Categories
редакцийн-нийтлэл

Д.Эрдэнэбат: Ээлжит бус чуулган хуралдуулах асуудлаар Засгийн газар ямар байр суурьтай байгааг сонсох хэрэгтэй

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн
дарга Д.Эр­дэнэбаттай ярилцлаа.

-УИХ-ын чуулган зав­сарласан хэдий
ч засаг төрийн ажил их байх шиг байна. Таны хувьд ажилдаа оров уу.  Завсар­лагааны хуга­цаанд юу хийв?

-Ирэх аравдугаар сарын 1-нээс УИХ-ын намрын чуулган эхэлнэ. Энэ
хооронд амарч, ажил­лахын аль алиныг хослууллаа. Тэгээд ажил­даа орж байна.  Энэ нам­рын чуулганаар хэлэлцэх гол гол хуулийн
төслүү­дийн ажлын хэсэг завсар­лагааны үеэр хуралдаж байна. Миний хувьд зохих байгууллагуудтай
уулзаж, өнөөдөр үүсээд байгаа эдийн засгийн 
нөхцөл, улс орны байд­лын талаар мэдээлэл ав­лаа. Улс орны тулгамдаж байгаа
асуудал юу байна, валют, экспортын талаар Засгийн газар ямар байр суурьтай, юу хийж
бай­гааг сонслоо.

-Эдийн засаг хүнд­хэн байгаа учраас
УИХ-ын  ээлжит бус чуулга­ныг ирэх сарын
2-6-ны өдрүүдэд хуралдахаар болж байх шиг байна. Гишүүдийн ирц бүр­дэхээр байна
уу?

-Ээлжит бус чуулган хуралдуулах тухай
асууд­лаар эхлээд Засгийн га­зар ямар байр суурьтай байгааг сонсох хэрэгтэй байх.
Яагаад гэвэл дол­дугаар сард үүссэн эдийн засгийн байдлыг бодитой дүгнэх, учир шалтгааныг
нь сонсох хэрэгтэй болов уу.       

-Засгийн газар хүс­вэл УИХ ажилдаа
орно, Засгийн газар хүсэхгүй бол хуралдахгүй гэсэн үг үү?

-Хүсэхгүй бол хурал­дахгүй гэж хэлээгүй
шүү дээ. Эдийн засгийн эрс­дэлтэй байдлаас гарах замыг УИХ-аар шийдвэр­лүү­лэх,
хууль тогтоол шийд­вэр батлуулах шаард­лага байна гэж Зас­гийн газар УИХ-аас хүсэх
юм бол чуулган хуралдахад бэлэн. Хэрэв Засгийн газар одоо үүсээд байгаа эдийн зас­гийн
нөхцөл байдлыг бид өөрсдөө зохицуулаад гар­цаа олчихно гэвэл заавал чуулган хуралдах
шаардлага байна уу, үгүй гэдэг зүйл яригдана.

-УИХ-ын дарга шийд­вэр гаргаад
ээлжит бус чуулган хуралдуулах нь тодорхой болчихсон гэж ойлгоод байгаа шүү дээ?

-УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг
хурал­дуу­лахаар  төлөвлөчихсөн зүйл байгаа
болов уу. Хэн ямар үндэслэлээр ээлжит бус чуулганыг хуралдуу­лах санаачилга гаргав
гэдэг нь тодорхой байсан тохиолдолд шийдвэр гар­гана. Гэвч одоогоор тийм зүйл алга.

-Ардын намынхан ээлжит бус чуулганыг
хуралдуулах шаард­ла­га тавьсны дагуу шийд­вэр гаргасан юм биш гэж үү. Ерөнхийлөгч
ч энэ шаардлагын дараа ҮАБЗ-ийн гишүүн бай­сан хүмүүстэй уулзсан байх аа. Нийгэмд
ингэж л ойлгогдсон?

-Валютын ханшийн хэт хэлбэлзэл яагаад
үүсэв, экспорт яагаад буурав, Оюу толгой, Та­ван тол­гойн ажил яагаад явахгүй байна
гэдэгт Ерөнхийлөгч санаа зовох нь зөв. Энэ бүхэн манайд үүссэн бо­дит нөхцөл байдал
мөн. Ардын нам УИХ-ын дар­гад шаард­лага хүргүүл­сэн байна лээ. Тэр нь асуудлыг
эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн өнцгөөс нь харсан шаард­лага. Хэтрүүлэгтэй
болохоос буруу ч юм биш л дээ. Энд нэг л зүйлийг хэлье. Өнөө­­дөр Мон­голын эдийн
засаг бодит хөрсөн дээрээ буучихаад байгаа нь энэ. Бид олон жил эдийн засгаар улс­төржлөө
шүү дээ. Харин одоо эдийн засгийг дахин хөөсрүүлж, улстөржүүлэх шаардлага байхгүй
гэд­гийг ойлгох ёстой. Өнөө­дөр Монгол Улс эдийн засгийн гүн хямралд орчих­лоо гэж
хувьдаа үзэхгүй байгаа. Хямрал гэдэг өөрөө ноцтой асуу­дал. Жишээ нь ДНБ-ний хувь
унаад, ажилгүйдэл нэмэгдээд, мөнгөний урс­гал татраад ирвэл асуу­дал байна гэж үзэхээс
өөр арга байхгүй. Одоо  тийм зүйл тохиолдоогүй
байна. Тиймээс эдийн засгийн тухай санаанаа­саа зохиож улстөржсөн байдлаар яриад
хэрэггүй. Бодит тоон утгаар нь ярих хэрэгтэй.

Эдийн засаг өндөр эрсдэл хүлээгдэж
байгаа юу гэвэл тийм. Үүнийг бүгд мэдэж байгаа. Шаард­лагатай гэвэл  чуул­ган хуралдаж  болно. Гэхдээ ямар нэг улс­төрж­сөн байдлаар Засгийн
газрыг шүүнэ  гэвэл буруу.  Энэ асуудлыг хөндөх нөх­цөл ч үүсээгүй. Экс­пор­тын
орлого буурч, ханшийн хэт хэлбэлзэл үүссэн нь эдийн засаг хүндэрч болзошгүй анх­ны
дохио гэж ойлгох хэрэгтэй. Үүгээр далим­дуулж аливаа улс төрийн ашиг хонжоо хайх
эрх хэнд ч байхгүй. Тиймээс  бүгдийг тайван
орхи.

-Ардын нам Засгийн газрыг тогтворгүй
байл­гахын тулд эдийн зас­гаар тоглож байна гэж үү?

-Анхнаасаа тогтвор­гүй байлгах тухай
тэд ярьж гарч ирсэн шүү дээ. Тэдэнд эх орны эрх ашиг хамаатай юм уу. Юм бол­гоныг
тогтворгүй болгох чиглэл рүү явдаг. Ний­гэмд айдас төрүүлсэн юм л хийж байна. Энэ
нь хэнд хэрэгтэй юм. Эдийн зас­гийн зовлонгоор тоглолт хийдэг улс төр өнөөдөр хоцрогдчихоод
байна. Хөдөлмөрлөхийг эрмэлз­сэн хүмүүст таатай биз­несийн орчин бүрдүүлэх шаардлага
бидэнд тул­гарчихаад байна шүү дээ. Оюу толгой, Таван толгой мэтийн маргаантай асууд­лаас
болж засаг руу дайрдгаа боль. Засгийн газарт тайван ажиллах нөхцөл бололцоог нь
олгох ёстой. Харин засаг нь өөрөө бизнесийг эр­чим­тэй ажиллуулах нөх­цөлийг хангах
хэрэгтэй.

-Бодит байдлаараа манай эдийн засгийн
нөхцөл байдал ямар байгаа юм бэ?

-Улс оронд хүндэрчи­хээд байгаа юм
ч байхгүй. Засгийн газрын холбог­дох хүмүүс, Монгол­банк­ны мэдээллийг сонсоход
ДНБ 11 хувиар өсчихсөн байна. Ажлын байр нэмэгд­сэн байна. Бүтээн байгуулалтад тулгуурла­сан
дотоодын зах зээ­лийн орчин хэвийн байна. Харин 
экспортын орлого татраад байгаа нь үнэн. Гадаадын хөрөнгө оруу­лалт 46 хувийн
бууралт­тай байна. Хоёрдугаарт мөнгөний ханш сав­ла­лаа. Үүнд дүгнэлт хийж, цаашдын
арга хэмжээгээ авах хэрэгтэй болохоос эдийн засаг уначихлаа, Монгол Улс элгээрээ
хэвт­лээ гэдэг улс төр хэрэггүй. Валютын нөөц багассан тухай яагаад яриад бай­на.
Үнэхээр багассан юм уу. Валютын нөөц багас­сан гэдэг цуу яриагаар хүмүүс валют худалдаж
аваад гадагш нь гаргая гээд байгаа юм биш биз. Ийм үйлдэл рүү хариуц­лагагүй улс
төр түлхдэг шүү гэдгийг ойлгох хэрэг­тэй. Монголбанк өнөөдөр 2.7 тэрбум ам.долларын
валютын нөөцтэй байна. 800 сая доллартай тэнцэх юанийн нөөцтэй. Чингэс бондын үлдэгдэл
1.2 тэр­бум ам.доллар байна. ийм байхад валютын ханш яагаад савлав гэдэг дээр дүгнэлт
хийж, арга хэмжээ авах ёстой юм. Бүтээн байгуулалт бид­ний их ажлыг нугалж байна.
Зам, барилга гээд урьд хожид байгаагүй ажлууд явж  байна.

-Гадаад хөрөнгө оруу­­лалт яагаад
буу­раад байна вэ?

-Оюу толгой гүний уур­хайгаа ашиглах
хөрөнгө оруулалтаа шийдээ­гүй­гээс шалтгаалж гадаадын хөрөнгө оруулалтын асуу­дал
хүндэрч байна. Оюу толгой бол Монголд орж ирж байгаа бусад хөрөнгө оруулалтын инди­катор
болчихсон. Яагаад гэхээр Монголд орж ирсэн 
гадаадын хөрөн­гө оруулалтын 60 хувийг Оюу толгой эзэлж байгаа юм. Үүнийг
зохи­цуулж, хүндрэлээс гарах гарцыг олох нь Засгийн газрын яаралтай шийдэх зүйл
мөн. Дараа нь Таван­толгойн асуудал байна. Анх ажиллахдаа 300 гаруй сая ам.дол­ларын
өр тавиад түүний­гээ сонгуулийн өмнө иргэ­дэд бэлнээр нь тараа­чихсан. Таван толгойн
гаргаж байгаа нүүрсний хэмжээ өнгөрсөн жилүү­дийнхээс буураагүй хэр­нээ Монголд
орж ирэх  орлого алга.

Таван толгойн нүүр­сээ бүгдийг нь
өрөнд өгч байна. Одоо үлдсэн 170 сая ам.долларын өрийг  дарахын тулд Таван тол­гойг хоосон машин болгон
хувиргаж байна шүү дээ. Үүний хажуугаар яавал нүүрсээ давхар борлуу­лах вэ гэдэг
арга замыг Засгийн газар олох ёстой. “Чалко”-той хийсэн мар­гаантай гэрээгээ биз­не­сийн
шугамаар шийдэх ёстой. Энд улс төр орох хэрэггүй. Ер нь Оюу тол­гой, Таван толгой
бол  улс төрийн компани биш шүү. Бизнесийн
компани учраас энэ чиглэлээрээ ажиллах нөхцөлийг нь хангах хэрэгтэй. “Ухаа худаг”
зогсч байхад зас­гийн газраас туслалцаа үзүүлэх ёстой.  “Эрдэнэт” үйлдвэр мөн ялгаагүй. Баахан өр тавьчихсан.
“Эрдэнэт-ийн зэс биет байдлаар гарч байгаа хэрнээ орлого нь үзэг­дэх­гүй байна.
Бас  л өрөө төлж байгаа. Бид ийм л хэмжээнд
амьдарч бай­гаа­гаа хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Түүнээс биш Ардын намынхны яриад
байгаа шиг ганцхан жилийн дотор Монголын эдийн засаг хямарчихаад байгаа юм биш.

-Эдийн засгаа сайж­руулахын тулд
таны­хаар ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?

-Одоо бид эдийн зас­гаа сайжруулахын
тулд бизнесийн орчноо зөв болгох ёстой. Аливаа компаниудыг төр элдэв, татвар хууль
хяналтаар дарамталж байна гэдэг шүүмжлэл бий. Монгол Улс эдийн засгийн бодит хөрсөн
дээр байгаа нь үнэн юм бол эдийн зас­гийн орчныг тайван байл­гах хэрэгтэй. Өөрөөр
хэл­бэл татвар хууль хянал­таар дарамталдаг зүй­лийг багасгах тухай асуу­дал юм.  Монголчууд урьд урьдын жилүүдэд ажил хийдэггүй,
үйлдвэр бай­гуулсангүй шүү дээ. Төр бүгдийг нь даадаг бэ­лэнчлэх сэтгэлгээтэй явж
ирлээ. Тэгвэл өнөөдөр хүн болгон эрвийх дэр­вий­хээрээ, чаддаг чадда­гаа­раа ажиллаж,
хөдөл­мөрлөж байж амьдардаг болсон байна. Бэлэн мөн­гө нэхэхээ байж. Тий­мээс бид
энэ хүмүүсийг чөлөөтэй хөдөлмөрлөх нөхцөлөөр нь хангаж өгөх хэрэгтэй.  Нэг цагдаа очоод байгууллагуудыг хаалгыг цоожлоод
явдаг дураараа орчин байх ёсгүй.

-Оюу толгойг өнөө­дөр ийм байдалд
хүргэ­сэн шалтгаан нь юу юм бэ. “Эрдэнэс Таван тол­гой” компанийн захирал  Ц.Сэдванчигийг соль­сон шалтгаан нь үүнтэй холбоотой
юу?

-Оюу толгойн гэрээ­ний маргааны асуудал
зөвхөн өнөөдөр яригдаж байгаа юм биш. Далд уурхайн хөрөнгө оруу­лал­тын асуудлаар
хоёр тал хамтарч шийдвэр гар­гах учиртай. Энд 
зөр­чил үүссэн нь үнэн. Үүнээс болж хөрөнгө оруу­лалт зогссон нь ч үнэн.
Ц.Сэдванчиг захир­лыг муу ажилласан гэж бодохгүй байна. Гэхдээ Оюу толгой бол улс
төрийн компани биш шүү дээ. Бизнесийн компани учраас гэрээнд заагдса­ны дагуу, Компанийн
тухай хуулийн хүрээнд ажлаа явуулах үүрэгтэй. Үүнийг нь хэн нэгэн удирд­лага зөрчих
ёсгүй.

Гэхдээ бид Оюу тол­гойгүйгээр хэсэг
хуга­цаанд амьдарч чадна. Тэртэй тэргүй малынхаа буянаар амьдраад л ирсэн улс.  Харин бид бүх асуудлыг эрх зүйн хү­рээнд нь цэгцлэхээр  орол­дож байгаа. Засгийн газрын энэ ажлыг буруу
гэж үзэхгүй байна. Мэ­дээж “Рио Тинто” 7.5 тэр­бум ам.долларыг Мон­голын хөрсөнд
хийчихээд зүгээр хаяад явчихна гэж бодохгүй байна. Тиймээс хэн хэнээ зөв ойлгож,
зөвшилцөх нь чухал байна.

-Ц.Сэдванчиг захи­рал ямар алдаа
гарга­сан юм бэ?

-Өөрийнхөө итгэл үнэмшлээр асуудалд
улс төрийн өнцгөөр хандса­наа­раа алдаа хийсэн байх. Магадгүй үүгээр шалтаглаж Оюу
толгой уурхайгаа хаахад хүрсэн байж магадгүй. Тиймээс арай өөр аргаар ажиллах шаардлага
гарчээ гэж Засгийн газар шийдсэн гээд ойлгочих.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

 

Categories
редакцийн-нийтлэл

Л.Одончимэд: “Ухна муудахад ишиг болгон ямаа харайлдаг” шиг юм болж байна

МАН-ын гишүүн Л.Одон­чимэдтэй ярилц­­лаа.

-Танай намын Бага хурал болж өнгөрлөө. Хурлын
үеэр таныг нэ­лээд бухимдаж, хатуу үг хэлсэн гэж сонссон.  Шинэчлэлийн тухай оновч­той шийдвэр гар­гаж чадсан
уу?

-Шинэчлэл гэдэг хэ­лэхэд амар, хийхэд хэцүү, малгайгаа
солихтой адил­гүй. Харин бид тол­гой­доо малгайгаа таа­руу­лах ёстой атал, мал­гайдаа
толгойгоо тааруу­лах гэсээр өдий хүрсэн. Өөрөөр хэлбэл намын толгойд гарсан хэдэн
хү­нийг улс төрд удаан байл­гахын төлөө тооцож хайр­цагласан бодлогод намын ажил,
улс орны­хоо хөгжлийг болон бу­сад зорилтоо тааруулах гэсээр хорин жилийг ав­лаа.
Энэ хооронд улс орон санасанд хүртэл хөгжсөнгүй, ард түмний аж амьдрал дээшилсэн­гүй.
Сонгогчид улам бүр алсран зайлсан. Гишүүд, дэмжигчид, ард иргэдээ сонсдоггүй шал
дүлий, харалган бас тэгээд авли­гачдын гэсэн нэртэй төрийг бий болгосон. Мон­гол
Улсыг удирдан жолоодох хүчин гэдэг итгэлийг дахин олохын тулд энэ бүх гашуун үнэнийг
нүүр тулж ярил­цаад, үйл ажиллагаан­даа бодитой дүгнэлт хийж, гарцаа тодор­хой­лох
нь шинэчлэлийн эх­лэл юм. Залуучууд маань хурдхан хэдэн дарга на­раа сольчихвол
шинэч­лэл болмоор юм шиг са­на­­даг бололтой. Ярьж байгаа, явж байгаа хоёр нь зөрүүтэй
харагддаг. Ард нь мөнгөтэй хуучин­саг хүчин байгааг мэдэ­хэд хэцүү биш. Тиймээс
би, яарах хэрэггүй, төр засаг ажлаа хийж л байг хэдүүлээ энэ чөлөөнд юуны өмнө улс
төр, эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдалд онош тавиад эмчлэх арга болсон хөгж­лийн
гарцыг тодорхойлж, мөрийн хөтөлбөрөө бо­ловсруулъя. Тэгээд шинэ мөрийн хөтөлбөрөө
хэ­рэг­жүүлэх шилдэг арга хэлбэр олъё. Дараа нь ямар замаар, ямар хүчээр шийдвэрлэх
вэ гэдэг дээ­рээ намынхаа шинэч­лэлийг авч үзье. Үзэл баримтлал, дүрмээ ч шинэчилье
гэж хэлсэн юм. Энэ бүхнийг ганц хоёр сард багтаах бо­ломж­гүй. Манай улс төр, эдийн
засаг, нийгмийн хүрээнд асар том гажуу­дал гарсан. Ер нь Үндсэн хуулиа дагах уу,
гаргасан гажуу­дал­даа тохируулж эх хуу­лиа засах уу гэдэгтээ л туллаа. Ард түмэн
үүнд дургүйцээд саналаа ч өгөхөө больж байгаа юм. Бүхнийг шинэ нүдээр ха­рах хэрэгтэй.
Залууст шинэ нүд нь байж болно. Туршлага дутна. Гурван цагийн хэл­хээсэнд авч үзье.
Дээрээс нь оны эцэст эдийн засаг ямар болох нь вэ, намрын ажил ургац хураалт, өв­лийн
бэлтгэл туллаа. Намуу­дын тухай хууль яаж га­рах нь уу. Гадаад, дотоод нөхцөл яаж
хуви­рах нь уу. Энэ бүхнийг харзнаж хү­лээж, сайн бэлтгээд 2014 оны эхээр Их хурлаа
хийе гэсэн юм. Намуудын тухай хууль гарсны дараа дахиад их хурал хийж магадгүй л
байх. Бас их хурлын тө­лөө­лөгчдийн тоог 720-оор оруулж ирс­нийг зөв­шөөрөөгүй.
Ан­хан шатны 1800 үүртэй юм бол үүр бүрээс нэг төлөөлөгч орол­цуулъя гэсэн. Эдгээр
асуудлаар санал хураал­гаад хур­лын тов аравду­гаар сарын 27-нд хийхээр бол­­сон.
Манай дээд удирд­лага анхан шат­наа­саа тасраад удсан. Сонгуулийн үед л тэд­ний­гээ
санадаг. Орон нут­гийнхан хуралд ирж үгээ хэлэг л дээ.

-Одоогийн дарга нараа өөрчлөхийн түүс болж байгаа
юм биш үү?

-Одоогийн хоёр дар­гаараа Их хуралд бэлтгэх ажлыг
удирдуулъя гэсэн байр суурьт нэгдсэн. Намаа сонгуульд ялаг­дуул­сан гэдэг үг өөрөө
их маапаантай үг.  Нам сон­гуульд ялагдах
олон шалт­гаантай. Гол буруу­тан нь гишүүд бид өөрс­дөө. Манай нам 260  мян­ган гишүүнтэй гэвэл нэг гишүүн хоёр дэмжигчийг
санал өгүүлэхэд л бид ялна биз дээ. Гэтэл өөрс­дөө тийм итгэл үнэм­шил­тэй, идэвх
зүтгэлтэй ажил­лаагүй мөртлөө, “зуд ирвэл хуц уханд” гэгчийн үлгэрээр хөдөлж таарах­гүй.
Гишүүд “Үнэн” сони­ноо захиалдаггүй, ханди­ваа өгдөггүй. Тэгээд нам мөнгөгүй гэж
яриад мөн­гөтэй хүний халаасанд ороход бэлэн болоод байна.

Татварт жилдээ 5000 төгрөгийн хандив өгөөд, ядаж
10 мянган гишүүн сониноо захиала­хад сан­хүү босно шүү дээ. Манай нам хэнийг ч албаар
эл­сүүлдэггүй. Өөрөө итгэл үнэмшлээ­рээ элсчихээд, хүлээсэн үүргээ биелүүл­дэггүй
хү­мүү­сээс болж нам ялагд­сан гэж хэлбэл үнэнд нийц­нэ. Энэ байд­лыг өөр­чилж,
идэвхтэй гишүү­дийнхээ тоог на­рийвчлан гаргах нь ши­нэчлэлийн нэг гол ажил мөн.
Дарга нараа солих тухай асууд­лыг жирийн гишүүд биш, дарга бол­чихвол илүү амттай
бялуу хүртэнэ гэж хорхойссон хүмүүс, тэгээд манай намыг бужигнаа­сай гэж бодсон
сөрөг хүч­ний зү­гээс гаргаж байгаа өдөөлт юм. Манай нам кадр сай­тай гэлээ ч хүнээр
тоглож таарахгүй. Бүр 1930-аад оноос эхэлж шилдэг сэ­хээтнүүдээрээ хангалттай тоглосон.
УИХ-д олон удаа сонгогд­сон ч юм бүтээж гавиагүй, тойрог­тоо адлагдагсад, жаг­саал­таар
орж ирсэн, сон­гуульд өрсөлдөөд хүн­дэтгэн үзэх шалт­гаан­гүйгээр ялагдсан, журмын
нөхрөө жийсэн, намын нэрээр олон жил алба хашсан ч муу ажиллаж нэр төр нь доройтсон,
авлига өглөгөд өртсөн, аймаг, хот, дүүргийн намын байгууллагыг тол­гойлж байхдаа
намаа хагаргаж бутаргасан нөх­дүүд өөрсдөө дүгнэлт хийж байгаа биз дээ. Тэгж чадвал
шинэчлэл болно. Шинэ дүрмээрээ энэ бүх­нийг эцэс болговол бас л нэг шинэчлэл болно.
Ерөө­сөө намд шургалан орж, эрх тушаал олж аваад, түүнийгээ дө­рөөлж төрийн түшээ,
сайд дарга болж, юм хийж бүтээх чадваргүй мөрт­лөө насаараа зөөлөн суу­далд шигдэж,
бас мө­рөө­рөө байхгүй, хэдэн тийшээ холбирон хутган үймүүлж, хөрөнгө мөнгө хумсалж
байх гэсэн өр­сөл­дөөн, энэ бохир яв­далд орооцолдсон нэр бүхий тоотой хүмүүс ма­най
намыг муухай хараг­дуулж байгаа юм. Тэд­нийг бол харин намаа ялагдуулсан буруутнууд
гэж хэлж болно. Одоо болох их хуралд төлөө­лөгч сонгохоос эхлээд цэвэрших замдаа
орвол шинэчлэл болно. Гэхдээ манай намыг ашиглаж амьдралаа сайжруулсан хүмүүс нэлээд
нь аль хэдийнээ зугтсан нь Ерөн­­хийлөгчийн сон­гууль болон бага хурлын байдлаас
ажиглагдсан.  Манай намын цаашдын хувь заяаг
шийдэх сүүл­чийн их хурал ч байж магадгүй шүү дээ.

-Тэгвэл аравдугаар сард Их хурлаа хийж, намын
даргаа солих юм байна гэж ойлгож болох уу. С.Баяр, У.Хүрэлсүх, М.Энхболд, Б.Бат-Эр­дэнэ,
Сү.Батболд гээд л баахан хүний нэр ярих юм. Та туршлагатай хү­ний хувиар хэнийг
нь дарга болно гэж бодож явна  вэ?

-Намын даргаа солих­гүй ч байж магадгүй. Яа­гаад
гэвэл одоо орон даяар намын дарга болох хүнийг тодруулах асуулга явуулна. Тэр олон
хүний нэрийг бичээд байдаг нь тэднийг дарга болчихвий гэсэн хүмүүсийн зүгээс явуулсан,
урьдчилан “гэрэл цохиулах” арга юм. Тэднийг хүн тус бүрээр авч яривал, намдаа хий­сэн
юмтай, алдсан ч юм­тай. Манайхан ер нь хү­нийг нэг бол “манай тал” эсвэл “дайсны
тал” бол­гох гээд байдаг сонин зантай. Хүн бүрт сайн болоод сул тал бий шүү дээ.
Бас нэг гажуудал нь дарга байсан хүний нүү­рэнд хаана ч гэсэн та­ниг­даж байх хар
бараан тэм­дэг тавьж, нэрний нь ард “сүүл” зүүж салдаг. Хувьс­галын эхэн үед бол
цаа­залж хороодог байсан. Тэгээд сүүлд нь “үгүй мөн мундаг хүн” байсныг мэд­сэнгүй
гэж мөөрөлддөг. Одоо эргээд бодоцгоовол нэг ч сайн хүн байгаагүй мэт харагдана.
Гэхдээ сүүлийн үеийн Монголын лидерүүдээс улс орон ард түмнийхээ төлөө өөрий­гөө
зольж ажилла­сан эх оронч сэхээтнийг нэрлэе гэвэл онож хариу­лахад тун бэрх. Энэ
бол хамгийн гол үнэлэмж бо­лох ёстой. Дээр үед тийм байсангүй. “Майдарын өндөр”
гэдэг шиг заавал юм хийж үлдээдэг, дарга харин ядуу хэвээрээ сал­даг байсан. Одоо
бол дарга болохдоо огт хө­рөн­гөгүй байсан хүмүүс чухам хаанаас, юунаас гэдэг нь
үл ойлгогдох за­маар хагартлаа баяжаад ажлаа өгдөг болсон. Ун­шигч та, аль нэг даргын
бариулсан үйлдвэр гэж мэдэх үү. Жасрайгийн үед Дарханы төмөр­лө­гийн үйлдвэр боссон
шиг, Буянгийн Жагаагийн “Говь” гэдэг шиг, Үндэсний үйлдвэрлэлийн гол түүхий эд арьс
шир, ноос, ноолуураа боловсруул­даг орчин үеийн үйлдвэр барьсан билүү. Нөгөө дэлхийд
брэнд болох үйлд­вэрүүдийг хэн хэзээ босгох вэ. Бид урьд нь хийсэн юмтай, өндөр
мэд­лэгтэй шалгарсан хү­мүүсээ намын даргад сон­годог байсан юм. Ачаа даах тэнхээг
нь шалгаагүй атан тэмээг алсын аянд жингийн цувааны хажууд сул хөтөлж, яваандаа
бага багаар ачаалдаг мон­гол арга байсан шиг. Ингэж байгаагүй маань алдаа болж,
боловсон хүчний тоо нь олон бай­хаас биш бодлогоор бэлт­гэсэн лидергүй бо­лоод байна.
Тэгээд хүний эрэлд гарч, фракцууд өр­сөлдөж, хэн дийлсэн нь чадалгүй ч хамаагүй
нэг­нийг дэвшүүлдэг, түүнийг хүлээн зөвшөөрөөгүй бу­сад нь суудлыг нь мэрдэг болоод
байна. Эцэстээ “ухна муудахад ишиг бол­гон ямаа харайлдаг” шиг юм болж байна. Баг,
хороо, сумын даргаар ажиллах хүн ч олдохгүй болж байна. Гэхдээ “мо­гой гурав тасравч
гүр­вэлийн чинээ” гэж МАН хоёр тасарсан ч АН-аас зуун мянгаар давсан ги­шүүдтэй
байгаа юм. Аавын хөвгүүд, ээжийн охид дотор ард түмнээ аваад явах лидер нь байж
л байгаа. Манай хуучин лидерүүдийг олон нийт хүлээн зөвшөөрөхөөсөө өнгөрсөн гэдгийг
тэд өөрс­­дөө бас мэдэж, мэ­дэрч яваа биз ээ.

-Эдийн засгийн хямрал нүүрлэж байгаа тухай их
ярьж бичих боллоо. Энэ талаар таны бодол?

-Эдийн засаг гэдгийг шууд утгаар нь авч үзвэл
үйлдвэрлэл гэж ойлгодог. Монгол Улс бол түрүү­чийн тогтолцооны үед ч, шинэ нийгмийн
үед ч дэл­хийд өрсөлдөх хэмжээ­ний бүтээгдэхүүн гарга­даг орчин үеийн үйлдвэр байгуулж
чадаагүй, дан­даа гадны хараат эдийн засагтай явж ирлээ. Нэг талаас түргэн хөгжихөө
бодож, тааруухан хэлбэл амарчлан бэлэнчлэх сэт­гэлдээ автаад газрын баялгаараа дэнчин
тавь­сан уул уурхайн үйлд­вэр­лэлийг түлхүү хөгжүүлэх гэж оролдсон. Хамгийн гол
нь дээдэс, хувь хүн гэнэт баяждаг салбар юм. Улс төрийн бүх нам хүч­нүүд үүнийг
л чухал­чил­сан биз дээ. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье гэж ярьцгаасан ч хөрөн­гийн
хуримтлал байгаа­гүй.  Тэгээд л эдийн засаг
хүндэрч, дээрээс нь валютын ханш чангарч, юмны үнэ өсч, төлөвлө­сөн хөрөнгө оруулалтын
ажил удаашрах байдалд орж байна. Гадныханд ашигтай ийм хүнд бай­далд орж байхад
“еэ гялай” эдийн засаг дам­пуу­рах нь гэж ярьж бичээд байгааг би ойлгохгүй бай­гаа
юм. Улс орныхоо эдийн засгийг доройто­ход баярладаг монгол хүн гэж байж таарахгүй.
Эрх барьж байгаа нам алдаж болно. Алдаагаа хурдан засч арилгаж бол­но. Зөв зам руу
нь зала­хын төлөө сөрөг хүчнүүд ончтой үгээ хэлж, зөвшил­цөх нь нийт Монголын эрх
ашиг. “Бясаагаа уст­гах гээд байшингаа ша­таав” гэдэг шиг нэг тэв­шинд сууж яваагаа
мар­таад завиа хөмрүүлбэл хэн хожих юм бэ. Аль нэг нам хождог юмаа гэхэд ард түмэн
хохирно гэд­гийг ямагт санаж ажиллах ёстой. Тэгээд ч бид нийг­мийн амьдралын завины
залуурчийг сольсон бо­ло­хоос биш завиа солио­гүй. Ёроол нь цоорвол хамтарч нөхөх
ёстой. Мон­гол гэдэг нь нэг л цул нэгдмэл юм. Тиймээс Ерөн­хийлөгч санаачил­гыг
гартаа авч, улс төрийн намуудын зөвшилцөл хийж, улс орны эдийн засгийн тулгамдсан
асууд­лыг шийдвэрлэх гар­­цыг тодорхойлох ёстой гэж бодож явна.

-Та энэ тухайгаа
өөрийн­хөө намын Бага хурал дээр ярьсан уу?

-Ардчиллын хорь гаруй жилд алдсан, оно­сон­доо
дүгнэлт хийж, “Монгол Улсын эрчимтэй хөгжлийн бодлого” бо­ловс­руулъя гэсэн санал
хэлсэн. Биднийг улс төр ярьж гэдсэндээ хөлөө жийлцэж байх хооронд ижил гараанаас
гарсан улс гүрнүүд хөгжлийн уулынхаа оргилд гарч байна. Бид зөв зүг рүүгээ буруу
замаар яваад бай­гаа юм. Аль аль нам нь санал татах гэж бэлэн бүхнийг амласаар одоо
амлах ч юмгүй болсон. Амлалаа ч ард түмэн итгэхээ больсон. Тиймээс намуудтай зөвшилцөж,
гарцаа олъё. Эрдэмтэн мэргэд, онол улс төрийн ухаантнуудтайгаа ярил­цъя, тэднийгээ
сонсъё. Аль аль нам нь айж бэр­гээд өдий болтол шийд­вэр­лэж чадаагүй олон асуудлыг
зоригтой шийд­вэрлэх тухай мөрийн хө­төл­бөрөө гаргая. Дай­раад ирсэн аюулыг той­роод
гарах боломжгүй гэдэг санааг хэлж байгаа.

-Тухайлбал ямар, ямар асуудлыг шийд­вэр­лэх ёстой
гэж та боддог вэ?

-Юуны өмнө төсвийн үрэлгэн байдлыг авч үзье. Засаг
захиргааны нэг­жийг цөөлье. ХАА-н сал­бар бол манай хөгжлийн гол үндэс. Хэдэн малчид
л биднийг тэжээж зуу зуун жил боллоо шүү дээ. Орчин үеийн газар тариа­лан, эрчимжсэн
мал аж ахуй, олон жил ярьсан аймаг, сум дундын бо­ловсруулах чиглэлийн үйлдвэрлэлээ
хөгжүүлэ­хэд хөрөнгө хүч хаях ёс­той гэж боддог. Засгийн газрын олон сангууд нь
төсвийн мөнгийг цув­чуулж, хувьдаа ашиглах боломж олгосноос хэт­рээгүй. Ямар сангаар,
юу босгож, хэдэн хэдэн айд ядуурлаас гарсан бэ гэ­вэл хариулах хүн олдох­гүй. Гадны
сайхан нэртэй сангууд ч адилхан. Ард түмэнд тусч байгаа юм алга. Арга зальтай хүнд
үйлчилдэг, улстөрчдөд ашигтай зүйл болоод үлгэр төгсөж байна.

Үндсэн хуульд өөрч­лөлт оруулахгүйгээр дээр хэлсний
нэлээд нь ший­дэгдэхгүй. Тиймээс энэ асуудлыг шийдье. Намуу­дын тухай хуулиа гаргая.
Манай нөхцөлд тэр нам гэдэг нь ямар шүү “амьтан” байхыг шийдье. Одоогийн намууд
цөм адилхан үзэл баримт­лалын мухардалд орж нэг юмыг л олон янзаар хэлдэг, баруун,
зүүний ялгаа нь арилсан. 2016 он гэхэд хоёрхон том нам болох төлөвтэй. Тэгвэл түүний
нэг нь МАН бай­гаасай гэж л залбирах юм.

-Тэгэхээр та 
энэ Зас­гийн газрыг  муулах дургүй
байгаа юм уу даа?

-Нэгийгээ мууллаа гээд улс орон хөгждөгсөн бол
Монгол өдийд “Азийн бар” болчихсон байх учир­тай. Ялсан намын мөрийн хөтөл­бөрийг
ард түмний зөв­шөөрч дэмж­сэн мөрийн хөтөлбөр гэж үзэж болно. Ард түмэн нийлээд
сон­госон юм чинь ажлаа хийх боломж олгох ёстой гэж үздэг. Одоогийн Засгийн газарт
хэд хэдэн дутагдал бай­гааг цөмөөрөө харж бай­на. Өмнөх үеийнхээ хийж бүтээснийг
үгүйсгэх, бүр татан буулгах, ху­раах, нураах байдал гар­гаж байна. Санаж сэдэх нь
сайн хэрэг боловч хэт яарч түргэдэн, сүүлдээ худлаа амалсан болох аюулыг дуудаж
байна. Ам нь түр­гэ­дэж, ажил нь хоцроод байх шиг.

Эдийн засгийн бус  улс төрийн аргаар гоё сайхан харагдах гэж өр­сөлддөг
дутагдлыг давтах гээд байх шиг. Зоригтой өөрчлөх юм руу орохгүй, автобусны нэгдүгээр
эгнээ, “монгол бензин”, цэцэг тарих, сурагчийн дүрэмт хувцас, 8 хувийн хүүтэй орон
сууц гэх мэтийн эдийн засгийн үр өгөөжгүй зүйлээр шоудах тал нь давамгайлж байна.
Найман хувийн хүүтэй зээлээр чухам хэний байрыг, хэнд зарж, хэн хожиж байгааг судлавал
нэг дүгнэлт гарна даа.

“Чингэс” бонд нэг л биш ээ. Эргэж хурдан ашгаа
өгч, түүнээсээ хүү­гээ төлөх салбарт зара­хын оронд, тэр чигээрээ сураг тасрах юманд
үрэн таран хийж байгаа юм шиг харагдаж байна. Хорин жилийн давтамж гэж улс төрд
нэг юм бий. “МАН-1996” гэдэг шиг, “АН-2016” гэж болох вий. Ма­най нам ч гэсэн сөрөг
хүчний үгээ их сайн тоо­цоо судалгаан дээр тул­гуурлан хэлэх учиртай. Одоогийн цөөнхийн
бү­рэл­дэхүүнээр хүчтэй сө­рөг хүчин болж ажилла­хад хэцүү дээ, хэцүү.

-Таныг бас Н.Энх­баяр  чөлөөлөгдсөн үеийн МАХН-тай хэрхэн харьцах асуудлыг
Бага хурал дээр хөндсөн гэж сонссон…

-Н.Энхбаяр даргын үед төрд гарч ирсэн, түүний
нөмөр нөөлгөнд нь ажил амьдрал нь дээ­шилж, алдар хүндийг ол­сон, бас түүнийг сон­гуульд
ялагдуулж, цааш нь түлхэж, шоронд орох нөхцөлийг бүрдүүлж өг­сөн хүмүүс хурлын заалд
олон байсан боловч улс төрийн илтгэлд ч бусад баримт бичиг яриа хэл­цээнд түүнийг
ертөнцөөс хальсан мэт хандахаар нь үнэндээ дотрын жоо­вон хөдөлсөн. Нэгэн цагт
“бөгсийг нь долоогоогүй” юмаа гэхэд “гарыг нь үнсэж” явсан нөхөд ингэж хандаж болох
уу. Надад тэр хүнийг өмөөрөх шаард­лага байхгүй. Ма­най нам хагараад, тийм бодитой
улс төрийн хү­чин үүссэнээс сүүлийн хоёр сонгуульд ялагдсан бай­хад, тийм байдалд
оруул­сан хүмүүс нь юу ч болоо­гүй юм шиг, хэн ч мэдээгүй юм шиг хандаж болох уу.
Энэ бол манай нам дээд түвшиндээ ингэт­лээ доройтсоноо харуулж, жирийн гишүү­дээ
амьгүй робот мэт үзэж байгаа­гийн шинж юм. МАХН-тай нэгдэх нийлэх асуудал бол цаг
үеийн ивээлээр шийдэгдэнэ. Албадаж бо­лох­гүй, бас анзааралгүй орхиж бо­лох­гүй,
нааш татах зо­рилго тавих л ёстой асуу­дал. Энхбаяр даргын ту­хайд бол биеийг нь
асууж, тэр ч байтугай уучлал хүсч, эмчилгээнд нь тусалсан ч илүүдэхгүй.  Хүн чанар жудгийн асуу­дал.

Н.Удвалд 80 мянган сонсогч санал өгсөн. Тэр бол
тэдний намын үнэ­лэмж. Тэр тоо манай талд байсан бол бид Ерөн­хий­лөгчийн сонгуульд
ялах байсан нь тодорхой шүү дээ. Тэгээд сонгуулийн ялагдлын дүнг ярихдаа энэ тухай
дуугүй өнгөрч болно гэж үү. Ер нь Мон­голд албан тушаал, нэр төрийн төлөө нэгнийгээ
алахаас ч буцахгүй үе ирснийг бид харж байна. Үнэхээр улс орны хөгж­лийн төлөө
(Сүхбаатар, Данзан хоёр шиг) санал зөрөөд хэрэлдэж байгаа юм алга. Хэдүүлхнээ байж
хэн нэгнийгээ чад­лаа гээд юу хожих билээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

 

 

Categories
редакцийн-нийтлэл

Газрыг өгөх ч албагүй, авах ч албагүй

Монгол хүн бүрийг өсч төрж, амьдарч яваа эх орон­доо
газар аваач гэж  төр засаг хичнээн жил гуйв
даа. Иргэ­дэд газар өмчлүүлэх тухай хууль аль 2002 оноос хэрэг­жиж эхэлсэн гэж байгаа.
Гэтэл үүнээс хойш Монгол Улсын нийт иргэдийн дөнгөж ес орчим хувь нь газар нут­гийн
хоёр хүрэхгүй хувийг өмчилж авсан байх юм. 
Төр засаг аргаа барахдаа иргэн бүрт газар өмчлүүлэх хуулийн хугацааг хоёр,
гурван удаа сунгалаа. Өнөө жил гэхэд л энэ 
хугацааг дахин сунгаж, иргэд 2018 он хүртэл  газар өмчлөх эрхтэй болсон. Үүний хүрээнд иргэн
бүрт  гэр бүлийн хэрэгцээний зориу­лал­таар
Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахан­гай дүүргийн
нийт 52 байр­шилд 15 гаруй мянга га газрыг өмчлүүлэхээр тогтжээ.   Энэ  газруудыг
хамгаалалтад авч, хэсэгчилсэн ерөнхий төлөв­лөгөө боловсруулж эхэлсэн байна. Инженерийн
дэд бүтцийг нь шийдэж, нийгмийн үйлчилгээ хүргэж, ногоон байгууламж зам, барилгатай  цогцоор нь хөгжүүлэхээр төлөвлөсөн байх юм.  Газрыг иргэдэд өмчлүүлэх ажил 2014 оноос эхлэх
юм байна. Тэртэй тэргүй иргэд газар өмчилж авахдаа хойрго байгаагаас цааш дээрээс
нь нэмж энэ их газрыг өмчлүүлэх шийдвэр гаргах хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу.

 Уг нь бол
иргэдэд төрөөс газар өгөх  албагүй. Иргэд
авах ч албагүй байгаа юм. Ямар төрийн өмнөөс амьдарч байгаа биш. Амьд явж амьд­ра­хаар
зүтгэж байгаа юм бол өөрсдийнхөө төлөө гуйлгаж гувшуулалгүйгээр газраа авах хэрэгтэй
санагдана.  Төрийн хувьд иргэдийнхээ шударга
ажиллаж, амьдрах  орчныг бүрдүүлэхийн тулд
хуулийн сайн зохицуулалт хийж, бодлогоо зөв тодор­хой­лоод явж байвал үүргээ гүй­цэт­гэж
байгаа хэрэг.  Гэвч төр гэдгийг ард түмэн
айл бүрт амьдрах газар,  идэх хоолыг нь тарааж,
гэрийг нь цэвэрлэ­дэг үйлчлэгч мэтээр ойлгон чичилдэг. Газрын асуудал дээр ч иргэд
ийм үзэл бод­лоор хандаж, хойш суугаа нь дамжиггүй. 

“Төр биднийг газар ав гээд байна. Хаанаас яаж
очиж авах юм. Тэр газраа өөрсдөө авчраад өгчихөж болдоггүй юм уу. Тэгээд гэрийг
минь нүүлгээд өгөх ёстой шүү дээ”. Ард түмэн ийм зүйл яриад сууж байгаа гээд таачихъя.
Дэгсдүүлсэн болохгүй байх гэж бодож байна. Ийм бай­хад төр заавал  тэдэнд 
газар өгөх  гэж зүтгэх хэрэг байна
уу. Авахгүй байгаа газрыг нь өгөх гэж хуулийнхаа хугацааг сунгаж,  түмэн ажил удах шаардлага алга.  Иргэд газар авбал аваад байвал байг.  Хууль хугацаандаа үйлчлээд дууссан бол нүдэн балай,
чихэн дүлий хаях  хэрэгтэй.  Тэр яана, энэ яана, газраа авч чадсангүй гэж өрөвдөх
хэрэг үнэндээ байхгүй. Зүгээр өгч байгаа газрыг авахгүй байгаа бол тэр л биз. Дургүй
ламыг дарж байж сахил хүртээх албагүй. 

Цаана чинь үйлдвэр, үйлчилгээ, бизнес эрхлэх гэсэн
овсгоотой хүмүүст нь газар олдохгүй байна. Алга дарам газартай болохын тулд айл
өрхийн хаалга тогшиж, албан байгууллагын үүд сахиж яваа тэр хүмүүсийг оронд нь дэмжих
хэрэгтэй. Ядаж эргээд улс нийгэм, эдийн засагт ирэх үр дүн нь ашигтай юм. Адаглаад
ажлын байр нэмэгдэж,  айл өрхийн амьжиргаа
ч дээшилнэ.  Үүнээс гадна өөр нэг асуудал
бий. Газар авах гэж хөөцөлд­сөн хэсэг нь төрийн нэрийг газар доогуур ортол нь муулж
байна. “Газар өмчлөхөөр өргөдлөө өглөө.  Төр
засгийн байгууллагын хүнд суртал хэрээс хэтэрч байна. Нааш цааш нь өчнөөн гүйлгэлээ.
Адаг сүүлд нь арваад хоно­гийн дараа газрын гэрчилгээг минь гаргаж өглөө” гэж муу
хэлнэ.

Төрийн ажил гэдэг чинь босоод суухын хооронд бүт­дэг
хэрэг биш.  Бүх зүйл  улсын данс бичигт бүртгэгд­дэг, цаанаас тогтоосон
хоног өдөр, хууль тогтоомжийн дагуу явдаг ажил. Түүнээс биш ирсэн болгоны амаар
ажил бүтдэг бол өнөөдөр төрийн алба гэж байхын ч хэрэггүй болох биз.  Хэрэв төр засаг удаан байна гэж үзэж байгаа бол
заавал тэдэнтэй зууралдан газар авахаар өөрсдийгөө тарчлааж яах билээ.

Иргэдийн тунирхал ингээд дуусахгүй. Төрөөс үнэгүй
өгч байгаа газрыг голж шилнэ.  Ертөнцийн мухарт
газар аваад яах юм. Хол байна, хөгжил алга. Энхэл донхол, уул хадан дээр амьдрахгүй.
Зүлэг ногоогүй халцгай газарт яаж амьдрах юм гээд түмэн зүйл ярьж, цамаан загнац­гаахыг
нь яана. Монголын хавтгай дээр гэрээ бариад амьдарч байвал хаана ч яадаг юм. Эрт
урьдаасаа ингэж амьдраад л өдий хүрсэн санагдана. Үнэхээр төрөөс өгч байгаа газар
хол санагдаад байвал авахаа больчих. Тэнд амьдрахаас цааргалахгүй хэсэг нь очоод
бууг. Тэднийг харин төрөөс хөөж, туухгүй байх хэрэгтэй. Төвдөө шавж, багталцахгүй
чихэлдэж байснаас хотын зах руугаа тэлж байвал сайн хэрэг.

Ер нь тэгээд Газрын хуулийг бүхэлд нь өөрчлөх
цаг болчихсон. Уг нь өнгөрсөн 2012 оны сонгуулиар Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн Л.Болд,
Ц.Оюунгэрэл нар газ­рын асуудлыг бүрэн цэгцлэх хууль боловсруулна гэж нэг их пиардсан
юм.  Тэгснийхээ хүчинд Хан-Уулынхнаас нэ­лээд
оноо авч, УИХ-д сонгог­дож чадсан гэхэд болно. Харин одоо аль аль нь сайд болчихсон
төрд зүтгэж явна. Гэхдээ тэд сонгуулийн үеэр амласнаа биелүүлээгүй биш ээ. Хэлж
ярьснаараа Газар өмчлө­лийн тухай хуулийг боловс­руу­лан УИХ-д өргөн барьсан. Үүнийг
нь сөрөг хүчнийхэн “Иргэдийн газрыг шууд булааж авах коммунист хууль байна” хэмээн
хараар будаж, хэлэлцүүлэг нь урагшаа ахиагүй. 
Уг нь энэ хууль гарчихсан бол бараг дээр байж.

Хуульд шигтгэсэн гол үзэл баримтлал бол Монгол
Улсын иргэн бүрт газар өм­чил­­сөн эрхийг нь баталгаа­жуулсан сертификат олгох тухай
байлаа.  Нарийн хэл­бэл, иргэн бүр 0.07 га
газар өмчилнө.  Хүн болгон өмчил­сөн тэр газраа
өөрийн нэр дээрээ баталгаажуулсан бусдад үзүүлж харуулах сертификаттай байна. Ингэ­сэн
тохиолдолд тэр газар дээрээ иргэн хүн амьдрахгүй, хашаа хатгахгүй ч байсан болно.
Тэглээ гээд төр очоод авна гэж сүрдүүлэхгүй. Зөв­хөн Батын нэр дээр өмчлөгд­сөнгазар
учраас бусадтай   булаацал­дана гэж санаа
зовох хэрэггүй. Үе удмаараа тэр газарт идээшин сууж, аж ахуй, үйлдвэр үйлчилгээ
эрхэлж, эдлэн газар болгон авах эрх нээгдэнэ гэсэн үг. Эзэн нь юмаа мэдэж, эрэг
нь усаа хашдагийн жишгээр газрын эзэнд мөнгөний шаард­­лага үүсвэл гэрчил­гээ­гээ
өндөр үнэ хүргэж худал­даж болно. Хүсэхгүй ч байсан болно. Хуулийн агуулга ердөө
энэ. Тэгэхээр энэ хууль батлагдчихвал газрын үнэ­лэмж, иргэдийн амьдрах идэвх  сайжирч магадгүй юм гэсэн бодол төрж байна. 

Газартай холбоотой өөр нэг инээдтэй зүйл байна.
Сүүлийн үед улаан шороо бужигнасан замын хажуугийн халцгай газар дээр сүртэй гэгчийн
пайз, самбар хадчих­даг болжээ. “Энд байшин барилга барьж, үйлдвэр үйлчилгээ эрхлэхийг
хориг­лоно. Энэ газрыг авсан байх юм бол 
хуулийн дагуу арга хэмжээ авна” гээд анхааруул­чихсан байна лээ.  Төр яаж ядрахаараа ийм арга хэрэглэ­дэг юм. Төр
бол цагдаа, хуул­ийнх­наар хамгаалуулсан хүчирхэг зэвсэг гэдэг нь үнэн. Гэхдээ төр
төрөө бус иргэдээ, ард түмнийхээ хүч хөдөлмө­рөөр бүтээгдсэн хувийн өмчийг хамгаалах
үүрэгтэй биш гэж үү.  Дэлхийн хөгжил­тэй улсуудаар
жишээлээд бодоод үзье. АНУ-д  тийм л байдаг
гэнэ лээ. Төрийн гэсэн тодотголтой онцгой обьек­туудыг хамгаалалтдаа авдаг болохоос
бусад үед иргэ­дийн­хээ хувийн өмчийг  дээд
зэргээр харж ханддаг. Тэгж байж төр ард түмнийхээ өмнө хамгаалагчийн үүрэг гүйцэт­гэнэ.
Гэтэл манайд эсрэгээрээ эргэжээ. Ядарсан юм очоод тэнд нь буучихвал хөөж тууж, түмэнд
муугаар хэлэгдэж  байснаас энэ нь дээр гэж
үзсэн юм байх даа. Газартай холбоотой өөр олон асуудал бий. Тэр дундаас онцолж өгүүлэхэд
ийм байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Д.Содном: Эдийн засгаа эрсдүүлэхгүй байх аргаа олох хэрэгтэй

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн
дарга асан Д.Содномтой ярилцлаа.

-Монгол Улсын эдийн засгийн одоогийн
байдлыг та юу гэж дүг­нэж байгаа бол? 

-Санаа зовж байна. Төлөвлөсөн экспорт тоо хэмжээ үнийн дүнгээр
тасалдаж,  гадаад худал­даа болон улсын төс­вийн
алдагдал ихсэж бай­на. Гадаадын хөрөнгө оруулагчдын талаас илүү нь Монголоос дайжсан
бололтой.  Юмны үнэ  өсч байна. Одоо цахилгаан дулааны үнээ өсгөхөөр
зарлаж байна. Доллар­тай харьцах төгрөгийн чадвар өнгөрсөн оны сүүл  үеийнхээс 30 
орчим хувиар муудаад байгаа нь импортоор орж ирж байгаа бүх зүйлийн до­тоодын
үнийг 30 орчим хувиар нэмэгдүүлэхэд хүргэж магадгүй. Энэ бү­хэн эдийн засаг нийг­мийн
хөгжлийг сааруулах, иргэдийн амьдралд муу нөлөө үзүүлэх аюултай учраас санаа зовохгүй
байхын  аргагүй.

-Ийм нөхцөлд  эрсд­лээс хамгаалах ямар арга байна вэ?

-Эдийн засаг нийг­мийн хөгжлийн цэгцтэй
ухаалаг бодлого бо­ловс­руулж хэрэгжүүлэх асууд­лыг, хэн нэгэн эрх мэдэлт­нийг дагаж
гүйхгүйгээр, бие даан хариуцан ажил­лаж чадах чадварлаг ухаа­лаг монопол нэгжийг
төрд бий болгох нь  чухал. Ухаалаг, цэгцтэй
нэгдсэн бодлогогүй байгаа учраас  Монгол Улс
хөгжихгүй гэж зарим нөхдийн хэлж бай­гаатай би санал нийлж байгаа. Нийт монгол­чуу­дын
боловсролыг дээш­лүүлж байж хөгжинө гэдэг ч бодитой биш. Эдийн засгийн хөгжлийн
яамыг чадвар туршлагатай бо­ловсон хүчнээр бэхжүү­лэх, түүний статусыг өр­гөж, ажлын
хариуцлагыг дээшлүүлэхээс энэ ажлыг эхлэх хэрэгтэй санагддаг.  

Юуны өмнө үндэсний үйлдвэрийг хөгжүүлж
га­даад дотоод зах зээлд нийлүүлэх барааны үйлд­вэрлэл нэмэгдүү­лэ­хэд хөрөнгө хүчээ
төвлө­рүүлэх бодлого хэрэг­жүүл­дэг болмоор, шинэч­лэл, бүтээн байгуулалтын ажлаа
түүнд чиглүүлмээр байна.

-Чингэс бондыг тойр­сон элдэв яриа
байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Зөв ашиглах юмсан. Экспорт
өсгөх, импорт орлох бүтээгдэхүүн гар­гах, улс орон нутгийн төсвийн орлогыг нэмэг­дүү­лэхэд
шууд нөлөөлж чадах, зураг төсөв нь бэлэн, орлого ашиг сайн төслүүдийг хэрэгжүүлэхэд  зориулж бондын мөнгө­ний 70-аас доошгүй хэс­гийг,
30 хүртэл хувийг авто зам зэрэг дэд бүт­цийн төсөлд ашиглах шийд­вэр гаргаж хэрэг­жүүлмээр
санагддаг.  

Үндэсний бизнес­ме­нүү­дэд өндөр үр
ашигтай нь ТЭЗҮ-ээр баталгааж­сан, барьж байгуулах ажил нь эхэлсэн үйлдвэр­лэлийн
төслүүд байгаа. Судалгаа хийх, төс­лүүд­тэй газар дээр нь очиж танилцах хэрэгтэй.
Сайн төсөлтэй компаниар нь гуйлгахыг хүлээх биш сан­­хүүжүүлэлтэд нь орол­цох санаачилга
гар­гаж ажиллавал бондын мөнгийг ашиглах өндөр үр ашигтай төслүүдийг олж болно.
Зээл аваад амлалтад тараасан урьд жилүүдийн алдаа бонд гаргаж зээл олоод үр ашиг­гүй
төслүүдэд тараа­сан алдаа болж давтаг­дахгүй байгаасай.

Чингэс бондын мөн­гийг ашиглах яам,
аймаг, аж ахуйн нэгж нэг бүртэй хүүгийн хамт тодорхой хугацаанд төлөх хатуу гэрээ
байгуулах, тийм гэрээ байгуулсан эзэнтэй төсөлд л санхүүжүүлэлт хийдэг баймаар.
Улсын төсвөөс төлөх нөхцөлөөр бондын мөнгийг зар­цуулж, төсвийн орлого нэмэгдүүлэх
ач холбог­долтой төслийг хэрэг­жүүлэхэд анхаарахгүй  бол ирээдүйд муу нө­лөөл­нө.

-Оюу толгойн асууд­лыг яаж шийдэх
нь зөв бол?

-Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд,
ялангуяа хувь нийлүүлэгч­дийн гэх нууц гэрээнд зарим  өөрчлөлт оруулах шаардлагатай нь ойл­гомж­той.
Оюу толгойн бү­тээг­дэхүүний борлуулалт, шинэ хөрөнгө оруулал­тын асуудлыг шийдэхэд
бэрхшээл гараад байгаа нь Монголын тал хөрөнгө оруулагчид итгэхгүй бай­гаа, тухайлбал
бүтээг­дэ­хүүний өртгийг үндэслэл­гүй нэмэх, борлуулалтын орлогоо нуух замаар тат­вар
оногдох орлого, хуваах ашгаа багасгана гэж хардаж байгаатай холбоотой байх. Ингэж
хардах нь аргагүй. Оюу толгой төсөл наад зах нь 30 жил хэрэгжинэ. Ийм олон жил хардлага,
ха­рил­цан итгэлцэлгүй байд­лаар амьдарч бо­лохгүй. Ийм хардлагыг үгүй болгож, харилцан
итгэлцлийг бий болгож, төслийг саадгүй хэрэг­жүүлж байх  арга олохын тулд хөрөнгө оруулалтын гэрээнд ямар
өөрчлөлт оруулж болох саналыг би нэг биш удаа бичсэн ярь­сан. Миний санал бол Оюу
толгойн Техник, эдийн засгийн үндэс­лэ­лийн дагуу төслөөс гарах ашгийн 53 орчим
хувь нь Монгол Улсын хуулийн дагуу төлбөл зохих Нөөц ашигласны төлбөр, Ор­ло­­гын
татвар, Оногдол ашгаар Монгол Улсын төсөвт орж байх ёстой. ТЭЗҮ-ээр тооцсон тэр
53 хувийн төлбөрийн дүнг ТЭЗҮ-д тусгагдсан бор­луулалтын орлогод нь харьцуулах замаар
“Оюу толгойн борлуулалтын орлогоос Монгол Улсын төсөвт шууд төлж байх төлбөрийн
хувь хэмжээг тогтоон хэрэгжүүлэх” са­нал байгаа. Ийм өөрч­лөлтийг Гэрээнд тусгаж
хэрэгжүүлсэн нөхцөлд хөрөнгө оруулалт, өртөг зардал, менежмент, тат­вар оногдох
орлого аш­гийг тодорхойлох, татвар төлбөр бүрийн хэмжээг тогтоох зэрэгтэй холбогд­сон
хардлага, маргаан  алга болж үйлдвэрлэлийг
Хөрөнгө оруулагч тал саад­гүй авч явуулах нөх­цөл бий болно. Мон­голын тал зөвхөн
бор­луу­лалтад л хяналт тавьж байх болно.

-Та гэрээг муу бол­сон гэж үздэг
үү?

-Гэрээ муу болсон, засах хэрэгтэй
гэж их ярих боловч гэрээний ямар нөхцөлийг яаж сайж­руу­лах аргаа олохгүй байгаа
санагддаг учраас би энэ саналыг хэлдэг юм.

Оюу толгойн хөрөнгө оруулалтын 34
хувь нь Монгол Улсын Засгийн газрын өр болж байхыг, гэрээг сайжруулах шаард­лагатайг
мэдэж байх ёстой зарим эдийн засагч өдөр бүр сая ам.дол­лар орж ирж байх нэмэлт
хөрөнгө оруулалт орж ирэхгүй саатаж бай­на гэж харамсаж ярьж байгааг ойлгоход бэрх.
Оюу толгойн гэрээг сайж­руулах асуудлыг  шийдэх
хариуцлагыг Засгийн газар өөртөө авах нь зөв, шийдэх эрхгүй ТУЗ зэрэг бусдад найдах
хэрэггүй санагддаг.

-Тавантолгойн нүүрс­ний уурхайг
үр ашигтай ашиглахын тулд ямар асуудлыг шийдэх 
нь зөв юм бол
?

-Эрэлт хэрэгцээ бо­лон эдийн засгийн
хувьд ашигтай байх бодит зах зээл бол БНХАУ-ын зах зээл. Гурав дахь зах зээлд гарах
хамгийн дөт замыг урд хөршөөс оло­хын төлөө ажиллахаас өөр аргагүй. Юуны өмнө хоёр
асуудлыг шийдэх нь зөв. Тавантолгойгоос Га­шуунсухайтын чиглэлд нарийн царигийн
төмөр замыг эхний ээлжинд яа­ралтай барьж ашиг­лал­тад оруулах, Тавантол­гойн Баруун
цанхид БНХАУ, ОХУ, ЯПОН улсын компанийг тус бүр 10-15 хувиар буюу адил хувь хэмжээгээр
оролцуу­лах хэлэлцээр хийх.

Нүүрсний нөөц ихтэй улсуудын компаниуд
БНХАУ-ын зах зээлд нүүр­сээ борлуулж бай­хын төлөө өрсөлдөж  бай­на. Монголчууд бид улсынхаа газар нутгийн
байршлын болоод нүүрс­ний чанарын давуу байд­лаа ашиглах ухаалаг бод­лого хэрэгжүүлэх
шаард­лагатай. Бид нар 2008 онд төмөр замын талаар баримтлах бод­логоо оновчтой
гаргаж хэрэгжүүлж чадаагүйгээс одоо болтол нүүрсийг БНХАУ-д хямд өртгөөр тээвэрлэх
асуудлыг ший­дэж чадаагүй байгаа. Таван­толгойн ордын ашиг­лалтад гададын хө­рөнгө
оруулагчийг ашиг­тай нөхцөлөөр оролцуу­лах асуудлыг шийдэж ча­дах­гүй олон жил болж
байна. Нүүрсийг харь­цангуй хямд өртгөөр ол­бор­лох  ажлыг үндэсний компаниудад  хариу­цуу­лахаас цааргалж, зөвхөн гаднын компаниар
харь­цангуй өндөр өртгөөр гүйцэтгүүлж байсан, эс­вэл төрийн өмчийн ком­паниар гүйцэтгүүлж
бай­гаа шалтгаанаар өртөг өндөртэй нүүрсийг ашиг­тай борлуулах аргагүй  болоод байх шиг санагд­даг. Ингэж учраа олохгүй
мунгинаж байх хугацаанд БНХАУ-ын нүүрсний импортын хэрэгцээг ОХУ, Америк, Канад,
Австрали улс хангадаг болж байгаа бололтой. Танай сонины нэгдүгээр сарын 28-ны өдөр
“Олон улсын нэр хүндтэй IDEAS хэмээх байгууллагаас 196 улсыг эдийн засгийн шинж­лэх
ухааны судал­гааны түв­шингээр нь эрэм­бэлжээ. Манай улс энэ жагсаал­тын 184-д бичигдсэн
бай­на” гэсэн  мэдээлэл хэв­лэгдсэн. Энэ мэдээг
унш­сан манай улсын төр, засгийн шийд­вэр гарга­даг эрх мэдэлт­нүүдэд ханд­сан анхаа­руулга
болов уу гэж ойл­госон. Бодоосой билээ.

-Хөрөнгө оруу­лал­тын хууль тогтоомжийг
боловсронгуй болгох, үндэсний хөрөнгө оруу­лагчдыг дэмжиж хөг­жүү­лэх асуудлаар
та ямар бодолтой явдаг вэ?

-Ашигт малтмалын ту­хай хууль, Гадаадын
хө­рөнгө оруулагчдын тухай хуулийг өөрчлөх, үүний оронд Хөрөнгө оруу­лал­тын тухай
хууль гаргаж хөрөнгө оруу­лаг­чидтай холбогдсон асууд­луудыг цогцоор зохи­цуул­сан
нэг хуультай бо­лох санаа­чил­га гарсныг би зөв гэж боддог. Одоо боловс­руулж байгаа
хө­рөнгө оруулалтын тухай хуульд тусгагдаж зохи­цуулаг­даасай гэж боддог зүйл бий.

-Тухайлбал?

-Стратегийн ач хол­богдолтой ашигт
малт­малд ямар ашигт малт­малыг хамааруулах, түү­нийг ашиглахад ямар нөх­цөл тавихыг
сайн бо­дож хуульчлах нь зүйтэй. Миний бодлоор бол стра­тегийн ач холбогдолтой ашигт
малтмалд газрын тос, байгалийн хий, уран, газрын ховор элемент, коксжих нүүрс, алт
мөнгө  гэх  ашигт малтмалыг хамааруулах. Страте­гийн ач холбогдолтой
дээр дурдсан ашигт малт­малыг ашиглах үйл ажиллагаанд төр зохих хэмжээгээр оролцож
хяналт тавьдаг байх нь зөв. Стратегийн ач хол­бог­долтой гэж үзэх дурд­сан ашигт
малтмалын ашиглалтад гадаадын хөрөнгө оруулагчийг орол­цуулах.  Түүнд  Мон­голын
талын оролцоо заавал байх, тэгэхдээ манай орд баялаг, танай хөрөнгө оруулалт гэсэн
зарчмыг баримталж нийт хувьцааны нь 20 хүртэл хувийг үнэгүй эзэмших эрхтэй байх.
Харин Мон­голын үндэс­ний компа­нид ашиглал­тыг зөвшөө­рөх бол түүнд төр заавал
оролцохгүй, харин үйл ажиллагааг  нь улс орны
аюулгүй бай­дал, ашиг сонирхлын үүднээс хянаж, шалгадаг байх хэрэгтэй. Ашигт малт­ма­лын
аливаа ордыг ашиг­лах зөвшөөр­лийг Мон­голын үндэсний хувийн өмчийн турш­ла­га­тай,
бо­ловсон хүчинтэй, техник технологи эзэмш­сэн ком­панид тэргүүн ээл­жинд олгодог
болох, до­тоод гадаадын хөрөнгө оруу­лаг­чид орд ашиглах зөв­шөөрөл олгохдоо тат­варын
орчинг тогтвор­жуу­лах гэрээ байгуулдгийг болих ёстой.   Ашигт малт­малын ордын ашиглал­тад төр оролцохоор
Хө­рөнгө оруулагчтай тохи­ролцсон бол төслийн ТЭЗҮ-д тусгагдсан хөрөн­гө оруулалтын
дүнд оногд­­­сон хувь оролцоо­ны хөрөнгө оруулалтыг хариуцах бөгөөд хэрэг­жүү­лэлтийн
явцад хө­рөнгө оруулалт нэмэгдэх нөхцөлд төр нэмэлт хө­рөн­гө оруулалтыг хариу­цахгүйгээр
оролцооны­хоо хувийг хадгалж бай­хыг хуульчлах хэрэгтэй. Стратегийн ач холбог­долтойгоос
бусад  ашигт малтмалын ордыг ашиг­ла­хад төр
оролцохыг хяз­гаарлах, оролцсон ч хувь хэмжээ нь бага байх, ор­ло­го ашигт нь оногдуулах
татвар хураамжаа цаг тухайд нь бүрэн авдаг байх, татварын элдэв хөнгөлөлт чөлөөлөлт,
тогт­воржуулалтгүй байх нь зөв шударга санагд­даг. Манай улсад төрийн өмч давамгайлсан
аж ахуйн нэгж дампуурч бай­даг болжээ. Эрдэнэт, Тавантолгой гэсэн төрийн өмчийн
хоёр том аж ахуйн нэгж хоёул өрөнд баригдсан, үйлдвэрлэлээ хэвийн явуулах чадваргүй
болоод байгаа нь төрийн мэдэлд байгаагийн гай. Тийм учраас дурдсан хоёр аж ахуйн
нэгжийг хувьчлах нь зүйтэй байж болохыг анхаарах нь зүйтэй.

-Нүүрсний экспорт манай улсын гадаад
худалдааны ирээдүйд ач  холбогдолтой юу?

-Эрчим хүчний эх үүс­вэрийн хувьд
ойрын ирээ­дүйд нүүрс зайлшгүй эрэлттэй байх нь тодор­хой. Одоогоор нүүрсийг их
хэмжээгээр импортоор авч байгаа манай улстай хил залгаа улс бол БНХАУ. Тийм учраас
нүүрс­ний экспортыг эрс нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц бодлого боловс­руулж хэрэгжүүлэх
нь манай улсын төр засгийн байгууллагын эрхэм зо­рилтын нэг байх ёстой. Энэ бодлогын
хүрээнд БНХАУ-ын чиглэлд экс­пор­тын нүүрсийг тээвэр­лэх төмөр замыг яарал­тай барих,
экспортод гар­гаж байгаа байгаа бүтээг­дэхүүн, үүний дотор нүүр­сэнд борлуулж байгаа
үнээс нь хэт өсгөсөн жишиг үнэ гэдгийг тогтоон бодит хэмжээнээс хэд дахин их  татвар оног­дуул­даг болсныг зогсоох зайлшгүй
шаардлагатай.  Нэг талаас худалдан авагч үнээ
бууруулж бай­гаа нөхцөлд жишиг үнэ гэгчийг 
үндэслэлгүй тог­тоон их татвар авдаг болж байгаа шударга бус байд­лаас болж
нүүрс экс­портолж байгаа үндэсний компаниуд дампуурч бо­лохыг анхаарахгүй байж болохгүй.
Одоо экспор­тод гаргаж байгаа  нүүр­сэнд орлогын
албан тат­вараас гадна 12 нэр төр­лийн татвар хураамжаар тонн тутамд долоон дол­ларын
төлбөр авч бай­гааг багасгах, ер нь татварын уян хатан бод­логотой байхад анхаарах
нь зүйтэй  юм.

-Өнгөрсөн пүрэв гаригт ҮАБЗ-ийн
гишүүн байсан хүмүүстэй уулз­сан. Энэ талаар танаас асуулгүй өнгөрч бо­лох­гүй байх?

-Дээрх асуудлуудын хүрээнд л ярьсан
даа. Миний хувьд энд ярь­сан­тайгаа адил саналыг л хэлсэн гээд ойлгочиход болно.
Хүмүүсийн ярьсан санаа ч ижил төстэй байсан даа.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үе үеийн төрийн өндөрлөгүүдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж
өчиг­дөр Үндэсний аюул­гүй байдлын зөвлөлийн ги­шүүн байсан эрхмүүд­тэй уулзлаа.
Хаалттай бол­сон энэхүү уулзалт өглөө 11.00 цагт эхэлж, бараг өдрийн 15.00 цаг хүртэл
үргэлжлэв. Уг уул­залтад Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчид, УИХ-ын дар­га нар,
Ерөн­хий сай­дууд ирсэн. Ту­хайл­­бал, Монгол Ул­сын анхны Ерөн­хийлөгч П.Очир­бат,
удаахь Ерөн­хийлөгч Н.Ба­­габанди хоёр ирсэн байлаа. Гурав дахь Ерөн­хийлөгч Н.Энх­баярын
хувьд уулзалтад ирээгүй байв. Түүнд урил­га өгсөн ч БНСУ руу эмч­лүүлэхээр явсан
тул ирж чадаагүй гэнэ.

УИХ-ын даргаар ажил­­­лаж явсан хүмүү­сийн хувьд өдгөөгийн УИХ-ын
дэд дарга Р.Гон­чигдорж, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүн­дээ­жан­цан, Д.Дэмбэрэл
нар төрийн тэргүүний урил­гаар уулзалтад орсон байна. Одоогийн УИХ-ын дарга З.Энхболд
ирсэн нь мэдээж. Харин хуучин Ерөнхий сайдуудаас ард­­­­­­­­чилсан Монгол Ул­сын
анхны Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, 14 дэх Ерөн­хий сайд Д.Содном, 15 дахь Ерөнхий
сайд Ш.Гунгаадорж, 18 дахь Ерөнхий сайд М.Энхсай­хан, 21 дэх Ерөнхий сайд  Р.Амаржаргал, 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 26
дахь Ерөнхий сайд Сү.Бат­­­­болд нарын эрх­мүүд ирэхээр болсон бай­лаа. Мэдээж одоогийн
Ерөнхий сайд Н.Ал­тан­хуяг энэ уулзалтад оролцсон.

Тэд Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө
оруу­­лалт, санхүүгийн талаар мэдээлэл сонсч санал солилцжээ. Одоо үүсээд байгаа
нөхцөл байдлын талаар ярил­цаж, ямар арга хэмжээ авбал зохихыг ч хэлэлц­сэн бололтой
юм. Ямар­тай ч энэхүү уулзалтаас болж долоо хоног бүрийн пүрэв гаригт хийдэг 30
минутын уулзалтаа Ерөн­хий сайд хойшлуулав. Олон цаг үргэлжилсэн уулзалт тарах үед
Монгол Улсыг тухайн цаг үедээ удирдан жолоодож явсан үе үеийн сайд, дарга нараас
ярилцлага ава­хаар сэтгүүлчид отож байсан юм.

Ингээд уулзалт дуу­сахад хамгийн түрүүнд
Монгол Улсын анхны Ерөн­хийлөгч П.Очирбат гарч ирлээ. Гэвч тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл
өгө­хөөс эрс татгалзан яаран гарч одлоо. Түүний араас Ерөнхий сайд асан, УИХ-ын
гишүүн Р.Амаржаргал гарч ирсэн ч хуйлран дагах сэтгүүлчид рүү инээм­сэглэн тол­гой
сэгс­рээд яваад өглөө. Удалгүй Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном гарч ирсэн
юм. Түүний араас Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Ш.Гунгаа­дорж, УИХ-ын дарга асан
Ц.Нямдорж нар цувар­лаа. Той­рон бүчих сэт­гүүлчдийн дунд түр саат­сан нь тэд л
байв.

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй
хөө­рөлд­сөөр гарч ирсэн  Мон­гол Улсын хоёр
дахь Ерөнхийлөгч Н.Бага­бан­ди сэтгүүлчдийн барааг хараад л юмнаас үргэв үү гэлтэй
үг дуугүй хар хур­даараа гүйх шахам гарч одлоо. Ерөнхий сайд Н.Ал­танхуяг УИХ-ын
дэд дарга Р.Гончигдоржтой хамт гарч ирэв. 
Ерөнхий сайдын царай баргар, нэлээд бухимдсан шинж­тэй, хөмсөг зангидсан
харагдана. Царайнаас нь  харвал өнөөдрийн
уул­зал­тад багагүй шүүмжлэл сонсч, банга хүртсэн байж магадгүй гэж бодог­дохоор
ажээ. Харин Р.Гон­чигдорж гишүүний хувьд нүүрэндээ инээм­сэг­лэл тодруулан явж одов.
Араас нь УИХ-ын дарга З.Энхболд, Сан­гийн сайд Ч.Улаан нар сүүл мушгин гарч явлаа.
Уулзалт халуухан бай­сан бололтой улаа  бутар­сан
царайтай дарга нар ар араасаа яаран хэв­лэлийнхэнд баригдчихгүй гэсэн шиг  хурдан алхац­гаах аж. Тэр дунд Ерөнхий сайд асан
С.Баяр, Сү.Бат­болд, М.Энхсайхан, УИХ-ын дарга асан Д.Дэмбэ­рэл нарын царай харагд­сангүй.
Гэвч тэднийг сэт­гүүлчдээс зугтааж арын хаалгаар сэмхэн гараад явсан тухай мэдэх
хүмүүс нь хэлж байлаа. Ингээд сэтгүүлчдийн дунд хэсэг саатсан Ерөнхий сайд асан
Д.Бямбасүрэн, Д.Сод­ном, Ш.Гунгаадорж нараас авсан тодруулгыг хүргэе.

Д.БЯМБАСҮРЭН: ОЮУТОЛГОЙН АСУУДЛЫГ ШУУГИАН БОЛГОХГҮЙГЭЭР
ШИЙДЭЖ БОЛНО

-Сая болсон хурлаар юу ярьсан бэ.
Монгол Ул­сын нийгэм, эдийн зас­гийн өнөөгийн асууд­­лаар ямар сана­лууд гарсан
бол?

-Ер нь хариуцлагатай хандах цаг ирээд
байна. Үүнийг олон түмэн ч ойл­гож байна. Төр засгийн тэргүүнүүд ч үүнийг ойл­гож
байгаа учраас сая санаа бодлоо солилц­лоо.

-Энэ уулзалт дээр одоогийн дарга
нар ямар мэдээлэл өгч бай­на вэ. Ялангуяа Оюу толгойн асуудал нэ­лээд хөндөгдөөд
байна л даа?

-Яахав дээ. Оюу тол­гойн асуудлыг
шуугиан болгохгүйгээр улсын амьд­ралд байдаг хэвийн хэм хэмжээний хүрээнд шийдэж
болно шүү дээ. Нэг талдаа зүгээр яриад байдаг. Нөгөө талдаа асуу­дал түгжрээд байж
болохгүй.

-Эдийн засгийн нөх­цөл байдал ямар
байна гэж та дүгнэж байгаа вэ?

-Ер нь монголчуудын хувьд 90 оноос
хойш олон хүнд үеийг тууллаа. Манайхаас шалтгаалах, олон улсын нөхцөл байд­лаас
шалтгаалж эдийн засагт хүндрэл үүсэх тал бий. Үүнд бэлтгэлтэй л байх хэрэгтэй.

Д.СОДНОМ: САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДЛААР
МЭДЭЭЛЭЛ СОНСЧ, САНАЛ СОЛИЛЦЛОО

-Сайн байна уу та?

-Юу болоод байна аа.

-Сая болсон уулзал­таар юу яригдсан
та­лаар танаас тодруулах гэсэн юм?

-Эдийн засаг, сан­хүүгийн талаар мэдээлэл
сонсч санал солилцлоо.

-Та ямар санал хэлэв?

-Нэлээд олон санал хэлсэн шүү. Хамгийн
гол анхаарах зүйл бол үн­дэс­нийхээ үйлдвэрлэлийг дэмжих асуудал байна. Гол нь үүнийг
л ярьсан даа.

-Уул уурхайтай хол­боотой сэдвүүд
хэр хөн­дөгдсөн бэ. Оюу толгойн тухай ч юм уу?

-Гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг
ярь­сан. Тэр дагуу анхаа­рах ёстой саналууд нэлээд гарсан.
 
Ш.ГУНГААДОРЖ: БИД САНАЛАА ХЭЛЛЭЭ, АЮУЛГҮЙН
ЗӨВЛӨЛӨӨС ЗӨВЛӨМЖ ГАРАХ БАЙЛГҮЙ

-Өнөөдрийн уулзал­таар ямар нэг
шийдвэр юм уу, үр дүн гарсан юм болов уу?

-Эндээс шийдвэр гарах­­гүй шүү дээ.
Эдийн засгийн байдал хүнд­рэл­тэй байгаа учраас одоо яах вэ гэдгээ ярьж, санал зөвлөлдлөө.
Энэ нөх­цөлд ямар арга хэмжээ авах вэ гэдэг шийдвэрийг  УИХ, Засгийн газар гар­гана шүү дээ. Бид зүгээр
л саналаа хэллээ. Үүнийг цааш нь төвлөрүүлээд ойрын үед авч хэрэг­жүү­лэх бодлого
болгоод явах байх. Тийм учраас Аюул­гүйн зөвлөлөөс зөвлөмж гарах байх. Үүний дараа
цааш цаашдын асуудал яригдах болов уу.

-Таны хувьд өнөөд­рийн энэ хүндрэлтэй
байдлаас гарах ямар санал хэлсэн бэ. Өнөөд­рийн Засгийн газрын ажилд дүгнэлт өгөв
үү?

-Засгийн газрын ажилд дүгнэлт өгөх
асуу­дал биш шүү дээ. Монгол орны өнөөгийн эдийн засаг ямар байгааг л бүг­дээрээ
тойрч суугаад яри­лаа. Энэ бол зөв зүйл болсон. Бүгдээрээ хэ­лэлц­вэл буруугүй гэдэг
шүү дээ. Хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр ч ярьж байна. Эдийн засаг хүн­дэрч байгаа
тухай бичиж байна. Ер нь эдийн засаг хүндрэх тал ажиглагдаж байгаа. Дэлхий нийтэд
ч байдал тиймхэн байна. Үүнээс гарах арга зам, юуны түрүүнд Оюу тол­гойн асуудлыг
шийдэх хэрэгтэй байна. Цааш­лаад мөнгө зээлийн асуу­дал, ханшийг яаж барих вэ гэсэн
зүйлүүдийг яри­лаа. Хүн хүний бодлыг сонссон. Одоогийн нөх­цөл байдлыг сайжруулж,
хүндрэлтэй байдлаас га­рах хүмүүсийн санал нь ерөнхийдөө ижил бай­лаа. Хүн болгоны
ярьж байгаа хэлбэр өөр ч гэсэн санаа нь нэг л байлаа.

-Оюу толгойн асуу­дал дээр яригдсан
бо­дитой зүйл нь юу байв?

-Оюу толгойн асууд­лыг яаралтай шийдэх
нь зөв. Гэрээгээ эргэж харах, магадгүй гадаадын хө­рөнгө оруулалтыг үргээх нөхцөл
болоод байгаа хууль эрх зүйн орчин бий бол түүнийг  сайжруулах нь зүйтэй юу гэх мэтээр ярилаа. Оюу
толгой дээр төвлөрч ярьсан. Энэ чиг­лэл дээр Засгийн газар цаашдаа арга хэмжээ авах
байлгүй.

-Оюу толгой өнөөдөр 2000 гаруй
хүнийг аж­лаас нь халаад эхэллээ шүү дээ?

-Ийм байдалд хүргэх­гүйн тулд яаралтай
арга хэмжээ авах хэрэгтэй гэд­гийг Засгийн газар, УИХ-д бид санал болголоо. Ерөнхийлөгч
ч төгсгөлд нь хэллээ. Аюулгүйн зөв­лөлийн зөвлөмжид энэ санал тусгалаа олох байлгүй
дээ.

     Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

С.Дэмбэрэл: Эцсийн эцэст бид өөрсдөө эдийн засгийн алуурчид болоод байна

УИХ-ын гишүүн С.Дэм­бэрэлтэй
ярилцлаа.

      
-Монгол Улсын эдийн засаг муудлаа.
Төсвийн данс улайж бай­на. Зас­гийн газрыг огцруулах хэмжээнд асуудал хүн­дэрч байна
гэх зэргээр Ардын на­мынхан яриад эхэллээ. Эдийн засгийн бодит нөхцөл байдал ямар
байгаа юм бэ?

-Асуудлыг тийм хурц өнгөөр будах шаардла­гагүй.
Өөрөөр хэлбэл үх­лээ, хатлаа, сөнөлөө, буурлаа гэж ярих хэ­рэг­гүй. Монголын эдийн
за­саг бол олон жилийн уж­гирсан өрөөсгөл бүтэц­тэй, цөөн хэдэн бүтээг­дэхүүн дээр
тулгуурласан  учраас гадаад хүчин зүйлд автамтгай
эмзэг байдаг. Тоо талаас нь харахад 17 хувийн өсөлт­тэй байсан эдийн засаг өнөөдөр
уначихсан бай­гаа нь сайн зүйл биш л дээ. Гэхдээ өнөөдрийг хүртэл бид эдийн засгийн
өсөлтийг л яриад шүтээд байснаас биш  чанар  нь ямар байгааг хараагүй.  Өсөлт гэдэг зүйлд суу­рилж бүх ажлаа төлөвлөж
ирсэн учраас одоо гор нь илэрч байна. Гэлээ гээд сандралдаж, тэвдэх хэрэг биш шүү
дээ.  Эдийн зас­гийн хагас жилийн ста­тистик
үзүүлэлтийг хара­хад нэлээд олон салбар өсөлттэй байна. Төсвийн орлого тодорхой
хэмжээ­гээр дутаж байгаа. ДНБ-ий өсөлт буурсан. Гэвч эдийн засгийн идэвхжил буурчихаагүй
байна. Валютын ханшийн хэт хэлбэлзэл байгаа.

-Валютын ханш өсч байгаа шалтгаан
нь юунд байна?

-Энэ тал дээр тусдаа яриатай. Харин
эдийн засагт тодорхой хэмжээ­ний доголдол гарсан нь үнэн. Гэхдээ энэ нь бо­ди­той,
бодит бус гэсэн хоёр шалтгаантай. Бодитой шалтгааныг нь түрүүнд хэлчихлээ. Үүнийг
хүн бүхэн л ярьж байна.

-Тэгвэл бодит бус шалтгаан нь юу
юм бэ?

-Манай засаглалын хэлбэр аливаа шийдвэр  гаргахад тус болж өгөхгүй байна. Асуудлыг улстөр­жүүлж,
ажлыг удааш­руулж байна.  Жишээл­бэл, тендерийг
нэрлэж болно. Тиймээс Тен­дерийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болжээ. Засаглалын
бусад гажиг, мэргэжлийн бус байдал нь шийдвэр гаргалтын хурд, чанар хоёрт сөргөөр
нөлөөлж байна. Нийт хувийн хэвш­лийнхнийг харъя. Тэдний тодорхой салбаруудыг төрөөс
дэмжээд бүтээн байгуулалт өрнөж байна. Тухайлбал, барилга, уул уурхай, экспортын
сал­барт ажил явагдаж бай­гаа. Гэсэн хэдий ч бү­хэлдээ санхүүгийн орчин нь сайжирч
өгөөгүй уч­раас компаниудын үйл ажиллагаа суларч байна.

Сүүлийн
үед шинэчлэлийн алх­мууд хийж байна. Гэвч 
бизнесийн орчин тааруу байна. Дотоодын хөрөнгө оруулагч, жижиг, дунд болон
бичил бизнес эрхлэгчээс эхлээд томоохон компаниуд, гадаа­дын хөрөнгө оруулагчдад
биз­не­сийн тогтвортой бөгөөд тунгалаг ор­чин хэрэгтэй. Энэ нь манайд дутаг­даж
байна. Түргэн зуурын тохиолд­лоос болж шийдвэр гаргаг­чид ха­риуц­лагагүй мэдэгдлүүд
хийж бай­гаа нь гадаадын хөрөнгө оруулал­тыг сааруулах хандлагатай болж бай­на.
Мөн хуулийн орчин нь өөрөө гадаадын хөрөнгө оруулал­тыг үр­гээх нөхцөл болж байх
жи­шээ­тэй. Дээрээс нь валютын ханш­ийн нө­лөөллийг хүмүүс ярьж бай­гаа. Валютын
ханшийн энэ хэл­бэл­зэл экспортод ашигтай гэх мэтээр тайл­барлаж байна. Энэ бол
онол. Сурах бичиг дээр л байдаг юм.

-Манайд
тохирохгүй онол гэж үү?

-Валютын
ханшийн хэлбэлзэл Монголд тодорхой хэмжээнд хэрэг­тэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ
манай экспорт түүхий эд дээр суурилсан өрөөсгөл бүтэцтэй. Гадагшаа гар­гах бүтээгдэхүүнийх
нь тоо цөөн, нийт эдийн засгийн идэвхжлийг бүхэлд нь тодорхойлж чаддаггүй учраас
валютын ханшийн хэт огцом хэл­бэл­зэл нь өргөн хэрэг­лээний бараа­ны үнэд нөлөөлж,  инфляцийн дарамт үүсгэж, хүлээлт бий болго­дог.
Энэ дарамт хэдий­нээс үүссэн гээч.  2013 оноос
биш. 2012 оноос ч биш. 2008 оноос эхтэй. Тэр жилийн сонгуулиар улс төрийн хоёр нам
ямар ч тооцоо­гүйгээр бэлэн мөн­гөний амлалт өгсөн. Энэ нь сүүлийн жилүүдэд Монголын
эдийн засгийг идэж байна. Тиймээс өнөөдрийн эдийн засгийн уналтыг улс төрийн шалт­гаанаас
хайх хэрэгтэй.

Нөгөө талаар
валютын хан­шийн хэлбэлзэлд дамын хүчин зүйл нөлөөлж байна. Энэ нь юу гэсэн үг вэ
гэхээр дамын наймаачид гэж ярьдаг даа. Түүнтэй л адил. Ма­найх шиг эдийн засагтай
улс орнуудад хэрэглэгч, бизнесийнх­ний хүлээлт нь дандаа сөрөг бай­даг. Юмны үнэ
өсөх нь. Инфляци хөөрөгдөх юм байна. Санхүүгийн орчин тааруу болох нь. Төр засагт
итгэх итгэл алга гэж үздэг орчинд валютын ханшаар тоглолт хийдэг тоглогчид байдаг.
Би хувь хүмүү­сийг хэлээгүй. Институ­циудын тухай ярьж байна. Ханшийн өөрч­лөлт
хэнд ашигтай юм. Экспор­тод, дамын наймаачдад ашигтай байхгүй юу. Өөрөөр хэлбэл,
чих­нээс чих дамжин яригдсан цуу яриа ханшийг хэлбэлзэлд оруулж бай­гаа юм. Одоо
хар л даа. Хүмүүс “юмны үнэ өснө” гээд аль хэдийнэ яриад эхэлчихсэн байгаа биз дээ.  Тиймээс төр хувийн хэвшилтэй ойрхон ажил­лаж,
шийдвэр гаргах үйл явцдаа бодитойгоор хандах хэрэгтэй.

-Гэтэл
Ардын намыг засаг барьж байх үед эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч, ядуурал буураад
сайхан байсан. АН гарч ирээд ийм болгоод хаячихлаа гээд байна л даа?

-Манай
намын үед тийм бай­сан. Тэдний намын үед ийм бол­чихлоо гэж ярих асуудал биш шүү
дээ. Гадаад нөхцөл байдал муу­даж, нүүрсний зах зээл тааруу байгаа­гаас ч эдийн
засаг сулраа­гүй. Бид эдийн засгаа тогтвортой байлгах, түүнийгээ солонгоруулах тал
дээр дорвитой ажил хийгээгүй шүү дээ.

-МАН-ынхны
яриад байгаа 17 хувийн өсөлт нь чанаргүй байжээ гэж ойлгож болох нь ээ?

-Эдийн
засгийн бүтэц нь ужгир­чихсан улсад аль нэг нам засгийн эрх авахаараа хамгийн түрүүнд
хардаг ганц  хэрэгсэл нь ДНБ-ий өсөлт байдаг.
Гэтэл  бурхны авра­лаар тухайн үед Монголын
эдийн засаг гадаад хүчин зүйл, дэлхийн эдийн засгийн тааламжтай нөлөөл­лөөр өссөн.
Түүнээс биш тухайн үед засгийн эрх барьж байсан нам эдийн засгийн өсгөчихсөн гэвэл
өрөөсгөл. Хэрэв тэгж ойлгож бай­гаа бол хэлэхэд энгийнээр хэлэхэд гэнэн байна.

Одоо бид
нэг зүйлийг бодох хэрэгтэй. эдийн засгийн өсөлтийн тоо чухал биш. Энэ өсөлт бүх
салбарыг хамарч чадсан байна уу. Айл өрх бүрийн үүдээр орсон уу. Өсөлтийн үр дүнд
бусад эдийн засгийн сектор болох эрүүл мэнд, боловсролын салбар дээшилж байна уу.
Байгаль орчинд ээлтэй өсөлт болж чадав уу. Улс хот маань ногоорч эхэлсэн үү гэдгээр
нь харах ёстой. Бид 2015 онд мян­ганы хөгжлийн зорилтуудаа дүг­нээд дараагийн зорилтоо
тодор­хойл­но. Энэ үед ДНБ-ий өсөлт гэдэг юмаа л яриад байх уу. Эсвэл амьдралын
чанар хэр дээшилсэн тухай бодит зүйл ярих уу гэдгээ бодох ёстой. Одоо аль ч нам
амьд­ралын бодит өсөлтийн чанарыг л ярих хэрэгтэй болчихоод байна. Хийсвэр тоо яриа
хэрэггүй.

-Валютын
ханшийн өсөлтийг барьж тогтоохын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм бэ, таныхаар?

-Монголбанк
интервенце хийх хэрэгтэй. Одоо бид үүнийг л хүлээж байгаа. Гэхдээ интервенце хийх
нь цорын ганц хангалттай арга мөн үү гэдгийг бодох ёстой. Банк хоо­рондын зах зээл
өөрөө бодитой бөгөөд эрэлт, нийлүүлэлтийг ха­марч чадаж байна уу. Валютыг чөлөөтэй
өгөх дэглэм зах зээлийн хөдөлгөөнийг илэрхийлж чадаж байна уу гэх зэргийн зүйлүүдийг
анхаарах хэрэгтэй. Дээрээс нь Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл бодитой ажиллаж
чадаж байна уу гэдэгт шүүмжлэлтэй хандах цаг болсон.

Энэ зөвлөлд
Сангийн яам, Мон­голбанк, Санхүүгийн зохицуулах хороо багтдаг. Эдийн засгийн хөгжлийн
яам гэдэг нэг тоглогч манайд гарч ирээд энэ 
гуравтайгаа уялдаатай байж чадахгүй бол сан­хүү­гийн тогтвортой байдал бий
бо­­ло­ход бүрхэг. Тиймээс энэ зөв­лө­лийг өргөтгөж, нөлөөллийг нь сайжруулж, асуудлыг
авч хэлэлц­дэг ажлынх нь хугацааг тогтмол болгох хэрэгтэй байна. Ер нь хэдхэн том
компани нүүрс гаргахыг бодит секторын идэвхжил гэж ойлгож болохгүй. Жижиг, дунд
бизнес эрхлэгчдээс гадна өөрөө өөрийн­хөө амьдралыг дээшлүү­лэхээр бичил бизнес
хийж байгаа хүмүүст туслах ямар арга байна гэдгийг боддог баймаар байна.

-Эдийн
засаг муудсанаас бо­лоод банкууд эхнээсээ дампуурч байна. Араас нь хэдэн банк дам­пуурах
бол гэдэг үг  туршлагатай эдийн засагчдын
амнаас ч гарч байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Тийм зүйл
яагаад ч болохгүй. Ингэж ярьснаас чинь болж нийгэмд  дам хүлээлт бий болгож байна. Яагаад ч ийм бодол
хүний толгойд орж ирэх ёсгүй. Сая хоёр банкийг нийлүүлсэн явдал бол Монголын банкны
секторын өчүүхэн хэсэг. Энэ нь банк санхүүгийн том гинжин хэлхээнд ямар ч нөлөө
үзүүлэхгүй. Муу ч гэсэн төв банк байна. Тэд 
арилжааны банкуудаа хянаж, бие­тээр 
байдлыг нь шалгаад явдаг шүү дээ.

-Тэгвэл
Хадгаламж банкийг яагаад өөр банктай нэгтгэсэн юм?

-Ерөөсөө
хариуцлагагүй байд­лаас үүдэлтэй. Банкны сектор улстөржөөд ирдгийн гор нь тэр. Ийм
байдлаас зайлсхийх талаар УИХ, Засгийн газар, Төв банк ан­хаа­рах хэрэгтэй. Банкуудын
хувь­цаа эзэмшигчдийг зарлах нь ийм мэтийн зүйл гаргахгүй байх батал­гаа болно шүү
дээ. Ер нь банк­нуудын өрсөл­дөөн хэр шударга явж байгааг О.Магнай гуай очоод шалгах
хэрэгтэй.               

-Бондын
мөнгө тойрсон шүүмж­лэлүүд өнөөдөр ч явж байна. Үр ашигтай төсөлд зар­цуулсангүй.
Дахиад бонд гаргая гэхээр дэлхийд манай нэр хүнд уначихсан гэх мэтээр ярьж байна…

-Хөрөнгө
оруулалтын орчин тогтвортой биш бол Монголын нэр хүнд унана. Тиймээс Монголын шийдвэр
гаргах түвшний хүмүүс болчимгүй үг унагахгүй байх хэрэг­тэй.  Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг тууштай тогтвортой
байлгах тухай эерэг дохиог олон улсад өгөх ёстой. Ийм тохиолдолд бонд цаашдаа үр
ашигтай үргэлжилнэ. Бондын мөнгөний ашиглалтын тухайд бол гацаа бий.

Энэ нь
манай засаглалаас болж байгаа юм. Засаглал удаан байна. Бондын мөнгийг юунд зар­цуу­лах
шийдвэрийг гаргадаг зөв­лөлийг татан буулгах хэрэгтэй. Бондын мөнгөөр ямар асуудлыг
санхүүжүү­лэх вэ гэдгийг Засгийн газар оруулж ирдэг. Түүнийг нь УИХ хянадаг зарчмаар
явах хэрэгтэй. Бондын мөнгөөр юу хийх вэ гэдэг шийдвэр гаргадаг зөвлөлд УИХ-ын хоёр
гишүүн, баахан сайд багтдаг. Тэр дундаа нэг сайд нь голлон оролцдог байдал нь өөрөө
сонин механизм. Бондын мөнгийг юунд зарцуулах шийдвэрийг гаргахад  хувийн хэвш­лийнхний оролцоо байх ёстой. Яагаад
гэвэл хувийн хэвшил тэр төслүүдийг чинь гүйцэт­гэдэг юм. Өнөөдөр хувийн хэвш­лийнхэн
жи­жиг, дунд бизнест яа­гаад бондоос мөнгө өгөхгүй байгаа юм. Мэдээл­лийн технологийн
сал­барт яагаад мөнгө өгөхгүй байгаа юм. Энэ бизнес биш юм уу. Аялал жуулчлал, үйлчилгээний
салбарт мөнгө өгөх­гүй байгаа нь ямар учиртай юм гэх мэтээр ярьж байна. Энэ нь зөв
шүү дээ.  Гэхдээ яая гэхэв эхний удаад авч
байгаа бондын мөнгийг дэд бүтэц, зам талбай, тодорхой үйлд­вэрлэлд зар­цуул­лаа.
Дараагийн бондын мөнгийг зарцуулах шийд­вэр гаргах зөвлөлд хувийн хэвш­лийнхнийг
оруулж, илүү үр бүтээл­тэй төслүүдийг сонгох хэрэгтэй.

-Төрийн
оролцоог бизнесээс холдуулах нь чухал гэж үзээд байна уу?

-Бонд гаргаж
байгаа улсын төр бизнест хэтэрхий оролцох хэрэг­гүй. Савраа татах хэрэгтэй. Ийм
цадиг­гүй үйл ажиллагаанаасаа татгалз. Төр ганцаараа ухаантай юм шиг байдгаа болих
хэрэгтэй. Төрийн хэт их оролцоотой эдийн засагт байх нь баялгийн хараалд хүргэнэ.
Ийм нөхцөлд авлигатай тэмцэнэ гэж яриад ч нэмэргүй л дээ.

-Оюу
толгойн далд уурхайг хаачихсан нь эдийн засгийг бүр сөхрүүлнэ гээд байх юм. Энэ
тал дээр таны байр суурь?

-Энэ тал
дээр тайван байна. Оюу толгой гэдэг нэг компанийн тухай ярьж байгаа биз дээ. Энд
дэлхийн үндэстэн дамнасан Рио Тинто гэдэг том компани оролцож байгаа. Хө­рөн­гө
оруулалтгүй юм чинь олбор­лолт нь зогсохоос өөр яахав. Тэглээ гээд сандрах хэрэг­гүй.
Манайхны гадаадад өгч байгаа сигнал гадаа­дын хөрөнгө оруу­лагчдыг эргэлзэ­хэд хүргэж
байгаа юм чинь. Гадны­хан Монголд Оюу толгой гэж нэг юм байгаа. Тэрийг нь мөлжинө
дөө гэсэн байдлаар хандахгүй байгаа нь мэдээж шүү дээ. Манайхны үндсэр­хэг үзэл
сүүлийн үед хэтрэх гээд байна. Бид шулуулж байна гэдэг яриа хэтэр­лээ.  Оюу толгойн хэлэл­цээр алдаа­тай байсан байж болно.
Гэхдээ Оюу толгой манайхаас нүүгээд явахгүй. Баялаг нь хараг­дахгүй алга болчихгүй.
Тэнд хөрөн­гө оруулах л хэрэгтэй. Үүний тулд мөнгө босгох хэрэгтэй. Анхнаасаа бид
34 хувь гэхийн оронд тэднээс бүх татвараа авах байсан. Тэгээд Монголын болоод гадны
компаниуд ажил­лаад явах хэрэгтэй байлаа. Харин Монголын төр өөрийн ком­па­ниу­даа­раа
дамжуулан хар хайр­цагны бодлогоо явуулах ёстой байсан. Одоо яахав. Монголын сайд
нар болчимгүй мэдэгдэл хийл­гүй ил тод тунгалаг эрх зүйн орчин бий болгож өг.  Оюу толгойг ашиг­лаад явах юм бол дотоодын ком­паниуд
ажилтай болно. Монголчууд ч ажлын байртай болно.

-Монгол
Улс  Хятадын нүүрс­ний зах зээл дээр гол тоглогч
байж чадахаа болилоо гэж ярьж байна. Энэ тал дээр?

-Хэзээ
Монгол Улс  Хятадын зах зээл дээр гол тоглогч
байсан юм. Хоёр хөршийнхөө асар том зах зээлийг маажиж малтдаг ганцхан замтай улс
шүү дээ. Бид үнэ тог­тоогч, тулган хүлээлгэгч биш л дээ. Зах зээлийн хуулийг л дагадаг
улс. Хоёр хөрштэйгээ харилцааны хам­гийн сайн механизм тогтоож чадаа­гүй л байна.
Энэ тал дээр манайхны санаачилга үнэхээр дутагдаж байгаа.

-Эцэст
нь одоо ээлжит бус чуулган хуралдуулах шаард­лага бий гэж үзэж байна уу?

-Байгаа.
Гэхдээ бид эдийн засаг уначихлаа, үхлээ хатлаа гэж санд­раагүй шүү. Эдийн засаг
муудах шинж тэмдгүүд мэдрэгдээд эхэллээ. Угаасаа эмзэг эдийн засагтай улс орны эрх
баригчид ийм олон сар амрах ёсгүй. Тэгэхээр одоо ажил­даа оръё. Учирч болох хямралт
байдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авъя. 
Монголын эдийн засгийн гадаад болон дотоод орчны чиглэлээр том ажлын хэсэг
байгуулахаар УИХ-ын дарга захи­рамж гаргасан байдаг. Энэ ажлын хэсгийн дүгнэлт гарсан
байгаа. Үүнийгээ УИХ-ын ээлжит бус чуул­ганаар хэлэлцээд Засгийн газарт чиглэл өгье.
Валютын ханш, эдийн засгийн гадаад, дотоод орчин, бонд, экспортынхоо тухай ярья.  Хөрөнгө оруулалтын тухай хууль бараг бэлэн болчихсон
байна. Өөр олон хууль хэлэлцэхэд бэлэн болчи­хож. Төсвийн тодотголын асуудал яригдах
шаардлагатай байна. Цаг үеийн шаардлага бай­гаа учраас  чуулганаа хуралдуулах хэрэгтэй. Тэрнээс биш Монголын
эдийн засаг хэцүү болчихоод, улс орон удирд­ла­гагүй болчихоод ээлжит бус чуул­ганаа
хийе гээд байгаа юм биш.  Ажил хэрэгч байх
үүднээс ярьж байна.

-Таныг
яагаад ХАҮТ-ын дар­гын ажлаа өгдөггүй юм гэж их ярьдаг тал бий. Та өөрөө юу хэлэх
вэ?

-Төгсгөлд
нь ямар өчүүхэн асуулт тавьж байх юм. Тэгж ярьж л байг. Энэ хүн ажлаа олигтой хийж
чадаж байна уу, үгүй гэдэг нь чухал шүү дээ. Тэгээд ч УИХ-ын тухай хуульд УИХ-ын  гишүүн төрийн бус байгууллага удирдаж болно гээд
заачихсан байгаа. С.Ганбаатарын хувьд тодорхой асуудал,  хэл ам гарсан учраас өөрийн хүсэлтээр  ажлаа өгсөн гэж ойлгосон.

 Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Б.Хосбаяр: МАН-ыг татан буулгаж, байрыг нь Парламентын ордон болгох хэрэгтэй

Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөний
тэргүүн Б.Хосбаяртай ярилцлаа.

-Эрүүл нийгэм, ир­гэ­ний хөдөлгөөнөөр
со­нин юутай байна вэ?

-Амралтын байдал­тай байна. Зун улс
төр ч амралтын байдалтай.

-Танай хөдөлгөөнд хичнээн гишүүн
байна вэ?

-Бүртгэлтэй гэвэл 10 гаруй мянган
хүн бий. Удирдах зөвлөлд нь 11 хүн байдаг. Ажилгүй явж байгаа залуучууд ч бай­на.
2008 оны долдугаар сарын 1-нд шоронд ор­сон хүмүүсийг цагаатгах ажилд идэвхтэй оролцъё
гэж байна.  Ажилгүй яваа, шоронд орсон, бэртэж
гэмтсэн нь ч бий. УИХ-ын гишүүн, агентлагийн дар­га болсон нь ч бий. Хуу­чин Иргэний
хөдөлгөөн маань одоо тав, зургаан хөдөлгөөн, зарим на­мууд­тай нэгдсэн бай­гаа.
2012 оны сонгуулиар “Гурав дахь хүчин” эвсэл болсон шүү дээ. 

-Гурав дахь хүчин эвсэлд ямар намууд  нэгдсэн билээ?

-Бүгд найрамдах нам, Хамаг Монгол
хөдөл­мөрийн нам багтсан шүү дээ. Бид хамтарч 2012 оны УИХ-ын сонгуульд орсон. Харин
сүүлд “Эх орон” намтай нийлж, Ерөн­­хийлөгчийн сон­гуульд АН-аас нэр дэв­шигч Ц.Элбэгдоржийг
дэмж­сэн байгаа.

-Танайх чинь Иргэ­ний хөдөлгөөний
нам болоогүй бил үү?

-Үгүй. Иргэний хөдөл­гөө­нөөрөө л
байгаа.

-Иргэний хөдөлгөө­нийг өмнө нь
хүмүүс О.Маг­най, Ж.Батзан­дан­гаар төсөөлдөг байлаа. Гэтэл тэд АН руу яваад өгөх
шив дээ?

-Тэр хоёрын хувьд нэг нь гишүүн, нөгөө
нь агент­лагийн дарга болсон. Гэхдээ манай хөдөлгөө­ний залуус үлдсэн шүү дээ.

-Тэр хоёрыг АН руу орсонд дургүйцэх
ханд­лага байдаг болов уу?

-Үгүй ээ. Хаашаа явж, ямар сонголт
хийх нь  хүний эрхийн асуудал шүү дээ. Тэд
одоо ч иргэ­ний хөдөлгөөнтэй хол­боотой байдаг.

-2008 оны сонгуу­лиас хойш иргэний
хө­дөл­гөөн таг чиг болох шиг боллоо. Жагсаал цуглаан ч болохоо байж?

-Эрүүл нийгэм, иргэ­ний хөдөлгөөн
бол ба­руу­ны үзэл баримтлал­тай шүү дээ. Тиймээс одоо эрх барьж байгаа АН-ын явуулж
байгаа үйл хэргийг дэмжиж байгаа. АН сонгуульд ялж төрийн эрхийг аваад, ажлаа эх­лээд
дөнгөж жил болох гэж байхад жагсаал цуг­лаан хийж ажлыг нь үймүү­лээд хэрэггүй биз
дээ.

-Цаашид төлөвлө­сөн ажил юу  байгаа вэ?

-Олон акц, том жаг­саал цуглаан хийх
бодол байгаа.

-Жишээлбэл?

-МАН-ын тансаг байр­ны асуудлыг анхаарал­даа
авчихсан байгаа. 2008 оны долдугаар сарын 1-нд таван хүний амь золиосолж,  өөрсдөө байраа шатаачихаад ард түмний татварын
мөн­гөөр тансаг байр барьж, тухлаж суух эрх тэдэнд байхгүй. Төсвийн мөнгө­нөөс
11 тэрбум төг­рөг авч ийм том байшин барьсан биз дээ. Үнэхээр шударга бус байна.
Тий­мээс энэ асуудлаар нам­раас жаг­саал цуглаан хийж магад­гүй. Зүгээр нэг улс
төрийн нам ийм дан­хай­сан том байшинтай байх ёсгүй. Энэ бол дэл­хий нийтийн жишиг
биш. Тэгэхээр тэдний байрыг хурааж аваад улсын өмч, Парла­ментын ордон бол­гох хэрэгтэй.

-Танай хөдөлгөө­ний­хөн үүнийг
эртнээс ярьсан байх аа?

-Удахгүй бид энэ та­лаар албан ёсны
мэдэг­дэл хийнэ. АН ч үүнийг анхааралдаа авч хам­тарч ажиллах байх гэж бодож байна.

-Энэ зун улс төр нэлээд халуухан
байх шиг байна. Ажиглаж бай­на уу?

-Аргагүй шүү дээ. Сон­гууль болж өнгөрлөө.  МАН-ынхан бас л ялагд­лаа. Амь тэмцэхээс өөр яах
билээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэм­жээнд Хойд Солонгос, Хятад, Куб коммунист
намаасаа салаагүй бай­на. Гэтэл манай Монгол ч коммунист намаасаа салж чадаагүй
явна. Тий­мээс одоо манай улс Ар­дын намыг татан буулгах хэрэгтэй. Гэхдээ аль
1990 онд татан буулгачих ёс­той байсан юм. Гэтэл ардчиллынхан ардчил­лаа дутуу хийчихсэн
байхгүй юу.

-МАН-ыг шинэчлэх шаардлагагүй гэж
үү?

-МАН шинэчлэгдэх нь битгий хэл татан
буугдах ёстой. Шинэчлэгдэхээсээ өнгөрсөн нам шүү дээ.  Залуучууд нь намаа ши­нэ­чилнэ гээд намынхаа гадаа
гэр барьж байна л гэнэ.  Ингээд ямар нэмэр­тэй.
Ялгаагүй 2016 оны сонгуулиар ялагдана. Ард түмэн  Ардын намыг сон­гохоосоо өнгөрсөн шүү дээ. Сайн
нэрийг хүсээд ч олдохгүй. Муу нэрийг хусаад ч арилахгүй гэдэг үг Ардын намд тохирно.
Монгол Улсыг олон жил дампууруулж, ядууруул­сан нам шүү дээ, энэ чинь.

-Устаж үгүй болох ёстой гэж үү?

-Тэгэхгүй өөр хаачих юм. Сонгуульд
ялагд­чи­хаад амь тавиад үхэн хатаж байна. Ялж, ялаг­даж сурах хэрэгтэй.

-МАХН-ын тухайд намаасаа гарч,
орохоос эхлээд дотроо нэлээд асуудалтай байх шиг байна лээ?

-Шинэ байгуулагдсан хүчинд асуудал
их байх байлгүй дээ.

-Н.Энхбаяр саяхан өршөөлөөр суллагд­лаа.
Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Н.Энхбаяр ял аваад явахдаа ихэнх
хугацаанд эмнэлэгт байсан гэсэн. Үнэхээр л бие нь муу байсан юм байлгүй. Ерөнхийлөгчийн
сон­гуульд Ц.Элбэгдорж ялж гарч ирээд түүнийг өр­шөөлөө шүү дээ. Тиймээс МАХН-ынхан
ардчилсан Ерөнхийлөгчийн хайрыг дааж явах хэрэгтэй. Ер нь Ц.Элбэгдорж Ерөнхий­лөгч
2009 оны Ерөнхий­лөгчийн сонгуульд ялж гарч ирэхдээ долдугаар сарын 1-нд хэлмэгдсэн
залуусыг өршөөх санаа­чил­гыг гаргаж, УИХ-аар шийдвэрлүүлсэн. Харин энэ удаад Н.Энхбаярыг
уучиллаа. Үнэхээр ард­чил­сан жудагтай Ерөн­хий­лөгч гэдгээ харуулж байна л даа.
Н.Энх­баярыг Ц.Элбэгдорж, Дор­лигжав хоёр шоронд хийчихсэн мэтээр ярьдаг юм. Гэтэл
Н.Энхбаяр “Ц.Нямдорж, С.Баяр, Т.Ба­дамжунай нар на­майг шоронд хийлээ” гэж өөрөө
ярьсан биз дээ.

-Ардчилсан засгийн хийх бүтээн
байгуулал­тын ажлууд удааш­рал­тай байна гэдэг шүүмж­лэл бий. Энэ талаар ямар бодолтой
байна вэ?

-Юу нь удаашралтай байгаа юм. Бат-Үүл
дарга гарч ирээд нийслэлийн өнгө төрх өөрчлөгдөж байна. Өнгөрсөн 20 жил хотын захиргаанд
салхи орж үзээгүй. Энэ хуга­цаанд нийслэл хот хөг­жөөгүй. Харин одоо Улаан­­баатар
хотын зам, талбай сайхан болж байна. Иргэд найман ху­вийн хүүтэй орон сууцны зээлд
хамрагдаж, орон байртай болж байна. Ар­дын намынхны үед хэзээ ийм байсан юм.
100 мян­ган айлын орон сууцны хөтөлбөр гэдэг зүйлээр ард түмнийг хулхидса­наас өөр
юу ч хийгээгүй.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Буруу хүрдтэй машиныг хориглосон нь зөв юм шиг байна

Улаанбаатар хотын замын түгжрэл хэрээс
хэтэр­лээ. Зун юм байна. Ихэнх  хүн амралт
зугаалгаар хөдөө, гадаа явж хөл хөдөлгөөн багасдаг цаг даа. Гэтэл бай­даг­гүй шүү.
Амралтын өдрөөр хотын гудамж сэлүүхэн байх болов уу  гэтэл үгүй юм байна. Энэ замын түгжрэл үнэхээр
хэцүү байна. Автомашинуу­дыг улсын дугаараар нь хяз­гаарлаад ч нэмэр алга. Бахь
байдгаараа хаа сайгүй зам болгонд машинууд гацаж, хүмүүс халуун наранд “түн­хэлцэж”
байх юм.

Уг нь өнгөрсөн өвөл Улаан­­баатар
хотын дарга Э.Бат-Үүл замын түгжрэлийг сааруулахын тулд буруу руль­­тэй машинуудыг
долоо хоногийн тодорхой өдрүүдэд хөдөлгөөнд оруулахгүй бол­гоё гэдэг санааг гаргаж
ир­сэн. Ядаж бүтэн сайн өдөр буруу рульт машинуудыг гараа­шид нь зогсооё гэдэг зүйл
ярьж байлаа. Тэр тухай­гаа их ч ярьсан. Шийдвэр гаргах гэж нэлээд үзсэн ч бараагүй.  Ардчиллаа дагаад олонхио сонссон чинь бүгд эсэргүүцсэн. 

Нийслэлчүүдийн дийлэнх нь яагаад буруу
рультэй ма­шиныг хориглохыг эсэргүү­цэв. Бүгдээрээ буруу талдаа жолоотой машин унадаг
учраас тэр. Хэрэв буруу тал­даа хүрдтэй машинуудыг явуу­лахгүй болчихвол тэд явгарах
гээд байсан хэрэг. Тиймээс өөрсдийнхөө амин хувийн эрх ашгийг бодож, тэр  саналыг хүлээж авалгүй тас таягдан хаясан юм.
Хэдхэн хүн зөв талдаа рультэй ма­шин унаж, явган бидний хажуу­гаар давхилдаад яах
юм. Тэгснээс бүгдээрээ буруу талдаа хүрдтэй төмрийн хогоо унаад  түгжрээд явж байсан нь өлзийтэй гэж бод­сон. Хэн
нь ч хэнээсээ илүү давж гарахгүй ижил зиндаанд амьдарч байвал бусад нь хамаагүй
гэсэн сэтгэлээр монголчууд бид явж байна. 
Зөвхөн энэ асуудал дээр ийм байдлаар хандсан юм биш л дээ. Үнэндээ монголчуудын
сэтгэлгээ энэ.

Нэг хэсэг нь боловсрол­той байснаас
бүгдээрээ адил­хан тэнэг явсан нь дээр гэсэн барьцамтгай хүмүүс. Цөөн хэд нь баяжиж
тансаг амьдраад дэмий. Муу явбал бүгдээрээ муу явъя. Ядуу байвал адилхан ядарцгаая
гэдэг л улс.  Өнөөдөр олон улсын жишигт хүрсэн
боловс­ролыг ирээдүй хойчдоо өгч, дэлхийд хүлээн зөвшөөрөгд­сөн боловсон хүчин бэлтгэх
сонирхолтой сургууль  ма­найд байна уу, үгүй
юу бодоод үзье. Алга байна. Төлбөр мөнгөө нэмж, 
дэлхийд алдар­тай сургуулиудын энд хүрэх боловсролын байгууллагыг хайгаад
олохгүй байх.  

Тийм учраас Монголын их, дээд сургуулиудыг
тоож сурах гадныхан олдохгүй байна. Дээрээс нь төгсөөд гарсны дараа манай сургуулиудын  диплом зүгээр л нэг цаас болон хувирч байна. Дэлхийн
хаана ч очсон Монголын их, дээд сургуулийн диплом барь­сан боловсон хүчнийг шууд
ажилд авдаг тийм нэр хүндийн баталгаа байна уу. 
Харамсалтай нь үгүй. Яагаад гэвэл өндөр төлбөртэй, чанар­­тай боловсрол эзэм­шүү­лэх
сургууль гараад ирвэл мон­гол­чууд тал талаас нь боор­лож, урагш ахиулах­гүй.

Уг нь бол аливаа чанар­тай бүхний
өртөг өндөр бай­даг. Гэтэл Монголын их, дээд сургуулиудын төлбөр дэл­хийн жишгээс
хавьгүй доогуур байдаг нь чанаргүй гэдгийг нь 
илтгээд, баталгаа нь болоод бай­на.

Саяхан Герман, Монго­лын техникийн
сургууль жи­лийн төлбөрөө долоон сая төгрөг болгож нэмлээ. Сур­гал­тын төлбөрөө
нэмж байна гэдэг нь сургалтын чанараа сайжруулж байгаагийн илэр­хий­лэл гэж ойлгож
болохоор байна. Мэдээж хэрэг өндөр төлбөр авч байгаа учраас суралцагчдадаа дэлхийд
хү­лээн зөвшөөрөгдсөн боловс­рол олгох нь дамжиггүй биз.  Тэгж ч бодож төлбөрөө нэм­сэн байх. Гэтэл тус
сур­гуу­лийн төлбөрийг долоон сая төгрөг болсныг сонссон хүн болгон эвэртэй туулай
үзсэн мэтээр уулга алдаж байлаа. “Пээ, пүү ийм их төлбөртэй сур­­гууль гэж байдаг
аа. Баячуудын хүүхдүүд сурах юм байна. Ядуусын хүүхэд мөрөөдөөд ч энэ сургуульд
сурч чадахгүй юм байна. Ингэж баян хоосны ялгаа гаргаж, монголчуудыг зиндаа зиндаагаар
нь хуваах хэрэг юу байна” хэмээн  шаагилд­лаа. 

Үнэхээр долоон сая төг­рөг­төө таарсан
чанар­тай боловсрол эзэм­шүүл­нэ гэвэл энэ зэргийн төлбөртэй хич­нээн ч сургууль
байгуулсан яадаг юм.  Монгол хүн дэл­хийд
хүлээн зөвшөө­рөгд­сөн эрдэм боловсролтой болж байвал тэр төлбөр мөн­гө­ний их,
бага хамаа юу байна. Гэвч, монголчуудын нөгөө л хэн хэнээсээ илүү гарчих вий гэсэн
сэтгэлгээ ийм сургуулиу­дын хувь заяаг боож байна. Ийм сэтгэлтэй учраас бид өнөөдөр
буруу рультэй машинаа хязгаарлаад түгж­рэ­лээс гарчихаж чадахгүй байгаа юм.

Буруу рультэй машинаар  долоо хоногийн сондгой өдрүү­дэд явахыг хориг­ло­чих­сон
бол өдийд энэ түгжрэлд түгжирч уур ундууцал, ажил албаа алдаж суухгүй байсан биз.
Олон өдрөө байг гэхэд ядаж амралтын өдрөөр буруу рультэй машин явдаггүй бол­чих­сон
бол сайхан байх бай­лаа. Улаанбаатар хотод 
замын хөдөлгөөнд өдөрт 200 машин шинээр орж байгаа гэсэн тоо бий. Өөрөөр
хэл­бэл, өдөрт 200 хүн хөл дүүж­лэх машинтай болж, замын хөдөлгөөнд оролцохоор гэрээ­сээ
гарч байна гэсэн үг. Ингээд бодохоор замын түгж­рэл өдөр ирэх тусам нэмэг­дэ­нэ
үү гэхээс саарахгүй гэдэг нь эндээс тодорхой болж байна. Нэгэнт иргэдийн худал­дах,
худалдан авах эрхийг нь хааж боож болох­гүй­гээс цааш замаар явж бай­гаа машиныг
буруу, зөв руль­тэй­гээр нь ялгаж, зааглаж хөдөлгөөнд оруулах нь одоо бодоход хамгийн
зөв байжээ. Хяналтад орохоосоо өнгөр­сөн энэ замын түгжрэлээс гарах гарц манайд
үүнээс өөр алга.

Дэлхийн мөнгөтэй, хөгжил­тэй орнуудыг
дуурайж замуу­даа өргөтгөе, нэмж олон зам тавья гээд ч  чадал алга. Тэр байтугай замын компаниуд шинээр
тавьсан замдаа дөн­гөж жилийн баталгаа өгдөг гэж байгаа. Түүнээс олон жилийн настай
зам тавья гэвэл төсвөөс их хэмжээний мөнгө нэмж авах шаард­ла­гатай. Үүнийг нь өгөх
чадал манай төсөвт байхгүй учраас ч яалт ч үгүй нэг жилийн баталгаатай зам барьдаг
гэнэ лээ. Тиймээс бид  нөхцөл байдалдаа тааруулж,
байгаа замаа тордож, дээр нь явж байгаа машины тоонд зохис­той хязгаарлалт хийж,
дотроо зохицож амьдрах нь чухал болчихоод байна. Тэгээд ч  манайх зөв гарын жолооны дүрэмтэй улс. Энэ дүрэм
жур­маа баримтлаад зөв талдаа рультэй машин барьцгаавал яасан юм. Ер нь манайд гарч
байгаа авто ослын шалтгаа­ны дийлэнх нь буруу талдаа жолоотой машин барьснаас болдог
гэж  мэргэжлийнхэн ярьдаг юм билээ. Энэ мэтчи­лэн
аль аль талаа бодоод буруу талдаа рультэй машин­тай хөдөлгөөнд оролцохоо цөөлж,
хязгаарлавал хэрэг­тэй юм шиг ээ.

Ингээд нийтийн тээврээ хөгжүүлье.
Нэгдүгээр эгнээ­гээ­рээ нийтийн тээвэр нь саадгүй явж, иргэд зогсоол дээр автобусыг
таван минут л хүлээдэг болох хэрэгтэй. Харин замаар түргэний машин, түймэр унтраах
маши­нууд л гацаагүй давхиж байвал болох нь тэр.  Өнөөд­рийн энэ зах замбараагүй түгжрэлээс болж
эрүүл мэнд нь муудсан энэлж шаналсан хүмүүс яст мэлхийний хур­даар ирж яваа түргэний
маши­ныг хүлээсээр өөд болох үзэгдлүүд энүүхэнд байна.  Ах, дүү, аав, ээжийнх нь бие муудаж,  цус харваж, зүрх нь зогсох гэж сандаргаж байхад
түргэний машин түгж­рэлд саатаж хичнээн уддаг билээ. Үүнийг өвчинд шанал­сан хүмүүсийн
ар гэрийнхэн сайн мэдэж байгаа. Энэ хүнд­рэлээс гарах ганц арга нь буруу рультэй
машиныг хөдөл­гөөнд оролцуулахыг хязгаарлах явдал юм. Ингэж байж л бид жинхэнээсээ
хот шиг хот болж хөгжих болол­той. Нийтийн язгуур эрх аш­гаа бодож, хотын дарга
зориг­той шийдвэр гаргах хэрэг­тэй. Олонхи эсэргүүцэж байна гэж дахиад тоох хэрэг­гүй.
Олонхийн шийд­вэр дан­даа зөв байдаг­гүйг санах хэрэгтэй. Олонхи бол ямагт үнэний
дунджаас доогуур байдал руу тэмүүлдэг гэсэн онолын гаргалгаа ч байдаг юм билээ.
Тиймээс олонхиор түрүү барьж, аливаа шийдвэр гаргах нь онодоггүй гэдгийг сүүлийн
үеийн жишээнүүд харуулаад өглөө

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Ардын намын сэвсэн дээр орилогсод хэн бэ?

Ардын нам 2009 оны Ерөн­хийлөгчийн
сонгуулиас эхлээд сүүлийн таван сон­гуульд дараалан ялагдлаа. Үргэлж эрх баригч
байх юм шиг аашилж явсан энэ намын­хан өнөөдөр шалдаа бууж, газрын хөрснөөс бараг
арчигдчихлаа. МАН-ыг нэр­тэй, сүртэй явахад нь дагаж гүйсэн, толгойд нь явсан нөх­дүүд
хоолондоо хүрчихээд ор сураггүй алга болцгоосон. Одоо тэдэнд Ардын нам хэ­рэггүй.
МАН сонгуульд орол­цоно уу, ялагдана уу падлий ч байхгүй болоо биз.

МАН-ын лидер гэгдэж явсан эрхмүүд
өнгөрсөн УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намаасаа үстэй толгой­гоо барин зугтсан
гэсэн яриа бий. Ер нь ч нэр хүнд нь шороотой хутгалдаж, бараг сонгуульд ялагдах
нь тодор­хой болчихсон байсан  энэ намтай
хэн зууралдахыг хүсэх билээ.

Харин эзэнгүй газрын буг  галзуурна гэгчээр Ардын намын сэвсэн дээр залуу,
дунд, ахмад үеийн хэдхэн хүн дураараа орилолдож байх шиг байна. Намаа шинэчил­нэ,
өөд нь татна хэмээн өөр хоо­рондоо хэрэлдэж сууна. Ямар сайндаа улс төрийн туршлагагүй
хэдэн залуу ши­нэч­лэл ярьж цөс нь  хөөрөх­дөө
хүн бүхэн амарчихсан зуны назгай өдрүүдэд намын­хаа Бага хурлыг хийнэ гэж сагсуурахав. 

Тэдний нэг нь Н.Номтой­баяр. Алтны
магнатын амьд­рал мэдэхгүй энэ хүүд улс төрийн туршлагасаад байх юм байхгүй. С.Батболдын
Засгийн газрын үед мөнгө төгрөгөөр далайлгаж, дэд сайдын суудалд очсон гэж яригддаг
байсан шавилхан залуучуудын нэг гэдгийг нь 
эс тооцвол шүү дээ. Саяхнаас УИХ-ын гишүүн хэмээх сэтэр зүүж, хааяа цор цор
дуу­гар­даг болсныг нь улс төрийн туршлага гэхгүй байлгүй.

Ш.Отгонбилэг агсны хүү Содбилэг шавартай
хутгалд­сан Ардын намыг шинэчлэх юм гэнэ. Тулхтай, туршлага­тай яггүй улстөрч гэж
түүний аавыг хэлбэл хэн ч маргахгүй. Харин Содбилэгийн хувьд улс төрийн энэ халуун
тогоонд хэн билээ, юу билээ гэвэл хэн ч мэдэхгүй. Улс төрийн намын шинэчлэл гэж
чухам юу байдгаа ч ойлгож байгаа юм уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй энэ залуу сайн
аавын нэрээр улс төрд орсон гэгддэг. Үүнээс өөр сайн нэр, мундаг намтар түүнд үгүй.

Ж.Мөнхбат. Сүүлийн хэдэн жилийн  Ардын намын уналтад түүний оролцоо ч байсан.
“Хадгаламж” банкны 14 тэрбум төгрөгийн хэрэг гэгчид Ж.Мөнхбатын нэр  хав­чуулагддаг. Энэ асуудал тухайн үеийн МАХН-ыг
хар будгаар цацсан. Үнэндээ Ар­дын намын нуралт энэ үеэс эхэлсэн гэхэд ч болно.

МАН МАХН байх үедээ Монголын ардчилсан
социа­лист залуучуудын холбоо­гоор дамжуулж боловсон хүчнээ бэлтгэдэг байв. За­луу­чууд
нь энэ холбоог албан тушаал, эд хөрөнгөнд хүрэх 
гүүрээ болгон ашиглаж бай­лаа. Ийм учраас хуучин Ху намын муу муухай бүхнийг
гүйцэтгэгчид нь сүүлд нэрээ сольсон энэ холбооноос гаралтай.

Харин Ж.Мөнхбат энэ хол­­бооны гишүүн
байсан. Тэгэхээр МАН-ын нэр төрийг гутаах үйл ажиллагаанд тэр анхнаас нь гар бие
оролцож явсан байж таараа.  Тэр   одоо ч МАН-ын нарийн бичгийн даргын албыг хашдаг.
Тий­мээс Ардын намын гутамшиг­тай, өрөвдөлтэй сонгуулийн ялагдлуудад тэр буруутай.
Намаа өнөөдөр ийм байдалд хүргэхэд хувь нэмрээ оруул­сан хүн шинэчлэл хийж, сайн
сайхан болгоно гэдэгт хэн итгэх билээ. МАН-ыг шинэч­лэх гээд байгаа залуусын зах
зухаас нь дурьдахад  ийм байна.

Энэ залуустай хамт Ардын намд үлдсэн
ахмад, дунд үеийнхэн дотор ч торойх лидер ховор болжээ. Дунд үеийнхнээс тод лидер
нь  С.Батболд, М.Энхболд байна гэж нэрлэж
магадгүй. Гэвч олигархи хэмээн цоллуулж муу нэр зүүсэн тэд олны өмнө ил гарч, хүний
өөдөөс ч эгцэлж харж чадахааргүй болт­лоо алдаа дутагдал гар­гасан нөхдүүд. Тиймээс
сүүлийн үед  намаасаа  дөлж,  
чимээгүйхэн шиг суухыг эрхэм болгосон. С.Баяр, У.Хүрэлсүх нарын тухай яриад
ч хэрэггүй.  Нүдэн балай чихэн дүлий гээд
амь амиа бодон намаа­саа зугтаасан хүмүүс. 
Тэгвэл МАН-ыг шинэчлэх залуустай хамт буйран дээрээ орилол­дож байгаа нь
хэн бэ.  Намаа толгойлж яваа Ө.Энхтүвшин,
Г.Занданша­тар л байна. Тэд­нийг лидер гэх үү, лойдор гэх үү хэмээн эргэлзэж суугаа
хүмүүс бишгүй бий байх.

Тийм бол ахмад үеийнх­нээс хэн байна
гээд харахаар парламентад буг болтлоо сууж, өнөөдөр үг нь үнэ цэнэ­тэйд тооцогдохоо
байтлаа үнэлэмж нь буурсан Ц.Ням­дор­жоос өөр хүн алга. Ийм л нөхдүүд өнөөдөр улс
төр мэдэх­гүй хэдэн залуутай хамт МАН-д үлджээ.

Тэд яагаад МАН-ыг ши­нэч­лэх гээд
байгаа юм. Сайн­даа ч биш гэдэг нь ойлгомж­той. МАХН байх үеэс МАН-ын толгойд  явж, хөлөө олж баяж­сан нөхдүүдийн орхиод явсан
орон зайг эзэлж, тэ­дэнтэй адил баяжихыг хүс­сэндээ шинэчлэл хэмээн хаш­гиралдаж
байгаа юм. Үгүй бол өөрсдийгөө бодоод намаа тэр чигт нь шалбаагт хаях хүмүүс. Гэхдээ
тэд энэ хор­воод үхснийг амилуулж бол­доггүй. Харин шинээр төрж аливааг шинээр байгуулж
болдгийг мэддэггүй гэж үү. Нэгэнт сэхэл авахаасаа өн­гөр­­сөн Ардын намыг босгох
гэж үйлээ үзэхийн оронд өөр шинэ нам байгуулаад явбал өлзийгөө өгч мэднэ. Тэгээд
ч  МАН-ыг сэргээлээ гээд энэ нийгэм хүлээж
авахад бэрх болчихлоо шүү дээ. Тэгэхээр Ардын намд үлдсэн ахмад, залуу гэлтгүй цөм
шаварт шигдсэн намаа хаяад хар толгойгоо бодвол яасан юм. 

Тэгээд ч Ардын намынхан шинэчлэл хийхээс
өмнө дотооддоо толхилцоод эхэл­сэн гэнэ лээ. Шинэчлэлийн тухай яриад яваа залуусаа
намынхан нь тийм ч таатай хүлээж авахгүй гэх. Хэлж байгаа үг, хийж буй үйлдлийг
намынх нь ахмадууд доог тохуу болгон элэглэж суугаа гэсэн. “Юу ч мэдэхгүй жаахан
хүүхдүүд 90 жилийн түүхтэй энэ том намыг шинэчиллээ юу” хэмээн даапаалж байгаа сурагтай.
Энэ нь ч сонгуу­лийн дараа болсон үйл явд­луудаас тодорхой харагдаад авсан.

Бага хурлаа долдугаар сарын 30-нд
хийхийг шаар­сан бичгийг нь МАН-ын удирдлагууд хүлээж авахдаа амыг нь дагаж хошгоруулж
байлаа. Гэвч ард нь “Та нарын санаснаар болно гэж юу байхав. Улс төр мэдэхгүй бацаанууд
хүн бүхэн амар­сан халуун зунаар хурал хийлгэх юм гэнэ” хэмээн дотроо инээж байсан
гэдэг. Тийм ч учраас Бага хурлыг тэдний хүссэнээс өөрөөр шийдэж, наймдугаар сарын
5-нд хийхээр тогтлоо. Намын дарга нараа хүссэнээрээ хө­дөл­гөж чадаагүйгээс болсон
уу, шинэчлэл хийхээр зориг­ло­сон залуус дотроо хэдэн хэсэгт хуваагдаж тараа та­ниу­лаад
эхэлсэн  дуулдана. Одоо ингэж байгаа хүмүүс
Ардын намыг шинэчлэх нь юу л бол. Тэгснээс шинээр намаа байгуулаад мөрөө хөөцгөө­сөн
нь дээр биш үү.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Стратегийн ордод оруулах нэрээр хийх луйврын тухай

Төр засаг стратегийн орд газар нэрээр долоон ордыг хурааж авах гэж байна. Хуулийн дагуу Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд  ашигт малтмалын томоохон ордуу­дыг судалж үзээд, ашиг орлого ихтэй, нөөц арвинтайг нь сонгоод ийм шийдэлд хүрч байгаа юм байх. Энэ тухайгаа тусгасан  тогтоолын төслөө УИХ-д өргөн барьчихсан, удахгүй хэлэлцэж батлах нь. Тэдний булааж авах гэж байгаа ордуудыг нэрлэе.   Эртнээс хэл аманд өртөөд байсан Ховд аймгийн Хөшөөтийн уурхай мэдээж энэ долоогийн эгнээнд багтана.   Цагтаа Байгаль орчны сайдаар ажиллаж явсан У.Барсболдын эзэмшилд байдаг хэмээн яригддаг уг нүүрсний уурхай нөөцөөрөө Таван толгойн дараа ордог гэж байгаа. Асар их нөөцтэй ийм ордыг ганцаараа эзэмшиж, олигархи боллоо гэж У.Барсболдыг  намын­хан нь ад үзэж, хөөгөөд явуулсан талтай. Ямар ч байсан албан ёсоор бол “Мон Эн Ко” гэдэг ком­панийн хөрөнгө оруулалт хийсэн энэ ордыг улс эзэмшихээр болж байх шиг байна.  

Стратегийн гэдэг харьяалалд авах  дараагийн орд  бол  Цайдам нуур.  Төв аймгийн Баян суманд оршдог уг ордоос хүрэн нүүрс олборлодог. Энэ орд өнөөдрийн байдлаар цөөнгүй эзэмшигчтэй. Тэдний  нэг нь лав УИХ-ын гишүүн асан  Ш.Сайхансамбуугийн дүү байгаа гэцгээдэг. Тэгэхээр “Наран­туул” компанийн багагүй хөрөнгө Цайдам нуурын ордод шингэсэн байж таарах нь.  Стратегийн ач холбогдолтойд тооцогдох гэж байгаа Гацууртын алтны орд бол “Бороо гоулд” компанийнх.  Харин ховор элементийн  Лугийн голын ордын ард Солонгосын компани байдаг гэнэ.  Халзанбүргэдэй, Мушгиа худаг, Хотгор гээд ховор элементийн хэд хэдэн ийм ордыг гадна дотны хөрөнгө оруулалттай  компани эзэмшдэг юм байна. Өнөөдрийг хүртэл дээрх ордуудыг тэд өөрсдийн хөрөнгөөр хайгуул­даж,  овоо мөнгө зарчихаад байгаа аж. Гэвч  төр эдгээр ордыг нэг хэсгийнх нь мэдлээс салгаж,   нийт олны өмч болгох юм гэнэ.  

Өнгөц харахад энэ шийдэл гоё харагдаж байна. Үнэхээр эх оронч шийдвэр юм шиг санагдаж байгаа юм. Монголынхоо баялгийг ард түмэнд эрх тэгш, ижил тэнцүү хувааж өгөх гэсэн төрийн зөв бодлого мэтээр харагдаж байна.   Манай дарга нар ч яг ийм өнцгөөс тайлбарлаж, ард түмэнд таалагдах гэж хичээж байгаа. Иргэний хөдөлгөөнийхөн ч үргэлж ингэж ярьдаг, үүнийг шаарддаг.  Үр дүнд нь үе үеийн   дарга нар  ашигт малтмалын ордуудынхаа 51 хувийг иргэддээ аваад өгчихлөө шүү гэж цээжээ дэлддэг. Ийм үг үйлдлээрээ олноо танигдаж, од  болчихсон яваа улстөрчид  бий.   Гэвч үнэн хэрэгтээ  баялаг хэзээ ч ард түмний өмч болдоггүйг  өнгөрсөн 90 жи­лийн түүх, туршлага хоёр монгол­чуудад харуулаад өгчихсөн.  Үүнийг манай өвөг дээдэс яс махаараа мэдэрчихсэн юм.

Харин дунд үеийн залуус энэ тухай сайн мэдэхгүй байж магадгүй. Тийм ч учраас тэдэнд зориулж улстөрчид ингэж ярьдаг биз.  Үнэхээр залуус “эрдэс баялаг тэр чигээрээ бидэнд ирнэ” гэж гэнэн тэнэгээр итгэдэг. Нэг хэсэг хүмүүс газар ухаж,  уудалсан алт, эрдэнэ­сээсээ өчнөөн мөнгө олоод байна. Тэр нөхдүүдийг баяжуулаад бай­гаа газруудыг төр засаг маань хурааж, стратегийн орд болгох юм байна.  Дараа нь ард түмэн бидэндээ эзэмшүүлэх нь. Монгол хүн бүр хагартлаа баяжина хэмээн алгаа ташин баярлан хүлээж авдаг. 

Чин үнэндээ тийм байсан бол  юм бүхэн, өмч болгон төрд данстай  явсан  өнгөрсөн  90 жилд монгол­чууд яагаад баяжаагүй хэрэг вэ.  Хоосон хонодог ядуучууд нь хэвээрээ, хот улс нь  дэлхийн хөгжлөөс хол хаягдсан чигээрээ одоотой золгосны учир тэгвэл юунд байгаа юм.  Ердөө л  тухайн үеийн дарга нар зөвхөн өөрсдөө өмчтэй  байсаар ирсэнд нууц нь оршиж байна.  Төр өмчтэй байна гэдэг нь дарга өмчтэй байхыг л хэлдэг ажээ. Тийм учраас бүх зүйл улсын мэдэлд байх тэр үед ард түмэнд өмч падлий байгаагүй. Харин дарга нар олны нүдэн дээр гарахаараа “Өмч бүхэн улсынх. Төр өмчтэй байна гэдэг бол түмэн олон өмчтэй байна гэсэн үг” хэмээн лоозондож итгүүлсээр иржээ.   Харамсалтай нь түүн шиг худлаа зүйл байгаагүй нь одоо  илчлэгдэж байна. Тэгвэл энэ үнэнийг өнөөдрийн дарга нар мэдэхгүй байгаа гэж үү. Бүгд  мэдэхийн дээдээр мэдэж, ойлгож байгаа.   Тэгсэн мөртөө яагаад нэмж долоон уурхайг стратегийн орд болгох гээд байна гэж үү.   Ердөө дахин хуваа­рилалт хийхээр улайрч байгаа юм.  Тэр нүцгэн үнэнийг нь Уул уурхайн ассоциацын ерөнхийлөгч Д.Дамба хэлчихсэн байна лээ. “Эрдэс баял­гийн хуваарилалтаас хоосон хо­цор­сон улстөрчид  төрийн нэрийг барьж, хувийн хэвшилд очсон ордуудыг салган авч дээрэмдэх оролдлого хийж байна.  Ордуудыг хурааж авсныхаа дараа  “Төрд очихоороо бурууддаг юм байна” гэж хэлээд буцаагаад хувьчилна. Тэр дундаас өөрсдөө хувь олж авна”  гэж ярьсан байна. 

Энэ үг үнэн. Улстөрчид өнгөр­сөн хугацаанд яаж улс төр хийвэл төрийн толгойд гараад ирэх бол. Яавал хүнд танигддаг болох уу хэмээн албан тушаал, авгай хүү­хэн, амбиц хөөцөлдөөд ухаангүй явж. Тэр  хойгуур нь овсгоотой хэд нь аль хэдийнэ алт эрдэнэсийн авдруудаа хуваагаад авчихсныг мэдэлгүй өнгөрсөн хэрэг. Ингэж хоосон үлдсэн хүмүүс одоо амсч чадаагүй бялуунаасаа хүртэж, хувиа авах гэж байна. Эх орон толгойлж яваагийн хэрэг юу билээ эрдэс баялгийн хишиг хүртэхийн тулд “шархаа” нөхөхөөр шаргуу  үзэж эхлэв бололтой. Стратегийн орд газрыг хурааж авах гээд бай­гаа­гийн жинхэнэ үнэн нь энэ юм.

 
Үнэн сэтгэлээсээ улсаа боддог байсан юм бол  тэд сая МИАТ-ийг  хувьчилчих байлаа. Гэвч тэгж чадаагүйг нь бодоход цаанаа далд санаатай нь илт байна.  Учир нь   МИАТ одоохондоо “туранхай” байгаа болохоор  хувааж идэхэд хүртээмжгүй санагдаж таараа. Тиймээс “Төрийн мэдэлд байсан нь дээр. Энэ бол ард түмний өмч” хэмээн уран үгээр уярааж байна. Ойрын хэдэн жилдээ  харзнаж, МИАТ-ийг  таргалуулныхаа дараа  хувьчилж, хувааж авах төлөвлөөг толгойдоо боловсруулчихсан суугаа нь ойлгомжтой.

Аливаа өмч төрд очиж байж ард түмнийх болдог гэсэн гоё нэрийн дор  өөрсдөө хувь авдаг улстөрч­дийн  увайгүй аргыг  ард түмэн одоо нэвт мэддэг болсон. Хамгийн сүүлд энэ аргаараа  Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд өөрч­лөлт оруулах нэрээр хэвлэлийн эрх чөлөөг боомилохыг завдсан.  Бус­дын хөлсөө урсган байж бүтээсэн  өмч дээр хэн дуртай нь тоглож байх үүдийг нээж өгөхийг оролдсон юм.  Ийм байдлаар тэд  хувийн өмчийг нийтийн өмч болгочихоод дараа нь өөрсдийн  болгох оролдлогыг төрийн бодлого байлгахаар тооцоолж байна.    

Тэднийг ингэж улайрч байх хооронд улсын эдийн засаг,  ард түмний амьдрал золиосонд нь  хохирохоос өөр хэн ч хожихгүй.  Нэгэнт ийм эмзэг үе ирчихсэн бол  хувийн өмчитнүүд  яах  ёстой юм бэ.  Эв нэгдэлтэй байж,  хаанаас хэзээ ямар эрсдэл ирэх гэж байгааг мэдэж,  сонор соргог болох хэрэгтэй байна.  Эрх чөлөө гэдэг бол өмчтэй байхыг хэлдэг учраас түүнийгээ  хамгаалахын тулд сэрэмжтэй байх нь юу юунаас чухал болжээ.   Өнөөдөр Монголын ДНБ-ий 80-аад хувийг хувийн хэвшлийн компаниуд бүрдүүлж байна. Эрсдэл бүхнийг үүрч,  хамаг хүч чадлаа дайчлан  хөл дээрээ боссон хувийн  хэвшлийнхэн том ажил нугалж өгдөг. Тэгвэл улс тэдний өгч байгаа үр шимийнх нь хариуг барих л ёстой. УИХ-ын гишүүдийн  80 хувь нь бизнесийн­хэн байвал гараас гарах ажлын үр дүн их байх нь мэдээж. Энэ тухай чөлөөт хэвлэлийнхэн  өдөр болгон сануулж, бичдэг. Яагаад гэвэл мөнгөтэй хүн улстөрч байхын давуу чанарууд олон учраас тэр.  

 Мөнгөтэй, өмчтэй байхын зах зухаас мэддэг хүн төрд байж гэмээ­нэ хувийн өмчитнүүдийн төлөө дуугарч чадна. Эмх замбараатай эрх чөлөө бий болгож байгаа нь энэ гээд ядуу өрхийн амьжиргаа залгуулж, хөл дүүжлэх ганц унааг нь  солгой рультэй гэдэг шалтгаа­наар хураагаад байхгүй л байх хувийн өмчийн үнэ цэнийг мэддэг түшээд УИХ-д олон байна.  Өмчтэй байхыгаа эрх чөлөө гэж ойлгож, мэдэрч чадсан хүн л  тэдний төлөө тэмцэж чадна. Өмчид их, багын ялгаа байхгүй. Стратегийн орд нэрээр хувийн өмчийг хурааж авах асуудал дээр ч өмчтэй улстөрчид л энэ буруу гэж хэлж чадна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ