Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Золжаргал: Манай намын гишүүд арай ч Засгийн газарт ортлоо тэгж үзэл бодол, үнэт зүйлээсээ урвахгүй байлгүй дээ DNN.mn


Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Сүүдрийн парламентын Нийгмийн бодлогын хорооны дарга Д.Золжаргалтай ярилцлаа.

Эрх баригч нам, УИХ-ын бодлого үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор танай нам Сүүдрийн парламент байгууллаа. Үүний утга учир нь юу вэ?

-Өнгөрсөн гуравдугаар сард манай намын шинэ дүрмийг Улсын Дээд шүүх бүртгэж авсан. Улмаар намын дүрэмд орсон өөрчлөлтийн дагуу УИХ-ын бүтэцтэй адил сүүдрийн парламент байгууллаа. Яг л УИХ-ын бүтцийн дагуу ажиллана. УИХ-ын Байнгын хороод орж ирсэн хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барьдаг шиг, УИХ-ын хаврын болоод намрын ээлжит чуулган хуралдуулдаг шиг л үйл ажиллагаа явуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын Байнгын хороод чиглэл чиглэлээрээ асуудлаа хэлэлцдэг шиг манай намын Үндэсний бодлогын хорооны чиглэл бодлогын хороод асуудлаа хэлэлцдэг дүрэмтэй болсон гэсэн үг. Үүний дагуу өчигдөр Үндэсний бодлогын хорооны намрын ээлжит чуулган эхэллээ. Дахиад хэлэхэд, манай намын Үндэсний бодлогын хороо УИХ шиг үйл ажиллагаа явуулна. Чиглэл бодлогын хороод нь УИХ-ын Байнгын хороод шиг үйл ажиллагаа явуулна л гэсэн үг. Нөгөөтэйгүүр манай намын дунд шатны дүрэмд ч адил өөрчлөлт орсон. Нийслэлийн, орон нутгийн ИТХ-ын үйл ажиллагаа шиг намын дунд шатны байгууллагууд адилхан ажиллах дүрэмтэй болсон.

Таны хувьд Нийгмийн бодлогын хороог ахалж байх шиг байна. Тэгэхээр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны үйл ажиллагаатай адилхан ажиллана гэсэн үг үү?

-Яг тийм. Миний хувьд 20 гаруй жил нийгмийн хамгааллын салбарт ажилласан. Тиймээс энэ чиглэлд бодлогын хороог ахалж ажиллаж байна. Манай бодлогын хороо нь УИХ-ын Нийгмийн бодлогын хорооноос гаргаж байгаа бодлого, үйл ажиллагаанд хяналт тавих, болж байгааг нь дэмжих, болохгүй байгааг нь шүүмжлэх, санал гаргах, дүгнэх зэрэг ажлуудыг хийнэ. Тухайлбал, өнөөдөр хүүхдийн мөнгийг нийгмийн халамжид оруулна гэж ярьж байна.

Энэ нь зөв үү, буруу юу гэдгийг манай бодлогын хороо хэлэлцэж, гаргасан санал дүгнэлтээ тухайн Байнгын хороонд уламжилна, мөн шаардаж ажиллана. Нөгөөтэйгүүр Ардчилсан нам бол Үндэсний том нам. Тиймээс эдгээр асуудлуудыг дотооддоо хэлэлцэж байх нь зөв гэсэн үүднээс ийм дүрмийн өөрчлөлт оруулж өгсөн гэж ойлгож болох юм. Нэг үгээр хэлэхэд, өнөөдрийн УИХ-ын хэлэлцэж байгаа асуудлыг дотооддоо хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт гаргаж ирнэ гэсэн үг. УИХ-аар төсөв хэлэлцэж байна, тийм үү. Тэгвэл манай намын Төсвийн бодлогын хороо ч гэсэн Төсвийг хэлэлцэнэ гэсэн үг.

-Байнгын хороодтой адилхан, УИХ-тай адилхан үйл ажиллагаа явуулна гэж байна. Та хэдийн хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэр, үнэлэлт, дүгнэлт бол эрх баригч намын үйл ажиллагаа цаашлаад УИХ-ын үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлэхгүй шүү дээ?

-Бидний гаргасан дүгнэлт, бодлого, шийдвэрийг хүлээж авах эсэх нь дараагийн асуудал. Бид батлагдсан намынхаа дүрмийн дагуу л ажиллаж байна. Нөгөөтэйгүүр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээрээ дамжуулаад гаргасан шийдвэр, санал, бодлого, дүгнэлтээ УИХ-д танилцуулна. Өөрөөр хэлбэл, Үндэсний бодлогын хорооны санал дүгнэлт, чиглэл бодлогын хорооны санал дүгнэлтээ УИХ дахь гишүүдээрээ дамжуулж, УИХ-д оруулна гэсэн үг. Цаашид ч ингэж ажиллана.

-Сүүдрийн парламентад сайн ажилласан улстөрчдөө сонгуулиар дэмжих, цаашлаад олонх болж Засаг бүрдүүлэхэд чиглэл хороод ахалж байсан хүмүүсээ сайдад суулгах алсын бодлого барьж байна уу?

-Энэ асуудал мөн адил дараагийн бодлого, төлөвлөлт болов уу. Одоохондоо миний хэлж чадах ганц зүйл бол манай намын шинэчлэгдсэн дүрмээр дээрх үйл ажиллагаа, бодлогыг гарган ажил хэрэг болгож явуулж байгаа гэж харж байна. Өчигдөр Үндэсний бодлогын хороо намрын анхдугаар чуулганаа хийлээ. Үүнээс цаашлаад хаврын чуулган, бүр ээлжит бус чуулган зарлах зэрэг УИХ-ын үйл ажиллагаа, бүтцийн дагуу л ажиллана. Харин сонгуулиар дэвшүүлэх, сайд болох зэрэг нь дараагийн асуудал. Тодорхой хэлбэл, намын дараа дараагийн хурлуудаар шийдэгдэх асуудал гэж бодож байна.

-Та Үндэсний бодлогын хорооны гишүүн, мөн үү?

-Тийм ээ, би Архангай аймгаас сонгогдсон Үндэсний бодлогын хорооны гишүүн.

-С.Эрдэнэ даргатай АН-ын тамга, дүрэм, гэрчилгээ зэрэг албан бичиг баримтууд бүгд шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн гэдгийг та мэдэж байгаа байлгүй?

-Тийм ээ, мэдэж байгаа.

-Үндэсний бодлогын хороо гэдэг бол танай намын эрх барих дээд байгууллага. Тиймээс одоо маргаантай байгаа намын удирдлагаа солих, намын даргын сунгааг явуулах эсэх нь танай хорооны эрх, үүрэг шүү дээ. Энэ ажлыг хэзээ хийж эхлэх вэ?

-Миний ойлгосноор даргын асуудал бол дүрмэндээ нээлттэй юм шиг байна лээ. Өмнө намын даргыг сонгохдоо дандаа сунгаа зарлаж тодруулдаг байсан. Одоо сунгаа зарлаж болно, эсвэл Үндэсний бодлогын хорооноос тодруулж болно. Мөн намын их хурлаар дарга, удирдлагуудаа сонгож болох боломжтой болсон. Ерөнхийдөө тухайн үеийн нөхцөл байдлаас л шалтгаалж дарга сонгох процессоо яаж явуулах уу гэдгээ тодорхойлно. Энэ нь дүрмэндээ нээлттэй. Хуучин дүрмэнд байсан шиг хатуу, зөвхөн сунгаагаар сонгоно гэсэн зүйл байхгүй гэж хувьдаа ойлгож байгаа. Тиймээс тун удахгүй шинэ даргын асуудал яригдах болов уу.

-Яг хэзээ ярих вэ, та Үндэсний бодлогын хорооны гишүүн шүү дээ. Үүнд тодорхой тайлбар өгөхгүй юү?

-Энэ асуудлыг намын их хурлаар л шийднэ. Намын их хурлаар Үндэсний бодлогын хороонд эрхийг нь шилжүүлэх, эсвэл сунгаа зарлах хоёр арга зам байгаа. Эсвэл намын их хурал даргын асуудлаа өөрөө шийдвэрлэх боломжтой.

-Намын их хурлаар шийднэ гэхээр одоо ээлжит бус их хурлаа зарлана гэсэн үг үү?

-Он гараад намын их хурал зарлагдах байх. Саяхан бас нэг хуралдсан. Одоо дүрэм журамд өөрчлөлт орсон, түүнийгээ батлаад он гаргаад хуралдах байх.

-Танай нам тал талдаа уулзалтууд хийж, нэгдье гэх акцыг идэвхтэй өрнүүлж байна. Ер нь удахгүй дотоод дахь асуудлаа шийдчих болов уу гэсэн итгэл төрж байна уу?

-Тал талдаа явж байхаар эвлэрч, нэгдсэн нь л дээр. Аймаг, орон нутагт манай нам хагарсан зүйл огт байхгүй. Дээд түвшиндээ энэ намын лидерүүдийг хоорондоо хурдан эвлэрээсэй л гээд харзанасан байдалтай л байна, үнэн дээ. Ер нь Ардчилсан намд ил тод янз бүрийн шүүмжлэл, маргаан гарч л байдаг. Гэхдээ энэ удаагийнх шиг ингэж доошоо ортлоо бид түүхэндээ маргалдаж, хагаралдаж үзээгүй. Одоо энэ асуудал бүр хэрээс хэтэрлээ. Цэг тавих цаг нь болсон л гэж ойлгож байгаа.

-Танай намын УИХ дахь гишүүд Засгийн газар руу орж ажиллах гээд эрх баригчдад тал засаж байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр их явах юм. Үнэхээр ийм зүйл байна уу. Хэрэв Засгийн газарт орж ажиллавал намын зүгээс ямар арга хэмжээ авах вэ?

-Ард түмний сонголт. Ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж 65, дараа нь 62 суудал өглөө. Тиймээс одоо Ардчилсан намыг Засагтаа оруулж ажиллуулна гэж урилга санал тавьж байгаа бол Ардын намын хувьд байж боломгүй үйлдэл. Миний хувьд Ардын намаас ч юм уу манай намаас Засагт орж ажиллая гэдэг зүйл хэн нь ч яриагүй болов уу. Ярих нь битгий хэл бодох ч үгүй яваа байх. Арай ч манай намын гишүүд Засгийн газарт ортлоо тэгж үзэл бодол, үнэт зүйлээсээ урвахгүй байлгүй дээ. Хэдий дотроо маргаантай байгаа ч сөрөг хүчин гэдэг утгаараа үйл ажиллагаа, бодлого зохицуулалтаа үргэлжлүүлээд л явах байлгүй. Гэхдээ хүний дотор орсон биш бид яаж мэдэх билээ. Эцсийн эцэст ард түмний сонголтыг л хүндэтгэх ёстой юм шүү дээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Тогтохсүрэн: Төсөв хэлэлцсэний дараа буюу ирэх сарын эхээр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ DNN.mn

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.


ИХ-аар төсөв хэлэлцэж байна. Засгийн газраас оруулж ирсэн ирэх оны төсвийг та бүтэн зургаар нь яаж харж байна вэ?

-Юуны өмнө орж ирж байгаа төсөвт давуу тал байна. Тухайлбал, хөрөнгө оруулалтаа зогсоосон байна. Энэ бол сайн зүйл. Валютын нөөц бүрдүүлэх чиглэлд экспортоо нэмэгдүүлж, анхаарсан байна. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт нь чиглүүлж, ялгавартай хандъя гэж. Сүүлд нь төсвийн алдагдлаа багасгасан байна. Ийм гурав, дөрвөн давуу тал энэ жилийн орж ирсэн төсвөөс ажиглагдаж байгаа юм. Мэдээж сул тал буюу шүүмжлэлтэй хандах зүйл байна. Нэгдүгээрт, мөнгөнийхөө бодлоготой уялдаагүй төсөв орж ирж. 2023 оны тухайд бидэнд хамгийн чухал зүйл нь макро эдийн засгийн асуудал байгаа. Хамгийн түрүүнд валютынхаа нөөцийг яаж нэмэгдүүлэх вэ, инфляцийнхаа түвшинг ямар оронтой тоо руу оруулах уу гэдэг асуудал чухал. Төсвийг дагаад мөнгөний бодлого орж ирсэн. Мөнгөний бодлогоор инфляцийг зургаан хувьд барина гэж орж ирлээ. Өнөөдрийн байдлаар инфляци жаахан буураад 13, 12 орчим хувьтай байна. Үүнийг ирэх онд хоёр дахин бууруулж зургаан хувьтай болгоно гээд ороод ирлээ. Яахав, зургаан хувьд хүргэх зорилго нь сайн байна. Гэвч нөгөө талдаа инфляцийг зургаан хувьд барихын тулд ямар арга хэмжээ авах гэж байна вэ гэдэг нь чухал. Гэтэл төсөв, мөнгөний бодлого нь хоорондоо зөрчилдөж буй зүйл харагдаад байгаа юм. Тодруулбал, инфляциа багасгана гэсэн атлаа зарлага нэмэгдүүлчихсэн байна. Ирэх жилийн төсөв 2.5 их наядын урсгал зардал хийгдсэн байна лээ. Тиймээс миний хувьд ганц л тодорхой санал хэлж байгаа юм.

-Ямар санал гэж…

-Нэгдүгээрт, ирэх оны төсвөө алдагдалгүй батлахад анхаарах ёстой. Төсвийн алдагдал гэдэг бол өр. Өөрөөр хэлбэл, өрөө л нэмж байна гэсэн үг. Өнөөдөр инфляцитай холбоотойгоор дэлхий дахинд зээлийн хүү өндөр болсон. Тэр утгаараа бид ийм өндөр хүүтэй зээл авч төсвийн алдагдлаа нөхмөөргүй байна. Тиймээс төсвийн алдагдлыг болж өгвөл бүр багасгах саналтай байгаа юм. Үүнийг одоо төсвийн хэлэлцүүлгийн үеэр УИХ олон талаас нь ярих болов уу гэж бодож байна. Өнгөрсөн жилийн төсвийн алдагдлыг хоёр их наядад барьж байсан. Харин одоо орж ирж байгаа төсвийн алдагдлыг харахад 1.5 их наяд байна. Өмнөх төсвийн алдагдлаасаа багасгасан нь сайн. Гэхдээ л энэ хямралтай үед бүр багасгах ямар боломж байна гэдгийг анхаарах ёстой.

-Хөрөнгө оруулалт зогссон нь сайн гэлээ. Зогсоосон нь зөв юм уу?

-Зогсоосон нь зөв гэж үзэж байгаа. Бид импортыг дэмждэг бодлогоо аль болох багасгах ёстой. Валютын урсгалыг гадагш нь яаж бага гаргах вэ гэдэг бол бидний өмнө тулгамдаж байгаа том асуудал. Валютын урсгалаа анхаарч, экспортоо нэмэгдүүлснээр валютын урсгалыг дотогшоо оруулж, дотроо эргэлдүүлэх боломжтой. Хэрвээ ингэж чадвал инфляци буурах бодит боломж бий болно. Энэ утгаараа 2023 оны төсөв валютын урсгалыг эрс багасгаж, мөнгөний хатуу бодлого явуулах, үүнтэйгээ хамт хөрөнгө оруулалтаа зогсоогоод аль болох импортыг багасгах чиглэл рүү илүү тусгагдсан юм болов уу гэж харж байгаа.

-Валютын урсгал гадагшилж байгаа томоохон үзэгдэл юу байна вэ?

-Хэд хэдэн томоохон үзэгдэл байна. Үүнээс бид хоёр том урсгалд нь анхаарлаа хандуулж байгаа юм. Тухайлбал, тэрхүү хоёр том урсгалын төлбөрийг өөр валютаар хийх чиглэлд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэх хэрэгтэй байна. Хоёр том урсгал гэдэг бол нэгдүгээрт, нефтийн бүтээгдэхүүн, хоёрдугаарт урд хөршөөс импортоор авч буй бараа, материалын хэрэглээ юм. Тиймээс ОХУ-аас авч буюу нефтийн бүтээгдэхүүний төлбөрийг рублиэр төлөх, Хятад улсаас авч буй бараа, материалаа зуун хувь юаниар авах ажлыг хийх хэрэгтэй. Энэ хоёр валютын урсгалыг ам.доллараар бус рубель, юаниар нь хийж чадвал импортоор гарч байгаа валютын урсгалаа багасгах том боломж гэж харж байгаа. Товчхондоо валютын гадагшилж байгаа урсгалыг багасган, экспортоо эрс нэмэгдүүлж, зарлагаа танаж чадвал бид 2023 онд инфляцийг нэг оронтой тоон хүргэж чадна.

-Экспортондоо анхаарах шаардлагатай гэж байна. Валютын нөөцийг бүрдүүлж буй гол экспортын бүтээгдэхүүн бол нүүрс байгаа шүү дээ. Нүүрсээ яаж их хэмжээгээр гаргах вэ гэдэгтээ хэт их анхаарснаас болж бусад уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулж гаргах асуудлаа орхигдуулаад байна уу гэж хараад байгаа. Боловсруулах үйлдвэрийн талаар ярихгүй юм уу, бүтээгдэхүүнээ боловсруулж гаргавал эдийн засаг хэд дахин өснө гээд байгаа шүү дээ?

-Экспортын тухайд бол зэс, төмрийн хүдэр, алт гурав хуучин түвшиндээ байгаа. Экспортод хязгаарлалтад орж байгаа ганц бүтээгдэхүүн нь нүүрс. Ирэх онд нүүрсэн дээр гурван төрлийн арга хэмжээ авснаар төлөвлөсөн нүүрсээ гаргачих болов уу гэж харж байгаа. Нэгдүгээрт, хил гааль, боомтын хязгаарлалтыг аль болох алга болгох чиглэлд анхаарна. Хоёрдугаарт, урьдчилсан гэрээгээр өгсөн нүүрсийг тодорхой хэмжээнд хориглож, одоо валютаар худалдаалж буй нүүрсээ гаргах чиглэлд Засгийн газрын тодорхой шийдвэр гаргачихсан байна лээ. Гуравдугаарт, цаашдаа бид уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсэн дээр биржийн үнийг гаргаж, худалдаанд оруулахгүй бол болохгүй. Эдгээр гурван зүйлийг ирэх онд авч хэрэгжүүлнэ гэж Засгийн газар төлөвлөсөн байна лээ. Ингэж байж бид төлөвлөсөн нүүрсээ оруулж, экспортоо нэмэгдүүлж чадна. Өнөө маргаашдаа хамгийн чухал хийх ёстой ажил бол экспортоо нэмэгдүүлэх л байна. Сүүлийн гурван жил дараалж экспорт хязгаарлалтад орлоо. Үүнээс болоод валютын нөөц багасах, хомсдолд орох, ханшийн хөөрөгдөл, төгрөгийн уналтад нөлөөлөх гол хүчин зүйл болоод байгаа юм.

-Жил жилийн төсөв хэлэлцүүлэх үеэр УИХ дээр маргаан өрнөдөг. Ирэх жилийн төсөв дээр тойргуудад мөнгө хуваарилахдаа алагчилсан байдлаар тусгасанд гишүүд бухимдалтай байх шиг байна. Бүлгийн даргын хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Хэмжээний хувьд их, бага харагдаад байгаа нь ийм учиртай. Анх тавьсан хөрөнгө нь их учраас одоо их, бага харагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2023 онд бид шинэ хөрөнгө оруулалт тавихгүй, хуучин явж байсан үлдэгдэл санхүүжилтийг тавьж өгсөн гэсэн үг. Тиймээс өмнө өндөр тавигдчихсан тойргууд нь өндрөөрөө, бага тавигдсан нь бага болж харагдаад байгаа хэрэг л дээ. Үүнээс болоод аймгуудад тавьсан төсөв ялгавартай байгаа мэт харагдаад байгаа юм.

-Хэмнэлтийн хуулийн хүрээнд ирэх оны төсвөөс хэчнээн хэмжээний хөрөнгийг хэмнэсэн байна вэ. Хэмнэсэн төсөв биш, мөн гэх зэргээр нийгэмд талцал, хардалт их яригдаж байна шүү дээ?

-Хэмнэлтийн хуулиа дагаж ажилласан гэж харж байгаа, Засгийн газрын түвшиндээ. Харин дунд, доод шатандаа ямар байгааг хэлж мэдэхгүй юм. Зарим газраа энэ хууль янз бүр л хэрэгжиж байх шиг байна. Ер нь хэмнэх ёстой. Би түрүүн хэлсэн. Төсвийн алдагдалгүй болгоё гэж яриад байгаа. Төсвийн алдагдалгүй болгохын тулд бид зарлагаа хасах ёстой. Төсвийн алдагдалгүй болгох, үүнээс өөр арга байхгүй. Энэ бол том зорилт.

-Ам.доллар яаж олох ёстой юм бэ. Өнөө маргаашдаа олох боломж нь юу байна. Таны түрүүн хэлсэн ОХУ-аас авч байгаа шатахуунаа, БНХАУ-аас авч байгаа бараагаа ам.доллараар авахгүй байснаар валютын нөөцийг тогтвортой болгож чадна гэж үзээд байна уу?

-Валютын хоёр л урсгал байгаа шүү дээ. Орж байгаа, гарч байгаа усргал гэж. Валютынхаа нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд авдаг ганц арга хэмжээ нь экспорт. Ингэхийн тулд бид экспортыг ямар өндөр хэмжээнд хүргэж чадахаар байна тэр хэмжээнд л тулгах ёстой. Экспортын гол бүтээгдэхүүн нь алт, зэс, төмрийн хүдэр, нүүрс байгаа. Үүн дээр нэмээд ноос, ноолуур, махаа ч гэсэн хүссэн хэмжээгээрээ экспортолдог болмоор байгаа юм. Үр тариаг ч гэсэн болж өгвөл гаргаж л байх ёстой. Ингэж байж бид ам.доллар олно. Ер нь ам.доллар олж болох бүхий л нүх сүвийг нээх шаардлагатай. Нөгөөтэйгүүр, валютын гадагшилж байгаа урсгал дээрээ анхаарал тавьж бодлогоор зөв зохицуулах шаардлага бий болсон. Валют манайхаас гарч байгаа хамгийн том урсгал бол нефть. Жилд 1.6 орчим тэрбум ам.долларын урсгал гарч байна. Тиймээс үүнийг өөр валютаар явуулах боломж юу байна гэдгийг судлах, улмаар ажил хэрэг болгох шаардлагатай. Сүүлийн үед инфляци өссөнтэй холбоотойгоор ам.доллараас бусад валютын ханш сулраад ирлээ. Тиймээс аль ч орон ямар бизнесүүд ам.доллараар явах гээд байдаг үзэгдэл тод харагдаад байгаа юм. Үүнийг бид аль болох багасгаж, ам.доллараас өөр валютаар худалдаа хийх боломжийг олох ёстой.

-Шатахуунтай холбоотойгоор нэг зүйл асууя. Засгийн газраас АИ-92 бензиний үнийг он дуустал барина гэж байгаа. Оны дараа үнэ чөлөөлөгдсөнөөр дээрх төрлийн бензиний хомсдол, үнийн хөөрөгдөл болох эрсдэл гарах юм биш үү?

-Миний хувьд тэр чиглэлийн бодлогыг харж амжаагүй байна. Ажлын хэсэг гарчихсан, үүнийг судалж байгаа. Ямартаа ч мөнгөний бодлого, төсвийн бодлоготойгоо уялдуулж авч үзэх байх. Миний бодлоор ирэх онд Засгийн газар шатахууны үнэ дээр тодорхой оролцоог бий болгож байгаа болов уу л гэж харж байгаа. Шатахуун, бензин гэдэг бол бүх юмны суурь. Тиймээс төрийн бодлогоор тодорхой хэмжээнд барьж байхгүй л бол болохгүй.

-Шатахуунаа бид зөвхөн ОХУ-аас биш өөр орноос импортолж болохгүй юу. Тийм болж байгаа юу. Өмнө Солонгос, Хятадаас оруулж ирж байсан шүү дээ?

-Өөр орноос авъя гээд бидний хэрэглээг хангах ямар ч боломжгүй юм билээ. ОХУ дангаараа дэлхийн шатахууны хэрэглээний 30 хувийг хангадаг байсан. Одоо нөхцөл байдлаас шалтгаалж энэ хэрэглээ зогссон. Угаасаа шатахууны эрэлт их байгаа үед энэ 30 хувь зогсоно гэдэг нь өөрөө дэлхий дахинд шатахууны хомсдолыг бий болгочихож байгаа хэрэг. Тиймээс эрэлт их байгаа учраас зах зээлийнхээ зарчмаар нефтийн үнэ өсөх нь гарцаагүй. Тиймээс хамгийн хямд түлш, бензин одоохондоо ОХУ-д л байна. Энэ утгаараа бид ОХУ-аас өөр орноос авах ямар ч боломжгүй юм. Үүнээс хямд, бидний хэрэгцээг хангах хэмжээний шатахуун импортоор авах боломжтой улс байвал сайн л байна. Харин бид ОХУ-тай энэ асуудлаар олон талын уулзалт, яриа хөөрөө хийсний хүчинд өнөөдөр тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлээд л явж байгаа.

-Төсвийн хуультай холбоотойгоор ажлын хэсэг гарч байгааг бүлэг дээрээ хэлэлцсэн. Уг ажлын хэсгийн үүрэг нь юу юм бэ. Ипотекийн зээлийн асуудлыг мөн авч үзнэ гэж байсан шүү дээ?

-Энэ ажлын хэсэг дөрвөөс таван чиглэлд онцгой анхаарал хандуулж ажиллана. Нэгдүгээрт, төсвийн орлогод анхаарна. Тавьсан орлогоо үнэхээр олж чадах уу гэдэгт нь. Хоёрт, зарлагад анхаарна. Өнгөрсөн оноос хойш төсвийн зарлага хоёр их наядаар нэмэгдсэн. Энэ нь үнэхээр бодитой байна уу, үгүй юү гэдгийг авч хэлэлцэнэ. Гуравт, хөрөнгө оруулалт, дөрөвт хүүхдийн мөнгөний асуудалд анхаарч, ажиллахаар болсон. Уг ажлын хэсгийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн ахалж ажиллана. Ипотекийн зээлийн асуудал мөн энэ ажлын хэсгийн хүрээнд яригдана. Засгийн газраас өргөн барьсан төсөл дээр ипотекийн зээлийг Монголбанк өмнө хэрэгжүүлж байсан. Харин энэ оноос үүнийг Засгийн газарт өгч байгаа. Тиймээс зээлийг хойшлуулах уу үгүй юү гэдгийг дээрх ажлын хэсэг судалж, тодорхой шийдвэр гаргах болов уу.

-Төсөв дээр татварын асуудал ямар байдлаар орж ирж байгаа вэ?

-Зарим татвар дээр хөнгөлөлт үзүүлж байгаа юм билээ. Үүнд экспортын татварыг хөнгөлсөн байгаа. Энэ мэт олон асуудлыг УИХ-аас ажлын хэсэг гаргаж нэг бүрчлэн судалж, шинжилнэ. Тиймээс ажлын хэсгүүдийн дүгнэлт гарсны дараа татвартай, ипотекийн зээлтэй холбоотой асуудлууд илүү тодорхой болох болов уу.

-Төсвийн хуулийг дагалдуулж Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орж байгаа. Үүнтэй холбоотойгоор тэтгэвэртээ гарч байгаа алба хаагчдын дахин ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлнэ гэсэн мэдээлэл байна. Энэ асуудлыг бүлэг хэлэлцсэн үү, ямар байр суурьтай байгаа вэ?

-Төрийн албаны тухай хуульд хоёр л өөрчлөлт байна лээ. Нэгт, орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх хөрөнгийг ирэх жилийн төсөвт суулгаад өгчихсөн. Ерөнхийдөө 100 хувь хүртэл нэмэгдэл цалин өгч болно гэж заасан юм билээ. Тэрийг нь Төрийн албаны тухай хуульд оруулж өгч байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, 20-иос бусад хувийг нь орон нутгийн төсвөөс гаргаж нэмэгдлийг нь олгож болно гэсэн хуулийн өөрчлөлт орох юм билээ. Хоёрдугаарт, тэтгэвэртээ гарсан төрийн албан хаагч үргэлжлүүлээд ажлаа хийж байгаа зүйл байна. Үүнийг ажлаас нь чөлөөлөх тухай заалт орж ирж байгаа. Ердөө ийм л хоёр өөрчлөлт нэмэгдэж байгаа юм билээ.

-Сүүлд нэг зүйл асуухад ХНХ-ын сайдын суудал хоосон байгаа. Дараагийн сайдыг томилох, сонгох асуудлыг бүлэг дээрээ ярьсан уу. Хэзээ томилогдох вэ. Та сайд болох уу?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд огцорсон. Дараагийн сайд хэн болох асуудлыг Төсвийн хуулийг хэлэлцсэний дараа ярилцахаар болсон. Мэдээж манай намын Удирдах зөвлөл хэлэлцээд сайдынхаа нэрийг оруулж ирнэ. Миний хувьд сайд болох ямар ч сонирхол байхгүй. Саяхан Засгийн газрын тэргүүн надаас сайд болох уу, Засгийн газарт орж ажиллах уу гэж асуусан. Би орж ажиллахгүй ээ гэдгээ хэлсэн. Одоо ч энэ байр суурь дээрээ байгаа.

-Та бүлгийн дарга хүн. Танай нам дотор сайд болох сонирхолтой олон хүн байх шиг байна. Үүнээс болоод бүлэг дотор маргаан гарах асуудал үүсч болзошгүй шүү дээ. Ер нь сайд болох шалгуураа танай нам яаж тогтоосон байдаг юм бэ. Өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүнийг харж байхад тухайн чиглэлийн Байнгын хорооны дарга салбараа хариуцаад сайд болж байсан шүү дээ. Одоо ч гэсэн энэ зарчмаараа асуудалд хандах уу?

-Манай нам боловсон хүчиндээ тодорхой хэмжээний шаардлага, шалгуур тавья л гэж байгаа. Өөрөөр хэлбэл, сайд болох хүн нь УИХ-д хоёроос дээш удаа сонгогдсон байх ёстой. Тухайн салбар, чиглэлийн Байнгын хороонд ажилласан байх, Байнгын хороог даргалж байсан гэх зэрэг олон шалгуурыг тавьж байгаа. Мөн нам жендерийн асуудлаа ч харгалзан үзэж, барьж яваа. Энэ олон шалгуур, шаардлагыг харгалзан үзээд намын Удирдах зөвлөл нэрсээ оруулж ирнэ байх. Товчхондоо сайдад томилох хүнийг Байнгын хороог даргалж байсан, УИХ-д хоёроос дээш удаа сонгогдсон, хажуугаар нь жендерийн асуудлаа харгалзан үзэх зарчимаар тодруулах байх гэж харж байгаа. Улмаар төсөв хэлэлцсэний дараа буюу ирэх сарын эхээр сайдыг томилох асуудал яригдаж эхэлнэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ардчилсан намынхан арай л МАН-ын генсек болно гэж горьдохгүй байна DNN.mn

Засгийн газрын бүтэц өөрчлөгдөх, шинэ яам, шинэ сайдын орон тоо гарахтай зэрэгцэн түүнд очих сонирхолтой нам, бүлэглэл, улстөрчдийн дунд далд улс төрийн “дайн” эхэлдэг жамтай. Засгийн газрын тэргүүн өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар батлуулснаас хойш одоог хүртэл шинэ сайдын суудалд суух сонирхолтой улстөрчид, горилогчид хүний өөрийн гэлтгүй л Л.Оюун-Эрдэнийг долоон, тойрон хүрээлсээр байгаа нь үнэн. Одоо Засгийн газрын бүтцэд шинээр Тэргүүн шадар сайд, Хил, боомтыг хариуцсан сайдын суудал дутуу байгаа. Үүн дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын сэнтий хоосон байна. Эдгээр гурван сэнтийн төлөөх улс төрийн дайн ил далд ширүүхэн болж байгааг улс төрийн хүрээнийхэн, олон нийт анхааралтай ажиглан харж буй. “Муу эр дайнд хөөрнө” гэгчээр энэхүү сайдын сэнтийн төлөөх улс төрийн тулаанд сөрөг хүчин болох АН-ынхан салбаганан орчихсон яваа нь содон үзэгдэл болж байна. Сайд болохын төлөө бүр ил тод шунан тачаадаж байгаа нь АН-ын гишүүдийн гаргаж байгаа үйлдэл, эрх баригчдад бялдуулчилж буй авираас нь тодорхой харагдаж байгааг улстөрчид дээр дооргүй ярьж сууна. Тэр дундаа эрх баригч намын зарим хүмүүс УИХ дахь АН-ын гишүүдийг улс төрд төөрсөн өнчин хүүхдүүд гэх хандлагаар наанаа өрөвдөн ярьж байгаа бол зарим нь цаагуураа сайдын суудал горьдон, долигонон, долоож байгаа үйлдлийг нь хараад намдаа элсүүлчих үү хэмээн дохуурхан дооглож сууна. Энэ бол Үндэсний томоохон улс төрийн хүчин болох Ардчилсан намын хувьд ахадсан доромжлол. Нөгөөтэйгүүр, Ардчилсан нам унаж болох доод цэгтээ хүрсэн гэсэн үг. Гэхдээ ийм доромжлол хүлээх болсон суурь нөхцөлөө тэд өөрсдөө бүрдүүлсэн. Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш одоог хүртэл хоорондоо учир зүйгээ ололгүй яваагаасаа болоод өдгөө хүчтэй сөрөг хүчин гэх нэр сүрээ уландаа гишгэлээ. Нам гэх бүтэц бүрэлдэхүүн нь аль талдаа яваа нь ойлгогдохгүй боллоо. Намын гишүүд нь ёстой нөгөө “ул”-ны гишүүд боллоо. Ийм намтай, ийм гишүүд “өлөн” царайлж эрх баригч намынхаа бялуунаас амсах гэж улайрч байгаа нь олон нийтэд ил байхад МАН-ын гишүүдийн мааз ярианы сэдэв болохоос ч өөр яах билээ. АН-ынхан арай ч МАН-ын генсек болно гэж горьдохгүй байна, зүгээр. Ингэж бусдын тогоо руу өнгийж, их санаж явахаар намынхаа дотоод эв зүй, учир начраа 2024 оны сонгуулиас өмнө олоод, олонх болохгүй юм гэхэд хүчтэй сөрөг хүчин болох бүтцээ одооноос онцгой анхаарч ажиллах шаардлагатай гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Тэр нь дээр биз. Бодвоос эрх баригч нам чинь юу боллоо гэж бялуунаасаа АН-тай хуваах билээ. Тэдний чинь дотор сайд болох сонирхолтой улстөрчид олон байхын зэрэгцээ эр, эмээрээ алалцаж байна. УИХ-аар Төсвийн хуулийг хэлэлцэж байгаа. Төсөв хэлэлцэж дууссаны дараа сайд нарын асуудлыг хэлэлцэнэ гэж Удирдах зөвлөл, бүлэг дээрээ ярьсан байна лээ. Хэнийг ямар шалгуураар сайд болгох вэ гэдгээ ч эрх баригч нам чинь Удирдах зөвлөл дээрээ тохирчихсон байна. Тухайлбал, УИХ-д хоёроос дээш удаа сонгогдсон, тухайн салбар чиглэлийн Байнгын хороог ахалж байсан туршлагатай, жендерийн асуудлыг харгалзан үзээд болж өгвөл эмэгтэй гишүүдээсээ сайдад томилох тухай ярьж сууна. Ийм байхад АН-ынхан аавынхаа өврөөс чихэр горьдсон хүүхэд шиг харж суумааргүй байна. Та нар бол Монголын улс төрийн тулах багана болсон Үндэсний хэмжээний хоёр том намын нэг. Ардын нам, Ардчилсан нам шиг Үндэсний хэмжээний томоохон нам, гурав дахь хүчин шинээр гарч ирнэ гэдэг ойрын 100 жилдээ л лав байхгүй. Тиймээс яс горьдсон нохой шиг сайдын суудалд суух гэж улайрч байхаар салж нийлсэн намаа нэгтгээд, сөрөг хүчний бодлогоор улс орноо хөгжүүлэх үйлсдээ туушдаа орохыг улс төрийн хүрээнийхэн зөвлөж байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Аливааг зөвхөн эрчүүд манлайлах ёсгүй DNN.mn

Орчин цагийн хүн хоорондын харилцаанд эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй хүн гэх ганц логикоор асуудалд ханддаг болсон талаарх судалгаа дэлхий нийтэд шуугьж байна. Зарим оронд энэ судалгааг үндэслээд төрийн бүтэцдээ өөрчлөлт оруулаад эхэлжээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл манайхаар бол жендерийн эрх тэгш байдал аж.

Судалгааны хамгийн сонирхолтой хэсэг нь өндөр хөгжиж буй улс орнуудын төрийн бүтэц, нийгмийн хандлагаар тухайн улсын хөгжиж, урагшилж байгааг нь тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, нийгэм нь эрх тэгш байх зарчмыг хэт шүтдэг, хүйсийн гадуурхлыг тэвчдэггүй үзэл бодолтой, аливаа ажил мэргэжил, үйл ажиллагаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тавь, тавин хувийн оролцоог хангадаг төрийн бодлоготой орон өндөр хөгжсөн гэсэн үг. Нөгөөтэйгүүр жендерийн мэдрэмжгүй, аливаад зөвхөн эрчүүд манлайлах ёстой гэсэн хандлагатай улс орны хөгжил удаашралтай, гаргаж буй төрийн шийдвэр бодлого нь эргэж буцсан, хэтэрхий нэг талыг барьсан, хатуу байдаг нь дээрх судалгаагаар батлагджээ. Манайд улс орны хөгжил, бодлогыг тодорхойлох төрийн дээд байгууллагуудын буюу гишүүд, сайд, төрийн өндөр албан тушаалтнуудын үнэмлэхүй олонхыг эрчүүд бүрдүүлж байна. Тиймээс дэлхий нийтийн зөв хандлага, хөгжлийн шинэ бүтцийг бүрдүүлэхийн тулд хүйсийн эрх тэгш байдлыг бодитой хангах цаг нь иржээ гэдгийг жендер, хүний эрхийн байгууллагууд онцгой анхаарах шаардлагатай аж. Ер нь аливаа зүйлийг эрчүүд дангаараа манлайлах ёстой гэсэн хандлагаасаа салах хэрэгтэйг энэхүү судалгаа харуулж буй юм.

Асуудалд бодитоор хандаж, төрийн зөв бодлого, шийдвэрийг гаргуулахын тулд хүйсийн эрх тэгш байдлыг төрийн бүх шатанд хангаж ажилласнаар улс орны хөгжил, хууль дээдлэх, хүний эрхийг баталгаажуулахад эрс ахиц гардаг болохыг дээрх судалгаа нотлон харуулав.

Энэ утгаараа УИХ, Засгийн газрын эмэгтэй гишүүдийн квотыг нэмэгдүүлж, хүйсийн эрх тэгш байдлыг арилгасан цагт л Монгол Улсын бодит үсрэнгүй хөгжлийн тухай болоод зөв төрийн бодлогыг ярих болж таарч байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Даваасүрэн: УИХ-ын дарга холимог тогтолцооны захиалгыг Цэцэд гаргаж, нөгөө нөхөд нь хэрэгжүүлжээ гэж хардаж байна DNN.mn

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Засгийн газраас оруулж ирж байгаа төсвийг харахад орлого, зарлага нь ямар байх шиг байна. Зарим тойргуудад төсөв тусгаагүй гэсэн байна лээ. Үүнд та ямар байр суурьтай байна. Танай тойрогт ирэх онд төсөв тусгагдсан уу?

-Энэ жилийн төсөвт шинэ хөрөнгө оруулалт тусаагүй юм байна. Өмнөх онуудын хөрөнгө оруулалтаа санхүүжүүлэхэд хүндрэлтэй болчихсон учраас яаж шинэ хөрөнгө оруулалтын тухай ярих билээ. Төсвийн орлогын хувьд нэлээд өндөр төлөвлөсөн санагдсан шүү. Гадаад нөхцөл байдал сайжрах магадлал бага байна. Энэ жил гэхэд одоо найман сарын гүйцэтгэлээр төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 10 их наяд төгрөг болж, нүүрсний экспорт 15 сая тоннод хүрсэн. Тэгэхээр оны төгсгөлд урьдчилсан гүйцэтгэлээр 15.5 их наяд төгрөгний төсвийн орлого олж, 20 гаруй сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн байна. 2021 онд эхний найман сарын байдлаар 12 сая тонн, оны эцэст 16 сая тонныг экспортолж байлаа. Одоо үлдсэн хугацаанд 20 сая тоннод л хүргэх болов уу. Сая 2022 оны төсөвт 36 сая тонныг экспортлохоор төлөвлөснийг тодотголоор 18 сая тонн болгож бууруулсан шүү дээ. Ингэж үзвэл ирэх онд үүнээс илүү нүүрс буюу 36.5 сая тонныг гаргана гэх магадлал харагдахгүй байна. Магадгүй дайн, газ хийн хязгаарлалтаас болоод нүүрсний үнэ тогтвортой байна, төмөр замын тээвэрлэлт сайжирна л гэж тооцсон байх. Би зөвхөн тээвэрлэлтээс л шалтгаалдаг гэж харахгүй байгаа. Цаана Хятадад байгаа хэрэглээ, тэдний авах хүслээс л бас хамаарна. Харин нэг сайнаар нөлөөлөж байгаа зүйл бол нүүрсний үнийн өсөлт юм. Тухайлбал, өнгөрсөн найман сарын байдлаар нүүрсний экспортын тоо хэмжээ өмнөх оныхоос ялигүй өссөн байхад нүүрсний орлогын хэмжээ өмнөх онд 1.3 тэрбум ам.доллар байсан бол энэ оны найман сарын байдлаар 3.8 тэрбум ам.доллар болж үнийн дүнгээр бараг гурав дахин өссөн байна.

-Төсвийг жил бүр алдагдалтай баталдаг. Алдагдалгүй батлах боломж байхгүй юу?

-Төсвийг гол алдагдалд оруулж, улс орны өрийг нэмэгдүүлж байгаа зүйл бол хавтгайрсан халамж. Түүнийгээ дорвитой хасаж зүрхлээгүй байна. Нөгөө л 1.5 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөж. Энэ мөнгөөр чинь хотын түгжрэлээ арилгачих, 1000 км хар зам тавьчих боломжтой. Мөн сум бүрт нэг тэрбумын дөрвөн үйлдвэр, эсвэл аймаг бүрт нэг жилд 10 тэрбум төгрөгийн зургаан үйлдвэр бариад иргэдээ тогтмол ажлын байртай, өндөр орлоготой болгочих мөнгө. Харамсалтай нь тэгж бодож сэтгэж, зүтгэх сэтгэл алга. Манай тойргийн хувьд

өмнө тавигдсан хөрөнгө оруулалтууд үргэлжилнэ. Зарим нэг төв суурин газрын өрхийн эмнэлгийн өргөтгөл гэх мэт ковидтой энэ цаг үед хэрэгтэй хөрөнгө оруулалтуудыг хассан байна. Төсвийн хэлэлцүүлгийн үед хэлж оруулахыг бодож байна.

-УИХ-ын хаврын чуулганаар хэмнэлтийн хуулийг баталсан. Ирэх жилийн төсөв хуулийн хэрэгжилттэй зохицоогүй байна гэж та хэллээ. Үүнд тодорхой тайлбар өгөхгүй юү?

-Наадах чинь хүндхэн асуулт байна. Би мэргэжлийн хүний хувьд төсвийг сайн харсан. Чиний асуусан өнцгөөр авч үзвэл төсвийн зардал буурах ёстой биз.

Тэгвэл 2022 оны төсвийн зардлаас 2.5 их наяд төгрөгөөр өссөн байна. Түүн дотроо урсгал зардал 1.3 их наяд төгрөгөөр өсчээ. Энэ чинь гол үзүүлэлт. Тэгэхээр хэмнэлтийн асуудал төсөвт туссан гэхэд хэцүү байгаа юм. Шинэ шинэ яамд, агентлагууд, тэдний төсөв гээд эсрэгээрээ л байна даа. Хямралын үеийн төсөв л лав биш. Төсөв хэмнэгдэх бус өссөн байна.

-Төсвөө олон тойрогт хуваарилахгүйгээр нэгдсэн бодлогоор хамгийн зөв гэсэн зүйлд зарцуулах нь зүйтэй гэж харж байна уу?

-Ямар хувь хэмжээгээр хуваарилах уу л гэдэг асуудал. Тэргүүлэх салбар гэж байх ёстой. Түүндээ илүү анхаарч хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байдаг. Энэ мөнгө хөрөнгө чинь өөрөө хязгаартай зүйл. Тиймээс миний хувьд манай орны хөгжих боломж, загварыг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр гэж хардаг. Шинжлэх ухаан руу мөнгө хийлээ гэхэд, хөдөө аж ахуйн судалгааг нь илүү анхаардаг ч юм уу. Ер нь чадах зүйлээ улс орнууд түлхүү хөгжүүлбэл хөгждөг. Уул уурхайгаас орох мөнгөө ХАА-н чиглэл рүү хийгээд экспортын төрлөө нэмэгдүүлээд явбал валютын нөөц, ханшийн хүндрэл багасна. Уул уурхайн экспортоос дан ганц хамааралтай эдийн засагтай байж болохгүй. Манайд боломж байна, ашиглаж мэдэхгүй байна. Мөн мэдсэн ч тэр чиглэлд сэтгэл нь гаргахгүй, улс төрийн чиглэлдээ “надад яаж нөлөөлөх үү” гэдэг хандлага нь давамгайлаад энэ улс орон чинь уруудаад байна. Юу ч хийж, үйлдвэрлэж чаддаггүй улс орон гэдгээ ковидын хүнд цаг үед харлаа. Ингээд яваад байвал, 1921 оноос өмнөх байдал руугаа улс орноо оруулна.

-Тэгвэл яаж энэ хүндрэлээс гарах ёстой юм бэ?

-Эхлээд бид уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулах үйлдвэрүүдтэй л болчих хэрэгтэй. Тэгвэл валютын нөөц чинь хоёр дахин нэмэгдээд эдийн засаг чинь хэд дахин өсөөд л ирнэ. Зэсээ, төмрийн хүдрээ боловсруулж яагаад болохгүй гэж. Хэрэв би байсан бол үүнээс л эхлээд олсон орлогоо хөдөө аж ахуй, органик хүнсний үйлдвэрлэл рүү л хийх байсан. Ер нь бол улс орны хөгжил улс төрийн лидерүүдийн хандлагаас их хамаардаг юм байна. Тэд хэрхэн сэтгэн бодож, нийгмийн хариуцлагатай хандаж байгаагаас хамаардаг гэсэн үг. Сингапур, Солонгос, Тайвань зэрэг улс орны жишээг харъя л даа. Хүнээ яаж хөгжүүлснээс нь эхлээд л хуулбарлая, тийм чадвартай иргэд манайд байна. Харамсалтай нь хүний боловсрол, чадварыг үнэлдэггүй, улс орон нь урагшилдаггүй ийм л болчихоод байна. Манайд ов зальтай, сайн бөгс долоодог хүн л урагшилдаг болсон. Ийм зан авиртай хүмүүс бүтээлч байдаггүй, хувийн сонирхол тал нь давамгайлчихдаг.

-Ирэх оны төсөвт тусгах шаардлагагүй зүйл, тусгах шаардлагатай байсан зүйл ажиглагдаж байна уу?

-Шинэ хөрөнгө оруулалт хотын тээврийн автобус шинэчлэлийн хөрөнгөөс өөр байхгүй. Ер нь бол ковидын хүндрэлтэй цаг үед байж 2021-2022 оны төсвийн хөрөнгө оруулалтыг хэт бодлогогүй, эдийн засаг, төсвийн боломжоосоо хэтэрсэн хэмжээнд хийчихсэн. Энэ нь үнийн өсөлтөд өртөөд төсвийн хөрөнгө оруулалтыг 700 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн харагдана лээ. Ажил нь эхэлсэн учраас шаардлагагүй гээд зогсоож, хасахад хүндрэлтэй байгаа байх.

-Ирэх оны төсөв эдийн засгийн өсөлтийг бий болгох дүр зураг харагдаж байна уу. Таван хувийн өсөлтийг авчирч, инфляцийг нэг оронтой тоонд хүргэнэ гэж байна. Энэ бодитой юу?

-Одоо байгаагаас илүү үнэ өсөх юм бол улс орон маань дампуурах байлгүй. Тиймээс наад тоо чинь тавьсан зорилт, хүрч чадвал буруу юм биш. Ний нуугүй хэлэхэд, өсөлт гарна гэж итгэхэд хүнд байна. Миний хувьд энэ өвөл, ирэх хаврыг яаж давж гарна даа гэж бодож байна. Наад төсөвт тавьсан тоонууд чинь нэг л зүйлээс хамаарна. Урд хөршийн байдал, тэндээс орох экспортын орлогоос л хамаарна. Ийм л эдийн засагтай байна.

-Таны харж байгаагаар ирэх онд ямар том төсөл хэрэгжихээр байна вэ?

-Манай гол хүндрэлтэй асуудал болоод байгаа экспортын орлого нэмэгдүүлэх чиглэлд төсөвт үндсэндээ юу ч тусаагүй гэхэд болно. Дарханы арьс ширний цогцолборт хэдэн төгрөг тусгуулъя гэсэн ороогүй гэсэн. Хэдэн шинэ автобус авч паркийн шинэчлэл хийх юм шиг байна. Машин хэрэглэх нь их үнэтэй болсон цагт хүмүүс нийтийн тээврээр явж эхэлнэ. Түүнээс биш Автобус паркийн шинэчлэл хийгээд одоо бараг юу ч өөрчлөгдөхгүй байх. Тэгээд ч автобус нь түгжирдэг байхад. Харж л байя.

-Валютын нөөц эрчимтэй багасч байна. Ам.долларын өсөлт галзуурлаа. Төгрөгийн ханшийн уналтын эсрэг холбогдох газрууд нь дорвитой арга хэмжээ авахгүй байна уу. Долларын өсөлтийг тогтвортой барихын тулд ам.доллар олох шинэ эх үүсвэрүүд бий болгох хэрэгтэй гэж эдийн засагчид хэлдэг. Та үүнд ямар бодолтой байна вэ?

-Ойрын цаг үе өнөөдөр, маргаашаа харвал импортын хэрэглээгээ багасгах, Оюу толгойн орлогыг Монголын банкны дансаар оруулах л арга зам харагдаж байна. Экспортын орлогын шинэ эх үүсвэрээ нэмэгдүүлье гэхээр цаг хугацаа шаардана. Тиймээс наад зах нь хүн амаасаа их хэрэглээтэй болсон машины асуудлаа шийдэх хэрэгтэй болжээ. Машинууд маань сэлбэг хэрэгсэл, шатахуун гээд хэрэглэдэг зүйлийн импорт маань бараг нэг тэрбум гаруй ам.доллар болсон байна. Гэтэл хүн амын маань хүнсий бүтээгдэхүүн, хувцас, гэр ахуйн хэрэглээний импорт 800 сая ам.доллар л байдаг юм. Үүнээс л эхэлж валют гадагш алдаж буй хэрэглээгээ хумих хэрэгтэй. Дээр нь энэ халамжаар олгож байгаа нэг их наяд гаруй төгрөг чинь импортын хэрэглээг нэмэгдүүлж валют гадагш урсах нэг шалтгаан болж байгаа. Барилгын салбарт, ялангуяа дотоод засалд асар их валют гадагш урсаж байна. Экспортын орлого олох эх үүсвэрээ нэмэгдүүлэхэд үйлдвэрээ барихаас эхлээд цаг хугацаа шаардана. Харин дээр хэлсэн уул уурхайн бүтээгдэхүүнээ дахин боловсруулдаг болох нь ойрын хугацаанд хийж болох шийдэл юм. Алс ирээдүйдээ бол ХАА, Органик хүнсний үйлдвэрийн экспортыг нэмэгдүүлэх боломжтой. Аяндаа улс орон хөгжөөд ирэхээр бусад ашигтай аялал жуулчлал гэх мэт салбарууд хөгжөөд ирнэ.

-Импортын хэрэглээгээ багасгах ёстой гэж байна. Ер нь бид ам.доллар яаж олох вэ?

-Хоёр арга зам байна. Нэгдүгээрт, экспортын орлогоо нэмэгдүүлэх, нөгөө нь импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх. Экспортын орлогоо нэмэгдүүлэх хүрээнд нэн тэргүүнд авч болох арга хэмжээ бол Оюу толгойн орлогыг манай банкны татварын дансаар оруулдаг болгох. Одоо бол Оюу толгойн борлуулалтын орлогын 10 хүрэхгүй хувийг л манай улс татвар болон бусад төрлийн орлогоор авч байгаа. Мөн алтны олборлолтыг нэмэгдүүлж болно. Ойрын хугацаанд уул уурхайн бүтээгдэхүүнүүдээ боловсруулан гаргадаг болчихвол экспортын орлого шууд нэмэгдэнэ. Түүнчлэн Дарханы арьс ширний цогцолборыг ойрын хугацаанд жил гаруйн дотор ашиглалтад оруулчихад л малын арьс ширнээсээ 2024 оноос 200 гаруй сая ам.доллар олдог болчихно. Дээр нь Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэт дэх Бэрэн компанийн гангийн үйлдвэрээ ашиглалтад оруулаад энэ хоёр үйлдвэрээ хослуулаад барилгын арматур төмөр гаднаас авахгүй дотоодоо үйлдвэрлээд эхлэхэд 200 гаруй сая ам доллар ирэх жилээс эхлээд хэмнээд эхэлж болно. Наад зах нь төмрийн хүдрээ дахин боловсруулаад зөвхөн ширэм гаргахад л түүнээс орж байгаа 600-900 сая ам.долларын орлого чинь хоёр дахин нэмэгдэх боломжтой. Үйлдвэрүүд нь бэлэн байж байна. Өнөөдрийн байдлаар яг үндсэндээ ганц нүүрсний орлогоос хамаарч валютын нөөц, ханш чинь тодорхойлогдож байгаа. Үүнд их ач холбогдол өгч нүүрсээ гаргахаа яриад л бусад экспортын орлого олох боломжоо хаячихаж байна. Энэ бол бидний том алдаа. Хэдэн жил бид эдийн засгаа солонгоруулж, экспортын орлогоо нэмэгдүүлнэ гэж ярив. Манай төрд байгаа зарим эдийн засагчид гээд байгаа нөхдүүд гаднаас зээл авч өнөөдрөө аргалж өнгөрүүлэхээ л бодож байгаа. Зээл авахаар өр нэмэгдэнэ. Одоо төлж чадахгүй хэмжээнд хүрч ирчихээд 2023-24 оны гадаад зээлийн төлбөрөө Засгаас баталгаа гаргаж өндөр хүүтэй зээлээр төлөхөөр төлөвлөж оруулж ирсэн байна. Тэгээд орж ирсэн зээлийг нь экспортын орлого олох боломжтой бизнес рүүгээ хийхгүй улстөрчид нь хуваагаад цохьчихож байна. Хөгжлийн банкийг хар. Улстөрчид нь өөрсдийн сонгуулийн менежерүүдээ Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга болон гол албан тушаалууд дээр тавьж байгаад хамаарал бүхий этгээдүүддээ зээл олгоод л дуусгачихаж байна. Тэр нөлөө бүхээ улстөрчдөө хууль хяналт, прокурор, АТГ нь шалгаж чадахгүй байна. Тэднийг мэдсэн ч гаргаж тавьж чадахгүй байх шиг. Нөгөө улстөрчид нь гишүүн байх хугацаандаа хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгачихаж байна. Одоо энэ хугацаагаа сунгах гээд намын жагсаалтаар УИХ-ын гишүүн байж болно гээд Үндсэн хуулийн Цэцээр хууль бус дүгнэлт гаргуулчихаж байна.

-Та Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийг тайлбарласан нь хууль бус гэж үзээд нэр бүхий гишүүдийг нь эргүүлэн татах асуудлаар УИХ-д хандсан. Энэ асуудлаар тодорхой тайлбар хэлэхгүй юү. Их хурлын даргатай бага зэрэг ам зөрж байгаа харагдсан?

-Үндсэн хуулийн Цэц 2022 оны зургадугаар сарын 27-ны өдрийн Их суудлын хуралдаанаараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан 21 дүгээр зүйлийн дөрөв дэх заалтаар сонгуулийн тогтолцоо, түүний хувилбарыг сонгон хуульчлах эрх нь УИХ-д нээлттэй байна гэсэн дүгнэлт гаргачихсан. Тодруулбал, Үндсэн хуулийн заалтыг тайлбарласан байгаа биз. Ийм эрх Цэцэд Үндсэн хуулиар байхгүй. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-аар 2019 оны ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэхэд дээр дурдсан Үндсэн хуулийн 21 дүгээр заалтын дөрөв дэх заалтаар оруулсан нэмэлт өөрчлөлтөөс “холимог тогтолцоо” гэдэг үгийг зарчмын зөрүүтэй санал гаргаж хассан байгаа юм. Цэцийн тухай хуулийн хоёрдугаар зүйлийн нэг дэх хэсэгт Цэц шийдвэр гаргахдаа судалгаанд тулгуурлана гэж заасан байдаг. Гэтэл энэ санал хураалтыг харгалзахгүй, УИХ-ын шийдвэрт тулгуурлахгүйгээр ийм илт хууль бус шийдвэр гаргасан. Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн эгүүлэн татахаар Үндсэн Хуулийн 65 дугаар зүйлийн дөрөв дэх заалтаар зохицуулсан байдаг. Энэ дагуу л би УИХ-аас илгээсэн гурван хүнийг эргүүлэн татъя гэсэн саналыг УИХ-ын даргад оруулсан. Мөн УИХ-ын гишүүн Цэцэд хандаж болдог. Энэ заалтын дагуу УИХ-ын даргад хандсан. Гэтэл аль алинд хариу ч байхгүй УИХ-ын дарга хууль зөрчөөд дараад суучихлаа. Үүнээс л би УИХ-ын дарга энэхүү холимог тогтолцооны захиалгыг Цэцэд гаргаж нөгөө нөхөд нь хэрэгжүүлжээ гэж хардаж байна. Үндсэн хууль зөрчөөд байхад УИХ-ын дарга хайцаалаад байж болохгүй биз дээ. УИХ-аар 2022 оны зургаадугаар сарын 16-ны өдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар иргэдээс санал авах тогтоол гарснаас зургаа хоногийн дараа УИХ-ын дарга Г.Занданшатар тойрогтоо буюу Баянхонгор аймагт очиж ажиллахад нь иргэд дургүйцлээ илэрхийлж, загнуулсан бичлэгүүд Фэйсбүүкээр их явсныг санаж байна уу. Үүнээс хэдхэн хоногийн дараа буюу 2022 оны зургадугаар сарын 27-нд Цэцийн энэхүү хууль зөрчсөн шийдвэр гарсан байдаг. Энэ бүхэн санамсаргүй тохиолдлын зүйл биш гэж харж байна. Үүнийг л би чуулганы хуралдаан дээр хэлсэн.

-Дахин сонгогдох боломжгүй улстөрчид Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлж, шийдвэр гаргуулаад байна гэж ойлгосон зөв үү?

-Яг зөв, тэгж ойлгож болно. Тойрогтоо айдастай байгаа улстөрчид захиалж Цэцээр ийм шийдвэр гаргуулсан. Тэдний нэг гол хүн нь УИХ-ын дарга юм шиг байна. Тийм учраас Цэцийн гишүүдэд хариуцлага тооцох шийдвэр УИХ-аас гаргуулахгүй гээд дараад суугаа хэрэг шүү дээ. Баянхонгороос хамгийн бага саналаар, хамт явсан хоёр нөхрөө гаргуунд нь орхин арай гэж гарч ирээд сайн нөхдийн дэмжлэгтэйгээр Их хурлын дарга болчихсон хүн л дээ. Тойрогтоо нэр хүндгүй хүн улсаа яаж удирдах вэ дээ. Нөгөөтэйгүүр Цэцэд захиалж, сонгуулиар нам дугуйлах шийдвэр гаргуулсан гол хүн нь УИХ-ын дарга юм шиг байна.

-Тэрхүү Цэцийн тайлбарласан, гаргасан гээд байгаа шийдвэрийг одоо яаж засах боломжтой бэ, ямар хор хөнөөлтэй болчихоод та эсэргүүцээд байгаа юм бэ?

-Уг шийдвэрийг өөрчилж болох хуулийн ганц гарц бол дээр миний дурдсан Үндсэн хуулийн анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн эгүүлэн татах тухай Үндсэн Хуулийн 65 дугаар зүйлийн дөрөв дэх заалт л юм. Тиймээс би Цэцийн гишүүдийг илгээсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүхэд хууль бус шийдвэр гаргасан Цэцийн гишүүдээ иргүүлэн татаач ээ гэсэн шаардлагыг хүргүүлсэн. Одоогоор Дээд шүүх л татгалзсан хариу ирүүлээд байна. Шүүх нь хууль зөрчсөнийг зөвтгөж байна гэсэн үг шүү дээ. Шуудхан хэлэхэд, мөн л улстөрчдийн харц, нөлөөллөөр ажилладаг гэдгээ харуулж байна. Энэхүү Үндсэн хууль тайлбарласан хууль бус үйлдлээр намын жагсаалтаар иргэдийн танихгүй, ард түмэнд таалагддаггүй улстөрчид УИХ-д шууд орох боломж нээгдэнэ. Тодруулбал, олон нийтэд нэр хүндээ барсан, хууль бус үйлдлээ хайцаалах гэсэн сонгогдох боломжгүй хүмүүс л намын нэр шидчихээд л намынхаа авсан хувь дээр нь гишүүн болно гэсэн үг юм. 2012 онд Их хурлын сонгуулиар намын жагсаалтаар тойроггүй, хариуцлага үүрдэггүй 27 хүн гарч ирсэнтэй адил юм. Одоо иргэд маань улс орныхоо эрх ашгаас урвасан улстөрчдийг мэддэг болсон. Тухайлбал, Оюу толгойн луйварт холбогдсон хүмүүсийг сонгуулиар сонгохгүй, улс төрөөс зайлуулчихаж байна. Тэд муу улстөрчдийг нэр дугуйлахгүй, сонгохгүй шүүрдэх боломжтой байна гэсэн үг юм. Ганц улстөрчдийг айлгаж байгаа эрх мэдэл нь энэ юм. Энэ нь байхгүй болчихвол иргэд олон нийт эрх мэдэлтэй, хөрөнгөтэй хүмүүсийн эрхшээлд нэг мөсөн орно.

-Та Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан хүн. Удахгүй өвөл боллоо. Улаанбаатар хот энэ жил хөлдчихгүйхэн шиг хавартай золгож чадахаар байна уу?

-Энэ өвлөөс оройн оргил ачааллын цагаар эрчим хүчний хангамж хүндэрч эхэлнэ. Одоо хязгаарлалтад ороод эхэлсэн байна билээ. Оройдоо оргил ачааллын үед ОХУ-аас бараг тултал 300 МВт-ыг авч эхэлсэн байна. Тэгэхээр 12 сараас хүйтний эрч чангарахаар эвгүй болж эхлэх хэрэг. Ирэх 2024 оноос бол бүр хүндэрч эхэлнэ. Хүнд аваар саатал гарвал Нийслэл хөлдөж ч мэднэ. Энэ талаар би хангалттай хэлж сануулсаар ирсэн. Бодитой хийгдсэн юм алга. Хэрэв хүсэл байсан бол тэр иргэд аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны төлбөрийг төлсөн 900 гаруй тэрбум төгрөгөөр чинь дор хаяж 200 гаруй МВт-ын хүчин чадалтай станц барьчих хөрөнгө байлаа. Тухайн цаг үед нь “Станц барих хайран мөнгийг ингэж зарж болохгүй” гэж миний хэлсэн үг байгаа шүү. Энэ өвлөөс Эрчим хүчний дутагдал хүндрэл мэдрэгдэж эхэлнэ. Дараа жил нийгэмд илт мэдрэгдэж эхэлнэ. ОХУ-аас өдөр тутам авах цахилгааны хэрэглээ нэмэгдэнэ. “Тэнэгийн ухаан хойно” гэдэг л болж байх шиг байна.

Эрчим хүчийг өмнө нь батлагдчихсан дунд хугацаанд хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлээд явчих юм бол хараат бус, найдвартай эрчим хүчний системтэй л болно. Зарим нэг нь хэрэгжиж байгаа талаар өмнө дурдсан. Ялангуяа тэр батерей хуримтлуурын станц маш чухал. Дээр нь дор хаяж нэг 100-200 МВт-ын усан болон усан цэнэгт станц ойрын хугацаанд барих хэрэгтэй. Ингэж байж өвөлдөө хөлдөхгүй байх эрсдэлээс гарна. Газын буюу хийн тохируулгын 100 дээш МВт-ын станцтай болох шаардлагатай. Үүнийг бол хоёр жилд барьчихна.

-Тавдугаар цахилгаан станцын асуудал ямар түвшинд яваа бол?

-Энэ төслийг нураах гэж Багануурын станцын төслийг гаргаж ирсэн юм билээ. Тэгээд санасандаа хүрч тэр төсөл бүрмөсөн зогссон байдаг юм. Одоо нөгөө хүмүүс харин намайг зогсоосон мэтээр илт худал гүтгэлгийг тараасан байна. Тийм зүйл огт байхгүй. Намайг сайдаар ажиллахаас өмнө болсон явдал. Багануурын хувьд илт улс орондоо ашиггүй, технологийн шаардлага хангахгүй гэрээг 2015 онд байгуулсан байсан. Тэр ашиггүй гэрээний зарим заалтыг бид Хятадын хөрөнгө оруулагчтай хэлэлцэж тохироод манайд ашигтай болгож өөрчилсөн. Тодруулбал, манайд ажиллах боломжгүй 350 МВт-ын хүчин чадалтай хоёр турбингенераторыг нь 250 МВт-ынх болгуулж тохироод, ажил эхлээд явж байсан. Барилга байгууламжийн ажил нь эхэлсэн. Одоо юу болж байгааг сайн мэдэхгүй байна. Миний сонссоноор Хятадын ерөнхийлөгч өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын чуулганд оролцож үг хэлэхдээ “Нүүрсний станцад хөрөнгө оруулалт хийхгүй, хүлэмжийн хийг бууруулна” гэсэн амлалт өгчихсөн юм билээ. Энэ асуудал нөлөөлсөн байх. Мөн Хятадад төрийн өмчийн компаниуд гадаадад хөрөнгө оруулалт хийхгүй байх шийдвэр гараад хөрөнгө оруулагч компанид хүндрэл үүссэн юм билээ. Түүнээс биш манай талаас болж төсөл гацсан юм огт байхгүй. Тийм бол тэр эх оронч бус гэрээгээр чинь манайхаас шалтгаалж төсөл зогсвол дор хаяж 500-600 сая ам.долларын хохирол манайх төлөх нөхцөл үүснэ. Тийм л гэрээг манайхан хийчихсэн улсууд шүү дээ.

-Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг заавал барина гэж Засгийн газар үзэж байх шиг байна. Ирэх оны төсөвт уг станцыг барихаар ямар хэмжээний төсөв суулгаж өгсөн байна вэ?

-Усан цахилгаан станц барьж байж л манайх эрчим хүчний бие даасан, найдвартай системтэй болно. Би улс төрд орсон цаг үеээсээ ийм байр суурь илэрхийлж ирсэн. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хөрөнгийг шийдэх, ТЭЗҮ-ийг боловсруулах ажил У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед буюу намайг Эрчим хүчний сайдаар ажиллаж байх үед шийдэгдсэн. Сайд нь дэмжээгүй бол тэр төсөл яаж олигтой хөдлөх юм. ТЭЗҮ нь яаж хийгдэх юм. Намайг эсэргүүцэгч мэтээр зарим нэг сайт, фэйсбүүк хуудсаар гүтгэсэн байна лээ. Цахим хуудсаараа би Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг дэмжсэн байр сууриа илэрхийлж ирсэн.

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүсчлэлд байгаа айл өрхүүдийг яахаар байна вэ?

-Энэ асуудал бол улс орны тэр тусмаа баруун бүсийн эрчим хүчний аюулгүй байдалтай холбоотой зүйл юм. Баруун бүсээ хямд цахилгаанаар дотроосоо 100 хувь хангадаг болох төдийгүй Төвийн эрчим хүчний системтэйгээ холбочихвол улс орноо оргил ачаалалын үед оройн цагаар гаднаас эрчим хүч авахгүй хангадаг л болох юм. Өвөлдөө нийслэлээ хөлдөх аюулгүй болгоно. Иргэдийн тулгарсан асуудлыг энэ өргөн уудам нутагтаа улс орон шийдэж болох байлгүй дээ. Баруун аймгийн зөндөө л малчид Төвд ирж суурьшиж болоод л байна. Тэдний хүссэн газарт нь нөхөн төлбөрийг нь өгөөд суурьшуулах нь улс эх орны асуудал. Тэгээд хамгийн өргөн уудам нутагтай, хүн ам сийрэг байдаг манай улс иргэдээ хаана амьдруулахаа шийдэж чадахгүй бол инээдэмтэй зүйл биш үү.

-Сүүлд нэг зүйл асуухад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт яригдах уу. Саяны Цэцийн шийдвэрээр давхар дээлийг өөрчилчихсөн. Нэмэлт өөрчлөлтийг уг нь их ярьсан шүү дээ?

-Миний хувьд Үндсэн хууль буюу бидний амьдрах эрх зүйн дээд хязгаар, төрийн эрх мэдлийн зохицуулалтыг өөрчлөхийг дэмждэггүй. Төрд гарсан хүн бүр л өөртөө тааруулж өөрчлөх гэдэг болчихно. Тийм хандлага үеийн үед л гарсаар ирсэн. Гоё шалтаг гаргаад л, Үндсэн хуульд л гай байгаа юм шиг тайлбарлаад байдаг. Шуудхан хэлэхэд, өөрсдөө ажлаа хариуцлагатай сайн хийж, улс орноо авч явж чадахгүй байгаагаа Үндсэн хууль руу чихдэг буруу зуршил манайд бий.

-Давхар дээлийн хязгаарлалтгүй болж шинэчлэгдлээ. Ингэлээ гээд ажил сайжрах найдвар байна уу?

-Давхар дээлтэй сайд нар хоёр талтай. Улс төрийн талаасаа Их хуралтайгаа ажиллах, асуудлаа оруулж шийдвэрлүүлэхэд дөхөмтэй болсон байх. Нөгөө талаар, тэднийг дагаад улс төрийн гал Засаг руу чиглэнэ. Саяхан Хөдөлмөр нийгэм, хамгаалалын сайдтай холбоотой үүссэн асуудлаас үүнийг харж болно. Салбарын ажил сайжрах нь юу л бол. Ялангуяа мэргэжлийн сайд удирдаж байсан салбарын хувьд бол дээрдэхгүй байх аа. Тэр салбарын учрыг олж чадахгүй л хугацаа нь дуусч мэднэ. Сайд нарт байгаа түгээмэл нэг дутагдал бол фэйсбүүкээр өөрийгөө “ганц сайн сайд” гэсэн байдлаар попроод түүндээ итгээд салбарын үндсэн ажлаа орхиод байгаа явдал юм. Ингэж наад захын жижиг шажиг зүйлээр хөөцөлдөж, попорч шуугиулаад байвал салбарын үндсэн ажил хохирдог. Ийм дутагдал давхар дээлтэй улстөрч мэргэжлийн бус сайд нар дээр илүү гардаг. Засгийн газрын хувьд бодитой ажил хийчихээсэй гэсэн хүлээлт л надад байна. Би тодорхой саналуудаа, тухайлбал улс орны хөгжилтэй холбоотой асуудлыг Ерөнхий сайдад хэлж байгаа. Дарханы арьс ширний цогцолбор, Батарей хуримтлуурын станц гээд анхаарч өгч байна. Улс орны эдийн засгийн байдал хүнд байна. Гаднаас зээл авч өр нэмсэн байдлаар түр зуурыг аргалах гэж Эдийн засгийн яам, Сангийн яам хандвал цаашид бүр хүндэрнэ. Гадаад төлбөр тооцоогоо хийж чадахгүй байдалд ч хүрч мэднэ. Би энэ яаманд чинь залуу насаа өнгөрүүлсэн хүний хувьд төсөв санхүү, эдийн засгийн хэдэн тоо, нөхцөл байдлыг нь сайн мэдэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Д.Есөн-Эрдэнэ: Ургац хураалтын ажлыг энэ сарын 20-ноос өмнө дуусгахаар төлөвлөж байна DNN.mn

– ЦАС ОРОХГҮЙ Л БОЛ ХҮЙТРЭХ НЬ УРГАЦ ХУРААЛТАД НӨЛӨӨЛӨХГҮЙ –


Энэ сар нийт нутгаар олон жилийн дунджаас илүү хүйтэн, газар тариалангийн бүс нутгаар ахиу хур тундас орох урьдчилсан мэдээ гарсантай холбогдуулан ургац хураалтын ажил ямар явцтай байгаа талаар бид албаны хүнээс болон тариалан эрхлэгч, малчдаас тодруулсан юм.

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнээс тодрууллаа.


-Өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлээд нийт нутгаар сэрүүсч, зарим газар цочир хүйтэрч, цас хаялаа. Цаг агаарын энэхүү байдал ургац хураалтад нөлөөлж байна уу?

-Тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн хойд сумдаар гайгүй өнгөрлөө. Цас уулаараа л орох шиг боллоо. Түүнээс биш гол газар тариалангийн бүс нутгаар цас орсонгүй. Харин Архангай, Өвөрхангай, Булган зэрэг нутгаар бага зэргийн цас орлоо. Энэ нь ургац хураалтад айхтар нөлөө үзүүлээгүй ч ерөнхийдөө ажлын явцыг бага зэрэг хойшлууллаа.

-Цас орсноос шалтгаалж ургац хураалтын явц хойшиллоо гэж байна. Ингэж хойшлогдох нь тухайн ургацын сорт, чанарт нь нөлөө үзүүлдэг үү?

-Сортонд нөлөө үзүүлэх нь гайгүй. Ер нь энэ хүйтрэл тариалангийн бүс нутгуудад гайгүй өнгөрлөө.

-Аравдугаар сард ер нь хүйтэн, олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байх шиг байна. Тиймээс салбар яамны зүгээс ургац хураалтын ажилд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Ургац хураалтын ажлыг энэ сарын 20-ноос өмнө дуусгахаар ажиллаж байна. Ер нь жил бүрийн энэ хугацаанд дуусчихдаг. Цаг агаарын прогнозыг харахад мөн адил энэ хугацаанд дуусчих байх гэсэн чигтэй байна. Ерөнхий цаг агаарыг харахад энэ долоо хоногт хүйтрээд ирэх долоо хоногоос дулаахан байх шинжтэй. Тиймээс бид энэ хугацаанд ажлаа эрчимжүүлэхээс гадна цочир хүйтний үед төмс, хүнсний ногоогоо хөлдөөхгүй байх талаар чиглэл өгч ажиллаж байгаа.

-Ургац хураалтын явцын мэдээг өгөөч?

-Одоогийн байдлаар үр тарианы хувьд 40 орчим хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 60-80 орчим хувьтай явж байна.

-Гурлын үнэ нэмэгдсэнд олон нийт бухимдалтай байна. Үүнд манай тариаланчид болон ургац хураалтын явц нөлөөлж байна уу. Шалтгааныг нь та юу гэж харж байна вэ?

-Ер нь юм бүхний үнэ нэмэгдэж байна. Тэр утгаараа буудайны өөрийн өртөг ч нэмэгдлээ. Хил гааль, орц, мөн валютаар авдаг сэлбэг, шатахуун, бордоо, ургамал хамгааллын бодис зэрэг бүх юмны үнэ нэмэгдчихсэн. Үүнээс болоод улаанбуудайн үнэ өсчихлөө. Ийм зүйлүүдээс болоод гурилын үнэ нэмэгдсэн болов уу. Гурилын үйлдвэрүүд улаанбуудай хэрэглэж байгаа үүнийх нь үнэ нэмэгдчихлээ, дээр нь цалин хөлс, тээвэрлэлтийн зардал гээд өндөр байгаа болохоор үнээ нэмсэн байх.

-Жилийн жилд авдаг ургацаа энэ жил дутаахгүй авчих болов уу?

-Энэ жилийн тухайд тодорхой хэмжээний нөөц байна. Тиймээс олон жилийн дунджийн хэмжээнд ургацаа авчихна.

-Ирэх хаврын тариалалтын үрийн нөөц ямар байгаа вэ. Гаднаас авдаг байсан нь түр зогсчихсон байгаа биз дээ?

-Тариаланчид хувьдаа үрээ сайн нөөцөлж байна. 2019 онд ургац буурсантай холбоотойгоор үр нөөцөлж ОХУ-аас авсан. Харин өнгөрсөн жил болон энэ жил үр аваагүй.

Сэлэнгэ аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөр: -Саяны хүйтэн, цас бороо манай үүгээр гайгүй өнгөрлөө. Баруунбүрэн сумаас бусад газар ялимгүй бороо орсноос биш цас унасангүй. Ерөнхийдөө ургац хураалтын ажил ид явагдаж байгаа. Манай аймаг энэ жил нийт 204 мянган га газар үр тариа тариалсан байгаа. Үүнээс Улаанбуудай 129 мянган га-д, арвай буудай 700 га, овъёос таван мянган га, гурвалжин будаа нэг мянга гаруй га, тосны ургамал 44.7 мянган га, 2.1 мянган га-д төмс, 2.8 мянган га талбайд хүнсний ногоо тус тус тариалсан.

Одоогийн байдлаар 128.5 мянга га талбайгаас 13.4 цент улаанбуудай хурааж авна гэсэн төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна. Ерөнхийдөө тариа хураалтын ажил 40 орчим хувьтай явж байна. Энэ нь өнгөрсөн үетэй харьцуулахад ургац хураалтын ажил хэвийн явагдаж байна гэж ойлгож болно. Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг хүлээн авсан. Ерөнхийдөө энэ долоо хоногтоо цаг агаар гайгүй гэж гарсан. Цаашдаа сэрүүсч, нийт нутгаар цас орох төлөвтэй байгаа юм билээ. Тиймээс цаг агаар гайгүй хоног хугацаанд ургац хураалтын ажлаа яаравчлан авах бодлого барьж ажиллаж байна. Ер нь бол хүйтэрсэн ч гэсэн бид яаж ийгээд л салгаад авчихна. Хамгийн чухал нь цас л орохгүй байх юм.

Тариалан эрхлэгч С.Зүсэрбороо: -Манайх ургац хураалтаа арай аваагүй л байна. Шатахууны нөөц дууссан учраас ургац хураах ажил жаахан төвөгтэй байна. Ямартаа ч энэ сардаа багтаагаад авчих болов уу гэж бодож байна. Гэхдээ цаг агаар энэ сард тийм ч таатай биш байх нь. Цаг агаар хүйтрээд цас унаад, шуураад байвал ургац хураалт авах маань хойшлоод л байна гэсэн үг.

Ховд аймгийн Чандмань сумын малчин Т.Ганхуяг: -Баруун аймгуудын нутгаар намаржаа муу байна. Зун олигтой өвс гараагүй айлууд намаржаандаа буусан. Налайсан намрын налгар өдрүүд болохгүй хүйтрээд шуураад л байна. Айлууд зарим нь оторт бүр зүүн аймгуудын нутаг руу явж байна. Зарим нь нутагтаа үлдээд өвлийн бэлтгэлээ өөрсдийн хэмжээндээ л базааж байна. Намрын эхэн сард цаг агаар овоо гайгүй байсан. Тэр үед мал жаахан царигтай болж ирсэн. Одоо ингээд хүйтрээд шуураад, жаахан гарсан өвс нь хатаж гандаад хийсчихвэл мал идэх, зулгаах юмгүй болох нь. Цаашлаад малын тарга хүч сулраад байх шинжтэй. Зуд болно гээд айлууд малаа махалж байна. Гэхдээ малын мах баруун аймгуудад ямар ч үнэгүй болчихлоо. Малчид хэцүүхэн л байна. Махнаас бусдынх нь үнэ хэд дахин нэмэгдээд л байдаг. Малчдын гол орлого болсон махны үнэ бусад хэрэгцээндээ хүрэхгүй болж байна. Айлууд өвс, хадлангаа базаасан. Саяхнаас өвс ачсан машинууд ирж байна. Нэг боодол өвс 13 мянган төгрөгөөр зарж байна лээ. Энэ нь бидэндээ үнэтэй л тусаад байгаа юм. Үнэнийг хэлэхэд, нэг бүдүүн хониор арван боодол өвс ч авч хүрэхгүй байна шүү дээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Саранчимэг нарын нэгийг ХНХ-ын сайдад томилохоор ярьж байна DNN.mn

Д.Сарангэрэл гишүүний давхар дээлийг тайлснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дараагийн сайд хэн болох вэ гэдэг асуудал олон нийтийн сонирхлыг ихээр татаж байна. Үүний хажуугаар улс төрийнхний хүрээнд сайдад амбицлах, бусдыгаа сайдад чичрүүлэх, сайд болох сонирхолтой улстөрч гэх мэдээллийг олон нийтэд цацаж, нэр хүндийг нь унагах зэрэг үйлдлүүд идэвхтэй хийгдэж байна. Энэхүү цуурхал, худал мэдээллээс шалтгаалж нэр хүндээ алдахаас болгоомжилсон улстөрчид өөрийн цахим хуудаснаа сайд болохгүй гэдгээ ч мэдэгдээд буй. Олон нийтийн дунд УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг дараагийн сайдад зүтгэж эхэллээ хэмээн идэвхтэй ярьгдсан. Үүний эсрэг тэрбээр сайд болохгүй гэдгээ өөрийн цахим хуудаснаа албан ёсоор мэдэгдсэн. Мөн УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг сайд болж, Бүлгийн даргын албаа өөр хүнд өгнө гэх мэдээлэл мөн адил идэвхтэй яригдсан. Харин бүлгийн дарга сайдад сонирхолгүй байгаагаа сэтгүүлчдэд тодорхой тайлбарласан байна. Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг сайдад чичрүүлэх сонирхолтой бүлэг ч байна. Зарим нь “Ул”-ыг “Боов”-оор солихгүй байлгүй хэмээн хошигнон, бусдын нэр хүндэд зохион байгуулалттай халдах улс төрийн бохир үйлдлүүдийг ч хийж байгаа нь энэхүү салбарыг хариуцан ажиллах сонирхолтой хүн олон байгааг тодорхой харуулж буй юм. Гэвч хэнийг сонгохоо Ерөнхий сайд ганцаараа шийдвэрлэх бүрэн эрхтэй. Тиймээс намын даргадаа тал засах, нам дотроосоо дэмжлэг авчих сонирхолтой хүмүүс цөөнгүй бий. Харин сошиал болон бусад хэвлэл мэдээллээр явж буй дараагийн сайдад тэр яригдаж байна гэх мэдээллийн эсрэг ямар нэгэн тайлбар хийхгүй, хөшигний ард чимээгүйхэн суух хэсэг улстөрчид байна. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, тус яамны сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Чинзориг, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Ч.Ундрам нар юм. Үүн дээр нэмэгдээд сөрөг хүчний гэх С.Одонтуяа гишүүн билээ. С.Одонтуяа гишүүний хувьд сөрөг хүчний туршлагатай эмэгтэй гишүүн.

Тэрбээр УИХ-ын дэд даргын албыг давхар хашиж буй. Гэвч эрх баригч нам дотор сайдад болох сонирхолтой олон хүн байхад хүчгүй сөрөг хүчний гишүүнийг сайд болгохгүйгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайн мэдэж байгаа. Харин сөрөг хүчнийхэн нэг ч гэсэн хүнээ сайдад суулгахаар Ерөнхий сайдаас горьдсоор байгааг улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Хэрэв Ерөнхий сайд сөрөг хүчний буюу УИХ дахь АН-ын бүлгээс нэг гишүүнийг сайдад томилчихвол өөрөө намынхандаа зэмлүүлэх нь тодорхой. Тиймээс сөрөг хүчний хувьд энэ засгийн газарт орох гэсэн санаархлаа болиод дотроо учраа олж, хүчтэй, ядаж эрх баригч намаа айлгачих сөрөг хүчин байхаа бодсон нь илүү оновчтой гэдгийг улстөрчид ярьж байна. Дээр хэлсэнчлэн хөшигний ард чимээгүйхэн орших улстөрчид дундаас УИХ-ын гишүүн С.Чинзориг болон Б.Саранчимэг нарыг сайд болгохоор эрх баригч нам дотроо идэвхтэй ярьж байгаа гэх мэдээлэл байна. Албан бус эх сурвалжаас авсан мэдээллээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Саранчимэг нарын аль нэгийг дэмжихээ илэрхийлсэн аж. Хэрэв энэ үнэн бол өнөөдрийн УИХ-ын намрын ээлжит чуулганаар дээрх хоёр гишүүний нэгийг дараагийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад томилох болсноо Ерөнхий сайд танилцуулах нь тодорхой. Б.Саранчимэг гишүүний хувьд УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. Мөн Ерөнхий сайдын адил Харвардад суралцаж явсан, инженер, эрх зүйч мэргэжилтэй, улстөрч. УИХ-ын гишүүн асан Б.Наранхүүгийн дүү гэдгийг олон нийт мэднэ. Харин УИХ-ын гишүүн С.Чинзоригийн хувьд УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. 2014 онд тус яамыг толгойлж байсан удаатай. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан хуучин сайдаа хүлээж авах тухай дээр, дооргүй ярьж байгаа сурагтай. Юутай ч Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг Харвардаар нь өөртэйгөө адилтган магтаж байгаад сайдад томилох уу, эсвэл яамныхны сонирхлоор хуучин сайдыг нь эргүүлэн тавих уу гэдэг нь өнөөдрийн УИХ-ын чуулганаар тодорхой болох биз ээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

МОНГОЛБАНК: Гүйлгээнд 30, 40, 50 мянгатын мөнгөн дэвсгэрт гаргах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал DNN.mn

-БОДЛОГЫН ХҮҮ 12 БОЛСНООР ХАДГАЛАМЖИЙН ХҮҮ НЭМЭГДСЭН-


Монгол төгрөгийн ханш өдөр ирэх тусам суларсаар байна. Ам.долларын эрэлт ихэсч, нийлүүлэлт багассаны улмаас ханшийн өсөлт эрчимтэй нэмэгдэж байгаа нь эдийн засгийн зарим үзүүлэлт, иргэдийн худалдан авалтад сөргөөр нөлөөлж буй. Монгол Улс сардаа 300 сая ам.долларыг үрдэг гэсэн судалгаа бий. Энэхүү валютын урсгалыг дотооддоо барих, цаашлаад ам.долларын эрэлтийг хангах шинэ эх үүсвэрийг бий болгох нь чухал гэдгийг эдийн засагчид ярьж байна. Намрын чуулган удахгүй эхэлнэ. Үүгээр ирэх оны Монгол Улсын төсвийг хэлэлцэн батлах билээ. Ирэх жилийн төсөвд шинэ том төслүүдэд ямар нэгэн хөрөнгө оруулалт хийхгүй гэдгээ Сангийн яам мэдэгдсэн. Мөн гадаад өрийг бууруулах чиглэлд илүү анхаарна гэдгээ хэлсэн.

Ам.долларын ханш нэмэгдэх, төгрөгийн ханш улам унасаар байгаа энэ үед үүнийг зохицуулах үүрэгтэй Монголбанк ямар бодлого барьж ажиллаж байгааг тодрууллаа. Тэд төгрөгт итгэх, төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарч байна гэв. Өөрөөр хэлбэл, бодлогын хүүг нэмэгдүүлснээр төгрөгийн ханшийн уналтыг тогтвортой барих боломжтой гэсэн үг. Нөгөөтэйгүүр эдийн засагчид болон олон нийтийн дунд Монголбанкнаас шинэ буюу том мөнгөн дэвсгэрт гаргах асуудал идэвхтэй яригдаж байна. Төгрөгийн хамгийн том дэвсгэрт нь 20 мянга. Үүнээс дээш 30, 40, 50 мянган төгрөгийн дэвсгэрт гаргах уу гэдэг асуудлаар болон хадгаламжийн хүүгийн асуудлаар албаны эх сурвалжаас дараахь тодруулгыг авлаа.


-Ам.долларын өсөлтөөс шалтгаалж төгрөгийн худалдан авах чадвар суларч байна. Үүнээс болоод иргэд банкуудад бэлэн мөнгө хадгалуулах нь багассан гэх мэдээлэл байна. Ер нь Монголбанкнаас хадгаламжийн хүүг өсгөх үү. Энэ асуудал дээр ямар бодлого баримталж ажиллаж байна вэ?

-Одоогийн байдлаар жилийн хугацаатай төгрөгийн хадгаламжийн хүү 10 орчим хувь байна. Сая манайхаас бодлогын хүүгээ өсгөснөөс хойш зарим арилжааны банкууд хүүгээ бага зэрэг өсгөөд эхэлж байгаа. Банк бүрийн хүү харилцан адилгүй, гэхдээ дунджийг нь тооцоод үзэхэд 10 хувь болж байгаа юм. Хадгаламжийн хүү хугацаанаасаа хамаараад мөн адил өөр байдаг шүү дээ.

-Бодлогын хүү өссөнтэй холбоотойгоор бусад банкууд хүүгээ нэмсэн гэж ойлгох уу?

-Бодлогын хүү гэдэг бол төгрөгийн суурь өгөөж. Энэ хүүгээс зах зээл дээр байгаа бүх хүү шалтгаалж байдаг. Ойр үеийн зах зээлийг харахад валютын ханшийн өсөлт эрчимжиж байна, инфляци явж байна. Ийм үед төгрөгийн суурь өгөөж буюу бодлогын хүүг нэмэгдүүлчихээр төгрөгт итгэх итгэл нэмэгднэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүмүүс төгрөгийн хадгаламжаа барих сонирхол нь өснө гэсэн үг л дээ. Бодлогын хүүг 12 болгоод өсгөчихөөр дагаад хадгаламжийн хүү өснө гэж ойлгож болно.

-Нийгмийн дунд шинэ мөнгөн дэвсгэрт гарах эсэх талаар сонирхож байна. Өөрөөр хэлбэл 30, 40, 50 мянгатын дэвсгэрт гарах уу. Энэ чиглэлээр ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Манайхаас аравдугаар сарын 1-нээс өмнө ирэх оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг батлах төслийг УИХ-д өргөн барьдаг шүү дээ. Энэхүү төсөлд мөнгөн дэвсгэртийн зохистой бүтэцтэй холбоотой заалтууд орчихсон явж байгаа. Гэхдээ мөнгөн дэвсгэртийг батлах асуудал бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Шинэ мөнгөн дэвсгэрт гаргах эрх Монголбанкинд байдаггүй.

-Танайхаас шинэ мөнгөн дэвсгэрт гаргах төслөө УИХ-д танилцуулах юм байна гэж ойлгож болох уу?

-Бидний хувьд энэ асуудлаар судалгаа хийж байж танилцуулна. Одоогоор 11 төрлийн дэвсгэрт байна. Үүний үр ашиг нь ямар байна, дэвсгэрт болгоны насжилт ямар байна, хэрэглээ ямар байна гэх мэт зохистой бүтцэд нь анализ, шинжилгээ хийгээд улмаар УИХ-д танилцуулна гэсэн үг.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Бямбацогт: Дарханы замын ажлыг шахаж чадвал нэг урсгал хоёр эгнээний хөдөлгөөнийг аравдугаар сард нээх боломжтой DNN.mn


УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Дорноговь аймагт вагон замаасаа унасан осол гарлаа. Ослын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Өнгөрсөн шөнө Дорноговь аймагт галт тэрэгний осол болсон. Зүүнбаян өртөөнөөс Ханги Мандалын чиглэлд барьж буй төмөр замд ачаа ачсан “Монголиан транс ложистик” компанийн вагон замаас гарч унасан. Дээрх өртөөнөөс 75 километрийн зайд буюу Хулангийн шанд хэмээх зөрлөг дээр энэхүү осол гарсан. Энэхүү галт тэрэгний цуваанд нийт 17 вагон явж байсан.

-Монголчууд өөрсдөө барьсан төмөр зам чанаргүй, аюулгүй байдал хангаагүй зам барилаа гэх шүүмжлэл олон нийтийн дунд байна. Салбарын сайдын хувьд та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Төмөр зам чанаргүй баригдсан гэж үзэхгүй байна. Мөн уг осол замын чанараас болж гарсан гэсэн дүгнэлт урьдчилсан байдлаар ирээгүй. Уг ослын урьдчилсан дүгнэлт гарсан. Осол гарсан вагонд гурван хүн явж байсан гэж хэллээ. Эдгээр гурван хүний хоёроос нь согтолтын зэрэг өндөр гарсан байна лээ. Нөгөөтэйгүүр хурд хэтрүүлсэн байж болзошгүй байгаа. Зүүнбаянгаас Ханги Мандал руу барьсан төмөр зам бол монголчууд өөрсдөө богино хугацаанд хямд өртгөөр барьсан зам. Уг замыг энэ ондоо багтаагаад Улсын комисс хүлээж авахаар ажиллаж байна. Одоо энэхүү төмөр зам дээр туршилтын тээврүүд хийгдэж байна.

-Нийгэмд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний талаарх мэдээллийг сонирхох боллоо. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-RFID гэх системийг бид нэвтрүүлэхээр ажиллаж байна. Уг системийг нэвтрүүлснээр зам тээврийн зарим асуудлыг шийдчихэж байгаа юм. Тухайлбал, замын пост, товчоогоор нэвтрэхдээ иргэд, жолооч нар төлбөр төлдөг. Зарим томоохон баяр наадмын үед төлбөр авах цэгүүдэд түгжрэл гацаа үүсдэг. Үүнийг шийднэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, галын хайч сунгаж, гараар төлбөр авдгийг болиулна. Ингэснээр төлбөр авах цэг дээр үүсдэг түгжрэл арилна. Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээтэй болно. Тээврийн хэрэгслийн бүртгэлийг бүрэн цахимжуулна. Ингэснээр бүх тээврийн хэрэгслийг үзлэг оношилгоонд хамруулах боломж бүрдэнэ. Мөн жолоочийн хариуцлагын даатгал төгөлдөржиж, зам тээврийн ослын хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулдаг болох юм. Тиймээс энэхүү асуудлаар саяхан Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхантай уулзаж RFID системийг түргэн шуурхай нэвтрүүлэх чиглэлээр санал солилцож ойрын үед ажил хэрэг болгохоор тохирсон байгаа. Ер нь бол цахим цаг үед үйлчилгээний шийдэл” үхэр тэрэг” шиг байж таарахгүй.

-Дарханы замын ажил яг одоогоор ямар байдалтай явагдаж байна. Ирэх сард уг замыг бүрэн нээнэ гэж мэдээлсэн. Одоо яг хаана, ямар ажил хийгдэж байна вэ?

-Дарханы замын ажил маш сайн хурдацтай явагдаж байгаа. Саяхан бид газар дээр нь очиж, ажлын явцтай танилцсан. Очно, танилцана, шалгана гэж хэнд ч хэлсэнгүй хэл чимээгүй очоод газар дээр нь яваад үзэж харлаа. Ямар ч байсан дотоодын цементийн үйлдвэрүүдтэй шуурхай хамтран ажилласны үр дүн гарч цементийн нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудал хэвийн болсон. Энэ ажилд том дэм болж буй цемент үйлдвэрлэгч үндэсний компаниуд болох Монцемент ХХК, Налгар түшиг ХХК-ийнхандаа баярлалаа гэж хэлье.

Гүйцэтгэгч компаниудад уртасгасан цагаар ажиллах үүрэг чиглэл өгсний дагуу ажил овоо эрчимжиж байна. Өнгөрсөн сарын сүүлээс хойш шинээр 45 км замын хөдөлгөөн нээгээд байна. Одоо Аглагийн хийд салдгаас Урьхан хүртэл 20 км, Баруунхараагийн сэтэрхий хөтөлөөс Хустайн давааны ар хүртэл 21 км асфальт хучилтын ажил үлдээд байна. Гэхдээ гүйцэтгэгч компаниуд өөрсдөө санхүүжилт, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан ажлаа урьдчилан харж төлөвлөж, зөв зохион байгуулах хэрэгтэй байгааг хэлж санууллаа. Хүн хүч, машин техникээ зөв хуваарилж ажлаа цаг хугацаанд нь, чанартай шахаж хийж чадвал нэг урсгал хоёр эгнээний хөдөлгөөнийг аравдугаар сард нээх бодит боломж байна. Бид төлөвлөгөө, гүйцэтгэл, чанар, үр дүн гэсэн тулгуур дөрвөн зарчмыг баримтлаад, мөрдөөд, хэрэгжүүлээд энэ эрчээ дахиад жаахан нэмээд зүтгэхэд болно гэж харагдаж байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Эмээтэй дрифт DNN.mn

Налгар намрын өдрүүд үргэлжилсээр. Намрын өнгө, гоо үзэсгэлэн юутай онцгой сайхан. Навчис шаргалтан хийсч, хангайн уулсад хурын солонго асгарчихав уу гэлтэй үзэмж төгөлдөр харагдана. Ил тайвшрал дундаас өнгөрсөнд үлдсэн дурсамж сэтгэлийн гүнээс оргилон цалгиж, тархинд задрахдаа зарим нь нулимс болон гадагшлах нь бий.

Эмээтэй, дэндүү сайхан эмээтэй байлаа, би. Тээр жилийн өвөл юм уу даа. Эмээ, ээж, аав, эгч нараа машиндаа суулгаад хөдөө байх нагацынх руугаа явлаа. Нагацынд хүрэх зам өвөлдөө гол дээгүүр давхиад оччихдог, их зугаатайсан.

Мөсөн дээр яваа учраас жаахан дүрсгүйтмээр санагдлаа. Ингээд огцом рулиэ дарж, бага зэрэг карданаа таттал машин ёстой сургаагүй хангал адуу шиг суурин дээрээ эргэлдэж бусгалаа. Хойно сууж явсан ээж, эгч нар хашгиралдаж зүрх нь амаараа гарах шахав. Машин зогслоо. Ээж, эгч хоёр “Өвчтэй амьтан бэ, яаж байгаа юм” гээд уурлах аястай араас нударч байна. Аав ч үг дуугарсангүй. Харин хажууд сууж явсан эмээ маань буйлан шүдээ булталзуулан хүүхэд шиг ход ход инээж байх юм. “Хүүе эмээ та зүгээр үү” гэтэл “Зүгээр ээ миний хүү” гэж байна. Би цаашлуулаад “Эмээ гоё байна уу, нахих уу” гэлээ. Эмээ “Күй хүү минь, болохоор бол тэгье” гэж байна шүү. Их л таалагдсан бололтой. Хамгийн сүүлд хэзээ ч ингэж мөсөн дээр тоглосон юм, хөөрхий. Хүүхэд насных нь дурсамж сэргэж, сэтгэлийнх нь гижиг хүрсэн бололтой. Эмээтэй дрифт, эмээтэй хамт аянд мордох хөгжилтэй хийгээд сайхан. Хүн хөгшрөхөөрөө хүүхэд шиг болдог гэдэг нь үнэн аж. Тэр үед хүүхэд шиг инээж байсан хөх торгон дээлтэй эмээ минь дээ…

Намрын сар дундаа орж, хангайн халиун буга хаа нэгтээ урамдсаар. Намар, намрыг аргадан суух налгар сайхан буурлууддаа Олон улсын ахмадын баярын мэндийг өргөн дэвшүүлье.