Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Сүхбаатар: Пропорционал тогтолцоо нэг намын хязгааргүй ноёрхлыг хазаарлаж, иргэдийн төлөөллийг жигд зарчмаар хууль тогтоох түвшинд тусгадаг DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараас Үндсэн хуулийн нэмэлт болон сонгуулийн тогтолцооны талаар тодрууллаа.


-Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал яригдаж байна. Таны хувьд энэ асуудлаар ямар байр суурьтай явдаг вэ. Зарим нэг улстөрчид энэ асуудлаар гарын үсэг цуглуулж эхэлсэн байна шүү дээ?

-Энэ парламент Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад удаагүй байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлах эрх УИХ-ын гишүүнд бий. Гэхдээ Үндсэн хуулийн асуудал онцгой тусгай журмаар зохицуулагддаг. Тэр нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль. Миний хувьд арваад жилийн өмнө уг хуулийн санаачлагчаар ажиллаж, улмаар батлуулж байсан хууль. Тиймээс энэ хуулиас гадуур Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ярина, хэлэлцэнэ гэж байхгүй. Тиймээс асуудал энэ хуулийн хүрээнд л зохицуулагдах ёстой. Би Т.Доржханд гишүүний асуудалд нэгдэх, нэгдэхгүй тухай зүйл яриагүй шүү. Үндсэн хуулийг өөрчлөх асуудал бол Төр улсын суурь тогтолцоог өөрчлөх асуудал яригдаж байгаа учраас л ийм тайлбар хэлж байна. Тэр утгаараа нийгэмд энэ асуудлаар маш болгоомжтой сигналь өгөх ёстой. Миний хувьд өөрчлөх асуудлыг түр азнах хэрэгтэй л гэж үзэж байгаа. Цар тахлын нөлөөллөөс бүрэн ангижирч чадаагүй, эдийн засгийн болон олон улсын нөхцөл байдал тийм ч таатай биш байна. Ийм үед байгаа боломжоороо улс орныхоо хөгжлийг дэмнэж, өмнө тулгамдаад байгаа асуудлаа шийдвэрлэх, зөв бодлого, шуурхай ажиллах ийм шаардлага бидэнд тулгарч байгаа. Өөрөөр хэлбэл, гадаад болон дотоод нөхцөл байдал амаргүй цаг үед Үндсэн хуулиа өөрчлөх, Төрийн тогтолцоо, бүтцийн өөрчлөлт хийнэ гэдэг цагаа олоогүй ажил. Магадгүй сөрөг үр дагаварт ч хүрч мэдэх юм. Тиймээс үнэхээр том, тулгамдчихсан асуудал байхгүй л бол Үндсэн хуульдаа өнөө маргаашдаа гар хүрэх хэрэггүй болов уу гэсэн байр суурьтай яваа.

-Сонгуулийн тогтолцоог өөрчилье, хуулиа эргэж нэг харъя гэсэн санал зарим улс төрийн намаас болон иргэдээс идэвхтэй гарч байна. Энэ асуудлаар та ямар байр суурьтай байна вэ?

-Юуны өмнө сонгуулийн тогтолцоог өөрчлөх боломж бол бий. Гэхдээ Үндсэн хуулийн Цэцийн 2016 онд гаргасан эргэлзээтэй шийдвэр саад болоод байгааг нуухгүй. Цэц одоо энэ асуудлаа дахин хэлэлцэж, шийдвэрээ өөрчилчихвөл Үндсэн хуульд нэмэлт оруулахгүйгээр УИХ шийдэж болох юм. Миний хувьд арваад жилийн өмнө сонгуулийн хуулийг өөрчлөх, тогтолцоог нь холимог болгох ажлын хэсгийг ахалж, энэ ажлыг гардан идэвхтэй оролцож байсан хүн. Энэхүү ажлыг тухайн үед нураасан. Үүнд одоо болтол харамсаж явдаг. Тэгэхээр үүнийг ерөөсөө Үндсэн хуульд оруулж өгөхгүй л юм бол амаргүй гэж бодсон. Нөгөөтэйгүүр хоёрын хооронд пропорционал хэдэн суудлыг дарга нарт хуваарилаад үлдээчихвэл энэ нь өөрөө гол зарчмаараа явахгүй. Мөн энэ тогтолцоо бол намын дотоод ардчиллыг устгах аюултай байдаг. Тиймээс пропорционал тогтолцоог намын хатуу жагсаалтаар хийж болохгүй асуудал.

-Олон улсын хувьд сонгуулийн ямар тогтолцоог түлхүү ашиглаж байна вэ?

-Тухайлбал, Европын орнууд сонгуулийн пропорционал тогтолцоог ашигладаг. Гэхдээ нээлттэй намын жагсаалтаар үүнийгээ зохицуулж явдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр сонгогчид нь намын жагсаалтад орж ирж байгаа нэр дэвшигчдэд өөрчлөлт оруулж болдог, ийм тогтолцоо. Финлянд мэтийн орнууд бол бүсчилсэн пропорционал тогтолцоотой. 19 суудал, эсвэл 15 суудлаар бүсчилж хийдэг. Энэ мэт сонгуулийн пропорционал тогтолцоо дотроо их олон янз бий. Үүнээс хаалттай пропорционал тогтолцоогоор хэзээ ч явж болохгүй. Энэ бол сонгогчдод юу ч мэдэгдэхгүйгээр тэдний өмнөөс хүн оруулна л гэсэн үг. Тиймээс хэрэв сонгуулийн хуулийн тогтолцоог өөрчилнө гэж байгаа бол дагалдах эрх зүйн менежмэнтийг маш сайн суулгаж өгөх шаардлагатай. Одоо муу хэлэгдээд байгаа мажоратори тогтолцоо шиг пропорционал тогтолцоонд асуудал байгаа юу гэвэл байгаа. Ер нь нэг зүйл хэлэхэд, манай улсын төрийн тогтолцоо, хүний эрхийн болон хууль хяналтын байгууллагуудын тогтолцооны хөгжил Европын эрх зүйн систем рүүгээ хөгжиж байгаа. Англи, Америк, Оросын гэж хэлэгддэг ч бидний мөрдөж байгаа стандарт, бодлого үйл ажиллагаа, Үндсэн хуулийн хандлага явж явж Европын тогтолцоо руу л Монголыг хөтөлж байгаа.

-Пропорционал тогтолцоотой болсноор ямар давуу байдал бий болох гээд энэ олон санал, санаачилгууд ар араасаа хөврөөд байна вэ?

-Ер нь сонгуулийн пропорционал тогтолцоо нь үндэсний зөвшилцлийг бий болгодог. Энэ бол хамгийн том давуу тал. Нэг намын хязгааргүй ноёрхох боломжийг хазаарлаж, ард түмний төлөөллийг жигд зарчмаар хууль тогтоох түвшинд тусгадаг давуу чанартай. Тиймээс нэг нам ноёрхох байдал алга болдог.

Өнөөдөр болж буй олон улсын хямралт нөхцөл байдал дэлхийг хоёр туульд хуваачихаж байна. Тэр нь ардчилсан дэглэмтэй улс орнууд нөгөөх нь диктатуртай улс орон гэж хоёр хуваагдлаа. Үүнээс юу харагдаж байна гэхээр Монгол Улсын аюулгүй байдлын баталгаа нь юу юм бэ. Тэгэхээр манай улсын аюулгүй байдлын баталгаа бол парламентат ёс, парламентын ардчилсан тогтолцоог хөгжүүлэх явдал. Үүнийгээ ч Үндсэн хуульдаа тодорхой заагаад өгчихсөн байгаа. Энэ утгаараа парламентад ёсыг хөгжүүлэх төлөвшүүлэх хүрээнд яах аргагүй сонгуулийн тогтолцооны шинэтгэл, улс төрийн намын шинэтгэл гүн холбоотой ойлголт юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Чинзориг: Тэжээгчээ алдсаны тэтгэмж нь тэтгэвэр өвлөгдөж байгаагийн нэг хэлбэр гэж үзэж болно DNN.mn

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан, УИХ-ын гишүүн С.Чинзоригтой ярилцлаа.


-Тэтгэвэр өвлүүлэх буюу тэтгэврийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл орж ирээд буцаагдлаа. Засгийн газраас уг хуулийг яагаад татах болов. Уг нь нийгмийн хүлээлт их байсан хууль шүү дээ?

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл хийнэ гэсэн зорилт тусгагдсан байдаг. Нөгөө талдаа олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бий болгоё гэдэг чиглэл олон жил яригдлаа. Энэ хүрээндээ Засгийн газраас дээрх хуулийн төслийг оруулж ирсэн. Уг хуулийг УИХ-д хэлэлцэж эхлээгүй, наана нь намын бүлэг дээр яригдсан. Улмаар уг хуулийн төсөл дээр нэмж тусгах, тооцоо судалгаа хийх зүйл олон байгаа учраас буцааж, илүү нарийн боловсруулж оруулж ирье гэдэг санал гаргаж, буцаагдсан байгаа. Өмнөх хуулийн төслийг яагаад татсан бэ гэхээр нэгдүгээрт, хөрөнгө санхүүтэй холбоотой асуудал бүрхэг байсан. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шинэчлэл хийе гэвэл хөрөнгө санхүүгийн хувьд асуудал тулгарна гэсэн үг. Хоёрдугаарт, одоо мөрдөгдөж байгаа хуультай харьцуулахад зарим заалт зүйл нь улам дордсон асуудал байсан. Тухайлбал, тэтгэвэр бодогдох цалингийн дундаж долоон жил байсныг 10 жилээр тооцон бодох заалт орж ирсэн. Үүнийг хэрэв баталбал нийгэмд нэлээд их шүүмжлэл дагуулахаар заалт болох юм. Зарим Их хурлын гишүүд үүнийг таван жил болгох гээд үзээд байхад бүр 10 болгоно гээд ороод ирэхээр байж болохгүй асуудал гэж үзсэн. Нөгөөтэйгүүр одоогийн хуулиар нийгмийн даатгалын шимтгэлээ 20 жил төлсөн иргэн тэтгэврээ 45 хувиар бодуулна гэж байгаа. Гэтэл үүнийг 41 хувь болгосон байна лээ. Өөрөөр хэлбэл, хүрсэн түвшинг нь дордуулсан байна гэж үзсэн. Энэ мэт дордуулсан заалт, зүйлүүд байсан учраас Засгийн газар төслөө татаж аваад боловсруулаад дахин оруулъя гэсэн. -Тэтгэврийг өвлүүлэх тал дээр тодорхойлж ярихгүй юу?

-Миний хувьд тэтгэвэр өвлүүлэх асуудал дээр энэ цаг үед санал нийлэхгүй байгаа. 1995 оноос хойш мөрдөгдөж байгаа Нийгмийн даатгалын хууль өөрөө хуваарилалтын тогтолцоон дээр суурилдаг. Өөрөөр хэлбэл, ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэлээр иргэдийн тэтгэврийг шууд тавиад явдаг гэсэн үг шүү дээ. Ийм тогтолцоотой үед тэтгэврийг шууд өвлүүлнэ гэдэг зарчимд нийцэхгүй асуудал. Цаашдаа тэтгэврийн санг хагас болоод бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлж байж тэтгэвэр өвлүүлэх асуудлыг шийдэж болно.

-Нийгмийн даатгалын сан гэж үе үе асуудалд орж байдаг төрийн нэг бүтэц байна. Энэ санг удирдаж, зохион байгуулах гэж очсон албаныхан асуудалд орох нь их юм. Сүүлд уг сангаас “Капитрон банк” санхүүжиж, улмаар дампуурлаа шүү дээ. Ер нь тус сангийн асуудал тогтолцоонд байна уу, очсон дарга, удирдлагууддаа байдаг юм уу?

-Очсон хүн ч юмуу одоо ажиллаж байгаа хүмүүсээс болж Нийгмийн даатгалын сан, Нийгмийн даатгалын байгууллага муу ажиллаж байгаа гэж бодохгүй байна. Одоо мөрдөгдөж байгаа хууль, тогтолцоо нь ерөөсөө л ийм хуваарилалтын зарчимд суурилчихсан. Сүүлийн жилүүдэд нийгмийн даатгалын ач холбогдлыг бууруулах, олон нийтэд харлуулах ажлыг зохион байгуулалттай хийсээр байна. Зарим хүмүүс гуч, дөчин жил нийгмийн даатгалын шимтгэл төлж байхаар үүнийгээ банкинд хүүтэй хадгалуулчихсан нь илүү ашигтай гэж ярьсан. Үүгээрээ нийгмийн сэтгэл зүйг буруу зүгт чиглүүлэх ийм үйлдлүүд гарч байсан. Тиймээс нийгмийн даатгал төлснөөр ямар ач холбогдолтойг одоогийн тус байгууллагыг хариуцан ажиллаж байгаа хүн бүр олон нийтэд сурталчилж, таниулах учиртай. Манай иргэд нэг зүйлийг буруу ойлгодог. Нийгмийн даатгалын шимтгэл гуч, дөчин жил төлсний дараа тэтгэвэртээ гараад л үр шимийг нь хүртдэг гэсэн ойлголттой байдаг. Энэ тийм биш шүү. Улсад шимтгэл төлж эхэлсний маргаашаас л та үр шимийг нь хүртдэг. Тухайлбал, хүүхэд төрүүлсэн эх цалинтай ээжийн мөнгө авдаг, үйлдвэр, мэргэжлийн онцлогоос шалтгаалж хөдөлмөрлөх чадвараа алдсан иргэн тэтгэмж авдаг, мөн тэжээгчээ алдсаны тэтгэмж гэх мэтээр ярьж болно. Тэжээгчээ алдсаны тэтгэмж гэдэг бол тэтгэвэр өвлөгдөж байгаагийн нэг хэлбэр гэж үзэж болно. Тухайлбал, хөдөлмөр эрхэлж байсан эцэг, эх нь бурхан болоход үлдэж байгаа үр хүүхдүүд нь насан туршид тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг. Энэ бол тухайн эцэг, эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байсны л ач. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр өвлөгдөж байгаагийн нэг хэлбэр гэсэн үг.

-Нийгмийн даатгалын сан өөрөө үеийн үед л алдагдалтай ажилладаг шүү дээ. Үүнд та тодорхой тайлбар өгөөч?

-Энэ асуудлаар ч гэсэн олон нийтэд зөв мэдээлэл, зөв ойлголтыг өгөх ёстой. Нийгмийн даатгалын сан алдагдалтай ажиллаж байгаа нь ажилчид муу ажиллаж байгаа зүйл огт биш. Ерөөсөө одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, тогтолцоотойгоо холбоотой асуудал. Сан яагаад алдагдалтай байна гэхээр хоёр зүйлийг ярьж болно. Нэгдүгээрт, цэргийнхэн буюу цэргийн алба хаагчид нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй. Үүнийг төр өөрөө хариуцаж, төсвөөс гаргадаг. Тэгэхээр Нийгмийн даатгалын сангийн алдагдлын нэг хэсэг нь энэ цэргийн алба хаагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төсвөөс гаргаж байгаа асуудал. Хоёрдугаарт, 1995 онд Нийгмийн даатгалын хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнээс өмнө иргэд цалин хөлснөөсөө даатгал төлдөггүй, үүнийг 100 хувь төр хариуцдаг байлаа шүү дээ. 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг төр хариуцдаг. Ийм хоёр зүйлээс болж нийгмийн даатгалын сан алдагдалтай байдаг. Үүнийг л манайхан уг санг алдагдалтай ажилладаг гээд ойлгочихсон.

-Алдагдал тогтолцоонд болон хуулиндаа байгаа гэж ярилаа. Тэгвэл нэн яаралтай энэ тогтолцоо, хуулийг нь шинэчлэх, өөрчлөх шаардлагатай юм биш үү?

-Хуулиа шинэчлэх, тогтолцоог нь өөрчлөхтэй бүрэн санал нэг байгаа. Нийгмийн даатгалын хуулийн шинэчлэлийн гол зүйл нь Нийгмийн даатгалын санг арвижуулах, менежментийг нь хэрхэн зөв явуулах вэ гэдэг дээр тогтох ёстой. Энэ бол уг хуулийн шинэчлэлийн амин сүнс. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар нийгмийн даатгалын санг арвижуулах арга хэлбэр нь арилжааны банкнуудад хүүтэй байршуулах, Засгийн газрын бонд худалдаж авах, Монголбанкны үнэт цаас худалдаж авах гэсэн зохицуулалт бий. Үүгээр бол сүүлийн 10 гаруй жил Засгийн газар бонд гаргаагүй. Тэгэхээр бонд худалдаж аваагүй гэсэн үг. Монголбанкнаас үнэт цаас авъя гэхээр хуулиараа тус банкнаас зөвхөн арилжааны банкнууд үнэт цаас авдаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр үнэт цаас авч болохгүй гэсэн үг. Тэгэхээр ганц үлдэж байгаа нь арилжааны банкинд хүүтэй байршуулах хэлбэр юм. Үүнээсээ болоод иргэдийн шүүмжлэлийг их дагуулдаг. Цаашид үүнийг нэлээд боловсронгуй болгох ёстой.

-Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиа иргэд буцааж авахаар болсон. Үүнийг ажилчдад нь биш, ажил олгогчдод олгох нь илүү үр дүнтэй гэж ярьсан. Яагаад заавал ажил олгогчид авах ёстой гэж?

-Төсвийн тодотголоор ийм санал орж ирсэн. Эдийн засаг хүнд үед иргэдийнхээ орлогыг ингэж дэмжиж байгаа нь нэг талдаа зөв. Гэхдээ ийм хүнд цаг үед ажилчид гэхээс илүү ажил олгогчдыг дэмжих нь илүү үр дүнтэй гэсэн бодолтой байсан. Ажил олгогчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг нь буцаан олгосноороо иргэд ажлын байртайгаа байх, хадгалах, нэмэгдүүлэх, цалин хөлсөө тогтвортой авах зэрэг боломжууд бий болох байсан л даа. Нийгэмд энэ чиглэл нь илүү үр дүнтэй байсан юм болов уу л гэж харсан. Ер нь улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа аж ахуйн нэгжүүдийн 80 орчим хувь нь 10-аас доош ажиллагсадтай, жижиг, дунд аж ахуйн нэгжүүд байгаа. Эдгээр жижиг үйлдвэр эрхлэгчид, хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого төрөөс явуулах учиртай. Энэ утгаараа л уг 50 хувийн буцаан олголтыг ажил олгогчдод нь өгөх ёстой гэсэн байр суурьтай байсан.

-Монголд ажил хийх хүнгүй боллоо. Залуучууд нь гадагшаа гарч ажиллахаар байдгаа барж байна гэдэг. Дотооддоо ажиллах хөдөлмөрчдийг төрөөс ямар бодлогоор зохицуулах ёстой юм бэ?

-Улсын хэмжээнд 1.2 сая ажиллагсад байна. Үүний 50 орчим хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон малчид байдаг. Манай эдийн засаг ийм сонин бүтэцтэй. Аж ахуйн нэгжүүдийн дийлэнх хувь нь 10-аас доош ажилчинтай, жижиг нэгжүүд байна л даа. Тэгэхээр цаашид иргэдийг ажлын байраар бүрэн хангая гэвэл хоёр зүйлийг хийх хэрэгтэй. Нэгдүгээрт, ажиллах хүчний шингээлттэй хөнгөн үйлдвэрүүдийг сайн дэмжих ёстой. Нуулгүй гэж хэлэхэд, бид сүүлийн гучин жил дандаа уул, уурхай л ярьж ирлээ. Үүнийг дагаад ажлын байр дорвитой нэмэгддэггүйг бид мэдэж авлаа. Өөрөөр хэлбэл, ажиллах хүчний шингээлт багатай салбар бол уул, уурхай. Тиймээс өнөө цагт бид мал, аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах чиглэлийн хөнгөн үйлдвэрүүдийг төрийн бодлогоор дэмжих ёстой. Ажиллах хүчин олдохгүй байна гэж шүүмжилдэг. Гэвч нөгөө талдаа ажлын байр сайн нэмэгдэж өгөхгүй байна. Нөгөөтэйгүүр хөдөлмөрийн үнэлэмжийг сайн бодох ёстой. Цалин хөлс багатай байгаагаас болж залуучууд ажлын байраа голж байна.

-Халамж хавтгайрснаас болоод хөдөлмөрлөх иргэд олдохгүй байна гэдэг шүү дээ…

-Нийгэмд халамж хавтгайрлаа гэдгийг би хувьдаа сайн ойлгодоггүй. 1995 оны судалгаагаар манай улсын нийт иргэдийн 35 хувь нь ядуу байна гэж гарсан байдаг. Үүнээс хойш гучин жил өнгөрлөө. Дахиад ийм судалгаа явуулахад хүн амын 29 хувь нь ядуу байна гэж гардаг. Тиймээс халамжийн бодлого байхаас өөр аргагүй. Харин ч муу сайн хэлэгдээд байгаа халамжийн бодлогын үр дүнд тэр гучин хувийн ядуу иргэдээ нэн ядуу түвшин рүү оруулчихгүйхэн шиг бариад явж ирсэн. Түүнчлэн халамжийн бодлого уу, хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого уу гэдгээ ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Манайхан хүнд очиж байгаа мөнгө бүрийг халамжийн бодлого гэж хардаг. Тухайлбал, хүүхдэд өгч байгаа 100 мянган төгрөг бол халамжийн бодлого биш. Энэ бол цөөхөн монголчуудыг олон болгох гэсэн хүн амын өсөлтөө дэмжсэн бодлого. Үнэхээр халамжийн бодлогыг шүүмжилье гэвэл нэг зүйлийг хэлж болох л юм. Тэр нь халамжийн бодлого үнэхээр шаардлагатай зөв хүндээ очиж чадаж байна уу л гэдэг асуудал. Түүнээс өөр шүүмжлэх зүйл байхгүй, явах ёстой зарчмаараа л явж байгаа.

-УИХ-ын хяналт, шалгалтын түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын хяналт, шалгалтын хуулиар Засгийн газрын үйл ажиллагааг хянаж, УИХ-аас батлан гаргасан хуулийн хэрэгжилт биелж байна уу, үгүй юү гэдгээ авч хэлэлцдэг. Энэ түр хороо байгуулагдсанаараа ямар ач холбогдолтой юм бэ?

-УИХ-ын өнгөрсөн намрын чуулганаар УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийг баталчихсан. Үндсэн хуулиар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах, хангуулах үүрэг нь УИХ-д байдаг. Үндсэн хуулиар олгогдсон энэхүү бүрэн эрхийг баталгаажуулах зохицуулах дагалдах хууль тогтоомж байгаагүй учраас дээрх хуулийг УИХ баталсан шүү дээ. Гэхдээ уг хууль батлагдсанаараа зөвхөн Засгийн газрын үйл ажиллагааг хянах ёстой гэвэл өрөөсгөл ойлголт болно. Ерөөсөө хуулийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн хууль гэж хэлж болно. Уг хуулиараа Хөгжлийн банкны асуудлыг шалгах түр хороо байгуулахаар ажиллаж байна.

-УИХ-ын гишүүний хувьд Хөгжлийн банктай холбоотой асуудалд ямар байр суурьтай байна. Ерөнхий прокуророос нэр бүхий гишүүдийг түдгэлзүүлэхээр оруулж ирсэн ч та хэд олонхоороо аваад үлдчихлээ. Ер нь прокуророос оруулж ирсэн саналыг хүлээж аваад гишүүдийг явуулчихаж болдоггүй юм уу. Гэм буруутай эсэх нь шүүхээр шийдэгдээд буруугүй бол буцаад л ороод ирнэ биз дээ?

-Хөгжлийн банкны асуудалд төр онцгой анхаарал хандуулах ёстой. УИХ-аас байгуулсан ажлын хэсэгт миний бие орж ажилласан. Энэ үеэр Хөгжлийн банкны асуудлаар төрөөс цаашид анхаарах хэд хэдэн зүйл байна гэдгийг ажигласан. Импортыг орлох, экспортыг дэмжсэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх бодлого үр дүнтэй болж чадсангүй. Нэгдүгээрт, Хөгжлийн банкны зээлийн хугацаа хэт богино байна. Зээл авсан аж ахуйн нэгжүүд 5-9 жилийн хугацаатай уг зээлийг авч. Энэ хугацаанд импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд хөгжүүлнэ гэдэг их хэцүү. Тиймээс цаашид төсөл хэрэгжүүлэх хугацаанд нь илүү анхаарах шаардлагатай. Хоёрдугаарт, Хөгжлийн банкны зээлийн хүү тийм ч бага биш юм байна лээ. Жилийн 10-13 хувийн хүү, валютын хүү нь есөн хувь байсан. Эдгээр хүүгээ төлөхийн хажуугаар үйлдвэрлэлээ, төслөө хөгжүүлнэ гэдэг их хэцүү. Гуравдугаарт, Монголбанк, Хөгжлийн банк эдгээр төсөл хөтөлбөрүүдэд зээл олгохдоо санхүүгийн менежмэнтийг их муу хийсэн гэдэг нь ажиглагдсан. Тухайлбал, валютаар зээл авсан аж ахуйн нэгжүүдэд сүүлийн үеийн валютын өсөлт үнэхээр хүнд дарамт болж байна. Хөгжлийн банкнаас валютаар зээл авсан зээлдэгчдийн эргэн төлөх дүн валютын өсөлтөөс шалтгаалж 640 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр бий болчихсон байна. Тиймээс цаашид зээл олгохдоо ханшийн өсөлтийг хэрхэн тооцох вэ гэдгээ нэн онцгой анхаарах ёстой. Энэ бол цэвэр мөнгөний бодлого, төрийн оролцоотойгоор хийх ёстой ажил шүү дээ. Нөгөө талдаа төгрөгөөр зээл авсан зээлдэгчдийн санхүүгийн эрсдэл буюу хүүгийн эрсдэлийн 200 гаруй тэрбум төгрөгийг Хөгжлийн банк өөрөө хариуцахаар болчихсон. Энэ мэт санхүүгийн менежмэнтийг үнэхээр муу хийжээ. Үүнд бол төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байсан гэж харсан.

-Хөгжлийн банкны зээлдэгчдийг буруутгаад байдаг. Таныхаар зээл олгосон этгээдүүд санхүүгийн менежмэнтийг муу хийсэн гэж ойлголоо. Гишүүдтэй холбоотой асуудлыг тодруулж ярихгүй юу?

-Гишүүдийг түдгэлзүүлэх санал анх прокуророос орж ирэхдээ нууцлалын зэрэгтэй байсан. Тиймээс миний хувьд ч гэх үү бусад гишүүдийн хувьд ийм, тийм байр суурьтай байсан гэдгийг хэлэх боломж алга. Ямартаа ч гишүүд өөрсдийнхөө итгэл үнэмшлээр л саналаа өгсөн байх. Прокуророос орж ирсэн гишүүдийг түдгэлзүүлэх материалыг харахад дэлгэрэнгүй мэдээлэл, баримтууд байхгүй байсан. Ерөөсөө бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах хэрэгтэй байна гэсэн ерөнхий мэдээлэл л байна лээ. Яг юу болсон, яасан бэ гэдэг мэдээлэл байхгүй. Мэдээж мөрдөн байцаалтын нууц юмнууд бий л байх. Бүх материалтай танилцах эрхтэй УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны гишүүд үзээд, хэлэлцээд түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн учраас УИХ дэд хорооны саналыг дэмжсэн. Ийм л зүйл.

-Прокуророос оруулж ирсэн саналыг хүлээж аваад байвал УИХ-ын дархлаа суларна гэж болгоомжилдог учраас гишүүд уг асуудлыг дэмждэггүй юм биш үү?

-Монгол Улс бол парламентын засаглалтай орон. Тиймээс парламентын дархлаа гэдэг зүйл байх ёстой. Гэхдээ дархлаа гэдгийг хувь хүний халдашгүй байдал талаас нь ойлгохгүй байна. УИХ-ын гишүүн гэдэг иргэдийнхээ саналаар, тодорхой тойргоос төлөөлөл болж, тэдгээр иргэдийнхээ төр барих эрхийг төлөөлөн хэрэгжүүлэх үүрэгтэй ажилладаг алба шүү дээ. Иргэдийнхээ өмнөөс төрийн бодлогыг хэрэгжүүлэх онцгой эрхтэй хүмүүс учраас хэнээс ч хараат бусаар ажиллах, хамгаалагдах, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах эрхтэй. Энэ утгаараа л гишүүний халдашгүй байдал гэдэг ойлголт байх ёстой гэж боддог. Тиймээс дан ганц хувь гишүүнийг түдгэлзүүлэх асуудал биш болов уу гэж харж байгаа. Тэр гишүүний цаана түүнд саналаа өгч сонгосон мянга, мянган иргэний ашиг сонирхол, төр барих эрхтэй шууд холбоотой асуудал болохоор УИХ онцгой анхаарах нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл, шалгах шаардлага байгаа ч цаагуураа сонгогчдын эрх ашигт халдчих гээд байгаа зүйл ажиглагдаж буй учраас прокурорын саналыг дэмжээгүй болов уу гэж ойлгосон.

-Улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, иргэдээс сонгуулийн хуулиа өөрчил, Үндсэн хуульдаа нэмэлт оруул, тогтолцоогоо шинэчлээч ээ гэдэг санал, шаардлагыг сүүлийн үед их идэвхтэй нэхэх боллоо. Үүнд та УИХ-ын гишүүнийхээ хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Одоогоор намын бүлгийн түвшинд сонгуулийн хуулийг өөрчлөх асуудал яригдаагүй байна. Нийгмийг харахад ийм санал, хүсэлтүүд их яригдах болсон юм билээ. Бид 1990 оноос хойш өнөөг хүртэл УИХ-ын найман удаагийн сонгуулийг явуулсан. Ингэхдээ янз бүрийн сонгуулийн тогтолцоог сонгож явуулж ирсэн шүү дээ. Ер нь бол сонгууль болгоноор л сонгуулийн тогтолцоог өөрчилдөг. Үүнээсээ шалтгаалж олон сөрөг үр дагаврууд нийгэмд бий болдгийг бид сүүлийн гучин жилийн улс төрийн түүхээс харж болохоор. Тиймээс байнга сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх шаардлага байхгүй. Тогтсон нэг системээр л явах учиртай. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүн гэдэг асар их эрх мэдэлтэй хүмүүс байна. Тиймээс эдгээр хүмүүсийн эрх мэдлийг багасгах, сааруулах ёстой гэсэн хандлага байдаг. Гэвч УИХ-ын гишүүн гэдэг тийм ч дархан эрхтэй хүн биш шүү дээ. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн зарим эрхийг хассан байгаа. Тухайлбал, Ерөнхий сайдад Засгийн газрын гишүүдээ бүрдүүлэх эрхийг шилжүүллээ. Сайд нарыг УИХ хүн бүрээр нь хэлэлцэн томилдог байсныг болиуллаа. Төсөвтэй холбоотой онцгой эрхээсээ ч татгалзсан. Нэг үгээр хэлбэл, сүүлд нэмэгдсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бол УИХ-даа биш, Засгийн газарт л илүү их эрх мэдэл төвлөрсөн, хүчтэй болсон байгаа.

-Ерөнхий сайд эрх мэдэлтэй байгаа нь үнэн. Тэрээр төсөв хүндэрч байгаа шалтгааныг 76 тойрогтой холбож ярьсан шүү дээ. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ. Үнэхээр төсөв хүндрүүлж байгаа бол сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх ёстой юм биш үү?

-Улсын төсвийг 76 тийшээ цацаад байна гэдэг шүүмжлэлийг миний хувьд хүлээж авдаггүй. Монгол Улс чинь нэгдмэл нэг л улс шүү дээ. Үндсэн хуулиараа Монгол Улсын иргэн хаана ажиллаж, амьдрахаа өөрөө сонгох эрхтэй. Тэр утгаараа 76 тойргоос сонгогдсон гишүүд иргэдийнхээ саналыг улсын бодлогод тусгах үүрэгтэй гарч ирж байгаа шүү дээ. Мөн төрийн үйлчилгээг тухайн сонгогдсон тойрогтоо л хүргэж ажиллаж байгаа. Тиймээс төсвийг 76 зүг тарааж байгаа гэж шүүмжлэх хэрэггүй юм. Нөгөөтэйгүүр хот, хөдөөгийн хөгжлийн ялгааг ч бид арилгах хэрэгтэй. Тэр утгаараа орон нутгаас сонгогдсон гишүүд төрийн үйлчилгээг хөдөөд хүртээмжтэй, чанартай хүргэх чиглэлээр ажиллаж, тэдний дуу хоолойг сонсож, санал хүсэлтийг нь төрийн бодлогод суулгуулах ёстой. Өөр нэг зүйл бол манай улсын газар нутгийн болон хүн амын суурьшлын онцлог гэж байна. Сайн муугаараа хэлүүлээд байгаа тойргоос сонгогдсон гишүүд чинь хаа байсан уулын мухарт суугаа малчны эрх ашиг, саналыг төрд уламжилж яваа шүү дээ. Хэрэв сонгуулийн тогтолцоогоо өөрчлөөд тойрог гэж байхгүй болбол хэн тэр уулын мухарт байгаа малчны саналыг төрд тусгаж оруулах юм бэ. Тойргоос биш, намаас сонгогдсон гишүүд их сүрхий намын эрх ашиг, улсын эрх ашиг ярьсан нөхдүүд гарч ирнэ. Тэгэхээр зах хязгаарт байгаа сонгогчтой уулзах асуудал гэж байхгүй болно. Тэнд тулгамдаж байгаа асуудлыг төрийн бодлогод тусгаж хэрэгжүүлнэ гэж бүр байхгүй. Тийм учраас том газар нутагт хүн ам нь сийрэг суурьшдаг учир Монголд одоохондоо 76 тойргоос гишүүдээ сонгох буюу мажоратори тогтолцоо илүү дээр.

-Ирэх жилээс Засгийн газар гадаад бондуудын эхний төлөлтийг хийх гэж байна. Хөгжлийн банкны асуудал шийдэгдэхгүй, төсөв санхүүгийн хямрал үргэлжилсээр байвал ирэх жил бид энэ гадаад өрөө яаж төлөх вэ?

-Бид улс нийтээрээ нэлээд хүнд нөхцөл байдалд ажиллаж, амьдарч байна. Цар тахал, хил гааль хаалттай хоёр жил боллоо. Дээр нь хойд хөршийн явуулж байгаа үйл ажиллагаанаас болоод олон улсын хоригт орсон байдал нь бидэнд ч нөлөөлж байна. Ковидын хоёр жилийн хугацаанд манай улсын эдийн засаг шалдаа буусан. Хүнээр бол ёстой л сэхээнд орсон шүү дээ. Одоо овоо гайгүй ч бие султай хүн шиг л эмчилгээтэй байгаа гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс эдийн засгаа сэргээх, эдийн засгаа тэлэх, хил гаалийн нэвтрэх чадвараа нэмэгдүүлэх, экспортоо сайжруулах зэрэг эмчилгээнүүдийг шуурхай авч хийж байж бид сульдсан, буурсан эдийн засгаа хөл дээр нь босгож чадна. Хамгийн чухал зүйл бол бид экспортын орлогоо л дорвитой нэмэгдүүлчих хэрэгтэй байна. Ямар арга зам байна, ямар боломж байна бүгдийг л ашиглах ёстой. Хүнд амаргүй нөхцөл байдалд байгаа ч дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ урьд байгаагүйгээр өсч байна. Энэ бол их азтай явдал шүү. Тиймээс даруйхан төмөр замын асуудлаа шийдээд хил, боомтынхоо нэвтрэх чадварыг нэмэгдүүлээд, уул уурхайн бүтээгдэхүүнээ ахиухан хэмжээгээр экспортлох шаардлагатай байна. Мөн Хөгжлийн банкны асуудлыг нэн яаралтай шийдвэрлэж, зээлийг нь эргэн төлүүлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахгүй бол ирэх жил дахин хямралд орох магадлал өндөр байна шүү

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Батжаргал: УИХ-ын гишүүн болохоос өмнөх асуудлын зөв бурууг шалгахад одоо гишүүн байх эсэх нь нөлөөлөхгүй гэж үзэн УИХ прокурорын саналыг дэмжээгүй DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Батжаргалтай газар тариалан болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хаврын тариалалт оройтож, зуны эхэн сартай золголоо. Та Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд энэ жилийн газар тариалангийн ажлыг ямар байдлаар харж байна вэ?

-Энэ жилийн хаврын тариалалтыг Засгийн газраас онцгой анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээндээ газар тариалангийн салбарт 190 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор ажиллаж байна. Үүнээс 100 тэрбум нь үр тарианы чиглэлд, 50 тэрбум нь хүнсний ногоонд, үлдсэн 40 тэрбум нь малын тэжээл, тариалалтын чиглэл рүү тус тус салж, олгогдохоор байгаа. Зээлийн олголт орон нутагт удаашралтай байсан. Монголбанк, ХХААХҮ-ийн яам, холбогдох байгууллагуудад чиглэл өгсний хүрээнд зээл олголтыг шуурхайлах ажлууд хийгдсэн. Энэ жилийн хувьд бид газар тариалангийн салбарт онцгой анхаарал хандуулах ёстой. Тухайлбал, Украин, Оросын асуудлаас үүдэж дэлхийн зах зээлд нийлүүлэгдэх улаанбуудай, ургамлын тосны хангалтын асуудал дээр нэлээд их хүндрэл ажиглагдаж байна. Тиймээс дотооддоо тариалалтаа ахиухан хийгээд ургацаа сайн авах шаардлагатай. Ингэж чадвал дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй тодорхой хэмжээний нөөцөө бүрдүүлчих бололцоо байна. Зуны сар илүү. Хэдий зуны сар гарчихсан ч гэсэн хаврын тариалалтын эхлэх хугацаа жил бүр тавдугаар сарын эхээр байдаг. Энэ жилийн хувьд их хүйтэн байна. Үүнийгээ дагаад хөрсний дулаан, чийгийн үзүүлэлт тариалалт хийхэд хүндрэл учруулж, хойшлуулагдах байдал ажиглагдаж байгаа. Саяхнаас л манай улсын газар тариалангийн гол бүс нутгуудаар багахан хэмжээний чийг өглөө. Мөн энэ жилийн дулааны улиралд хур бороо өмнөх жилүүдтэйгээ харьцуулахад бага орохоор байна. Тиймээс холбогдох байгууллагууд болон иргэд, аж ахуйн нэгжүүд цаг ууртайгаа тохируулан ажил үүргээ гүйцэтгэх шаардлагатай. -Үрийн асуудлын тухайд ярихгүй юу?

-Үрийн хувьд энэ жил манай улсын хувьд хангалттай байгаа. Нийтдээ 64 мянган тонн үр нөөцөлж авсан. Жил бүрийн хаврын тариалалтад 59-62 мянган тонн үр шаардлагатай байдаг. Өнгөрсөн жилийн тухайд үр шинэчлэлийн асуудлыг дорвитой хийсэн. Тэр дундаа улаанбуудайн хувьд үрийн шинэчлэлт сайн хийгдсэн жил байсан. Үрийн шинэчлэлийн ажилд улсын төсвийн хөрөнгөөр 1.3 тэрбум төгрөгийн ажил хийгдэж байгаа. Энэ жил хүнсний ногооны үйлдвэрлэлийг анхаарч ажиллаж байна. Энэ хүрээндээ эрэлтэд суурилсан үйлдвэрлэл нэвтрүүлье гэсэн бодлого барьж ажиллах юм. Тухайлбал, Монгол Улсад хэчнээн хэмжээний төмс, хүнсний ногоо хэрэгтэй байна вэ, түүндээ зориулж тариалалтдаа явуулах бодлого баримталж байгаа. Төмсний хувьд энэ жил үрийн шинэчлэл хангамж дээр онцгой анхаарч ажиллах ёстой. Учир нь өнгөрсөн жил төмс дээр өвчлөл их гарсан. Тиймээс “Шинэ хөдөө” төслийн хүрээнд үрийн шинэчлэлт, хангалтын асуудлыг орон нутагт эрчимтэй явуулж байна гэж харж байгаа.

-Хаврын тариалалттай холбоотойгоор түлш, шатахууны нөөц, олголтын асуудал яригддаг. Энэ жилийн тухайд тариаланчид шатахууны нөөц, үнийн хөнгөлөлт зэрэг нь тодорхой болоогүй байна гэсэн мэдээллийг өгсөн. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

-Үүнд мэдээж онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа. УИХ-аас гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос урьдчилан сэргийлэх хууль тогтоол, шийдвэрүүд гарсан. Үүнд энэ түлш, шатахууны асуудал орж байгаа. Хаврын тариалалт, уринш боловсруулалт, намрын тариа хураалтад нийтдээ 22.5 мянган тонн түлш, шатахуун шаардлагатай. Үүнийг Уул, уурхайн яамнаас тодруулахад хангалтын хувьд асуудалгүй гэсэн. Хөдөө аж ахуйг дэмжих сан дээр нийлүүлэх шатахууныхаа тендерийг зарлаад тариаланчдад 50 хувийн урьдчилгаатайгаар олгогдохоор болсон. Энэ сангаас үрийн асуудалд ч гэсэн 30 хувийн урьдчилгаатайгаар олгож байгаа юм билээ.

-Тариалан эрхлэгчдэд олгогдох зээлийн асуудлыг хөндлөө. Нөгөөтэйгүүр энэхүү зээлийн тавигдах шалгуур үзүүлэлт өндөр, барьцаа хөрөнгө шаарддаг гэсэн асуудлыг тариаланчид ярьдаг. Зээлийн шалгуурыг бууруулах, түргэн шуурхай олгох тал дээр таны байр суурь ямар байна вэ?

-Засгийн газар, Монголбанктай хамтраад 10 их наядын цогц төлөвлөгөөг баталсан. Энэ хүрээнд хөнгөлөлттэй зээлийг хөдөө аж ахуйн салбар луу, тэр дундаа нэмүү өртөг шингээдэг, боловсруулах салбар луугаа оруулахаар төлөвлөсөн. Тэр утгаараа хөдөө аж ахуйн салбарт энэ жил 400 гаруй тэрбум төгрөгийн зээл олгох асуудал шийдэгдсэн гэж харж байна. Зээлийн батлан даалтын сан гэж бий. Энэ сангаар барьцаа хөрөнгө дутагдалтай гол үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдийн зээлийн 60 хувийг нь батлан даагаад явахаар шийдвэрүүд нь гарчихсан. Мэдээж зээл банкнуудаар дамжин олгогдож байгаа учраас тухайн банк өөрсдийнхөө эрсдэл зэрэг зүйлсээ тооцож, шалгуураа тогтоож байгаа байх. Үүнээсээ шалтгаалаад зээл олголт удаашрах асуудал гарч байгааг үгүйсгэхгүй. Юутай ч цаашид хөдөө аж ахуйг дэмжих, тариаланчдад олгогдох зээлийн үйл ажиллагаа хэвийн явагдчих болов уу гэж бодож байгаа.

-Улаанбуудайн үнийг чөлөөлөх асуудал их яригддаг. Нөгөөтэйгүүр тариаланчид улаанбуудай тариалах ашиггүй, түүний оронд рапс тарих нь ашигтай байна гэх юм. Улаанбуудайн тариалалт багасах нь хүнсний нөөц, түүхий эдийн хомсдолд орох аюултай шүү дээ. Тиймээс энэ асуудлаар төрөөс ямар бодлого барьж ажиллах нь зөв юм бэ?

-Улаанбуудай ч гэлтгүй хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний үнийн чөлөөлөлтийн асуудлыг ярьж болно. Үүний цаана хэрэглэгчдэд хүрч байгаа бүтээгдэхүүний үнийн асуудлыг анхаарах шаардлагатай болно. Улаанбуудай бол стратегийн хүнсний түүхий эд. Тэгэхээр улаанбуудайн үнийг чөлөөлчихвөл дараа нь гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ дээр асуудал гарч ирнэ. Тиймээс улаанбуудай тариалж байгаа иргэн аж ахуйн нэгжүүдэд төрөөс тодорхой хэмжээний урамшуулал олгодог. Тухайлбал, улаанбуудайн тонн тутамд 100 мянган төгрөгийн дэмжлэг, урамшуулал олгож байгаа. Тиймээс энэ чиглэлээр төрийн бодлого явагдаж байгаа учраас улаанбуудайн хомсдол, тариалалтад асуудал үүснэ гэж бодохгүй байна.

-Урамшуулал гэж ярилаа. Тариаланчдын зүгээс урамшууллаа бүрэн авч чадахгүй байгаагаа хэлдэг. Яагаад урамшууллыг нь гүйцэд өгөхгүй байна вэ. Төсөв мөнгөний хүндрэлтэй байна уу?

-УИХ-аас төсөв батлахдаа ХХААХҮ-ийн сайдын багц дээр төрөөс урамшуулал олгодог бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэлийн тооцоог харж үзээд дунджаар нь тогтоогоод явчихсан зүйлүүд бий. Урамшуулал олгох төсөв санхүүг нь батлаад өгчихсөн. Тиймээс урамшуулал олгохгүй байх асуудал байхгүй болов уу гэж харж байгаа. Бүтээгдэхүүний чанартай холбоотой асуудал байхыг үгүйсгэхгүй. Өнгөрсөн жилийн тухайд улаанбуудайн чанар дээр асуудлууд гарч ирсэн. Үүнээсээ хамаараад чанарын асуудал дээр урамшуулал янз бүрээр олгогдсон зүйл байхыг үгүйсгэхгүй. Юутай ч салбар яамдын хувьд урамшуулал олгох хөрөнгө мөнгө нь байгаа. Зөвхөн улаанбуудай гэлтгүй хүнсний ногооны тонн тутам урамшуулал олгох шийдвэр сая гарлаа. Тухайлбал, 11 нэр төрлийн хүнсний ногоон дээр тонн тутамдаа 100 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсон байгаа.

-Эдийн засагч хүний тань хувьд асуухад улс орны эдийн засгийн өсөлт тооцоолж байснаас хамаагүй бага гарахаар байгааг эдийн засагчид ярьж байна. Багасах болсон шалтгаан, нөлөөллүүдийг та юу гэж харж байна вэ?

-Эдийн засгийн өсөлтийг 2.6 байхаар төсвийн хүрээний мэдэгдэл дотроо баталчихсан. Цар тахлын болон гадаад хүчин зүйлсийн нөлөөллөөс хамаарч гол экспортын бүтээгдэхүүний гаргалт буюу боомтын асуудал хүндэрсэн зэргээс болж эдийн засгийн өсөлт удааширч байгаа зүйл байна. Өөрөөр хэлбэл, хил гаалийн нэвтрүүлэх чадвар, боомт, тээвэр логистикийн асуудал хүндрэлтэй байлаа. Энэ асуудлыг шийдвэрлэх тодорхой арга хэмжээнүүдийг төр засгаас шуурхай авч хэрэгжүүлж байна. Тиймээс эдийн засгийн өсөлт тавьж байна зорилтдоо хүрчих болов уу гэсэн бодолтой байгаа. Сүүлийн жилүүдэд тохиолдсон хямрал бидэнд ч гэлтгүй дэлхийн бүх улс оронд нэг зүйлийг маш хүчтэйгээр мэдрүүллээ. Тэр нь аливаа улс орон дотоодынхоо үйлдвэрлэлийг маш сайн хөгжүүлэх ёстой гэдгийг ойлгууллаа шүү дээ. Үүнийг би томоохон хөгжлийн суурь шалтгаан болох ёстой гэж харж байгаа. Тодорхой хугацааны ард гарчхаад харвал энэ цаг үе бидэнд дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх, импортыг бууруулах, экспортоо нэмэгдүүлэх зорилгыг өдөөсөн цаг хугацаа байсныг ойлгох болно. Нөгөө талд уул, уурхай бол бидний гол орлого байгаа. Нүүрс, төмрийн хүдэр, зэс, алт зэрэг бүтээгдэхүүнийхээ экспортыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эдгээр бүтээгдэхүүнийг боловсруулж гаргах асуудалд бид онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр тээвэр логистик, хил гаалийн нэвтэр чадвар тааруу байгаа энэ үед бид уул, уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон экспортлох нь олон талын эерэг ач холбогдол үзүүлнэ. Тиймээс аль болох бүтээгдэхүүнээ түүхийгээр шууд гаргахаас илүү боловсруулж гаргах асуудалдаа түлхүү анхаарах шаардлагатай байна. Тэгж байж эдийн засгийн өсөлтийг бид бодитоор авчирж чадна. Уул, уурхай ч гэлтгүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ экспортлохдоо нэмүү өртөг шингээж гаргах бодлого барих ёстой. Үүнд чиглэсэн бодлого шийдвэрийг саяхан УИХ-аас гаргасан. Тухайлбал, ноос, ноолуурыг ирэх жилээс эхлээд угааж, самнаад экспортлохоор болсон. Цаашлаад үүнийг илүү боловсруулах бүтээгдэхүүн болгох чиглэлээр ажиллах шаардлагатай. Үүнийгээ дагаад үндэсний үйлдвэрлэл сэргэх, ажлын байр нэмэгдэх, эдийн засгийн өсөлт бий болох зэрэг олон давуу тал гарч ирнэ.

-Нийгэмд улс төрийн тогтолцоо, сонгуулийн хуулийг өөрчлөх, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах зэрэг асуудлууд хүчтэй яригдаж байна. Үнэхээр улс төрийн тогтолцоо гажуудалтай байна уу. Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа юу?

-Нийгмийн санал хүсэлт, ярьж хэлж байгаа санаа оноог тусган авч ажиллах нь бидний үүрэг. Бид үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад хоёр жил болж байна. Энэ өөрчлөлтийг дагаад эрх зүйн тодорхой хэмжээний шинэчлэл хийгдчихсэн. Сонгуулийн хуулийг эргэж харах, холимог тогтолцоогоор явах, үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр сууриуд их яригдаж байна. Тиймээс эрх баригч намын хувьд нийгмийн зүгээс тавьж байгаа эдгээр саналуудыг нарийн судалж, нэгдсэн нэг шийдвэр гаргах ёстой. Ингэхийн тулд улс төрийн нам, иргэний нийгэм, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын хөгжилд яг ямар тогтолцоо нь илүү дээр вэ гэдгээ ярилцах ёстой. Үүнийг намын бүлэг дээрээ ярилцаж, нэгдсэн шийдвэр гаргах ёстой гэж ойлгож байгаа.

-Хөгжлийн банктай холбоотой шуугиан өдөр ирэх тусам намжих шинжтэй. Нөгөөтэйгүүр уг хэрэгтэй холбоотойгоор Улсын Ерөнхий прокурор хэд хэдэн гишүүдийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирсэн. Гэвч та хэд олонхоороо гишүүдээ авч үлдсэн. Ер нь гишүүдтэй холбоотой хэргийг прокуророос оруулж ирэхэд УИХ яагаад авч үлдчихээд байдаг юм бэ. Саналыг нь дэмжээд гишүүдээ явуулчихаж болдоггүй юм уу?

-Хөгжлийн банкны асуудлыг маш нарийн сайн шалгаж, зөв тогтоох ёстой. Ингэхийн тулд авсан зээл нь зориулалтаараа юу зориулалтын бусаар зарцуулагдаж уу, зээл чанартай байна уу, чанаргүй байна уу гэдгийг нэг мөр шалгаж гаргах ёстой. Үндсэн дээ хар цагааныг нь ялгах хэрэгтэй. Үнэхээр зориулалтаараа чанартай төлөлттэй байгаа асуудлыг цааш нь саадгүй явуулах шаардлагатай. Зориулалтын бусаар зарцуулагдахгүй байгаа чанаргүй зээлүүдээ буцаагаад яаралтай татах ёстой. Ингэж байж дараагийн зээлдэгчдийн зээлийн эх үүсвэрийн хөрөнгийг бүрдүүлнэ. Хамгийн чухал нь ирэх жилээс нөгөө олон бондуудын эргэн төлөлтийг хийж эхэлнэ. Тэрхүү эргэн төлөлтийнхөө хөрөнгийг бид эндээ бүрдүүлэх асуудал чухал байна. УИХ-ын гишүүдтэй холбоотой асуудал орж ирсэн. УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны хурал дээр холбогдох байгууллагууд нь мэдээллээ дэлгэрэнгүй өгсөн юм билээ. Улмаар холбогдох байнгын хороонуудаар асуудал яригдаж, УИХ-ын чуулганаар орсон байгаа. Манайд мөрдөгдөж байгаа өнөөгийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар иргэнийг шалгахдаа 31 төрлийн аргаар мөрдөн байцааж болдог. Тэр утгаараа УИХ-ын гишүүнийг 27 аргаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж болох юм билээ. Тиймээс эдгээр аргуудаар ажиллах, улмаар буруутай буруугүй эсэхийг нь шийдчих боломж хууль, хяналтын байгууллагад бий гэж үзсэн. Дөрвөн зүйлээр УИХ-ын гишүүнийг шалгаж болдоггүй. Энэ бол гишүүн гэдэг утгаараа бус энэ бол УИХ-ын дархлаатай холбоотой асуудал. Нөгөөтэйгүүр 2017 оны асуудал ярихдаа одоо гишүүн болсон байх эсэх нь хэрэг шалгахад үнэхээр нөлөөлж байгаа юу гэдэг нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн болохоос өмнөх асуудлын зөв бурууг шалгахад одоо гишүүн байх эсэх нь нөлөөлөхгүй гэж үзсэн учир УИХ прокурорын саналыг дэмжээгүй гэсэн үг. УИХ-ын гишүүний гэрт нэгжлэг шалгалт явуулахад хаа байсан 2017 оны хэрэгт холбогдох материал байх уу, үгүй юү. Тэгэхээр прокуророос оруулж ирсэн санал бол УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх хангалттай хэмжээний үндэслэл биш байна гэдэг санаагаар холбогдох байнгын хороодын дүгнэлтүүд гарсан. Улмаар УИХ хаалттай хуралдаад ингэж шийдсэн.

-Гишүүдийг түдгэлзүүлэх санал прокурорын байгууллагаас дахин орж ирэх болов уу. Танд энэ талын мэдээлэл байна уу?

-Дахин орж ирэх эсэх нь хуулийн байгууллагуудын шалгалтын үйл явцаас л хамаарах асуудал байх. Түүнээс биш УИХ олонхоороо гишүүдээ хамгаалаад үлдчихсэн асуудал огт биш ээ.

-УИХ бол Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж, тайланг нь сонсож, мэдээлэл авдаг байгууллага. Энэ утгаараа та УИХ-ын гишүүнийхээ хувьд өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагааг ямар байдлаар дүгнэж байна вэ?

-Монгол Улс 1990 онд ардчилсан тогтолцоо, чөлөөт зах зээлийн харилцааг сонгоод парламентын тогтолцоонд шилжээд бид 30 гаруй жил боллоо. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. УИХ хууль батлах, төрийн бодлого тодорхойлох үйл явцаа илүү барьж явсан. Үүнд нэг зүйл харагдаж байгаа юм. Төрийн бодлого тодорхойлох эрх зүйн орчинг бүрдүүлэх энэ үйл явцаа хэрхэн хангагдан явж байна вэ гэдэгт тавьдаг хяналт функцийн асуудал үндсэндээ жаахан бүрхэг явчихжээ. Тиймээс сая УИХ Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль гэж тусгайлсан хууль баталлаа. Үүгээрээ дамжуулан УИХ-аас батлан гаргасан хууль амьдралд яаж хэрэгжиж байгааг мөн хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн Засгийн газар холбогдох байгууллагууд хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байна вэ гэдгийг уг хуулиар зохицуулж өгч байгаа юм. Монгол Улсын Засгийн газрыг бололцооныхоо хэрээр ажиллаж байна гэж харж байгаа. Мэдээж амаргүй цаг үе өнгөрсөн. Одоо хийж байгаа ажлуудаа улам чамбайруулаад л явах ёстой. Төгс төгөлдөр ажиллаж байгаа гэж хэлэхгүй ч боломжийнхоо хэмжээнд сайн ажиллаж байгаа гэж хэлнэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Чинбүрэн: Эрт илрүүлэгт төсөвлөсөн 60.8 тэрбум төгрөгийг үхэлд хүргэж байгаа өвчлөлүүдийг илрүүлэхэд ч зарцуулах ёстой DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй бүх нийтийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний талаар болон цаг үеийн сэдвээр ярилцлаа.


-Монгол Улс нийт иргэдээсээ эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ авах ажлыг эхлүүллээ. Үзлэг, шинжилгээний ач холбогдлыг эмч хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Би эрүүл мэндийн салбарт 24 жил эмчээр, үүнээс сүүлийн гурван жилд нь Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн Ерөнхий захирлаар ажилласан. Энэ олон жил монголчуудын амь насыг авч одож байгаа хоёр том өвчин эмгэг байна гэж харж дүгнэсэн. Зүрх судасны өвчлөл болон хорт хавдраар иргэдээ алдаж байна. Эрт илрүүлэг, үзлэг оношилгооны гол ач холбогдол бол өвчнийг эрт үед нь илрүүлж, улмаар эдгэрэх боломжийг нэмэгдүүлдэг. Харин хожуу үед нь оношилж, эмчлэхэд асар их зардал гардаг атлаа бүрэн эдгэрэх боломж багасдаг. Эрт илрүүлснээрээ зардал бага гарч, эдгэрэлт бүрэн гүйцэд явагдана. Ер нь эрт илрүүлэг тал талын л ач холбогдолтой л доо.

Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх үндсэн хоёр арга бий. Нэгдүгээрт, учир шалтгааныг нь устгах. Үүнд өвчин үүсгэгч, орчны эрүүл мэнд, хоол хүнсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндийн боловсрол зэрэг багтана л даа. Үүнийг төлөвшүүлэхэд урт хугацааны бодлого шаардлагатай. Хоёрдугаарт, нэгэнт өвдсөн бол эрт илрүүлж, эмчлэх ёстой юм. Танд зарим нэг айдас хүргэм, гэхдээ анхаарууштай тоо баримт хэлье. Манай улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш буюу 1990 оноос 2021 он хүртэл хугацаанд Статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн дүнгээр нийтдээ зүрх судасны тогтолцооны өвчнөөр 170.831 хүн, хавдраар 108.781 хүнээ алдсан байна. Зөвхөн энэ хоёр өвчнөөр гэхэд гурван аймгийн иргэдтэй тэнцэх хэмжээний хүнээ алдсан гэсэн үг. Жил бүр 9-10 мянга гаруй хүнээ дээрх хоёр өвчнөөр алдаж байна. Маш харамсмаар байгаа биз. Бүр тодорхой хэлбэл, энэ хоёр өвчнөөр дунджаар өдөрт 24 орчим хүнээ алддаг. 24 гэр бүл хайртай дотны хүнээ алдаж байна гэсэн үг. Дэлхийн улс орнууд зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар болон бусад халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг олон жилийн өмнөөс хэрэгжүүлээд хүн ам нь өнөөдөр өндөр насалж байна. Гэтэл манайд халдварт бус өвчнөөс үүдэлтэй нас баралт гамшгийн хэмжээнд хүрсэн нь харамсалтай. Хэрвээ бид эрт илрүүлгийг амжилттай хэрэгжүүлж чадвал олон хүний амь насыг аварч, олон хүний амьдрах хугацааг уртасгаж, олон айл, гэр бүлийг аавтайгаа, ээжтэйгээ, ах дүүтэйгээ элэг бүтэн байх боломжийг олгож чадна. Нэг ч гэсэн айл өрх элэг бүтэн, аз жаргалтай байх нь хамгийн чухал үр дүн юм.

Тийм учраас миний бие 2020 онд Улсын Их Хурлын ээлжит сонгуульд “Бүх Монголоо эмчилнэ” гэсэн том амлалт өгсөн. Үүнийхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд хорт хавдрын эрт илрүүлгийг 70 хувьд хүргэх саналыг оруулж батлуулсан. Харин артерийн даралт ихсэх өвчний эрт илрүүлгийн хамралт 87 хувьд хүргэхээр батлагдсан. Энэ бол маш том бодлого гэж хувьдаа дүгнэдэг.

Мөн заавал анхаарах ёстой, орхигдуулж болохгүй нэг зүйл бол эрүүл мэндийн салбарт ажиллагсдаа, эмч, сувилагч, ажилтнуудаа эрт илрүүлэгт хамруулах ажлыг шуурхай зохион байгуулах. Загасчны морь усгүй гэдэгчлэн эмч, сувилагч, ажилтнууд маань өдөр шөнөгүй, цаг наргүй ажиллаж байгаад, өөрийнхөө биеийг хаядаг. Ажлын ачаалал маш ихтэйгээс болоод мэргэжлээс халшрах, шантрах, мэргэжлээрээ ажиллахгүй орхих тохиолдол ч их байна. Мөн энэ мэргэжил маань эрсдэл өндөртэй. Жишээ нь, мэс заслын эмч, сувилагч мэс заслын явцад үсэрсэн цусны дусал нүдний салст руу нь үсрэх, мэс заслын багажинд хатгагдах зэрэг шалтгаануудын улмаас элэгний В, С вирус авах тохиолдол их байдаг. Энэ нь элэгний хавдар, хатуурал болох эрсдэлтэй. Ийм л учраас эмч, сувилагч, ажилтнуудаа албан байгууллагууд байнга эрт илрүүлэх үзлэгт оруулж байх ёстой.

-Улсын хэмжээнд хэрэгжих энэхүү эрт илрүүлэг үзлэгт хичнээн төгрөг төсөвлөгдсөн бэ?

-Энэхүү хөтөлбөрт 2022 онд 60.8 тэрбум төгрөгийг тусгаж өгсөн. Үүний дагуу гүйцэтгэх засаглал эрт илрүүлгийн үзлэгийг хийж эхэллээ. Хамгийн чухал нь үр дүн сайн гарах ёстой, чанартай, оновчтой байх ёстой. Олон хүн өвчин эмгэгээ эрт илрүүлж, эрт эмчилж, монгол айл, гэр бүл бүр аз жаргалтай байх ёстой. Монголчууд бидний хамгийн тулгамдсан асуудлыг эмч хүний хувьд эрүүл мэнд гэж үздэг. Өнөөдөр монголчууд бүгд эрүүл байж улс орноо хөгжүүлнэ, гэр бүл, үр хүүхдээ асран хүмүүжүүлнэ, хойч үедээ сайхан ирээдүйг үлдээнэ шүү дээ. Хавдрын мэс заслын эмчээр ажиллаж байхад харамсмаар зүйлс олон тохиолдсон. Харьцангуй залуу ээж, аав хүүхдүүдээ амьдралд нь хүргэж чадалгүй хорт хавдар нь хожуу оношлогдоод, доголон нулимстай бяцхан үрсээ үлдээгээд одохыг харахад аав хүний хувьд харамсаад барахгүй. Бид чинь үр хүүхдийнхээ төлөө үхэх эрхгүй тангараг өргөсөн, үр хүүхэд маань хөлөө олтол өвдөж байна гэж хэлж зүрхэлдэггүй ард түмэн шүү дээ. Тиймээс одоо би уриалмаар байгаа юм. Үр хүүхдийнхээ төлөө, гэр бүлийнхээ элэг бүтэн амьдралын төлөө эрт илрүүлэг үзлэгтээ идэвхтэй хамрагдаарай гэж энэ ярилцлагыг уншиж буй хүмүүсээс хүсье.

Харин эрүүл мэндийн салбарыг төлөөлөн Улсын Их Хуралд сонгогдсон эмч хүний хувьд би энэ үйл ажиллагаанд хяналт тавьж, хамтран ажиллах болно. Яагаад ийм өндөр хүлээлт байгааг товчхон хэлэхэд, өнгөрсөн оны сүүлээр өөрийнхөө сонгогдсон тойргийн 65-аас дээш насны 2500 гаруй иргэдийг эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд хамрууллаа. Эдгээр ахмадуудад нийт долоон төрлийн үзлэг, оношилгоо хийхэд 61 иргэнд хорт хавдар илэрлээ. Үүнээс 56 иргэнийг эрт үед нь оношиллоо. Энэ утгаараа эрт илрүүлгийн үзлэг өөрөө оновчтой, нас, бүлэг, авах шинжилгээгээ зөв зохион байгуулж явуулбал маш ач холбогдолтой юм.

-Энэ үйл ажиллагаанд зарцуулах 60.8 тэрбум төгрөг нь зөвхөн үзлэг хийхэд зарцуулагдах уу. Үүнээс зарим орон нутагт шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг авах уу?

-Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцоог бүхэлд нь шинэчилж, гүйцэтгэлээр санхүүжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Үндсэндээ эрүүл мэндийн даатгалын сан үйлчилгээ худалдаж авдаг тогтолцоо руу шилжсэн. Энэ утгаараа 60.8 тэрбум төгрөгөөр улсаас ямар нэгэн тоног төхөөрөмж худалдаж авч өгөхгүй. Зөвхөн иргэн хүнийг эрт илрүүлэгт оруулж, багц үзлэг, шинжилгээ хийсний төлөө зарцуулагдах ёстой.

-Өмнө нь иргэдээ бүх нийтээр нь үзлэг, шинжилгээнд хамруулсан ийм том хөдөлгөөн өрнөж байсан билүү?

-Эрт илрүүлгийн шинжилгээг бид өмнө хийж л байсан. 2017 оноос хойш Эрүүл мэндийн даатгалын сангаар эрт илрүүлгийн үзлэг гээд зургаан багц шинжилгээг 18-аас дээш насны иргэдээсээ авч байсан. Тухайн үед 18-аас дээш насны 150 мянга гаруй иргэдийг эрт илрүүлэгт хамруулсан байдаг. Энэ бол нийт хамрагдах ёстой иргэдийн 7.2-хон хувь. Үүнд иргэд идэвхтэй хамрагдаж чадаагүй. Нөгөөтэйгүүр эрүүл мэндийн байгууллагууд үүнийг яагаад хийх сонирхолгүй байв. Өмнөх энэ туршлагаасаа бид суралцах хэрэгтэй. Хамгийн гол суралцах зүйл бол нэгдүгээрт, иргэн төвтэй тусламж үйлчилгээ байх ёстой. Орон нутагт нь суурилагдаагүй оношилгооны программ явуулахаар хаа байсан Ховдын хүн Улаанбаатарт ирэхгүй шүү дээ. Тиймээс аль болох тухайн бүс нутагт нь суурилсан бодлого явуулах хэрэгтэй. Хоёрт, завгүй, ачаалал ихтэй байгаа эмнэлгүүд эрт илрүүлэг хийх сонирхолгүй байна. Тэртэй тэргүй өнөөдрийн өвчтэй хүмүүсээ яая даа гэж байхад юун тэр эрүүл хүнийг дуудаж үзэх вэ. Гуравдугаарт, яагаад 7.2 хувь нь хамрагдсан бэ гэхээр хувийн хэвшлүүд үүнийг хийх сонирхолгүй, эдийн засгийн хувьд ашиггүй байсан. Тиймээс эдгээр туршлагуудаа үндэслээд одоо явагдаж байгаа эрт илрүүлгийн хөтөлбөрөө улам бүр чамбайруулах шаардлагатай. Тэгж байж бид иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахаас гадна зардал, цаг хугацаа, үүсэх эрсдэлийг бууруулж чадна. Эцэстээ үр дүн, ач холбогдол нь улам бүр өснө.

-Нийт иргэдээ шинжилгээнд хамруулна гэхээр төв суурин газраас хол, алслагдсан аймаг сумдын хөдөө ууланд амьдарч буй малчин хүнийг яаж шинжилгээнд хамруулах вэ?

-Миний бие Хавдар судлалын үндэсний төвд ажиллах хугацаандаа “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг авч хэрэгжүүлж байсан. Тухайн үед иргэдийг сум сумаар нь дуудаж байгаад аймаг руу нь ирүүлэх зарчмаар долоо хоногт 2-3 мянган иргэдийг хавдрын хамт олон минь үзэж байлаа. Яг өнөөдрийн нөхцөл байдлаар бол бид энэхүү шинжилгээ, үзлэгийн заримыг нь сумын эмнэлэгт, үлдсэнийг нь аймгийн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай. Орон нутагт суурилсан үзлэг байх ёстой шүү гэж Эрүүл мэндийн яаманд хэлж байгаа. Манай иргэд нэг зүйлийг ойлгох ёстой. Тавдугаар сарын 1-нд бүх иргэдийг нэг дор үзэхгүй. Энэ бол бүтэн жилийн ажил. Нөгөөтэйгүүр бид иргэддээ цаг авах боломжийг нээх хэрэгтэй. Аль болох иргэд өөрсдийнхөө завыг харж байгаад очиж болох боломжтой газартаа очиж үзүүлэх эрхтэй. Энэ боломжийг л Эрүүл мэндийн яам бүрдүүлэх үүрэгтэй. Мөн энэхүү үйл ажиллагааг анхан шатны эрүүл мэндийн тусламжийн төвүүдээр дамжуулан хийнэ. Сум, өрхийн эмнэлэгт иргэдийнх нь бүртгэл бий. Үүгээр дамжуулан мэдээлэл өгөх, иргэдийг эрт илрүүлэгтээ ирэхийг уриалах хэрэгтэй. Мэдээллээс хол хөдөө мал дээр байгаа ээж, аав, ах, эгч хамаатан садандаа эдгээр мэдээллийг түгээж, хэлж, цаашлаад эмнэлэгт очиж үзүүлэх цагийг нь авч өгөхийг, боломж гаргаж өгөхийг залуучуудаасаа уриалж байна. Үндсэн бодлого бол бүх талын мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэд олон нийтэд хүргэх. Яаж зохион байгуулах нь Засгийн газрын болон холбогдох яамны бодлого, зохицуулалт байх. Юутай ч аль болох олон иргэдийг хамруулах, түүнээсээ үр дүн гаргах нь хамгийн чухал байна. Хорт хавдрын илрүүлгийг үндэсний хэмжээнд хийх мэдээллийг иргэдэд өгөхөд хэчнээн хэмжээний зардал мөнгө гарах вэ гэдэг судалгааг Хавдар судлалын үндэсний төвийн захирал байхдаа гаргаж байсан.

-Зөвхөн мэдээлэл хүргэх зардал гэсэн үг үү?

-Тийм. Монгол шуудангаар захидал илгээх, гар утсаар мессэж явуулах, апп-аар дамжуулан урилга очих, дуудахад нэг иргэнд гаргах зардал бол таван мянган төгрөг болж байсан. Ингээд давхардсан тоогоор нэг сая хоёр зуун мянган иргэнийг хорт хавдрын үзлэгт хамруулахад зургаан тэрбум гаруй төгрөг зарцуулагдах тооцоо гаргаж байлаа. Энэ утгаараа уг үйл ажиллагааны хүрээнд иргэдийг дуудах ажилд Эрүүл мэндийн яам хэдэн төгрөг төсөвлөж байгааг Байнгын хорооны хуралдааны үеэр асуусан. Гэвч надад тодорхой хариулт өгөөгүй. Тэгэхээр тооцоо, мэдээлэлгүй, хамгийн гол нь хүсэн хүлээсэн үр дүнд хүрэхгүй ажил болчих вий дээ гэсэн болгоомжлол байгаа юм.

-Иргэдээсээ шинжилгээ аваад, үзлэгт оруулаад эхэллээ. Ер нь аймгийн төвүүдэд тус шинжилгээг авах зориулалтын тоног төхөөрөмжийн болон ажиллах хүчний нөөц бүрдэж чадсан уу?

-Энэ ажлыг аль болох эмнэлгийн ачааллыг ихэсгэхгүйгээр явуулах учиртай. Уг хөтөлбөрийн бэлтгэл ажил болгож, тоног төхөөрөмж худалдан авах тусдаа төсөв тавьж өгсөн. Тиймээс бэлтгэл ажлыг хоёр жилийн хугацаанд хангалттай хийсэн гэж үзэж байгаа.

-Танаас эмч хүний тань хувьд нэг зүйл асууя. Энэ хөтөлбөрийн хүрээнд иргэнээс яг ямар ямар төрлийн шинжилгээ авахаар байна вэ. Тэр бүх шинжилгээ, үзлэг нь үнэхээр оновчтой, зөв байж чадаж байна уу?

-Насны ангиллаар нь багцууд гаргасан байна билээ. Тухайлбал, бага насны хүүхдийн эмчийн үзлэг, өсөлтийн үнэлгээ, зан төрхийн үнэлгээ, шүдний үзлэг, шүд арчлалт, эрүүл ахуйн зөвлөгөө зэргийг өрхийн эмнэлгээр дамжуулаад хийчих юм билээ. 6-15 насны хүүхдүүдийн шүд, өсөлт, сүрьеэ зэргийг үзнэ. Үүнд бол айхавтар багаж тоног төхөөрөмж шаардлагагүй. Харин залуучуудаас буюу 18-30 насныханд сүрьеэ, сэтгэцийн эрүүл мэнд, биеийн жин, өсөлт, цусны даралт ихсэх, цус, шээсний шинжилгээ, элэгний B, C вирус, тэмбүү, ДОХ, зүрхний бичлэг, уушги цээж гэрэлд харах зэрэг үйлчилгээ үзүүлэхээр байгаа юм байна. Ер нь эрт илрүүлэх үзлэг өөрөө эдийн засгийн хувьд өгөөжтэй, оновчтой байх ёстой. Эсрэгээрээ дэмий мөнгө зарлагадаад ач холбогдолгүй олон шинжилгээ авах нь үр дүнд хүрэхгүй. Энэ утгаараа залуучуудаас авах цус, биохими, шээсний шинжилгээ яг ямар ач холбогдолтойг ойлгохгүй л байгаа. Идэр насныханд буюу 46-60-тай иргэдийн цусны даралт, эмэгтэйчүүдийн хувьд умайн хүзүүний хорт хавдрын шинжилгээ, өтгөнд далд цус илрүүлэх зэрэг шинжилгээг авахаар байгаа юм байна. Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээний арга нь ихэвчлэн бүдүүн гэдэсний хорт хавдрыг илрүүлэхэд ашигладаг. Бүдүүн гэдэсний хорт хавдраар хамгийн их өвчлөх эрсдэлтэй нас бол 60-аас дээш насныхан байдаг. Тэр утгаараа авч үзвэл уг шинжилгээг 60-аас доош насныхнаас авах нь хэр оновчтой бол, мөн ач холбогдолгүй санагдаж байгаа юм. Харин ахмад буюу 60-аас дээш насныханд сахарын шинжилгээ, эмчийн үзлэг, өлөн үеийн сахарын шинжилгээ, цус, шээсний ерөнхий шинжилгээ, В, С вирус илрүүлэх зэрэг шинжилгээ, үзлэгүүдийг хийхээр байна. Зарим шинжилгээнүүдийг харахад зорилтот насны бүлэгтээ тохирохгүй, дэмий зардал гаргасан, цаг гарзадсан зүйл харагдаж байна.

-Та түрүүн хэлсэн, өдөрт хорт хавдраар 12-13 хүн нас барж байдаг гэж. Тэгвэл энэ аюул болж байгаа өвчнийг эрт илрүүлэх шинжилгээ энэ хөтөлбөрт тусгагдсан уу?

-Миний хувьд эдгээр багц шинжилгээ дунд элэгний хавдрын маркер, түрүү булчирхайн хорт хавдрын шинжилгээ байх шаардлагатай гэж харж байна. Таван насны ангилалд хуваасан багц шинжилгээнүүдийг харахад хэр оновчтой вэ гэдэг асуултыг Эрүүл мэндийн яамнаас асуумаар л санагдаж сууна. Тэр утгаараа төсөвлөгдсөн 60.8 тэрбум төгрөгийг илүү оновчтойгоор, монголчуудыг үхэлд хүргээд буй өвчнүүдийг оношилж, илрүүлэх үзлэг, шинжилгээнд зарцуулах ёстой.

-Та энэ хаврын чуулганаар ямар хуулийн төслийг өргөн барьж, батлуулахаар ажиллаж байна вэ?

-Эрүүл мэндийн ажилчдын нийгмийн баталгаа, аюулгүй байдал зэрэг асуудлыг энэ УИХ-ын бүрэн эрхийнхээ хугацаанд заавал шийдэх ёстой. Энэ хаврын чуулганаар Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ. Мөн эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрсдэлийн болон хариуцлагын даатгалын эрх зүйн орчныг бий болгохоор холбогдох хүмүүстэй хамтраад ажиллаж байна. Мөн Улсын Их Хурлын даргын 2020 оны 08 дугаар захирамжаар эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулан, миний бие ахлан ажиллаж байна. Ажлын хэсгийн гишүүд Н.Учрал, Д.Сарангэрэл, Ц.Туваан, Б.Энхбаяр бид Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний тухай, Цусны донорын тухай, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслүүд дээр ажиллаж байна.

-2022 оны төсвийн тодотгол чуулганаар батлагдлаа. Үүнтэй уялдаж Төрийн хэмнэлтийн тухай хууль бас батлагдлаа. Эдгээр хуулиуд цаг үеэ олсон гэж харж байгаа юу?

-Төсвийн тодотголын хажуугаар төсвийн хэмнэлтийн асуудал орж ирсэн. Үүнийг би том зарчмын өөрчлөлт болов уу гэж харж байгаа. Учир нь төр данхар бүтцээ багасгах, тансаг хэрэглээнээсээ татгалзах асуудал чухал. Өөрөөр хэлбэл, төр өөрөө илүү хэрэглээ багатай, гүйцэтгэл өндөр тогтолцоо руу шилжих хууль эрх зүйн орчинтой болж эхлэв үү гэж харсан. Хэмнэлтийн хуультай болсноороо цаашид төр ер нь үргэлж хэмнэлтийн горимоор ажилладаг болно. Мөн уг хуулиар давхардсан орон тоонуудыг болон орлогч дарга, дэд дарга нарыг цөөлж байна. Үүнтэй холбоотойгоор төрд ашиглагддаг байсан туулах чадвар сайтай автомашинуудыг суллалаа. Үүний цаана тухайн автомашин бүрд зарцуулагдах шатахуун, түлшний болон жолоочийн цалинг хэмнэчихэж байгаа юм. Эдгээр хотод ашиглагдахгүй, туулах чадвар сайтай автомашинуудыг хөдөө орон нутагт, сумын төвийн түргэн тусламжийн эмнэлгүүдэд хуваарилаад өгчихвөл их зүгээр.

-Сүүлийн үед гишүүд хот, хөдөөгөөрөө маргалдах боллоо. Хотын түгжрэлийг бууруулах зорилгоор хөнгөн галт тэрэг буюу LRT төслийг хэрэгжүүлэх асуудал яригдсан. Энэ асуудалд та хотын тойргоос сонгогдсон гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Улаанбаатар хотод зайлшгүй шийдэх ёстой асуудлын нэг бол замын түгжрэл. Түгжрэлээ шийдэж байж хөгжлийн тухай ярина. Энэ хэвээрээ байгаад байвал 2025 он гэхэд Улаанбаатар хотын замын хөдөлгөөн тэг зогсолтод орно гэж байгаа шүү дээ. Тэр утгаараа энэ асуудлыг зохих түвшний хариуцсан этгээдүүд, нийслэлээс сонгогдсон гишүүд онцгой анхаарах ёстой. Улсын Их Хурлаас Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, нийслэл өөрөө тодорхой асуудлаа шийдэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Хотын түгжрэлийг бууруулах зэрэг асуудлыг шийдвэрлэхийн тулд нийслэлд өөрт нь 420 тэрбум төгрөгийг зарцуулах шийдвэр гаргалаа. Эрх зүйн орчин бүрдчихсэн, хөрөнгө мөнгө боломжтой байгаа энэ үед нийслэлийн удирдлагууд өөрсдөө зоригтойгоор энэ асуудлаа шийдвэрлэх шаардлагатай. Яг ямар аргаар шийдэх тал дээрээ тооцоо судалгаануудыг маш сайн гаргах ёстой. Улсын Их Хуралд түгжрэлийг бууруулах LRT төслийг судлах зорилго бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Удахгүй ажлын хэсгийн дүгнэлт гарах байх. Нөгөөтэйгүүр Улсын Их Хурал анх удаагаа түгжрэлийн асуудлыг хэлэлцэж, анхаарал хандуулж тодорхой ажил хэрэгч шийдвэрүүдийг гаргаж байна. Үүнд хот, хөдөөгөөрөө хуваагдаад байх шаардлагагүй. Хөдөө, орон нутгаас хотод ирдэггүй хүн гэж байхгүй. Хөдөө явдаггүй хотынхон ч гэж байхгүй. Энэ бол бидний нийслэл. Тиймээс асуудал байвал бүгдээрээ нийлж л ярих ёстой, шийдвэрлэх хэрэгтэй гэж боддог доо.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Үндсэн хуулиар олгогдсон эрхийг тань сануулъя DNN.mn

Өнгөрсөн оны УИХ-ын тухай хууль болон Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэгэн шинэ заалт орсон. Тэр нь таны тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн ажлаа гүйцэд хийж чадахгүй байгаа бол сонгогчдын нийт саналаар эгүүлэн татаж болдог хуулийн заалт бий. Хэрэв та үүнийг мэдсэн бол ганцаараа санал гаргаад нэмэргүй юм байна гэж битгий бодоорой. Таны гаргасан санал бусдыг манлайлна. Та л хүсч байвал бусад нь таныг дагана, таны уриалгад нэгдэнэ гэдгийг сана.

Хэрвээ танай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн ажлаа хийж чадахгүй байгаа бол та харьяа хороондоо саналаа хүргүүлэн шийдвэрлүүлэх хуультай. Ганцхан таны санал очлоо гээд асуудал яригдахгүй байна гэж байхгүй. Та саналаа өгсөн л бол таны асуудлыг аль нэг тийш шийдвэрлэх арга хэмжээг авсан талаар холбогдох газраас мэдээлнэ. Тиймээс та битгий санаа зовоорой. Нэг тойргоос гуравны нэгийн санал авахад л тухайн нэр дэвшигч УИХ-ын гишүүнээсээ татгалзах санал хураалтад орно. Тэр утгаараа та өөрийн тойргийн сонгогдсон УИХ-ын гишүүнээ эгүүлэн татъя гэж бодож байгаа бол энэхүү саналаа харьяа хороондоо өгөх нь зүйтэй. Таны саналыг хүлээн авсан хороо шийдвэр хэрхэн гарч байгаа талаар өдөр бүр мэдээлэх үүрэгтэйг та мэдэх үү.

Мөн та төрийн албанаас шаардах эрхтэй шүү. Хувь хүн ч өөрийн тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах санал гаргах бүрэн эрхтэй. Гагцхүү тэр саналаа олон нийтэд ил болгож, дэмжлэг авбал тухайн сонгогдсон тойргийн гишүүн тань эгүүлэн татагдах үндэслэл бий болно гэсэн үг. Энэхүү зарчим угтаа олон улсад хэрэгждэг ч манай улсад шинэ төрлийн соёл учраас нийгэм ойлгохгүй байх магадлалтайг улстөрч судлаачид хэлдэг.

Иймд та өөрийнхөө тойргоос сонгогдсон гишүүнээ эгүүлэн татъя гэсэн санал гаргасан л бол танд ямар нэгэн хариу мэдээлэл ирнэ. Ирсэн тэрхүү мэдээллийг та нягтлан харж хариу арга хэмжээ авах бүрэн боломжтой гэдэг Үндсэн хуулиар олгогдсон эрхийг тань сануулъя. Таны өмнөөс тэр хууль хэрэгжүүлж байна. Та өөрийнхөө саналыг хэлэх, хэлэлцүүлэх үүрэгтэй. Хэрэв таны саналыг хэлэлцүүлгийн явцад болон бусад тохиолдолд дурдахгүй үлдээх аваас та шүүхэд хандах бүрэн эрхтэй. Та бол төр баригч гэдгийг дахин сануулъя.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ жил хөрс хуурай, чийг байхгүйгээс тариалалт хойшилж зуны эхэн сартай золголоо DNN.mn

Төв аймгийн Аргалант сум, Атар, Жирэмийн хөндийд хаврын тариалалтын их ажлын бэлтгэл бүрэн хангагдаад дуусчээ. Тариаланчид бэлдэж, хагалсан бор хөрсөндөө үрлэгээ хийхээр гагцхүү бороо орохыг хүлээн сууна. Энэ жилийн тариалалт оройтож байгаагийн гол шалтгаан нь хөрсөнд чийг хангалттай хэмжээнд хүрэхгүй, хуурай байгааг тариаланчид онцолж байлаа. Хойшоо Сэлэнгэ, Булган, бүс нутгийн зарим хэсгээр тариалалтын ажил дөнгөж эхэлж байгаа ч баруун тийшээ Атар, Нөхөрлөл, Баянцогт, Жирэмийн хөндийн тариалалт эхлээгүй байна. Бороо хур багатай, өвөл хөрсөнд хангалттай хэмжээний чийг болчихоор цас унаагүй таг хуурай газрын тариалалт зуны эхэн сартай ийн золгоод буй юм. Тариаланчид техник, тоног төхөөрөмжөө засч сэлбэж, үр тариагаа гаргаад хэдийнэ дуусчихаж. Тэд өнгөрсөн намар хадгалсан үрийн буудайгаа энд тэндээс зөөж үтрэм дээрээ байршуулах, бордоогоо бэлтгэх гээд их ажлын өмнөх бэлтгэлээ бүрэн хангаснаа хэллээ. Хэрэв бороо орлоо л бол тариаланчид өнөө маргаашгүй үрсэлгээ хийхээр болжээ.

Ийнхүү шимт зөөлөн бор хөрсөнд үрийн буудай тарихаар зэхэж буй хаврын нэгэн өдөр Төв аймгийн Аргалант, Атар, Нөхөрлөл, Баянцогт сумыг зорьж, хаврын тариалалтын сурвалжилгаа бэлтгэлээ. Үндсэндээ баруун тийшээ 50 гаруй километр яваад Жирэмийн хөндийд байрлах уужим том тариан талбайнууд эхэлнэ. Харахад бүгд газраа хагалчихсан, тариан талбайд нэг ч машин техник харагдахгүй нам гүмхэн байв.


УЛААНБУУДАЙ ТАРИАЛСНААС ИЛҮҮ РАПС ТАРИХ НЬ ТАРИАЛАНЧИД ГУРАВ ДАХИН ИЛҮҮ АШИГТАЙ ГЭВ


Төв замтай нийлэх шахуу хашаа татсан тариан талбайн урд үзүүрт залгаа тоосгон байшин, хороо дүүрэн трактор, комбайн зэрэг Жирэмийн хөндийд байх хамгийн том тариан талбайн эзэд хаврын тариалалтынхаа ажлыг хэлэлцэн нэгнийдээ цугларсан нь энэ байж. Сонины газраас яваагаа хэлтэл нэр усаа гаргалгүй учир байдлаа хэлье гэж байна. Нэр устайгаа сонинд гарчихаар салбар яамдынхан нь буруу зөв ярилаа хэмээн шүүмжилдэг бололтой. Улмаар ажил төрөлд нь ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө учруулдаг учраа хэллээ.

Эдгээр тариаланчид хөрс хуурай, чийг огт байхгүй байгаа нь тариалалт сунжрах гол шалтгаан болж байна гэв. Төр, Засгаас тариаланчдаа дэмжих бодлого явуулж байгаа гэж ярьдаг ч газар дээрээ дорвитой дэмжлэг болж уй нь нэг ч байдаггүй аж. Тариаланчдын өмнө тулгардаг хамгийн том асуудал нь тоног төхөөрөмжийн шинэчлэлт болон шатахуун, тосны зардалд хамаг хөрөнгөө зарцуулдгаа хэллээ. Одоог болтол тариаланчдад олгох шатахууны хөнгөлөлт тодорхой болоогүй гэнэ. Шатахуунаа яг хэдэн төгрөгөөр ямар хэмжээнд өгөх нь шийдэгдээгүй байгаа аж. Шатахууны үнэ дээр хөнгөлөлт үзүүлдэггүй, урьдчилаад 50 хувийн төлбөрийг нь хийж, үлдсэнийг нь намар төлөхөөр л тохирч авдаг. Түүнээс биш үнийг нь хямдруулж хөнгөлөлттэй үнээр бидэнд өгдөг зүйл байхгүй гэв. Мөн тоног төхөөрөмжөө шинэчлэх, засварлах, худалдан авах асуудалд хөнгөлөлттэй зээл олгох бодлого хэрэгжиж эхлээгүй байгааг ярив. Холбогдох салбарын сайд, удирдлагууд нь тариаланчдаа дэмжих бодлогоо цаасан дээр л гаргаж, олон нийтэд хэрэгжүүлээгүй, эхлээгүй ажлаа эхлүүлсэн, хэрэгжүүлсэн мэтээр ярьж байгааг шүүмжлэв. Мөн төр, засгийн оролцсон, үнэ, үйл ажиллагааг нь барьсан салбар болгон нурдаг, хөгждөггүй байдлыг хэллээ. Түүний тод жишээ нь газар тариалангийн салбар аж. Тухайлбал, улаанбуудайн үнийг чөлөөлөх хэрэгтэй гэлээ. Хэдий стратегийн хүнс, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн ч гэлээ үнийг нь чөлөөлөх шаардлагатай гэнэ. Улаанбуудайд мөнгөн урамшуулал олгодог байна. Гэвч өнгөрсөн жил энэхүү урамшууллын мөнгөний ердөө тавин хувь нь оржээ. Угтаа төрөөс тонн тутамд 80 мянган төгрөгийн урамшуулал олгоно гэж байсан боловч 40 мянган төгрөгөөр бодогдон оржээ. Улмаар үлдсэн урамшууллаа хэзээ өгөх, бараг өгөхгүй байх тухай хэлж байна. Тиймээс тариаланчид хөлс хүчээ шавхан барин улаанбуудай тариалж, хямдхан борлуулж байхаар түүнээс гурав дахин ашигтай рапс тарих болсон талаар ярив. Нөхцөл байдал бодитоор ийм байхад аль болох хөдөө, аж ахуйн салбар, тэр дундаа газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн үйл ажиллагаанд оролцохгүй байхыг захилаа.


Б.ГАНЗОРИГ: ТАРИАЛАНЧДАД ОЛГОХ ЗЭЭЛИЙН ШАЛГУУРАА БАГАСГАЖ, ШУУРХАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БОЛ ЦАГ ТУЛЧИХААД БАЙНА


Бид тариаланчидтай уулзаж, нөхцөл байдлыг нь сонсоод цааш хөдөллөө. Тариаланчдын нөхцөл байдал ямар байгаа, төр, засгийн бодлого хэрхэн явагдаж буй талаар Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын орлогч, үр тариа хариуцсан эрхлэгч Б.Ганзоригоос тодрууллаа.


-Энэ жилийн тариалалт хэдийгээр эхлэхээр байна. Хэчнээн талбай, газар ямар хэмжээний тариалалт хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Тариалалтын бэлтгэл ажил бүрэн хангагдаж дууссан байгаа. Үндсэндээ газрын хөрс чийг багатай, хуурай байгаа учраас бороо орохыг л хүлээж байна. Энэ жилийн хувьд манай суманд 15 мянган га эргэлтийн талбай бий. Найман мянга гаруй уринш байна. Үрийн нөөцийн хувьд хангалттай байгаа. Өнгөрсөн жил борлуулалт тааруу байсан учраас үрээ их сайн нөөцөлсөн.

-Энэ жилийн тухайд газар тариалан эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудал юу байна вэ. Төрөөс үүнийг хэрхэн зохицуулахаар байгаа вэ?

-Хэдхэн хоногийн өмнө Төв аймагт газар тариалан эрхлэгчдийн улсын зөвлөгөөн болсон. Мөн манай сумын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлаа ярилцаж, шийдвэрлэсэн. Хамгийн гол тулгамдаж байгаа зүйл бол гурван хувийн хөнгөлөлттэй зээлийн асуудал байна. Салбарын яамнаас энэ жил 400 гаруй тэрбум төгрөгийн зээл олгох эрхийг банкнуудад өгчихсөн байгаа. Өнгөрсөн жил 150 тэрбум төгрөгийн зээл олгогдсон. Гэхдээ банкны шалгуур өндөр, үл хөдлөх хөрөнгийн барьцаа шаарддаг гээд асуудал үүсч байлаа. Энэ нь яг хуулийн этгээддээ асар их дарамттай байгаад уг зээлийн гуравны нэг нь олгогдоод бусад нь татагдчихсан. Энэ жилийн хувьд цаг агаарын нөхцөл байдал хүнд, тариаланчид өнгөрсөн жилийн борлуулалтаа алдчихсан эдийн засгийн хувьд ч амаргүй байгаа. Тиймээс зээлийн эргэн төлөлт болон шинээр зээл авах гэж байгаа аж ахуйн нэгж, хувь хүнд банкны шалгуураа багасгаад түргэн шуурхай олгочихоосой гэсэн хүсэлтийг холбогдох хүмүүст нь тавьсан байгаа. Хамгийн гол нь одоо цаг их тавчуу болоод байна. Өөрөөр хэлбэл, тариаланчдад олгох зээлийн шалгуураа багасгаж, шуурхай хэрэгжүүлэхгүй бол цаг тулчихаад байна гэсэн үг. Зээл банкнууд дээр ирлээ гэхэд судалгаа, олголт гээд цаг их зарцуулна. Тиймээс энэ асуудлаа түргэн шуурхай болгох тал дээр манай төр засгийн удирдлагууд анхаарна биз ээ.

-Шинээр техник, тоног төхөөрөмж орж ирж байгаа юу. Түлш, шатахууны нөөц, хөнгөлөлт ямар байгаа вэ?

-Хил гааль хаалттай гээд газар тариалангийн тоног төхөөрөмжүүд огт орж ирэхгүй байгаа. Сэлбэг нийлэлтийн хувьд ч энэ жил их тааруухан байна. Түлшний хөнгөлөлт үзүүлдгээрээ үзүүлнэ. Гэхдээ үнэ ханшны асуудалд хөнгөлөлт гэсэн зүйл байхгүй. Энэ нь импортын бүтээгдэхүүн учраас зээл хэлбэрээр л хөнгөлөлт үзүүлнэ гээд байгаа юм.

-Танай сумын хэмжээнд хэчнээн тариаланчид байдаг вэ?

-Манай сумын хэмжээнд зургаан том аж ахуйн нэгж бий. Хувиараа тариалан эрхэлж байгаа 100 гаруй иргэн байна.


Г.Баасансүрэн: Сайхан жил тохиовол тариаланчид жилдээ 80-100 сая төгрөгийн ашигтай ажилладаг


Бид сумын төвөөс хойш Атарын хөндийд байрлах тариаланч Гомбосүрэнгийн Баасансүрэнтэй уулзаж ярилцаа. Тэрбээр энэ жил тариаланчдын хувьд тийм ч таатай жил гарахгүй гэдгийг хэллээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.


-Тариалалт хараахан эхлээгүй байх шиг байна. Өнгөрсөн жил өдийгөөс эрт эхэлсэн шиг санагдах юм?

-Өнгөрсөн жил их чийгтэй байсан. Тариалалт хэдийнэ эхэлчихсэн байлаа. Энэ жил хөрс хуурай, чийг байхгүй болохоор тариалалт эхлээгүй байна. Энэ сарын цаг агаарын мэдээг сонсох нь ээ хавьд бороо орохгүй, сэрүүхэн байх төлөвтэй байна шүү дээ. Уг нь бүх юмаа л бэлэн болгочихсон байдаг. Ганцхан бороо орох, дулаарахыг л хүлээж сууна. Шөнөдөө нэмэх наймаас дээш хонож байж тариа ургана. Одоо ч шөнөдөө хасах хэмтэй хоноод байна. Гэхдээ цаг уур ямар ч байсан энэ сардаа багтаагаад тариалалтаа эхэлнэ л дээ.

-Төр засгаас тариаланчдаа дэмжих бодлого явуулдаг. Энэ бодлогууд ер нь бодитой дэмжлэг болж чадаж байна уу?

-Тариалан эрхлэлтийг дэмжих сан гэж бий. Хуучин удирдлагууд нь энэ санг цөлмөсөн. Одоо сангийн нэрээ арай жаахан өөрчлөөд тариаланчдыг дэмжих сан болсон юм билээ.

-Бүс бүсийн тариаланчдын онцлог гэж байна уу. Цаг уур, хөрсний шимт үзүүлэлтүүдээсээ шалтгаалаад зарим газраараа тариалалт эрт эхэлж байхад зарим газраараа оройтож эхэлдэг шүү дээ?

-Байна, байна. Хойшоо Сэлэнгэ, Дархан, Булган тийшээ эрт дулаардаг учраас тариалалт эрт эхэлдэг. Нөгөөтэйгүүр энэ аймгууд тариалалтын газар ихтэй 30, 40 мянган га газар тарьж байна. Тиймээс эрт эхлэхээс өөр аргагүй. Бидний хувьд нэгд, тариалах газар багатай. Үсрээд 1000-5000 га газар л байгаа. Тиймээс аажуу эхэлж байна. Энэ жилийн тухайд цаг агаар айхавтар байх юм билээ. Тав, зургаан саруудад бороо огт байхгүй гэнэ. Ер нь тариаланчдын хувьд хүндрэх шинжтэй байх шиг байна. Нөгөөтэйгүүр манай энэ хавийн газар өмнөх нийгмийн үеэс эхлээд л малын тэжээлийн зориулалтаар ашиглаж байсан газар.

-Хүндхэн жил болно гэлээ. Цаг уур таатай биш байх үеийн авах арга хэмжээнүүд юу байдаг юм. Төрөөс бас дэмжлэг үзүүлэх байлгүй дээ?

-Төрөөс яг таг дэмжлэг үзүүлэх юм юу байхав ээ. Бодлогоор дэмжлээ гээд бороо оруулчих биш, талбай дээгүүр ус цацчих биш. Эцсийн дүндээ тариаланчид л өөрсдөө арга туршлагаараа ажлаа хийх шаардлагатай. Юуны өмнө хүндхэн жил болохтой холбоотойгоор хаана ямар ургамал тарих уу, хэзээ тариалах уу гэдгээс л эхэлнэ шүү дээ. Энэ жилийн хувьд оройтож бороо орох учраас ихэвчлэн ногоон тэжээл л тариалах нь зөв байх. Улаанбуудайг одоо хийчихлээ гэхэд хуурай, бороо орохгүй учраас гарч ирэхгүй. Дэмий л үр суулгана гэсэн үг. Ингэж оройтож улаанбуудайг тариалахаар намар нэг хөгийн юм л гарч ирдэг. Жижигхэн, нөгөөдүүлээ худалдахаар дандаа тэнцэхгүй. Ингээд тариаланчдын шаталт эхэлнэ.

-Газар тариалан эрхэлж байгаа айлуудын хашаа болгонд уул шиг том овоолсон боолттой өвс байна. Малчдын хувьд өнгөрсөн жил өнтэй сайхан байлаа, зуд турхан болсонгүй гэлцэх. Та бүхний хувьд энэ нь эсрэгээрээ нөлөөлөөд байх шиг байна, тийм үү?

-Замбараагүй олон боолттой өвс байна. Угтаа боодлыг нь 10-15 мянгаар зардаг ч одоо нэг мянган төгрөгөөр ав гэсэн ч тоох хүн алга. Энийг чинь хадаж, хураана гэдэг тариаланч бидэнд асар их хөдөлмөр, хөрөнгө мөнгө урсаж байгаа шүү дээ. Одоо ингээд овоолсон өвс болоод дуусах юм шиг. Энэ жил бороо хур бага болохоор л илжирчихгүйхэн шиг байна. Манайд одоо 20 мянган боодол өвс байна. Ингээд бодохоор манайх 200 сая төгрөгөөр л шатчихаж байна. Ядаж одоо боодлыг нь 1000-аар өгчихвөл 20 сая төгрөг буюу боолгосон ажлын хөлсөө барих юм даа.

ГУРИЛЫН ТҮҮХИЙ ЭД БУЮУ УЛААНБУУДАЙ НЭГ КИЛОГРАММ НЬ 500 ТӨГРӨГ БАЙХАД ТАЛХНЫ ҮНЭ ИХЭДЛЭЭ ГЭХЭД 1500 ТӨГРӨГ Л БАЙХ ЁСТОЙ

-Атрын дөрөвдүгээр аян эхэллээ гэдэг. Ер нь ийм аян эхэлснээрээ тариаланчдад яг ямар ач холбогдолтой юм бэ?

-Тариаланчдын ажлын үр дүн бол техникийн үзүүлэлтүүдээс голлож хамаарна. Эдгээр аян өрнөлөө гэхэд техник шинэчлэх, хөнгөлөлттэй зээл олгох асуудал л яригддаг. Тэр талаараа л ач холбогдолтой болов уу гэж боддог. Гэхдээ энэ жилийн тухайд хойноос техник орж ирэхгүй болсон.

-Хойноос гэж Оросоос уу. Яагаад техник орж ирэхийг нь хориглосон гэж?

-Орост дайн болж байна. Дайнаас болоод техник болон улаанбуудайн үр орж ирэхийг таг хориглосон гэсэн. Тиймээс энэ жилийн тухайд тариаланчид өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглаад техник, тоног төхөөрөмжүүдээ засч сэлбэж байна.

-Улаанбуудайн үр орж ирэхгүй байна гэдэг нь гурил, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх шалтгаан болж байна уу?

-Гурил, талхны үнэ ингэж өндөр болж байгаа нь үнэндээ тариаланч бидэнд огт хамаагүй асуудал шүү дээ. Бид улаанбуудайгаа өгдөг үнээрээ л өгч байгаа. Оросоос орж ирэхгүй байлаа гээд ч өсөх шалтгаан биш. Үнэндээ өнгөрсөн жил тариа их хэмжээгээр ургасан. Мөн тухайн үед Оросоос тариа оруулж ирсэн байдаг. Тиймээс энэ жилийн хувьд тариа ургахгүй байсан ч улсад улаанбуудайн нөөц хангалттай хэмжээнд байгаа. Нөгөөтэйгүүр нэг килограмм гурилаар дөрвөөс таван талх барьдаг. Тариаланчид гурилын үйлдвэрт нэг килограмм буудайг 500 төгрөгөөр л өгдөг. Ингээд бодохоор талх нэг ширхэг нь ихэдлээ гэхэд 1000-1500 төгрөг л байх ёстой. Гэтэл одоо талх хэдтэй байна. Хамгийн багаар бодоход л 3000 төгрөг байгаа биз дээ.

-Тариаланчдад олгодог хөнгөлөлттэй зээл гэж байна. Та зээл авсан уу, зээлийн нөхцөл шаардлага ямар байна вэ?

-Янз бүрийн дэмжих сангаас зээл олгоно л гэдэг. Хүү багатай зээл гээд л гаргадаг. Гэхдээ яг тэр хүү багатай зээл авсан тариаланчид цөөхөн байгаа шүү. Хүү багатай зээл атлаа шалгуур их өндөр тавина, тариаланчдад. Наанадаж үл хөдлөх хөрөнгийн барьцаа шаарддаг. Тариа, ногооны ажилтай бидэнд ямар юмных нь үл хөдлөх хөрөнгө байх вэ дээ.

-Танай тариан талбай бас багагүй харагдаж байна. Ер нь тариаланчид энэ газраа хувьдаа өмчилдөггүй биз дээ. Татварт хэдэн төгрөг төлдөг вэ?

-Хувийн тариан талбайтай хүн нэг ч байхгүй. Дандаа улсын өмч. Улсаас бид эзэмших эрхээр л авдаг. Нэг га газыг 1400 төгрөгөөр бодож татвараа төлдөг дөө.

-Таны хувьд энэ жил хэчнээн хэмжээний тариалалт хийж байна. Ер нь тариаланчдын орлого, зарлага ямар байдаг юм бэ?

-Энэ жил миний хувьд 100 тонн үр тарина гэж төлөвлөж байгаа. Намар үүнээсээ 800 гаруй тонн буудай авна. Үүнээс дараа жил нь тариалах үрээ авч үлдээд үлдсэнийг нь улсад өгнө. Гэхдээ дотроо чанараасаа болж хуваагддаг. Тухайлбал, хамгийн том ширхэгтэй, чанартай буудайнууд нь гурилын үйлдвэрт очдог. Дундаж нь архи, пивоны үйлдвэр лүү, муунууд нь тэжээлийн бордооны үйлдвэрт очдог. Улаанбуудайн тухайд ийм л зарчмаар борлуулагддаг. Орлого зарлагын хувьд тодорхой л доо. Ихэнх зардал нь техник тоног төхөөрөмж, түлш шатахуундаа явна. Цөөнгүй хэсэг нь ирэх жилийн тариалалтын бэлтгэл ажилдаа зарцуулагдана. Ингээд бодохоор сайн жил тохиовол тариаланчид жилдээ 80-100 сая төгрөгийн ашигтай ажиллах боломжтой. Энэ дундаж л тариаланчдын олж байгаа ашиг. Манайх тухайлбал, энэ жил сайхан байвал намар 800 тонн буудай хураачихна. Үүнийгээ нэг килограммыг нь 500 төгрөгөөр өглөө гэхэд 400 сая төгрөг. Үүнээсээ урсгал зардал, ирэх жилийн тариалалтын бэлтгэл, ажилчдын цалин хөлс гээд 300 гаруй сая нь зарцуулагдана. Ингээд үлдсэн 100 хүрэхгүй сая төгрөгөөсөө зээл, амьдрал ахуйдаа зарцуулаад л явж байна. Гэхдээ энэ бол ургац арвинтай, нар хур тэгширсэн сайхан жил тохиох хэмжүүр. Ийм жил тохиох нь сүүлийн жилүүдэд их ховор үзэгдэл болчихоод байна шүү дээ. Энэ жил л гэхэд хур бороо багатай байх нь. Энэ мэт тариаланчдын зовлон жаргал их ээ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Одонтуяа: АН бүлгийн дүгнэлтийг ажил хэрэг болгосон бол тавхан сарын хугацаанд гурав дахь удаагаа төсөв өргөн барихгүй байсан DNN.mn


УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.


-Төсвийн тодотгол УИХ-д орж ирж анхны хэлэлцүүлгээ хийлээ. Тодотгол хийх шаардлага зайлшгүй байсан уу. Орж ирж байгаа тодотголын зөв нь юу байна, арай хэтрүүлсэн нь юу байна вэ?

Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахал сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий нийт болон Монгол Улсад эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг, төсвийн хүндхэн сорилт болсон. 2022 оны хоёрдугаар сард ОХУ болон Украины хооронд дайн эхэлж дэлхийн геополитик, эдийн засагт нэн томоохон хүндрэл, тодорхойгүй байдлыг үүсгэлээ. Цаашид нийлүүлэлтийн тасалдал үүсч, импортлогч орнуудын шатахуун, эрчим хүч болон хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч, хомсдол бий болох эрсдэл бий болжээ. Мөн БНХАУ-д цар тахлын халдвар эрчимжиж “тэг-Ковид” стратеги хэрэгжиж байгаатай холбоотой төсөвт тодотгол хийхээр УИХ-д оруулж ирсэн гэж тайлбарлаж байна. Энэ бол гадаад хүчин зүйл.

Харин эрх баригчид өөрсдийн бодлогын ямар алдаа гаргасан талаараа ганц ч үг цухуйлгасангүй. Хэрэв 2022 оны төсвийг анх өргөн барихдаа АН бүлгийн дүгнэлтийг ажил хэрэг болгосон бол тавхан сарын хугацаанд гурав дахь удаагаа төсөв өргөн барихгүй байсан. Энэхүү төсвийн тодотголоор олигтой өөрчлөлт харагдахгүй байна. С

Залуучууд жагсаж байж л дуртай дургүй хэдэн барилга, соёлын төв, автомашины хэрэглээг танах нь эдийн засгийн суурь алдааг засаж чадахгүй. Энэ бол ердөө эрх баригчид татвар төлөгчдийн мөнгөөр хэрхэн дургиж байсныг харуулах үзүүлэлт.

-Төсөв хүндэрч байгаа нь 76 жижиг тойргоос болдог гэсэн. Үүнтэй та санал нийлэх үү. Эсвэл Засгийн газар ажлаа хийж чадаагүй байж бусад зүйл рүү шалтгаанаа түлхэж байна уу?

-Гадаад дотоод олон шалтгаан бий. Засгийн газар урт, дунд хугацааны бодлогогүй, дандаа гал унтраах төдийхнөөр ажиллаж байгаа нь төсөв хүндрэх гол шалтгаан мөн. МАН-ын эрх баригчид зургаан жил АН-аас буруу эрж байсан. Дараа нь хоёр жил цар тахал руу бүх буруугаа заасан. Одоо ОХУ, Украины хооронд болж байгаа дайнаас бүх зүйл болохоо байлаа гэж ярьж байна. Саяхан УИХ-аар Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг танилцуулахдаа 78 хувь биелэгдсэн онц сайн гэж танилцуулж байна лээ. Ядуурал 30 шахам хувьтай, олон компани, аж ахуйн нэгж хаалгаа барьсан, инфляци 15 хувь, төгрөгийн ханш огцом унасан үед онц сайн ажиллана гэж байхгүй байх аа. Үнэхээр тийм сайн ажиллаж байгаа бол залуучууд “Ажлаа хий” гэж жагсахгүй байсан болов уу.

-Сөрөг хүчний хувьд төсвийн тодотголд анхаарч, анхааруулан захиж байгаа зүйл юу байна вэ?

-Төсөв өргөн барих бүрд АН-ын бүлгээс УИХ-д дүгнэлтээ танилцуулдаг. Бидний шүүмжлэлийг авч ажил хэрэг болгож байсан бол таван сарын хугацаанд гурван удаа УИХ-д төсөв өргөн барихгүй байсан. 2020 онд Монгол Улсын эдийн засаг 5.3 хувиар агшсан. ХАА-н салбар өнгөрсөн онд агшсан. Боловсруулах болон барилгын салбар мөн унасан тул 2021 онд эдийн засаг 1.4 хувь буюу маш бага өсөлт гарсан. Хоёр жил дараалан эдийн засгийн үзүүлэлтүүд хасах гарсан. Энэ оны 3 сарын байдлаар инфляци 14.4 хувьтай гарсан нь Ази тивд Шри-Ланк, Иран улсын дараа гуравт орох өндөр үзүүлэлт. Жилийн өмнө 2.5 хувь байжээ. Төлбөрийн тэнцэл 570 сая ам.долларын алдагдалтай гарав. Жилийн өмнө долоон сая ам.долларын ашигтай байжээ. Валют их хэмжээгээр гадагшиллаа. Гадаад валютын нөөц 1.2 тэрбум ам.доллараар буурав. Валют дутагдахаар дотоод санхүүжилт өсдөг. Инфляци өндөр байгаа тул иргэдийн хэрэглээ буурсаар байна. Тогтвортой, дундаж давхаргын хэрэглээ буурч байна. Инфляци өндөр байхад эдийн засгийн өсөлт ирэхгүй. Энэ өсөлт богино хугацааных биш, дунд хугацаанд ч үргэлжилж, энэ онд өндөр хэвээр байхыг сануулъя. Сүүлийн хоёрхон сарын хугацаанд ам.долларын ханш 12-15 хувиар чангарч олдоц нь эрс багасч, бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирч эхэллээ. Компаниуд хаалгаа барьж, олон мянган ажилчдаа цомхотгохоос өөр аргагүй байдалд хүрч ажилгүйчүүдийн эгнээ тэлж байна. Төсвийг илүү танаж, төрийнхөн бүсээ чангалж, бизнес эрхлэгчдээ дэмжих л хамгийн зөв арга. Мөн хил гааль, ачаа тээврээ шийдэхгүйгээр асуудал шийдэгдэхгүй.

-НӨАТ-ын сугалааг болиуллаа. Нийгэм энэ асуудлаар шуугьж байна. Буцаан олголтоо нэмүүлье гэсэн биш бүр сугалаагүй боллоо гэх нь байна. Нөгөөтэйгүүр сугалаа зогссоноос болж татварын орлого багасна гэх юм. Мөн НӨАТ сөнөх шат руугаа орно ч гэх. Ер нь үүний сөрөг болон давуу тал юу байна вэ. Нийгэмд нөлөөлөх талаасаа…

-НӨАТ-ыг АН-ын үед хэрэгжүүлж эхэлсэн. Одоо Монгол Улс нийт татварын 25 хувь буюу гурван их наяд төгрөгийг энэ татвараар бүрдүүлж байна. Анх хоёр хувь буцаалт, нэг хувь нь сугалаа байсан. Өөрөөр хэлбэл, ойролцоогоор сард хоёр тэрбум 500 сая төгрөгийн сугалаа явагдах учиртай. 10 сая төгрөгийг сар бүр 250 хүн хожно гэсэн үг. Жилд гурван мянган иргэн 10 сая төгрөг хожно гэсэн үг. Тиймээс иргэн бүр НӨАТ шаардаж энэ татвараас улсад гурав биш дөрвөн их наяд төгрөг орох боломж байна гэсэн үг. МАН хууль завхруулж байгаагийн бодит нэг жишээ нь энэ. Орлого хянах зорилготой татвар төсөв бүрдүүлэгч болгосон нь том алдаа. НӨАТ-ыг бүгдээрээ таван хувиар төлж яагаад болохгүй гэж? Тодорхой орлогын шатлалаар жилийн эцэст бүрэн буцаан авч болох уу гээд бодлоготой татвар болгомоор байна.

-Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа хэмнэлтийн бодлогыг та ямар байдлаар хүлээн авч байна вэ?

-Хэмнэлтийн бодлогыг бүрэн дэмжиж байна. Тодотголтой хамт төрийн хэмнэлтийн тухай хууль орж ирсэн байна лээ. Энэ хүнд үед том шинэчлэлийг хийх учиртай. Бид төсвийн шинэчлэл, бодлогын реформ нэн даруй хийх ёстой. Яг энэ цаг үед зарчмын суурь асуудлаа анхаарсан, төсвийн шинэчлэл, төсвийн төлөвлөлтөө, хяналт, сахилга бат, үр ашгаа хэрхэн сайжруулах вэ, төрийн өмчит компаниудаа яаж цомхон ашигтай ажиллах вэ гэсэн суурь асуудлыг тусгах ёстой байсан юм. Гэтэл нийгэмд таалагдах гэсэн уриа лоозон маягийн нэн тааруу хууль орж ирсэн. Орлого их үед данхайтлаа тансагласан төр орлого багассаныг мэдрэхгүйгээр хоёр жил явлаа. Оройтсон ч гэсэн хэмнэлтийн хууль оруулж ирсэн ч хүлээлтэд хүрсэнгүй. Косметик маягийн зүйлүүд байна лээ. Жишээ нь, дан ганц машинтай ноцолдоод яахав дээ түүнээс өмнө бүтэц, орон тоо, бүтээмжээ харсан шийдвэр хэрэгтэй байсан.

-Хэмнэлтийн бодлогын хүрээнд гарсан нааштай зүйл юу байна вэ?

-Харин цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэх, хүүхэд харах үйлчилгээ, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжсэн нь маш зөв. Төр дангаар хийнэ гэхээс илүү хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт, иргэдийн санаачилгад тулгуурлах нь цаашдаа ч зөв. Ингэснээр эцэг, эхчүүд ажил хөдөлмөр эрхлэх боломж нээгдэж ажилгүйдэл, ядуурлаас сэргийлэх, орлогоо нэмэгдүүлэх боломжтой болж байна. Ийм байдлаар аливаа асуудлыг харж шийдэх ёстой.

-Сөрөг хүчний хувьд эрх баригчдын бодлого хэр зөв явж байна вэ?

-Хөшөө, театр, нутгийн ордон, иргэдийн үйлчилгээний төв гээд олон хөрөнгө оруулалтыг царцааж, хойшлуулах талаар зөндөө хэлсэн. Хэт олонхоороо түрий барьж хэсэг муйхарлалаа. АН-ын хэрэгжүүлж байсан зөв бодлогуудын нэрийг өөрчлөөд ч болов хэрэгжүүлмээр байна. Төсөв, мөнгөний буруу шийдвэрүүдээ эргэн харах, цар тахалд сөхөрсөн аж ахуйн нэгжүүдээ ялгаварлалгүй дэмжих, ажлын байр олноор бий болгох, гадаад өрийн асуудлыг анхааралдаа авах, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг бодитой ажил хийх шаардлагатай байгаа.

-Таны хувьд хаврын чуулганаар ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ?

-Улс төрийн намын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах, Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуульд илүү анхаарал хандуулан ажиллаж байна.

-Үнийн өсөлттэй холбоотой хууль батлагдсан. Уг хуулийн ач холбогдол яг хөрсөн дээрээ бууж хэрэгжих үү?

-Дайны нөхцөл байдалтай холбоотой дэлхийн хүнсний нөөц буурч, хүнсний үнэ өсч хүнсний хангамжид хомсдолын томоохон эрсдэл үүсэх нь тодорхой боллоо. Зөвхөн гурван бүтээгдэхүүнд зориулж хууль гаргах, зарим нэгэн хүнсний барааны гаалийн татварыг тэглэх замаар энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Иймээс үнийн хомсдолын асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх ёстой. Мөн л ялгаагүй урт, дунд хугацааны стратегиа тодорхой болгохгүй бол богино хугацааны шийдэл шүү дээ.

-Хууль гаргалаа гээд үнэ буурчихна гэж байх уу. Эсвэл бид дотоодынхоо үйлдвэрлэлүүдийг дэмжсэн, импортыг орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, цаашлаад хэрэглэгч биш үйлдвэрлэгч орон болж байж бараа бүтээгдэхүүний хомсдолоос гарна биз дээ. Энэ асуудлаар та ямар байр суурьтай байна вэ?

-Эрчим хүчний хараат бус байдлаас гарах зорилгоор гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжин УЦС, Таван толгойн болон ДЦС-5 бүтээн байгуулалтуудыг эхлүүлэх ёстой. Хүнсний бие даасан бодлогыг хэрэгжүүлэх, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнүүдээ 100 хувь үйлдвэрлэдэг болох чиглэлд Засгийн газрын бодлогыг чиглүүлэх нь зүйд нийцнэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Сэргэлэн: Өнөөгийн мөрдөгдөж байгаа сонгуулийн хууль нь хурц харизмтай, популист улстөрчдийг гаргах шалтгаан болж байна DNN.mn


Улс төр судлаач, хууль зүйн ухааны доктор Б.Сэргэлэнтэй сонгуулийн хууль болон парламентын тогтолцооны асуудлаар ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар Ерөнхий сайд жил жилийн төсөв алдагдалтай гардаг нь 76 жижиг тойргоос болдог гэдгийг хэлсэн. Мөн Төсвийн тодотгол УИХ-аар хэлэлцэх үед гишүүдийн дунд хот, хөдөөгөөрөө ялгарч маргалдаж байна. Энэ нь үнэхээр сонгуулийн хууль, тогтолцооны гажиг уу. Та үүнийг яаж харж, тайлбарлах вэ?

-Ерөнхий сайдын хэлсэнчлэн жижиг 76 тойрогтой сонгуулийн тогтолцооны гажиг, сөрөг нөлөөлөл гэж харж байгаа. Юуны өмнө сонгуулийн тогтолцоо гэж яг юу юм бэ, манайх ямар тогтолцоогоор явж ирсэн бэ гэдгийг тодорхой хэлье л дээ. Сонгогч хэдэн саналтай байх, саналаа хэнд өгөх, саналыг парламентын суудалд ямар аргаар хуваарилах зэргийг зохицуулсан багц хууль, дүрмийг сонгуулийн тогтолцоо гэдэг. Олон төрлийн сонгуулийн тогтолцоо бий. Гэхдээ тухайн улсын сонгуулийн тойргийн хэмжээ, түүнд оногдож буй мандатын дундаж тоо, тойргоос ямар зарчмаар ялагчдыг тодруулж байгаагаар нь сонгуулийн тогтолцоог мажоритар, плуралит эсвэл пропорциональ гэж хоёр хуваадгийг хүмүүс мэднэ. Мажоритар болон плуралит нь төстэй боловч тус тусдаа бие даасан тогтолцоо юм. Нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан нь ялагч болдог зарчмыг плуралит тогтолцоо гэдэг. Тэгвэл заавал сонгогчдын үнэмлэхүй олонхын буюу 50 хувиас илүү санал авч байж сонгогддог дүрмийг мажоритар тогтолцоо гэнэ шүү дээ. Хэрэв хэн ч үнэмлэхүй олонхын дэмжлэг аваагүй бол хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн дунд дахин санал хураалт явуулдаг нь энэ тогтолцооны онцлог. Түрүү нь хэлсэн 76 тойргоос сонгогдсон 76 хүн өөрсдийн гарч ирсэн тойрогтоо худлаа үнэн ажил хийх гэж тодорч гарч ирнэ. Өөр тойргийн аль нэг гишүүнээс болж өөрийнх нь тойрогт хэрэгжих байсан төсөл нь зогсоход дургүйцэх нь мэдээж шүү дээ. Тиймээс төсвөө ч тэр, нэгдмэл байдлаа бодсон ч тэр бид энэ тогтолцооноос салах ёстой.

-Таны хэлсэн энэ тогтолцоог манайх өмнөх сонгуулиуддаа ашиглаж байсан. Харин өнгөрсөн 2020 оны сонгууль арай өөр хэв маягаар явсан шүү дээ…

-Тэгсэн. Сонгуулийн плуралит тогтолцоог манай улс 1996, 2000, 2004 оны УИХ-ын сонгуульд ашигласан байдаг. Тухайн үед уг тогтолцоог манайхаас гадна Франц болон түүний колони байсан улсууд хэрэглэж байсан шиг санагдана. Мөн жижиг тойргийн плуралит тогтолцоог манай улс 2016 оны УИХ-ын сонгуулиар ашигласан. Харин томсгосон тойргийн плуралит тогтолцоог 1992, 2008, 2020 оны УИХ-ын сонгуульд хэрэглэсэн байдаг. Нөгөөтэйгүүр, мажоритар тогтолцоо нь сонгогч өөрийн төлөөлөгчөө шууд сонгож, хариуцлага тооцох боломж олгодгоороо давуу талтай. Гэвч сул талууд нь өнөөдөр бидэнд өдөр тутамд ажиглагдаж байна шүү дээ. Тухайлбал, одоогийн энэхүү сонгуулийн тогтолцоо нь Монгол Улсыг олон жижиг тойрогт хуваадаг учраас бүх нийтийг хамарсан төрийн бодлого орхигдож байна. Юм л болбол манай, танай тойрог гээд эрх мэдэлтнүүд нь 76 зүг хараад суучихдаг. Үүнээсээ болоод янз бүрийн бүлэг, фракц үүсч, нийт намаараа үнэмлэхүй олонх болсон ч дотроо хэд, хэд хуваагдчихаж байна. Яг энэхүү сул тал манай эрх баригч намд харагдаж байна шүү дээ. Нөгөөтэйгүүр нэг тойргоос цөөн тооны парламентын гишүүд сонгогддог тул олон сонгогчдын санал гээгдэх аюултай байдаг. Нөгөө цагаан сонголт гэсэн үг. Өнөөгийн эрх барьж байгаа МАН нийт иргэдийн 40 хүрэхгүй хувийн саналыг авсан. Тэгэхээр тооны хувьд үнэмлэхүй олонх болсон ч нийт иргэдийн дунд тийм биш байгаа юм. Мөн энэ тогтолцооны өөр нэг сул тал бол иргэд саналаа намд бус нэр дэвшигчид өгдөг учраас намын үзэл санаанд бус улстөрчдийн хувь хүний зан чанар, харизмд суурилсан өрсөлдөөн явагдаж улмаар популист улстөрчид сонгогддог. Өнөөгийн мөрдөгдөж байгаа сонгуулийн хууль нь өөрөө хурц харизмтай, популист улстөрчдийг гаргах шалтгаан болж байна шүү дээ. Тиймээс л улстөрчид намын бодлого, мөрийн хөтөлбөр гэхээс илүү хувь улстөрчийнхөө бодлого мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ түлхүү анхаарч байгаа юм. Үүнээс болоод бүлэглэг, фракц, талцал хуваагдал бий болж байна гэсэн үг. Тиймээс бид яаралтай сонгуулийн тухай хуулиа өөрчлөх, дахиж ийм тогтолцоогоор явахгүй байх учиртай.

-Мажоритар тогтолцооны сул талыг хэллээ. Зарим улстөрчид үүнийг хамгийн боломжит хувилбар ч гэдэг. Тэгвэл зарим нь пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тогтолцоотой болъё гээд байгаа шүү дээ. Энэ тогтолцооны давуу болон сул талыг та юу гэж хэлэх вэ?

-Юуны өмнө пропорциональ тогтолцоо гэж юу гэдгийг хэлье. Товчхондоо, намуудын авсан саналыг парламентын суудалд хувь тэнцүүлэн хуваарилдаг зарчмыг пропорциональ тогтолцоо гэнэ. Энэ тогтолцоог хамгийн багадаа хоёр болон түүнээс дээш мандаттай тойрогт ашиглах боломжтой. Пропорциональ тогтолцоог дотор нь хаалттай болон нээлттэй жагсаалт гэж хоёр хуваадаг шүү дээ. Тухайн нам нэр дэвшигчдийнхээ жагсаалтыг өөрөө гаргаж, сонгогчид тэрхүү жагсаалтыг дэмжих, эс дэмжих шийдвэр гаргадаг бол хаалттай жагсаалт. Харин сонгогчид намд санал өгөхөөс гадна дэмжиж буй нэр дэвшигчдэдээ санал өгөх боломжтой бол нээлттэй жагсаалт юм. Ингэснээр хамгийн их санал авсан нэр дэвшигчид нь тухайн намаас парламентын гишүүн болдог. Ерөөсөө ийм л зарчимтай тогтолцоо. Үүгээр явбал сул талууд ганц нэг бий ч цөөн хүн амтай, эдийн засаг багатай манайх шиг оронд их зүгээр.

-Сул тал нь мэдээж иргэдийн сонгоогүй улстөрч УИХ-д орж ирнэ л дээ. Өөр ямар сул тал байна?

-Намын хаалттай жагсаалтаар сонгогчдын төлөөллөө шууд сонгох эрх хязгаарлагдаж, намын удирдлагад эрх мэдэл төвлөрдөг. Ингэхээр нам илүү хүчтэй болно гэсэн үг. Тэр дундаа намын даргын төлөөх өрсөлдөөн их явагдана. Энэ нь нийгэмд сайн ч саарч зүйлийг араасаа дагуулж болно. Нөгөөтэйгүүр намын удирдлагуудад эрх мэдэл хэт төвлөрснөөс үүдэж улстөрчдийг иргэд, сонгогчдоос холдуулах эрсдэлтэй. Харин намын сахилга бат сайжирч улмаар институт болж хөгжих боломжийг бүрдүүлдэг. Нээлттэй жагсаалтын хувьд хэдийгээр иргэдэд өөрийн төлөөлөгчдөө шууд сонгох эрхийг олгодог ч нэг намаас дэвшиж буй улс төрчид хоорондоо өрсөлдөж, намын дотоод зөрчлийг хурцатгадаг. Хамгийн голлох сөрөг нөлөөлөл нь хэт олон нам парламентад суудалтай болсноор Засгийн газар байгуулах чадамжтай парламентын олонх бүрдэхгүй байх өндөр эрсдэлтэй юм. Ингэснээрээ Засгийн газар удаан хугацаанд оршин тогтнож, тогтвортой бодлого үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болох эрсдэлтэй гэсэн үг. Гэхдээ үүнийг зохицуулсан дагалдах хууль гаргачихаж болно.

-Харин давуу талын хувьд…

-Пропорциональ тогтолцооны хамгийн том давуу тал бол сонгогчдын санал хамгийн бага гээгддэгт л оршиж байгаа юм. Хоёрдугаарт, нийгмийн цөөнхөд өөрийн төлөөллийг парламентад суудалтай болгох боломж бий болдог. Гуравдугаарт, олон намын тогтолцоог бий болгох замаар зөвшилцөл, харилцан ойлголт дээр суурилсан улс төрийн соёлыг бүрдүүлдгээрээ давуу талууд их бий.

-Таныхаар бид цаашид ямар тогтолцоог нь түлхүү ашиглах ёстой юм бэ?

-Би түрүүн хэлсэн. Манайх шиг жижиг эдийн засагтай, төсвийн орлого багатай, цөөн хүн амтай улс пропорциональ тогтолцоотой байх нь зөв. Бусад ардчилсан улсуудын ихэнх нь энэхүү тогтолцоогоор сонгуулиа явуулдаг. Тухайлбал, Европ, Скандинав, Өмнөд Америкийн улсууд байна. Нөгөөтэйгүүр бид 30 гаруй жил зөвхөн хоёрхон улс төрийн намын ээлжилсэн бодлогоор явлаа. Өнөөдөр Монгол Улс дорвитой хөгжсөн зүйл алга. Улстөржсөн, хуваагдсан, нийлж төрөөс хулгай хийдэг улс төрийн томоохон бүлэглэлтэй боллоо. Гуравдагч улс төрийн хүчин гарах ямар ч боломжгүй. Шинэ салхи, шинэ улстөрчийг сонгох ямар ч боломжгүй байна шүү дээ. Үүнээс болж сүүлдээ сонгууль явуулсан ч ирц хүрэхгүй дахин дахин санал хураалт гэсээр эдийн засаг талаасаа ч тэр, цаг хугацааны хувьд ч тэр асар их үргүй зардлыг гаргаж байна. Тиймээс хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгуулиа явуулах нь зөв. Монголын ард түмэн улстөрчдийн хэн нь хэн бэ гэдгийг тэртэй тэргүй бүгд мэдэж байгаа. Одоо явж байгаа сонгуулийн тогтолцооны хамгийн сул тал нь ялах магадлалгүй гуравдагч хүчинд санал өгвөл санал нь хүчингүй болохыг ухамсарласан зарим сонгогчид ялах магадлал өндөртэй намуудын аль нэгийг дэмжихээс өөр сонголтгүй болж байна. Угтаа манай улс олон намын тогтолцоотой. Гэвч хоёрхон нам асуудлыг дангаараа шийдэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хоёр намын тогтолцоотой гэж хэлэхэд буруудахгүй. Хоёр намын тогтолцоотой байна гэдэг эрх мэдэлд тавих хяналт багасах, улмаар авлига, дарангуйлал газар авах эрсдэлийг агуулж байдаг. Түүнчлэн хоёр нам улс төрийн орон зайг бүрэн эзэлсэн үед хоорондоо үзэл санааны болон бодлогын хувьд ялгаагүй болох хандлага ажиглагддаг. Энэ нь нөгөө яриад байгаа МАНАН-г өөрийн эрхгүй бий болгоно гэсэн үг шүү дээ.

-Нөгөөтэйгүүр гишүүдийнхээ тоог нэмье, дээд, доод танхимтай болъё. Ядаж л 150-180 орчим гишүүнтэй болъё гэж байгаа. Үүнтэй та санал нийлэх үү. Улс төр болоод намууд нь хөгжчихсөн АНУ, Англи, Япон гэх орнууд хоёр танхимтай шүү дээ…

-Хуучин цагт Ардын их хурал, бага хурал буюу дээд, доод танхимтай байсан түүх, манай улсад бий. Түүхэнд Богд хааны Засгийн газрын үед Манжийн дарлалаас салсны дараа дээд, доод танхимтай байлаа. 1990-1992 оны хооронд Ардын их хурал гэж манай нийгэмд хэрэгжээд хоёр жил болсон тогтолцоо байв. Тухайлбал, 1990 онд Ардын их хурал байгуулж, тус хурлаасаа Улсын бага хурал байгуулж байлаа. Үндсэндээ дээд, доод танхимд хуваагдаж байсан гэсэн үг. Нийт ард иргэдийг төлөөлсөн институци нь Ардын их хурал байсан юм. Ардын их хуралд сонгогдсон 430 гишүүн ямар намын харьяа байна гэдгийг судалж Улсын бага хуралдаа Ардын их хурлаасаа хүмүүсээ төлөөлж суулгадаг байлаа шүү дээ. Улмаар 1992 онд Үндсэн хуулиа шинэчлэн батлахдаа Ардын их хурлыг байхгүй болгочихсон. Тэр үеэс эхлээд өнөөдрийг хүртэл олигархижсан тогтолцоо бий болчихсон байна. Тиймээс дээд, доод танхимтай болгох асуудлыг бий хувьдаа дэмжинэ. Угтаа манайд байсан зүйл. Үүнийг арай орчин үеийнхээ үзэл бодол, тогтолцоотойгоо уялдуулаад явахад манайд тохирохгүй гэсэн зүйл байхгүй. Харин ч эрх мэдлийн хуваарилалт зөв болж ирнэ. Хэрэв дээд тоод танхимтай болбол хамгийн түрүүнд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулна. Тухайлбал, манай улс гурван сая гаруй хүн амтай. Тиймээс наанадаж 700 гишүүнтэй Дээд танхим байж болох юм. Харин доод танхим түүнээс цөөн тооны гишүүдтэй байж болно. Ер нь хэд ч байж болно. Ингээд Дээд танхимаасаа Ерөнхий сайдаа томилдог байх. Түүний дараа Ерөнхий сайд нь өөрийнхөө сайдуудыг өөрөө томилдог байх ёстой. Мөн Дээд шүүхийн ерөнхий шүүгч, ерөнхий прокурор зэргийг дээд танхимын хурлаараа сонгодог байх нь зөв. Энэ тогтолцоог хэрэгжүүлбэл бид ямар ч байсан одоогийн байгаа тогтолцооноос хамаагүй дээд түвшинд хүрч магадггүй.

-Зарим хүмүүс 76 “хулгайч”-аа яая гэж байхад дахиад тоог нь нэмнэ гэж юу байдаг юм гэж ярьдаг. Гишүүдийн тоог нэмснээр яг ямар ач холбогдол бий болох юм бэ?

-Хар ухаанаар л бодоход ,76 хүнийг мөнгөтэй улс орон худалдаад авахад амархан. Улс орон ч гэлтгүй дотоодын томоохон бизнесмэнүүд худалдаад авчих бүрэн боломжтой. Өнөөдрийн байдлаар эдгээр хүмүүсийн ихэнх нь ардаа бизнестэй, өөрийн гэсэн эрх ашигтай болчихсон байгаа биз дээ. Тэгэхээр аль хэдийнэ худалдагдчихсан гэсэн үг. Хэрэв гишүүдийн тоог ядаж л 180 болгочихвол бүгдийнх нь үг, үзэл бодол, зарчим үйл ажиллагааг нь худалдаж авахад бэрх болно. 180 гишүүнээс 80, 90 нь худалдагдлаа гэхэд цаана нь 100 хүн Монгол Улсын хөгжлийн төлөө, иргэд сонгогчдынхоо төлөө бодит дуу хоолой болно. Ингэж байж л тогтолцооны баланс баригдах ёстой.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Гантулга: Эрх баригчдын бодлого, үйл ажиллагаа маш мууг иргэд надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа DNN.mn

НИТХ дахь ХҮН-ын бүлгийн дарга Доноровын Гантулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Эрх баригч нам мөрийн хөтөлбөртөө нэг ч төгрөгийн татвар нэмэхгүй гэсэн атлаа өдгөө 40 хувийн татвар нэмчихсэн байна. Ер нь эрх барьж байгаа намын бодлого, үйл ажиллагааг дүгнэж хэлбэл та юу хэлэх вэ?

-Намууд сонгуулиар иргэд, сонгогчдод таалагдах гэж дуртай зүйлээ ярьдаг, сонгогдож олонх болоод эрх мэдэлд очихоороо мөрийн хөтөлбөрөө мартдаг явдал хэвийн үзэгдэл боллоо. Үүнийг засаж залруулах эрх уг нь иргэдэд өөрсдөд нь бий.

Бид хэдий болтол бурууг зөвхөн бусдаас хайж явах вэ дээ, буруу та бидэнд бүгдэнд нь байна. Одоо иргэд, ялангуяа залуучууд сонгуулийг жаахан нухацтай авч үзэх шаардлагатай гэдгийг ойлгож эхэлсэн гэдэгт найдаж байна. Үндсэндээ сонгуулиар хоёр асуудлыг нухацтайхан судалж авч үзэх шаардлагатай. Нэгдүгээрт, нэр дэвшигч хэн бэ.

Энэ хүн өмнө нь ЖДҮ, Хөгжлийн банк зэрэг асуудлуудад холбогдож байсан уу, ямар мэдлэг боловсролтой, ажил амьдралын туршлагатай хүн бэ гэх зэргээр хувь хүнийг нь таньж мэдэх. Хоёрдугаарт, нам нь ямар мөрийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж зорьж байна, бодит зүйл ярьж байна уу, эсвэл хоосон амлалт өгч байна уу гэх зэргээр судлах. Тэгээд эрх мэдэлд очсон намаас өөр юуг ч биш, зөвхөн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг л шаардах хэрэгтэй. Энэ ажлыг одооноос эхлүүлмээр байна, тэгвэл асуудал тэс өөр болно. Эрх баригчийн бодлого, үйл ажиллагааг маш муу гэж дүгнэнэ. Үүнийг иргэд надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

-Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. Жижиг тойргоор бус хувь тэнцүүлсэн тогтолцоо илүү хөгжилд хүргэнэ гэж нь байна. Энэ асуудлаар та ямар байр суурьтай байна вэ?

-Монголчууд бидний хөгжил дэвшлийг боймолж байгаа гажуудлыг засах хамгийн эхний цэг бол сонгуулийн тогтолцоо. Жижиг тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд улсын хэмжээний том асуудал ярих ямар ч шаардлагагүй, тойргийнхоо асуудалд л анхаарч ирлээ. Тухайлбал, УИХ-ын гишүүд Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчөөс ялгаа алга. Адилхан л тойрогтоо сургууль, цэцэрлэг, зам талбай барих гээд хөөцөлдөөд гүйлдэж явна. Цаана нь том бүтээн байгуулалтын төслүүд, боловсролын реформ, тэтгэврийн реформ гэх зэрэг улс орны хэмжээний асуудлуудыг хуруу дарам хэдхэн гишүүдийг эс тооцвол тоож байгаа хүн алга. Зөвхөн УИХ-аар хэлэлцэх үеэр нэг сайхан попорч аваад юу яригдаад байгааг нухацтай бодож үзэхгүй, ойлгохыг ч хүсэхгүй ийм л байдалтай байна. Жижиг тойргийн тогтолцоо авлигажсан төрийг бий болгодог гэдгийг Хятад, Тайвань, Япон, Солонгос зэрэг улс орнууд аль хэдийнэ баталсан хэмээх С.Зориг агсны яриа байдаг. Ил яриа нийгмийн сүлжээгээр хангалттай явсан, ердөө л энэ. Одоо УИХ-ын гишүүд жижиг тойргийг хамгаалах буюу цаанаа зөвхөн өөрийгөө бодож, наанаа том том зарчим ярьж байна уу, эсвэл өөрийнхөө ашиг сонирхлыг давж улс орноо бодож хувь тэнцүүлсэн тогтолцоог дэмжиж байна уу гэдгийг л харж сууна.

-УИХ-аар Төсвийн тодотгол хэлэлцэгдэж байна. Мөн хэмнэлтийн хуулийг батлахаар хэлэлцэж байна. Төсвийн асуудлаар танай нам ямар байр суурьтай байгаа вэ. Засгийн газрын хэмнэлтийн бодлогыг дэмжиж байна уу?

-Манай нам Монгол Улс цомхон, чадварлаг төртэй байх ёстой гэж үздэг. Төр зөвхөн өнөөдрийн хүнд нөхцөл гэж хязгаарлахгүйгээр үргэлж хэмнэлттэй ажиллах ёстой. Нэг талдаа хэмнэлт яриад байдаг, нөгөө талдаа төсвийн тодотголд Засгийн газраас оруулж ирсэн арга хэмжээнүүдийг харахаар хоорондоо зөрчилдөөд байна. Тухайлбал, нэг саяас доош цалинтай иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн хагасыг оны эцэст буцаан олгох санал байна. Эдийн засгийн арга хэмжээ талаас нь авч үзвэл өнгөрсөн онуудад ковидоос болж бүгдийг хаасан үед иймэрхүү арга хэмжээ зөв байж болно. Гэтэл одоо хэрэглээг дэмжих биш, эдийн засгаа идэвхжүүлэхийг зорьсон арга хэмжээ авах ёстой.

Нийгмийн даатгал талаас нь авч үзвэл асуудалд ингэж аргацаасан байдлаар хандах биш, шинэчлэлээ эхлүүлмээр байна. Буцааж өгөх биш, өөрсдийнх нь нэр дээр хуримтлалын сангийн эхний үлдэгдэл болгоод өгсөн бол зөв байсан юм. Ядаж л энэ 200 орчим тэрбум төгрөг урт хугацаат хөрөнгө оруулалт болж эдийн засагт гарна. Улс орны хөгжилд ч хэрэгтэй, иргэдэд ч хадгаламж үүсэхэд хэрэгтэй. Тэтгэврийн реформ хийх эхний алхам нь “Хувийн тэтгэврийн сангийн тухай хууль”-ийг яаралтай баталж гаргах хэрэгтэй. “Хувийн” гэдэг нэрнээс айгаад байгаа бол “Хуримтлалын тэтгэврийн сангийн тухай” гэж зорилготойгоо уялдуулж өөрчлөөд хуулиа баталмаар байна. Тэр санг төр нь ч байгуулаг, хувийн хэвшил нь ч байгуулаг. Хэнд нь итгэхээ иргэд шийднэ биз.

-Үндсэн хуульд нэмэлт оруулаад УИХ-ын гишүүний тоог нэмэх асуудлаар улс төр судлаачид, хуульчид янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Гишүүдийн тоог нэмснээр ямар ач холбогдолтой вэ?

-УИХ-ын гишүүн гэж тусгай эрх ямба эдэлдэггүй, улс орны бодлого гаргахад оролцдог мэргэжлийн голдуу хүмүүс баймаар байна. Ингэхийн тулд гишүүний зардлыг танаад харин тоог нь нэмэх нь зөв гэж үзэж байна. Шулуухан хэлэхэд, “УИХ-ын эрхэм гишүүн” гэдэг дархлагдсан цөөн тооны эрх мэдэлтнүүд байх биш зардал, эрх мэдэл, нөлөө багатай олон гишүүдтэй болбол илүү үр дүнтэй.

-Эдийн засаг хямралтай байна. Үнийн өсөлт нийгэмд дарамт болж байна. Үүнээс ямар бодлого хэрэгжүүлснээр гарах вэ. Цаашлаад бид эдийн засгаа хэрхэн тэлэх ёстой юм бэ?

-Яг өнөөдрийн түвшинд авч хэрэгжүүлэх бодлого маш тодорхой. Гайхалтай нь иргэд яриад байдаг, төр нь хэрэгжүүлж чаддаггүй. Нэгдүгээрт, урд хөрштэйгөө учраа олоод хилээ яаралтай нээх, нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын борлуулалтаа нэмэгдүүлж, валют олох. Хоёрдугаарт, энэ дайны нөхцөл байдлыг “ашиглаад” хойд хөрштэйгөө ойлголцож экспортын татвараа бууруулах, Эгийн голын усан цахилгаан станцын асуудлаа шийдэх зэргээр ажиллах. Харин цаашид төр биш хувийн хэвшил давамгайлсан эдийн засагтай болохыг зорих нь чухал. Үүний тулд тэтгэврийн шинэчлэлээ хийж иргэд нь өөрсдөө хуримтлал үүсгээд хөрөнгө оруулалт хийдэг болох зэрэг шинэчлэлүүдийг яаралтай эхлүүлэх шаардлагатай. Эдийн засгийн бүтэц талаас нь авч үзвэл дунд, урт хугацаандаа шинэ технологи ашигладаг, бүтээгдэхүүнээ тээвэрлэхэд зардал багатай салбаруудыг төрөөс онцгойлон анхаарч хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Энд креатив индастри, финтек, иншүртек зэрэг санхүүгийн үйлчилгээнүүд, дизайн, зураг төслийн зөвлөх үйлчилгээнүүд зэргээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ газраар, эсвэл онгоцоор ачаад явахаас илүүтэй онлайнаар шиддэг бизнесүүдийг оруулж байгаа юм. Монголчууд IQ өндөртэй гэдэг биз дээ. Манай залуучууд чадна. Үүний тулд эхний ээлжинд орон даяар интернэтийг маш хямд, чаддаг бол оюутан сурагчдад үнэгүй болгомоор байна. Интернэтийн хүртээмжийг гэрэл, цахилгаан, дулаан, цэвэр бохир ус шиг дэд бүтэцтэй адилтгаж үзэх хэрэгтэй. Үнэхээр урт хугацаагаа харж байгаа бол энэ шинэ төрлийн дэд бүтцээ сайн хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал манай олимпийн аваргууд гэр хорооллоос, хөдөөнөөс төрдөг шиг бидний төсөөлөөгүй газраас шинэ боломжууд нээгдэнэ гэж үздэг.

-Засгийн газрын үйл ажиллагаа үнэхээр ард иргэдийнхээ болон улс орныхоо хөгжил тийшээ зүглэж байна уу?

-Засгийн газар улс орны хөгжил гэхээс илүү өнөөдрийн галыг унтраах, маргаашийг яаж аргацаах уу гэж л явж ирлээ.

-НӨАТ-ын сугалааг зогсоосонд иргэд шүүмжлэлтэй хандаж байх шиг байна. НӨАТ-ын асуудлыг ер нь ямар түвшинд байлгах нь зүйтэй юм бэ. Гадны орнуудад ямар байдаг бол?

-НӨАТ-ын сугалааг хэн хожоод байгаа нь ихээхэн хардлага, шүүмжлэл дагуулдаг. Сугалаа хэрэггүй ээ, хоёр хувийг буцааж байгаа одоогийн арга хэмжээ ажиллаж байгаа гэж боддог. Манай улсад НӨАТ 10 хувь байгаа нь бага талдаа орно. НӨАТ-гүй орнууд ч бий. Европын улсууд ихэнхдээ өндөр байдаг. Жишээ нь, Люксембург улсын НӨАТ 17 хувь байгаа нь бага талдаа орох жишээтэй. НӨАТ-ын татвар манай улсын нийт төсвийн орлогын 20 орчим хувийг бүрдүүлдэг. Хамгийн гол нь иргэд, аж ахуйн нэгжүүд бүгд НӨАТ төлдөг болох хэрэгтэй. Одоо худалдаа хийхэд НӨАТ-тай дүнгээр авах уу, НӨАТ-гүй дүнгээр авах уу гэдэг сонголттой болчихоод байгаа нь нууц биш. Бүгд татвараа төлдөг, төлсөн татвараа яаж зарцуулж байгааг төрөөсөө нэхэж, шаардаж чаддаг болох нь чухал.

-Монголд МАН, АН гэсэн хоёр том үндэсний хэмжээний нам байдаг. Бусад намууд ойрын зуун жилдээ энэ хоёр нам шиг гарч ирж чадахгүй гэдгээ намын улсууд ярьдаг. Энэ хэр ёс зүйтэй ойлголт вэ. Үнэхээр Монголд гуравдагч улс төрийн хүчин хүчтэй гарч ирэх боломжгүй юу. Угтаа олон намын тогтолцоотой улс шүү дээ. Гарч ирэхэд ямар асуудал хүндрэлтэй байдаг юм бол оо?

-Яг МАН шиг улс орон даяар төрийн тогтолцоо дээр суурилсан, энэ намын гишүүн, дэмжигч байснаар төрд ажилтай болдог, бизнес нь өргөждөг нам байгуулахыг бид хүсэхгүй, зорихгүй. АН яг ийм нам байгуулах гэж яваад сөхөрч байна. Сонгуулиар засаг солигдохоор төрийн албан хаагчид нь зуу зуун мянгаараа солигддог завхарсан тогтолцоог халах гэж ХҮН нам байгуулагдсан. Бид энэ хоёр намаас өөр байдлаар ажилладаг. Иймд Монголд энэ хоёр намтай адилхан зарчмаар ажилладаг гэвэл гуравдагч байтугай хоёрдогч хүчин ч гарч ирэх хэцүү. Гарч ирээд ч хэрэггүй. Харин энэ хоёр намаас өөр зарчмаар ажилладаг улс төрийн хүчин хэрэгтэй гэж үзсэн учраас ХҮН гарч ирж байна. Үндсэн хүндрэл гэвэл бид сонгуулиар өрсөлдөгч намтай биш төртэй өрсөлддөг, төрийн бүх шатны албан хаагчид нь эрх баригч намын төлөө ажилладаг. Тухайлбал, өнгөрсөн оны Сонгинохайрхан дүүргийн УИХ-ын нөхөн сонгуулиар манай нэр дэвшигч Б.Найдалаа МАН-аас нэр дэвшигч Э.Батшугартай өрсөлдсөн гэхээс илүүтэй Сонгинохайрхан дүүргийн цагдаа, хүчний байгууллага, төрийн албан хаагчид, хорооны хэсгийн байцаагч нартай өрсөлдсөн гэхэд үнэнд ойртоно.

-Монголын залуучууд гадагшаа гарах гэж хамаг л аргаа барж байх шиг. Яагаад эх орондоо ажиллаж амьдраад явж болохгүй байна вэ. Мэдээж цалин хөлс, нийгмийн зарим асуудлууд бий л байх. Үүнд чиглэсэн төрийн бодлого хэрхэн явах ёстой вэ?

-Эх орноосоо гадагшаа явж байгаа залуучууд өөрсдөө уйлаад хэлсэн шүү дээ. Хэн ч аав ээжтэйгээ, хань ижилтэйгээ, үр хүүхдүүдтэйгээ амьдрахыг хүснэ. Амьдрах аргагүй болж аргаа бараад л явж байна. Төрийн бодлогосоод байх юм юу байхав дээ. “Ажлаа хий” гэж залуучууд маш ойлгомжтой, энгийнээр жагслаа. Одоо 2024 оны сонгуулиар л дүнгийг нь тавих байх даа.

Categories
мэдээ нийгэм

Ч.Гантулга: Эрдэнэбүрэнгийн УСЦ-ын төслийн санхүүжилт зогсоогүй, зээлийн үнэлгээ хийх тусгайлсан хэлэлцээр явагдаж байна DNN.mn

Сүүлийн үед нийгмийн, тэр дундаа баруун аймгуудын анхаарлын төвд байгаа Эрдэнэбүрэнгийн усан цахиалгаан станцын асуудлаар тус төслийн зохицуулагч Ч.Гантулгатай ярилцлаа.


-Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн асуудлаар сүүлийн үеийн мэдээллийг өгөхгүй юү?

-Төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийгдэж өнгөрсөн оны 11 дүгээр сард БОАЖЯ-ны Мэргэжлийн зөвлөлөөр батлагдсан. Мөн энэ оны Байгаль орчны менежмэнтийн төлөвлөгөөг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан. Тус ажлын хэсгээс төсөл хэрэгжих орон нутагт дэд ажлын хэсгүүдийг байгуулан үе шаттай ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Өнгөрсөн оны есдүгээр сарын 17-ны өдөр төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын Пауэр Чайна-Пауэр Чайна Ченгду түншлэлтэй гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч компанийн инженер, техникийн ажилчид газар дээр нь ирж ажиллаж барилга угсралтын ажлын бэлтгэл ажил хангагдсан. Газар чөлөөлөлтийн ажлын хүрээнд төслийн нөлөөлөлд өртөж буй айл өрхүүдийн нүүлгэн шилжүүлэх ажлыг хуулийн хүрээнд тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлүүлэхээр ажиллаж байна. Төсөл хэрэгжүүлэх нэгж болон яам, орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас холбогдох хүмүүс төслийн нөлөөлөлд өртөж буй иргэдтэй хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулан ажиллаад байна. БНХАУ-ын санхүүжилт зогсохгүй. Түрүүн хэлсэн 2015 оны ерөнхий зээлийн хэлэлцээр 2018 онд гарсан Засгийн газрын тогтоолын дагуу энэ төсөл шат дарааллын дагуу хэрэгжиж байна.

Сэргээгдэх эрчим хүчний төслүүд улам олноороо хэрэгжих тусам цахилгаан эрчим хүч экспортлох боломж нээгднэ гэсэн үг. Ойрын ирээдүйд бид өөдрөгөөр төсөөлж, өөрсдөөс хамаарах бүхий л арга хэмжээг авч ажиллаж чадвал Европын холбооны улс, БНХАУ хамтарч санхүү хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, байгаль орчинд ээлтэй технологиудыг нэвтрүүлж ажиллахад бэлэн байгаа. Энэ нь ганц Монгол Улсын асуудал биш юм. Дэлхий нийтийн цаг агаарын дулаарал, агаар орчны бохирдлын эсрэг, цөлжилтийн эсрэг бидний хийж чадах ажил шүү дээ.

-Тус төслийн дийлэнх санхүүжилтийг БНХАУ-ын Экзим банкны хөнгөлөлттэй зээлээр гаргаж байгаа. Үүнтэй холбоотойгоор тус зээлийг гаргах хугацааг нэг жилээр сунгалаа гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Тийм зүйл огт яригдаагүй. Харин нэмэлт судалгаа хийх, зээлийн үнэлгээ хийх тусгайлсан зээлийн хэлэлцээр явагдаж байна. Энэ хэмжээний хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлийг авахад шаардагддаг процессын ажил юм. Монгол улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар 2015 оны 11 дүгээр сард нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулсан. У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед 2018 оны тавдугаар сарын 30-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 160 дугаар тогтоолоор БНХАУ-ын Засгийн газраас манай улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад “Эрдэнэбүрэнгийн УЦС барих” төслийг оруулсан юм. Энэ хугацаанаас хойш төслийн ТЭЗҮ-ийг шинэчлэн хийх, Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх, төсөл хэрэгжих газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, нутгийн өөрөө удирдах байгууллагуудтай хамтарч ажиллах, нөлөөллийн асуудлуудыг шат дараалан шийдвэрлэх ажлууд хэрэгжиж дууслаа. Тэгэхээр нэг жил гэсэн хугацааны асуудал байхгүй. Тусгайлсан зээлийн хэлэлцээр дуусахад санхүүжилт хийгдэж ажил эхэлнэ гэж ойлгож болно.

-Яг хэзээ энэ төсөл бүрэн дуусах вэ. Ерөнхий төлөвлөгөөндөө таван жил тусгагдсан байсан. Олон жил ярьж байна шүү дээ?

-Олон жил ярьж байгаа гэдэг үнэн. Тэртээ 1964 оноос хойш ярьж байгаа. Харин ч сүүлийн хоёр жил тулгамдсан асуудлууд хурдацтайгаар шийдвэрлэгдэж, санхүүжилтээ авах асуудлаар шийдвэрүүд гарган ажиллаж байна. Монгол Улсад эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, импортын эрчим хүчний хараат байдлыг багасгах тал дээр ажлуудыг гацаах, гадаад улсаас хараат байлгах тодорхой сонирхол бүхий этгээд байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр бидний гол зорилго энэ нөлөөлөлд үл автаж Монгол Улсын Засгийн газрын эрчим хүчний талаар баримтлах бодлогыг төлөвлөсөн хугацаанд хийж хэрэгжүүлэх нь нэг номерын асуудал мөн.

-Хамгийн их тулгамдсан асуудал бол тухайн төсөл хэрэгжих газар нутагт оршин суугаа малчид, айл өрх байгаа. Саяхан тус бүсэд суурших айл өрхүүдэд нөхөн олговор олгох асуудал Засгийн газар дээр яригдсан. Нөхөн олговортой холбоотой болон бусад асуудлаар мэдээлэл өгөхгүй юү?

-Энэ асуудлаар нэг сарын дотор гүйцэтгэж ашиглалтад оруулах гэрээ байгуулсан байгаа. Бэлтгэл ажлыг хоёр тал сайн хангаж чадвал үүнээс богино хугацаанд хийж гүйцэтгэх болно. Монгол Улсын Засгийн газрын хурлаар төслийн нөлөөлөлд өртөж буй иргэн бүрт нөхөн олговор олгох тооцоо судалгааг танилцуулж зохих шийдвэрүүдийг гаргасан. Үүний хэрэгжилтийг бид тавдугаар сараас эхлэн ханган ажиллана. Нэг удаагийн нөхөн олговор нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сараар тооцож олгохоор шийдвэр гаргасан. Төсөл хэрэгжсэнээр баруун таван аймагт үйлдвэр, үйлчилгээ хөгжиж ойрын 15-20 жилд эрчим хүчээр бүрэн хангах тооцоо байна. Мэдээж аль болох хурдан асуудлыг шийдвэрлэж БНХАУ болон Монгол Улсын найрсаг харилцааны хүрээнд тогтсон хугацаанд ашиглалтад оруулахын тулд бүхий л талын оролцоог ханган шийдвэрлэж ажиллаж байгаа.

-Санхүүжилтийн хувьд дотоодын банк тэр дундаа Хөгжлий банк, зээл олгохгүй юу. Зөвхөн зуун хувь БНХАУ-ын банкнаас зээл авахаар байгаа юу. Зээлийн эргэн төлөгдөх нөхцөл ямар байгаа вэ?

-Зээлийн санхүүжилтийн 95 хувийг БНХАУ-ын Экспорт-Импортын банкнаас 20 жилийн хугацаатай хөнгөлөлттэй нөхцөлөөр авч байгаа. Таван хувийг Монгол Улсын Засгийн газар хариуцан ажиллана. Энэ нь зээлийн ерөнхий хэлэлцээр дээр тохиролцсон асуудал тул зээлийн санхүүжилтээр ямар нэгэн асуудал гарахгүй гэдэгт итгэлтэй байна. Ер нь цаашид хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг Монгол Улс дангаараа санхүүжүүлэх боломжууд бий гэж хардаг.

Э.МӨНХТҮВШИН