Categories
мэдээ улс-төр цаг-үе

SPEAK OUT: Төрийн өндөр албан тушаалтны хамаатнуудыг төрд алба хашихыг хориглосон хууль батлагдах уу DNN.mn

Төрийн алба төрлийн алба боллоо гэж шүүмжлэх хүн олон. Аав хүү хоёр, ах, дүү хоёр, эхнэр, нөхөр хоёр, тэр бүү хэл “нууц амраг”-аа ч өндөр албан тушаалд томилдог үзэгдэл өнөөгийн нийгэмд энгийн мэт зүйл болсон. Олон улсын жишгээр төрийн өндөр албан тушаалтны ах дүү, хамаатан садан, дотны найз нөхөд нь ч төрийн албанд ажиллахыг ашиг сонирхлын зөрчил гэж үзээд хуулиараа хориотой байдаг. Гэтэл манайд энгийн мэт үзэгдэл болсон нь төрийн албаны хүнд суртал, авлига, хээл хахууль цэцэглэн хөгжих, төсвийн хөрөнгийг хяналтгүй зарцуулах зэрэг хууль бус үйлдлүүд удаа дараа гаргасаар буй. Угтаа Төрийн албаны тухай хууль болон Ашиг сонирхлын тухай хуульд уг агуулгыг зохицуулдаг. Гэвч эдгээр хууль хэрэгжихгүйгээс гадна хуулийн цоорхойг ашиглан төрийн албыг төрлийн алба болгож буй этгээдүүд олширсон гэдгийг хуулчид, улс төр судлаачид ярьж байна. УИХ-ын гишүүний ах дүү, хамаатан садан Засгийн газарт ажиллаж болохгүй гэсэн хууль манайд байхгүй. Засаглалын бүтэц, схем бие биедээ харилцан адил хяналт тавих чадамжтай байж зөв тогтолцоо бүрэлдэнэ. Үүнийг зохицуулсан хууль одоогоор манайд байхгүй байна. Тиймээс Төрийн өндөр албан тушаалтны хамаатан саданг төрийн алба хашихыг хориглосон хуулийг УИХ-ын гишүүд санаачлах уу, үүнд гишүүд болоод улстөрчид, хуульчид ямар байр суурьтай байгаа талаар тодрууллаа.


УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: – Хориглож болно. Зөвхөн гэр бүл, үр хүүхдийг хориглож болох юм. Ах дүү, хамаатан саданг арай болохгүй байх. Туурга тусгаар бол тусын дайсан гэж үгтэй дээ. Бизнесийн хамтрагч, найз нөхөд л хэцүү дээ.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан: -Тийм хууль явж байвал бушуухан баталчихаасай. Гэхдээ орж ирээгүй. Ийм хууль санаачлах гэж байгаа ч гэж мэдээгүй байна. Ер нь хууль санаачлах чинь сэтгэл хөдлөлөөр хийдэг ажил биш. Судалгаа, үзэл баримтлал гээд чухал урьдчилсан ажлууд их бий. УИХ-ын гишүүн хууль санаачлах бүрэн эрхтэй. Энэхүү эрхийнхээ хүрээнд хуулиа оруулж ирж болно. Гэхдээ манайхан хуулийг их амархан гарган ирж баталдаг. Гэвч хэрэгжилт тун муу байдаг. Хууль шинээр батлах нь чухал ч гэлээ хэрэгжүүлэх нь хамгийн чухал шүү дээ. Энэ төрлийн хуулийн төсөл орж ирвэл ерөнхий агуулгынх нь хувьд дэмжинэ. Өөрөөр хэлбэл, хязгаар тогтоож өгөх гэж буй зарчмыг нь дэмжинэ гэсэн үг. Ялангуяа ардаас нь томилогдох бол ёс зүйн хувьд болохгүй. Ингэвэл өмнө нь мерит зарчмаараа явж байгаанууд нь хэлмэгдэнэ.

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл: -Яг тэгж хууль санаачлаад батлагдах юм бол хүний эрх зөрчигдөнө. Үүнийг ёс зүйн дүрмээр зохицуулдаг.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: -Ашиг сонирхлын тухай урт нэртэй хууль бий. Албан үүрэгт нь хамаарал бүхий албан тушаал байвал томилж болохгүй шүү дээ. Шууд хамаарал бүхий удирдлагад нь ажиллах, аль эсвэл нэг, хоёрдугаар гарын үсэг зурдаг албан тушаалд томилж болохгүй. Хамаатнууд гэдэг өргөн ойлголт. Тэр тусмаа манайх шиг хүн ам цөөнтэй улс орны хувьд. Төрсөн ах дүүс, үр хүүхэд гэвэл хаашаа юм гэхээс. Ер нь бол цаанаа бас л хүний эрхийн зөрчлийн асуудал яригдах байх.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: -Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж болохгүй. Хүнийг эрхэлсэн ажил, мэргэжлээр нь ялгаж болохгүй гэж бодож байна. Үндсэн хуульд бий. Хүний эрх, эрх чөлөө. Арвандөрөвдүгээр зүйлд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан байдаг. Мөн “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн заалт бий. Нөгөөтэйгүүр ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж Үндсэн хуулиараа үздэг. Тэр утгаараа сайн бодож, боловсруулж байж зохицуулалт хийх шаардлагатай. Ер нь бол хязгаар, заагтай болох хэрэгтэй. Гэхдээ Үндсэн хуулиндаа нийцүүлсэн байх ёстой гэдгийг анхаарах нь чухал.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Энэ асуудал Үндсэн хуультай зөрчилдөнө. Үндсэн хуулийн 16-4 заалтуудыг ноцтой зөрчинө.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: -Хамаатан гэхээр маш олон хүн болно доо. Аав, ээжийн талын, хадмын талын гээд мөн ч олон болно доо. Нэг нь төрд ажилласнаар бусад нь хохирох ёсгүй дээ.

Хуульч С.Чимэд-Очир: -Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд бүдэгхэн орсон байдаг. Яг төрийн өндөр албан тушаалтны хамаатан төрийн алба хашихыг хориглосон хууль, эрх зүйн орчин байхгүй. Энэхүү хуулийг санаачлах нь зөв гэж хуульч хүнийхээ хувьд үзэж байгаа. Гэхдээ Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг сайтар харж, уялдуулах учиртай. Тэгэхгүй бол ерөнхийд нь хориглосон хууль батлагдчихвал хүний эрх, хөдөлмөр эрхлэх эрхийг ноцтой зөрчинө. Тиймээс Үндсэн хуулийнхаа үзэл санаанд нийцсэн атлаа Төрийн өндөр албан тушаалтан ах дүү, хамаатан саднаа төрийн албанд томилдог байдлыг хориглосон хууль манайд хэрэгцээ шаардлага нь тулгарсан гэж бодож байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

АН-ын гишүүд: С.Баярцогт улс төрийн “Comeback” хийх гэж байгаа бол түргэн ирээд энэ намыг цэгцлээсэй DNN.mn

Ардчилсан намын асуудал ужгирлаа. Шинэ он удахгүй гарлаа. Ирэх жил сонгуулийн өмнөх жил гэдгээрээ улстөрчдийн болоод улс төрийн намуудын хувьд онцгой цаг үе. Өнгөрсөн УИХ-ын хоёр ч сонгуульд дараалан МАН үнэмлэхүй олонх болж төрийн эрхийг дангаараа барьж байна. Ирэх 2024 оны сонгуулийн прогнозыг өнөөдрийн нүдээр харахад МАН дахиад ч олонх болох магадлал өндөр. Учир нь МАН-тай өрсөлдөхүйц үндэсний хэмжээний том институци болох Ардчилсан нам дотоод дахь асуудлаа өнөөг хүртэл шийдэж чадахгүй байна. Сөрөг хүчин учраа олохгүй, талцаад байх тусам эрх баригчдад төдий чинээ улс төрийн том давуу талыг бий болгоно. Болгосоор ч байна. С.Эрдэнэ даргатай АН, экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай АН гэж хоёр хуваагдсан. Энэ хоёрыг хооронд нь эвлэрүүлэх ажлын хэсэг гарсан гэх. Харамсалтай нь эвлэрүүлэх ажлын хэсэг оновчтой, идэвхтэй үйл ажиллагаа явуулж харагдахгүй байгаа талаар АН-ын жирийн гишүүд хэлж байна. Тэд Ардчилсан намын асуудлыг С.Эрдэнэ, Х.Баттулга нарын аль нь ч цэгцэлж, эв нэгдлийг хангаж чадахгүй гэдгээ ч илэрхийлсээр. Харин сүүлийн үед АН-ын асуудлыг цэгцэлж, гишүүдийнхээ олонхын дэмжлэгийг аваад намаа удирдаад явах ганц лидерийг С.Баярцогтыг гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байна. С.Баярцогт ч өөрөө улс төрд хүчтэй орж ирж байгаагаа албан ёсоор илэрхийлсэн. Улс төрд орж ирснээ итгэлтэйгээр зарласан түүний хамгийн эхний ажил бол намаа нэгтгэх, цэгцлэх асуудал байх нь тодорхой. С.Баярцогт намаа удирдаад аваад явах чадвартай юу. Гишүүд нь түүнийг олонхоороо дэмжиж байгаа нь үнэн үү. Үнэн бол цаг хугацаа алдалгүй С.Баярцогтоо АН-ын даргаар томилоод асуудлыг нь шийдүүлээд намаа нэн яаралтай цэгцэнд нь оруулах шаардлага тулгараад байгаа юм биш үү гэх асуултаар Ардчилсан намын гишүүдийн байр суурийг тодрууллаа.


УИХ-ын гишүүн асан, АН-ын Хууль, эрх зүй хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү: -Ардчилсан намд тулгараад байгаа бодит асуудал нь нэг зүйл байна. Ардчилсан намын жинхэнэ дарга нь энэ гээд хэлэх ёстой Үндэсний бодлогын хороо нь хоёр хуваагдчихсан. Өөрөөр хэлбэл, хуучин ҮБХ, шинээр томилогдсон ҮБХ-ны хооронд зөрчил үүсчихсэн байгаа гэсэн үг. Энэ хоёр тус тусдаа хурал хийгээд, үйл ажиллагаагаа явуулаад байгаа учраас намыг улам хагаралдуулаад байна. Яагаад ингээд тус тусдаа асуудал гаргаад яваад байгааг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Тиймээс эхний ээлжинд энэ намын удирдлагын бүтэц болох ҮБХ-ны асуудлыг цэгцлэх шаардлагатай. Яг аль нь вэ гэж. Үүнд АН-ын нэрээр гарч ирсэн УИХ, ЗГ-ын гишүүд, намын үе үеийн лидерүүд санаачилгатай оролцох ёстой. С.Эрдэнэ энд нэг хуралдаад Х.Баттулга нь тэнд ч нэг хуралдаад нөгөөх рүү нь сэтгүүлчид хоёр тийшээ яваад байгааг би хувьдаа МАН-ын бодлогоор хийгдэж байгаа ажил л гэж хардаж байна. С.Баярцогтын хувьд сонгох, сонгогдох эрх нь бүрэн нээлттэй байгаа. Надад ч бас нээлттэй байгаа. С.Эрдэнэ, Х.Баттулга гэх хоёр хүнээс бусад АН-ын гишүүн болгонд сонгох, сонгогдох эрх нь бүрэн бий. Үнэхээр С.Баярцогтын мөрийн хөтөлбөр нь орж ирээд, албан ёсоор нэр дэвшээд үүнийг нь АН-ын гишүүд олонхоороо дэмжээд явбал би эсэргүүцээд явна гэж байхгүй. Хамтраад, намынхаа төлөө ажиллаад л явна. С.Баярцогтыг хүмүүс дэмжчих вий, үнэхээр АН-ын дарга болчихвий гэдгээс нь болгоомжилж энэ хүн рүү зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байгааг би харж л байгаа. Тэр дундаа экс Ерөнхийлөгчийн гар хөл болсон нөхдүүд үүнийг хийж байгаа. Гэхдээ С.Баярцогтыг дарга болгох эсэх асуудлыг эцсийн эцэст Ардчилсан намын нийт гишүүд л шийднэ.

АН-ын Тамгын газрын дарга Л.Ганхөлөг: -Манай намын лидерүүдийн нэг нь С.Баярцогт мөн гэж хардаг. Намаар ч зогсохгүй улс орон, олон улсын түвшинд асуудал шийдвэрлэх чадвар, мэдлэг туршлагатай улстөрч гэдгээ өнгөрсөн хугацаанд нотолсон шүү дээ. АН-ын асуудал улс орны хувь заяатай шууд холбогдсон учраас манай намын олон лидерүүд одоо үүнийг ойлгож улс төрийн ажиллагаандаа идэвхтэй оролцоод явах үүрэгтэй. Тэгээсэй ч гэж намын гишүүд, мөн АН-ыг дэмжигч иргэд ч тэднээс хүсч хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.

АН-ын гишүүн Б.Буянжаргал: -Нэгдүгээрт, манай намын энэ асуудал одоо хурдхан дуусчихаасай гэж хүсч байна. Ардчилсан нам унаж болох хамгийн доод цэгтээ хүрлээ шүү дээ. Доод цэгээс доошоо унана гэж байхгүй. Харин одоо дээшлэх хөдөлгөөнөө хурдхан эхлүүлэх шаардлагатай. С.Баярцогт манай намын шилдэг ледерүүдийн нэг. Саяхнаас С.Баярцогт тэргүүтэй манай намын гишүүд Ардчилсан намын ээлжит бус их хурлыг хуралдуулах асуудлаар гишүүдээс гарын үсэг цуглуулж байгаа гэж сонссон. Би үүнийг зуун хувь дэмжиж байна. Их хурлаа яаралтай зарлаад, хуралдуулах шаардлагатай. Хурлаараа бүх асуудлаа шийдчих. Шүүх, намын даргын асуудал гээд бүгдийг нь шийдчих боломжтой. С.Баярцогтын энэхүү бодлого үйл ажиллагааг нь зөв гэж харж байгаа. Хурдхан шиг намынхаа асуудлыг цэгцлээд бодитой улс төрийн үйл ажиллагаагаа явуулахгүй бол дээрээ суудлаа олохгүй байсаар доор чинь байгаа бид улс төрийн үзэл санаанаас өөр зүйлгүй л хаягдлаа. Тиймээс эхлээд намын их хурлаа яаралтай зохион байгуулъя, уг хурлаараа С.Эрдэнэ, Х.Баттулга нарыг зайлуулъя. Мөн бусад дагалдан баясагчдыг ч хөөе. Улмаар шинэ лидер, шинэ удирдлага, шинэ бүтцээ намын 20 мянган гишүүдийнхээ шийдвэрээр тодруулж гаргая. Шуудхан хэлэхэд, С.Баярцогт улс төрийн “Comeback” хийх гэж байгаа бол түргэн ирээд энэ намыг цэгцлээсэй. Өөр цэгцэлчих хүн үнэндээ ховор байна. Байвал гарч ирээд дуугар. Бусдын эрх ашиг, нөлөөнд орсон лидерүүд манай намаар их байна.

АН-ын гишүүн З.Пүрэв-Очир: -Эвлэрүүлэх ажлын хэсэг тал талаасаа дөрвөн хүн гаргаж байгуулсан. Гэхдээ бодитой арга хэмжээг авч ажиллаж чадахгүй байна. Учир нь С.Эрдэнэ манай нам хуваагдсан зүйл байхгүй, нэг л цул байгаа гэсэн зарчим дээрээ хатуу зогсоод хөдөлж өгөхгүй байна. Ер нь мань хүний харизм тийм л дээ. Шаасан гадас шиг бат зогсдог хүн. Тиймээс энэ ажлын хэсгийн үр дүнд найдаад суух нь өөрөө эргэлзээтэй. С.Эрдэнийн хувьд хэзээ ч Х.Баттулга нарын хүмүүстэй нэгдэхгүй. Харин С.Баярцогт С.Эрдэнийн оронд очиж байж, Х.Баттулгын талын АН-ынхантай эвээр яриад улмаар АН дотоод эв нэгдлээ бүрэн хангах боломжтой гэж харж байгаа.

АН-ын дэд дарга Ц.Оюундарь: -С.Баярцогтыг АН-ын дарга болно гэвэл 100 хувь дэмжинэ. Улсын хэмжээний бодлого тодорхойлох намын дарга хууль тогтооx болон гүйцэтгэх засаглалд идэвxтэй ажилласан туршлагатай, өндөр боловсрол, мэдлэг чадвартай байх нь улсын эрx ашигт нийцнэ. Ардчилсан нам хэзээд xувийн хэвшлийг дэмждэг, хоёр хөршөө xүндэтгэxийн зэрэгцээ гуравдагч хөршийн бодлогыг тууштай баримталдаг, парламентын ардчиллыг Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын баталгаа гэдэгт итгэдэг, xувь xүний эрx, эрx чөлөөг ямагт эрxэмлэсээр ирсэн нам. С.Баярцогт бол энэ үзэл санааг тэртээ 1990 оноос эхлэн хэлбэрэлтгүй тээж, энэxүү эрx чөлөөний үзэл санааг шинэ Үндсэн xуулинд шигтгэхэд гар бие оролцсон, улмаар түүнийгээ УИX, ЗГ-т ажиллаж байхдаа бодит үйл хэрэг болгохын төлөө асар идэвхтэй ажилласан үлгэр жишээч улстөрч. Түүнийг болон ерөөсөө манай намын толгойтой, ирээдүйтэй болгоныг бодлоготойгоор харлуулах үйл ажиллагааг сүүлийн 7,8 шаxам жил тасралтгүй явуулж, элдэв хэрэгт xүртэл холбогдуулан яллаж хорьсон ч тэр мохоогүй. Харин ч хат суугаад гарч ирсэн. С.Баярцогтод холбогдуулан гадаад дотоодгүй нээсэн бүx зоxиомол хэргүүд нь бүрэн шалгагдаж, буруугүй нь тогтоогдоод бүрэн цагаадсан. Одоо тэрээр Ардчилсан намаа нэгтгэж xүчирхэгжүүлэxийн төлөө бүx цаг заваа зарцуулан идэвхтэй ажиллаж байгаад би xувьдаа баяртай байгаа. Ийм л хаттай, боловсорсон, ажилсаг, уйгагүй xүн АН-ын дараагийн дарга болоосой гэж би хувьдаа бодож байна.

АН-ын гишүүн Д.Монголхүү: -Одоохондоо манай намын даргыг сонгох сунгаа тодорхойгүй байна. Нэр дэвшигчид нь тодорхой бус. Хэрэв энэ бүгд тодорхой болчихвол даргад нэр дэвшиж байгаа хүний мөрийн хөтөлбөрийг харж байгаад хэнийг дэмжихээ шийднэ дээ.

АН-ын гишүүн Б.Баярсайхан: -Одоо маргаанаа мартаад маш түргэн дарга, удирдлагуудаа сонгоод явах цаг болсон. С.Баярцогтын хувьд дэмжээд явахад асуудалгүй байх. Улс төр, эдийн засгийн асар туршлагатай хүн. Манай намын хүчтэй лидерүүдийн нэг. Арай өөрөөр сэтгэдэг хүн гэж харж байгаа. Дарга болоод намаа удирдаад сонгуульд амжилт гарган оролцож чадах чадамж ч байгаа гэж харж байна. Ардчилсан нам бол хоёр хүний нам биш, хоёр зуун мянган хүний нам.

АН-ын гишүүн С.Ламбаа: -АН бол 13 УИХ-ын гишүүнтэй, найман аймаг, нэг дүүрэг, 195 суманд засаглаж байгаа Үндэсний хэмжээний том нам. Манай нам дээрээ хоёр нам болж,10-аад “фракц”-ид хуваагдчихаад хоёр жил болж байна. Миний бодлоор намын дарга байгаагүй манай намын хэн нэг лидер улстөрч гарч ирж, олон фракцуудыг нэгтгэж, нэг цул нам болгохын төлөө зүтгэх ёстой. Тэр нь одоогийн байдлаар С.Баярцогт байх шиг байна. Яагаад болохгүй гэж. Гэхдээ С.Баярцогтыг намын дарга болж байгаа юм байна гэж бодох хэрэггүй шүү. Намын даргыг дүрмийнхээ дагуу сонгож таарна. С.Баярцогттой олон жил хамт улс төрд зүтгэсэн хүний хувьд итгэж байна. Хамгийн гол нь манай бусад лидерүүд эв санааны нэгдэлтэйгээр дэмжиж чадвал АН богино хугацааны дотор босч ирнэ. Ер нь манай намын лидерүүд намын удирдлагын төлөө тэмцэлдэх хэрэггүй. 30 жил даргаллаа, одоо болно. Ингэх нь эцсийн эцэст намын 200 мянга гаруй гишүүдийн эрх ашигт нийцнэ гэж үзэж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Пүрэвдорж: Хөгжлийн банкны асуудлаар хоёр улстөрчийг прокуророос оруулж ирэх гэж байгаа бол энэ нь МАН доторх зодоон DNN.mn

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Саяхан ахмадуудыг төв талбайд цуглуулж, тэтгэврийн асуудлаар жагсаал, шаардлага зохион байгууллаа. Цөөнгүй хүмүүс оролцжээ. Таны хөндөж тавьсан тэтгэвэрт гарах жилийг долоо биш тав болгоё гэдэг санал УИХ-д яагаад дэмжигдэхгүй байна вэ?

-Засгийн газраас өргөн барих Нийгмийн даатгалын сангийн тухай хуультай энэхүү хуулийг хамтад нь оруулж ир гэдэг чиглэлийг УИХ өгсөн. Гэвч Засгийн газраас орж ирсэн энэхүү хуульд тэтгэвэрт гарах жилийг долоогоор биш, бүр 10 жилээр болгож оруулж ирсэн нь бидний өргөн барьсан хуультай үзэл санааны хувьд зөрчилдөж байгаа юм. Тиймээс энэхүү хуулиа дангаар нь оруулж ирүүлэхийн тулд ард түмнээсээ дэмжлэг хүссэн. Тэр утгаараа өнгөрсөн өдрүүдэд ахмадууд маань хүрэлцэн ирж, бидний энэхүү хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Ер нь манай улсын тэтгэврийн системийг өөрчлөх цаг болсон. Монголд арван хүн тутмын дөрөв нь тэтгэвэр авагч байгаа. Өөрөөр хэлбэл, 10 хүн дөрвөн хүний тэтгэврийг нийгмийн даатгалын шимтгэлээрээ төлөөд яваад байна гэсэн үг. Үүнд сайн менежмэнт явуулж чадахгүй байна. Нөгөөтэйгүүр МАН 2016 онд засаг барьсан цагаас өдийг хүртэл нийгмийн даатгалын санг арвnжуулах чиглэлд нэг ч ажил хийгээгүй. Төрийн сан дээр аваачаад хоосон хэвтүүлчихдэг, хүү өгдөггүй. Ийм байдалтай л явж байна. Бидний өргөн барьсан хуулиар бол долоон жилийг таван жил болгож байгаа. Ингэхээр зургаан тэрбум төгрөгийн зардал нэмж гарч байгаа л даа. Жилд 48 мянган ахмад тэтгэвэрт гарч байна. Энэ хүмүүсийн асуудлыг бүгдийг нь шийдэх боломжтой. Тэгэхээр зардал гарч байгааг нь хэллээ. Буцаагаад яаж орлого олох вэ гэдгийг нь ч хүртэл тайлбарлаж, арга замыг нь зааж өгч байгаа.

-Яаж орлогыг нь бүрдүүлэх юм бэ?

-Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө Төрийн сан дээр ямар ч хүүгүй сул байршиж байхаар Монголбанкны үнэт цаасанд байршуулах ёстой. Ингэснээр чөлөөт үлддэг нь ойролцоогоор 300 орчим тэрбум төгрөг болдог. Үүнийг Монголбанкны үнэт цаасанд байршуулчихвал бодлогын хүүгээр өсөөд явчих, ийм боломжтой. Тэгэхээр нэг талдаа зардал гаргаж болно. Нөгөө талдаа орлого олох аргыг нь зааж өгч байгаа юм. Тэгээд энэхүү асуудлаар тэмцэж, үг, үзэл бодлоо илэрхийлэхээр ирсэн нийт ахмадууд, ард түмэндээ талархъя. Маш олуулаа ирсэн. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр үнэхээр Монголд тэтгэврийн тогтолцоо, системийг шинэчлэх цаг болсон гэдэг нь харагдаж байгаа юм. Тиймээс энэхүү хуулийн төслийг УИХодоо дахин хэлэлцээд дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

-Энэ долоо хоногт Монгол Улсын ирэх оны төсөв батлагдах гэж байна. Ерөнхийдөө олонхоороо оруулж ирсэн төсвөө батлуулчих нь тодорхой боллоо. Сөрөг хүчний хувьд энэхүү төсөвд голлож юуг нь анхаарах шаардлагатай байсан гэж харж байна вэ?

-Зарлагын дэд хороогоор төсвийг хоёр удаа хойшлуулсан. Үүгээр зарим зүйлээ засаад дахин оруулж ир гэдэг зүйлийг чиглэл болгож өгсөн. Ингэснээр хоёр удаа зарим нэг зүйлээ засаад оруулж ирсэн байна лээ. Сөрөг хүчний хувьд нэг л зүйл дээр байнга дуугарч байгаа. Зардал ихтэй төсөв болсон. Тодруулбал, 2012-2016 оны хоорондох буюу дөрвөн жилийн төсвийн зардалтай тэнцэх хэмжээний 2.4 их наядын алдагдалтай төсөв орж ирсэн. Нэг талдаа зардлаа ингэж их өсгөсөн атлаа нөгөө талдаа нөхөхийн тулд нүүрсээ их гаргана гэж ярьдаг. Гэтэл бодит байдал дээр нүүрс нь гардаггүй. Гарсан нүүрсний орлого нь оффтейк гэрээгээр мөнгө нь орж ирдэггүй. Ийм л байдалтай байна. Зардал ихтэй төсөв баталчих учраас цаашдаа энэхүү нүүрсний хулгайгаа цэгцлэх, орлогыг нь оруулж ирэх асуудлыг тусгаж өгсөн. Ер нь зардлаа орлогоороо нөхөж чадахгүй байдалд орохоороо зээл аваад л нөхчихдөг болсон. Одоо эдийн засгийг маш амраар л явуулаад байна шүү дээ, эд нар. Зээл гэдэг бол өр. Тэгэхээр цаашид зээл авдаг байдлаа зогсоох ёстой. Мөн нэг зүйл хэлье. Ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрөөс 1.5 их наяд төгрөгийг Ирээдүйн өв санд хуримтлуулах ёстой байсан ч үүнийг төсөв рүү оруулчихсан. Ингэхээр төсвийн алдагдал нэмэгдэж гурван их наяд төгрөгт хүрэх ёстой. Гэтэл 1.5 их наядын алдагдалтай гээд л явж байна. Ингэж нүглийн нүдийг гурилаар хуурдаг зангаа, хандлагаа МАНболих хэрэгтэй. Бодит байдлаа үнэнээр нь тайлбарлах ёстой. Энэ мэт шаардлагуудыг байнга л тавьдаг. Харамсалтай нь Засгийн газар эдгээр асуудлуудаа огт шийдэхгүй яваа нь эмгэнэлтэй байна.

-Та сая хэллээ, угтаа гурван их наяд төгрөгийн алдагдалтай төсөв гэж. Тэгэхээр энэ алдагдлаа гаднаас зээл тусламж, хөрөнгө оруулж ирж байж л нөхөх ёстой. Гэхдээ бодит байдал дээр бидэнд энэ хэмжээний хөрөнгө, зээл олох боломж бий юү?

-Эд нар оны эцсээр дахиад 500 сая ам.долларын зээл авах юм билээ. Үүгээр он гаргаад хэдэн сар төсвийн цоорхойгоо нөхөөд явах байх. Ингээд ирэх оны дөрөв, тавдугаар сарын үед дахиад хоёр тэрбум ам.доллар олж байж л энэ улс орон цааш явна. Төсөв дээр орлого орж ирэх ганц эх үүсвэр нь нүүрс. Гэтэл нүүрсний орлого оффтейк гэрээгээр алга болсон. Нүүрснээс орлого орж ирнэ гэж хүлээх хэрэггүй болсон. Одоо бол тэрхүү оффтейк гэрээнийхээ нүүрсийг л ачаад байгаа шүү дээ. Энэ нь цөөхөн компани, хэсэг хүмүүст л орлого болж орж ирж байгаа. Тэгэхээр нүүрсний орлогыг нийт ард түмэнд оруулж ирэхийн тулд эхлээд нүүрсний хулгайгаа цэгцлэх ёстой.

-ТУЗ-д нь улстөрчид нөлөөлсөн гэж та хэлж байна. Энэ утгаараа Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчтэй холбоотой асуудал хууль, хяналтын байгууллагуудаар шалгагдаж дууссан гэсэн мэдээлэл байна. Уг шалгалтаар хоёр улстөрчид холбогдох хэргийг шүүх рүү шилжүүлсэн гэж байсан. Тэр хоёр нь танай намынх гэх албан бус мэдээлэл явж байна. Үүнд та тайлбар өгөөч?

-Хөгжлийн банкны асуудлаар МАН2016 онд гарч ирэнгүүтээ тухайн үед Хууль зүйн дэд сайд байсан Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийг оруулж шалгуулсан байдаг. Тухайн үед шалгаад асуудал гарч ирсэн бол Монгол даяар нэг юм болох байсан. Гэтэл энэхүү шалгалтаар МАН-ын том дарга нар бүгд оролцчихсон байсан учраас үүнийг хав дарсан. Ардын намынхан бол Ардчилсан намынхныг намнах бүхий л улс төрийн фактуудыг гарган ирж олон нийтэд шуурхай сэвдэг. Гэтэл Хөгжлийн банкны тэрхүү дүгнэлт өнөөдрийг болтол ил болоогүй байна. Өнөөдөр Хөгжлийн банктай холбоотойгоор хоёр улстөрчийг прокуророос оруулж ирэх гэж байгаа бол энэ нь Ардын намын доторх зодоон гэж ойлгож болно. Тиймээс энэ асуудлыг та МАН-ын гишүүдээс асууж тодруулаарай.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР. “Шинэ жилдэх” гэж буй хамт олныг битгий шүүмжлээрэй! DNN.mn

Хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр айсуй. Он гарахад ердөө 52 хоног л үлдэж. Энэ тоо 30 руу багасаад ирэхээр энд тэнд байгууллагуудын шинэ жил өдөр шөнийг алгасалгүй болдог уламжлал тогтоод удаж байна.

Ерөөсөө гэр бүлийн гишүүн бүр энэ мэтээр ямар нэгэн салбарын шинэ жилд орж л таарна. Тиймээс эртнээс ажил төрлөө зохицуулах, гэр бүлийн гишүүн тус бүрийн үүргийг ёолкдох өдөртэйгөө уялдуулж, төлөвлөгөө гаргаж ажиллахыг өрхийн тэргүүн үүрэг болгож, гүйцэтгэх засаглал буюу ээж төсвийг нь баталж өгнө байх. Гэр бүл дэх шинэ жилийн хуваарь нэг иймэрхүү. Энэ мэт хамт олон, албан газрын шинэ жил хэдийнэ эхэлчихсэн байна, цаагуур чинь. Энэхүү үзэгдэл нь нийгэмд өдөр ирэх тусам улам тод, улам илэрхий болж ирэхээр зарим хүмүүст ядаргаатай санагдаж эхэлнэ. Улмаар өөрөө түрүүлж “Шинэ жилдчихсэн” мөртлөө бусдын үйлдэл төвөгтэй санагдаж, сошиалаар элдэв бусаар нь харааж, ерөөж шүүмжилнэ. Интернэт, сошиал, цахим сүлжээг ганц ашиглаж сурсан монголчуудын зан шүү дээ.

За тэр ч яах вэ, энэхүү шүүмжлэл олшроод ирэхээр нийгмийн нэг гаж үзэгдэл, буруу хандлага мэтээр ойлгож эхэлнэ, нөгөө шинэ жилийг чинь. Улмаар шашинтай холбоно, манайх, танайх гэж ялгана, архи дарс боллоо, шинэ жилээс л болж улс орон сүйрлээ гэдэг рүүгээ ч орно. Зарим нэг нь бусдаасаа дутчих гээд, зоригтой шүүмжилчихье гэхээр бас нэг муу нэрээ бодосхийнгээ хөнгөхөн хорлочих аястай “Ер нь бид цагаан сараа л сайхан хийчихэд л болно” гэх маягийн шүүмжлэл постлоод сэтгэл нь амарна. Иймэрхүү шүүмжлэл сошиалаар төд удалгүй л үзэгдэж эхэлнэ, та минь, харж л байгаарай. Тиймээс эртнээс хэдүүлээ хэрсүү байя гэдэг шиг шүүмжлэл, их галын өөдөөс эсэргүүцэх хамгаалалтуудаа авч эхэлсэн нь дээр. Болж өгвөл төрийн албаныхны шинэ жилийг хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудын шинэ жилийн дараа зохион байгуулах журам гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол эхлээд төр нь ёолкодчихвол нөгөөх айхавтар шүүмжлэл чинь ёолкдоогүй байгаа хувийн хэвшлийнхнийг баллаж орхино. Тиймээс юм бүхэндээ зөв чиг шугамаа барьж, доороо суурьтай, дотроо бодолтой явахгүй бол болохгүй шүү.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

SPEAK OUT: Нүүрсний орлого Хятадад эргэлдэж, бараа болон орж ирж байгааг гишүүд эсэргүүцэж байна DNN.mn

УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Эрдэнэс таван толгой”-оос их хэмжээний мөнгөний урсгал Хятадын компани руу, тэр дундаа барилгын компани руу гарчээ. Энэ нь ам.долларын ханшийг огцом өсгөх, валютын нөөцийн хомсдолд хүргэх гол нөлөөлөл үзүүлсэн” хэмээн Монголбанкны ерөнхийлөгчөөс лавласан. Гишүүний хэлснээр нүүрсээ бид зараад л байдаг харин орлого нь Монгол руу буцаж ордоггүй, Хятадад барилгын материал болж, манайх руу оффтейк гэрээ гэх зүйлээр халхавч болон орж ирж байгаа нь ам.долларын ханш өсөх гол шалтгаан болж байна. Нөгөөтэйгүүр нүүрсний орлого гэх 2,5 тэрбум ам.доллар хятад барилгын компани руу орсон гэх. Үүнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Энэхүү хөрөнгө Төв аймаг дахь Бөөрөлжүүтийн талд баригдах цахилгаан станц”-ын төсөлд барилгын материал болж зарцуулагдсан” гэж хариулсан байдаг. Нүүрсний орлого Монголд бус Хятадад эргэлдэж байгаа нь эдийн засгийн хямрал, валютын нөөцийн хомсдол, төгрөгийн ханшийн уналтад голлож нөлөөлж байгаа юм. Тиймээс энэхүү нүүрсний орлого, мөнгөний урсгал яагаад Монгол руу орж ирэхгүй байгаа, ямар барилгын компаниуд, ямар төсөл хөтөлбөрүүд үүнд хамаатай эсэх асуудлаар УИХ-ын гишүүдээс тодрууллаа.


УИХ-ын гишүүн С.Одонтуяа: -Парламентын засаглалтай улсад ийм асуудлыг УИХ-аар оруулж шийдэх ёстой. Нэгдүгээрт, ийм гэрээнээс Монголын төр татвар авч чадахгүй байгаа нь парламентын эрх мэдэлд халдсан хэрэг гэж ч дүгнэж болно. Хоёрдугаарт, газрын баялаг хатуу валют болж Монголд орж ирэх ёстой. Ингэснээр валютын ханш тогтворжиж үнийн өсөлт хэт цойлохгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлж байх ёстой. Гуравдугаарт, Монголбанкны мөнгөний бодлогод харш үйлдэл байна гэж дүгнэж болно. Дөрөвдүгээрт, Үндсэн хуулийн 6-д Газар доорх байгалийн баялаг ард түмний өмч гэж заасан байдаг. Энэ гэрээний хувьд компанийн захирлын өмч болсон байна. Тавдугаарт, ийм гэрээний цаана авлига нуугдаж байдаг. Энэ бүхнийг дүгнэвэл Монгол Улсын маш олон хуулийг зөрчсөн, эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулсан үйлдэл мөн. Оффтейк гэрээний хувьд ийм байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: -Өнгөрсөн жилүүдэд нүүрсний үнэ огцом өсч, зарим үед боомт дээр арилжаалах үнэ 500 ам.долларт хүрч байв. Гэтэл манай нүүрс уурхайн амны үнээр буюу ердөө 60-70 ам.доллараар зарагдаж, зөрүү нь хилийн цаана оффшор дансанд үлдсэн нь үнэн. Энэ бол сүүлийн 15 жилийн нүүрсний далд пирамидын хийсэн хулгай юм. Ядаж орж ирж байгаа жаахан орлогоо төсөвт төвлөрүүлж, УИХ-аар иргэдэд нээлттэйгээр хэлэлцэж, зарцуулах ёстой санхүүжилтийг улсын нууцад оруулж, зах зээлийн үнээс хэд нугалсан төмөр зам зэрэг ажлыг санхүүжүүлсэн нь бас л хулгай. Ядаж тавьсан төмөр замын нэг нь мухар, нөгөөх нь ашиглалт байхгүй. Нууцад оруулсан гэрээг ил болгож, хулгайг зогсоох нь зөв. Гадаад валютын нөөцөө алдсан өнөө үед хулгайн гэрээнүүдийг хойш тавьж, яаралтай ам.доллараар нүүрсээ зарах л хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: -Их хэмжээний мөнгийг төсвийн гадуур хяналтгүй захиран зарцуулах эрх байхгүй. Харин тэр станцын асуудлаар ёстой мэдэхгүй байна. Ам.долларын шинэ эх үүсвэр бий болгох, валютын нөөцийг нэмэгдүүлэх хэцүү дээ. Юуны өмнө энэ бүх долларыг гаргахгүй барих, орлогоо центээр нь тоолох нь чухал.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: -Бартер, оффтейк зэргийг би хувьдаа дэмжихгүй байгаа. Үнэхээр бараа, материал авах шаардлагатай бол дотоодод орж ирсэн хөрөнгөөрөө буюу өөрсдийнхөө мөнгөөр л авч байх естой. Өөрөөр хэлбэл, мөнгийг нь төлөөд л авах нь зөв юм. Бөөрөлжүүтийн станцын асуудал УИХ-ын чуулганаар орж байгаагүй. Харин Засгийн газрын тэмдэглэлтэй, Хөгжлийн банкны санхүүжилттэй л юм байна лээ.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: -Энэ талаар надад нарийн мэдээлэл алга. Энэ сэдвээр яриа өгөхөд мэдээлэлтэй байж өгөх нь зөв болов уу. Оффтейкийн гэрээгээр борлуулсан их хэмжээний нүүрс байдаг л бололтой.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: -Таны байр суурьтай санал нэг байна. Нүүрсний орлогыг яаралтай оруулж ирэх нь зөв. Тэгж байж бид валютынхаа нөөцийг нэмэгдүүлээд зогсохгүй ханшийн өсөлтийг тогтоож чадна.

Сангийн сайд Б.Жавхлан: -Энэ асуудлаар зөндөө хэлсэн. Үүнийг бүгд л ярих ёстой байна. Тиймээс Засгийн газраас энэ асуудлаар онцгой анхаарч, зарим арга хэмжээг авч ажиллаж байгаа. Тухайлбал, Эрдэнэс таван толгой компани дээр онцгой дэглэм тогтоосон. Тиймээс урагшаа гарч байгаа нэг тонн нүүрс болгон эргээд валют болж орж ирдэг ийм чиглэл барин ажиллаж байна. Энэ асуудлаар Эрдэнэс таван толгой компани дээр ажиллаж байгаа бүрэн эрхт төлөөлөгчид тайлангаа тавьсан. Тайлангаас харахад нааштай үр дүнгүүд эхнээсээ харагдаж байгаа. Улмаар цаашид хоёр долоо хоног тутам Засгийн газарт тайлангаа тавьж байхаар болсон. Тиймээс энэ асуудлыг тухай бүрд нь Засгийн газраас мэдээлээд явна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: -Нүүрсний орлогын тухайд хэд нь ороогүй, хэд нь орсон, татвар төлсөн эсэх асуудлыг бүгдийг нь шалгах ажил хийгдэнэ гэж үзэж байна. Бөөрөлжүүтэд баригдах цахилгаан станцын төсөл УИХ-д танилцуулагдаагүй байна, одоохондоо. Хятадын хөнгөлөлттэй зээлээр тавдугаар станцыг тэнд барина гэсэн яриа яваад байгаа юм билээ. Түүнээс биш яг эцсийн байдлаар шийдэгдсэн зүйл байхгүй. Энэ жилийн тухайд суурилагдсан хүчин чадлаасаа 10 гаруй хувиар хэрэгцээ нь давж байгаа. Энэ утгаараа дараагийн станцыг барихгүй бол болохгүй. Жил бүр 5-6 хувиар хэрэгцээ өсдөг. Тиймээс Монгол Улсын хамгийн том асуудал бол цахилгаан эрчим хүч, дулааны хангамжийн асуудал юм. Аливаа зүйлд эрх ашгийн эрэмбэ гэдэг зүйл байдаг. Богд Хан төмөр зам барих, Дорнодын Тамсагаас Дорноговь руу татах нефтийн хоолой барих зэрэг нь чухал. Өмнөговьд төмөр зам барих нь ч бас чухал. Яг энэ хямралтай, валютын нөөц хомсдолд орчих үед нөгөө оффтейк гэрээ гэдгээр валют нь гадагшаа гараад тэр нь барилгын материал болж орж ирээд байгаа нь буруу. Энэ бол хямралыг улам өдөөж байгаа асуудал.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: -Энэ асуудалтай бүрэн санал нэг байгаа. Манай нам, сөрөг хүчний зүгээс энэхүү асуудалд шаардлага тавьж ажиллах болно.


Categories
мэдээ улс-төр цаг-үе

SPEAK OUT: Сангийн сайд Б.Жавхлан өөрт хамааралтай хэргээ улстөрчдийн хоорондох хэрүүл болгон өнгөрөөх гэж байна уу DNN.mn


УИХ-ын чуулганы индэрээс Ц.Даваасүрэн гишүүн Сангийн сайд Б.Жавхланг өөрийн хамаарал бүхий компанидаа Бичил санхүүгийн хөгжлийн сангаас гурван удаа 900 сая төгрөг авч өгсөн асуудлаар тодорхой мэдээллийг хэлж, шуугиан болсон. Гэвч УИХ-ын гишүүний хэлсэн энэхүү асуудалтай холбогдуулж ямар нэгэн шалгалтын ажлыг хууль, хяналтын байгууллага эхлүүлсэнгүй. Нийгэмд нэг өдөр шуугьж байгаад л дууслаа. Сүүлдээ гишүүн, сайд хоёрын хоорондох өдөр тутам болдог хэрүүл мэт болгон өнгөрөөж байх шиг. Үнэндээ Ц.Даваасүрэн гишүүний хэлсэн үг хариуцлагатай байх ёстой. Хууль, хяналтын байгууллага уг асуудлаар шалгалт явуулж, хэн нэгнийх нь талд бодит үнэнг ил болгох шаардлагатай. Нөгөөтэйгүүр Ц.Даваасүрэнгийн хэлсэн үг үнэн бол Сангийн сайд Б.Жавхлан огцрох үндэслэл гарч ирнэ. Харин худлаа бол Ц.Даваасүрэн гишүүн хүн гүтгэсэн, нэр төрд нь халдсан хэргээр хариуцлага хүлээнэ. Сангийн сайдтай холбоотой асуудал бодитой бол Монгол Улсын эдийн засаг яагаад ч тогтворжихгүй, улам л элгээрээ хэвтнэ гэсэн үг. Эдийн засаг сэргэнэ гэдэг тухай бодох ч хэрэггүй. Ийм ноцтой мэдээлэл УИХ-ын чуулганы хурлын үеэр олон нийтэд цацагдсаар байхад авах арга хэмжээ гэж байхгүй гэж үү. Тиймээс уг асуудлаар УИХ-ын гишүүд, улстөрчдөөс байр суурийг нь сонслоо.


УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: -Би энэ талаар ямар ч мэдээлэлгүй байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: -Гишүүд зорилготой гэхээс илүү бодлоготой ярих, ярьсан үгэндээ эзэн суух хэрэгтэй. Сангийн сайд ч тэр, Ц.Даваасүрэн гишүүн ч тэр хоёуланд л асуудал бий байх. Үүнийг би улстөрчдийн хооронд болдог л хэрүүл гэж ойлгосон. Аль аль нь өөрсдийнхөө хэргийг шалгуулчих хэрэгтэй. Худал, үнэнг нь шүүх тогтоочихно. Цаашид ер нь улстөрчид нэгнийгээ гүтгэх, нэр хүндэд нь халдах, баримтгүй мэдээллээр явуургүй улс төр хийдэг байдлаа болих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: -Хариулах боломжгүй, уучлаарай.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -Нэгдүгээрт, УИХ-ын гишүүдийн амнаас гарч байгаа үг маш хариуцлагатай, баримттай байх ёстой. Тиймээс энэхүү гарч ирж байгаа мэдээллийг нэг талдаа хууль, хяналтын байгууллагууд шалгах ёстой. Нөгөөтэйгүүр МАН-ын өнөөдрийн явж байгаа процессоос харахад хэн эсэргүүцэж үг хэлж байна, тэр хүнийг албан тушаалд томилдог хандлага ажиглагдаж байгаа юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байсан хүмүүс өнөөдөр бүгд дарга сайд нар болчихоод байна. Өөрөөр хэлбэл, эрх баригчдын дунд хэн нь хэр зэрэг шантааж хийнэ тэр нь дээшээ явдаг тогтолцоо бий болчихсон гэсэн үг. Ер нь монгол хүний хэлсэн үгэндээ эзэн байх, улс төрд тодорхой хэмжээнд тууштай байх зүйлд буруу жишиг тогтоож байна уу даа л гэж харж байна. Мэдээж сөрөг хүчний зүгээс энэхүү асуудалд анхаарч, тодорхой шаардлага тавьж ажиллана.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: -Мэдэхгүй, би энэ талаар мэдээлэл өгөхгүй.

АН-ын гишүүн Ж.Баяртогтох: -Сангийн сайд ч тэр, Ц.Даваасүрэн ч тэр хоёулаа л хэрэгт холбогдох улстөрчид. Хэн нь хэн бэ гэдгийг монголчууд бүгд л мэдэж байгаа. Хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэгчээр хоёрын хооронд иймэрхүү улс төр явуулахгүй байх хэрэгтэй. Нэг талдаа Ц.Даваасүрэн ингэж хэллээ гээд хуулийнхан шалгахгүй. Харин таны энэ үйлдлийг хуулийн байгууллагад өгч, шалгуулна гэсэн бол асуудал өөр болох байсан болов уу. Гэтэл хэлж байгаа ярианы өнгө, утга агуулгыг харахад сураг, хов живийн шинжтэй хэлсэн шүү дээ. Үүнийгээ баримттай яриад, хуулийн байгууллагад өгнө гэсэн бол өөр хэрэг. Үүнээс нэг зүйл харагдаж байгаа юм. Ц.Даваасүрэн гишүүн сайд, дарга болоогүй болохоороо явцгүй улс төр, шантааж хийж байна. Нөгөөтэйгүүр, Сангийн сайд ингэж хэлсэн хэлүүлээгүй огцрох ёстой. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн байдал, ард түмний амьжиргаа, зах зээл, үнийн болон ам.долларын өсөлт ямар байгаа билээ. Ёстой эдийн засгийн доголдол, тааруу, муу үзүүлэлт болгон дээр Сангийн сайдаас хариуцлага нэхэх хэрэгтэй шүү дээ. Гэтэл эрх баригч нам нөлөөтэй улстөрчдөө яаж ч чадахгүй атлаа муу ядарсан эмэгтэй гишүүддээ хатуу хандаж байна. Нөгөө муу эр эмийн ноён гэдэгтэй адилхан. МАН-ын эмэгтэй гишүүд яасан ч хүлцэнгүй юм. Яасан ч овсгоогүй, дорой юм билээ дээ. Одоо МАН-аас олон зүйл хүлээх хэрэггүй болсон. Үйлдэл болгон нь татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа завших, албан тушаалд очих гэсэн санаархал нь ил тод боллоо. Улаан, цагаандаа гарсан. Энэхүү хандлага, хууль бус үйлдлүүд нь удахгүй дуусна даа. Тэр цагт бүгд хариуцлагаас мултрах гэж яаж “гөлөг” болох бол оо.

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү: -Угаасаа чадваргүй хүн өнөөдөр Сангийн сайд хийж байгаа нь үнэн шүү дээ. Ц.Даваасүрэнгийн яриад байгаа зүйл бодитой гэж харж байгаа. Сангийн сайд Б.Жавхлан яамнаасаа нэг хүүхэн халсан юм билээ. Нөгөөх нь Ц.Даваасүрэнд Б.Жавхлантай холбоотой мэдээлэл, материал өгсөн гэж байна лээ. Ер нь эцсийн эцэст монголчуудын, тэр дундаа дарханчуудын л сонголт шүү дээ. Ийм хоёр хүн гаргаж ирсэн. Энэ хоёр хүнээрээ төр бариулъя гэж сонгосон. Одоо тэгээд гаргаж ирчихээд олон зүйл ярих хэрэггүй. Эдийн засгийн нөхцөл байдал бүх хүний нүдний өмнө ил байгаа асуудал. Хэн буруутай вэ, хаана бодлогын алдаа гаргачихав гэдэг нь тодорхой л байгаа зүйл. Тэгээд одоо хариуцлагын тогтолцоо гэж байхгүй болчихсон. Алдсан ч шир царай гаргаад л ажиллаад байна. Бодлого, төлөвлөлт гэж угаасаа байхгүй. Улс төр л хийж чадахаас биш улс орноо хөгжүүлэх тухай бодлого боловсруулаад эрсдэл, хямралыг бодитой даваад явах мэдлэг битгий хэл мэдрэмж, сэтгэл ч байхгүй. Ийм л хүн Сангийн сайд хийж байгаа нь үнэн шүү дээ. Одоо тэгээд яах гээд байгаа юм. Дарханчуудын л сонголт байсан. Дарханчууд замгүй байж колонк дээр бензинд оочерлоод зогсож байгаад нь инээд ч хүрэх шиг. Одоо тэгээд таван жил ухнадсан алдарт дарханы замаа хагас дутуу нээгээд тууз хайчлах байлгүй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Пүрэвдорж: УИХ-ын гишүүдээс гарсан үг хариуцлагатай байх ёстой. Ц.Даваасүрэн гишүүний хэлсэн Сангийн сайдтай холбоотой асуудлыг хуулийнхан шалгаж, нэг талд нь гаргах ёстой DNN.mn

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Төмөр замын царигийн асуудлаар та мэдээлэл хийсэн. Энэ талаар тодорхой тайлбар өгөхгүй юү. Ямар учиртай тогтоолын төсөл өргөн барив?

-Сая шинээр баригдсан төмөр зам мухар зам болох нөхцөл байдал руу орчихлоо. Дээрээс нь Засгийн газар энэ нөхцөл байдлыг нь улам баталгаажуулж байгаа юм шиг санагдаад байна. Учир нь уг төмөр замын өндөршил, огтлолцол, цаанаас орж ирэх нарийн төмөр зам, цаашаа гарах замын асуудал байна. Түүнчлэн хоёр талдаа барих терминалын асуудал дээр Гашуунсухайтын төмөр зам, Хятадын компаниудтай гэрээ хийгдээд тодорхой хэлэлцээр хийгээд явж байсан. Энэ үйл явцад Таван толгойн төмөр замыг татан буулгаж байгаа нь хэлэлцээрийн нэг талыг байхгүй болгож байна гэж харж байгаа. Үүнээс болоод энэхүү төмөр зам хэдэн жилдээ мухар зам болох нөхцөл байдал руу явж байна. Мэдээж бид нүүрсээ БНХАУ руу экспортолдог. Манай экспортын гол урсгал гэдэг нь үнэн. Тэр утгаараа Таван толгойн төмөр зам тогтвортой байж энэхүү хэлэлцээр үр дүнтэй болох байсан. Харамсалтай нь Засгийн газар болгон өөр шийдвэр гаргадаг. Үүнээс болоод дээрх зам мухар зам болох үйл явц нь улам баталгаажиж байгаа юм.

-Тогтоолын төсөл нь үүнд чиглэгдэж байна уу?

-Сая ашиглалтад орсон төмөр замын царигийг өргөн байх уу, нарийн байх уу гэх УИХ-ын тогтоол, шийдвэргүйгээр барьсан. Үүнээс болоод тус зам дээр дахиад 1.5 их наяд төгрөгөөр ачиж, буулгах терминал байгуулах нөхцөл байдал бий болж байна. Манай улсад ийм их хэмжээний хөрөнгө, мөнгө байхгүй. Хэрвээ барихаар бол дахиад л нөгөө нүүрсээ борлуулж байж л барих боломжтой. Энэ мэт бүх төлбөр, зардлаа нүүрсээрээ төлөөд явахаар Эрдэнэс таван толгойн орлого буурна. Ингэж буурснаар Монгол Улсын эдийн засагт хүндээр нөлөөлөх нөхцөл байдал бий болно гэсэн үг. Энэ утгаараа харахад энэхүү төмөр замыг байгуулахдаа бид тодорхой хэмжээнд алдаа гаргасан гэж харж байгаа юм. Үүнээс хойш бусад боомтуудад тавьж байгаа төмөр замыг хойшоо бол өргөн, урагшаа бол нарийн царигтайгаар байгуулах УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан хэрэг. Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаараа ямар нэгэн хилийн хүндрэл үүсэхгүй, эдийн засгийн хохиролд орохгүй, тээвэрлэлтийн асуудал илүү сайжрах, боомтын үйл ажиллагаа улам төгөлдөрших, экспортоо бодитоор нэмэгдүүлэх эрх зүйн нөхцөл байдал бий болно гэж үзэж байгаа юм.

-Өргөн царигтайгаар нэгэнт барьчихсан. Одоо үүнийг нарийн болгоно гэх боломжгүй. Тиймээс терминал байгуулах нь хамгийн алдагдал багатай шийдэл болох байх. Цаашид ийм алдаа гаргахгүйн тулд л энэхүү тогтоолын төслийг өргөн барьж байна гэж ойлголоо, зөв үү?

-Зөв л дөө. Сая баригдсан төмөр зам бол өндөр өртөг, хөрөнгө шаардаж боссон бүтээн байгуулалт. Яг хэдэн төгрөг болсныг нь би мэдэхгүй байна. Учир нь энэхүү бүтээн байгуулалтад хэдэн төгрөг зарцуулагдсан, төлбөр нь яаж хийгдсэн зэргийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр улсын нууцад авсан. Тиймээс яг ямар өртөг, ямар зардлаар боссоныг нь хэлэх боломжгүй. Харин ачиж буулгах терминалыг миний харж байгаагаар 300-400 сая ам.доллараар барих нь бол тодорхой. Энэ утгаараа ингэж их хөрөнгө зарлага гаргаж терминал байгуулж байхаар анхнаасаа царигийг нь зөв тодорхойлоод барьчих ёстой байсан.

-Чуулганы хуралдааны үеэр та нүүрсний тээвэрлэлттэй холбоотой хууль бус үйлдлийн талаар ярьсан. Энэ талаараа товч тодорхой тайлбарлаад өгөхгүй юү. Таны хэлсэн зүйл үнэхээр бодитой юу?

-Төмөр замыг явуулахгүй байх сонирхол нэг хэсэг бизнесмэн болон улстөрчдөд байна. Автотээвэр дээрээ түлш шатахууны хүндрэл үүсгэж байгаад түүн дээрээ өөрсдийнхөө давуу байдлыг бий болгож, ашиг олох сонирхолтой хүмүүс манай улсад олон байна. Тиймээс экспорт төмөр замаар гарчихвал эдгээр хүмүүсийн ашиг орлого багасах учраас уг төслийг янз бүрийн аргаар гацаах акцууд явуулж байна. Өнөөдөр нүүрсний тээвэр дээр ашиг олж байгаа хүмүүсийн талаар нэг л жишээ хэлье. Тухайлбал, эдгээр хүмүүс ид үе дээ 29-хөн километр газарт 120 сая төгрөгөөр нэг машин нүүрсийг гаргаж байсан. Угтаа өмнө нь 3-5 сая төгрөгөөр л тээвэрлэлт явагддаг байсан. Гэтэл ингэж хэд дахин өсгөж, тээврээс нь ашиг олдогоос болоод нөгөө Эрдэнэс таван толгой нь уурхайн ам дээрх нүүрсээ бага зардаг, үүнээс болоод ард түмэн хохирч, нүүрсний тээврээс ашиг олдог хэдэн хулгайч дарга нар баяжиж байна. Нөгөөтэйгүүр, Ганц модны боомтоос Цагаан хад хүртэл наашаа буюу БНХАУ-аас Монгол руу янз бүрийн бараа бүтээгдэхүүн зөөдөг байдал бас байна. Энэ нь 50-60 сая төгрөг болдог. Эдгээр зардлууд бүгд Хятад руу шилждэг. Улмаар Хятадад хувааж авдаг хууль бус үйлдэл, хулгайн мафийн сүлжээ бодитой бий болсон. Үүнд төрийн өндөр албан тушаалтнууд болоод хуулийнхан оролцож байна. Үүнийг цэгцлэх гол бодлого, үйл ажиллагаа бол төмөр замын тээвэрлэлт юм. Тиймээс л төмөр замыг гацаадаг, төмөр замыг мухар болгодог зүйл гарч ирээд байгаа хэрэг шүү дээ.

-Нүүрсний тээвэрлэлтээс ашиг олох мафийн сүлжээ байна гэлээ. Үүнтэй адил эдийн засгийн хямрал, ам.долларын өсөлтөөс ашиг олдог бүлэг байна гэж та хэлж байсан. Бүр МАН-ынхан “Найман шарга” дээр ам.доллар зараад явдаг гэсэн мэдээллийг сонссон гэж хэлсэн. Энэ үнэхээр бодитой мэдээлэл үү?

-Орлого гэдэг зүйл бүгд алга болохгүй, нөгөө хэсэгт л очиж байдаг үзэгдэл. Өөрөөр хэлбэл, экспорт хийгддэгээрээ хийгдэж байгаа, орлого орж ирдгээрээ л орж байгаа. Хямрал гэдэг бол нэг хэсэг хүнээс орлого нь алга болоод нөгөө хэсэгт л очиж байгаа зүйл. Тиймээс эдийн засаг хямралтай байгаа энэ нөхцөл байдал бол цөөн хэдэн хүнд давуу байдал бий болгож байна. Тэр хүмүүс тухайлбал, 1700 төгрөгөөр маш олон ам.доллар худалдаж авчихаад өнөөдөр үнэ өсөхөөр борлуулаад явах жишээтэй. Эдийн засгийг хямраах замаар өөрийнхөө мэдээлэлд ойр байх давуу талаа ашиглан орлого олдог үзэгдэл олон байна. Үүний цаана хэн хохирч байна гэхээр ард түмэн. Тэгэхээр энэхүү хууль бус үйлдэл, авлига, хээл хахууль, албан тушаалын хэрэг хэзээ нэгэн цагт илэрнэ. Тэр үед ард түмэн хатуу хариуцлага тооцох болно доо.

-Эрх баригч намын гишүүд нэгнийхээ хэргийг улайм цайм чуулганы индэр дээрээс хэлж байна. Хэрэв хүчтэй сөрөг хүчин байсан бол энэхүү үйлдлийнх нь зөв бурууг шалгахыг шаардах байсан болов уу?

-Та ямар жишээ хэлэх гэж байна.

-Тухайлбал, Ц.Даваасүрэн гишүүн Сангийн сайдыг өөрийн хамаарал бүхий компанидаа Бичил санхүүгийн хөгжлийн сангаас 900 сая төгрөгөөр гурван удаа зээл гаргуулан авсан талаар хэллээ. Хэрэв гишүүний зөв бол Сангийн сайд огцрох ёстой биз дээ. Үүнд сөрөг хүчин яагаад чимээгүй байна вэ?

-Нэгдүгээрт, УИХ-ын гишүүдийн амнаас гарч байгаа үг маш хариуцлагатай, баримттай байх ёстой. Тиймээс энэхүү гарч ирж байгаа мэдээллийг нэг талдаа хууль, хяналтын байгууллагууд шалгах ёстой. Нөгөөтэйгүүр МАН-ын өнөөдрийн явж байгаа процессоос харахад хэн эсэргүүцэж үг хэлж байна, тэр хүнийг албан тушаалд томилдог хандлага ажиглагдаж байгаа юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байсан хүмүүс өнөөдөр бүгд дарга сайд нар болчихоод байна. Өөрөөр хэлбэл, эрх баригчдын дунд хэн нь хэр зэрэг шантааж хийнэ тэр нь дээшээ явдаг тогтолцоо бий болчихсон гэсэн үг. Ер нь монгол хүний хэлсэн үгэндээ эзэн байх, улс төрд тодорхой хэмжээнд тууштай байх зүйлд буруу жишиг тогтоож байна уу даа л гэж харж байна. Мэдээж сөрөг хүчний зүгээс энэхүү асуудалд анхаарч, тодорхой шаардлага тавьж ажиллана.

-Төсөв хэлэлцэж байна. Мэдээж оруулж ирсэн төсвийг эрх баригчид олонхоороо шийдээд явах дүр зураг ажиглагдаж байгаа. Гэхдээ онцгой анхаарах ёстой санал, шүүмжлэл юу байна вэ?

-Давхар дээлийн хязгаарлалтыг авсан, Засгийн газар руу хэт их эрх мэдэл шилжсэнтэй холбоотой лай нь өнөөдөр гарч ирж байна.

Төсөв батлах онцгой эрх бол УИХ-д байдаг. Тэгэхээр Засгийн газрын зүгээс та нар төсвийг батал, батлахгүй бол өөрөөр ярина шүү гэсэн зүйл эрх баригч нам дотор байна. УИХ-ын эрх мэдэл рүү хэт орсон, намынхаа нөхдүүдийг барьцаалж, ирэх жилийн төсвийг хүчээр батлуулах гэсэн хандлага Засгийн газарт байгаа. Тиймээс төсөв хэлэлцэгдэж байгаа энэ үед Байнгын хороодуудад гишүүд ямар байр суурьтай байх нь уу, уг асуудлыг авч хэлэлцэх ёстой л гэж харж байна. Нэг сайдын ард МАН-ын хэд хэдэн гишүүд нуугдчихсан. Улмаар сайдад очих багцыг нэмэгдүүлэх замаар нуугдсан гишүүдийн асуудлыг шийдвэрлээд явж байх шиг байна лээ. Ийм тогтолцоогоор, ийм хандлагаар удаан явахгүй. Явлаа ч эдийн засаг өсөх битгий хэл улс орны хөгжлийг ярих боломжгүй болно. Тиймээс энэ байдлыг даруй засах ёстой. Нэг зүйлийг төсвөөс ажигласан. Улаанбаатар хотод хэтэрхий өндөр төсөв тусгасан байна лээ. Улаанбаатар хотоо л хөгжүүлье гэх маягаар оруулсан байна. Улаанбаатар хотыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлээд хөдөө орон нутгаа орхигдуулаад л байвал хотын бүтэц, хүн ам улам л нэмэгдсээр байна. Хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн улам л эрчимжинэ гэсэн үг. Энэ утгаараа Улаанбаатарын хүн ам нэмэгдэж, хөдөлгөөн ихсэхийн хэрээр нөгөө түгжрэл, утаа, хөрсний бохирдол, газар нутаг гээд тулгамдсан асуудал байсаар л байна гэсэн үг. Тиймээс хот, хөдөөгөө зэрэг хөгжүүлэх бодлого барьж ажиллах ёстой.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Ламбаа: Эрүүл мэндийн салбарын 2023 оны төсөв 1.3 их наяд төгрөг байхад, 2008 онд 200 тэрбумаар л яригдаж байлаа DNN.mn

-АН-ЫН НЭРЭЭР ӨНДӨР АЛБАН ТУШААЛД АЖИЛЛАЖ ИРСЭН НӨХДҮҮД ЗАЛУУСДАА ЗАЙГАА ТАВЬЖ БАЙЖ ЭНЭ НАМЫН ХУВЬ ЗАЯА ШИЙДЭГДЭНЭ-


Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Та ойрд хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөөгүй болов уу. Сүүлийн үед та ямар ажил хийж байна вэ?

-Хэвлэл мэдээллийнхэн та яагаад чимээгүй яваад байна, ярилцлага өгөөч гэдэг. Тухайн цаг үедээ зөндөө л ярьсан, бичсэн, нэгэнт халаагаа өгчихсөн болохоор одоо хэрэггүй гэж боддог. Ажлын тухайд УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүддээ УИХ-аар хэлэлцэгдэж байгаа асуудал дээр ихэвчлэн цахимаар санал зөвлөгөө өгөөд л сууж байна.

-Нийгэмд ер нь болж бүтэж байгаа зүйл гэж байна уу. Тэнд ч хүүхэд эндлээ, энд ч эдийн засаг хямарлаа гэх юм. Та оршин буй нийгмээ өнөөдрийн нүдээр яаж харж байна вэ?

-Ямар ч юмыг бүхэлд нь дүгнэж болохгүй. Та энд гурван асуудлыг хөндөж байна. Нэгд, янз бүрийн осол гэмтлээс болж хүүхэд эндэнэ, эрүүл мэндээрээ хохирно гэдэг бол хүмүүсийн хариуцлагын асуудал. Үнэндээ телевизээр осол гэмтлийн талаарх мэдээг сонсоход бэрх байх юм. Энэ чинь бас л хүмүүсийн, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй шүү дээ. Хоёрт, Монгол Улсад аж үйлдвэрийн, тэр дотроо хүнд аж үйлдвэрийн салбар дорвитой хөгжиж чадаагүй нь эдийн засгийн хямралын үндэс болж байна. Эдийн засгийн тусгаар тогтнолоо баталгаажуулсан 32 жилийн өмнөөс авто зам, төмөр замын дэд бүтэцдээ анхаарч, газрын тосны, цементийн, зэсийн, төмөрлөгийн үйлдвэрүүдээ үе шаттайгаар хөгжүүлэхийн төлөө төрийн бодлого нь тогтвортой, бас шударга зарчмаар ажилласан бол эдийн засаг ингэж гүнзгий хямралд орохгүй байсан. Эдийн засгийн хямралын үр дагавар бүх хүрээнд таны ч, миний ч амьдралд нөлөөлдөг учраас аюултай.

-Та УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хүн. Тэр утгаараа өнөөгийн эрх баригчдын явуулж буй бодлого таны санаанд нийцэж байна уу?

-Миний санаанд заавал нийцэх албагүй. Ер нь манай улсын төр засгаа эмхлэн зохион байгуулах сонгуулийн тогтолцоо нь буруу, тогтворгүй, эрх баригчдын бодлого ямар ч залгамж холбоогүй, намаар талцаж ирсэн нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогын гол гацаа болж ирсэн. Яагаад 10,20 жилийн өмнө эхэлсэн бүтээн байгуулалтын ажил одоо хүртэл дуусахгүй төсөвт дарамт болж байна гээд бодоход л үүний хариу ойлгомжтой.

-Эрх баригчид Үндсэн хуулиараа их оролддог боллоо. Саяны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр давхар дээл гэх зүйлээ хязгааргүй болгочихлоо. Давхар дээлтэй болоод ирэхээр УИХ нь Засгийн газартаа хяналт тавьж чадахгүй болдог гэдэг. Ер нь давхар дээл байх ёстой юм уу, үгүй юм уу. Та энэ талаар ямар бодолтой явдаг хүн бэ?

-Эрх баригчид зургаан жил хэт олонхоор төрийн эрхийг барьж байна. Тэд энэ богинохон хугацаанд Үндсэн хуулийг хоёр удаа өөрчиллөө. Үндсэн хуулиа хамгаалах үүрэгтэй газар ч гэж үгүй болж. Бүгдээрээ нэг нам болчихоор ҮХЦ нь хүртэл давхар дээлийг хязгаарлаж, лимит тогтоосон өмнөх шийдвэрээ хүчингүй болгож, түүнд нь дөрөөлөөд УИХ нь олонхоороо түрий бариад Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад давхар дээлийг хязгааргүй болгосон нь үнэн. УИХ-ын хэт олон гишүүн Засгийн газарт ороход хяналтын тогтолцоо алдагдана. Яагаад гэвэл гишүүд өөрсдийнхөө оруулж ирсэн асуудлыг УИХ дээр хамгаалах нь ойлгомжтой. УИХ-ын гишүүд ч Засгийн газрынхаа хараат болчихдог.

-Танай намын бүлгийн зарим гишүүд дэмжсэн санал өгсөн шүү дээ?

-Би хувьдаа манай бүлгийн гишүүд давхар дээл гэхээсээ илүүтэй “Үндсэн хуулийн өөрчлөлтөд сонгуулийн тогтолцоог пропорционал болгоно, нэг нам хэт олонхи болохыг хязгаарлаж, парламентад олон намын төлөөлөл оруулах нөхцөлийг бүрдүүлнэ, гишүүдийн тоог нэмэгдүүлж Засгийн газарт орох гишүүдийн тоог нэмэгдүүлнэ” гэсэн олонхын “бодлого”-д итгэсэн байх. Ардчилсан намын бодлого ч ийм байж ирсэн. Би хувьдаа энэ “бодлого”-ыг дотроо зөвшөөрч байсан. Даан ч олонхын “бодлого” үлгэр болж, тэд Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад УИХ-ын гишүүд Засгийн газарт чөлөөтэй орох боломжийг нээгээд дуусгасан. Манай бүлгийн гишүүдийн “Үндсэн хуульд нэмэлтээр оруулна гэсэн бусад асуудлаа яах юм бэ” гэсэн асуултад УИХ-ын дарга “ард түмнээсээ асууна аа” гээд алхаа цохиж харагдсан.

-Эрүүл мэндийн салбарын бодлогыг тодорхойлж явсан, өнөөгийн эрүүл мэндийн салбарын сайн, мууг хатуухан шиг хэлэх хүний нэг бол та. Монгол хүн Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй амьдрах эрхээ үнэхээр эдэлж чадахгүй байна. Тэр утгаараа Монгол Улсын эрүүл мэндийн салбар хөгжиж байна уу?

-Бодлого тодорхойлж явсан хүн гээд салбараа ийм тийм гэж хэлэх нь сайн зүйл биш. Би энэ зарчмыг хатуу баримталдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам чиг хандлага өөрчлөгдөж байна. 2012-2016 оны УИХ-аар баталсан “Эрүүл мэндийн даатгалын тухай”, “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хуулийг хэрэгжүүлэх талаар томоохон алхам хийлээ. Тухайлбал, алдаа оноотой ч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрыг бие даалгаж, эмнэлгүүдэд гүйцэтгэлийн санхүүжилтийг нэвтрүүллээ, өндөр өртөгтэй оношилгоо, эмчилгээг ЭМД-д орууллаа, гүйцэтгэлийн санхүүжилтэд цахим технологийг нэвтрүүлж эхэллээ, гээд яривал дэвшил гарч л байна. Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын улмаас Засгийн газар, улсын онцгой комисс, цагдаа, тагнуул, манай салбарын бүх шатны удирдлага, эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнууд энэ өвчнөөс ард иргэдээ хамгааалах, эмчилж эдгэрүүлэхийн төлөө цаг наргүй тэмцэж, саяханаас намжиж байна. Миний хувьд 2021 оноос Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтний холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдон аймаг, дүүргийн 225 Өрхийн эрүүл мэндийн төвийн 4000 орчим эмч,сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудтайгаа хамт энэ хүнд жилүүдэд ачааны хүндийг үүрэлцэж ирсэн болохоор хэнд ч гэсэн хэлэх зүйлээ хэлж, ярьж л явна. Шүүмжлэх юмаа ч шүүмжилдэг. Шинэ юмыг эхлүүлэхэд бэлтгэл ажил гэж нүсэр юм байдаг. Ер нь төрийн аль ч шатны байгууллага аливаа шийдвэрийг ягштал хэрэгжүүлж байх нь чухал. Миний мэдэж байгаагаар сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг компьютер, иж бүрэн хэрэгсэлээр хангах зорилгоор 2016 онд Дэлхийн банктай байгуулсан гэрээ одоо хүртэл хэрэгжээгүй байна. УИХ-аар 2022 оны төсвийн хуулийг батлахад сум өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнээр тооцон олгох санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлсэн ч эхний гурван сарын нэмэгдлийг одоо хүртэл олгоогүй байна. Үүнийг бол шийдчих л асуудал шүү дээ.

-Эмнэлгүүд нь хүн, хүүхдүүдээр дүүрчихсэн, эмийн чанар, аюулгүй байдал нь алдагдчихсан байгааг та хүлээн зөвшөөрөх үү?

-Зөвшөөрөлгүй яахав. Энэ бол удаан хугацаанд үргэлжилж байгаа асуудал. Харин ч 2008-2012 онд манай орны эдийн засгийн огцом өсөлттэй холбоотойгоор төсвийн үлдэгдлээр шахуу явж байсан эрүүл мэндийн салбарын төсвийн санхүүжилт, гадаадын зээл тусламж нэмэгдэж их бүтээн байгуулалт хийгдсэнээр эрүүл мэндийн салбар хүнд үеийг давж, хөл дээрээ боссон. Энэ үед 300 гаруй эмнэлгийг засварлаж, бүх Үндэсний төвүүдийг өргөтгөж, 100 гаруй эмнэлгийг шинээр барьж, шинэ техник технологи, оношилгоо эмчилгээний шинэ шинэ аргуудыг эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, хууль эрх зүйн орчныг шинэ шатанд гаргаж чадсан. Мөн 2009 онд хувийн эмнэлгүүдийн эрүүл мэндийн үйлчилгээнд даатгалаас төлөх санхүүжилт 30000 байсныг 100000 болгосноор хувийн эмнэлгүүдийн хөгжил эрч хүчээ авсан. Бидний эхлүүлсэн зарим томоохон эмнэлэг, лабораториудын бүтээн байгуулалт гацаж, одоо л ашиглалтад орж дуусч байх шиг байна. Өнөөдөр Монгол Улсад улсын болоод хувийн эмнэлэг, эрүүл мэндийн төв, лаборатори, эмийн сангууд хангалттай болсон. Гагцхүү өвчлөлийн хүндрэлийг бодитой тооцон эмнэлгээр үйлчлүүлэгчдийн менежмэнт, зохицуулалтыг сайн хийж чадвал эмнэлэгт хүн, хүүхэд дүүрэхгүй байх бүрэн боломж бий. Эмийн чанар, аюулгүй байдлын тухайд гэвэл манай улсад 4310 бүртгэлтэй эм байгаагийн 79 хувь буюу 3407 эмийг импортоор оруулж байна. Бүртгэлтэй эмийн 98 хувь нь европ, хоёр хувь нь уламжлалтын эм, импортын 3407 эмийн 11 хувь буюу 381 нь брэнд эм, 89 хувь нь буюу 3206 эм нь Ерөнхий нэршлийн эм байна. 2021 онд нийт 689.6 тэрбум төгрөгийн хангалт хийгдсэний 552.5 нь эмэнд, 137.1 нь эмнэлгийн хэрэгсэлд зарцуулагдсан байна. Монголд европ эмийн үйлдвэр 20, уламжлалт эмийн үйлдвэр зургаа, био бүтээгдэхүүний үйлдвэр 13 байна. Эдгээр тоог хараад уншигчид маань дүгнэлт хийх байх гэж бодож байна. Монголд хамгийн бага үнэтэй эмийг импортолж байгаагаас эмийн чанар шаардлага хангахгүй байна гэдэг үнэн. Энэ нь бас л мөнгөтэй холбоотой шүү дээ. Нөгөө талаар эмийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох цаг болсон. Уг нь 2016 онд УИХ-иар хэлэлцэгдэж байгаад эцсийн хэлэлцүүлэг дээр эм хүнсний агентлагийн асуудлаас болж байнгын хороонд буцааж байсан “Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ыг энэ парламент хурдан баталмаар байгаа юм.

-Бид хэзээ нэг эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй, чанартай, хүнд сурталгүй авах юм бэ. Энэ чигийн төрийн бодлого ямар байдлаар явах ёстой байдаг юм бэ?

-Төрийн бодлогын тухайд Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам гэвэл хангалттай байгаа. Гагцхүү түүнийг бүх шатанд ягштал хэрэгжүүлэх хэрэгтэй. Юуны өмнө нэг дарга гарч ирээд тэр ч хэрэггүй, энэ ч хэрэггүй гэж дур зоргоороо авирладгаа больчихмоор байна.

-“Монголын үрс маш олон болтугай” гэж ерөөдөг атлаа хүүхдэд ээлтэй зүйл цөөн байна. Хүүхэд, ирээдүй хойч үеэ бид ер нь ямар нийгэмд амьдруулах гээд яваад байна вэ?

-Үнэхээр бид хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө юу хийж байгаа билээ. Хамгийн ойрын жишээ гэхэд УИХ-ын 2023 оны төсвийн тухай хуулийн хэлэлцүүлэг дээр Үндсэн хуулиа зөрчин хүүхдийн мөнгөнд ялгавар тогтоох тухай ярьж, маргалдаж байна. Хүүхэд бол хүүхэд ш дээ. Хүүхдийн мөнгө бол халамж биш, анхнаасаа хүүхэд бүрийн сайн сайхны төлөөх хөрөнгө оруулалт, хүн амын тоог өсгөх, бас хүүхэд заавал эцэг эх, халамжлан хүмүүжүүлэгчийн хамт амьдардаг байх, сургууль завсардаагүй байх, товлолын вакцинд заавал хамрагдсан байх гэсэн хариуцлагыг эцэг эх, халамжлан хүмүүжүүлэгчдэд нь үүрэгжүүлж хуульчилсан төрийн бодлого байсан. Харамсалтай нь МАН-ыхан сонгуульд зориулж хүүхдийн мөнгийг халамж болгон өсгөчихөөд одоо дийлэхгүй болхоороо ялгавар тогтоох гэж оролдож байна. Ардчилсан нам ямагт ялгаварлын эсрэг зогсож ирсэн.

-УИХ-аар төсөв хэлэлцэж байна. Монгол Улс түүхэндээ төсвөө алдагдалгүй баталж байсан тохиолдол байдаг уу. Яавал төсвийн алдагдлыг багасгах бол?

-Алдагдал зөвхөн зарлагатай холбоотой болохоор төсвийг зүй зохистой төлөвлөж чадвал төсвийг алдагдалгүй баталж бололгүй яахав. Монгол Улсын Засгийн газар 2023 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 18.9 их наяд, зарлагыг 20.5 их наяд, төсвийн алдагдлыг 1.6 их наяд, урсгал зардлыг 15 их наяд, хөрөнгө оруулалтыг 2.7 их наяд төгрөгөөр тооцож УИХ-д оруулж ирсэн байна. Манай эрүүл мэндийн салбарын 2023 оны төсөв гэхэд 1.3 их наяд төгрөгт хүрч. Тэгэхэд 2008 оны эрүүл мэндийн салбарын төсөв 200 тэрбумаар л яригдаж байлаа шүү дээ. Харьцуулахын аргагүй байгаа биз дээ. Энэ бол сайн хэрэг. Уг нь эрх баригчид шинэ хөрөнгө оруулалт нэмэхгүй, хэмнэлтийн хуулиа хэрэгжүүлнэ гэсэн. Тэгсэн мөртлөө таван сарын өмнө баталсан Төсвийн мэдэгдлийн тухай хуулиа зөрчөөд урсгал зардлаа өмнөх оныхоос хоёр их наядаар, хөрөнгө оруулалтаа урд өмнө байгаагүйгээр өсгөөд ороод ирсэн байна. Цаана нь байгаа концессын 279 тэрбум, гадаадын зээл тусламжийн 1.7 их наядыг тооцвол хөрөнгө оруулалтын хэмжээ асар их нэмэгдэхээр байна. Ингэж төсөвт “шинэ баян”-ы сэтгэлгээр хандаж болмооргүй байгаа юм. Эдийн засагчид төсөв ингэж хэт тэлэх нь валютын ханш, инфляцийн өсөлтөд нөлөөлж, эдийн засагт маш муу үр дагавар авчирч болно гэж үзэж байгаатай санал нэг байна. Олон улсын ээдрээтэй байдал, цар тахал,хилийн хориг гээд бэрхшээлүүдийг тооцохгүй байж огт болохгүй.

-Эдийн засаг улам л агшсаар байна. Энэ нь мэдээж сайн зүйлд хүргэхгүй байх. Яавал бид эдийн засгаа тэлж, валютын урсгалыг дотроо барих вэ?

-Би дээр хэлсэн. Товчхондоо үндэсний үйлдвэрлэл, тэр дотроо хүнд аж үйлдвэрийн салбарыг эрчимтэй хөгжүүлж байж л эдийн засгаа зөв тэлж, бүх асуудлыг дотооддоо шийддэг болно. Н.Алтанхуягийн засгийн газар “Чингис” бондын зээлийн тодорхой хувиар Улаанбаатар хотыг бүх аймгуудтай холбосон 3000 км засмал зам тавьж, хотын замын сүлжээг өргөтгөж, хэд хэдэн цементийн үйлдвэрийг босгох суурийг тавьж чадсаныг бид мэднэ. Түүнээс хойш хичнээн зээл авав, нүдэнд харагдах юу байна. Монгол Улсын гадаад өрийн хэмжээ 2022 оны хагас жилийн байдлаар 33.3 тэрбум ам.долларт хүрч, нэг иргэнд 30 сая төгрөг ноогдохоор болж. Энэ бүхэнд дүгнэлт хийх хэрэгтэй.

-Ам.доллар олох шинэ эх үүсвэр бидэнд байна уу?

-Байлгүй яах вэ дээ. Дэлхийн хөгжлийг залж байгаа газрын тосны, цементийн, зэс, ган төмөрлөгийн үйлдвэрлэлээ хөгжүүлчихэд л болоо. Монголчуудын заяа буянаар энэ бүх бүтээгдэхүүний түүхий эд болох баялаг нь эх орны маань газрын хэвлийд байж л байна. Түүнийгээ бэлэнчлээд ухаж төнхөөд гадагш нь зөөж, дэлхийн их гүрнүүдийн хүнд аж үйлдвэрийн салбаруудыг тэтгэж суухаар өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож гадагш гаргаад валютын урсгалыг өөртөө татах боломж байна шүү дээ.

-Та бол АН-ын ахмад зүтгэлтэн, лидер улстөрчдийн нэг. Танай намд үүсээд байгаа асуудлыг та юу гэж харж байна?

-Нам нь гишүүд нь байгаа ч удирдлагын хувьд хоёр талд гарчихаад өрсөлдөгч намынхаа тоглоом болоод сууцгааж байна.

-Дүү нарынхаа эв эеийг олуулах асуудалд оролцож байна уу. Энэ нам чинь сүйрэл рүүгээ яваад байгаа юм биш үү?

-Үгүй дээ. Харин ч АН-ын нэрээр нам,төрийн өндөр албан тушаалд ажиллаж ирсэн манай лидерүүд залуусдаа зайгаа тавьж байж энэ намын хувь заяа шийдэгдэнэ гэж би харж байна. Таны хэлээд байгаа намаа сүйрлээс аврах ганц нөхцөл боломж нь ердөө энэ. Нэгдэж нийлээд эв зүйгээ олоод АН маань бүтэн болчихвол тусалж, дэмжих юм байвал хүчин зүтгэхэд бэлэн байна. Энэ бол миний АН-аас төрсөн улстөрчийн хувьд, жирийн гишүүдийнхээ өмнө хүлээх ёстой эрхэм үүрэг.

-Та ядуурлыг бууруулах дэд хороог ахалж байсан хүн. Ядуурал буурсан уу. Улам нэмэгдсээр байна уу. Яаж ядууралтай тэмцэх вэ?

-2005 он юмуу даа. Тэр үед УИХ-д ийм хороо байгуулагдаад Нийгмийн хамгааллын яамтай хамтраад ядууралтай тэмцэж байсан. Төсөл хөтөлбөрүүд ч их олныг хэрэгжүүлсэн. Тухайн үедээ үр дүнгээ өгч ядуурал буурч байсан. Гэхдээ амьдралын хэм хэмжээ, хөдөлмөр эрхлэлт, орлогын түвшин, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гээд олон хүчин зүйлээс шалтгаалддаг болохоор ядуурлын бууралт өсөлт маш их хэлбэлзэлтэй байдаг. Өнөөдөр ч гэсэн статистик мэдээллээр ядуурал тэдэн хувиар буурлаа л гээд байгаа биз дээ. Үнэнийг хэлэхэд, амьдралын түвшин хүнд байгаа айл өрхүүд хот хөдөөд маш их болж сэтгэл түгшээж байна.

-Таны сайд, даргаар ажиллаж байх үед байсан нийгмийн тулгамдсан асуудал одоо хүртэл байсаар л байна. Утаа, замын түгжрэл гэх мэт. Энэ асуудлыг шийдчих ухаан бидэнд алга уу. Эсвэл ард түмнээ ядуу байлгах нь хэн нэгэнд ашигтай байгаад байна уу?

-Утаа, замын түгжрэл чинь Улаанбаатар хотын тухайд гэр хорооллын хүн амын хэт их төвлөрөл, дулааны шийдэл, хот төлөвлөлт, авто замын сүлжээ, машины тооны өсөлт гээд олон хүчин зүйлээс шалтгаалж байна. Үе үеийн засгийн газар янз бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн гэдгийг үгүйсгэх аргагүй. Нийслэлийн ИТХ, Засаг даргын тамгын газар гээд том бүтэц ажиллаж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын ахалсан Үндэсний хороо хүртэл ажиллаж ирсэн. Би ч гэсэн энэ зөвлөлд нь ороод гүйж явлаа. Энэ Засгийн газар энэхүү асуудлыг хариуцсан Төрийн сайд түүний ажлын албыг хүртэл байгуулж байна. Ер нь орон сууцжуулж, дэд бүтцээ хөгжүүлж утаат яндангүй болж байж л утаанаас сална. Автомашины түгжрэл гэдэг нь таг зогсчихыг л хэлэх байх. Хаана ч аль ч хотод автомашины урсгал “хөвж” л байдаг. Тийм л болгоход болно. Тэгэхийн тулд хот төлөвлөлтөө боловсронгуй болгож, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, нийтийн тээвэр, авто замын сүлжээ, машины зогсоол, замын элдэв хаалт, хориглолтыг цогцоор нь шийдчихмээр санагддаг.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

SPEAK OUT: С.Баярцогт АН-ын дарга болвол та дэмжих үү? DNN.mn

Ардчилсан намын эвлэрэх уулзалтууд удаа дараа болж, үр дүнд нь маргаан, хуваагдал нь аажим, аажмаар хумигдаж байна. С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын талд тамга, гэрчилгээ, дүрэм гээд бүгд шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн гэдэгтэй маргах хүн цөөрлөө. Тиймээс одоо С.Эрдэнэ даргыг буулгаж, Ардчилсан намын дараагийн даргыг гаргаж ирэх цаг нь болсон хэмээн гишүүд нь дээр, дооргүй хэлж, бичих боллоо. Ардчилсан намын дүрмээр дарга сонгохдоо хоёр хэлбэрээр тодруулж болдог. Нэгдүгээрт, Үндэсний бодлогын хорооноос сунгаа зарлах. Хоёрдугаарт, ээлжит болон ээлжит бус их хурлаараа шууд тодруулах. Одоо сунгаа зарлаж, даргаа сонгох нь цаг хугацаа алдсан ажил гэдгийг ч намын гишүүд, лидерүүд нь ярьдаг. Тиймээс ээлжит бус их хурлаараа намын даргаа сонгох асуудлыг олонхоороо дэмжих нь тодорхой болоод байна. Харин намын даргад хэн сонгогдон ажиллаж чадах вэ гэдэг асуулт тэдний толгойн өвчин болж буй. Зарим нь залуучуудаараа толгойлуулах хэрэгтэй гэж байгаа бол зарим нь туршлагатай, улс төрд олон жил явсан лидерүүдээсээ гаргаж ирэх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Тэр дундаа УИХ, Засгийн газрын гишүүнээр хэдэнтээ сонгогдож төрийн өндөр албан тушаал хашиж байсан С.Баярцогтыг намын шинэ даргаар томилох асуудлыг дотроо ярилцаж эхлээд удаж байна. Ардчилсан намд түүнээс өөр дарга болчих, түүнээс өөр намын эв нэгдлийг ханган ажиллаж чадах лидер үнэндээ ховор гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Тиймээс үнэхээр АН-ын дараагийн даргад С.Баярцогт нэр дэвшиж оролцвол дэмжих үү гэдгийг Ардчилсан намын гишүүд, дэмжигчдээс тодрууллаа.


УИХ-ын гишүүн С.Одонтуяа: –Би тэр нь дарга болно, тэрийг нь дэмжинэ гэж хэлж чадахгүй, боломжгүй.

УИХ-ын гишүүн асан, АН-ын дарга С.Эрдэнэ: –Намын дарга болох асуудал нь С.Баярцогтод нээлттэй байгаа шүү дээ. С:Баярцогт бол манай намын туршлагатай улс төрчдийн нэг. Дүрмийн хүрээнд энэ асуудлаа шийдүүлээд явах боломжтой. Намын даргын сунгааг удахгүй явуулна. Би энэ албанд зууралдаад суугаад байгаа зүйл байхгүй. Гол нь Ардчилсан намаар тоглох гэсэн нөхдүүдэд, ардчилсан үзэл санааг устгах гэсэн этгээдүүдэд тэр боломжийг нь би хэзээ ч нээж өгөхгүй.

АН-ын дэд дарга Ц.Оюундарь: –Ардчилсан нам одоо Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн шинэ Үндсэн дүрмийнхээ дагуу бүтэц зоxион байгуулалтын өөрчлөлтүүдийг эрчимтэй хийж байна. Энэ xүрээнд xийгдэхээр xүлээгдэж буй бас нэг том өөрчлөлт бол намын даргын асуудал. Миний хувьд С.Баярцогтыг АН-ын дарга болно гэвэл 100 хувь дэмжинэ. Улсын хэмжээний бодлого тодорхойлох намын дарга хууль тогтооx болон гүйцэтгэх засаглалд идэвxтэй ажилласан туршлагатай, өндөр боловсрол, мэдлэг чадвартай байх нь улсын эрx ашигт нийцнэ. Ардчилсан нам хэзээд xувийн хэвшлийг дэмждэг, хоёр хөршөө xүндэтгэxийн зэрэгцээ гуравдагч хөршийн бодлогыг тууштай баримталдаг, парламентын ардчиллыг Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын баталгаа гэдэгт итгэдэг, xувь xүний эрx, эрx чөлөөг ямагт эрxэмлэсээр ирсэн нам. С.Баярцогт бол энэ үзэл санааг тэртээ 1990 оноос эхлэн хэлбэрэлтгүй тээж, энэxүү эрx чөлөөний үзэл санааг шинэ Үндсэн xуулинд шигтгэхэд гар бие оролцсон, улмаар түүнийгээ УИX, ЗГ-т ажиллаж байхдаа бодит үйл хэрэг болгохын төлөө асар идэвхтэй ажилласан үлгэр жишээч улстөрч. Түүнийг болон ерөөс манай намын толгойтой, ирээдүйтэй болгоныг бодлоготойгоор харлуулах үйл ажиллагааг сүүлийн 7,8 шаxам жил тасралтгүй явуулж, элдэв хэрэгт xүртэл холбогдуулан яллаж хорьсон ч тэр мохоогүй. Харин ч хат суугаад гарч ирсэн. С.Баярцогтод холбогдуулан гадаад дотоодгүй нээсэн бүx зоxиомол хэргүүд нь бүрэн шалгагдаж, буруугүй нь тогтоогдоод бүрэн цагаадсан. Одоо тэрээр Ардчилсан намаа нэгтгэж xүчирхэгжүүлэxийн төлөө бүx цаг заваа зарцуулан идэвхтэй ажиллаж байгаад би xувьдаа баяртай байгаа. Ийм л хаттай, боловсорсон, ажилсаг, уйгагүй xүн АН-ын дараагийн дарга болоосой гэж би хувьдаа бодож байна.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан, АН-ын гишүүн С.Ламбаа: –Нэгдүгээрт, би энэ хоёр хуваагдчихсан намын аль ч талд орохгүй. Аль ч талд нь орж ажиллахгүй, улс төрийн зөвлөгөө өгөхгүй. Нөгөөтэйгүүр Ардчилалын төлөө 30 гаруй жил зүтгэж байна. Энэ зүтгэл, хөдөлмөрөө нам хувааж байгаа нөхдүүдээр үгүй болгомооргүй байна. Тиймээс манай нам хоорондоо аль болох түргэн учраа олох шаардлагатай. Учир начраа олоод нам шиг нам болсон цагт зөвлөгөө өгөөд сууж байж болно. Тиймээс эхлээд нам нэгдэх, цул болох ёстой. Дараа нь дарга, удирдлагуудынхаа асуудлыг ярих нь зөв. Би ч тэгж бодож байна. Одоо ийм байгаа асуудал дээр нэмж намын даргыг тэр энэ гэж хэлэх сэтгэл болоод шаардлага алга байна. Би аль ч талын намын гишүүн биш. Би зөвхөн Ардчилсан намын эгэл жирийн гишүүн.

УИХ-ын гишүүн асан, АН-ын хууль, эрх зүй хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү: –Намын даргын сунгаа хэзээ болох нь тодорхойгүй байна. С.Баярцогтын хувьд дүрэм, журмын хүрээнд ороод ирвэл дэмжиж болно шүү дээ. Ороод ирэх боломж ч байгаа гэж харж байна.

АН-ын гишүүн Д.Монголхүү: –Одоохондоо манай намын даргыг сонгох сунгаа тодорхойгүй байна. Нэр дэвшигчид нь тодорхой бус. Хэрэв энэ бүгд тодорхой болчихвол даргад нэр дэвшиж байгаа хүний мөрийн хөтөлбөрийг харж байгаад хэнийг дэмжихээ шийднэ дээ. Боломж гэдгийг яаж томьёолохоосоо хамаарна. Хувь хүний өөрийнх нь бүрдүүлбэр талаас харвал С.Баярцогт боломжтой. Намын гишүүд дэмжих талаас харвал хэлж мэдэхгүй байна. Миний хувьд намыг яаж авч явахаа яаж томьёолж байгааг нь гол үзүүлэлтээ болгож л шийднэ дээ.

АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Золжаргал: –Ардчилсан намын даргын сунгааг хурдхан явуулах шаардлагатай гэдэг байр суурьтай байгаа. Миний ойлгож байгаагаар он гаргаад ээлжит бус их хурлаа зарлах байх гэсэн итгэл үнэмшилтэй явж байна. Тиймээс одоохондоо хэн нь дарга болох гээд яваад байна, хэнийг дэмжих үү гэдэгт хариулт өгөх боломж алга. Энэ асуудал намын их хурлаар л шийдэгдэх нь тодорхой.

АН-ын гишүүн Б.Баярсайхан: –Миний хувьд Ардчилсан намын дарга, удирдлагуудыг солих цаг нь болсон гэж харж байгаа. Аль эрт л сольчих, солигдчих байсан юм. Тэгсэн бол манай нам ингэж хоёр хуваагдахгүй байх боломжтой байсан шүү дээ. Алдаа гаргасан бол хариуцлага хүлээгээд явж чаддаг байх ёстой. Дараагийн ирсэн хүн нь алдаа гаргавал дүрмийнхээ дагуу мөн л хариуцлага хүлээх ёстой. Харин манай намд шинэ даргынхаа хариуцлагыг өмнөх дарга нь хүрч ирээд үүрүүлнэ гэдэг сонин логик бий болгосон. Үүнээс болоод маргаан өрнөж ирлээ шүү дээ. Одоо маргаанаа мартаад маш түргэн дарга, удирдлагуудаа сонгоод явах цаг болсон. С.Баярцогтын хувьд дэмжээд явахад асуудалгүй байх. Улс төр, эдийн засгийн асар туршлагатай хүн. Манай намын хүчтэй лидерүүдийн нэг. Арай өөрөөр сэтгэдэг хүн гэж харж байгаа. Дарга болоод намаа удирдаад сонгуульд амжилт гарган оролцож чадах чадамж ч байгаа гэж харж байна. АН-ынхан үнэхээр тайван байна. Алдаа гарсан л бол богино хугацаанд засах л ёстой. Ингэж ч ирсэн түүхтэй нам өнөөдөр хоёр хүний маргаанаас болоод талцаад засагдахгүй байна. Ардчилсан нам бол хоёр хүний нам биш, хоёр зуун мянган хүний нам. Цаашлаад Үндэсний томоохон нам шүү дээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Ганхуяг: Өөр орноос шатахуун авах боломжтой гэдгийг ОХУ мэдэж байгаа учраас ямар нэгэн хязгаарлалт тавихгүй байх DNN.mn

УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Д.Ганхуягтай ярилцлаа.


-Таныг сайдаар ажиллаж байхад буюу Н.Алтанхуягийн Засгийн газрын үед шатахууныг зөвхөн ОХУ-аас бус бусад орноос тухайлбал, Хятад, Солонгосоос оруулж ирэх асуудал томоохон төслийн хэмжээнд яригдаж байсан. Тэр төсөл яагаад хэрэгжээгүй юм бэ?

-Тухайн үед нөхцөл байдал хэцүү байсан. Түүхий нефть байна. Түүхий нефтиэс бензин, шатахуун үйлдвэрлэж авна. ОХУ-ын Роснефть компаниас авч байгаа бензиний хилийн үнэ дэлхийн зах зээлийн ханшаас өндөр үнэтэй байгаад байлаа. Үүнд нь манайхаас ийм үнээр авах боломжгүй, болохгүй шүү дээ гэдгээ удаа дараа хэлж байсан. Гэтэл ОХУ-аас дорвитой шийд өгөхгүй асуудал гүнзгийрсэн. Уг асуудлаас гарахын тулд таны хэлсэн тэрхүү төслийг эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, мухардсан арга замаас гарахын тулд ажиллаж эхэлсэн гэсэн үг. 2012-2014 оны үед дэлхийн зах зээл дээр нэг баррель нефтийн үнэ 110 ам.доллар хүрч байлаа. Гэтэл тухайн үед ОХУ-аас манайх нэг баррелийг нь 380 орчим ам.доллар буюу хамаагүй илүү өндөр үнээр авч байсан. Энэ арай болохгүй гэж үзээд далайн боомтоор буюу Солонгосоос ч юм уу Сингапураас авах нь хямдхан тусч байлаа. Улмаар шатахуун импортлогч компаниудтайгаа уулзаад та бүхэн илүү хямд газраас авах боломжийг судалж, ажил хэрэг болгооч гэсэн. Ингээд Солонгосоос оруулж ирлээ.

Бүр Солонгосоос оруулж ирж байсан юм уу?

-Оруулж ирж байсан. Нөгөөтэйгүүр БНХАУ-ын Петро Чайна компанид санал тавьсан. Та нар манайхаас түүхий нефть авч байна. Оронд нь шатахуун өгөөч гэж гуйсан. Бид хэтэрхий өндөр үнээр ганцхан компаниас авч байгаа учраас хараат болчихоод байна гэдгээ хэлсэн. Тэгсэн Хятад тал болохгүй зүйл байхгүй, гол нь ямар үнээр авах вэ гэлээ. Бид танай нефть Сингапурын биржийн үнээр тодорхойлогддог. Тэр үнээрээ л бидэнд өгөхгүй юү гэсэн, тэгье гээд хэлэлцээр амжилттай болж байлаа. Ингээд Хятадаас тухайн үед хамаагүй хямдаар дизель авч, мөн Монгол 92 гэх бензин авлаа. Ингээд байж байтал ОХУ-аас авдаг байсан шатахуун, бензиний импорт 100 хувь байсан бол 70 болтлоо буурсан. Цаашид ч буурах хандлагатай байсан. Тэгтэл ОХУ-ын талаас танайхтай дахиад хэлэлцээр хийе гэдэг саналыг тавьсан. Бид нэг л зүйл хүссэн. Дэлхийн зах зээлийн ханшаар л бид худалдаж авна шүү гэдгээ хэлсэн. Ингээд ОХУ бидний саналыг хүлээн авч, одоог хүртэл дэлхийн зах зээлийн ханшаар ОХУ-аас импортолж байна. Ийм л зүйл болсон, товчхондоо. Одоо өөр орноос авъя гэвэл зардал өндөр гарна. Нэг зүйл хэлэхэд, ОХУ хэрвээ экспортоо зогсоочихвол бидэнд Хятад, Солонгосоос авах боломж байгаа. Үүнийг мэдэж байгаа учраас ОХУ арай ч үнээ нэмж, экспортоо зогсоохгүй болов уу. Тиймээс одоохондоо өөр орноос авах тухай бодох шаардлага үүсээгүй байгаа л гэж харж байна.

-Их хурлын дарга энэ намрын чуулганыг нээж үг хэлэхдээ нэг зүйлийг анхааруулсан л даа. Тухайлбал, олон улсын нөхцөл байдал хямралтай, дайнтай байгаа үед Монгол Улс нэг цонхоор харах ёстой. Янз бүрийн зүйл ярьж, Оросуудын дургүйг хүргэж байгаад шатахуун импортдоо хориг тавиулчих эрсдэлтэй шүү гэх утгатай үг хэлсэн. Үнэхээр ОХУ манайх руу өгдөг шатахууныхаа урсгалд хориг тавьчихвал бид яах вэ. Цаашлаад хараат байдлаасаа гараад өөр улсаас авах боломж бий юү л гэж танаас асуугаад байгаа юм?

-Үүнээс гарах хамгийн богино хугацааны үр дүнтэй арга бол хурдхан шиг нефть боловсруулах үйлдвэрээ барих шаардлагатай. Өнөөдөр бол их эмзэг үе л дээ. Өөрөөр хэлбэл, энэ том гүрнүүдийн хооронд гео улс төр, гео эдийн засгийн тэмцэл ширүүн явагдаж байна. Тиймээс аливаа асуудлыг их эмзэгээр хүлээж авдаг болчихлоо. Тиймээс иргэн хүний хувьд энэ улс төрийн шийдвэр, үйл явцад ямар нэгэн санал, шүүмжлэл хэлэх нь илүүц гэж үзэж байна. Ер нь бол Монгол Улс ардчилсан орон. Үүнийг манай урд хөрш болон ОХУ хүлээн зөвшөөрдөг. Тиймээс ямар нэгэн санал, хүсэлт тавьж, хоёр хөрштэйгөө ил тод харилцах нь зөв болов уу.

-Та Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байсан хүн. Тэр үеэс одоог хүртэл бид нэг л зүйлийг хэрэгжүүлж чадахгүй ярьж байна. Баялгаа түүхийгээр нь бус боловсруулж гаргах нь илүү ашигтай гэдгийг бүгд л мэддэг, ярьдаг. Таны үед ч, тэр одоо ч тэр. Яагаад боловсруулах үйлдвэр одоо болтол барчихдаггүй юм бэ?

-Миний хувьд надаас өмнө болон дараа ажилласан, ажиллаж байгаа сайд нарыг мундаг, эсвэл муу байна гэж хэлж чадахгүй. Хэлэх нь ч ёс зүйд нийцэхгүй. Ганцхан үнэн юм байна. Аль болохоор л түүхий эдийг боловсруулж байвал, аль болохоор эцсийн бүтээгдэхүүнд ойрхон болгож гаргаж байвал Монгол Улсад ашигтай. Тиймээс бидний үед аж үйлдвэрийн тал дээр баримтлах бодлого гаргаж байсан. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль ч батлуулж байлаа. Тэр бодлого энэ хууль хэрэгжихгүй байгаад л харамсдаг. Хэрэгжихгүй байгаа болохоор л хөгжихгүй байгаа юм. Өнгөрсөн 70 гаруй жил л хойд хөршийнхөө түүхий эдийн бааз байж ирлээ. Одоо бид ардчилсан орон болоод гуч гаруй жил болж байна. Одоо боловсруулах үйлдвэрээ хөгжүүлэхгүй бол болохгүй. Таны хэлснээр бид үнэхээр бодит алхмуудыг хийх цаг нь болсон.

-Боомтуудын асуудал байна. Саяхан төмөр зам ашиглалтад орлоо. Энэ мэт олон төмөр зам олон боомтууд нээгдэж бид баялгаа түүхийгээр нь гаргах нь илүү ашигтай байна уу?

-Өнөөдөр бидний амьдралд төгрөгийн ханшны уналтаас ч гэх үү инфляциас ч болоод юм уу сүүлийн зургаан жилд экспортын бодит хэмжээгээ тэлж чадсангүй. Өнгөрсөн хугацаанд ч тэр, одоо ч тэр зах зээл сайн байна. Тэгэхээр баялгаа гадагш нь гаргах гэдгийг би сайн ойлгодоггүй. БНХАУ бол дэлхийд эдийн засгаараа ноёрхож байна. Тэр утгаараа дэлхийд Хятад руу юмаа зарахын тулд бүгд өрсөлдөж байгаа. Манайх энэ улсуудын тоонд орно. Зарсан орлогоо буюу ам.доллараа бүрэн оруулж ирэх, мөн зах зээлийн ханшаар зарж байна уу гэдэгт нь хяналт тавих нь энэ төр засгийн үүрэг. Энэ үүргээ сайн биелүүлж чадаж байна уу гэдэг нь нэг асуудал. Нөгөөтэйгүүр нүүрсний үнэ өндөр байна. Зэс, алтны үнэ дэлхийн биржийн үнээр явчихдаг. Харин нүүрсний үнэ бүс нутгийн үнээр яваад байна. Үүнийг Эрдэс баялгийн бирж байгуулаад үнийг нь тодорхой болгохгүй бол үүнээс болоод асуудал үүсчихээд байдаг юм билээ. Тодорхой хэлбэл, тухайн сарын боомтын үнээр шийднэ гээд л журамлачихад л ямар нэгэн улс төрийн нөлөө орохгүй шүү дээ. Хоёрдугаарт, Монгол Улсын баялгийг экспортолж л байвал орлого нь заавал манай улсын арилжааны банкаар дамждаг байх ёстой. Энэ төрлийн хууль байх шаардлагатай. Энэ бол дэлхий нийтийн жишиг. Өнөөдөр орлого нь гүйцэд орж ирж чадаж байна уу эсэх талаар янз бүрийн л зүйл сонсогдох юм. Одоохондоо бид баялгаа сайн экспортлох хэрэгтэй. Мэдээж болж өгвөл боловсруулах шаардлагатай. Тэгвэл бүр л сайн.

-Валют олох шинэ эх үүсвэр юу байна. Бидэнд ямар боломж байна вэ?

-Том төслүүдээ сайн явуулах хэрэгтэй. Зүгээр, өнөө маргаашдаа шийдчих ёстой нэн тэргүүний ажил бол төмөр замуудаа хурдхан шиг бариад холбочих хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр аливаа улсын Төв банкны гол хариуцдаг ажил бол үндэсний валютын ханшны тогтвортой байдал. Өмнө ч юм уу хэзээ ч юм баахан төгрөг зах зээл рүү нийлүүлчихэж. Гэтэл үүнтэй адилхан хэмжээгээр экспортоо нэмэгдүүлж чадсангүй. Орлого оруулж ирж чадсангүй. Ийм тохиолдолд ганцхан Монголбанкны буруу юу. Эсвэл алдагдалтай төсөв баталж байгаа УИХ-ын буруу юу. Үүнд нь Монголбанк яагаад дуугүй суугаад байна вэ. Мөнгөний бодлогоо ярь л даа. Монголбанк эдийн засаг ярих ямар ч шаардлагагүй шүү дээ. Монголбанк ам.доллар олж чадахгүй, хэвлэж чадахгүй. Тэгэхээр мөнгөний нийлүүлэлт, тэнцвэртэй байдлыг л хадгалах үүрэгтэй шүү дээ. Өөрөөр хэлбэл, та бүхэн экспортынхоо орлогыг тэдэн ам.доллар байлгах юм бол төгрөгийг тийм хэмжээнд барьж чадна гэдэг зүйлээ л ярих ёстой шүү дээ. Гэтэл Монголбанк нь улс төрөөс хараат болчихсон, бие даасан бус л байна.

-Эдийн засгийн асуултаа ингээд түр өндөрлөе. Та АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн үү?

-Тийм.

-Аль талын АН-ын гишүүн бэ?

-Надад бол аль нэг тал гэсэн зүйл байхгүй. Сөргөлдөөд байгаа улсууд учир зүйгээ олоосой гэдэг талынх. Дээд шүүхэд бүртгэлтэй намынхаа дүрмийг барих хэрэгтэй. Уг дүрмийнхээ дагуу хурдхан шиг намын даргын сунгаагаа зарлаад хэн нэгнийг тодруулчихаасай л гэж харж байгаа.

-Намын даргын сунгааг зарлах эрх нь Үндэсний бодлогын хороонд байдаг биз дээ?

-Байгаа. Гэхдээ өнөөдөр Үндэсний бодлогын хороо хуучнаараа ч байгаа юм шиг, шинээрээ ч байгаа юм шиг учир начир нь олдохгүй байна. Нөхцөл байдал иймэрхүү болохоор хэцүүхэн л байна.

-Та учрыг нь олохгүй байхад хэцүүхэн байгаа нь ойлгомжтой л байна. Ер нь эвлэрэх дүр зураг ажиглагдаж байна уу?

-Ирэх 2024 онд УИХ-ын сонгууль болно. Тиймээс энэ ондоо багтаж АН дотоод дахь асуудлаа шийдэхгүй бол дараагийн сонгууль худлаа л болно. Энэ утгаараа хурдхан эв эеэ олцгоогооч ээ л гэж хэлмээр байна. Хоёр тал болоод л улс төр хийгээд байх юм. Ингэх нь хэнд ашигтай юм. Бидэнд лав ямар ч ашиггүй.