Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэн дуртай нь зарласан хэвлэлийн хуралд гүйж очмооргүй байна

Нэрт тоймч Александр Гоерлах популистууд хэвлэлийнхний номер нэг дайсан гэж хэлсэн юм. Популист улстөрчдийн нийгэмд нөлөөлөх нөлөөллийн хор уршиг их байдаг. Манайхан сүүлийн үед популист улстөрчдөө попууд гэж нэрлэх болсон. Попууд улстөрчдөөр хязгаарлагдахгүй. Ямар ч хамаагүй аргаар юу ч хамаагүй яриад өөрөө тодорч, өрөөлд гай тарьдаг попууд манайд зөндөө.

Тэд ардчилсан нийгэмд хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэдгийг мэддэг, тэрийг далимдуулж юу дуртайгаа, хаа дуртай газраа ярьдаг болж. Үр дүн нь нийгэмд хортой . Тэр хэрээр хэн дуртай нь хэвлэлийн хурал зарлах юм. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч тоймгүй олон болж. Дэргэдээ хэвлэлийн хурал хийдэг төвүүдтэй нь ч олон юм. Хэвлэлийн хурал хийх заалны үнэ ч хямдхан юм. Ингээд дуртай нь очоод хэвлэлийн хурал хийх бүх боломж бүрдлээ. Тэнд нөгөө үй олон хэвлэлүүд нь очно. Үзэж барахааргүй олон телевиз нь оройжин баахан хэвлэлийн хурлууд дамжуулна. Өмнөговийн нэг томоо биетэй эр нус нулимстайгаа хутгалдчихсан хэнгэнэтэл уйлаад телевизээр оройжин гарлаа. Санаандгүй харсан хүн бол ихэд эмгэнэлт явдал тохиолдож дээ гэж бодохоор. Лавлаад сонссон газар нутгаа ухуулахгүй гэж уул уурхайн компанийг эсэргүүцэж тэмцэж байгаа юм гэнэ. Үнэхээр л төрсөн нутаг усанд нь уул уурхайн компани хууль зөрчөөд сүйд хийсэн юм байх гэж л хүн бодохоор. Арай мэдээлэлтэй, юмны наад цаадахыг боддог зарим нь нэг их итгэсэн ч үгүй. Маргаашнаас нь л өнөөх тэмцэгч маань нинжа байсныг илчилсэн зураг нийтэд дэлгэгдлээ. Хэвлэл мэдээллийнхэн иймэрхүү мэдээллийг ялгаж салгаж олон нийтэд дамжуулж баймаар юм. Улс орны язгуур эрх ашигт харшилсан, популизм хийсэн, хэт хувийн шинжтэй, ач холбогдол багатай, цаад далд санаа нь ойлгомжтой, хэвлэлийн хурлууд руу хошуурцгааж, нийтэд түгээж дамжуулахаа зогсооё. Сүүлдээ өөрөөс нь өөр хэнд ч хамаагүй, зөвхөн өөрийнхөө эрх ашгийг бодсон, асуудлаар хэвлэлийн хурал зарлаж уйлалддаг боллоо. Өөрийнхөө эрх ашгийг зүгээр нэг яриад зогсохгүй, өрөөлийн нэр хүндэд халдахыг нь яана. Зарим хэвлэлүүд шууд лайв хийж байтал хэвлэлийн хурал хийж байгаа нөхөр цээжээ дэлдэн нүцгэлж, цочтол орилоод явчихна.

Хэвлэлийн хурал шууд явж байхад түмний нүдэн дээр өөрийгөө шатааж байсан хүнийг санаж байна. Ийм үйлдэл айдас хүйдсээс өөр нийгэмд нөлөөлөх юм юу байхав дээ. Хамгийн сүүлд Чөлөөт бөхийн дэлхийн аваргад охиноо явуулсангүй гэж нэг нэг аав хамаг хувцсаа тайлаад шидчихлээ. Охиныг нь явуулахгүй бол амиа хорлоно гэж айлгаж байх юм. Аминаас нь үнэтэй ямар гээчийн тэмцээнд уралдаан гээч вэ. Чөлөөтийн дэлхийн аваргад явахыг Чөлөөт бөхийн холбоо энэ тэр нь дүрэм журмынхаа дагуул шийддэг байлгүй дээ. Аав болгон охиноо явуулна гээд тэмцээд эхлэх юм бол дүрэм журам, холбоо энэ тэр нь байгаад ч яах билээ дээ. Дур дураараа хэвлэлийн хурал хийгээд л хамгийн хүчтэй хашгирсан аавын охин тэмцээнд явчихдаг бол хамаа алга. Угтаа бол хэний ч охин тэмцээнд явсан байлаа ч ялалт байгуулж, медаль авчирна гэдэг баталгаагүй шүү дээ. Секундын хооронд л атганд орчихлоо гэж андуурсан алтан медаль хөлийн ганц гишгэгдлийн алдаанаас л алдуурч оддог шүү дээ.

Манай хэвлэлийнхэн хэн нь хэн бэ, хэн нь юу ярьдаг билээ гэдгийг мэддэг болсон доо. Өнөө хэн хэвлэлийн хурал зарлаж. Өнөөхөө л ярина биз гээд очдоггүй олон тохиолдол байдаг биз дээ. Мөнгийг нь аваад хэвлэлийн хурал хийхийг зөвшөөрсөн байгууллага л ичсэн нүүрэндээ мэдээллийг нь хүргэж, өнөө хүн ганцаар ярьж, өөрөө асуултад хариулсаар гарах нь бий. Энэ мэтчилэн торойтол нь үлдээгээд тоож очихгүй байвал дахин дахин мөнгө төлж хэвлэлийн хурлын заал түрээслэхээ болих биз. Түүнээс биш хэн дуртайгийнх нь үгийг дамжуулаад байвал хэвлэл мэдээллийн нэр хүнд унаад байна.

Өнгөрсөн жил МАН-ын Бага хурал болоход эрх баригчид хаалттай хуралдана гэж хэвлэлийнхнийг хүйтэнд хөөгөөд гаргаж байсан. Дараа нь хэвлэлийн бага хурал зарлахад хэвлэлийнхэн бойкот хийж, энэ хурлынх нь талаар олон нийтэд мэдээлэхгүй гээд хаяад гарч байсан. Хэлэх үггүй л үлдэж байсан. Нэгдэж нийлээд эсэргүүцвэл болдог л юм билээ.

Нийгэм муухай болж байна гэвэл хэвлэлийнхэн бидний оролцоо ч бас байсан. Тиймээс нийгмээ эрүүлжүүлэх, сайн мэдээ, ач холбогдолтой, бодит мэдээллийг хүргэж байя. Өмнө нь хэвлэлийн бага хурлыг нийгмийн сор болсон хүмүүс хийдэг байлаа. Гэтэл одоо хүний охиныг явуулахгүй өөрийн охиноо тэмцээнд явуулах гэж, эсвэл уул уурхайн компаниудаас шантаажны мөнгөө авч чадахгүй болохоороо л ийм ч төрийн бус байгууллага, тийм ч эх оронч, тэмцэгч гээд нэг л их хахир хоолойгоор чанга дуугарсан, ааг омгоо багтааж ядсан хүмүүс шүлсээ үсчүүлэн нийгмээр нь доромжилж байна. Зарим нь бүр тогтмол хэвлэлийн хурал хийнэ. Хэсэг мартагнаад ирэхээрээ л сануулах гэдэг юм уу, эсвэл шантаажны мөнгө нь дуусч эхэлдэг юм уу, магад зарим нь од болох гэж, нийгэмд танигдах гэхээрээ хэвлэл мэдээллийнхэн биднийг ашиглаад байна шүү дээ. Эднийг ингэж давраахаа больцгооё. Ямар ч бодлогогүй, ямарч цензургүй дуртай нь яриад, тэрийг хэвлэлийнхэн дамжуулаад байвал олон нийтийн мэдэх эрхэнд бид ч бас халдаж байгаа хэрэг шүү дээ. Тэднийг дамжуулснаараа бид өнөөх хувийн ашиг сонирхлоороо хурал зарласан нөхөдтэйгөө адилхан болчихоод байна. Зөв буруу, худал үнэн мэдээллийг ялгаж салгаж, цензур тавих хэрэгтэй . Хүүхдийнхээ төлөө тэр холбоон дээр нь очоод хашгирах эрх нь тэр хүнд бий. Муу муухай юм ярьж, муухай үйл хийвэл, шуналаа гүйцэлдүүлмээр байгаагаа илэрхийлмээр бол ах дүү, хамаатан садан, хамаарал бүхий газартаа очоод л ярь. Тэдний хувийн асуудал, хувийн шунал нийтэд хамаагүй.

Хэвлэлийн хурал зөндөө зарлагддаг. Ихэнх нь л нэг байгууллага өөрийнхөө асуудлыг ярьдаг. Эсвэл нэг нөхөр таван хүүхдэд атга чихэр өгснөө гайхуулах гээд ч зарлаж байгаа харагддаг. Одоо албан ёсоор хэвлэлийн хурал хийж байгаа цөөн хэдэн газар л байна. Үндэсний Статистикийн газрын улирал бүр хийдэг нийгэм, эдийн засгийн байдлын талаархи мэдээлэл, бол АТГ-аас сар бүр хийдэг мэдээлэл, Цагдаагийн байгууллагаас хийдэг цаг үеийн асуудлаарх мэдээлэл. Үүнийг бол олон нийтэд хүргэх хэрэгтэй. Мөн төрийн ордонд Засгийн газар, УИХ-ын гишүүд болж байгаа үйл явц, батлагдсан хууль журам, тухайн үеийн нөхцөл байдалтай холбоотой байр сууриа илэрхийлж, мэдээлэл хүргэдэг. Энэ бол албан ёсны, буух эзэнтэй, буцах хаягтай, олон нийт мэдвэл зохих мэдээллүүд юм.

Буурь суурьтай, хариуцлагатай редакциуд хэвлэлийн хурлыг тэр бүр дамжуулаад байх нь багасч байгааг бас хэлэх хэрэгтэй. Үзэл бодлоо илэрхийлэх нь шантаажчины юм уу, өөрийн эрх ашгаа өндөрт өргөгчийн эрх юм байж. Харин дамжуулахгүй, нэвтрүүлэхгүй байх эрх нь хэвлэлийнхний асуудал.

Тиймээс болсон бүх хэвлэлийн хурлыг өөгшүүлж дамжуулаад байвал конкурсэд унасан хүүхдээ өмгөөлж, дээд сургуульд орох ёстой гэж орилоод зурагтаар гарахад сийхгүй болж. Зэрлэг өрнөд гэгчээр үнэхээр зэрлэг балмад үйл үйлдлээ нийтэд цацах болж. Баахан олон хаан, хатад ч гарч ирлээ. Тэд сошиалд зориулж цацахаасаа илүүтэй хэвлэлийг ашиглах сонирхолтой. Учир нь итгэл үнэмшил илүү төрнө гэдгийг мэдэж байна шүү дээ. Энийг сэвж хөөрцөглөхгүй байя. Нийгэмд тустай, нийтэд хамааралтай мэдээг хүргэж, соёлыг түгээх, хэвшүүлэх шаардлагатай байна. Дандаа гоё сайхан биш ч үнэн бодит, олонхи мэдвэл зохилтойг нь хүргэе. 1980-аад оны сүүлээр Баруун Германы Канцлер Коль “Хоёр Герман нэгдэх боломжтой” гэж яриан дундаа хэлснийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл онцлон хүргэсэн нь өвсөнд тавьсан түймэр шиг л хүчээ авч эцэстээ үр дүн нь Берлиний хана нурж, хоёр Герман нэгдсэн. Цагдаагийнхны санаачилсан Нэг хором тэвчье”, Яараад яахав дээ” аяныг хүн бүрт хүргэхэд харамсах зүйлгүй байлаа.

Сэтгүүл зүйн онолын чухал ойлголтуудад мэдээ, нийтлэлийн үр нөлөө гэж бий. Бид мэдээлэл түгээхдээ тэрхүү үр нөлөөг сайтар бодож байх ёстой. Тиймээс ч хэн дуртай нь зарласан хэвлэлийн хурал руу гүйж очоод баймааргүй байна.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Яараад яахав дээ

“Зөв тусгал”-аас энэ бүхэн эхэлсэн юм. Эцэг эх, асран хамгаалагчдад хандсан, уриалсан энэ аян цагдаагийнхны хамгийн их үр дүн өгсөн бодит ажлын эхлэл. Өглөөнөөс үдэш хүртэл ажил гэсээр гэртээ зориулах хомсхон цагтаа гар утас, телевизээ ширтээд суучихдаг шинэ эриний эцэг, эхчүүд үр хүүхдэдээ бага цаг зориулах болж. Үр хүүхдээ хэн хүнгүй л хайрладаг. Хайрласан ч тэр бүр илэрхийлээд байдаггүй. Мөн тэднийг болохгүй юм хийчих вий, осолдчих вий, буруу зуршилтай болчих вий гэж санаа зовно. Гэхдээ санаа зовохоос хэтрэхгүй, анзаарахгүй өнгөрөх нь олонтаа. Өөрөө сайнаар үлгэрлэхгүй л бол нэг л мэдэхэд хаанаас ч юм хачин үг сонсчихсон, тэрийгээ буруу хазгай шулганаад эсвэл буруу зуршил сурчихсан байх нь бий. “Гарцаар л гардаг юм шүү, ногоон гэрлээр л явдаг юм шүү” гэх хэрнээ хүүхдээ хөтлөөд л гарцгүй газраар жирийлгэнэ. Үг, үйлдэл хоёр ингэж зөрөөд байхаар хүүхэд хар аяндаа л “Аав, ээж гарцгүй газраар гараад болдог юм чинь” гээд л эхэлнэ. Энэ мэтчилэн олон зүйлд хүүхдэдээ эцэг, эхчүүд нь зөв тусгал болох санаачилгыг цагдаагийнхан эхлүүлж. Үүнийгээ сошиал, хэвлэл мэдээллээр сайтар сурталчлав. Сүхбаатарын талбайд сүртэй гэгч нь нээлт, хаалт хийлээ. Хүмүүс дуртай байна аа. Хүн хэлэхээс нааш гэдэг дээ. Мэдсээр байж алдаа гаргахыг алийг тэр гэхэв. Зөв тусгалыг сонсоод “Нээрээ тийм шүү” гэлцэв. Үр хүүхдэдээ цаг зав гаргах, тэдэндээ зөв үлгэрлэх, ойлголцох, ойлгох ёстойг санууллаа. Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх алба, Урьдчилан сэргийлэх хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн алба, Хэвлэл мэдээллийн төв нь энэ санаачилгад оройлон ажиллалаа. Үүний дараа тэд “Unfriend” аянг өрнүүллээ. Нийгмийн сүлжээ хэмээх нэгэн шинэ ертөнц бидний амьдралд нэвтрээд нэлээд жилийг үдэж. Зэрэгцээд л кибер гэмт хэргүүд гарч эхэлсэн. Фэйсбүүкээр танихгүй хүмүүсийн найзын хүсэлтийг хүлээн авч, нэр нүүрээ нуусан тэдгээр хүмүүст өөрийн тухай хамаг мэдээллээ алдаад сууж байдгийг, тэдний сөрөг муухайд уриалсанд болон гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээс өөрийгөө, үр хүүхдээ хамгаалахыг анхааруулсан чухал акц болов. Үүнийгээ ч өргөн түмэнд хүргэхэд ихэд анхааран ажиллав. Хэвлэлийнхнийг, урлаг, соёлынхныг, олны танил эрхмүүдийг татан оролцууллаа. Өндөгнөөс өө олж харж, шүүмжилж дөнгөх монголчууд цагдаагийнхны зөв зүйтэй санаачилгуудыг ёстой нэг хир халдаахгүй уухайлан дэмжиж хүлээж авлаа.

Ингээд “Нэг хором” аян эхлүүллээ. Нэг хором уур хилэнгээ барих, замын хөдөлгөөнд орохдоо нэг хором тэвчих, ойлголцох нэг хором, тэвчих нэг хором гээд хормын хооронд болдог олон муу зүйлээс амь бие, эрүүл мэндээ хамгаалж болохыг анхааруулав. Нэг хором зарласнаас хойш танхайн гэмт хэрэг хорин хувь буурчээ. Залуус хэрхэн нэг хором тэвчсэнээ сошиалд бичиж, тэр нь үнэхээр үлгэр авахаар байлаа. Хоёр хүн муудалцаад барьцалдахын даваан дээр цаана суусан улсууд “Нэг хором, нэг хором” гэсээр эвлэрүүлсэн тухай сонссон л биз.

“Нэг хором”-ыг хөгшин, залуугүй, алдартай, алдаргүй бүгд уухайлан дэмжив. Өдөр тутмын ярианд ч нэг хормыг сануулсан хэлц үгүүд нэмэгдэв. Нэг хором тэвчиж, уур бухимдлаа дарвал гэмт хэргээс урьдчилан сэргийлж болох тухай санаачлагчид UB palace-т залуусыг урьж ярилцлаа. Дуулиант шоу болж байгаа аятай л заал пиг дүүрч. Шинэ цагийнхны нийгмийн оролцоо, идэвх санаачилга, хандлага өөр болжээ. Сошиал орчинд болон хэвлэл мэдээллээр тасралтгүй мэдээллээ. Алга ташин хүлээж авлаа.

Хэдэн жилийн өмнө “Өдрийн сонин”, “Нэг машин өнгөрүүлбэл нэг ажил бүтнэ” хэмээх аян өрнүүлж байсан билээ. Уншигчид ихэд талархан хүлээж авсан юмдаг.

Энэ удаа цагдаагийнхан “Яараад яахав дээ”. Үр дүн нь гэвэл өнгөрсөн оныхтой харьцуулахад тавин хувиар нийт осол буурчээ. Нас баралт 11.7 хувиар, гэмтэл бэртэл 49.7 хувиар буурчээ. Хичнээн хүний амь нас, эрүүл мэндийг аварсан байх нь вэ. Зуны дэлгэр цагт бүгд л амралт зугаалгаар алс холыг, тэр дундаа хөдөөгийн сайхан байгаль руу зорьдог. Яг энэ үед “Яараад яахав дээ”-г сануулсан нь цагаа олсон, амь нас, эрүүл мэндээ хамгаалахад нь тус нэмэр болсон сайхан санаачилга боллоо. Замд гараад явахад хамгийн түрүүнд “Яараад яахав дээ” гэсэн томоос том самбар байршуулжээ. Цааш хэсэг явахад өнгөрсөн онд зам тээврийн ослын статистикийг томоос том хадчихаж. Тийм юм харсан хүн яаж яарах билээ. Өөрийн эрхгүй хурдаа сааруулж байдаг шүү. Толгой руу нэг юм ток хийтэл орноо доо. Өмнө нь ингэж соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг ийм бодитой үр дүнтэй хийж байсангүй. Хүмүүс цагдаагийнхны энэ санаачилгад үнэхээр ам сайтай байна. “Яараад яахав дээ” маань сүүлдээ хэрэлдээд яахав дээ, уурлаад яахав дээ гэж хүмүүсийн амнаас ам дамжин анхааруулга болоод явж байна.

Манай цагдаагийнхан гэмт хэрэг гарсан хойно л хэрэгтэнг барилаа, сэжигтэнг оллоо гэдэг байсан бол одоо тэр бүхнээс урьдчилан сэргийлж чадаж байна.

Булганы цагдаагийнхан дэлгүүрт зарагдаж байгаа бүтээгдэхүүн дээр “Яараад яахав дээ” анхааруулгаа наачихсан нь соньхон л харагдаж байна лээ.

Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэгчээр нэг цагдаа алдаа гаргавал салбараар нь шүүмжлээд явчихдаг. Үнэн хэрэгтээ хэцүү үе тохиолдоход эмч, цагдааг л хамгийн түрүүнд боддог. Наадмаар уралдаанч хүүхэд мориноосоо унахад хамгийн түрүүнд цагдаа л очиж хүүг өргөн моринд нь мордуулж байна лээ. Баян-Өлгийд хүний амь аварч яваад цагдаа амь эрсэдлээ л гэнэ. Академич Р.Барсболдынд дээрэмчид орсныг дор нь барьчихлаа гэж дуулдана лээ. Хамгийн сүүлийн өдрүүдэд гарч байгаа мэдээлэл ийм л байна. Бусдын амь насны төлөө, амгалан тайвны төлөө тэдний сайн үйлс үргэлж ундарч байдаг. Манай нийтлэлч П.Хашчулуун “Нүдэнд дулаахан харагдах цагдаа” гэж бичиж байлаа. Та бүхний санаачилга амьдралд ойрхон, цагдаа та нар нүдэнд улам дулаахан харагдаж байна шүү. Ийм санал санаачилгаа цааш нь тасралтгүй үргэлжлүүлээсэй. Хоосон уриа лоозон биш бодит ажил болж чадлаа. Гэмт хэрэг, замын ослоос анхааруулах төдийгүй цаашлаад маш олон хүний, олон айлын хувь заяаны асуудал юм. Болж өнгөрсөн хойно нь хашгирснаас урьдчилан сэргийлж, соён гэгээрүүлэх нь илүү үр өгөөжтэйг бид сая харлаа. Халуунд халж, хүйтэнд хөрч явдаг цагдаа нартаа баярлалаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Турк багш нарыг харсаар байгаад цаазын тавцанд гаргах нь монгол хүний хийх зүйл биш

Туркэд улс төрийн нөхцөл байдал солигдож, Режеп Тайип Эрдоган ерөнхийлөгч болсон. Үүний дараа 2016 онд тус улсад төрийн эргэлт хийх оролдлого гарч гурван зуу гаруй хүн нас барж, олон мянган хүн баривчлагдав. Тус улсын ерөнхийлөгч эртний анд Фетуллах Гюлленыг төрийн эргэлтийг зохион байгуулагч гэж үзсэн. Үүнээс цаад урчыг нь бид мэдэхгүй. Чухам яагаад тэд ийм дээрээ тултлаа дайсагналцсаныг янз бүрээр л мэдээлдэг. Фетуллах Гюллен АНУ-д амьдраад хориод жил болж байгаа. Гэвч Режеп Тайип Эрдоган Ф.Гюлленыг төрийн эргэлт хийхээр оролдож, алсаас удирдсан гэж үзсээр байгаа. Ф.Гюллен хэвлэлд яриа өгдөггүй бөгөөд BBC-д нэг удаа л ам нээсэн байдаг. Энэ үеэрээ Туркийн улс төрийн асуудалд ямар ч нөлөөлөл үзүүлээгүй гэж эрс няцаасан. Ф.Гюллен эрүүл мэндийн шалтгаан хэлж, АНУ руу явснаас хойш дахиж нутагтаа хөл тавиагүй бөгөөд шашны номлогч гэдгээрээ лалын ертөнцөд дэмжигч олонтой. Мөн Туркэд нөлөөллөөрөө Эрдоганы дараа ордог. Тэрээр дэлхийн 150 гаруй оронд мянга гаруй сургууль байгуулсан гэдэг. Режеп Тайип Эрдоган улс орнуудад байгаа турк сургуулиудыг хааж, багш нарыг нь баривчилж, улсынхаа бүртгэлээс хасч эхэлсэн. Тэр бүү хэл төгсөгчдийг нь ч хавчиж гадуурхаж эхэлжээ. Монголд үйл ажиллагаа явуулдаг турк сургуулийг ч Ф.Гюллентэй холбож үзсэн. Өнгөрсөн зун Туркийн томоохон хэвлэл “Сабах”-ын эхний нүүрэнд “Фетуллах Гюллений террорист сүлжээнд багтдаг сургуулиудын удирдлагуудыг баривчлах ээлжит ажиллагаа Улаанбаатарт болсон” гэж бичсэн байлаа. Үүнийгээ Монголын тагнуулын байгууллагатай хамтарч хийсэн гэжээ. Монгол дахь Турк сургуулийн багш Вейсел Акчайг хулгайлах гэсэн оролдлогыг ийнхүү бичсэн аж.

Харин бид Монгол дахь турк сургуулийг Эмпати сургууль гэж л мэддэг. Сурган хүмүүжүүлэх газар, сурган хүмүүжүүлэгчид л Монголд ажиллаж байна гэж үздэг. Монголчуудын хувьд энэ турк сургууль ямар ч хор хохирол учруулахгүй, учруулж байгаагүй, Монголын боловсролыг өөр түвшинд аваачсан, сургалтын чанартай, төгссөн хүүхдүүдтэйгээ эргэх холбоотой, араас нь санаа тавьж байдаг зэрэг урьд хожид байгаагүй сайн жишиг тогтоосон. Төгсөгчид, тэдний эцэг, эх ч тэдний сургалтын чанарт сэтгэл хангалуун байдаг. Энэ сургуулийн багш нар Монголд ажиллаад дээд тал нь 20-иод жил болсон. Хориод насандаа ирсэн тэд одоо дөч гарчихсан яваа. Туулсан амьдралынхаа талыг Монголд өнгөрөөсөн хүмүүс.

Үр хүүхдүүд нь Монголд төрсөн. Дэлхийн олон орноос турк сургуулийн захирлыг татаж аваачаад шүүж байгаа юм билээ. Манайхаас ч багш нар аваачих гэж олон удаа оролдлого хийж байгаа. Өнгөрсөн жилийн долдугаар сард Турк улсын иргэн Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас хулгайлсан талаар дээр дурдсан. Туркээс тусгай онгоц ирээд авах гэж байсан талаар уншигчид санаж байгаа биз ээ. Иргэд, тэр тусмаа тус сургуулийн төгсөгчид, тэдний эцэг, эх үүнийг мэдэж эсэргүүцэж байж зогссон. Авторитар дэглэмтэй хуучны “стан” орнуудад мөнгө өгч турк сургуулийн багш нарыг улсаас нь авч байгаа юм билээ. Бид харин турк сургуулийн багш нарыг өгч болохгүй ээ. Тэдний Монголд байх паспортын хугацаа энэ сарын 30-наар дуусгавар болжээ. Монголчуудын бусад улс орноос ялгардаг нэг зан чанар бол маш өрөвч. Нутагтаа очоод цаазын ял авах ийм хүмүүсийг бүлтийтэл барьж өгөөд явуулах нь байтугай хоттой хониноосоо гаргах хонио зааж өгөх гэж сэтгэл сэмэрдэг, зааж өгсөн бол эзэн нь санаашраад яваад өгдөг ард түмэн. Турк багш нар барьж хориод, нутаг руу нь явуулчих вий гэж бүтэн нойртой унтаж чадахгүй, бөөндөө нэгнийдээ цугларч хамт өдөр хоногийг өнгөрөөж байгаа гэсэн.

Тэднийг хэрэв өгөөд явуулчихвал бид ардчиллаасаа ухарсан хэрэг болно. Туркийн тал манай эрх баригчдад хөнгөлөлттэй зээл болох 300 сая ам. доллар амлаад байгаа. Тэр мөнгөөр манайхан гэр хороололд орон сууц барих юм ярьж байна. Турк багш нарыг барьж өгч явуулж, цаазлуулчихаад авсан мөнгөөр нь байшин барьж амьдрах хэрэг үү. Ардчилсан орнууд нутагт нь цаазын ял хүлээж байгаа иргэнийг буцаадаггүй. Швейцарь цаазын ял авсан хүнийг буцааж өгөх нь бүү хэл нутагтаа үлдээдэг. АНУ ч буцаж очоод шоронд орохоор бол ногоон карт өгдөг. Ардчилсан орнууд ийм л жишигтэй бусдаас ялгарах ялгаа ийм л байдаг. Бид Өмнөд Монголын ах дүү нарыг ч зүтгээд хүрээд ирэхэд нь буцааж өгдгөө болимоор байгаа юм. Яаж ийгээд авч үлддэг авралын орон болмоор байна. Улс төрийн ямар нэг дэглэмийг хэт дагаж ханарах нь буруу байдаг. Хэрэв Эрдоганы дэглэм солигдвол дараагийн эрх баригчид нь биднийг үзэхгүй шүү дээ. Одоогоор Туркийн хотуудын захирагчийн сонгуульд Режеп Тайип Эрдоганы талынхан ялагдаж эхлээд байна. Стамбулын захирагчийн сонгуульд Режеп Тайип Эрдоганы талын нэр дэвшигч ялагдахад сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж дахин сонгууль явуулсан ч ялагдчихсан. Энэ мэтээр дотооддоо ялагдаад байхад бид дагаж давхиад яахав. Тэдний улсын асуудал тэндээ л, бидний асуудал эндээ байя.

Иймээс улс төрөөс хамаарсан геополитикийн асуудал дээр хашир, нэг бодлоготой байх нь манай улсад онох биз ээ. Монголын уран сайхны “Сэрэлт” кинон дээр “Бумаа та хоёр хэдийдээ эгч дүү болчихсон юм” гэдэг шиг Режеп Тайип Эрдоган, У.Хүрэлсүх хоёр хэдийдээ ах дүү болчихсон юм. Ардчиллаасаа ухран байж турк багш нарыг хүргүүлбэл хэзээ нэгэн цагт муу үр дагавар ирнэ гэж бодохгүй байна уу. Ийм алхам хийвэл бид ардчилсан орнуудын хавчилгад орно. Үүний дохио мэр сэр дуулдаж байна. Тэдний эрхийг зөрчиж байгаа талаар дэлхийгээр нэг анхаарал хандуулж, НҮБ, Европын холбоо ч байр сууриа илэрхийлээд байгаа. Олон улсын байгууллагаас турк багш нарыг оролдоод үзээрэй гэсэн сануулга ирсэн байна лээ. “Улаан мөнгө олдоно, улайх нүүр олдохгүй” гэсэн хуучны үг бий. Таван төгрөгөөс болж ардчиллаасаа ухарч болохгүй. Бид хэдэн хүний амийг хамгаалж хэдэн цааснаас татгалзлаа гээд хөлдөөд, өлсөөд үхчихгүй байлгүй. Зарим нэр бүхий хүмүүс хэдхэн хүний асуудлаас дипломат харилцаа чухал гэх маягийн үг хэлсэн байна лээ. Ардчилсан улс орнууд хүний эрхийг нэн тэргүүнд тавьдаг. Бид ч бас тэдгээр турк багш нарын эрхийг тэргүүнд тавибал илүү оноо цуглуулна. Европын хүний эрхийн шүүх ч турк багш нарын эрхийг зөрчиж, хулгайлбал, олон улсын шүүхэд дуудагдана гэдгийг анхааруулсан. Нэрт нийтлэлч Баабар өнгөрсөн жил турк багшийг хулгайлагдах шахах үед “Улс төрийн хэрэгтнийг баривчлан дарангуйлагчид нь хүлээлгэж өгдөг шившгийн орон болж хувирлаа даа. Мөнгийг нь өгвөл ямар ч бузар хэрэг хийхээс буцдаггүй шившгийн улс оронд бид тооцогдоно…. хэмээн твиттер хуудаснаа бичсэн байв. “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг” конвенцид манай улс 2000 онд нэгдсэн. Тус конвенцид “Эрүүдэн шүүх аюул тулгарна гэж үзэх хангалттай үндэслэл байвал оролцогч улс уг этгээдийг өөр улсад албадан гаргах, буцаах буюу шилжүүлэн өгөхгүй” гэж заасан байдаг. Нэг удирдагч мөнх биш. Бүх зүйлд цаг хугацаа бий. Нутагт нь паспортыг нь хүчингүй болгочихсон, Монголд байх хугацаа нь дууссан турк багш нар “Хэзээ биднийг албадан хүлээлэгж өгөх бол, хэзээ баривчлах бол” гэсэн айдастайгаар өдөр хоногийг өнгөрөөж байна. Тиймээс ч тэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад ханджээ. Манай дарга нар чимээгүй л байна. Аврал эрсэн турк багш нарыг хэдэн цаасаар ардчилалтайгаа хамт булшлуулчих шийдвэр гаргахгүй байх гэж найдаж хүлээе дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөхөндөө өндөр дээдэст таалагдах ч өнө хожмоо өргөн түмэнд хэрэгтэй хууль өргөн баригджээ

Парламентын хашир гишүүн Д.Лүндээжанцан сүүлийн гурван жил Үндсэн хуулийн өөрчлөлт дээр ажилласан. Өөрчлөлт оруулахаар ярьсаар өдий хүрсэн ч сая л нэг өргөн барилаа. Гурван ч парламент дамжин яригдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт одоо л нэг хэлэлцэж, батлагдах шатандаа орлоо. УИХ-ын ажлын хэсгээс гадна Үндсэн хууль судлаачдын дэд ажлын хэсэг байгуулж, саналыг тусгасан бөгөөд иргэдээс олон мянган санал авч хамгийн олон саналуудыг нэгтгэн тусгасан. Мөн Ардын их хурлын депутат байсан, Үндсэн хууль баталж байсан туршлагатай хуульчдыг хуулийн томьёолол дээр ажиллуулжээ. Нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж 60 орчим гишүүн гарын үсэг зурж, УИХ-д өргөн мэдүүлээд байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлснээр “Сэтгэлийн хөөрлөөр МАН өргөн барьсан юм биш”, нэлээд урт хугацаанд өргөн хэлэлцүүлэг, санал асуулга явуулж, олон саналыг харгалзан, олон талаас нь нухацтай ярилцаж, өчнөөн хуралдаж байж төсөл гараас гарсныг ажлын хэсгийнхэн хэлж байгаа. Энэ удаа Үндсэн хуулинд 20 зүйл заалт дээр өөрчлөлт оруулсан. Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа ард түмний олонхын саналаар сонгох бөгөөд 55-аас дээш насны, эх орондоо сүүлийн таван жил амьдарсан Монгол Улсын иргэн байна гэж заажээ. Энэ зохицуулалт нь 2025 оноос хэрэгжих юм. Манайд Ерөнхийлөгчийн сонгуулийн жишгээс харахад нэг сонгогдсон хүн дахин сонгогдож ирсэн байдаг. Одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хуулиар Х.Баттулга Ерөнхийлөгч 2021 оны сонгуульд дахин өрсөлдөж болно. Сонгогдоод гараад ирж ч болно. Нэмэлт, өөрчлөлт одоогийн Ерөнхийлөгчийн эрх ашигт харшлах зүйлгүй. Тэгэхээр 2025 онд зургаан жилээр сонгогдох шинэ Ерөнхийлөгчтэй болох нь. Ерөнхийлөгчийг нэг удаа, зургаан жилээр сонгох хууль Өмнөд Солонгос зэрэг улсад хэрэгждэг.

Ерөнхий сайд болоод дөрөв хүртэлх тооны УИХ-ын гишүүн давхар дээлтэй байхыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зохицуулжээ. Төсөв батлахад УИХ-ын оролцоог хязгаарласан байна. Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл , зардал нэмэгдүүлэхгүй байх зэргийг оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд төсөв хэлэлцэх үед өөрсдийн ашиг сонирхол, тойрогтоо мөнгө тусгуулах гэж чамгүй юм болдгийг болиулж байгаа юм байна. Үүгээрээ төсөв нэлээд эрүүлжиж ирнэ. Засгийн газар урт, дунд хугацааны хөгжлийн бодлоготой, залгамж чанартай байхыг тусгасан. Ерөнхий сайдыг УИХ-аас томилох бөгөөд Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөн танхимаа бүрдүүлнэ. Ерөнхий сайдыг дурын үндэслэлээр огцруулдгийг болиулсан. УИХ Ерөнхий сайдыг огцруулах санал оруулах бол түүний оронд томилох Ерөнхий сайдын нэрийг хамтад нь оруулахаар төсөлд тусгажээ. Японд ерөнхий сайд нь алдаа гаргасан кабинетынхаа гишүүдийг огцруулах эсэхээ өөрөө шийдээд явдаг. Германд бол Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг, гэвч 60, 70 жилийн хугацаанд ерөнхийлөгч нь эсрэг байсан тохиолдол гарч байгаагүй гэнэ.

Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй гэж үзэж огцруулбал 30 хоногийн дотор дараагийн хүнийг томилно. Эс бөгөөс УИХ тарах юм байна. Долоон удаа засаг байгуулагдахад 14-15 Засгийн газар солигдож байсан. Нэмэлт, өөрчлөлтөөр үүнийг болиулж, Засгийн газар тогтвортой ажиллах бололцоог олгож байна. Нэг үгээр Засгийн газрыг тогтвортой байлгахад ихэд анхаарсан заалтууд оруулж. Өмнө нь нэг сайд нь дургүйг нь хүргэвэл, эсвэл Ерөнхий сайдад дургүй нь хүрвэл улс төр хийж байгаад кноп дараад л унагачихдаг байсан. Энэ нь Засгийн газар тогтвортой ажиллахад сөрөг нөлөөтэй төдийгүй ард түмэнд ямар ч өгөөжгүй, улсын нийгэм, эдийн засагт хор хөнөөлтэй байсан. Үүнийг өөрчилсөн нь зөв зүйтэй боллоо гэж үзэж байгаа юм байна. Засгийн газар үүрэгт ажлаа сайн хийгээд явахад болох бөгөөд байнгын улстөржилт, сандал суудлын хэрүүл хамаагүй багасна. Өнөөдөр өндөр алба хашиж байгаа хүмүүс энэ мэтчилэн харшлах зүйл алга. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд айхавтар хориг тавиад байхгүй биз.

Өмнө нь хэл ам дагуулаад байдаг байсан дордохын долоон өөрчлөлтийг засахыг нь засч, хасахыг нь хасчээ.

УИХ-ын хувьд нэлээд олон эрх хасагдаж байгаа ч парламентын засаглал хэвээр байх нь. Парламентын үйл ажиллагааг илүү хариуцлагажуулж, 50 өдөр хуралддаг байсныг далаас доошгүй болгож нэмэгдүүлж, байнгын ажиллагаатай парламентын шинжтэй болгож байгаа аж. УИХ-ын гишүүдийн олонх буюу 39-өөс доошгүй гишүүн кноп дарж байж хууль баталдаг болсон. Одоо мөрдөгдөж байгаагаар бол хориулаа ч хууль баталчихаад байдаг.

Ерөнхийлөгчийн засаглалтай болж магадгүй гэсэн болгоомжлол, хардлага Үндсэн хуулинд өөрчлөлт хийх сургаар л явж эхэлсэн. Ардчиллыг сонгочихоод парламентын засаглалаа соливол ухралт болно гэх айдас үгүй боллоо. Өргөн олонд таалагдах хууль болжээ гэж хэлээд байгаа минь энэ. Алдаа оноотой ч парламентын засаглал хөгжиж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засаглалын хувьд айх айдасгүй боллоо, Засгийн газар тогтвортой ажиллах нь. Ерөнхийлөгч ганц удаа сонгогддог болно. Ерөнхийлөгчийн засаглалтай болбол нэг хүний засаглал яадгийг бид дэлхийн олон орны жишээнээс харж мэддэг болсон. Хүний хөгжлийн индексээр тэргүүлэгч гучин улсаас Америк, Өмнөд Солонгосоос бусад 26 нь парламентын засаглалтай, харин хамгийн дампуу гучин улсын хорин найм нь Ерөнхийлөгчийн засаглалтайг НҮБ-аас гаргасан жагсаалтаас харж болно. Нэг хүний буруу шийдвэр ямар үр дүнд хүргэдгийг бид дэлхийн мэдээгээс өдөр бүр шахам сонсч байна. Эхний ээлжинд ард түмэнд таалагдах гэж баахан юм хийнэ. Популист амлалт, үйлдэл хийнэ. Дараа нь өмнөх Ерөнхийлөгчөө намнадаг. Олон Ерөнхийлөгчийн нүүрийг харсны хувьд бид үүнийг мэддэг боллоо. Ганц хүн хэмжээгүй эрх мэдэлтэй үед дургүйгээ хүрвэл барьж хорьдог болно. Тиймээс Ерөнхийлөгчийн засаглалтай болбол хөлд нь үрэгдэнэ. Өнөөх ардчилал маань оргүй болно. Нэг сайн хүн гарч ирээд өөрчилдгүйг бид хангалттай харж, сонссон болохоор төлөөллийн ардчиллын зарчмаараа парламентын засаглалтайгаа үлдсэн нь сайн хэрэг. Мөн шүүхийн хараат бус байдалд сайнаар нөлөөлөх заалт оруулжээ. Өмнө нь ямар нэг тодорхой шалтгаангүй шүүгчийг томилохоос Ерөнхийлөгч татгалзах тохиолдол олонтаа байсан бол одоо шүүгчийг томилохдоо татгалзах шалтгаанаа заавал тайлбарлах шаардлагатай болж.

Засгийн газар нь тогтвортой ажиллаж, улстөржихгүй, парламентын засаглал нь бэхжиж байвал ард түмэнд ч, улс оронд хэрэгтэй. Тиймээс өнөөхөндөө өндөр дээдэст таалагдах ч өнө хожмоо өргөн олонд хэрэгтэй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өргөн барьжээ. Төсөлд алдаа мадаг байгааг ч зарим хуульч шүүмжилж байгаа. Арав хоногийн зайтай гурван удаа хэлэлцэгдэх учраас зарим нэг алдаа мадгийг засч сайжруулах биз.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах шинжиндээ орлоо

МАН-ын дотоодын хагарал, тэмцэл ил далд өрнөсөөр сүүлдээ хөл толгойгоо олохоо байлаа. Хяналтын хороо нь гэнэт хуралдаж, шуугиантай шийдвэрээ танилцуулав. Энэ хурлыг намын дарга нь мэдээгүй. Хяналтын хорооны энэ шийдвэр нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах суурийг тавьчихлаа. Хяналтын хорооныхон ЖДҮ-чдийг хуулийн байгууллагаар шалгуулж, тэдний сахилга ёс зүйн тодорхойлолтыг ирүүл гэлээ. Энэ нь ЖДҮХС-гаас авсан мөнгийг ЖДҮ-чин гишүүдээр төлүүл гэчихсэн үг л дээ. Ням-Осорын Учрал, Ж.Энхбаяр хоёр л тэрбумыг бэлнээр нь аваачаад төлчихдөг байх. Мөнгөтэй хөрөнгөтэй улс тулдаа бүдрэлгүй өгчихсөн хэрэг. Бусад нь юу юугүй бэлнээр нь тэврээд очиход тийм ч амар биш. Энүүгээрээ ЖДҮ-чдэд буюу У.Хүрэлсүхийн талд кноп дараад байдаг нөхдөд шахалт үзүүлж буй хэрэг. Хэрэв ингэж шахалтанд ороод байвал эцсийн дүндээ амь хайран гэгчээр У.Хүрэлсүхийг хамгаалагчид өөрсдийгөө бодох хэрэг гарна. Мөн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир хоёрт улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, таван жил сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр ч У.Хүрэлсүхийг цочоосон нь гарцаагүй. Тиймдээ ч яаран намын бүлэг, Удирдах зөвлөл хуралдаж, Хяналтын хорооны шийдвэрийг хүлээж авахгүйгээр шийдэв. Энэ гэнэтийн үйл явдал У.Хүрэлсүхэд нэгэн дохио өгөв. Угтаа Бага хурлаас сонгогдсон Удирдах зөвлөл намын Их хурлаас гарч ирсэн Хяналтын хорооны шийдвэрийг өөрчлөх ёсгүй. Гэнэтийн цохилт үүгээр зогссонгүй, Ардчилсан нам У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах түмэн шалтгааны заримыг дурдаж, жагсаал цуглаан хийхээ мэдэгдлээ. Махны үнийн өсөлт, бензин, шатахууны үнийн өсөлт, валютын ханшийн өсөлт, Оюу толгойн асуудлаас болоод хөрөнгө оруулалт зогсонги байдалтай байгаа, ипотекийн зээлийн зогсолт гээд дурдвал огцрох болзлууд хангагдаад байна. Харин манай Ерөнхий сайд уран цэцэн үг хэлж, халж, сольж, мөн ч их хийрхлээ. Олигтой гялайх юм хийсэнгүй. Энэ сиймхийгээр М.Энхболд руу гүйж очиж наалдаж байгаа улс цөөнгүй байна. М.Энхболд өөрөө яаж шахуулж ажил албаа өглөө. Хичнээн аядуу зөөлөн байлаа гээд том улс төрд тоглож байгаа хүн зүв зүгээр суугаад энэ бүхэнтэй эвлэрнэ гэж үү. Өөрийг нь шахаж унагахад хүргэсэн У.Хүрэлсүхийг өвдөг шороодвол М.Энхболд баярлана. Жаран тэрбумынхан нам дарагдчихаагүй нь өчигдөр Б.Хурцын суллагдсанаас харагдлаа. Прокурорын саналыг харгалзалгүй шүүх шийдвэрээ гаргаж л байна. За тэгээд У.Хүрэлсүхийн танхимын сайд нар нь эхнээсээ чих дэлдийлгэм тоотой авлигын асуудалд нэр холбогдоод эхэлсэн ч хэн гэдгийг нь зарлахгүй хаацайлаад л байна. Цаашлаад Ерөнхийлөгч өөрөөсөө хэд нугалсан өндөр рейтингтэй У.Хүрэлсүхийг сонгууль дөхөж байхад цаашид толгойг нь илж яваад байх уу. Чуулганы хуралдаан дээр УИХ-ыг өөрсдөө тарцгаа гэчихлээ. Энэ нь хоёр дахь удаагийнх нь шүү. УИХ тарна гэдэг чинь УИХ-аас томилсон Засгийн газар ч унах л ёстойг хэлээд байна. У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч хоёрын дөрөө тийм ч удаан нийлэхгүй биз. Дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө л хоёр тийш харна. Одоо У.Хүрэлсүхийг хамгийн их зовоож байгаа бас нэг асуудал нь УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль. Гэнэт Хэнтийд очиж ажиллан сонгуулийн тойргийн сумдаар орж, төсвийн мөнгөөр хийх баахан бүтээн байгуулалт амлав. Яг энэ үеэр Цэц дээр иргэн Д.Ганхуяг гомдол гаргалаа. Д.Гантулгыг чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахдаа хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаагүй. Түүнийг нь УИХ хэлэлцэлгүйгээр Д.Гантулгыг чөлөөлсөн гэж Цэцэд хандав. Яг түүнтэй адил утга, үг өгүүлбэртэй хоёр ч гомдол бас Цэц рүү очсон байгаа юм. Цэц энэ сарын 27-нд энэ асуудлыг авч хэлэлцэх ёстой. Тэдний гомдлоор бол Д.Гантулга хүчин хийсэн тул чөлөөлж өгнө үү гэх байсан уу, эсвэл нам нь өмгөөлж хамгаалж үлдэх үү, эсвэл шившигтэйгээр гишүүнээсээ хөөгдөх байсан уу. Үүнийг нь үйл явдлаар нь УИХ хэлэлцэх хэрэг үү. Гантулгыг авч үлдвэл энэ УИХ ялангуяа олонх болох МАН охид бүсгүйчүүдийг хүчирхийлэх нь зөв гэж үзсэнээс ялгаагүй болох байлаа. Нөхөн сонгууль зургадугаар сарын 30-нд болохоор зарлагдсан энэ үед гэнэт яагаад Цэц рүү ижил утгатай гомдлууд очих болов. Хэрэв уг гомдлыг Цэц хүлээж авбал өнөөх нөхөн сонгууль юу болж таарахав. Хэрэв хойшлогдвол 2020 оны сонгуулиас өмнө жилд сонгууль болохгүй учраас нэгмөсөн нөхөн сонгуулийг болгохгүйгээр шийдэв үү. Цэцийн шийдвэр гомдлыг хүлээж аваад Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзвэл Д.Гантулга дахиад гишүүн болох уу. Цаашид өргөдөл өгөөд гарсан хүмүүсийг энэ мэтчилэн оруулаад байх хэрэг үү. Уг нь У.Хүрэлсүх 2012 онд өөрөө өргөдлөө өгч байсан. Тухайн үед түмний нүдэн дээр УИХ-ын гишүүнийг цохиж унагасан. Энэ үйлдэл нь хуулиар шийтгүүлэхээс өөр замгүй болсон учраас заль гаргаж, гарцаагүй хүндэтгэх шалтгаан дурдсан өргөдөл өгч, нөхцөл байдлаас гарч чадсан. Яах аргагүй Хэнтийгээс сонгогдсон хоёр гишүүний ийм үйлдэл нь ойролцоо кэйс юм.

Чухам яагаад У.Хүрэлсүх нөхөн сонгуулийг болиулах гэсэн бол юуны учир байх вэ. Магадгүй АН-ын нэр дэвшигч судалгаагаар нэгээр гарч ирсэнтэй ч холбоотой байж болох. Нэгэнт ялагдах сонгуульд оролцож нэрээ баасдаж дээр нь АН-ыг бүлэгтэй болгох нь МАН-д тэр тусмаа У.Хүрэлсүхэд ямар ашигтай байхав. Тиймдээ ч нөхөн сонгуулийг явуулахгүй байх сонирхлоор ийм алхам хийв үү. У.Хүрэлсүхийн хувьд намын дарга болсны дараахь хамгийн анхны сонгууль бол 42 дугаар тойргийн нөхөн сонгууль. Энэ сонгуулийн үр дүн ямар ч прогноз, судалгаа, мэргэн түргэн хүний таавар таамаг хэрэггүйгээр 2020 оны сонгуулийн өнгийг тодорхойлно. Улстөрчид, улс төрийн намууд бүү хэл улс төр сонирхдог бүх хүн анзаарч байгаа.

МАН энэ сонгуульд ялагдвал гарзтай. У.Хүрэлсүхийн айдас хүйдэс энэ бол яалтч үгүй мөн. МАН нөхөн сонгуулийг бярдаад явуулахгүй боллоо гэхэд явуулаагүйгээс илүү хохирол амсаж болох юм. Ямартаа ч У.Хүрэлсүх тайван амгалан биш байгаа. Түүний шударга ёсны сэлэм нь улс төрд л хэрэгтэй байгаа болохоос улс оронд сайнаар нөлөөлөх цавчилт хийхгүй л байна. Хэрэв Цэц иргэний гомдлыг хүлээж авчихвал УИХ Цэцийн шийдвэрийг яах вэ. У.Хүрэлсүхийн бас л нэг толгойны өвчин болно. Өрнөж байгаа үйл явц У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах шинжиндээ орчихлоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын нам гарааны зурхай хүрэлгүй эргээд чавхадчихлаа

1990-ээд оны үед хурдан морины уралдаан будлиантай болдог байлаа. Уралдаан бүрийн дараа хэл ам, хэрүүл шуугиан тасрахгүй. Гарааны зурхай хүрэлгүй морьдоо эргүүлж, давхилдан баахан будлиан хутгадаг байснаас болсон хэрэг л дээ. Үүнийг нь журамлаад өгснөөс хойш энэ хэрүүл шуугианыг нэг эмхэнд оруулсан. Гарааны зурхайн цагаан зураасан дээр хаалт босгож, дохио өгмөгц уг хаалтыг унагаж зэрэг гардаг болсон. Яг одоо бол намууд гарааны зурхай руугаа явж байгаа үе. УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль зургадугаар сарын 30-нд болно. Сонгуулийн ерөнхий хороонд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ 13 нам хүргүүлснээс Сонгуулийн тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасны дагуу нягтлан шалгасны эцэст МАН, АН, МАХН, ХҮН, Ард түмний олонхын засаглал нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Дэлхийн монголчууд нам, Монголын консерватив нам, Зон олны нам, Үнэн ба Зөв нам, Монголын ногоон нам гэсэн 11 намыг шаардлага хангасан гэж үзжээ. Тэгэхээр энэ удаагийн нөхөн сонгуульд 11 нам өрсөлдөх нь. Нэр дэвших ажиллагаа санал авахаас 37 хоногийн өмнө эхэлж, тав хоногийн дотор дуусгавар болно. Сонгуулиас өмнө 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 4-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулна. Харин сонгуулийн сурталчилгаа 18 хоног үргэлжлэх юм. Өөрөөр хэлбэл зургадугаар сарын 11-нд Сонгуулийн хуульд зааснаар сурталчилгаа эхэлнэ. Нөхөн сонгуульд 287.6 сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн билээ. Нөхөн сонгуультай холбоотой мэдээлэл өгөхөд ийм байна. Сонгууль намуудын хувьд уралдаан. Сурталчилгаа эхлэх болоогүй. Намууд бол ажин түжин л байна. Нэр дэвшигчийн асуудлаа ч шийдээгүй байх шиг.

Харин эрх баригч МАН аль хэдийнэ сурталчилгаагаа эхэлчихлээ. Зурхайдаа хүрэлгүй морьдоо эргүүлж булхайцаж байна. Сонгуулийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т Нам эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаагаа нэр дэвшигч бүртгүүлж, үнэмлэх авсан өдрөөс эхлүүлнэ гэж заасан. Энэ заалтыг МАН-ынхан зөрчиж байна.

Ялангуяа Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нь Хэнтийгээс УИХ-д нэр дэвшиж гарч ирсэн, Засгийн газрын хэрэг эрхлэхийн дарга Л.Оюун-Эрдэнэтэйгээ, танхимынхнаа бүтнээр нь шахам дагуулчихсан нөхөн сонгуулийн тойрогт ажиллаж байна. Сонгуулийн хууль, Төсвийн хууль зөрчиж олон тэрбум төгрөгийн амлалт өгч байх юм. Хэнтий аймгийн хил орчмын сумдаар газар гал түймэр гарч, Онцгой байдлынхан хүчрэхгүй удаж байхад Ерөнхий сайд тоож байгаа ч юмгүй тэр хэсгийг тойрч давхиад л нөхөн сонгуулийн тойргийн сумд болох аймгийн төв, Хэрлэн сум, Жаргалтхаан, Мөрөн сумдаар яваад байна. Тэр ч бүү хэл Жаргалтхаан суманд 12 хүнтэй Онцгой байдлын бүлэг байгуулахаар болж, фургон автомашин хүлээлгэн өгөв. Жаргалтхаан суманд 320 хүүхдийн сургууль барина л гэнэ. Эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэлээ. Үүндээ 3.2 тэрбумыг зарцуулж, есдүгээр сард багтааж шийдсэн байхыг Эрчим хүчний сайдад үүрэгдэв. Мөн нөхөн сонгуулийн тойрогт багтах Мөрөн суманд ажиллахдаа таван га газрын усалгааны системийг шийдвэрлэж өгч, трактор шийдэж өгч, 60-70 метрийн гүний худаг гаргаж, бариулахаар болсон төдийгүй соёлын төв, сургууль барьж өгөхөөр болов. Ингэж улсын төсвөөр сонгуулийн тойрогт дураараа дургиж байгаа МАН-ыг энэ удаагийн нөхөн сонгуульд оролцохоос хасах хэрэгтэй байна. Тэд аль хэдийнэ сонгуулийн хууль зөрччихлөө. МАН-ын даргын Хэнтий аймагт ажиллахдаа шийдсэн асуудлуудыг нь харах юм бол сонгуульд зориулагджээ гэдэг нь ойлгомжтой. Тэнэг хүн ч хараад сонгуулийн сурталчилгаа хийгээд явааг нь бэлхнээ ойлгоно. Өөрөө дэвшинэ үү, өөр хүн МАН-аас дэвшинэ үү хамаагүй. Ингэж эрх баригч намын дарга, сонгууль зарлагдчихаад байхад сонгуулийн тойрогт элдвийг амлаад явж болохгүй. Аль ч утгаараа энэ нь Сонгуулийн хууль зөрчиж байна. Угаас энэ намаас нэр дэвшихээр яригдаж байгаа хүмүүс бүгд Ерөнхий сайдынхаа хажууд наалдчихсан түмэн олныхоо өмнө маадгар сууцгааж байна лээ. Сонгуулийн хуулийн 35.18.17-д улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон амлалтыг нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах, амаар болон өөр хэлбэрээр сонгогчдын дунд түгээн дэлгэрүүлэхийг хоригложээ. Мөн хуулийн 35.18.3-т төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай ажил, үйлчилгээ явуулахыг хориглоно гэжээ. Мөн 35. 28-д Улс төрийн намын тухай хуулийн 19.2-т заасны дагуу УИХ-ын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулахаар улсын төсвөөс олгосон санхүүжилтийг сонгууль товлон зарласан өдрөөс хойш сонгуулийн дүн эцэслэн гаргах хүртэлх хугацаанд зарцуулахыг хориглоно гэж заажээ. МАН-ынхан Сонгуулийн хуулийн дээрх заалтуудыг зөрчиж байна.

Хэнтийн нөхөн сонгуульд АН-аас Ж.Оюунбаатар нэр дэвших тухай нэлээд тодорхой мэдээллүүд яваад эхэлсэн. Тэрээр тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн сонгуульд Д.Гантулгатай өрсөлдөөд цөөхөн саналаар ялагдсан байдаг. АН-ын хувьд энэ сонгууль маш чухал бөгөөд УИХ-д бүлэгтэй болох эсэх, цаашлаад өнөөгийн намын удирдлагууд намаа 2020 оны сонгуульд удирдаж орох эсэх нь шийдэгдэнэ. Дотоодын эв нэгдэлд нь энэ тойргийн ялалт ялагдал нөлөөлнө гэсэн үг. АН-аас хөөгдсөн гэх зарим улстөрчийг бие дааж өрсөлдөх талаар ч мэдээлэл явж байгаа. Харин МАХН-ын хувьд Н.Энхбаяр ганц хоёрхон сарын өмнө нөхөн сонгуульд өрсөлдөнө гэж зарлаж байсан. Гэвч энэ нь бусад намтай тохироо хийх гэж зориуд шидсэн үг байхыг үгүйсгэхгүй. Тиймдээ ч С.Ганбаатар, С.Ононбаяр гэх нөхдийн нэр давхар яригдах болсон. Эх сурвалжийн мэдээллээр Н.Энхбаяр У.Хүрэлсүхийг нэр дэвшвэл тохиролцоо хийе гэж үг дайсан байна лээ. МАН-ын удирдлага одоогоор тодорхой хариу өгөөгүй байгаа. Учир нь энэ У.Хүрэлсүх өөрөө дэвшвэл боломж хэр байгааг тандаж ч байж мэдэх. У.Хүрэлсүх одоогоор нэр дэвших эсэхээ албан ёсоор хэлээгүй байгаа. “Удирдах зөвлөл, Бага хурал л мэдэх асуудал” гэсэн бөөрөнхий хариулт өгөөд л байж байна. Хэрэв өрсөлдөөд унавал ёстой нэг шороотой бөх гэгч нь болно. Угтаа ганц суудал авсан ч яалаа, аваагүй ч яалаа гээд тоомжиргүй хандаж болох ч Хэнтийн нөхөн сонгуульд ач холбогдол өгч байгаа нь гарааны зурхай хүрэлгүй яаран эргэж байгаагаас нь харагдаж байна. Мөн МАН-аас нэр дэвшигчдийн нэрэнд гавьяат Г.Эрдэнэбатыг дэвшүүлэх нь гэсэн мэдээлэл ч явж байгаа. Нэр дэвшигчдийг албан ёсоор зарлатал бас ч үгүй хугацаа байна. Тэр болтол нэр дэвшигчдийн нэрс яаж ч өөрчлөгдөж болно. Хэнтийн нөхөн сонгуулийн дүн 2020 оны сонгуулийн ерөнхий өнгийг харуулах биз ээ.

Үүнтэй зэрэгцээд Үндсэн хуулийн Цэцэд иргэн Д.Ганхуягийн зүгээс хандлаа. Учир нь УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бүрэн эрхээс чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Энэ нь байдаг л нэг маргаан гэж хандаж болохгүй нь бололтой. Ямар ч үр дагавар дагуулж мэдэх нь. 42 дугаар тойргийн нөхөн сонгууль болох эсэх дээрээ ч хүрч мэдэх нь.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Хойд Солонгосын удирдагчийг ардчилсан Монголын иргэд баяр хөөртэй угтах юм гэнэ үү

УИХ-ын дарга Г.Занданшатар БНАСАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзахдаа БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун ОХУ-д айлчлах урилгатай байгааг дурдаж, айлчлах замдаа Монгол Улсад саатан морилбол Монголын төр засаг, ард түмэн баярлах болно гэж хэлж байх юм. Ойрын үед манай төр засгийн удирдлагууд Хойд Солонгосжих гэж их хичээх боллоо. Төр засгийн гаргаж байгаа шийдвэрүүд ч Хойд Солонгосын дэглэмтэй төстэй болж байгаа. Өнөөдрийн төр засаг үүндээ баярлаж байж магадгүй ээ. Үүнийгээ дэг журам тогтоож байна гэх биз. Төв талбайдаа мянган албан хаагчийг дасгал хийлгэж, 3333 сурагч төрийн тэргүүнтэйгээ шүлэг уншиж, цэргийн холбоо байгуулж, тэр холбоогоороо залуусыг соён гэгээрүүлэх юм ярих болов. Яг л социализмын үеийн дүр төрх тодроод байгаа юм. Тэр нэгдсэн журмаар дасгал хийлгэж, нэн олноор нь шүлэг уншуулах бол Майн баяр, Октябрийн баярын нэг хэсэг шүү. Бүр болоогүй ээ, “Хувьсгалын удирдагчийн үгийг хана таазан дээрээ бичээд, өглөө бүр унш” гэж УИХ-ын гишүүн нь үүрэгдлээ. Сургууль, цэцэрлэг, албан байгууллага, айлын орон сууц хаана л бол хаана , хана тааз, хаалга хатавчгүй улаанаар бичсэн уриа лоозонтой үе дурайтал орж ирж байгаа биз дээ. Бас болоогүй өглөө бүр өнөөх суртал ухуулгын үгнүүдийг залхтал уншуулж, лекцдээд байсхийгээд л мартсан эсэхийг нь шалгадаг байсан аа даа. Ардчиллын төлөө жагсаж тэмцэж, эхний эгнээнд явсан хүн ийм үеийн талаар тийм бахтай хэлж суух гэж.

Улс орнууд нүдэн дээр тасраад явчихлаа. Тэд салбар салбарт гайхамшгийг бүтээж байна.Манай ардчилагчид нүдэн дээр өөрчлөгдөж, социализм коммунизм ярих болов. Ярихаар барахгүй тэр үеийг санагдуулам үйлдлүүдийг тасралтгүй хийж байна. Оросын шинэ үеийн залуус Лениний тухай асуухад ихэнх нь мэдэхгүй байна лээ шүү. Харин манай улс ямар нэг хувьсгал яриад эхлэв. Өнөөх хувьсгал нь биднийг мэдээ ч үгүй байхад болоод хувьсгалын удирдагчтай ч болчихсон байх жишээтэй. Хэрэв бид мэдээгүй байхад хувьсгал болчихсон юм бол тэр лавтай урагшаа биш, арагшаа ухарсан коммунизмаа санаж санагалзсан л хувьсгал байх. Иймэрхүү хандлагатай төр засаг Хойд Солонгосын удирдагчийг буугаад мордоход магнай тэнийн баярлаж хөөрөөд байж магадгүй. Харин ард түмэн тэр дарангуйлагчийг вокзал дээр буугаад мордохын төлөө тэгтэл их баярлах уу. Дуу хөгжим, бүрээ бөмбөр болж, нус нулимсандаа холилдож, манай хүүхнүүд хормой хотноос нь зууралдаж орилолдох болж байна уу. Хүний улсын удирдагч байтугай өөрийнхөө улсын удирдагчдыг элдвээр нь шүүмжлээд суудаг ард түмэн шүү дээ. Таны хүслээр болж манай ард түмэн нулимс унаган баярлаж хөөрөхгүй бол яана аа, Занданшатар дарга аа. Их сайндаа л тэр хавьд яваа ганц нэг хүн “Ямар пацаан байдаг юм, харчихъя” гэж л магад. Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг мэдэрчихсэн, дэлхийгээр нэг тэнээд үзчихсэн ард түмэн хэрийн юманд хөл алдахгүй л дээ. Баттай хэлэхэд баярлаж хөөрөх хүн ёстой байхгүй шүү. Сайндаа л нэг өдөр сошиалаар шаагиад хов жив, доог тохуу, сонин хачин болгоод ярина л биз.

Саяхан даа, хэдхэн жилийн өмнө. БНХАУ-ын дарга Си Жиньпин манайд айлчлахад өөдөөс нь үзэл бодлоо үйлдлээрээ илэрхийлж, төрийн тусгай хамгаалалтыг сөрөөд гүйж байсан парламентын гишүүнтэй, ийм л ардчилсан орон байсан шүү дээ. Бид мартаагүй л байна. Магадгүй Г.Занданшатар дарга Хойд Солонгосын удирдагчийг буугаад мордоход нь урьдаас бэлдсэн хэдэн хүнийг цэцэг хуар, туг бариулж зогсооё гэж бодъё. Ард нь таван алхамын зайд иргэд харин эсэргүүцлийн жагсаал хийгээд зогсож байж чадна. Манайхан чинь хаа очиж жагсаж, тэмцэж сураад бүр гаршчихсан шүү дээ. Өнгөрсөн онд Трамп Англи, Шотландад айлчлах үеэр юу боллоо. Эдгээр улсын иргэд хөл гишгэх зайгүй болтлоо олноороо цуглаж жагсаж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Түүний явуулж буй бодлого, цагаачдын эсрэг авч буй арга хэмжээ нь ардчиллаас ухарсан хэрэг гэж тэдгээр орны иргэд эсэргүүцсэн. Ардчиллын өлгий АНУ-ын Ерөнхийлөгчийг ардчилсан орны иргэд ингэж л угтаж, ингэж л шүүмжилж байдаг. Ким Жөн Уныг тэдгээр улсуудад очвол яаж угтах нь бүр тодорхой. Тиймдээ ч Ким Жөн Ун дуртай улсдаа айлчлаад байдаггүй.

Яг тэрэн шиг баярлаж гүйлдэнэ гэж бодоод байгаа иргэд чинь хүний эрх зөрчиж, ардчиллыг байхгүй болгож байна гээд өнөөх урьж залаад байгаа хүнийг чинь хөл гишгүүлэхгүй эсэргүүцвэл яах вэ. Аль эсвэл Г.Занданшатар дарга та өөрийгөө Монголын дарангуйлагч болчихсон гэж бодоо юу. Яагаад ардчилсан Монголын иргэд Г.Занданшатарын үгэнд орж, Хойд Солонгосын удирдагчийг үзэгдээд өнгөрөх зуурт бөөн хөөр баяр болно гэж. Тиймээс УИХ-ын дарга таны хэлсэн үг улс төрийн алдаатай, бодлогогүй яриа байна лээ. Тэр хүн дайрч өнгөрлөө гээд улс төр, эдийн засгийн хувьд чухал ач холбогдол үгүй. Бүхнийг хүчээр шийддэг тогтолцоо биднээс ихээ хол гэж боддог. Сүүлийн үед болж өгвөл хүчээр шийдчихдэг төртэй болж байх шиг. Дэмжихийг хүсээгүй хуулийг нь ЖДҮ-гийн зээлийнх нь хэргээр барьцаалж, УИХ-ын гишүүдээр кнопдуулж батлаад, тусгайгийнхныг дагуулж уул уурхайн ордыг булааж аваад л…. Эцэст нь баярлаж хөөрөх, гуньж гутрах эсэхээ бид өөрсдөө мэдье. Бид чинь тусгаар тогтносон, ардчилсан Монголын иргэд шүү дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Эрдэнэбат: Хөрөнгө орлогоо иргэний хувиар шалгуулахаар прокурорын ажлаа өгч байгаа юм

Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн судлаач, багш, хяналтын прокурор, Доктор Ph.D П.Эрдэнэбат хөрөнгө орлогынхоо мэдүүлэгтэй холбоотой асуудлаар өөрийн хүсэлтээр ажлаа өгч, АТГ-т шалгуулах хүсэлтээ гаргажээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа.


-Та яагаад ажлаа өгч байж шалгуулах болов. Ажлаа хийнгээ шалгуулж болоогүй юм уу?

-2018 оны тавдугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд АТГ-т Макс компанийн захирал Д.Ганбаатар гэх хүний гаргасан гомдлын дагуу намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Энэ бүх хугацаанд АТГ-аас намайг нэг удаа гэрчээр дуудаж байцаалт авсан. АТГ миний асуудлаас гадна маш олон хэрэг материал шалгадаг газар. Прокурор хүний хувьд үүнийг би сайн мэдэж байна. Би өөрөө Улсын ерөнхий прокурорын газар ажилладаг. Прокурорын байгууллагын хувьд Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүрэг бүхий, хараат бус, бие даасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага юм. Товчхондоо прокурор хяналтын чиг үүрэг хэрэгжүүлдэг гэж ойлгож болно. Гэтэл би дотор нь ажиллаж байгаад өөрт холбоотой асуудлаар шалгуулъя гэж бодъё. Шалгаад нэг шийдвэр гарна. Үнэн зөв нь тогтоогдоод хэрэг маргаан хаагдлаа гэж бодоход иргэд, олон нийт, иргэний нийгмийн зүгээс нөгөө нөхөр дотор нь ажиллаж байгаад нөлөөлөл үзүүлж хаалгасан гэх хардлага гарах магадлал өндөр юм. Иймд энэ асуудлыг үүрэгт ажлаа өгч байгаад иргэнийхээ хувиар шалгуулах нь зүйтэй юм байна гэж бодоод Улсын ерөнхий прокурорт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч шалгуулъя гэж шийдвэр гаргасан. Тэгээд ч энэ цаг үед хуулийн байгууллагын албан хаагч нар луу хөрөнгө орлоготой холбоотой асуудлаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр маш их хар пиар явуулж байгаа үед прокурорын хувьд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаад нэг мөр шалгуулаад авъя гэж бодсон миний өөрийн шийдвэр л дээ. Төрийн албанд ажиллаж байгаа бусад хүмүүст, хөрөнгө орлого нь өндөр байна гэж хардагдаад байгаа албан тушаалтан, албан хаагчдыг ч мөн над шиг ингээд шалгуулчих гэж хэлмээр байна. Ер нь төрийн албанд ажиллаж байгаа хүн ахуйгаа шийдэж байж л сая төрд ажиллах нь зөв юм болов уу гэж боддог. Төрийн албан хаагч заавал ядуу байх ёсгүй л дээ. Энэ бол бие хүн миний бодол шүү.

-Их л хэнхэг сонсогдож байна. Хүмүүс ажлаа хийгээд явж байх зууртаа шалгуулаад болоод л байдаг. Буруутай бол шийтгэлээ хүлээгээд, буруугүй бол ажлаа үргэлжлүүлээд хийдэг…

-Надад нууж хаагаад байх зүйл байхгүй ээ. Тодорхой хэмжээний хөрөнгө орлого бий. Прокурорын байгууллагад орохоосоо өмнө олон жил бизнес хийсэн. Тиймээс хөрөнгө орлогынхоо үндэслэлийг баримтаар нотолж чадах учраас шалгуулчихъя гэж бодлоо. Энэ улсын ганц прокурор нь Эрдэнэбат биш шүү дээ. Монгол Улсын 500 гаруй прокурорын нэр хүндийн асуудал ч яригдана. 90 жилийн түүхтэй энэ байгууллагын нэр хүнд гэж байна. Миний хувьд прокурорын ёс зүйн дүрэмд заасны дагуу хүний эрх,эрх чөлөөг хүндэтгэн дээдэлж хамгаалах зарчим, хэм хэмжээ, хуульд нийцүүлэн гаргасан Улсын ерөнхий прокурорын шийдвэрийг хэлбэрэлтгүй сахин биелүүлж өргөсөн тангарагтаа үнэнч байх нь прокурорын нэр төрийг цэвэр байлгах үүрэгтэй ажилладаг. Миний хувьд ч гэлтгүй нийт прокурорууд ийм үүрэгтэй.Үндсэндээ надтай холбоотой буюу прокурорын байгууллагын хараат бус бие даасан байдал, нэр хүндэд халдсан мэдээ мэдээллүүд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох хэвлэл, сайтууд , фэйсбүүк, твиттерээр сүүлийн нэг жил гаруй цацагдсаар ирлээ. Дээрх мэдээ мэдээлэл нь иргэд олон нийтэд, иргэний нийгмийн зүгээс прокурорт итгэх итгэх итгэлийг алдагдуулах, прокурорын байгууллагын нэр хүндийг бууруулах, сөрөг үр дагавар үүсгэх нөхцөл байдал болоод байгаа юм аа. Прокурор хүн чинь ёс зүйн дүрэмтэй тэрэндээ захирагдаж нийгмийн харилцаанд оролцож амьдардаг юм шүү дээ. Ийм учраас прокурор гэдэг ажил албаа өгч байгаад иргэнийхээ хувиар танай сонинд анх удаа ярилцлага өгч байгаа юмаа. Үндсэндээ прокурор хүн хэлэх үг, хийх үйлдэл нь хүртэл цензуртэй байдаг юм шүү дээ. Тэгээд л ажлаа өгөөд иргэнийхээ хувьд шалгуулах нь зөв юм байна гэж бодож ийм шийдэлд хүрсэн. Буруугүйг минь тогтоочихоор буцаад ажлаа хийхэд татгалзах зүйлгүй.

-Та ингэхэд аль 2008 онд хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой яг ийм асуудлаар ёс зүйн хороогоор орж байсан юм билээ шүү дээ….

-Тийм. Тэр үед ч бас шалгаж байсан. Хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг баримтаар нотолж, прокурорын ёс зүйн дүрмийн заалтыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гарч байсан. Прокурорын ёс зүйн зөвлөлийн бүх гишүүдийн хурлаар орж, ийм дүгнэлт гарсан. Нэг ёсондоо би хөрөнгө орлогынхоо асуудлаар аль хэдийнэ шалгуулчихсан хүн л дээ.

-Иргэн Д. Ганбаатар ер нь яагаад таныг шалгуулахаар өгсөн юм.

-Би тэр хүнтэй хувийн өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй ээ. Энэ хүний хувьд бизнесмэн гэдгийг хүмүүс мэднэ. Миний хувьд жирийн төрийн тусгай албан хаагч. Иргэнийхээ хувьд Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуульд заасан эрхийнхээ дагуу гэр бүлийн хэрэгцээний 0.6 га газар авсан. Бүх хууль журмынхаа дагуу л авсан. Гэтэл энэ газар нь “МАКС”-ын Ганбаатарын морин тойруулгын хажууд байж таарахгүй юу. Ганбаатар миний авсан 0.6 га газрыг авахын төлөө л энэ бүх асуудлыг үүсгэсэн дээ. Хүнийхээ хувьд уулзаж надтай ойлголцсон бол яахав. Гэтэл ажил албыг нь дайруулж байгаад, намайг айлгаад авчих санаатай байсан биз. Д.Ганбаатар нь өөрийнхөө нэр дээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 541400 метр квадрат газрыг эзэмших эрх 2017 онд Нийслэлийн засаг даргын захирамжаар гаргуулж авсан мөртлөө 2016 онд авсан иргэдийн 600 метр квадрат газрыг авахаар Төрийн албанд нөлөөлж хүчингүй болгосон шийдвэр гаргуулсан. Тэгээд би Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Ингээд шүүхээс “Нэр бүхий иргэдийн газар хууль ёсны дагуу олгогдсон байна. Д.Ганбаатар гэдэг иргэний газартай давхцаагүй байна” гэсэн шүүхийн шийдвэр гарсан.

-Та яагаад ийм их хөрөнгөтэй болчихов. Төрийн албанд, тэр тусмаа хуулийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс бизнес эрхлэгчдээс илүү хөрөнгөжсөн байгааг хэн ч харсан хардана шүү дээ….

-Би прокурорын байгууллагад ажиллахаасаа өмнө олон жил бизнес эрхэлж ирсэн хүн. Бүр 1990 оноос ганзагын наймаанд явсан. Монголчууд ямар наймаа хийдэг байсан адилхан л хийж эхэлсэн. 1990-2000 оны хооронд гэсэн үг шүү дээ. Энэ үедээ би өөрийнхөө ахуйг шийдсэн, тодорхой хэмжээний орлого ашиг олсон, ийм л хүн. 2000 оноос хойш төрийн байгууллагад ажилласан. Энэ цагаас хойш мэдээж энэ гэр бүлийн бизнесийг гэр бүлийн хүн маань хариуцаад явдаг байсан.

-Хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад нэг их олон байр, үл хөдлөх хөрөнгөтэй байх юм.

-2008-2019 оны хооронд хөрөнгө орлогоо би тогтвортой мэдүүлсэн. Энэ хооронд өссөн дүнгээрээ явдаг. Одоо миний өөрийн амьдарч байгаа орон сууц, тэрнээс гадна хоёр орон сууц байгаа. Одоо амьдарч байгаагаас бусад хоёр орон сууц маань хотын төвийн болон цирк, бага тойрог хавьд байгаа хорин хэдэн кв метр талбайтай хуучны байрнууд. Би эхнэр, гурван хүүхэдтэй. Гурван хүүхдийнхээ боловсрол, нийгмийн асуудлыг шийдэх үүрэгтэй. Үр хүүхдэдээ мэдлэг боловсролоос гадна ганц, ганц байртай байлгая гэж бэлдээд явсан юм. Тэр байрууд байгаа. Зарж үрээгүй. Болж өгвөл бүх л аавууд үр хүүхдийнхээ боловсролоос гадна орон байрыг бэлдчих юмсан гэдэг шүү дээ. Та бүхэн хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал гурван орон сууц гарч ирнэ. Үйлчилгээний зориулалт бүхий 4 талбай бий. Гэр хороололд учраас борлогдохгүй болохоор нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан. Хөрөнгө орлогын мэдүүлэг дээр дурдахгүй болохоор нуусан гэдэг асуудал үүсэх учраас ХОМ-т мэдүүлж, үнийг нь ирээдүйд буй болох хотын төвийн зах зээлийн ханшаар үнэлж л мэдүүлсэн нь их олон мөнгөн дүнтэй болж харагдаад байгаа юм байна лээ. Яг үнэндээ босгосон зардлыг нь тооцож үзвэл хамаагүй бага зардлаар бүтсэн л дээ. Цаашид үнэлгээг нь бодолцож тавих хэрэгтэй юм байна гэж бодлоо. Эндээс харахад цаашид төрийн албан хаагч нар ч ийм байдлаар хөрөнгө орлогоо үнэн зөвөөр мэдүүлсний төлөө тэднийг харлуулж харагдуулаад байвал энэ бүхэн чинь далд байдалд орчих вий дээ гэсэн бодол төрөөд байгаа.

-За яахав ээ, үр хүүхдэдээ хуучин амьдарч байсан хоёр өрөө байр сууцаа үлдээх гэдгийг ойлгож байна. Харин тэр их олон тэрбумын авлага нь ямар учиртай юм?

-Олон жил хийсэн бизнес, өөрт байсан эд зүйлсээ зарж үрээд гэр хороололд барилга барьсан. 24 айлын орон сууц. Заримыг нь урт хугацаатай зээлээр өгсөн. Заримыг нь бизнесийн хөрөнгө оруулалтад ч өгсөн асуудал байгаа. Тэр авлагыг л би хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн. Энэ талаар холбогдох байгууллагад нь нотлох баримттай нь гаргаж өгнө.

-Та одоо хувийн компанитай юу?

-Худалдаа үйлчилгээний чиглэлээр “Хатан ирээдүй” гэж компани байсан. Тэр нь гэр бүлийн хүний маань нэр дээр байдаг. Үндсэндээ бид гэр бүл болоод гучин жил болж байна. Тэр хугацаанд төрд ажиллахаас өмнө хувиараа олон жил бизнес хийсэн. Манай гэр бүлийн гишүүдийн бизнес төрд ажилласнаас хойших цалин хөлс,цалин хөлснөөс гадна бизнесийн үйл ажиллагаа явуулсан орлого, зарлага, бүгд банкны хуулгаар гарч ирнэ. Хүнээс авсан өр зээл, авлига байхгүй. Зөвхөн өөрт байсан эд хөрөнгөө борлуулж, гэр хороололд байшин барьсан нь тэр. Ахуйгаа шийдчихсэн хүн хуулийн байгууллагад ажиллаж байвал харин ч авлига хээл хахуулиас ангид байна гэж боддог.

-Та чинь доктор хамгаалсан гэл үү?

-Удирдахуйн ухааны докторын зэргийг 2015 онд хамгаалсан. “Монгол Улсын Прокурорын байгууллагын удирдах албан тушаалтны манлайллын хэв маяг, чадварт хийсэн шинжилгээ” гэсэн сэдвээр хамгаалсан. Прокурорын байгууллагад хорь дахь жилдээ ажиллаж ирсэн. Ажиллаж байх хугацаандаа докторын зэргээ хамгаалсан. Эцэс т нь хэлэхэд Прокурор гэдэг нэрний цаана хүн л байгаа. Тэр хүн гэр бүл ах дүү, үр хүүхэдтэй тэднийхээ төлөө л амьдарч яваа гэдгийг Монголын ард түмэнд хэлмээр байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ганзориг: Би гаргасан шийдвэрийнхээ ард нуугддаггүй, ил гарч зогсдог хүн

Өнгөрсөн лхагва гаригm Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн зөвлөгөөнөөрУлсынДээд шүүхийн Ерөнхий шүүгчийг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, хоёр шүүгч нэр дэвшин өрсөлдсөнөөс Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Ганзориг олонхийн санал авчээ. Түүнийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулахаар нэрийг нь Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээд байгаа юм.Шүүгч Д.Ганзоригтой уулзаж байр суурийг нь тодрууллаа.

Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн лхагвагаригт хуралдаж, таны нэрийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлсэн юм байна. Таныг хуралдаан дээр өөрийнхөө нэрийг дэвшүүлж, санал хураалтаар олонхийн санал авсан гэх юм?

-Тэгсэн. Ер нь Улсын Дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд шүүгч өөрийнхөө нэрийг Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэх нь тийм “ховор үзэгдэл” биш л дээ. Энэ удаад надаас өөр хүн өөрийнхөө нэрийг дэвшүүлээгүй болохоор л онцолж яриад байх шиг байна.

Та шүүхэд хэдэн жил ажиллаж байгаа хүн бэ. Нэр нь дуулдаагүй, шинэ хүн гэнэт гараад ирлээ гэж нэг хэсэг нь яриад байна?

-Дүүргийн шүүхэд шүүгчийн туслахаас ажлын гараагаа эхлээд, дараа нь шүүгч болж, энэ системд нийтдээ хориод жил, Улсын Дээд шүүхийн шүүгчээр зургаа дахь жилдээ ажиллаж байна.

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд нэр дэвшиж байгаа хүнээс асуух ёстой хэдэн асуулт байна. Юуны өмнө шүүх, шүүгчтэй холбоотой одоо үүсээд байгаа нөхцөл байдлуудыг та хэрхэн харж, дүгнэж байна вэ?

-Хүнд хэцүү үеийг туулж байна. Ийм хүнд нөхцөлд орж байсан нь бараг үгүй байх. Гэхдээ би энэ бүхний бурууг бусдаас биш Улсын Дээд шүүх өөрсдөөсөө эхлээд хайх ёстой гэж үзэж байгаа. Сүүлийн 10 гаруй жилУлсын Дээд шүүхийн удирдлагууд бодлогын болон зарчмын хэд хэдэн алдаа гаргаж, түүндээ дүгнэлт хийдэггүй, алдаагаа засалгүй даамжруулж явсаар өнөөдрийн нөхцөл байдлыг бий болголоо. Үүний үр дагаврыг үнэнч шударгаар ажлаа хийж яваа олон шүүгч нар шүүх засаглалынхаа нэр хүндтэй хамт цугтаа үүрч гарах болж байгаа нь харамсалтай.

Тухайлбал ямар алдаа гаргав?

-Шүүхбол маш онцлогтой систем.Хараат бус, бие даасан шүүгч нараас бүрддэг. Бүгд тэгш эрхтэй, өөрийн гаргасан шийдвэрээ өөрөө хариуцдаг зарчимтай. Дэлхийн аль ч улсад нэг шүүгчийн гаргасан шийдвэрийг өөр бусад шүүгч хариуцах нь битгий хэл өмнөөс нь тайлбарлах ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Ийм учраас шүүн таслах ажиллагаанд “дарга шүүгч” гэдэг ойлголт байхгүй, зөвхөн хурал даргалагч буюу хуралдааныг удирдан явуулдаг шүүгч гэж л бий. Ийм онцлогтой системийг хуучин социализмын үеийн арга барилаар буюу босоо удирдлагын арга барилаар нэг талаас удирдаж, нөгөө талаас удирдуулж олон жилийг үдсэн, үүнийгээ өөрчлөхгүй удсанаар систем хямарч, өвчин ужгирсан гэхэд болно.

Хэдийгээр манайд бусад олон зууны түүхтэй ардчилсан улсуудад нэгэнт бэхэжсэн шүүхийн систем шиг сүрхий хөгжөөгүй ч гэсэн зохих хэмжээний дотоод ардчилал Улсын Дээд шүүхийн хэмжээнд байсныг хөгжүүлэх нь битгий хэл бүр байхгүй болгосон.Шүүгчдийн зөвлөгөөнөө зарлахгүй, дотоод, гадаад асуудлуудыг ямар зарчмаар, хэрхэн шийдээд байгаа нь ойлгомжгүй, аливаа асуудлыг нийт шүүгчдээрээ санал солилцдог, нээлттэй ярилцдаг арга барилаар биш, хэдхэн хүмүүсийн дунд нууц далд байдлаар шийддэг, шийдлээ бусад шүүгч нартаа тулгадаг гэх зэрэг олон асуудал ярьж болно.

Дотоод ардчиллыг ингэж байхгүй болгосноор дотроо эрүүл саруул шүүмжлэл өрнүүлэх, алдаа дутагдлаа ярилцах боломжгүй болж, үг сөрж, санал нийлээгүй нэгнээ ад үздэгэрүүл биш үзэгдэл бий болсон.Энэ байдал нь явсаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүгчийн хараат бус байдалд шууд нөлөөлөхөөр хэмжээнд хүрсэн гэж би хувьдаа үзэж байна. Үүнийг засахгүйгээр цааш явах боломжгүй. Ер нь өөр бусад олон асуудал бий.

Бүх нөхцөл байдлуудын талаар саяын болж өнгөрсөн Шүүгчдийн зөвлөгөөнд би ил тод саналаа хэлсэн, манай шүүгч нарын олонхи нь надтай ижил санаа бодолтой байгаа нь харагдлаа, үүнд нь баярлаж байгаа. Хамгийн гол нь бид өөрсдөө өөрчлөх, өөрчлөгдөх хүсэл эрмэлзлэлтэй байгаа нь чухал.

Саяхан УИХ-ын ээлжит бус чуулганаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт орууллаа. Олон хуульчид энэ хуулийн өөрчлөлтийг Үндсэн хууль зөрчсөн, шүүгчийн хараат бус байдалд халдлаа гэж үзэж байна. Та үүнийг юу гэж бодож байна?

-Ямар ч хуульд өөрчлөлт оруулах бүрэн эрх нь УИХ-д бий. Тэр баталсан хууль нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн Цэц л тогтооно.

Шүүгчид хараат бусаар ажиллаж чадаж байна уу. Улс төрийн ийм нөхцөл байдалд шүүгчид хэрхэн хараат бус байдлаа хадгалж ажиллах вэ?

-Шүүгчхараат бусаар ажиллаж чадаж байгаа эсэх нь тухайн шүүгчийн хувьд л яригдах асуудал юм. Би дээр хэлсэн, шүүгч гаргасан шийдвэрийнхээ ард өөрөө л зогсох ёстой гэж…Өөрийнхөө итгэл үнэмшлээр нотлох баримтыг үнэлж, бусдын нөлөөнд автахгүйгээр хуульд нийцүүлэн шийдвэр гаргахыг шүүгч хараат бусаар шийдвэр гаргах гэж дэлхий нийт ойлгож байна.

Ер нь ямар ч хүний туйлын хүсэл бол бусдаас хараат бус, эрх чөлөөтэй байх явдал биз дээ.Хүний өөрийн мөн чанар, суурь ийм байхад шүүгч хүн өөрийн хүслээр бусдаас хараат байх үндэслэл үгүй юм.Өөрийнхөө итгэл үнэмшлээр шийдвэр гаргах дургүй хүн хэн байх билээ. Ийм байхад шүүгч хараат бусаар ажиллаж чадахгүй байна гэдэг нэг талаас тогтолцооны асуудал байна.

Миний бодлоор юуны өмнө үнэхээр шүүхийг бие даасан, хараат бусаар ажиллуулахыг хүсч байгаа бол төрийн эрх барьж байгаа субьектүүд, улс төрийн нам, албан тушаалтнууд шүүхийн хараат бус байдлыг өөрсдөөсөө хамгаалах хэрэгтэй байна.

Шүүхийн хараат бус байдлыг хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, Ерөнхийлөгч нь бодит байдал дээр хамгаалдаггүй, хараат бусаар ажиллуулах сонирхолгүй, “шүүх хараат бусаар ажилла” гэж амаараа ярих хэрнээ эргэж хараад,өөрийн эрхшээлд байлгахаар байнга довтолдог бол шүүх хараат бусаар ажиллах бараг боломжгүй. Энэ бол энэ албан тушаалд хэн ажиллахаас хамаарахгүй, тогтолцооны, зарчмын чухал асуудал юм шүү.

Нөгөө талаас, шүүгчийн хувийн зан чанарын асуудал бас бий. Бүх эрхийг нь өгөөд, хуулиар хамгаалаад байхад бусдын үгээр яваад байдаг хүнийг яах юм бэ. Энэ албан тушаалд тохирохгүй хүн гэж л үзэж, хурдхан зайлуулахаас өөр аргагүй.

Та хараат бусаар шийдвэр гаргадаг шүүгч мөн үү?

-Хэн нэгний нөлөөнд автаж шийдвэр гаргаж байсан удаагүй.Би гаргасан шийдвэрийнхээ ард нуугддаггүй, ил гарч зогсдог хүн.

Шүүгчид бүлэглэлд үйлчилсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх зэрэг асуудлуудад холбогдоод байна. Шүүгчдийн сахилга, ёс зүйн асуудал онцгой анхаарал татах боллоо. Энэ талаар таны бодол?

-Үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг шалгаж тогтоодог хуулийн механизм байгаа. Тэр журмаараа шалгагдаад үндэслэлгүй хөрөнгөжсөн нь тогтоогдвол эрүүгийн ял шийтгэл ногдуулдаг хууль бий.Үүний дагуу л шийдэгдэх ёстой.Олон шүүгч шалгагдаж байгаа гэх мэдээлэл олон нийтэд тараад байгаа. Ер нь энэ асуудлыг шалгаж байгаа байгууллага нь цаг хугацаа удаалгүй, нарийн шалгаж дуусгах ёстой. Шалгах ажиллагаа гарцаагүй шалтгаангүйгээр хэт удаашрах нь сөрөг үр дагавартай, нэг талаас буруутай этгээдүүдэд ял завшуулах нь гэж олон нийтэд хардлага төрүүлнэ, нөгөө талаас шүүгчид бүгдээрээ гэмт хэрэг үйлдсэн мэтээр олон нийтэд ойлгогдоод байгаад байж болмооргүй байгаа юм.

Шүүгч хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хөндлөнгийн байр сууринаас хандах үндсэн зарчим байна. Мөн ёс зүйн дүрмээ чанд сахиж, “хэргийг шударгаар шийдвэрлэнэ” гэсэн хэргийн оролцогчдын итгэл үнэмшлийг алдагдуулахгүй байх ёстой. Шүүгчийн ёс зүй, хариуцлагын асуудал тулгамдаж байгаа нь үнэн.

Аливаа бие организм өөрийгөө цэвэрлэх системтэй байдаг. Тэр системийг зөв, зохих ёсоор ажиллуулахгүй бол өвчилж, ялзарч эхэлнэ.Шүүхтэй улс орон бүрт шүүгчийн сахилга, хариуцлагыг шийдсэн механизм байгаа. Манайд энэ асуудлыг хариуцдаг Шүүхийн ерөнхий зөвлөл гэж тусдаа бие даасан байгууллага бий. Цаашид шүүгчид санаатай санамсаргүй ийм асуудалд нэр холбогдох нь шүүхийн албаны нэр хүндэд туйлын халтай учраас энэ асуудлаар Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл бодлогын түвшинд хамтарч ажиллах, санал солилцох шаардлага байна.

Сүүлийн үед С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүх буруу шийдсэн, хэргийн холбогдогч нарыг эрүүдэн шүүсэн ноцтой асуудал яригдаж байна. Энэ талаарх таны бодол ямар байдаг вэ. Шүүх буруутай юу?

-Олон нийт “Зоригийн хэрэг” гэж нэрлээд байгаа энэ хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхэд миний бие шүүх бүрэлдэхүүнд ороогүй тул таны энэ асуултад хариулах боломжгүй байна.

Шүүхийн байгууллагын нэр хүнд туйлын хүндхэн байгаа энэ үед Ерөнхий шүүгчээр томилогдвол ажлаа юунаас эхлэх вэ. Олон нийтийн дунд унасан энэ нэр хүндийг хэрхэн сэргээж, шударга ёсонд итгэх олон нийтийн итгэлийг яаж нэмэгдүүлэх вэ?

-“Нэр хугарахаар яс хугар” гэж үг байдаг. Тийм ч амар, дороо сэргээд ирэхгүй л болов уу. Гэхдээ бид өөрсдөө суурь асуудал, алдаа, дутагдлаа зөв тодорхойлж, зөв бодлоготой, дэс дараалалтай, төлөвлөгөөтэй ажиллаж, энэ байдлыг даван туулах ёстой.

Юуны түрүүнд, Улсын Дээд шүүх дотроо шүүгчийн хараат бус байдлыг бодитой хангах, дотоод ардчилалыг хөгжүүлэх асуудал чухал байна. Бид өөрсдөө арга барилаа өөрчлөх, хандлагаа өөрчлөх, өөрсдөө өөрчлөгдөх шаардлага байгаа. Улсын Дээд шүүхийн шүүгч нар маань энэ өөрчлөлтийг дэмжиж байгаа нь хамгийн чухал. Хэрэв Ерөнхий шүүгчээр томилогдвол бодож төлөвлөсөн, хийх ажил их байна.

Таны авч байгаа цалин амьдралд тань хүрэлцдэг үү. Таныг олон бууны цуглуулгатай гэж ярих юм?

-Би эхнэр, хүүхдүүдийнхээ хамт амьдардаг. Эхнэр бид хоёрын цалин амьдралд маань хангалттай хүрэлцдэг.

Бууны тухайд аавын минь буунууд байгаа юм. Аав минь ан ав сонирхдог, буу цуглуулдаг хүн байлаа. Ааваас минь үлдсэн хэдэн буу, хуучны нэг Газ-66 машин, өөрийнх нь унаж байсан нэг “Ландкруйзер 80” машин байна. Хайрлаад үгүй хийж чаддаггүй юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Цэрэнсодном: Хэн ч нэр дэвшсэн, түүнийг дэвсэлж, магадгүй бичлэг цацаж, зохиомол хэрэг үүсгээд өнөөх шударга бусын хонгилоороо чирэх л байж

Прокурор А.Цэрэнсодномыг Улсын прокурорын орлогчоор ажиллуулахаар санал болгосон билээ. Энэ талаарх мэдээлэл хэвлэлээр гарахтай зэрэгцэн түүний дуу хоолой бүхий нэгэн бичлэгийг зарим сайт цацаж, олон нийтийн сүлжээгээр баахан шуугив. Энэ талаар А.Цэрэнсодном прокурортой ярилцлаа.


-Ерөнхийлөгч таныг Улсын прокурорын орлогч болгохоор санал оруулсан. Өмнө нь нэг их өндөр албан тушаал хашиж байгаагүй таныг нэр дэвшүүлсэн нь анхаарал татсан л даа. Ингэхэд та өмнө нь хаана, ямар алба хашиж байв?

-Ажилласан түүх маань Сонгинохайрхан дүүргийн прокурор, Төв, Хэнтий аймгийн, Улсын, Тээврийн, Нийслэлийн, Сүхбаатар дүүргийн прокурорын газар гээд анхан шатнаас дээд шатны байгууллагуудад нарийн бичгээс нь эхлүүлээд хяналтын прокурор, ахлах прокурор, хэлтсийн даргаар ажиллаж ирлээ. Төгссөн сургууль гэвэл одоогийн Хууль сахиулах их сургуулийг төгссөн. Дараа нь Хууль зүйн мастерыг Их засаг их сургуульд хамгаалаад энийгээ бататгахын тулд Английн Оксфорд трэнд гээд Америкт төвтэй, Лондонд салбартай сургуульд суралцан 2013 онд төгссөн. Товчхондоо ийм л түүх намтартай.

-Улсын прокурорын орлогчид нэр дэвшүүлэх тухай танд анх хэн хэлсэн юм?

-Ерөнхийлөгчийн Тамгын газраас дуудсан. Очсон. Очиход миний тухайн үеийн төрийн албан хаагчийн анкеттай танилцаад надаас зарим зүйлийн талаар асууж тодруулсан. Миний анкетан дээр дурдагдсан бүгд үнэн үү, ийм газар ажиллаж байсан уу, одоо байгаа хууль тогтоомжийн хэрэглээ нь ямар байгаа. Хэрэгжилт нь хэр байгаа гэдэг талаас нь асуулт асууж, ярилцсан. Тэр хүрээнд өөрийнхөө тайлбарыг хэллээ. Ингээд хэд хоногийн дараа намайг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга дуудлаа. Яваад очсон чинь “Өөрийн чинь нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий прокурорын орлогчид дэвшүүлэхээр боллоо. Шат шатандаа хэлэлцэгдэх байх” гэсэн. Арав гаруй жил эрүүгийн хууль тогтоомжийн чиглэлээр, Захиргааны болон олон улсын эрх зүйн чиглэлээр ажилласан нь бодлогын түвшинд ажиллахад шаардлагыг сайн хангаж байна гэв.

-Сүүлийн жилүүдэд прокурорын байгууллагыг цагдаагийн хүмүүс удирдаж ирсэн санагдах юм.

-2011 оноос эхтэй юм. Эхлээд улс төрийн хамаарал, харьяалалтай хүн удирдсан. Дараа нь 2015 оноос хуучин цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүмүүс манай байгууллагын удирдлагаар томилогдсон.

-Таныг Улсын прокурорын орлогчоор нэр дэвшүүлж байна гэсэн мэдээллийн маргааш нь л нэг бичлэг цацагдсан. Та таван зуун саяыг нэг хүнээс нэхээд, загнаад байгаа тэр бичлэг ямар учиртай юм бэ?

– Ерөнхийлөгч намайг нэр дэвшүүлэх санал оруулсан гэдгийг дуулсны маргааш буюу гурвдугаар сарын 26-ны өдөр зарим хэвлэлээр гарч ирсэн л дээ. Зарим сайт, болон пэйжээр гарсан. Энэ бол гүтгэлэг. Ийм бичлэгийг хэн ч хийчихдэг болсон цаг. Хэрвээ ийм зүйл байсан бол намайг нэр дэвшүүлэх гэж дуудсан Ерөнхийлөгчийн Тамгын газарт шууд л мэдэгдэнэ шүү дээ. Энэ зэргийн албан тушаал томилогдох нэр дэвшигчийг битгий хэл ердийн төрийн албан хаагчийг хүртэл судалж байж томилдог болсон үед амьдарч байна. Лавлагаа тодорхойлолтыг АТГ, Тагнуул, Цагдаагийн ерөнхий газар зэрэг байгууллагуудаас авдаг хуультай. Тэр хариуцсан газрууд нь зөрчилгүй л гэсэн бичгээ өгсөн юм билээ.

-Гэхдээ тийм барим тавим бичлэг байхад яагаад тэр байгууллагууд тийм хариу өгдөг байна аа. Аль нэг байгууллагад нь энэ бичлэг очсон л байлгүй дээ….

-Тийм бичлэг бол мэдээж хэн нэгэн эвлүүлсэн байж таарна. Хийхдээ хууль бусаар хүн гүтгэх зорилгоор. Тэр бичлэгийг манай прокурорын байгууллагаас гарсан гэж хүмүүс хэлээд байгаа. Би ч гэсэн тэгж хардаж байна. Прокурорын байгууллага чинь мөрдөн шалгах нууц ажиллагааны зөвшөөрлийг өгдөг. Тэр утгаараа прокурорын байгууллага дотроосоо хийсэн эвлүүлэг байх.

-Бичлэгт яригдаж байгаа зүйл хэр үнэн юм бэ?

-Захын хүн сонсоод монтажилж засварласныг нь мэдэх байх. Энэ бичлэг тавигдсаны дараа хувийн талаас ч судалж, холбогдох мэргэжлийн хүмүүсээс ч зөвлөгөө авч, асууж үзлээ. Ялангуяа тоонуудыг хүч оруулах гэж хийсэн юм шиг байгаа юм.

-Ингэхэд таны дуу хоолой мөн биз дээ?

-Тэр ярьж байгаа нь миний дууг сайн хуулсан байна лээ. Яг л мөн юм шиг. Би өөрөө хүртэл андуурмаар. Гэхдээ яг тэр тооны асуудал дээр миний хоолойг алдсан байсан. Тэрүүгээр нь эвлүүлэг гэдгийг нь мэргэжлийн хүмүүс, компьютерт оруулж хэлж өгсөн. Тэгээд үзэхээр ялгаа нь мэдэгдэнэ. Тэр тоо чинь хүн сонсоход гол юм болно шүү дээ. Яасан их мөнгө вэ, 500 сая асар их мөнгө гээд л, цаашлаад хуулийнхан ингэж хүнээс мөнгө нэхэж, дарамталдаг юм байна гэж ойлгуулах гэсэн зорилго бас байх шиг. Мөн 461 гэдэг тоо дээрээ ч нотлогдсон эвлүүлэг гэдэг нь.

-Ямар нэг бичлэг гарахаар л эвлүүлэг гэж нэр холбогдсон хүн бүр л хэлэх болж. Одоо бол хүмүүс эвлүүлэг гэдэгт итгэх үү?

-Миний хувьд бодит байдал тийм байна гэдгээ л хэлэхгүй бол зохиож хэлэлтэй нь биш.

-Та болсон явдлыг яг үнэнээр нь хэлж өгч болох уу. Яагаад тэр хүнтэй маргах болсон юм бэ, үнэхээр мөнгө төгрөг хүнээс нэхэж дарамталсан уу?

-Би Гүрсэдийн Наранхүү гэдэг хүнийг 2010 оноос таних болсон. Таних болсон шалтгаанаа ч хэлье. Надтай тэр хүнийг манай найз Ч.Отгонжаргал гэдэг залуу танилцуулж байсан юм. Тухайн үед танилцаад их ойрхон найз нөхөд болцгоолоо. Ч.Отгонжаргал нэг удаа “Наранхүү ах мөнгөний яаралтай хэрэг гарлаа гэсэн. Тэр ахад минь туслах арга байна уу” гэсэн. Надад мөнгө төгрөг ийм тийм юм байсангүй. Манай аавд үе дамжиж ирсэн хөөрөг, охин дүүд маань ланд круйзер 200 маркийн машин байсан. Тэр машин, хөөрөг дээр нь ах дүү нараасаа жаал жуул мөнгийг нь өсгөж өгнө гээд аваад, нэг үгээр байгаа бүхнийг нь л аваад нөгөө Наранхүүд өгсөн. Гэтэл гэнэт мөнгө машин, хөөрөг аваад хэсэг хугацааны дараа таг чиг алга болчихлоо. Асууж сураглаад байсан чинь ноцтой хэрэгт холбогдсон гэж Ч.Отгонжаргал надад хэлсэн юм.

-Тэр нь ямар хэрэг вэ?

-Тухайн үед 16 нас хүрээгүй есөн охинтой бэлгийн харьцаанд орсон, хүчирхийлсэн, 500-700 ам.доллараар биеийг нь үнэлсэн гэдэг хэрэгт холбогдсон байсан юм билээ. Би энэ талаар найз Ч.Отгонжаргалаас асууж мэдсэн. Санаж байгаа бол тухайн үед УИХ-ын гишүүн адил нэртэй хүнтэй андуурагдаж баахан шуугьсан даа. Ингээд нөгөө хүн маань ийм асуудалд ормогцоо оргоод Сингапур гараад явчихсан юм билээ. Энэ хооронд би асууж сураад л байлаа. Тэгээд би ч Англид сургуульд сурах гээд явлаа. 2014 онд төгсч ирээд Эрдэнэтэд ажилласан. Дараа нь Улаанбаатарт ирж ажилласан. 2017 оны хавьцаа нөгөө Г.Наранхүүгийн сургийг гаргалаа. Ингээд Ч.Отгонжаргалаар дамжуулж уулзах гэж оролдоод бүтсэнгүй. Аргаа барахдаа Ч.Отгонжаргалд хэллээ. “Ер нь өргөдөл гаргаж, цагдаад шалгуулъя. Тэгэхгүй бол энэ арай л хэрээс хэтэрсэн юм боллоо” гэж. Тэгтэл тэрийг Ч.Отгонжаргал, мөн түүний найз Бат-Амгалан нар цааш дамжуулж хэлсэн бололтой. Г.Наранхүү нэг өдөр над руу уулзахаар хүрээд ирсэн. “Цагдаа хуулийн байгууллагад битгий өгөөч” гээд л гуйж байна.

-Монголд ирчихсэн байжээ дээ?

– Тийм ингээд уулзсан. Удчихсан асуудал дээр хүн тайван хандахгүй. Би ч нэлээд ширүүн дориун ч ярилаа. “Чи залилан хийсэн, чамайг цагдаад өгнө. Шалгуулна” гэлээ. “Би чиний мөнгийг өгнө. Би нэг бизнес хийж байгаа. Тэрнийхээ ашиг орлогыг орохоор чамд өгье” гэж Г.Наранхүү аргадаж, гуйгаад явлаа. Бас л байдаггүй. Алдсан хүн арван тамтай. Авсан хүн нэг тамтай л гэдэг болсон доо. Ингэж байгаад нэг өдөр утсаар ярьсан юм. “Би чиний мөнгийг өгч чадахгүй нь ээ. Тэгэхдээ дөрвөн сард нэг мөнгө орж ирвэл өгнө” л гэнэ. “Чи энэ олон жил алга болчихоод…” гээд л би мэдээж уурлаж бухимдана шүү дээ. Тэр яриаг л утсан дээрээ бичиж дээ гэж бодсон.

-Та энэ талаар хуулийн байгууллагад хандсан уу?

-Энэ бичлэг гарсны дараа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Машин тэрэг А.Ариунаа гээд миний дүүгийн нэр дээрх машин байсан. Г.Наранхүүд шилжүүлсэн холбогдох материал лавлагаа тодорхойлолтыг аваад өгсөн. Миний мөнгийг буцааж өгөхгүй хэрнээ, тэр хооронд арав гаруй сая доллартай болсон байгаа юм. Тэгсэн мөртлөө миний мөнгийг өгөөгүй. Ах нь тийм хэрэгт холбогдоод чиний мөнгийг өгч чадаагүй. Насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан айхавтар хэргээ нуун дарагдуулахын тулд таван сая долларыг нь бусдад өгч хэргээ хаалгаж эрүүгийн хариуцлагаас зугтсан гэж хэлсэн. Цагдаагийн хурандаа нарт өгсөн гэдэг. Бусад мөнгөө бас нэг хүнд залилуулчихсан байгаа. Тэр мөнгөө аваад чиний мөнгийг өгчихнө гэдэг. Иймэрхүү л яриа болсон. Тэгээд л салсан. Дараа нь өгөхгүй удаад утсаар маргаж байгаа асуудал одоо цацагдаад байгаа өнөөх бичлэг дээрх ярианы суурь болжээ. Дээр нь хэдхэн засвар хийгээд л хүнийг дарамтлагч болгочихож байгаа юм. Зарим хүний хэлээд байдаг айхавтар хараалын үгсийг би огт хэрэглэдэггүй хүн. Ямар нэгэн байдлаар ашиглана гэж бэлтгэсэн юм шиг байгаа юм. Дараа нь шүүх цагдаад ашиглана гээд. Даанч одоо хуурамч бичлэгийн ялгааг таньдаг болсныг мэдээгүй байх.

-Та тэр нийтэд цацагдсан бичлэгийг прокурорын байгууллагын хүмүүс зориуд хийсэн байж магадгүй гэж үзээд байгаа юм аа даа… Таныг албан тушаалд очуулахгүй байх ямар сонирхол тэдэнд байгаа юм?

-Г.Наранхүү гэдэг хүн дээр дурдсан өнөөх ноцтой хэргээ хаацайлуулах гэж авлигад олон сая доллар өгсөн талаараа надад хэлчихсэн учраас тэр асуудал сөхөгдөхөөс эмээж, болгоомжилсон байхыг үгүйсгэхгүй. Би тэр асуудлыг нь сонсчихсон байдаг. Г.Наранхүү ч өөрөө олон цагдаагийн хурандаа таньдагаараа гайхуулж явдаг хүн. Тэр хүний гайхуулахыг харах дургүй цаад эзэд нь байгаа шүү дээ. Тэр хүмүүс л хонгил, хана, эрүүдэн шүүлтийн сүлжээний эзэд болсон гэж яригддаг. Үүний тод жишээ бол Г.Наранхүүгийн гэмт хэрэг. Олон охидоор оролдсон гэгддэг хэрэг замхарсан. Цаг хугацаа нь 2010 оноос эхтэй. Тэр хэрэг дээр ямар ч шийтгэл хүлээгээгүй. Тэр охидыг Г.Наранхүүд зуучилж аваачиж өгсөн хүн нь зургаан жилийн хорих ял аваад шоронд ялаа эдлээд гарч ирсэн. Гэтэл гол хэрэг үйлдсэн хүн нь ямар ч ял шийтгэлгүй үлдчихсэн байгаа юм. Үүнийг Г.Наранхүү надад хэлсэн, мэдэж байгаа гэж үзээд л тэр ашиг сонирхол хэн дээр тулж очиж байна.

-Тэр үед цагдаад ажиллаж байсан хүмүүс тэгэхээр прокурорт оччихсон юм байна?

-Тийм ээ, тэр үеийн цагдаагийн байгууллагад байсан хүмүүс одоо манай прокурорын байгууллага төдийгүй АТГ болоод бусад хууль хяналтын газарт сүлжээ үүсгэсэн гэж харагдаад байгаа. Иймд надаас болгоомжлох, нэр дэвшихэд дургүйлхэх хүмүүс байгаа.

-Монголоор дүүрэн бичлэг цацдаг нэг тийм жишиг тогтлоо шүү. Ерөнхийлөгч танаас өөр хүн нэр дэвшүүлсэн бол яах байсан бол….

-Хэн ч дэвшсэн, тэр хүнийг сошиалаар дэвсэж, аль болох дэвшүүлэхгүй байх сонирхол байна. Зөвхөн миний мэдээд байгаа асуудал төдий биш, өөр асар том ашиг сонирхол цаана нь байгаа юм. Би прокурорын байгууллагын одоогийн удирдлагад ажиллаж байгаа хүмүүсийн баг фракцын хүн биш, тэр хүний ашиг сонирхлыг хамгаалж чадах хүн л гарч ирэхгүй бол зүгээр нэг энгийн жирийн хуульч ч юмуу гараад ирлээ гэхэд ялгаагүй л дэвсэж, магадгүй бичлэг, зохиомол хэрэг үүсгээд, гадуур яригдаад байгаа шударга бусын хонгилоор чирэх байж. Ямар ч арга хэрэглэхийг хэлж мэдэх арга алга.

-Хэрэв тэр Г.Наранхүү гэдэг хүн нэр бүхий хүмүүст тийм олон сая доллар өгч, хэргээ замхруулсан юм бол хуулийн зарим хүн өөр олон хэрэг дээр ингэж зохицуулж ирсэн байж таарах нь ээ. Өөрөөр хэлбэл зарим хүнийг хэргээс мулталж, заримыг нь хэрэгт оруулж байсан гэсэн үг үү?

-Би бас тэгж л хардаж байна. “Гурван сая долларыг өгсөн” гэж ноцтой хэрэгт орсон Г.Наранхүү яриад байна гэдэг чинь өөр олон л юм байхыг үгүйсгэхгүй. Ийм их мөнгө өгч авалцдаг гэж жирийн, ажлаа хийгээд яваа хүний толгойд буухгүй шүү дээ. Олон том хэргийг ийм замаар замхаруулан шийдсэн байдаг болов уу гэж хардаж байна.

-Та шударга ёсны хонгил гэж ярилаа. Тийм хонгил бий юу. Анх бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг л тийм хонгилын талаар ярьж эхэлсэн байдаг. Та үнэн гэж бодож байна уу?

-Улс төр, бизнесийнхнийг бол нарийн сайн мэдэх юм алга. Зохион байгуулалттай хуулийн бүлэг бий гэж нэр нөлөө бүхий хүмүүс, хууль судлаачид ч хэлж байгаа. Тухайлбал Ж.Сүхбаатар, Х.Нямбаатар, хууль судлаач Эрхэмбаатар, уул уурхайн бизнес эрхэлдэг Т.Ганболд нар энэ талаар хэлж байсан. Ийм хонгил байна. Бүх салбарын хүмүүс нэгдэж нийлж, зохион байгуулалтын хэлбэрт орж, өөрсдийнхөө хийж гүйцэтгэх ажил үүргийг хуваарилж, нарийн зохион байгуулалттайгаар шат шатандаа үүргээ биелүүлээд суудаг хонгил байна гэж үзэж байгаа. Би өөрөө биеэрээ мэдэрчихлээ. Магадгүй би шударга бусын хонгилоор чирэгдсэн сүүлчийн хүн болох дөхлөө. Хууль өөрчлөгдөж байдал өөрчлөгдлөө.

-Та тэгэхээр шударга бусын хонгилоор өөрийгөө чирүүлчихлээ гэж үзээд байна аа даа?

-Тийм ээ, Хуулийн бүлэглэлийнхэн эхлээд зарим хэвлэлд өнөөх хонгилоор чирэх хүнийхээ талаар мэдээлэл өгөөд цааш нь сошиал орчноор цацаж, ийм гэмт хэмт хэрэг үйлдсэн, үйлдэж байгаа муу муухай хүн байна шүү гэж хэн нэг хүний талаар зориудаар зохион байгуулсан зүйлээ явуулдаг. Тэр сургаар л нийгмээрээ үнэн, худлыг нь шүүхээр шийдээгүй байхад л аль хэдийнэ үзэн ядаж, гэмт хэрэгтэн болгож буруутгаж эхэлдэг юм байна. Өнөөх хонгилынхон хэвлэлд гармагц нь эрүүгийн хэрэг үүсгээд нөгөө хэргээ тохохын тулд янз бүрийн арга хэрэглэдэг жишиг байна. Эхнээсээ эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэж байгаа талаар олон нийт мэдэж авч байна. Зохиомол хэрэг хүлээлгэх гэх мэтээр тийм л юм хийдэг юм байна. 461, 500 сая гэж эвлүүлж, монтажлаад танил сэтгүүлчдээ аваачаад өгчихдөг юм байна.

-Таныг улсын прокурорын орлогчид нэр дэвшүүлсэн асуудал тэгээд юу болж хувирав аа, Ерөнхийлөгч тэр бичлэгээс болоод таны нэрийг буцаагаад татчихсан уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч хууль, эрх зүйн орчин өөрчлөгдсөнтэй холбоотой нэр дэвшүүлсэн хүмүүсийн нэрийг татсан. Миний талаар гарсан бичлэгийн үнэн мөнийг тогтоох ч шаардлага бас байсан байх. Нэгэнт ийм бичлэг цацагдсан учраас арга ч үгүй биз. Үнэн, худлыг, яг тэр бичлэгт юу бичсэнийг шалгаж тогтоохоор учир нь олдох байх. Өөрт чинь ярилцлага өгөхийг зөвшөөрсөн маань зөвхөн надад хамаатай юм биш, нийт хуульчдад хамаатай асуудал учраас хэн ч гарч ирсэн, мэргэжил ур чадвараараа гараад ирж байгаа хүнийг гүтгэж доромжилдог, дарах агнах ажиллагаа явуулдаг болчихоод байгаа учраас л дуугаръя гэж шийдсэн юм.

-Хуульчид гэснээс сүүлийн үеийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад хуульчид чинь их баян, хөрөнгө мөнгө ихтэй хүмүүс байдаг юм биш үү?

– Хөрөнгөжсөн хурандаа гэж нэг хэсэг ярьдаг байсан, сүүлдээ, хөрөнгөжсөн шүүгч гээд л, одоо бүр хөрөнгөжсөн хуульчид гэж нийтийг хамруулж ярих болж. Олны үг ортой гэдэг. Нийтэд ил тод байхыг би зөв л гэж үздэг. Харин ч хөрөнгө орлогын мэдүүлэг бол олон зүйлийг хэлж өгч байгаа.

-Таны хувьд?

Миний хувьд тийм их мөнгө олж бизнес хийж байсан зүйл байхгүй. 13 дугаар хорооллын дөрвөн өрөө байрандаа эхнэр, хүүхэдтэйгээ жирийн л сайхан амьдардаг. Жижиг суудлын тэрэгтэй, банкинд хадгаламж энэ тэрээ ч байхгүй.

-Үнэн биз?

-Тэгэлгүй яахав. Хөрөнгө орлогын мэдүүлгээ худлаа гаргавал харин жинхэнэ хуулийн хариуцлага хүлээлгэнэ шүү дээ.

-Хуулийнхан хэргийг буруу шийддэг гэхээр аймшигтай санагддаг л даа. Хичнээн энгийн иргэд, бизнес эрхлэгчид хохирдог бол. Хичнээн гэмт хэрэгтэн гэмгүй болоод явж байгаа бол…..

-Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэдэг дээ. Энэ бол бүх хуульчид буруутай, бүх хуульчид хэргийг ийм маягаар шийддэг гэсэн үг биш л дээ. Шүүх, прокурорын байгууллагад алдаа гарч байсан тохиолдол байсныг бол хүмүүс мэдэж л байгаа. “Үнэний эрэлд” гээд л нэвтрүүлэг байлаа. Ийм алдаа завхралыг жирийн хуульчид гэхээсээ эрх мэдэл бүхий хүмүүс, хуулийн байгууллагын толгойд байсан хүмүүс л хийж байсан байх. Жирийн хуульчдын амьдрал жирийн иргэдтэй л адил шүү дээ. Тэр жирийн нэг хуульчдын нэг нь би. Энгийн амьдралтай, ажилчин гэр бүлээс гаралтай, тийм л нэг хүн. Тэрнээс биш улс төр бизнесийн бүлэглэлийн, нутаг усны бүлэглэлийн хүмүүсийг би танихгүй.

-Тэр олон зуун мянган хуульчдаас чухам яагаад таныг сонгож дэвшүүлье гэсэн юм бол. Та Ерөнхийлөгчийг таньдаг юм уу?

-Би танихгүй. Түрүүнд би Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын үгийг хэлсэн дээ. Бодлогын түвшинд ажиллах бололцоотой юм байна гэж хэлсэн тухай. Тэр нь стратеги, төлөвлөлт, боловсон хүчний бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд зөвхөн эрүүгийн эрх зүй дагнасан хүн байх боломжгүй. Захиргааны эрх зүй мэддэг, олон улсын эрх зүй мэддэг, одоо нийгмийн эмзэг сэдэв болоод байгаа уул уурхайн эрх зүй мэддэг хүнээ тавьж байж бодлого хэрэгжүүлэхгүй бол зөвхөн гэмт хэргийн хойноос хөөцөлдсөн хүнийг Прокурорын толгой дээр тавьчихаар нөгөө хүн ч ямар ч хэрэг байсан хэргийг илрүүлэх, гэмт хэрэгтэн болгох гэдэг хэт мэргэшсэн тал руугаа явчих гээд байдаг. Тэр бодлогын түвшинд ажиллахад ажилласан байгууллага, ажилласан түүх нь нийцэж байна гэдэг утгаараа нэрийг минь дэвшүүлсэн юм билээ.

Намайг ямар нэг асуудалтай байна гэж үзсэн бол албан тушаалын бүрэн эрхийг түдгэлзүүлээд шалгах эрх Монгол Улсын ерөнхий прокурорт байсан.

-Цаашид үйл явдал хэрхэн өрнөх бол?

– Үнэн олдоно. Нэр дэвшигч болгоныг гүтгэж, нийгэмд нэр хүндийг нь унагаах, тэрний хүн, энэний хүн гэж цоллон балбаад эхэлдэг юм байна. Үүндээ технологийн дэвшил ашиглаад гаршчихсан байна. Дэвшсэн болгоныг дэвслэнэ. Хонгилдоо чирнэ. Аягүй бол золиос болгоно. Юм болгонтой холбож, аргагүй байдалд оруулах замаар эцсийн зорилго болох өөрийн ашиг сонирхолд нийцэх хүнийг гаргаж ирэх сонирхолтой юм шиг байгаа юм.

– Та түрүүн прокурор мэргэшсэн гээд хэлчихэв үү дээ?

Тиим ээ. 2003 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулинд хуульч гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хүнийг хэлнэ гээд заачихсан байгаа. Ийм зөвшөөрөлтэй хүн шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллаж болно. Тэгэхээр прокурор нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, мэргэшсэн хүн байдаг. Харин цагдаагийн байгууллагын албан хаагч нарт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шаарддаггүй. Гэтэл цагдаа нар мэргэшсэн хуулийн байгуулагыг удирдаад байхаар “Хонгил үүсэх” нөхцөл бүрдээд байна. Хуульчийн мэргэшсэн эрхийг авах амаргүй. Яг л эмч шиг нарийн мэргэжил. Шаардлага ч өндөр. Прокурор нь өөрөө их онцлогтой. Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангадаг, тэрэнд хяналт тавьж хянадаг. Хуулийг төгс хэрэгжүүлдэг субьект байх ёстой.