Саяхан Монголын “Авар” гэдэг компани
Японд дуудлага худалдаанд оролцож, 50 сая ам.доллараар ямбий “амбаар” худалдаж авлаа. Япончууд эвэртэй
туулай үзсэн аятай нүд нь орой дээрээ гарч сүйд болж байна. Муу сайн монголчуудад ямар мөнгө байдаг юм.
Хулгайлсан мөнгөөрөө аваагүй юм бол өөр юугаараа худалдаа хийхэв. Эсвэл ард нь
хойд солонгосынхон нуугдаж байна уу гэх мэтээр элдвээр хардаж, бөөн юм болж байна.
Монголчууд л гэхээрээ гадныхны гар харсан яахаа барсан хүмүүс байдаг юм уу. “Авар” компани
үнэхээр Японд байшин худалдаад авах чадалтай юу гэдгийг шалгаж, нэвтрүүлэг
хийхээр төв телевизийнхэн нь Монголд ирсэн ч гэх шиг.
“Амбаар” авсныхаа төлөө үүх түүх,
хөрөнгө дансаа шалгуулаад байгаа компанийн эзэн нь УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын
хадам ах Ч.Эрдэнэбат юм билээ. Мэдээж хүргэнийх нь дүү сумогийн их аварга Д.Дагвадорж.
Хэдийгээр тэд цусан төрлийнх биш ч гэлээ ураг төрлийн хэлхээ холбоотой хүмүүс. Тэгвэл Д.Дагвадорж ахынхаа хадмын компаниар дамжуулан
байшин худалдаж авсан юм байна гээд л ойлгочих. Ээжийнхээ өврөөс ч гараагүй шахам байхдаа Наран
улсад очиж, хөлсөө дуслуулан байж сумогийн саятан болсон Д.Дагвадоржид 50 сая ам.доллараар
байшин худалдаад авчих дайны чадал чансаа байлгүй яахав. Сумогоос төрсөн саятан
Монголд байгааг япончууд мэдэж байх учиртай. Тиймээс гадныхантай холбож хардаж
байхаар ядаж ийм өнцгөөс нь харж л баймаар
юм.
Гэсэн ч “монголчууд яавч 50 сая ам.долларын
байшин худалдан авч чадахгүй дээ” гэдэг хардлага, сэрдлэг тэдэнд төрсөөр байгаа
гэнэ. Юун сүртэй юм. Д.Дагвадоржоор зогсохгүй Монголд бэл бэнчинтэй хүн олон болсон шүү дээ. Азийн 100 тэрбумтны
35 нь монгол хүн байгааг харахгүй байна уу. Байгалийн баялаг ихтэй манайх шиг улсад
банкны эзэн тэрбумтнууд ч бий. Тэд 50 сая доллар битгий хэл мөнгө хөрөнгөөр дэлхийн
хаана ч худалдаа хийчих чадалтай. Дээрээс нь муу ч сайн ч Монгол Улс банктай орон.
Хаа нэг газар обьект худалдан авч, бизнес хийх шаардлага хэн нэгэнд тулгарвал улсынхаа
банкнаас зээл авчихаж болдог. Захын банк 50 сая ам.долларын зээл гаргаад өгчих
байлгүй. Шинэ цагийн Монгол Улс ийм л болсон. Гэвч дэлхийн хүн ард мэдээгүй юм
шиг байна. Бүр монголчуудыг нохойноосоо дор үзэх болж.
Урд хөршийн дэлгүүрүүд үүдэндээ монгол хүн, нохой хоёр орохыг
хориглоно гэсэн бичиг хадсан байсныг манай консулынхан хөөцөлдөж байж авахуулсан.
Хятадууд “Монголчууд дэлгүүрт орж хулгай хийгээд байдаг юм даа. Танай хулгайч нар
манай дэлгүүрийг дампууруулж байна” гээд үүдэндээ хадсан бичгээ дурамжхан буулгаж
байна гэсэн. Энэ нь урд хөршийнхөн бидэнд яаж ханддаг болсны тод илрэл. Тэгвэл
хойд хөршийнхөн бас Монголыг тоохоо байсан.
Тусгаар улс ч гэж үзэхээ больсон нь олон зүйлээс харагддаг. Хоёр хөрш маань дэлхийн
улс орнуудын цаг агаарын мэдээ явуулахдаа Монголынхыг л орхино. Зочид буудалд нь
буугаад олон улс хоорондын яриа хийе гэхээр зөвхөн Монголынх байдаггүй. Тэд бидэнд
ингэж л ханддаг болжээ. Найрсаг дотно харилцаатай гэж саймширдаг хоёр хөрш маань
ингэж байхад бусад нь тоохгүй байх нь тодорхой.
Ази дотроо Япон, Солонгос л Монголд
элэгтэй гэгддэг. Хамгийн гайгүй нь гээд байгаа Япон улс биднийг яаж басамжилж байгааг
“Авар” компанийн жишээнээс харж байна уу. Солонгос ч ялгаагүй. Онгоцны буудал
дээрээ зөвхөн монголчуудад зориулж нэг сэгсгэр
нохой зогсоодог болсон байна лээ. Монгол хүний цүнхийг нохой шалгана, бусдынх нь
цүнхийг солонгос хүн “нэгжинэ” гэдэг дүрэм үйлчилдэг бололтой юм. Нөгөө сэгсгэр нь
монгол хүний барьж яваа ачаа тээшийг үнэрлэж, ааруул, цагаан идээ илрүүлэх
үүрэгтэй. Хэрэв хэн нэгний халаас, үүргэвчнээс ааруул, цагаан идээ гараад ирвэл
солонгосчууд ууртай гэгч нь хогийн сав руу шидэлнэ. Энэ бол солонгосчууд биднийг нохойноос дор үздэг
болсны тод баталгаа. Азидаа ийм байгаа юм
чинь Европ, Америкт бүр өнгөрсөн асуудал биз.
Энэ бүхэн юунаас болов. Монгол иргэд
хилийн дээс алхав уу, үгүй юу хулгай хийх гэж улайрдаг болсон учраас гадныхныг
ингэтэл нь хашраажээ. Хариуд нь тэд биднийг
дорд үзэн доромжилж байна. Үүнд бид өөрсдийгөө
буруутгах хангалттай жишээ бий.
Эхнэр, нөхөр хоёр Солонгос улсад
жуулчлахаар очихдоо л онгоцны буудлаас нь зүгээр гарч чадахгүй хувцас хулгайлаад баригдаж шившгээ дэлгэсэн л
гэнэ. Хулгайлсан хувцсаа тугалган цаастай
цүнхэнд хийгээд гарч явсныг орой нь телевизийн бүх сувгаар цацаж, Монголын нэр
хүндийг шороотой хутгаж. Мөн гурван монгол
залуу Солонгост хөл хөдөлгөөн ихтэй гудамжаар сэлгүүцэж, хүмүүсийн халааснаас утас
суйлдаг байсан нь илэрсэн дуулдана лээ. Өөр бас аль хотод билээ, нэг залуу зам дээр
зогссон машинд түлхүүр тааруулж онгойлгоод дотроос нь мөнгө авч. Гар утасны хулгайч
ээж, охин хоёр ч Солонгост баригдсан гэх юм. Сингапурт хэсэг монгол залуус зээлийн
карт ашиглаж их хэмжээний мөнгө залилсан тухай нэг хэсэг шуугиж байлаа. Таван монгол эмэгтэй Хонконгт болсон үнэт эрдэнэсийн
үзэсгэлэн яармагаас алт, мөнгөн эдлэл, эрдэнийн чулуун зүүлт, дэлхийд ховор алмаз
эрдэнэ хулгайлж байгаад баригдсан тухай мэдээлэл ч хуучраагүй байна. Энэ мэтчилэн
Монголын хулгайч авгай нарын сүрэг бөөн бөөнөөрөө гадаадад явдаг болсон байна. Тэдний
бүлэг, эдний хүмүүс гэх мэтээр ярилцаж, мафи болцгоосон байдаг гэнэ.
Монголчуудын хулгай зөвхөн Азийг
нөмрөөгүй. Өндөр өртөгтэй Европын орнуудад хулгайгаар амьдралаа залгуулдаг бүлэг
байдаг тухай хүмүүсийн амнаас бишгүй сонсдог. Унгар бол Европын өндөр өртөгтэй
орнуудын нэг. Тэнд ажил хийлээ гэхэд авсан цалин нь өдөр тутмынхаа хэрэглээ, орон
байрны хөлсөнд таардаг гэж байгаа. Тиймээс хулгай хийсэн монголчуудын тухай мэдээ Монголын Элчин сайдын яамныхны чихийг
халууцуулах нь олонтаа. Унгарын дэлгүүрүүд аргаа барахдаа “монгол хүнд үйлчлэхгүй”
гэдэг бичиг хааяа хадах тохиолдол ч байдаг юм билээ. Хулгайч монголчууд Турк улсыг
ч хашраачихсан. Дэлгүүрт нь орж ирсэн хүнийг Монгол гэж мэдмэгцээ худалдагч нь
ум хумгүй бараагаа хумьдаг зуршилтай болгосон гэнэ лээ. Франц зэргийн хэрэглээ өндөртэй орнуудад ч монголчууд
хулгайгаар амьдрах нь бий. Овор хэмжээ ихтэй
цахилгаан барааг хүртэл худалдагчийг нь сэнхрүүлж байгаад аваад гарах нь
энүүхэнд.
Энэ нь Монголоос гарсан хүн бүхэн
шахуу хулгайч болдог гэдгийг дэлхий нийтэд харуулаад байна. Үр дүнд нь монгол гэж
сонссон гадныхны чихэнд хулгайч гэдэг үг шууд буудаг болчихлоо. Монгол гэдэг улс
муу муухайдаа, ядуу буурайдаа бус нэрийг нь сэвтүүлж байгаа хулгайчдаас болж доромжлуулж
байна. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд гадаад улсад суугаа манай консулынхан хулгай
хийсэн монголчуудаа “хариулж”, өмнөөс нь уучлал гуйж, нүүрээ улалзуулж суудаг л
ажилтай болчихсон гэхэд хилсдэхгүй. Хулгайн
бараагаар баяжсан нөхдүүд ч өнөөдөр Монголд тансаг сайхан амьдарч яваа гэх юм билээ.
Тэр нь ч үнэний ортой байж магадгүй. Нэг
бараа нэг ширхэг гэдэг нь үнэндээ хулгайн бараа байдгийг илтгэдэг гэсэн цуу яриа
ч олны дунд бий. Үнэн эсэхийг нь мэдэхгүй юм, ямартай ч гадаад улс орноос хулгай
хийж, эх орныхоо нэрийг баасдаж яваа хүмүүст үйлчилдэг хууль хэрэгтэй болжээ.
Хүссэн бүхэн нь гадагшаа явдаг эрх чөлөө ирсэн сайн хэрэг. Гэвч хулгай хийж, нутгийнхаа нэрийг шороотой хутгадаг
болсон нь ардчиллын сүүдэртэй тал юм уу даа. Тиймээс үүнийг засч залруулж, гадаад
дахь монголчуудын хулгайг зогсоодог хуультай болъё. Гадаад яваад хулгай хийсэн нэрийг нэг л удаа зүүсэн бол дахиж
хилийн дээс алхах эрхийг нь хасдаг байя. Ингэж л улсынхаа нэрийг өөд нь татъя. Тэрнээс
наана монголчуудыг дэлхийн хүн ард нохойноос дор үздэг байдал арилахгүй ээ.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ