Categories
редакцийн-нийтлэл

С.Энхбаяр: Улсын хэмжээнд 392 эвлэрүүлэн зуучлагч эрхээ авч ажилдаа орлоо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн
зохион байгуулалтын хэлтсийн дарга С.Энхбаяртай Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн
талаар ярилцлаа.

 -Эвлэрүүлэн зуучлалын ту­хай хууль
хэрэгжээд эхэл­чих­жээ. Хуулийнхаа талаар эхлээд тайлбарлах уу?

-УИХ-аас баталсан Шүүхийн тухай багц
хуулийн нэг болох Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг баталсан. Иргэний эрх зүйн
маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд
эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээг эвлэрүүлэн зуучлагч үзүүлнэ.

-Тэгэхээр шүүхийн ачаалал багасах
нь ээ?

-Өмнө гэр бүлийн, их бага хэмжээтэй
мөнгөний зээлийн зэрэг бүхий л маргаануудыг заавал шүү­хээр шийдвэрлүүлэх ёстой
гэсэн ойлголттой байсан. Одоо хууль хэрэгжиж эхэлснээр иргэний эрх маргааныг шүүхийн
бус аргаар эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэг­тэйгээр заавал шүүх дээр очил­гүйгээр
шийдвэрлэх боломжтой болсон. Иргэд шүүхэд хандахдаа олон нотлох баримт бичиг бүр­дүүлж,
нотариатаар батлуулах, тэмдэгтийн хураамж төлөх, шүүхэд олон удаа дуудагдах, за
тэгээд шүүх хуульд баригдаад аль нэг талд ашигтайгаар шийдвэрлэгдэх зэрэг иргэдэд
хохиролтой тал ихтэй байсан бол энэ эвлэрүүлэн зууч­лалын үйлчилгээ нэвтэрснээр
мар­галдагч талууд өөрийн хүсэл зори­гийг аливаа дарамт шахалтгүйгээр чөлөөтэй илэрхийлэх,
талууд мар­гаанаа шийдвэрлүүлэхийг зөв­шөөрөх, татгалзах,тохиролцох асуудлаа заавал
хуульд бариг­далгүй чөлөөтэй сонгох, эвлэрэх зэрэг давуу талууд ихтэй. Өөрөөр хэлбэл
маргалдагч талууд хэрхэн тохиролцохоо өөрсдөө сонгоно. Таалагдахгүй бол хэдийд ч
татгал­заж болно. Эцсийн дүнд аль аль талын хүсэл сонирхолд нийцсэн тохиолдолд талууд
эвлэрч гэрээнд гарын үсэг зурах эрхтэй. Энэ нь иргэдэд ашигтай бас шүүхийн ачаалал
багагүй хувиар буурах давуу талуудтай юм. Тухайлбал, 2011 онд нийт гуч орчим мянган
иргэний хэрэг шийдвэрлэснээс 36 хувийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн дүнтэй
байдаг. Тэгэ­хээр маш өндөр үзүүлэлт байгаа биз.

-Эвлэрүүлэн зуучлагчийн талаар?

-Хуулиар анхан шатны шүүх дээр орон
тооны болон орон тоо­ны бус эвлэрүүлэн зуучлагч ажил­лана. Орон тооны эвлэрүүлэн
зуучлагч шүүхийн ажилтан байна. Өнгөрсөн Шүүхийн ерөнхий зөв­лөл шүүхэд ажиллах
42 орон тооны эвлэрүүлэн зуучлагчийг сонгосон. Японы олон улсын Жай­ка байгууллагын
төслийн багтай хамтран Улаанбаатар хотод нийт долоон удаа зохион байгуулсан сургал­тад
хамрагдаж, эрхийн гэрчилгээ авсан 392 эвлэрүүлэн зуучлагчаас орон тооны эвлэрүүлэн
зуучлаг­чийг сонгосон. Сонгохдоо хуулиар тавигдсан шаардлага, мөн ажил, амьдралын
туршлагыг харгалзсан. Орон нутгийн шүүхүүдэд тус бүр нэг, харин хүн ам, шүүхийн
ачаалал ихтэй нийслэлийн дүүргийн ир­гэний хэргийн хоёр шүүхэд тус бүр таван хүнийг
сонгосон. Гэхдээ хан­галттай тоо биш. Тодорхой хуга­цааны талаар хуулийн ач холбогд­лыг
иргэд ойлгоод ирэхээр эв­лэрүүлэн зуучлалын үйлчилгээг олноор авах нь ойлгомжтой.

-Төрийн болон төрийн бус байгууллагын
эвлэрүүлэн зууч­лагч гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Төрийн болон төрийн бус бай­гууллага,
мэргэжлийн холбоод үйл ажиллагааныхаа чиглэл, тухайн салбарын хүрээнд үүсэн мар­гааныг
шийдвэрлэх эвлэрүүлэн зуучлагч нартай байж болохоор хууль­чилсан. Тухайлбал удахгүй
Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим­тай хамтран Лондонгийн эв­лэрүүлэн зуучлалын
чиглэлээр мэргэшсэн хүмүүсийг урьж тус танхимын гишүүн компаниудын хооронд үүссэн
эрх зүйн мар­гааныг эвлэрүүлэх эвлэрүүлэн зуучлагч нарыг бэлтгэх, эрхийн гэрчилгээ
олгохоор төлөвлөн ажил­лаж байна. Ингэснээр тухайн төрийн бус байгууллагын гишүүн
компанийн маргааныг заавал шүү­хэд хандалгүйгээр тэндээ тохи­ролцох боломжийг бүрдүүлэх
юм. Бас нэг зүйлийг хэлэхэд шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлаг­чаас бусад эвлэрүүлэн
зуучлагчийн ажлын хөлсийг талууд өөрсдөө тохиролцож өгнө. Харин шүүх дэх эвлэрүүлэн
зуучлалын үйлчилгээ авсан тохиолдолд зөвхөн улсын тэмдэгтийн хураамж төлнө. Тохи­ролцсон
бол тэмдэгтийн ху­раамжийн 50 хувийг буцаан авна.

-Тэгэхээр төрийн бус бай­гууллагууд
дэргэдээ эв­лэрүү­лэн зуучлагч бэлтгэх эрхтэй юм уу?

-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс байгуулагдсан
эвлэрүүлэн зууч­лагчийг сонгон шалгаруулах, гэр­чилгээ олгох, бэлтгэх чиг үүрэгтэй
таван орон тооны бус гишүүнтэй Эв­лэрүүлэн зуучлагчдын зөв­лөлөөс журмын дагуу зарласан
бэлтгэх сургалтад хамрагдаж эрхийн гэ­рчилгээ авсан хүмүүсийг төрийн бус байгууллага
дэргэдээ ажил­луулж болно. Мэдээж их хариуц­лага­тай ажил учир шалгуур өндөртэй.

-Өөрөөр хэлбэл тухайн хүн мэддэг
салбартаа эвлэрүүлэн зуучлагч хийж болно гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Зуучлагч дээд
боловсролтой байна. Гэхдээ заавал тийм мэргэжилтэй байна гэсэн шаардлага тавигдахгүй,
ямар ч мэргэжлийн хүн байж болно. Барилгын инженер зуучлагч ба­рил­гын салбарын
маргаан дээр эвлэрүүлэн зуучлагч хийх жи­шээтэй.

-Эвлэрүүлэн зуучлагч нарт тавьж
байгаа гол шалгуур нь юу юм бэ?

-Эрх зүйн бүрэн чадамжтай, дээд боловсролтой,
эвлэрүүлэн зуучлагчийн сургалтад хамрагд­сан, Эвлэрүүлэн зуучлагчдын зөв­лөлийн
бүртгэсэн нэрсийн жаг­саалтад багтсан, ял шийтгэлгүй хүн эвлэрүүлэн зуучлагч байх
эрхтэй. Ер нь бол ажил амьдралын турш­лагатай, тухайн орон нутагтаа хүлээн зөвшөөрөгдчихсөн,
харил­цааны соёлтой хүн байх ёстой л доо. Мэдээж  цаашдаа эвлэрүүлэн зуучлалын ач холбогдлыг иргэд
ойлгоод ирэхээр эвлэрүүлэн зууч­лагчаар ажиллах сонирхолтой хүмүүс нэмэгдэх байх.

-Насны хязгаар заагаагүй юм уу?

-Заагаагүй.  Хуулиар бол дээд боловсролтой бол насны хязгаар
тавиагүй. Гол нь шалгалтаа өгөөд тэнцэх нь чухал. Эвлэрүүлэн зууч­лагчдыг бэлтгэх
ажлыг амжилттай зохион байгуулж байна. Эв­лэрүүлэн зуучлалын хуулийн хэрэгжилтийн
бэлтгэлийг хангах ажлын хүрээнд бид маш олон ажлуудыг хийж бэлтгэлийг хангаад байна.
Хуулиар батлах ёстой 11 дүрэм, журам, загваруудыг боловс­руулж баталсан. Мөн Улаанбаатар
хотод долоон удаа, бүх аймагт шүүгч, ажилтан, иргэдэд хуулийн ач хол­богдлыг сурталчилж,
сургах ажлыг зохион явуулж 392 хүнд эрхийн гэрчилгээ олгож, нэгдсэн бүртгэлийн сантай
болсон. Улаан­баатарын сургалтыг Япон улсын сургагч багш нарыг урьж сургалтыг явуулж
байна. Иргэний хэргийн анхан шатны бүх шүүхэд орон тооны эвлэрүүлэн зуучлагч нарыг
сонгож томилж, өрөөг Жайка төс­лийн хүрээнд тохижуулсан, эв­лэрүүлэн зуучлалын талаар
танил­цуулга, гарын авлагыг бэлтгэсэн зэрэг олон ажлуудыг гүйцэтгэлээ. Мөн эвлэрүүлэн
зуучлалын бүрт­гэлийг цахим болгохоор ажиллаж байна.

-Эвлэрүүлэн зуучлагчийг ир­гэд
яаж сонгох юм бэ?

-Аливаа иргэний эрх зүйн мар­гаан
гарлаа гэхэд иргэд шууд шүүхэд ханддаг шүү дээ. Тэр тохиолдолд шүүхээс маргааны
эвлэрүүлэн зуучлалын аргаар шийдэж болно гэдгийг санал бол­гох юм. Хэрэв тухайн
шүүхийн орон тооны эвлэрүүлэн зуучлагчийн ажлын ачаалал ихтэй, эсхүл өөр зуучлагч
авахыг хүсвэл орон тооны бус зуучлагчдаас сонгох боломж­той. Зуучлагч нарын дэлгэрэнгүй
мэдээллийг шүүхийн ерөнхий зөвлөлийн вэб сайтад оруулсан байгаа. Тэндээс сонгоно.  Ингээд эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээ аваад эвлэрсэн
тохиолдолд шүү­хээр түүнийгээ баталгаажуулах процесс явах юм.

-Тэд хоногийн дотор эвлэрэх ёстой
гэсэн хугацаа заасан зүйл байгаа юу?

-Эвлэрүүлэн зуучлалыг 30 хо­но­гийн
дотор хийх ёстой. Тэр хооронд талууд зөвшилцөхгүй бол дахиад 30 хоног сунгана.

-Эвлэрүүлэн зуучлалын үйл­чил­гээ
дэлхийн улс орнуудад хэрэгжээд ирсэн туршлагатай. Тэгэхээр манайд хэрэгжихэд хэр
дөхөм бол. Туршилт су­далгаа явуулсан зүйлүүд бий байх. Энэ талаар яривал?

-Эвлэрүүлэн зуучлалын үйл­чил­гээ
өндөр хөгжилтэй орнуудад нэлээд эрт үүссэн. Японы турш­лагыг бид нэлээн судалсан.
Ямар­тай ч эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээ нэвтэрснээр иргэний хэргийн шүүхийн ачаалал
эрс буурсан байдаг. Гадаадын зарим улсын шүүхэд ирж байгаа иргэний эрх зүйн маргааны
30, 40 хувь нь эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээ авдаг юм билээ. Бид энэ хууль гарахтай
холбог­дуулан 2012 оноос Баянзүрх дүү­рэг, Дархан-Уул аймгийн шүүхийн түшиц шүүхээр
сонгож туршиж үзсэн. Ингэхэд Дархан-Уул айм­гийн шүүхэд ирсэн иргэний мар­гааны
15-20 орчим хувьд эв­лэрүүлэн зуучлалын үйлчилгээг авсан дүн гарсан. Эхний ээлжинд
их сайн үзүүлэлт шүү. Ингээд үзэхээр эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээг авах хандлага
манайд өндөр байгаа. Мөн бид өнгөрсөн хугацаанд олон нийтэд хуулиа сурталчлах чиглэлээр
олон ажил хийлээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

“Болор цом” биш болир цом болжээ

“Болор цом” яруу найр­гийн наадам
өнөө жил Өвөр­хангай аймгийн Арвайхээр хотод зохиогдлоо. 31 дэх удаагийн энэхүү
наадмын түрүүг залуу яруу найрагч Л.Моломжамц авсан билээ. Болор цом бол Монголын
утга зохиолын хүрээнийхний эрхэмлэдэг хамгийн том урал­даан гэж яригддаг. Монголын
шүлэгч ард түмний хувьд ч нэр хүнд­тэй наадам юм. Гэвч сүүлийн жилүүдэд энэ наа­дамд
хууч­ны алдар цуутай яруу най­рагчид оролцохоо байжээ. Утга зохиолын лууга­рууд
хааяа нэг мялаалгын шүлэг хэлэхээс өөр оролцоо­гүй болсон  харагдана.

Гэтэл хүүхэд байхад “Болор цом” гэхээр
юу болдог байлаа. Жил жилийн Цагаан сарын баяраар  цэнхэр дэлгэ­цийн өмнөөс салгадаггүй, гэр бүлээрээ
үзэж шагширдаг  ганц зүйл нь “Болор цом” л
байлаа.  Наадмын түрүү най­рагчийг айл хотол,
анд нөх­дөөрөө урьдаас тааварлан  ярьж, мэтгэнэ.
Бөхөө таньдаг шигээ найрагчдаа анддаггүй ард түмэнд “Болор цом” наа­дам ер бусын
сайхан баяр байжээ. Зурагтаар “Болор цом” гарах сургаар гадаа үзэгдэх хүнгүй. Гэрт
шуугих шуугиан­гүй тийм л нам гүмд их най­рагчдын утга уянгат бас хурц тансаг шүлгийн
мөрүү­дийг шимтэн сонсдог байсан. Болор цомыг зохиож байгаа танхимд алга ташилт
нүргэ­лэх нь зүрх огшоом. Ядаж л үзэж суугаа зрителд нь Ерөн­хийлөгчөөсөө эхлээд
Мон­голын алдар нэртэй болгон  харагддагсан.
Энэ бүхэн нь “Болор цом” наадмын үнэ хүндийг улам өргөж, бишрэн шагшихаас аргагүйд
хүргэдэг байсан биз.

Тэр жилүүдийн наадамд тэгвэл хэн хэн
оролцдог байв. Аугаа яруу найрагч Дэн­дэвийн Пүрэвдорж, Бавуу­гийн Лхагвасүрэн,
Дөнгөтийн Цоодол, Пунцагийн Бадарч, Цэндийн Чимэддорж, Дам­динсүрэнгийн Урианхай,
Цог­доржийн Бавуудорж, Арлаа­ны Эрдэнэ-Очир, Шагдар­сүрэнгийн Гүрбазар, Мөнхөө­гийн
Билигсайхан, Цоодолын Хулан, Баярхүүгийн Ичин­хорлоо нарын гал цогтой, утга уянгалаг
найрагчид шүлгээ уншдаг байлаа. Утга зохио­лын ийм дархан аваргууд баруун, зүүний
манлайд зог­соод шүлгээ уншихад хамрын самсай шархирах шиг нуруу­ны шар үс босох
шиг тийм мэдрэмж төрдөг сөн.  П.Бадарчийн
“Тэмээ”, “Адуу”, Ц.Чимэддоржийн “Малчин”, “Цагаан зээр”, Б.Лхагвасүрэн­гийн “Ижийтэйгээ
байхад”, Д.Цоо­долын “Нэр нь тод­роо­гүй баатрууд” зэрэг тансаг шүлгүүдийн мөр бүхэн
нь сэтгэл хөдөлгөм сайхан. 

Ард түмний сэтгэлд бууж, цээжинд хадагдсан
энэ л  шүлгүүдээрээ тэд Болор цомын эзэн гэх
алдрыг зүүдэг байсан нь одоо бодоход наадам чанартай байсныг  санагдуулдаг. Үнэхээр ч “Болор цом”-ын эзэн яруу
най­рагчийн шүлгийн мөрүүд ту­хайн  жилээ
шуугиан шаа­гиан болж, бүтэн жил уншигд­даг байлаа. Түрүү жилийн наад­мын сонин
хачин ч дараа­гийн уралдаан хүртэл ам дамжин яригдаж шагшигд­даг байжээ. Яруу найргийн
наадамд зориу­лагдаа юу гэл­тэй уран хөтлөгчдийн тухай, хэв дон­жийг нь тааруулан
егөөдөх элэг хөшөөм элэглэ­лүүдийн талаар ярих юм дуус­даггүй, яруу сайхан наа­дам
нь “Болор цом” л байлаа.  Тоомойн Очир­хүүгийн
томоо­гүй элэг­лэл, Тангадын Гал­сан­гийн “тэрслүү” шүлгийг  сонсох гэж монголчууд тэсэн ядан хүлээх тэмүүлэлтэй
тийм л наадам байсан.

Тэгвэл одоо цагийн “Болор цом” ямар
болж байна. Яруу найргийн дархан аваргууд нь үзэгдэхгүй, шүлэг уншихгүй болохоор
нэг л  амтгүй наа­дам болдог бол­жээ. Утга
зохиолынхны өөрс­дийнх нь нэрлэснээр наадам болсон энэхүү уралдааныг бөхөөр жишээд
төсөөлбөл өнөөд­рийн “Болор цом” залуу­чуудын улсын аварга шалгаруулах тэмцээнтэй
дүй­цэхүйц бол­чихож. Яг л аймаг, цэргийн цолтой бөхчүүд зодоглож байна уу гэлтэй
жул санагдах болсон байна. За­луу бөхчүүд наадамд зодог­лох нь сайхан л даа. Эрч
хүч амтагдсан залуу бөхчүүд уран мэхийг уралдуулж, яралз­тал барил­даж, давж хаялцах
нь хурдан гэгч нь урамтай. Гэсэн хэдий ч авар­гагүй наадам амтгүй санагдах нь урамгүй.
Үүнтэй л адил юм.

Дээрээс нь “Болор цом” наадмыг хөдөө
орон нутагт зохион байгуулдаг  нь уйтгар­тай
болж байна. Үзэж суугаа зрительд нь тэр байна, өө энэ сууж байна  гээд нэрлэчих хэн ч байхгүй болохоор тиймхэн байх
шиг. Яагаад гэвэл улсын чанартай тэмцээний үзэгчид нь орон нутгийнхан болчи­хоор
хүмүүс яаж ч таних би­лээ. Харин тэнд олзуур­хууш­тай нэг зүйл байсныг хэлэхгүй
өнгөрч болохгүй. Хэдийгээр аварга үзэгддэггүй наадам ч гэлээ “Болор цом”-д оролцож
байгаа хүүхдүүд нь өөр болсон юм шиг санагдлаа. Учир нь “Болор цом” уралдаан  улс төрийн индэр байхаа больсон  байна. Тэнд ун­шигд­сан шүлгүүд ийн бодо­ход хүргэв.
Угаасаа ч яруу найр­гийг үзэл сурталтай холбо­хоос татгалзах  үзэгдэл орчин үед  хүчтэй мэдрэгдэж байгаа. Залуу яруу найрагч­дын
шүл­гүүд коммунизмыг магтан дуулсангүй, хуучин “сайхан” цагаа санагалзсан­гүй. Фашист
уриалга сонсог­дож, хэн нэг­нийг алж хяда­хаар занал­хийлж хөлөө дэв­сэлсэнгүй.  Гуниггүй ядуусыг магтан дуулж, бүгдээрээ тэр хүмүүсийг
ядуурцгаая гэх нь халаг  ядмагхан мөрүүд бай­сан­гүй.
Яруу найраг яруу найргаараа л уншигдаж бай­лаа. Хэдий тийм ч цолонд хүрээгүй, залуу
бөхчүүд зодог­лож байгаа мэт олонд танигдаагүй яруу найрагч­даар дүүрсэн “Болор
цом” чамлалтай санагдаад байна.

Шүүгч нар нь ч шүүгч биш болчихсон
цаг ирж. Тэд хэний шүлэг чансаатайг шүүж тун­гаахаасаа урьтаж  хэн түрүү­лэхийг нь бодож суух “бод­логын шүүгч”  шиг харагдлаа. Сүүлийн жилүүдэд Болор цомыг аль
нутагт зохионо тэр нутгийн хүү түрүүлдэг зан­шилтай болчихсон гэж хар­дагдахаар
байна. Нутгийн тайзан дээр түрүү авсан явдал нэг удаа болсон бол тохиолдлынх нь
гэж бодох­сон. Гэвч сүүлийн гурав, дөр­вөн жил энэ үйлдэл давтаг­даад байгааг харвал
то­хиолдол гэж хэлэхийн аргагүй болчихсон мэт санагдана.   Ингэж хэлснээрээ өнөө жилийн “Болор цом”-ын эзэн
Л.Моломжамцыг муу шүлэгч гэж муучилж байгаа юм биш.

Гол нь хөдөө орон нутагт болоход тухайн
ус нутгийн гаралтай хүмүүс түрүүлээд байдаг жишиг тогтчи­хоод байгаа нь зөөлөн хэлэ­хэд
эвгүй юм. Тийм биш байлаа гэхэд тийм юм шиг харагдаад байна.

Америкчууд Оскарын шаг­налаа дэлхий
нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн урлаг соёлын том шоу болгож чадсан шиг монголчууд уран
үгсээр уралд­даг яруу найрагч­дын­хаа ганц том наадмыг тэр хэмжээнд  аваачих цаг болжээ. Улаанбаатар хотдоо ач холбогдол
өндөртэйгээр зохион байгуулж, тусгай том зааланд сүртэй тэмдэглэдэг болмоор байна.

Тасалбар нь олддоггүй булаацалддаг  тийм их ашиг­тай, шуугиантай, түүнийг шууд дамжуулах
гэж телеви­зүүд өрсөлддөг. Шоун дун­дуур явсан реклам зар сур­талчилгаа машид өндөр
үнэ хүрдэг. Зохиолчдын хороо өөрсдөө явуулах гэж үйлээ үзэж, үгээ хэлдэггүй. Тусгай
шоу цэнгээний том компа­ниар хийлгэдэг, олсон ашгаас нь хувь хүртээд л сууж байвал
болох.  Яагаад  гэвэл үзэгчид тоглогчид нь бүгд бэлэн байдаг шоу
байхгүй юу энэ “Болор цом”-ын яруу найргийн наадам. 

Үгүй бол энэ сайхан наадам маань жилээс
жилд давжаарч, Болор цом болир цом болж бүүр цаашилбал болих цом болж мэдэхээр байна.
Шүүгч,  яруу найрагчид нь хэвээрээ, хөдөөд
очиж зохиогддог байдал  үргэлжил­сээр байвал
“Болор цом” наадам алсдаа замхран алга болж, хэн ч тоохгүй алиа марзан юм болж магадгүй
болжээ. Шүлэг сонирхогчид нь байна, шүлэг бичээчид нь байна. Ийм байхад уг нь Болор
цомыг шуугиултал зо­хион байгуулж болохсон доо.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Ш.Сайхансамбуу: Миний Цагаан сар бурхан тахилдаа цайгаа өргөөд л болчихсон

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуутай ярилцлаа.

 
-Та сайхан шинэлэв үү?

-Сайхан шинэллээ.

-Сар шинийн баярыг хэр өргөн тэмдэглэдэг вэ?

-Бууз, тавгийн идээ засч тэмдэг­лээд байдаг­гүй. Үндэс­нийхээ
бая­рыг тэмдэглэлгүй л яахав. Гэхдээ ийм асар их хэм­жээний хөрөнгө зарж хэ­рэггүй
гэж боддог. Харин бидний өдөр тутмын амьд­рал маань цагаан сар шиг элбэг дэлбэг
бай­гаасай гэж хүсдэг. Жи­лийн хоёр, гуравхан өдөр хамаг мөнгө төг­рөгөө барах
нь дэмий.

-Та идээ будаа зас­даг­гүй гэж үү?

-Үгүй ээ.

-Золголт хийдэг биз дээ?

-Заавал шинийн нэг­ний өглөө золгоно гээд байдаггүй. Бурхан
тахил­даа цай сүү­нийхээ дээ­жийг өргөдгөөрөө өр­гөөд л болсон шүү дээ.  Ер нь баяр цэнгэлд дурлаад байдаггүй. Нийт
монгол­чуудын маань амьдрал жигд, өдөр бүхэн цагаан сар шиг сайхан бай­гаасай л
гэж боддог хүн. Айл болгон ууц тавих гээд л өр тавьдаг. Ингэж бэлт­гэсэн их
хоолоо  цагаан сарын дараа муудахаас нь
өмнө идэж дуусгана гэж бөөн ажил. Ийм чирэг­дэлтэй баяр монгол­чуудад хэ­рэггүй.

-Монгол ёс заншил гэж байна шүү дээ?

-Алийн болгон ёс зан­шил, ерөөл магтаалаар амьдрах юм бэ.
Бодит амьдрал л чухал шүү дээ. Тэглээ гээд хүмүүс намайг муу хэлэх л байх.
Нарийн, харамчдаа ингээд бай­гаа юм биш. Тэртэй тэргүй би зөндөө ажил хийж,
олон хүнд буян болоод явж байгаа.

-Тэгэхээр “Наран­туул” захад гарсан га­лын дүгнэлт нэгэнт
тодор­хой болчихсон. Одоо асуудал юу бол­сон билээ?

-Дүгнэлт гарчихсан. Гэхдээ манай компанийн­хан хүлээж авах­гүй.
Кабелиас үүдэлтэй гал богино хугацаанд тэр том байшинг шатаа­чихсан гэдэгт
итгэхгүй байна. Галын асуудал одоо прокурорт шилжчихсэн байгаа. Манайхны гар­гасан
тодорхойлолт бо­лон албаныхны дүгнэлт хоёрыг харь­цуулж бай­гаад үнэн зөв
шийдвэрт хүрэх байлгүй гэж хүлээж сууна. 

-Танайхан хэн нэгэн санаатай гал гаргасан гэж үзээд байгаа
бил үү?

-Мэдээж гаднаас гал тавьсан.

-Тийм хүн гал тавь­сан гэх баталгаа байгаа юм уу?

-Тийм том байшинг хэдхэн минутын дотор шатаана гэдэг бол мэр­гэжлийн
хүмүүс гал тавьс­­ныг батлаад байгаа юм. Олон гэрч байна. Үүнийг цагдаагийнхан
шалгана биз. Ямар ч байсан гал гарахад байсан хүмүүс бий шүү дээ. Тэднээс бай­цаалт
аваагүй. Гал гардаг шөнө хоносон наймаач­дын хэргийг хэрэгсэхгүй болгочихсон
байна. Ха­рин манай хөдөлмөр хам­гааллын байцаагч, цахилгааны инженерт эрүү
үүсгэчихсэн явж байх жишээтэй.

Та хоёр манаачийг ажлаас нь халчихсан юм уу?

-Үгүй л дээ. Ажлаа хийж байгаа. Гэхдээ элдэв асуудал
гаргуулахгүй л гэж тэр хоёр хүнд цалин өгч захаа мануулж бай­сан учраас
хариуцлага хүлээхгүй байна гэж юу байхав.  

-Шинэ хүнсний зах барих ажлын явц ямар байна вэ?

-Шатсан байшингаа цэвэр­лэчих­сэн. Шинэ бай­шин барих гээд
зураг төслөө бэлэн болгоод нийс­лэлийн архитек­турын газарт та­нил­цуул­чихаад
явж байна. Орчин үеийн шаардлага хан­гасан хүнс­ний зах барих нь тодорхой. Тэнд
байсан худалдаачдыг эргээд аж­лын байраар хангах зорилготой явж байна.
Дөрөвдүгээр сард цут­галтын ажил эхлээд энэ ондоо амжуулна даа.

Шинэ зах барихаар “Наран­туул”-аа хаах  уу?

-Хаахгүй ээ. Тэрүү­хэнд нь ха­шаа барьж тус­гаарлаад барил­гын  аж­лаа явуулчихна.

-Захаа битүүлэх үү?

-Битүүлнэ. Зураг төс­лөө бэлт­гэчихсэн байгаа.

-Хохирсон най­маачдын асууд­лыг яаж байгаа билээ?

-Шүүхээр эцсийн дүн гарсны дараа асуудал шийдэгдэнэ шүү дээ.
Би өөрөө ч хохирсон хүн. Тиймээс санаатай гал тавьсан хүмүүсийг олох хэрэгтэй
байна.

-“Нарантуул”-ын най­маач­дын дийлэнх нь “Дүнжингарав” руу
орчихоод эзгүйрчихсэн байна гэдэг зүйл яриг­даад байна лээ?

-Мэдэхгүй. Явах нэг нь явна л биз. Та нар болиоч гэж гуйгаад
байх юм алга. Худалдаа эрхэлж байгаа хүмүүс аль газар нь ашиг­тай байна тийшээ
л явах байлгүй.

Та улс төрд хэр ойр байна. Намынхаа ажилд оролцож байна
уу?

-Намын байраар эр­гэл­дээд гүйгээд байгаа юм алга. Намын төв
аппаратад сонгуульт ажил­тай хүн биш. Намын гишүүн хэвээрээ л байна. 

-Та нийслэлийн МАН-ын дэд дарга биз дээ?

-Тийм л дээ. Тэглээ гээд дарга нартай уулзаад бодлого яриад
байдаггүй. Мань мэтийг бодлогын асуудалдаа оруулаад байдаггүй юм. Аль ч на­мын
бодлогыг авч явдаг хэдхэн хүн байдаг юм. Ц.Оюун­дарь “Намын өмнөөс шийдвэр
ярьдаг хүн биш ээ” гээд үнэнээ хэлж байна лээ. Нэг намын ерөнхий нарийн бичгийн
дарга нь ингэж ярьж байхад МАН-ын нийслэлийн дэд дарга мань мэт юу ярихав. Аль
ч намд хэдхэн хүн шийд­вэр гар­гаад түүнийгээ намын бодлого гээд тул­гадаг. Ийм
явцуу зарч­маар л явдаг шүү дээ.

Намын удирд­лагууд чинь өөрчлөгд­лөө. Мэдрэгдэж байгаа юм
байна уу?

-Мэдэхгүй. Мэд­рэгдсэн юм алга. Өөрч­лөлт, шинэчлэлт гэж со­нин
содон  харагдана гэдэгт итгэхээ байсан.
Ер нь ганц МАН ч биш улс­төрчдөд итгэхэд бэрх. Сай­хан болгоно гээд л баахан
худлаа ярьдаг. Өмнө нь байсан бүхэн байдгаараа байж л бай­на. Ард түмний эрс
сайж­раад өөрчлөгд­чихсөн юм алга.

Богино хугацаанд өөрчилнө гэж байхгүй байх л даа?

-Тэглээ гэхэд аливаа зүйлд сайжрах хандлага байдаг даа. Гэвч
тийм юм алга. Нийслэлийн замыг жил бүр засдаг. Тэр л жиш­гээрээ заслаа. Бен­зиний
үйлдвэр барьчих­сан юм алга. Цахилгаан станцуудынхаа шавыг ч тавь­сангүй.
Дотоодынхоо  төмөр, це­мен­тийн үйлд­вэрийн
хүчин чадлыг нэмчихсэнгүй. Долларын ханш өсч, төгрөгийн ханш суларсан хэвээ­рээ.
Ба­рааны үнэ өссөн чигээ­рээ. Ард иргэд цалин тэтгэврээ нэм гэж шаард­сан
хэвээрээ. Юу өөрч­лөгд­сөн юм. Бүх зүйл урьдынхаараа байгаа биз. Өөрчлөлт,
шинэч­лэлт нь надаас өөр хү­мүүст мэдрэгдэж байдаг  нь юу юм гэхээс. УИХ-д өргөн барьсан хууль да­рагддаг
гэсэн шүүмжлэл намайг гишүүн байхад 
явдаг байсан. Тэр хэвээ­рээ байна. Хууль зүйн сайд нь өргөн барьсан
хуулиа хэлэлцүүлэх гээд барахгүй, самбарын өм­нө ярьсаар жилийн нүүр үзлээ.
Манай монгол­чууд нэгдэж ажил хийнэ гэж бай­даггүй юм билээ. УИХ-д байхдаа
мэдсэн. Сүүлдээ хуулиудаа ойр ойрхон өөрчилж байна.  Нэг хүнийг дархан аварга, хөдөлмөрийн баа­тар
болгох гээд Архангайн гишүүд хууль өргөн ба­риад байх юм. Наад­мын өмнө зүтгээд
чадаагүй учраас Цагаан сарын өмнө дахиад л өргөн барилаа. Өөрсдөдөө зо­хи­цуулж
хууль өргөн барина гэж юу байхав дээ. Ер нь Монгол Улсад лидер алга. Зохион бай­гуулаад
удирдаад зан­гидаад явах удир­даачгүй учраас замбараагаа алд­чихаад байна. Байс­хийгээд
нэг нам нь худлаа ярьж байгаад га­раад ирдэг. 
Тэглээ гээд өөрч­лөгд­сөн юм алга. Ийм л байна даа.

 

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Молиго үмхүүлэгч

Одоогоос гурван жи­лийн өмнө Б.Бат-Эрдэнэ
гишүүн МАХН-д элсэх нь гэдэг яриа гарч  байлаа.
МАН-ын голоод хаясан МАХН нэрийг Н.Энхбаяр тэр­гүүт­нүүд эзэмшиж бай­сан цаг. Үнэхээр
ч тэр үед УИХ-д МАН-ын нэ­рээр сонгогдсон хэсэг гишүүд үгсэн уулзаж, фракц бүлэглэл
байгуу­лах тухай ярьж, Н.Энх­баярыг жий­сэн намын дарга нараа шүүмжилж, ил захидал
хүртэл илгээж байсан нь үнэн. Тэдний нэг нь яах аргагүй Б.Бат-Эрдэнэ гишүүн байлаа.
Үгийг минь ойшоохгүй, ил за­хидлыг нь авч хэ­лэл­цэхгүй бол Ардын намаас гараад
Хувьсгалт нам руу явчихъя гэдэг яриа хөө­рөө, тохироо ч тэдний хооронд байсан нь
нууц биш. Тийм ч байсны ба­тал­гаа нь Н.Энхбаяр дар­гыгаа баривчлагдсаны дараа Д.Тэрбишдагва
тэр­­гүүтнүүд санасандаа шулуудаж, МАХН-ын бат­лахаа сэргээсэн явдал байлаа. Харин
тэдний дундаас замаасаа буц­сан нь Б.Бат-Эрдэнэ ги­шүүн байв. Уг нь бол тэр МАХН
руу явах нь то­дорхой болчихсон бай­сан гэдэг. Үүнийгээ бат­лах гэсэн шиг Н.Энхбаяр
даргыгаа “ачигдах” гээд амь наана, там цаана байгаагаа зурагтаараа шууд дамжуулж
байхад нь утсаар ярьж, санаа тавьж байлаа. Харь улс руу “нисэх” гээд онгоцонд дугаарлаж
зогсохдоо ч  Н.Энхбаяр даргыгаа мар­тахгүй
байсан боло­хоор нь  МАХН-ынхан түүнийг ирнэ
гэдэгт бат итгэчихсэн байв. Ха­рамсалтай нь Б.Бат-Эрдэнэ гишүүнд хуур­тагдсанаа
сүүлд ойлгоц­гоосон биз. Дараа нь да­хиад л түүнийг МАХН-д элсэхээр болжээ гэдэг
мэдээлэл тарлаа. Гэвч Ерөнхийлөгчийн сон­гуульд МАН-аас нэр дэвш­сэн үйлдлээрээ
үгүйс­гээд авах шиг бол­сон. Тэгвэл сая Цагаан сарын өмнө уламжлал болчихсон ч гэмээр
өнөөх яриа чинь дахиад дэгд­лээ. “УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ МАХН-д элсэнэ. Өнөөдөр
бат­лахаа авна” гээд зарим хэвлэлүүд өглөө шууги­тал өдөр нь ярианы  эзэн өөрөө үгүйсгэж, худлаа хэмээн батлав.

Ингээд бодохоор Б.Бат-Эрдэнэ гишүүний МАХН руу урвах тухай мэдээлэл
шинэ сонсог­дохоо хэдийнэ байжээ.  Энэ яриа
гарах тоолонд нь үгүйсгэсээр байдаг Баагий аварга ч өөрөө сонин биш болчихлоо.  Овоо босгоогүй бол шааз­гай юунд суухав гэгчээр  Б.Бат-Эрдэнэ гишүүн МАН-даа гом­дохоороо МАХН
руу  явна гэж  “айлгадаг” 
туйлбар­гүй зантай болчихсон учраас л үе, үе хэв­лэлийнхэн түүнийг нь шуу­гиан
болгодог бол­жээ.  Ядаж байхад МАХН-ынхан
ч Б.Бат-Эрдэнэ гишүүнд итгэж ханахгүй юм. МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын
гишүүн Б.Бат-Эрдэнэ нар хэзээнээсээ үй зай­гүй найзууд гэгддэг. Тийм учраас тэдний
хооронд МАХН-ын тухай яриа ямагт өрнөдөг биз. Найз л болсон хойно “Танай намд очно
оо” гэсэн Б.Бат-Эрдэнэ гишүүний үгийг Д.Тэрбишдагва сайд намынхандаа дам­жуулчихдаг
бололтой. Ийм л зарчмаар өнгөр­сөн Ерөнхийлөгчийн сон­гуулийн дараа аман тохироо
явагджээ.

Тиймээс сая Цагаан сарын дараа өнгөрсөн дөрвөн жилд МАН-ыг олонхи
байх үед УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж явсан Ц.Шарав­доржийн хамт батлахыг
нь гардуулна хэмээн бар­дам байсан МАХН-ын­ханд Б.Бат-Эрдэнэ ги­шүүн дахиад л ээлжит
молигоо үмхүүлэв.  Ямар­тай ч түүнийг МАХН
руу явахын даваан дээр нам нь нэг амлалтаар ар­галаад “чөдөрлөөд” үлдээдэг бололтой.
Эс бөгөөс Баагий аварга зүгээр л Н.Энхбаярын намынхны янзыг үзэж,  Д.Тэрбишдагва най­заараа даажигнаж тог­лодгоос
зайлахгүй нь. 

 

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

С.Эрдэнэ: Ардын намынхан Цагаан сарын өмнө том алдаа гаргалаа

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын
сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Хамтын тэтгэврийн даат­галын тухай
хуулийг чуулга­наар хэлэлцээд бөөн маргаан боллоо. Ардын на­мынхан зав­сар­лага
авчих­лаа. Ингэж эсэр­гүүцэхээр хуулийн төсөл бол­чихсон хэрэг үү?

-Тийм зүйл байхгүй шүү дээ. Манай
яам 2014 оныг гэр бүлийг дэмжих жил болгон зарласан юм. Өнөөдөр Мон­гол гэр бүлийн
үнэ цэнэ, бат бэх байдал алдагдсан учраас бид гэр бүл рүү чиглэсэн арга хэмжээ явуулахыг
зорьж бай­на. Үүний хүрээнд энэ хуу­лийн төслийг өргөн барьсан. На­сан туршдаа хууль
ёсны гэр бүлж болж амьд­раад нас­ны эцэст хэн нэг нь түрүүлж тэнгэрт хальдаг нь
хор­воо­гийн жам шүү дээ.  Гэвч үлдэж хоцорсон
хань ижил нь сэтгэл санааны хувьд хүнд байдалд ор­дог. Ялангуяа сүүлийн жи­лүүдийн
судалгаанаас хара­хад эрчүүд маань богино насалж байна.  Гэтэл эрчүүд маань амьдралын туршид илүү хөдөлмөрлөдөг,
илүү орлого олдог, даатгалд арай илүү шимтгэл төлдөг. Энэ утгаараа өндөр тэтгэ­вэр
тогтоолгодог талтай. Айл өр­хийн зонхилох орлогыг олж байсан гэрийн эзэн  бурхан болоход тухайн айлд том цохилт болдог.
Энэ эрсдлээс хамгаалахын тулд уг хуулийг боловсруулсан.

-Энэ хуулийг эдийн засгийн тооцоо
судалгаа муутай гэж шүүмжлээд байх шиг байна л даа?

-Хэрэв тухайн иргэн нас бараа­гүй
бол авах л ёстой тэтгэвэр биз дээ. Тиймээс тэр тэтгэврийг хань ижилд нь үргэлжлүүлэн
олгоё гэдэг л асуудал яригдаж байна. Энэ хуулийн төслийг боловсруу­лахын тулд бид
тооцоо судал­гаа хийсэн. Манайх шиг асар өргөн уудам нутаг, тэрбум тонноор хэмжигдэх
байга­лийн баялаг байхад Монгол Улс яваандаа эдийн засгийн хувьд өснө. Ийм байдлаар
ирээдүйн эдийн засгийн төс­вөө өөдрөгөөр харж болж байна. Нөгөө талаар төрөөс тэтгэврийн
даатгалын сан­гийн нэрийн дансанд байр­шуулах мөнгийг энэ оноос эхлээд хагас хуримтлалын
тогтолцоонд шил­жүүл­нэ. 2021 он хүртэл бүрэн хуримт­лалын тогтолцоонд шил­жүүл­нэ
гээд Засгийн газрын стра­теги зорилтод тусгачихсан байгаа. Эдийн засгийн хөгж­лийн
яам, Сангийн яам, Мон­голбанк болон манай яам хамтраад ажлын хэсэг гарга­чихсан
мөнгөжүүлэх ажлыг эхлүүлж байна. Хэрэв тэтгэв­рийн даатгалын нэрийн дан­санд мөнгө
ороод ирэх юм бол зөв менежмент хийгээд ажиллавал энэ мөнгийг өсгөх боломжтой. Аль
ч улс оронд тэтгэврийн даатгалын сан том хөрөнгө оруулагчид тооцогддог. Тиймээс
энэ сан маань цаашид үр ашигтай ажиллавал олж байгаа аш­гаас тодорхой хувийг хамтын
тэтгэврийн даатгалд хам­рагдах ахмадуудад зарцуула­хад ямар ч асуудал үүсэхгүй.  Улс орны амьд­ралд хүндрэл учруулаад байх юм огт
байхгүй. Тийм учраас эсэргүү­цээд байх асуудал үгүй л дээ.

-Тэгвэл Ардын намын­хан яагаад
эсэргүүцээд байна?

-Ерөөсөө улс төрийн шалт­­гаан­тай
л даа. Тэд өөрс­дөө малчдын тэтгэврийн насыг богиносгоно гэж яриад байгаа. Гэвч
энэ нь үр дүнтэй арга биш ээ. 50 настай эмэг­тэй тэтгэвэрт гарлаа гэж бодъё. Мал
маллахаа болих­гүй биз дээ. Мон­голын уламж­лалт аж ахуй учраас насан туршийн хөдөлмөр
байдаг юм. 50 настай тэтгэвэрт гарлаа гэхэд өндөр тэтгэвэр авах юм уу. Үгүй шүү
дээ харин ч ажилласан жил бага гэдэг үзүүлэлтээр бага тэтгэ­вэр тогтоолгоно. Тэгээд
ч 50 настай хүнийг хөгширсөн гэж хэлэх үү. Үгүй биз дээ. Магад­гүй тэр хүн тэтгэвэр
тогтоол­госноосоо болж олон болом­жийг алдаж мэднэ. Тэтгэврийн хүн гэдэг сэтгэл
зүйн хувьд ч ямар байх билээ. Өнөөдөр монголчуудын дундаж нас­лалт 67-68 орчим байгаа.
“Хүн амын хөгж­лийн цогц бодло­гын баримт бичиг”-т тусгас­наар 2024 он гэхэд монгол
хүний дундаж наслалтыг 75 бол­гоно гэж зорьж байна. Ингэхийн тулд нийгэм эдийн засаг,
ахуй орчны маш олон нөхцөл байдлыг өөрчлөх шаардлагатай. Ер нь хөгжиж буй орнуудын
жишгээс харахад тэтгэврийн насыг буу­руулдаггүй. Яагаад гэвэл хөгжлөө дагаад хүн
амын дундаж наслалт нэмэгдэж байдаг юм. Ийм талаас нь бодоод үзвэл малчдын тэтгэв­рийн
насыг богиносгох нь оновчгүй зүйл юм. Гэвч Ардын намынхан үүнийгээ урдаа барьж барьцаад
байна л даа. Малчдын тэтгэврийн талаар манай яам судалгаа хийж байгаа.

-Ямар?

-Малчдын ажилласан нэг жилийг 1.5
жилээр тооцох талаар юм. Удахгүй энэ тухай хуулийн төслөө өргөн бари­на. Жишээ нь
арван жил ажилласан малчныг 15 жил ажилласнаар тооцож тэт­гэв­рээ тогтоолгоно гэсэн
үг. Ингэх юм бол тухайн малчинд очих үр ашиг нь өндөр шүү дээ. Ийм л үр дүнтэй юм
хийхгүй бол шал дэмий улс­төржсөн яриа ямар ч хэрэггүй гэдгийг Ардын намынхан ойл­гох
хэрэгтэй. МАН сөрөг хүчин болж төлөвшөөгүй байна. Олонхийн санаачилсан хууль үр
дүнтэй үнэ­хээр зөв байвал дэмжээд явах нь сөрөг хүчний давуу тал байдаг. Харам­салтай
нь Ардын намынхан ухаарахгүй байх шиг байна. Хэрэв Ардын намынхан сөрөг хүчин гэдгээ
ухамсарлаад явбал ард түмэн “Овоо доо бас Ардын намын­хан чинь зөв зүйлийг дэмждэг
юм бай­на” гэдэг үнэлгээ өгнө шүү. Гэвч Ардын намынхан ахма­даа дээ­дэлж, хүндэлдэг
цагаан сарын өмнө том алдаа гаргалаа.

-Эргээд Хамтын тэтгэв­рийн тухай
хууль руугаа оръё. Заавал албан ёсны хань нь энэ тэтгэв­рийг авахаар тусгасан байгаа.
Хэдэн жилийн хугацаанд авах билээ?

-Ханиа өнгөрснөөс хойш хэдэн жил амьдарна,
тэр хугацаандаа тэтгэврийг нь үргэлжлүүлэн авна .

-Хууль батлагдвал нас барсан ханийнхаа
тэтгэв­рийн хэдэн хувийг авна гэсэн үг вэ?

-Одоогийн байдлаар тухайн хүний тэтгэврийн
50, 70, 100 хүр­тэлх хувийг авна гэсэн тоо яригдаж байгаа. УИХ-ын гишүүд 50 хувийг
нь өгнө гэх нь үү эсвэл 70 хүртэлх хувь бүр цаашлаад 100 хувь өгнө гэсэн шийдвэрийг
ч гаргаж магадгүй. Тэтгэврийн даатгалын сангийн даац, ачааллыг тооцож үзээд хэд
байхыг шийдэх байх. Одоо­гийн нөхцөл байдлыг хара­хад хууль энэ ондоо багтан бат­лаг­даж
чадвал 100 хувиар олгох боломжтой.

-Гэр бүлээ цуцлуулал­гүй­гээр хоёр
тийш болсон гэр бүлүүд олон бий. Энэ тохиолдолд хууль үйлч­лэх үү?

-Сүүлийн 10 жилд нэг хаяг дээр, нэг
гэрт хамт амьдарсан л байх ёстой. Гэр бүл болс­ноос хойш арав буюу түүнээс дээш
жил нэг гэрт амьдарсан, гэрлэлтээ албан ёсоор бат­луул­сан, нийгмийн даатгалын сангаас
тэтгэвэр авагч иргэн байх ёстой. Дундаасаа үр хүүхэдтэй гэр бүл байна. Харин хамт
амьдарч, үр хүүхэдтэй болсон ч албан ёоор гэрлэлтээ батлуулаагүй бол энэ хуульд
хамаарахгүй гэдгийг анхаа­рах хэрэгтэй. Мөн эхнэр нөхөр хоёулаа тэтгэвэрт гартлаа
20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх учиртай.

-Хууль хэзээнээс хэрэг­жиж эхлэхээр
хуульд тусгасан бэ?

-Бид 2015 оны нэгдүгээр сарын 1-ээс
хэрэгжүүлэхээр тооцож байгаа.

-Хууль батлагдахаас өмнө нас барсан
хүмүүс энэ хуульд хамрагдах уу?

-Энэ асуудалд хуулийн зохи­цуулалт
хийнэ. Тэдэн оноос хой­ших хүмүүс хамрагдана гэдэг ч юм уу. Тэгэхгүй бол хуулийг
хэлэл­цэж байх үед өөд болсон хүмүүсийн ар гэрийнхэн хохироод үлдчихнэ шүү дээ.  Бид бүх талын эрсдэлийг тооцож үзсэн. Ямар ч байсан  ахмад настныг амьдрах хуга­цаанд нь ямар нэгэн
эрсдэлд оруулахгүй байлгах, ядуур­лаас сэргийлэх зорилгоор энэ хуулийг боловсруулсан
юм.

-Хуулийн төсөлд тухайн гэр бүлийн
эхнэр, нөхөр хоёр 20-иос дээш насны зөрүүтэй бол хам­тын тэтгэ­вэр олгохгүй гэсэн
байна. Энэ заалтыг тайлбарла­вал?

-Зах зээлийн нийгэмд янз бүрийн л
зүйлүүд гардаг шүү дээ. Тухайлбал, өндөр настай хөгшнийг төөрөгдүүлж бай­гаад гэр
бүл болж, нас бара­хаар тэтгэврийг нь ава­хаар шунахай зан гаргах нэгэн байхыг үгүйсгэхгүй.
Тийм учраас ийм заалт оруулсан. Мөн гэрлэл­тээ батлуулсан ч хамт амьдар­даггүй хүмүүс
энэ хуульд хамаарахгүй.

-Суурь тэтгэвэртэй бо­лох талаар
танай яамныхан яриад байгаа. Энэ талаар тодруулъя?

-УИХ-аар Баялгийн сан­гийн тухай хууль
хэлэлцэж эхлэх гэж байна. Үүнтэй хол­бог­дуулж манай яамнаас Тэтгэв­рийн даатгалын
тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловс­руулж байгаа. Өнөөдрийн нэг
шатлалтай Тэтгэврийн даат­галын хуу­лийн дагуу одоо­гийн тэтгэвэр авч буй иргэдийн
амьжир­гааны наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа. Тий­мээс энэ хуульд өөрч­лөлт
оруулж, гурван шат­лалтай тэтгэврийн тогтол­цоо руу шилжи­хээр зорьж байгаа юм.
Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр нэгдүгээрт суурь тэтгэвэртэй байна, хоёрду­гаарт одоогийн
тэтгэврээ хадгална, гурав­дугаарт нэ­мэлт тэтгэврийн сантай болно гэсэн үг. Энэ
сан нь өмчийн олон нийтийн оролцоотой байх юм. Суурь тэтгэвэр гэдэг нь  тэтгэвэрт гарсан хэнд ч нас хүйс, ажил­ла­сан
жил харгал­захгүйгээр тэгш суурь тэтгэвэр олгоно. Жишээ нь 50 мянган төгрө­гийн
суурь тэтгэвэр олгоод, дээр нь одоогийн тэтгэврийг нэмж өгнө гэсэн үг. Бараа бүтээгдэхүүний
үнэ огцом өсвөл суурь тэтгэвэр дагаад өснө. Нэг үгээр хэлбэл тэтгэ­вэр авагчдыг
аливаа үнийн хөөрөгдөл, хэлбэлз­лээс хам­гаалах юм л даа.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Ч.Улаан: Би тав дахь Засгийн газартайгаа ажилласан хүний хувьд сэтгэл хангалуун байна

Сангийн
сайд Ч.Улаантай ярилцлаа.

-Одоогоос
жил га­руйн өмнө 2013 оны ул­сын төсвийг баталсны дараа та шинэчлэлийг эхлүүлсэн
төсөв бол­лоо гэж тодотгож бай­сан.  Өнгөрсөн
2013 онд энэ зорилт үнэхээр хан­гагдаж чадав уу?

-Улс орны
маань амьд­ралд нэг бүтэн жил дууслаа. Үйл ажиллагаа, явц хандлага, хүрсэн түвш­ний
хувьд тодорхой дүгнэлт хийх бололцоо бүрдэж байгаа ч чанар, үр дүнгийн талаар бодитой
дүгнэлтийг төсвийн тай­лан гарсны дараа өгөх нь ойлгомжтой. Бид 2013 онд Нэгдсэн
төсвийн ту­хай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн хөрөнгөөр бараа ажил,
үйлчилгээ худалдан авах тухай шинэчилсэн хуу­лиу­дыг багцаар нь хэрэг­жүүлж, төсвийн
цоо шинэ тогтолцоонд шилжиж бай­на.

Төсвийн
байгуулла­гын удирдлага, санхүү­жилтийн тухай хууль 2012 оноос хэрэгжиж эхэлсэн.
Үүний дагуу улсын төс­вийн нэгдсэн удирдлага, хяналтыг сайжрууллаа.  Төсвийг урт хугацаагаар үр дүнгийн шалгуураар
төлөвлөж хэрэгжүүлдэг боллоо. Энэ оноос төс­вөө бүрдүүлэх, захиран зар­цуулах, үр
дүнгийн төлөө хариуцлага хүлээлгэх эрх мэдэл, үүрэг хариуцлагыг орон нутагт шилжүүллээ.
Төсвийн эрх захирагчид бүгд ард түмний хяналт дор  ил тодоор ажилла­даг тогтолцоотой
боллоо. Төсвийг боловсруула­хаас эхлээд хянаж батлах, хэрэгжүүлэх, хяналт тавих
шатанд олон түмний орол­цоог нэмэгдүүллээ. Хэт төвлөрсөн удирд­ла­га, хяналт, зохицуулалт­тай
төрийн төсвийг ардчи­лал, зах зээлийн зарчимд нийцүүлэн ард иргэд өөрс­дөө оролцон
бо­ловс­руулдаг, хянаж хэрэг­жүүлдэг “Түмний төсөв” болгосон доо. 

-Оны
дундуур төс­вийн хуулийн хэрэг­жил­тийг дагасан олон шүүмж­лэл гарч байлаа. Чухам
ямар тодорхой асуудлууд шийдэгдсэн бэ?

-Төсвийн
удирдлагын шинэ зарчим, тусгай шаардлага, шалгуур үзүү­лэлтийг л хангаж ажил­лахыг
гол зорилтоо болголоо.

Төсвийн
тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагад нийцүүлэн төсвийн орлогыг тэнцвэр­жүүлсэн
журмаар тодор­хойлж харьцангуй тогт­вор­той байдлыг хангаж ажилласан. Улсын төсөвт
тэнцвэржүүлсэн зарч­маар 5.9 их наяд төгрө­гийн орлого төвлөрүүлсэн нь өмнөх оноос
нэг их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.Үүний зэрэгцээ  тогтворжуулалтын сан­гийн
хуримтлалыг 45.5 тэрбумаар нэмэгдүүлж 381.5 тэрбум төгрөгт хүргэлээ.

Улсын нэгдсэн
төс­вийн тэнцвэржүүлсэн тэнц­лийн алдагдал хуу­лиар тодорхойлсон хэм­жээндээ багтаж
ДНБ-ий 1.8 хувьтай тэнцлээ. Ийм үр дүн гарахад Орон нут­гийн төсөв, Нийгмийн даат­галын
төсөв, Хүний хөгжил сангийн төсөв алдагдалгүй ажилласан нь нөлөөлсөн. Өнгөрсөн жилд
улсын нэгдсэн төс­вийн алдагдлын нийт хэм­жээ ДНБ-д эзлэх хувь нь 2008 оноос хойш
(2010 оныг оруулахгүй­гээр) хамгийн бага түв­шиндээ хүрсэн.  Төсвийн зарлагын өсөлт нь орло­гын  болон
баялгийн өсөл­төөс байнга түрүүлж байсан буруу хандлагыг өөрчилсөн.  Шалгуур үзүү­лэлтүүдийг хангахын тулд тооцоо судалгааг
нарийвч­лах, хүсээгүй ч хэмнэлтийн горимд шил­жих, хэрэглээгээ хязгаар­лах, хойшлуулах,
том эрх ашгаа хангахын тулд сал­бар, орон нутаг, байгуул­лагын зарим эрх ашгийг
тэвчихээс өөр аргагүй байлаа.

“Орон нутгийг
хөгжүү­лэх нэгдсэн сан” бай­гуулж улсын төсвөөс 190 гаруй тэрбум төгрөгийг төвлөрүүлж,
аймаг, сум­дын хөгжлийн хөрөнгө оруулалтын зориулал­таар санхүүжүүлсэн. Үүгээр  ард иргэдийн өөрс­дийнх нь сонгосон  5050 гаруй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж эхэл­сэн
байна. Төсөв, төрийн сангийн үйлчилгээг иргэ­дэд ойртуулах зорилгоор төрийн захиргааны
төв байгууллага, яамд, аймаг сумдыг төрийн сангийн нэгдсэн сүлжээнд хам­руулж, бие
даан төлбөр тооцоогоо хийдэг болго­лоо. Мөн төсвийн дотоод хяналт, аудитын тогтол­цоог
төлөвшүүлж үйл ажил­лагааг нь жигд­рүүллээ.

Төсвийн
хөрөнгөөр худалдан авах ажил­ла­гааг цахим хэлбэрээр зохион байгуулдаг жу­рамд шилжиж,
тендер шалгаруулах үйл ажил­ла­гааг нээлттэй болгов.

-Улсын
төсвийн ор­ло­го 1.5 их наяд төгрө­гөөр тасарч, алдагдал нэмэгдэх тодотгол хий­сэн.
Төсвийн орлого тасалдуулсан учраас таныг ч огцруулах асууд­лыг ярилаа. Энэ бүхэнд
ямар дүгнэлт өгч хийж сууна вэ?
 

-Анх төсөв
батлах үед л эрсдэл гарах магадлал өндөр байгааг бүгдээрээ ойлгож санаа зовж бай­сан.
Энэ эрсдэл нь дэл­хийн эдийн засгийн төлөв байдал тодорхой бус бай­гаа, хоёр хөршийн
маань хөгжлийн хурдац саарч байгаа, манай эдийн засгийн бүтэц өрөөс­гөл зөвхөн уул
уур­хай­гаас хэт хамааралтай байгаагаас болсон. Мөн  нийгмийн халамжийг хавт­гайруулсан бодло­гын инерци
их байгаагаас үүдэлтэй байсан. Үүнийг саармагжуулах талаар  оны эхнээс тодорхой арга хэмжээ авч хөөцөлдсөн
боловч эрсдлийг бүрэн  арилгаж чадсангүй.
Хи­чээл зүтгэл, боломж бо­лолцооноос давсан хүчин зүйлийн өмнө хүчин мө­хөсдсөнийг
хүлээн зөв­шөөрч байна.

Төсвийн
тасалдлын 40 хувь нь Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулж чадаагүйгээс, 30 гаруй
хувь нь гадаадын хөрөнгө оруулалтын болон им­пор­тын бууралтаас, 15 хувь нь экспортын
буу­ралтаас болсон. 

Татварын
хувь хэм­жээг нэмэгдүүлж, шинэ төрлийн татвар бий бол­гож энэ тасалдлыг нөхөж болох
байсан. Гэвч бид улс төрийн энэ сонирх­лоос ангид байх зорилго тавьсан юм. Үүний
нөгөө талд улсын төсвийн бааз суурийг хумисан бодло­гын нөлөөлөл байсныг ч бодолцох
учиртай. То­дор­хой төрлийн татва­руу­дын хураамжийг орон нутагт нь төвлөрүүлдэг
журамд шилжсэн. Үндэс­ний үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор
хуу­лиар бий болгосон 250-иад төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөр 270 гаруй
тэрбум төгрө­гийг татвараас чөлөөлсөн нь төсвийн орлогын бүр­дэлтэнд сөрөг нөлөөлөл
үзүүлснийг дурдах нь зүйтэй.  Гэхдээ Татварын
ерөнхий газар 2013 онд улсын төсөвт 1.8 их наяд төгрөгийн орлого төв­лөрүүлсэн нь
өмнөх оны­хоос 600 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бай­на. Гаалийн ерөнхий га­зар
1,6 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүл­сэн нь өмнөх оноосоо 190 тэрбум төгрөгөөр  нэ­мэгджээ. Энэ бол төсвийн орлого бүрдүүлэх хуу­лиар
хүлээсэн үүргээ бие­лүүлэхийн төлөө зүтгэж ажилласан олон арван аж ахуйн нэгж, компани,
төрийн албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн гэж үзэж байна.

Улсын төсвийн
орло­го бүрдүүлэхэд НДЕГ, Газрын тосны газар, Ир­гэ­ний нисэхийн ерөнхий газар болон
Эрдэнэт үйлд­вэр, АПУ, МАК, Та­ван толгой, Энөржи Ре­сурс, Монгол тамхи СО, Эрдэнэс
таван толгой , “Мобиком” зэрэг ком­па­ниуд санаачилгатай ажил­ласныг тэмдэглэ­мээр
байна. 

Төсвийн
орлогын тө­лөвлөгөөт зорилтоо бү­рэн биелүүлж чадаагүй нь сэтгэл зүтгэл, хичээл
чармайлт дутагдсанаас болоогүй гэдгийг ойлгох хэрэгтэй.     

-Жилийн
өмнө тө­сөвт эрсдэл учирвал бүсээ чангална гээд бүх амьдралаа зогсоох уу гэж асуухад
ямар ч эрсдэл учирсан бүсээ чангалах байдалд хүр­гэх­гүй гэж хариулж бай­сан. Гэтэл
2014 оны төс­вийг танаад, бүсээ чан­галаад байгаа юм биш үү?

-Тэгж хэлсэн  зарчмаа бариад
л иргэдийн ахуй амьдралтай холбоотой санхүүжилтийг эхний ээл­жинд олгож ажиллалаа
шүү дээ. Цалин, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө­ний санхүүжилтийг тэр­гүүн ээлжинд
төсөвлөсөн.  Ахмад настан, хүүхэд, эмэгтэйчүүдтэй
холбоо­той нийгмийн хамгаал­лын үйл ажиллагаанд сан­хүүжилт олголоо. Хү­ний хөгжил,
ард иргэдийн эрүүл мэнд, соёл спортод зориулан 400 тэрбум төг­рөгийн санхүүжилт  хий­лээ. Сургалтын төрийн сангаас их, дээд сургууль,
мэргэжлийн сургалт үйлд­вэрлэлийн төвд сурал­цагс­дад олгодог үндэс­ний тэтгэлгийн
санхүү­жилтийг бүрэн олголоо. Ард иргэдийнхээ ая тух­тай амьдрах бололцоог сайжруулах
зорилгоор эрчим хүүчний үйлдвэ­рүүд, нийтийн тээврийн компаниудад олгодог та­таасыг
ч олгоод байна. Нийгмийн даатгалын санд улсын төсвөөс 265 тэрбум төгрөгийн татаас
өглөө. Харин эд хог­шил худалдан авах, урсгал засвар, гадаад дотоод албан томилолт,
зочны зардал, сургалт, хурал зөвлөгөөний зардлыг аль болох хэмнэх, тэвчих зар­чим
барьж ажиллалаа. Гэрэл цахилгаан, тээвэр шатахуун, түлш халаал­тын болон эм, хоол,
хув­цас хэрэглэлийн зард­лын үр ашгийг дээшлүү­лэх, үрэлгэн байдлыг арил­гахыг зорилоо.
Сүү­лийн арван жилийн дүн­гээр төсвийн зарлагын өсөлт орлогын өсөлтөөс түрүүлж байсан
ханд­лагыг энэ онд өөрчилж тэнцвэржүүлэх эхлэлийг тавилаа. Гашуун эм өгч хүнд өвчин
эмгэгийг ана­гаадаг. Ийм эмийг уухад хэцүү ч дараа нь эрүүл­жиж эрч хүчтэй болдог
учир зориглосон нь хож­дог шүү дээ. Бид төсөв, санхүүгээ эрүүлжүүлэ­хийн тулд одоо
л зориг гарган бодлого, үйл ажил­лагаагаа зөв гольдролд нь оруулах ёстой гэж үзэж
байна.

-Хөрөнгө
оруулалт гэж гишүү­дийн дунд маргаан үүсгэдэг нэг асуудал бий. 2013 оны төсвийн
тухай хуулиар баталсан хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг 60 шахам хувиар тасалдуулсан
тухай ч яригдсан…

-Хөрөнгө
оруулалтын асуудал хүн бүрийн анхаарлыг татдаг юм. Нийт дүнгээр нь авч үзвэл улсын
төсвөөс болон төсвийн баталгаа, дэмжлэгтэйгээр хийгдсэн хөрөнгө оруулалтын хэмжээ
энэ жил бараг гурав дахин нэмэгдсэн байна. Хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх
талаар Төсвийн тухай шинэ хуульд маш тодорхой зааж өгсөн юм. Урьд өмнө нь  хуваарийн дагуу олгодог байсныг өөрчилж үр ашгийн
шалгуур хангаагүй төсөл, арга хэмжээнд санхүүжилт олгохыг хуулиар хориглосон зохицуулалт­тай
болсон. Энэ дагуу Сангийн яам ажиллалаа. Гэвч хөрөнгө оруулал­тын мөчлөг, үйл ажиллагааны
саат­­лаас болж  оны эцэст санхүү­жүүлэх эрэлт
эрс нэмэгдсэн нь төсвийн орлогын бодит боломжоос давсан учраас нэлээд санхүү­жил­тийг
ондоо багтаан өгч чадсангүй.

Үүнээс
болж ажил, үйлчилгээгээ хугацаанд нь хийж дуусгасан гүй­цэтгэгч байгууллагуудад
хүндрэл бэрхшээл үүссэнийг ойлгож байна. Аль болохоор түргэн хугацаанд шийдвэрлэхийг
хичээж байна. Тиймээс дутуу санхүүжилтийг шийд­вэрлэхээр төсвийн тодотго­лын саналыг
УИХ-д оруулж хэлэл­цүүлнэ. УИХ 2014 оны төсвийг батлахдаа 130-аад тэрбум төгрө­гийн
төсөвт өртөгтэй 240-өөд төсөл, арга хэмжээг энэ тодотголоор шийдвэрлэх болно.

-Засгийн
газрын бодлого бу­руу байна. Өр нь дийлдэхээ байлаа гэдэг шүүмжлэл гарч байна. Дээрээс
нь цалин тэт­гэврээ нэмэхийг шаардаж байна. Ер нь улсын маань бэл бэнчин, санхүүгийн
байдалд сайжирсан зүйл ажиглагдаж байна уу?

-Улсын
төсөв амаргүй сорилтыг туулж байгаа ч тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтүүдийг
хангаж тэнцвэр бланс нь сайжирч байгааг дээр хэлсэн. Хамгийн гол нь бодло­гын гажуудал
засагдаж, бэлэнчлэх сэтгэлгээ өөрчлөгдөж эхэлж бай­на. Өмнө байсантайгаа, халагдаж
солигдож байгаа бүхэнтэйгээ зуу­рал­даад, зөвхөн тэр л өнцгөөс хараад байвал шинэчлэлийн
бод­лого буруу юм шиг санагдах нь аргагүй. Шинэчлэл өөрчлөлтийн бодлогын зорилго,
агуулга, мөн чанарыг таньж мэдэлгүй хуучин руугаа тэмүүлж, аялдан дагахыг тулган
шаардаж, шинэлэг өөрч­лөл­тийг хүлээн зөвшөөрөхгүй,  дуулиан шуугиан болгон үнэгүй­дүүлэх замаар улс
төрийн оноо цуглуулах гэж хандах нь нийтлэг эрх ашигт огт нийцэхгүй. Нэг ёсон­доо
буруу үйлдэл юм. Ялангуяа хавтгайрсан халамж бий болгох, цалин тэтгэврийг тооцоо
үндэс­лэлгүй нэмэгдүүлэх, үнэ тарифийг бууруулахыг шаардах нь далд утгаараа төсөв,
санхүүгийн тэнц­вэрийг алдагдуулж, эдийн засгийг сүйрүүлэх аюулд хүргэх үр дагавартай
шүү дээ. 

Бүх асуудлыг
бүрэн төгс ши­нэ­чилчихсэн, сайхан болго­чихсон гэж хэн ч хэлээгүй.  Хүндрэл бэрхшээл, саатал тасалдал, ойлгомжгүй
то­дорхойгүй зүйл зөндөө бий. Бод­лого үйл ажиллагаа уялдахгүй, ам ажил зөрөх дутагдал
байсаар л байгаа. Цочирдож тулгамдах, барьц алдах явдал тохиолдож л байна. Тэглээ
гээд өнгө будаг төдий өөрчлөлт хийсэн нэр зүүхгүй.  Агуулга мөн чанарт нь нэвтэрч, сууриар нь оновчтой
шийдэхийг л хичээж байна. Алсдаа үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэхгүй байгаа. Хамгийн
гол нь бүгдээрээ улс орноо хөгжүүлэх том эрх ашигтаа захи­рагдан хамтарч, дэмжиж
ажиллах нь чухал байна. Ер нь ажлын төлөө гэсэн итгэл зүтгэлээр Засгийн гарын гишүүд
маань бараг амралт­гүй зүтгэлээ. Гар нийлж ажилласан гэж бодож байна. Ялангуяа Ерөнхий
сайдын хувьд танхимыг уялдуулж зохицуулах, удирдах тал дээр ихээхэн хүчин чармайлт
гарга­лаа. Тав дахь Засгийн газартайгаа ажилласан хүний хувьд сэтгэл хангалуун байна.

-Өрийн
хэмжээ хэд болчи­хоод байгаа билээ?

-Улсын
өрийн хэмжээ өнөөгийн үнэ цэнээр илэрхийлбэл 8,4 их наяд төгрөг болж ДНБ-ий
49.7 хувьтай тэнцүү гарсан нь хуулиар тогтоосон шалгуурыг хангаж бай­на. Манай улс
зах зээлийн харил­цаанд шилжсэнээс хойш хандив­лагч орнуудаас авч ашигласан хөнгөлөлттэй
зээлийг анх тохирсон графикийн дагуу төлж бараг­дуул­саар одоо 2405.5 тэрбум төгрөгийн
үлдэгдэлтэй болоод байна. Энэ зээлийн төлбөрийн хамгийн их төлөлттэй үө нь
2013-2014 онуу­дад таарч байгаа юм. Чингэс бондын хүүгийн төлбөрт 99 тэрбум төгрөгийг
төсвөөс төлсөн байна.

Засгийн
газрын дотоод үнэт цаасны шинэ тогтолцоог нэвтрүүлж ажилласнаар 2.6 их наяд төгрө­гийн
нэрлэсэн үнэ бүхий үнэт цаасыг анхдагч зах зээлд арил­жаалж, үндсэн төлбөрт 1.6
их наяд төгрөг, хүүгийн төлбөрт 100 тэрбум төгрөг төлж 1,7 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй
он дамжлаа.

-Манай
улсын бэл бэнчин нэмэгдэх хандлага байна уу?

-Бэл бэнчин
нэмэгдэж байна. Энэ бол ашдын бэлэг бодон хэлсэн үг биш бодит байдлаас хийсэн дүгнэлт
юм. Улсын төсвийн данс эөрэг үлдэгдэлтэй он дамжих хуу­лийн шаардлага хангагдаж,
төрийн сангийн зээллэгийн хязгаар зохис­той түвшинд байна. Төрийн сан­гийн нэгдсэн
дансанд 2013 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 835 тэрбум төгрөг байс­наас
улсын төсөвт байгуулла­гуудын дансны үлдэгдэл 245 тэр­бум төгрөг, орон нутгийн төсөвт
байгууллагуудын дансны үлдэгдэл 380 тэрбум төгрөг, Нийгмийн даат­галын сангийн үлдэгдэл
200 тэрбум төгрөг байлаа. Хүний хөгжил сан­гийн дансны үлдэгдэл 100 сая төгрөг болсон.
Оны эхэнд энэ сангийн хуримтлагдсан өр нэг их наяд 47.6 тэрбум байснаас 141,8 тэрбум
төгрөгийн өрийг бараг­дуулаад байна.

Монгол
Улс төсвийн тогтвор­жуу­лалтын сандаа 381,5 тэрбум төгрөгийн хуримтлалтай болсон
нь нэгдсэн төсвийнхөө алдагдлыг бүрэн хааж чадахаар байна. Га­даад валютын албан
нөөц 2,3 тэрбум ам.доллар байгаа нь 18 долоо хоногийн импортын хэрэг­цээг хангаж
байна. ДНБ-ий үйлд­вэрлэл 12 хувиар өсөх урьдчилсан гүйцэтгэл гарсан байна.

Энэ бүхэн
бол шинэчлэлийн эхний жилийн бодитой үр дүн, эдийн засаг санхүүгийн байдалд бий
болсон эерэг хандлага мөн.

-Эдийн
засгийн хөгжлийн яам байгуулагдаж эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалтын болон
зээл тусламжийн бодлого тодорхойлох ажлаа хариуцаж байгаа. Сангийн яамны үүрэг роль
юунд байна вэ?
 

-Төсвийн
шинэчлэлийн хүрээнд Сангийн яамны ажил үүргийн хуваарь, хариуцах асуудлын цар хүрээ,
үйл ажиллагааны зарчим ихээхэн өөрчлөгдсөн. Аль ч улсын Сангийн яам нь төсвийн бодлого
боловсруулах, батлуулах, төсвийг үйлчлэх, хэрэгжилтийг хянаж тай­лагнах, арга зүйн
удирдлагаар хангах нийтлэг үүрэг хүлээж бай­даг. Төсвийн тогтвортой байдлын тухай
хууль, Төсвийн тухай шинэ хуулиар Сангийн яаманд төсвийн тогтвортой тэнцвэржүүлсэн
байд­лыг хангах, эрдэс баялгийн орло­гоор нөхөн сэргээгдэх баялаг бү­тээх, эдийн
засгийн хөгжлийг дэм­жих хөрөнгө оруулалт хийх, сан­хүүгийн хуримтлал бүрдүүлэх,
өрийн удирдлага, түүний стра­тегийг хэрэгжүүлэх асуудлыг хариу­цууллаа. Сангийн
яам Засгийн газрын санхүүгийн хяналт, дотоод аудитын үйл ажиллагааг эрхлэх боллоо.
Төр, засгийн аливаа шийд­вэр нь төсвийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлөх талаар
дүгнэлт гаргах, УИХ-д өргөн мэдүүлэх зөв­шөөрөл олгох онцгой үүргийг Сан­гийн яаманд
хариуцууллаа. Улсын төсвийн орлогын бүрдэлттэй уял­дуулан мөнгөн хөрөнгийн зохицуу­лалтын
хүрээнд санхүүжүүлэлтийн болон зарцуулалтын эрхийг буу­руулж байх онцгой эрхийг
Сангийн садад олголоо. Төсвийн байгуул­ла­гын бүтцийн болон орон тооны жишиг, хязгаарыг
тогтооно. Сан­гийн яам төсвийн төлөвлөлт, төс­вийн гүйцэтгэл, нягтлан бодох бүртгэл,
тайлагналтын мэдээллийн нэгдсэн тогтолцоог удирдах болж байна. Энэ бүхнээс үзвэл
Сангийн яамны ачаа хөнгөрөх биш харин ч нэмэгдэж үйл ажиллагааных нь цар хүрээ өргөжиж
байна.

-Тэгвэл
эдийн засгийн яам юу хариуцаж байгаа билээ?

-Эдийн
засгийн хөгжлийн яам байгуулагдсанаар хөгжлийн болон зээл тусламжийн бодлого тодор­хой­лох,
салбар хоорондын зохи­цуу­лалт хийх, хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалтын
асуудлыг хариуцах үүргийг гүйцэт­гэх болсон нь чухал ач холбог­долтой шийдвэр болсон
юм. Эдийн засгийн нэгдсэн бодлогогүй учраас Монгол Улс хөгжихгүй байна гэдэг шүүмжлэлд
их өртөж байсан шүү дээ. Эдийн засгийн хөгжлийн яам маань өдөр тутмын техник ажлаас
хөндий байж жинхэнэ утгаараа стратегийн удирдлагын байгуул­лага болж төлөвшинө гэж
найдаж байна.

-Самурай
бонд Хөгжлийн бан­кинд байршчихсан гэж байгаа. Энэ мөнгөөр юу хийхээр төлөв­лөчихсөн
байгаа билээ?

-Япон улсын
санхүүгийн зах зээл дээр Хөгжлийн банк иенийн бонд борлууллаа. Борлуулалт амжилттай
болж, орлого нь Хөгж­лийн банкны дансанд орж ирсэн. Энэ мөнгөний эх үүсвэрээр үйлд­вэржилтийн
төсөл шалгаруула­хаар тогтсон. Японы зах зээл дээр гаргасан учраас Самурай бонд
гэж нэрлэсэн хэрэг. Хэрэв Хятадын зах зээл дээр бонд гаргавал панда бонд, Австралийн
зах зээлд гарга­вал кингру бонд болно шүү дээ.

-Тэгвэл
Самурай бондыг манайд юу гэж нэрлэх юм?

-Үйлдвэржилтийн
бонд болж хэрэгжинэ. Гэхдээ нэг асуудал бий. Энэ мөнгө улсын өрийн хязгаарт багтаж
байгаа юу, үгүй юу гэдэг нь. Яагаад гэвэл 2014 онд улсын өрийг ДНБ-ий 40 хувиас
хэтрүүлэхгүй байх хэмжээнд баталж өгсөн. Гэхдээ Самурай бонд энэ өрийн хязгаарт
багтаж байгаа. Харин үүнээс цааш гадаадын зах зээл дээрээс хөгжлийн зориулалтаар
эх үүсвэр босгох боломж байхгүй. Энэ боломжоо дуусгачихлаа шүү дээ.

-Тэгэхээр
одоо яах вэ?

-Хэрэв
хөгжлийн хөрөнгө оруу­лалт нэмж дайчлах шаардлагатай гэж үзвэл УИХ өрийн асуудлыг
дахин авч үзэх байх.

-Самурай
бондын мөнгө үйлдвэржилт хийхэд мэдээж хүрэхгүй биз дээ?

-Яаж хүрэх
билээ. Олон үйлдвэр аж ахуй нэгжүүдийг байгуулах шаардлага байна. Хамгийн наад зах
нь нефть боловсруулах үйлд­вэр барих асуудал яригдаж байна. Үүний тулд зээл авах
шаардлага тулгарч байгаа. Японы Хөгжлийн банкинд баталгаа гаргаж өгөх хэрэгтэй байгаа.
Гэтэл ийм батал­гаа гаргаж өгөх боломж манай өрийн тооцоонд байхгүй. Нефть боловсруулах
үйлдвэр барихын тулд зээл авъя гэвэл өрийн хяз­гаарыг зайлшгүй нэмэгдүүлэх шаард­лагатай
гэсэн үг. Чингэс бондын хоёр дахь ээлжийг гаргана гэвэл ч өрийн хязгаарыг эргэн
харахаас өөр арга байхгүй.

-Гэвч
Ардын намынхан ирээ­дүйгээ өрөнд унагахгүй гэж үзээд байгаа шүү дээ?

-Тийм учраас
байгаа хязгаар­таа амьдралаа зохицуулахаас өөр яах билээ. 2014 оны зорилтыг Засгийн
газар гурван үндсэн чиглэ­лээр тодорхойлж байна. Бүтээн байгуулалт, үйлдвэржүүлэлтийн
зорилт, дараа нь ард түмний орло­гыг нэмэгдүүлж амьдралыг сайж­руулах, төрийн хүнд
суртлыг арил­гаж, авлига хээл хахуулийг арилгах зорилт тавьсан. Энэ гурван чиглэлд
бүх үйл ажиллагаагаа чиглүүлж байна.

-Уул
уурхайн орлого нэмэг­дэх хандлага байна уу?

-Уул уурхайн
салбар хэрхэн ажиллахаас төсөв шууд хамаар­даг. 2013 онд уул уурхайн салбарт тодорхой
хэмжээний бэрхшээл тулгарсан. Анх тооцсон хэмжээндээ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж чад­сан­гүй.
Гадна талд бүтээгдэхүүн худалдаж авдаг зах зээл нь хумигд­чихлаа. Борлуулдаг бүтээгдэхүү­нийх
нь үнэ уначихлаа. Үүнээс болж төсөвт тооцсон орлогоо оруулж чадаагүй. Тиймээс төсөв
тасалдсан нь үнэн. Харин энэ онд өмнөх оны хүрсэн түвшингээсээ илүү ажиллана гэж
төсвөө тооцсон. Гол нэр төрлийн бүтээгдэхүүн бо­лох зэс, нүүрс, төмөр, ашигт малт­малын
экспортын бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ гэж тооцоолсон. Оны сүүл рүү байдал гайгүй
байж, бүтээгдэхүүний эрэлт өсч, үнэ өсч магадгүй гэж найдаж байна.

-“Чалько”-д
төлж байгаа манай өр дуусах болоогүй юу?

-Дөхөж
л байна. Багцаагаар бол эхний хагас жилд багтаад өрөө барагдуулчих болов уу гэж
найдаж байна. Гэвч Оюу толгойн суутгал төлбөр одоо эхэлж байна.

-Гэрээндээ
өөрчлөлт оруулах ажилд хэзээ цэг тавьж цэгцрэх юм бол?

-Хэлэлцээ
үргэлжилж л байна. Тэр бол амар ажил биш шүү дээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

С.Бямбацогт: Бие биеэ үгүйсгэснээр улс орноо хөгжүүлэхгүй гэдгийг эрх баригчид одоо л ойлгох нь уу даа

МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын
гишүүн С.Бямбацогттой ярилц­лаа.

-МАН залуу гишүү­дийнхээ нэгийг
бүлгийн дарга болголоо. Бүл­гийн даргын эрх үүргийг хүлээгээд ажиллахад ямар санагдаж
байна вэ?

-Цөөнх болсон намын үед бүлгийн дарга
гэдэг бол хариуцлагатай, зохи­цуулагч менежерийн ажил байдаг. Ямар ч бай­сан намын
нөхөд маань надад итгээд энэ ажлыг хариуцууллаа. Тиймээс ийм том намын УИХ дахь
бүлгийн даргын ажлыг нэр төртэй хариуцла­га­тай хийчих юмсан гэдэг бодлоор асуудалд
хан­да­на. Аливаа албан ту­шаал бол санаачилгатай, хариуцлагатай байхыг шаарддаг.
Амархан ажил гэж байдаггүй. Хэдийгээр залуу гэж яригдаж байгаа ч би 40 насны босго
алх­чих­лаа. Тийм болохоор ачааллыг дааж, үүргээ ухамсарлаж, улс орны­хоо эрх ашгийг
эн тэр­гүүнд тавьж ажиллах болно.

-Парламентад олон удаа сонгогдсон
ахмад гишүүд танай бүлэгт олон бий. Энэ хүмүү­сийг удирдаад явах ч амаргүй байна
уу?
 

-Бүлэг аливаа зүйлийг хамтын шийдвэрээр
гар­га­даг. Тиймээс дарга шийд­нэ гэдэг ойлголт байдаггүй. Мэдээж шийд­вэр гаргахдаа
гишүүн бүр өөр өөрсдийн үзэл бод­лоо хамгаалалгүй яахав. Ард түмнийхээ итгэлийг
хүлээж олон удаа сон­гогдсон туршлагатай пар­ламентчид маань их тү­шиг тулгуур болж
байна. Тэд маань улс орныхоо, ард түмнийхээ эрх ашигт нийцсэн бодлого шийд­вэр гаргуулахын
төлөө заавар зөвлөлгөө их өг­дөг. Ийм зорилгын үүд­нээс өмнөх парламентын түүхэнд
гарч байсан за­хирамж шийдвэрүүдийн тухай заавал сануулж хэлнэ. Түүнээс биш “Би
тав, зургаа сонгогдсон шүү” гэдэг байдлаар ханд­даггүй. Тэгээд ч манай гишүүд үүрэг,
хариуц­лагаа сайн ухамсарласан хүмүүс шүү дээ.

-Нам дотроо шудар­га шулуун хэлчихдэг
гишүүдийн тоонд та ор­дог байсан болов уу. Харин одоо бүлгийн дар­га болсноор өөрийн­хөөрөө
байх зарчим­тайгаа зөрчилдөх шаард­лага тулгарч бай­гаа байх…

-Зарим асуудлуудаар миний үзэл бодлоос
арай өөр шийдвэрийг гаргах тохиолдол байхыг үгүйс­гэхгүй. Гэхдээ одоогоор ийм зүйл
мэдэгдээгүй л байна. Эцсийн эцэст бүл­гээрээ хэлэлцээд гарга­сан олонхийн шийдвэрээ
дагаж, хэрэгжүүлэх ёстой шүү дээ. 

ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРИМ ГИШҮҮДЭД
ХУУЛЖ ӨГӨХ ОЛОН ДАВХАР ЦААСАН БАГ БАЙГАА

-Н.Энхболд даргын ажлаа өгөх болсон
шалт­гааныг та юу гэж хардаг вэ. Нийгэмд бай­гаа ойлголтоор бол мэ­дээж хоёр Энхболд
гар нийлж ажиллахгүй бай­сан учраас ажлаа өгсөн гэдэг яриа. Та юу гэж бодож байна
вэ?

-УИХ дахь МАН-ын бүлэг хожуу байгуулагд­саныг
та бүхэн мэдэж байгаа.  Бид одоо ч байн­гын
хороондоо ижил тэгш хуваарилагдаж чадаагүй байна шүү дээ. Ардын намыг бүлэггүй байхад
Н.Энхболд дарга удир­даж, бидний бамбай болж, гал барьж явсан хүн. Бүлгээ байгуулсны
дараа ч гэсэн хоёр Энх­болд дарга маань нэг нь бүлгийн дарга, нөгөө нь УИХ-ын дэд
дарга бо­лоод хамтраад сайхан ажилласан. Тиймээс ямар нэгэн зөрчил байгаа­гүй. 

-Хоёр сайдыг огц­руулах асуудал
оруулж ирсний үр дүн нь юу болов гэж танай намын­хан үзэж байгаа вэ?

-Бид ямар үр дүн гара­хыг мэдэж байсан.
Ямар ч байсан ард түм­ний санаа бодлыг дам­жуулж, хэлж сануулах гэснээ хэлсэн. Хариуцла­гагүй,
бодлого­гүй сай­дуудыг огцруулаагүйн үр дүнг эцсийн эцэст улсаа­раа л амсана. Амсаж
ч байна.

-Зөвхөн Н.Батбаяр сайдыг огцруулах
асууд­лыг оруулж ирэх байсан гэдэг яриа бай­сан. Үнэн юм уу? 

-Хэрвээ Н.Батбаяр сай­­­дын асуудлыг
дан­гаар нь оруулж ирээд огцруулаагүй байсан бол “Ч.Улаантай нь оруулж ирсэн бол
огцрох бай­лаа” гэдэг яриа явах байл­гүй дээ. Эрх баригчид “Манай хоёр сайд сайн
ажиллаж байгаа” гэсээр аваад үлдлээ. Гэхдээ үүнийг нь нийгэм буруут­гаж байна. Ерөнхийлөгч
“Хариуцлагагүй сайд нарт хариуцлага тооц. Би дэмжинэ” гээд хэлчихсэн. Араас нь Р.Амаржаргал
гишүүн “УИХ, Засгийн газар нь алдаагаа ухам­сарлаж чаддаггүй юм бол өмнөөс нь хариуцлага
үүрье” гэсэн. Гэвч  “Та тэгж хэрэггүй. Сайд
нараар өөрсдөөр нь хариуцлага хүлээлгэнэ” гэж хэлээд аваад үлдсэн. Гэвч бид Засгийн
газрын зарим багийг хуулж, бодит үнэ­нийг ил­чилж харууллаа шүү дээ. Гэхдээ Засгийн
газрын зарим гишүүдэд хуулж өгөх олон давхар 
баг байгаа.

– Ер нь хоёр сайдыг огцруулчихлаа
гэж бодъё. Тэгвэл Монго­лын амьдрал маргааш­наас нь эхлээд сайжир­чих байсан юм
уу?

-Хэрэв хоёр сайдыг огцруулсан бол
тэр үйл­дэл нь төрийн өндөр дээд албан тушаал хашиж бай­гаа хүмүүст дураараа дургиж,
дунд чөмгөөрөө жиргэж болдоггүй юм бай­на. Энэ төрд хариуц­лагатай ажиллах ёстой
юм байна гэдэг сургам­жийг өгөх байсан.

ЭРХ БАРИГЧИД ХОЁР САЙДАА АВЧ ҮЛДЭХИЙН
ТУЛД ДОЛЛАРЫН ХАНШИЙГ ХҮЧЭЭР БУУЛГАСАН

-Шинэ жилийн өмнө танай намын бүлэг
Төрийн ордныг гацуур модоор чимсэн харагд­сан. Гэхдээ тэр гацуур модонд өлгөсөн
чимэг­лэлүүд дээр бичсэн үнэ бодит байсан уу?

-Статистикийн үзүү­лэл­тийг үндэс
болгосон учраас үнэн байлгүй яа­хав. Долларын ханш нь худлаа байсан байж ма­гад­гүй.
“Долларын ханш 1740 гээд тавьчихсан бай­на. Гэтэл 1600 руу орчих­сон шүү дээ” гэж
хүмүүс ярьж байсан нь үнэн. Тэг­вэл тэр үед эрх баригчид хоёр сайдаа авч үлдэ­хийн
тулд долларын хан­шийг хүчээр буулгасан юм. Хоёр сайдын тухай яригдаад дууссаны
да­раа одоо хар л даа. Дол­ларын ханш буцаад 
1700 давсан байна. Хэрэв ту­хайн үед хоёр сайдын асуудлыг яриагүй бол доллар
тэгж буурахгүй л байсан. 

-Ингэж харагдуу­ла­хын тулд сөрөг
хүчний зүгээс зохион бай­гуул­сан “ажиллагаа” гэдэг хардлага ч нөгөө талд бий байх.
Н.Батбаяр сайд “Долларын хан­шийг зориуд өсгөдөг бү­лэглэл байгаа” гэж байс­ныг
сонссон юм байна?

-Долларын ханшийг өсгөдөг бүлэглэл
байгаад тэр нь Ардын намтай хол­боотой бол аль хэдийнэ шоронд аваачаад, шонд өлгөчихсөн
байгаа. Ха­рин АН-ынхан энэ хард­ла­гаа өөрсдөөсөө хай­вал олж мэдэх юм.

-АН-ынхан л ажил хийж чадахгүй,
энэ Зас­гийн газар улс орныг ийм болгочихлоо, огц­руул­на гэхийн оронд ажил хэрэгч
шаардлага тавиад алдааг нь заса­хын төлөө зөвлөөд ажил­луулж болдоггүй юм уу?

-Тэгж л байгаа шүү дээ, мэдээгүй юм
уу.

-Юм л бол огцруул­на гэж түрүүлж
дууга­раад байх шиг санаг­даад…

-Бид хангалттай сана­лууд дэвшүүлж
бодлогоо уралдуулж байгаа. Хэд­хэн жишээ хэлье. 2012 оны есдүгээр сард Үнд­сэн хуульд
өөрчлөлт оруулъя. Сумын Засаг даргыг ард түмний дун­даас сонгодог болъё гэдэг хуулийн
төслийг тухайн үед манай намын дарга байсан Ө.Энхтүвшин гишүүн өргөн барьсан. Харамсалтай
нь энэ хуу­лийг хэлэлцсэнгүй. Дараа нь Д.Оюунхорол гишүүн­тэй хамт Хүний хөгжил
сангаасаа зорилтот бү­лэг­тээ мөнгөн тэтгэмж олгож байя гэсэн хууль санаачилсан.
Одоо бол­тол ярьсангүй. Хурууны хээгээр УИХ-ын гишүү­дийн ирцийг бүрдүүлж саналаа
өгдөг болъё гэдэг төсөл өргөн барьтал хав дарчихаад сая АН, Шударга ёс эвслийн бүл­гийн
дарга нарын санаа­чилсан хуулийг хэлэлц­сэн шүү дээ. Хэл ам хийж байж өөрийнхөө
хуулийг  хэлэлцүүлэхээр боллоо. Дээрээс нь
Нэмэгдсэн өртгийн албан татварын босгыг 200 сая болгож жижиг, дунд аж ахуйн нэгжийг
дэмжье гэдэг хуу­лийн төсөл өргөн барь­сан. Хөл дээрээ босох гэж дэнжигнэж байхад
нь тат­вараар дарамтлахгүй байя гэсэн санаа явж байгаа. Харамсалтай нь энэ хуулийг
хэлэлцэхгүй байна гэх мэтээр бид маш олон хууль санаа­чилдаг. Даанч сөрөг хүч­ний
зүгээс оруулж ирсэн учраас тэд дараад өнгөр­дөг. Энэ хандлагаа өөрч­лөөч гэж л гуйгаад
байгаа юм шүү дээ.  Гэхдээ бие биеэ үзэн ядаж,
үгүйсгэс­нээр улс орноо хөгжүү­лэх­гүй юм байна гэдгийг эрх баригчид одооноос л
ойл­гож байгаа юм болов уу даа. Өнгөрсөн тав дахь өдөр бидний санаачил­сан хуулийг
дэмжлээ.

Н.АЛТАНХУЯГ ГУАЙ ГУЯА АЛГАДААД
ГҮЙГЭЭД ИРСЭН БИЗ ДЭЭ

-Өнгөрсөн онд төс­вийн орлого уул
уурхай­гаас болж тасалдсан. Уул уурхайн орлого тас­рахад нөлөөлж, гадаа­дын хө­рөн­гө
оруулалт буурахад хүргэсэн зүйл таны санаа­чилсан Стра­тегийн ач холбог­долтой салбарт
гадаад хөрөнгө оруулалтыг зо­хицуулах хууль байсан гэдэг. Энэ тал дээр та юу хэлэх
вэ?

-Монгол Улсын уул уурхайн орлого буурсан
нь олон шалтгаантай. Тэдний нэг нь тэр хууль гэж ярьдаг. Гэхдээ энэ хууль муу байгаагүй.
Ха­рин  үүнийг хэрэгжүүлэх­дээ Засгийн газар
хариуц­лагагүй хандсан. Гадны­ханд зөв ойлголт өгч ча­даагүй шүү дээ. Үнэхээр тэр
хууль буруу байсан юм бол сая баталсан Хөрөнгө оруулалтын ту­хай хуульдаа яагаад
зүйл заалтуудыг нь тусгаж үлдээ­сэн юм. Ер нь бол хөрөнгө оруулалт буура­хад нөлөөлсөн
өөр нэг зүйл нь дэлхийн зах зээл дээр Монголын эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ
буурсан явдал. Мөн хоёр хөрштэйгээ зөв бод­лого, харилцаа явуулж чадаагүй нь нөлөөлсөн
шүү дээ. Хоёр хөршийн төрийн тэргүүнүүд уулзаж байхад манай Ерөнхий сайд “Бидэнд
ямар хамаа­тай юм” гээд ярьж байсныг санаж байгаа биз дээ. Нэг тонн нүүрсээ  72 ам.доллараар өгө­хөөр “Чалько” компанитай гэрээ
хийсэн байсныг энэ Засгийн газар цуцалсан. “Нүүрсээ үнэгүй өгөөд дууслаа” гэдэг
нэрээр шүү дээ.

 

Гэтэл одоо өөрсдөө нэг тонн нүүрсийг
40 ам.доллараар өгөх гэрээ хийж, дордууллаа. Оюу тол­гой дээр ч ялгаа байхгүй. Гэрээг
улам сайжруулна гээд манай Д.Ганхуяг сайд яриад байгаа. Гэтэл  Оюу толгойн далд уурхайн ажил зогслоо. Дээрдсэн
юм алга.

-Ерөнхийлөгч популис­туу­дын амлалтаас
болж орлого тасалдсан гэж хэлсэн. Тэр попу­лис­туудад Ардын намынхан багтах уу?

-Үгүй. Ерөнхийлөгч өнөөдрийн эрх баригчдыг
хэлж байгаа шүү дээ. Төр хэтэрхий томорчихсон байна гэдгийг хэлээд байна лээ.
160 мянган төрийн албан хаагчтай байсан төр өнөөдөр 210 мянган албан хаагчтай болгчихсоныг
хэ­лээд байна. Төсвийн зардал ДНБ-ий бараг 60-70 хувьтай бараг тэнц­чихээд байгаа
нь төр томорч бай­гаа­гийн илрэл гэдгийг хэлсэн юм.  Ардын нам эрх барьж байхдаа энэ зардлыг 40 хувьд
нь барьдаг бай­сан юм шүү. Төрийн мэдлийн 
зардал нэмэх эрх нь өнөөдрийн эрх баригчдад л бий. Баялаг бү­тээгч­дээ дарамталж,бизнесийн
орч­ныг муутгаснаас төсвийн орло­го их наяд их наядаараа тасарлаа. Эн­дээс харвал
том төрөөс жижиг төр рүү, бодлогогүй төрөөс ухаалаг төр рүү гэж ярих ёстой. Гэвч
ингээд ярья гэхээр буруутан нь өнөөдрийн эрх баригчид болох гээд байгаа учраас том
төрөөс ухаалаг төр рүү гэж соёлтой ярьж байгаа юм болов уу гэж бодсон шүү.

-Чалько болон Оюу толгой­гоос урьдчилж
авсан мөнгөөр сонгуулийн өмнө ард түмэнд таалагдах ажлаа “санхүүжүүл­сэн” гэдэг
утгаараа Ардын нам буруудахгүй гэж үү?

-Бодит байдал дээр өнгөрсөн дөрвөн
жил АН, МАН хоёр хамт­раад засаг барьсан шүү дээ. 2008 онд АН-ынхан эхлээд мөнгө
амла­сан. Гэхдээ сонгуулийн үр дүнгээр Ардын нам олонхи болсон ч улс орныхоо хөгжлийн
төлөө хамтраад ажиллах санаачилга гаргасан. Гэтэл Н.Алтанхуяг ах маань гуяа алгадаад
гүйгээд ирсэн биз дээ. Албан тушаал бүрийн тал нь ма­найх шүү, ачаагаа хамт үүрье
гээд байсан. Тэр үед Н.Алтанхуяг  сай­даас
“Сонгуулиар гэсэн хариуцла­гаа хамт үүрээд орох уу. Сонгууль дөхөхөөр хариуцлагаас
зугтаад засгаас гарах юм биш биз дээ” гэж асуухад “Хөөсөн ч хамтарсан Зас­гийн газраас
гарахгүй” гэсэн хүн дараа нь яалаа. Тиймээс өнгөрсөн дөрвөн жилд алдаа байсан бол
хоёр нам аль аль нь буруутай. Амжилт нь ч хоёуланд нь хамаа­тай. 

2012 ОНООС ХОЙШ ЦАЛИН НЭМЭЭГҮЙ
БАЙХАД БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ӨССӨӨР Л БАЙНА

-МАН-ын бүлэг Х.Баттулга сайдыг
огцруулах асуудал оруулж ирнэ гэдэг яриа тар­чихаж. Үнэн үү?

-Тийм асуудал яригдаагүй учраас тайлбар
хийх шаардлага алга л даа. 

-МАН-ынхан чухал хуулиу­дыг барьцаалж,
байнгын хо­роонд гишүүдээ тэнцүү хуваари­луулахаар зүтгэдэг гэдэг шүүмж­лэл бий.
Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Энд залруулаад хэлчихье. АН-ын бүлгийн
дарга Д.Эрдэнэбат манай бүлгийн дарга байсан Н.Энх­болдод “Бүгдээрээ төсвөө баталчихъя.
Үүний дараа танай гишүүдийг байнгын хороонд тэнцүү оруулъя” гэсэн юм гэнэ лээ. Ингээд
төсвөө баталчихсан чинь маргааш нь “Үгүй ээ тийм юм байхгүй.  Өрийн хязгаарыг нэмэгдүүлж өг. Тэрний дараа наад
асуудлыг чинь шийдье”  гэж хэлсэн байдаг.
Харам­салтай нь бид Монгол Улсыг өрөнд унагаж, хойч ирээдүйдээ өр үлдээ­хийг хэзээ
ч хүлээн зөвшөөрөхгүй. Монголын ирээдүйгээр наймаа хийж, байнгын хороонд орохыг
хүсэхгүй байна. Байнгын хороонд тэгш тоогоор оруулахгүй бол тэр л биз. Өөрсдийнхөө
төлөө улс орноо өрөнд оруулах шийдвэрийг дэмжиж чадахгүй. 

-Монгол Улс мөнгөгүй бол­чихсон
бодит үнэн. Тиймээс эрх ба­ригчдадаа итгээд, бондын мөнгийг өр болгохгүйн төлөө
хамтраад зүтгэх нь парламентад суудалтай Ардын намын үүрэг биш гэж үү. Энэ мөнгийг
үр ашиг­тай зүйлд зарцуулаад төлж чад­вал өр болохгүй байх. Анхнаас нь өр гэж хараад
байвал ямар ч ажил бүтэхгүй байх л даа?

-1950-1990 он хүртэл Монгол Улс арван
тэрбум ам.долларын өр тавьсан байдаг. Энэ мөнгөөр Улаан­­баатар хотын том том орон
сууцны хорооллуудыг босгосон. Аймаг, сумдын цэцэрлэг, сургуу­лиудыг байгуулсан.
Улс орноо эрчим хүчээр хангах ажлыг эхлүүл­сэн. Үйлдвэржүүлэлтийг ч энэ мөнгөөр
эхлүүлсэн. 1990-2012 он хүртэл Монгол Улс 2.4 тэрбум ам.долларын зээл тавьсан байдаг.
Урт хугацаатай хүү багатай энэ зээлээр бид 
шилжилтийн үеийг давж гарсан. Гэтэл одоо хар даа. Бид 2012-2013 оны хооронд
нэг жилийн дотор 2.2 тэрбум ам.дол­ларын өр тавьчихлаа.  Энэ мөнгөөр юу хийв. Гудамж тохижуулж, зам тавьснаас
өөр бодитой зүйл байна уу. Тэгтэл одоо бондын мөнгө дуусч байна шүү дээ. Ингээд
бодохоор асуудал байгаа биз. Өмнөх зээл нь үр дүнгээ өгсөн эсэх нь бүрхэг байхад
дахиад зээл авна гэхээр юу болох вэ. Зээл аваад л байдаг. Ард түмний амьдрал сайжирдаггүй,
тэр мөнгө нь бидэнд наалдахгүй байна шүү дээ. Энэ үүднээс нь хариуц­лагатай хандаж
байгаа юм.

-Засгийн газар үйлдвэржил­тийг
энэ жил эхлүүлж, гайгүй ажил хийх төлөвтэй харагдаад байгаа юм шиг санагдсан. Тийм
биш гэж үү?

-Н.Алтанхуяг тэргүүн шадар сайд байхдаа
үйлдвэржилтийн асуудлыг хариуцаж байсан шүү дээ. Харамсалтай нь юу ч хийж чадаагүй.
Тэр үед үйлдвэржилт ярьж байсан. Өнөөдөр ч нөгөө­дөхөө л ярьж байна. Тиймээс итгэл
төрөхгүй байна. Ямар ч байсан импортыг орлох үйлдвэрүүдийг барих шаардлага бий.

-Цалин тэтгэвэр нэмэх бо­ломж төсөвт
байгаа гэж танай намынхан хараад шаардаад бай­гаа хэрэг үү. Эсвэл ард түмэнд таалагдсан
сөрөг хүчин байхын тулд шоу хийгээд байна у?

-235 тэрбум төгрөгийг цалин тэтгэврийн
нэмэгдэлд зарцуулна гээд төсөвт суулгачихсан. Тиймээс цалин, тэтгэвэр бага авдаг
иргэдэд эхний ээлжинд нэмэгдэл үзүүлэх хэрэгтэй гэсэн шаардлагыг бид тавьж байна.
Цалин нэмэхээр бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг гэж шүүмжилдэг. Үүнийг  ч бид судал­сан. 2010 онд цалинг 20 хувиар нэмэхэд
инфляци 10 хувьтай бай­сан. 2011 онд цалинг 30 хувиар нэмэхэд 14 хувьтай болсон.  2012 онд цалин, тэтгэврийг 54 хувиар нэмэхэд инфляци
12 хувьтай бай­жээ. Ардын нам АН-тай хамт засаг барьж байхдаа цалин, тэтгэвэр нэмэхэд
инфляци өсөөгүй байгаа биз. Гэтэл өнгөрсөн жил цалин тэтгэвэр нэмээгүй байтал инфля­цийн
түвшин буусангүй. Бараа бүтээгдэхүүний үнэ асар ихээр өслөө шүү дээ. Өөрөөр хэлбэл
2012 оноос хойш цалин нэмээгүй байхад бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр л байна.

-Төсвийн  орлого тасарлаа. Зардал нэмэгдлээ гээд байдаг.
Гэвч нөгөө амаараа цалин, тэтгэ­вэр нэм гээд байгаагийн учрыг нэг л ойлгохгүй байна
л даа?

-УИХ Хөрөнгө оруулалтын тухай хуулиа
баталчихлаа. Хөрөн­гө оруулалтын орчин сайжрах биз. Хоёр хөрштэйгээ харилцаагаа
сайжруул. Төмөр замаа хурдан тавьж дуусга, цахилгаан станцаа хурдан барь. Тэгвэл
төсөв, эдийн засаг сайжраад ирнэ. Дээрээс нь хувийн хэвшлийнхнийгээ дарамт­лаад
байлгүй дэмжээд өг. Тэгвэл төсвийн орлого нэмэгдэнэ. Энэ боломжоо ашиглавал цалин,
тэтгэ­вэр нэмэхэд ямар ч хүндрэлгүй шүү дээ. 

-Эцэст нь Ж.Батсуурь гишүү­ний
асуудлаар бүлгийн даргаас нь тодруулахгүй өнгөрч болох­гүй нь?

-Ж.Батсуурь гишүүн өөрөө гадагшаа
ажлаар явсан. Өөрөөс нь мэдээлэл сонсоогүй учраас юу болсныг мэдэхгүй байна. Аливаа
гэм бурууг шүүх л тогтооно. Үүний дараа л асуудал яригдах учиртай.          

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Ардын намаас дахиад нэг “мөнгөний гишүүн” сонгогдсон бололтой

УИХ-ын 2012 оны сон­гуулийн үр дүнгээр
бий болсон парламент   байгуулагдаад бараг
хоёр жилийн нүүр үзэх гэж байна.  Гэвч энэ
сон­гуулиар мөнгө тарааж,   төрийн эрх мэдлийг
хууль бусаар авчихаад өнөө­дөр УИХ-ын гишүүн гэдэг нэр зүүгээд явж байгаа эрхмүүдийн
асуудал яригд­саар байна. Ту­хайл­бал, Увс аймгийн тойргоос Ардын намын нэрээр сонгогдсон
хоёр гишүүн мөнгө тараасан гэдэг нь шүүхээр тогтоогд­чихсон гэж байгаа. Сон­гогчид
тэднээс авсан мөн­гөө тушааж, түүнийгээ хэд дахин үржүүлж төрөөс урамшууллаа хүртсэн.  Тиймээс СЕХ 
“Увсын” гэх хоёр гишүүний мандатыг хүчингүй болгох л үлд­чихээд буй тухай
яригд­саар өдий хүрлээ. Энэ маргаан дуусаагүй бай­тал шинээр нэг хэрэг ман­дав.
Ардын намаас ахиад нэг “мөнгөний гишүүн” парламентад сонгогдсон тухай мэдээлэл сүүлийн
үед цацагдлаа. Тэр нь Дорноговь, Говьсүмбэр аймгийн зургадугаар тойр­гоос УИХ-д
сонгогд­сон Ж.Батсуурь гишүүн.

Өнгөрсөн УИХ-ын сон­гууль мажоритар болон пропорциональ гэсэн
холимог  тогтол­цоогоор явсан учраас Монгол
Улсыг 26 тойрогт хуваасан билээ. Тиймээс Дорноговь, Говьсүмбэр аймгийг нэг тойрог
болгож, нэг мандат олго­сон тул үүний төлөө намуудын нэр дэвшигчид өрсөлдсөн юм.
Гэтэл энэ­хүү тойрогт Ардын на­маас нэр дэвшсэн Ж.Бат­суурь нь сонгуулийн сур­тал­чилгааны
үеэр хууль зөрчсөн үйлдлүүдийг удаа дараа гаргаж байсан гэнэ. Сонгогчдын сана­лыг
татах зорилгоор биеийн тамирын урал­даан, тэмцээн, баяр наа­дам, урлагийн тоглолт,
төлбөрт таавар, бооцоот болон мөрийтэй тоглоом зохиож ивээн тэтгэхийг Сонгуулийн
хуулиар хо­риглосон. Элдэв хүлээн авалт, дайллага, цайлла­га, сонгуулийн бус олон
нийтийн арга хэмжээ зохион байгуулах нь ч хориотой атал Ж.Бат­суурь гишүүний шадар
туслагч Л.Оюунсайхан хөдөлмөрийн хүндэт ме­да­лиар шагнуулсныхаа баярыг сонгуулийн
сур­тал­чилгааны үеэр тэм­дэглэж, наадам хийж, овоо тахижээ.

Энэ  үед нь Дорноговь аймгийн АН-ынхан тойр­гийн хороондоо
гомдол гаргаж байсан аж. Тэд гомдолдоо “МАН-аас нэр дэвшигч Ж.Батсуурийн шадар туслах
Л.Оюун­сайхан нь хурдан морь уралдуулан баяр наадам зохион байгуулж, шашны зан үйл
ашиглаж овоо тахих зэргээр УИХ-ын сонгуулийн тухай хуу­лийн 35 дугаар зүйл,
35.18.9, 35.18.12, 35.18.13, 35.20 дугаар зүйлүүдийг зөрчлөө” гэсэн байна. Гэвч
тэдний гомдлыг тухайн үед авч хэлэлцээгүй юм байна.

Уг нь Сонгуулийн тухай хуулийн
35.20-д “Нам, эвсэл, нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний
ажилтан, нэр дэв­шигчийн шадар туслагч, ухуулагч нь сонгуулийн сурталчилгаандаа
али­ваа шашны сургаал, жаяг дэгийн дагуу үйлддэг ху­рал хуруулах, сан тавиу­лах,
майдар эргэх, жасаа уншуулах, даллага ава­хуулах, тахилга мөргөл үйлдүүлэх, овоо
тахих зэрэг үйлдэл, үйл ажилла­гааг зохион байгуулсан, түүнд оролцсон, ийм арга
хэмжээг санхүүжүүлсэн, шашны эд өглөгийн зүйл, хэрэгсэл тараасан бол шашны зан үйл
ашигла­сан гэж үзнэ” гэсэн байна.  Хэрэв энэ
заалтыг зөрч­сөн нь  нэр дэвшигч, нам, эвслийг
сонгуульд бүрт­гүүлснээс хойш тогтоогд­сон бол нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас
ха­сах, нам, эвслийг сон­гуульд оролцохоор бүрт­гэсэн тухай шийдвэрийг хүчингүйд
тооцох үндэс­лэл болно. Энэ шийдвэ­рийг Сонгуулийн ерөнхий хороо нийтэд мэдээлнэ
гэдгийг ч Сонгуулийн хуульд тодоос тод тусга­жээ. АН-аас тухайн үед гаргасан гомдлыг
авч хэлэлцсэн бол хуулийн дагуу ийм арга хэмжээ авах байжээ.

Үүнээс гадна нэр дэв­шигч Ж.Батсуурь
өөрөө мөнгө тараасныг зарим сонгогчид баталж байгаа аж.  Тухайлбал, Ж.Бат­суурь гишүүн 2012 оны зургадугаар
сарын 24-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын тавдугаар багийн нутаг Жарангийн худаг,
Цайдамын орчимд гуравдугаар багийн бо­лон тэр хавийн малчид, сонгогчдыг цуглуулан
уулзаж бүгдэд нь тус бүр 100 мянган төгрөг өгч архиар дайлсан гэнэ. Тухайн үед энэ
уулзалтад очсон иргэн Г.Чойдовдаш  “2012 оны
зургадугаар сарын 24-ний оройн 22 цагийн орчимд Майнбаяр манайд ирээд “Ж.Бат­суурь
энэ хавийн хүмүүс­тэй уулзана гэнэ” гэж хэл­сэн. Ингээд  бид хамтдаа Цайдамын урд товгор дээр очтол  гурав, дөрвөн том жийп машин болон тэр хавийн
малчдын машин зогсч байсан. Бас тэнд Ж.Батсуурь хуучин аймгийн орлогч даргын хамт
байсан. Одоогийн аймгийн орлогч дарга Отгонжаргал болон мал­чид байлаа. Ж.Батсуурь  Соёмбо архи задлан малч­дад хандан хундага өргөсөн.
“МАН болон намайг дэмжээрэй” гэж хэлээд тэнд цугласан хүн бүрт 100.000 төгрөг өгсөн”
хэмээн ярьжээ.

Мөн Замын-Үүд су­мын иргэн Н.Ганчимэгийг
нэр дэвшигч Ж.Бат­суу­рийн ухуулагчаар ажил­луу­лах нэрээр 250.000 төгрөг өгсөн
байна. Гэтэл сүүлд  нэр дэвшигч Ж.Бат­суурийн
албан ёсны ухуу­­­лагчдын нэрсийн жаг­­­саалтад Н.Ган­чимэ­гийн нэр байгаагүй аж.  Түүнчлэн сонгуулийн сур­талчилгааны үеэр Ж.Бат­суурь
гишүүн Сүмбэр суманд өөрийн зурагт самбарыг байр­луулах­даа “Багануур зүүн өм­нөд
бүсийн цахил­гаан түгээх сүлжээ” төрийн өмчит компанийн өрмийн машиныг дай­чил­сан
бай­на. Монгол-Оросын Зас­гийн газрын хамтарсан “УБТЗ”-ын харьяа гал унт­раах ан­гийн
автомашин болоод ажилтнуудыг нь ч самбар байрлуулахдаа ашигла­жээ. Ингэснээрээ Ж.Бат­суурь
гишүүн Сон­гуулийн тухай хуулийн 35.17-д “Ээлжит сонгуу­лийн жил эхэлснээс хойш
санал хурааж дуустал сон­гуульд оролцох нам, эв­сэл, нэр дэвшигч сон­гуулийн сурталчилгаатай
холбогдсон гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн зөвлөгөө, тусламж, дэмж­лэгийг
шууд болон шууд бус хэлбэрээр авахыг хо­риг­лоно”, 35.18.15-д “Тө­рийн байгууллага,
түүнч­лэн төрийн өмчит болон төрийн өмчийн орол­цоо­той хуулийн этгээдийн тээврийн
хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг төлбөртэй буюу төлбөргүйгээр сур­талчилгааны материал
хэвлэх, олшруулах, тээвэр­лэх зэрэг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиг­лах”,
35.18.16-д “Сон­гуулийн сурталчилгаанд улс төрийн албан хааг­чаас бусад төрийн албан
хаагч аливаа хэлбэрээр оролцох, түүнчлэн улс төрийн албан хаагчаас бусад төрийн
албан хаагч болон насанд хүрээгүй иргэнийг татан оролцуу­лах” гэж заасныг зөрчсөн
гэнэ.

Нэр дэвшигч Ж.Бат­суурь сонгуулийн
шта­бын дарга Х.Бал­сан­дорж, Говьсүмбэр айм­гийн Засаг даргын орлогч, тус аймгийн
МАН-ын дар­га О.Отгонжаргал, Сүмбэр сумын Засаг дарга, тус сумын МАН-ын дарга, Шивээговь
сумын Засаг дарга, тус сумын МАН-ын дарга Б.Даваадолгор  нарын хамт хорхог боодог хийж, Сүмбэр, Шивээговь
сумын малчдыг дайлж, цайлсан гэж байгаа. Үүнийг нь иргэн Т.Эр­дэ­нэбаяр нотолж байгаа
аж. Тэрээр “Манай багийн дарга “Сонгуулийн сур­тал­чилгааны ажлаар Өгөөм­рийн голд
очно. Олон айл байгаа учир танайд хүмүүсээ цуг­луул­на. Нэг ямааны хэрэг бай­на.
Бэлдэж байгаарай” гэж хэлсэн. Тэр ямаагаа сүүлд нь 80000 төгрөгөөр өгсөн. Ямаагаа
боож цуг­ларсан хүмүүсийг дайл­сан. Ирсэн хүмүүс нь Сүм­бэр сумын Засаг дарга Хишигт,
Шивээ овоо ком­панийн захирал Х.Бал­сандорж, аймгийн Засаг даргын орлогч Л.Отгон­жаргал,
багийн Засаг дарга Наранчимэг нар байсан. 
Ухуулах ажлаар МАН-ын мөрийн хөтөл­бөр, сонин, сэтгүүл, ил захидал, ном товхимол
тарааж саналаа өгөхийг уриалсан. Ганц манайд ч ингээгүй. Отгонсүрэн­гийнд олон хүн
дайлуул­сан байсан” хэмээн өргө­дөлдөө бичжээ. Үүгээр зогсоогүй Ж.Бат­суурь ги­шүүн
суртал­чил­гааныхаа үеэр тухайн үед МАН-ын дарга бай­сан С.Батбол­дын хамт зургадугаар
сарын 12-ны өдөр иргэд сонгогчидтой уулзаж, 
“До­лоон бурхан харва­даг­гүй” гэдэг киног үнэ төлбөргүй үзүүлсэн бай­на.
Энэ нь мөн л сон­гог­чид мөнгө, эд бараа төлбөргүй тараах эвсэл хөнгөлөлттэй үнээр
ху­дал­даж, аливаа үйлчил­гээг төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэ­хийг
хориглосон Сонгуу­лийн хуулийг зөрчсөн үйлдэл болжээ. 

Цаашилбал  2012 оны зургадугаар сарын 21-ний өдөр Улаанбаа­тар-Замын-Үүд
чиглэ­лийн суудлын галт тэргийг Чойр өртөөнд ирэх үеэр нь иргэдэд урлагийн тог­лолт
үнэгүй үзүүлсэн гэнэ. Мөн “Шивээ-Овоо” тө­рийн өмчит компанийн захирал Х.Балсан­дор­жийг
Ж.Батсуурь гишүүн сонгуулийн штабын дар­гаараа ажиллуулсан нь Нийтийн албанд нийтийн
болон хувийн ашиг со­нирхлыг зохицуулах ту­хай хуулийн 13 дугаар зүй­лийн нэг, Сонгуулийн
тухай хуулийн 35.18.16 дугаар зүйлийг тус тус зөрчсөн юм байна. Энэ бүхэн нь нотлох
баримт­тай гэж үзсэн учраас сон­гуулийн дараа буюу дол­дугаар сард АН-ынхан цагдаа,
прокурорын бай­гууллагад гомдол гарган хэргийг шалгуулжээ. 

Ж.Батсуурь гишүүний тараасан мөнгийг
авсан иргэд ч нотолгоо болгон өргөдөл гаргаж баталгаа­жуулсан байна. Тухайл­бал,
Сүмбэр сумын иргэн Ч.Баярсайхан  “2012 оны
зургадугаар сарын 24-ний орой 22.00 цагийн үед Сүмбэр сумын тавду­гаар багийн нутаг
Жаран­гийн худгийн орчимд УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Ж.Батсуурь бо­лон түүний
дагалдан яваа хүмүүс иргэдтэй уулз­сан билээ. Уулзал­танд манай багийн Сан­жаа ах,
Чой ах, Гэрэлээ, Батжаргал, Майнбаяр, Отгонсүрэн нар байсан.  Ж.Батсуурь “Айлуудаар сурталчилгаа хийж яваад
ирлээ. Жаа­хан оройтчих­лоо. Одоо шууд Далан­жаргалан, Айраг сумдаар дайраад Сайншанд
орно” гэж хэ­лээд зам асуу­сан. Явахаа­саа өмнө “Намайг дэм­жээрэй” гээд тэнд цуглар­сан
бүх хүнд 100.000 төг­рөг өгсөн” хэ­мээн өргө­дөлдөө бичжээ. Тэднээс гадна П.Саран­гэрэл,
Бат­цоож нарын иргэд ч Ж.Батсуурь гишүү­нээс 100 мянган төгрөг авснаа нотолж байгаа
юм байна. Ийм нотлох ба­римтуудыг үндэслэн Ж.Батсуурь ги­шүүн 2012 оны сонгуу­лиар
хууль зөрчсөнийг Говьсүмбэр аймгийн цаг­даагийнхан тогтоож, нийслэлийн про­курорын
газарт шилжжээ. 

Прокурорын газар Ж.Батсуурийг Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлийн 130.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутай
гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн харьяал­лын дагуу Сүх­баатар дүүргийн шүүхэд өнгөрсөн
2013 оны дө­рөв­дүгээр сард шил­жүүл­жээ. Эрүүгийн хуулийн 130.2-т “Энэ хэргийг
хүч хэрэглэж буюу хүч хэрэг­лэхээр заналхийлэх, хуурч мэхлэх, эд мөнгөөр татах,
санал худалдаж авах зэрэг аргаар үйлдсэн бол тодорхой албан ту­шаал эрхлэх, үйл
ажил­лагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хуга­цаагаар хасч, хөдөлмө­рийн хөлсний
доод хэм­жээг далан нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрө­гөөр
торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ”
хэмээн заасан байдаг аж.

Гэвч Сүхбаатар дүүр­гийн шүүх “яллагдагч
Ж.Бат­суурийг яллах дүг­нэлттэй хамт шүүхэд 
хүлээлгэн өгөөгүй” гэдэг шалтгаанаар хэргийг хү­лээн авахаас татгалзсан юм
байна. Учир нь  УИХ-ын гишүүн Ж.Батсуурь  халдашгүй бүрэн эрхтэй гэдэг  үндэслэлээр өнгөр­сөн хугацаанд хууль хянал­тын
байгуулла­гынх­ны дуудсан цагт очиж мэдүүлэг өгөөгүй байжээ. Ингээд Сүхбаа­тар дүүргийн
шүүх хэр­гийг хүлээн авахаас тат­галзсан учраас прокуро­рын газрынхан Ж.Бат­суурь
гишүүний хэргийг Эрүүгийн байцаан шийт­гэх хуулийн 250.1.3-т заасны дагуу дипломат
дархан эрхтэй холбон тайлбарласнаар хэргийг 
түдгэлзүүлсэн байна.

Харин АН-ынхан өн­гөрсөн наймдугаар
сард энэ асуудлаар улсын ерөн­хий прокурор Д.Дор­лиг­жавт хандан дахин гомдол гаргасан
юм бай­на. Тиймээс хэргийг нийс­лэлийн прокурорын газар дахин нягтлаад саяхан Сүхбаатар
дүүрэгт шил­жүүлсэн гэнэ. Прокурор өмнө нь гаргасан яллах дүгнэлтээ баталгаажуул­сан
байж магадгүй аж. Одоогийн байдлаар Сүх­баатар дүүр­гийн шүүх хэргийг хүлээж авахгүй
гэж мэдэг­дээгүй байгаа учраас асуудлыг шүүх эцэслэх бололтой. Хэрэв шүүх Ж.Батсуурь
гишүү­нийг Сонгуулийн хууль зөрч­сөн гэж үзвэл түүний УИХ-ын гишүүн байх хо­ног
тэр үед дуусгавар бо­лох бололтой. Ямар­тай ч Ж.Батсуурь гишүүн Сон­гуулийн тухай
хуу­лийн 35 дугаар зүйлийг зөрчиж, сонгогчдод мөнгө, эд зүйл тараасан нь тогтоогдвол
түүний УИХ-ын гишүүний ман­датыг Сонгуулийн ерөнхий хороо хүчингүй болгох эрхтэй
юм байна.

Я.МӨНГӨН

Categories
редакцийн-нийтлэл

Авлигын эсрэг хуульд ямар өөрчлөлт орох вэ?

Монгол Улс 2006 онд Ав­ли­гын эсрэг
хуультай болсон байдаг. Энэ хууль гарснаараа АТГ-ыг бай­гуулж, авлигатай тэмцэж
эхэлсэн гэхэд болно. Ав­лигын эсрэг хуулийн хэд хэдэн заалтад 2012 онд нэмэлт өөрчлөлт
оруул­сан байдаг юм. Тэгвэл энэ удаа уг хуульд өөрчлөлт оруулахаар болж төслийг
УИХ-аар хэлэл­цэж бай­на. Өөрчлөлт оруулах энэ төсөлд АТГ-ыг Авлигатай тэмцэх ерөнхий
газар болго­хоор тусгагджээ. Түүнчлэн хөдөө орон нутагт АТЕГ-ын салбар нэгжүүдийг
байгуула­хаар болсон байна. Мөн УИХ-аас  Авлигатай
тэмцэх стра­те­ги хөтөлбөр, түүнийг хэрэг­жүүлэх арга хэмжээний төлөв­лөгөөг дөрвөн
жилийн хугацаа­тай баталж байх гэнэ. Авлигатай тэмцэх бай­гуул­лагад төрийн албан
хаагчийн ажилласан жилийг цэргийн алба хаа­сан хугацаатай дүй­цүү­­лэх өөрчлөлтийг
оруула­хаар болжээ. Авлигатай тэм­цэх байгууллагын хэрэг бүрт­гэгч, мөрдөн байцаагч,
гүйцэт­гэх ажилт­нууд тусгай ажил­ла­гаанд оролцохдоо бай­гуул­ла­гын бэлгэ тэм­дэгтэй,  зориу­лалтын хув­цас өмсдөг байхаар тус­гасан
байна. Авли­гатай тэмцэх байгуул­ла­гын эрх бүхий албан ту­шаалт­­ныг гаргасан шийдвэ­рийнх
нь төлөө ажлаа хийж бай­хад нь эсвэл албанаасаа    чөлөөлөгдсөний дараа ха­риуц­лага тооцохгүй
байхаар оруулсан бай­на. Гэхдээ энэ заалт мэ­дээж тухайн албан тушаалтан гэм буруутай
нь шүүхээр тогтоогдоогүй то­хиол­долд үйлчлэх юм байна.

Ямар хүмүүст Авли­гын эсрэг хууль үйлчлэ­хийг 2006 онд батлагдсан энэ хуульд тодорхой заа­гаад өгчихсөн байдаг. Тэгвэл энэ заалтуу­дад өөрчлөлт оруулахаар боловс­руулжээ. Тухайл­бал, төрийн улс төр, захир­гаа, тусгай албан тушаалд байнга
эсвэл түр хугацаагаар томилогдож, сонгогдддог ал­бан хааг­чид энэ хууль хамаар­даг.
Үүнийг  өөрчилж, төрийн улс төрийн, захиргаа­ны,
тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан ту­шаал­танд хууль үйлч­лэхээр болгожээ.
Дараа нь төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой
бай­гуул­лагын удирдах болон захир­гааны албан тушаал­танд үйлчилдэг байсныг өөрчилж,  төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан
болон ерөн­хий нягтлан бо­догч, ахлах нягтлан бодогч­дод ха­маар­даг байхаар оруул­­сан
байна. МОНРТВ-ийн үндэсний зөвлөлийн зөв­хөн дарга, ерөнхий захи­ралд Авлигын эсрэг
хууль үйлчлэ­хээр одоо мөрдөг­дөж байгаа хуульд заасан байдаг. Тэгвэл энэхүү өөрчлөлт
батлагдвал үндэс­ний зөвлөлийн гишүүнд ч эл хууль хамаа­рахаар болж байна. Мөн төрийн
болон орон нут­гийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн орол­цоотой хуулийн
этгээ­дийн удирдах болон компа­нийн эрх бүхий албан тушаал­танд Авли­гын эсрэг хууль
үйл­чилдэг болох юм байна. Улсын болон орон нут­гийн төсвөөс санхүүжилт авч төрийн
тодорхой чиг үүр­гийг хууль тогтоом­жийн дагуу гүйцэтгэж бай­гаа төрийн бус байгуул­лагын
удирдах албан тушаалтан Авлигын эсрэг хуулийн хүрээнд ажил­лах болох нь.
Монгол Улсын Ерөн­хийлөгч, УИХ, бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хур­лын сонгуульд
нэр дэвшигч­дэд энэ хууль үйлчилнэ.  Бүх шатны
иргэдийн Төлөөлөгч­дийн хурлын дарга, төлөө­лөгч­дөд ч Авлигын эсрэг хууль хамаа­рах
юм. Энэ нь одоо мөрдөгдөж байгаа хуульд байгаагүй билээ.  Түүнч­лэн эрх бүхий байгуул­лагаас баталсан жагсаалтад
орсон албан тушаалтнуудад Авлигын эсрэг хууль үйлчлэх юм байна.

Авлигын эсрэг хуульд хөрөнгө, орлогын
мэдүү­лэг гаргагч нь хөрөнгө орлогын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй гэж
заасан. Тэгвэл үүнийг өөрчилж, мэ­дүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн
хөрөн­гө, орлого, зээлийг өөрөө үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй байхаар тусга­жээ. Мэдүүлэг
гаргагчийн хөрөнгө орлого нь зур­гаан сарын цалинтай тэн­цэх буюу түү­нээс их хэм­жээ­гээр
өөрчлөгд­с­өн бол 30 хоногийн дотор мэ­дүүлж бүртгүүлнэ хэмээн хуульд тусгасан байдаг.  Зур­гаан сарын цалин гэд­гийг нь хөдөлмөрийн хөлс­ний
доод хэмжээг 250 дахин нэмэгдүүл­сэн­тэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрч­лөгд­сөн
тохиолдолд хэмээн оруул­жээ. Эдгээр өөрчлөл­тийг хийхээр хуу­лийн төслийг боловс­руул­сан
байна. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад  гишүүд
ямар саналтай байхаас хамаа­ран анх­ны хувилбар 
өөрчлөгдөх биз ээ.

Я.МӨНГӨН

Categories
редакцийн-нийтлэл

С.Одонтуяа: Бид төрийн зохицуулалт, оролцоо хоёроо ялгаж салгамаар байна

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын
бүлгийн дэд дарга С.Одонтуяатай ярилц­лаа. 

-Эрдэс баялгийн сал­барт төрөөс
ба­римт­лах бодлогоо тодорхой болгож, УИХ-аар батлах гэж байна. Та ажлын хэсгийг
нь ахалж яваа­гийн хувьд ямар утга агуулгатай баримт би­чиг гарах гэж байгааг тайлбарлахгүй
юу?

-Уул уурхайн салба­раа хөгжүүлсэн
шиг хөг­жүүлье гэвэл 2025 он хүртэл энэ бодлогыг ба­римталъя. Дэлхийн зах зээлд
өрсөлдөх чадвар­тай уул уурхайтай орон болох зорилтыг л энэ баримт бичигт тусгаж
бай­гаа юм. Эрдэс баялгийн салбарт төрийн нэгдсэн бодлого зайлшгүй шаард­лагатай
байсаар ирсэн. Тиймээс яах арга­гүй нийгэм даяараа хү­лээлт үүсгэсэн, нөгөө та­лаар  олон ашиг сонирх­лын зөрчилдөөн дундаас гарч ирэх
бодлого байх болов уу. Яагаад гэвэл төр өөрийн бодлогоо то­дор­хойлно. Хувийн хэвш­лийн­хэн,
иргэд болоод иргэний нийгмийнхний ашиг сонирхол ч энэ бод­ло­год тусах учиртай.  Эд­ний аль аль нь өөрийн­хөө эрх ашгийг давуу
тус­гуулах гэж хичээх нь дам­жиггүй. Тиймээс энэ эрх ашгуудыг баримт бичигт тэнцвэртэй
тусгахын төлөө ажлын хэсэг хичээж ажиллаж байна. Мэдээж Засгийн газраас анх оруулж
ирсэн төсөл сайн байсан. Олон орны турш­лагыг судалсны үндсэн дээр дэлхий нийтийн
жи­шигт ойртуулсан учраас тэр л дээ. Харин манай ажлын хэсэг энэхүү төсөлд  улс төрийн чухал шийдвэр, байр суурийг  зоригтойгоор оруулж өгье гэдэг байдлаар л сана­луудаа
нэмж тусгасан байгаа.

-Тухайлбал, эрдэс баялгийн салбарт
тө­рийн оролцоог хязгаар­лах бодлого баримтла­хаар тусгаж байгааг хэ­лээд байна
уу?

-Ер нь бол тийм.  Сүү­лийн үед төрийн капита­лизмын тухай олон улсад
нэлээд хүчтэй яригдах болсон. Манай улс жижиг орон, дээрээс нь хоёр том хөршийн
дунд оршдог. Том гүрнүүд үндэстэн дам­насан корпорацийн бодлогууд цаашид хүч­тэй
мэдрэгдэх учраас ма­най төрийн бодлого маш ухаалаг, алсын хараатай байж, нэн тэргүүнд
эдийн засгаа чадавхжуулж, хү­чир­хэгжүүлээд авах хэрэг­тэй. Эс бөгөөс Грек шиг өрөндөө
баригдаж, бүх зүйлээрээ барьцаа­лаг­дана. Сул эдийн засагтай орны төр хүчтэй байна
гэж хэзээ ч байдаггүй юм.  Гэхдээ үүнийг ярихын
өмнө төрийн капитализ­мын тухай онцолмоор байна. Төрийн капита­лизм гэдгийг манайхан
зөв ойлгох хэрэгтэй бай­гаа юм. Зөв ойлгоогүй учраас “Төрийг өмчгүй болгож, ард
түмнийг юу ч үгүй үлдээх нь” гэж хий хоосон яриад байна. Тө­рийн капитализмыг ам­жилт­тай
хэрэгжүүлж, ул­саа хөгжүүлсэн хоёр жи­шээг энд дурдъя. БНСУ-ын удирдагч Пак Чён
Хи гэж генерал дайны дараа богино хугацаанд улсаа хөгжүүлэхдээ төрийн ка­пи­тализмын
зарчмыг хэ­рэг­жүүлсэн байдаг.

-Тэр нь ямар зарчим юм?

-Төр өөрөө бизнест хутгалдаж, өөрөө
бизнес хийхийг хориглосон. Оронд нь төр улсынхаа бизнес эрхлэгч, аж ахуйн  нэгжүүдэд дэмж­лэг үзүүлдэг тогтол­цоо руу шилжсэн.
Үүний хүрээнд үндэсний ком­паниудаа цуглуулаад “Та нар дэлхийд өрсөлдөх чадвартай
бол. Усан онгоц­ны үйлдвэр барь. Бидний зүгээс ямар тус­ламж хэрэгтэй байна. Зээл
хэрэгтэй юу. Болов­сон хүчнээ бэлтгэхэд ямар дэмжлэг шаардла­га­тай байна” гэх мэтээр
хувийн хэвшлээ дэмжих ажлыг эхлүүлсэн байдаг. Үнэхээр үр дүнд нь Со­лон­госын үндэсний
ком­паниуд хүчирхэгжсэн. Hyun­dai корпораци гэхэд л олон зуун мянган ажил­тантай,
дэлхийд тэргүү­лэгч компани болж чад­сан. Үүнтэй адилхан олон арван компанийг тэд
бий болгосон. Тэр бүгд нь Солонгосын том баялаг болж үлдсэн юм. Төр тэд­ний бизнест
хутгалдаж, төр өөрөө мөнгөний хой­ноос хөөцөлдөлгүй зөв­хөн зохицуулах үүргээ гүйцэтгэсний
сайн үр дүн гарсны тод жишээ нь энэ. Солонгосын төрийн зохицуулалтын сонгодог жишээ
энэ л дээ. Харин төрийн оролцоо гэдэг нь бизнест хутгалдахыг л хэлээд байгаа юм.
Үүнийг манайхан ялгаж салга­маар байна. 

-Нөгөө жишээгээ хэлэх үү?

-Сингапур байна. Син­­гапур бол хэзээ­нээ­сээ
хувийн хэвшлийг тууш­тай дэмжиж ирсэн орон. Төр нь хийх ёстой ажлаа сайн хийдэг.
Ху­вийн хэвшлээ хангалттай дэмжиж, тогтмол татва­раа сайн төлөөд явах нөхцөлөөр
нь хангаж өг­дөг. Ингэж хуримтлуулсан мөнгөө авлигад зориулж үрэн таран хийх эсвэл
халамж нэрээр цацаад дуусгачихдаггүй хуримт­луулж чаддаг. Нэгэнт их хэмжээний мөнгө
ху­римтлуулж чадсан  уч­раас мөнгөө гадаад
зах зээлд гаргаж, үр ашигтай хувьцаа авдаг. Эсвэл усан онгоцны портуудыг худалдан
авч мөнгөө эр­гэл­дүүлдэг. Одоо Син­гапурын “Тимасек” компа­ни манай Оюу толгойн
хувьцааг худалдаж авсан байх жишээтэй. До­тоо­дын компаниудтайгаа өр­сөлдөх биш
гадаад зах зээл дээр хүчирхэгжих арга замыг Сингапур сон­гож байна.

-Зохицуулалтаа зөв хийсэн учраас
ийм үр дүн гарчээ?

-Сингапурт бай­даг миний нэг танил
“Манай Засгийн газар 100 жил идэх мөнгөө ху­римт­луул­чихсан” гэж ярьж байлаа. Энэ
бол сайн засаг­лал­тай байс­ны л үр дүн шүү дээ. Дээ­рээс нь Сингапур бол бараг
авлигагүй орон болж чадсан. Гэхдээ ма­най­хан төр хүчтэй, төр бизнесээ хийдэг байж
улсаа хөгжүүлнэ гээд Син­гапурын жишээг хуулж болохгүй юм. Яагаад гэвэл Сингапур
бол шар өөр орон. Ма­найд өнөөгийн байдлаар засаглал ийм муу байгаа үед энэ жишгийг
хуулбал авлигыг улам л нэмэг­дүүлнэ гэсэн үг.

-Төр аливаа бизнест хутгалдаад,
гал тогоо руу нь ороод ирэхээрээ авлига, хүнд суртал га­зар авч эцэстээ дам­пуурдаг
жишээ манайд олон бий шүү…

-Дэлхий нийтэд хэрэг­жүү­лээд үр дүнгээ
өгчих­сөн ийм онол байсаар байтал манайхан хэт улс­төрждөг юм уу, популизм хийгээд
байдаг юм уу. Эсвэл эдийн засгийн оно­лоо огт мэддэггүй юм уу. Ямар ч байсан  “Төрд  өмч
байх ёстой” гээд дайраад байдаг. Төрд өмч байж болно. Гэхдээ төр бизнес хийх шаардлагагүй.
Төр өөрийнхөө үндсэн ажлыг л  сайн хийх ёстой.
Тэр нь бүртгэлээ хийдэг, зөв­шөөрлөө олгодог, хяна­даг, нөхөн сэргээлт хийл­гэдэг
л байх тухай юм.  Мөн хувийн хэвшлийн­хэндээ
яаж тусалж дэмжих тухай л төр ярих хэрэгтэй. Түүнээс биш дотоодын компаниудтай уралдаж
бизнес хийдэг, хувийн хэвшлийнхний бизнес хийх зах зээлийг хааж боох ёсгүй. Төрийн
орол­цоо давуу байгаа үед компаниуд ашигтай ажил­лах ямар ч боломж байхгүй. Олсон
ашиг бүр нь улс төрийн намуудын сонгуулиар өгсөн бэлэн мөнгөний амлалтад зо­риу­лагдана
шүү дээ. Тий­мээс төрийн бодлого нь ойлгомжтой, хууль тог­тоомжууд нь уялдаатай
байх ёстой. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг клуб нэг судал­гаа хийсэн
байна лээ. 2006 онд Ашигт малт­ма­лын тухай хууль батлагд­санаас хойш шүүхээр шийдэгдсэн
уул уурхайн салбарын маргаануудыг нэг бүрчлэн судалж л дээ. Гэтэл маргаан үүсч,
шүү­хээр шийдвэрлүүлсэн асууд­луудын 70 хувь нь төрийн буруутай үйл ажил­лагаанаас
болсон байна гэнэ лээ. Дүгнэлт хийхэд төр үндсэн чиг үүргээ маш муу биелүүл­сэн
гэсэн үг. Ийм учраас л төрийн оролцоо ямар хэмжээнд байхыг бодло­гоороо заагаад
өгчихье.

-Энэ санаа баримт бичигт яг ямар
томъёол­лоор орж байгаа вэ?

-Төрийн зохицуулал­тыг бүртгэл, зөвшөөрөл,
хяналтын түвшинд төгөл­дөржүүлж, ашигт малт­малын хайгуул, олбор­лол­тын үйл ажиллагаанд
шууд оролцохыг хязгаар­лана гэдэг байдлаар оруулж байгаа. Төр хийх ёстой үүргээ
л биелүүл. Мөнгөний араас гүйхээ боль л гэж байгаа юм. Юуны төлөө гүйх вэ гэвэл
тогтвортой татвар төлөгч­дийн тоог нэмэгдүүлэ­хийн төлөө явах ёстой. Мөн төрийн
өмчийн аж ахуйн нэгж нь ерөнхий гэрээ­лэг­чийн зарчмаар ажиллаж, төр хувийн хэвш­лийн
түнш­лэлийн хэлбэрийг хэрэгжүүлнэ гэдэг заалт орж байгаа. Хэрэв энэ заалтуудыг хасаад
хая­чихвал Эрдэс баялгийн салбарт баримтлах бод­ло­го нь өөрөө учир дутаг­далтай
болно гэсэн үг л дээ.

-Энэ байдлаараа бат­лагдвал мэдээж
сайн хэрэг. Гэвч гишүүд дэмжих хандлага байна уу. Эсвэл эсэргүү­цэг­чид нь олон
байна уу?

-Ерөнхийлөгчийн са­наа­чилсан “Том
төрөөс ухаалаг төр рүү” хэлэл­цүүлэг болохоос өмнө бас л хэцүү байсан шүү. Гишүүдийн
ихэнх нь төрийн оролцоо байх ёстой гэдэг байр суурь дээр зогсох хандлагатай байсан.
Уг нь бол тэд дотроо төрийн оролцоог хязгаарлах нь зүйтэй гэдэг саналтай байсан
боловч  үнэнийг хэлэхэд дараагийн сонгуулиа
бод­дог ч юм уу, нэг намын бүлэг, нөгөө намын улс төрийн дайралтаас айдаг ч юм уу,
эдийн засгийн зоригтой реформыг хийх­дээ тээнэгэлзээд байх юм. Монголын улстөрчид
олон жил эдийн засгаа урдаа тавихаас илүү улс төр, хоосон популизм, эх оронч дүр
эсгэж цээжээ дэлдэхээ урьтал болгос­ны уршиг өнөөдөр гарч байна. 

Гэхдээ сая Ерөн­хий­лөгчийн санаачилгаар
“Том төрөөс ухаалаг төр рүү” гэдэг сэдэвтэй уул­залт хэлэлцүүлэг боллоо. УИХ-ын
гишүүд энэ сэд­вийн хүрээнд Ерөнхий­лөгчтэй уулзлаа. УИХ дахь намын бүлгийн дар­га
нар үүний хүрээнд санамж бичигт гарын үсэг зурлаа.  Төр бүхнийг хийх ёстой гэдэг зарчмаар яваад амжилтад
хүрэхгүй нь ээ. Үр дүнд нь гаргаж байгаа зардлаа өөрөө дийлэхээ байж,  авлигад идэгдээд ялзарч дуусах нь ээ. Тиймээс
нүсэр бүт­цээсээ салж, ухаалаг төр рүү шилжье гэдэг санамж бичигт гарын үсэг зурчих­лаа.
Хууль батлах гишүү­дийн үзэл бодлыг өөрч­лөхөд Ерөнхийлөгчийн санаачилсан энэ уулзалт
түлхэц өгсөн болов уу гэж ажлын хэсгийн ахлаг­чийн­­хаа хувьд баярлаж байлаа. Тийм
учраас Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод тус­гаж байгаа энэ саналыг гишүүд
дэмжинэ гэж най­даад сууж байна. Төрийн оролцоог хязгаарлая гээд хэлчихээсээ шийрэгнэж,  эргэлзэж, тээнэгэлзээд байсан хүмүүсийн бодол
өөрчлөгдсөн байх гэж итгэж байна. Чухам юу болохыг ирэх пүрэв гаригт л харж дээ.

-Өнөөдрийг хүртэл лиценз олголт
замба­раа­гүй байснаас хэн дуртай нь газар ухдаг байдал хавтгайрсан гэдэг шүүмжлэл
бий. Тэгвэл энэ талаар ямар бодлого барихаар оруулж байгаа юм бол?

-Төр бүртгэх, зөвшөө­рөл олгох, хянах
үндсэн үүргээ сайн биелүү­лээ­гүйгээс ийм замбараагүй байдал үүсчихсэн бай­сан юм.
Лицензүүдийг давхардуулж олгодог, ашигт малтмалын олбор­лолт явуулах ёсгүй газар
лиценз олгох гэх мэтийн зөрчлүүд гарсан шүү дээ. Үүнийг цэгцэлж замба­раа­тай болгохын
тулд бүртгэх, зөвшөөрөл олгох, хянах үүргийг нь энэ бодлогод ойлгомж­той байдлаар
тусгаж өгө­хийг зорьж байна. Нөгөө талаар уул уурхайн орд болон хувьцааны үнэ цэнийг
өргөх хэрэгтэй байна. Тэгж байж гадаад зах зээл дээрх Монголын эрдэс баялгийн бүтээг­дэхүүний
үнэ өсч, бидэнд ашиг ирнэ. Бялуу байлаа гэж бодъё. Олон улсын стандартын дагуу орчин
үеийн зөв технологиор том бялуу хийхгүй юм бол ард түмэн, улс орны  хүртэх ашиг багасна гэсэн үг. Үүнтэй адилхан олон
улсын зах зээл дээр уул уурхайн ордуудынхаа үнэл­гээг нэмэгдүүлэх шаард­лагатай
байна. Энэ утгаараа эрдэс баял­гийн бодлогодоо олон улсын стандартын асууд­лыг нарийн
тусгаж өгсөн. Тухайлбал, нөөцийн үнэл­­гээ тооцох олон ул­сад хүлээн зөвшөө­рөгд­дөг
аргачлалыг хэрэглэ­дэг байя, эрдэс баялгийн салбарт мэргэшсэн шин­жээчдийг бэлтгэдэг
болъё, энэ салбарт үүс­сэн маргааныг олон улсад ойлгомжтойгоор хүнд сурталгүй шийдэр­лэдэг
байя, уул уурхай­гаар мэргэшсэн эдийн засагч, хуульч бэлтгэе гэх зэргийн асуудлуудыг
тус­гаж байна. Нөгөө талаар өнөөдрийн байдлаар төрийн өмч бол ард түм­нийх гэдэг
нэрээр халхавч хийж, цөөн хэдхэн хүн  завшдаг
үзэгдэл байх ма­гадлал өндөр шүү дээ. Тийм ч учраас уул уур­хайн баялгийн ашгаар
бий болсон үр дүн монгол айл бүрийн хаалгаар орж, хүн бүрт тусахгүй байгаа нь нууц
биш.  Тийм учраас  дахин хуваа­рилалтын асуудлыг ч бод­логодоо тусгаж
байна.

-Ямар хэлбэрээр тусч байгаа юм
бэ?

-Баялгаас орж ирсэн ашиг орлого айл
өрхийн хаалгаар орохоосоо өмнө төрийн нүсэр аппа­ратын зардалд шингэдэг эсвэл хэдхэн
хүн цөл­мөөд дуусгадаг болчи­хоод байна л даа. Тэгэ­хээр аль болох үүнээс татгалзах
ёстой. Яаж ху­ваа­рилах вэ гээд тол­гойгоо гашилгаад байх шаардлага ч алга. Олон
улсад хэрэглэдэг бэ­лээхэн туршлагууд байна.

-Хүний хөгжил сан­гаар дамжуулж
бэлэн мөнгө хэлбэрээр тараа­хаа болъё гэж үү?

-Баялгаас олсон ор­ло­гоо улсынхаа
олон тул­гуурт эдийн засгийг ча­давхжуулахад зориулах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол
Монгол Улс зөвхөн уул уурхайгаас хараат улс болж хувирна. Баял­гаас олсон ашгаа
улс­төрчдийн амлалтыг бие­лүүлэхэд зориулж, бэлэн мөнгө хэлбэрээр цацах­гүй байя
л гэсэн санаа. Одоогийн байдлаар баял­гаас орж ирдэг ашгийг  Хүний хөгжил сан,  Тогтворжуулалтын санд төвлөрүүлж байгаа шүү дээ.
Удахгүй Монгол Улс баялгийн сантай болох гэж байна. Ингэснээр баял­гаас орж ирэх
орло­гоо энэ санд төвлөрүүлж,  хойч үедээ
хадгална. 2030 он хүртэл энэ сан­гийн мөнгөөр оролдохгүй л гэсэн үг.

-Уул уурхайн сал­барт хэрэгжиж
байгаа хуулиуд тогтворгүй, байн­га өөрчлөгддөг гэ­сэн шүүмжлэл байдаг. Энэ талаар
баримт би­чигт яаж оруулж байгаа вэ?

-Ер нь бид “Ашигт малт­малын тухай
хуу­лийн ийм ийм заалтууд 2025 он хүртэл өөрчлөг­дөхгүй” гээд зарлачих хэрэгтэй
байгаа юм. Энэ нь өөрөө олон улсад зөв дохио болж очих юм л даа.

Өнөөдрийн байд­лаар манай­хан уул
уур­хайн салбарын хууль, тогтоол, журмуудыг су­далгаа шин­жилгээгүй, мэргэжлийн
эрдэмтэн суд­лаачидтай ярьж хэ­лэл­цэлгүй, иргэний ний­гэм, иргэдийн үгийг сон­солгүйгээр
гаргачихдаг. Тэр хууль, тогтоомжууд нь бодит амьдралд нийц­дэггүй, хоорондоо зөр­чилд­дөг.
Үүнээс нь болж олон аж ахуй нэгжийн ажил зогсдог, хаалгаа барьдаг. Тийм учраас төрөөс
эрдэс баялгийн талаар баримтлах бод­логыг хэрэгжүүлэхэд зөв­лөмж гар­гах, дэмжлэг
үзүүлэх зорилго чиг үүрэг бүхий төрийн байгуул­лага, хөрөнгө оруулагч мэргэжлийн
хол­боод бо­лон иргэний нийгмийн байгууллагын төлөөл­лийн тэгш байдлыг хан­гасан
бодлогын зөв­лө­лийг байгуулж ажиллуул­на гэсэн заалт оруулж байна. Энэ мөн л дэлхий
нийтийн жишиг шүү дээ.

-Ямар жишээ байна…

-Сая УИХ-ын гишүүд Солон­госын үндэсний
ассамблейн гишүүдтэй уулзлаа. Ассамблей 300 гаруй гишүүнтэй юм билээ. Гэтэл тэдний
ард 150 гаруй эрдэмтэн, судлаач ажилладаг юм байна. Яагаад гэ­хээр УИХ-ын гишүүдээр
зөв хууль батлуулж, зөв шийдвэр гар­гуу­лахын төлөө мэдээ­лэл, судалгаа­гаар хангах
үүрэг хүлээж байна. Энэ судалгааны багийн гаргасан зөв­лөм­жийг УИХ-ын гишүүдийн
дий­лэнх нь анхаа­ралтай авч үздэг юм байна. 
Үүнтэй л төстэй.  Манай уул уурхайн
салбарт гарах тухайн хуулийг чанартай болгохын тулд Бодлогын зөвлөл зөвлөмж гаргах
талаар тусгасан байгаа.  Энэ  зөв­лөм­жийг нь хууль санаачлагч үзээд өргөн барих
гэж байгаа хуулийнхаа эерэг, сөрөг талыг ялгаж, салгаж харах боломж бүрдэнэ. Эсвэл
бодлогын зөвлөлд байгаа эрдэм­тэн судлаачдаар нэмэлт судалгаа ч хийлгэж болно. Хууль
санаа­чилж, боловсруулах ажлыг ингэж чанар­жуулахгүй бол  өнөөдөр хэн дуртай нь сонгуулийн өмнө сэтгэлийн
хөөрлөөр нэг хууль өргөн бариад батлуулчихдаг дутагдал манай УИХ-д байгаа шүү дээ.
Дотор нь байгаа хүний хувьд үүнийг мэдэрсэн юм.

-Бид нинжа гээд яриад хэвш­чихэж.
Тэдний тухайд  төрөөс ямар бодлого барихаар
баримт бичигт оруулж байна вэ?

-Бичил уурхайн олборлолтын талаар
тусгай журам гарсан учраас үүний дагуу иргэд хэсэг бүлгээрээ хоршиж орон нутагтай
гэрээ бай­гуулж, аль талбайд олборлолт хийхээ заалгаж, зохион байгуу­лалт­­тай ажиллаад
эхэлсэн. Хэдий­гээр амьдралаа залгуулах гэж байгаа ч улсынхаа  хууль тогтоом­жийн хүрээнд ажиллахаар хичээж яваа
хариуцлагатай бичил уурхай эрхлэгчдийг бодлогоор дэмжих асуудал баримт бичигт туссан.
Харин хаа дуртай газраа сэндийч­дэг, өөрсдийнхөө эрүүл мэндийг ч үл хайхарч, нөхөн
сэргээлт хийх тухай боддог ч үгүй ганц нэгээрээ хууль бус олборлолтын үйл ажил­лагаа
явуулдаг хэсгийг дэмжихгүй гэдэг бодлогыг тусгаж байгаа даа.

-Ингэхэд та Эрүүл мэндийн даатгалын
тухай хуулийн ажлын хэсгийг мөн ахалж байгаа гэсэн үү?

-Тийм шүү. С.Эрдэнэ, С.Ган­баатар
нарын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл л дөө. Иргэний эрүүл мэндийн даатгал
нь иргэн бүрт хамаатай учраас хуулийн төсөл дээр ажиллахад үнэхээр их цаг хугацаа
авч байна. Хоёр гишүүний тус тусдаа өргөн барьсан хуулийн төслийг нэгтгэсэн учраас
маргаан ч гарах юм.  Зарим зүйл заалт дээр
санаачлагч хоёр гишүүнд маргалдах зүйл гарч ирдэг учраас амаргүй л байна. Гэхдээ
хуулийн төслийг бүх шатанд хэлэл­цүүлж байгаа. Хувийн болоод төрийн өмчийн, хот
хөдөөгийн гээд бүх шатны эмнэлгүүдийн саналыг авч байна. Шинэ хуульд эрүүл мэндийн
даатгалын засаглалын асуудлыг тусад нь бие даасан байдлаар тусгаж байгаа. Эрүүл
мэндийн даатгал нь хараат бус үндэсний зөвлөлтэй байхаар болж байгаа. Энэ нь даатгуулагч
иргэдийн эрх ашгийг хамгаалахад гол үүргийг гүйцэтгэх юм.

-Эрүүл мэндийн даатгалд мөнгө төлөөд
байгаа мөртөө түүнийгээ ашиглаж чадахгүй байна гэдэг гомдол байдаг. Үүнийг яаж өөрчилж
байгаа вэ?

-Эрүүл мэндийн даатгалд мөнгө төлөөд
л байдаг. Тэгээд шаардлагатай үед эмнэлэгт яваад очихоор чанартай үйлчилгээ авч
чаддаггүй гэсэн гомдлыг иргэд тавьдаг шүү дээ. Тийм учраас дийлэнх нь гадагшаа явж
эмчлүүлж байна. Тэгэхээр эрүүл мэндийн даатгал төлсний үр ашиг гарахгүй байна гэдэг.
Үүнийг засч залруу­лахын тулд эрүүл мэндийн сал­барын цогц шинэчлэлийг хийж байж
эмнэлгийн засаглалтай хол­боотой шинэчлэлийг хийх шаард­лага гарч байна. Өөрөөр
хэлбэл, манай эмч нар өдөрт хэдэн хүн үзэж, хэдэн цаг ажиллах нь хамаа­гүй тогтсон
хөдөлмөрийн хөлсөө аваад явдаг. Хийснээр нь хөдөл­мөрийн хөлсийг нь үнэлэх тогтол­цоо
алга. Ийм тогтолцоо руу оруу­лахын тулд эмч багш нарыг төрийн албан хаагчийн статусаас
нь гар­гаж, нийтийн албаны хуулиар зохицуулах асуудал яригдаж бай­гаа шүү дээ. Ингэж
байж Мон­голын­хоо эмнэлгийг эрэлттэй бол­гож, иргэд гадаадад биш эндээ л үзүүлдэг
байх нөхцөлийг бүрдүүл­нэ. Ийм тохиолдолд иргэн бүр төлдөг даатгалаа жинхэнэ утгаар
нь ашигладаг болох юм шүү дээ. Түүнчлэн өнөөдөр иргэд ажиллаж байгаа албан байгууллагаараа
дамжуулж улсад сар бүр эрүүл мэндийн даатгал төлдөг. Гэтэл хувиараа их хэмжээний
ашиг олдог иргэд ердөө 670 төгрөгийн даатгал төлдөг байх жишээний шударга бус байдал
бий. Үүнийг тэнцвэржүүлэх асуудал хуулийн төсөлд туссан.  Эмэгтэйчүүдийн төрөлт төрд хамаа­рах тусламж үйлчилгээнд
хамрагддаг. Гэтэл төрсний дараа олон төрлийн хүндрэл гардаг. Хавсарсан өвчнийг эмчлэх
шаард­лагатай болдог. Гэтэл төр бүгдийг даах боломжгүй тул төрөх процес­соос бусад
эмчилгээг даатгалд хамруулъя гэж байгаа. Мөн хавд­рын тусламж үйлчилгээг төр даах
хэдий ч хавдрын өдрийн туяаны эмчилгээ болон бусад зарим тус­ламжийг даатгалд хамруулахаар
тусгасан.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ