Categories
редакцийн-нийтлэл

Х.Булгантуяа: Энэ үед цэгцтэй бодлого л хэрэгтэй байна

МАН-ын намын байгуулалт, хамтын ажиллагаа, төрийн бус байгууллага
хариуцсан нарийн бичгийн дарга Х.Булгантуяатай ярилцлаа.

-Танай намынхан хөдөө орон нутгаар яваад байгаа юм байна. Ямар
ажил амжуулж байгаа юм бэ?

-Намын байгуулалт, хамтын ажиллагаа, тө­рийн бус байгууллагууд хариуцсан
учраас орон нутгийн асуудал энэ хү­рээнд багтдаг. Бид на­мынхаа 27 дугаар Их хур­лын
дараа намын шинэ удирдлагын бүрэлдэхүүн хөдөө орон нутгаар нэ­лээд явлаа. Одоо ч
бид хөдөө орон нутгаар явж байна.

-Орон нутгийн иргэд юу ярьж байх юм?

-Үнэнийг хэлэхэд ца­лин, тэтгэвэр нэмэгдэхгүй байгаад бухимдалтай
байна лээ. Хамгийн сүүлд 2012 оны зургадугаар сард цалин, тэтгэвэр нэмс­нээс хойш
ямар ч арга хэмжээ аваагүй. Гэтэл бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөд байдаг. Сая цалин,
тэтгэврийг хэдхэн хувиар нэмж ёстой нөгөө шилний цаанаас чихэр долоолгоно  гэдэг шиг л юм боллоо. Энэ тухай л иргэд хэлж
байна. Ер нь бол зам харгуй тавьж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ эдийн засгийн оно­лоор
ярихад  А, Б хоёр цэгийг холболоо гэхэд Б
цэгээс юу тээвэрлэх гэж ийм их хөрөнгө оруулалт хийж байгаа вэ гэдгээ ч бодох л
хэрэгтэй юм билээ.

-МАН-ынхан эрх ба­ригчдыг хангалттай шүүм­жилж байх шиг байна.
Гэхдээ энэ шүүмж­лэлээс илүү та­най намын ажил хэрэгч санал  чухал юм шиг ээ…

-АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 
сон­гуулийнхаа кампанит ажлын үеэр “Ардчилсан эсвэл бүгд найрамдах Америк
улс гэж байхгүй. АНУ л гэж бий” хэмээн хэлж байсан. Үүн шиг АН юм уу МАН-ын Монгол
Улс гэж байхгүй.  Бид бүгдээрээ Монгол гэдэг
нэг л эх оронтой. Тиймээс эх орондоо тулгамдаад байгаа асуудлыг шийд­вэрлэхэд бүгдээрээ
орол­цох үүрэгтэй. Нэгэнт засаг төр бариагүй учраас МАН бүх зүйлээс  хол байх ёстой гэсэн үг биш. Бидний мон­голчууд
цөөхүүлээ учраас аль нэг нам, улс төрөөр зааглагдаж, ялгаварлалгүйгээр турш­лагатай
хүмүүсийнхээ нөөц бололцоо, мэдлэг чадварыг ашиглах л хэ­рэгтэй. Энэ  утгаараа манай нам бүтээлч сана­лууд дэвшүүлдэг.  Жишээ нь бондын асуудал байна. Өн­гөрсөн хугацаанд
бид нэлээд өр тавьчихлаа. Үүнийгээ үр ашигтай үрэн таран хиймээр байна. Үнэнийг
хэлэхэд шилэн тендер гээд яриад байгаа мөртөө 
төсөвтэйгээ тэн­цэх хэмжээний хэр­нээ 
төсвөөс гадуур зар­цуулагдаад буй бондын мөнгө шилэн тендер шигээ ил байж
чадахгүй байна.

-Та өмнө нь биз­несийн салбарт ажиллаж байсан байх аа?

-Тийм. АНУ-д байх­даа Дэлхийн банкны төс­лүүдэд зөвлөхөөр ажил­ладаг
байлаа. Голдуу хөгжиж байгаа орнууд болох 
Африк, өмнөд Ази, Араб руу очиж ажилладаг байсан.  Монголд ирээд Оюу толгой компанид биз­нес стратегийн
зөвлөх, Петровис компанид биз­нес стратегийн зөвлөхөөр ажиллаж байлаа. АНУ-ын эдийн
засаг хямарчихсан үед би эх орондоо ирж байв. Яагаад гэвэл тэр үед манай эдийн засаг
өсч байсан л даа. Гэтэл өнөөдөр эргээд эдийн засаг унаж бай­на. Манайд үйл ажил­лагаагаа
явуулдаг  до­тоод, гадаадын то­моо­хон компаниудын
ажил зогсонги байдалд орчихлоо. Өр, авлага нь дийлдэхээ байгаад хоорондынх нь өрийн
сүлжээ үүсчихсэн ханд­лагатай байна шүү дээ. Харамсалтай нь манайхан нэг л буруу
бодолтой яваад байна. Байгалийн баялаг зөвхөн Монголд бий. Тийм учраас хөрөнгө оруулагчид
ирээд энэ баялгийг ашиглавал ашиг­ла, болиулвал боль, гуйхгүй гэдэг байдлаар хандаад
байх юм. 

-Яагаад ингэж асуув гэхээр бизнесийн сал­барт ажиллаж явсан хүний
хувьд улстөржиж, намаар талцалгүйгээр яавал ашиг олж болох тухай яриач л гэх гэсэн
юм. Өнөөдөр ямар ч компани зээл авч байж хөл дээрээ босдог. Гэтэл  төр засаг бонд гаргаж өр тавихаар буруу болчихдог
юм уу. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Зээл авах нь буруу биш л дээ. 
“Хямд мөнгө олдох л юм бол ав” гэдэг нь өөрөө олон улсын санхүүгийн зарчим.  Гэх­дээ манай Засгийн газар тийм хямдхан мөнгө
ав­чихаагүйд асуудал нь байгаа юм. Солонгос улс маш урт хугацаатай, манайхаас бага
хүүтэй зээл авч бүтээн бай­гуу­лалтын ажлаа хийсэн.  Германд хүмүүсээ ажил­луулж, тэднийхээ цалинг
барьцаанд тавьж, Германы Засгийн газраас зээл авч байсан шүү дээ. Гэтэл манай Засгийн га­­зар байгуулагдаад удаагүй байхдаа
Чингэс бондыг гаргасан. Сон­гуулийн дараа баяр наа­дам, зуны амралтууд үр­гэлжилсэн.
Ингээд үнд­сэндээ есөн сард ажилдаа орсон Засгийн газар хоёр сарын дараа  ийм их өр тавьсан. Энэ мөнгийг юунд зарцуулах
юм, аль салбарт хөрөнгө оруулалт шаардлагатай байна гэдгээ бүрэн гүйцэд су­далж
амжаагүй байж, нарийн төлөвлөгөөгөө хийгээгүй мөртөө баахан өр тавьчихсан. Мөнгө
данс руу орж ирлээ л бол өрийн тоолуур гүйгээд эхэлдгийг  ухаараагүй юм шиг загнасан нь буруу. Уг нь бол
нарийн төлөвлөгөөгөө гаргасны дараа  хавар
тийшээ энэ мөнгийг авсан бол магадгүй үр өгөөжтэй бүтээн байгуулалтын төсөлд зарцуулах
байсан болов уу гэж бодогддог. Тавдугаар цахилгаан станц, Таван толгойн цахилгаан
станцынхаа ТЭЗҮ-г ядаж хийчихсэн хойноо энэ мөнгөө босгох хэрэгтэй байсан. Айлаар
төсөөлөөд бодсон тийм биз дээ. Хүнээс өр тавьж мөнгө зээлчихээд түүгээрээ чихэр,
боов аваад идчихвэл болохгүй биз дээ. Аль болох хурдан мөнгө болоод эргэлдэх ашигтай
бизнест нь зарцуулах нь зөв. Ийм л зарчмаар явах байлаа. Тэгтэл манай Засгийн газар
өр тавьж авсан зээлээ хүүхдийн дүрэмт хувцас гэх мэтийн хэрэгтэй, хэрэггүй юманд
л зарлаа шүү дээ.

-Тэгэхээр одоо ямар гарц байгаа
гэж?

-Манай орлогын гол эх үүсвэр нь
байгалийн баялаг. Үүнийг агаараар тээвэрлээд гадагшаа гаргаж чадахгүйгээс цааш  хүссэн хүсээгүй урд, хойд хоёр хөрштэйгээ сайн
харилцаатай байх нь чухал. Гэтэл шинэ Засгийн газар ирээд нүүрсний салбарт Хятадтай
хийсэн гэрээг болохгүй байна гэж хэлээд л цуцалсан. Үүнээс нь болоод Хятадын Засгийн
газартай харилцах харьцаа муудсан. Нүүрсний экспорт өнөөдөр ямар хэмжээнд хүрчихсэн
байгааг харж байгаа биз дээ. Хоёрхон машин нүүрс гаргадаг болчихсон байна. Гадны
хөрөнгө оруулалт буураад зогсохгүй дотоодын томоохон ком­паниуд зогсонги байдалд
орлоо. MCS-ээр төсөөлөөд харъя. Үнэхээр Монголдоо яалт ч үгүй том компани. Гэтэл
ажил нь доголдож байна шүү дээ. Гэтэл Солонгос, Японд яадаг билээ. Үндэснийхээ ийм
компаниудыг улам дэмжиж, хүчирхэг бол­годог. Тэр хэрээр тухайн компанид нийгмийн
хариуцлагыг нь үүрүүлдэг. Харин манайхан эс­рэгээрээ нэг нь баяжаад томроод ирэхээр
нухчин дардаг. Цохиж унагаагаад олон жижиг компани болгон хуваадаг шүү дээ. Ийм
л байдал руу шилжиж байна.  Тэгэхээр одоо
цэгцтэй бодлого л хэрэгтэй байна. Маргарет Тетчер Ерөнхий сайд болоод хатуу бодлого
явуулсан  нь ард түмнийхээ дургүйцлийг хүргэж
байсан. Гэсэн ч түүний бодлого амжилтад хүрсэн байдаг. Яг л үүн шиг Монгол Улс ийм
цаг үед хатуу гараар явах хэрэгтэй.  Өнөө
маргаашдаа аргацааж, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлсээр 2016 оны сонгуультай золгочихож
болно л доо. Эцэст нь ард түмэн, улс орон хоёр жилийн дараа туйлдаа хүрнэ шүү. Улс
орны хэмжээнд яригдаж байгаа төслүүдийн аль алиныг нь урагшаа ахиулах юм гэдгээ
шийдэх хэрэгтэй. Оюу толгойг яг яах гээд байгаа тодорхой болгомоор байна. Гэх мэтээр
шийдлүүд хэрэгтэй байна шүү дээ. Нүүрсний экспортоо сайжруулах шаардлагатай байна.
Гэтэл одоо ямар хэмжээнд байгааг хүн бүр мэдэж байгаа.

-Хятадын эдийн засаг хямарчихсан
учраас ийм зүйл боллоо гэдэг тайлбар хийдэг л дээ?

-Үгүй шүү дээ. Хятад улс манайхаас
авах нүүрсний хэмжээгээ багасгаад Орос, Австралиас нүүрс авах хэмжээгээ нэмэгдүүлчихсэн.
Тэгэхээр хямарсандаа биш гэдэг нь ойлгомжтой байгаа биз. Тиймээс юун түрүүнд хоёр
хөрштэйгээ хэл амаа ололцох шаардлага байна. Ер нь манай улс эдийн засгийн гол түншүүдээ
сайн судалж байх хэрэгтэй. Хятадын эдийн засаг хямраад долоон хувь болчихсон юм
биш. Тэд бодлогоор хөгжлийн зорилтдоо ийм тоо оруулсан юм аа гэдгийг л мэдэхгүй
“Хятадын эдийн засаг хямарчихлаа” гээд тайлбарлаад сууж байх юм.  Өнөөдөр гадны хөрөнгө оруулагчид “Танайд шинэ
Засгийн газар гарч ирэхээр өмнөх бодлогуудаа үгүйсгэдэг нь төвөгтэй байна. Мөн гадаадын
хөрөнгө оруулагчид руу ард түмнээ турхираад байна. Энэ нь танайхыг эдийн засгийн
хямралд оруулаад байна шүү дээ” гэдгийг л хэлдэг. Нэгэнт л өөрсдөө юм хийж  чадахгүйгээс цааш одоохондоо гадны хөрөнгө оруулалтыг
дэмжихээс өөр яах юм бэ.

-Харин ч гаднаас хэрэгтэй,
хэрэггүй юм авахаа боль гээд байгаа шүү дээ?

-Юу ч бодолгүйгээр шууд ингэж
хэлж болохгүй л дээ. Монголд гутал, хув­цас үйлдвэрлэдэг л байх. Гэхдээ үүнийг хийх
тоног төхөөрөмжийг  гаднаас л авна. Чи юуг
хамгийн хямд өртгөөр үйлдвэрлэж чадах вэ түүнийгээ л хий. Бүгдийг хийх гэж оролдох
хэрэггүй гэдэг л эдийн засгийн хамгийн наад захын зарчим шүү дээ.  Үүнээс гажаад гаднаас авч байгаа бүх хэрэглээгээ
хорьчихлоо гэж бодъё. Тэгвэл мах, гурилаа идээд, Цагаан сараар өмсдөг монгол гутлаасаа
жилийн дөрвөн улирал салахаа болино биз дээ. Үүнээс өөр ямар дүр зураг харагдаж
байгаа юм. Үнэндээ 21 дүгээр зуунд тансаг хэрэглээнээсээ салж, өндөг идэхээ больё
гээд хэлээд сууж байгаа Ерөнхий сайд нь ичгэвтэр байна л даа. 

-Долларын ханшийн тал дээр
юу хэлэх вэ?

-Долларын ханшийг барихын тулд
экспортоо л нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Засгийн газар элдэв популизм хийх­гүйгээр
тогтвортой үйл ажиллагаа явуулсан цагт энэ тэнцвэрийг хан­гаж чадна. Тэрнээс биш
өмнөх сайдын гаргасан шийдвэрийг дараагийн сайд үгүйсгэдэг байх юм бол ямар ч нэмэргүй.
Харамсалтай нь өнөө­дөр манай зарим сайд 
Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулж чадах­гүй юм бол огцорно гэ­дэг хариуцлагагүй
мэ­дэгдэл хийж байх жи­шээтэй. Ийм мэтийн зүйлээс нь болж  Оюу толгой зогсонги байдалд орчихлоо. Тэгэхээр
эдийн засаг унахгүй яах юм.  Барилгын салбарын
ажил өсөөд байна л гэх. Тэглээ гээд яах юм. Уул уурхайн орлого нэмэгдэж байж л барилга
худалдан авах чадвар өснө биз дээ. Тиймээс одоо Засгийн газар улстөржихгүй, попу­лист
зүйлүүд ярихгүй гэдэг мессежийг гадна талд өгөх хэрэгтэй.  Ил тод байдлаа нэмэгдүүлмээр байна. Чадвартай
бо­лов­сон хүчнээ халж со­лихгүй ажиллуулах л шаардлагатай байна.  Уул уурхайн ченж менежмент ямар байх ёстой вэ
гэдгийг ард түмэндээ ойлгуулах хэрэгтэй. Уул уурхайн баялгийг олборлоно гэж юу байдгийг
мэдэхгүй сууж байтал гэнэт гад­наас хүмүүс ирээд га­зар шороог нь ухаад эх­лэхээр
ард түмэн мэдээж дасахгүй шүү дээ. Тиймээс 
уул уурхайн ченж менежментийг ойлгуулах ажлыг Засгийн газар хиймээр байна.

-Танай намынхан ийм саналуудаа
ярихгүйгээр эрх баригчид руу дайраад улстөржөөд байгаа хандлага давуу байх шиг санагддаг…

-Тийм л дээ. Ийм бүтээлч саналуудыг
гаргаж тавихгүй бол хэн хаанаас ирээд зөвлөгөө өгөх вэ. Нам эвсэл гэж талцахгүйгээр
“Асуудал ийм байна. Одоо яах вэ” гээд ширээний хоёр талд суугаад яримаар байгаа
юм, уг нь. Гэтэл тэгж чадахгүй байна л даа. Бид дотооддоо жалга довны үзлээсээ салж
чадахгүй гал тогооны хэрүүл хийхээс цаашгүй байна. Тэгтэл дэлхийн улс орнууд геополитикийн
тоглолт хийгээд, өргөн цар хүрээнд сэтгээд хөгжөөд байна шүү дээ.

-Ийм үед нам эс­вэл гэхгүйгээр
нэг­дээд лобби бүлэг бай­гуулчихмаар байгаа юм?
 

-Эдийн засгийн фо­ру­мын гол зорилго
уг нь энэ шүү дээ. Үүнийг л Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай. 

-Та ер нь яагаад улс төрд орох
болсон юм бэ?

-НАМЗХ-ны дэд ерөн­хийлөгчөөр
ажиллаж бай­лаа. Өмнө нь МАН-ыг дэмждэг байсан л даа. Өнөөдрийг хүртэл Монголын
нийгэмд гүй­цэтгэсэн үүргийг нь үнэл­сэн учраас энэ намд ор­сон. Мөн боловсрол мэдлэгтэй
хүмүүсийг дэм­жээд гаргаад ирнэ гэсэн учраас сонгосон юм.

-Та Хятадад бо­ловсрол эзэмшсэн
гэл үү?

-Австралид дунд сур­гуульд сурч
байсан. Хятадад бакалаврт сураад АНУ-ын Иелийн их сургуульд магистрийн зэрэг хамгаалсан.
Өглөө 09.00-өөс оройн 18 цаг хүртэл ажиллаад тав, зургаан мянган ам.долларын цалин
ав­чихаад тайван амьдрах боломж өнөөгийн бо­ловсрол мэдлэгтэй за­луучуудад нээлттэй.
Гэхдээ нас залуу, зоримог байгаа үедээ улс орны эрх ашгийн төлөө мэдлэг чадвараа
сориод үзье л гэж бодсон хэрэг. Монголын улс төр Америкийнх шиг болоосой гэж хүсдэг.
На­мууд популизм хийх­гүй, бодлогоороо өрсөлддөг байгаасай гэж мөрөөддөг. Тийм учраас
зарим улстөрчид манай намынхны ч хийж байгаа ажил сэтгэлд хүрэхгүй байх нь бий.
Мэдээж нам эвсэл гэхгүйгээр  шүүмжлэлтэй зүйлд
шүүмжлэлтэй л хандмаар байдаг.

-Таныг “Петровис”-ийн Оюунгэрэл
МАН-д хөтөлж оруулсан гэдэг яриа бий. Энэ тал дээр юу хэлэх вэ? 

-Оюунгэрэл захирал намайг НАМЗХ-нд
байдгийг мэддэг байсан. Гэхдээ  улс төрд дэмжээд
байсан юм байхгүй л дээ. Бидний хувьд ураг садангийн ямар ч хэлхээ холбоо байхгүй.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Холливудын шилдгийг шалгаруулах ёслолыг дэлхий даяараа “Оскар, Оскар” хэмээн уухайлах бөлгөө

АНУ-ын кино академиас 
жил бүр зохион байгуулдаг “Оскар”-ын 86 дахь удаагийн ёслолын арга хэмжээ
өчигдөр болж өнгөрлөө.  Ер нь кино сонирхдог,
сонирхдоггүй хэн бүхний чих тавьж, анхаарлаа хандуулдаг шоу энэ дэлхий дээр Оскарын
наадам л байх шиг байна. Тив улсаараа ялгаралгүй өнөөгийн ертөнцийнхнийг мэдрэмжийн
нэг л цэгт төвлөрүүлж чаддаг учраас гайхамшигтай биш гэж үү.

Хүн болгон Холливудад өөрийн  мэддэг жүжигчинтэй.  Нэрийг нь мэдэхгүй ч киноных нь дүрээр таньдаг
жүжигчдээ яаж гоёо бол, хэнтэй ирээ бол хэмээн шимтэж зурагтаас салгадаггүй суулгадаг
болсон байна.  Улаан хивсээр алхах оддын маяг,
донжийг шинжихээр  зургаан тэрбум хүн бараг
тэр аяараа нүдээ бэлчээдэг билээ.  Энэ утгаараа
Оскарын хажууд өвлийн олимпийн цар хүрээ, дуулиан шуугиан, олны анхаарлыг татах
зэрэглэл нь юу ч биш болон хувирч. Үнэндээ Америкийн соёл, америкизм дэлхийд ноёрхлоо
тогтоосны баталгаа нь энэ. Америк дэлхийн эзэн шүү гэдгээ ингэж харуулж байна.  Хүн төрөлхтнийг шагшуулж,  олон түмнийг догдлуулаад буй Оскар нь гэтэл жинхэнэдээ
Америкийн кино үйлдвэрийнхэн тухайн  жилийн  шилдгүүдээ 
шалгаруулж байгаа төдий л арга хэмжээ юм. Гэвч дэлхий дахин зөвхөн Холливуд
руу хошуурч “Оскар, Оскар” хэмээн уухайлж байна. Учир нь бусад улс кино хийдэггүй.  Хийлээ гэхэд тэр кино нь Холлиувудыг яаж гүйцээ
аж.

Иймийн учир бүх урлагийн дотроос хамгийн чухал нь хэмээн
хэдийнэ тодорхойлогдсон киног хийсэн шиг хийж чаддаг Холливудыг шүтэн биширч, гайхан
бахдахаас өөр яалтай билээ. Тэдний киноны зураг авалтын сайныг магтаад ч хэрэггүй,
төгс. Найруулга шилдэг, жүжигчдийнх нь уйлах, уурлах,  инээх  жүжиглэлт
бүр үнэмшилтэй. Компьютер график ашигласан хийсвэр байлаа ч кинонууд нь туйлын үнэмшилтэй,
сэтгэл догдлуулам болж чаддагаараа яахын аргагүй шилдэг. Тэгээд ч америкчууд кино
үйлдвэрлэлийн шилдэг шалгаруулах ёслолоо дэлхий донсолгосон шоу болгон бизнес хийж,
ашиг олж чадаж байна.  Дэлхийн өнцөг булан
бүрт улс орон болгон зөвхөн Оскарыг халуун цэгээс нь шууд дамжуулж байна.  Мэдээж энэ бүхний төлөөсөнд асар их мөнгөний урсгал
Америкийг чиглэж,  эдийн засагт нь томоохон  хөрөнгө оруулалт болж байна. Энэ хэрээрээ Америк
гүрэн хүчирхэгжиж байна. Оскар бол зөвхөн киноны шилдгүүдийг шалгаруулснаар хязгаарлагддаг
наадам биш. Урлагийн гайхамшгийг мэдрүүлж, сэтгэл хөдлөл, сайхан бүхний мэдрэмж
төрүүлдэг цэнгүүн. Тухайн жил дэлхий даяараа юу өмсөхийг зааж өгдөг загварын шоу
л гэсэн үг. Хүүхнүүдийн гангараа, эрчүүдийн гоёлын хэв загварыг тодорхойлж,  дэлхийн брэндүүдийг сурталчилдаг том давалгаа.
Монголчууд  жил бүрийн Цагаан сараар гоёлоо
бэлддэг шиг Холливудын сайхан бүсгүйчүүд улаан хивсний ёслолд даашинзаа зэхдэг.
Хамгийн хээнцэр, дэгжин  бүхнийг урлуулахаар
нэр алдартай дизайнерууд руу нууцхан уралддаг. Хүлээсэн өдөр нь ирэхэд тэдний хэн
нь хамгийн сайхан даашинзаар гоёж, бусдаасаа ялгарав гэдгийг нь шалгаруулдаг болохоор
арга ч үгүй биз.  Өнөө жилийн хувьд бүгдийнх
нь даашинз гайхалтай байлаа. Тэр дундаас Кейт Хадсоны өнгөлөг цагаан даашинз түүнийг
улам ч ихэмсэг,  дэгжин харагдуулж байсан
нь бүхний нүднээ ил байв.  Оскарын шагналт
жүжигчин Сандра Буллокийн “Alexander McQueen” -аар  урлуулсан гүн 
хөх  өнгийн тансаг даашинз, үнэт эрдэнийн
чулуун гоёл хэний ч  анхааралд өртөм хээнцэр
байлаа. Үзэсгэлэнт Шарлиз Терон ч ганган даашинзаа  алдарт “Dior”-оор урлуулсан нь тансаг. “12 жилийн
боолчлол” кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын наадмын туслах эмэгтэй дүрийн номинацид
нэр дэвшсэн Люпита Нионгогийн хар арьсан дээр туйлаас зохицсон гэлтэй усан цэнхэр
өнгийн даашинз ч гайхалтай байв. Тэрээр алдарт “Prada”-г сонгосон байлаа.  Мөн Холливудын үзэсгэлэнт бүсгүй Анжелина Жоли
энэ удаа Ливийн загвар зохион бүтээгч “Elie Saab”-ын урласан мөнгөлөг, торон даашинзаар
гоёсон нь бусдаасаа ялгарч, үзэсгэлэнт төрхөө улам тодотгосон байлаа. Алдарт Жулия
Робертсийн тансаг хар даашинз гоёмсог байсныг дэлхийн хувцас загварынхан онцолж  байна. Түүний өмссөн даашинз Францын
“Givenchy” брэндийнх байв.   Ийнхүү  Холливудын бүсгүйчүүдийн гоёсон дэлхийн брэнд,
үнэт эрдэнэс хүн бүрийн нүдийг жилийн турш хужирлах нь ээ. 

Үүнийг дагасан шоу нэвтрүүлгүүд ч бүтэн жилийн турш хүчээ
авна. Холливудын оддын  улаан хивсний ёслолоор
өмссөн, зүүсэн гоёл, зүүсгэлийн тухай сонирхуулдаг телевизийн тусгай сувгууд бий.
Сэтгүүл, сонинууд ч хангалттай. Тэдний бүтэн жилийн ажлыг залгуулдаг ганц “хоол”
нь тухайн жилийн “Оскар”-ын гоёл билээ. Тэглээ гээд сониуч хүн төрөлхтөн тэдний
нийтлэл, нэвтрүүлгээс уйдна гэж үгүй. Ямагт хүн бүрийн эрэлттэй, үзүүштэй нэвтрүүлэг
байсаар дараагийн Оскартай золгодог нь маргашгүй үнэн.  Мөн хамгийн эв хавгүй, загвар донжгүй хувцасласан
оддын тэнэг хувцаслалтыг зарладаг нэвтрүүлэг ч дараа жил хүртэл үзэгчдийг байлдан
дагуулна.  Ингээд бодохоор “Оскар” бол дэлхий
дахинаа хамарсан соёлын  хувьсгал болон  ноёрхсон нь илт байна. 

Ийм л дуулиан, шуугиантай үйл явдлыг араасаа дагуулсан “Оскар”-ын
нэгэн ээлж өнгөрлөө.  Өнөө жилийн ёслол Холливуд
дахь “Dolby Theatre”-д болсон юм. Америкийн алдартай шоу нэвтрүүлэгч, инээдмийн
жүжигчин Эллен де Женерес  хоёр дахь удаагаа
энэ наадмыг хөтөлж, түмнийг хөгжөөв.  Шөнийн
Лос-Анжелесыг нисдэг тэргээр гэрэлтүүлж, америкчуудыг шөнөжин донсолгож, ертөнц
дахиныг шуугиулсан 86 дахь удаагийн  наадмын
шилдгүүд тодорлоо.  Шилдэг киногоор 12 жилийн
боолчлол буюу “12 years a slave” кино шалгарлаа. Энэ бол 1840-өөд оны үеийн боолчлол,
бурангуй ёс ноёрхож байсан  Америк орны үнэн
бодит нүүр царайг харуулсан урлагийн бүтээл байлаа. Энэ кинонд бүтээсэн туслах дүрээрээ
жүжигчин Люпита Нионго “Оскар”-ын эзэн болсон юм. Өдгөө 30 настай энэ эмэгтэй  нэгэн үе шөнийн харанхуй мэт хар арьстай төрснөөсөө
ичиж, бас доромжлуулж явсан гэдэг. Гэвч сүүлд чадварлаг  загвар өмсөгч болсон нь кинонд тоглох хожмын амжилтыг
нь авчирчээ.  86 дахь “Оскар”-ын эрэгтэй туслах
дүрийн шагналыг “Худалдан авагчдын далласын клуб” кинонд ДОХ туссан трансжендер
залуугийн дүр бүтээсэн жүжигчин Жаред Лето 
авлаа. Шилдэг эмэгтэй жүжигчнээр Сандра Буллок “Татах хүч” киногоороо хоёр
дахиа Оскар гардах болов уу хэмээн найдаж байсан хүмүүсийн таамгийг таягдан хаяж
жүжигчин Кейт Бланшетт “Blue Jasmine” киноныхоо дүрээр ялагч боллоо. Түүний өрсөлдөгчид
агуу Мерил Стрип, Сандра Буллокоос эхлээд 
Холливудын акулууд байсан ч энэ жилийн наадам Кейтийнх болов. Тэрээр өмнө
нь олон алдартай кинонуудад гайхалтай тоглож байсны нэг нь 1998 онд Их Британийн
хатан хаан Элизабетагийн дүрийг бүтээсэн явдал байлаа. Мөн 2008 онд Бенжамин Баттоны
хачирхалтай түүх кинонд дүр бүтээж байсныг уншигчид санаж буй биз ээ.  Тэгвэл “Оскар”-ын шилдэг эрэгтэй жүжигчнээр Мэттью
Макконехи  “Dallas Buyer”s Club” буюу худалдан
авагчдын далласын клуб кинонд бүтээсэн дүрээрээ шалгарлаа. Жил жилийн “Оскар”-ын
шилдэг эрэгтэй дүрийн номинацид алдарт жүжигчин Леонардо де Капирео нэр дэвшдэг
ч хэдэнтээ “мултарсан”. Энэ жилийн оскар түүнийх болно  хэмээн кино сонирхогчид тааварлаж байсан ч талаар
өнгөрөв. Тэрээр “The Wolf of Wall Street” киногоороо нэр дэвшсэн ч  Мэттью МакКонахид оскараа алдлаа.  2014 оны Оскар наадмаас хамгийн олон шагнал түүсэн
киногоор “Gravity” тодорсон юм. Шилдэг найруулагч, шилдэг киноны дуу, зураг авалт,
дуу оруулалт, шилдэг эффект, шилдэг эвлүүлэг, шилдэг дуу­ны найруулга гэсэн долоон
төрөлд шалгарч, ёстой л  ха­мах шиг боллоо.
Ингээд “Оскар”-ын бусад төрөлд шаг­нал хүртэгсдийн нэрийг дор жагсаав. Энэ бүх сонин
хачин дараа жилийн Оскар хүртэл ертөнц дахинаа олон түмнээ шинэ мэт шагшигдсаар
байх бөлгөө.

Шилдэг зураг:
“12 Years a Slave”

Шилдэг найруулагч:
Альфонсо Куарон “Gravity”

Шилдэг эх
кино зохиол: Спайк Жонзе  “Her”

Шилдэг засварласан
кино зохиол: Жон Ридли “12 Years a Slave”

Шилдэг эх
дуу: “Let It Go” -“Frozen,” Роберт Лопез, Кристен Андерсон-Лопез

Шилдэг эх
саундтрак: Стивен Прайс “Gravity”

Шилдэг продюсер:
Кэтрин Мартин, Беверли Данн “The Great Gatsby”

Шилдэг кино
эвлүүлэг: Альфонсо Куарон, Марк Сангер 
“Gravity”

Шилдэг кино
зураг авалт: Эммануэл Лубезкий  “Gravity”

Шилдэг эмэгтэй
туслах дүр: Лупита Нионго  “12 Years a
Slave”

Шилдэг эрэгтэй
туслах дүр: Жаред Лето  “Dallas Buyer”s
Club”

Шилдэг дуу
оруулга: Глен Фриймэнтли  “Gravity”

Шилдэг дууны
найруулга: Скип Льевси, Нив Адири, Кристофер Бенстид , Крис Мунро “Gravity”

Гадаад хэл
дээрх шилдэг кино: “The Great Beauty”

Шилдэг баримтат
кино: “20 Feet From Stardom”

Шилдэг богино
хэмжээний баримтат кино: “The Lady in Number 6: Music Saved My Life”

Шилдэг визуал
эффект: Тим Веббер, Крис Лауренс, Дейв Ширк, Нейл Корбаулд “Gravity”

Шилдэг анимейшн
кино: “Frozen”

Шилдэг богино
хэмжээний анимейшн кино: “Mr. Hublot”

Шилдэг мейк-ап,
үс засалт: “Dallas Buyers Club”

Шилдэг хувцас
загвар: Кэтрин Мартин “The Great Gatsby”

 

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Ц.Уртнасан: Тэтгэврийн насыг 67 болгож нэмэгдүүлэх тухай ямар ч шийдвэр гараагүй

Нийгмийн даат­галын ерөнхий газрын дарга Ц.Уртнасантай
ярилцлаа.

-Манай улсын тэтгэврийн даатгалын тогтолцооны төлөв байдал
ямар байгаа вэ. Энэ тогтолцоог шинэчлэх тухай асуудал яригдаж байна. Ямар
үндэслэлээр шинэчлэх болов?

-Манай нийгэм, эдийн засаг, хүн ам зүйн хөгжилд гарч байгаа олон
өөрчлөлтийн нэг нь хүн амын насжилт эрчимтэй явагдаж байгаа үйл явц юм. Иргэд
урт насалж, тэтгэврийн даатгалын сангаас олон хүн, урт хугацаанд тэтгэвэр авах
болж байгаа нь тэтгэврийн даатгалын сангийн зарлагыг үлэмж хэмжээгээр
нэмэгдүүлэх нөхцөл болж байна. Мөн тэтгэврийг нэмэгдүүлэх тэтгэвэр авагчдын
хэрэгцээ, нийгмийн шаардлага байсаар байна. Тэтгэврийн даатгалын санг ингэж
өсөн нэмэгдэж байгаа зарлагыг санхүүжүүлэх чадавхитай сан байлгахын тулд бидэнд
тэтгэврийн даатгалын тогтолцоогоо өөрчлөн шинэчлэх зайлшгүй шаардлагатай
тулгарч байгаа юм. Өнөөдөр ажил хөдөлмөр эрхэлж, авч байгаа цалин хөлснөөсөө
нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэдийн бүрдүүлж байгаа тэтгэврийн даат­галын
сангийн хөрөнгөөр өнөөгийн ахмад настан, тэтгэвэр авагчдын тэт­гэврийг
санхүүжүүлж байна. Шимтгэлийн орлого ба тэтгэврийн даатгалын сангийн зарлагын
зөрүүнээс гарах алдагдал ДНБ-ий хоёр орчим хувьтай тэнцэх боллоо.
Мэргэжилтнүүдийн тоо­гоор энэ алдагдал ойрын 35 жилд ДНБ-ий 12 хувьтай
тэнцэхээр байна. Тэтгэврийн даатгалын сангийн алдагдал Төр, засгийн нуруун дээр
төсвийн дарамт, ачаалал болж ирнэ. Мөн тэтгэврийн даатгалын тогтолцоогоо
өөрчлөхөд хүргэж байгаа олон шалтгаан бий. Иймээс бид дэлхий нийтийн сайн
туршлагад үндэслэж, алсын хараатай, да­лайц­тай өөрчлөлтийг тэтгэврийн
даатгалын тогтолцоонд хийхээс өөр аргагүй юм.

-Тэтгэврийн даат­галын тогтолцоог яаж шинэчлэх вэ?

-Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн
нийгмийн хам­гааллын бодлогын зорилтод олон давхаргат тэтгэврийн тогтолцоог
нэвтрүүлэх зорилт орсон. Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газар,
Хүн амын хөг­жил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газрын
түвшинд тодорхой ажлууд хийгдэж байна. Олон давхаргат тэт­гэврийн тогтолцоог
нэвтрүүлэх зорилт нь хүн амын янз бүрийн бүлгүүдийн хэрэгцээ, эрсдэлд нийцсэн
төрөл бүрийн арга хэрэгслээр тэтгэврийн даатгалын цогц тогтолцоог бүрдүүлэх
асуу­дал юм. Бидний төлөвлөж, тооцоолж байгаагаар тэтгэвэр авагч гурван
давхарга бүхий тэтгэврийн даатгалын сангаас тэт­гэвэр авах бололцоог бүрдүүлэх
боломжтой.

-Энэ талаар дэлгэ­рүү­лэхгүй юу?

Нэгдүгээр давхарга буюу суурь давхарга нь бүх ахмад настанд наад
захын орлогын баталгааг бий болгох суурь тэтгэвэр олгох юм. Хоёрдугаарх нь
шимтгэлд суурилсан давхарга. Энэ нь шимтгэл төлж бүрдүүлсэн нийгмийн даатгалын
сангаас тэтгэвэр олгох боломжтой. Гуравдугаар давхарга буюу нэмэлт давхарга нь
шимтгэлд суурилсан нийгмийн даат­галын тогтолцооноос гадуур нэмэлт орлого бий
болгох зорилгоор ажил олгогчийн зүгээс эрхлэн хэрэгжүүлэх байгаа. Үүндээ сайн
дурын үндсэн дээр хамрагдан хад­галамж бий болгох замаар нэмэлт тэтгэвэр олгох
болом­жийг тус тус бүрдүүлэх юм. Ингэж ахмад настан суурь тэтгэвэр, нийгмийн
даатгалын тэтгэвэр, нэмэлт тэтгэвэр авах замаар орлогын баталгаагаа хангахад
чиглэсэн тогтол­цооны өөрчлөлт хийх хувил­барыг илүүд үзэж байна. Тэт­гэв­рийн
даатгалын тогтолцоог шинэчлэх асуудал нь мэргэжилтнүүдийн сонголт, шийд­лээс
гадна улс орны нийгэм, улс төрийн нөхцөл байдал, шийдвэр гаргагчдын ойлголт,
итгэл үнэмшил, хүсэл зоригоос шалтгаалах нь маргаангүй юм. 

-Энэ шинэчлэлээр тэтгэврийн насыг 67 болгох тухай мэдээлэл
байсан. Тэтгэврийн даатгалын сан алдагдалд орсноос болж тэтгэврийн насыг сунгаж
байгаа хэрэг үү?

-Тэтгэврийн даатгалын сангийн зарлага нэмэгдэж байгаа нь
тэтгэврийн даатга­лын тогтолцоог өөрчлөх үндэс­лэлүүдийн нэг гэж би түрүү
хэлсэн. Тэтгэврийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх, зарлагыг бууруу­лах
талаар дэлхийн улс орнуудад нийгмийн даат­галын хамралтыг нэмэг­дүүлэх,
нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг өсгөх, тэтгэвэрт гарах насыг нэмэг­дүүлэх,
тэтгэвэр тогтоох хөн­гөлөлттэй нөхцөл (олон хүүхэд төрүүлэх, хөдөлмөрийн хэвийн
бус нөхцөлд ажиллах, ажил мэргэжлийн төрөл заах)-үүдийг цөөрүүлэх, тэтгэврийн
даатгалын санд Засгийн газраас өгөх санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг түгээ­мэл
арга хэмжээг авч хэрэг­жүүлдэг. Манай улсын хувьд тэтгэврийн даатгалын
шинэчлэлийг үр дүнтэй, зүй зохистой хийнэ гэвэл эдгээр арга хэмжээнүүдээс оновчтойг
нь сонгож хэрэг­жүү­лэх шаардлага гарч л таарна. Зөвхөн тэтгэврийн насыг
нэмэгдүүлэх тухай, тэр дундаа 67 нас болгох тухай ямар ч түвшинд санал
боловсрогдоогүй, шийдвэр төлөвлөгдөөгүй гэдгийг хэлэх байна. Харин Эдийн
засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуу­дын хувьд
тэтгэвэрт гарах дундаж нас 67 байдаг юм билээ.  

Тэтгэврийн даатгалын санг алдагдалд орсон гэхээ­сээ илүүтэйгээр
өнөөдөр тэт­гэврийн даатгалын санг бүрдүүлж, шимтгэл төлж хөлс хүчээ гарган
хөдөмөрлөж байгаа хүмүү­сийн хуримтлуулж байгаа шимтгэлийн орлогоос өнөө­гийн
тэтгэвэр авагчдад зарцуулж байгаа зарлага илүүдэж байгаа нь бодит үнэн.  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр,
тэтгэмжийн тухай хуульд өндөр насны тэтгэвэр тогтоох насанд өөрчлөлт ороогүй.

-Ер нь тэтгэврийн даат­галын тогтолцоо шинэч­лэгдсэнээр
төсөвт ирэх ачаалал ямар байх вэ. Эдийн засгийн өсөлттэйгээ хэр уялдуулж
тооцоолсон бэ?

-Тэтгэврийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн үр дүн нь
тэтгэврийн даатгалын сангийн чадавхийг бэхжүүлэх, төсвийн санхүүжилтийг буу­руу­лах
ач холбогдолтой. Мөн тэтгэвэр авагчдын хувьд тэтгэврийг зохистой хэмжээгээр
олгох, тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэм­жээ нь ажил олгогч болон
даатгуулагчийн хувьд даахуйц байна. Түүнчлэн урт хугацаанд тогтвортой шимтгэл
төлөх боломжтой байх, тэтгэврийн даатгалын 
шимтгэл төлөх тэтгэвэр авах хугацааны зохистой баланс бүхий тэтгэврийн
нас­наас тэтгэврийн эрх үүсгэх зэрэг нөхцөл бүрдсэнээр хэмжигдэнэ. Улс орны
эдийн засгийн хөгжлийн дүнд бий болсон орлогоос тэтгэврийн нөөцийн санг бүрдүүлэх
замаар шилжилтийн үеийн болон ирээдүйн тэтгэврийн даатгалын сангийн зардлыг
санхүүжүүлэх боломжтой. Манай улсын хувьд эрдэс баялгийн салбарын орлогоос
тэтгэврийн нөөц сан байгуулах замаар тэтгэврийн даатгалын сангийн чадавхийг
дэмжсэн бодлого явуулах боломж бүрдэнэ гэдэг би эргэлзэхгүй байна.

-Тэтгэврийн даатгалын тогтолцоогоо шинэчилсэн улс орнуудын
туршлагыг хэрхэн авч үзэж байна вэ?

-Тэтгэврийн даатгалын тогтолцоогоо зохистой шийд­сэн, шинэчлэлээ
оновчтой зохион байгуулсан Чили, Мексик, Косово, Сингапур зэрэг орнуудын
туршлагыг сайнаар үнэлсэн нь элбэг тохиолддог. Тэдний амжилтын үндэс нь улс
орнуудынхаа эдийн засгийн хөгжлийн загварт тохирсон, хөдөлмөрийн зах зээлийн
нөөцөд тулгуурласан, тэтгэврийн даатгалын сан­гийн засаглалын оновчтой бүтэц
бүрдүүлсэн зэрэгт байдаг юм билээ. Бид чинь өмнөх нийгмээс улсын сан­хүүжилттэй
өндөр нас­ны тэтгэвэр, хөгжлийн бэрх­шээл­тэй болон тэжээгчээ алдсаны
тэтгэврүүд бүхий нийгмийн халамжийн тогтолцоог өвлөж авсан улсууд. 1995 оноос
шимтгэлд суурилсан тэтгэврийн даатгалын тогтол­цоонд шилжиж,  1999 оноос шимтгэл ба тэтгэврийн хэм­жээг
илүү зохистой уялдуулах зорилгоор 1960 оноос хойш төрсөн даатгуулагчдыг хам­руулах
нэрийн дансны тогтолцоог бий болгож, улмаар тэтгэв­рийн хуваарилалтын
тогтолцооноос бүрэн хуримт­лалын тогтолцоонд шилжих зорилт дэвшүүлсэн. Тухайн
үед дэвшүүлсэн тэт­гэв­рийн даатгалын шинэч­лэлийн зорилтууд хан­ган
биелэгдээгүй нь харамсалтай. Тэтгэврийн даатгалын тогтолцооны шинэч­лэлийн
зарим зорилтуудыг хэрэгжүүлэхэд манай өнөөгийн хууль эрх зүйн зохицуулалтын
хүрээнд шийдвэрлэх боломжгүй асуудлууд ч байгаа. Иймээс тэтгэврийн даатгалын
тогтолцоог боловсронгуй болгох асуудал нь өргөн цар хүрээтэй шинэчлэлийн үйл
явц юм.

-Хувийн тэтгэврийн даатгалын санг манайд бий болгох
шаардлагатай юу?

-Нийгмийн даатгалд даат­гуулагчдын өндөр орлоготой бүлэгт
зориулж тэтгэврийн даатгалын нэмэлт даатгалын төрөл бий болгох боломжтой.  Ингэж санхүүгийн зах зээлийн оролцоог хангах,
өмчийн олон хэлбэрийн байгууллагын менеж­ментийн ололтод тул­гуурлах,
өрсөлдөөний орчин бүрдүүлэх замаар тэтгэврийн даатгалын тогтолцоогоо өргө­жүү­лэх
нь манай иргэдэд тустай. Яагаад бид бүгдээрээ адилхан тэтгэвэр авах ёстой гэж.
Хуримтлал бий болгож, ирээдүйнхээ нийгмийн баталгааг хангах эрмэлзэлтэй хүмүүст
боломжийг нь олгох ёстой гэж бодож байна.

-Малчдын тэтгэврийн насыг наашлуулах шаардлагыг сөрөг хүчний
зүгээс тавиад байгаа. Харин Засгийн газрын зүгээс малчдын нэг жилийг 1.5 жилээр
тооцох тухай ярьж байсан. Аль нь бодит амьдралд нийцэх вэ. Танайх хэрэгжүүлэгч
агентлагийн хувьд илүү сайн хэлэх байх?

-Тэтгэврийн даатгалын санг чадавихжуулахад нийг­мийн даатгалд
хамрагдаж, шимтгэл төлөгчдийн тоог олшруулах нь ач холбог­долтой. Харамсалтай
нь манай албан бус секторт ажиллагсад, малчид нийгмийн даатгалд хамрагдах хүсэл
сонирхол муутай байдаг. Тухайлбал, манай малчдын найман хувь орчим нь нийгмийн
даатгалд даатгуулсан байдаг. Мөрдөж буй хууль тогтоомжоор олон жил шимтгэл төлж
ажилласан даатгуулагч сайн тэтгэвэр авах хамаарал бүхий хуультай. Цөөн жил
ажиллаж, бага шимтгэл төл­сөн даатгуулагчид бага л тэтгэвэр оногдоно. Малчдад
өтөл насанд нь боломжийн тэтгэвэр олгоё гэвэл идэр залуугаас нь удаан хугацаанд
тогтвортой шимтгэл төлүү­лэхийг дэмжсэн бодлого хэрэг­тэй.  Магадгүй, малчдыг эрт тэтгэвэрт гаргахаас
илүү тэднийг тэтгэврийн даатгалд хамрагдах сонирхлыг төрөөс татаасаар
урамшуулан дэм­жих тогтолцоог бүрдүүлэх нь чухал ч байж болох юм. Монголчууд
өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги дээр гэж хэлэлцдэг дээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Н.Батаа: НОСК байгуулах зохион байгуулалтын ажил энэ сардаа багтах байх

Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан
орлогч Н.Батаатай ярилцлаа.

  -Нийслэлийн орон сууцны корпораци байгуулах тухай яригдаж
байна. Энэ талаар тодруулах гэсэн юм?

-Засаг
даргын хөрөнгө оруулалт, хот байгуулалт эрхэлсэн орлогч С.Очирбат дарга болон бусад
холбогдох хүмүүсийн хамт Сингапур, БНСУ руу явж туршлага судлаад ирлээ. Тэнд орон
сууцны корпорацийг яаж зохион байгуулсныг харлаа. Яагаад ингэж судлах шаардлага
гарав гэдэг тухай эхлээд ярих нь зөв байх. Улаанбаатар хотод орон сууцны корпораци
байгуулах шаардлага гарчихаад байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаагаа
явуулах ТОСК байгуулагдсан. Энэ бол маш том байгууллага. Яагаад гэвэл жилдээ арван
мянга гаруй орон сууц барих хүчин чадалтай. Ингээд тооцвол ойрын долоо, найман жилийн
хугацаанд 75 мянган орон сууц барина гэсэн үг. Энэ нь өнөөгийн хэрэгцээг бүрэн хангаж
чадахгүй. Тиймээс орон сууц барих ажлыг нэмэгдүүлж, эрчимжүүлэх шаардлага бий. Үүний
тулд бүх төрлийн санхүүгийн эх үүсвэрийг ашиглах хэрэгтэй. Нөгөө талаар хуучин орон
сууцыг шинэчлэх ажлыг зохион байгуулна. Мөн нийслэлийн орон сууцнуудыг дулаалах
ажлыг хийх хэрэгцээ байна. Инженерийн шугамуудыг шинэчлэх ажил ч тулгамдсан асуудал
болчихлоо. Гэвч энэ бүхнийг зохион байгуулах бүтэц үнэндээ манай нийслэлд алга.  Тийм учраас нийслэл хот маань өөрөө орон сууцны
корпорацитай байх шаардлага бий болсон юм.

-Сингапур, БНСУ-д орон сууцны корпораци байгуулсан туршлага
ямар байна вэ?

-Сингапурт
тусгай хууль гаргаад иргэдээсээ авах татвараа нэг мөр тогтоочихсон байдаг юм байна.
Иргэд өөрсдөө 16 хувийн татвар төлдөг бол ажил олгогч нь 20 хувийн татвар төлдөг
юм байна. Ингэж улсад төлж байгаа мөнгөнийхөө 3.4 хувийг орон сууцанд зарцуулдаг
юм билээ. Өнөөдрийг хүртэл 21 миллиард ам.долларыг орон сууц байгуулах ажилдаа зарцуулсан
байгаа юм. Тэнд орон сууцны  80 хувийг улс
нь өөрөө барьж байна. Солонгост очиж, Сөүл хотын нэгдүгээр орлогч даргатай уулзлаа.
Тэдний орон сууц барьдаг туршлага маш сонирхолтой санагдсан. Авч хэрэглэхэд дөхөм
юм билээ. Солонгост яг манай ТОСК-тай адил байгууллага байна. Энэ байгууллагын нийслэл
хотод явуулдаг үйл ажиллагаа нь арай бага. Сөүлээс бусад хот, тосгодод орон сууц
барих чиглэл барьдаг юм байна. Харин Сөүл хот өөрөө орон сууцны корпораци гэдэг
байгууллагатай юм билээ. 

 

-Манайх хэзээ энэ корпорацийг байгуулах гэж байна вэ?

-Нийслэл
хот маань орон сууцны корпораци байгуулж таарна. Гадаад улс орны сайн туршлагуудыг
авч хэрэгжүүлнэ. Төслийг хэрэгжүүлэхийн тулд орон сууцны сан байгуулна. Энэ сангаа
байгуулаад 15 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байгаа. Энэ санг арвижуулж болох санхүүгийн
ямар эх үүсвэр байна, тэр бүгдийг судалж байна.

-Жишээлбэл?

-Улсын
төсвөөс тодорхой хэмжээгээр мөнгө авах шаардлага гарах байх. Хот өөрийнхөө төсвөөс
ч хуваарилах боломжтой. Улаанбаатар хот үнэт цаас гаргавал олсон орлогоо энэ сандаа
төвлөрүүлж болно. Лоттерей буюу сугалаа гаргах боломж бий. Гэх мэтчилэнгээр хөрөнгө
босгож сангаа арвижуулах төлөвлөгөөнүүд бий.

-НОСК байгуулсан тохиолдолд иргэд ямар журмаар орон сууцтай
болох боломжтой юм бэ. Хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа мэдээллээс харвал их л
боломжтой зүйлүүд сонсогдоод байсан…

-Хотын
даргын жишээ болгож хэлсэн тоонууд хэвлэлээр яваад байгаа л даа. Сар бүр 180 юм
уу 200 мянган төгрөг тушаавал тийм байр авах боломжтой гэх мэтээр мэдээлээд байгаа.
Гэхдээ энэ бол мэдээж тогтчихсон тоо биш. Зүгээр жишээ болгон ярьж байгаа гэдгийг
ойлгох хэрэгтэй.  Ер нь бол залуу гэр бүлүүд
орон сууц зээлээр авъя гэтэл урьдчилгааны 30 хувийг бүрдүүлж өгнө гэдэг тун хүндрэлтэй.
Тэгвэл НОСК байгуулагдсаны дараа нийслэлийн орон сууцны санд залуу гэр бүлүүд сар
болгон хэдэн ч төгрөг төлөөд байж болно гэсэн санаа явж байгаа юм. Хэдэн төгрөг
хийх боломж байна, түүнийгээ л өгөөд бай. 50 мянга, 100 мянга, 200 мянга, 500 мянга
бүр нэг, хоёр саяар нь ч төлсөн болно. Олдсон мөнгөө л орон сууцны санд хийгээд
байрныхаа 30 хувийг урьдчилгаагаа бүрдүүлсэн тохиолдолд гэрээгээ хийж, байрандаа
орж болно гэсэн үг.

-Заавал таван жилийн туршид тогтмол мөнгө төлнө гэхгүй юм
уу?

-Тийм
зүйл байхгүй. Таны байрны 30 хувийн урьдчилгаа хэзээ бүрдэнэ тэр цагтаа гэрээгээ
хийгээд байрандаа орж болно гэсэн үг. Жишээлбэл, 100 сая төгрөгийн байр авна гэж
тооцоолоод урьдчилгаа 30 хувиа төлөөд байя гэж бодъё. Сард хэд хэдээр нь ч хийж
болно. Магадгүй жилийн дараа ч урьдчилгааныхаа 30 хувийг төлчихөж болно шүү дээ.
Тэгвэл тэр үедээ гэрээгээ хийгээд, моргейжийн зээлдээ хамрагдаад байрандаа орно
гэсэн үг. Магадгүй мөнгөө бага багаар нь хийвэл дөрөв, таван жил ч болж болно.  Ямар ч байсан байрныхаа урьдчилгаа 30 хувийг заавал
тэдэн хоногт багтааж төл гэсэн шаардлага байхгүй л гэсэн үг. Заавал сар болгон мөнгө
төлнө ч гэх шаардлагагүй. Мөнгө олдсон даруйдаа орон сууцны санд тушаагаад байсан
ч болно. Урьдчилгаа 30 хувиа шууд бэлэн мөнгөөр нь төлөх боломж бий гэж хараад байгаа
л даа. Тэр  тохиолдолд анхнаасаа сар бүр мөнгө
төлөөд явж байсан хүмүүс тэднээс давуу эрх эдэлнэ. Энэ аргыг Сөүл хот хэрэглэдэг
юм билээ.

Тиймээс
илүү тохиромжтой санагдсан. Хотоо орон сууцжуулахын тулд иргэдийн оролцоог ийм байдлаар
нэмэгдүүлэхээр бид зорьж байна. Улаанбаатар хотын захирагчийн хувьд 6-8 жилийн дотор
Улаанбаатар хотыг бүрэн орон сууцжуулах зорилт тавьчихсан байгаа. Энэ зорилтоо биелүүлэхийн
төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.

-Иргэдийн санд хуримтлуулж байгаа мөнгөөр орон сууц нь баригдаж
л байна гэсэн үг үү?

-Та
орон сууцны санд 100 мянган төгрөг хийчихлээ гэхэд тэр мөнгөөр таны амьдрах орон
сууцны нэг булан босч байна л гэсэн үг.

-НОСК-ийн орон сууцнаас авах залуу гэр бүлд ямар шаардлага
тавигдах бол?

-Сингапур,
БНСУ-д тавигддаг хамгийн том шалгуур нь ердөө албан ёсны гэр бүл байх ёстой гэдэг
юм билээ. Аав, ээжтэйгээ хамт амьдардаг бол дөрөв, таван өрөө орон сууц олгодог
жишиг ч Сингапурт байна. 35-аас дээш юм уу 40-өөс дээш насны ганц бие хүмүүсийн
гэрлэх нас нь оройтсон гэж үзээд тэдэнд залуу гэр бүлд олгодог жишгээр орон сууц
авах боломжийг ч олгодог юм байна. Мэдээж орон сууцны санд урьдчилгааныхаа 30 хувийг
төлчихсөн байхад л хангалттай боловч мэдээж хэрэг цаана нь тавигдах шаардлага, нөхцөл
байх нь дамжиггүй л дээ.

-НОСК өөрөө орон сууцаа бариад байх юм уу?

-Хувийн
хэвшлийн компаниудыг татан оролцуулж, орон сууц бариулах ажлыг явуулах байх. Жишээ
нь ТОСК-иас орон сууц бариулах тендер зарлахад маш олон компани оролцож, мэдээж
цөөн хэд нь шалгараад бусад нь буцдаг шүү дээ. Тиймээс тэр олон компаниудыг ажлын
байраар хангах боломж НОСК-д байж болно. Үүнийг дагаад ажлын байр ч нэмэгдэнэ. Нийслэл
хотоо, нийгмээ хөгжүүлэх нэг том гарц нь энэ л гэж хараад байгаа юм.

-Хэрэв НОСК-ийг байгуулчихвал цаашдаа ТОСК  хөдөө орон нутгаа хариуцаад, нийслэлд орон сууц
барих ажил нь хумигдана гэж ойлгож болох уу?

-Хэрэв
НОСК байгуулагдвал нийс­лэлийн орон сууцны хэрэгцээг дангаараа хариуцах боломжгүй
л дээ. Тиймээс ТОСК Улаанбаатар хотод 75 мянган орон сууц барьдгаараа бариад явна.
Үүн дээр нь нэмээд ядаж 5000 орон сууцыг НОСК барьдаг л болох хэрэгтэй. 

-Энэ ажил хэдийнээс бодитоор хэрэгжиж, журмаа боловсруулж
эхлэх юм бэ?

-Зохион
байгуулалтын ажил гуравдугаар сардаа цэгцэрчихнэ. Асуудлыг НИТХ-аар хэлэлцээд шийдвэрлэчихнэ.
НОСК-ийг байгуулах шийдвэрийг хотын Засаг дарга гаргана. Тиймээс цаг хугацаа алдаад
удаад байх юм алга. Төгсгөлд нь нэг зүйлийг зориуд хэлэх хэрэгтэй. Эцсийн журам
нарийн гараагүй шүү. Энд  ярьсан зүйлүүд бол
гадны улсын жишээ гэдгийг ойлгоорой. Иргэд маань одооноос сар болгон тэдэн төгрөг
өгч болох юм байна гээд шуугиад бужигнаад эхэлдэг талтай. Одоо ч манайд олон хүн
хандаад эхэлчихсэн байна. Бид НОСК-аа байгуулаагүй байна. Ямартай ч судалгааны түвшний
ажлуудаа хийчихлээ. Одоо саналаа боловсруулаад удирдлагын зөвлөлдөө танилцуулна.
Албан ёсоор орон сууцны сангийнхаа дүрэм журмыг батална. Тоглоомын дүрмээ ил болгоно.
Үүний дараа иргэддээ танилцуулж, сурталчилах, хөрөнгө босгох ажлууд эхэлнэ. Тиймээс
иргэд маань тэвчээртэй хүлээж бай. Шийдвэр гарсны дараа дэлгэрэнгүй танилцуулах
болно.                                                                                        

 

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Ц.Батбаяр: АН манайхыг бодвол хурдтай байна

УИХ-ын
гишүүн асан Ц.Батбаяртай ярилц­лаа.

 
-Тэгэхээр
та сүү­лийн үед хаагуур, юу хийж байна вэ?

-Сонгууль
өнгөрснөөс хойш нээрээ  чимээгүй байсан
юм байна шүү. Нийтийн жишгээр л амь­дарч байна даа.

-Ямар
ажил хийж бай­гаа юм бэ?

-Ажилгүй
хүмүүс яаж амьдардаг билээ тэр л жишгээр явж байна.

-Тэгэхээр
ажилгүй байгаа гэсэн үг юм уу?

-Сонгуулиас
хойш төр, хувийн гэхээр сүртэй ажилд оролцсонгүй. Мон­голын хэрэглэгчдийн эрх
ашгийг хамгаалах нийгэм­лэгийн үндэсний хол­бооны ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Энэ ажлаа л хийж байна. Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг
гэдэг бол тусгайлсан хуультай хэдхэн төрийн бус байгуул­лагын нэг. Шударга
өрсөл­дөөн хэрэглэгчийн төлөө газрын харьяанд байдаг ажлуудыг манайхаас сал­гаж
шилжүүлсэн учраас холбооны эрх мэдлийн хүрээнд хий­дэг зүйлүүд хязгаарлагд­сан.
Гэхдээ бид ШӨХТГ-тай хамтраад Хэрэглэг­чийн эрхийг хам­гаалах тухай хуульд өөрч­лөлт
оруулах төслийг бэ­лэн болгоод Засгийн га­зарт өргөн барьчихсан. Үүнийг ойрын
хугацаанд УИХ-д өргөн барих байх. Төрийн зарим байгуул­лагын чиг үүргийг төрийн
бус байгууллагуудаар хийл­­гэх асуудал үүгээр шийдэг­дэх байх. Аливаа улсын
Засгийн газар үн­дэсний хөтөлбөр батлуул­даг. Энэ хөтөлбөрийг ойрын хуга­цаанд
баталж, хэрэглэг­чийн эрх ашгийн талаар олон асуудлыг ший­дэж өгөх байх гэж
найдаж бай­на. Дэлхий дээр хамгийн их хэрэг­лэгчтэй байгуул­лага нь үүрэн
телефоны ком­паниуд байдаг юм бай­на. Тиймээс энэ салбарын ажлыг сайжруулж,
хэрэг­лэг­чийн эрх ашгийг хам­гаалах чиглэл рүү анхаа­рахаар төлөвлөсөн. Мөн
монгол брэндийг шал­гаруулъя гэдэг зорилготой сургалт, уралдаан зар­лаад явж
байна. 

-Та
өөрөө хувийн биз­нес эрхлэхгүй байгаа юм уу?

-Хувийн
бизнес гээд байх юм алга. Манай дүү нар барилгын бизнес эр­хэлдэг байсан.
Гэхдээ 2012 оноос хойш бүгд зогсчихсон байна.

-Засаг
төр солигд­соноос болоод уу?

-Боломж
гарахгүй л байна.

-Намын
ажилд хэр оролцож байна вэ?

-Бага
хурлын гишүү­ний­хээ хувиар л оролцож байна. Түүнээс биш өдөр тутмын ажилд тэр
бүр орох­гүй юм. 

-Танай
нам саяхан удирдлагуудаа шинэ­чил­лээ. Энэ шинэчил­лийн талаар та ямар бо­долтой
байна вэ?

-Бид
Их хурлаа хийсэн. Намын ажлыг хийж чадна гэсэн хүмүүс бодлогоо танилцуулсан.
Тиймээс тэднийг сонгосон. Мэдээж энэ хүмүүс ажлаа хийж чадна гэдэгт итгэлтэй
бай­на. Үүнийг цаг хугацаа харуулна шүү дээ. Аливаа зүйлийг шүүмжлэх амар­хан л
даа.

-Таныг
хотын фрак­цийн хүн гэж ярьдаг. Тэр утгаараа М.Энхболдын талынх гэж боддог хүн
олон бий. Энэ утгаараа таныг намын аль нэг албан тушаалд очих байх гэсэн
хүлээлт за­рим хүмүүст байсныг үгүйсгэхгүй?

-Манай
намд фракц байхгүй шүү дээ. Санаа нийлсэн хэсэг хүмүүс л байдаг. Нэгэнтээ  намын Их хурлаар М.Энхболд даргыг  сонгосон учраас бид юм болгонд орол­цоод байх­гүй
л дээ. Шинэ бү­рэлдэхүүнээрээ намын­хаа ажлыг сайжруулъя гэдэг зорилгоор ажиллаж
байна.

-Нөгөө
талаар М.Энх­болд намын дарга бо­лох­доо МАН-ыг хамтарсан засагт оруулна гэдэг
амлалт өгсөн тухай яригд­­­даг. Үнэхээр ч үүний дагуу ажил яваг­даад байгаа
гэдэг зүй­лүүд сүүлийн үед хэв­лэлээр бичигдээд байна л даа?

-Мэдэхгүй.
Тийм зүйл байхгүй байлгүй. Манай намын дарга үнэхээр ийм бодолтой байгаа бол би­дэнд
хэлнэ шүү дээ. Лав тийм зүйл яриагүй. Энэ бол зүгээр л зориудаар нийгэмд тарааж
байгаа бор шувуу байх.

-МАН
одоо хоёр ху­ваагдчихсан. Нэг талд нь 
М.Энхболд, нөгөө талд нь Сү.Батболд, С.Бая­рын фракцийнхан га­раад
зогсчихсон “байл­даад” байх шиг ажиг­лагдаад байна уу даа?

Зөрчилдөөд байх юу байхав. Баяр,
Батболдын фракц ч байхгүй. Мэ­дээж би намынхаа бүх хүнд сайн байх албагүй биз
дээ. Бүх хүнтэй сайхан харьцаатай хүн гэж байдаг юм уу. Нөгөө талаар алдаа­гүй
ажилладаг хүн ч гэж үгүй. Тэр ч үүднээсээ болохгүй бүтэхгүй, алдаа­тай ажил­ласан
нөхдүүд манай намд бий. Өмнөх засгийн үед алдаатай ажил­ласан зүйлүүд бай­даг.
Хөрөн­гийн биржийн менежмен­тийг Лондон­гийн бирж хийнэ гэхэд нь л “хэрэггүй”
гэж Ерөнхий сайд Сү.Бат­болдод хэлж байлаа. Гэтэл зөрсөөр байгаад
хийсэн. Одоо юу болов манай хө­рөнгийн бирж дампуур­чихсан гэдэг мэдээлэл
гараад эхэллээ шүү дээ. Сү.Батболдын үед Хоёр­дугаар цахил­гаан станц дээр
коксжсон нүүрс бо­ловсруулна гээд яриад байсан. Тэр нь одоо хаана байна.
Дампуурчих­сан байгаа биз дээ. 19 тэрбум төгрөгийг зүгээр салхинд цацлаа шүү
дээ. Үүнийг нь урьдчилж хар­сан учраас би Д.Зоригт сайдыг огц­руулах асууд­лыг
тавьж байсныг хүмүүс санаж бай­гаа байх. С.Баярын хувьд ч өнөөдөр хичнээн мөн­гөөр
гэнэ үү, АНУ-д том байшин авсан гэдэг мэдээ­лэл цацагдаж байна. Үнэн­дээ
С.Баярыг манай намд орж ирэхээс эхлээд намын дарга болох хүртлээ ямар байшинд
амьдарч байс­ныг мэднэ. Хуруугаа хө­дөл­гөж бизнес хийж байсныг нь ч санах­гүй
юм. Гэвч тийм их хөрөн­гөөр байшин авах мөнгийг хаа­наас олсныг нь хэв­лэлийн­хэн
өөрөөс нь асуугаач.

-Ерөнхийлөгчийн
зү­гээс өргөн барьсан дав­хар дээлний тухай хууль хэрэв батлагдвал да­раа­гийн
Засгийн газрыг АН, МАН-тай хамтарч байгуулна. Тэр танхимд сайдаар суух
хүмүүсийн нэг нь таныг гэсэн таа­маглалууд хөвөрч бай­лаа. Энэ талаар юу хэлэх
вэ?

Сүүлийн үед сонин хэвлэл харахгүй
байгаа болохоор мэдэхгүй байна. Тэгээд ч МАН-ын шийдвэр гаргах түвшний хүн биш
учраас хэлж мэдэхгүй юм.

-МАН-ыг
МАХН-тай нэгдэнэ гэдэг яриа өнөө­дөр ч яригдсаар байна. Та энэ тал дээр ямар
байр суурьтай байгаа вэ?

-МАН,
МАХН хоёр нэг юмны хоёр тал шүү дээ. Тиймээс нэгдэх ёстой гэж боддог. Бүр
болдоггүй юм бол хамтарч ажиллах ёс­той. Ингэж байж улс орны төлөө зөв бодлого
гаргаж чадна.

-Танай
намаас 200, 300-гаараа МАХН руу яваад байна л даа?

-Тэр
бол зүгээр шоу. Манай намд ажиллаж бай­гаад халагдсан, болох­гүй, бүтэхгүй
нөхдүүд л явж байгаа нь нууц биш. Ма­най нам сая бүтэц зохион байгуулалтын
өөрчлөлт хийгээд нэлээд хүмүүсийг халсан шүү дээ. Тэр хүмүүс л очиж байгаа
байх. Нөгөө талаасаа МАХН-ынхан өөрсдөө тэр хүмүүсийг татаж авдаг шүү дээ. Ц.Ша­равдорж
гуайн хувьд нэг л зүйлийг хэлмээр байгаа юм. Одоо бол түүний улс төр дэх карьер
дуусаад “шүүс” нь нэгэнт шахагд­чихсан шүү дээ. Тийм хүн МАХН-д орлоо гээд ямар
нэ­мэртэй юм. Тэгээд ч өөрөө “Би Ардын намын гишүүн угаасаа байгаагүй” гэж
яриад байна лээ. Тийм юм бол яагаад Ардын намын хэрэгт хошуу дү­рээд байгаа юм
бэ л гэж асуумаар байна.

-МАН-ын
нэр нөлөө бүхий хүмүүс  МАХН руу орно
гээд зарлаад бай­гаа. Магадгүй тэдний нэг нь та юм биш биз дээ гэдэг таамаг ч
байна. Яагаад гэвэл таныг хэ­зээнээсээ МАХН руу явах хүмүүсийн тоонд оруулдаг
шүү дээ?

-Тэр
худлаа. Б.Бат-Эрдэнэ гишүүн орохгүй гэдгээ зарлачихсан. Би МАХН руу орохгүй.
Ардын намд миний найз нөхөд байна шүү дээ. Хэрвээ би МАХН руу явах байсан бол
хэдийнэ оччих байлаа. Миний үндсэн гэр маань Ардын нам. Тийм байхад МАХН руу
явж юугаа хийх юм.

-Гэхдээ
сонгуулийн өмнө МАХН руу орох хүсэл танд тодорхой хэмжээгээр байсан уу?

-Үгүй.
Тэдний зүгээс надад асуудал тавьж бай­сан. Гэхдээ үгүй гэж шууд хэлсэн л дээ.

-Та
Ардын намын нэ­рээр өндөр албан ту­шаал хашиж байсан. МАН-д ч таны оруулсан
хувь нэ­мэр бий байх. Гэвч таны яриаг сонсоход энэ на­мын асуудал надад ха­маа­гүй
гээд байгаа юм шиг ойлгогдоод байна л даа?

-Би л
УИХ-д сонгогдоо­гүй юм чинь гээд юмны араар нуугдаад зүгээр суух хүн биш.
Нийгэмд идэвхтэй байхыг хүсдэг. Тэр ч утгаараа Улаанбаа­тар хотын төлөө
ажиллаж,  дуу хоолойгоо гаргаж явс­ны
хувьд бодож явдаг зүй­лүүд бий.

-Нэгэнт
Улаанбаа­тарын асуудал руу орс­ных. Та ер нь хотын дарга байхдаа ямар ажлууд
хийсэн бэ?

-Өнөөдөр
хотын хам­гийн том асуудал нь утаа. Тиймээс нийслэлийг орон сууцжуулахаас нааш
энэ утаа арилахгүй. Хотыг орон сууцжуулах төлөв­лөгөөг аль 2007 онд гар­гасан
юм шүү дээ. Буянт-Ухаа хороолол, шинэ Яар­маг, Долдугаар хороолол, радио
телевизийн хэсэг, Дэнжийн мянгын хэсгийг орон сууцжуулна гэдэг төлөвлөгөөг бид
эхлээд гаргачихсан байлаа. Ний­тийн орон сууцнууд хаана байхав, амины орон сууц­нуудыг
хаана барихав, дэд бүтэц, шугам, сүлжээг нь яаж зохицуулах вэ гэдгийг
төлөвлөсөн юм. Мөн Улаан­­баатар хотын төв­лөрлийг сааруулах чиг­лэлийн бүх
төлөвлөгөөг гаргачихсан байлаа. Мон­гол Улсын газар нутгийн маш бага хувь дээр
энэ их хүн төвлөрчихсөн байгаа үед алслагдсан дүүргүү­дээ хөгжүүлж байж асууд­лыг
шийднэ гэдгийг тодор­хойлчихсон байлаа. Үүний хүрээнд би хотын дарга байхдаа
2007 оны ес­дүгээр сард хотод ажил­лаж байсан бүх төмрийн үйлд­вэрийг гаргах
шийдвэр гаргаж байлаа. 2008 онд арьс ширний үйлдвэрүү­дийг хотоос гаргая. Дараа
нь худалдааны захуудын хотоос зайдуу байгуулъя. Тэгээд их, дээд сургуу­лиудыг
Налайх дүүрэгт байрлуулъя гэдэг шийд­вэрүүдийг гаргаж байв. Даанч ганцхан
төмрийн үйлдвэрүүдийг нийс­лэлээс гаргаад л хотын даргын­хаа ажлыг өгсөн дөө.
Ми­ний яриад байгаа энэ аж­лууд хэрэгжиж байж өнөө­дөр Улаанбаатар хот утаа­наасаа
сална. Замын түгж­рэлийг сааруулах одоо­­гийн санаачилгууд ч на­майг Засаг
дарга байх үед гарч байсан юм. Өнөө­дөр хийгдээд байгаа энэ за­мын шинэчлэлийн
зур­гуудын дийлэнхийг тэр үед хийж байлаа шүү дээ. Өнөөд­­рийн хотын удирд­лагууд
“Бид ийм ажил хий­чихлээ, ийм шинэчлэл хий­чихлээ” гээд яриад байх юм. Хэзээ ч
тийм зүйл байх­гүй. Бидний суурийг нь тавиад өгчихсөн зүй­лийг ажил болгочихоод
өөрсдийгөө дөвийлгөөд байна л даа.

-Тэгвэл
санааг нь гар­гасан зүйлээ эрх барьж байх хугацаандаа яа­гаад ажил болгож
чадаагүй юм бэ гэдэг асуулт та нарт ирэх байх л даа?

Санаачилсан ажлаа  хүнд сурталчилж чадаагүй нь бидний алдаа
байсан юм билээ. Мөн өөр шалт­гаан бий. 2008 онд Улаан­баатар хотын нийт
хөрөнгө оруулалт нь ердөө 40 тэр­бум төгрөг байсан юм. Гэтэл 2012 онд 160 гаруй
тэрбум төгрөг байсан.  2013 оны хотын
хөрөнгө оруулалт 860 гаруй тэрбум төгрөг болж өссөн. Ийм их төсөвтэй болсон юм
чинь энэ ажлуудыг хийхгүй гээд яах юм. Бодоод үз л дээ. 2008 онд нийслэлийн за­мыг
засч сайжруулахад ердөө  4.5 тэрбум
төгрөг оногдож байлаа. Энэ мөн­гөөр юу хийх байсан гэж. Гэтэл өнгөрсөн жил
430-аад тэрбум төгрөгийг за­мын ажилд зарцууллаа шүү дээ. Эндээс ялгаа ха­раг­даж
байгаа биз.

-Тэр
үед төр засгийн бүх эрх мэдэл танай намд байсан шүү дээ. Яагаад өнөөдрийнх шиг
бондоор ч юм уу мөнгө босгоод замын ажлыг хангалттай хийчихэж чадаагүй юм бэ.
Тэгэ­хээр одоогийн Засгийн газар бонд гаргаж, мөнгө босгосон нь  сайн юм болж. 
Ямар ч байсан танай намын үед хийж чадаагүй ажлуудыг тэд гүйцээжээ гэдэг
дүгнэл­тэд хүргэх гээд байна л даа?

-Тийм
ээ. Яалт ч үгүй бид эрх барьж байхдаа алдсан. Гэхдээ нийслэлд ийм их ажил хийх
болом­жийг олгож, төсвөө өөрс­дөө захиран зарцуулах эрхтэй болох эхлэлийг нь
тавихад миний хувь нэмэр байсан юм шүү. 
Өөрийгөө магтаж байгаа юм биш. Төсвийн удирдлага санхүү­жилтийн тухай
хуулийг 2011 онд өөрчилсөн. Тэр үед тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогтыг
албаных нь хүмүүстэй хамт дагуулж  гэр
хорооллоор яваад хотод ямар ажлууд хийх шаардлагатай бай­гааг харуулсан. Энэ нь
тэр хуулийг батлахад чухал нөлөө үзүүлсэн гэж бод­дог. Тиймээс Улаанбаатар
хотод төсвийг нь өгье гэж шийдсэн юм. Хуучин бол нийслэл хотын төсвийн 80 гаруй
хувийг улс авдаг байсан. Харин одоо Улаан­­баатар хот иргэдийн татвараар бүрдэж
байгаа төсвөө 100 хувь нийслэлд зарцуулах эрхтэй болсон шүү дээ. Намайг хотын
дарга байх үед үнэхээр мөнгө байгаагүй юм. Гэтэл одоо хот бонд гаргах ч эрхтэй
болсон байна л даа. Мөнгөтэй болсон уч­раас хотын удирдлагууд ажил хийгээд
байна шүү дээ. Үүнийг ойлголгүй өм­нөх засгийн нөхдүүдийг дандаа муулаад байгаа
нь таалагддаггүй. Гэтэл өм­нөх үеэ гар буугаар бууд­вал хойч үе чинь их буу­гаар
буудна шүү гэдэг үг бий дээ. Үүнийг санаж л явах хэрэгтэй. Аливаа юм чинь
залгамж чанартай байх ёстой.  Өнөөдрийн
гэр хорооллын дахин тө­лөв­лөлтийг ч бидний үед хийсэн нь өнөөдөр бодит ажил
хэрэг болж байна л даа. Бид суурийг нь сайн тавиад өгчихсөн. Тиймээс мөнгө
байхад үүнийг ажил болгоход асуудал биш шүү дээ.

-Ардын
нам засаг барьж байхдаа яагаад мөнгө босгож чадаагүй юм бэ. Тэгсэн хэрнээ
өнөөдөр мөнгө босгож байгаа АН-ынхныг шүүмж­лээд байгаа нь ямар учиртай юм бэ?

-Тэр
үед улс орны эдийн засаг хүнд байсан. Гэтэл өнөөдөр Монголын газар доорх
баялгийг барь­цаалж байж мөнгө босгож байна шүү дээ. Түүнээс биш шинэч­лэлийн
Засгийн газар гарч ирээд мөнгө босгочихсон юм биш. Уул уурхайн баялгийг дэлхийн
анхааралд хүргэх ажлыг тэгвэл хэн хийсэн юм. Ардын нам засаг барьж байх үедээ
хийсэн юм шүү. Уул уурхайн баял­гаа эдийн засгийн эргэл­тэд оруулах асуудал
чинь  сүүл рүү биеллээ олж эхэл­сэн.
Гэхдээ үүгээрээ бид өөрсдийгөө өмгөөлөх гээд байгаа юм биш. Үнэ­хээр бид
алдаатай ажил­ласан нь үнэн. Үүнийхээ дүнд бид өнгөрсөн сонгуу­лиар ялагдал
хүлээлээ шүү дээ.

-Одоогийн
Засгийн газар, төрийн эрх ба­ригчдын талаар та ямар бодолтой байна вэ?

-Манайхыг
бодвол хурд­тай, алдсан ч айхгүй байгаа нь давуу тал юм шиг ажиглагдаж байна.

-Өргөө
зочид буу­далтай холбоотойгоор таныг шалгаж байгаа  асуудал юу болсон бэ?

-Хуулийн
байгууллага шалгаж л байгаа байх. Би мэдүүлгээ өгсөн. “Өргөө” зочид буудал
ашигтай ажил­ласан байснаас биш өөр ямар ч асуудал байх­гүй. Намайг хилээр гар­гахгүй
байгаа гэх мэтийн зүйлүүд лав байхгүй.

-Таныг
хотын дарга байхдаа өчнөөн газрыг хүмүүст өгсөн гэдэг яриа бий. Талбайн урд
талын газрыг зарчихсан нь үнэн үү?

-Үгүй
шүү дээ. Энэ газар Улаанбаатар хотын мэдэлд байгаа хэвээрээ. Би хотын дарга
байхдаа ямар ч компанид “Май энэ газар танайх боллоо” гээд өгч байгаагүй.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Монголын шүүх юун шударга юм бэ?

Манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа
гадаадын иргэд хэрэг түвэгт орооцолдох нь цөөнгүй. Гадныхан монгол хүний аминд хүрсэн
хэргүүд ч гарч байсан. Тэгтэл тухайн орны хууль хяналтын байгууллагынхан хэрэг үйлдсэн
иргэнийхээ төлөө үхэн хатан тэмцдэг. Үүний нэг тод жишээ бол Хөвсгөл аймагт модны
үйлдвэр ажиллуулж байсан АНУ-ын иргэн монгол залууг буудаж  хөнөөсөн хэрэг байна. Энэ хэрэг 1990-ээд оны сүүлчээр
болж байв. Гадаадын иргэн монгол хүний аминд халдсан уг хэргийг манай цагдаа шүүхийнхэн
шалгаж, тэр үедээ л шуугиан тарьж байсан юм. Хэрэг шийдэгдэж, америк эрд шүүхээс
ял оноохын даваан дээр нутаг буцчихаж билээ. Учир нь АНУ-ын төр иргэнийхээ асуудлыг
эх оронд нь шийднэ гээд хэрэгтнийг аваад явчихсан юм. Хүний эрхийг дээдэлдэг гадаадын
улс орнууд ганц гэлтгүй иргэнийхээ төлөө ингэж л ажиллаж байна.

Харин манай шүүхийн шийдвэрийг хараад
байхад иргэндээ хатуурхаад байх шиг. Гадаадын иргэдэд дэндүү найр тавих юм. Үүнийг
АНУ-ын иргэн Жон Мартин Кийний аминд хүрсэн хэрэгт буруутгагдаад байгаа Ч.Баттуул
бүсгүйн хэрэг бэлээхэн харуулна. Хоёр жилийн өмнө гарсан уг хэргийг үйлдсэн гэх  монгол бүсгүй анхан шатны шүүхээс 23 жилийн ял
сонссон. Дээрээс нь цагдан хорих төвд орсон өдрөөсөө авахуулаад хүнд дарамтад өдөр
хоногийг өнгөрүүлж байгаа гэх мэдээлэл бий. Тэнд хоригдлууд захиа занаа бичих нь
хориотой. Дотоод дүрэм зөрчвөл сахилгад суулгадаг дэгтэй. Харин Ч.Баттуул энэ шийтгэлээс
үл эмээж, хэргийн талаарх үнэн бодит мэдээллийг олон  нийтэд хүргэхийн хүссэн захидлаа хорих ангиас
бичсэн байсан юм. Түүний захидалд ямар нэгэн дарамтаас айж эмээсэн бүсгүй хэргийг
өөртөө тохсон болохыг бичсэн байна лээ. Түүний хэлсэн “Би буудчихсан” гэж хэлсэн
үгнээс болж шүүх 23 жилийн ял оноожээ. Чухамдаа хөөрхий бүсгүй тухайн үед гүн шоконд
орж, айсандаа энэ үгийг хэлсэн хэмээн захиандаа залруулжээ. Үнэхээр Ч.Баттуул хэрэг
үйлдээгүй хэрнээ айдсаасаа болж “Би буудчихсан” гэж мэдүүлсэн бол шүүх шударга бөгөөд
улсынхаа иргэний эрх ашгийн төлөө ажилласан байж чадах болов уу.

“Энэ хэргийн үнэн мөнийг тогтоохыг
хуулийнхан хүссэнгүй” гэж Ч.Баттуулын аав ярьсан байсан.  Уг нь гадаадын иргэний амийг хөнөөсөн гэх энэ
хэргийг хэдэн талаас нь нарийн шалгах сэжүүр байсан ч хууль хяналтынхан хэтэрхий
хайнга, хэт нэг талыг барьсан мэт хандсан гэхээр байна. Ч.Баттуул хэрэг үйлдсэн
байлаа ч Монголын төр иргэнийхээ төлөө ажилламаар юм. Энэ бол олон нийтийн анхаарлын
төвд орсон энгийн л нэг жишээ. Гадны улс орнуудын жишгээр бол манай хууль хяналтынхан
гадаадад хэрэг түвэгт орооцолдсон иргэдээ 
эх оронд нь буцааж авчран  тэдний төлөө
ажилладаг, тэдний эрх ашгийг хамгаалдаг баймаар байна. Хүн амины хэрэг бүү хэл хулгай
дээрмийн хэрэгт холбогдсон монголчууд Азийн орнуудаас өгсүүлээд олон улсад бий.
Америкийн жишгээр бол тэдний хэрэг шийдэгдэхээс нь өмнө эх орондоо аваад ирмээр.
Тэгтэл эх орондоо хэрэгт холбогдсон иргэнээ хавцал руу улам түлхэж байна. Монголын
шүүх юун шударга юм бэ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Б.Цэрэндорж: Н.Энхбаяр ирэхгүй ээ. Зүгээр л ард түмний өрөвдөх сэтгэл дээр тоглолт хийж байна

Бүх ард түмний их хуралдай төрийн
бус байгууллагын тэргүүн Б.Цэрэндоржтой ярилцлаа.

-Та МАХН-ын гишүүн бил үү?

-МАХН-ын албан ёсны гишүүнч­лэл байхгүй.
Н.Энхбаяр анх 17 хөдөлгөөнтэй хамтран ажиллана гээд  “Эх-орон-тусгаар тогтнол-шударга ёс” хөдөлгөөнийг
бий болгосон. Тэгэхэд нэгдсэн л дээ.  

-Анх ямар зорилгоор МАХН-тай хамтарч
ажиллахаар болж байв?

-Анх Н.Энхбаярыг дэмжиж үйл ажиллагаанд
оролцож байхдаа үнэхээр шударга ёсыг хайсан юм. Монголд шударга ёс тогтоох зорилго
агуулж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн учраас түүнд итгэсэн. Тэр үед
хүмүүс “Энхбаяр загалмайлсан эцэг гэдэг нь үнэн. Түүнтэй нийлж яах гэсэн юм боль,
хэрэггүй, наа­дахаа хая” гэж хэлж байсан. Тийм ч учраас тухайн үед Н.Энхбаяраас
хамгийн түрүүнд нэг зүйлийг асуу­сан хүн нь би. “Та өөрөө өнгөрсөн 20 жилд Монголын
улс төрийг ийм бохир заваан болгосон. Үүнийгээ засч чадна гэдэгт итгэхгүй байна”
гэдгийг улаан нүүр рүү нь харж байгаад хэлж байлаа. Тэгэхэд ухаарсан, ойлгосон л
гээд байсан. Гэтэл одоо Н.Энхбаярын үнэн нүүр царай харагдаж байна. Шударга ёс,
газар нутгийн бүрэн байдлын тухай ярьж өнгөлөн далдлалт хийж, өөрийгөө хамгаалахын
тулд нам байгуулсан юм байна гэдэг нь одоо ил боллоо. Энгийн жишээ хэлье. МАХН Засгийн
газарт орчихоод  юу хийв. Таван шударга хувьсгал
хаана байна. Оюу толгойгоос авах татаасыг шаардана гэж байсан хүмүүс чинь өнөөдөр
Оюу толгойг татвараас хөнгөлнө гэдэг болсон байна.

МАХН-тай нэгдсэн 17 хөдөл­гөөн
одоо хаана байгаа вэ?

-Бүгд МАХН-аас холдоод бу­тар­чихсан.
Уг нь энэ хөдөл­гөө­нүүдээ нэгтгээд шударга ёсны төлөө тууштай явъя л гэж бодсон
юм. Иргэний хөдөлгөөнүүд сүүлийн долоо, найман жил яагаад гадуур дэмий тэнэв. Ерөөсөө
шударга ёсыг л хайж байсан хэрэг. Хайж байсан шударга ёсыг МАХН тог­тоох юм байна
гэж итгээд нэгдтэл энэ нам өөрөө шударга бус болж хувирлаа.

-МАХН яаж өөрчлөгдөв?

-Иргэний хөдөлгөөнүүдийн дэмж­лэгтэйгээр
МАХН  бүх ард түмний их хуралдайг анх хийсэн.
Тэндээс Монгол Улсын 15 оли­гархийг зарласан байдаг.  Гэтэл тэр олигархиудын толгой нь Н.Энх­баяр өөрөө.
Гэсэн хэрнээ өөрийгөө дагаж явсан нөхдүүдийг олигархи гэж цоллосон.

-Тэрийг нь мэдсээр байж  нийл­сэн нь ямар учиртай юм бэ гэдэг асуулт гарах
байх л даа?

-Хэдий тийм байлаа ч шударга ёсны
төлөө одооноос явъя гэж байгаа юм бол дэмжье гэсэн юм. Өндрөөс чанга унасан хүн
үнэхээр ухаараад “Нээрээ ингэж болохгүй юм байна” гээд эр хүнийхээ хувьд ойлгосон
юм байх гэж найдсан. Эр хүн зовох тусам ухаан сууж, эр­дэнийн чулууг эдлэх  тусам өнгө ордог гэдэг шүү дээ. Гэтэл тийм биш
байж. Өнөөдөр МАХН-ыг нам гэж хэлэхэд ч хаашаа юм. Н.Энх­баярын хошногыг долоодог
хэдэн нөхдийн цугларалт болчихлоо. Н.Энхбаярыг Ерөнхий сайд болж албан тушаалын
наймааг ид цэцэг­лүүлээд явж байхаас нь эхлээд холдохгүй дагасан хүмүүс тэнд очсон
байна. Тухайн үед ямар нэгэн эдийн засаг, тендерийн хэлхээ холбоо эсвэл улс төрийн
найруулсан хоронд нь оролцсон учраас одоо Н.Энхбаяраас холдож чадахгүй барьцаалагдчихсан
цөөн тооны хэдэн нөхөр  л байна. Н.Энх­баярыг
хүчтэй байхад Цолмон авгайг нь дагаж явсан, хүү 
Бат­шугарынх нь найзууд гэх мэтийн 
хэдэн хүмүүс л МАХН нэрийн дор цугларчихаж. Үндсэндээ МАХН гэр бүлийн нам
болчихсон. Тийм  уч­раас өнөөдөр  Ардын намд ша­хагдаад хэн ч биш болчихсон, дарга
болох хоббитой өлөв, долов хийсэн  нөхдүүд
Хувьсгалт нам руу орж байна. Саяхан Ц.Шаравдорж гэдэг нөхөр очлоо. Одоо Шийлэг­дамбыгаа
ажлаас нь буулгаад Шаравдоржийг оронд нь тавина.  Яагаад гэвэл ард нь “Гандирс” байна шүү дээ.

-МАХН-д өчнөөн гишүүн эл­сээд хүчирхэгжээд
байгаа юм биш үү?

-Тийм зүйл байхгүй ээ. МАХН-ын цагаан
байранд хүмүүс цуглаад бужигнахаа байсан шүү дээ. Албан тушаал горьдсон хэдэн залуу,
таван цаасны цалин авчихаад аргаа бараад эвшээж суудаг хэдэн хүнийг эс тооцвол өөр
гишүүнгүй.  Бүх ард түмний хуралдайг зохион
байгуулаад хөдөө орон нутгуудаар явахад Амлалт нэхэх ард түмний холбоо, иргэний
хөдөлгөөнүүдийн дэмжигчид МАХН-ын гишүүн бол­сон байдаг. Хөдөө орон нутгаар яваад
хараарай. Тэр хүмүүс л МАХН-ыг бүрдүүлдэг болохоос биш үнэхээр итгэл үнэмшлээрээ
энэ намд элсдэг хүн цөөн. Ийм учраас би МАХН-ыг татан буулгах өргөдлийг Дээд шүүхэд
өгсөн юм. Үүний дараа над руу хүмүүс өдөр­жин залгасан. МАХН-ыг бий бол­гохын төлөө
амьдралаа золиод үнэн сэтгэлээсээ зүтгэж байсан нөхдүүд “Наад хүмүүсийнхээ үнэн
нүүр царайг одоо л мэдэж байна уу. Бид аль дээр үед мэдсэн учраас зайгаа авсан”
хэмээн хэлж байна лээ.  

-Н.Энхбаярыг эзгүй хойгуур  хэсэг нөхөд энэ намыг бужиг­нуулаад байгаа тухай
МАХН-ын жирийн гишүүд  яриад байгаа шүү дээ?

-Худлаа шүү дээ. Гадны оронд өвчин
зовлонтой хэвтэж байхад ар хударгаар нь хэдэн нөхөд түүнийг унагаж, намыг нь булааж
авах нь. Эзнийг нь эзгүйд намыг нь бус­ниулж байна ч гэх шиг. Энэ бол хий хоосон
улс төрийн шоу. Энэ намд Н.Энхбаярын мэдэхгүй ширхэг зоос ч байхгүй. Н.Энхбаяр өөрөө
бусдын араар нуугдаад сурчихсан хүн юм билээ. Хөшигний ард суу­чихаад “Чи тэг. Ингэж
хэл” гээд сууж байдаг юм. Ямар сайндаа сая болж өнгөрсөн Говь-Алтайн дахин сон­гуулийн
үеэр МАХН-ынхан иргэд­тэй уулзахдаа “Н.Энхбаяр дарга маань ард түмэн та нарыгаа
санаж байна. Өдөр бүхэн бидэнтэй хол­богдож, ингэж хэлдэг. Та нартай уулзсан энэ
мөчид ч залгаад бай­на” гэж яриад   Л.Цог
нь гар утсаа харуулж ч байх шиг.  Н.Энхбаярын
зовлонгоор бусдад өрөвдүүлэхээр оролдож байгаа нь тэр.  

Монголын ард түмэн Н.Энх­баярын
төлөө санаа зовж, хэзээ ирэх бол гэж харуулдаж суугаа мэтээр МАХН-ынхан ярьдаг л
даа?

-Шоу шүү дээ. Үүн дээр бүхэл бүтэн
баг ажиллаж байна. Н.Энх­баяр авлига, албан тушаалын наймааг цэцэглүүлчихсэн юм
бол наашаа орж ирэх үү. Гэмгүй байсан юм бол яагаад тэнсэн харгалзах ял авав. Цагаадахгүй
яасан юм. Ерөнхийлөгч хийсэн хэргийг нь өршөөгөө биз дээ.

-Таныхаар бол Н.Энхбаяр ирэхгүй
нь ээ?

-Ирэхгүй ээ. Монголын ард түмний өрөвч
сэтгэл дээр тоглолт хийж байна шүү дээ. Ерөнхийлөгч нийслэлийн иргэдтэй уулзахдаа
“Төрд байхдаа ард түмнээ хайрлаагүй хүн гадна гарчихаад хайрлахгүй шүү” гэж хэлсэн
байна лээ. Энэ бол Н.Энхбаярыг хэлсэн байх. Сүүлийн үед гадуур “АТГ дээр Н.Энхбаярын
талаар баримтуудыг цуглуулсан  таван хавтаст
хэрэг нээсэн байна.  Билэгт АНУ-аас ирээд
мэдүүлэг өгчихөж, талбайн урд талын сэлмэн байшингийн талаар мэдүүлэг авчихаж, Болд
төмөр ерөөгийн төмрийн хүдрийн талаар мэдүүлэг авчихсан юм байна. Тийм учраас Н.Энхбаяр
Монголд орж ирвэл баригдана” гээд ярьж байна. Олны үг ортой.  Үнэхээр Н.Энхбаяр Монголд ирэх байсан юм бол одоо
ирчих хугацаа болчихлоо. Гэтэл байдаггүй. Тэгэхээр ойлгомжтой байна.  Н.Энхбаяр МАН-тай зэрэгцүүлж МАХН гэдэг нэрийг
сэргээж,  улс төрд дахин гарч ирсэн. Дараа
нь оймстой баривчилгаагаараа дахин оноо авсан. Тэгсэн мөртөө авлига аваагүй, идэж
уугаагүй, шударга, хэлмэгдсэн хүн гээд байгаа. Тийм л сайн байсан юм бол интер­полоор
эрэн сурвалжлагдаад байгаа дүүдээ “Нутагтаа очоод өргөдөл гомдлоо өг, бүү зугт.
Үнэхээр буруугүй бол түүнийгээ нотол. Буруу зүйл хийсэн бол алдаагаа ойлго” гээд
хэлчихэж яагаад чадахгүй байгаа юм.

-Таныг болоод танай хөдөл­гөөнүүд
МАХН-ыг бусниулах зорилгоор МАН-аас цалинждаг гэсэн яриа бий.  Ер нь анхнаасаа ийм зорилгоор  МАХН-д нэгдсэн ч гэдэг.

-Тийм зүйл байхгүй ээ. МАН-ын байрны
306 тоот өрөөнд биднийг суудаг ч гэсэн яриа гарсан байна лээ. Бид МАН-ын нөхдүүдтэй
уулзаад байх шаардлагагүй.  Хэрэв үнэхээр
бидэнд тийм  өрөө гаргаж өгвөл суусан ч яадаг
юм. Төрийн бус байгууллагад ажлын өрөөнөөс эхлээд хэрэгтэй юм их л байна.  Гэхдээ МАН-ынхан  “Та нар ингээрэй. Тэгж хэлээрэй” гэж заадаггүй.
Улс төр гэж юу байдгийг гадарладаг хүний хувьд хэн нэгний гарын аясаар хөдлөөд байхгүй
шүү.

-Хоёр намыг толхилцуулах нь танай
ажил болчихоод  дундаас нь ашиг олдог гэсэн
хардлага байсаар байна л даа?

-Ашиг харж амьдраагүй шүү. МАХН-ынхан
өөрсдөө МАН-тай нэгдэх битүүхэн  сонирхолтой
учраас тэгж яриад байж магадгүй. Иргэд  эвлэлдэн
нэгдэж үзэл бодлоо илэрхийлсний төлөө ингэж хардах ёсгүй.

-Нэгэнт л гишүүн нь биш танд МАХН-ын
асуудал ямар хамаатай юм бол гэж сонирхох хүмүүс байх болов уу.  МАХН-ын төлөө санаа тавьж цаг заваа гарздах ямар
сонирхол байгаа юм бэ?

-Төрийн бус байгууллагууд чиглэл чиглэлээрээ
л явдаг байх. Байгаль орчны талынхан нь тэр чиглэлээрээ ажилладаг болов уу. Харин
миний хувьд гэр бүлээрээ нэг нам байгуулчихаад 
ард түмний итгэл үнэмшил, сэтгэл зүйгээр тоглоод байгааг эсэргүүцэж, Үндсэн
хуульд заасан иргэнийхээ үүргийн гүйцэтгэж байна. Түүнээс биш саваагүй нохой саранд
хуцаад байгаа юм биш шүү.

-Тэгэхээр одоо МАХН-ыг татан буулгах
л ёстой гэж үзээд байна уу?

-Өөр гарц байхгүй. МАХН нийгмийн сэтгэл
зүйд нөлөөлж, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргахыг оролдсон. Үүнийх нь золиос
би. Тэд шударга ёс ярьж, хүний итгэл үнэмшлээр тоглолоо шүү дээ. Тэд шударга ёсны
утгыг алдагдуулж байна. Ам ангайх тоолондоо шударга ёс ярьдаг мөртөө өөрсдөө шударга
байж чадсангүй.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Хэний захиалгаар Оюу толгой болон бусад бүтээн байгуулалт саатаад байна вэ?

Оюу толгойн далд уур­хайн бүтээн байгуулалтын ажил санхүүжилтгүй
гэдэг шалтгаанаар өнгөрсөн онд  зогссон.  Үүнээс хойш манай дарга нар “хувь нийлүүлэгч­дийн
хооронд үүссэн асууд­лыг шийдвэрлэх яриа хэлэл­цээр өрнөсөөр л байна” гэдэг тоомжиргүй
хариулт өгсөөр удлаа. Уг нь бол Оюу толгойн нийт ашгийн  80 гаруй хувь 
далд уурхайгаас гарах юм билээ.  Гэтэл
тэр их мөнгийг газар дор “түгжчихээд” өнөөд­рийг хүртэл юу ч болоогүй юм шиг бас  Оюу толгой чухал биш юм шиг чимээгүй суугаа энэ
засаг төрийг хараад гайхаш тасарч байна. Ухаалаг шуудангийн хайрцагтай боллоо гээд
хөөр­цөглөн гүйж, тууз хайчла­лын­хаа оронд энэ их баялгийг яаж эдийн засгийн эргэлтэд
оруулах вэ гэж тархиа гашил­гавал зүй ёсны ажил байл­тай. Дөрвөн зүг, найман зовхистод
байрлуулах тэр төмөр хайрцагнаас илүү Оюу толгой Монгол Улсыг хөг­жүүлж, ард түмнийг
нь тэжээ­нэ гэдгийг эрх биш ойлгодог баймаар юм.   

 Яадаг ч байсан хөрөнгө
оруулагчидтай хэл амаа ололцож, Оюу толгойг энэ хавар ажилд оруулах хэрэг­тэй байна.
Үгүй бол өнөө жил дахиад л төсвийн орлого 
тасарч, монголчууд идэх хоол, өмсөх хувцасгүй болох дээрээ тулна. Дээр нь
ам.дол­ларын ханш хэд ч хүрэх юм бүү мэд. Өнгөрсөн хойно нь ажлаа хийж чадаагүй
хэдэн сайдын амнаас “Оюу толгой­гоос бүх юм боллоо” гэдэг үг унахыг сонсмооргүй
байна.  Оюу толгой  дангаараа Мон­гол Улсын ДНБ-ий 30 хувийг хангах
боломжтой гэсэн тоо­цоо бий. Гэтэл манай Монго­лын төрийн өмчит компаниуд нийлээд
ДНБ-ий 23 хувийг хангадаг гэх.  Үүнд нь “Эрдэ­нэт”
үйлдвэрийн хувь нэмэр багтаж байна гээд бод доо. Тэгэхээр  яалт ч үгүй Монго­лын хувь заяа, ганц саалийн
үнээ нь Оюу толгой мөн бол­чих­лоо. Нөөцийнх нь хэмжээ­гээр ярьсан ч Оюу толгойн
хажууд “Эрдэнэт” үйлдвэр юу ч биш. Оюу толгой орд хүд­рийн нөөцөөрөө одоогийн “Эрдэнэт”
үйлдвэрээс 3-4 дахин, зэсийн нөөцөөрөө долоо дахин их том орд юм. Мөн алт, мөнгө,
бусад ховор элементээрээ Оюу толгой “Эрдэнэт” үйлдвэрийг хол хаядаг юм байна. Энэ
үзүү­лэл­түүдээс үзвэл Оюу толгой бол хоёр, гурван “Эрдэнэт” үйлдвэртэй тэнцэхээр
байна. Ганц “Эрдэнэт” үйлдвэр Мон­гол Улсад бүхэл бүтэн хот босгож, улсын төсвийг
нь тэтгэж ирсэн байхад хоёр, гурван “Эрдэнэт”-тэй дүйх Оюу толгой тэгвэл хичнээн
хот, тосгон бий болгох нь хэнд ч ойлгомжтой төсөөлөгдөж буй биз ээ.

Дээрээс нь Оюу толгой бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэхээсээ  өмнө татвар, урьдчилгаа төл­бөр, бусад хураамжийн
хэлбэ­рээр улсад олон зуун сая ам.доллар өгсөн байна.  Ийм л учраас 2014 онд Оюу толгойн ажлыг тасалдуулах­гүй
байх нь улс орны эрх ашиг болчихлоо. Энэ жилдээ гэхэд  Оюу толгой 690 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэ­хээр
тооцоолсон байна.  Үүнийг мөн л “Эрдэнэт”
үйлдвэртэй жишбэл 200 гаруй мянган тонноор илүү байна.

Нийтдээ Оюу толгой өнөө жил 
2.6 тэрбум ам.долларын орлого олохоор төлөвлөчих­жээ. Манай газар нутаг дээр
эргэлдэх энэ их мөнгөнөөс Монгол Улсад орж ирэх ашиг арвин байх нь мэдээж. Энэ бүх
мөнгөнөөс бид эзний буюу рояалтын татвараа аваад байхад л болоод явчихна.

Уул уурхайн экспорт  өснө.
Ажлын байр ч хэдэн мянгаараа нэмэгдэнэ. Тэр хэрээр улс орон хөгжинө, эдийн засаг
сайжирна. Зөв­хөн Оюу толгойг ажиллуулс­наар ийм их боломж байна, дарга нараа. Тууз
хайчилж гүйлгүйгээр зүгээр л Оюу толгойг гацаанаас нь гарга­чих­маар юм. Тэгвэл
ард түмэнд яаж таалагдах вэ гэж толгойгоо гашилгах шаард­лагагүйгээр дараагийн сон­гуу­лиар
гараад ирэх арга чинь энэ байна.  Улс орон
ч сэвхийтэл босоод ирэх боломж эндээс харагдаад байна.

Улс орны хөгжлийн тул­гуур, эдийн засгийн хөшүүрэг болох дараагийн
нэг гарц нь дотооддоо шатахуун үйлд­вэр­лэх асуудал. Бид өнөөдөр  нефтийн бүтээгдэхүүнээ 100 хувь гаднаас авдаг.  Дотоод­доо ядаж нэг хувийг нь ч болов хангасан
түүх Монгол Улсад байхгүй л дээ. Энэ арчаагүй байдлаа өөрчилнө гэж өчнөөн жил ярьсан
боловч өдгөөг хүртэл дэвшилд хүр­сэн­гүй. 2013 оны байдлаар манай улс нийтдээ сая
280 мянган тонн шатахуун гаднаас авчээ. Гэтэл 
өмнөх жил нь  сая 147 мянган тонн шатахуун
хэрэглэсэн байх юм. Эндээс харвал жилийн дотор Монгол Улсын шата­хуу­ны хэрэглээ
12 хувиар өссөн байна.  Арга ч үгүй биз. Бидний
хөгжүүлэх гээд бай­гаа уул уурхай гэж шатахууны мангас байна шүү дээ. Хэн нэгэн
санаатайгаар шатахуу­наар боовол бидний нөгөө уул уурхайн ажил ч лөөлөө болно байх.

Тэгвэл манайх жилийн хэрэглээ нь 12 хувиар өсөөд байгаа шатахууныхаа
дий­лэн­хийг буюу 75 гаруй хувийг хойд хөршөөсөө худалдан авдаг. Гэхдээ Монгол Улс
ОХУ-ын хувьд нефть бүтээг­дэхүүний том худалдан аваг­чид тооцогддоггүй юм гэнэ лээ.
Бидний худалдан авсан шатахуун Роснефьтийн 
нэг жилд ууршуулан алддаг шатахуунтай л тэнцдэг гэсэн.  Өөрөөр хэлбэл манай авч байгаа шатахуун ОХУ-аас
нефтийн бүтээгдэхүүн импор­толдог бусад улсуудтай харь­цуулахад өчүүхэн. Гэлээ ч
бид ОХУ-аас шатахууны хараат улс гэдэг нь гашуун үнэн.

Монголын шатахууны хэрэглээний 75 хувийг Орос хангадаг юм бол
үлдсэнийг нь хаанаас нийлүүлдэг вэ. Беларус, БНСУ, Хятад,  Литва, Сингапур, Малайзаас монголчууд шатахуун
авдаг.  Мөн Казахстан, Тайваниас  маш бага хэмжээгээр неф­тийн бүтээгдэхүүн оруулж
ирдэг. Энэ нь  тогтмол биш л дээ. Харин манайд
байнгын үйл ажиллагаа явуулдаг дотоодын 14 компани дээрх улсуудаас шатахуун импор­толж
монголчуудынхаа хэрэг­лээг хангадаг. Тиймээс Мон­гол Улс газрын тосны хараат байдлаасаа
гарч чадахгүй, үүнээс үүдэлтэй үнийн хөөрөгдөлд дарлуулсаар ирлээ. Тиймээс төрийн
бодлого тодорхойлж улс орныг авч явах үүрэг хүлээсэн дарга нар үр дүнтэй шийдвэр
гаргамаар байна.  Дархан-Уул аймагт  барих нефтийн үйлдвэрээ түргэлмээр байна. Сураг
нь дуулдаад байдаг боловч урагш  ахидаггүй
энэ ажлуудыг гараас гаргая. Хэрэв энэ үйлдвэр ашиглал­тад орчихвол жилдээ хоёр сая
тонн шатахуун үйлдвэр­лэж, Монгол Улс өөрийнхөө шатахууны хэрэглээг бүрэн хангах
боломж гарч ирнэ. 

Аливаа улсын эдийн засаг, нийгэмд хүчтэй нөлөөл­дөг стратегийн
өөр нэг бүтээгдэхүүн бол эрчим хүч. Харамсалтай нь бид энэ сал­барт ч өмнөд, хойд
хөршийн­хөө хараанаас салж чадаа­гүй  явна.
Гаднаас импорт­лоод ч дотоодын цахилгаа­ны­хаа хэрэгцээг хангаж дий­лэх­гүйд хүрчихээд
байна. Энэ нь  тав дахь эх үүсвэрээ яарал­тай
барьж,  ажилд оруулахгүй бол 2014 онд Монгол
Улс эрчим хүчний дутагдалд ороход бэлэн байна. Тун удахгүй улс даяараа гэрэл цахилгаангүй
харанхуйд сууж ажлаа амжуулах  цаг ойрхон
ирчихэж. Тиймээс л эрчим хүч үйлдвэрлэх ямар боломж байна тэр бүгдийг эрж хайж,
ажил хэрэг болгомоор байна.  Азийн аль ч улсад
байхгүй, уудам тал нутагтаа хуримт­лагд­сан нар, салхины нөөцөө ашиглаж, сэргээгдэх
эрчим хүч үйлдвэрлэх ажлыг яаравч­лах хэрэгтэй. Оюу толгой, Таван толгойг эдийн
засгийн эргэлтэд оруулсан шигээ энэ ажлыг дэлхий ний­тийн анхаарлыг төвд аваа­чиж,
Азидаа том тоглогч болох шаардлага тулгарч байна. Гаднаас эрчим хүч худалдан авч
буй тэр мөнгөө улсаа хөгжүүлэхэд зориулах нь монголчуудын нэн тэргүү­ний зорилт
болж байна. Ийм хэрэгцээ бий болчихсон бай­хад юу ч болоогүй юм шиг шаардлагагүй
зүйлүүдэд ач холбогдол өгөөд яваа төр засгийн удирдлагуудад ард түмэн шүүмжлэлтэй
хандаж байна.

Хамаг мөнгөө барьж гадны улс руу гүйж,  шата­хуун, эрчим хүчнээс өгөөд байвал Монгол Улс  цаашид оршин тогтнож чадахгүйд хүрнэ. Тиймээс
хэнээс ч хараат бус тусгаар улс байгуулах ямар төлөвлөгөө боловсруулж байгаагаа
сайд, дарга нар ард түмэндээ хэлээд өгөөч. Байгаа баялгаа ашиглаж, шатахуун, эрчим
хүчээ үйлдвэрлэж, улсаа хөгжүүлэх ямар санал байгаа юм. Энэ тухайгаа эртхэн шиг
бодож, хэрэгжүүлэхгүй бол ард түмэн итгэл алдрахад ойрхон байна. Мэдээж та нарын
яриад байгаа дэд бүтэц,  зам харгуй, онгоцны
буудал   хэрэгтэй байлгүй яахав. Гэвч эрчим
хүч, шата­хуу­наа дотооддоо үйлдвэр­лэ­дэг болсон цагт тэр бүхэн аяндаа бий болдгийг
ухаарах хэрэгтэй. Дээр нь Оюу толгойн уурхайг ашиглалтад оруулах­гүй байгаа нь хэнд
ашигтайг бодоод олохгүй юм. Монгол­чуу­дад ашиггүй байна. Харин бидний өрсөлдөгчдөд
хожоо өгч байна. Хэний захиалгаар эдгээр амин чухал бүтээн байгуулалтыг царцаан
зогсоогоод байна вэ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Монголын говь Азийн эрчим хүчний диваажин мөн

– САХАРЫН ЦӨЛ ЕВРОПЫГ, МОНГОЛЫН ГОВЬ АЗИЙГ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАНА –

Дэлхий дахинд нүүрс шатааж, эрчим
хүч гаргах арга хоцрогдох тийшээ хандчихаад байна. Атомын цахилгаан станц ч ямар
хор хөнөөлтэй болохыг Япон улсын жи­шээ­нээс харсан билээ. Тиймээс дэлхий нийт бай­галь
болоод хүн тө­рөлхтөнд хортой  эдгээр аргуудаас
татгалзаж, сэр­гээгдэх эрчим хүч үйлд­вэрлэх чиглэлд  хамаг анхаарлаа хандуул­чи­хаад байгаа цаг үе.  Тэг­вэл 
Монгол Улс сэргээг­дэх эрчим хүчний асар их нөөцтэй. Энэ их “баял­гийн” дийлэнх
нь манай галбын шар говьд байгааг эрдэмтэн судлаачид хэдийнээ тогтоочихоод байна.
Нэг үгээр Мон­голын говь Азийн эрчим хүчний диваажин мөн гэдгийг тэд баталжээ.

Нар, салхи нь нэг дор төвлөрсөн манайх
шиг орон дэлхийд ховор гэдгийг тэд хэлж байна. Ингээд бодохоор Монгол Улс эрчим
хүчний хомс­долд орчихоод айлаас цахилгаан гуйж суух заяа­тай улс  биш ажээ. 
Ийм ч учраас манайхан судал­гаа шинжилгээний аж­луу­дыг 2012 оноос эх­лүүл­сэн
юм байна. Тод­руулбал, Эрчим хүчний яам санаачлан  Зүүн хойд Ази буюу Орос, Солон­гос, Японы эрчим
хүчний чиглэлд үйл ажиллагаа явуулдаг  байгуулла­гууд­тай
хамтран судалгаа хий­жээ. Судалгаагаа яваандаа төсөл болгон хэрэгжүүлэхээр бэлтгэж
байна.  Төслийн нэр Гоби­тек. Монголын говийн
бүс нутгуудыг түшиглэн сэр­гээгдэх эрчим хүч үйлд­вэрлэх учраас энэ нэрийг өгчээ.

Нөгөө
талаар  Арабын элсэн цөлд нар, салхины эрчим
хүч үйлд­вэрлэх парк байгуула­хаар десерттэк хэмээх технологийг ашиглаж, ТЭЗҮ-г
нь бэлэн болгосон юм байна. Сахарын цөлийн нар салхинаас гаргаж авах энэ эрчим хүчээр
Европ тивийг хан­гах зорилготой. Арабын цөлд ашиглах  уг  десерт­тэк
хэмээх технологийг Монголын говьд турших учраас Гобитек хэмээн нэрлэжээ. Ер нь бол
Арабын элсэн цөл нарны эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг. Гэлээ ч газрын
гадаргын тогтоц байрлал, элсэрхэг бус хатуу хуурай хөрстэй, хэт халуун биш сэрүүн
уур амьсгалтай Монголын говь их чадлын нарны станц байгуулахад хам­гийн тохиромжтой
бүс нутагт тооцогддог юм бай­на. Ямар ч байсан сэр­гээгдэх эрчим хүчний нөө­цөөрөө
Сахарын цөлийн дараа ордог манай говьд эрчим хүчний парк бай­гуулах ажлын хүрээнд
өнгөрсөн хугацаанд олон улсын чанартай хурал, чуулган зохион байгуул­саар иржээ.
Тухайлбал, Ерөнхийлөгчийн ивээл дор болсон 
олон улсын хуралд БНСУ, БНХАУ, ОХУ, Япон, БНАСАУ зэрэг орнуудын  төлөөлөгчид оролцож байж.  Энэ үеэр 
Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхийн тулд л Эрчим
хүчний яамыг байгуулснаа онцолж бай­сан удаатай. Мөн тэрээр Герман улсад айлчилж
Ерөнхийлөгч Ё.Гауктай уулзахдаа Монголын 
говийн бүсэд нар, сал­хины эрчим хүч ашиглах “Gobitech” парк байгуулах төслийн
ТЭЗҮ-г  хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүс­сэн
байдаг. Яагаад гэвэл Герман улс дэлхийд сэр­гээгдэх эрчим хүч үйлд­вэрлэлийн загвар
орон болох хэмжээний турш­ла­гатай учраас тэр. Гэх мэтчилэнгээр Гобитек парк байгуулах
эхний шатны ажлуудыг эхэл­чихээд байна.

МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОМ ХУДАЛДАН АВАГЧИД

Монгол бол жилийн 365 хоно­гийн
294 өдөрт нартай байдаг.  Салхины хурд ч бусадтай
харьцуу­ламгүй. Энэ үзүүлэлтүүдээрээ Мон­гол Улс Азийн орнуудаас илт давуу гэдгийг
судлаачид баталжээ. Гоби­текийн судалгаанаас үзвэл Монгол Улсын сэргээгдэх эрчим
хүчний нөөц  13000 тераВатт цаг гэж байгаа.  Энэ нь 13000 тэрбум килоВатт цагтай тэнцдэг юм
байна. Үүний 4800 тераватт цаг нь нарнаас, 
8100 тераватт цаг нь салхинаас хуримт­лагдах боломжтой. Мэдээж шавхаг­дашгүй
энэ их нөөцийн дийлэнх нь говьд ногддог. Өнөөдөр Монгол Улс ойролцоогоор жилд дөрвөн
тера­Ватт буюу дөрвөн тэрбум киловатт цаг  цахилгаан хэрэглэдэг.  Цахил­гааны
хэрэглээ нэмэгдлээ гэхэд 2020 онд  10 тэрбум
килоВатт цагт хүрэх тооцоо бий. Эндээс харвал 
манай улс сэргээгдэх эрчим хүчний үйлд­вэрлэгч болсон тохиолдолд өөрс­дийгөө
хангаад зогсохгүй эрчим хүчний илүүдэлтэй орон болох  нь тодорхой байна. 

Тэгэхээр илүүдэл эрчим хүчээ яах вэ
гэдэг асуудал энд гарч ирнэ. Мэдээж цахилгааны дутагдалд орсон улс орнуудад худалдаж
таараа. Тэгвэл худалдан авагч нь хэн байх юм. Судлаачдын үзэж байгаагаар Солонгос,
Япон улс манай сэргээгдэх эрчим хүчний том худалдан авагч байх магадлал өндөр. Учир
нь Солонгос улс  эрчим хүч үйлдвэрлэх түүхий
эдийнхээ  96 хувийг гаднаас импортолдог. Ту­хайл­бал,
Ойрхи Дорнодын орнуудаас  газрын тос, байгалийн
хий зэрэг өртөг өндөртэй бүтээгдэхүүнийг худалдан авч, эрчим хүч үйлдвэр­лэдэг юм
байна.  Харин Япон улсын хувьд нийт эрчим
хүчнийхээ 11.3 хувийг атомын цахилгаан станцаар хангадаг байсан. Гэвч цунамигийн
гамшигт нэрвэгдсэний дараа Япон улс цөмийн станцуудынхаа зари­мыг унтраасан. Тиймээс
тэндээс хан­гадаг байсан эрчим хүчний хэрэглээ нийт эрчим хүчнийх нь 4.2 хувьд хүртлээ
буурчээ.  Тус улсын эрчим хүчний хэрэглээний
ихэнх нь гаднаас импортолдог газрын тос, байгалийн хий, нүүрсэнд түшиглэж байна.
Эдгээр  түүхий эд нь үнэтэй учраас япончууд
сүүлийн үед өөр эрчим хүчний эх үүсвэр хайж эхлээд байгаа юм байна. Хэрэв тэд цөмийн
реакторуудаа  бүрэн хаах шийдвэр гаргачихвал
цахилгааны хомсдолд орох нь дамжиггүй. Энэ тохиолдолд манай улсаас  сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх эрэлт хэрэгцээ
үүснэ хэмээн тооцоолж байгаа юм.  Хэдий­гээр
салхин станц байгуулж  байгаа­гаараа өндөр
үзүүлэлттэй яваа ч Хятад улс хэтдээ эрчим хүчний дутагдалд орох төлөв ажиглагддаг  юм байна. Тэгээд ч нүүрс шатааж эрчим хүч гаргадаг
аргаас тэд тат­галзах тийшээ хандсан. Манай хойд хөрш ч  нарны элч багатай бол Энэтхэгт эсрэгээрээ нар
байлаа гэхэд салхи үзэгддэггүй гэх мэтийн асуудлууд бий учраас тэд өөрсдөө сэргээгдэх
эрчим хүч үйлдвэрлэх боломж хомс. Тиймээс л манайхаас эрчим хүч импортлох бүрэн
боломж­той гэж үзжээ. Ийм маягаар манай­хаас эрчим хүч худалдан авах орон Азид олон
бий. Азийн эрчим хүчний хэрэглээ 2030 он гэхэд 13000 тера­ваттад хүрнэ гэсэн тооцоотой.
Цахилгааны энэ хэрэглээг Монгол Улс дангаараа хангаж чадахаар нөөцтэй нь дээр дурдсан
тоонуу­даас харагдаж байгаа биз ээ. Эрчим хүчний яамтай хамтарч судалгаа хийсэн
Япон, Солонгос, Оросын судалгааны хүрээлэнгүүд ч энэ бүх үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрсөн
байна. 

ГОБИТЕК”
ПАРКИЙГ
ЯАЖ БАЙГУУЛАХ ВЭ?

Сэргээгдэх эрчим хүчний өртөг зардал
өндөр болохоор үйлдвэр­лэсэн эрчим хүч нь дагаад үнэд орохоос өөр аргагүй  гэдэг нь ойл­гомж­той. Буурай хөгжилтэй орнуудыг
сэргээгдэх эрчим хүчээс татгалзахад хүргэдэг нэг шалтгаан нь энэ. Гэвч 2030 он гэхэд
сэргээгдэх эрчим хүчний үнэ нь нүүрстэй адил түв­шинд очно гэсэн тооцоо бий. Тэр
үед сэргээгдэх эрчим хүч дэлхий ний­тийн түгээмэл хэрэглээ болж, түүнийг үйлдвэрлэгч
орнууд тогтмол ашиг олно гэсэн судалгаа ч байна. Харин Гобитекийг байгуулахад наад
зах нь 16 жил шаардлагатай. Есөн тэрбум ам.долларын хөрөнгө хэрэг болно гэсэн тойм
судалгаа байдаг. Тиймээс Оюу толгой, Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруулсан
шиг  сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон
хөрөнгө оруулагчдыг татаж,  Гобитекийн ТЭЗҮ-г
яаралтай боловсруулах шаардлага тулгарч байна. Дэлхийн бизнесийн акулууд Монголын
сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд хөрөнгө хаяж, бид гобитекээ байгуулж чадвал  газар дороос нь нефть олгойддог Араб шиг баян,
Америк лугаа хөгжилтэй улс болох ирээдүй энүүхэнд байгаа юм. Хэрэв Монгол Улс сэргээгдэх
эрчим хүчний парк байгуулчихвал эхний ээлжинд 880 мянган ажлын байр бий болох гэнэ.
Амьдарч байгаа хүн арддаа ажлын байр нь илүүдэж, гадны улс орнуудаас гэрээт ажилтан
авах хэмжээнд хүрэх ч таамаглал судалгааны түвшинд байна. Тиймээс Монголын говьд
“Gobitech” парк байгуулж,  үйлдвэр­лэсэн эрчим
хүчээрээ Орос, Хятад, Солонгос, Японыг хангаж, 
цаашил­бал Азийн бүх орон руу цахилгаан дамжуулах  супер сүлжээ байгуу­лахаар  Монголын төр бодлого боловсруулан идэвхтэй ажиллаж
эхэллээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Г.Шийлэгдамба: МАН, МАХН хамтран ажиллах боломж бий. Энэ нь УИХ-ын түвшинд байж магадгүй юм

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн
дарга Г.Шийлэгдамбатай ярилцлаа.

-Танай намынхан Со­лонгос явж дар­гатайгаа
золгоод ирэв үү. Бие нь ямар байна вэ?

-Манай намын нөхөд сар шинийн баяр
тохио­сон учраас Н.Энхбаяр даргатай очиж золгосон. Манай намын дэд дарга Д.Тэрбишдагва
тэргүүтэй нийт 20 гаруй хүн очлоо. Монгол үндэсний баяр маань учраас уламжлалт дэг
жаягийн дагуу Сөүл хотын нэгэн дүүрэгт зол­голтын үйл ажиллагааг зохион байгуулсан.
Н.Энх­баяр даргын би­еийн бай­дал гайгүй. Гэх­дээ эмчил­гээ нь дуу­саагүй л байна.

-Эмнэлэгт хэвтэж бай­гаа юм уу?

-Эмнэлэгт  хэвтээгүй. Гэхдээ байнга эмчийн хя­налтанд байж,  өдөр бол­гон эмнэлэгт үзүүлдэг. Үүний хажуугаар
Н.Энх­баяр дарга Солонгос ул­сын буддын сүмд байнга очиж бясалгал хийж бай­гаа.
Мөн бурхны гүн ухаа­ны  Доржзовд буюу оч­роор
огтлогч гэдэг судрыг ор­чуулж, эхний хэсгийг нь бэлэн болгосон байна лээ. Бидэнд
энэ суд­рынхаа утга агуулгыг ярьж танил­цуулсан. Тун сонирхолтой байлаа.

-Танай намын дарга хэзээ Монголд
ирэх бол?

-Эх орондоо очих нь түүний туйлын
хүсэл байх нь мэдээж. Гэвч эрүүл мэнд нь түүнд нутагтаа харих боломж олгохгүй байна
шүү дээ. Н.Энх­баяр дар­гын сар шинийн өмнө Мон­голд ирнэ гэдэг мэдээ бол ташаа
байсан. Цагаан сарын өмнө түү­нийг нутаг­таа 
хүрээд ирэх болов уу гэсэн хү­лээлт ард түмэнд байсан учраас тийм яриа гар­гасан
байх гэж ойлгож байна. Гэхдээ Н.Энхбаяр даргыг Монголдоо  хэ­дийд ирэхийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна.
Эд эсийн хүнд хямралд ор­сон хүн тийм амар эмч­лэгдээд ирэхгүй байх л даа.

-Танай намын дарга Н.Энхбаяр намынхан­тайгаа
юу ярьсан бэ?

-Бид үдшийн бүрий хүр­тэл өнөөгийн
улс орны цаг үеийн нөх­цөл байд­лын талаар хан­галттай ярилцсан. Намын­хаа цааш­дын
үйл ажил­лагааны талаар,  2016 он ойртож байгаа
тухай, улс төрийн дараа дараагийн алхмуудын талаар сана­лаа солил­цож, тодорхой
үүрэг чиг­лэл авсан. Н.Энх­баяр дарга бол 
улс төрийн намууд учраа ололцох ёстой. Улс орны эрх аш­гийн төлөө зөв зүйл
дээр нэгдэх хэрэгтэй.  Буруу зүйл дээр шүүмж­лэлээрээ
нэгдэж,  хариуц­лагаа ухамсарлаад явах ёстой
гэдэг байр суурь илэрхийлж байна лээ. Мөн улс төрийн намууд хэлсэн үгэндээ хүрдэг
байх ёстой. Тэгж байж иргэдээс хүндэтгэл хүлээнэ. 2012 оны сонгуульд намууд ам­ласнаа
биелүүлж, сонгуу­лиас хойш юу хийснээ дүгнэж цэгнэх цаг болсон гэдгийг хэлсэн. Ялангуяа
манай намаас УИХ, Зас­гийн газарт ажиллаж бай­гаа хүмүүс хариуцлагатай санаачилгатай
байхыг зөв­лөсөн.  Буруу зүйлийг хараад дуугүй
сууж бо­лохгүй. Зөв зүйтэй асуудал дээр байр сууриа илэр­хийлэх ёстой гэх мэтээр
санал бодлоо илэрхийл­сэн.

-УИХ, Засгийн газарт ажиллаж байгаа
намын гишүүддээ шүүмж­лэл­тэй хандсан гэж ойлгож болох уу?

-Засгийн газарт сай­шаалтай зүйлүүд
байгааг үгүйсгэхгүй.  Тийм бол сайшаах хэрэгтэй.
Гэвч зарим шийдвэрийнх нь хэрэгжилт  удаан,
ард түмний сэтгэлд хүрэхгүй, амьдралд нь нөлөөлөхгүй зүйлүүд байна шүү дээ. Үүнд
нь шүүмжлэлтэй хан­дах хэрэгтэйг л хэлсэн. Манай намаас УИХ-д сон­гогдсон гишүүд
туйлын хариуцлагатай идэвхтэй байхыг хэлсэн. Манай нам өнгөрсөн сонгуульд таван
хувьсгал хийнэ гэсэн мө­рийн хөтөлбөр боловс­руул­сан. Энэ мөрийн хө­төлбөр нь ард
түмнээс дэмжлэг авч өдий зэрэгтэй яваа. Тиймээс энэхүү мө­рийн хөтөлбөрөө хэрэг­жүүлэхийн
төлөө улс орны нийтлэг эрх ашгийн үүд­нээс УИХ-д суугаа манай намын гишүүд хуулийн
төслүүд өргөн барьдаг. Гэвч үүнийг нь хэлэлц­дэггүй, хэлэлцэх асуудлын жагсаалтаас
хасдаг асуу­дал байна. Энэ нь манай намынхны онцгой ан­хаар­лыг татаж байна. Тиймээс
АН-ын бүлэгт асуудлыг тавих ёстой. Яагаад Зас­гийн газарт хамтарч ажил­лаж байгаа
намынхаа гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд хүндэтгэл­гүй ханддаг юм гэх мэтийн
шүүмжлэлтэй зүйлүүд бий. Үүнийг ч Н.Энхбаяр дарга хэлсэн. Гэхдээ хэвлэлүү­дээр бичигдээд
байгаа шиг МАХН  Засгийн газраас гараад явчих
тухай асуу­дал яригдаагүй. “Шударга ёс” эвсэл энэ төр засгийг тогтвортой байлгахын
тө­лөө өнөөдрийг хүртэл яв­сан. Гэхдээ өөрсдөө Зас­гийн газарт байхын төлөө зүтгэнэ
гэдэг утгаараа биш л дээ. МАХН-ын эрхэм зорилго бол олон мянган гишүүн, ард түмний
эрх ашгийн төлөө ажиллах л юм.

-Жишээ нь танай на­мын гишүүдийн
өргөн барьсан ямар хуулийн төслүүдийг дарчихсан юм бэ?

-УИХ-д суугаа манай намын гишүүд өөрсдөө
байр сууриа илэрхийлж байгаа. О.Баасанхүү, З.Баян­сэлэнгэ, Л.Цог на­рын гишүүд өөрсдөө
хэв­лэл мэдээллийн хэрэгс­лээр ярьсан. Намдаа энэ талаар санал бодлоо хэл­сэн байгаа.
Тийм учраас улс төрийн намын хувьд АН-тай хамтарч ажиллаж байгаа харьцаагаа эргэж
харах хэрэгтэй болжээ.  Ер нь эргээд харахад
хэлсэн амандаа хүрдэггүй. Улс төрийн соёлоо баримтал­даггүй зүйлүүд АН-д ажиг­лагдаж
байгаа. Тиймээс Улс төрийн намын тухай хуульдаа өөрчлөлт оруу­лах шаардлагатай байна.

-Хамтарч засаг барьж байж  МАХН-д ялгавар­тай хандаад байна гэж үү?

-Эдгээр асуудлуудыг намрын чуулган
эхлэхээр манай “Шударга ёс” эвс­лийн бүлгийнхэн ярих байлгүй. 

-УИХ-ын чуулган нам­рын чуулганаар  хэлэл­цэх асуудлын дараал­лаа баталж чадалгүй
завсарласан.  Энэ үеэр МАХН, МАН-тай нэг талд
зогсчихсон. Энэ нь танай хоёр нам сүжрээд эхэлс­нийг харуулаад байна уу гэж бодог­дохоор
байсан…

-Ямар өнцгөөс харж дүгнэлт хийж байгаа
вэ гэдэг нь харьцангуй ойл­голт. Хүн бүр янз бүрийн байр суурьтай байх шиг байна.
Гэхдээ МАН, МАХН-ын зорилго нь нэг нам болох биш шүү дээ. Өнөөдөр тийм боломж ч
харагдахгүй байна. Харин улс эх орны төлөө зөв зүйтэй зүйл дээр хамтарч ажиллах
л гарц бидний хувьд бий. Буруу зүйл дээр 
шүүмжлэлээ нэгтгэх нь зүй ёсны асуудал байх. Нэгэнт л  Засгийн газарт хамтарч ажиллаж байгаагаас хойш
дүүрсэн хэрэг гээд ямар ч зүйл дээр нүдээ аниад сууж болохгүй биз дээ, бид.  Намрын чуул­ганаар хэлэлцэх асуудлын дараалал
болохгүй байна гэдэг байр суурь дээр ма­най хоёр нам нэгдсэн нь тохиолдлын зүйл
байсан шүү дээ. Түүнээс биш ард нь ямар нэгэн яриа тохи­роо байхгүй. МАН, МАХН хоёр
хамтран ажиллах олон боломж бий. Энэ нь УИХ-ын түвшинд түлхүү байж магадгүй юм. 

-Тэгэхээр МАХН за­сагт АН-тай,
УИХ-д МАН-тай хамтрах нь гэж ойлгох нь ээ?

-МАХН бол УИХ-д суу­далтай учраас
аль ч улс төрийн хүчинтэй хамтран ажиллаж болно. Зөвхөн  АН-тай Засгийн газарт, УИХ-д МАН-тай хамтарна
гэж туйлширч болохгүй. Гэхдээ МАН бол цөөнх, МАХН  олонхийг хамтран бүрдүүлж байгаа нам уч­раас хамтын
ажиллагаа­ны хувьд онцлог бий л дээ.

-Танай нам сөрөг хүчинтэй УИХ-д
хамт­раад байвал Засгийн газрынхаа ажлыг чагт­лаад байх юм биш үү?

-Яагаад бүх зүйл дээр МАН-тай хамтарна
гэж ойлгоод байгаа юм бэ. Засгийн газрын зөв зүйтэй ажлыг нь дэмжинэ. Үнэ­хээр шүүмжлэлтэй
хандах зүйлүүд дээр өөр байр суурьтай байна л гэсэн үг. 

-УИХ-ын гишүүн сай­дын албыг давхар
ха­шихгүй гэдэг утгатай хуулийн төсөл орж ир­сэн ч эцэслэн баталж чадсангүй. Танай
на­мын­хан ямар байр суурьтай байгаа вэ?

-Намын байр суурийг илэрхийлэх боломжгүй
л дээ. Нам нэгдсэн байр суурьтай болоогүй байна. “Шударга ёс” эвслийн бүлэг дээр
ч тодорхой байр суурь гаргаагүй байх. Гэх­дээ энэ асуудлыг олон талаас нь авч хэлэлцэж,
шийдэх ёстой. Зөвхөн Ерөнхий сайдаас бусад нь УИХ-ын гишүүн байж бо­лохгүй гэвэл
сөрөг зүйлүүд ч гарч ирнэ. Одоогийн байдлаараа явлаа ч сөрөг тал бий.  Тэр бүхний тэнц­вэрийг  олж, зохистой харь­цааг нь хангах ёстой. Энэ нь
УИХ-ын шийдэх ёстой асуудал. 

-Танай намаас УИХ-ын гишүүн бөгөөд
сай­дын албатай хоёр хүн бий. Хэрэв энэ хууль одооноос хэрэгжээд эхэлбэл дараагийн
эмх­лэгдэх Засгийн газарт МАХН-аас хэн хэн орох бол гэсэн таамгууд яваад байна.  Н.Энхбаяр нь Шадар сайд болбол Г.Шийлэгдамба,
Ц.Ша­рав­дорж нарын нэр ч сайдын албан тушаал дээр  сонсогдож байх шиг байсан…

-Тэр мэдээллийг үзээ­гүй юм байна.
Унших шаардлага ч байхгүй. Тийм зүйл үүсэх эсэх нь тодорхойгүй байна шүү дээ. Тодорхойгүй
зүйлдээ ач холбогдол өгөх нь утгагүй. УИХ-д суудалтай намууд хэлэлцээд өнөө­гийн
байгаа төр засгаа тогтвортой байлгах чиг­лэлд шийдвэр гаргах болов уу гэдэгт итгэлтэй
байна. 

-УИХ-ын Тамгын газ­рын дарга асан
Ц.Ша­равдоржийн хамт  Б.Бат-Эрдэнэ гишүүн
танай намд орно гэсэн мэдээ­лэл саяхан түгсэн. Гэвч өөрөө үгүйсгэлээ. Энэ тал дээр
юу хэлэх вэ?

-Ц.Шаравдорж дарга бол манай туршлагатай
парламентч, гавьяат хуульч, улс төрийн хувьд тодорхой байр суурьтай нийгэмд танигдсан
нэр хүндтэй хүн. Тиймээс түү­нийг намын гишүүнчлэлээ сэргээгээд ирсэнд баяртай байгаа.
Ц.Шаравдорж дар­га гишүүнчлэлээ сэр­гээх үедээ “улс орны сайн сайхны төлөө,  шударга ёсны төлөө МАХН-даа эргэн ирлээ” гэж хэлсэн
нь манай намын мянга мян­ган гишүүдийн талархлыг хүлээсэн. Намын гишүүнч­лэлээ сэргээх
асуудлаар Ц.Шаравдорж даргатай удаан хугацаанд ярилцаж, санал бодлоо солилцож  байсан учраас түүний  шийд­вэр гэнэтийнх бай­гаа­гүй. Харин Б.Бат-Эрдэнэ
гишүүний хувьд манай намд элсэх тухай албан ёсоор яригдаагүй. Надтай албан болоод
хувийн журмаар харил­цахдаа энэ тухай мэдэг­дээгүй. Гэхдээ Б.Бат-эр­дэнэ гишүүнд
МАХН-д надаас өөр хувийн харил­цаатай хүмүүс бий. Тэдэн­тэй чухам ямар байдлаар
асуудлыг ярьж байсныг мэдэхгүй юм. Ямар ч бай­сан түүнийг манайд намд элсэх нь гэсэн
мэдээлэл гарсны дараа үнэхээр хүрээд ирж магадгүй гэсэн хүлээлт байсан. Гэвч өөрөө
үгүйсгэлээ. Чухам юу болсныг хэлж мэдэхгүй юм.

         

-Ц.Шаравдорж даргын МАХН-ын ерөнхий
нарийн бичгийн дарга болно гэсэн мэдээлэл нэг хэсэг явлаа. Та энэ тал дээр юу хэлэх
вэ?

-Ерөнхий нарийн бичгийн дар­гын асуудлыг
Бага чуулганы хурал­даанаар  шийдвэрлэдэг.
МАХН-ын Их чуулган тодорхой хугацааны дараа хуралдаж, шинэ Бага чуул­ганаа байгуулна.  Тэр үед ерөнхий нарийн бичгийн дарга болоод намын
удирдлагын асуудлууд яригд­даг. Энэ үеэр хэн ч эдгээр албан тушаалд нэрээ дэвшүүлж,
өрсөлдөх боломжтой. Харин Ц.Ша­рав­дорж гишүүнийг манайд орж ирэх үеэр ийм асуудал
яриг­даагүй шүү. 

-Ер нь намын удирдлагуудаа солих
хугацаа нь болчихсон юм уу?

-Их чуулганаар бага чуулганыг шинээр
бүрдүүлсний дараа гар­цаагүй яригдах асуудал мөн л дөө.

-Танд ерөнхий нарийн бичгийн даргын
ажлаа үргэлжлүүлээд хийх сонирхол байгаа биз дээ?

-Манай намын удирдлагын асуу­дал бидэнд
тулгамдсан зүйл биш. Намын Их чуулганаар удирд­лагуудын асуудлыг хэлэлцэх ч гэлээ
заавал өөрчлөх асуудал яригдах албагүй. Шаардлагатай бол ярина. Шаардлагагүй бол
удирдлагууд нь үргэлжлүүлэн  ажиллаад явж
болдог.

-Намын Их чуулганаа дөрөв­дүгээр
сард хийхээр болсон бил үү?

-Уг нь тэгж төлөвлөж байсан боловч
сая Солонгост очиж ярил­цаад хойшлуулсан. Их чуулганаа хэзээ хийх нь тодорхойгүй
байна. Хөдөө орон нутгаар явж шударга ёсны аянаа үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Тэгээд
ч Их чуулганд намын дарга өөрөө илтгэл тавьж хэлэл­цүүлдэг ёстой. Гэвч намын даргын
эрүүл мэндтэй холбоотойгоор Их чуулганыг түр хойшлууллаа.

-Тэгэхээр танай намын дарга Н.Энхбаяр
лав дөрөвдүгээр сар гартал ирэхгүй нь ээ?

-Тэгж ойлгож болох нь.

-Намайг байхгүйд Их чуул­ганаа
хийх тов гаргасан байна гэдэг зэмлэл хүртээ юу гэж бо­догд­лоо. Ер нь намын даргаа
эзгүйд хуралдахаар Их чуулганаа дөрөвдүгээр сард хийнэ гэж тогтсон байжээ?

-Бид яг дөрөвдүгээр сард хурлаа хийнэ
гэсэн тов гаргаагүй шүү дээ. Намын даргаас шүүмжлэл хүртэх тухайд байлгүй яахав.
Намын дар­гатай уулзах үеэр инээдэм, нар­гиантай нөхөрсөг ёсны халуун дулаан яриа
өрнөдөг. Үүний хажуу­гаар мэдээж шүүмжлэл байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ