Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцрууллаа, дараагийн сайд хэн бэ DNN.mn

Хөдөлмөр нийгмийн хамгааллын богино, дунд, урт хугацааны бодлого, төлөвлөлт болон ядуурлыг бууруулах, нийгмийн эмзэг бүлэгт багтах хөдөлмөрийн чадвартай иргэдийг ажлын байранд дадлагажуулж, мэргэжил олгох асуудлыг шинээр томилогдсон сайд, яамны удирдлагууд олон нийтэд танилцуулсан юм. Энэ үеэр Д.Сарангэрэл сайд яамны мэргэжилтнүүдийн бэлдэж өгсөн мэргэжлийн гэх тодотголтой “Ул айл” хэмээх үгийг хэрэглэснээрээ нийгмийн дургүйцлийг хүргэсэн. Улмаар өчигдөр олон нийтийн шүүмжлэлийн дагуу зарим улс төрийн байгууллага, иргэдийн зүгээс Д.Сарангэрэл сайдыг огцрохыг шаардаж жагсаал зохион байгуулсан. Үүнийг Ерөнхий сайд харгалзан үзээд Д.Сарангэрэл сайдыг ёс зүйн зөрчил гаргасан хэмээн өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх захирамж гаргаж, огцрууллаа. Нийгмийн шүүмжлэлийг тусгаж, Засгийн газартаа хариуцлага тооцож чадлаа гэж харах нийгмийн хэсэг бүлэг байх ч сошиал орчин дахь зарим шүүмжлэлийн дагуу Төрийн сайдыг огцрууллаа гэх нь ч байна. Юутай ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын давхар дээлтэй сайд Д.Сарангэрэл үүрэгт ажлаа өглөө. Харин дараагийн сайд болох амбицтай улстөрчид эрх баригч намд цөөнгүй бий. Хэн сайд болох вэ гэдгийг намын бүлэг, удирдах зөвлөлөөрөө хуралдаж шийдэх нь тодорхой. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар дараагийн сайдын суудалд давхар дээлтэй сайд очно гэх мэдээлэл байна. Мөн албан бус мэдээллээр сайдын суудалд сөрөг хүчин болох Ардчилсан намын гишүүдийн нэг нь очно гэх яриа ч улс төрийн намуудын дунд хүчтэй явагдаж байна. Харин эрх баригч намд тус яамыг хариуцаад явах сонирхолтой, УИХ-д хоёроос дээш сонгогдсон гишүүд дарааллаа хүлээн зогсож байгаа нь тодорхой. Тэр дундаа УИХ-д хоёроос дээш удаа сонгогдсон эмэгтэй гишүүд цөөнгүй бий. Тухайлбал, дараагийн сайдад суух боломжтой хоёроос дээш сонгогдсон эмэгтэй гишүүдээс Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, С.Одонтуяа нар байна. Үүнээс сөрөг хүчний ганц гишүүн нь С.Одонтуяа. Сөрөг хүчин дотоод дахь асуудлаа одоог болтол шийдээгүй. Үүнээс нь болоод УИХ дахь АН-ын гишүүд хоёр биш, бүр гурав хуваагдчихсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Иймд нэгдсэн сөрөг хүчний бодлого алдагдсан гэсэн үг. Тиймээс намын үзэл бодол, үйл ажиллагаанаас үл хамаарч сайдад амбицлах сөрөг хүчний гишүүд цөөнгүй бий. Ирэх долоо хоногт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ. Тэр болтол тус яамыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан түр үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаар болов. Юутай ч эдийн засгийн хямралтай энэ үед Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ шуурхай ажиллах арга хэмжээг авах нь тодорхой. Тиймээс ирэх долоо хоногт дараагийн сайдыг шууд томилох нь зайлшгүй юм. Харин хэн сайд болох вэ гэдэг нь тун удахгүй тодорхой болох биз.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Эрдэнэболд: Бид Ардчилсан намынхаа ах нараас ёс зүй, хүн чанар, дүрэм журам, хуулийг шаардаж байна DNN.mn

-ПРОКУРОРЫН ЗӨВШӨӨРӨЛТЭЙГӨӨР МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ ГЭДЭГ ХАРИУГ АТГ-ААС ӨГСӨН-


Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболдтой ярилцлаа. Тус холбооны залуучууд Ардчилсан намын лидерүүд болох С.Эрдэнэ, Х.Баттулга нарт холбогдох хэрэг бодитой эсэх талаар АТГаас мэдээлэл авах зорилгоор суулт хийж буй юм.


-Ардчилсан намын дотоод асуудал шийдэгдэхгүй удаж байна. Ер нь энэ байдлаараа ирэх сонгуульд нэгдмэл байдлаар оролцож чадах уу. Залуучуудын зүгээс намын маргаанд ямар байр суурьтай байна вэ?

-Ирэх сонгууль гэлтгүй энэ жилдээ багтаж нэн яаралтай, хүчтэй сөрөг хүчнийхээ байр суурь дээр шилжих шаардлагатай байгаа. Эдийн засгийн хямралтай нөхцөл байдалд бид маш хурдан сөрөг хүчнийхээ байр суурь дээр очих шаардлагатай. Ардчилсан намын дотоодод үүссэн энэхүү нөхцөл байдал нь дангаараа бидний дотоод асуудал биш ээ. Энэ хагарал бол томоохон улс төрийн эрх ашгийг хамгаалах, тодорхой бүлэглэлүүдийн ашиг сонирхлын үндсэн дээр боссон асуудал. Өөрөөр хэлбэл, 2020 оны УИХ-ын сонгууль болон 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах зорилгоор ардчилсан намд тамга хувилж өгсөн, хоёр талд нь яс хаясан эрх баригчдаас үүдэлтэй, маргаан. Ардчилсан нам дотроо учраа олохгүй байгаа мэт харагдуулах энэхүү нөхцөлийг дээрээс шидсэн том чулуу гэж харж байгаа.

-Та бүхэн АТГ-ын гадаа цөөнгүй хоног суулт хийж байна. Тавьж байгаа гол шаардлага нь юу юм бэ. Та бүхэн юуны төлөө суулт хийгээд байна вэ?

-Хэвлэл мэдээллээр явдаг улстөрчтэй холбоотой үнэн худал нь мэдэгддэггүй маш олон асуудал байна. Энэ олон хэрэг яг шүүх, прокурор, АТГ-ын шатандаа ямар түвшинд явж байгаа талаарх бодит үнэнг олохыг зорьж байна. Тухайлбал, тамганы асуудалтай буюу хоёр талд Ардчилсан намыг удирдаад байгаа С.Эрдэнэ, Х.Баттулга нарт холбогдох хэргүүдийн үнэн зөвийг тодорхой болгож өгөхийг л хүсээд байгаа юм. Өнөөдөр хувь хүмүүсийн нэр төрд халдах байдлаар 200 мянган гишүүнтэй Ардчилсан намыг туйлдуулж, бүтцийн хувьд энэ байгууллагыг ажилгүй болгох улс төрийн маш нарийн ажил явагдаж байна. Тиймээс бид хамгийн түрүүнд учраа олохын тулд дээрх хоёр лидертэй холбогдох хэрэг, дуулиан шуугиан хууль хүчний байгууллага дээр ямар түвшиндээ явагдаж байгаа вэ гэдгийг мэдэхийг л хүссэн. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, үүргээ биелүүлж байна. Мэдээж шүүхээр гэм буруутай эсэхийг нь тогтоогоогүй үед хэнийг ч гэм буруутан гэж яллаж болохгүй. Гэтэл нийгэмд хууль хүчний байгууллагууд зарим хэргийг царцаах, зарим хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хэрэг зохиомлоор бий болгодог зэрэг хардалт маш их байдаг. Тиймээс бидний зүгээс нэр бүхий зарим улстөрчдөд үнэхээр зохиомол хэрэг үүсгээд явдаг уу, эсвэл хэргийг нь царцаагаад улс төрийн тохиролцоо болгодог систем бодитой байдаг эсэхийг тодруулж, мэдээлэл өгөхийг л шаардаж байна.

-Намынхаа хоёр лидерийн хэргийг хууль хүчний байгууллагаас тодруулчихлаа гэхэд энэ нь намыг нэгтгэх гарц байж чадах уу?

-Үүнийг хийснээрээ бид ардчилсан нам ёс зүйтэй, өөрсдийнхөө дотоод асуудлыг цэгцлэх, хоорондоо нэгдэж эвлэрэх орон зайг бий болгож байгаа юм. Бидний үйл ажиллагааг зарим нь намын нэр хүндийг унагааж байгаа, намыг муухай харагдуулж байгаа үйлдэл гэж шүүмжилж байна. Өнөөгийн нийгэмд Ардчилсан нам хангалттай муухай харагддагаа харагдчихсан, зөрчилддөгөө зөрчилдчихсөн. Тиймээс шинэ эрин үеийг авчрахын төлөө улаан шугам татаад урдах асуудлаа шийдээд урагшаа явах нь манай намын дотоод эрх ашиг. Мөн Монгол Улсын хүчтэй сөрөг хүчин байх том эрх ашиг, цаашлаад ардчилал, хүний эрх, парламент тогтолцоог хамгаалах суурь юм. Ардчилсан нам бол хүний халаасанд тамга болж хэвтдэг институци биш ээ. Манай нам бол 200 гаруй мянган гишүүний итгэл үнэмшил, 30 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын төлөө шинэчлэлийг хийж ирсэн нам.

-Ардчилсан залуучуудын холбооны ерөнхий чиг үүрэг нь юу юм. Намдаа үйлчилдэг байгууллага юм уу?

-Манай холбоо нэгдүгээрт, намын дэргэдэх бүтцийн байгууллага. Хоёрдугаарт, залуучуудад ардчиллын үзэл баримтлал, боловсролыг түгээх, ардчилсан үзэл санааг бэхжүүлэх, хамгаалах, баруун төвийн үзэл буюу халамж хавтгайрсан биш хувийн хэвшлийг болон хүний эрх, эрх чөлөөг дэмждэг байгууллага. Нөгөөтэйгүүр энэ нам дотоодод үүссэн маргаантай асуудлаа шийдээд хоорондоо учраа олчих байх гэж итгэн бид хангалттай хүлээсэн. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам нэгдэх ёстой гэж “Нэгд” хэмээх аяныг хүртэл санаачилж явуулсан. Угтаа ардчилсан намын ах нарыг хоорондоо нэгдэх боломжийг байнга бүрдүүлж ирсэн. Гэвч эдгээр хүмүүс Ардчилсан намын дэргэдэх бүтцийн байгууллагуудыг хуваах, устгах ажлыг улс орон даяар явуулж эхэлсэн. Тиймээс бид Ардчилсан намынхаа ах нараасаа ёс зүй, хүн чанар, дүрэм журам, хуулийг шаардаж байна.

-Та тамганы асуудалтай байгаа гэлээ. Гэтэл С.Эрдэнэ тэргүүтэй ардчилсан намынхан чинь тамганы асуудал байхгүй, шүүхээр эцэслэгдчихсэн зүйл гэдгээ мэдэгдээд байгаа шүү дээ?

-Шүүхээс эцэслэгдсэн шийдвэр гараагүй байгаа. Нэгдүгээрт, нам гэдэг тамга биш итгэл үнэмшлийн байгууллага. Ардчилсан намын анхан болон дунд шатандаа хагарч хуваагдаагүй. Харин ч дийлэнх олонхоороо нэг талдаа байгаа. Үүнийг зориудаар хагаралдуулах эрх ашиг МАН-д нийцэж байсан учраас иргэний бүртгэл, хууль, шүүхийн байгууллагаар дамжуулж, энэ намыг зохиомлоор хуваах ажлыг хийсэн. Жирийн гишүүдийн хувьд Ардчилсан нам огт хуваагдаагүй. Гагцхүү Ардын намын өгсөн чиглэлийн дагуу хийгдэж байгаа ажил нь өөрөө Ардчилсан намыг хуваагдуулсан мэт харагдуулах. Тиймээс гол асуудал бол дундаа учраа олох хэрэгтэй. Аль болох туйлширч болохгүй. Ардчилсан намын маргаантай асуудал цөөнгүй хугацааг өнгөрүүлсэн ч аль аль талдаа буулт хийгээд нэгдэх орон зайд ороод ирвэл энэ асуудлыг маш хурдан шийдчихнэ. Үүний төлөө бид АТГ-ын гадаа дөрөв дэх өдрөө суулт хийж байна. Бид хэн нэгнийг яллаад өгөөч гэж хүсээгүй. Бодит үнэн мэдээллийг л хүссэн.

-Дөрөв, таван хоног суулт хийж байна гэлээ. АТГ-аас ямар хариу өгч байна вэ?

-АТГ-аас бидэнд албан бичиг өгсөн. АТГ-аас С.Эрдэнэ нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа, Х.Баттулгад холбогдох хэрэг одоогоор шалгагдаагүй байна гэсэн хариуг албан бичгээр өгсөн. Харин хэргийн талаарх тодорхой мэдээллийг өгөх боломжгүй хэмээн тайлбар хэлсэн. Ямартаа ч С.Эрдэнэ гэх хүнийг шалгаж байгаа, харин Х.Баттулга гэх хүнд холбогдох хэрэг байхгүй болох талаар Нийслэлийн Прокурорын газраас хариу тайлбар албан бичиг ирсэн. Цаашид бид ёс зүйн зөрчилгүй, авлига, албан тушаалын хэрэгт холбогдолгүй лидерүүдээ дэмжиж, хүчтэй сөрөг хүчний байр сууриа богино хугацаанд сэргээхийн төлөө ажиллах болно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ховд аймгийн Мөст сумын малчин Ж.Давааням: Тарвага элбэгшсэн, гантай жил учраас тахал гарах эрсдэл их байна DNN.mn

МӨСТ, ЦЭЦЭГ СУМДАД ТАРВАГАН ТАХАЛ ТУССАН ХОЁР ХҮНИЙ НЭГ НЬ НАС БАРЖЭЭ


Баруун аймгуудад тэр дундаа Ховд аймгийн Мөст, Цэцэг, Алтай, Үенч сумдад тарваган тахал гарсан гэх мэдээллийн мөрөөр сурвалжиллаа. Тодруулбал, Ховд аймгийн Үенч суманд тарваган тахал туссан иргэдийн долоо нь нас барсан гэх мэдээлэл цахим сүлжээ, сайтуудаар шуугьж байна. Энэхүү мэдээлэл үнэн эсэх, бодит байдал дээр тахлын нөлөөлөл ямар байгааг ийн сурвалжиллаа.


Бид эхлээд Ховд аймгийн Үенч сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, эмч Б.Ууганбаяраас тодруулсан юм.


-Тарваган тахлын тохиолдол танай суманд цөөнгүй бүртгэгдэж, зарим нь нас барсан гэх мэдээлэл байна. Яг ямар байдалтай байгаа талаар та бодитой тайлбар өгөхгүй юү?

-Тийм ташаа мэдээлэл харагдсан. Үнэндээ манай суманд тарваган тахлын тохиолдол одоог хүртэл бүртэгдээгүй байна. Гэхдээ манай зуслангийн бүс нутаг бол тарваган тахлын голомтын бүс гэж явдаг л даа. Саяхан тэрхүү бүс нутагт аймгийн төвөөс Зоонозын өвчин судлалын хүмүүс ирж ажиллаад шинжилгээ судалгаа хийгээд буцсан. Энэхүү судалгааны дүн, тайлбар ч гарсан. Тухайлбал, манай сумын Харигант хэмээх газар тахлын нян өндөр байна, илэрсэн гэсэн. Ер нь манай сум тарваган тахлын идэвхтэй бүсэд хамаардаг. Тиймээс жил бүр энэ чигийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч ажилладаг. Манай иргэд ч тахлаас урьдчилан сэргийлэх арга зөвлөмжүүдийг сайн мөрддөг. Тиймээс сүүлийн гурван жил манай сумаас тахал туссан тохиолдол илрээгүй.

-Тахал үүсгэгч нян байна гэсэн үг үү. Танай сумаас энэ дагуу ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Тийм, манайхаас тахлаас урьдчилан сэргийлэх болон тухайн газрыг ариутгах, иргэдэд мэдээлэл өгөх чигийн ажлуудыг шуурхай хийж байна. Бидний авсан мэдээллээр аймгийн төвд болон Цэцэг, Мөст сумдад нэг, нэг тохиолдол илэрсэн гэсэн.

-Танай сум ер нь хичнээн хүн амтай вэ. Тохиолдол илэрлээ гэхэд тусгаарлах, хавьтлуудыг нь тогтоох боломж ямар байдаг вэ?

-Манай сум Цагаан түнгэ, Нарийн гол, Жаргалан, Улиаст, Хөх үзүүр гэсэн таван багийн нийт 1033 өрхөд 4506 хүн амьдардаг. Баг тус бүрд яаралтай түргэн тусламж, онцгой байдлын албан хаагчид болон малын эмч нар ажилладаг. Тохиолдол илэрлээ гэхэд эдгээр албан хаагчид шуурхай арга хэмжээ авч, өвчтөнг тусгаарлан эмчилж, явсан маршрут, ойртсон хүн бүрийг төвөггүй тодорхойлдог. Ер нь бол өмнө тахал гарч байсан учраас энэ чигийн мэдээлэл болон сэргийлэх арга туршлагууд багаггүй бий.

-Тахал гарлаа гэхэд эмч, мэргэжилтнүүд нь өөрсдөө тахал тусчих эрсдэлтэй гээд эмчилгээ, зөвлөгөө өгдөггүй, зугтдаг гэсэн мэдээлэл байна. Энэ бодитой юу?

-Тийм зүйл юу гэж байх вэ. Яахав зарим залуу эмч, туршлага дутаж, өвчтөнөөсөө айх, цэрвэх тохиолдол байна. Гэхдээ сумын эмч бүр тийм биш үү дээ. Ямар ч өвчтөн байсан улаан гараараа л эмчлэх гэж, туслах гэж үзнэ.


Ч.БАЯР: СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД МАНАЙ


СУМАНД ТАХЛААС АЙГААД ТАРВАГА АГНАДАГ ХҮНГҮЙ БОЛСОН

Тус сумын хоёрдугаар багийн малчин Ч.Баяраас тодрууллаа. Тэрбээр “Ер нь манай сум тахлын голомттой. Үүнийг хүн болгон л мэддэг. Сумын хашир анчид л газар усаа мэдэж ганц нэг тарвага унагаадаг байх. Бусад иргэд бол тарвага алж идэхээ байсан. Харин нэг зүйл бий. Манай нутгийн хүн ч гэлээ олон жилийн өмнө нутгаасаа явсан, хотод суурьшсан хүмүүс хаяа нэг нутагтаа ирэхдээ тарвага хөөцөлдөж, хавх зэргээр агнадаг. Түүнээсээ болоод голомттой газраас тарвага агначихсан явдал цөөнгүй бий. Үүнээс болоод зарим нь тахал авчихсан удаа ч бий. Сүүлийн хоёр, гурван жил манай суманд тарвага агнадаг хүн байхгүй болсон. Учир нь бүгд тахлаас айдаг болсон. Агнахгүй болохоороо тоо толгой нь эрс өсч, гэрийн нохой, хээрийн боохой энд тэндгүй тарвага зуугаад хаячихдаг болсон. Түүнээс нь болоод тахал гараад байгааг үгүйсгэхгүй. Ер нь тарвагын тоо толгой бэлчээрийн даацад ч гэсэн нөлөөлж байна. Үлийн цагаан оготно, хулгана гэдэг шиг тарвага ч гэсэн мэрэгч амьтан. Өвсний үндэс иддэг учраас бэлчээрийн ургамал, цөлжилтөд нөлөөлж байгаа болов уу гэж санах юм” хэмээв.

Үргэлжлүүлээд бид Ховд аймгийн Цэцэг сумын эрүүл мэндийн байгууллага болон нутгийн иргэдээс тодрууллаа. Тус сумаас нэг иргэн тарваган тахлаар өвчилсөн гэв.


Б.СОЛОНГО: ТАХАЛ ТУССАН ИРГЭН ШАЛБАРСАН ГАРААРАА ТУХАЙН ТАРВАГАНЫ ГЭДСИЙГ НЬ ГАРГАЖ БАЙГААД НЯНГИЙН ХАЛДВАР АВСАН


Цэцэг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Солонгоос тодрууллаа.


-Танай сумаас тахлын тохиолдол илэрсэн гэсэн мэдээлэл байна. Тухайн иргэний ойрын хавьтал болон сум орон нутгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Нэг тохиолдол илэрсэн нь үнэн. Улмаар сумын удирдлагууд болон онцгой байдал, эрүүл мэндийн байгууллага шуурхай арга хэмжээ авч хорио цээрийн дэглэм тогтоочихсон байгаа. Тухайн халдвар авсан иргэнээ бид эмчилж байна. Одоогоор биеийн байдал нь сайн байгаа.

-Тухайн халдвар авсан иргэний талаар товчхон мэдээлэл өгөх боломжтой юу?

-Манай сумын Баян-Овоо багийн иргэн Г гэдэг хүн байгаа. Одоо 47 настай эрэгтэй хүн. Энэ хүн арав хоногийн өмнө тарвага хавхаар агнаж, гэдсийг нь гаргах үедээ халдвар авсан байна лээ.

Өөрөөр хэлбэл, тухайн иргэн гараа шалбарчихсан байхдаа тахалтай тарваганы гэдсийг гаргасан гэсэн үг. Түүнээс болоод тахлын нян шархтай гараар нь дамжсан байсан. Одоо эмчилгээ хийлгэж, биеийн байдал нь сайжирч байна.

-Тухайн иргэн агнасан тарвагаа гэртээ ч юм уу авчирч бусад хүмүүстэй хамт идсэн байх боломжтой шүү дээ.

-Тэр агнасан тарвагаа бусдад болон өөрөө идээгүй. Яагаад гэвэл гэдсийг нь гаргаж байхдаа эцэнхий, тарган биш болохоор нь хаячихсан юм билээ. Ер нь манай аймаг, манай сум энэ жил гантай болсон. Тиймээс мал, ан амьтан сайн тарга тэвээрэг авч чадаагүй байгаа. Үүнээс болоод тарвага мэтийн мэрэгч амьтад өвчлөл үүсэх нянд өртөж байна. Тахал гарч байгаа бас нэг шалтгаан энэ болж байна. Зоонозын өвчин судлалын хүмүүс ирээд ойрын хавьтлуудыг нь судлаад буцсан. Тахал туссан хүний ойрын хавьталд орсон 11 хүн гэж тогтоосон. Тэдгээр иргэдийг ажигллаж, биеийн байдлыг нь анхааралтай чагнаж байгаа. Одоогийн байдлаар ямар нэгэн зовуурь болон тахлын эхний шинж тэмдэг илрээгүй байна.


ХАВХААР ТАРВАГА АГНАЖ, ЧАНАЖ ИДСЭНИЙ ДАРАА ХАЛУУРАХ, ГҮЙЛГЭХ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРЧ, АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ЭМЧЛҮҮЛСЭН БОЛОВЧ НАС БАРЖЭЭ


Ховд аймагт илэрсэн хоёр дахь тохиолдол нь Мөст сумын иргэн юм. Харамсалтай нь уг тахал авсан иргэн аймгийн төвийн Эрүүл мэндийн төвд эмчлүүлж байгаад нас барсан аж. Тодруулбал, Мөст сумын Хужирт багийн Түймэр гэдэг газраас иргэн “С” нь энэ сарын 12-ны өдөр хавхаар тарвага агнаж, чанаж идсэний дараа халуурах, гүйлгэх шинж тэмдэг илэрч, аймгийн эрүүл мэндийн төвд хандсан байна. Ховд аймгийн ЗӨСТ-ийн яаралтай дуудлагын баг өвчтөнөөс сорьц авч лабораторийн шинжилгээ хйисэн бөгөөд молекул биологи, нян судлалын шинжилгээ болон эмнэл зүй, тархвар судлалаар тус өвчтөн нь тарваган тахлын булчирхайн хэлбэр, үжил хэлбэрээр хүндэрсэн болох нь батлагдаж, Ховд аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв хамтран халдварт өвчний голомтын шуурхай хариу арга хэмжээг аван ажиллаж байгаа гэв. Мөн тус багийн нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний шинж тэмдэг илэрсэн тул 72 цагийн хязгаарлалтын дэглэм тогтоосон хэмээн албаныхан мэдээлэл өглөө.


Тус суманд өнгөрсөн жил тарваган тахлын таван тохиолдол илэрснээс хоёр хүн нас барсан гэсэн мэдээлэл байгаа юм. Энэ жилийн тухайд тахал ямар байгаа талаар нутгийн малчин Ж.Даваанямаас тодрууллаа.


-Танай нутгаас тарваган тахлын тохиолдол жил бүр л илэрдэг. Энэ жилийн тухайд хэдэн хүн тахал тусав. Яагаад тахлын голомт их байгаад байна вэ?

-Манай суманд нэг тохиолдол бүртгэгдлээ гэж сонссон. Харамсалтай нь аймагт очоод нас барсан гэсэн. Талийгаач залуугийн аав нь хүүгээ аваад аймгийн төв орсон. Гэтэл эмчилгээ хийгдэхгүй байсаар байгаад хүү нь өнгөрсөн гэж дуулдсан. Яагаад эмчилгээ хийгээгүй вэ гэдгийг сайн мэдэхгүй л юм. Одоо аав нь энд тусгаарлагдчихсан байж байна. Хавьтагчид нь гайгүй байх шиг байна. Манай хүү бас тэр талийгаач залуутай хамт тухайн тарваганаас нь идсэн. Нэг нь нас барчихсан гэж сонсоод бид ч гэсэн хүүгээ аваад аймгийн эмнэлэг орж эмчлүүлсэн. Ямар нэгэн хүнд зовуурь илрээгүй болохоор өнөөдөр гэртээ ирчихээд байж байна. Энэ сарын 15-нд Б.Бат-Өлзий зааны баяр болсон. Тэр баяраар олон хүн тарвага агнаж, энд тэндгүй тарваганы боодог, чанасан мах идсэн гэсэн. Үүнийг нь мэдсэн сумын удирдлагууд, аймгийн төвийн холбогдох хүмүүс ирээд агнасан тарвагуудыг нь шалгаж устгаад, тарваганы мах идсэн хүмүүсийг тусгаарлалтад оруулсан. Долоо хоногийн хорио цээрийн дэглэм тогтоогоод өчигдөр дууслаа. Тэр идэж уусан хүмүүс нь гайгүй байна гэцгээж байна лээ.

-Айл өрхүүдээр орж, нэгжлэг хийж байна уу. Танай сумаас тарвага их хэмжээгээр хадгалсан тохиолдол илэрсэн үү. Энэ талаар мэдээлэл өгөх боломж байна уу?

-Манай сумын өрхүүдээр орж нэгжлэг хийсэн. Гурван айлаас тарваганы хөлдөөсөн мах илрүүллээ гэж сонсогдсон. Нэг айлаас нь хэдэн ширхэг мах гарч ирснийг нь зарлаагүй. Хураалаа, устгалаа, сэрэмжтэй байгаарай л гэж хэлсэн. Манайх сумын төвд байдаггүй, хөдөө байдаг болохоор хүмүүсийн ярьсан, хэлснээр л мэдээ сонсох юм.

-Тахал гараад байгаа шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Хамгийн гол шалтгаан нь тарваганы тоо толгой их байна. Мөн энэ жил гантай байгаа болохоор тарвага эцэнхий өвчлөлд өртөх нь өндөр байна уу гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, тарвага элбэгшсэн, гантай жил учраас тахал гарах эрсдэл их байна гэж ойлгож байгаа. Малаа хариулаад явж байхдаа тарвагатай олон л тааралдаж байна. Холоос ч ганц нэг дурандаж харж байна. Ингээд хараад ажиглахаар тарвага огт таргалаагүй, хар толгойлоогүй их сулбагар, нүхнээсээ хол явж идээшилж байгаа нь харагддаг шүү. Тарвага элбэг болсон учраас манай нохой өдөр болгон л нэг тарвага зуугаад ирдэг болсон. Тахал ихтэй болохоор тэр тарвагыг нь бушуухан шатаагаад л хаячихдаг. Сүүлдээ нохойгоо хөөж явуулахаас өөр аргагүй болчихоод гэрийнхээ ойролцоо ойртуулахгүй хөөгөөд л байна. Ер нь тарваганы тоо толгойг багасгах чигийн ажил хийдэггүй юм болов уу л гэж бодох юм. Тэгэхгүй болохоор нохой, шувуу зууж ирээд хаяанд хаячих юм. Нөгөө хаясан тарваганд нь хүүхэд, багачууд хүрээд айлгаад байх юм. Тиймээс энэ тарвагыг зориуд ажил болгож тоо толгойг нь цөөрүүлэх арга хэмжээ авахгүй бол болохгүй л санагдаж байна.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Цогтгэрэл: Ам.долларын эрэлтийг хангах шинэ эх үүсвэр буюу Казиногийн тухай хуулийг яаралтай баталж, багадаа гурван зөвшөөрөл олгох ёстой DNN.mn

Улсын төсвийн зарцуулалтад шуугиантай шүүмж гарган олон нийтэд танилцуулдаг “Шилэн” хэмээх Б.Цогтгэрэлтэй валютын нөөц, ханшийн асуудлаар ярилцлаа.


– АМ.ДОЛЛАР ГАДАГШЛАХ ҮЗЭГДЭЛ ЯЛАНГУЯА ЭРДЭНЭТ ТӨҮГ ДЭЭР МАШ ИХ ХАРАГДДАГ –


-Валютын нөөц багасаж, ам.долларын ханш өдөр эрх тусам чангарч байна. Ханшийг тогтвортой байлгах, валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд бид яах ёстой вэ?

-Ам.долларын ханш гэдэг дөрвөн зүйлээс шалтгаалж байдаг. Тухайлбал, ам.долларын эрэлт, нийлүүлэлт гэж хоёр зүйл байна. Нөгөө хоёр нь төгрөгийн эрэлт, нийлүүлэлт. Тэгэхээр манайд өнөөдөр ам.долларын эрэлт их, нийлүүлэлт бага байна. Тиймээс л ам.доллар өсөөд байгаа юм. Энэ өсөлтийг яаж зогсоох вэ, яаж ханшийг тогтвортой байлгах вэ гэдгээ бодох цаг ирсэн. Ингэхийн тулд бид ам.долларын эрэлтийг хангах шинэ эх үүсвэр гаргахаас өөр аргагүй. Санжийн Баяр гэдэг хүн Оюу толгой гэх ам.долларын эх үүсвэрийг бий болгосон шиг. Сүхбаатарын Батболд Таван толгой гэх ам.долларын эх үүсвэр бий болгосон. Одоо тэгвэл ямар эх үүсвэр шууд бий болгох боломж бидэнд байна вэ.

-Ямар боломж байна гэж харж байна?

-Боломж байгаа. УИХ дээр Казиногийн ажлын хэсэг гэж байгуулагдаж байсан. Хуучин Өмнөговиос сонгогдсон Л.Энхболд гишүүнээр ахалж байсан, одоо хэн ахалж байгааг мэдэхгүй юм. Энэхүү ажлыг маш яаралтай шинээр бий болгоод энэ намрын чуулгандаа багтаад дор хаяж гурван ширхэг казиногийн зөвшөөрлийг олгох хэрэгтэй байна. Казиногийн нэг лицензийг нь 30 сая ам.доллараар өгнө, эрхийг нь Засгийн газар олгоно гэсэн хуулийн төсөл мөн УИХ-д явж байгаа. Иймэрхүү ам.долларын эх үүсвэр бий болгосон ажлуудаа яаралтай хийх шаардлагатай байна. Одоо намрын чуулганаар төсөв хэлэлцэнэ, үргэлжлүүлээд Казиногийн тухай хуулийг хэлэлцэж явахгүй бол байдал хэцүүдлээ. Өөрөөр хэлбэл, энэ ханшийн өсөлт, валютын нөөцийг контролдох ямар ч боломжгүй болчихоод байна.

-Яагаад?

-Учир нь ам.долларын зохиомол хомсдол бий болчихоод байна.

-Алтны тушаалт буурсан, хил хаалттай байхад огцом нэмэгдсэн гэж та нэг жиргээндээ онцолсон байсан. Таныхаар бол ямар цоорхойг олох ёстой юм бэ?

-Нэгдүгээрт, алтны тушаалт дээр онцгой арга хэмжээ авахгүй бол болохгүй болчихоод байна. Монголбанкны сайт руу “Алт тушаалт” гэдгийг ороод хараарай. Ковид анх гарч Монгол Улс хилээ хаагаад энэ оны эхээр хилээ нээсэн шүү дээ. Энэ хугацаанд алт тушаасан байдлыг хараарай гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд алт тушаалт огцом нэмэгдчихсэн байгаа. Хил хаалттай буюу хилээр зорчигч гарахгүй, хилийн гаралт огцом буурсан үед шүү дээ. Энэ үед Монголбанкинд алт тушаалт ердийн үеэс гурав дахин буюу огцом нэмэгдсэн. Алт ингэж их тушаагдсанаар ам.долларын нөөц, алтны нөөц маш ихээр нэмэгдсэн. Тиймээс тухайн үед бид ам.долларын ханшийг барьж болоод байсан юм. Харин одоо ийм зүйл алга. Бүр ковидын өмнөх үе рүүгээ оччихоод байна.

-Ам.доллар орж ирэх тагнуул аргачлалаа хялбаршуулъя гэж байна. Монголбанк орж байгаа ам.долларыг ямар аргаар хялбаршуулж шалгах ёстой юм бэ?

-Монголоос цөөн хэдэн нэрийн бараа гадагшаа экспортлогдож тэр нь эргээд мөнгө олж ирдэг. Ихэвчлэн уул уурхайн бүтээгдэхүүн л байна шүү дээ. Нэг жишээ хэлье. Надад 500 мянган тонн нүүрс байлаа гэж бодъё. Энэ нүүрсээ гаргахын тулд Хятадын нэг компанитай гэрээ хийнэ. Ингээд надад 500 мянган тонн нүүрсний төлбөр болох нэг сая ам.долларыг шилжүүлэх болно. Энэхүү шилжүүлсэн нэг сая ам.долларыг Монголбанк ч гэдэг юм уу холбогдох байгууллагууд нь шалгана. Хамгийн дургүй хүрмээр зүйл нь хурдан шалгачихгүй. Шалгаад бүр алга болно. Таг чиг болно. Ингээд алга болчихоор нөгөө нүүрс зарсан, эсвэл гадагшаа бараа бүтээгдэхүүнээ экспортолсон аж ахуйн нэгж, хувь хүмүүс чинь сураг ажиг тавина биз дээ. Тэгэхээр шалгаж байгаа л гэдэг. Бүр хэдэн сараар шалгачихна. Гэтэл бизнес гэдэг бол цаг нартай уралдаж явдаг, тэгж байж ашиг орлого, үйл ажиллагаа нь хэвийн явагддаг шүү дээ. Гэтэл энэхүү үйл ажиллагааг нь зогсоогоод хамаг орлогыг нь хаагаад шалгах нэрээр хэдэн сар алга болчихож байгааг л болиулах хэрэгтэй. Үүнийгээ хялбаршуулах шаардлагатай л гэж хэлээд байгаа юм.

-Ер нь валютын нөөц, ам.долларын нийлүүлэлтгүй болчихвол манай улсын эдийн засаг, зах зээлд ямар нөлөөлөл үүсэх бол?

-Монгол Улсын сарын хэрэглээ буюу төгрөгөөр ам.доллар худалдан авч гадагшаа гаргаж байгаа зарлагад нийтдээ 300 сая ам.долларыг бид үрж байна. Өөрөөр хэлбэл бензин, шатахуун, тосноос эхлээд хүүхнүүдийн нүүрний маск, хумс хурууны будаг хүртэл худалдаж авч байгаа энэ хэрэглээндээ улсаараа сард 300 сая ам.доллар үрж байна гэсэн үг. 2021 оны мөн үед Монгол Улс 4.6 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байна гэсэн мэдээлэл гарч байсан. Ер нь валютын нөөцийн мэдээлэл төсвийн хэлэлцүүлгийн үед болон Монголбанкны тайлан мэдээлэл сонсож байх үед ил болдог зүйл. Удахгүй намрын чуулганаар төсөв орох гэж байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр гэвэл валютын нөөц 2.6 тэрбум ам.доллар байна. Энэ юуг харуулж байна вэ гэхэээр Монгол Улсын валютын нөөц тогтворгүй байна гэж ойлгогдохоор байгаа юм.

-Валютын нөөц хэд байвал тогтвортой байна гэж үздэг юм бэ?

-Таваас буурахгүй, за дөрөвтэй байгаад байвал тогтвортой гэж үзэж болно. Гэтэл өнгөрсөн жил 4.6-тай байсан бол одоо 2.6-руу орчихсон явж байна шүү дээ. Тиймээс л тогтворгүй хэлбэлзэлтэй байна гэж ойлгоод байгаа юм. Энэ жилийн тухайд маш эрчтэйгээр валютын нөөц багасчихлаа. Үүнд Монголбанкны Лхагвасүрэнг ч юм уу өөр хэн нэгнийг муулах, буруутгах шаардлага байхгүй. Бидний үрж байгаа байдал маань л ийм байна. Нөгөөтэйгүүр бид орлогын хомсдолд орчихоод байгаа юм. Нөөц багасаж байхад бид орлого олох ямар ч оролдлого хийсэнгүй. Шинэ санаачилга гаргаж ажилласангүй.

-Валютын нөөц эрчимтэй багаслаа гэлээ. Бүр нөөцгүй болчихвол яах вэ, ер нь…

-Нөөцгүй байгаад байвал валютын ханш, энэ ам.долларын ханш бүр л галзуурна. Нөөцгүй болчихвол төгрөг ёстой цаас болж, гадаад мөнгө буюу валютын ханш ам.доллар ч гэлтгүй бүгд өснө. Зохиомол эрэлт хэрэгцээ буюу үнийн хөөрөгдөл бий болдог. Улмаар улсын эдийн засаг деполт зарлаж, улс даяараа сүйрэл рүүгээ л очих байх даа. Тиймээс нөөц бүрдүүлэлтдээ маш сайн анхаарч ажиллах ёстой.

-Орост төлж байгаа шатахуун, эрчим хүчний төлбөрөө бэлнээр бус дансаар шилжүүлчихвэл ам.долларын ханш тогтвортой болно гэж эдийн засагчид ярьсан. Та үүнтэй санал нэг байна уу?

-Санал нэгдэхгүй байна. Энэ төлбөр Монгол Улсын шууд гүйлгээгээр явдаг. Бэлнээр гэсэн зүйл байдаггүй байгаа шүү. Сүүлд Засгийн газар Английн банкуудтай ярьж байгаад Монгол Улсын шатахууны төлбөрийг Орос руу шууд дансаар хийлгэдэг болчихсон. Энэ нь валютын хомсдолоос маш сайн сэргийлж чадсан үйл явдал болсон. Энэ бол Засгийн газрын хийсэн баатарлаг үйлс шүү.

-Ам.долларын ханш өсч байгаа нь хэнд ашигтай юм бэ. Засгийн газарт, эрх баригчдад илүү ашигтай байна уу?

-Засгийн газарт, УИХ-д энэ ханшийн өсөлт ямар ч ашиггүй. Яагаад гэвэл эд нар чинь улс төрийн байгууллага учраас хамгийн том цохилтыг эд нар өөрсдөдөө хүлээн авч байгаа. Тэгэхээр валютын ханшийн өсөлт нь эд нарт хамгийн ашиггүй хувилбарыг бий болгоно. Нөгөөтэйгүүр валютын ханшийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээнүүд гэж бий. Тухайлбал, бодлогын хүүг нэмэх, ам.долларын хадгаламжийн хүүг багасгах, төгрөгийн хадгаламжийн хүүг нэмэх зэрэг эдийн засгийн бодлогын асуудлууд л байгаа юм.

-Сүүлд нэг зүйл асуухад, та мөн нэг жиргээндээ Эрдэнэт үйлдвэр нэг хүний гарын үсгээр хэдэн зуун сая ам.долларыг гадагшаа зүгээр л гаргачихаж байна гэж байсан. Энэ ямар учиртай жиргээ байсан бэ. Үнэхээр нэг хүний гарын үсгээр гадагшаа мөнгө урсаад байгаа гэж үү?

-Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт гэж бий. Үүнээс 76 гишүүн өөрсдийнхөө тойрог тус бүрдээ хөрөнгө оруулалт татдаг. Үүний нийт хэмжээ нь 1.5 их наяд төгрөг байдаг. Өөрөөр хэлбэл 1.5 их наяд төгрөгийг УИХ-ын 76 гишүүнд хуваарилж өгнө гэсэн үг. Тэгвэл манай уулыг баяжуулах Эрдэнэт үйлдвэр нэг жилд 1.2 их наяд төгрөгийн худалдан авалт хийдэг. Энэ 1.2 их наяд төгрөгийн худалдан авалтыг ерөөсөө нэг хүний буюу Х.Бадамсүрэн гэх өвгөний гарын үсгээр л явж ирсэн. Гэтэл энэ 1.2 их наяд дотор тухайлбал, 100 сая ам.долларын үнэ бүхий конверийн систем худалдан авах төсөл явж байгаа юм. Үүний урьдчилгаа болох 30 сая ам.долларыг Герман руу энэ өвгөний ганцхан гарын үсгээр зүгээр л шилжүүлчихэж байгаа юм. Үүнд ямар ч тендер, хяналт гэж юу ч байхгүй. Манай УИХ-ын гишүүн өндөр гэх Б.Энхбаяр “Төсвийн бус төрийн өмч” гэж хэлдэг. Төсвийн бус төрийн өмчөөр худалдан авч байгаа буюу Эрдэнэт, Тавантолгой зэрэг үйлдвэрүүдэд хяналт байдаггүй. Хяналтгүй байдаг учраас ам.доллар гадагшлах үзэгдэл ялангуяа Эрдэнэт дээр маш их харагддаг. Эрдэнэс Тавантолгой бол зуун хувь Засгийн газрын мэдэлт болон ТУЗ-өөрөө бүх зүйл нь дамждаг. Энэ газар ТУЗ-тэй учраас үйл ажиллагаагаа хянаад байх боломжтой байдаг. Гэтэл Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ учраас ганцхан захирлын шийдвэрээр л бүх зүйл явдаг. Хяналттай газрын хөрөнгө, төсвийн хөрөнгө зөв зарцуулагдах нь ойлгомжтой. Харин Эрдэнэт үйлдвэр дээр нэг хүний гарын үсгээр бүх зүйл явдаг учраас зарцуулалт нь ямар ч хяналтгүй гадагшилж байна гэсэн үг. Тиймээс ийм байдлаас нь болоод бид маш их хэмжээний ам.долларыг гадагшаа алдаж байгаа юм. Үүнийг л би шүүмжилдэг. Ямар ч хяналтгүй, тендергүйгээр гадаад руу мөнгө урсгаж байгаад нь дургүй хүрдэг. Энэ буруу. Хяналт байх ёстой. Энэ үйлдвэр ганц хүний өмч биш.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Тарваган тахалгүй болох арга нь агнуурын хориог цуцлах DNN.mn

Ан амьтны тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор хамгаалалтад авах, агнахыг хориглосон хугацааг зааж өгдөг ч манайх шиг тас хорьчихдог орон гэж байхгүй. Үүний тод жишээ нь тарвага. Тарвагыг 2010 оноос хойш өнөөг хүртэл агнахыг хориглосон. Жил бүр л тарвага агнасан иргэнийг шийтгэх хуулийг чангалсаар ирсэн. Угтаа устаж болзошгүй, тоо толгой нь эрчимтэй өсдөггүй, эмзэг ан, амьтдыг агнахыг хатуу хориглож болно. Гэвч тарвага бол энэ төрөл зүйлд хамаарах амьтан биш. Эсрэгээрээ үржих чадвар сайтай, тархалт, идээших чадвар сайтай мэрэгч амьтан.

Хатуу хориглосон жилүүдэд тарваганы тоо толгой эрчимтэй өсөж, сүргийн болон удмын бүтцэд нь гажиг өөрчлөлтүүд орох болсон талаар биологичид хэлж байна. Өөрөөр хэлбэл, цус ойртох, бусад халдварт өвчнөөр өвчлөх зэрэг нь элбэг болсон ажээ. Үүнээс болоод тарваган тахал сүүлийн жилүүдэд эрчимтэй бүртгэгдэж, уг тахлаар нас барах хүний тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна.

Хэрэв анхнаасаа тарвага агнахыг хориглодоггүй байсан бол яах вэ. Тахал гэж бараг гарахгүй байх байсан. Анчид хэзээ ч ан амьтны үр төл, эм буюу үржлийн идэвхтэй байгааг нь агнадаггүй. Хамгийн хөгшин, тухайн сүрэгт үр удмаа үлдээчихсэн, залуу эрэгчингүүддээ зайгаа тавьж өгдөггүй бүдүүнийг нь шилж агнадаг. Тэр утгаараа тарвагыг ч адилхан хөхүүл болон мөндөлүүдийг агнадаггүй. Агнаад ч нэмэргүй. Нөгөөтэйгүүр ил, далд байдлаар агнаж, агнасан тарвагаа өндөр үнээр зарахгүй. Өөрөө хэлбэл, хэн ч агначихаж болох зүйлийг хүн өндөр үнэ төлж авахгүй шүү дээ. Тиймээс цаашид тарваган тахалтай бодитой тэмцье гэвэл агнуурын хориог цуцлах явдал юм. Нуугдаж, хаагдан хаа хамаагүй тарвага агнах, тэр дундаа хавхаар агнах нь өвчлөл, тахалд өртөх өндөр эрсдэлийг бий болгож байна.

Тиймээс агнуурыг хориог чөлөөтэй болгож, харин тахлын эрсдэлээс хэрхэн сэргийлэх талын зөвлөгөө мэдээллээ идэвхтэй өгөх хэрэгтэй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Баасанхүү: Үндсэн хуулийн Цэцийн эцсийн шийдвэр гартал УИХ дахь АН-ын бүлгийг хуучин бүтцээр нь явуулах ёстой DNN.mn

УИХ-ын гишүүн асан, АН-ын хууль, эрх зүй хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүүтэй ярилцлаа.


-УИХдахь намын бүлгийн даргыг сонгох тухай хууль Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэсэн гэсэн. Энэ асуудлаар та тодорхой тайлбар өгөхгүй юү?

-УИХ-ын тухай хуулийн 31 зүйлийн 12 дахь заалт нь Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиудыг зөрчсөн гэж би үзэж байгаа юм. Тухайлбал Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр, 19 дүгээр зүйлийн 1, 21, 22 дугаар зүйлийн нэг, 27 дугаар зүйлийн зургаа дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж гомдол гаргасан. Улмаар Үндсэн хуулийн Цэц үндэслэлтэй байна гэж үзээд маргаан үүсгэчихсэн байгаа. Энэ дотор 19 дүгээр зүйлийн нэгд Улс төрийн нам Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна, бүлэгтэй бол бүлгээрээ дамжуулан үйл ажиллагаа явуулж болно гэсэн заалттай. Харин Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёрт Монгол Улсын иргэн бүр хууль дээдэлнэ гэж заасан байдаг. УИХ-ын хууль тогтоомжийн тухай хууль гэж байдаг. Энэ хуулиар УИХ-ын гишүүн хууль санаачлах, өргөн барихдаа заавал хэлэлцүүлэг өрнүүлж, санал дүгнэлтийг нь хавсаргана гэж заасан байдаг. Гэтэл энэ шинэ хууль дээр ямар ч хэлэлцүүлэг өрнөгдөөгүй. Энэ мэт олон хуулийг зөрчсөн учраас Үндсэн хуулийн Цэцэд хандсан.

-Таны гомдлын дагуу Цэц энэхүү асуудлыг маргаан үүсэх үндэслэлтэй гэж хүлээн авчээ. Тэгвэл хэзээ хурал нь болж, шийдвэрлэгдэх ёстой вэ?

-Хэзээ хуралдахыг нь одоохондоо хэлж мэдэхгүй. Процессоороо бол УИХ-аас итгэмжлэл томилохыг хүсэх, мөн тайлбар өгөхийг хүсэх байх. УИХ-аас энэ асуудлаар тайлбар өгвөл миний бие уг тайлбартай танилцаад зохих нотолгоо баримтуудаа гаргаж өгөх ёстой.

-Өөр нэг өнцөг харагдаад байна л даа. УИХ-ын тухай хуулийн 31-ийн 12 дахь заалтаар нь та бүхэн дахиад бүлгийн даргаа сонгочихож болохгүй байсан уу?

-Яг шулуухан хэлэхэд, надад хэн нь бүлгийн дарга болох нь хамаагүй. Асуудлын гол нь бүлгийн дарга хэн болох нь чухал биш. Миний хувьд мэргэжлийн хуульч хүнийхээ зарчмаар л энэхүү асуудлыг оруулж байгаа юм. Хууль нэг өдөр хэрэгжээд алга болчихгүй. УИХ-ын олон сонгууль болно. Тухай бүрд УИХ-д суудал авсан намууд бүлгээ байгуулаад л явна. Гэтэл нэг зүйлийг ойлгомжтой болгох шаардлагатай. УИХ дахь бүлэг УИХ-ын өөрийнх нь бүтэц үү, эсвэл улс төрийн намын үйл ажиллагаагаа УИХ-д оруулах хэрэгсэл үү гэдгийг тодорхой болгож, хариулт өгөх шаардлагатай болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бол цаашдаа үүрд үргэлжилнэ. Дараа дараагийн сонгуулийн дүнг хэн ч мэдэхгүй. АН ч олонх болж болно, МАН ч олонх болж болно. Зарим тохиолдолд өөр улс төрийн хүчин ч олонх болохыг үгүйсгэхгүй шүү дээ. Гэтэл улс төрийн намын нэрсийг үндэслэж УИХ бүлгийн даргыг сонгох шийдвэрийг гаргах уу. Эсвэл УИХ дотроо бие дааж бүтцийг нь өөрчлөх эрхтэй болох юм уу гэдэгт л хариулт хайж байна.

-Цаашид УИХ дахь бүлгийн даргыг сонгох асуудал уг хуулиар шийдвэрлэгдээд явах нь эрх зүйн маргаантай асуудлыг бий болгочихож байна гэж үзэх үү. Цэцийн зүгээс ямар шийдвэр гаргах бол…

-Монгол Улсын Эрүүгийн хуулиар маргаан үүсгэсэн тохиолдолд тухайн хуулийн үйлчлэл маргааныг эцэслэн шийдвэрлэгдтэл түр зогсоно гэж заасан байдаг. Тэр утгаараа уг асуудлаар өнөөдөр нэгэнт маргаан үүсчихсэн байна. Хэрэв Үндсэн хуулийн Цэц дунд суудлынхаа хуралдаанаар УИХ-ын тухай хуулийн 31-ийн 12 дахь заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гарчихвал Үндсэн хууль зөрчсөн заалтаар бүтэц байгуулсан болж харагдана. Тиймээс нэгэнт маргаан үүсчихсэн учраас УИХ дахь АН бүлгийн асуудлыг хуучин хэвээр нь үйл ажиллагааг нь явуулахаас өөр гарц байхгүй шүү гэдгийг хэлж байгаа юм. Товчхондоо, Үндсэн хуулийн Цэцийн эцсийн шийдвэр гартал УИХ дахь АН-ын бүлгийн бүтэц, үйл ажиллагааг хуучин хэвээр нь явуулах ёстой. Маргаан эцэслэгдэн шийдтэл ингэж явах учиртай. Хэрэв Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзвэл О.Цогтгэрэлийн хийсэн бүтэц хуулийн хүрээнд хүчин төгөлдөр болоод л явна шүү дээ. Харин зөрчсөн гэх юм бол энэ байдал нь цаашдаа маргаан гаргах нөхцөл бүрдчихсэн гэж үзээд байгаа юм. Тиймээс энэ асуудлыг Үндсэн хуулийн Цэц яаралтай хурдан шийдэх ёстой гэж итгэж байна. Бид угтаа парламентын ардчиллыг бэхжүүлэх ёстой гэж яриад байгаа. Миний хувьд парламентад хоёр удаа сонгогдсон гишүүний хувьд өнөөдрийн үүсч байгаа бүлгийн даргын маргаан нь цаашдын парламентад бүлэг хэрхэн оршин тогтнох, бүлгийн даргыг сонгох, томилох, чөлөөлөх асуудалд цэг тавина.

Бүлгийн даргын маргаан гээд байгаа зүйл манай парламентад анх удаагаа болж байгаа зүйл биш. Тухайлбал, эвсэл байгуулагдчихаад байж байхад эвслийн нэг тал нь дөрөв, нөгөө тал нь долоон гишүүнтэй атлаа бүлгийн даргаа чөлөөлж огцруулж чаддаггүй байсан. Харин одоо чөлөөлсөн гээд байгаа хууль нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн заалт болгочихоод байгаа юм. Тиймээс хууль санаачлах, боловсруулахдаа хууль санаачлагчид маань няхуур, болгоомжтой хандахгүй бол иймэрхүү эрх зүйн маргаан их гарна шүү. Эрх зүй гэдэг бол өөрийн гэсэн тусгай шинжлэх ухаан гэдгийг санах хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Барилгын материалын томоохон захуудад цемент шуудайгаараа 33-35 мянга, тонн нь 680-700 мянган төгрөгийн ханштай байна DNN.mn

-ДОТООДЫН ҮЙЛДВЭРҮҮД ТОНН ЦЕМЕНТИЙГ 283-334 МЯНГАН ТӨГРӨГӨӨР БОРлУУЛЖ БАЙГАА Ч ЭНЭ ҮНЭ ЧЕНЖҮҮДЭЭС БОЛЖ ХОЁР ДАХИН ӨСЧ БАЙНА –


Барилга, томоохон бүтээн байгуулалтын гол түүхий эд болох цементийн үнэ ханш, борлуулалт, эрэлт нийлүүлэлт ямар байгаа талаар сурвалжиллаа. Улаанбаатар хотод цементийн гол худалдан авалт болсон томоохон зах бол “Гурвалжин”-гийн гүүр орчим, тэнд байрлах “44” барилгын материалын зах билээ. Барилга бүтээн байгуулалтын улирал шувтрах дөхөж байна. Өнөө маргааш нартай, дулаахан байгаа дээр барилга, байшингийнхаа цутгалтыг дуусгах гэж барилгачид яарч, сандарч байгаа нь тодорхой. Яг энэ үед буюу барилгын сезон ихтэй үед цементийн эрэлт ихэсч, үнэ нэмэгддэг. Манай улс дотоодынхоо цементийн хэрэглээг 80 хувь хангах хүчин чадал, боломж бүхий үйлдвэрүүдтэй. Гэтэл сүүлийн хэдхэн долоо хоногийн дотор цементийн үнэ галзуурч тонн нь 700 мянгаас давсан. Үүнээс шалтгаалж зарим барилга, томоохон төсөл хөтөлбөрүүд зогсох эрсдэл бий болсон. Тиймээс Засгийн газраас цементийн нийлүүлэлтийг болон үнийг тогтворжуулахын тулд импортын цементийн татварыг тэглэсэн билээ.

Үүнд нэг асуулт гарч ирж байна. Яагаад цементийн үнэ ингэж галзуурах болов. Тиймээс бид цементийн үнэ ямар байгаа, яагаад ингэж өссөн талаар сурвалжилсан юм. Бидний сайн мэдэх “Гурвалжин”-гийн гүүрний зам дагуу цемент худалдаалдаг хувь хүмүүс бий. Өнгөрсөн сард энэ газар худалдаалагчид болон худалдан авагчид их байсан бол одоо хоёрхон цэг дээр цемент борлуулж байгаа аж. Мөн худалдан авагчид цөөн харагдаж байв.


Худалдагч н.Саруул: Өнгөрсөн долоо хоногт нэг тонн цементийг 440 мянган төгрөгөөр зарж байсан


-Худалдан авалт багассан. Цементийн олдоц ч муудсан. Үнэ нь ч нэмэгдчихсэн. Бид ченжүүдээс цементээ худалдаж авдаг. Тонныг нь 660 мянган төгрөгөөр аваад иргэдэд 680-700 мянган төгрөгөөр борлуулж байна. Ихэвчлэн “МАК”-ийн цемент байгаа. Эдний цемент шуудайгаараа 34 мянган төгрөг гэж байна. “Монцемент”-ийн цемент 35 мянган төгрөг. Өнгөрсөн долоо хоногт 440 мянган төгрөгөөр зарж байсан. Яагаад өссөнийг нь мэдэхгүй. Бид ченжүүдийн хэлсэн үнэ дээр 10 мянга, сайндаа 20 мянган төгрөг харж л зардаг.

“44” захын худалдагч н.Бямбаа: -Цемент үнэтэй болчихсон болохоор худалдан авалт багасчихлаа. Тэд цементийн үнийг буурахыг хүлээж байгаа болов уу гэж бодож байна. Цементийн үнэ буурахыг хүлээсээр байтал цутгалт хийх улирал дууслаа. Импортын цементийн үнийг тэглэсэн гэж сонссон. Гэхдээ хэзээ тэр цемент нь орж ирэх юм мэдэхгүй. Одоогоор манай захуудад импортын цемент орж ирж байгаа зүйл алга. Угтаа импортын цементийн татварыг тэглэсэн нь зөв шүү дээ.


Цементийн ченж н.Үнэнбат: Импортын цемент энэ жилдээ орж ирэхгүй, ирлээ ч үнэ нь адилхан л байна


-“МАК”-ийн цементийг тонныг нь 600 мянгаар зарж байгаа. Харин “Монцемент”-ийн цемент 580 мянган төгрөгийн ханштай байна. Цементийн эрэлт хэрэгцээ их байгаа учраас бидэнд ч цементийн олдоц тааруу байгаа. Зовж зовж, удаж удаж хэдэн тонн цемент авч байна. Түүнийгээ зах зээлийн ханшаар л зарж байгаа. Импортын цемент энэ жилдээ орж ирэхгүй байх. Орж ирлээ ч үнэ ханш нь адилхан дөө. Одоо зарагдаж байгаа дотоодын цементийн үнээс шальтай хямд үнээр зарагдахгүй. Угаасаа одоо улирал нь дуусч байна. Хүссэн хүсээгүй аравдугаар сарын дундаас эхлээд цементийн үнэ буурч, эрэлт багасана.

Дээрх худалдаачид болон ченжүүдийн зүгээс цементийн үнэ, борлуулалт, эрэлт хэрэгцээ, яагаад үнэ нэмэгдсэн асуудалд ийм тайлбарыг өгч байна. Үнэ нэмэгдээд байгаа шалтгаан худалдаа эрхлэгчдэд байна уу, эсвэл тэдний хэлж байгаагаар ченжүүдээс болов уу. Эсвэл ченжүүдийн хэлж байгаагаар үйлдвэрлэгчдээс шалтгаалж байна уу.


“МАК” цементийн үйлдвэрийн борлуулалтын ажилтан н.Өсөхбаяр: Эрэлт ихтэй байгаа ч бид үнээ нэмээгүй, ченжүүдэд бус хэрэглэгчдэд гэсэн бодлого хэрэгжүүлж ажиллаж байна


Томоохон зах, цемент борлуулалтын цэгүүдэд ихэвчлэн “МАК”-ийн цемент худалдаалагдаж байв. Цөөн хэдэн цемент нь “Монцемент”-ийнх. Тиймээс бид “МАК”-ийн цементийн үйлдвэрийн борлуулагч н.Өсөхбаяртай холбогдож дараах тодруулгыг авлаа.


-Танай үйлдвэр яг одоогийн байдлаар нэг тонн цементийг хэдэн төгрөгийн ханштайгаар борлуулж байна вэ?

-Манайх ууттай цементийг тонныг нь 335.600 төгрөгөөр зарж байна. Нэг тонн цемент гэдэг чинь 20 уут шүү дээ. Тэгэхээр нэг уутыг нь 16780 төгрөгөөр зарж байна гэсэн үг. Харин задгай цементээ тонныг нь 283.500 төгрөгөөр боруулж байгаа.

-Цементийн эрэлт ямар байна вэ?

-Эрэлт, захиалга ихтэй байна.

-Импортын цементийн татварыг тэглэсэн нь дотоодын үйлдвэрлэгчдэд ямар нөлөө үзүүлэх бол. Та үүнд тайлбар хэлэх боломжтой юу?

-Миний хувьд компаниа төлөөлж санал, тайлбар хэлэх боломж алга. Хувь хүнийхээ хувьд энэ асуудлыг буруу гэж харж байгаа.

-Танай цемент томоохон зах, худалдааны төвүүдэд шуудайгаараа 34000, тонн нь 680-700 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Үйлдвэрийн үнээс хоёр дахин илүү үнээр зарагдаж байгаа шалтгааныг та юу гэж тайлбарлах вэ?

-Эрэлт хэрэгцээ их байгаа нь зах зээлийн үнэд бас нөлөөлж байгаа байх. Гэхдээ хамгийн гол нөлөөлж байгаа нь ченжүүд. Тиймээс манай компаниас ченжүүдэд бус хэрэглэгчдэд цементээ нийлүүлье гэсэн хөтөлбөр хэрэгжиж байгаа.

Яг бодитоор төсөл хэрэгжүүлж байгаа, барилга, байшин барьж байгаа хэрэглэгчдэдээ цементийн нийлүүлэлтээ түлхүү хийхээр зорьж ажиллаж байна. Гэвч олон жил цемент зарж байгаа ченжүүд манайхаас яаж ийж байгаад, дам дамаараа цементийг их хэмжээгээр авчихаад үнэ, ханшид нөлөөлөөд байна. Ченжүүд үнэхээр ямар аргаар яаж аваад байгаа нь мэдэгдэхгүй манай цементийг олоод авчих юм. Олж авсан цементээ өндөр үнээр зарснаас болоод цементийн үнэ хөөрөгдүүлээд байна.

-Ирэх сараас ерөнхийдөө цементийн үнэ, эрэлт хэрэгцээ буурах хандлагатай гэж байна. Ер нь нөөцийн хувьд ямар байдаг юм бэ?

-Манай компанийн хувьд хуучнаар “22”-ийн товчооны орчим “МАК” цементийн борлуулатын цэг байдаг. Яг одоогийн байдлаар өрөтгөл, төмөр зам тавих зэрэг ажлууд хийгдэж байгаа. Энэ сарын 28-наас тэрхүү цэг дээр цементийн нөөцийг нэмэгдүүлж, үйлдвэрийн үнээр зарах чиглэлтэй байна.

Тэгэхээр ирэх сарын эхээр гэхэд цементийн үнэ буурах болов уу гэсэн төлөв ажиглагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, хотод дахь салбараа өрөтгөж шинэчлээд нөөцийг нь нэмэгдүүлснээр үйлдвэрээс борлуулагдаж байгаа үнээр зарах боломжтой болно гэсэн үг хэмээв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Эрдэнэ: Өнөөдөр С.Эрдэнийн гарт байгаа тамгыг яаж салгах вэ гэдэг улс төрийн уралдаан явагдаж байна DNN.mn

УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


– С.БАЯРЦОГТОД АН-ЫН ДАРГА БОЛОХ БОЛОМЖ НЬ БҮРЭН НЭЭЛТТЭЙ –


-Олон улсын ардчиллын өдрөөр танай намын залуучууд намын байрны хаалгыг нь эвдэлж орж ирээд танд шаардлага хүргүүллээ. Ямар шаардлага ирүүлэв, яагаад ингэж хүчээр орж, тань руу дайрах болов оо?

-Олон улсын тэмдэглэлт энэ өдөр манай намын Үндэсний бодлогын хорооны ээлжит хурал болж, тодорхой шийдвэрүүдийг гаргаж байлаа. Эдгээр дайрч орж ирсэн нөхдүүд зориуд энэ өдрийг сонгож, ҮБХ-ны хуралдааныг тасалдуулах арга хэмжээ авлаа. Удахгүй болох Ардчилсан залуучуудын холбооны чуулганыг тасалдуулах, нийгэмд зориудаар сөрөг ойлголт төрүүлэх зорилготой үйл явдал болж өнгөрлөө. Миний хувьд Ардчилсан намд 32 жил явлаа. Энэ хугацаанд хэн нь хэн бэ гэдгийг намын залуучуудаа бүгдийг нь танина. Гэтэл шаардлага барьж орж ирсэн залуучууд дунд миний таних гурван залуу л байлаа. Бусад нь дандаа бадриун, булчинлаг, өндөр залуучууд байна. Тэднийг бол ёстой танихгүй юм билээ. н.Эрдэнэболд гэх залууг би санал оруулж өөрөө Ардчилсан залуучуудын холбооны (АЗХ) даргаар тавьж байлаа. Амгаланбаатарыг мөн адил намын даргын хувьд дэмжээд АЗХ-ны дэд ерөнхийлөгч болгож байв. Эдгээр залуучууд үл мэдэх залуучуудтай хамт дайрч орж ирсэн. “Хүн хэлээрээ мал хөлөөрөө” гэдэг. Үнэхээр энэ намын төлөө санаа сэтгэл нь зовж байдаг бол яагаад ингэж балмад, танхай үйлдэл гаргаж, бусдыг хэл амаар дайрч доромжилж байж шаардлага гэх зүйлээ танилцуулдаг юм. Энэ залуучууд ирээдүйд улс орны эрх ашгийн төлөө дуугарч, улс төрд манлайлах шинэ үеийн лидерүүд гэж өөрсдийгөө харж байгаа. Тийм байж “ам дор хагархай” гэдэг шиг хараал хэлж бусдыг доромжилж, ёс бус үйлдэл гаргаж, байгууллагын өмчийг сүйтгэлээ. Үүнийг зүй ёсны асуудал гэж би огт харахгүй. Хэн ч гэм буруутай байж болно, хэн ч алдаж болно. Гэхдээ эдгээр залуучуудын гэм буруу, алдааг би ярихгүй, зөвхөн гаргаж байгаа үйлдэл, хандлагыг нь хэлж байна. Тиймээс ямар залуучууд ямар хандлагаар дайрч байна, цаад зорилго нь юу байна гэдгийг нийгэм тодорхой харчихаж байгаа юм. Зүй бусаар шаардлага ирүүлсэн ч гэлээ шаардлагыг нь хүлээн авч хариу тайлбар, байр сууриа илэрхийлсэн.

-АЗХ-ноос тамгатай холбоотойгоор шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа одоог хүртэл АН-ын тамга Ц.Туваанд байгаа гэж мэдэгдсэн. Та тамганы асуудал АН-д огт байхгүй гэдэг шүү дээ. Үүнд тодорхой тайлбар хэлэхгүй юү?

-Эдгээр нөхдүүд нэгдүгээрт шүүхийн шийдвэрийг тайлбарлах ямар ч эрх зүйн эрх байхгүй. Хоёрдугаарт, хэний талд үйлчилж, хэний гар хөл болж байгаагаа эдгээр мэдэгдэл, шаардлага тавьж буй ёс бус үйлдлээрээ нийгэмд тодорхой харуулж байна. Тамганы асуудал гэж Ардчилсан намд юу ч байхгүй. Энэ асуудал бүх шатны шүүхээр эцэслэгдэж шийдвэрлэгдчихсэн. Ц.Туваан тэргүүтэй нөхдүүд надад байгаа тамгыг хүчингүй болгож, өөрсдөдөө байгаа тамгыг хүчинтэй болгож өгөх хүсэлтээ шүүхэд нэхэмжилсэн. Шүүх энэхүү асуудлаар нь хуралдаж шийдвэр гаргасан. Гарагасан шийдвэр нь Ц.Тувааны хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдсэн Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэд байгаа тамга хүчин төгөлдөр, харин Ц.Туваанд байгаа тамга хүчингүй гэсэн шийдвэрийг гаргасан. Улмаар Ц.Туваан тэргүүтэй нөхдүүд шүүхэд давж заалдсан. Давж заалдах шатны шүүх мөн адил шийдвэр гаргаснаар дахиж давж заалдах эрхгүйгээр энэхүү асуудлыг нэг талд гаргаж шийдсэн. Ингээд тамганы асуудал аль өнгөрсөн хоёрдугаар сарын 16-наас эцэслэгдэж шийдвэрлэсэн.

-Намын даргын бүртгэл дээр мөн адил асуудал яригдаж байсан. Одоо энэ асуудал ч гэсэн маргаангүй болсон уу?

-Улсын дээд шүүхийн 01 дүгээр тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Энэ тогтоолтой холбоотой гомдол, ямар нэгэн маргаан өнөөдрийг хүртэл Дээд шүүхэд очоогүй. Очих үндэслэл ч байхгүй. Уг тогтоолыг үндэслээд Улсын бүртгэлийн Ерөнхий газраас олгосон гэрчилгээ өнөөдөр хүчин төгөлдөр хэвээрээ л байна. Улсын дээд шүүхийн цахим сайт дээр гарч байгаа мэдээлэл олон нийтэд хүргэх үүрэгтэй л сайт. Аливаа цахим мэдээллийн сайт дээрх байгаа мэдээлэл нь цаасан эх хувьтайгаа ижил байна гэсэн хуулийн заалт бий. Өөрөөр хэлбэл, цаасан эх хувийг үндэслэж цахим сайтад тавина гэсэн үг. Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн сайтын шүүгч Сонинбаяр гэх нөхөр ямар ч шүүхийн тогтоол гаргаагүй, цаасан эх хувьгүй мэдээллийг оруулсан. Тэр нь С.Эрдэнийн нэрийг хасч, Ц.Тувааны нэрийг байршуулсугай гээд л цохчихсон. Ийм эрх тэр Сонинбаяр шүүгчид байхгүй. Улмаар энэхүү үйлдэлдээ хариуцлага хүлээж, ажлаа өгөөд тэтгэвэртээ гарсан шүү дээ. Цахим мэдээллийн сайт дээр гарч байгаа мэдээллийг өөрчлөхийн тулд Улсын дээд шүүхийн тогтоолыг өөрчлөх ёстой. Улмаар Улсын бүртгэлийн гэрчилгээ өөрчлөгдөж байж сая мэдээлэл нь орох учиртай. Гэтэл ийм зүйл болоогүй. Өнөөдөр С.Эрдэнийг юу гэж гүтгэх, яаж харлуулах нь хамаагүй. Хууль бол хуулиараа л явна.

-Тамга, гэрчилгээ, дүрэм гээд бүгд эрх зүйн хувьд таны удирдаж байгаа намд хүчин төгөлдөр болсон юм бол одоо та намын даргын суудлаа тавьж өгөх болсон юм биш үү. Ц.Туваантай хийсэн маргаан шийдэгдчихлээ шүү дээ. Тамга танд очлоо. Одоо дараагийн удирдлагыг гаргаж ирэх цаг болоогүй юу?

-Олон улсын нөхцөл байдал, улс орнуудын геополитикийн асуудал зэргээс хамаараад, гадаад дотоодын хүчин зүйлсээс шалтгаалж Монгол Улсад ардчилал маш эмзэг байна. Тэр дотроо Ардчилсан намын хувь заяа маш эмзэг байна. Өнөөдөр ардчиллыг нухчин дарах гэсэн, ардчиллын сүлд, тулгуур багана болсон Ардчилсан намыг устгах гэсэн ийм гадна, дотны захиалгатай улс төрийн хүчирхэг үйл ажиллагаа явагдаж байна. Улс төр гадарладаг хүн болгон энэ үйл явцыг мэдэрч, мэдэж байгаа. Яг ийм нөхцөлд маш том үүрэг хариуцлага миний нуруун дээр явж байна. Тэр утгаараа би сэтгэлийн хөөрлөөрөө хэн нэгэн хүнд энэ намыг өгчих эрх надад алга. Би 26-хан насандаа энэ ардчилсан хувьсгалд орсон. Одоо би 59 настай. Гучин жилийн миний хөдөлмөр, ололт амжилт, сайн муу зүйлийг бусдын хөдөлмөр зүтгэлийг устгах эрх хэнд ч байхгүй. ШХАБ-ын газрын зургийг хараарай. Ардчилсан тодотголтой ганцхан цэг байдаг нь Монгол Улс шүү. С.Эрдэнэ гэх бул хар чулуу энд суугаад байгаа учраас Ардчилсан намаар дураараа тоглож болохгүй л байгаа байхгүй юу. Би байгаа цагт энэ намаар хэн нэгнийг тоглуулахгүй. Тиймээс С.Эрдэнээг ямар ч үнэ цэнээр хамаагүй зайлуулах ёстой гэсэн үйл ажиллагаа их хийгдэж байна. Өнөөдөр С.Эрдэнийн гарт байгаа тамгыг яаж салгах уу гэдэг улс төрийн уралдаан явагдаж байна. Ийм цаг үед би хэнд итгэх вэ. Миний дэмжиж, итгэж байсан залуучуудын тэн хагас нь Оросын тавиулын талд орчихсон л явж байна. Тиймээс энэ асуудалд маш болгоомжтой хандах ёстой. Би өгөхгүй гээгүй. Өгнө гэдгээ аль эрт зарлачихсан байгаа.

Өгөхдөө энэ намын шинэ дүрмээр шинэчлэлт, зохион байгуулалтыг хийнэ. Энэ шинэ дүрмийнхээ хүрээнд манай нам парламентын дэргэдэх сүүдрийн парламент байгуулахаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж байгаа.

-Та намын даргаа С.Баярцогтод өгөх үү. Нам дотроо С.Баярцогтыг намын даргад зүтгүүлж байгаа асуудал бий юу. Ер нь намын дарга болох боломж бий юү, энэ хүнд…

-Албан ёсоор намын удирдлагын түвшинд ийм асуудал яригдаагүй. С.Баярцогт манай намын гишүүн мөн үү гэвэл мөн. Манай Үндэсний бодлогын хорооны гишүүн. С.Баярцогтод намын дарга болох боломж бүрэн нээлттэй. С.Баярцогт ч гэлтгүй Ардчилсан намын гишүүн хэнд ч намын дарга болох боломж бий. Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтүүдийг бид эхлүүлж байна. Эрх баригчдын үйл ажиллагаанд бид гудамжнаас хий хоосон орлих биш яг адилхан бүтэц бий болгож, параллель бодлого уралдуулъя гэж байгаа юм. Энэхүү бүтцийн өөрчлөлтийн үр дүнд зөв хүн намын даргаар сонгогдох боломжтой болно гэж харж байгаа.

-Нам гэдэг бол төрийн бус байгууллага. Төрийн бус байгууллага эрх зүйн хүрээнд албан үйл ажиллагаагаа явуулах эрхтэй. Энэхүү хууль зүйн шаардлагыг таны удирдаж буй нам хангасан юм байж. Гэтэл нөгөө талын нөхдүүд чинь Их хурлын түвшинд ч тэр, бусад албан байгууллагуудын хүрээнд ч тэр үйл ажиллагаа явуулсаар байгааг та юу гэж харж байна. Тухайлбал, УИХ дахь АН-ын бүлгийн чиг үүргийг хэрэгжүүлээд явж байна шүү дээ?

-Бүлэгтэй холбоотой асуудлаар бид Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэчихсэн явж байгаа. Цаашдаа энэ асуудал хэлэлцэгдээд нэг шийдвэр гарна. УИХ-ын дарга чуулганы хуралд эрх зүйн чадамжгүй бүлгийн даргыг тодруулж, зарласан. Яагаад ингэж зарлав. Сая Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжүүлэхэд долоон гишүүний кноп дутчихсан, эрх баригчдад. Харин тэрхүү долоон гишүүний кнопын нөхөөсөнд манай намын зургаан гишүүн орж байж Үндсэн хуулийн өөрчлөлт дэмжигдсэн. Эдгээр нөхөөсөнд орсон зургаан гишүүнийг бид намаасаа хассан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг манай намын зургаан гишүүн дэмжсэнээрээ эрх баригчдыг хэлэх үгтэй болгочихож байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, энэ өөрчлөлтийг хийхэд Ардчилсан нам ч гэсэн оролцсон биз дээ. Өөрчлөлтийг үндэсний хоёр том хийгээ биз дээ гэж эрх баригчид одоо ярина. Нийт зургаан гишүүнийг Ардчилсан намаас хассан учир манай нам одоо УИХ-д бүлэгтэй болох боломжгүй болчихож байгаа юм. УИХ-ын тухай хуулинд УИХ-д наймаас дээш суудалтай нам бүлэг байгууулж болно гэж заасан байдаг. Болно гэдэг бол бүлэг байгуулахгүй ч байж болно гэсэн үг. Энэ байдлаа УИХ-ын даргад албан ёсоор хэлсэн. Ардчилсан нам бүлэг байгуулах боломжгүй болчихлоо, тиймээс УИХ-д байгаа таван гишүүний оролцоотой зөвлөл байгуулъя гэдгээ уламжилсан.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Сангаа хоосолсон Сангийн сайдыг огцруулъя DNN.mn

Эдийн засгийн суурь үзүүлэлтэд зонхилж нөлөөлдөг ноён доллар “галзуурч” байна. Галзуурч буй шалтгааныг баримттай, товчхон хэлье. Зөвхөн энэ он гарсаар ам.долларын ханш өдөр бүр өслөө. Тогтвортой байсан долоо хоног битгий хэл хоногийн 24 цагт хэлбэлзэж, галзуурлын эхлэлээ тавьсан. Өөрөөр хэлбэл, 2022 оны нэгдүгээр сард 2800-тай байсан ам.доллар гуравдугаар сараас эхлээд 3000-тай болж огцом өссөн. Улмаар эрчимтэй өсөлт хоног бүр нэмэгдсээр өдгөө ам.долларын ханш 3410 төгрөгтэй тэнцлээ. Маргааш энэхүү өсөлт 3500 болох, цаашлаад ирэх сард ам.доллар 4000 төгрөгт хүрэх өсөлтийн прогнез харагдаж байгааг эдийн засагчид хэлж байна. Энэ бол Монголын эдийн засгийн хямрал биш, сүйрэл. Хямрал гэдэг үг үүнд балчирдана. Ам.доллар 4000-д хүрнэ гэдэг бол айл өрхийн амьжиргаа, хэрэглээнд, аж ахуйн нэгжүүдэд огцом цохилт өгнө гэсэн үг. Өнөөдөр 3000 төгрөгөөр авсан талхаа маргааш 5000 төгрөгөөр авна. Өдрийн 50 мянган төгрөгийн түлшээр борлуулалтаа хийдэг байсан компани маргааш 100 мянган төгрөгөөр борлуулалтаа хийнэ. Үүнийг хямрал гэхгүй, үүнийг шууд эдийн засгийн сүйрэл гэнэ. Эдийн засгийн сүйрэл бодитой ийнхүү бидэнтэй нүүр тулчихаад байхад эрх баригчид, тэр дундаа салбар хариуцаж байгаа сайд юу хийж байна вэ. Юуг хийгээд энэхүү сүйрлийг бидний өмнө аваад ирэв ээ. Мэдээж валютын нөөц, ханшийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй байгууллага нь Монголбанк. Гэвч эдийн засгийн суурь үзүүлэлт болсон ам.долларын галзуурлыг дангаараа төв банк зогсоож чадахгүй. Үүнд Сангийн яам, салбар хариуцсан сайдын бодлого шийдвэр чухал нөлөө үзүүлнэ. Сангийн сайд Б.Жавхлан та энэхүү салбарыг удирдаад хэдэн жил болж байна вэ. Энэ хугацаандаа улсын санг тогтвортой байлгах нь битгий хэл бүр ёроолыг нь шавхаж орхилоо. Өнгөрсөн хугацаанд валютын нөөцийг бүрдүүлэх, ханшийг тогтвортой байлгах тал дээр Монголбанктай хамтарч ямар бодлого гаргаж ажилласан бэ, Сангийн сайд та. Ямар харилцаатай явж ирэв ээ. Уялдаа харилцаатай, хамтарч бодлого гаргаж, бодит ажил хийсэн бол өдгөө ам. доллар ингэж галзуурахгүй байв. Нөгөөтэйгүүр ам.долларын “галзуурал” бүтэн жилийн турш явагдаж байхад Сангийн сайддаа хариуцлага тооцохгүй яагаад өдийг хүрэв. Угтаа эдийн засгийн тааруу үзүүлэлт бүрд Сангийн сайд хариуцлага хүлээх үүрэгтэй. Ажил, ам нь зөрсөн Сангийн сайдын балгаар ам.доллараа алдаад явуулчихлаа. Араас нь босох эдийн засгийн сүйрэл, ачааны хүндийг аж ахуйн нэгжүүд, ард түмэн л нуруун дээрээ үүрнэ. Эдийн засаг, нийгмийн байдал хямралаас сүйрэл рүү шилжчихсэн энэ үед Сангийн сайд Б.Жавхланг үүрэгт ажилд нь “өмхийрүүлсээр” л байх уу, Ерөнхий сайд аа. Цаг үе амаргүй байгаа гэдгийг Ерөнхий сайд үргэлж хэлдэг. Амаргүй байгаа нь үнэн. Амаргүй энэ хүнд үед ажлаа хийж чаддаггүй сайдыг огцруулах хэрэгтэй. Оронд нь амаргүй цаг үед аргыг нь олоод ажиллаж чаддаг сайдыг тавих шаардлагатай байна. Аливаа асуудлыг аргалчихдаг, ядах нь ээ арга эвийг нь олохыг хичээдэг хүн л энэхүү ам.долларын галзуурлыг тогтоож чадна. Амьд хүн аргатай, аргалын гал цогтой гэдэг дээ. Аргалдаг хүн яагаад ч эдийн засгийг сүйрэлд хүргэхгүй шүү.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Лхагважав: Орос руу гаргаж байгаа 1.5 тэрбум ам.долларын төлбөрийг бэлнээр бус дансаар төлж эхэлбэл валютын нөөц, ханш тогтвортой болно DNN.mn

Эдийн засагч Б.Лхагважавтай валютын нөөц, ханшийн асуудлаар товчхон ярилцлаа.


-Юуны өмнө манай улсын эдийн засгийн үзүүлэлт ямар байгаа талаар ерөнхий мэдээлэл өгөхгүй юү?

-Хоёрдугаар улирлын тоо, статистикийн мэдээлэл гарчихсан байна лээ. Тухайлбал, татварын орлого 30 хувь биелсэн, тэр дундаа ковидын дараах эдийн засгийн сэргэлтийн үед үйлчилгээний салбарынхан 30 хувийн ахиу байна. Нөгөөтэйгүүр энэ сэргэлтийн үеийг бид тодорхой хэмжээнд санхүү, мөнгөөр хангаж чадаж байна уу гэдэг асуудлууд гарч ирж байгаа. Ерөнхийдөө бол мөнгө хомсдолд орох үзэгдэл байна.

-Валютын нөөц, тэр дундаа ам.долларын ханш өдөр ирэх тусам чангарсаар байна. Ханшийг тогтвортой барих боломж бий юү. Энэ чиглэлээр ямар бодлого баримталж ажиллах ёстой юм бэ?

-Энд анхаарах ёстой нэг чухал зүйл бий. Тухайлбал, манай улс ОХУ-д жил бүр шатахуун, шатах тослох материал худалдан авч байгаа. Үүнийг худалдан авахдаа бид оройлцоогоор 1.5 тэрбум ам.долларын төлбөрийг бэлнээр төлж байна. Үүнийг бэлнээр бус дансаар гаргах ёстой. Дайнаас хойш буюу өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээс өдийг хүртэл манай Төв банк Гадаад хэргийн яамтайгаа хамтраад энэхүү ОХУ-ын төлбөрийг албан ёсоор дансаар гаргах ажлыг идэвхтэй хийх ёстой байсан. Гэвч өдийг хүртэл энэ ажилдаа тун хойрго хандаж ирлээ. Одоог хүртэл нэг тэрбум ам.долларыг гаргахын тулд зах зээлээс бэлэн мөнгөөр гаргаж байна. Орж ирж байгаа ам.долларын 20-30 хувь нь өдөр болгон ОХУ руу гарч байна. Энэ байдал нь ам.долларын хомсдолыг аяндаа бий болгочихож байгаа хэрэг юм. Ядаж иймэрхүү ажлыг яаралтай шийдээд явчихгүй одоо бараг зургаан сар гаруй болж байна. Валютын нөөц багасах, ам.долларын хомсдолыг бий болгож байгаа хүчин зүйл нь энэ юм. Тиймээс даруйхан энэхүү ажлыг эхлүүлж, бодлого, зохицуулалтын хувьд уялдаа холбоотой, мэдрэмжтэй ажиллах шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр еврогийн ханш унаж байна. Тиймээс манай Төв банк еврогийн унасан алдагдлаа ам.долларын өсөлтөөс гаргаж авч байх шиг байна. Товчхондоо валютын зах зээл дээр иймэрхүү л үйл явц болж байна.

-Цаашид бид ам.долларын ханшийг яаж тогтоох вэ. Бууруулах боломж байдаг уу?

-Дахин хэлье. Хамгийн түрүүнд ОХУ руу гарч байгаа ам.долларын төлбөрийг дансаар явуулах хэрэгтэй. Ингэчихвэл бэлэн ам.доллар худалдан авах үйл ажиллагаа зогсоно. Бэлэн ам.доллар нь байж байвал зах зээлийн жамаараа эрэлт, нийлүүлэлтээрээ өөрийнхөө ханшийг тогтвортой бариад байна.

-Ханш өсөх, валютын нөөцгүй болох нь улс орны эдийн засагт ямар нөлөөллийг үзүүлэх вэ?

-Эдийн засгийн хямрал, валютын нөөцийн асуудал өмнө 1997, 2009, 2013 онуудад илэрч байсан. Хамгийн чухал нь эрдэс баялгийн түүхийн эдийн үнэ хэт доошоо орчихгүй л бол нэг юм тэсээд үлдчих байх.

-Монгол Улс валютын нөөцгүй болчихвол яах вэ гэдэг дээр та тодорхой тайлбар хэлэхгүй юү?

-Экспорт, импортыг харахад манай гаргаж байгаа экспорт давуу байгаа. Худалдааны тэнцэл нэмэхтэй байна. Тэр хэмжээгээрээ валютын нөөц нэмэхтэй л байгаа гэж ойлгож болно. Түр зуурын огцом хэрэглээнд л арга хэмжээ авахгүй бол тэрхүү нэмэхтэй байгаа валют буурч, нөөцгүй болох эрсдэлтэй. Түр зуурын огцом хэрэглээнд арга хэмжээ авч ажиллах ёстой гол байгууллага бол Төв банк. Валют гэдэг бүтээгдэхүүний зах зээл чөлөөтэй байгаа. Тэрхүү зах зээл нь арилжааны банкуудаар дамжиж явагдана. Мэдээж валютын ханшийг тогтоох нь Монголбанкны өдөр тутмын хийх ёстой ажил нь шүү дээ. Өмнөх олон хямралуудаас харж байхад иймэрхүү огцом хэлбэлзэл аяндаа намжмал байдалтай болчихдог. Гэхдээ энэ хугацаанд эцсийн эцэст аж ахуйн нэгжүүд л хохирч үлддэг. Харин эрх баригчдад болон эрх мэдэлтнүүдэд энэ хямрал, ханшийн өсөлт зэрэг нь ямар ч нөлөө үзүүлдэггүй. Валютын өсөлт, төгрөгийн сулралтаас үүдсэн хохирлыг манай аж ахуйн нэгжүүд л үүрч үлддэг.