Categories
мэдээ нийгэм цаг-үе

Солонгосын виз мэдүүлэх журам чангарч, шинэчлэгджээ DNN.mn

Монгол Улсад байх БНСУ-ын Элчин сайдын яамнаас өнгөрсөн долдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн визний журмаа шинэчилсэн байна. Манай улсын иргэд Солонгос улсад ажиллах, суралцах сонирхол жил тутам өсч байгаатай холбоотойгоор виз мэдүүлэх журмаа ийнхүү чангалж, тодорхой заалтуудыг нэмж өгсөн байна. Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд зуучлалын компаниар дамжуулан виз мэдүүлж, гарах тохиолдол эрс нэмэгдсэн байна. Тиймээс Солонгосын Элчин сайдын яамнаас зуучлалын үйлчилгээ үзүүлж буй компаниудыг бүртгэж албажуулан, зөвхөн бүртгэлтэй зуучлалын компаниар виз мэдүүлэх ёстойг шинэчлэгдсэн журмандаа тусгаж өгчээ. Өмнө нь дурын компани виз мэдүүлэх үйлчилгээг иргэдэд үзүүлдэг байсан бол одоо зөвхөн албан ёсны бүртгэлтэй компаниар үйлчлүүлэх ёстойг журмандаа тусгаж өгчээ. Үүнээс гадна виз мэдүүлэх журманд ямар өөрчлөлтүүд орсныг товч танилцуулъя.

1.Виз мэдүүлээд татгалзсан хариу авсан бол тухайн өдрөөс хойш зургаан сарын дараа дахин виз мэдүүлнэ.

2.Гадаад паспортын хүчинтэй хугацаа зургаан сараас дээш байна.

3.Виз мэдүүлэх гэж буй иргэн өөрийн биеэр Солонгосын виз мэдүүлэх төвд хандах үүрэгтэй.

4.Бүх бичиг баримтуудыг эх хувиар нь мэдүүлэх ёстой бөгөөд диплом, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа зэрэг бичиг баримтуудыг шалгаж дууссаны дараа буцааж олгох ба бусад баримт бичгүүдийг шаардлагатай гэвэл буцааж олгохгүй.

5.Монгол Улсын төрийн байгууллагаас олгогдож буй лавлагаа E-Mongolia цахим порталаас авсан байх хэрэгтэй ба тус цахим порталаас авах боломжгүй бол тухайн бичиг баримтыг эх хувиар нь лавлагаатай хамт бүрдүүлж өгнө.

6.Хуурамч, засвартай бичиг баримт бүрдүүлж өгсөн ба визний хууль бус зөрчил нь хоёр удаа илэрсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх болон БНСУ руу насаар нь зорчуулахгүй байх арга хэмжээг авна.

7.Виз мэдүүлгийн маягт дээр очих газар, зорчих зорилго, утасны дугаар, ажлын газар зэргийг хуурамчаар бичсэн тохиолдолд тодорхой хугацаагаар виз олгохоос татгалзана. Энэ нь 6-24 сар байна.

Олон удаагийн виз мэдүүлэх:

8.10 мянган ам.доллараас дээш зээлийн эрхтэй. Олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшдэг. Сүүлийн зургаан сарын турш сарын хэрэглээ нь хоёр мянган ам. доллараас дээш зарцуулалттай карт эзэмшигч байна.

9.ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй эмч, багш, сэтгүүлч, өмгөөлөгч зэрэг тухайн байгууллагадаа нэгээс дээш жил ажиллаж байгаа иргэд.

10.БНСУ руу хоёр жилийн дотор дөрвөөс дээш зорчсон гэх мэт иргэн олон удаагийн виз мэдүүлэх боломжтой аж.

БНСУ-ын Их, дээд сургуульд суралцах:

1.Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 сар байна.

2.Нэгдүгээр батлан даагч буюу эцэг, эхийн сарын орлого хоёр сая төгрөгөөс дээш байна.

3.Эцэг, эх нь нас барсан бол төрсөн авга, нагац, эгч, дүү нь байна.

4.Дансны хуулга нь виз мэдүүлэх өдрийг хүртэл нэг сараас дээш хугацаагаар байршуулсан байх ба визний мэдүүлгийг шалгаж дуусах хүртэл зарлага хийхгүй байх.

5.Нэг жилийн нийт сургалтын зардлыг тооцоолох. Үүнд, сургалтын зардал, онгоцны билет, амьжиргааны зардал сар бүр 500 ам.доллар байх, мөн бусад зардлууд багтана.

Дээрх заалтууд шинэчлэгдэж, мөнгөн дүн, виз татгалзах хугацаа зэрэг нь өндөр болж чангарсан байна. Манай улсын иргэд богино хугацааны виз буюу 30-90 хоногийн хүчинтэй хугацаагаа хэтрүүлэх, зарим нь хоёроос дээш жил тус улсад “харлаж” хууль бусаар цагаачлан ажиллаж амьдарч байгаа. Эдгээр иргэдтэй холбоотойгоор виз мэдүүлэх журам зохицуулалтад мөн адил хатуу өөрчлөлт орсон байна. Тухайлбал, визний хугацаагаа зургаан сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн иргэний төрсөн аав, ээж, ах, эгч, дүү нарт ямар ч ангиллаар виз гарахгүй байхаар журамлагджээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголд уран олборлож, цөмийн цахилгаан станц барих нь зөв үү? DNN.mn

Энэ өвөл бид эрчим хүчтэй байж чадах уу. Зөвхөн Монголд төдийгүй дэлхийн олон оронд тэр дундаа, Европын орнуудад энэ өвөл эрчим хүчний хямрал нүүрлэж болзошгүй байна. Үүнээс үүдэн эрчим хүчний түүхий эдүүдийн эрэлт өсөж байна. Үүний нэг нь уран юм.

Ураны ханш олон улсын зах зээлд өсч байна. Хамгийн сүүлийн байдлаар нэг фунт буюу 450 орчим грамм ураны ханш 48 ам.долларт хүрчээ. Ураны эрэлт өсөж буйгаас ханш нь ийн дээшилж буй.Олон улсын цөмийн ассоциацийн тооцоогоор ураны эрэлт ирэх 20 жилд 160 хувиар өсөх төлөвтэй.

Уран бол цөмийн эрчим хүчний гол түүхий эд. Одоогоор дэлхийн 32 улсад 438 цөмийн цахилгаан станц ажиллаж байгаа. Эдгээр цөмийн цахилгаан станц дэлхийн эрчим хүчний 10 хувийг үйлдвэрлэж байна. Ингээд зогсохгүй улс орнууд дахиад ч цөмийн реакторууд барьж байна. 2022 оны байдлаар дэлхий дахинд 56 цөмийн цахилгаан станц шинээр баригдаж байна.

Цөмийн эрчим хүч үйлдвэрлэлээр АНУ, Франц, ОХУ, Хятад зэрэг улс тэргүүлж байна. Ялангуяа Хятад, ОХУ сүүлийн жилүүдэд цөмийн эрчим хүчинд онцгой анхаарч байна. Одоогоор БНХАУ-д 53, ОХУ-д 37 цөмийн цахилгаан станц ажиллаж байгаа бөгөөд энэ хоёр улс дахиад ч шинэ эх үүсвэрүүд барьж байгуулсаар байна. Хятад улс гэхэд хамгийн олон буюу 17 цөмийн цахилгаан станцыг шинээр барьж буй бол ОХУ дөрвийг байгуулж байгаа аж.

Бид эрчим хүч худалдаж авдаг энэ хоёр улс эрчим хүчний найдвартай байдалдаа яаж анхаарч, хүчин чадлаа хэрхэн тэлж буйг уншигч та харж байгаа байх. Гэтэл ураны нөөцтэй гэгддэг Монгол Улс эрчим хүчээ дотоодоосоо хангаж ч чадахгүй хоёр хөрш улсаасаа худалдан авсаар л байна.

Фүкүшимагийн цахилгаан станцын сүйрлээс үүдэн дэлхий дахин нэг хэсэг цөмийн эрчим хүчнээс татгалзаж байсан нь үнэн. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд цаашлаад өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд эргээд цөмийн эх үүсвэрийг барьж байгуулж байна. Цөмийн цахилгаан станц нь нүүрс төрөгчийн ялгаруулалтаараа усан цахилгаан станцын дараа орох байгаль орчинд хохирол багатай эрчим хүчний эх үүсвэрт тооцогддог. Мөн нэг кг цэвэр уран нь 1000 тонн нүүрс шатаасантай тэнцэх хэмжээний эрчим хүч ялгаруулдаг байна. Герман улс хаахаар төлөвлөж байсан цөмийн цахилгаан станцуудаа үргэлжлүүлэн ажиллуулах гэж байгаа бол Япон цөмийн станцуудаа дахин нээхээр болсон байна.

Дэлхийн чиг хандлага цөмийн эрчим хүч рүү чиглэж байгаа энэ үед Монгол Улсад нөхцөл байдал ямар байна вэ. Уран, цөмийн цахилгаан станц бол яах аргагүйМонголын нийгмийн маргаан дагуулсан сэдвийн нэг. Магадгүй бидний мэддэг юм шиг хэрнээ огт мэддэггүй сэдэв ч байж болох юм.


ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн захирал, доктор, профессор Б.Бат-Эрдэнэ

Уран нь элементийнхээ хувьд хүний эрүүл мэнд, байгаль орчинд урт хугацаанд хадгалагдаж, задардаг хортой элемент мөн. Гэхдээ үүнийг тэр чигээр нь хор гэж ойлгох нь утгагүй. Үнэндээ могойн хор гэсэн ч хүний биед хортой. Гэхдээ бид үүнийг эрүүл мэндийн салбарт ашиглаж байна. Үүнтэй адил уран гэдэг бодисыг эрчим хүчний салбарт ашиглах нь зүйтэй. Юмаас айж зугтахаасаа илүү яаж тэр аюулыг байхгүй болгох вэ гэдэгт анхаарах ёстой. Тийм учраас атомын цахилгаан станцын нийт ашиглалтын зардлын 70-80 хувь нь аюулгүй ажиллагааг хангахад зарцуулагддаг. Атомын станцыг байгуулах нь зүйтэй. Гэхдээ аюулгүй байдлыг ньмаш сайн тооцох ёстой. Юмыг эсэргүүцээд байх амархан.Мэргэжлийн бус хүмүүс зарим улсуудын тоглоом болж энэ төрлийн үйл ажиллагааг эсэргүүцэж, шантаажилдаг юм болов уу гэж боддог.

Эрчим хүчний инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Р.Ганжуур

Монголчууд бид атомын цахилгаан станцыг ашиглаад эрчим хүч гаргах нь зөв. Ингэж хөгжөөсэй гэж бодож байна. Дэлхий дээр цөмийн эрчим хүчийг хамгийн их хэрэглэж байгаа улс бол Франц. Франц улс нийт цахилгааныхаа 71 хувийг атомын цахилгаан станцаас гаргаж байна. Харин Украин улс 54 хувийг, Армени улс нийт эрчим хүчнийхээ 20 гаруй хувийг атомын цахилгаан станцаас гарган авч байна. Атомын цахилгаан станцад сул тал бий. Гэхдээ тэр сул тал нь давуу талаасаа бага. Давуу талыг нь ашиглаад атомын цахилгаан станцыг барьж болно.

Эрдэмтэн судлаачдын тооцоогоор Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд эхний 10-т ордог гэсэн мэдээлэл бий. Харин албаныхны мэдээллээр 2020 оны байдлаар Монгол Улсын тогтоогдоод байгаа ураны нөөц нь 192 мянган тонн.Энэ нөөц цаашид өсөх боломжтой гэж судлаачид хэлж байна.

Монгол Улс “Алсын хараа 2050” хөтөлбөрт “2041-2050 онд ураны нөөцөө ашиглан хамгийн найдвартай, аюулгүй цөмийн станц байгуулна гэж тусгасан.Монгол Улсад олон улсын болон төрийн хөрөнгө оруулалттай ураны төслүүд хэрэгжиж байгаа. Гэхдээ эдгээр төсөл бодлогын гэхээсээ илүү хэсэг бүлэг хүмүүсийн улмаас удаашрах хандлага ажиглагддаг.

Монгол Улсад ураны салбарыг хөгжүүлэх, түүнийг ашиглан цөмийн эрчим хүч үйлдвэрлэх нь зөв үү. Янз бүрийн хүмүүсийн тайлбар, маргаанаас илүү цөмийн эрчим хүчний талаарх дэлхий нийтийн нөхцөл байдлыг тандхүргэлээ. Улс орнууд цөмийн эрчим хүчийг яаж хөгжүүлж байгааг, нөгөө талд бид айсаар суугаад ямар байдалтай байгааг та харсан байх. Дүгнэлтийг уншигч танд үлдээе.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Энхтүвшин: Хил гааль, боомтуудын нээлттэй байдал цаашид сайжирч, ачаа барааны эргэлт илүү нэмэгдэх хандлагатай байна DNN.mn

УИХын гишүүн Т.Энхтүвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


– ТӨМӨР ЗАМЫН АЧАА ТЭЭВЭР СААДГҮЙ ЯВАГДАЖ БАЙГАА –


-Томоохон баяр, тэмдэглэлт үйл явдал, хичээлийн шинэ жил зэрэг Монголын эдийн засаг, нийгмийн хөл хөдөлгөөн эрчимжих үед урд хөрш хилээ хаачихдаг. Урд хөршийн хил гааль, боомтууд хаалттай байх нь манай улсын эдийн засагт бодит сөрөг нөлөөллийг үзүүлдэг шүү дээ. Цаашид энэ байдлыг бодлогын түвшинд хэрхэн засах ёстой юм бэ?

-Хятад улсад ковидын нөхцөл байдал хүнд байна. Тэр дундаа Эрээн хотод ковидын халдвар өргөн далайцтай явагдаж, нөхцөл байдал тааруу байна гэсэн мэдээлэл авсан. Хэдийгээр Эрээн хилээ хааж, нээж байгаа ч манайх руу орж ирэх импортын бараа бүтээгдэхүүний ачаа эргэлтийг зогсоогоогүй. Өчигдрийн байдлаар гэхэд манайх руу 80 орчим ачаа тээврийн машин орж ирсэн. Мөн экспортоор тодорхой хэмжээний нүүрс тээврийн чингэлгүүд Эрээн рүү гарсан. Ер нь эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхой хэмжээгээр сайжирч байна гэж харж байгаа. Тухайлбал, Гашуунсухайтын боомтоор 500-600 орчим нүүрс тээврийн автомашин гарч байна. Дорноговь аймгийн Ханги-Мандал боомтоор 250 гаруй чингэлэг тээвэр гарч байна. Замын-Үүдээр 40 гаруй чингэлгээр нүүрс тээвэр гарч байгаа гэсэн мэдээлэл авсан. Тэр утгаараа төмөр замаар орж, гарч байгаа ачаа барааны эргэлт харин ч нэмэгдэж байгаа. Эрээн хот тэг зогсолт хийлээ гэж зарлаж байгаа. Үүнийг манайхан Монгол руу ачаа бараа огт орж ирэхээ болилоо гэж ташаа ойлгож байна. Эрээнд гаалийн хяналтын бүс гэж бий. Тэрхүү бүсэд байгаа бараа, таваар чөлөөтэй явж байгаа. Харин Эрээнд орж ирж байгаа Хятадын өөр хотуудын ачаа таваарын эргэлтийг зогсоосон. Бусдаар Монгол руу гаргадаг гаалийн бүсийн ачаа, бараа эргэлддэгээрээ л эргэлдэж байгаа.

-Эрчим хүчний тоног төхөөрөмж ачсан 200 вагон таг гацсан гэсэн мэдээлэл байна. Энэ яагаад гацчихсан талаар танд мэдээлэл байна уу. Угтаа төмөр замын ачаа тээвэр хэвийн л байгаа гэж та ярилаа шүү дээ?

-Тодорхой хэлчих мэдээлэл алга. Гэхдээ Улаанбаатар төмөр зам Хөх хотын төмөр замтай ажлын уялдаа холбоо сайтай ажиллаж байгаа. Миний харж байгаагаар вагоны ачаа эргэлт нэмэгдчихсэн гэж ойлгосон. 2019 онд Замын-Үүд рүү хоёр нарийн царигийн төмөр зам тавьсан. Түүгээрээ чингэлэг тээврийн ачаанууд орж ирж байгаа. Монголоос өдөртөө 12 цуваа буюу 600 вагон гарч байна. Дэлхийд нүүрс, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ гайгүй байгаа энэ үед манай улсын төмөр замын тээвэр энэ эрчээрээ он дуустал явбал олон сая тонн нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалаа дэлхийн зах зээлд гаргах бололцоо байгаа л гэж харж байна. Ер нь бол Эрээнээр ачаа бараа орж ирдэг шигээ л орж ирж байгаа. Нэг хэсэг урд хөрш хил, хилийн боомтуудаа таг хаачихдаг байлаа шүү дээ. Одоо тийм нөхцөл байдал олон харагдахгүй байна. Цаашид хил гааль, хилийн боомтуудын нээлттэй байдал улам сайжрах, ачаа барааны эргэлт илүү нэмэгдэх дүр зурагтай байна.

-УИХ-ын гишүүний хувьд Цэцийн гаргасан тогтоолыг ямар байдлаар хүлээн авч байна. УИХ-аас цаашид авч хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг нь баталчих шиг боллоо шүү дээ…?

-Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд халдаж, Үндсэн хуулийн зүйл заалтыг шууд хүчингүй болгодог байдлыг би хувьдаа буруу гэж үзэж байгаа. Тиймээс Их хурлаас Цэцийн Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгодог эрхийг хязгаарласан, заагласан эрх зүйн шинэ зохицуулалтыг хийж өглөө. Цаашид хэн дуртай нь Үндсэн хуулийн тэр заалт нь буруу байна, хүчингүй болгоно гэх байдал үүсч болзошгүй болохоор л бид ингэж зааглаж өгсөн гэж ойлгож байгаа. Цаашид Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн зүйл заалтад дүгнэлт гаргаад явахаас биш шууд хүчингүй болгох эрхийг нь хязгаарлаж өгөх ёстой л гэсэн байр суурьтай байна.

-Нэгэнт Цэцийн гаргасан шийдвэр эцсийнх тул цаашид давхар дээл гэдгээр хязгаарлаж өгөхгүй боллоо. Тиймээс Засгийн газар сайдуудаа давхар дээлтэй болгох асуудал танай нам дотор хүчтэй яригдаж байна. Таны харж байгаагаар Ерөнхий сайд хичнээн сайд нарыг солих шинжтэй байх шиг байна вэ?

-Мэдээж хариуцлага алдсан, муу ажиллаж байгаа сайдыг солих нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Тэр утгаараа хариуцлага алдсан, цаг үедээ муу ажилласан сайд нараа солих нь зөв болов уу гэсэн бодолтой байгаа. Солих ч гэх үү шинээр томилогдох сайд нь давхар дээлтэй эсэх нь хамаагүй. Үнэхээр тэрхүү салбарт сайн ажиллаж чадах, мэдлэгтэй, сэтгэлтэй хүн байвал давхар дээлтэй эсэх нь тийм ч сонин биш л дээ.

-Танд сайд болох сонирхол бий юү?

-Тийм сонирхол байхгүй ээ. Би эрх мэдлийн төлөө улайрч явдаг хүн биш.

-Шинээр байгуулагдсан хоёр яамны сайдыг энэхүү ээлжит бус чуулганы үеэр томилох байх, тийм үү. Мөн яамгүй хоёр сайдын тухай яригдаад байгаа шүү дээ…

-Мэдээж шинээр байгуулагдсан яамдуудын сайд нарыг томилох нь тодорхой. Харин тэрхүү яамгүй гэх хоёр сайдын тухай манай намын бүлэг болон нам дотор огт яригдаагүй. Тийм бүтэц нэмэх эсэх талаар мэдээлэл алга байна.

-Та орон нутгаас сонгогдсон гишүүдийн нэг. Энэ жилийн тухайд зүүн болон баруун аймгуудын нутгаар гантай байна. Цаашлаад өвөлжилт хүндрэх төлөвтэй болж ирлээ. Тиймээс энэ асуудлаар гишүүд орон нутгийнхаа малчид, удирдлагуудад анхааруулж эртнээс өвөлжилтийн бэлтгэлийг хангах асуудалд анхаарч байх шиг байна…

-Зуншлага зарим газар нутгаар тааруу болж байгаа нь үнэн л дээ. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажлаа базаахад эртнээс анхаарах ёстой гэдэг бол зөв. Нэг үеэ бодоход манай малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд дор бүрнээ өвс, хадлан, бусад зүйлээ маш сайн бэлддэг болж. Малаа хүнд өвөлд онд оруулах хамгийн эхний ажил бол малаа эрүүл байлгах явдал. Тэр утгаараа малын гаралтай гоц халдварт өвчний эсрэг вакцинжуулах ажлыг бид илүү идэвхтэй хийж байна. Ер нь миний ч гэлтгүй орон нутгаас сонгогдсон гишүүдийн ганц боддог бодол бол малчдын амьжиргааг дээшлүүлэх, орлогыг нь нэмэх л дээ. Өнөөдөр ямааны арьс 1000 хүрэхгүй төгрөг л байна. Мөн ноос, бусад дайвар бүтээгдэхүүний үнэ өртөг үнэхээр шалдаа буусан байна. Тэр утгаараа малчдын орлого сүүлийн хэдэн жил тодорхой хэмжээгээр буурсан. Энэ жилийн хувьд гадагшаа мах экспортод огт гарсангүй. Малчдын гол орлого, амьжиргааны эх үүсвэр нь мал байдаг. Гэтэл тэрхүү малын мах, түүхий эдийн үнэ хямд, үнэгүй шахуу байхаар малчдын орлого яаж нэмэгдэх билээ. Тиймээс махаа экспортлох нь хамгийн чухал байна. Саяхан сошиалаар дулааны аргаар боловсруулах мах гэж бужигналаа. Энэ дулааны аргаар боловсруулсан махыг Хятад улс руу экспортлох арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна. Үнэхээр дотоодын зах зээлдээ эргэлтэд оруулж байна гээд хардаж сэрдээд байгаа бол Хятад руу гарчих хэрэгтэй. Хятад улс тэрийг нь стандартад нийцсэн байна авъя, эсвэл авахгүй гэдгээ өөрсдөө шийднэ биз. Бид аль болохоор мах авна гэсэн газар л байвал тийшээ экспортолж байх нь зөв. Хоёрдугаарт Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас олгодог махны квот гэдгийг болих хэрэгтэй.Стандарт шаардлагаа хангасан мах бэлтгэсэн иргэн, аж ахуйн нэгж байвал тэрхүү махаа гаргаж л байг.

-Ирэх сараас эхлээд НӨАТ-ын сугалааг дахин явуулж эхэлнэ гэж Сангийн сайд мэдэгдсэн. Зарим нь сугалаа гэж байхаар зүгээр НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нь нэмчихээч ээ гэдэг. Таны хувьд энэ асуудалд ямар бодолтой явдаг вэ?

-Манайхан ихэнх нь НӨАТ-ын асуудлыг буруу ойлгоод байдаг. НӨАТ-ын сугалаа гэдэг айхавтар их хөрөнгө зардаг ажил биш шүү дээ. Миний сонссоноор 13 тэрбум төгрөг байдаг шиг санагдаж байна. Сугалаа явуулахаа болиод энэхүү 13 тэрбум төгрөгийг буцаан олголтондоо зарцуулъя гэвэл энэ мөнгө ёстой юу ч болохгүй. НӨАТ-ын буцаан олголтын хувийг бүхэл нэгжээр ч нэмэгдүүлж чадахгүй шүү дээ. Одоо НӨАТ-ын буцаан олголтын хувь хоёр хувьтай байгаа. Сугалааны зардлыг ийшээ орууллаа гэхэд 2.1 хувь ч болохгүй. Ёстой далайд дусал нэмж байна л гэсэн үг. Тиймээс НӨАТ-ын сугалаа хэвээрээ явж байх нь илүү эдийн засаг талаасаа эерэг үзүүлэлтийг бий болгоно. Сугалаанд хожихын тулд иргэд НӨАТ-ын баримтаа нэхэж авдаг болно шүү дээ. Өмнө ч нэхэж авдаг байсан. Сугалааг болиулснаар НӨАТ-ын баримт авдаг байдал эрс буурсан. Энэ нь мэдээж далд эдийн засгийг улам илүү хөгжүүлж байна л гэсэн үг. Тиймээс НӨАТ-ын сугалааг дахин сэргээх, сугалаа хэвээр нь байлгах нь илүү дээр болов уу.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Баасанхүү: УИХ-ын дарга чуулганы хуралд О.Цогтгэрэлийг АН-ын бүлгийн дарга гэж танилцуулах эрх зүйн боломжгүй DNN.mn

УИХ-ын гишүүн асан, АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүүтэй ярилцлаа.


-ЦЭЦИЙН ШИЙДВЭР АГУУЛГЫН ХУВЬД ЗӨВ –


ИХдахь Ардчилсан намын бүлгийн даргыг огцруулах, шинээр томилох асуудал маргаантай хэвээр байна. Уг нь хууль батлуулчихсан биз дээ. Яагаад эрх зүйн хувьд маргаантай гэж үзээд байна вэ?

-Сүүлийн үед хүний өөрийн гэлтгүй улстөрчид, УИХ-ын гишүүд өөрсдийн албан тушаал, эрх мэдэлд давуу эрх олгох үүднээс хууль зөрчсөн үйлдэл их явуулах боллоо. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулаад бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах хуулийн төслийг өргөн барьсан. Үүнийг УИХ долдугаар сарын 8-нд баталчихсан. Уг асуудал нь Үндсэн хуулийн 19, 21, 27 гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Энэ асуудлаар бид гомдол мэдээлэл өгчихсөн байгаа. Гэтэл ээлжит бус чуулган нээсэн өдөр О.Цогтгэрэл зургаан хүнтэй хуралдаад өөрийгөө Бүлгийн дарга болгосон.

Энэ нь ёс зүйн болоод зарчмын хувьд маш буруу үйлдэл. Учир нь өөртөө давуу байдал үүсгэж хууль санаачилж оруулан батлуулчихаад өөрөө дарга болж байгаа нь ёс зүйн хувьд буруу. Хууль зүйн талаасаа гэвэл О.Цогтгэрэлийн өргөн барьж батлуулсан хуульд “УИХ дахь АН-ын бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар бүлгийн даргыг сонгоно” гэсэн утга, өгүүлбэр байна. Энэ нь юу вэ гэхээр бүлгийн даргыг сонгохын тулд тухайн бүлгийн бүх гишүүд хуралдаж, түүнээс олонхын санал авсан хүнийг тодруулна гэсэн л үг шүү дээ. Хуульдаа нийт гишүүд гэж заасныг та бүхэн сайн анзаарах хэрэгтэй. Хууль бол утгачилж биш үгчлэн хэрэгждэг. Тэр утгаараа манай нам УИХ-д 11 гишүүнтэй. Тэрхүү 11 гишүүн бүгд хуралдаж байж, олонхын саналаараа Бүлгийн даргаа сонгоно. Өөрөө ийм хууль баталчихаад нийт гишүүдээ хуралдуулалгүй зургаан хүний ирцтэй хуралдчихаад өөрийгөө дарга болгож байгааг бид ёс зүйн болоод эрх зүйн зөрчилтэй гэж үзээд байгаа юм. Би УИХ-ын гишүүн байсан хүн, хуульч хүн. Хэрэв би тийм хууль өргөн барьсан бол хуульдаа “Тухайн бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргана” гэж бичих байсан. О.Цогтгэрэлийн батлуулсан хуульд хоёр зүйл харагдаж байгаа юм. Бүлгийн нийт гишүүд гэхээр МАН, АН-ын бүлгийн нийт гишүүд гэж ойлгогдохоор байна. Тэгэхээр бүгд нийлж байж бүлгийн даргыг сонгох ийм сонин нөхцөл байдал бий болчихсон. Хоёрдугаарт, МАН-ын бүлгийн даргыг АН тавиад байна гэж ойлгогдохоор, эсвэл АН-ын бүлгийн даргыг МАН-ын бүлэг тавиад байна гэж харагдахаар хууль болсон. Нийт гишүүд гэхээр УИХ дахь АН-ын бүлгийн 11 гишүүн заавал хуралдаж байж, олонхоороо асуудлыг шийднэ гэсэн үг шүү дээ. Тиймээс УИХ-ын дарга ийм хууль зөрчсөн үйлдэл дээр УИХ-ын чуулганы индрээс УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл гэж унших ямар ч боломжгүй. Хэрэв ингэж уншиж танилцуулбал УИХ-ын дарга эрх зүйн зөрчилтэй мэдэгдэл хийж байна гэж ойлгоно.

-Эрх баригчдын гаргаж байгаа үйлдэл, явуулж буй бодлогыг та юу гэж харж байна вэ?

-Ард түмэн МАН-ын хүчийг нэгтгэж өгсөн. Хүчийг нь нэгтгэж өгсөн гэдгийг юу гэж ойлгосон бэ гэхээр МАН-ыг 150 мянган ажлын байр бий болгоно, шатахууны үнийг гурав дахин бууруулах, валютын ханшийг ядаж тогтвортой барина, ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх зэрэг гоё гоё амлалтуудыг нь дэмжээд хүчийг нь нэгтгээд УИХ-ын 62 суудлыг өгсөн. Гэтэл өнөөдөр хүчээ нэгтгээд улс орны хөгжил ярихгүй, ард иргэдийн амь амьжиргааг дээшлүүлсэн нэг ч хууль санаачлаагүй атлаа эрх мэдэл, албан тушаал, сандал суудлын асуудал яриад хэрэлдээд сууж байна. Хэний нам байх нь хамаагүй. Хэвлэлээр гарч байгаа мэдээллийг харахаар хэн сайд болох уу, хэн дарга болох уу гэдэг зүйл л явж байна. Гэтэл өнөөдөр улс орны амьдрал ямар байгаа билээ. Шийдэх олон чухал асуудал байна. Сүүлийн үед миний сонссон хоёр түгшүүртэй мэдээ байна. Тухайлбал, Аудитын дүгнэлтээр Засгийн газраас 10 их наядын зөрчил илэрсэн гэж гарч. Энэ юу гэсэн үг вэ. Бүхэл бүтэн төсвийн зөрчил илэрчихсэн явж байхад үүнийг хэн ч хаана ч яагаад дуугарахгүй байна вэ. Хоёрдугаарт, дөнгөж саяхан өвөлжилтийн бэлтгэл асуудлыг хэлэлцэх үеэр эрчим хүчний асуудлыг ярьж эхэлж байна. Нөгөө яриад байсан Багануур, Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцуудын төсөл бүгд гацчихсан гэж сонссон. Энэ өвөл иргэдийнхээ дулааныг хангаж чадахгүй, айл орон сууцуудын паар хөлдөх тухай ярьж байна. Ерөнхийдөө ослын үеийн дэглэм буюу цахилгааны хязгаарлалтад амьдрах нөхцөл байдал биднийг хүлээж байна. Ийм тааруу нөхцөл иргэдийг хүлээж байхад төр барьж байгаа МАН эрх мэдлийн төлөө улайрч байгаа нь харамсалтай. Эрх баригчид өнөөдөр хил гааль, шатахуун түлш, сургууль, цэцэрлэг, эдийн засгийг өсгөх, тэлэх томоохон төслүүдээ ч явуулж чадахгүй байна. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ОХУ-ын зэр зэвсэг, цэрэг арми өөрийн орны тугаа мандуулаад 1000 км явж байхаад яагаад дипломат эсэргүүцэл илэрхийлэхгүй байна вэ. Тусгаар улс гэдэг утгаараа бусдын оронд туг далбаагаа мандуулах өөрийн гэсэн тусгай хуультай байдаг. Энэ хуулийн хэрэгжилт хаана байна. Яагаад энэ асуудлыг эрх баригчид чихэн дүлий, нүдэн балай, мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрүүлэв.

-Эрх баригчид ээлжит бус чуулган зарлах бүртээ дандаа эрх мэдлээ нэмэгдүүлэх, шинээр албан тушаал бий болгох асуудлыг хэлэлцэж байна. Үүнээс илүү улс оронд тулгамдсан олон асуудал байхад эрх мэдлийн төлөө ингэж шуурхай хуралдаж байгааг шүүмжилж бичих, ярих хүмүүс их байна. Таны хувьд энэхүү асуудалд ямар бодолтой байна вэ?

-Үүний өмнөх ээлжит бус чуулганаар Хэмнэлтийн хуулийг хэлэлцэж баталсан. Тухайн үедээ хэмнэе, тэвчье гэх санааг гаргаж ирсэн нь зөв боловч одоо энэ хууль шиг хэрэгждэггүй хууль гэж алга. Хамгийн хэрэгждэггүй, хэрэгжихгүй хууль болсон. Хаана ч хэмнэлт хийж байгаа зүйл байхгүй. Эрх баригчдын ийм эрээ цээргүй үйлдлийн эсрэг Ерөнхийлөгч сөрөг хүчинтэй хамт тэдгээр нөхдүүдэд ташуур өгөх ёстой. Өнөөдөр сөрөг хүчин сул байгаа ч гэсэн Ерөнхийлөгч сөрөг хүчний үүргийг маш сайн гүйцэтгэх хэрэгтэй. У.Хүрэлсүх гэдэг хүн өнөөдөр МАН-ын Ерөнхийлөгч биш. Нийт ард түмний Ерөнхийлөгч. Тиймээс иймэрхүү үйлдэлд ташуур болж явах учиртай. Иргэдийн амьдрал, улс орны эдийн засгийн байдал үнэхээр хүнд байна. Иргэд талбайд гарч жагсъя, тэмцье гэсэн ч тэдэнд хүч тамир, итгэл үнэмшил алга. Энэ цаг үед Ерөнхийлөгч эрх баригчдын буруу үйл ажиллагааны эсрэг зоригтой тэмцэхийг хүсч байна.

-Та хуульч хүн. Тэр утгаараа Үндсэн хуулийн Цэцийн гаргасан тогтоолын талаар ямар байр суурьтай байна. Цаад улс төрийн агуулгыг нь та юу гэж харж байна вэ?

-Улс төрд арваад жил болсон хэдий ч нөгөө талаасаа би хуульч хүн. Тиймээс хуульч хүнийхээ хувьд Цэцийн гаргасан тогтоолыг агуулга талаасаа зөв гэж үзэж байгаа. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг би дэмжээгүй. Намайг гарын үсгээ зурчих Эрдэнэтийг чинь хот болгож өгье гэж хэлж байсан. Би сонгогчдоосоо асуусан. Сонгогчид бид хот болъё гэж дэмжсэн. Ингээд би улс төрийн шийдвэр гаргаж гарын үсэг зурсан байдаг. Одоо эрдэнэтчүүд хот болох асуудлыг мартчихсан, Орхон аймаг гэдэг нэрэндээ дасаад л амьдарч байна. Миний гарын үсэг зурсан Үндсэн хуулийн төслөөс огт өөр төсөл өргөн баригдаад батлагдчихсан. Тухайн үед Х.Баттулга ахалж, энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа өөрөө өөртөө чагт тавьчихсан хүн шүү дээ. Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд УИХ-ын 57 гишүүн сэтгэл зүйн хувьд ч гэх үү үзэл санааны хувьд хөдөлшгүй санал нийлж байж төслөө өргөн барьдаг. Түүнээс биш 57 гишүүн 57 зүгт харж байгаад төсөл өргөн барьж болохгүй. Харамсалтай нь тухайн үед МАН 32, 33 гэж хуваагдчихсан байсан. Тухайн үедээ маш зөрчилтэй заалтыг оруулж ирсэн. Тэр нь юу вэ гэхээр “УИХ-ын гишүүн Засгийн гишүүнээс өөр ажил албан тушаал хашиж болохгүй” заалт юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх нь ямар нэгэн тоонд хязгаарлагдахгүй гэж ойлгогдож байгаа юм. УИХ Ерөнхий сайдыг баталдаг, огцруулдаг учраас Ерөнхий сайд сайд нараа бүгдийг нь дан байлгах эсэх нь өөрийнх нь үзэмжийн асуудал. 2012 онд УИХ маш утгагүй хууль баталсан. Тухайн үед би парламентын гишүүн байгаагүй. Тэр хууль нь Үндсэн хуулийн хажууд дагуул хуультай болчихсон юм. Тухайн үед эрх баригчид Үндсэн хуулийг өөрчилж болдог хууль баталчихсан. Тэр хууль нь органик хууль. Органик хуулийг баримталж хийсэн хууль органик л байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг барьж хийгээгүй хууль баталчихсан гэсэн үг. Тиймээс өнөөдөр яаж байна гэхээр Үндсэн хуулийн Цэц 38.1-ийг органик хууль гэж үзээд шийдвэр гаргачихаж байгаа хэрэг. Одоо Цэцийн гаргасан шийдвэрт тулгуурлаж цаашид яаж явах ёстойг УИХ өөрөө шийднэ. Миний хувьд гэхдээ энэ тийм ч сонин биш байна. Хурдан энэ асуудлаа шийдчихээсэй гэж бодож байна. Дараа дараагийн шийдэх, ярилцах, хэлэлцэх, гарц гаргалгааг нь олох маш олон тулгамдаад байгаа асуудлууд байгаа. Ард түмэнд тэдгээр асуудлыг нь шийдэх л сонин болохоос биш хэн нь сайд болох уу, хэн нь дарга болох уу, давхар дээлтэй юү, дан дээлтэй юү гэдэг огтхон ч сонирхолтой биш. Нөгөөтэйгүүр Цэцийн тогтоолтой холбоотой асуудлыг хурдан шийдээд явахгүй бол улс орны ажил зогслоо. Яамд нь манайх ямар сайдтай болох бол, энэ төслийг нь явуулж байх нь зөв болов уу, эсвэл өөр нэг сайд ирээд гацаачих болов уу, яадаг бол гэсэн эргэлзээг төрүүлчихсэн. Тиймээс төрийн ажил бүх шатандаа түр зогсолтод орчихсон гэсэн үг. Тэр утгаараа энэ нэг эрх мэдэл, сандал суудлын асуудлаа хурдхан шийдээд явчих шаардлагатай.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Тэнэгээ засах хамгийн сайн арга бол сонин унших DNN.mn

Ном, сонин уншдаг хүний хандлага, харилцаа цаанаа л нэг өөр, мэдрэмжтэй, мэдлэгтэй, мэдээлэлтэй байдаг. Улстөрчдийн хамгийн их санаа зовдог зүйл нь тэнэгээ нуух. Тодруулбал, мэдлэг, мэдээлэлгүй байдлаа нуух юм. Тэнэгээ нуух нь хүний язгуур зан байдал ч гэлээ улстөрчид үүнийгээ нуух гэж ёстой нэг хөгөө чирэх юм.

Тэдний энэ зан байдлыг тодоор мэдэрдэг хүмүүс бол сэтгүүлчид. Тиймээс ч улс төрчид өөрсдийн тэнэгээ яаж нуух вэ гэдгээ сэтгүүлчдээс тодруулж, зөвлөгөө авах нь ч бий. Ордны сэтгүүлчид та нарыг хэн нь хэн бэ гэдгийг хэдийнэ мэдчихсэн байдаг. Аль гишүүн нь мэдээлэл сайтай вэ, хэн нь сул вэ гэдгийг ч мэднэ. Хэн хулгайч вэ, хэн нь хорчин бэ гэдгийг ч мэднэ. Тийм атал та бүхэн ярилцлага, мэдээлэл өгөхдөө тодорхой зүйлийг тойруулж тайлбарлах, хэт их ухаантай хүн шиг ярих, попордог байдлаа ядаж сэтгүүлчтэй уулзахдаа больчих. Улс төр, эдийн засгийн байдлыг ганц нэгхэн цээжилсэн томьёондоо оруулж ярьдгаа өөрийгөө их мэдлэгтэн гэж боддог чинь тэнэглэл.

Улс орон, үндэсний аюулгүй байдлын асуудал, гадаад дотоодын нөхцөл байдал адармаатай байна гэж шүүмжилж ярьдаг атлаа улсад нь ирсэн НҮБ-ын даргын үгийг сонсоогүй, ирсэн үгүйг нь ч мэдээгүй УИХ-ын гишүүн, эрхэм сайд нар ч байна. Энэ бол ойрын, наад захын жишээ. Өнөөгийн улстөрчид, эрхэм гишүүд, сайд, дарга нар төрийн ажлыг өөрийнхөө тэнэгээ нуухын тулд л хийдэг болсон нь нууц биш. Дахин дахин сонгогдох гэж, улам өндөр албан тушаалд очих гэж, бусдыг өнгө зүс, мөнгөөр татах гэж хийж байгаа нь ч ил болсон цаг үе. Ийм үед элдэв арга, уран цэцэн үг хэлж, ухаантай царай гаргаж тэнэглэж байхаар өдөр тутамдаа сонин сайн уншиж, улс орон, дэлхий даяар юу болж, хэн нь юу гэж хэлж байгааг ядаж мэдчих хэрэгтэй.

Энэ цаг үед мэдээлэлтэй байна гэдэг ухаантай царайлахаас илүү үр өгөөжөө өгнө шүү, улстөрчид өө. Мэдээлэлтэй хүн мэдрэмжтэй, мэдлэгтэй болдог гэсэн бичигдээгүй хууль бий. Тиймээс мэдээлэлтэй байхын тулд өдөрт ядаж нэг сонин бүтэн гарчиглаад уншчих хэрэгтэй. Та нарт тийм цаг, зав элбэг бий.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Батсайхан: Баялаг бүтээгчдээ дэмжсэнээр тэдний орлого нэмэгдэж, эдийн засгийн сэргэлт бий болно DNN.mn

Монгол Улсын гавьяат эдийн засагч, Завхан аймгийн Засаг дарга асан Д.Батсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Саяхан Ерөнхий сайд Загастайн замын нээлтэд очиж, “Мянганы” зам энэ хүрээд дууслаа гэж байсан. Ер нь энэ зам ашиглалтад орсноороо эдийн засгийн болоод дэд бүтцийн хувьд ямар эерэг үр дүн үзүүлэх юм бэ?

-Загастайн даваа бол мянган жилийн түүхтэй даваа. Анх энэ даваагаар морь, үхэр тэргээр тэмээн жингээр ачаа бараагаа зөөж байсан түүхтэй. Дараа нь буюу 1960 оны эхээр УАЗ-469 автомашинаар анх давсан. Улмаар 1964 онд бүх нийтийн зам засварын ажил хийгдэж, уг давааны замыг сайжруулсан зам болгосон юм. Хожим 2012 оноос хойш хатуу хучилттай авто зам тавих тухай яригдаж эхэлсэн. Тэр жилээ урд хөршийн компани зам тавих гэж үзээд төсөв багатай, ажил ихтэй гэсэн шалтгаанаар татгалзсан. 2014 онд Монголын компаниуд шалгарч ажиллах гээд бас бүтэлгүйтсэн түүхтэй. 2019 онд гурав дахь удаагийн оролдлого амжилттай болж, улмаар 67 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулсан. Энэ зам ашиглалтад орсноороо мэдээж эдийн засгийн олон хэмнэлтүүдийг бий болгож байна. Тухайлбал, хуучин энэхүү даваагаар суудлын автомашин гурван цаг, ачааны автомашин таваас дээш цаг явж давдаг байсан. Харин одоо гучин минутын хугацаанд л давж байна. Тиймээс цаг зав, бензин, шатахуун, техникийн эвдрэл зэрэгт маш их хэмнэлт бий болсон гэсэн үг. Энэхүү хэмнэлтийг завханчууд болоод Монголын нийт ард түмэн нийтээрээ хүртэж байна.

Баяр наадмын үеэр та Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор энгэрээ цоолсон. Эдийн засагч хүний хувьд улс орны өмнө тулгараад байгаа зах зээлийн хүндрэлтэй нөхцөл байдлаас гарах гарц, гаргалгааг хэрхэн харж байна вэ?

-Ерөнхийдөө макро эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа. Энэ хүндрэл хэд хэдэн нөхцөл байдлаас хамаарч байна. Тухайлбал, гадаад худалдааны бланс алдагдсантай холбоотойгоор эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл үүссэн. Нөгөөтээгүүр дотоод эдийн засгийн оновчтой бус зарцуулалтаас хамаарсан хүндрэлүүд үүсээд байна гэж харж байна. Эдийн засагт нэг төгрөг олохоос нэг төгрөгийг зарцуулах нь хэцүү байдаг гэсэн онолын тодорхойлолт бий. Өөрөөр хэлбэл яаж төсвөө зарцуулж байна түүнээсээ хамаараад орлого нь тодорхойлогддог гэсэн үг. Тэр утгаараа улсын төсвийн зарцуулалтын хувьд манай улсын бүтэц том, данхар. Тиймээс үр ашиггүй зардал ихтэй, үрэлгэн болоод муу зардал өндөртэй явж ирсэн. Энэ байдлаас хамаараад саяхан Засгийн газраас санаачилж УИХ-аар Хэмнэлтийн тухай хуулийг баталсан байгаа. Энэ хууль цаг үеэ олсон сайн хууль. Харин одоо хуулийн хэрэгжилтийг хангах асуудлыг сайн шаардах хэрэгтэй байна. Уг хуулийн хэрэгжилтийг хангах асуудал үнэхээр тааруу байна.

-Та муу зардал гэж хэллээ. Муу зардал гэхээрээ үр ашиг муутай хөрөнгө оруулалтыг хэлээд байна уу?

-Ер нь бол зардлыг сайн, муу гэж ангилж байх хэрэгтэй. Сайн зардал гэдэг бол буцаад эдийн засгийн үр өгөөжөө өгдөг зардал. Дээрээс нь эдийн засгийн өгөөжөө өгөхдөө мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр өгч байдаг зардлыг сайн зардал гэж ойлгож болно. Муу зардал гэдэг бол эдийн засгийн өгөөж битгий хэл нэмээд дараагийн зардлыг бий болгож байдаг. Тиймээс манай улсын төсөв батлагчид зардлаа сайн муугаар нь ялгаад аль болох муу зардал гаргахгүй, танах шаардлагатай. Ер нь бол макро эдийн засгийн түвшиндээ томоохон бүтцийг бий болгох хэрэгтэй. Энэ нь юу гэхээр эдийн засгийн зүй зохистой бүтцээ бид одоог болтол тодорхойлж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл хэдэн хувь нь мал аж ахуй вэ, хэдэн хувь нь хөдөө аж ахуй вэ, уул уурхай вэ гэдгээ бид тодорхойлох ёстой. Үүнийгээ тодорхойлж гаргаж ирээгүй учраас өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй байдалд орсон. Дүгнэж хэлэхэд муу зардлуудаа багасгах, эдийн засгийн бүтцээ оновчтой болгох, гадаад худалдааныхаа тэнцлийг зохистой хангах хэрэгтэй байна. Нэн ялангуяа гадаад худалдаанаас хүндрэлүүд үүсээд байна гэж байна шүү дээ. Тухайлбал, хойд хөрштэйгөө харилцаж байгаа харилцаа түүнээс хамаарч шатахуун болон эрчим хүчний үнийн өсөлт яаж явагдаж байна. Манай улс худалдааны 90 орчим хувийг урд хөршөөс оруулж ирдэг. Тиймээс Хятад улстай харилцаж байгаа харилцаа, боомтуудын үйл ажиллагаанаас хамаарч Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал шууд хамааралттай байна. Ийм нөхцөлд байгаа учраас эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд гадаад эдийн засгийн бодлогыг оновчтой болгох, хоёрдугаарт эдийн засгийн дотоод бодлогоо маш сайн боловсронгуй болгох шаардлагатай байна.

-Бензин, шатахууны үнэ улам л нэмэгдсээр байна. Үүнийгээ дагаад үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний хомсдол бий болох ч эрсдэлтэй байна. Ирэх намар инфляц дахиад нэмэгдэх төлөвтэй гэсэн эдийн засгийн тооцоо гарлаа?

-Эдийн засгийг өөрийнхөө байшин гэж төсөөлж үзвэл тэрхүү байншингийн суурь нь маш бат бөх, чанартай байх ёстой. Гэтэл манай Монгол Улс суурь нь хэдийн ганхчихсан байшинд л амьдраад байна гэсэн үг. Тиймээс өнөөдөр үүссэн, маргааш бий болох хүндрэлтэй нөхцөл байдлаас гарахын тулд хамгийн түрүүнд сууриа тогтвортой, зөв, оновчтой болгох шаардлагатай байна. Бид сууриа янзлах хэрэгтэй байна. Тухайлбал, ДНБ-ээсээ давсан гадаад өртэй байна гэдэг бол энэхүү эдийн засгийн суурь өөрөө юу ч үгүй нурчихсан байна гэсэн үг. Тиймээс сууриа яаж дахин босгох уу, яаж бэхжүүлэх үү гэдэг асуудалдаа анхаарах цаг хэдийн ирчихсэн. Сууриа бэхжүүлэхийн тулд бүтцийн алдагдсан боломжуудыг яаж авчрах вэ гэдгээс эхэлж бодох ёстой байх. Мөн дотоодын үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдээ хэрхэн яаж бодитой дэмжих ёстой юм бэ. Олон жил дэмжиж байна гэж явлаа. Одоо л яг бодит дэмжлэг хэрэгтэй байна. Дотоодын баялаг бүтээгчдээ дэмжиж чадаагүйгээсээ болоод эдийн засгийн дотоод эргэлт суларчихсан, бараг байхгүй болчихсон байна. Тиймээс эдгээр баялаг бүтээгчдээ дэмжиж, тэдний орлого нэмэгдэж байж эдийн засгийн сэргэлт бий болно.

-Улсын төсвийг олон тийш тараадаг байдал яалт ч үгүй улс төрийн тогтолцооны гажиг уу?

-Нуулгүй хэлэхэд манай улс төсвийн 76 захирагчтай болчихсон байна. Угтаа төсвийн захиран зарцуулагч нэг л байх ёстой. Төсвийг ерөнхийлөн захирагч, шууд захирагч гэсэн хоёр ангилалтай нэг зүйлийг ойлгоно. Гэвч 76 зарцуулагчтай болчихсон болохоор улсын төсөв 76 крантаар гоождог устай адилхан болчихсон байна шүү дээ. Улс төрийн тогтолцоо гэдэг бол эдийн засгийн тогтолцооны суурь. Гэхдээ улс төрийн тогтолцоо, эдийн засгийн тогтолцоо хоёр өөр хоорондоосоо салангид байх учиртай. УИХ-ын гишүүд бол төсөв захирдаг, зарцуулдаг хүмүүс биш.

-Тэгвэл улс төрийг эдийн засгаас яаж салгах ёстой юм бэ?

-Эдийн засгаа тусгаарлах ёстой. Өөрөөр хэлбэл эдийн засгийн тогтолцоог авч явах ёстой хоёр л том бодлого байдаг. Нэгд, мөнгөний бодлого, хоёрт төсвийн бодлого. Энэ хоёр том бодлого улстөрчдийн гарт оччихоор л эдийн засаг, улс төр хоёр холилдчихоод байгаа юм. Тиймээс сангийн бодлого, төсвийн бодлого хоёроо бие даасан хараат бусаар тусад нь гаргах шаардлагатай. Сонгуулийн ямар ч тогтолцоо төсөв рүү эрх мэдэл төвлөрүүлж орох гэсэн сонирхол хүсэл байдаг. Тиймээс сонгуулийн тогтолцооноос илүү эдийн засгийн эрх зүйн тогтолцоогоор үүнийг зааглаж өгөх хэрэгтэй. Дараа нь эдийн засгийн тогтолцоондоо тулгуурлаж сонгуулийн болон улс төрийн тогтолцоогоо өөрчилж явахгүй л бол эдийн засгийн хүндрэлтэй, хямралтай нөхцөл байдал хэзээ ч арилахгүй. Мөн макро түвшиндээ нөлөөлж байгаа нэг шалтгаан бол ард түмний амьжиргааны түвшин. Иргэдийн амьжиргааны түвшин доогуур байх тусам эдийн засгаас хамаарсан улс төрийн сонголтууд нэмэгдэнэ. Тиймээс амьжиргааны түвшинг өсгөж байж мөнгөний сонгуулийг багасгах боломжтой. Тиймээс иргэдийн амьжиргааг сайжруулж байж улс төрийн зөв сонголт бий болно.

-Эцэг хуульдаа өөрчлөлт оруулах асуудлыг нийтээрээ ярьж байна. Таны хувьд өөрчлөлтийг дэмжиж байгаа юу. Яг ямар өөрчлөлт оруулаасай гэж бодож байна вэ?

-Миний хувьд өөрчлөлт оруулах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ одоо яригдаж, хийх гээд байгаа өөрчлөлт нь буруу байна. Өөрөөр хэлбэл сонгуулийн болон эрх мэдлийн тогтолцоог тойрсон өөрчлөлт хийх гэж байгаа нь буруу. Суурь, тогтолцооны өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Тухайлбал, мерит зарчмыг энэ улс төр лүү оруулж өгөх шаардлагатай байна. УИХ-д нэр дэвших гэж байгаа хүн аймгийн иргэдийн хуралд нэгээс доошгүй удаа сонгогдсон байх ёстой. Аймгийн иргэдийн хуралд нэр дэвших гэж байгаа хүн сумын иргэдийн хуралд нэгээс доошгүй удаа сонгогдсон байх ёстой гэсэн заалтыг Үндсэн хуульд оруулж өгөх хэрэгтэй. Ингэвэл улс төрийн тогтолцоо сонгуулийн тогтолцооноос үл хамаараад зөв болно. Аймгийн иргэдийн хуралд нэг удаа сонгогдсон улс төрч гэдэг бол тухайн аймаг, орон нутгийнхаа иргэдийн амьдралыг мэддэг хүн гарч ирнэ гэсэн үг. Амьдрал мэддэг хүн улс төрийг эдийн засагтай хольж хутгаад байхгүй. Үндсэн хуулиндаа ерөөсөө ийм л өөрчлөлтийг хийгээд өгчихвөл ёстой ард түмний хүссэн улс төрчид, улс төрийн тогтолцоо бий болно.

-Та Ардчилсан намын гишүүн. Тэр утгаараа танай намын хагарал эцэслэх болж байна уу. Саяхан бүлгийн даргаа огцруулчихлаа. Цаашид энэ нам нэг цул болж сонгуульд оролцох уу. Оролцоод ялалт авч чадах уу?

-Ардчилсан нам бол нэг бүхэл цул хэвээрээ л байгаа. Нам гэдэг бол гишүүд. Тэр утгаараа ардчилсан нам 200 гаруй мянган гишүүнтэй Үндэсний том нам. Намын дийлэнх олонх буюу 80 гаруй хувь нь нэг талдаа байгаа. Үлдсэн 10 гаруйхан хувь нь хоорондоо талцаж, хагаралдаж, энэ намыг хоёр хуваасан мэт харагдуулах үйл ажиллагаа хийгээд байгаа болохоос биш өнөөдөр ардчилсан нам нэг цул бүхлээрээ байгаа гэдгийг жирийн гишүүний хувьд дахин хэлье. Улс төрийн намын тухай хууль гэж байдаг л юм бол тухайн нам олонхынхоо шийдвэрээр аливаа асуудлаа шийдээд явах ёстой. Гэтэл үүнийг алдагдуулаад байгаа хэсэг хүмүүсийн улс төрийн сонирхол, эдийн засгийн эрх ашиг гэх мэт олон зүйлүүд байна. Энэ бүхэн тийм ч хол явахгүй байх гэж бодож байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Үүр-Цайх: Ван Игийн айлчлал Монголд илүү үр өгөөжтэй, эдийн засагт таатай байдлыг бий болгоно DNN.mn


Эдийн засгийн ухааны доктор, олон улс судлаач Баярсайханы Үүр-Цайхтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ирэх сарын сүүлээр Хятад улсын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчлал хийх гэж байна. Ямар учиртай айлчлал болох гэж байгаа талаар танд мэдээлэл байна уу?

-Албан ёсны хөтөлбөр гараагүй байна. Ямартай ч манай улсын Гадаад харилцааны сайд Б.Бат-Цэцэгийн урилгаар ирэх сарын сүүлээр айлчлахаар төлөвлөж байгаа юм билээ. Б.Бат-Цэцэг сайдын хувьд энэ зуны эхээр Хятад улсад албан ёсны айлчлал хийсэн. Тэр үеэр Хятадын төрийн тэргүүн болон Засгийн газрын удирдлага, гишүүдтэй уулзсан. Уулзалтаар Гадаад хэргийн сайд Ван Иг урихын зэрэгцээ тодорхой ажлуудад хамтран ажиллах талаар гарын үсэг зурсан. Энэхүү хамтын ажиллагаагаа баталгаажуулах үүднээс манай улсад албан ёсны айлчлал хийх байх.

-Саяхан ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров манай улсад айлчлаад буцсан. Түүний дараа урд хөршийн Гадаад хэргийн сайд айлчлахаар төлөвлөж байна. Хоёр хөрш манайх руу нөлөө бүхий сайд нараа явуулж байгаагийн шалтгаан болон Ван Игийн айлчлалын гол зорилгыг та судлаач хүний хувьд юу гэж харж байна вэ?

-Монгол, Хятад хоёр улс олон мянган жил хаяа дэрлэн оршиж ирсэн мөнхийн хөршүүд. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хэлсэнчлэн өнөөдөр манай хоёр улсын харилцаа ”түүхэн дэх хамгийн таатай үед ирж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа шинэ үе шатанд орсон“ гэж хэлж болохоор байна. Хятад улс түүхийн урт хугацаанд Дэн Сяопиний дэвшүүлсэн “даруу байж, хүчээ нөөх” стратегийн үзэл баримтлалыг гадаад харилцааны үндсэн жолоодлого болгон тууштай баримталж ирсэн юм. Гэвч сүүлийн жилүүдэд олон улсын нөхцөл байдал улам нарийн төвөгтэй болж, даяаршил газар авч буй зэрэг хүчин зүйлсийн нөлөө Хятадын гадаад харилцааны бодлогод гүн гүнзгий нэвтэрч, тусгалаа олж, Хятад улсыг цаг үеийн нөхцөл байдалд тохирсон гадаад харилцааны бодлогын шинэчлэлт хийхэд хүргэсэн. Тэр утгаараа олон улсын нөхцөл байдлаас хамаарч, мөн худалдаа эдийн засгаа улам сэргээх зорилготойгоор манай улсад айлчилж байна. Ерөнхий сайдын хэлснээр бол айлчлалын үеэр яригдах гол асуудлууд нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станцын асуудлыг эцэслэн шийдвэрлэх, хилийн боомтуудтай холбоотойгоор Бээжингийн өвлийн олимпийн үеэр хийсэн яриа хэлэлцээнд гарын үсэг зурах асуудал багтаж байгаа юм билээ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ намар эхлүүлснээр таван жилийн дараа бүрэн ашиглалтад оруулна гэж Ерөнхий сайд хэлсэн. Тус цахилгаан станцын санхүүжилтийн ихэнх хувийг Хятад улсаас гаргуулж байгаа. Тиймээс санхүүжилтийг шийдэж өгөх, түүнийхээ хариуд уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний худалдан авалтаа нэмэгдүүлэх асуудлаар ярилцах болов уу. Мөн Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтыг зохион байгуулах зэрэг асуудлаар санал солилцож, эцсийн шийдвэр гаргана гэж бодож байна. Үнэндээ Оросын төрийн айлчлалаас илүү урд хөршийн айлчлалууд бидэнд илүү үр өгөөжөө өгнө. Орос бид нараар олон жил тоглож, дээрэлхэж ирсэн. Тусгаар улсын гадаад бодлого ямагт найрсаг байдаг учраас энэ бүхнээ ил тод хэлээд явна гэж байхгүй л дээ. Гэхдээ судлаач хүний хувьд хэлэхэд Орос бидэнд туслахгүй эсрэгээрээ биднээс яаж илүүг авах вэ л гэж бодно. Харин Хятад улсын хувьд эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Хятадын том зах зээлийг ашигласан бодлого зохицуулалтыг бид гаргаж хэрэгжүүлэх хэрэгтэй. Эдийн засгийн уналтад орчихсон, хүндрэлтэй байгаа энэ цаг үед Ван И-гийн айлчлал Монгол Улсад илүү үр өгөөжтэй, таатай байх болно.

-Манай улсын худалдаа эдийн засгийн 80 гаруй хувийг БНХАУ эзэлдэг. Хятад улс гэдэг бол маш том зах зээл. Тэр утгаараа манайх тус улс руу экспортлох бараа бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлснээр гадаад худалдааны бланс тогтворжино гэж эдийн засагчид үзэж байгаа. Эдийн засагч хүний хувьд энэхүү айлчлалын хүрээнд худалдаа эдийн засгийн хувьд ямар үр өгөөжтэй, дэвшилттэй хэлэлцээр хийхээр харагдаж байна вэ?

-Юуны өмнө хоёр талын хооронд олон жилийн турш яригдсан Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтын төмөр замыг холбох ажлыг шуурхайлах, цөлжилт, шар шороон шуургатай хамтран тэмцэх, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх, БНХАУ руу мах болон хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцсанаа албан ёсны ажил хэрэг болгох дүр зураг ажиглагдаж байна. Зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн гэлтгүй хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх түүхэн айлчлал байж мэднэ гэж харж байгаа. Тухайлбал, махны экспортыг өмнөх жилүүдийнхээс хэд дахин илүүгээр нэмэгдүүлэх ажилд хамтран ажиллахаар болсон тухай мэдээлэл байна. Урд хөрш рүү гарах хилийн боомтуудыг нэмэгдүүлснээр бараа бүтээгдэхүүний эргэлт, хэмжээ дагаад өснө. Үүнээс шалтгаалж улсын эдийн засгийн тэлэлт, гадаад валютын нөөц бүрэлдэх боломжтой. Манай улсын гадаад өрийн дийлэнх хувийг Хятад улсын зээл, буцалтгүй тусламжууд эзэлж байгаа. Үүнийгээ мөн сануулах, зээлээ хугацаанд нь төлж чадахгүй бол бага хүүтэй зээлээр солих боломж байгаа эсэхээ энэхүү айлчлалын үеэр хэлэлцэх байх. Мөн айлчлалаар уламжлалт задгай тээвэр болон зорчигч тээврийн хилийг нээхээр ярилцаж тохиролцоно гэж харж байна. Үүнтэй холбоотойгоор цаашдаа куб метр ачааны үнэ одоогийн 800 юаниас доош шат дараалан буух төлөвтэй байгаа бөгөөд зорчигч тээврийн хөдөлгөөн нээгдэх аравдугаар сарын үед 200-300 юань байх боломжтой. Тус айлчлал хийгдсэнээр тодорхой гурван асуудлыг шийднэ гэж харж байгаа.

-Тухайлбал…

-Нэгдүгээрт, Эрдэнэбүрэнгийн УСЦ-ын төслийг эхлүүлнэ. Хоёрдугаарт, Багануурын цахилгаан станцыг барьж байгуулах асуудлыг эцэслэнэ. Гуравдугаарт, Бээжингийн олимпийн үеэр ярилцсан хилийн боомтуудын нэвтрүүлэх чадвар, ложистикийн асуудлаар албан ёсны баримт бичгүүдэд гарын үсэг зурах хүлээлттэй байгаа. Эдгээр гурван асуудлыг хөндөхийн зэрэгцээ гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтыг ярилцаж, тов гаргах асуудлаар санал солилцоно. Эрдэнэбүрэнгийн УСЦ-ийн төсөл эхэлнэ гэдэг манай улсын хувьд маш том ололт. Баруун бүсээ эрчим хүчээр найдвартай хангачихна гэсэн үг. Магадгүй урд хөрш рүү эрчим хүч экспортлох боломж ч бий болох талтай.

-Монгол Улсын хувьд гадаад худалдаа тэр дундаа Хятад улстайхэрхэн хамтран ажиллах, тэднээс юуг хүсэх ёстой вэ. Цар тахлын үед хилээ хаалаа гэхэд манайд бараа бүтээгдэхүүний хомсдол бий болж байна. Цаашид иймэрхүү онцгой үед хилээ хаахгүй байх асуудалд гэрээ хэлэлцээр хийх боломж байдаг болов уу?

-Тэднээс юм хүсэхээсээ илүүтэй хэрхэн харилцах хамтарч ажиллах вэ гэдэгтээ анхаарах цаг нь болсон. Монгол Улс өнгөрсөн онд 159 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 16.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 9.2 тэрбум, импорт 6.8 тэрбум ам.доллар байсан. Урд хөрштэй өнгөрсөн онд 10.2 тэрбум ам.долларын худалдааг хийсэн нь нийт гадаад худалдааны бараа эргэлтийн 63.1 хувийг эзэлж байна. Гэтэл манай урд хөрштэй худалдаа хийхийг хүссэн хэчнээн орны зах зээлтэй өрсөлдөж байгаа билээ. Бидний өнөөдрийн аливаа хүндрэлийн алхам тутамд тээвэр, логистикийн дутагдалтай байдал саад учруулж байна. Цаашид боомтын үйл ажиллагааг сайжруулахад зайлшгүй хийх ёстой ажлууддаа яаравчлах шаардлагатай. Юуны өмнө хөрөнгө оруулалтын болон хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, дэд бүтцийн байгууламжийг түргэтгэх хэрэгтэй. Мөн иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх ёстой юм. Бэхжүүлнэ гэдэг нь наад зах нь гэнэт түдгэлзүүлэхгүй, нэг талын шийдвэрээр ярьсан тохирсноо гэнэт гацаахгүй байхыг хэлж байгаа юм. Харилцан ашигтай худалдааны хамтын ажиллагаанаас гадна байгаль орчны хөгжлийн тогтолцоог дэмждэг байх нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны эрүүл хөгжлийн зам болох юм. Боомтын нэвтрүүлэх чадвар болон гаалийн бүрдүүлэлтийн үр ашиг хангалтгүй байгаа нь Монгол, Хятадын боомтууд дахь менежментийн нийтлэг асуудал л даа. Дээр дурдсанчлан хоёр талын боомтууд алслагдсан бүсэд хамаардаг учраас боомтын дэд бүтцийн хоцрогдлоос гадна үйлчилгээний чадамж, гаалийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар дутмаг байх зэрэг нь Монголын экспорт импортын худалдааны хөгжилд сөргөөр нөлөөлөх таагүй хүчин зүйл болдгийг ажиглагчид шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл, Монгол, Хятад хоёр улсын алинд ч боомтын менежмент дутмаг байгаа нь экспорт импортын хэмжээнд нөлөөлөх, ялангуяа боомтод зарцуулсан хугацаанаас болж тухайн барааны борлуулалтад нөлөө үзүүлдэг байдлыг өөрчлөх шаардлагатай юм. Эцэст нь цар тахлын эсрэг хамтран тэмцэх ажлаа дахин эрчимжүүлэх шаардлагатайг нөхцөл байдал сануулсаар байна. Ийм онцгой нөхцөл байдалд ч хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг аль болох хэвийн өрнүүлэхэд анхаарч өндөр, дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээг боломжит хэлбэрээр зохион байгуулж, хоёр улсын хилийн боомтуудад хэрэгжүүлж байсан “Ногоон гарц”-ын түр журмыг дахин эхлүүлж зорчигч урсгалыг нэмэгдүүлэх нь худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд чухал түлхэц болно.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Мөнхжаргал: Манай улсад сонгуулийн холимог систем илүү тохиромжтой DNN.mn

Улс төр судлаач Жавзмаагийн Мөнхжаргалтай үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, улс төр судлалын сэдвүүдээр товч ярилцлаа.


-2019 онд үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт хийсэн ч дахин нэмэлт өөрчлөлт хийх тухай УИХ-ын гишүүд, улс төрийн намын төлөөлөл яриад эхэллээ. Энэ талаар таны байр суурийг сонирхож болох уу?

-Үндсэн хуулийг өөрчлөх үү, хэвээр үлдээх үү, тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй байна гэдэг асуудал өнгөрсөн хавраас улстөрчид болон судлаачид, иргэд олон нийтийн дунд яригдаад эхэллээ. Саяхан буюу гурван жилийн өмнө 2019 онд эцэг хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ нэмэлт өөрчлөлтийг улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид, олон мянган иргэдийн саналыг сайтар тусгаж, сүүлийн 20 орчим жил яригдсан асуудлыг агуулгаар нь багтаах гэж хичээсэн санагддаг. Их ч ажил болсон. УИХ-д өргөн барьснаас хойш бүтэн таван сарын хугацаанд хэлэлцэж баталсан. Харин УИХ-аар батлахдаа олон нийтийн хүлээж байсан зарим зүйл заалтыг оруулж чадалгүй, цөөн гишүүний санал дутаж унасан зүйл бий. Яагаад гэвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 57 гишүүний саналаар баталдаг учраас тэр юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ийм өндөр босготой батлагддаг. Магадгүй өөрчлөлт хийж чадах сүүлийн парламент байхыг үгүйсгэхгүй. 2019 оны нэмэлт өөрчлөлтийн гол зангилаа нь гүйцэтгэх засаглалыг тогтвортой байлгах, ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх, ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгох, шүүхийг хараат бус хариуцлагатай шударга болгох суурийг тавьсан зэргийг нэрлэж болно. Харин парламентыг бүрдүүлэхдээ хувь тэнцүүлсэн буюу пропорционал тогтолцоог хослуулах, ерөнхийлөгчийг парламентаас сонгох, парламентын засаглалтай орнуудын нийтлэг жишиг гишүүдийн тоог зуугаас дээш болгож нэмэгдүүлэх, гишүүдийн засгийн газрын гишүүнээр ажиллах тооны хязгаарыг цуцлах, улс төрийн намыг үүрэгжүүлэх зэрэг 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр хийж чадаагүй зүйлүүд үлдсэн. Сонгодог парламентын мөн чанарыг илтгэсэн эдгээр нэмэлт өөрчлөлтийг үргэлжлүүлэн хийж, сайжруулахыг дэмжиж байгаа.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай ярьж байна. Нэмэх нь ямар ач холбогдолтой вэ. 76 гишүүнийг тэжээж чадахгүй байхад юун нэмэх вэ, харин хасах хэрэгтэй гэсэн иргэд ч байна.

-Парламент нүсэр биш ч ард түмнийг төлөөлөх чадвартай байх ёстой. Аливаа улс орны парламент гэдэг нийгмийн бүтцийн толь байдаг. Нийгмийн толь юм бол гудманд тэмцэж буй нөхөр ч парламентад орж ирээд асуудлаа ярих боломжтой байх ёстой гэсэн үг. “Ямар ард түмэн байна, тийм төр засаг оршдог” гэдэг чинь хоосон үг биш. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай асуудал хүчтэй яригдаж байна. Улс төр судлаачид болон үндсэн хуулийн эрх зүйн маргаантай сэдвүүдийн нэг бол парламентын гишүүдийн тооны асуудал. 121,152 буюу далан зургааг дахин нугалах тухай ч сонсогдож эхэллээ. Парламентын гишүүдийн тоо нь тухайн улсын хүн ам болоод бүс нутгийн онцлог, эрх мэдлийн зохист харьцаатай холбоотой байдаг. Манай улсын хувьд хоёр сая дөрвөн зуун мянган хүнтэй байхдаа парламентын 76 гишүүнтэй байхаар хуульчилсан бол өнөөдөр хүн ам 3 сая хол даваад байна. Тиймээс хүн амын өсөлтийг харвал нэмэх шаардлага ажиглагдаж байна. Жишээ нь Канад улс хүн ам нь нэмэгдэх тутам парламентын гишүүдийн тоог нэмдэг хуультай. Манай улстай хүн ам ойролцоо буюу 1-10 сая хүнтэй 32 улсыг аваад үзвэл парламентын гишүүдийн дундаж тоо нь 120-210 байна. Улсын бага хурлаас 1992 онд судалгаа хийж, санал боловсруулж оруулж ирэхдээ 119 гишүүнтэй байхаар төсөл өргөн барьсан ч багасгасаар байгаад 76 болсон юм билээ. Нөгөө талдаа далан зургаан хүнд даруулга хэрэгтэй байна гэж иргэд шүүмжилдэг. Тиймээс нэг хүн дээр төвлөрч буй эрх мэдлийг гишүүдийн тоог нэмэх замаар хязгаарлах аргыг улс орнууд хэрэглэдэг. Манайд ч үүнийг хэрэгжүүлэх нөхцөл шаардлага бүрдээд удаж байна. Цөөн хэдхэн хүнийг худалдаж аваад өөрт ашигтай, улс оронд хохиролтой шийдвэрүүдийг гаргуулах онолын боломж манай улсын парламентын хувьд бүрдсэн.Тиймээс энэ боломжийг хаахын тулд гишүүдийн тоог нэмэх, эрх мэдлийн төвлөрлийг задлах замаар өөрчлөлт хийх нь буруу биш.

-Парламентыг бүрдүүлэх асуудал буюу сонгуулийн тогтолцооны хувилбаруудаас манай улсын хувьд аль нь илүү тохиромжтой вэ. Мажоритар, порпорционал хувилбаруудаас улс орнууд алийг нь илүү сонгож хэрэглэдэг вэ, төгс тогтолцоо аль нь вэ?

-Сонгуулийн тогтолцоо бүр давуу, сул талтай. Яг энэ нь төгс гэж хэлэхэд хэцүү. Тиймээс улс орнууд өөрийн орны онцлог болоод улс төрийн нөхцөл байдалд илүү тохиромжтойг нь сонгодог. Парламентаа бүрдүүлэхдээ маргаан бага гаргая гэвэл сонгуулийн тогтолцоогоо зөв сонгох хэрэгтэй. Үндсэндээ сонгуульд оролцож буй намууд, саналаа өгсөн иргэд хоёрын дунд үл ойлголцол бага үүсгэх сонгуулийн тогтолцоог ашиглах нь зүйтэй. Манай улсын хувьд сонгуулийн холимог тогтолцоо буюу мажоритар, пропорционал элментийн аль алийг нь хослуулан хэрэглэх нь илүү тохиромжтой байхыг үгүйсгэхгүй. Мажоритар тогтолцооны дутагдал гэвэл сонгогчдын санал ихээр гээгддэг, популистуудад ээлтэй, нутгархах сэтгэлзүй өндөр, гишүүд тойргоос уяатай, улс орны том эрх ашгийг хойш татдаг, цөөн төлөөллөөр олонх болж болдог гэх мэт дутагдалтай талуудыг нь пропорционал буюу хувь тэнцүүлсэн хувилбар орж байж засаад явах бололцоотой. Ядаж иргэдийн өгсөн санал гээгдэхгүй төрд төлөөлөгдөнө.Тиймээс өнөөдрийн нөхцөлд холимог хувилбар манайд илүү тохирно. Парламентын гишүүн тойргийн төлөөлөгч байх уу, төрийн төлөөлөгч болох уу гэдгийг сонгуулийн тогтолцоо шийднэ дээ. Жишээ нь МУИС болон МУБИС-ийн улс төр судлалын багш нар 2006 онд сонгуулийн тогтолцооны талаар судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд мажоритар хувилбар дотроос “томсгосон мажоритар” тогтолцоо оновчгүй гэж дүгнэлт гаргасан байхад 2008 оны УИХ-ын сонгуулийг энэ хувилбараар зохион байгуулж долоон сарын 1-ний жагсаал болсон байдаг. Иргэд өгсөн саналдаа итгэл үнэмшилгүй байсан учраас жагсаал болсон юм. Мажоритар тогтолцооны “санал гээгддэг” сул тал ингэж аянга болж бодит хөрсөн дээр бууж байлаа. Тиймээс иргэд олон нийт ямар хувилбарыг илүүд үзэж байна, манай орны сонгогчдын бүтэц, хандлага ямар байна, дэлхий нийтийн чиг баримжаа хаашаа явж байна гэдгийг тооцон үзэж, судалгаанд үндэслэн долоо хэмжиж нэг огтлох зарчмаар шийдвэр гаргах нь үр дүнтэй.

-Тийм байна шүү. Мөн нэг биш хоёр танхимтай парламент илүү үр ашигтай гэж сонсож байсан. Манай улсын хувьд дээд, доод танхимтай парламент байвал хэр нийцтэй вэ?

-Холбооны улсууд гол төлөв хоёр танхимтай парламенттай байдаг. Манай улсын хувьд төрийн байгууламжийн хувьд нэгдмэл учраас нэг танхимтай, 76 гишүүнтэй байхаар хуульчилсан. Гэхдээ нэгдмэл улсад ч хоёр танхим ажилладаг тохиолдол бий. Финляндын нэг танхимтай парламент болох Сеймд дээд танхимтай адилхан үүрэг гүйцэтгэдэг комисс байдаг. Хоёр танхимтай парламент илүү үр ашигтай гэсэн судалгаа бий. Манай улсын хувьд иргэд олон нийтээс шууд сонгогддог доод танхим буюу одоогийн 76 гишүүн. Шууд бусаар сонгогддог дээд танхим байж болох талтай. Тэдний хувьд бүрэн эрхийн хугацаа урт, бүрэлдэхүүний тоо цөөн, танхимыг шинэчлэх нь бүхэлдээ биш, хэсэг хэсгээр нөхөгддөг байвал илүү тохиромжтой. Зарим улсад дээд танхимын гишүүдийг бүрдүүлэхдээ их сургууль, ШУ-ны академи зэргээс төлөөлөл сонгодог. Дээд танхим доод танхимыг тогтоон барих тормоз болж өгдөг. Мөн ард түмнээс шууд сонгогдсон гишүүдийн шийдэж чадахгүй хойшлуулдаг асуудлыг зоригтой шийддэг. Жижиг сажиг нэмэлтээс илүү тогтолцооны том өөрчлөлт хийх цаг хугацаа болсон байж магадгүй.

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр яригдаж байгаад чадаагүй нэг зүйл бол ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудал. Ард түмнээсээ сонгоод явах уу, парламентаас сонгох уу. Аль нь илүү оновчтой вэ?

-Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгодог болсон нь 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийсэн дэвшил. Дахин сонгогдохгүй учраас зургаан жилийн хугацаанд ерөнхийлөгч популизм хийх шаардлага байхгүй болж байна гэсэн үг. Парламентын засаглалтай улс орнууд ерөнхийлөгчөө парламентаасаа сонгох нь илүү оновчтой гэж үздэг. Бүх ард түмнээс сонгогдсон хүчтэй ерөнхийлөгч парламентын тогтолцоог дарангуйлах, гүйцэтгэх эрх мэдлийг булаацалддаг нь нууц биш. Хагас парламентын, хагас ерөнхийлөгчийн засаглалтай мэт явж ирсэн. Тиймээс засаглалын алдааг нэг мөр болгох, парламентын тогтолцоогоо төлөвшүүлье гэвэл 1992 оны үндсэн хуулинд хийсэн алдааг засах буюу ерөнхийлөгчийг бүх ард түмнээс биш парламентаас сонгоод явах нь илүү нийцтэй болов уу. Магадгүй өргөтгөсөн хэлбэрээр ерөнхийлөгчөө сонгож болно. Парламент нэмэх нь аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөл гэдэг байдлаар шийдэх бололцоотой. Сүүлийн 30 жил парламент, ерөнхийлөгчийн сонгууль жил дараалаад явагдаж ирсэн. 1992 УИХ, 1993 ерөнхийлөгч, 1996 УИХ, 1997 ерөнхийлөгч, 2000 УИХ, 2001 Ерөнхийлөгч, 2004 УИХ, 2005 ерөнхийлөгч гэх мэт 2021 он хүртэл. Сонгуулиас сонгуулийн хооронд бодлого өөрчлөгдсөөр урт хугацааны хөгжлийн бодлого алдагдах, иргэд олон нийт ч сонгуулиас залхах байдал үүссэн. Үүнийг сонгуулийн оролцооны статистик батлаад өгнө. Тэр тусмаа залуучууд сонгуульд оролцох хувь их доогуур байдаг. Тиймээс улс орныг бүтэн хамарсан нэг том сонгууль байхгүй болбол олон зүйл дээр хэмнэлт гарна.

-Сүүлийн асуулт. Давхар дээлтэй холбоотой өөрчлөлтийг хэрхэн харж байна вэ. Парламентын засаглалтай улсын парламентын гишүүн заавал засгийн газрын гишүүн байдаг. Нөгөө талдаа давхар дээлийн эсэргүүцэл үр дүнд хүрч, цөөлье гэдэг хувилбар 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орсон. Одоо буцаад 100 хувь давхар болгох юм уу?

-Энэ асуудлыг улс орнууд хэрхэн шийддэг вэ гээд аваад үзвэл янз бүр байна. Засгийн газрын гишүүн заавал парламентын гишүүн байна гэж хатуу заасан улс орнууд ч байна. Засгийн газрын гишүүн парламентын гишүүн байх албагүй гэсэн улс ч багагүй байна. Бүр ерөнхий сайдын орлогч, дэд сайдууд хүртэл парламентын гишүүн болдог улс байхад засгийн газрын гишүүн болсон бол парламентын гишүүнээсээ татгалдаг улс ч байна. Тиймээс хэрхэхийг тэнгэр мэдтүгэй гэдэг шиг улс орнууд өөрийн онцлогт тохируулан дээрх асуудлыг шийддэг. Амьдрал баян учраас ямар ч асуудал тулгарч магадгүй. Тиймээс үндсэн хуулинд дөрвөн гишүүн л сайд болж болно гэж хатуу тусгах шаардлага байсан уу даа гэж хардаг. Нээлттэй үлдээх боломжтой. Парламентын гишүүн ч сайд болж болдог, парламентын гаднаас ч засагт орж ирэх нь нээлттэй байх боломжтой. Нөгөө муур хар байна уу, цагаан байна уу хамаагүй, хулгана барьдаг байх нь чухал гэдэг шиг ажлаа л хийж чаддаг, салбартаа ахиц гаргадаг байх нь эхний асуудал. Харин хариуцсан салбараа удирдаж мэдэхгүй, сайдын ажлаа хийж чадахгүй байвал ерөнхий сайд нь огцруулаад өөрчлөөд явах процесс нь хялбар байвал сайн. Өнөөдрийн байдлаар хоёр яам сайдгүй, хариуцсан ажлаа тааруу хийж буй, легитим шинжээ алдсан сайдууд мэр сэр байна. Үндсэн хуулинд парламентын дөрвөн гишүүн л сайд болно гэж хатуу тусгаагүй бол дээрх сайдуудыг парламентын гишүүдээр солиод явах бүрэн бололцоотой байжээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Эцэг хуулиа өөрчлөх ээлжит бус чуулган хэзээ хуралдах вэ DNN.mn

Өнгөрсөн хаврын чуулганы үеэр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал улс орон даяар хэлэлцэгдэж, бараг л ээлжит чуулган өндөрлөхөөс өмнө хуулийн төслийг боловсруулж, батлуулах шахсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт үнэхээр хийх хэрэгтэй юу эсвэл цаг нь болоогүй юу гэдгийг эрх баригчид ард түмнээсээ асуусан. Ард түмний үзэж байгаагаар тодорхой, зоригтой өөрчлөлт хийхгүй л юм бол өөрчлөх шаардлага байхгүй гэсэн хандлагатай байгааг тойрогтоо ажиллаж ирсэн гишүүд хэлцгээж байсан. Тэрхүү зоригтой, томоохон өөрчлөлт гэдэг нь хоёр парламентын танхимтай болох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, Ерөнхийлөгчөө парламентаасаа сонгодог болох, давхар дээлийн хязгаарлалтыг арилгах зэрэг асуудлууд юм. Мөн сонгуулийн тогтолцоог холимог болгох, ингэхдээ нээлттэй пропициональ тогтолцоог сонгох зэрэг агуулгаар Үндсэн хуулиа өөрчлөх асуудлыг ард түмэн дэмжиж байгаа хэрэг.

Наадам, найр өндөрлөж, намрын их ажил эхэллээ. Улс төр, улс орны эдийн засгийн амьдрал халж эхэлж байна. Ардын хувьсгалын зуун жилийн ойгоо улс орон даяараа тэмдэглэн өнгөрүүллээ. Зуун жилийн түүхтэй ардын нам одоо Үндсэн хуулийн томоохон өөрчлөлтүүдийг хийж, эцэг хуулиа өөрчлөх ээлжит бус чуулганаа нэн даруй зарлах шаардлагатай байна. Наадмын өмнөх чуулганы хуралдааны үеэр гишүүд, улс төрчид ээлжит бус чуулганыг наадмын амралтын дараа хуралдуулах тухай ярьж байсан. Одоо энэ цаг үе ирж байна.

Намрын чуулганаас өмнө эцэг хуулиа өөрчилж, улс төрийн тогтолцоогоо сайжруулж, парламентын сонгогдог жишгээр улс орноо удирдахгүй бол энэ улсын эдийн засаг, дээр дооргүй улсын төсвөөсөө идэж уудаг, асуудалд дандаа жалга довын хандлагаар оролцох зэрэг нь хэрээс хэтэрлээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Монгол Улсын аварга О.Хангай: Баярлаж байгаа аавыгаа хараад үнэхээр түрүүлчихлээ гэдэгтээ итгэж ядан төрийнхөө есөн хөлт цагаан тугаа тойрсон доо DNN.mn

Ардын хувьсгалын түүхэн яруу алдарт 100, 101 жилийн тэгш ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд арав давж түрүүлсэн Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Од” групп, “Их Монгол сан”, “Зорчигч тээврийн нэгтгэл” компани, “Аврагч” спорт хорооны бөх Монгол Улсын идэр залуу аварга Оргихын Хангайтай ярилцлаа.


-Түүхт ойн жилээ урамтай сайхан барилдаж, түмэн олныхоо хүслийг биелүүлэн Монгол бөхийн эрхэм дээд аварга цол хүртсэнд баяр хүргэе…

-За та бүхэндээ маш их баярлалаа. Ардын хувьсгалын энэ том ой дээр аварга цол хүртсэндээ баяртай байна. Ард түмэн минь сайхан наадацгаав уу?

-Гантай жил хур бороо орохыг хүлээдэг шиг ховдчууд аваргатай болохыг 100 жил хүлээсэн. Энэхүү хүлээлтийг, хүслийг биелүүлж өнөө жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөх болж, аварга цол хүртлээ шүү дээ. Тиймээс энэ их хүлээлт, хүсэл, итгэлийг дааж чадсан сэтгэгдэл, Төрийнхөө есөн хөлт цагаан тугаа арвантаа тойрох үеийн мэдрэмж ямар байв даа?

-Миний гаргасан амжилтын ард Монголын ард түмэн, үргэлж тусалж дэмждэг аав, ээж, хань, үр хүүхэд, хамаатан садан, ах, эгч, багш, найз нөхөд, хамт олон минь байдаг. Тиймээс юуны өмнө эдгээр эрхэм нандин хүмүүстээ танай сониноор дамжуулаад чин сэтгэлийн талархлаа өргөн дэвшүүлье ээ. Та бүхэндээ хайртай шүү, баярлалаа гэж хэлье. Мэдээж үндэсний бөхөөр хичээллэдэг, барилддаг бөх бүрийн зорилго, мөрөөдөл нь төрийнхөө их баяр наадамд түрүүлэх, шинэ цолонд хүрч барилдах байдаг. Тэр утгаараа миний ч мөрөөдөл, зорилго энэ байсан. Би зорилго, мөрөөдөлдөө хүрч чадлаа. Мөрөөдөл, зорилго биелэх шиг сайхан зүйл хаана байх вэ. Үнэхээр их баяртай, бахархалтай байна. Ард түмэн, нутаг усныхаа итгэлийг дааж, хүлээлт, хүслийг биелүүлж аварга цол хүртлээ. Цаашид цолоо улам ахиулан барилдах, ард түмнийхээ итгэлийг алдахгүйн төлөө хичээх болно. Нэг талаараа өөрийн зорьсон зорилгодоо хүрлээ. Нөгөө талаараа төр, түмний өгсөн энэхүү аварга хэмээх эрхэм алдрыг дааж явна гэдэг том үүрэг хариуцлага юм болов уу гэж бодож байна. Ховд аймгаас 82 жилийн өмнө алдарт Шаравын Ванчинхүү арслан төрийнхөө их баяр наадамд түрүүлж байсан түүхтэй.

Түүнээс хойш өнөөг хүртэл наадмын түрүү тодроогүй. Тиймээс энэ их олон жилийн хүлээт, хүсэл, зорилго, мөрөөдөл энэ их тэгш ойн жил биелэсэнд хувьдаа их билэгшээж, бахархаж байна.


-Ховдын хязгаар, Буянт голын хөвөөнөөс Монгол Улсын 47 дахь аварга төрлөө. Аварга цолтон төрөх тэр агшинд наадамчин олон бүгд “Тунгалаг Буянт” голыг дуулж, уухайлж байсан шүү дээ…

-Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадам цар тахлын дараа болж байгаа гэдэг утгаараа үнэхээр өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Энэхүү түүхэн ойгоороо аварга хэмээх цолтны эгнээнд багтаж чадсан гэдэгтээ өнөөдрийг хүртэл итгэж чадахгүй л явна. Яг наадмын үеэр, барилдааны явцад өөрийнхөө сэтгэл санааг тайвшруулах, барилдаандаа анхаарлаа төлөврүүлэх зорилгоор дотор хүнтэйгээ их ярьсан. Нүдээ аниад нутгийнхаа уулсыг сэтгэлдээ харж, тунгалаг Буянт голынхоо урсах чимээг чихэндээ сонсож, залбирч суусан. Нутгийн минь уул, ус түшлээ л гэж бодож байна. Мэдээж зорилгодоо хүрэхийн тулд бие болоод сэтгэлийн хүч тэгш, тогтвортой байж л амжилт гаргана. Мөн наадамчин олны уухайн дэмжлэг надад үнэхээр том урам зориг өгсөн. Намайг дэмжсэн түмэн олондоо үнэхээр их баярлалаа гэдгээ дахин илэрхийлье. Наадмын өмнө харцагуудын нэг шоу болсон. Тэр үеэр улсын засуул Б.Мөнхбаатар ахыг “Та намайг аварга болж байна гээд нэг сайхан аваргын цол дуудаад өгөөч” гэж гуйж аваргын цол дуудуулсан. Үүнийг би хувьдаа их бэлэгшээлтэй зүйл болсон болов уу гэж бодож байна. Тэрхүү сайхан бэлгэшээл, ерөөлөөр өдгөө би аварга цол хүртчихсэн явж байна.

-Танай галын бөхчүүд олон жил Сүүж хайрханд гарч бэлтгэл сургуулилалтаа хангаж ирсэн түүхтэй. Наадмын дараа бэлтгэл сургуулилалтаа хангасан дэвжээ, галаа эргэсэн үү?

-Хоёр хоногийн өмнө Сүүж хайрхандаа очиж галаа эргэж, дэвжээндээ мөргөчихөөд ирлээ. Энэ сайхан хайрхны өврөөс манай Ховдын олон сайхан улсын цолтой бөхчүүд төрөн гарсан түүхтэй. Бидний бэлтгэл сургуулилтыг хангахад гүн туслалцаа үзүүлдэг Сүүж амралтын газрын удирдлагууд болон хамт олонд маш их баярлалаа. Мөн Цагдаагийн бие бүрэлдэхүүн, хамт олондоо чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Цаашид ч бид энэ сайхан хайрхныхаа өвөрт бэлтгэл сургуулилалтаа хийж, амжилтаа ахиулж, шинэ залуу бөхчүүд маань улсын цолонд хүрч барилдана. Өнөө жил энэ сайхан хайрхныхаа өвөрт галд гарсан бөхчүүддээ баярлалаа. Миний амжилт та бүхний хамтын хүч шүү. Өнөө жил энэ сайхан хайрхны өврөөс аварга, заан, начин цолтон төрлөө. Үнэхээр өгөөж буянтай, баян хангай даа. Монгол Улсын заан цол хүртсэн Б.Бат-Өлзий, улсын начин болсон Б.Сосорбарам нартаа баяр хүргэе. Намайг болон миний барилдааныг үргэлж хурцалж, ирэлж байдаг улсын залуу заан Б.Бат-Өлзийдөө баярлалаа. Ирэх жилийн наадмуудад цолоо улам ахиулан барилдаж, зорьсон зорилгодоо хүрээрэй гэж хэлье. Ховд бөхийн дэвжээний тэргүүн улсын заан Ч.Бат-Зориг, дасгалжуулагч багш улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын харцага Г.Алтангэрэл нартаа болон нутгийнхаа нийт бөхчүүдэд талархаж байгаагаа илэрхийлье.

-Хүчит бөхийн барилдааны түрүү булаалдах агшин буюу арвын давааны барилдааныхаа мэдрэмжийг ярихгүй юу. Барилдааны дундуур таны гарын шөрмөс татсан уу, их л зовуурьтай харагдаж байсан даа…

-Увс аймгийн Давст сумын харьяат Улсын аварга П.Бүрэнтөгс аваргатайгаа есийн даваанд тунаж барилдаад давсан. Ес давчихаад аав дээрээ очлоо. Аав ч баярласан үгүй нь мэдэгдэхгүй их тайван хүлээн авлаа. Нутгийн бөхчүүд, ах нар маань ч за одоо ганцхан даваа шүү дээ Хангай минь л гэсэн. Өөр юм хэлсэнгүй. Ойр байгаа хүмүүсийн харц, сэтгэл санаа тайван байсныг ч хэлэх үү арвын давааны өмнө айхтар сандарсангүй. Ингээд арвын даваанд Б.Орхонбаяр дүүтэйгээ алгуурхан өрсөн дөө. Барилдааны явцад гэнэт баруун гарын шөрмөс зангирчихаад огт сулрахгүй байсан. Баруун гарын атгалт таг алга болчихсон, гараа огт тэнийлгэж болохгүй байлаа. Өөрөө гараа хөдөлгөж барьж нэлээд үзсэн боловч булчин нь огт суларч өгөхгүй байсан болохоор эмч рүү хандсан. Ингээд хөлийн цэц, эмч нараар жаахан бариулж, цохиулж байтал овоо гайгүй болж барилдаанаа үргэлжлүүлсэн.

-Б.Орхонбаярыг давчихаад хэсэг тайван босож ирснээ гэнэт баярлаад төрийнхөө есөн хөлт цагаан тугийн зүг гүйсэн шүү дээ. Тэр агшинд түрүүлсэндээ итгэж чадахгүй байв уу?

-Барилдаандаа хамаг анхаарлаа төлөврүүлчихсэн байсан үе л дээ. Хэдийн даваанд барилдаж байгаагаа ч тухайн үед мартчихсан байсан. Хамгийн гол зүйл нь энэ барилдаанаа маш хариуцлагатай алдаа хий гаргалгүй учраа бөхөө давах нь чухал шүү гэсэн бодол толгойд дүүрчихсэн байсан л даа. Тэгээд баруун талдаа мордох мэхээр давсан. Давчихаад босож ирээд дахиад даваа байхгүй ингээд түрүүлчихлээ гэж үү гэж бодсон. Өөртөө тухайн үед түрүүлчихсэн гэдэгтээ итгэж өгөхгүй л байсан л даа. Давчихаад сууж байтал аав үсэрч баярлаад над руу гүйж байсан. Баярлаж байгаа аавыгаа хараад үнэхээр түрүүлчихлээ гэдэгтээ итгэж ядан төрийнхөө есөн хөлт цагаан тугаа тойрсон доо.

-Та түрүү бөхийнхөө бай шагналыг хүүхдийн эмнэлэгт хандивласан. Таны гаргасан энэхүү үйлдэл бөхчүүдийн хувьд анхных болов уу даа. Цаашид ч ийм сайн жишиг тогтох эхлэл болж байна уу гэж харж байна?

-Цар тахлын үеэр эмнэлгүүдийн ачаалал ихэссэн. Тэр дундаа хүүхдийн эмнэлгийн ачаалал одоо ч их байгаа юм билээ. Тиймээс Монголынхоо ирээдүй болсон хүүхэд багачууд минь эрүүл саруул байг гэсэн үүднээс өөрийнхөө түрүү бөхийн шагналаа Эх нялхсын эмнэлэгт хандивласан байгаа. Төрийн баяр наадамд түрүүлж, түрүү бөхийн бай шагналыг нийгмийн сайн сайхны төлөө, ялангуяа эх, хүүхдийн сайн сайхны төлөө зориулж байгаадаа баяртай байна. Анхных нь уу гэдгийг мэдэхгүй. Ямартай ч өөрийнхөө хувьд нийгмийн сайн сайхны төлөө бага ч гэсэн хувь нэмэр болъё гэсэн санаа зорилгоор л хийсэн зүйл.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Ирэх жилийн наадмуудад илүү их амжилт гаргаж, цолоо улам ахиулан барилдаж Монгол Улсын Дархан аварга цолтон болоорой гэж ерөөе.

-Баярлалаа, тэр сайхан ерөөл бат сайхан оршиг.


Ж.ОРГИХ: НААДМЫН ОДГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙСАН ХҮҮ МИНЬ ӨНӨӨ ЖИЛ МЯНГАН БӨХИЙН МАНЛАЙ БОЛЖ, АВАРГА ЦОЛТОН БОЛЛОО


-Та сайхан наадав уу. Таны хүү Монгол бөхийн эрхэм дээд аварга хэмээх цол хүртлээ. Энэ сайхан баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Миний сэтгэл үнэхээр үгээр хэлэмгүй өндөр, сайхан байна. Ах нь ганц хүүтэй, гурван охинтой хүн. Миний хүү багаасаа л сурлага сайтай, их зүтгэлтэй хүүхэд байсан. Сурлага номондоо сайн хүүхэд байснаас биш үнэндээ бөх болчихно гэж огт санаагүй, бодож байсангүй.

-Хэзээнээс бөх болохоор шийдсэн юм бэ?

-Арван жилээ төгсөөд их сургуульд орсон жилээсээ эхлээд би бөх болмоор байна гэж хэлээд л байнга барилдаж, бэтгэл сургуулилт хийдэг болсон. Хөдөө аж ахуйн их сургуульд сурч байгаад тэндээсээ гэнэт л барилдаад явчихсан даа. Ингээд л барилдаж эхэлсэн цагаасаа эхлээд миний хүүгийн гаргасан амжилт богино хугацаанд энэ их өндөр амжилтад хүрлээ гэж харж байна. 2012 оноос эхлээд л аймгийн наадмуудад зодоглож улмаар 2013 онд нутгийнхаа наадамд түрүүлж аймгийн арслан болж байсан. Тухайн үед хүүгээрээ маш их бахархаж байсан. Анх улсын баяр наадамд зодоглоход нь хүүгээрээ их бахархсан. Тэр жил чинь 2017 он байсан шиг санагдаж байна. Тавын даваанд Э.Оюунболд арслангаар давж, зургаагийн даваанд сая улсын заан болсон Б.Сериктай тунан барилдаж харцага болж билээ. Ерөөсөө барилдсан жилээ сумын заан болж дараа дараагийн жилүүдэд тогтмол цолоо ахиулсаар өдийг хүрсэн дээ.

-Улсын харцага болсныхоо дараа дараагийн наадмуудад доор даваанд унаж, нэг үе наадмын одгүй бөх гэсэн хочтой явж ирсэн шүү дээ. Жил бүрийн наадмаар цолоо ахиулна гэж хардаг хүүгээ доор даваанд унахыг харах гунигтай л байсан байлгүй?

-Үнэхээр миний хүү наадамд жаахан од муутай л юм байна даа гэж бодож байсан. Гэтэл үгүй байж. Өнөөдөр Монгол Улсын аварга цолтон боллоо шүү дээ. Хүүгээрээ үнэхээр их бахархаж байна. Наадмын одгүй гэж бодож байсан хүү минь өнөө жил мянган бөхийн манлай болж чадлаа. Одгүй бөх гэж байдаггүй юм. Бэлтгэл сургуулиалтаа сайн хийж, зөв шударгаар барилдсан бөх л өнөөдөр амжилтад хүрдэг гэдгийг миний хүү надад болон ард түмэндээ нотлон харууллаа.

-О.Хангай аваргыг хоёр талаасаа бөхийн удамтай гэлцдэг. Яг ямар удам, судартай хүн бэ гэдгийг та л тодорхой хэлэх байх…

-Миний хүүгийн ээжийнх нь тал буюу миний ханийн ах, дүүс мундаг бөхийн удамтай. Ховдын анхны түрүү бөх улсын арслан Шаравын Ванчинхүү агсан миний ханийн хөгшин аавтай нь үеэлүүд байсан юм билээ. Тэгэхээр Хангайгийн нагац талын өвөг эцэгтэй нь ах дүүсийн хүүхдүүд байсан гэсэн үг л дээ. Мөн нагац талдаа аймгийн заан Даваасүрэн, Дамдинсүрэн гээд бөхчүүд бий. Ер нь ээжийнхээ талд их олон бөхтэй. Харин миний талд буюу аавынхаа талаас бөхийн удамтай. Миний хувьд Шаравын Батсуурь аваргын төрсөн нутаг болох Говь-Алтай аймгийн Жаргалант сумын хүн. Ш.Батсуурь аварга суманд манайхаар их ирдэг, аавтай минь байнга уулзаж, ярилцдаг хүн байлаа. Манай эмээг эгч ээ гэж дууддаг хүн байсан. Яг үнэндээ манайхтай хамаатан садан хүн байсныг би үнэхээр мэдэхгүй байна. Энэ жил их аваргын зуун жилийн ой болно. Энэ ойд оролцохдоо их аваргын үр хүүхэд, хамаатан садантай нь уулзана. Тэр үеэр яг ямар хамаатан садан болохыг нь нутгийн хөгшчүүл, Ш.Батсуурь аваргын үр хүүхэд, хамаатан саднаас нь сайн тодруулъя гэсэн бодолтой байгаа. Манай эмээг л эгч ээ гэдэг байсан санагдана. Нутгийн хөгшчүүл Ш.Батсуурь аварга танай эмээтэй хамаатан, ах дүүс байсан гэлцдэг юм. Гэхдээ яг одоогоор ямар хамаатан садан гэдгээ сайн хэлж мэдэхгүй л байна. Юм үнэнээрээ сайхан. Хамаатан биш байхад заавал хамаатан болох гэж яараад яахав. Хамаатан юм бол удам судраа хүн мэдэж, бахархаж явах нь чухал л гэж бодож байна даа.

-Энэ жилийн тухайд хүүгийнхээ барилдаан даваа болгоныг сэтгэл догдлон харж суусан байх. Даваа ахих тусам аав хүний хувьд хүүгийнхээ барилдааныг харах хэцүү байв уу?

-Энэ жил их сонин. Яагаад ч юм миний сэтгэл их тайван байсан. Өмнө ээ дээ уначих вий дээ, ээ дээ яана вэ гэж барилдаан болгоныг нь зүрхшээн харж суусан бол өнөө жил ёстой тайван байл аа. Өөрийгөө ч их гайхлаа. Энэ жилийн хувьд миний хүү их л өнгөтэй харагдаж байсан. Өөрөө ч барилдаандаа сэтгэл санаагаа бэлдэж, унтаж амарч байсан. Миний хүү гараад барилдаад даваад буцахад үзэгчид их баярлаж, уухайлж байсан. Би харин баярлаж, сэтгэл их хөөрсөн зүйлгүй их л тайван байсан даа. Гэхдээ наймын даваанд гарч барилдаад гарди цолны болзол хангачихсан чинь гэнэт дотор нэг сонин болж ирсэн шүү. Харин заан цолны болзол хангаж байхад нь болох ёстой юм болж л байна даа гэж бодсон. Гарди болчихоор нь энэ чинь юу билээ миний хүү чинь гарди болчихлоо гэж үү, за дахиад хэдхэн даваа үлдлээ миний хүү чинь ер нь түрүүлчихэж мэдэх юм биш үү гэсэн бодол орж ирсэн.

-Аваргын хань, таны бэр аль нутгийн хүн бэ. Танай ач, зээ нараас тань бөхөд сонирхолтой хүүхдүүд бий юу?

-Миний бэр Ховдын Манхан сумын хүн. Манай бэр бас бөхийн удамтай. Сая аймгийн наадамд үзүүрлэсэн Даваадалай заан манай бэртэй хамаатан. Ач, зээ нарын хувьд гэвэл миний том охин гурван залуутай. Бага охин нэг залуутай. Энэ дундаас удам залгасан бөх тодрох байлгүй. Ер нь манайхны удмын нэг онцлог байх шиг. Багаасаа сурлага, хичээлдээ сайн явж байгаад томорч ирээд бөх болчихдог. Энэ жишгээр үзэхэд одоохондоо бөх болчих хүүхэд тэр энэ гэж хэлэхэд хэцүү л байна. Хүүхдүүдийн минь өөрсдийнх нь сонголт шүү дээ. Бөх болж ард түмнээ баясгаж, улсын том цолонд хүрч барилдвал сайн л биз. Өөр мэргэжлээр яваад амьдрал ахуйгаа өнгөтэй, өөдтэй авч явж л байвал бөх болсонгүй гэх зүйл байхгүй шүү дээ. Тиймээс өөр өөрсдийнхөө сонирхсон, мэргэшсэн зүйлдээ л эзэн нь болж, салбар бүртээ л амжилт гаргаж явахыг хүсдэг дээ.