэж бид үзэж байгаа. Тухайлбал, жирэмсний үед ургийн эмгэгийг тодорхойлох молекул, генетикийн үндэсний лаборатори байгуулж, генийн сантай болох юм. Хүн судлалын талаарх төрийн бодлого орхигдсоныг тогтоол хэлэлцэх үеэр мэргэжлийн хүмүүс нь хүлээн зөвшөөрч, энэ чиглэлийн бие даасан бүтэц, үндэсний хөтөлбөр, хууль бий болгохоор тогтоолд тусгалаа. Мөн угийн бичиг хөтлөх, ургийн овог хэрэглэх, хүн амын хөдөлгөөнийг тэтгэх замаар цус ойртолтоос сэргийлж удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, оюуны чадавхыг хөгжүүлэх замаар үндэсний дархлааг бэхжүүлэх зорилготой ийм л чухал тогтоол. Олон гишүүн энэ тогтоолд үнэтэй санал хэлсэн. Миний хувьд асуудалд прагматик хандаж, үндэсний молекул-генетикийн лабораторитой болж, эрүүл саруул үр хүүхэдтэй, аз жаргалтай айл өрх байхад үр нөлөөгөө өгөх чиглэлд тууштай ажиллах бодолтой явдаг. Ер нь эмэгтэйчүүдийн үргүйдэх явдал ч асуудал болж байна. Түүний шалтгааныг тогтоох, улмаар үр шилжүүлэн суулгах боломжийг бүрдүүлж асуудлыг цогцоор нь шийдвэл олон хүнд тустай ажил болно. Харьяалагдах байнгын хорооноос хальж ажиллах боломж ч бий. Тиймээс боловсролын болон төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдтэйгээ хамтран Боловсролын багц хуулиудын төсөл, Улс төрийн намын тухай хуулийн төсөл зэрэг хэд хэдэн хууль, тогтоолын төслийн ажлын хэсэгт ажиллаж байна.

-УИХ Шинэ сэргэлтийн бодлогын талаар тогтоол баталсан. Үүнийг дэмжих нэг хэсэг ч байна, шүүмжлэл ч байна. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

-Шүүмжлэх амархан. Харин хийх хэцүү. “Ковид-19” цар тахал дэлхийн бүх улс орны эдийн засагт хүндээр тусаж байна. Улс орон бүр хэрхэн эдийн засгаа сэргээх үү, сөрөг нөлөөллийг яаж бууруулах уу гэж эрэл хайгуул болсоор. Монгол Улсын Засгийн газар зургаан зүйл бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг УИХ-д оруулж ирлээ. Эдийн засагт гол нөлөөтэй салбарыг сэргээх, хөгжилд саад бэрхшээл болж байгаа хүчин зүйлсийг засч залруулах, урт хугацаандаа хөгжлийн бодлогын суурь болоход чиглэсэн хөтөлбөр боловсруулсан байна. Хэлэлцүүлгийн үеэр дээрх зургаан асуудал манай улсын эдийн засагт шууд нөлөөтэй, хөгжлийн суурь болсон асуудал болохыг гишүүдийн олонх үзэж байсан.

-УИХ-ын гишүүний хувьд Засгийн газраас оруулж ирсэн энэхүү бодлогыг тал талаас нь шинжин үзсэн байх. Улмаар УИХ-аар уг бодлоготой холбоотойгоор тогтоол батлагдлаа. Ер нь зургаан зүйл бүхий шинэ сэргэлтийн бодлогыг эдийн засгаа хөгжүүлэх зорилго гэж ойлгож болох уу?

-Бид тэгж л харж байгаа. Эн тэргүүнд боомтуудаа сэргээж , ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлж эдийн засгаа тэтгэх хэрэгтэй. Хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар холбож, ачаа тээврийн урсгалыг сайжруулах зорилт Засгийн газар тавьж байна. Боомт дээр ачаа барааны эргэлт удааширч, энэ нь үнийн өсөлтөд хэрхэн нөлөөлж буйг та бид мэднэ. Засгийн газрын шууд оролцоотойгоор зарим гацаа нь гарч ачаа, чингэлэг орж ирж байна. Оны эхний сараас дотоодын цэргийн албан хаагчид хилийн тэг бүсээс гаалийн хяналтын терминал хүртэл тээвэр хийж, төр энэ асуудлыг хяналтдаа авснаар тээврийн үнийг хямд байлгах зарим боломжууд бий болж байна. Ер нь нүүрсний экпспортоос эдийн засаг ихээхэн хамааралтай. Нүүрс гаргалт зогсоход л олон хүндрэл бий болж байна шүү дээ.

-Тодорхойлж яривал…

-Тухайлбал, Гашуунсухайтын боомтоор машинаар нүүрс гаргаж чадахгүй болоход Өмнөговийн Цогтцэцийгээс Дорноговийн Чойр хүртэл автомашинаар, тэндээс төмөр замаар Замын-Үүд-Эрээн рүү нүүрсээ зөөсөн. Засгийн газар Гашуунсухайтад жилдээ 10 сая тоннын хүчин чадалтай чингэлэг тээврийн терминал ашиглалтад оруулчихлаа. Үүний үр дүнд нүүрс олон дахин ачиж буулгах шаардлагагүй болж байна. Их зардал, цаг хугацаа хэмнэнэ. Дээр нь орчны бохирдол буурч, хорогдол алдагдал багасаж байгаа юм билээ. Хамгийн гол нь хилээр нэвтрэх хурд нэмэгдэж байна. Шивээхүрэнгийн боомтод мөн ижил терминал байгуулаад эхэлж. Таван толгой-Гашуунсухайтын 233.6 км төмөр замыг барьж дуусгасан байна. Ачаа тээвэрлэлт, бараа эргэлтэд мэдэгдэхүйц үр дүн гарна гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна лээ. Ирэх хагас жилдээ багтааж Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын ажил бүрэн дуусна. Энэ мэт боомтоо сэргээх бодлого бодитоор ажил хэрэг болж байна. Авто замын хувьд Ханги, Цагаандэл, Бургастай, Бичигт зэрэг 14 боомтыг авто замаар үе шаттай холбож, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн 987 км хурдын зам барих зорилтыг Засгийн газар боомтын сэргэлтийн бодлогоороо тодорхойллоо. Энэ нь цаашдаа “Транзит улс” болох суурь болно гэж Засгийн газар зорьж байна. Засаг хийж байгаа ажлаа бага сурталчлаад байх шиг. Энд ажиллах төмөр замчид, уурхайчдын орон сууцны асуудлаа ч давхар шийдэж байгаа юм билээ.

-Аялал жуулчлалтай холбоотой агаарын тээврийн асуудлыг мөн хэлэлцэж байсан. Энэ талаар яривал?

-Манай улсаар дамжин өнгөрөх агаарын хөлгийн тоог нэмэгдүүлж, агаарын тээврийн либералчлалыг үе шаттай үргэлжлүүлж аялал жуулчлалын салбараа дэмжихээр тогтоолд тусгасан. Эрдэмтэн судлаачдын хэлж байгаагаар цар цахал омикроноор хумигдах юм бол агаарын тээврийн либералчлал аялал жуулчдад тун таатай нөлөөлнө. Өнгөрсөн онд баталсан Гадаадын иргэн, харъяатын эрхзүйн байдлын тухай хууль хил, гааль, визийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгож өгсөн. Аялал, жуулчдад зориулсан цогц үйлчилгээний байгууллагууд олноор баригдахаар төлөвлөгдсөн байгаа. Түүнчлэн боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд эдийн засгийн чөлөөт бүсийг нээн ажиллуулж худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхээр зорьж байна. Энэ ажил эхнээсээ үр дүнгээ өгч Замын-Үүдийн чөлөөт бүс үйл ажиллагааны хувьд ч, хууль эрх зүйн хүрээнд ч дэвшилттэй явна.

-Шинэ сэргэлтийн бодлогын амин сүнс нь эрчим хүч байх. Эрчим хүчгүйгээр эдийн засаг, улс орон, бүхий л салбарын хөгжлийн талаар ярих боломжгүй. Тэгэхээр эрчим хүчний асуудлыг яаж зохицуулахаар байгаа юм бэ?

-Засгийн газар эрчим хүчний эх үүсвэр, хүчин чадлыг нэмэгдүүлэх бодлогоо боловсрууллаа. Сэргээгдэх эрчим хүч, түүний дотор усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад засаг ач холбогдол өгч байна. Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, Таван толгой, Багануур, Чойбалсангийн дулааны цахилгаан станц, Амгалан цахилгаан станц зэрэг томоохон ажлыг дуусгаж ашиглалтад оруулах нь энэ бодлогын гол зорилт болж байна.

-Манай улсаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудал бидэнд яг ямар ашигтай юм бэ?

-ОХУ-аас БНХАУ руу манай газар нутгаар байгалийн хий дамжуулах хоолой барих бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх заалт туссан байсан. Саяхан уг төслийн текник, эдийн засгийн үндэслэлээ баталгаажуулан Засгийн газрыг төлөөлж Шадар сайд Оросын талтай гарын үсэг зурлаа. Цаг хугацаа орох байх, гэхдээ бодит ажил болох суурь тавигдлаа гэж ойлгож байгаа. Зургаан аймаг, 20 сумаар дамжин өнгөрөх энэ хоолой Алтанбулагаас Замын-Үүд хүртэл 975 км үргэлжилж , эрчим хүчээ хийн хангамжаар нэмэгдүүлж, багадаа 1500 ажлын байр бий болгоно гэсэн мэдээлэл засаг өгч байсан л даа. Үүнийг бид нэг боломж л гэж харж байгаа.

-Шинэ сэргэлтийн бодлогын гуравт нь аж үйлдвэрээ сэргээх бодлого орж байсан. Энэ талаар мэдээлэл өгвөл…

-Гол нь нэмүү өртөг шингэсэн, өөрөөр хэлбэл түүхийгээр нь бус боловсруулалт хийсэн уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортыг нэмэгдүүлэхээр Засгийн газар төлөвлөж байна. Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт гайгүй сайн явж байгаа. Энэ бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг ЗГХЭГ-ын дарга байхад эхэлсэн бүтээн байгуулалт. Ерөнхий сайд ажлын явцыг сайн мэдэж байгаа. Тиймээс энэ том бүтээн байгуулалтыг шахаж шаардаж яаралтай ашиглалтад оруулах шинэ сэргэлтийн бодлогод оруулсныг оновчтой шийдвэр гэж бодож байна. Монгол төгрөгөөрөө монгол бензин авдаг болж үнийн хөөрөгдөлд нэрвэгдэхгүй гэсэн их хүлээлттэй байгаа ажил. Энэ бодлогын хүрээнд арьс шир боловсруулах үйлдвэр, үнэгүй хаягдаад байгаа малын дагалдах түүхий эд татан авах төвүүд байгуулж, Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн, Эрдэнэтэд зэсийн баяжмал боловсруулах, Таван толгойд нүүрс баяжуулах үйлдвэр барих төлөвлөгөө аж үйлдвэрийн сэргэлтийн бодлогод орсон. Эдгээрийг дагаад ажлын байр бий болох, орон нутаг хөгжих гээд давуу талууд бий.

-Сэргэлтийн бодлого гэдэг бол эрх баригч намын гол бодлого. Тиймээс тодруулж асуух зүйл их байна. Тухайлбал, нэг чухал хэсэг нь хот, хөдөөд хөгжил авчрах тодорхой шийдлүүд орсон. Энэ талаар ярихгүй юу?

-Хот, хөдөөгийнхөө хөгжлийг ойртуулах, ялгааг багасах зорилготой бодлого гэж энгийнээр ойлгож болно. Зам, сүлжээгээ өргөтгөж, багтаамжтай шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжих замаар нийслэлийн түгжрэлийг бууруулахаар төлөвлөсөн байна лээ. Ингэхдээ шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлж төвлөрлийг сааруулах зорилт тавьсныг УИХ дэмжсэн. Тухайлбал, эртний нийслэл Хархорум хотыг түшиглэн шинэ суурьшлын бүс байгуулах судалгаа хийх, Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах бүтээн байгуулалтыг энэ ондоо эхэлнэ. Аймгийн төвүүдийг бие даасан хот болгох, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлээ дэмжиж, хүнсний дотоодын хэрэгцээг хангаж, улмаар экспортын хувь хэмжээг нэмэгдүүлэх нь ч мөн энэ бодлогын нэг хэсэг юм.

-Ногоон хөгжлийн бодлого аль ч оронд чухлаар тавигддаг. Үүнд бас Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн чухал нөлөөллөө үзүүлнэ гэж бодож байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Бүтээн байгуулалтын зэрэгцээ байгаль орчноо хамгаалах, хот, хөдөөгүй тулгамдаад байгаа хог хаягдал боловсруулах үйлдвэрүүдийг Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт бүсчлэн байгуулахаар төлөвлөж, зарим ажил эхлээд явж байна. Манай улс уурын амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг 10 орны тоонд орсон. Нийт газар нутгийн маань 80 шахам хувь нь цөлжилтөд их, бага хэмжээгээр өртсөнийг байгаль орчны нөхцөл байдлын тайланд дурдсан байдаг. Дэлхийн дулаарлын хувь хэмжээг авч үзвэл сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд агаарын хэм нэгээр нэмэгдсэн байхад манайд 2.4 хэмээр нэмэгдсэн байна. Нэг хэмээс дээш гарвал гамшиг гэж үздэг. Тиймээс бид амар амгалан суух аргагүй. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөн энэ үед маш чухал. Модны ач холбогдлыг мэдэхгүй хүн үгүй. Бидний амьсгалдаг цэвэр агаарыг бий болгож, хүчилтөрөгч ялгаруулдаг. Хүний тархины хүчилтөрөгчийн хангамж буюу сатураци 90-ээс буухад л бие организм хэвийн бус болдог. Ногоон хөгжлийн сэргэлтийн бодлогод мод тарих хөдөлгөөнийг хэрэгжүүлэхээр тусгасан нь зөв. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт,хөрсний доройтолтой тэмцэх ажил энд орсон байна. Манай улс бас л усны нөөцийн хомсдолтой орны бүртгэлд байдаг. Ногоон хөгжлийн сэргэлтийн бодлогод бэлчээр усжуулах, говийг усаар хангах, саарал ус дахин боловсруулах, нуур цөөрөм үүсгэх, ширгэсэн гол мөрөн, булаг шандыг сэргээх ажлууд бас хийгдэнэ.

-Төрийн үйлчилгээтэй холбоотой асуудал нийгэмд их бухимдал дагуулдаг. Үүнд бас шийдэл болж Шинэ сэргэлтийн бодлогод зангигдаж өгсөн байлгүй?

-УИХ баталсан шинэ сэргэлтийн бодлогоор төрийн бүтээмжийг дээшлүүлэх буюу иргэдийг ихээхэн бухимдуулж байгаа төрийн үйлчилгээг цахимжуулж, хүнд суртлыг бууруулна. Ер нь бүх үйлчилгээг засаг өөрөө хариуцах гээд байхын оронд төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэхээр болж байна. 2024 он гэхэд бизнес эрхлэхэд төрийн байгууллагаас шаарддаг 1000 гаруй зөвшөөрөл, техникийн нөхцөл, гарын үсэг, гэрээний тоог 50 хувиар бууруулж, хүний хүчин зүйлийг багасгана гэж тооцож байна. Одоо иргэд төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монгол системээс 512 төрлийн үйлчилгээ авч байгаа юм. Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгжүүд хяналт, шалгалтын давхардлыг арилгаж, төлөвлөгөөт шалгалтыг түр хугацаанд зогсоохоор болж байна. Гэхдээ энэ нь огт шалгалт байхгүй гэсэн үг хараахан биш. Иргэдийн санал гомдолд үндэслэж шалгана. Ингэхдээ хааж боох, торгож шийтгэх бус харин мэргэжлийн зөвлөгөө өгч тусалж дэмжих юм байна гэж ойлгосон. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах хууль батлахаар шинэ сэргэлтийн бодлогод туссан байгаа. Мөн Шинэ сэргэлтийн бодлогын үр дүнд боомтын хүчин чадал гурав дахин, экспорт хоёр дахин өсч, эрчим хүчний чадал 2,5 дахин нэмэгдэх тооцоо гарсан байна. Ажлын байр нэмэгдэх, нийслэлийг зорьсон нүүдэл буурах, эдийн засаг тэлэх зураглал гарчээ. Эдийн засаг томрохын хэрээр эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ сайжрах зэрэг ард иргэдийн ахуй амьдралд өөрчлөлт гарах, олон жил ярьж буй ажил, орлоготой дундаж давхарга бий болгох зорилт хангагдана. Энэ зорилт, энэхүү бодлогод хүн бүрийн хүчин чармайлт, хичээл зүтгэл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагаа чухал байх нь ойлгомжтой.

-Саяхан танай намын их хурлаар авлигатай идэвхтэй тэмцэх тухай тодорхой бодлого гарган ажиллахаа зарласан. Үүнийг олон нийт дэмжиж хүлээн авч байна. Яаж авлигатай тэмцэх юм бэ?

-Олон нийт илт дургүйцэж байгаа цөөнгүй асуудал байна. Төрийн албаны хүнд суртал, авлига, хариуцлагагүй байдал, хүний эрхийн зөрчлүүд иргэдийг бухимдуулж байна. Манай улс НҮБ-ын Авлигын эсрэг олон улсын конвенцид 2005 онд нэгдэн орсон. Авлигатай тэмцэх олон төсөл, хөтөлбөр манайд хэрэгжсэн. Гэвч үр дүн нь хангалтгүй байгааг манай улс авлигын индексээр улс орнуудын дундаас 111-т явна. НҮБ энэ жил “Авлигад үгүй гэж хэлье! Таны эрх, таны оролцоо” гэсэн уриа дэвшүүлээд байгаа. Намын XXX Их хурлаар авлига, ёс зүй, хүний эрхийг хамгаалах асуудлыг хөндөж, намын дүрэмдээ авлигын хэрэгт холбогдсон нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон хүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, ажил албанд томилохгүй, намын удирдлагад сонгохгүй, бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхаар заасан анхны улс төрийн нам боллоо. Дүрмийн дөрөв дэх зүйлд илтэд ёс зүйн зөрчил гаргасан, ашиг сонирхлын ноцтой зөрчил гаргасан, авлигын гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд намын гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ тухайн хүн өөрөө 30 хоногт багтаан гаргах заалт орсон байгаа.

Мөн хууль эрх зүйн орчны шинэчлэл хийж, тухайлбал “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль” гаргаж, “Улс төрийн намын тухай” зэрэг хэд хэдэн хуульд өөрчлөлт хийхээр холбогдох яам, байнгын хороо ажиллаж байна.

-Их хурлаар хэлэлцсэн гол асуудлын нэг нь хүний эрхийн асуудал байсан. Одоо энэ ажил хэр явж байна вэ?

-Манай нам Их хурлаараа шударга ёс, эв нэгдлийн зарчимд суурилсан социал демократ хөтөлбөрөө баталж, хүний эрх, эрх чөлөөг хуульчлан хамгаалахаа мэдэгдсэн. Хүний эрхийн асуудлаар нэг зүгт хамтдаа алхахыг парламентад суудалтай, суудалгүй бүх улс төрийн намд уриалсан. Энэ үйл ажиллагааг намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан манлайлж, есөн сарын турш хүний эрхийн хуульчид, иргэний нийгмийн байгууллага зэрэг холбогдох талуудыг оролцуулан уулзалт хэлэлцүүлэг, судалгаа шинжилгээ, үнэлэлт дүгнэлт хийж ажилласан. 40 гаруй хуульч, судлаачтай баг нийгмийн харилцааг зохицуулж байгаа 318 хуулийн 11900 заалтад шинжилгээ хийж хүний эрх зөрчсөн, хязгаарласан, цаг хугацааны хувьд хоцрогдсон 800 гаруй заалт байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Олон улсын байгууллага, манай улсад ажиллаж буй Элчин сайдын яамдын төлөөллийн 90 гаруй хувьтай нь уулзаж хүний эрхийн асуудлаар туршлага судалж, санал бодол солилцсон. МАН хүний эрхийн асуудлыг өнөөдөр гарч буй зөрчлийн тохиолдлыг ярихаасаа илүүтэй сууриар нь авч үзэж, хууль эрх зүйн орчин нөхцөлийг сайжруулж, иргэдийнхээ эрхийг хамгаалах зорилго тавиад байна. УИХ-ын хаврын чуулганаас эхлээд шат дараатай хүний эрхийг хамгаалах чиглэлд дэвшилттэй хуулийн төслүүдийг хэлэлцүүлж эхлэхээс гадна хуулийн өөрчлөлт хүлээлгүй хүний эрхийн зөрчлийг төрийн зүгээс гаргахгүй байхыг албан тушаалтнуудад үүрэг чиглэл болгоод байгаа. Хүний эрхийн зөрчил хариуцлага тооцох нэг үндэслэл болсон. Түүнчлэн МАН хүний эрхийн боловсролын хөтөлбөрийг сайжруулах ажлыг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-Та НАМЭХ-ны ерөнхийлөгч. Та бүхэн ямар асуудалд түлхүү анхаарч байгаа вэ?

-Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо улс орон даяар үйл ажиллагаа явуулдаг. Нийгэмд үйлчилдэг, ашгийн бус үндэсний хэмжээний эмэгтэйчүүдийн байгууллага. Бид шинэчилсэн бүртгэл хийхэд нийт 96.668 гишүүнтэй байна. Ер нь зөвхөн НАМЭХ-ны гишүүн гэлтгүй Монголын эмэгтэйчүүд бүх салбар чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг илрэл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэг сая гаруй хүн санал өгснөөс долоон зуун мянга орчим буюу 62.83 хувь нь эмэгтэйчүүд байна лээ. НАМЭХ-ны удирдах зөвлөлд УИХ-ын салбар салбарын төлөөллөөс гадна эмэгтэй гишүүд бас ордог. Эмэгтэй гишүүд нийгэмд тулгамдсан асуудал, тэр дундаа ядуурал, архидалт, хүчирхийлэл, хүүхэд эмэгтэйчүүдийн эрх, тэднийг хамгаалах, бизнес эрхлэх боломж, боловсрол, эрүүл мэнд, хүний хөгжлийн цогц бодлого, залуучуудын хөгжлийг дэмжих зэрэг арван чиглэлээр ажилладаг.

-УИХ-ын эмэгтэй гишүүд орж ажилладаг гэлээ. Тухайлбал, ямар ямар гишүүн юуг хийж байна вэ?

-За, Б.Баярсайхан гишүүн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх лобби бүлэг УИХ-д байгуулан ажиллахын зэрэгцээ, орон нутгийн эрүүл мэнд, боловсролын байгууллагад модон жорлонг халах томоохон ажлыг ахалж эмэгтэй гишүүдтэйгээ хамтран тодорхой үр дүнд хүрч байна. П.Анужин гишүүн төрөх эмнэлгийн шинэчлэл, тав тух, тоног төхөөрөмжийг сайжруулах, үдийн хоол хөтөлбөрийг чанаржуулах чиглэлд ажиллаж байна. Б.Жаргалмаа гишүүн архидан согтуурахтай тэмцэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрчүүдийн эрүүл мэнд, ахмад настан , хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд анхаарч байна. М.Оюунчимэг гишүүн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, Ч.Ундрам гишүүн боловсролын шинэчлэл, Д.Өнөрболор гишүүн эмэгтэйчүүд, залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар, Х.Булгантуяа хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө оруулалтын хуулийг шинэчлэх чиглэлд ажиллаж байна. Харин Б.Саранчимэг гишүүн Байгаль орчин,ногоон хөгжлийн бодлого, багц хуулийн өөрчлөлт хийх ажлын хэсгийг ахалж байгаа. Г.Мөнхцэцэг гишүүн өв соёл, уламжлалын чиглэлд, Ц.Мөнхцэцэг цахим орчин дахь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж буй асуудалд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Бид “Хүүхэд хамгаалалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан.

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ өнгөрсөн намрын чуулганаар баталлаа. Энэ хууль батлагдах гэж олон парламент дамжигдсан байх шүү…

– 2009 оноос хойш гурван парламент, таван Засгийн газар дамжсан “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлахад М.Оюунчимэг даргатай Байнгын хорооны эмэгтэй гишүүд ихээхэн үүрэгтэй оролцсон. Уг хуулийг энэ оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөж эхэлсэн байгаа шүү дээ. Хөдөлмөрийн тухай хуульд анх удаа Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд хүүхэд хамгааллын бодлоготой байх тухай заалт орлоо. Ингэснээр байгууллага, ажил олгогчид ажилтныхаа ар гэрийг анхаарах үүрэг хүлээж байна. Мөн 0-3 настай хүүхэдтэй ээжүүдийг илүү цагаар ажиллуулах, томилолтоор хөдөө, гадаа явуулахыг энэ хуулиар хориглолоо. Шинээр хүүхэд төрөхөд аавуудад 10 хоногийн цалинтай чөлөө олгох заалтыг бид суулгаж чадсан. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод, нэгдсэн форумаас 21 санал ирүүлсний 95 хувь нь Хөдөлмөрийн хуульд туссан. Хүүхдээ байнга асрах шаардлагатай эцэг, эхэд тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлэх боломжийг олгосон. Ажлын цаг багасгах, цалин хасахгүй байх зэрэг амьдралд ойр 20 гаруй заалтыг эмэгтэй гишүүд хамтран хуульд орууллаа. НАМЭ-ийн Холбоо умайн хүзүүний хорт хавдаргүй улс болоход манлайлж ажиллах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрны бэлгийн дарамтыг бууруулах хууль эрх зүйн орчныг өөрчлөх, байгууллагын соёл, дүрэмд энэ чиглэлийн заалт тусгах чиглэлд шинэ онд төвлөрч ажиллахаар зорьж байна.

-Хөдөлмөрийн хуулийн анхаарал татсан нэг зүйл бол ажлын байрны бэлгийн дарамтын асуудал байгаа. Энэ талаар тодруулбал?

-Ажлын байрны бэлгийн дарамтын тухайд хууль чангалахыг гол шийдэл гэж бид үздэг. Бусад орны туршлагаас харахад нийгмийн ёс зүйн хэм хэмжээг тогтоох, өөрөөр хэлбэл ажлын байрны бэлгийн дарамт гэдэг тодорхойлолтоо чангалах нь илүү үр дүнтэй байж. Байгууллагын дотоод дүрэмдээ тусгах, ажилтнууддаа танилцуулж гарын үсэг зурж баталгаажуулснаар хэм хэмжээ дагадаг хандлагын өөрчлөлт бий болгодог Америк, Японы туршлага байна. Манайд Эрүүгийн хуулийн 22.5-д байсан “Албаны эрх чөлөөний тухай” зүйл ангийг хассан нь бэлгийн дарамтыг өөгшүүлсэн гэж иргэний нийгмийн төлөөллүүд үзэж үүнийг буцаж сэргээх асуудлыг тавьж байгаа.

-Саяхан Ерөнхийлөгч Засгийн газарт ахмадын тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг судалж үзэхийг чиглэл болгосон. Нэмэгдэх эсэх нь тодорхойгүй байна л даа. Энэ асуудлаар таны байр суурь ямар байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 358 мянган ахмад настан тэтгэвэр авч байгаагийн 60 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 350 мянган төгрөг байна. Сүүлийн хоёр жил тэтгэвэр нэмэгдээгүй. Энэ хугацаанд хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөнийг бид бүгд харж байгаа. Ер нь тэтгэвэр нэмэгдүүлэх талаар УИХ, Засгийн газрын түвшинд байнга хөндөж ярьсаар ирсэн. Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу НХХ яам тэтгэвэр нэмэх тооцоо судалгаа хийж, эх үүсвэр бүрдүүлэхээр ажилласан. Монгол Улсын Ерөнхийлөгч ахмад настны тэтгэвэр нэмэгдүүлэх ажлыг шуурхайлах Засгийн газарт мөн өглөө. Түүнчлэн хаврын чуулганаар “Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн төсөл, “Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байгаа. Олон жил алдаатай явж ирсэн тэтгэврийн зөрүүг одоо бид зөв болгож шийдвэрлэх цаг болсон. Чуулган завсарлахын өмнө УИХ-ын эмэгтэй гишүүд, намын дэргэдэх эмэгтэйчүүд, ахмадын холбооны төлөөллүүд Батсүмбэр дэх “Ахмад настны үндэсний төв”-д ажиллаж нөхцөл байдалтай танилцан, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж байна. Цаашид бид тэтгэврээс гадна ахмад настны нийгмийн хамгаалал, асаргаа сувилгаа, эмчилгээний чанар хүртээмжийг сайжруулах боломжийг бүрдүүлэх чиглэлээр мөн ажиллана.

-Цагаан сарын дараа ковидын халдварын тоо улам нэмэгдэнэ гэж Эрүүл мэндийн яам мэдэгдлээ. Цагаан сар хийх нь зөв, буруу гээд уламжлалт баяр маань сошиал орчинд маргаан дагуулж байна. Цар тахлын үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд санал бодлоо хуваалцахгүй юу?

-Юуны өмнө Монгол Улсад эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг салбарын 56 мянган эмч мэргэжилтэн, нийт ажилтнууддаа хүргэе. Одоогоос 100 жилийн өмнө манай улсын хүн ам 600 мянга хүрэхтэй үгүйтэй, дундаж наслалт дөнгөж 40 гарантай, жилдээ төрж байсан 10 мянган хүүхдийн тал нь энддэг байсан тоо баримт бий. Тэгвэл одоо хүн ам 3.4 сая, дундаж наслалт 71, жилдээ 80 гаруй мянган хүүхэд эрүүл саруул төрдөг болсон гавъяаны дийлэнх нь эрүүл мэндийн салбарынханд хаяглагдана. Дэлхий дахиныг донсолгосон цар тахлын халдварыг хүн амын дунд алдалгүй 10 сар барьж, 40 гаруй мянган болзошгүй нас баралтаас сэргийлж, олон тэрбумын эдийн засгийн хохирлоос хамгаалж,цар тахлын эхэн үед цаг алдалгүй оновчтой шийдвэрүүд гаргаж вакцинтай золгуулсан манай баг, манай салбар.Үүнд сэтгэл тайван явдаг даа. Монголчууд бид цагаан нөмрөгт баатрууддаа үргэлж хүндэтгэл үзүүлж байх учиртай. Одоо энэ хүмүүст төр, иргэд, хэвлэл, гэр бүл гээд бүх талын урам, дэмжлэг,халамж хэрэгтэй. Энэ үгийг хэлье гэж бодож явсан. Он гарсаар анхны сонины ярилцлагаа “Өдрийн сонин”-доо өгч байна. Халдварын тоо хэд ч болсон, байгаа боломжоороо эрүүл мэндийн салбарынхан хүн ардаа хамгаална. Үүнийгээ бүтэн хоёр жил харуулсан шүү дээ. Ер нь ковидоос өмнө ч шинэ жил, цагаан сарын дараа ханиад томуу, амьсгалын замын өвчлөл нэмэгддэг. Тиймээс хүн бүр өөрийгөө болон хайртай хүмүүсээ халдварт цар тахлаас хамгаалах хэрэгтэй. Халдвар авсан хүний тоо хэт олон болбол ямар ч өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн салбар ачааллаа дийлэхгүй. Италийн жишээг бид мэднэ. Гадаа ор дэлгэж өвчтөнөө авахаас аргагүй байдалд хүрсэн байсан. Одоо манай монголчууд маскаа зүүж, гараа угааж, зайгаа барьдаг болсон байна. Түүгээр ч зогсохгүй халдвар авахгүйн тулд нийгмийн харилцаанд яаж орохоо заалгахгүй хэмжээнд очсон доо. Харин шинэ вирус гарахад шинж тэмдэг, эмчилгээний талаарх мэдээлэл чухал. Өнгөрсөн хугацаанд олон мянган хүн ковидоор өвдөж, бид дотны хүмүүсээ ч алдсан. Ирж буй “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилдээ цар тахлыг ялан дийлж, хүн бүхэн өвчин зовлонгүй эрүүл энх, ажил төрөл нь бүтэмжтэй, амар амгалан, аз жаргалтай байгаасай гэж хүсч байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхий сайд асан Р.Амаржаргал: Одоогийн АН бол МАН-ын хувьд ёстой “Мөрөөдлийн” сөрөг хүчин шүү

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ринчиннямын Амаржаргалтай ярилцлаа.


-Сар шинийн босгон дээр таньтай ярилцаж байна. Улиран одож буй үхэр жил таны хувьд болон монголчуудын хувьд ямар жил болж өнгөрөв. Цар тахлын нөлөөллөөс болж гурван жил монголчууд бид цагаан сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэж чадахгүй байна шүү дээ?

-Цар тахлаас дээр дооргүй нилээд их юмыг ухаарах байх гэж бодож байлаа. Хэлж ирээгүй, давагдашгүй хүчин зүйлс маягтай ирсэн ковидоос тодорхой боломж олж харах болов уу гэж горьдож сууна. Тухайлбал, амьд үлдэж буй нь яаж ийгээд л цагаан сар угтана, инээд ханиадтай золгоно. Харин үлдэгсэд бид эрүүл саруул байх, амьд явах, хөл хориогүй, эрх чөлөөтөй байх зэргийн бодит үнэ цэнийг мэдэрч чухам миний хувьд хамгаас үнэ цэнэт зүйл юу билээ гэдгээ нилээн сайн тунгаан бодно байх гэж найдаж ирлээ. Харамсалтай нь эрүүл мэндээ бусдад даатгаж “бүх нийтийн үйл хэрэг” мэтээр ойлгож ирсэн сэтгэлгээ арилаагүй л бололтой. Нөгөөтэйгүүр би бас “өчүүхэн амьтан” биш юм байна. Миний хариуцлагагүйгээс болоод бүхэл бүтэн хот хөл хорионд орчихдог юм байна шүү гэсэн өөрийгөө үнэлэх, хариуцлагаа ухаарах ёстой байлаа. Хот суурин газар амьдрах соёл гэдэг чинь бас өөр юм байна шүү, өөрийн мөнгө хөрөнгө, хамгийн үнэт зүйл болох цагаа хэнд юунд зориулах ёстой зэргээ эргэн харж, товчхондоо өдий хүртэл явж ирсэн амьдралын утга учир, хэлбэрээ эргэн харж, дахин дахин шинэчлэн эрэмблэх боломж бидэнд байлаа. Одоо ч боломж байна.

-Таны хэлдгээр үнэхээр бид өчүүхэн амьтан биш юм аа. Энэ гайтай вирусыг авчихлаа гэхэд наандаж ойр дотны хүмүүстээ тараачих юм…

-Вирус гэдэг бол нүдэнд үл үзэгдэх бичил организм.

Тийм жижиг атлаа дэлхий даяар тархаж, хүн төрөлхтөнийг чичрүүлж байна. Иймэрхүү гамшгийг хүн бүр өөртөө маш хариуцлагатай байж л хамтдаа даван туулдаг. Вирус авсан л бол өөрийгөө тусгаарлах, бусдадаа халдаахгүй байх бүх боломжийг хэрэгжүүлэхэд УИХ-ын тогтоол уул нь хэрэггүй л дээ. Жишээ нь, 3000 халдварын тохиолдол сүүлийн 24 цагт бүртгэгджээ. Цөмөөрөө нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй байна. Надаас бусад хүн бүр халдваргүй болтол би аюулгүй байж чадахгүй. Би халдваргүй болтол хэн ч аюулгүй байж чадахгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Гэхдээ зовлон жаргалаар солигдох цаг удахгүй биз ээ.

-Одоо ч энэ өвчинтэйгөө дасан зохицож байх шиг. Хоёулаа шуудхан улс төрийн яриандаа оръё. Саяхан Үндсэн хуулиндаа нэмэлт, өөрчлөлт хийлээ. Засгийн газрын эрх мэдэл өмнө байгаагүйгээр нэмэгдлээ. Эрх баригч нам төрийн эрхийг бүхэлдээ атгаж, төрийн бодлого үйл ажиллагааг явуулж байна. Өнгөрсөн хугацаанд явуулж ирсэн эрх баригч намын болон Засгийн газрын бодлого үйл ажиллагаанд та ямар дүн тавих вэ?

-Цаг цагаараа байх биш. Шаардлагатай бол Үндсэн хуулиа өөрчлөх л хэрэгтэй. Харин ингэхдээ одоо байгаа Үндсэн хуулийнхаа потенциалыг бүрэн дүүрэн ашигласан уу гэж асууж, ул суурьтай шинжлэх ёстой юм. Миний болгоомжилдог зүйл бол үндсэн хуулийнхаа үг үсэг, утга агуулгыг бүрэн гүйцэд ойлгоогүй атлаа биеийн амрыг бодож, тухайн хүний тархины хэмжээ, субьектив хүсэл бодолд хөтлөгдсөн “нэмэлт, өөрчлөлт” цуваад байх вий дээ. Үүнээс их болгоомжилдог. Миний ойлгож байгаагаар сүүлд оруулсан нэмэлтээр Засгийн газрын гэхээсээ Ерөнхий сайдын эрх мэдэл нэмэгдсэн. Тэр их эрх мэдлийг зөв буюу нийт нийгмийн төлөө ашиглах хэмжээний хүмүүжил ёс суртахуунтай. Хулгайч зангүй, ашигч завшаан ч биш, эх оронч дүр эсгэсэн биш, ноён нуруутай хүнд монголчууд бид шилжүүлэн өгч чадсан уу гэсэн асуулт нээлттэй. Одоогийн Ерөнхий сайд, эрх баригч нам үйл хэргээрээ эрх мэдлийг хууль, ном ёсоор нь ашиглаж байгаа гэдгээ өдөр тутам нотлох ёстой юм л даа. Засгийн газрын гишүүд дотор нүдэнд тус ч, гайгүй чармайн зүтгэж байгаа хэдэн сайд байгаа. Харин нэрийг нь онцлох илүүц биз дээ.

-Засгийн газрын давхар дээлийн асуудалд та ямар байр суурьтай байдаг вэ. Давхар дээл гэж харахгүйгээр улс төрийн нөлөөлөл гэдэг утгаар нь та дэмжих үү. Зарим хүмүүс УИХ-ын гишүүн л сайд байх учиртай. Яагаад гэвэл ард түмэн УИХ-ын гишүүдийг сонгосон. Давхар дээлгүй сайд нарыг хэн ч сонгоогүй. Тиймээс тэд бидний өмнөөс төрийн бодлогыг тодорхойлж чадахгүй гэдэг зүйлийг хэлээд байгаа. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Давхар дээлийн асуудал 25 жил яригдаж байна уу даа. Сонирхуулахад, Паркенсоны хууль гэж нэг юм байдаг. Аливаа хүнд суртлын байгууллага тодорхой хугацааны дараа өөрийн үүсгэн байгуулсан зорилгыг мартаад өөрийн эрх ашигтай болдог гэсэн утгатай. Жишээ нь, Үндсэн хуулийн Цэц, АТГ-ыг анх ямар зорилготой байгуулж байлаа. Одоо эдгээр байгууллага юу хийж байгааг харахаар паркинсоны хууль өөрийн эрхгүй санагдаад байдаг юм. Би үүнийг яагаад дурьдаад байна вэ гэхээр нэгэнт л сонгодог парламентын тогтолцоогоо бэхжүүлье гэж байгаа бол ард түмнээсээ мандат авсан хүн л засгийн газрын гишүүн байх ёстой. Харин чухам яаж хэрэгжүүлэх зэрэг нь техникийн асуудал. Манай улсын хөгжлийн өнөөгийн шат, тулгамдаад буй асуудлууд, боловсон хүчний нөөц бололцоо, нэгэнт бүрэлдсэн, цаашид яах нь тодорхойгүй улс төрийн намуудын байж байгаа байдал, тэднийг буй болгосон улс төрийн соёл, сонгуулийн тогтолцоо, фэйк мэдээгээр иргэдийн тархийг угааж буй нийгмийн сүлжээ, телевиз, сонин, сайтууд, иргэдийн амьжиргааны түвшин зэрэг олон хүчин зүйлсийг тооцох ёстой юм. Энд хичнээн ч хүчин зүйл дурьдав даа. Гэтэл хэлээгүй орхисон олон хүчин зүйл байгаа шүү дээ. Энэ бүгдийг уялдуулан бодоод сайн ч муу ч сонгогчоосоо мандатаа авсан хэд нь Засгийн газрын гишүүн байж, хариуцлагаа үүрч байх ёстой гэж би мунхаглан бодож суудаг аа.

-Энэ Засгийн газрын тэргүүн залуу хүн. Залуучуудаа дэмжиж улс хөгжинө л гэдэг. Зарим улстөрчид туршлагатай нуруутай, улстөрч хүн л Засгийн тэргүүн болж, бодлого тодорхойлох ёстой гэдэг. Залуу хүний алдаа, оноог та хэрхэн дэнслэх вэ?

-Залуус гарч ирэлгүй яахав. Би бүх насаараа л оюутан залуустай ажиллаж байна. Дэмжилгүй яахав. Би залуу хүн гээд толгойг нь илээд байдаггүй харин ч их хатуу, зарчимч шаардлага тавьж, хал нь гадна хайр нь дотроо гэдгээр хандах ёстой гэж үздэг. Миний дарга халамжлан хүмүүжүүлэгч нар мөн ч хатуу хахир, туйлын зарчим ч хүмүүс байсан. Ерөнхий сайдад нэг зүйлийг л сануулмаар байна. Монгол Улсын Засгийн газар гэж байдаг юм шүү. Чи бол Монгол Улсын засгийн газрын тэргүүн. МАН-ын Засгийн газрын Ерөнхий сайд гэж байхгүй. Энийг байнга санаж байхад цаашид дажгүй байх аа.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэвшүүлж байгаа шинэ сэргэлтийн бодлогыг та хэр оновчтой зөв бодлого гэж харж байгаа вэ. Ковидын дараах эдийн засгийн сэргэлтэд энэ бодлого чухал нөлөө үзүүлж, эдийн засаг сэргэж чадах уу?

-Ерөнхий сайд хүн бусдаас илүү мэдээлэлтэй байдаг. Түүнийг ангилан эрэмбэлж, уялдаа холбоо, алсын үр дагавар зэрэг олон талаас нь богино хугацаанд шүүн тунгаах, түүндээ тулгуурлан болзошгүй өрнөл, хандлагуудыг олж харж, шийдэл санал болгох учиртай. Энэ үүднээс зургаан чиглэл санал болгосон байх гэж таамаглаж байна. Харин “шинэ сэргэлт” гэх мэтийн элдэв шошго хаягаар хөөцөлдөөд байх нь цаг л үрж байгаа хэрэг байх.

-Саяхан Засгийн газрын бүтэц нэмэгдлээ. Энэ шинэ яамдууд хэрэгтэй юу. Зүгээр орон тоо нэмэгдэж, төсвийн хөрөнгө хий дэмий зүйл рүү урсаад байх юм биш үү. Шинэ яам, сайд нартай холбоотойгоор байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Маш энгийн зарчим шүү дээ. Нэгд, зорилго байх. Дараа нь түүнийг хангах бүтцийг буй болгох. Улмаар тэр бүтцийг амилуулан зорилгод хүргэх чадалтай боловсон хүчнийг томилох. Хэрвээ Ерөнхий сайд шаардлагатай гэж үзсэн бол тийм л байгаа байх. Хөгжлийн яам байгуулах нь зөв, харин тэргүүн шадар сайдын хэмжээнд зангидах ёстой байх гэж дотроо бодож сууна.

-Цар тахал гэдэг нэрийн дор олон бизнес нурж, дампуурч байна. Энэ цаг үед үндэсний үйлдвэрлэл, дотоодын үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдээ дэмжих байтал тэдний үйл ажиллагааг хорьсон боосон зүйл нийгэмд их байна. Жижиг дунд үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийг төр ер нь хэрхэн дэмжиж, яаж хөгжүүлэх ёстой юм бэ?

-Цар тахал гараад гурван жил өнгөрч байна. Энэ хугацаанд чухам юу болов, хэн юу хийв, ямар эерэг сөрөг үр дагавар байв, ямар бодлого, ямар эдийн засгийн болон захиргааны механизм үр дүнгээ өгөв. Ямар нь болсонгүй зэргийг маш нарийн дүгнэж цэгнэх боломжтой. Бидний нэг том дутагдал байна. Цар тахал мэтийн иймэрхүү том процесст тасралтгүй мониторинг хийж сургамж, дүгнэлт хийж, дараа дараагийн үйл ажиллагаандаа шаардлагатай засвар, өөрчлөлтийг огт хийхгүй байна. Жишээ нь, тодорхойгүй, шийдвэр гаргахад мэдээлэл хангалтгүй, мөн дээр нь цаг хугацааны цейтнотод байгаа нөхцөлд “байлдааны талбараа орхиод зугтах уу” эсвэл иргэд бизнестээ итгэл үзүүлэн, хамтран асуудлыг шийддэг механизм хайх уу. “Ковид-19”-ийн дараа 29, 39 гээд л төрөл бүрийн “хар хун” тасрахгүй. Шинэ давагдашгүй хүчин зүйл үүссэн нөхцөлд төрийн машин яаж ажиллах ёстой талаар маш нарийн судалгаа, дүгнэлт, зөвлөмжүүд бэлэн болсон байх ёстой. Тэдгээрийг улирал тутам эргэн харж, байгаа тодотгож байх хэрэгтэй.

-Энэ удаагийн парламентийг сөрөг хүчингүй парламент боллоо гээд байгаа. Үүнтэй санал нийлж байна уу. Хүч гэдэг бол нэгдэл гэж ярьдаг. Тэр утгаараа танай нам нэгдмэл шинжгүй, хуваагдмал байгаа учраас ямар ч хүчгүй байна уу даа гэж ойлгоод байгаа. Одоо АН дотоод асуудлаа шийдэх цаг болоогүй юу?

-Ардчилсан нам асуудлаа шийдэх ёстой. Эв нэгдэл чухал гэдгийг бүгд мэдэж л байгаа. Бүгд л мэдэж ярьж хэлээд байгаа хэрнээ ийм эмгэнэлт байдалд орлоо. Гэм буруутныг энэ тэр гээд л чичлэх байх. Нам дотор үе солигдож байгаа энэ том өөрчлөлт шинэтгэлийн процесс дунд “үнэгүй туулайчлах” санаатай завшаанчид бас байгаа шүү дээ. Тэд өөрсдийн амин хувийн эрх ашгийг л удирдлага болгоно. Ингэхдээ би хүртэл итгэчихмээр популизмыг тэд хийж байна. Товчхондоо хувь хүмүүсийн амбицаа дарж чадахгүй шунал, хэнээрхэл зэрэг субьектив хүчин зүйлс үйлчилж байна. Дээр нь гадаад нөлөө, нөлөөлөл, асуудлыг иймэрхүү байдалтай байлгаад байх бодит сонирхол ч хэн нэгэнд байгаа. Обьектив, субьектив хүчин зүйлс бодитой ч асуудлыг өөр бусдад нялзаагаад суугаад байх нь маш буруу. АН асуудлаа өөрөө л шийдэх ёстой. Өөрсдөө шийдэж байж л олны итгэл олно. Өөрсдөө шийдэж байж л бусдад хэлэх үгтэй болно. Ингэхдээ Дээд шүүх гэх мэт хэн нэгнээс зөвшөөрөл аваад байх ёсгүй. Хоёрт, намаа зоригтой цэвэрлэх. Гуравдугаарт, төрийн, эдийн засгийн, нийгмййн хүрээнд шинэ үзэл санаа, зорилт зорилго дэвшүүлэх ёстой.

-Саяхан ардчилсан нам их хурлаа хийж, намын даргаа батламжилж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэн шүүхэд баримтаа өгсөн. Шүүх хүлээж авсан ч АН-ын даргаар О.Цогтгэрэл гэдэг хүнийг бүртгэхээс татгалзаад байгаа. Хурлыг нь хүчин төгөлдөр гэж үзсэн атлаа тэрхүү хурлаас гарсан хүчин төгөлдөр шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзээд байгаа шүүхийн тогтоолыг та юу гэж харж байна. Энд эсвэл өөр зүйл, ойлголт байна уу?

-Нэг л зүйлийг хэлье. Одоогийн Ардчилсан нам бол МАН-ын хувьд ёстой “мөрөөдлийн” сөрөг хүчин шүү. Тэгээд гурван цэг тавьчих.

-Э.Бат-Үүл гуайг хүүтэйгээ хамт тендэр авсан гэж шүүх шийдвэрээ гаргаж, хорьсон. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна?

-Э.Бат-Үүл маань шударга шүүхээр л шүүлгэнэ гэж ярьж байсаар л явлаа. Шударга шүүхээр орсон гэдэгт би туйлын эргэлзэж байгаа. Шүүхийн шийдвэр ямар байлаа ч ягштал мөрдөх ёстой гэдэг зарчмын төлөө Э.Бат-Үүл хатуу зогсож байдаг юм шүү гэдгийг энд сануулахад илүүдэхгүй байх.

-Ер нь танай намын угшилтай төрийн өндөр албан тушаал хашиж байсан улстөрчдийг ээлж дараалан хэрэгт холбогдуулан шалгах юм. МАН-аас хэрэгт холбогдон шалгагдсан хүмүүс тэгсхийж байгаад л суллагдлаа гэх. Үүнээс харахад нөгөө яриад байдаг шударга бусын хонгил гэдэг чинь үнэхээр байгаа ч юм бил үү гэж бодох. Таны байр суурийг сонсъё?

-Саяхан нэг хүнтэй ярьж суухад нэг асуудал хөндөгдсөн юм. Төрийн албан хаагч нар хэний төлөө зүтгээд байна аа гэсэн асуулт. Төрийн төлөө зүтгэ гээд байгаа боловч амьдрал дээр мэдлэг боловсрол дутмаг, төрийн өндөр алба хаах ёс суртахууны эрхгүй, төсвийн мөнгийг төрөл бүрийн аргаар завших, хулгайлах, гарын үсгээ худалдах, улс төрийн зорилгоор бусдыг ялгаварлан гадуурхдаг, популизм пиар нь төрийн алба залгуулдаг хэрэгсэл болсон гээд товчхондоо төрийг бузарлаж байгаа хүмүүсийн төлөө, тэдний легитм байдлыг хангахын төлөө зүтгээд байгаа юм биш үү гэсэн асуудал босч ирсэн юм. Энэ бол АН, МАН-ыг тойрохгүй, дайрах асуудал шүү. Аль нэг нь дангаараа шийдэл олох нь юу л бол.

-Цагаан сарын бэлтгэл хэр базааж байна. Цар тахал гээд сүйдтэй тэмдэглэхгүй шиг байна даа…

-Ойр зуурхан юмаа базаасан. Цар тахал гэдэг аюултай юм. Хүний сэтгэл, мөн чанар, бие даасан хариуцлагатай байдлыг өдөр бүр л шаардаж байна. Бидэнд цар тахлын нөлөөллөөс сурах зүйл их байна. Ядаж л бие даасан байдлаа улам тодоор ойлгох хэрэгтэй. Улс бие даасан байдлаа ойлгох аваас урдаас ч юм уу, хойноос дутагдлаа аваад байх шаардлагагүй. Бид өөрсдөө л хөдөлмөрлөх учиртай. Тэгж байж л хүн хөгжинө, дагаад улс хөгжинө. Сэтэрхий зүүг ч гаднаас авчихъя гэсэн хандлага сэтгэлгээтэй байх ёсгүй юм. Ширхэг хадаасаа ч өөрсдөө үйлдвэрлэдэг болох хэрэгтэй.