Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Батжаргал: Үндсэн хуулийн өөрчлөлтийг дорвитой хийх эсэх нь нийт иргэдийн хүсэл, идэвх, улстөрчдийн зориг, шударга байдлаас л хамаарна DNN.mn

Улс төр судлаач, хууль зүйн ухааны доктор Б.Батжаргалтай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тал бүрдээ ярьж байна. Зарим нь хийх шаардлагагүй гэх, зарим нь гадаад, дотоод нөхцөл байдалтайгаа уялдуулж хийх шаардлага бий хэмээн үзэж байна. Та хуульч хүнийхээ хувьд уг асуудлыг дэмжиж байна уу?

-Эрх зүйн орчин гэдэг нийгэм цаг үеэ дагаад улам сайжирч байх ёстой. Энэ бол хуулийн оршин байх гол эрчим хүч гэж ойлгож болно. Цаг үеэсээ хоцорчихсон хууль амьдралтай зөрчилддөг. Тэр утгаараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлага үүссэн учраас дэмжиж байгаа. Гэхдээ ямар өөрчлөлтийг хийх вэ гэдэг нь хамгийн чухал. Таны хэлснээр гадаад, дотоод нөхцөл байдал өөр болсон нь үнэн. Цар тахлын нөлөөлөл, олон улсын хямрал, дайн тулаан, янз бүрийн хориг гээд дэлхий ертөнц адармаатай байна. Энэ олон асуудал манай улсад томоохон нөлөөлөл үзүүлж байгаа юм. Орост тавьсан олон улсын хоригоос болоод бид хойд хөрштэйгөө өмнөх шигээ хамтран ажиллаж чадахгүй байна. Урд хөршийн цар тахлын бодлогоос болоод манай улсын бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт, боомтуудын нэвтрэх чадвар одоо ч олигтой дээрдсэн зүйлгүй байна. Тэр утгаараа нийгэмд нөлөөлж байгаа сөрөг үр дагавар, тэр дундаа нийгмийн харилцаанд илэрч байгаа эрх зүйн зөрчилтэй асуудлыг бид шинэчлэх, засварлах шаардлага бий болсон. Манай ард түмэн нэг зүйлийг сайн ойлгохгүй байна. Гадаад нөхцөл байдлаас шалтгаалж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг оруулах шаардлага байна уу гэж эргэлзэж байна. Байна, хамгийн ихээр байна. Манай улс хоёрхон л хөрштэй. Энэ хоёр улсын нөхцөл байдлаас болоод манай улсын эдийн засаг үндсэндээ хямралын байдал руу орсон шүү дээ. Тиймээс бид дотоод зохион байгуулалт, тогтолцоондоо өөрчлөлт оруулж байж энэхүү хямралыг богино хугацаанд даван туулах учиртай. Өөрөөр хэлбэл, улс төрийн тогтолцоогоо сайжруулах, боловсронгуй болгох шаардлагатай байна. Улс төрийн тогтолцоо зөв байж төрийн бодлого зөв явна. Төрийн бодлого зөв гарч байж улсын хөгжил, эдийн засгийн сэргэлт бодитоор бий болох боломжтой. Одоо манай улсын гадаад өр аюулын харанга дэгдээж байна. Энэ нь юунаас болсон бэ. Нөгөө л улс төрийн тогтолцооны гажиг, буруу шийдвэрээс болсон. Тиймээс л бид Үндсэн хуулиа өөрчлөх цаг нь болсон гэж хэлээд байгаа юм.

-Цагаан дээр хараар биччихсэн зүйлийг өөрчлөх амархан байх. Гэхдээ ард түмний эрх ашигт нийцсэн, улс орны хөгжлийг хурдасгах, зөв шийдвэр гаргах тэрхүү тогтолцоог бид бодитоор хийж чадах уу. Энэ өөрчлөлтийг улс төрийн хэсэг бүлэг нам, этгээдүүдийн сонирхол, эрх ашгийн хүрээнд хийгдэж байна гэж хардах хүмүүс цөөнгүй байна шүү дээ. Товчхондоо бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дорвитойхон хийж чадах уу?

-Үндсэн хууль гэдэг бол алганд багтсан Монгол Улс гэж багшийн хэлсэн үг уг өөрчлөлтийг хийх, хэлэлцэх цаг үед улам тод санагдаж, чихэнд сонсогддог. Тиймээс энэ удаагийн өөрчлөлтийг нийт иргэдийн гэхээс илүү улс төрийн хүрээнийхэн илүү хүсч байгаа гэдэг үнэн. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дорвитой хийх эсэх нь нийт иргэдийн хүсэл, идэвх, улстөрчдийн зориг, шударга байдлаас л хамаарна. Тэр утгаараа монголчууд бүгд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна уу. Энэ талаарх мэдээлэл ямар түвшинд, нийгмийн хэдэн хувьд нь хүрсэн эсэх талаар судалгаа, мэдээллийг маш сайн явуулах учиртай. Саяхан УИХ-ын гишүүд тойрогтоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх нь зөв үү, буруу юу гэдэг асуудлаар иргэдээс саналыг нь сонсчихоод ирсэн. Ерөнхий хандлагаар бол Үндсэн хуулиа өөрчлөхгүйгээр бусад асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй гэсэн иргэдийн байр суурь байна. Энэ бол иргэд бодитой мэдээллээс хол байгаагийн илрэл. Харин цөөнгүй иргэд зайлшгүй уг өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэж үзсэн байна лээ. Энэ бол мэдээлэлтэй, үнэхээр эрх зүйн орчин, улс төрийн тогтолцоог өөрчлөхгүй л бол бид цаашид явах, хөгжих ямар ч боломжгүй гэж харж байгаа иргэдийн үзэл бодол болов уу гэж судлаач хүнийхээ хувьд дүгнэж байна. Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн өөрчлөлтийг сүүлд 2019 онд хийсэн. Энэхүү өөрчлөлтийн төсөлд одоо яригдаж байгаа УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, давхар дээлийг хязгаарлахгүй байх, Ерөнхийлөгчийг парламентаасаа сонгох зэрэг заалтууд болон сонгуулийн тогтолцоог холимог болгож, ердийн хуулинд биш, Үндсэн хуульд оруулж өгөх зэрэг заалтууд тусгагдаж байсан. Харамсалтай нь тухайн үед эрх барьж байсан намын өөрсдийгөө бодсон шийдвэрээс болж ихэнх зүйл заалтууд нь татагдаж, нийгмийн сүлжээ буюу фэйсбүүкээр цацагдсан сайн, муу мэдээлэлд тулгуурлаж өөрчлөлтийг баталчихсан. Үүнд хуульч хүнийхээ хувьд үнэхээр харамсаж явдаг.

-Таныхаар тэгвэл эрх баригчид нийгмийн сүлжээнд тавигдсан сэтгэгдэл, хандалт ихтэй мэдээллээс шалтгаалж ямар нэгэн улс төрийн шийдвэрүүдээ гаргаж байна гэсэн үг үү?

-Эрх баригчид ч гэлтгүй юм бүхэн тийм л болчихлоо. Энэ маш буруу үзэгдэл. Нийгмийн сүлжээнд хэн нэгэн хүн хандалтаа ихэсгэх гэж ямар нэгэн мэдээлэл оруулдаг. Тэрхүү мэдээлэл нь үнэн ч байж болно, худлаа ч байж болно. Хамгийн аюултай нь тэрхүү мэдээнд судалгаа, дүн шинжилгээ, боловсруулалт гэж юу ч байдаггүй. Өнөөдөр үнэн харагдах мэдээлэл олон. Гэвч хэдэн сар, жилийн дараа тэрхүү мэдээлэл нийгэмтэй зөрчилдөж эхэлдэг. Энэ бол судалгаагүй бодит бус үнэн мэдээлэл гэж шинжлэх ухаан талаас нь үзээд байгаа шүү дээ. Тэгэхээр манай улстөрчид, эрх баригчид иймэрхүү мэдээлэлд итгэж, улс орны ирээдүйд заналхийлсэн шийдвэрүүдийг олон гаргадаг болсон. Төрийн шийдвэр гэдэг ямагт ирээдүйгээ харсан, өнөөдөртөө хэрэгжүүлэхэд хэцүү ч ирээдүйн сайн сайхны суурь болж өгөх ёстой тийм л бодлогыг баримтлах шаардлагатай. Ерөнхий сайд хэлдэг “Өнөөдөр давс мэт гашуун шийдвэрүүдийг гаргаж болно. Гэхдээ ирээдүйд бидэнд чихэр мэт амттай амьдрах боломж бүрдэнэ” гэж. Угтаа төрийн бодлого ингэж л гарах ёстой. Харамсалтай нь манайд сүүлийн гуч гаруй жил төрийн бодлого ямагт алдаатай гарч ирсэн. Үүнийхээ горыг бид өдөр бүр л амсаж байгаа. Цаашид энэ хэвээрээ явсаар л байвал Монгол Улс хөгшин хонины насгүй л боллоо гэсэн үг шүү. Тиймээс тогтолцоогоо доривтой, зоригтой өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ одоо байгаа ардчилсан нийгэм, ардчилсан тогтолцооноосоо бид хэзээ ч ухрах ёсгүй. Үүнийгээ сайжруулж улам боловсронгуй болгож, төрийн хүнд суртал, шийдвэр, авлига, төрөөс хулгай хийдэг тогтолцоог алга болгох шаардлагатай.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Ууганбаяр: С.В.Лавровын айлчлалыг эмзгээр хүлээж авахаас илүү олдож байгаа боломжийг Монгол Улс ашиглах хэрэгтэй DNN.mn

– ШАТАХУУН, ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНИЙГ ХОЁР ДАХИН БУУРУУЛАХ БОЛОМЖ ГАРЧ ИРСЭН –


ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүний айлчлалын албан ёсны мэдээлэл, хөтөлбөр гараагүй ч нийгэмд болон олон улсад өөр өөрсдийн тайлбар, үзэл бодлоор хүлээн авч буй юм. Тиймээс түүний айлчлалын талаар Олон улс судлалын доктор Н.Ууганбаяртай ярилцлаа.


-ОХУ-ын гадаад хэргийн сайд манай улсад айлчилж байна. Тус улсын эсрэг олон улс янз бүрийн хориг арга хэмжээ авч, хийж байгаа дайныг нь буруушааж буй энэ цаг үед айлчлал болж байна. Үнийг та судлаач хүний хувьд ямар байдлаар дүгнэж хэлэх вэ?

-Манай улс ардчилсан орон. Мөн хоёр том гүрний дунд буюу геополитикийн эмзэг бүсэд оршин тогтнодог улс. Тиймээс бид гадаад харилцаа, гадаад бодлогоо дэлхий дахинд тодорхой байлгах ёстой. Өөрөөр хэлбэл, төвийг сахисан үзэл бодлоосоо хэзээ ч ухарч болохгүй. Ардчилсан улс гээд ардчилсан бусад орнуудыг дагаад, тэдний үзэл бодол, бодлогоор явна гэж байхгүй. Тиймээс уг айлчлалыг дайн өдөөсөн улсын сайд ирж байна гэж огт харах хэрэггүй юм. Өмнө манай улсад С.В.Лавров олон удаа айлчилж олон асуудлын хүрээнд хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Нэг үгээр хэлбэл, Монголд элэгтэй сайд нарын нэг гэж үзэж болох юм. Энэхүү айлчлалыг мэдээж гадаад, дотоодын олон ажиглагчид, олон улс судлаачид, улс төрийнхөн, хэвлэл мэдээлэл гээд хөндлөнгөөс ажиглаж байгаа хүмүүс их байна. ОХУ, Украины хооронд болсон мөргөлдөөнөөс хойш манай улс олон улсын анхаарлын төвд орсон. Өөрөөр хэлбэл, ардчилсан орнуудын гадаад харилцаан дахь бодит туршилт болж байгаа орон гэж хэлэхэд хилсдэхгүй. Мөнхийн гэгдэх хойд хөрш нь олон улсын хэл амны бай болж байхад Монгол Улс ямар байр суурь илэрхийлж, гадаад бодлогоо хэрхэн явуулах нь уу гэж дэлхийн ардчилсан тогтолцоотой, ардчиллыг дэмждэг улс болгон харж байгаа. Тиймээс С.Лавровыг сайн хөршийн найрсаг харилцаагаар угтаж авсан нь бидний зол болно. Нөгөөтэйгүүр энэхүү айлчлал тодорхой төлөвлөгөөний дагуу болж байгаа. Түүнээс биш гэнэт манайхыг санаад ирчихсэн зүйл огт биш. Сүүлийн жилүүдэд манай улсын нутаг дэвсгэр геополитикийн хувьд ашигтай бүсэд хамаарах болсон. Тиймээс дэлхийн томоохон улс орнууд манайхыг сонирхож байна. Энэ сонирхол удаан үргэлжлэхгүй ч манайх үүнийг ашиглах ёстой. Орос манайхаар дамжуулан бусад улс орнуудтай харилцах гарц хайж байгаа. Хятад улс ч мөн эдийн засгийн томоохон зах зээл болсон Орос руу харилцах сонирхол өмнөхөөсөө ихэссэн. Энэ хоёр улсын гүүр болж байгаа бол тодорхой ашиг харах ёстой. Оросуудтай бид энэ цаг үеийг ашиглаад түлш, эрчим хүчний асуудлаа бодитой шийдвэрлэх хэрэгтэй. Хятадтай худалдаа эдийн засгийн харилцаагаа улам бүр төгөлдөршүүлж, өөрийн уул уурхайн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнээр экспортлох нь чухал. Ийм боломж бидэнд бий болсон. Мөн олон улсад ч Монгол Улсыг ашиглах сонирхол байна. Тэд Монголыг энэхүү дайныг бүх талаар дэмжихгүй байхыг уриална. Тиймээс л энэ асуудлаараа манай улсын Засгийн газар, Ерөнхий сайдтай уулзах урилга илгээсэн байна лээ. Удахгүй Ерөнхий сайд барууны орнуудаад явна байх.

-Яг ямар учраас энэ шуугиантай цаг үед манай улсад айлчилж байгаа юм бол?

-Албан ёсны хөтөлбөрийг нь нууцалж байгаа гэж сонссон. Үүнийг нууцлах ёсгүй. Гадаад харилцаа нууц байх тусмаа асуудал дагуулдаг, бусдын харыг ихэд төрүүлдэг. Тиймээс бүх хөтөлбөр, үйл ажиллагаа, ярьж хэлж байгаа зүйлсийг олон нийтэд ил байлгах ёстой. Тэр дундаа олон улсын анхаарлын төвд болж байгаа энэхүү айлчлалыг өмнөхөөсөө илүү ил тод, шилэн байлгах шаардлагатай юм. Миний харж байгаагаар манай улсаас тусламж гуйж ч юм уу, эсвэл бидэнтэй нэгдэж дайныг дэмжээрэй гэж ирээгүй нь тодорхой. ОХУ-д тавьсан олон улсын хориг арга хэмжээнүүд тус улсын эдийн засагт асар хүндээр нөлөөлж байгаа. Тиймээс манай улсаас хүнсний болон хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн, уул уурхайн бүтээгдэхүүн авах, худалдаагаа нэмэгдүүлэх зорилготой. Нөгөөтэйгүүр Монгол Улс ардчилсан улс. Тэр утгаараа ОХУ ардчилсан улс орныг бүгдийг нь Америк шиг үздэггүй шүү гэсэн нотолгоог манайхаар дамжуулан олон улсад хүргэх гэсэн зорилготой байж мэднэ. Түрүү хэлсэн, ОХУ-д тавьсан хоригуудаас болоод тус улсын эрчим хүч болон түлш, нефтийн эрэлт багассан. Тиймээс манай улстай шатахуун болон эрчим хүчний нийлүүлэлтийг өмнөхөөсөө хэд дахин илүү нэмэгдүүлэх боломжийг хайж ирж байгаа байх. Монгол, Оросын гадаад худалдааны хэмжээ өнгөрсөн оны байдлаар 1.9 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний 1.2 тэрбум ам.доллар нь ОХУ-аас худалдаж авдаг шатахуунд зарцуулагддаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын шатахууны хэрэглээний 90 хувийг Оросоос, “Роснефть”-ээс хангадаг. Хамгийн өндөр үнээр оросууд монголчуудад шатахуун нийлүүлж ирсэн. Энэ утгаараа нэг хардах зүйл байна. Тухайлбал, Эгийн гол болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжээд эхэлчихсэн энэ цаг үед уг төслүүдийг бүрмөсөн зогсоох асуудлыг ярихыг ч үгүйсгэхгүй. Орсоос шатахуун, эрчим хүч авч байгаа томоохон худалдан авагчдын нэг яах аргагүй Монгол Улс. Тиймээс худалдан авагчаа алдахгүйн тулд тогтмол хугацаанд иймэрхүү айлчлал хийж л байдаг. Нөгөөтэйгүүр бид ОХУ ямар далд санаа, зорилготой байсан ч С.В.Лавровыг шууд хөөгөөд явуулчихаж болохгүй. Энэ бол Монголыг олон улсад бүр ч муухай харагдуулахын зэрэгцээ ОХУ-ын хоригт орох өндөр эрсдэлтэй. Тиймээс түрүүний хэлсэн төвийг сахисан бодлогоосоо хэзээ ч ухарч болохгүй. Төвийг сахилаа гээд өмнө нь бөхөлзөөд хэлсэн үгээр нь явна гэж бүр ч байхгүй.

-Та түрүүн хэллээ, хоригоос ОХУ-д зарим бараа бүтээгдэхүүний илүүдэл үүссэн гэж. Тэгвэл манайд шатахуун болон эрчим хүчээ хямд үнээр, гэхдээ өмнөхөөсөө илүү худалдан авахыг санал болгох гэж ирсэн гэж үү?

-Яг тэгж тодорхой хэлж чадахгүй. Гэхдээ ОХУ-аас шатахуун болон эрчим хүч авдаг улс орнууд олон улсын хоригоос болоод энэхүү худалдаагаа зогсоогоод байгаа. Тиймээс энэ бүтээгдэхүүний хувьд илүүдэл үүсч байгаа нь тодорхой. Манайх шиг эрчим хүч, шатахууны асар их хэрэглээтэй оронд үнийн дүнгээ багасгаж, хэмжээгээ нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй. Дайн ашигтай нөхцөл байдлыг бас бий болгодог гэж ярьдаг. Энэ үнэн бол бид одоо л Оросыг ашиглаж, авч байгаа бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, С.В.Лавровын айлчлалыг эмзгээр хүлээж авахаас илүү олдож байгаа боломжуудыг Монгол Улс ашиглах шаардлагатай байна. Оросын экспортын хэмжээ сүүлийн хоёр жил огцом буурлаа. Экспортын голлох бүтээгдэхүүн болох шатахуун, эрчим хүчний илүүдэл тус улсын эдийн засгийн томоохон асуудал болоод байна. Тиймээс энэ байдлыг нь бид ашиглаад одоо авч байгаа шатахуун, эрчим хүчний үнээ хоёр дахин хямдаар авах боломж гарч ирлээ шүү дээ. Орос бусад орнуудад шатахуун, эрчим хүчээ дэлхийн зах зээлийн ханшаас доогуур үнээр экспортолдог атлаа манай улсад байж боломгүй өндөр үнээр бүтээгдэхүүнээ худалдаалж байсан. Тиймээс энэ байдлыг нь болиулах боломж бидэнд гарч ирээд байгаа юм. Нөгөөтэйгүүр ОХУ түүхэнд байгаагүй хамтран ажиллах саналаа энэ цаг үед бидэнд санал болгоно. Бидний юу хүссэнийг үг дуугүй биелүүлэх боломж гэж судлаачид бид харж байгаа. Харин бид Оросын найр тавьж байгаа занд нь хэт шунах хэрэггүй. Яг энэ цаг үеийг бид ашиглаж чадахгүй бол цаашид Монгол Улс гадаад харилцаанаас их зүйл горьдоод хэрэггүй биз дээ. Үнэндээ энэхүү айлчлал Монгол Улсын гадаад бодлогын хувьд түүхэн айлчлал болно. Одоо л манай улсын гадаад харилцааны яам, төрийн бодлого гэж ямар байдгийг харах цаг. Энэхүү айлчлалын дараа Монгол Улсын гадаад харилцаа нэг бол дэлхийд үнэлэгдсэн үлгэр жишээ болно. Эсвэл олон улсын хориг арга хэмжээнүүд манайх руу чиглэхийг үгүйсгэхгүй. Юутай ч айлчлалаас айх ч хэрэггүй, үзэн ядах ч хэрэггүй.

-С.В.Лавровын айлчлалын хүрээнд зарим улс төрийн нам, бүлэглэлүүд эсэргүүцэж жагсаал зохион байгууллаа. Энэ талын мэдээллийг С.Лавров авч л байгаа. Иймэрхүү байдал Монгол Улсын гадаад харилцаанд нөлөөлөх үү?

-Ардчилсан улсад иймэрхүү үзэгдэл цөөнгүй болдог. Тиймээс энэ байдлаас болоод Монгол Улсын төр бидэнд ингэж хандаж байна гэж бодохгүй. С.В.Лавров болон ОХУ ч энэхүү байдлыг зөвөөр ойлгоно. Харин манайд үүнийг эсэргүүцэж жагсаж байгаа нь ардчилсан орны иргэдийн эрх. Тиймээс үүнийг нь хориглох ч юм уу, эсэргүүцэх, ийм зүйл болсонд уучлаарай гэж гуйх бүр ч хэрэггүй. Мэдээж харилцаанд тааруу уур амьсгал үүсгэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ улс хоорондын харилцаанд энэ асуудал огтхон ч нөлөөлөхгүй. С.В.Лавровын айлчлалын хүрээнд хийн хоолойн асуудлыг хөндөж ярьсан. ОХУ-тай дайнаас бусад олон асуудлыг бид ярилцаж шийдвэрлэх цаг хэдийнэ болсон. Тиймээс зөвхөн дайнаас болж манай улсад айлчилж байна гэж үзэж болохгүй юм.

-Дайн гэснээс С.В.Лавров сайд манай улсыг өөрийнхөө улстай адилхан үзэл бодолтой байгаа тухай ярьсан. Үүнийг манай улсын өмнөөс байр сууриа илэрхийллээ хэмээн олон нийт шүүмжилж байна. Судлаач хүний хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?

-Дайныг жижиг, том гэж хэлдэггүй. Тиймээс тухайн улсад дайн болж л байгаа бол энэ нь тус улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засаг гээд олон зүйлд нөлөөлж байгаа. ОХУ том гүрэн учраас дайнд шарх авахгүй гэсэн зүйл байхгүй. Тэр утгаараа ОХУ дотроо дайнаас болж хагарал, бутрал, янз бүрийн сөрөг нөлөөллүүдийг амсаж л байгаа. Тиймээс бусад орны дэмжлэг туслалцаа том гүрэн гэлтгүй хэрэг болно. С.В.Лавровын хэлсэн үгэнд эмзэглэх хэрэггүй. Тэр манай улсын өмнөөс байр сууриа илэрхийлсэн зүйл байхгүй. Бид хичнээн том улс ч гэлээ үнэхээр их ганцаардаж байна гэдэг агуулгаар хэлсэн болов уу. Өөрөөр хэлбэл, ОХУ том гүрэн ч дайны талбарт үнэхээр ганцаардаж байгаа гэсэн үг. Миний ойлгосноор ОХУ-ын гадаад харилцаа түүхэнд байгаагүйгээр хямралтай байгаа гэсэн. Гадаад айлчлал баруун тийшээ зогссон. Тиймээс энэхүү байдлаас гарахын тулд хүнд хэцүү байсан ч гадаад айлчлалаа явуулах нь чухал гэж үзэж байгаа байх. Тиймээс л манай улсаас энэхүү айлчлалаа эхэлж байгаа болов уу.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Эрхэм уншигч танд 7000 дахь дугаараа эрхлэн толилуулж байна DNN.mn

Монголын хамгийн олон захиалагч, уншигчтай өдөр тутмын чөлөөт хэвлэл “Өдрийн сонин” эрхэм уншигч танд 7000 дахь дугаараа ийнхүү хүргэж байна. Улс орны дотоодод болон дэлхий дахинд болж буй мэдээ, мэдээллийг цаг алдалгүй бодит эх сурвалж болгон биднээс үргэлж хүлээн авдаг уншигч, хамтран ажилладаг байгууллага та бүхэндээ талархъя.

“Өдрийн сонин” өглөө бүр тантай хамт байсаар ийн 7000 дахь дугаараа үдэж байна. Эрхэм уншигч, харилцагч та бүхэн улс төр, эдийн засаг, нийгэм, соёл урлагийн шинэ содон сурвалжилга, мэдээ, мэдээллийг бодит эх сурвалжтайгаар манай сониноос унших боломжтой билээ. Манай сонин цаг үетэйгээ бодлого зохион байгуулалтаа уялдуулж, залуучуудад болон гадаадад суугаа монголчууддаа зориулж цаасан сониноо цахимжуулаад удаж байна. Шинэхэн уншигч та www.DNN.mn сайтаар орж “Цахим сонин” хэсгээр нэвтэрч орсноор манай сонины өдөр бүрийн шинэ дугаарыг хаанаас ч үл хамааран унших боломжтой билээ.

Бидний эргэн тойронд бодит эх сурвалжгүй худал үнэн нь мэдэгдэхгүй мэдээллийн асар их эргэлт бий болсон. Тиймээс зөвхөн үнэн бодит, найдвартай эх сурвалжтай мэдээллийг “Өдрийн сонин”-оо захиалж уншсанаар авах боломжтой билээ. Дэлхийн хэвлэл мэдээллийг тодорхойлогч байгууллагууд мэдээллийн баттай эх сурвалжаар мэргэжлийн редакцтай, өдөр тутмын сонин хэвлэлийг онцолж байна. Орчин цагийн соёлт хүмүүний хандлага ч цаасан хэвлэл рүү буцаж байна. Тиймээс энэ цаг үеийн боловсролтой, соёлтой иргэн та өдөр тутмын сонины тэр дундаа хүний эрхийг хөхиүлэн дэмжигч “Өдрийн сонин”-оо захиалан уншаарай.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Зоригт: Үндсэн хуульд улс төрийн бодитой өөрчлөлтүүдийг хийж өгснөөр Монголын төр томоор хардаг, сэтгэдэг болно DNN.mn

УИХ-ын гишүүн асан Мөнхчулууны Зоригттой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ярилцлаа.


-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийгээд удаагүй байгаа ч дахиад өөрчлөх асуудлыг нийгэм даяараа хэлэлцэж байна. Үүнийг та улстөрчийнхөө хувьд, иргэн хүнийхээ хувьд ямар байдлаар харж, дүгнэж байна вэ?

-Одоо хийх гэж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтүүдийн санаа, зорилгыг нь дэмжиж байгаа. Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлт болгон дээр тухайн цаг үеийн байдал, нөхцөл боломжид нь тааруулж, зүйл заалтууд, иргэдийн санал шаардлагыг хийж хэрэгжүүлдэг л байсан. Тэр утгаараа одоо өөрчлөх гэж байгаа асуудал бол зайлшгүй цаг хугацаа, дэлхий нийтийн нөхцөл байдлаас үүдсэн шалтгаанууд байгаа учраас уг өөрчлөлтийг хийх шаардлагатай гэж харж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын тусгаар тогтнол, өөрөө өөрийгөө тодорхойлох эрх, эрх чөлөөг баталгаажуулах шаардлага бий болсон.

-Парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан хүний хувьд энэ удаагийн өөрчлөлтөд яг ямар заалт, зүйлийг нэмэх шаардлагатай гэж харж байгаа юм бэ?

-Өмнө батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтүүд болон эцэг хуулийг дагаж гардаг хуулийн хүрээнд нэг зүйл ажиглагдаж байгаа юм. Тэр нь бидний өнөөг хүртэл төрөө тохинуулж ирсэн арга барил ерөөсөө санасанд хүрэхгүй явж ирсэн.

Тухайлбал, УИХ-ын 76 гишүүнтэй, үүнийгээ мажоратороор сонгодог тогтолцоо, 76-уулаа улстөрждөг гэх мэт. Мөн ард түмнээсээ Ерөнхийлөгчөө сонгочихдог. Сонгогдсон Ерөнхийлөгч нь парламенттайгаа нийлэх үедээ нийлж, садаа болох үедээ садаа болж ирсэн нь өөрөө тогтолцооны асуудал. Нөгөө төрөө тохинуулж чадахгүй байгаагийн илрэл шүү дээ. Нэг л зүйлийг хэлэхэд, Монгол Улс сонгуулиа хийж чадахгүй бол мөхнө шүү. Тэгэхээр хамгийн түрүүнд бид сонгуулиа зөв, шударга, тохирсон тогтолцоо, системээр хийх шаардлагатай.

Сонгуулиа хийж чадаж байж нийт монголчуудын сэтгэл санааг илэрхийлсэн бодлого төр засаг бий болно. Өнгөрсөн ардчиллын хугацаанд өөрийнхөө бор толгойгоор мэдээд төрөө тохинуулах, сонгуулиа хийх гэж олон янзын хэлбэрийг туршсан. Хоёр парламент буюу Ардын их хурал, Улсын бага хуралтай ч байж үзлээ.

Одоо энэ Үндсэн хуульд дэвшүүлж байгаа санаа бодлоор бол заавал мөнгөтэй хүн сонгогдоод байхгүй. Олон нийтэд өөрийнхөө хийсэн үйл явдлаа таниулсан, нэр төртэй хүн гараад ирэх боломжтой. Энэ цаг үе эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалаад олон мянган иргэд гадаадад амьдарч байна. Эдгээр хүмүүс ч гэсэн Монголоо сайхан болгочих юмсан гэж санаа сэтгэл нь зовж байгаа. Бүх насаараа гадаадад амьдрахыг хүсэхгүй байгаа шүү дээ. Тиймээс эдгээр хүмүүст сонгох боломжийг маш сайн олгож өгөх хэрэгтэй.

-Таныхаар тэгвэл Ерөнхийлөгчийг парламентаасаа сонгодог болох ёстой гэж ойлгож болох уу. Энэ үнэхээр чухал уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бүх нийтийн эв санааны илэрхийлэл байх ёстой. Тэр утгаараа парламентаас сонгогдож болно. Парламент гэдэг бол бага ард түмэн шүү дээ. Тиймээс одоо өөрчлөх гээд байгаа Үндсэн хуульдаа Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог болно гэсэн заалт оруулж ирж, ийм санаа гаргаж байгаа нь маш чухал. Одоо бол нийт ард түмнээрээ сонгуулж байгаа. Энэ бол Засаглалын гажиг. Үүнийг шийднэ гэдэг чухал байна. Энэ мэт улс төрийн бодитой өөрчлөлтүүдийг хийж чадсанаараа эдийн засгийн болон бусад томоохон асуудлыг шийдвэрлэж чадна. Одоогийн энэ 76 иймэрхүү асуудалд толгой нь хүрэхгүй. 76-гийн зовлон нь ердөө энэ. Эдгээр нөхдүүдэд сургуулийн дээвэр, малчдын хашаа, хорооноос авахуулаад бодох, хийх ажил их байдаг. Үндсэн хуульд улс төрийн бодитой өөрчлөлтүүдийг хийж өгснөөр Монголын төр томоор хардаг, сэтгэдэг болно.

-Олон улсын нөхцөл байдлаас үүдэж Үндсэн хуулиа өөрчлөх ёстой гэж ярьсан. Та үүнд тодорхой тайлбар өгөхгүй юү?

-Өнөөгийн дэлхий ертөнцөд тэр дундаа хүн төрөлхтний өмнө томоохон асуудлууд хаалга тогшиж байна. Зарим нь ч хаалга тогшихгүйгээр орж ирлээ шүү дээ. Тухайлбал, дэлхий нийтийг хамарсан цар тахал одоо ч дуусаагүй байна. Олон улс дахь хил гаалийн зөрчил, үзэл санаа, эдийн засгийн дайн хурцадмал байдал руу орлоо. Эхнээсээ ОХУ болон Украин улсууд хоорондоо дайтаад эхэллээ. Үүнийгээ дагаад олон улсын хориг арга хэмжээнүүдийг манай хойд хөршид авч эхэлсэн. Эдгээр хоригуудын нөлөөлөл болон цар тахлын нөлөөлөл манай улсын эдийн засаг, эрх зүйн орчин, нийгмийн амьдрал, бүтэц зохион байгуулалт гээд маш олон зүйлд өөрчлөлт оруулсан. Тиймээс цаг үе амаргүй болж өөрчлөгдсөн энэ байдлаасаа хамаараад Үндсэн хуулиа өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Нөгөөтэйгүүр ОХУ Украин руу шууд халдан довтолж байна. Үүнээс нэг зүйл маш тодорхой ажиглагдаж байгаа юм. Тэр нь манай мөнхийн сайн хойд хөрш, ах нар маань манайх руу довтлоод ороод ирэхийг үгүйсгэхгүй юм. Украин руу орчихож байгаа юм чинь манайх руу ч орж мэднэ. Тиймээс энэ асуудал бол манай улсын тусгаар тогтнолтой шууд холбоотой асуудал. Бид айж, сэрэмжлэх ёстой. Азтай шалтгаан нь манай урд, хойд хөршүүдийн төрөө тохинуулж байгаа тогтолцоо нь өөр юм. Тиймээс бид юуны өмнө сонгуулиа маш сайн хийж сурах цаг нь болсон. Сонгуулиа л сайн хийчихвэл төрийн эрх барьж байгаа улсуудыг түргэн, шударгаар солиод байх боломж нээгдэнэ. Байнга сольж байх нь их зүгээр. Тухайлбал, В.Путин манай 76-гийн толгойг эргүүлчихлээ гэж бодоход дараагийн шинэ хүнийг бид зөв тогтолцоогоор солих чадамжтай байх ёстой л гэсэн үг.

-Таныхаар бол сонгуулийн холимог тогтолцоо манайд илүү үр өгөөжтэй гэж харж байна уу?

-Холимог буюу олон намын төлөөлөл төрд орох боломжтой, иргэдийн санал гээгддэггүй энэ тогтолцоог зуун хувь дэмжиж байгаа. Гэхдээ аль аль тогтолцоо нь болно л доо. Өнөөгийн нийгмийн идэвхтэй байдал, мэдээллийн ил тод байдал, иргэдийн санал шүүмжлэл гээд олон давуу тал нийгэмд бий болчихсон.

Мэдээллийн урсгал олон талтай болсон. Энэ үед холимог тогтолцоо нь илүү оновчтой болов уу гэж бодож байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Доржханд: Нэг намын тогтолцоотой болчихсон нь үнэн DNN.mn

– Үндсэн хуулийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уржигдар уулзсан-


УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг гишүүд тойргийн иргэддээ танилцуулаад ирлээ. Иргэд нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Дийлэнх нь дэмжиж байна. Учир нь өнөөдөр амьдрал хэцүү байна. Тиймээс өөрчлөх нь зүйтэй. Нэг ч төгрөгийн зардал гаргахгүйгээр ҮХНӨ-ийг хийх боломжтой. Эдийн засаг, амьдрал сайжирч чадна. Тэр дундаа ирээдүйн 20, 30 жилийн нийгэм өөрчлөгдөж чадна гэвэл үүнийг дэмжье гэсэн байр суурьтай байна. Тодорхой асуудлуудаар иргэдийн байр суурь хуваагдаж байна. Тухайлбал, цаазын ялтай холбоотой асуудалд хоёр хүний нэг нь цаазын ялыг устгах нь зүйтэй гэж байхад нөгөөх нь харин ч байлгах нь зүйтэй гэж байна. Түүнчлэн сүлдийг өөрчилж модон морь биш, амьд морь болгох нь зүйтэй гэсэн хэсэг байна. Зарим нь сүлд, соёмбо гэх нь зохимжгүй байна. Гал, сараа дээдэлдэг соёмбыг цаашид аваад явах нь зүйтэй гэсэн саналтай иргэд ч байна. Сонгуулийн пропорциональ тогтолцоог иргэдийн дийлэнх нь дэмжиж байна. Учир нь өмнөх сонгуулиудаар санал их гээгдсэн. Дэмжсэн хувь гарч ирэхгүй байна. УИХ-д хэт их нэг намын давамгайлал бий болчихлоо. Тиймээс цаашид аль болох иргэдийн санал гээгддэггүй, намуудын тэнцвэр хангагдсан, хүчтэй сөрөг хүчин хэрэгтэй. Үүний тулд пропорциональ системийг дэмжиж байна гэж байна.

УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудлыг иргэдэд тайлбарлаж, мэдээлэл өгсний дараа дэмжихээ илэрхийлж байна. Монгол Улс цаашид тусгаар улс байх уу, эдийн засгийн хараат бус бодлого явуулж чадах уу, гадаад орчин эрсдэлтэй байгаа энэ тохиолдолд парламентыг бэхжүүлэхийн тулд гишүүдийн тоог өсгөх нь зүйтэй гэдэгт иргэд нэгдэж байна. Хуйвалдаан, хулгай хийж байгаа асуудал нь парламентын цөөн гишүүдээс шалтгаалж байгаа юм гэдэг мэдээллийг авсны дараа иргэд ойлгож дэмжиж байна.

Харин өөрчлөлт хийвэл хийсэн шиг зоригтой хийх хэрэгтэй. Тэгэхгүй нэг өөрчлөлт оруулчихаад хоёр, гурван жилийн дараа дахин өөрчлөх нь буруу. Гуравхан жилийн өмнө өөрчлөлт хийсэн. Одоо өөрчлөх юу байгаа юм бэ гэж асууж байгаа иргэд ч олон байна. Учрыг нь хэлж, үндэслэлийг нь танилцуулахаар иргэд их сайн хүлээж авч байна. Энэ цаг мөчид парламентаа бэхжүүлэх, аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудал, хоёр хөршийн бодлогыг сөрдөг парламентын тогтолцоо чухал гэдгийг иргэд ойлгож дэмжиж байна. Гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоог өөрчлөхөөс гадна парламентын гишүүн Засгийн газарт ажилладаг байх асуудлыг ярьж танилцууллаа. Энэ гурав холбоотой асуудал л даа. Парламентын гишүүдийн тоог өсгөсөн тохиолдолд давхар дээл өмсгөх эрхийг нь нээж болох юм байна гэсэн байдлаар иргэдэд танилцуулсан. Иргэд үүнийг ойлгож хүлээж авч байна. Өөрөөр хэлбэл, 150-152 гишүүнтэй байх ёстой гэж судлаачид ярьж байна. Тэгвэл энэ тохиолдолд 10-15 гишүүн давхар дээлтэй байж болно. Энэ бол парламентын засаглалд байдаг зүйл гэсэн байдлаар тайлбарлахад ойлгож байна. Нөгөөтэйгүүр Засгийн газар, салбарын яам бодлогоо хамгаалахад УИХ-ын гишүүн байж байж гишүүдэд илүү ойлгуулах нь хялбар байна.

Гишүүн биш сайд нар орж ирэхээр шүүмжлүүлсээр байгаад таарч байна. Эрх барьж байгаа нам Засгийн газраа өөрсдөө хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Тиймээс Засгийн газрын бодлого явдаггүй. Оруулж ирэх, яаралтай шийдэх реформуудаа зоригтой парламентад оруулж ирэхгүй цаг алдаж байна. Оруулж ирснийгээ тайлбарлаж, хамгаалж чадахгүй байна.

-Давхар дээлийг нэмэхийн тулд л ҮХНӨ оруулах гээд байна хэмээн улс төрийн тодорхой хүрээнийхэн ярьж байгаа шүү дээ. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?

-Ийм хардлага бий. Т.Доржханд гишүүдийн тоог өсгөж, пропорциональ элемент оруулж, давхар дээл углах гээд байна. Ар талд чинь Ц.Элбэгдорж мэтийн нөхдүүд байна уу, үгүй юү гэж зарим гишүүд шууд асууж байна лээ. МАН-ын өмнөөс давхар дээлний асуудлыг яриад байна уу ч гэж асууж байна. Үүнд тов тодорхой хариулт хэлэхэд, өнөөдрийн Засгийн газар хоёр жилийн дараа дүнгээ тавиулна. Парламент ч ялгаагүй. Тиймээс аливаа зүйлийг бид өнөөдрөөр харж, өнөөдөрт зориулж болохгүй. Зарчмаа барьж алс хэтээ харж тогтолцооны зөв өөрчлөлт хийх ёстой. Үндсэн хуулийн энэ өөрчлөлт ямар нэгэн нам, аль нэг хувь хүн, эсвэл эрх мэдэлтэй хүмүүст биш, Монгол Улс цаашид хөгжихөд, цаашид ардчиллаа хамгаалж явахад нэн шаардлагатай зөв зохицуулалт гэж харж байгаа. Дэвшилтэт үзэлтэй, судалгаа хийдэг олон хүн энэ өөрчлөлтийг дэмжиж байгаа. Хардах эрх нь байлгүй л яах вэ. Хэрвээ МАН ганцхан давхар дээлийн асуудлыг өөрчилж бусад асуудлыг орхигдуулбал Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг босгож ирсэн гишүүний хувьд, УИХ-д суудалтай улс төрийн хүчний хувьд бид үүнийг эрс эсэргүүцнэ. Иргэдэд холбогдох мэдээллийг өгөх болно.

-Нэг нам хэт олонх, сөрөг хүчний төлөөлөл сул, хангалтгүй байгаа ийм нөхцөлд ҮХНӨ оруулбал алдаа гардаг юм биш үү. 2019 оны өөрчлөлт ч үүнийг гэрчлээд байгаа юм биш үү?

-Өнөөдрийн асуудал хүнээсээ шалтгаалаад байна уу, тогтолцооноосоо шалтгаалаад байна уу. УИХ-ын гишүүнээр хоёр жил ажиллалаа. УИХ-д ямар ч хүн ажилласан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Т.Доржхандаар сольсон ч гэсэн айхавтар өөрчлөлт гарахгүй. Учир нь тогтолцоо болохгүй байна. 30 жилийн үр дүнг бүгд харлаа. Монгол Улс жил бүр алдагдалтай төсөв баталдаг. Өр өрийн таазандаа тулсан. Хөрөнгө оруулалт байхгүй. Эдийн засаг арван жил гацсан. Сүүлийн 20 жилийн хугацаанд эрчим хүчний асуудлаа шийдэж чадаагүй. Хөгжлийн санхүүжилтээ хийж чаддаггүй. Бүтээн байгуулалт, борлуулалт, дэд бүтцийнхээ санхүүжилтийг хийж чаддаггүй. Энэ байдал бол өнөөдрийн тогтолцооны гажиг мөн. Тиймээс засах хэрэгтэй. Олон нам орж ирсний дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэгт би итгэлгүй байна. Одоогийн тогтолцоо бол нэг намын систем. Саяхныг хүртэл хоёр намын системтэй байлаа. Гэтэл нэг намын системтэй болчихлоо. Мажоратор тогтолцоогоор явбал нэг намын систем рүү улам бүр орох гээд байна. Ингэвэл нэгдүгээрт, ардчилал байхгүй болно. Хоёрдугаарт, иргэд сонгуулиа өгсөн ч санал нь гээгдээд байвал сонгуульд оролцохоо болино. Ингээд сонгуулийн ирц хүрэхээ байчихна. Нөхөн сонгуулиар бүгд үүнийг харлаа. Иргэд сонгуульд идэвхтэй оролцохоо байчихвал ардчилсан нийгэм байхгүй болно. Авторитор нийгэм үүсэх боломжтой болно. Эрсдэл нь энэ учраас Монгол Улсынхаа эрх ашгийг харж асуудалд хандаач ээ, ялангуяа ийм байр суурийг илэрхийлж байгаа хүмүүс. Өнөөдөр нэг намын тогтолцоотой болчихсон нь үнэн. Орон нутгийн сонгуулийг харж байгаа биз дээ. Дахиад л нэг нам ялж байна. Учир нь ажилтай, орлоготой байхын тулд хүн бүр энэ нам руу ороод байна. Эдийн засаг хүндрээд ирэхээр ийм дэглэм үүсдэг. Нийгэм ядуураад ирэхээр ингэдэг. Өнөөдөр төсвийн хоёр төгрөг тутмын нэг нь халамж руу орж байна. Сайн сургууль төгссөн залуучууд МАН-д гишүүнээр элсэж байна. Танай намын үзэл баримтлал таалагдаж байна. Гэхдээ… гээд маш прагматик байдлаар шийдвэрээ гаргаж МАН руу орж байна. Өнөөдөр яалт ч үгүй нэг намын системд орчихсон. Үүнийг задалж ардчиллаа хамгаалж үлдэх юм уу, үгүй юү. Үлдэнэ гэвэл тогтолцооны өөрчлөлтийг зоригтой хийх хэрэгтэй. Үгүй бол нэг намтайгаа дуусахаар болчихлоо. АН ирэх сонгуулиар олон санал авна гэж би итгэхгүй байна. Тэд дотроо учраа олох нь зүйтэй байх. Ардын намыг 100 жилийн түүхтэй л гээд байна. Социалист системийн бүтцээ аваад үлдчихсэн энэ намыг бүх нам нийлж байж л дарж авна шүү дээ. Мажоратор тогтолцооны сул тал энэ. Сүүлийн сонгуулиар ХҮН нам 20 хувийн санал авсан. пропорциональ систем ороод ирвэл ХҮН намын 20 хувийн төлөөлөл парламентад суух боломжтой болно. Бусад намын төлөөлөл суух боломжтой болно. Үр дүнд нь нийгмийн бухимдал, стресс талбай дээр биш парламентад орж энерги нь задарна. Төр тогтвортой байх, нийгэм цэгцтэй байх үндэс нь парламентын тогтолцоо, пропорциональ систем юм.

-Ардын их хурал байгуулж байгаад Үндсэн хуульд нэмэлт оруулбал хэл ам гарахгүй юм биш үү ч гэх хэсэг байна?

-Энэ саналыг би хувьдаа дэмжихгүй байна. Хоёр танхимтай парламент байгуулах, эсвэл хяналт шалгалтын ардын түр хороо байгуулах уу. Энэ хүмүүсийг хаанаас бүрдүүлж, яаж сонгох юм бэ. Энэ нь парламентаа хянадаг байх юм бол парламентын дээр гэсэн үг байлгүй. Монгол Улс 1992 онд парламентын Бүгд найрамдах улс гээд тунхаглачихсан. Нэг танхимтай. Парламент нь ард түмнээ төлөөлж төрөө байгуулж, түүндээ хяналт тавьдаг энэ бүтэц парламент шүү дээ. Үүнийг сайжруулж, бэхжүүлье. Ингэхийн тулд Үндсэн хуулийн зүйл заалтыг сайжруулъя гэж байгаа болохоос цоо шинэ Үндсэн хууль хийчихье гээгүй.

-Та саяхан Ерөнхийлөгчтэй нууцаар уулзсан юм билээ…

-Ерөнхийлөгчтэй УИХ-ын гишүүн, ХҮН намын даргын хувьд уулзаж асуудлаа ярьдаг.

-Саяхан Их тэнгэрт уулзсан юм биш үү. Нууц уулзалт гэхээр олон нийтийн сонирхлыг их татаж байх шиг байна. Та бүхэн ямар асуудлаар санал солилцов. Хэзээ уулзав?

-Өчигдөр (уржигдар) би очиж уулзсан. УИХ-ын гишүүний хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тойрог дээр иргэд дэмжиж байна, Үндсэн хуулийн Цэц ийм шийдвэр гаргалаа. Тиймээс цаашид үүнийг дэмжиж явуулахад Ерөнхийлөгчийн хувьд та дэмжиж өгөөч гэсэн агуулгаар уулзалт хийж байгаа. Би Ерөнхийлөгчтэй ч уулзаж байгаа. Ерөнхий сайдтай ч уулзаж байгаа. Мөн УИХ-ын дарга, гишүүдтэйгээ ч уулзаж байгаа. Энэ бол нууж хаагаад байх зүйл биш. Конрад Аденауэр сангийн хурал дээр сууж байхад Цэц дээр асуудал гарсан. Ерөнхийлөгчид уулзах санал хүргүүлсэн. Цаг нь давхацчихлаа гээд хэлсэн. Үүнийг нууц болгоод бичиж, ярьж. Тийм зүйл байхгүй. Нуугаад байх зүйл байхгүй.

Categories
мэдээ нийгэм

Ээж аавыг, аав намайг зэмлэсэн тэр жилийн наадам DNN.mn

Наадам гэх үг сонсоод л хамгийн түрүүнд орж ирдэг дурсамжуудын нэг. Сургуульд ороогүй жаал, гэхээр тав зургаатай байсан болов уу. Ховдын наадамд морио уяж, хурдлуулна гэсэн аавын хүслийг ээж их л эсэргүүцдэг байлаа. Учир нь манай аав уяач биш, морь мал гээд сүйдтэй яваад байдаг ч хүн биш. Албаны ажил хийж, албан конторт суудаг л хүн шүү дээ. Мэргэжил нь ч угаасаа тийм, хуучин Ардын хянан шалгах хорооны дарга байв. Эрийн гурван наадам гэж хөөрцөглөж байгаад л гэнэт тэр жил эр хүн болж төрснийх, буурлын буян байна, хэдэн сайхан адуугаа барьж уяад, наадамд оролцоно гэж таг зөрлөө. Ээж “Омголон морины ааш олохгүй чи бид хоёр хурдан морь уяж, хий хөөрцөг болоод яах билээ. Уядаг байж, хэнээр унуулах хүн бэ, чи” гэлээ. Аав “Удам залгах ганц хүү минь байхад, унаач хүүхэд хайх нь илүүц” гэж хэлж дуусаагүй байтал ээж “Юу гэнэ вэ, энэ муу жаахан амьтнаар хурдан морь унуулах нь уу. Сумын төвийн хүүхэд. Хөдөө малаас хол өссөн шүү дээ. Яаж унаж чадах юм, аягүй бол нэг бусгахад нь унаж гэмтэнэ. Тэгж ганц үрээрээ наадам хийхгүй шүү” гэлээ. Гэхдээ л гэрийн эзний үг, хүсэл хоёрыг нь бид дийлсэнгүй. Бид ч гэж дээ, би аавынхаа талд орж, хурдан морио ч мэдэхгүй байж, унах бөөн хүслэн болсон амьтан л байсан нь тодорхой. Наадам дөхсөөр л. Манайд ирсэн хүн болгонтой аав маань энэ жилийн наадамд унаган адуугаа уях болсон талаараа бахтай гэгч нь ярина даа. Ингэхдээ ганц хүүгээрээ унуулах болсон гэж ярихдаа царайнд нь баяр бахдалын баясал тодорч, үүнийгээ шимийн идээгээр баяжуулснаар шаймгар шар нүүрийг нь мэнчийтэл улаан болгоно.

Аймгийн наадам болохоос ердөө тав хоногийн өмнө сумын хэмжээнд бүх багуудын их үсэргээ боллоо. Тэр өдөр аав өөрөө ажилтай байсан учир дүүдээ намайг авч оролцчихоод, морио сайхан хөлсөлчихөөд ир гэж захив. Угтаа уяач гэдэг мориноосоо алхам ч холдохгүй байж, морь, унаач хүүхэдтэйгээ ирэх наадмыг хоног тоолон хүлээдэгсэн. Манай аавд тийм сэтгэл хөөрөл алга. Албаны ажлаа наадмаас өмнө цэгцлэх гэж гэртээ ч ирэх завгүй хүн л байсан гэдэг. Үсэргээ боллоо. Чандмань сумын урд, хойд багуудын нийлсэн 40-өөд морь сумын хойд талын морины барианаас гараа руугаа хөдөллөө. Үсэргээ учир их холдуулсангүй тэгсхийгээд л эргүүллээ. Аав бид хоёрын долоо хоног барьж уясан хээр үрээг хүмүүс хараад л хөхөрнө. Унасан намайг хараад л шоолж инээнэ. Зарим хөгшчүүл намайг хараад өрөвдөнө. Зарим нь жаахан хүүхэд унаж л байг гэх. Морьд эрэглээ. Хажуу талаас, ард урдаас нүүр нүдгүй шороо тоос болж, заримдаа гэнэт ташуурны үсүүр хөл, цээжийг минь ороолгож өвтгөв. Мориноосоо уначихгүйн тулд тэр бүгдийг ч тоосонгүй. Шороо боссоор л. Урд зам битгий хэл морины толгой ч олигтой үзэгддэггүй. Замаа харахгүй учраас мориныхоо амыг хамаг чадлаараа татах ч миний хүслээр хурд нь саарсангүй улам л амаа авч давхина. Хурдан морьдын төвөргөөнд боссон тоос надаас түрүүнд зурхайн зүгт урагшилсаар. Тоос шорооноос гарсан би сая л урдах замаа харлаа. Хэдийн баян ходоод болсон нь тодорхой байв. Өнгөний морьд надаас өртөө хэрийн зайтай, цагаан тоосондоо хаяна гэдэг нь л болсондог. Баян ходоод болж яваа гэдэгтээ сэтгэлээр тэгж их унасангүй. Шороо тоос, ташуурны үзүүрээс хол яваадаа бараг баярлах шиг. Гол нь хурдан морины нуруун дээр давхиж яваа гэдэгтээ сэтгэл хэдийнэ дүүрсэн байлаа. Зурхайн зүг давхиж байтал урдаас нэг яавтай хүмүүс ирсэн нь аав байв. Намайг хараад мундаг залуу гэж байна. Би ч инээсээр мориноосоо буулаа. За миний хүү хоёулаа морио улам сайн уяхгүй бол болохгүй нь. Миний хүү чинь уначихгүйхэн шиг сайн явж байна” гэлээ. Аавд л их урам орсон шиг байгаа юм. Намайг гараанаас гарахад аль хэдийнэ уначихсан байх гэж их л санаа нь зовсон байх, хөөрхий. Тэр өдрийн үсэргээ унаач хүүхэд, уясан эзэн, хурдалсан морь бүгд бие амар, сэтгэл тэнүүн гэртээ харьж билээ. Орой нь аав ээжид юу болсон талаар баахан ярив. Аав, ээжийн магтаал, хурдан морь унахын сайханд урамшсан би дахиад ч унамаар санагдана. Хурдан аймгийн наадам, сумын наадам болоосой гэж өөрийн эрхгүй хүснэм. Ингэж их хүсэн хүлээсэн сумын наадам хамгийн түрүүнд боллоо. Наадмаар ээж маань аав бид хоёрт ижил зүсмийн дээл хийж өгсөн. Түүгээр нь гоёлоо. Аав бид хоёр наадмын талбай хэсэж, сонины цаасанд ороосон хуушуурын амтыг сорчлон явав. Хуушуураа идэх зуур ороосон сонины цаасыг аав маань гарчиглана. Угаасаа юм идэх болгондоо сонин, ном шагаагайд сурчихсан хүн л дээ. “Эрхэм хүндэт наадамчид аа. Чандмань сумын баяр наадмын нээлтийн арга хэмжээ эхлэхэд бэлэн боллоо. Наадмын үйл ажиллагааг нээж үг хэлнэ үү хэмээн сумын засаг дарга н.Сандаг таныг урьж байна” хэмээн наадам албан ёсоор эхлэв. Төв цэнгэлдэхэд хүчит бөхийн хоёрын даваа дууссаны дараа сумаараа хойшоо морины бариа руу явлаа. Хээр үрээ, аав, хүү хоёрын хүссэн уралдаан эхэллээ. Хурдан морьд гарааны зүг рүү яаран харайлгана. Зурхай, гараа хоёрын заагт явж байтал морьдын комиссын автомашинаас миний унасан хээр үрээ үргэж, яах ийхийн зуургүй нуруунаасаа намайг шилгээж хаяав. Унасан ч морио алдахгүй гэсэндээ цулбуураа огт тавьсангүй. Хээр үрээ намайг аваад баахан газар чирлээ. Хажууд яваа хүмүүс “Хүү минь цулбуураа тавь, цулбуураа тавь” гэж хашгирна. Нөгөө “Анхны алхам” хэмээх кинон дээр “Мядаг цулбуураа тавь” гэж гардаг даа. Яг түүн шиг л юм боллоо. Нэг сэрсэн чинь аавын өвөр дээр байв. Миний хүү гайгүй юу, хаана нь яаж өвдөж байна гээд уйлах шахуу л намайг харна. Миний мориноос унасан мэдээ сумын төв дээр дэлгүүрээ ажилуулж байгаа ээжид тэр дорхноо дуулдав. Миний бие ч гайгүй, толгой дагзандаа жаахан хагарч, тохой, өвдөг шалбарсан байлаа. Аав намайг аваад эмнэлгийн автомашинтай сумын эмнэлэгт хүргэгдэв. Ээж ч уйлсаар орилсоор орж ирлээ. Намайг харж уйлаад, баахан үнсэж, тэврээд миний хүүг алчихсан байна шүү дээ гэж хашгирна. Тухайн үед аав маань ээжээс ямар их айсан бол доо. Аавыг толгой нүдгүй л загнаж байна. Энэ үйл явдлаас хойш аав маань нэг ч морь уяж, наадам гэж хөөрцөглөхөө больсон юм даа. Хожим наадам болохоор л аав, ээж бид гурав энэ дурсамжийг нэхэн санаж, бөөн инээдэм болно. Одоо ч тэр хэвээрээ. Хүүхэд байхдаа хагарсан толгойн сорви одоо ч хүртэл бий. Тэр цагаас хойш миний дагзан дахь сорив дээр нэг ч үс ургаагүй, хэсэг газар халзархай бий.

Уг нь манай адуу хурдтай юм билээ л. Хожим уядаг хүнгүй учраас тэгсхийгээд хаясан байх. Өвөөгийн маань “Жамцын хар морь” гэж суманд төдийгүй хошуу нутагтаа алдартай хурдан хүлэг байсан гэдэг. Сонин нь хурдан адуу ч сумандаа түрүүлж байгаагүй, дандаа аман хүзүүдэж байсан юм билээ. Харин тэрхүү хар морийг унаж, нуруун дээр нь суусан хүүхэд алсдаа амжилт бүтээлийн дээдэд хүрч, амьдрал ахуй нь тэгш дүүрэн явдаг бэлгэшээл, хийморилог адуу гэж аав маань их ярьдаг байв. Монгол Улсын их хурлын гишүүн Сандагийн Бямбацогт, Монгол Улсын заан Чогзомын Батзориг, улсын начин Идэшийн Мөнхбаатар нарын төрийнхөө төлөө зүтгэж яваа улстөрч, удам дамжсан хүчтэнүүд энэ л морины нуруунаас хүн болсон гэдэг.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Гүнбилэг: Мөнгөний сонгууль байсаар байвал аль ч тогтолцоо нь хэрэгжихгүй DNN.mn


– Пропорциональ болгоод намдаа, намын даргадаа их мөнгө өгсөн нь жагсаалтад дээгүүр бичигдэнэ гэсэн үг –


Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор хуульч, доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх эсэх талаар улс даяараа хэлэлцэж байна. Та хуульч хүний хувьд уг өөрчлөлтийг дэмжиж байгаа юу?

-Хуульчийн хувьд бол нийгмийн уур амьсгалыг, иргэдийн оролцоог ажиглаж байна. Сэтгэлийн хөдлөлөөр энэ нь их зөв, энэ нь буруу гэж мэтгэхгүй. Аль аль сонголтууд сайнтай, муутай. Чухам түүнийг ямар байдлаар хэрэгжүүлдэг вэ гэдэгт л асуудал байгааг хууль тогтоогчид ойлгоосой.

-Өөрчлөлт хийхээр бол яг ямар заалтуудыг анхаарах ёстой гэж харж байна вэ?

-Үндсэн хууль гэхээсээ манайх дийлэнх олонхоор баталдаг органик хуультай болоосой гэж хүсч байна. Одоо бол манайх Үндсэн хууль, ердийн хууль гэсэн хоёр хуультай болчихоод байна. Уг чанартаа Үндсэн хууль, органик хууль, ердийн хууль гэж гурав ялгаж өгвөл бүх зүйлийг Үндсэн хууль руу хийх гээд зүтгэх шаардлагагүй болох юм. Жишээ нь, сонгуулийн тогтолцооны асуудлыг органик хуулиар зохицуулж болно. Манайх органик хуультай гэх мөртлөө батлах процесс нь ердийн хуулиас ялгаагүй байдаг.

-Угтаа 2019 онд МАН олонхоороо Үндсэн хуулийг өөрчилсөн. Тухайн үед УИХ-ын дарга болон МАН-ынхан бүгд маш сайн өөрчлөлтийг хийсэн, дахиж гар хүрэхгүй гэж ярьж байсан шүү дээ. Яагаад дахиад гар хүрэх гээд байгаа талаар та хуульч хүнийхээ хувьд ямар байдлаар харж байна вэ?

-Тухайн үед ярьж байгаад нийгмийн дэмжлэг, эсхүл улс төрийн тохироо нь бүрдээгүй үлдсэн зүйлс бий байх. Яг яагаад өөрчлөх гээд байгааг улстөрчид, шийдвэр гаргагчид мөн чанарыг нь хэлэх байх. Зүгээр шударга ёс тогтооё, цаашид улс орноо гоё болгох гарц гэх мэт үгс бол бидний сонсож дадсан зүйлс шүү дээ. Аливаа нийгмийн өөрчлөлт, тэр дундаа Үндсэн хуулийн шинэтгэл бол эдийн засаг, улс төр, оюун санаа, социаль хүрээний өөрчлөлтийг шаарддаг. Хуульчид гэхээсээ энэ хүрээний хүмүүсийн оролцоог хангаж, судлах, үгийг нь сонсох ёстой юм. Хуульчид бол энэ хүмүүсийн хэлсэн, олонхоор хүлээн зөвшөөрсөн саналыг хууль зүйн техник ашиглан бичдэг хүмүүс юм. Манайд Үндсэн хуулийн өөрчлөлт ярихаар улстөрчид, хуульчид л юм яриад байдаг. Эдийн засагчид, социологи, философи, антропологи, нийгмийн сэтгэл зүйчид гээд бусад мэргэжлийнхэн хаачив гээд ихэд гайхах юм. Сэтгүүлчид ч тэр хүмүүсийн хойноос гүймээр байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ярихаар улстөрчид, хуульчдаас бусад мэргэжлийнхний оролцоог хангах ёстой.

-Үндсэн хуулийг өөрчлөх, сонгуулийн тогтолцоог холимог болгож олон намын төлөөллийг парламентад оруулахаар ярьж байна. Та үүнийг дэмжих үү. Манай улсад ямар сонгуулийн тогтолцоо нь илүү оновчтой юм бэ?

-Сонгуулийн аль аль тогтолцоо өөрөө сайнтай, муутай. Нийгэм юу хүснэ, тэрнийг хуульчид бичиж таарах байх. Миний хувьд хуулиа хэрэгжүүлдэг, үгүй ядаж сонгуулийн үеэр санал худалдан авдаг, мөнгө хуулиар халхавчилж тараадаг, архидуулдаг энэ байдлыг хуулийн байгууллага яс тогтоож, хорьж чаддаг бол аль ч тогтолцоо хэрэгжээд явна гэж бодож байна. Даанч сонгуулиар бие даагч нэртэй олон хүн дэвшиж, хэн нэгэн мөнгөтэй хүнд үйлчилж, олон ухуулагч авдаг. Бас сонгуулийн өмнөх жил, мөнгө эд зүйл тараадаг хүмүүс сонгогддог, намууд үүнийг нь хүлээн зөвшөөрдөг. Нэг үгээр бол мөнгөний сонгууль байсаар байвал аль ч тогтолцоо нь хэрэгжихгүй шүү. Пропорциональ болгоод намдаа, намын даргадаа их мөнгө өгсөн нь жагсаалтад дээгүүр бичигдэнэ гэсэн үг. Тэгж өөрчилбөл хэрэг байх уу. Үр дүн нь адилхан л гэсэн үг. Энэ тохиолдолд хэнд ашигтай вэ гэдэг асуулт мөн гарч ирнэ.

-Сонгууль бүрийн өмнө эрх барьж байгаа нам өөртөө таарсан тогтолцоо, бодлого барин ажилладаг шүү дээ. Ирэх УИХ-ын сонгуулиар одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хууль болон бусад тогтолцоо хэвээрээ байсан ч МАН-ынхан дахин олонх болж, ялах магадлал өндөр байгаа гэж улс төр судлаачид ярьж байна. Та энэ байдлыг аль талаас нь харж байна?

-Монгол Ардын нам ялах болов уу. Төрийг бариад явчих, олонх болох өөр нам харагдахгүй байна. Ардчилсан нам учраа олбол арай өөр нөхцөл үүснэ.

-Хоёр танхимтай парламенттай болъё гэж байна. Тэгвэл ардчилсан орны парламентын сонгодог хэв маягаар хөгжинө гэх юм. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Аль нь ч байж болно. Гэхдээ нэг танхимтай одоогийнхоороо байх нь зөв гэсэн нийгмийн хандлага давуу гэж харж байгаа. Хэрэв хоёр танхимтай болъё гэвэл шинэ Үндсэн хуулийн асуудлыг хөндөх болж байгаа юм. Тиймээс одоо дахин шинэ Үндсэн хуулийн асуудлыг ярилцлах цаг үе биш ээ.

-Б.Чимид гуайн хэлснээр бол Үндсэн хуульдаа ойр ойрхон гар хүрэх нь тогтолцооны болоод төрийн бодлого үйл ажиллагаа сулардаг. Эвгүйтвэл улс орон сүйрчихэж болдог гэдэг агуулга хэр зөв бэ. Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс гэж ч ярьдаг шүү дээ…

-Цаг хугацаа, гадаад дотоод нөхцөл байдал, эдийн засгийн боломж гээд энэ бүхнийг тооцох ёстой. Үндсэн хуульд бага багаар өөрчлөлт, шинэчлэлт хийхийг багш бол хүлээн зөвшөөрч байсан. Ийм ч учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын хуулийг бичиж үлдээсэн. Харин тэр хууль өнөөдөр юу болов, үндсэн бүтэц нь хэвээрээ юү гэдэг бол тусдаа асуудал.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Жаргалсайхан: Монгол Улс хоёр танхимтай парламент байгуулах нь дэлхийн хөгжилтэй орнуудын сонгодог улс төрийн тогтолцоо руу л шилжинэ гэсэн үг DNN.mn

Бүгд найрамдах намын дарга Базарсадын Жаргалсайхантай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар ярилцлаа.


-Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг нийтээрээ хэлэлцэж байна. Таны хувьд эцэг хуулиа өөрчлөхийг дэмжиж байгаа юу?

-Орчин үед хууль гэдэг бол хааны зарлиг биш. Өнгөрсөн үед хааны зарлиг мянга, мянган жил л явж ирсэн байх. Харин одоо нийгэм эдийн засгийн амьдрал муу тал руугаа ч сайн тал руугаа ч минут, секундээр өөрчлөгдөж байна. Тиймээс цаг үетэйгээ тохируулаад хуулиа өөрчилж байх шаардлагатай. Энэ утгаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа. Үүнийг дэмжихгүй байгаа нөхдүүд бол хөшүүн хойрго, хоцрогдсон улсууд байх гэж харж байна. Хуулиа сайжруулъя, нийгэм цаг үетэйгээ уялдуулъя гэхээр хэнээс юу унах гээд байгаа юм.

-Таныхаар одоо бид Үндсэн хуульдаа яг ямар өөрчлөлтүүдийг хийх ёстой гэж харж байна вэ?

-Нийгэм, улс төрийн амьдралыг зохицуулах чадамжтай төрийн тогтолцоотой болох хэрэгтэй. Өнөөдрийн энэ 76 гэдэг чинь ерөөсөө нэг л болохгүй байгаа биз дээ. Өдөр болгон хуралдаад л. Өдөр болгон хийсэн зүйлгүй Төрийн ордонд өрөөндөө тамхи татаж суусан хүмүүс л байна. Эд нар ингэж хуралдаад, хуралдаад олигтой зүйл гарахгүй. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөөрөө парламентын том, жижиг гэсэн хоёр танхимтай болгох асуудлыг зоригтой гаргаад ирэх ёстой. Том нь улиралд хоёр удаа хуралддаг. Эсвэл байнгын ажиллагаатай конгрессын гишүүн байж болно. Тухайлбал, Америк шиг. Улиралд хоёр удаа ч юмуу, эсвэл долоо хоногт нэг удаа хуралдаж, төрийн шийдвэрээ тодорхой, зоригтой гаргачихад л болох юм. Тэгэхгүй бол өдөр болгон ордонд тийм ч хурал, ийм ч хурал гээд явдаг. Нэг хууль батлах гэж байна гэж бүтэн сар, улирал болдог нь төрийн үйл ажиллагааг удаашруулж, муухай харагдуулж байгаа юм. Тиймээс төр бол товч, гэхдээ бүх зүйлээ хуралдахаасаа өмнө судалчихсан, мэдчихсэн байх шаардлагатай. Ингээд уг хуулийн төслөө нэг хуралдаад л шууд баталчих. Дараа нь буруу байвал дахиад өөрчлөх асуудлыг нь түргэн боловсруулаад л засаад баталчих. Ийм л шуурхай, түргэн, зоригтой шийдвэрүүд төрөөс гарах ёстой. -Үндсэн хуулийг дагаад сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулахыг олон нийтийн зүгээс шаардаад байгаа шүү дээ. Таныхаар танай намын зүгээс өнөөдрийн Монголын нийгэмд ямар сонгуулийн тогтолцоо нь илүү дээр гэж бодож байна вэ?

-Мэдээж сонгуулийн тогтолцоог нэн даруй өөрчлөх шаардлагатай байна. Сонгуулийн тогтолцоо холимог байх нь зөв. Тэгэхгүй мажоратор системээр явахаар яг Нарантуул зах шиг л юм болж байна. Парламентад суудалтай хэд нь жалга довын юм яриад л сууна. Түүнээс биш улс орны хөгжлийн тухай, нийгмийн амьдралыг яаж сайжруулах уу, яаж иргэдээ ажил хийлгэдэг болох уу гэсэн тухай нэг ч ярихгүй байна. Хэрвээ пропорциональ системтэй болчихвол энэ асуудал байхгүй болно. Энэ систем бол намуудын сонголт. Намууд чинь хөгжил л ярьдаг шүү дээ. Тиймээс жалга, довын үзлээсээ салъя л гэж бодож байгаа бол холимог системээр явах шаардлагатай.

-Холимог системээр явах нь олон намын үзлээс болоод төрийн шийдвэр гаргах тогтолцоо удааширдаг гэсэн шүүмжлэл дагуулдаг шүү дээ…

-Ямар ч тийм зүйл байхгүй. Тэгвэл өнөөдрийн байгаа систем чинь тийм аятайхан харагдаад байна уу. Ерөөсөө л холимгоор явж байж л манай улс хөгжинө. Түүнээс биш нэг намын олонх гишүүд тэр дундаа нийт иргэдийн саналыг авч чадаагүй өнөөгийн эрх баригчид шиг төрийн дээр суучихаад бодлого гаргаж улс орныг хөгжүүлнэ гэдэг үлгэр. Энэ нь өөрөө хуулийн гажуудал, тогтолцооны алдаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр та дээд, доод танхимтай болох ёстой гэлээ. Өөр ямар өөрчлөлт, нэмэлтийг тусгаж өгөх шаардлагатай гэж харж байна вэ?

-Өнөөдөр манай улсын эдийн засаг нэг үеэ бодоход хамаагүй тэлж өгсөн. Гэсэн хэдий ч эдийн засаг тэлэхийн хэрээр нөгөө талд нь өр зээл гэсэн сөрөг тал байна. Монголд ажил хийдэг хүн алга. Залуучууд нь бүгд архичин, тамхичин, шоучин боллоо. Нийгмийн баялаг бүтээдэг хүн байхгүй байна. Төрийн албан хаагч нэртэй 2500 гаруй хүн зүгээр сууж байгаад цалин авч байна. Орон нутагт ажил хийдэг, малаа өөдтэйхөн шиг маллаад явчих малчин хүн ч алга болж. Ажил хийдэг хүн байхгүй болохоор татвар, түрээс төлж байгаа хүн байхгүй гэсэн үг. Ингэхээрээ улсын төсөв, бусад орлого хумигдаж байна. Монголын нийгэм нийтээрээ улсынхаа нэгдсэн төсвөөс мөнгө хулгайлж, найрлаж, цэнгэсэн, архидсан ийм л байдалтай явж байна. Аль ч улсын нийгэмд ийм зүйл байдаг ч манай улсын нийгэмд энэ байдал бүр хавтгайрлаа. Тиймээс энэ бүхнээ засъя, зөв болгоё гэж бодож л байгаа бол төрийн болон нийгмийн системд бүхлээр нь өөрчлөлт оруулах шаардлагатай. Банк санхүүгийн систем дампуурлын ирмэг дээр байна. Одоо байгаа мажоратор системээр бид цааш явсаар л байвал энэ асуудлыг шийдэж үнэхээр чадахгүй. Яваа яваандаа улс орон сүйрнэ шүү. Тиймээс сонгуулийн системийг холимог болгож байж, намуудыг идэвхтэй татаж байж эдгээр асуудлуудыг шийдэж чадна.

-Өнөөгийн эрх баригч намын хувьд сонгуулийн тогтолцоог өөрчлөх, та бүхний шаардаад байгаа холимог тогтолцоог бие болгох асуудлыг дэмжиж байгаа гэж харж байна уу?

-Мэдэхгүй. Хэрэв холимог системд орохгүй бол өөрсдөө ирэх 2024 онд ажлаа өгцгөөнө биз. Нийгэм эдийн засгийн амьдрал уналаа. Өнөөдөр зөвхөн өр зээлд асуудал байгаа юм биш. Улс төрийн тогтолцоонд асуудал байна. Шийдвэр гаргаж чаддаггүй, гаргасан шийдвэр нь чадамжгүй. Энэ тогтолцоо нь ийм болгоод байна. Үүнийг л өөрчлөх гээд байгаа юм. Энэ өөрчлөлтийг эрх баригчид дэмжчих байлгүй. Дэмжихгүй бол ажлаа өгцгөөнө биз.

-Сонгуулийн холимог тогтолцоогоор явлаа гэхэд намын жагсаалтаар хүмүүс гарч төрийн эрх барина. Ингэхлээр иргэдийн таалалд нийцээгүй, сонгохыг хүсээгүй улстөрч гараад ирдэг сул талтай шүү дээ…

-Тэгвэл өнөөгийн энэ 76 улстөрч дотор таалагдаад байгаа нь хэн юм. Бүгдийг нь өдөр шөнөгүй муулж л байгаа биз дээ. Тэгж худлаа яриад яах билээ. Би дахиад хэлье. Өнөөдөр манай улс олон намын тогтолцоотой, ардчилсан орон. Тэр утгаараа төрийн үйл хэрэгт энэ олон намын санаа, үзэл бодлыг нь татан оруулах шаардлагатай. Ингэхийн тулд сонгуулийн холимог тогтолцоотой болох нь зайлшгүй юм. Өнөөдөр юм хийх ёстой юу гэвэл хийх ёстой. Бүр юу ч хийхгүй байснаас юу ч хамаагүй хийх л ёстой. Ямар нэгэн ажлыг урагшаа явуулж л байх нь чухал. Монгол Улс парламентын дээд, доод гэсэн хоёр танхимтай болно гэдэг нь дэлхийн хөгжилтэй орнуудын сонгодог улс төрийн тогтолцоо руу л шилжинэ гэсэн үг. Тэгэхгүй заавал өнөөдрийнх шиг, эсвэл өчигдрийнх шиг ийм зэрлэг бүдүүлэг хэвээрээ байж болох юм уу. Эсвэл бүр олон намын системээсээ татгалзчих. Монгол Улс нэг намтай л байя. Улмаар бүх зүйлээ төрд төвлөрүүлчих. Бүгдээрээ сайхан коммунизм байгуулъя л даа. Тэгээд хойд Солонгостой хамтарч ажиллая. Олон намын системийг эсэргүүцээд байгаа юм бол ингээд л явчихъя, хэдүүл ээ. Зах зээлийн нийгэм, олон намын тогтолцоог эсэргүүцэгчид манай улсад цөөнгүй бий шүү. Эдгээр хүмүүс бол Монголыг энэ орчлон дэлхийгээс байхгүй болгочихъё гэсэн санаа, зорилготой гадны тагнуул, туршуулууд. Монгол хүн биш.

-Та Үндсэн хуулиараа парламентын дээд, доод хоёр танхимтай болох ёстойг идэвхтэй ярьж байна. Яг дээд, доод танхимтай болох нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Ач холбогдол бол өндөр. УИХ дээр энэ асуудлыг тал талаасаа ярилцах шаардлагатай. Бидний үзэж байгаагаар манай улс парламентын хоёр танхимтай байх нь зөв гэж харж байгаа. Их танхим нь улиралд нэг удаа хуралддаг. Бага танхим үүргийг нь гүйцэтгэдэг, ийм л байх ёстой. Энэ асуудлыг өнөөгийн Монголын ямар ч улстөрч дэмжихгүй гэх шалтгаан байхгүй болов уу.

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа яаж гаргаж ирэх үү?

-Ерөнхийлөгчийг ард түмнээсээ сонгодог байдал нь хэвэндээ л байна биз, хамаагүй. Ерөнхий сайдыг тэртэй тэргүй одоо ч гэсэн УИХ-аасаа л гаргаж ирж байгаа. Энэ байдалд өөрчлөлт их орохгүй дээ.

-УИХ-ын гишүүд чуулганы завсарлагаанаар Үндсэн хуулийн өөрчлөлт болон УИХ-аас батлан гаргасан хуулийн танилцуулгыг тойрогтоо хийхээр ажиллаж байна. Үндсэн хуулиа өөрчлөх асуудлыг ард түмнээсээ асуух шаардлага бий юү?

-Би нэг үнэн зүйл хэлье. Өнөөдөр Монголын ард түмэн Үндсэн хуулиа өөрчлөх шаардлагатай байна, ингэж өөрчлөхгүй бол бидний амьдрал үнэхээр хүнд байна гэж яг хэн бодож байна. Ард түмэн мөрөөрөө ажлаа хийхээ л бодож яваа. Улс төрчдийн өмнөөс, хуульчдын өмнөөс цаашлаад энэ УИХ-ын гишүүдийн өмнөөс ард түмэн ажлыг нь хийх ямар шаардлагатай юм. Анх гарахад нь тийм, тийм ажлуудыг хийгээрэй гээд л явуулсан. Тэр ажлуудаа эхлээд хийчих л дээ. Зарим иргэд нь ажил хийхгүйгээр яаж мөнгөтэй болох уу, яаж шоудах уу, яаж архидах уу гэж л бодож байгаа. Түүнээс биш тэр хуулийг яах уу, энэ хуулийг яаж өөрчлөх үү гэж боддог ард түмэн гэж байхгүй ээ.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүн давхар дээлтэй байхыг нь хязгаарлахгүй байя гэдэг асуудлыг яриад байгаа. Үүнд та хувьдаа ямар байр суурьтай явдаг вэ?

-Давхар дээлтэй байна уу, дантай байна уу энэ бол тийм чухал асуудал биш ээ. Хүн чанартай, хүн харилцаатай, соёлтой, шударга хүн л төрийн албан хаагч байх шаардлагатай. Тийм хүн өөрөө хэдэн давхар дээл өмсөнө үү, хэдийг нь тайлна уу ёстой хамаагүй. Энэ бол улстөрчдийн, намуудын бие биенээ дэгээдэж унагаах шалтгаан. Өөр юу ч биш.

-Гадаад өрийн асуудал хурцадмал байдалд орлоо гэж эдийн засагчид хэлээд байна. Манай улсыг дампуурлаа зарлах улс орны тоонд багтаж байгаа гэж олон улсын байгууллагуудаас үзээд байгаа. Гадаад өрөө бид төлж чадах уу?

-Гадаадаас авсан зээлээрээ баахан автомашин аваад тавьчихлаа. Үлдсэнээр нь 120 мянган айлын орон сууц гээд бетонон ширэнгэ болгоод л хаялаа. Өөр юу хийсэн юм, юу ч хийсэнгүй шүү дээ. Жилд бид 3-4 миллиард долларын импортын бараа авч хэрэглэж байна. Зөвхөн шатах тослох материал гэхэд бид хоёр миллиард ам.доллараар авч хэрэглэж байна. Манай энэ эдийн засагчид Монгол Улсын гадаад өр зээлийг олон нийтэд тайлбарлахдаа их буруу ойлгуулдаг. Тэр нь гадаад өрийг аль нэг нам, эсвэл улстөрчид аваад идээд дуусгачихсан гэдэг. Энэ бол худлаа. Энэ өр зээлийг ард түмэн өөрсдөө авч идсэн. Монголчууд нийтээрээ гадаадаас өр авч түүгээрээ юу ч хийлгүй зүгээр л идчихсэн. Монголд өнөөдөр 500 мянга гаруй суудлын автомашин өдөр бүр замын хөдөлгөөн оролцоод явж байна. Энэ бүх автомашиныг нэг бүрчлэн ам.доллараар худалдан авч байгаа шүү дээ. Баригдаж байгаа энэ барилгууд байна. Бүгдийг нь юань, ам.доллараар худалдан авч байгаа. Энэ 18 аймагт тавиад байгаа замуудыг бүгдийг нь гадаад валютаар тавьж байгуулж байгаа юм. Тиймээс монголчууд бид бүгдээрээ энэ өр зээлийг хамт идэлцэж яваа. Түүнээс биш нэг хоёр компани юм уу, эсвэл хэн нэгэн сайд дарга нар идчихсэн асуудал огт биш. Харин энэ гадаад өр гэсэн иймэрхүү асуудлыг улстөрчид нэгнээ дэгээдэж унагахын тулд нэгэнтэйгээ сөргөлдөж хэрэлдэхийн тулд л зохиомлоор үүсгэж олон нийтийн сэдэв болгодог байхгүй юу. Бидэнд бол гадаад өрөө төлөх боломж байгаа. Ард нийтээрээ, улс даяараа ажил хийцгээ. Өр тавьсан л юм бол буцаагаад төлөхгүй гээд хаа холдох юм. Төлж л таарна.

-Дэлхийн банкнаас Монгол Улсыг ойрын хугацаанд дефолт зарлах орнуудын тоонд оруулчихаад байгаа шүү дээ. Дефолт зарлах нь гадаад хөрөнгө оруулалт зогсох, эдийн засгийн төв боомтуудаа алдах зэрэг эрсдэлтэй байдаг талаар дээр дооргүй л ярьцгааж байна. Таныхаар тэгвэл бид дампуурлаа зарлачих нь зөв юм уу?

-Зээлээ бид төлнө. Төлөх ч болно. Социализмын үед манай улс гадаадаас жилдээ 4-5 миллиард ам.долларын зээл авч байсан. Ингэж авсныхаа хүчинд бид социализмын үеийн 30, 40 жилийн их бүтээн байгуулалтуудыг хийсэн шүү дээ. Ингээд тухайн үед авч байсан их өр гэдгийг чинь тэгээд л хүчингүй болгосон, төлсөн. Одоо ч энэ гадаад өрөө төлнө. Өр тавьж байж л арайхийж амьдарч яваа улс. Хятад улс өөрөө ч гэсэн гадаад өрийн дарамтад орчихсон орон шүү дээ. Тиймээс үнэхээр гадаад өрөө төлж чадахгүй бол бид төлж чадахгүй нь ээ гээд зарладаг юмаа зарлачих л ёстой. Үүнээс айгаад байх зүйлгүй.

-Дефолт зарлалаа гэхэд гадны хөрөнгө оруулалт зогсоно шүү дээ…

-Одоо орж ирж байгаа гадны хөрөнгө оруулалт гэж юу байгаа юм. Манай улс дефолт зарласан зарлаагүй хөгжил, гадаад харилцаа нь ялгаагүй л байна. Ер нь өнгөрсөн сонгуулиар залуучууд МАН-ын төлөө дээл өмсөж байгаад өвөртөө 100 мянган төгрөг хийгээд л саналаа өгсөн. Одоо тэрнийхээ гайг амсаж байна. Тухайн үед зөндөө л хэлж байсан. Гэвч хэлээд, хэлээд манай ард түмэн бидний үгийг авах биш. Одоо сонголтынхоо горыг амсаж байгаа нь энэ. Удахгүй ам.доллар таван мянгад хүрнэ. Үнийн өсөлт дахиад 2-3 дахин нэмэгдэнэ. Тэр цагт монголчууд их зүйлийг ойлгоно доо.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Амгалан: Дефолт зарласнаар хөрөнгө оруулалт, гадаад харилцаа зогсож, хамгийн аюултай нь газар нутгаа алдах эрсдэл үүсдэг DNN.mn

– ДЕФОЛТ ЗАРЛАСАН УЛС ОРНЫ ГАДААД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХАРИЛЦАА ЗОГСОЖ, УЛС ТӨР БОЛОН ЭДИЙН ЗАСГИЙН ГҮНЗГИЙ ХЯМРАЛД ОРДОГ –


Эдийн засгийн шинжлэх ухааны доктор Д.Амгалантай Монгол Улсын эдийн засгийн байдал болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монголын эдийн засгийн нөхцөл байдал өнөөдөр ямар байна вэ?

-Эдийн засгийн нөхцөл байдлын хувьд олон улсад болж байгаа үйл явц, хил, гаалийн хаалттай нөхцөл байдал болон дэлхий нийтээр цар тахалтай байгаа учраас хүндхэн байна гэж ярьж байна. Энэ бол асуудлын нэг талын л шалтгаанууд. Өнөөдөр манай улсад үнийн өсөлт 200-300 хувиар нэмэгдчихсэн үзүүлэлттэй байна. Инфляци 15.1 хувьтай, төгрөгийн ханш уналттай. гадаад өр 33.9 тэрбум ам.долларт хүрчээ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн байдал таамаглал, төсөөллөөс ч илүү хүнд байдал руу орчихсон гэж харж байна. Эдийн засаг ингэж хүндэрч байгаагийн нэг талын шалтгаан бол гадаад нөхцөл байдал болон цар тахал. Гэхдээ энэ бол үндсэн гол шалтгаан биш. Хамгийн гол шалтгаан бол Монгол Улс сүүлийн гуч гаруй жил хөгжлийн үйлдвэр, үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдэдээ хөгжүүлж ирээгүйн нөлөө одоо гарч ирж байгаа юм. Энэ бүх зүйлээс харахад манай улсын төр засагт хөгжлийн бодлого, урт, дунд хугацааны бодлого гэж алга. Үндсэндээ төрийн бодлого гэж байхгүйтэй адил байдлаар явж ирлээ. Үүнээс болж үндэсний үйлдвэрлэл, үндэсний баялаг бүтээгчид гэж байхгүй болсон. Дандаа гаднаас хамааралтай, гаднаас бараа бүтээгдэхүүнээ өндөр үнээр худалдаж авсаар өдийг хүрлээ шүү дээ. Улсаараа олж идэж байгаа ганц салбар нь уул уурхай. Ганцхан энэ салбарын зах зээлээс улсын орлого нь хамааралтай болчихсон, импорт нь ганцхан улсаас хамааралтай ийм улс учраас өрийн хавх, валютын ханшийн дарамт улсын эдийн засаг, хөгжилд үнэхээр хүндхэн нөлөөлж байна. Нөхцөл байдал ийм хүнд байхад асуудлыг шийдэх төр засгийн бодлого гэж үнэхээр алга. Угтаа төрийн бодлого гэдэг бол нэг ам.долларыг гурван ам.доллар болгох зарчимд тулгуурлах ёстой. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, экспортоо дэмждэг ийм байх ёстой юм. Гэтэл бид өнөөдөр буруу замаар товчилсноос болоод эдийн засгийн байдал хүндэвтэр үеэс маш хүнд үе рүү гулсаад орчихлоо. -Эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд үе рүү орлоо гэж байна. Энэ хүнд үеэс гарах боломж байгаа гэж харж байна уу. Бид цаашид эдийн засгаа яаж сэргээх ёстой юм бэ. Боломж бий юү?

-Мэргэжлийн эдийн засагч хүний хувьд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжрах чиглэл рүүгээ явж байна гэж үнэхээр харагдахгүй байна. Төгрөгийн ханшаа нэмэгдүүлэх, чангаруулах, валютын урсгалыг багасгах талын ажил хийгдэж байна уу гэхээр тийм зүйл алга. Импортын хэмжээг буулгах боломж, үнийн өсөлтийг барих зэрэг эдийн засагт эергээр нөлөөлөх ажлуудыг хийж байгаа нь үнэхээр харагдахгүй байна. Эдгээр хүндрэлтэй зүйлээс илүү Монгол Улсын гадаад өрийн нөхцөл байдал үнэхээр аюултай түвшинд хүрлээ. Саяхан Шри Ланка улс дефолт зарлачихсаныг бид хараад л сууна. Тэр улсын нөхцөл байдлаас илүү хүндхэн асуудал бидний өмнө байна. Монгол Улсын гадаад өр 33.9 тэрбум ам.долларт хүрлээ. Гадаад өр яагаад аюулын харанга дэгдээж байна вэ гэхээр Засгийн газрын өр 80 хувиас давчихсан байна. Угтаа олон улсын зөвшөөрөгдөх дээд хэмжээ бол 40 хувь л байдаг. Гэтэл манай улс зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хоёр дахин илүү гадаад өртэй болчихоод байгаа нь Үндэсний аюулгүй байдлын асуудал юм. Нөгөөтэйгүүр гадаад өр аюулын харанга дэгдээж байгаа нь асуудал биш боллоо. Хамгийн гол асуудал нь Монгол Улсад гадаад өрөө төлөх чадамж, потенциал байна уу гэхээр байхгүй нь асуудал болж байна. Үндэсний үйлдвэр, импортыг орлох үйлдвэр, экспортыг нэмэгдүүлсэн үйлдвэр гэж Монгол Улсад алга. Тиймээс гадаад өрөө төлөх боломжгүй гэж харагдаж байна. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 250 хувь, экспортынхоо орлогын 400 хувьтай тэнцэх хэмжээний гадаад өртэй байна гэдэг бол үнэхээр асуудал бидний төсөөлснөөс хол илүү хэтэрчихээд байгаа юм. Гадаад өр яагаад ийм хэмжээнд хүрчихэв. Ерөөсөө бид өрөө өөрсдөө төлөх гэхээс илүү өрийг өрөөр төлж явж ирсний гор одоо ирж байна.

-Яг ямар өрийг өрөөр төлж ирсэн юм бэ?

-Тухайлбал, Хөгжлийн банкны бондыг анх 2012 онд авсан. Уг банкны нөлөөллөөр улсын эдийн засаг сэргэж, дотоодын үйлдвэрлэл бий болж, импортыг орлох, экспортыг дэмжих томоохон үйл ажиллагаа боллоо гэж зарлаж байсан. Гэвч өнөөдөр зорьсон зорилгоосоо эсрэг зүгт явж ирснийг бид нийтээрээ хараад сууж байна шүү дээ. Чингис бондыг төлөх хугацаа болоход Гэрэгээ бондыг авсан.

Хөгжлийн банкны бондоо төлөхийн тулд Хуралдай бондыг авсан. Улмаар Самура бонд гэх мэт ар араас нь бондууд авч, өрөө нэмэгдүүлсэн. Энэ мэт гадаад өрөө төлөхөд анхаарах биш, өрийг өрөөр дарах буюу өнөөдрийн асуудлыг маргааш болгож хойшлуулах зүйлийг л хийж ирсэн. Үүнээс болоод өнөөдөр гадаад өр таазнаасаа хэтрээд бидний барих боломжгүй орон зай руу орчихсон байна. Өнөөдөр манай улсын нэг хүнд ногдох гадаад өр 10 мянган ам.долларт хүрлээ. Гэтэл нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн өнөөдөр дөрвөн мянган ам.доллар атлаа гадаад өр нь 10 мянга хүрчихсэн гэхээр үнэхээр Үндэсний аюулгүй байдалд нөлөөлсөн асуудал болоод байна.

-Та түрүүн хэлсэн. Ганцхан уул уурхайн салбараас орлогоо бүрдүүлж байна гэж. Гэтэл уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсчихөөд байхад ч бид хүссэн хэмжээндээ ашиг олж чадахгүй байна шүү дээ?

-Бидний ганц олж байгаа орлого бол уул уурхайн бүтээгдэхүүнээс л орж ирж байгаа. Энэ салбарын бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд тааламжтай байлаа гэхэд бидэнд хоёр асуудал үүсдэг. Нэгдүгээрт, Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн ханшаар борлуулж чаддаггүй. Бид өнөөдөр нүүрс, зэс, алт зэрэг голлох бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн ханшаас хэд дахин доогуур үнээр зарж байна. Бид эдгээр бүтээгдэхүүнээ гадагшаа хэмжээний хувьд яаж нэмэгдүүлж гаргах вэ гэдэгтээ анхаардаг. Угтаа яаж дэлхийн зах зээлийн ханшаар борлуулах вэ гэдэгтээ анхаарах ёстой юм. Хоёрдугаарт, хил, гаалийн гацаанаас болж бид хүссэн хэмжээндээ уул уурхайн бүтээгдэхүүнээ гадагшаа гаргах боломжгүй болчихоод байна.

Ирэх жилийн хувьд уул уурхайн салбараас төсвийн орлогоо биелүүлж чадахгүй. Нөгөөтэйгүүр бид олсон орлогоо зөв зохистой зарцуулж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн судалгаа тооцооллын үндсэн дээр зарлага гаргахгүйгээр улс төрийн өнгө аясаар орлогоо зарцуулаад байна гэсэн үг. Ингэж явахаар улсын эдийн засаг улам бүр л хүнд байдалд орохоос өөр яах билээ.

-Дэлхийн банкнаас хэд хэдэн улс орныг дефолт зарлах магадлалтай болсныг анхааруулж байгаа. Үүн дотор Монгол Улс багтаж байна. Ер нь дефолт зарлана гэдэг эдийн засаг талаасаа ямар сөрөг үр дагавартай юм бэ?

-Аливаа улс орон Дэлхийн банк, олон улсын валютын сан, дэлхийн томоохон санхүүгийн байгууллага, бусад улс орноос авсан зээлээ төлж чадахгүй, боломжгүй байдалд орсон бол дефолт зарладаг. Шри Ланка улс саяхан дефолт зарласан. Энэ улс мөн адил бусад улс орноос авсан зээлээ төлөх боломжгүй болсон учраас ийн дефолт буюу дампуурлаа зарлаж байгаа юм. Тус улсын гадаад өр 40 гаруй тэрбум ам.долларт хүрсэн. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний 16 хувьтай тэнцэх хэмжээний өрийг БНХАУ-д тавьсан нь Үндэсний аюулгүй байдалд нь нөлөөлж эхэлсэн. Дэлхийн банкнаас бол ерөнхийдөө 10 гаруй улс орныг хүнд байдалд орсон гэж зарлаад байгаа юм билээ. Үүн дотор манай улс орчихсон явж байгаа. Нөгөөтэйгүүр нэг улсаас хэт их өр, зээл авна гэдэг бол Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх асуудал бий болгодог.

-Ер нь дефолт зарласнаар яах вэ?

-Хамгийн түрүүнд улс төр, эдийн засгийн том хүндрэлд ордог. Төсвийн зарлага нь огцом унадаг. Олон улсын байгууллагуудын эдийн засгийн хамтын ажиллагаа бүгд цуцлагддаг. Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад харилцаа зогсдог зэрэг олон сөрөг үр дагаврыг бий болгодог. Үүнээс шалтгаалж мэдээж иргэдийн амьжиргаа улам муудаж эхэлнэ. Нийгмийн уур амьсгал таагүй түвшинд хүрнэ. Дотоодын гэмт хэргийн гаралт ихэснэ. Нийгэмд янз бүрийн сөрөг нөлөөлөл бий болно. Улс төрийн болон нийгэм эдийн засгийн гүнзгий хямралд орох үндсэн нөхцөл, орчинг үүсгэдэг аюултай. Цаашлаад улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөж эхэлдэг. Хамгийн аюултай нь газар нутгаа алддаг. Валютын урсгал, эдийн засгийн эх үүсвэр болсон боомтуудаа алддаг. Иймэрхүү жишээ олон улсад их бий. Тухайлбал, өнөөдөр Хятад улс хамгийн их гадаад зээл гаргасан орныг тэргүүлж байна.

Хятад улс дэлхийн 150 орчим улс оронд 1.5 их наяд орчим ам.долларын зээлийг гаргасан байна. Тиймээс эдгээр улс орон Хятад улсаас тодорхой хэмжээнд хараат байна гэсэн үг шүү дээ. Манайх ч мөн ялгаагүй. Миний харж байгаагаар 1990-ээс 2018 оны хооронд Монгол Улс Хятадаас 4.2 тэрбум юанийн буцалтгүй тусламж авсан байдаг юм билээ. Үүнээс хойш тус улсаас мөн цар тахал гэж олон сая ам.доллараар хэмжигдэх вакцин, эм тариа, бусад бараа бүтээгдэхүүнийг буцалтгүй тусламжаар авсан. Энэ бүгд нэмэгдээд л явж байгаа. Хятад улс бусад улс оронд зээл олгохдоо хэмжээ, эргэн төлөх хугацаа зэргийг маш хатуу бодлогоор нууцалдаг. Энэ утгаараа яг хичнээн хэмжээний өр төлбөртэй байна, зээлтэй байна гэдэг өөр том асуудал болчихож байгаа юм. Энгийн бодит мэдээллээс харахад манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 21 хувьтай тэнцэх хэмжээний зээлийг Хятад улсаас авсан. Энэ бол яах аргагүй Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний том аюул, эрсдэл. Саяхан дефолт зарласан Шри Ланка улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 16 хувьд нь хүрсэн зээлээ сулруулахаар арга хэмжээ авсан. Тэгэхээр манайд 21 хувь байгаа нь үнэхээр аюул. Хятад улсын хувьд бусад оронд зээлсэн хөрөнгөө буцааж авч чадахгүй бол оронд нь газар нутгийг нь авдаг жишээ цөөнгүй бий. Тухайлбал, Хятад улс Казахстан улсаас 1158 хавтгай дөрвөлжин газрыг уул уурхай, ашигт малтмалтай нь авчихсан. Шри Ланкаас сая 15 мянган га газрыг мөн далайн боомтыг нь есөн жилээр түрээслэхээр шийдвэр гарчихсан байна шүү дээ. Зарим улс орон нисэх будлаа өгчих гэх мэт олон жишээ байна.

Манайх ч энэ байдлаар эдийн засгийн эргэлт ихтэй, валютын урсгал өндөр ийм боомтуудаа Хятад улсад алдахад ойрхон ирчихсэн байгаа шүү. Тиймээс энэ бол үнэхээр улс орны хувьд хүсэх зүйл огт биш. Дэлхийн банкнаас ийм анхааруулгатай, сануулгатай явна гэдэг ч тийм таатай үйл явдал биш шүү.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Амартүвшин: Гадаад харилцаа болон эдийн засгаа сэргээхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлтөө даруйхан хийх шаардлагатай DNN.mn

Хууль зүйн ухааны доктор, олон улс судлаач Гантулгын Амартүвшинтэй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар ярилцлаа.


-Үндсэн хуулийн өөрчлөлтийг тал бүрдээ ярьж байна. Улс төрийн намууд болон эрх баригчдын зүгээс энэ асуудалд анхаарч, өөрчлөлтийг хийнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Та хуульч хүнийхээ хувьд энэ удаагийн өөрчлөлтийн төслийг ямар байдлаар боловсруулах ёстой гэж харж байна вэ?

-Юуны өмнө парламент тогтолцоо, Ардчилсан зарчмаасаа ухарсан нэг ширхэг ч заалт оруулж болохгүй. Муу, сайн ч парламент, зах зээлийн тогтолцоо манай улсын ирээдүй. Харин энэхүү тогтолцоогоо улам бүр сайжруулах, боловсронгуй болгох асуудлууд цөөнгүй бий. Хамгийн түрүүнд бид сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх шаардлагатай байна. Улс төрийн намууд, улстөрчид, хуульчид, олон нийтийн зүгээс сонгуулийн тогтолцоог холимог болгох асуудлыг их ярьж байгаа шүү дээ. Би эдгээр асуудалтай санал нэг байгаа. Үндсэн хуулиар төрийн эрх ард түмний мэдэлд байна гэж заасан байдаг. Энэ эрхээ бид сүүлийн зургаа, долоон жил эдэлж чадсангүй. Учир нь 2016, 2020 оны сонгууль жижиглэсэн мажоратор тогтолцоогоор явсан. Хамгийн сүүлийн УИХ-ын сонгууль мөн энэ тогтолцоогоор явсан. Эцэст нь нийт сонгуулийн насны иргэдийн 44 хувийн саналаар өнөөгийн эрх баригчид парламентад олонх болж байна. Парламент гэдэг бол бага ард түмэн гэж манайхан ярьдаг. Тэгвэл Монголын ард түмний цөөнхийн саналыг авсан нам өнөөдөр улс нийтийн өмнөөс төрийн эрхий барьж, бодлого боловсруулан гаргаж байгаа нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн, мөн уг хуульд алдаа хийдэл байна гэж хуульч хүний хувьд үзээд байгаа юм. Тиймээс хамгийн эхэнд Үндсэн хуулийн хүрээнд сонгуулийнхаа тогтолцоог өөрчлөх, мөн үүнийг Үндсэн хуульд тусгаж өгөх нэн шаардлага бий болж байна.

-Сонгуулийн тогтолцоог холимог болгосноороо гарах үр дүн нь ямар байх юм бэ. Нийгэмд бол үүнийг сайн, муу гэж ярьж байна шүү дээ?

-Холимог тогтолцоо өөрөө дотроо хэд хэдэн төрөлтэй. Манайх шиг хүн ам цөөнтэй, газар нутаг томтой, ардчилсан улсын хувьд нээлттэй холимог тогтолцоогоор явах нь зөв. Нээлттэй холимог тогтолцоо гэдэг бол олонхын санал авсан улс төрийн хүчнээс УИХ-д хүнээ суулгахдаа тэрхүү сонголтоо ард түмнийхээ өмнө нээлттэй явуулдаг систем юм. Ингэхгүйгээр дан ганц хаалттай, хатуу холимог тогтолцоогоор явбал улс орны хувьд, улс төрийн намуудын хувьд хүндхэн асуудал тулгарна. Адаглаад нам дотроо эв нэгдэлгүй, олон фракцууд хоорондоо өрсөлдөх, улмаар намын үзэл баримтлал ганхах эрсдэлтэй байдаг. Тиймээс л нээлттэй явуулж, парламентад олон намын тогтолцоог орох боломжийг бүрдүүлэх нь юунаас илүү чухал байгаа юм.

-Эргээд Үндсэн хуулийн өөрчлөлтөө ярилцъя. Сонгуулийн тогтолцоог нэн түрүүнд өөрчлөх шаардлагатай гэлээ. Өөр ямар өөрчлөлтүүд орвол нийгмийн амьдрал, цаашлаад улс орны хөгжилд хэрэгтэй байна вэ?

-Өнөөгийн Үндсэн хуулиар Засгийн газар дээд тал нь дөрвөн давхар дээлтэй сайд нартай байна гэж заасан. Энэ заалт нь өөрөө хуулийн зөрчил, хийдэл үүсгээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, нөгөө л нэг ард түмний төлөөлөх эрхгүй этгээд Засгийн газрын гишүүн болж бидний өмнөөс төрийн эрхийг барьж байгаа хэрэг шүү дээ. Тиймээс ард түмнээс сонгогдсон хүн л төрийн эрх барина гэж заасан Үндсэн хуулийн зарчмаараа л энэ асуудал явах ёстой. Энэ утгаараа давхар дээл гэж харалгүй УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээ давхар хийх боломжийг бүтэн бүрдүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, 2019 онд Үндсэн хуульд оруулсан Засгийн газар дээд тал нь дөрвөн давхар сайд нартай байна гэдэг заалтаа хасах, эсвэл хязгаар тогтоохгүй болгох шаардлагатай юм. Дан дээлтэй сайд нар улс төрийн хувьд ч намын хувьд ч, нөлөөлөл бага учраас зарим шийдвэр гаргах зүйл дээр хүч дутаж байгаа нь тодорхой. Миний бие 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр ажиллаж байсан хүн. Тухайн үед уг нь Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болно гэсэн заалт байсан. Гэвч тухайн үеийн нийгмийн уур амьсгал, сонгуулийн нөлөөллөөс болоод ч гэх үү, эсвэл олны хэл амнаас айсандаа энэхүү заалтаас эхлээд олон заалтыг өнөөгийн эрх баригч нам хассан. Ингээд өөрчлөлт бүрэн утгаараа хийгдэж чадаагүй юм шүү дээ. Одоо энэхүү өөрчлөлтийн төслийг бүтнээр нь дахин оруулаад баталчихад буруу гэх газар байхгүй. Учир нь энэ олон хуулийн заалт, төсөл дээр олон хуульчид өдөр шөнөгүй ажиллаж, олон нийтийн асуулгыг хэд хэдэн парламент дамжуулан явуулсан ийм том хуулийн төсөл байсан. Тиймээс одоо дахиад олон нийтийн санал асуулга явуулах, хуулийн төслийг боловсруулах асуудал дээр цаг алдаад байх хэрэггүй юм. Бидэнд бэлэн хуулийн төсөл байна. Үүнийгээ л даруйхан хэлэлцээд баталчих ёстой юм.

-2019 оны Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл дээр УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, парламентаасаа Ерөнхийлөгчөө сонгох зэрэг заалтууд байсан уу. Эдгээр заалтуудыг одоо ярьж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийх шаардлага байгаа гэж та харж байна уу?

-УИХ-ын гишүүдийн тоог хүн амынхаа өсөлттэй уялдуулж сонгууль бүрээр нэмж болох заалт орчихсон байсан. Өөрөөр хэлбэл, 2019 оны Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл бүтнээрээ батлагдсан бол 2020 оны сонгуулиар парламент 100 суудалтай болох боломжтой байсан. Гэвч олны хэл амаас болж сонгуулийн үр дүн өөрчлөгдөнө гэсэн МАН-ын дотоод бодлогоос болж энэхүү заалт хасагдсан байдаг. Угтаа УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв. 1992 оны Үндсэн хуулиар парламентын 76 суудалтай байна гэж зааснаас хойш өдгөө хэдэн жил өнгөрөв. Энэ хугацаанд Монголын хүн ам хэд болж өсөв. Хүн ам өсөхийн хэрээр төрийн үйлчилгээ, хүртээмж нэмэгдэх ёстой. Гэвч эсрэгээрээ төрөө данхар харагдуулахгүй гэсэн бодлого барьж ажилласны гороор төрийн үйлчилгээ хүнд байдалд орсон шүү дээ. Иргэд нь мэдээлэлгүй болсон. Төрийн үйлчилгээ авах гэж бөөн хүнд суртал бий болсон. Нэг бичиг баримт бүрдүүлэх гэж иргэд ямар их цаг хугацаа алдаж байгаа билээ. Энэ бол хүн амынхаа өсөлтөд уялдуулж төрийн бүтцээ нэмэгдүүлэлгүй өнөөг хүртэл явж ирсэн төрийн алдаатай бодлогын үр нөлөө. Тиймээс УИХ-ын гишүүдийн тоог ч гэлтгүй төрийн албан хаагчдын тоог хоёр дахин нэмэгдүүлчих шаардлагатай юм. Төрийн үйлчилгээг цахим болгоно гэж ярьдаг. Цахим болгосон ч төрийн бүтэц хоёр дахин нэмэгдэх шаардлагатай. Амьдралаас хууль гарч батлагддаг. Батлагдсан хууль өөрөө амьдралд нийцтэй байна уу нийцгүй байна уу гэдэг нэг асуудал. Намын ч юмуу эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн нэр хүндийн төлөө хууль баталдаг байдлаас болоод нийгэмд энэ мэт сөрөг үр дагавар олон гарч байна. Үүнийг засах хэрэгтэй. Хуулийг батлах шаардлагатай гээд баталчихаж болно. Хэрэгжилтийг нь хянаж, нийгэмд гарах сөрөг үр дагаврыг нь харахад ердөө нэг жил л хангалттай байдаг. Нэг жилийн дараа үр нөлөө нь сайн байвал улам сайжруулаад явуулчих. Муу бол засаад боловсруулаад дахиад баталчих. Хууль гэдэг газарт шаасан гадас биш шүү дээ. Нийгмийнхээ амьдралд тохируулаад л өөрчлөөд байх хэрэгтэй.

-Хууль бол газар шаасан гадас биш ээ гэж байна. Үндсэн хуулийг олон дахин өөрчлөх нь сөрөг нөлөөлөл бий болгох эрсдэлтэй гэж хуульчид ярьдаг. Одоо дахиад өөрчилье гэхээр хугацааны хувьд арай л ойрхон байна гэж эрх баригчид халгаад байх шиг…

-Үндсэн хууль ч байна уу хууль л бол хууль. Үндсэн хуулиа баталчихаад тав, арван жил, эсвэл 20 жилийн дараа л дахиад өөрчлөх ёстой гэсэн мухар сүсэг шиг бодлоосоо салах хэрэгтэй, манай хуульчид. Нийгмийн зүгээс хэрэгцээ шаардлага гарч ирсэн л бол өөрчлөхөд юу нь буруу байх билээ. Манай эрх баригчид нэг зүйлийг одоо нуулгүй хэлдэг болсон байна шүү дээ. Тэр нь 2019 оны Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл бүтнээрээ батлагдаагүй юм аа. Тэр төслөөс олон заалтууд хасагдсан. Учир нь бид сонгуулийн өмнө эцэг хуулиараа оролдож байгаа болохоор бидэнд эрсдэл их байсан юм аа гэдгээ нуулгүй хэлж байна. Улстөрчид ерөөсөө л ийм. Хэзээ ч тэд ард түмнээ гэж бодохгүй. Тэд зөвхөн намын рейтинг, олны сайшаал магтаал дэмжлэгийг хэрхэн яаж цуглуулах уу, улс төрийн хүчний хувьд яаж улам хүрээгээ нэмэгдүүлэх үү, улмаар яаж сонгуульд ялах уу гэдгээ л маш сайн тооцож, бодлого боловсруулж ажиллаж чадна. Харин яаж Монгол Улсыг хөгжүүлэх үү, яаж нийгмийн амьдралыг илүү дээшлүүлэх үү, яаж эдийн засгаа сэргээх үү гэж бодохоос биш үйлдэл, бодлого гаргаж ажиллах хүмүүс биш. 2019 оны тэрхүү өөрчлөлтийг бид 2012 оны үед хэдийнэ боловсруулчихсан байсан. Анх тэр үед л энэхүү нэмэлт өөрчлөлтийг хийчихсэн бол өдгөө Монгол Улсын хөгжил, эдийн засгийн үзүүлэлт, гадаад харилцаа арай ч ийм түвшинд хүрэхгүй байсан биз. Бид бусдад таалагдахын тулд шийдвэр гаргасаар байгаад л хамаг боломжоо алдаж дуусч байгаа орон шүү дээ. Тиймээс одоо шаардлагатай байгаа эрх зүйн орчноо нэн яаралтай сайжруулж, улс орныхоо ирээдүйн төлөө цаг алдалгүй ажиллах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, гадаад харилцаандаа онцгой анхаарах, эдийн засгаа богино хугацаанд сэргээхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлтөө даруйхан хийх шаардлагатай байна. Өнөөдөр Монгол Улс эдийн засгийн хувьд ч тэр гадаад харилцааны хувьд ч тэр хүнд байдалтай байна. Манай улсын эдийн засгийн 90 орчим хувь БНХАУ-аас хамааралтай байдгийг хүн бүр л мэддэг. Дэд бүтэц, цахилгаан эрчим хүч, шатахуун, бензин зэргээрээ ОХУ-аас бүрэн хамааралтай орон шүү дээ. Тиймээс монгол төрийн бодлого энэ хоёр улс руугаа цаг үргэлжид л харилцаж ирсэн. Үнэндээ Монгол Улс хөгжих үү, үгүй юү гэдэг чинь энэхүү хоёр хөрштэйгөө ямар хэмжээнд, хэрхэн зөв харьцах вэ гэдгээс л хамаарна. Тиймээс дотоод эрх зүйн шинэчлэлтүүдээ нэн даруй хийчихээд гадаад харилцаандаа онцгой анхаарах цаг болсон шүү.