Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ө.Бүрэнтөгс: Хил хаалттай, эдийн засаг улам агшсаар байвал 2025 он гэхэд дампуурлаа олон улсад зарлахаас өөр гарцгүй DNN.mn

Нийгмийн ухааны доктор, эдийн засагч, улс төр судлаач Ө.Бүрэнтөгстэй ярилцлаа.


-Таныхаар өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал ямар түвшинд явна вэ. Дээшилсэн үзүүлэлттэй явна уу, уруудсан түвшинд хэмжигдэж байна уу?

-Олон улс дахь хүндрэл, дотоодын зөв зохион байгуулалттай бодлогогүйгээс болж улс нийтээрээ нэлээд хүндхэн үе рүүгээ гулсчихлаа л гэж харж байна. Зах зээлийн нийгэмд шилжээд гуч гаруй жил боллоо. Энэ хугацаанд өнөөг хүртэл бид нэг онож, хоёр алдсаар байна. Өөрөөр хэлбэл, нэг зөв шийдвэр гаргачихаад үр дүнг нь үзэлгүй өөр бодлого гаргаснаар хугацаа, тооцооллын хувьд хоёр алдчихаж байгаа гэсэн үг юм. Нийгмийн амьдрал үнэхээр хүнд байна. Хүнд байгаа нь хүний амьдралын, өрх гэрийн орлого зарлагын баланс хэрхэн хангагдаж байгаагаас л харчихна шүү дээ. Үнийн өсөлт тэнгэрт хадчихсан атлаа цалин яг хэвэндээ. Одоогоос 10 жилийн өмнөх нийгэмд бид ийм цалингаар амьдраад байж болох л байсан байх. Гэтэл өнөө цагт яагаад ч болохгүй байна шүү дээ. Үнийн өсөлт эдийн засгийн зарчмаараа л өсдөг. Өслөө гээд үүнийг буруутгах арга байхгүй. Гэтэл үнийн өсөлт бодитоор өссөн энэхүү системтэйгээ уялдуулсан төрийн бодлого алга байна. Ерөнхийдөө сүүлийн таван жил улс орны хэмжээнд эдийн засаг, нийгмийн менежмэнтийн бодлого алдагдсанаас болж одоо эхний сөрөг нөлөөллүүд нь гарч ирж байна. Түүний нэг нь иргэдийн худалдан авах чадвар, инфляци юм. Үүнийг маш нарийн зөв зохион байгуулалттайгаар хатуу бодлогоор засахгүй бол цаашид өнөө маргаашаа аргацаасан шийдвэр бодлогоор засна гэж байхгүй. Улам л нийгэм, улс орны амьдрал ухрах болно.

-Манай улс жил бүр л алдагдалтай төсөв баталдаг. Энэ нь улсын эдийн засгийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байна гэж ойлгож болох уу?

-УИХ-аар жил бүр Улсын төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталдаг. Ингэхдээ олон жил явсан схем дээрээ суурилаад л улсын төсвийн нэгдсэн тооцооллыг гаргачихаад байгаа нь л бидний алдаа. Эдийн засаг гэдэг цаг, минут бүр суурь нөхцөл нь өөрчлөгдөж түүндээ тулгуурласан бодлого явуулахгүй л бол сөнөж байдаг салбар. Гэтэл манайд тийм зүйл алга. Цаг үе, орчин нөхцөл, нийгмийн бодит хэрэгцээ шаардлага, дэлхий нийтийн эдийн засгийн байдал өөр болж байхад манайх аль арав, хорин жилийн өмнө зураглаж байсан төсвийн схемээ наад захын мөнгө хөрөнгийн тоог нэмэгдүүлж өөрчлөөд л баталчхаж байна. Энэ бол бодлогын түвшинд гарч байгаа маш том алдаа. Бид улсын төсөв батлахдаа схемээ дахин шинээр гаргаж ирэх ёстой. Яг дэлхийн болон дотоодын эдийн засаг, зах зээлийн нөхцөл байдал ямар байна. Түүнд нь тааруулж, өөрөөр хэлбэл орлого, зарлагаа бодитоор гарган ирж байж л төсвөө батлах ёстой юм. Бид харин ингэж ажиллахгүй байна. Хуучны барилгын зураг барьчхаад орчин цагийн барилгын материалаар байшин барилга барих гэж байгаатай л адилхан гэсэн үг. Тэгэхээр суурь тогтолцоо, схем, системээ өөрчилж, магадгүй хариуцсан мэргэжилтнүүдийг чанаржуулж байж бид төсвийн алдагдалгүй болно. Ер нь төсөв алдагдалгүй батлах шиг амархан ажил байхгүй шүү дээ. Гол нь тооцоолол, судалгаа, ирээдүйн чиг хандлага гээд олон зүйлийг л харж тусгах ёстой юм.

-Ам.долларын ханш өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Ирэх жилээс эхлээд манай улс гадаад өрнүүдээ эхнээс нь төлөхөөр байгаа шүү дээ. Гадаад өрийг өрөөр төлөх нь зөв үү. Өөрөөр яаж төлөх вэ?

-Валютын ханш цаашид ч улам эрчимтэй нэмэгдэнэ. Үүнийг зогсоох ганцхан арга бол дотоодынхоо үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх л юм. Өөрөөр хэлбэл, гаднаас авч байгаа бараа бүтээгдэхүүнээ багасгаж, харин дотоодоосоо гадагшаа бараа бүтээгдэхүүн их хэмжээгээр гаргах ёстой юм. Маш энгийнээр ингэж л ойлгох хэрэгтэй. Аль хэдэн арван жилийн өмнө эхэлчих ёстой байсан төмөр зам болон эрчим хүч, хүнд үйлдвэрүүдийн сөрөг нөлөөлөл одоо манай улсад бодитоор бий болоод байна. Хэдэн тэрбумын ашиг олох боломжоо бид алдсан шүү дээ. Монгол Улс товчхондоо эрчим хүч, үйлдвэрлэл, дэд бүтцийн хувьд өнөөгийн дэлхийн хөгжлөөс нэгэн эрин үеэр хоцорчихоод байна. Уул, уурхайн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр өсчихөөд байхад л бид ашиг олох нь битгий хэл санасан хэмжээндээ бүтээгдэхүүнээ гадагшаа гаргаж чадахгүй байна шүү дээ. Энэ бол төрийн бодлогын зуун хувь буруу. Тодруулбал, улстөрчдийн буруу. Цаашлаад миний таны нийгмийн буруу. Бид л улстөрчдийг өөгшүүлэн гаргаж ирсэн. Гоё сайхан ярьсныг нь сонгосон. Амаараа ажил хийдэггүй, гараараа ухаанаараа ажил хийдэг гэдгийг бид одоо болтол ойлгоогүй л явна. Ирэх сонгуулиар ч гэсэн амаараа гарч ирэх улстөрчид цөөнгүй л байна. Ийм маягаар явбал манай улс үнэхээр хөгжихгүй ээ.

-Гадаад өрийн тухайд тодруулахгүй юу?

-Мэргэжлийн хүний хувьд Монгол Улсын гадаад өрийг сонсоход үнэхээр сэтгэл эмзэглэж, цаашдаа манай улс яана вэ л гэж санааширдаг. Үнэхээр гадаад өр таазнаасаа хэтэрчихсэн. Дөнгөж төрсөн хүүхэд л 35 сая төгрөгийн өртэй байна. Энэ бол Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх тоон үзүүлэлт шүү. Би нэг зүйл гайхдаг. Одоог болтол төр засгийн өндөрлөгүүд энэ асуудлаар Үндэсний аюулгүй байдлын хурал яагаад зарлахгүй байна вэ. Энэ өр хэрвээ нэг улсаас хамааралтай байсан бол бид хэдийнэ олон улсын эрх зүйн зарчмаар газар нутгаа өрөндөө алдчихсан байгаа. Гадаад өрийн дийлэнх хувийг Хятад улсаас авсан өр эзэлдэг. Энэ хувь хэмжээ өссөөр л байвал бид газар нутгаараа өрөө төлөхөөс өөр аргагүй байдал хүрнэ. Газар нутгаараа өрөө төлнө гэдэг бол улс орны тусгаар тогтнол алдагдана гэсэн үг. Энэ утгаараа Үндэсний аюулгүй байдлын асуудал гэж яриад байгаа хэрэг шүү дээ. Тиймээс даруйхан Үндэсний аюулгүй байдлаа хуралдуулж гадаад өр төлбөрөө төлөх асуудлаа ярилцах шаардлагатай. Хоёрдугаарт, гадаад өрийг өрөөр төлөх нь цаг хугацааны хувьд хойшлогдож болох талтай ч өр улам нэмэгдэх эрсдэлтэй юм. Тиймээс зарим тулгамдсан өрөө өрөөр дарж, зарим өрийг дотоод нөөц бололцоогоо шавхаад ч хамаагүй барагдуулах ёстой.

-Уул уурхайн бүтээгдэхүүн өссөн үед ч би санасан хэмжээндээ бүтээгдэхүүнээ экспортолж чадахгүй байна гэлээ. Үүнд хил, боомтуудын хаалттай байдал бас нөлөөлөөд байгаа биз дээ?

-Хилийн асуудал хүнд байгаа нь тодорхой хэдхэн шалтгаантай. Нэгдүгээрт, манайхаас нөлөөлөхгүй хүчин зүйл гэж байна. Тэр нь мэдээж цар тахал, дайн байлдаан шүү дээ. Хоёрдугаарт, нөгөө л манай төрийн бодлого энэ чиглэлд сул явж ирсний хар гай шүү дээ. Улс орны бодлого одоогоос зуу, хоёр зуун жилээ харсан бодлого байх ёстой. Гэтэл манайд өнөөдөр л нэг юм ийм бодлоготой болох гэж хичээж байна. Энэ бол маш харамсалтай. МАН-ын намын дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлого одоогоос 30 жилийн өмнө гарчихсан бол бид өнөөдөр ийм байдалтай байхгүй ч байж мэдэх л байсан. Гэтэл бүхэл бүтэн эрин үе солигдчихоод байхад бид тэртээд гаргачих ёстой байсан бодлогоо одоо л ярьж байна шүү дээ. Бусад улс орон бараа бүтээгдэхүүнээ орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан зөөж байхад манай улс үхэр тэргээр л зөөж байх жишээтэй. Яг л ийм хөгжлийн ялгаа бидэнд бий болчихоод байна. Тиймээс тэрхүү үхэр тэргээ даруйхан техник, машин болгож, хоцорсон хөгжлийнхөө араас тасралтгүй нэхээд л байх ёстой. Монгол Улс хоёр хөрштэйгөө харилцах харилцаа бодлогын түвшинд үнэхээр алдагдсан. Энэ бол сүүлийн арван жилд гадаад бодлого дээрээ сул хүмүүс тавьж ажиллуулсны л гор. Улсаа гэсэн сэтгэлгүй хүмүүс гадаад бодлого яаж гаргах билээ дээ. Манай улсын гадаад харилцаа дэндүү албархаг болсон. Угтаа яг л ах дүүсийн харилцаагаар, анд нөхдийн журмаар л гадаад харилцаа явах ёстой. Нэг л зүйлийг хэлмээр байна. Хил хаалттай, эдийн засаг улам агшсаар л байвал бид ирэх 2025 он гэхэд дампуурлаа олон улсад зарлахаас өөр гарцгүй болж байна.

Төр засгийн удирдлагууд улс орныхоо өмнө тулгамдчихаад байгаа гадаад өр, эдийн засгийн нөхцөл байдал, хилийн хориг зэрэг асуудлаа ард түмнийхээ өмнө нээлттэй болгож, салбар бүртээ мэргэжлийн хүмүүсийн саналыг сонсох хэрэгтэй байна. Дан ганц намынхаа, бүлгийнхээ, яам, агентлагийн түвшинд асуудлаа яриад нэмэргүй. Эндээс бодитой шийдвэр яагаад ч гарахгүй. Тиймээс л эдийн засгаа сэргээх, гадаад өрөө зохицуулах асуудлаар улс даяар нэгдсэн томоохон чуулга уулзалт, хэлэлцүүлгийг хийж, гарц шийдлээ ард түмнээсээ асуух хэрэгтэй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн их баяр наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд “Сүүж уул”-нд бэлтгэлээ эхлүүллээ DNN.mn

Илүү сартай зуны эхэн сар шувтарч, түүх соёлын цогц гайхамшиг болсон Монгол наадам айсуй. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөллөөс болж Ардын хувьсгалын түүхэнд тасарч үзээгүй Үндэсний их баяр наадам бүтэн нэг жилээр хойшилж, өнөө жил 100, 101 жилийн ойг давхар тэмдэглэн өнгөрүүлэхээр болж байна. Наадам дөхсөн энэ өдрүүдэд манай сонин уламжлал ёсоор бөх, морь, сурын галуудаар зочлон, ээлжит сурвалжилгуудаа бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаад эрийн гурван наадмын нэг хүчит бөхчүүдийн галаар зочилсон сурвалжилгаа хүргэж байна. Улаанбаатар хотоос зүүн хойшоо 70 гаруй киллометрт Төв аймгийн Баянчандмань сумын ойролцоо орших Цагдаагийн Ерөнхий газрын харьяа “Сүүж уул”-нд гарсан хүчит бөхийн галаар зочиллоо. Энэ жилийн зуны эхэн сар нийт нутгаар сэрүүвтэр, хур бороо ихтэй учраас бөхчүүд яаран гал болж, бэлтгэл сургуулилтаа бүрэн эхлээгүй байгаа аж. Угтаа өдийд “Сүүж уул”-нд бөхийн зургаа, долоон гал гарчихсан бэлтгэл сургуулилалтаа хэдийнэ эхлүүлчихсэн байдаг аж. Харин биднийг очиход Ховд аймгийн “Ховд” бөхийн дэвжээ болон Завхан аймгийн “Даян” бөхийн дэвжээний бөхчүүд галын нээлтээ хийж байлаа.

Монгол Улсын заан Дасрангийн Мягмар, Чогсомын Батзориг, Цэдэвийн Мягмарсүрэн, улсын харцага Ганбатын Алтангэрэл нараар дасгалжуулсан улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан, улсын харцага Оргихын Хангай, Баярхүүгийн Бат-Өлзий тэргүүтэй “Ховд” дэвжээний бөхчүүд болон Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын начин Бүдээбазарын Адьяахүүгээр дасгалжуулсан, Монгол Улсын хүчит гарди Батнасангийн Гончигдамба, улсын харцага Шүхэртийн Уламбаяр, аймгийн заан Мөнхтөрийн Лхагвагэрэл тэргүүтэй Завхан аймгийн “Даян” дэвжээний бөхчүүд ийн “Сүүж” ууланд хамгийн эхэнд гал болон бэлтгэл сургуулилалтаа эхлүүлээд байгаа ажээ.

Энэ үеэр Ховд аймгийн Чандмань сумын харьяат Монгол Улсын хүчит заан Ч.Батзориг: -Манай Ховдын бөхчүүд жил бүр л уламжлал ёсоор энэ сайхан хайрхныхаа өвөрт нэгдэн нийлж, бэлтгэл сургуулилтаа базаадаг даа. Олон жил ч болж байна. Миний багш Монгол Улсын заан Чадраабалын Бямбадорж хэмээх сайхан хүн намайг энэ л хайрхны хормойд бөхийн эрдмээсээ зааж, бөхийн өндөр амжилтад хүргэсэн хүн байж билээ. Тэр хүний эрдэм ухаанаар “Сүүж” хайрхны өврөөс улсын цолтой олон сайхан бөхчүүд төрөн гарсан даа. Одоо ч энэхүү уламжлал, заах арга зүй өөрчлөгдөөгүй. Энэ сайхан хайрхны хийморь, сүлдээр олон сайхан улсын цолтой бөхчүүд төрсөөр байна. Энэ

жилийн наадам ч гэсэн цолтой нь цолоо ахиулсан, шинэ цолонд хүрсэн, амжилтыг ар араасаа дагуулсан сайхан наадам болох байх аа. Улсын наадам, заал танхимын барилдаанд сайн барилдаж байгаа манай Ховд дэвжээний бөхчүүд олон бий. Ард түмэн улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага О.Хангай, Б.Бат-Өлзий, Н.Бат-Заяа нарыг цолоо улам ахиулан барилдаж, нутаг ус, аав, ээжийнхээ нэрийг өндөрт дуудуулж явах байх аа гэсэн итгэл дүүрэн байгаа. Дүү нарынхаа болон “Ховд” дэвжээний бөхчүүд, нийт бөхчүүддээ амжилт хүсье ээ. Уран мэхийг уралдуулан хийж, үнэн сэтгэлээр хүчийг үзэж, үзэгч түмнээ цэнгүүлэн барилдаарай. Удахгүй болох наадмын дараа баяртай мэдээгээр дахин уулзъя.

Монгол Улсын заан Ц.Мягмарсүрэн: -Олон жил шинэ залуу бөхчүүдэд бөхийн ёс, жудаг, барилдах арга, техникүүдийг зааж, сургаж байна. Үндэсний бөх гэдэг өөрөө их гайхамшигтай өв соёл. Бөхийн гал ч гэсэн тусгай журам, дэгтэй, өвлөгдөж ирсэн үнэт өв. Залуучууд, дүү нартаа хандаж бөхийн ёс жудгийг их дээдлэх хэрэгтэй гэж захимаар байна. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн зарчим лугаа адил гэдэг шиг өв соёлоо мэдэхгүй хүн Үндэсний бөхөөр амжилт гаргана гэдэг хэцүү. Өөрөөр хэлбэл, дан ганц биеийн хүчний дасгал хийгээд амжилт гаргачихдаг зүйл биш гэсэн үг. Бие, сэтгэл, оюуны хүчээр л амжилтад хүрнэ шүү дээ. Тиймээс шавь нартаа, дүү нартаа бөхийн дасгал сургуулилтаа сайн хийхийн хажуугаар ёс жудаг, өв соёлоо ухаарч танин мэдэх хэрэгтэй шүү гэдгийг захья. Наадмаас наадмын хооронд бөхийн бэлтгэл тогтмол сайн байдаг болсон. Тэр нь энэ олон заал танхимын барилдаануудтай холбоотой байх. Нөгөөтэйгүүр наадмын бэлтгэл гэдэг бусад барилдааны бэлтгэлүүдээс тэс ондоо зүйл байдаг. Наадмын бөхийн од гэж манайхан их ярьдаг. Тэр нь угтаа наадмын бэлтгэлээ маш сайн базаасныг хэлж байгаа хэрэг. Наадмын бэлтгэл дан ганц биеийн хүчний дасгал хийхээс гадна сэтгэл санааны дасгалуудыг маш сайн хийж өгдөг. Тиймээс л наадмын бэлтгэл бусад бөхийн барилдааны эсвэл өдөр тутмын бэлтгэл сургуулилтаас өөр гэж хэлээд байгаа юм. Энэ жилийн улсын баяр наадам түүхэн ой тохиож байгаагаараа онцлогтой. Мөн тэгш ойн жил учраас 1024 бөх барилдана. Мэдээж 512 бөхийн барилдаантай харьцуулахад өөр л дөө. Улсын арслан цолтой бөх түрүүллээ гэхэд шууд даян аварга цолтон болно. Аймгийн цолтой юм уу эсвэл цолгүй залуу бөх түрүүллээ гэхэд шууд аварга цолонд хүрэх боломжтой. Ийм сонирхолтой, боломжоор дүүрэн наадам болох гэж байна. Тиймээс нутаг нутгийн бөхчүүд бэлтгэл сургуулилтаа маш сайн хийх нь гарцаагүй юм. Манай нутгийн бөхчүүд болон манай дэвжээний бөхчүүд ч гэсэн бэлтгэл сургуулилтаа эхлүүлж байна. Шавь нартаа нийт бөхчүүдэд цолонд хүрч өндөр амжилт гаргаарай гэж хүсье.

Монгол Улсын харцага Г.Алтангэрэл: -Ардын хувьсгалын түүхэн ойн жил өнөө жил тохиож байна. Улс аймгийн алдар цолтой 1024 бөх барилдахаар байгаа. Бөхчүүд эхнээсээ наадмын бэлтгэл сургуулилтдаа гарч байна. Шинэ залуу бөхчүүд ч дээшээ гарч барилдах боломж хэн бүхэнд л байдаг. Хамгийн гол нь бэлтгэлээ үр дүнтэй хийх нь чухал. Манай дэвжээнээс дээшээ явж барилдах бөхчүүд олон бий. Өнөө жилийн наадмын түрүү, үзүүрт яригдаж байгаа бөхчүүд ч бий. Ард түмнийхээ энэ их итгэлийг алдахгүйн төлөө л бөхчүүд маань хичээх хэрэгтэй. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэгчээр болоогүй байгаа наадмын өмнөөс ийм, тийм гэж ярих арай эрт л байна. Ямартаа ч наадмынхаа бэлтгэлд гарчихсан, бөхчүүдийн бэлтгэл дөнгөж эхэлж байна. Цар тахал гээд өнгөрсөн жилийн наадам хойшлогдсон. Тиймээс бөхчүүдийн хувьд энэ жилийн наадам их хүлээлтэй байгаа нь ойлгомжтой. Бөхчүүд ч гэлтгүй ард түмний хувьд ч энэ жилийн наадам үзүүштэй сайхан наадам болно гэсэн хүлээлт их байна. Тиймээс аль аль талдаа энэ монгол түмний их баяр наадмаа сайхан тэмдэглэн өнгөрүүлэх тал дээр анхаарч, аливаа маргаан, хар цагаан хэл ам холуур байх болтугай л гэж бодож сууна даа. Манай дэвжээний хувьд энэ жил улсын цолонд ойрхон яваа хэд хэдэн аймгийн цолтой бөхчүүд бий. Гэхдээ одоо нэр усыг нь хэлээд яах вэ. Тэртэй тэргүй ард түмэн бүгд мэдэж байгаа. Дахин хэлэхэд, бэлтгэлээ л үр дүнтэй маш сайн хийх хэрэгтэй л дээ.

Улсын манлай заан Б.Пүрэвсайхан: -Уламжлалт ёсоороо энэ сайхан хайрхныхаа дэргэд бэлтгэл сургуулилтаа эхлүүлж байна. Нутгийнхаа бөхчүүдтэйгээ гал болон гарч, бэлтгэлээ эхлүүлэх сайхан байдаг. Цар тахал гээд өнгөрсөн жилийн баяр наадам болоогүй. Тиймээс бөхчүүд болон үзэгчид, Монголын ард түмэн өнөө жил болох наадмаа тэсэн ядан хүлээж суугаа нь тодорхой байх. Юутай ч энэ жилийн наадмаар урамтай сайхан барилдаж, ард түмнийхээ итгэл, захиасыг алдахгүйн тулд хичээх болно. Намайг дэмждэг Монголынхоо нийт ард түмэнд талархаж, та бүхнийг монгол бөхийн босоо цагаан хийморь үргэлж ивээх болтугай гэж ерөөе өө.

Аймгийн начин Д.Балжинням: -Миний хувьд энэ жил аймагтаа зодоглохоор байгаа. Бэлтгэл сургуулилт Ховд нутагтаа үе тэнгийн залуучуудтайгаа харгүй сайхан барилдаж, сайхан наадна.

Бөх сонирхогчид, ард түмэн энэ жилийн наадмаар заал танхимын барилдаанд тогтмол дээгүүр барилддаг улсын заан Б.Пүрэвсайхан, Ховдын хоёр харцага хэмээн нэрлэгдээд буй Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий, Говь-Алтай аймгийн уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай нарыг цолоо ахиулан барилдаж, магадгүй түрүү, үзүүрт хүрч барилдах боломжтой гэж магтдаг. Ховдын цэнхэр хязгаараас улсын баяр наадмын түрүүг тэртээ 80 жилийн өмнө улсын арслан Шаравын Ванчинхүү авч байсан түүхтэй. Тиймээс өнөө жил ид барилдаж, түмэн олныг шуугиулаад буй Ховдын бөхчүүд Ардын хувьсгалын тэгш ойн баяр наадмын түрүүг авахгүй гэх газаргүй билээ.

Сүүж ууланд бэлтгэл гарсан Завхан аймгийн “Даян” дэвжээний бөхчүүд ч өнгөтэй харагдана. Улсын хүчит гарьд Б.Гончигдамба тэргүүтэй Завханы бөхчүүдээс өнөө жил улсын цолонд хүрч, улмаар цолоо ахиулан барилдах олон залуучууд байгааг бөх сонирхогчид андахгүй мэднэ. Тэдний нэг нь цэргийн хурц арслан М.Лхагвагэрэл билээ. Тэрбээр өнөө жилийн Бүх цэргийн баяр наадмаар хоёр дахь удаагаа түрүүлж хурц чимэг нэмсэн, Завхан нутгаас ид барилдаж яваа залуу хүчтэн юм. Тиймээс өнөө жилийн баяр наадмаар улсын цолонд хүрч улмаар цолоо улам дээшлүүлэн барилдана гэсэн ард түмний хүлээлт өндөр буй юм. Юутай ч нутаг нутгийн бөхийн галуудын үе үеийн бэлтгэл сургуулилтын бааз болсон “Сүүж” ууланд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн их баяр наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлээ эхлүүлээд байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Ядраад байвал бүхнийг мартаад нутаг руугаа нэг явчихаад ирээрэй DNN.mn

Үе үехэн нутаг усаа бодож, тэртээх сайхан дурсамжууд тань нэхэн санагдаж байвал та ажлын хэт их ядаргаанд орсон байна гэсэн үг. Ажлын хэт их ядаргаа гүнзгий шатандаа орвол мэргэжлийн гаралтай мэдрэлийн архаг өвчин тусах ч эрсдэлтэй байдаг аж. Уг мэдрэлийн архаг өвчлөл нь хүнд шатандаа хүнийг солиоруулах, сэтгэц мэдрэлийн эмгэгтэй болгодог байна.

Энэхүү өвчлөл нь сүүлийн үед дэлхий нийтээр ихэсч байгааг ч олон улсын эрүүл мэндийн байгууллагуудаас анхааруулаад байгаа юм. Дэлхийн томоохон компаниуд ч энэхүү өвчлөлөөс ажилчдадаа урьдчилан сэргийлэх зорилгоор ажлын цагийг багасгаж, аль болох амралтын цагаараа гэр бүлтэйгээ онгон зэлүүд байгалиар аялахыг уриалсан байна. Монголд ч гэсэн сүүлийн үед ажил, мэргэжлийн гаралтай мэдрэлийн өвчлөл ихсэх болсон. Магадгүй амьдралын олон замын хаагуур нь явахаа ч мэдэхгүй үе бидэнд бишгүй дээ л байдаг. Амьдрал бол сонголт, сонголт бол хувь тавилан хэмээн нэгэн аугаа сэтгэгч хэлсэн удаатай. Түүн шиг ажлын хэт ядаргаанд орсон, эсвэл амьдралын хүнд хэцүү үе тохиолдож шийдвэр, гарц хайж байгаа бол төрсөн гэртээ эсвэл нутаг руугаа нэг явчихаад ирэхэд гэмгүй юм.

Монголын сор болсон сэхээтнүүд, утга уран зохиолын их мастерууд, дэлхийд Монголын нэрийг цуурайтуулж яваа оюуны их хүмүүн бүгдийн онгод, уран бүтээлийн ололт амжилтын охь ундарга нь ямагт төрж өссөн нутаг, уул, усных нь их энерги түшиц байдаг. Хүний унасан газар, угаасан ус гэдэг хүйн холбоотой учраас аливаа бүхнийг эргэцүүлэн тунгааж, амьдралыг өөр өнцгөөс нь харах ухааны мэлмийг нээдэг гэнэ. Тэр дундаа монголчуудын хувьд энэхүү байгаль дэлхийтэйгээ холбогдсон хүйн холбоо бусад үндэстнүүдээс илүү байдаг нь бидний нүүдэлчин ахуйтай холбоотой хэмээн судлаачид тайлбарладаг.

Тиймээс л монгол ээжүүд бүгд л үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө өглөө бүр цайны дээжээ өргөхдөө “Нутгийн минь заяа хүүг минь түшиг ээ” хэмээн уул, ус, хангай дэлхийдээ залбирдаг байх. Ямартаа ч энэхүү нийгмийн гаралтай өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд танд амралт хэрэгтэй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Сарангэрэл: Манай багийн бэлтгэл дээр дараагийн сайд, удирдлагын баг коронатай тэмцсэн гэдгийг би бардам хэлнэ DNN.mn

Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй ярилцлаа.


-Өмнө нь та Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан. Тэр утгаараа саяхан хэрэгжиж эхлээд байгаа нийт иргэдийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг, оношилгооны ажил ямар хэмжээнд явж байна вэ. Үүнд 60 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Үр дүнтэй ажил гэж харж байна уу?

-Эрүүл мэндийн салбарын суурь бодлого бол өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх явдал. Эмнэлэг нэмж барихаас ч илүү чухал ажил. Тиймээс ч сайдаар ажиллаж байхдаа энэ чиглэлд онцгойлон анхаарсан, бодит алхмуудыг ч хийсэн. Тухайлбал, Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн дэргэдэх Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийг дахин гурван жил ашиглалтад орох хугацааг хойшлуулах санал орж ирснийг хүлээж

авалгүй төслийн багийг бүрэлдэхүүнээр нь өөрчилж бүтээн байгуулалтыг эхлүүлж байсан эмнэлгийн багт үйл ажиллагааг нь шилжүүлсэн. БНСУ-ын оролцогч талыг ч шахсан. Үр дүнд нь гурав биш, есөн сарын хугацаанд тус төв ашиглалтад орсон. Одоо энэ төв үндэсний хэмжээнд үйлчилж, хөдөө орон нутгийн иргэд ч ирдэг болсон. Арван жил гацсан 300 ортой эмнэлгийг ч бид ашиглалтад оруулсан. Энэ бүхнийг хэлээд байгаа учир нь оношилгооны чадавх эрс дээшилсэн үед иргэд маань урьдчилан сэргийлэх үзлэгт орж байна. УНТЭ, УХТЭ-ийн дэргэд “Эрүүл мэндийг дэмжих” төв байгуулсан. Өөрөөр хэлбэл, эрүүл байгаа эсэхээ шалгуулах гэж байгаа хүмүүс өвчтөнүүдтэй зэрэгцэж үзлэгт орохыг таслан зогсоох ажлыг эхлүүлсэн. Эс бөгөөс иргэд оочер дараалалд төвөгшөөгөөд мөн элдэв халдвар авахаас болгоомжилж үзлэгт орж өгдөггүй.

Өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал гэлээ. Нийтээр явагдаж байгаа эрүүл мэндийн үзлэг үнэхээр үр дүнтэй явагдаж байна уу. Үр дүн гаргахын тулд яах ёстой юм бэ?

-Урьдчилан сэргийлэх үзлэгийг хүний нас,хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилж явуулах нь, үр дүнтэй байдаг. Жишээ нь умайн хүзүүний хорт хавдраар 30 наснаас өвдөх магадлал бий болж, 50 наснаас дээш эрсдэл өндөр болдог учраас энэ зорилтот бүлэг рүү илүү анхаарал хандуулах учиртай. Саяхан Багануур дүүрэгт ажиллалаа. Үзлэг маш амжилттай явж байна. Эрүүл мэндийг дэмжих төвөө байгуулчихсан, үзлэгээ шуурхай,чирэгдэлгүй хийж байна. Ер нь “Нийгмийн эрүүл мэндийн төв”-ийг эхний ээлжинд 21 аймаг, есөн дүүрэгтээ байгуулах хэрэгтэй. Хуулийн зохицуулалт ч бий. Зарим газар айхтар их хөрөнгө гаргахгүйгээр зохион байгуулалт хийгээд байгуулчих боломжтой. Монгол хүний амьдралын чанарыг сайжруулах, дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд урьдчилан сэргийлэх үзлэг нэн шаардлагатай. Гагцхүү үр дүнтэй зохион байгуулах нь чухал. Энд мэргэжлийн хүмүүсийн үг маш чухал. Хэлэлцүүлэг, зөвлөгөөн хийж явцаа дүгнэж, эдийн засгийн үр ашгаа тооцож, алдаа оноогоо дэнслэн, засах шаардлагатай бол хурдан өөрчилж, эрүүл мэндийн байгууллагууддаа мэргэжил арга зүйн нэгдсэн зөвлөгөө өгөөд яваад байх хэрэгтэй. Бид үзлэг зохион байгуулж байсан. Ковидын улмаас зогссон.

-Алслагдсан малчин өрхүүд яаж энэхүү үзлэгт орох вэ гэдэг нь их чухал байгаа шүү дээ?

-Хөдөө, орон нутагт явуулын баг ажиллуулахгүй бол малчид, иргэд үзлэгээс орхигдоод байдаг. Өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл 170 мянган хүн үзлэгт хамрагдаж тэдгээрээс 70 мянга гаруй нь ямар нэгэн өвчинтэй нь тогтоогдож, мөн 70 гаруй хорт хавдрын тохиолдлыг илрүүлжээ.Олон нийт, ард иргэд рүү чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажил урьдчилан сэргийлэлтэд хамгийн чухал. Нийгмийн эрүүл мэндийн салшгүй нэг хэсэг соён гэгээрүүлэх ажил байдаг. 2022 онд өвчнийг эрт илрүүлэх үзлэгт 60,8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Энэ мөнгийг зөв зарцуулж чадвал хувь хүний амьдралын чанар, хүн амын дундаж наслалт нэмэгдэхэд нөлөөлөхөөс гадна эмнэлгийн ачаалал багасгаж, зардал бууруулах ач холбогдолтой. Эрдэмтэн судлаачдын тооцооллоор урьдчилан сэргийлэхэд 150 мянган төгрөг зарцуулах нь өвдсөн үед нэг хүний эмчилгээнд зориулах 11.2-12.3 сая төгрөгийг хэмнэнэ гэж гарсан байна лээ.

-Та ковид анх дэгдэж байхад сайдаар ажиллаж байсан хүн. Одоо Монгол Улс ковидыг яг ялан дийлсэн үү. Бид одоо ковидоос айх шаардлагагүй юу. Ковидтой холбоотойгоор дэлхий нийтийн хандлага хэвийн болсон уу?

-Өнөөдөр энэ асуултад хэн ч тодорхой хариулт өгч чадахгүй байна. Салбар хариуцсан сайд “Энэ намар халдварлах болон хоруу чанартай, нас баралт өндөртэй коронавирусийн халдвар тархана” гэсэн. Олон улсын түвшинд яригдаж буй учраас ийм мэдээлэл хийсэн хэрэг. Бид тайвшрах болоогүй гэж бодож байна. Урд хөрш болон БНАСАУ, бусад улс оронд байдал амаргүй байгаа мэдээлэл гарсаар байгаа. Америкт дахиад амны хаалт зүүгээд эхэлсэн байна. Энэ талаас нь аваад үзвэл бид хүнд үеийг харьцангуй хохирол багатай даван туулсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч Монгол Улсыг коронавирусийн үе шат бүхэнд оновчтой шуурхай арга хэмжээ авч, хохирол багатай даван туулсан орон гэж үнэлсэн. Бид хүнд үеийг даван туулсан шүү дээ. Эргээд бодоход эрүүл мэндийнхэнтэйгээ хамт бүх боломжоо шавхаж ажилласан санагддаг юм. Энэ цагаас хойш эрүүл мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, ард түмэн,улс орныхоо аюулгүй байдлын төлөө цаг наргүй зогссон. Түүхэнд үлдэх гавьяа байгуулсан шүү, манай цагаан нөмрөгт баатрууд.

-Анх ковид манайд гарч халдварын тархалт нэмэгдэх үед нэг хүний эмчилгээнд найман сая төгрөг зарцуулсан талаарх шүүмжлэл их гарсан шүү дээ…

-“Ам нээвэл уушги нээ” гэж нэг хүний эмчилгээнд найман сая төгрөг зарсан гэх мэдээллүүд их гарсан. Шинэ өвчин, шинэ вирус тархсан эхний үед дэлхий даяараа эм тариа, эмнэлгийн хэрэгслийн хомсдолд орсон байсан. Азийн хөгжлийн банкны тооцооллоор ковидын халдвар дэлхий дахинаа зургаан сарын дотор 8,8 их наяд долларын хохирол учруулах эрсдэлийн тооцоолол гаргасан байлаа. АНУ-д 35-45 мянган доллар, БНСУ-д 10 мянган воноор эмчилж байв. Манайд хэвтэн эмчлүүлэх ор хоног эхний үед 60 хоног байсан. Ер нь дунджаар 27 өдөр болж байсан. Таван төрөлд буюу цус, шээс, шүлс, өтгөн, хамар хоолойд вирус илрэхгүй үед л эмнэлгээс гаргаж байсан. Эмч мэргэжилтнүүд маань монголчуудынхаа дунд халдвар гаргахгүй гэж л ийм шийдвэр гаргасан хэрэг. Ингээд нэг өвчтөн дээр өдөрт гурваас доошгүй удаа эмч, сувилагч нийлсэн 5-8 хүн орж тусламж үйлчилгээ үзүүлдэг, ингэхдээ нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, комбинзон, нүдний шил, маск, усны гутал, малгай өмсөнө. Вирус,нянгийн эсрэг эм тариа, суурь өвчтэй хүндэрсэн хүмүүст өндөр үнэтэй эм тариа хэрэглэх, хоол унд, эмнэлгийн ажилтнуудын илүү цаг гээд бүх зардлыг тооцсон дүн л дээ. Хүн амын дунд халдвар гараагүй байсан учраас эрүүл мэндийн салбарт одоогийнх шиг их наядаар хэмжигдэх төсөв байсангүй. Гэхдээ бэлтгэл хангах шаардлагатайг ухамсарлаж байсан учраас бид шантраагүй зүтгүүлсээр олон асуудал шийдсэн. Нийт 217 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлүүлсэн. Үүний 14 тэрбум нь Засгийн газрын нөөцөөс гарсан. Энэ санхүүжилтээр уушги орлуулах экмо аппарат, амьсгалын аппарат, дусал, тарианы автомат памп, дижитал рентген аппарат, пульс оксиметр, хяналтын монитор, ариутгалын автомакс, эм, тариа, тариур, хамгаалах хэрэгслийн нөөц бүрдүүлж улмаар 21 аймаг, есөн дүүрэгтээ хуваарилсан. Үлдсэн санхүүжилт нь бэлэн мөнгөөр бус тоног төхөөрөмж байдлаар төсөл хөтөлбөрөөр орж ирэх ёстой байсан. Төсөл хөтөлбөрийн хэрэгжилт цаг хугацаа шаарддаг, шат дамжлагатай учраас гэрээ хэлцэл хийсэн хангалтууд намайг ажил өгснөөс хойш зарим нь орж ирсэн. Тодруулж хэлбэл, манай багийн бэлтгэл дээр дараагийн сайд, удирдлагын баг коронатай тэмцсэн гэдгийг би бардам хэлнэ. Үүнийг мэдэх хүн дэндүү олон. ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний хүчин чадлыг нэг өдрийн дотор хоёр дахин нэмэгдүүлж байлаа. Энэ мэтчилэн хагас жилийн хугацаанд гэрээ мартаж ажилласан даа, манайхан.

-Цар тахал эрчимжих үед бүх нийтээрээ энэхүү өвчний эсрэг тэмцсэн. Маш олон төсөл хөтөлбөр, хандивын арга хэмжээ болсон шүү дээ. Зарим иргэд хандиваар цугларсан мөнгө хаашаа, юунд зарцуулагдсан бэ гэдгийг асууж, шүүмжилж ирсэн. Хандивын мөнгөөр яг юу хийсэн бэ?

-Аж ахуйн нэгж, байгууллагаас “Ковид-19”-ийн үед ажиллаж байсан төрийн 10 гаруй байгууллага болон Улсын онцгой комисст нийт дүнгээр 12 тэрбум, иргэд 489 сая төгрөг өгсөн дүн гарсан байна лээ. Ихэнх хандив эмнэлэг болон төрийн аль байгууллагад өгөхөө шууд нэр зааж байсан. Онцгой комиссын дарга хандив сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа учраас улсын комисс, яамдууд өөр дээрээ төвлөрүүлэх шаардлагагүй гэдэг чиглэл өгсөн. Харин Улсын онцгой комиссын хурал бүр дээр төрийн байгууллагуудын тайлан мэдээллийг сонсож, Шадар сайд олон нийтэд нэгтгэн мэдээлж байсан. Иргэдийн хандивын дийлэнх нь хонь мал, цагаан идээ, витамин, ундаа байсан . Ширхэг зүүг ч 11 цагийн мэдээний үеэр олон нийтийн өмнө авч, тэр дор нь эмнэлгүүдэд хуваарилж байсан. Тиймээс энд нууж хаагаад байх зүйл байхгүй.

-Монголын эрүүл мэндийн салбар ямар түвшинд хөгжиж байна вэ. Бүх эмнэлэг, эмнэлгийн байгууллага ачаалал ихтэй харагдах юм. Тэр дундаа хүүхдийн эмнэлгийн ачаалал их байна. Ер нь одоо томоохон хүүхдийн эмнэлэгтэй болох боломж байхгүй юу. УИХ дахь эмэгтэй гишүүд хүүхдийн өвчлөл, хүүхдийн эмчилгээ, эмнэлгийн асуудлын талаар санаачилга гарган ажиллахгүй юм уу?

-Зун болчихоод байхад ханиад томуутай, эмнэлгийн ачаалал өндөр хэвээр байна. Энэ гарцаагүй анхаарах ёстой асуудлын нэг. Учир нь тавдугаар сарын эх гэхэд томуу татарч эхэлдэг. Коронавирусийн хувилбар болон томуу үргэлжлээд байгаа асуудлаар судалгаа хийх хэрэгтэй. Судалгаа чухал шүү. Коронагийн зөөвөрлөгдсөн тохиолдолтой үед ч бид судалгаа хийж байсан. Хүүхдийн эмнэлгийн тухайд 300 ортой эх, хүүхдийн лавлагаа шатны эмнэлэг байгуулагдаад ашиглалтад орсон. Манай эмэгтэй гишүүдийн хичээл зүтгэл 10 жил гацсан энэ эмнэлгийг ашиглалтад оруулахад их байсан. Энэ бол Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дараа орох 34 мянган метр квадрат талбайтай, шаардлагатай үед 1500 ор дэлгэх хүчин чадалтай эмнэлэг. Мөн Сонгинохайрхан дүүрэгт 200 ортой эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ мэтчилэн хүүхдийн ор нэмэгдсээр байгаа. Дулааны улиралд насанд хүрэгчид эмнэлэгт хэвтэх явдал эрс багасдаг судалгаа бий. Хүүхдийн ачаалал их байгаа үед бодлогын яам зохицуулалт хийх бүрэн боломж бий. УИХ дахь 13 эмэгтэй гишүүн нийгмийн өмнө тулгамдаж буй ялангуяа ахмад настан, хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудлаар хуулийн төсөл санаачлан ажиллаж байна. Одоо П.Анужин гишүүн маань ахлаад амаржих газрын нөхцөл байдал, тоног төхөөрөмжийг сайжруулахаар бид ажиллаж байна.

-Эмийн асуудлаар сүүлийн хэдэн өдөр эцэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эхчүүд жагсаж байна. Саажилтын эм байхгүй зэрэг тэдний тавьж буй асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй би уулзсан. Манай хэд хэдэн гишүүн мөн ярилцсан. Эцэг, эх хүний амьдралын зорилго үр хүүхдүүдийн маань сайн сайхан юм шүү дээ. Уналт таталт, булчин сулралын 29 эмийн хүртээмжийн асуудлыг эцэг,эхчүүд тавьсан. Эм нь байгаа ч үнэ нь дийлдэхгүй асуудал бас байна. УИХ-ын чуулган дээр энэ асуудлыг гишүүнийхээ хувьд хөндөж ярьсан. Эцэг, эхчүүдтэй Ерөнхий сайд мөн уулзаж эдгээр эмийн үнийг 100 хувь төр хариуцах болно гэдгээ мэдэгдээд байгаа.

-Өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулах, цаашлаад эмч, ажилчдынх нь мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэх тал дээр тодорхой бодлого гаргаж ажиллах уу?

-Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар өрхийн эрүүл мэндийн төвүүд нь төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага юм. Манай улсад 4459 эрүүл мэндийн байгууллага байгаагаас 549 өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв хүн амд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна. Эрүүл мэндийн салбарт нийт 56 мянган хүн ажиллаж буйн 22.3 хувь нь анхан шатанд байна. Эдгээр тоогоор өрхийн эмнэлэг нийгэмд ямар их үүрэгтэй мөн шаардлагатай болохыг харж болох юм. Өрхийн эмнэлэг байгуулагдаад 20 жил болж байна. Энд чадалтай, сэтгэлтэй хүмүүс ажилладаг. Тогтвортой ажиллах нөхцөл, цалин урамшууллын асуудлыг шийдэх шаардлагатай. 2014 оноос хойш энэ салбарын цалин мөнгө огт өөрчлөгдөөгүй байсныг 2018 онд Засгийн газар цалингийн сүлжээг өсгөж, мөн цалинг 40-60 хувиар нэмэгдүүлсэн. Үнийн өсөлтийн индекстэй уялдуулан дахин нэмэх шаардлагатай. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдийг тогтмол сургалтад хамруулах, гадаад улс оронд туршлага судлуулж мэдлэг боловсрол, ур чадварыг нь дээшлүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллах ёстой.

-Засгийн газрын гишүүн байсан хүний хувьд өнөөгийн засгийн газрын бодлого, зорилтуудыг тэр дундаа Шинэ сэргэлтийн бодлогыг та хэрхэн хүлээн авч байна. Улстөрчдийн зүгээс Засгийн газрыг бодлого, төлөвлөгөө, бодлогын баримт бичгүүд л ярьсан сайд нар байна. Яг амьдрал дээр ажил хийж байгаа нь ховор байна гэсэн шүүмжлэлийг их ярих боллоо?

-Муу ажиллая гэж боддог Засгийн газар, сайд гэж үгүй л дээ. Дотоод, гадаад нөхцөл байдал, ур чадвар, удирдах ухаан гээд олон хүчин зүйл Засгийн газрын үйл ажиллагаанд нөлөөлдөг. Энэ талаас нь аваад үзвэл ковид, олон улсын хурцадмал байдал зэрэг гэнэтийн хүчин зүйл зөвхөн Монголын бус дэлхийн бүх улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Энэ үед эдийн засгийн хараат байдал бидэнд илүүтэй мэдрэгдэж байна. Шинэ сэргэлтийн бодлого энэ байдлаас гарахад чиглэсэн, алсаа бодсон шийдэл гэж үзэж байгаа. Үр дүн эхнээсээ гарч байна. Тухайлбал, Шивээхүрэнгийн боомтыг өргөтгөж байна. Таван толгой-Гашуунсухайтын 233,6 км төмөр замыг барьж дууслаа. Үр дүнд нь ачаа тээвэрлэлт, бараа эргэлт нэмэгдэнэ. Ирэх хагас жилд Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын ажлыг дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Энэ мэт боомтоо сэргээх бодлого бодитоор ажил хэрэг болж байна. Далайд гарцгүй манай улсын хуурай замын 42 боомтоос өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд гэсэн гуравхан боомт л төмөр замаар холбогдсон байдаг. Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа даадаг бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг Замын-Үүд боомтоор нэвтрүүлдэг. Ер нь боомтын сэргэлтийн хүрээнд төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспорт 60.0 сая тоннд хүрэх боломжтой гэсэн тооцоолол бий. Энэ зорилгодоо хүрсэн байхад эдийн засаг илт сэргэнэ гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.

-Монголын эдийн засаг үнэхээр хүнд байдалтай байна. Урд, хойд хөрш хилээ хаахад л манайд бараа бүтээгдэхүүний хомсдол бий болж, үнийн өсөлт хэт явагдаж байна шүү дээ. Энэ байдлаас бид яаж гарах вэ?

-Улс орнууд өөр хоорондоо харилцан хамааралтай байгаа олон жишээг дурдаж болно. Орос-Украины дайн олон орныг улаанбуудай, малын тэжээлийн хомсдолд оруулчихлаа. Европын орнууд хийн хангамжийн дутагдалтай боллоо. Манайх ч хүндрэлийг тойрохгүй дайрч байна. Ковид болон дайны улмаас дэлхийн нөхцөл байдал улам хүндэрнэ. Ийм үед зарцуулж байгаагаасаа илүү орлого олох, улс орон, ард иргэд дотооддоо эв нэгдлээ хадгалж, бие биенээ хүндлэх, дэмжих, туслах явдал чухал. Тиймээс бид хүнснийхээ 80 шахам хувийг гаднаас авдаг, нүүрсний экспорт буурахад хүндрэлд ордог зэрэг байдлаа бодлогоор засах хэрэгтэй болж байна. Шинэ сэргэлтийн бодлогын зорилго энэ л дээ. Гэнэт санаанаасаа зохиочихсон зүйл ч биш. Хоёр жил гаруйн хугацаанд 50 гаруй эрдэмтэнтэй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд “Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн баримт бичгийг боловсруулж түүнээсээ хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлээ тодорхойлж шинэ сэргэлтийн бодлогыг гаргаж ирсэн байдаг.

-Хаврын чуулган удахгүй хаах гэж байна. Та энэ чуулганаар ямар хуулийн төсөл санаачилж ажилласан бэ.

-Олон хуулийн төсөл дээр гишүүдтэйгээ хамтарч ажиллаж байна. Тухайлбал, эмэгтэй гишүүд бид Гэр бүлийн тухай хууль, Онцгой албан татварын тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг санаачлан батлуулж, зарим хуулийн төсөл хэлэлцүүлгийн түвшинд явна. Мөн Нийгмийн эрүүл мэндийн тухай, Улс төрийн намын тухай, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай зэрэг олон хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллаж байна. Онцгой албан татварын тухай хууль батлагдсанаар хүүхдүүд зонхилон хэрэглэдэг, сургууль орчимд нь худалдаалдаг ундааны сахарын хэмжээ таван грамм хүртэл байхаар хуульчилсан.Үүнээс их байвал татвар нэмэгдэх юм. Дэлхийн улс орнуудын жишгээр үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг өөрчилсөн тохиолдолд хуулиа цуцлах боломжтой. Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхэд хамгааллын үйчилгээний хувьсах зардлыг батлах эрх зүйн үндсийг бий болгох, орон нутаг, сум, хороонд хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэх ажлыг Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яаманд хариуцуулах, хамтарсан багийн үйл ажиллагааг эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхэд рүү чиглүүлж өргөжүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээний хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлд орсных нь дараа биш, урьдчилан сэргийлэх арга хэмжээг түлхүү авах боломж нөхцөлийг хуулиар нээж өгч байгаа юм. Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг боловсруулж олон нийтээр хэлэлцүүлэхээр D-parliament аппликэйшн болон сайтад санал авахаар тавьсан. Манай улсад “бизнес эрхлэгч эмэгтэй” гэсэн тодорхойлолт хууль, тогтоомжид байдаггүй, тэдэнд үзүүлэх төрийн дэмжлэг хангалтгүй байна. Тэр ч бүү хэл судалгаагаар эмэгтэйчүүд барьцаа хөрөнгөгүй, орон сууц, газар зэрэг үл хөдлөх хөрөнгө гэр бүлийн хүний нэр дээр байдаг тул эмэгтэйчүүд найдваргүй зээлдэгчид тооцогддог. Амьдрал дээр авсан зээлээ эмэгтэйчүүд хамгийн сайн төлсөн байдаг. Хуультай болсноор аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдэд ээлтэй эрх зүйн орчин бүрдэнэ. Хуулийн төслийг энэ хаврын чуулганаар УИХ-д өргөн барина . Энэ бол эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийнхээ төлөө хийж байгаа чухал ажил болно. Гэр бүлийн тухай хуулийн төслийг боловсруулж байна. Гэрлэлт цуцлагдсан эсэхээс үл хамаарч эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэхэд санхүүгийн хувьд адил тэнцүү үүрэг хүлээх ёстой. Хүүхэд өвдөхөд ганц бие эцэг, эхэд халамж асаргаа, эмчилгээний зардлын хүндрэл үүсдэг. Тэтгэлгийн хэмжээ албан татварт ноогдох орлогын 50 хувиас доошгүй хэмжээтэй байхаар төсөлд суусан.Тэтгэлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан бол банкин дахь данснаас нь үл маргах журмаар суутгаж авах, хугацаандаа төлөөгүй бол хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох зохицуулалт төсөлд суулгаж өгсөн. Хүүхдээсээ хоногийн хоол, эрүүл мэнд, сурч боловсрох хэрэгцээний мөнгийг харамлаж болохгүй.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг идэвхтэй ярьж байна. Таныхаар Үндсэн хуулийг өөрчлөх, нэмэлт оруулах шаардлага үнэхээр байна гэж үзэж байна уу?

-УИХ болон бүлгийн түвшинд Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах талаар ярилцаагүй байгаа. Парламентад суудалтай гурван нам болон бусад улс төрийн 24 нам хамтран Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэлийг тодорхойлсон Тунхаг бичигт гарын үсэг зурсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмэнтэйгээ хамт хийх байр суурийг МАН илэрхийллээ. Хүний эрхийн асуудлыг шинэ шатанд гаргаж, хүний үндсэн эрхийг Үндсэн хуулийн Цэцээр хамгаалдаг болох саналыг манай намаас дэвшүүлсэн нь маш чухал гэж бодож байна. Түүнээс гадна олон улсын хурцадмал нөхцөл байдлын үед төрийн дархлааг бэхжүүлэх, намаа бус улсаа бодсон, одоог бус ирээдүйг харсан өөрчлөлт хийх шаардлагатайг улс төрийн намууд нухацтай хэлэлцэж ярилцсан байна гэсэн дүгнэлттэй байна. Гэхдээ эцсийн эцэст эцэг хуульд нэмэлт өөрчлөлт хийх асуудлыг ард түмнээрээ хэлэлцүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна.

-Сонгуулийн тогтолцоог мөн ярьж байна. Монголд сонгуулийн ямар тогтолцоо нь илүү тохирох юм бэ?

-Сонгуулийн тогтолцооны тухайд өнөөдрийг хүртэл за энэ нь л төгс хувилбар гэсэн шийдлийг аль ч улс орон гаргаагүй байгаа юм билээ. Тухайн цаг үе, нийгэм, эдийн засаг, хүн ам, газар нутгийн байдлаа харгалзан тогтолцооны өөрчлөлт хийгээд явдаг практик бий. Манай улс ч гэсэн том, жижиг,холимог тогтолцооны аль алинаар нь парламентын сонгууль хийсээр ирсэн. Тиймээс энэ асуудлыг Сонгуулийн тухай хуулиар зохицуулах нь оновчтой байж мэднэ. Энэ бол нэг хүний л бодол. Олонхоороо түрж шийдэх асуудал биш, ард иргэдийн санаа бодол, байр суурь чухал.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Пүрэвдорж: НД-ын сангаас нэг га газрыг 14 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газраас хэвлэлийн хурал хийнэ шүү DNN.mn

УИХ-ын чуулганы баасан хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

Асуудал хэлэлцэхээс өмнө УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: -УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийн төсөл энэ долоо хоногийн чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд орчихсон байсан. Гэтэл хэлэлцэх асуудалд алга байна. Энэ хууль хааччихсан бэ, УИХ-ын дарга аа. Парламент өөрөө олонхоороо шийдвэр гаргадаг. Тэр утгаараа УИХ дахь бүлгийн шийдвэр олонхын зарчмаар явдаг. Тиймээс манай бүлгээс өргөн барьсан хуулийн төсөл хаачив. АН-ын бүлгийн асуудлыг зохицуулах асуудлаар хууль өргөн бариад УИХ-ын даргаас хэлэлцүүлж өгөхийг бүтэн жил шаардлаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сөрөг хүчний зүгээс өргөн барьсан хуулийн төслүүд хэлэлцэгдсэнгүй ээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар: -УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж нар хуулийн төслөө өргөн бариад хэлэлцүүлж байгаа шүү. Ганц ч хуулийн төсөл хэлэлцүүлээгүй гэж худлаа ярьж болохгүй. УИХ-ын тухай хуулийн төсөл яагаад орж ирээгүйг Төрийн байгуулалтын байнгын хороо хариулах байх аа.

ТББХ-ны дарга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: -Та бүгдийн өргөн барьсан хууль УИХ-ын даргын зөвлөлөөр гурван удаа орсон. Ингээд хэлэлцэх асуудлын дараалалд оруулах эсэх санал хураалтаар хоёр удаа дэмжигдээгүй, нэг удаа тэнцсэн. Тэнцсэн тохиолдолд санал унадаг, буцаагддаг дэгтэй. Гэхдээ ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудалд оруулж байгаа шүү.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: -Өчигдөр манай намын тамганы асуудал нэг талдаа гарч шийдэгдсэн. Хоёр жилийн хугацаанд тамга тэмдэггүй юм шиг, хоёр тал болсон юм шигээр явж ирлээ. Одоо энэ байдал нэг талдаа гарсан шүү. Тэр тамгатай албан ёсны АН-ын төлөөлөл би өөрөө сууж байна. УИХ-ын гишүүд, нам эвсэл хамтран УИХ дахь бүлгээс өөр зохион байгуулалттайгаар аливаа хэлбэр үүсгэхийг хориглоно гэсэн заалт бий. О.Цогтгэрэл нарын өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээрх хуулийн заалтыг зөрчөөд байгаа шүү. Өнөөдөр УИХ-аар хэлэлцэх маш олон чухал асуудал байна. Гадаа гудманд амьдрал хэцүү байна. Ийм үед бид эндээ иймэрхүү аахар шаахар зүйл хэлэлцээд маргалдаад суугаад байж болохгүй ээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -Миний өргөн барьсан тэтгэврийн дунджийг тогтоох долоон жилийг таван жил болгох хуулийн төслийг хэлэлцэх асуудалд оруулж өгөхгүй, хэлэлцэхгүй байна. УИХ-ын гишүүн С.Чинзориг даргатай ажлын хэсгийг хуралдуулах боломжийг УИХ-ын даргын зөвлөл гаргаж өгөхгүй байна. Хэрвээ энэ хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэхгүй бол Нийгмийн даатгалын сангаас нэг га газрыг 14 тэрбум төгрөгөөр худалдаж авсан тэр газар нь очиж хэвлэлийн бага хурал хийнэ шүү. Тэр 14 тэрбум төгрөг бол долоон жилээр тэтгэврээ бодуулж гаргасан зөрүүг нөхөх хэмжээний хөрөнгө.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Зайлшгүй маш хурдан хугацаанд шийдэх ёстой хууль гэж бодож байгаа. Барилгын ажил бол улирлын шинж чанартай. Гол ажил нь бол тендер. Тэгээд энэ асуудлаараа маргалдчихдаг. Маргалдаад хоёр, гурван жилээр шүүхдээд явчихдаг. Улмаар ажил нь бүтдэггүй. Ийм буруу жишиг гараад удаж байна.

Ингээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.


ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ ДЭЭР НАМЧИРХАЛ, УЛСТӨРЖИЛТ ЗАМАА АЛДСАН. НАМЫН ХАРьЯАЛЛААР АЖЛААС ХАЛСАН, ЧӨЛӨӨЛСӨН АСАР ИХ АСУУДАЛ ГАРСАН


Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ нарын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: -Төрийн албанд томилогдож байгаа хүмүүст ёс зүйн ямар шалгуур тавигдах вэ.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг: -Төрийн албан хаагчдын ёс зүйн алдаа дутагдлаас урьдчилан сэргийлэхэд хуулийн төслийг чиглүүлж боловсруулсан. Хуулийн төслийн долдугаар зүйлд төрийн албан хаагчдын ёс зүйн нийтлэг хэм хэмжээг зохицуулна. Жишээлбэл, албан үүргээ эс гүйцэтгэвэл хариуцлага ногдуулахаар тусгасан. Төрийн албаны зөвлөлд 2022 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 2524 хууль бус томилгоо байсан. Нийт 326 үүрэг гүйцэтгэгч байгаагаас 79 нь шаардлага хангагдаагүй анхааруулга аваад ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -Чухал асуудал. Ёс зүй, төрийн бүтээмж, төрийн түгжрэлийн асуудал. Анх сонгогдохдоо ард түмнийхээ төлөө хичээн зүтгэнэ гэдэг. Томилогдсон хойноо дарамталдаг, авлига хээл хахууль авдаг. Ийм л төрийн албан хаагчтай болчихоод байгаа юм. Төрийн бүтээмж гэдэг асуудал байхгүй болсон. Данхар төртэй болсон. Цагаа бүртгүүлээд, цалин авдаг болсон. Энэхүү хууль батлагдсанаар энэ бүх асуудал шийдэгдэх үү. Цагаа бүртгүүлээд, цалингаа аваад, гараас нь гардаггүй хүмүүс байдаг. Шударга ёсны, зарчимч, үнэнч шударга хүмүүс байдаг. Юу ч хийдэггүй хүмүүс нь мундаг харагдаад байдаг. Энийг хэрхэн шийдэх вэ. Аль нь ёс зүйтэй хүн бэ.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -Таны асууж байгаатай санал нэг байна. Үнэхээр төрийн хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчил, төрийн албаны чанар хүртээмж, түргэн шуурхай үйлчилгээ, цаашилбал, төрийн алба сонгуулиас сонгуулийн хооронд данхайгаад, бүтэц нь нэмэгдээд байгаатай санал нэг байна. Энийг Төрийн албан хаагчийн Ёс зүйн хуулийн төслийн хүрээнд бүрэн шийдэх боломжгүй. Суурь томоохон хууль болно гэж бодож байна. Төрийн албанд тулгамдаж буй олон асуудлыг шийдэх бодлого шийдвэр гарах байх.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: -Хуулийн төслийг дэмжиж байна. Орж ирэх цаг хугацаа нь болсон. Манай ард түмэн төрөө дээдэлдэг уламжлалтай ард түмэн. Гэхдээ харьцангуй багасаад байна. Төрд зүтгэдэг ноён нуруутай төрийн “хар” хүн цөөдлөө. Ихэнх нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нэр зүүснээс болоод төрийн албаны нэр хүнд шалан дээр унаад байна. Төрийн албан хаагчид ёс зүй муутай, ажлын ур чадвар асар муутай, мэдлэг муутай, их зантай. Ямар ямар хүн ёс зүйн зөвлөлд орох вэ гэдэг эхэнд яригдах байх. Өөрөө уучлал гуйгаад хариуцлагаа хүлээж буй хүн харагдахгүй байна. Төрийн албаны зөвлөл дээр намчирхал, улстөржилт замаа алдсан. Намын харьяаллаар ажлаас халсан, чөлөөлсөн асар их асуудал гарсан. Төрийн алба хаах хүн олдохоо болилоо. Авч буй цалинг нь ам.долларт шилжүүлээд үзэхээр ямар ч цалин аваад байгаа юм бэ. Энэ мэт асуудлууд байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -Төрийн албаны зөвлөлд тусдаа бие даасан зөвлөлтэй тэнцэхүйц хэмжээний хороо байгуулагдахаар яригдаж байсан. Явцын дунд Төрийн албаны зөвлөлийн дэргэд, бие даасан хараат бус байдлаар ажиллах эрх хэмжээг нь олгож өгье гэж шийдсэн. Өмнөх практикаас үзвэл төрийн бүх шатанд алба хааж буй ажилтантай гэхээс албан тушаалтантай ямар хариуцлага тооцох вэ гэдгийг энэ хуулийн төсөлд тусгасан. 25-аас дээш хүнтэй байгууллага Ёс зүйн зөвлөлтэй байна. Ёс зүйн зөрчилд хариуцлагаас мултрах зүйл үлдээхгүй байхыг зорьсон. Мэдлэг ур чадварын зэрэгцээгээр ёс зүй, хариуцлагын асуудлыг давхар авч үзэхгүй бол болохгүй байгаа юм. Улс орнуудын жишгийг харвал төрийн албанд хулгай хийх, худал хэлэхгүй, хууран мэхлэхгүй гэсэн зарчим байна. Бидний дунд ийм үйлдэл хэрхэвч гаргаж болохгүй гэсэн соёл тогтолцоо бий болгох ёстой.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Эхнэртээ үнэнээ л хэл, тэд угаасаа бүгдийг нь мэддэг DNN.mn

Гэр бүлийн харилцааг судалдаг дэлхийн томоохон байгууллагаас саяхан нэгэн сонирхолтой судалгааг батлан гаргажээ. Тэр нь шинэхэн гэр бүлийн харилцаа цаашид бат, тогтвортой байх гол үндэс нь хэн нэгнээсээ ямар нэгэн нууцгүй амьдрах аж. Эсрэгээрээ гэр бүлийн салалтын шалтгааны 67 хувийг хосуудын нэгэндээ худал хэлдэг, итгэлийг нь алддаг, нууцтай амьдардаг харилцаа бүрдүүлдэг байна.

Тиймээс жижиг ч гэлтгүй үйл явдлаа нэгнээсээ нуухгүйгээр нээлттэй харилцан ярилцаж, шийдвэр гаргахыг дээрх судалгааны байгууллагаас зөвлөж буй юм. Манайд сүүлийн үед залуу гэр бүлийн салалт ихэссэн гэсэн статистик бий. Үүний гол шалтгаан нь хэн нэгнээсээ аливаа зүйлийг нууж, итгэлийг нь алдсан үйлдлээс ихээхэн хамаарч байна. Тэр дундаа эрчүүдийн жижиг сажиг нууц, ялихгүй зүйл дээр худал хэлдэг, түүндээ огтхон ч харамсаж, гэмшдэггүй хандлагаас нь болж хосуудын харилцаа мууддаг ажээ.

Эмэгтэй хүн аливаа зүйлийн үнэн худлыг дэнслэх, тэр дундаа эрэгтэй хүний худал ярьж буйг мэдэх байгалийн зөн совинтой, үүнд зориулагдсан мэдрэлийн эсийн тоо эрчүүдээс дөрөв дахин илүү байдаг нь биологийн шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл гэнэ. Тиймээс тэд нөхрөө худлаа хэлж байна уу, үнэн хэлж байна уу гэдгийг ярианы өнгө, нүдний харцнаас нь шууд л мэддэг аж. Энэ утгаараа та эхнэртээ анхнаасаа үнэнээ л хэлчихэж байгаарай. Тэртэй тэргүй цаадуул чинь бүгдийг мэднэ. Үнэнээ хэллээ гээд танаас юу ч унахгүй. Харин ч бүх талаараа ашигтай байж мэднэ.

Энгийн амьдралд өдөр тутам тохиолддог жишээ хэлье л дээ. Тань руу найзууд чинь залгаад “халбага” пиво ууя гэлээ. Гэтэл та хэдхэн хоногийн өмнө ажлынхантайгаа наргичихсан байдаг. Ийм үед та эхнэртээ ямар нэгэн байдлаар худлаа хэлэхээс өөр аргагүй байдалд орно. Ингээд л бүх зүйл эхэлдэг. Үүний оронд эхнэртээ зүгээр л үнэнээ хэлчихвэл та найзуудтайгаа эрх чөлөөтэй уулзахын зэрэгцээ маргааш нь шартаад хэвтэж байхад тань аяга бантан бариад зогсож байх ч юм бил үү.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Ганбат: Нийслэлийн 400 мянган өрхийн 200 мянга нь хашаан дотроо бие засдаг. Бороо ороод үерлэвэл юу болох вэ DNN.mn

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гариг буюу зургадугаар сарын 03-ны хуралдааны эхэнд Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, хууль тогтоолын төсөл, Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг нийт 46 төслийг эцэслэн батлав.

Үргэлжлүүлэн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Санал хураалтаар аймгийн байгаль орчны газрын харьяанд сум дундын ойн анги, нийслэлийн байгаль орчны газарт ойн асуудал эрхэлсэн нэгж байгуулж, бүтэц, орон тоог батлан, тэдгээрийн даргыг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөх санал дэмжигдсэн юм. Түүнчлэн ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх болон таримал ойг үнэлэх, хүлээн авах, улсын ойн санд худалдан авах, өмчлүүлэх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд хуулийн төслийг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа.

Дараа нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан: -Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зорилго, хамрах хүрээ, зарчим, нэр томьёо, ойлголтуудыг тодорхой болгож нийтийн зориулалттай дэд бүтцийн болон төрийн үйлчилгээний чиг үүргийг харилцан үр ашигтай нөхцөлөөр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх замаар улс орны дэд бүтэц, нийгэм, эдийн засгийн томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх эрх зүйн суурь нөхцөл болон төр, хувийн хэвшлийн түншлэлд төрийн байгууллагуудын бүрэн эрх, чиг үүргийг зааг ялгамжтай тодорхойлж, түншлэлийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой эдгээр байгууллагуудын хоорондын харилцан уялдаа холбоог сайжруулж, санхүү, төсвийн хяналтыг тухай бүр хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхээр тусгасан. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг олон улсын жишигт нийцсэн, хөгжлийн бодлого, төлөвлөлт болон улсын төсвийн хөрөнгө оруулалттай уялдуулан төлөвлөх, түүнд бэлтгэх, төсөлд тавигдах шаардлагыг тусгайлан хуульчлан тусгахын зэрэгцээ түншлэлийн төслийг олон нийтэд зарлах, мэдээлэх болон төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үе шатуудтай холбоотой процессын зохицуулалтуудыг тусгасан.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: -Олон жил хөгжлийн гацаа болж ирсэн асуудлыг энэхүү хуулиар цэгцлэх боломж бүрдэнэ. Энэ асуудлыг шийдэх ямар чухал заалтууд төсөлд тусгасан бэ. Нийтийн зориулалттай дэд бүтцийг барьж байгуулах асуудлыг илүү анхаарах хэрэгтэй. Гэр хорооллын газрыг чөлөөлөн орон сууц барих боломж төрд байхгүй болохоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төр дэд бүтцийг байгуулж, хувийн хэвшлийнхэн орон сууц барьж, ногоон байгууламжийг шийдээд явах боломжийг олгох нь чухал.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: -2010 оноос УИХ-ын тогтоолоор концессын гэрээгээр явж байсан. Өнөөдрийг хүртэл төр хувийн хэвшлээр баригдсан, шилжүүлсэн төсөл хөтөлбөр бага байдаг. Энийг засахын тулд уг хууль оруулж ирж байна. Би С.Ганбаатар, Ё.Баатарбилэг нартай санал нэг байна. Яаж хувийн хэвшлийг энэ ажилд татан оролцуулах вэ. Засгийн газраас ямар баталгаа байж төр хувийн хэвшлийн ажлууд явах вэ.

Сангийн сайд Б.Жавхлан: -Хуулийн гол зорилго нь нийтийн зориулалттай дэд бүтэц буюу олон нийтийн эрх ашиг нэгдүгээрт гэсэн үг. Хаа хамаагүй үнэтэй, тариф төлбөр хураамж байж болохгүй. Тийм ч учраас төрөөс тодорхой хэмжээнд зохицуулалт хийх болно. Мэдээж түншлэлийн гэрээгээр зохицуулагдана. Уг заалтыг хуулийн 45.1, 45.2-т маш нарийн зааж өгсөн.

Улмаар УИХ-ын гишүүн Н.Ганибал, Б.Пүрэвдорж, Г.Ганболд, Д.Өнөрболор нар төслийг дэмжсэн, дэмжээгүй байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх талаарх санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрээр “Монгол Улс газар зүйн байршил, эх газрын эрс тэс уур амьсгал зэргээс хамааран дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг 10 орны нэг болохыг эрдэмтэн, судлаачид тогтоосон байдаг. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дулааны улирлын хур тунадасны хэмжээ ихээхэн буурч, хуурайших, гандуу болох, цөлжих явц илүү ажиглагдах болсон. Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд манай орны жилийн дундаж агаарын температур 2.25 градусаар дулаарч, хур тунадасны хэмжээ 7.3 хувиар буурсан байна. Цаг агаарын гаралтай байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, тоо ихээхэн нэмэгдэж, жилд тохиолдох хүчтэй шуургатай өдрийн тоо 1960-1999 онд 20-37 өдөр байсан бол 2000-2016 онд 20-43 өдөр болсон бөгөөд энэ байдал говь, хээр болон газар тариалангийн бүс нутагт түлхүү ажиглагдаж байна. 2021 онд цаг агаарын аюулт үзэгдэл 165, гамшигт үзэгдэл 18 удаа тохиолдсон бөгөөд 19 хүн амь насаа алдаж, 158 мянга гаруй мал хоргодон, 616 гэр, хашаа нурж, улсад 9.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, 2019 оны 318 дугаар тогтоолоор баталсан “Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон ногоон хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд хөрсний бохирдол, элэгдлийг бууруулах, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх зорилт, арга хэмжээ тусгагдсаныг салбарын сайд танилцуулгадаа дурдаад сүүлийн жилүүдэд орон нутгаас нийслэлд шилжин ирж суурьших хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Улмаар суурьшин ирж буй газруудын дэд бүтцийн хүртээмж муу, төвлөрсөн цахилгаан, дулаан хангамжид холбогдоогүй зэрэг хүндрэлээс шалтгаалж стандартын бус нүхэн жорлонтой айл өрхийн тоо жилээс жилд нэмэгдэж, энэ нь хөрсний нянгийн бохирдол үүсэх гол шалтгаан болж байна. Тухайлбал, Улаанбаатар хотод 200 мянга гаруй, орон нутгийн төв, суурин газарт 121 мянга гаруй өрх сайжруулах шаардлагатай нүхэн жорлонтой, мөн улсын хэмжээнд 819 ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэг нүхэн жорлонтой, үүнээс нийслэлд ерөнхий боловсролын долоон сургууль, цэцэрлэг, орон нутагт 360 орчим сургууль нүхэн жорлонтой байна” гэв.

БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫН ТООЦООЛЛООР МОНГОЛ УЛСАД 25-30 ОРЧИМ САЯ МАЛ БЭЛЧИХ ДААЦ ҮЛДСЭН

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг УИХ дахь, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат танилцуулав. Тэрбээр “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, эко-системийн доройтол зэрэг байгалийн хүчин зүйлс байгаа боловч хүний хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлын хувь хэмжээ нэмэгдэх хандлагатай болж, энэ асуудал дээр төрийн зөв бодлого, шийдвэр үгүйлэгдэж байгааг тодотгоод 2012 онд “Хөрс хамгаалах, цөлжилтөөс хамгаалах тухай” Монгол Улсын хууль, 2019 онд “Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр” батлагдсан. Өнөөдрийн байдлаар холбогдох хуулиудын биелэлт хангалтгүй, хөтөлбөрийн үндсэн зорилтууд ажил хэрэг болоогүй. “Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хувьд эхний үе шат нь 2021 онд дууссан, хоёр дахь буюу эцсийн үе шат нь 2023 дуусахаар байгаа боловч хэрэгжилт тун хангалтгүй байна. Цөлжилттэй тэмцэхийн тулд бэлгэдлийн чанартай хөтөлбөр дэвшүүлж, лоозогнох биш, бодит ажил хийх хэрэгтэй байна. 2020-2022 онд цөлжилттэй тэмцэх, зарим нуур, голыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, нөхөн сэргээх, хөв цөөрөм байгуулахад зориулж улсын төсвөөс 20,0 гаруй тэрбум төгрөг хуваарилсан.

Гишүүдийн зүгээс цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлыг бууруулах талаар олон жил ярьж байгаа боловч бодитой арга хэмжээ авч ажиллан, далайцтай үр дүн гарахгүй байгаа шалтгааныг илүүтэй тодруулж байлаа. Мөн цаашид газрын доройтолд орсон бэлчээрийг сэргээхэд авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, мөн нийслэлийн цэвэрлэх байгууламжийг шинээр ашиглалтад оруулах ажлын гүйцэтгэлийн явц байдал, гэр хорооллын 200 мянган нүхэн жорлонг бууруулахад баримталж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар лавлав.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: -Цөлжилтийн тухай ярьж байна. Монголд хөдөө нь цөлжсөн, газар нь бохирдсон байдалтай байна. Монголын газар нутгийн 70 хувь нь цөлжсөний 50 хувь нь хүний хөгжлөөс шалтгаалсан гэж байна. Цаашид бэлчээр яах вэ. Хүний хүчин зүйл дээр яах ёстой гэж боддог вэ. Хандлага нь ямар байна вэ. 50 жилийн дараа яах вэ. Эдийн засаг мал аж ахуйтай холбоод та нар хэлээч ээ. Нийслэлийн цэвэрлэх байгууламж юу болж байгаа билээ. Баригдвал нийслэлийн 200 мянган нүхэн жорлон цөөрөх үү. Хатуу хог хаягдлыг боловсруулна гэж дуулдаж байсан. Үр дүн харагдахгүй байна. Эдгээр асуудалд ямар бодлого барьж байна вэ.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: -БОАЖЯ-наас цөлжилт, газрын доройтлыг хамгаалах бодлого хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна. Энэ нь зөвхөн манай салбарын асуудал биш юм. Салбар дундын асуудал. Мал аж ахуй, газар тариалан уул уурхай, хот тохижилттой холбоотой салбар дундын зохицуулалтыг зайлшгүй хийхээс аргагүй. Саяхан олон улсын байгууллагаас хийсэн судалгаатай танилцсан. Цөлжилт, газрын доройтолтой холбоотой асуудалд мод их хэмжээгээр тарьж, уул уурхайтай холбоотой сүүлийн 40 жилийн хугацаанд 50 хувийн цэвдгээ алдсан гэдэг тооцооллыг хийсэн. Цэвдгээ авч үлдэхийн тулд Тэрбум мод хөтөлбөрийг эрчимтэй үргэлжлүүлэх, эрчимжүүлсэн мал аж ахуй руу орох, хүнс хөдөө аж ахуйн салбарын бодлогыг шинээр тодорхойлохоос өөр аргагүй. Үүнийг тодорхойлохгүй бол цаашдаа бэлчээрийн даац хэтэрснээр үлдсэн цэвдэг, модоо алдах, 2030 он хүртэл цөлжилт 25 хувиар доройтно гэдэг гашуун тооцоо судалгааг илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: -Бид энэ асуудлаар олон жил онолын түвшинд маргаж өнөөдрийг хүрлээ. Бодит ямар ч арга хэмжээ авдаггүй. Маргааныг салбарын дунд аваачиж хаядаг. Тэгээд улс төрөө “даахгүй”. Бэлчээр, махны экспортын чиглэлд ямар нэгэн шийдвэр гаргахгүй байна. Сошиалаар нийгмийн сэтгэл зүйд хөтлөгдөж махны экспортоо хаачихна. Нөөцийн махны нөөц бүрдэж нөгөөх нь зарагдахгүй байхад махыг төрийн албан хаагчдад өгнө гэнэ. Ийм бодлоготой бид хол явахгүй. Нэг жишээ нь цөлжилт, бэлчээрийн хомсдол доройтол байна. 20 жилийн өмнө ярьж байсан юмаа ярьсаар сууна.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: -Н.Ганибал гишүүний асуултад хариулъя. Монгол Улсын нийт газар нутгийн 75 хувийг бэлчээрийн талбай эзэлдэг. Бэлчээрийн 57 хувь нь доройтсон гэдгийг судалгаагаар харж болно. Бэлчээрийн даацын тооцооллоор Монгол Улсад 25-30 орчим сая мал бэлчих даац үлдсэн. Энэ янзаараа явбал 2030 он гэхэд Монгол Улс бэлчээрийн үлдсэн талбайгаа алдана гэдэг тооцоо судалгааны ажил явагдаж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: -Монгол Улсын Үндсэн хуульд эрүүл аюулгүй орчинд монгол хүнийг амьдруулна гэж заасан. Төр засаг үүргээ биелүүлж ажиллах ёстой. Эрүүл аюулгүй орчинд амьдарч чадаж байгаа юу. Улаанбаатар хотод 400 мянган өрх бий. 200 мянга нь хашаан дотроо бие засдаг. Бороо ороод үерлэвэл юу болох юм. Нэртэй устай нь ярьсан ч болж байна. Тэгж байж энэ байдал сайжирна. Гудамж талбайд хүн явахын арга алга. Та нар дуугүй л байна. Шийдэж болох асуудлаа яагаад шийддэггүй юм бэ. Бетонон ширэнгэ байгаад байх юм уу. Нар ч үзэхгүй нь байна. Нэг иргэнд ямар ногоон байгууламж оногдох юм. Африкт ч ийм байхгүй шүү. Баянхонгор аймаг хамгийн их цөлжилттэй байна. Энэ талаар юу хийж байна вэ. Сахарын элсэн цөлийг ямаа бий болгосон.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Одонтуяа: Сонгогчдын 44 хувийн дэмжлэг авсан улс төрийн нам УИХ-ын суудлын 80 хувийг эзэгнэж байгаа нь тогтолцооны гажуудал DNN.mn

УИХ-ын дэд дарга С.Одонтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хаврын чуулган завсарлах дөхөж байна. Энэ чуулганы хугацаанд таны хувьд ямар хуулийн төсөл санаачлан ажиллав. УИХ-аар батлагдсан голлох хуулийн төслүүд юу байв?

-УИХ-ын гишүүний үндсэн ажил бол хууль санаачлах, түүний хэрэгжилтийг хянах юм. Хаврын чуулганд Хүүхэд хамгааллын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Чихэрлэг ундааны хэрэглээг бууруулахад чиглэсэн хуулийг санаачлан өргөн барилаа. Мөн Тэтгэврийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль гээд эдийн засгийн болон нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэхэд шаардлагатай хуулиудад илүү анхаарч ажиллаж байна.

-Сүүлийн үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг их ярих боллоо. Магадгүй энэ парламент Үндсэн хуулиндаа дахин гар хүрэх хандлагатай болоод байна. Сөрөг хүчний болон гишүүнийхээ хувьд Үндсэн хуулиа ямар байдлаар өөрчлөөсэй, яг ямар зүйл заалт нэмээсэй гэсэн саналтай байгаа вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намууд олон удаагийн хэлэлцүүлэг, уулзалтуудыг хийж санал нэгдсэнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Намууд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх зорилт тавьж байна. Яагаад гэвэл Монгол Улсад үүсээд байгаа улс төр, нийгэм эдийн засгийн хямралын шалтгаан нь сонгуулийн санал гээгддэг мажоратор тогтолцоо, түүний үр дагавар гэж үзэж байгаа. Энэ бол ойлголцсон, тохиролцоонд хүрсэн асуудал болохоос хэн нэг улстөрчийн шуугиулах сэдэв биш. Бид, УИХ гаднаас нь биш дотроос нь тэмцэх ёстой. Сонгогчдын 44 хувийн дэмжлэг авсан улс төрийн хүчин парламентын суудлын 80 орчим хувийг эзэгнэж байгаа нь сонгуулийн тогтолцооны гажуудал мөн. Тухайлбал, УИХ-д сүүлийн зургаан жилд нэг нам хэт олонх болсноор төрийн хяналт суларч, олонхоороо түрий барьж, дур зоргоороо хуульд өөрчлөлт оруулж, хуулийн хэрэгжилт ч хангалтгүй болж байгаа нь ил тод болсон. Нөгөөтэйгүүр олон улсын нөхцөл байдал ч эрс хурдацтай өөрчлөгдөж байгаа нь Монгол Улсад парламентын ардчиллыг баталгаажуулах, эрх мэдлийн төвлөрлийг сааруулах, хүчтэй сөрөг хүчнийг бий болгож, парламентад олон намын олон ургальч үзлийг уралдуулах нөхцөлийг яаралтай бүрдүүлэх нь амин чухал асуудал болж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж сонгуулийн тогтолцоог улс орны нэгдмэл эрх ашиг, улс төрийн намуудын сонирхолд нийцүүлээгүй тохиолдолд сонгуулийн тухай, улс төрийн намын тухай хуулийг боловсруулж хэлэлцэхэд ямар ч үр дүн гарахгүй.

-Сонгуулийн тогтолцооны гажиг байна гэлээ. Улс төрийн намууд, иргэний нийгэм, олон нийтийн зүгээс сонгуулийн тогтолцоог холимог, эсвэл бүтэн пропорционал болго гэсэн шаардлагыг хүргүүлээд байгаа. Гэхдээ пропорционал боллоо гээд асуудал бүрэн шийдэгдэнэ гэсэн зүйл байхгүй гэдэг. Энэ тогтолцоонд ч гэсэн сул тал байдаг нь онолын хувьд нотлогдсон зүйл шүү дээ. Тэгэхээр манай улсад яг өнөөгийн байдалд ямар сонгуулийн тогтолцоо нь илүү зохимжтой юм бэ. Хэт олон намын төлөөлөл гарчихвал төрийн бодлого, засгийн газрын бүтэц, товчхондоо төрийн шийдвэр гаргах механизм доголдох эрсдэлтэй юм биш үү?

-Манай улс 1990 оноос хойш нийт найман сонгуулийн долоод нь мажоратор сонгуулийн систем ашиглалаа. Улсын хөгжлийн түвшин бол энэ сонгуулийн үр дүн. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4000 ам.доллар дээр10 жил гацлаа, авлигын индекс буурсангүй. Залуучууд гадагшаа гарахыг хүсч байна. Уул уурхайгаас бусад салбар хөгжсөнгүй гээд бодоход өөрчлөлт хийхгүй бол цаашдаа ч үр дүн өөрчлөгдөхгүй гэдэг нь тодорхой. Тодруулбал, өөрчлөхийн тулд биш, өөрчлөх шаардлагын улмаас энэ асуудлыг ярьж байна. Холимог систем ашигласан тохиолдолд улс орны хөгжлийн том төслүүд, бодлогын асуудлууд цэгцэрнэ. Ингээгүй тохиолдолд жижиг тойрог руу төсвөө чангааж, хөгжлийн төслүүдэд анхаарал хандуулахгүй. Мэдээж хэрэг жагсаалтын ард нуугдах муу нэртнүүд, илүү зардал гарах сул талууд гарна. Түүнийг багасгах арга механизм ч бий.

-Төсвийн хууль жил бүр л алдагдалтай батлагддаг. Ирэх жилийн төсвийн хууль ч хүндхэн сорилтуудтай тулгарах шинжтэй. Тухайлбал, гадаад өрүүдийн эхний төлөлтүүд хийгдэж эхлэхээр байгаа шүү дээ. Иймд цөөнхийн зүгээс, цаашлаад УИХ-ын зүгээс хэрхэн анхаарч ажиллахаар байна вэ?

-Өнгөрсөн 2020 онд төсвийн алдагдал 4.5 их наяд, 2021 оных 3.7 их наяд төгрөгт хүрч, энэ жил 2.4 их наяд төгрөг байхаар тооцжээ. Ийнхүү Монголын төр түүхэндээ анх удаа гурван жилд 10.6 их наяд төгрөгийн өр үйлдвэрлэнэ гэсэн үг. Энэ нь гадаад өрийн хавханд орсон гол шалтгаан. Цаашид үнэ өсөх, үндэсний валютын ханш унах, валютын нөөц буурах, зээлийн хүү өсөх, зээлжих зэрэглэл буурах зэрэг олон муу үр дагавартай. Хэт олонх цөөнхийн дуу хоолойг огт сонсохгүй дураараа дургиж байгаа явдал нь гадаад өр өсөх үндсэн шалтгаан гэж харж байгаа.

-Гадаад өрөөсөө болоод улс орныхоо эдийн засаг, нийгмийн амьдралыг дампууруулсан улс цөөнгүй бий. Нөгөөтэйгүүр бүх төсвөө гадаад өрөө дарах руу чиглүүлбэл дотоод дахь нийгэм, эдийн засгийн амьдрал улам л хүндрэхээр байгаа шүү дээ. Тэр утгаараа төсвийн зарлагаа хэрхэн зөв зохицуулж болохоор байна вэ. Гадаад өрийг ямар арга схемээр зохистой барагдуулах нь зөв юм бэ?

-Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 онд 5.3 хувиар огцом буурч, 2021 онд дөнгөж 1.4 хувь өссөн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, манай улсын эдийн засаг сүүлийн хоёр жил агшжээ. Энэ оны эхний улирлын дүн ч нэн тааруу буюу хасах 3.8 хувьтай гарсныг Үндэсний статистикийн хороо зарлаад байна. Инфляци буюу үнийн өсөлт 15 хувь хүрсэн нь Ази тивдээ үймээн дэгдэж мөргөлдөөн болж буй Шри-Ланкийн дараа орох үзүүлэлт юм. Эдийн засаг нь агшаад зогсохгүй өндөр инфляци дагалдаж хос сөрөг үзүүлэлт давхцах үзэгдлийг эдийн засагт стагфляци гэдэг. Тэгвэл Монгол Улс стагфляцид нэрвэгдээд зогсохгүй өрийн хямрал нүүрлэжээ. Ийм гурвалсан хямралыг даван туулах нэн хүнд. 22 сая иргэнтэй Шри-ланкийн дотоодын нийт бүтээгдэхүүн нь 80 тэрбум ам.доллар, гадаад өр 51 тэрбум ам.долларт хүрсэн бол 3.4 сая хүнтэй манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн ердөө 13 тэрбум ам.доллар атлаа нийт өр 33 тэрбум ам.доллар давжээ. Энэ нь нэг хүнд ногдох өрийн хэмжээгээр Шри-Ланк улсаас хэд дахин өндөр үзүүлэлт юм. Гадаад өрийг нэмэхгүй байх арга зам бол ердөө төсвөө алдагдалгүй батлах явдал юм. Тодруулбал, хойшлуулж болох хөрөнгө оруулалтыг царцааж, эдийн засагт нэмэр болох, татварын орлого нэмэгдүүлэх бүтээн байгуулалтыг дэмжих ёстой. Бусдаар бол өрийг өрөөр санхүүжүүлэх бол богино хугацааны шийдэл. Үүнд нэг их ухаан ч хэрэггүй. Ирэх жилүүдэд буюу 2025 оноос өрийн дарамт бодит утгаараа нэмэгдэнэ.

-Өнөөдөр Монгол Улсын дөнгөж төрсөн хүүхэд л 31 сая төгрөгийн өртэй байна гэж байгаа. Гадаад өр ингэж нэмэгдсэн шалтгааныг танай нам Засаг барьж байх үетэй холбож тайлбарлаад байдаг. Үнэхээр Ардчилсан нам засаг барьж байхдаа гадаадаас хэтийдсэн их хэмжээний өр зээл авчихсан юм уу. Зээл авах нь буруу биш ч эргэн төлөх асуудлаа анхаараагүй юу?

-Өнөөгийн эрх баригч нам 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр монгол иргэн бүрд 15 сая төгрөгийн өр ногдож буй талаар хангалттай ярьсан. Харин одоо энэ үзүүлэлт 30 сая төгрөгтэй тэнцэж байна. Хэрэв Монголбанкны своп, Хөгжлийн банкны 500 сая ам.долларын бонд, МИАТ, Төмөр зам зэрэг төрийн өмчит олон компаниудын өр, өрийн баталгаа зэргийг нэмж тооцвол Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 100 хувиас давах хэмжээнд хүрчээ. Ийнхүү Монгол Улс “гадаад өрийн хавх”-нд гүн баттай шигдлээ. Өрийн асуудал Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлаас хальж улс орны тусгаар тогтнолын асуудал болж хувирсныг анхааруулъя. Манай нам эрх барьж байх үед дэлхийн зах зээлд нүүрс 30 хүрэхгүй ам.доллар, зэс 5000 хүрэхгүй ам.долларт хүрч манай эдийн засаг хүнд байсан. Иймээс Чингис бондыг босгож 3200 км зам, 86 мянган орон сууц, гурав болон дөрөвдүгээр цахилгаан станцын шинэчлэл, Амгалангийн дулаан, цахилгаан станц, 888 аж ахуйн нэгжид зээл олгож хямралыг хэн ч мэдэхгүй даван туулсан онцлогтой. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн хоёр тулгуур багана болсон нүүрс 400 ам.доллар, зэс 9500 ам.доллар байгаа ч буруу бодлогын үр дүнд үнэ өсч, инфляци 15 хувьд хүрч ард иргэдийн амьдрал нэн хүнд байна. Нөхцөл байдал маш хүнд байсан үед засаглаж байсан Ардчилсан намыг шүүмжлэн зургаан жил өнгөрлөө. Яагаад өр нэмэгдэн, хил гааль гацаж, өндөр үнэтэй байгаа уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортолж, эдийн засгаа өсгөж чадахгүй байгааг эрх баригчдаас асуух ёстой байх. Би болон манай бүлэг энэ талаар чуулган, байнгын хороо болгон дээр шүүмжилж бас шийдэл хэлсээр ирлээ.

-Ардын нам татвар нэмэхгүй гэсэн амлалт өгч гарч ирсэн. Гэтэл одоо татвар 40 хувиар өсчихсөн байна гэдэг. Нөгөө талдаа татварын орлогоор улсын төсөв бүрдэж байгаа шүү дээ. Ер нь төсвийн орлогыг хэрхэн бүрдүүлэх ёстой юм бэ?

-Эрх баригчдын өргөн барьсан төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж ирлээ. Энэ жил уул уурхайн салбараас 4.3 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон нь өмнөх оныхоос нэг их наядаар илүү байна. Хувь хүний орлогын татварын орлогыг энэ оныхоос 14.6 хувь, Нийгмийн даатгалын сангийн орлогыг 57.5 хувь, Нэмэгдсэн өртгийн албан татварын орлогыг 22.7 хувь, Гаалийн албан татварын орлогыг 15.7 хувиар гэх мэтээр нэмэгдүүлжээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар эдийн засгаа солонгоруулах биш, харин уул уурхайн хараат байдлаа улам бүр нэмэгдүүлж, ковидын хатуу хөл хорионд орлогогүй болсон аж ахуйн нэгж, иргэдээсээ илүү их хэмжээтэй татварын орлого авах замаар дундаж давхаргад нэн халтай шийдвэр гаргасан. Төсвийн орлогыг бодитоор төсөөлөхийн оронд хиймлээр өндөр өсгөж зардлаа нэмж буй аргыг сүүлийн жилүүдэд хэрэглэх боллоо. Тийм ч учраас энэ жилийн төсөв зургаан сарын хугацаанд хоёр удаа тодотгол хийлээ. Монгол Улсын түүхэнд хэзээ ч ийм түүхий төсөв баталж, хоёр сар тутам засаж залруулж байсангүй.

-Монгол Улсын ирээдүйн хөгжил хаашаа чиглэж байна вэ. Бид үнэхээр дараагийн Шри-Ланк, Венесуэл болох гээд байна уу?

-Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн талаарх Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банкуудын таамаглал буурсныг бид харсан. Нэг салбараас хэт хараат, нэг зах зээлд чиглэсэн эдийн засаг эмзэг байдаг. Гэхдээ уул уурхайгаас олсон орлогоор ажлын байр бий болгодог, татварын хүрээ, бааз нэмэгдүүлэх байдлыг дэмжилгүй халамж болгон тарааж, хөшөө, театр барьж ирсэн нь өнөөгийн гашуун үнэн. Цахилгаан станцаа барьсан уу, Дарханы замаа дуусгав уу, суурь үйлдвэрлэлийг дэмжсэн үү гээд ард иргэд асууж байгаа нь зөв.

-Улс, төрийн бодлого зөв явах, буруу гарсан шийдвэрийг засч залруулах, хариуцлага нэхэх үүрэг сөрөг хүчинд бий. Энэ үүргээ бүрэн хэмжээнд гүйцэтгэж чадаж байгаа гэж бодож байна уу. Эсвэл эрх баригчдын зөв, буруу шийдвэрийн хажуугаар чимээгүй сууж байгаад ирэх сонгуулиар нэг мөр хариуцлага нэхье гэсэн хандлагатай байна уу?

-Улстөрч хүн сонгууль бодож ажиллах уу, улс орноо бодож ажиллах уу гэж асууя. Эдийн засаг тааруу, улсын өр дарамт болсон ийм хэцүү үед дуугүй сууж, ирэх сонгуулиар хариуцлага ярина гэвэл тун хариуцлагагүй явдал болно. Ийм учраас чуулган, байнгын хороо, ажлын хэсэг, хэлэлцүүлэг гээд бүхий л хэлбэрт судалгаа шинжилгээ, бусад орны туршлага, тулгамдаж буй асуудлын шийдлийг хэлж байгаа. Гагцхүү эрх баригчид сөрөг хүчний гэдэг байдлаар хүлээн авалгүй ажлаа сайжруулах бүтээлч шүүмжлэл гэж харвал хэрэгтэй л дээ.

-Нэг хэсэг танай нам дотроо хоёр хуваагдаж хэрэлддэг, талцдаг байсан бол одоо нийгмийг хамруулж гадаа гарч жагсаж, иргэд олон нийтийг хоёр талцуулан тэмцэж байна. Ардчилсан намын хагарал бага багаар хурцадсаар байгаад сүүлдээ нийгмийг хамарсан эмх замбараагүй байдал руу хөтлөөд байгаа юм биш үү. Та намынхаа эмэгтэй лидерийн хувьд, УИХ-ын гишүүний хувьд энэ асуудлыг аль өнцгөөс нь тайлбарлах вэ?

-Манай намын хувьд үнхээр хүнд байдалд орсон. Миний хувьд талуудыг зөвшилцүүлэх эвлэрүүлэх, нэгдүүлэх асуудлаар өнгөрсөн хоёр жил нэлээд их ажиллалаа. Харамсалтай нь бодитой үр дүнд хүрээгүй л байна. Гэхдээ Ардчилсан нам сонгуульд орох нь үнэн. Орохдоо ямар ч байсан нэгдэж нягтарч орно гэдэгт би итгэж байгаа. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг ямар ч байсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаралтай эхлүүлж, сонгуулийн тогтолцоог өөрчлүүлье гэж зорьж, бүх цаг заваа зориулан ажиллаж байна. Сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүйгээр улс төр, эдийн засаг, нийгмийн хямралаас гарч чадахгүй. Олон улсын нөхцөл байдал эгзэгтэй болж байна. Энэ бол зөвхөн нэг намын асуудал биш Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолын асуудал болж байгаа учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр дэд даргын хувьд хичээнгүйлэн ажиллаж байна. Мөн Улс төрийн намын тухай хууль дээр ажиллаж байна. Улс төрийн намын хуулийн төсөл нь өнгөц, косметик засвар орсон төдий харагдаж байна. Угтаа уг хуулийг сууриар нь өөрчилж, томоохон реформын чанартай өөрчлөлтүүдийг хийж байж нийгмийн шинэчлэлийг хийж чадна. Одоо бол улс төрийн нам төлөвшилгүй, нэг компани шиг, аж ахуйн нэгж шиг ажиллаж, маш том мөнгөний мангас болчихоод байна. Улс орны хөгжлийг үзэл баримтлалаараа түүчээлэх ёстой байтал хойш нь татдаг болсон. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийг жижиг засвар төдийхнөөр биш, сууриар нь шинэчилж шинэ зуунд таарсан хууль болгохын төлөө ажиллаж байна. Намынхаа залуучууд, эмэгтэйчүүд, туршлагатай улстөрчдийг байнга урьж хэлэлцүүлэг, брайн сторм хийж, тэдний үзэл бодлыг сонсож байна. Нөгөөтэйгүүр Улс төрийн намын тухай хууль олон жил эрх барьсан МАН-д ашигтай батлагдаж болохгүй. Ялангуяа ардчиллын төлөө том, жижиг намуудын эрх ашгийг хамгаалсан хууль болох ёстой. Энэ хуулийг сайн хууль болгож чадвал миний Ардчилсан намдаа оруулж буй нэг хувь нэмэр юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Энхболд: Нэг нам олонх байгаа дээрээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхгүй бол дараагийн парламент ямар байдлаар бүрдэхийг хэн ч мэдэхгүй DNN.mn

Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тал бүрээсээ ярьж, зарим нь шаардлага, саналуудаа Их хуралд өргөн барьж байна. Таны хувьд эх хуулиа өөрчлөх, нэмэлт оруулах асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хууль батлагдсан цагаас эхлээд өөрчлөх асуудлыг олон удаа ярьж ирсэн. Тухай бүрдээ өөрчлөгдөөд, шинэ заалтууд нэмээд явж ирсэн түүхтэй. Бүхий л цаг үед Үндсэн хуулийн үзэл баримтлалтай санал нийлдэггүй, байнга шүүмжилж байдаг цөөнгүй хүмүүс бий. Одоо ч байсаар байгаа. Тэгэхээр Үндсэн хуулиа өөрчилье, нэмэлт заалтууд оруулъя гэдэг санал, шүүмжлэл, яриа одоо гарч ирж байгаа шинэ зүйл биш. Энэ бол байсан, цаашид ч байнга өөрчлөх санал, шүүмжлэлүүд гарч ирсээр л байна. Цаг хугацааны хувьд нэг зүйл хэлье. Сүүлийн дөрвөн УИХ дамжаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байсан. Одоо ч яригдсаар байна. Тиймээс миний хувьд Үндсэн хуульд тодорхой нэмэлт, өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.

-Таныхаар яг ямар агуулгаар өөрчлөлтүүдийг хийе гэж харж байна вэ?

-Юуны өмнө ардчилсан нийгэм, парламентын засаглалтай, чөлөөт эдийн засгийн тогтолцооноосоо ухрах ёсгүй. Нөгөөтэйгүүр Шинэ Үндсэн хууль батлагдаад өдгөө гучин жил өнгөрлөө. Энэ хугацаанд бүхэл бүтэн нэг үе гарч ирж байна. Өөрөөр хэлбэл, тухайн үед төрж байсан хүүхдүүд одоо 30 гаруй настай болж, нийгмийн хамгийн том давхаргыг бүрдүүлж байна гэсэн үг. Тиймээс энэ шинэ үе өнөөгийн нийгмээ хэрхэн харж байна, цаашид яаж авч явах уу, юу хүсч байна гэдэг талаас нь харах нэг өнцөг байна. 1992 онд Шинэ Үндсэн хуулийг баталсан хүмүүс, тухайн үеийн нийгэм ямар байсан гэдгийг өнөөгийн нийгэмтэй харьцуулбал тэнгэр газар шиг ялгаа гарч ирэх нь тодорхой. Шинэ үеийнхэн гарч ирсэн учраас өөрсдийнхөө амьдрал, нийгмийнхээ харах өнцгөөс шалтгаалж Үндсэн хуулиа өөрчлөх гэж байгаа нь зөв. Хууль гэдэг бол амьдралд хамгийн ойр байх асуудал. Үндсэн хуулийн өөрчлөлтийг олон зүйл дээр ярьдаггүй. Багцлаад харвал төрийн шийдвэр гаргаж байгаа механизм ямар байна, ард түмэн төрийн эрхийг төлөөллөөрөө дамжуулж барина гэсэн заалт ямар хэмжээнд хэрэгжиж байна гэсэн тодорхой асуудлууд дээр л яригддаг. 2019 онд бид Үндсэн хуульдаа гар хүрсэн. Энэхүү өөрчлөлтийн хүрээнд л одоо асуудал дахин яригдаж байна. Тухайн үед батлагдсан Үндсэн хуулийн төсөл анхныхаа утга санаанаасаа ухарсан, зарим зүйл заалтууд нь хасагдаж, батлагдсан гэж боддог. Утга санаа, зүйл заалтууд нэлээд их хасагдсан нь сонгууль дөхсөн, нийгмийн уур амьсгал нөлөөлж байсан зэрэг нийгмийн үзэл санаа, улс төрийн үйл ажиллагаанаас болсон. Одоо Үндсэн хуулиа өөрчлөх асуудлыг нийгмийн тал бүрээс тавьж байна. Энэ хүрээнд Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэрээр ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн хүрээнд эрдэмтэн, судлаачид, улс төрийн намуудын төлөөлөл, иргэний нийгмүүдийн байр суурь, саналыг сонслоо. Тиймээс одоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хуулийнхаа хүрээнд эхэлж байна. Уг нь Үндсэн хуулиа олон дахин өөрчлөөд оролдоод байх нь тийм ч зохимжтой асуудал биш. Гэхдээ яах аргагүй нийгмийн шаардлага байгаад байвал хөдөлгөж болохгүй асуудал бас биш ээ.

-Үндсэн хуулиа өөрчлөх, нэмэлт оруулах тодорхой хэд хэдэн асуудал байгаа. Тухайлбал, гишүүдийн тоог нэмье, парламентын дээд, доод танхимтай болъё гэдэг асуудлыг ярьж байна. Яг энэ заалтууд, санал дээр таны байр суурь ямар байна вэ?

-Өнөөдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуулиар бол парламентын нэг танхимтай, УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага байна гэж заасан. Хоёр танхимтай болох асуудлыг оруулж ирлээ гэж бодоход энэ нь өөрөө Шинэ Үндсэн хуулийн төслийг ярина. Өөрөөр хэлбэл, одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хуулиа бүхлээр нь өөрчилнө гэсэн үг л дээ. Тиймээс энэ цаг үед Үндсэн хуулиа ингэж бүхлээр нь өөрчлөх шаардлага бол байхгүй болов уу гэж бодож байна. Зарим улс төрийн нам, иргэдээс хоёр танхимтай болъё гэдэг санал ирж байгаа. Гэхдээ үүнийг хийхэд заавал Үндсэн хуулиа бүхлээр нь өөрчилнө гэдгийг анхаарах хэрэгтэй.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал дээр тодорхойлж ярихгүй юу?

-Хүн амыг төлөөлөх УИХ-ын гишүүдийн тоо цөөн байна. Эсвэл нэг УИХ-ын гишүүнд оногдож байгаа эрх мэдэл хэтэрхий өндөр байна гэсэн хоёр асуудлыг тавьдаг. Үүнийг би зарим талаараа дэмжинэ. Нэг зүйлийг тодорхой хэлье. Монгол Улсын оршин тогтнох гол баталгаа бол парламентын засаглал. Өмнөх Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэдэг асуудлаар санал асуулга явуулъя гэдэг санаа гаргаж байсан. Хоёр том гүрний дунд байгаа улсын хувьд төрийн бүх эрх мэдэл нэг хүн дээр төвлөрдөг тогтолцоо үнэхээр зохимжгүй. Харин муу ч, сайн ч парламентын тогтолцоотой байна гэдэг бол бидний хөгжлийн үндэс нь шүү. Тиймээс парламентын тогтолцоогоо цаашид илүү боловсронгуй болгож, хөгжүүлэх асуудал л чухал. Гишүүдийн тооны хувьд учиргүй их ач холбогдол өгөхгүй байна. Гэхдээ хэтэрхий цөөн гишүүнтэй байх нь янз бүрийн бүлэглэл, эрх ашгийн нөлөөнд орох магадлал онолын хувьд илүү гэдэг нь тодорхой. Нөгөө талаар гишүүдийн тоог нэмэх нь хүн амын тоо өссөн гэдэг үндэслэлээр хэрэгтэй байж болох хувилбар гэж харж байгаа. Хэрэв гишүүдийн тоог нэмэх асуудал УИХ-д орж ирвэл болохгүй гэдэг байр сууринаас асуудалд хандахгүй. Гишүүдийг хэд болгох нь уу, ямар ач холбогдол, үндэслэл байна гэдгийг нь түлхүүтэй харна. Ер нь бол бусад улс оронтой харьцуулахад манай УИХ-ын гишүүдийн тоо хамаагүй цөөн байгаа шүү.

-Нийгмийн зүгээс энэ цаг үед Үндсэн хуулиа өөрчлөөд, илүү боловсронгуй болгооч ээ гэдэг шаардлагыг идэвхтэй тавиад байгаа нь танай нам үнэмлэхүй олонхоороо төрийн эрхийг барьж байгаатай холбоотой. Дараагийн парламент нэг нам ингэж олонх болж гарч ирэх үү, мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадах уу гэдэг асуудал эргэлзээтэй байгаа шүү дээ. Тиймээс л болж олдсон дээрээ Үндсэн хуулиа нийгмийнхээ шаардлагын дагуу өөрчлөөч ээ гэдэг хүсэлт ард түмний дунд их байна л даа…

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын 76 гишүүний 57 нь санал нэгтэй дэмжиж байж баталдаг. Хэдийгээр бид саяхан буюу 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж баталсан ч зарим зүйл заалт 57 гишүүний санал авч чадалгүй унасан. Тиймээс л тэр үеийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл анхны утга санаанаасаа ухарсан өөрчлөлт болсон гэж хэлээд байгаа юм. Тухайлбал, сонгуулийн тогтолцооны асуудал байна. Анхны агуулгаараа бол сонгуулийн тогтолцоог УИХ тогтооно гэж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд орж ирж байсан. Өөрөөр хэлбэл, сонгуулийн мажоратор, холимог буюу пропорционал тогтолцооны алинаар нь явах вэ гэдгийг УИХ өөрөө олонхоороо шийддэг байна гэсэн агуулгатай байсан. Гэтэл ард түмэн төлөөллийн байгууллагаа шууд сонгоно гэсэн заалтыг бариад Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргачихсан. Цэцийн зүгээс энэ бол зөвхөн мажоратор тогтолцоотой байх дүгнэлт юм гэсэн. Тиймээс сүүлийн хоёр сонгууль энэ зарчмаар мажоратор тогтолцоогоор явж ирлээ. Одоо сонгуулийн тогтолцоогоо өөрчлөөд холимог хувилбараар явуулъя гэдэг асуудлыг ярьж байна. Гэвч ингэж явуулахын тулд Үндсэн хуулиа өөрчлөх, эсвэл Цэцийн энэхүү дүгнэлтийг өөрчлөхгүйгээр сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх бололцоо байхгүй. Аль ч тохиолдолд нь УИХ-ын гишүүдийн дийлэнх олонх буюу 57 гишүүн дэмжиж байж энэ өөрчлөлт хийгдэнэ. Тиймээс таны хэлдгээр нэг нам олонх байгаа дээрээ шаардлагатай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж авахгүй бол дараа дараагийн сонгуулийн дүн хэрхэн гарч, парламент ямар байдлаар бүрдэхийг хэн ч мэдэхгүй . Тиймээс Үндсэн хуулиа сайжруулъя, боловсронгуй болгоё гэвэл яг өөрчилдөг үе нь одоо гэж би харж байна.

-Сонгуулийн тогтолцооны асуудлыг хөндөхөөсөө өмнө Улс төрийн намын тухай хуулийг өөрчилье. Тэр дундаа улс төрийн намуудын санхүүжилтийн асуудлыг илүү тодорхой болгож өгье гэдэг асуудлыг хуульчид, улс төр судлаачид ярьж байна. Энэ асуудлаар тодорхой тайлбар өгөхгүй юү?

-Сонгуулийн тогтолцоо, Улс төрийн намуудын тухай хууль гэдэг бол хоорондоо уялдаа холбоотой асуудлууд. Намуудын тухай болон санхүүжилтийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий. Үүнд бас өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. Энэ хуулиудыг УИХ олонхоороо шийдээд явах боломжтой. Эдгээр хуулиудыг өөрчлөхгүйгээр зөвхөн Үндсэн хуулиа өөрчлөөд төдийлөн үр дүн гарч ирэхгүй. Үндсэн хуулиа өөрчиллөө гэхэд эдгээр хуулиуд дагалдаад өөрчлөгдөх нь тодорхой. Сонгуулийн тогтолцооны асуудлыг дахин ярья. Одоо мөрдөгдөж байгаа мажоратор тогтолцоогоор иргэдийн санал, УИХ-ын суудлын тоонд тусгалаа олохгүй байна гэдэг. Тухайлбал, өнгөрсөн сонгуулиар нийт сонгууль өгөх насны 77 хувь нь сонгуулиа өгсөн. Үүнээс 44 хувийн санал авсан МАН өнөөдөр жар гаруй суудалтай байна. Энэ нь өөрөө сонгуулийн тогтолцооны алдаа, сул тал болж байна гэсэн дүгнэлт бий. 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан. Тухайн үед Холимог тогтолцооны тухай хуулийн ажлын хэсгийг би ахалж байлаа. Ер нь аливаа зүйл хоёр ч биш бүр олон талтай. Одоо холимог тогтолцоогоор сонгуулиа явууллаа гэж бодоход парламентыг олон намын гишүүд бүрдүүлэх боломжтой. Ингэвэл парламентаасаа Засгийн газраа байгуулах, Ерөнхий сайдаа томилох асуудал болон төрийн бодлого, шийдвэр гаргах ажил их төвөгтэй болж ирнэ. Өөрөөр хэлбэл, төрийн тогтвортой байдал алдагдаж, шуурхай ажиллах чадамж суларч ирнэ гэсэн үг. Жоохон асуудалд санал зөрвөл нэг эвсэл нь бутарч, нөгөө нэг эвсэл нь гарч ирэх зарчмаар л явна. Нэг ёсондоо нэг намын, хэсэг бүлэг гишүүдийн санал зөрөлдлөө гэхэд тухайн Засгийн газрын тогтвортой ажиллах байдал ганхаж эхлэх аюултай байгаа юм. Тиймээс энэ агуулгаар нь сайн бодож байж сонгуулийн тогтолцоог ярилцах шаардлагатай. Нөгөөтэйгүүр дан ганц сонгуулийн тогтолцоог өөрчлөөд бүх зүйл сайхан болчихно гэсэн зүйл байхгүй. Энэ бол тухайн орны улс төрийн соёл, сонгогчдын боловсрол мэдлэг, нийгмийн төлөвшилттэй салшгүй холбоотой. Гэхдээ холимог тогтолцоотой болсноороо нэг том асуудлыг шийдэж чадах юм. Тэр нь сонгогчдын саналын дийлэнх нь УИХ-д орж, тусгагдана.

-Та олон удаа парламентад сонгогдсон, олон ч Засгийн газрын нүүрийг үзсэн улстөрч. Тэр утгаараа үе үеийн Засгийн газрын дэвшүүлж буй бодлогын баримт бичгүүдтэй танилцаж байсан хүний хувьд өнөөгийн Засгийн газрын болон танай намаас дэвшүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогыг ямар байдлаар дүгнэж байна вэ?

-Товчхон хариулъя. Одоо мөрдөгдөж байгаа хуулиуд, шийдвэр гаргах тогтолцооноос болоод олон жилийн турш дараа, дараагийн сонгуулиа бодож, түр хугацааны зорилгуудад илүү их анхаарал тавьж ирсэн. Өөрөөр хэлбэл, дөрөв, дөрвөн жилээр ажлуудаа төлөвлөж ирсэн гэсэн үг. Энэ бол бидний туулаад ирсэн зам, алдаа, онооны түүх сургамж. Өмнөх Засгийн газрын үеэс эхлээд Монгол Улсын урт хугацааны бодлогыг илүү анхаарч байна. Энэ дагуу бодлого төлөвлөгөөнүүдээ гаргаж, хэлэлцүүлж байна. Шинэ бодлого, хөтөлбөрийг шүүмжлэх, нэг хэсэг хүмүүст таалагдахгүй байх зүйл үеийн үед л гарч байсан. Өнөө, маргаашийнхаа асуудлыг шийдвэрлэж чадахгүй байж холын зүйл ярьж, худлаа улстөржиж байна гэдэг. Энэ бол тийм биш. Богино хугацаанд хөгжсөн улс орнуудын туршлагаас харвал бодлогоо алсуур гаргаж, холын бодлогодоо анхаарч, томоохон зорилтуудаа шийдвэрлэж чадсанаараа хөгжсөн байдаг. Тэр утгаараа энэ бодлого бол их зөв өө.

-Та Халдашгүй байдлын дэд хороог даргалдаг. Энэ утгаараа гишүүдтэй холбоотой асуудал орж ирэхэд хамгийн түрүүнд мэдээллийг нь сонсдог. Ер нь гишүүдийг бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулаад буруугүй бол буцаад ир ээ гэх нь ч байна. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын асуудал мөн парламентын дархлаатай холбоотой асуудал яригддаг учраас аль аль талаасаа нухацтай хандах ёстой гэдэг. Таны хувьд энэ асуудалд ямар зарчим баримталж явдаг вэ?

-Ёс зүйн асуудлыг хуулиар зохицуулах их төвөгтэй. Манай дэд хорооны хувьд гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудлаар биш хууль зөрчсөн эсэх асуудлаар хуралдаж, шийдвэр, санал гаргадаг бүтэц. Дэлхийн парламентын засаглалтай бараг бүх улсад халдашгүй байдлын тухай зохицуулалт, хууль бий. Тэр битгий хэл зарим улсад парламентын гишүүнд хэрэг үүсгэж болдоггүй хууль үйлчилж байдаг. Энэ бол асуудлын нэг туйл. Нөгөө туйлд УИХ-ын гишүүн нь хэрэгт холбогдоод шоронд орчихсон байхад тухайн гишүүн шоронгоосоо хуралдаа оролцоод, саналаа өгөөд явдаг хуулийн зохицуулалттай улс, орнууд ч бий. Үүний цаад агуулга нь нэг зүйл дээр тогтож байдаг. Тухайн улс орны хууль тогтоох байгууллага хэн нэгний нөлөөнд орохгүйгээр шийдвэр гаргах чадамжтай, хараат бус байдлаар үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай гэсэн зарчим л оройлж байгаа юм. Манайд мөрдөгдөж байгаа хуулиар УИХ-ын гишүүн хэрэг хийж байгаад газар дээрээ баригдвал шууд баривчлагдаж, шүүхээр ордог. Ийм тохиолдолд асуудлыг нь заавал УИХ-аар авч хэлэлцэх шаардлагагүй. Түрүүн хэллээ, зарим улс оронд УИХ-ын гишүүн дээр хэрэг нээж, шалгахыг хориглодог гэж. Манайд бол ийм хуулийн зохицуулалт байхгүй. Хэрэг нээж шалгах нь чөлөөтэй байгаа. Парламентын тогтолцоотой болсноос хойш өдийг хүртэл УИХ-ын цөөнгүй гишүүдийг түдгэлзүүлэх асуудал орж ирж байсан. Гэхдээ ихэнх тохиолдолд парламентын дархлаа, УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг утгаараа түдгэлзүүлэхгүйгээр шалгуулж ирсэн байдаг. Түдгэлзүүлэхгүйгээр шалгагдаад, хэрэг нь илрээд шүүхээр ял аваад явсан тохиолдол ч бий. Өнөөдөр ч гэсэн УИХ-ын гишүүд түдгэлзүүлэхгүйгээр шалгагдаад л явж байгаа.

-Эдийн засгаа тэлж, нэмэгдүүлэхэд экспортын бараа бүтээгдэхүүний гаралтаа нэмэгдүүлэх ёстой гэдэг. Харамсалтай нь бид урд, хойд хөрштэйгөө хил, боомтын асуудлаа санасан хэмжээндээ шийдвэрлэж чадахгүй байна. Үнэхээр Засгийн газар холбогдох албан тушаалтнууд нь ажлаа хийж чадахгүй байна уу. Эсвэл биднээс хамаарахгүй хүчин зүйлүүд байна уу?

-Засгийн газрын дэвшүүлсэн зургаан том бодлогын хамгийн эхэнд боомтуудын нэвтрэх чадамжийг нэмэгдүүлэх асуудал байгаа. Тэгэхээр энэ чигийн бодлого байна уу байна. Хийгдэж байгаа зүйл байна уу, байна. Би бол Засгийн газрыг бололцооныхоо хэмжээнд ажиллаж байгаа л гэж үздэг. Монгол Улсын хувьд Засгийн газар нь шийдвэр гаргачихад л бусад улс орны Засгийн газар дэмжчихдэг, улмаар асуудал шийдэгддэг зүйл гэж байхгүй. Хөрш улсуудын хувьд ч тэр бусад орнуудын хувьд өөрсдийн бас сонирхол, эрх ашиг гэж байна. Монгол Улсыг хөгжүүлье гэж бодож байна уу, энэ улсын эдийн засаг хурдхан хөл дээрээ босоосой, үүнд бид бүх талаараа тусалъя гэж боддог нэг ч улс байхгүй. Хятад улсын хувьд монголчууд хэцүүдлээ манайх ковидтой ч гэсэн хил боомтуудаа нээж Монголын эдийн засгийг дэмжих ёстой шүү гэж юуны түрүүнд бодохгүй. Тэр утгаараа Монголоос шалтгаалдаггүй асуудал олон бий. Би нэг л зүйлийг хэлье. Монгол Улсын хувьд хоёр хөрштэйгөө байнга ярьдаг нэг л сэдэв бий. Тэр нь худалдаа, наймаа, эдийн засгаа харилцан ашигтайгаар хэрхэн хөгжүүлэх вэ, ямар боломж байна гэдгийг л ярьдаг. Хятад улсын хувьд нэг хэсэг тэг ковид гэдэг бодлого барьж байсан бол одоо үүнийгээ сулруулах бодлого баримталж байгааг олон улс судлаачид ярьж байна. Тухайн улс тэг ковид бодлого барьж ирснээр эдийн засгийн өсөлт нь удааширсан зүйлүүд байна. Тиймээс энэ бодлогоо сулруулж, зарим талаараа нээлттэй болж эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэхгүй бол болохгүй гэсэн ийм бодлогыг Хятадын улс төр нь өөрөө шаардаж байгаа юм билээ. Энэ бол бидэнд их нааштай сайн мэдээ. Тиймээс хилийн гацаа, боомтуудын нэвтрэх чадвар цаашид илүү нэмэгдэх болов уу гэсэн хандлага ажиглагдаж байна.

-Хэмнэлтийн хуулийг УИХ саяхан баталчихсан. Хэмнэхэд заавал хууль шаардлагатай байсан уу гэдэг өнцгөөр зарим гишүүд байр сууриа илэрхийлж байсан шүү дээ. Таны хувьд уг хуулийн ач холбогдлыг ямар байдлаар дүгнэж байна вэ?

-Хэмнэлтийн хууль Төсвийн хуультай хамт орж ирсэн. Төсөв бол заавал хуулиар батлагддаг. Төсөв гэдэг өөрөө хууль. Тэр утгаараа төсөв дагаж орж ирсэн учраас Хэмнэлтийн хуулийг бид баталсан. Уг хуулийн төсөл Засгийн газраас орж ирсэн. Засгийн газар анх оруулж ирсэн санаагаараа уг хуулиа батлуулж чадаагүй. Хэмнэлтийн хуулийн олон заалтууд унасан шүү дээ. Үүнийг нөгөө л нэг тогтолцооны асуудал нөлөөлж байна гэж харж байгаа.

-Төсвийн дарамтын асуудал дээр таны байр суурь ямар байна. Цаашид ер нь алдагдалгүй төсөв батлах боломж бий юү?

-Алдагдалгүй төсөв батлах боломж хэзээд ч бий. Яг олдог орлогынхоо хэмжээнд зарлагаа тооцож байгааг л алдагдалгүй төсөв гэдэг. Тэгэхээр жил бүр төсвийн хуулийн хүрээнд энэ жил бидэнд юу хэрэгтэй вэ, юуг бүтээн байгуулах вэ гэдэг дээрээ л санал нэгдэх хэрэгтэй. Үүн дээрээ санал нэгдэж чаддаггүй, улмаар тал тал бүрдээ бүтээн байгуулалтын ажил хийнэ гэсээр байгаад л алдагдалтай төсөв болж хувирдаг. Энэ нь нөгөө л сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудал. 1980-аад оны сүүлээр Румын улс гадаад өрөө дарах бодлогыг идэвхтэй явуулж, дотооддоо хэмнэж болох бүх зүйлээ хэмнэж, тэвчиж болох зардлуудаа тэвчсэн. Улмаар гадаад өрөө дарсан ч дотоодын эдийн засаг, ард түмнийх нь амьдрал эрс муудаж, дампуурлын ирмэгт орж байсан түүхтэй. Энэ утгаараа бид бүх зүйлээ тэвчээд хэмнээд гадаад өрөө дарах уу, эсвэл алдагдалтай ч гэсэн зарим зүйлээ хийгээд ирээдүйд нөхцөл байдал сайжирна гэж төсөөлөөд эдийн засгаа тогтвортой байлгах уу гэдэг сонголтыг л хийх шаардлагатай. Ирэх жил дотооддоо ямар ч бүтээн байгуулалт хийхгүй, төсвөөс гарах зардлаа бүгдийг нь өрөө дарах асуудал руу чиглүүлье гэж бодъё. Тэгвэл бид өрөө богино хугацаанд дарах боломжтой. Гэвч энэ хооронд улс орны эдийн засгийн байдал, ард түмэн, нийгмийн амьдрал ямар болох вэ гэдгээ маш сайн тооцож үзэх ёстой юм.

-Ирэх жилээс төсөвт нэлээд их хүндрэлтэй асуудал гарч ирнэ. Гадаад өр төлбөрүүдийн эхний төлөлтүүд хийгдэж эхлэхээр байгаа шүү дээ. Эдгээр асуудалд УИХ ямар байдлаар ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Ганцхан ирэх жил ч биш л дээ. Ойрын гурван жилдээ их хэмжээний гадаад өрөө төлөх ёстой. Гаднаас хэтэрхий их зээл аваад түүнийгээ оновчтой зарцуулж чадаагүйгээсээ болоод асуудалд унаж байгаа улс орнуудын жишээ цөөнгүй бий. Тиймээс ийм хэмжээнд орчихгүйн тулд яах ёстой, ямар бодлого, үйл ажиллагааг явуулах шаардлагатай вэ гэдгээ тал талаасаа сайн ярилцах ёстой юм. Нөгөөтэйгүүр нийгмээрээ ойлгож, тэвчих ёстой зардлаа тэвчих шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм

Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn

Том оврын автобусны холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэнтэй нийтийн тээврийн асуудлаар ярилцлаа.


-Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нийтийн тээврийн парк шинэчлэлтийн асуудлыг шийднэ гэлээ. Ингэхдээ эхний ээлжинд 590 орчим автобусыг оруулж ирэх болсон талаараа хэллээ. Үүнд хувийн хэвшлийнхэн ямар байр суурьтай байна вэ?

-Нийслэлийн удирдлагуудаас нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийж, эхний ээлжинд 590 автобус оруулж ирнэ гэж ярьж байгаа. Гэхдээ эдгээр автобуснуудыг оруулж ирээд төр нь авах уу, хувийн хэвшил нь авах уу. Эсвэл төр, хувийн хэвшил хамтрах уу гэдэг асуудлаа огт яриагүй. Бидний зүгээс төр өөрөө зуун хувь авах гэж байна уу гэж харж байгаа. Төрийн автобус компани 2009 онд 200 гаруй автобусаар нэг шинэчлэлт хийсэн. Яг төр өөрөө хариуцаад авъя гэвэл энэ 590 автобусыг шингээх, багтаах газар үнэндээ байхгүй. Дахин шинэ бааз, шинэ байгууллага байгуулж байж авах эсэх талаар мэдээлэл алга. Тээврийн газраас энэ асуудлаар тодруулахаар ямар ч мэдээлэл бидэнд өгдөггүй. Яг орж ирэхээрээ л асуудал нь шийдэгдэх байх даа. Энэ асуудлаар ажлын хэсэг байгуулсан гэдэг. Гэхдээ нэг ч хувийн хэвшлийнхэн ороогүй, оруулаагүй байна лээ.

-Тэгэхээр эдгээр 590 автобус орж ирлээ гэхэд байрлуулах гараж, баазын хүрэлцээ хаана нь ч хүрэхгүй гэж ойлгож болох уу?

-Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ. Одоо байгаа 200 гаруй автобусаа яая гэж байж, дахиад 590-ийг оруулж ирнэ гэдэг бол хүндрэлтэй. Оруулж ирж болдог л байх. Оруулж ирээд гудманд зогсоох юм уу. Үнэхээр зориулалтын бааз, гараж төрд байхгүй. Тиймээс хувийн хэвшилдээ өгөөч, хувийн хэвшилтэйгээ хамтраач гэж байгаа юм. Яагаад хувийн хэвшлээ сонсдоггүй юм бэ. Өнөөдөр хувийн хэвшлээ дэмжье гэдэг. Гэтэл төр өөрөө хувийн хэвшлээ сүйрүүлдэг үзэгдэл цөөнгүй боллоо.

Автобус-III компани өөрийн гэсэн гараж савгүй ч болсон. Төрийн энэ компани хувийн хэвшлийн компанийн гараж түрээсэлж автобуснуудаа байршуулдаг, засвар үйлчилгээгээ хийлгүүлдэг. Бодит байдал дээрээ ийм байж, яаж дахиад энэ олон автобусаа шингээх юм бүү мэд. Харин хувийн хэвшилтэйгээ хамтарч байж л энэ асуудлыг шийдэж чадна. -Нийтийн тээврийн салбар угтаа алдагдалтай салбар гэж ярьдаг. Ийм хүнд үед хувийн хэвшлээ дэмжих нь битгий хэл хамтарч ажиллахгүй байгааг та юу гэж харж байна?

-Энэ салбар алдагдалтай гэдэг нь үнэн. Ийм алдагдалтай салбарыг төр бүрэн хариуцаад цааш явна гэвэл улам л дордоно, улам л алдагдал хүлээнэ. Харин хувийн хэвшил дээр ирсэн салбар алдагдал нь багасаж, улмаар ашигтай болж хөгждөг. Өнгөрсөн жилийн сүүлээр төрийн өмчит компаниудын алдагдал, өр төлбөр гэж 6.3 тэрбум төгрөгийг энэ оны төсөв дээр суулгуулаад гаргаж авах жишээтэй. Хувийн хэвшилд ийм зүйл байхгүй, өр үүсээд л яваад байгаа. Төрийн компани гэхээрээ өрөө татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлээд байж болохгүй санагддаг. Ийм сонин тогтолцоо төрийн өмчит компаниудад байдаг. Үүнийгээ одоо болих хэрэгтэй. Нөгөөтэйгүүр смарт картын орлого жилээс жилд буурч байгаа.

-Ер нь бол нийтийн тээврийн парк шинэчлэлтийн асуудлыг шийдвэрлэх нь зөв шүү дээ. Гэхдээ яаж, ямар аргаар гэдэг нь чухал байх шиг байна, тийм үү?

-Парк шинэчлэлтийг дэмжиж байгаа. Цаг үе нь ч тулчихсан. Гэхдээ нэг зүйл хэлье. Төрийн автобус компани шинэчлэлт гэж хийдэггүй. Харин хувийн хэвшилд явж байгаа автобуснууд бүгд шинэчлэгдэж байдаг. Тухайлбал, хорин автобустай компани энэ жил тав нь хасагдлаа гэхэд БНСУ-аас дахиад тавыг оруулах зарчмаар жил бүр сэлбээд л явдаг. Харин төрийн компани ийм шинэчлэлтийг огт хийдэггүй. Элэгдэлд орлоо гээд улсаас мөнгө бодуулж аваад түүнийгээ өөрсдөө идэж уугаад л дуусгадаг. Ийм нэг дампуу тогтолцоо байна. Ингээд арван жил болоход нэг ч автобус шинэчлэх мөнгөгүй гээд л сууж байдаг. Төр, хувийн хэвшлийн ялгаа энэ л юм. Бид нэг автобусыг өмнө нь 80 орчим сая төгрөгөөр оруулж ирдэг байсан. Одоо төгрөгийн ханш, долларын ханш ямар байгаа билээ. 80 саяд орж ирэх автобус байхгүй л болсон шүү дээ.

-Нийслэлийн Засаг даргын яриад байгаа 590 автобусыг хаанаас хэдэн төгрөгөөр оруулж ирэх гэж байгаа юм бол. Танд энэ талаар мэдээлэл байна уу?

-Ямар ч мэдээлэл алга. Яагаад гэвэл энэ асуудлаа төрийн байгууллагууд нууцалдаг. Асуухаар мэдэхгүй гэдэг. Засаг даргатай нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хэсэг байгуулсан юм гэнэ лээ. Үүнд манай хувийн хэвшлийнхэн огт ороогүй. Дандаа төрийн компаниуд л орсон. Нийтийн тээврийн салбар хувийн хэвшлийн нуруун дээр л явж байгаа. Гэтэл энэ салбартай холбоотой ийм чухал зүйл ярьж байж яагаад хувийн хэвшлээ сонсохгүй, тэдний санаа бодлыг ойлгохгүй, хүлээж авахгүй байгааг гайхаж байна. Энэ утгаараа цаашид төр дангаараа нийтийн тээврээ авч явах юм байна гэсэн ойлголтод хүрсэн. Энэ мэт асуудлаа Засаг даргатай уулзаж, ярилцъя гэхээр биднийг огт хүлээж авахгүй, уулзуулахгүй байна. Үнэхээр уулзаж, санал бодлоо солилцож, асуудлаа яримаар байна.

-Таныхаар бол оруулж ирэх гэж байгаа 590 автобусны ядаж 300-г нь хувийн хэвшилдээ өгөөч ээ гэдэг саналыг хэлж байна. Хэрэв хувийн хэвшилд тодорхой тооны автобусыг өглөө гэхэд төлбөр мөнгийг нь хэрхэн зохицуулах ёстой вэ?

-Хувийн хэвшилд автобус олголоо гэхэд төлбөр мөнгийг нь буцааж өгөх олон арга бий. Түрээслүүлэх, эзэмшүүлэх зарчмаар төлбөрийн асуудлыг шийдэж болно. Төр сургууль барьчихаад буцаагаад мөнгийг нь авъя гэдэггүй. Түүнтэй адилхан түрээсээ төлөөд явах боломжтой. Би нэг л зүйлийг хэлье. Сүүлийн 30 жил нийтийн тээврийг нуруундаа үүрэлцэж яваа хувийн хэвшлийнхнийг орхих бол ёстой салбарын хямрал болно. Дахин хэлэхэд, төрд 590 автобус битгий хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж гэж байхгүй. Тиймээс хувийн хэвшилтэйгээ хамтраач ээ. Нийтийн тээврийн асуудлыг цогцоор нь шийдье л гэж бодож байгаа бол хувийн хэвшилтэйгээ л хамтарч, дэмжих ёстой. Түүнээс гадна нийтийн тээврийн салбарт тулгамдаж байгаа нэг том асуудал бол ажиллах хүчний нөөц багассан явдал. Нийтийн тээврийн жолооч олдохгүй байна. Хоёр ээлжээр ажиллах жолооч гэж байхгүй. Мөн засварчид, мэргэжлийн ажилчдын хомсдолд орсон шүү. Жолооч олдохоо больсон нийтийн тээврийн салбарт 590 автобус шинээр оруулж ирлээ гээд парк шинэчлэлт болчихгүй шүү. Жолооч олдохгүй, ажиллах хүчний нөөц хомсдолд орсон гэдэг бол ноцтой асуудал. Парк шинэчлэлтээс илүү асуудал. Мянган автобус авчирлаа гэхэд барих жолооч олдохгүй бол яах вэ. Тиймээс асуудлаа хувийн хэвшилтэйгээ сайн яриач. Бидний саналыг, бидний үгийг нэг сонсооч ээ гэж хэлье.