Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Х .Бадамсүрэн: Уул уурхай бол урт хугацааны цэгцтэй бодлого, алсын хараатайгаар хөгжүүлэх шаардлагатай чухал салбар DNN.mn

Эрдэнэс Монгол” ХХК-ийн Зэс металлын группийн дарга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Техникийн шинжлэх ухааны доктор (ScD) Х.Бадамсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Шинэ оны эхний дугаарт та бид хоёрын ярилцлага гарч байгаад хувьдаа баяртай байна. Танд шинэ оны мэнд хүргэе. Хуучин оноо хэрхэн үдэж, шинэ онтойгоо золгов оо, та…?
-Баярлалаа. Танд болон энэхүү ярилцлагаараа дамжуулан уншигч олон түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал, амар амгалан, баяр баясал, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах босгон дээр Уул уурхайн салбарынхаа 100 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Зэс, металлын группийн харьяа үйлдвэр, аж ахуйн газруудынхаа 2023 оны үйлдвэрлэл, төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг нягтлах, батлуулах зэрэг нэлээд ажил амжууллаа.
-Уул уурхайн салбар үүсч хөгжсөний түүхэн тэгш ой тохиолоо. Энэхүү салбарын тэртээгээс өдийг хүртэлх түүхэн замнал, алдаа оноо, амжилт бүтээлийг дүгнэн ярих хүн бол та. Өмнөхөөсөө суралцахгүйгээр, мэдэхгүйгээр цааш явна гэж байхгүй гэдэг. Энэхүү салбарын бодит түүхэн хөгжлийн цагалбарыг та товчхон ярих уу?

-Монголын уул уурхайн салбарын 100 жилийн ой 2022 онд тохиолоо. Энэ 100 жил бол сургамж, туршлага, ололт, амжилт үлдээсэн түүхэн он жилүүд байсан. Өнгөрч буй 100 жилд уул уурхайн салбар тодорхой үе шатуудыг дамжин хөгжиж, дэвшиж ирлээ. Ялангуяа, Монгол-Зөвлөлтийн хамтарсан Монголросцветмет нэгдэл, Эрдэнэт үйлдвэр 1970-аад оны эхэн үед байгуулагдсан нь уул уурхайн салбарын түүхэн хөгжилд томоохон түлхэц болсон юм. Өмнө нь манай салбар дан ганц олборлох салбар байсан бол эдгээр үйлдвэр байгуулагдсанаар олборлон баяжуулах шатанд шилжсэн түүхтэй. Ийнхүү томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд бий болсноор манай уул уурхайн салбарт тухайн цаг үеийн шилдэг тэргүүний техник, технологи нэвтэрч, салбар эрчимтэй хөгжлийн замд орж, алт, жонш, зэс, молибдени гээд ашигт малтмалын төрөл бүрээр хөгжил дэвшлийн шинэ шатанд гарсан даа. Гадаадын хөрөнгө оруулалтыг зөв ашиглаж чадвал үр өгөөжөө хэрхэн өгч болдогийг, улс орны хэмжээний дэд бүтцийг яаж шийдэж болдогийг, үндэсний боловсон хүчнийг хэрхэн бэлтгэж болдогийг эдгээр хамтарсан үйлдвэрүүдийн үр дүнгээр харуулж чадсаныг онцлон тэмдэглэж байна. Тухайн үеийн гадаадын хөрөнгө оруулалтын үр өгөөж, ач холбогдол нь одоо ч үнэ цэнэтэй хэвээр байна шүү дээ.

1990-ээд оны эхээр улс орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, шинэ ардчилсан Үндсэн хууль батлагдсан, түүнтэй холбоотойгоор уул уурхайн салбарын эрх зүйн орчинд ч нэлээд өөрчлөлт орж, улмаар Ашигт малтмалын тухай хуультай болсон. Энэ хуулийн дагуу тусгай зөвшөөрлүүд олгогддог болсон нь зарчмын томоохон өөрчлөлт болсон хэдий ч салбарын өмнө тулгамдсан асуудлууд бүрэн зохицуулагдсангүй. Уул уурхайн салбарын талаар олон нийт хот, хөдөөгүй бүхий л түвшинд үнэн зөв мэдээлэл бүрэн бий болоогүй, цэгцтэй ойлголт бүрдээгүй, тэр тусмаа нэгдсэн байр суурьт хүрч чадалгүй 100 жилийн ойтойгоо золголоо доо. Өнөөдрийн хувьд бол эрчимтэй, илүү далайцтай хөгжих, аль болох ашигт малтмалын гаралтай бүтээгдэхүүндээ өртөг шингээж, боловсруулалтын түвшнийг дээшлүүлэх асуудал чухал байгаа бөгөөд энэ асуудал төр засгийн бодлогын түвшинд тавигдаж, биеллээ олж эхэлж байна. Манай орны хувьд уул уурхай бол урт хугацааны цэгцтэй бодлого, алсын хараатай хөгжүүлэх шаардлагатай чухал салбар л даа. Уул уурхайн салбарын ирээдүйн чиг хандлага нь шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийн хөгжлийн бодлогыг дэмжихэд чиглэгдэх учиртай. Уул уурхайн салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэхэд салбар дундын шинжлэх ухааны оновчлол дээр суурилах нь нэн чухал юм. Тухайлбал, техникийн шинжлэх ухааныг эдийн засгийн болоод менежментийн шинжлэх ухаантай уялдуулан салбар дундын шинжлэх ухааны оновчлолыг үйлдвэрлэлд үр дүнтэй нэвтрүүлэн хэрэгжүүлэх нь уул уурхайн салбарын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.
-Засгийн газраас уул уурхайн салбар үүсч хөгжсөний түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудалд ихээхэн анхаарал хандуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар таныг томилсон. Ажлын хэсэг энэхүү ойг ямар байдлаар, ямар хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна вэ?
-Миний хувьд салбарынхаа түүхэн тэгш ойнуудыг угтсан арга хэмжээнүүдийг зохион байгуулах комиссын даргаар өмнө нь хэд хэдэн удаа ажиллаж байсан. Ойн арга хэмжээг зохион байгуулах нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан, дэд ажлын хэсгүүд байгуулан ажилласан. Энэ хүрээнд төлөвлөсөн арга хэмжээгээ уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд, аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтраад үндсэндээ хэрэгжүүлсэн. Тухайлбал, уурхайчдынхаа дунд урлаг, спортын наадмыг зохион байгуулж аваргуудаа шалгарууллаа, салбарынхаа хөгжлийн өнөөгийн түвшнийг үнэлж дүгнэх, цаашдын бодлого, зорилтыг тодорхойлох чиглэлээр эрдэм шинжилгээ болон онол практикийн хурлуудыг зохион байгуулсан зэрэг олон ажлыг дурдаж болж байна. Салбарынхаа түүхэн том ойг Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд даруухан тэмдэглэн өнгөрүүлж байна.
Уул уурхай бол манай улсын эдийн засгийг авч яваа гол зүрх болсон салбар. Нөгөө талдаа зөв бодлого, хариуцлагатай байдал, мэргэжлийн ур чадварыг ус агаар мэт шаарддаг салбар. Тэр утгаараа уурхайчин хүн гэж ямар байх ёстой цаашлаад уул уурхайн салбар ямар бодлогоор, ямар зарчмаар хөгжих ёстой юм бэ?
-Уурхайчид бол технологийн горим, ажлын хариуцлага, сахилга дэг журам, ёс зүйг өндөр түвшинд байлгаж чаддаг, зохион байгуулалт, эв нэгдлийг эрхэмлэдэг хүмүүс шүү дээ. Манай үе үеийн уурхайчид туйлбартай, ноён нуруутай, хүний мөс чанартай байхыг дээдэлдэг хүмүүс дээ. Ер нь эрдэс баялгийн салбарыг гарын таван хуруутай жишиж зүйрлэвэл, эрхий хуруу нь нөөц баялаг юм. Долоовор хуруу нь олборлох, дунд хуруу нь баяжуулах, ядам хуруу бол боловсруулах салбар гэж үзвэл, энэ бүх шат дамжлагыг дамжиж ихээхэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулдаг салбар юм. Үүнтэй харьцуулахад чигчий хуруу шиг орлого, ашиг олдог салбар шүү дээ. Монгол Улсын хувьд одоо хүртэл үндсэндээ ядам хуруу буюу боловсруулах шатны үйлдвэрлэл далайцтай хөгжөөгүй, өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлгүй шахам явж байна гэж ойлгож болно. МУ-ын ЗГ-ын үйл ажиллагааны 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт гангийн үйлдвэртэй болох, зэсийн баяжмалаа хайлуулдаг, боловсруулдаг үйлдвэртэй болох, газрын тосоо боловсруулдаг болох, нүүрсээ боловсруулж тэдгээрийг дагасан химийн үйлдвэртэй болох томоохон зорилтууд тусгагдсан. Энэ бол уул уурхайн салбарын дараагийн 100 жилийн хөгжлийн суурь болох учиртай юм. Цаашид эдгээр том төслүүдээ эрчимжүүлж, үр дүнг нь үзэж, өгөөжийг хүртэх нь нэн чухал зорилт болж байна даа.
-Таныг олон түмэн улс төрч гэхээс илүү мэргэжлийн уурхайчин хүн гэдгээр тань мэддэг. Тиймдээ ч энэхүү салбарт тулгамдсан асуудал бүхнийг шийдвэрлүүлэхээр тухайн газарт нь томилон ажиллуулдаг гэж хардаг. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн хувь эзэмшилтэй холбоотой асуудал үүсч, түүнээс болоод олон арван жил улсыг тэжээсэн “саалийн үнээ” гэх үйлдвэр маань саалиа өгөх эсэх дээрээ тулж байлаа шүү дээ. Яг энэ хүндхэн үед таныг Эрдэнэтийн захирлаар томилсон. Тухайн үеийн гадаад дотоод нөхцөл байдал болоод үйлдвэрийн үйл ажиллагаа ямар байсан талаар та товчхон дурсах уу?
-2016 оны 12 дугаар сараас 2022 оны есдүгээр сар хүртэл хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажилласан. Ний нуугүй хэлэхэд шилжилтийн ч гэмээр юу уу даа, ер нь л амаргүй нөхцөл байдал, цаг үетэй, дараа нь цар тахлын хүндхэн сорилттой тулсан шүү. 2016 оны сүүлээр намайг ажлаа хүлээн авахад үйлдвэр маань үйл ажиллагаагаа явуулаад 38 орчим жил болсон байлаа. Анх байгуулагдахад нь тэр л цаг үеийн хамгийн шилдэг, тэргүүний техник технологи ашигласан байдаг. Гэвч цагийн уртад элэгдэж, насжилт өндөр болсон байсан. Үйлдвэрийн хэмжээнд ашиглаж байгаа нийт техник, тоног төхөөрөмжийн 80 хүртэл хувийг шинэчлэх шаардлагатай болсон нь тулгамдсан асуудлын нэг байлаа. Мөн гадаад талдаа олон улсын арбитрын шийдвэртэй өр төлбөр хуримтлагдсан, тэр нь томоохон асуудал дагуулж байсан шүү. Ер нь уул уурхайн үйлдвэрийн амин чухал асуудал нь нөөц баялаг байдаг л даа. Нөөц баялгийн асуудлыг ч өргөн хүрээнд судлах шаардлага үүссэн байсан юм. Шийдлээ хүлээсэн олон асуудалтай нүүр тулж, үйлдвэртээ, улс орондоо хамгийн үр ашигтай байх шийдлийг гаргаж хэрэгжүүлсэн, цаг наргүй ажиллаж хөдөлмөрлөсөн он жилүүд байлаа. Тасралтгүй үйл ажиллагаатай, дэлхийд томоохонд тооцогддог үйлдвэрийн цар хүрээ, ажлын обьём том л доо. Хамт олонтойгоо гар сэтгэл нийлэн цаг наргүй бүтээлчээр ажилласнаар үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, татвар төлөлт, ажилтны нийгмийн хамгааллын чиглэлээр шинэ рекордууд тогтоогдож, өндөр үр дүнд хүрсэн. Үе, үеийн уурхайчдын нөр их хөдөлмөрийн үр дүнд Эрдэнэт үйлдвэр маань 2021 онд Монгол Улсын Баатар цол хүртсэн. Яриад байвал их олон ажил байна. Гэхдээ би нэг зүйлийг онцлон хэлэхийг хүсэж байна. Монгол Улсын Засгийн газрын цаг үеэ олсон, зөв бодлого, шийдвэрийн үр дүнд цар тахлын амаргүй үед Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмал айл өрх бүрд орж, Монгол хүн бүр байгалийн баялгийнхаа үр шимийг хүртсэн. Коронавирусын цар тахлыг эрсдэл багатай даван гарах бүхий л алхмыг төр засаг хийсэн. Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тухайн үед Засгийн газрыг тэргүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “ ЭЗЭН НЬ ЮМАА МЭДЭЖ ЭРЭГ НЬ УСАА ХАШДАГ” гэдэг зарчмыг баримталж, “Коронавируст халдварын цар тахлын үед айл өрх, аж ахуй нэгж байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай” 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр тогтоолоор түүхэн шийдвэр гаргасан. Энэхүү тогтоолын дагуу 2020 оны 12 дугаар сарын 1-нээс 2021 оны долдугаар сарын 1 хүртэл хугацаанд нийт айл өрх, зарим аж ахуй нэгжийн эрчим хүч, уур ус, дулаан, хог хаягдлын зардлыг төр хариуцахаар шийдвэрлэсэн. Үүнд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг Эрдэнэт үйлдвэртээ хариуцуулсан. Энэ үүргийг Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, хамт олон бүрэн хэрэгжүүлж, 600 орчим тэрбум төгрөгийг төлсөн. Цар тахал нугараагүй байсан тул Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 16-ны өдрийн 207 дугаар тогтоолоор 2021 оны 12 дугаар сарын 31 хүртэл дахин зургаан сараар сунгасан, мөн Засгийн газрын 2021 оны 410 дугаар тогтоолоор нийт айл өрхийн цахилгааны зардлыг 2022 оны зургадугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд төр даах, үүнтэй холбоотой нэмэлт санхүүжилтийг Эрдэнэт үйлдвэр үргэлжлүүлэн хариуцах үүрэг өгсөн. Энэ хүрээнд Сангийн яамтай хамтран баталсан журмын дагуу сар бүр төлбөрийг цаг тухайд нь шилжүүлж, нийт 1.1 их наяд төгрөгийг Эрдэнэт үйлдвэр шийдвэрлэсэн. Ингэхдээ нэг ч төгрөгийн зээл авалгүй үйл ажиллагааны үр дүнгээр дээрх шийдвэрүүдийг хэрэгжүүлсэн дээ. Ингэснээр экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалын өгөөж монгол айл өрх бүрд хүрч, Монгол хүн бүр байгалийн баялгийнхаа өгөөж-хишгийг хүртсэн. Коронавирусын цар тахлыг эрсдэл багатай даван гарах төр, засгийн шийдвэрээр айл өрх, аж ахуй нэгжид Эрдэнэтийн зэсийн бүтээгдэхүүнээр дамжуулан байгалийн баялгийг ард түмэндээ тэгш шударга хүртээх Үндэсний баялгийн сантай болох эхлэлийг тавьсан гэж үзэж байгаа.
-Та тус үйлдвэрийн ерөнхий захирлаар тасралтгүй зургаан жил ажилласан. Энэ хугацаанд Улсын баатар үйлдвэр болгож чадсан гэж бодохоор гарсан амжилт ололтыг тоочвол энд багтахгүй гэдэг нь тодорхой. Тиймээс та тодорхой зарчмын гэмээр ямар том өөрчлөлт, шинэчлэлтийг хийж хөгжлийн шинэ алхмуудыг эхлүүлсэн талаараа товч ярих уу?
-Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлсэн МУ-ын Засгийн газар сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаа Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн асуудлыг тусгайлан авч үзэж, Засгийн газрын 224 дүгээр тогтоолыг 2019 онд гаргаж, тус үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг дэмжсэн. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2019 оны 262 дугаар тогтоолоор уг үндсэн чиглэлийг баталсан. Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийнхээ хүрээнд хөрөнгө оруулалтын бодлогоо тодорхойлж, стратегийн төлөвлөгөөгөө тав таван жилээр гаргаж хэрэгжүүлсэн юм. Үндсэн чиглэлийн эхний таван жил буюу 2017-2021 оны стратеги төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн хийж, хүдрийн нөөцийг өсгөх, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр техник, технологийн болон инженерийн шугам сүлжээний шинэчлэл, өргөтгөл хийх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтоо хэрэгжүүлэхэд үндэс суурь болох ажлуудаа эхлүүлсэн.

Эрдэнэт үйлдвэрийг түшиглэж Үйлдвэр технологийн парк байгуулах тусгай зөвшөөрлийг олгов.


Энэ хүрээнд нийт 1.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг зээл авалгүй өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн. 2017-2021 онд хийсэн хөрөнгө оруулалтын үр дүнд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн дундаж насжилт 2016 онд бараг 80 хувьд хүрч байсан бол 2018 онд 72 хувь, 2019 онд 68 хувь, 2020 онд 57 хувь, 2021 онд 56 хувь хүртэл бууруулсан. Хэдийгээр 2020 оноос дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдварын тархалтын улмаас улс орнууд хорио цээр, хөл хорио тогтоох, хилийн боомт хаагдах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн боловч холбогдох төр, захиргааны байгууллагын дэмжлэгтэйгээр Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олон томоохон төсөл, хөтөлбөрүүдийн ажлыг тасралтгүй зохион байгуулж, явцыг эрчимжүүлэн ажиллаж чадсан. Тасралтгүй, байнгын ажиллагаатай үйлдвэрийн хувьд өндөр зохион байгуулалт, эв нэгдлийг эрхэмлэж, технологийн горим, ажлын хариуцлага, сахилга дэг журам, ёс зүйг өндөр түвшинд байлгах нь юу юунаас чухал байлаа. Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай болж, намайг Ерөнхий захирлаар үргэлжлүүлэн ажиллуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн тэр үед Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзахдаа үйлдвэрийнхээ дараах тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцсон юм. Нэгдүгээрт, уул уурхайн үйлдвэрийн амин чухал асуудал бол нөөц баялаг байдаг. Эрдэнэт үйлдвэрийн ил уурхайн уул-геологийн нөхцөл хүндэрч байна. Нөөц баялгийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай. Хоёрдугаарт, үйлдвэр маань 40 жил ажиллалаа, техник, тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээ муудаж, солих шаардлагатай болсон. Гуравдугаарт, улиг домог болтол олон жил яригдсан гадаад, дотоод дахь өр, авлагын асуудлыг эцэслэх зайлшгүй шаардлагатай. Дөрөвдүгээрт, “Эрдэнэт үйлдвэр”-ийг тойрсон, элдэв нэр хоч зүүлгэсэн асуудлуудыг цэгцлэх шаардлагатай. Тухайлбал, боловсон хүчний болон бараа таваарын шахаагүй болгох асуудлыг ярьсан. Тавдугаарт, байгаль орчны асуудлыг тусгайлан авч үзэж, хуримтлагдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх шаардлагатай, цагаан тоос гэж эрдэнэтчүүдийн санааг зовоодог, хэцүү асуудал бий. Эдгээр тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэсэн дээ. Засгийн газар ч бодлогоор дэмжин ажилласан. Уул уурхайн үйлдвэрлэлийн хамгийн чухал нөөц бол ашигт малталын нөөц баялаг, хүний нөөц байдаг. Тэр ч агуулгаар миний хувьд удирдан ажиллаж байсан уул уурхайн үйлдвэрүүдийнхээ хүдрийн нөөцийг өсгөх ажлыг шинжлэх ухааны үндэслэл, тооцоо судалгаатайгаар төсөл хэлбэрээр хэрэгжүүлж, нөөц баялгийг нэмэгдүүлэх ажилд үйлдвэрлэл, шинжлэх ухааны уялдаа холбоог ханган ажиллаж ирсэн. Энэ л туршлагаараа Эрдэнэт үйлдвэрт хүдрийн нөөц өсгөх төслийг 2017 оноос эхлэн геологичид мэргэжилтнүүдтэйгээ хамтран боловсруулан хэрэгжүүлж, 30 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсний үр дүнд цаашид үйлдвэрээ 70 орчим жил ажиллах боломжтой болгож чадсан. Хүдрийн нөөцийг олон улсын Жорк стандартаар баталгаажуулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулах ажлыг зохион байгуулсан. 2016 онд үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжийн 80 хүртэл хувь үндсэндээ элэгдсэн, сольж, шинэчлэх шаардлагатай болсон байсан. Үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр тоног төхөөрөмжийг солих бас амаргүй. Ялангуяа баяжуулах үйлдвэрийн хувьд өргөтгөл, шинэтгэл хийхэд асуудал ихтэй. Үйлдвэрлэл тасралтгүй явах ёстой атал техник, тоног төхөөрөмжийг солихын тулд бид зайлшгүй хуучныг нь авч, шинийг суурилуулна. Зарим тоног төхөөрөмжийн овор хэмжээ нэмэгдвэл суурийн даац, хэмжээ дамжааг бас өөрчлөх шаардлага гарна. Ингэлээ гээд үйлдвэрлэлээ зогсоохгүй, хүрсэн түвшнийг нь бууруулахгүй байхыг зорьж ажилласан. Үүний үр дүнд 2022 онд баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн ажлаа дуусгаж, ашиглалтад хүлээн авч, жилд 6 сая тонн хүдэр боловсруулж, 100 мянга орчим тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадлаар үйлдвэрлэлээ өргөтгөж чадсан юм. Эрдэнэт үйлдвэрийг тойрсон гадаад дахь олон жил яригдсан өр, авлагын асуудлууд байсан. Тухайлбал, Өрийн тухайд, хамгийн том, ярвигтай нь “Стандарт банк”-тай холбоотой асуудал байсан. Уг нь “Эрдэнэт үйлдвэр” өр тавьчихаагүй юм шүү дээ. “Жаст” групп зээл авахад нь “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан гэж буруутгаж, тус үйлдвэрээр 51 сая ам.доллар төлүүлэх шийдвэрийг 2013 онд Лондонгийн арбитрын шүүхээс гаргасан юм билээ. Түүн дээр нь хүү, торгууль нэмэгдэж явсаар 2019 оны эхэн гэхэд 120-иод сая ам.долларт хүрсэн юм. Тэгээд арбитрын шүүхээс “Энэ өр төлбөрөө дуусга. Тэгэхгүй бол Эрдэнэт үйлдвэрийн мөнгөн урсгалыг зогсооно. Үйлдвэрийн хөрөнгөтэй холбогдуулж асуудал тавина” гэх мэтийн тун хэцүү, хатуу шаардлага тулгаж эхэлсэн. Товчхондоо, Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, санхүү, хөрөнгө мөнгөнд аюул нүүрлэсэн. Эрдэнэт үйлдвэр 2019 оны эхээр ТӨҮГ болсон учраас уг асуудлыг төртэй холбож, улс орны хэмжээнд өндөр эрсдэл дагуулахаар нөхцөл байдал үүссэн юм. Цаг алдалгүй нэг талд нь гаргаагүй бол “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалах, үйл ажиллагааг доголдуулахад бэлэн болсон байсан шүү. Ингээд “Стандарт банк”-тай аргагүйн эрхэнд ширээний ард сууж, төлөх мөнгөө багасгах яриа хэлэлцээ хийсэн. Хэлцлийн явц, тэдний зүгээс тавьж буй шаардлага туйлын амаргүй байсан шүү. Бид тиймэрхүү хэлцэлд ашигладаг хуулийн хүрээний арга хэрэгслийг бүгдийг судалж, сүвэгчилсэн дээ. Ингэсний үр дүнд хамгийн боломжит хувилбараар шийдэж чадсан. Үүнийг Засгийн газар, холбогдох байгууллагууд ойлгож, дэмжсэн нь бидний ажилд том тус болсон. Бид асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, зохих шийдвэр, удирдамжийг авсан. Ингээд Лондонгийн Арбитрын шүүхийн шийдвэрээр төлөх шаардлагатай болсон 120 сая ам.долларын өрийг 40 сая болтол буюу 3 дахин бууруулж төлснөөр Эрдэнэт үйлдвэр нэг зовлонгоос гэтэлж, том аюулыг зайлуулж чадсан. Дотооддоо 40 сая ам.доллараа буруутай этгээдүүдээс гаргуулах талаар Эрдэнэт үйлдвэрийн зүгээс боломжтой бүх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Мөн Балхашмыш компаниас авах 20 сая ам.долларын асуудал байсан. Бид боломжтой бүх аргыг хуулийн хүрээнд хэрэглэж, гадаад харилцааны яамны дэмжлэг туслалцааг ч авч, мөнгөө бүрэн авсан. Энэ 20 сая ам.долларыг бүтээн байгуулалтын ажилд зарцуулсан.

-Эрдэнэт үйлдвэрийг дагасан бас нэг асуудал нь бараа таваарын “шахаа” гэх яриа цөөнгүй гардаг. Үүнийг шийдвэрлэхийн тулд та бодлогын чигтэй ямар ажлууд хийж, ямар зарчмаар ажиллаж ирсэн бэ?
-Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны цар хүрээ том, дэлхийн хэмжээний үйлдвэр. Хоёр хөрш, Япон, БНСУ, АНУ, Европын улсууд гэх мэтийн 20-иод оронтой худалдаа арилжаа хийх, техник технологийг нь ашиглах зэргээр хамтарч ажилладаг. Бид “шахаа” гэгч зүйлийг зогсоохын төлөө шийдвэртэй арга хэмжээнүүдийг үе шаттай авч хэрэгжүүлсэн. Ялангуяа Засгийн газар онцгой дэглэм тогтоож, төрийн өмчит үйлдвэрийн газрын статусаар ажиллах болсон 2019 оноос худалдан авалтын бодлого, хангамжийн үйл ажиллагаанд зарчмын шинэчлэл хийсэн юм. Өмнө нь худалдан авах ажиллагааг зургаан бүтцийн нэгж тус тусдаа зохион байгуулж байснаас нэгдсэн бодлого алдагдаж, төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах ажлыг үйлдвэрийн газрын хэмжээнд нэгтгэх боломжгүй болсон зэрэг нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахад багагүй хүндрэл үүсгэж байсан. Энэ асуудлыг цэгцэлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу худалдан авах ажиллагааг батлагдсан төлөвлөгөөний дагуу ил тод, нээлттэй, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай байх зарчимд тулгуурлан 100 хувь цахимаар зохион байгуулдаг болгосон.Ерөнхий захирлын 2020 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн А/90 дүгээр тушаалаар Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газар, худалдан авах ажиллагааны хэлтсүүдийг байгуулж, үйл ажиллагааны журмыг баталж хэрэгжүүлсэн. Ингэснээр худалдан авах ажиллагааны бодлогыг тодорхойлох, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааг төлөвлөх, хуулийн дагуу хэрэгжүүлэх, тайлагнах, явцын үйл ажиллагаанд захиалагчийн хяналт буюу мониторинг хийх ажлыг нэгдсэн удирдлагад оруулсан юм. Худалдан авах ажиллагаанд “нэг цонхны бодлого”-ыг хэрэгжүүлж байгаа нь үр дүнгээ өгч, 2019-2022 онд зөвхөн худалдан авах ажиллагаанаас 262 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гарган ажилласан даа.
-Ийм үр дүн гарахад нөлөөлсөн гол хүчин зүйлсээс дурдахгүй юу?

-Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэл, санхүү-эдийн засаг, худалдан авалтын үйл ажиллагааг хариуцан ажилласан багийн хичээл зүтгэлийн үр дүнд үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, өртөг, зардлыг бууруулах, арвилан хэмнэлтийн горимд сахилга баттай, дэг журамтай ажиллаж чадсан. Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн үйл ажиллагааг шилэн дансны цахим хуудаст, худалдан авалтын үйл ажиллагааг төрийн худалдан авах ажиллагааны цахим системд байршуулан олон нийтэд ил тод, нээлттэй болгосон. Мөн Эрдэнэт үйлдвэрийн бүх шатны удирдлага, хамт олон үйлдвэртээ өөриймсөг сэтгэлээр, эзний ёсоор ханддаг болсонтой холбоотой, тодруулж хэлбэл миний үйлдвэр, миний цех, миний тээрэм, миний экскаватор, миний белаз, миний л хариуцсан ажил гэх сэтгэлгээ төлөвшиж, хүн бүр дор бүрнээ хичээж ажилласантай холбоотой юм.

-Уул уурхайн үйлдвэрлэлийн нөгөө талд байгаль орчны асуудал заавал хөндөгддөг. Эрдэнэтчүүдийн хувьд цагаан тоос гэж ард иргэдийн санааг зовоодог амаргүй асуудал байдаг шүү дээ?
-Цагаан тоосноос ангижрах гарц шийдэл хайж Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олон цагаан тоосыг дарах, тоос дэгдээхгүй байх арга замыг олсон гэж үзэж байгаа. Энэ ажилд тодорхой хөрөнгө зарж байна. Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэстэй болсон. Энэ хэлтсийн хариуцах гол ажил нь цагаан тоос, байгаль орчны асуудал. Хариуцах эзэн тодорхой болсноор үр дүн ч гарч байгаа. Ер нь цаашдаа цагаан тоосноос сална. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Эрдэнэт үйлдвэр хамгийн түрүүнд нэгдэж, 2031 он хүртэл хугацаанд 100 сая мод тарьж ургуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг амжилттай эхлүүлсэн. Энэхүү ажлын хүрээнд олон улсын стандартын шаардлагыг хангасан Мод үржүүлгийн цогцолбор, Ногоон хөгжлийн төв болон Монгол Улсдаа анхных болох Ойн генетик нөөцийн төв, Хөрсний биотехнологийн төв зэргийг барьж, Ойн инновацийн “Эрдэнэт” паркийг байгуулж байгаа. Ойн генетик нөөцийн төв нь модлог ургамлын үр, үрсэлгээ хадгалах, тариалалтад бэлтгэх, сор, шилмэл модны сайн чанарын үр, тарьц, суулгац, мөчрийн нөөц сан бүрдүүлэх, биотехнологийн аргаар үржүүлэх, ард иргэдийг үр тарьц, суулгацаар хангах үндсэн үүрэгтэйгээр ажиллах бөгөөд энэ нь Монгол Улсдаа анхных болж байгаагаараа онцлог юм. Мөн олон улсын стандартын шаардлагыг хангасан Мод үржүүлгийн цогцолбор нь жилд 10 сая хүртэл тарьц, суулгац ургуулах хүчин чадал бүхий автомат мод үржүүлгийн газар байхаар төлөвлөсөн.
-Эрдэнэт үйлдвэр гэдэг өөрөө маш том айл, маш том хамт олон. Энэ олон хүнийг нэг бодлогоор зангидаж, нэг зорилгын төлөө ажиллуулах ер нь хүндрэлтэй юу?
-Том үйлдвэрийг удирдаж, амжилттай сайн ажиллуулна гэдэг амаргүй даваа шүү дээ. Хоногийн 24 цаг багадах үе ч байлаа. Хүн толгойдоо том төлөвлөгөө, сайхан зүйл тээж явах нэг хэрэг. Түүнийгээ ажил амьдралд хэрэгжүүлэх юу юунаас чухал. Миний хувьд “Төр муу менежер” гэдэгтэй санаа нийлдэггүй хүн. Үүнийг Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаагаар харуулахыг хичээж ажилласан. Төр муу менежер биш гэдгийг Эрдэнэт үйлдвэрийн жишээн дээр харуулж чадсандаа баяртай байгаа. Энэ бол надтай баг болж, гар сэтгэл нийлж ажилласан уурхайчид, ажилтан ажилчдын маань хамтын нөр их хөдөлмөрийн үр дүн шүү гэдгийг онцлон тэмдэглэж, Эрдэнэт үйлдвэрийнхээ 7000 гаруй ажилтан, ажилчдадаа баяр хүргэж, талархал дэвшүүлэхийг хүсэж байна.
-Та анх тус үйлдвэрийн захирлаар очихдоо “Би нэг л зарчим баримтална. Улс төрөөс ангид л ажиллана шүү” гэдгээ анхааруулан хэлж байсан байдаг. Тухайн үед улс төрийн үйл явц, нөлөөлөл, нам, намын шахалтууд их байсан цаг шүү дээ. Энэ том улс төрийн эрх ашиг нөлөөллөөс ангид ажиллах боломж үнэхээр байсан уу, танд?

-Эрдэнэт үйлдвэр намайг удирдаж ажиллах хугацаанд Монгол Улсын Баатар Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, уурхайчид хамт олон бахархмаар олон сайхан түүх бүтээж ололт амжилт гаргасан юм. Намайг Эрдэнэт үйлдвэрийг удирдаж ажиллах хугацаанд улс төрөөс ангид байсан шүү. Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болгох түүхэн шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа гаргаж, тэр үеийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг ажлыг гардан хэрэгжүүлсэн. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх, одоо Ерөнхий сайдаар ажиллаж байгаа Л.Оюун-Эрдэнэ нар нь Эрдэнэт үйлдвэрийн удирдлагад хуулийн дагуу сайн ажиллаарай гэсэн товч тодорхой шаардлага тавьж, Эрдэнэт үйлдвэрээ бодлогоор дэмжиж ажилласан юм.

Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэрт Улсын баатар цол хүртээв. 2021 он

Ийнхүү Эрдэнэт үйлдвэрээ улс төрөөс ангид байлгаж, үйлдвэрийн удирдлага, хамт олон биднийг үйлдвэрлэлээ дүрэм журмынх нь дагуу мэргэжлийн өндөр түвшинд явуулж, урьд өмнө байгаагүй эдийн засгийн өндөр үр ашигтай, улс эх орондоо илүү өгөөжтэй ажиллах боломжоор хангасан гэж ерөнхий захирлаар зургаан жил ажилласан хүний хувьд одоо ч боддогоо онцлон тэмдэглэж хэлье. Хүмүүс харилцан ойлголцож, гар сэтгэл нийлэн ажиллаваас юу ч бүтээж болдогийг, аливаа ажлын хувь заяа бүх шатны удирдах ажилтан, ажил хариуцсан хүнээс хамаарч байдгийг Эрдэнэт үйлдвэрийн сүүлийн жилүүдийн ажлын үр дүн харуулсан гэж бодож байгаа. Хэлж ярьж байгаагаа цөөн хэдэн тоо баримтаар баталгаажуулах нь зөв байх. Тийм үү.

-Тэгэлгүй яахав. Тоо гэдэг бол баримт. Баримт гэдэг бол бодит үнэн гэдэг шүү дээ…?
-Сүүлийн жилүүдэд цахилгаан эрчим хүчний үнэ тариф, татвар, төлбөр, төлбөрийн хэмжээ, бараа материалын үнэ, валютын ханш өссөн зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр үйлдвэрлэлийн зардал мэдээж өсөж байна. Ийм нөхцөлд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ жил бүр орлогоо нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулах арга хэмжээг үе шаттайгаар, системтэйгээр авч хэрэгжүүлэн ажиллаж ирсний үр дүнд борлуулалтын нэг төгрөгт ногдох зардлыг 2016 онтой харьцуулбал 2021 онд 22.35 мөнгөөр, 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 13.28 мөнгөөр тус тус бууруулж ажилласан. Эрдэнэт үйлдвэрийн нийт орлого 2016 онтой харьцуулахад 2021 онд 2.5 дахин, 2022 онд 2.9 дахин тус тус өссөн. Улс, орон нутгийн төсвийн орлого жил бүр өсөн нэмэгдэж, 2016 онтой харьцуулахад 2021 онд 5.6 дахин, 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 9.4 дахин тус тус нэмэгдсэн байна. Энэ бол өмнөх онуудад хийгдсэн хөрөнгө оруулалт үр ашгаа өгч эхэлснийг харуулж байгаа үзүүлэлт. Намайг Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлаар ажилласан зургаан жилийн хугацаанд миний удирдсан менежментийн баг зөвхөн худалдан авалтаас 299 тэрбум төгрөгийн хэмнэлт хийж, экспортын гэрээний нөхцөлийг сайжруулснаар 145 тэрбум төгрөгийн нэмэлт орлого, мөнгөн хөрөнгийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлснээр 52.7 тэрбум төгрөгийн нэмэлт орлого тус тус олж, авлигын хэргээс барагдуулсан орлого 8.9 тэрбум төгрөг болж, 2017-2022 онд нийт 844.1 тэрбум төгрөгийн үр дүн гаргаж ажилласны 752 тэрбум төгрөг буюу бараг 90 хувь нь Төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай ажилласан он жилүүдэд ногдож байгаа юм. Миний тэмдэглэн дурдсан 844.1 тэрбум төгрөг бол үндсэн үйлдвэрлэлийн үр ашгаас гадна зөвхөн менежментийн үр дүнд хийсэн хэмнэлт, нэмэлт орлого гэдгийг тодруулж хэлье. Энэ бол бага мөнгө биш шүү дээ. Энэхүү менежментийн үр дүнгээ түрүүнд дурдсан айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийг хийх замаар Монгол ард түмэнтэйгээ хуваалцсан гэж бодохоор Монгол Улсын Баатар Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олны сэтгэл өег сайхан байдаг юм.
-Эрдэнэт үйлдвэрийг удирдаж байхдаа өөрийн гараар мэргэжлийн 100 залууг бэлтгэсэн гэсэн. Энэ талаараа та тодорхой ярих уу?

-Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас хамаарал өндөр байгаа энэ цаг үед Уул уурхайн салбар манай улсын хувьд стратегийн чухал салбар болоод байна. Энэ чухал салбарт өндөр мэргэжил, боловсролтой боловсон хүчин хамгийн чухал, хэрэгцээ ч их байгаа, цаашид улам бүр өснө. Ийм залуус салбарт маань боловсорч, өсөж өндийж байгаад би баяртай байдаг. Миний хувьд уул уурхайн салбарт 40 гаруй жил ажиллахдаа хүчин зүтгэж байсан бүх л үйлдвэр, аж ахуйн газартаа залуусыг бодлогоор дэмжин, үндэсний боловсон хүчин бэлтгэхэд өөрийн хувь нэмрээ оруулж ирлээ. Хүнтэй ажиллана гэдэг хамгийн сайхан дурсамжтай ажил, цаг мөч байдаг. Аливаа ажлын хувь заяа, үр дүн ажил хариуцсан хүнээс л хамаарна шүү дээ. Удирдаж байсан үйлдвэр, аж ахуйн газрууддаа залуу хойч үеэ эрдмийн ажилд шамдахад дэмжлэг үзүүлэхээс гадна өөрийн олон жилийн судалгаа шинжилгээний болоод практик ажлын туршлагадаа үндэслэн залуу боловсон хүчний ажлын дадлага туршлагыг нэмэгдүүлэх, манлайлал, ур чадварыг өсгөх асуудалд анхаарлаа илүү төвлөрүүлдэг. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрт ажиллах хугацаандаа үйлдвэрийнхээ тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд одоогийн болон ирээдүйн ажиллах хүчний хэрэгцээг хангах, залгамж халааг бэлтгэх, ахмад залуу үеийн амьд холбоог бэхжүүлэх зорилгоор “Хүний нөөцийн хөгжлийн цогц 5 хөтөлбөр” буюу ”100 шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр”, “Залгамж хөтөлбөр”, “100 залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”, “100 анхан шатны манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”, “100 удирдах ажилтны хөтөлбөр”, мөн “Мастеруудын зөвлөгөөн”-ийг анх удаа санаачлан зохион байгуулж, “Манлайлагч мастерын нэмэгдэл”, “Тэргүүлэх зэрэгтэй ажилтны нэмэгдэл” зэрэг ажилтны ур чадварт тохирсон нэмэлт урамшуулал олгосон зэрэг залуу ажилтныг бэлтгэх, дэмжих хөтөлбөрүүдийг удирдлагаар ханган, хэрэгжүүлэн ажилласан. Үүний үр дүнд Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа эрдэмтдийн тоо 35 болон нэмэгдэж, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж байгаа, докторын сургалтад хамрагдаж байгаа ажилтнуудын тоо 42 болж өссөн байх жишээтэй. Уул уурхайн салбарт эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үйлдвэрлэлтэй уялдуулан “Шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх” бодлогыг боловсруулан, хэрэгжүүлж ажилласан 40 гаруй жилийн хугацаанд олон залуусыг эрдмийн ажил хийхэд нь зөвлөн дэмжиж ажилласан. Олон шилдэг залуус, дүү нар сайхан өсч өндийж байгаад сэтгэл өег сайхан байдаг. Мэргэжил мэдлэг чухал байлгүй л яах вэ. Гэхдээ зөв хүн болж төлөвших явдал хамгийн чухал. Манай ахмад уурхайчид хүний мөс чанар сайтай, ноён нуруутай байхыг дээдэлж ирсэн сайхан уламжлалтай. Залуу хойч үедээ хандаж хэлэхэд Монгол Улсад шинжлэх ухаанд суурилсан уул уурхайн үйлдвэрлэлийн бодлого хамгийн чухал байна. Тиймээс залуучууд маань үйлдвэр, аж ахуйдаа ажиллахын зэрэгцээ эрдмийн болон судалгаа шинжилгээний ажил хийж, аливаа бодлого, шийдвэрийг гаргахдаа шинжлэх ухааны үндэслэл тооцоо судалгаанд суурилдаг байх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэж байна.

-Уул уурхайн салбарын хөгжилд Эрдэнэт үйлдвэрийн оруулсан хувь нэмэр асар жин дарна. Тиймээс энэхүү том түүх, том үйлдвэрийн тухай яриагаа түр өндөрлөе. Өнгөрсөн оны намар Засгийн газраас хэд хэдэн томоохон томилгоо хийсэн. Түүн дотор таныг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн “Зэс, металлын групп”-ийн даргаар томилсон. Харин таны оронд Уул уурхайн сайд асан Г.Ёндон Эрдэнэт үйлдвэрт очсон байх аа. Яагаад ийм томилгоо явав гэхээс илүү өмнө нь хэлж байсанчлан одоо таны ирсэн салбарт үнэхээр тулгамдсан асуудал байжээ гэж харж байна л даа…?
-2006, 2007 онд шиг санагдаж байна. Миний бие Монгол Улсын эрдэс баялгийн нөөцөд тулгуурласан эрчимтэй хөгжлийн загварыг гаргаж, Монгол Улсын ойрын болон дунд хугацааны хөгжлийн бодлогод эрдэс баялгийн салбар тэргүүлэх ач холбогдолтойг харгалзан “Уул уурхай – металлургийн үндэсний корпораци” хувьцаат компани байгуулах талаар санал боловсруулан, тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Миеэгомбын Энхболд даргад танилцуулсан юм. М.Энхболд дарга миний тавьсан саналд их шуурхай хандаж, тэр үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Су.Батболд, салбарын яамны дэд сайд Я.Содбаатар нарт үүрэг чиглэл өгч, ажил хэрэг болгосон түүхтэй. Монгол Улсын уул уурхайн салбарын цаашдын хөгжил, түүний эдийн засгийн үр ашигтай уялдуулан тооцож үзэхэд Монгол Улсад стратегийн ач холбогдолтой томоохон орд газруудыг эзэмшихдээ төрийн өмчийн оролцоотой үндэсний томоохон компани байгуулан ажиллуулах нь зүйтэй байна гэсэн санааг дэвшүүлж байсан л даа. Ингэхдээ эрдэс баялаг, хөдөө аж ахуйн хоршсон хөгжлийг авч үзэх нь чухал бөгөөд энэ нь Монгол Улсын эрдэс баялгийн нөөцөд тулгуурласан эрчимтэй хөгжлийн загвар болох юм гэсэн санааг дэвшүүлсэн юм. Стратегийн ач холбогдол бүхий орд газруудын тусгай зөвшөөрөл, лицензийг эзэмшилд нь байлгаж, орд газруудыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ хэлцлүүдийг төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэх төрийн өмчит уул уурхайн компани байгуулах санааг анх гаргасан. Эрдэс баялгийн төрийн өмчлөлийн төлөөллийн үүрэг гүйцэтгэх төрийн өмчит компанийг үүсгэн байгуулах үндэслэл, үйл ажиллагааны чиглэлийн талаар салбарын статистик үзүүлэлтүүд, тоо баримт бүхий судалгаанд суурилсан санал боловсруулж, төр засгийн удирдлагуудад танилцуулсан. Энэ үндсэн дээр “Эрдэнэс Монгол” ХХК нь 2007 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2007 оны 266 дугаар тогтоол, ТӨХ-ны 52 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдсан түүхтэй. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Монгол” ХХК нь эрдэс түүхий эдийн нөөцийг үр ашигтай удирдах замаар улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд бодитой хувь нэмэр оруулах, олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний компани болох зорилготой ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үнэ цэнэ бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэн хувьцаа эзэмшигчдийн хүртэх өгөөжийг өсгөж, улс эх орныхоо эдийн засагт хувь нэмэр оруулах зорилтыг хэрэгжүүлэх, Үндэсний баялгийн сан бий болгох бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин, хараат компани болон харьяа бусад хуулийн этгээдүүдийг үйл ажиллагааны чиглэлээр бүлэглэн Зэс, металлын групп, Нүүрс, эрчим хүчний групптэй болгоод байна. Энэ хүрээнд хийх ажил их байна даа.
-Таныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллуулах томилгоо нийгэмд сайн муугаараа их яригдсан. Зарим нь МАН-ынхан ахмадуудаа явуулаач гэх, зарим нь туршлагыг нь ашигла ч гэх хоёр талын өнцгөөр нийгэм шүүмжилсэн. Та иймэрхүү шүүмжлэлийг ямар байдлаар хүлээн авдаг вэ?
-Ийм саналыг надад тавьсан. Төрийн нарийн бичгийн дарга бол төрийн албаны хамгийн дээд албан тушаал. Харин миний хувьд бол санал тавьсанд талархлаа илэрхийлээд, залуу боловсон хүчнийг томилж ажиллуулах нь зүйтэй дээ гэж хэлсэн дээ. Харин Зэс, металлын группийн хувьд бол өөр юм. “Эрдэнэс Монгол” ХХК байгуулагдаад 14 жилийн нүүрийг үзэж байна. Гэсэн хэдий ч энэ компани бүрэн хөл дээрээ зогсож хараахан чадаагүй байна. Тэр тусмаа салбарын инженерүүдийн санаачилгаар байгуулагдсан компани. Нөгөө талаас Засгийн газар надад итгээд, туршлагаа гаргаад ажиллана уу, гэхэд нь татгалзах эрх байсангүй тэгээд шинэ ажлаа аваад, зүгшрүүлэх ажилдаа ороод явж байна даа.
-Зэс металлын группийн үйл ажиллагааны талаар тодорхой ярихгүй юу. Ямар үүрэг, зорилготой байгууллага юм бэ. Цаашдын томоохон бодлогын чиглэл, өөрчлөлтүүд юу байна вэ?
-Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 225 дугаар тогтоолоор Үндэсний баялгийн сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин хараат компани болон харъяа хуулийн этгээдүүдийг нэгдлийн хэмжээнд зэс, металлын болон нүүрс, эрчим хүчний гэсэн үйл ажиллагааны чиглэлээр бүлэглэж, группийн зарчмаар ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү тогтоолыг үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2022 оны 25 дугаар тогтоолоор зэс металлын группийн оролцогч компани, хуулийн этгээдийн бүрэлдэхүүнд Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет, Эрдэнэс оюу толгой, Эрдэнэс ашид, Эрдэнэс стийл, Эрдэнэс силвер ресурс, Эрдэнэс алт ресурс зэрэг компаниуд болон газрын ховор элементийн төслийн нэгжийг байхаар шийдвэрлэсэн. Зэс, металлын групп нь толгой компанийн ТУЗ-өөс тогтоосон нэгдсэн бодлого, стратегийн дагуу группийн охин, хараат компани болон харьяа бусад хуулийн этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах, мэргэжлийн удирдлага зохицуулалтаар хангаж, зардал бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж, бодлогоор дэмжин ажиллах үндсэн зорилготой. Группийн үндсэн үйл ажиллагаа нь геологи хайгуулын ажил, уул уурхайн үйлдвэрлэл, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний төслүүдийг дэмжин хэрэгжүүлж, үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг уялдуулан өргөжүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, улмаар Үндэсний баялгийн сангийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа юм.
-Монгол Улсын зэсийн бодлоготой холбоотой бүх зүйлийг энэ группт нэгтгэх, цаашид ард иргэдийн баялгийн сан болгон өөрчлөх, шинэчлэх ажлыг гардан зохион байгуулна гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлсэн. Зэстэй холбоотой л бол бодлогыг нь та бүхэн гаргаж байна гэсэн үг үү?
-Та нэлээн лавшруулж асуугаад байх шинжтэй, тэгэхээр тодорхой хариулъя даа. Группийн зохион байгуулалтаар ажиллах нь дэлхийн сонгодог загвар, зарчим л даа. Ялангуяа уул уурхайн томоохон компаниуд, сангууд ингэж ажилладаг. Энэ ч утгаараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс Монгол” ХХК-ийг группийн зарчмаар ажиллуулах санаачилгыг өөрөө гаргаж, Засгийн газрын зохих шийдвэрүүдийг шуурхай гарган хэрэгжүүлж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан энэ ажилд байнгын анхаарал хандуулан дэмжиж байна. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг нээлттэй, ойлгомжтой болгох улмаар байгалийн баялгийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах менежментэд тулгуурлан үйлдвэрлэл технологийн паркийг хөгжүүлж, үйлдвэржүүлэлтийг эрчимжүүлэх, экспортод чиглэсэн бодлогоор эдийн засгаа хөгжүүлэх, үр өгөөжийг нь ард иргэддээ төдийгүй ирээдүй хойчдоо Үндэсний баялгийн сангаар дамжуулан хүртээхэд онцгой ач холбогдол өгч ажиллаж байна. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2022 оны 45 дугаар тогтоолоор Нэгдлийн компани, хуулийн этгээдийг группийн зарчмаар ажиллуулах түр журмыг баталсан. Энэхүү журмаар групп нь нэгдүгээрт толгой компанийн ТУЗ-ийн баталсан нэгдсэн бодлого, стратегийн хүрээнд геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх, олборлох, баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлийн бодлого, чиглэлийг уялдуулан зохицуулах; хоёрдугаарт, группийн компани, хуулийн этгээдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн тодорхой төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх санал боловсруулах, шаардлагатай хөрөнгө оруулагчдыг татах боломжийг эрэлхийлэх, тэдгээрийн хамтын ажиллагааны уялдаа холбоог хангах; гуравдугаарт, группийн хэмжээнд компанийн сайн засаглал, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх, хэрэгжилтэд хяналт тавих; дөрөвдүгээрт, ашигт малтмал эрэх, хайх, ялган авах, олборлох, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, өртөг зардлыг бууруулах, шинэ техник технологи, ноу хау нэвтрүүлэх, эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдалд хяналт тавих, шинээр авахад дэмжлэг үзүүлэх гэх мэт үйл ажиллагааг уялдаа, зохион байгуулалтаар хангаж ажиллах юм. Тэгэхээр зэс, металлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа группийн оролцогч компани, хуулийн этгээдүүдийн дээр заасан үйл ажиллагааг уялдуулах, илүү үр дүнтэй ажиллуулах асуудлыг хариуцна гэж ойлгож болно.
-Нүүрсний хулгай гэдэг шиг Зэсийн хулгай бий юу. Улс төрийн зарим намын зүгээс нүүрснээс илүү том хулгай бий шүү гэж анхааруулаад байдаг нь хэр үнэний ортой вэ?
-Манай улсын хувьд Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой хоёр л зэсийн баяжмал үйлдвэрлэн экспортолж байна. Монгол Улсын Засгийн газраас Ажлын хэсэг байгуулагдан ажиллаад Оюу толгойтой холбоотой асуудлууд цэгцэрч байгаа гэсэн ойлголттой байна. Эрдэнэт үйлдвэрийн хувьд зэсийн хулгай байхгүй шүү дээ. Тийм боломж ч байхгүй. Үйлдвэрлэсэн зэсийн баяжмалаа дэлхийн томоохон худалдааны компаниудтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу манай улсын хувьд хамгийн ойр дөт урд хөршийнхөө зах зээлд, молибдены баяжмалаа БНХАУ, БНСУ-ын зах зээлд нийлүүлж байна. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь экспортын бүтээгдэхүүн зэсийн баяжмалаа олон улсын жишиг нөхцөлийн дагуу, Воод МкКензий, СиАрЮу зэрэг олон улсын судалгааны байгууллагуудын гаргасан жишиг гэрээний загварыг үндэслэн, олон улсын зах зээл дээрх металлын үнээр худалддаг. Зэсийн баяжмалаа хил нөхцөлөөр борлуулдаг. Борлуулалтын үнээ Лондонгийн металлын биржийн тухайн үеийн ханшаар тооцдог. Гадаад худалдааны нөхцөл байдал амаргүй байгаа ч бид баяжмалын борлуулалтын гэрээний нөхцөлийг өөрчлөн сайжруулж, худалдааны компаниудтай зарчмын асуудлаа тохиролцож чадсан юм. Ийнхүү гэрээний нөхцөлийг сайжруулснаар 2017-2022 онд 62 орчим сая ам.долларын нэмэлт орлого олсон тооцоо байна. Худалдан авах ажиллагааны талаар өмнө нь би нэлээд дэлгэрэнгүй ярьсан. Эрдэнэт үйлдвэр бол харилцагчдынхаа хувьд найдвартай түнш. Бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авсаны төлбөр тооцоо бүх баримт бичиг бүрдсэнээс хойш ажлын 3-5 хоногт бүрэн шилждэг болсон. Тийм болохоор Эрдэнэт үйлдвэрээс зарласан тендерт оролцох сонирхолтой хуулийн этгээдүүд олон байдаг нь бодит үнэн. Сүүлийн гурван жилийн дүнгээс авч үзэхэд нэг тендерт хамгийн ихдээ 27 оролцогч өрсөлдсөн байдаг. Мэдээж тендер сонгон шалгаруулалтын зарчмаар явж байгаа тул нэг оролцогч ялахад бусад 26 нь шалгарч чадахгүй үлдэх жишээтэй. Эндээс л мэр сэр яриа, хардлага үүсдэг болов уу. Эрдэнэт үйлдвэр 2016-2017 онд худалдан авах ажиллагааг 100 хувь уламжлалт аргаар зохион байгуулж байсан бол 2018-2019 онд уламжлалт, цахим аргыг хослуулан зохион байгуулж байлаа. Харин 2020 оноос худалдан авах ажиллагаа зуун хувь цахимаар зохион байгуулагддаг болж, ил тод, нээлттэй байдлыг ханган ажиллаж байгаа. Тиймээс Эрдэнэт үйлдвэрт бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Бат-Эрдэнэ: Эрх зүйн орчин эдийн засгаа бодитоор дэмждэг байх ёстой DNN.mn


Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Оны төгсгөлд ярилцаж байгаа учраас улирч буй жилдээ салбар яамны зүгээс хийсэн бодлогын чанартай томоохон ажил, эрх зүйн ямар өөрчлөлтүүд хийгдэв гэдгээс яриагаа эхэлье ээ?

-Юуны өмнө удахгүй гарах гэж буй шинэ жилийн мэндийг танай сонины уншигчдад болон нийт монголчууддаа өргөн дэвшүүлье ээ. Тэгэхээр бид энэ онд байгаль орчны багц хуулиудад дата, анализ хийж амжлаа. Тэр утгаараа байгаль орчин, аялал жуулчлалд тулгамдаж буй эрх зүйн асуудал яг хаана гарч байгааг маш сайн олж харсан. Тиймээс энэ чигийн нийт 34 хууль, эрх зүйн орчинд дата, анализ хийлээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын тогтоол, захиргааны хэм хэмжээний актууд гэх мэт бүгдийг нь харьцуулсан байдлаар судалгаа шинжилгээний ажлуудыг хийсэн гэсэн үг. Эдгээр эрх зүйн шинэ зохицуулалт, өөрчлөлтүүд ирэх жил буюу 2023 онд бүгд УИХ-д өргөн баригдана. Гэхдээ өргөн барихаасаа өмнө бүх алдаа дутагдлыг арилгаж, хуулийн өөрчлөлтүүдийг засварлах маягаар өргөн барина гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эрх зүйн орчин эдийн засгаа бодитоор дэмждэг байх ёстой юм. Нөгөөтэйгүүр бид Ойн агентлаг байгуулж чадлаа. Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ойн агентлагийг албан ёсоор байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн стратегийг манай улс анх удаагаа тодорхойлж, ойн угшлын төлөвлөгөө батлан гаргалаа. Мөн Аялал жуулчлалын тухай хуулийг өргөн барилаа. Энэ хуулиар аж ахуйн нэгж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аж ахуйн нэгжүүд рүү төрийн зарим чиг үүргийг бүхэлд нь болоод хэсэгчлэн тэр чигт нь шилжүүлэх асуудлыг хөндлөө. Түүнээс гадна бид агаарын тээврийн либералчлалыг хийж чадлаа. Үүнийг хийснээр манай улсад ирэх жуулчдын тоо харьцангуй нэмэгдэх бүрэн боломжтой боллоо.

-Байгаль орчны хамгааллын хувьд ямар ажлууд хийгдэв. Үүнд та тодорхой хариулаад өгөхгүй юo?

-Мэдээж салбар яамны зүгээс хамгааллын ажлыг хамгийн түрүүнд хийх үүрэгтэй. Тэр утгаараа Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсийг 5594 га-аар тэллээ. Ингэснээр ирээдүйд газрыг нь өмчлөх, улмаар барилгачихаас хамгаалж байна гэсэн үг шүү. Түүнчлэн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт 55202 га талбайг мөн хамгаалалтын бүсэд нэмж авлаа. Энэ газар ирээдүйд мөн адил Богд хан уулын араас орох байсныг таслан зогсоосон гэж ойлгож болох юм. Суурьшлын бүсэд бид анхаарч ажиллалаа. Тэр дундаа Богд хан уулын дархан цаазат газар байгаа суурьшлын бүсийг бид “Бүсийн” тав дахь ангиллаар оруулж, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийгээд удахгүй өргөн барихаар бэлтгэж дуусч байна. Уг хуулиар өдийг болтол Богд хан уулын газар байшин барилга худалдаж авсан иргэд үл хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл авах ч юм уу эсвэл эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байсныг зохицуулж өглөө. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байсан олон айл өрхийн асуудал дээрх хуулийн хүрээнд шийдэгдэнэ гэсэн үг.

-Тусгай хамгаалалттай газар нутагт шийдвэрлэх ёстой асуудал их байдаг шүү дээ. Тэр утгаараа энэ онд тэр чиглэлийн ямар ажлуудыг хийв?

-Асуудал цөөнгүй байгаа нь үнэн. Түүний нэг нь тусгай хамгаалалттай газар нутагт ажиллаж буй төрийн албан хаагчийн техникийг тодорхой хэмжээгээр сольж, сайжрууллаа. Бүх байгаль хамгаалагчдаа гэнэтийн ослын даатгалд хамрууллаа. Хамгийн чухал асуудал бол цалин хөлс. Тэр утгаараа цалингийн нэмэгдлийн асуудлыг бид ойрын хугацаанд шийдэхээр Засгийн газрын хуралдаанд удахгүй асуудал нь орж, хэлэлцэгдэх гэж байна. Нөгөөтэйгүүр ус ундарга, гол мөрөн, сав газрын байгаль орчны асуудал байна. Тухайлбал, усны ундарга, эх булаг бүхий газруудын 1440 тонн хог хаягдлуудыг цэвэрлэж дууслаа. Дээрх газруудын ойр орчимд байрлах нүхэн жорлонгуудыг буулгалаа. Мал амьтан, иргэдийн зорчих хэсгийг хаасан хашаажуулалтыг зааг гарган буулгаж ажиллаж байна.

-Салбар яамны зүгээс энэ онд хийж хэрэгжүүлсэн томоохон төсөл хөтөлбөрүүд юу байна вэ?

-Олон улсын байгууллагын хувьд Монгол Улстай хамтран ажиллаж байгаа томоохон 24 төсөл, хөтөлбөр бий. Үүнээс 22 төсөл нь буцалтгүй зээл, тусламжаар хэрэгжиж байгаа. Тухайлбал, Монгол-Солонгосын “Ногоон эрэн” төслийн гуравдугаар шатыг бид энэ жил эхлүүлж чадсан. Нийт найман сая ам.доллартай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжаар орж ирж байгаа томоохон төсөл байгаа. Мэдээж эко системийн тогтвортой байдлыг хангах, хөдөө аж ахуйн менежмэнтийн гээд олон асуудал бий. Түүнчлэн “Ойн салбарын хөгжлийн хөтөлбөр” гэх мэт төслүүд Монгол Улсад амжилттай сайн хэрэгжээд явж байна. Өнгөрсөн 11 дүгээр сард НҮБ-ын Суурь Конвенцод нэгдэн орсон улс орнуудын бага хурлын 27 дахь удаагийн чуулган Египет улсын Шарм-эль-Шейх хотноо амжилттай болж өндөрлөсөн. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсэх, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болоод миний бие оролцлоо. Ингээд ажиллаж байхад нэг зүйлийг бид анхаарах ёстой гэж ойлгосон. Тэр нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний хөтөлбөрийг санаачлах ёстой юм билээ. Тиймээс энэ хүрээнд Уур амьсгалын ногоон сантай хамтраад 2.8 сая ам.доллараар хийгээд явж байна. 2026 онд СOP 17 буюу конвецийн талын бага хурлыг Монгол Улсад зохион байгуулна. Энэ хүрээнд цөлжилтийн эсрэг авах арга хэмжээнүүдийг эхлүүллээ. Өнгөрсөн сард Тайландад болсон НҮБ-ын Ази Номхон далайн эдийн засгийн нийгмийн комиссын хурлыг Монгол Улс анх удаагаа даргаллаа. Мөн ирэх оны эхээр Монгол Улсад анх удаагаа НҮБ-ын маш том хурал болох гэж байна. Энэ хүрээнд агаарын бохирдлын эсрэг 53 орон байдаг. Эдгээр 53 орны түншлэлийг Монгол Улсад байгуулах, Улаанбаатар хотын тунхаг гаргах зэрэг арга хэмжээг хийнэ. Үүний үр дүнд агаар орчны бохирдлын эсрэг үр дүнтэй тодорхой ажлууд хийгдэнэ гэж ойлгож болох юм.

-Аялал жуулчлалын салбарын тухайд ярихгүй юу. Манай улсын эдийн засгийн голлох салбаруудын нэг шүү дээ?

-Мэдээж аялал жуулчлалын салбар гэдэг манай улсын эдийн засгийн гол салбарын нэг. Тиймээс бид Азийн хөгжлийн банкны зээлээр Хэнтий, Хөвсгөл аймагт хэрэгжиж байгаа төслүүдийг эхлүүлсэн. Тухайлбал, Хөвсгөл аймагт Хөвсгөл нуурыг хамгаалах ажлыг хийлээ. Жишээлбэл, Хөвсгөл нуурт живсэн автомашин, техник, хог хаягдлыг татан гаргалаа. Мөн цаана нь үлдсэн томоохон хог хаягдлыг татан гаргахаар судалгааны ажлуудаа хийж дуусгалаа. Энэ ажлыг ирэх оны зургадугаар сарын эхээр эхлүүлэхээр төлөвлөж байна. Түүнээс гадна тоосжилтын асуудал бий. Энэхүү тоосжилт нуурын бохирдолд маш их хэмжээгээр нөлөөлж байдаг. Тиймээс тоосжилтын асуудлыг шийдэхийн тулд бид 37.9 км авто зам тавих ажлыг амжилттай урагшлуулсан.

-Энэ онд манай улсад ирсэн гадаадын жуулчид хэд байв. Эдийн засгийн үр өгөөж нь юу байв?

-Өнгөрсөн 2019 онд манай улсад 577 мянган жуулчин ирсэн байдаг. Үүний 168 мянга нь БНХАУ-ын иргэд, жуулчид байсан. Харин энэ жилийн хувьд цар тахалтай холбоотойгоор аялал жуулчлалын салбар хоёр гаруй таг зогслоо шүү дээ. Ингээд буцаад сэргэхдээ бид яаралтай жуулчдын тоог нэмэгдүүлэх арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай гэж үзсэн. Энэ хүрээнд БНСУ-ын жуулчид хамгийн их ирдэг учраас энэ чиглэлд түлхүү анхаарч ажиллалаа. Өөрөөр хэлбэл, Солонгосоос ирэх жуулчдыг визгүй болголоо. Ингээд харахад бид энэ онд 300 мянган жуулчдыг хүлээн авсан байна. Үндсэндээ амлаж байсан тоо хэмжээндээ албан ёсоор хүрсэн гэсэн үг. Тэр утгаараа гадаадын жуулчид хэдий их ирнэ төдий чинээ эдийн засгийн үр өгөөж нь нэмэгдэнэ л гэсэн үг шүү дээ. Нөгөөтэйгүүр Монгол Улсад транзитыг маш сайн хөгжүүлэх ёстой. Оросоос орж ирж байгаа жуулчид манай улсад гурав хоночихоод Солонгос, Тайланд руу шууд нисчихдэг. Тиймээс бид транзит дээр нэлээд сайн анхаарч үзэх ёстой. Транзитын бодлогыг сайн хөгжүүлэх ёстой гэж бид харж байгаа. Хоёрдугаарт, өвлийн цаг хугацаанд манай улсад аялал жуулчлалын бүтээгдэхүүн гэж алга байна. Ирсэн жуулчид зочид буудалд ганц нэг хонож, ойр зуур дэлгүүр хэсэхээс өөр хийх зүйлгүй байна. Тэгэхээр бид өвлийн аялал жуулчлалдаа онцгой анхаарах цаг болсон. Ирэх жил бид нийтдээ 70 орчим томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Энэхүү ажлыг Гадаад харилцааны яам, Соёлын яамтай хамтраад хэрэгжүүлнэ.

-Монгол Улсын хэмжээнд нийт 1200 гаруй нуур байдаг гэсэн тооцоо бий. Ер нь гол мөрөн, нуур усны хамгаалах чиглэлд салбар яамны зүгээс ямар ажил хийгдэж байна вэ?

-Усны засаглалыг шинэлэг аргаар хэрэгжүүлэх гээд олон улсын төсөл хөтөлбөр бий. Манай улсын хувьд нэг жилийн хугацаанд 2300 гаруй гол, булаг шанд ширгэж, 1600 гаруй нь буцаад сэргэдэг гэсэн судалгаа байдаг. Энэ утгаараа бид жилдээ 600-700 гаруй гол, булаг шандыг алдаж байдаг гэсэн үг. Монгол Улсын хур тунадсын хэмжээ жилд 7.3 хувиар буурч байдаг. Сүүлийн 80 жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлт буюу дэлхийн дулаарал Монгол Улсад 2.25 хэмээр явагдсан. Дэлхий дахинд бол нэг орчим хэмээр өөрчлөгдсөн байдаг. Угтаа 1.5 хэмээс цааш өөрчлөгдөж байвал энэ нь аюулын харангыг дэгдээсэн үзүүлэлт гэж үздэг. Гэтэл манай улсад 2.25 хэмээр нэмэгдчихсэн, мөн адил сүүлийн 40 жилд цэвдгийн хэмжээ 30 гаруй хувиар багасчихсан байна. Үүнээс үүдэлтэй хөрсний доройтол, гадаргын ус, гүний ус, мод, хөрс, бэлчээр гээд бүх зүйлээ энэ хэмжээнд алдаж байна гэсэн үг. Нэг талдаа байгалийн хүчин зүйл явагдаж байгаа боловч хамгийн их нөлөөлж байгаа зүйл бол хүний хүчин зүйл юм. Монгол Улсын нийт газар нутгийн 75 хувь нь бэлчээр байдаг. Гэтэл үүний 55 хувь нь доройтчихсон байна. Нийт 30 гаруй сая толгой малын бэлчээрийн даацтай гэдэг боловч одоо 70 орчим сая толгой малтай боллоо. Тиймээс энэ асуудалд бид цаашдаа яаралтай арга хэмжээ авахгүй бол гол, мөрөн, булаг шанд, нуур цөөрөм маш их хэмжээгээр үргэлжлээд ширгэнэ. Тиймээс яаралтай арга хэмжээнүүдийг авах шаардлагатай гэж бид үзэж байгаа. Тэр утгаараа тухайлбал, Улаанбаатар хотыг тойроод хөв, цөөрөм байгуулах ажлыг хийж хэрэгжүүлээд эхэлсэн. Ингэснээр нэг талдаа гол усны ундаргыг хамгаалах, нөгөө талдаа нийслэл хотын чийгшлийг сайжруулах, тоосжилтыг бууруулах ажил давхар хийгдээд явж байгаа гэж ойлгож болох юм.

-Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд салбар яамны зүгээс хэрхэн оролцож байна вэ. Мэдээж хамгийн гол оролцох ёстой салбар шүү дээ. Тэр утгаараа уг хөдөлгөөний хүрээнд хийж хэрэгжүүлсэн үр дүнгийн талаар ярихгүй юу?

-Тус хөдөлгөөн өрнөөд нэг жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд бид 10 сая мод тарьж, ургуулж чадлаа. Жилдээ 13 орчим сая тарьц, суулгац бэлддэг байсан бол одоо 37 орчим сая тарьц, суулгацыг бэлддэг болсон. Тэрбум гэдэг тоогоороо бол 2030 он гэх хугацаагаа хараад үзэхэд жилдээ 130-150 сая мод тарих ёстой. Тарьж, ургаж байж л бид энэ зорилгодоо хүрэх ёстой шүү дээ. Гол нь ургуулах ёстой. Тиймээс тарьсан модоо хянах, араас нь давхар анхаарах ажлуудыг бид хийж байна. Зарим газарт 86 хувийн ургалттай байна. Зарим газартаа 97 хувийн ургалттай ч байна. Нөгөө талдаа бид ойн стратегийг баталж гаргасан. Тэр утгаараа ойн стратегид бид байрлал зүйн асуудлыг тогтоож өгч байна. Тухайлбал, хаана ямар мод, ямар хөрсөнд таривал зохимжтой вэ гэдгийг гаргаж өгсөн. Уул уурхайн 21 компани нийтдээ 608 сая мод тарьж, ургуулна гэдэг амлалтыг авсан. Үүний хүрээнд Оюу толгой компанитай бид хамтраад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн голын орчим буюу 334.7 га газарт нөхөн сэргээх ажлуудыг эхлүүлсэн. Энэ жилдээ бид 100 га газрыг нөхөн сэргээгээд ирэх жилд үлдсэн газрыг нөхөн сэргээх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр мөн адил орхигдсон га талбайг нөхөн сэргээх үүрэг, амлалт аваад ажиллаж байгаа. Дараагийн нэг том ажил бол “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг сурагчдын дунд өрнүүлж эхэллээ. Нийслэлийн ЕБС-иудын охид, хөвгүүдийн зөвлөлийн төлөөлөгчид гарын доорх материал ашиглан модны үр суулгаж ургуулна. Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахад өсвөр үе, залуучуудын оролцоог дэлхий нийтээрээ чухалчилж байгаа цаг үед БОАЖ-ын сайдын санаачилгаар ногоон үе буюу “Green Gen­eration” хөтөлбөр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжиж эхлээд байна. “Green Genera­tion” хөтөлбөрөөр дамжуулан байгаль эх дэлхийгээ хайрлан, хамгаалах үйлсэд өсвөр үе, хүүхэд залуусын оролцоог идэвхжүүлэн тэдэнд зөв дадал, зуршил, хандлага бий болгож буйгаараа чухал ач холбогдолтой юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид БОАЖЯ-аар зочилж уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт болон хүлэмжийн хийг бууруулах, байгаль орчны асуудалд дэлхийн нийтээрээ нэгдэж, тэр дундаа ирээдүйн эх дэлхийн эзэд хүүхэд, залуусын оролцоог тодотгож байна.

-Олон нийтийн зүгээс байнга ярьдаг, байнга шүүмжилдэг нэг асуудал бол Улаанбаатар хотын утаа шүү дээ. Уг асуудалд салбарын сайдын хувьд ямар бодлого хэрэгжүүлж ажиллаж байна. Цаашид бид ер нь ямар аргаар энэхүү утаанаас салах вэ?

-Нэгдүгээрт, би хэд хэдэн тоо баримтуудыг дурдах нь зөв байх гэж харж байгаа. Тухайлбал, түлш гэдэг бол дулаан үйлдвэрлэлийн асуудал. Хүн яах гэж түлш түлж байна вэ гэхээр дулаахан байхын тулд түлж байгаа. Дулаан үүсгэх, цахилгаан үүсгэх энэ бүх зүйл бол Эрчим хүчний асуудал. Нөгөөтэйгүүр манай улс энэ асуудалд тогтолцооны гажуудалтай байна. Учир нь өнгөрсөн цаг хугацаанд утаа арилаагүй, буураагүй нь үүний том илрэл. Өөрөөр хэлбэл, 2019-2020 онд утаа харьцангуй гайгүй, байхгүй байсан гэж хүмүүс ярьдаг. Тэр үед Улаанбаатар хотын хэмжээнд нийт 346 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж байсан. Гэтэл одоо 2022-2023 онд 620 мянган тонн түлшийг хэрэглэж байна. Дээрээс нь нийслэлийн 20 аж ахуйн нэгжийн 68 цэг дээр 183 нам даралтын зуух ажиллаж байна. Энэ бүгд түүхий нүүрс түлж байгаа. Ингээд тооцоогоо эргээд харахаар 700 мянга гаруй болж байгаа юм. Гэтэл 2019 оны үед Эрчим хүчний яамнаас эрчим хүчний дэд станцуудыг байгуулаад 41 мянган өрхийг цахилгаанд шилжүүлсэн. Тэгэхээр тухайн үед 195 мянган өрхтэй гэж байхад 41 мянган нь хасагдах ёстой шүү дээ. Гэтэл өнөөдөр 205 мянган өрхтэй болчихсон байна. Нэгдүгээрт, өрхийн тоо нэмэгдчихлээ. Газар олголт зогсоогүй хэвээрээ л байна, Үндсэн хуулийн зарчмаараа яваад. Хоёрдугаарт, 346 мянган тонн түлш байсан чинь одоо бараг 740 мянган тонн болчихлоо. Үүнээс нэг зүйл ажиглагдаж байгаа биз. Бидний хэрэглээ ихсээд байхад яаж утаа буурах билээ дээ. Утаа буурна гэдэг бол яндангүй бүс олон болох ёстой л гэсэн үг. 195 мянган өрхийн 41 нь хасагдаад бодит хасагдсан тооцоолол явагдаж байж л бид утаагүй болох тухай асуудлыг ярих ёстой.

-Утаа байгаа ч тодорхой хорт бодис ч гэх үү иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх хохирол багассан гэж үзээд байгаа шүү дээ. Үүнийг танай яам хянаж байдаг уу?

-Агаар, орчны бохирдлын стандартыг Байгал орчны яам хянаж байдаг. Тухайлбал, өнөөдөр сайжруулсан шахмал түлш стандартын хэмжээнд байгаа. Жишээлбэл, дэгдэмхий 22-25 хувьтай байна. Бид үүнийг 12 хувь болгоё гэж байгаа. Өдөөгчийг нь бие болгож байж тухайн түлшийг хурдан асаах, уугилт багатай байх ийм процесс явагдаж байгаа. Түлш үйлдвэрлэгдэж байна. Үйлдвэр нь Эрчим хүчний яамд харьяалагдаж байгаа. Нөгөөтэйгүүр Улаанбаатар хотод 632 мянган автомашин явж байна. Үүний 87 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байна. Өөрөөр хэлбэл, гурван машин тутмын 50 хувь нь ядангийн шүүлтүүр нь ажиллахгүй байна. Гэхдээ бүгд үзлэг оношилгоо дээрээ тэнцсэн гэсэн бичиг даруулчихдаг. Үүний цаана бас л авлигын асуудал байгаа. Байгаль орчин аялал жуулчлалын яам бол хяналт тавих чиг үүрэгтэй байгууллага. Бид хяналтаа тавиад л явж байгаа. Бидний тавьж байгаа стандартыг биелүүлэх эдийн засгийн боломж өнөөдөр алга. Сая бид 44 мянган айлыг цахилгаанаар халаах төлөвлөгөө гаргаж өгсөн. Гэтэл бас л боломгүй гэдэг хариуг бидэн өгсөн. Хэрэв үүнийг хэрэгжүүлсэн бол бид ядаж утааг 20 орчим хувиар бууруулж чадах байсан. Гэтэл эдийн засгийн асуудлаас болоод ингээд л таг зогсчихож байгаа юм. Тэгэхээр бид тогтолцоогоо зөв болгохгүй л бол утааны асуудлын ард гарч чадахгүй юм билээ.

-Тогтолцооны гажуудал гэж ярьж байна. Яг юуг хэлээд байна вэ?

-Байгаль орчны яам утаагаа хариуцаж байгаа. Гэхдээ манай яам түлш үйлдвэрлэгч биш. Түлш үйлдвэрлэж буй үйлдвэрийн эзэн биш. Эрчим хүч үйлдвэрлэгч биш байхгүй юу, бид. Тэгэхээр энэ бүхнийг хийж байгаа газартай бид хариуцлагын асуудал ярихгүйгээр утаанаас салахгүй. Гэтэл утааны асуудалд Байгаль орчны яам хариуцлага хүлээж байна. Тэгэхээр тухайн түлш үйлдвэрлэж байгаа салбар бидэнд хамаагүй гэдэг өнцгөөр асуудалд ханддаг. Угтаа утаагүй болохын тулд бид яндангүй бүс бий болгох ёстой. Яндангүй бүс бий болгоно гэдэг бол цахилгаанжуулна л гэсэн үг. Гэтэл тэр их хэмжээний цахилгааны нөөц бидэнд алга байна. Цахилгаанаар шийдэхийн тулд эрчим хүчний хангалтыг сайн хийх ёстой. Эрчим хүчний хангалтыг сайн хийж чадвал янданг бууруулах боломж байна. Энэ бол угтаа Эрчим хүчний яамны асуудал. Гэтэл хариуцлага хүлээдэггүй учраас ямар ч ялгаагүй гэсэн хандлагаар ханддаг нь тогтолцооны гажуудал байна гэж үзээд байгаа юм. Магадгүй хамгийн анхны Эрчим хүчний сайд ч юм уу, тус салбарын удирдах албан тушаалтан огцорч эхэлсэн цагаас эхлээд утааны асуудалд анхаарч эхлэх байх.

Байгаль орчны яам бол утааны асуудалд хянагчийн үүрэг гүйцэтгэж байгаа л байгууллага. Энэ мэт олон асуудал байна. Гэхдээ одоо бол Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо Засгийн газрын хэрэг эрхлэх газарт очсон. Энэ бол зөв тогтолцоо руугаа явж байгаагийн нэг илрэл гэж харж байгаа. Цаашдаа тогтолцоогоо зөв системчлээд явбал утааны асуудлыг бид шийдвэрлэж чадна гэдэгт итгэж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Болорчулуун: Малчид мах экспортлох эрхтэй үйлдвэрт малаа худалдах замаар нөөцийн үр ашгийг хүртэх боломжтой DNN.mn

-ОДООГИЙН БАЙДЛААР 9.9 МЯНГАН ТОНН МАХ, ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТОЛСОН-


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунтай ярилцлаа.


-Та сайд болоод чамгүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд салбартаа хийсэн томоохон ажил юу байна вэ?

-Олон улсын жишгээр мал, махаа экспортлох эрүүл бүс байгуулах тухай манай яамнаас бодлого гарган “Мал эмнэлгийн хорио цээрт дэглэм бүхий эрүүл бүс байгуулах тухай” Засгийн газраас тогтоол батлууллаа. Хэдийгээр манай бэлчээрийн хонины мах олон улсад “Эрүүл” гэдгээрээ танигдсан ч, үхрийн махны тухайд шимэгч ихтэй учраас улс орнууд импортлохоос зайлсхийдэг. Тиймээс тус тогтоол батлагдсанаар Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын стандартыг хангасан чанартай малын махыг хоёр жилийн дараа гадны зах зээлд нийлүүлэх баталгаа болж байна. Мөн экспортод гаргах малын махыг квотгүй болгож, нэг цонхны бодлогоор борлуулахаар шийдвэрлэлээ. Нэг цонхны бодлогоор борлуулалт хийснээр малын махны суурь үнийг тогтмол зарлан мэдээлж байх юм. Мах бэлтгэгчдийн хувьд ч бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарах нь эргэлзээгүй. Цаашлаад зөвхөн олон улсын зах зээлд малын мах нийлүүлэхээс гадна дотоодын хэрэглэгчдийнхээ малын чанартай мах хэрэглэх боломжийг хангахаар ажиллаж байна. Тухайлбал, 2023 онд бод мал, ялангуяа таван сая гаруй үхэр сүргээ ээмэгжүүлэн бүртгэлжүүлэх зорилт тавин төлөвлөгөө баталлаа. Ингэснээр хэрэглэгчдийн гарт очиж буй мал, махны гарал үүсэл тодорхой болж, эрүүл хүнс хэрэглэхийн сацуу малын хулгай хийдэл таслан зогсоогдоно. Бид чанаргүй хувцас хэрэглэж болох ч чанаргүй хүнс хэрэглэж хэрхэвч болохгүй. Тиймээс Монголдоо үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг хоёр жилд үе шаттайгаар нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэлээ “Төрийн хамгаалалт”-д авахаар шийдвэрлэж байна. Эх оронч сэтгэлгээгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, үндэсний баялаг бүтээгчдээ дэмжин яамны дэргэдэх олон улсын хөнгөлөлттэй зээл, төсөл, хөтөлбөр, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 70-аас доошгүй хувийг орон нутгийн үйлдвэрүүдэд хуваарилан санхүүжүүлэх шийдвэр гаргалаа. Энэ нь орон нутгаас олон улсад борлуулалт хийх боломжийг бий болгоно. Мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжин угаасан бус зөвхөн самнасан ноолуур экспортлох бодлогыг Засгийн газрын хуралдаанд оруулж, батлуулсан. Үүний үр дүнд одоо байгаа 2200 ажлын байрыг хадгалж, 4000-5000 ажлын байрыг шинээр бий болгох юм. Харин газар тариалангийн салбарын тухайд хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэлийн хангамж 73 хувьд хүрлээ. Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг батлуулж хэрэгжилтийг зохион байгуулснаар зах зээлд борлуулагдсан 10 нэр төрлийн хүнсний ногоонд мөнгөн урамшуулал олголтыг цахим бүртгэлийн системээр эхлүүлээд байна.

-Та махыг гадагшаа экспортлох асуудлыг доривтой ажил хэрэг болгож хийнэ гэж байсан. Өөрөөр хэлбэл, махаа бид гуйж биш гуядаж өгдөг болно гэсэн. Энэхүү ажилд ямар бодлогоор хэрхэн ажиллаж байна. Одоогийн байдлаар манай улс гадагшаа хэчнээн хэмжээний мах экспортолсон байна вэ?

-Одоогийн байдлаар БНХАУ, ОХУ, Япон, Казахстан, Киргизистан, Узбекстан, Азербайжан, Иран, Арабын нэгдсэн Эмират, Катар, Гонконг, Вьетнам улсууд руу 36.4 сая ам.долларын өртөг бүхий 4.5 мянган тн адууны мах, 80.0 тонн үхрийн мах, 3.3 мянган тн хонь, ямааны түүхий мах, 1.7 мянган тн боловсруулсан мах, 230.1 тн дайвар бүтээгдэхүүн нийтдээ 9.9 мянган тонн мах, дайвар бүтээгдэхүүн экспортолсон байна. Манай улсын мах, махан бүтээгдэхүүний экспортын 90 гаруй хувийг БНХАУ, үлдсэн хувийг Иран, Арабын нэгдсэн Эмират Улс болон Хонконг эзэлж байна.

-Махыг экспортлохын тулд яг ямар системээр явах учиртай юм бэ. Та үүнийг энгийн жишээн дээр тайлбарлаж хэлэхгүй юү. Тухайлбал, мах малчдад бий. Малчид үүнд хэрхэн оролцохоос эхлээд ямар шат дамжлагаар мах гадагшаа гарах вэ?

-Малчид гадны оронд мах экспортлох эрхтэй үйлдвэрт хандаж, малаа төхөөрүүлэх, эсхүл худалдах замаар нөөцийн үр ашгийг хүртэх боломжтой. Шууд малчдын гар дээрээс мах худалдан авч, экспортлох боломжгүй байдаг. Энэ нь импортлогч орноос тавьж буй стандартын шаардлага, хоёр орны хооронд байгуулсан хэлэлцээр, протоколын хүрээнд хийгддэг. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын журмын дагуу Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт гаргасан аж ахуйн нэгжид импортлогч улсаас хянан магадлагааг хийж, шаардлага хангасан үйлдвэр, аж ахуйн нэгжийг тухайн импортлогч орны эрх бүхий байгууллагын цахим системд бүртгэсний дараа тус улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх үүсдэг. Мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлтэй мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрт мал эмнэлэг, хорио цээрийн үзлэг, хянан магадлагааг холбогдох төрийн байгууллагууд хамтран хийж, стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжийн нэрсийг импортлогч улсад хүргүүлнэ. Тус улсын Гаалийн ерөнхий газраас ажлын хэсэг томилогдож, Монгол Улсад ажиллан, хянан магадлагаа хийсэн санал, дүгнэлт, импортлох тухай холбогдох шийдвэрийг гаргаж, албан ёсоор мэдэгдэнэ. Хэрэв ажлын хэсэг импортлох тухай холбогдох шийдвэр гараагүй тохиолдолд аж ахуйн нэгжид үйл ажиллагаагаа сайжруулах арга хэмжээ авах тухай санал, дүгнэлтийг ирүүлж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан, танилцуулгыг тухайн улсын талд хүргүүлдэг.

-Махны экспорт хэдий хэр хэмжээнд хүрч байж бид бодит утгаараа эдийн засгийн үр өгөөжийг нь хүртэх юм бэ?

-Монгол Улсын хэмжээнд экспортлох махны боломжит нөөц нь малын тоо толгойн өсөлт болон хүн амын хүнсний хэрэглээтэй шууд холбоотой. Энэ онд зах зээлийн эргэлтэд оруулах хонины махны 30 хувийг, ямааны махны 70 хувийг, үхрийн махны 20 хувийг, адууны махны 80 хувийг буюу нийт 185.8 мянган тонн мах экспортлох нөөцтэй байна. Боломжит нөөц буюу 185.8 мянган тонн мах экспортолбол эдийн засгийн үр өгөөж хүртэх боломжтой. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх зорилгоор холбогдох орнуудтай гэрээ, хэлэлцээрийг байгуулахаар ажиллаж байна. Тухайлбал, Казахстан, Узбекистан зэрэг улсад халал аргаар бэлтгэсэн махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр талууд хамтран ажиллаж байна. Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүнийг экспортлогч аж ахуйн нэгж нэг удаагийн экспортын баримт бичгийн бүрдүүлэлт хийхэд нийт давхардсан тоогоор 50 баримт бичгийг бүрдүүлж байна. Тиймээс мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох баримт бичгийн бүрдүүлэлтийн шат дамжлагыг бууруулах, хугацаа хэмнэн мах, махан бүтээгдэхүүнийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан нэг цонхны бодлогоор экспортлохоор “Экспортын нэг цонх”-ны цахим систем нэвтрүүлэхээр ажиллаж байна.

-Малын гаралтай түүхий эдийг боловсруулах салбар Монголд үндсэндээ үгүй болсонтой адил байна. Энэ салбарыг эрчимтэй сэргээх асуудалд салбарын сайдын хувьд ямар бодлого барьж ажиллаж байна вэ. Ядаж л малчид малынхаа арьс, ширийг өндөр үнээр өгчихмөөр байна шүү дээ…?

-Засгийн газрын 380 дугаар тогтоолоор “Ямааны ноолуурын боловсруулалт худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг баталсан. Манай улс дэлхийн ноолуурын 50 орчим хувийг бэлтгэн нийлүүлдэг томоохон үйлдвэрлэгч улс боловч бэлтгэсэн нийт ноолуурынхаа 70 гаруй хувийг зөвхөн угаагаад БНХАУ-д экспортолдог байсан. Энэхүү техникийн зохицуулалтыг мөрдөж эхэлснээр дотооддоо 100 хувь анхан шатны бүрэн боловсруулалт хийдэг болно. 2021 оны эхний 11 сарын байдлаар 374.3 тонн самнасан ноолуурыг экспортолж байсан бол 2022 оны эхний 11 сарын байдлаар 809 тонн самнасан ноолуурыг экспортолж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 дахин өссөн байна. “Дархан арьс ширний цогцолбор”, “Шинэ ховд үйлдвэрлэл, технологийн парк”, “Дорнод зүүн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн парк”-ийг байгуулахаар ажиллаж байна. Эдгээр паркууд ашиглалтад орсноор малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэнэ. Засгийн газрын 2022 оны 117, 144 дүгээр тогтоолын ноос, ноолуур, арьс , шир бэлтгэл, үйлдвэрлэлийн зориулалтаар 2022 оны 12 дугаар сарын байдлаар нийт 45 аж ахуйн нэгжид 119.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тус тус олгоод байна. Үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгосны үр дүнд дотоодын үйлдвэрлэлт болон төрийн худалдан авалт нэмэгдсэн байна.

-Монгол Улсын хоёр дахь эдийн засгийн гол салбар бол хөдөө аж ахуй. Гэтэл сүүлийн гуч гаруй жил бид энэхүү салбараас томоохон эдийн засгийн эргэлт авч чадахгүй байгаа гэдэг. Үүнтэй та санал нэг байна уу. Яавал бид энэ салбараас эрчимтэй эдийн засгийн өсөлтийг бий болгох ёстой юм бэ. Хэдий хэр хугацаа хэрэгтэй вэ?

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбар нь малчдын орлогын эх үүсвэр, нийгмийн баталгаа болж байгаагийн зэрэгцээ хүн амыг хүнсээр, үндэсний үйлдвэрлэлийг малын гаралтай түүхий эдээр хангах, боловсруулах үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарын ажиллагсдыг ажлын байраар хангах, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд шууд болон шууд бус хэлбэрээр онцгой үүрэг гүйцэтгэж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь жилээс жилд өсч, 2021 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 30.8 хувь, экспортын орлогын 6.0 хувийг бүрдүүлж байна. Энэ салбараас эрчимтэй эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоход дараах хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлж байна. Тухайлбал, салбарын бүсчилсэн хөгжлийн бодлого тодорхой бус, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний нөөц ихтэй бүс нутагт дэд бүтэц хөгжөөгүй, боомтуудын хөгжил сул, нийслэлд хүнс, хөнгөн үйлдвэрүүд дийлэнх нь байршиж байгаагаас орон нутагт үйлдвэрлэл хөгжөөгүй, санхүүгийн дутмаг байдал, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо бүрдээгүй зэрэг нь ихээхэн нөлөөлж байна. Иймд олон улсын стандартын шаардлага хангахуйц, олон улсын чанарын хяналтын тогтолцоо нэвтэрсэн, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан томоохон бүтээн байгуулалтыг хөдөө аж ахуй үйлдвэрлэл хоршсон экспортын баримжаатай үйлдвэрлэл, технологийн паркууд, “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрийн бүс байгуулах, ХАА-н биржийн шинэчлэлийг хэрэгжүүлэх замаар хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг экспортод нэг цонхны бодлогоор гаргах, экспортыг дэмжсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлснээр үр дүнд хүрнэ гэж үзэж байна.

-Баруун аймгууд болоод зарим орон нутагт өвөлжилтийн байдал сайнгүй байна. Малын үнэ ч уначихсан энэ үед малчид малаа нядлах уу, зуданд алдах уу гэсэн хоёр сонголт л байна. Малчдын амьжиргаа болоод цаг уурын байдал хүндхэн байна шүү дээ. Үүнд салбарын сайдын зүгээс малчдаа дэмжсэн, тусламж хүргүүлсэн ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Энэ сарын 1-ний байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 60 шахам хувьд их, 30 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 орчим хувьд бага болон хамгийн бага эрсдэлтэй байна. Зуд болох нэн их эрсдэлтэй сумдад Архангайн 17 сум, Баян-Өлгийн 11 сум, Баянхонгорын есөн сум, Говь-Алтайн 15 сум, Дорноговийн 6 сум, Дундговийн 3 сум, Завханы 14 сум, Өвөрхангайн 17 сум, Өмнөговийн найман сум, Увсын 18 сум, Ховдын 16 сум, Төвийн 16 сум, Хэнтийн найман сум нийт 13 аймгийн 158 сум байна. Эдгээр аймаг суманд 98583 өрхийн 35.5 сая мал өвөлжих бөгөөд үүнээс малчин өрхийн 11.8 хувь буюу 11628 өрх, малын 15.1 хувь буюу 5.3 сая мал отроор өвөлжиж байна. Малчид аль болох малаа борлуулах, нядлах нь зөв юм. Махны экспортоо чирэгдэлгүй явуулах зорилгоор нэг цонхны бодлогыг хэрэгжүүлж эхэллээ. Энэ оны 10 дугаар сараас эхлэн амьд мал экспортолж байна. Одоогийн байдлаар 1.3 сая ам.долларын өртөг бүхий 9900 толгой хонь, 5392 толгой ямаа, 11 толгой адуу нийт 15303 толгой мал экспортлоод байна.

-Отрын асуудалд нэг хэсэг маргаантай байсан. Үүнийг ер нь нэг талдаа гаргаад нэгдсэн удирдлага зохион байгуулалтад оруулж болохгүй юу. Ямар менежмэнт хийх шаардлагатай юм бэ?

-Отор нүүдлийн захиалгыг авч гэрээний үндсэн дээр хийдэг журамтай. Цөөн тооны малчид орон нутгийн удирдлагууддаа мэдэгдээгүй, эрүүл бүсээс эрүүл бүс рүү шилжилт хөдөлгөөн хийх мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгүй зэрэг зөрчил гаргаснаас маргаан үүссэн тохиолдол гарсан.

Үүнийг тухайн аймгийн ХХААГ, МЭГ-ийнхан газар дээр нь үзлэг хийж, тархвар зүйн асуумжийн дагуу нэвтрүүлж зохицуулсан. Ер нь малчид дураараа отор нүүдэл хийх, тэр тусмаа өөр аймгийн хамгаалалтад авсан сум дундын отрын бүс рүү орох эрх байхгүй. Хаа хаанаа хариуцлагатай байхыг шаардана.

-Идэр есийн хүйтэн эхлээгүй байтал зарим орон нутгийн мал, малчид зутарч эхэллээ. Малын тарга муудаж байна. Энэ байдлаараа хавартай золговол ер нь л хүндхэн байх шинжиндээ орчихсон байна. Хаваржилт хүндрэх нь ойлгомжтой энэ цаг үед эртнээс эрсдэлийг бууруулах ямар бодлого байна вэ?

-Манай яам жил бүрийн 9, 10 дугаар сард ОБЕГ-т гангийн, эрсдэлийн үнэлгээ хийх хүсэлт илгээдэг. Энэхүү үнэлгээ нь аймгуудын эрсдэлийн зэргийг тогтоож, хамгийн их эрсдэл бүхий аймгуудад өвс, тэжээлийн тусламжийг хөнгөлөлттэй үнээр олгох Засгийн газрын шийдвэр гаргуулдаг. Яам малчдын өвс, тэжээлийн бэлтгэл хангуулах, аймаг,сум дүүргийн өвс,тэжээлийн аюулгүй нөөцийг заасан тоо хэмжээнд бэлдүүлэх тухай Засгийн газрын тогтоол гаргаж биелэлтийг хангуулдаг. Мөн хэрэгжилтийг орон нутагтай хамтран зохион байгуулна. Гамшгийн эрсдэлийн үнэлгээний дүнг УОК, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн орон нутгийн иргэд, малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Баян-Өлгий, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, Говь-Алтай аймгийн Алтай сум, Завхан аймгийн Баянтэс, Ховд аймгийн Булган, Алтай, Увс аймгийн Бөхмөрөн сумдын ЗДТГ, ЭМТ-үүдэд нийт долоон автомашин олголоо. Мөн Улсын нөөцөөс Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Төв аймгуудад тэжээл, Баянхонгор, Дундговь, Ховд, Өмнөговь, Өвөрхангай, Увс аймгуудад өвс, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэлээ. Мөн өнөөгийн нөхцөл байдлыг НҮБ-ын ХААБ-ын дэргэдэх Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн кластерын хуралд танилцуулсан бөгөөд тус хурлын үр дүнгээр одоогийн байдлаар Дэлхийн зөн-Монгол ОУБ-аас Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгийн эмзэг бүлгийн 1770 өрхөд 150.0 мянган ам.долларын, МУЗН-ээс Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Завхан, Дорноговь, Дундговь аймгийн 1000 өрхөд 107.5 мянган ам.долларын буюу өрх тус бүрт 100.0 ам.долларын бэлэн мөнгөний тусламж үзүүлэхээр боллоо. УОК-ын Нэгдсэн Шуурхай штабын хүрээнд ХХААХҮЯ, ХНХЯ, ЭМЯ, ЗТХЯ, цаг уурын байгууллагууд хамтран ажиллаж мэдээ, мэдээллээ нэгтгэх, чухал шаардлагатай арга хэмжээнүүдийг төлөвлөхөөр нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өвлийг шүд зуугаад давлаа гэхэд дараа нь хаврыг яаж туулна даа” гэх малчид олон байна DNN.mn

-АЛТАЙ, БУЛГАН, ҮЕНЧ СУМДАД 40-60 САНТИМЕТРИЙН ЗУЗААН ЦАСТАЙ, ЗУД БОЛЖ БАЙНА –


Хамгийн урт шөнө, хамгийн богино өдөр өнөөдөр тохиож байна. Маргаашнаас нар эргэж, цаг наашлах боловч малчдын хувьд одоо л өвлийн ид ажил эхэлж байгаа билээ. Өнгөрсөн зун гантай байсан аймгуудад өвөлжилт хүндэрч болзошгүй хэмээн албаныхан мэдээлж, анхааруулж байсан. Тухайлбал, ган гачгийн эрсдэл өндөр байгаа 10 аймагт эрсдэлийн үнэлгээ хийсэн байдаг. Үүнд, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд аймгийн нутгаар бэлчээрийн ургац муу, гандуу, өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр гэж гарсан. Тэгвэл дээрх аймгуудад яг одооноос эхлээд өвөлжилт хүндэрч эхэллээ. Тэр дундаа баруун аймгуудын нутгаар өвөлжилт сайнгүй байгаа юм. Тиймээс өвөлжилт хүндэрч буй Ховд аймгийн иргэд, малчидтай холбогдож, нөхцөл байдлын талаар сурвалжиллаа.

Ховд аймгийн Алтай, Булган, Үенч суманд олон хоног дараалан цас орсны улмаас өвөлжилт хүндэрч эхэлжээ. Угтаа өнгөрсөн намар бусад сумдаасаа илүү өвсний гарц сайтай, ган багатай байсан. Зэргэлдээ сумдын малчид дээрх сумдын нутгаар оторлож, зарим нь хадлан, тэжээлээ бэлтгэж байж. Гэтэл өвлийн эхэн сар гараад өдийг хүртэл өдөр болгон цас орж, хүйтэрсэн учир ийнхүү өвөлжилт хүндэрч, зуд болж байгаа аж. Цасны зузаан одоогийн байдлаар дунджаар 40 гаруй сантиметрийн зузаантай байгаа бол зарим хэсгээрээ 60 орчим сантиметр болсон байна. Цасны зузаан цаашид нэмэгдэх хандлагатай байгаа нь гамшгийн хэмжээнд хүрч болзошгүйг албаныхан анхааруулжээ.

Ховд аймгийн Алтай сумын малчин Ө.Баяртогтох: -Манай суманд өвөлжилт хүндхэн л байна. Цас их орлоо, хүйтэн байна. Цас их дарсан учраас мал бэлчээрт гараад зулгаах өвсгүй боллоо. Тиймээс малчид бид муу, багахан шиг малаа ялган тэжээж байна. Манай нутагт ирсэн бусад сумдын отрын малчид буцаад нутаг руугаа явсан. Цаашид цас хаяж, цасны зузаан нэмэгдсээр байвал бид яах юм, бүү мэд. Энэ өвөл ч ёстой хэцүүхэн л болох шинжтэй байна шүү. Алтай, Булган, Үенч сумдаар цас ихтэй, зуд болж эхэлсэн. Харин Чандмань, Дарви, Зэрэг сумдын нутгаар цас багатай ч өвсний гарц муу учир багахан цас орсон ч зуд болчихоод байгааг малчид ярьж байна.

Ховд аймгийн Чандмань сумын малчин Т.Ганхуяг: -Энэ жил өвөлжилт хэцүүхэн байна.

Манай нутгаар цас багатай л байна, бусад сумтай харьцуулахад. Гэхдээ орсон жаахан цас нь гарсан өвсөө дарчихсан. Тиймээс бог малын бэлчээргүй л болчихоод байна. Манай мал бэлчээрт гарсан ч холгүйхэн яваад хэвтчихдэг болсон. Учир нь идэх өвс нь багахан орсон цасан дор дарагдчихаад байгаа юм. Бага зэрэг шуурчихвал ч уг нь бог зулгаах өвс гараад ирнэ. Гэхдээ л өвс тун тааруу, бараг байхгүй гэж хэлж болохоор л байна. Энэ долоо хоногийн эхээр энд айхавтар хүйтэн байлаа. Утасны цаг агаар хэмжигч хасах 35 хэмийг тогтмол заалаа шүү дээ. Тэгэхээр шөнөдөө бол бүр айхавтар хүйтэн хонож байгаа гэсэн үг. Тиймээс тамиргүй, тарга муутай мал ганц нэг үрэгдээд эхэлж л байна. Он гараад нэлээн хүйтэрч, цаг агаар эвгүйтэх юм гэсэн. Ирэх нэгдүгээр сарыг давчихвал ч цаг гайгүй уярах байх гэж санаж байна. Гэвч хаврын хавсаргыг яаж давна даа л гэж зовж сууна. Манай энд бол мал идэх өвс үнэндээ алга байна.

Чандмань, Дарви, Зэрэг, Манхан сумын нутгаар цас багатай ч өвсгүй байгаагаас болоод хар зуд тохиож байна гэж тус сумдын малчид ярьж байна. Эдгээр сумдад нэг боодол өвс 12-16, заримдаа 20 мянган төгрөг хүрчээ. Түүнээс гадна гантай байснаас болоод дээрх сумдын мал гүйцэд тарга авч чадаагүй байна. Үүнээс болоод малчид малаа олноор нь гаргахгүй, ганц нэг өөрсдийнхөө идэшний хэрэгцээнд зориулж л гаргаж байгаа гэв. Энэ талаар Ховд аймгийн Дарви сумын малчин Б.Хайдав “Малын үнэ энэ жил ёстой муу байна. Өмнө ингэж мал үнэгүйдсэн тохиолдол гарсан бил үү, мэдэхгүй. Малчид малаа нядлаад заръя гэсэн ч мах нь туранхай учир жин дарахгүй байна. Үүнээс болоод бөөнөөр нь нядалж, эдийн засгийн эргэлтэд оруулах сонирхолтой малчид ховор байгаа юм” гэлээ.

МАЛЫНХАА ТООНД БУС ЧАНАРТ НЬ АНХААРСАН МАЛЧИД ЗУД, ХЯМРАЛЫГ ЗОВОХ ЗҮЙЛГҮЙ ТУУЛЖ БАЙНА ГЭВ

Баруун аймгуудад өвөлжилт хүндрэх учраас малчдыг малаа зуданд үхүүлж байхаар нядлаад эдийн засгийн эргэлтэд оруул гэж албаныхан анхааруулж байсан. Гэвч малын тарга муу учраас махыг нь эдийн засгийн эргэлтэд оруулсан ч олигтой орлого олохгүй гэж малчид үзэж буй аж. Нөгөөтэйгүүр сум орон нутгийн зүгээс малчдын нөхцөл байдлыг ойлгож, малын махыг үнэд оруулах, худалдан борлуулах боломжийг гаргаж өгөх ёстой. Малчдад махыг нь зарах зах зээлийг нь зуучилж өгөх үүрэгтэй аж. Гэвч энэхүү үүргээ хэрэгжүүлэхгүй, малчдын төлөө ажиллахгүй байгааг сум орон нутгийн малчид, иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

Энэ талаар Ховд аймгийн Чандмань сумын иргэн Д.Дамба: -Өвөлжилт хүндхэн болохыг хэн бүхэн л мэдэж байсан. Тиймээс энэ өвлийг хэрхэн эрсдэлгүй давах вэ гэдгээ дор бүрнээ хайсан. Малчид малаа зарчихна гэж бодсон. Гэвч малын үнэ хямдхан дээр нь мал туранхай байгаа нь асуудал болж байна. Түүнээс гадна малыг нь борлуулах, зах зээл, эрэлтийг нь бий болгож өгөх ёстой албаныхан ажлаа хийхгүй, асуудалд хөшүүн хандаж байгаа нь өөр нэг онцлох асуудал болоод байгаа юм. Отрын асуудлыг ч сум орон нутаг, аймгийн хэмжээнд зохицуулчихаж болохоор. Гэтэл энэ чигийн асуудлыг шийдвэрлэх төрийн бодлого дутаж байна. Тэд сэтгэл гаргаж ард түмнийхээ төлөө ажиллахгүй байгаа нь малчдад болоод орон нутгийн иргэдэд энэ өвлийг давахад давхар нөлөө үзүүлж байна гэж хэлмээр байна. Нөгөөтэйгүүр өнгөрсөн жилүүдэд малын үнэ ханш боломжийн сайн байсан. Зарим үед малын үнэ тэнгэрт тултлаа өссөн. Малчид малаа байнга л үнэтэй байна гэж буруу боддог. Малын үнэ заримдаа өснө, заримдаа буурна. Тогтмол сайн байна гэсэн зүйл байхгүй. Манайхан нэг жил махны үнэ өндөр байхаар л дараа жилээс нь малаа эрчимтэй өсгөж эхэлдэг. Энэ бол малчдын алдаа. Жил бүр тогтмол малаа сэлгээж, тоог нь хэтрүүлэлгүй эдийн засгийн эргэлтэд оруулж байх учиртай. Олон мал маллалаа гээд амьдрал сайжрахгүй. Цөөн мал маллалаа гээд амьдрал муудчихгүй шүү дээ. Малын ашиг шим тоондоо бус малчдын өөрсдийнх нь ухаанд байдаг. Тиймээс аль болох эрчимжсэн мал аж ахуйг өөрсдөдөө нэвтрүүлэх хэрэгтэй. Одоо зуд болж байна. Малаа эртхэн зарж, тоо толгойд нь анхаарсан, малынхаа тоонд бус чанарт анхаарсан хэрсүү малчид одоо зовох юмгүй сайхан амьдарч байна. Харин илүүг харж, бусдаас илүү олон малтай болох гэсэн хүмүүс одоо малынхаа боол болоод зовж байна. Тиймээс цаашид манай малчид малынхаа тоонд бус чанарт нь түлхүү анхаарч, аливаа байгаль цаг уурын эрсдэл, эдийн засгийн ашиг тус, тооцооллоо бодож малаа өсгөх, хариулах асуудлаа бодох ёстой юм болов уу гэж ойлгож байгаа.

ОРОН НУТАГТ ДИЗЕЛЬ ТҮЛШ 4450-4500 ТӨГРӨГ БАЙГАА Ч НӨӨЦ ТАСАЛДАЛТАЙ БАЙНА ГЭВ

Хөдөө, орон нутгийн иргэдэд бензин, шатахуун амьжиргаанд нь чухал нөлөөтэй байдаг. Тэр утгаараа нийслэлд ховордоод байгаа шатахууны нөөц, эрэлт, нийлүүлэлт орон нутагт ямар байгааг тодрууллаа. Ховд аймгийн Чандмань суманд бензин АИ-92 2400 төгрөг, харин дизель түлш 4450-4500 төгрөгийн ханштай байна гэв. Өнгөрсөн сараас эхлээд дизель түлш ховордож, заримдаа 2-4 хоног ирээгүй тасарсан тохиолдол ч гарсан аж. Харин сүүлийн үед нөөц тогтворжиж байгаа боловч үнэ нь өмнөхөөсөө нэмэгдсэн талаар нутгийн иргэд хэллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Ганбаяр: Энгийн уурхайчинд хилээр нүүрс гаргах байтугай уурхайгаасаа нэг шуудай нүүрс авч гарахад ч хэцүү хяналт шалгалттай DNN.mn

Уул уурхайн инженер, маркшейдер Г.Ганбаяртай нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой асуудлаар ярилцлаа.


– ГЭРЭЭНИЙ АРД БАЙДАГ 5-10 ХҮНД БОЛ ХЭДЭН САЯ ТОНН НҮҮРС ХУЛГАЙЛАХ БОЛОМЖ БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ –


-Нийгэм, улс төрийн уур амьсгал халуун байна. Иргэд олон хоног жагсаж байна. Гол асуудал нь нүүрсний хулгайчдын нэрсийг зарлаж, хариуцлага тооцон, алдагдсан хөрөнгийг хураа гэж байх шиг байна. Та иргэн хүнийхээ хувьд энэхүү асуудалд ямар байр суурь, хандлагатай байна вэ?

-Үйл явдлыг эхэлсэн цагаас нь анхааралтай ажиглаж мэргэжлийнхээ талаас тийм их хэмжээний нүүрс хулгайлах боломжтой юу гэдэг дээр эргэцүүлж бодож байгаа. Засгийн газар өөрсдөө шүгэл үлээхдээ ямар зорилгоор үлээснийг мэдэхгүй байгаа ч тэрийг нь олон талаас нь сэвэхдээ маш их хэмжээний тоо гаргаж ирж хүмүүүсийн эгдүүцлийг төрүүлж байгаа нь улс төр хийх гэсэн зохион байгуулалттай арга хэмжээ шиг санагдаад байна. Мэдээж энгийн иргэд буюу залуучуудын дийлэнх олонх нь нүүрсийг хэрхэн олборлож, тээвэрлэж, экспортолж байгааг мэдэхгүй тул бухимдах нь зүйн хэрэг. Тэгэхээр мэдлэггүй хүмүүсийг худлаа мэдээллээр өдөөн турхирч буй юм шиг харагдаж байгаа. Сүүлдээ Засгийн газар хариуцлагагүй гэмээр мэдэгдлийнхээ араас бүр 2013 оны үед болсон үйл явдлыг сөхөж гаргаж ирээд буруутай этгээдүүдийг зарласан болж эхэлсэн. Харин УИХ-ын нэр бүхий гишүүн хариуцлагагүй үг хэлж олныг турхирсан тоо баримтаа сүүлийн 10 жилд УИХ болон удирдлагуудын гаргасан шийдвэрээс үүссэн нийт тоо хэмжээ гэж батлах юм шиг байна. Үнэхээр тэр алдагдсан боломжийг буцаан төлүүлэх, хэн нэгнийг шийтгэх боломж байгаа бол Засгийн газар бүр солигдох болгондоо өмнөх сайд нараа шүүх шаардлагатай болох байх гэж бодож байна.

-Нүүрсний хулгайн тухайд олон нийтийн яриад буй шиг 40 гаруй их наядын хулгай байгаа гэж ойлгодог уу?

-Эхлээд 40 гаруй их наяд, сүүлдээ 400 гаруй их наяд гээд албаар хүмүүсийн мэдэхгүй тоогоор сэтгэл санааг нь тавгүйтүүлж байгаа л тоо гэж харж байгаа. Түүнээс биш яг тийм тоог өнөөдөр нэг гишүүнээс бусад нь үгүйсгээд байна. Ер нь яаж ч тооцсон Таван толгойн нүүрсний уурхайн ам дээрх буюу тээвэр ороогүй үнийг нээлттэй зарлах юм бол 40 гаруй их наяд төгрөг хэдэн сая тонн нүүрс байх боломжтой вэ гэдэг гараад ирэх боломжтой. Би гэрээний нарийн үнийг мэдэхгүй учир худлаа тоо хэлж чадахгүй байна. Гэхдээ нэг тоо бодож үзээд тайлбарлая. Тухайлбал, Таван толгойн нүүрсний бүлэг орд дээр ажиллаж байгаа уурхайнууд нэг жилд дунджаар 15 сая тонн нүүрс экспортолж байгаа байх. Тэгэхээр нүүрсийг уурхайгаас нь ачаад нүүрс ачилт буулгалтын талбай дээрээс худалдан авагчийн машинд ачиж өгөх нэг тонн нүүрсийг 80 ам.доллар гэж тооцвол 1.2 тэрбум америк доллар буюу өнөөдрийн ханшаар 4.1 гих наяд төгрөгийн борлуулалтын орлого нэг жилд олох боломжтой. Тэгэхээр яг энэ тооцоог жишээ болгон авбал дахиад 300 гаруй сая тонн нүүрсийг экспортолж байж 40 гаруй их наядын орлого олох юм байна. Тэгэхээр нэр бүхий гишүүний гаргасан тооцоо өрөөсгөл болох нь харагдаж байгаа юм.

-Таныхаар нүүрсний хулгай гэж яг юуг нь ойлгож байна вэ?

-Миний бодлоор нүүрсний хулгай гэж Монгол Улсад татвар хураамжаар орж ирэх байсан орлогыг замаас нь өөр хүмүүс хувьдаа хуваан авсныг л хэлэх байх гэж харж байгаа. Энэ асуудал бараг энэ чиглэлд ажиллаж байгаа бүх хүмүүсийн мэддэг л асуудал. Яагаад одоо яриад байгааг ойлгох гэж хичээж л байна. Учир нь Таван толгойн бүлэг ордын нүүрснийг гаргах Гашуунсухайт боомтын хүчин чадал хязгаарлагдмал. Миний санаж байгаагаар тухайн боомтуудаар ашигт малтмал экспортлох боломж хүчин чадлыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд өөрсдийн хөрөнгөөр хийж, арчилгаа үйлчилгээг нь хариуцан явдаг ба тэрнээс өмнөх Боомтын барилга болон дэд бүтцийг БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар барьж өгсөн гэж сонсож байсан. Яг үнэндээ энэ боомтуудыг тухайн бүсэд ажиллаж байгаа компаниуд болон уурхайнууд хөрөнгө оруулалт хийгээд ажиллаж хүн хүчийг нь хүртэл зөөж, байшин барьж өгөөд, өнөөдрийг хүрсэн. Гэтэл Засгийн газар тэрийг нь цэвэрлээд аваад явах ч сонирхол, чадвар байхгүй байна. Хэрэв намайг худлаа ярьж байна гэж бодож байвал, Гашуунсухайт болон Шивээхүрэн боомтуудыг очиж үзээд хамгийн энгийн хүнээс асуухад бүгд хэлнэ.

-Нүүрс экспортлох боомтын хүчин чадал бага учир олборлох хэмжээнээс үл хамааран борлуулах хэмжээ хязгаарлагдмал болж байна, тийм үү?

-Тэгэхээр жил бүр гаргах боломжтой хэмжээнд тулгуурлан гэрээ байгуулах шаардлага үүсэх үү гэдэг асуудал гарч ирнэ. Нөгөөтэйгүүр хязгаарлагдмал хэмжээтэй нүүрсний гэрээг хэн хийх вэ, хэн хийлгэж байгаа вэ, хэн гүйцэтгэж байгаа вэ, хэн тэрнээс ашиг хүртэж байгаа вэ, хэн тэр компанийн захирал болон ТУЗ-ийг томилж байгаа вэ. Энэ бол цэвэр хулгай. Түүнээс хил гаалийн хүмүүст авлига өгөөд тийм их нүүрс зарах боломж бараг 10 хувьтай л байх. Хүмүүс Цагаан хадны нүүрсний ачилт буулгалтын талбайгаас жин тонныг нь засаад, нүдээ аниад, хоосон гэж бүртгээд гаргаад байна гэж бодож байгаа нь үндэслэл багатай л гэж хэлэх байна. Яагаад гэвэл тэнд байгаа хүн болгон тэрнээс нь хүртээд, хүн болгон өнөөдрийг хүртэл амаа жимийх боломжтой юу. Та тэгж чадах уу, ядаж л эхнэртээ хэлэх байлгүй дээ.

-Та нүүрсний хулгайг хэн хийж чадах вэ, ийм их хэмжээний хулгай хийх боломж байхгүй гэж өөрийнхөө цахим хуудсандаа бичсэн байсан. Тэгэхээр энэ том зохион байгуулалттай ажлыг ямар эрх мэдэлтэн, албан тушаалтан хийх боломжтой вэ?

-Би нүүрсний хулгай хийх боломжгүй гэсэн утгаар тэрхүү постыг бичээгүй. Харин мэргэжлийн инженер хүний хувьд, нүүрсний уурхай удирдаж байсан хүний хувьд хүмүүс хулгайчаа хаанаас хайх хэрэгтэй вэ, нүүрсийг үнэхээр зүгээр ухаад нууцаар хил давуулах боломжтой юу гэдэг энгийн ойлголт өгөхийн тулд олон хоног хүлээсний хувьд бичсэн юм. Үнэхээр уул уурхай гэдэг бол төлөвлөлт, зохион байгуулалт, хараа хяналт, гүйцэтгэлийн хяналт шалгалт, хөдөлмөр хамгаалал зэрэгт тулгуурлан явдаг ажил. Тэр утгаараа хүмүүсийн хэтэрхий амархан гэсэн ойлголтыг тайлбарлах, зөвөөр ойлгуулах нь чухал гэж үзсэн. Энгийн уурхайчинд хилээр нүүрс гаргах байтугай уурхайгаасаа нэг шуудай нүүрс авч гарахад ч хэцүү хяналт шалтгалттай байдаг. Харин гэрээний ард байдаг 5-10 хүнд бол хэдэн сая тонн нүүрс хулгайлах боломж байхыг үгүйсгэхгүй. Мөн тээврийн хөлс хэт өндөр байгаа нь дахиад бүх зүйл хязгаарлагдмал, тоо толгой нь цөөхөн байгаатай л холбоотой гэж бодож байна. Намайг уурхай удирдаж байхад нүүрс тээврийн машинуудыг БНХАУ-ын худалдан авагч талаас хариуцдаг байсан учир үнэ хямд, түргэн шуурхай, хэл ам, асууудал бага гаргадаг байсан. Мэдээж монгол компаниуд хийх нь ашигтай байсан учир тэр нөхцөл байдал өөрчлөгдсөн байх.

-Ковидын хоёр жилийн дараах эдийн засгийн сэргэлтийн жил гэж ирэх оны төсвийг зарлаад баталсан. Эдийн засгаа сэргээхийн тулд үйлдвэрлэгч орон болох ёстой гэдгийг хэн хүнгүй л хэлнэ. Эдийн засгийг бодитоор өсгөхийн тулд яах ёстой юм бэ?

-Бид ажилтай орлоготой байж, улс эх орондоо өөр өөрийн гэсэн хувь нэмрийг оруулах нь хамгийн чухал. Тиймээс Монгол Улсад чөлөөт ажиллаж амьдрах, бүтээж үйлдвэрлэх, экспортлох боломжийг л тогтвортой байлгахад анхаараасай гэж боддог. Өнөөдөр бүтээгдэхүүн үйлдвэрлээд борлуулж байгаа бүх компани хүн хүчнээс бүрддэг бөгөөд бүгд баялаг бүтээж байгаа. Гэтэл манай улсын засгийн газар ард иргэдээ харж хандаж байна гэж халамж тараахаас өөр арга хэмжээ авсангүй. Хувийн компаниуд бол засгийн газрын хойд эхийн хүүхдүүд.

-Та уул уурхайн инженер хүн. Нүүрс болоод бусад байгалийн баялгийг бид түүхийгээр нь гадагшаа экспортолдог. Үүнийг баяжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож гаргахын тулд яах ёстой вэ. Угтаа эцсийн бүтээгдэхүүн болгож гаргасан бараа илүү орлого олох боломжтой биз дээ?

-Ямар ч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж болох байх. Гэхдээ худалдан авагчийн сэтгэл санаанд нийцсэн байна уу, худалдан авах бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна уу, тэр нь ашигтай байна уу гэдгээс л бүх зүйл хамаарна. Бид аль болох нэмүү өртөг шингээж байж олон ажлын байр, олон хүн ашиг тусыг нь хүртэх боломж бүрдэх юм. Тийм ч учраас бид яавал илүү ашиг олж эдийн засгаа солонгоруулан хэн нэгнээс хараат бус байх вэ гэдгийг үргэлж тооцох нь чухал байх.

-Уул уурхайн салбарт улстөрчдийн нөлөөлөл их байдаг нь ямар учиртай вэ?

-Өнөөгийн Монгол Улсын бүх бизнес уул уурхайгаас ямар нэгэн байдлаар хамааралтай байгаа учир нөлөө бүхий бүх хүмүүс тус салбарт анхаарал хандуулдаг нь ойлгомжтой. Нэг үгээр хэлбэл, хамгийн өндөр ашигтай бөгөөд рисктэй бизнес.

-Нүүрсийг олборлоод машинд ачаад хилээр нууцаар гаргаж хулгайлах боломжгүй. Зүгээр уурхайгаас хулгайгаар гаргахад ч төвөгтэй гэсэн. Яагаад?

-Би уурхайчин хүний хувьд уул уурхай өнөөгийн үйл ажиллагаа хулгай гарахаас болон ямар нэгэн алдаа гаргахаас сэргийлэн ажилладгийг мэдэхийн хувьд ингэж үзэж байгаа. Бүх газар муу хүн байж болох боловч бүх хүн муу байх боломжгүй гэж итгэдэг. Саяхан нэг уул уурхайн инженер залуу хулгай хийх 100 боломж байгаа гээд нэлээд хэдэн жишээ дурдсан учир тэр жишээнүүдийг няцаах байдлаар хариулт өгье гэж бодлоо. Ашиглалтын нөөц буюу нүүрсний нөөц нь олборлох явцад бүртгүүлсэн нөөцийн хэмжээнээс өөрчлөгдөх буюу ихсэх боломжтой тул тухайн нөөцийг олборлоод экспортолчихсон байх боломжтой гэдэг. Үнэндээ олборлолтын явцад нүүрсний пласт зузаарах, нимгэрэх боломжтой. Мөн үе хоорондоос чулууны үе гарч ирэх ч боломжтой. Гэхдээ сүүлийн 10 жилд уул уурхайн салбарын инженерүүд программ хангамжийн тусламжтайгаар тухайн олборлож байгаа нүүрсний зузаан болон чанарыг богино, дунд, урт хугацаагаар төлөвлөж байгаа. Олборлож байгаа хэмжээгээ шууд болон шууд бусаар бүртгэж, өдөр бүр тэмдэглэж, бүртгэл хөтлөлт хийн ажиллаж байдаг. Мөн гүйцэтгэлээ долоо хоног бүр хийж баталгаажуулан ажилладаг. Мэдээж жижиг хэмжээний уурхайнууд миний хэлсэн зүйлүүдийг хийж чадахгүй байж болох ч гэсэн хувийн компаниуд олборлож байгаа нүүрсээ машины тоогоор ч хамаагүй гаргаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хоёрдугаарт, маркшейдерын хэмжилт дээр тоглолт хийх буюу хэмжилтийг өөрчлөх боломжтой гэдэг. Маркшейдерын хэмжилтийг өөрчлөх эсвэл буруу хэмжилт хийх боломжтой нь үнэн. Гэхдээ маркшейдерын хэмжилт, уулын ажлын бүртгэл ээлж болгонд хийгдэж тулгаж явдаг бөгөөд долоо хоног сар бүрийн хяналтын хэмжилтээс нуугдах боломж багатай. Яагаад гэхээр өнөөдөр худлаа хэмжилт хийлээ гэхэд маргааш, эсвэл долоо хоногийн дараа уулын цул буюу шороо, эсвэл нүүрсний хэмжээ нь ухсан хэмжээнээс их болох, багасах боломжгүй гэдгийг мартаж болохгүй. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа томоохон хэмжээний уурхайнууд нь гэрээт олборлогчтой буюу өөр компаниар уулын ажлаа гүйцэтгүүлдэг. Тиймээс уулын ажлын гүйцэтгэлийг хоёр талаас нь бүртгэж, хэмжиж байж ажлын гүйцэтгэлийг нь тулгаж ажлын хөлс олгодог учир заавал давхар хяналт хийгддэг.

-Жижиг таван толгойн нүүрсний асуудал бол зэрэгцээ лицензтэй уурхайнуудад тохиолддог энгийн асуудал, хэдэн жил шалгаад байхаар төвөгтэй асуудал биш гэлээ, яагаад?

-Олон нийтийн хэрэгслээр Таван толгойн уурхайн инженерүүдийн ярьж байгаа мэдээллийг ажиглах юм бол маш ойлгомжтой тайлбарлаж байна лээ. Таван толгойн уурхайн лицензийн талбайн хэмжээ нь бага тул өөрийн ашиглалтын талбайн хэмжээнд олборлох боломжтой нүүрсийг бүрэн ашиглахын тулд Эрдэнэс таван толгойн уурхайн ашиглалтын хилд нэвтрэн хөрс хуулалт хийж технологийн зам хийх үед өртсөн нүүрсийг олборлосон асуудал гэж ойлгосон. Мэдээж тухайн үед тэр шийдвэрийг гаргасан инженер техникийн ажилтан, удирдлага нь зөвшөөрөл авч харилцан тохиролцоогүй нь тэдний алдаа болсон байх. Мөн зэргэлдээ хоёр уурхайн нүүрсийг олборлохын тулд аль нэг нь заавал нөгөө лицензийн талбай руугаа нэвтрэх шаардлагатай гэдгийг уул уурхайн мэргэжилтэн бүх хүн мэднэ.

-Нүүрсний уурхайн үйл ажиллагаа нарийвчилсан мэдээлэл болон бодит гүйцэтгэл дээр тулгуурлан хийгддэг ажил тул хэн нэгнээс нуух, гүйцэтгэлийг нуух маш төвөгтэй бүтээгдэхүүн, тэр тусмаа кармандаа хийж болохгүй тул цаг хугацаа, хүн хүч маш их шаарддаг гэсэн. Тийм учраас л хулгай хийхийн тулд том бүлэглэл хөдөлдөг гэж ойлгож болох уу?

-Алт бол жижиг, нуух боломжтой. Мөн хүн болгон хэдэн кг алт олборлосныг мэддэггүй тул зохион байгуулалттай хулгай хийж болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ л компанийн эзэн алтаа алдахгүй тулд маш их хэмжээний хяналт тавьдаг нь ойлгомжтой. Нүүрс зөөгөөд нууцаар гаргаад байдаг зүйл гэдэгт санал нийлэхгүй байгаа. Өнөөдөр та 1-2 машин бөөн асуудал болж гаргалаа гэхэд маргааш дахиад гаргах боломж юу л бол.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ш.Мөнгөншагай: Бодлогын хүүг нэмсэн нь инфляци, үнийн өсөлт хөөрөгдөлтэй буюу эдийн засаг хүндэрсэн гэсэн үг DNN.mn

Эдийн засагч Ш.Мөнгөншагайтай бодлогын хүүгийн талаар ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Монголбанк бодлогын хүүгээ өсгөлөө. Өмнө хэдтэй байгаад сүүлд хэд болгож өсгөсөн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Монголбанкны зүгээс энэ онд нийтдээ зургаан удаа бодлогын хүүг өсгөлөө. Оны эхээр бодлогын хүү зургаа орчим хувьтай байсан бол хамгийн сүүлд буюу өнгөрсөн баасан гаригт тус хүүг 13 хувь хүргэлээ. Өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр 10 хувьтай байсан бодлогын хүү одоо 13 хувьд хүрсэн байна. Ирэх оноос ч бодлогын хүүг өсгөх магадлал өндөр байна.

-Бодлогын хүү гэж ер нь юу вэ. Энэ онд зургаан удаа өсгөлөө гэж байна. Өсгөх нь эдийн засагт ямар ач холбогдолтой юм бол?

-Төв банкнаас арилжаалж буй хамгийн богино хугацаатай үнэт цаасны хүүг бодлогын хүү гэдэг. Онолын дагуу мөнгөний бодлогын хүү нь банкны хадгаламж болон

зээлийн хүүд нөлөөлдөг. Бодлогын хүү нь Төв банкнаас банкуудад санал болгож буй эрсдэлгүй санхүүжилтийн хэрэгслийн хүү учир банкууд бодлогын хүүг бусад санхүүгийн хэрэгслүүдийн хүүтэй харьцуулах замаар шийдвэр гаргадаг. Тухайлбал, бодлогын хүү нэмэгдсэнээр банкууд эрсдэл багатайгаар харьцангуй өндөр өгөөж олох боломжтой болж, банкууд шийдвэр гаргалтаа өөрчилж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, Монголбанкны бодлогын хүү нь банк хоорондын захын хэлцлийн жигнэсэн дундаж хүүгийн хөтөч хүү болдог гэсэн үг. Яагаад өсөөд байна вэ гэхээр энэ нь инфляцийн үзүүлэлтээс шалтгаалж байгаа юм. Өнөөдөр инфляци хоёр оронтой тоонд явж байна. Энэ нь тогтвортой биш улам өсөөд байгаа учраас инфляцийг барихын тулд бодлогын хүүг нэмж байгаа хэрэг. Мөн байнга нэмэгдээд байгаагийн учир нь эдийн засгийн хэт халалт буюу үнийн хөөрөгдлийг багасгах, тогтворжуулах, төгрөгийн ханшийг тогтвортой байлгахад оршиж байгаа юм. Мэдээж нэг талдаа бодлогын хүүг нэмснээр төгрөг чангарна гэсэн үг. Тэр утгаараа зах зээлд нийлүүлэгдэж байгаа төгрөгийн урсгал эрс багасна. Зарим банкууд зээл олголтоо хойшлуулна гэсэн үг. Өнөөгийн эдийн засагт ам.долларын ханш өдөр ирэх тусам чангарч байгаа. Тиймээс үүний хариуд төгрөгийн ханшийг чангаруулах бодлого буюу бодлогын хүүг нэмэхээс өөр сонголтгүй болж байгаа юм. Товчхондоо бодлогын хүүг нэмж байна гэдэг бол инфляци өндөр, төгрөг суларсан гэсэн үг.

-Бодлогын хүү 13 хувьд хүрсэн нь энэ оны хамгийн өндөр үзүүлэлт үү. Өмнө манай улсад бодлогын хүү хэд хүрч байсан юм бэ?

-Энэ оны хувьд өндөр үзүүлэлт л дээ. Гэхдээ өмнө 14, 15 хувьд ч хүрч байсан удаа бий. Тэр нь 2008 оны дэлхийн эдийн засгийн гүнзгий хямралаас болоод манай улсын эдийн засагт цочир хүндрэл үүсгэж байсан үе. Тухайн үед буюу 2009 оны эхээр Монголбанк бодлогын хүүгээ 14 хувьд хүргэж байсан. Сүүлд буюу 2016 оны сүүлээр мөн хямралаас болж 15 хувьд хүргэж байсан. Тэгэхээр одоо 13 хувьд хүргэж байна гэдэг бол эдийн засаг асар хүндэрсний илрэл гэж ойлгож болно. Мөн инфляци, үнийн өсөлт зах зээлийн зарчмаасаа хэт хөөрөгдөлтэй байна гэсэн үг. Үүний цаана төрийн бодлого аль нэг түвшиндээ ноцтой алдаа гарсан гэж ойлгож болно. Тэр нь иргэдийн тэмцээд байгаа нүүрсний хулгайчдаас ч болсон байж мэдэх юм. Эдийн засаг, зах зээл гэдэг бол тэнцвэртэй байдлаасаа ашиг олдог, эсвэл нэг талдаа бөөгнөрчихөөрөө уналтад ордог эмзэг ухагдахуун. Тиймээс үүнийг төрийн бодлогоор оновчтой зохицуулж явах учиртай.

-Бодлогын хүүг нэмснээрээ давуу болон сул тал юу байна вэ?

-Бид банкинд мөнгөө хадгалуулахад хадгаламжийн хүүг бидэнд санал болгодог бол банкууд төв банкинд мөнгөө хадгалуулахад бодлогын хүүг санал болгодог. Төв банкийг дампуурах эрсдэлгүй гэж үздэг учир бодлогын хүү нь хамгийн эрсдэлгүй хүүд тооцогддог. Төв банк бодлогын хүүгээр дамжуулан зах зээл рүү нийлүүлэх мөнгөний хэмжээг ихэсгэх үү, багасгах уу гэдгээ шийддэг. Тухайлбал, цар тахлын улмаас сүүлийн 1-2 жилийн хугацаанд томоохон гүрнүүдийн төв банкууд бодлогын хүүгээ буулгаж, зах зээл рүү нийлүүлэх мөнгөний хэмжээгээ нэмсэн. Манай улсын хувьд цар тахал эхлэхээс өмнө бодлогын хүү 11 хувьтай байсан бол 2020 оны эцсээр зургаа болтол нь буулгасан. Үүний улмаас хадгаламж болон зээлийн хүү дагаж буурснаар зах зээлд эргэлдэх мөнгөний хэмжээ ихэссэн. Үүнээс болоод төгрөгийн ханш суларч, үнийн хөөрөгдөл, инфляци огцом өссөн гэж хэлж болно. Тэгэхээр бодлогын хүүг бууруулснаар эдийн засаг сэргэх боловч инфляци хөөрөгдөх сул талтай. Харин чангаруулснаар инфляци тогтвортой болох боловч эдийн засаг агших сул талтай гэсэн үг. Тэгэхээр үүнийг тохируулах шаардлагатай. Тиймдээ ч бодлогын хүү гэж нэрлэсэн байж таарна. Ердөө нэг зоосны хоёр тал л гэсэн үг. Бууруулсан ч, нэмсэн ч адилхан давуу болон сул талтай л гэж ойлгож болно.

-Бодлогын хүүг өнөөдөр нэмлээ гэхэд маргааш эдийн засагт илрэх нөлөөлөл гэж байх уу. Ер нь үр нөлөө нь хэдий хэр хугацааны дараа мэдрэгддэг юм бэ?

-Мэдээж өнөө, маргаашдаа эдийн засагт нөлөөлнө гэж байхгүй. Нөлөөлсөн ч бодит үр дүн үзүүлэхгүй. Бодлогын хүүг нэмснээс хойш 4-5 улирлын дараа эдийн засагт нөлөөлөл нь илэрч эхэлдэг. Харин эсрэгээрээ тэрхүү нөлөөлөл нь алга болтлоо 3-4 жил шаардлагатай байдаг. Ингэхээр бодлогын хүүг алсын харааны бодлогоор нэмж, эсвэл буулгах ёстой. Гэхдээ сая нэг хувиар бодлогын хүүг нэмлээ. Энэ бол эдийн засагт тийм ч том нөлөөлөл үзүүлэхгүй гэсэн үг. Өнөөдрийн үнэ, инфляцийг жилийн дараа яг энэ хэвээр нь байлгахад л бага зэрэг нөлөөлнө.

-Өнгөрсөн намар 12 хувьтай байсан бодлогын хүүг 13 хувь болгож нэмэгдүүлсэн нь мэдээж огцом өсөлт биш. Бодлогын хүүг нэмэгдүүлснээр төгрөг чангарч, ам.долларын ханш тогтворжино гэж ойлголоо. Тэгвэл бодлогын хүүгээ огцом нэмэгдүүлчихвэл яах вэ. Ам.долларын өсөлтийг эрчимтэй багасгах боломжтой юм биш үү?

-Өмнө нь Монголбанк бодлогын хүүгээ 10.5 хувиас 15.0 хувь болгож маш огцом нэмж байсан. Тухайн үед бодлогын хүү өсөхөөр төгрөг сайжирч, доллар буурна гэсэн үндсэн тайлбартайгаар Монголбанк хүүгээ өсгөж л байлаа. Хүү өсвөл өөрийн мөнгөний ханш сайжирна гэдэг бол энгийн, боломжийн ойлголт. Гэхдээ энэ бол онолын нэг талын ойлголт. Тухайлбал, Оросын төв банк 2014 оны сүүлээр ганц шөнийн дотор бодлогын хүүгээ 10.5 хувиас 17.0 хувь хүртэл огцом ихээр нэмсэн. Гэсэн ч рублийн ханш тухайн үед улам унаж байсан түүх бий. Ер нь хүүг хурдан унагаж, удаан өсгөдөг арга илүү ойлгомжтой шийдэл. Тухайлбал, АНУ бодлогын хүүгээ 0.25 хувиас 0.5 хувь хүртэл нэмэхээ бараг 5 жил олон талаас нь ярьж байж шийдэж байсан түүх, туршлага бий. Харин тэд хүүгээ 5.5 хувиас 0.25 хувь болтол огцом буулгахдаа огт эргэлзээгүй. Европт ч гэсэн ийм практиктай. Тэгэхээр буулгахаас илүү нэмэх нь илүү эрсдэлтэй гэсэн үг.

-Эдийн засагч хүний хувьд цаашид Төв банк бодлогын хүүгээ нэмэх шаардлагатай гэж харж байна уу?

-Манай улсад бодлогын хүүг нэмэх, эсвэл буулгах гэдэг бол эдийн засгийг өөрчлөх гол хөшүүрэг биш. Гэхдээ бодлогын хувьд нэмж, буураад явж байх нь мэдээж чухал. Гэхдээ бид эдийн засгаа бодитой нэмэгдүүлье л гэж байгаа бол үйлдвэрлэгч орон болох схем рүүгээ нэн яаралтай орох ёстой. Маш энгийн зүйл. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг. Бидний бэлэнчилсэн сэтгэлгээ аливаа зүйлийг байнга гаднаас харах болж. Нэг зүйл хэрэгтэй болбол өөрсдөө яаж хийх вэ гэж бодохоос илүү үүнийг гаднаас яаж хямдхан авчих вэ гэдгээ л бодож байна. Улс даяараа иймэрхүү сэтгэхүйтэй болчихсон нь л бидний алдаа. Бодлогын хүүгийн нөлөөлөл эдийн засагт тодорхой хугацааны дараа үйлчилдэг. Ер нь нэг шийдвэр гаргалаа гэхэд тэр дороо үйлчилдэг, өөр болчихдог зүйл гэж байхгүй. Үүнтэй адилхан бид бага багаар дотооддоо хэрэгцээгээ хангаж байх нь чухал. Өнөөдөр нэг ч гэсэн үндэсний компани, аж ахуйн нэгж дотооддоо бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдаалж л байвал алсдаа эдийн засгийн хараат байдлаасаа салахын үндэс суурь нь болно. Тиймээс энэ дагуу л төрийн бодлого илүү эрчимтэй явах учиртай. Муу ч сайн ч гэсэн өөрсдийнхөө хийсэн зүйл рүү нулимдаггүй байхад л болох юм. Цаашид бодлогын хүү нэмэгдэх эсэхийг Төв банкныхан хуралдаж байж шийдэх байх. Миний харж байгаагаар бодлогын хүү дахин нэмэгдэх хандлагатай гэж үзэж байгаа. Ирэх онд бодлогын хүү магадгүй 15 хувьд хүрэх болов уу.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Бид нэгэндээ дэндүү хайргүй хүмүүс! DNN.mn

Монгол Улс төв Азийн цээжнээ оршин тогтнодог Ардчилсан орон. Энэ улсын эзэд нь дэлхийд хаа ч байхгүй цор ганц үндэстэн хэмээн өөрсдийгөө огшоодог. Хөх толботой, хүдэр чийрэг, мянганы суут хүмүүн Чингис хааны үр сад, нүүдэлчин ард түмэн гэж. Орчин цагт бүх зүйл баримтад тулгуурлаж, үнэлэгддэг болсон. Тиймээс шинжлэх ухаанчаар дээрх асуудалд хандаж, шүтэн биширч, хүндэтгэх нь зүйтэй байх.

Гэтэл Чингис хааныгаа хэдэн онд төрснийг ч мэддэггүй монгол хүн цөөнгүй. Тэр ч нэг хэрэг. Нөгөөтэйгүүр монголчууд хаа явсан газартаа нэгнийгээ хэмлэж, нохойд барьдаг мод шиг л биесээ өшиглөх юм. Ийм цөөхүүлээ атлаа дэлхийн аль ч үндэстэнд баймааргүй хагаралтай, нэгнийхээ дээр гарах гэсэн зантай, атаархуу, “би” гэсэн үзэлтэй иргэдтэй улс Монголоос өөр байхгүй л болов уу. Бензин, түлш ховордох нь ээ гэхэд л маргааш нь үнээ нэмчихдэг. Яг ч ховордоогүй байхад шүү дээ.

Дэлхий сөнөлөө гэх шар мэдээний сургаар лаа, шүдэнз цуглуулж, зах, дэлгүүрээ нураачих шахдаг. Танил талаа хүн гэж ойлгодог. Танихгүй хүнийг “золбин” мэт үздэг. Ийм аминчхан нийгмийн хүртээмжгүй. Хүнийг хуурч, хүнд өгсөн бараанаасаа хэдэн төгрөг олсныгоо ашиг гэж итгэдэг. Ийм зах зээл, эдийн засгийн мэдлэггүй. Эх орныхоо төлөө гэх үзэл санаагаа зөвхөн уран сайхны кинонд л дүрсжүүлдэг. Үүнийгээ амжилт гэж бахархдаг. Жинхэнэ эх орончдыгоо, амьдралынхаа төлөө тэмцэн үг, үзэл бодлоо илэрхийлж байгаа нэгнээ галзуу гэж гоочилдог.

Энэхүү өнгөцхөн, өнгө мөнгөний хандлагатай. Ийм оюун санааны мунхаглалаас бид салаагүй цагт улс орны хөгжлийг томьёолоод, тодорхойлоод ч хэрэггүй. Хүнийг хайрлаж, хүнтэй хүн ёсоор харилцаж, хүнлэг хандлагатай болж байж л бусад хөгжингүй орнуудын түвшинд улс нь ч тэр, нийгэм нь ч тэр дөхөж очих боломжтой. Гэвч бид нэгэндээ дэндүү хайргүй хүмүүс юм…

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Нүүрсний хулгайг илрүүлэх “Лобби” бүлэгт сөрөг хүчнээс гурав, эрх баригчдаас 15 гишүүн нэгджээ DNN.mn

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулж нэр бүхий УИХ-ын таван гишүүнийг олон нийтэд зарласан. Уг ил болгосон гишүүд нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Н.Наранбаатар, Ц.Сэргэлэн, Ц.Анандбазар нар билээ. Эдгээр гишүүд “Бид нүүрсний хулгайд ямар ч хамааралгүй. Нүүрстэй холбоотой бизнес эрхэлж үзээгүй, нүүрс гэдгийг түлж үзсэнээс хулгай хийж үзээгүй, ер нь нүүрсний гэх хэрэгт ямар ч холбогдолгүй намтар түүхтэй гишүүдийг сонгосон нь их хачирхалтай” хэмээн тус бүрдээ байр сууриа илэрхийлж ирсэн. Тэд “Та нар жинхэнэ хулгайчдаа зарла” гэж чуулганы хуралд тодорхой байр сууриа илэрхийлсэн. МАН-ын дээрх нэр бүхий таван гишүүнээс энэхүү асуудлыг эрс эсэргүүцэж, нийгэмд зарим шуугиантай хэргүүдийн сэжүүрийг ил тод, хамгийн чангаар хэлж байгаа нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд юм. Тэрээр өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш өдийг хүртэл нийгэм, улс төрийн асуудлаар тодорхой байр суурь илэрхийлээгүй, өөрөөр хэлбэл “чимээгүй” сууж ирсэн. Харин АТГ-аас нэрийг нь хулгайн хэрэгт холбогдуулан зарлахад “дуу” орж, ёстой гишүүнийхээ ажлыг хийж эхэллээ хэмээн хэлэх хүмүүс цөөнгүй байна. Нөгөөтэйгүүр эдгээр таван гишүүн өөрсдийгөө нүүрсний хулгайд ямар ч хамааралгүй гэж удаа дараа мэдэгдэж ирсэн. Улмаар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр эдгээр таван гишүүн нүүрсний хулгайтай тэмцэх, шалгах “Лобби” бүлэг байгуулж байгаагаа мэдэгдсэн билээ. Тус бүлэг иргэдийн шаардсан нэрсийг гаргах, өөрсдийнх нь хэлээд буй жинхэнэ нүүрсний хулгайчдыг олон нийтэд ил болгохоо зорилго, чиглэлээ болгон ажиллах аж. Дашрамд дурдахад, лобби бүлэг ямар учраас байгуулдаг болох талаар товч хүргэе. УИХ-ын гишүүд тодорхой нэг чиглэл, сэдвийн хүрээнд лобби бүлэг байгуулдаг. Лобби бүлгийн зорилго нь шийдвэр гаргах хүрээлэлд нөлөөлж тухайн асуудлаа шийдвэрлүүлэх юм. Энэ утгаараа нүүрсний хулгайд нэр холбогдсон гишүүд УИХ-д “Лобби” бүлэг байгууллаа. Энэхүү бүлэгт сөрөг хүчин буюу Ардчилсан намаас гурав, эрх баригч буюу Монгол ардын намаас 15 гишүүн нэгдсэн байна. Тухайлбал, АН-аас С.Ганбаатар, Ж.Батсуурь, Ш.Адьшаа нар нэгджээ. Харин МАН-аас Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Ё.Баатарбилэг, Х.Баделхан, Д.Батлут, Э.Батшугар, Ч.Булгантуяа, Г.Ганболд, Х.Ганхуяг, Ц.Идэрбат, Ж.Мөнхбат, Ц.Сандаг-Очир нарын гишүүн нэгджээ. УИХ-д суудалтай ХҮН-аас энэхүү лобби бүлэгт одоогоор гишүүд нэгдээгүй ажээ. Цаашид нүүрсний хулгайг илрүүлэх буюу тэдний хэлж байгаагаар “жинхэнэ” хулгайчдыг илрүүлэх дээрх лобби бүлэгт нэгдэх сонирхолтой гишүүд цөөнгүй байгааг эх сурвалж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Адьшаа: Нүүрсний хулгайн анхны шүглийг үлээж, Хянан шалгах түр хороог байгуулсан хүн нь би DNN.mn

УИХын гишүүн Ш.Адьшаатай нүүрсний хулгай болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Нүүрсний хулгайн хэрэг Монголын улс төрд маш том гал өрдчихлөө. Шулуухан асуухад, нүүрсний хулгайчдын эхний жагсаалт гарахад дунд нь таны нэр явсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ. Та нүүрсний хулгайч мөн үү?

-Шулуухан хариулъя. Би нүүрсний хулгайч биш. Эсрэгээрээ нүүрсний хулгай байна гэдэг анхны шүглийг би үлээсэн байдаг юм. Сүүлийн үед анзаарахад амтай болгон би шүгэл үлээсэн гэж байх шиг. Гэхдээ баримт үлддэг. 2022 оны зургадугаар сарын 3-ны өдөр 26 гишүүнээр дэмжүүлж гарын үсэг зуруулж, УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд хилийн боомтууд, нүүрс тээвэрлэлт, төр, хувийн хэвшлийн уул уурхайн компаниуд, оффтейк гэрээ зэргийг шалгаж, ард түмэнд мэдээлэх, алдаа завхралыг засах УИХ-ын Түр хянан шалгах хороог УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд байгуулж, УИХ-д өргөн мэдүүлж, тогтоол гаргуулсан.

-Бид үнэндээ Т.Доржханд гишүүн Түр хороог байгуулсан, анхны шүглийг үлээсэн гэж ойлгож байлаа, гэвч та байж ээ?

-Т.Доржханд гишүүнийг би санал өгч оруулсан. Яг хэн шүгэл үлээснийг тодруулах гээд байгаа бол баримт өгч болно (инээв). Үнэндээ одоо бол шүглийг би үлээсэн, тэр биш, энэ мөн гэх нь тийм чухал биш. Юу чухал вэ гэвэл сүүлийн 10 жил Монголын төр, ард түмний өмчийг бүлэглэн луйвардаж ирсэн нам дамжсан бүлэглэлүүдийн гэмт үйлдэл задарч, дэлбэрч, олон нийтийн анхааралд орсон нь чухал юм. Нүүрсний хулгай, луйвар байгаа юу гэвэл байгаа. Байх байхдаа эрх баригч нам буюу эрх баригчдын түвшинд явагддаг зүйл. Сөрөг хүчний, тэгэх тусмаа УИХ-д нэг, хоёр жил суусан хэн нэгэн, мөрөөрөө бизнес эрхэлж яваа жирийн иргэн хийх ямар ч боломжгүй гэсэн үг. Сошиалаар нүүрсний хэрэгт холбоотой хүмүүсийн жагсаалт гэгч зүйл анх гарахад дунд нь миний нэр явсан. Үүнд би хүлээцтэй хандаж байгаа. Нийгэм, олон нийт асуудлыг олон талаас нь харах, хардах эрхтэй. Энэ хүрээнд л миний нэр тэр жагсаалтад орсон байгаасай гэж хүсч байна. Харин хэн нэгэн хүний захиалгаар, улс төрийн өшөө авах зорилгоор, түүнчлэн батлагдаж, нотлогдоогүй мэдээллээр хулгай луйврыг дарах зорилготой бол би хүлээн зөвшөөрөхгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн зургаагийн хоёрт Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг нийт Монголын ард түмний өмч байна гэсэн заалт бий. Ард түмнийхээ төлөөлөл болж төр түшиж байгаа хүнийхээ хувьд энэ алтан зарчмыг биелүүлэхийн төлөө би тэмцсээр байх болно. Хамгийн сүүлд гэхэд Ховд аймгийн Халзан бүрэгтэйн орд газрууд, Хар ус нуурын сав газарт нефтийн хайгуул хийх асуудлыг эрс эсэргүүцэж, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Энэ тэмцлээсээ би хэзээ ч ухрахгүй.

-Та нүүрсний хулгай байгааг аль зургадугаар сард хэлж, сануулж, УИХ-ын дэргэд Түр хянан шалгах хороог байгуулжээ. Гэтэл асуудал өндрөө авч олон нийтийн анхааралд орж ирсэн нь саяхных. Түр хянан шалгах хороо хянаж, шалгаад үнэхээр хулгай байгаа юм байна гээд асуудал өндрөө авчихав уу, эсвэл эрх баригч намын бүлэглэл хоорондын зодоон нүүрсний хулгай гэдэг аргумент дээр дэврээд гараад ирэв үү. Би хувьдаа бүлэглэл хоорондын зодоон гэж харж байгаагаас гадна оффтейк гэрээнүүдийн ноцтой байж болох чухал хэсгүүдийг гаргаж тавихгүй байна уу гэж харж байна. Нүүрсний хулгайн шүгэл үлээгчийн хувьд та үүнтэй санал нийлэх үү?

-Айхавтар улс төрийн өнцөг бүхий үнэлэлт, дүгнэлтийг сэтгүүлчид та нар хийх байх. Би ийм дүгнэлт хийх эрх бүхий субьект биш учраас таны тулгасан асуултад хариулт өгч чадахгүй нь. Миний баттай хэлж чадах зүйл гэвэл нүүрсний хулгайг жирийн нэг жолооч, жирийн компанийн захирал, хэн нэгэн сул гишүүн хийчихдэг зүйл биш. Ялангуяа оффтейк гэрээ гэгчийг төрийн өндөр албан тушаалтан, бүр Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн гишүүд, Засгийн газарт Ерөнхий сайдын түвшний эрх мэдэлтнүүд шийдвэрлэх боломжтой. Энэ чинь нэг сая төгрөгийн гэрээ биш шүү дээ. Хэдэн тэрбумаар яригдана. Өөрөөр хэлбэл, нам дамнасан улс төрийн бүлэглэлүүд банк санхүүгийн бүлэглэлтэй нийлж ард түмнийхээ өмч хөрөнгийг хувааж иддэг дэлхийд байхгүй том луйврын схем бол оффтейк гэрээ гээд байгаа энэ зүйл. Нэгдүгээрт, нэг км замыг олон сая доллараар үнэлж тооцсон тооцоо, хоёрдугаарт, тухайн үед зарагдаж байсан нүүрсний ханшаас доогуур байдлаар гэрээ хийх нэг аюул, цаашилбал өнөө нүүрсээ цааш нь дахиад дамлаж зараад давхар ашиг олдог гэх мэт маш том луйврын схем үүний ард бий. Энэ бүхэн хяналт шалгалт, цаг хугацааны эрхээр ил, тодорхой болно гэдэгт итгэж байна.

-Та ингэж ярьснаараа хэр их дайсан хурааж байна вэ?

-Дайсан хураадгаа хураачихсан. Түр хянан шалгах хороог байгуулснаараа маш их дайралтад өртсөн шүү дээ. Миний нэр төр, гэр бүл рүү хүртэл халдсан. Эцэст нь өмнө нь гаальд ажиллаж байсан учраас ашиг сонирхлын зөрчилтэй гэгдээд Түр хорооноосоо өөрийн хүсэлтээр гарсан. Орон тооныхоо хүнээр С.Одонтуяа гишүүнийг оруулсан.

-Өөрийн хүсэлтээр гэдэг нь?

-Монгол Улсын Их хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлд өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа төрийн байгууллагыг шалгах бол ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, өмнө нь гаалийн байгууллагад ажиллаж байсан учраас намайг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж болох нөхцөл байдал үүссэн. Хэрэв чөлөөлөгдөхгүй бол хяналт шалгалтын үр дүнд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсч болохоор байсан учраас өөрийн хүсэлтээр гарсан.

-Өнөөдөр АТГ нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийн талынх нь нэрийг зарлачихлаа. Цаана нь дахиад цөөнгүй УИХ-ын гишүүд, Засгийн газрын хоёр ч сайд нүүрсний хулгайтай холбоотой гэж яригдаад байгаа. Ил гаргах мэдээлэл мөн үү?

-Үүнийг би хэлж чадахгүй. Яагаад гэвэл би мөрдөгч биш. Прокурор биш. Ер нь хууль, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэн нэгнийг шууд нүүрсний хулгайч, луйварчин гэж болохгүй шүү дээ. Бид нотлох баримтын хүрээнд асуудлыг гаргаж, хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ. Хууль хяналтын байгууллага шалгаад гэм буруутай эсэхийг тогтооно. Ардчилсан Монгол Улс шүү дээ. Хүний эрх, шударга ёс, хууль дээдлэх зарчмын хүрээнд бүх зүйл явагдах ёстой. Өнөөдөр ард түмэн ямар их бухимдалтай байгааг бид харж байна. Зүй ёсны асуудал. Гагцхүү үүнийг далимдуулсан, хулгайгаа нуух гэсэн бүлэглэлүүдийн турхиралтад ард түмэн бүү орчихоосой. Үүнд би их болгоомжтой хандаж байгаа. Талбай дээр болж байгаа үйл явдлыг ажиглахад олон талын эрх ашиг, сонирхол байна. Тэдэн дунд Засгийн газрыг унагаах сонирхолтой хүмүүс ч байна. Би хувьдаа энэ Засгийн газар сайн ч, муу ч нүүрсний хулгайн асуудлыг олон нийтийн анхаарлын төвд оруулж, хулгай луйврыг ил тод болгосон. Үүнийх нь төлөө дэмжиж нүүрсний хулгайг бүрэн илрүүлэх бүх боломжоор хангах нь зөв гэсэн байр суурьтай байгаа.

-Тэгвэл та яагаад Онц байдал зарлахыг дэмжсэн юм. Онц байдал зарлахыг дэмжсэн гишүүдийн нэрсийн жагсаалт дунд таны нэр яваа шүү дээ.

-Хүнийг яаж гүтгэж, харлуулж болдгийг наад явдлаас чинь би харлаа. Онц байдал зарлах эсэхийг хэлэлцсэн тэр өдөр буюу арванхоёрдугаар сарын 5-ны орой 18-20 цагийн хооронд би Ховд аймгийн Алтай сумын Соёлын төвд 400 гаруй иргэдтэй уулзалт хийж байсан. Интернэт орох боломжгүй учраас тэр цахим хуралд оролцож чадаагүй. Гэтэл онц байдал зарлахыг дэмжсэн гишүүдийн нэрс гэдэг жагсаалт гарч, дунд нь бас л миний нэр явж байсан. Гайхмаар шүү. Аргаа бараад УИХ-ын Тамгын газраас тодруулга авсан баримт нь энэ байна (инээв). Хүний нэр төрд ингэж бүдүүлгээр, илэрхийгээр халдаж болдог оо.

-Тэгвэл яагаад энэ яг үнэн юм шиг сэвэгдээд байна вэ?

-Сэвж байгаа хүмүүс, түүнийг нь нийтэлсэн сэтгүүлчээс асуу. Энэ бол намайг харлуулж байгаагийн хамгийн наад захын жишээ.

-Нэгэнт тантай уулзсаных, нэгэнт нүүрс ярьсных таны сонгогдсон Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй Хөшөөтийн уурхайн талаар асуумаар байна. Таван толгойгоос дутахгүй стратегийн ач холбогдолтой гэгддэг энэ уурхайн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа юу. Үе үе асуудал үүсдэг, үүнд нь Ховдын ард түмэн ихэд эмзэг ханддаг учраас таны байр суурийг сонсмоор байна?

-“Хөшөөтийн уурхай бол Монголын хамгийн өндөр чанарын коксжих нүүрс агуулдаг, ихээхэн хэмжээний нөөцтэй орд. Харамсалтай нь зуун хувь Хятадын компанийн мэдэлд үйл ажиллагаа явуулж байна. Хувьцаагаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр гаргачихсан компани шүү дээ. Миний бие УИХ-ын гишүүн болохоосоо өмнө ч, одоо ч шүүмжлэлтэй ханддаг хэд хэдэн асуудал бий. Жишээ нь, сая тойрогтоо ажиллахад ард иргэд хөлдөж үхэх нь гэж байна. Түлэх нүүрс байхгүйгээс. Бод доо, нутаг оронд нь бэлээхэн байдаг уурхайгаас өдөрт хэдэн зуун тонн нүүрс урагшаа гарч байхад иргэд нь нүүрсгүйгээс даарч суудаг. Мэдээж нэгэнт худалдаж аваад, Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргачихсан компанитай олон юм ярих боломжгүй. Гэхдээ “МонЭнко” компанийн Монгол Улстай, орон нутагтай байгуулсан гэрээ гэж бий. Энэ гэрээнийхээ үүргийг биелүүлдэггүй ноцтой асуудал бий. Жишээ нь, орон нутагт цахилгаан станц барина гэсэн. Нүүрс угаах үйлдвэр барина гэсэн. Нэгийг нь ч бариагүй. Мөн орон нутгийн иргэдийн хэрэгцээний нүүрсийг ямар ч болзолгүйгээр хангана гэсэн. Энэ үүргээ ч биелүүлдэггүй. Аймаг орон нутгийн удирдлагууд үүнд хяналт тавьж ажиллах ёстой шүү дээ. Ард иргэд нь даарч байхад хэрэгцээнийх нь нүүрс түлээгээр хангах наад захын асуудлыг аймаг орон нутагтай байгуулсан гэрээ хэлэлцээрийн хүрээнд “МонЭнко” компаниас хангуулах асуудлыг шийдвэрлэхгүй байгаа нь харамсалтай.

-Яагаад шаардлага тавихгүй байна гэж та үзэж байна вэ?

-Мэдэхгүй. Би сайн ойлгохгүй байгаа. Орон нутгийн засаг захиргаанд “Хөшөөт хөгжил сан” гэгчээр тодорхой хэмжээний мөнгө төгрөг “МонЭнко” компани өгдөг гэсэн. Түүнийг орон нутагт эрх барьж буй хэсэг бүлэг улс нам улс төрийнхөө эрх ашиг, сонгуулийн амлалт, улс төрийн үйл ажиллагаандаа шагнал урамшуулал маягаар зарцуулж ирсэн. Нуулгүй ярихад Хөшөөтийн уурхай, “МонЭнко” компанийн Ховд аймгийн иргэдэд үзүүлж байгаа үр ашиг, санхүүгийн дэмжлэг ийм л байна. Ард иргэд нь бухимдаж, эмзэглэх нь аргагүй шүү дээ.

-Та тэднийг шүүмжилж суухаар асуудлыг ярьж болно шүү дээ?

-Энэ талаар удаа дараа ярьж байсан. Сүүлийн хоёр, гурван жил ковидын амаргүй үеийг бид даван тууллаа. Эдийн засаг нийтээрээ хүнд байлаа шүү дээ. Ийм үед хэл ам хийгээд байх нь тийм ч тохиромжтой биш байсан. Ховдын гурав, дөрвөн мянган жолооч Хөшөөтийн уурхайг түшиглэж, тээвэр хийж амьдардаг юм шүү дээ. Эдийн засаг хүнд үед тэд ямартаа ч тээврээ хийж орлоготой байх нь чухал байсан. Одоо харин ярьж, шаардлага тавьж ажиллах цаг ирсэн гэж ойлгож байгаа. Гадны хөрөнгө оруулагчийг хамгаалах тухай хууль болон, Монгол Улсын элсэн орсон гэрээ хэлэлцээр, конвенцид Монгол Улсын үүрэг хариуцлага, гадны хөрөнгө оруулагчийн үүрэг хариуцлага гэж бий. Энэ хүрээнд ихэд хүнлэг, хүлцэнгүй хандаж ирсэн. Харин Монгол Улстай, Монгол Улсын Засгийн газартай, тухайн орон нутагтай байгуулсан гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байгаа тал дээр хатуу шаардлага тавьж ажиллах болно.

Categories
мэдээ нийгэм

Б.Солонго: Импортын савангийн оронд монгол савангаа аваач ээ гэж гуймаар, бас уриалмаар байна DNN.mn

Үндэсний үйлдвэрлэгч, “Моngol made” нэгдлийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Солонготой эдийн засаг, цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монголын эдийн засгийн байдал доривтой өсдөггүй хамгийн том шалтгаан бол импортлогч орон гэх статус шүү дээ. Бид юм бүхнээ гаднаас валютаар авч байна. Валютын урсгал гадагшлах тусам эдийн засаг агшиж байдаг. Үүний эсрэг бид үйлдвэрлэгч орон болох ёстой. Энэ утгаараа танай нэгдлийн санаачилсан савангийн үйлдвэр саяхан ашиглалтад орлоо. Тус үйлдвэрийн хүчин чадал, гаргаж буй бүтээгдэхүүн импортыг үнэхээр орлож чадах эсэх талаар та ярихгүй юу?

-“Mongol Made” нэгдлийг бид жил хагасын өмнө үүсгэн байгуулж, өнөөдөр 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж, 100 гаруй хүнийг ажлын байраар хангаад байна. Монголын савангийн хэрэгцээний 50 хувийг дотооддоо үйлдвэрлэж, мянган эмэгтэйг ажлын байраар хангах маш тодорхой зорилгыг бид өмнөө тавьсан. Манай савангийн зах зээл 95 хувь импортоос хамаралтай. Дэлгүүрийн лангуу дүүрэн өрөгдсөн саван дунд хэдэн монгол саван байгааг тоолоод үзэхэд андашгүй. Нөгөө талаар инфляцид нөлөө үзүүлж буй хамгийн том хүчин зүйл нь импортын бараа бүтээгдэхүүн. Цар тахлын нөлөөгөөр хил гааль хаагдаж, импортын бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа нь нэг талаар бидэнд маш том давуу тал бий болгосон. Гаднаас нефтийн хаягдал тосоор хийсэн хямд үнэтэй савангууд бөөндөж суухын оронд бөөн бөөнөөр нь хаядаг малын өөх тосоо эцсийн бүтээгдэхүүн болгон гаргаж, ард нь эмэгтэйчүүдийг ажлын байраар хангая гэсэн нийгмийн ач холбогдлыг нь бид тэргүүн зэрэгт тавьсан. Сая ашиглалтад орсон савангийн автомат үйлдвэр бол нягтаршил өндөртэй, үнэ хямдтай саван гарах бүх нөхцөлийг бүрдүүлж байна. Бид нийт савангийнхаа 50 хувийг гар аргаар, 50 хувийг автомат үйлдвэрээс гаргахаар төлөвлөсөн. Гар аргыг хүчээр байлгаж байгаа нь ажлын байр олноор бий болгох зорилготой холбоотой.

-“Монгол мэйд” нэгдлийн тухайд тайлбарлахгүй юу. Дандаа эмэгтэйчүүдийн ажлын байрыг дэмжсэн төсөл гэж ойлгоод байгаа. Одоогийн байдлаар хэчнээн эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаж байна вэ?

-Саван гэрээрээ, гар аргаар хийдэг маш олон эмэгтэй байгааг бид олж харсан. Нөгөө талаар саван өөрөө өндөр технологи шаарддаггүй учраас хүсвэл нэг цехийг долоо хоногт үйл ажиллагааг нь жигдрүүлчих боломжтой энгийн ажиллагаатай салбар. Өөх тос маш ихээр хаягдаж байна. Энэ бүгдийг нэгтгээд харахаар түүхий эд нь ажиллах хүч нь хангалттай байхад бид гаднаас нефтийн хаягдал тосоор хийсэн, найрлагандаа хадгалагч бодис, хөөсрүүлэгч, цайруулагч, өнгө оруулагч, эмульгатор болгон хэрэглэдэг APE, Chlorine bleach, Formal­dehyde, Cocoamide dea, Tri­closan, Phosphate гэх мэт хорт хавдар үүсгэгч химийн нэгдэл бүхий хатуу саван, шингэн аяга таваг угаагч бодисыг ихээр аваад суух нь үнэндээ утгагүй санагдсан. Нэгдүгээрт, эдийн засаг, хоёрдугаарт, монгол хүний эрүүл мэнд, гуравдугаарт, байгаль орчны бохирдол бууруулах гэсэн том агуулгууд манай төслийн ард бий.

Эмэгтэй гэж тодотгохын учир нь саван өөрөө нягт, нямбай ажиллагаа шаарддаг эмэгтэй хүнд байдаг давуу ур чадвар ашиглагддаг учраас манай ажилтнуудын 90 хувь нь эмэгтэй. Одоогоор бид 100 гаруй ажилтантай, гурван жилдээ багтаад мянгуулаа болох төлөвлөгөөтэй.

-Саван, угаалга, ариун цэврийн бүтээгдэхүүний 80 орчим хувийг бид гаднаас авдаг гэсэн судалгаа бий. Үүнд багагүй ам.долларын урсгал гадагшаа гарч байгаа байх. Танай савангийн үйлдвэр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадах уу?

-Савангийн автомат үйлдвэр ийнхүү ашиглалтад орсноор дотоодын хэрэгцээгээ бүрэн дүүрэн хангах боломж нээгдлээ. Цагт гурван мянган саван үйлдвэрлэх хүчин чадалтай. Хоёр ээлжээр ажиллахад сард сая гаруй саван автомат үйлдвэрээс гарна. Цаана нь бид гар аргаар цех бүр өдөрт хоёр мянга, сард 60 мянган саван үйлдвэрлэж 21 аймаг, есөн дүүрэгт салбарлахад улсынхаа хэрэгцээнээс давж экспортод гарах бүрэн боломжтой. Ийнхүү хатуу саван импортын хамаарлаас гарлаа.

-Хатуу саван импортын хараат байдлаас гарлаа гэж ойлгож байгаа зөв үү. Цаашид бусад нэр төрлийн ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортын хараат байдлаар гаргах зорилготой байна вэ?

-Импортын хараат байдал үүссэнийг сая хил гааль хаагдахад сүлжээ дэлгүүрүүдийн барааны савангийн нөөц тасалдаж манайд олноор хандахад мэдэрсэн. Хатуу савангаа 100 хувь дотоодоосоо хангах бүрэн боломжтой боллоо автомат үйлдвэр ашиглалтад орсноор. Түүнээс гар аргаар үйлдвэрлэж 100 хувь хангахад бол хүндрэлтэй. Малын өөх тос савангийн орц найрлагын 80 хувийг бүрдүүлж байгаа учраас түүхий эдийн дутагдалд орох магадлал бага.

-Үйлдвэрлэж байгаа савангийн төрөл, чанарын тухайд дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу. Гаднаас орж ирж байгаа энэ төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад давуу чанар юу байна вэ?

-Бид малын өөх тосыг эмээлт дэх тос боловсруулах үйлдвэртээ 90 хувь цэвэршүүлж, арц, ганга, чацаргана, багваахай гэх мэт шим дэмтэй ургамлуудаа нэмж, шинжлэх ухаанд суурилсан судалгаа тооцооллууд хийсний үндсэн дээр үйлдвэрлэдэг. Шинжлэх ухаанд суурилсан үйл ажиллагаа учраас манай бүтээгдэхүүний чанар, үр нөлөөнд бүрэн дүүрэн итгэж болно. Саванг хүсвэл гэртээ ч хийчихэж болох нөхцөл нь хүн бүрд байгаа. Бид шинжлэх ухаанч үйл ажиллагаа, хямд үнэ, өндөр чанар стандартаар ялгарна.

-Үндэсний үйлдвэрлэгч гэхээрээ бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ өртөг өндөр байдаг гэсэн шүүмжлэл бий. Энэ асуудалд үндэсний үйлдвэрлэгчийн хувьд ямар бодолтой байдаг вэ. Танай бүтээгдэхүүний зах зээлийн үнэ хэдээс эхэлж байна вэ?

-Гар аргаар үйлдвэрлэгчид цөөн тоогоор гаргаж байгаа учраас бүтээгдэхүүний үнэ өндөр гардаг. Нөгөө талаар импортын бүтээгдэхүүнтэй сав баглаа боодлын дизайн, өнгө үзэмжээр өрсөлдөж чаддаггүй. Бидний хувьд олон тоогоор үйлдвэрлэж, автомат үйлдвэрт ашиглалтад орсноор бүтээгдэхүүний өртөг буурч бид барааны саванг 1300 төгрөгөөр худалдаалахаар төлөвлөж байна. Популяр саван одоо 1700 орчим төгрөгөөр борлуулагдаж байгаа. Гол нь төрийн болон хувийн хэвшлийнхэн, өрх айл бүрийн эх оронч хэрэглээ чухал байна энэ цагт.

-Үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудал цөөнгүй. Танай нэгдлийн хувьд тулгамдаад байгаа асуудал юу байна вэ?

-Мэдээж шинээр үйл ажиллагаа явуулж эхэлж байгаад нь битгий хэл олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан компаниуд хүртэл ганхахад хүрч байгаа нь гадаад орчны сөрөг нөлөө өндөр байгаатай холбоотой. Гэхдээ зөвхөн монголчууд биднээс хамаарах зүйл ч бас яг үнэндээ бага байна. Дэлхий өөрөө шинэ сорилтод орж байна. Тиймээс зовлон тоочоод байлгүй эрвийх дэрвийхээрээ л өмнөх ажлаа алхам алхмаар урагшлуулах гэж үзэж байна.

-Монголд бизнес эрхлэхэд хэцүү байдаг гэлцдэг. Энэ бодитой юу. Төр, Засгийн зүгээс дарамт, шалгалт их байна уу?

-Татварын дарамтыг амтай болгон нь л ярьж байна. Хүн нэмэхийн хэрээр хүнс нэмэгддэг байтал өнөөдөр ажилтныхаа тоог нэмэх бүрд ирэх дарамт чанга байна. Ядаж гарааны компаниудаа хөл дээр нь зогстол эхний гурван жил ч юм уу татварын хөнгөлөлт эдлүүлмээр байна. Ялангуяа манайх шиг мянган ажлын байр бий болгоно гээд зорьчихсон компанид ажилтны тоо 100 давахад л нийгмийн даатгал өөрөө асуудал болж эхэлж байна. Энэ тал дээр ямар нэгэн дорвитой шийд гарах болов уу гэж найдаж байна, ойрноос.

-Хамгийн том дарамт татварын бодлого байх. Ер нь цаашид үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдээ төр засгийн зүгээс хэрхэн дэмжих ёстой юм бэ?

-Ядаж Анита гэдэг савангийнхаа оронд монгол савангаа аваач ээ гэж төрийн худалдан авах ажиллагааны газрынханд, Оюу толгой, Таван толгой зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдээсээ гуймаар, бас уриалмаар байна.

-Бизнес хийх боломж, нөхцөл ямар байна вэ?

Аливааг боломж болгож харах хувь хүмүүсийн хандлага цаашлаад хөдөлмөр чухал. Хөдөлмөрлөхгүй байж мянган боломж яриад нэмэргүй. Саван ч гэсэн өөрөө тэр чигээрээ боломж. Магад бизнесийн томчууд тоож харахааргүй жижиг салбар байж магад. Гэхдээ хаягдал өөх тосоо бүтээгдэхүүн болгоод 95 хувь импортоос хамааралтай салбарыг үндсээр нь өөрчлөх боломж байна гэдгийг бид олж харсан л хэрэг.